Японд болж буй үйл явдлуудын тухай Сэндай хотоос Монголын сайтад Э.Онон хэмээх оюутан охин сэтгэгдэл бичиж ирүүлснийг олон хүн уншсан байх. Тэрээр өнгөрсөн даваа гаригт Монголдоо иржээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.
–Сайн явж ирэв үү. Би чиний сайтад бичиж явуулсан зүйлийг уншаад эрэгтэй хүн гэж бодож байлаа. Гэтэл эмэгтэй хүн байж. Сэндайгаас хэдүүлээ ирэв?
-Сэндайгаас гурвуулаа ирсэн. Өчигдөр л ирлээ. Миний бичсэн зүйлийн талаар сониндоо бичсэн таны материалыг онгоцоор ирж байхдаа уншсан.
–Японд аль сургуульд сурдаг юм бэ?
-Тококүгийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Одоо хоёрдугаар курст сурч байна.
–Нэгэнт халуун цэгээс ирсэн хүнтэй уулзаж байгаа болохоор тэнд болж буй үйл явдлын талаар л юуны түрүүнд сонирхмоор байна?
-Монголчуудтайгаа хоргодох байранд байлаа. Жар орчим монгол хүн тэнд байсан. Тог нь тасарсан учраас Сэндайд бүх юм нь зогссон Их хүйтэн байгаа, халаалт ч ажиллахгүй болсон. Хоол хүнс нөөцлөөгүй байсан учраас тэр өдрөө аргацаагаад маргаашаас нь өглөө үүрээр дугаарлаж байж ус талх олж авсан даа. Япончууд ч гэсэн үүрээр очоод дугаарлаад зогсчихсон байна лээ. Их урт дараалал үүссэн байсан. Тэгээд савтай цэвэр ус, талх олж авсан. Сэндайд гаднаас хүн оруулахгүй, гадагшаа хүн гаргахгүй хөл хорио тогтоочихсон байв.
–Чиний бичсэн зүйл дээр яарч сандраад бичиг баримтаа аваад гарсан гэж байсан. Буцаад байр руугаа очсон уу?
-Очсон. Их газар хөдлөлтийн үеэр визнийхээ сунгалтыг хөөцөлдөж явж таарсан. Тэгээд байдал ийм болсныг сонсоод гэртээ орж дулаан хувцсаа өмсөөд, бичиг баримтаа аваад явсан. Маргааш нь гэртээ буцаж очоод тэр зүйлийг бичиж Монгол руу илгээсэн. Эхлээд хэрэгтэй мэдээллээ олохын тулд Япон дахь Монголын Элчин рүүгээ холбогдох гэхээр Монголоос эцэг, эхчүүд маань бидэн рүү байн байн утсаар ярьж утасны цэнэг дуусгаж байсан. Тоггүй учраас утасныхаа цэнэгийг хайрлахгүй бол болохгүй байлаа. Хоргодох байрны эргэн тойронд тог байхгүй байтал маргааш нь хотын төвд зарим газар тог ирсэн учраас амьдарч байсан байранд минь интернэт ажиллаж байлаа. Би оюутны байранд биш орон сууцны байр хөлсөлж амьдардаг байсан. Тэгээд л сайтад тэр зүйлийг бичиж үлдээхээр шийдсэн. Юм бичээд сууж байхад дахин нэг цунами үүсч магадгүй гэж зарласан. Тэр үед их холоос алхаж ирсэн болохоор гар бээрээд хаалгаа онгойлгож чадаагүй. Нэг давхарт үл хөдлөх хөрөнгийн газар байдаг. Тийшээ орж цай уугаад дулаацаж гэртээ орсон. Монгол руу бичиж байхдаа байрны цонхоор буух, олсоо хажуудаа ойрхон байлгаж тавиад дахин газар хөдөлбөл олсоороо цонхоор бууна гэж бодож байлаа.
–Хэдэн давхраас вэ?
-Манайх гурван давхарт байдаг.
