Categories
мэдээ цаг-үе

Лхагвасүрэнгийн Хасар: Аавтайгаа байсан хорвоод илүү эрхэлдэг байсан


Бавуугийн Лхагвасүрэн хэмээх их найрагчийн хүү Хасартай ярилцлаа. Найрагч тэнгэрт одохынхоо өмнөх өдөр хоногуудыг Хасар хүүгийндээ өнгөрүүлж, туурвиж бүтээсээр байж. Хасарын ажлын ширээний дээд талд хананд өлгөсөн жаазанд их найрагч Б.Лхагвасүрэнгийн хүн болж төрөөд анх өмссөн баривч харагдана. Баривчны ар талд хүйг нь хийсэн дөрвөлжин халаас байх юм. Ээжийнх нь урласан тэрхүү баривчны хажууд даахьтай уут, өлгийний суран бүс, анх хүн болж унахад нь угаал үйлдсэн цайнд чанасан шаантны яс зэргийг зэрэглэн өлгөжээ. Номын сан нь номоор дүүрэн, эмх цэгц, цэгцгүй байдал хамтдаа ноёлно. Номын сангийн үүдний хананд найрагчийн томоос том хөрөг өлгөөстэй. Гартаа өнөөх л янжуураа хавчуулчихсан чимээгүй ширтэнэ.


-Аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжаасаа хуваалцаач…

-Миний хүүхэд нас, аавтайгаа өнгөрүүлсэн тэр хугацаанд миний аав надаар дүүрэн байсан. Харин өнөөдөр хамгийн том хоосон орон зай надад үлдсэн. Энэ хүний үр болж төрснөөрөө хүний эдэлдэг жаргалыг арав дахин илүү эдэлсэн. Хүний зовдог зовлонг арав дахин илүү эдэлсэн.

-Илүү жаргал эдэлснийг бол ойлгож байна. Бавуугийн Лхагвасүрэнгийн хүү байхын зовлон юу байсан юм?

-Миний аав хүмүүсийн хувьд бол яруу найрагч, уран бүтээлч хүн. Миний хувьд бол аав л байсан гэдгийг хүмүүс ойлгодоггүй байхгүй юу. Тэр нь хамгийн зовлонтой байдаг. Би аавыгаа агуу яруу найрагч гэж харж байгаагүй. Би аавыгаа л гэж хардаг байсан. Харин агуу их нэр хүнд аавын минь үүрч явсан том ачаа. Манай гэр бүлд ч хүчтэй нөлөөлж байсан. Миний хүүхэд насыг ч булаасан юм шиг надад санагддаг.

-Танд эвгүй санагдаж магадгүй л дээ. Аавгүй өнгөрүүлсэн өдөр хоногууд ямар байсан бэ?

-Хүний амьдрал жамын өмнө сөхөрдөг юм болохоор яалт ч үгүй жам ёсыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүү дээ. Аавтайгаа байсан хорвоод илүү эрхэлдэг байсан. Харин одоо би хэн нэгнийг хайрлаж, хэн нэгний төлөө амьдрах ёстой гэж боддог болсон. Миний аавд хамгийн сайн сайхан юу байсан тэрийг илүү олж харж, тэрийг хүмүүст хүргэж өгөх юмсан гэсэн үзэл санаа илүү түлхүү төрдөг болжээ. Ер нь хүний амьдралын дотор хамгийн чухал юм юу юм гэж хүмүүс хайдаг. Ертөнцийн хамгийн үнэ цэнэтэй зүйлийг хаанаас олох вэ гэвэл тэр оршиж байсан ухаант өвгөдийн үлдээсэн өвөөс нь хайх ёстой юм болов уу гэж сүүлийн үед боддог болсон.

-Та Болор цомын эзэн болж байсан. Аавын чинь авьяас билэг удам дамжиж ирсэн гэсэн үг үү, хүмүүс алдартай хүмүүсийн үр хүүхдээс аав, ээж шигээ байхыг шаардаад байдаг шүү дээ…

-Хүмүүс ихэнх тохиолдолд авьяас билэг гэж ярьдаг байх. Харин аав минь надад өгсөн хамгийн том бэлэг бол надад мэдрэмжийг өгсөн. Хүнийг ойлгохыг, мэдрэхийг, жаахан юмыг их болгож ургуулж бодохыг надад өгсөн. Би энийгээ миний хамгийн үнэтэй юм гэж боддог. Би өөрийгөө маш баян хүн гэж боддог. Яагаад гэвэл хүмүүсээс хэд дахин илүү мэдэрч, хэд дахин илүү шаналж, хэд дахин илүү жаргаж чадна. Тэр мэдрэмжийг би ааваасаа өвлөж авсан болохоор энэ бол миний аавын надад өгсөн хамгийн том бэлэг.

-Болор цомын тайзан дээр та шүлгээ уншаад л, аав тань шүүгээд л, дараа нь та түрүүлээд л. Тэгэхэд нэлээд хэл ам гарч байсан даа…

-Би бие хүн. Ааваас өөр тусдаа бодгаль гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Тэр нь надад илүү зовлон авчирдаг. Монгол орноо онож унасан, эцэг эхээ олж төрсөн нь миний буруу биш байхгүй юу. Харин би аавыгаа өнгөрсний дараа аавтайгаа байж байсан тэр цаг хугацаа зөвтэй ч бай, буруутай ч бай миний аз жаргал гэж боддог болсон.

-Яруу найрагчийн хувьд аавынхаа хэр хавьд нь байх уу?

-Би яруу найрагч ч гэсэн аавынхаа хамгийн эрх, хайртай хүү нь байсан. Би яруу найрагч аавынхаа хамгийн эрх хүүхэд чигээрээ үлдмээр байна. Аавтай харьцуулахад би аавын эрх л хүүхэд байгаа биз дээ.

-Аавынхаа номыг хэвлүүлсэн гэсэн…

-Одоогийн байдлаар “Морин зэрэглээ” гэсэн нэртэй номыг нь хэвлүүлсэн. Яруу найраг их чухал урлаг л даа. Яруу найраг бол уран зохиолын охь нь. Уран зохиол гэдэг маань өөрөө монгол хэлний өгүүлбэр зүйн дэс дараа, монгол хэл бичгийг хамгаалж байдаг хамгийн үнэтэй зүйл. Тэр тусмаа энэ яруу найрагч, зохиолч хүмүүс бол монгол хүний сэтгэлгээг гартаа атгаж байгаа хүмүүс. Тийм учраас аавын минь насаараа зүтгэсэн яруу найраг үнэ цэнэтэй байгаасай, яруу найрагчийн өөрийн бүтээдэг урлан гэж юу байдаг вэ, яруу найрагч гэдэг хувь хүмүүс ямар байдаг вэ гэдгийг илүү харуулахын тулд өөрийнх ноорог бүтээлүүдийг хамт багтаасан 15 боть ном гаргахаар санаачлаад байна. Одоогийн нөхцөлд ном гаргахад хэвлэлтээс авахуулаад олон асуудал бий. Тэр асуудлыг шийдээд 15 боть номыг нь нүүр дүүрэн гаргана даа.

-Та өөрийнхөө номыг гаргахгүй юм уу?

– Шүлгийн номоо гаргах санаатай. Хүмүүс шиг өглөө оройгүй хөглөгдөөд шүлэг бичээд байж чадахгүй юм даа. Хайж эрэлхийлж зовж, зовж бүтээсэн ганц номоо хэвлэлтэд бэлдэж байна. Цаад тал нь ирэх жилийн хавар гэхэд гаргах санаатай.

-Онгод орно гэж яруу найрагчид ярих юм. Тийм юм байдаг юм уу. Гэснээс аав тань уран бүтээлээ хийгээд, шүлгээ бичээд сууж байхдаа танд яг ямар дүр төрхтэй харагддаг байв?

-Хүмүүс яруу найраг, утга зохиолыг бөө шиг л гэнэт онгод орж ирдэг гэж бодох юм. Миний бодлоор яруу найрагчид нэг мөр, нэг үг тавих гэж маш олон хоног шаналж, зовж явдаг. Нэг талын гоё зовлон. Яруу найраг гэдгийг гэнэтийн юм гэхээсээ илүү, бодсон, тэрнийхээ төлөө шаналж зовж бүтээсэн үнэ цэнэтэй зүйл байгаасай гэж би их боддог юм. Гэнэтийн юм, хөнгөн бодсон юм битгий байгаасай гэж хүсдэг дээ. Тэрнээс биш ханасан бодол хүнд өөрөө гэнэт сэрэх тохиолдлууд байдаг л даа. Тэрийг бас үгүйсгэж болохгүй.

-“Антимир” гээд яруу найргийн наадам болох гэж байгаа гэсэн.

-Арваннэгдүгээр сарын 23-нд аавын нэрэмжит яруу найргийн наадам хийх гэж байна. “Антимир” гэдэг нь Ертөнцийн эсрэг гэсэн утгатай. Уран зохиолд ямар хэлбэр, ямар чиглэл зонхилж байна, хүмүүс ямархуу хэлбэртэй бичиж байна гэдгийг тайлагнаж байх нь уран зохиолд их чухал юм. Тэрнээс биш заавал нэг нь түрүүлээд л, заавал нэг нь манлайлдаг байх нь ямар юм бол доо. Өнөөдөр таны энэ уншсан шүлэг гоё байлаа шүү гэдэг нэг тийм үнэлэмж тэр наадам дээр байгаасай гэж хүсч байгаа юм. Одоогийн байдлаар бэлтгэл ажилтай явж байна.

-Нийтэд зарласан уу, хэдэн яруу найрагч оролцох юм?

-Зарласан. Гучин яруу найрагч оролцоно. Зохиолчдын хороон дээр арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл шүлгүүд хүлээн авч байна. Тэр дундаасаа гучин яруу найрагчийг сонгоод оролцуулах юм. Энэ наадмыг түрүү жил хийх гэж байгаад корона гараад хорио цээрээс болоод хойшилсон. Уг нь арваннэгдүгээр сарын 25-нд аавын минь төрсөн өдөр. Тэр өдрийг угтаж, бэлэг болгож хийж байгаа юм. Хамгийн гол нь тэр өдөр яруу найрагчид маань баяр баясгалантай байгаасай, тэд минь баярлаасай гэдэг хүсэл надад байна даа.

-Ээжийнхээ тухай яриач. Яруу найрагчийн гэргий ямар хүн байдаг юм?

-Яруу найрагчийн гэргий байна гэдэг чинь агуу хувь тавилан. Агуу их зовлон, жаргал шүү дээ. Би яруу найрагчдын гэргий нараар их бахархдаг. Яагаад гэвэл хүний ертөнцөд байж болох сайн, муу бүх юмыг тэвчиж, тэрийг хараагүй юм шиг сууна гэдэг бол хамгийн хүнд даалгавар байж магадгүй.

-Ээж нь одоо хэнтэйгээ байдаг юм?

-Бага дүүтэй хамт амьдарч байгаа.

-Ааваас нь хойш сэтгэл санаа нь ямар байх юм?

-Миний аав хүүхдүүддээ их онгог хайртай хүн байсан. Хэрвээ хүн мөнх амьдрах боломжтой байдаг байсан бол хэзээ ч хүүхдүүдээ орхиж үхэхээргүй тийм их онгог хайртай байсан. Өөрөө хүний ганц хүү болоод ч тэр үү. Аргагүйн эрхэнд ижийг минь хүүхдүүдээ харж байгаарай гэж үлдээсэн юм шиг л бөртийтөл үлдээж дээ. Хүний тавин жил ханилсан ханийн орон зай гэдэг бол их хэцүү шүү. Ижий минь сэтгэлийн хаттай, тэвчээртэй. Эмэгтэй хүн болохоороо л энэ бүхнийг давж туулдаг байх. Ижийгийн минь уйлах инээх нь хүртэл аавын минь тухай дурсамжуудтай л холбоотой байдаг. Тэр бүхнийг харахаар би ижийгээ их өрөвддөг.

-Аавын тань бие чилээрхээд нэлээд удсан. Тухайн үед үхэл ойртож байгааг мэдсэн байж магадгүй. Хүүхдүүддээ ямар нэгэн байдлаар захиж хэлсэн үг бий юу?

-Би аавыгаа их өнгөцхөн дүгнэдэг байж гэж хожуу бодож байгаа юм. Миний аав яруу найрагч, зохиолч хүн байсан боловч яг үнэндээ бусад хүнд хайр мэтгэж өгдөг хүн байж. Хожуу ингээд аавын шүлэг, бүтээлүүдийг ном болгож хэвлэлд бэлдээд байж байхдаа тэнд маш их олон юмыг захиж үлдээсэн юм шиг санагдсан. Аав минь бидэнд захиасаа өдөр тутам л хэлж байж. Үг болгон нь захиас байж.

-Аав тань яагаад Хасар гэдэг нэрийг өгсөн юм бол?

-Манай гэр бүлд хамгийн богино нэртэй нь би шүү дээ. Манай ах,эгч нар гэхэд л Огторгуйндалай, Үүлэнсолонго, Саранхөхөө, Эрмүүнзаяа гээд л. Надад л ганцхан таван үсэгтэй Хасар гээд нэр өгчихсөн юм.

-Та хэд чинь аав ээжээс хэдүүлээ юм бэ?

-Дөрвөн ах, хоёр эгч, нэг дүүтэй. Би айлын долоо дахь хүүхэд шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Сүхбаатар: Дарга дагасан төсөв болоод байна гэж олон жил ярьж байна. Сангийн сайд тэрийгээ өөрчлөхгүй, томьёо л яриад байх юм

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.


-Өнгөрсөн пүрэв гаригийн чуулган дээр нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлаар Сангийн сайд руу хандаж их л ууртай үг хэллээ. Тэгтлээ уурсах юу болов?

-Төсвийн асуудал дээр би өөрийн байр сууриа жаахан чанга илэрхийлсэн хэрэг. Илэрхийлэхээс аргагүй байдал үүслээ л дээ. Энэ онд нийслэлийн төсвийн орлогоос улсын төсөвт татан төвлөрүүлэх орлого нь 319 тэрбум.

