Categories
редакцийн-нийтлэл

Мэдээлэл өгөхгүй мэдэн будилагчдад хуулийн хариуцлага хүлээлгэе

Хаврын чуулган завсар­лахын өмнөхөн Мэдээллийн
ил тод бай­дал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль бат­лагдан тэр өдрөөсөө хэрэг­жиж
эхэлсэн билээ. Хууль батлагдаж, хэрэгжиж эхлэх болсон нь сайшаалтай. УИХ-ын гишүүн
Э.Бат-Үүл, Су.Бат­болд нарын санаачлан бо­ловсруулсан энэ хууль иргэд, олон нийтийг
мэ­дээл­лээр хангахад чухал ач холбог­долтой бөгөөд үнэн бодит мэдээл­лийг тухайн
байгуул­лага, төрийн албан хаагч олон нийтээс нуухгүй байхыг заасан байгаа. Хуульд
төс­вөөс санхүүждэг ихэнх бай­гуул­лагууд хамрагдсан бө­гөөд улсын нууц, хувь хүний
нууц зэрэг үүнд хамаарахгүй болохыг мөн тусгаж өгсөн.

Дээрх хууль батлагд­са­наар  сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх нь баталгаажиж
байгаа юм. Нөгөөтэйгүүр албан тушаалтнууд хуулийн дагуу мэдээлэл өгөх үүрэг­тэй
болсон. Ингэснээр сэтгүүлч бид хар сэрээр бичих, албан тушаалт­нууд мэдээлэл өгс­нөөсөө
болж дарга нарынхаа өмнө толгой гу­дайх хэрэггүй болж байгаа хэрэг. Одоо тө­рийн
байгууллагууд хуу­лиар хориглоогүй мэдээллийг бай­гууллагын журмаар нууцлаад хууль
зөрчих асуудал байна. Үүнийг ч бас хууль сахиулаг­чид анзаарах хэрэгтэй юм.  

Захын нэг албан хаагч сэт­гүүлчдийг цаашлаад нийг­мийг
төөрөгдүүлж, өөрсдөө мэдээлэл өгөөгүй тохиол­долд сэтгүүлч буруу ташаа мэдээлэх
үүрэгтэй болгож хувиргаад байдаг байлаа. Хууль гарснаар аль, аль талдаа ашигтай
болж байгаа билээ.

Мэдээллийн эрх чөлөөг нэ­мэг­дүүлэх нь төрийг
тунга­лагшуулна. Төр тунгалагшина гэдэг нь эрх баригчид тат­варын мөнгийг юунд,
хэрхэн зарж байгааг ил тод болгох үйлдэл юм. Япон, Герман, Синга­пур, Швед зэрэг
өндөр хөгжилтэй орнуудад мэдээ­лэл ил тод байс­наараа эдийн засаг нь хүчирхэгж­дэг.
Мэ­дээл­лийн эрх чөлөө нэмэгд­сэ­нээр ихэнх мэдээллүүд эрх ба­ригчдын булхайг илчлэх,  иргэдийн эрх чөлөөг хамгаа­лахад ашиг тусаа өгдөг. 

Гэвч манайд мэдээллийг ил тод олж авах хууль хэрэг­жихгүй
байгаа нь тодорхой байна. Манай сэтгүүлч хөрөн­гө орлогоо буруу мэдүүлсэн, нуун
дарагдуулсан төрийн албан хаагчдын тухай мэдээл­лийг ава­хаар Авлига­тай тэмцэх
газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан Ч.Мөнх­бая­раас асуухад
тэ­рээр “Тэдгээр албан хаагчдад нэгэнт хариуцлага тооцчих­сон. Хэн, ямар хөрөнгөө
нуус­ныг мэдээлэх боломжгүй. Нэр хүндэд нь халдах шаардлага байх­гүй” гэж ам тагласан
хачин хариулт өгсөн байгаа юм. Нэг үгээр хэлбэл Авлига­тай тэмцэх газар авлигач­дыг
хаацайлсан хэрэг болсон.

Уг нь төрийн албан хааг­чид багагүй зөрчил гаргасан
аж. Худал мэдүүлсэн 60, ху­га­цаа хожимдуул­сан 20, са­наатайгаар худал мэ­дүүл­сэн
55 албан хаагч байгааг тог­тоожээ. Гэтэл нэгэнт хуулиа зөрчсөн хүмүүсийг олон ний­тэд
мэдээлэхээс нууж байгаа тэр ал­бан хаагч өөрөө Мэ­дээл­лийн ил тод байдал ба мэдээлэл
авах эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Мөн саяхан Нийслэлийн проку­рорт
халдаж, хутга шө­вөг­төө хүр­сэн тухай мэдээлэл манай сонинд гарсныг уншиг­чид санаж
буй бизээ. Нэг дор ажилладаг прокурорууд ээл­жийн амралттай үедээ архи ууж халамцаад
бие биеийн­хээ эрх чөлөөнд халдсан бай­на. Мэдээл­лийн мөрөөр холбогдох байгуулла­гуу­даас
тодруулахад “Ийм хэрэг га­раагүй, огт сонсоогүй” гэсэн хариулт өгчээ. Манай сэт­гүүлч
холбогдох олон албан тушаалтнаас асуусны эцэст хариулт олоогүй учраас мэ­дээллээ
баталгаажуула­хын тулд тэр өдөр цагдаагийн рапортод юу гэж тэмдэглэс­нийг олж мэдсэнээр
энэ тухай мэдээллийг олон нийтэд хүр­гэсэн билээ. Нэг байгуулла­гад ажилладаг хэрнээ
хамт ажилладаг хэд нь бие биен­дээ хүйтэн мэс хүргэж алах  шахсан байхад мэдээгүй бай­на гэдэг гайх­маар
хэрэг бус уу. Монголд мэдээ­лэл түгнэ гэдэг салхиар дамжихтай л адил хурдан. Техник
технологи хөгжөөгүй үед ч малын бэл­чээртээ байгаа өвгөн энд тэндхийн мэдээл­лийг
аль хэдийнэ дуулчихсан өөрийн­хөөрөө тунгааж суудаг. Хэрэв үнэн бодит мэдээлэл өвгөнд
хүрвэл  элдэв цуу яриа гарах­гүй. Ер нь тэгээд
монголчууд цөөхүүлээ учраас ямар нэг мэдээллийг нуулаа гэхэд до­роо л ил болчихдог.
Аавын дүүгийн хүүхдээс асуухад, эсвэл ангийнхаа найзын нөх­рөөс асуу­гаад л мэдчихэж
болдог улс. Мэдээ­лэл олж авах хэн нэгэн танил, ха­маатан байж л байдаг. Гэхдээ
мэдээллийг хэдий чинээ нуу­на, төдий чинээ цуу их тардаг. Тэгэхээр мэдээлэл өгөхөөс
татгалзсан дээрх албан хааг­чид хуулийн хариуцлага хү­лээх ёстой юм. Тухайлбал тус
хуулийн 6.25.1-д Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тог­тоомжийг
зөрчсөн албан хааг­­чийн зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий
этгээд Төрийн алба­ны тухай хуу­лийн 26 дугаар зүйлд заасан сахил­гын шийтгэлийн
аль нэгийг оногдуулна гэж заажээ. Мөн хуулийн 6.25.2 -т Иргэн, хуу­лийн этгээдийн
мэдээлэл авах эрхийг удаа дараалан ноцтой зөрчсөн албан хааг­чийг эрх бүхий этгээд
Төрийн албаны тухай хуу­лийн 25.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас хална гэжээ.

Тэгэхээр мэдээлэл өгө­хөөс
татгалзсан мэдэн бу­дил­сан энэ мэт албан хаагч­дад хуулийн дагуу арга хэмжээ авах
хэрэгтэй юм.

Categories
редакцийн-нийтлэл

Солонгосыг зорих идэр залуусыг эх орноосоо урвасанд тооцъё

Сэгсгэр ч гэсэн ээж минь, сийм­хий ч гэсэн гэр минь гэдэг дээ. Энэ үгийг  эх орноо  голж харийг зоригс­дод хэлмээр бай­на. Сүүлийн хэдэн жил моод болсон Солонгост гэрээ­гээр ажиллана гэсэн нэр томьёотой боолын хөдөлмөр хийлгэхээр  хэ­дэн мянган залуусыг хом­роголон явуулах шалгалт гээч юм авах боллоо. Хийх ажил нь яах вэ. Хий­хээр явж буй залуус нь хайран байна. Манай залуус ч шөнө нойроо хугаслан Солонгосыг зо­рих урт дараалалд зогсох аж. 1990 онд картын ба­раанд дугаар­лаж байс­наас ч илүүтэй хэдэн арван метр урт дараалал бий болж, Солонгост очиж хар ажил хийвэл л амьдрал нь өөдөлж, ар гэр нь дэгжих мэт ойлгох юм. Тэнд очвол баян бол­но гэнэ, тэнд очвол аз жаргал ирнэ гэнэ. Тэгээд эх орноо,  ээжтэйгээ, үр­тэйгээ  орхиод явахаасаа огт сийхгүй. Тэр олон за­лууст өчүүхэн ч эх оронч сэтгэл алга. Дэндүү дав­чуухан бодол нь тэднийг хар амиа хичээхээс хэт­рэхгүй болгожээ. Эх ор­ноо та нар хэнд даатгаж үлдээнэ вэ.

Дээд мэргэжил эзэмш­сэн нь ч, дэмий тэнэж доншуучилдаг нь ч ялгаа
алга. Солонгосыг зорих   мянга, мянган залуусын
цувааг нэмсээр. Ард нь бүл
муутайхан хэдэн эм­гэд хөгшид,
нөхрөө хүлээ­сэн бүсгүйчүүд, бүлтгэр
үр нь, цаг ямагт үрээ гэж  сэтгэл өмрөх хөөрхий муу ээж нь үлддэг.
За тэгээд траншейныхан гэж нэр­лэгд­дэг нийгэмд нэмэргүй хэдэн нөхөд үлдэж таар­на. Тэдэндээ эх орноо үлдээгээд тээр холоос “хайрлаж байгаа”
гэдэг хоосон үг илгээх хэнд
хэрэгтэй юм. Харь эзний харцан дор бөхөлзөж, халтар хэдэн төгрөг хааяахан нэг илгээснээ хайр гэж
бүү бод. Аавын­хаа энгэрт,
ээжийн­хээ элгэнд эрхлэхийг үр
чинь хүсдэг юм. Хүүгээ хажууд нь байхад ээж нь тайв­ширдаг
юм.

Сайндаа л сар шинэ, шинэ жил, наадмаар ганц,  хоёр зуун доллар илгээнэ биз. Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэлийг тэр мөнгө дэвтээнэ гэж үү. Эх орон,  ээж аавдаа оруулж буй хөрөнгө оруулалт нь тэр юм байх.      Хүний нутагт очоод зүгээр нэг хэдэн төгрөг олчихгүй архи дар­санд ам ташиж, гэмт хэрэг хийн нутаг нэгтнээ зовоож чих халуу­цуулах нь олонтаа. Болооч үгүй тэнд очоод өөрийгөө жаргаахаа мартахгүй. Найзынхаа эхнэртэй хамтран амьдраад эхнэр, нөхрийн дүрд тоглоно.   Ард үлдсэн  авааль эхнэр, нялх үрээ мартана. Та нараас болоод эх орон чинь хөг­жихгүй, та нараас болоод Монгол Улсын хүн ам өсөхгүй байна. Идэр залуу хорин хэд, гучин хэдэн насаа харь эрийн харцан дор бөхөлзөөд хамаг мууг нь хийхээсээ ичихгүй хэрнээ эх орондоо хатуу хүтүү ажил хийнэ гэхээр толгойтой хэдэн сөөвгөр нь өрвийгөөд ирнэ.  Өөрс­дөө голж,  өрөөлд гологдоод бай­гаа сул дорой нялцгар, амьтад болохоороо л өөрийн нутгийн өвснөөс хүний нутгийн шороог илүүд үзээ юү. Өөдөсхөн үр, өр нимгэн  ээжийгээ орхио юу. Солон­гост ажиллаж амьдраад сайн сай­хан болчихно чинээ санаад эргэж ирээгүй нас барсан олон залуус бий. Гэмтсэн бэртсэн нь бий. Харь эртэй суугаад халаглаж харамссан нь бий. Яахав зарим нэгийнх нь амьдралд жаахан хэрэг болох нь бийг үгүйсгэхгүй. Гэлээ гээд тэрүүх­ний төлөө нутгаа орхиод байгаа нь л эмзэглүүлж байгаа юм.  

Монголын үрс маш олон болох­гүй байгаагийн буруутан нь нөхөн үржихүйн ид насаа харьд өнгө­рүүлж буй залуус. Ядаж л эх орон­доо хүн төрүүлж өгөх ёстой үүргээ мэдэх хэрэгтэй. 

Тийш тэгтлээ тэмүүлж байгаа юм бол эх орондоо заавал хийсэн юмтай байх ёстой. Дор хаяж гурван хүүхэд гаргасан, ядаж хашаа бай­шин барьж, хэдэн мод тарьчихаад эх орондоо үүргээ гүйцэтгээд замаа буруулна биз. Үхэн хатан Солон­гос руу тэмүүлж, тэнд л очвол аз жаргалын үүд нээгдэх юм шиг бодох биеэ оторлогч, нялцгай, унхиагүй амьтдын цуваанд жаг­сагч­дыг эх орноосоо урвасанд тооцмоор байна.

Монгол газар шороон дээр монгол хүн  болж төрчихөөд Монголоо голох нь тэгээд тэдний  зөв үү.   Ажил олдохгүй, цалин  бага байна гэж ам таглах биз. Үнэн хэрэг дээрээ Монголд ажлын байр тас­ралтгүй өсч, цалин өндөртэй газ­рууд нэмэгдэж байна. Хэвлэлийн хуудаснаа өндөр цалин амалсан ажлын байрны зар тасрахгүй бай­на. Голоод юм уу, гологдоод хийдэг­гүй л юм билээ. Тэд хүний газар тэгээд сайн сайхан ажил хийдэг юм уу. Хамаг мууг нь л хийж байгаа.  Нутгаа орхигсодын энэхүү армийн орон зайн дээр мянга мянгаараа хятадууд ирж ажиллаж байна.   Монгол нь Солонгос руу, хятад нь Монгол руу чиглэсэн энэ урсгал удаан үргэлжилбэл Монгол гэдэг хөөрхий болно. Манайхаас дээр хөгжилтэй орноос хэдэн мянгаа­раа ирээд байхыг бодоход ажлын байр байгаа нь тодорхой. Тэд ирээд эх оронд чинь эзэн мэт, эмэгтэй­чүүдийг чинь өөрийн юм шиг дураа­раа авирлаж  байна.

Үрээ тэвэрсэн эхнэр, хүүгээ хүлээсэн ээжийгээ орхиод хүний газар луу юунд ингэж бөөн бөө­нөөрөө цуварна вэ. Идэр залуу насандаа эх нутгаа орхиод харийн нутагт хүний өмнө бөхөлзөх гэж юунд  яарнам бэ. Амьдралынх нь хамаг утга учир Солонгосыг зорих л юм шиг, хүсэл мөрөөдөл нь тэрнээс илүү халихгүй залуу нас хайран. 

