Categories
редакцийн-нийтлэл

МАХН нэг л өдөр шилээ харуулна даа, АН-ынхаан

Толгой нь  уруу харчихсан мэт  дөрөө харшуулан “Ижил хоёр шувуу шиг ижилдэн хоёулаа даслаа даа” хэмээн улс орныг минь уруу нь тонгорчих гээд зүтгэж яваа МАХН, АН хоёрын нөхөрлөлийн зам хэр хол явах бол. Улс орноо хамтдаа тонгорохоосоо өмнө АН-ыг МАХН гэмгүй царайлж байгаад дэгээднэ гэдэгт мөрийцөхөд ч бэлэн олон хүн бий шүү. Ядаж л урлаг, соёлын хэдийг хүртэл хувь­чилж аваад нөгөө муу АН-ын сур­талчилгааны нээлт, хаалтад очих хүнгүй болгож орхилоо. МАХН-ын гишүүн атлаа АН-ыг сурталчлалтай нь биш дээ, тэд ч гэсэн ард түмэн­дээ “Ардын намын журамт цэрэг”-ийн ёсоор үйлчилж таарах нь. Ер нь тэгээд МАХН  айхтар тооцоотой хөдөлж байна. Урлаг соёлын одод нь гавьяатай, гавьяагүй уран бүтээлчид нь МАХН-д хайртай болсноо нэг өглөө бо­соод ирэхдээ л мэдэж, гар гараа­саа хөтлөлцөн очиж, нэг дор энгэ­рийн тэмдэг, улаан батлахаа гарда­хыг МАХН л тооцно. Хүү­хэд байхад “булхай нь булчин­гаараа гарлаа” гэж хоорон­доо тоглож байгаад булхайцсан хүүх­дээ баригдахаар нь хэлдэг байсан шиг МАХН нэр солихоо гишүү­дээсээ асууж байж шийдэх юм ярьсан. Яс юман дээрээ аль хэ­дийнэ шийдчихээд МАХН биш МАН гэсэн батлахаа намд шинээр элссэн нөхдүүддээ өгсөн байх юм. Тэгэхээр МАХН-ын жи­рийн гишүү­дийн хувьд хамаг байд­гаа  сольсон үзэл баримтлал өөр намд албад­лагаар гишүүнээр үл­дэх, үгүй бол намаасаа гарах хоёр зам л үлдэж байгаа юм. Гэхдээ энэ зэргийг бол МАХН аргалчихна л даа.  

МАХН өнөөдөр нам гүм мэт байгаа ч нэр, үзэл баримтлалаа солих сургаар дунд, доод шатан­даа хоёр тал болж, шоргоолж шиг л бужигнаж эхэлжээ. Дайны хажуу­гаар дажин гэгчээр жигүүр, хөдөл­гөөн шинэч­лэгчдийн дараагийн үе өөр өнгөтэй болж гарч ирлээ. Намынхан нь ад үзээд байгаа Н.Энхбаяр дагал­дагсдын хамт хөдөлгөөн бай­гуулж цагтаа тэргүүн нь байсан намаа самарч орхих шинжтэй. Энэ нь МАХН-д өширх­сөн Н.Энхбая­рын АН-д барих бэлэг болж тусах магадлал бий. Асуудал ер нь Н.Энх­баяр гэдэг хувь хүндээ бай­гаа юм биш. Намдаа голог­догсод, гомдогсод ч тэнд очоод үгээ хэлж, байж ядан хаш­гирч байгаа нь нөгөө намтайгаа нэг хөнжилд орж чадаж байж өөрийн­хөө намынхныг гудам­жинд түлхэж орхидогийнх нь гор  гарч байгаа хэрэг л дээ.

Одоо МАХН-ын ил далд фрак­циуд хөдөлгөөнд орж амь орж эхэлж байна. Намын нэрээ солих асуудлаар харин удирдлагууд нь тархи угаалтаа аль хэдийнэ явуулж эхэлжээ. Өнгөрсөн даваа  гаригт дэд сайдаас дээш алба хашиж байсан намынхаа ахмадуудыг хүлээж авсан бол өчигдөр аймаг,  нийслэлийн намын хорооны дарга, аймгийн засаг дарга байсан ахма­дуудыг хүлээж авч уулзсан байна. Ахмадууд нэр солихыг эсэргүүцэж, эгдүүцэн хүлээж  авч  байгаа учир удирдлагууд нь  ийнхүү  ажиллагаа явуулж буй нь тэр аж.  Гэвч МАХН аль шатандаа алалцлаа гэхэд  үр дүн нь онцын өөрчлөгдөхгүй ч  Их, Бага хурлынх өмнө ингэдэг нь  жам болсон хойно. Мөн Тэрэлжийн тунхаг хэмээх намын үзэл баримт­лал, нэр солих талаар Удирдах зөвлөл, удирдлагын түвшинд ярь­сан зүйл нь жирийн гишүүдийнхээ санаа бодлыг шалан дээр  гишгэ­сэн худал хуурмаг явдал  болсон хэмээн МАХН-ын гишүүд дэмжиг­чид үзэж байгаа юм. МАХН-ын хувьд нэр, үзэл баримтлалаа солиод шинэчлэгдэнэ гэж ойлгоход бэрх. Хуучин юмаа ярьсан, хуучин үзэл сурталтайгаа үхэн үхтлээ хамт дуусах нөхдөө өөрчилж, удирд­лагын бүрэлдэхүүндээ залуу үеийн төлөөлөл  оруулж өөрчлөх цаг бас болсон билээ.

Ямар ч байсан МАХН  шат шатандаа Их хуралдаа бэлдэж, төлөөлөгч сонгох хурлуудаа хийж  намын үүрүүд өдөр бүр шахам ямар нэг уулзалт хуралд дуудагд­саар байна. МАХН нийт сонгогч­дод  зориулсан ажиллагаагаа эртээ ингэж эхэлж байгаа бол Ардчилсан нам дотоод толхилцооноо шийдэж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Нийс­лэлийн намын шинэ удирдлага Ш.Түвдэндоржийг ажлаа эхлэхтэй нь зэрэг аль, аль фракцийн зүгээс ашигтай хувилбар дэвшүүлж, ажил хэрэг болгохыг санал болгож эхэл­жээ. Тамгаа өгөхгүй гарч гүйгээд байсан С.Эрдэнэ хүртэл тэврэлдэн үнсэлцэж зургаа татуулж эхэлсэн нь учраа олж тохироогоо хийснийг нь нотлоод байгаа юм. Гэвч “Алтан гадас”-ын ая данд тааруулж асуу­далд хандаж байгаа бол байдал өөрсдөд нь сайныг авчрахгүй,  МоАХ угшилтай тэд хоорондоо толхилцоод байвал “Алтан гадас”-ын санааг гүйцэлдүүлсэн болох юм. Ардчилсан намыг ардчилалгүй хаалттай, үл ойлгогдох, зүг чигээ мэдэхгүй болгоход онцгой үүрэг хүлээж байгаа хүн бол мэдээж намын дарга нь. Удирдлагадаа байгаа хүмүүсийг хагаралдуулж  тэр дундаас өөрөө хүчтэй болж тодорч харагдах нь тийм ч сайн удирдагчийн шинж биш. Ер нь тэгээд АН-ын өнөөдрийн байдалд хүргэж буй  цаад эзэн хэн билээ гэдгийг тунгаах цаг ч болсон биз ээ. Ардчилсан намын дүрмээр бол УИХ-ын намрын чуулган хурал­дахаас өмнө ҮЗХ нь хурал­дах ёстой. Гэвч хугацаа аль хэ­дийнэ өнгөрч дүрэм нэгэнт зөрчиг­дөөд байгаа. Удахгүй болох МАХН-ын хурлуудын шийдвэрээс да­раагийн алхмаа тодорхойлох гэж хүлээж буй байх. АН-ын ийм бай­дал нэгэнт гайхах зүйл биш болсон.

Ижилдэн дасалцсан АН, МАХН-ын энэ нялуурал цаашид хэр удаан хэвээр байх бол. Сонгууль боло­хоор шилээ харуулах ахынхаа занг АН-ынхан эрхбиш нэг мэдэх байлгүй.