Энэ жил тодотгол хийгээд нэмчихсэн шүү дээ. Гэтэл ирэх оны улсын төсөвт нийслэлээс татах орлого нь 420.6 тэрбум болоод өсчихсөн. Зуу гаруй тэрбумаар. Энэ бол үндэслэлгүй, бодитой биш байна.

-Яагаад?

-Энэ онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёрдугаар сараас аравдугаар cap хүртэл, хүн амын орлогын албан татварыг дөрөвдүгээр сараас аравдугаар cap хүртэл чөлөөлчихсөн шүү дээ. Одоо нийслэлийн татварын орлогын явц 57, 58 хувьтай л явж байна. Аравдугаар сарын эцсийн байдлаар үндсэндээ нийслэлийн төсвийн орлого 340 тэрбумаар тасарчхаад явж байгаа.

Ийм байхад ирэх жил байдал сайн сайхан болох юм шиг зуу гаруй тэрбумаар нийслэлээс төсөвт татах орлогыг нэмлээ. Энэ жилийнхийгээ нийслэл чинь даахгүй байна.

Сангийн сайд Төсвийн байнгын хороон дээр хэлсэн зүйл бол “Орлогоо дутуу тооцоод байна. Өнгөрсөн он жилүүд….” гээд л ярьсан. Би өнгөрсөн он жилүүдийг яриагүй. Энэ он, дараагийн оныг ярьж байна. Энэ оны төсөв бол ковидын төсөв байлаа. Ирэх оны эхний хагас жил ковидын нөхцөл байдал үргэлжилнэ гэж тооцсон.

Тэгэхээр ирэх жилийн төсөв мөн ковидын үеийг харгалзсан төсөв байх нь. Гэтэл яагаад нийслэлээс татах орлого нэмэгдэх ёстой гэж үзэж байгаа юм. Дээр нь дэд төвүүдийн асуудал байна.

Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дарь-Эх, Шар хад гээд л. Энэ олон дэд төвүүдийн хүрээнд газар чөлөөлөлт, дэд бүтцийн байгууламжуудыг шинэчлэх ажил гээд Улаанбаатарын хөгжлийн суурийг бий болгох залгамж ажлууд явах ёстой. Үүний 220 сая долларыг гаднынхан санхүүжүүлж байгаа. Манайх зуугаад сая долларыг нь санхүүжүүлэх үүрэгтэй. Тэр мөнгө бас байхгүй. Улсын төсөвт угаасаа тусгагдаагүй.

Нийслэл энийг үүрэх ёстой болж байна. Хэрвээ үүрэхгүй бол тэр дэд төвүүдийн ажил зогсоно.

-Та нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд ингэтэл их санаа тавьж, хилэгнээд байгаа юм уу?

-Нийслэл гэдэг чинь дүүргүүдийн нийлбэр. Хот гэдэг нэг амьтай. Хотын онцлог нь бол бие биеэсээ аж ахуй, эдийн засаг, нийгмийн хамааралтай нэг том айл.

Энэ айлд чинь энэ бүхэн шууд нөлөөлж байна. Түрүүнд хэлсэн. Хот тохижилтын орлогыг ингээд тавьчихаар нийслэлийн орлого тасалдсан. Цаашаа орлого дээр төвлөрүүлэх юм нь газрын төлбөрийн орлогыг нь нэмээд тооцчихсон.

Үл хөдлөх хөрөнгийн татварынх нь орлогыг нэмээд тооцчихсон. Гэтэл түрээслэгчид, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа хүмүүс ямар хэцүү байгаа билээ. Ирэх жил тэрийг нь нэмж авч болохоор шахчихсан байгаа. Тэр байтугай хүү, торгуулийн орлогыг нэмээд тооцчихсон. Олон тэрбумаар.

Жишээ нь зөрчил, гэмт хэрэг буурах ёстой гэж тооцох ёстой болохоос нэмэгдэнэ гэж ажиллах нь байна. Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулаад шууд торгодог байдлаас зайлсхийж, урьдчилан сэргийлэх, сануулах хэлбэр л үү оръё гэсэн бодлого УИХ-д байгаа.

Угтаа зөрчлийн тоо буурах ёстой биз дээ. Гэтэл шууд автоматаар нэмэгдэнэ гээд тооцчихсон. Тэгээд томьёо гэж яриад байх юм. Яах вэ, улсын төсөв дээр томьёо байх ёстой. Гэхдээ тэр томьёо юун дээр үйлчилж байна вэ.

Өнөөдөр улсын төсөв дээр дарга дагасан төсөв болоод байна гэж ярьж байгаа. Энэ яриа олон жил явж байна. Зарим аймгууд дээр яаж тавигдаж байна. Юунд зориулагдаж байна. Энийгээ өөрчлөхгүй байж, Сангийн сайд томьёо л яриад байх юм.

Саяны тайлбар дээр миний сэтгэл дундуур байгаа юм нь нийслэл хотод оруулж байгаа хөрөнгө оруулалт бол бусад аймагтай харьцуулшгүй их. Улсын төсвийг та нар хар. Гадаадын зээл тусламжаар хийж байгаа төслийг хар.

Тэр дотроо цэвэрлэх байгууламж эд нарыг оруулж яриад байгаа. Гэтэл аймагт ч бай, Улаанбаатар хотод ч бай хийгдэх ажлыг хоёр хуваах ёстой. Нэг нь төр засгийн хүлээх үүрэг. Улсын чанартай ажлууд.

Нөгөөдөх нь орон нутгийн чиг үүрэг, орон нутгийн хийх ажил. Бид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байна. Энэ дээр зааглах заалтуудыг оруулна. Улаанбаатар хотод хийгдэж байгаа ажил болгоныг нийслэл хотын хөрөнгө оруулалт гэж бодож болохгүй.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль чинь буцчихаа биз дээ…

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ажлын хэсгийн би өөрөө ахалж байгаа.

Анхны хэлэлцүүлэг дээр нь нэгдсэн чуулганд оруулах гэж байгаад “Орон нутгийн сонгууль ойртоод улстөржсөн юм болоод байна. Эргэж нэг харъя” гээд байнгын хороо руу нь буцаасан. Бид ирэх долоо хоногоос энэ хуулийн ажилдаа ороод явна.

-Энэ хуулийн гол өөрчлөлтүүд нь юу байх юм?

-Төв орон нутгийн чиг үүргийг анх удаа зааглах оролдлого хийх юм. Юуг нь төв засаг, орон нутаг хамтарч хийх юм. Юуг нь орон нутаг дангаараа хариуцах юм. Хуучин бол Төсвийн хуульд заачихсан үйлчилгээ маягаар төсвийн бүтээгдэхүүнээр нь жагсаачихсан байсан. Энэ нь амьдралд нийцэхгүй байсан юм.

Улс орнуудын жишиг, Монголын дотоод онцлог, өнгөрсөн сургамжаа харгалзаад энийгээ цоо шинээр харах ёстой болсон. Бид нар чинь сумын түвшинд хийх ажлыг аймаг, улсын түвшинд яриад л байдаг. Цаашдаа энэ хууль гарчихвал улсын төсөв дотор хүүхдийн тоглоомын талбай мэтийн асуудал нийслэл, дүүрэг, аймгийн төсөвт суудаг болмоор байгаа юм.

-Сонгуулийн өмнө энэ хууль орж ирэхэд Ардчилсан намын бүлэг эсэргүүцээд л байсан.

-Дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргыг нэр дэвшүүлэх хурлын үйл ажиллагаанд Ерөнхий сайд хутгалдан орох гээд байна гэдэг асуудлаас болсон юм.

Тэр нь Ерөнхий сайд аймаг, нийслэлийн засаг даргыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлэхэд хурлын төлөөлөгч юм уу бүлэг нь дэвшүүлнэ шүү дээ.

Өөрөө томилоход оролцдог мөртлөө намын бүлэг, хурлын төлөөлөгчтэй зэрэгцээд тэр шатанд нь “Би энэ хүнийг нэр дэвшүүлэх гэж байгаа, та нар дэмжээч ээ” гэж санал гаргах эрх олгох тухай асуудал байсан. Үүнийг “Нутгийн өөрөө удирдах ёсыг устгах гээд байна. Дээрээс нь бүхнийг хянах гээд байна” гэцгээсэн.

Бид бодохдоо цаг үеийн шаардлагыг харгалзан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж байхад ч гэсэн аймаг нийслэлийн Засаг даргын түвшний хүмүүсийг томилохдоо энэ бол улсын түвшний бодлого хэрэгжүүлэх орон зай учраас Ерөнхий сайдын бодлого томилгоондоо илүү тусгая гэдэг юм яриад өөрчилж чадаагүй.

Одоо яаж байна гэхээр байгаа энэ Засаг дарга нар чинь нэг талаас хурлын гүйцэтгэх байгууллага, нөгөө талаас Засгийн газрын төлөөлөгч гэсэн хоёр эзний нэг зарц болчхоод байхгүй юу.

Хариуцлага тооцох гэхээр заримдаа хурлын шийдвэр биелүүлж байгаа хүн гээд байдаг, заримдаа би Засгийн газрыг төлөөлж байгаа хүн гээд байдаг. Энэ асуудлууд дээр байгаа хуулийнхаа нөөц боломжийн хүрээнд ер нь дээд шатны Засаг дарга юм уу, аймаг, нийслэлийн тухайд Ерөнхий сайд, энэ яг доод талын харьяалах шатны Засаг дарга дээр нэр дэвшүүлэх эрхэд нь оролцъё. Томилгоон дээр болохоор ёсчилж байгаа юм шиг болчхоод байна. Нэг удаа л татгалздаг.

Анхнаас нь нэмэлт, нөхцөл байдал үүсгэх гээд байгаа байхгүй юу. Зарим хүн шууд дээрээс нь томилчихъё гэсэн хатуу байр суурьтай байдаг шүү дээ. Тэрийг бодох юм бол зөөлөн хувилбар, одоо байгаагаа бодох юм бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдын оролцоог нэмэгдүүлж, төв засаг нөлөөлөх боломжоо нэмэгдүүлж байгаа асуудал.

Энэ дээр яах вэ маргаан шүүмжлэл гардаг. Аль аль талд нь дэмжих дэмжихгүй хүмүүс байдаг.

Шуудхан хэлэхэд, бид Ерөнхий сайдын бодлого оролцоо эсвэл аймаг, нийслэлийн Засаг дарга сум дүүргийн Засаг даргыг томилохдоо оролцох оролцоог нь нэмэгдүүлэх байдлаар санал болгодог энэ зүг рүү явж байгаа.

Орон нутгийн сонгуулийн өмнө энэ нь том маргааны сэдэв болох гээд сонгуульд үйлчлэх гэж байна гэдэг том хардлага байсан. Тэр нь ч үндэстэй гэж үзээд бид хойшлуулсан. Энэ хуулийн шинэчилсэн найруулга бол улстөржилтийн золиос болж болохгүй.

Энэ чинь Монгол Улс ямар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийнхээ хүрээнд удирдлагаа төрийн болон нутгийн удирдлагаа хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийн үндэс болсон Үндсэн хуулийн дараа орох цөөн хэдэн органик хуулиудын нэг.

Одоо ажлын дэд хэсэг маань ажиллаж байгаа. Ер нь саналууд бол бэлэн болсон. Мэдээж нэг том асуудал үлдээд байгаа.

Энэ нь улс төрийн намуудын зүй бус оролцоог хязгаарлах тухай асуудал яригдаад байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль улс төрийн намын оролцоог суманд шууд хориглочих гэхээр болохгүй байна.

Улс төрийн намын тухай хууль гээд дахиад тусдаа хууль хийгдэж байгаа. Том шийдэл хүлээгдэж байгаа. Улс төрийн намуудын чиг үүрэг орчин цагт улсын хэмжээнд бодлого чиг үүргээ хэрэгжүүлэх юм нь аймаг, сум дүүрэг дээр яг яах юм гэдгийг тодорхойлох тусдаа том сэдэв. Би үүн дээр их болгоомжтой хандаж байгаа.

Намууд байх байхгүй асуудал, нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй асуудал гээд ярихаар энэ чинь өөрөө улс төрийн намын шинэтгэлийн бодлоготой холбоотой асуудал болчхож байгаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг том бодлого бол улс төрийн намын орчныг цоо шинээр өөрчлөхөөр заалт орчихсон. Тэр юу юм гэхээр улс төрийн нам үндэсний хэмжээнд бодлого явуулна, зохион байгуулалт үйл ажиллагаа нь ил тод байна гээд заачихсан.

Тэгэхээр суман дахь өөрөө удирдах ёс гэдэг чинь заавал улсын ашиг сонирхлын дагуу байх ёстой юу, орон нутгийнхаа асуудлыг илүү давамгай барих ёстой юу. Онолынхоо хувьд улсынхаа хэмжээнд орон нутгийн ашиг сонирхол давамгайлдаг орон зай гэж бий.

Тэр нь аймаг, нийслэл, улс. Сум дүүрэг, баг хороо гэдэг бол нутгийн өөрөө удирдах ёс буюу тухайн орон нутгийн иргэдийн ашиг сонирхол давамгайлдаг зүй тогтолтой.

-Ойрд та чуулганы хурал дээр нэлээд ширүүн байх боллоо. Батхүлэг гэдэг хүнийг Дээд шүүхийн шүүгчээр томилох асуудал дээр яагаад тэгж эсэргүүцэж уурлаад байсан юм?

-Нэгдүгээрт, хуулийн шаардлага хангахгүй байгаа. Одоогийн байгаа хуульд шүүгчээр ажилласан жилүүдийн шаардлагаар гадна шүүгч болсон хүн Дээд шүүхэд орох боломжийг нээж өгчихсөн юм бий. Тэр нь өмгөөлөгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан байх ёстой. Тэр хүн бол арваас доошгүй жил өмгөөлөгчөөр ажилласан гээд гүрийгээд байгаа.

Өөрсдийнх нь өгсөн баримт бичгийг харахаар тэр хүн 2006 оноос 2015 оны хооронд “Голомт”-оос нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлээд ажилласнаар бүртгэгдчихсэн. 2015 оноос өмгөөлөгчийнхөө хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа юм. Ажилласан байдлын нотлох юм нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтэр байдаг.

