Categories
редакцийн-нийтлэл

Иргэд хүн шиг амьдрах гэж Ардчилсан намд саналаа өглөө гэв

-ЭРДЭНЭ СУМЫН ХАТАН СУУДАЛ,
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХӨГЖИЛ АВЧИРНА ХЭМЭЭН ИРГЭД ЯРЬЖ БАЙНА
– 

Говь-Алтай аймагт ИХТ-ийн дахин сонгууль
өнгөрсөн ням гаригт болж өнгөрлөө. Сонгуулиар тус аймагт Ард­чил­сан нам анх удаа
үнэм­лэ­хүй ялалт байгуулав. 1921 оноос хойш буюу 93 жилийн турш Алтайчууд зөвхөн
МАН-ыг эргэлт буцалтгүй  сонгож ирсэн ард
түмэн. Гэтэл Говь-Алтай аймгийнхан энэ удаа­гийн орон нутгийн сонгуулиар сонголтоо
өөрчилж АН-ыг сонгов. Говь-Алтай аймгийн дахин сонгуулийн дүнгээр таван тойрог тус
бүр нэг сууд­лын, намын жагсаалтын 12, нийт 17 ИТХ-ын төлөөлөгчийг сонгохоор дахин
сонгууль явуулсан. Үүнээс АН-ынхан 13 суудал авсан юм. Есөн­булаг сумын Баяншанд
багт АН-аас нэр дэвшсэн тус сумын “Хаан банк”-ны захи­рал Б.Алтангэрэл, Шарга сумын
тойрогт  нэр дэвшсэн Р.Лхагвадорж, Хөхморьт
сумын тойрогт нэр дэвшсэн Д.Даваадорж, Баян-Уул сумын тойрогт нэр дэвшсэн Г.Хурцгэрэл,
Төгрөг сумын тойрогт нэр дэвшсэн Д.Чин­зориг нар сонгогджээ. Өөрөөр хэлбэл, дахин
сон­гууль зарласан тойрог бүрт АН ялалт байгуулсан аж. Мөн намын жагсаалтаар ИТХ-д
суух эрхийг АН-ын найман хүн авсан байна. Үүнд аймгийн Ардчилсан намын дарга О.Амгалан­баа­тар,
АН-ын гишүүн Д.Намс­рай, М.Даш­пун­цаг, Т.Ганбат, Л.Болор­маа, Б.Раднаасэд, М.Банзай­гааяа,
Ч.Батдэлгэр нар багтаж байна.

СОНГУУЛЬ БОЛОХООС ӨМНӨ  ГОВЬ-АЛТАЙД ЮУ БОЛОВ 

Тус аймагт дахин сонгууль болохоос
өмнө их бужиг­наан­тай байлаа. Өрсөлдөгч намынхан бүгд эрчимжүүлсэн байдалтай ажилласан
юм. Орон нутгийн дахин сонгууль олны анхаарлыг ингэтэл татаж байсан удаагүй билээ.
ИТХ-ын төлөөлөгчөө сонгох нь кампанит ажлын дайны болж өнгөрдөг байсан бол энэ удаагийнх
Ерөнхийлөгчийнх эсвэл УИХ-ын сонгуулийн дайны бэлтгэл, сурталчилгаа, олны анхаарлыг
татсан явдал болов бололтой. Нутгийн иргэд төдийгүй ажиглагчид ч ийн дүгнэж байна.
ИТХ-ын төлөөлөгч бүрдээгүй нэрээр хамаг төсөв, хөрөнгө оруу­лалт нь гацчихаад байсан
тус аймгийн удирдлага, иргэдийн хувьд ч багагүй ач холбогдол өгөхөөр нөхцөл үүсээд
бай­сан юм. Үүнээс гадна Говь-Алтай аймгийг сонгуулийн өмнө олны анхааралд оруул­сан
нэг зүйл бол Эрдэнэ сумын нутагт байх хоёр том алтны нөөц газрын асуудал байв. Хатан
суудал, Талын мэлтэс гэх газарт алтны 600 тонн нөөц илэрсэн гэх яриа орон даяар
тархсан нь Говь-Алтайг улсын хэмжээний анхааралд оруулсан явдал байв. Энэ үеэр ч
сонгуулийн сурталчилгаа ид хийгдэж таарав.

МАН-ынхан дээрх мэдээ­лэл­тэй зэрэгцэн
“Бид энэ алтыг ухуулахгүй, хориг тави­на. Байгаль, дэлхийгээ хам­гаал­на, аварна”
гэх мэдээлэл цацсан юм. МАН-ынхан Говь-Алтай аймагт болох гэж бай­гаа сонгуульд
ихээхэн хүч хөрөнгө хаяж ажилласан бай­на. Өөрөөр хэлбэл, сонгуульд мэргэшсэн багаа
тус аймаг руу илгээсэн юм. Тухайлбал, Хөвсгөл аймгаас УИХ-д сон­гогд­сон Л.Энх-Амгалан,
Увсын Б.Чойжилсүрэн, Дар­ханы Д.Хаянхярваа, Сэлэн­гийн Ж.Эрдэнэбат, Ажлын албаны
дарга Ш.Раднаа­сэд, Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан Ц.Шаравдорж нар Говь-Алтай аймгийн
иргэдтэй уулзалт зохион байгуулж байв. Тэд “Манай намд сана­лаа өгөх юм бол Эрдэнэ
сумын алтыг ухуулах­гүй” хэмээн амлаж явжээ. Бүр зочид буудалд байгаа хүмүүс рүү
хүртэл орж ухуулга хий­сэн гэнэ. Аймгийн хэвлэлийн үйлдвэр байсан нэг давхар “Од”
гэх зочид буудал, баа­ранд дээрх нэр бүхий хүмүүс оройгоор очиж, тэнд суугаа залууст
ухуулга хийсэн гэнэ. Мөн аймгийн захын лангууны булан бүрт нэг нэгээрээ зог­соод
тэнд байсан хүмүүстэй гар барин, амар мэндийг нь асууж явсан тухай нутгийн иргэд
ярьж байв. МАН-ынхан дунд сонгуулиар мөнгө тараадаг гэдгээрээ алдартай Б.Чойжилсүрэнг
Говь-Алтай руу илгээсэн нь сонгуулийн үеэр их хэмжээний мөнгө тараах нь гэсэн ойлголтыг
олонд төрүүлсэн гэдэг. Иргэд ч “Чойжилсүрэн ирсэн юм чинь мөнгө өгөх нь” гэж үнэд
орсон байна. Гэвч сонгууль­тай холбоотой мөнгө, бусад зүйл тараасан гэх гомдол,
мэдээлэл ирээгүй юм. МАН-ын зүгээс сонгуулийн үеэр ингэж ажиллажээ.

Харин МАХН-ынхан намын дэд дарга Д.Тэр­биш­даг­ваар
ахлуулсан багаа Говь-Алтай аймагт ажил­луул­сан. Тэд аймгийн төв, зарим сумын төвөөр
арав гаруй хар жийптэй л давхиад байсан гэнэ. Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн
З.Баянсэлэн­гэ, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эдийн засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбат,
Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар “Манай дарга нар энэ оноос ажлаа
ёстой хийх шиг болно. Бидний хүч нэмэгдээд Говь-Алтайг хөгжүүлнэ. Бидэнд саналаа
өгөөрэй” хэмээж явсан сурагтай. Намын хур­лаа ч сүр дуулиантай хийгээд авсан. Тухайлбал,
намын хурал дээр Г.Баярсайхан гэх нөхөр намынхандаа гомдож явдаг сэтгэлээ задалж,
хэдэн үг хэлснээс болоод хэрүүл маргаан үүссэн байна. Дэд сайд Б.Тулга түүнтэй барь­цал­даж
аваад зодолдох шахсан гэж хуралд суусан иргэд ярьж байна. Түүнчлэн хуралд оролцогчдоос
зарим иргэнийг нэр заан “МАН-ын гишүүн энд юугаа хийж суугаа юм. Яв, тэр намынхаа
хурал руу” хэмээн хөөж, овлигогүйт­сэн гэнэ. Энэ мэт зүйлээс болж сонгуулийн өмнөх
өдрүү­дэд нутгийн иргэдийн дундах гол яриа МАХН-ынх­ны тухай хов жив байв. Үүнийг
дагаад нэр хүнд нь ч багагүй унасан гэнэ. Гол буруут­наар иргэд Б.Тулгыг нэрлэн
ярьж байв. МАХН-ын гишүүд “Тэр Тулга гэж залуу яасан увайгүй хүүхэд вэ. Бид­нийг
хүн гэж үзэж байгаа юм алга” гээд гомдонгүй ярих аж. Сонгуулийн үеэр МАХН-ын байран
дээр олон хүн харагд­сангүй. “Энэ сонгуулиар бид ялагдах нь тодорхой” гээд сууцгааж
байсан тухай нөгөө намынх нь гишүүд ярьж байв. Уг нь  Д.Тэрбишдагвага, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, Л.Цог, 
О.Чулуунбат, Б.Тулга нарыг ирэхээс өмнө иргэд МАХН-д элэгтэй, саналаа өгвөл өгчихөөр
л байсан гэнэ.

Харин АН-ын хувьд тус намын генсек
Ц.Оюундарь дөрвөн нарийн бичгийн дар­гын хамт тус аймагт ажиллаж байв. Тэд 14 хоног
Алтай­чууд­тай уулзсан байна. “Бид олон ажил хийнэ. Говь-Алтай аймгийг хөгжүүлнэ.
Алтны нөөц их өндөр байна. Өмнө­говь аймгаас илүү хөгжил танай аймгийг, иргэдийг
хүлээж байна” хэмээн ярьж явсан байна. Намууд сонгуу­лийн сурталчилгаа, гишүү­дийн
уулзалтаа иймэрхүү байдалтайгаар хийсэн байна.

СОНГУУЛИЙН ӨДӨР ИРГЭД ИНГЭЖ ЯРИВ

ИТХ-ын дахин сонгууль ямар нэгэн будлиангүй
болж өнгөрсөн байна. Сонгуулийн ерөнхий хороонд МАН, АН-ынхан машинаар хүн зөөж
санал өгүүлээд байна гэх гомдол ирсэн гэнэ. Өглөөнөөс бага үд хүртэл ихэвчлэн өндөр
настай иргэд сонгуу­лиа өгсөн байна. Тэд бүгд МАН-д саналаа өгч байсан аж. Гэхдээ
үдээс өмнөх саналын ирц дөнгөж 20 хувьд хүрч байсан юм. Харин үдээс хойш сонгууль
өгсөн иргэд АН, МАХН-д зурж эхэлжээ. Үүнийг яаж мэдээд байна вэ гэвэл аль нэг нам
болоод нэр дэвшигчийн нэрний урд талын дугуй хэсгийг иргэд хараар будаж байгаа.
Аль намыг, дэвшигчийг дугуйлсан нь саналын хуудасны цаас нимгэн учраас ажиглагчдад
нэвт харагдаж байсан гэнэ. Иргэд хараар дугуйлсан цаасаа дундуур нь нугалаад сонгуулийн
хайрцганд хийх үед ажиглагч нарт аль намд өгч байгаа нь харагдаад байсан аж. Нугалсан
цаасны дээд хэсэгт дугуй хар толбо гарч ирсэн бол АН харин яг нугалааны доохно гарсан
бол МАН, цаасны доод хэсэгт бол МАХН гэх зэргээр дүнг тоолохоос өмнө ажиглагч нар
аль нам сонгуульд өнгөлж байгааг урьдчилан тэмдэглэж байсан аж.

Саналаа өгчихөөд гарч ирсэн иргэдээс
аль намд ямар учраас саналаа өгснийг тодруулахад, “Говь-Алтай аймаг гэж хөгжлөөс
хоцорсон газар байна. Иргэдийн амьд­рал ядуугийн туйлдаа хүрч байна. Бид сайхан
амьдрах ёсгүй гэж үү. Их хэмжээний алт илрээд байна. Тэнд хүн амьтан очдог газар
биш. Тэр алтыг нь улс ухаад аваг. Өмнөговь аймаг яаж хөгжиж байна. Газрын баялгаа
ухаад л үр шимийг нь хүртэж, иргэд нь  ажлын
байртай болж хөгжиж байна шүү дээ. Одоо манайд илрээд байгаа алт чинь Оюутолгойгоос
хэд дахин ашигтай гэсэн. Магад­гүй баруун бүсийн хамгийн хөгжингүй аймаг Говь-Алтай
болох ч юм билүү. Тиймээс бид АН-д саналаа өглөө” хэмээн ярих иргэнтэй олон таарч
байв. Мөн “МАН-ыг дэмжсэн жилүүдэд дарга нар нь баяжсанаас биш иргэдэд наалдсан
нь ховор. Иргэдийн амьдралыг сайжруулахаар хийсэн ажил бараг байхгүй. Залуус бидэнд
ажлын байр хэрэгтэй байна. Хэдий болтол нинжа хийж өдөр хоногийг зэрлэг байдлаар
өнгөрөөх юм бэ. Одоо удирдлагаа сольж үзэх цаг нь болсон” гэв.

Сонгуулийн өмнөх өдрүү­дэд МАН, МАХН,
АН-уудын сурталчилгаа ухуулгаас иргэд сонголтоо ингэж хийжээ. 93 жилийн турш нэг
намыг сон­гож ирсэн Алтай нутгийнхан энэ удаад АН-д итгэл хүлээлгэв.

Э. ХҮРЭЛБААТАР 

Categories
редакцийн-нийтлэл

Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль ингэж өрнөлөө

-ИТХ-ЫН ДАХИН СОНГУУЛЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН, УИХ-ЫН СОНГУУЛЬ ШИГ БОЛЖ БАЙГААГ
НУТГИЙН ИРГЭД ЯРЬЖ БАЙНА-

Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг
сонгох дахин сон­гууль өчигдөр болж өнгөр­лөө. Алтайчууд сонгуульд хэрхэн орол­цож
байгааг манай тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар газар дээрээс нь мэдээлж байна.

17 СУУДЛЫН ТӨЛӨӨ 49 ХҮН ӨРСӨЛДӨВ

2012 онд болсон аймаг, сум, дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуультай холбоо­той маргаан тус аймагт гарсан.
Уг маргаан зургаан шатны шүүх дам­жиж, Улсын дээд шүүхийн хянал­тын шатны захиргааны
хэргийн 2013 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор тус аймагт сонгуулийн
бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр, Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сумдад
болон аймгийн төвийн Баяншанд баг гэсэн таван тойрогт нэр дэв­шиг­чээр, 12 нь хувь
тэнцүүлсэн хэлбэрээр нийтдээ 17 суудлын дахин сонгуулийг хийх шүүхийн шийдвэр гарсан.
Уг шийдвэрийн дагуу ИТХ-ын төлөөлөгчдөө бүр­дүү­лэх сонгууль энэ сарын 19-нд буюу
өчигдөр болж өнгөрлөө.  ИТХ-ын 35 суудлын
17 төлөөлөгчийн төлөө АН-аас 17, МАН-аас 15, МАХН-аас 14, бие даан  нэр дэв­шигч
гурван хүн өрсөлдлөө.

07:00 цагт санал хураалт эхэл­сэн ч орон нутгийн удирд­ла­гууд
болон сонгуулийн үйл ажил­лагааг зохион байгуулалцаж байгаа иргэд 08:00 цаг хүртэлх
хугацаанд саналаа өгөв. Санал өгч буй иргэдийн хуруу эсвэл иргэний үнэмлэхэд сонгууль
бүрээр тавьдаг ямар нэг тэмдэглэгээ хийсэнгүй. Цахим үнэмлэхээ үзүүлэн, санал өгөх
жагсаалтад бүртгэлтэй эсэхийг нь нягтлаад бүртгэлтэйг нь өгүүлж, бичиг баримтын
зөрчилтэйг нь буцааж байв. Ийнхүү 35 мянган сонгогчтой аймгийн дахин сонгуу­лийн
ирц 10:00 цагийн нэгтгэгдсэн мэдээллээр таван тойрогт таван хувьтай байсан юм.

11:00 цагаас эхлэн иргэдийн идэвх сэргэж, сумын төвийн санал
авч байгаа байрны зүгт хэд гурваа­раа гэлдрэх, морьтой, машинтай ирэх нь харьцангуй
дээрдэв. Гэхдээ урт дараалал үүсгэхээр олуулаа ирж байсангүй. Намын үүрийн дарга
нар болон сонгуулийн сур­тал­­чилгаа, ухуулга зэрэг ажилд оролцож буй идэвхтнүүд
санал авч буй байрны ойр орчмоор эргэлдэж, хэсгийн ахлагч нар айлуудаар явж сонгуульд
саналаа өгөхийг иргэдэд сануулж, заримыг нь дагуулан ирж байв.

