УЛС ТӨР ДЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ
Суудлаа олохгүй бужигнаад байгаа хоёр нам Таван толгой, Оюу толгой дээрээ хэрэлдэн улс төрийн ашиг, хонжоо, дотоодын самуун зөрчлөөсөө халихгүй байх зуур хөндлөнгийн ажиглагч хийж, алдааг нь нарийн олж харж байгаа нэг хүчин бий. Дэлхий дээр “бенз ба бусад” хэмээх ангилалд машиныг хувааж ойлгоно гэсэн рекламыг бид олонтаа сонсч байсан шиг Монголын улс төрийг тэд тиймэрхүү хоёр хуваачихаж. Монголын улс төрд “Н.Энхбаяр ба бусад” гэсэн ойлголт бий гэж. Н.Энхбаяр хэдийгээр улс төрийн тавцанд тоглолт хийх албан ёсны боломжоо алдсан ч хөндлөнгийн ажиглагч , оролцогч, найруулагчаар ажилласаар байна. Түүнийг сайн хорчин, том улстөрч гэдгийг анд найз байтугай атаат дайсан нь ч хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч ингэтлээ ад үзэгдэж байгаа атлаа тэгтлээ бууж өгөхгүй үзэлцэж чадаж байна л даа. Зарим нь хүсээгүй ч нэг л мэдэхэд Н.Энхбаярын тоглоомын хүүхэлдэй болчих нь бий. Одоо ч тэр замаар Н.Энхбаярын дүрмийн бус тоглолт явагдаж л байна. Угаас улс төрд яаж ялсан нь нэг их сонин биш байдгийг олон жишээнээс бид мэдэх хойно.
Тиймээс ч Н.Энхбаяр МАХН-ын хагарал, АН-ын эвдрэлцэлд хуруу гар дүрсээр байгаа. Алдаа бүрийг нь алдалгүй тоглож байна. Хаа байсан Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар хоёрын зодооноор дамжуулаад Засгийн газар, УИХ-ыг эвгүй байдалд оруулаад, нэг л биш. Зодоон сайн зүйл биш ч ийм хэмжээнд босгож ирэх нь цаана нь нэг “юм” яваад байгаа хэрэг. Бүдүүлэг ч гэсэн хэнээс ч айхгүй шулуухан үгтэй Ц.Нямдоржид авах ч юм их бий, хаях ч юм их бий. Одоохондоо түүн шиг хэний ч өмнөөс юуг ч хэлчихдэг зоригтой аавын хүү Монголын улс төрд цөөхөн. Тэгээд ч Ц.Нямдоржоос өмнө У.Хүрэлсүх зодооноор асуудал шийддэг хэлбэрийг эхлүүлчихсэн байсан юм чинь. Хааяа дүү нараасаа хэрэггүй юм сурах зан ах нарт нь байдаг л биз.
Н.Энхбаярыг ингэж их улайрахад намын нөхдийн увайгүй түлхэлт, С.Баярын улайм цайм үзэн ядалт шууд нөлөөлсөн л дөө. С.Баяр, Н.Энхбаярыг хань татаж ирээд л намаас хамт явахыг бараг шаардсан. Дараа нь намын даргын албаа С.Батболдод өгөхдөө “nо” гэж хэлж сураарай л гэж захина лээ. Цаадахыгаа нэгмөсөн явуулахгүй өрөвдөөд “yеs” гэчихэв ээ л гэж олны өмнө анхааруулсан хэрэг. Төд удалгүй Хяналтын хороонд Н.Энхбаярыг шалгуулах гэж өргөдөл бичиг өгөөд АНУ руугаа явна лээ. Үүгээрээ С.Баяр яалт ч үгүй Н.Энхбаярыг бүрмөсөн явуулах замыг засаад өглөө. Н.Энхбаяртай хамт МАХН-ын УИХ-д сууж байгаа долоо, найман нөхрийг бас намаас хөөхөөр ярьж байгаа дуулдсан. Бодвол Н.Энхбаярын фракцыг углуургаар нь үгүй хийх санаатай л үйл явц байх.
