Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүн 100 наслах нь байдаг л стандарт нас болно

Ирэх таван жилд л биедээ элдэв өвчин эмгэг ололгүй, олсон ч сэдрээчихэлгүй явчихвал цаашид хэд ч наслах боломж бүрджээ. Өнөөдрийн дэлхий ертөнцөд технологийн хурд гүйцэгдэхгүй урагшилж байна. Тэр дотроо эрүүл мэндийн салбар дахь технологийн дэвшил хүний санаанд багтамгүй гайхамшигтай байна. Жишээ нь хэдхэн хоногийн өмнө гэхэд Бээжингийн Хятадын армийн төв эмнэлэгт хиймэл элэг суулгах ажиллагаа амжилттай болжээ. Үүнийгээ албан ёсоор зарлаагүй ч хагалгаа амжилттай болсон, тодорхой хугацааны дараа мэдээлнэ гэлээ. Ганц элэг биш хүний бүх эрхтэнг ургуулж, төлжүүлэх, шинээр бий болгох шинжлэх ухааны ажлууд өндөр хөгжсөн орны эрдэм шинжилгээний бүх хүрээлэн, лабораториудад хийгдэж, туршигдаж, 70 хувь нь практикт амжилттай хэрэгжиж байгааг олон улсад гардаг мэргэжлийн нэртэй сэтгүүлүүд мэдээлсээр байгаа юм. Энэ бүх эрүүл мэндийн технологийн гайхамшгуудад дэлхийн эрдэмтэд ямар дүгнэлт өгч байна гэхээр “Технологийн энэ хурдаараа бол хувь хүн өнөөдрөөс эхлэн ирэх таван жил л биеэ зөв сайхан аваад явчихвал цаашид 90-100 наслах нь байдаг л стандарт нас болно” гэжээ. Ердөө хэдхэн жилийн дараагаас хүний насжилт, бие организмын боломж, нөөц ийм өндөрт хүрэх нь. Тийм учраас л барууны орнуудад “Хүн амьдралдаа дор хаяж 2-3 мэргэжил эзэмшиж, түүгээрээ амжилттай ажиллаж амьдрах боломжтой боллоо” хэмээн үзэж хүмүүсийг тийм байхыг уриалаад эхэлжээ. Дэлхийн энэ хандлага монголчууд та бидэнд маш их хамаатай юм. Бүгдээрээ бие сэтгэлээ эрүүл саруул байлгаж 2021 он хүрцгээе. Тэгэхэд цаашаа эрүүл байж, урт насалж, улам ихийг хийж бүтээх боломж дүүрэн гарах нь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын сэтгүүлчид олон баяр тэмдэглэх тусмаа үнэ цэнээ алдана

Гуравдугаар сарын 6-нд Монголд үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 103 жилийн ойн өдөр тохиож баяраа тэмдэглэв. Удахгүй тавдугаар сарын 3-нд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж манай салбарынхан бас баярлана. Хоёр оны зааг буюу шинэ жилээр МСНЭ-ээс шилдгүүдээ бас тодруулдаг. Бүр дотор нь сонинынхон, телевизийнхэн, “сайт”-ынхан… гэж ирээд тус бүрдээ шилдгүүдээ шалгаруулж, нийгэмд цацдаг нь сэтгүүл зүйн салбарын бас нэг том баяр мэт харагддаг (угтаа бол шинэ жилээр бүх л салбарынхан шилдгүүдээ тодруулдаг ч манай салбарынхан илүү тодордог нь мэргэжлийн онцлог). Үнэн хэрэгтээ манай салбарынхны энэ олон баяр салбартаа сайныг ерөөсөө авчрахгүй байна. Бүр эсрэгээрээ, “Энэ муу сэтгүүлчид одоо юу вэ…” гэж ирээд, элдвээр зүхүүлэх өдрийнхөө тоог л нэмж байна. Уг нь бол аливаа баярын өдөр тухайн салбарынхан нийгэм дэх үнэ цэн, нэр хүндээ өсгөж, алдаа оноогоо дүгнэж, амжилттай яваа нэгнээ урамшуулж, бусад нь түүнээсээ үлгэр авсан, нар гийсэн өдөр байдаг. Харин сэтгүүлчдийн хувьд бол эдгээр баярын өдрүүд нь муу муухайгаа дуудуулсан, элдвээр зүхүүлсэн, бараан өдрүүд байх боллоо. Ойрын хоёр өдрийн сошиал ертөнцийг харж байхад сэтгүүл зүйг элдэв муу үгээр цоллосон өдөр болов.