Тус аймгийн 18 суманд сонгуу­лийн
салбар хороо, 85 хэсгийн хороо байгуулж, нийт 728 хүн зохион байгуулалтын ажлыг
гүй­цэт­гэ­сэн гэх тоон мэдээ байна. Түүнчлэн сонгуулийн аюулгүй байд­лыг хангах,
сонгогчдын нэр­сийн жагсаалтыг гаргахад Цагдаа­гийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс
зэрэг газрууд хамтран ажил­лаж байв. Цагдаагийн алба хааг­чид бүсчилсэн хамгаалалт
хийж байсан юм.

12:00 цагийн нэгдсэн мэдээл­лийг гаргах үеэр нийт сонгогчдын
15.9 хувь нь саналаа өгсөн байв. Энэ нь тус аймгийн хэмжээнд хангалттай тоо биш
тул сонгуулийн хороод иргэдийг саналаа өгөхийг орон нутгийн телевизээр болон санал
өгөхөөр ирсэн иргэдээр дамжуулан хүргүүлж байв.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ, ГИШҮҮН
АСАН Ц.ШАРАВДОРЖ НАР ОЛНЫ СОНИРХЛЫГ ТАТАЖ БАЙВ

Энэхүү сонгуулийн үр дүнд АН, МАН,
МАХН-ын удирдлагууд ихээ­хэн ач холбогдол өгч байгаа нь сонгуулийн сурталчилгаа
болон өмнөх өдрүүдийн байдлаас илт мэдрэгдэж байв. Тухайлбал, нэр дэвшигчид намынхаа
лидерүүдийг дагуулан айлуудаар орж, гудамж бүрийн буланд шахуу зогсон иргэд­тэй
гар барьж, намдаа санал өгө­хийг сануулж, уриалж байсан аж. Тодруулбал, МАН-аас
уг сонгуульд ихээхэн хөрөнгө, хүч хаяж, зарим гишүүдээ сумдыг хариуцуулахаар илгээсэн
байна. Үүнд, Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан, Увсын Б.Чойжилсүрэн,
Дарханы Д.Хаянхярваа, Сэлэнгийн Ж.Эрдэнэбат, Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд
нар багтаж байгаа аж. Тэд өөрсдийн хариуцаж авсан сумдаар явж, орон нутгийн иргэдтэй
уулзан, зарим амин хувийн асуудлыг нь шийдэж өгөөд буц­сан тухай нутгийнхан нь ярьж
байв.

Харин нэр дэвшигчдийг нь бүрт­гээгүй
учир 2012 оны орон нутгийн сонгуульд оролцож чадаагүй гэж шүүхэд гомдол гарган сонгууль
дахиулж буй МАХН-ын хувьд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдаг­ва­гаар ахлуулсан Сангийн
сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн З.Баянсэ­лэн­гэ, УИХ-ын дэд дарга Л.Цог,  Эдийн
засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга
нар тус аймагт ажиллаад буцсан. Тэдний хувьд нэлээд муу нэр зүү­гээд авсан төдийгүй
сонгогчдод зэмлүүлж, заримтай нь ам мурийж, заримыг нь өөр намын гишүүн хэмээн намынхаа
хурлаасаа хөөж гаргахыг завдсан хэл аманд ороод байгаа. Зарим эх сурвалж БОНХ-ийн
дэд сайд Б.Тулгыг намынхаа тухай үзэл баримтлалаас болж сонгогчидтой нударга зөрүүлэхдээ
тулсан тухай ч ярьж байв.

Харин АН-ын хувьд тус намын генсек
Ц.Оюундарь хэсэг нарийн бичгийн хамт тус аймагт ажиллаж байв. Түүнчлэн нутгийн иргэд
болоод зарим улстөрчийн анхаар­лыг хоёр хүн татаж байсан юм. Тэд бол МАН-ынхан буюу
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан Ц.Шаравдорж нар байв. Тэд МАН-аа төлөөлж
буй МАХН-ын сонгуу­лийн сурталчил­гаа­ны багт багтан тус аймгийн иргэд, төлөөлөгчидтэй
уулзаж явсан нь иргэдийн анхаар­лыг ихэд татаж, “Энэ хоёр сонгуу­лийн дараа МАХН-д
элсэх гэж бай­гаа гэсэн” гэх яриаг гаргаад авав.

“ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨӨ БҮРДҮҮЛЭХГҮЙ
БОЛ БҮХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГАЦЧИХААД ХЭЦҮҮ БАЙНА” ГЭВ

Улмаар 14:00 цагийн мэдээл­лээр санал
өгсөн иргэдийн ирц дөнгөж 25 хувьд хүрсэн юм. Энэ үеэр Говь-Алтай аймгийн Баян­шанд
багийн иргэн Б.Баттөмөр “Сонгуулиа өгчихлөө. Энэ удаагийн сонгуульд намууд анхаарал
их тавьж, идэвхтэй байгаа бол Говь-Алтайчууд нэлээд хойрго байгаа бололтой. Ирц
тааруу байна гэнэ. Өмнө нь ИТХ-ын сонгуульд ингэж их ач холбогдол өгч нам бүрийн
дарга нар бусад УИХ-ын гишүүд­тэй­гэ­э ирж, ажлын хэсэг, ард иргэд­тэй уулзаж, намаа
сурталчилж байхыг үзээгүй гэх хүн олон байна. Миний хувьд ч ялгаагүй. ИТХ-д төлөөлөгч
сонгох сонгуулийн бэлт­гэл Ерөнхийлөгчийн, УИХ-ын сон­гуу­лийн дайны хөл хөдөлгөөнтэй
байлаа. Манай аймгийн удирдла­гын хувьд өмнө нь дандаа МАН-ын төлөөлөгчид байсан.
Одоо хэн сонгогдох вэ гэдэг нь их эргэлзээтэй байна. Гэхдээ даруй удирдах албан
тушаалтнуудыг томилохгүй бол аймгийн төсөв, хөрөнгө оруу­лалт гээд олон зүйл гацаатай
байна. Энд тэнд мөнгө тараасан, ингэсэн тэгсэн гэсэн хэл ам, зөрчил гарах нь гайгүй
байгаа бололтой. Дуулдсан юм алга” гэж ярив.

ЦОГТ, ХАЛИУН СУМЫНХАН СОНГУУЛЬДАА
ИДЭВХГҮЙ ОРОЛЦЖЭЭ

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дахин  сонгуулийн ирц ямар байгаа талаар 16:00 цагт тус
аймгийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Рэнцэндорж мэдээлэл хийсэн юм. Түүнээс
цөөн асуултад хариулт авсан юм.

-Сонгуулийн ирц аймгийн хэмжээнд
хэдэн хувьтай явж байна вэ?

-Говь-Алтай аймгийн  ИТХ-ын дахин сонгууль одоогоор ямар нэгэн будлиангүй
болж байна. Иргэдийн дахин сонгуульд оролцох оролцоо өглөө тааруу байсан гэж хэлж
болно. Бид 12:00 цагийн орчимд ирцийн  байдлыг
нэгтгэн гарахад 15.29 хувьтай байсан. Харин 16:00 цагийн байдлаар 35187 хүн санал
өгөхөөс 14252 хүн санал өгч 40 гаруй хувьтай явж байна. Говь-Алтай аймагт цаг агаар
тогтуун байгаа болохоор иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна.

-Сонгуульд хамгийн идэвхгүй оролцож
байгаа сумыг нэрлэвэл?

-Сонгуульдаа идэвх муутай оролцож
байгаа хэд хэдэн сум байна. Халиун сум гэхэд 1494 хүн санал өгөх ёстой. Үүнээс одоогоор
401 хүн л санал өгсөн байна. Мөн Цогт суманд сонгуулийн ирц 26 хувьтай байна. Бигэр
суманд сон­гууль өгөх иргэдийн тоо сайнгүй байна гэх мэдээлэл ирээд байна. Харин
Баян-Уул, Төгрөг, Хөхморьт зэрэг сумын иргэд маш идэвхтэй оролцож байгаа дүн мэдээ
нэгтгэг­дэж гарлаа.

-Сонгуулийн хорооноос иргэ­дийг
санал өгүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Есөнбулагт гэхэд 11205 хүн дахин
сонгууль өгөх ёстой. Үүнээс 3794 хүн санал өгөөд байна. Сон­гууль­даа идэвх муутай
оролцож байгаа газруудад цагаан хоолой­той машин явуулж сонгуульдаа идэвхтэй оролцохыг
уриалах ажил хийгдэж эхлээд байна. 22:00 цагт сонгууль дуусна. Бидэнд ямар нэгэн
сонгуультай холбоотой гом­дол ирээгүй байна.

ДУГУЙЛСАН ЦААС НЭВТ ХАРАГДААД
БАЙНА ГЭЖ ИРГЭД ГОМДОЛЛОВ

Орон нутгийн сонгуульд орол­цож байгаа
иргэд цахим үнэмлэх болоод хурууны хээ, автомат тоологч машин байхгүй байгаагаас
дахин сонгууль ямар нэгэн байд­лаар буд­лиан­тай болж магадгүй хэмээн ярьж байсан
юм. Мөн аль нэг нам болоод нэр дэвшигчийг урд талын дугуй хэсгийг хараар будаж байгаа.
Цаас нь нимгэн байгаагаас нэвт харагдаад байгаа талаар бидэнд гомдол хэлж байсан
юм. Иргэд хуудсан дээр тэмдэглэгээ хийгээд хайрцаг руу хийх гээд босох үед нимгэн
цаас нь нэвт харагдаад гурван намын ажиглагчид түүнийг нь бүртгэж аваад байна гэх
хүн цөөнгүй байв.

НЭГ ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮС ГУРВАН ГАЗАРТ
ОЧИЖ СОНГУУЛИА ӨГЧЭЭ

Есөнбулаг сумын гурван иргэн өөр өөр
газарт сонгууль өгч байгаа талаарх мэдээлэл оройхон хэрд нэлээд бужигнаан үүсгээд
авсан юм. Есөнбулаг сумын иргэн Д.Ган­бат “Манайд сонгууль өгөх гурван хүн байна.
Бүгд өөр өөр газарт сонгуулиа өгөх болоод байна. Нэг гэр бүлийн хүмүүс нэг газраа
өгч болохгүй юм уу. Ямар ч зохион байгуулалт байхгүй байгаагаас ийм байдал үүслээ”
хэмээн нэлээд бухимдангуй байдлаар мэдээлэл өгсөн юм. Үүнийг тус аймгийн Иргэний
бүртгэлийн газрын дарга тайлбарлахдаа “Олон иргэн оршин суугаа газруудын сонгууль
өгөх хэсгийн хороог хэд хэд хуваасан байгаа. Ингэхдээ нийт сонгуульд оролцох ёстой
иргэдийг тэгш тоо­гоор хуваах үед гэр бүлийн гишүүд өөр өөр газар саналаа өгсөн
асуудал гарчээ” гэсэн юм.

Ийнхүү Говь-Алтай аймгийн ИТХ-ын дахин сонгууль болж өнгөр­лөө.
Сонгуулийн ерөнхий хорооноос тус сонгуулийг гараар тоолж дүнг нь гаргах шийдвэр
гарсан байна. Тиймээс сонгуулийн ажилтнууд саналын хуудсыг гараар тоолох учраас
өнөөдөр 06:00 цагийн орчимд сонгуулийн нэгдсэн дүн гарах магадлалтай гэсэн юм. Дугаар
шилжих мөчид сонгуультай холбоотой ямар нэг зөрчил, асуудал гаралгүй тайван байлаа.

Categories
редакцийн-нийтлэл

Б.Эрдэнэбаатар хүүхдүүдийнхээ нүдэн дээр эхнэрийгээ дөрвөн цаг зодож хөнөөжээ

Б.Эрдэнэбаатар

-ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН МӨНГӨТЭЙ ХҮНИЙ ТАЛД ҮЙЛЧИЛСЭН ҮҮ-

Булган аймгийн Бугат сумын Хужирын
гол гэх газарт гарсан хүн амины онц ноцтой хэргийн талаарх мэдээлэл  Булган аймгийн цагдаа нарт маргааш өглөө нь ирсэн
гэнэ. Дуудлага ирсэн даруйд шуур­хай ажлын хэсэг байгуулан хөдөлжээ. Цагдаа нарыг
Бугат суманд ирэх үед талий­гаач эмэгтэй хэдийнэ амьсгал хураасан байжээ. Эхнэрийн­хээ
аминд хүрсэн Б.Эрдэнэ­баа­тарыг сумын цагдаа саа­туул­сан байжээ. Харин Б.Эрдэнэ­баатарын
ар гэрийн­­хэн хэрэг гарсан газар руу цагдаа ирэхээс өмнө явсан байсныг талийгаач
М.Одхүүгийн ар гэрийнхэн мэдээгүй гэнэ. Б.Эрдэнэбаа­тарын дүү Б.Очир-Эрдэнэ хэргийн
газарт очиж талийгаач эмэгтэйн нөхөртөө зодуулж байх үедээ өмсөж байсан хувцас,
урж тасдаж хаясан цамц, шал, орон дээрх цус зэргийг угаалгын нунтаг­тай хүйтэн усаар
угааж, цэвэр­лээд, хувцаснуудыг нь машины дугуйн доогуур нуу­сан байж. Талийгаачийн
ураг­­даж, тасдуулсан хувцас­ны оронд хамаатан садныхаа цамц, өмд зэргийг өмсүүлсэн
байсан аж. Өөрөөр хэлбэл, хэрэг болсон газрын эд мөрийн баримтыг устгасан байсныг
цагдаа нар мэдэж байсан боловч “Хэрэг хийсэн хүн нь тодорхой” гээд  ямар нэгэн зүйл хэлэлгүй явсан гэх.

Булган аймгийн Мөрдөн байцаах тасгийн
албан хаагч нар хавтаст хэргийн материа­лыг бүрдүүлж эхэлсэн байна. Тэгэхдээ талийгаач
эмэгтэйн ээжийг сэтгэл санаа нь тогт­воргүй байсан учир охиных нь цогцсыг эмнэлэгт
оруулж ирэх үед  нэг удаа байцаалт аваад явжээ.
Тэр үед И.Мандах гуай олигтой ч зүйл хэлж чадахгүй уйлж байгаад л хэргийг мөр­дөж
байгаа цагдааг явуулжээ. Үүнээс хойш цагдаа нар ар гэрийнхэн болоод найз нөх­дөөс
нь дахин байцаалт аваа­гүй юм байна. Үүнээс эхлээд л хууль хяналтынхан хэрэгт­ний
талд үйлчлэх болжээ. Хэрэг юу болж байгаа талаар мөрдөн байцаагчаас нь асуух гэхээр
гар утсаа салгаад огт ярихгүй байжээ. Булган айм­гийн цагдаа дээр Эрдэнэт хотоос
зорьж очихоор цагдаа нь “Би ажилтай байна. Зөвхөн танай хэрэг дээр ажиллаагүй” гээд
мөрдөн байцаалт  юу болж байгаа талаар огт
хэл­дэг­гүй байж.

ХЭРГИЙГ МӨРДӨЖ БАЙГАА ЦАГДАА ХОХИРОГЧИЙН
АР ГЭРИЙНХНИЙГ ЗАГНАХ БОЛЖЭЭ

Нэг өдөр Мандах гуайн гэрт Б.Эрдэнэбаатарын
ээж ороод иржээ. Тэрбээр “Муу аав нь хүүхдүүдтэйгээ уулзах гээд байна. Удахгүй өөр
тий­шээ шорон руу яваад өгвөл уулзаж чадахгүй. Өнөөдөр аваачиж уулзуулах гэсэн юм”
гэжээ. Хариуд нь “Өнөөдөр амралтын өдөр нөгөө цагдаа нь ажилладаг юм болов уу” гэж
хэлэхэд үг дуугүй гараад явчихаж. Тэгсэн хэр­гийг мөрдөж байгаа цагдаа Ганбаяр утас
руу нь өөрөө залгаад “Өөрөө юу яриад байгаа юм бэ. Хуйвалдаан хийлээ энэ тэр гэж
яриад байгаа юм уу. Аятайхан бай­гаа­рай. Хэлэх үгээ бодож хэлээрэй” хэмээн загнаж
гар­чээ. Тухайн үед  юу болоод байгааг мэдэлгүй
загнуулаад гар утсаа салгажээ. Маргааш нь хэргийг мөрдөж байгаа цагдаа дээр ирэхэд
бас л загнаж гарсан гэнэ. Тиймээс Цолмонтой нүүрэлдье гэсээр уулзаж, юу болоод байгааг
лавлахад цаадах нь “Би тэгж л ойлгосон” гэхээс өөр юу ч хэлээгүй байна.