–Байрандаа дахиж очиход зүгээр байсан уу?
-Байшин маань зүгээр. Өрөөн доторх эд зүйл л газар хөдлөлтөөс болоод л ундуй сундуй, эмх замбараагүй болсон байсан.
–Тийм хэцүү үед юм бичье гэж яагаад бодоо вэ?
-Тухайн үедээ юмыг яаж мэдэхэв. Үхчихвэл тэрнээс өмнө энэ тухай бичсэн нь дээр гэж бодсон юм. Байр руугаа ирэх замдаа бичих зүйлээ бодчихсон байсан болохоор бичихэд төвөггүй байсан. Харин компьютерийн товчин дээр хуруугаараа тогшиж суухад гар чичрээд л байсан даа.
–Энэ үйл явдал эхлэх тэр мөчид ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Одоо юу хийхэв, дараа нь яахав гээд л ар араасаа толгойд янз бүрийн бодлууд орж ирсэн. Хүн бүр өөр болохоор зарим хүн ингээд үхдэг юм байна гэж ярьж суух нь ч сонсогдож байлаа. Эхний өдөр хоргодох байранд очих ёстойг би мэдээгүй байсан. Ойр хавьд өндөр байшингүй болохоор цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс их цугларсан байсан. Би нэг тэмээний ноосон хөнжил, нэг дэртэй аваад тэр хүмүүс рүү очиж хонохоор гарлаа. Тэгэхдээ хөлдчих байх гэж их айсан. Гадаа хасах градустай. Дараа нь хоргодох байр луу явсан даа. Тэр шөнө би монголчуудтай биш япончуудтай хамт хоргодох байранд байсан. Сүүлд монголчуудтайгаа нийлсэн. Нэг шөнө бид нар гадаа хоносон юм. Учир нь биднийг нисдэг тэргээр авна гэсэн буруу мэдээлэл тарсан байсан юм. Тэгээд мод цуглуулж байгаа газраа мэдэгдэхийн тулд гал гаргая гэж ярьцгаасан байсан. Гэтэл энэ нь худлаа болж таарав.
–Япончууд энэ бүхнийг яаж хүлээж авч байна?
-Ямар ч байсан айж сандарч байгаа нь мэдэгдээгүй. Шоконд орсон байдалтай яахаа мэдэхгүй болсон байсан байх.
–Телевизээр аймшигтай зүйл болсон юм шиг харагдаж байна лээ. Чамд ямар санагдсан бэ?
-Гамшгийн голомт болсон хот боловч би тэрийг нь олж хараагүй. Хүчтэй газар хөдлөлтийн үеэр байшингийн цонх хагарч, ан цав гарсан байсан. Гэхдээ миний амьдарч байсан байшин биш. Газар хөдлөлтөөс болж байшин нурах нь бараг үгүй юм билээ. Яаж тэгж барьдаг юм мэдэхгүй. Байшин нурж сүйдсэн нь цунамигаас болсон болохоос газар хөдлөлтөөс шууд болоогүй. Манай сургууль олон факультеттэй. Миний сурч байсан эдийн засгийн факультетын лабораторийн хэсэг нурсан гэж сонссон.
–Тэнд ямар ч газар ажиллахгүй байгаа юу?
-Тог ирсэн гэж сонссон. Одоо ажиллаж байгаа байх. Сургуулийн хувьд амралтын үе таарсан байлаа.
–Монгол руу яаж ирэв ээ?
