Categories
арын-нүүр булангууд мэдээ

Та нарт ер нь таалагддаг юм гэж байна уу

Сайхан бүсгүй байвал явдалтай гэнэ, нотлоогүй ч шууд тэгж хэлдэг. Үнэн худлыг сонсохыг ч хүсдэггүй. Тийм байх ёстой гэж л боддог. Баян хүн байвал заавал хаа нэгтэйгээс хулгай хийсэн, арга ядахад танил ихтэй, тендер олж авсан байх гэж хардана. Бүгд муулна. Үзэн ядна. Ямар ч гоё сайхан зүйл байлаа гэсэн ямар нэг өө заавал олж харчихна. Мэдээж төгс зүйл ховор ч ямагт муу муухайг нь түрүүлж олж харж, эсвэл заавал муухай болгох гэж яагаад хичээдэг юм бэ. Өөлбөл өндөгнөөс ч өө олдоно гэж ахмад хүмүүс хэлдэг. Саяхан болсон сонгуулиар нэр дэвшигчдийг амтай болгон элдвээр нь хэллээ. Хүн л юм болохоор алдаа оноо байж л таарна. Шулуун дардан замаар өдөр бүр аз жаргалтай амьдарч, нэг ч алдаа гаргалгүй явж ирсэн хүнийг ертөнцөөс хайгаад олох уу. Урт үстэй бол сэгсийсэн юм гэнэ. Эсвэл ухаан нь заавал богино байж таараа гэнэ. Богино үстэй бол эр хүн шиг муухай юм гэнэ. Ер нь ямар байвал энэ хорвоо сайхан харагдах юм. Зарим хүнийг царай муутай гэнэ. Царайгаа ямар захиалж төрөх биш түүний буруу гэж юу байхав. Төрөлхийн гоё сайхан байсан ч заавал нэг засвар орсон байх ёстой гэнэ. Ер яаж ч болохгүй. Сайхан байж болохгүй, муухай байж болохгүй. Сайн явбал түүнийг зулгаагсад олон. Чи ингэж үйлчлэх ёстой гэнэ. Муу явбал арчаагүйг нь дуудаж хохино гэнэ. Хэн нэгнийг магтвал долоогч бялдуучлагч гэнэ. Эцсийн эцэст өөнтөглөгч та ер нь эдгээр ангиллын алинд нь багтах вэ. Та ер нь төгс бүтээл, төгс хүн мөн үү. Үргэлж бусдыг хардаг шигээ өөрийгөө нэг ажин шинжээрэй. Дуугүй явбал донгио, дуутай явбал онгироо, дундуур нь явбал бөөрөнхий гэнэ” гэж хэлсэн найрагчийн үг өөнтөглөгчдийг харахаар санаанд буух юм.

Categories
мэдээ цаг-үе

А.Гансүх: Эх орноосоо зугтах шаардлага надад байхгүй

УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүхийг оргон зайлсан, Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл хэвлэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлэгдсэн. Харин А.Гансүх цахим хуудсандаа энэ талаар “Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараагаад эхэлж. Тайлбар хийе. Хил гарахыг хориглосон л гэнэ, гарах гэж байхад нь зогсоожээ л гэнэ. Би албан томилолтоор ОХУ, АНУ-д ажиллаж байна. Мөн энэ томилолтын хүрээнд Израил улс руу очих ёстой….” гэж бичсэн байсан. Харин манай сонин түүнийг гадаадад албан ажлаар яваа бөгөөд удахгүй эх орондоо ирэх гэж байгаа талаар мэдээлж байсан билээ. Түүнийг өнгөрсөн лхагва гаригийн шөнө Монголдоо ирж, “Чингис хаан” нисэх буудалд буухад нь уулзсан юм. Ийнхүү тус нисэх буудлын VIP өрөөнд лхагва гаригийн шөнийн 00 цагийн үед ярилцсанаа хүргэе.

-Сайн явж ирэв үү? Таныг оргон зайлсан гэсэн мэдээлэл гарчихсан байлаа. Яагаад хүрээд ирэв.

-Дөнгөж сая онгоцноос буулаа. Би оргон зайлаагүй ээ. Оргон зайлсан хүн ингээд ирдэг юм уу. Би намын томилолтоор хоёр, гурван улсад ажиллаад ирлээ. Саяын энэ болсон үйл явдлаас болоод Израил явах байснаа болиод шууд ирлээ. Арай л хэтрүүлсэн худал мэдээлэл тараажээ. Төрөө дээдэлж, хуулийн байгууллагыг хүндэтгээд дуудсан цагт нь би очиж, асуусан зүйлд нь хариулдаг. Гадагшаа явахдаа ч тухай бүрт нь заавал мэдэгддэг. Намайг шалгаж эхэлсэн гэх энэ хугацаанд АНУ-д гурван удаа, Японд хоёр удаа, Солонгост хоёр удаа, Орост нэг удаа явсан байна. Онгоцоор явж байсан суудлын талонууд маань байна. Нотлох баримт болгож зориуд хадгалж байгаа юм (гадаадад зорчсон онгоцны тасалбаруудаа үзүүлэв). Жишээ нь дөрөвдүгээр сарын 30-нд Улаанбаатараас Сөүлээр дамжаад Вашингтон явсан байна. Тавдугаар сарын 30-нд Вашингтоноос Сөүл рүү буцаж ирсэн байна. Энд гуравдугаар сарын 23-нд Токио яваад 25-нд буцаж ирсэн байна.

Энэ мэтээр онгоцны суудлын талонууд энэ байна. Энэ бол нотлох баримт мөн биз дээ. Ер нь эх орноосоо зугтах ямар нэг шаардлага, шалтгаан надад байхгүй. Аливаа хэрэгт шалгагдаж байгаа хүн тухайн шалгагдаж байгаа байгууллагадаа мэдэгдээд хаашаа, яаж явах гэж байгаа, ямар тушаал, шийдвэрийн дагуу, ямар ажлаар явах гэж байгаагаа мэдэгдээд л явдаг. Яг энэ шаардлагын дагуу би холбогдох байгууллагуудад мэдэгдээд л явж байсан. Сая ч гэсэн явахдаа Авлигатай тэмцэх газарт мэдэгдээд, намын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалын хуулбарыг өгөөд явсан. Одоо ингээд ирж байна. Түүнээс биш ямар нэгэн байдлаар оргон зугтсан, зугтахыг завдсан тийм зүйл байхгүй. Эхнээсээ л хаашаа явахаа хэлээд явсан. Өмнөх явж байсны адил, ийм л аялал болоод ирлээ.

-Тэгвэл яагаад таныг хилээр гарахыг хориглосон байхад гараад явчихлаа гэсэн юм бол?

-Явахдаа харин хаашаа явах, хэзээ ирэхээ мэдэгдээд, журмаар нь явж байгаа. Ямар нэгэн оргон зайлах бодол алга. Цаашдаа ч гэсэн оргон зайлах шаардлага байхгүй гэж бодож байна.

-Прокурор, цагдаагийн эх сурвалжийн хэлснээр энэ сарын 7-ны дотор ирэхгүй бол Интерполд хандан эрэн сурвалжлуулж баривчлах арга хэмжээ авна гэсэн мэдээлэл тарсан шүү дээ…

-Тэрийг би мэдэхгүй. Тийм шаардлага уг нь байхгүй шүү дээ. Би хаашаа явах гэж байгаагаа, ямар ажлаар явахаа бүгдийг АТГ-д мэдэгдээд явсан. Тийм учраас оргон зайлсан гэх үндэслэл байхгүй. Оргон зайлсан хүн Монголдоо ирчихээд ингээд яриад сууж байхгүй биз дээ.

-Намын дарга, УИХ-ын даргын зөвлөх хүн сонгуулийн ийм эгзэгтэй мөчид яагаад гадагшаа явах болсон юм бэ?

– Намаас албан томилолт өгч явуулсан гэж түрүүнд хэлсэн. Тэр нь улс төрийн ажил байсан учраас хэвлэлээр ярих шаардлага байхгүй.

-Та хэд хэдэн паспорттой гэсэн байх аа. Монголын иргэн нэг л гадаад паспорттой байх ёстой биз дээ. Тэгэхээр олон паспорттой бол зарим нь хуурамч болж таарах нь ээ дээ?

-Надад хуурамч паспорт байхгүй. Миний ашигладаг энгийн улаан паспорт байна. Дипломат паспорт нэг байна. Тэгээд л болоо. Одоо энэ хэвлэлээр яваад байгаа зарим мэдээлэл арай хэтэрч байна. Хэтэрхий зохион байгуулалттай, улс төрийн шинжтэй, мушгин гуйвуулсан мэдээллүүд яваад байна.