Эндээс эхлээд Б.Эрдэнэ­баа­тарын ар
гэрийнхнээс дарамт шахалт ирэх болжээ. Түүний ээж, дүү хоёр гэрт нь шөнө ирээд
“Гайтай хүүхнээс болж хүү минь хар залуугаа­раа шоронд суух нь. Хайран сайхан хүү
минь” гэж хэлээд явжээ. Хэд хоногийн дараа ирснээ “Долгорсүрэн өмгөө­лөгч ганцаараа
хүчрэхгүй гээд байна. Бид хэд ярилцаж байгаад хотоос улсын их сайн өмгөөлөгч аваад
ирлээ. Сайн өмгөөлөгч аваад гардаг гэнэ. Миний хүүгийн амьдрал ч там болчих гээд
л байна. Хүү маань ихдээ л 15 жил аваад гараад ирнэ гэнэ” гэх зэргээр ярьжээ.

“ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ГЭМШИЖ БАЙСАН”
ГЭХ ӨГҮҮЛБЭР НЬ ХОЁР ЖИЛИЙН ЯЛ ХАСУУЛЖ ЧАДЖЭЭ

Хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа
И.Мандах гуай хавтаст хэрэгтэй танилцжээ. Тэр үед мөрдөн байцаагчийн бичиг сайн
гаргагдахгүй бай­сан аж. Мөн цагдаа нь мөр­дөн байцаалтын талаар тайл­бар­лаж өгөлгүй
“Завгүй байна” гээд гадуур явж бай­гаад ирчихээд гарын үсэг зуруулсан байна. Мөн
“Шүүх эмнэлгээс зураг нь ирээгүй байна” гээд холбогдох зур­гийг үзүүлээгүй гэнэ.
Хавтаст хэрэгт талийгаач эмэгтэйг жирмээр зодсон хэмээн хэр­гийн материалыг бүрдүүлсэн
байжээ. Зургаан настай хүүх­дийн хэлж буйгаар дөрөө, хазаар зэргээр зодсон гэд­гийг
хэлсэн боловч тэр чигт нь явуулсаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Ингээд удалгүй
шүүх хурлын тов зар­лаг­даж анхан шатны шүүх хурал аравдугаар сарын 23-нд болжээ.
Шүүх хурал болох үед ар гэрийнхнээс нь нэг ч удаа мэдүүлэг аваагүй, хэр­гийн бүрдүүлэлт
дутуу байгаа тухай талийгаачийн өмгөө­лөгч шүүх бүрэлдэхүүнд хэлж, мөрдөн байцаалтад
буцаах хүсэлт тавьсан байна. Гэтэл улсын яллагч шүүх ажилла­гаанд оролцож “Гэр бүлийн
таарамжгүй харилцаанаас болж уг гэмт хэргийг үйлдсэн гэж гэмт хэрэгтэн мэдүүлсэн
нь хангалттай” гэхийн зэрэг­цээ хохирогчдын өмгөөлөгч­тэй хэргийн талаар мэтгэлцэж
байсан аж. Улмаар шүүх бүрэлдэхүүн Б.Эрдэнэбаа­тарыг чанга дэглэмтэй хорих ангид
20 жил хорих ялаар шийтгэжээ. Хурлын үеэр талий­гаа­чийн эгч үг хэлж байхдаа сэтгэл
санаа нь хямарч, улмаар гурван сар­тай жирэмсэн байсан ч ургаа алдсан байна. Ингээд
уг хурал дууссан бөгөөд, давж заалдах шатны шүүх хурал болохын өмнө мөн л Эрдэнэ­баатарын
ээж талийгаачийн гэрт ирж “Мөнгөтэй болоод танилтай бол ямар ч ажил бүтдэг гэдгийг
санаарай. Манай дүү Орхон аймгийн захиргаанд том албан тушаал хашдагийг мэднэ биз
дээ. Та нар хурлын үеэр олон юм ярихгүй байвал зүгээр шүү” гээд гарчээ.

Давж заалдах шатны шүүх хурал энэ
сарын 3-ны өдөр болсон аж. Уг хурлын үеэр ч шүүх бүрэлдэхүүн өмнөх маягаар ажилласан
байна. Хохирогч талын өмгөө­лөгч “Гэр бүлийн таа­ламж­гүй харилцаа гэдгийг ямар
баримт, гэрчийн улмаас дүгнэж байгааг нөгөө талын өмгөөлөгчдөөс болон шүүх бүрэлдэхүүнээс
лавлахад улсын яллагч мөн тас загнаад өнгөрсөн байна. Энэ үед Б.Эрдэнэбаатар “Би
хийсэн хэрэгтээ маш их гэмшиж бай­на. Ялыг минь хөнгөлж өгнө үү” гэсэн бөгөөд уг
хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээд 20 жилийг 18 жил бол­гон бууруулах шийдвэр
гар­гас­наа мэдэгдсэн байна.

Тус аймагт хэдэн жилийн өмнө хоёр
найз хоорондоо зодолдож, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан байна. Уг хэрэгт улсын
яллагчаар Б.Эрдэнэбаатарын хэргийг яллаж байгаа улсын яллагч ажилласан бөгөөд дээрх
хэрэгт гянданд хоёр жил, чанга дэглэмтэй хорих ангид 14 жил хорих ялаар шийтгэж
байсан аж. Гэтэл хэргийн сэдэлт болоод үйлдлийн хувьд тэнгэр газар шиг зөрүү­тэй
уг хэрэгт улсын яллагч ингэж хандаж байгаа нь хохи­рогчид болон бусдад хардла­га
төрүүлж байгаа аж. Тий­мээс талийгаачийн өмгөөлөгч Дээд шүүхэд хандаад байгаа юм
байна. Үүнийг нь дуулсан Б.Эрдэнэбаатарын ээж, дүү Б.Очир-Эрдэнэ нар дахин талийгаачийнд
очиж “Та нар Дээд шүүхэд хандчихсан уу. Та нар бидэнтэй чаргуудал­цаад яах гээд
байгаа юм бэ. Юу ч олж долоохгүй шүү” гэж хэлээд явжээ.

Талийгаач эмэгтэйн гур­ван хүүхэд
зутруухан аж төрж байна. Эмээгийнхээ тэтгэв­рийн мөнгөөр мах худалдаж авч өдрийг
өнгөрөөж байна. Б.Эрдэнэбаатарын талын­хан хүүхдүүдийг нь тоох нь битгий хэл мэндийг
нь ч асуу­даггүй аж. Гэр бүлийн дундын өмч болох машин, мото­цикль, мал, өвөлжөө,
гэр бараа гээд бүх зүйлсийг гэмт хэрэгтний ээжийн нэр дээр шилжүүлжээ. Гурван хүүх­дийн
тэжээгчээ алдсаны тэт­гэл­гийг тогтоолгох гээд Бугат сумын Засаг даргын Тамгын газрынхан  дээр очсон боловч “Шүүх хурал нэг мөр болсны дараа
энэ талаар ярина” гээд ажилтнууд нь хавьтуулалгүй буцаажээ. Мөн Булган аймгийн Шүүхийнхэн
“Шүүх хурал болоод үүнтэй холбоотой асуудал дуусаагүй тул хүлээж авахгүй гэхэд нь
“Бид иргэний журмаар хан­даж байна. Шүүх хурал зэрэг асуудал бол эрүүгийн хэрэгт
тооцогддог. Тиймээс бидний өргөдлийг хүлээж авах учир­тай” гэхэд учраа олж ядан
өргөдлийг нь авцгаасан байна. 

Б.Эрдэнэбаатар эхнэ­рийн­хээ аминд
хүрэхээс өмнө саахалт айлынхаа Гантуяа гэх эмэгтэйг зодож хүнд гэм­тээж байжээ.
Талийгаачийн ээж И.Мандах гуайн хэлж буйгаар Б.Эрдэнэбаатар хур­дан морь уях сонирхолтой
нэгэн гэнэ. Дунд хүүгээ хөл­сөлж ирсэн морийг олигтой­хон хөтөлсөнгүй гээд хам­рынх
нь цусыг тогтохгүй болтол нь цохиж, байнга шахуу зоддог байсан аж.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Б.Шархүү: Бусдын гарт амиа алдсан охиныхоо шарилыг авчирч чадахгүй л сууж байна даа

“Миний охин хамгийн сүүлд ах руугаа залгаж ярьсан байна лээ.
Өнгөрсөн сарын 12-ны өдөр хүртэл холбоотой байсан юм. Охин минь ах руугаа залгаад
“Би хүний наймаанд явах гээд байна. Та намайг ирж авар л даа. Хүмүүс намайг хөөгөөд
байна. Би айж байна” гэж яриад утсаа салгасан байдаг. Тэрнээс хойш огт холбоо барихгүй
байсаар бусдын гарт амиа алдлаа. Эгч нь хүүхдийнхээ шарилыг Малайзаас авчирч  чадах­гүй л сууж байна. Гадаад хэргийн яамныхан
зургаан сая төгрөг өгсөн. Тэр нь ганц хүний зардалд л хүрэх юм билээ. Ахыг нь ганцаараа
яваад аваад ир гэж байна” хэмээн ярих эмэгтэйг Б.Шархүү гэдэг. Малайзад бусдын гарт
амиа алдсан гэх Б.Энх­туяагийн ээж. Түүнтэй хэргийн талаар цөөн хором ярилцлаа.

-Та охинтойгоо хамгийн сүүлд хэзээ
холбоо барьсан бэ?

-Охин минь 2013 оны аравдугаар сарын
13-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 12-ны орой болтол бидэнтэй холбоотой байж, хүний
наймаанд явах гэж байна, эд эрхтнийг минь худалдаална гэнэ, би зугтаж байна, намайг
хөөж байна, авраач намайг, эндээс аваач зэрэг мессэж бичиж, утсаар ярьж байсан.
Тэгээд л сураг тасарсан. Түүнээс хойш холбогдох гэж олон удаа оролдсон боловч бүтээгүй.
Тэгтэл бидэнд өнгөрсөн сарын 23-ны өдөр ГХЯ-ны Консулын газраас “Малайз улсаас танай
охи­ныг амиа хорлосон байна. Цогцсыг нь авна уу” гэсэн бичиг ирлээ гэж танилцуулаад,
эмгэнэл илэрхийлсэн. Ингэж л охиноо бурхан болсон байна гэдгийг мэдээд хүнд байдалд
ор­чихоод сууж байна. Эгч нь бие тааруу. Охиноо бурхан болсон гэд­гийг мэдсэнээс
хойш ухаан алдаж унаад хүмүүс сандаргаад сууж бай­на. Охиноо амиа алдсан гэдэгт
одоо хүртэл итгэхгүй байна. Инээгээд ороод ирэх юм шиг санагдаад байх юм. Малайз
руу явахдаа охин нь их мөнгө олж ирээд сайхан амьдарна гэж хэлээд  л явсан юм. Охины маань шарил ямар байгааг мэдэхгүй
байна.  Хаана хадгалж байгааг хүртэл сайн
мэдээгүй. Тэр улсынх нь цаг­даагийн газрынхан нэг газарт хадгалж байгаа бололтой
юм. Бидний хүсч байгаа зүйл шин­жээчдийн багийнхантай хамт явах.

-Хэзээ Малайз руу явах гэж байна
вэ. Малайзаас манай Га­даад хэргийн яаманд 
амиа хор­лосон байж магадгүй гэж мэдэг­дээд байгаа шүү дээ. Өмнө нь та бүхэн
рүү утсаар ярьж хүний наймааны золиос болоод байгааг хэлээд байхад холбогдох газ­руудад
хандаагүй гэх мэдээлэл байна?

-Бид Баянзүрх дүүргийн XI хо­рооны
цагдаа нарт мессэж ирэх бүрт, ярих бүртээ хэлж, өргөдөл гаргаж, туслаач, бид яах
ёстой вэ гэж гуйж байсан. Ийм зүйл болохоор хүн төрийн цагдаад хандахаас өөр юу
ч мэддэггүй юм билээ. Гэтэл тэд “Охин чинь солиорчихсон юм биш үү. Яалаа гэж хүний
наймаанд явах гэж байгаа хүн гэрийнхэнтэйгээ утсаар холбог­доод, мэдээлэл өгөөд
байж байх юм. Өөрсдөө учраа ол. Эсвэл хар там­хичин болчихоод солиорч байгаа байх”
зэргээр доог тохуу хийсээр ийм байдалд хүрсэн. Охин минь  бидэнд намайг камертай подвальд хорьж байна гэж
байнга хэлж байсан. Цагдаа нар “Бид шалгаж байгаа. Интерполд бичиг явуулсан. Хариу
удахгүй ирнэ” гэсэн болохоор най­даад байсан юм. Төрийн цагдаа ингэж хэлж байгаа
юм чинь учиртай гэж бодсон. Гэтэл бидний өргөдлийг хэнд ч өгөөгүй сейфэндээ хадгал­чихсан
байсныг сүүлд мэдсэн. Ту­хайн үед сандраад яах ч учраа олохгүй байснаас цаг алдаж
охин минь бусдын гарт амиа алдлаа. Малайз руу хэзээ явах нь тодор­хойгүй байна.
Гадаад хэргийн яамнаас зургаан сая төгрөгийн тусламж үзүүл­сэн. Тэд энэ мөнгөөр
ахыг нь яваад дүүгийнхээ шарилыг аваад ир гэж хэлж байна лээ. Бид ахыг нь явуулаад
шарилыг нь аваад ирж болно. Гэтэл энэ хэргийн араас хэн ч нэхэл дагуул болохгүй
байсаар гэмт этгээдүүд ял авахгүй үлдчих гээд байна. Миний охин хүний наймаанд өртсөн.
Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсаныг нотлох олон баримт байна шүү дээ. Миний
охины эд эрхтнийг нь авчих­сан, хольж, сольчихсон байх магад­лал маш өндөр. Тэгээд
ч сар гаруй хуга­цаанд бусдаас зугтаж, айж, учир байдлаа мэдээлж байсан хүүхэд амиа
хорлоно гэж байхгүй. Тэр тусмаа олон нийтийн газарт тийм байдалтайгаар хорлохгүй.
Зугтах боломж л гарвал наашаа явах арга зам хайх байсан. Харин ч олон удаа зугтаж,
аврал эрсээр байсан. (уйлав) Бас нэг чухал юм хэлэхэд тэнд маш олон хүмүүс хүний
наймааны золиос болж байна гэсэн. Охин маань нэг удаа ярихдаа энд байсан нэг охиныг
аваад явчихлаа, хөөрхий. Одоо хажуугийн өрөөнд байгаа охиныг надаас өмнө авч явна
гэж ярьж байна. Манай өрөө камертай, миний утасны цэнэгийг дуусахаар эд нар цэнэглэж
өгдөг гэж байсан. Одоо охины минь барьж байсан дугаарыг нэг хятад эрэгтэй хүн барьж
байгаа юм билээ. Бид олон удаа залгаж, ярихыг оролдсон. Өөр нэг зүйл нь миний охиныг
тэр хүмүүс “Алтантуяа шиг л болгоно шүү. Хэн ч биднийг яаж ч чадахгүй” гэж байнга
хэлдэг, дарам­талдаг байсан гэсэн. Охины маань цогцсыг авчрахад дор хаяж 60-70 сая
төгрөг орно гэсэн. Чандарлавал 7-8 сая төгрөг зардалд нь орно гэсэн. Биднийг ийм
их мөнгө гаргаж авчирч чадахгүй учраас талийгаачийг тэндээ чандарлана гэж тооцоолсон
байх. Монголоос шинжээч болон бусад албан хүн очихгүй тохиолдолд охиноо бид юунаас
болж, ямар шалтгаанаар, эд эрхтний наймааны золиос болсон эсэхийг мэдэхгүй өнгөрнө.
Энэ хэрэг ингээд намжина гэсэн үг. Үүнийг бид хүсэхгүй байна. Ийм учраас л ХЭҮК-т
хандаад байна. Хүний эрхийн Үндэсний комис­сынхон одоогоор хариу өгөөгүй байна.
Ажил тарахаас өмнө очиж хариу өгөх эсэхийг асуух гээд сууж байна. Болохгүй бол байраа
зараад ч хамаагүй мөнгө төгрөгийг нь олоод шинжээч нарын баг бүрэлдэхүүнтэй Малайз
руу явуулах нь чухал байна. Түүнээс хэл ус мэдэхгүй бид нар очоод юу ч хийж чадахгүй
хүрээд л ирнэ шүү дээ. Харин шинжээчдийн багийнхан гадны нөлөөтэй эсэхийг шалгаж
тогтооно. Үүнээс үүдэн Малайзын цагдаа нар гэмт хэрэгт­нүүдийг илрүүлэх бо­ломжтой
юм.

