Categories
редакцийн-нийтлэл

Луу жилийн улс төр эхэллээ

АРДЫН НАМ БА САНАЛ ТООЛЛОГЫН АВТОМАТ МАШИН

Сар шинийн дараахь ажлын эхний өдөр Тусгаар тогтнолын  ордонд өдөр­жин золголт үр­гэлжлэв. Юун ажил,
юун  улс төр. Тусгаар тогтнолын ордонд
өрөө­нөөс өрөө дамжин  үнсэлцэж,
тэврэлдэж буй  энэ намынхан зарим нь
лам  авчирч ном ун­шуулж сүйд болов.
Нэрээ  голсноос
хойш  сон­гуульд ялагдах нь бараг
тодорхой болсон МАН-ынхан гундуухан итгэл муутай болсон байлаа. Гэтэл сүүлийн
үед тэд    өдөр, шөнөгүй  сонгуульд бэлтгэж өөртөө итгэх итгэл нь эргэн
ирлээ гэцгээх болж.
Юунд ингэтлээ найдаж,  
хөөр­цөглөж эхлэв гэтэл санал тоол­логын автомат машинд хамаг учир байж.
Анх улстөрчдөд танил­цуул­сан Солонгосын скайнер шиг тоологч машин нь гологдож  өөд уруугүй хэрүүлийн алим өнхрүүлж  байгаад л АНУ-аас машин авчрах болсон
билээ.  Солонгос скайнер зүгээр л өгөөш
байж.
Сталины тухай  онигоо
шиг ч юм шиг,  үнэн  ч юм шиг яриа байдаг даа. Сталин  ардын дайсныг шууд буудах,  Кремлийг 
хөх өнгөөр будах гэсэн хоёр асуудлыг хуралд оруулж хэлэлцүүлжээ. Ингээд
ху­рал дээр Кремлийг улаанаар буд­на, хөхөөр будна гэж эцэсгүй мар­гаан үүсч.
Ингэж,  ингэж улаан өнгөөр будах дээр
тогтож. Тэгэхэд нь Сталин “За ингээд та бүхний саналаар Кремлийг улаанаар
будахаар боллоо. Харин миний саналаар 
Ардын дайсныг буу­дахаар боллоо шүү” гэсэн гэдэг. Ердөө л ардын дайсныг
буудах гол саналаа  шийдүүлэхийн тулд
Крем­лийн өнгө ямар байх тухай шал хэрэггүй маргаан өрнүүлсэн нь тэр. Манайхны
ярьдгаар бол бага чулуугаар их чулууг доргионо гэдэг шиг юм болохгүй юу. Ардын
на­мын­хны заль ч яг л ингэж Сталины аргаар явсан байгаа юм. Аме­рикийн санал
тооллогын  машиныг  оруулж ирэхийн тулд л Солон­госын скайнер шиг
машиныг  эх­лээд санал болгож. Эцэст нь
аме­рик машиныг хөдөлбөргүй зөв­шөөрүүлж чадсан хэрэг. Үнэн хэрэгтээ  аль хэдийнэ АНУ-ын энэ машиныхаа  программ дээр ажиллах хүнийг бэлтгэж,  автоматаар луйвар хийж болохоор болгосон
гэдэг нь өөрийнх нь намын гишүүдийн амнаас ам дам­жин яригдаж сэтгүүлч бидний
чи­хэнд хүрчихсэн хэрэг л дээ.   Жишээ нь
энэ машиныг  АН-д саналаа өгөхөд МАН-д
санал нь тоолог­дохоор программчилна гэсэн үг. Энэнд ядаж цөхөөд байх зүйлгүй.
Компьютерийг ч хүн л зохиодог хойно “тийм”-ийг “үгүй”, “үгүй”-г “тийм” болгоод
өөрчилчихөж дөн­гөхийг бид мэднэ. Арван хэдтэй хүүхэд улсын томоохон нууцад
нэвтэрч, хорин хэдтэй залуус  ду­рын
сайт  руу нэвтрээд дэлхийгээр нэг
шуугиулж байхад энэ бол  гай­хах
зүйл   биш.
Санал тоолдог  автомат
ма­шины “но”-той гэдэг нь  хүү Буш,
Гор  хоёрын сонгуулийн үеэр нот­логдсон
байдаг. Тэр үед автомат машины үр дүнд Буш ялсан байтал Гор эсэргүүцэн маргаан
үүсгэсэн.  Флорида муж дээр саналыг дахин
гараар тоолж үзэхэд Гор нь тасар­хай ялчихсан байсан. Гэвч АНУ  ардчиллын нэр сэвтэнэ гээд олон нийтээс тас
нууж, Буш автомат санал тоологчийн ачаар 
ялсан байдаг. Бушийг ялуулсан өнөөх гайхал машин өнөөдөр манайд ирчихээд
байгаа нь энэ шүү дээ.  МАН-ынхны хөл,
толгойгүй хөөр­цөглөөд байсны  учир ердөө
л энэ аж. Тиймээс автомат машинд найд­сан найдлага  нь МАН-ынхныг ийм эрч хүчтэй болгожээ. 
Гэхдээ МАН-ын дарга С.Бат­бол­дод сонгуулиас өмнө давах том
даваа байна. Тойргуудын ман­датын  тоо
нэгэнт өөрчлөгдөж, зарим тойрог дөрөв байсан нь хоёр болчихсон учир нам доторх
дайн самууныг эв эеэр зохицуулахын тулд МАН-ын дарга чамгүй арга  хэмжээ авч байгаа ч бүрэн ший­дэгдтэлээ хол.
Ялангуяа хөдөө орон нутагт дотоодын дайн жин­хэнэ утгаараа эхлээд байна. Ямар
сайндаа зарим тойргийнхон хоо­рондоо учраа олохгүй болохоор намын даргадаа
ханджээ. Гэтэл намын дарга нь “Та нар хоо­рондоо яриад үз” гэж хэлээд дунд нь
бу­лууны яс хаяж орхиж. Өнөө­дүүл нь 
хэмлэлдээд  учраа олохгүй байгаа
гэсэн.

АН БА СОНГУУЛЬ

МАН-тай харьцуулахад дээрх бэрхшээл АН-д бага ч ор байхгүй
гэж хэлж болохгүй юм. Олон фракц­тай гэгддэг тус намын фракцын удирдлагууд  нь намын дарга дээ­рээ орж  фракцаасаа хэдэн хүн, хаана дэвшихийг тохирч
байгаа мэдээлэл байна.  АН-ын хувьд угаас
маргаж, мэтгэж, үзэлцэж байж шийдвэр гаргадаг болохоор намын даргатай тохирсон
тохироо бүрэн хэрэгжинэ гэж итгэхэд бэрх. 
Туулай жилийн сүүл мушгиж 
Ардчилсан намд хоёр ч фракц мэндэлсэн. “Шонхрууд” фракц мэндлээд удаагүй
байхад араас нь далаад оныхноос бүрдсэн 40 ор­чим залуу ҮЗХ-ны  гишүүн 
“Мөнх тэнгэр” фракц байгуулснаа албан ёсоор зарласан.  Угаас энэ нь АН-ын хувьд бол гайхаад байх
зүйл биш.  Хэдийгээр хөндлөнгөөс элдэв
шүүмжлэл дагуулж байгаа ч АН-ын удирдлага харин үүнийг “Нам доторх эрүүл,
байдаг л үзэгдэл” гэж тайлбарлаж байгаа.
Саяхан болсон МоАХ-ны их хурал сонгуулийн хувьсгал хийхийг
уриалав. Харин хаа очиж намын дарга руугаа  
айхтар дайрсангүй. Уг нь намын дарга Н.Алтанхуягийг өөрчлөх яриа намын
дотоодод  яригдсаар байгаа ч тийм амархан
унахгүй гэдэг нь өнгөрсөн ҮЗХ-ны хурлаар харагдсан. Түүнийг солих хүсэл зарим
хүнд  байгаа ч сон­гуулийн өмнө энэ нь
бүтэхгүй байх магадлал өндөр.  Учир нь
Н.Алтан­хуягтай фракцууд бүгд тохироо хийсэн бол тэрээр намын даргын суудалдаа
нэлээд лав шигдсэн гэсэн үг. 
Ардчилсан намынхан нэгэнт сөрөг хүчний байр суурин дээрээ
эргэн ирсэн учир үйл ажиллагаа нь тод харагдаж эхэлж байна. Харин Орон нутгийн
сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах байр сууриа хадгалж авч үлдэхгүй бол
одоогийн УИХ-ын гишүүд нь намын 
анхан,  дунд шатнаасаа маш том
цохилтонд  өртөж магадгүй.
 

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН БА Ж.ЭНХБАЯРЫН ХУВЬ ЗАЯА ХААШАА
ЭРГЭХ ВЭ?

Ээлжит бус чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэнэ.  Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сон­гуультай
дөрөө харшуулж хийнэ, хийхгүй гэдэг дээр хоёр намын маргаан нэг тийш болох
болов уу.  Хоёр нам өөрсдийн байр суурин
дээр хөдөлшгүй зогсоно гэж байгаа бол бас дундын хувилбар гарч болох юм гэсэн
таамаг байгаа юм.  Ээлжит бус чуулганаар
мөн  Ж.Энх­баяр, Т.Ганди сайд нарын
асуудлыг хэлэлцэнэ.
Т.Ганди сайд Унгарт элчингээр суух болсонтой холбоотой нам
дотор нь түүний оронд очих бүс­гүйчүүдийн дунд уралдаан өрнөж байгаа. Хэн сайн
уралдах нь тү­рүүлэх биз. Гол яригдаж буй хүмүүс бол Д.Арвин, Д.Оюунхорол.  Дээрх бүсгүйчүүдийг сайд болохын тулд
Т.Гандийг  элдвээр нь оролдож байгаад
Элчин сайдаар явуулж,  өөрсдөө оронд нь
суухаар зэхэж байсан гэж хардах хүн ч олон бий. 
Үүнээс гадна мэргэн буучдын рот бэлтгэж байгаа гэх Ж.Энхбаяр сай­дыг
Засгийн газрын гишүүнээс нь эргүүлэн татах саналыг Ардчилсан намын бүлгийн
зүгээс тавиад бай­гаа билээ. МАН-ын 
гишүүд нь ч Ж.Энхбаяр гишүүний сайн дурын энэ тоглолтонд таагүй хандаж
байгаа гэнэ. МАН-ын нэгэн гишүүн “Зургаахан сарын хугацаатай сайд болчихоод юм
үзээгүй царайлж баахан өвөгцүүл аваачихын тулд халаа сэлгээ хийсэн нь
буруу.  Дээр нь нэг их юм хийдэг хүн болж
мэргэн буучдын рот байгуулна гэх шиг дур мэдэн ярьж  нам баллалаа” гэж байсан юм.   Угаас Ж.Энхбаяр намын бүлэг дээр Ц.Батбаярт
ялагд­сан хэрнээ  Удирдах зөв­лөлөөс
хүчээр гараад ирсэн боло­хоор арга ч үгүй биз. Хэрэв Ж.Энх­баяр ээлжит бус
чуулганаар уна­чихвал оронд нь Ц.Батбаярыг зүтгүүлэх яриа ч аль хэдийнэ
цацагдаад эхэлжээ.  Ж.Энхбаярын хувьд
сонгуулиа бодож алтайн­хандаа таалагдах зүйл хийсэн ч арай гэж Засгийн газраа
бүрэн болгосон намдаа халтай  зүйл хийсэн
нь намынхныхаа ч дургүйг хүргээд байгаа аж. Нэг ёсондоо Ж.Энхбаяр өөрийнхөө
сонгуулийг бодож С.Батболдын Засгийн газрыг хөлдөө чирч байна.
 

МАХН БА ЭВСЭЛ

Н.Энхбаяр хэмээх хуучин мөрт­лөө “шинэ” болсон хүн энэ сон­гуульд
АН, МАН-ыг  самарчих гээд өөд уруугүй улс
төр хийж  яваа.
Үнэн хэрэг дээрээ МАХН, МҮАН хэмээх Н.Энхбаяр, М.Энхсайханы
нөхөрлөлийн үр дүн сонгуулиар энэ хоёрт л ялалт авчрахаас на­мын бусад нөхөд нь
горьдох зүйл­гүй. Тэр хоёр бусдыгаа хөлдөө чирнэ. Магадгүй дээрх хоёр нам
удирдлагуудтайгаа аль ч үгүй  болж,
Монголын улс төрийн газрын зурагнаас арчигдаж ч болно шүү дээ. Учир нь  хөдөө хотгүй бөөн бөөнөөрөө МАН-аас МАХН руу
гишүүд нь цуваад байгаа гэж тэд­ний хэлээд байсан нь   худал болж эхэлсэн байна лээ. Зүгээр л орон
нутгийн МАН-ын дарга урваад байгаа гишүүдтэйгээ жаахан тохи­роо хийгээд л
төрхөмд нь буцааж байгаа гэсэн. Тэгэхээр Н.Энхбаяр, М.Энхсайхан  хоёр сонгуульд яла­хаа  баталгаажуулъя гэвэл  АН-тай эвсэж орвол  ялалт нь зуун хувь баталгаажих юм. Иргэний
зориг ногоон намын удирдлагуудад ч энэ хамаатай.   
 

СОНГУУЛИЙН ХУУЛЬ БА ЦЭЦ

Сонгуулийн хуулийн зарим заалттай холбоотой өргөдөл ирс­нээс
хойш энэ асуудлаар Цэц дээр маргаан өрнөжээ.
Цэц хэрвээ өргөдлийг хүлээн зөвшөөрч Сонгуулийн хуулийн зарим
заалт Үндсэн хууль зөрчжээ гэж үзвэл одоо байгаа гишүүд   шинэ хуулиар УИХ-д дахин сон­гогдох магадлал
200 хувь байсан  бол магадлал нь 100 хувь
болж буурна  гэсэн үг.   Өөрөөр хэлбэл сонгогчдын саналыг хангалттай
авч чадаагүй хэрнээ гулсаж орох гэсэн ухагдахуун байхгүй болох аж.
Онолоор бол  хүмүүс
намын мөрийн хөтөлбөрт саналаа өгдөг. Энэ утгаараа  суудал 
гулсуулах уу, үгүй юу  гэдгийг нам
мэдэх бүрэн эрхтэй.    

