Categories
мэдээ цаг-үе

Эх хэлэндээ хандаж буйгаар нь иргэний боловсролыг үнэлдэг…


ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын төвийн ЭШТА, Туркийн ШУА-ийн Нийгэм хүмүүнлэгийн салбарын шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, академич Лувсандоржийн Болдтой ярилцлаа. Түүний бүтээлүүдийг монгол хэл шинжлэл, түрэг хэл шинжлэл гэсэн хоёр том салбарт хуваан үздэг байна. Бид монгол хэл шинжлэлд хамгийн сүүлд хийхээр төлөвлөж байгаа түүний ажил болон эх хэлээ хэрхэн хайрлах хамгаалах талаар хөндөн ярилцсан юм.


– Таны танилцуулгыг уншиж байхад өнгөрсөн жилүүдэд судалгааг тань олон улсад үнэлсэн амжилт бүтээлээр дүүрэн жилүүд байжээ гэж бодогдож байлаа. Таны судалгааны яг ямар ажил, ололт нээлтийг үнэлж Туркийн ШУА шагналаа хүртээж, мөн ШУА-ийнхаа Хүндэт гишүүнээр өргөмжилсөн юм бол?

-Миний судалгааны ажлын нэг үндсэн чиглэл нь түрэг хэл, эртний түрэгийн бичиг үсгийн дурсгалтай холбоотой. Ийм судалгааны чиглэлийг сонгосон нь тэр үед МУИС-ийг төгсөөд, ШУА-д хуваарилагдан ирж байхад ахмад эрдэмтдийг дагалдуулан сургах хүрээлэнгийн бодлоготой холбоотой юм. Тэгэхэд миний халамжлан хүмүүжүүлэгчээр Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч агсан, академич А.Лувсандэндэвийг томилж байлаа. Багш маань Петрград (Ленинград)-ын их сургуулийн Турк хэлний салбарыг төгссөн хүн. Иймээс намайг Хэл зохиолын хүрээлэнд хуваарилагдан ирэхэд багш маань Хөвсгөл аймгийн хойд нутгаар байдаг цөөн тоот түрэг угсаатны хэл, аялгууг судлах шинжилгээний ангийн бүрэлдэхүүндээ багтааж, дараа жилээс нь эхлэн тэдний хэл аялгуу судлахыг үүрэг болгосон юм. Ингээд л би Хөвсгөлийн хойд сумдын нутгаар буй цаатан, урианхай нарын хэлийг судлах зорилгоор албан томилолт өвөртлөн, долоон жил дараалан тэдний дунд очиж, судалгааныхаа хэрэглэгдэхүүнийг биечлэн цуглуулж байв. Үүний үр дүнд тулгуурлан “Уйгар-урианхай хэлний онцлог” сэдвээр 1978 онд хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгааллаа. Энэ үед ОХУ-ын нэрт эрдэмтэн В.М.Наделяев гэдэг хүн Монголд томилолтоор ажиллаж байсан цаг таарсан юм. Тэр хүн миний ажилтай танилцаад “түрэг хэлний ангилалд Саяаны түрэг хэлнүүд гэсэн бас нэг шинэ ангилал нэмэх шаардлагатай боллоо” гэж онцлон тэмдэглэж байлаа. Энэ хүний заавар зөвлөгөөний дагуу судалгааныхаа ажлыг өргөжүүлэн ажиллав. Үүнийг багш маань ч их дэмжив. Ингээд “Монгол хэл Саяаны түрэг хэлнүүдтэй түүхэн үүднээс холбогдох нь” сэдвээр ажиллаж, докторын диссертац бичин, 1996 онд ОХУ-д хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалж байлаа. Саяаны түрэг хэлнүүд гэдэг нь орчин цагийн тува, тофалар, уйгар-урианхай хэлнүүд л дээ. Гэхдээ миний ажилд энэ гурван түрэг хэлнээс гадна бас эртний түрэг хэлний судалгаа бас гол байртай байсныг тэмдэглэх хэрэгтэй. Ийм судалгаа хийхийг багш маань л санал болгосон. Туркийн ШУА шагналаа олгохдоо чухам энэ хоёр бүтээлийг нэр заан дурдсан байдаг юм.

Эдгээр ганц сэдэвт зохиолоос гадна 2004 онд “Түрэг монгол хэлний харилцан нөлөөлөл”, 2005 онд “Монгол түрэг хэлний тооны нэр” гэсэн түрэг, монгол хэлний харьцуулсан судалгаанд холбогдох бүтээлүүд, мөн монгол нутагт буй орхон бичгийн дурсгалуудыг эх бичиг судлалын үүднээс тодорхойлон гаргасан. Түүнийг монгол хэлээр орчуулахын хамт, үгийн сан, хэлзүйн өвөрмөц үзэгдлүүдийг тайлбарласан цуврал бүтээлүүд болох “Монгол нутаг дахь хадны бичиг”, “Орхон бичгийн дурсгал” II, III, IV, “Орхон бичгийн дурсгал VI” бүтээлүүдээ гаргасан. Энэ бүгдийг үнэлж, Туркийн ШУА-ийн Хүндэт гишүүнээрээ сонгосон байх аа. Туркийн ШУА-ийн 56 дугаар ерөнхий ассамблейн хурлаар таныг “Хүндэт гишүүнээр сонголоо” гэсэн батламж, үнэмлэхийн зургийг илгээсэн, бусад нарийн зүйлийг одоогоор сайн мэдээгүй байна.

-Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд Турктэй холбогдох 100 гаруй хөшөө бичгийн дурсгал олдсон гэдэг. Бүгдийг нь судалж, тайлж уншиж чадсан уу. Энэ чиглэлийн судлаачид хэр их байдаг бэ?

-Ер нь 63 газраас 130-аад бичиг олсон гэдэг бол тогтсон тоо. Үүнтэй холбогдуулаад төв Азийг судлаач нэрт эрдэмтэн П.К.Козлов “… олон төрлийн үлэмжийн их дурсгалыг газрынхаа гадарга дээр, хөрснийхөө гүнд нууцалсан ийм орон ер байдаг болов уу” гэж гайхан хэлж байсныг бид мартах ёсгүй. Тун харамсалтай нь миний хувьд бүгдийг уншиж орчуулж чадаагүй л байна. Нэгдүгээрт, бидэнд тэр бүхэнд хүрдэг нөхцөл боломж алга. Техник технологи, машин унаа, бензин тосноос авахуулаад хүндрэл байна. Би хувьдаа түрэг бичээсүүдийн гуч гаруйхантай нь л нүүр тулж “уулзсан” хүн шүү дээ.

Нээлттэй нийгэмд шилжсэнээс хойш Монголд байгаа хадны бичээсүүдийг гаднын эрдэмтэн судлаачид маш их ирж судалж байна. Турк, Япон, Солонгос зэрэг орнуудаас ирж байна. Эдгээр судлаачидтай бид хамтран ажиллаж байгаа боловч бид тэдэнд газарчлах, үйлчлэх, хамтарсан судалгаа нэрээр дайгдах маягаар л явж байна. Уг нь Монгол Улсын ШУА-ийн хөрөнгө санхүү байдаг сан бол бүгдийг нь тойрчих юм сан, чадвал мэргэжлийн нөхөдтэйгөө хамтраад эдгээр дурсгалуудыг багтаасан атлас хийчих юм сан гэсэн бодолтой явдаг даа.

1990-ээд онд Монголын ШУА, Туркийн ШУА-тай хамтран орхоны хөндийн дурсгалыг судлах, авран хамгаалах хамтарсан төсөл хэрэгжүүлж байлаа. Тэр үед хамтарсан судалгааны ажилд оролцож байсан МУИС-ийн багш Ц.Баттулга хүсэлт гаргаж, хичээн ажилласны үр дүнд МУИС-д Түрэг судлалын тэнхимийг байгуулж байсан юм. Тэр цагаас хойш энэ чиглэлээр судалгаа хийх залуу боловсон хүчнийг бэлтгэж эхэлсний дүнд Б.Аззаяа, Н.Гэрэлмаа, Р.Мөнхтулга зэрэг залуу судлаачид одоогийн байдлаар идэвхтэй ажиллаж байна.

-Турк судлалаар хийсэн бүтээлүүдийн тань үнэ цэнийг дээрх шагналуудыг хараад ойлгож болох юм шиг санагдлаа. Харин монгол хэл шинжлэлийн тухайд та ямар судалгаа хийсэн бэ?

-Монгол хэл шинжлэлийн хүрээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн сурах бичгээс эхлээд их дээд сургуулийн сурах бичиг, гарын авлага болох багагүй бүтээлийг хийсэн байна. Тухайлбал, “Монгол хэл сурах бичиг /7 дугаар анги, “Орчин цагийн монгол хэлний үгийн сангийн судлалын үндэс”, “Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй” зэрэг бүтээлүүдийг мэргэжлийн эрдэмтдийн хамтаар зохиолоо. Үүнээс гадна их дээд сургуулийн хичээлийн хэрэглэгдэхүүнд зориулж гаргасан “Монгол хэлнүүдийн харьцуулсан хэл зүй”, “Монгол хэлний тонгоруу толь”, “Орчин цагийн монгол хэлний дагавар”, “Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал” зэрэг бүтээлийг дурдаж болно. Мөн эх орны монгол хэл шинжлэлийн түүхийг анх удаа харьцангуй өргөн хүрээнд хөндөж тавьсан “Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал”, “Монгол хэл судлалын асуудалд”, “Монгол хэл шинжлэлийн түүхийн асуудалд” зэрэг бүтээлүүдээ гаргасан байна.

Сүүлийн үед хийсэн өөр нэг томоохон ажил бол “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” бүтээл юм. Уг тольд 80000 орчим толгой үг бүхий, 120000 гаруй үг хэллэгийг багтаасан бөгөөд орчин цагийн монгол хэлний толь бичгийн судлалд томоохон бүтээл болж, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид, хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн билээ. Мөн сүүлийн үед компьютер хэл шинжлэлийн онол аргыг монгол судлалд нэвтрүүлэхэд анхаарч, “Монгол уран зохиолын дээжис 108 ботийн цахим сан, программ хангамж”-ийг удирдаж гүйцэтгэсэн. 7.800.000 орчим үгтэй энэхүү сандаа тулгуурлан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-оо утга зохиолын жишээгээр нэмэн баяжуулж, “Монгол хэлний их тайлбар толь” (www.монголтоль.мон, www.mongoltoli.mn)-ийг цахим орчинд нээлттэй хэрэглэх боломжийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа монгол хэл судлаач болон монгол хэлтэн хүмүүст олгосон маань өнөөдөр цахим ертөнцөд хүмүүсийн талархлыг хүлээсэн бүтээл болж буйг тэмдэглэх хэрэгтэй.

-Таны судалгааг үзэхэд дандаа онолын суурь судалгаа бололтой. Гэтэл одоо шинжлэх ухааны бүхий л салбарт инноваци гэж ярих болсон. Нийгэм хүмүүнлэгийн салбар тэр дундаа монгол судлалд инноваци нэвтрүүлэхэд бэрхшээлтэй юу Тодруулбал, уламжлалт судалгааг хэрхэн инновацийн бүтээгдэхүүн болгох бэ?

-Ер нь бол нийгэм хүмүүнлэгийн салбар, тэр дундаа хэл шинжлэлд онолын, суурь судалгааны бүтээлүүд давамгайлдаг. Гэхдээ дээр дурдсан “Монгол хэлний цахим их тайлбар толь”, “Монголын уран зохиолын дээж 108 ботийн цахим сан”, “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” зэрэг бол инновацын бүтээгдэхүүн шүү дээ. Монгол хүн бүхний эх хэлний мэдлэг, найруулан бичих чадвар, үгийн сангийн баялгийг нэмэгдүүлэхэд энэ бүхэн гол тулгуур нь болох ёстой. Чухам бүх нийтийн хэлний боловсролд зориулсан судалгааны энэ чиглэлээр би бас чамгүй бүтээл гаргасан байна билээ. Үүнтэй холбоотой “Хэлний засаглалын учир” гэдэг номыг 2017 онд хэвлүүлснээ тэмдэглэх хэрэгтэй гэж бодож байна. Манай салбарын судлаачид онолын суурь судалгааныхаа үр дүнгээр ганц сэдэвт бүтээл, ном, гарын авлага, сурах бичиг хэвлэж гаргадаг. Тэр нь мэргэжлийн болон сонирхсон хүмүүс хэрэглээд явдаг уламжлалтай. Одоо ч байгаа. Харин өнөөдрийн нийгмийн хөгжил бол бас арай өөр зүйлийг шаардах болсон. Өөрөөр хэлбэл, хэл судлаачдыг гэсэн технологийн хөгжлийг судалгаандаа хэрэглэсэн инновацын бүтээгдэхүүн гаргахыг шаарддаг болсны нэг тодорхой жишээ дээр дурдсан “Монгол хэлний их тайлбар толь” юм. Үүнтэй холбоотойгоор өмнө нь хэвлэмэл бүтээлд нэг удаагийн санхүүжилт олгоход л болдог байсан салбар маань цахим орчинд нийтийн хүртээл болсон “Монгол хэлний их тайлбар толь”-ийн жил бүрийн тогтмол зардлыг хэрхэн шийдэх талаар бодлого байхгүй гэж хэлж болно.

