Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

МАН-ын 65 гишүүн парламентын засаглалын “хойдохыг унших уу”

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон. Монголын засаг төрийн эрхийг дүүрэн атгасан. Ийм нэгдмэл цул улс төрийн хүчин дуулвал дуу нэг, дугтарвал хүч нэгийн жишээг үзүүлж одоо л нэг том төслүүдийг хөдөлгөж, олон улсад Монголын нэр хүндийг өргөх боломж бүрдлээ гэж ард түмэн үзсэн. Өө тэгсэн өнөө 65 нөхөр чинь юун Монголыг хөгжүүлэх, харин эсрэгээрээ Монголын парламент маань хямарч үзээгүйгээрээ хямарч байна. Ер нь Монголын парламентын засаглал тун эгзэгтэй үедээ ирлээ. Яагаад гэвэл ард түмэн УИХ гэсэн нэр сонсонгуут зүхдэг боллоо. Сүржигнэж байгаа юм биш, ард нийтээрээ ийнхүү парламентын засаглалаа зүхээд, тарахыг шаардаад, нэр бүхий тодорхой гишүүдийг заналхийлээд ирвэл ямар нэг үйлдэлд хүрнэ. Энэ бол сайн юм ерөөсөө биш.

Шулуухан хэлэхэд өнөөдөр олон түмний дийлэнх нь Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүчтэй хүний эрэлхийлэл, угтаа бол нэг хүний дарлалд орцгоох тухай ярьж эхлэв. Ганц хүчтэй удирдагчтай байхын сайны тухай амтай болгон ярьж, “Эцэг болон хайрлагдсан Чойбалсан” гэх алдарт дууг төв талбай дээр хоороороо дуулах шахуу юм болох нь. Үүнийг энэ парламентын 65 гишүүн нийгэмд бий болгов. Тулхтай, туршлагатай, 90 жилийн түүхтэй МАН энэ удаагийн сонгуульд хэтэрхий олон залуу хүнийг оруулж ирсэн нь ийнхүү урьд хожид парламентын түүхэнд байгаагүй хийрхэл, хэнээрхэл, цэцэрхэл, дэлхийд алдартай хүмүүсийн хэлсэн сайн үгсийн цуглуулгуудыг бий болгов. Энэ удаагийн парламент их улс төрд нас ямар чухлыг харуулж байна. Тэдний хийрхэл дэндлээ. Яг голоороо хоёр хуваагдчихаад үзэж тарсаар одоо хоёр дахь Ерөнхий сайдаа унагаж, их хуцвал Их хурлын даргаа авч хаях солиоролдоо оров. Оронд нь юу ярьж байна гэхээр “Манай нам лидергүй болчихлоо” гэж ярьцгааж байна. Тэгж яривал хамгийн олон лидертэй нам. Өөрийгөө өвгөн гэж цоллоод байгаа С.Баярыгаа авчирч тавихгүй юу. Тэгж яривал Миеэ яачихаад байгаа юм. Нямаагийн Энхболд Монголын улс төрийн ноён нуруу биш юм уу. Ийм нүжигнээн ихтэй цаг үед гялалзсан, тодорсон хүн гарч ирээд эмхэлж цэгцэлж байсан түүх байдаггүй юм. Алсын хараатай, аядуу тайван, бүх эрх ашгийг нэг огтлолцол дээр аваачдаг улс төрч л хэрэг болдог. Үүнийг дэлхийн улс орны практикаас харж болно.

Элдэв үг хэлж, шүүмжилж, парламентын засаглалыг зүхэж буй хүмүүс парламентын засаглалын үр шимээр л ийм эрх чөлөөг эдэлж байгаа гэдгээ огт ойлгохгүй байна. Ингэж өнөөдрийн Монголын төр засаг дахь бузар булайг уудалж, зах зухаас нь ард түмэндээ хүргэж чадаж байна гэдэг бол парламентын засаглалтай байгаагийн наад захын давуу тал гэдгийг олон хүн ойлгох ёстой.

Монгол Улс яагаад парламентын засаглалыг сонгосон талаар ерэн оны АИХ-ын депутат байсан хүмүүс одоо хэлдэг. Хоёр их гүрний дунд орших манайх шиг улс нэг хүний гарт төрийн эрх мэдлийг төвлөрүүлбэл аль нэг талынх нь хараат болох өндөр магадлалтай. Тийм замналаар явж ирсэн өчигдөрхөний түүх байна гэж. Тийм учраас олноороо хэлэлцэж төрийн хэргийн шийдвэрийг гаргаж байвал алдаа бага гарна гэж ерөнхийд нь үзсэн байдаг. Дээр нь элдэв хуйвалдаан нь илэрнэ, шийдвэр гаргах түвшний тэр олон хүнийг худалдан авахад хэцүү гэхчлэн хар бор олон л зүйлсийг ярилцацгааж байгаад парламентын засаглалыг сонгосноо ярьж байдаг юм.

Бас нэг олон нийтэд ярьдаггүй асуудлыг хэлэлцсэн байдаг юм. Тэр үеийн депутатуудын дийлэнх нь МАН-ын гишүүд байсан. Тэд ярилцахдаа хэрэв нэг хүн төрийн эрх мэдэх засаглалын тогтолцоог хийчихвэл бид хэзээ ч сонгуульд ялахгүй. Ардчиллынхнаас аль нэг нэр хүндтэй нь ялаад яваад байх юм байна. Тийм болохоор бид төрөөс шахагдах юм байна. Харин парламентын засаглалыг сонгочихвол бид ямарч байсан тойргоо тойгдоод олон хүн орж ирж төр барьж байх магадлалтай гэж ярилцацгаасан байдаг юм. Ерөнхийдөө бүдүүн хадуундуу ойлголтоор л тэдний ярьсан гол үзэл санааг бичээд байна. Ингээд бид парламент ёсыг сонгосон юм аа гэж ярьцгаадаг юм.

Үнэндээ парламентын засаглал шийдвэр гаргахдаа удаан байдаг ч бурууддаггүй. Үүний баталгаа бол өнөөдрийн бидний амьдрал. Хүмүүсийн амьдралын түвшин нийтээрээ дээшилсэнийг мэдэж байгаа. Саяхан л хувьдаа машинтай байна гэдэг зүүд байлаа. Тийм атал яагаад ард түмэн өнөөдөр уурлаад байгаа юм. Ганцхан л юм бий. Тэр нь манайх шиг баялагтай, манайхаас ч бага баялагтай орны иргэд баян амьдарч байхад бид ядуу байна гэсэн бухимдал. Үүний буруутан нь өнөөдрийн төр засаг болж харагдаад байна. Үнэн ч юм. Ийм парламенттай улс урагшаа ахих уу. Манайхыг сонирхож байдаг гадны хөрөнгө оруулагчид энэ бүгдийг мэдэхгүй суух уу… олон юм байна аа. Нийгмийн сэтгэл зүйн энэ их бухимдал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс нэг эвгүй мэдэгдэл хийсэн нь “Ганц хүний засаглал”-ыг бүр ч дэвэргэчихлээ л дээ. Ерөнхийлөгч: Өнөөдөр Монгол Улс муу, ядуу байгаа явдал нь нам даа ч бус, хүндээ ч бус, системийнхээ тогтолцоондоо байна аа гэж мэдэгдсэн нь нийгмийн эмзэг газрыг олоод хатгачихсан хэрэг болов. Энэ үг нийгэмд айхавтар нөлөөлж байна.

Бид тэртээ ерээд оны эхэнд Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бол өнөөдөр наад зах нь станы орны ерөнхийлөгч нар шиг зөвхөн эргэн тойрныхон нь, ах дүүс нь, найз нөхөд нь хагартлаа баяждаг. Бусад нь хувхай хоосон гуйлгачингууд улс орноороо ядуу сууж байх байлаа. Энэ мэтээр ганц хүний гарт улс орон байвал ямар их гай барцад авчирдаг жишээ баримтыг үй олноор нь дурдаж болно. Үүнийг ард түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж ойлгож байна. Саяхан ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин телевизээр ярихдаа “Хоёр хөрш маань дэлхийтэй зодолдоод эхэллээ. Орос Европын холбооны хоригт орсон. Хятад худалдааны дайнд орчихсон. Ийм үед энэ хоёр илүү ойр байх ёстой. Гэвч дунд нь Монгол Улс байна. Дунд нь байгаа талбартаа Америкийн эрх ашгийг байлгах уу. Ийм үед ардчиллын хамгийн том ололт гурав дахь хөршийн бодлого хаана явна” гэсэн утгатай зүйлийг ярьсан. Ухаж бодвол маш том зүйлийг хэлээд байна.

Тийм болохоор бид яавч Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй. Өнөөдөр Монгол Улсыг авч яваа МАН-ын 65 гишүүн хоорондоо хэрэлдээд орон гэрээ буулгах нь шиг байна. Шулуухандаа бол Монгол Улсыг нураах нь. Балчирууд чинь хоорондоо хэмлэлдээд эхэлсэн энэ цаг үед МАН-ын тулхтай, төрийн төлөө зүтгэж явсан хөх харчууд цуглаж ярих цаг болсон юм биш үү. Монголд өнөөдөр буй болоод байгаа улс төрийн зохиомол хямралыг танай намын УИХ-ын гишүүд хийгээд эхэллээ. Зохиомол хямрал зохиогчтой л байж таарна. Өөрсдөө жүжигчид нь болчихсон яваагаа танай намын 65-ын хүүхдүүд мэдэхгүй явна. Хийсэн мэхийг нь дагуулж өөрийн барилдаанаа хий гэсэн үг байдаг юм. Өөрсдийгөө том, шударга, мундаг улстөрчид болчихсон гэж МАН-ын 65-ын бүлгийн залуус бодож яваа байх. Гэтэл та нарыг дагуулж тонгороод байгааг мэдэх цаг нь болжээ. Эцсийн дүгнэлтээ хэлье, МАН-ын 65 гишүүний хоорондын ужиг, увайгүй зодоон энэ хэвээр үргэлжилбэл ард түмний дургүйцэл туйлдаа хүрч “Энэ муу 76 новшоор юугаа хийдэг юм. Ганц сайн Путинтэй болъё” гэснээр Монголын парламентын засаглалын “хойдохыг унших” юм байна. Тэгээд засаглалын дараагийн хувилбарыг сонгож таарна… Монголын улс төрийн зохиомол хямрал ийм л үр дүн рүү явж байна. Бас нэг аймаар замын зураглал харагдаж байна. Ирэх хаврын бэлтгэл гэж хэлж болох юм даа. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэж Онц байдал зарлаж Үндсэн хуулийн үйлчлэлийг бүрэн зогсооно. Тэгээд Монгол Улсыг нэг удирдлагад оруулах замаар л цааш явчих вий дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн их шанзодбо А.Амаржаргал: Өөртөө үл шингэх зүйлийг биедээ битгий авчирч наа

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн их шанзодбо А.Амаржаргалтай Бурхны шашин Монголын нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж ирсэн, өнөөгийн хүмүүс хэрхэн эв зохицолтой зөв амьдрах талаар ярилцлаа.


-Ерэн оноос хойш Монголын нийгэмд асар том хөдөлгөөн үүссэн. Төв Гандантэгчэнлин хийд маань тэр хөдөлгөөн дунд яаж явж ирэв, хэрхэн тэсч гарав. Үүнийг асуудаг нь төв Ганданд хэдэн зуун жилийн түүхтэй маш их өв соёл, хөрөнгө тэр хэвээр хадгалагдаж үлдсэн гэж ойлгодог юм л даа?

-Монголчууд дөрвөн улиралдаа хэрхэн зохицон амьдардаг билээ. Яг түүн шиг л цаг үе бүхэнд зохицсон. Монголын Бурхан Шашинтны Төв (МБШТ) нь унаган суурин дээрээ Монголыг яг Монголоор нь авч үлдэн өнөөдөрт ирсэн байгууллага юм. Хойч ирээдүйдээ үлгэрлэсэн, Монгол Улсын хувьд маш том дархлаа болсон ийм л газар орон.

-Энэ удаад ч биш, хэдэн зуун жил монголчуудад дархлаа болж ирсэн газар байлгүй дээ. Өнөөдрийн Монголын нийгмийн оюун санааг та хэрхэн харж байдаг юм бол?

-Одоо Монголын нийгэмд гадна, дотно гэсэн хоёр зүйл байна. Гадна тал дахь хэлбэр рүүгээ нэлээд анхаарч ирлээ.

Дэлхий нийтээрээ ер нь тийм байна. Дотор талдаа бол бидэнд алдсан эндсэн зүйл их бий. Ардчилсан нийгэм бидэнд авах гээхийн ухаанаар хандах асар олон зүйлийг авчирсан. Ерэн оноос хойш эрх чөлөөтэй, өөрийн эзэмшилтэй, материаллаг үнэт зүйлстэй болсон. Гадаад дотоод харилцаа чөлөөтэй боллоо. Гэвч жинхэнэ хүн байх, зөв зохистой зохицон орших дээрээ алдаа дутагдал байна. Түүний дотор монголчууд маань дотор талынхаа боловсрол дээр анхаарах цаг болчихож. Хэлтэй устай, технологижсон, дижитал эрин үе гэж ярьж байна. Дотор талын оюун санааны чадамжийг дүүрэн олох асуудал энэ бүгдээс огт өөр. Хууль эрх зүйгээс дутахгүй ёс заншлаар нийгмийн харилцааг зохицуулж ирсэн тэр их өвийг орхигдуулсан байна. Орхигдуулахдаа урд үеийнхээ бүх зүйлийг харлуулсан. Бидэнд уг байхгүйгээр үр байхгүй. Эх эцэггүйгээр бид байхгүй шүү дээ.

-Бурхны шашинд монголчууд нэг л итгэлгүй болчихоод байх шиг харагдах юм. Танд мэдрэгдэж байна уу?

-Анзааралгүй яахав. Өнөөдөр гэхэд 60-аас дээш насныхан маань “Бид яахав, үр хойч маань ирээдүйд яана вэ” гэсэн үг амнаас нь байнга гарч, итгэл алдарсан байдалтай амьдарцгааж байна. Сүүлийн үед бүр их ажиглагдах боллоо.

-Үүний шалтгаан нь юу вэ?

-Үүн дээр өөрсдөө ухаарах ёстой. Мэдлэг боловсрол, оюуны дархлаа муутайдаа гадныхны нөлөөнд автсан хэсэг байгаа. Гадны соёлыг дотооддоо даган дуурайж баясах зам руугаа орсон. Бүх салбарт гадна нөлөөлөл их орлоо доо. Үүн дотроо хамгийн ихээр алдаж байгаа зүйл бол уламжлалт ёс зүйн хэм хэмжээ. Хуучин уламжлалт философиудад бүх юмны суурь ухагдахуун нь ёс заншил, ёс зүй байх ёстой гэж үздэг. Амьдралаар шалгарсан, сайн нь л уламжлагддаг. Муу нь хаягдаж гээгддэг. Уламжилж ирсэн юм бүхэндээ энэ үзэл санаанаас хандах ёстой. Бүхний эхэнд зөв хүмүүжилтэй байх ёстой гэж дээдэс сургасан. Зөв хүмүүжилгүй л бол харанхуй газар хутга бариад явсантай ижил гэж айлддаг. Жишээ нь, гадны оронд өндөр боловсрол эзэмшсэн хэрнээ эх орноо тавьж туух хэмжээний ёс зүйтэй хүмүүс байна. Өнөөдөр Монгол орны хямрал гэдэг бол ёс зүйгүйн хямрал юм. Бусдаар өвөг дээдэс маань хангалттай газар нутаг, эрдэс баялаг, мал хуй бидэнд үлдээжээ . Үүнийг сайхан, зөв зүйтэй зохицуулах ёстой. Төв Гандан хийд бол уламжлалт байгууллага. Өмч хөрөнгийн хувьд ч тэр, үйл ажиллагааны хувьд ч тэр, Монголын ард түмний нарийн нандин шүтээн, орон газар хэвээрээ байгаа. Яагаад ингэж хэлж байна гэхээр энэ дэнж дээрээс их олон мэргэд төрөн гарчээ.

-Гандангийн дэнж урьд ямар нэртэй газар байсан юм бэ?

-Далхын дэнж гэдэг байсан юм билээ. Гандан маань газрын цээж, төв, өндөрдүү газар. Тавдугаар Богд цагаан морьтой заларч газрын тэг татаж энэ дэнжийг авсан гэдэг. Хатуу хөтүү бүх цаг үед ямар нэг байдлаар зарим хэсэг нь бүтэн үлдсэн. Халх, баруун, зүүн монгол, Буриад, Тува… гээд бурхны шашинтай бүх газрын нарийн нандин өв энд цугласан. Учир нь Гандантэгчэнлин хийд 1944 онд эргэн сэргэх үед хэдэн зуун жилийн түүхтэй шүтээнүүдээс хэлмэгдлийн үеэс устаж үгүй болоогүй үлдсэн нандин шүтээнүүд ихэнх нь эргэж ирсэн юм билээ. Тухайлбал Үзэмчин, Баргын хурал, Хуучдын хурал, Хар Айргийн хурал, Балдан Засгийн хошууны хурал, Говь түшээ гүний хурал, Мэргэн вангийн хошууны хурал, Торгуудын хурал… гэхчлэн олон хурал бүгд ирж нийлсэн. Хэдийгээр бурхны шашин 1937-1944 оны хооронд тасалдсан харагддаг ч эдгээр ирж нийлсэн хурлууд нь тус тусын газар орондоо хурлаа огт таслахгүй байсан нь шашны үйл хэрэг огт тасалдаагүйг баталж байгаа юм. Эдгээр олон хурлууд ирнэ гэдэг нь олон зуун жилийн түүхтэй өв соёл, бурхан шүтээн, эд зүйлс ирсэн гэсэн үг. Ер нь Монголын ард түмний хамгийн нандин шүтээнүүд цугласан нандин газар мөн.

-Тэр олон хурлууд дөрвөн зүг найман зовхисоос ирж нийлжээ. Тэгэхээр төв Ганданд олон зууны түүхтэй маш их зүйл хадгалагддаг гэж ойлгож явдаг маань батлагдаж байна?

-Яг тийм. Монголын ард түмнийг дааж явах ёстой нарийн нандин сахиус шүтээнүүд одоо хүртэл хадгалагдаж байна. Тийм болохоор мөргөлчдийн цуваа огт тасраагүй. Гадна дотны жуулчдын урсгалын дийлэнх нь Гандан шүтээнийг л зорьж байна. Эдгээр шүтээнүүдтэй хамт хурал номууд, ёс заншил, зан үйлийн зүйлүүд бас хадгалагдаж ирсэн. Энэ бүгд өвөг дээдсээс уламжлагдаж ирээд, одоо бид хойч үе рүүгээ уламжлуулан өвлүүлж байна даа.

-Төв Гандантэгчэнлин хийд улсад татвар төлдөг үү. Ер нь ямар төсөв хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?

-Гэсэр сүм ороод 800 орчим хүн Ганданд харьяалагдаж байна. Үүнээс 100 гаруй нь энгийн ажилтнууд байгаа. Үүнээс цалин зэд авч байгаа 500 орчим хүн бий. Гандан бол төсвийн байгууллага биш. Олон нийтийн статустай гэж хэлж болно. Татвар төлнө. 7-8 төрлийн татвар төлдөг. Үл хөдлөх хөрөнгийн, газрын татвараас эхлээд хүн амын орлогын албан татвар гээд төсөвт олон зуун сая төгрөгийн татвар төлж байна. Номыг үнэлнэ гэж ч хаана байхав. Гэхдээ номын харамж энэ тэр байгаа. Ном өөрөө ямар зарчимд тулгуурладаг юм гэхээр бусдад хөнөөлгүй, үнэнээс гажихгүй явах ёстой гэж. Бусдын тусын тухайд л байх ёстой.

-Ер нь Гандантэгчэнлин хийдийн Монголын нийгэмд гүйцэтгэж ирсэн үүрэг роль юу юм бэ?

-Их л нааш нь татаж хэлье дээ. Манжийн үеийн 200 гаруй жил байна. Манж нь мөхчихөөд байхад Монгол нь байна. Ард түмнийхээ сүжиг бишрэлийн орон зайн дээр монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэн 1911 онд нэгдэн босч, хувьсгал хийсэн. Тусгаар тогтнолоо зарласан. Энэ бол бурхны шашны Монголын нийгэмд гүйцэтгэсэн нэг л том гавьяа. Ер нь бол 200 гаруй жил Монголын төрийн үүргийг шашин нь гүйцэтгэж ирсэн. Үүний ачийг их санаж буян хураах ёстой. Тэр хэцүү цаг үед бидний ард түмэн нэгдмэл нэг оюун санаан дээрээ байж өнөөдрийг бий болгосон юм. 1911 оны хувьсгалыг бол Богд лам болон Монголын шашны мяндагтангууд удирдаж хийсэн. Өнөөдрийн Монголыг их үнэ цэнээр авчирсныг соёлт хүн төрөлхтөн болон түүх мартах ёсгүй.