Нөгөө яруу найрагч, зохиолчид, элит хэсгийнхэн яагаад энэ талаар огт дуугарахгүй байна. Бие биенээ хэмлэж, бичиг цаас шидэхдээ гар­гууд хэрнээ гадагшаа чиглэх залуу­сын урсгалыг хараад хээвнэг хэнэг­гүйхэн өнгөрөх юм. Улстөрчид нь яагаад тэднийг уухайлан дэм­жээд байна. Эх нутгаасаа урвагса­дын бүхэл бүтэн үе хүний нутгийн тэнгэр дор боол болохоор зүглэж байна. Үүнд нэг анхаарал хандуу­лаач. “Яруу найрагчдаа яаж шүү орчлонг аврах вэ” хэмээн бичиж байсан М.Цэдэндоржийн шүлгийн мөр бий. Түүн шиг орчлонг аврах агуу сэтгэлтэй найрагч биш байлаа гэхэд Монголоо бодох сэтгэл үлд­сэн баймаар  юм, өнөөгийн найрагч­­дад. Улстөрчид нь залуу­саа гадагшаа ажиллуулахаар явуулж байгаадаа биш, Монголд нь ажил олж өгч байгаагаараа пиардмаар юм. 

Монгол орон уудам, хийх ажил их байна. Эх орон чинь та нарыг дуудаж байна. Эргэж харахгүй яваад өгч байгаа чинь л урвагч болгож байгаа юм, залуусаа. Буцаж ирээд Монголоо голж, эхнэрээ сольж жүжиглэхийг чинь хүлээх ёстой юу, эх орон чинь. 

Залуу идэр насаа
хүний нутагт
өнгөрөөгөөд адаг сүүлд нь эх
орондоо ясаа тавина гэж гон­шиго­нох хэрэг алга. Урвагчийн ясыг тавих газар ч олддоггүй юм гэсэн
шүү, явагсдаа.
Харин би Монгол­доо үлдэнэ ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Наадмын нөгөөдөр өвөл

Зунжин наадлаа. Монголын зуныг наадмын  улирал гэж нэрлэмээр юм. Ажил хийдэг хүн энэ зун ховор байлаа. Наадам найр цэнгээнээр бялуурч хэдэн зуун саяын үнэтэй хүлэг морьд, машин, гял цал ганган дээлээр уралдац­гаалаа. Түрүүлсэн бөхдөө төрийн сайд нь хүртэл байр өгч, бизнес­менүүд нь машин бэлэглэж уралд­лаа. Бүр өгөх юмаа олж ядаад нэг бөхөд Онц хилчин цол тэмдэг өгөв. Бөх барилдсан хүн яагаад эх орныхоо хилийг манаж гавьяа байгуулсан хүнд өгдөг шагнал авдаг юм хэн мэдэхэв. Сайнаар бодъё гэвэл хэдэн хүн өвдөг шороодуулсан нь хил манаж, хил зөрчигч илрүүлсэнтэй адил гавьяа юм байлгүй.

Монгол төрийн албан ёсны ажил нь наадам мэт төрийн удирд­лагууд нь аймаг, сумын наадам хэсч зугаацаж байна. Намар, өвөл болдгийг зун нь мартчихдаг бид  өнөө утаа, зуд турхантайгаа дахиад л учирна.

Жүжиглэж хаширдаггүй хар толгойнууд юм аа.  Жүжгийн тавилт  нь яг адилхан энэ олон наад­муудыг аймаг, сум, улс орон тэр чигээрээ хийнэ. Сонирхолтой нь энэ наад­мыг хэн зохион байгуулаад хэн санхүүжүүлээд байна. Таван өрөө байрнаас эхлээд 500 саяын морь хүртэл наадмыг манлайлагчдад шагнал болгон хүртээх нь зөв үү. Өөрийн чадлаар хөлс хүчээ урсган байж олсон 500 сая бүү хэл 500 төгрөгийг ч ухаалаг бизнесменүүд хэн нэгэн хүний нүдний хужрыг гаргасны төлөө зарлагаддаггүй.  Төрийн төсөв гэж монголчуудын хийсэн бүтээсэн бүхний талыг хураадаг цадаж ханадаггүй машин байдаг. Гайхалтай нь тэр их мөнгийг улстөрчид,  түүн дотроо сайд нар зарцуулах эрх мэдэл илүү их бий. Энэ мөнгөнөөс хэд нь морь, бөхөд бай шагнал болон очиж байгааг хэн ч мэдэхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад төсвийн маш хатуу хууль байдаг. Түүндээ ямар сайдын га­раар хэдэн төгрөг орсныг олон нийтэд зарлахаас гадна сайдын гэр бүл албаны унааг хэрэглэхээс эхлээд нэр хүндийг ашигласан тохиолдолд огцрох хийгээд олон жилээр торны цаана суух хүртэл шийтгэл оноодог. Гавьяа байгуул­сан морь, бөх шагнал авах нь зүйн хэрэг боловч ард түмний хөрөн­гөөс татсан их хэмжээний мөнгийг үүнд зарцуулах нь шударга ёсонд нийцэхгүй.

Арваад мянган хүнийг ажлын байртай болгож буй “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу, тө­рийн төмөр замыг гацаахгүйн тулд хувиасаа мөнгө гаргаж байгаа Х.Баттулга, нэгэн гэр бүлийн  амийг уснаас аварсан Ч.Улаан, Рио Тинтогийн өндөр цалинтай ажлаас таталзсан С.Оюун  нарын гавьяа  ганц удаа уралдаад түрүүлсэн морь, бөхийн гавьяаны дэргэд бага гэж үү. Энэ мэтийн гавьяатай улстөрчид байна. Хажуугаар нь  наадмаар гавьяа байгуулж буй мэт жүжиглэх улстөрчид бас хааяагүй байна. Ингэхээр л наадам гэдэг баярын утга агуулга тэр чигтээ алга болчихож байгаа юм. 

Үндэсний баяр наадмаа тэм­дэглэх нь Монголын ард түмний буруу биш. Өндөр хөгжилтэй улс орнууд ч олон баяр тэмдэглэдэг. Манайхаас ялгаатай нь тэдний баяр наадам цэвэр хувийн өмчөөр санхүүжнэ. Зохион байгуулагчид нь парламентын суудал горилогч улстөрч байдаггүй. Ямар нэгэн тэмцээн өөрсдийн фэнүүдийн боо­цоо, тасалбарын үнэ, хандив зэр­гээс бүрддэг. Ийм тэмцээнүүдэд төрийн түшээд оролцох нь ховор бөгөөд хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг олон удаа үзсэн нэгэн Ерөнхий сайд огцрох шахсан тохиолдол бий. Гэтэл манайд улстөрчид нь түрүүлсэн морь, бөхийг урамшуулах нэрээр  өөрсдийгөө телевизээр реклам­даж, гадныхны гайхлыг төрүүлж байна. Тэд нар наадам үзэж байна гэхээс илүүтэй сонгуулийн пиараа хийж байгаа нь хараагүй, дүлий хүнд ч ойлгомжтой. Японы нэгэн жуулчны ярьснаар бол монгол­чууд маш сайн наадаж, бас улстөржиж чаддаг гэнэ.

Энэ олон наадмууд нь зарим үед сайхан мэт санагдана. Үнэн хэрэгтээ хууль батлах ёстой эрхэм гишүүд, хэрэгжүүлэх ёстой нөхөр сайд нар наадам мэтээр зугаацаж байгаа нь иргэдээ бүтээн байгуулах биш, зугаацан цэнгэхийг уриалж буй хэрэг юм. Оросууд крантаа хаахаар Түлш, эрчим хүчний сайд нь ажлаа хийдэг, зуд болохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэрийн  сайд нь  ажлаа хийдэг ийм улстөрчид манайхаас өөр оронд байдаггүй. Улстөрчдийн хийж байгаа ажил нь бас л нэг хэлбэрийн наадам. Тэд жорлон барьж, өр  тавихдаа ч тууз хайчилдаг. Манай­хаас өөр оронд бол ийнхүү шоуд­сан улстөрчид дахин улс төрд хөл тавих нь бүү хэл удам судар нь амьдрах аргагүй болдог. Харам­салтай нь улстөрчдийн энэ шоу нь өөрсдийн пиарыг хийхээс гадна эгэл ардын амьдралыг ч хойш нь татдаг.    

Миний нэгэн найз Төв аймагт шинээр барилга барьж байгаа. Барилга барьж буй нөхдүүд нь арав хоног ажлаа хаяжээ. Архангайн бас нэг бизнесмэн их хэмжээний хадлан бэлтгэхээр багагүй хөрөнгө зарсан байдаг. Өндөр мэргэжлийн агрономич бас хөлсөлсөн юм билээ. Гэтэл өвсний сөл хамгийн өндөр байх үеэр нь ажилчин нь нутгийн ойн баяртаа оролцох гээд алга болсон байгаа юм.

Нэг үе наадмаар нэр бүхий хэдхэн хүн л зоолттой түрүүлдэг байсан нь өөрчлөгдсөнийг эс тооц­вол наадам нэг л хэвийн болдог. Цаашид яахыг хэн мэдэ­хэв. Морь уралдана, бөх барилдана, аймаг сум, улсын цолоор шагнана. Шагна­лыг нь төр засгийн тэргүүнүүд, улс­төрчид гардуулна. Нэг ёсны манай улстөрчдийн зуны ажлын гол хэсэг нь наадамд шагнал гардуулах, эсвэл бай шагнал амлах. Наадам гэдэг үгний утга чанар ч тэр наадах цэнгэхээс угшилтай. Ингэж  зунжин тоглож наадаад байхаар өвлийн хахир хүйтний хатуу араншин биднийг тойрохгүй, дайрна.

Ер нь  хувь хүмүүс өөрсдийнхөө мөнгөөр дангаараа энэ олон наад­муудыг хийдэг  бол яая гэхсэн. Гэтэл улсын мөнгийг  энэ их баяр цэнгэлд мөн их урсгаж байна. Олон хүн цугласан баяр наадмыг далимдуу­лаад их хурлын гишүүдийн өөрс­дийгөө рекламдах нэг боломж юм л даа.

Иймэрхүү маягаар хаваржин улстөржөөд,  зунжин наадамлаад байхаар өвлийг өнтэй давах ойл­голт ер нь байна уу. Өвөл ирэхээр өнөөх утаагаа ярьж “матрын ну­лимс” унагана. Наадмын маргааш намар гэдэг шиг наадмын нөгөө­дөр өвөл ирнэ ээ. Ирсээр ч байсан. Байгалийн янз бүрийн үзэгдэл болдгоороо л болно. Түүнийг харин наадам шигээ налайж давах л гол асуудал юм. Наадамлах яах вэ. Наадмын маргааш намар гэдэг сэн. Тэгвэл наадмын нөгөөдөр өвөл ирдгийг бас санах л  ёстой юм шүү.

Categories
редакцийн-нийтлэл

АРДЫН НАМ Дээд шүүхийг шүүж байна

Ардын нам Дээд шүү­хэд бичиг хүргүүлжээ. Гомд­сон,
туньсан, дарам­талсан, нөлөөлөх гэсэн, шүүх гэсэн алин боловч Дээд шүүхийн өөдөөс
ийн­хүү авирлаж байгаа нь МАН-ынхны ёс бус үйлдэл юм. Намын Хянал­тын ерөнхий хо­роо­ны
дарга Л.Дондог, Ёс зүйн хорооны  дарга Н.Ца­гаан­хүү
нарыг но­хойд барьдаг мод гэгчээр Дээд шүүхийн өмнөөс за­раа­лаар тавьжээ. Най­ман
зүйл бү­хий уг гомд­лын гол агуулга нь МАХН гэдэг нэрийг Н.Энх­бая­рын толгойлж
буй намд өгсөн нь МАН-д таалаг­даагүй төдийгүй Дээд шүү­хийг алдаа гар­гасан гэж
үзсэнд байгаа юм.  Тэдний энэ үйлдэл нь  Дээд шүүхийг 
МАН-ын  хараат байх ёстой гэж үзэж
байгаатай адил юм.   

Уг нь орчин үед нэр эзэмших  хоёрхон жишиг 
байдаг. Эхнийх нь улс орон үндэстний нэр ямар ч хуульгүйгээр өвлөгддөг. Нөгөөх
нь хуулиар батал­гаажсан нэр тухайн субъек­тэд өмчлөгдөнө. Дээд шүү­хийн бүртгэс­нээр
эрх баригч нам МАН гэсэн албан ёсны нэртэй. Тус намд МАХН  гэсэн хуулиар батал­гаажсан нэр алга. Энэ нь МАХН
гэсэн нэр МАН-д хамаа­рахгүй гэсэн үг юм. На­муудын хуучин, шинэ  нэр­ний маргаан нь тө­рийн тогтол­цоонд нө­лөөлж
эхэлж байна.

Энэ нь хуучин нам ноёрхдог тогтолцоо руугаа орж
байгаа мэт сэтгэгдлийг гадныханд төрүүлээд эхэлчихлээ.

1990 оноос өмнө нам нь төрийн толгой дээр байсан
үе бий. Тэгэхэд ард түмэн төрөө нам засаг гэж үздэг байв. Анхны ардчилсан сон­гуулиар
төр намын дээр анх удаа гарсан.  Гэтэл
1992 онд засгийн эрхэнд МАХН (одоогийн МАН) урьдын адил дангаар ноёрхсон билээ.
Энэ үед иргэд, хэвлэл мэдээллүүд дахин нам засгаа магтан дуулах нь сэдэрсэн. Яг
тэр үед нэгэн улстөрч “Төр засаг нам засгаар солигдлоо” гэж хэлж бай­лаа. Хэдийгээр  МАХН (одоогийн МАН) үнэмлэхүй олон байсан ч шүүх
засаглал, хууль хүчний бай­гууллагад өнөөгийнх шиг хүчтэй нөлөөлж байгаагүй.
2008 оны сонгуулиар сонгуулийн дүнг  эсэр­гүүцсэн
үймээний амиа алдсан таван хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт  эрх баригч нам өнөөг хүртэл хариуцлага хүлээгээгүй.
Түүгээр ч зогсохгүй амь үрэгдэгсдийн нэг Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаярыг өнөөдөр
хорьчихож байна.  Ингэж хүчний байгууллагад
эрх баригчид нөлөөлөөд зогсохгүй шүүхийн хараат бус эрхэнд халдаж эхэллээ.

Энэ нь Үндсэн хуулийг ноцтой­гоор зөрчиж буй хэрэг
юм. Хуульч Б.Чимэд гуайн хэлснээр хууль бат­лагдахаас өмнө хэн ч шүүмжилж эсэргүүцэх
эрхтэй. Батлагдсан хуулийг  хэн ч, тэр тусмаа
эрх бариг­чид үг дуугүй даган мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хэн нэгэн
иргэн,  аль нэгэн намд  таалагдахгүй байхаас  үл хамааран 
шийдвэрийг хүлээн зөвшөөрөх учиртай. МАН-ын өнөө­гийн авир­лаж байгаа байдал
нь нийгэмд хуу­лийг үл хүндэтгэх үз­лийг дэврээгээд зогсохгүй  хойч үед 
хуулийг улан­даа гишгэх сэтгэлгээ бий болгож байна. Иймээс ч сүү­лийн үед
насанд  хүрээгүй хүүхдүүд буюу өсвөр насныхан
онц жиг­шүүртэй гэмт хэрэг үйлдэх нь  ихэс­лээ.

