Categories
мэдээ цаг-үе

А.ГАНСҮХ: Таван толгойн IPO-г УИХ шийдчихсэн

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй Таван толгойн ордтой холбоотой асуудлаар ярилцлаа.


-Таван толгойн орд дээр IPO хийхтэй холбоотой асуудлаар улстөрчдийн дунд маргаан дэгдээд байна. Энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нууц зөвлөмж гаргасан тухай тайлбар хийнэ үү?

-Асуултад хариулахын өмнө тайлбар хиймээр байна. ҮАБЗ бол Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, шашны асуудал, хүний эрх, эрх чөлөө зэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргадаг бие даасан байгууллага. ҮАБЗ нь Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг удирдлага болгон ажилладаг.

-Эдийн засгийн аюулгүй байдал бас хамаарна биз дээ?

-Монгол Улсын Үндсэн хуульд эдийн засгийн аюулгүй байдал гэж заасан байдаг. Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4.4-т зааснаар эдийн засгийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Тиймээс ҮАБЗ эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй.

-ҮАБЗ тэгвэл эдийн засгийн асуудалд оролцох нь ээ?

-Тийм. Эдийн засгийн аюулгүй байдал бол аливаа улсын үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал асуудлын нэг. Тиймээс ҮАБЗ эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар шийдвэр гаргадаг. АНУ-ын ерөнхийлөгч Трамп, Америкийн эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг тэргүүн ээлжинд тавьж бусад улс орнуудтай худалдааны маргаан хийж байгаа биз дээ.

-Зөвлөмжтэй холбоотой асуултадаа хариулт авъя?

-Хариулъя. Яагаад эдийн засгийн асуудлыг ҮАБЗ хэлэлцэж шийдвэр гаргаж байгаа вэ гэдгийг ойлгосон байх. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцсэн асуудлаар шийдвэр гаргаж, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар, чиглэл өгдөг. Тэр шийдвэрийн текст нь зөвлөмж хэлбэрээр бичигддэг. Дахин онцлон хэлье, ҮАБЗ-өөс шийдвэр гардаг, тэр шийдвэрийн бичигдэж гарч байгаа текст нь зөвлөмжийн хэлбэртэй байдаг.

-Тэгэхээр ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийг биелүүлэхгүй байж болох уу?

-Болохгүй. ҮАБЗ байгуулагдсан 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байх тохиолдол гараагүй байна. Цаашид ч гарахгүй биз.

ҮАБЗ-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт зааснаар зөвлөмжөөр үүрэг авсан төрийн байгууллага, албан тушаалтан ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлж хариу мэдэгдэх үүрэгтэй. Тиймээс түүнийг хэрэгжүүлэх ёстой гэсэн үг. Хуулийн мэдлэггүй хүмүүс зөвлөмж гэсэн үгэнд төөрөгдөх нь их.

-Тэгвэл зөвлөмж нууц байдаг нь ямар учиртай юм бэ?

-ҮАБЗ нь төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлж, зэвсэгт хүчин, тагнуул, цагдаа зэрэг тусгай албаны үйл ажиллагаатай холбоотой онц чухал асуудлыг шийдвэрлэж байдаг учраас бараг бүх зөвлөмж нь нууц, маш нууц зэрэглэлтэй гардаг. Ил зөвлөмж их цөөхөн гарна даа. Төрийн нууц гэж байдаг биз дээ. Үүнд гайхах юм байхгүй.

-За тэгэхээр Таван толгойн ордын талаар нууц зөвлөмж гарсан юм байна гэж ойлголоо. Заавал нууцлах шаардлагатай байсан уу?

-Зөвлөмж гарсан. Мэдээж шаардлагатай болоод нууцалсан. Төрийн болон албаны нууцын тухай хууль гэж бий. Тэр хуулийн дагуу л нууцад авсан байгаа. Төр нууцтай байх ёстой гэдгийг дахин хэлье.

-Тэр зөвлөмжийг нууцаас гаргая гэж Л.Оюун-Эрдэнэ сайд танд хандана гэсэн. Хандсан уу?

-Энэ асуудлыг хуулийн дагуу ҮАБЗ-ийн гишүүд хэлэлцэн шийдэх байх.

-Л.Оюун-Эрдэнэ сайд хэлэхдээ З.Энхболд ҮАБЗ-ийн хуралд суусан, асуудлыг мэдэж байсан байж одоо улс төр хийж байна гэдэг асуудал тавьсан. Таван толгойн асуудлыг хэлэлцсэн ҮАБЗ-ийн хуралд З.Энхболд дарга байсан уу?

-Тэр хуралдаанд З.Энхболд дарга байсан. Ер нь бол ЕТГ-ын дарга ҮАБЗ-ийн бүх хуралдаанд оролцдог.

-Таван толгойн IPO асуудлыг З.Энхболд 2018 онд мэдэж байсан гэдэг тэгвэл үнэн юм байна?

-Мэдээж үнэн. З.Энхболд дарга үүнийг үгүйсгээгүй биз дээ.

-Тэгээд яагаад одоо эргэж буцаад, эсэргүүцээд байгаа юм бол?

-З.Энхболд даргын яриаг би үзсэн. Та бүхэн нэг зүйлийг анхаарна уу. Түүний ярилцлагаас харахад З.Энхболд дарга Таван толгойн IPO хийх асуудлыг эсэргүүцээд байгаа биш, “Харин анх төлөвлөсөн 5 тэрбум долларын үнэд хүрэхгүй байна, 30 хувь дээр 1 тэрбум долларын IPO хийх хэрэггүй” гэсэн байр суурь илэрхийлсэн байсан.

-Үнийн асуудал байгаа гэж ойлгогдож байсан. АН-ын улс төр хийж байгаа асуудал юм биш үү?

-Улс төрийн хувьд би ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга бол хуулийн шаардлагаар намын гишүүнчлэлээс түдгэлзсэн, төрийн тусгай албан тушаалтан. Би бодит байдлыг л тайлбарлаж байна.

-Таван толгойн орд дээр IPO хийх нь зөв гэж ҮАБЗ шийдсэн үү?

-Таван толгойн орд дээр IPO хийх нь шинэ асуудал биш, энэ асуудлыг анх УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн байдаг. Түүнийг дагуу асуудлыг дахин ҮАБЗ дээр хэлэлцээд олон улсын хөрөнгийн бирж дээр гарах энэ зарчим зөв гэж үзсэн. УИХ дахин 2018 онд энэ асуудлыг хэлэлцээд 73 дугаар тогтоолоор IPO хийхийг Засгийн газарт даалгасан байна. Тэгэхээр 2010 оноос хойш яригдаж байгаа асуудлыг одоогийн Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Төрийн залгамж чанар гэж байдаг биз дээ.

-Тэгвэл яагаад Таван толгойн орд дээр IPO хийх нь хууль бус гэх болов?

-Хууль бус зүйл ерөөсөө байхгүй. Харин ч 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Таван толгойн ордыг УИХ-аар оруулахгүй хувийн компанид шилжүүлэх гэж байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудлыг УИХ, ҮАБЗ, Засгийн газар гээд бүх түвшиндээ хэлэлцүүлсэн гэдгийг онцлон хэлмээр байна. Зүгээр л одоогийн олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх үнэ нь Эрдэнэс Таван толгой компанийн нэг жилийн борлуулалттай тэнцэхээр байгаа нь хямд гэж гологдож байна л даа. Зүүн цанхийн ордын 30 хувь нь 1 тэрбум доллар мэдээж хямд үнэ. Гэвч олон улсын бирж дээрх дэлхийн зах зээлийн үнийг бид тогтоох биш. Коронавирус дэлхий даяар тархаж, дэлхийн бүх биржийн үнэт цаасны ханш унаж байна. Алтнаас бусад түүхий эдийн үнэ унаж байна. Цаг үе нь ингэж таарч байна.

-Тэгэхээр одоо яах ёстой вэ. Зөв шийдэл нь юу вэ?

-Үнэ өсөхийг хүлээх л хэрэгтэй байх. Л.Оюун-Эрдэнэ сайдын ярианаас харахад Засгийн газар ч гэсэн ийм байр суурь баримталж байгаа юм байна гэж ойлгогдсон. Засгийн газарт нөөц хувилбар байгаа даа.

-Зах зээлийн эдийн засагтай улс орнуудын хөрөнгө оруулалт татах гол арга нь IPO шүү дээ?

-Энгийнээр хэлбэл, санхүүжилт татах арга юм. Бизнесийг санхүүжүүлэх олон арга бий, Жишээлбэл, Нэгдүгээрт, гадаад дотоодоос компанидаа шууд хөрөнгө оруулалт авах арга байна. Энэ тохиолдолд ихэнхдээ хөрөнгө оруулагчтай хамтарсан компани байгуулдаг. Хөрөнгө оруулагч тал оруулж байгаа хөрөнгөндөө хувьцаа эзэмшдэг. Хувьцааны хэмжээг талууд тохирдог. Ихэндээ хөрөнгө оруулагч тал 49 хувиас буухгүй дээ. Хоёрдугаарт, банкнаас зээл авах, энэ тохиолдолд компани тодорхой хугацааны дараа авсан зээлээ төлнө, нэмж зээлийн хүү төлнө. Гуравдугаарт, компанийнхаа хувьцааг олон улсын бирж дээр нийтэд арилжих буюу IPO (intial public offering буюу нийтэд санал болгох) хийх арга. Энэ илүү үр дүнтэй. Учир нь хувьцаа зарж олсон мөнгөнд хүү төлөхгүй, компани өөрөө хэдэн хувиа бирж дээр гаргахаа шийднэ. Бирж дээрээс хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагч компанийн ашгаас эзэмшиж буй хувьцаандаа таарсан ногдол ашиг авна. Компани олон улсын бирж дээр хувьцаа арилжсан учир үйл ажиллагаа нь ил тод, олон улсын хуулийн дагуу явагдана. Компанийн засаглал, санхүүгийн бүх үйл ажиллагаа шилэн болдог гэсэн үг л дээ. Зөвхөн Монголын биш, олон улсын компани болж байгаа юм.

-Ингэвэл харин ч Монголын компани олон улсын жишиг стандартаар хувьчлагдах давуу тал үүснэ гэж харагдаад байх юм?

-Ашигт малтмалын орд буюу нүүрсний уурхайг хувьчилж байгаа юм биш. Олон улсын хөрөнгийн бирж дээрээс хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагч тус компанийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан эзэмшинэ. Хувьцаа эзэмших нь тус компанийн тодорхой нэг хөрөнгийг эзэмших эрх биш. Хууль, компанийн дүрмийн дагуу компанийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд оролцоно, ногдол ашгаа авна.

-Тэгэхээр та Таван толгойн ордын IPO-г буруу гэх гээд байна уу?

-Уучлаарай. Ингээд ярилцлагаа дуусгая. Олон нийт дүгнэлтээ хийнэ биз.Ингэхэд Д.Сумъяабазар сайд чинь 2015 онд УИХ-ын гишүүн байхдаа Ажлын хэсэгт ажиллаж Таван толгойн ордыг хууль бус үйл ажиллагаанаас аварч үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Нөгөө алдарт 40 гишүүний чинь нэг.


Categories
мэдээ цаг-үе

Энэ айхавтар өвчнийг хятадууд дийлээсэй гэж “Босоо хөх Монгол”-ынхон ч гэсэн залбираарай даа

“Босоо хөх Монгол” гэх төрийн бусынхан их үндсэрхэг үзэлтэй. Гэхдээ тэд орос, англи, америк гэж нэг их үзэлцээд байдаггүй. Хятад хүмүүсийг л айхавтар хэлцгээж байгаа дуулддаг. Одоо бол шал өөр цаг үе бидний өмнө тулж ирээд байна. Урд хөршид тахал дэгдлээ. Хятад бол бидний мөнхийн хөрш. Том зах зээл. Урд хөрш маань энэ өвчнийг дийлэхгүй бол монголчууд бидний хувьд мөхөлтэйгөө нүүр тулахад ойрхон болчихоод байна. Москвад найтаалгахад Улаанбаатарт ханиалгана гэсэн үг бий. Түүн шиг Бээжинд коронавирусийн халдвар тархсан нь бидэнд том аюул. Хэдий өнөөдрийг хүртэл илрээгүй нь бидэнд зол ч гэлээ анхаарал болгоомжоо сулруулж болохгүй. “Босоо хөх Монгол”-ынхон үнэхээр үндсэрхэг, эх орондоо хайртай л юм бол энэ тохиолдолд ядаж өөр байгаасай. Хятадад гарсан энэ өвчин хурдан дарагдаасай гэж залбираасай даа. Цаагуураа бас дэлхийн бусад улс орны төлөө, бүр цаашлаад Монголынхоо төлөө л залбирч байгаа хэрэг шүү дээ.

Учир нь өмнөд хөрш хэцүүдвэл бид бас хэцүүднэ. Идэж уух, өмсөж зүүх, олдог мөнгө бүгд байхгүй болно. Урд хөршөөс бараа авчирдаг, Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад бол шууд утгаараа хүндхэн тусч байгаа. Хятадттай хамгийн урт газар нутгаар хиллэдэг, эдийн засаг, гадаад худалдааны хамгийн их хамааралтай улс бол Монгол. Энэ байдал удаан үргэлжилбэл биднийг 1990 оны үе рүү шууд аваачихаар болж байна. Тарган цатгалан, цаг сайхан үеийн балайрлаа мартах хэрэгтэй. Омогшин бардамнаж, тэнгэрлэг заяагаа магтан дуулах чинь та бүхний хэрэг.

Урд хөрш өвчнөө дийлээсэй гэж хүн бүр ямар тус дэм байна, дэмжих хэрэгтэй. Урд хөршид амьд адуу гаргахгүй гэдэг, урд хөршийн дарга ирэхэд тосч гүйж эсэргүүцдэг, урд хөршийн хөрөнгө оруулалттай уурхайг цагдаа, тусгай хүчнийхэнтэй очиж хаадаг манай төрийн удирдлагууд Хятадаар улс төр хийхээ түр зогсоогоод байх шиг байна. Манай гадаад харилцааны яам ч хөрштэйгөө зөв ойлголцож, тэнд байсан иргэдээ бусад улс орнуудаас эхний ээлжинд авчирлаа. Найрсаг харилцаагаа бататгаж, зөв бодлого явуулж байна. Манай ард түмэн ч ингэж улстөржиж хийрхдэгээ болих хэрэгтэй. Ухаарлын түвшинд нийтээрээ очих хэрэгтэй. Ямар улс орон өөрийн улсыг, өөрийн улсын иргэнийг нэн тэргүүнд тавих ч найрсаг хамтын ажиллагаа, энэ дэлхийн улс орон болгон биенээсээ хамааралтай болсон дэлхийд алсыг харж, төр засгаасаа эхлээд энгийн иргэд ч ухаалаг бодлого явуулах хэрэгтэй.

Тэнд дэгдсэн аюулт өвчин хурдан дарагдвал бид сэтгэл амар байж болно. Саяхан Монгол цэргийн нэгдсэн холбооныхон хандивын аян өрнүүлж, чин сэтгэлийн дэм өгч байгаагаа илэрхийлж, өнөөх хандивыг Ц.Тогоо генерал Хятадын элчинд гардуулна лээ. Тун сайхан санагдав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Венруй “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж монголчууд хэлдэг хэмээн талархлаа илэрхийлж байсан.