Categories
редакцийн-нийтлэл

ТЭНГЭРТ ТЭМҮҮЛСЭН НЬЮ-ЙОРК

Нью-Йоркт нар эртээ манджээ. Эртлэн босч эргэн тойрныхоо сонин хачныг ажиглан зогсох нь ээ америкчууд нэг алхаад л таарал­дах жижигхэн хоолны газраар ороод гарахдаа манайхны хэмжүү­рээр бол хоёр аяга цай уухын дайны хэмжээтэй цаасан  
аягатай
кофе мөн цаасан ууттай түргэн хоол авч гараад ажилдаа явах замдаа өглөөний цайгаа амжуулах аж. Тэдний өглөөний унд эрүүл хоолыг шүтэгчдэд бол хор л гэсэн үг. 
Өдөр тийшээ өнөөдүүл дахиад л кофе эсвэл 
кола, аймшигтай том гамбургер, шарсан төмс, сэндвич иднэ. Оройн хоол мөн л нүсэр их. Хоолны газар суугаад хоол за­хиалахад порц нь дэндүү их, нэг өдөрт бидний долоо хоногийн хоолыг нэг америк хүн идчихдэг бололтой. Аян замд дөрөө нийлсэн хэд маань хамтдаа үдийн хоол идэхээр болж ширээн дээр хүн тус бүрийн өмнө тавагтай биш тогоо­той юм шиг их хоол 
тавихад
дуу алдав. 
Бид гуравны нэгийг нь ч баралгүй толгой сэгсэрч байгаад үлдээгээд гарч одсон. Энэ их идэлт тэднийхний эрүүл мэндийг ёстой алж байгаа байх даа гэж бодогд­сон. Бас гамбургер шигээ хэлбэр­тэй болтлоо таргалсан хүмүүс хажуугаар зөрөх нь дэндүү олон. Таргалалт ДОХ-оос илүү аюулын харанга дэлдэж байгаа гээд бай­сан нь яах аргагүй үнэн юм байна. 
Гэхдээ баячууд нь  
бол харьцангуй гоолиг юм билээ. Эндхийн хүний хэлснээр Нью-Йоркт 
ямар нэг талаараа энгийн биш хүмүүс бай­даг гэсэн нь жаахан 
дэгсдүүлсэн
үг ч ортой аж. Нэг бол хамгийн шил­дэг нь эсвэл хамгий хүнд гарууд энд байдаг нь олон зүйлээс ажиг­лагдаж байсан. Хамгийн бая­чууд нь, хамгийн лидерүүд нь, бас хам­гийн зүггүйчүүд энэ хотод зэрэгцэн байх аж. Хүнээс бол яаж ийж бай­гаад мөнгө салгах аргаа олсон улс. Тиф буюу үйлчилгээний хөлс авах­гүй байна гэж байхгүй. Бродвейн гудманд явж байтал хамт явсан нөхрөөс минь нэг хар арьст залуу СD авахыг шалаад салдаггүй. “Үгүй” гэж толгой сэгсрээд цааш явтал хой­ноос нь ирж “Май, 
би үүнийг чамд бэлэглэчихье” гэлээ. Бэлгэнд дур­гүй хэн байх вэ дээ. Өнөө бэлгийг нь аваад цааш эргэ­тэл 
хариу бэлэг нэхээд салахгүй зо­воов. Үгүй бол дөрвөн доллар өг гээд бүр салах янз алга. 
“Чадахгүй.
Үүнийгээ
буцаа­гаад ав” гэхээр “Чи нэгэнт авчихсан” гээд зүтгээд бай­хыг нь яана. Нөгөө нөхөр маань энэ балай юмыг яах вэ” гээд толгой сэгсэрч байгаад арай ядан буцааж өгөөд нэг юм салсан даа. Бродвейд шөнө дунд хүртэл хүний хөл тас­рахгүй. Бродвей хэмээх алдарт урт гудам­жинд худалдаа арилжаа, шоу үзүүлбэр, 
реклам сурталчил­гаа, бүр кино зураг авалт тасрахгүй. Хэдхэн хонохдоо хоёр ч удаа кино зураг авч байхтай таарсан.

Гэнэт гудманд байсан хүмүү­сийг хоёр тийшээ ярагдаж замын хажуугийн хашлага руу шахаж эхэлтэл сониучирхвал 
кино зураг авахаар болж байна гэнэ. Зураг авалтын талбайд хээнцэр хувцас­тай хэдэн хүн сандал дээр сууж буй нь найруулагч, продюссерууд нь аж. 
Энд байсхийгээд л ийм үйл яв­дал болдог болохоор хүмүүс нэг их гайхахгүй юм. Киноны гол 
дү­рүүд 
бололтой
эрэгтэй,  эмэгтэй хоёр Бродвейн гудамжны голд тэврэл­дэн зогсож юм ярих бөгөөд ха­жуу­гаар нь туслах дүр болох ний­тийн хэсэгт тоглогчид 
гудам­жаар нааш цааш алхах аж. 
Бидний ойролцоо цагаан цувтай нэг бүсгүй хэдэн ч удаа нааш цааш явав. Болохгүй байна гэхээр дахиад л зураг авалт эхлэх аж. Тэрхэн агш­ныг тийм олон удаа авч байгаа юм чинь хэцүү үзүүл­бэртэй хэсгийг нь яадаг бол гэж бодож зогслоо.

Баар цэнгээний газарт хүн дүүрэн байх аж. 
Хаа  очиж тамхи татахгүй нь сайхан. Тэгээд ч 
Нью-Йоркт нэг хайрцаг тамхи 13 ам.дол­лар. “Ямар үнэтэй юм бэ” гэвэл “Энэ чинь Нью-Йорк шүү дээ. Хажуухан өөр 
хотод 4
ам.доллар тавин цент” 
гэнэ. Бааранд 
харин хүмүүсийн ярих чимээ нь аймшиг­тай. Өдөржин хуримтлуулж бай­гаад орой нэг дураараа хашгирч авдаг юм шиг билээ. 
Торхон дотор баахан зөгий хийчихсэн мэт айм­шигтай дүнгэнэх чимээг сонсоод 
хөгжлөөс
үүдэлтэй
хамаг стрессээ ингэж л тайлдаг юм байлгүй дээ гэж бодлоо.

Тэнд амьдардаг хүмүүс “Ногоон авгайтай уулзсан уу” гэж асуух юм. Эрх чөлөөний хөшөөндөө ийм хоч өгчихөж. Америкийн бэлгэ 
тэмдэг болсон эрх чөлөөний хө­шөө­гөө ингэж нэрлэчихээд шоглож суугаа тэд далбаагаа дотуур хувц­сандаа хүртэл мөнхлөөд дэл­гүүрт зарж байх юм. Манайхан төрийн далбаа­гаараа турсикээ гоёвол “нүгэл” болно биз дээ. Гэхдээ хууль цаа­занд тэр олон хүн нэг зэрэг 
за­хираг­даад овлигогүй нэг нь хүртэл зөвшөөрөөгүй  
газар машин тави­на гэж байхгүй. Мэдээж цагдаатай тохирох ойлголт байх­гүй болохоор камераар команд авсан нөхөр ирээд л торгуулийн хуудсыг урд шилэн дээр нь наа­чихна. Цаана нь бүртгэгдчих боло­хоор 150 ам.дол­лар зүгээр нэг цацахыг хэн хүсэх вэ дээ. Тэгээд ч өгөхгүй бол сарын дараа хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд л аргагүйн эрхэнд дү­рэмд захираг­дах нь тэр. Эндээс эрх чөлөө гэдэг хамаагүй дураараа 
байхын нэр биш гэдэг нь тодорхой. Дэлхийн хамгийн түгжрэл ихтэй энэ хотод явган хүн ч замын түг­жээнд ормоор. 

Такси барих гээд хамт явсан бүсгүйтэйгээ зогсож байтал уриал­гахан зантай 
эрхэм гараа даллан дохилоо. Дугуйныхаа ард сүйх тэрэгнийх шиг суудал зассан нь хоёр хүн зэрэгцээд элбэг суу­чихаар. Найрсагхан 
дохилзоод
байхаар
нь “Бензингүй юм чинь арай хямд” гээд суучихлаа. Замд бас элдвийг хөөрөн хаанаас 
ирс­нийг нь асуутал турк хүн гэнэ. Туркийн тухай мэддэг бүхнээ бурж жигтэйхэн инээд хөөр болсоор буудлынхаа үүдэнд буутал 
такси­гаар үйлчилгээний хөлсөө өгөөд зургаан ам.доллар болдог газар 48 ам.доллар нэхдэг байгаа. Бүр хүний тоогоор шүү. Биднийг ирэ­хийг харсан нэг нөхөр маань “Оросууд Италид” 
кино шиг та хоёр ч хөглөж байх шив” гэж ирээд л инээдээ барьж ядлаа. Одоо яая гэхэв. Инээд алдаад суусан юм чинь дуртай дургүй төлсөн л дөө. 

Нью-Йорк тэнгэрт тэмүүлсэн хот. Дэндүү өндөр байшингийнх нь оройг харах гэвэл арагшаа савж унах биз. 
Өргөөшөө
биш өндрөө­шөө л тэлж байгаа юм байна гэж бодогдов. 
Дуу чимээ гэж нөхцөлгүй.

Манайд намрын аяс орж нав­чис шарлаад унаж байхад тэнд 40 хэмийн халуунтай углааш сан­даал­тайгаа л жирийлгээд байна лээ. Дэлхийн хамгийн өндөр ба­рилга болох ихэр хоёр цамхгийг террористууд дэлбэлчихсэний ор­мон дээр нь 
цэцэрлэгт
хүрээлэн
бай­гуулсан байх юм билээ. Жи­жиг­хэн хэрэмнүүд 
хүмүүс найзал­чих­сан хээвнэг гүйлдээд л. 
Дэлхий ний­тээ­рээ 
ногоон байгууламжид хүндэт­гэл­тэй ханддагийн нэг жи­шээ бол нэг томоохон 
барилгыг
барихад
удаан жил ургаж ирсэн 
хэдэн модны асуудал сөхөгдөж. Анх барилга барихдаа тэр хэдэн модыг тооцолгүй зураг төслөө гаргасан байж. Тэгээд нөгөө мод­дыг хэвээр нь үлдээхийн тулд зураг төслийг өөрчилж бүр нар тусахад дөхөм­тэйгээр барилгаа барьсан байгаа юм. Харин манайхан шиг төр засаг нь хүртэл хотынхоо чимэг болсон цэцэрлэгт хүрээлэнг ну­рааж бай­гаад төрийн 
ордноо барих тухай яривал энд юу болох бол гэж бо­догдсон шүү. Бас Ж.Со­рос манай улсын Ерөнхий сайд­тай албаны уул­залт хийхээсээ өмнө америк­чуудын 
бахархал
болсон цэцэр­лэгт хүрээнг ажлын­хаа өрөөний цонхоор зааж бай­гаад гайхуулан ярьж бай­сан шүү.