-Үүнтэй маргах хүн байхгүй байх аа. Бурхны шашныг хамгийн шинжлэх ухаанч шашин гэж баруунд үзэх болсон. Юугаар нь баталж тэгж яриад байгаа юм бол?

-Яривал ихийг ярина. Огт өөр шашинтай, эрдэмтэн Эйнштейний хэлсэн алдартай үг бий. “Шинжлэх ухаантай таарах нь бурхны шашин юм байна” гэж. Өөрийнхөө шашныг хэлж болно доо. Бурхны шашин бол ном дээрээ л тулгуурладаг.

-Харин Маркс “Шашин бол хар тамхи” гэж хэлсэн…?

-(инээв) Юу нь ч хуучны юм сөхдөг юм. Марксын энэ үгийг түлхүү авдаг хүмүүс бий. Маркс бурхны шашинтай хүн байгаагүй. Өөр шашинтай хүн байсан. Өөрийнхөө шашныг ч хэлсэн байж болно. Өөрийнхөө философийг хэлсэн байж болно. Өөрсөнд маань халдаагүй үгийг өөртөө авчирч нааж болохгүй. Бурханы шашныг манай алтан ургийн хүмүүс үе залгамжлан шилж сонгон, залж авчирсан. Өөрийн болгож чадсан. Бусадтай харгалзан, шүтэн барилдлагатай амьдардаг гэдгийг л ойлгох ёстой шашин юм шүү дээ. Ингэж ойлгоно гэдэг нь “Би” гэсэн мунхаг сэтгэлээс гарч байж үнэнийг олно гэсэн үг. “Би”-дээ хүлээтэй байх нь хорвоогийн шавар балчигт байгаатай адил юм. Үүнээс гарах ёстой. Ингэж байж л улс маань оройн дээд болно. Бид бол оройн дээд явж ирсэн гэдгээ ойлгох ёстой. Их хаадын үед ч, тэдний үр хойчийн үед ч тийм байсан. Шалгарсан шилдэг философио өөрсдөө авчирч нутагшуулсан бидний дээдэс бол гайхамшигтай, ухаалаг, чадамжтай ард түмэн. Тэдний тэр дархлаат чадвар ийм их зүйлийг авчирч өгсөн ачийг санаж, буян хураахын тулд бид өнөөдөр хойд насаа бодох ёстой. Хойд нас гэдэг бол ирээдүйгээ л бодно гэсэн үг. Ингэж хичээх учиртай юм. Гадна талдаа хичнээн сайхан тунгалаг байгаад дотроо амгалантай байж чадахгүй байгаа нь хэцүү. Аль аль талыг зөв хослуулах ёстой. Ялангуяа бурхны шашинтай бидний хувьд байгаль дэлхий, сав шимийн ертөнцтэй шүтэн барилдлагатайг ойлгох ёстой. Энэ цаг үед хөдөлшгүй орон болсон байгаль дэлхийд гэнэтийн үзэгдлүүд мэдрэгдэж давтамжууд ихэсдэг боллоо. Энэ бүхэн хаанаас эхтэй вэ гэхээр үйлийн үрээс л эхтэй.

-Ямар үйлийн үрээс болж байна гэж?

-Бидний үйлээс л болж байгаа. Энэ замба тив дээр байгаа долоохон тэрбум хүн өөрсдөө үүнийг эвгүйтүүлж байна. Гэтэл бидэнд ингэж болохгүй шүү гэж хэлсэн бэлэн ном сургаалууд маш их бий. Бүр гайхамшигтай, бид өөрсдийгөө мастер гэж хэлмээр. “Бүх хүнийг бурхан болох авьяастай” гэж бурхан багш айлдсан. Сүүлийн үед хүний хөгжил гэж их ярьж байна. Энэ нь дотроо хүн байх, олоход бэрх, эвдрэхдээ амархан, шүтээн болсон нарийн нандин биеийнхээ шимийг авч, чадамжийг гаргах тухай л яриа юм. Энэ тухай онцгой айлдсан Богд ламын сургаал бий. Үүнийг нэлээн түлхүү сайн анхаарах ёстой. Ингээд найрсаад сайхан явчих юм бол бид эв зохицолдоо орж, тэгш агуулах сэтгэлтэй, тэгш дүүрэн харьцаж, ажиллаж амьдрах болно. “Би” гэх том хүлгэндээ хүлэгдэж, би гэдэгтээ шунаж, тэр рүүгээ явж байгаад улс орноо тавиад туучихгүй байхыг л нэгдүгээрт анхаарах цаг болж дээ.

-Ийм цаг үед оюун санааны удирдагч, эхлэл нь МБШТөв байх ёстой гэж зарим судлаачид үздэг юм билээ. Гандангийн дэнжээс л онцгой гэрэлтмээр байна гэж. Гэтэл хотын төв дэх ганц гэр хороолол хэвээрээ л байх юм?

-Гандантэгчэнлин хийдийн энэ дэнж газар бол 58 га газар. Манай улс бас ч тийм харанхуй биш шүү дээ. Тусгай хамгаалттай газар байгаа юм. Гэтэл үүнийг хэн ч биш болгоод, улс төрийн зорилгоор гэдэг юм уу, нэг сонгуульд хэрэгтэй гэж үзсэн үү, хувьчилчихсан. Дээр нь энэ дэнжид чинь хүмүүс зуу зуун жил амьдарсан болохоор бохир юм байлгүй яахав. Ялангуяа хотын төвд байгаа А зэрэглэлийн газрыг ийм байлгана гэдэг болохгүй л дээ. Гэлээ гээд өнөөдөр өөрсөндөө буй давуу байдлаа ашиглаад монголчуудыг дааж ирсэн олон зуун жилийн түүхтэй нарийн нандин шүтээн сахиус оршин буй, адис жанлав оршсон Гандантэгчэнлин хийдийн ойр орчмын газар оронд халдаж болмооргүй байгаа юм. Тийм санаархалтай хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тийм хүмүүсийн нас намбыг бодоход хойдох урдахаа боддог болчихсон, үр хойчийнхоо ирээдүйд санаа зовнидог насан дээрээ оччихсон л хүмүүс байгаа. Тийм болохоор Гандангийнхаа дэнжийн газар оронд учиртай, ухаалаг хандаарай гэж хэлэх байна. Гандан хийдийг зөв талаас нь зөв сэтгэлээр, зөв сэтгэхүйгээр, мөн чанар талаас нь харвал гэрэлтэж байгаа.

-Гандангийн дэнжийн 800 орчим айлын газрыг нэгэн олны танил улс төрч тэр жил сонгуульд нэр дэвшихдээ хүчээр хувьчлаад өгчихсөнийг мэднэ л дээ. Уг нь улсад, тусгай хамгаалалтад байх ёстой газар. Энэ нь өнөөдөр ямар их хор хохирол, зардал чирэгдэл болж байгааг харж байна. Гэхдээ энэ тухай та бид хоёр ярилцах нь хэн нэгнийг нэр цохон шүүмжлэхэд хүргэнэ. Ярилцлагын маань агаарт ямар бол. Нэгэнт ийм болгочихсон газарт одоо ямар гарц шийдэл байна вэ?

-Ганданг тойрсон 800 орчим айлууд манай ажилчин албан хаагчид биш. Монголын ард түмэн л байгаа. Таны ярьж байгаа үнэн л дээ. Хувьчлаад өгчихсөн. Одоо орчинд нь хөгжил дэвшлийг нь аятайхан болгох тал дээр нэлээд анхаармаар байгаа юм.

-Гандангийн дэнжийг тэр чигээр нь маш гоё цэцэрлэгжүүлмээр л санагддаг юм. Үүнтэй санал нийлдэг хүмүүс ч цөөнгүй байдаг?

-Одоо энэ хавь нь Улаанбаатар хотын цөм болчихлоо. Гадаад дотоодын олон мянган жуулчдын ганц сонирхдог газар нь. Нүүр царайг нь өөрчлөхгүй бол болохгүй. Үүний нэг дорвитой санаачилга нь наад цэцэрлэгжүүлэх чинь. Сүжиг бишрэлийн орон болсон энэ газарт хүн болгон санаа тавьж хөрөнгө оруулмаар байгаа юм. Улаанбаатар хот тэргүүтэй төр засгийн байгууллагууд, томоохон хувийн хэвшлүүд, ТББ-ууд хамтраад сайхан төсөл хэрэгжүүлж, наад зах нь сайхан цэцэрлэгжүүлье. Манайхыг тойроод л бүх шугам сүлжээ, дэд бүтцүүд явдаг. Төсөл хэрэгжүүлэхдээ уламжлалыг хадгалж, соёлжуулах ёстой. Аяндаа орчин нь соёлжоод ирвэл хүмүүс нь ч гэсэн дагана. 58 га газрыг хувьчилж өгөөгүй байсан бол их зүйл хийж болох байна. Бид өнгөрсөн хугацаанд сургалтандаа их анхаарч ирлээ. Одоо л аж ахуйн шинжтэй ажилдаа шамдангуй орж байна.

-Гандан хийдийн зүгээс гадны улсад газар авсан гэж дуулдсан, үнэн үү?

-Энэтхэгийн Бодгаяа гэж бурхны гэгээрсэн газар. Манай төр засгаас ч баталгаа гаргаж өгсөн. Тэндээ газар аваад монгол сүмээ барьчихсан. Манайхаас очиж сурч байна, ажиллаж байна. Энэ далимд хэлэхэд Гандангаас гадаадад 600-700 хүнийг сургаж байна. Ингэж сургаж байгаа байгууллага, яам тамгын газар байхгүй. Жинхэнэ монгол ёс заншлаараа Гандан байгааг ард иргэд зөв ойлгох учиртай. Үүгээрээ бахархах учиртай шүү. Гандангийн өмч хөрөнгө, өв соёл, уламжлал, дэг сургууль, тэр бүү хэл газар шороо нь хүртэл та нарынх, Монголын ард түмнийх. Тийм болохоор өөрийнхөө юм руу хялайж хардаг, нулимдаг байдлаа жаахан хазаарлаасай гэж боддог. Ялангуяа энэ сошиал ертөнцөд юм мэдэхгүйн харгайгаар нүгэл хураах юм байна шүү дээ.

-Монголын нийгэмд муу хэлүүлээгүй газар ч алга л даа. Ингэхэд Гандан дотор сүндэрлэх энэ том барилга одоо ямар зориулалттай, хэн захиалан бариулж байгаа, юунд ашиглагдах бүтээн байгуулалт вэ?

-Энэ бол Батцагаан нэртэй цогчин дугана байгаа юм. Цогцолбор юм даа. Засаг төрийнхөн юу бодож энэ байшинг төсөвлөсөн гэхээр их хэлмэгдүүлэлтийн үед хамгийн хүнд цохилтыг Монголын бурхны шашин авсан. Байгууллагынхаа хувьд бараг бүх сүм хийдээ устгуулсан. Хэлмэгдэж буудуулсан хүмүүсийн ихэнх нь лам нар. Дээр нь ард түмнийхээ сүсэг бишрэлийг ч бодсон биз дээ, төр засгаас “Бид барьж өгнө өө” л гэсэн. Намууд бүгдээрээ үүн дээр зөвшилцсөн байх гэж боддог. Монголын бурхны шашинд 1930-аад он хар дарсан зүүд шүү дээ, бурхан минь. Дуганыг захиалагч байгууллага нь БСШУСЯ юм.

-Энэ том дугана дотор чинь тэгээд юу байх юм. Боловсролын яамны зарим байгууллага орох юм уу?

-Яамнаас орохгүй. Гэхдээ бас лам нар орж суугаад тансаглах юм биш. Олон зуун жил хадгалагдсан ном судраас эхлээд асар их өв байна. Тэр бүгдийг гаргаж ирж эхний удаад музей хэлбэрээр тавина. Цагаан сар тэргүүнтэй хурлуудын үеэр бүх хурлууд нийлээд хурна гэхээр багтахгүй. Сүсэгтэн олон түмэн ч багтахгүй. Тэгэхээр хурлын том заал байх юм. Дотоодын төдийгүй гадаадын хурал номын ажил их болсон. Өндөр дээд зочин төлөөлөгчид их ирж ном хурдаг болсон гээд зориулагдана. Байнгын хурал номын ажилтай олон түмний сүсэг бишрэлийн эрэлт хэрэгцээг хангах газар юм. Монголын хувьд өөрийнхөө хэмжээнд нэлээн том, дориун бүтээл барьж байгаа нь энэ юм. Ирэх зургадугаар сард нээлтээ хийчих хүсэл эрмэлзэлтэй байгаа. Гэхдээ улсаас шалтгаалах зүйл байна.

-Та түрүүн сургалтандаа их анхаарч ирлээ гэж байсан. Өнгөрсөн жил УИХ-ын нэр бүхий гишүүд, тухайлбал Д.Сумъяабазар нарын улстөрчид шашны сургуульд бага насны хүүхэд сургахгүй. Эхлээд ерөнхий боловсролын сургуульд суурь боловсрол эзэмшүүлнэ. Ер нь лам болгоход нас заана гэх утгатай хуулийн төсөл санаачилж байсан. Таны бодол ямар байна?

-Манай сургалт хариуцсан хүн бол Да лам л даа. Гэхдээ хувийн бодлоо хэлье. Уламжлалт сургалт, уламжлалт гэрийн хүмүүжил… гээд тулж ажилласан үнэхээр онцгой сургалт байдаг. Тэгэхээр аль алиныг нь хослуулах л ёстой. Жишээ нь, Мамба дацангууд бол тухайн цаг үедээ Монголын нийгэмд эмнэлгийнхээ үүргийг онцгой сайн гүйцэтгэж ирсэн юм. Дүйнхэр, зурхайн дацан гэхэд тоо бодлого, одон орон судлал үзэх. Ингэж орлож ирсэн байна. Ерөнхий боловсролын сургалтыг сайн явуулах нь зүйн хэрэг. Энэ сургалт дотроо байгальтай яаж харьцдаг, зөв хүмүүждэг гэхчлэн үйлийн үр харгалздаг ийм сургалтыг тодорхой хэмжээгээр философийнх нь хувьд ч, ёс зүйнх нь хувьд шингээж өгмөөр байгаа юм. Насны хувьд бол багаасаа сурах нь сайн. Орчин үеийн боловсрол зайлшгүй чухал. Тийм учраас Шашны их сургууль тавдугаар анги хүртэл ерөнхий боловсролоо үзээд тавдугаар ангиас нь хойш шашны боловсролоо бага багаар нь ахиулан үзэж байгаа. Гэхдээ яах аргагүй авьяастай хүүхэд ирвэл багаас нь монгол бичиг гэхчлэн хослуулан үзээд явах нь нээлттэй. Мөн гадна дотны хэл соёлыг манай сургуульд судалж байгаа.

-Тухайлбал, Шашны дээд сургуульд англи хэл үздэг үү?

-Үзэлгүй яахав. Бүр уламжлалаараа манай сургууль чинь гадны хэл үзэж байж номоо ойлгодог сургууль. Гаднаа шар дээлтэй лам л харагдана байх. Дотоод ертөнц, оюун санаа, цээж тогтоолтын хувьд гайхалтай хүмүүс байсан, одоо ч тийм байгаа. Суурь лам боловсролтой хүмүүс өнгөрсөн бүх цаг үед Монголын төрийн толгойд олноор байсан. Ер нь бол Монголыг авч явсан даа. Бүр сүүлд Улс төрийн товчоонд хүртэл Моломжамц гуай, Цэдэнбал дарга гээд олон томчууд анх хийдийн сургалтаар явж, тэнд ном үзэж эхэлсэн хүмүүс байдаг юм. 1911, 1921 оны хувьсгалын удирдагчдын оройд нь лам хүмүүс байсныг түүхээс бид мэднэ. Да лам Цэрэнчимэдээс эхлээд явна. Өнөөдөр Ганданд гадна дотны боловсролтой хүмүүс байна. Гадна талдаа хүнд мэдэгдээд байдаггүй. Аливаа эрдэм боловсролын дээд эрэмбэд гараад ирэхээрээ ямар ч хүн эргээд бурхны шашныг заавал судалж эхэлдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл үнэн зүйлд тулгуурласан байдаг.

-Дэлхийн II дайны үед Монгол Улсын төсөвт Гандантэгчэнлин хийд хамгийн их татвар төвлөрүүлдэг байсан гэж түүхэнд бичигдсэн байдаг юм билээ?

-Үнэний талтай. 1944-1946 оны хооронд хэлмэгдлийн хар шуурганаас дөнгөж үүдээ нээсэн Гандан хамгийн их татвар төлж, нийт орлогынхоо 50 орчим хувийг улсдаа өгч байсан юм билээ. Х.Чойбалсан гуайгаас эхлээд манайхыг сайшаан магтаж байсан баримтууд бий.Тухайн үеийн шинэ засгийн эдийн засаг болон улс орны оршин тогтнох бааз суурь нь жасын хөрөнгө ажилчид нь ядуу ангийн лам нар байсан. Аль ч нийгэмд бурхны шашин нөмөр нөөлөг болж ирсэн. Өнөөдөр монголчууд номгүй, шашингүй, сэтгэлгүй байвал баларлаа гэсэн үг. Хамгийн том дайсан энд л байгаа. Хамгийн том дайсан бидний дотор талд байж байна. Хамгийн том аюул бидний буруу сэтгэлгээ, буруу хандлага юм. Өнөөдөр монголчууд бид маш их ууртай байна. Их шуналтай байна. Энэ бол үнэхээрийн эмгэнэл. Үүн дээр монгол хүн бүр тогтож бодох ёстой.

-Ийм цаг үед, ийм болчихсон хүмүүс яах ёстой вэ?

-Өөр рүүгээ харах ёстой. Өглөө бүр өөр рүүгээ өнгийж сайн хар. Нийгмийн оюун санаа дотроосоо өвчилчихсөн байна. Хэрэгжүүлэх хууль ёс бүгд байна. Ганцхан зөв явах замыг буруу тийш нь залдаг монгол хүний нисванис буруу сэтгэл л хэцүү байна. Энийгээ л бид нар засна. Түмэн олонгүйгээр төр засаг гэж байхгүй. Түмэн олон өөрсдөө биеэ зас. Бид өөрсдөө сонгосон. Үүлэн чөлөөний наран дээр бид гайхалтай хурдан тэгширч авъя. Ингэхийн тулд бүгдийг муулдаг, бүгдийг хараар хардгаа зас. Хараар үзэх тусам үйлийн үр эргээд өөр дээр хараар ирдэг. Хүн рүү уурлахад хариуд нь уур л ирнэ. Уурыг ээж аав, багш нарын хэн ч зааж өгөөгүй. Номын дагуу явах ёстой. Ном нь үнэн нотолгоонд тулгуурласан байх ёстой. Ном бол засах гэсэн утгатай. Номын толинд өөрсдийгөө харах хэрэгтэй.

-Эргэн тойронд уурлахаас өөр аргагүй асуудлууд их байна шүү дээ?

-Бусдын тусын тухайд бүгдийг бодох юм бол уур гарахгүй. Гараад ирсэн уурыг тэвчил хүлцлээр эмчилнэ. Өөртөө үл шингэх зүйлийг биедээ битгий авчирч наа. Хоол идсэн ч хэтрүүлж идээд үл шингэх болж өвчний эхлэл болдог шүү дээ. Бүх зүйл дээр өөрт үл шингэх зүйлийг анхаар. Өөрөөсөө давсан уур хилэнг бадрааж эд эсээ шатаан, даралтаа ихэсгэж, зүрхээ ачаалах хэрэггүй. Монголчууд бол ухаалаг ард түмэн гэж боддог. Гадна талыг бол яах аргагүй төрийн хуулиар зохицуулна. Хүний дотор талыг яах аргагүй шашнаар гэгээрүүлж, жолоодож авч явна. Энэ хоёрыг л зөв хослуулна. Хүн бол урт настай амьтан биш юм. Богино орчлонд буян хураах ёстой. Буян хураах гэдэг нь нүгэл хийхгүй л гэсэн үг. Нүгэл хийхгүй байна гэдэг шударга явахыг хэлнэ. Шударга явахын тулд үйлийн үрээ л харгалзаж чадвал тэгээд л зөв амьдрал болно доо.

-Сүүлд нь ганцхан юм асууя. Монголын ард түмэн ухаалаг, чадамжтай л гэж олон хүн ярих юм. Гэтэл энэ олон жилд ганц Нобелийн шагналтан Монголоос төрсөнгүй?