“Ялж яваа орос нөхдөдөө арван сайхан морь бэлэглэе. Хүн ялгах муухай, ялагдаж яваа Гитлер хүүд нэг морь бэлэглэе” гэсэн хоёрдугаар дайны үед фронтод бэлэг илгээх үед нэг өвгөний хэлсэн үгийг ам дамжин ярьцгаадаг даа, бид. Эртнээсээ өрөвч зөөлөн сэтгэлтэй ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг дээ. Бидний тус тэр том гүрний тэр олон өвдсөн хүнд хүрэхгүй л дээ. Гэвч тусын бага, их гэж юу байхав. Хоорондоо таагүй харьцаатай байсан Япон улс гэхэд хамгийн түрүүнд тусламжийн гараа Хятадад сунгалаа. Энэ хоёр улсын үл ойлголцол магадгүй энэ тусаар цайрч, ойлголцох ч юм билүү. Бид ч бас Японд байгалийн гамшиг болоход тусламжийн гараа сунгасан. Одоо болтол тэд өчүүхэн тусыг мартаагүй. Тухайн үедээ манай зарим нэгэн ойворгон нөхөд “Бидний тустай тусгүй тэр хөгжсөн орон болно биз. Ялихгүй зусар баяжихад саад” гэлцэж байлаа. Гэвч өндөр хэмжээний айлчлал болох бүрийд Японы удирдлагууд Монголын тэр өчүүхэн хандив, тусламжийг заавал дурддаг. Бид нэг дэлхийд амьдардаг. Хэнд ч, хэзээ ч юу тохиолдохыг хэлж мэдэхгүй. Бусад улс орон энхийн цагт, элдэв гамшиг тохиолдоогүй байхад бидэнд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Авахаа тулахаар алгаа тосдог. Өгөхөө болохоор гэдийгээд байж боломгүй.

Хятадад Монгол Улсын Засгийн газар 200 мянган доллар өгсөн. Бид бусад улс орноос үргэлж тусламж гуйж байдаг. Зовох цагт нь тусаллаа гээд ямар асуудал байхав. Дандаа гуйж байна гэж юу байхав. Хятадад төгсөгчид, Ухань хот дахь Монголын оюутны холбоо, Уханьд төгсөгчдийн холбоо, БНХАУ дахь Монголын оюутны нэгдсэн холбоо Мөнхийн хөрш- энхийн тусламж” аяныг хамтран зохион байгуулж, хандивын аян өрнүүлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Монголын элчингээр дамжуулан хүлээлгэн өгчээ. Мөн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим бизнес эрхлэгчиддээ уриалан аян өрнүүлснээр 140 сая төгрөг цуглаж БНХАУ-д хандивлажээ. Хандивын аян цаашид ч үргэлжилнэ. Хичнээн сайхан санагдав. Боломж бололцоогоороо хөрш орондоо туслахыг хүсч байна. Хятадууд Монгол Улсын Засгийн газрын тусламжийн талаарх мэдээллийн доор сэтгэгдлээ үлдээжээ. “Сайхан сэтгэл нь монгол хүний үндсэн чанар юм”, “Чингис хааны үр ач нар”, “Хятад мэдээж энэ мөнгөөр дутахгүй. Гэхдээ чухал цагт гараа сунгах анд нөхдөөр дутна, Монгол Улсыг дэмжиж байна. Мөнгөний их бага чухал биш, сэтгэл чухал.

Тэр ч бүү хэл өөр улс орнуудтай биднийг харьцуулж ирээд магтсан байна. Урд хөрш энэ вирусийн халдвартай маш сайн тэмцэж байгаа. Улстөржиж шаагихаа түр азна. Одоогоор хорь гаруй улс Хятадад тусламжийн гараа сунгажээ. Гэтэл бид хажууд нь мөнх байна гээд бод доо. Тэдэнд хичнээн үндсэрхэг үзэл гарган улстөржлөө ч тэр улс байдгаараа л оршин тогтнож, хүн ам нь өсдөгөөрөө л өснө. Энэ хүнд үеийн ард ч тэд ажиггүйхэн гарчихна. Амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Тэд коронаг ялвал бид ч бас ялснаас ялгаагүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ханбогдод хот байгуулж, өвөлждөг болцгооё

Өмнөговь аймгийн Ханбогд сум манайдаа хамгийн дулаан газар. Ханбогд сум өргөргийн 43 градуст Бээжин 40 градуст, Вашингтон 45 градуст байдаг. Өчигдөр 17 цагийн байдлаар Бээжинд 0 градус, Вашингтонд 1 градус, Ханбогдод -6 гардус байсан. Урд хөршийн дулаан тохь, хаа холын Америкийн номхон далайн баруун хойд бүсэд орших Вашингтоны тав тух Ханбогдод байж болохоор байгаа биз. Ханбогдод хот байгуулъя, өөрсдийн гэсэн дулаан газар арал худалдаж авъя гэж “Өдрийн сонин” хэдэнтээ бичиж ирсэн. Дахиад л бичье.

Улаанбаатарын өвөл хүн амьдрахад үнэхээр хэцүү байдгийг бид бүгдээрээ мэднэ. Дэлхийн хамгийн хүйтэн хот гэж шогширдог. Дулаан газрынхан ийм хүйтэн улсын зовлонг мэдэхгүй л дээ. Хөлдөөд үхчихгүйн тулд нүүрсээ түлж, утаа гаргана. Нүүрс түлэхийг хориглоод сайжруулсан түлш хэрэглэж байгаа ч өмнөх жилүүдээс буурсан болохоос утаа, тоос тортог, халтиргаа гулгаа, хүхрийн хий алга болчихоогүй.

Жилийн жилд том, жижиггүй ханиад хүрдэг хэвээрээ л. Эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй хонгилоороо дүүрэн өвчтөнтэй л өнждөг. Заавал дулаан хувцаслах хэрэгтэй болдог. Тэр нь үнэтэй. Улсаараа нэг пөөнийсөн хүмүүс л пингвин шиг л явцгааж байдаг. Дэлхий үслэг эдлэлээс татгалзах тухай ярьж байхад бид хичнээн хүсээд ч -40 хэм хүртэл хүйтрэхэд амьтны үс нөмрөхөөс өөр аргагүйд хүрдэг. Тиймээс хөгшид хүүхдээ дулаан өвөлжүүлдэг, өөрсдөө ч очоод өвөлждөг дулаан газартай болохын үүднээс бид Ханбогдыг онцолж бичдэг. Энэ жил өвлийг мартах шахсан урт налгар намар болсон ч ойрын өдрүүдэд өдөртөө -25 хүрч хүйтрээд эхэлээ. Ханбогдоос урагшаа Хятадын хил даваад Өмнөд Монголын Баян нуур аймаг бий.

Одоо бол хотын статустай болсон. Хамгийн эрүүл хүнс, уул уурхай, мал аж ахуй, газар тариаландаа түшиглэн хөгжиж байгаа инновацийн гол төв гэгдэх метрополитан хот. Хэдхэн км-ийн цаана ингэж хөгжиж байхад бид яагаад болохгүй гэж. Манай баячууд өвөл болохоор халуун дулаан газарт очоод өвөлжчихдөг болж. Дулаан орны гайхалтай сайхан арал дээр амарч зугаалж яваагаа постолж харагддаг. Тэдний буруу ч юу байхав. Утаа униар, хүйтнээс дайжаа биз. Боломжтой бол тэгэхээс яахав. Хүн бүр хил дамнан өвөлжөөд байж чадахгүй. Бид нүүдэлчин байлаа гээд үргэлж гадаад орон руу нүүдэллээд байлтай биш. Хил дотроо Ханбогдоо хөгжүүлж тэндээ өвөлждөг болъё. Байшин барилгууд барьж, баян, ядуугүй тэнд амьдарч болно. 12 дугаар сард очоод цагаан сар өнгөрөөгөөд хотдоо ирэхэд болохгүй юм алга.

Орон сууцны асуудлыг нь шийдэж, тэрийгээ очсон хүмүүстээ хөлсөлчихдөг байхад л болоод явчихна. Дэд бүтцийг улам сайжруулж, яваандаа урд хөрш рүү Ханбогдоос хилээр гардаг болж, машинтай Бээжин явчихаж болно. Ер нь ч Монголын баяд, ноёд дээр үеэсээ Бээжинд очиж өвөлждөг л байсан гэдэг. Хүний газрыг диваажин мэт ярьдаг болохоос хажуухандаа диваажин босгож яагаад болохгүй билээ. Энийг ажил хэрэг болгомоор байна. Амьдрал сайхан болно. Хөгшчүүлээ амраадаг болгоё. Хүүхдүүдээ өвчлөхөөс сэргийлье.

Ханбогдод дэд бүтэц хөгжсөн. Сумын төвөөс баруун тийш 40 км-т Монголын хамгийн том уурхай Оюу толгой байгаа. Оюу толгой руу төмөр зам очно. Хар зам очно. Замаасаа өмнө цэвэр усны асуудлаа шийдсэн. Оюу толгойгоос цахилгаанаа шийдсэн. Тэгээд цаг агаар нь дулаахан. Ийм болохоор бид Ханбогдыг онцлоод байдаг юм. Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд хот байгуулчихсан. Багануурын уурхайг түшиглээд Багануур дүүрэг бий болсон. Уул уурхайгаа дагаад энэ сумыг хөгжүүлье. Заримд нь хоосон мөрөөдөл мэт их холын санагдаж болох юм. Зүтгэж хийвэл тэр байтугай бүтээдэг шүү дээ, хүн төрөлхтөн. Бид ч бас тэдний эс ширхэг. Газар нутаггүй ард түмэн далай дээр хот сүндэрлүүлж байна шүү дээ.

Яагаад ганц байгаа дулаан газраа хөгжүүлчихэж болохгүй гэж. Хорь, гучин жилийн өмнө бид өнөөдрийн технологийн дэвшил, хүн төрөлхтний ямар болох тухай ид шид мэт ярьдаг байсан. Түүнээс өмнөх үеийн тухай яриад ч хэрэггүй биз. Одоо хэн ч гар утас хараад гайхахгүй, гайхдаг хүн байвал шоолуулж, хочлуулаад дуусна биз дээ.

Зэс ихтэй учраас газрын илч бий болоод цас тогтдоггүй, хүйтэн жавар тогтохгүй. Нутгийн өөрөө удирдах байгууллага ч харгалдах биш дэмжээд явах хэрэгтэй. Үүнийг дагаад Ханбогд сум хөгжинө. Аялал жуулчлалын бүс болно. Цаг хугацаа өнгөрөхөөр хотын статус яригдана.

Манай улстөрчид элдэв популист санаа уралдуулж олноос онцгойрох гэхийнхээ оронд “Өдрийн сонин”-ы энэ санал санаачилгыг дэмжиж, бодит болгооч. Үүнийг санаачилж дэмждэг улстөрч гараад ирвэл нийтээрээ санал өгөөд гаргаад ирнэ. Ханбогд руу хотынхон бид ч өвөлдөө нүүх гээд байгаа юм биш. Их нүүдэл аль хэдийнэ эхэлсэн. Үүнийгээ дагаад шаардлага хэрэгцээнүүд дахиад л бий болж байгаа.

Ханбогдын хажуу хавийнх нь сумд эзгүй эл хуль болж байгаа юм билээ. Залуучууд бүгд энэ сум руу нүүдэл хийж байна. Ажлын байртай, тавтай тухтай, дулаан газар болохоор заавал хот газар бараадах шаардлага тэдэнд алга. Тэнд газрыг том томоор авч байна л гэнэ. Бизнесийнхэн маань ч нэг юм бодно байгаа. Барилгын бизнесийг тэнд цэцэглүүлж болж байна. Дахиад шинэ шинэ зам тавьж болж байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүлж, цэцэрлэг сургууль байгуулж, хийе, бүтээе гэвэл ажлаас их юм алга. Сүүлийн үед аяллын маршрутад Ханбогд сумыг оруулдаг болж. Хамрын хийдийг энергийн төв гэдэг бол Ханбогдын Дэмчигийн хийдийг мөн л энергийн уурхай гэцгээдэг. За тэгээд энэ говьд сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн олдвор чинь зэстэй зэрэгцээд хэвтэж байдаг. Хүний өөрийнгүй л сонирхоно. Томоос том байгалийн музей байгуулчихъя.

Доторх үзмэр нь Ханбогдоор нэг хөглөрч байгаа юм чинь. Байгаль цаг уур, аялал жуулчлалын томоохон бүс, дотоодын гайхалтай аралтай болоход цааргалах, хориглох юм огт алга. Ханбогдоо хөгжүүлээд бүгдээрээ хил дотроо өөрийн гэсэн диваажин дулаан хоттой болох боломж байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Сайнбаяр: “Уухай” хөдөлгөөн бол нийгмийн захиалга

“Уухай” хөдөлгөөний зохицуулагч Д.Сайнбаяртай ярилцлаа.


-“Уухай” хөдөлгөөнийг яагаад байгуулсан юм бэ. Чухам яагаад ийм нэр өгсөн юм?

-Яагаад гэдэг асуултад маш олон тайлбар хэлж болно. Хоёр намын хоорондын зодооныг харж байна. Долоо хоног болгон л нэг сенсацитай мэдээ гарах. Энэ 76 болоод сайдаар ажилласан хүмүүсийн овилгогүй, ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлүүд, тэдний ганцаарчилж болон хамсаж хийсэн асуудал дэндүү их байна. Тэд өөрсдөө ч энийгээ хүлээн зөвшөөрч байх шиг. Саяхан УИХ өөрөө таръя гээд явж байсан нь үүний сонгодог илрэл. Тэдний зохиосон жаран тэрбумын асуудал шүүхээр шийдэгдээд, зарим нэгдээ ял үүрүүлээд явж байна. ЖДҮ тун удахгүй ард түмний өмнө, шударга ёсны өмнө шүүлгэх байх. Юутай ч бай төр өөрөө ялзарчихсан байгаа нь өдрөөс өдөрт улам тод болж байна. Энэ бүх муу муухай ээлжилж эрх барьж ирсэн хоёр намаас л үүдтэй. Өнөөдөр ард түмэн бид эмгэнэлт жүжиг үзэж байгаа үзэгчид болчихож. Энэ хоёр намын хийсэн гэмт хэргүүдийг савангийн дуурь үзэж байгаа аятай хараад суудаг болжээ. Бид энэ бүгдээс үнэхээр залхаж байна. Шинэ үеийн залуучууд одоо хөдөлж, өөрчлөлт хийхийн төлөө үйлдэл хийх цаг ирсэн. Энэ утгаараа Уухай хөдөлгөөн бол нийгмийн захиалга юм. Өөдрөг ирээдүйн төлөө хамтдаа уухайлцгаая гэж бид Уухай нэр сонгосон. Мориндоо мордсон монголчууд уухайлаад урагш давшихад дэлхийн талыг эзэлж байсан түүх бий. Нөгөө талаас монгол хүн зөв үйлдлийг уухайс даа гэж дэмждэг. Монголын баг гоол оруулахад бүгд хамтдаа уухайлдаг. Их сайхан үг шүү. Орчин үеийн залуус байж яасан хуучинсаг юм гэх хүнтэй ч таарсан. Хуучинсаг үг биш ээ. Харин ч эртний бүхэн хамгийн орчин үеийн болдог цикл бий.

-Та хэдийг сонгуульд өрсөлдөхийн тулд нэгдэцгээж гэж ойлголоо.

-Сая нийтэд дэлгэсэн дөчин залуугийн танилцуулга зураг, маш олон хүнд хүрлээ. Фэйсбүүкээр, жиргээн дээр давхардсан тоогоор 2.5 сая хүнд хүрсэн байна. Эндээс харахад иргэдийн дэмжлэг, хүлээлт маш их байна. Энэ дөчин залуу бүгд нэр дэвшихгүй. Хөдөлгөөний залуучуудын төлөөлөл болгож л ил тавьсан хэрэг. Зураг дээрх залуусаас гэхэд тал нь нэр дэвшихгүй, “Уухай” хөдөлгөөний санаачилгыг дэмжигчид. Төрөл бүрийн салбарын залуус байгаа. Энэ хөдөлгөөнд нэгдье, хамтдаа урагшаа явъя, нэр дэвшье гэсэн залуус нэмэгдсээр байна.