Монгол хэлний дархлаа муудаж байна хэмээн байнга ярих боллоо. Үүнд, цахим орчин дахь монгол хэлний замбараагүй гэж хэлж болох бичлэг, ярианууд нөлөөлж байна уу. Аль эсвэл, үр хүүхдээ эх оронч сэтгэлгээтэй монгол хүн болгож хүмүүжүүлж чадахгүй байгаа нь нөлөөлж байна уу?

– Таны асуусан хоёр зүйлийн аль аль нь л нөлөөлж байна. Хэдэн жилийн өмнө би Монголд байгаа гурван үнэгүй юмны нэг нь эх хэл гэж ярилцлага өгч байлаа. Саяхны нэг сонин дээр УИХ-ын гишүүдийн хүүхдүүдийн 95 хувь нь гадаад хэлний сургалттай ангид сурч байна гэсэн мэдээ байсан. Уг нь хэлнийхээ хуулиар дунд сургуульд ортол, эх хэлний дархлаа суутал эхлээд монгол хэл заая л гэж тусгасан шүү дээ. Гадаад хэл сурахад оройтохгүй.

Цахим орчин дахь хэлний хэм хэмжээг зөрчсөн, замбараагүй хэрэглээ ч үүнээс дутахгүй нөлөөтэй. Үүнийг гэхдээ шийдэж болно.

Компьютерт с.б гээд оруулахад л сайн байна уу гэдэг үг гарахаар. Бас хэв журмыг нь тогтоож болно. Алдаатай бичсэн мессэж цаашаа явдаггүй байхаар ч юм уу. Тэгэхгүй хүн болгон л урсгалаараа хандаад байж болохгүй. Сэтгэгдлээ бичиж байна гээд л хараагаад, алдаатай бичээд байж болохгүй юм. Ийм хяналт шалгалтаа л хийгээд өгчих хэрэгтэй. Ер нь бол хийе гэвэл арга нь олддог, хийхгүй гэвэл шалтаг нь олддог гэдэг үг чинь их үнэн. Дээрээс тавих хяналт ч дутмаг байна даа. Үүнд иргэний хувийн боловсрол ч маш чухал.

Хэл бол харилцааны хэрэгсэл учраас ямар орчинд аль найруулгыг хэрэглэх вэ? гэдгийг тодорхой заасан судалгаанууд бий. Их дээд сургуулийн бүхий л ангид монгол хэл, найруулга зүйн хичээл зааж байгаа нь уг нь энэ мэдлэгийг эзэмшүүлэх л зорилготой гэж ойлгож байгаа. Иймээс манай иргэд орчноосоо хамаараад ярианы найруулгыг хэрэглэх үү, албан бичгийн найруулгыг хэрэглэх үү гэдгээ тогтож, зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Албан ёсны уулзалт, хурал дээр, эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр найз нөхдийнхөө хүрээнд ашигладаг үг хэллэгээ хэрэглэж ярьж, бичээд байж болохгүй шүү дээ. Үүнийг л ойлгож, зөв хэрэглэж сурах асуудал чухал байна. Тэгвэл өнөөдрийн яриад байгаа цахим орчин дахь хэлний хэрэглээний замбараагүй байдал нэлээд цэгцэрнэ.

-Монгол хэлний хууль хэрэгжээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Хуульд хаяг рекламыг кирилл, монгол бичгээр бичих тухай заасан байдаг. Гэтэл дээр үндэсний телевизээр Баян-Өлгий аймгийн тухай гарч байсан. Хууль хэрэгждэггүйн нэгэн том жишээ гэж болно. Энэ талаарх таны бодол?

– Баян-Өлгий аймгийн тухайд тэр бол манай төрийн бодлоготой л холбоотой. Телевизээр бол шийдвэр гарчихсан л гэж ярьж байна. Гэхдээ бид шийдвэрээ хэрэгжүүлдэг алхмаа хийгээгүй л байна шүү дээ. Тэнд магадгүй санхүүгийн дэмжлэг өгөөгүй, зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй байна. Манайхны байгаа байдал л энэ гэх үү дээ. Мундагдаад том үүрэг өгөөд бүх юм болчих юм шиг санадаг. Гэтэл газар дээрээ очиход тийм хэцүү. Жишээ нь “Морин хуурын чуулга”-ыг байгуулахдаа бодлогыг нь гаргахаас гадна хөрөнгийг нь шийдэж байж байгуулсан чуулга шүү дээ. Тэгэхгүйгээр ганцхан бодлого гэж юм гаргачихаад тэр хэрэгжүүлнэ, энэ хэрэгжүүлнэ гээд байх биш. Араас нь явдаг байх хэрэгтэй. Төрийн хууль хэрэгждэггүйн тод жишээ бол энэ хаяг рекламын асуудал. Энэ хаяг, рекламын асуудал их төвөгтэй. Буруу байна гээд торгоё гэж бодоход тийм эрх байцаагчид байхгүй. Тэгэхээр миний бодлоор хамгийн амархан шийдэл бол хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтын байцаагч нар устгуулдаг шиг л эх хэлний байцаагч бий болгох хэрэгтэй. Танай хаяг буруу байна гээд торгууль ногдуулдаг ч юм уу. Ингээд ажиллавал гарц, боломж зөндөө л харагдаж байна.

-Таныг залуу байх үед судлаачдыг бодлоготойгоор бэлддэг байжээ. Хэл зохиолын хүрээлэн залуу судлаачдаа хэрхэн бэлтгэж байна. Тодруулбал, та хэр их шавь бэлдсэн бэ?

-Манай хүрээлэнгийн ажилчдын тал нь залуучууд. Залуу хүн гэхээр биологийн наснаас гадна эрдмийн зэрэг, эрдэм шинжилгээний ажил хийсэн хугацааг бас тооцдог. Миний хувьд гэвэл чиглэлээрээ бэлдсэн хүн бол байна. Гэхдээ би шавь нараа сургахдаа яг өөрийнхөө араас түрэг судлал, монголд байгаа түрэг хэл аялгуу гэхээсээ илүү монгол хэлэнд байхгүй зүйлийг бий болгох чиглэлийг баримталдаг. Жишээлбэл, компьютерийн шинэчлэл байна. Энэ чиглэлээр Хөх хотод нэг шавь бэлдсэн. Бас нэгийг бүтээвэр зүй, үгийн сангийн чиглэлээр, мөн авиа зүйгээр нэг шавь бэлдсэн. Харамсалтай нь манайд техник технологи их дутагдалтай. Авиа зүй дээр бид нэлээд хөрөнгө оруулалтыг Өвөрмонголоос авсан. Монгол хэлний бүх авиаг компьютерт суулгах санаатай байгаа юм. Жишээлбэл, монгол хүн гэдэг боловч буриад аялгуугаар ярьдаг зүйлийг л зөв системийг тохируулж өгөхгүй бол галиг үсгээс эхлээд буулгаж чадахгүй шүү дээ. Тийм учраас авиа таних программыг зохиох хэрэгтэй. Хар үгээр хэлэхэд хүний яриаг текст болгоод гаргах, болж өгвөл эргээд текстийг яриа болгоод олонд түмэнд хүргэх чигийн ажлыг ирээдүйд хийхээр шавь бэлтгэж байна. Авианы баазыг одоо хийж байгаа. Мөн эх бичиг судлалаар хэд хэдэн шавь бэлтгэж байна. Нэг шавиа түрэг судлал, түрэг монгол хэлний үгийн сангийн харьцуулсан судалгааны чиглэлээр бэлтгэж байна.

Х.МӨНХБАТ

Categories
мэдээ цаг-үе

Бөөнөөрөө нийлж газар аваад хотхон байгуулж хамтдаа амьдрахаар шийдсэн ангийнхан

“Нэг ангийнхан” буландаа Завхан аймгийн Улиастай хотын дөрөвдүгээр арван жилийн сургуулийг хоёр мянган онд төгссөн хамт олныг урьж ярилцлаа. Ирэх жил аравдугаар анги төгссөний 20 жилийн ойтойгоо золгох ангийнхны хамгийн гэгээн сайхан дурсамжийг хуваалцлаа. Хүн бүрийн сэтгэлд хүүхэд нас, тэр дундаа арван жилийн баяр баясгалант цаг мөч, анхны хайр дурлал гээд ариун гэгээн бүхэн нь мартагддаггүй. Ийм л инээд наргиантай, хөөр хөгжөөнтэй үеийг нь эргэн дурслаа. Тус ангийн төгсөгч Хашбатын Батсайхан ийнхүү гэгэн томоогүй насныхаа түүхийг хуваалцаж байна. “Манай ангийн Мөнхбаяр ангийнхаа Цэнд-Аюуш гэдэг охинд сэтгэлээ илчлэх гээд бэлэг өгөхөөр ширээн доор нь хийчихсэн. Томоогүй хүүхдүүд байсныг ч хэлэх үү өгсөн бэлгэн дотор юу байгааг үзэх гээд ихэд сонирхож задалж үзэхээр болов оо. Тэгээд ширээн доороос нь аваад л үзлээ. Доторхыг нь задлаад үзтэл шоколад, захиа хоёр байхаар нь захиаг нь унштал хайр дурлалаа илчилсэн хайрын захиа байна. Тэгээд л “за за” захиаг нь орхиод шоколадыг нь идчихье гээд бид гурав идчихэж билээ. Тэр хоёрын хайр дурлалыг ангиараа мэдээд бөөн юм болж билээ. Өөр бас олон хөгжилтэй дурсамжууд байгаа. Манай ангид Америкийн энх тайвны корпусын шугамаар англи хэлний багш Нэйтэнбурнер хоёр жилийн хугацаатай англи хэл заахаар боллоо. Хүүхдүүд хичээлдээ нээх суудаггүй ч байлаа. Англи хэлний багш хичээл заагаад л Кока кола (coca cola) гээд англиар унших байсныг бид шууд л Соласола гээд уншиж билээ. Бас болоогүй ээ супер (super) гэдгийг сапар гэж уншиж хөглөж байсан. Гадаад багштай болохоор ямар ч орчуулагчгүй ордог байсан учраас одоо тэр нь англи хэлийг сурах түлхэц болж өгсөн гэж боддог. Мөн Газарзүйн Ч.Янжинхүү багш манай ангийнханд улс орнуудын нэрийг тогтоолгохдоо хүүхдүүддээ ойлгоход, цээжлэхэд хялбар аргаар сонирхолтой хичээл ордог байсан. Ингэхдээ “Португаль” гээд улс байлаа гэхэд түүнийг “Бор тугал” гээд цээжилчих энэ чинь Португаль болоод явчихна” гэх мэтээр хөгжилтэй талаас нь юмыг цээжлүүлдэг байсан” хэмээн инээмсэглэлээ.