Тэрэн дээрээс харахаар таван жил байгаа биз дээ. Өөрөө болон оруулж ирж байгаа улсуудын тайлбар болохоор өмгөөлөх эрх авсан үеэ оруулаад арван жил гээд байгаа юм.

Нөгөө талаар тэр дотор нь бас асуудлууд бий. Өнөөдөр бид шударга ёс гэж ярьдаг. Гэхдээ шударга ёс хаана тогтоогддог вэ гэхээр Дээд шүүх дээр л байхгүй юу.

Ажиллаж байгаа газартай нь холбоотой асуулт асуусан. Өнгөрсөн хугацаанд та тэр байгууллагаа төлөөлж жилд дунджаар хэдэн хэрэг дээр ажиллав гэхээд “Дөчөөд хэрэг дээр ажилласан” гэж хариулсан.

Шулуухан хэлэхэд тэр аж ахуй нэгж Монголд маш том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тэрэнтэй хамааралтай аж нэгжүүдийг санхүүжүүлдэг газар. Тэрэнтэй холбоотой маргаан үүсэхэд тэр хүн зөв шударга шүүх үү. Бэлээхэн жишээ бидэнд байгаа шүү дээ.

Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл Дээд шүүхэд ороод тухайн ажиллаж байсан газартайгаа холбоотой хэргийг шийдвэрлэхэд оролцож байна. Тэр нь хууль бус, зүй бус байж болох тухай энэ кейс дуусаагүй байна. Гэтэл яг ийм байдлыг энэ кейсээс сургамж авахгүйгээр шийдүүлэхээр оруулж ирлээ шүү дээ.

-Их хурлаас хамаарахгүйгээр Ерөнхийлөгч бараг шийдчих юм биш үү?

-Үгүй, Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-д танилцуулснаар л Ерөнхийлөгч томилно. Танилцуулна гээд ёс төдий юм болгоод Ерөнхийлөгч шийднэ гэвэл Үндсэн хуулийн зөрчил болно.

Цаашдаа УИХ-ын Дэгийн тухай хуульд энэ танилцуулах ажиллагааг нарийвчлах ёстой юм байна. Танилцуулах ажиллагаа явагдаж дууссаныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргадаг болмоор байна.

Өмнөх он жилүүдийн практикт энийг дамжлага аятай зүгээр өнгөрөөдөг байж. АНУ-ын дээд шүүхийн шүүгчийг томилж байгаа процесс бусад улс орнуудыг хар.

Нээлттэй сонсгол хийж байна. Дунд сургуульд байхдаа ямар зөрчил гаргаж байв, нийгмийн том асуудлууд, хэрэг явдлын талаар ямар байр суурьтай, эрх зүйн онол философийнх нь талаар асууж шалгаах, үзэл бодлоо эдлэх эрхийг нь парламентын гишүүд төдийгүй олон нийтэд олгож байна.

Японы Үндсэн хуульд Дээд шүүхийн шүүгчдээ сонгууль явахтай зэрэгцээд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалтыг тодорхой цаг хугацаанд арван жил хүртэл хийж болохоор заалтууд хүртэл байдаг.

-Тэгвэл тэр өөрчлөлтөө хийж болоогүй юм уу?

-Одоо яг хийх гээд Шүүхийн тухай хуульд оруулах гээд байж байна. Гэтэл энэнээс өмнө амжуулж улс төрийн зорилгоор оруулж ирж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр яасан их зорилготой, зоригтой зүтгүүлээд байгаа юм. Ард нь хэн байна. Монголд нууц биш шүү дээ.

-Ард нь хэн байна гэдэг нь Ерөнхийлөгчийг хэлээд байна уу?

-Би олон нийтийн төлөөлөл болохоос биш, хувь хүний үзэл бодлоо илэрхийлээд ганцаараа яриад байгаа юм биш. Олон нийтийн шүүмжлэл чинь өнгөрсөн он жилүүдэд зөндөө байлаа.

“Улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдийн гарт энэ шүүх чинь орчихлоо. Луйварчдаас өөрийгөө хамгаалуулах гэж шүүхэд очсон чинь луйварчдыг хамгаалаад шийдвэр гаргаад байх юм. Шударга ёс чинь алга болчхоод байна. Шударга ёсны тэмцэл чинь үргэлжлэх ёстой биз дээ” гэж сонгуулиар хэлээд яриад захиад, бид ч гэсэн ‘‘Шударга ёсны тэмцэл үргэлжилж байна. Үндсэн хуульд орсон өөрчлөлтөө гүйцээнэ” гээд орсон.

Миний хувьд саяны асуудлын харахаар тайван байхын арга алга. Суган доогуур чинь гараад Дээд шүүх рүү явчих гээд байна шүү дээ.

-Батхүлэг гэдэг залууг улстөрчдийн хардаж байгаагаар Ерөнхийлөгч зүтгүүлж байж болох юм. Гэхдээ “Голомт” банканд ажиллаж байсан гэдгээр нь эсэргүүцээд байгаа чинь Үндсэн хууль зөрчин ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг биш үү?

-Нийтийн албанд Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах хууль гээд Х.Тэмүүжин бид санаачлаад МАН олонх байх үедээ зоригтой хийж байсан хууль бий.

Ашиг сонирхол илт үүсэхүйц нөхцөл байдал гэж байдаг. Олон нийтийн дунд банкуудын асуудлыг бодитой ярьж байна. Банкны тухай хууль хийхээр УИХ явж байна, Ерөнхий сайд банкны реформ хийхээ удаа дараа мэдэгдчихсэн.

Банкуудыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч нь дангаараа олон салбарт бизнес хийдэг нь бодитой юу бодитой. Эндээс үүсэн гарсан янз бүрийн маргаанууд шүүх дээр очиж байна. Гэтэл ажиллаж байсан компаниа төлөөлж жилд дөчөөд хэрэг дээр ордог.

Шүүгч нар нь тэр хүнд таатай, таагүй байдлаар шийддэг. Гэтэл тэднийхээ дээр бүх хэрэг маргааныг шийдвэрлэнэ гээд ороод ирж байгаа хүнийг яаж хүлээж авах юм. Энэ чинь ашиг сонирхлын зөрчил. Нийтийн эрх ашиг хууль дээдлэх зарчим, илт ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдал нь тодорхой байгаа. Тэр хүн заавал дээд шүүхийн шүүгч болох нь зөв байна уу. Энийг бол олон нийтийн итгэл дэмжлэг өөрөө тодорхойлох ёстой.

Хууль тогтоогчид олгосон мандатынхаа эрхийн дагуу миний хувьд ашиг сонирхлын ийм зөрчилтэй, хуулийн шаардлага хангахгүй хүнийг ёс зүйн талаас нь харсан ч гэсэн дэмжихгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Харин төсөв дээр дуугүй өнгөрье гэхээр угаасаа ирэх жил нийслэл дүүргийн асуудал чинь хүндрэх нь тодорхой байна.

Төрд олон жил тодорхой ажлууд хашиж байсан хүний хувьд төсөв гэдэг бол улс төрийн бодлого бөгөөд асуудлыг шийдэх том шийдэл. Нэгэнт тэр том асуудлуудыг шийдэх тэр төсөв нь байхгүй болохоор яах юм. Том дуугарахаас өөр аргагүй. Том дуугарлаа гээд байгаа байхгүй юу.

Том асуудал дээр мөнгө нь байхгүй байгаа юм чинь арга барагдаад том дуугарахаас өөр аргагүй. Тэрнээс биш би дуугаараа давах гээд дуугарсан юм биш.

Хаана Монгол Улсын төсвийн гажиг байгаад байна гэхээр Сангийн сайд гэдэг хүнд бүх юм төвлөрчихсөн. Энийг цаашид цэгцлэх гээд нэгж, хот тосгон гээд бусад юмыг чинь яриад явж л байна л даа.

Наана нь ирэх жилийн ажил амьдралыг өнөөдөр буруу тооцоод хийчхээд байгааг нь илт мэдээд байхад би тэр хүний хариултад амаа таглуулаад эсвэл тэр томьёонд нь хууртаад ингээд сууж болохгүй л болчхоод байгаа юм.

-Ганцаараа энэ бүхнийг Сангийн сайд мэдээд байгаа юм биш байлгүй дээ. Засгийн газар чинь хаана ямар төсөв төсөвлөхөө бүгдээрээ сууж ярьсан л байлгүй..

-Манайд бол Сангийн сайд нь Их хурлын гишүүнээ томьёо бодсон гээд хэлж байгаа юм чинь Засгийн газартаа бүх томьёогоо бодогдоод ороод ирж байгаа гэж л хэлнэ.

-Булганд хүн болж төрснөөс, Хэнтийд бух болж төрсөн нь дээр юм байна гэдэг шиг л төсвийн буруу хуваарилалтыг эсэргүүцээд байна аа даа…

-Тийм, би тэрний чинь дуу хоолой л болж байгаа болохоос, өөрөө өөртөө наасан юман дээр бухимдаад уурлаад байгаа юм шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуусгадаггүйн цаадах луйвар

Урьд өмнө нь манай томчуудын идэж, уух, хумслах арга өөр байлаа. Бариагүй мөртлөө барьсан юм шиг, эсвэл барьж эхэлж байгаад хаячихдаг, үгүй бол огт хийгээгүй мөртлөө хийсэн юм шиг яриад л мөнгө дутлаа гээд идчихдэг байлаа. Энэ нь сүүлийн үед дорхноо баригдчихдаг боллоо. Үргэлжлүүлээд идээд байх боломж багассан. Нэг ёсондоо хуучин арга явцгүй болж, хоцрогджээ. Одоо аргаа өөрчилж төсвийн мөнгөөр хийж байгаа объектуудыг бүрэн дуусгаагүй байж бүрэн хийж дуусгасан гээд мөнгийг нь авчихдаг юм байна. Харахад яг дуусчихсан юм шиг. Идэж уух арга нь шинэ шатанд хүрч, улам нарийссан гэсэн үг л дээ.

Хамгийн наад захын жишээ Налайхын зам. Харахад дуусчихсан, дээгүүр нь машин яваад эхэлсэн. Нэгэнт баригдаж дуусахыг нь хүлээж хүлээлт үүсчихсэн учраас яаран ашиглалтад оруулмагц нь ард түмэн за болчихлоо гээд сэтгэл нь амарчихав. Дутуу үлдээсэн юм юу байна гэж хэн ч асуулгүйгээр баяртайгаар тэр замаар давхилдаж эхэлсэн.Яг ингэж хараа хяналт, шаардлага сулардаг. Манайд өнөөдрийн байдлаар бүрэн дуусаагүй хэрнээ тууз хайчилж, баяр тэмдэглэж, ашиглагдаад эхэлсэн олон байгууламжууд бий. Дээр дурдсан Налайхын замыг ашиглалтад оруулсан ч асар их мөнгөний ажил дутуу байна. Эргүүлэг, тойруулга, орц гарц, тэмдэглэгээ тодорхойгүй. Энэ мэтээр мөнгийг нь луйвардаад төрийн ажил явахгүй байна. Дуусаагүй ажлуудаас эхнээс нь нэрлэе.

Дарханы зам дуусаагүй, тууз хайчлаад, ламаар ном уншуулж, буяны ажил шиг газар ухаад цай оршуулаад сүйд байсан. Өмнөх засагт байсан сайд нь Дарханы замыг гуравдугаар сард эхлээд зургадугаар сард ашиглалтад оруулна гэж амлаад Далан худалчаараа дуудуулсан. Өнөөдрийн байдлаар тендер нь цуцлагдчихаад байна.Хятадын нэг компани гүйцэтгэхээр болоод ингэж бүтэлгүйсэн хэрэг. Ажил удааширснаас болж хичнээн хүний амь энэ замд үрэгдлээ дээ. Хичнээн хүн эд хөрөнгөөрөө хохироо бол. Сонгуулийн өмнө Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг гэж арван жил хүлээгдсэн эмнэлгийг ашиглалтад орлоо гэж нээлт хийж, тууз хайчилсан. Хүчилтөрөгчийн үйлдвэр нь анхнаасаа буруу баригдсан гэх юм билээ. Эх хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах ямар ч боломжгүй гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Сонгуулийн шоу болгож, нээлт хийсэн ч өнөөдөр ашиглагдахгүй байгаа. Өнөөх нээлтийнхээ үеэр баахан ор, тоног төхөөрөмж нийслэлийн хэдэн эмнэлгээс авчирч үзүүлэн болгож харуулсан. Нэгэнт ашиглах боломжгүй, буруу барьсны хариуцлагыг хэн хүлээх вэ. Цэвэрлэх байгууламж шинээр барина гэж олон ч дарга олон ч жил ярилаа, шоудлаа. Одоо ашиглалтад ороогүй л байна. Замын цагдаагийн хажуугийн гүүр байна. Гүүрний хөдөлгөөн, замын зохицуулалт хийгдээгүй. Улсын комисс хүлээж аваагүй ч мөн л ашиглаад эхэлсэн. Харахад яалт ч үгүй гүүр байгаад байдаг, шууд үгүйсгэхэд хэцүү. 2018 онд Хөшгийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулна гэж байлаа. Орсонгүй. Дараа нь 2019 оны долдугаар сард ашиглалтад орно гэж албан ёсоор зарлаж байлаа. 2019 он болоод иртэл бүтээн байгуулалтын ажил 99 хувьтай байна гэж хэлээд 2020 онд бүрэн ашиглалтад орно гэж зарласан. Одоогоор ашиглагдаагүй л байна.

Улиастайгаас Дарь-Эхийн замтай нийлүүлэх Монелийн зам гэж бий. Дуусаагүй удлаа. Цахилгаанчны гудамжны буюу ТЭЦ IV-ийн зам байна. Ашиглалтад ороогүй маш олон жил боллоо. Энэ зам баригдчихвал Нэгдүгээр хорооллын түгжрэлийг багасгахад нэмэртэй. Гэвч дуусдаггүй.