-Хуулиараа намаас юм уу бие дааж нэр дэвшинэ. Гэтэл та нар хөдөлгөөн байгуулчихсан. Янз бүрийн намд харьяалалтай залуус байна лээ. Намаас нэр дэвшиж УИХ-д өрсөлдөнө гэсэн үг үү, эсвэл бүгдээрээ бие даах юм уу. Хөдөлгөөний нэрэн дор сонгуульд нэр дэвших боломжгүй шүү дээ.

-Тэр ойлгомжтой. Бид хөдөлгөөнөөр сонгуульд оролцох гээгүй. Аль нэг нам олонх болох нь бидэнд асуудал биш. Харин зөв залуус олонх болох нь чухал. Өөр, өөр намд харьяалалтай хорин залуу гараад ирлээ гэхэд хэдий нэг нам биш ч гэлээ үнэт зүйлс дээрээ санаа нэг байж, өөр өөрийн намдаа нөлөөлж улмаар төрөөс зөв бодлого гарах үйлст нөлөөлөх бүрэн боломжтой. Нарийн яривал бидний зарим нь гуравдагч хүчин байгуулах асуудал ч нээлттэй шүү дээ.

-Гадаадад боловсрол эзэмшсэн залуусаар “Уухай” хөдөлгөөн дүүрчихсэн юм шиг харагдана лээ. Монголын амьдралыг мэддэг л байгаа даа..

-Мэдэлгүй яахав. Бид заавал гадаадад төгссөн хүмүүсийг цуглуулъя гээгүй. Нийтлэг найз нараараа цуглахад ерөнхийдөө гадаадад магистр төгссөн залуус олон болчихсон байна шүү дээ. Энэ хүмүүсийн ихэнх нь Монголд дунд сургууль, их сургууль, бакалавр дүүргэсэн. Тэдний л төлөөлөл. Анхны зурагт хуудаст зай байгаагүй учраас төгссөн бүх сургуулийг нь жагсааж амжихгүй, сүүлд төгссөн сургуулийг нь жагсаагаад тавьчихсан. Дотооддоо төгссөн залуус олон байгаа. Манай хөдөлгөөнд инженерүүд, эмч нар, бас мянгат малчин хүн ч байна. Янз бүрийн салбарын залуус байгаа.

-Нам шиг гишүүнчлэлтэй байх хэрэг үү?

– Бидэнд хатуу гишүүнчлэл байхгүй. Дэмжигчидтэй. Дэмжигчдэдээ зориулсан бодлогоо боловсруулаад онлайнаар бүртгэлээ хийж байна. Одоогоор мянга гаран хүмүүс бүртгүүлээд байна. Цаашид олон арван мянган дэмжигчидтэй болох, үндэсний хэмжээний хөдөлгөөн болох болов уу гэсэн дүр зураг харагдаж байна. Уг нь бидэнд анх хөдөлгөөн байгуулах төлөвлөгөө байгаагүй. Клуб маягаар ажиллаж байгаад л эхнийхээ уулзалтаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцсон.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр юун дээр санал нэгдэв.

– Одоо нэгэнт батлагдсан зүйл дээр юу хэлэхэв. Ажлын хэсэгт нь байсан олон хуульч залуус манай Уухай клубт байж таарсан. Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр, доктор О.Мөнхсайхан, доктор Б.Гүнбилэг, хуульч Ж.Эрхэмбаатар, хуульч Д.Үүрцайх гэх мэт салбарын түүчээ болсон залуус. Мэдээж бид нам үл харгалзан парламентын засаглалаа хамгаалж үлдэх, шүүхийн хараат бус байдал, кабинетаа өөрөө бүрдүүлдэг, хариуцлагаа өөрөө үүрдэг хүчтэй ерөнхий сайдтай байх ёстой гэх мэт олон үндсэн асуудал дээр байр суурь нэг байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ахиц дэвшлүүд гарсан.

-Уухай хөдөлгөөний гишүүн байхын тулд ямар нэг шалгуур бий юу?

– Зөв хүн байх ёстой. Зөв гэдэг нь барьцгүй, субьектив байж магадгүй ч гэсэн зөв мөртэй байх ёстой. Одоо энэ дөчин хүн ямар нэгэн байдлаар авлига авч байгаагүй. Худлаа ярьж байгаагүй. Хулгай хийж байгаагүй. Өнөөг болтол өөрийгөө ажиллаж буй салбартаа нотолж чадсан тийм залуус. Дийлэнх нь хувийн хэвшил, олон нийтийн байгууллагад ажиллаж байсан.

-Намын шинэчлэл ярьсан залуус цаанаа нэг эзэнтэй, тэр хүнийхээ заавраар шинэчлэл ярих нь бий. Та хэдийг дэмжиж байгаа хүмүүс ч байна. Хардах хүмүүс ч байна.

-Анхны уулзалтаар бид нэг юман дээр тохирсон юм. Ах нар гэж ярихаа больцгооё. Тэд нарыг тэгж ярьж, баярлуулж, алдаршуулахаа больё. Одоо улс орны хувь заяаг ах нарын үе биш, харин манай үе өөрсдөө зурах цаг нь болсон гэж. Энэ бол бидний дунд анх тогтсон маш чухал ойлголцол төдийгүй Уухай хөдөлгөөний маш чухал мөн чанар гэх үү дээ.

-Жишээлбэл, өөрийг тань Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ажиллаж байсан хүн учраас хөдөлгөөний ард түүнийг байгаа гэж хардаж байна лээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой 2009 оны сонгуулийн өмнө хэрэв та гадаадад суугаа 120 000 монголчуудын сонгох эрхийг хуульчлахыг дэмжвэл би таныг дэмжье гэж хэлээд анх танилцаж байсан. Тухайн үед би Цахим өртөө холбооны удирдах зөвлөлийн дарга байсны хувьд энэ талаар багагүй хүчин чармайлт гаргаж ажиллаж байсан цаг. Гадаадад есөн жил байхдаа нэг ч удаа сонгох эрхээ эдэлж чадаагүй миний хувьд энэ их чухал тохиролцоо байсан юм. АН, ИЗНН-тай санамж бичиг зурж, парламентын гишүүдэд уриалга, албан бичиг явуулах гэх мэтээр бидний хэсэг нөхөд ажилласан. Тэр сонгуулийн хууль хожим батлагдаж 2012, 2013 оны сонгуульд гадаадад суугаа монголчууд сонгох эрхээ эдэлсэн. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг авлигын эсрэг тэмцэнэ гэхэд тэр үед итгэж найдаж, дэмжсэн олон мянган залуусын л нэг. 2013 онд ч мөн ялгаагүй. Ялгаатай нь би тэр хүний сонгуульд сошиал медиа багийг нь удирдаж оролцож байсан. 2013 оноос Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилласан. Энэ утгаар нь намайг Элбэгдоржийн хүн гэж хаяг зарим хүн зүүхийг хичээдэг. Залуусын хүндэлдэг Датакомын Д.Энхбат гээд хүн байж байна. Тэр хүнийг орон тооны бус зөвлөх нь байсан гээд Ц.Элбэгдоржийн хүн гэж харах уу? Уухай хөдөлгөөнд байгаа Болдбаатарын Гүнбилэг гэж манай найзыг М.Энхболдын хүн гэж зарим нь ярих. Энэ хүн чинь УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл даргын зөвлөхөөр бас ажиллаж байсан шүү дээ. Иймд Ж.Болдбаатарын хүү Гүнбилэгийг М.Энхболдын хүн гэж би хэзээ ч боддоггүй. Тэрэн шиг манай найз нар ч намайг Ц.Элбэгдоржийн хүн гэж хардаггүй. Тэд намайг олон жилийн өмнөөс хэн бэ гэдгийг мэднэ. Зохион байгуулалттайгаар бие биедээ ийм шошго зүүхээ больчихмоор байгаа юм. Ингэж хандъя гэвэл монголчууд бүгдээрээ л хэн нэгний хүн болно. Одоо энэ дүрмээр явбал МАН-ын удирдлагад байгаа бүх хүмүүс Н.Энхбаяр гуайн хүмүүс болж таарна. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн институтэд ажиллаж байснаараа хувьдаа бахархдаг. Ерөнхийлөгчийн зарим зүйлд зөвлөж, хэлэх үгийнх нь нооргийг бэлдэж өгч байснаас өөр онцгой харьцаа байгаагүй. Уухайгийн залууст өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн замнал, өөрийн гэсэн бахархал бий. Нэг шуудайнд ороод хэн нэг улстөрчийн дохиур болох хүмүүс биш.

-ХҮН-ын нэлээд олон залуус танай хөдөлгөөнд байна лээ. Энэ намын залуус нэр хүндтэй байснаа хагаралдаад хоёр тийш болсон. Магадгүй ийм байдалд хүрэхэд нь зарим улстөрч, улс төрийн хүчнүүд нөлөөлсөн байх. ХҮН-д тохиолдсон үйл явдал танай хөдөлгөөнд тохиолдох вий дээ. Үүнээс яаж сэргийлэх юм?

-ХҮН зөв юм ярьж гарч ирсэн сайхан залуусын нэгдэл. Хоёр нам тэр тусмаа Ганбаатар гэдэг хүн энэ намын орон нутаг дахь салбар нэгжүүдэд өөрийнхөө хүмүүсийг шургуулж, аргагүй байдлаар энэ намаас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхдээ намын удирдлагыг бас гартаа авна гэж зөрүүдэлснээс, түүнчлэн хоёр нам захиалгаар хүн оруулж, тал талаас нь нухчин дарсан. Би нам дотор нь байгаагүй ч гэсэн ихэнхийг нь мэддэгийн хувьд хэлэхэд Дээд шүүхээр хэн намын дарга байх нь, хэний зөв нь шийдэгдчихсэн шүү дээ. Анзаарсан бол сонгуулийн дараа МАН нэгдүгээрт, АН хоёрдугаарт, гуравдугаарт ХҮН-аас бие даасан залуучууд хамгийн олон санал авсан байсан. Ардчилсан нам тэр үед өөрийнхөө саналыг хуваачихсан шүү дээ. ХҮН-ын залуусыг шахах гээд сонгуулийн тогтолцоог өөрчилсөн нь АН-д л ашиггүй туссан. Дээрх зүйл давтагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ нөхцөл байдал бол тэс өөр юм. Уухай бол нам биш, хөдөлгөөн. Намуудын төлөөллөөс бүрдсэн Уухай хөдөлгөөний үг үйлдэл сонгогчид төдийгүй, хоёр том намын дотоод шинэчлэл, бодлогод ч нөлөөлнө.

– Энэ залуус таныг ерөнхий зохицуулагчаараа яагаад сонгосон юм бэ?

-Эргээд харахад их сургууль төгссөнөөс хойш 15 жил хувийн хэвшилд ажиллажээ. Олон сонирхолтой ажил, сайн дурын үйлст байнга идэвхтэй оролцож явсны ачаар олон салбарын найз нөхөдтэй болсон мэт. Хөдөлгөөний залуустай ямар нэг учиг, үйлсээр холбогдсон хүмүүс байдаг. Арван жилийн андууд гээд л эхэлнэ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа бол 93 дугаар сургуулийн нэг анги, хуульч Б.Гүнбилэг бид орос 83-т нэг анги байсан. ХҮН-ын залуустай 2000 оноос хойш гадаадад оюутан байх үеэсээ л танилцаж нөхөрлөсөн. Эрин М.Тулгат, Шинэ Монгол сургуулийн захирал П.Наранбаяр бид оюутан байхдаа Чикаго, Токио, Лондон, Сөүл, Сидней гээд таван хотод салбартай монгол номын дэлгүүр байгуулж, ном зарж, хамтдаа ном гаргаж танилцсан найзууд. Б.Дөлгөөн бид анхны блогчдын арми, блогчид нийлээд “Дэлхий бол хавтгай” номыг хамт орчуулж байж. Зарим нь Forbes сэтгүүлээс шалгаруулсан 30/40 манлайлагч клубийн нөхөд. АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг М.Чимэддорж, С.Санасэр, Х.Номингэрэл анд нартайгаа байгуулж байлаа. АН, МАН, ХҮН намын төлөөлөл, хэвлэл мэдээлэл болон бусад салбарт түүчээ болсон залуусын төлөөлөл нэг дор цуглаж уулзсан нь тун онцлог явдал. Есдүгээр сарын 20-нд Пянз цуглуулагчдын клуб дээр анх уулзаад л долоо хоног бүр нэг нь илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийж эхэлсэн. Сүүлдээ хөдөлгөөн болж хувирлаа. Бодвол анхны уулзалтыг санаачилж, уулзалт хийсэн гэдэг утгаар намайг зохицуулагчаар сонгосон байх.

-Хөдөлгөөнд байгаа залуус тэс өөр үзэл баримтлалтай хэрнээ УИХ-д орвол үзэл санаа нэгтэй байна гэх юм. Нэг л ойлгохгүй байна?

-Намуудын үзэл баримтлалын ялгаа нэг их байж ирээгүй шүү дээ. АН баруун төвийн үзэлтэй нам гэж цаасан дээр тунхаглах мөртөө хамгийн социалист бодлого явуулдаг. Заримдаа МАН нь болохоор АН-ын хийх ёстой баймаар баруун төвийн бодлого заримдаа явуулдаг. Бидний хувьд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хариуцлага, хувийн өмч, чөлөөт зах зээлийг хамгаалж, авлигагүй төр, ядуусгүй нийгмийг цогцлоох дээр ижил үзэл бодолтой залуус цугласан. Татварын бодлого ч юм уу, аливаа салбарын бодлого дээр санал зөрөлдөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ дундаа хэлэлцээд зөв шийдвэр гаргах чадамжтай залуус. Аль нэг фракцаас үл хамааран бие даасан, улс эх орноо бодсон зөв бодлого гаргах чадамжтай байгаа нь бидний давуу тал. Бид хэн нэгэнд барьцаалагдаагүй нь бас бидний давуу тал. Одоо байгаа 76 өөрсдийнхөө бүлэг дээр дэмжиж олонхоороо зуун хувь оруулсан хуулийн төслөө цагийн дараа чуулганы хурал дээрээ эсрэг дарж унагааж байхыг бид харж байна. Энийг одоо юу гэж ойлгох уу. Ийм хурдан саналаа өөрчилж байгаа хүмүүст би л лав итгэхгүй. Тэнд өөр эрх ашиг үйлчилж байна.

-Та аль нутгийн хүн билээ, аав ээжийгээ танилцуулна уу. Хаана сурч боловсров?