-Нобелийн шагналтан төрнө л дөө. Гадныхныг бүх талаар даган дуурайдгаа больчихвол төрнө. Олон улс дахь шинжлэх ухааны ололтуудыг авалгүй яахав. Үүн дээр чадамжаа нэмэх хэрэгтэй. Органик зүйлүүд, байгаль дээрх хамгийн шимтэй зүйлсийг монгол хүн авч чаддаг. Үүнийг хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл болгох хэрэгтэй. Үүн дээр нээлт хийх ёстой. Монгол маань жаахан дор орчихсон, колони сэтгэхүйтэй олон жил явчихсан учраас дийлэнх нь юм үзээгүй, хурдхан шиг баяжаад авъя гэсэн сэтгэхүйтэй байна. Одоо болж бүтэж байгаа хүмүүс нь жаахан бүтээлтэй болох юм руугаа тултал ажиллаж, тэвчээр гаргах юм бол дэлхий бидэнд сайнаар хандана. Бусдын уурыг бага хүргэж, өөр хоорондоо эв зүйгээ олж амьдарцгаая гэж залбирах байна даа.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Их хурлын гишүүн болоод эвдрээгүй сэтгүүлч, сайд болоод сагсалздагийн учир юу вэ

Охин юм зайлуул мууг нь дуудаад яахав гэж бодох нь бодож л байна. Гэхдээ хэлэхгүй гээд яах вэ дээ, золиг. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сэтгүүл зүйн салбараас гаралтай хүн. Улс төрд орж тун удалгүй УИХ-ын гишүүн байсан У.Хүрэлсүхийн оронд жагсаалтын эрэмбээр орж ирсэн юм. Сэтгүүлчээс УИХ-ын гишүүн болсон учраас сэтгүүлчид түүнд маш их талтай, барагтай бол хир халдаадаггүй. Тэгэхээс ч өөр аргагүй. Өмнөх УИХ-ын үед сэтгүүл зүйд үнэхээр нөмөр нөөлөг болсон. Урьдах УИХ гэж тэр чигээрээ сэтгүүл зүй рүү дайрсан, заналхийлсэн дөрвөн жил байлаа. Тэр үед хэвлэл мэдээллийн талд үнэхээр нэг бат цайз болж, авч гарсан хүн бол Д.Сарангэрэл гишүүн. Манай салбарын хүн их улс төрд байх нь ямар хэрэгтэйг бид мэдэж билээ. Одоо хоёр дахиа сонгогдсон төрийн түшээ боллоо. Туршлагатай парламентач боллоо. Салбарын охины карьер үүгээр ч зогсохгүй дээшээ явж Эрүүл Мэндийн сайд, Засгийн газрын гишүүн боллоо. Уг хүнийх нь натур ааш зан сайтай, эвлэгхэн, сэтгүүл зүйн боловсрол нь басчиг өндөр / Ростовын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн/, сэтгүүлчийн мэргэжлийн зовлонг мэддэг, энэ тогоонд чамгүй чанагдсан ийм л хүн. Ер нь их зөв талдаа.

Гэтэл юу болсон юм, сэтгүүлч гишүүн маань сайд болоод айхавтар эвдэрч байгаа харагдах юм. Албан тушаал, хүч чадалдаа их эрдэж, бардаж байна. Гишүүн байхдаа ямар энгийн байлаа. Тэр үе, одоо үе хоёр газар тэнгэр шиг ялгаатай болжээ. Сайдын ажил гэдэг бол эрх мэдэл, хөрөнгө мөнгө хоёр дээр очдог албан тушаал. Бүх хүн түүнээс асууна. Вакумд сайхан оруулна. Албан тушаал, эрх мэдэл, мөнгө хүнийг эвддэг гэж ярьдаг. Гэхдээ энэ үг зөвхөн монголчуудын дунд байдаг яриа байх аа. Хөгжсөн орнууд, хөгжиж буй манайх улс орнуудын мөнгөний сургаалиудад “Мөнгө, эрх мэдэл хүнийг эвддэггүй, харин мөнгө тэр хүний ямар зан араншинтай байсныг илчилдэг юм” гэж бичсэн байдаг. Гишүүн байхдаа зүв зүгээр байсан хүн сайд болоод сагсалзах болсны учир шалтгааныг энэ үгнээс ч хаймаар юм шиг. Сайдыг ингээд бичихээр хэний захиалга вэ гээд эрж хайдаг өвчин улс төрийн хүрээнд бий болчихсон. Тэгж эрж хайдгуудад хэлье. Үхсэн баасны чинь хэн нэгний захиалгаар бичиж суух. Тэгж суудаг завтай хүн өдөр тутмын сонины редакцид хаана нь байдаг юм. Тэр сошиал, нийгмийн сүлжээнд нь л байдаг юм байгаа биз.

Цааш нь үргэлжлүүлье. Өөрөө сэтгүүлч байхдаа асуудаг байсан асуултыг нь түүнээс асууна. Тэр бүхэнд сайдын байр сууринаас хандаж сагсалздаг болсон чинь Д.Сарангэрэл гишүүнийг бусад муу нэртэй улстөрчдөөсөө ялгарахгүй болгочихож байгаад харамсч байна. УИХ-ын гишүүн байхдаа бүх хуульд, гаргаж буй шийдвэрүүдэд сэтгүүлч бидний адил байр сууринаас ханддаг байсанд нь талархалтай хандаж ирсэн. Гэтэл одоо түүний хэлсэн ярьсныг, хэрхэн аяглаж байгааг эргээд харъя. АТГ-аас Эрүүл мэндийн сайдыг хууль зөрчиж, хүүгийнхээ найзыг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар тавьсныг мэдээлсэн. Тэр нь жолооч байсан залуу гэх. Үүнд Д.Сарангэрэл гишүүн албан ёсны байр сууринаас хариулт өгөх ёстой. Төрийн түшээд тийм байхыг сэтгүүлчид, сэтгүүлч байхдаа та ч бас тэгж шаардаж байсан. Гэтэл “Ардын хүүхдийг ажилд авч болдоггүй юм уу” хэмээн сагсалзсан нь хэрүүлч авгайн дүр төрх. Үүгээр ч зогсохгүй Их хурлын чуулганы танхимд гишүүн маань айхавтар хийрхсэн үг хэллээ. Сайдаар очоод харьяа газрынхаа 12 байгууллагын захирал, эрхлэгч нарыг халж, сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн хүмүүсийг шууд томилон хууль зөрчсөн гэх үйлдлийнх нь үеийнх юм шиг байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг ажлаас халсан дуулианы үеэр сайд их л төв түвшин, буурь суурьтай харагдсан бол эмэгтэй улстөрчдийн нэр хүндийг өндөрт өргөх байлаа. Учир нь тэр Б.Нарантуяа гэдэг нь Г.Өсөхбаяр аваргын гэргий байсан учраас нийгэм их сонирхжээ. Ийм үед сэтгүүлчийн мэдрэмжээ хааш нь гээчихэв, Д.Сарангэрэл гишүүн. Чуулганы танхимын гадна явсан хүн чинь гүйж орж ирээд, “Мөнхбат сая юу гэлээ гэнэ ээ, би хэлье…” гэж ирээд “Наад Нарантуяаг чинь заавал хална, одоо гарч очоод тушаалыг нь гаргана…” гэхчлэн атаач жөтөөч авгайн өнгө аястай хэлсэн нь лав л энэ удаагийн Их хурал дахь эмэгтэй гишүүдийн нэр хүндийг “Өвөл болохоор хүйтэн болдог”-оос дутуугүй унагалаа. Ажлаас хална гэдэг хуулиар зохицуулагддаг зүйл. Шүүх шийддэг. Хүний ажил амьдралыг шууд шийддэг эрх мэдэл хатан хаанд л байдаг байх. Зүгээр л даруухнаар, тэр зөөлөн дуугаараа “Хуулийн хүрээнд шийдэгдсэн” гээд худлаа ч болтугай хэлчихгүй. “Ухаантай юм шиг бай, ухаантай болоход чинь тусална” гэдэг үгийг санаж явмаар хүн юм байна. Ингэж таны өмнөөс бухимдахын учир нь нэгдүгээрт сэтгүүлч, хоёрдугаарт улс төрд учраа олох гээд явж буй хэдэн эмэгтэйчүүдийн нэрийг айхавтар хугалж буйд юм. Нэг эмэгтэйн алдаа нийтэд чинь тусна. Бид УИХ-д эмэгтэйчүүд олноор гарч, хатан ухаан гаргаж, уран бэрийн нүүдэл хийнэ хэмээн квот хүртэл гаргаж өгсөн. Хүмүүсийн урам хугарах нь байна шүү дээ. Таны давилуун аашнаас болж эмэгтэй хүн төрд гаргах дэмий, сэтгүүлч төрд гаргах нь дэмий юм байна гэж ард түмэн бодох вий гэж санаа зовж байна. “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэдэг шиг бид хэлэхгүй бол өөр хэн хэлэх билээ, эрхэм сайдад.

“Алтан загасны эмгэн” шиг гэж хэлбэл арай муухай, хатуудна байх. Үүнээс багавтар зүйрлүүлэх юм юу билээ гэж бодлоо. Ерөөсөө “Мөнгөн загасны эмгэн” гэж зүйрлэмээр санагдлаа. Алтан биш, Мөнгөн загасны эмгэн шүү. Хоёр огт өөр ойлголт. Эмэгтэй хүн эвдрэх муухай харагддаг юм. Эрчүүд бол угаасаа эвдэрдэг. Энэ нь дасал болсон зүйл. Эрчүүд сайд, гишүүн байтугай нэг муу хурган дарга болоод эвдэрч хэмхэрч эхэлдэг.Тэд бол тэнэгийн туйл гэдгийг бид нар мэднэ. Тийм болохоор тэдэнтэй юу ярихав.

Д.Сарангэрэл гишүүн маань сошиалаар болон нийгэмд салбарынх нь талаар юуг шүүмжилж байна, түүний эсрэг л мэдэгдэл, мэдээлэл хийгээд ярих юм. УИХ-ын гишүүн Билэгтийн Хавдрын эмнэлгийг улсад авна ч гэх шиг, гэнэт юу болов гэмээр “эмнэлгийн ажилтнуудын цалинг ихээр нэмсэн, диваажинд хүрчихсэн” гэх шахуу юм ярина. Ямар шаардлага байгаа юм бэ. Юунд адгаад байдаг юм бэ. Намуухан бай л даа, ухаалаг харагд. “Боловсорсон тариа бөхийдөг” юм. Та өөрөө сэтгүүлч ч юм даа, тийм болохоор амар байдаг байлгүй, орой бүхэн л гурван телевизээр ярих юм. Өдөр юу шуугьсан байна, түүний эсрэг л үзэж тарж байгаа харагдах юм. Энэ бүхэн чинь, ер нь сайд болсноос хойших хандлагуудад сэтгүүлч нөхөд чинь сэтгэл дундуур байна.

Олон жил сэтгүүлч хийсэн хүн нийгэм дэх хамгийн жижиг зовлонгоос хамгийн том жаргалыг хүртэл харж, тэр дундуур туучиж ирсэн байдаг. Тийм мэдрэмжийг хар багаасаа авсан, мэргэжлийн сэтгүүлч хүн төрийн эрх мэдэлд очоод ингэж хувирч өөрчлөгдөхийг харлаа. Муухай юм байна. Тэгэхээр төр засагт буй хүмүүсийн хэнд нь ч итгэх билээ.

Categories
мэдээ цаг-үе

“Таван толгой” таны ч, миний ч болох зам дээрээ гарах нь гарлаа…

Уул уурхай Монголд хүчээ авсан тэр цагаас хойш Монголын нийгэм дэх тодорхой бүлэг хүмүүс хүнээ байсныг уул уурхайн салбарт их бага хэмжээгээр бизнес эрхэлдэг бүх хүн мэддэг. Мэддэг учраас төр, хувийн хэвшлийн оролцоотой уул уурхайн аль ч компанийн захирал элдэв мэдээлэл хийхээс болгоомжилж ирсэн. Ийм нууцлагдмал байдал нь эргээд тэднийг элдвээр хардаж сэрдэх, гүжирдэж гүтгэх байдал руу оруулдаг юм. Ялангуяа Монголын стратегийн ордуудыг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” компани, түүний салбар компанийн захирлууд ярилцлага өгч, хэвлэлийн бага хурал зарлахдаа тун хойрго. Харин ойрын өдрүүдэд “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал нөхөр өөрийн биеэр гарч ирж хэвлэлийнхнийг цуглуулж орлого, ашгаа нэгд нэгэнгүй тоочлоо. Ямар юмаа хийж хүнээ алдсан эрх мэдэлтнүүдийн шуналыг хөдөлгөсөн юм яриад байгаа юм бэ. Юу бодож уул уурхай бүрийг жадлан эсэргүүцэж, болж бүтэж байгаа бүхнийг мушгин гуйвуулж байдаг янз бүрийн хүмүүсийн шантаажийг дэвэргэх юм хийгээд байгаа юм гэж Б.Ганхуяг захирлыг буруутгамаар. Тэгтэл бас нөгөө талдаа “Жингийн цуваа явдгаараа явна, жингэрийн гөлөгнүүд хуцдагаараа хуцна” гэдэг зарчмаар ажиллаж байгаа нөхөр юм байх даа гэж тоож байна. Түүнийг сая мэдээлэл хийснээс хойш судлаачид бичээд эхэлсэн. “Таван толгой” таны ч, миний ч өмч болох бодит зам дээрээ гарлаа. Одоо хамгийн хариуцлагатай, болгоомжтой байх асуудал бол улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхлуудаас “Таван толгой”-г хамгаалах гэж.

Эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, судлаачдын үзэж буйгаар бол уул уурхай руу улангасан дайрч, шантааж хийдэг нөхдүүдийн ёо ёо нь хэдийнэ хөдөлчихсөн гэнэ. “Эрдэнэс Таван толгой” компанийн ажилд “гай” болох худал хуурмаг, гүжир гүтгэлгийн мэдээллүүдийг цацаад эхэлжээ. Тийм болохоор ойрын өдрүүдэд тус компанийн удирдлагын нийгэмд хүргэсэн сайн мэдээллүүд нь сайныг сонсож чадахаа байчихсан, шүүмжлэхээс өөрийг мэдэхгүй, шүүмжлэхийн дон тусчихсан хүмүүсийг зүсч гарахаас өөр аргагүй болсныг харуулсан үйлдэл гэнэ. “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд үүнийг мэдэрсэн учраас гүжирдэхийг үл тоон стресстэж нервтсэн ард түмэндээ энэ бүх сайн мэдээллүүдийг хүргэв бололтой.

Тухайлбал “Эрдэнэс Таван толгой” компанийн дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулах гэнэ. Зөвлөлийн гишүүн есөн хүнийг ард түмний саналаар сонгох гэнэ. Энэ бол олон улсын жишигт байдаг хамгийн эрүүл зөв хувилбар. Гэхдээ зөвлөлийг байгуулахдаа маш болгоомжтой няхуур хандаж, Монголд жишиг болсон Олон нийтийн зөвлөлийг байгуулж өгөөрэй гэж хүсэх байна. Тэгж чадвал Монголын компанийн засаглалын төлөвшилд үнэлж баршгүй хувь нэмэр болно. Ингэж хүсэхийн учир гэвэл АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг хар. Тийм сайн, эрүүл саруулаар ажиллаж чадаж байгаа юу. Улстөрчдийн аймшигтай эрх ашиг орчихсон гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Олон нийтийн зөвлөлийг хар. Улстөрчдийн ямар эрх ашиг үйлчилж байгааг. Олон нийтийн зөвлөл дэргэдээ байгуулаад бүтэлтэй юм болсон газар энэ улсад өнөөдөртөө алга. Харин энэ бүх бэрхшээлийг давж гараад үнэхээр нэг Олон нийтийн зөвлөлийг ажиллуулсан шиг ажиллуулж чадвал Б.Ганхуяг захиралд талархъя. Бусад нь үлгэр аваг..

“Эрдэнэс Таван толгой” компанийн шилэн санхүүгийн зарчмыг баталгаажуулж, худалдан авалтыг ил тод болгох ажил нь олон түмэнд сайхан сонсогдож байна. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт, нүүрс худалдан авалтын нээлттэй сонгон шалгаруулалт, үүний дараахь гэрээнүүдийг ил болгосон байдал нь энэ компанийг мэрж, нулимж байдаг хүмүүсийг хэлэх үггүй болгов бололтой. Түүхэнд байхгүй нэг их наядын борлуулалт хийж, 473 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан албан ёсны мэдээлэл нь бас нэг зүйлд хариулт боллоо. Өнөөдрийг хүртэл зарим нэг мэргэн ардууд “Таван толгой дээр хятадуудтай хамтрахгүй бол цааш явахгүй. Гадны компаниудтай хамтрахгүй бол Эрдэнэс Таван толгой компани босч ирэхгүй…” гэхчлэн зүсэн бүрээр хэлж ярьж, бичиж ирсэн. Тэгвэл өнөөдөр “Таван толгой” чинь монгол хүний оюу ухаанаар, гадна талд байгаа үнийн таатай нөхцөлийг дүүрэн ашиглаж босоод ирлээ. Тэрбум тэрбумын ашиг олж, ард түмэндээ ногдол ашиг өгөх тухай хариуцлагатай мэдэгдлээ. “Эрдэнэс Таван толгой” компани ирэх 2019 он гэхэд 15 саяас дээш тонныг олборлоно, 2020 онд 20 сая, 2022 он гэхэд бүрэн чадлаараа буюу 35 сая тоннд хүргэнэ. Одоогоор 9,1 сая тонныг олборлоод байгаа. Тэгэхээр ирэх жилүүдэд 35 саяд хүргэх боломж бий гэсэн мэдээллүүд нь ард түмэнд итгэл найдварын гэгээ татуулж байна.

Ер нь тэгээд ОХУ-д нүүрс гаргах, Владивостокоор дамжуулан Находикийн боомтоор нүүрс тээвэрлэх асуудал шийдвэрлэгдэх шатандаа явааг. Нүүрсээ угааж эцсийн бүтээгдэхүүн гаргах, бага хэмжээгээр биш 500 мянгаас дээш тонноор борлуулаад эхэлсэн тухай, дундын зуучлагч байхгүй болсон гэх сайн мэдээллүүд, мөн IPO гаргах хүрээнд олон улсын шинжээчид тус компанийн бүх гэрээг судалж, хувьцаа, IPO хариуцсан албууд нь цаг наргүй ажиллаж, алдагдсан 268 тонн нүүрснийхээ мөнгийг эргүүлж авахаар болсон тухай сайн яваа ажлуудад нь энэ салбар дахь манай хувийн хэвшлийнхэн таатай хандахгүй байгаа нь ёозгүй харагдаж байна. Монголчуудын тамын тогооны үлгэр гэдэг энэ. Үнэндээ Монголд хэдхэн хүн нүүрсээр баяждаг, дэлхийн хэмжээний саятнууд болдог байдал одоо энэхүү “Эрдэнэс Таван толгой” гэх төрийн өмчийн компанийн өөдрөг үйл ажиллагаагаар эцэс болох ёстой. Нүүрсний буяныг монголчууд бүгдээрээ хүртмээр байна. Тус компаниас 2,5 сая иргэн хувьцаа эзэмшиж, хувь ашиг хүртэх нь олон улсад байдаг эдийн засгийн эрүүл сайн тогтолцоо шүү дээ. Яагаад Сингапурын Тимасек шиг ард түмнээ баяжуулж болдоггүй юм. Яагаад “Эрдэнэс Таван толгой” гэсэн хоёр дахь Эрдэнэт үйлдвэрийг ойрын хугацаанд бий болгож болохгүй гэж. Төрд байгаа өмч бүхэн муу менежмэнттэй байдаг гэдгийг өнөөдөр “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд үгүйсгэж чадлаа. Эрдэнэт үйлдвэрийн хэрийн ашгийг энэ компани олчихоод байна. Ийм гэрэл гэгээ өөд явж байгаа компанийг шүүмжлээд үгүйсгээд байгаа хүмүүсийг ойлгоход хэцүү. Тэд ард түмнээ ядуу буурай амьдруулах сонирхолтой, тэгээд хэдүүлэхнээ баян цатгалан амьдрах гэсэн хүмүүс.