Тэрээр сургуулийнхаа үүх түүхийн талаар ийн өгүүлсэн юм. “Манай анги Завхан аймгийн Улиастай хотын дөрөвдүгээр арван жилийн сургууль төгссөн. Биднийг 1990 онд элсэж байхад Завхан аймгийн Улиастай хотын шинэ хорооны нэгдүгээр найман жилийн сургууль гэж байсан. 1987 онд бага сургууль нэртэй байгуулагдаж, 1998 онд арван жилийн сургууль болоод 2007 онд Бүрэн дунд сургууль болсон. Хоёр жилийн өмнө манай сургууль 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Манай анги хамт олон сургуулийнхаа ойгоор нэлээдгүй ажлуудыг хийсэн .Анх нэгдүгээр ангид ороход гурван бүлэгтэй, миний санаж байгаагаар 160 орчим хүүхэд байсан байх. Одоо фейсбүүк группт 90 гаруй хүүхэд идэвхтэй байдаг. Ихэнх нь Улаанбаатар хот болон бусад аймгуудад ажиллаж байгаа. Мөн Завхан аймагтаа ажиллаж, амьдарч байна. Бид 2000 онд арван жилээ төгссөн. Тэр үед ангийн шилжилт хөдөлгөөн хийгдээд хоорондоо танай манай гэж ялгарах зүйл байхгүй бүгд л нэг анги шиг байсан. Манай ангийнхан төгсөлтийнхөө арван дөрвөн жилийн ойгоор ангиараа уулзаад тэрнээс хойш одоог хүртэл холбоо, харилцаатай явж байна” гэв. Энэхэн ярианаас уг хамт олон ямар халуун сэтгэлтэй, нэгэндээ түшигтэй, нийтэч гэдэг нь мэдрэгднэм. Анхны “А” үсэг заасан багш нь Ж.Магсар, мөн Б.Наранцэцэг, Б.Отгоолой нар гэнэ. Одоо Завхан аймагтаа ажиллаж амьдардаг аж. Анги удирдсан багшаар дөрөвдүгээр ангиас ахлах анги буюу наймдугаар анги хүртэл Ө.Дайриймаа, Монгол улсын гавьяат багш С.Цэрэндулам, С.Цэрэнбүтэд, Ч.Энхбаяр зэрэг багш нар нь хариуцаж байлаа. Завхан аймгийн дөрөвдүгээр арван жилийн сургуулиас төрсөн анхны гавьяат багш С.Цэрэндулам тэдэнд хичээл зааж байсан гэдэг. Одоогоор тус ангийн хоёр сурагч болох Б.Наранзуяа, Батмөнх нар төгссөн сургуульдаа нэр төртэй багшилж байна. Ангийнхаа шинэ жилийг Улаанбаатар хот, Улиастай хотод жил бүр зохион байгуулдаг. Ингэхдээ жил болгон сугалаа сугалуулдаг. Амьдралд нь юу хэрэгтэй байна тэр болгоноор тусалж дэмжихийг зорьдог гэсэн нь бас сайхан санагдсан юм. Энэ жил ангийнхны онцлог үйл явдал тохиож байгаа. Тэр нь юу вэ гэхээр 40 хүүхэд хотын ойролцоо бүгдээрээ нийлж газар аваад бөөнөөрөө хотхон байгуулж амьдаръя гэсэн төлөвлөгөөтэй байгаа ажээ. “Газрын гэрчилгээ гарчихсан, удахгүй ангийнхандаа албан ёсоор гардуулна. Бид дөрвөн жилийн өмнөөс шинэ жилээ хийж эхэлсэн. Тэр үед ангийнхаа хүүхдүүдийг зуслангийн газартай болгох санаачилга гаргаж байсан. Хүн болгонд улсаас өгсөн 0,7 га талбай байдаг ч түүнийгээ өөрийн болгож гэрчилгээ аваагүй хүмүүсийнхээ баримт бичгийг бүрдүүлээд газрын гэрчилгээг албажуулж өгч байгаа. Сугалаа сугалаад нэг хүүхэд зуслангийн газартай болсон түүнээс хойш дөрвөн хүүхдийг албан ёсоор бичиг баримтыг нь хөөцөлдөөд газартай болгочихсон” гэж Х.Батсайхан хэлсэн. Энэ ангийн ихэнх нь хуульч мэргэжилтэй. Орхон их сургуулийн хуулийн сургууль тэр үед Завханд салбар нь байдаг байсан. Тэгээд 10 гаруй хүүхэд хуулийн сургуульд хуульч болохоор элссэн. Хоёр жил Завханд сураад хоёр жил хотод сураад хуульч болсон. Ангийн анд Шагдар, Нямдорж хоёр нь одоо Австралийн Линз хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа гэнэ лээ. Тус ангийн нэг найзын хүүхэд нь эрүүл мэндийн асуудал гараад тэд бөөнөөрөө найздаа туслах хөдөлгөөн өрнүүлээд хүүхдийг нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж эмчилгээний зардалд нь хандив өргөсөн. Тиймдээ ч бид нэг нэгэндээ байнга тусалж дэмжиж явахыг боддог хэмээсэн юм.

Мөн сургуулийнхаа ойгоор бүтээлч ажил хийхийг зорьдог тухайгаа ч хэлэв. Өнгөрсөн 30 жилийн ойгоор сургуульдаа Газарзүйн кабинет, Монгол хэлний ангийг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн. Учир нь Батмөнх нь газарзүйн багшаар, Наранзаяа нь бага ангийн багшаар ажилладаг билээ.Мөн сургуулийнхаа ойгоор үлдэцтэй зүйл хийж өгье гэж ярилцаад ангийнхаа хүүхдүүдээс 25 сая төгрөгийн хандив цуглуулаад хоёр ангийг орчин үеийн стандартад нийцүүлэн Завхан аймагтаа загвар болохуйцаар хийж өгсөн. Мөн өмнөх жил нь физикийн ангийг тохижуулсан. Завхан аймгийнхаа 90 жилийн ойгоор хүүхдийн спортын талбайг сургуулийн хашаанд бүтээн байгуулсан гээд хийсэн бүтээсэн гавьяаг хэлж болно.

“Монгол Улсын гавьяат багш С.Цэрэндулам, газарзүйн багш Ч.Янжинхүү, бага ангийн багш Б.Наранцэцэг, бага ангийн багш Ж.Магсар, бага ангийн багш Б.Отгоолой, дунд ангийн багш Д.Самбадагдан, Ч.Энхбаяр, сургуулийн захирал Д.Болор-Эрдэнэ, дуу хөгжмийн багш Ө.Дайриймаа, Б.Эрдэнэ-Очир гээд олон багш нар бидэнд хичээл зааж сургаж байсан. Мөн захирал П.Дарьзав, математикийн багш Ч.Ариунжаргал, Н.Борхүү, Монгол хэлний багш Ц.Содномбалжир, Ц.Бямбарэнцэн, биеийн тамирын багш С.Мөнхтөр, Б.Батдорж, гадаад хэл, түүхийн багш Л.Оюунцэцэг гээд олон багш нараараа бахархаж явдаг. Биднийг чангалж байсан гэх үү дээ. Тэр үед зааж байсан, зандарч байсан хичээл бүрийг ойлгуулахыг хичээж байсан мөчүүдийг бодохоор одоо л ойлгож эхэлж байна” хэмээв. Тэд бол Монгол Улсын гавьяат С.Цэрэндулам багшийн гарын шавь нар. “Манай багш их хатуу чанга хүн байсан. Манай ангийнхан бүгд математикийн багшаасаа айна. Миний бие 1998 онд наймдугаар ангидаа Улаанбаатар хотноо улсын “Уран жиргээ” уралдаанд түрүүлээд Олон улсын “Найрамдал” зусланд амрах эрхээр шагнуулж байсан. Сургуулийнхаа нийгмийн ажилд идэвхтэй аливаа арга хэмжээг хөтөлдөг ийм л хүүхэд байсан. Наймдугаар ангидаа “Найрамдал” зусланд яваад “хуучин хүү шинэ хүү” болсон гэдэг шиг л юм болсон.Тухайн үеийн нийгмийн амьдрал ямар байна, хүүхэд залуучууд яаж хөгжиж байна гэдгийг тэр л үед мэдсэн. Хүн явж үзэхээрээ бүх зүйлийг ойлгодог. Тэрнээс хойш нийгмийн идэвхтэй хүн болсон доо” гэх ярианаас Х.Батсайхан багаасаа нийгмийн идэвхтэй, бусдыг уриалан манлайлдаг сурагч байсан нь анзаарагдсан юм. Тэд шинэ жилийн баяраар ирсэн хүн бүр нэг нэг бэлэгтэй ирж сугалаанд оруулдаг. Жишээлбэл, ногоо тарьдаг нь ногооны хэрэгцээ гээд сугалаанд оруулаад сугалуулна. Хамгийн супер азтан нь зуслангийн газар, мөн гутлын бизнес эрхэлдэг найз Ц.Батбаатар нь хамгийн ориг хоёр пүүзийг авчраад жилд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүнийг пүүзтэй болгодог байж. Мянгат малчин Н.Батсүх нь өвлийн идэш өгнө, хүнсний ногоо, сүүлийн шинэ жилээр хурдан удмын даага бэлэглэсэн гэх мэтээр шинэ жил бүрээр сугалаа сугалуулж баяраа тэмдэглэдэг. Шинэ жил гэдэг тухайн жилийн тайлан юм даа гэв.

Харин Завхан аймгийн Улиастай хотын дөрөвдүгээр арван жилийн сургуулийг хамт төгссөн Б.Наранзаяа “1998 онд наймдугаар ангийг хоёр бүлэг төгсөж, нэг хэсэг сурагчид шилжиж байхад нөгөө хэсэг нь нөхөгдөж ирж Д.Болор-Эрдэнэ багштай 10а анги, Д.Самбадагдан багштай 10Б ангиуд 2000 онд аравдугаар ангиа төгссөн. Тэр үед төгсөх ангиуд шалгалтын өмнө “Даян” гарч хийморио сэргээдэг байсан. Бид ч яаж дутах вэ. Хоёр ЗИЛ-130 машин хөлөглөн хойно урдаа орон “Очирваань хайрхан”-ы зүг багш нарын хамт зугаалахаар явцгаасан билээ. Дөнгөж тавдугаар сар гарч байсан болохоор ууландаа бүсэлхий хүрсэн цастай байсан ч зорьсон газраа хүрэхийн тулд гутал хувцсаа норохыг ч үл хайхран “Даян” ууландаа гарч Очирвааньдаа мөргөн сэтгэлээ амраацгаасан. Буцах болоход дахин нэг хоноод явъя гээд уул руу таран зугтааж машины түлхүүрийг нь нууж байсан хөгжилтэй мөч дурсамж болон үлджээ. Одоо гурван ангиараа эв найрамдалтай, олон сайхан үйл ажиллагаа, уулзалтыг хамтран зохион байгуулж, байнга холбоотой байдаг” хэмээн багынхаа хөгжилтэй дурсамжийг хуваалцсан юм. Арван жилийн дурсамж гэдэг сэтгэлд нэг л уяатай байдаг. Тийм дээ ч нэг нэгнийхээ дутууг нөхөж, алдаа оноотой нь хамт явдаг байх. Ийнхүү бага насны эгэлхэн дурсамж, санаанд оромгүй үйл явдлаар арвин нэг ангийханы сэтгэл хөдөлгөсөн дурсамжаар аяллаа.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Урлаг судлаач, багш М.Аминаа: Хүмүүс “Монголынхоо урлагийг судлахгүй юм уу, өвөөгийнхөө “Өвгөн хуурч”-ийг тайлбарлаач” гэж асуух нь бий!


“Синдром Арт шоу”. Ийм этгээд, сонин нэртэй урлагийн лекц дуулиан шуугиантайгаар саяхан болоод өнгөрлөө. Монголд урьд өмнө нь болж байгаагүй уг арга хэмжээг Урлаг судлаач М.Аминаа хэмээх “бие жижигтэй ч бэлчээр томтой” нэгэн бүсгүй зохион байгуулсан юм. Дүрслэх урлаг , дизайны “Анима” сургуулийн багш тэрээр Төрийн соёрхолт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэн гуайн зээнцэр гэдгийг хэлэхэд илүүдэхгүй санагдана. Бидэнд хэдийнэ танил болсон “Өвгөн хуурч” бүтээлийг зурсан, зураач Ү.Ядамсүрэн гуайн Монголын урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг нэрлэвэл баршгүй. Харин түүний үр удам ийнхүү үйл хэргийг нь тасралтгүй үргэлжлүүлэн, хөгжүүлж яваад талархах сэтгэл төрснийг нуух юун.


-Магадгүй ярилцлага бүхэн таны өвөөгийн талаар асууж эхэлдэг байж мэднэ. Учир нь алдар нэртэй хүний үргэлжлэл байна гэдэг нэг талаараа их хүнд ачаа байх. Гэхдээ энэ удаа урлаг судлаач, багш М.Аминаагийн талаар илүү ихийг мэдмээр байна?