Дэлхийн
бүх улс орны 
цуг­луулга гэлтэй зүсэн зүйлийн үндэс­тэн ястан энд байна. Зав­сар зайгүй бөөрөөрөө наал­дан боссон барил­гууд дотор давчдуулна. Хаа очиж гудамжийг нь хайж сүйд болохгүй дугаараар нь олохоор эмх зам­бараатай. Хаа нэг жижиг лааз гартаа барьсан гуйлгачин мөнгө гуйгаад зогсох юм. Ер нь дэлхийн хаана ч иймэрхүү нөхдүүдтэй таа­рал­даад байх юм.

Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй гэдэг үг шиг 
монгол хүний толгой дээр нар жаргахаа өнгөрсөн бололтой. Хаа сайгүй л мон­голчуудтай таарах юм билээ. Хүүх­нүүд болсон хойно яаж зүгээр байхав. Их ажлын ха­жуу­гаар зав гаргаад хэдэн дэлгүүр ороод ам­жив. Хажууд монгол хү­мүүсийн ярихыг сонсвол нутаг нэгтэн болох хоёр 
охин бас дэлгүүр хэсч 
таарав.
Тэнд сурдаг оюутнууд бо­лолтой. Бас бидний буусан буу­далд таван монгол хүн ажил­ладаг гэж бо­дохоор бид чинь дэлхийгээр нэг болжээ. Хуучин цагийг бодвол заавал Чин­гэсийн нэрийг 
ур­даа барилгүй Монгол гэж хэлэ­хээр хэр баргийн хүн мэддэг бол­чихож. Нийслэл хотыг минь хүр­тэл торол­гүй хэлж байгааг бодоход Монгол гэдэг нэр ертөн­цийн хаа сайгүй дуурсагд­жээ. 

Categories
редакцийн-нийтлэл

Хүүхнүүд улс төрд хүч түрэхээр бэлдэж байна

Саяхан
ардчилсан эмэгтэйчүүд даргаа сонгох гэж бөөн юм болов. Эмэгтэйчүүд гэхээсээ илүүтэй
эр­чүүд хор найруулж энэ сонголтод хичээнгүйлэн оролцсон гээч. Гэх­дээ тэр хурлын
үр дүнгийн талаар ярих гээгүй ээ. Үйл явц нь юу өгүүлэв гэдэг нь сонин байгаа юм.
Өмнө нь энэ албанд очих хүн олддоггүй байсан гэх юм билээ. Одоо харин эсрэгээр эмэгтэйчүү­дийн
улс төр нийгмийн оролцоо шаггүй болсныг, үүнийг нь эрчүүд гярхай мэдэрсэн нь харагдаж
байна л даа. Өмнөх сонгуулиар хүүхнүүд гучин хувийнхаа квотыг  эрчүүдэд зүгээр л дээрэмдүүлж парламентаас парламентын
хоо­ронд улс төр дэх хүүхнүүдийн тоо цөөрч чуулганы танхимд шингэн дуу сонсогдох
нь бүр багассан. Монголын парламентын түүхэнд өнгөрсөн сонгуулийнх шиг цөөхөн бүсгүй
сонгогдсон түүх байхгүй. Хуулиндаа гучин хувийн квотыг оруулах гэж 2007 оны арванхоёр­ду­гаар
сард ярьж байх үед хоёр намын эрчүүд хошуу холбон бөөрөөрөө нийлж суух нь ихэсч,
ширээ ширээ хэсч, хүүхнүүдийг “жийсэн”. Өөрөөр хэлбэл улстөрч эрчүүд бүсгүйчүүддээ
нуруугаа харуулж нүүрээ буруулсан  билээ.
Дараа нь сонгуулиар  өрсөлдөхөөр гарч ирсэн
цөөхөн хүүхнүүдээ элдвээр нь хэлж хар пиар явуул­саар өөрсдөө ялж санаа нь амарч
авсан даа. 

Харин
ирэх сонгуулийн өнгө арай өөр болох шинжтэй болчих­лоо. Хүүхнүүд улс төрд хүчтэй
оролцохоор ханцуй шамласан нь  саяхан болж
өнгөрсөн ардчилсан эмэгтэйчүүдийн хурлаас харагдав.  Ардчилсан намын фракцууд ч ёстой л нэг идэвхжих
шиг болсон. Эрчүүд бүр илүү идэвх гарган 
эрээ цээргүй хүүхнүүдийг  тал тал тийш
нь чангаалаа.  Хаа очиж тэр ятгал­гад хүүхнүүд
унаагүй,  аль нэг фракцаас зүтгүүлээгүй Ц.Оюунгэ­рэл
мөрийн хөтөлбөрийнхөө давуу­гаар  заалыг эргүүлж
чадсан юм. Тиймээс энэ удаа хүүхнүүд эрчүүдийн ятгалгаар биш өөрс­дийн сонголтоор
удирдлагаа сонголоо. 

Эрчүүдээс
ялгаатай нь бүсгүй­чүүд бид хор найруулахдаа муу ч хов ярихдаа гаргууд. Байгалийн
өгөгдөхүүн гэмээр хов ярих чанар нь бүсгүйчүүд биднийг сул дорой болгодог. Бас эрчүүд
шиг хор найруулахаар үдэш оройн цагаар хаа нэг газар биллиард цохин,  ширээний ард “зуун грамм”  татаад суух нь үгүй.  Бүсгүй хүн ар гэрийн­хээ ажлыг амжуулж суух зуур
эр­чүүд бүх тохироогоо хийчихсэн хүүхнүүд тоглоомын гадна үлдсэн байдаг.  

Энэ
удаа хүүхнүүд эрчүүдийн тоглоомын дүрмээр биш өөрсдийн дүрмээр тоглох нь бололтой.
Тийм­дээ ч саяхан ардчилсан эмэгтэй­чүүд ардчилалтай сонгууль явуулж чадсан бол
удахгүй МАХН-ын ардчилсан социалист эмэгтэйчүү­дийн холбоо хуралдахаар төлөв­лө­жээ.
Тэд мөн л удирдлагаа шинээр сонгох тухай 
ярих  гэнэ лээ. Одоогийн дарга Д.Алтай
Хүний эрхийн комиссын даргад нэр нь явж байгаа нь ч үүнтэй холбоотой байх. Харин
Ардчилсан социа­лист эмэгтэйчүүдийн холбооны дараагийн даргаар Эрүүл мэндийн дэд
сайд Ж.Цолмон хүчтэй яригдаж байгаа сураг сонсогдоно лээ.

Энэ
бүхэн хүүхнүүд ирэх сон­гуу­лиас өмнө бэлтгэл ажилдаа хүчтэй орж байгаагийн илрэл
болов уу.  Байгууллагаа батжуулж аваад  улс төрд 
алхам хийхээр зэхэж буй нь илт. Зарим нам квотын асуудлыг намын дүрэмдээ
тусгана гэж бай­гаа ч одоогоор шийдэгдсэн юм алга. Тэгээд ч өмнөх гашуун турш­лага
байгаа болохоор хүүхнүүд эрчүүдийн амыг харж суухгүй биз.

Одоо хүүхнүүд аль нэг нам гэлтгүй хөдлөх  цаг иржээ. 
Эрчүүдэд найдвал молигодоод өнгөрөх магадлал өндөр. Тиймээс хүүхнүүд минь
эр хүнд итгэхээр өөрсдөдөө л найдсан нь өлзийтэй юм шиг байна.

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан намд шинэ фракц мэндэлж, хамтарсан Засгийн газар ганхана

Хамтарч
засаг барьж буй МАХН нь Бага хур­лаа хийж нэрээ солих тухай ярьж байх зуур Ард­чилсан
намд нэгэн фракц төрөхөөр дуншиж эхэл­лээ. МАХН-ын хувьд  дүр­мээрээ зөвшөөрөгдсөн ганц жигүүртэй. Түүнийгээ
гарч ирсэн цагаас нь дагавар хүүхэд мэт ад шоо үзэж ирсэн. Харин Ардчилсан нам албан
ёсоор өөрс­дийгөө фракц хэмээн зар­лах нөхдийгөө хэрхэн хүлээж авах бол. Ард­чилсан
намын ҮЗХ-ны хурал намын дүрмийн дагуу удахгүй болно.  Үүнээс өмнө МоАХ өөрс­дийгөө албан ёсны фракц
болж буйгаа зар­лах аж.

Хэдийгээр
энэ нам  олон фракц бүлэглэлтэй  гэгддэг ч албан ёсоор зарласан анхны фракц нь
энэ болох юм.  Бидний сайн мэдэх  Ардчилсан хүчний холбоо, Алтан гадас хэмээх томоохон
фракц гэгддэг бүлэглэ­лүүд нь төрийн бус бай­гууллага гэдгээр өөрсдий­гөө зарлаж
гарч ирсэн байдаг. Алтан гадасын хувьд Монголын хөгж­лийн төлөө гэсэн уриатай гарч
ирж байсан. Ардчил­сан хүчний холбоо нь дан ганц Ардчилсан намынх гэхэд хэцүү бөгөөд
хол­боондоо аль ч намын гишүүнчлэлтэй хүн байж болно гэдгийг зарлаж нэгэнт олонд
ил болсон билээ. Гэвч Ардчилсан хүчний холбооны 70-80 хувь нь МоАХ-ны гишүү­дээс
бүрддэг. 