-Миний аав Тангадын Даваабат. Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Аавын талд бичгийн, эрдмийн хүмүүс олон байдаг. Шударга үг, хурц ухаанаараа Тангад өвөө маань нутагтаа их хүндлэгддэг байжээ. Долоон хүүхдийн отгон хүү болох аав минь багадаа өнчирсөн. 15-тайдаа Свердловскт ТМС руу яваад 17-той төгсөж ирээд хотын бүтээн байгуулалтад барилгачнаар ажлын гараагаа эхэлсэн байдаг. Дараа нь ЗХУ-т Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд барилгын инженерээр сурсан. Онц сурдаг байсан тул Эрхүүгийн сонин хэвлэлд үлгэр жишээ оюутан болж гардаг байж. Барилгын яаманд хэсэг ажиллаад олон жил Барилгын зургийн институтэд ажилласан. 18 аймгийн барилгын төслүүдийг хянадаг, зургийг нь гаргадаг мэргэжлийн инженер хүн байсан. Ээж маань Ядамсүрэнгийн Алтанцэцэг Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул. Их эмч мэргэжилтэй, насаараа эрүүл мэндийн салбарт ажиллаад сүүлийн арав гаран жил дээд сургуульд багшилж байгаа. Өвөө Дэмбээгийн Ядамсүрэн гэж маш залуудаа сум, нэгдлийн даргаар сонгогдож, аймгийн хянан шалгах хороонд олон жил даргаар ажилласан, маш багадаа бичиг эрдэм сурсан, удамтай айлын хүү байжээ. Өвөө, эмээ нар маань өнгөрсөн зууны бүтээн байгуулалтад идэвхтэй оролцсон хүмүүс. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Баруун дөрвөн зам, нэгдүгээр хороололд бага насаа өнгөрөөсөн. 1998 онд 17 настайдаа халаасандаа долоон зуун доллартай Америк руу явж байсан. Тэнд их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад Монголд ирсэн. Аав, ээж минь эрдэм номыг их дээдэлдэг, энгийн сайхан сэхээтэн хүмүүс. Аав минь шударга хөдөлмөрийг багаас минь их зааж сургасан. Тавдугаар ангиасаа хойш дунд сургууль төгстлөө аавынхаа компанид ажил хийдэг байсан. Ханын цаас наагаад л явдаг байлаа. Ээж минь “Хүүхдээр ажил хийлгэлээ” гэж аавыг зэмлэхээр “Хүүгээ би хөдөлмөрч хүн болгож байгаа юм” гэж хэлдэг байсан.

– Та томоохон группүүдэд өндөр албан тушаал хашиж байсан. Амжилттай бизнесмэн яагаад улс төр сонирхох болов. Бизнесээ хийгээд явбал улс эх орондоо оруулж буй хувь нэмэр биш үү?

-Улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь иргэн хүний үүрэг, залуу хүний хувьд өөртөө үүрүүлж буй хариуцлага. Тэрнээс ажил мэргэжил, карьерийн асуудал бол биш. Төрд ажиллах сонирхол надад байсан бол аль эрт томоохон албан тушаалуудад томилогдох боломж, бололцоо, санал бишгүйдээ ирж байсан. Би тэр саналуудаас байнга татгалзаж ирсэн. Нөгөөтэйгүүр ёс зүйн хувьд болоод мэдлэг чадвар сул, улс орноо хөгжүүлэх сэтгэлгүй тийм улстөрчид улс орныг буруу залаад байгааг хүн болгон хэлдэг, телевизээ асаах болгонд л ярьж байна, мөн үү? Энэ байдлыг өөрчлөхийн төлөө бидний хэсэг залуус үйлдэл хийж байгаа юм. Энэ нь Уухай хөдөлгөөн. Сонгуулиар олонхын суудал авсан нам төрийн эрхийг гартаа авдаг. Нэг ёсондоо намуудын дотроо шигшиж, нэр дэвшүүлсэн 76 хүмүүсээс ард нийт сонголт хийх болдог. Хоёр том намын хувьд 152 хүнийг ард нийтэд танилцуулна. Энэ 152 хүн Монголдоо хамгийн их хайртай, хамгийн их мэдлэгтэй, хамгийн мундаг 152 хүн гэж бодож байна уу? Нам дотор нэр дэвшигчээ шалгаруулах процесс нь өөрөө хамгийн том авилгалын пирамид дээр тогтдог юм. Энэ бол Монголын улс төрийн гажуудлын эх бөгөөд улмаар төр гажуудахын үндэс болдог. Сүүлийн 20 жилийн хооронд болсон бүх сонгуулийн нийтлэг дүнгээр 18-30 настнуудын 60-70 хувь нь саналаа өгдөггүй гэсэн зүй тогтол байгаад байгаа. Тэдний ихэнх нь саналаа өгөөд ямар ч нэмэргүй, очоод сонголт хийх гэхээр ялгаагүй хүмүүс байдаг, бидний сонгохыг хүссэн хүн нэр дэвшдэггүй гэж хэлдэг. Ер нь тийм сонгочмоор хүмүүс их цөөн нэр дэвшдэг, байлаа гэхэд нэр дэвшүүлдэггүй. Тэгэхээр Уухай хөдөлгөөн энэ байдлыг засаж залруулахыг л зорьж байгаа юм. Бид сонгогчдод алтернатив сонголтыг бий болгоно. Бид хөдөлгөөнийхөө шугамаар зөв залуусыг санал болгоно. Бас нийт сонгогчдыг нам үл харгалзан зөв хүмүүсийг сонгохыг уриална. Сонгогчдын боловсролд нөлөөлөх үйл ажиллагаа хийнэ. Энэ хөдөлгөөн амжилт олж, зөв залуус төрд орвол бидний зорилго биелнэ. Үе үеийн залуус ачааны хүндийг үүрч ирсэн байдаг. Одоо манай үеийнхэн хүссэн хүсээгүй ачааны хүндийг үүрэх цаг ирсэн. Нийгмээ жаахан ч гэсэн урагш нь алхуулахын төлөө бэртэгчин зан гаргаж, хойш суулгүйгээр сурсан мэдсэнээ улс орондоо зориулж, эрч хүчтэйгээр ажиллая, зөв залуусаа дэмжье гэж бид зорьсон.

-Өнөөдөр нэр дэвшихийн тулд мөнгө өгч байна. Та хэд тэдэн шиг ЖДҮ-гээс тэрбум тэрбумыг авсан хүмүүстэй өрсөлдөхөд хэцүү биш үү?

Угтаа их хурлын сонгуульд их хэмжээний мөнгө зарлагадах шаардлагагүй юм. Шаардагдах ёсгүй. Үүнийг бид нотлохыг зорино. Мэдээж ухуулагчийн цалин, сурталчилгааны материалуудад хуульд заасан хэмжээний зардал гарах ёстой. Уухай хөдөлгөөний залуус мөнгөөр санал худалдаж авдаг тийм муухай системээс татгалзаж байна. Энэ далимд сонгогчдодоо уриалмаар байна. Аяга, таваг, данх, мөнгө тараасан хүнийг битгий сонгоорой, зөв хүмүүстээ итгэж найдаад саналаа өгөөрэй гэж хүсч байна. Энэ удаагийн сонгуульд та бүхэнд сонголт хийх, сонгочихмоор залуус олноор нэр дэвших болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэнэс Таван толгойн ногдол ашиг дээр ухаалаг бодлого барих хэрэгтэй

Сонгууль дөхсөн биш эрх баригчдын бэлэн мөнгө тараадаг өвчин нь хөдөллөө. Мөнгө тараасан түүх дэндүү олон. Сонгууль бүрийн өмнө амлаад л тараагаад л эхэлдэг. Өр тавьж мөнгө тараадаг. Иргэн бүрт 21 мянга, оюутны сар бүрийн далан мянга, өндөр настнуудад сая төгрөг, залуу гэр бүлийн 500 мянга, хүүхдийн хорин мянга, ямааны тоо толгойгоор мөнгө өгч хайр зарлаж үзлээ. Хүний хөгжлийн сан гэж байгуулж хүн бүрт дэвтэр өгөөд л батламж тараагаад л 2009 оноос л гадны хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа гэж зээлж авсаар өрийн сүлжээний эхлэл тавигдсан. Мөнгө тараах бүрт архичид, ажилгүйчүүдийн тоо өсдөг байлаа. Монголоороо нэг тэжээврүүд бий болсон. Сүүлдээ салбар салбараар нь бэлэн мөнгө тараадаг болсон. Ноосныхон, газар тариалангийнхан гээд л. Нийтдээ хичнээн их наядыг дэмий цацаж, жорлон руу урсгав. Энэ мөнгөөр бид хэдэн нефтийн үйлдвэр, цахилгаан станц, машины үйлдвэр, хичнээн км зам, төмөр зам барих байсан бол. Засгийн юм үнэгүй гэгчээр зарцуулж ирсэн. Засгийн мөнгө ч гэж юу байхав. Ард түмний татварын мөнгө. Өнөөх тараасан мөнгөө татвар хэд нэмэгдүүлээд буцаагаад авч байгаа. Олон жил ганц үйлдвэр ч барихгүй явсаар сая нэг Энэтхэгийн тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр төр засаг нефть боловсруулах үйлдвэр барьж эхлэв. Эхлэл нь өмнөх Засгийн үед тавигдсан л даа. Таван толгойн ашгаас 800-гаад тэрбумаар төмөр зам тавихаар болсон нь маш зөв шийдвэр болсон.

Сая Эрдэнэс Таван толгойн ашгаас хүн бүрт мөнгө тараах болоод л УИХ-ын гишүүд жигтэйхэн дуу шуу орж, ард түмэндээ хайр зарлаад мөнгө тараая гэлээ. Эдний ингэж орилолдож байгаа нь ямар ч үнэмшилгүй. Нэг л их ард түмнээ боддог хүмүүс шиг жүжиг тавьж байна. Монголын ард түмнийг МАН-ынхан нохой бөөсний чинээ боддоггүйг бид мэднэ. ЖДҮ-чин гишүүд 50 орчим тэрбумыг өөрсдөө хувааж цусалцгаасан. ХЭДС-гийн 2.7 тэрбумыг яаж хувхайлж хоослов. Төрийн банкны хорин тэрбумыг өмнөх захирал нь яав, Хөгжлийн банкнаас улстөрчид нь хувийн компанидаа тэрбум тэрбумаар зээлсэн л байдаг. Шалгалтын дүнгээр 1.3 их наядын зөрчил илэрсэн гэж тухайн үед шалгалтын баг ахалсан Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр хэлж байсан. Гэчихээд Эрдэнэс Таван толгойн 1072 ширхэг хувьцаатай хүн бүрт оногдох мөнгийг өөрсдөө халааснаасаа гаргаж өгөх гэж байгаа аятай солиоролдоод уналаа. Энэ бол татварын мөнгө ч биш эх орныхоо газрын баялгаас зарагдаж байгаа нүүрснээс оногдож буй хишиг. Яахыг нь та нар ч мэддэг юм биш. Хувьцаа эзэмшигчид өөрсдөө мэдэх хэрэг.

Тавиад мянган төгрөгөөр нэг уух юм аваад л, эсвэл нэг өдөр хоол идээд л жорлон луу урсана. Хоногийн хоолоо яая гэж байгаа зарим хүнд хэдэн өдрийн хоолны мөнгө болох биз. Энэн дээр ухаан бодлоо уралдуулж зөв зүйлд зориулмаар байна. Нэг ёсондоо улсдаа ашигтай хөрөнгө оруулалт хиймээр байна. Ядуу байлаа гээд өлсөөд үхсэн монгол хүн одоохондоо алга. Энийг төмөр зам, тэр дундаа Гашуунсухайтын төмөр замд оруулмаар байна.

Бидний түрүү оны ногдол ашгийг Зүүнбаян чиглэлийн төмөр замд ашигласан. Юу юугүй ашгаа өгөх нь юу юм. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэдэг. Өнөөдрийн уушгийг Гашуунсухайтад зориулмаар байна. Нэгэнт хөрөнгө оруулсан юм чинь Зүүнбаянгийн төмөр замаа ч барих хэрэгтэй. Энэ мэт ногдол ашиг өгөх бол бүтээн байгуулалтад өгмөөр байна. Түүнээс биш хувиасаа өгч байгаа мэт бидний мөнгийг тарааж сонгуульдахыг зөвшөөрөхгүй. Тэрний оронд ногдол ашгаараа төмөр замаа тавиад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс дараа нь ашгаа авна биз. Төмөр зам барихад өгсөн мөнгөө хүү бодож авдаг бол бидэнд илүү ашигтай байна. Төмөр зам, нефтийн үйлдвэр барьж дуустал гурав дөрвөн жил тэсчихвэл үр ашиг нь аяндаа л гарна.

Эхнээс хүмүүс ийм санаачилга гаргаад эхэлсэн байна лээ. Эрүүл саруул залуус ногдол ашиг гэж өгөх тэр бага мөнгийг авснаас ашигтай хөрөнгө оруулалтад зориулъя гэлцэж байна. Албан ёсжуулаагүй л болохоос хувь хувьдаа сошиалаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна лээ. Авдаг нь авна л биз. Авахгүйгээр бүтээн байгуулалтад оруулаад дараа нь илүү ашигтайгаар буцааж авмаар байгаа хүмүүс нь уриалаад, нэгдээд, хөдөлгөөн өрнүүлцгээе. Гучин жил зүгээр мөнгө идлээ. Увуулж, цувуулж авсан арав хорин мянган төгрөгөөр бид юу хийж гийгүүлсэн юм. Яг үнэндээ юунд зарцуулснаа ч санахгүй байна. Мөнгө тараах бүрт банкны үүдэнд хамгийн түрүүнд ажилгүй архичид, тэтгэврийн хөгшчүүл л цугласан байдгийг санаж байна. 2011 онд Эх орны хишиг гэж сар бүр 21 мянган төгрөг иргэддээ тараах үед Дэлхийн банкны эдийн засагч Рожер ван дэн Бринк хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Судалгаагаар бэлэн өмнгө тараасны дараа хэрэглээ өсч, үүнээс үүдсэн үхэл нэмэгддэг гэсэн тоо гарсан. Аляскад жилдээ нэг удаа иргэддээ бэлэн мөнгө олгодог. Мөнгө олгосон долоо хоногийн дараа үхэл өсдөг гэсэн судалгаа гарсан. Энэ бол хувь хүнд тохиолдож байгаа асуудлын жишээ.

Аляскийн газрын тосны орлогыг хуримтлуулж, Засгийн газрын санхүүжүүлэх сан байгуулсан. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гэх мэт нийгмийн үйлчилгээг бүхэлд нь санхүүжүүлэх болсон. Харамсалтай нь улстөрчид нь бэлэн мөнгө тараах сан болгож, Байнгын сан гэдэг нэртэй байснаа Ногдол ашгийн сан гэдэг нэртэй болгосон. Үр дүнд нь газрын тосны үнэ унахад Засгийн газар нь хүнд байдалд орсон. Нэгэнт ногдол ашиг аваад сурчихсан ард түмэн анхны зорилгыг нь мартчихсан төрийн үйлчилгээ үнэгүй байх ёстой, бас дээр нь бэлэн мөнгө авах ёстой гэсэн сэтгэлгээтэй болдог. Аляскаас өөр ингэж системтэйгээр мөнгө тараадаг улс Монголоос өөр байхгүй” гэж хэлж байжээ. Монголчууд өнөөдрийг хүртэл гучин жил тараасныг нь их, бага гэлгүй аваад л байсан. Авах сэтгэлгээнд нэгэнт дасчихлаа. Энэ удаа гурав, дөрөвхөн жил тэсчихье.Тараасан тав арван төгрөгийг нь авахгүйгээр бүтээн байгуулалтад зориуллаа гэхэд бид өлсөөд үхчихгүй. Тэрэнтэй тэрэнгүй болоод ирсэн биз дээ.

Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад орох ёстой мөнгө иргэдийн гарт зүгээр очихоор бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх боломж төдий чинээгээр алдагддаг. Иргэдэд бэлэн мөнгө тарааснаар зах зээл дэх бэлэн мөнгөний хэмжээ баялгаасаа хэт давснаас мөнгө үнэгүйдэх явц манайд болдог. Ингээд л улсаараа эдийн засаг нь доройтоод ирдэг шүү дээ. Монголд төмөр зам хэрэгтэй. Үйлдвэр, цахилгаан станц, зам дэд бүтэцэд бүгдээрээ хөрөнгө оруулалт хийвэл хувьцааны үнэлгээ өснө.