Иймдээ хүрсэн эцсийн шалтгаан нь сэтгүүл зүйн баяр хэт олон болсонтой шууд холбоотой. Аливаа салбарын баярын өдөр нь жилдээ ганц удаа, тэгээд жинтэй, даацтай байх нь нийгмийн сэтгэл зүйд үнэ цэнтэй тусч, үнэт зүйлтэй харагдуулдаг. Бусад салбарынхныг бодвол сэтгүүлчийн хөдөлмөр нийгэмд өдөр тутам ил харагддаг. Үг үйлдэл бүр нь тэр дороо ард түмний сэтгэл зүйд хүрдэг. Ард түмэн үнэлэлт дүгнэлтээ тэр дор нь өгдөг. Маш хурдтайгаар үнэлэмжээ авдаг салбар. Бас нэг онцлог нь сэтгүүлчийн хөдөлмөрийн алдааг нийгэм илүүтэй ярьдаг. Оноотой талыг нь бараг ярьдаггүй. Жишээ нь “Өдрийн сонин”-ы редакциас томилогдсон сэтгүүлчдийн баг долоон өдөр ажиллаж, гурван цуврал нийтлэл гаргасны үр дүнд нийслэлээс 200 сая төгрөг гаргаж Улаанбаатарын бүх таггүй траншейг тагтай болгосон амжилтын тухай хэн ч сошиалд бичдэггүй. Та бидний үр хүүхэд, өвгөд хөгшид, ер нь бүгдээрээ өвлийн хүйтэнд нүхэнд унах аюулаас аврагдахад тухайн сэтгүүлч ямар их хөдөлмөр гаргасныг хэн ч үнэлж, сайшааж ярьдаггүй юм. Харин ч эсрэгээрээ шүүмжилсэн хүмүүсийг өмөөрч “Энэ муу сэтгүүлчид ингээд л хүнийг элдвээр муулж бичдэг юм” гээд зүхэж суудаг. Гэтэл тэр сэтгүүлч “Хонгор жаахан охины амийг хотын дарга таниас нэхнэ” хэмээн хатуу үгийг хайр найргүй бичиж, холбогдох албан тушаалтнуудыг бараг хэрэгт холбогдуулна шүү гэж заналхийлж байж тэр олон үхлийн нүхийг таглуулж байгаа юм шүү дээ. Өнөөдрийн Монголын сэтгүүлчдийн хөдөлмөрийн үр дүн хатуу үгэн дээр тогтож байж гардаг. Тийм л цаг үедээ явж байна. Сэтгүүлчдийн хөдөлмөрийн мөн чанар ийм хатуу ч ариун цагаан, цаг ямагт хүний сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө байдаг. Үүнийгээ харин бид нийгэмд ойлгуулж чадахгүй явна. Ойлгуулдаг ганц сайхан өдөртэй байя гэсэндээ энэ олон баярыг үгүйсгэж байна, олон шагнал урамшилтай баймааргүй байна.

Тэгэхээр аль нэг өдрийг нь сонгож, түүндээ ач холбогдол өгч, жинхэнэ шилдгүүдээ шалгаруулж, шагнал урамшууллыг нь өгсөн шиг өгч, бүх мэдээллийн сувгууд нэгэн дуугаар ажил үйлсийг нь алдаршуулж, тэр өдөр Монгол орон зөвхөн сэтгүүл зүйгээр амьсгалдаг болъё. Тийм боломж, нөөц, бяр чадал сэтгүүл зүйнхэнд харин ч нэг бий дээ. Ингэснээр сэтгүүлчдийн нэр хүнд өснө. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын үнэ цэн өндөрсөнө. Хүн гэдэг амьтан дэргэд байгаа гайхамшгаа анзаардаггүй гэдэг. Монголын нийгэмд түүхэн үүрэг гүйцэтгэж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэдгээрийн удирдагчид, бүр түүхэн үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэсээр яваа сэтгүүлч нөхөд минь та бидний дэргэд байсаар байна. Та бид тэднийгээ мэдэхийг, мэдрэхийг хүсэхгүй байна. Та бид өөрсдөө л мэргэжлийнхээ нэр хүндийг хайрлан хамгаалж, нийгэмд өсгөж чадна. Өөр хэн ч биш.