-Талийгаач ямар зорилготой Малайз
руу явсан юм бэ?

-Хоёр ихэр хүүхэн охиныг маань Малайз
явахаас өмнө танил­цаж, тийшээ хамт явахыг санал болгосон. Өндөр цалинтай, дажгүй
ажил олж өгнө гэж байсан. Тэгээд тэд хамт яваад, хоёр жил орчим найзалж, нөхөрлөөд,
холбоотой байсан бай­гаа юм. Ингэж байхдаа манай гэ­рийнхнийг айхавтар судалж, талий­гаачид
хэр анхаарал хандуулж байгаа, түргэн хугацаанд ирж авч чадах эсэх гээд бүгдийг нь
судалсан бололтой юм. Сая хүртэл охины бичиг баримтыг эндээс канондож, янзлаад явуулахад
хүртэл судал­гаагаа хийж байсныг охин маань бидэнд хэлсэн. Охины маань ярьсан яриа,
бичлэгүүд бидэнд байгаа. Хүний наймааны маш том бүлэглэл, хар тамхи зэрэг бусармаг
зүйлстэй холбоотой болохыг нь миний охин мэдсэн учраас тэд амийг нь бүрэл­гэчихээд
амиа хорлосон болгож байгаа юм. Энэ тухай охин маань бидэнд сануулж хэлж байсан.
“На­майг алчихаад дараа нь яаж үхсэн гэж та нарт ойлгуулах, тайлбарлахыг нь мэдэхгүй
байна. Намайг хүний наймаанд явуулах гээд байна” гэж байсан. Талийгаачтай хамт байсан
гурван монгол хүүхний нэг нь энд ирчихсэн, саяхан төрсөн гэсэн. Нөгөө хоёр нь тэндээ
байгаа гэсэн. Тэдний талаар Эрүүгийн цагдаагийн газрын­хан анддаггүй юм билээ. Монголд
байгаа эмэгтэйг нь лав Малайзад нэртэй биеэ үнэлэгч гэж байсан. Харин нөгөө хоёр
ихэр нь хүний наймаатай холбоотой бүлэглэлийн гар хөл болдог бололтой юм ярьж байсан.
Тэр хоёрыг олж, Монголд авчраач гэхэд “Тэднийг энд авчирч болохгүй. Тэндээ хууль,
хяналтын дор байдаг хүмүүс” гэж Эрүүгийн цагдаагийн нэг хүн хэлж байна лээ. Нэг
хүнийг 5000-7000 ам.доллараар худалдаалдаг гэсэн.

-Талийгаачийн цогцсыг хаа­наас
олсон юм бол. Та бүхнийг Ма­лайз руу явчихсан гэж ГХЯ-аас өнөөдөр мэ­дээл­сэн?

-Охины маань цогцсыг Олон улсын худалдааны
төвийн үүднээс боомилсон байдалтайгаар дүүжил­сэн байсныг хүмүүс олоод цагдаа­гийн
байгууллагад хэлсэн гэсэн.  Энэ бол маш том доромжлол. Охиныг минь хорьж цагдахдаа  сарын хуга­цаанд утсаар яриулж, мессэж бичүүлж,
бидэнд мэдэгдээд, дээрээс нь олон нийтийн газарт тийм байдалтайгаар орхисноос харахад
зөвхөн манай гэр бүлийг бус Монгол Улсыг тэр чигт нь доромжилж, даажигнаж байгаа
явдал. Дээрээс нь тус улсын бүх шатны байгууллагаас манай охинтой холбоотой нэг
ч мэдээлэл хууль, хяналтын байгуул­лага хийгээд, Хүний эрхийн үндэсний комисст ирүү­лээгүй
байна. ГХЯ-ны Консулын газраас бидэнд Малайз руу явах, талийгаачийн хойдод зориулж
зур­гаан сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Гэхдээ шинжээч болон өөр бусад хүмүүс томилж,
явуулах боломжгүй гэсэн. Тиймээс бид ХЭҮК-т хандсан. Ямар хүмүүстэй хэрхэн холбогдож,
явах боломжтой талаар өнөөдөр хариу хэлнэ гэсэн. Мөн бидэнд сайхан сэтгэлийн үүднээс
туслах хэлтэй хүн хэрэгтэй байна. Малайз руу охид, хүүхдүүд хэл сурахаар явлаа л
гээд байдаг. Үнэнийг хэлэхэд хэл сурах боломж, нөхцөл, орчин маш муу гэсэн шүү.
Элдэв зар, хүнд итгэж тийшээ зүглэх ч хэрэггүй гэж хэлмээр байна. Янз бүрийн муу
зүйл боллоо гэхэд чадал муутай эцэг эхчүүд болоод Монголын төр хүнээ амьд дээр нь
аварч чадахгүй юм байна шүү гэж хэлмээр байна.

Ийн ярилцаад Малайзад амь насаа алдсан
Б.Энхтуяагийн ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комисс руу явсан юм. Талийгаач
бүс­гүй айлын отгон хүүхэд юм билээ. Аав нь бага байхад нь бурхан болсон бөгөөд
ээж, ах, эгчийнхээ хамт амь­дар­­даг байжээ.

Э.БААТАР

 

Categories
редакцийн-нийтлэл

Монголчууд өвлийн идшээ бэлтгэж байна

Өвлийн тэргүүн сар дуусах гэж байгаа энэ үед монголчууд
өвлийнхөө идшийг бэлтгэж байна. Өнөө жилийн хувьд өв­лийн тэргүүн сар дундаа орчихоод
байхад цаг агаар тогтуун дулаахан байсан болохоор мах олиг­той хөлдөж өгөхгүй өвлийн
идэш бэлтгэл орой­тож эхэл­жээ. Энд тэндгүй л өвлийн идэш ярьсан хүмүүс таарал­дах.
Даага, шүдлэнгээс ава­хуу­лаад сувайрсан гүү, бяруу, шүдлэн, хязаалан гуна, сувайр­сан
үнээ, нас биед хүрсэн шар ямар үнэтэй бай­гаа талаар таньж мэддэг хөдөөний хүмүүсээс
асуух ажээ.

Өнгөрсөн амралтын өдрийг
далимдуулж өвлийн идшээ бэлтгэхээр хөдөө гэр рүүгээ нийслэл хотоос хөдөл­сөн юм.
Манай хөдөөх гэр хотоос ойрхон болохоор Увс, Ховд гээд холын айм­гийнхан шиг өвлийнхөө
идшийг олж ирэх гэж бөөн ажил болохгүй. Хотоос баруун тийш 250 орчим километр давхиад
гэ­рийн­хээ гадаа буюу Бар­гил­тынхаа энгэрт очих.

Төв аймгийн Эрдэнэ­сант сум сүүлийн жилүүдэд  улсдаа малын тоо толгойгоор тэргүүлэх сумдын нэг
болсон. 70 гаруй мянгат малчин, арав гаруй гурван мянгаас дээш малтай малчин, бүр
мал нь долоон мянга хүрэх шахсан улсын сайн малчин хүртэл бий. Тиймээс нийслэлчүүдийн
өвлийн идэшний багагүй хувийг энэ сумаас бэлтгэдэг. Хотод ойрхон болохоор манай
сумыг зорьж ирээд өвлийнхөө идшийг худалдаж аваад явах хүн бий.  

Хотоос баруун тийш гарч давхиад Эмээлт өнгөрч
Галзуу харын худаг, Цагаан хөтөл өнгөртөл бөмбийсөн цагаан цастай. Харин Баян­цог­тоос
цааш Өндөрширээт хүртэл хав хар, цас бараг ороогүй шахам байх ажээ. Харин Эрдэнэсант
суманд богийн туурайны л цастай байна лээ. Халиурсан шаргал өвстэй, мал тарган,
намраа­раа байх. Өнгөрсөн зун ногоо­ны гарц гойд сайхан байсан болоод ч тэр үү мал
сүрэг тарган гэж жигтэйхэн. Замд сунайсан урт уурга барь­сан залуус адуугаа хурааж
байгаа харагдана.   Хойд энгэрийн бууцанд өвөл­жиж байгаа айлын яндангаар
аргалын цагаан утаа олгой­дох ажээ. Гэрийнхээ баруун урд талд хэдэн хүмүүс бөөг­нөрчихсөн
хажууд нь машин тэрэг зогсож байгаагаас өвлийн­хөө идшээ хийж байгаа гэдгийг  хараад л 
мэдчих ажээ.

Харих замдаа хэд хэдэн хүнтэй тааралдлаа. “Ам”
Б.Санжмятав гэх Эрээн-Ухаагаар нутагладаг 
залуу  “портер” дээр гурван үхэр, хэдэн
бог ачсан явна. Сумын төв орж хүн бүлтэй газар нядлаад хот руу ачаад явах гэнэ.
Хоёр хүүхэд нь хотод сургуульд сурч байгаа юм байх. Мөн ах дүү хамаатан садандаа
өвлийнх нь идшийг бэлтгэж өгөх ажилтай болжээ. Тэрээр “За та нар гэнэт малтай гэдгээ
санаад мах авахаар ирж явна уу. Одоо ч хөдөөний мартагдсан бид нарыг хотын  ах дүүс, хамаа­тан садан нь гэнэт санадаг   цаг үе шүү дээ. Хажуу айлын Хуягаагийнд хотынхон
ирчих­сэн байна лээ. Өвлийнхөө идшийг бэлтгэх юм гэсэн” хэмээн ёжлонгуй хэлэв. 

Өдийд буюу гадаа тавьсан зүйлс ян хөлдөх цагаар
хотын­хон өвлийнхөө ид­шийг бэлтгэхээр хөдөөг зорь­дог үе . Хотоос хөдөөг зорих
машины цуваа тасрахгүй. Ах, дүү хамаатан 
садан гээд малчин айл руугаа өдийд цувдаг болохоор хөдөөний­хөн өвлийн идэш
хийх үеийг малчин ах, дүү хамаатан садангаа санадаг сар гэж нэрлэжээ.

Оорцогийн хөндийгөөр хөтөлгөө морьтой хүн давхиж
яваа харагдлаа. Түүнийг хүлээж хэсэг зогсов. Бараан морь унасан нөгөө залууг ойртож
ирэхээр нь танилаа. “Улаан” Дамбаа ах явна. 
Мөн л өвлийнхөө идэшний адууг хөтлөөд сумын төв орж байгаа гэнэ. Түүнээс
адууны үнэ ханш асуулаа. Даага 500 мянга, шүдлэн 600 мянга тарган гүү 900, морь
1.2 сая төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Хотод махны үнэ буучихаад байхад идэшний үхэр,
адуу­ны үнэ өнгөрсөн жилийнхээс огт буурахгүй байгаа гэнэ. Уулзсан хүн бүр л адууны
хулгай идэшний үеэр их гарах болсон талаар ярьж байна лээ. Нутгийн сайн эрчүүд айлын
адуунд “хазаар гүйлгээд” даага, шүдлэн, унага даагагүй тарган морийг нь түүчихээд
байгаа гэнэ. Тиймээс адуугаа өдөр болгон хурааж ойр хавиар хэн явж байгааг бүртгэдэг
ажилтай болжээ, сумын адуучин залуус. Булганы Дашин­чилэн, Баяннуур сумаас адуу
хулгайлдаг залуус ирээд байгаа гэх сураг сонсогдов.

Ийн явсаар бүрий болж байхад гэртээ ирэв. Өвлийн­хөө
бэлтгэлийг базааж өвс, тэжээлээ бэлтгэчихсэн. Малын­хаа саравчийг засаад онгорхой
цоорхойгоор нь үхрийн баасаар чигжээд хөл­дөө­чихсөн. Намар хотноосоо хөрзөн хуулаад
баруун энгэр дээрээ асгачихсан болохоор өвлийн бэлтгэлээ бүрэн базаа­гаад дуусчээ.
Хажуу айлын Дамбарэнцэн гуайнх мөн л хүүхдүүдийнхээ өвлийн идшийг бэлтгэх гээд бид
нартай давхцаж таарав. Тээр доор хотны захад хонь, ямаа  яраглаад хэвтэж байна. Дулаахан байгаа болохоор
бууцны хөлд хотолж байгаа юм байна. Үхэр саравчны урд талд хивээд хэвтэж байна.
Хүйтрээд эхлэхээр саравчны мухарт эгнүүлээд уяна. Тэнгэрт бүртийх үүл алга. Одод
түгээд анивчин гялалзаад тэнгэрийн заадас сүүн цагаан зам татуулан үзэгдэнэ.  Жавартай салхи сэр сэр салхилахаас өөр ямар ч
чимээ аниргүй ажээ. Өвлийн хөдөөгийн шөнийн байдал ийм л дүр зурагтай байдаг даа. 

Ингээд өглөө эртлэн өвлийнхөө идшийг бэлтгэж гарлаа.
Идэш төхөөрөх газ­раа сонгов. Гэрийн зуур урд талд хэвгий газарт хийхээр болж саравчнаас
уясан үхрээ аваачлаа. Тэртээ доор хэдэн азарга адуу хоножээ. Хажуу айлын уяан дээр
хүрэн азарга эргэцээд янцгаана. Өвлийн сарын өдийд малчид азаргаа унадаг үе. Хавар
хүчийг нь тогтоох гэж бага зэрэг хөлөр­гөж цантуулаад уяж хонодог юм. Мөн уядаг
хурдан  морь­дын хорыг гаргах гэж уяж хонодог
билээ.  Талын жавар арилаагүй байхад эхнээс
нь унагаж гарав. Саахалт айлын Хосоо, Гараваа хоёр хүрээд иржээ. Бид өвлийнхөө ид­шийг
бэлтгэж байхдаа  элдэв зүйлс ярив. “Энэ жил
төхөөрсөн малын гүзээ их үстэй байгаа гэнэ. Малын гүзээ үс ихтэй байхаар тэр нутагт
өн болж цаг хатуур­даг­гүй гэнэ. Мөн намар орой, үдэш их харанхуй байсан болохоор  цас их унаж магад. Гэхдээ өвс өндөр ургасан болохоор
бод айлтгүй”  гээд л тэнгэр хангай шинжиж
байснаа сүүлдээ морь, бөх рүү ярианы сэдэв хазайв.

Найданпүрэв гэж 50 хол давсан настай  ах “Мөөеө аварга намар Одынд байж байгаад хот
руу явсан” гээд бидэнд мэдээлэл өгөх. Үүнээс үүдээд  өнгөрсөн зуны наад­маар улсын заан болсон Батмөнх
зааны ээж Эрдэнэ­сантынх, Японы сумод барил­даж байгаа А.Хүчит­баатар, чөлөөт бөхийн
ДАШТ-ий аварга болдог Ман­дах­наран гээд манай сумын эмэгтэйчүүд сайн бөх төрүүл­дэг
болсон гэж ирээд ярив. Мөн улсын заан Ч.Санжаа­дамбыг Булганы Рашаант суманд залуу
бөх ирээд барил­дах үед манай сумын бөхчүүд хэрхэн давж байсныг Н.Отгонжаргал бодитоор
харуулах. Хотод бөх болох гэж ирээд хөдөө гэр рүүгээ зугтаадаг байсныг өөрөө хажууд
нь байсан юм шиг л ярьж байна.  Дундаа нэг
шил архи тавьчихсан тойруулаад л, иймэрхүү зүйл яриад өвлийн идшээ төхөөрч бай­гаа
юм. Нар ээсэн дулаахан өдөр болж байгаа ч гэсэн өглөөний жавар гар дааруу­лах ажээ.
Ингэж гар даарах үед дулаацуулдаг нэг арга бий. Тэр гэдсийг нь гаргаад тавьсан малын
халуун сэв­сэнд гараа дүрж хэсэг дулаа­цуулах. Бээрч даарсан гараа дөнгөж гаргасан
үхрийн сэв­сэнд хийхэд дороо дулаацдаг юм. Мөн гар, хутганд наалд­сан цус, тосыг
халуун сэвсээр арчихад сайхан цэвэрлэдэг гэдгийг хүн бүр мэдэхгүй болов уу. 

Харин гэрт эмэгтэйчүүд үхрийн гэдэс арилгах гээд
бөөн бужигнаан. Бас болоо­гүй ээ. Энд тэндхийн хов живнээс авахуулаад яриад байгаа.  “Манай суманд чинь нэгнийгээ машинаар дайрч аминд
нь хүрсэн хэрэг олон гарсан. Нөгөө нөхрөө дайр­чих­сан хүүхний хэрэг удахгүй шүүхэд
очих юм гэсэн. Тэдний хүүхэд их сайн явдаг гэнэ лээ. Бүр дарга болсон гэсэн. Тэр
тэгэх гээд байсан юм аа” гээд л ярих. “Нөгөө манай энэ хавиар яваад байдаг байсан
өндөр бор залуу чинь нэг хүүхнийг нөхрөөс нь салгаад аваад ирсэн байна лээ” гэж
ярьж байх шиг. Яриан дундуу­раа гургалдай чихэж байв. Тэгж байтал дахиад гэдэс гарлаа
гэж хэн нэгнээр хэл ирээд сандаргав.  Бүгд
л төмсөн сав, дэлгэх даавуу гээд гэрээсээ гарцгаах ажээ.