Шинэ Нисэхийг харахад бүтэн бүтэн цогцолбор байшин харагдаад байдаг. Яагаад дуусдаггүйг бүү мэд. Дарга болгон нэг тайлбар хэлсээр бид ч хүлээж залхав. Шинэ Нисэхэд зориулсан хурдны зам ч дуусаагүй. Урд аймгуудаас ирдэг машин зам хурдны зам доогуур гардаг. Тэрийг нь том машин очоод түгжчихдэг. Ийм юм хийсээр манай эрх баригчид он удлаа. Ингэж удааж, гацааж, хохироож байгаад хагас дутуу ашиглалтад оруулахаар нь хүлээж цөхсөн иргэд юу юугүй баярлаад явчихна. Андлалын өргөөг олноороо хараад шоконд орсон. Бидний татварын мөнгийг үр ашиггүй зарлаа гэж дургүйцэж байгаа. Олон тэрбумыг төсөвлөсөн гэхэд арай л дэндүү юм харагдана лээ. Яаж тайлбарлахаараа долоон давхрын дайтай бүтээн байгуулалт гэж хэлээд байгааг ойлгох арга алга. Эрх баригчид ингэтлээ улайм цаймдаа гараа юу.

Дуусдаггүй энэ олон барилга, бүтээн байгуулалтаас нэг юмуу хоёр, гурван дарга хангалттай луйвар, хулгай хийчихсэн биз. Багадаа тэрбум унагана. Ганц тэрбумаар ч тогтохгүй байх л даа. Ханаж цадахгүй улс шүү дээ.

Дуусаагүйн цаадах луйвар хэмээх шинэ технологитой болжээ. Үүнд ард түмэн анхаарал тавьж, хянаж, шалгаж, шахаж шаарддаг хэвээрээ баймаар байна. Дуусаагүйн луйврууд их хорлонтой юм аа. Гүүр бариад баруун, зүүн тийш гарах арга байхгүй. Явган хүний зам байхгүй. Хурдны хязгаарын тэмдэг тавиагүй. Гарцтай газар нь хурд сааруулагч байхгүй. Цавчаа ихтэй, бүрэн дуусаагүй ийм бүтээн байгуулалт Монголоор дүүрлээ. Хариуцлага нэхдэг хүн алга. Дээр нь биднийгээ бүрэн аз жаргалтай болгоход наймхан хувь дутуу гэж Нийслэлийн удирдлагууд оношилжээ. Мөн их даапаалж байгаа юм шүү.

Дуусгадаггүйн цаадах луйвар нэг талдаа гүйцэтгэгч болон захиалагч нарын далд тохироогоор төсөвт өртөг үнийг нь өсгөж хамтын ашиг олох юм. Захиалагч гэдэг нь төр буюу төрийн нэрийн дор албан тушаал хашигч авлигач ноёд, эрх мэдэлтнүүд. Нөгөө талдаа гүйцэтгэгч нь хүлээлгэж өгмөөр байгаа ч хүлээж байгаа нь авлигалаа өгөхгүй, тохирч чадахгүйгээс болдог.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд ингэж сагсуурмааргүй байна

Монголын түүхэнд улирч Ерөнхий сайд хийсэн анхны хүн нь У.Хүрэлсүх. Ийм хувь заяа хүн болгонд олдоод байхгүй гэдгийг бид сүүлийн гучин жил ханатлаа харсан. Ингэж улирч сонгогдсон Ерөнхий сайдын хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь бага, идэр насны залуу сагсуурч, онгирдог шиг л байх болоод удлаа. Ид залуу насандаа намынхаа шатсан тугийг барьчихсан, толгойгоо цагаан даавуугаар уячихсан, галзуу барын аманд гараа хийхээс сийхгүй явсан үеийг тань ойлгож болох юм. Залуу насны ааг омгоо багтааж явсан л биз. Арван хоёр жилийг нэг үе хэмээн монголчууд үздэг. Тэрнээс хойш бүхэл бүтэн үе өнгөрчихөөд байна шүү дээ. Одоо бол та Монгол Улсыг удирдалцаж яваа хүн. Алхам бүр чинь, амнаас гарах авиа бүр чинь анхаарлын төвд байгаа. Гэтэл байсхийгээд л хувийн ааш араншингаа нийтэд ил тод харуулсаар байна. Улстөрч хүн хувийн ааш араншингаа гаргаж болохгүй гэж бид олон удаа бичсэн дээ. Уурлах, гомдох, хэт баярлах энэ тэр бол Ерөнхий сайд шиг улс төрийн өндөр албан тушаалтанд байх ёсгүй. Хэлсэн үг болгон нь Монголын байр суурь болж дэлхийд сонсогдоно. Ийм байхад бага, идэр залуус шиг сагсуурмааргүй байна.

Ингэж сагсуурч, хяналтгүй үг хэлдгийн нэг жишээ нь саяхан Гадаад харилцааны яаманд очиж ажиллахдаа хэлсэн хариуцлагагүй үгнээс харагдана. “Чөлөөт зах зээл гэж байхгүй. Энэ бол миний баримталж байгаа бодлого шүү. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл л гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл гэж байхгүй болсон” гэж У.Хүрэлсүх хэлсэн. Энэ нь хяналтгүй сагсуурдгийн оргил нь байлаа. Ардчилсан улсын Ерөнхий сайд хүн ингэж болох уу. Өмнө нь гаргаж байсан жижиг, сажиг сагсуурлыг чинь дурдвал зөндөө л байна. Төрийн албан хаагчдыг загнах, хөөх гэх мэт бол өчнөөн гарч байна.

Ажлаа хийж байгаа хамгаалагч нараа “Холдоцгоо та нар, ард түмэн намайг хамгаална” гэж ирээд л сагсалзсан зэрэг бол мэдээллээс хол зарим хэсэгт таалагдсан юм шиг билээ. Сонгуулиар ялахад чинь тэр үзэгдэл нөлөөлсөн ч байх. Хамгийн сүүлд ТЭЦ IV лүү явж байснаа гэнэт автобусанд ардаа сууж байсан дарга нар луу харан “Та нарыг хэн яв гэсэн юм. Ийм олон хэрэгцээгүй дарга нар явахаа боль” гэж ирээд л загналаа. За тэр зэргийн сагсуурахыг бол тэгсхийгээд маазруулаад орхиж болно. Чөлөөт эдийн засаг гэж байхгүй гэж өмнө хэлснийгээ батлах мэт өнөөх дарга нарыг ад үзэж хөөхдөө бас талх боорцогны үнийн зохицуулалт яриад, ард түмнээ үнийн дарамтнаас аварна гэж байх юм. Талхны үнэд төр оролцох тухай сонсоход л давснаас өөр бараагүй хоосон лангуутай үе нүднээ тодорч байна лээ. Чөлөөт зах зээлийн зарчмаар яваад ядуу байгаа юм биш, ухаалаг бодлого явуулдаггүй, улсаасаа илүү баяжсан удирдлагуудын буруугаас л ядарч яваа юм шүү дээ, ард түмэн чинь.

Таны энэ бодлогогүй үг гадаад улс оронд ямар дохио өгөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Дотооддоо ингээд сагсуураад хэлчихдэг юм байж гэж бодъё. Зарим нэг нь таашааж гэж бодъё. Харин дэлхий энийг анзаарахгүй өнгөрнө гэж үү. Монгол Улс чөлөөт зах зээлийн зарчмаас ухарлаа л гэж харна. Монголыг удирдаж байгаа нэг хүний ийм хариуцлагагүй үгийг адилхан чагнаархаад байж байдаг юм шүү дээ.

Чөлөөт зах зээл гэж байхгүй дан төрийнх болно гэхээр гадаадын хөрөнгө оруулагчид яах болж байна. Дэлхийд Нобель авсан чөлөөт эдийн засгийн онол шүү дээ. Тантай адил чөлөөт зах зээл байхгүй гэж үздэг орнууд Умард Солонгос, Куба, Венесуэл гээд улсууд хөвөрнө. Зүгээр үү, тээ.

Уул уурхайн дурын компаниуд зээл аваад улсаа дампуурууллаа гэх юм. Үүн шиг худлаа юм байхгүй гэдгийг монголчууд ихэнх нь мэдэж байгаа. Уул уурхай барьцаалсан өндөр дүнтэй зээлэнд Засгийн газар баталгаа гаргаж өгдөг. Засгийн газрын баталаагүй бол цаад улс нь зээл өгдөггүй. Ийм юмыг худал ярихаар тэрэнд нь үнэмшиж попроод л, попорсныг нь бүгд дэмжиж сонгуульд ялуулаад байдаг юм гэж юу байхав дээ. Ингэх нь нэмэх оноо авчрахаас илүү хасах оноо авчирна. Эрхбиш үнэн, худлыг ялгахтайгаа болчихсон шүү дээ. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдад асар муу дохио болж очлоо. Эд нар манай эзэмшдэг компаниудын хувьцаа унах нь гээд сандралдана. Эдийн засгийн ийм асар буруу дохио очихоор чинь энэ бүхний муу үр дүн нь хөөрхий монголчууд бидэнд л нөлөөлнө. Манайхаас өөр улсын Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийсэн бол компаниудын хувьцаа унаж, зах зээл нь савлаж эхэлнэ. Нэг сагсуу дарга хувийн араншин гаргаж, ганц попроод сонгуульд ялчихдаг гэвэл худлаа шүү гэдгийг дахин хэлье. Нэг мэхэнд дахин дахин унаад байна ч гэж юу байхав. Өмнөх сонгуулиар ингэж байгаад ялчихсан гэж онгироод байх шиг байна. Одоо тэгэхгүй ээ. Таны хэлснээр коммунизм, социализм байгуулаад Хойд Солонгос болно гэж ч юу байхав. Төрийн зохицуулалттай эдийн засаг гэж ярихаар нь бид зах зээлийн нийгмээс ухраад төлөвлөгөөт эдийн засаг руу ороод явчих хэрэг үү. Тэгээд хувийн өмчүүдийг нь хурааж аваад нийгэмчлэх үү. Үүнийг гучин жил үйл тамаа барж, энэ улсын төсвийг татвараараа бүрдүүлдэг эгэл олон хичээнгүй хүмүүс зөвшөөрөх үү. Муу сайн хэлэгддэг ч энэ улс орон чинь эрвийх дэрвийхээрээ зүтгэж, төрийн дарамт, бодлогын буруугийн золиос болон нуруун дээрээ авч ирсэн жинхэнэ гавьяатнууд нь хувийн хэвшлийнхэн. Тиймээс тийм амар нийгэмчлэгддэг юм гэж байхгүй. Ийм бололцоо байх ч үгүй. Ингэхгүйг мэдсээр байж худлаа яриад байна гэдэг чинь ард түмнээ мөн ч их басамжилж байгаа хэрэг биш үү. Үндсэн хуулийн үндсэн зарчим ардчилал, зах зээл, хувийн өмчийн эсрэг дуугарсан тэр ноцтой үгний эсрэг ардчиллыг авчирсан анхдагчид үгээ хэлээд эхэлсэн байна лээ.

Сүүлийн үед төрийн оролцохгүй ч юм байхаа больсон. Уул уурхайн лиценз олгочихоод буцаагаад төр мэдэлдээ авна гээд булаачихдаг. Тэр компанийн хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын мөнгө, хайгуул, олборлолтод зарцуулсан хөрөнгө мөнгө, цаг хугацааг юман чинээ тоодоггүй. Бүхнийг булаавал төрд байгаа та нар баяжна, улс орон улам ядуурна. Одоо болно оо, эрх баригчид аа. Ингэж сагсуурмааргүй байна аа, Ерөнхий сайд аа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд тарваганаасаа арай илүү ухаалаг амьдармаар байна

Зун болж байна. Сонгууль ч болж байна. Улс дотроо корона дэлгэрээгүйгээс сонгууль болох нөхцөл бүрдлээ. Одоо сонгуулийн дараа урт үргэлжилсэн хоригоо тавих хэрэгтэй байна. Хориг цааш үргэлжилбэл хүмүүсийн аж амьдрал хэцүүдэх нь. Жил бүрийн зун хотоос гарч амарцгаадаг шигээ бужигнасан их сонгууль дуусмагц налайтал сайхан амарцгаана даа гэж бодож байна уу. Түр азна. Юун амралт, юун зугаалга билээ. 11 дүгээр сар хүртэл ажлыг шожигнотол хийх хэрэгтэй байна аа, манайхаан. Зундаа эл хуль болдог энэ улсыг эзэнтэй юм шиг, зогсоо зайгүй хөдөлмөрлөе. Өнөөх коронаг дэлхийгээрээ дарж чадаагүй байгаа шүү. Тиймээс бид хойтон хүртэл бэлтгэлээ базаах хэрэгтэй боллоо. “Наадмын дараа намар”гэж монголчууд зүгээр ч нэг хэлээгүй байх. Налайж, наадамлаж, айраг эргүүлж явах зуур чинь намар болчихно, өвлийн бэлтгэлээ базаа гэсэн дохио юм.

Энэ удаа зүгээр ч нэг өвөл биш коронатай өвөл болно. Корона чинь тийм ч амар дарчихаж болдог вирус биш бололтой. Овоо нэг намжих тийшээ хандмагц дахин дэгдэлт болж байна. Анхаарал болгоомжоо огтхон ч алдаж болохгүй. Ковидын байдлыг харахад хойтон 11 дүгээр сараас дахина. Вакцин гараагүй, эм гараагүй, анхны туршилт аравдугаар сард гарна гэж ярьж байгаа. Тэгээд хойтонгийн тав, зургадугаар сар хүртэл яг тарвага шиг ичээндээ орно. Тийм учраас энэ зун амралтгүй ажлаа амжуулъя. Тарвага зунжингаа борви бохисхийлгүй ажилладаг. Өөрийгөө таргалуулаад нүхээ ухаж үүр ноохойгоо бэлддэг. Ингэж гурван сар дараалан завсаргүй хөдөлмөрлөөд 10 дугаар сарын дунд үеэс хойш ичдэг.