Удахгүй бид тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөө бас тэмдэглэнэ. Тэгээд нийгэмд баахан зүхүүлэх байх даа. Уг нь бол нийгэмд муу муухайгаар зүхүүлэх хөдөлмөрийг сэтгүүлчид эрхэлж байгаа биш шүү дээ. Харин чиг өдөр бүр ард түмнээс баярлалаа гэсэн үгийг сонсохоор тийм гайхамшигтай ажил үйлсийг эрхэлж байгаа. Үүнийгээ л нийгэмд нэвт ойлгуулсан баярын ганц сайхан өдөртэй болъё. Өнөөдрийн энэ олон баяр Монголын сэтгүүл зүйд олдохоороо өлдөнө гэдгийн хор уршгийг ойлгуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бичин жилд монголчууд попуудаас болгоомжилж чадвал дээшилнэ

Гал бичин жил гарлаа. Хүн бүр л бичин жилдээ улс орноороо, айл хотлоороо, албан байгууллага, хамт олноороо ашиг орлоготой, өөдрөг сайхан байхыг дүгнэн цэгнэж суугаа. Мэдээж том зургаараа Монгол Улсын эдийн засаг ямар байна түүнээс энэ бүхэн шалтгаална. Тэрнээс улс нь урагшлахгүй байхад компани нь өөдрөг өнгөлөг байна гэж байхгүй шүү дээ. Иймд Монгол Улсын эдийн засаг ирж байгаа бичин жилд ямар төлөвтэй байхыг харъя. Эдийн засагчид, шинжээчдийн үзэж байгаагаар Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн олон улсын банкуудтай хийх хэлэлцээр эцэслэгдэж, эдийн засагт бодит үр нөлөө мэдрэгдэж эхлэх үйл явц хамгийн том хүлээлт байх нь. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум долларын санхүүжилтийн гэрээг Монголын Засгийн газар болон Рио Тинто компани байгуулаад байгаа юм. Энэхүү зээлийг дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагаас авна. Нийтдээ 5-7 жил үргэлжлэх далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл 3000 гаруй хүн ажлын байраар хангагдана. Жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүтээж өгөх энэхүү уурхайн бүтээн байгуулалтын мэдээ бүхэн монголчуудад дефолтын айдас, долларын ханшийн хурдтай өсөлт, засаглалын хямралын тухай бодлоос нь салгаж өгч байгаа. Тэгэхээр энэхүү Оюу толгойн төсөл өнөөдөр монголчуудад ямар аминд тулсан ач холбогдолтой, үнэ цэнтэй зүйл болж байгаа нь тодорхой юм. Рио Тинтогоос олон улсад цацаж буй албан мэдээллүүдийн гол утга нь “Монгол дахь Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалтын хөгжүүлэлт болон санхүүжилтийн төлөвлөгөөнд Монголын Засгийн газар болон Рио Тинто, Түркүоз Хилл Ресурс гарын үсэг зурснаар томоохон ахиц гарлаа. Төлөвлөгөө хувь эзэмшигчдийн хоорондох хамгийн том маргаантай асуудлуудыг анхааралдаа авч, төслийн санхүүжилтийн талаар нэгдсэн суурь ойлголтуудыг гаргалаа. Далд уурхайг ахиулах шинэ замд талууд санал нэгдсэнээр дараагийн төслийн санхүүжилтийг эцэслэх, боломжит байдлын судалгаа хийх, далд уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай бүх зөвшөөрлийг баталгаажуулах зэрэгт фокус шилжиж байна” гэж байгаа юм. Хоёр талын үл ойлголцол, маргаантай асуудлуудаар санал нэгдсэн нь томоохон ахиц мөн гэж ийнхүү дэлхийд зарласан нь монголчууд бичин жилдээ энэхүү аварга төслийнхөө эхний үр шимийг үзэх боломжтой боллоо гэсэн үг.

Үүний дараахь эдийн засгийн ойрын эерэг нөлөөллийг эдийн засагчид УИХ-ын сонгуультай холбон харж байгаа юм. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны зарцуулалт хэрэглээг нэмэгдүүлэх, богино хугацаанд эдийн засгийн идэвхжлийг сэргээнэ гэжээ. Дээр нь бичин жилийн эдийн засгийн төлөв байдалд дараахь хүчин зүйлүүд голлох нөлөө үзүүлнэ хэмээн онцолжээ. Үүнд УИХ-ын сонгууль, Мега төслүүд буюу Оюу толгойн далд уурхайн санхүүжилт, Санхүүгийн салбарын нөхцөл байдал, Барилгын салбар, Гадаад орчин гэжээ. Барилгын салбарт сар шинийн өмнө УИХ-аас найман хувийн зээлийг сэргээснээр мэдэгдэхүйц сэргэлт авчирсан. Үүнийг дагаад банк санхүүгийн салбарт эерэг өөрчлөлт гарч тус салбарын цусны эргэлт сайжрах төлөв рүү оржээ. Банк санхүү-барилгын салбар хоёр нь өнөөдөр нэг зоосны хоёр тал болчихоод байгааг хүмүүс харж байгаа.