АН-ын суултыг хэн зохион байгуулж, дээр дурдсан хүн яаж гар дүрсэн тухай манай сонин өмнө нь бичиж байлаа. Нарийн зохион байгуулалттай, ивээн тэтгэгчтэй, намын байрандаа тухалсан энэ суултын зардал мөнгийг тооцвол овоо юм гарна. Манай сэтгүүлчийг сурвалжлахаар очиход нэг нөхөр сонгуулийн ажиглагчдадаа авчирч байгаа мэт албан ёсоор хоол түгээсэн нь хачин юм шүү. Гэтэл АН-ын хэдэн дүүргийн асуудал юунд ингэтлээ газар авч, анхаарал татаад, улс төржиж, намын аппарат нь ч уриалгахан нь аргагүй дүрмийн хүрээнд шийдсэн асуудлыг дахин эсэргүүцээд суугаад нөхдөө зэмлэхгүй, өөгшүүлнэ вэ. Улстөрчдийн хардаж байгаачлан шал өөр хүн гэмгүй царайлаад оролцож байгаа хэрэг биш байгаа. Алтан гадас фракц үүнд нь санаатай санаагүй дэмжлэг болоод л. Ардчилсан намын маргаантай тойргуудын асуудлыг ҮЗХ, Дотоод сонгуулийн хороо нь нэг талд нь шийдчихээд байхад одоо болтол эсэргүүцсэн учир Хяналтын хороогоор дахин авч хэлэлцэхээр болов. Гэвч хэд хэдэн удаагийн оролдлогоор энэ нь бүтсэнгүй. Өчигдөр л гэхэд Хяналтын хороо хуралдах байсан ч “Алтан гадас”-ын гэх гурван гишүүн ирсэнгүй. Фракцын дарга Н.Алтанхуяг гадаадад яваа болохоор ч тэд даалгавраа хүлээгээд ирээгүй байж болох юм. Энэ мэтээр асуудлыг шийдэхгүй удаашруулах нь Н.Энхбаярт л сайн хэрэг болж байгаа.
МАХН-ын зарим УИХ-ын гишүүд ч намын 25 дугаар их хурлын үр дүн, намын болохгүй зүйлийг шүүмжилсэн, УИХ-ын 26 гишүүний гарын үсэгтэй, аль арванхоёрдугаар сард төлөвлөж байсан бичиг яагаад гэнэт дээшээ өргөн баригдаж ил болоод явчихав аа. Энэ бүхнээс үүдэлтэй эрх баригч хоёр намыг самраад, хор хутгаад хожоо олох цаад мастер төлөвлөгөө нь ямар учиртайг эрэн сурвалжиллаа.
Хуучин нэг улсын элчин байсан байранд хэдэн нөхдүүд сэмхэн уулзалджээ. Ардчилсан намын нэг нөхөр (эх сурвалж нэрийг нь хэлэхээс түдгэлзэв), Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Н.Энхбаяр, Уламжлалын намын дарга Б.Батболд, М.Энхсайхан нарын хэдэн нөхөд баахан улс төр ярьсан гэнэ. Уламжлалын намын дарга өөрийн мэдлийн хүмүүсээр улс төрийн жагсаал хийлгэж, бужигнуулах санал тавьсан юм байх. Гэтэл Н.Энхбаяр “Цаг нь болоогүй байна” гэж. Тэгээд М.Энхсайханд үүрэг болгохдоо “Ардчилсан намын Их хурал болоход ялагдсан талыг нь өөртөө татаж ав” гэжээ. Нэг үгээр хэлбэл гомдол хорсол дээр нь тоглох гэсэн санаа бололтой. Тэгээд бүр МҮДН, МоАХ, Алтан гадас, аль ч фракц бүлэг хамаагүй, ялагдсан талыг нь өөртөө татаж авах юм байх. Улс төрийн хүчнүүдийн тэмцэл бүрээс гомдогсод, ялагдагсдын Н.Энхбаяр ахлагчтай баг бий болох нөхцөл үүгээр бүрдэх нь.
Н.Энхбаярын хувьд МАХН-д нэгэнт орон зай хумигдаж байгаа болохоор томоохон тоглолт хийх нэг боломж нь ирэх намар хуралдах намын их хурал. Үүнээс нь өмнө намаас нь хөөчихөж ч мэднэ. Намын их хурлаас нь өмнө хөөхгүй бол намыг яаж ч самарч болно. Түүнээс гадна С.Батболдыг унагаж М.Энхболдыг дахин гаргаж ирэх сонирхол бүхий бүлэглэл хүчтэй байна. Энэ талаар ч ордноор жиг жуг хийгээд эхэлсэн байна лээ. Гэтэл намын дарга С.Батболд аппаратын ажилтнуудтай өнгөрсөн даваа гаригт уулзаж ажилтайгаа танилцаад байж байдаг. Тэгээд бас намын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагууд, жигүүрийнхэнтэй ч уулзахаар төлөвлөөд байгаа аж. Гэтэл ард нь унагах төлөвлөгөө аль аль санаархагчдад байж л байх юм.