-Хэрэв тэр мэдээллүүд худал юм бол хаанаас хэн явуулаад байна гэж бодож байна. Танд ямар нэгэн сэжиг таамаг байна уу?

– Хэн нэгний зориуд зохион байгуулсан, улс төрийн зорилготой ийм мэдээлэл тарааж байна уу л гэж харж байна.

-Төмөр замын асуудал юу болж байна аа?

-Харин тэр асуудлаар чинь л би шалгагдаж байгаа шүү дээ.

-Тэр хэрэг ямар шатандаа явааг л асууж байна.

-Шалгагдаж байгаа хэргийн талаар ярих боломжгүй байна. Хуулиараа болдоггүй. Тэрийг хууль хяналтын байгууллагаас асуух нь зүйтэй байх.

-За та юутай ч эх орондоо ирлээ. Иртэл чинь сонгууль болоод өнгөрчихлөө. Гэтэл та намын даалгавраар явсан гээд байдаг. Намын даалгавартай гадаад явсан хойгуур чинь танай нам ялагдчихсан байж байдаг. Юу бодогдож байна?

-Нам сонгуульд ялагдсан нь харамсалтай хэдий ч энэ чинь ард түмний сонголт шүү дээ.

-Та намынхаа сонгуулийн багт ажилласан уу?

-Ажилласан.

-Танай намын генсек таныг сонгуулийн багт ажиллаагүй гээд байсан.

-АН-ын сонгуулийн хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тэрний нэг гишүүн нь би байсан. Намын генсекийн хувьд намайг гадаад томилолттой явсан болохоор тэгж хэлсэн юм болов уу.

-Өөр нам эрх барьж эхэллээ. Өмнө нь эрх барьж байсан намынхнаас олон хүн шоронд орох болов уу гэсэн айдас байх шиг. Таны хувьд бас хэрэгт шалгагдаж байгаа. Танд ямар нэг айдас байна уу. Жишээ нь Таван толгой, Төмөр замын асуудал гээд…

-Таван толгой, Төмөр замын асуудлын нарийн ширийнийг ойлгож байгаа хүн байгаа юм уу.

-Овоолсон шороо гэж л хараад байгаа юм биш үү. Шороочдын нам, нүүрсчдийн нам гэсэн яриа гарсныг мэдэж байгаа биз дээ?

-Тийм үү, би тэр яриаг сонирхоогүй юм байна.

-Сонгуулийн ид халуун өдрүүдэд гэнэт алга болчихсон нь таныг оргон зайлсан гэж итгэхэд хүргэсэн байх. Та тэр мэдээллийг хэзээ сонссон бэ?

-Сошиалаар гарахад нь олж харлаа.

-Тэгээд юу бодогдов?

-Мэдээж муухай шүү дээ. Гүтгүүлж байгаа нь л их муухай байна. Ажлаар явсан хүнийг оргосон, баривчлагдсан гээд байхаар юу нь сайхан байхав дээ.

-Та энэ мэдээллийг сонсоод Монголдоо очиход шууд баривчлах вий гэж айсан уу?

-Энэ чинь миний эрх мэдлээс давчихсан юм шүү дээ.

-Та нэгмөсөн зугтчихаж болоогүй юм уу. Танай нам эрх барьж байхад таныг асууж шалгаад эхэлсэн. Өөр нам эрх барихаар бүр л хэцүү гэж бодогдохгүй байна уу?

-Би эх орноосоо хаашаа зугтах билээ дээ. Энд чинь миний эх орон, гэр бүл маань байгаа шүү дээ. Бас нэг зүйл хэлэхэд миний сүүлд явсан ажлууд дандаа улс төрийн ажил байсан. Сая явсан ажил маань ч тийм. Үүний үр дүн гарч байгаа. Үүний үр дүн нь зөвхөн надад, эсвэл манай намд хэрэгтэй юм биш. Бүх монголчуудад гарч байгаа үр дүн. Харамсалтай нь шууд олон нийтэд ярих боломжгүй асуудлууд байгаа юм.

-Монголчуудад хэрэгтэй юм бол харин ч сонирхол татаж байна л даа.

-Би явж бүтээсэн ажлынхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Заавал зарлаад байх шаардлагагүй гэж хэлсэн шүү дээ. Үр дүн нь аяндаа гарна.

-Ингэхэд та яагаад сонгуульд нэр дэвшээгүй юм?

– Би чинь Дорноговийн Ардчилсан намд харьяалагддаг. З.Алтангэрэл гуай Дорноговийн Ардчилсан намаас дэвшсэн учраас би тэр хүнийг дэмжсэн.

-Сонгуулийн үр дүнг та юу гэж харж байна?

-Сонгууль болоод сонгогчид саналаа өгөөд шийдвэр гаргачихлаа. Парламентад энгийн иргэд, шинэ хүмүүс их л орлоо шүү дээ. Тэр шинэ хүмүүс нь олонхи болж байна уу гэж би харж байна. Нэг нам дийлэнх олонхи болсноороо ажил хийхэд ямар нэг саад бэрхшээл бага байх болов уу. Тэр нь сайн хэрэг. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж нь илүү л болж ирж байгаа хэрэг. Тэгэхээр шинээр орж ирсэн хүмүүс арай нуруутай байх болов уу гэж бодож байна. Энэ парламентын бас нэг сайн юм нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хамгаалж ажиллах байх гэж найдаж байна. Яагаад гэвэл Ардын нам түүхэндээ энэ улсын тусгаар тогтнолыг хамгаалж ирсэн нам. 1921 оны тусгаар тогтнолын хувьсгалыг хийсэн нам шүү дээ.

-Танай намын зарим лидер луйврын сонгууль боллоо. Царцаа буюу сонгогчид шилжилт хийлгэж нүүлгэж санал луйвардлаа гээд байгаа шүү дээ….

-Гарч байгаа мэдээллүүдийг харахад хуулийн байгууллага шалгаж үзэх юм байгаа л юм билээ. Тэрийг нь яаралтай шалгаад нэг мөр болгохгүй бол энэ маргаан дөрвөн жил дуусахгүй юм болно. Үнэхээр зөрчил гарсан хууль зөрчсөн юм байгаа бол хуулийн дагуу шийдэх хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын ардчиллыг аанай л “Өдрийн сонин” чинь сахиж үлдлээ. Сандрах хэрэггүй ээ, хүмүүс ээ

УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болж өнгөрлөө. Эрх барьж байсан АН бүлгийн хэмжээнд хүрэхтэй, үгүйтэй суудалтай үлдэж, ялагдлаа. УИХ-д дөнгөж есөн суудалтай болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулан, 65 суудал авлаа. Бие даагч нэг, МАХН нэг суудал авлаа. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүн ч МАН-ын ялалтаар өндөрлөв. Өдрөөс өдөрт нийслэлийг өнгө оруулж байсан Э.Бат-Үүлийн багийг бас л олонхи болгож сонгосонгүй. Иргэд ийм сонголт хийсэн бол яалтай билээ.

АН-ын ялагдлын шалтгааныг янз бүрээр л ярьж байна. Сонгуулийн системийн өөрчлөлт, удирдлагуудын алдаатай бодлого, намын дотоод зөрчил, сурталчилгааны сүүлийн өдөр олонд ил болсон Эрдэнэтийн 49 хувийн асуудал ч нөлөөлсөн гэх. Юм юм л нөлөөлсөн биз. Нэг их гайхаж, сандрах ч юу байхав. Монголын улс төрд ийм түүх олон бий. Хоёр том нам аль аль нь хуйгаараа ялагдаж, бас ялж байсан. Ойролцоо дүнтэй гарч, хамтарч засагласан нь ч бий. Ардчилсан нам ч ялагдлын гашуун, ялалтын сайхныг аль алиныг нь мэдэрч ирсэн. Алдаагаа засч дотооддоо нэг тойрч суугаад ярилцах цаг болсон биз. Тэгэхгүй гээд ч яахав. 1992 онд Ардчилал яаж ялагдлаа. Одоогийн МАН буюу тэр үеийн МАХН 70, “Ардчилсан холбоо эвсэл” дөрөв, МСДН нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал авч байсан. 1996 онд илт давамгай ялж эрх бариад 2000 онд одоогийн МАН 72 суудал авч, Ардчилсан нам ердөө Ж.Наранцацралттай, дээр нь бие даагч Л.Гүндалай л байлаа шүү дээ. “Эх орон” намаас Б.Эрдэнэбат, ИЗН-аас С.Оюун гарч байлаа. Энэ бүх ялалт уналтын жилүүдэд нэг намын дарангуйлал, Н.Энхбаярын хаанчлал ноёрхож байхад “Өдрийн сонин” л ардчиллын цурмыг сахиж үлдэж байв. Ардчиллынханд хүндхэн жилүүд байсан. Цөөнх ч болж чадахгүй, бүлэг ч байгуулж дөнгөхгүй, чадлаараа тэмцээд ч үр дүнд хүрдэггүй, байнгын дарамт шахалтанд байсан үе. “Өдрийн сонин” эрх баригчдаас айгаагүй. Бодит байдлыг, үйл явдлыг бүгдийг хүргэж байлаа. Хатуу, үнэн үгтэй нийтлэлүүдээ бичсээр байсан.