Гадаад орчин гэдэгт олон хүчин зүйлс нөлөөлж байна. Чингис бонд бол Монголыг харах гадныхны нэг баримжаа байсаар байна. Ер нь бол гадна ертөнц Монголоос Оюу толгой, Чингис бонд хоёрыг харж байгаа. Бичин жилийн тухайд энэ хоёр тун дажгүй байх нь. Оюу толгой хөдөлсөн, Чингис бондоор манай улс дэд бүтцийн салбартаа мэдэгдэхүйц ахиц гаргасан. Бичин жилдээ Монголын бүх аймаг засмал замаар холбогдох нь Чингис бондоо “юм” болгож чадсанаа гадныханд харуулна гэсэн үг. Тэдний итгэлийг сэргээнэ гэсэн үг. Гадны шууд хөрөнгө оруулалт буурч мөнгөний урсгал татарсан өнгөрсөн жилүүдэд Чингис болон Хөгжлийн бондын мөнгөөр тодорхой хугацаанд нөхөж ирлээ. Аливаа улсын эдийн засгийн өсөлт хөгжил гадны хөрөнгө оруулалтаас их шалтгаалдаг. Хөрөнгө оруулалт их байх тусам эдийн засгийн өсөлт өндөр болно. Өөрөөр хэлбэл аж үйлдвэр, соёл боловсрол гээд бүхий л салбар хөгжих үндэс тавигддаг. Манай улсын хөрөнгө оруулалт, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 2011 онд 60 хувьтай байсан. Өнөөдрийн байдлаар энэ харьцаа 30 хүрэхгүй хувьтай боллоо. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа нь эдийн засгийн хөдөлгүүр ажиллахгүй байгаа хэрэг. Тэгэхээр хөрөнгө оруулалт татах бодлого нэн тэргүүний асуудал юм. Эдийн засагт олон салбар бий. Аль салбарт ямар хөрөнгө оруулалт татах гэдэг нь тус тусдаа өөрт тохирсон бодлого шаарддаг. Нийтлэг нэг зүйл бий. Энэ нь бизнесийн орчин буюу татварын бодлого тогтвортой байх явдал. Монгол бол дэлхийд ганцхан хөрөнгө оруулалт татдаг газар биш. Сүүлийн үед Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг улс хөрөнгө оруулалт татах нь ихэссэн. Тухайлбал, Вьетнамд “Самсунг” корпораци гар утасны үйлдвэрээ нээлээ. Тус улс энэ үйлдвэрийг нээхэд төрөл бүрийн татварын хөнгөлөлт үзүүлсэн. Манайх ч ялгаагүй олон улсын ийм л жишгийг дагаж хөрөнгө оруулалтын таатай орчныг ирэх бичин жилд бүрдүүлэх ёстой. Төрөөс авах хамгийн түрүүний арга хэмжээ энэ ч байж магадгүй. Дээр нь манай улсын эдийн засаг дэлхийн эдийн засаг, гадны орнуудын үндэсний мөнгөн дэвсгэртийн ханшийн өөрчлөлтөөс болж савладаг байдлаас гарах шаардлагатай. Энэ жилээс эхлэн Монгол Улс эдийн засгийн бүтцээ өөрчлөх ёстой гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. Оны өмнө үйлдвэржилтийг дэмжихээр болсныг олон улсад сайнаар хүлээж авчээ. Гэхдээ манайх шиг бэлэн мөнгөгүй улс аль салбарт түрүүлж үйлдвэрээ хөгжүүлэх, хэнд дэмжлэг үзүүлэхээ оновчтой төлөвлөх нь чухал гэдгийг тэд бас хэлж байна. Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйн салбараа түшиглээд үйлдвэрлэл хөгжүүлбэл эдийн засагт нааштай дүр зураг гарна. Үүнийг Монголын эдийн засгийн хөгжлийн давуу тал гэж харж болно хэмээн дэлхийн эдийн засгийн форумаас үзсэн байна лээ. Эдийн засагчдын дүгнэж байгаагаар манай улс өнгөрсөн жилийнхтэй адил инфляцид нийлүүлэлтийн гаралтай, эрэлтийн талын хүчин зүйлс аль аль нь төдийлөн хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэнэ. Инфляци Монголбанкны зорилтот түвшинд буюу 7-8 хувьд очих магадлал өндөр. Оюу толгойн далд уурхайн тоног төхөөрөмжийг эс тооцвол, импортын хэмжээ өсөхгүй тул долларын эрэлт тогтвортой байна гэжээ. Зэсийн экспорт өснө, мөн далд уурхайн санхүүжилтийн валютын урсгал нэмэгдсэнээр ханшийн огцом савлагаа явагдахгүй, харьцангуй тогтвортой байх боломжтой аж.