Нөгөө талаар нам
мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боловсон хүчнээ сонгох эрхтэй учраас үүнийг  Үндсэн хууль зөрчсөн гээд байх шаардлагагүй.
Үндсэн хуулин дээр шууд сонгоно гэсэн ганц заалт байгаа болохоос намаар юм уу,
эсвэл хүнээр сонгохыг батал­гаа­жуулсан хориглосон ямар ч заалт байхгүй.
 Нөгөө талаас  монгол сэтгэхүй нь олонхийн санал өгөөгүй
байхад гулсаж орж ирсэн хүнийг “Хаалгаар хөөгөөд гаргахаар  тооноор ороод ирээд” гэж тайлбарладаг.   Ингэхээр 
Цэцэд хоёр сонголт тулгарна. Орчин цагийн улс төрийн намын онолыг
баримтлах уу, нийгмийн сэтгэхүйг дагах уу.  
Ийм салаа замын уулзвар дээр Цэц ирээд байгаа. Өөр нэг  нь Сонгуулийн хуулийг бүтнээр нь хэрэгсэхгүй
болгож хуучнаар нь сонгуульд орох уу гэсэн хувилбар. Гэхдээ энэ нь нэг их
явахгүй санаа байх. 

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сосорбарам: Халуун зүрхний хайрыг минь хашиж битгий түгжээч

Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа.

Та үсээ ямар урт ургуулаа вэ. Ямар нэгэн дүр бүтээхээр бэлдээд байна уу?   

-Яг
тийм. Зуу гаруй ангитай  сериал хийх гэж байгаа.  Энэ улс үндэстний түүхийг элдэв чимэг­гүйгээр, бодитойгоор нь гаргана гэсэн зорилготой юм билээ. 

Зураг авалт нь эхэлчихсэн юм уу?

-Төслөөрөө
бол  нь энэ хавраас эхэлнэ. Үүнийгээ үндэсний эрх чөлөөний, олноо өргөгдсөний гэгд­дэг 29-ний өдөр Лу.Болд албан ёсоор  надад дуулгасан.

Та ямар дүрд тоглох юм?

-Миний
хувьд япончуудын хий­сэн кинонд Чингэс хааны дүрийг бүтээх өмнөх мөрөөдөл минь ун­тар­­сан. Гэхдээ бүр биелээгүй гэж бо­лохгүй юм. Б.Лхагвасүрэн гуайн зохиолоор хийсэн Баатар найруу­лагчийн бадрангуй эмгэнэлт драм болох “Атга нөж” жүжигт урилгаар Чингэсийн дүрийг бүтээсэн. Тэр дүрээрээ олон түмэнд хүрэхээс гадна Олон улсын  театрын өдрөөр тохиодог “Гэгээн Муза”-гийн эрэг­тэй гол дүрийн шилдэг шагналыг авсан. “Лувсанвандан сан”-гийн    гоо зүйн дээд шагналыг авсан. Мөн  “Үлэмжийн чанар” гэх бүрэн хэм­жээний цэнгүүн, “Атга нөж”-ийн Чингэсийн дүрд төрийн соёрхол олгосон. Миний бодлоор бол элдэв долоон шунал, янз бүрийн мөнгө тоолохгүйгээр яваад байхад ажил сайхан бүтэж байна ш дээ. Дэлхийн жишигт нийцсэн театртай болох төсөл эхэлчихсэн явж байна. Энэ төслийн хажуугаар ирэх жилийн бүтээлийн урилга ирчихсэн. Теат­рын төслийн хувьд Японтой хамт­рах юм.

Япончуудын хийсэн киноны  Чингэсийн дүрд яагаад тоглохоо больсон юм

-Урьд
нь бидэнтэй хамтарч ажилласан компани нь дампуураад нэг их мөнгөтэй якуза хүн гарч ирээд л тэр киноны санааг уургалж аваад  өөрснөө япон хүнээ тоглуу­лаад хийхээр болсон. Намайг  есөн өрлөгийн нэгд тогло гэхээр нь би татгалзсан. Яахав Чингэсийн дүрийг өөрийнхөө оюун санаанд шингээгээд л үлдсэн. 

Ямар ч байсан Чингэс хаа­ныхаа дүрийг бүтээх мөрөөдөл тань энэ удаа биелэх нь ээ?

-Чингэс
хааны дүрийг бүтээх мөрөөдөл минь  түрүүчээсээ биел­сэн. Дахиад нэмж биелэх төлөвтэй байна. Чингэс хааны хэлсэн үг сургаалаас харахад дандаа оюун санааны зөв нөмөр нөөлгийг эрж хайж байсан хүн юм. Тэгэхээр оюун санаа руу нь л дөтөлж орох гэж зорьсон. Чингэс хааныг  төрөлхийн хутагт хувилгаа­дын увдис, бядтай хүн гэж би хараад байдаг юм. Зүгээр л сэлэм эргүүлээд дайн зарлаад байсан хүн биш. Энэ дэлхийн олон гүрнүүдийг өдөж дайн хийгээгүй. Өдсөнийг нь сөдөж өгч байсан. Сөдөхөөр барахгүй сөхрүүлж бай­сан эзэн хаантай юм билээ бид чинь. Жавхарлал Неру хэлэхдээ “Аугаа Александр Македонский, Напелеон нарын дайн самуун бол Чингэс хааны байлдан дагууллын дэргэд юу ч биш юм аа” гэсэн байдаг.

Өөр ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна?

-Уран
бүтээлийн олз их ээ. Сүүлийн 20 жил амралт ая тух харалгүй ажилласан байна. Байга­лийн театр гэдгийг нээсэн. 2006 оноос Баянхонгор аймгийн Баян­лиг, Баянгол Цагаан агуй гээд  сүг зураг бүхий хадан дээр хоёрон­тоо очиж өөрийн тоглолтоо хийсэн. Нэг нь 1960-аад оны дуу шүлэг голло­сон, нөгөөд нь “Үлэмжийн чанар”-аа тоглосон. Равдан гавьяат, дуу­чин Уянга нар оролц­сон. Байгаль дэлхийг харъя гэсэн хүмүү­сийг аваад явдаг. Америкийн зарим эрдэмтэд, Японоос хүмүүс ирж сонирхдог юм. Дараа нь Хамрын хийдэд очиж тоглосон. Орой нар шингэж байхад тоглолтоо эхэлдэг. Хөвсгөл далай өөрөө тайз, цаадах уул нь тайзны арын фон болдог. Долоон сард Хөвсгөлд тоглос­ны­хоо дараа есдүгээр сард Дунд­говийн Их газрын чулуун дээр очиж тоглосон. Их газрын чулуу бол үнэхээр гайхалтай газар бай­сан. Тэнд тоглосны маргааш өглөө нь миний дуулж хуурдсан “Үлэм­жийн чанар”-аа тоглосон буурин дээр цагаан эрээн могой ирж хоно­сон байна лээ. Цэрэндондов гэдэг өвгөн надтай 40-өөд минут хөө­рөлдсөн. Тэнд 700 гаруй хүн цугла­сан. Манайхан чинь юм үзчихээд тарьсан хогоо цэвэрлэлгүй явчих­даг юм байна. Маргааш нь  байгаль орчны хамгаалагч тэр өвгөн ойр  хавийг нь цэвэрлэхдээ могойтой таарсан байна лээ. Тэгээд лус баярласан байна гээд найруулагч, оператор нарт ярьсан байна лээ. Одоо тэр тоглолтоо DVD болгож олонд хүргэх бодолтой. Цаад санаа нь гэвэл байгаль эх чинь амьтай. Энэ дээр амьдарч байгаа юм бол тэр амь амьдралыг нь хайрлая, өмөөрч өмөлзье. Гэр орон болсон байгаль дэлхий дээрээ аятайхан цэвэрхэн сууя л гэсэн ухаантай.

Ойрд тавих бүтээл  бий юу?

-Байна.
Хоёрдугаар сарын 18,19-нд МҮСТО-д “Алтан ураг” “Арга билиг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” гээд этник хамтлагуудын нэгдсэн гала тоглолт хийнэ. Би өөрийнхөөрөө Монголын этник, язгуур сонгодог урлагийн гэж нэр­лээд байгаа. Энэ чинь Монголын сонгодог шүү дээ. Энэ тоглолтоор  монголчууд урлагаараа, ухаа­наараа нэгдэж болдгийг харуула­хыг зорьсон. Нөгөө талаар сар шинэ хэмээх улбаат сайхан баяраа энэ маягаар тэмдэглэж байя гэсэн шавыг нь тавиад өгчихье гэж бод­сон. Залуучууд дуртай нэгдэцгээж байгаа. Тайз, гэрэл гээд бүх ажлууд эхэлчихсэн. Би ерөнхий най­руу­лагчаар ажилласан. Энхгэрэл гэдэг хүүхэд бүжиг дэглээчээр ажиллаж байгаа. Алтайн магтаалыг жинхэнэ ном журмаар нь тавина. Цагаан сараар бид чинь жилийн заслаа хийлгэдэг ш дээ. Судлаачдын үзсэ­нээр бол их гүн утга агуулгатай байдаг юм байна. Цаашид Алтайн магтаалаар клип хийе гэж бодож байна. Жинхэнэ утгаараа Цагаан сар чинь монголчуудын сонгодог баяр. 1206 онд л Эзэн хаан Чингэс хаан ширээндээ заларсан. Усан морин жил мэндэлсэн хүн улаан барс жил Их Монгол Улсаа байгуул­сан. Хаврын сар нь бар сар юм. Тэр бар сарын эхний өдрийг шинийн нэгэн гэж нэрлэе, энэ өдрөө нэгэн­дээ гомдлож туньснаа тайл­даг, хэлэлцдэг баяр болгоё гэж хэлэлц­сэн юм байна лээ, түүхэндээ бол.  Монголчууд  өвөлжингөө бор хоо­лоо идэж, эрс тэс уур амьс­галдаа зохицон амьдарч энергиэ бор хоолноосоо авдаг байгаад хавар ханш нээгдэх үеэр буцаад тэрийгээ тайлж мацаг барьж, цагаан идээгээ  иддэг  байж. Харин 1206 оноос хойших үндэсний гол бодитой баяр нь Цагаан сар явсаар ирж. Ком­му­низ­мын үед шинэ жил­тэй хольж хут­гаж дөч тавиад жил явлаа. Тэглээ гээд гуйваагүй ганц үлдсэн баяр нь Цагаан сар юм байна. Энэ цагаан сараар нь Үндэснийхээ дуу бүж­гийг ард түмэндээ хүргэдэг байя гэдгийн эхлэл буюу шавыг нь би тавьж байна. Энэ шав бол Их Монгол Улсын бие бие рүүгээ тэмүүлсэн тэмүүлэл, зөв эв нэгд­лийн батал­гаа болох юм аа.

Хилийн цаана байгаа монгол­чуудаа хүрч ирэхийг урьсан Ерөнхийлөгчийн  санаатай  нэг юм аа даа?

-Тийм
Ерөнхийлөгчийн хэлээд байгаа санаатай нэг. Би Ерөнхий­лөгчид дуулгаж байгаа. Урьж бай­гаа. Ивээлдээ багтааж болгоогооч гэж.  Монголчуудын оюун ухааны орой, титэм нь болсон цэнгүүн болно гэж итгэж байгаа. Нөгөө талаас Цогтсайханы “Хонхны дуу”, “Рашаантын 18” гээд олон сайхан дуу бий. Тэдгээр дуунуудыг нь хооронд нь сүлээд, дотор нь дүртэй болгоод UBS-ийн Б.Бадрал зохио­лыг нь бичээд, хөгжмийн зохиолыг нь Алтанхуяг бичээд “Хонхны дуу” гэсэн монгол мюзикл хийе гэсэн. Хуучны хөг­жимт драмаасаа мюзикл чинь ондоо. Төсөв хөрөнгө нь батлаг­даад ажил нь эхэлчихсэн явж байна.

Сүхбаатарын хөшөөг буул­гана гээд нэлээд ярьсан. Тэр санаа тань  бүтсэнгүй ээ

-Намайг
зүхсэн зүхэлт, буруу­шаалт энэ тэр энд хамаагүй. Би бодохдоо энд цэлгэр талбай байл­гаад л дэлхийн томчуудыг ирэхээр арын Чингэсийн цогцолбороор фон хийгээд асар олон DVD хийж дэлхийгээр цацах юмсан гэсэн л бодолтой байсан. Үндсэндээ урла­гийн бүтээлийн хувьд ч он цаг, орон зайн хувьд ч хоорондоо зөрчил­дөөд байгаа юм. Жанжин Сүхбаа­тарыг муулаад доош нь хийсэн юм бол үнэндээ алга. Жан­жин Сүх­баа­тарыг цэргийн музей юмуу, Тас­ганы овоон дээр ч юм уу, Ардын намыг байгуулсан гэж байгаа бол намынх нь үүдэн дээр ч юм уу байлгаач ээ гэснээс ингээд гуйвуул­чихна гэж санасангүй. Ер нь энэ бүтээлүүдийг уран бүтээлч хүн сэтгэж, бүтээж туурвидаг учраас үгүйсгэж болох­гүй. Лениний хө­шөөг ч тэр, Сталины хөшөөг ч тэр уран бүтээлч хүн л хийсэн. Уг нь түүх түүх чигээрээ байх учиртай. Нөгөө талаар хөшөөтэй дайн зар­лаад байгаа юм биш улсын нийс­лэлд их нандин, цэгцтэй цөөн бүтээл байвал зүгээр.

Ардчилсан намын идэвхтэй гишүүний хувьд саяын ҮЗХны  хурлын талаар ямар бодолтой байна вэ?

-Би
бол ҮЗХ-ны гишүүн ч биш, Ардчилсан намын гишүүн ч биш байсан.

АНд хэзээ элслээ?