Эрх нь зөрчигдсөн ард түмний төлөө, ардчиллын үзэл санааны төлөө Ардчилсан намын хэмжээнд “Өдрийн сонин” л ажиллаж байлаа шүү дээ. Тэр цаг дахиад ирэв бололтой. Тэр үед АН-ын ялагдсан лидерүүд бүгд АНУ руу дүрвэж, бараг Ардчилсан намын дарга ч байхгүй хоцорсон. Дарга нэртэй ганц үлдсэн хүний хийдэг ажил нь эрх баригчдыг “Өдрийн сонин”-оор шүүмжлүүлэхгүйн төлөө ажилладаг байв. “Та нар шүүмжлэхээ больчихооч дээ. Та нар эрх баригчдыг шүүмжлэхээр намайг шүүмжлүүлээд байна гэж эд чинь алчих гээд байна” гэж сонины утас руу өдөр бүр залгадаг л хүн болсон. Ингэж л ядарч явсан, тэд. Тэр үеийн их баривчилгаа эхэлж, Л.Гүндалай үг хэлэх эрхээ эдлэхийн тулд арга ядан цагаан цаасан дээр лоозон бичиж орж ирж, УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж лоозонг нь урж, бүр нэмээд үлдсэнийг нь урах гэж чуулганы танхимд хөөцөлдөж байв. Тэгээд ч зогсоогүй Л.Гүндалайг барьж хорихдоо тулан, шуугиан дэгдэж, Э.Бат-Үүл шоронд, дараа нь Батбаярыг, Г.Батхүүг барьж хорино хэмээн төлөвлөж байхад бид нам төлөөлж эрх баригчидтай тэр дундаа Н.Энхбаяр, Ц.Нямдорж нартай хэлэлцээ хийж байлаа. “Наад баривчилгаагаа зогсоо. Бид шүүмжлэхээ багасгая” гэж “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн эрх баригчидтай хэлэлцээ хийж байлаа шүү дээ. Ийм л хүндхэн он жилүүд байсан. Цөөхүүлээ. Дуугаръя гэсэн ч хүч хүрдэггүй. Олигтойхон дуугарвал орон шоронгийн хаалга татчих гээд хэцүүхэн байсан даа, тэд мартчихаагүй бол. Харин бид тодоос тод санаж л байна. Цөөнхийн, тэр тусмаа ардчиллын төлөө редакциараа, эрхлэгчтэй юутай хээтэйгээ очиж сурвалжилдаг, тэдний дуу хоолойг хүргэдэг байсан юм чинь. Яаж мартах билээ дээ. Тэр он жилүүдэд, түүнээс хойш ч бид эрх нь зөрчигдсөн ард түмнийхээ дуу хоолой, чөлөөт индэр болсоор өдийг хүрэв.

Одоо Монголын нийгэмд нэг намын хүчтэй дарангуйллын эсрэг эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчид, энгийн иргэдийнхээ дуу хоолой болох тэр цаг дахиад л тохиож байна. Ард түмний эрх зөрчигдөнө, ардчилал хумигдана гэж битгий айцгаа. Бид хэнд ч, аль ч намд барьцаа байхгүй. Бид эрх нь зөрчигдсөн ард түмнийхээ дуу хоолой болох гэж эрхийг сэргээх, хамгаалах үүрэгтэй сонин. Бид энэ үүргээ чин үнэнчээр хангалттай биелүүлж ирсэн. “Монголын ард түмэн ядрах цагтаа “Өдрийн сонин”-ы өлзийт үүдийг зорьдог. Яагаад гэвэл тэнд нь ард түмнээ өмөөрөх сэтгэл зүрхтэй хүмүүс байдаг” гэсэн алдарт үг нийтийн сүлжээнд байсхийгээд явж байгаа харагддаг. Энэ үнэн шүү. “Өдрийн сонин” ард түмнийхээ төлөө, ардчиллын төлөө дуугарч ирсэн. Дуу хоолойгоо хүргэн тэмцэж ирсэн. Гэхдээ бид ардчилсан нэрийн дор өндөр дээд албан тушаалд хүрч, ард түмнээсээ хулгай хийсэн ардчиллын нэрийг хорлож ёс зүйгүй аашилсан хүмүүсээс Ардчилсан намыг цэвэрлэхийн төлөө явна. Ардчилалд хайртай гээд алдааг нь өөгшүүлнэ гэсэн үг биш. Энэ нам цэвэршиж, ардчиллын мөн чанараараа хөгжвөл Монголын ардчиллын болоод тусгаар тогтнолын бат цайз болох юм. Одоо мэдээж Ардчиллын өнөө хэд маань АНУ руу, Харвардын гэртээ явцгаана биз. “Өдрийн сонин” ардчиллын голомтыг сахиж үлдлээ, айх хэрэггүй ээ, иргэд ээ. Ардчиллынхан явлаа ч “Өдрийн сонин” Монголдоо үлдэнэ. “Өдрийн сонин” байсан цагт ардчилал байдаг, байсаар ч байх болно.

Монголын ардчиллыг аанай л “Өдрийн сонин” чинь сахиж үлдлээ, айх хэрэггүй ээ, хүмүүс ээ.

Categories
мэдээ цаг-үе

Таньж, мэдэхгүй сонгоно гэж юу байхав

Сонгуулийн хууль хүнээ танихад хэтэрхий богино хугацаатай байна. Шинээр нэр дэвшиж байгаа хүн бол өөрийгөө таниулж ч амжаагүй байтал сонгуультай золгох нь. Энэ богино хугацаанд нэр дэвшигчийг таниулахад хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй. Зарим хэвлэл огт улс төр явуулахгүй гээд зарлаж байна. Энэ нь нийгмийн өмнө үүрсэн хариуцлагаасаа зугтаж байгаа хэрэг. Угтаа нэр дэвшигчдэд богино хугацаа олгогдсон, сурталчлах эрхтэй телевиз тоотой хэд. Хүнд хүрч уншигдах олон захиалагчтай сонин хэд билээ дээ.

Төр улсыг минь хэн авч явахыг шийдэх хариуцлагатай үе ирчихээд байхад зарим нь улс төрөөс залхлаа гэлцэх юм. Ирээдүйгээ сонгохын тулд мэдэж таньж байж л шийдвэр гаргана шүү дээ. Биднийг төлөөлөх хүнээ сонгоно. Тиймээс надад хамаагүй, хувь заяа нь мэдэг гэсэн байдлаар хандах хэрэггүй. Улс төрийг чи сонирхохгүй ч улс төр чамаар оролдоно гэдэг биз дээ. Юутай чиг нэр дэвшигчдээс хэн нэгнийг сонгох л болно. Тэгэхийн тулд нэр дэвшигчдийн ярилцлага, мэдээ мэдээллийг үзэж, унших л хэрэгтэй. Улс орныхоо ирээдүйд, өөрсдийнхөө ирээдүйд бид санаа тавих ёстой. Бид ирээдүйгээ ямар байлгахаа төлөөллөө болгож төрд илгээсэн хүнээрээ дамжуулж шийддэг. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй үе чинь их буугаар буудна гэсэн үг бий. Хүссэн ч, хүсээгүй ч сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүдэд улс төр сонирхохоос өөр арга алга. Ядаж ирээдүйгээ хэнд даатгахаа мэдэж сонголтоо хийе. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Та саналаа өгөөгүй байж, дараа нь муу хүн, буруу хүн сонгочихлоо гэж битгий гоншигоноорой. Хэнд ирээдүйгээ даатгах чинь таны л сонголт шүү дээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар дээрх ганц ах минь нисээд өнгөрөлгүй буугаад явсан нь яамай даа