Албан
ёсоор зарлах МоАХ фракцид  С.Эрдэ­нэ, З.Энхболд
нар баг­таагүй юм байна. Мөн МоАХ-ны зарим хэсэг бо­лох Кроун мэтийн бүлэг­лэ­­лүүд
үүнээс үүдэлтэй  байхгүй болж магадгүй.

МоАХ-ныхны энэ алх­мыг
“Алтан гадас”-ыг шахаанд оруулах нэг томоохон алхам гэж ойл­гож болох талтай. Түүнч­лэн  АН  даргаа
солих нь, хамтарсан засгаас гарах нь гэсэн дуулиан нэг үе гал дээр тос нэмсэн мэт
газар аван дүрэлзэж байснаа  намжсан. Харин
одоо болох үйл явц  энэ бүхнийг оргүй биш
гэдгийг нотолж байна.

Categories
редакцийн-нийтлэл

Хэн ч “БУРУУГҮЙ”

Талд дураараа бэлч­дэг малаасаа нэг их ялгагдахааргүй болчихож дээ,  бид. Хууль хэрэгжих энэ тэр тухайд бол ярих ч юм байхгүй.   Ялангуяа албан тушаал, мөнгө хоёрт Монголын хууль үйлчилнэ гэж үгүй. Говь-Алтай, Увс, Дорно­говьд монголчууд хоо­рондоо эсвэл хятадууд­тай буу­далцаж гэнэ. Өвөрхан­гайд   бүсгүй хү­нээр архи авчруулж ирээд хамт наргисан цаг­даа шөнө дунд уур нь хүрээд хаяад явчихсан гэх. Тэгээд үлдээд хоцор­сон өнөөх эмэгтэй хувц­саа тайчаад нүцгэн нас барчихсан байдаг. Аягүй бол амь алдсан бүсгүй буруут­наар тодроод өн­гөрнө биз. Зам  тавина гэж тендерт ялсан компаниуд нь хугацаандаа ажлаа дуусгахгүй гэрээгээ зөр­чөөд араас нь баахан гомдол ярилаа.   Гурилын наймаачид санаан зор­гоор үнэ өсгөөд “хохь нь” гэнэ. Харийн гийчид ду­раараа газар нутгийг минь сэндийчээд хэн дур­тай нь монгол хүнийг нохой мэт алж л байдаг. 

Шүүхийн шинэтгэл явуулна гэхээр ямар нэг байдлаар хуучнаар нь байлгах гэж үзэж тарна.  Асуудал шийдүүлэх гэ­хээр УИХ дээрээ очоод гацчихна. Үйлдэл дээрээ баригдсан баримттай асуудлыг ч шалгаж байна гээд чимээ алдруулна.

Хонгор сум хордохоор буруутай эзэн нь яаж байгаад ч юм Их хуралд сонгогдчихно. Долдугаар сарын нэгэнд хүн буу­дуулж үхвэл  хэн буудсан нь олддоггүй. Түмний  өм­нө болсон мөртлөө шүү. Монголын хууль гурав хоногт гэдэг байсан бол одоо ганц ч өдөр хэрэг­жихгүй.  Бүх юм буруугаар  яваад байхад буруутан эзэн хэзээ ч олдохгүй. Төр засаг ч “буруугүй”, түмэн олон ч “буруугүй”.  Буруу бүхэн бусдын буруу. Бу­руутан тодорхой атлаа хэзээ ч тодорхой бус болж үлддэг.

Улстөрчид нь сонгуу­лиас сонгуулийн хооронд шоу хийж, сонгогчдыг уя­раан, солиором амлалт өгч ард түмний нэрийн өмнөөс баахан “ажил хийсэн” гэж тунхаглаад явж байгаа.        

УИХ завсарлаж, улс­төрч гэх нөхөд нийтээрээ амралтаа авчихсан яваа ч  улс төрийг унтчихсан гэж бодож болохгүй нь. Хөдөөг голдуу зүглэсэн улстөрчдийн ар худар­гаар нь экс хүн х /икс/  ажиллагаа явуулж мес­сэж шидээд орон зайг нь эвтэйхэн ашиглаж байна. Хамтарсан нэртэй Зас­гийн газрыг өнөө мөдгүй  унах нь гэж зарлан,  Ардчилсан нам даргаа сольж, гарман дээрээ морио  юүлэх талаар ч чих дэлсэх болов. Харин энэ талаар хариулт өгөх ёстой нөхдүүд үүнийг үгүйсгэж буй. Гэвч хам­тарсан Засгийн газар Таван толгой, Оюу толгой дээр хамтарсан шигээ ураны асуудалд   ямар байр суурьтай байгаагаас шалтгаалан улс төр нэлээд өөр болох тухай яригдаж эхэлсэн.  Энэ бүхэн яаж шийдэгдэж, хаашаа ч эргэлээ  гэсэн  улс орон эзэнгүй мэт цаг хугацааг элээж байна. Хөл толгойгүй энэ үйл явдалд  эзэнгүй Мон­голын хэн ч “буруугүй” бололтой.

Categories
редакцийн-нийтлэл

Дэлхийн дүрмээр л тоглоё

Хөрш   зэргэлдээ бо­лоод ч тэр үү, хоног хү­рэхгүй ойрхон газар бай­даг урд хөршийгөө бид  гадаад улс гэж тооцохоо  больчихсон бололтой юм.  Байсхийгээд  л  манайд үйл ажиллагаа явуулж байгаа өмнөд хөршийн иргэдтэй нэгийгээ үзэлц­дэг болж. 

Хамгийн сүүлийн жи­шээ хэлэхэд Дорноговь аймгийн Айраг суманд өн­гөрсөн 
хавар хята­дууд­тай байлдаантай
кинонд тог­лож байгаа мэт үйл явдал болсон 
талаар ма­най сурвалжлагч очиж газар дээрээс нь мэдээлж бай­сан. Энэ үеэр хятад ком­панийн нэг нөхөр мон­гол залууг машинаар
дайрч амь насыг нь хо­хироосон харамсалтай
явдал бол­сон.  Гэтэл хэд хоногийн
өмнө
Увс айм­гийн Өм­нөговь суманд Хятадын хөрөнгө
оруу­лалттай ком­панийг 
ашиг их олж байна гэж манай нинжа нар дай­раад хоёр дахь долдугаар сарын нэгэн болох шахсан юм байх.

Чухам яагаад гадны олон компаниуд  үйл ажил­лагаа явуулж бай­хад манайхан дандаа хятадуудтай “дайтаад” байна. Нөгөөдүүл нь ч бүдүүлэг юм, манайхан ч дутах юм алга. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол хууль дүрмийг нь дагаж,   усыг нь уувал ёсыг нь дагах нь зүйн хэрэг. Тийм атал  тэд бас тэгж чадахгүй бү­дүүлэг­тээд монголчуудын цө­сийг хөөргөж  зодолдож нүдэлдэхдээ хүрнэ. Нөгөө талаас  муу л бол урд талын хар овоохой гэг­чээр манайхан ч гэсэн чаддагаараа хөршийн­хөө хэдийг ноолж  үзэж тараад байдаг.  

Манайд хөрөнгө оруу­лагчид гээд хуучин цагт бол нэрийг нь ч сонсч байгаагүй улс орнууд гар сунгах болсон.  Тэд ма­найд хөрөнгө оруулж бай­гаа нь гээд зүгээр нэг бэлэг өгөөд явахгүй нь ойлгомжтой юм. Зах зээ­лийн хуулиар хэн хэний­гээ гомдоохгүй, авсан өг­сөндөө өлзийтэй байх зарчмаар  л байвал хө­рөнгө оруулагч нөхөдтэй ойлголцоход асуудал алга. 

Герман, Канад, Япон, Америкийн  компаниудыг хөрөнгө оруулагч. Хаяа нийлүүлдэг Хятадыг хө­рөнгө оруулагч биш гэвэл бас л эндүүрэл болно. БНХАУ-ын хувьд ч манай томоохон хөрөнгө оруу­лагчийн нэг. Хятадтай манай бизнесийн салбар олон талаараа уялдаа­тай байдаг. Манай томоо­хон хөрөнгө оруулагч. Харин тэд Монголын хуу­лийг сахиж байна уу, ма­найхан хуулиа мөрдүүлж чадаж байна уу гэдэг бол өөр асуудал.

Харамсалтай нь ха­рийн хүнээр хууль сахиу­лах тухай ярих нь бай­тугай өөрсдөө бид хуулиа  уландаа дэвсдэг боло­хоор хүний хүн хүрэн бөөртэй байх нь аргагүй ч юм шиг. 