Бага үдийн алдад төхөөр­сөн малын мах эхнээсээ
хөлдөж эхэлжээ.  Ширэн дээр нь жижиглээд саравчин
дээр даавуу дэвсэж байгаад тавь­чих­сан болохоор амархан загсаж байв. Эхний төхөөр­сөн
үхрийн махнаас  дээ­лийн­хээ хормойгоор оруулж
ирээд 20 литрийн тогоонд хийгээд үйв. Тогоотой мах дороо даргилан буцалж  гэрийн тооноор уур савсаж байгаа харагдана. Саахал­тын
айлынхан гэрийн гадаа машин ирснийг дурандаад тал талаас ирцгээх. Ойр хавийн айлууд
бүгд өвлийн­хөө идшийг хийж байгаа талаар ярих ажээ.

Үхрийнхээ махыг чанаж дуусчихаад залгуулаад адууны
мах тогоонд үйв. Ер нь малчдын өвлийн хоол адууны бүхэл чанасан мах.  Адууны умс, хитай, цагаан шавай гээд ямарч хүйтэнд
царцдаггүй сайхан хоол  байх. Чанасан махаа дав­санд дарсан хөмүүл, гоньдоор
хачирлаад л, зэрлэг сонгино  бүтнээр нь хийгээд л өвлийн хүйтэнд буусан суусан
хоно­сон өнжсөн бүгдэд цагаан түмпэнтэй мах түлхэнэ. Ийн өвлийн богинохон нэг өдрийг
идэш хийж өнгөрөөв. Гэхдээ хийх ажил дуусах болоогүй. Хөлдөөсөн айргаа зуухны хажууд
тавьж гэсгээж байгаад бага зэрэг халааж уучихаад  оройн ажилдаа орлоо.

Өвлийнхөө идэшнээс гадна хавар идэх үүц мах бэлтгэв.
Хөдөөний айл болгон л үүц мах бэлтгэдэг билээ. 
Урт шар хүн гэрт ирэхээр үүцний махаа задална гэж хүүхэд байхад томчууд  ярь­даг­сан. Үүцний махыг нар, салхи үзэхгүй сүүдэр
газар цасанд булаад орхичихдог. Тэгээд хавар задлаад идэ­хээр шинэ мах шиг огт урь
идээгүй байдаг. Үхэр, хонины махаар үүц бэлтгэнэ.

Мөн цагаан сарын хони­ны ууц, таван түрүү, адууны
гуяны махыг умсанд чихэх гээд идэшний үеэр мундахгүй их ажилтай. Үхрийн гуя, ямаа­ны
махтай борцлоод тааран  шуудайд хийгээд саравчин
дээрээ шидчихнэ. Зуныг өнгөрөөх борцыг өдий цагт ийн бэлдэнэ. Нар, урь амтагдсан,
намирсан зөөлөн шар борц хавар, зуны цагт иднэ. Мөн бог малынхаа гэд­сийг цустай
холиод гүзээний хуулганд боогоод  хярамцаг
хийгээд саравчин дээр хөлдөөгөөд  өвөл шөлтэй
хоолонд хийнэ.

Сүүлийн хэдэн хоногт мон­голч­ууд ингэж л өвлийн­хөө
идшийг бэлтгэлээ. Зулын 25 боло­хоос урьтаж улайгаа хийж дуусгахаар шамдсан нь тэр.
Харин Бурхан багшийн их дүйчин өдрөөр тогоо тосол­сон малынхаа бөөрний өөхөөр зул
барьдаг уламж­лал одоо ч гэсэн хэвээрээ байна лээ. Төхөөрсөн малын гэдэс дотор цавцайсан
цагаан өөхтэй.

Хөдөө гэрээ­сээ нийслэл хот руу хөдөлсөн юм. Замд
малын мах ачсан машины цуваа тасрахгүй. Түүхий эд худалдаж авдаг газруудад үхэр,
адууны шир, хонины нэхий, ямааны арьс хураалгаатай байна лээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Б.Зинамядар: Шамбалын дайны шар цэргүүд олон хүний зүрхийг сугалж, амьдаар нь шарсан

1932 ОНЫ ЗЭВСЭГТ БОСЛОГО ГАДААДААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭДГИЙГ ТҮҮХИЙН
ОЛОН БАРИМТ НОТОЛДОГ-

1932 онд дөрвөн аймагт ард иргэд
төр засгийнхаа эсрэг тэмц­сэн зэвсэгт бос­ло­го гарч, зургаан мянга гаруй хүн амиа
алдсан түүх бий. Тэр зэвсэгт бослогын талаар 40 гаруй жил судалгаа хий­сэн Б.Зинамядар
хэ­мээх 78 настай ахмад судлаачтай уншигч та бүхнийг уулзуулж бай­на. Бид хоёрын
ярилц­лага аль нутаг усанд төрж өссөн тухай яриа­гаар эхэлсэн юм.

-Та аль нутгийн хүн бэ. 1932 оны
зэвсэгт бослогыг судлах бол­сон талаар ярилцлагаа эхлэх нь зөв байх.

-Өвгөн ах нь 1934 онд төрсөн. Хуучнаар
Архан­гай аймгийн Идэр су­мынх. Харин одооны за­саг захиргаагаар Хөвсгөл аймгийн
Галт сумын хүн.  1932 оны зэвсэгт босло­гын
талаар их олон жил судалсан хүн. Ард иргэд төр засгийнхаа эсрэг тэмц­сэн хэмээн
түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн 1932 оны зэвсэгт бослогын талаар судлах болсон шалтгаан
нь ийм учиртай юмаа. Би аавгүй өссөн хүн.
Миний эцэг  1932 оны  зэвсэгт бослогод оролцож яваад Ардын армийн цэрэгт
амь насаа алдсан юм. Бага байхаасаа миний аав ямар хүн байсан бол хэмээн бодогдоод
хамт тэр зэвсэгт бослогод оролцож байсан хүмүүсээс аавынхаа талаар асууж эхэлсэн
юм. Эндээс эхлээд  судалгаагаа эхлүүлсэн хүн
дээ. Ер нь түүх үнэн байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд түүхийн үнэн гуйваад байна.
Үүнд сэтгэл эмзэглэж явна даа. Миний судал­сан 1932 оны дөрвөн аймгийн ард иргэдийг
хамарсан зэвсэгт бослого гадаадаас зохион байгуулсан гэдгийг өнөөдөр хэн ч ярихгүй
байна. Харин ард иргэд төр зас­гийн­хаа эсрэг тэмцэж боссон мэтээр ярьсаар иржээ.
Яг үнэндээ тийм биш.

-1932 оны зэвсэгт бослого юунаас
үүдэн гарсан талаар асуумаар байна. Түүхийн эх сур­валжуудад ард иргэд өөрсдийн­хөө
үзэл бодлоо илэрхийлж бос­сон хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг?

-1921 онд ардын хувьсгал ялсан цагаас
эхлэн түвдүүдийн гар хөл монголчуудыг төр засгийнх нь эсрэг турхирч эхэлсэн байдаг.
Энд тэндгүй л бослого гарч байсан. Гэвч түүнийг нь тухайн үед нам дарж байсан юм
билээ. 1932 оны бос­ло­гыг “Ардын бослого” гэж нэрлэх болсон нь буруу. Яагаад гэвэл
түүнийг ард олон санаачлан хэрэг­жүүлээгүй. Төр засгаа солих, хойд хөрш улсаас хөндийрүүлэх
гэсэн бодол тэр үеийн жирийн иргэдэд огт байгаагүй. Харин гадаадаас буюу Манж-Го,
Япон, Төвдөөс өдөөн турхирсан гэмт үйлдэл гэд­гийг олон баримт бичгээр нотлох байна.
Бослогыг Банчин богдын заавраар Монгол Улсын дотоодод Ёнзон хамба Лувсанхаймчиг
гэг­чийн удирдаж байсан “Эсэргүү төв” гэдэг байгууллага залж чиглүүлж байсан юм
билээ. Энэ төвийн гол бүрэлдэхүүн болох 26 хүний 14 нь Түвд хүмүүс буюу гадаадын
тагнуул байсан юм билээ. Энэхүү Ёнзон хамба Лувсанхаймчиг нь VIII Бог­дын гурав
дахь багш гэх нэрээр 1916 онд Монголд ирсэн тагнуул. Тэрбээр хөдөө нутаг руу өөрийн
хүмүүсийг явуулж төр, засгийн эсрэг сурталчилгаа хийлгэж, Шам­балын дайн хийх, шар
цэрэгт энгийн ард иргэдийг нууцаар элсүүлж эхэлсэн байдаг. IX Банчин богдоос нууц
утгатай таван захи­дал авч, наймаа хийх нэрээр Замын-Үүд рүү хүн явуулж Японы тагнуултай
холбоо бариулдаг байсан байгаа юм. Гол холбоочин нь цорж Б.Содов гэгч байсан бөгөөд
энэ хэрэг 1938 онд илэрч цаазлуулсан юм билээ. Банчин Богдоос ирсэн захидалд “Шамба­лын
дайн” хэмээн нэрлэж  байсан юм билээ. Тухайн
үед монголчууд бүгд шарын шашинтай байсан. Харин Ардын нам шарын шашин дэмждэггүй
байсныг ашиглаж энгийн ард иргэдийг эхлээд шашин шүтлэгийг нь ашиглаж цуглуулж эхэлсэн
байдаг. Шамбалын дайн хэмээн нэрлэгдэж байсан уг тэмцэл хийхийн тулд нууц хэлбэрээр
шар цэргээ цуглуулж байгаад сүүлдээ Ардын намынхан мэдсэн байдаг. Ингээд бүх зүйл
ил цагаандаа гарах үед бослогыг толгойлж бай­сан Равдансамбуу гэх хүн  Ёнзон хамбад бараалхан зааварчилгаа авсан байдаг.
Шамбалын дайнд  шар цэрэг бол гэж тулгаад
зөв­шөөр­сөн хүнийг бууны ам долоол­гож ам өчиг аваад элсүүлдэг бай­сан. Харин бослогод
оролцохгүй бол 30 гаруй төрлийн аргаар тарчлаан амь насыг нь хөнөөдөг байсан байгаа
юм. Эсэргүүцлийн гол зорилго ардын засгийг устгаж Хаант засаглал бий болгох, шашинаар
дамжуулан төр барих гэсэн далд бодлого байсан юм билээ. 1932 оны дөрөвдүгээр сарын
11-д Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялганатын хүрээнд 100 гаруй лам, ардууд зэвсэглэн
босож сум, хамтралын төвийг дайран довтолсноор энэхүү зэвсэгт бослого эхэлсэн.

-Хүмүүсийг 30 гаруй аргаар тарчлаадаг
гэв үү?

-Энэ талаар дэлгэрэнгүй ярих юм бол
жирэмсэн эмэгтэй хүний  хүүхдийг нь зулбуулах,
хөхийг нь огтолж авах, амьдаар нь зүрхийг нь сугалж туг дахих, мөн амьдаар нь халуун
тогоонд шарах, буцалж буй усанд хийж хөнөөх гээд хүний санаанд багтамгүй олон аймшигт
аргаар хөнөөдөг байсан юм билээ. Баянхайрхан сумын эвлэлийн үүрийн дарга Д.Бүрэнжаргал
гэх хүнийг олон хүний нүдэн дээр амьдаар нь шарсан байдаг. Энэ мэтээр 1800 гаруй
хүн тэдний гарт амиа алдсан байдаг. Тэр үед энгийн иргэдэд ямар ч сонголт байгаагүй.
Төр засгийн эсрэг турхирсан тэмцэлд оролцох, хэрэв эсэргүүцвэл аймшигтайгаар там­луулж
үхэх. Тийм болохоор сонголт­гүйгээр шамбалын дайны шар цэрэг болж бууны хошуу долоож
тангараг өргөдөг байсан байгаа юм.  Ийм аргаар
таван мянга гаруй цэрэгтэй болсон. Цэргүүдийг удирдаж байсан хүмүүс гэвэл эд хөрөнгөө
хураалгасан зэвсэглэсэн чинээлэг ардын аж ахуйтнууд, лам нар, хэргэм зэрэг, эрх
ямбаа хасуулсан хошуу засаг ноёд тайж нар, нам, эвлэлийн гишүүд асан мөн эрүүгийн
оргож, боссон ялт­нууд байсан юм билээ.  Тухайлбал,
Ч.Самбуу Дүвчин, Ц.Жамц, Б.Түгж, Ногоон малгайт Дамдинсүрэн, Бор гэгээн Самдан,
Б.Жамсрандорж, Шадав гэх хүмүүс.

-Тэд яаж буу зэвсэгтэй болсон юм
бэ?

-Эсэргүү бослогын цэргүүдэд ямар ч
зэвсэг байхгүй. Муна, бороохой хутга, цөөн хэдэн буу байсан байгаа юм. Тэгж байтал
ардын намын цэргүүд бослогыг дарахаар ирсэн байдаг. Эхлээд 200 гаруй буу зэвсэгтэй
цэргүүд ирээд ялагдал хүлээсэн. Тэдний бүх зэвсэг тэмцэлд оролцож байгаа хүмүүсийнх
болсон. Гэхдээ таван мянган цэргийн ихэнх нь ямар нэгэн аргаар зугтаах сонирхолтой
байсан. Гэвч бүгд айж байсан болохоор арга буюу байлдаж байсан юм билээ. Цахиур
буу, хурдан буугаар ихэнх нь зэвсэг­лэсэн байна лээ. Хэдхэн сарын дотор шар цэргүүд
хүчээ авч Мон­голын төр засгийг эвгүй байдалд оруулсан. Хэрэв цаг хугацаа алдвал
бүр эвгүй байдалд орох учир цэрэг, зэвсгийн хүчээр бослогыг дарсан байдаг.

-Онгоц, танк, хурдан буугаар зэвсэглэсэн
цэргүүд бороохой барьсан энгийн ардыг бүсэлж байгаад л буудаж гарсан гэдэг байх
аа?

Монголчуудыг гаднынхан дотор нь хагалан
бутаргаж хоо­ронд нь дайтуулчихсан байхгүй юу. БНМАУ-ын төр, Засгийн газар, Монголын
Ардын арми болон Дотоодыг хамгаалах газрын цэр­гийн ангиуд ЗХУ-ын цэргийн ангиуд,
нисэх отряд, хуягт танкийн хэсэг оролцсон. Д.Өлзийбат, Б.Намсрай, Ж.Малж, Ц.Гиваапил,
Сайд А.Содном нар цэргийг удир­даж удаа дараа байлдсан байдаг. Хамгийн сүүлд Д.Өлзийбатын
отряд ялсан юм билээ. Ингэхдээ 1300 цэрэг, Р-1 нисэх онгоц-3, Р-5 нисэх онгоц-10,
5 танк, 10 хуягт машин, пулемётаар дарсан байдаг. Цэрэг, энгийн ардууд зэрэг нийтдээ
1800 гаруй хүн босогчдод алагд­са­наас 407 хүний зүрхийг амьдаар нь сугалж,
1200 гаруй хүнийг 30 гаруй аргаар тамалж алсан. Гад­нын­хан монголчуудыг хооронд
ингэж турхирч байлдуулж олон хүн амиа алдсан юм. Харин бослогод оролцсон 1500 гаруй
хүн амь үрэгдсэн бөгөөд тулалдаанд 500 гаруй хүн, цэргийн шүүхээр 612 хүнийг буудсан.
Нийтдээ 4200 хүн алагдсан. Бослого тэмцэлд оролц­сон хүмүүс хэлмэгдсэн. Тэднийг
гаднынхан анх шашин шүтлэгээр нь ашиглан итгүүлж дараа нь хүчээр элсүүлж цэргээ
болгосон. Харин Монголын төр тэднийг буудан хөнөөсөн шүү дээ. Ингэж л Монголын ард
түмэнд уй гашуу авчирсан шамбалын дайн дууссан юм. Мөн ч олон хүнийг хэлмэгдүүл­сэн
байдаг.

-Энэ бослогын үеэр ард иргэд танк
хүлсэн гэдэг байх аа?