Үүний хажуугаар Н.Энхбаярт нэг хүлээлт байгаа аж. Тэр нь Сонгуулийн хууль. Энэ бүхнээс үүдэлтэй шинэ нам байгуулж МАХН-ын хөөгдөгсөд, АН-ын гологдогсдыг дагуулаад нэг нам болж ирэх сонгуульд орох санаа бий аж. Нэг үгээр хэлбэл хоёр намын хагаралдааныг өдөөж, галыг нь өрдөөд, тэр тэмцлээс ашиг олох сонирхол нь шууд л харагдаж эхэллээ. Сонгуулийн хууль пропорционалиар, дээр нь Монгол Улс нэг тойрог гээд, нам бүр далан зургаан хүн дэвшүүлбэл Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нарыг танихгүй хүн байхгүй учир шууд л дугуйлна. Ингэхээр улс төрийн тавцангаас зайлуулсан гэж улс төрийн хүрээнийхний бодсон нөгөө нөхөр чинь “дахин эргэж ирлээ” болно биз дээ. Хөдөөд “ханд” өгөөд яваад байгаа нь ч учиртай. Даарин дээр нь давс нэмж эрх баригч намуудын нөлөө бүхий залуучууд саяхан уулзаж гар барин өөрсдийг нь тоодоггүй ах нартайгаа зарим зүйл дээр тэмцэхээр ярьсан байдаг. Энэ ч бас Н.Энхбаярт дуулгах сайхан л мэдээ.
БИЗНЕС ДЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ
“Их засаг”-ийн Н.Ням-Осороос илүүтэй Чингэс хааныг магтан дуулах болсон Н.Энхбаярыг “Чингэс медиа” группийн цаад хүн гэдэг. Улс төрийн хувьд нэг иймэрхүү байгаа бол бизнесийн хувьд мөн л гар хөлөө сунгаж байна. “Чингэс медиа” группээр дамжуулан улс төр, бизнесийн томоохон арга хэмжээнүүд далдуур зохион байгуулж эхэлжээ. Энэ группт Хятадын талаас оролцож байгаа гэх. Тэд урд хөршид тамхины үйлдвэр байгуулж цаашаа Зүүн өмнөд Ази руу борлуулалт хийх төлөвлөгөөтэй гэнэ. Үйлдвэрийг 200 сая ам.доллараар босгох бөгөөд урд хөршийн зах зээлийн дөрвөн хувийг хангана гэсэн тооцоотой аж. Тэр том зах зээлд Монгол компани дангаараа бизнесээ явуулна гэхэд бэрх л дээ. Тэгэхээр Хятадын талын оролцоо байх магадлал өндөр. Бүр дээд түвшиндээ шүү.
Баялгаа гадаадад өгөөд байна гэж шүүмжилж эсэргүүцсэн Н.Энхбаяр үнэн хэрэгтээ уул уурхай газрын баялгаас хөндий байгаа гэвэл тэрэн шиг худал юм байхгүй. Иймэрхүү төрлийн уулзалтуудыг тэр зүгийн хүмүүс гадныхантай ярьж тохирч байгааг эх сурвалжууд хэлээд байгаа.
“Чингэс медиа” группийн нөхдүүд ч эрээвэр хураавар анхаарал
татмаар. АН-ын гишүүн “Залуу
лидер”-ийн гэх Э.Золбаяр, Д.Амарбаясгалан,
Биеийн тамир, спортын хорооны дарга асан
Эрдэнэ-Өлзий гэх залуус
орчихсон тууж явна лээ. Цаад эзэн нь Н.Энхбаяр байхад АН-ын залуус тэнд бүртгэлтэй, тэгээд бас болоогүй
Ардчилсан намын суултын ард ивээн тэтгэгч, зохион байгуулагч болоод байдаг нь нэг юм хэлээд байгаа юм. Энэ мэтээр
АН, МАХН хоёр дотооддоо учраа олохгүй
толхилцоод байваас тэдний хохирлоос хожоо олох хүчин алгаа дэлгээд хүлээж
сууж байгаа нь тодорхой л байна шүү
дээ.