Монголын үе үеийн эх орончдын хүсэл бол хоёр хөршөө давж харьцах байсан юм. Хоёр хөршийн цаазын тавцан дээр зөвхөн энэ үзлээсээ болж толгойгоо авахуулж байсан. Тиймээс одоо цагийн гурав дахь хөршийн тэргүүнд АНУ-ыг бид нэрлэж байгаа. Мэдээж АНУ-ыг дагаад Япон, Өмнөд Солонгос, мөн Европын холбооны улс ч гурав дахь хөршүүд. Эдгээр улс бол бидний үнэ цэн юм. Гурав дахь хөршийн тэргүүн эгнээнд нэрлэгдэх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нисээд өнгөрөлгүй буугаад явлаа. Сонгуулийн өмнө ингэж ирсэн нь та нарыгаа мартаагүй шүү гэсэн санаа юм уу даа. Монгол сайхан орныг минь “Ардчиллын баянбүрд” гэж хэлсэн нь хичнээн өөриймсөг дотно санагдав. Түүний үг бүрт, өгүүлбэр бүрт утга агуулга дүүрэн байв. Жон Керриг манай улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзлаа. Жон Керри манай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. АНУ Монголтой ил тод байдлын гэрээг ирэх долдугаар сараас хэрэгжүүлж эхлэх талаар Гадаад хэргийн сайдтай ярилцсан гэлээ. Энэ нь нүүрээ буруулаад байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад чухал алхам болохыг ч бас хэлчихсэн. Нэг ёсондоо АНУ итгэл үзүүлж байгаа нь хүндхэн байгаа эдийн засгийн сэргэлтэд нөлөөлөх нь гэж харж болох юм. Монголын тэргүүний сэхээтэн залуустай уулзав. Мянганы сорилын сангийн хоёр дахь ээлжийн 700 мянган долларын санхүүжилтийг хөндөж ярилаа. Гадаад бодлогын талаар анхаарал татсан, ноцтой үг хэлэв. Ардчиллын талаар байр сууриа хэллээ. Өнгөрсөн арван жилд ардчилсан улс орнуудын тоо 33-аар нэмэгдсэн гээд дэлхийд ардчилал улам бэхжиж байна гэлээ. Гэхдээ ардчилалд сорилтууд тулгарч байгааг, тэр сорилтыг даван туулахыг, хүний эрх, эрх чөлөөний тухай, ардчилал гэдэг Монголын ард түмэн бүгдээрээ юм гэв. Тэд биднээс нүүр буруулахгүй, гурав дахь хөршийн тэргүүн эгнээнд, ардчиллыг бэхжүүлэхэд тусалж дэмжихээ ийнхүү илэрхийлчихлээ.

Төвийг сахина гээд итгэхгүй байвал дэмий дээ гэсэн санаа хэллээ. Юун дээр төвийг сахих нь чухал гэдгийг онцолсон. Энэ нь Монгол Улсыг олон улсад хүчтэй үйл ажиллагаа явуулахыг хүчилсэн, ардчиллаа илүү төгс болгохыг сануулсан хэрэг байлаа. Зөрчил, тэмцэлтэй хоёр улстайгаа төвийг сахисан байх шаардлагатай, өөрөөр хэлбэл ёс суртахууны асуудалд тодорхой байр суурьтай байх ёстой. Тэр ёс суртахууны луужингаа алдвал улс орон, эрх чөлөөгөө алдана гэлээ. Төвийг сахих гэдэгт болгоомжтой хандах хэрэгтэйг анхааруулсан. Тэрнээс биш хоёр хөршийнхөө үгээр санаа амар хэвтээд байхыг хэлээгүй байх. Манай хоёр хөршийг өөрчлөгдөж сайжраасай гэж хардаг. Хоёр улсын дарамт их ирж байгаа ч та бүхэн өөрийн ардчиллын баянбүрдэд өөрийн замаар хөгжихийн төлөө тэмцэж байна гэлээ. Хоёр хөрштэйгөө эвтэй байхаас аргагүй. Гэвч хоёр хөрш маань бидэнд тийм ч найртай биш байх юм. Хойд хөршийн тэргүүн Путин ирээд тусалж дэмжье, хамтрах юман дээр хамтарна гээд явсан. Ярьсан хэлснээс нь чих дэлдийлгэж, сэтгэл баясгах сайн үр дүн өнөөдрийн хувьд дуулдаагүй л байна. Урд хөршийн дарга Си Жиньпин ирээд “Хамтдаа хөгжье” гэсэн ч хэлсэндээ төдийлөн хүрэхгүй байгаа. Ирээд хэлсэн ярьсан нь үнэхээр сэтгэл уярам, ядарсан дүүгээ өөд нь татаад аваад явчихна гэж байгаа мэт боловч бодит байдал дээр тийм биш байна. Монголчууд ч ах минь гэж саймшран дуулгавартай байхаасаа илүүтэй хөрш орон гэдэг утгаар нь л хүлээн авах болсон. Тэд бидэнд өнөөдрийг хүртэл олон зүйл дээр хатуурхаж ирсэн. Эгийн голын усан цахилгаан станцыг 20 жил хоёр хөрш маань гацаалаа. Цасны усаар ч нөхөгдөх юмыг Байгал нуурт нөлөөлнө гэж үзэж байгаа. Гэтэл Байгал нуурт цутгаж байгаа усны 18 хувь нь Сэлэнгээс орж байгаа. Энэ нь Байгал нуурт 0.023 хувийн л нөлөө үзүүлнэ гэж Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн захирал Д.Одхүү ярьсан байна лээ. Бараг цасны усаар л нөхөгдчих хэмжээний нөлөөллийн асуудлыг л дуулиан болгож сүр бадраасан байгаа юм. Гэтэл санхүүжилт хийх Хятадын тал Оросын Байгал нуурт нөлөөлөх бол мөнгө өгөхгүй гэдэг. Энэ жишээнээс харахад л хоёр хөршийн хандлага ямар хүйтэн байгааг аргагүй мэднэ. Мөн төмөр замын дуусашгүй дуулиан байна. Хэдэн жил л ярилаа. 270 км төмөр зам барихаас болж манай улс ч хоёр талцаад байна. Хоёр хөрш мөн л төмөр замын асуудалд хуруу хошуугаа нэмэрлээд ажил явуулахад саад болсоор өдийг хүргэлээ. Нэг нь нарийн царигаар тавибал хятадууд танкаар орж ирээд сүйдэлнэ гэж айлгаад нөгөө нь “Бид танкаа аваад ороход буцах юм алга” гэсэн шиг дүр байдал үзүүлдэг. Манайд бол хувийн компани, улстөрчдийн хэрүүлээс болоод зогсчихсон. Одоо ердөө л нэг овоолгоостой шороо байна. Нэг нь эх оронч, нөгөө нь эх оронч биш гээд иргэний дайн гарахаа дөхөх юм. Байдал ийм л байна. Ийм ч байсаар ирсэн. Энэ бүхний эцсийн дүнд монголчууд бид ядуу хоосон л үлддэг.

Ийм учраас гуравдагч хөрш гэж дуугарсан нь амиа алдахаа мэдсээр байж өвөг дээдэс маань түүний төлөө тэмцээд байсан юм шүү дээ. Тиймээс ч гурав дахь хөршийн тэргүүн эгнээнд дуудагддаг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга буугаад мордсон нь туйлын ач холбогдолтой юм гэж бид баярлаж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Бусдын аз жаргалыг харж зовохыг атаархал гэнэ

Мэдээж чадваргүй, унхиагүй хүн атаархана л даа.
Бас атаархал гэдэг их зовлон юм. Атаархаж байгаа хүн ямагт үзэн ядалт, хар хорын
сэтгэлээр дүүрэн байдаг. Нэг үгээр хэлбэл атаархаж байгаа хүмүүс бусдын аз жаргалыг,
бусдын сайн сайхан явааг харж зовж явдаг. Та хэн нэгэнд атаархаж байна уу, таны
атаархлыг төрүүлсэн хүн ямар ч буруугүй шүү. Атаархагч та өөрөө буруутай. Атаархдаг
хүмүүс сайн яваа нэгэнд муу санаж, магад тэр муу сэтгэлээс нь муу үйлдэл гарах магадлалтай.