-М.Энхсайхан намаас гараад, тогоо шанагаа хуваалцаад эхлэ­хээр өөрийн санаа бодлоо өмөөрч энэ намд элссэн. Нөгөө кинон дээр Балтын хэлдэг шиг “Намайг Ардын нам гэдэг шүү” гэдэг шиг “Намайг Ардчилсан намын гишүүн байсан гэж хэлээрэй” гээд үхэлтэй биш. Нэгэнтээ суурийг нь тавьсан, санаа бодлыг нь гаргаж ирсний хувьд явж байгаа. Айн Рид “Зөвшилцлийн Засгийн газар гэдэг бол фашизм” гэсэн байдаг. Тэрний баталгаа нь өнөөдөр гарч ирж байна. Ядуурал 35-40 хувь хүрчихлээ. Тэгэхээр тэд зөвшилдөөд улс орныхоо эрх ашгийн төлөө юм хийсэнгүй. Зөв­шилцөж байгаад завшилцах гэж байгаад болохоо байгаад салав уу гэж хардаж байна. Би хардах эрхтэй. Яагаад хардах эрхтэй юм гэхээр үнэхээр Зөвшилцлийн Зас­гийн газар байгуулсан юм бол Оюу толгой, Таван толгой эргэлтэд орох учиртай. Үүнийг нь би дэмжиж бай­гаа. Эргэлтэд оруулахдаа эх­лээд дэд бүтцээ шийдчих. Улаан­баа­тараас Таван толгой, Оюу тол­гой хүртэлх хар замаа, хурдны замаа эхлээд тавьчих тэгэх үү, Айвенхоу майнзынхаан. Энэн дээрээ гэрээгээ хийе. Тэгээд та нар тэнд суурин байгуул, тэрний зураг төслийг нь гаргаж байгаад наанаа ух. Тэгэх учиртай. Энэ улс үндэс­тэнд аятай тухтай амьдрах болом­жийг бий болгоё гэж хүний нүнжиг­тэй ханд­сан бол энэ Засгийн газарт итгэх ёстой. Тэгтэл тэгээгүй. Тэгээ­гүй болохоор тэнд бөөн хар тоос босч байгаа. Тэд ийм бодлого явуулж чадсангүй, чадах чадвар ч үгүй юм байна. Харин тэд ондоо бодолтой буюу нийлж завших бодолтой хүмүүс байсан байна гэж дотроо би дургүйцэж байна. Зас­гаас гардаг нь зөв. Өчигдөр орой зурагтаар харж байхад одоо л сөрөг хүчинтэй мэт уур амьсгал төрж байна. Уг нь анхнаасаа Ард­чилсан нам энэ зөвшилд оролцох­гүй гээд хүчтэй сөрөг хүчин байх боломж байсан. Хүчтэй сөрөг хүчин байгаад хөшүүрэг хийгээд саяын хэлсэнчлэн “Наанаа эхлээд дэд бүтцээ шийд, наад улс үндэстнээ битгий цөлжүүлчих. Дэлхий угаа­саа цөлжиж байхад” гээд дуугарч байх ёстой. Жирийн жүжигчин, мунхаг миний бодлоос дор ухаан­тай улс  төрчид байна гэхээр ямар увайгүй юм гэж л харж байна.  “Сонгогчид нь ямар байна. Депу­татууд нь тийм байна” гэж Михайл Задарнов хэлсэн. Аль 1800-аад оны үед Достоевский “Ямар ард түмэн байна тийм төр байна гэж” бас хэлсэн. Тэгэхээр сонгож байгаа бид ч өөрөө буруутай. Долдугаар сарын нэгний үйл явдал болсны дараа ҮЗХ хуралдаад тэр хурал дээр нь би ҮЗХ-ны гишүүн биш ч гэсэн өөрийн эрхгүй яваад оччих­сон юм. ҮЗХ дотор өрөвдмөөр амьтад байдаг юм байна лээ. Гишүүдийн ярьж байгааг сонсоод би гутсан. Тэр үед би “Ээ чааваас” гэж бодоод огиудас хүрсэн. Үг хэлэх эрх би авсан. Яагаад гэвэл энэ намын тулгын чулууг ивэлцсэн учраас. “Одоо ингээд яв. Хувьсгалт намын бэлтгэл хүчин болоод яв зайл” гээд хэд хэдэн хүний нэрийг би цохож хэлсэн. Тэгсэн “Таныг хүндэтгээд үг хэлүүлж байхад доромжиллоо” гэсэн. Тэгэхээр нь Н.Алтанхуяг даргатай шатан дээр таараад анхааруулж үг хэлсэн. Одоо яасныг нь хар л даа. Н.Алтан­хуяг нь байна уу, С.Батболд нь байна уу хамаагүй энэ хэд бие биенийгээ ямар үгээр хэлэх нь хамаагүй. Жинхэнэ “алуулж” бай­гаа нь эдний аманд яригддаг ард түмэн байхгүй юу. Гишүүд, зарим нэг  билиг авьяастай гэгдэх хүмүүс миний ард түмэн гээд яриад эхлэ­хээр нь би энэ юу хийж алах гэж байгаа бол гэж харддаг. Хэдий чинээ ард түмэн гэж ярина, төдий чинээ худалч байдаг.

Засгийн газрын гишүүн УИХын  гишүүн байдгийг  өөрчилье гэж Ерөнхийлөгч санал гаргаад МАНынхан хүлээж авсангүй өөрсдөө шийдчихлээ л дээ

-УИХ-ын гишүүдийг хууль батал гэсэн болохоос гүйцэтгэх ажил хийгээд яв гэж хэн сонгосон юм. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн тусдаа л байх ёстой. Тэр бүү хэл Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн биш байх ёстой  байхгүй юу. Харин Засгийн газарт нь аж ахуйн талын хурдтай  мэдрэмжтэй чадал­тай хүмүүс орж ажиллавал сайн байгаа юм.

Жанцанноров гуай та хоёрын тухайд асуумаар байна. Нас намба суусан хоёр том уран бүтээлч чухам яагаад ингэж муудалцаад байгаа юм бэ?

-Ганц
Жанцанноров гуай биш ээ цаагуур нь хийснийгээ мэрж иддэг хүмүүс байна. Жишээлбэл Жанцанноровын ажилч хичээнгүй чанар, сайхан аялгуу зэргийг нь үгүйсгэсэн хэрэг бол биш. Миний  хувьд Жанцанноровт тийм ааш зохихгүй гэж бодож байсан. Тэгж хүндэлдэг байсан болохоор түү­ний хөгжмийг Чойномын тухай бүтээлдээ оруулж байсан. Өөрөө ч баярласнаа илэрхийлж байсан. Уран бүтээлийн хамтрагчид бай­сан. Насаар бол надаас арав гаруй ах. Ах хүн намбатай байх хэрэгтэй л дээ. Зарим бүтээлүүдээ юмнуу­даас туусан юм бол бий. Тэрнийг нь би мэднэ. Тиймээс би тэднийг нь үгүйсгэнэ. Мандухайг үгүйсгэж болохгүй. Аргагүй төрийн шагнал авах ёстой бүтээл. Бидний хооронд яагаад ан цав гарав гэхээр овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж. Би бол бусдыг өдөж явдаг хүн биш. Өдвөл харин сөднө. Нямдорж гуайн хэлснээр “Хурууны минь хээ хувиршгүй, алганы минь хээ арилшгүй минийх ээ, минийх”  гэж. Тэгэхээр миний хээ угалзыг эвдэх гээд хэрэггүй л дээ. Сая “Алтан Өд” гээд наадам боллоо. Уг нь тэд чинь Монголын оюун санаа­ны түүчээ болж явах учиртай хү­мүүс биз дээ. Цаг гучин минутын дараа эхэлдэг юм байна тэр ажил нь. Оосор бүчгүй цагаан өргөө гээд л нүгэлтэй худлаа ярих юм. Хаан амар хатан суудал ч гэнэ үү. Тэр­нийгээ тэд чинь яруу найраг гэж боддог юм байна. Тэр орой жаахан ширүүн загнаад уйтай гарсан. Улаанбаатарын утаа шиг урьд нийг­мийн утаандаа баригдчихсан хэдэн хүн л сууж байна лээ тэр дотор.

Жанцанноров гуайн хувьд төрийн шагналыг авторууд л авдаг, гүйцэтгэгчид авдаггүй гэсэн юм л ярьсан байсан?

-Нарийндаа
бол жүжигчин дуу­чин хүмүүсийг гүйцэтгэгч гэдэггүй. Цаазын ял авахад гүйцэтгэнэ гэж байдаг. Шүүхийн шийдвэрээр ялыг гүйцэтгэдэг. Үнэхээр гойд содон дахин давтагдашгүй бүтээлүүдийг хийсэн хүмүүст аль салбар гэхээсээ үл хамаарч төрийн шагнал авах ёстой. Би “Үлэмжийн чанар”-аа давтагдахгүй гэж бодож байна. “Үлэмжийн чанар” гэдэг дуугаа дангаар биш бүтэн хоёр цаг гаруйн тоглолтоо бүтнээр нь авч үзвэл давтагдахгүй. Буцаагаад та нарын түүхий эдийг би борлуулдаг гэж хэлж болно ш дээ.  Явуухулан гуай “Хар ус  нуурын шагшуурга” гэдэг дууныхаа тухай “Яруу найрагч Явуухулан, дуучин Зангад гуай хөгжмийн зохиолч гурвын санаа нийлж байж сая “Хар ус нуурын шагшуурга” гэдэг бүтээл гарч бай­гаа юм” гэж хэлсэн байдаг. Уран бүтээлээсээ өмнө бүтээгчид нь бай­даг. Одоо жинхэнэ чадвараа гар­гасан юм хий л дээ. Нацагдорж шиг симфони бичихгүй юу. Хангал шиг, Билэгжаргал шиг. Тэгвэл би Жанцанноровт баяр хүргэнэ. “Чи ми­ний шүүсийг шахаж байж юм гар­галаа шүү” гэж надад баярлана. Би хэдэн сайхан хөгжмийн зохиолч анд­тай байлаа. Тэд маань ихэнх нь залуу­гаараа явчихлаа. Хангал, Нацаг­дорж, Билэгжаргал, Чин­зориг гээд хэдэн нөхөд минь. Тухайн үеийн удирдлага нь дарж боож байсанд ихэд харамсч ярьдаг байж билээ. Чинзоригийн ая, Банз­рагчийн шүлэг “Үнэн, худал хоёрыг өөрөө ч мэдэхгүй хорвоо, Өнчин зүрхний хайрыг минь өшиж битгий боогооч, Хатуу зөөлөн хоёрыг хаашдаа ч мэдэхгүй хорвоо минь, Халуун зүрхний хайрыг минь ха­шиж битгий түгжээч” гэсэн сайхан дуу, Билэг­жаргалынхаа аяыг нь хийсэн нэг дуутай хамт би цоо шинэ бүтээл болгон  бичүүлж, дуулах  гэж байгаа. Яг одоо ч би “Халуун зүрхний хайрыг минь хашиж битгий түгжээч” гэж хэлмээр байна.

Дуучин Болдыг төрийн шаг­нал авахад нэлээд шүүмжлэл дагалаа

-Төрийн
шагналыг олон жил ажилласан, олон жил амьдарсанд нь өгдөг шагнал биш гэдгийг сая харуулчихлаа. Залуу насан дээр нь, хийж бүтээж байгаа үед нь өглөө.  Болдод би баярлаж байна. Төрийн шагнал авахдаа намайг урьсан. Намайг клипэндээ тоглохыг урьсан. Клипнийх нь зохиол таа­лагд­сан. Бас киноноос гадна Бол­дын клипэнд зориулж үсээ ургуулж байгаа шүү, нээрээ. Хүүхдүү­дийн­хээ энэ бүтээлч хандлагад баяр хүргэн, урам өгөх ёстой. Балхжав Болдыг төрийн шагнал авахад нь “Миний дуунуудыг дуулдаг юм ш дээ. Ямар гоё юм бэ” гэж өөрөө авсан юм шиг баярлаж  байсан. Ийм л байх ёстой байхгүй юу. Хөдөлмөрийн баатраас бусад бүх медалийг энгэртээ гялалзуулдаг нэг өвгөн байдаг юм.  Тэр хүн орой 23 цагт хүүхдээрээ утасдуулж байна ш дээ. “Болд төрийн шагнал авчихлаа. Та юу гэж үзэж байна” гэж. “Надад ямар хамаатай юм. Би яахаараа мэдэх ёстой юм” гээд уурлангүй утсаа салгачихсан. Тэр хүүхэд нь тэгж утасдана гэж байх­гүй. Унтаж чадахгүй нойр нь хүрэх­гүй, даралт нь ихсээд, зүрх нь салгалаад хүүхдэдээ “Чи явж сурагла” гэж байгаа тийм л инээд­тэй дүр зураг харагдаж байгаа юм. Зүгээр л өтөл л дөө, зүгээр л хөгшир  л дөө. Эдний ингэж зөнө­хийг хараад би харин ингэж зөнөх­гүй юм шүү гэж бодож байгаа. Намайг доош нь хийж байсан бүхэн намайг дээш нь босгож ирсэн байхгүй юу.

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Чогчиго гурван толгойтой боллоо ч бүргэдтэй тулалдаж чадах уу?

Иргэний  Зориг нам гэж 
хаашаа яваагаа мэдэхээ байсан нам бий боллоо. Элдэв намтай нэгдэнэ эвсэнэ,
төд удалгүй сална сарнина. Эцэс сүүлд нь Ногоон намын даргыг цөөн хэдэн хүнтэй нь
залж авчирч  аль ч үгүй болгоод өвөртөө хийлээ.
За тэр нь ч дүүрч гэж бодъё.  С.Оюун, Д.Энхбат,
С.Дэмбэрэл гэсэн гурван толгойтой болоод авлаа. Гурвын гурван толгойтой нам гэж
хаана байхав дээ. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэн шиг намаа дундаа удирдах
юм гэнэ. Эдний намын түүх анх Ардчилсан намаас хэдэн нөхдийг С.Оюун урвуулж авснаар
эхэлж  байсан. Сая хурлаа хийж гурван толгойтой
боллоо гэж жигтэйхэн хөөрөв.