Тиймээс  урд хөрштэй дэлхийн дүрмээр л тоглох нь аль ч талдаа аюулгүй. Ганцхан Монголд гадаа­дын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуул­даггүй. Дэлхийн олон улс орон уул уурхайн хөрөнгө оруулагчидтай ямар дү­рэм, ямар стандартаар ажил­лаж, хууль журмаа хэрхэн сахиулж, ямар шаардлага тавьж ажил­лаж, тэр улсын хуулийг  хөрөнгө оруулагч бай­гуул­лагууд яаж хэрэг­жүүлж буй туршлагыг бас судалж үзэх хэрэгтэй юм.  Дэлхийн зарчмаар л хө­рөнгө оруу­лагчидтай ха­рил­цах хэрэгтэй. Хята­дуудыг ч бас тэр зарч­маас хазайхгүй байхыг шаардъя. Тэдэнтэй ч хө­рөнгө оруулагчидтайгаа харьцдаг дэлхийн дүр­мээр тоглоё. Ингэж байж л хөршүүдийн  бүдүүлэг байрыг нь болиулъя.  Ин­гэ­вэл монголчууд бид ч Хятадыг түнш юм уу, хө­рөнгө оруулагч гэдгээр нь шаардлага тавина уу гэ­хээс  сэтгэлийн хөөр­лөөр зодоон нүдээн хийж, хэн нэгэн гэмгүй монгол залуу үүний золиосонд амь насаа алдахгүй, амьд­ралынхаа төлөө зүт­гэж яваа хэдэн арван за­луу баривчлагдаж хориг­дох хэрэг гарахгүй л болов уу.

Categories
редакцийн-нийтлэл

Мартаж болдог, донгодож шийтгэдэг ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Эхнэрийнхээ унадаг
машин, хүүгийнхээ ху­вийн компани, өөрийнхөө зар­сан машины орлого, байр, байшингаа
хүртэл    мартчихдаг хүмүүсийг юу гэж нэрлэх
ёстой юм бол.  Эндээс харвал Монголын төрд
баахан уймраа, мар­тамхайчууд ажилладаг  бололтой
юм. Төрийн албанд ажиллаж байгаа л бол хариуцлагаа мэдэж орсон орлого, үл хөдлөх
хөрөнгө, хадгаламж дахь хэдийгээ бүгдийг 
үнэнээр нь олон нийтэд мэдүү­лэхээр хуульчил­сан. Энэ нь авлигаас ан­гид
байх чухал алхам. Эрх мэдэл авлига руу хөтөлдөг бо­лохоор л төрийн албанд ажиллаж
буй эрх мэдэлт­нүүдээс ийм баримт шаарддаг. Харин манай  төрийн ал­бан хаагчид  хөрөнгө ор­ло­гоо мэдүү­лэхдээ март­чихдаг, эсвэл
мэдээгүй­гээсээ гэж тайл­барладаг. Мартамхай биш гэж мар­гах дээрээ тулбал  нуун дарагдуул­сан байж таар­на. Чухам яагаад
нуув гэдэг л нөгөө авлигаас эхтэй бус уу. Аль ч талаа­раа төрийн ал­банд тэн­цэхгүй
нь тодор­хой бай­на. Нуусан ч бай, мартсан ч бай хууль зөрч­сөн гэмт үйлдэл.
Нуун
дарагдуул­сан тэр хөрөн­гө нь   улсад хэдий
хэм­жээний хохи­рол учруулд­гийг тооцож гаргах юм бол овоо дориун юм болно. Ер нь
өөрт байгаа юмаа март­чихдаг нөхөр чинь улсын ажил хийхдээ юу ч март­даг юм хэн
мэдлээ. Тө­рийн албанд тэнцэхгүй нь шууд л нотлогдох ийм үйлдлийг тухайн үеийн дуулиан,
хэвлэлийн мэ­дээлэл төдийхөн бол­гоод өнгөрөөд байх уу гэдэгт л асуудлын гол байна.
ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурц,  ШШГЕГ-ын
дэд дарга Т.Батболд, Баянгол дүүр­гийн Засаг дарга Л.Амга­лан, Сан­гийн яамны газ­рын
дарга нар, МИАТ-ийн дэд дарга Д.Эрдэ­нэ­би­лэг гээд нэ­лээдгүй хүний нэрс мар­тагсдын
энэ дараалалд жагсана.

Авлигатай
тэмцэх бай­гууллага бий болсон цагаас хойш 
л бүгдийн  мэдэх томоохон  авлигач­дыг 
илрүүлж чадаагүй ч хаа очиж хамгийн сайн хийсэн ажил нь   хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн “жижигхэн” дарга
нарыг бол хагас дутуу ч гэсэн барьчихаад байгаа юм. Ерөнхийдөө нэг яамны газрын
дарга,  түүнээс арай бага албан тушаал­тан,
дүүргийн Засаг дарга нар Авлигатай тэмцэх газрын шидсэн торонд торж үлддэг гэх үү
дээ. Эднээс дээш албан ту­шаалтны авлигын хэрэг сөхөгдвөл шууд улс төржөөд явчихна.   Аль нэг намын харьяалалтай томоохон албан тушаал­тан
бол    УИХ дахь бүхэл бүтэн бүлэг хөдөлгөөнд
орж намын нэрээ сэв­тээх­гүйн төлөө хамгаа­лалт хийнэ. Эсвэл нөгөөх нь  яг шийтгэгддэгийн даваан дээр өршөөлд хамрагдчихна.
Ийнхүү өнөөдрийг хүртэл томоо­хон албан тушаалтны авлигын хэрэг санаатай аз тааруулснаар  юм уу, сайн улс төржсөний ачаар чимээ алдардаг.
Ингээд жижигхэн дарга нарыг авлах ажил Ав­ли­гатай тэмцэх газрын амт­тай өгөөш болж
үлддэг. 

Хууль
зөрчсөн ийм нөхдүүдийг Авлигатай тэмцэх газар шүүхгүйгээс хойш   зохих ёсны газарт нь албан бичиг явуулна. Бичиг
хүлээж авсан нөгөө байгууллага нь харин даажинтайгаар хариуг нь  барина. Хууль зөрчсөн албан хаагчаа  сахилга­гүйтээд  аяга  хагалчихсан  хүүхэд мэт толгойг нь илж, сахилгын шийтгэл гээ­чээр
аргалаад  өнгөрдөг болжээ. Эсвэл орлогоо мартсан
болохоос нуу­гаагүй гэж ийм шийтгэл оноодог юм болов уу. Авлигатай тэмцэх газрын  хийсэн “том” ажлыг  ингэж л үгүйсгээд байгаа юм.

Энэ
байдлаараа Мон­гол Улс авлигаасаа ангижрах биш улам ав­лигажих нь тодорхой.  Хэрэв улс төрждөггүй, том, багаар нь ангилдаг­гүй,
хийсэн ажлаа дор­витойхон шиг гүйцэтгэдэг, хууль нь хэрэгждэг бол    Авлигатай тэмцэх газар шиг ажилтай байгууллага  Монголд лав байхгүй байх­сан. Дээр нь сахил­гын
шийтгэлээр л арга­лаад байх юм бол авлига авах, хөрөнгө орлогоо нуух гэдэг чинь
дэггүй жаалын үйлдэлтэй л адил юм байна. Ийм шийт­гэлтэй юм бол ор­логоо нуусан
ч яадаг юм гэж зарим нь барьцаж л таараа.

Мартаж болдог, дон­го­дож
шийтгэдэг хөрөнгө орлогын мэдүүлэг хэрэг­тэй ч юм уу.  Иймхэн шийтгэл оногдуулахын төлөө баахан мэдүүлэг
авдаг нүсэр том бүтэцтэй, Авлигатай тэмцэх бай­гууллагын хэрэг байдаг ч юм уу. Үгүй
ч юм уу.

Categories
редакцийн-нийтлэл

Тавын таван хүний халуун амиар хэр удаан “наадах” вэ?

Монголын ардчилал
дөнгөж 20 шүргэж яваа идэр насандаа тулж бай­на гэх тодорхойлолтыг олон хүн хэлдэг.  Үнэндээ бол нийгмийн хөгжил да­гасан “хар масс”
ардчи­лал гэх энэ нэр томьёог өөрийн эрх тааваар байх явдал гэж ойлгодог нь нууц
биш юм. Өөртэй нь санаа нийлэхгүй хэн нэг­нийг үг хэлэх эрхээ эдлэн буруушаах, бүр
боломж олдвол газар дор ортол нь муулах бол энүүхэнд. Түүгээр зог­сохгүй хүний энэ
хорвоод түр буудал­лас­наа умар­таад үүр­дийн залуу үлдэж хоцрох мэт аашлах нь дэндүү.
Цор ганцаар бүх юмны эзэн суух сонирхол зөв­хөн хүнд л байдаг байх. Тэр нь албан
ту­шаалтай холилдвол бүр чиг “ца­гаандаа гарна”. Ёстой л нөгөө  “Би үхэхээр чи үх” гэгч болно доо. Ер нь явж явж
ямар ухаантан нь монголчуу­дын “Тамын тогооны үл­гэр” гээчийг зохиочихов оо гэж
гайхдаг юм.

Бид­ний
араншин үнэ­хээр их өвөрмөц шүү. Илүү яваа нэгэндээ үхт­лээ атаарха­на. Тэгсэн атлаа
өөрөөс нь дор яв­бал өрөвдөнө гэж жиг­тэйхэн. Адил тэн­цүү амь­дарвал унагах гэж
орол­доно. Ийм л далд тэмц­лийн дунд монгол­чууд бидний дундаж 60 нас гэрлийн хурдаар
өн­гөр­нө. Тэгээд арай гэж ухаан суугаад “харахад” тэтгэ­вэртээ гарах нас хаал­га
тогшоод, тэр хэмээрээ гэмээ цайруу­лах гэж орол­доод эрхи шүүрэх хооронд эрлэ­гийн
эл­чийн “томилолт” гардана. Үнэндээ бидэн шиг ийм бие биендээ хайр­­гүй ард түмэн
дэл­хийн бөөрөнд хэр олон байдаг юм бол. Бас яда­хад дэндүү улс төрждөг даварсан
зан­тай. Түү­нийгээ бас л нө­гөөх 1990 оны цагаан морин жи­лээр олгогдсон ардчи­лалтай
холбодог. Яг үнэндээ бид хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголт хэртэй билээ. Энэ
ойлголт маань амьд­рал дээр бодит биеллээ олж чаддаг болов уу гээд мянга мянган
асуулт ар араасаа хариулт нэхэн хөвөрнө. Илүү олныг нур­шилгүй  хоёрхон жилийн өмнөх үйл явдлыг сөхье.