Хэдэн жилийн өмнө  эрх баригч намын ивээлд багтаж байсан Ц.Тү­мэнгэрэл
хадгаламж зээлийн хор­шооны хэргийг шалгахыг оролдсон төрийн албан хаагчийг ажлын
байранд амийг нь егүүтгэсэн хэрэг гарч байсан. Бас нэг анхаа­рал  татах баримт бол Солонгост ажиллаж байгаа монгол
иргэдээс “Эх орондоо очоод ямар ажил хийх вэ” гэсэн асуултанд цөөнгүй иргэд “Төрийн
албанд ажиллах сонир­холтой”-гоо ярьсан саяхны нэг судалгаа байна. Монголд бизнес
хийх хангалттай орчин бий. Харам­салтай нь ихэнх бизнес эрх баригч намын эрхшээлд
орсон тул залуус төрд шургалж эрх баригчдын ивээ­лээр хөрөнгөжих сонирхолтой бол­жээ.
Тэд шүүхээс бус намаас айдаг болж байна. Намд шургалбал ам­жил­тад хүрнэ гэж бас
боддог бол­жээ.   

Өнөөдөр БНАСАУ, Куба, Вене­суэл зэрэг орон шүүх
эрх мэдлийг  аль нэгэн намд,  хэн нэгэн даран­гуйлагчид төвлөрүүлж байна. Үр
дүнд  нь ядуурал, гэмт хэрэг, өвчлөл ихэсч
байна. А.Гитлер ч 1933 онд  сонгуулиар гарч
ирсэн бөгөөд түүний намын дэргэдэх байгуул­лагууд төр засгийн хяналтыг ааж­маар
өөртөө төвлөрүүлснээр дэл­хийн хамгийн цуст дайныг өдөөсөн яргын машин бий болсон.     

Энэ нь шүүх эрх мэдэлд халдах нь тухайн орноор
зогсохгүй хүн төрөлхтөнд ямар их гай учруулд­гийн хамгийн том жишээ. Манай эрх баригч
намын дарга   хэдийгээр дэлхийн дайн өдөөж
чадахгүй ч шүүхийн хараат бус байдлыг алдаг­дуулах нь Монголын хөгж­лийг ухраагаад
зогсохгүй улс  оронд таамаглашгүй ноцтой үр
дагавар авчирч болох юм. Шүүхийн хараат бус байдал алдагдах нь  дийлдэхгүй даамжирч байгаа өнөө­гийн их авлигыг
төгөлдөршүүлээд зогсохгүй мөнгөтэй, эрх мэдэлтэй бүхэн шүүхийг эрхшээлдээ оруулах
боломж бүрдүүлнэ. Өнөөдөр на­мын хянан шалгах байгууллага шүүхэд нөлөөлсөн тохиолдолд
маргааш тухайн намын өндөр албан тушаалтан дээрх эрхийг эдлэх болно. Энэ нь тухайн
намын  гишүүн бүр өөр өөрийн шатандаа хуулийг
зөрчөөд намын ивээлд багтах боломж бүрдүүлж билээ.

Тэгэхээр 
Дээд шүүхийг шүүж,  маяглаж байгаа
МАН-ыг дараахь үндэслэлээр татан буулгаж, 
хөрөн­гийг нь хураах цаг нь болжээ. Үүнд: Ард түмэнд мөнгө амлаж гарч ирээд
амласнаа биелүүлж чадах­гүй байгаа. Мөн таван иргэнээ буудан амь насыг нь бүрэлгэсэн,    сонгуулийн будлиан хутгаж төрийн эрхийг удаа
дараа хууль бусаар авч амташсан, Удирдах зөвлөл нь парламентын үйл ажиллагааг зог­соож
зүрхэлж байгаа зэрэг нь энэ намыг татан буулгах хангалттай баримт биш гэж үү. Ингэж
татан буулгаж чадахгүй бол Дээд шүүх өөрөө энэ намд залгигдаж байхгүй болох аюул
отож байна.

МАН хэмээх эрээгээ алдсан энэ нам 1921 онд байгуулагдсан
гэдэг. Анх байгуулсан улсууд нь цаг бусаар амиа алдсан байдаг. МАХН гэдэг нь булаацалдаад
байх нэр мөн үү,  биш үү гэдэг нь маргаан­тай.
Учир нь манай нийтлэлч  Г.Даш­рэнцэнгийн баримттай
өгүүлс­­нээр Монгол ардын нам гэдэг нь Монголд байгуулагдсан нам байдаг. Харин МАХН
гэдэг нь Оросын Большевик намын Мон­голд ноёрхлоо тогтоох зорилгоор МАН дотор байгуулсан
нам гэсэн. Дээр нь  ерэн жилийн турш  монгол­чуудын хөлс хөдөлмөрөөр бий болсон баялаг
дээр амьдарсаар ирсэн. МАХН-ын (МАН-ын) ша­таагд­сан байр нь ОХУ-д төлөх их өр дотор
тооцогдож, түүнийг нь Монголын ард түмэн төлсөн гэдэг нь маргашгүй үнэн. Энэ нь
уг  намын угсаа гарвалаас гадна өмч хөрөнгө
нь хэнийх вэ гэдэг асуулт тавихад хүргэж байна. 

Одоогийн МАН-ын Дээд шүүх рүү халдаж байгаатай
адил хэрэг 1990 онд хойд хөршид гарч байсан түүх бий. Тухайн үеийн ЗХУ-ын  коммунист нам энэ үйлдлээсээ болж тарж бутраад
зогсохгүй соц лагерийн толгойлогч ЗХУ хэмээх коммунист гүрнийг газрын хөрс­нөөс
арчсан. ОХУ-ын  Ерөнхийлөгч Борис Ельцин ЗХУ-ын
коммунист намыг тараагаад зогсохгүй өмчийг нь юу ч үгүй хураасан. Ингэснээр хүнд
үед ЗХУ-ын  коммунист намын асар их хөрөнгө
Оросын төрийн мэдлийнх болсон юм. Өнөөгийн Оро­сын коммунист нам бол өчигдөрхөн
байгуулагдсан ямар ч жижиг на­маас илүү эрх, өмчийн давуу бай­далгүйгээр улс төрийн
үйл ажил­лагаа явуулж байна. Ин­гэлээ гээд ОХУ-ын коммунист нам дордсон зүйлгүй.
Тэд сүүлийн хориод жи­лийн турш хүн амын 30 хувийн дэмжлэгийг хүлээсээр бай­гаа
би­лээ. Энэ нь харин шударга ёсонд  нийцэж
байгаа юм. Учир нь тэдний гарал үүсэл тодорхойгоос гадна үзэл  баримтлал өмч хөрөнгө нь цэвэр намын үйл ажиллагааны
үр дүн гэж харагдаж байна. Харин манай эрх баригч МАН үүсэл гарал нь тодорхойгүйгээс
гадна үзэл баримтлал, өмч хөрөнгө нь ч  хэ­нийх
гэдэг нь өнөөг хүртэл тодорхой биш.

Энэ нөхцөл нь манай улс төрийн намуудыг татан
буулгаж шинээр бүртгэх шаардлагатайг баталж байна.  Ингэхийн тулд намуудын бүх хөрөнгө ялангуяа төрөөс
намд шилжсэн хөрөн­гүү­дийг дуудлага худалдаагаар оруу­лах хэлбэрээр төр өмчөө эргүүлэн
татах ёстой. Хоёрдугаарт, намуу­дын гарал үүсэл, түүхэн замнал үзэл баримтлалыг
Дээд шүүхээр хэлэлцэж бүртгэх нь шударга ёсонд нийцэх юм. Тухайлбал 70 жил Оросын
хараат байсан түүх, их яргын жилүүд, долдугаар сарын нэгний үймээн гэх мэтийн эцсийн
шийдвэрийг гаргаж, хэн хариуц­лага хүлээх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай.
Ингэснээр өнөө­гийн булаацалдаад байгаа МАХН нэр бүү хэл өнөөгийн эрх бариад байгаа
МАН гэдэг нэр ч жигшмээр зүйл  болох юм.

Өнөөдөр намын байр нь  20,  30
давхраараа сүндэрлэж байна. Хуулиар бол энэ барилгын тоосго бүрийн хандивлагч олон
түмэнд зарлагдсан байх учиртай. Харин МАН-ын барьсан барилга хэний ямар хөрөнгөөр
боссон тухай асуултад намын удирдлага “намын гишүүдийн хандив”  гэж ам таглас­наас өөр мэдээлэл алга. Энэ бай­дал
нь ирэх УИХ-ын сонгуульд намын  байрны санхүүжүүлэгчид
нь нэр дэвших нууц хуйвалдаан явагдаж байна гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлнэ.
Хэрэв эрх баригч нам нь ийм байдалтай байгаа үед Монголын ирээдүй авлига, ажилгүйдэл,
гэмт хэрэг,  өвчлөлөөс ойрын ирээдүйд салах­гүй
гэдгийг баталж байна. Энэ тохиолдолд МАН хэмээх төр сүй­рүү­лэх машинаас салах  арга бий. Эхний ээлжинд Дээд шүүх шийд­вэр гаргаж
намуудын шинэчилсэн бүртгэлийг ерэн настай, ер хоног­той гэж ялгаварлалгүйгээр шинэч­лэн
бүртгэх,  эсвэл удам угсаа, өмч хөрөнгө нь
тодорхойгүй намуудын төлөө сонгогчид саналаа өгөхөөс татгалзах гарц байж болох юм.
Эдгээрийг  хэрэгжүүлэхэд Үндсэн хууль болон
аливаа хуулинд өөрч­лөлт оруулах гэх мэтийн шалтгаан тоочих шаардлагагүй. Хүсвэл
ирэх сонгуулиас өмнө үүнийг хийж болно шүү дээ. Ингэснээр МоАХ-ны  анхны удирдагч С.Зориг агсны хэлснээр төр, нам,
бүлэглэл, ху­вийн эрх ашгийн эрэмбэ тогтох болно.

Ер нь нэг албан ёсны,
нэг өмнөх үеийн нэртэй явна гэж зүтгээд байгаа МАН-ын үйлдэл нь  эхнэрээ “хэрэггүй” гэж хаячихаад хүнтэй суух болохоор
нь “минийх” гэж өмчлөөд байгаатай  л адил
утгатай юм даа.

Categories
редакцийн-нийтлэл

Ерэн настай МАХН моргоос гарч ирлээ

Хэлмэгдүүлэлтийн үед л гэсэн.  Нэг их мэргэн түргэн лам бариг­даад ирэхэд нь
Х.Чойбалсан  нууцхан суллуулж авчран  ирээ­дүйгээ асуусан гэдэг. Нөгөө ном эрдэмтэй
лам  хэлэхдээ “Та бол дал орчим наслах хүн
байна. Түүнээс өмнө  нэг саад байна. Хойд
зүг рүү л хөл битгий тавиарай” гэж. Х.Чойбалсан 
намынхаа ирээдүйн хувь заяаны талаар асуухад “Энэ нам чинь ер л наслах юм
байна” гэжээ.  Ийм нэгэн явган яриа нууц­хан
явсаар өнөөг хүрч ирсэн. Ямар ч  байсан явж
болохгүй зүг рүү нь явсан Чойбалсан дал хүрээгүй нас барсан, МАХН нь ерэн насан­даа
талийгаач болсон.  Гэхдээ энэ тухай МАХН-ыг  МАН  болохоос
нь өмнө бас бичиж байсан юм шүү.   Одоо харин
ер  хүрсэн МАХН  байхгүй болсон. Ингээд МАН гэдэг нам бий болсон.

Зарим үед гайхдаг юм. Аль нь МАХН,
аль нь МАН юм гэж. МАН нь МАХН-ыгаа төрүүлсэн ч юм шиг, МАХН нь МАН-ыгаа төрүүлсэн
ч юм шиг. Эсвэл хоёулаа нэг нам ч юм шиг. Үнэндээ тийм  мэргэн, ирээ­дүйг хардаг  лам байсан эсэхийг хэн мэдэхэв. Чойбалсан тийм
ламаас ирээдүйгээ  асуусан эсэ­хийг одоо хэн
гэрчлэхэв дээ. Ямар ч байсан МАХН-аа устгаж МАН болгосон  У.Хүрэлсүх “Ардын на­мын журамт цэрэг”-ийг эгшиглүү­лэхээс
өмнө л энэ яриаг сонсч байсан юмдаг. Энэ талаар ерэн настай эмгэн МАХН нэрээ өөрчилж
мэс засал хийлгээд яах ч юм билээ гэж өмнө нь бичиж байлаа. Гэсэн ч тэд мэс засал
хийлгэсэн. Хийлгэсэн мэс засал нь нэрээ солих явдал байв.   МАН нэр аваад бүтэлтэй юм болсонгүй.  

Хөсөр хаягдаж аль хэдийнэ талийгаачийн
тоонд орсон  МАХН амь оров.  Хагас жил моргт хэвтэж байгаад гэнэт л босоо ороолон
болоод босч ирсэн мэт. Уг нь аль хэдийнэ МАН өөрсдөө МАХН-ыгаа моргт аваачаад хийчихсэн
шиг санах юм.  Одоо болохоор МАХН Н.Энхбаяр
гэдэг экс Ерөнхий­лөг­чийн дүрээр амь орчихлоо. Тэгээд нийтийг гэхээсээ илүүтэй  МАН-ыг айлгаад байгаа нь бүр жигтэй.

Саяхан бас нэг жигтэй явдал болсон.
Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа машинтайгаа явж байгаад  Сонгинохайрхан  дүү­рэгт хүн дайрчихаж. Түргэний эмч ирээд “үхчихсэн
байна” гэж хэлээд орхиод явжээ. Гэтэл Прокурорын дэргэдэх мөрдөнгийнхөн хэрэг бүртгэлт
хийх үеэр  өнөөх эмчийн  үхсэн гээд хаяад явсан хүн нь амьд байж таарсан.
Одоо талийгаач гэж андуурагдсан хүн гэмтлийн эмнэ­лэгт эмчлүүлж байна. МАХН-ыг үхчихсэн  гээд бодсон МАН ч амь ороход нь тархи руугаа саваа­дуулах
шиг л болсон байх, хөөрхий амьд хүнийг үхсэнд тооцсон  түр­гэний 
эмч шиг. Аймшгийн кино үзэж байгаа юм шиг л эвгүйцмээр санагдаж байгаа биз
дээ.  

МАХН-ын босоо ороолон болж босч ирсэн
энэ үйл явдал ардын уран зохиолч Бавуугийн Лхагва­сүрэнгийн “Үр могой” хэмээх жихүү­дэс
төрөм зохиолын үйл явдлыг  бас сануулаад  байх юм. Могой төрүүлсэн эх  буурин дээрээ   хаяг­дан эцэстээ төрүүлсэн үрдээ  идүүл­чихдэг дээ. МАН МАХН-ыг төрүүлсэн бол түүндээ
бариулах цаг нь иржээ.  Их л сандарч байгаа
бололтой. Сүүлдээ босоо ороо­лонгийнхоо нэрийг өгөхгүй гэж ч үзэж тарж эхэллээ. 