Ингэтлээ юунд хөөрнө вэ. Гур­ван толгойтой
байлаа ч чогчиго хэвээрээ л байна. Ер нь гурвын гурван толгойтой боллоо ч хоёр том
намын өөдөөс тулалдаж ча­дах уу. Чогчиго бүргэдэд бариулж л таараа.  Яг үнэндээ гучин толгой­той болоод ч барахгүй.
Гэвч чаддаг зүйл нь Иргэний зориг нам анх Ардчилсан намыг хувааж, хагалж  байгуулагдсанаасаа хойш одоог хүртэл  Ардчилсан намын саналыг зулгаасаар ирлээ.

С.Оюун хамаатан садан найз нөхдөө
Ардчилсан намаас аваад гарсан нь гарч Ардчилсан намыг хагалсан анхны тохиолдол бай­лаа.
Энэ замналаараа Б.Жаргал­сайханы Бүгд найрамдах намтай нийлсэн ч төд удалгүй аашаа
үзүүлж хоёр тийш болсон. Дараа нь Ногоон намын дарга асан Д.Энх­­батыг оосорлож
аваад аль ч үгүй болгож орхисон. Учир нь Иргэний зориг Ногоон нам нэрийг Дээд шүүх
өгөөгүй. Дарга нь Иргэ­ний зоригт дагаар орсныг эс тооц­вол ард нь намын гишүүд
нь нам­тайгаа үлдсэн хэрэг.

Дээрх намууд ч бас дандаа Ардчилсан
намын саналаас зул­гаагчид. Тэд ардчиллын буянаар гарч ирээд ардчилалд дандаа гай
тарьж  байснаас гавьяа байгуулж  байсангүй. Ардчилсан намын саналаас зулгаагч намууд
дээр “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын нам ч бас орно. Аз таарч намынх нь ганц нэг хүн сонгуульд
ялсныг эс тооц­вол бусад тохиолдолд компанийн эзэд болох намын дарга нар нь л ялж
гарч ирж байсан. Ардчилсан намаас салан тусгаарласан, сана­лаас зулгааж байдаг нэг
биш нэ­лээд хэдэн нам бий. Хачирхалтай нь хувь хүнийх гэж хэлж болохоор дээрх намуудын
дарга нь хорин жил ч солигдохгүй байх нь элбэг байна. Сүүлийн үед М.Энхсайхан МҮАН
гэж байгуулаад мөн л Ард­чилсан намд тээг болох гээд инээ­дээ барьж ядаад явж байна.

Ардчиллыг самрагч жижиг гэг­дэх намууд
санаатай санаанд­гүйгээр ардчилалд Ардчилсан намд мөн ч гай удлаа. Эдний энэ үйлдэл
бараг л санаатай юм шиг санагддаг юм. Учир нь өнгөрсөн хорин жилийн хугацаанд хуучин
Ху нам буюу одоогийн Ардын намын­хан эднийг улс төрийн тавцан дээр байлгаж, тэжээж,
тэтгэж өөгшүүлэн дэмжиж ирсэн. Энэ нь үе, үеийн Засгийн газарт өнөөх л намуудын
төлөөлөл яаж ийгээд шургалчих­сан байдгаас харагддаг. Нэг ёсон­доо Ардчиллаас санал
зулгаас­ныхаа шагналыг тэгж авдаг бо­лол­той. Дээрх намууд хэзээ ч Ху намын саналаас
хувааж байсан­гүй. Ху нам сонгуульд ялбал хуй­валдаж тэврэлдээд ямар нэгэн албан
ту­шаал сайд дарга болчих­но. Тий­мээс ч энэ байдалдаа дас­чихаж. Цаашид ч үргэлжилсээр
байх нь.

Ардчилсан нам ардчиллын төлөө зүтгээд зүтгээд
ганц удаа л ялалт байгуулж байлаа. Бусад хугацаанд  жижиг гэх намууд ард­чиллаар хорин жил тоглолоо.
Ард­чилсан намаар хорин жил даажиг­налаа. Үүний
үр дүнд Ард­чилсан нам хохирч Ардын
намын­хан хож­лоо. Ардчилал бүрэн
ут­гаараа хэрэгжихгүй өдий хүрлээ. Түүнээс
биш энэ хорин жилийн хугацаанд Монол Улс Азийн бар болчихвол болчихоор байлаа. Дээрх
намууд голдуу хувийн ком­панийн эздийн намууд учраас тэд улс орон ард түмнийг түй ч гэж боддоггүй.
Энэ сонгуулиар жижиг намууд бүр
олон толгойтой тоо толгой нь олширч байна. М.Энх­сайханы нам Ардчил­сан намд гай
болж, Н.Энхбаярын нам Ардын намынхны зүрхэнд
хүрч эхэллээ. Тэгэхээр одоо
“Эрэл”-ийн Б.Эрдэ­нэ­бат, С.Оюун, Б.Жар­галсайхан нарын жижиг намуудын санал хуваахаас
сэргийлж дарга нарт нь тойрог өгөөд ирэх сон­гуульд хам­тарч, эвсэж
оролцвол Монголд ардчилал нэг ялах магад­лал өндөр. Гурван толгойтой бол­лоо ч Ард­чилалд
хайртай бол үүнийг хийх л
хэрэгтэй. Түүнээс бус гучин
тол­гойтой боллоо ч нэгэнт ялахгүйгээс
хойш эвсэх замыг сонгосон нь дээр. Энэ л хамгийн энгийн логик, хам­гийн эрүүл ухаан болж таарна. Ингэж чадвал
Ард­чил­сан намын дарга хэн байх нь хамаа алга эвслээ байгуулж, эргэх гурван холбоогоо
алдахгүй зөв сонголт хийж зөв хүмүүсээ
нэр дэвшүүлж чадвал ялалт
ирнэ. Тэг­вэл ард түмэн ч
та нарыг дэмжинэ. Ардын намынхан яаж байна. Сайд, дэд сайдуудыг томиллоо. Ичмээр
л томилгоонууд харагдлаа. Дэд сай­дууд нь л гэхэд баахан бизнес эрхлэгчид байлаа.
Олны ярьдгаар   мөнгөний
сайдууд гэдэг нь болол­той юм.  Гэхдээ нэг
сайн тал байна. Үе үеийн төлөөллийг
тэд оруулж чадаж байна. Эргэх холбоогоо тасалдаггүйгээ
харуулж байна. Түүнээс биш
сайд, дэд сайдуудын сонголтыг зөв
гэсэнгүй. Одоо Ард­чилсан
намынхан нэгдэж, эвтэй байж, дээр нь жижиг намуудтай эвсэж энэ сонгуульд орох цаг
нь болжээ. Тэгэхгүй бол Египетийн
Мубаракийн дэглэм л монгол ху­вилбараараа үргэлжилж
засаг барьсаар байх болно.

Categories
редакцийн-нийтлэл

Сайд мөрөөдөгчдийг сэрүүн зүүднээс нь ЕРӨНХИЙЛӨГЧ ДУГТАРЛАА

Ардчилсан намын сайд нар засгаас гарах
болтол Ардын на­мын­хан харуусал илэрхийлж уйлал­дав. Үнэн хэрэг дээрээ дот­роо
инээдээ барьж дийлэхгүй гад­наа матрын нулимс унагасан. Тийм сайн юм бол хамтарч
байхдаа хамгийг амжуулах хангалттай ху­гацаа байсан. Энэ эмгэнэлт жүжиг нь МАН-ын
пиарчдын явуулсан олон нийтийн тархийг угаах гэсэн л оролдлого байв. Хамтарч байх­даа
Ардын намынхан хажуудаа байгаа Ардчилсан намынхныг яаж ад үзэж байлаа. Улайм  цайм л яв, зайл гээд байсан шүү дээ. Өнгөр­сөн
үе рүү өнгийж харах юм бол хэвлэлийн хуудсан дээр хар дээр цагаанаар биччихсэн байгаа.
Ад үзэгдсэн Ардчилсан намынхан нь сайн дураараа явахад   МАН-ынхан шиг баярласан хүмүүс байхгүй шүү дээ.
Тэгэхээр тэдний уйлан дуу­гарч, уйтгарлан гуньсан дүр худлаа байжээ гэдэг нь хар
аяндаа ойл­гогдоно.

Сая сайд шалгаруулах урал­даан боллоо.
28 гишүүн сайд болох гэж дотооддоо ямар их алаан болов. Хамгийн сайн нь би, бусад
нь муу гээд бие биенийхээ мууг ямар их үзэв ээ. Сайдын суудлын төлөө сайн андаа
золиослоход бэлэн байлаа. Гунигласан хүмүүс ингэтлээ баясаж, орыг нь эзлэх гэж хөөрцөглөдөг
юм уу. Ардын на­мынхан энэ увайгүй уралдаанаа­саа хамгийн сул, хамгийн таарууг нь
сонгодог нь ч юу вэ. Сайдад сонгогдсон нөхдүүд яаж хөөрцөг­лөж байнаа. Намын Удирдах
зөв­лөлийн эцсийн шийдээр сайд болох нь тодорсон нөхдүүд мөнгөн аяга барьж гүйлдээд
бөөн хөөр хөл болж,  харин болж чадаагүй нь
“Би гүйсэнгүй. Гүйсэн бол сайд  болох байлаа”
гэж ярилцлага өгч эхэллээ. Гүйсэн нь сайд болж байна гэж нөгөөдүүлээ чимхээд ч байх
шиг. Одоо сайдын сэнтий мөрөөдөгсөд хөөрч гүйгээд С.Баярцогтын явдлыг харж дуурайх
гэж оролдон, Х.Бат­тулгын зангаргийг ойлгох гэж хичээ­гээд байгаа нь инээдтэй.  
Тэд сайдын суудалд суухаар  сэрүүн зүүдэлж байна. Яг тэр зүүднээс нь Ерөнхийлөгч
дугтарч сэрээлээ. Намын шийдвэр төрийн шийдвэр биш шүү гэдгийг хэллээ. УИХ-ын гишүүд
сайд болохыг  дэмжихгүйгээ хэлээд авлаа. Зөв­шилцөнө
гэдэг ямар байдгийг ч ойлгууллаа. Ичихээ мэдэхгүй хү­мүү­сийг илчилж орхилоо. Дээр
нь “Их хүссэн хүнийг төрд бүү ойртуул” гэж хатуу санууллаа. УИХ-ын ги­шүүд сайд
хийх нь Засгийн газар,  УИХ-ын хоорондын харилцаа
алдагдахад хүргэж байна хэлж сануулсаар атал нөгөө хэдэн ги­шүүдээ хөтөлсөөр оруулж
ирсэн талаар нь анхаарууллаа.
МАН-ын   сэрүүн зүүдэлж, хөөр баяр болоод байгаа сайд
болох гэж зүүдлэгсэд хэн бэ. Ерөнхий­лөгчийн хэлснээр ямар ид шидээр орж ирсэн нь
мэдэгдэхгүй байгаа энэ нөхдүүд яаж яваад 
гараад ирэв ээ.
Лу.Болдын хажууд шар жавьж­тай ангаахай
шиг Ж.Энхбаяр зан­гарагтай байж чадах уу. Луу, чог­чиго хоёр шиг л харагдана биз
дээ. Лу.Болд ардын армийн гадаад харилцааг Чингэсийн үеийнх шиг  болгож сэрээсэн шүү. Ж.Энхбая­рын үед Буриад,
Өвөр Монголоос цааш гарч чадах уу? Хуучин сай­дын эрхээрээ хатсан хүү нам дот­роо
өрсөлдсөн ягаан хацартаараа цоллуулдаг Ц.Батбаяраасаа ч илүү байж лав чадахгүй.
С.Баярцогт “Хонгор”-ын Хая­наа хоёр
тэнгэр, газар шиг л байдгийн байгаа биз дээ. Хонгорт хүмүүс долоо хоногт   хоёр, гурваараа хорт хавдраар үхэж байгааг Ерөнхий­лөгч
сануулсан. Балаг тарьсан газартаа очиж ажиллаарай гэж түүнд анхааруулав. Гэтэл өчигд­рийн
байдлаар Д.Хаянхярваа Хон­горынхны холиог нь хутгаж байгаа нь сонсогдсон. Хонгорынхныг  МАН, АН болгож талцуулсан гэнэ. Үнэн хэрэгтээ
үхэл ямар АН, МАН-аар нь ялгах биш дээ. Сангийн сайдаар “Хонгор”-ын Хаянаагийн оронд
Ч.Улаан байвал хамаагүй өөр л дөө. Яаж ч бодсон ажлаа мэддэг Ч.Улааныг түлхэж хаяад
“Хонгор”-ын Хаянааг тэвэрч авч байгаа сонголтыг эрүүл зөв сон­голт гэж хэн хэлэх
юм. Одоо Хонгорт хичнээн хүн үхчихсэн байна. Хэд нэмэгдэж үхэх вэ. Нялх хүүхдүүд
хорвоотой танилцаж амжилгүй хавдар тусчихаад үхлээ хүлээж байгаад ямар тайлбар өгөх
вэ. Өөрийнхөө албан тушаалын төлөө ард иргэдээ золиосолсон ийм хү­нээр Монгол Улсынхаа
сан хөм­рөгийг мануулж, түлхүүрийг яаж атгуулах болж байна. 
Х.Баттулгатай Ц.Дашдоржийг яаж зүйрлэх
юм бэ. Хүн дуулчих вий гэсэн шиг шивнэж ярьсан Ц.Даш­дорж, ажил явуулах гээд хэний
ч өөдөөс зоригтой дуугарч байдаг Х.Баттулгатай дүйцэж чадах уу.   Асаалттай танкны өмнөөс асаасан янжуур тавихын
дайны л инээдэм биз дээ. Зам тээвэр, барилга хот байгуулалт  том салбар. Ийм том салбар дээр УИХ-ынхаа хурал­даанд
ч тоотой харагддаг Ц.Даш­доржийг аваачиж тавиад яаж ажил явуулна гэсэн юм бол. Ц.Цэнгэлийн
нэр салбарын сайдад яригдаж   байсан. Хуучин
энэ салбарын  сайд байсан хүн хаа очиж зангаргаа
харуулж жаалууд шиг хөөрч гүй­сэнгүй.
Л.Гансүхийн оронд  хүний өөдөөс эгц харчихгүй сулхан Д.Цогт­баатарыг
тавилаа. Энэ салбарт очоод байгаль орчныг өөдтэйхэн аваад явчих хүмүүс захаасаа
аваад зөндөө бий. Хуу­чин энэ яаманд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан
Т.Гантулга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол  гээд нэлээд хэдэн нэр яригдаж байсан. Хам­гийн
сулханыг нь МАН-ынхан дэм­жээд гаргаад ирэв.  
С.Ламбааг хар л даа. Монголд түүнийг
мэдэхгүй хүн ховор. Сайн, муу хэлүүлээд салбараа яаж авч явж байлаа. Түүний оронд
сандал ширээтэйгээ зууралдсан Н.Хүрэл­баатар гэдэг  “жаал”-ыг сөргүүлээд тавихаар ямар харагдаж байна.
Намын ерөнхий
нарийн бич­гийн дарга У.Хүрэлсүх нь хүртэл шадар сайдад зүтгэж
байдаг нь намынхныхаа ч гайхал дургүйц­лийг
төрүүлсэн. Ийм томилгоог ард түмэн голж байна. Хамтраад дөр­вөн жил хийгээгүй
ажлыг шар жавьж­тай ангаахайнуудаар дөрвөн сар хийлгээд бүтээчих нь гэж ёстой үлгэр болно. Юу хийж амжина, юу
бүтээж гийгүүлнэ гэж итгэх юм бэ.  Сайд болох визээ албан ёсоор даруулж амжаагүй,  сэрүүн
зүүдэлж яваа тэр ангаахайнуудыг
Ерөн­хийлөгч зүүднээс нь нэг сайн дуг­тарлаа. 