 

ӨНӨӨДӨР ДОЛДУГААР САРЫН 5.

Хоёр
жилийн өмнөх энэ өдөр ямар бай­­сан бэ? Гэнэтийн цоч­ролд орсон монголчууд яахаа
мэдэхгүй балмаг­даж бай­сан. Тэд улс төрийн зо­лиос болсноо гадарлах ч үгүй мэгдсэн
байсан.  Төр нь ард түм­нийхээ эсрэг арга
хэмжээ зохион бай­гуулсныг, түүний гайгаар тавын таван хүний халуун амь, идэрхэн
нас, ихийг хийж бүтээх оргилуун сэт­гэл таслагдсаныг ойлгож ч амжаагүй байлаа. Тийм
л гэнэтийн “шок”-нд орсон цаг үе байв. Өөрөөр хэлбэл, урьд байгаагүй үйл явц, хойшид
давтаг­дахгүй байгаасай гэж хүн бүр ханцуй дотроо зал­бирах эмгэнэл байлаа.  Үүнийг Монголын түүхнээ “Долдугаар сарын 1-ний
хар мягмар гариг” гэж нэрлэсэн юм.  Үүний
гол буруутан нь  мэдээж, ард түмэн биш. Харин
эрх ямба, албан тушаалд шу­нан дурласан улстөрчид байсан. Ямар ч аргаар хамаагүй
төрийн түшээ гэх нэрийг зүүж, өндөр сэнтийд залраад өөрийн бүрэн эрхээ тө­рийн нэ­рээр
хамгаа­луу­лах со­нир­холтой хэсэг бүлэг хүмүүсийн амбиц бай­сан. Шуудхан хэлэхэд
Монгол Улсыг хоёр ху­ваасан  нүүрэн дээрээ
өрсөлдөгч гэх атлаа нүд­нээс далд хоорондоо “дай­сагнагч” хоёр намын шургуу ажиллагааны
үр дүн нийгэмд, жирийн ард олонд нөлөөлсөн нь тэр байлаа. Юугаа ч ойл­гоо­гүй залуучууд
хөөрөн хөгжиж, олныг хамарсан үймээн самуун нийслэлд дэгдэж, адилхан хүмүүн заяанд
төрсөн ээж, аавын үрс цэрэг цагдаа, ард иргэд гэдгээрээ талцан үндэсний хэмжээний
“дайн” дэгдээд амжсан. Үүний эцэст тавын таван халуун амь зуурдаар эр­сэдсэн.  Горыг нь амссан хүн гэвэл 800-гаад. Ол­ныг хамарсан
үймээн са­муун хэрээс хэтэрч ца­дигаа алдангуут тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарли­гаар
Онц бай­дал зар­лаж, үйл явцыг хазаарлаж авсан. Үүний дараа нийг­мийн хэв журам
зөрчсөн хүмүүсийг хоморголон баривчилж, байцааж эхэл­сэн байдаг. Ер нь тухайн өдөр
юу болсныг Онц байдал зарлах хүртэл орон даяа­раа хэв­лэл мэдээллийн хэрэгс­лээр
тэр тусмаа телеви­зийн сувгаар Мон­гол даяа­раа ямар нэг тайлбар­гүйгээр харсан
даа.

 

ГЭТЭЛ ӨНӨӨДӨР БАЙ­ДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?

Тухайн
үед ямар нэгэн улс төрийн тайлбар хий­хээс эмээж байсан бүхэн одоо гараа өргөөд
дуу­гарч байна. Сайн дураа­раа шүү дээ. Дуугарсан бүх­ний үгийг сонсч дүгнэлт хийж
бодоход долдугаар сарын 1-ний тэр хар өд­рийн үйл явдал “бороо урьсан салхи” шиг
сэвэл­зээд байгаагаас ха­ра­хад ирэх 2012 оны сон­гуу­лийн идэвхтэй ПИАР болох нь
нэгэнт тодорхой болоод байгаа нь ажиг­лагдана. 
Уучлаарай. Гэхдээ тэд буруу дуугарч байна. Бид юмыг ямар ч амархан мартдаг
юм бэ дээ. Хоёр жилийн өмнөх тэр хар өдрийг хорин жилийн өмнө болсон гэж арай бодоогүй
биз дээ. Аль эсвэл бидний нөгөө улстөрждөг араншин маань өнөөдөр худлаа хэлэхэд
хүргээд байна уу. Яагаад ингэж хэлэх болов гэхээр дөрөв хоногийн өмнө тохиосон долдугаар
сарын 1-ний өдөр ямар олон улстөрчид, хууль хяналтынхан сайн ду­раар үзэл бодлоо
илэр­хийлэн үгээ хэлж, ард түмэндээ “хайртайгаа” нотлов доо. “Хэн буруу­тай байна,
түүнд хариуц­лага тооцох ёстой” гэсэн тэдний хуурай хоосон, манж үгнээс жавар хан­хийж
байсныг анзаарсан нь хэд бол. Магад, үхтэл үр харам гэгчээр цаг бу­саар үрээ алдсан
эцэг эхийн шаналсан сэтгэл л хэн юу гэж худлаа яриад байгааг гадарласан байх. Монголын
төр тэднээс уучлал гуйхыг олон хүн хүлээсэн бол бас л та­лаар өнгөрлөө. Харин уучлалын
оронд өөрс­дийнхөө арьсыг хамгаал­сан мэдэгдлүүд ар араа­саа хөвөрсөөр.

Хүний
амины буруу­тан хэн бэ гэхээсээ өмнө хүний эрх, эрх чөлөө зөр­чигдсөн эсэх тухай
эц­сийн дүгнэлтгүй бөөрөн­хийлсөн зүйлс бөөлжис цутгам урссан нь харам­салтай. Хамгийн
гол нь хоёр жилийн өмнө ёстой нөгөө халуун цэг дээр нь ярихдаа хэлж байсан үгнээсээ
зарим нь эрс татгалзаж, хэлсэн үгнийх нь шүлс хатаагүй шахам байхад 180 хэм эргэсэн
яриа өгч өөрөөсөө урва­сан нь ичмээр. Чухамдаа энэ нь Монголд улс төр­жих гэдэг
нэгэн ноцтой эмгэг бий болсныг тайл­баргүйгээр хэлээд өгч байна. Баримт сөхье. Одоогоос
хоёр жилийн өмнө 2008 оны долду­гаар сарын 4-ний өдрийн  “Өдрийн сонин”-ы ¹160 (2924) дугаарт өгсөн ярилц­лагадаа
Хүний эрхийн Үндэсний комис­сын гишүүн, эрүүдэн шүүлт хариуцсан мэр­гэжилтэн П.Оюунчимэг
“Бие махбодийн хувьд эрүүдэн шүүх явдал илт ажиглагдаж харагд­сан­гүй. Учиргүй эрүүдэн
шүүж, уйлуулж, ори­луулж, бороохойдоод бай­гаа зүйл харагд­сан­гүй.  Тийм болохоор ми­ний хувьд тэнд бие мах­бодийн
эрүүдэн шүүлт алга байнаа л гэж байгаа юм” хэмээн мэдэгдэж бай­сан нь цагаан цаасан
дээр хараар бичигдэн ёстой нөгөө нотлох баримт болж үлдсэн байх юм. Тэгтэл саяхан
“Зууны мэдээ” сонин дээр өгсөн ярилцлагадаа тухайн хэл­сэн үгнээсээ 180 хэм эргээд
“Долдугаар сарын 1-тэй холбоотойгоор олон хүнийг хоморголон эрүүдэн шүүсэн” гэж
хэ­лээд сууж байх жишээтэй. Үнэхээр тэгж эрүүдэн шүүс­нийг нь харсан ат­лаа тэр
үед нь өнгөлөн далдалж, худлаа хэлэ­хээс аргагүй байдалд хүрэх шалтгаан хатагтай
П.Оюунчимэгт байсан бол түүнийгээ илчлээд, өөрт нь дарамт үзүүлсэн хүмүүсийг нэрлээд
албан тушаалаа өгөх хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл энэ эмэгтэй чинь ХЭҮК-ын гишүүн
төдийгүй өөрөө Эрүүдэн шүүх процессыг хянах үүрэгтэй дагнасан ганц мэргэжилтэн нь
биз дээ. Түүгээр зогсохгүй эрүүдэн шүүлт гэх хэлэхэд хэл халтирам нэр то­мьёогоор
докторын зэрэг хамгаалсан хүн гэдэг. Тэгэхээр олныг хоморгол­сон эрүүдэн шүүлт үнэ­хээр
тэнд байж, түүнийг та мэдсэн юм бол ажлаа хэр гүйцэтгэсэн нь то­дорхой юм биш үү.
Жи­рийн сэтгүүлчийн бод­лоор бол ингэх нь зөв юм шиг санагдаад байна.  Тухайн цаг үед таныг зорьж ярилцлага авах­даа
бодит байдлыг олон нийтэд мэдээлэх гэсэн зорилгоо л сэтгүүлч бүсгүй урьтал болгосон
нь мэдээж. Харин хожмоо урьсан зочны хэлсэн үг эсрэг баримт болно гэж төсөөлөө ч
үгүй биз. Хэр­вээ телевиз, радио бай­гаад фондондоо хад­галаагүй цалгардуулсан бол
өнгөрөө. Иймдээ л сонин гэдэг  аугаа, цаасан
дээр хараар дурайтал үлдэж,  баримт болдог
юм.