Тэгэхээр хүний төрөлтэй бид тарваганаас арай жаахан ухаантай амьдармаар байна. Хуучин шигээ зуны дэлгэр цаг ирэхтэй үгүйтэй приусээ унаад Монголоор нэг тарж алга болмооргүй байна. Бишгүйдээ энэ өвөлжин гэртээ хэвтлээ. Ажлаа хиймээр байна. Дунд сургууль, их, дээд сургуулийг долдугаар сарын нэгнээс хичээлийг нь эхлүүлье. Өнгөрсөн жил хичээлээ үзэж чадаагүй хүүхдүүд эртхэн эрдэмд шамдаг. Ханиадны дэгдэлтийн ид үе эхэлмэгц тахлын улирал ч эхэлнэ. Тэр үед хүүхдүүдээ амраачихъя.

Зуны дэлгэр цагт амжуулаад хар замаа засмаар байна. Төмөр замаа хурдан, гялалзтал барьчихъя. Тариагаа сайн тарих хэрэгтэй байна. Тарьсныгаа сайн хурааж авцгаая. Тариан талбай дээрээ бүгдээрээ зогсож байгаад ч болов гар бие оролцъё. Энэ жил сайхан бороо орж байна. Тариа ногоо сайхан ургачих байх. Тариа бол гурил. Малаа сайхан таргалуулаад 11 дүгээр сар гаргаад малаа нядалж, ирэх жилийн тахалд бэлдмээр байна.

Цар тахлыг нийтээрээ, ухаалгаар даван гарцгаая. Дотоодын үйлдвэрлэлийг бололцооныхоо хэрээр дэмжиж, нөөц бололцоогоо ашиглаж болж байна. Тахлын үеийн хөл хорио гэхээр заавал хүндээр хүлээж авч дархлаагаа муутгаад яахав. Цар тахлын хөл хорио бол их гүдэсхэн амар байдаг. Дэлхийд хэрэглэгчдийн эрэлт огцом буурсан үзүүлэлтүүд харагдах болов. Ирж буй санхүүгийн хямралыг даван туулах олон хөтөлбөрүүд боловсруулж эхэллээ.

Нэг талаар амьдрал хөнгөрөөд явчихдаг. Илүү дутуу маяг хэрэггүй болдог. Нэгэндээ гайхуулах гэж гоё машин авах хэрэггүй болдог. Бусдад гайхуулах гэж гоё хувцас хэрэггүй болдог. Ядахдаа нүүрээ будах ч шаардлагагүй. Хамгийн гол нь мөнгө үрж, саймширч гайхуулдаг цагаан сар, шинэ жил бүгд байхгүй болно. Олон хүнд ачаа, олон олон багнаасаа салаад маскаа зүүгээд амьдралын хэв маягаа жаахан өөрчилчихье. Илүү зардлаа бид тэвчиж сурлаа. Онлайн ажиллаж болдгийг мэдлээ. Цаг мөнгө хэмнэдэг хүргэлтийн бизнесийн ач тусыг ойлголоо. Хувийн ариун цэвэр, сахилга батдаа анхаарч сурлаа. Гараар дамждаг, амьсгалын замаар дамждаг бусад халдварууд харьцангуй буурлаа. Тодорхой хэмжээний эмх цэгц бий боллоо. Ядаж л АТМ-аас мөнгө авахад хэн нэгний нууц руу өнгөлзөхөө больчихлоо. Гудамжиндаа нус, шүлсээ хаяад байх нь багаслаа. Сайнаар харвал бас чамгүй олон зүйлд биднийг сургажээ. Одоо харин илүү их ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Тэрнийхээ үр шимийг ид дэгдэлтийн үед хүртээд яг тарвага ичиж байгаа мэт амьд байж байх хэрэгтэй байна. Амьд явбал алтан аяганаас ус ууна аа. Амьд явах хичнээн сайхан билээ. Өнөөх гоёрхол чамирхал тийм ч чухал бишийг хүнд үе тулгарахад ойлгодог. Магадгүй цар тахал биднийг гэр бүлээ илүү хамгаалахад, илүү зардал гаргахгүйгээр аз жаргалтай амьдрахад сургамж болж байх шиг.

Хойтон хавар хүртэл эм тан гарах байх аа. Олон улсын мэргэжлийн хүмүүс ийм таамаг дэвшүүлээд байгаа. Энэ хүртэл тэсч үлдмээр байна аа, бидний цөөхөн монголчууд аа.

Сонгуулийн дараа шинэ засаг төр эмхлэгдэх биз. Аль нь ч яллаа гэсэн хүндхэн эдийн засагтай тулна. Шинэ УИХ, Засгийн газар тэсч үлдэх улс төрийн шийдлүүд гаргах хэрэгтэй байна. Цар тахлын үеийн эдийн засгийн хямралыг дэлхийгээрээ даван туулах гэж янз бүрийн арга эрэлхийлж байна. Олон тансаглалаа танах шаардлага тулгарсан. Улс төрийн намаараа хуваагдаж, хэрэлдэхээ түр азнаад тэсч үлдэхийн төлөө бүгдээрээ хичээцгээе. Манай улстөрчдийн дур зоргоороо аашилж, эрхэлж туньж байгаа аятай хурлаа орхиж гарч гүйлдэх чинь ч тансаглал болоод байна шүү. Одоо тэрийгээ орхиод улс орноо өөд татахад илүү анхаарна биз дээ. Эрхэлж туньдаг тансаглалаа болио л гэж хэлээд байгаа ухаантай юм шүү дээ.

Цар тахлын эдийн засаг гэсэн нэр томьёо бий болов. Энэ үеийн хямралыг давж гарахад хамгийн ухаалаг бодлого хэрэгтэй байна. Сая сая хүмүүс өдөр тутмын амьдралаа зохион байгуулахын тулд шинэ хэвшил, хэмнэл, туршилттай нүүр тулж байгаа. Олон орон гарц гаргалгааг хайсаар байгаа. Бид ч бас адил.

Categories
мэдээ цаг-үе

“Өглөө“

Ийм нэртэй хөөрхөн контент залуус санаачилсан байна лээ. Аль нэг нам эвслийг дэмжээгүй, залуусаа сонгуульд идэвхтэй оролцуулахыг уриалсан нь сонгуулийн сурталчилгааны үеийн хамгийн сонирхолтой, хөөрхөн контент байлаа. Үзэсгэлэнтэй хөөрхөн залуус дээлээр гангарч энд тэнд алхаж яваа зургаа тавьжээ. Үзүүштэй, сэтгэл татам. Сонгуульдаа идэвхтэй оролцохыг үеийн залуусдаа уриалсан нь тэр. Хуучны цагт хамгийн шинэ, өнгөлөг дээлээ өмсөөд өглөө эртлэн босч хос мориор гангарч, сонгуулиа өгөхөөр явдаг байсан тухайгаа настнууд хуучилдаг. Юун наадам, юун цагаан сар л болдог байсан юм байх. Тэд сонгуульдаа идэвхтэй оролцдог. Одоо ч тэр хуучны ганган дээлтэй өвөө, эмээ нар л хамгийн түрүүнд саналаа өгөхөөр оччихсон байдаг. Тэдний энэ хатуу идэвх бидний залхуу хойргийг дийлээд байна, залуус аа. Хатуу диктатур ч нөлөөлдөг байсан биз. Тэдний энэ идэвх сонгуулийн дүнд шууд нөлөөлдөг. Бидний ирээдүйг тэд тодорхойлсоор ирсэн гэсэн үг шүү дээ.

Ардчилсан парламентын найм дахь удаагийн сонгууль болж байна. Залуучууд бид сонгууль бүрээр идэвхгүй оролцдогоороо дуудуулдаг. Одоо харин тэгж гэнэдэхээ больцгооё. Гоё дээлээ өмсөөд эртээ босоод санал өгөх байр луугаа жирийлгэе. Эмээ, өвөөгөөс хурдаараа хоцорвол онигоо шүү дээ. Өөрийнхөө ирээдүйн төлөө сонголтоо хийж, “саналаа өглөө” гэсээр бардам алхаад гараад ирээрэй. За залуус аа хурдлаарай, би ч бас эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхээр саналаа “өглөө” шүү.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавдугаар сарын 25-нд Засгийн газрын гишүүд давхар дээлээ тайлсан байх ёстой

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тавдугаар сарын 25-наас нэлээд хэдэн заалтыг мөрдөж эхэлнэ. Үндсэн хуулийн зургадугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөнө” гэсэн байна. Харин Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэгдүгээрт “Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заажээ. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлтэй ажиллаж байна. Хэрэв үүнийгээ Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөхгүй бол Засгийн газар огцрохоос өөр аргагүйд хүрнэ. Одоогийн эрх баригч МАН-ынхан 2014 онд Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийг давхар дээлээ тайл хэмээн эсэргүүцэн жагсаж, зураг хөрөг шатааж сүйд болж байсан цаг мартагдаагүй. Төд удалгүй жагсаал тэргүүлж явсан Ж.Мөнхбат гишүүн өөрөө давхар дээлтэй сайд болчихсон тууж явсан даа. 2016 онд МАН сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн зааг ялгаа алдагдаж, “давхар дээл” нөмөрсөн эрх мэдэлтнүүд төрийн үйл ажиллагааг хувийн эрх ашгийн төлөө хуульгүй мэт удирдаж байн” хэмээн шүүмжилж ирээд оруулсан байдаг. Дараа нь өөрсдөө түүхэндээ байгаагүй зуун хувийн давхар дээлтэй Засгийн газрын танхим бүрдүүлсэн. Давхар дээлний асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэд хэдэн удаа хуулийн төсөл оруулаад буцаж байсан. Ингээд сая нэг юм УИХ-ын гишүүн, сайд хоёрыг Засгийн газрын бүх гишүүн хавсран гүйцэтгэдэг байдал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цэгцлэгдэж, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь давхар дээлтэй байхаар заасан. Дагаж мөрдөх хугацааг ч тодорхой болгосон. Энэ бол тавдугаар сарын 25.“Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдчихсэн байгаа. Хэрэв Засгийн газар Үндсэн хуулиа дагахгүй энэ бүрэлдэхүүнээрээ тавдугаар сарын 25-ны өдөртэй золговол тэр цагаас хойш гарсан Засгийн газрын бүх шийдвэр хүчин төгөлдөр бус болно. Үндсэн хуулийн бус Засгийн газрын шийдвэр учраас. Энэ бүхнийг эрх баригчид анзаарсангүй юу. Анзаарсан ч аргалчихна гэж бодсон уу. Нэгэнт Үндсэн хуулиа баталсан хойноо сандралдан янз бүрийн тайлбар хэлээд хэрэггүй. Бид Үндсэн хуулиндаа л итгэнэ. Одоо эрх баригчид Засгийн газрын хуулиндаа өөрчлөлт оруулаад түүнийгээ сонгуулийн дараачаас буюу долдугаар сарын нэгнээс мөрдөөд эхэлж болно гэсэн хачирхалтай тайлбар хэлээд сууж байна. Үндсэн хуулиас давсан хууль гэж байхгүй. Ямар ч хууль Үндсэн хуулиндаа нийцсэн байх ёстой.

Өнөөдрийг хүртэл Үндсэн хууль судлаачид болон, хэдэн хуульч л үгээ хэлж байгаа болохоос сөрөг хүчин, УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, бие даагч, Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөдөг цорын ганц албан тушаалтан болох Монгол Улсын Ерөнхийлөгч дураараа дургиж байгаа эрх баригчдын үйлдлийг яагаад зүгээр хараад сууна вэ. Үндсэн хуулийг сахин хамгаалах ёстой Цэц ч анхаарах биз ээ.

Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлт нь эрх баригчдын төлөөлөл болж яриад байгаа гишүүдийн хэлж байгаа шиг агуулгатай ороод ирвэл эрхбиш Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих байлгүй дээ.

Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр хэвлэлийн хурал зарлаж, хамгийн анх энэ талаар дуугарсан. Мөн Үндсэн хуулиндаа нийцүүлж давхар дээлнээсээ салах боломжтой хуулийн төсөл боловсруулан Ерөнхий сайдын ажлын албанд хүргүүлэх болсноо мэдэгдсэн. Ч.Өнөрбаяр “Засгийн газрын хуулийг өргөн барьж батлахдаа долдугаар сарын нэгнээс мөрдөхөөр хийхэд асуудал байхгүй гэж яриад байх юм. Үндсэн хуульд бусад хууль нийцэх ёстой. С.Бямбацогт Хууль зүйн сайд хийж байсан хүн. Үүнийг мэдэх ёстой. Таны яриад байгаа наад Засгийн газрын тухай хууль чинь Үндсэн хуультай зөрчилдөж болохгүй. Үндсэн хууль дээр тавдугаар сарын 25 гээд цагаан дээр хараар бичсэнийг та нар яагаад гуйвуулах гээд байгаа юм. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэдэг Үндсэн хуулийн байгууллага. Энэ бол бусад хуулиар байгуулагддаг, яам, агентлаг биш. УИХ яаж байгуулагддагийг Үндсэн хууль дээр биччихсэн байгаа биз дээ. УИХ-ын дарга Г.Занданшатар та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулчихаад баяр хөөр болоод бал сараа тэмдэглэсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үг, үсэг, цэг, таслал бүрийг та УИХ-ын даргын хувьд хариуцах үүрэгтэй. УИХ-ын даргын албан тушаал ямбалдаг албан тушаал биш. Ачааны хүндийг үүрч хариуцлага үүрдэг албан тушаал. Яагаад өөрөө гарч ирж ярихгүй байгаа юм. Засгийн газар огцрох эрх зүйн үндэслэл бий. Үндсэн хуулийн хайчинд Засгийн газар орчих вий гэж яагаад тооцоогүй юм. Засгийн газрын бүтцээ цомхон болгох боломж бий. Засгийн газрын бүрэлдэхүүнээ давхар дээлгүй болгох боломж бий. Үндсэн хуулийн дээгүүр төр засаг нь алхвал цаашдаа буруу жишиг тогтоно. Цаашид эрхтэн дархтан хэн нэгэн гарч ирээд Ардчилсан Үндсэн хуулийг зөрчдөг буруу жишиг тогтоно” хэмээн анхааруулсан.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ”Үндсэн хууль бол хуулийн тогтолцооны хувьд төдийгүй засаглах хүч нөлөөний хувьд хамгийн дээд хүчин чадалтай баримт бичиг. Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр 12 цагаас гэж тогтоосон. Үр дагавраа тооцож байж хуулиа баталсан байлгүй дээ. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, төрийн зохион байгуулалт, албан тушаалтны томилгоо хийгдвэл түүнийг иргэд эсэргүүцэх, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй. Нөгөө талаас Цэц Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй байгууллага. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, харилцааг зөвтгөж, зөвшөөрөх эрх Цэцэд байхгүй” гэсэн юм. Хуульч Т.Мэндсайхан “Үндсэн хуулийн байгууллага учраас Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийн хязгаарлалт шууд хэрэгжинэ. Ерөнхий сайд үүнд бэлэн байх ёстой. Үндсэн хууль дээд эрэмбийн хууль учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох тавдугаар сарын 25-ны өдрөөс түүнд харшилсан бүх хууль тогтоомж, тэдгээрийн зүйл заалтууд хүчингүй болно. Харшлаагүй зүйл заалт хэвээр үлдэнэ. Х.Нямбаатар гишүүн 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуультай ижилтгээд органик хуулиар хэрэгжих хугацааг хойшлуулах тухай ярихдаа 1992 ба 2019 онд тэмээ, ямаа шиг ялгаатай хууль зүйн техник ашигласныг ойлгоогүй байна. 1992 оны Үндсэн хууль нийгмийн тогтолцоог бүхэлд нь шинэтгэх агуулгатай байсан бол 2019 оны нэмэлт, өөрчлөлт нь төрийн тогтолцоонд тохиргоо, засвар хийх шинжтэй учраас тэдгээрийн шилжилтийн буюу дагаж мөрдөх журам нь адилхан байх шаардлагагүй, адилтгах ч боломжгүй” гэв. Харин эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн хайчинд орсноо мэдсэн үү энэ талаар огт дуугарахгүй байгаа. Энэ асуудлаар С.Бямбацогт гишүүн Засгийн газрын хуулиа долдугаар сарын нэгнээс мөрдөхөөр өөрчилнө” гэсэн. Х.Нямбаатар гишүүн тавдугаар сарын 25-нд үйлчилж эхлэх нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газар захирагдахгүй гэх утга бүхий тайлбар хийх шиг боллоо. Тэрээр “ҮХНӨ-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд уг харилцааг зохицуулсан шинэ хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл өмнөх хуулиар уг харилцааг зохицуулна гэсэн хуультай. Хаврын чуулганаар арав гаруй органик хуулийг батлах үүрэг хүлээсэн. Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлдэн ажиллаж байна. Магадгүй ирэх тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй. 1992 оны Үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн. Өөрөөр хэлбэл, дагаж мөрдөх журмын хуулиар ийм харилцааг зохицуулдаг” гэжээ. Эрх баригчдаас дээрх хоёроос өөр хүн одоогоор олигтой дуугараагүй л байна. Гаргалгаа гарц хайгаад л байгаа дуулдсан. Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн эхний эгнээнд Засгийн газрын тухай хууль жагсчээ. Үндсэн хууль зөрчин дээрх хуулийг баталвал эрх баригчдыг Цэцэд өгөх иргэд, хуульчид урт дараалал үүсгэх нь дамжиггүй.

Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж, баталж чадлаа гэж шоу хийж, малийтал инээсэн зургаа хаа сайгүй тавихын оронд энэ заалтаа анхаарах ёстой байж.

Хуульч Б.Чимид “Үндсэн хууль бол алганд багтах эх орон” гэж хэлсэн байдаг. Гэтэл түүний хэлсэн үгийг эш татаж ирээд л даналзаад байсан эрх баригчид хурууныхаа үзүүрээр бидний дээдлэн сахих Үндсэн хуулийг зөрчихийг санаархаж байна. Тэгвэл “УИХ Үндсэн хуулийг өдөр бүр сахиулах үүрэгтэй” гэж Б.Чимид хуульч хэлж байж. УИХ-ын дарга Г.Занданшатар та үүргээ биелүүлнэ үү. Сахиулж, хамгаалах ёстой Үндсэн хууль чинь санасныхаа зоргоор өөрчилж болдог нэг Засгийн газрын тоглоом биш шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бүү давар” гэж байгаа бол бүх нийтээрээ сонгуульд оролц, залуус аа

Сонгууль тун ойртжээ. Яг өнөөдрөөс тооцвол 36 хоног үлдлээ. Өдөр бүр коронагийн талаарх яриа, Эрүүл мэндийн яамны мэдээллийг анхаарч байсан хүмүүсийн сэдэв солигджээ. Хаа сайгүй сонгуулиар амьсгалж байна. Өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигчийг дөвийлгөж, дэмжихгүйгээ элдвээр хэлж байгаа харагдана. Намууд хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулж, зарлалаа. Нийт 15 нам, дөрвөн эвсэл, 208 бие даагч сонгуульд оролцохоо илэрхийлсэн байсан. Ардчилсан нам 71 шинэ нэр дэвшигчдийг оруулж ирлээ. Нийт нэр дэвшигчдийнх нь жар орчим хувь нь залуучууд. Дөчин хувь нь эдийн засагч, гучин хувь нь хуульч, 20 хувь нь эмэгтэй, 7.5 хувь нь инженер байна. Харин МАН-ын нэр дэвшигчдийн статистик гараагүй байна. Энэ жилийн статистик, судалгааны дүнгээр хүмүүс хуучин хүмүүсээ залхсан, итгэл алдарсан учраас шинэ сонголт хийх нь тодорхой болсон. Намууд ч үүнийг анзаарч шинэ хүмүүсээр нэр дэвшигчдээ сонгож. Үүнийг анзаарсан бие даагчид бас түүхэндээ байгаагүй ихээр дэвшив. Эхлээд 208 хүн байснаас тал нь шантажчид байсан бол зарим нь санасандаа хүрч намаасаа дэвших эрхээ авч чадлаа. Зарим боломжийн нэр дэвшигчдийг эвслүүд шүүрч авлаа. Үлдсэн нэг хэсэг нь Аудитын газраас мөрийн хөтөлбөр нь шаардлага хангахгүй гээд буцав. Энэ мэтээр зуугаад хүн үлдэв бололтой. Гэхдээ л түүхэндээ байгаагүй олон бие даагч байна. Хамгийн аюултай нь том намуудын зарим хуучцуул гарч ирэх магадлалтай шинэ залуусын саналыг хуваахаар зориуд нэг тойрогт олноор нь дэвшүүлэх зэргээр элдэв арга сэдэж байна. МАН харин нэр дэвшигчдээ хав дарж байгаад хамгийн сүүлд дэлгэв. ЖДҮ-чин, Жаран тэрбумтнуудынхаа ихэнхийг дэвшүүлсэнгүй. Мэр сэр үлдсэнийг эс тооцвол шүү. Дээр нь наймаа панз үсэргээд тойргоо тохирч зарсан дуулдана. Зарим залуусын усалж тордсон тойргийг булааж авав. Нэр дэвшилтийн паян дуусаагүй л байна. Зарим тойрогт уначихвал хайран залуус нэг дор оччихсон байх жишээтэй. Магадгүй тэд саналаа хуваахад хуучин хэд гараад ирнэ гэж тооцсоных биз. Хамгийн их анхаарлын төвд орсон тойрог хотод Хан-Уул болж байна. Шижигнэсэн сайхан хуульч, эдийн засагч залуус өрсөлдөхөөр болж. Болдогсон бол бүгдэд нь санал өгчихмөөр.

Санал өгч болохоор шинэ сонголтууд олон боллоо. Саналаа өгөх залуус минь хаана байна. Хонконгт залуус нь сонгуулийн эрхийнхээ төлөө яаж тэмцлээ. Заримд нь сонгох эрхээ олж авах хэцүү байхад Монголын залууст тийм асуудал алга. Өмнө нь энэ муусайн хөгшчүүл, өнөө л хэд үү хэмээх тайлбараар санал өгөхөөс хойш суудаг байсан бол одоо тийм юм алга. Бүх боломж байна. Бусдад сонголтоо булаалгаж халаглаж суух цаг биш ээ. Хэрэв саналаа өгч үүргээ биелүүлээгүй бол дараа нь хариу нэхэж гоншигнох хэрэггүй. Төр засаг ийм байна, тийм байна гэж бүү яриарай. Энэ чиний эс үйлдлийн үр дүн байх болно. Сонгууль өгөөгүй “сайн” иргэд муу нэр дэвшигчийг сонгодог” гэсэн нэрт зохиолчийн үг бий.

Бие даагчид нэр дэвшигчдээ голж байгаа бол энэ удаа сонголт арвин байна. “Бүү давар” гэсэн лоозон барьж, ямаа хөтөлсөн залуус баг зүүж, цагаан нөмрөгтэй залуус эсэргүүцлээ илэрхийлж жагсаж байна. Залуусыг дэмждэггүй ямаа дэмждэг төр засгаа тэд шүүмжилж байна. Энэ улс төрчдийн ийм ийм үйлдүүдийг “Битгий давар” гэж тэд хэлж байна. Хэрэв одоогийн эрх баригчдыг давраад байна гэж үзэж байгаа бол сонгуульдаа идэвхтэй оролц. “Ятгах тусам нягтал” гэгчээр нэр дэвшигчийг сайтар нягтал. Гоё үг хэлж, том амласан болгон мундаг байдаггүй. Тэдний нэг удаагийн гоё үг, амлалтад, сайтар нягтлалгүй сонговол мөн л харамсах болно. Сонгож гаргаад дөрвөн жил зүхдэг. Маш цөөн хувийн оролцоотой байхаар хүсээгүй улстөрч чинь ялдаг.

“Бүү давар” хэмээн залуус жагсахад бүү эсэргүүц, бүү шүүмжил. Ихэнх нь ямаа хөтөлснийг нь шүүмжилсээр тэдний өгөх гэсэн мессэжийг ухсангүй. Залуусын дунд явуулсан судалгаагаар өнгөрсөн сонгуулиар юу ч бодолгүй саналаа өгсөн гэсэн нь 17хувь байх юм. Ямар харамсмаар юм бэ. Өөрсдөө оролцоогүй, өвөө эмээд найдаад ач холбогдол өгдөггүй. Тэгээд тэдний сонгосон хуучны хоцрогдсон нөхдийг бүтэн дөрвөн жил шүүмжилж зүхдэг. Одоо та бидний хүсээд байсан шинэ сонголтууд олноороо гарч ирлээ. Эрхээ эдэлж, үүргээ биелүүл, залуус аа. Мөн дээрх судалгаанд оролцсон залуусын 35 хувь нь завгүй байсан болохоор сонгуульд оролцоогүй гэсэн бол 23 хувь нь хэнд, яаж саналаа өгөхөө мэдэхгүй байсан гэж хариулжээ. 2016 оны сонгуульд 18-25 насны залуусын 50 хувь сонгуульд оролцож саналаа өгсөн гэж байх юм. Монголын сонгогчдын дийлэнх нь 18-45 насных. Японы Васеда их сургуулийн Улс төр судлалын докторант С.Болдсайхан судлагааны урьдчилсан дүнг ub.life сайт өчигдөрхөн танилцуулсан байна лээ.

Бид сонгуульдаа өөрсдөө ингэж идэвхтэй ордоггүй. Орсон ч хувиа бодсоноос алддаг. Танил минь юм, надад тус болж байсан юм, хэзээ нэгэн цагт тус болж магадгүй хүн, надад мөнгө өгсөн юм чинь гэх мэтээр маргаашийн ирээдүйгээ өнөөдрийн таван мянга, хорин мянгаар худалддаг сонгогчид бий.

Надад мөнгө өгсөн юм чинь ямар хамаатай юм өнөөдөр л болж байвал гэсэн сэтгэлгээнээсээ салах ёстой. Надад одоохондоо хохиролтой ч улс оронд хэрэгтэй хүн. Хожим нь зөв хүнээ сонговол үр хүүхэд улс оронд минь хэрэгтэй гэж ирээдүйгээ харж сонголтоо хийе. “Бүү давар” гэж байгаа бол бүх нийтээрээ сонгуульд оролц. Нөгөө л хэд дэвшиж гэж гомдох юм алга. Шинэ сонголтууд ярайж байна. Гагцхүү итгэлтэйгээр саналаа өгөхөд л болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгууль хойшлох эсэхийг УИХ ч, Ерөнхийлөгч ч шийдэхгүй. “COVID” гуай л мэднэ дээ

Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй байж гутлаа тайлна гэгчээр дэлхийг сандаргаж байгаа өвчин зовлон яагаа ч үгүй байна. Хэзээ энэ бүхнээс ангижрахыг хэлж мэдэх бурхан ч алга. Хоёр сарын дараа юу болохыг мэдэх нь бүү хэл хоёр цагийн дараа юу болохыг хэлж мэдэхгүй цаг үе. Дэлхий нийтээрээ айж байна, бас тэмцэж байна. “COVID-19” хэмээх цар тахал өчигдрийн байдлаар дэлхийн 212 оронд бүртгэгдээд байгаа аж. Халдвараар 1.5 сая хүн өвчилж, 88405 хүн нас барсан бол 339731 хүн эдгэрсэн байна. Монголд 16 тохиолдол бүртгэгдээд байна. Манайхны нэрлэснээр Анх-Отгон буюу Монголд анх корона авчирсан франц эрээс хойш гаднаас тээвэрлэн ирсэн 16 тохиолдол бүртгэгдсэн. Эмчлэх найдлагатай эм вакцин эцэслэгдэж гараагүй байна. Олон оронд вакцин гаргахаар туршилт хийж, эрдэмтэн мэргэд нь ажилласаар л. Энэ өвчин, мөнгөтэй мөнгөгүй, хөгшин, залуу, алдартай, алдаргүй, нийгмийн доод, дээд түвшнийх гэж ялгахгүй хүрч байна. Дэлхийн олон орны төр засгийн удирдлагууд, урлаг, спортын одод ер хэнийг ч ялгахгүй. Үсрэнгүй хөгжсөн орон уу, ядуу буурай орон уу гэж ялгахгүй байна. Ямар сайндаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг шүүмжилж, санхүүжилтийг нь зогсооно гэсний хариуд Трампад тус байгууллагын удирдлага хатуухан зэмлэл хүргэв. ДЭМБ-ын ерөнхий захирал бүх улс өвчний эсрэг нэгдэж, хамтран ажиллах хэрэгтэйг сануулан”Улс орнуудын удирдлага, Засгийн газрууд ард иргэдээ хамгаалахын тулд бүхий л анхаарлаа тавих ёстой. Вирусийг улстөржүүлэхээ боль. Хэрвээ та балрахыг хүсч байгаа бол, хэрвээ танд илүү олон цогцосны уут хэрэгтэй юм бол үүнийгээ хийгээрэй. Үгүй бол энэ асуудлыг хэт улстөржүүлэхээ боль” гэж сануулав. Таны том улсын Ерөнхийлөгч байна уу хамаагүй ээ, одоо бол корона л бүгдийг дийлж байна гэдгийг анхааруулах шиг боллоо.