Зохиол ингэж эхэлдэг. “Устай чулуу
үмхэж битгий тоглож бай­гаарай. Могойны өндөг байдаг юм билээ…  Энэ л миний тавилан юм байна гэж могой төрүүлсэн
эх бодохуйд элэнц хуланцын сүнс амилав. Гай дайрав, лай дөтлөв. Сүнс хилэгнэв…
Өлзий бус үр нь хоног тоолон томорч, “хорхой тойлон” эх доройтов. Үр могой төрүүлсэн
эх өдөр ирэх тусам туйлдаж. Сүнсийг нь хүртэл үргээсэн үр нь сүү, цус хоёрыг ялгахгүй
сорно. Өлсөх тусмаа өөдөөс нь цоргино. Өлсгөлөн могой эвхсэн биеэ тэнийж, эцсийн
хоо­лондоо ам хүрч, эхээ хөлөөс нь эхэлж залгиж. Харын хар  гэзэг могойн амнаас цухуйв” хэмээн зохиол төгсдөг.

Н.Энхбаяр “Унавал хамтдаа унана шүү”
гэж МАН-ын нөхдөдөө хэлж байсан. Харин өндийхөд нь МАН-ынхан өөрсдөө тус болж орхилоо.

МАН, МАХН-ын үйл явдал “Үр могой”-н
үлгэр шиг төгсөх вий гэж харагдаж байна. Босч ирсэн босоо ороолон юунаас айх билээ.
Хаа ч гэсэн хажууд чинь  байж л байна. Хаа
нэгтээгээс чинь залгиж ч чадна. Төрүүлсэн үр могой нь эхийгээ залгидаг  шиг. Буг шүглэсэн энэ улс төрийг яалтай билээ,
бурхан мэдэг.

Categories
редакцийн-нийтлэл

Түүний дараагийн нүүдэл

Н.Энхбаяр намаа бүрт­гүүлсэн төдийд
ха­наж цадах хүн биш ээ. Одоо түүнд хийх ажил их байна. Өшөө авалт хий­гээд дараагийн
алхмууд.  Мөн барьцаа ахиулах янз бүрийн мэхээ
ч хий­гээд эхэлчихсэн байна лээ.

Түүний дараагийн нүү­дэл бол Монголын
ногоон намтай нэгдэх. Дараагийнх ч гэж дээ нэрээ авчихвал ингэнэ гээд эртнээс төлөвлөсөн
ажил нь юм.  Энэ алхмыг хийснээр Н.Энхбаярын
гэгдэх МАХН  жагсаалтад МАН,  АН  хоёрын
дараа эрэмблэгдэнэ гэсэн үг.  Учир нь Ногоон
нам Дээд шүүхийн бүртгэлд гуравт жагсдаг. Ногоон намтай нэгдсэнээр МАХН ши­нээр
бүртгэгдсэн 18 дугаарт биш гуравт бичигдэх бол­но. Ингээд сонгуулийн саналын хуудсан
дээр МАН, АН, МАХН  гэсэн нэр эхний эгнээнд
жагсана гэсэн үг. МАН-ын удирд­ла­гын зүгээс “19 дэх нам шүү” гэж шинээр бүртгүүл­сэн
МАХН-ыг хэлээд бай­гаа ч үнэн хэрэгтээ  бүрт­гэлийн
гуравт бичигдэх нам болох нь. Харин  Но­гоон
намаас салж Иргэ­ний зориг намтай нэгдэх гээд байгаа Д.Энхбат  на­рын зорилго Дээд шүүх дээр бүтэлгүйтсэн. Дээд
шүүх ч Иргэний зориг-Ногоон намын нэгдлийг 
бүртгэж аваагүй нь учир­тай байж болох. Хэдий­гээр бүртгэж бо­лохгүй хэд
хэдэн шалт­гаан хэлж бай­гаа ч улс төр цаана нь яваад байх шиг. Бүртгүү­лэхгүй байх
хорыг ч Н.Энх­баяр сайн хийж байгаа биз. Уг нь С.Баяр ИЗН-ыг Ногоон намтай нэгтгэх
замаар  Н.Энхбая­рын төлөвлө­гөөг нураах гэсэн
боловч чадсангүй.

Үнэн хэрэг дээрээ С.Оюун Д.Энхбатад
на­мын даргынхаа суудлыг тавьж өгсөн нь учиртай юм.   Н.Багабанди,
С.Баяр хоёрын  шахаас л түүнийг ийм алхам
хийхэд хүргэ­сэн.

Түүнээс биш Б.Жар­галсайханы намтай   нэг­дэхдээ ч намын даргаа өгч байгаагүй хүн.
Тэ­гэ­хээр Н.Энхбаяр, С.Баяр  хоёрын зодоон   үргэл­жил­сээр байгаа. ИЗН+НН уу,  эсвэл  МАХН+Ногоон
нам гэдэг дээр уг тулааны ялагч тодорхой болно. С.Оюуны удирдаж бай­сан ИЗН  БНН-аас сүүлд байгуулагдсан хэрнээ  тэ­дэнтэй нэгдсэнээр  Дээд шүүхийн дөрөвт жагсах эрхтэй болсон. Гэвч
нэг­дэж нийлсэн хоёр салсан ч ИЗН Бүгд найрамдах намын дөрөвдүгээрт жагс­­даг байр
суурин дээр үлдэж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Б.Жар­галсайханы намтай С.Оюуны нам
“хурим­лаад” салахад С.Оюун инжиндээ ирсэн энэ байр суурийг аваад үлдсэн би­лээ.
Харин Д.Энхбаттай “хуримлалаа” гээд ин­жинд нь юу ч авахгүй зөвхөн С.Баярын даал­гав­рыг
л биелүүлж байгаа хэрэг болсон юм.

За энэ ч яахав.  Н.Энх­баярын
хэр шуналтайг бид мэднэ. Нэг ийм яриа МАХН, 
МАН  дотор тэнүү­чилж явна. Н.Энхбаяр эрх ашгийн
төлөө юу ч хийхэд бэлэн. Тиймээс анхнаа­саа
л нэг нам юм чинь МАН-тайгаа нэгдэнэ гэж ярих нэг хэсэг бас байна. Тэр өөрөө ч Оюу толгой, Таван толгойн асуудал зэрэгт ойлголцож
чадвал хэнтэй ч нэгдэнэ гэсэн үг
хэлчихсэн. Нэг ёсондоо надтай сайн яривал, эрх ашиг нийцвэл, яасан ч яахав гэдгээ
албан ёсоор хэлчихлээ.  Тэгээд ч МАН өнөөдөртөө эрх мэдлийг гартаа атгаж байгаа
шүү дээ, ялсан нам учраас.  Нөгөө талаас АН-тай то­хирно гэх. Энэ
нь гом­доо­сон МАН-ыг нам дарж авах хүсэлтэй
нь уялдаж болох юм.  Гэхдээ АН-тай зөв тохирч чадвал шүү.  Гурав дахь хэсэг нь ган­цаар­чилсан тоглолт хийж,  гуравдагч хүчний
байр сууриа авч үлдэнэ гэж
байна. Үнэн, худлыг хэн мэдэхэв.
Цаг хугацаа, Н.Энхбаярын бодол хоёр л олон зүйлд
нөлөөлөх болоод байна. Ямар ч байсан Ногоон намыг бол аль
хэдийнэ залги­хад бэлэн болсон гэнэ лээ шүү.

Categories
редакцийн-нийтлэл

МАХН амь орж, МАН шоконд орлоо

Өнгөрсөн баасан гаригт Дээд шүүх МАХН-ыг  бүртгэв. Энэ нь МАХН хийгээд тус намын тэргүүн
Н.Энхбаярыг  улс төрд амь оруулсан амь тариа
болов.  Алтай Таван богдод МАХН-ын тугаа ман­дуу­лаад
ирсэн Н.Энхбаярын хүсэл ийнхүү биеллээ. Н.Энх­баяр улс төрд буцаж ирлээ.      

Ийм юм болно чинээ бо­доогүй МАН шоконд
орж,  Удирдах зөвлөл нь яаран хуралдсан юм.
Эдээрээ оролд­­вол эвдэхийн тэмдэг ээ гэж. Нэрээрээ оролдвол бус­дад алдахын тэмдэг
юм бай­на. Дээд шүүхийн шийдвэр МАН-ын толгой дээр буусан лантуу болсон юм. “МАН
ч манайх , МАХН ч манайх” гээд байсан У.Хүрэлсүхийн үг худал аж. МАХН Н.Энхбая­рынх
боллоо. Цэцээр дам­жуулж МАХН-ыг Н.Энхбаяр­тай нь унагах гэсэн МАН-ын санаа бүтэлгүйтэж,
Дээд шүүх дээр бүдэрлээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг ч энэ мэдээг сонсоод
МАН-ынхан өнгөрсөн баасан гаригт үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигналаа. Н.Энхбаяр­тай­гаа
үлдсэн МАХН-ын өвөг­цүүл нүдэндээ нулимстай баяраа тэмдэглэв. АН-ынхан алга ташин
баярлав. МАН-ынхан толгой гудайн ху­ралд­лаа. МАН-ын Удирдах зөвлөл баасан гаригт
хурал­дахад С.Баяр их л бухимджээ. “Мон­голын төр хаана байна” гэж ирээд л уурлахад
нь Удир­дах зөвлөлийн зарим нэг гишүүн  ч
бас дуугүй  суу­сангүй. “Таны гаргасан АН-тай
хамтрах санал дэмий байсан юм” гэж хэлээд авсан гэнэ. МАХН-аас гадна АН-д уурлаж
байгаа нь тэр. Эцэст нь тэд энэ шийдвэрийг эс тоосон мэт дүр эсгэхээр ший­дэв. Тиймээс
ч албан ёсны мэдэгдэл энэ тэр гаргахгүй байхаар болов. Тэр өдөр МАН-ын бүлгийн дарга
Ө.Энх­­түвшин, намын ерөн­хий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хоёр дуу нэгтэй­гээр
олон нийтийг МАН, МАХН-ыг хооронд нь эндүү­рэхгүй байхыг сануулж, “Ши­нэ бүртгэгдсэн
МАХН бол  манай нам биш шүү. МАХН нэрийг авсан
шинэ нам юм шүү” гэж ирээд л хоолой чичрүүлэн тайлбарласан.   Ямар ч байсан МАХН-ыг бүрт­гэсэн үйл явдлаас
болж МАН-ын АН-д хандах хандлага мөн таатай бус болж эхэллээ.  Сонгуулийн хуулийг холимог болгох  зөвшилцөл үгүй болох магадлал ч бий боллоо. 

МАН-ын гишүүд намын нэр сольсон У.Хүрэлсүхээ
намын даргатай нь зүхэж эхэллээ. Гэтэл МАН-ынхан МАХН-ын нэрийг бүртгэхэд Ерөнхийлөгчийг
оролцсон гэж  хардаж байгаа аж. Хэдий­гээр
баримт байхгүй ч хардах үндэслэл нь Ерөнхийлөгч Дээд шүүхийн даргыг томилдгоос үүдэлтэй
биз.

Буруу замаар будаа тээ­вэл буцахдаа
шороо тээхийн үлгэрийг МАН ч ёстой ха­руулж байна. Нэрээ сольс­ноосоо хойш нэлээд
өөрч­лөлт хийх гэж зүтгэсэн ч  “гай газар
дороос гахай модон дотроос” гарч ирсээр байна. Бүр ёртой юм шиг бүлгийн даргаа сольсон.
Солих со­лих­доо Удирдах зөвлөл нь намын даргынхаа зүтгүүлсэн Ц.Мөнх-Оргилыг  дэмжээгүй. Хажуугаар нь Ө.Энхтүвшин ороод ирсэн.
Гурав дахь хүн Су.Батболд Удирдах зөвлөл 
дээр нэрээ татсан ч бүлгийн дэд дарга болсон. Харин намын дарга С.Батболдын
зүтгүүлсэн Ц.Мөнх-Оргил дол­­дугаар сарын нэгэнтэй холбоотой нэр хүнд нь уна­сан
нь эндээс харагдаж байгаа юм. Түүнээс биш энэ намын ирээдүйтэй лидерийн нэг гэж
зүй ёсоор тооцогдож байсан түүнийг дэмжихгүй байх шалтгаан үгүй мэт. Мөн эндээс
харахад өөрийнхөө удирддаг Удирдах зөвлөлөөс хүнээ гаргаж чадахгүй байна гэдэг бол
намын дарга С.Бат­болд төдийлөн хүчтэй биш байгааг илэрхийлж  байна.  
Энэ намд намын даргын үг хууль байсан цаг ард хоцорс­ныг ч уг үйл явдал харууллаа.
Харин хамгийн их хүчирхэг­жиж буй хүн бол МАН-д М.Энх­болд  болж байна. Тэ­рээр хүссэн томилгоогоо хийл­гэж
чадаж байна. Хам­гийн хүчтэй фракцыг тол­гойлж чадаж байгаа. 

Монголын түүхийн 80 жи­лийг бичилцсэн
“Үнэн” сони­ны эрхлэгчийг МАН сольсон нь бас л анхаарал татаж байгаа юм. Хуучин
эрхлэгч Ц.Ганбатын оронд Ж.Мөнх­батыг томилсон билээ. Энэ залуу сүүлийн үед намдаа
нэлээд тоогдож буй болол­той. НАМЗХ нь бодлогоор дэмжиж, намын бүтцийн нэг байнгын
хорооны дарга бо­лоод удаагүй байсан тэрээр ийнхүү шинэ ажилд очлоо.   Түүнчлэн МАХН-ын нэрийг бүртгэсэн явдал хоёр
намын хамтарсан засгийг цаашид хэвээрээ байх уу, үгүй юу гэдгийг ч ярихад хүргэж
бол­зошгүй юм. Тэгээд ч энэ зас­гийн үед л Монгол Улс  бен­зингүй болж үзлээ. Түүнээс биш бензин шатахууны
үнэ нэмэгдэж  байснаас  картанд ортлоо ингэж хомсдож бай­сангүй. Тэгэхээр
улс орноо ийм байдалд хүргэсэн  Ерөн­хий сайд
өөрөө огцрох юм уу, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаа  өөрчлөхгүй бол “Манай Засгийн газрын хийх ёстой
ажлыг л Ерөнхийлөгч шүүрч авч хийгээд байна” гэж намынхан нь гонгинох хэрэг­гүй
юм.   

Энэ бүхнээс харахад хам­тарсан засгийн
хувь заяа цааш явах нь эргэлзээтэй болж байх шиг. 

МАХН-ыг албан ёсжуулс­наар улс төрийн
үйл явц хэр­хэн өрнөхийг ажиглагчид анхааралтай харж байна.  МАХН эвсэх үү, эвсвэл ҮШН-аасаа өөр ямар намтай
эв­сэхэв гэсэн яриа таамаг хэ­дийнэ түгжээ. МАХН-ыг Ард­чилсан намтай эвсэж сонгуу­льд
орно гэсэн үгс ч  яригдаж эхлэв. АН 25 суудал
амлаж, МАХН-тай тохирно гэж энэ ярианд дурдагдах жишээний.  Тэгвэл мэдээж энэ эвсэл ялах магадлал өндөр. Эрхбиш
МАХН, МАН-тай эвсэхгүй биз гэж ажиглагчид үзэж байгаа.     