Монголын гурван сая иргэнийг төлөөлсөн, дэлхийд гарах том амбицтай, цэвэр бизнесийн “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс одоо зоригтой ажилла. Монголын ард түмний эрх ашгийн төлөө шийдэмгий, ухаалаг, мэдрэмжтэй, санасан бодсоноо хий. Ингэж ажиллах цаг үе дээрээ ирсэн гэдгийг Монголын уул уурхайн шилдэг мэргэжилтнүүд, судлаачид хэлж, бичиж, зөвлөж байгаа юм шүү. Жингийн цувааг явдгаар нь л явуул…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Матаасчид Монголыг сөнөөх нь

Дэлхийн удирдагчид дотор хамгийн олон талын эх сурвалжтай улстөрч бол Барак Обама байсан гэж судлаачид үздэг. Жижиг түвшний шийдвэр гаргахдаа хүртэл дор хаяж 30 зөвлөхийн санаа бодлыг сонсч, судалгааг хардаг байсан хэмээн Хонгконг дахь Бодлогын судалгааны хүрээлэнгийн шинжээч дүгнэжээ. Мөн Путин, Си Жиньпин хоёр шиг олон эх сурвалжтай удирдагчид байхгүй гэж тус хүрээлэн бас үзсэн байна. Ялангуяа авлигын эсрэг Си Жиньпин асар их судалгаа, тайлан, маш олон зөвлөхийн санаа бодолд тулгуурлаж кампанит ажил өрнүүлсэн гэжээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр улс орны хувь заяа, иргэдийн амьдралд нөлөөлөх шийдвэр гаргаж буй удирдагч хүн олон эх сурвалжтай байж гэмээнэ алдаа бага гаргадаг гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. Ямарч хүн мэдээлэл дамжуулахдаа өөрт ашигтайгаар дамжуулдаг. Энэ нь хувь хүний өөрийнх нь үзэл бодол шахуу байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд л шийдвэр гаргагчид маш олон эх сурвалжтай, тооцоо судалгаатай байдаг байна.

Хачин сонсогдож мэдэх жишээ зүйрлэл дурдъя л даа. Өнөөдөр Монголын төр засаг “Хүүхнүүдийн дэлгүүр хэсдэг философи”-оор ажиллах ёстой. 500 мянган төгрөгийн цалингаа ар гэр, амьдрал ахуй, өөртөө хэрхэн үр дүнтэй хүргэх вэ гэсэн асар том ухаан дэлгүүр хэсэн гунхаж яваа хүүхнүүдээс нэвт ханхалдаг. Нэг барааг хэдэнтэй эргүүлж тойруулан үзэж, үнийг нь мянгантаа асууж, хийж байхаа олж ядсан юм шиг лангуу бүрээр орж сонжин… ээ бурхан минь, эр нөхөр биднийг залхаан цээрлүүлдэг билээ. Дэлгүүр доторх буфетэд шалавхан орж кофе ууж эхнэрээ хүлээх минь. Эсвэл дэлгүүрийн зааланд байх буйдан дээр сууж бүсгүйчүүдийг хулгайн нүдээр шинжин сонжин эхнэрээ хүлээж суух минь. Энэ бол эрчүүд бидний дэлгүүр доторх дүр төрх, хандлага. Ингэхгүй гэхэд хамгийн эхний лангуунаас харснаа аваад дэлгүүрээс гарна. Харин дэлгүүр хэсэж яваа эхнэрээсээ хүнтэй хэрхэн харьцах, уян хатан чанар, ойлголцол, юмны үнэ цэнийг мэдэрдэг мэдрэмж, юмханаар юм хийдэг ур чадвар, мяндсан ухаан үнэртэж байдгийг эрчүүд төдийлөн анзаардаггүй. Дэлгүүр хэсэн намжирдах эхнэр хүний тэр хандлага дотор л олсноо хэрхэн хүргэх, олж байгаагаасаа хэдийг хурааж хуримтлуулах, өрхийн эдийн засгаа хэрхэн тэлэх бодлого явж байдгийг гэр бүл судлаачид бичээд байна. Төр засаг гэдэг нь яг л энэ эхнэр хүний ухаанаар төсвөө, олсон жаахан орлогоо ард түмнийхээ амьдрал, нийгмийн асуудалд хэрхэн үр дүнтэй, хүртээмжтэй хүргэх, хуримтлал бий болгох, Норвегийн сан бүрдүүлэх, Хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх… гэхчлэн олон асуудлаа шийддэг байна.

Гэтэл манай төрийн өндөрлөгүүд гурван сая хүний амьдралыг шийдэхдээ хэн ч мэдэхгүй нэг дуракийн үгээр шийдвэр гаргаж байна. Хэнтэй ч ойлголцохыг хүсэхгүй байна. Ажил амьдрал, мэдлэг боловсролын асар их нөөцтэй хүмүүсийнхээ үгийг сонсохыг ч хүсдэггүй. Обама, Путин, Си Жиньпин шиг олон эх сурвалжид дүгнэлт хийж шийдвэр гаргадаггүй. Шулуухан хэлэхэд зөв бичгийн дүрмээ ч мэдэхгүй нэг нөхрийн ховын үгээр төрийн ажлыг явуулж ирлээ. Үр дүн нь өнөөдөр Монголын төрд буй хүмүүсийн байгаа царай. Хамгийн эмгэнэлтэй нь төр маань, шийдвэр гаргагчид маань ховыг ажил гээд бодчихсон, матаасыг маш их мэдээлэл гээд ойлгочихсон сөнөж явна.

Дээрээ тийм болохоор төрийн бүх шатанд, төрд ажиллаж буй бүх хүн ховоор ажиллаж, амьдрахаас өөр арга замгүй болжээ. Төрийн бүтэц нь ийм болохоор нийгмийг хамарсан шинжтэй болж байна. Одоо сургууль, цэцэрлэг эхлэх гэж байна. Хэрэвзээ хов матаас нийгмийн тахал болчихоогүй байсан бол энэ намар дор хаяж 100 орчим сургууль, цэцэрлэг шинээр үүдээ нээх байлаа. Гэвч тендерийн хуулинд 14 хоногийн дотор өрсөлдөгч компани нь гомдол гаргах эрхтэй гэсэн заалтаас болж шинээр баригдах байсан сургууль, цэцэрлэгийн барилгын тендер бүр дээр гомдол гарч бүх ажил зогсов. Хов матаасыг шалгах ажил зуны гурван сарын турш явагдав. Нийслэлд гэхэд ердөө таван цэцэрлэг, сургууль үүдээ нээж бусад нь царцав. Монголын түүхэнд анх удаа бүхэл бүтэн сум сургуульгүй болж хүүхдүүдээ зэргэлдээ сумын сургууль руугаа явуулж байна. Энэ бол Булган аймгийн Бугат сум. Учир нь өнөөх л өрсөлдөгч компанийнхаа матаасаас болж ялсан компани нь сургуулиа барьж чадсангүй.

Нийтээрээ ховч, матаасчин, нэгнийхээ мууг үзэх гэсэн өөдгүй болсны үр дүн энэ юм. Хамгийн харамсалтай нь сургуульгүй болсон хэдэн мянган хүүхэд, хэдэн зуун эцэг, эхийн шаналан зовлон байна.

Монголын нийгэм дэх хов, матаас нь хоёр янз байна. Ахуйн хүрээнд, хуулийн хүрээнд гэж. Ахуйн хүрээн дэх матаасыг айл гэрийн асуудал, хувь хүний зан араншин гээд орхиё, цаашаа. Хуулийн хүрээнд хийгдэж буй ёозгүй, хүний ёсноос гадуурх матаасыг л эхний удаад эмхэлж цэгцэлж, төрийг ёс зүйтэй болгоё. Шийдвэр гаргах түвшний хүмүүст хандаж хэлэхэд зөвлөх нэртэй хүн чинь баталгаа нотолгоогүй зүйл яриад ороод ирвэл ядаж өөр шугамаар үнэн худлыг нь магадлаад сурчихаач. Эхэнд бичсэн дэлхийн томчуудын олон эх сурвалжтай гэдэг нь үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Улс орны хэмжээний шийдвэр гаргахын тулд олон талын судалгаа, тооцоо, мэдээлэл, зөвлөгөө, хов жив, матаас хэрэгтэй байх нь дамжиггүй. Дэлхийн бүх удирдагчдын замнал тийм байгаа. Ганцхан “хар муур” мөн үү, биш үү гэдгийг л шийдвэр гаргагчид маань нягтлаад сурчих хэрэгтэй юм. Ингээд л болоо.

Хэдхэн хоногийн өмнө төрийн яамны газрын дарга нар нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэргийн учир начрыг хоёр талын ар гэрийнхэн нь одоо л там тум гадарлаж эхэлцгээж байгаа дуулдана. Ижил түвшний эрх мэдэлтэй энэ хоёр залуугийн дунд ойр тойронд нь байсан нэг нөхөр “хар муур”-ыг тултал гүйлгэсэн нь эцэстээ ийм байдалд хүргэсэн бололтой. Хоёр залуу даргын хэн нь ч “хар муур”-ыг магадалсангүй. Нэг л хүний үгээр хоорондоо дайсан болцгоожээ. Түмэнгэрэл, Бадраа нарын дунд Г гэгч хоёулантай нь ойр байсан төрийн нэг түшмэл ямар айхавтар “хар муур” гүйлгэж байсныг мэдэх хүмүүс нь одоо ч мэднэ. Одоо Г гэгч нь явж л байдаг. Өнөө хоёр нь харин алга даа. Арав гаруй жилийн өмнөх тэр эмгэнэлт явдал энэ удаад давтагдлаа. “Хар муур” харин хашаан дээрээ “Өөр хэнийг вэ” гээд өнөөдөр гэмгүй царайлан сууж байна. Энэ л Монголын төрийн энэ цаг үеийн эмгэнэл болоод байна.

УИХ-ын гишүүд нь хэн нэгний хов матаасыг шууд хүлээж авдаг, ямарч баталгаагүй тэр мэдээллийг төрийн нэрийн өмнөөс шууд нийгэмд дамжуулдаг хариуцлагагүй байдал өнөөдөр газар авсаар байна.Яг үнэндээ ямар ч баталгаагүй мэдээллээр, бүр нарийндаа хов матааснаас болж өнөөдөр Монголын эдийн засгийг өндөр түвшинд гаргах байсан Оюу толгой гацлаа. Төмөр замыг зогсоолоо. Нефтийн үйлдвэрийн ашиг тус лөөлөө боллоо. Цахилгаан станцууд үлгэр хэвээрээ. УИХ-ын гишүүд нь амандаа орсноо бурдаг, төрийн гурван өндөрлөг нь хов матаасаар шийдвэр гаргадаг, төрд ховын ийм тогтолцоо нэгэнт бүрдчихээр доошоо юу болох вэ. Иргэн Та ядаж хэн нэгэн таныг муулж байна гэвэл тэр хүн рүүгээ шууд залгаад “Чи намайг тэгээ юу” гээд асуучихдаг эр зоригтой байгаач. Энэ нь таныг ховын аюулаас хамгаална. Харин төрд бол тийм эр зоригтон байхгүй байна. Байхгүй болохоор алалцаад дуусах зам дээрээ гарчихлаа даа.

Categories
мэдээ цаг-үе

Япончууд Манжуурыг эзэлсний дараа Дэ ван япончуудтай хамтарч, Монголын тусгаар улс байгуулахыг зорьжээ

Дэ ван Японы Квантуны армийн дарга нарын хамт

Өнөөдөр АНУ-д Элчин сайдаар суугаа Ё.Отгонбаярын Дэ вангийн талаар хэлсэн “Япончууд Манжуурыг эзэлсний дараа Дэ ван япончуудтай хамтарч, Монголын тусгаар улс байгуулахыг зорьсон” гэсэн үг бол түүхэн сурвалжаар батлагдсан том дүгнэлт юм. Гадна дотны дийлэнх түүхч, эрдэмтэд иймэрхүү дүгнэлттэй санал нийлэх болсон. Нэрт монголч эрдэмтэн Хангины Гомбожав АНУ-ын Индианнагийн их сургууль дээр Дэ вангийн тухай хамгийн бодит, бас үнэн илтгэлийг тавихаар бэлдэж байсан гэдэг. Харамсалтай нь 1989 оны аравдугаар сард тэрээр Улаанбаатар хотноо зуурдаар нас баржээ. Х.Гомбожав агсны илтгэл яагаад Дэ вангийн талаарх хамгийн бодитой мэдээлэл байсан бэ гэвэл энэ эрдэмтэн Дэ вангийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Ер нь бол Дэ вангийн ХХ зууны эхний хагаст Монголын тусгаар тогтнолын төлөө хийсэн тэмцлийг үнэн зөвөөр гаргаж ирэх гэсэн анхны оролдлого байсан болохоор хойч үеийнхэн энэ эрдэмтний судалгааг л голлож барих нь чухал санагддаг. Хангины Гомбожавыг давж Дэ вангаар судлагдахуун хийх боломжгүй гэж үзэх түүхчид ч байдаг.

Дэмчигдонров буюу Дэ ван нь 1902 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Цахар аймгийн Шилийн гол чуулган дарга, Сөнөд Баруун хошууны засаг ноён, жунван Намжилваанчигийн ганц хүү болон мэндэлсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн. 1908 онд эцэг Намжилваанчиг өөд болоход 6 настай Дэмчигдонров угсаа залгамжилжээ. Тэрбээр хоёр хатнаас таван хүү, нэг охинтой хүн юм. 1924 онд 22 настай Жун ван Дэмчигдонров Шилийн гол аймгийн дэд захирагчийн албан тушаалд очсоноор олон хошуу отгийг захирах болж улмаар аймгийн чуулган дарга болонгуутаа олон газар орноор явж монгол үндэстний сэхээтэн залуучууд,сэхээрсэн ван ноёдтой холбоо тогтоож эхэлсэн байдаг. Дэ ван Бээжин дахь Монгол Түвдийн сургууль, Нанжин хот дахь улс төрийн дээд сургуулийн монгол, түвд оюутнуудад лекц уншин тэдэнд ирээдүйн үзэл бодлоо илэрхийлэн өөрийгөө таниулж эхэлжээ. Эдгээр оюутан сурагчид 1930,1940-өөд онд өрнөсөн түүний улс төрийн тэмцлийн гол боловсон хүчнүүд болсон байдаг.1929 онд Дэ ван Хөлөнбуйрын нэрт эрдэмтэн Нармай монгол үзэлтэн Мэрсээтэй уулзах үеэр түүнээс Ар, Өмнөд Монголын нийгмийн сэтгэлгээний адил ба адил бус талаар зөвлөгөө авч, нийт монгол үндэстний эрх чөлөөний тэмцэлд Жавзандамба хутагт шиг шашин, оюун санааны лидер үгүйлэгдэж байгааг олж харжээ.

Улмаар 1932 онд Нанжин хотод Чан Кайштэй уулзахдаа Ар Монголоос дүрвэн очсон Дилав хутагттай олон дахин уулзаж, Өмнөд Монголын эрх чөлөөний тэмцлийн талаар зөвлөлдөж байсан нь түүхэнд үлджээ. Үүний тод жишээ бол хожим зэвсэгт тэмцэл бүтэлгүйтэх юм бол барууны хүчирхэг гүрний нөлөөнд багтаж Өмнөд Монголын асуудлыг дэлхийн анхаарлын төвд байлгах явдал хэмээн тэмдэглэж үлдээсэн нь юм. Ингээд харахаар Монголын бүх л үеийн эх орончдын мөнхийн хүсэл бол гурав дахь ч оронтой найз нөхөд байх мөрөөдөл байлаа. Дэ ван Бээжин хотоор дайрч нутаг буцахдаа 20 орчим оюутан залууг нутагтаа дагуулан очсон нь цаашдын тэмцэлд оролцох боловсон хүчнийх нь анхны нөөц, суурь нь байжээ. Удалгүй Өмнөд Монголын өнцөг булан бүрээс монгол үндэстний залуус шил шилээ даран ирэх болсноор Дэ ван тэмцлийн гараагаа эхлүүлсэн юм.

1936 оноос ”Монгол цэргийн ерөнхий штаб”-ыг эмхлэн байгуулж Япон улсын хүчийг ашиглан Монголын язгуур эзэмшил нутгийг эргүүлэн авах зорилт дэвшүүлэн ажиллаж эхэлжээ. Удалгүй Дэ вангийн зэвсэгт хүчин зузаарч арван морьт дивизээс бүрдсэн армитай болов. Өмнөд Монголын төв хэсэгт хяналтаа бүрэн тогтоож, улмаар “Монголыг тэтгэх нийгэмлэг” байгуулан малчдын аж амьдралыг анхааралдаа авч, нутаг усаа сэргээн, ой мод тарих гэхчлэн тусгаар улсад байх ёстой нийгэм эдийн засгийн олон арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёлын хувьд бэхжих гэж үзэж тарав. Дэ вангийн санаачлан байгуулсан Монгол дээд сургуульд малчдын хүүхдийг олноор элсүүлэн сургаж байлаа. Н.Сайчунга зэрэг олон залуусыг Япон улсад сурч боловсруулахаар явуулах зэргээр ер нь л өргөн хүрээнд сэтгэж, тусгаар тогтнолд бэлдсэн юм.

Жишээ нь Дэ вангийн дэргэд ажиллаж байсан Х.Гомбожав, О.Өргөнгөө, Захчинсэчин зэрэг олон хүн хожим нэрт монголч эрдэмтэд болсон байдаг. Дэ вангийн тусгаар тогтнолын тэмцэлд хамгийн үнэтэй зөвлөгөө өгч байсан хүн бол Дилав хутагт Жамсанжав байлаа. Тэрбээр Дэ ванд ”Хэрэв чи Японыг түшээд бүтэхгүй бол хилийн цаана гарч Монголын асуудлыг дэлхий дахины сонорт хүчтэй хүргэ. Дэлхий нийтийн анхааралд Монголын асуудлыг хандуулах нь дан ганц Японыг түшихээс эрсдэл багатай шүү” гэж тодорхой зөвлөснийг Дэ ван журамлан 1940-өөд оны дунд үеэс энэ талын ажилд онцгойлон анхаарч, нэлээн ажлыг гардаж эхлүүлсэн ажээ. 1945 оны чөлөөлөх дайнаар Япон дайнд ялагдаж, улмаар Хятад дахь дотоодын дайн эхэлсэн нь Дэ вангийн төлөвлөгөө бүтэлгүй тийш эргэх үндсийг тавьсан юм.

Гэвч нөхцөл байдал хүндэрлээ гээд Дэ ван мохсонгүй. 1948 он гэхэд Дэ ван Япон, Тайвань, Энэтхэг зэрэг орноор дамжуулан зарим хүмүүсийг АНУ-д илгээн том тэмцлийн гараанд бэлдэж байлаа. Хятадын дотоодын дайнд Гоминданы нам ялагдсан ч Өмнөд Монгол дахь Дэ вангийн морьт арми ХКН-ын чөлөөлөх армийн эсрэг дангаараа хүчээ шавхан байлдсаар байсан юм. Ингээд хөөрхий 1949 оны сүүлч гэхэд Алшаагийн элсэн цөлд сүүлчийн зэвсэгт эсэргүүцлээ хийжээ. Өвөр Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эцсийн сумаа дуустал тэмцсэн дайчин нөхдийнхөө халуун шарил дээр нулимс унаган зогссон Дэ вангийн сүүлчийн итгэл найдвар бол эцсийн хүчээ шавхан, амьд үлдсэн нөхдийн хамтаар Алшаагаас онгоцоор Энэтхэг орох, тэндээсээ АНУ-тай харилцаа тогтоох, хамгийн итгэлт хүн Дилав хутагтын зөвлөсөн тэмцлийн замыг сонгох зорилго байв.

Гэвч тэр үед ЗХУ-ын бүрэн хяналтад байгаа Ар Монголын нийслэл Улаанбаатарт түүний эхнэр хүүхдүүд хэдүйн хорионд орчихсон байлаа. Үндсэндээ коммуннистуудын барьцаанд байв. Тэрбээр Альшаагийн цөлд сүүлчийн цэргээ алдсны дараа Энэтхэг рүү гарч Өмнөд Монголын дүрвэгсдийн засгийн газрыг байгуулахаар төлөвлөж, цаашлаад гурав дахь ч орнуудын дэмжлэгийг авах. Тиймээс л ЗХУ яаравчлан “Хар эрэг” ажиллагааг эхлүүлж, Дэ вангийн Монголд барьцаалагдсан хайрт хүүгээр нь захидал үйлдүүлэн түүнд илгээсэн юм. Бүх цаг үеийн эх орончдод үр, төр хоёр нь хамгийн эрхэм нандин байсан. Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Дэ ван хүүгийнхээ захидлыг хамгийн ихээр эрхэмлэн хүлээж авсан байдаг. Ингээд хамтдаа олон жил хал үзэж, халуун чулуу долоосон зөвлөхүүдийнхээ үгнээс зөрөн байж Ар Монголыг зорьжээ. Түүний энэ шийдвэрийг АНУ-д байсан Дилав хутагт эрс эсэргүүцсэн гэдэг. Харин Ар, Өмнөд Монголыг нэгтгэх хэрэгт хамтарна гэж асан бидний монголчууд түүнийг хилээр орж ирсэн даруйд нь баривчлан авч, толгойноос хар уут салгахгүйгээр шүүсэн юм. Энэ бүхэн бол Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн хэдэн зуун жилийн түүхийн үргэлжлэл. Энэ цаг үе нь өөрөө хоёр их гүрний хоорондын өрөгт буурай монголчууд шатрын хүү болон ашиглагдсан хатуухан улс төр, стратегийн тоглоом байсан нь мэдээж. Үүний хамгийн том, тод жишээ нь Дэ ван юм. Тэрбээр хоёр Монголыг үнэхээр нэгтгэх арга зам хайна гэдэгт тухайн үеийн Монголын удирдагчид итгэж байсан. Дэ вангийн Америк явах төлөвлөгөөг нураан, түүний элэг нэгт монгол ахан дүүс гэсэн итгэл сэтгэл дээр нь тоглон БНМАУ-д хууран авчирч баривчлан 1950 онд коммунист Хятадад Монголоос хүргэж өгсөн гунигт түүхийг машид товчлон хүргэхэд ийм юм.