Ирэх бичин жилийн энэ бүх эерэг хүчин зүйлсэд ганцхан зүйл л “гай” болж магадгүй хэмээн шинжээчид үзэж, ярьж, сануулж, сэрэмжлүүлж байгаа юм билээ. Энэ нь өнөөх л улс төрийн орчин дахь попууд буюу популистууд. Үнэхээр улс оронд хямрал нүүрлэж байгаа нь бодитой юм бол тухайн улс орон ийм цаг үед популистуудаас л болгоомжилж, сэрэмжилдэг дэлхийн практик байна. Тэд л улс орныг, ард түмнийг муу дээр муу нэмэр, муухай дээр улцан болгож сүйрлийн ирмэг дээр аваачдаг ажээ. Тийм болохоор Монголын ард түмэн хямралын ийм цаг үед поп улстөрчдийн үнэн нүүр царайг таньж, тэдний худал хуурмаг үгнээс хол байж, улс орны хөгжил, өөрсдийн амьдралын сайн сайхан, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхныг бодитой харах хэрэгтэй болдог. Хямралын үед массын сэтгэл зүй хүчтэй удирдагч, сод хүн, стандарт зан үйлийг хүсэмжлэх хандлагатай болдгоос популистууд ихээхэн газар авдаг нь манай улс төрийн практикаас харагдаж байгааг улс төр судлаачид бичих болжээ. Ийм үед популистууд улс төрийн үйл ажиллагаанд суурилахын оронд олны сэтгэлийг хөөргөж, сэтгэл хөдлөлд тулгуурлан нэр хүндээ олж авдаг тухай бичиж байна. Популистуудын стратегийн онцлог нь засгийн эрх авах өөрийн боломжит үйлдэл, түүнээс гарах үр дагаврын талаар ерөөс боддоггүй. Түүний хувьд хамгийн олон саналыг авах явдал л чухал аж. Олон түмний сэтгэл зүй тогтворгүй тул түүнд тохируулан популист улстөрч ухамсар, зорилгогүйгээр нэгээс нөгөөд үсчих нь түгээмэл. Иймээс популизм ялахад тоталитар дарангуйлал тогтох нь олонтаа гэсэн зэвүүн тодорхойлолтыг тулхтай улстөрчид ярьж бичиж, болгоомжлуулах боллоо. Улс оронд хямрал нүүрлэж болно, үүнээс болж монголчууд тоталитар дэглэм рүү, коммунизм руу л ухарч болохгүй. Ялангуяа хямралыг ашиглах гэсэн популистуудаас болж ухрах гэвэл шившиг.

Тэгэхээр Монголын эдийн засаг, гадны хөрөнгө оруулалт бичин жилдээ таатай сайхнаар үргэлжлэх нь тодорхой байна. Айл өрх, ард иргэдэд асуудал байгаа бол жаахан л тэвччих. Тэвчээртэй байгаа ард түмэн, улс орноос дэлхий нүүр буруулж байгаагүйг наад зах нь япон, солонгосчуудын түүхээс бид харж байна. Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил саарсан байж болох ч Америк, Европын эдийн засгийн өсөлт тогтвортойгоор нэмэгдэх хандлагатай болсныг мэдээлэх боллоо. Дэлхийн том эдийн засгийг дагаж бусад улс орнууд том жижиг гэхгүй өсөж, дэвжиж байдаг. Монгол ч ялгаагүй тэднээс хамаарна. Гэхдээ монголчууд биднээс хамгийн их шалтгаална.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аавынхаа тухай бодох сайхан