Үүнээс
гадна 2008 оны долдугаар сарын 1-тэй холбоотойгоор Мон­гол Улсын байнгын ажил­лагаатай
парламентын түүхэнд анх удаа иргэний нийгмийн төлөөлөл зохих хууль хяналтын байгуул­лага
болон хүний эрхийн байгууллагын удирдла­гууд оролцсон нээлттэй сонсголыг хийсэн
билээ. Тэр үеэр  нөгөөх “хар мягмар гаригтай
“холбоо­той өчнөөн зүйлийг ярь­сан.

Бас
шүүх хуралтай төстэй мэтгэлцээн ч гэ­мээр, маргаан ч гэмээр сөргөсөн үг хоорондоо
хаяцалцаж, бараг хэрэл­дэх дөхсөн дөө. Энэ нээлт­­тэй хэлэлцүүлэг хэ­мээх үр өгөөж
нь тун яд­маг хэрүүл гэмээр хурал­дааны үеэр УИХ-ын ги­шүүн Х.Тэмүүжин  жинхэ­нэ “од”-оор тодор­сон гэ­хэд хилсдэхгүй.
Түү­ний хэлж ярьж бай­гаагаас харахад ирэх 2012 оны сонгуульд дол­дугаар сарын
1-нээр “овоглох” юм байна гэдэг нь ан­заарагдана лээ. Тэр үеэр  өмгөөлөгч Пүрэв­баатар “Улсын Дээд шүү­хийн Эрүүгийн
хэргийн танхи­мын тэргүүн Д.Бат­сайхан “Манай намын байрыг шатаасан нөх­дүү­дийг
өр­шөөж болох­гүй” хэмээн улс төрийн байр суури­наас хохи­рогч­дод ханд­сан” хэмээн
гомдоллож байсныг уншиг­чид санаж байгаа байх. Тэгээд зог­сох­гүй  хэд хэдэн удаа хэлсэн тэр үгнээс нь бо­лоод “Би
энэ хүнийг МАХН-ы гишүүнээ орхио­гүй яваа хүн гэж үзсэн”  гэж өмгөөлөгч хэлж бай­сан. Яахав, тухайн үед
өмгөөлөгч,  шүүгч хоёрын хоорондын маргаан
га­зар авчээ гэж бодоод л өнгөрсөн хүн олон болов уу. Гэтэл энэ оргүй үг биш байсан
нь саяхан тодор­хой болох шиг. Учир юу гэхээр УДШ-ийн Эрүү­гийн танхимын тэргүүн
Д.Батсайхан ойр­могхон нэгэн өдөр тутмын сонинд өгсөн ярилц­ла­гадаа “Нээлт­тэй
хэлэл­цүүлгийн үеэр өмгөөлөгч Цэнд-Аюушийн “ХЭҮК-ын дар­га Д.Солонгын  баривч­лагд­сан хү­мүү­сийн эрх зөрчигдөөгүй”
гэсэн мэ­дэг­дэл үндсэндээ шүүгч­дийн гарын авлага болж үүнээс болж шүүг­дэгч­дийн
ял хүндэрч байсан” гэх мэдээллийг” хүлээн зөвшөөрсөн тө­дийгүй “Бид тухайн үед бүх
теле­визийн мэдээ, барим­туудыг нотлох баримт болгож хэргийг шийдвэр­лэсэн шүү дээ.
Прокуро­рын байгуул­ла­гын­хан ч мэдэж байгаа байх. Тэр баримтыг л түшиглэж шүүх
хэргийг шийдвэрлэ­сэн. Нотлох баримтуудыг гүй­цэтгэх албаны шуга­маар олсон гэж
худлаа яриад яах вэ” гэсэн байх юм.

Үнэндээ
ХЭҮК-ын дар­га Д.Солонго нь ба­ривчлах байранд иргэ­дийг зодсон цохисон зүйл алга
байна гэж мэдэгдэж байсныг санаж байнаа. Түүнтэй хамт УИХ-ын Хүний эрхийн дэд хороо­ны
дарга Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Гүнда­лай, Б.Батбаатар нар хүний эрх зөрчигдөж
байгаа эсэхийг  биеэр очиж үзэж байсан билээ.  

Хүний
хэлсэн үгээр гол нотлох баримтаа бол­гон хэрэг шийдвэрлэдэг бол­сон бол хяналт тавих
шат­ны шүүхийн Эрүү­гийн танхимын тэргүүн өөрийн харьяанд байдаг доод шатны шүүхийн
ал­дааг засах үүрэгтэйн хувьд, мөн ЭБШХ-ийг ноцтой зөрчсөнөө хүлээн зөв­шөөрсний
хувьд сайн ду­раараа ажлаа өгсөн нь өлзийтэй биз.  Хүний хувь заяаг шийдэх нотлох ба­римтыг хэн нэгэн
дарга эмэгтэйн амнаас гарсан үгэн дээр тулгуурлан шийд­­сэн гэж хэлж чадаж байгаа
нь чухамдаа юуг илэрхийлээд байгааг хэлж таашгүй. Үүнийг шу­дарга хэмээх тодотголтой
ард­чилсан Ерөнхийлөгч ан­заарч байгаа гэдэгт найдна.

Энэ мэтчилэн 2008 оны долдугаар сарын 1-ний хийрхэл улс төр,
хуулийн хүрээнийхнийг нэгэнт ховсдож эхэллээ гэдэг нь л хамгийн тодор­хой болоод
байна даа. Цаашдын үргэлжлэлийг л харж байя.

Categories
редакцийн-нийтлэл

Хамтраад диваажин байгуулах яалаа?

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байна. Тэд анх хамтрах­даа ди­ваа­жин байгуулна хэмээн амлаж байсан. Страте­гийн орд газруу­дыг ашиг­лал­тад оруул­на, хоёр сая та­ван зуун мянган төгрөг ол­го­но гэх зэргээр тэдний ам­ласан хэлсэн зүйлс маш их.

Гэвч хийсэн бүтээсэн
гэхээр зүйл энэ ажиллаж ирсэн
хугацаанд бараг байхгүй байна.
Ганц Оюу толгойн гэрээг баталж ажилд нь оруулснаас өөр зүйл
харагдахгүй аж. Харин МАХН
долдугаар сарын 1-ний хариуцла­гаас  л мултарч
гарч байх шив дээ. Одоо цаашид юм хийх  хугацаа
маш бага үлджээ. Сайндаа жил
зур­гаан сар байна. Сонгуу­лийн өмнөх хагас жилийг юун ажил хийх. Энэ
хоёр нам хоорондоо дайтахгүй
өнгөрүүлж чадвал их юм.

Нөгөө Таван толгой яасан. Хачин  сайхан юм хийнэ л  гэсэн. Страте­гийн хориод орд ашиг­лалтад оруулах яалаа.   Ер нь   яана,  яана ч гэлээ. Хамтарвал бид юүг ч хийж чадна, ард түмнийг хөл хөсөр гар амар жаргаана гээд л байв даа. Тэгвэл одоо юун жаргах хамаг тамыг нийлүүлсэн  шиг л амьдрах юм. Хэдэн цаас маань ханш нь улам унаад л. Хүмүүс улам л бухимдаад л Засгаас л юм нэхсэн, жигтэйхэн эрх хүмүүс л хөлхөлдөөд байх юм. Засаг ч гэж нуруугаа авчихсан морь шиг л хотолзож байх. Юун мөнгө, яасан мөнгө үүнээс хойш ажил хий­гээгүй байж мөнгө ав­дгийг зогсооно гээд л түс тас шийдвэр гаргачихвал цааш цаашдаа ч хэрэгтэй баймаар.  Дараагийн сонгууль эхлэх гэж байна. Юу бодож суудаг Засгийн газар, УИХ юм бол. Яваад л байна, яваад л байна дуусдаггүй ээ,  энэ  Мэнэн­гийн тал гэдэг шиг өдөр  хоног урссаар л байна, цаг хугацаа яваад л бай­на. Гараас нь юм гардаг­гүй ээ, энэ Засгийн газ­рын. Нөгөө л Оюу толгой­гоо   яриад байх юм. Тэгээд зуны хэдэн сар  амарна.  Айлчлал энэ тэр хийнэ.  Ингээд хэдий хугацаа үлдэхэв.

Хорин жил хэрэлдлээ. Одоо хамтарч авбал ер­төнцийг эргүүлж Монго­лыг босгоод ирэх юм ярь­сан яалаа. Саад болох юм алга. Жагсаж тэмцдэг Иргэний хөдөлгөөнүүд бараг байхгүйтэй адил байна. Хэдэн удирдагч  нь жагсахыг эс тооцвол шүү.  Сөрөг хүчин гээд сөрж адрах нам алга. АН, МАХН-аас өөр төр барих нам   угаас байхгүй нь тодорхой болсон.   Тэгээд юу хүлээсэн юм, юунаас айсан юм хэн мэдэхэв.