-Монголын хамгийн анхны Ардын зураач Үржингийн Ядамсүрэн гэдэг том хүний нэрээр манай гэр бүлийнхэн овоглож явдаг. Монголын зураач, урчуудын эвлэлийн тулгын чулууг тавилцсан түүхэн хүний үргэлжлэл байна гэдэг сэтгэл зүйн хувьд их том ачаа болдог нь үнэн. Тийм гайхамшигтай хүний үр удам муу амьдрах, муу нэртэй явах нь зохисгүй. Миний өвөө 1986 онд таалал төгсөж, 1991 онд би төрсөн. Тиймээс би өвөөгийнхөө өвөр тоглож өсөөгүй л дээ. Гэвч би түүний гэргий, Монголын зээгт наамлын урлагт хувь нэмрээ оруулсан Люня эмээгийнхээ өвөр дээр өссөн. Өвөөгийн уур амьсгал одоо ч манай гэр бүлд мэдрэгддэг юм. Түүний эдэлж хэрэглэж асан зүйлс, ховор нандин цуглуулгууд, захиас үгс гээд л. Өвөөгийнхөө бий болгосон дэг сургуулийн дагуу манай гэр бүл бүгдээрээ урлагийн хүмүүс, зураач нар байдаг. Оросын зохиолч И.С.Тургеневийн “Эцэг, хүү” зохиолд “Нэг үеийнхэн алддаг, тэр алдаагаа дараа үеийнхэндээ захиж хэлдэг ч дараа үеийнхэн нь суралцдаггүй, өөр өөрийнхөөрөө алдсаар л байдаг” гэж гардаг. Тэгэхээр би бас л нэг дараа үеийнх нь алдаа гаргаж яваа төлөөлөл юм л даа. Огт алдаа гаргалгүй, цагаан цаас мэт амьдарч, өвөөгийнхөө нэр төрийг өргөж явна гэж угаас байхгүй шүү дээ. Аминаагийн хувьд гэр бүлээсээ авсан зүйл маш их. Хар нялхаасаа л урлагийн тогоонд буцалж өссөн хүний хувьд сэтгэл зүй, үзэл бодол гээд яг л урлагийн хүн шиг төлөвшсөн. Өвөөгийн хувьд их намуухан, төлөв төвшин, тогтуун хүн байсан бол би эсрэгээрээ. Их сахилгагүйн дээр яг л өөрийнхөөрөө амьдардаг. Ямар сайндаа л 10-н жилээ төгсчихөөд их сургуульд оролгүй бүтэн нэг жил анархист маягаар амьдарч байх вэ дээ. Дэврүүн сэтгэлтэй, эмоци ихтэй, ямар нэг хайрцагт баригдахгүй гэсэн үзэлтэй, амьдарлынхаа зарчмыг эрх чөлөөтэй тал руу нь дөвийлгөж явсан цаг үе надад бий. Урлагийн нөлөө энд маш их.

-Өвөөгийнхөө бүтээлийг хэзээ судлах вэ. Ажиглаад байхад дандаа дэлхийн энтэй уран бүтээлчдийг танилцуулж, бүтээлийг нь судалсан харагддаг?

-Хүмүүс яг ингэж асуудаг. Монголынхоо урлагийг судлахгүй юмуу? Өвөөгийнхөө “Өвгөн хуурч”-ийг задлаад тайлбарлаач гэх мэтээр. Гэтэл хүн хамгийн сайн мэддэг, хайрладаг зүйлээ нандин байлгахыг хүсдэг. Монголын урлагийг дэлхийд таниулах, өвөөгийнхөө уран бүтээлийг судална гэдэг багаар бодоход докторын зэрэг хамгаалсны дараа яригдах их чухал асуудал юм. Миний хэтийн зорилго гэж болно.

-Аминаа зураг зурдаг уу.Эмэгтэй хүнд урлаг гэдэг их харгис гэж би сонссон юм, энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Элэнц хуланц, эмээ өвөө, ээж аав, ах дүүс гээд бүгд зураач. Би л ганцаараа зурдаггүй. Ямар сайндаа манай гэрийнхэн “Зурж чадахгүй болохоороо зураг шүүмжлэх гээд урлаг судлаач болчихлоо” гэж шоглодог юм. Би ээжийнхээ сургуульд нэг жил зургийн ангид нь суралцсан л даа. Надад зургийн авьяас байсан ч судлал тал нь илүү их сонирхол татсан. Уран зургийн ертөнц надаар дутахгүй шүү дээ. Леонардо Да Винчи, Ван Гог, Микеланжело төрчихлөө. Гэтэл тэд нарыг үзэх үзэгчдэд тайлбар хэрэгтэй. Би зураач, зураачдын бүтээл, үзэгчдийг холбох гүүр байхыг илүүд үзсэн юм л даа. Эмэгтэй хүнд урлаг “харгис” гэдэг нь үнэн. Би үүнийг хувийнхаа амьдрал дээр мэдэрсэн. Амьдрал зохиож үзээд 100 хувь гэр бүлийнхээ амьдралд цаг гаргах их хэцүү байлаа. Тиймээс хэн нэгнийг илүү их гомдоохоосоо өмнө, мөн залуу байгаа учраас урлагаа сонгосон доо.

-Таныг тун удахгүй ОХУ И.Е.Репиний академид суралцахаар явна гэж дуулсан?

-Репиний академи бол миний мөрөөдөл. Миний ээж Репиний академи, өвөө Сурриковын академийг төгссөн. Эмээ, эмээгийн дүү Туяа зураач мөн л Репиний академийг дүүргээд ирсэн. Тиймээс би дөрөв дэх үеийн төлөөлөл болж байна. Удмынхаа, улсынхаа нэрийг өргөхөөс гадна дэлхий нийтэд сонгодог урлагийг утгаар нь авч яваа тус академид сурна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг юм.

-Тантай ярилцахад их гоё, халуун сэтгэл мэдрэгдээд байх юм. Урлаг судлаач болоогүй бол ямар мэргэжилтэй болох вэ?

-Би урлагийг сонгоогүй, урлаг намайг сонгосон гэж хэлэх дуртай. Би 6 дугаар ангидаа хуульч, есдүгээр ангидаа банк санхүүгийн мэргэжилтэй болно гэж боддог байв. Түүнийхээ төлөө ч суралцаж байсан. Гэтэл хүнд хувь заяаны буюу бурхны дуудлага байдаг юм байна билээ. Хүн болж төрснийхөө хувьд хийх ёстой, гүйцэлдүүлэх зүйлс бий. Тэр нь мэдээж бидний дотоод сэтгэлийн хүсэл тэмүүллээс шалтгаална. Надад сонголт байсан. Гэвч би урлагийн хүмүүсийн амьдарлыг харж өссөн учраас тэнд миний орон зай байгааг ухаарч, тэнд би хэрэгтэй гэдгийг мэдэрсэн гэх үү дээ.

-Саяхан таны зохион байгуулсан “Синдром арт-шоу” хэмээх урьд өмнө нь хийгдэж байгаагүй урлагийн цогц арга хэмжээ боллоо. Яагаад энэ арга хэмжээг хийх болсон бэ?

-Лекц гэдэг өөрөө их уйтгартай үг л дээ. Лекцийг аль болох сонирхолтой байлгах гэдэг хүсэл эрмэлзэл манай 10 жилийн түүхийн багшаас улбаатай. Тэр багш маань хичээлээ маш уйтгартай заадаг байлаа л даа. МЭӨ-өөс эхлээд тэддүгээр хуудасны “байжээ” хүртэл хуулаад бич гэх жишээний. Харин азаар нэг удаа өвөөгийн номын санг ухаж байгаад түүхийн маш гоё ном олж уншсан юм. Тэгээд л түүх гэдэг чинь тухайн багшийн зааснаас шал өөр, бүр эсрэгээрээ маш сонирхолтой болохыг өөртөө нээсэн юм. Уншсан түүхээ найзууддаа ярих хүсэл сонирхол төрж эхэлсэн. Мөн өөрөө оюутнуудад багшилж эхэлснээс хойш мэддэг зүйлсээ хүмүүст хүргэмээр болсон доо. Жишээ нь: Хүн алт оллоо гэж бодоход өөртөө хадгалаад л байвал утгагүй. Харин түүнийгээ бусдад түгээвэл хүн бүр ямар нэг зүйлийг бүтээж, бий болгож эхэлнэ. Оюуны баялаг яг л үүн лугаа. Олон хүнд түгээх тусам хамтдаа аз жаргалтай амьдарна.

-Маш олон хүн уг арга хэмжээнд ирсэн. Арт шоуны онцлог нь юу вэ?

-Дээр та хэлсэн шүү дээ. Урьд өмнө нь хийгдэж байгаагүй үйл ажиллагаа гэж. Тэр бол үнэн. 700 хүн ирж арт шоуг маань үзэж, өөрсдийн оюун санаанд хөрөнгө оруулалт хийлээ. Арт шоу маань маш олон төрөлтэй байсан. Урлагийн лекц, модерн бүжиг, богино кино, мексик үндэсний хамтлаг бүжиг, авианы урлаг буюу саунд арт, уран зургийн үзэсгэлэн гэх мэт сонирхолтой зүйлсээр дүүрэн байв. Урлагийн түүхийг уйдаахгүйгээр, унтуулахгүйгээр хэрхэн тавьж болохыг харууллаа. Хамгийн гол нь монголын уран бүтээлчид дэлхийн хэмжээний урлагийг хэрхэн өөрийнхөөрөө мэдэрч, Монголын хөрсөнд буулгасныг тэндээс харсан байх. Үүгээрээ бусад лекцүүдээс онцлогтой байлаа.

-Урлагийн лекцээрээ Винсент Ван Гог, Сальводар Дали, Фрида Кало нарыг онцолсон байсан. Мөн нэр нь ч сонирхол татаж байна?

-Тийм ээ. Нэрний хувьд “дром” гэдэг нь гүйх, хөдөлгөөн гэсэн үг. Ерөнхийдөө сэтгэлийн хөдөлгөөн гэнэт илрэх агшныг хэлж байгаа юм. Зураач нар хорвоо ертөнцийг жирийн хүнээс илүү мэдрэмжтэйгээр хүлээж авдгийнхаа хүчинд урлагийг бүтээдэг. Урлагийг бүтээж байгаа нь энгийн хэв маягт нийцэхгүй, хайрцагнаас гарсан зүйл байдаг учраас “Синдром” гэж нэрлээд,өдгөө ч олон хүний тархины түгжээг мулталж буй тод зам мөртэй уран бүтээлчдийг сонгосон. Ван Гогийн хувьд зураач хүн ямар байх ёстой вэ? гэдгийг харуулсан хүн. Тэрээр өөрийн карьерээ хөөгөөд мөнгөтэй болох замыг сонгож болох байсан ч тэгээгүй. Сайн дураараа урлагт өөрийн амь нас, эрч хүч, амьдарлыг зориулсан. Амьдралынхаа сүүлийн 10 жилд уран бүтээлээ туурвиж, 2000 гаруй зураг зурсан байдаг. Өдөрт 1-2 зураг зурж байсан гэж бодохоор маш их хөдөлмөр, эрч хүч, сэтгэлийн тэнхээ харагдаж байгаа юм. Авьяасаас илүү хөдөлмөр чухал гэдгийг ойлгосон бүтээлч байжээ. Түүний чихээ огтолсон түүх их сонин. Мэргэжил нэгт сайн найз Поль Гогентой урлагийг хөгжүүлэх нэгэн бүлгэм болж, уран бүтээлээ туурвихаар Францын өмнө зүгийн Арль тосгоны шар байшинд хамт амьдрахаар шийдсэн боловч нэг тэнгэрт хоёр наран мандахгүй гэдгийн үлгэрээр хоёр сарын дараа муудалцаж, зодоон цохиондоо хүрч. Угийн сэтгэл хөдлөл өндөртэй, эмзэг мэдрэмтгий Ван Гог найз руугаа сахлын хутгатай дайрснаа гэнэт ухаан орж, гэмшсэндээ өөрийн чихээ огтолсон гэдэг. Тасалсан чихээ өөрийн байнга очиж зураг зурдаг байсан биеэ үнэлэгчдийн газарт аваачин, Рашель нэртэй бүсгүйд бэлэглэсэн түүхтэй. Сальводар Далигийн хувьд өөрийнхөө хувь ертөнцийг олон нийтэд тулгаж чадсан зураач гэдгээрээ онцлог. Тэрээр маш ганцаардмал, нуугдмал байсны дээр маш олон төрлийн авьяастай хүн байсан. Түүний хачин жигтэй үйлдлүүд ардаа маш том филисофитой байдгаараа онцлог. Фридагийн хувьд 18 настайдаа автобусны осолд орж, амьд гарах найдлагагүй гэгдсэн ч сэтгэлийн хатаараа бүхнийг даван туулж чадсан гайхамшигтай эмэгтэй юм. Тэрээр ослынхоо дараа 35 удаа хагалгаанд орсон түүхтэй. Түүний нөхөр мөн л алдартай зураач байсан агаад тэдний хайр дурлалын ээдрээтэй түүхийг ирсэн хүмүүстээ тайлбарлан таниуллаа.

-Нийтдээ хичнээн лекц уншсан юм бэ. Залуухан, эрч хүчтэй ийм урлаг судлаач хүч түрэн орж ирж байгаад талархууштай санагдана?