Аймгийнхаа 80 жилээр би аавынхаа тамхины үнэр шингэсэн саарал бүрхийг дамбийтал тавиад, оодон улаан тэрлэгийг нь өмсөж, сэмэрсэн улаан дурданг нь бүсэлж очсон юм. Аав сэрүүн тунгалаг байсан бол “Яаж байгаа хүүхэд вэ, нэрээ бодоход яанав” гэх байсан. Аавыгаа аваачиж байгаа нь тэр л гэж дотроо сүсэглэсэн юм. “Пүрэвийн бага хүү муухан явна даа” гэж зарим нь дээл хувцсыг минь хараад ярьсан л биз. Яахав дээ, тэгж явсан нь наддаа үнэ цэнтэй, утга учиртай байсан юм. Тогос шиг гоёсон наадамчин олон хөлх өлдөөд, дунд нь аавынхаа дээлээр гоёчихсон амьтан тэнд ч очиж морь үзээд, энд ч ирж бөх хараад, хуушуурдаад л … аавынхаа дээлийн энгэр рүү тос гоожуулчихлаа гэж харамсаад… сайхаан, сайхан наадсан. Миний аав юм л бол тэр улаан тэрлэгээрээ гоёдог байсан юм. Нутгийнхаа ойд очиж буй би эхлээд бага хүргэн ахындаа очилгүй дээ. Хаалгыг нь татлаа, босгыг нь давлаа. Бага эгч минь шууд л “Хүүш аавын малгай” гэж үгийн солиог үй миний малгай руу дайрлаа, шүүрч авсан даруйдаа малгайны дотрыг үнэрлэн уйллаа. Аавын үнэр гэхээс өөр үггүй. Тэгснээ “Хонгороо, миний хүү нааш ир өвөөгийн чинь үнэр ханхалж байна” гээд л уйлах. Дөчин нас гарсан охин нь аавыгаа ингэтлээ санадаг юм байна. Хүн ер нь аавыгаа насан туршаа санаж бэтгэрч явдаг юм байна гэж тэр үед бодогдсон шүү. Аав намайг таягддаг байсан юм. Гэр дотроо тулга тойруулж элдээд, гарч зугтаасан намайг араас хөөж гэр тойруулж таягдаад. “Амьтан ах дүүсээс санаа зовооч ээ, та. Эхнэр хүүхэдтэй том болсон хүүгээ түмний өмнө зодоод. Таныг буруу зөнөчихөж гэж муу хэлнэ ш дээ” гэхчлэн би тойрч зугтангаа үглэж яваа. Аав нээрэн ч ойлгож байгаа бололтой номхроод явчих шиг санагдав. Тэрүүхэн тэндээ мухагнаад, гэмших шиг болохоор нь дэргэд нь хүрч очоод “Та одоо нас намбаа бодож баймаар юм…” гэтэл нуруун дундуур тас буугаад явчихав. Би зугтахаар муу хазгар аав минь яаж гүйцэхэв дээ. Тэгээд сэтгэсэн нь тэр. Үгийг нь сонсож үнэхээр гэмшсэн царайлж өөртөө ойртуулж байгаад авч байхгүй юу. Би төрхгүйтсэн, аав шанг нь хүртээсэн түүх юм л даа. Сайхан түүх, аавдаа таягдуулж явсан үе сайхан байжээ. Эр хүний эцэг төрөөсөө хүртэж буй шан.

Миний аавыг Түдэвгончигийн Пүрэв гэдэг байсан юм. Өвөрхангай аймгийн Богд сумын хүн дээ. Айлын ганц хүү. Бага балчраасаа ном эрдмийн мөр л хөөсөн хүн. 19-хөн настайдаа Богд сумын даргаар ажилласан хүн дээ. Сумын түүхэнд дурайтал бичээстэй байдаг болохоор нь би хэлж байна. Тэрнээс өнөөдрийн хүмүүс үнэмшихгүй байж магад. Ажигмөнх гэж төв халхад эрдэмтэйд тооцогдох нэгэн бээр байсны гал шавь нь миний аав. Ажигмөнх гэж хүнийг яагаад төв халхын томд тооцов гэвэл Онхуудай Жамьян гуай анхны Судар бичгийн хүрээлэнг байгуулж ном судар эмхэлж цэгцлэх эрдэмт хүмүүсийг цуглуулахад манай нутгийн тэр буурай уригдан заларч хуучны бичиг судраас өгсүүлээд ихийг эмхэлж өгсөн түүх байна. Бүр цагаан дээр хараар байна. Ийм хүний галын шавь гэхээр миний аав хуучин монголоос эхлээд гаргуун байлгүй яахав. Манай нутгийнхан ч гэрчилнэ. Бичиг номд эрт цагааширсан аавыг 19 настайд нь сумын даргаар тавьжээ. Аав нялх дарга явсан үеийнхээ сонин хачнаас хааяа ярина (ер нь үгэндээ харам хүн байсан юм). Ноосны төлөвлөгөө гэж тэр үед нэг их юм болдог байж. Хумбан гэдэг жолоочтой гэж байгаа. Зис5 гэдэг машин нь юм болов уу даа, ноос ачаад хөдөлсөн шуурга нүдээд явуулдаггүй гэнэ. Хумбан, аав хоёр машиндаа унтжээ, нэг мэдсэн пид хийгээд явчихаж. Сэрсэн машин нь хажуугаараа уначихсан байсан гэсэн. Салхинд алгадуулаад ойчихгүй юу. “Та хоёр тэгээд машинаа яаж босгов” гэхээр “Хүн үнэмшихг үй дээ, ноосныхоо олсыг тас тас огтлоод хаятал пид хийгээд буцаад босчихсон шүү дээ” гэж ирээд хуучилдагсан.