Түүнээс биш өөрсдийнхөө авах ёстой ногдол ашгийг улстөрчдөд санал өгөх өр болгож битгий харцгаа л даа. Тэдний баярлалдан бахдаад байгаа чинь биднээр даажигнаж байгаа ой гутам үйлдэл шүү дээ. Иргэдээ мөнгөтэй болох нь гэж тэд баярлаагүй. Ванга шиг хэлье гэдэг билүү. Сонгуулиар тэд өөрсдийн халааснаас мөнгө өгсөн аятай ногдол ашиг тараасан гэж марсайтал инээж байгаад санал нэхэх болно. Урхинд нь бүү унацгаа. Ирээдүйгээ харж, зөв гарц хайцгаая. Ногдол ашгаараа хөрөнгө оруулсан төслийг сайтар хянаж, үр дүн нэхье.

Central Azian Sur­vey сэтгүүлд нийтлэлч Лаурен Бонилла Монголын сонгуулийн тухай олон жилийн өмнө бичсэн байсан. “Иргэддээ авлига өгдөг, мөнгө тараадаг сонгуулийн энэ байдлыг сонгогчид нь огт буруушаадаггүй”-г тэрээр гайхан “Дэлхийн аль ч ардчилсан оронд сонгогч санал өгөхдөө өөрийн үзэл бодол, хараат бус байдалд үндэслэн шийдвэрээ гаргадаг. Харин Монголын сонгуулийн дүр зураг сонгогчийн үзэл бодол, хараат бусд байдлыг нь хүчээр албадан булааж авч байгаатай адил” гэж тэрээр бичжээ. “Энэ нь цаашлаад Монголд шударга бус зүйл цэцэглэн хөжих нэг том үндэс болдог.

Сонгогчдыг ингэж худалдаж авдаг нь найруулга сайтай жүжиг болдог” хэмээн тэрээр тодотгосон байна. Алийн болгон бид улстөрчдийн найруулсан жүжигт сайн дураараа тоглож байх юм бэ. Эрдэнэс Таван толгойн ногдол ашиг дээр ухаалаг хандаж, улстөрчдийн элдэв жүжгийн эмгэнэлт дүр байхаа больцгооё.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Цэрэнбат: АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хүүгийн талаарх мэдээллийг том орны улс төрийн зодоонд Монголыг хавчуулж байна гэж л харж байна


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа.


-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болоод бодлогын түвшний ямар ажлууд хийв?

-Байгаль орчны салбарт бохирдуулагч нь илүү их төлбөр төлдөг, ашиглагч нь илүү их мөнгө төлдөг байх ёстой гэж “Хандлагаа өөрчилье” багц ажлыг хийлээ. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд хэн илүү хэрэглэнэ тэр илүү төлдөг болгохыг зорилоо.

Усыг дахин ашиглах, техник технологийг нэвтрүүлбэл тэр хүн, байгууллага бага төлдөг байхаар хуульд тусгаж байгаа. Байгаль орчны багц хуулиудад давхардал, хийдэлтэй бүх асуудлыг цэгцлээд, Их хуралд өргөн барьсан. Нэг хуулиар зөвшөөрсөн юм шиг хэр нь нөгөө хуулиар хориглосон хийдлүүд их байсан.

Үүний үр дүнд байгаль орчны эсрэг гэмт хэргүүд шийдэгдэхгүй өнгөрөх нь олон байдаг. Багц хуулийн өөрчлөлтөөр энэ хүндрэлүүд арилна гэж үзэж байгаа.

-Баахан лиценз цуцаллаа гэсэн хэл ам их гарах боллоо…

-Туул гол дагуу Зайсан, Яармаг гээд Богд уул тойрсон газартай холбоотой газруудын эрх, нөгөөх нь уул уурхай тойрсон арваад лицензийн асуудал яригдаж байгаа. Сүүлийн хорь гаруй жил Монгол Улсын төр засаг тогтворгүй байснаас болоод яг аль нь зөв юм гэдгээ мэдэхээ байсан. Өнөөдөр Богд уулынхаа харагдцыг халхалсан өндөр байшингуудыг барьчихсан.

“Болдог юм аа, өмнө нь болж байсан юм аа” гэдэг. Намайг ажил авснаас хойш гарч байгаа хүндрэл бол “Өмнө нь болоод байсан. Яагаад чиний үед болдоггүй юм бэ. Чи хүнд суртал гаргах гээд байна. Танай доод шатны албан тушаалтнууд чинь авлига хээл хахууль авах гээд манай юмыг удаагаад байна” гэсэн гомдлууд тасардаггүй. Тэрийгээ албан ёсоор баримтжуулаад ег гэхээр өгдөггүй.

Яг хууль ном журмаар нь судлаад үзэхээр анх авахдаа өөрсдөө хууль зөрчөөд авчихсан байдаг. Зарим газартай холбоотой харилцааг нь өмнөх сайдууд маань цуцалсан хэр нь шүүхээр тэр нь дахиад сэргэчихсэн зэрэг хүндрэлүүдээс болж Богд уул тойрсон, Туул гол тойрсон хэрүүл эзэнтэй ч юм шиг, эзэнгүй ч юм шиг явж ирлээ.

-Богд уул чинь дархан цаазтай. ЮНЕСКО-д бүртгэлтэй. Тэгсэн мөртлөө өдий хүртэл аялал жуулчлал нэрээр газар өгөөд ирчихсэн. Байшин барилга барьсаар байгаад бараг тусдаа нэг дүүрэг үүсчихсэн. Шийдэж чадахгүй болохоороо ЮНЕСКО-гийн бүртгэлээс гаргах гээд явж байгаа мэдээлэл ч сонсогдох юм…

-Бидний хувьд тийм байр суурьгүй байгаа. Анхны төрийн тахилгатай дархан цаазтай уул гэдгээр ЮНЕСКО-д бүртгүүлж байсан. Харин бид хуулийн нөхцөл байдлыг судлаад тусгай бүс болгочихъё, татвартай болгочихъё гэсэн хандлагатай байгаа. Тэнд хөрөнгөө оруулчихсан хүмүүсийн сонирхол юу гэвэл хурдан тусгай хамгаалалттай газраас хасаад өгөөч ээ гэдэг.

Богд уулын харагдцыг Улаанбаатар хотын иргэн болгон харах ийм байгалийн тогтцыг нь эвдэхгүйгээр аялал жуулчлалын, тэр тусмаа амрах отоглох цэг байгуулна гэсэн хуулийн зүйл заалтыг Горхи Тэрэлжийн аялал жуулчлалын гэдэг статустай зэрэгцүүлэн олгосноос болж ийм хүндрэл гарсан. Энэнийг засахын төлөө явж байгаа. Гол хүндрэл жишээлбэл нэг га газар авсан мөртлөө хоёр га барилгажих талбай хийчихээд тэрийгээ нэмж өг гэдэг.

“Үгүй ээ, тэр нэг га чинь зөвшөөрөлгүй баригдсан учраас өгөхгүй” гэхээр хэн нэгнийг буруутгадаг. Харин энэ баригдсан байшингууд ялгаагүй монгол хүний хөрөнгөөр баригдсан учраас тусгай бүс болгоё, амьдарч байгаа бол тодорхой хэмжээний татвар төлдөг бол Бизнесийн журмаар ашиглаж байгаа бол илүү татвар төл, тэр мөнгөөр нь бид цаашдаа Богд уулыг хамгаалсан эко системийг хамгаалах зэрлэг амьтны гарц бий болгох ийм юман дээр нь зарцуулдаг болъё гэсэн байр суурьтай байгаа.

-Та сайд болсноос хойш нэмж нэг ч зөвшөөрөл өгөөгүй юм уу?

-Үгүй. Гол нь амрах отоглох цэг гэдэг хуулийнх нь дагуу өгөхөөр “Чиний өмнөх хүмүүс аялал жуулчлалын гэж өгөөд байсан. Чи яагаад болдоггүй юм бэ” гэдэг л асуулт асууж, хариулт нэхдэг.

-Аялал жуулчлалын гэж хэдэн жилээр өгдөг юм?

-Таван жилээр сунгаж байгаа.

-Тэгээд тэнд амьдарч байгаа хүмүүс тав, таван жилээр сунгаад л амьдраад байдаг хэрэг үү. Хоёр зуун жил амьдрах гэж байгаа юм шиг сүрхий том байшин барьчихсан байдаг шүү дээ.

-Тэгээд шүүхдэнэ. Гол нь хуулийн статус нь тодорхой биш байгаад байдаг учраас шүүхдэлцээд л яваад байдаг. Дэлхийн хаана ч илүү гоё орчинд амьдрах гэж байгаа бол илүү татвар төлдөг. Татвараа төлдөг учраас тэр хөрөнгийг нь хайрладаг, хамгаалдаг, харилцааг нь зохицуулдаг систем рүү оръё л гэж зорьж байгаа. Өөрийн чинь хэлснээр хоёр зуун жил амьдрах байр барьчихсан гэдэг дээр хэлэхэд хууль тодорхойгүй байгаа.

Үл хөдлөх хөрөнгөө барьчихсан, газар нь дархан цаазтай, газрын төлбөрийг дүүрэг тогтоодог. Өнгөрсөн жил Баянзүрх, Хан-Уул дүүргийнхэн газрын төлбөрөө нэмчихсэнийг яам нэмчихсэн юм шиг буруу ойлголттой байгаад байна. Энэ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох дүүргийн ИТХ-ын эрх мэдлийн асуудал. Эрх мэдлээ тэнцүүлээд өгчихсөний л гай.

-Хүүхдүүдэд ногоон паспорт олгоод байсан. Тэр ямар учиртай юм?

-Байгаль орчны салбарт хоёр хүндрэл байгаа. Өнгөрсөн цаг хугацаанд бий болсон байгаль орчны хохирлууд байна. Тэрийг арилгах шаардлага байна. Хоёрдугаарт, ирээдүйд бий болох хүндрэлийг багасгах явдал. Ирээдүйд Монгол Улсад амьдарч байгаа иргэн болгон хэрхэн байгальд ээлтэй байж, байгалиа бага бохирдуулахав, нөхөн сэргээх үү гэдэг заншлыг ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдаар дамжуулан өрх бүрт хүргэе.

Өрх бүр нэг ногоон паспорт эзэмшигч байя. Ингэснээрээ нэг стакан ус ч өдөр хэмнэг. Хогоо ялгадаг болгоё. Бидэнд хог хаягдлын менежментийг бид орхигдуулж байна. Нэг бол нийслэл мэдэх ёстой юм шиг. Нэг бол яам мэдэх ёстой юм шиг байгаа.

Яг бодит үнэндээ бол Нутаг дэвсгэр, засаг захиргаа түүний нэгжийн тухай хуулиар тухайн шатны бүх засаг дарга Монгол Улсын хуулийг нутаг дэвсгэр дээрээ биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ үе үеийн орон нутгийн удирдлагууд биелүүлээгүйгээс болж хог хаягдал бол бидний толгойн өвчин болсон. Энийг л багасгая гэж байгаа юм.

Багаасаа зөв зүйтэй дадал заншил суучих юм бол ирээдүйд ногоон паспорт эзэмшиж байгаа хүүхдүүд маань амьдралынхаа хэмнэлээр жилдээ 12 тэрбум төгрөгийн байгаль орчны хохирол учруулахаас сэргийлэх ийм л тооцооллын үндсэн дээр ногоон паспорт аяныг ахлах ангийн хүүхдүүдэд явуулж байгаа.

Том орны улс төрийн зодоонд Монголыг хавчуулж байна гэж ойлгож байна.

Дээр нь шилдэг санал санаачилгыг аль болох байгаль орчны салбарын байгууллагууд дээр хэрэгжүүлэх, иргэддээ сурталчлах, таниулах ажил хийж байгаа. Энэний хүрээнд аймаг болгоны шилдэг хүүхдүүдийг БНХАУ-ын Бээжин, Хонг Конгт аялуулж, юм яаж өөрчлөгдөж байгааг харуулж, Солонгос улсад болсон агаарын бохирдолтой хотуудын форумын үеэр ногоон паспорт эзэмшигч шилдэг хүүхдүүд маань хийсэн ажлаа танилцуулсан.

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын хуралд шилдэг ногоон паспорт эзэмшигч Энэрэл маань очиж хийсэн ажлаа тайлагнаж, Бид дэлхийн хөгжлөөс хоцроогүй шүү, бас энэ санал санаачилгаа үргэлжлүүлж байгаагаа танилцуулсан.

Энэ бол ирээдүйд илүү боломжуудыг авчирна. Ингэснээрээ бид усаа хэмнэдэг, эрчим хүчээ хэмнэдэг, нүүрс хүчлийн хий, дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулдаг ирээдүйн иргэдийг л бэлдэж байгаа юм.

-Ногоон зээл гэдэг нь яаж олгогддог юм. Гандангийн хавийнханд ногоон зээл эхэлж өгнө гэлээ гээд л шүүмжлээд эхэлсэн байсан.

-Засгийн газрын бодлого улсынхаа хөгжлийн бодлоготой уялдаж явах ёстой. Дээр нь Гандан бол бурхны шашны аялал жуулчлалын бүсдээ урт удаан жилийн түүхтэй. Үүнийг хамгаалах, тордох ёстой гол аяллын цэг байгаа юм.

Аяллын бүс учраас утаагүй болгоё, нүүрс хүчлийн хийг бууруулах нүүрс түлэхгүйгээр цахилгаанаар халаадаг энэ боломжийг нь өгөхийн тулд эхний ээлжинд Гандангийн айлуудыг түлхүү хамруулъя гэж банкуудтай тохирсон.

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр хаягдалгүй эдийн засгийн концепцид суурилсан бүтээгдэхүүнийг авч ашиглахад нэн хөнгөлөлтэй зээлийг ногоон зээл гээд байгаа юм. Дэлхий нийтийн жишиг. Энэний хүрээнд орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд байдаг гурван тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ард иргэддээ олгож байна.

Нэгдүгээрт, гэр байшингийн дулаалгын асуудал, ариун цэврийн байгууламжаа шинэчлэх технологио өөрчлөх асуудал байна. Цахилгаан халаагуур худалдаж авах, мөн бүрэн шаталтыг дэмжих зуух худалдан авахад хүүгийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Төр засгийн зүгээс анх удаа бий болголоо.

Уур амьсгалын ногоон сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтарч Монголын ногоон зээлийн санхүүгийн корпорацийг байгуулахаар Засгийн газрын зүгээс ажлууд хийгдсэн. Удахгүй гурван сард Олон улсын Удирдах зөвлөлийн хурал нь болж батлагдах юм бол цаашид Монгол Улсад тусгайлан байгаль орчинд ээлтэй техник технологийг дэмжих, хямд эх үүсвэртэй зээлийн бүтээгдэхүүнийг олгох гээд олон ашиг тус нь ирэх юм.

-Хог хаягдлаа дахин боловсруулъя гээд л яриад байдаг. Тэгсэн атал нэг л болж өгөхгүй байсаар өнөөг хүргэчихлээ.

-Нийслэл, дүүргийн удирдлагууд, төр засгийн удирдлагуудын уялдаа тус тусдаа байдаг. Бид сүүлийн хорь гаруй жилд дэлхийн гоё гэсэн бүхнийг ямар нэгэн байдлаар эд эсийг нь авчирч туршсан. Хоорондын уялдаа гэж байхгүй, систем гэж юм байхгүй.

Систем нь явж байж эд эс нь бүрэн ажиллах болохоос Солонгосоос хогны ангилах үйлдвэр аваад, Японоос бас аваад л байтал түгээлтийн асуудалтай тулгардаг. Ложистикийн асуудлыг орхигдуулснаас болоод олон хүндрэл учраад байгаа. Үүнийг цэгцлэхийн тулд өнгөрсөн жил бид хог хаягдлын менежментийн форум хийж цаашид гадны зээл тусламж, олон улсын хөтөлбөрийг нэг дүүрэг, нэг сум, аймагт иж бүрэн хийгээд үр дүн, алдаа дутагдал дээр нь дүгнэлт хийж байж орон даяар хэрэгжүүлье гэдэг концепц дээр тогтсон.