-Баярлалаа. Сүүлийн хоёр жилд нийтдээ 100 гаруй лекцийг олон нийтэд толилуулсан байна. Анхны лекц маань “Шар хадны өвчтөн зураач”, “Мөөмний түүх” гэх мэтээр олны анхаарлыг татсан сахилгагүй нэртэй байлаа. Сүүлдээ “Урлаг амьдарлын талх уу? Дарс уу?” гэхчлэн олон талын анализтай лекцүүдийг тавьж эхэлсэн. Мөн Монголын уран зургийн галерейтэй хамтран 500 хүнд “Урлагийг ойлгохуй” лекц тавьсан нь үнэхээр олзуурхам амжилт байлаа. Энэ жилийн хувьд Францын дууч бяцхан шувуухай Эдит Пиафын тухай лекц маань хамгийн их сэтгэлд хүрлээ. Эдит Пиаф дэлхийн хоёрдугаар дайны үед өөрийнхөө нэр хүндээр олзны цэргүүдээ аварч гарч байсан түүхтэй. Тэр бүү хэл дайны үед түүний дууг сонссон хүмүүст эх орноо хамгаалах урам зориг орж байсан гэдэг. Энэ бол яах аргагүй урлагийн маш том нөлөө.

-Манай нийгэм өнөөхөндөө хөгжиж буй. Урлагийн лекц тавихад олон нийт хэрхэн хүлээж авдаг вэ. Өөрөөр хэлбэл танхим дүүрч байх юм уу?

-Аливаа улсын хөгжил хоёр зүйл дээр тогтож байдаг. Нэг нь материаллаг нөөц, нөгөө нь оюун санааны нөөц. Манай Монголд уул уурхай, бизнесийн орчин, мал аж ахуй гэх мэтээр материаллаг нөөцтэй. Харин оюуны боловсролын хувьд хөгжиж буй улс учраас хоцрогдсон тал бий. Ер нь бол оюуны нөөц сайтай, гүн боловсролтой байж л тухайн эд баялаг, хөрөнгөө хэрхэн зөв зарцуулахаа ойлгоно. Эдийн засаг, урлаг хоёрыг холбоотой хөгжүүлж, ижил түвшинд байлгаснаар улс орон хөгжингүй төлөвт очно. Жишээ нь, Австрали, Америкт татвар төлөгч нар орлогынхоо 15 хувийг урлагийн байгууллагад хандивласнаар татвараас чөлөөлөгддөг юм билээ. Энэ мэтчилэн системтэй хандвал хөгжлийн явц хурдсах боломжтой гэж боддог. Миний лекц харьцангуй олны анхаарлын төвд байж, эрэлттэй байгаа нь мэдрэгддэг. Түүнийгээ ч сая “Синдром арт-шоу”-гаараа батлан харуулсандаа баяртай байна.

-Европын нэлээдгүй орнуудаар судалгааны ажил хийж аялсан юм билээ. Урлагийн хувьд хамгийн их таалагдсан улс орон аль нь вэ?

-Тийм ээ. Европын Итали, Герман, Серб, Швейцарь, Франц гэх мэт голлох улсуудаар явж, судалгааны ажил хийсэн л дээ. Эндээс Итали улс маш их таалагдсан. Жижиг кафегаас өгсүүлээд л бүхэлдээ урлагийн хот юм. Тиймээс Итали руу хэд хэдэн ч удаа явсан. Хамгийн их догдлуулж, дулаахан мэдрэмж төрүүлдэг нь Оросын Третьяковын галерей юм. Тийшээ орохоор л Шишкин, Васнецов, Репин нарын зураг хараад л баймаар нөмөр нөөлөгтэй, дулаахан мэдрэмж төрүүлдэг дээ.

-Та дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуульд багшилдаг. Оюутнууд чинь танд их хайртай юм билээ. Яаж тэдний хайртай багш болсон юм бэ?

-Би өөрөө залуу хүн учраас зургаан жил л багшилсан туршлагатай. Анх багшилж байхад олон хүндрэл тулгарч байлаа. Би 152 см өндөртэй. Царай нь оюутнуудаасаа ялгарахгүй. Нэлээн өндөр өсгийтэй гутал өмсөж, нүүрээ сайн будаж байгаад л хичээлээ заадаг байсан. Би анхны хичээлээ таван хоног нойргүй сууж байж бэлдсэн юм. Өөрөө их сандруу, айдастай байсан учраас тэр. Гэтэл яг тэр өдөр манай нэг оюутан хичээл дээр босож ирснээ “Тас тавьчихаарай” гээд гараад явж билээ. Эрх мэдэл, сүрдүүлгээр хүүхдүүдийн хайр хүндлэлийг хүлээдэг цаг нэгэнт өнгөрсөн. Бид нар бол багш нараасаа айдаг, зодуулаад, занчуулаад сураад дууссан. Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ маш өөр болсныг би мэдэрсэн учраас тэдэнтэй найз мэт харилцаж эхэлсэн. Учир нь “Математик бол бүх шинжлэх ухааны хаан юм” гээд итгэлтэй биш хүн хэлчихвэл хүүхэд сонсоод л өнгөрнө. Харин найз нь тэгж хэлвэл “Яагаад?” гэж асууна. Тиймээс би “найз шиг байх” гэдэг зарчмыг баримталдаг юм.

-Багш хүн гэдэг өөрөө үлгэр дуурайл байдаг. Таны хувьд багш нараасаа хэнийг даган дуурайж, хайрлан хүндэлдэг вэ?

-XVI зуунд Буддын шашин Монголд орж ирснээр лам төвтэй үзэл бий болсон. Тухайн үеийн лам багш бол хүүхдийг хар багаас нь хооллож ундалж, ном зааж, ажилд сургадаг хамгийн чухал хүн байсан. Нэг талаас эцэг эх нь лам багш бол ариун гэгээн хүн, нөгөө талаас хүүхдийнх нь зам мөрийг, цаашдын амьдрал, карьерийг нь зааж чиглүүлдэг хүн гэдэг утгаараа маш их хүндэлж дээдэлдэг байжээ. Орчин үеийн багш хүн бурханчлагдан шүтэгдэх гэхээсээ илүү мэдлэгээ дамжуулах үүрэг бүхий хүн байх ёстой болж байна. Миний хувьд олон сайхан багш нараасаа сурч мэдсэн зүйлээ боловсруулж, мэдлэгт хувиргасны үндсэн дээр хүүхдүүдэд дамжуулах үүрэгтэй гэдгээ би ухамсарладаг. Миний хамгийн эрхэм багш бол ээж. Миний ээж “Анима” сургуулийн захирал, зураач Я.Булган гэж эмэгтэй бий. Би сургууль дээр “Захирал аа” гээд гэртээ “Ээж ээ” гэж дууддаг. Намайг багаас минь дагуулж, сургасан даа. Хамтдаа ой модоор зугаалж, сургууль дээр нь өнжиж, тэр бүрийдээ оюуны боловсролыг минь зангидаж байсан юм билээ. Тав зургаан настайгаас минь л боловсролын минь суурийг маш сайн тавьж өгсөн. МУИС-д ороод зураач, урлаг судлаач Болдбаатар багштайгаа учирсан. Тухайн үедээ багшдаа дургүй байлаа. Биднийг хайрцаглаад, боогоод байгаа юм шиг санагдаад их гомдож явсан. Яг дөрөвдүгээр курс төгсөхдөө энэ багшаасаа их зүйл суралцсан гэдгээ ойлгосон юм. Хичнээн үзэл бодлын зөрчилтэй байсан ч маш их зүйлийг сурчээ. Мөн МУИС-ийн Хэрлэн багшийгаа дурдахгүй өнгөрч болохгүй. Хүүхэдтэй нэг бүрчлэн тулж ажилладаг тийм багш ховор. Энэ мэтчилэн олон сайхан багш нар минь байгаа.

-Урлаг судлаач хүнийхээ хувьд энгийн бидэнд ойлгогдохоор хариулаач. Урлаг гэж юу юм бэ?

-Бидний амьдрал тэр чигээрээ урлаг юм. Жижиг гэлтгүй бүх зүйлд урлаг шингэсэн байдаг. Жишээ нь, чупа чупс гээд иштэй чихрийг идэж үзээгүй хүн гэж лав үгүй. Гэтэл тэр чихрийн цаасны дизайныг мань Сальводар Дали гаргасан байх юм. Хүний сэтгэл зүй ямагт урлагаас шалтгаалж байдаг л даа. Гэртээ ямар чийдэн өлгөж, цонхондоо ямар хөшиг татсанаас шалтгаална. Гэр бол хүний тав тух, хамгаалагч цайз байдаг шүү дээ. Гэртээ амар амгалан, айдас хүйдэсгүй байж байгаад гадагшаа нийгэмтэй харилцахад ч урлаг үйлчилж л байдаг. Автобусны буудал ямар байх вэ? Байшин барилга ямар хэв маягтай байх уу? гэдгээс өгсүүлээд нүдээр хүртэж буй бүхэн урлаг юм. Гол нь таны сэтгэл зүрхийг түйвээгээд, онгичоод өөрөөсөө ч нуудаг айдас, стресс, бухимдал, зовлонг чинь гаргаж ирээд анагааж буй нь урлаг. Тиймээс урлагийг ганцхан үгээр “Эм” гэж ойлгож болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХБНГУ-ын Бавари муж улсын Дээд шүүхийн дэд ерөнхийлөгч Андреас Цвергер: Хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт манай орныхоос зарчмын ялгаатай байна


ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн дэргэдэх “Эрх зүйн боловсрол” академи 2001 оноос сангийн Монгол дахь түншлэгч байгууллагын нэг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран шүүгч нарын дунд жил бүр туршлага солилцох уулзалт явуулдаг уламжлалтай.

ШЕЗ-ийн захиргааны эрх зүйн сургагч багш нартай явуулсан уулзалтад Германы Берлин муж улсын Нийгмийн шүүхийн шүүгч, Бранденбург муж улсын Хууль зүйн академийн багш доктор Жессика Фогт 2019 оны зургаадугаар сард оролцсон бол есдүгээр сарын 18-20-нд явагдсан эрүүгийн эрх зүйн сургагч багш нарын уулзалтад Бавари муж улсын Бамберг дахь Муж улсын дээд шүүхийн дэд ерөнхийлөгч Андреас Цвергер уригдаж оролцлоо.


-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу.

-Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Андреас Цвергер гэдэг, ХБНГУ-ын 16 муж улсын нэг болох Бавари муж улсын дээд шүүхэд дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.

Ханнс-Зайделийн сангийн урилгаар Азид, тэр дотроо танай сайхан оронд анх удаа зочилж мэргэжил нэгт нөхөдтэйгөө туршлага, мэдээлэл солилцох завшаан тохиосонд баяртай байна.

-Уулзалтын үеэр шүүгч нар ямар сэдвийг илүүтэй сонирхож байв?

-Танай улсын Эрүүгийн хууль саяхан шинэчлэгдсэнтэй холбоотойгоор шүүгч нарын дунд нэг мөр ойлгох шаардлагатай сэдэв олон байна гэж ойлгосон.

Бид маш өргөн хүрээнд мэдээлэл солилцсоны дотор танай нийгмийн анхаарлыг ихээр татаж буй хөөн хэлэлцэх хугацаа, эрүү шүүлт тулгах, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа авлига хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжих гэх мэт сэдвийг хөндөж ярилцсан.

-Сүүлийн үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар авлигын хэргийг хэрэгсэхгүй болгох явдал олон нийтийн дургүйцлийг хүргэх болсон. Танай улс ийм асуудалтай тулгарч байв уу?

-Монголд хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт манай орныхоос зарчмын том ялгаатайг анзаарсан.

Германд хөөн хэлэлцэх хугацаа дуусах бараг боломжгүй. Учир нь мөрдөн шалгах үйл ажиллагааны алхам бүрт уг хугацаа эхнээсээ тоологдож эхэлдэг байхаар зохицуулсан.

Уг хугацааг хэрэг үйлдсэн мөчөөс тоолж эхэлдэг. Мөрдөн шалгах ажиллагааг эхлэх, сэжигтэнд энэ талаар мэдэгдэх, сэжигтнийг байцаах, гэрчээс мэдүүлэг авах, хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүхээс нэмэлт мөрдөн шалгалт явуулах гэх мэт хэргийг илрүүлэхэд чиглэсэн алхам тус бүрд уг хугацаа дахин дахин шинээр тоологдож эхэлдэг.

Хөөн хэлэлцэх хугацааны зорилго нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан дуусгахад оршдоггүй. Гэмт хэргийн хортой үр дагавар нь цаг хугацааны явцад шарх мэт аажмаар илааршдаг гэж үздэг.