Хятадуудын гарт тамлуулсан Дэ ван шоронг тэсч гарсан юм. Шоронгоос гараад 1966 онд насан өөд болжээ. Дэ вангийн Өрнөдөд гарч Өмнөд Монголын асуудлыг сурталчилан таниулах ажиллагааг бусниулсан нь XX зууны эхэн хагаст тайван замаар идэвхжиж байсан Өмнөд монголчуудын тэмцлийг мухардалд нэг мөсөн оруулсан юм. Эргэж сэхэхгүй явсаар өнөөдрийн XXI зуунтай золголоо. Үндэсний ганц том лидерээ алдсан Өмнөд монголчууд өнөөдрийг хүртэл их удирдагч Дэмчигдонровынхоо үнэн түүхийн талаар чөлөөтэй дуугарах эрхгүй явна.

Америкийг зорьж байсан том хүсэл тэмүүлэлтэй, эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, монголын Их хааны шууд удмын сүүлчийн хүн Дэ ван буюу Дэмчигдонров яагаад гэнэт Ар Монголыг зорин ирж сөнөв. Өнөөдөр монгол газар шороон дээр амьдарч байгаа бидний гурван сая монголчууд, бидний өвөг дээдэс бол өөдгүй үедээ өөдгүй л явж ирсэн үнэн түүхтэй бид эвлэрэх ёстой.

Дэ ван Монголд баривчлагдаад байх үедээ ямар байцаалт өгч байснаас цухас хүргэе. Тэрбээр ”Юуны учир надад урьд хожид адил бус байдлаар хандаж, ямар гэрч баримттай хэмээн намайг баривчлах болов?” гэж асуумаар санагдаж байлаа. Гэвч иймэрхүү байдалд юу хэлсэн ч тусгүй. Магад өөртөө гай удах буй за. Тиймээс маргалдах цаг үе биш гэдгийг мэдээд зүгээр баригдан дурыг нь дагаж ямар ч эсэргүүцэл хийсэнгүй. Цагаан толгойд надад өмсгөсөн дээлээ тайлан авч ялтны өмсдөг нэхий дээл өмсгөж, миний авч явсан эд барааг тэмдэглэн хурааж гянданд оруулвай. Хоёр дахь өдөр гяндангийн дарга нэгэн хошууч намайг дагуулан Вандан болон Чойжилтой учруулж, миний хонож байсан гэрээс эд юм, гар буу зэргийг бүртгэн тэмдэглэж аваад гарын үсэг зуруулав. Гурав дахь өдөр гяндангаас гарган авчирч Вандан миний хийсэн ялыг тоочив. Одоо ийн нэгэнт ялтны адил хандах болсноо үзүүлж эхэллээ. Түүний хэлэхээр “-Өнгөрсөн үед Японы эзэрхэг түрэмгийтэй сүлбэлдсэн. Одоо харин Америкийн эзэрхэг түрэмгий болон гоминдантай хуйвалдан БНМАУ ба ЗХУ-ыг устгахаар санаархаж, Монголын хууль цааз зөрчсөн болохоор баривчлан шийтгэнэ” гэвэй. Чойжил, Ванданы хэлснийг тэмдэглэн аваад дээр нь намайг зарлигдан гарын үсэг зуруулав. Энэ агшинд надад ёстой л “Өчигдрийн хүндэт зочин, өнөөдрийн нүгэлт дайсан нь боллоо” гэх бодол төржихүй…1950 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Дэ ван миний биеийг нууцаар шүүж эхэлсэн юм. Тэрбээр “-Өнөө би дээд шатны удирдлагын заавраар чамайг шүүнэ. Бид үнэндээ чамайг гэмшин засрахыг нэлээд өдөр хүлээсэн боловч чи ял гэмээ өчүүхэн төдий ч хүлээн гэмших янзгүй байна. Хятадын талаас чамайг харгис хэрцгий том ялтан гэж үзээд буцаан аваачиж шийтгэхээр шаардав. Гэвч бид нар чамайг өгсөнгүй. Одоо яг сайхан сурган хүмүүжүүлж байна гэж хариулсан” гээд байцаалтандаа оров. Тэгээд гуравдугаар сараас эхлэн тус есдүгээр сарын 18-ны өдөр хүртэл шүүн тасалсан цаг хугацаа нь тун урт байсан бөгөөд шүүсэн асуудал нь ч маш олон. Уг нь би бээр чухал асуудал сөхөгдөх бүрийг тэмдэглэн авч байсан билээ. Гэвч он жил удсан болохоор тэдгээрийг бүрэн тогтоож бичиглэж чадахгүй болов. Эдүгээ цээжинд байгаагийн хэрээр хэдэн чухал асуудлыг сөхөн хэлье.

ЯПОНТОЙ ХАРИЛЦСАН ТУХАЙ АСУУДАЛ

Шүүн асуух үеэр Баяр надаас “Японы тагнуул байсан хэргээ ярь” гэв. Би “Та хэрэв намайг Японы тагнуулаар үздэгт хүрвэл би тэргүүн унасан ч зөвшөөрөхгүй. Хэрэв намайг Японтой харилцсан түүхээ ярь гэвэл тэр харин болно” гэж хариулав. Баяр “Тийм бол ярь” гэв. Ингээд би Мурижима Накукамбаши ирж Шилийн голын чуулганы гол газраар тойрсон үеэс эхлэн Сакаичи манай хошуунд лам болж өвлөн ирээд нөхөрсөг хөрш улсын нийгэмлэгийг зохион байгуулаад тагнуулын ажлынхаа урагштай явагдахыг хамгаалан халхалж чадсан. Японы тагнуулын байгууллагаас Накатура Манцу зэрэг хүнийг Бат хаалга сүмд томилон ирүүлж Монголын засгийн зөвлөлд тагнуулын ажил хийлгэсэн байдаг. Би Буяндалайг Японы Квантуны армид томилж, буу зэвсэг худалдан авахуулсан болон биеэрээ Манж улсын шинэ нийслэлд хүрч Японы Квантуны армийн штабын дэд дарга Итагаки Шаширутай учирсан, тэрчлэн Монгол цэргийн ерөнхий жанжин штаб ба Mонголын цэргийн засгийн газар байгуулсан зэрэг байдлаа бүрнээр нь өчсөний дараа Баяр толгойлон Итагаки Шаахиругийн Бат хаалга сүмд тагнуулын ажил хийсэн тухай миний өчлийг дахин уншин сонсоод гарын үсэг зуруулав.

АР, ӨМНӨДМОНГОЛЫГ НЭГТГЭХ ГЭСЭН АСУУДЛЫН ТУХАЙ

Шүүн асуух үед би Баяраас “Ер нь Хар эрэгт та нартай учрахад та нар надад өөр бодлоготой байсан биш үү” гэсэнд Баяр дороо царай хувилан хилэгнээд “Чи үнэхээр муу санаа өвөрлөж байна. Энэ үгийг хэлээд намайг хэрэгтээ татан оруулахаар барахгүй харин бас манай удирдагчдыг ч холбогдуулах гэсэн санаатай юу. Чиний Ар, Өмнөд Монголыг нэгтгэх гэсэн ажиллагаа ч даруй Хятад, Монгол хоёр улсын харилцааг эвдэх гэсэнд оршино” гэв. Би түүнээс “Та миний үндэсний ажил хийхийг ашиглах санаатай байсан биш үү?” гэж асуусанд Баяр “Бид нар үнэн ингэж бодсон. Гэвч тэр цаг үе нэгэнт өнгөрсөн. Одоо чамайг ашиглахгүй. Чи Монгол Улсын нийслэлд ирсний дараа хийсэн ял гэмээ эрт мэдрэн тунгаасан бол монгол, хятад, манж гурван хэлд нэвтэрснийг чинь бодож чамайг Судар бичгийн хүрээлэнд ажиллуулахаар төлөвлөж байсан юм. Ингэсэн бол хэдий сайхан бэ? Гэтэл чи мунхран тэнэглэж буруугаа засахгүй нэг л хэлснээрээ зүтгэсээр ялаа ч хүлээсэнгүй. Чамайг баривчилсныг зөвхөн цөөн тооны хүн, бид л мэднэ. Хэрэв ялаа мэдрэн харамсаж, гэмт асуудлаа үнэнээр нь өчсөн бол оройтохгүй байсан. Гэвч эдгээр ашигтай тохиолдлыг бүр алдан явуулчихав. Одоо юу хэллээ гэсэн ч оройтжээ. Чамайг дайны ялтнаар л үзнэ” гэлээ. Энэ удаагийн шүүлтдээ гарын үсэг зуруулсангүй.

АМЕРИКТАЙ ХАРИЛЦСАН АСУУДЛЫН ТУХАЙ

Шүүн асуух үест тэр Mанж болон Америк хийгээд бусад харь улсын хүний нэрсийн картыг гаргаж надаас таних эсэхийг асуулаа. Бас Гомбожав, Дагва-Одсэр зэрэг хүн Латиморт захидал бичиж, түүгээр дамжуулж Монголын асуудлыг НYБ-д дурдуулах гэсэн захидлын хэсгийг гаргаж, намайг мэдэх эсэхийг асуув. Бас “Чи үг зааж өгсөн үү?” гэж асуусанд би энэ захидлыг үзэж, нээрээ Гомбожавын өөрийн гарын үсэг байхыг магадлаад “Энэ бол Гомбожав зэрэг хэдэн хүний хэрэг, би заасангүй. Гэвч миний тухайн үеийн бодож санасантай ихэд нийцэж байна” гэлээ. “Чи хэрэв үнэн хэлэхгүй бол арьс маханд чинь хал үзүүлнэ” гэж сүрдүүллээ. Тэрээр өдрөөс өдөрт эзэрхэг, увайгүй болж байсан юм. Тэгээд намайг “Өөрөө өчигөө бич” гэлээ. Түүний шахалт дор би эргүүлэн урвуулж бодов. “Намайг энэ явдлаар Монгол Улстай холбогдуулах гэсэн санаа юм уу, эсвэл энэ их ялт нэрээр намайг Монгол Улсад хоцроож Хятадад эргүүлж өгөхгүй гэж байна уу? Ямар боловч Монгол Улсад ирж бүдрэхээс биш яaсан ч буцаад Хятадад очиж бүдрэхгүй” гэсэн бодлогоор тэдний санаанд нийцүүлэн өчгөө өгөв.

ХЯТАДАД ХҮРГЭГДСЭН НЬ

Бараг тэр жилийн наймдугаар сарын үеэр нэгэн хошууч миний өчиглөсөн зүйлийг бүгдийг дахин нэг хувь цэвэр тэгш хуулж аваад намайг дуудан гарын үсэг зуруулах гэв. Би түүнийг авч үзэхэд нэгдүгээрт, Японы тагнуулын байгууллагын Накаурванцутай харилцсан тухай хэрэг байв. Тэгээд би мартамхай зангаасаа болж “Би ийм өчиг өгсөнгүй” гэсэнд тэр “Чи үгүй гэнэ үү? Би уул өчгийг чинь авчраад үзүүлье” гээд авчрав. Би лавлан үзэхэд үнэхээр миний гарын үсэг зураастай байсан тул хэлэх үггүй болсон юм. Залгаад би бас дараа нэг хэрэг явдлыг дэлгэн үзэхэд намайг “Монгол Улсын хилд зугтаан ирээд баривчлагдсан” гэж үзсэн байлаа. Тэр мөртөө Хар эрэг болон Цагаан толгойд ар Монголын талынхан уулзалт хийсэн тухай ер цухуйлгаж дурдсангүй. Ингээд би бодит байдалтай огт нийцэхгүй байгааг мэдэв. Гэвч маргалдаад тус болохгүй гэж үзээд бүх өчиг дээр гарын үсэг зурав. Дээрх явдлуудаас би “Юуны учир намайг дуудаж, дахин гарын үсэг зуруулж байна вэ? Бараг Хятадад буцаах гэж байгаа юм биш үү” гэж таамагласан. Ингээд миний “Бүдэрсэн ч Монголдоо бүдэрье” гэсэн хүсэл талаар болов …

1950 оны есдүгээр сарын 18-ны өдөр намайг гяндангаас гаргаж, хоёр гарыг минь ард уяад хар бүсээр нүдийг боолоо. Тэгээд намайг машин тэргэн дээр тэврэн гаргасны дараа онгоцны буудалд очиж онгоцонд суулган Бээжинд хүргэсэн юм. Энэ бол даруй миний Хятадад хүргэгдсэн түүх болно. “Уг нь цус уснаас өтгөн хэмээн сэтгэж, элэг нэгт ахан дүүсээ зорин тэмцсэн юмсан даа”… хэмээн Дэ вангийн бичиж үлдээсэн тэмдэглэлүүд, гар бичмэлүүдийг Өмнөд Монголын цөөн хэдэн сэхээтэн машид нандигнан хадгалж иржээ.

Зуу хүрэхгүй жилийн өмнөх ойрхоны түүхэнд Монголын тусгаар тогтнол, нэгдэл нягтралын төлөө Дэмчигдонров нарын эх орноо гэсэн сэтгэлтэй, холыг харж сэтгэсэн, хойч үедээ үнэ цэнэтэй амьдрахыг хүссэн томчууд байсан юм шүү гэдгийг өөрийн хэмжээнд хүргэхийг зорилоо. Дэ ван амин хувиа бодсон нэгэн байсан бол хаан шиг амьдрах боломж түүнд хангалттай байсан гэдэг. Дэ ван шиг танил талтай, нэр нөлөөтэй, хөрөнгө чинээтэй, мэдлэг боловсролтой хүн тухайн үеийн халх дөрвөн аймаг, өвөрлөгч 49 хошуу, Ар, Өмнөд Монголд байгаагүй юм гэнэ лээ. Тэрээр наад зах нь хятад, япон хэлийг чөлөөтэй эзэмшсэн хүн байжээ.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Мянга мянган жилд өөрчлөгдөөгүй мал аж ахуй

Монголын мал аж ахуй мянган жилдээ өөрчлөгдсөнгүй. Газар тариалан гарч ирэхээс төө өмнө л монголчууд өнөөдрийнх шиг арга барилаар мал аж ахуйгаа эрхэлж байжээ. Өнгөрсөн хэдэн мянган жилд энэ дэлхий дээр ямар их хөгжил хөдөлгөөн өрнөж, хүн төрөлхтөн дээш мацав. Үүнтэй харьцуулахад өнөөдөр Монголын хөдөө аж ахуйд, малчин айлын гэрт нарны зай, гар утас хоёроос өөр хөгжил, өөрчлөлт гэх зүйл алга. Өнөөх л чөдөр ногтоо зангидаж, үхрийн ширэнд айргаа исгэж, хонины гүзээнд өрмөө хадгалж, дөрвөн ханатай гэртээ салхинд хийсчих шахан, цас бороонд дэндэгнэн амьдарсаар. Ядаж л хоёр эр ямаанаас гарах ноолуурын үнээр чип авч эцэг малынхаа арьсанд суулгачихаад хаа явааг нь багцаалж суух ухаан алга. Тийм нэг дохио өгдөг юм байдаг л сурагтай гэх шигийг яриад сууж байна. Гэрээсээ дөрвөн км-ийн радиуст нисгээд ойр орчимд байгаа малаа камераар нь харуулдаад байж болох дроныг ашиглах тухай ойлголттой малчингүй байна. Үүний оронд лам, мэргэч төлөгчөөс алдсан малаа сурагласаар. Азаар ойролцоо мэдэж дуугарсан мэргэч төлөгчийг тахин шүтэж, хэдэн арван дрон, чип худалдаж авах мөнгийг өргөл барьц болгон өгч сууна. Манай мал аж ахуйд ашиглая гэвэл, хөгжлийн шат ахиулъя гэвэл боломж өдөр бүр нэмэгдсээр байгаа. Гэвч лам, бөө хоёр руугаа гүйсээр байна. Үр дүнд нь бахь байдгаараа, морь бөхөө ярьж, хужаа мотоцикльтойгоо ноцолдож, сумын дэлгүүрийн лангуун дээрх шилтэй цэнхэрт нүүсээр он жилийг үдэж байна даа.

Яагаад ийм байна вэ? Шулуухан хэлэхэд Монголд мал маллаж буй хүн огт өлсдөггүй. Өлсөж үзээгүй хүн залхуугийн туйл байдаг. Бид өлсөж үзсэн бол, дайн үзсэн бол хэдэн арван Нобелийн шагналтантай болчих байлаа. Бахархдаг түүхээрээ бол, том том ярьдаг амаараа бол, аль хэдүйн дэлхийн оюуны түүчээнд явж байх юм. Өлсөж үзээгүй болохоор цааш хэрхэн хөдөлмөрлөх, амжилт олох, ахиж дэвжих тухай өчүүхэн ч ойголтгүй байдаг юм байна. Мал аж ахуй нь хөгждөггүй учраас хүнээ хөгжүүлдэггүй. Хөдөлмөрлөдөггүй учраас малчны хот хөгждөггүй ийм л улс байсаар байна.

Ийм байхыг хөгжөөн дэмждэг, өөгшүүлдэг, турхирдаг тодорхой масс нийгэмд бас байна. Гадаадын хэдэн эрдэмтэн, түүхчид нүүдлийн аж ахуйг хэвээр авч үлдэх нь гайхамшиг хэмээн сурталддаг. Энэ нь угтаа хаа байсан мянган жилийн өмнөхөөрөө амьдарч байгаа отог омгийнхон Монголд байна гэдгийг жуулчдад харуулах гэсэн хүсэл санаа юм. Гадны хэдэн эрдэмтэн, хэдэн жуулчдад үзмэр байлгах гэж малчдаа эсгий гэрт, хиртэй хувцастай, хэдэн зууны өмнөх эдлэл хэрэглэл, эмээл хазаар, аяга шанагатай байлгах нь Монголын хөгжил биш ээ.

Манайх шиг нүүдлийн мал аж ахуйтай улс орон энэ дэлхий дээр олон байсан. Одоо тэд хөгжлөө дагаад өөрчлөгдсөн. Дийлэнх нь фермерүүд болж хүн төрөлхтөний хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Европын өндөр хөгжилтэй орнууд, Австрали, Азийн орнууд… хаа сайгүй эрчимжсэн мал аж ахуй өндөрт гарлаа. Малаас гарч болох бүх л түүхий эдийг таваарлаг болгож, эдийн засгийн эргэлтэд өндөр үнэтэй оруулж байна. Мах, сүү, арьс шир, үс ноос… юу л байна бүгд хүн төрөлхтөний үнэт хэрэгцээ болон арилжаалагдаж, ашиг олж байна. Хүний нийгмийн хамгийн үнэн юм бол мөнгө их олсон нь хөгждөг, сайхан амьдардаг явдал юм. Мөнгөгүй, мөнгө олдоггүй улс орнууд л ядуу дорой амьдарч байна. Үүнийг хэн үгүйсгэх юм бэ.

Монгол Улс 60 сая малтай. Үүний 10 саяыг нь л хэрэглэж байна. Бусад 50 саяыг нь хадгалж байна. Хадгалсаны үр дүнд бэлчээрийн даац хэтэрч, ган зуд нүүрлэж, ямар ч хэрэгцээгүй таваар болж байна. Үнэндээ Монголын мал аж ахуйд мал нь хүнээ тэжээгээд байна уу, хүн нь мал тэжээгээд байна уу. Угтаа бол 60 сая малын дор хаяж 50 хувь нь эдийн засгийн эргэлтэд жил бүр орж байх ёстой. Монголын мах экспортод гарах ёстой гэсэн үг. Хоёр хөршийнхөө хилд ойрхон хэдэн жижиг хотын махны хэрэгцээг хангах гэрээ байгуулахад л манай 60 сая мал бараг хүрэлцэхгүй. Эрэлт ийм өндөрт гарахад малын үнэ өснө, малчдын амьдрал дээшилнэ. Мөнгөтэй болсон малчдын хэрэгцээ ихэснэ. Эрэлт хэрэгцээ дагаж үйлдвэр үйлчилгээ тэлж, ажлын байр нэмэгддэг. Ийм л эдийн засгийн энгийн логикоор бодоход өнөөдөр мал аж ахуй ямар арчаагүй, хөгжилгүй, дорой байгаа нь харагдаж байгаа юм. Сумын төвийг хичнээн эрчим хүчээр холбож, халуун дулаантай болгоод яах юм. Малтайгаа адилхан ахуйтай болчихсон, ямар ч хэрэглээгүй болчихсон Монголын малчдад гэрэл цахилгаан, халуун хүйтэн ус, нарийн ширийн хоол, нойтон алчуур, нойлын цаас ч хэрэггүй байна шүү дээ. Хүн амын маань талаас илүү хувь нь болох ийм хүмүүс дээр хэн очиж наймаа хийж, соёлыг түгээх юм бэ. Ийм л болохоор Монголын мал аж ахуйг өөрчлөх, шинэчлэх, хөгжилд хөтлөх цаг болжээ.