Аав Гучин-Ус сумын бага сургуулийн төгсөгч. Аавын ангийнхаас одоо алдарт эмч, Хөдөлмөрийн баатар Нямхүү, Ерөнхийлөгч нарын эмч явсан Гайтав нарын цөөн хүн үлдсэн байх юм. Аавын аав буюу миний өвөө бол лам байгаад хэлмэгдлийн үеэр шар шувталсан хар хүн. Нутгийнхан “Данхар унзад” гэж дууддаг байсан юм. Өвөөгийн ганц хоёр найзууд гэвэл өнөө цагийн бөхийн томчууд Ч.Насантогтох, Ч.Дамдиншарав нарын аав С.Чимэдбазар амбагайтан. Аав энэ хоёр бөхийг нусхайнууд байхад нь нэг бус удаа тэмээнд дүүрээд сургуульд нь хүргэж өгч байсан гэдэг. Томчууд одоо санадаг эсэхийг мэдэхгүй. Инээдтэй түүхээ л аав ярина. Бага сургуулиа дүүргэжээ. Аймгийн сургуульд суралцахаар хэдэн хүүхэд шуудангийн машинд ачигдан хөдөлж. Замд нь албаны бололтой машинтай хүмүүс таарсан байгаа юм. Тэд хүүхдүүдийг найрч гарчээ. “Сэлэнгийн Алтанбулаг гэдэг гоё газар малын эмчийн мундаг сургууль нээгдсэн. Очиж суралцвал том болоод та нар хар машин унадаг лут хүмүүс болно” энэ тэр гээд. Тэр найраанд нь аав тэргүүтэй хэдэн нөхөр ороод ард нь суугаад Алтанбулаг руу ганийчихсан байгаа юм даа. Араас нь өвөө эмээ хоёр жил хагасын дараа малын туувар хийж ганц хүүгээ олж очсон байдаг юм. Аавыг Алтанбулагт сурахаар очтол ээж тэнд сурахаар бас оччихсон байж. Ингээд л амьдрал зохиосон хоёр нялх “юм”-наас анхны охин төрсөн нь бидний том эгч П.Энхтуяа гэж эмэгтэй энүүхэн 10 дугаар хороололд атаманаа хийгээд амьдарч байна.