Тухайн хэрэгт мөрдөн шалгах алхам хэрэгжүүлэх болгонд тэрхүү шарх сэдэрч, хэрэг шалгах, шийдвэрлэх хугацаа нь шинээр эхлэх ёстой гэсэн зарчим цаана нь агуулагдаж байдаг.

Иймд Германд хөөн хэлэлцэх хугацаа дуусах асуудал гардаггүй. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацааны дээд хязгаар гэж байдаг.

Аливаа эрүүгийн гэмт хэргийн нийт хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд заасан хэмжээг хоёроор үржүүлснээс илүүгүй байх хязгаартай.

Аллагын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг огт тооцдоггүй.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг хэдийд ч илэрсэн бай мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгтэнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой байдаг.

Миний ойлгосноор Монголд хөөн хэлэлцэх хугацаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд үргэлжлэн тоологдсоор байдаг.

Монголд хөөн хэлэлцэх хугацаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаг хугацааны хязгаар тогтоох, яаравчлах зорилготой юм байна.

Мөрдөн шалгах байгууллага болон шүүхийн ажиллагаа хугацаандаа дуусахгүй бол гэмт этгээд ял завших боломжтой. Энэ нь шударга ёсны зарчимд тийм ч сайн нийцэх шийдэл биш.

Гэхдээ мэдээж танай манай аль ч шийдэл өөрийн гэсэн давуу болон сул талтайг мартаж болохгүй.

-Монголын хөөн хэлэлцэх хугацааны талаарх өнөөгийн зохицуулалтын давуу тал нь юу гэж та харж байна вэ?

-Нэгдүгээрт, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаа богино хугацаанд явагдаж дуусна, хоёрдугаарт, нотлох баримтын чанар харьцангуй сайн байна.

Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдэгдсэнээс хойш удах тусам нотлох баримтын чанар дорддог. Эдгээр давуу талыг нэрлэж болох байх. Гэхдээ маш том сул тал бий.

Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад олон тооны гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноор хэрэг хаагдаж ял завших боломж бүрддэг.

Өөрийнх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буйг мэдэж буй этгээдийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж ял завших хүлээлт нь хуулиар хамгаалбал зохих үнэт зүйл бий юм.

-Танай улс эрүү шүүлтээс хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?

-Мөрдөн шалгах шатанд хууль зөрчиж нотлох баримт цуглуулах, мэдүүлэг авахтай тэмцэх хамгийн үр дүнтэй механизм бол эрүү шүүлт тулгаж олж авсан нотлох баримтыг шүүхийн шатанд нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх явдал.

Хэрэв хууль зөрчиж мэдүүлэг авсан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа илэрвэл хянан шийдвэрлэх ажиллагааг дахин эхлүүлэх боломжтой.

Шүүх хэргийг дахин хянахдаа хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт огт байхгүй гэх итгэл үнэмшилд тулгуурлах үүрэгтэй.

Эрүү шүүлтэд өртсөн шүүгдэгч өмнөх мэдүүлгээ үнэн байсан гэж дахин мэдүүлсэн байлаа ч түүнийг нотлох баримт гэж шүүх авч үзэхгүй.

Гагцхүү бусад нотлох баримтаар нотлогдож байж тухайн хүнийг гэмт хэрэгт буруутгаж ял оноох боломжтой.

Энэ нь мөрдөн шалгах байгууллага нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулах сонирхол сэдлийг үгүй хийх үр дүнтэй арга юм.

-Албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа авлигын гэмт хэргийн талаар Германы хуульд хэрхэн зохицуулсан байдаг вэ. Манай зохицуулалтаас хэр ялгаатай вэ?

-Манай улсын Эрүүгийн хуулийн 30 дугаар бүлэг бүхэлдээ албан тушаал, авлигын гэмт хэрэгт зориулагдсан.

Уг бүлэгт албан тушаалын байдлаа ашиглан өөртөө буюу бусдад давуу тал бий болгох, авлига өгөх, авах, хуулийг зориуд мушгин тайлбарлаж хэрэглэх, албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын биед гэмтэл учруулах, мэдүүлэг авахдаа албадлага хэрэглэх, гэм буруугүй хүнийг мөрдөх, албан үүргээ гүйцэтгэж байхдаа бичиг баримт хуурамчаар үйлдэх, хураамжийг хууль бусаар өндөр тогтоох, төрийн болон албаны нууцыг задруулах гэмт хэргийн талаар зохицуулсан байдаг.

Мөн саяхнаас Эрүүгийн хуульд сонгуулийн үр дүнд мандат авсан албан тушаалтны өөртөө давуу эрх олж авах, хээл хахууль авах зэрэг гэмт хэрэг шинээр зохицуулагдсан.

Үүний зэрэгцээ зарим төрлийн гэмт хэргийг албан тушаалтан үйлдвэл ял хүндрүүлэх нөхцөл болдог.

-Авлигын гэмт хэргийг Германд хэрхэн зохицуулсан байдаг вэ?

-Германы Эрүүгийн хуульд төрийн албан хаагч албан үүргээ зөрчихгүйгээр эсхүл зөрчиж өөртөө болон бусдад давуу байдал бий болгохыг ялгамжтайгаар зохицуулсан байдаг.

Хэрэв албан үүргээ зөрчиж үйлдсэн бол завдалт ч гэмт хэрэгт тооцогддог. Манай улсад шүүгч, прокурор, мандат авснаас бусад төрийн албан хаагч халдашгүй эрх эдэлдэггүй.

Гэхдээ тэдгээрт авах сахилгын арга хэмжээг сахилгын бие даасан шүүхээр, эрүүгийн хэргийг нь эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэдэг.

-Хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн тухайд?

-Германы Эрүүгийн хуульд ийм төрлийн гэмт хэрэг тусгагдаагүй.

Монголын Эрүүгийн хуулийн зохицуулалтаас харвал албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлогын эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол уг гэмт хэргээр яллагдах боломжтой юм байна.

Ийм зохицуулалт нь манай эрх зүйн орчинд тохирохгүй. Хүнийг өөрөөр нь буруутгуулах, яллуулахаар албадахыг Үндсэн хуулиар хориглосон байдаг.

-Цалингаас өөр орлогогүй төрийн албан хаагч нүдэн дээр хөлжөөд байх тохиолдолд арга хэмжээ авах боломжгүй гэж ойлгож болох уу?

-Германд банк санхүү, эд хөрөнгийн бүртгэлийн зэрэг бусад байгууллага мөнгөн болон эд хөрөнгийн сэжиг бүхий шилжүүлэг, хөдөлгөөнийг хууль хяналтын байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээдэг.

Ийнхүү цугларсан нотлох баримтыг үндэслээд хуулийн байгууллага албан тушаалтны үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, нотлох боломжтой.

-Парламентын гишүүд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэдгээрийн халдашгүй дархан эрхийн асуудал хөндөгддөг. Германы парламент гишүүдийнхээ бүрэн эрхийг хамгаалж үлддэг үү, эсвэл мөрдөн шалгах байгууллагад ажиллах боломжийг нь олгодог уу?

-Германд Бундестаг (Холбооны парламент) болон Ландтаг (муж улсын парламент)-ийн гишүүд халдашгүй дархан эрх эдэлдэг.

Сонгуулийн дараа шинэ парламент бүрдээд юуны өмнө үйл ажиллагааныхаа журмыг баталдаг ба энэ хүрээнд парламентын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлэх талаар урьдчилан журамладаг.

Одоо мөрдөгдөж буй журмаар гүтгэж доромжлохоос бусад Эрүүгийн хуульд заасан бүх гэмт хэрэгт Бундестагийн гишүүний эсрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг урьдчилаад олгосон.

Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг заавал албан ёсоор бичгээр гаргуулахгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж болно.

Гүтгэлэг доромжлолыг онцгойлон авч үзсэн нь парламентын өдөр тутмын үйл ажиллагаа болох улс төрийн мэтгэлцээнийг хамгаалж үлдэх зорилготой юм.

Харин парламентын гишүүний эрхэд халдахуйц мөрдөн шалгах арга хэмжээ авах, тухайлбал орон байр, албан тасалгаанд нь үзлэг нэгжлэг хийх, гишүүнийг цагдан хорих гэх мэт ажиллагаанд өмнө дурдсан урьдчилан олгосон ерөнхий зөвшөөрөл хамаарахгүй.

Мөн дээрх урьдчилсан зөвшөөрөл нь мөрдөн шалгах ажиллагаа дуусаж хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд бас хамаардаггүй.

Үүнд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвшөөрлийг парламентаас албан ёсоор бичгээр гаргуулж авсан байхыг шаарддаг.

Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд, мөрдөн шалгах байгууллага парламентын гишүүдийн эсрэг мөрдөн шалгах ажиллагааг ихэнх гэмт хэргийн тухайд чөлөөтэй явуулж болно.

Харин шүүн таслах ажиллагаа явуулахад заавал албан ёсоор бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бичгээр гаргасан шийдвэрийг парламентаас авах шаардлагатай.

Бундестагийн энэ жишгийг ХБНГУ-ын 16 муж улсын парламент ч мөн загвар болгон авч хэрэглэдэг.

-Бундестаг гишүүнээ мөрдөн шалгахыг зөвшөөр-сөн ч шүүхээр хянуулахыг зөвшөөрөхгүй байх тохиолдол элбэг байдаг уу?

-Аль ч парламент мөрдөн шалгах байгууллагад итгэдэггүй гэх сөрөг имижийг олон нийтийн өмнө бүрдүүлэхийг хүсдэггүй. Иймд таны дурдсан тохиолдол гарах боломжгүй.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Танд ч гэсэн баярлалаа. Т a бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

Categories
мэдээ цаг-үе

Н.Сүрэнчулуун: Эмч хүн клиник сэтгэлгээтэй, хүний төлөө гэсэн эрдэм төгс хүн байх ёстой


Нийслэл хотын Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Найдангийн Сүрэнчулуунтай ярилцлаа.


-Эрдэмтэн доктор, их эмчийн мэргэжил сувилагчаас эхэлдэг нь жам. Таны хувьд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилласан байдаг. ажил амьдралын гараагаа эхэлсэн он жилээс тань ярилцлагаа эхлэх үү?

-1982 онд Улаанбаатар хотын АУСДУС-ийг төгсөөд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт ээлжийн сувилагчаар ажлын гараагаа эхэлсэн. Тасгийн эмч Намжилмаа, дотрын тасгийн хамт олон маань намайг халуун дотно хүлээн авч ахмад ажилтан асрагч Баянжаргал эгчтэйгээ нэг ээлжинд хамт гардаг болсон. Тасаг маань дотрын 40 ор, мэдрэлийн 15, чих хамар хоолойн 5 нийт 60 ортой тасаг ээлжийн 3 сувилагч, тарианы сувилагч, ахлах сувилагч, нярав, сувилагч гэхчлэн 10 гаруй ажилтантай байлаа. Ажлын ачаалал одоо бодоход маш их байжээ. 400 гаруй ширхэг тарианы шприцийг угааж цэвэрлэж тушаадаг, цагийн тариа хийхэд тарих ёстой цагаасаа нэг цагийн өмнө эхлэхэд цагтаа амжиж тарьж дуусдаггүй тийм л их ажилтай байсан. Өдрөөр жижүүрт гарах үедээ хүмүүсээ гэрэлд харуулна, эм тариа, шприцээ тоолж хүлээж авна, шинжилгээнүүдээ бүрдүүлнэ, шинжилгээнийхээ хариуг авч өвчний түүхэнд наана. Эмийг яг харж байж өвчтөнд уулгана, миний үед усан эм их найруулдаг, том тэргэнцэр дээр эмийн хайрцаг, эм даруулж уух усаа аваад эмийг нь уулгадаг байсан нь одоо түүх л болж дээ.

-Таны багш гэвэл ямар хүмүүс байна. үлгэр авахаар сайхан хүмүүс олон л байдаг. Тэр сайхан хүмүүсийн тухай асуумаар байх юм?

– Миний хамгийн их дурсдаг, өөрийнх нь мэргэжлийг нь эзэмшиж хүслийг нь биелүүлээгүй багш бол манай 10 жилийн анги удирдсан багш Монгол Улсын гавьяат багш Жуужаа багш маань байлаа. Есдүгээр ангид байхаас эхлэн намайг Монгол хэл, уран зохиолын багш болгоно гэж янз бүрийн аргаар багшийн мэргэжилд сонирхолтой болгох гэж 5-6 дугаар ангийнхны цээж бичгийн дэвтрийн алдаа засуулах, хичээл заалгуулах зэргээр сургаж, цэвэр гоё бичүүлэх гэж хуулан бичлэг их хийлгэдэг байлаа. Даанч их, дээд сургуульд орох шалгалтандаа бүдэрч итгэлийг нь хөсөрдүүлсэн боловч багш маань Анагаахын техникумд орох замыг минь зааж өгч өнөөдрийг хүргэсэн дээ. Дээд сургуульд сурч байхад анагаахын олон мундаг багш нараар хичээл заалгасан. Надад анатомийн хичээлийг Нээчин багш, Дотрын өвчний суурь хичээлийг Рагчаа, Гэлэгжамц, Цэрэннадмид, патоанатомийг Цэдэв гэх мэт багш нар зааж байлаа.