Ардчилсан намын хувьд МАХН-ыг бүртгэсэн
явдал баярт мэдээ болж ирсэн.  2000 онд далаараа
тавиулж түүнээс хойш өөдлөөгүй  АН энэ удаагийн
сонгуульд ухаа­лаг алхам хийх биз. Ямартай ч фракцуудын зөрчил нь  на­маа хагалах хэмжээнд хүрдэг байсныг энэ удаагийн  “Мон­гол хүн-2020” хэлэлцүүлэгт зангидсан гар
шиг идэвхтэй оролцож, генсек  нь намын даргатайгаа
хөтлөлцөн айм­гуудаар хэлэлцүүлгээ хийж явсан нь хуучин алдаагаа давтахгүй байх
нь гэсэн горьд­лого төрүүлж байгаа юм.  Яг
энэ үед МАН-ын генсек У.Хүрэлсүх намын нэрийг өөрчилж,  МАН-ыг гайд унага­лаа гэсэн гашуун үгээр утуулж
байгаа бол АН-д нийс­лэлийн намын даргаа эсэр­гүүцсэн залуусын алхмыг эс тооцвол
генсек Д.Эрдэнэ­батын  нэр хүнд өндөр хэвээр
байна. Ардчилсан намынхан МАХН-ыг бүртгэсэнд жигтэй­хэн баярлаж дэвхцээд байгаа
нь МАН маньтайгаа биш МАХН-тайгаа ноцолдог 
гэж тооцон, энэ нь бидэнд ашиг­тай гэсэн байр суурьтай бай­на. АН-ынхан юун
түрүүнд ингэж баярлаж хөөрч яаран алга таших нь хэрэг дээрээ зөв үү.   Учир нь Ардын намынхан юу ч сэдэж,  юу ч хийж магад­гүй гэдгийг өмнөх туршлагаа­раа
мэдмээрсэн. Одоогоор АН-ын дарга, генсек хоёр 
эвтэй найртай байх нь сайн тал ч дунд шатандаа асуудал цэгцэрсэн гэх нь хаашаа
ч юм.

Дээд шүүх  МАН-ыг бүртгэ­сэн нь ч, сүүлийн үеийн су­дал­гааны
дүнгүүд ч АН эвтэй байж чадвал ирэх сонгуульд ялах боломж ирснийг хэлээд өглөө.
Ирэх сонгууль гэрэлтэй харагдаж байгаа энэ л мөчийг өөрчлөхгүй авч явах хэрэгтэй
юм, АН.

Харин нар нь гийж, улс төрд
эргэж ирсэн  Н.Энхбая­рын хувьд нам бүртгүүлсэн төдий  ханахгүй
ээ. Одоо өмчийн асуудал ч
яригдаж магадгүй.  Хэрэв өмч
хөрөнгө нь  МАХН-ын
талд шийдэгд­вэл МАН-ын цаг зогсоно. Дээр нь МАН-ын лидерүүд биш гэхэд амбиц хөөсөн хэдэн нөхдүүд Н.Энхбаярыг дагах нь тодорхой.  МАН, МАХН улаан тугаа, АН цэнхэр тугаа намируулан
ирэх сон­гуулийн зүг урагшаа.

Categories
редакцийн-нийтлэл

Ард түмний эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхийг хааснаараа МОНГОЛЫН ТӨР дарангуйлагч дэглэмийн гар хөл болсноо харууллаа

Нөгөө ардчилал,
хүний эрх, үзэл бодол,  эвлэлдэн нэгдэх Үнд­сэн
хуулийн заалтууд цөм худал болж таарлаа. Ердөө л хоёр хоногийн өмнө үүнийг нотолж
орхилоо. Монголын төрийг барьж байгаа эрх баригчид ард түмнээ эвлэлдэн нэгдэж нам
байгуулж болохгүй гэж үзлээ. Дарангуйлагч дэглэмтэй улс орны тухай ярих  хэрэггүй юм байна. Монголын төр дарангуйлагч дэглэмийн
гар хөл болсоор байгаа юм байна.

Үндсэн
хуулийн Цэц нь Үндсэн хуулиа хамгаалах биш уландаа гишгэлээ.  Улайм цайм захиалгат дүгнэлт гарчихлаа. Цэц ингэж
ажиллахаар “Монголд хууль  гэдэг тийм чухал
зүйл мөн үү?” гэж асуухад хүрч байна.  Н.Энхбаяр
гэдэг хүн нам байгуулж тэр нь МАХН нэртэй байж болох л байхгүй юу. Асуудлын гол
нь, ад үзсэн МАХН нэрийг  нь  Н.Энхбаяр авч   сонгуульд оролцох гэсэнд   байгаа юм. Анхнаасаа энэ нэрэндээ хайртай байсан
олон гишүүнээ өрөөсөн нүдээрээ ч ха­рахгүй явуулчихаа биз дээ.  Яалт ч үгүй үнэн бол МАХН нэрийг бүртгэ­сэн бол
Н.Энхбаяр гарч ирэх нь тодорхой, МАН-ын ялах болом­жийг овоо хэдэн хувиар буулгах
боломжтой байлаа. Ингээд л МАН хуучин цагт энхрий хайрт МАХН гэдэг байсан нэр хийгээд
эцэг минь гэх нь холгүй долдойдож явсан  Н.Энхбаяр
хоёрынхоо эсрэг хууль энэ тэрээ үл тоон бүхий л болом­жийг ашиглаж байна. Үнэхээр
Ардын нам гэдэг аймаар том амьт­ны хүрээлэн бий болжээ. Монго­лын бүх тогтолцоонд
хаврын сал­хиар нүүж ирсэн элс шиг чигжчи­хэж. Энэ аймаар том амьтны хүрээ­лэнд
хүнээс дээгүүр амьдрах ч өнгөрч, хүн төрөлхтний жам ёсны амьдралаар амьдаръя гэсэн
ч бүтэхгүй нь. Хүний нийгэмд хууль үйлчилдэг, амьтны ертөнцөд том нь багыгаа, хүчтэй
нь хүчгүйгээ барьж иддэг хуультай.  Тэгэхээр
бидний амьдарч буй амьтны хүрээ­лэнд ямар хууль үйлчилж байгааг бид мэдлээ. Энд
Үндсэн хууль гэж байгаад ч яах юм, шүүх засаглал гэж байгаад ч яах юм.  Ардын намын арслан, барс нь л бүгдийг шийдэх юм
чинь. Үүний нэг тод жишээ бол Үндсэн хуулийн 
Цэ­цийн саяхны гаргасан шийдвэр боллоо.

Судалгаагаар
Н.Энхбаярын рейтинг өндөр байсан. МАН сон­гуулиар МАХН нэртэй Н.Энхбая­рын нам ороод
ирсэн тохиолдолд хэдэн  суудлаа найдвартай
алдах байсан. Иргэн Н.Энхбаяр, түүнийг даган нэг үзэл бодолтой эвлэлдэн нэгдсэн
иргэдийн эрх манай өнөөдрийн эрх баригчдад ёстой падгүй бололтой.

МАХН нэрийг  бүртгүүлэхээр хэдэн сарын өмнө Ц.Шинэбаяр тэргүүтэй
нөхдүүд Улсын дээд шүүхэд өгсөн. Тохироо ёсоор Улсын дээд шүүх асуудлаас бул­таж
Цэцэд энэ асуудлыг шилжүүл­сэн. Гэтэл өнөөх Цэц нь Үндсэн хууль болон иргэний эрхийг
маш ноцтойгоор зөрчсөн дүгнэлт гарга­сан. Нэр бүхий долоон иргэний Үндсэн хуулийн
Цэцэд Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дугаар заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн
өргөдөл өгсөн. Тэг­тэл Цэцийн гишүүн Ж.Болдбаатар “Үндсэн хууль зөрчөөгүй” гэж хариу
өгсөн. Тэгэхээр нөгөө иргэд Цэцэд гомдол гаргачихав.

 Гомдлыг Цэцийн бага суудлын хуралдаанаар хэлэлцэх
ёстой байв. Гэтэл шууд дунд суудлын хуралдаан Ж.Болдбаатарын шийд­­вэрийг нотлох
баримт болгож   түүний шийдвэрийг  зөв гэж үзэж байгаа нь хууль бус юм. Энэ бүх­нээс
харахад  Цэцэд жирийн иргэд  гомдол гаргах эрхээ алджээ. Мөн мэтгэлцээн явагдаж
байхад мэт­гэлцээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргасан юм. Өөрөөр хэл­бэл асуудлаасаа
халираад өнөөх МАХН-ыг бүртгэхэд саад болох шийдвэр гаргасан гэсэн үг.  Тэгээд ч 
Цэц Улс төрийн намуудын тухай хуулийг агуулга, заалтаар тайл­барлаж дүгнэлт
хийх эрх байхгүй. Зөвхөн хүсэлт гаргагчийн хүсэлтэд л  хариу  тайлбар
өгөх эрхтэй.  Дээд шүүх ч тийм хүсэлт гаргасан
байсан. 

Энэ бүхнээс
харахад бүх зүйл зохион байгуулалттай байгаа нь угаас илт байв. Одоо Н.Энхбаярт  Монгол ардын алдарт нам /МАХН/ гэдэг нэр авах
нь л үлдэх шив.  Аягүй бол Сонгуулийн хуулиар  саналын хуудсан дээр намын нэрийг тов­чилсноор
оруулахгүй байхаар оруулчих биз. Тухайн үедээ МАХН гэдэг нэрийн товчлолыг бүхий
л байж болох хувилбараар нь  МАН-ын залуус
эрээ цээргүй авсан байж билээ. Увайгүй үйлдэл мөн боловч одоо бол хэрэг болж л байгаа
бололтой. Хөөрхий Н.Энхбаярт бол томоос том гай болж байгаа юм. Яг үнэндээ Н.Энхбаярыг
хорлочихож л байгаа хэрэг байхгүй юу. МАН-ынхан одоо Н.Энхбаярыг басамжлан инээж
л байна. Өөрийнх нь зүтгүүлсэн хууль өөрийг нь ороолоо гэх мэтээр. Монгол үндэстний
олж авсан том ололтын нэг бол эвлэлдэн нэгдэж нам байгуулсан явдал. Засаг төр байгуулах
гэж хэдэн зуун жил болсон ч гэдэг билээ. Тэр олон зуун жилийн цус, хөлсний төлөөс
нь өнөөдрийн улстөрчдийн гар хөл болсон Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр
л ямар ч үнэ цэнэгүй болчихлоо.

Ардын намын
араа шүднээс ер нь гарахгүй юм байна аа, ард түмэн. Иргэн Н.Энхбаяр бол  хэн нэгэнтэй эвлэлдэн нэгдэж намдаа жийгдэж хаягдсан
нэрийг авч бо­лохгүй гэнэ.  Улс орон тэр чигээрээ
даран­гуйлагч Ардын намын хуу­лиар л яваа юм байна. Цэцээсээ цэргээ хүртэл Ардын
намд л үйлч­лэх учиртай аж.

Мөнгөтэй
гэж байгаа хүн бүрийн үр хүүхэд Ардын нам руу л 
явж байна. Амьдрал нь арай дөн­гүүр яваа айл өрхөд шинээр орж ирж буй хүргэн,
бэр хүртэл Ардын  намын туршуулууд байж мэдэх
нь.

Categories
редакцийн-нийтлэл

Х.Баттулга: “Эхлээд хууртагдаж явсан, дараа нь хуурах ажилд нь оролцсоон” гэдэг шиг л…

ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ
БИДЭНД АЛГА БАЙНА

УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай ойрын үеийн улс төр, эдийн
засаг, гадаад харилцаа­ны асуудлаар ярилц­саныг дор толилуулъя. 

-Та Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн
айлчла­лын багт оролцсон. Ма­найхан ОХУ-тай бензин шатахууны хомсдлыг шийдэх тал
дээр  тодор­хой шийдэлд хүрч  ча­дав уу?

-Шатахууны хомс­долд орсон нөхцөл
бай­дал нэг зүйлийг тод ха­рууллаа. 1990 онд тус­гаар тогтнолоо баталгаа­жуул­сан  гээд байсан маань дутуу байжээ. Эдийн засгийн
тусгаар тогтнол алга байна. Эдийн засаг, бизнесийн цус, тэжээл болсон ди­зель түлш,
бензин шата­хуунаараа нэг улсаас 100 хувь хараат байна гэдэг тусгаар тогтнолыг шууд
хэврэгшүүлж байгаа хүчин зүйл.   Шууд л ажил,
амьдралд нь нөлөөлж байгаа биз дээ. Яахав гал унтраах маягаар жаал шатахуун авахаар
то­хир­сон байх. Гээд энэ бол асуудлыг нэг мөр шийд­чихэж байгаа хэрэг биш.

-“Орос ах”-аас ха­маа­ралтай хэвээрээ
л байна гэж үү?

-Энэ бол тэднээс гэ­хээ­сээ илүүтэй
биднээс, өөрсдөөс маань хамаарч байгаа зүйл л дээ. Бид өөрсдөө шатахууны ха­маар­лаас гарах, энэ сал­барт Оросын
ноёрхлоос ангижрах талаар юу ч хийгээгүй
байгаатай л холбоотой. Айлчлалаар очоод их л том, том юм ярих гэдэг. Ярьж байгаа
юм нь “80 мянган тонн дизель түлш
өгөөч”.

Орос орны хувьд бидний яриад байгаа
хэмжээ бол зүгээр л дусал. Дусагнах төдий зүйлийг ажил хариуцсан хүн нь очоод шийдэж
ча­дахгүй. Заавал төрийн өндөр хэмжээний айлч­ла­лын үеэр ийм зүйл ярихад хүргэнэ
гэдэг бид­ний ямар арчаагүй бай­гааг, ямар жи­жигхэн бай­гааг л илтгэсэн хэрэг.
Бид ямар ч стратеги төлөв­лөгөөгүй, бэлтгэлгүй, өнөө л бэлэнчлэх, амарч­лах, назгай
байдлаараа өдий хүрснийхээ шанг хүртлээ. 

-Шатахууны хамаарлаас га­рах гарцыг нь юу гэж бодож байна?

-Бодох, шийдэх, хийх л хэрэг­тэй.
Сингапур жишээ нь, Малайз, Индонез гэдэг хоёр улсаас цэвэр усны маш их хамааралтай
байсан.  Гэтэл бодлого боловсруулж, эрж хайж,
судалж, туршиж байгаад асуудлаа бүрэн шийдсэн. Цэвэр усны хамаарлаас гаргах шийдлийг
хийсэн хүндээ бараг л баатар цол өгөх шахуу юм болсон. Ердөө л цэвэр усыг их хэмжээгээр
гаргаж авах технологийг гаргасан. Нуу­цаар, тэгээд л толгойны өвч­нөөсөө цэвэрхэн
ангижирч.

Ма­найх­тай адил Киргиз гэж улс бай­на.
Оро­соос шатахууны бүрэн хамаа­ралтай. Оросууд шатахуун өгөхөө болиход л тэнд үнийн
хөөрөгдөл бий болоод,  тэр нь хувьсгалд хөтөлсөн,
саяхан шүү дээ.

-Янз бүрийн боломжууд зөн­дөө байгаа биз дээ. Яагаад боломж
бололцоог эрж хайх­гүй, ашиглахгүй өдий хүрсэн юм бол?

-Боломж хангалттай байгаа. Хувийн
хэвшлийнхэн бол энэ асуудлаар зөндөө бодож, ярьдаг байсан.  Үе, үеийн Засгийн газрууд мөрөөддөг байсан л сэдэв.
Яри­хаас хэтэрдэггүй зуршлаа өөрч­лөөд, бодитой ажил хийж эхлэх болсны дохио. “Өртөг
өндөр” гэдэг ганц шалтгаар өдий хүртэл гацаа­сан. Үнэ өртгөөс илүү аюулгүй байдал,
найдвартай хангалт гэж чухал юм байдгийг саяын явдал сайн ойлгуулсан байх.

-Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн ямархуу болов?

-За даа, ер нь нэг “иймэрхүү” л үр
дүнтэй боллоо ш дээ. Миний бодлоор бол ОХУ, Монгол хоёр улс цоо шинэ шатанд, шинэ
хэл­бэрээр ажиллах боломжтой юм болов уу гэсэн бодолтой ирсэн. Шатахууны тухай бол
дээр ярь­чихлаа.

-“Иймэрхүү” гэдэг нь юу гэ­сэн утга вэ?

-“Эдийн засгийн тусгаар тогт­нол байхгүй”
гэдгийг ойлгуулсан, “ярьдаг сэдэв маань жижигхэн,  боддог хийдэг маань бүр жижигхэн” гэдгийг л ойлгуулсан
гэхүү дээ. Хүлээж авч байгаа тал бидний ярьж, боддог тэр хэмжээнд тохи­руулж харьцана
ш дээ. Айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байгаа хү­мүүс, Гадаад яамны ажиллаж байгаа
царай ч бас нэг тиймэрхүү. Жишээ нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн асуудал байна.
Бид нарт л том санагдавч, нарийндаа тийм том асуудал биш ш дээ. “Бид 51 хувиа эзэмшмээр
байна, 1949 оны гэрээ маань ерөнхийдөө хуу­чирчихлаа, зах зээлийнх нь шаард­лагад
нийцүүлье” гэсэн юм л яри­лаа. Илүү гарч, холыг харсан юм ярьсангүй дээ.

-Бид яаж том сэтгэх, харил­цах ёстой вэ?

-“Өөрсдийнхөө бодит нөхцөл байдал,
давуу талаа яаж зуун хувь ашиглах вэ” гэдэгтээ санаа тавьж, зөв гаргаж тавих л асуудал
юм.  Аль тавиад онд манай улс үнэхээр дорой,
хүнд байдалтай байхдаа төмөр замтай болж, тэр нь хөгжлийг чирч ирсэн. Тэр үедээ
бол том бодлого, том шийдэл байсан. Гэтэл одоо тэрнээсээ хэтрэхгүй юм яриад байлгүй,
хөгжлийн шинэ түвшний бодлого, амбицаа тод илэрхийлэх хэрэгтэй. Одоо бид оросуудтай
харьцахдаа 1990-ээд оны өмнөх шигээ харилцаад, тэр үеийнх ши­гээ санаад байгаа.  “Брат” гээд л. . .  Ах байхаа боль­чихсоныг мэд­рэхгүй, ах гэж харь­цаад
л … Гэтэл өнөөх нь үнэ өртөг, ашиг сонирхлоо яриад, цэвэр наймааны харьцаа гаргаж
байгаа шүү дээ. Цаг өөр болсон. Харил­цаа ч өөрчлөгдөх ёстой.

-Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр, Шинэ төмөр зам, Зуун
мянган айлын орон сууц, Сумдын автозамын сүлжээ, Хурдны зам төс­лүүд ямар шатандаа
яваа талаар ярих уу?

-2008 оны сонгуулиар хоёр нам Оюу
толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруул­на гэж амласан. Уул уурхайгаа
хөдөл­гөөнд оруулж 2.7 сая иргэд­дээ хувь, хишиг өгөхөөр ярьсан. Хам­тарсан засаг
байгуулсан гол утга учир энд л байсан. Уг нь энэ хоёр ордын ашиглалтыг зэрэг эхлүүлэх
ёстой байсан. Харам­салтай нь Оюу толгойг түрүүлээд явуулчихлаа. Тавантолгойн ор­дын
ашиглалт хоцорч яригдах болсон нь шулуу­хан хэ­лэхэд Ухаа худагтай хол­боотой л
доо.

Ухаа
худагийг том Тавантолгойн ор­доос өрсөж эхлүү­лэх сонир­холт­нууд лобби, нөлөө ихтэй
байж чад­сан. Тэгээд л том Тавантолгойн төсөл хоцор­чих­сон. Ингэхгүй бол Ухаа худагийн
хувьцаа үнэд орохгүй байсан шиг байгаа юм.

Уг нь том Таван­тол­гойн уурхай эхэлж,
Оюу­толгой­тойгоо цуг хөдөл­гөөнд орсон бол нэгэн зэрэг ахиухан ор­лого орж ирнэ
ээ дээ. Бөөн орж ирэх мөнгөөр нь дэд бүтцээ хөгжүүлэх, орон сууц­жуулах, төмөр зам,
сумдын авто­замын сүлжээ гээд тулгамдсан асууд­луудыг ший­дье, бодитой ажил болгоё
гэсэн санаагаар дээрх төслүүдийг өнгөр­сөн жил УИХ-аар оруулж батал­сан юм.
1950, 1960-аад оны үед оро­суудын хийсэн бодлоготой дүйцэхүйц бодлогыг 2008 сонгуу­лиар  байгуу­лагдсан УИХ  баталсан ухаантай юм л даа, уг нь.

-Тэгээд бүтээн байгуулалтын том төслүүдийн явц ямар бай­на?

-Том ч гэж дээ. Бид нар л ажил хийж
үзээгүй болохоороо том гэж яриад байгаа болохоос хийдэг, бүтээдэг улсуудын хувьд
бол жижиг­хэн төслүүд ш дээ. Дэлхийн II дайнд ялагдсан Герман улс халагдсан цэргүүдээ  орон сууц, авто зам гээд дэд бүтцийн бүтээн байгуулалтад
шууд оруулж байж. Дөрөв, таван жил байлдаж, дог­шир­сон хүмүүсийг зү­гээр суулгаж
болохгүй ш дээ. Оросууд ч бас дайнд явсан цэргүүдээрээ сүйрсэн Сталинградыг босгуулж,
Сибирийн төмөр замыг тавиулжээ. Одоо Монгол Улс ийм олон ажилгүй хүмүүсийнхээ хүчийг
бүтээн бай­гуулалтанд чиглүүлчихэд л болох биш үү. Төслүүд ямартай ч тооцоо судалгаа
нь хийгдээд, ТЭЗҮ-үүд нь гараад явж байна.

-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэж гар­сан.
Өмнөх бодлогоос юугаа­раа ялгаатай юм бэ?

-Өмнө нь Төмөр замын талаарх төрийн
бодлого гэж байгаагүй юм. 2007 онд л Төмөр замын хууль шинээр батлагдсан. Төмөр
замын бодлого гэж яагаад гаргасан гэхээр стратегийн ордууд төвлөрсөн говийн бүсийн
төмөр зам зөвхөн Хятад руу чиглэсэн, түүхий эд зөөх барим­жаатай байх юм бол хараат
болох аюул нүүрлэсэн. Хөрш орон­той харилцааны хүндрэл гарлаа гэхэд саяын дизель
түлшний хомс­дол шиг л болгохгүйн үүднээс альтер­натив хувилбар дэвшүүлсэн хэрэг.
Үүнийг маань ард түмэн дэмжсэн, УИХ баталсан. Шинэ төмөр зам баригдаад, үйл ажил­лагаа
нь жигдрэхээр амьдрал ахуйд нь нөлөөлөөд монголчууд илүү сайн ойлгох байх аа.

-Төмөр замын шинэ шугамын санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй
байхад ажлаа эхэлчихсэн явах юм?

-Тодорхойгүй гэдэг ташаа мэ­дээ­лэл.
Таван толгойн тендерт оролцож байгаа олон улсын 
то­моо­хон компаниуд шинэ төмөр замд хөрөнгө оруулахаа эхэлж амласан. Ерөнхийдөө
ТЭЗҮ нь 2009 оноос урьдчилсан байдлаар гарчихсан. ТЭЗҮ-ийн дагуу эхний хоёр, гурван
сардаа санхүүжилтээ гаргачих Монголын туршлагатай, чадвартай компаниудыг ажилд нь
оруулаад бүтээн байгуулалтыг эхлүүлчихсэн. Цаг хугацаатай уралдах хэрэгцээ байна.
Нөгөө талаар олон улсын тендер зар­лахаар бас л “гадны компаниуд хамаг ажлыг авна”
гэсэн бол­гоомж­лол бас байгаа л даа.

ҮНДЭСНИЙ ЭРХ
АШИГ ГЭЖ БАЙМААР САНАГДДАГ

-Таван толгойн төслийн ол­борлогчийг тодруулах ажлын хэсэгт
та орсон байхаа. Ямар шалгуур үзүүлэлтийг голлож байгаа вэ?

-Таван толгойн тендер дээр гол нь
Монгол Улсад илүү өгөөжтэй байх компани орох, шинэ төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн
цогцолборт илүүтэй анхаарч, хө­рөнгө оруулах сонирхол зэрэг нөхцөлүүдийг түлхүү
харна.   

-Монгол нефть ол­борлогч орон, гэтэл шатахууны үйлд­вэр
өдий болтол баригдаагүй. Учир нь юунд байдаг юм бол?

-Бодлого байхгүй байна. Уг нь хоёр,
гурван ч компани ТЭЗҮ-ээ хийчихсэн, хөрөнгө оруулалт бэлэн байхад чиглэлийнх нь
яам  зөв­шөөрөл өгөхгүй байгаа. Аль 1947 онд
Чойбалсан Зүүн­баянд биеэ­рээ очиж, нефть бо­ловсруулах үйлдвэр бариулсан байх юм.
Одоо Зүүнбаянгийн нефтийг Хятад руу түүхийгээр нь зөөсөөр л байгаа. Там­сагбу­лагийн
нефтийг бас л хятадууд шууд цааш нь зөөж бай­гаа. Тэр нефтийг манайхан бага гээд
голонгуй ярьж, боловсруу­лахаас татгалзаад байгаа. Хятад 1.4 тэр­бум хүнтэй байж
бага гэж гололгүй зөөж байхад 2.7 сая хүнтэй Мон­голын удирдагчид “ба­га” гээд голоод
суугааг ойлгоход бэрх. Үндэсний эрх ашиг гэж бай­маар  санагддаг.

-Ярианыхаа сэдвийг өөр­чилье. Жүдогийн холбооны ерөнхийлөгч
нь та. Жүдогийн холбоо 21 дэд ерөнхий­лөгч­тэй байдаг нь ямар учиртай юм бэ?

-Би тамирчин байсан. Социа­лизмын
үед олимпийн аваргатай болчих гээд хэд хэдэн удаа дөхөөд чадаагүй. 2006 онд би Жүдо
бө­хийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод, багш нартайгаа, та­мир­чидтайгаа зөвлөлдсөн.
Тэгээд 2008 онд олимпийн аварга тө­рүүлнэ гэж зорилго тавьсан. 2006 онд Түвшинбаяр
бас шигшээ багт орсон. Түүнийг би Женко клубтээ авсан. 2008 оныг онцолсон нь хоёр
шалтгаантай. Нэгд, Бээжингийн тэнгэрт Монголын далбааг ман­дуулж, тусгаар улсаа
илүү тод тунхаглах. Нөгөө нь Монголд ийм ойрхон олимп мөд болохгүй гэж бодсоных.
1988 онд Сөүлийн олимп бидэнд хамгийн ойрхон нь болсон. Олимпийн наадам Европ, Америкт
голдуу болдог. Тамирчин хүнд зовлон их. Цаг агаар, хоол унд, цагийн зөрүү гээд.
Бээжин ойр, цагийн зөрүүгүй, хөгжөөн дэмжиг­чид олон очих зэрэг нь боломж болж харагдсан
л даа. Тэр 21 дэд ерөнхийлөгч гэдгийн хувьд аймаг бүрт бөх сонирхож байсан, барил­даж
байсан хүнээр дэд ерөнхий­лөгч тавиад “Чи энэ орон нутгаасаа сайн бөх төрүүл” гээд
даалгачихаж байгаа юм.  Дэд ерөнхийлөгч нар  хариуцсан нутгийнхаа тамирчдын хоол, унааны  зардлыг даадаг. Сайн бөх явж явж хөдөөнөөс л их
төрдөг шүү дээ.

-Та Жүдогийн холбоондоо хувиасаа нэлээд зардал гар­гадаг
шинжтэй юм аа?

-Тэгэхээс яахав. Өнгөрсөн олим­пийн
өмнө гэхэд л нэг жилд дунджаар хоёр тэрбум орчим төг­рөг гаргаж байсан. Одоо бол
жил­дээ тэрбум гаруй төгрөг гаргаж байна.

-Та бөхчүүдтэй бэлтгэл хий­нэ биз?

-Аа, жаахан бэлтгэл энэ тэр хийнэ
ээ, хийнэ. Бөхчүүдээ ойроос харах, ойлгоход тустай байдаг юм.

-Ингэхэд та Улаанбаатар хо­тод төрсөн үү?

-Тийм. Яасан, би тийм хөдөө царайтай
харагдаад байна уу?

-Үгүй таны аав, ээж Баян­хонгорынх гэхээр л . . .

– Аав, ээж хоёр маань хотод орж ирээд
комбинатад амьдарч байхад нь би төрсөн юм билээ. Дараа нь 1966 оны их үерээр манайх
Яармаг руу нүүсэн юм. 

-Цонжин болдог дахь Чин­гэсийн хөшөөт цогцолборыг яагаад
байгуулсан юм бэ?

-“Ардын хувьсгалын 30 жилийн ойг яаж
тэмдэглэв” гэсэн чинь урд уулын ард соёмбо тэмдэг нэг үлд­лээ, уудаг цайны аяганы
бөөрөнд нэг үзэгдлээ, улаан тамхины хайр­цаг дээр бас нэг харагдах шив гээд дууссан
гэдэг шиг Их Монгол Улсын 800 жилийн ой гээд бөх барилдаж, сум харваад, морь уралдуулж,
хуур тоглоод л өнгөрөөчихгүй юмсан гээд. Нэгдмэл улс, төрт ёсныхоо 800 жилийн ойг
тэмдэг­лэчих улс дэлхий дээр цөөхөн байдаг. Их ойд зориулсан үлдэц­тэй зүйл хийе
гэж Дүрслэх урла­гийн сургуулийн хэ­дэн найзтай­гаа яриад л хийсэн юм.  Энэ ойн жилд төрсөн 45000 хүүх­дэд үнэгүй хувьцаа
тараасан бай­гаа, энэ чинь бас л ховор тохиолдол шүү дээ.

-“Түмэн хишигтэн” гэж бас баахан
хөшөө барих гэж байгаа гэсэн?

– Чингэс хааны ялалтын нууц нь “Түмэн
хишигтэн” гэх шилдэг цэр­гүүдэд нь байсан гээд бүгд мэднэ ш дээ. Тэрийг хөшөөнд
мөнхөлье л гэсэн санаа.

-Өөрийнхөө дүрийг арван мян­ган цэргийн хөшөөнд мөнх­лөх
сонирхолтой хүн хэр их байх юм ?

-Дөнгөж эхэлж байгаа төсөл. Одоогоор
200-гаад хүн захиал­гаа өгөөд байна гэсэн. Гадныхан их хандах юм. Интернэтээр захиалгаа
өгч байна.

-Манай улстөрчдөөс сана­лаа ирүүлсэн үү?

-Улстөрчид, бизнесмэнүү­дээс их цөөхөн
хүн оролцож байгаа.