Хугацаа богиноссоор  байна. Аягүй бол Ардчил­сан нам сүүлийн хэдэн сард нь амиа бодох тактикаар засгаас гарна гээд сонгуулийн өмнө шилээ харуулна.

Таван толгойн асуу­дал нэг л урагш муутай. Хувь, хувьсгалын компа­ниуд, гадаад дотоодын улсууд нь нийлээд боо­мил­чихсон гэлтэй. Хө­дөлж өгөхгүй. Хоёр хөр­шөө гомдоохгүй,  холын гурав дахь хөршөө орхил­гүй, өөрсдөдөө ашигтай нэг тийм хувилбараар  шийдчихэж болмоор л юм.   С.Баярын хэлдгээр за-д нь “за”,  үгүйд нь “үгүй” гээд хэлчихвэл барав.

Оюу толгой С.Баярын  Засгийн газрын зорилго байсан байж. Яг үнэндээ С.Баярын зорилго ч  байсан биз. Тэр хүн ч зорилгоо биелүүлээд яв­сан. Одоо энэ С.Батболд сайдаас хүлээх юм их байна. 

С.Баяр таван төгөл­дөршил гээд бүтсэн,  бүтээгүй нэг юм яриад л байсан. Хүний юман дээр үлдсэн хойно шинэ Ерөн­хий сайд хэцүү  байгаа шиг байна. Засгийн газ­рын  гишүүд нь Ерөнхий сайдаа юман чинээ авч хэлэлцэхгүй. Энэ Засгийн үед  бензиний үнэ нэмэг­дээд, махны үнээ өсөөд, эрчим хүчний үнэ талий­лаа. Эрүүгийн нөхцөл хүндэрлээ. Хүүхэд хүчир­хийлэгчид олшров. Да­хиад л өнөө үнийн хөөрөгдөл.  Засгийн газар яах ч үгүй суугаад л бай­на. Удахгүй наадам бо­ло­хоор мах хямдард­гаараа хямдраад хотын эргэн тойронд битүү хонь майлна. Яг ноднингийнх шиг. Тэгэхээр Засгийн газар махны үнэ бууруул­сан гэнэ дээ.

Засгийн газрын тэр­гүүн бизнес ухаантай хүн. Нэг шинэ санаа сэдээд явуулбал болох л байсан.  Гэтэл хотын даргын ажил хийсэн  шүү л явах юм. Хөдөө рүү хөл ч тавихгүй гээч. Далан мянгаар шоу хийгээд л. Юунаас айгаад ингэтлээ хөдөлж чадахгүй суугаад байдаг юм.  Уг нь цаг хугацаа бага үлдсэ­нээс л айх хэрэгтэй бус уу. Хорвоо дэлхий  уужим, хийх ажил их гэдэг байх аа.

Categories
редакцийн-нийтлэл

Оюу толгойн монгол манаач нар

Оюу толгой дээр мөн ч их үзэлцлээ. Хардаж сэрдэж, хэрэлдэж, урал­цаж, хамгаа дэлгэж байж арайхийн шийдсэн энэ ордын асуудлын араас  Монгол талаас хэн Тө­лөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүн болох нь ан­хаарлын төвд бай­лаа.  Гаднаас ТУЗ-д ор­сон  нөгөө талын зургаа­гийн өөдөөс тэнцвэртэй үзэх,  Монголын эрх ашгийг  тэр­гүүнд  тавих хүн сон­гогдож  чадах уу, тэр нь хэн байх вэ. Асуул­­тын хариулт ээд­рээтэй, эр­гэлзээтэй  бай­сан ч өн­гөрсөн долоо хоногт тодорхой болж, асуултад  цэг тавьсан. Оюу толгойд Монгол та­лаас гал ма­налцах гур­ван  эрхмийн нэр тодор­лоо. Хаа очиж ханатай нэрс сонсогдов.   

Арав гаруй хүнээс  Мон­гол Улсын Ерөн­хий­лөгч асан   П.Очирбат, Н.Бага­банди нар Оюу тол­­гойн ТУЗ-д өрсөл­дөгч­­дийн хамгийн анхаарал татсан эрхмүүд байлаа.  Ингээд  Н.Багабанди то­дорчээ. Мөн П.Цагаан, Ч.Ганболд нар ТУЗ-д сонгогдов.

Н.Багабанди
МАХН-ын  харьяалал­тай тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёрон­таа сонгогдож байсан. Хийгүй, бас “найраагүй”  нэгэн.  Гадныханд найр тавих нь байтугай дотоод­доо хэн нэгэнд толгойгоо бариулчих хүн биш. Өөрийн бодол өөртөө зөв гээд  Монголын эрх ашгийг хамгаалаад зог­сож чадах хүн гэдэгт нь эргэлзэх зүйл алга. Түүнийг англи хэлгүй гэж шүүмжлээд байгаа. Мон­голын Оюу толгойг анг­лиар шийдэх биш дээ. Тэр тийм чухал асуудал биш. Эх орноо төлөөлж ТУЗ-д байхад эх  хэлээрээ эх орныхоо байгалийн бая­лагт эзний үүргээ гүй­цэтгэхэд юу нь болохгүй гэж.  Монгол Улсыг най­ман жил удирдахдаа анг­ли хэлгүй ч аятайхан авч яваад гадаад ертөнцтэй хэл амаа ололцоод бо­лоод л ирсэн. Яах аргагүй хүлээн зөвшөө­рөгд­сөн энэ хүнийг С.Бая­рын анд гэдгийг бараг бүгд мэднэ дээ. Гэлээ ч С.Бая­рыг биш эх орноо тө­лөөл­нө. Н.Ба­габанди Оюу толгойн ТУЗ-ийн хам­­гийн зөв сонголт байлаа. Хал үзэж,  хашир суусан түүнд итгэл хү­лээлгэхэд алдах зүйлгүй биз ээ.

П.Цагаан
Үнэн хэрэгтээ МАХН-аас АН-д орж ирсэн гэдэг.  Тэр нь ч одоо яая гэхэв. Мөн л С.Баяртай нэр холбогдож л байсан хүн. Одоогийн Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн дотны анд ч мөн. Тиймээс ч зөвлөхөөр нь ажиллаж байсан. Мөн Монросц­вет­метийн ТУЗ-ийн дар­гаар ажиллаж байв.  Хэ­дийгээр МАХН гаралтай ч АН-ын хүн болсон боло­хоор түүнийг нь эс тооц­вол МАХН-д харьяалал­тай Н.Багабандийн нөгөө талд АН-ын төлөөлөл болох П.Цагаан зогсож байх талтай. Монгол Ул­сын сан хөмрөг хэцүү­хэн байх үед П.Цагаан Сан­гийн сайдаар ажил­лаж байсан. Монголын урдаа барь­даг эдийн за­сагч. Амьд­ралын туршла­га,  улс төрчийн зангар­гаа­раа хэнээс ч дутахгүй түүнийг Монголоо гэсэн сэтгэлтэй байна гэдэгт олон нийт эргэлзэхгүй байна. Түүнд дахин нэг удаа томоохон хариуц­лага ирлээ.

Ч.Ганболд
Чулууны Ганболдыг     “ХАС”  банкны ТУЗ-д бай­даг болохоор овог нэгт Чулууны Ганхуягтай ах дүүс гэж эндүүрээд бай­гаа. Үнэн хэрэгтээ энэ нь цэвэр тохиолдлын ча­нар­тай. Ч.Ганболд, Ч.Ганхуяг гээд нэр хүртэл ах дүүс байж болохоор сонсогддог нь эндүүрэхэд хүргэсэн биз. Мөн л С.Баяртай анд МАХН-ын гаралтай ч улс төрийн намд харьяалаг­дахаасаа илүүтэй  “Инээм­­сэглэл” хамтлагийг үүсгэн бай­гуулагч  гэдгээр  нь хүмүүс мэдэх нь их. Англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн, эдийн за­сагч, орчуулагч мэргэжилтэй.  Дипло­матч удамтай. Сайн ме­нежер гэгдэг. Ямар ч тохил­долд гадны хөрөнгө оруулаг­чидтай эв зүйгээ олоод явчих хүн. 

Дээрх эрхмүүдийг хэн хэнийг нь муугаар бодож хардах шаардлага алга. Хэн нь ч Монголын эрх ашгийн төлөө ноён ну­руу­тай зогсож чадах хү­мүүс хэмээн харж байна. Галаа л сайн манах үүрэг тэдэнд оногдлоо. Эх ор­ноо эрдэнэстэй нь га­даадынханд бариад туучихгүй гэж олон нийт харж байна. Монголын­хоо баялгийг хаа хаанаа ашигтай хүртэхийг энэ эрх­мүүд л мэдэх хэрэг. Оюу толгой бол монгол­чууд бидний хувьд өмнөө босгож ирсэн том асуу­дал, том боломж. Өөрс­дийнхөө тарьсан асууд­лыг зөв сайхнаар ший­дэж цаг хугацааг туулж ирсэн өвгөдийн түүх бидэнд бий.  Оюу тол­гойн түүхийг ч ийм замналтай байна гэдэгт итгэж байна. Монгол Улсын  хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр авчирна хэмээн итгэж найдаж буй Оюу толгойн энэхүү төсөлд монголчуудыг төлөөлөх эдгээр гурван эрхэмд амжилт хүсье. Мань гурав бол ТУЗ-д цөө­хүүлээ. Гэхдээ энэ бол асуудал биш. Манаач ямар  үүрэгтэйг маниар хэлүү­лэлтгүй мэдэх хойно.