-Хөдөө ажиллана гэдэг эмч хүнд туршлага, ажлын дадлага чадвар суудаг болов уу. Та бол хөдөө аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн их эмч байсан. хөхөрч, гадаа гандсан хүн гэж хэлж болно. Тэгэхээр танаас хөдөө ажиллахын сайн талыг нь асуумаар байна л даа?

-Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхад тэр бүр хөдөө яваад байдаггүй. Тасагт хүн муудаж хүндрэх үед ажлын бус цагаар дуудагддаг. Дотрын нарийн мэргэжлийн эмч эзгүй байсан юм болов уу, нэг удаа Дэлгэрцогт сум руу алсын дуудлагаар очиж хүнд зөвлөгөө өгч байсан.

Харин Гурвансайхан суманд ажиллаж байхад ёстой хөдөө хөхөрч, гадаа гандна гэдэг нь болдог байсан шүү. Суманд ганцхан их эмчтэй надад номноос өөр зөвлөх хүн байхгүй. Хоёр бага эмч маань харин их эмчийн дайтай нутгийн эмч нар байсан. Ээлжлээд дуудлагандаа явна, 15 ортой эмнэлэгтэй, хэвтсэн хүнээ би үзээд тэмдэглэлээ хөтлөөд явна. Суманд ажиллахад жирэмсэн эхээ хянаж , төрүүлж, хүүхдээ боож авна, шарханд оёдол тавина, хатиг буглаа нээнэ, шүд авна гэх мэтээр бүх л юмыг өөрсдөө хийж эмчилдэг байлаа. Хөдөө ажиллахад их юм сурна аа, бүх талын мэдлэгтэй болсон байдаг юм.

Нэг удаа бага эмчтэйгээ долоон сартай жирэмсэн эхийг ЭХО оношлогоогоор ихэр жирэмсэн гэж үнэлээгүй байтал бид хоёр үзлэгээр ихэр юм шиг байдаг, эхээс нь ихрийн удамтай эсэхийг асуухад удамгүй гээд байх, хоёулаа яахаа мэдэхгүй, аймаг руу ихэр гээд явуулах гэхээр ЭХО ихэр гэж оношлоогүй, эмэгтэйчүүдийн эмч нар ихэр гэж картанд нь бичээгүй байдаг, гэнэт хавдартай болно гэж байхгүй… гайхсаар сумандаа хянаж байгаад тэр эхийг төрүүлж Өлзиймаа, Өлзий-Орших хоёрыгоо боож авч билээ.

-Таны хувьд аймгийн төвийн нэгдсэн эмнэлгийн дотрын их эмчээр ажиллаж байсан. Дотрын өвлөл гэхээр ерөнхий сонсогдох нь мэдээж. Ер нь ямар ямар өвчлөл голчилдог бол?

-Дотрын тасаг маань 40 ортой, анх дотрын эмч болоод тасагт очиход урьд нь сувилагчаар ажиллаж байсан, зунд нь жил бүр дадлагаа хийдэг байсан, эмч нараа таньдаг болохоор хүндрэл бэрхшээл бага байсан. Амьсгалын замын өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин, хоол боловсруулах замын өвчин, бөөр шээсний замын өвчин, дотоод шүүрлийн өвчнүүд зонхилдог байсан. Мөн онош тодорхойгүй өвчний оношийг тодруулах шаардлага дотрын тасагт их тохиолддог байлаа.

-Эрүүл мэндийн салбарт эхнээс нь ажилласан хүн гэвэл бас л таныг хэлж болно. Сумын эмч мэргэжилтний холбооны удирдах бүрэлдэхүүнд та байсан. Энэ тухай сонирхуулбал?

-2003 онд анх удаа Сумын эмч нарын анхдугаар чуулган болж Эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлын талаар илтгэл тавьж байлаа. Дараа нь 2013 онд дахин чуулган болж тэндээс Сумын эмч мэргэжилтний холбоо байгуулагдаж удирдах зөвлөлд нь орсон таван жил тутамд чуулган хуралдаж байгаа. Сумын эмч мэргэжилтний холбоо маань хөдөө орон нутгийн эмч эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараа сургалт, нийгмийн асуудал, давтан сургалтыг хариуцаж мэргэжил арга зүйгээр хангахаас гадна сүрьеэгийн тандалт судалгааны албатай хамтран сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, сорьц тээвэрлэлтийг бүх аймаг сумдаар явж хяналт үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах ажлуудыг хийдэг.

-Гурвансайхан сум Монголын шилдэг сумын нэг. Та тэр суманд хэрхэн ажиллаж байснаа сонирхуулахгүй юу?

-Анх сургууль төгсөж Дундговь аймагт очоод бактерилоги лабораторид их эмчээр ажилд орлоо. Хоёр лаборанттай, миний хийх ажил гэвэл гаргаад өгсөн шинжилгээний хариун дээр нь гарын үсэг зурж баталгаажуулахаас өөр чадваргүй , харин лаборантаараа заалгаж байж цагаан хорхойн өндөг хайх шинжилгээг микроскоп дээр шинжилж чаддаг болсон. Ажиллаад хоёр сар болмогц Эрүүл мэндийн газрын дарга дээрээ ороод “Намайг Хулд сум руу явуулж өгөөч, бактерилогич эмч гэдэг чинь миний хийдэг ажил биш байна. Би өөрийгөө дайчилж ажилламаар байна” гэтэл ЭМГ-ын дарга Отгонбаатар “Гурвансайхан сум эмчгүй, тэнд адууны цэцэг өвчин гараад байна. Тийшээ яв. Удахгүй чамайг дотрын тасагт авна ” гэснээр 1993 оны есдүгээр сарын 1-нд Гурвансайхан суманд анх очиж жинхэнэ эмчээр ажиллаж эхэлсэн. Хүмүүс намайг ямар ч юманд та та гээд байх нь эхлээд эвгүй санагддаг байсан ч сүүлдээ нэрээр минь дуудахаа ч болиод “Эмч” гэдэг нэртэй болсон байсан. Дараа нь 1999 оны есдүгээр сарын 1-нээс Гурвансайхан сумын Засаг дарга Р.Сүхбаатарын албан тоот, сумын иргэд, эмнэлгийн хамт олны хүсэлтийн дагуу тус суманд зургаан жил ажиллаж сумын иргэдтэй ах дүү шиг, газар нутаг айл өрхийг нь алган дээр байгаа юм шиг мэддэг болж ирсэн ч амьдралын шаардлагаар Улаанбаатар хот руу буцсан. Гурвансайхан сумын хамт олон маань их дайчин хурд хүчтэй хамт олон байсан болохоор эмнэлгийг тохижуулах, шинэ санаа санаачилга гаргах зэрэгт ханцуй шамлаад л ордог хүмүүс байсан ба миний амьдралын хамгийн эрч хүчтэй оргил үе тэр суманд л өнгөрсөн юм шиг санагддаг.

-Нийслэл хотын хамгийн их хүн амтай, алслагдсан дүүрэг нь Сонгинохайрхан. Жаргалант тосгоны хувьд бүр их алслагдсан. гэвч энэ тосгоныхны хувьд “Сүрэнхүү эмч” гээд сүйд болдог юм билээ. Та их л нэр хүндтэй хүн санагддаг?

– Эмч гэж хэлэхээр би их ичдэг байлаа, би эмч гэж хэлүүлэх алдар хүндийг олсон билээ үү гэж. Эмч хүн гэдэг чинь маш их клиник сэтгэлгээтэй, шударга, энэрэнгүй, өгөөмөр өргөсөн тангарагтаа үнэнч хүний төлөө гэсэн сэтгэлтэй, өөрийн мэдлэг оюунаа бүрэн дайчилсан эрдэм төгс хүн байх ёстой. Гэр бүлийн маань хүмүүжил надад нөлөөлдөг байх. Би хүнд аль болохоор туслахыг хичээж явдаг. Ямарваа юмыг олон талаас нь ургуулан бодож дүгнэлтээ гаргадаг. Манай аав их оюунлаг, бичгийн өндөр соёлтой агуу хүн байсан л даа. Би өөрөө айлын том хүүхэд, олон дүүтэй, дүү нартаа үлгэр дуурайл болохгүй бол болохгүй шүү дээ. Энэ хичээл зүтгэл маань хүмүүст зөв хандлага төрүүлдэг байх даа. Би Залуучуудын гавшгайч бригадын ахлагчаас эхлээд 28 жил сум тосгоны Эрүүл мэндийн байгууллага удирдаж ажиллаж байна.

-Дотрын их эмчийн тань хувьд асуухад өнөөдөр манай иргэдийн хувьд ямар өвчлөл их байна. түүнээс сэргийлэх энгийн аргууд юу байна?

-Нийгмээ дагаад артерийн даралт ихсэлт, зүрх судасны өвчин ихэсч байна. Мөн хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Манай хүн амын хувьд өвлийн улиралд амьсгалын замын өвчлөл бөөр шээсний замын өвчлөл илүүтэй, зуны улиралд ходоод гэдэсний замын өвчлөл илүү тохиолдох боловч зүрх судасны өвчин даралт ихсэлт улирал харгалзахгүй өндөр байна. Нэг үеэ бодвол хэвлэл мэдээлэл, зурагтын олон сувгаар иргэдийн эрүүл мэндийн боловсролын талаар их зөвлөгөө өгдөг болжээ.

-2005 оноос хойш та схд-ийн жаргалант тосгоны эмт-ийн их эмчээр ажиллаж байгаа. Таныг олон зүйл хариуцаж хийсэн, маш их санаачилгатай өө өндөр хэмжээнд авч явааг төр түмэн мэддэг. Энэ тухайд та юу хэлэхсэн бол?

-Би Гурвансайхан сумаас шууд Жаргалант тосгонд ирээд одоог хүртэл ЭМТ-ийн даргаар ажиллаж байна. Ажил амьдралынхаа хугаацаанд хоёр эмнэлгийг тохижуулж эмнэлэг шиг эмнэлэг болгосон. Мэдээж хамт олонтойгоо хамт. Намайг Жаргалант тосгоны эмнэлэгт ирэхэд орчин нөхцөл, эмнэлгийн маань өнгө зүс “Дэмий л энд ирлээ” гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байсан ч хамт олон, нутаг орон маань өнөөдрийг хүртэл уяж чадлаа. Эмнэлгээ тохижуулж шинээр клиник лаборатори, гэрчилгээтэй архивын өрөө, сургалтын өрөө, ариутгал, эрчимт эмчилгээний өрөө байгуулахаас гадна дотроо бие засах газар, усанд орох душ, өрөө бүрт гар угаалтуур, гадна талдаа гүний худагтай болж эмнэлгийн хашаагаа шинэчилж явган хүний зам тавиулж чадсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулан жирэмсний хяналт, эх нярайн эргэлт, алс ойрын дуудлаганд үзүүлэх тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрэхүйц түвшинд хүргэж ажиллалаа.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Тогтохбаяр: Бид хувийн даатгалын компаниудын нэр нүүр нь байж, итгэл төрүүлэх үлгэр жишээ болсон гэж боддог

Даатгалын өдрийг тохиолдуулан “Ард даатгал” ХХК-ийг үүсгэн байгуулагч, даатгалын салбарын ахмад ажилтан, “Блью Планэт” ХХК-ийн зөвлөх Ц.Тогтохбаяртай ярилцсанаа хүргэж байна.


-Манай даатгалынхан чинь даатгалын өдөртэй юм байна аа. Маргааш болох даатгалын өдрийг тохиолдуулан танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийнхөө талаар товч танилцуулаач?