-Яагаад?

-Мэдэхгүй, та нар л сайн мэдэх байх.

-Цонжин болдогт бас нэг со­нирхолтой бүтээл тавигд­жээ.
Дэлхий дээрх хамгийн том гутал. Тэрийг таны охин бүтээсэн гэлүү?

-Тийм. Охин дизайны ангид сурдаг.
Ээж нь үндэсний хувцас  оёдог. Багаасаа бүтээх,
хийх зүйлд ойр байсан болохоор тэр юм уу санаа гаргаад л хийсэн. Сингапур явахад
нь би бэлэг дурсгалын зүйл гээд нэг жижиг монгол гутал өгч явуулсан юм. “Тэрийг
томоор хийе” гээд л зургаан найзтайгаа  нийлж,  дипломын ажлаа болгосон юм. Хүүхдүүд маань их
бие даасан улс. Мэдээж би санхүүгийнх нь асууд­лыг шийдэж өгсөн л дөө.

Гиннесийн номд орж бай­гаа гэж сонссон?

-Өргөдөл гаргаад, шаардаг­дах материалыг
нь бүрдүүлээд явж байгаа гэсэн. Номд арай ороогүй байгаа. 

“ЖЕНКО”-Г
БИ
ЯНЗ
БҮРЭЭР Л ТАЙЛБАРЛАЖ ХЭЛДЭГ ЮМ

-Таныг “Женко” гэж дуудахыг нэлээд сонссон юм байна. “За­галмайлсан
эцэг” киног үзээд компанийнхаа нэрийг өгсөн гэдэг үнэн үү?   

-“Женко” гэж нэрийг би их олон тайлбарласан
даа. Асуух бүрт нь янз бүрээр л тайлбарлаж хэлдэг юм. “женский кофт”, “женерал компани”
гэж ч байлаа. Бүр нохой­ны нэр гэж хүртэл хэлчихдэг юм.  Үнэндээ бол наяад оны сүүлээр Москвад “Загал­майлсан
эцэг” киног үзээд санаа авсан талтай. Гэхдээ энийгээ хүмүүст огт хэлддэггүй ш дээ.

-Өө тийм үү, Баабар 
бич­чихсэн байсан ш дээ. ..

– Тийм үү, юу гэж байх юм ?

-“Загалмайлсан эцэг” кинонд гардаг Женко олив ойл ком­пани
гээд . . .

– Аан. . .

-Та МоАХ болон МоАХ фрак­цийн тэргүүн. Нам доторх фракц
болсноо албан ёсоор зарласан. Танайх хэр хүчтэй фракц юм бэ дээ?

-МоАХ бол Монголын ардчил­сан хувьсгалын
эцэг байгууллага. Хорь гаруй жил нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн
хүчирхэг байгууллага. МоАХ улс төрийн идэвх­тэй үйл ажилла­гаа явуулсаар байгаа.
Телевиз, өдөр тутмын сонинтой. Маш идэвх­тэй гишүүдтэй. Ардчилсан намын ҮЗХ-д нэлээд
олон гишүүнтэй том фракц шүү. Намын бодлогыг то­дор­хойлох, үйл ажиллагааг хэрэг­жүүлэхэд
идэвхтэй, нөлөөтэй оролц­дог тийм л фракц.

-Танай нам олон фракц, бү­лэглэлтэй. МоАХ фракц тэ­дэн
дундаа хэр том бэ?

-“Том” гэдгийг гишүүдийн тоо­гоор
биш намын бодлого, шийд­вэрт нө­лөөл­­өх чадамжаар хэмжвэл том шүү.

-“Алтан гадас”-аас хүчтэй байж чадах уу?

-Мэдэхгүй юм. Чи заавал тэгж, харьцуулж,
уралдуулмаар байна уу?, Яахав цаг хугацаа харуулах л байлгүй.

-Сонгуулийн хууль дээр та ямар байр суурьтай байна?

-Мажоритар тогтолцоо нь өргөн уудам
нутагтай, сийрэг суурь­шилтай улсад тохиромжтой гэсэн бодол бий. Намын олонхи юу
гэж үзэж байгааг бас харъя гэж бодож байна.

-Таныг олон сайхан машинтай гэх юм билээ. Сайхан унаа таны
хобби юу?

-Хобби байсан юм. Одоо бол тийм юм
байхгүй ээ.

-Хэдэн машинтай вэ?

-Мэдэхгүй ээ, хүүхдүүдийн нэр дээр
л голдуу байгаа  байх.

-Машиныхаа тоог хэлэхгүй юм уу?

-4, 5 гайгүй машин бий. Гадны зочид
ирэхэд нүүр улайхгүй байх хэдэн машин бий.

-Таны анхны машин ямар маркийнх  байв?

-600 долларын үнэтэй Лада машин.

-Бизнес хийгээд л авсан уу?

-Бизнес ч юу байхав дээ, тэр үед ганзаганд
яваад л авсан.

-Яг одоо ямар машин унаж байгаа вэ?

-Lexus

-Та өөрөө жолооддоггүй бай­хаа. Жолоочтой яваа ха­рагд­даг.

-Тийм, ойрхон газар бол алх­чих­даг.
Тэр нь амар ш дээ.

-Алхаж явахад тань хүмүүс таньж байна уу?

-Танихгүй л байна лээ.

-Та өдөр бүр бэлтгэл хийдэг уу?

-Өглөө босоод гүйнэ.

ХУРДНЫ
МОРЬ УНАЖ, ХАМГИЙН СҮҮЛД ОРЖ ИЧЭЭД…
.

-Таныг “Би хор биш хоол үйлд­вэрлэдэг” гэж ярьдаг гэсэн,
тийм үү?

-Үнэндээ бол спирт, архитай холбоотой
явсан үе бий. Олон жилийн өмнө “17 чингэлэг спирт” гээд л бөөн асуудал үүсч байсан.
Тэрнээс хойш манай­ханд энэ зо­хихгүй юм байна гэж ойлгоод холд­сон.

-Манайхан гэж хэн бэ?

-Манай
компа­нийнхан. Тэгээд л хүнсний үйлд­вэрлэл эрхэлсэн. Тэрийгээ л “хор биш хоол”
гэж ярьдаг ухааны юм.

-Бага
насны дурсамж, сэт­гэлдээ тод үлд­сэн сайхан үеийнхээ талаар манай уншиг­чидтай
хуваал­цаач…

-Миний
бага нас . . . Гэр хорооллын хүүхэд ямар байдаг тийм л байсан.

-Зодоонч
байсан уу?

-Үгүй үгүй. Айлын хүүхдүүдтэй бага
сага муудалцах үе гаралгүй яахав. Айхтар зодоонч бол байгаа­гүй. Дүүтэйгээ архины
шил цуг­луулж зардаг байлаа. Тэр үед архины шил үнэтэй байсан байхгүй юу. Гуравдугаар
ангид орох үеэс ээж, аав намайг хөдөө явуулчихдаг болсон. “Ажил сургана” гээд хөдөл­мөрийн
баатар Жанар гэж Баян­хонгор аймгийн Баян-Өндөр сумын малчин айл руу явуулна. Дол­дугаар
анги хүртлээ тэднийд зуны амралтаараа мал малладаг бай­сан.  Тэнд их ажил сурсаан.

-Хөдөө очоод хурдны морь унаж байв
уу?

-Баянхонгорын Баян-Өндөр сумын наадамд
нэг удаа унаад баян ходоод болсон.

 -Баян ходоод .
. .  Шагналаа авсан уу?

-Аваагүй ээ. Ичсэндээ бариа луу биш
өөр тийшээ явчихгүй юу (инээв)

-Дахиж хурдны морь унаагүй юу?

-Тийм.

-Удам судар, аав, ээжийнхээ тухай яриач..

-Аав, ээж Баянхонгорын гаралтай хүмүүс.
Аав минь бурхан болсон. Малчин байгаад цэрэгт явсан гэдгийн. Цэрэгт их л удаан алба
хаасан санагдаж байна. Ээж минь одоо Яармагтаа байдгийн. Саяхан нэг сонинд ярилцлага
өгсөн байна лээ. Аав, ээж хоёр минь өнчин хүмүүс. Удам судраа айхтар нарийн мэддэггүй
ш дээ.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Гурвуулаа. Эгч, дүүтэй.

-Таны бизнесийг авч яваа найдвартай дотны хүмүүс байгаа
юу?

-УИХ-д орохоос өмнө нь хамт ажиллаж
байсан хүмүүс минь байгаа. Дүү маань л голлож авч явна даа.

-Та өөрийгөө “улстөрч” бол­сон гэж үздэг үү?

-За даа, үгүй дээ. Тодорхой амжилт
гаргаагүй юм чинь.

-Одоо байгаа чинь амжилт биш үү. Ямар амжилт гар­гавал
өөрийгөө улстөрч гэх юм бэ?

-Хүмүүст хүлээн зөвшөө­рөгдө­хөөрөө
л “улс төрч болжээ” гэж бодно ш дээ.

-Хүмүүс таныг аль хэдийнээ хүлээн
зөвшөөрсөн биш үү?

-Мэдэхгүй ээ.

-Монголд хүлээн зөвшөө­рөгд­сөн улстөрчид хэн юм бэ, тэгвэл?

-Бат-Үүл, Элбэгээ хоёр  бол хүлээн зөвшөөрөгдсөн ш дээ.

-МАН-д тийм хүн байхгүй гэж үү?

-С.Баяр л байх даа, арай нэг том хардаг
нь. Н.Энхбаярыг олон жил том албан тушаалуудыг хаш­сан гайгүй юм байх гэж бодсон
чинь сая нэлээд бужигнууллаа. Арай биш ээ.

-Улс төрийн карьерын хувьд хаана хүрье гэж бодож бай­на?

-Хүрэх газраа хүрсэн гэж бодож байна.
Хариуцсан ажил явахгүй л байна ш дээ. Ажил явахгүй байна гэдэг чинь чадахгүй л гэсэн
үг биз дээ.

-100 хувь танаас шалтгаа­лаагүй байлгүй дээ. Таныг ээлжийн
амралтаа аваагүй удаж байгаа гэж сонссон. Энэ зун амрах уу?

-Тэр чухал асуудал биш байна аа.

-Чухал ш дээ. Ядаж л сайдын ажлын албаныхан чинь таныг
амрахгүй бол адилхан ажил­лаад  ядрах биш
үү?

-Өвөл амраанаа тэгвэл.

-Зун ажлаа хийх нь ээ?

-Манай ажил чинь зун л оволз­дог.
Тэр үед нь амраад сууж төвдөхгүй л байна. 

-Шатахуунаас болоод замын ажил бүгд зогсчихсон уу?

-Мэдээж, бага зэрэг зогсолт гарсан,
компаниуд алдагдалд орно шүү дээ. Бас л бидний л арчаа­гүйнх. Шатахуунаа өөрсдөө
үйлд­вэрлэхгүй бол хэзээ ч зогсож мэдэх эрсдэл байсаар л байх болно. Замын ажил
зогсох бол юу ч биш, энэ байтугай юм ч байж болно. Би түрүүнд Киргиз гэж хэлсэн.
Хийе бүтээе гэсэн сэтгэл л байх хэрэгтэй..

-Хүн бүрт л сэтгэл зүрх бай­гаа.

-Байгаа бол аль хэдийнээ шата­хууны
үйлдвэр баригдчихсан л байх байсан.

-Ирэх сонгуулиар Ардчилсан нам ялагдвал яах вэ?

-Ард түмэн мэднэ шүү дээ.

-Хамтарсан засаг 
гээд ингээд л хамтраад байх нь зөв үү?

-Том ажлуудаа хийнэ гэж бод­вол хамтрах
л ёстой. Чадахгүй бол хамтрах хэрэг юун. Ажил амжуулах гэж л нийлсэн ухаантай юм
ш дээ,  уг нь.

-Хамтарсан засаг наад зах нь  шатахууны хангалтыг ший­дэж чадахгүй л байна ш
дээ.

-Шийдчих байлгүй дээ. Дандаа л гадаадад
айхтар сургууль төгс­сөн, мэдлэг чадвар нь дэндчихсэн, боловсрол өндөрдсөн гэсэн
улсууд байгаад байдаг ш дээ.

-Боловсрол гэснээс та бо­ловсролынхоо талаар үнэ­нээр нь
зарласан нь сайн имиж болох шиг болсон?

-Хэн зарласан гэж?

-Хэн гэж юу гэсэн үг юм. Та л байхгүй юу. Танилцуулга дээрээ
бичсэн биз дээ?

-Тэгвэл бичсэн гэж хэл л дээ. Зарлах
гэдэг өөр утга. Хүн намтраа үнэнээр нь л бичих ёстой биз дээ.

-Тэр чинь зарлаж байгаа л хэрэг биз дээ?

-Тусгай дунд боловсрол гэж явдаг ш
дээ. (инээв) Үнэндээ дүрс­лэх урлагийн дунд сургууль чинь их өөр шүү. Би бол дотроо
дээд сургуулиас дутахгүй их зүйл тэнд сурсан гэж боддог. Зураач хүн юмыг олон талаас
нь харж, зөв үнэлж, бодитой шийдвэр гаргаж сурдаг. Багш нарын маань ач юм даа.

-Өмд оёдог хэвээрээ юу?

-Одоо тийм зав, гол нь хэрэгцээ байхгүй.
Өмд оёх амархан ш дээ.

УЛС
ТӨРИЙН ХУВЬД, ЭХЛЭЭД ХУУРТАГДАЖ ЯВСАН, ДАРАА НЬ ХУУРАХ АЖИЛД НЬ ОРОЛЦСООН ГЭДЭГ
ШИГ Л….

-Таны хобби юу юм бэ?

-Хобби гэж юм бараг байхгүй болчихлоо
доо, улс төрд орсноос хойш.

-Ер нь бол байсан уу. Машин тэрэг гээд л?

-Байлгүй яахав. Машин тэрэг бол ч
залуу насны л юм. Кино  үзэх дуртай.

-Жишээ нь ямар кино үзэх дуртай вэ?

-Драм энэ тэрд бол дуртай. “Цогт тайж”,
“Сэрэлт”  хэзээ ч хуучирдаггүй сайхан кинонууд. 

-Дэлхийд алдаршсан 
ямар кинонуудад дуртай вэ?

-Мартчихаж. 

-Та тийм ч нээлттэй хүн биш юмаа?

-Хөөрхий, хамаг байдгаараа нээлттэй
байна ш дээ. 

-Улс төрийн хор най­руу­лал­цаж байгаа биз дээ?

-“Энэ хүүхнүүд үү” кинон дээр “Эхлээд
ч хууртагдаж явсаан. Да­раа нь хууралцах ажилд нь оролц­соон”  гэдэг шиг л юм.

-Та нийтлэл бичдэг үү, эсвэл бичүүлдэг юм уу. Нэг удаа
“Санаагаа хэлээд би­чүүл­дэг” гэж ярьсан санагдана.

-Би санаагаа өгдөг. Хуучны кинонуудаас
санаа аваад хоо­рондоо яриад  бичдэг юм. Хуучны
кинонуудын ёгт утгууд лут шүү дээ. Тэр үеийн Улс төрийн товчооны цензурыг давж гарна
гэдэг бол их ухаан юм даа. Хүмүүс тэрийг ерөөсөө мэддэггүй. Ванган, Жиг­жид гуай…
тэр хүмүүс “аймаар” агуу байсан л байхгүй юу.