Өөрчлөхгүй бол Африкийн Танзан улсын Хазза овгийнхноос нэг их ялгаагүй хүмүүс болох нь. Энэхүү Хазза овгийнхон өнөөдөр ямар байна гээч. Гартаа нум сумаа барьж амьдралаа залгуулсаар 10000 жилийн нүүрийг үзэж байна.

Анаашны арьсаар хийсэн тэдний нум сум тахь, усны үхэр, бодон гээд том амьтдаас эхлээд шувуу, хэрэм, зурам гэсэн жижиг амьтдыг ч унагана. Сумандаа хор түрхсэн байдаг тул, оногдсон амьтад сумны шарханд гэхээсээ хоронд хордож үхдэг. Ан гөрөөгөөр амьдралаа залгуулах тэдэнд суурьшил гэж үгүй. Нэг газар нэг сараас илүү тогтохгүй. Ан гөрөөгөө хөөгөөд ийш тийш нүүдэллээстэй /манайхан малын бэлчээрээ дагаж нүүдэг шиг/. Тэд очсон газартаа гэр барихдаа цагаас илүү хугацаа зарцуулахгүй. Тэдний гэр нь жижиг мөчир, өвс зэргийг томж холбосон бяцхан урц маягийн зүйл.

Профессор Frank Mar­lowe сүүлийн 15 жилийн турш Хазза омгийг судалж буй нэгэн. Түүнийхээр бол “Хаззачуудын аж амьдрал холын өвөг дээдсийн үеэсээ өөрчлөгдөөгүй байх” гэнэ. Одоогийн ан гөрөө хийдэг амьдралын хэвшил нь дор хаяж газар тариалан эхлэхээс өмнөх 10000-аад жилийн тэртээгээс тоологдох нь бараг нотлогдоод буй аж. Шүүрс алдам урт удаан үргэлжилсэн хүний түүх гэдэг, үнэндээ түүний 99 хувьд нь яг хаззачууд шиг амьдралаар амьдарч ирсэн. Эсрэгээрээ сууриншиж газар тариалж, мал адгуулах болсон нь хамаагүй саяхны явдал буюу хүний түүхийн ердөө нэг хувьд хүрэхгүй богинохон өрнөл. Тэгсэн хэрнээ тэр нэг хувийн хормын төдий хугацаандаа өөрийнхөө 99 хувийн амьдралаа ул мөргүй шахуу өөрчлөөд тавьчихсан байгаагаа бид өөрсдөө харж сууна.

Хаззачууд харийн хүмүүс нутагт нь орж ирсэн ч эсэргүүцнэ гэж байхгүй. Зүгээр л өөрсдөө зай тавиад нүүгээд явчина. Аж амьдрал нь бүхэлдээ “өнөөдрөөрөө амьдрах” тул эд агуурс хуримтлагдана гэж санахын ч хэрэггүй, хаззачуудад хөрөнгө хогшил байтугай, хүн нэг бүрт нь хувийн эд хэрэгсэл гэхээр юмгүй. Эрх мэдлээр ч ялгарахгүй, эд баялагаар ч ялгарахгүй. Томчууд нь хэнд ч тушаагдахгүй, бас хэнийг ч тушаахгүй. Эр эмийн харьцаа ч ерөнхийдөө эрх тэгш. Нарийн харвал эмэгтэйчүүд нь давамгайлах талдаа. Ямартай ч эрчүүд нь галзуурсан ч эмэгтэйчүүдээ захирах гэж оролдохгүй. Хазза омгийнхон дотор гэр бүл салалт гол төлөв эхнэр нь нөхрөө хаяна. Хаягдсан эрчүүдийн хамгийн түгээмэл шалтгаан нь “ан гөрөөнд муу” гэх явдал. Ангаас гар хоосон ирсэн эрчүүд дээр тусах хүүхнүүдийн харц ширүүн. Гэсэн хэдүй ч хаззачууд юунд ч санаа үл зовно. Тэдний бодолд угаасаа “санаа зовох” гэдэг үг байхгүй. Юу гэвэл, тэдэнд цаг хугацааны ухагдахуун гэж үгүй. Байгаа нь зөвхөн “өнөөдөр” гэдэг өдөр л байна. Маргааш, нөгөөдөр гэх мэт үг байдаг ч, түүнээс цаашхийг илэрхийлэх үг ухагдахуун тэдний 10000 жилийн амьдралд нь шаардагдаагүй байна. Тэднээс насыг нь асуувал хэн ч өөрийнхөө насыг мэдэхгүй. Ямар ч цаг үед, юу ч болдог бай, тэд зөвхөн “өнөөдөр”-өөр л амьдарч иржээ.

Малчны удам миний хувьд мал аж ахуйгаа эдэнтэй зүйрлэхдээ эмзэглэж байна. Гэхдээ зүйрлэн сэрэмжлүүлэхээс өөр арга алга. Арван мянган жилийн өмнөх амьдрал нь огт өөрчлөгдөөгүй хаззачууд шиг амьдарч буй малчдаа цаашид ингэж амьдруулмааргүй байна. Мал аж ахуйг магтан дуулсан гадна дотны үзэл сурталд бодолтой хандаж, түгээн дэлгэрүүлэх нь буруу байна. Бид ийм солгой эгшиг, сондгой өнгөтэй байвал өнөөдрийн хүн төрөлхтний түүхээс арилна. Монголын хөдөөд цөөн хэсэг нь малчин удмаараа, ахуйгаараа байхыг үгүйсгэхгүй. Хаана ч уламжлалаа хадгалсан цөөн хэсэг нь гадныханд үзмэр маягтай байж байдаг. Харин олонх нь хүн төрөлхтөний хөгжлөө дагажээ.

Хамгийн гол нь мал аж ахуйгаа өнөөдөр таваарлаг болгож байж л энэ байдлаас гарна. Туйлдаа хүртэл доройтчихсон салбар биш. Эдийн засгийн их боломж Монголын мал аж ахуйд байна.

Тооцъё л доо. Дэлхийд натуралный мах, арьс, үс ноос хамгийн эрэлттэй хэвээрээ байна. Жишээ нь, манай сарлагийн арьсыг гүйцэх сайн чанарын гутлын түүхий эд дэлхийд байхгүйг мэргэжилтнүүд нэг дуугаар хүлээн зөвшөөрдөг. Бид ашиглаж чадахгүй л байна. Бид 10 сая малынхаа арьс ширийг боловсруулж гадагш нь гаргахад нэг тэрбум ам.доллар олох наад захын тооцоо бий. Нэмүү өртөг шингээвэл хоёр тэрбум болно гэдэг. Хорин сая малынхаа арьс ширийг боловсруулаад гаргавал хэд болох уу. Гучин сая малынхаа арьс шир, үс ноосыг гүн боловсруулаад олон улсад гаргавал юун Оюу толгойн долоон тэрбум ам.доллар, 10, 20 тэрбум ам.долларт хүрэх нөөц бидэнд байна. Европын өндөр хөгжилтэй орнуудад савхины сайн оёдолчны сарын орлого 7-11 мянган ам.доллар байна шүү дээ. Тэгвэл дэлхийн савхины түүхий эдийн хамгийн сайн нөөц Монголын хээр талд бэлчиж байна.

Арьс ширийн үнэ цэнэ зөвхөн ийм байгаа бол мах, өлөн гэдэс, малын ихэс… гээд өчнөөн түүхий эд дэлхийд ховор, үнэ нь улам өссөөр байна. Монгол малын өлөн гэдэс Германд хамгийн үнэтэй. Мэс заслын хамгийн сайн оёдлын утас болдог. Дэлхийн баячуудын хэрэглээ болсон хамгийн тансаг хиаман бүтээгдэхүүний түүхий эд бас хэвээрээ байна. Дэлхийн баячуудын үзэх, хичээллэх дуртай спорт газрын теннисний цохиур, бусад эдлэл хэрэглэлийг ч өлөн гэдсийг маш нарийн боловсруулж хийж байна. Энэ бүгдийг манай бизнесмэнүүд мэднэ. Ганцхан хөгжиж дэвжээгүй хөдөө аж ахуй, дэд бүтэцгүй малчдаасаа энэхүү ховор түүхий эдээ хэрхэн авах аргаа олохгүй байна. Үе үеийн эрх баригчдын зүгээс мал аж ахуйд хандсан дорвитой бодлого шийдвэр, сэтгэл зүтгэл огт гарсангүй. Сонгууль болохоор л бүгдээрээ “Миний малчин түмэн” гээд дүр эсгэж давхиж очихоос биш, сонгуулийн маргаашаас малчдыг ор тас мартдаг. Уул уурхай дээр л уралцаж, улс орноо хөмрөх шахаж байна.

Гэтэл ийм их баялгийг бүтээж, эдийн засгийн эрс сэргэлт авчрах түүхий эдийн нөөц хэдэн зуун жилийн өмнөхөөрөө амьдарч буй монгол малчны хотонд, мал аж ахуйн салбарт байсаар байна. Үүнийгээ бид ашиглаж чадахгүй мөлхсөөр байна.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав: “Эрдэнэт” үйлдвэрээ хэмлэж мэрэх, хэрүүлийн бузар хоёроос чөлөөлөх цаг нь болсон

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой Олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан билээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Ганболд, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар нар бүрэлдэхүүнд нь багтсан тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай ярилцлаа.


-УИХ-ын Ажлын хэсэг байгуулагдаад ямар ажил амжуулав. Та бүхэнд ажиллах боломж нөхцөл хэр нээлттэй байгаа вэ?

-Ажлын хэсэг тавдугаар сарын 1-9-ний өдрүүдэд Улаанбаатар хот дахь “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөөлөгчийн газарт ажиллаад үргэлжлүүлэн 10-12-ны өдрүүдэд Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-т ажилласан. Мэдээж бүх зүйл нээлттэй. Тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, бас ажиллагсадтай нь уулзлаа. Олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэр, бусад этгээдтэй холбогдох мэдээ мэдээлэл, материалыг авч судаллаа. Ингээд тавдугаар сарын 31-ний дотор хийж хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг Ерөнхий сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, Үйлдвэрийн удирдлагуудад хүргүүлээд байна.

-Та бүхэн бодит нөхцөл байдалтай албан ёсоор биечлэн танилцсан хүмүүс. Ер нь бодит байдал ямар байна. “Эрдэнэт” үйлдвэр ХХК-иас “Жаст Групп”-т баталгаа гаргасан асуудал нь хууль тогтоомжийн дагуу явагдсан байна уу. Ард түмэн аль нь үнэн, аль нь худал яриад байгааг мэдэхээ байлаа?

-Ажлын хэсгийн зүгээс санал, дүгнэлтийг УИХ-д танилцуулах хүртэл хугацаа хэрэгтэй байгаа. Зарим талаар гэмт хэргийн шинжтэй, хууль хяналтын байгууллага ажиллаж, нарийвчлан үзэх, дотоодод төдийгүй гадаадад ч ажиллах шаардлага гарах шинжтэй. Тэгэхээр яаран дүгнэлт өгөх боломжгүй.

-Урьдчилсан нөхцөл байдлыг уншигчдад хэлж болно биз дээ. Өнөөдөр энэхүү дуулиан шуугиантай асуудлаар хамгийн голтой мэдээллийг та л өгч чадна. Бусад нь болохоор шалгагдаж байгаа асуудал, нууцын зэрэглэлтэй, Арбитрийн шүүх дээр байгаа, 51, 49 хувийнхан гэхчлэн бултаад байх юм байна шүү дээ?

-Би ч бас наад үгсээр чинь таны амыг таглана. Гэхдээ хуулийн хүрээнд хэлж болохоор зарим мэдээллийг хүлээлттэй байгаа иргэддээ хүргэхэд хууль зөрчсөн зүйл болохгүй байлгүй дээ.

-Тэгвэл “Стандарт” банкны нэхэмжлэлтэй “Эрдэнэт” үйлдвэрт холбогдох олон улсын хэрэг маргаан, “Жаст”-ын Батхүүгийн асуудал эхнээсээ яаж өрнөсөн, хэрхэн хууль тогтоомж зөрчсөн байдал руу орсон, эдгээр гурван газрын харилцаа ямар байдлаар явж ирсэн байдаг юм бэ?

-Ажлын хэсгийн танилцаж, судалсан мэдээллээр бол энэхүү хэрэг маргаанд холбогдох асуудлыг 2006 оноос эхэлсэн гэж харж байгаа. 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэр ХХК нь “Стандарт” банкнаас 15 сая ам.доллар зээлсэн. Улмаар хэдхэн сарын дараа буюу есдүгээр сарын 29-ний өдөр дахин 15 сая ам.доллар зээлж авсан байдаг. Нийтдээ 30 сая ам.доллар зээлжээ. “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банк хоёрын зээл ингэж эхэлдэг бол “Жаст” компани нь “Стандарт” банкнаас нийтдээ 160 сая гаруй ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан нь бас тодорхой болсон. 2009 онд 36 сая, 2010 онд 27 сая, 2011 онд хоёр удаа 34 болон 75 сая ам.долларыг тус бүр авсан байдаг юм.

-“Жаст” группын зээлсэн 160 сая ам.долларын асуудлыг түр азнаад “Эрдэнэт” үйлдвэр дээр тогтож ганц хоёр зүйл асууя. Тэр үед Эрдэнэт үйлдвэр 30 сая ам.долларын зээл авах санхүүгийн зайлшгүй шаардлагатай болсон юм байх даа. “Эрдэнэт” үйлдвэрийг энэ хэрийн зээл гаднаас авч үйл ажиллагаагаа явуулах газар биш л гэж ард түмэн ойлгодог шүү дээ?

-Зээлсэн нь үнэн. Тэр үед “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн горим, эдийн засгийн чадамж хэвийн, ашигтай ажиллахын төлөө эрмэлзэлтэй байсан хэдий ч хувийн компанийг дэмжиж, хэд хэдэн удаагийн үйлдлээр баталгаа гарган ихээхэн хэмжээний зээлийг удаа дараа, бүр цаашилбал зуршил болтол авч өгсөн нь нэгийг хэлээд байгаа юм. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоож, хариуцлага тооцох ёстой.

-Тэр үед Эрдэнэтийн захирал хэн байлаа?

-УИХ-ын ажлын хэсгийн удирдамжинд ийм зүйл байхгүй. Та нар өөрсдөө цаг тооны хуанли эргэж харахгүй юу.

-Тэгээд тэр “Стандарт” банкнаас зээлсэн 30 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр юунд зарцуулсан байдаг юм бол?

-Би мөрдөн байцаагч биш. Санхүүгийн тайланг нь нягтлах асуудал гарах байх. Энэ чиглэлээр АТГ, Цагдаа, бусад газрууд ажиллаж байгаа юм билээ. Хариуцлага гэж бий. Ажлын хэсэг тэдний ажил руу халтирч орж бас саад учруулж болохгүй.

-2006 онд “Эрдэнэт үйлдвэр” “Стандарт” банкнаас зээл авсан мөртлөө, өөрсдөө “Жаст” Группт зээл олгож байсан мэдээлэл байдаг. Энэ үнэн юм болов уу?

-Үнэн. 2006 онд “Эрдэнэт” үйлдвэр өөрийн хөрөнгөнөөс 20 сая ам.долларыг бас л “Жаст” команид зээлүүлсэн юм билээ. Үүнд л хэргийн учир бий. Даварсан ч юм уу, давраасан ч юм уу. Зарим хүн хуйвалдсан ч гэдэг юм билээ.

-Тэгвэл “Стандарт” банкнаас зээлсэн доллараа “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” групп руу шилжүүлдэг байсан юм байна?

-Аливаа мөнгө хөрөнгийг зуучлах, авах, хүргэх дэд бүтэц гэж байдаг. Мөнгө зөөвөрлөх арга хэрэгсэл нь энэ байсан юм биш үү. Үүнийг банкны гүйлгээнээс харах ёстой.

-“Эрдэнэт” үйлдвэр “Жаст” компанийн хоорондын бизнесийн хамтын ажиллагаа, зээл, төлбөр тооцооны талаар тодорхой мэдээлэл авмаар байна?

-Ер нь бол энэ хоёр аж ахуй нэгж бизнесийн талбарт нэлээн өргөн хамтын ажиллагаатай байсан. Хоёр компанийн хоорондын төлбөр тооцооны тодорхой хэсэг нь бартерийн хэлбэрээр явагдсан байдаг. Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэр нь 2006-2013 оны хооронд есөн векселээр 40.8 сая ам.долларыг “Жаст” группт олгожээ. Энэхүү векселийнхээ тодорхой хэсгийг бартерийн тооцоогоор барагдуулсан байна.

-Бартерийн ямар нөхцөлөөр вэ. “Жаст”-аас бензин, шатах тослох материалыг “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж байсан гэдэг нь бартерт орох уу?

-Бартерийн нөхцөлд орно. Ер нь бол энэ гурван хуулийн этгээдийг салгаж ярих боломжгүй. Эхлээд энд гурвалсан гэрээний асуудал яригдана. Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэр, “Жаст” групп, “Стандарт” банкны байгуулсан гэрээний дагуу “Стандарт” банкинд төлбөр цуглуулах тусгай данс нээлгэсэн байдаг юм.

-Энэ дансаар яг ямар нөхцөлийн төлбөр тооцоонууд хийгдсэн байдаг вэ?

-Ерөөсөө данс нь зээлийг эргэн төлөх төлбөрийг цуглуулах зорилгоор нээгдсэн гэж “Эрдэнэт” үйлдвэрийнхэн тайлбарлаж байгаа. Эндээс харахад энгийн ойлголтоор “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкнаас зээлээд, зээлснээ “Жаст” групп рүү дамжуулан зээлдүүлсэн юм шиг харагддаг. Энэ үйлдэл нь Лондонгийн Олон улсын Арбитрийн шүүхэд “Эрдэнэт” үйлдвэр ялагдах гол шалтгаан болсон байх. Арбитрийн шүүхийн дүгнэлт дээр ч энэ байдлыг дурдсан байна лээ.

-Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр нь “Жаст” группт зээлийн баталгаа гаргаж өгсөн нь бодитой юм байна?

-Баталгаа гаргаж өгсөн гэвэл өгсөн. Анх 2007 оны арванхоёрдугаар сарын 27-нд “Жаст” компанийн зүгээс “Стандарт” банкнаас 20 сая ам.долларын зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгсөн баримт нь нийгэмд нэгэнт ил болсон. Энэ зээл нь эргэн төлөгдсөн байдаг. Асуудлын гол нь энэхүү төлөгдсөн 20 сая ам.долларын зээлээс хойших зээлийн гэрээнүүд дээр л яригддаг. Яригддаг маргаан нь “Эрдэнэт” үйлдвэр Жастад баталгаа гаргаж өгсөн, өгөөгүй гэх асуудал. Үүнийг л УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг шалгаж, магадлах үүрэг хүлээсэн.

-“Жаст”-ын Батхүү бол би хуурамчаар үйлдсэн гэдэг. “Эрдэнэт” үйлдвэр нь “Манайх баталгаа гаргаж өгөөгүй” гэж байна. Харин “Стандарт” банк шууд л “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгсөн” гэдэг. Тэгэхээр хэн нь үнэн яриад байгаа юм бэ?

-Ер нь бол иргэн хүн наад зах нь нэг сая төгрөгийн зээл авахад түүний бүрдүүлсэн бичиг баримтыг хуулийн хүрээнд үнэн, зөв эсэхийг банк өөрөө хянаж тогтоодог. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Стандарт” банк хувийн компанийн захирлын бүрдүүлсэн хуурамч материал, дэлхийд дээгүүрт орох улсын үйлдвэрийн хуурамч гэх баталгааг үндэслэж, ийм их хэмжээний долларыг хэд хэдэн удаагийн үйлдлээр зээлээр олгосон нь итгэхэд бэрх асуудал. Гэхдээ энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Ер нь бол олон улсын Арбитрийн шүүхээс “Стандарт” банкны нэхэмжлэлийн талд шийдвэрлэсэн хэдий ч Монголын хууль хяналтын байгууллага, АТГ уг хэрэг маргааныг шалгаж байгаа тул тэр нь зөв, энэ нь буруу гэж Ажлын хэсгээс хариулах боломж өнөөдөртөө алга.