-Би хувь, хувьсгальд нийлээд 47 жил хөдөлмөр эрхэлсэн. Үүнээс 35 жил нь даатгалын салбарт, 10 гаруй жил нь эрүүлийг хамгаалах салбарт ажилласан. Социализмын үед Найрамдалын Район гэж байхад мөн 10 гаруй жил нийгмийн даатгал, даатгалын мэргэжилтэн, татварын улсын байцаагч зэрэг ажлуудыг хийж байлаа. Ардчилсан хувьсгал ялаад 1990-ээд оны эхээр хүн бүр хийж чаддаг зүйлээ хийх нь эрх чөлөөтэй болох нь эргэлзээгүй болсон үе л дээ. Тэгээд 1994 онд Ард Даатгал ХХК-ийг үүсгэн байгуулж цаашид болох эсэх тухай туршиж гурван жилийн турш тун цөөхөн гуравхан орон тоотой ажиллаж байлаа. Тэр үед төрийн өмчит Монгол Даатгал компани байлаа. Удахгүй тэж 1996 оноос даатгалын компаниуд борооны дараахь мөөг шиг олноороо байгуулагдсан. Манай компани эхний 3 жилд юм, юм үзсэн. Улсын, том компани гэдэг утгаараа Монгол Даатгал манайх руу их давшилна аа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энэ муу хувийн компани” гэдэг байсан. Гэхдээ тэр үед тийм үг сонсоод ухраагүй, нугараагүй. Залуу ч байж, гараа зангидаад л явж байлаа. Дараа нь ганц нэгээр боловсон хүчнээ нэмэгдүүлж, өөрийн унаатай болж, жилээс жилд өнгө төрхөө олоод, албан газрын хэмжээнд харагдаж эхэлсэн. Нэг л мэдэхэд 10 жил өнгөрч чадварлаг боловсон хүчинтэй болж хэзээний нийгэмд танигдсан, тэргүүлэх зэрэглэлийн нэр хүндтэй компани болтлоо өссөн байсан.

-Сонин болгон асуухад, эхлэл үедээ машингүй мөртлөө машинтай юм шиг байдаг гэсэн хошин яриа явдаг юм байна лээ?

-Тийм ээ. Тэр үед Монгол Даатгалын дөрвөн дүүргийн салбарын захирлууд бүгд цоо шинэ цэнхэр өнгийн УАЗ-469 машин унаад л албан газруудаар явна. Манайх машин аваагүй.Тэр машинтай захирлуудтай өрсөлдөж томоохон харилцагч нартай уулзалт хийхдээ автобусаар дөхөж очоод голдуу лада машин хөлсөлж унаад нөгөөдүүлтэй чинь зэрэгцэж зогсоож байгаад л орох жишээтэй. Одоо бодох нь ээ инээдтэй ч юм шиг. Тэр байтугай даатгалын салбарт зориулсан дуу хүртэл төрийн соёрхолт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгээр шүлэг зохиолгон ая хийлгэж гаргаж байлаа. Энэ дуу бол зөвхөн Ард Даатгалд биш, даатгалын салбарт зориулж хийсэн дуу байлаа. Нэгнийхээ хийсэн зүйлийг үгүйсгэдэг нь монголчуудын нэг зан юм даа. Одоо бодох нь ээ шал дэмий зүйл хийж байсан ч юм шиг.

Тухайн үед даатгалын тухай хууль гэж гараагүй байлаа. Сангийн яамнаас гаргасан түр журмыг л үндэслэн компанидаа мөрдөх дүрэм журам боловсруулаад түүнийгээ мөрдөж ажиллана. Даатгал чинь хувийнх байж болдог юм уу гэх хүмүүс их таардаг байсан. Зах зээл тун бүрхэг мөртлөө шинэлэг салбар байлаа шүү дээ.

-Танай компанийн 10 жилийн ой болж байхад миний бие төгсөх курсийн оюутан байлаа. Их л том компани гэж хардаг байсан. Монгол даатгалын хувьчлалд оролцоод л. Одоо чинь танай Ард даатгал компани он гараад 25 жил болох нь ээ?

-Тийм. Он гараад гуравдугаар сарын 22-нд ойн өдөр тохиох юм. 25 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзэж болно. 2004 он компанийн түүхэнд их онцлог сайхан үйл явдлууд ихтэй он байсан. Монгол даатгалын хувьчлалд дөрвөн субьект нийлж нэг консерциум болж орсон. Манай техникийн нөхцөл сайн байсан хэдий ч үнийн саналаар унаж Монгол даатгалыг “Чингис Хаан” банк авсан. Манай консерциумд орсон Английн Омни Виттингтон групп манайд хөрөнгө оруулалт хийснээр Ард Даатгал ХХК нь даатгалын салбартаа гадны хөрөнгө оруулалт татсан анхны компани болж байсан.

2011 онд Гранд Даатгал гээд жижиг компанийг нэмэлт хувьцаа гаргаж нэгдсэнээр улам хүчирхэгжиж ирсэн. Энэ нь салбартаа мөн л анхны үзэгдэл болсон юм. Даатгалын компани бусад салбартай ижилхэн олсноо зараад байдаг салбар биш юм. Санхүүгийн хувьд хүчирхэг болох тусам хувьцаа үнэ хүрнэ, үнэ цэнэ нь нэмэгдэнэ. Ард Даатгал ХХК хурдны зам дээр гарч ирсэн шүү гэж хэлж байснаа санаж байна. Миний хамгийн амь бөхтэй ойлголт бол хөрөнгө оруулагчид тогтвортой, алсыг харсан хатуу бодлого барьж байж хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэхээс гадна даатгалын хамгаалалт үүснэ гэж ойлгодог.

-Таны энэ ойлголт үр дүндээ хүрсэн юм биш үү?

-Ялангуяа гүйцэтгэх удирдлага компанийн өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хариуцлага маш өндөр байх ёстой. Ёс зүйтэй байх ёстой. Компанийн удирдлага менежмэнтийн баг тогтвортой байх ёстой. Би үнийг л хатуу баримталдаг байсан. Миний энэ бодлого өнөөдөр Ард Даатгал ХХК-ийг хувьцаат компани болоход, барилгаар төсөөлбөл суурь карказыг нь цутгасантай зүйрлэж болох бөгөөд дараагийн хүмүүс засал чимэглэлийг хийж байна даа.

-Тэгвэл Ард Даатгалын хөрөнгө оруулагчдын бүтцэд том өөрчлөлт орсон юм байна, тийм үү?

-Аль эрт 2016, 2017 оны үед хуучин хөрөнгө оруулагчид бүгд гарсан. EIT компани Ард Даатгал ХХК-ийг авсан. 2014 онд 20 жилийн ойн баяр болсон. Ингээд удалгүй бүгд өөрчлөгдсөн. EIT компани нэрээ өөрчилж Ард гэсэн нэртэй болж, 10 гаруй жижиг компаниуд бүгд Ард гэдэг нэрийг урдаа бичиж өөрчлөгдсөн. Энэ 25 жил бага хугацаа биш юм. Тэгэхээр Монголд Даатгалын зах зээл хөгжиж байна аа гэсэн үг гэж бодож байна. Шинэ хүмүүс компаний түүхийг огт мэдэхгүй байна. Манайхаас 2, 3 хүн тэтгэвэрт гарсан. Тэд хаана яваа юм бол, би мэдэхгүй байна. Энэ дашрамд нэмж хэлэхэд манайд арай олон даатгалын компаниуд байгаад байна. Нэгдэж нийлээд хүчирхэгжин хүчээ нэгтгэж бие биендээ захирагдаж сурах, бие биендээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах соёл хэрэгтэй байна.

-Ард Даатгал ХХК даатгалын хөгжилд анхдагч байгаагаараа нөхөн төлбөрт мөн л анхны томоохон эрсдэлүүд тулгарч байсан байх даа?

-Тийм ээ. Манай харилцагчдаас анхны томоохон эрсдэлүүдэд Засгийн газрын авто баазад болсон нуралт, Дарханы өвсний фондод гарсан гал, сүүл рүүгээ Анун төвд гарсан гал, Hugo Boss-ын инженерийн шугам сүлжээний эрсдэл зэрэг томоохон хохирлууд багтдаг. Тухай бүрт нь даатгуулагчдын хохирлыг нэр төртэй, нэр хүндтэйгээр барагдуулж байлаа. Сүүлд сонсоод байхад тухайн үед дээрх даатгуулагчид хувийн даатгалын компани яах бол гэсэн болгоомжлол байсан юм билээ. Бид хувийн даатгалын компаниудын нэр, нүүр нь болж итгэл төрүүлэх сайхан үлгэр жишээ болсон байх гэж боддог. Бараг тэр үеэс эхлээд Монгол Даатгал хувьчлагдсаны дараагаас төрийн, хувийн гэсэн өрөөсгөл ойлголт байхгүй болж даатгалын зах зээл жинхэнэ өрсөлдөөний хэлбэрт орж энэ зах зээл эрүүлээр хөгжих болсон.

-Монголд дампуурсан, эсвэл татан буугдсан компани байдаг уу?

-Би сүүлийн үед зах зээлийн гүн рүү орохоо больсон. Миний мэдэхийн 10 гаруй компани ихэнх нь дампуурч цөөхөн хэд нь тусгай зөвшөөрлөө өгөөд татан буугдсан байдаг.

-Тийм олон компани үйл ажиллагаагаа зогсоосон байх нь ээ?

-Монголчууд цөөхүүлээ болохоор хэн юу хийж байна, юу хийх гэж байна гэдэг нь нээлттэй шахуу юм даа. Юу нууц вэ гэвэл дансан дахь мөнгөө л нууцалдаг байх. Даатгал гэхээр сан хөмрөг ихтэй газар байдаг юм байна, орлого санхүү нь ч хуульчлаад өгчихдөг юм байна гэдэг ч юм уу, бие биентэйгээ өрсөөд олон компаниуд ялангуяа 1996 онд бүртгэгдсэн. Даатгал нь бизнес утга агууллаач олсоноо тэр болгон зараад байж болохгүй, ихэнх нь нөөцийн санд төвлөрч нөхөн төлбөрт зарцуулагдана. Хуулиар бол хөрөнгө оруулагчид төвлөрүүлсэн дүрмийн сан гэж бас төвлөрүүлдэг. Нэр төртэй бизнес хийдэг хүмүүс компани байгуулж даатгалын салбартаа шинэ гэмээр хөрөнгө мөнгөтэй хүмүүс орж ирсэн. Зарим тогтвортой бодлого барьдаг компаниуд 10 гаруй жил болоод маш сайхан туршлагатай компаниуд Ард Даатгал компанийн урдуур тэргүүлэх зэрэглэлд ород актив хөрөнгө нь маш их өссөн компаниуд байна лээ.

-Нэг асуулт хоцорчихлоо. Та яагаад 20 гаруй жил бодлогыг нь барьж хөгжиж чадсан компаниас гарах болов?

-Миний хувийн зорилго мөнгөтэй болъё гэж энэ компанитай 20 гаруй жил уягдсангүй. Хийж чаддаг зүйлээрээ даатгал хөгжүүлье. Яагаад гадаадад олон зуун жил даатгалын хөгжил байгаад байна, түүнтэй ижилхэн урт хугацааны хөгжлийг түлхүү анхаарсан. Бүтээн байгуулалт байхад аяндаа түүний үр дүн өгөөж нь ирнэ гэж л ойлгосон хэрэг. Ийм ч учраас дандаа манлайлагч байсан Ард даатгал компанийг цаашид даатгал хөгжүүлэх ирээдүйтэй хүмүүсийн гарт оруулъя гэж шийдэж урт хугацаанд энэ компанитай зууралдаж байсан билээ. Ард Даатгалыг өөрийн гэсэн 5 давхар оффис барилгатай, чадварлаг 20-иод боловсон хүчинтэй тэргүүлэх зэрэглэлд олон жил тогтвортой болтол нь хөгжүүлсэн. Үүнээс илүү юм яримааргүй байна.

-Одоо хувьцаат компани болчихлоо.

-Тэгсэн гэнэ лээ.

-Та одоо юу хийж байна. Таны эрүүл мэнд харахад сайхан байна?

-Би бараг сонин уншихаас илүү гарахгүй байна даа. Охиныхоо эрхэлдэг жижиг компанид зөвлөх хийж байна. Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд нэлээд муудлаа. Харин энэ он гараад арга хэмжээ авснаар босоод ирдэг юм байна. Одоо эрүүл саруул сайхан байна.

-Та тэмдэглэлт өдрийг тохиолдуулан мэргэжил нэгт нөхдүүд болон залуучууддаа юу уриалмаар байна?

-Даатгалын хамгаалалтыг нийгмийн хамгаалалт болтол нь хөгжүүлж даатгуулагчдын амьжиргааны түвшинг хамгаалалтад авч Монгол Улсад даатгал хөгжүүлэх үйлсэд чин сэтгэлээ зориулан ажиллахыг хүсэж даатгалын өдрийг тохиолдуулан залуучууддаа амжилт бүтээл амар амгалан сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилж байна.