Бид хог хаягдлаар баян орон гэж бие биедээ мэдээлэл өгч хөөргөөд байна.

Манай улс хүн ам багатай, их газар нутагтай, тархай суурьшсан улс. Газар нутаг багатай, хүн ам ихтэй орны хошны менежментийг бид шууд авчраад хуулах боломж байхгүй. Эдийн засаг санхүүгийн хувьд өөрийгөө даагаад явж байгаа энэ чиглэлийн үйлдвэр манайд байхгүй.

Анх удаа Засгийн газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хаягдал дугуйг боловсруулдаг үйлдвэрт дэмжлэг өгч, агаарын бохирдлыг бууруулах үүднээс энэ жил зуу гаруй мянган хаягдал дугуй худалдаж авч бутлаад бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь дэмжсэн. Мөн хог хаягдлаар пластик боловсруулдаг компанийг дэмжиж, эхний ээлжинд найман аймагт хуванцар хог хаягдлыг бутлагч, преслэгч тоног төхөөрөмж өгч байна.

Үйл ажиллагааг нь тэр компаниуд нь хянаад явах юм. Удахгүй бид Эко төлбөрийн тухай хуулийг Их хуралд өргөн барихаар ажиллаж байна. Хэн хог хаягдал үүсгэж байна, тэр хүн тодорхой хэмжээний мөнгө төлнө. Тэр төлсөн төлбөрийн тавин хувийг нь дахин боловсруулах үйлдвэрийн тогтвортой тасралтгүй байдлыг хангахын тулд санхүүгийн дэмжлэг болгож өгдөг ийм концепцыг системээр нь хийж байж хог хаягдлыг цаашид боловсруулдаг аж ахуйн нэгжүүд маань тогтвортой үйл ажиллагаагаа хангах ёстой.

Хог хаягдлаар пластик боловсруулдаг компанийг дэмжиж, эхний ээлжинд найман аймагт хуванцар хог хаягдлыг бутлагч, преслэгч тоног төхөөрөмж өгч байна.

Бидний өмнөх алдаа юу гэхээр гал унтраах байдлаар богино хугацаанд нэг удаа асуудал шийдсэн. Дараа нь тэр шийдэл нь өөрийгөө аваад явах боломжийг үүсгээгүйгээс уначихаад байгаа юм. Манайд арав хүрэхгүй дахин боловсруулах том, жижиг компани бий. Сая тэр компанийг дэмжээд аймагт техник хүргэхэд тээврийн өртөг өндөр болчихож байгаа юм. Уг нь тэр пластик савыг бутлаад пресслэхээр овор хэмжээ тав дахин багасаж байгаа юм.

Тав дахин тээврийн өртгийг бууруулснаар тухайн компанид бага ч гэсэн дэм болж байгаа хэрэг. Гол нь үйл ажиллагаагаа тогтвортой болгох хэрэгтэй. Тэгж байж хүмүүс дадал хэвшил болгоно.

Бидний нэг өөрчлөх ёстой зүйл нь аль болох нэг удаагийн хэрэглээнээс татгалзах ёстой. Иймэрхүү ажлуудыг хийхийн тулд тодорхой хугацаа шаардагддаг. Түүхий нүүрсийг хориглохын тулд 2018 оны хоёрдугаар сарын 28-нд тогтоол нь гараад 2019 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

Хамгийн нимгэн гялгар уутыг хорихын тулд зургаан сарын өмнөөс хэсэгчилсэн хориг тавьж эхэлсэн. Алгуур хийхгүй бол асуудал нь хэчнээн зөв, иргэд хэчнээн дэмжих боловч эсэргүүцэх цааргалах бэрхшээлүүд гарч ирдэг.

-Манайд юу хийж байгаа нь мэдэгдэхгүй нэг л их хуралдсан сайд дарга нар байдаг. Ядаж салбар салбартаа дорвитой ганц юм хийчихвэл хэчнээн хэрэгтэй билээ. Жишээ нь, сайд болсных энэ салбарт энийг л нэг хийчих юмсан гэсэн юм юу байна?

-Монгол Улсын иргэдийнхээ байгаль орчинд хандах хандлагыг өөрчилье л гэж зорьж байна. Цаашдаа ч өөрчлөхийн төлөө зүтгэнэ, оролцоно. Харьцангуй иргэд маань байгалиа хайрлах тал дээр ойлголттой болж эхэлж байна. Байгалийн хуулийг сөрсөн цаасан дээрх хуулиуд үнэнд гүйцэгдэж байна.

Уул уурхай бидэнд хэрэгтэй боловч хөрс бохирдож байна, байгаль ой мод маань сүйдэж байна. Энийг бид л тордож, хамгаалах ёстой. Цаасан дээр хуулиараа өөрсдийгөө зөвтгөөд байж болохгүй ээ. Хариуцлагагүй уул уурхайн компаниудтай Монгол Улсын хуулийг мөрдүүлэх талаар ажиллаж эхэлсэн. Энэн дээр ахиц гарч өөрчлөгдсөн л гэж харж байгаа.

-Хариуцлагагүй уул уурхай гэснээс үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн лиценз хураагаад байх нь тэгээд зөв үү?

-Өнөөдөр зарим уул уурхайн компани тогтвортой ажиллахаас илүүтэй богино хугацааны ашиг хийгээд л хаяад явъя гэх нь байна. Эзэнгүй орхигдсон, зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай байгаа талбайд хамгийн багаар бодоход 186.8 тэрбум хэрэгтэй байна.

Лиценз эзэмшигч нь талбайгаа нөхөн сэргээхгүй хаяад явчихсан хорь гаруй мянган га газар байна. Эхнээсээ асуудал нь шүүх дээр явж байна. Түрүүний хэлснээр үнэхээр бид байгалийн хуулийн үнэнд гүйцэгдэж байна.

Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүдийг л буруутгадаг. Гэтэл нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу сумын Засаг дарга, аймаг, дүүргийн Засаг дарга нар ажлаа газар нутаг дээрээ хийхгүй байна. Хийж байгаа нь ч бий. Өөрөө тухайн нутаг дэвсгэр дээрээ хууль дүрэм хэрэгжүүлэхгүй хэр нь тойргоос сонгогдсон гишүүдээр уламжлуулж байна.

Нөгөө гишүүд нь энийг нь яриад, хөөцөлдөөд Засгийн газраас шаардаад явдаг. Гэтэл тухайн засаг дарга орон нутагтаа хууль хэрэгжүүлэх дээр анхаардаггүй. Уул уурхай дээр жишээ нь бичиг баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол их байна.

Багийн хурал хуралдаагүй байхад хуралдсан болгож, ард иргэд дэмжээгүй байхад дэмжсэн болгож эхний хуудсыг сольж явуулсан зэрэг зөрчлүүд илэрдэг. Анх сайдын ажлаа аваад бүх уул уурхайн компанид албан бичиг хүргүүлсэн.

“Монгол Улсын байгаль орчны болон Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой зүйл заалтыг хэрэгжүүлж ажиллаач. Яагаад гэвэл та бүгдийн лиценз хорь, гуч, дөчин жилийн хугацаатай. Координатын талбай дээр байгаа бүх хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж эзэмших, хариуцах ёстой. Буруутан нь хэн нэгэн өөр хүн биш. Тиймээс ийм удаан хугацааны бизнесээ төлөвлөгөө гаргаад урт хугацааны гэж хар. Хоёр жилийн дотор хэдэн төгрөг аваад хэн нэгэнд зараад зугтдагаа болио” гэсэн агуулгатай албан бичиг явуулсан.

Хууль дүрмээрээ явбал Засгийн газар дэмжиж байгаа, цаашид ч дэмжинэ.

-АНУ-ын ерөнхийлөгч Трампын хүү Монгол Улсад зөвшөөрөлгүй ан агнаад зөвшөөрлийг нь дараа нь авсан гэсэн мэдээлэл дэлхийгээр нэг тарчихаж. Энэ үнэн үү?

-Энэ асуудал АНУ-ын ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудалтай холбоотой эргэн тойронд олон сенсааци явж байгаагийн нэг нь.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэн нэг хүн тусгай зориулалтын ангийн үйл ажиллагаа явуулахдаа хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө авдаг. Тэр дагуу л зөвшөөрлөө авсан. Нөхөж авсан гэдэг юм байхгүй.

Ирэхээс нь өмнө холбогдох байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд бүх үйл ажиллагаа зохион байгуулагдаж, зөвшөөрөл авсан. Нууцын зэрэглэлтэй айлчлал, байсан. Өөрөө Монголоос явахдаа зургаа постолсон. Том орны улс төрийн зодоонд Монголыг хавчуулж байна гэж ойлгож байна. Шаардлагатай бол холбогдох мэдээллийг ном журмынх нь дагуу өгөх боломжтой.

-Цахилгааны шөнийн тарифын хамаг багцыг танай яам авчихсан юм уу?

-Харин тэгээд л байна лээ. Сайд сайдын багц гэж Их хурал баталдаг болохоос нэг сайдын багцад нөгөөгийнх нь багцыг оруулаад батална гэж байхгүй. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд тодорхой хэмжээний төсөв тавьсан. Энэ нь шөнийн тарифыг тэглэхэд дэмжлэг үзүүлэх ёстой л гэсэн. Ийм мэдээлэл гаргасан нөхөд төсөв хэрхэн батлагддагийг мэдсээр байж зориуд л ингэж хэлээд байгаа байх.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас таныг мөнгө авсан гэсэн мэдээлэл явж байгаа. Яагаад тэр сангаас мөнгө авчихсан юм?

-УИХ-ын гишүүн тойргоос ирсэн ард иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлж, аль нэг байгууллага руу хуулийн дагуу тухайн өргөдөл гомдол хүсэлтийг нь шилжүүлдэг. Тэгээд шилжүүлэхээр өөрөө авсан болчих юм. Гишүүн болохдоо хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөн. Ийм компанитай холбоотой, хувь эзэмшдэг, ийм компанийн асуудал дээр оролцохгүй, ашиг сонирхол байгаа гэдгээ мэдүүлдэг. Асуудал шийдэх шийдлийн процессыг сенсааци болгоод л байх шиг,

-Та сонгогчдоос ирсэн хүсэлтээр аль нэг компанид зээл арч өгсөн юм уу?

-Зөндөө л олон өргөдөл, хүсэлт тойргоос ирэхээр холбогдох газар луу явуулдаг. Зарим нь шийдэгдээд, зарим нь шийдэгдэхгүй тохиолдол ч байдаг.

-Та өөрөө тавь гаруй компанитай юм уу?

-Би бизнесийн удирдлагаар төгссөн. Би хорин хэдэн компанитай гэдгээ хэлж, тэнд шинэ бизнесийн санаа төслүүд хийгээд л явдаг. Түүнээс биш бүх хүн компани байгуулах эрхтэй. Бидний хийж байсан төсөл төрөөс нэг ч удаа мөнгө авч байгаагүй. Жишээ нь, нэг шүүс зарах гэхээр төрөөс айхавтар дэмжлэг мөнгө аваад байх шаардлагагүй. Эцсийн хэрэглэгчийн сонголтод тулгуурласан л бизнес хийдэг байсан.

-Гэнэт улс төрд нэг залуу орж ирээд сайд болчихсон. Ямар хүн, ямар фракцын дэмжлэг байна. Увсын фракц гэдэгтээ багтдаг уу?

-2008-2012 онд Увс аймгийн төлөөлөгчөөр ажилласан. Явах ёстой шат дарааллаар нь л явж ирсэн. МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын Увс аймгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч, дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч гээд олон нийтийн ажил хийгээд л ирсэн. 2007 оноос намын бага хурлын гишүүнээр сонгогдсон.

Намын удирдах дээд байгууллагад 12 жил ажиллаж. Увсынх болохоор Увсын мафийн гишүүн энэ тэр гэсэн хаяг зүүх, хардалт бол байгаа байх аа. 2007 онд Увсын сумдаар явж өөрөөр амьдаръя, ажил мэргэжлээ зөв сонго, усаа хэмнэе гээд л яриад явдаг байлаа.

Ямартаа ч Увсын иргэд надад итгэл өгч сонгосон. Олон ийм залуу манай намд байгаа. Хурдан гарч ирэх үгүй нь цаг хугацааны шалгуур. Фракцад хамаатуулбал залуучуудын фракцад л хамаарах байх. Одоо нас хэтрээд залуучуудын холбооноосоо гарч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт байгааг нь угаар авч явчих гээд, ууланд байгааг нь баавгай авч явчих гээд…

Улаанбаатарчууд бид утаанаас сална гэж сүүлийн хорин жил ярилаа. Элдвийн арга туршиж үзлээ, их ч мөнгө зарлаа. Ганц шийдэмгий алхам хийсэн нь түүхий нүүрс түлүүлэхгүй, шахмал түлш хэрэглэхээр болсон. Гэтэл угаар гэдэг аюул гарч ирлээ. Амьд хонох баталгаагүй болчихлоо. Айгаад гал түлж чадахгүй. Нам унтаж байгаа нэгнээ сэрүүн байгаа нэг нь татаж чангааж “Амьд уу хөөе” гэж асууж, дуг нойрондоо дугжирч буй хүүхдүүдээ амарч байхад угаартчихаж гэж андууран хоёр, гурван удаа хөнжилтэй нь авч гарч, орилж гүйж байна.

Сэтгэлийн ийм том зовиуртай өдөр хоногийг өнгөрөөж болох уу даа. Шахмал түлш хэрхэн хэрэглэхийг хэн ч зөвлөөгүй. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хэдэн хүн амиа алдаж, өчнөөн хүн угаартаж, үлдсэн хэсэг нь нойргүй хонож эхэлснээс хойш л сүүлийн хэд хоног мессэжээр зааварчилгаа ирүүлж байна лээ. Улаанбаатар хотын амьдрал мэдэхгүй цагаан гартай танхи дарга нар утаагүй түлшнээс яаж мөнгө унагаах тухай бодсоноос хүн угаартана гэж зүүдэнд нь ч ороогүй өдий хүрчээ. Ямар ч судалгаа, туршилт хийлгүй, ард иргэд дээрээ туршилт хийгээд сууж байх юм.

Эрдэмтэн судлаач нь байг гэхэд амьдрал мэддэг хүмүүс энэ хэдэн дарга нарын оронд байсан бол утаагүй түлшийг хэрхэн хэрэглэх талаар “Энийг тэгэх ёстой, тэрийг ингэх ёстой” гээд зунжин заах байсан. Мөнгө төгрөг төсөвлөж, хэвлэл мэдээллээр таниулах байлаа. Энэ бүхэнд хэн ч санаа тавьсангүй, бүгдийг хэмнээд өөрсдөө хуваагаад авчихсан л дуулдана. Иргэд угаартаж үхээд байна гэж бичвэл цагдаа, тагнуулаар шалгуулна гэж сүрдүүлнэ. Түрүүчээс нь дуудаж шалгаад эхэлсэн. Угаартахгүйн тулд гал түлэхгүй бол хөлдөж үхчих гээд, хөлдөж үхэхгүйн тулд гал түлбэл угаартаж үхэх сонголт үлдэж байна. Угаартлаа гээд гомдолловол шоронд явчих гээд. Угаартсан иргэнээс цагдаа “Чи аль намын гишүүн бэ” гэж асууж байна гээд бод доо. Эрх барьж байгаа намын хийж байгаа ажлыг нураах зорилгоор элдэв хуурмаг мэдээлэл тарааж байж магад гэж хардсаных гэнэ. Ийм хийрхлийн байдалд орчихоод байна.