-Ойрд бичих санаа байна уу?

-Өөрсдийгөө муулах санаа бол их байна
даа.

-Зурж байгаа юу?

-Хааяадаа жаахан юм са­раач­на аа.

-Таны зураг ямар төрөлд нь багтах вэ?

-Зураасан зураг.

-Хэвлэлээр таныг гэр бүлийн чинь талаар янз бүрийн юм бичдэг.  Хүмүүс ч ярьдаг. Олны уг ортой гэдэг байх аа?

-Энэ тийм чухал уу?

-Чухал биш гэхэд со­нир­хол­той ш дээ?

-Яах юм бэ, хувийн амьдралаа дэлгэж.
Хэвлэлд гарсан хэмжээгээр нь л ойлгочих. Хэвлэлийнхэн   ажлаа хийж байгаа  нь тэр юм байлгүй.

-Би ч гэсэн ажлаа хийгээд л танаас асууж байгаа юм.

– …

-Таныг олигархи гэх нь бий?

-Саяын Гал үндэстнийхний судалгаанд
би ороогүй байна лээ ш дээ. /инээв/. Сонгодог утгаараа олигархи Монголд байхгүй
ээ.  Нэг байгаа. Баянхонгорын гаралтай нэг
нөхөр. Тодорхой улстөрчдийг хөлсөлчихсөн, байнга тэжээж, тэтгэж, ашиглаж байдаг.

-Та нутгийнхаа тэр нөхөртэй байнга  сөргөлдөх юм аа?

-Тэгж л хараад, яриад байгаа болохоос
надтай, надгүй улс орон гэж байгаа. Улс гэж байгаа цагт нийтийн эрх ашигт нийцсэн
бод­лого, түүний дагуу стратеги байх ёстой. Монгол Улс, Монголын ард түмний эрх
ашгийг нэгдүгээрт эрэмблэх зарчмыг хаана ч хэзээ ч орхигдуулж болохгүй байх аа..

-Ярилцлага  өгсөн
танд баярлалаа.

Categories
редакцийн-нийтлэл

МАНАН-гаас тодорсон Н.ЭНХБАЯР

Д.ЗОРИГТЫГ ЗОЛИГТ ГАРГАХ БҮТЭЛГҮЙТЭЛ

Төрийн ордон гадна доторгүй савчаантай. Гадуур нь “Гал үндэс­тэн”-ийхэн морьтойгоо шаардлага барьж давхиад Чингэсийн үеийг дахин сэргээхдээ тулав. Харин Төрийн ордны дотор үйл явдлууд өрнөж байна. Сонгуулийн хууль, Засгийн газрыг унагах   янз бүрийн хувилбартай улстөржилт, эрх ба­ригч намуудын дотоодын зөрчил тэмцэл, албан тушаалын амбиц гээд ер юу эс болохов. Саяхан АН-ын гурван гишүүн болох С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар  Д.Зо­ригт сайдыг огцруулах санал оруул­сан ч бүтэлгүйтэв. Санал оруулсан болж ингэж жүжиглэх нь зөвхөн өөрсдийнхөө пиарыг л хийх гэсэн оролдлого гэж нэг хэсэг нь хардаж  байгаа. Тэдний энэ сана­лыг улстөржилт гэж харах хүн олон. Зориуд хамгийн залууг нь барьж авч байна. Цаагуураа Засгийг  хөдөлгөх гэсэн оролдлого гэж тэд үзэж  байгаа юм.

Удирдах зөвлөл  дээр нэгэнт огцруулахгүй гэдгээ тохирсон уч­раас дээрээ удирдлагын заавартай шийдвэрийг МАН-ын гишүүд да­гахгүй гээд яахав. Ингээд л кноп­чины ажил хийж нийтээрээ Д.Зориг­тыг авч үлдлээ гэж дургүйцэх МАН-ын гишүүд  бас байна.  Ер нь тэгээд МАНАН байгаа цагт ганц нэгээр нь ингэж сугалах гэсэн оролдлого бүтэхгүй юм байна. Тэгээд эрх барьж байгаа намын сайдыг цөөнх болоод Засгийн газарт хамтарсан намын гишүүд огцруулна гэдэг нь өөрөө утоп санаа. Гэхдээ ийм санаануудыг гаргах боломж нь УИХ-ын тухай хуулинд байдаг болохоор яая гэхэв.

Аль ч Засгийн газрыг огцруулах сонирхол байнга л явж байдаг.  Энэ удаа Засгийн газрыг унагах со­нирхолтнууд  урсгалаар нь явуулж байгаад намраас дахин оролдож эхэлье гэж ярьсан байх юм. Энэ бол угаас байж л байдаг зүйл. Учир нь албан тушаалгүй хоцорсон хүмүүс албан тушаалтай болохыг хүсэл­гүй л яахав. Ийм хүмүүс МАН-д ч байгаа. АН-д ч байгаа. Харин МАНАН-гаас АН-ыг гаргах сонир­хол Ардчилсан намын жирийн ги­шүү­дийн дунд бүр их яригдах бол­жээ. Дайны хажуугаар дажин гэг­чээр элдэв асуудлаа яая гэж байхад нь АН-ынхнаас гадна өөрийнх нь намынхан янз бүрийн бор шувуу нисгээд Ерөнхий сайд С.Батбол­дыг амраахгүй байгаа аж. Тухайл­бал нарийн бичгийн дарга У.Хүрэл­сүхийг намын даргад зүтгэх нь гэж ярьж эхэлжээ. Намын дарга, Ерөн­хий сайд хоёрыг салгаж на­мар Засгийн газрыг унаган Ерөн­хий сайдад Н.Энхболдыг зүтгүүлнэ гэсэн мессэж ч МАН-ын зарим улстөрчдийн хүрээнд таржээ. Хэн нь хэн байхав гэдгээс илүүтэй МАНАН-г сарниах төлөвлөгөө бол   хаа сайгүй л яригдаж байгаа сэдэв. Гэхдээ МАНАН-г МАНАН л сарниах  болов уу. МАН-д ч , АН-д  ч Засгийн газрыг огцруулчих сонирхолтнууд бий. Ялангуяа сонгууль дөхөж байгаа энэ цаг үед. Тэртэй тэргүй ирэх сонгуульд нэгдэж орох гээгүй л юм бол салж сарних цаг нь болсон. Энэ Засгийн газар уул уурхайг эргэлтэд оруулах, Үндсэн хуулийг өөрчлөх, Сонгуулийн хуу­лийг өөрчлөх зорилготой л байсан биз дээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулиа баталсан. Одоо Үндсэн хуулийг өөрчлөх хугацаа энэ парламентад байхгүй. Өөрч­лөлт оруулах хуулиа баталчихсан хойно одоо болоо ш дээ. Уул уурхайг эдийн засгийн эргэлтэд зөв,  буруу  аль нь ч бай оруулчих­лаа.  Сонгуулийн хуулийг батлахын хувьд заавал Хамтарсан засаг байх албагүй. Угаасаа намуудын эрх ашгийг хөндсөн хууль намын бүлэг дээр л шийдэгддэг шүү дээ. Засгийн газрын оролцоотой орол­цоогүй. Энэ нь хоёр нам хамтраад засаг бариад цааш явах нь улс төрийг улам л увайгүй,  ичгүүргүй болгож хувиргана. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн өгсөн ярилц­лагаас харахад ялангуяа МАН-ын гишүүд АН-ынхаа гишүүдэд хойд эцэг мэт хандаж эхэлж байна. Энэ нь Ардчилсан намыг нийгэмд өөрийгөө авч явж чадахгүй балчир хүүхэд мэт харагдуулж байгаа. 

Улмаар Ардчилсан нам сон­гуульд орох санал авах боломжоо  өдөр хоногоор МАН-д алдаад байна гэсэн үг. Энэ нь МАН-д  ашигтай болохоос АН-д хамгийн хортой үзэгдэл. Хэрэв хамтраад цаашид ингэж удаан явбал улс төрийн гуравдагч хүчинд боломж олгоно. Яг ийм нөхцөлд 1933 онд Гитлер Засгийн эрхэнд гарч ирсэн. Том хүчнүүд үг хэлж чадахгүй дор­витой сөрөг хүчингүй байсан нь захын нэг нацистыг  төрийн эрхэнд гарах боломжийг олгосон шүү дээ. Нийгэмд сөрөг хүчингүй болохын аюул нь нийгмийн тогтолцоог өөрч­лөх сэдлийг төрүүлдэг. Учир нь иргэд 76 мангуу гэж ярих нь их болсон. Энэ нь парламентын за­саг­лалд итгэхээ байсны эхний шинж тэмдэг. Цаашлаад нийгмийн сэтгэхүйг Ерөнхийлөгчийн засаг­лал руу түлхэж буй буруу  хандлага юм.

БУЦАЖ ИРСЭН Н.ЭНХБАЯР

“Сант
марал”-ын судалгаагаар “Хамгийн нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь улс орныхоо улс төрийн амьдралд оролцоосой гэж хүсдэг вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчид  Ерөнхийлөгч  Ц.Элбэг­дорж, Ерөнхийлөгч асан Н.Энх­баяр хоёрт олонхи нь санал өгчээ. Нэг үгээр хэлбэл дээрх хоёр хүн бусад улстөрчдөөсөө хол тасар­хай гарч иржээ. Одоо ажлаа хий­гээд яваа Ц.Элбэгдорж олон ний­тэд үнэлэгдсэнийг нь ойлгож болж байна. Харин улс төрөөсөө жийгд­сэн Н.Энхбаяр өндөр рейтингтэй яваа нь яах аргагүй анхаарал татаж байна. Манай ард түмэн чинь өрөвчхөн сэтгэлтэй улс. Цагтаа цалгиж явсан Н.Энхбаярыг нам нь,  нөхөд нь жийгээд эхлэхээр өрөв­дөж хайрласан байх талтай.     Ямар ч байсан Н.Энхбаяр эргэж ирж байгаа юм байна гэж энэ судалгааны дүнгээс харлаа. Сал­гаад авсан МАХН-ыг нь зөвшөө­рөхгүй байлаа гэхэд  бие дааж нэр дэвшээд ч ороод ирж мэдэх хүн.

“Баатарцогтын нагацыг бага үнээр банжаа юу даа” гэдэг шиг Н.Энхбаярыг басч болохгүй ээ. Цаадах чинь ирж яваа юм байна. Гараад ирлээ гэхэд нэг суурин дээрээ сууна гэж байхгүй. Заавал л ахина. Тэгээд өндийгөөд ирвэл нь нөгөө урвасан нөхдүүд одоо ер нь яанаа.  Тэр нөхдүүдийн заримыг нь гадны биеэ үнэлэгчдийн өврөөс  гаргаж  ирээд ч өөд нь татаж явсан үе бас бий. Хүний тусыг огт үгүйсгэ­вэл хүн чанаргүй л юм болно шүү дээ, МАН-ынхаан. Цаадах чинь ингээд нэг өндийчихвөл ч  өшөөгөө харин ч нэг сайн авах байх шүү.   Н.Энхбаяр өөрийнхөө хүчээр тө­рийн өндөр суудлуудыг зайдалж байсан. Монголчууд төрт ёсны уламжлалтай ард түмэн. Хачир­халтай нь ард түмэн өнөөдөр Н.Энхбаярыг эрх баригчид шиг зүхэхгүй байгаа. Н.Энхбаяр дахин орж ирэх орон зай бий. Судалгаа угаас Н.Энхбаяр сайндаа биш,  намууд муу учраас тэгж гарч  байгаа юм. Түүний гарт дахиад олон том хөзөр бий. Өнөөдөр МАН-аас МАХН-ын нэрийг нэхэх эрх  Н.Энх­баярт байна. Хамтарсан засгийн газраас үр дүн шаардах эрх мөн л Н.Энхбаярт бий. Хам­тарсан Зас­гийн газар хэдэн хүнийг баяжуулж хэдийг ядуу болгосныг тооцоод зарлачих чадал мөн л түүнд бий. Өнөөдөр тэрээр гудманд гарснаа­раа сөрөг хүчний хэм­жээлш­гүй эрхийг эдлэх боломжтой болсон. Ирэх УИХ-ын сонгуулиас долоо хоногийн өмнө тавьсан долоон асуулт нь түүнийг парла­ментад намын бүлэг байгуулах хангалттай боломж олгоно. Хам­тар­сан Зас­гийн газрын жижиг алдаа Н.Энх­баярын нүдээр харвал хангалттай том алдаанууд болж хувирна. Энэ бүхэнд МАНАН хариу өгөх ямар ч чадалгүй сон­гуульд орно. Харин МАНАН хуга­цаа ал­далгүй сарни­сан тохиол­долд Н.Энх­баярын өнгө бүдгэрч эрх баригч намуудын өн­гийг ард түмэн сонирхох болно.

 
МАНЫН ТОЛГОЙНЫ ӨВЧИН БУЮУ СОНГУУЛИЙН ХУУЛЬ

Уг нь аль, аль намын хувьд Сонгуулийн хууль толгойны өвчин мөн. Тэр тусмаа Сонгуулийн хуу­лиас болж хамгийн их толгой нь өвдөж шаналж буй нам бол МАН.   Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын дарга нартай уулзаж Сонгуулийн хуулийн талаар ярилц­жээ. Ерөнхийлөгч намын дарга нараас аль хувилбараар явуулах нь дээр гэж бодож буйг нь асууж. Ихэнх нь холимог хувилбарыг дэмжиж байна гэнэ.  МАН ч холимог хувилбарыг байж болох юм гэж. Харин тооны харьцаа ямар байхыг тодорхой хэлж мэдэхгүй байна гэж МАН-ынхан хэлсэн гэнэ. Одоо яригдаад байгаа 26:50 гэсэн хувил­барыг шууд авлаа гэхэд УИХ-д  байгаа дөчин хэдэн гишүүнээ алийг нь гэхэв. Заримыг нь жийлээ гэхэд МАХН-аас очоод нэр дэвших ч юм билүү. Зарим эх сурвалжийн ярьж байсанчлан МАН Н.Энхбаяртай­гаа учраа олно гэдэг бол лөөлөө бол­сон бололтой юм. Тиймээс эцсээ хүртэл Н.Энхбаяртайгаа үзэж тарж байгаад л  дуусах юм байх. Гэхдээ Н.Энхбаяраасаа айж байгаа нь бол илт. Хөдөөгөөр явуулсан нууц судалгааны сураг сонсдох болсон.

МАН, МАХН хоёр
бараг л ижил тэнцүү хувь авсан байх аж. Үнэндээ энэ хоёр
нэрийг ялгахаа
байсан юм билээ. Тэгэхээр Сонгуулийн хуулиа Н.Энхбаяртаа тааруулж хийх хэрэг гараад байдаг. Н.Энх­баярын МАН-д учруулах хамгийн том аюул бол МАХН гэсэн үсэг ч
биш, одоо дагаж далдаганаж байгаа улсууд нь ч биш. Харин Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс болж түүн рүү хөрвөж чадах МАН-ын парламентад бай­гаа арваад гишүүн. Ямар ч
тохиол­долд дээрх гишүүд МАН-д
Н.Энх­баяраас хэд дахин илүү хохирол учруулж чадах бөгөөд Н.Энхбаяр­тай нэгдсэн тохиолдолд МАН-ын хувь заяа бүрхэг болно.