Атаархал гэдэг өөрийгөө бусдаас дор байгаагаа мэдрэх тэр агшин юм. Тэр агшинд муу
сэтгэлийн үр боловсрон бий болдог. Тэр муу сэтгэлээс муу үйлдэл гардаг. Өөрөөсөө
илүү чадалтай, илүү үзэсгэлэнтэй, илүү мөнгөтэй, илүү сайн сайхан эхнэр, нөхөртэй,
үр хүүхэд нь сайн сайхан яваа гээд л үй түмэн аз жаргалтай хүмүүсийн байгаа байдал
таныг хэрвээ зовоодог бол, тэднийг харан үзэн яддаг бол та аль хэдийнэ зовлонт нэгэн
болж хувирчээ. Бусдад бүү атаарх. Үүний оронд өөрийгөө боловсруул.

Өөрт байгаа дутуу
зүйлээ илүү болгож болно. Тэрнийг атаа хорслын замаар биш мөрөөдөл зорилго болгож
сайжруулж болно. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Магад чиний дутуу гэж бодож
яваа зүйл өөр хэн нэгэнд байхгүй ч юм бил үү. Таны өнөөдрийн байгаагаас илүү олон
зовлонт хүмүүн ертөнц дээр амьдарч байна. Магад таны амьдрал тэдэнд хааны амьдрал
шиг санагддаг ч юм бил үү. Хэдийгээр хүн илүү сайханд тэмүүлж байдаг ч үүнийг атаа
хорслоор даван туулдаггүй. Атаархаж хорссоноор аз жаргалтай болдоггүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ах намууд эвдрэлцэхдээ эвлэрэх боломж үлдээгээсэй

АН, МАН хоёр сүүлийн үед ширүүхэн байна. Сонгууль дөхөж дээ. Хэдэн суудал илүү авчих санаатай элдвээр аяглаж байгаа нь нүдэн дээр илт. Биесээ хамаг муу муухайгаар хэлж, хатуу ширүүн үгийг хайр найргүй шидэж байна. Ялангуяа МАН сөрөг хүчин болоод ч тэр үү, АН руу айхтар цовхчиж байна. Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын гишүүд ууртай байна. “Та нар сонгуулийн тойргийг ингэж зурж байгаа бол хувь тавилангийн зургийг чинь зураад өгнө” гэж ундууцав. “Намайг унагах гэж нэг хязгаараас нөгөөг хүртэл тойрог эмх замбараагүй зурж. Чаддаг аавын хүү нь ирээд Увсад надтай өрсөлд” гэлээ. Арга ч үгүй биз, энэ хүмүүсийн өрсөлдөх тойргийг эрх баригч намынхан нь үнэхээр эвгүй, эмх замбараагүй хуваарилж, тохуурхаж байгаа юм шиг дээрэлхсэн байна лээ. Хэний ч хараажийн уурлавал уурлахаар юм. Гэхдээ нэг нь тэгж хэлүүлтэл тойргийг нь тойруулж сараачих хэрэг байсан ч юм уу даа. Нөгөөдүүл нь хувь заяаг нь зурна гэж өсөрхөх хэрэг байна уу. Хуучны далд утгаар ярьдагчлан хувь заяаг чинь зурна гэхээр “алаад өгнө” гэж байгаа юм шиг сонсогдож байна. Ц.Гарамгайбаатар гишүүн Чингис хаанаар түрий бариад л илүү мандаттай байх ёстой гэж аархаж ирээд л загнана лээ. Ө.Энхтүвшин гишүүн “Өрсөлдөгчөө өрөвдсөний горыг амсч байна” гэж ирээд л өс өвөрлөсөн аятай хэлнэ лээ. Ер нь л уур уцаараа барьж дийлэхгүй, төрийн хойморт суугаад хашгирах нь байтугай гэрийн хаяанд ч хэлэмгүй муухай үгсээр биесээ дайрч хэрэлдэх юм. Ингэж хамаагүй эвдрэлцэж болохгүй ээ. Эвтэй байж Монгол Улс хөгжинө. Яаж ч муудсан эргээд уулзах улаан нүүр гэж бий. Эр хүний замын хүзүү урт гэлцдэг. Нэг өдөр сонгууль дуусна. Аль нь чиг л гарч ирээд мөр зэрэгцээд улс орны хувь заяаг ярьж суух улс. Буцаж буух бууриа бодож байх хэрэгтэй юм. Угаас Монголын төрийг энэ хоёр нам л барина. Өөр сонголт байхгүй. Ээлжилж эрх барина уу, хамтарч эрх барина уу, аль нэг нь байх нь эргэлзээгүй. Цаашид ч ийм л байх биз. Өөр нам гарч ирээд төр барьтлаа өдий. Манай сонин ч “Гэр шилбэл шинийг, гишүүн сонговол хуучныг нь” гэж бичиж байлаа. Монгол Улсын төр гэдэг тоглоом биш. Элдэв шоу биш. Монгол Улсын хувь заяа одоогийн гурван сая хүний ч хувь заяа төдий биш. Ирээдүйн гурван зуун сая монгол иргэний, монгол үндэстний дэлхийн тавцанд орших, эс оршихуйн хувь заяаны асуудал юм. Монгол Улс үүрд орших хувь заяаны үй түмэн гишгүүрийн нэг шат нь төр засгаа эмхлэх, ээлжит сонгууль. Та нарыг муудалцаад байна гээд улстөрч болох гэж хөөрцөглөсөн хүүхдүүдийг төрд гаргачихалтай нь биш. Нэг шат буруу тавибал энэ улс орны цаашдын ирээдүй хазайна. Иймээс хүүхдүүдээр төр бариулж тоглуулж болохгүй гэж “Өдрийн сонин” байнга бичдэг. Эрхбиш хариуцлага хүлээдэг нам, хат суусан эрчүүлээр төрөө бариулах хэрэгтэй. Дээр дурдсан, өдгөө төрд байгаа хүмүүс ч хат суусан тэр эрчүүлийн зарим нь. Монголчууд 1911 оны хувьсгалыг эс тооцвол бүх хувьсгалыг, нийгмийн томоохон өөрчлөлтийг залуучуудын гарт өгсөн. Онохоосоо алдсан нь их байв. Магадгүй ингээгүй бол өнөөдөр Монгол ийм байхгүй ч байж болох байв. Хөгжлийн өөр түвшинд байх байсан ч юм бил үү. Тиймээс хариуцлага үүрэх чадалтай энэ хоёр намын хат суусан төрийн түшээд нь энэ Монголын төрийг авч явах хэрэгтэй. Монголын хувь заяа та нарын гарт байгаа. Магад эвсэж, хамтрахаар байдалд хүрч болох юм. Эсвэл аль нэг нь ялах биз. Айхтар зөрүүтэй ч гарахгүй болов уу. Өнгөрсөн хорь гаруй жилийн турш ингэж л, ийм замаар явж ирсэн. Ийм сонголтыг ард түмэн хийж байсан. Тиймээс эвтэй байцгаая. Та нар биесээ элдвээр хэлж, гоочлоод байхаар иргэд та нарыг бүгдийг нь элдвээр хэлж байна. Тэр, энэ, АН, МАН гэлтгүй л шүүмжлэх юм. Бид бүгд монголчууд, хэн хэнийхээ дайсан биш. Бие биеэ үзэн ядахгүй байж, цөсийг нь хөөргөж элдэв үг хэлээд яах ч юм билээ. Эргээд эвлэрэх нүүртэй байх хэрэгтэй. Монголын хамгийн том ууган намууд гэвэл яалт ч үгүй АН, МАН-ыг л хэлнэ. Ах намууд сонгууль гэж ингэж хэрэлдэн тэмцэхдээ эвлэрэх зай, эвлэрэх боломж үлдээгээсэй. Та бүхэн эвдрэлцвэл улс орон яах билээ. Тэртэй тэргүй энэ хоёр намгүй Монголын төрийг төсөөлшгүй. Аль нь ч ялж төр барилаа гэсэн Засгийн газраа унагахгүй байх хэрэгтэй. Тиймээс УИХ бүрэлдмэгц Засгийн газраа огцруулахгүй байх хууль хамгийн түрүүнд баталж, хэрэв огцруулбал УИХ тардаг болох хэрэгтэй юм. Учир нь төрөөрөө тоглож, засгаа унагаад сайжирсан түүх үгүй. Хэн нэгнийг нөгөө нэгнээр солиод өөрчлөгддөг бол сайжирдаг бол сайжрахаар л боллоо. Нөгөө нам нь битгий хэл өөрийнх нь нам засгаа унагаад сайжирсангүй. Хичнээн ч удаа засаг төрөө унагаж тоглов. Хамгийн эмгэнэлтэй энэ бүхний үр дүнд нь Монгол Улс л хохирдог. “Монгол төр түвшин байг” гэж ээжүүд сүүгээ өргөдөг чинь та бүхнийг эе эвтэй байхыг, тэр эв эе чинь улс орон амгалан байхын л учир шүү дээ. Төр засаг унаж, биесээ элдвээр хэлчихээд тэрүүхэндээ бие биенээ чадаад дийлчихлээ гэж боддог л байх. Хохирогч нь ердөө л улс орон маань.