-Тэгээд энэ маргаан дээр шинэ мэдээлэл, шинээр бий болсон нөхцөл байдал байна уу?

-“Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Мөнхжаргалын сейфэнд байсан гэх 28 хуудас гэрээний эх хувилбар шинэ нөхцөл байдлыг үүсгэж болох юм. 2009 болон 2010 оны зээлийн гэрээтэй холбогдох гурван гэрээ бүртгэгдсэн боловч материал нь архивт байдаггүй, үүнийг энэ хэрэг маргааны хүрээнд мөрдөн байцаагчид хураан авсан байдаг. Энэ олдсон нотлох баримт нь нь хэргийн үнэн бодит байдлыг тогтоож, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Арбитрийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх хэмжээнд үнэлэгдэж байж шинэ нөхцөл байдал үүснэ. Гэхдээ энэ асуудлыг Ажлын хэсэг шийдэхгүй. Өнөөдрийн үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг Засгийн Газрын түвшинд үнэлж цэгнэн, яаралтай арга хэмжээ авах зөвлөмжийг Ажлын хэсгээс цаг алдалгүй гаргаж, Ерөнхий сайдаас эхлэн холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн. Монголын төр, ажил хариуцсан хүмүүс уг хэрэгт хайхрамжгүй хандаж, цаг алдаж болохгүй. Энэ бол аж ахуй нэгж хоорондын маргаан гэхээсээ улс орны эдийн засгийн хувь заяатай холбоотой амин чухал асуудал.

-Нийгмийн сэтгэл зүй бол “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийн маргаан дээр айхавтар төвлөрсөн. Харин цаана нь энэ мэт асуудлууд байсан бололтой. Ер нь өөр ээдрээ түвэгтэй асуудлууд “Эрдэнэт”-ийн ард цөөнгүй нуугдаж байгаа гэж зарим эх сурвалжууд ярих юм?

-“Эрдэнэт” үйлдвэрийн нөөц дуусч байгаа, цөөхөн жил үлдсэн гэх мэт ярианууд нийгэмд явдаг. Магадгүй энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн үнэ цэнийг бууруулж, өөртөө ашигтай болгох гэсэн хүмүүсийн зорилготойгоор дэлгэрүүлсэн яриа байсан байж ч болох. Нөөц нь 40 жил байна гэж өчигдөрхөн ярьж байсан бол өнөөдөр 60 жилийн нөөц байна гэдгийг тогтоочихлоо. Шулуухан хэлэхэд энэ үйлдвэрийн өмчлөлд байгаа, гар хүрсэн, хүрээгүй маш том үүцүүд (лиценцүүдийг нь хэлэв бололтой.сурв) бий. Үүнийг ард түмнээс нуух, далд байлгах сонирхол 49, 51 хувийнхны аль алинд нь байхыг үгүйсгэхгүй. Нэртэй том команиуд, хөрөнгөлөг хүмүүс, эрх мэдэл бүхий төрийн дээд албан тушаалтнууд, тэдний ойр дотны хүмүүс шахааны бизнес гэж олны нэрлэдэг гэрээг хийдэг. Мөн тус үйлдвэрт томилогдож очсон албан тушаалтнууд тэрбумаар үнэлэгдэх орон сууц, машин зэрэг бусад тансаг хангалтыг авдаг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрт насаараа ажиллаад, өөрөө өвчний үүр уурхай болоод тэтгэвэртээ гарч байгаа баялаг бүтээгч уурхайчид маань ганц өрөө байр ч үгүй байгаа нь шударга явдал мөн үү. “Эрдэнэт” үйлдвэрт энэ мэт шударга бус тогтолцоо ноёлоод олон жил болсон нь дэндүү харамсалтай. Ядаж энэ тогтолцоог яаралтай өөрчлөх хэрэгтэй байна.

-Ингэхэд “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан шийдвэр хэвээрээ юу?

-УИХ, Засгийн газрын шийдвэр гарч “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон ч өнөөдрийг хүртэл шүүхийн маргаантай хэвээр, эргэж буцсан шинжтэй үргэлжилж байна. 49 хувийг авсан талтай төрийн зүгээс яаралтай хэлэлцээний ширээний ард суухгүй бол үйлдвэрт доголдол, хүмүүст бухимдал, Монгол Улсад хохирол ирнэ. Хэлэлцээрээр төрийн мэдлийн 51 хувь, худалдаж авсан 49 хувийн талаарх маргаануудыг яаралтай, шударгаар шийдвэрлэж дуусаад “Эрдэнэт”-ийн 30 хувийг нийтэд хувьчлах шаардлага гарч ирж байна. Хувьчлахдаа эхний удаад энэ үйлдвэрт бие сэтгэл, оюун ухаанаа дайчлан ажилласан, ухамсарт амьдралаа зориулсан үе үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид, ажилтан ажиллагсад, баялаг бүтээгчдийг, улмаар монголын ард түмнийг хамруулах хэрэгтэй.

-“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан нь зөв үү?

-Төр өөрийн мэдэлд 49 хувийг шууд авсан нь эрх зүйн зөрчилтэй учраас АН-ын бүлгийн гишүүд эсрэг санал өгсөн. Учир нь Оросын талаас 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийг ялгаж тогтоолгүй, тодорхой болгоогүй байж төр мэдэлдээ авсан нь асуудал дагуулж байна. Монголын саалийн ганц үнээ гэгддэг, дэлхийд эхний аравт, Азидаа эхний тавд ордог энэ аварга үйлдвэр дээр шүүхийн маргаан цаашид олон янзаар үргэлжлэх төлөвтэй байгаа нь үнэхээр харамсалтай.

-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг ярихаар л шүүхийн маргаантай байгаа гэсэн ганц хариултыг бүгд өгдөг боллоо. Ийм байдалтай асуудал цааш үргэлжилсээр байх юм уу?

-Лав л “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал Шүүхийн маргаантай үргэлжилж байгаа нь бодит үнэн. “Эрдэнэт үйлдвэр” бол Таван толгойн 1072 хувьцаа, Оюу толгойн олон жилийн дараа хүртэх ашиг гэх мэт одоохондоо тэнгэрт байгаа яриануудын дэргэд ард түмэн өнөөдөр бодитой ашиг хүртэх боломжтой уурхай юм. Өдөр бүхэн саалиа хувин хувингаар өгч байгаа “Эрдэнэт” үйлдвэрийнхээ ашгаас тус үйлдвэрийн үе үеийн ажиллагсадад, цаашилбал ард иргэддээ дуслаар ч болтугай эхлээд өгье. Яг тухайлсан энэ асуудлаар миний бие УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд хууль санаачлах болно.

-Хууль гаргана гэж үү?

-Тиймээ, хууль санаачилна. Ингэх цаг болсон. Монголын эрдэс баялагийн энэ их нөөцийг социализмын үед улсын төсвийн хөрөнгө, тухайн үеийн ЗХУ-ын хөрөнгө мөнгө, боловсон хүчний нөөц, ах дүү орнуудын зээл тусламжаар эрж хайж, олж тогтоосныг бүгд мэднэ. Гэтэл өнгөрсөн хугацаанд баялагын нөөцийн энэ их мэдээллийг, үе үеийн мэдээлэлд ойр байсан эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнууд, тэдний ойр тойрны хүмүүс үнэ төлбөргүй авсан нь худал зүйл биш. Энэ хүмүүсийн сав нь аль эрт дүүрсэн. Одоо хальж асгаад өөрсдөд нь гай болж мэднэ. Тийм учраас ард түмэнтэйгээ хуваалц. Үүний төлөө миний бие хууль санаачилах болно.

-Ингэхэд “Эрдэнэт”-ийн ирээдүй ямар харагдаж байна вэ. Та энэ үйлдвэрээс ажил амьдралын гараагаа эхлүүлсэн хүмүүсийн нэг шүү дээ?

-Одоогоор түүхий эдийн 60 жилийн нөөцтэй, хүчин чадал, хөрөнгө мөнгөтэй, барьцаалах хөрөнгө ихтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэшсэн ажиллах хүчтэй энэ үйлдвэрээ бүрэн ашиглаж, эрдэс баялгийн нөөц ихтэй ордуудаа түшиглэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах “Эрдэнэт-2” үйлдвэрийг байгуулах ёстой юм. Ингэх бүрэн боломж бий. Ганцхан энэ бүхэнд эх оронч зүрх сэтгэлгүй нөхөд, их улс төржилт “гай” болж байна. Монголчуудыг олон жил тэжээсэн, одоо ч тэжээж буй, эдийн засгийн гол тулгуур багана “Эрдэнэт” үйлдвэрээ хэмлэж мэрэх, хэрүүлийн бузар хоёроос чөлөөлөх цаг нь болсон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадад байгаа монголчуудаасаа УИХ-ын гишүүн сонгоё

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын гишүүд нийт ард түмний төлөөлөл мөн юм бол гадаадад амьдарч байгаа монголчууд өөрсдийнхөө төлөөллийг төрд сонгох эрхтэй. Яг дотроосоо шүү. Ийм жишиг манайхаас бусад улс оронд бий. Ялангуяа Европын холбооны орнуудад ийм тогтолцоо үйлчилж эхэллээ.

Монголын сонгуулийн тогтолцоонд хүн амын тоо, тэр дундаа сонгуульд санал өгдөг иргэдийн тоо тойрог бүр дээр харилцан адилгүй байна. Дэндүү гэмээр зөрүүтэй явж ирлээ. Эндээс л Их хурлын гишүүдэд нийгмийн зүгээс хандах сөрөг хандлага, улс төрчийнх нь үнэ цэнэ, элдвээр хэлэх эхлэл тавигдаж байгаа юм. 180 мянган сонгогчтой Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, 20 мянган сонгогчтой Багахангай дүүргээс сонгогдсон гишүүн хоёрын төлөөллийн хол зөрүүг юу гэж ойлгох уу. Хоёулаа төрийн эрх барих дээд байгууллагад адилхан эрхтэй байдаг. Орон нутагт гэхэд 128 мянган хүнтэй Хөвсгөл аймаг гурван мандаттай байхад, 72 мянган хүнтэй Хэнтийн аймаг мөн адил гурван мандаттай байна. Хэнтийн нэг гишүүн үсрээд 10 мянган сонгогчоос сонгогдсон бол Хөвсгөлийн нэг гишүүн дор хаяж 23 мянган хүний саналаар гарч иржээ. Энэхүү шударга бус тойргийн хувиарлалт Их хурлын гишүүдийн улс төр дэх байр суурийг улам ганхуулж байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нийгмийн шаардлага хэдүйн бий болжээ. Фортуна эд нарын ярьдаг шиг бэлгэдлийн тоо болох 99 гишүүн гэж яриад яахав. Гол нь мандатын тоог нэмж, сонгогчдын тоог тэнцүүлэх, тэгээд сонгуульд идэвхтэй оролцуулах тогтолцоо руу яаралтай оръё. Дээд, доод танхимтай болъё. Өнөөдрийн Монголд хамгийн зөв парламентийн тогтолцоо энэ байх. Ингэж гэмээнэ иргэд, олон түмэн засаг төрөө өөрсдийн гараар сонгож, өөрсдийн оюун ухаанаар байгуулж чадна. Сонгуульд иргэдийн саналыг дүүрэн өгүүлэх олон арга, технологи, бусдын туршлагууд бий. Зарим улсад сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд урамшуулах, торгох хоёр арга хэрэглэдэг. Үүнийгээ бүр хуульчилдаг. Манайд алийг нь ч хэрэглэдэггүй. Австралид иргэн сонгуульд оролцож саналаа өгөөгүй бол 10 долларын торгууль төлдөг. Харин манай хөрш ОХУ-д сонгуульд шинээр оролцож байгаа иргэддээ Үндсэн хуулийн ном болон соёлын зүйлс бэлэглэдэг практик бий. Бид өөрийн онцлогтоо тохирсон сонгогчдын ирцийг нэмэх, идэвхжүүлэх арга олъё. Жишээ нь иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай нь холбож болно. Зээл, лизинг, бүр найман хувийн зээлтэй нь ч сонгуулийн саналын системээ уялдуулж болох юм. Зөвхөн сайн зохион байгуулалт л хэрэгтэй. Ингэж чадвал эдийн засагт ч хэмнэлттэй, дахин сонгууль явуулна гэж ч заваарахгүй.

Энэ дотроо харин эхэнд хэлсэн гол санаа болох гадаадад амьдарч буй 200 мянга гаруй иргэнийхээ сонгогдох эрхийг хуульчилж өгөх асуудал юм. Гадаадад суугаа монголчуудын хамгийн эмзэг хийгээд зайлшгүй эдлэх ёстой эрх бол төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгогдох эрх юм. Тэдний хувьд энэ эрх хамгийн хаагдмал эрх гэж хэлж болно. Мэдээллийн технологийн хөгжлийг даган өнөөдөр сонгуулийн бүх үйл ажиллагаа цахим технологи руу шилжиж байна. Европ, Америк, Азийн олон оронд интернэтээр саналаа өгдөг боллоо.

Гадаадад байгаа Монголын 200 мянга гаруй иргэн гэдэг бол АН аль эсвэл МАН-ын нийт гишүүдээс давсан тоо. Монголын бүх оюутнуудтай дүйцэх тоо. Монголын бүх оюутнуудыг сонгуульд оролцуулахгүй гэвэл ямар юм болох вэ. Хойд хөршид болсон төрийн ДУМ-ын сүүлийн сонгуульд дэлхийн 145 оронд байгаа оросууд саналаа өгснийг мэдээлсэн. Одоо тэдгээр иргэдийнхээ төлөөллийг төрд сонгодог болох талаар судлах ажлын хэсэг байгуулахыг В.Путин үүрэг болгосныг сонссон биз.

Монголын хүн ам гурван сая. Нэг үндэстний 10 хувь нь гадаадад амьдардаг Монголоос өөр орон дэлхийд тун цөөхөн. Орос орон асар уудам нутагтай, олон сая хүн амтай, харьцуулахад гадаадад амьдарч буй иргэдийнх нь тоо цөөн ч гэсэн оролцоог нь хүндэтгэн үзэж байна. Гэтэл Монгол Улс нийт хүн амынхаа 10 хувьтай тэнцэх иргэдийнхээ төлөөллийг УИХ-даа оруулах талаар төсөөлөх ч үгүй байгаа нь харамсалтай. Угтаа нэг орос хүний саналаас, нэг монгол хүний төрд оролцох жин, өөрчлөлт авчрах боломж нь илүү юм. Ингэхээр сонгуулийн хуульдаа гадаадад байгаа мянга мянган иргэдийнхээ эрх ашгийг онцгой тусгах цаг болжээ.

АНУ-ын Вашингтон хотод гэхэд одоо 10.000 орчим монгол хүн байна гэх. Энэ бол манай нэг багахан сумын хүн амаас хамаагүй илүү олон гэсэн үг. Нийт Америкт байгаа монголчуудын сонгуулийн насных нь иргэд манай нэг аймгийн сонгогчдын тоотой тэнцэж магадгүй. Энэ хүмүүс Мянганы сорилын сангийн санхүүжилтээс их мөнгийг улсынхаа эдийн засагт оруулж байна. Тухайлбал жилд 200-300 сая ам.долларыг бэлнээр Монгол руу илгээдэг. Ингэхээр зөвхөн АНУ-д гэхэд дор хаяж УИХ-ын хоёр мандат өгч болно. Их хуралд төлөөлөлтэй болсон Америкийн монголчууд маань наад зах нь тэндээ “Монгол таун” байгуулах ёстой. Америк дахь Монгол хорооллыг бий болгож Монголдоо байгаа юм шиг амьдрах хэрэгтэй. Америкийн хотуудад “Хятад таун”, “Солонгос таун”… олноор бий болж, тэндээс Америкийн нийгмийн хөгжлийн хөтчүүд хүртэл төрж гарч байна. Жишээ нь, Сан-Франциско хотын сүүлийн бүх удирдлагууд хятад иргэд байгаа. Энэ дэлхийн хамгийн нээлттэй, бүх орны иргэдэд тэгш эрх чөлөө, амжилт гаргах боломж олгодог Америк тивд бид Монгол Улсынхаа салбарыг нээе. Тэнд байгаа монголчуудаас УИХ-ын гишүүнийг сонгосноор Америкийн монголчуудаа бүгдийг нь нэгтгэж, бүртгэлжүүлнэ. Ингэж чадвал Америк руу визгүй зорчих боломж нээгдэнэ. Яагаад гэвэл тэнд байгаа монголчууд эмх цэгцэндээ орсон учраас.

Мөн монголчууд маш олноор ажиллаж, амьдарч байгаа БНСУ, Япон улсуудад УИХ-ын квот олгоё. Тэнд байгаа монголчуудаасаа УИХ-ын гишүүн сонгоё. Бас тэнд “Монгол таун”-уудаа сүндэрлүүлье. “Өдрийн сонин” энэ дэлхийн халуун бүсүүдэд арал худалдаж аваад тэр рүүгээ өвлийн улиралд очицгоож байя гэж бичдэг сэдэвтэй энэ бүхэн агаар нэг юм. Америк, Япон, Солонгос… аль л хөгжилтэй орон бүрт “Монгол таун”-уудыг байгуулж, дуртай үедээ очъё. Ингэх хамгийн боломжит нөхцөл нь УИХ-д гадаадад байгаа монголчуудаа төлөөлөлтэй болгох. Энэ тийм боломжгүй зүйл биш. Өөрсдөөс маань шалтгаална. Эхний алхам нь хийгдсэн. Хэдхэн жилийн өмнө гадаадад байгаа монголчууд сонгуульд саналаа өгдөг болмоор байна хэмээн дуулиан болж байлаа. Өнөөдөр энэ эрх хуулиар олгогдож, ердийн зүйл боллоо. Одоо энэхүү сонгох эрхээ нэг шат ахиулаад төрдөө сонгогдох эрхийг нь хуульчилах.

Гадаадад байгаа сонгогчдын төлөөлөл их сонирхолтой бүтэц шүү. Амьжиргааны түвшин дундаас дээш хүмүүс байгаа. Монголд өдрийн хоолоо яая гэсэн хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд нэг сая төгрөгийн амлалт сайхан сонсогдоно. Тэгвэл гадаадад байгаа монголчуудын хувьд мөнгөө цуглуулаад нэг ч гэсэн эмнэлэг баримаар байна гэж ярьдаг. Ийм их ялгаатай. Тэд илүү эв нэгдэлтэй, зорилго тэмүүлэлтэй Монголын хамгийн эх оронч масс гэж болно. Америкийн монголчууд аж төрдөг хот болгондоо “Монголчуудын холбоо” ажиллуулдаг, бас сонин, ТВ, вэб сайт гээд хүчээ нэгтгэсэн, хамтарсан нэгж, цэгүүд олонтой. Гадаадад байгаа 200 мянга гаруй монголчуудад одоо улс төрийн нам байгуулах л дутуу байх шиг. Бусад бүх нөхцөл нь бүрджээ. Тийм болохоор тэдэндээ Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг нь олгох цаг болжээ.

Хэдүй болтол “Хэдхэн хүнээс сонгогдсон муу УИХ-ын гишүүн” гэж энэ муу хэдээ дооёолох маягтай суух вэ, УИХ-ын суудлын тоог нь нэмье, сонгогчдынхоо оролцоог онцгой сайжруулъя.

Categories
мэдээ цаг-үе

Соёл эрдэм дээд сургуулийн захирал, доктор, профессор, гавьяат эдийн засагч Ши.Батбаяр: Дарга болгоно гээд дуудахад нь бушуухан л давхиад очно шүү дээ. Учир нь…

Та бүхэнтэйгээ нэгэн сонин зочныг уулзуулъя. Энэ хүн бол нэгэн үе УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Шийлэгийн Батбаяр юм.


-Тантай уулзалгүй уджээ, уулзсаных хоёулаа нэг социализм ханхлуулсан яриа өрнүүлэх үү гэж хэлэх гээд л… ?

-Заавал тэгдэг нь ямар учиртай юм. Намайг соц нийгмийн үлдэгдэл гэж хэлэх гээд байгаа юм уу?

-Та ухамсарт амьдралынхаа тэн хагасыг социалист нийгэмд өнгөрөөж, тэр нийгэмд сурч, хүмүүжиж, том дарга хийж явсан хүн шүү дээ?

-Тийм.Тэгээд юу гэж?

-Тийм болохоор л танаас социализм ханхлуулсан яриа гарна гэж бодоод…?