-Тиймээ. Архангай аймгийнхан энэ бослогоос
хойш Танк хүлдэ­гийнхэн гэсэн хоч авсан байдаг шүү. Тэр үед танк унаж явсан хүн
нь Дорнод аймгийн харьяат сүүлд Хөдөлмөрийн баатар болсон Төмөр. Харин буу сумлагчаар
нь нэрт эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ гуай байсан юм билээ. Тэгсэн танкаа тавиад явсан
хойгуур нь сур, гэрийн бүслүүр зэргээр хүлсэн байдаг. Тэгсэн нөгөө  хүлсэн танк­ны гэрэл нь ассан байгаа  юм. Тэр үед нутгийн залуус танк сур, хялга­сан
дээсээр хүлж байхыг нь хараад зогсож байсан эмгэн гүзээ шар тос асгаж байгаад шатаа
гэж хэлж байсан гэнэ лээ.  Үүнээс үүдэн Архангай
аймгийнхан танк хүлдэ­гийнхэн гэх болсон юм.

-Тэр үед гадаадаас турхирсан гэдгийг
төр засаг мэдэж байсан юм болов уу. Ёнзонхамба нарын талаар хэр судалсан бэ?

-1932 онд ардын төр, засгийг зэвсгийн
хүчээр устгаж, хаант засаг байгуулах, шарын шашныг ман­дуу­лах, Монголыг ЗХУ-аас
хөндий­рүүлж, Хятад, Төвд, Япон улсын эрхшээлд оруулах зорилготой байсан ажиллагаа
нурсан. Ёнзон Хамба Ц.Лувсанхаймчиг нэгэн мэдүүлэгтээ “Ёнзон миний бие энд сууж
байхад Монголын дээд талын цорж, хамба нар болох ихсүүдээс ирж элдэв олон янзын
эсэргүү бүлгэм байгуулахыг хүссэнд би өөрийн дураар зөвшөөрөн удир­даж байсан…
бузар муухай ажлыг хийсэн тул гэмшивч барахгүй. Иймд миний бие нэгэн муу ажлыг хийсэн
тул ямар ч ял хүлээмой” гэсэн байдаг. Түүнийг 1990 оны найм­дугаар сард цагаатгасан.
Би хувь­даа цагаатгах ажлыг кампаничлан, буруу зөвийг нь зааглалгүй бөөн­дөж хийсний
улмаас Ц.Лувсан­хайм­чиг, Б.Содов нарыг ял завшуулсан гэж үздэг хүн. Түүхдээ ингэж
гоомой хандаж яав ч болохгүй. Энэ мэт хүмүүсийн гэмт үйлдлийн улмаас эсэргүү босло­гын
явцад хоёр талаас 6000 хүн амиа алдсан. Улс төрийн хэлмэг­дүүл­лийн дараа орох их
хохирол. Энэ чинь Халх голын дайнд амь үрэгдсэн монгол хүний тооноос 25 дахин, чөлөөлөх
дайныхаас 600 дахин их гэсэн үг. Бусдын түлхээ­сээр монголчууд биенээ устгасан эмгэнэлт
явдал. Ёнзонхамба дотоод яамныханд амь гуйж батал­гаа гаргасан өргөдөл хуучин бичгээр
өгснийг нь би олж үзсэн. Амийг минь өршөөвөл Монгол Улсын төлөө тагнуулын үүрэг
гүйцэт­гэнэ гэсэн агуулга ч тэр өргөдөлд байна лээ. Түүн дээр гарын үсгээ зурж,
хувийн тамгаа дарсан байсан.

-Та Улсын дээд шүүхэд Ёнзонхамба,  Б.Содов нарыг цагаатгасан шийдвэрийг цуц­луулах
гэж өргөдөл гаргасан гэсэн үү?

 -Өвгөн ах нь түүхийг гуйвуулах ёсгүй, үнэн мөнийг
нь хойч үедээ хэлж өгөх ёстой гэсэн бодолтой өдий хүрч яваа хүн. Тиймээс Ёнзонхамба
Ц.Лувсанхаймчиг, Б.Содов нарыг цагаатгасан шийд­вэрийг цуцлуулахаар Улсын дээд шүүхэд
хандсан. Хөдлөшгүй  баримт, ахмад хүмүүсийн
дурсамж яриа зэрэг үгүйсгэж боломгүй гэрчлэх материал байна. Байсаар байхад тэр
бүхнийг нухацтай судлалгүйгээр цагаатгасан нь уучилж болшгүй алдаа. Энэ алдааг залруулах
ёстой. Тэгэхгүй бол Монголын ард олныг төр, засгийнх нь эсрэг турхирсан бослого
хөдөлгөөн гараагүй, түүнийг удирддаг төв байгаагүй, үүнд гадаадын гар хөл оролцоогүй
гэж үзсэнтэй адил хэрэг болно. Цагаатгах ажлын нэр хүндэд ч муугаар нөлөөлнө гэж
үзэж  байна.

-Шамбалын дайн гэх шар цэрэгт албан
хүчээр элссэн хүмүүс бүгд хэлмэгдсэн. Тэдний талаар  яригдахгүй явсаар өдий хүрч байна?

-Тиймээ. Ардын армийнхан руу буу шагайхгүй
бол өөрсдийг нь буудчих гээд эргээд зугтаах гэхээр бослого зохион байгуулсан хүмүүс
буудаж хороох гээд хадны завсар хачуулагдсан халиуны зулзага шиг л байсан юм билээ.
Олон мянган хүнийг хэлмэгдүүлснийхээ төлөө Монгол Улсын төр засаг, эрх баригч байсан
МАХН / МАН/ ард түмнээсээ уучлалт гуйсан шиг гуйх хэрэгтэй гэж бодож байна даа.  Мөн залуу хойч үедээ түүхийн үнэн зөв ойлголт,
мэдлэг хүмүүжил олгох талаар шийдвэр гаргахыг 1932 онд амь нас, эрүүл мэнд, ахуй
амьдралаар хохирсон хүмүүсийн ар гэрийнхнийг төлөөлж хүсэн хүлээж байна.

 Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Хятадууд ан амьтны эд эрхтнийг хил давуулаад ирвэл өндөр үнээр худалдан авна гэжээ

Баруун гар талд сууж байгаа нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн байж болзошгүй

Нэн ховор амьтдын эд эрхтнийг өндөр
үнээр хил давуулан худалдаалдаг Н.Бям­басүрэнг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж
эхэлжээ. Мөн Улсын мөрдөн байцаах газраас урд хөр­шийн чинээлэг иргэдийг тусгай
хамгаалалт бүхий бүс нутагт аваачин нэн ховор амьтдыг хууль бусаар аг­нуулдаг сүлжээ  бүхий гэмт этгээдүүдийг шалгаж байгаа юм байна.
Энэ сарын эхээр Замын-Үүдийн хилийн боом­тоор олон тооны ангийн эд эрхтэн хил давуулах
гэж байгаа талаар нэгэн иргэнээс цагдаагийнханд мэдээлэл ирсэн байна. Ирсэн мэдээл­лийн
дагуу Эрүүгийн цаг­даагийн газрын албан хааг­чид Н.Бямбасүрэн гэх ир­гэнийг улсын  хилээр гарах гэж байх үед нь  шалгахад баавгай, буга зэрэг амьтдын доньд, савар,
бугын чив, сүүл, хээл, цусан эвэр зэргийг авч явсныг илрүүлжээ. Түүний найз О гэгчийг
арав гаруй баавгайн савар хийсэн хоёр цүнхтэй хилээр нэвтэрсэн гэдгийг олж тогтоосон
байна.  Мөн Н.Бямбасүрэнгийн гэрээс баавгайн
савар, доньд, бугын эвэр, хорь гаруй зурамны арьс гарч ирснийг авчээ. Энэ талаар
албаны эх сурвал­жаас авсан мэдээллээр Н.Бям­басүрэн нь “Цайз” модны захын ойролцоо
ма­лын  түүхий эд худалдан ав­даг байна. Арав
гаруй жил  “Цайз” модны захын ойрол­цоо арьс,
ширний ченж хэ­мээн  зогсож байгаа юм байна.
Мөн сүүлийн үед зурамны арьс ширхэгийг нь 15 мянган төгрөгөөр худалдан авдаг болжээ.

ӨНГӨРСӨН ЖИЛ БААВГАЙН САВАР, БУГЫН
ЧИВ ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ

Н.Бямбасүрэн нь өнгөрсөн жил  баавгайн доньд, бугын 14 чив, бугын 126 кг ясан
эвэр, тарваганы 325 арьс, хөл­дөөсөн хоёр чоно хилээр гаргахаар Дорноговь аймгийн
Замын-Үүдэд оршин суух А-гийн зуны амбаарт хадгалж байсныг илрүүлсэн байна. Түүнд  Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс нэг жи­лийн
тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн аж. Тэрээр тэнсэн харгалзах хугацаа нь дуу­саагүй
байхад дахин амьтны эд эрхтэн худалдан авч урд хөршийн ченжүүдэд дамлан худалдаалах
гэж байгаад цагдаа нарт үйлдэл дээрээ баригджээ. Хэргийг мөрдөж байгаа цагдаа нар
түүнээс мэдүүлэг авчээ. Тэрээр “Хя­тадууд өндөр үнээр амьтны эд эрхтэн худалдан
авах санал тавиад мөнгө өгдөг. Өгсөн мөнгөөр нь хөдөө орон нут­гийн анчид болоод
бага гарын ченжүүдээс бугын чив, сүүл, сав, цусан болон ясан эвэр худалдан авдаг
байсан. Ихэвч­лэн Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн иргэд амьт­ны эд эрхтэн худалдаалдаг
байсан юм. Хэнээс худалдан авснаа хэлж мэдэхгүй байна. Үл таних хүмүүс ирээд амьтны
эд эрхтнээ өгчихөөд яваад өгдөг. Олон хүнээс малын арьс, шир худалдан авдаг болохоор
ямар хүмүүс байсныг санахгүй байна. Ха­рин надаас баавгайн савар, доньд, бугын чив,
сүүл зэргийг худалдан авдаг хятадуудтай утсаар хааяа ярьдаг. Тэд хил давуулаад ирэх
юм бол хэд дахин өндөр үнээр худалдан авна гэдэг юм” хэмээн мэдүүлжээ.

Түүний жил гаруйн хуга­цаанд 100 гаруй
сая төг­рөгийн хохирол байгаль ор­чинд учруулсан гэдгийг шинжилгээний байгууллага
тогтоогоод байгаа аж. Гэтэл одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар буюу Эрүүгийн бай­цаан
шийтгэх хуулийн 203-т хориотой ангийн түүхий эдийг худалдаж авах, борлуулах, агнах
гэсэн зүйл заалт. Мөн хуулийн 175 дугаар зүйлд зааснаар улсын хилээр хо­рио­той
эд зүйл нэвтрүүлэх, 155 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олж авсан эд хөрөнгийг
авах, борлуулах гэсэн зүйл заалтаар эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. 

Дээрх зүйл ангиар гэмт хэрэгтнийг
шийтгэхэд 2-5 жилээр хорих хуулийн заалт­тай байдаг байна. Хэргийг Баянзүрх дүүргийн
нэгдүгээр цагдаагийн хэлтэс үргэлж­лүүлэн шалгаж байна. Мөр­дөн байцаалтын явцад
хэд хэдэн анчид баригдаж магад­гүй гэнэ. Жил гаруйн өмнө Н.Бямбасүрэнтэй хамт малын
түүхий эд худалдан авдаг гэх Д.Удвал, Н.Нарангэрэл, Н.На­рантуяа, Т.Тугбаатар Д.Даш­зэвэг,
Ц.Цэндхүү нар ан амьт­дын эд эрхтэн худалдан авч гэртээ хадгалж байгаад ба­ригдаж
байсан юм байна.

ХЯТАДУУД МАНАЙ УЛСАД
ИРЖ АН ХИЙХЭД ЗУУЧИЛЖ ӨГДӨГ СҮЛЖЭЭ БИЙ БОЛСОН ГЭВ

УМБГ-аас сүүлийн үед фэйсбүүк, болон
твиттэрээр хуудсаар ан хийсэн зургаа олон нийтэд дэлгэсэн хүмүү­сийг шалгаж байгаа
юм байна. Одоогоор 20 гаруй хүнийг шалгаж байгаа гэнэ. Тухайл­бал, Монгол Улсын
заан Б.Соронзонболд зэрлэг гахай агнасан зургаа твиттэр хууд­сандаа тавьжээ. Үүнээс
үүдэн хэн хэнтэй ан хийсэн талаар эрүү үүсгэн шалгаад хэргийг прокурорт шилжүүлжээ.
Б.Со­ронзонболд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болоод бусад олны танил Говь-Алтай айм­гийн  хүмүүстэй 
хамт явж ан хийсэн гэдгээ хүлээгээд бай­гаа юм байна. Мөн сүүлийн үед урд
хөршийн иргэд манай улсын дархан цаазат газраас ан хийдэг болсон гэнэ. Бүр сүлжээнд
орсон байж бол­зошгүй хэмээн цагдаагийнхан үзэж байгаа гэв.  Урд хөршөөс ирсэн чинээлэг нэгнийг ховор амьтад
байгаа газарт маши­наар үйлчилж аваачаад нут­гийн иргэдээр газарчлуулан ан агнадаг
болжээ. Хамгийн сүүлд гэхэд нас бие гүйцсэн хөвчийн хүрэн баавгайг аг­насан хятадуудын
хэргийг шалгаж байгаа юм байна. Хятадуудтай Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нэгэн иргэн
хамт зургаа авахуулсан байгаа аж. Эндээс хэргийн үзүүр тай­лагдах гэнэ. Мөн урд
хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр нэгэн аяллын компани Монгол Улсад аялж дуртай
амьтнаа агнаж зугаагаа гаргах боломжтой хэмээн сурталчилж байгаа юм байна. Сурталчилгаанд  Монголын амьтдыг агнахаар зорьсон хятад анчин
20 мянган юа­ниар энд ирдэг байна. Ангийн отогт ирээд буга, баав­гай, янгир, зэрэг
амьтдаас агнахад 60-100 мянган юань төлдөг. Мөн ирвэс 100000, хүрэн баавгай агнахад
60000 юань байдаг аж. Харин ханд­гай, хулан, зээр, аргал, янгир, шилүүс, элбэнх,
зэрлэг гахай, бор гөрөөс, чоно, үнэг, цасны туулайн агналтын тоо хязгааргүй бөгөөд
үнэгүй гэх мэтээр сурталчилах болжээ. Урд хөршийн дээрх аяллын компани манай улсын
ямар иргэнтэй хамтран хууль бу­саар ан хийлгэдэг талаар шалгаж эхэлжээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

ГЕГ-ын ажилтны хүү хилээр мансууруулах бодис оруулж ирээд баригдлаа

-ХИЛ ДАМНАН МАНСУУРУУЛАХ БОДИС ХУДАЛДААЛДАГ ТОМООХОН СҮЛЖЭЭ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН  ТЭЭВЭРЛЭГЧ ГЭДГЭЭ ТЭР ХҮЛЭЭЖЭЭ-

ХХЕГ-ын Хилийн таг­нуулын газрын албан
хаагч нар өнгөрсөн сарын 30-ны өдөр Дор­но­говь аймгийн За­мын-Үүд дэх авто замын
шалган нэвтрүүлэх боом­тоор “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм АСЕ буюу мөс
гэх ман­сууруулах үйлчилгээтэй бодис оруулж ирэх гэж байсан Монгол Улсын иргэн Б-г
илрүүлэн, саа­туулсан байна. Албаны эх сурвалжаас авсан мэ­дээллээр дээрх хэрэгтэй
холбогдуулан хил дам­нуулан мансууруулах бо­дис худалдаалдаг томоо­хон сүлжээ бүхий
залуу­сыг илрүүлж байгаа гэнэ. Б нь БНХАУ-ын Эрээн хотоос уг хар тамхийг тосон авч,
Замын-Үүд дэх авто замын шалган нэвт­рүүлэх боомтоор нэвт­рүү­лэн Улаанбаатар руу
хүргэх үүрэгтэй тээвэр­лэгч гэдгээ хүлээгээд бай­гаа гэнэ. Мөн хар тамхи, мансууруулах
бодис зэр­гийг удаа дараа хилээр тээвэрлэсэн хэмээн мэ­дүүлжээ. Б өөрийгөө ман­сууруулах
бодис тээвэр­лэгч хэмээн цагдаа нарт мэдүүлээд байгаа. Түү­нийг мансууруулах бодис
хэрэглэдэг байж бол­зош­гүй хэмээн үзэж цусыг нь шинжилгээнд явуулаад байгаа юм
байна. Мөн хэнээс авсан Улаанбаа­тар хотод очоод хэнд өгөх гэж байсан зэргийг мөрдөн
байцаалтын яв­цад тодруулах ажил хийг­дэж байгаа юм байна. Албаны эх сурвалжийн
онцолж буйгаар дээрх хэрэгтэй холбогдуулан 40 гаруй хүнийг саатуулж магадгүй гэнэ.
40 гаруй хүн дотор олны танил хүмүүс ч байгаа аж. Энэ долоо хоногоос баривч­лах
ажиллагаа эхлэх гэнэ. Мансууруулах бодистой
хол­боо­той хэрэг сүлжээ бүхий гэмт хэрэг 
байдаг бөгөөд нийлүүлэгч, тээвэрлэгч, борлуулагч, хэрэглэгч гэсэн дамжлагатай
байдаг. Замын-Үүдийн боомтоор тамхины хайрц­ганд мансууруулах бодис нэвтрүү­лэх
гэж байгаад баригдсан Б нь байнга хилээр нэвтэрдэг байжээ. Түүнийг Замын-Үүдийн
гаалийн байцаагч нар авч яваа эд зүйлсийг нь шалгалгүй шууд нэвтрүүлдэг байсан юм
байна. Хилээр нэвтрэх болгондоо мансууруулах бодистой явдаг байсан бололтой. Мөн
чинээ­лэг амьдралтай айлын хүүхэд юм байх. Эх сурвалжийн хэлж буйгаар Гаалийн ерөнхий
газрын Аудит хяналт, шалгалтын хэлтэст нэлээд дээгүүр албан тушаал эрхэлдэг хүний
хүүхэд юм байна.