Энэ өвчний үр уршиг хүрэхгүй салбар гэж алга. Дэлхийн хэмнэлийг “COVID” гуай дураараа өөрчилж байна. Энэ вирус дэлхийн нефтийн зах зээлийг нэгмөсөн өөрчилж байна. Ороогүй салбар ч гэж алга. Эдийн засагт тэр нөлөөгөө үзүүлж, хүний зан чанарыг хүртэл таниулж, амьдралын хэмнэлийг өөрчилж байна. Одоогоор тэр бүгдэд нөлөөлж байгаа ч, нөлөөлөл нь зогсох өдөр ирж таараа. Гэхдээ хэзээ гэдгийг мэдэхгүй. Цаашид хичнээн хүний амийг авч одож, хичнээн зүйлийг өөрчлөхийг таашгүй. Ийм эргэлзээтэй үед манай улсын Ерөнхийлөгч сонгууль хойшлуулах тухай санал гаргасан. Энэ нь корона вирус энэ хэвээр үргэлжлэх нь, хяналтад ороогүй хэвээр байна гэж тооцсоноос үүдэлтэй санал болов уу. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байна. Ялангуяа сошиалд бол талцаад үзэж тарж байна. Улс төрийн намууд нь ч сонгууль хойшлуулах хэрэгтэй, хэрэггүй гэлцэн хий дэмий мэтгэлцэж сууна. Хоёр сарын дараа юу болохыг хэн ч мэдэхгүй гэж дээр хэлсэн. Магадгүй энэ өвчнийг эмчлэх эм гарчих ч юм бил үү. Эсвэл үгүй ч байж болно. Ямар ч байсан сонгууль болохыг Ерөнхийлөгч ч тэр, УИХ ч тэр, ард түмэн ч тэр мэдэхгүй, бүх дэлхийг чичрүүлж байгаа “COVID” гуай л мэднэ дээ. Сонгуулийг заавал хийнэ гэж томрох хэцүү, хийхгүй гэж цэцэрхэх хэцүү. Аль ч талаараа ам гарч бүхнийг шийддэг мэт томроход хэцүү цаг. Байдал яахнав, тэрэнд нь тохируулж амьдрахаас өөр сонголт бидэнд алга. Ер нь хүн төрөлхтөнд энэ өвчнөөс болж хөрсөн дээрээ бууж амьдрахаас өөр арга байхгүй. Бид бүхнийг чаддаг, тэрэн дээрээ мөнгө бүхнийг шийддэг гэдэг давилуун бодлоосоо салах хэрэгтэй. Хувь хүн хариуцлагаа дээшлүүлж, амьд гарахын төлөө бүхий л боломжоороо ухаалаг амьдралын хэвшлийг дагах хэрэгтэй байна. Хоёр сарын дараахь сонгуулийг хийнэ, хийхгүй гэж дэмий хөөрцөглөж анхаарал сарниулах шаардлагагүй. Амьд байвад хичнээн ч сонгуулийг үзэж болно. Зарим улс сонгуулиа хийж байна, зарим нь хойшлуулж байгаа. Улс болгоны сонгуулийн сурталчилгааны арга барил өөр, хууль нь өөр, нөхцөл байдал өөр. Тэднийг дагаж намираад ч яахав. Эсэргүүцэж сүржигнээд ч яахав. Хамгийн гол нь “COVID” гуай олуулаа цуглахыг андахгүй. Монголчууд бид коронагийн сургаар их л дэг журамтай байсан. Яаран арга хэмжээ авч, хэрэндээ л хамгаалж байна. Гэвч цаашид юу болохыг тааж хэлэхийн аргагүй байхад улс дотроо алдчихаагүй юм чинь гээд тайвширч эхэлжээ. Анхаарал суларч, гадуурх хөдөлгөөн ихэсч, өнөөх гайхал иртлээ хаа ч билээ гэсэн янзтай хэнэггүйтэж харагдах юм. Бүгдээрээ маскаа зүүж, хувийн ариун цэврээ сахин, хүн бүр сахилга баттай байсан шүү дээ. Овоо шүү дээ. Цагаа тулбал бид чинь сахилга баттай улс байна гэж баярлаж, бахархаж байлаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд яаж байгаа юм. Бидэнд тусдаггүй, тусдаа цустай энэ тэр гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Машид зөв арга хэмжээ авч, соргог байсны хүчинд л өдий зэрэгтэй байгаа. Түүнээс биш монгол хүнд халддагийг бид мэдсэн шүү дээ. Улам л анхаарал болгоомжоо нэмэх ёстой болохоос сулруулах хэрэггүй. Энэ байдлыг арилгах гэж цагдаагийн машинууд маскаа зүү гэж чанга яригчаар сануулж байна лээ. Анхааруулга, сануулга тасралтгүй явж байна. Таних, танихгүй хэн ч бай, анхааруулж байя. Учир нь хэн нэгний анхаарал алдахад л хотлоороо, улсаараа ямар байдалд орж байгааг бид өдөр бүр мэдээллээс харж байгаа. Тийм их хичээл зүтгэл гаргачихаад одоо тавиад туучихвал яах юм.

Гудмаар хамгаалалтын хувцастай эргүүлийг бүр олон болгоё. Сүүлийн хэд хоногт хотын хөдөлгөөн карантин зарласан шинжгүй ихэсч, зам түгжирч эхэллээ. Идэр насны залуус гудмаар сэлгүүцэж, шоу цэнгээн хийж байна. Гэртээ уйдсан жаахан хүүхдүүд энд тэнд бөөнөөрөө тоглож байгаа харагдах болов. Бүгд л маскгүй харагдах юм. Маск зүүсэн хүн цөөрөөд эхлэв. Дэмий тэнэж байгаа хүмүүсийг “Ямар ажилтай явж байна, орооч гэж сануулж байя. Нэгж цэг, зах хязгаараар ч эргүүл гаргая. Орой үдэш залуус бөөгнөж байвал, зэмлэж анхааруулъя. Саяхан зам гарч яваа хоёр хүнийг машины цонхоо онгойлгон “Маскаа зүүгээч” гэж хашгирсан залууд талархлаа. Өнөөх хэнэггүй хоёр яаран халаасаа тэмтэрч маскаа гаргаж ирж харагдсан. Одоо бид бүр олуулаа ингэж хашгиран сануулж байя. “Өөрөө тоодоггүй юм гэхэд эцэг эхдээ корона чирч очих нь уу. Гэр бүл, үр хүүхэд чинь яах юм” гэж анхааруулъя. Онцын шаардлагагүй бол гадагш бүү гар. Шинэ нөхцөл байдалд анхаарал сэрэмжээ сулруулахгүй цаашид зохицон амьдаръя. Юун сонгууль, юун улс төр. Юун түрүүнд амь нас. Нэг л өдөр хүн төрөлхтөн “COVID”гуайг ялна. Тэр үед гадуураа тэнэнэ үү, шоудна уу өөрсдөө мэд. Орчлонгийн олон, олон сайхныг үзэхийн тулд амьд л явах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

О.Жаргалсайхан: Мүраками Харүкигийн нэг онцлог бол бичихээсээ өмнө хүлээ гэдэг зарчим

Мүраками Харүкигийн “Торгон цэргийн хороон даргын аллага” романы орчуулагч О.Жаргалсайхантай ярилцлаа.


-Ярилцлагаа эхлэхээс өмнө шинэхэн номоо “өлгийдөн” авч буй танд баяр хүргэе. Энэхүү бүтээл нь Монсудар хэвлэлийн газартай хамтран гаргаж буй таны хэд дэх бүтээл вэ. Өмнө нь ямар, ямар бүтээлүүд дээр ажиллаж байсан бэ?

-За баярлалаа. Зөвхөн Мүраками Харүкигийн романы орчуулгын гэхэд гурав дахь томоохон бүтээл юм даа. Өмнө нь та бүхэн сайн мэдэх мянга гаруй хуудастай 1Q84 гурамсан роман, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” роман мөн миний орчуулгаар хэвлэгдсэн. Одоо энэ роман гэхэд түүний хамгийн сүүлд хэвлүүлсэн хоёр дэвтэр том бүтээл байна.

Миний утга зохиолын орчуулгын дийлэнх бүтээл АДМОН-д хэвлэгдсэн байдаг. Хамгийн анхны бүтээл 1997 онд хэвлэгдсэн Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл”-ээс эхлээд “Япон өгүүллэг туужууд”, “Хайрын ааш”, “Гэнжийн туульс”-ийн хоёр дэвтэр байна, Монсудартай олон жил түншилж байна.

Ер нь утга зохиолын орчуулга харьцуулсан соёл судлалын нэг хэлбэр байдаг. Тэгэхээр япон хэлээр эх хэлнээс нь орчуулж байгаа утга зохиолын орчуулгаар дамжуулж Монсудар хэвлэлийн газар бидний дунд миний судалгааны чиглэлээр томоохон сэжим үүсч бий болсон гэж үзэж болох юм. Хавтас дизайнаас эхлээд японы утга зохиолыг ойлгох, мэдрэх тодорхой хэмжээний түвшинтэй болсон тул надад ажиллахад төвөгтэй биш байдаг. Би ер нь олон тийш савчаад байдаггүй нэг юмандаа үнэнч хүн л дээ (инээв).

-Энэхүү бүтээл нь хэвлэгдэн гарсан даруйдаа л Япондоо гэхэд 1.3 сая хувь борлогдож, дэлхийн олон хэлнээ хөрвүүлэгджээ. Манай уншигчид ч маш богино хугацаанд эх хэлээрээ унших боломжтой болж байна. Энэ номыг анх орчуулах болсон шалтгаан нь юу юм бол?

-Миний хувьд түүний томоохон романуудыг орчуулаад ирэхээр аяндаа түүнийг уншдаг, түүний дотоод сэтгэл рүү гүнзгий орох, гаргасан бүтээлүүдийг нь цаг алдахгүй уншдаг нэг ёсны фэн нь болж ирдэг юм байна. Тэгээд энэ роман маш сайн бүтээл байна гэдэг нь аяндаа ойлгогдоод намайг хатгаад зүгээр суулгахгүй байсан. Монсударынхан эрхийг нь аваад ажил эхэлсэн. Энэ дашрамд хэлэхэд Мүраками Харүки зохиолчийн хувьд хувь хүнд орчуулгын эрхээ өгдөггүй, тухайн улсын нөлөө бүхий хэвлэлийн газраар дамжуулахыг хүсдэг.

Энэ роман баялаг өгүүлэмжтэй, ер нь роман гэдэг ганцхан сэдвээр хол явдаггүй байх, олон сэдэв хоорондоо хэрж байж бүтдэг зүйл биз ээ. Ганц жишээ хэлэхэд муу гэгч зүйлийн мөн чанар, хэлбэр, хэмжээс энэ хорвоод өөрчлөгдөж байна гэдгийг зохиолч 1Q84 гурван боть романаараа харуулж өгсөн гэж боддог. Өөрөөр хэлбэл, тэр муу гэгч зүйл улам л далдын далд, маш сайн хавхаг тагтай болж, тэндээс нь суга татаад гаргаад ирэхээр вирус шиг мутацид ордог гэдгийг энэ романдаа харуулсан гэж би боддог юм.

“Торгон цэргийн хороон даргын аллага” зохиол сэдэв, зохиомжийн баялаг агууламжтай бүтээл.

-Тэгэхээр та Мүракамигийн хэд хэдэн бүтээл дээр ажиллаж байсны хувьд энэ зохиолчийн ерөнхий бичлэгийн хэв маяг, онцлогийн талаар ярьж өгөөч. Ер нь анзаараад байхад Мүракамигийн бүтээлүүдэд залуучууд түлхүү дуртай, түүнийг шимтэн уншдаг нь анзаарагддаг. Юу нь тэгтлээ их залуучуудын сонирхлыг татаад байна вэ?

-Би сая сэдэв зохиомжийн баялаг агууламжтай гэж хэллээ. Энэ романыг анх бичихдээ Мүраками гурван зүйл дээр тулгуурласан байдаг. Торгон цэргийн хороон даргын аллага гэсэн сонсголонтой ч гэмээр энэ үгс Мүракамигийн толгойд нэг л сайхан өглөө сэвхийтэл орж ирсэн гэдэг. Тэгээд энэ үгс хагас жил үү, бүтэн жил үү эсвэл бүр хоёр жил үү, түүний толгойноос салахгүй байж тэндээ архи мэт нэрэгдсэн бололтой юм. Толгойд нь зурсхийх болгонд эмзэглэл, өөр мэдрэмж төрөөд л яваад байж.

Бас Мүраками хэзээ ч юм тэмдэглэлийн дэвтэртээ ямар ч тодорхой зорилгогүйгээр “Тэр жилийн тавдугаар сараас хойтон жилийнх нь эхэн хүртэл хавчиг хавцлын амтай ойрхон уулан дээр би амьдарсан билээ” гэсэн мөрүүдийг бичээд хадгалсан байж. Түүнийг харах бүр тэр өгүүлбэр ямар нэг зүйлийг нэхээд байх шиг болно.