Categories
редакцийн-нийтлэл

МАН дангаараа засаг барьж чадахгүйгээ ХАРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

-МАНАН АНА МАНА БОЛОВ-

Хамтарсан Засгаас гарах гэнэ­тийн шийдвэрээ Ардчилсан  намын дарга Н.Алтанхуяг мэдэгдсэн нь өнгөрсөн долоо хоногийн улс тө­рийн дуулиан болов. Цочирдоод байх мэдээлэл биш л дээ. АН МАН-тай манан дундаа хөтлөлцөн төөр­сөөр сонгуульд хамтарч оролцох гээгүй л юм бол засгаас гарах л байсан. Үүнд маргааш уу, өнөө­дөр үү гэдэг цаг хугацааны л ялгаа байсан байх.  Хамтарч байгуулсан засгаас нэг нь гарах байтугай Засгийн газар унах нь хаа ч байдаг л зүйл болчихсон шүү дээ. АН МАН-тай хүнд хэцүү үед нь хамтар­сан. Одоо Засгийн газраа дангаа­раа аваад явна биз. Үүнд МАН-ынхан гайхаж цочирдсон мэт жү­жиг­лэж хаягдсан эхнэрийн дүрд тог­лоод байгаа. Өрсөлдөгч нам­тайгаа тэврэлдээд сонгуульд орно гэж мөрөөдөөгүй л бол МАН-ын ийм хуурамч гайхаш­рал, өрөв­дүүлэх тактик хол явахгүй.

Тэдний энэ өрөвдөлтэй дүр эсгэхэд нь хэвлэлийнхэн мөн ч их тус болж байна. Нөгөө л улиг бол­сон пиар нь хэвээрээ телевиз сониноор Ардын намыг дэмжигч эмээ, өвөө нараар Хамтарсан засгаас АН гарсан нь улс орон сүйрэлд хүргэх гэж байгаа юм шиг, харуусал гомдлын үг яриулсан хэвээр.  Цочирдоод ч байх зүйл юу байхав. Нэлийтэл гомдлын уг уна­гаж хэвлэлүүд араас нь салж хага­цашгүй хоёр салчихсан юм шиг “гуниглав”. Хэзээ ийм байлаа.  Ямар их нялуурч байх юм. Сонгууль дөхөж байгаа үед болдог юм болд­гоороо л боллоо. МАН өмнө нь хамтарч байхдаа тэр байтугай л ханилгаагүй загнаж байсан. Нэг шөнө хуралдаж гарын үсэг зураад сайд нар нь Засгийн газрыг унагаж байлаа. Тэр үедээ ханилж явсан нөхрөө бодсон билүү. Өөдөө хая­сан чулуу өөрийн толгой дээр унана гэж үг бий. Ардчилсан нам долдугаар сарын нэгний үйл явд­лын үеэр хүний амь эрсэдсэнд ард түмнээсээ уучлалт гуйх санал гаргасан. МАН айгаад эсэргүүцсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болно гэж тэд айсан. Энэ л гэхэд Хамтарсан засгаас гарах хангалттай шалтгаан мөн. Аргаа бараад ардчилсан Ерөнхийлөгч төрийн өмнөөс ард түмнээсээ уучлалт гуйсан.

Одоо халамжаар бөмбөгдөх үй түмэн аянг МАН хийсээр байна. Ирэх онд хэрэгжүүлэхээр ярьж байгаа гэж далдуур сонгуулийн   амлалт өгч, баахан ээж нарыг горьдоож төсөвт суугаагүй мөнгө яриад ирлээ. АН энийг нь хэлэхээр эхчүүдээсээ мөнгө харамласан гэсэн нэр хаяг зүүж эхлэв. Нөгөө мөнгө төгрөг амлахгүй гээд байсан яасан. Ингэж хамтардаггүй л байх­гүй юу.

Гэхдээ АН-ын дарга Хамтарсан засгаас гарах шийд гаргахад до­тоо­дын хүчин зүйлс  нөлөөлсөн нь бол үнэн. Н.Алтанхуягийг яаран ийм шийд гаргахад Х.Баттулгын  Засгийн газартаа шүүмжлэлтэй хандаж,  намын даргадаа хатуу үг шидсэн нь нөлөөлсөн.  Нам дотор Хамтарсан Засгийн газар, намын даргатай холбоотой шүүмжлэл газар авч байсан учир гэнэтийн довтолгооноос урьдчилан хамгаа­лалт хийж авсан арга хэмжээ нь энэ гэж олон хүн харж байгаа.

Төдийлөн хүчтэйд тооцогд­доггүй МҮДН фракц албан ёсоор фракц гэдгээ зарлаж эхний акцаа Хамтарсан Засгаас АН-ыг гаргах тухай мэдэгдсэн нь үнэн хэрэгтээ Н.Алтанхуягийн тоглолт байсан аж. Нэг үгээр хэлбэл МоАХ буюу МоАХ-ны тэргүүн Х.Баттулгад барь­­сан “бэлэг” байж. ҮЗХ-ныхоо хурлыг зарлахгүй хойшлуулж бай­сан зэрэг нь тус хурал дээр өөрийг нь унагах үйл явц болзошгүй гэж бодсоных гэнэ. Тийм зүйл болох магадлал ч өндөр байсан. Тийм ч учраас Н.Алтанхуягийн энэ шийд­вэрийг Алтан гадас, МҮДН фракц мэдэж байсан бол МоАХ болон бусад фракцууд мэдээгүй байж. 

АН-ын зарим нь намын дар­гынхаа энэ гэнэтийн шийдвэрийг зөв гэж хүлээж авч байгаа бол зарим нь Н.Алтанхуяг өөрийгөө аврахын тулд намаа алчихлаа” гэх нь ч байна. Нэг хэсэг нь АН-д ашигтай, нөгөө хэсэг нь ашиггүй гэж байна. Аль ч тохиолдолд   МАНАН-гаас салж АНа МАНа бо­лох нь буруу биш. Улс төрийн намын дарга улс төр хийсэн нь гайхаад байх зүйл ч биш. 

АН сөрөг хүчнийхээ байр суу­рин дээр буцаж ирсэн нь сай­шаалтай. Үүнээс үүдэж сөрөг хүч­ний байр суурин дээр тоглох гэж оролдож байсан Н.Энхбаярын нам болох МАХН бүдгэрч эхэллээ. Үүгээрээ харин МАХН хэмээх шүд­ний өвчнийг нь саармагжуулж өгч байгаа нь МАН-д ашигтай болж ирж байгаа. Тэгэхээр МАН гонш­гонох хэрэггүй. Хүнд үед чинь ханилсан. МАН өөрийгөө аваад явах хэмжээнд очлоо гээд АН гар­лаа. Өөрийнхөө замыг бодлоо. Тэртэй тэргүй сонгуулийн өдөр  “АН-д  саналаа өгөөрэй” гэж МАН-ынхан гүйхгүй лавтай. АН улс төрийн шийдвэр л гаргасан.  Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхээр л ардчилсан төрийг жинхэнэ утгаар нь байлгах гэж ийм шийдвэрт хүрлээ.

АН хэцүү байдалд МАН-ыг үлдээсэн биш харин ч хэцүү хүнд үеийг хамтдаа туулаад одоо сон­гуульд тусдаа орохоор явлаа. Гэтэл ард үлдэж байгаа МАН яав. Хам­тарсан засгаас гарах тухай АН-ын мэдэгдлийн дараа хоёр хонохгүй шатахууны үнэ нэмэв. Сонгууль дөхөж байхад энэ нь хоолойгоо хэрчиж байгаатай адил. Шатахуу­ны үнэ нэмэгдэхээр бүх юмны үнэ нэмэгдэнэ. Монгол төгрөгөө үнэ­гүйдүүлж дэлхийд цаас болж ху­вирч байгаа ам.долларын ханшийг харсаар байтал ямар ч арга хэмжээ авахгүй нэмсээр байгаа. Тэд амьд­рал мэдэхгүй гэдгээ харуулж хөхөө өвлийн хүйтнээр ард түмнээ хүнд байдалд орууллаа. Олигархиудаар толгойлуулсан нам ингэдэг юм байна.

Тэд ард түмнээ яаж хавартай золго гэсэн юм бол. Хавар гэхэд та нарын төлөө сонгууль өгөх хүн үлдэх үү. МАН-ынхан Хамтарсан Засгаас АН гарснаас бүх зүйл болсон мэт өөрсдийн алдааг бус­дад тохох гэж шатахууны үнийг хадаасан нь өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүйг сануулж байна.

Одоо Ардчилсан нам байр суурин дээрээ ирлээ. Дотоодын жижиг дайнаа
зогсоож, сонгуульд ялалт байгуулахын тулд сөрөг хү­чин шиг сөрөг хүчин байж атга­сан гар шиг сонгуульд орох хэрэгтэй
байна.

Categories
редакцийн-нийтлэл

Зүгээр өгдөг мөнгийг зөвтэй хүнд өгье

Манай сонин ийм санал дэв­шүүлж байна. Зүгээр л тарааж өгөөд байгаа
мөнгийг зөвтэй хүнд өгье гэж. Зөвтэй хүн гэдэг нь  алхах гишгэх зам мөр нь зөв,  татвараа цагт нь төлдөг, гэр бүл үр хүүхэд, улс
орныхоо өмнө үүрэг хариуц­лагаа мэдэрч тэр хэмжээгээрээ Монгол Улсдаа хувь нэмэр
оруул­даг тийм л хүнийг хэлнэ. Ядаж л  замын
хөдөлгөөнд соёлтой оролц­дог, иргэний үүргээ биелүүлж сон­гуульд оролцож саналаа
өгдөг, гэмт хэрэг, хулгай дээрмээс хол, сайн үйлд бусдыг уриалан дууддаг ажил хийдэг,
амьдралаа аваад явчихдаг, бусдыг хүндэлдэг, нэг модыг ч нэг амь гэж хайрлаж чаддаг
тийм хүн юм. Зөвтэй хүнийг яаж ялгаж мэдэх вэ гэж бодож байгаа байх. Ингэхийн тулд
хүн бүрт zip код бий болгоё. Нэг ижил гараа­наас тэгш эрхтэйгээр үүнийг эх­лүүлж
зөв амьдрахыг шаардах юм.  Айхтар их гавьяа
байгуул гээд байгаа юм биш шүү. Зүгээр л зөв амьдар. Түүнийх нь төлөө урам­шуулал
болгож мөнгө өгөх юм. Хийсэн зөв болгоных нь хариуд  оноо нэмэгдэнэ.  Та зөвтэй хүн бол таны үйлдэл бүрийн үр нь зөв
бол Монгол Улсад олон зүйл зөв болно. Нийгэм тэр аяараа зөв замаараа явах болно.
Гэмт хэрэг цөөрч, замын түгжрэл багасч, зөв бүхэн цэцэглэн дэлгэрнэ.   