Намчирхал, улстөржилт нь дээд цэгтээ хүрээд нэг гэрийн эр, эм хоёр баруун, зүүн талынхаа орны аравчийг улаан, цэнхэр өнгөтэй болгочихсон МАН, АН гэлцэж суухтай таарч л явлаа. Иргэдээсээ эхлээд төр нь хүртэл намчирхал, улстөржилтөд живчихээд одоо байтлаа үхэл хагацал дээр хүртэл намчирхаж улстөрждөгөө хэзээ болих вэ. Үхэл амьдралын зааг дээр очиход нам гэдэг өчүүхэн юм гэдгийг энэ засаг төрийнхөн огт мэдэхгүй юм. Хүний аминаас үнэтэй юм гэж юу байхав.

Ууланд баавгай хүн барьжээ. Баавгайн хэрэг дээр утаагүй түлшнийх шиг парадокс үүсэв. Хүн барьсан баавгайг алъя гэх нь ээ алж болдоггүй. Алахгүй бол дахиад хүн барьж иднэ. Бариулахгүйн тулд баавгай алах хэрэгтэй байдаг. Албал шоронд явчих гээд байдаг. Баавгай хүн барьж идсэн асуудалд санаа тавихаас илүүтэй баавгай агнасан хүнийг барьж, хорьж шалгаад эхэлж.

Бид ер нь яаж амьдрах болж байна аа. Улаанбаатарт байгааг нь угаар авч явчих гээд, ууланд байгааг нь баавгай авч явчих гээд хөөрхий бидний монголчууд амар амгалан амьдрахын эцэс алга.

Баавгай гэснээс, инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч гэмээр нэг мэдээлэл яваад байсан даа. Хорхойссон баавгай хүн амьтан руу дайраад байна гэсэн мэдээлэлтэй зэрэгцээд баавгай 120 л айраг хулгайлсан тухай шаагив. Яаж ч өлсөж байсан тэр гашуун юмыг баавгай яаж уух вэ дээ. Өөрсдөө л далимдуулж уучихаад хэргээ баавгайд тохчихоо биз. Энэ янзаараа хонины бэлчээрт хүүхэн чангаасан хэрэгт баавгайг гүтгэхэд гайхах юм алга. 1980-аад онд хорхойтсон баавгай хүн рүү дайраад эхлэхэд жирийн нэг амьтан судлаач олон даргын шийдвэр хүлээж цаг алдсанаас гээд радиогоор “Хот суурин, хот айл руу ойртсон баавгайг шууд бууд” гэж зарлачихсан нь оновчтой шийдвэр болж байж. Ердөө л ийм. Баавгай дайрвал алахаас өөр замгүй, амьд үлдвэл торгууль шийтгэлтэй гээд үхэлтэй нь биш. Утаагүй түлшиндээ болохгүй хольц хийчихээгүй л юм бол ямар зууханд яаж түлэхийг нь жаахан мөнгө зарцуулж, хэвлэл, мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр зааж хэлээд өгөхөд л болох байлаа.

Монголын энэ их улстөржилт, амьдралаас тасарсан шийдвэрүүд, попролт хэрээс хэтэрлээ. Зөвхөн азандаа найдаж л амьд явах хэрэг үү. Иргэнээ гэсэн сэтгэлгүй, хумсалдаг, худал ярьдаг, попордог болохоор чинь аргаа барсан иргэд төр засгийн удирдлагууддаа итгэл алдраад “Төрийн ордонд сэтгэлээрээ ороод гарах баавгай байхгүй юу” гэлцэж байхав дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урьдын Улаанбаатараас утаа л үлдэх гээд байна аа даа

Түүхэн дурсгалт байшин барилгуудыг нураана гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй манай Засгийн газар гэнэт л яриад эхэлсэн. Төв номын сан, Төрийн ордон, Төв музей, Драмын театр, Дуурийн театр, Занабазарын музейг нураах юм байх. Цаашлаад Улсын их дэлгүүр, МУИС-ийн байшинг нураах нь л дээ. Анхандаа ч нураах тухай яриаг улс төрийн янз бүрийн үйлдлээ далдалж, анхаарал сарниулж, ажил хийсэн дүр харуулдаг өнөөх пиар гээч нь юм байх гээд тоосонгүй. Дээрх барилгууд соёлын өвд бүртгэгдчихсэн, хэн дуртай дарга нь нурааж устгаад байх ёсгүй юм байна.

Тэгсэн нээрээ нураах, буулгах нь үнэн болоод явчихлаа. Өчигдрөөс эхлээд өнөөх барилгуудыг нураах тендер шалгаруулах юм болов. Монгол ийм хурдан тендер зарлагдаж, шийдэгдэж байсныг дуулаагүй. Ерөнхий сайд, Боловсролын сайдтайгаа Соёлын өвийн тухай хууль энэ тэрийг ч үл тоон ийм юм хийгээд байхаар энэ улсад хууль дүрэм журам гэж байна уу. Дээрх хуулийн 47дугаар зүйлийн 47.1.1-т соёлын биет өвийг сэргээн засварлахад анхны төрх, хийц бүтээцийг хадгалж үлдээх, 47.1.2-т аюулгүй, удаан хугацаанд хадгалах нөхцөлийг хангах гэсэн заалт байдаг. Энэ хуулийн зүйл, заалтыг Засгийн газар шууд зөрчлөө. Ингэхээр Улаанбаатарт хуучны гэх юм үлдэх үү. Төв музейн барилгыг нураагаад оронд нь нэг том байшин бариад бүх музейг аваачиж оруулчихаад бусад музейн барилгуудыг дараа нь нурааж, газрыг нь өөрсдөө авах нь гэж иргэд хардаж байгаа.

Европоор дүүрэн хэдэн зууны настай барилгууд байдаг. Манайд 1905 онд оффисын зориулалтаар баригдсан намхан байшин баригдсаныг эс тооцвол нэг их урт удаан настай барилга хуруу дарам цөөн. Нарийн яривал тавин оноос л хотжиж эхэлсэн улс. Одоо Ерөнхий сайдад ад үзэгдээд байгаа хуучны барилгууд загвар шийдлээрээ, элээсэн он цагаараа манай хотын хэв маягийг хадгалдаг. Европын барилгуудын хажууд манай энэ хэдэн хуучин барилгууд насжилтын хувьд нялх хүүхэд л гэсэн үг. Харин чанарын шаардлага хангахааргүй болсон гэж үзэж байгаа бол авч үлдэх олон арга байдаг. Хүчитгэлийн ажлууд хийж авч үлддэг юм байна. Дэлхийд бэлээхэн туршлагууд байна гэсэн үг. Хамгийн тод дурддаг жишээ бол Лондон. Лондонд хуучны тэр барилгыг л очиж үзэх гэж жуулчид зорьдог. Нүүрийг нь үлдээгээд ар талд нь шинэчлэлт засвар үйлчилгээ хийдэг арга байдаг. Эсвэл хуучин нүүрний цаана шинийг барих нь ч бий. Европын чулуун байшингуудын дэргэд манай тэр барилгууд шавар тагз, модон амбаар гэх нь холгүй зарим нь хэлж байна. Тэгвэл мод байтугай шавар тагзыг хуучин өнгө төрхийг нь хадгалан аюулгүй байдал талаас нь сэргээн засварлаж болдог аж. Pisa хэмээх алдарт цамхаг далийгаад эгээл унах нь гэлтэй болсон ч италичууд яг тэр далийсан хэвээр нь сэргээн засварлажээ. Учир нь тэр түүх өгүүлж буй, тэр улсын өв соёл юм. Жуулчид тэр далий цамхагийг сонирхох гэж хэдэн саяараа очдог. 1783 онд баригдсан Питерийн Маринскийн театр тоосгон барилга одоо ч хэвээрээ. Парисын дарь эхийн сүм шатахад дэлхийгээрээ нэг халаглан харамссан ч сэргээн зассан.

Хүн төрөлхтний томоохон өв соёл гэж үзсэн учраас сэргээн засварлах мөнгө дорхноо цугласан. Хэн ч уриалаагүй, шаардаагүй байхад шүү. Тийм атал бид улсынхаа нийслэлийн өнгө төрх, түүхийг агуулдаг хэдхэн барилгаа нураана гээд сууж болох уу. Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга, Улсын драмын эрдмийн театрын барилгуудыг муудсаныг нь гайхаад л байх юм. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар бол энэ барилгуудыг засч янзлахад л болох юм байна. Өнөө маргаашгүй, нурж унахаар байдалд хүрээгүй гэх.

Хэн дуртай нь нэг шөнө бодож хоноод Улаанбаатарын хуучин дурсамж, ой санамжийг маргааш нь нураагаад хаячихъя гэж сэрэх нь үнэхээр солиорол. Манай Засгийн бодлого ер нь нэг иймэрхүү дээ. Байсхийгээд л бодлогогүй, дур зоргын шийдвэр гаргадаг. Хятад руу хөлөөр нь мал гаргана гэснээ хоёр хоноод больчихно, хувийн өмчийг төрд хурааж авах нь цагаандаа гарлаа. Шууд л нэг өглөө баахан хамгаалагч дагуулж очоод л хамаг юмыг нь лацдаад төр авлаа л гэсэн. Ямар ч тооцоо судалгаа байхгүй. Хүнд таалагдах, бусдад гоё харагдах гэсэн өчүүхэн бодол нь ийм байдалд хүргэдэг. Тухайн улстөрчийн популизм нь эцэстээ улс орноо сүйрүүлдгийг бид мэднэ. Улсаараа тоглоно, нийслэлээрээ тоглоно. Хүнд гоё харагдсанаараа сайхан амьдардаггүй. Аль гоё сайхан дүртэй зовж зүдэрсэн, аз жаргалгүй амьдралыг хэлж барахав. Улаанбаатарт нураах байшин бий юу гэвэл бий. Зөвшөөрөлгүй барьсан барилгууд, төлөвлөлтгүй барьсан Хурд I, II, Баянмонгол, Маршал таун, Ривер гарден, Кинг таур гэсэн ширэнгэн ой шиг барьсан барилгуудын хүн амьдрах зай бөглөсөн хэсгүүдийг нураах хэрэгтэй. Машин орж гарах нь бүү хэл явган хүн зөрөх боломжгүй цементэн ширэнгүүд барьчихсан. Дуурь, Драмын барилгуудыг зарим нь Оросын нэг тосгоны клубийн дайтай, Оросын театруудын жижигрүүлсэн хувилбар гэж ирээд л муулах хүн мэр сэр байна. Тэглээ гээд эдгээр байшингуудыг буулгах мөнгө ер нь байна уу. Тийм багтаж ядсан баян улс юм бол тэр их мөнгөөрөө сургууль, цэцэрлэгээ барь л даа. Зураг төсөл, байшин нураахаар баахан мөнгө гаргадаг, яг барих дээрээ тулахаар мөнгөгүй гээд тас зогсчихно. Нийслэлийг хот болгодог хамаг ой дурсамжийг нураагаад хаячихаар хуучин Улаанбаатараас утаа, түгжрээ, эсгий гэрээ л өвлүүлж үлдээх нь үү.

Хархориноос хойш түүхэндээ анх удаа сая гаруй хүнтэй хоттой болсон. Одоо хотын түүхийн үнэт өв болсон барилгуудаараа оролдохоо больё оо, Ерөнхий сайд аа. Түүхийн дурсгалт барилгуудыг нурааж байж МАН өөрөө нуран үгүй болох вий дээ.

Categories
мэдээ цаг-үе

Алдагдсан боломжийг эргүүлэх алхам

Монголчуудад гараа сунгадаг улс орнуудын тэргүүн эгнээнд явдаг Япон улс байтугай бусад улсын хөрөнгө оруулагчдыг итгэлийг монголчууд бид алдаж, нүүр буруулахад хүргэснийг хэн хүнгүй мэднэ. Чин сэтгэлийг эхэнд тавьж, нарийн судалгаанд цаг зарж, итгэж болох юм гэж үзсэний дараа л япон хүн шийдвэрээ гаргаж, гараа сунгадаг. Энэ бүхнийг манай төрийн бодлого, хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал, хувь хүмүүсийн увайгүй үйлдэл үргээхэд хүргэжээ. Японы хувьд төр засаг нь тогтвортой биш л дээ. Парламент нь ч, засаг нь ч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахгүй, тарж л байдаг. 72 жилийн хугацаанд ганцхан удаа л парламент нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан байдаг. Японд парламент тарах, шинээр бүрдэх бол нэг их шинэ сонин зүйл биш. Өндөр ёс зүйтэй улс орон учраас алдаа гаргалаа гэж үзвэл өршөөл гуйн бөхийж, өөрсдөө огцорчихдог. Гэхдээ энэ улсын парламент нь ч, засаг нь ч солигдлоо ч төрийн бодлого тогтвортой үргэлжилсээр байдаг. Япончуудын амьдралд дарга солигдох, парламент нь цаг бусаар унах нөлөөлөхгүй. Дараа нь гарч ирсэн хэнбугай ч улсынхаа бодлогыг үргэлжлүүлж ажиллаад л явна. Тиймээс бидний хариуцлагагүй, худалч, ёс зүйгүй, хэлснээсээ буцдаг нь Засгийн газар, парламент нь солигдох бүртээ сайд, дарга нар нь дур дураараа яриад эхэлдэг нь тэдний хэм хэмжүүрээр ойлгоход бэрх л дээ.

Алдсан итгэлийг олж авах хэцүү. Манай улсын үе үеийн Ерөнхий сайд нар алба ажлаа авмагц хамгийн түрүүнд Японд бадар барин очдог. Гэлээ гээд хөрөнгө оруулагчдад таатай байх нөхцөл үүссэнгүй. Улсынхаа эдийн засагт хамгийн чухал нөлөөтэй уул уурхайгаа л дээдэс, доодосгүй дарамтална, зүхнэ. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид энэ бүхэнд хэлэх үгээ бардаг. Хөрөнгө оруулагчдыг үргээдэг хачин үйлдлийн эсрэг тууштай үгээ хэлж, бодлого ярьдаг хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар. Тиймдээ ч энэ сарын 18-23-ны хооронд Япон улсад ажлын айлчлал хийхдээ хоёр улсын парламентын бүлгийн даргын хүрээний уулзалтаас гадна “Уул уурхайн хөрөнгө оруулалтын форум” зохион байгуулсан нь цагаа олсон, айлчлалаа илүү үр дүнтэй болгохыг зорьсон хэрэг байлаа. Энэ нь хөрөнгө оруулагчдыг алдсан монголчуудын алдагдсан боломжийг эргүүлэх эхний алхам болсон гэж үзэж болох юм.

Форумыг Мэжи Кинэнкан ордонд зохион байгуулсан нь ч ач холбогдол өгснийх. Мэжи Кинэкан ордон нь Мэжигийн хааны үед баригдсан бөгөөд 1947 оноос хуримын ордны үүрэг гүйцэтгэж байжээ. Форум болсон өдөр ч олон хос хуримаа хийж байсан юм. Харин одоо бол уламжлалт хуримын арга хэмжээнээс гадна дотны томоохон зочдыг хүлээж авах, ач холбогдол өгсөн өндөр хэмжээний арга хэмжээг зохион байгуулдаг болжээ. Японы түүхэнд Мэжигийн үе гэж гардаг. Тэгвэл тэр Мэжи хаан энэ ордонд 1888 онд Үндсэн хуулийн төсөл хэлэлцэхэд өөрөө оролцож байжээ.