Бас Үэда Акинари (1734-1809) “Харүсамэгийн үлгэр” зохиолын “Хойт насны хувь тавилан” (миний орчуулгаар “Хайрын ааш” түүвэрт буй) зохиолд Мүраками залуу байхын дуртай, үүнээс сэдэвлээд нэг юм бичихсэн гэх хүсэл байж. Олон жил зурсхийх бүрт хойш тавиад л явж. Энэхүү гурван санаан дээрээ дөрөөлж энэ романаа бичсэн бололтой юм. Түүнтэй зохиолч Каваками Миэко хийсэн ярилцлага дээр бичсэн байсан.

Яг л гурван найз уушийн газар уулзаж байгаа юм шиг л дуу алдацгаагаад хуучилж суугаа юм шиг л байсан байх.Энэ гурван хүчин зүйл дээр тулгуурлаад Мүракамигийн худлын /зохиол хэмээх/ систем ажиллаж эхэлсэн. Систем гэдэг зүйл ерөөс нэг л хөдөлж орхивол тийм ч амар зогсдоггүй эд шүү дээ.

Гэхдээ Мүраками Харүкигийн нэг онцлог бол бичихээсээ өмнө хүлээ гэдэг зарчим хүчтэй байх шиг надад санагддаг. Түүний томоохон бүтээлүүд долоон жилийн давтамжтай гардаг гэж хэлж болох юм. Энэ долоон жилийн дотор юу бичих вэ гэхээсээ илүү юу бичиж болохгүй вэ гэдгээ тунгаадаг байх. Өөрөөр хэлбэл, хүлээх явдал. Бичихгүй байна гэдэг аль болох их зүйлийг өөрийн дотоодод хуримтлуулах, дотоод ертөнцөө баяжуулах, шинэ санаа идейгээр чигжих, заримдаа бүүр хахуулах энэ бол зохиолч хүний (мэргэжлийн зохиолч хүний) маш чухал хөдөлмөр болов уу. Нэг сайхан өглөө үзгээ шүүрч аваад мэдрэмжээ хэлхээд туучихаж болохгүй байх л даа. Зохиолчийн дотоод ертөнцийг юу баяжуулж байдаг вэ гэдгийг бодох л асуудал.

Нөгөө талаар ийм “хүлээлт” ийн явцад миний ойлгож мэдсэнээр тэр бичих гэж буй цаг үе, нийгмийн талаар маш сайн анализ хийж байдаг. Би нэлээн хэдэн жилийн өмнө түүний Иерсалимын утга зохиолын шагнал аваад хэлсэн үг болох “Хана ба өндөг”-ийг монгол хэлнээ орчуулж байсан. Тэр системийн зураглал хийгээд зогсохгүй шинэ системийн зураглал хийдэг, культ, терроризм, бэлгийн мөлжлөг, дэлхийн аюулыг зураглаад түүнийгээ утга зохиол хэмээх хэлбэрт зөөж аваачиж тавьдаг тухайгаа хэлсэн юм.

Мүраками “Би 29 насандаа гэнэт л зохиол бичье гэж шийдлээ. Тэр үед яаж зохиол бичих аргыг мэддэггүй байсан юм. Гэтэл надад сэрхийтэл бодогдсон зүйл юу вэ гэхээр хөгжим гоё тоглохтой л адил юм биш үү гэж. Хөгжим сайн тоглоход юу чухал вэ гэхээр сайн ритм, сайн зохирол, сайн аялгуу л хэрэгтэй шүү дээ гэж. Зохиол яагаад ийм байж болохгүй вэ гэж бодогдсон” гэж бичсэн байдаг. Тэр бас үгийн тухай хэчнээн хүчирхэг үг байлаа ч, хэчнээн гоё үг байлаа ч өөрийнхөө бие дотроос шувтарч сааж гаргаагүй л бол тэр цаг үетэйгээ хамт хийсэн оддог, алга болдог зүйл, гоё үгэнд итгэдэггүй тухайгаа ярьсан байдаг.

Түүний үгийн сонголт надад (орчуулагчийн хувьд) хөвөнд боосон чулуу биш, харин чулуун дотроос гарсан хөвөн шиг сонин төсөөлөгддөг. Чулуу хагараад дотроос нь хөвөн гарвал чулуужсан хөвөн болох уу, аль эсвэл чулуун хөвөн болох уу би мэдэхгүй, гэхдээ л тийм нэг содон шинж байдаг юм.

Түүнээс гадна Мүракамигийн зохиолыг, орчуулгуудыг уншихаар хамгийн түрүүн надад буудаг юм гэвэл худлыг (зохиолоо) бодитой юм шиг тултал нь, үнэн болтол нь зураглаж бичдэг тэр чадвар байдаг. Түүнийгээ ойлгомжтой үгээр бичээд сайн метафороор илэрхийлж, ашигтай алгоритм үүсгэж байдаг л гэж би дүгнэмээр байна. Энэ нь түүний фэнүүдэд сонирхолтой байдаг биз дээ, бодвол. Ерөөс хэн сайн бодож чадна тэр ашигтай гаргалгааг бий болгож байдаг.

-Номын хавтаснаас харахад л ямар нэгэн далдын зөн урин дуудах шиг мэдрэмж төрж байсан. Зохиолоо орчуулах явцад жинхэнэ “амт шимт” авч, зохиолдоо орох үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Түүний бүтээлүүдийг анх орчуулахад бүүр 2013 онд шүү дээ, 1Q84 гурамсан романы орчуулга дээр би өөрөө өөртөө асуулт тавьж байсан юм. Утга зохиолыг орчуулах процесс өөрөө яг юу юм, ерөөс орчуулна гэдэг боломжтой юу, яавал боломжтой болох юм, орчуулгын бүтээлүүд өөрөө иргэний утга зохиолд ямар нөлөөтэй болох, нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг юм гээд. Тэр үед миний хувьд Самүэл Смайлсийн “Өөртөө туслах ухаан”, Фүкүзава Юүкиичигийн “Эрдмийг эрхэмлэхүй”, Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл”, “Оросын тухай” гэх мэт түүхэн баримтат- уран сайхны болон, нийгмийн сэтгэл зүйн зохиолын орчуулгаас Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс” хэмээх дэлхийн анхны хүүрнэл зохиол болох цэвэр утга зохиол руу урваж тэргүүн дэвтрийг нь 2008 онд хэвлүүлсэн, туршлагагүй орчуулагчдын хажууд бол туршлагатай орчуулагч гэгдэж байсан үе л дээ. Гэхдээ л орчин цагийн супер романчийн 1000 хуудастай энэ номыг, дэлхийд олон сая фэнтэй, ид нэрд гарч яваа том зохиолчийн том бүтээлийг зориглож барьж авч байсан тул сүрдэж байсан болохоор л ийм асуултуудыг өөртөө тавьж байсан байх.

Тэгээд яахав дээ, зохиолчийн санааг боломжит дээд хязгаараар баттай ойлгож байж түүнийгээ монгол хүнд эвтэйхэн ойлгомжтой буулгах, зохиолчийн өөрийнх нь хөг аялгуу, оюуны ёжлол, цанхаархал, дамшиглалыг хөл алдахгүйгээр мэдэрч буулгах, хэл болон соёлын үзэгдлээр нь дамжуулж утга зохиолын орчуулгын нормативыг сайн барьж орчуулах, уугуул эх зохиолыг нь монгол хэлээр дахин бүтээхэд чөмгөө дундартал сууж байж бүтдэг юм гэдгийг өөрийн биеэрээ ойлгож туулсан. Одоо бол “Илжиг модон худрагандаа” гэгчээр ертөнцийн бүхий л явдлыг арагш тавиад орчуулгын ажилдаа шамдаж байна даа. Ер нь орчуулгын ажил тэр дундаа утга зохиолын орчуулгын ажил нэг их түхэлзээд хаахраад байх ажил биш шүү дээ, яс сууж байж гараас гардаг, хариуцлагатай, үнэнч хүний л хийх ажил.

Миний үндсэн мэргэжил, бас Япон улсад Токиогийн боловсрол, соёлын их сургуульд таван жил суралцсан боловсрол, мэдлэг, чадвар дадал маань том бүтээлд хөл алдахгүй хэмжээнд намайг аваачсан байх. Миний бүтээлүүд дээр багш маань хамтарч ажиллаж зөвлөдөг. Японы Азийн их сургуулийн хүндэт профессор, монголч эрдэмтэн Койбүчи Шиничи багш маань юм.

Энэ зохиолын хувьд миний таньдаг Мүраками, намайг таньдаг түүний роман л угтсан. Танил хөг аялгуу, танил баясгалантай гоё чимхэлт, танил дуу алдалт бас танил зовлон. Үг өгүүлбэр бүрээрээ сэтгэл зүрх рүү орсон гоё ёо ёо (инээв).

Мүраками романаа бичихдээ нэг төсөөллийн шугам сэртхийтэл түүнд ороод ирдэг, түүнийгээ уран шувуу үүрээ засах мэт хэлтэрхий хэлтэрхийгээр нямбай гэгч нь цаг хугацаа зарцуулан байж өрж босгодог юм шиг байна. Түүнийгээ сурмаг гэгч нь уншигчдад тайлбарлаж өгөхийг бодно. Тархи толгой руу нь шингээж бат суухаар амттай зураглана даа. Маш уйгагүй, маш ухаалгаар. Бас хүнлэг, найрсаг, ялдам зөөлөн байхгүй бол болохгүй гэдгийг тэр тун сайн мэднэ. Би л өөрөө ойлгож байвал болоо гэсэн байдлаар ер хандахгүй, надад чамд, Жоржд, Дулмаад гээд дэлхийд тархан суусан фэнүүддээ зориулж шүү дээ.

Рихард Штраусын “ганц хогийн шүүрийг ч би хөгжмөөр илэрхийлж чадна” гэсэн бардамнал Мүраками дээр “харсан бүхнээ би үгээр зураглаж чадму” гэсэн цанхаархалаар солигдоод байна уу даа гэмээр. Эсхүл орчин цагт бүгд ухаалаг утсаар зураг дараад тайлбарлаж чадаж буйтай мөчөөрхөөд ч байгаа юм шиг зурагладаг тийм зохиолч, гэхдээ сонирхолтойгоор. Иймэрхүү л мэдрэмж надад төрдөг. Өнөөдөр ч тийм л байна.

-Эдгээр сайхан мэдрэмжүүдээс гадна орчуулах явцад тулгарч байсан хүндрэл, бэрхшээл юу байсан бэ?

-Энэ зохиолын нэг онцлог гэвэл бас л 1Q84 романы нэгэн адил бодит ба бодит бус ертөнцийн зааг дээр зохиолын гол баатар ирж очиж байдаг. Энэ хоёр ертөнцийн зааг хил хязгаар тун ч нимгэн, ялангуяа уншигчдын тархи толгой яг л төвлөрч уншихгүй бол болдоггүй тийм онцлогтой, тийм бүтэцтэйгээр Мүраками хийсэн. Дээр нь 1Q84 романд гардаг бодит бус ертөнцийн бодгалиуд little people –үүд “утас ээрэх мэт” хөдөлгөөнийг үг дуугүй, ярихгүйгээр үйлдэж байдаг бол энэ роман дээр яриад, хар хэллэгээр бол “жавжлаад” сууж байдаг. Идеи гэдэг нэртэй, 60 см өндөртэй, бас болоогүй торгон цэргийн хороон даргын төрхтэй, сэлэм унжуулчихсан хий бод. Хөгшчүүд ярьдаг даа, тэр хий юм чинь хачин өнгө хоолойгоор ярьдаг юм гэнэ лээ гэж. Хачин өнгө хоолойгоор ярина. “Таануус”, “тэгнэ гэж байхгүй”, “мань нь” гэхчлэн өвөрмөц үг хэллэгтэй, танхайдуу, орчин цагийн нийгмийн шинжлэх ухааны ойлголтуудыг өнөөгийн түвшинд ярина. Үүнийг буулгахад жаахан төвөгтэй байлаа. Зохиолд гардаг бодот хүмүүсийн үг яриаг буулгадаг байсан бол одоо хий сүг, хийбодын өвөрмөц яриаг буулгах болж байгаа юм. Үүгээрээ онцлог юм уудаа. Гэхдээ энэхүү санааны ертөнц нь бодит бус ертөнцийн дүр атлаа, заримдаа бодит энэ ертөнцийн дахин нэг өөр дүр ч гэмээр, давхар метафор гэж үүнийг хэлэх байх аа.Ер нь Мүраками Харүкигийн зохиол хэмээх худлын үйлдвэрлэл шинэ технологи, шинэ түүхий эд, шинэ бүтээмжээр ямагт хувирч өөрчлөгдөж, баяжиж байдгаараа онцлогтой л доо.

-Зохиолд гарч буй далдын, жигтэй зүйлс уншигчдын сонирхлыг татах нь гарцаагүй. Зохиолын “амин сүнс” нь таныхаар юу вэ. Уншигчид энэ зохиолоос ер нь юу “олж авах” вэ?

-Энэ романыг толь гэж бодвол та өөрийгөө заавал олж харах болно. Чиний хувь заяаг эргүүлээд байгаа зүйл чиний хувь тавилан гэхээс илүү хаа нэгтээ буй бурхан ч биш, чиний өөрийн үйл лай ч биш, эсвэл заяа тавилан ч биш, харанхуй нүх шиг нийгэм гэдгийг олж харах болно. Тэр нийгэм чамайг заримдаа зовоохгүй ч бас заавал жаргаана гэсэн теорем байхгүй, харин чиний өмнөөс хувь заяаг чинь шийдээд байдаг гэдгийг олж мэдэх болно.Энэ зохиолд “нүх” хэмээх өгүүлэмж онцгой байртай байгаа юм.

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Энэ роман хоёр дэвтэртэй, үүнийгээ дуусгах бодолтой. Бас дэлхийд нэрд гарч яваа THE HU хамтлагийн Гэрэг цомгийн 13 дууг япон хэл рүү орчууллаа. Хөгжмийн зохиолч Б.Дашдондогийн уран бүтээлүүдийн орчуулга дээр ажиллалаа.