Өнгөрсөн сонгуулиар намууд  
баахан мөнгө амлаж гарч ирсэн. Зүгээр л та нарт мөнгө өгье гээд л.   Ард түмнээ ингэж тэжээвэр амьтан шиг болгож байна.
Сар бүр өгдөг хорин нэгэн мянган төгрөг одоо яаж тус болж байна. Хөдөө ажилгүй залуус
олон байна л гэх. Цагаар ажил хийлгэх гэхээр хүн олдохгүй байна гэж нэг бизнес эрхлэгч
ярьж байсан. Нөгөө зүгээр өгөөд байгаа хорин нэгийн гай л даа. Өнөөхөө бүр архины
мөнгө гээд нэрлэ­чихсэн байна лээ. Энэ архины мөнгө  айл амьтанд гай болж байна.  Үүрэг, хариуцлага, ухамсраа улан­даа гишгэж, дээрээс
унах мөнгийг хүлээж хэвтдэг тэжээвэр амьтад болохоос зугтъя.
Зүгээр мөнгө өгөөд байвал Арабын орнууд шиг юм болно. Каддафи,
Саддам Хуссейн нар ганцаараа идээд байгаагүй. Маш их халамж үзүүлж байсан. Зүгээр
мөнгө өгвөл хүн араатан л болно. Хүнд зүгээр өгсөн мөнгө хүний тархинд хязгааргүй
шунал л тө­рүүл­дэг. Сэтгэхүй нь ажиллах, гар хөл нь ажиллах боломж олгодог­гүй.
Тиймээс өндөр хөгжилтэй орнууд өв залгамжлуулахыг хо­риглож 99 хүртэлх хувийг нь
авдаг. 30 тэрбум ам.долларын хөрөн­гөтэй Билл Гейтс гэр бүлдээ гу­равхан тэрбумыг
зарцуулна. Түү­нээ­сээ хүүхдүүддээ 10 саяыг л гэрээсэл­сэн. Энэ нь хүүхдүүдээ өлбөрөөж
алъя гэсэн үг биш. Хүний амьд явах, сайхан амьдрах ганц зарчим нь өөрийнх нь хөдөлмөр
гэдгийг л үндэс болгосон хэрэг юм.
Өнөөдөр баян ядуу, сайн муу ер нь хэнд л бол хэнд мөнгийг тэгш
хуваарилж эхэллээ. Цаашид энэ хавтгайрсан халамжийн мөнгө  нэмэгдэнэ.  
Удахгүй Таван толгой, стратегийн ордуудын хувьцаа гээд дор хаяж сая төгрөг
авдаг болох нь.  Ингэхээр хэн ажил хийх болж
байна. Монгол Улс яаж хөгжих болж байна. Хүсэл мөрөөдөл зо­рилгогүй бол ирээдүй
ямар боло­хыг төсөлж байна уу. Мөрөөдөл­гүй бол амьдрал юу нь утгатай гэж.  Хөдөлмөрлөж олсон мөнгө л  амт­тай. Зөв амьдарч хуулиа ягштал дагаж, нийгэмд
хэрэгтэй үйл бү­тээснийхээ төлөө мөнгө авъя л даа. Зүгээр л нэг мөнгө аваад яах
юм. “Гэнэт идэх гэдсэнд халтай, гэнэт баяжих насанд цөвтэй” гэдэг биз дээ.
Дэлхийн олон од амиа хорлод­гийг огт ойлгодоггүй байсан. Нэр алдар
гоо үзэсгэлэн, мөнгө төгрөг ер нь юу дутсан гэхэв. Гэвч тэдэнд бидэн шиг машинтай
болох байр­тай болох авсан байрандаа тавил­га авах гээд тэрийгээ харж сэтгэл баясах
мөрөөдөх мөрөөдөл байх­гүй болдог. Хорин хэдхэн насандаа тэд бүх зүйлд ханачихдаг.
Тэгээд л амьдрал гунигтай санагдаж хар тамхи хэрэглэж элдэв гаж юм со­нирхдог. Бүр
сүүлдээ амиа хорло­дог. Бэлэн юм бүхэн хүнийг хүсэл мөрөөдөлгүй болгодог. Ямар сайн­даа
дээр үеэс Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод, 
Өглөөний нарыг наранд бүү бод гэж хэлж байхав. Багадаа эцэг эхийн буянаар
аз жаргалтай байсан ч баларч дуус­даг олон хүн бий. Мөн гэнэт их өндөрт хүрэх унахдаа
амархан байдаг гэдэг. Улс орон ч айл өрхийн л томсгосон хувилбар. Иргэдээ халамжаар
бөмбөгдөөд улс орон хөгжихгүй.
Тиймээс өөрөө хөдөлмөрлөж, 
амжилт алдар нэр, мөнгө төгрөгийг олж болдог. Та зүгээр суусныхаа төлөө биш,
зөв байсныхаа шагналд улсаасаа урамшуулал болох мөнгө авч болно.  Улсад татвараа төлдөг,  ядаж цэргийн албаа хаачихдаг, үр хүүхдээ хүний
дайтай өсгөдөг, эрүүл мэндээ хамгаалдаг, 
хуулиа сахидаг, сэтгэл санаа зөвөөс эхлээд үйл ажил нь зөв хүнийг дэмжиж
мөнгө өгье. 
Манайхан өнөөдөр яаж байгаа билээ. Хэрэлдэж хэрэлдэж хууль баталчихаад
маргаашаас нь түү­нийгээ зөрчиж эхэлдэг. Том жижиг, дарга цэргийн ялгаа байхгүй
бүгд л тэгдэг. Нэг машин ч өмнүүрээ өнгөрүүлж чадахгүй дайраад л бөөн түгжээ үүсгэдэг.
Овоохон ашиг олдог компаниуд нь татвараас зайлна. Хөвгүүд нь цэргийн алба­наас зугтана.
Охид нь оройн цагаар сэлгүүцэж гэмт хэрэгтнүүдийн зо­лиос болох нь бий. Нийгмээрээ
ингэж буруу яваад байхаар  Монгол Улс хөгжихгүй,
ядуу байгаад бай­гаа юм. Тиймээс zip кодонд орж зөв замаар явъя. Тэгээд зөвтэй хүнд
нь мөнгө өгч зорилготой амьдаръя. 

Categories
редакцийн-нийтлэл

Сонгуулийн хууль дээр намууд хаврын тэнгэр шиг хуйсганаж байна

Энэ парламент   мэндэлснээсээ хойш  л  Сонгуулийн хуулийг шинэ­чилнэ гэсээр тодорхой шийдэлд хүрээгүй өнөөдрийг хүрлээ. Сон­гуулийн хуулийг батлах хуулийн хугацаа хэдхэн хоноод дуусна. Үгүй  бол хуучнаараа явах дээрээ тулна. Наанаа бол хуулиа энэ долоо хоногт баталчихна гэж бай­гаа ч цаанаа ямар бодолтой нь эргэлзээтэй. Мөн хэл ам таталж, хаврын тэнгэр шиг ааштай айлын эрх эхнэр шиг аашилж байж сана­сандаа хүрлээ гэхэд Үндсэн хуу­лийн Цэц дээр очоод унах магад­лал өндөр. Тэгэхээр улстөрчдийн хэлж байсанчлан сонгуулийн тог­толцоо хуучнаараа ирэх сонгуульд орж болох юм. Хэрэв ингэхдээ тулбал нөгөө хамтарсан засгаа байгуулахад хийсэн гэрээгээ зөр­чихөд хүрнэ. Уг гэрээн дээр “Сон­гуулийн тогтолцоог өөрчилнө” гэж хоёргүй сэтгэлээр заасан байгаа. Хэрвээ энэ гэрээгээ зөрчвөл  сон­гууль энээ тэрээ ойртлоо гэж шалч­ганахгүйгээр засаг огцорно гэд­гээ гишүүд нар сайн мэдэж байгаа. Зориудаар үүнийг отон суугаа УИХ-ын гишүүд болон фракц хүчин бэлэн байгаа гэдгийг сүүлийн үед болоод байгаа үйл явдлууд бат­лаад байна.

Сонгуулийн хуулийн шинэ хувилбар эмэгтэйчүүдэд 20 хувийн квот олгох дээр эхний байдлаар санал яригдсан. НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод тусгаснаар бол 2015 он эхэд эмэгтэйчүүдэд 30 хувийн квот олгоно гэсэн.   Энэ удаа ямар ч байсан тэр амлалт бү­тэлгүйтэв. Мөн жижиг гэгдэх намуу­дад долоон хувийн босго гэж ярьж байсан бол  сая таван хувийн босго тавихаар тохирч байгаа. Бусад улс орнуудын жишиг ч иймэрхүү бай­даг юм билээ. Ингэхэд  гудамжны гэгдэх жижиг намууд парламентад орох сайн талтай. Ингэвэл гудамж­ны хөдөлгөөн тэмцлүүд дотор ордог гэдэг. Гэхдээ хэт олон нам парламентад орвол засаг төрийн ажил явц муутай болдог гэцгээдэг. Сонгуулийн энэ босго жижиг гэх намуудад боломж олгож байгаа мэт харагдавч намуудын төлөв­шилд саадтай байдаг. Хэн дуртай нь нам байгуулж парламентад суух гэж зүтгэдгээс намууд төлөвшиж томрох нөхцөл бололцоо тэр бүр олдоод байдаггүй гэнэ.

Цаашид сонгууль болоход  на­мууд эвсэх үү, аль намтай аль нь эвсэж сонгуульд орохов гэдэг дээр албан ёсоор тохирсон нам одоо­гоор алга. Харин МАХН-ыг МАН-тай арван суудлаар тохиролцсон гэсэн мэдээллийг аль, аль талын албаны эх сурвалжууд үгүйсгэв. Уг нь МАН, МАХН эвсэж орохыг үгүй гэх газар­гүй. Эвсэж орохдоо МАХН-ын эвсэл  гэсэн нэртэй байх юм гэж дуулдаж байсан. Яг цагаа тулахаар энэ л ортой байж магадгүй. МАН-ын  эртнээс улбаатай бичигдээгүй заншил бол том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг. Тиймээс ч Ц.Ням­дорж, У.Хүрэлсүхээс авахуулаад Н.Энхбаярыг өрөөсөн нүдээрээ ч хялайж харахгүй байгаа хүмүүс намынхаа ирээдүйг бодоод яаж ч болох шүү дээ.  Тэгээд  ч энэ хэрүүл маргаанд намын дарга Сү.Батболд оролцохгүй байгааг та бүхэн ан­заарч байгаа байх. Эвсэл энээ тэрээ болохдоо тулбал  “Ямар бид хоёр хэрэлдэж муудалцаж байсан биш” гэсээр л хоёр талаасаа уулзах нь байна.

Н.Энхбаярын хувьд ирээдүйг нь хоёр талтай ярьцгааж байна. Нэг хэсэг нь МАХН МАН-тай эвсэхгүй сонгуульд орсноор боломжоо ал­даж байна гэж байхад зарим нь Н.Энхбаяр эвсэж байж л ял мултар­на гэх. Ямар ч байсан Н.Энхбаяр өөрийнх нь хэлээд байгаа шиг сөрөг хүчин болчихож одоохондоо ам­жаагүй байгаа. Энэ бол зүгээр л хэвлэлийн пиар төдий зүйл.

Орост өөрчлөлт шинэчлэл ид өрнөж байх үед жирийн иргэдээс энэ талаар асуухад “Яг л Сибирийн ой шиг..” гэж хариулж байсан гэдэг. Энэ нь дээр ой шуугиад л газарт ганц нэг боргоцой унахын дайтай нэг их сүйдтэй юм биш л гэж хэлснийх.

Нэг үгээр хэлбэл тэртэй тэргүй хоёр том нам үзэлцэж байхад Н.Энхбаяр бол  газар унаж байгаа ганц нэг боргоцойтой л адил айхтар их нөлөө үзүүлж чадахгүй. 

Тэгэхээр яг өнөөдөр бол Н.Энх­баяр өөрийгөө сөрөг хүчин гэж нэрлээд хэрэггүй юм. Маргааш яахыг нь харин хувь төөрөг нь мэдэх хэрэг. Н.Энхбаярын намын шинэ мэдээлэл  гэвэл М.Энх­сайха­ны МҮАН албан ёсоор сонгуульд эвсэл болж орохоо санал болгоод байгаа гэсэн. Мөн Либерал ард­чилсан нам, Нэгдсэн хөдөлмөрийн намуудтай эвсэх эсэхээ ирэх долоо хоногт хуралдах Гүйцэтгэх товчоо­ныхоо хурлаар хэлэлцэх юм билээ.  

Ардчилсан намын хувьд одоо­гоор албан ёсоор эвсэж сонгуульд орох санал тавьсан нам байхгүй байгаа. Гэвч Ардчилсан холбоо эвсэл нэрээр ардчиллын төлөөх бүх намуудыг нэгтгэж сонгуульд оролцвол их горьдлоготой байгаа  гэх судалгаа бий. Одоохондоо  ИЗН эвсэл болж магадгүй. Дээр нь Ногоон нам ч мөн эвсэх гэж ма­гадгүй хэмээн  яригдаж байгаа. Энэ сонгуулиар ийнхүү улс төрийн хоёр том эвсэл болж өрсөлдөж магадгүй байгаа.

Гэвч сонгуулийн хуульд босго оноог намсгаснаар жижиг намуу­дын амбиц хөдөлж тус тусдаа сонгуульд орж нэг нэг суудал зул­гаах тухай бодож байгаа гэх сураг байна. Тэд ганц суудал аваад сонгуулийн дараа аль олон суудал авсантай  нь эвсэж Засгийн газарт орж сайд болж дөрвөн жил тендер авч засгийн мөнгөөр туйлах юм ярьцгааж эхэлжээ. Мөн бүр өөр ч хувилбар байгаа бөгөөд тэд улс төрд гурав дахь ч хүчний байр суурь байх л ёстой хэмээн горьлогсод юм. Тэдний бодлоор гурав дахь хүчний эвслийг Н.Энхбаяр даргатай МАХН-аар удирдуулан сонгуульд оролцох бөгөөд дор хаяж бүлгийн хэмжээний санал авна гэж үзэж байна. Нэгэнт УИХ дээр бүлэгтэй болсон учир мөн л Засгийн газарт хүнээ шургалуулна хэмээн үздэг гэнэ. Хүнээ засагт оруулаад харин яаж юу хийхээ экс ерөнхийлөгч хүнээр заалгахгүй хэмээн улстөр­чид ярилцдаг.

Одоо яригдаж байгаа хуулиар 48 мандатын төлөө 26 тойрог дээр өрсөлдсөн хүмүүсээсээ шилжүүлэх үү, эсвэл шууд оруулах уу гэдэг дээр хоёр нам санал нэгдэхгүй байгаа. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр бүлгийн хурлынхаа дараа Сонгуулийн хууль дээр ямар байр суурьтайгаа илэрхийлж “28 хүнээ оруулвал хэдэн хувиар оруулах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. АН-ын зүгээс 48 хүнээсээ сонгогчдын авсан саналын дагуу эрэмбэ­лэгд­сэн дарааллаар бүрэн шилжилт хийх нь зүйтэй гэж үзсэн. Харин МАН-ын зүгээс 100 хувь 48 хүнээ­сээ шилжүүлэх нь учир дутагдал­тай гэсэн байр суурьтай байна. 28 хүнээсээ огт орохгүй юм бол 28 хүнийг нэрсийн жагсаалтад оруу­лах нь утгагүй. Тиймээс шил­жил­тийг хийхдээ 48-аасаа ч хийе, 28-аасаа ч оруулъя гэсэн байр суурь­тай байгаа” гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн. 