ХАР ТАМХИЧИД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАНД
ДИЙЛДЭХЭЭ БАЙСАН ГЭВ

Өөр албаны эх сурвалжаас авсан мэдээллээр
мансууруулах бодис худалдаалдаг хэд хэдэн бүлэглэл цагдаа нарт баригдаад байгаа
гэнэ. Дээрх бүлэглэл дунд хил дамнаж худалдаа хийдэг 46 хүн холбогдсон хэргийг шалгаж
дуусаад прокурорт шилжүүлжээ. Өнгөрсөн есдүгээр сараас энэ сарын эхэн хүртэл 20
гаруй залуус мансууруулах бодис хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан байна. Тухайлбал
“Манай дүүд хар тамхи татуулах гээд байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад
есдүгээр сарын 15-нд нэгэн иргэ­нээс ирсэн байна. Уг дуудлагын дагуу харьяа дүүргийн
цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж шал­га­хад Чингэлтэй дүүргийн XIII хороонд
“Ард 17” зочид буудалд хэсэг залуус мансууруулах төр­лийн бодис хэрэглэж байжээ.
Тус зочид буудлын хоёр давхарт Сүх­баа­тар дүүрэгт оршин суух 24 настай эмэгтэй
Э, Б, С, Х нарын хамт мансуурсан байдалтай байс­ныг нь саатуулсан байна. Мөн Баянгол
дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр XVII  байранд
насанд хүрээгүй хүүхдүүд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хэрэг гарчээ. Тодруулбал,
14 настай А, 15 настай Т, 16 настай Т, М нар олсны төрлийн ургамал буюу кан­на­бис
татаж байгаад цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан бай­на. Уг хэргийг  УМБГ-ын
Хар там­хи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст  шалгаж  байна. Ман­суу­руулах бодис хэрэглэгчдийн тоо
өдрөөс өдөрт нэмэгдэж зуун мянгад хүрсэн гэх. Мансуурагчид цагдаа нарт үнэхээр дийлдэхгүй
болсон гэдгийг албаны эх сурвалж онцолж байв.

Э.ХҮРЭЛБААТАР             

Categories
редакцийн-нийтлэл

Алтайн нурууны цаадах гурван сумын нутгаар…

Ховд аймгийн Алтай сум

-НҮҮЖ ИРЭЭД УДААГҮЙ БАЙГАА АЛТАЙ СУМЫН БҮХ ЗҮЙЛ ШИНЭ-
   
Захчин ястнуудын эх өлгий нутаг Ховд
аймгийн Алтай сум. Гурван мянга хол давсан хүн амтай Алтай сум гурван жилийн өмнө
Хөх үзүүр гэх газраас Бодончийн хав­цалын баруун талын хавтгай Боом ам хэмээх газарт
нүүж ирээд бай­гаа юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн хэдэн жил Монгол Улсад буурь сэлгэн
нүүсэн сум Алтай сумаас өөр байхгүй. Бүр нүүхдээ 30 гаруй километр нүүсэн гэж байгаа.
Шинэ нутагт буугаад удаагүй байгаа Алтай сум хэрхэн төвхнөж байгаа, иргэдийн аж
амьдрал хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар Булган сумаас Алтай сум руу хө­дөллөө.
Алтай сум Булган сумаас 90 гаруй километрийн зайтай ажээ. Урд талаараа БНХАУ-ын
хилээр заагладаг уг суманд биднийг очих үед хоёр айл нүүж ирж байгаа харагдлаа.
Чиргүүлтэй “Зил 130” машины тэвшин дээр хашаагаа ачаад портер маркийн ачааны машин
дээр гэрээ ачсан байв. Харин нөгөө айл нь Ярантын боом­тоор хил давах гэж байсан  “Хово” маркийн ачааны машинаар бай­шин, хашааныхаа
банзыг ачаад, дээр нь гэрээ овоолоод ачсан байгаа харагдав. Дээрх хоёр айлын нүүдэлтэй
Ховд аймгийн Цэцэг суманд үйл ажиллагаа явуулж байгаад түр зогсолт хийгээд буй Хөшөөтийн
уурхайн засмал замаас хойшоо Алтай сум руу салах гэж байхад нь таарсан юм. Алтай
сумын иргэн Баяржаргал, Мөнхсайхан гэх хоёр айл хуучин сумынхаа туурин дээрээс нүүж
ирж байгаа нь энэ аж. Тэдэнтэй мэнд мэдэлцээд, сум орон нутгийн талаар хөөрөлдлөө.
Мөнхсайхан гэх 40 орчим насны залуу “Боомна аманд манаа сумнаахан нам нүүж ирчкээд
байтал мануус шинэ ир­жайнай. Сумнаан өврийн гудам­жинд газар өгч байниш. Тэнд нам
буудаг санаатаал. Сумнаас зааж өгсөн тэр газар нь нам сургууль, Засаг дарганаан
тамгаан газраас ойрхон санж л. Көк үзүүр гээд хуучин сумна ор газраасаа нүүеэ гэсэн
чинь  манай кокшин аав нүүх гүва гээд зөрайд
тэгээд ингээд өнайдрийг күргэж байнаш. Саянаа зун өнгөрээд мануус 49 хоногааг нь
гүйцээгээд ирж байнайм” хэмээн ярив. Харин Баяржаргал гэх 30 хүрэх гэж байгаа болов
уу гэмээр залуу “Сумнаа хуучин сургуул, цэцэрлэг, закиргаа, эмнэлэг гээд бүх барилгыг
экнээс нь буулгаад экэлчиклээ. Аймагт дуудлага кудал­даа зарлаад авсан кампаан буул­гаад
авч байгаа гэнэш. Ирдэг өвлөөс наана Алтай сум байсан гэмайр туурь үлдчик шиг кэвтэй.
Ирэк кавар тэр кавийн когийг цэвэрлэк юм гэсэн гэж боддуу” хэмээн ярив. Захчин,
торгууд яст­нууд хоорондоо ярихаар халхчууд ойлгоход бэрх.

Тэдний ярьж буйгаар сумын захиргаанаас
эхлээд сумын айлууд тэр чигтээ нүүчихээр эвгүй байсан гэсэн. Одоо хуучин суман­даа
хэдэн хөгшин үхэр, малтайгаа амьдарч байгаа юм байна. Ирэх жилээс сумын төвийн цаана
байх багийн төвийг Хөх үзүүрт нүүлгэж ирэхээр болжээ.

“ЗА САЙХАН АМРУУЧ, КӨВӨН” ХЭМЭЭН
МЭНДЭЛДЭГ АЖЭЭ

Ийнхүү 20 гаруй километр шороон замаар
давхиад Алтай сумын төв рүү ороод ирлээ. Сумын урд хэсгээр олон айл шинээр ха­шаа
хатган бууж байгаа харагдлаа. Энд тэндгүй хашааны шон суулгах нүх ухаж байгаа хүмүүс.
Мөн мото­цикль унасан залуус сумын төвөөр сүлжилдэн давхих ажээ. Гудамжны үзүүрт
хоёр гурваараа зогсох захчин үндэсний хувцастай ахимаг насны хүмүүс зогсох нь сонин.
Ер нь захчин ястнууд их үндсэрхэг үзэлтэй байдаг бололтой юм. Нут­гийн хөгшчүүлтэй
очиж уулзхад өөдөөс мэнд мэдэхдээ хэзээний таньдаг хүн шиг “За сайхан амрууч, көвөн”
хэмээн мэндлэх. “Сайхан амарсан уу” гэж  хүнтэй
мэнд мэ­дээд заншчихсан юм билээ.  Нут­гийн
залуусын өмсөж эдэлж байгаа зүйлс бусад сумынхаас ялгагдаад байх зүйлгүй. Гэхдээ
Алтайн ну­руунд цас орж намрын сэрүүн унасан болохоор хөдөөнөөс мото­цикльтой орж
ирсэн залуус захчин ястны дээл өмсчихсөн байх аж. Алтай сумын иргэд Булган сумын
залуус шиг үнэтэй машин унаад байхгүй нэвс навс хийсэн УАЗ, Пургон, 69 гэх зэрэг
хойд хөршид үйлдвэрлэсэн машин  унадаг юм
билээ. Нутгийн ахмад настай хү­мүүс “Сүүлийн үед закчин ястны дээл кувцас өмсөкий
күн ковордоод байх юм. Сургуульд ороогүй күүк­дүүд көгшид л өмсөж байна” гэж ярих. 

СУМ ТӨЛӨВЛӨЛТ САЙН ХЭРЭГЖИЖ БАЙНА

Боомын ам гэх газар Алтайн нурууг
даваад төв зам дагуу байх учир Үенч, Булган цаашлаад хил давах гэсэн машин дайран
өнгөр­дөг болжээ. Үүнээс үүдэн жилийн дөрвөн улиралд хүн амьтны бараа харахгүй шахам
байдаг байсан Алтай сум хүний хөл хөдөлгөөнд дарагджээ. Бүр арав гаруй цайны газар,
дэлгүүр, дугуй засварын газартай болж төвхнөжээ. Гурван мянга гаруй хүн амтай сумын
40 гаруй айл өрх дээр дурдсан төрлүүдээр үйл ажиллагаа явуулж амьжиргаагаа дээшлүүлэх
болжээ. Мөн Үенч сумын захчин ястнууд Алтай суманд шилжин ирэх болсон гэнэ. Нүүж
ирээд удаагүй болохоор Алтай сумын бүх зүйлс шинэ. За­хир­гаа, сургууль, эмнэлэг,
цэцэрлэг, гээд бүгдийг улсын хөрөнгөөр шинээр бариад өгчихсөн байх аж. Мөн айл өрхүүдийн
байшин, хашаа гээд бүгд шинэ. Нүүхээсээ өмнө сум төлөвлөлтийн зураг төсөл гаргачихсан
юм байна. Тийм боло­хоор дэлгүүр гэхэд гэр хороолол  сумын захиргаа, сургууль зэргийн­хээ дунд байх
юм. Бүх дэлгүүрийг дээвэртэй барих сумын Засаг дар­гын тогтоол хүртэл гаргасан байна.  Тэгэхгүй бол нутгийн иргэд бай­шингаа барихдаа
дээвэр барилгүй ёотон шиг дөрвөлжин юм барьчих­даг гэнэ. Тийм төрлийн дээвэргүй
дөрвөлжин байшин хилийн цаа­дах суурингаар дүүрэн байдаг гэсэн. Харин цайны газрыг
сумын­хаа төвийн зам дагуу байрлуулжээ. Бусад сумын хувьд газар төлөв­лөлт байхгүй,
хаана, юу байгаа мэдэгдэхгүй болчихсон байдаг. Тэгвэл шинээр нүүж ирсэн сум бүгдийг
графикийн дагуу шийджээ. Хогийн жалга, бурхан болоочдоо нутаглуулдаг газраа хүртэл
сонго­чихсон байх юм. Сургуулийн до­туур байр цэцэрлэг, эмнэлгийн хөнжил, гудсыг
хүртэл бүрэн шинэчилсэн байна. 

Алтай сумын захиргааны бай­раар орлоо.
Сумын Засаг дарга нутгийн иргэдээ дагуулаад аймгийн төв явсан гэнэ. Харин Засаг
даргын орлогч Д.Ринченханд гэх эмэгтэй биднийг угтан авч уулзсан юм. Алтай суманд
өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялсан гэнэ. Засаг дарга болоод орлогч
нь хоёулаа эмэгтэй. Сумын орлогч дарга “Анх нүүж ирж байхад дээр үеийн нэгдэл шиг
л байлаа. Сумын Засаг даргын Тамгын газар, цагдаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүгд
гэр барьчихсан. Хулдаасан хэвлэл дээр хаягаа бичээд гэрийнхээ бүслүүрт уячихаад
үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Гурван жилийн өмнө нүүж ирэхэд албан газруудын барилга
бүгд ашиглал­тад ороогүй байсан. Тэгээд гэр барьсан хэрэг. Харин одоо овоо тохижоод
байна. Захиргааны үүд­нээс эхлээд сумын төв талбай зэрэг бүх газрынхаа үүдэнд талбай
байгуулах гээд их ажил эхэлж байна. Сумын айл болгонд улсаас нүүхдээ зарцуул гэж
зуун мянган төгрөг өгсөн . Эхлээд  нутгийн
иргэд эсэргүүцэж байснаа төр захиргааны бүх байгууллага нь нүүгээд ирэхээр араас
өөрсдөө нүүгээд ирцгээдэг юм билээ. Тэгээд төвхнөж аваад байна” хэмээн ярив.

Харин сумын иргэд сум нүүсэн талаар
янз бүрийн санаа бодолтой байв. Г.Баянмөнх гэх иргэн нүүдэл болон шинэ байшин барих
зэрэгт 20 гаруй сая төгрөг гаргасан гэж ярьж байна. Бүх зүйлс шинээр эхэлж байгаа
болохоор өмхийрсөн намаг шалбаагтай газраас сэрүү­хэн дэнж бүхий газарт буусандаа
сэтгэл хангалуун байгаа гэдгээ хэлж байсан. Харин нутгийн ахимаг насны иргэд “Өсч
төрсөн нутгаа орхиод хүний хөлийн газар буучихлаа, гэмт хэрэг тасрахгүй гарах байх”
зэрэг ярьж байна лээ.

АЖИЛГҮЙ ЗАЛУУС УУЛНААС ҮНЭТ ЧУЛУУ
ТҮҮЖ МӨНГӨ ОЛДОГ

Алтай сумын иргэдийн ихэнх нь мал
аж ахуйгаар амьдралаа болгодог байсан юм билээ. Гэвч гурван жилийн өмнөх зуднаар
50 гаруй айл малгүй болоод сумын төвөө барааджээ. Тэд амьжир­гаагаа дээшлүүлэх мал
байхгүй. Дээр нь эрхэлсэн ажилгүй боло­хоор тэтгэмжийн мөнгөөр амь зуу­даг юм байна.
Алтай суманд ядуу айл өрх олон юм билээ. Гудамжаар гундуухан хувцас хунартай иргэн
цөөнгүй таарах аж.

Бодончийн ам хавиар утаат болор,  мана, геологийн янз бүрийн насны чулуулаг хурдастай
холбоо бүхий ховор, холимог, үнэт металл болон хагас эрдэнийн чулуу гялтгануур,
давсны нөөц бүхий орд илэрцүүд элбэг байдаг юм байна. Нутгийн залуус тэдгээр чулуу,
эрдэсийг түүдэг ч үнэд хүрэх нь цөөн учир амьдралд нэмэр болох нь бага хэмээн ярьж
байсан юм. Нутгийн залуус уулнаас түүсэн янз бүрийн үнэт чулуугаа аймгийн төв оруулж
килограммыг нь мянган төгрөгөөр өгдөг гэсэн. Бодончийн голоос өнгөрсөн хавар ус
татаад сумынхаа баруун хаяагаар урсга­жээ. Сумын баруун талын тэгш талбай дээр ойн
төгөл байгуулж, ногоо тарих юм гэнэ. Гэвч Алтай суманд өнгөрсөн хавар хүнсний ногоо
тарьсан нэг ч айл байхгүй гэсэн. Үржил шимт говийн баян бүрд бүхий газраас машинаас
шороо зөөж хөрсжүүлж байгаад ногоо тарих гэнэ. 