Энэхүү Мэжи Кинэнкан ордонд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монгол, Японы парламентын бүлэг, Япон улсын Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам Японы газрын тос, байгалийн хий, металлын үндэсний корпораци JOGMEC хамтран зохион байгуулсан форум боллоо. Гурван зуу гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, Монголд хөрөнгө оруулах талаар энэ өдөр ярилцав. Өнгөрсөн хугацааны алдаа, оноо, одоо байгаа нөхцөл байдал, ирээдүйд хэрхэн хамтрах талаараа ярилцлаа, илтгэлдээ ч дурдаж байна. Япончууд дүрэм журмыг ягштал барьдаг улс. Тиймээс дүрэм зөрчигсдөд дургүй. Тэд хэр баргийн газар хөдлөлт, байгалийн гамшигт барьц алдахгүй. Энд тэнд байгалийн гамшиг болбол үүргэвчээ үүрээд хэний ч заавар зөвлөгөөгүй, тэгэх л ёстой хэмээн хувийн бэлтгэлээ базаан үүргэвчээ үүрэн явж очдог. Үүнийгээ гавьяа байгууллаа гэж рекламдахгүй, ингэх л ёстой гэж ханддаг нэгдмэл цул ард түмэн. Тийм хүмүүс байнга дүрэм зөрчиж, хэнэггүйтдэг, стандарт барьдаггүй, ямар ч юмыг оромддог, хувьдаа л болж байвал, улсаа боддоггүй монголчуудад итгэл алдрах үе байсан биз. Дээр дурдсан, форумыг зохион байгуулагч JOGMEG байгууллага нь газрын тос байгалийн хийг тогтвортой урт хугацаанд хангах үүрэг бүхий Японы үндэсний газрын тосны корпораци болон өнгөт металл эрдэс баялгийн тогтвортой нийлүүлэлтийг хангах Металл олборлолтын агентлагийн чиг үүргийг нэгтгэх замаар 2004 онд байгуулагдсан. Тус байгууллага Монгол Улстай асуудал тодорхой болсон тохиолдолд хөрөнгө оруулахад бэлэн, хамтрах боломжтой гэж байлаа. Форумд оролцогч зарим компанийн төлөөлөл Оюу толгойн гэрээний талаар тодруулж байсан. Цуцлах гэж байгаа юм биш биз гэж асуусан. Харин Уул уурхайн сайд Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой энэ гэрээг үргэлжлүүлнэ. Засч сайжруулах зүйл бий гэж хариулсан. Гэрээг сайжруулах саналыг Рио Тинтод тавьсан гэлээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Оюу толгойн гэрээний талаарх дээрх асуултад мөн хариулахдаа” засч сайжруулж Монголын ард түмэнд өгөөжөө өгөх тал дээр ажиллана. Зөвхөн нэг тал илүү ашигтай байж болохгүй. Хоёр тал хоёулаа гэрээний үр дүнд адилхан ашиг хүртэх ёстой” гэсэн юм.

ЯПОНЧУУД МОНГОЛ УЛСЫГ СОНИРХЛЫН ГАДНА ҮЛДЭЭГЭЭГҮЙ

Форумд шинэ, шинэ хөрөнгө оруулагчид, томоохон компаниуд ихээр ирсэн нь анхаарал татав. Энэ нь Монголыг сонирхлын гадна хаячихаагүйг хэлээд байх юм. Гэвч өнөөх л олон жилийн өмнөөс сонссон тогтворгүй төр засаг, хэзээ ч, яаж ч өөрчлөгдөхөд бэлэн хууль эрх зүйн үл ойлгогдох таагүй орчны талаар үгс хөврөх юм. Хөрөнгө оруулагчдыг татахыг хүсэх хэрнээ үргээдэг үйлдэл хийж ирсэн нь, тэр нь засагдаагүй явсаар өнөөг хүрснийг анхааруулж байна. Японы хөрөнгө оруулагч томоохон компанийн төлөөллүүд зайгүй суусан танхимд Д.Сумъяабазар сайд илтгэл тавилаа. Салбарынхаа хөгжлийн бодлого, манай улсад байгаа боломж бололцоогоо ярилаа. Манай улсын байгалийн баялгийн арвин нөөцийг Японы өндөр технологиор боловсруулж дэлхийн зах зээлд гаргая гэсэн саналаа хэлэв. Товчхондоо манай байгалийн баялагт япон технологиор нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргахад хамтран ажиллахыг хүслээ. Энэ нь түүний хэлсэн хамтран ажиллаж, хамтдаа хожъё гэсэн санаа юм.

Хоёр улсын 1990 оноос 2018 оны хооронд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 23.9 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг дэлхийн зах зээл дээрээс татаж чаджээ. Үүнээс уул уурхайн салбарт 17.5 тэрбум ам.доллар нь татжээ. Тэр дундаа Монгол, Японы гадаад худалдаа 544 сая.ам.доллар бол хөрөнгө оруулалт 372 сая. ам доллар байна. Форумаар Монголын талаас автозам, төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг танилцуулсан юм. Форумд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас гадна УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захрал П.Ганхүү, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нар оролцож, уул уурхайн чиглэлд ямар хөрөнгө оруулалт оруулах боломжтой, Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар танилцуулсан. Форумын үеэр болон албан уулзалтын үеэр Японы тал Монголоос газрын ховор элемент, нүүрс авах сонирхлоо илэрхийлж байлаа. Таван толгойн IPO гаргахад хөрөнгө оруулаач гэсэн Монголын талын саналыг Японы тал сонирхлын гадна үлдээсэнгүй. Мөн айлчлалын үеэр Д.Сумъяабазар сайд шохойн чулуунаас пластик хуванцрыг орлох бүтээгдэхүүн гаргаж авах технологи эзэмшигч компанитай санамж бичигт гарын үсэг зурсан.

Монгол Улс Үндсэн хуулиндаа Баялгийн сан байгуулахаа тусгаж байгаа бөгөөд энэ нь уул уурхайн салбар тогтвортой хөгжихөд чухал ач холбогдолтой болж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын форумаас гадна ажлын айлчлалын үеэр нэлээдгүй уулзалтууд боллоо. Эхний өдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар албаны төлөөллийн хамт Японы Жайка олон улсын байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөлтэй уулзаж, Таван толгойн кокосжсон нүүрсийг нэмүү өртөг шингээж, Японд экспортлох талаар санал солилцсон юм. Жайка олон улсын байгууллагатай байгуулсан 2013 оноос уул уурхай, байгалийн нөөцийн салбарын ажилчдын чадавхыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж ирсэн төсөл ирэх онд дуусгавар болох юм. Энэ төслийн хугацааг сунгах талаар талууд ярилцлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар Таван толгойн IPO гаргахаар бэлтгэж байгаа болон өмнөд хөршөөрөө дамжуулан Япон, Солонгост борлуулах ажлын хүрээнд хүнд даацын машин техникийг сайжруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж экспортлох боломжтойг танилцуулсан юм. Жайка олон улсын байгууллага энэ салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв. Японы хамтын ажиллагааны банкны төлөөлөлтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд уулзах үеэрээ “Японоос их хэмжээний хөрөнгө оруулалт авч чадвал Улаанбаатарын автозамын түгжрэл болон нийтийн тээврийн асуудлыг цогц шийдсэн метро барих төслөө хэрэгжүүлэх боломжтойг ярилаа. Уулзалтын үр дүнд уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг банкаар дамжуулахгүй салбар бүрт шууд зээл авах боломжийг судалж үзэхийг мөн онцолсон шүү. Д.Сумъяабазар сайд Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувьд Японы парламентын гишүүдтэй уулзахдаа талууд эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар хамтарч ажиллах, одоогийн харилцааг үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал солилцлоо. Япон улс 72 жилийн дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар ярьж буй цаг үед Монгол Улс ч бас Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярьж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд нэг л удаа парламент нь бүрэн эрхээ дуусгаж байсан тухай дээр дурдсан. Манайхан УИХ-аа тарааж арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал асуулгатай хавсран дахин сонгууль явуулах юм болоод баахан ярьсан. Япон ч бас ирэх арваннэгдүгээр сард ээлжит бус парламентын сонгууль явуулахаар бэлдэж байгаа юм. Айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын форумаас гадна хоёр талын уулзалтууд болсон нь үр дүнтэй байв. 2013 онд байгуулсан иж бүрэн түншлэлийн, 2017 онд баталсан дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцов. Айлчлалын хоёр дахь өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Японы зөвлөхүүдийн танхимын дарга А.Санто, Тус улсын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхав. Энэ үеэр сайд Д.Сумъяабазар хатагтай А.Сантог Монголд айлчлахыг урьсан юм. Мөн өдөр Токио хотын дарга Ю.Киокэтэй уулзсан юм. Хатагтай Ю.Киокэ Монголын хог хаягдлын талаар ихэд сонирхон асууж байсан. Япон улс хог хаягдлыг багасгаж, дахин боловсруулах чиглэлд үр дүнтэй ажиллаж байгааг хэлж, Монгол Улс ч энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн байсан юм. Нэг үгээр хог хаягдлын менежмэнтийг сайжруулах тал дээр Япон улс Монгол Улсад тусалж болохоо илэрхийллээ.

ХАРИЛЦАН АШИГТАЙ ТӨСЛҮҮД ДЭЭР ХАМТАРЪЯ

Ажлын айлчлалын баг бүрэлдэхүүнд явсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Японы бизнес эрхлэгчдэд стратегийн төслүүдээ форумын үеэр танилцуулж, ахисан түвшний түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжтойг онцлов. П.Ганхүү ”Япон улс манай улсад эрчим хүчний салбарт маш их хөрөнгө оруулалт хийсэн. Одоо хөгжлийнхөө харилцааг шинэ шатанд гаргаж харилцан ашигтай төсөл хэрэгжүүлж, хамтаръя. Нүүрс боловсруулах, газрын ховор элемент, ашигт малтмалын чиглэлээр эцсийн бүтээгдэхүүүн болгодог өндөр технологийг нэвтрүүлж, нэмүү өртөг шингээж хөгжих боломжтой гэж харж байгаагаа хэлсэн юм. Мөн нүүрс боловсруулах, зэс хайлуулах болон мөнгөний төслүүдээ танилцууж, зэсийн хайгуулаас эхлээд хамтарч ажиллах боломжтойг дурдсан. Зуны олимпийн 32 дахь наадам ирэх онд Японы Токио хотноо болохтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Монголын дугуйн холбооны ерөнхийлөгчийн хувиар Японы Олимп хариуцсан сайд хатагтай Хашимото Сейкотой уулзаж, олимпийн наадамд тамирчдын бэлтгэл хангах болон хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын үр дүнд хоёр улсын дугуйчид хамтран бэлтгэл хийх талаар ярилцав. Энэ хүрээнд Монголд олон улсын стандартад нийцсэн дугуйн цогцолбор төв барих ажлыг шат дараатай хамтран хэрэгжүүлэх боломжийг хөндсөн юм.

ЗӨӨЛӨН БОДЛОГО

Монгол Японы хандивлагчийн уулзалтаас эхлээд хэдэнтээ Японд албан болон дээд хэмжээний айлчлалд явж байсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Уул уурхайн сайдын дээрх уулзалтуудад оролцохдоо хэд хэдэн асуудлыг хөндөж ярьж байлаа. Сүүлийн үед япончууд улс хоорондын эдийн засаг хамтын, ажиллагаанаас гадна зөөлөн хүчний бодлогод анхаарах болжээ. Бүх зүйл мөнгөөр хэмжигддэггүй. Хүн хоорондын харилцаа, хоёр ард түмэн илүү ойр дотно болох олон боломж байгааг ярьж байсан юм. Тухайлбал, хүүхэд, эмэгтэйчүүд, залуусын асуудалд ч харилцан хамтрах сонирхлоо илэрхийлсэн. Аялал жуулчлал гэхэд Японы талаас Монголд аялах боломж илүү байхад Монголоос Япон руу аялахад тулгардаг бэрхшээлүүдийг багасгах хэрэгтэй байгаа гэлээ. Ирэх онд болох Токиогийн олимпийг үзэх сонирхолтой олон монгол залууст аялах боломж олдоосой гэж М.Оюунчимэг гишүүн хэлсэн юм. Уулзалтын үеэр хоёр улс хамтран дэлхийн брэнд гаргая гэсэн санал солилцлоо. Монголын эмэгтэйчүүдийг нийгэмд эзлэх байр суурь, чадавхыг нэмэгдүүлэхэд Японы тал анхаарч ажиллах боломж байгаа, залуу парламентчдыг туршлага судлуулах чиглэлээр хамтрах боломжоо уулзалтын үеэр ярив. Сүүлийн үед Монголоос суралцах оюутны тоо, тэр дундаа IT чиглэлээр суралцагсад, ажиллагсад нэмэгджээ. Японы өндөр настныг асрах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Тиймээс тэдний эрх зүйн орчны талаар ч анхаарах шаардлага бий болж байгаа аж. Энэ удаагийн ажлын айлчлалаар бадар барьж, мөнгө гуйсангүй, хамтын ажиллагаан дээр суурилсан, хамтдаа хөгжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, хамтдаа хожиход л чиглэсэн юм.

Categories
мэдээ спорт

Олимпийн эрхийн төлөө барилдсан бөхчүүд дагах барилдаан хийнэ

ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанд манай улсаас Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Б.Шоовдор, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд гарч хүч үзлээ.

Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс Д.Шоовдор /олимпын бус жин/ ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангасан бол С.Батцэцэг, Э.Бэхбаяр, Т.Тулга /бүгд олимпын жин/ нар гуравдугаар тойрогтоо тус тус ялагдаж, өнөөдөр дагах барилдаан хийхээр болов.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Батцэцэг эхний тойрогт Узбекстаны Нилуфар Гадаеватай таарч 25 секундэд цэвэр ялсан. Дараагийн тойрогт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын наадмын аварга Латвийн Анастасия Григорьеватай барилдлаа. Тэд олон удаа барилдаж байсан юм. С.Батцэцэг, Анастасияг юу ч хийлгэлгүй, оноо авсаар 6-0-ээр хожлоо. Дараагийн тойрогт Шведийн олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Йенни Франссонтой барилдаж 5:6-гаар харамсалтай ялагдсан юм. С.Батцэцэг өнөөдөр Туркийн Бусе Тосун, Францын Кумба Ларрок нарын ялсантай дагах барилдаанд хүч үзнэ.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д “Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Тажикстаны Мухамад Икромовыг 8:6-гаар, Узбекстаны Жахонгирмирза Туробовыг 6:0-ээр тус тус ялсан. Харин шөвгийн наймд орохын төлөө 2018 оны дэлхийн аварга ОХУ-ын Заур Угуевтай анх удаа таарч барилдсан. Энэ барилдаанд Э.Бэхбаяр 2:5-аар ялагдаж, энэ бөхийн дараагийн тойрогт хэрхэн барилдахаас хамааралтай болов. Э.Бэхбаяр дагах барилдаанд Азербайжаны Махир Амираслановтой таарсан. Европын наадмын аварга, Европын аваргын хүрэл медальт, 22 настай А.Махир, Заур Угуевт тун маргаантай ялагдсан. Манай бөх түүнийг ялахад Ираны Реза Атритай хүч үзнэ. Ираны бөхийг ялбал хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Р.Кумартай барилдах юм байна.

Эмэгтэйчүүдийн 62 кг-д Э.Гантуяа ОХУ-ын бөх, энэ жилийн Европын наадмын хүрэл медальт, анх удаа ДАШТ-д оролцож байгаа Мария Кузнецоватай таарсан. Эхний үед 2:3-аар хожигдож байсан ч хоёрдугаар үед оноогоо нөхөж, 3:3-аар яллаа. Э.Гантуяа 1/8-д Канадын Aна Паула Гонзалезтай барилдан 2:1-ээр ялав. Дараагийн тойрогт БНАСАУ-ын Рим Жон Симд 5:6 ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга Беларусын /якут бөх/ Ньюргун Скрябинтай эхний тойрогт барилдаж, 5:2-оор ялсан. Тэр хоёрдугаар тойрогт Масуд Ниазиг (Нидерланд) цэвэр ялсан. Ийнхүү 2 дараалан ялсан ч Казахстаны Даулет Ниязбековт 2:4-оор ялагдлаа. Манай бөх өнөөдөр дагах барилдаан хийнэ.