-Тэгж яривал би ардчилсан нийгэмд МҮЭ-ийн дарга, УИХ-ын гишүүн, сайд явсан хүн шүү дээ.

-Тэрийг хүмүүс мэднэ. Харин социалист нийгэмд таныг Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч гэхчлэн том алба хашиж явсныг чинь хүмүүс тэр бүр санахгүй л дээ?

-Намайг заавал өмнөх нийгмийн бүтээгдэхүүн гэдгийг та батлах гээд байгаа юм байна. Тийм, би соц нийгмийн хүн. Тэгж яривал миний туулсан амьдралыг гурван үгээр тодорхойл гэвэл “социалист-хөдөлмөрийн-бригад” гэсэн ч болно гэж оюутнуудаа хөгжөөж алиалдаг юм. Гайхаж байна уу?

-Гайхах юм алга.Та угаасаа л соц нийгмийн бүтээгдэхүүн болохоор?

-Яг үнэн.Бүтээгдэхүүн төдийгүй, бүтээгчдийн нэг. Би яс махнаасаа социалист үзэлтэн.Үүнийг нуудаггүйгээр барахгүй, сүүлийн үед Кейнсийн “Ерөнхий онол”-ыг орчуулснаасаа хойш бүр ч гайхуулах маягтай болсон.

-Сонин юм… та чинь экс коммунист биз дээ. Социалист үзэлтэн чинь арай өөр биш бил үү?

-Тэр бас тийм шүү. Би МАХН нэртэй, коммунист намын гишүүн асан хүн.Тэр үед соц үзэлтэн байсан гэвэл хүн үнэмшихгүй, харин одоогийн шалгуураар үзэхэд их л сайн даа неокоммунист байсан байх.

-Тэгээд Кэйнсийг орчуулаад социалист болчихсон хэрэг үү?

-Чи мөн ороож байна аа. Түүнээс бүр өмнө. Манай нам Онц их хурлаараа ардчилсан социализмыг гол үзэл суртлаа болгох үйл явдалд би вээр манлайлан оролцогчдын нэг байсан гэвэл энэ түүхэн баримт шүү.

-За мэдлээ, улс төрөөс түр хөндийрье, хоёулаа. Социалист-хөдөлмөрийн- бригадаа тайлбарла даа.

-За энэ асуулт чинь бас л улс төр шүү шүү дээ. Хөдөлмөр гэх тодотголын тухайд бол миний хувьд Хөдөлмөрийн институтэд захирлаар ажиллаж байхдаа хөдөлмөрийг зохистой зохион байгуулах тухай шинэ тутам ажлыг арга зүйн удирдлагаар хангаж байлаа. Дараа нь Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны нэгдүгээр орлогч даргаар ажиллахдаа улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний асуудлыг зохицуулах, удирдлагын бүтэц, орон тоог шийдэж байв. Улс орон ардчилалд шилжсэнээс хойш УИХ-ын гишүүн байхдаа Хөдөлмөрийн болон тэтгэврийн хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль зэрэг нийгмийн хүрээний томоохон хууль тогтоомжийг батлуулж, сүүлд энэ салбарын сайд болохдоо эдгээр хуулиудаа хэрэгжүүлэх ажлыг эрхэлсэн юм. Ингэхлээр яах аргагүй л хөдөлмөрийн хүн байгаа биз дээ. Бригадын тухайд бол бидний үеийнхэн Монгол оронд нийгэм журмын ёс ид цэцэглэж байх түүхэн үеийг бүтээгч, гэрчлэгчийн хувьд хар багаасаа л хамт олон, баг, бригад, нэгдэл хэмээх байгуулал, бүтцэд багтаж “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн уриа лоозонгийн уур амьсгал дунд өсч торницгоосон. Бригад, багийн зохион байгуулалтыг журамлан хэвшүүлэх, шинэ шатанд урамшуулан хөгжүүлэх ажлыг үлэмж идэвх, сонирхолтой хийж явсан маань 90- ээд оны хувьсгалт шуурганд цохиулсан билээ.Дурдсан бүхэн бол соёлын довтолгооны шууд үргэлжлэл байсан. Соёлын довтолгооны гүйцэтгэсэн үүрэг, холбогдлын талаар танай сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Цэнддоо баримт, баталгаа дурдан их л хошин хөгжүүн хэлбэрээр бичсэн байдаг. Монголын нийгмийн дэвшилд зөвхөн тавь жараад оны заагаар цөөн хэдэн жил болсон соёлын довтолгооны үр дүнгээс гадна түүнээс хойших гучаад жилд Социалист хөдөлмөрийн бригад, суурь, хэсэг, сэхээтний, оюутны, тэр байтугай сурагчийн социалист нөхөрлөл, бүлэг салаадын үүрэг роль асар их байсныг тэр үеийн амьд гэрч, идэвхтэй оролцогч над мэтийн хүмүүсийн оюун ухаан, ой тойнд сайтар хадгалаатай байна.

-Ёооё… таны наад үг хэллэг чинь. Социалист нөхөрлөл, суурь, хэсэг ч гэх шиг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө ч гэх шиг?

-Дуу алдах юм байхгүй. Баабар, Бат-Үүл, Элбэгдорж… гээд, өнөөдөр УИХ-д байгаа С.Эрдэнэ, Я.Санжмятав, Л.Болд, Д.Эрдэнэбат … бүгдээрээ л эвлэлийн үүрийн товчоо, пионерийн бүлэг салаадын дарга нар гээд өнгөрсөн нийгмийн “мэнгэ толботойгоо” яваа.

-Социалист хөдөлмөрийн бригад бол нийгэмд үүргээ чанартай гүйцэтгэсэн биз?

-Соёлын довтолгоо, социалист бригадын ачаар хөдөөнөөс хөдсөн дээлтэй ирсэн та нарын эмээ өвөө, ээж аавыг хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхуулдаг болгосон юм. Тэр үеийн хөдөлмөрийн бригадууд нь “Сурагчийн соёлч нөхөрлөл”-тэй шефийн холбоо тогтоон тэднээр бичиг үсэг заалган шат ахиж байлаа. Би гэхэд дунд сургуулийн есдүгээр ангид байхдаа “Сурагчийн соёлч нөхөрлөл” байгуулан Улсын баатар Л.Аюушийн салааны дарга байсан эх оронч Дүүдээ гуайн барилгын Социалист хөдөлмөрийн төлөө бригадад туслан, гишүүдэд нь багын программаар тоо, хэлбичиг заадаг байлаа. Гадна ертөнцөд харанхуй бүдүүлэг, бичиг үсэггүй гэгдэж байсан монголчуудаа бичиг үсэгтэй болгох ажилд сурагч байхдаа оролцож, нөхөрлөл, бригад байгуулан хар нялхаасаа зүтгэж ирсэн над шиг хүнийг чинь бригадын гэж нэрлэх нь зөв биз дээ. Чиний ярианы өнгө бригадаар ажилласан хүнийг хоцрогдсон этгээд маягтай асуугаад байна.

-Үгүй л дээ…

-Тэгвэл, бригад гэдэг чинь өнөөдрийн ойлголтоор багаар ажиллахыг хэлж байгаа юм. Бригад гэдгийг англиар team spirit гэдэг. Өнөө үеийнхнээс ажлын анкет авахдаа “Багаар ажиллах чадвар хэр вэ” гэж заавал асууж байгаа. Тэр бол бусадтай хэр нийцэмжтэй ажиллаж, үр бүтээл гаргаж чадах нөхөр вэ гэдгийг танин мэдэх гэсэн хэрэг. Баг, бригадаар ажиллана гэдэг аль ч үед хөдөлмөрөө хоршиж, хөрөнгө мөнгө зарахгүйгээр бүтээмжээ хэд дахин өсгөнө л гэсэн үг. Би одоо ч сургууль дээрээ уламжлалт бүтцийн хажуугаар сурлага- судалгаа, элсэлт-төгсөлт, гадаад-дотоод харилцаа, санхүүгийн дэмжлэг гэсэн түр хугацааны дөрвөн баг байгуулан ажиллаж байна.

-Танд ер нь социалист нийгэм юу өгсөн бэ, та дарга явсан тэр нийгмийнхээ юунд дуртай байв?

-Би өөрийгөө нэртэй эрдэмтэн, том улстөрч гэж ер бодож яваагүй. Харин ажил амьдралын явцад одоо цагийн хэллэгээр яггүй менежэр болсон хүн. Үнэнийг шулуухан хэлэхэд соц нийгмийн үед намайг дарга болгоё гээд дуудахад нь би хурдхан давхиад очдог байсан. Амьдралын шаардлага. Олигтой амьдаръя, үр хүүхдэдээ хэрэгтэй, эцэг эх, элгэн садандаа нөмөр нөөлөгтэй байя гэвэл миний үеийнхэнд Төв хорооны мэдлийн боломжийн албан тушаал дээр очих л арга зам байдаг байсан. Эрдэмтэн академич болж ахиу цалин нэмэгдэл авч болох ч “мэдлийн боловсон хүчин” болж байж л албаны унаа, аравдугаар дэлгүүр, хоёрдугаар эмнэлэг гуравт хүрнэ шүү дээ. Ийнхүү энэ гурвыг бодож авьяаслаг эрдэмтэн, зохиолч, доктор профессор болох хувь заяагаа золиосолсон олон хүн миний үеийнхэнд бий. Миний амьдралын тэн хагас ийм л онцлогтой. Над шиг лам эцэгтэй, хөдөөний хүүхэд их төлөв ажил албандаа үнэнч зүтгэдэг, эдийн ба хорвоогийн шунал бага байдаг. Энэ чанар ямар ч албыг ном дүрмээр нь хийж дадаад дур сонирхол суун мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байсан.

-За та өөрийнхөө замналыг мундаг тодорхойллоо. Нэг талаас социализм яриад байгаа юм шиг ч үнэндээ хүнийг хэрхэн зөв хүмүүжүүлж, зөв хүн болгон төлөвшүүлж байсан үнэ цэнэтэй цаг үе байсан байх. Соц нийгмийг ийнхүү магтан дуулсан яриа ойрын 25 жил Монголын хэвлэлийн хуудаснаа цөөхөн гарсан байх. Өнөөдрийн дэлхий ертөнц “Социализмын Хятад хэв загвар” гэж цоо шинэ нийгмийн байгуулал ярих боллоо. Та хэр анзаарч, уншиж судалж байна?

-Хятадын коммунизмыг тухайлан судалсан юм алга. Төрийн социализмыг хувийн капитал, зах зээлтэй оновчтой хослуулж байгаа нь л мэдрэгддэг.Харин Хятадын сайн кинонуудыг бол үздэг шүү.

-Кино том үзэл суртал гэдэг. Сүүлд ямар кино үзэв?

-Хятадын сүүлийн кинонууд үзэл суртал гэхээсээ илүү, нийгмийнхээ оюун санааг соёлтойгоор сэнхрүүлэх, ухааруулах, болгоомжлуулах, хар мууг дахин давтахгүй, алдаа гаргахгүй байх үзэл санаагаар киногоо хийдэг болчихож.

-Болгоомжлуулах гэнэ ээ… Ингэхэд өнөөдрийн Монголын нийгмийн шуугиан хоёр Ерөнхий сайдаа барьж хорьсоноос эхлээд мөн ч нүргээнтэй, заримдаа юу болоод байгаа нь ч мэдэгдэхгүй байна?

-Манайд одоо болоод байгаа “их баривчилгааг” хараад хэдэн жилийн өмнө Хятад улсын киночид Холливудтэй хамтран хийсэн нэгэн киног үзсэн минь санаанд орж байгаа. Уг кинонд эртний Хятадын Тан улсын хааны мэргэн түшмэл Цаоцоогийн зүгээс хаан ширээнд халтай гэж хардсан Сангийн сайдаа ард түмний “санал хүслээр” устгах арга олсноо хаандаа айлтган зөвшөөрүүлээд улмаар гүйцэтгэж буй тухай юм. Үүнд тариачдаас хураах тарианы татварыг зориудаар үлэмж нэмэгдүүлсэнд тариачид эсэргүүцэн бослого тэмцэл гаргаж эхэлсэнд мэргэн түшмэл Цаоцоо тэдэнд хандаж “Цэрэг дайчдын хоол тэжээлд зориулан улсын санд нөөцөлсөн тариаг Сангийн сайд хувьдаа завшин шамшигдуулжээ. Одоо түүнийг нөхөхийн тулд та нараас тариа нэмж татварлахаас өөр арга алга. Түүний төлөө Сангийн сайдын толгойг авбал та бүхэн тайтгарах болов уу” гэсэнд тариачдын зүгээс “Татвар нэмсэн нь аргагүй авлигач сайдаас болсон хэрэг байжээ” хэмээн ойлгодог. Тэгээд “Түүний толгойг авбал бидний санаа амарна” гэснээр хаан, түшмэл хоёр сөрөг этгээдээ ч устгаж, өөрийн мэдэлд үлэмж их тариатай болсон тухай гардаг юм. Үүнийг орчин үед “Цаоцоогийн арга” ч гэдэг юм билээ.

-Таны ярьснаас уншигчид нэгийг ойлгоно биз ээ?

-Харин л дээ.

-Та бид хоёр тэр жил сонгуулийн өмнөхөн ярилцаж байхад Та “Энэ сонгуулиар манай нам ялагдана. Яагаад гэвэл нам хоёр салж МАН, МАХН болсон нь гарцаагүй сөргөөр нөлөөлнө” гэж байсан. Таны хэлснээр л болсон доо?

-Тэр жилийн Их хурлын сонгуулийг таамаглаж ядаад байх юу байсан юм. Угаасаа манай нам цөөнх болох нь хэнд ч тодорхой байсан шүү дээ.

-Тэгвэл энэ удаад үнэмлэхүй олонх болжээ, танай нам. Ирэх сонгуулиар яах бол…?

-Ирэх сонгуулийг прогнозлоход арай эрт байна. Харин энэ жилийн хавар эртдээ өгөөмөр сайхан эхэлж байгаа шиг эдийн засагт өөдрөг үзэгдэл, өсөлт яах аргагүй мэдрэгдэж байна. Би нэг жижигхэн жишээ баримт дурдъя. Гурван жилийн өмнө НЭПКО-гийн захиалгаар “Кэйнс ба Хайек” номыг орчуулсан юм. Дөнгөж сая хэвлэгджээ. Баабар надад орчуулсан хэмээн дээж болгож хэдэн ном өгөхдөө “Эдийн засаг овоо сэргээд хүмүүс идэж уухаасаа илүүчилж ном авахтайгаа болжээ, тэгээд чиний номыг хэвлэлээ, жаахан удаачихлаа, уучлаарай” гэж хэлсэн. Статисткийн мэдээгээр ч сүүлийн хэдэн сард өрхийн хэрэглээний зардал, иргэдийн хадгаламж, миний санаанд оромгүй хэмжээгээр нэмэгдсэн байна лээ. Энэ бол эдийн засгийн хэлээр ард иргэдийн төлбөрийн чадвартай эрэлт нэмэгдэж, түүнийг дагаад өрхийн зарлага өсч, түүний хариуд үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэх болсны шинж, дохио шүү.

-Энэ үзэгдэл хэр удаан үргэлжлэх бол?

Английн төр засаг Их хямралын үед Кэйнсийг радиогоор өглөө бүр яриулж гэрийн эзэгтэй нарыг “ даруй гэрээсээ гараад дэлгүүр хэс, ахиухан эд бараа, хүнсний зүйлс ав” хэмээн уриалуулдаг байсан гэдэг. Айл гэрийн эрх мэдэл, ялангуяа өрхийн төсвийн зарцуулалт эзэгтэй нарын гарт байдаг манайх шиг улсад уг үзэгдэл түр зуурынх биш байх аа.

-Таны үеийн МАН-ын нэртэй төртэй зүтгэлтнүүд хүүхдүүдээ улс төрд оруулсан байх юм. Танай хүүхдүүдээс улс төрд хүч үзэж яваа нөхдүүд байна уу?

-Байхгүй.

-Яагаад…?

-Миний үеийнхний ихэнх нь үлгэр жишээч улстөрч байсан болоод хүүхдүүд нь дууриаж байгаа биз дээ.

-Та бол Арвайхээрийн хэнэггүй харчуудын үргэлжлэл. Нэг удаа та “Манай Арвайхээрийн эрчүүд угаасаа тавьтаргүй. Овоо аятайхан эр хүн шиг байж байснаа юу нь хатгасан юм мэдэхгүй өвчигнөөд, болох болохгүй юм яриад эхэлдэг. Манай Жанцанноровыг хар. Илүү юм мөн их ярих болж дээ” гэж хэлж байсан?

-Гэхдээ тавьтаргүйгээ бүгдээрээ мэдээд байх шиг байдаг юм. Жанцанноров руу залгахаар шууд л өмнөөс “За та намайг юу гэж загнах гэж байна” гээд бие, сэтгэлийн “бэлтгэлээ” базаагаад эхэлнэ шүү дээ. Алсуураа манай Арвайнхан хүнийхээ хувьд дөмөг тал нь дийлээд байдаг юм аа. Монголын хамаг юмных нь голд, төв цэг дээр байсан, байгаа, цаашид ч байх хүмүүс шүү дээ.

-Ингээд ярихаар баруун талынхан нэг юм ярина, зүүн аймгийнхан бас ярина. Нутаг ус, жалга дов ярилаа гэнэ. Уг нь бол монголчууд хэзээнээсээ уул усаа дагадаг, хүний яс чанарын тухай ярьж ирсэн юм л даа. Одоо л болохгүй болчихсноос биш. Тэгэхээр зогсоё доо. Ингэхэд Шийлэгийн Батбаяр сайд одоо юу хийж, ямар ажил амжуулж явна вэ?

-Хэдэн жилийн өмнө өөрийн чинь энэ асуултад “Сарлаг өтлөхөөрөө галавсаа, сайд буухаараа зөвлөгч болдог“ гэж байсан даа. Түүнээс хойш /ном харуулан/ Кейнс Хайекийг орчуулж хэн гуай шиг дуун хөрвүүлэгч болох шахав. “Тойм” сэтгүүлд булан хөтөлж, нөгөө хэн шиг сэтгүүлч болох дөхөв. Дээд сургуульд багшилж хэн гуайгаас дутахгүй “улаан” порпийсор болоход хүрлээ (инээв). Яг одоо бол Соёл эрдэм дээд сургуулийн захирлаар томилогдоод удаагүй байна. Сургууль маань “Соёл эрдэм”” гэсэн сонсголонтой сайхан нэртэй. Бүтэн 25 жилийн намтар түүхтэй чанарлаг сургууль. Гэхдээ сургуульдаа тэнхимийн эрхлэгч, профессорын албан тушаалыг дөрвөн жил хашсан болохоор шинэ хүн биш юм.

-Японы хөрөнгө оруулалттай “Соёл эрдэм дээд сургууль” гэж хүмүүс мэднэ л дээ. Япон эзэнтэй бил үү?

-Тийм. Япон улсын иргэн Макихари Соичи гэж монгол нэр нь Соёлт гэдэг. Тэр хүн санаачлан япон иргэд, олон нийтийн байгууллагын хандив тусламжийг авч байгуулсан сургууль. Анхандаа япон хэлний курс байсан. Одоо бол жил тутам 100 орчим оюутан элсүүлж, япон хэлний орчуулагч, орон судлал, эдийн засагч, аялал жуучлалын менежэр, сэтгүүлч, программ хангамж гэсэн мэргэжлээр сургаж байгаа. Японы их дээд сургуульд шилжин суралцаад хоёр сургуулийн диплом гарддаг оюутнуудыг тооцвол 90 орчим хүнийг чанарын өндөр түвшинд сурган төгсгөж байна. Тооноос илүү чанар чухал гэсэн зарчим барьдаг. Үндсэн хорь гаруй эрдэмтэн багш, профессоруудтай, нийтдээ дөч гаруй ажиллагсадтай, монголын нийгэмд танигдсан сургууль болж өргөжсөн дөө. Ер нь бол байгуулагдсан цагаасаа хойш 3000 орчим хүн төгсгөсний мянга гаруйг нь Японд дадлагажуулж, түр хугацаагаар цалинтай ажиллуулж, мөн шилжүүлэн сургаж байгаагаараа бусад сургуулиас онцлог юм даа. Онцсайн суралцаж, зохих шалгуур давсан оюутныг бол нэг, хоёрдугаар курсээс нь Япон улсын гэрээт сургуулиудад шилжүүлээд сургачихдаг юм. Бас Япон улсын Элчин сайдын яамны шалгаруулалтаар жил бүр хоёроос доошгүй оюутан тус улсын тэтгэлгээр явж суралцаж байгаа. Монголын боловсролын салбарт тодорхой орон зайгаа эзэлж, хувь нэмрээ таслахгүй яваа Соёл эрдэм сургуулийнхаа гал тогоонд л Ши ах нь буцалж явна даа.