Ерөнхийдөө МАН-ын энэ ху­вилбар хүн нь чихэлдээд болохгүй байгааг харуулж буй юм.

Сонгуулийн хууль хэрхэн бат­лагдахаас намуудын хувь заяанд янз
бүрийн өөрчлөлт орж болох учраас тэд ингэж адган зүтгэцгээж байна.

Categories
редакцийн-нийтлэл

Обамаг хар л даа, тэр бүгдэд боломж олгох тухай ярьж байна

Эрх баригчдынхаа явуулж буй бодлого үйл ажиллагааг буруу байна хэмээн жагсаж эхэлсэн  АНУ-ын “Уолл стритийг эзэл” хөдөл­гөөнийхөн саяхан Нью-Йоркоос Вашингтонд хүрчээ. Тэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг нэгэн сургууль дээр эдийн засгийн та­лаар илтгэл тавих үеэр “Ноён Ерөнхийлөгч өө, тайван жагсаал хийж буй олон мянган хүнийг ба­ривчлаад байна” гэж хашгиралд­жээ.

Барак  Обама тэднийг тайвш­рахыг сануулаад “Хичээн зүтгэж ажиллах юм бол хүссэндээ хүрэх боломж бүгдэд бий гэх ойлголтыг “Уолл стритийг эзэл” хөдөлгөө­нийхөн үгүйсгэж байна. Америк бол хэсэг бүлэг хүмүүст боломж олгодог орон биш. Бүгдийн өмнө боломж олгодог орон. Ийм хэвээр байлгахын төлөө бид ажиллаж байна” гэж  хэлжээ.

Том улсын Ерөнхийлөгч том дуугарчээ.  Обама шиг ингэж хэлэх сачийтай нь манай улстөрч гэгдэх нөхөд дотор алга. Улс орон удир­даж байгаа хүмүүст ч алга.  “Бүгдэд адилхан боломж олгохын тулд хичээнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлж байхад манайд эсрэгээр хэсэг бүлэг хүмүүст боломж олгодог. Хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаал­даг. Цаана нь тэр ард түмний ихэнх нь ядуу зүдүү байгаа эсэх нь манай төр түшиж байгаа нөхдөд падгүй.

Эрх баригчдын эсрэг хэн нэгэн дуугарч, жагсаал цуглаан хийвэл  толгойлогчийг нь барьж аваад тойглоод эхэлдэг. Үүнээс нь болоод үнэнээсээ эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг,  дуугарах  биш эрх баригчдын анхааралд өртөж, тэд­нийг айлгаж сүрдүүлээд оронд нь хоолондоо хүрч, эрх баригчдаас өөртөө хэрэгтэй амлалт өгүүлэх хүсэлтэй жүжигчид олширсон.

Эхэндээ жагсаал цуглаан, тэм­цэл, шинэчлэл гэдэг жинхэнэ ут­гаараа байсан гэдгийг бас үгүйсгэж болохгүй. Сүүл рүүгээ муухан найруулсан жүжиг болж хувирсан ч одоо ч хуурамч тэмцэгчдийн хоолондоо хүрэх гэсэн энэ арга өөрчлөгдөөгүй байгаа. 

Эрх баригчид дуугарсан хү­мүүсийг хэрхэн хоолонд нь хүргэж байсан талаар саная. 

УИХ-ын гишүүн, олонхийн бүл­гийн дарга Ө.Энхтүвшин “Уламж­лал шинэчлэл-Ардчилал шударга ёс жигүүр”-ийг байгуулж намдаа шинэчлэлийн салхи салхилуулж байсан нэгэн. УИХ-ын гишүүн ч үгүй, ажил ч үгүй явсан тэр үедээ  намын шинэчлэл ярьж, жигүүрийг байгуулж байсан. Хэдийгээр албан тушаал­гүй үлдсэн хүмүүсийн бөөг­нөрөл гэж хардагдаж, өөрсдөө ч үүнийгээ эсэргүүцэж байсан ч  жигүүр үүргээ гүйцэтгэж байсан. Намын удирд­лагууд сандарч, тэ­дэнтэй уулзан учир байдлыг нь сонсдог байлаа. Зарим нэг нь дургүйцлээ барьж дийлэхгүй элд­вээр нь хэлж, буудчих юмсан гэж хүртэл хэлж байсныг уншигчид санаж байгаа. Ингээд байж байтал жигүүрийн удирдагч УИХ-д нэр дэвших эрхээ авч жи­гүүрийн ги­шүүд нь ч толгойлог­чийнхоо төлөө халаасаа хоосортол хувийн машин тэргээрээ Хөвсгө­лөөр нэг давхиж байж сонгуулийн ард гарсан. Ө.Энх­түвшин ч ялсан. Сонгуулийн маргааш л хамт тэмцэж явсан нөхдөө мартаж, жигүүрээ жийсэн дээ. Ө.Энхтүвшин одоо УИХ-ын гишүүн, олонхийн бүлгийн дарга. Цаашлаад намын дарга, Ерөнхий сайд хийчих дайны хү­мүүсийн тэргүүн эгнээнд яригдаж байгаа. Ямар ч байсан тэр хоо­лондоо хүрсээн. Түүний тэмцэл намд нь биш, найз нөхдөд нь бус,  өөрт нь ашигтай туссан. Жигүүрийн анх­дагчдаас хоолондоо хүрч, ал­бан тушаалд хүрсэн хүмүүс бас бий. Зам тээвэр барилга, хот байгуу­лалтын төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан А.Базархүү Улаан-Үүдэд консул, УИХ-ын гишүүн асан Ц.Ший­­рэвдамба Мэргэжлийн хя­налтын газрын даргаар, Д.Мө­рөн  Гадаадын иргэн харьяатын газрын даргаар, Р.Содхүү Мэргэжлийн хя­налтын газрын даргаар очицгоо­сон.

Хүний эрхийн өмгөөлөгч М.Ичин­норов байна. Иргэний хө­дөлгөөнд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдыг шүүм­жилж явсан бүсгүй гэнэт л Ардын намд элссэн нь олон хүний нүдийг орой дээр нь гаргасан. 

“Шинэ
эргэлт” гэж намын ши­нэч­лэл ярьдаг хөдөлгөөн байв. Жигүүрийн дараа гарч ирсэн.  “Шинэ эргэлт” хөдөлгөөний гол төлөөлөгч нь Н.Цагаанхүү, Ч.Жар­галсайхан нар. Уг нь намынхаа авлигачдыг олонд зарлана гээд явж байсан. Олон ч хүн тэднийг намаасаа төрсөн тэрбумтнуудыг зарлах нь гэж хүлээж байлаа. Харин тэд тэгсэнгүй. Одоо Ч.Жар­галсайхан Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд. Н.Цагаанхүү намын Ёс зүйн хорооны даргаар ажиллаж байгаа.

Хамгийн сүүлийн жишээ иргэн Б.Лхагважав. Эрхэлдэг бизнесээр нь “Урбанек”-ийн ч гэдэг. Үүсгэсэн  хөдөлгөөнөөр нь “Үндэсний соём­бо”-ын ч гэж тодотгодог. Эрх ба­ригчдыг шүүмжилж, жагсаж, цуглаж, Үндсэн хуулийн Цэцэд хандаж явсан түүнийг  гэнэт МАН-ын үүрэнд иччихнэ хэмээн хэн ч санаа­гүй. “Олон нам санал тавьсан ч тэдэн дотроос МАН-ыг сонгосон” гэж тэрээр хэлсэн байна лээ. МАН-ыг шүүмжилж, эрх баригчдыг элд­вээр нь хэлж, болох бүтэхгүйг нь  дуудаж явсан тэрээр гэнэт л МАН-д элссэнийхээ дараа “Энэ нам шинэчлэгдэж байгаа” гэж ирээд л “МАН-д элссэндээ жигтэйхэн баяр­тай байгаа”-гаа дуулгасан нь ха­чирхмаар. Одоо тэрээр Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. МАН-ын өвөрт Ардчилсан нам орлоо гэж хашгирч явсан тэрээр Ардын на­мын өвөрт өөрөө шургасан нь энэ.   

Одоо Үйлдвэрчний эвлэлийн толгойлогч С.Ганбаатар цалин хөлс нэмүүлэх, багш нарын ажил хаялт гээд өөд уруугүй тэмцэх болов. Ардын хүүхдүүд ном эрдэм сурах тэрэнд падгүй, багш нар л цалинтай болох нь чухал гэнэ. Түүнийг ч бас дараагийн ээлжинд хоолондоо хүрэхээр тэмцэж байгаа хүний нэг гэдэг.

Дээрх жишээнүүдэд дурдагд­сан хүмүүсийн зарим нь тэмцэж яваад эрх баригчдад шүүрүүлж, хоолон­доо хүрч, тэдний эсрэг ам ангайх эрхгүй болсон. Зарим нь өөрсдөө сайн дураараа тэмцлээр айлгаж, шинэчлэлээр далайлгаж албан тушаалд очсон. Мөн энд нэр дур­дагдаагүй олон хүн үлдсэнийг хэлэх хэрэгтэй. Ер нь манайд гарч ирдэг элдэв жагсаал, тэмцлийн толгойлогч яаж ийгээд л эрх ба­ригч­дийн атганд орж, сэтгэлд багтаж, татаасанд явчихдаг нэг тийм увай­гүй урвагч болдог, болгодог жишиг тогтчихлоо. Толгойлогчийг нь ху­дал­даж авдаг. Тэгээд тэр тэмцэл зогсдог.

Тэмцэл гэдэг эрх баригчдын өвөрт шургах, тэдэнд урвах шар­вах, албан тушаалд очихын нэр биш. Одоо бол манай эрх баригчид хэдэн олигархиудаараа амьдра­лыг төсөөлж, ард түмнээрээ даа­жигнаж байгаа. 

АНУ-ын Ерөнхийлөгч бүгдийг боломжид хүргэх
тухай ярьж бай­даг. Манайх толгойлогчийг нь ху­далдаж авах замаар асуудалд ханддаг.
Манайд тэмцэл гэдэг нэртэй  эрүүл бус үр дагаврыг бий болгодог арга зам байдаг болчих­лоо.
Дараа  ээлжнийхэн хоолон­доо дугаарлахын тулд
тэмцдэг болсон нь хэвийн зүйл.
Урвах, үзэл бодлоо солих,  нийгмийг худалдах жирийн үйл явдал шиг болгож өөгшүүлж нийгмийг улам зэрлэгшүүлж хүн
чанаргүй, увайгүй болгож байна Тэмцлийн үр дүн бүгдэд
адилхан боломж олгохын төлөө байдаг. Тэмцэл бол хэн нэгэн
хоолонд хүрдэг хэрэгсэл биш.
Манай удирд­лагууд хэсэг бүлэг
хүний хоолны тухай боддог,
эсвэл өөрсдөө албан тушаал, эрх мэдэлтэйгээ
үлдэхийн  тулд тэмцэгчдийн толгойлогчийг худалдаж авдаг.
Обама шиг зориг­той дуугарах удирдагч Монголд одоо хэр нь алга. Зориг нь байсан
ч хүсэл нь байхгүй. Яагаад гэвэл тэд хэсэг бүлэгт л үйлчилдэг.

Categories
редакцийн-нийтлэл

Хилийн цаадах өнгө, наана байгаа төрх

Бидний нэрлэж заншсан морин толгой буюу газрын гүнээс газрын тосыг сорж, нэрж  байдаг техникийг хята­дууд илжгэн толгой гэдэг юм билээ. БНХАУ-ын    Дачин хот дотор 20 мянган илжгэн тол­гой байнга ажиллаж бай­даг. Хотын хаана ч гэсэн хоёр алхаад л газрын тос нэрж буй энэ техниктэй таарна. Тэнд бай­гальд хор хөнөөл учруу­лаад байгаа юм алга. Хотоор дүү­рэн мод тарьсан байна лээ. Хотын хөгжил газрын тос­ноо­соо хамаа­ралтай гэдэг нь алхам тутамд ойлгогдоно.  Энэ хотод Дачингийн орд газрын үүсэл хөгжлийн түүх­чилсэн музейг үзэв.  Газрын тос гар аргаар олборлож байсан хүнд хэцүү үеэс өнөөд­рийн хөгжлийн түв­шинд хүртэл ямар зам туулж ирснийг  энэ музейгээс үзэж болно. Музейг үзэх юм ихтэй. Үйл явдлыг яг бодит мэт харуулж чадсан байв.

Дараа нь бид Төмөр хүний музей үзэв. Төмөр хүн гэгдэх Ван Шин Жи  1932 онд тө­рөөд 47 нас насалжээ. Түүний амьдрал газрын тосны үүсэл хөгжилтэй салш­гүй холбоо­той юм билээ. Гол баатар төмөр хүн маань 47 насалсан учраас музейн шат­ны тоо ч 47, музейн өндрийн хэмжээ ч 47 метр аж. Бид хүүхэд байх­даа В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын бага насны тухай үл­гэр домгийн юм шиг үг өгүүл­бэрийг олон­таа цээжилж бай­сан шиг Ван Шин Жигийн хүүхэд нас ч бусдаас өөр байж. Зургаан настайдаа хараагүй аавын­хаа өмнөөс ажил хийж, 12 настайдаа захиргааны хэр­гийн шүүхэд хандан заргаа авч байсан гээд л түүний бага нас гай­хамшгаар дүүрэн. Нэг ёсон­доо үлгэр жишээ, удир­дан манлайлах төрөлхийн авьяас­тай бусдыгаа дагуулах хувь заяанд төрсөн хүн бо­лол­той. Мөн ядуу зүдүү, тар­чиг амьдрал нь түүнийг хөдөл­мөрч шаргуу хүн боло­ход тус болжээ. Түүх ингэж л эхэлж байгаа юм. Түүний амьдрал тэр чигээрээ л хөгжин дэвжиж, мандаж явсан бөгөөд богинохон насандаа хийсэн, бүтээсэн нь газрын тосны салбарыг хөгжихөд хувь нэмрээ оруулсан, хэрхэн хүнд бэрхийг туулж зорил­годоо хүрч байсан зэргийг кино дүрсэнд мөнх­жүүлжээ. Мөн зуурах машин эвд­рэхэд өөрөө дотор нь орж зуур­магийг биеэрээ зуурч байсан гээд л түүхэн гэрэл зургууд ч тавигдсан байв. Хүйтэнд мөс хагалан хэдэн тонн усыг жижигхэн хувингаар зөөж байсан гээд л хөдөлмөрч, чин зоригтойг нь дурджээ. Тэрээр нөх­цөл бололцоо байсан ч ажиллана, байхгүй байсан ч бий болгож ажиллана гэж ярьдаг хүн байж.