-Интернэтээр Сэндайгаас Ямагата руу автобус явж байна гэсэн мэйл ирсэн. Тэр цагийн хуваарийг нь аваад монголчууд руугаа очсон. Энэ тухай дуулгатал манайхан бужигначихсан. “Автобус ирэхээр суугаад явъя” гэсэн чинь хүмүүсийн санал зөрөлдсөн. Зарим нь Ямагатад очихоор ямар байдал угтахав, тавь жаруулаа очлоо гэхэд хонох газар хоол хүнс олдох уу, хурдны замаар давхиж байх замд ямар нэгэн осол гэмтэл учирвал яана гээд байсан. Мөн цацраг идэвхт бодис тархсан гэдэг мэдээлэл сонссон байсан тул тэр тархсан газар нь хаана вэ гэх мэтээр ярьж эргэлзэх нь эргэлзэж эхэлсэн. Мэдээлэл авна гээд элчингийнхэнтэй холбогдтол тодорхой мэдэхгүй байна гэлээ. Элчингийнхэн байдгаараа хичээж байсан ч яахыгаа мэдэхгүй эхэндээ их л сандралдсан юм шиг байна лээ. Тэгээд цагдаа дээр очъё гэсэн. Гэтэл цагдаа нар нь ч мэдээлэлгүй сууж байсан юм. Энэ бүхнээс болоод тэнд байсан монголчууд явахгүй байхаар шийдсэн. “Ямар ч байсан би аргалаад явлаа” гэж тэдэнд хэлж тэнд байсан гэр бүлийн хоёр хүнтэй Ямагата орохоор болсон. Тэд маань ч азаар машинтай хүмүүс. Хэд дамжиж байж нэг Токиод ирээд Элчин дээрээ очиж уулзан өргөдөл бичиж, бичиг хийлгэж аваад Монгол руу нисэх билет авч Наритагийн онгоцны буудал дээр ирэхэд наашаа ирэх онгоцонд суух хүмүүс битүү дугаарлачихсан байв.
Урдуур нь оруулах гэж манай нисэхийн төлөөлөгч залуу хэлэхэд япончууд үүнийг зөвшөөрөхгүй байсан. Сүүлд нь би уйлаад. Гаднаас харахад бэртэж гэмтээгүй юм шиг боловч дотроо ямар хэцүү байгаагаа хэлсэн юм. Тэгээд сүүлдээ биднийг онгоцонд оруулж Монголдоо ирсэн нь энэ.
–Хүмүүс наашаа ирэх дургүй байна гэж сонссон юм байна?
-Бүс бүсэд өөр, өөр байгаа. Бидний байдаг газрын ойролцоо аймгууд гамшгийн байдалтай байгаа. Өөр хотуудад байгаа хүмүүс биднийг дэгсдүүлээд байна гэж бодсон юм шиг байна лээ.
–Энэ бүхэн хэвийн байдалдаа орохоор сургууль руугаа буцах уу?
-Миний хамгийн гол санаа зовж байгаа зүйл бол эргэж яаж явах вэ гэж бодож байна. Виз маань дөрөвдүгээр сарын нэгэнд дуусна. Би тэтгэлгээр сурдаг Японы Засгийн газрын тэтгэлэгтэй болохоор тэнд албан ёсоор хэлэлгүй ирсэн нь ямар байдалд хүргэх бол гэхээс эмээж байна.
–Монголын Засгийн газар энэ талаар анхаарах байлгүй дээ..
-Зарим хүүхдүүд маань хойноос ирэх байх. Тэдэнтэйгээ ярьж байгаад Боловсролын яаманд хандана даа.
–Бид ч гэсэн энэ талаар зохих байгууллагаас нь лавлаж асууя..
-Тэгвэл сайн л байна. Суруулиасаа хасагдчих вий гэж хүүхдүүд санаа зовж байгаа. Би ч гэсэн. Дахин виз авах гэж их олон бичиг баримт бүрдүүлдэг. Уг нь тэндээ визээ сунгуулахаар хөөцөлдөж байтал ийм юм болчихлоо.
–Монголдоо буухад уйлав уу?
-Уйлсан. Уйлсан гэхэд ч хаашаа юм. Нулимс ч гарахаа больчихсон байсан даа. Хамгийн гол нь энд байгаа ар гэрийнхэн илүү санаа зовж байсан юм билээ. Манай өвөө, эмээ хүртэл “Миний муу охин нэг нурсан байшингийн буланд л уйлаад сууж байгаа байх” гэж ярьж суусан байна лээ.