Нар хэвийхэд шинэхэн төвхнө­сөн буйд
сумын хөл хөдөлгөөн эрс татарч, хаа нэгтэй нохой боргох, байшин, гэрүүдийн цонхоор
цахил­гаан гэрэл ёлтойхоос өөр үзэх юмгүй эл хуль болох аж.  Энд нүүж ирэхээс өмнө буюу Алтай сумынхнан хуучин
бууриандаа байхдаа цагийн хуваарийн дагуу дизель моторын тусламжтайгаар цахилгаантай
залгадаг байсан аж. Нүүдэл суудал хийхийн өмнөхөн нь харин Хятадаас цахилгаан татаж,
24 цагийн гэрэлтэй болсон байна. 21 дүгээр зуунд лааны гэрэлтэй аж төрдөг байсан
Алтай сум шинэ газарт нүүж ирээд хөгж­лийн тухай ярьдаг болжээ. Сумын удирдлагууд
сум хөгжүүлэх мөн­гөөр хийх ажлынхаа төлөвлөгөөг гарга­сан гэсэн. Энэ Засгийн газрын
хугацаанд ийм ийм юм амжуулна, дараагийнхад нь ингэнэ гээд тусгайлан төлөвлөжээ.

3000 гаруй иргэнээ эд хөрөнгө, мал
хуйтай нь “ачаад” шинэ газар төвхнөсөн Алтай сумынхан одоо нүүдэл, суудлын тухай
биш тохи­жих, хөгжихийн тухай ярьж байна. Гэвч Алтай сумын иргэдэд ажлын байр үгүйлэгдэж
байна. Хөдөл­мөрийн насны зуу зуун залууст хийх ажил, эрхлэх хөдөлмөр алга. Уулзсан
хүн бүр “Хийх ажил л хэрэгтэй байна. Бусад нь болж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл,
бизнесийн болоод бусад үйл ажил­лагааг манай суманд үүсгэх, өргөжүүлэхэд төрөөс
дэмжихийг уламжилж өгөөрэй” хэмээн захиж байв.

Үргэлжлэл бий…
Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Алтайн нурууны цаадах гурван сумын нутгаар…

-ЦАГДААГИЙН АМИНД ХҮРСЭН ХЭРГЭЭС ҮҮДЭН БУЛГАН СУМАНД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХАД
ИЙМ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖЭЭ-   

Түрүүч нь ¹ 232 (4559), 233 (4560) дугаарт

Цагдаагийн албан хаагчийг дунд сургуулийн хүүхэд
буудаж амь насанд нь хүрсэн хэрэг Ховд айм­гийн Булган суманд өнгөрсөн хавар гарсан.
Дэд ахлагч Д.Төмөрчөдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харам­салтайгаар амиа алдсан
хэрэгтэй холбогдуулан Булган суманд анх удаа онц байдал зарлаж, гудамж болгоноор
буутай цагдаа, цэрэг тагнуулын ажилтнууд холхиж, сэжиг бүхий хүмүүс явж өнгөрвөл
шалгах, албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн
тохиол­долд буудах хүртэл арга хэмжээ авах тушаалтайгаар ажиллаж байсан аж. Мөн
хил хааж, бүх замд шалгалтын баг ажиллаж байсан гэнэ. Энэ талаар нутгийн иргэд янз
бүрээр ярих юм. Гэхдээ онц байдал зарлах үед ямар байсан хийгээд уг хэргийн талаар
нутгийн иргэд ийн ярив.

Булган суманд торгууд болон казах үндэстэн, ястнууд
аж төрдөг. Айл өрх олон байдаг тул цагдаа­гийн хэлтэс байгуулсан юм байна. Хэрэг
гарах үеэр уг хэлтэст Ш.Баа­тар­хаан болон Баянмөнх, Бекболд нар ажиллаж байсан
юм байна. Харин хэрэг гарахаас долоо хоно­гийн өмнө амиа алдсан Д.Төмөр­чөдөр тус
суманд хуваарийн дагуу иржээ. Дэд ахлагч Д.Төмөр­чө­дөрөөс бусад цагдаа казах үндэст­ний
гаралтай байсан гэнэ.

2012 оны арванхоёр сараас эхлэн Булган сумын дэлгүүрт
хул­гай орох гэмт хэрэг олон гарсан байна. 50 гаруй дэлгүүрт хулгай орсон юм байх.
Хулгайч нар ихэнхдээ дэлгүүрээс чихэр, жимс, бэлэн мөнгө зэргийг хулгайлдаг байсан
аж. Дэлгүүрийн эзэд энэ талаар цагдаа нарт мэдэгдэж, хэрэгтнүүдийг хурдан барьж
өгө­хийг сануулдаг байсан гэнэ. Гэвч цагдаа нар “Удахгүй хэрэг илэрнэ. Бид хэргийн
араас мөшгиж байгаа” гэсэн хариулт өгөхөөс өөр 
ямар нэгэн дорвитой зүйл хийдэггүй байсан тухай нутгийн иргэд ярьж байв.
Хулгайч нар ч ээлж дараалан хулгайгаа хийсээр байжээ. Хэрэг гардаг орой буюу дөрөвдүгээр
сарын 2-ны шөнө дэд ахлагч Д.Төмөрчөдөр сумынхаа баар, зочид буудлаар эргүүл хийж
явсан гэнэ. Тэгээд “Булган Түшиг” гэх зочид буудалд яваад ортол бууд­лын ажилтан
байхгүй бага насны хүүхэд үүдэнд нь сууж байсан аж. Буудлын үйлчлэгч эмэгтэй хүүхдээ
ажил дээрээ орхиод ойрхон байх дэлгүүр рүү яваад удалгүй эргэж иржээ. Буудлын үйлчлэгч
эмэгтэйд “Хүүхдээ орхиж явж болохгүй. Буудалд согтуу хөлчүү хүн байгаа юу, агсан
тавьж байна уу” хэмээн асуугаад зогсч байтал гар утас нь дуугарч том албан тушаалтнаас
үүрэг авч байгаа бололтой “За, одоо очлоо” гэж хэлээд гараад явжээ. Ш.Баатархаан
болон Баян­мөнх, Бекболд нарын өгсөн мэ­дүүл­гээр Булган сумын төв “Бүрэн” хүнсний
дэлгүүрт хулгай орж бай­сан. “Бүрэн” хүнсний дэлгүү­рийн хувьд бусад дэлгүүрээс
том,  орлого ихтэй байсан гэнэ. Мөн тэр хавьд
цайны газар болон дэлгүүр олон ч эрт хаадаг болохоор шөнийн цагаар хүний хөл хөдөлгөөн
бага байдаг юм байна. Үүнийг хулгайч нар мэдэж байсан болохоор “Бүрэн” дэлгүүрийг
ухаж байсан нь сүүлд тогтоогдсон. Урт гартнуудыг цагдаа нар үйлдэл дээр нь барьсан
байдаг. Цагдаа нар дэлгүүрийн гадаа очоод дэд ахлагч Д.Төмөр­чөдөрийг ор гэсэн байдаг.
Төмөр­чөдөрийг хаалгаар оров уу, үгүй юү буун дуу тасхийж, газар унасан гэсэн хэмээн
нутгийн иргэд ярьж байв. Энэ талаар “Гурван казах гаралтай цагдаа монгол цагдаагаа  гадуурхаад түрүүлээд оруулчихсан юм байна лээ.
Тэгээд шинэ цагдаа ороод буудуулсан” хэмээн иргэд ярих аж.

Дэд ахлагчийг буудуулсан шөнө Ховд аймгийн цагдаагийн
хэлтсээс 40 гаруй цагдаа иржээ. Мөн хилийн цэрэг болон цэргийн ангийн албан хаагч
нар эргүүлд гарсан байна. Аймгийн цагдаа нар ирээд удаагүй байхад хотоос нис­дэг
тэрэгтэй цагдаа, тагнуулын албан хаагч нар иржээ. Бүгд л хар багтай хуягласан хувцастай
бай­сан аж. Буу үүрсэн тэд гудамж болгоны үзүүрт зогсчихоод гэрээ­сээ гарч ирсэн
хүн болгоныг шалга­сан байна. Сумын захиргаанаас бусад бүх албан газрын үйл ажил­лагааг
зогсоож, цагаан хоолойгоор “Онц байдал зарласан учир иргэд гэрээсээ гарч болохгүй.
Хэрэв гэрээсээ гарвал бичиг баримтаа авч гар, биеийн байцаалтаа ямар нэг эсэргүүцэлгүйгээр
шалгуулахыг анхааруулж байна” хэмээн зарлаж байсан гэнэ. Мөн өмнө нь гэмт хэрэгт
холбогдож байсан ер нь архи, дарс уудаг сумын залуучуу­дыг бүгдийг нь баривчилж
сургуу­лийн спорт зааланд цуглуулаад  эхнээс
нь байцаалт авч эхэлсэн байна. Булган сумаар хуягт машин давхиад ногоон алаг хувцастай,
хар баг өмсч, буу үүрсэн хүмүүс холхиод гудамжаар явж байгаа хүнийг “Зогс, гаргаа
өргө” гэж байгаад нэгжлэг хийсний дараа хаашаа явж байгааг нь асуугаад явуулдаг
байсан аж. Ийм байдлаар онц байдал зарласан гурав хоногт Булган сум ямар ч хөл хөдөлгөөнгүй
болж сумын иргэд гэрээсээ ч гарч чадахгүй хэцүүдсэн гэнэ. Гурав хоног тасралтгүй
хэргийн араас мөрдсөний хүчинд дунд сургуу­лийн гурван хүүхэд хэргийг үйлдсэн болохыг
тогтоосон байдаг. Булган сумынхны ярьж буйгаар дэлгүүрээс хулгай хийж байсан гурван
хүүх­дийн нэг нь цонхны хагархайд гараа зүсч цусны толбо үлдээсэн байна. Түүнийг
нь шинжилгээнд өгөөд илрүүлсэн гэнэ. Мөн үнэрч нохойгоор гэрийн ханан пийшинд нуусан
байсан бууг илрүүлжээ.  Ингээд Ховд аймгийн
Баянсуудал багт оршин суудаг Хурамхаан овогтой Саягас, Хызер­беак овог­той Сапаргали,
Хапаар нарыг баривчилж хот руу авч явсан юм байна. Саягас нь Сапаргали, Хапаар нартай
үеэлүүд. Цагдаа­гийн амь насанд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүүхдүүдийн гэрийнхэн  сумын төвийн урд талд ногоо тарьж амьдардаг юм
байна. Амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд юм билээ.

Дээрх хэргээс үүдэн казах за­луу­сыг нутгийн залуучууд
зодож, танхайрах хэрэг хэд хэдэн удаа гараад байгаа аж. Булган суманд байсан цагдаа
нарыг Ховд аймгийн төв рүү татаж Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж байсан цагдаа
нарыг Булган суманд томилжээ. Сумын цагдаа нарыг ажиглаад байхад өндөр биетэй залуус
байх юм билээ. Цагдаа нарын хангалт ч хэрэг гарснаас хойш сайжирчээ. Дөрвөн сараас
хойш хулгайн гэмт хэрэг нэг ч удаа гараагүй байна. Харин танхайрсан хэрэг арав гаруй
бүртгэгджээ. Мөн Булган суманд сум дундын шүүх болон прокурор үйл ажиллагаа явуулж
байна лээ. Удахгүй хуучин байр­наас  шинэ
байр руу нүүх гэж байгаа юм байна. Цагдаагийн хэлтэс, шүүх, прокурор  байдаг болохоор ямар нэгэн гэмт хэрэг гарахад
хурдан шуурхай шийдвэрлэдэг гэж байна лээ.

 “ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХОЁР ХҮҮХЭД САЯХАН МАНАЙ ДЭЛГҮҮРТ
ОРЖ ИРСЭН”

Бид хэрэг гардаг “Бүрэн” дэл­гүүрийн эзэдтэй уулзсан
юм. Дэл­гүүрт сууж байсан эмэгтэй “Хавар гардаг айхтар хэргээс болж хүнд байдалд
ороод байгаа. Хэрэг гар­сан дэлгүүр гээд хүн бүр бэргээд орж ирэхгүй наадам хүртэл
орлого байхгүй хэцүүдсэн. Саяхнаас гай­гүй болоод байна. Хэрэг гарснаас хойш манай
дэлгүүр бүх хаалга үүд, цонхоо солиод байгаа. Цонхондоо хаалт төмөр хүртэл хийлгэсэн.
Хэрэгт холбогдсон хүүхдүүд чихэр, боов зэрэг амттай зүйлс хулгайлсан байсан. Тэр
гурван хүүхдийн хоёр нь саяхан орж ирээд гарсан.  Юу ч ярихгүй зогсож байснаа гараад явчихаж байна
лээ. Хүмүүсийн ярьж байгаагаар цагдааг буудсан хүүхэд үлдээд нөгөө хоёрынх нь хэрэг
цагаадсан бололтой юм. Нэг  хүүхдийнх нь аав
энэ хавиар архи уугаад л яваад байдаг юм билээ” хэмээн ярив.

Хоёр жилийн өмнө Булган сумын дунд сургуулийн
217 хүүхэд үдийн цайнаасаа хордож байжээ. Тэдний хоёрынх нь бие одоог хүртэл олигтой
тэнхрээгүй байгаа аж. Бүр нэг хүүхэд нь чихрийн төрлийн зүйлс идэхээр хоолны хордлогод
орж бөөлждөг болсон байна. Бие нь үргэлж өвддөг бол­сон охин сургуулиасаа гарч гэртээ
хэвтэж байгаа юм байна. Тэд напе­лион торт идсэнээс хордлогод орсон байдаг. Бид
охины аав, ээжээс энэ талаар асуух гэсэн боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан
юм.  

БАЙТАГ УУЛАНД АЛТ ГАРЧ
ЭХЭЛЖЭЭ

Булган сумын Цоохор нуур, Байтаг уулын хил орчимд
алт гарч эхэлжээ. Сумын ажилгүй залуус бүгд тэнд алт ухаж байгаа гэнэ.  Баг болон алт ухаж байсан найман залуу энэ зун
хоёр килограмм алт олж сумаар нэг яриа болжээ. Тэд хадтай газар ухаж байтал гэнэт
алтны судалтай таарчихсан юм байх. Тэд алтаа хотод ирж тушаа­сан гэх бөгөөд тус
бүр 30 гаруй сая төгрөгтэй болж, амьдрал нь дээ­шилсэн тухай иргэд ярьж байв.

Булган суманд гадна дотнын зочид ирэхэд үйлчилдэг
“Заяа” нэртэй зочид буудлын эзэн алт худалдан авдаг болжээ. Байтаг уулын орчимд
өдгөө ч алт их хэмжээгээр гарч, сумын иргэд тийшээ явсаар байгаа аж.

Энэ талаар хоёр зуун грамм алт олсон гэх Б.Нармандахтай
цөөн хором ярилцлаа.

 

-Алт хэр гарч байна даа. Та нарыг Хилийн цэргийнхэн
алт ухаж байгаа газраас хөөдөг гэсэн үнэн үү?

-Байтаг ууланд алт сайн гарч байна. Би гурав хоног
яваад сая гаруй төгрөгтэй ирлээ. Ер нь хадан­даа их алт байх шиг байна. Даанч хилийн
бүс нутаг гээд Хилийн цэргийнхэн тийшээ оруулахгүй, багаж, хэрэгсэл хурааж авчихаад
байх юм. Уг нь тийшээ орчихвол бурзайх гээд байна. Ер нь нутгийн залуус бөөн бөөнөөрөө
явж байна. Ганц нэгээрээ явж байгаа хүн байхгүй шүү. Ихэнх нь л бурзай­гаад ирдэг.
Хоосон ирсэн хүн ер нь байхгүй. Өнгөрсөн хавар хоёр удаа их том алт олсон. Нэг нь
1.5 килог­рамм нөгөөх нь хоёр килограмм. Их хэмжээний алт олсон залуус хот руу мөнгөө
үрэх гээд яваад өгсөн. Сумын төвд хашаа байшин хүртэл бариулж байна лээ.

-Бусад сумаас алт ухахаар хүмүүс ирж байна уу?

-Алтны сургаар бусад сумаас хүмүүс олноороо ирж
байна. Алтаар амьдралаа авч явж байгаа хэсэг айл өрх бий болсон. Биднийг хилийн
бүсэд орсон болохоор хил зөрчиж байна гээд байдаг юмаа. Олуулаа яваад очихоор зүгээр
оруулчихдаг мөртлөө цөөхүүлээ очвол хамаг юм хурааж аваад, хөөж туугаад байдаг юм”
гэв.

Үргэлжлэл
бий

Э.ХҮРЭЛБААТАР