Социализмын үеийн сур­тал ухуулга шиг санагдах олон зүйл байсан ч музей өөрөө сонирхох юм олонтой, үзэж харах зүйл нь ихтэй юм билээ. Ямар ч байсан дээрх хоёр музейг үзсэн хүмүүс газрын тосны тухай тодорхой ойлголттой болоод л гарах юм билээ.

Нөгөө “Хөшөө тийш очих ардын зам балрахгүй” гэдэг шиг музейг үзэх хүний хөл тасардаггүй болол­той. Гадна дотныхон ч, нутгийн иргэд ч үзэж байх юм. Нэгэнт төмөр хүний туулсан замыг бид туулахгүй ч газрын тосны салбарт ганц хүн ингэж хөлс хүчээ шавхан  зорил­годоо хүрч чадаж байхад бэлэн  техник хөгжсөн өнөө үед бид  газар доорхи шингэн алтаа ашиглаж өөрсдөө боловс­руулдаг болчихвол ч гэсэн  бодол төрж байлаа.

Буцах замдаа бид Бээжин­гийн газрын тосны сургуультай танил­цав. 1953 онд байгуулагдсан тус сур­гуульд одоогоор 51 монгол оюутан суралцдаг бол нийт гадаа­дын оюутны тоо 658 байдаг гэнэ. Сургууль, дотуур байр, лабора­тори, хоолны газар, амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар, дэлгүүр гээд бүгд нэг дор болохоор оюут­нууд хотхоноосоо тэр бүр гараад байх шаардлагагүй. Хичээлийн цагийн үеэр бид тус сургуультай танилцав. Зарим ангид ороход хаа сай­гүй байдаг л дүр зураг угтав. Багш нар хичээлээ зааж бай­хад арын эгнээнд суусан хоёр гурван оюутан унтаж байх юм. Энэ сургууль гадаа­дын 90 гаруй сургуультай хамтран ажилладаг агаад манай  ШУТИС ч үүнд багта­на. Мөн Монголын газрын тосны газартай хамтын ажил­лагаатай гэж байсан. Дэл­хийн томоохон газрын тосны компаниуд эднийхээс болов­сон хүчнээ бэлтгэдэг бөгөөд ихэнх нь сургуулиа төгсөөд ажлын байр нь бэлэн байдаг учир нөгөө хичээл дээрээ унтдаг оюутнууд ч гэсэн сал­барынхаа зах зээл дээр бор­логдчихдог бололтой. Манай оюутнууд 100 хувь тэтгэлгээр суралцдаг бөгөөд хэлний бэлтгэлдээ сайн суралцаж овоо хэдэн мянган юаны шагнал авсан оюутнууд ч байдаг аж.   Тэнд сурч байгаа монгол оюутнууд Монго­лын­хоо их, дээд сургуулиудыг хотхон хэлбэрээр эднийх шиг байдаг бол оюутнуудын сурал­­цахад их нэмэртэй гэж байна лээ. Хотхоноосоо гарч яваад оройтож ирвэл хаалга хаалттай тул заасан цагаас өмнө ирэх ёстой гэнэ.

Энэ мэт газрын тостой хол­боотой олон газраар орж үйл ажиллагаатай танилцан ну­таг буцсан юм.  Манай багт өвөр монгол орчуулагч залуу,  Хятадын хөрөнгө оруу­лалт­тай компанид ажилладаг өвөр монгол залуу явсан юм. Хятадын хөрөнгө оруулалт­тай Зон хон юу туан гэж Мон­голд газрын тос үйлдвэрлэж буй компанид ажилладаг Санжжав хэмээх өвөрмонгол залуугийн бичиг баримтыг томоохон буудлууд сүрхий шалгаж сүйд болов.  Санжжав Шинжааны өвөр монгол уч­раас ийнхүү болгоомжтой ханд­­сан юм байна. Учир нь Шинжаан уйгарт гарсан Өвөр Мон­голчууд бослого үймээн гар­­гасан учраас ноднин жи­лээс өвөрмонголчуудыг то­моо­­­хон буудлуудад буул­гах­гүй байсан аж. Үүнээс өөр айх­тар бэрхшээлгүй өмнөд хөр­шөөрөө зорчиж, алт нүүрс­­­­нээс гадна газрын то­соо боловсруулж эхэлбэл баян болох нь гарцаагүй юм бай­­­на гэсэн бодол тээсээр ирлээ.

Categories
редакцийн-нийтлэл

ЭРХ БАРИГЧИД энэ хоёрыг яагаад зуугаад байдаг вэ?

Өмнө нь энэ тухай бичиж бай­сан л даа. Үйл явдал өрнөж байгаа учир дахиад л  бичих хэрэг гарлаа. Уг нь аль 2009 оны сүүлээр л эхэлсэн хэрэг явдал. Гэвч  одоо ч үргэлжилсээр байгаа учир л сөхөж байгаа хэрэг. Сэтгүүлч А.Баатар­хуяг, Г.Уянга нар Л.Гансүх сайдын    байрны үнийг нь өсгөж хэлсэн, нэг нь бичсэн гэдгээр шүүхийн хаалга, цагдаагийн хаалгыг  хичнээн ч удаа татав. Сайдын 165 сая төгрөгөөр авсан байрыг  сая доллар гээд хоёр сэтгүүлч хэлчихсэнд хамаг учир байгаа юм.  Ганц Л.Гансүх сайдыг ч сая долларын байр авсан гэж бичээгүй. Ё.Отгонбаяр сайдыг ч тэгж  хэлж, бичсэн шүү дээ. Тэглээ гээд Ё.Отгонбаяр сайд сэтгүүлчдийг шүүх цагдаад өгөөд гүйхгүй л байна.

Ер нь Л.Гансүх сайд Зайсанд таун хаус их сайн хямдруулаад 165 саяар авсан юм бол тэр мөнгөө хаанаас авав гэдэг ч бас эргэл­зээтэй шүү дээ. Тэгээд ч сэтгүүлчид хардах эрх бий. Засгийн газрын гишүүн Оюу толгойн  гэрээ батлагд­са­ны дараа, Ухаа худагийн 256 километр автозамын зөвшөөрөл олгогдсоны дараа MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгалангаас  байр авсан байхад хардах логик үндэс­лэл аяндаа гарч ирнээ дээ.

Тэгж хардсаныхаа төлөө өнөө­дөр энэ хоёр сэтгүүлч буруу­тан болох дээрээ тулаад байгаа юм. Сайд хоёр сэтгүүлчийг “хор­хой­той араа”-ндаа тас зуучихаад, таг зууралдчихаад салж өгөхгүй нэгий­гээ үзнэ гээд зүтгэлээ. Тэгээд хоёр сэтгүүлчийг “Уучлалт гуй. Тэгвэл өргөдлөө татаж авна” гэж бас гүрийгээд байгаа.

Дээр нь өөрийн гараар бичсэн өргөдөлдөө “Г.Уянгын төрсөн өдөр 12 дугаар сарын 25-нд юм байна. Тиймээс барьж авч ир” гэсэн утга­тай юм бичсэн гэж байгаа юм. Заавал хүний хорвоод мэндэлсэн өдөр нь хорьж барих гээд байдаг нь ч юув. Дэндүү хүний жудаггүй хэрэг биз дээ.

Хоёр сэтгүүлчид хамтран зүт­гэгч, найз нөхөд нь санаа тавьж зөвлөхдөө “Үнэхээр 165 саяар тийм хаус авч болсон юм бол тэр үнээр нь та хоёр авчих. Бид мөнгө цуглуулаад ч болов тус болъё” гэжээ. Тэр хоёр ч “Байж болох л санаа байна” гэж хүлээж авч бай­гаа юм байна. Хэрэв сайд байраа авсан үнээрээ зарчих юм бол А.Баатархуяг, Г.Уянга хоёр “Үнэ­хээр тийм үнийн дүнтэй байр байс­ныг буруу үнэлжээ, бид” гэж хэлээд уучлалт гуйхад бэлэн гэнэ. Нээрээ ч айлын голомт самарч, хоёрын хоёр хүнийг хамтад нь шоронд явуулж байснаас авсан үнээрээ байраа зарчихаад, дээр нь уучлалт гуйлгачихаад нэр цэвэр явбал ядаж бүтэн нойртой хононо биз дээ. Тэгээд Л.Гансүх сайд хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шо­роон ордыг ашиглахгүй байгаа гээд л байсан. Хаа сайгүй л шороон орд ашиглаж байгаа талаар манай сэтгүүлч нэлээд хэдэн цуврал сур­валжлага хийж сониндоо хэвлүүлж байсан. Тэгэхээр өөрөө ч бас дандаа үнэнийг ярьдаг хүн биш болж таарч   байна. Сайд уг нь хоёр сэтгүүлчтэй биш хууль зөрчигсөд­тэй ингэж тэмцвэл зүгээр сэн.

Ямар ч байсан гэр бүлийн хоёр сэтгүүлч энэ Засгийн газрын нэг сайдыг шүүмжилсэн хэргээр шо­ронд явах дээрээ тулаад байна.  Тэр хоёр явчихвал гурван хүүхдийг нь яана гэж бодсон юм бол, эрхэм сайд. Хуучин цагт өглөө ажилдаа яваад орой шоронд явчихсан  тохиолдол  зөндөө л байсан гэдэг.  Хүүхдүүдийг нь гудамжинд гаргаад гэрийг нь хурааж, аав, ээжийг нь шоронд хийдэг байсан тэр үе  одоо цагт давтагдах хэрэг үү. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гэр бүлийн хоёр сэтгүүлч­тэй  Ардчилсан намд хамт ажиллаж байсан хүмүүс. Нэг зүг рүү харж, нэг  зүйлийн төлөө зүтгэж нөхөрлөж явсан андууд.

Тэгвэл нэг нь сайд болоод шударга ёсны төлөө сэтгүүл­чийн­хээ хардах эрхийг эдэлсэн  нөгөө хоёрыгоо шоронд явуулах нь ээ. Ингэх нь хүний хувьд, ёс сурта­хууны хувьд  муухай юм. Гансүхэд ингэхээ бай, боль, гэх хүн ч алга. Тойрон хүрээлэгчид нь ингэхээ боль гэх нь байтугай харин ч дөгөөж “Наадуулаа шоронд нь явуул” гэдэг бололтой юм. Гэтэл Л.Гансүх үгэнд нь ороод тэр хоёртой үзээд байдаг.    Хоёр сэтгүүлч угаас эрх баригчдын болох болохгүйг дэлгэж байдаг хүмүүс.  Энэ хоёрыг барьж, хорих гээд байгаа нь  дуугүй болгох л зорилго нь байх.       

А.Баатархуяг, Г.Уянга, О.Маг­най, Ж.Батзандан энэ дөрөв л эрх баригчдын эсрэг үнэнээсээ тэмцэж байснаас бусад нь бол итгэхэд бэрх л байдаг ш дээ. Ж.Батзандан, О.Магнай хоёр нь долдугаар са­рын нэгний хэргээс болж цаазтай ял хүртэл сонсохдоо тулж байлаа. Гэтэл Г.Уянга, А.Баатархуяг хоёр болохоор Засгийн газар, эрх ба­ригч­дын зуултанд орсон.

Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэдэггүй болох талаар  яриг­даж байгаа ч хойшилсоор байна.  Энэ хоёр сэтгүүлчийг шоронд явуулж байж араас нь шийдэх гээд хүлээгээд байгаа ч юм билүү.  Монголын хэвлэл мэдээллийнхэн Г.Уянга, А.Баатархуяг хоёрыг сэт­гүүлч гэж хүлээн зөвшөөрдөггүй. Сүүлийн үед сэтгүүлчид маань  даргад долигонон,  нэг бүлэглэлийн захиалгаар нөгөө бүлгийг муулах  ажил хийх нь олширсон. Гэтэл сэтгүүлчийн ажлаа үнэнчээр хийж байгаа, эр зориг гаргаж дуугарч чадаж байгаа гэр бүлийн хоёрыг номхон морь ноолоход амар гэдэг шиг л амар заяа үзүүлэхгүй ноол­соор эрх баригчид удаж байгаа.   Гэр бүлийн, идэр насны хоёр сэт­гүүлч улс төрийн тэмцэл хийж байна гэхээсээ илүүтэй сэтгүүл зүйн ажлыг үнэнчээр хийж байгаа. Баримт гаргаж ирдэг, эрэн сурвал­жилж мэдээллийг олдог, олон нийтэд далд байгаа зүйлийг ил болгодог сэтгүүлчийн ажлыг энэ хоёр хийдэг. Ард түмний өмнөөс хардах, ард түмний өмнөөс бичих, ард түмний  дуулаагүй юмыг дуул­гах үүрэг сэтгүүлч бидэнд  байдаг. Тэр хоёр ингэж л ажиллаж байгаа.

Үе тэнгийнхэн нь эрх баригчдад үйлчилж байхад эрх баригчдын эсрэг дуугарсан энэ хоёрыг ад шоо үзэх биш,  мэргэжил нэгтэй нөхдөө өмөөрч дуугаръя гэсэндээ үүнийг бичлээ. Энэ хоёрыгоо шоронд хийлгэхгүй, хамтдаа эрх баригчдын алдаа дутагдал, буруу булхайг дэлгэж, ард түмэнд үнэнийг нь илчлэхийн төлөө зүтгэцгээе. Өнөө­дөр энэ хоёрт тохиолдоод буй зүйл маргааш хэнд маань ч ирэхийг байг гэхгүй. Сэтгүүлч бидэнд хардах эрх бий.