Магадгүй цаашид МАН, АН гэж хэлэхээсээ илүүтэй Нүүрсчдийн нам, Шороочдын нам нь ялах уу гэж яригдах нь. Аль алинд нь МАН, АН-аас холилдоод орчихдог. Нүүрсчдийн нам гэж Таван толгойг хөдөлгөх MCS толгойтой үндэсний компаниуд тэргүүтнүүд. Эднийг өрсөлдөгчид нь “Эх орноо гадныханд худалдах гээд байна” гэлцдэг. Нөгөөх нь Шороочдын нам, 270 сая доллараар шороон далан овоолсон гэх хүмүүсийг хэлээд байх шиг. Шороочдын нам нь Нүүрсчдийн намтай л биш бол хэнтэй ч, тэр байтугай муу хэлээд байдаг Орос, Хятадтай ч хамаагүй хамтарсан яахав гэлцэх. Энэ хоёр намд нь АН-ынхан нь ч бий, МАН-ынхан нь ч бий. Иймд аль нэг нам ялах ялагдахад онцын ялгаа байхгүй. Хоорондоо эвтэй л байх хэрэгтэй. Алдаа, оноо аль алинд нь бий. Найраа, тохироо хийхээ хүрвэл хүний, өөрийн нам, МАН, АН гээд ч байх юмгүй, нүүрсчин, шороочноороо л ялгарчихна биз. Улаан мах олдоно, улайх нүүр олдохгүй гэж нэг үг бий. Эргээд уулзах нүүртэй байгаарай. Хэн ч ялдаг, хэн ч ялагддаг л хорвоо. Ялагч байхад ялагдагч , ялагдагч байхад ялагч байдаг. Аль нэг нь ялна. Эсвэл адилхан тэнцүү байна. Өөр сонголт, өөр боломж үгүй. Ах намууд минь энэ байдлаараа сонгууль болтол эвдрэлцэж, элдвээ л дуудах нь шиг байна. Эвлэрэх боломж үлдээгээрэй. Сонгууль нэг л өдөр дуусна. Дүн гарна. Эргээд уулзахад эвлэрэх боломжтой л байцгаана шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чамтай, чамгүй болно

Зарим хүн надтай, надгүй бүх зүйл болно гэдэг.
Ажлаа тасаллаа гэхэд “Өөр хүмүүс байгаа юм чинь болно биз дээ. Тэд хийчихнэ. Надгүйгээр
яав л гэж, байхгүй үед болоод л байдаг. Надаар дутав л гэж. Би энэ хүнд тусалсан,
туслаагүй болно доо. Надтай надгүй амьдрах л биз” гэж боддог. Тийм ээ, тийм. Чамтай
чамгүй бүх зүйл болно. Байгууллага чинь ажилладгаараа л ажиллаж, амьдрал үргэлжилдгээрээ
л үргэлжилнэ.

Чи байтугай дэлхий тэр чигээрээ дутахаар агуу гайхамшигт хүмүүс ч
ертөнцөөс явдаг. Гэхдээ л дэлхий ертөнц оршдогоороо оршиж, дараагийн гайхамшигт
хүмүүн төрдөг. Харин тэр гайхамшигт хүмүүс надтай, надгүй болно гэж бодоогүй ээ.
Байгаа цаг хугацаандаа байх ёстой газраа, хийх ёстой зүйлээ хичээнгүйлэн хийсэн.
Тэд дараагийн гайхамшигт хүмүүний шинэ нээлтийн бэлтгэл ажлыг хийдэг юм. Тэр хүмүүс
тухайн цаг үедээ нээлт хийгээгүй бол дараагийн хэн нэгэн нээх л байсан. Гэхдээ цаг
хугацаа алдана. Эрүүл мэндийн салбарын нэгэн нээлт хийлээ гэхэд олон хүний амийг
аварна. Тэр аврагдсан хүмүүсийн нэг та бидний хэн нэгний өвөг эцэг ч юм бил үү.
Хэрэв тэр хүн өвөг эцгийг аврах эм тариа, технологийг хийгээгүй бол хэн нэгэн та
төрөхгүй ч байсан юм бил үү.

Чамайг байсан бол, чамайг байхгүй байхад бас яах бол.
Бодоод нэг үз дээ. Ажлаа тасалсан өдөр чинь хэн нэгэн чамд ашигтай санал тавих гэж
ирсэн ч чи байхгүй болохоор найзад чинь саналаа хэлээд явж болно. Заяаны хань чинь
болохоор үзэсгэлэнтэй бүсгүй ажил хэргээр чамтай уулзах гээд ирсэн чи байдаггүй.
Магадгүй та хоёр дахиад хэзээ ч уулзахгүй байж болох юм. Андын чинь ар гэрт хэцүү
бэрх зүйл тохиолдоход чи байж байгаад тусалсан бол. Хожим тэр бас ачийг тань санах
л байсан. Хэрвээ чи тэр өдрийн ажлаа таслаагүй очсон бол танай бүтээгдэхүүн илүү
олон, илүү чанартай гарах байсан ч юм бил үү. Хорвоо ертөнц дээр хамааралгүй юм
гэж огт үгүй. Тиймээс оршин байгаа, орон зай эзэлж байгаа тэр цаг үеэ агуулгаар
дүүргэ. Байх ёстой газраа, байх ёстой үед нь бай.

Яг энэ цаг үед, яг тэр зүйлийг
хийж, амжуулахын тулд бай. Надгүй бол амьдрал зогсчих юм шиг амьдар. Энэ нь чамд
илүү хэрэгтэй. Үгүй гэвэл чамтай, чамгүй бүх зүйл болно. Байхгүй байсны хохирогч
нь ердөө чи өөрөө юм шүү дээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайханбилэгийн Засгийн газар энэ зуны наадмыг үзчих юм шиг байна

“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж Д.Нацагдоржийн хэлсэнчлэн Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газрыг огцруулчихгүй л бол улсын наадам үзэх нь. Яг одоо энэ Засгийн газрын эрх зүйн чадамжтай, чадамжгүй тухай ярьж байна. Эвслийн бүлэгт багтаж байсан УИХын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Шударга ёс эвслээс гарч МАНыг бараадлаа. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга мөн л намаасаа гарч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын удирдах болов. Л.Цог тус намд оров. Дээрх хоёр гишүүн Эвслийн бүлгийнх. Тэр ч байтугай МҮАНаас Н.Батцэрэг, М.Сономпил нар гарч Ардчилсан намд элсчихлээ. Ингээд Эвслийн бүлэг гэж байхгүй боллоо. Одоо Эвслийн бүлгийнх гэх үү, бүлэггүй үлдэгсэд гэх үү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар л үлдлээ. Одоогоор бүлэггүй эвслээс Засгийн газарт гурван ч сайд байна.

Эвсэл нэгэнт задарч, бүлэг байхгүй болсон болохоор энэ Засгийн газар бас огцрох ёстой, эрх зүйн чадамжгүй болсон гэлцэж байгаа. Мөн эвслээс Засгийн газарт үлдсэн гурван гишүүн сайдын ажлаа хийсээр байгаа нь хууль зөрчиж байна гэж тайлбарлах хүмүүс бий ч энэ нь бодит байдал дээр Засгийн газар огцрох үндэслэл болохгүй юм байна.

Үүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Засгийн газрыг бүрдүүлэх асуудал УИХ-ын сонгуульд оролцсон субьектуудын хооронд яригддаг. АН, “Шударга ёс” эвсэл, ИЗННын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субьектуудын хувьд дээрх намуудад өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субьектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай. Мөн УИХын тухай хуулиар наймаас дээш гишүүнтэй нам эвсэл бүлэг байгуулах эрхтэй хуулийн зохицуулалтаар “Шударга ёс” эвсэл задарч бүлэггүй болж байгаа ч эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засаг огцрох эсэхэд нөлөөлж чадахгүй” гэж тайлбарлана лээ.

Ингэхэд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар огцрох уу. Огцруулах санал хэн оруулахав. Санал орууллаа гэхэд дэмжигдэх үү.

ИЗННын С.Оюун, Д.Дэмбэрэл нарын гишүүд АНд элсээгүй ч сонгуульд дэмжиж оролцоно гээд дагаар орсон байгаа. Одоогоор АН 37 гишүүнтэй болсон. Хэрэв энэ хоёр АНын гишүүн болчих юм бол АН эвслийн бүлгийн гишүүдийн ч хэрэггүйгээр дангаараа засаглах боломжтой болно. Гэхдээ цаг хугацаа ийм давчуу байхад АН засгаараа оролдох нь юу л бол. Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ л сонгуультай золгоно. Засгийн газрын эсрэг байгаа АНын зарим нэг гишүүн, Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргадаг Г.Уянга, С.Ганбаатар, Л.Цог нийлээд ч унагаж дийлэхгүй. Учир нь МАН Засгийн газрыг унагах сонирхолгүй байгаа. Тэд санал оруулж ирлээ ч МАН үүнийг дэмжихгүй. Тиймдээ ч Ч.Сайханбилэгийн танхимынхан санаа амар байна. Тэр ч бүү хэл одоо задарчихаад байгаа эвслийн санал болгосон хүнийг Эрүүл мэнд, спортын сайд болгохоор УИХд өргөн мэдүүлчихсэн. Тэгэхээр Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөх, засаг солигдох нь байтугай бүл нэмэх нь. МАН АН-д сайндаа, Сайханбилэгт хайртайдаа огцруулахгүй авч үлдэнэ гэсэн үг биш. Сонгууль дөхсөн энэ үед эдийн засгийн хүнд бэрхшээл бүхэн Сайханбилэг түүнтэй хамтарч засагт байгаа МАХН, МҮАНынхны буруу гэж хэлэх гэж л тэр. Хэрэв одоогийн Засгийн газар унаад шинээр засгийн газар байгуулагдлаа гэхэд АН дангаараа ч Засгийн газраа бүрдүүлэх боломж бий болох магадлал өндөр байгаа. Гэтэл сонгуулиар АН гэдэг өрсөлдөгчөөс гадна саналаас нь зулгаах МАХН бий. Тиймээс ч МАХНаас бас хариуцлага нэхээд хамтад нь мууг нь дуудаж явбал МАН-д ашигтай гэж харсных. Засгийн газрыг огцруулахгүй гэдэг дээр тэд дотооддоо аль хэдийнэ тохирчихож. МАНын хувьд Засгийн газрыг унагавал муу нэр өөрсдөд нь ирнэ үү гэхээс сайн нэр дуулахгүй. Сонгуульд өрсөлдөх гээд очиход нь ард түмний өмнө хэлэх үггүй болно. Тиймээс Засгийн газрыг унагах нь өнгөц харахад МАНд ашигтай ч үр дүн нь өөрсдөд нь хохиролтой.

МАН, МАХН хоёр сонгуульд эвсэж орох дээрээ тулж, эх орончдын баяраа хамтдаа тэмдэглэн жигтэйхэн найрссан ч төд удалгүй нэг замаар явахгүй гэдгээ, сонгуульд хамт оролцохгүйгээ мэдэгдсэн. Анх хамтарч сонгуульд орох тухай ярьсан нь МАХНтай санал хуваахгүй, тохирч, ялалт байгуулах л санаа байсан шүү дээ. Нэгэнт сонгуульд тусдаа оролцох болсон тул МАНын саналаас МАХН зулгааж таарна. Одоо МАН-ынханд саналаас зулгааж гай болох МАХНыг АНтай хамт тонгорох сонирхол байгаа учраас Засгийн газраар оролдохгүй. Бага хугацаа үлдсэн учраас Засгийн газар эдийн засгийг өндийлгөх бололцоогүй гэж тооцож байна. Тиймээс энэ чигээр нь явуулж сонгуультай золгох сонирхолтой байгаа.

Засгийн газрыг огцруулахаар МАХН өөрсдийн сайд нарынхаа нэрийг татах нь гэсэн мэдээлэл яваад байсан ч худал болж таарлаа. Өнөө маргаашгүй болох сонгуульд сайдын сэтэртэйгээ орохыг хэн хүсэхгүй байхав. Тиймээс сайдаар ажиллаж байгаа нөхөд ч сайн дураараа огцрохгүй. Нам нь хүмүүсээ татлаа гэхэд онцын ач холбогдолгүй, улс төрийн хожоо байхгүй.

Засаг одоо огцорвол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа эдийн засаг улам дордоно уу гэхээс дээрдэхгүй. Багахан хугацаа байгаа ч аль болох ажил амжуулж, нөхцөл байдлыг сайжруулахын төлөө л явах ёстой юм. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дөнгөж дахин эхэлж, зэсийн үнэ нэг хэсэгтээ л дэлхийн зах зээлд өндөр байх энэ үеийг цаг алдалгүй ашиглах л хэрэгтэй.

Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газар сайн ажилласан уу, муу ажилласан уу гэдэгт ард түмэн л дүн тавина. Түүнээс аль нэг нам, УИХ дүгнэж цэгнээд хувь заяаг нь шийдэх аргагүй болж. Муу ажилласан байлаа гээд дараагийн засаг гарч ирээд сайжруулах хугацаа байхгүй, нөгөө талаас өөр хүнээр солих хугацаа ч бас үлдээгүй. Өнөөх л Ч.Сайханбилэг нь үүрэг гүйцэтгэгчээрээ сонгуультай золгох болно. Аль ч талаас нь харсан Ч.Сайханбилэг танхимтайгаа сонгуультай золгох нь. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар улсын наадам, сонгууль хоёрыг үзэх нь дамжиггүй боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зуны сонгууль уу, намрын сонгууль уу

Сонгууль дөхлөө гээд улс төр бужигнаад эхэлчихлээ. Цэцийн дүгнэлт гарч Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн буюу пропорционалийг Үндсэн хууль зөрчсөн гэчихлээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн 28-ыг намын жагсаалтаар сонгох заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзэв. Үүнээс намуудын дунд маргаан дэгдэв. Хэрэв Цэцийн шийдвэр зөв гэж үзэх юм бол өнгөрсөн сонгууль хууль бус байсан уу, одоогийн УИХ хүчин төгөлдөр үү гэх мэт асуудал урган гарч ирж байгаа. Мөн хоёр том нам Н.Энхбаяр болон бие даагчид, жижиг намынханд саад хийх том тохироо хийж, энэ шийдвэрийг гаргуулахад нөлөөлж, захиалсан гэлцэх нь ч байна. Зарим нь жагсаалтад орох гэж гуйж байгаа намынхаа олон хүний хүсэлтээс зугтах аятайхан арга МАН, АН-ын дарга нар сэдээд олчихлоо гэв. Маргааны бас нэг хэсэг нь Цэц өмнө нь буюу 2012 онд гаргаж байсан шийдвэрээсээ өөр шийдвэр гаргасанд байгаа юм. Цэц нэгэнт шийдвэр гаргасан бол тэр шийдвэрийг Цэц өөрөө ч өөрчлөх ёсгүй. Гэхдээ одоогийн байдлаар өөрчилчихсөн. Тиймээс л судлаачид, ажиглагчид, улстөрчид, сонгогчид энэ талаар элдвээр л ярьж байна. Нэгэнт Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авсан тохиолдолд Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрээ Их суудлын хуралдаанаараа хэвээр үлдээх нь дамжиггүй.

онгуулийн хуулийн хувилбар өөрчлөгдөх тухай мэдээлэл зарим хүний тархинд цус харвуулах шахаж, байхад зарим нэгэнд нь баярт мэдээ шиг сонсогдож байгаа. Эртнээс тойрогт өрсөлдөнө хэмээн тойглож ирсэн нөхдөд боломж болж байгаа ч жагсаалтад орно гэж яригдаж байсан намын лидерүүд тойрог руу орж ирснээр тойрогт дэвшихийг санаархаж байсан зарим хүн нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл лидерүүдэд шахагдана. Харин жагсаалтад орно гэж төлөвлөчихсөн нөхөд дөрвөн жил тойргоо ч тойглоогүй, бараагаа ч харуулаагүй сэтгэл амар явсан. Тэд Цэцийн энэ шийдвэрт таатай хандаагүй нь ойлгомжтой. Мөн эмэгтэйчүүдийн хувьд өнгөрсөн парламентад нэлээдгүй олон суудал авсан ч тойрогт өрсөлдвөл ийм тооны эмэгтэй гишүүд ялж гарч ирэх магадлал багасч байгаа юм. Энд бас нэг зүйл дурдахгүй өнгөрч боломгүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Сонгуулийн хууль өөрчлөхөөр хэлэлцэхдээ өмнө байсан “Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд гар хүрэхгүй” гэсэн заалтыг авчихсаныг хэн ч анзаараагүй. Сая л сонгуулийн тогтолцоо өөрчлөх тухай ярихад аль хэдийнэ хуулиас энэ заалт хасагдсан байсан.

Одоо юу болох вэ. Хоёр том нам жижиг мажоритараар явах хувилбар дээр санал нэгдэн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авч таарах нь. Хүлээгээд авсан тохиолдолд дараагийн ажлаа яаравчлуулах хэрэгтэй. Аль ч тохиолдолд сонгууль болдгоороо л болно. Харин зун уу, намар уу. Цэцийн шийдвэртэй холбоотой намууд ч, хувь хүмүүс ч гайхах нь гайхаж, сандрах нь сандарч, үймэлдлээ. МҮАН, МАХН-ынхан хурал хаяж, эсэргүүцэж байгаа ч энэ нэг их нөлөө үзүүлж чадахгүй. Бүгд найрамдах намын дарга ч бас Цэцийн шийдвэрийг эсэргүүцчихсэн л ярьж байна лээ.

Хэрэв сонгууль хуучнаараа холимог хувилбараар буюу пропорционалиар явбал сонгуулийн үр дүн өмнөх сонгуулиас нэг их өөр гарч чадахгүй. Тав, арван хүний л наана цаана нэмж хасагдах төдий өөрчлөлт гарна. Тэрнээс өнөөгийн улс төрийн тавцанд гол тоглогчид болох МАН, АН-ын аль нэг эрх барьж, саналын зөрүү нэг их хол байж чадахгүй болов уу.

Ерөнхийдөө одоогийн парламент шиг хамтарсан байх бөгөөд сөрөг хүчний үүрэг нөлөө төдийлөн их байхгүй. Тиймээс сөрөг хүчний гол үүрэг хяналт тавих шаардлага бага болно. Яг л өнгөрсөн дөрвөн жилийнхтэй чанарын ялгаагүй. Мөн зарим хашир хүний хэлдгээр холимог тогтолцоо нь зарим нэг сөрөг үр дагавартай. Монголд парламентын засаглал тогтоод 25 жил болж байгаа ч намууд нь ч парламент нь ч төлөвшөөгүй. Сонгогчдын боловсролын түвшин муу, хүмүүсийн ёс суртахуун доройтсон энэ үед холимог хувилбар буюу 28 нь жагсаалтаар орж ирэх нь гадны тусгай албадын болон гадаадын томоохон олигархи буюу томоохон компаний гар хөл болсон хүмүүс жагсаалтаар орж ирж болзошгүй гэх юм билээ. Үндсэн хуулийн Цэц үүнийг хааж өгч байгаа нь төрийн хар хайрцагны бодлогыг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж Цэцийн шийдвэрийг тайлбарлаж суугаа хүмүүс бий.

Мажоритар системийн сайн тал нь Үндсэн хуулийн эрхийнхээ дагуу хүнээ сонгож байгаа хэрэг гэх. Засаглалыг нэг нам дангаар барих боломж нь илүү. Хяналт тавих боломж бий болж, хуйвалдаан багасана гэж тайлбарлаж байна.

Мажоритар системээр явах болсон нь жижиг намуудыг шахаж хавчсан, улс төрийн тавцангаас зайлуулах гэсэн оролдлого гэж энэ тогтолцоог эсэргүүцэгчид үзэж байгаа. Угтаа холимог систем нь том намуудыг давамгай ялах боломж олгоогүй хэрнээ жижиг намуудад ямар нэг хэмжээгээр парламентад суудалтай болох боломж олгосон. Тухайлбал жижиг намууд тойрогт өрсөлдөөд нэг ч хүн ялаагүй хэрнээ нийт сонгогчдын саналын таван хувийг авчихсан тохиолдолд жагсаалтын эхэнд бичигдсэн хоёр хүн парламентын гишүүн болчихож байгаа юм. Тиймээс л жижиг намууд ялахгүйгээ мэдэж байсан ч бүх тойрогт хэн нэгнийг нэр дэвшүүлж цөөн ч хамаагүй санал авч нийлбэрээрээ тэр нь таван хувийн санал болчихно. Тэгээд л парламентад суудалтай болчихож байна. Өнгөрсөн сонгууль яг ийм байсан.

Одоо яригдаж байгаа мажоритар системийн муу талыг мөнгөний сонгууль болно гэж болгоомжлох хүмүүс бий. Угтаа сонгогчид саналдаа их харам байдаг. Хуульд ч хатуу заачихсан, хяналт ч чангарсан, хэдэн төгрөг тарааж хүндээ хөнгөнөөс өгөх хүн харьцангуй цөөхөн байх биз. Сонгогчид ч одоо сонгууль өгөөд туршлагажчихсан. Өгснийг нь авчихаад өөрийнхөө санал өгөх хүнийг дугуйлна гэдэг болсон. Тэгэхээр мөнгө тараах бодолтой байгаа хүмүүс байгаа бол хашир нь дээр шүү. Тэртэй тэргүй ялах байсан бол мөнгө тарааж баригдаад хүндээ хөнгөнөөс гэдэг юм болох вий. Жижиг тойрог цөөхөн хүн хэн хэнээс мөнгө авсан байтугай, хэнийхээр хэн ороод гарсныг анддаггүй улс болохоор мөнгө тараахыг ч харин ч нэг амархан барина.

Ямартай ч энэ удаагийн сонгууль жижиг мажоритар хувилбараар явах нь бараг л тодорхой болоод байна. 1996, 2000, 2004 оны сонгууль энэ хувилбараар явж байсан. 2008 онд томсгосон мажоритар хувилбараар сонгууль болсон. Олон мандаттай томсгосон тойрог. Монгол Улсаа 26 тойрог болгоод тойрог бүрт 2-4 мандаттай байсан. Мөн 76 нэр дэвшигч бүгдийг саналын хуудас дээр жагсч, Монгол Улсыг нэг тойрог болгоё гэсэн санал ч бий. Энэ тохиолдолд шинээр хүн гарч ирэх магадлал бараг л тэг хувьтай юм. Ямар ч тохиолдолд хуучин, мэддэг хүмүүсээ л дугуйлж таарна. Хэрэв 76 тойрогтоо 76 нэр дэвшигчийн нэрийг зоовол учир замбараагүй олон хүний нэр бичих болно. Учир нь нам болгон 76 хүн дэвшүүлнэ. Мөн жагсаалтын 28-аа бүгдийг саналын хуудас дээр нэрийг нь зоож санал хураалт явуулах хувилбар ч зарим нэг хүн ярьж байгаа.

Хэрэв мажоритар системийг нэгэнт сонгох бол яарах хэрэгтэй. Учир нь сонгууль болох хуулийн хугацаа дөхлөө. Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, шийдвэрээ яаран гаргахгүй бол жинхэнэ холион бантан болох нь. Иймээс аль болох хугацаандаа амжуулж сонгуульдаа бэлдэх нь чухал байна. Дэвших санаа байвч дэвшиж чадах эсэхээ мэдээгүй олон хүн байна. 18 хоногт сурталчилгаа явуулж танигдана гэдэг маш хэцүү. Хэрэв амжиж Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол сонгуулийг намар есдүгээр сарын дундуур хийх хэрэгтэй юм. Нүүдэлчнээс суурин амьдралд шилжсэн сүүлийн 80-90 жил иймэрхүү явж ирсэн. Зарим улстөрч энэ талаар санал хэлээд байгаа. АСЕМ-аа дуусгаад сонгуулиа хийе, гэж. Монголчууд долдугаар сарын 1-нээс амраад явчихдаг. Зунжин эзгүй хөдөө хээрээр амарч зугаалж, наадамлаад есдүгээр сарын нэгэнд л нэг ажил төрлөө бодож, сургууль соёлоо барааддаг улс. Энэ үед сонгуулиа хийхэд болохгүй зүйлгүй гэх хүмүүс ч байна. Есдүгээр сарын 1-нээс эхлэн бүгд цугладаг. Энэ жил мөн л тэгэж таарна. Тэгэхээр сонгуулийг намар хийсэндээ ч буруутахгүй гэж тэд үзэж байгаа биз ээ. Гэвч энэ удаа зуны сонгууль уу, намрынх уу гэдгийг ойрын хэдэн өдрүүдийн үйл явц л тодорхой болгоно.