Аав ээж хоёр тэр үеийн дурлалын түүхээ бичсэн үнэн гоё үг яриатай, за бараг роман болох шахуу нэгэн жижиг хар дэвтэр бидэнд байна. Бичих ч гэж мөн зурайлгадаг байжээ… За энэ яахав, аав цааш яасан гэхээр юм юм болсон. Бугын Дэжид гэж Улс төрийн товчооны гишүүн байсан биз дээ. За түүний чинь төө зайгүй төрсөн дүү Бугын Насанжаргал гээчтэй үерхэж нөхөрл өдөг болжээ. Аав бол хичээлдээ мэдээж ок. Нэг удаа тэр хоёр үймүүлж яваад Насаа нь хөлөө хугалчихаж. Өнөөхөө аав үүрээд гүйцэгдэлг үй зугтаажээ… гэхчлэн Алтанбулагийн түүх нь үргэлжилдэг юм. Өнөөх Б.Насанжаргал нь сүүлд аавыг намын шийтгэл гээч айхавтар юм аваад Богд сумандаа нутаг заагдаад сууж байхад нь аймгийн даргаар очжээ. Аав нэг ч удаа уулзаагүй гэдэг. Аав намын шийтгэлээсээ өмнө овоо явсан юм билээ. Малын эмчээр аймагтаа очиж ажилдаа дөр сууж байтал нь Баруунбаян-Улаан сум нэгдлийн даргаар тавьчихаж. Түүндээ овоо дадаж байтал Намын дээд сургууль гэдэг рүү нь явуулж. Тэр цагаас хойш аав Москва, Киев, АлмаАта… гээд ёстой нэг манаргах шиг болж, нүд тайлах шиг болсон нь өнөөдөр үлдсэн диплом, бичиг баримтуудаас нь тод харагдах юм даа. Ингэж их явсных үнэндээ аав шиг минь орос хэлтэй хүн ховор байсан санагддаг. Сурч боловсорч дуусахад нь Намын төв хорооноос өгсөн анхны томилолт нь Хөвсгөл аймгийн Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга юм билээ. Аав ухаан алдчихсан гэдэг. Нутаг руугаа явахын бөөн хүслэн. Ингэтэл бүр сонин томилолт тууж иржээ. Радио телевизийн улсын хороонд нэвтрүүлэгчээр оч гэж. Ухаандаа өнөөдрийн Монголын радиогийн нэвтрүүлэгч. Өнөөдрийн хүмүүс “Өө нэг нэвтрүүлэгч…” гэж магадгүй. Аа бүр даргаар явна гэж ярих байх. Гэвч тухайн үедээ радиогийн нэвтрүүлэгч гэдэг бол том нэр төр, үүрэг хариуцлага байсан юм билээ. Төв хорооны тийм үүрэг даалгаварт үгүй гэх эрх байдаггүй байж. Тэгэх л юм бол бүх ажил амьдрал дуусна. Радиодоо очих бэлтгэлээ базаагаад байж байтал гэнэт Төв хорооны шийдвэр өөрчлөгдөн Намын төв хорооны ямар юмны хэлтсийг ч билээ төлөөлөн урлаг соёлын баахан алдартан дуучдыг дагуулан 18 аймгаар ард түмнийг соён гэгээрүүлэх багийг ахлан явах ажлыг хариуцуулж, гүйцэтгүүлсэн гэдэг. Тэгж явахдаа уртын дуучин, гавьяат жүжигчин Долгоржав гуайн хоолойг гайхан биширснээ ярьдагсан. Энэ мэтээр миний аавын намтар цадиг дуусашг үй. Тэр үед нэгдэлжих хөдөлгөөний хоёр дахь үе эхэлж хотын сэхээтнүүдийн дунд нэгдлийн даргаар явах илгээлт моод болсноор аав нэг л өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум нэгдлийн даргаар очсон байдаг юм. Энэ нэгдэлд миний аав ажилласан шиг ажилласан. Энэ нэгдлийг удирдаж байхдаа намын 16 их хурлын индэр дээрээс аймгаа төлөөлөн ганцаараа илтгэл тавьсан нь өнөөдрийн би мэт ач холбогдлыг нь мэдэхгүй байгаагаас тэр үедээ гайхамшиг, ховор аз тохиол байсан юм биш үү. Дараа нь аав Вьетнамын дайнд монголчуудын бэлэглэсэн мянган үхрийг вагоноор хүргэх Монголын комиссын орлогч даргаар явсан. Бас зүгээр явж чадахгүй Бээжингээр дамжих үедээ олгой ургаж Мао Зэдунд үйлчилдэг том эмнэлэгт нь хагалгаанд орсон байдаг юм. Монгол-Хятадын харилцаа сайн байсан үе юм байлгүй дээ. Тэгээд сүүлдээ Материал техник хангамжийн удирдах газрын хэлтсийн дарга гэгч болж дампуурсан байдаг юм. Энд аавынхаа дарга л хийгээд явсныг ярих гэсэн юм биш. Мөн ч ихийг үзэж туулсан хүн дээ гэдгийг л илэрхийлэх гэсэн хэрэг.

За харин энэхүү Материал техник хангамжид байхдаа түрүүн хэлсэн намын шийтгэл гээч айхавтар юмаа хүртэж сум руугаа уруудан шунгинасан хүн дээ. Тэнд ч ёстой гандаж гундаж гүйцсэн дээ. Аавтай маань зэрэгцээд шахуу Чойсүрэн гэж хөгжмийн багш бас нутаг заалган ганцаараа очлоо. Аавын хар багын найз. Тэр хоёр ууна, оросоор ярина, оросоор дуулна, борцтой шөл хийж идэцгээнэ. Би тэр Чойсүрэн багшийг морь болгон унаж мөн ч олон тоглосон доо. Тэгсэн базарваань хумпад өнөөдөр мэдэх нь ээ тэрх үү Чойсүрэн гэдэг чинь хойно хөгжмийн сургууль төгссөн Монголын том хөгжмийн зохиолч байж. Ямар олон гоё дуу зохиосон байдаг юм бэ. “Аяны шувуу”, “Алтан тэрэлж цэцэг”… гээд өнөө ч дуулагдаж байна. Нэг өвөл багш нарын баярын цайллаган дээр Чойсүрэн багш нэгмөсөн ойчсон юм. Аав “Чойсүрэнгээ би энд биш их газарт нь, ядаж аймагт олны хүндлэл дор оршуулна” гэж хэлсэн гэдэг юм. Ингээд нэгдлээс унаа гаргуулж аваад Чойгийнхоо шарилыг ачаад аймаг руу аваад явчихсан даа. 200 гаруй км газар өвлөөр. Эргэж ирэхдээ аав “Эцсийн замд нь сайхан үдлээ, олон хүн ирлээ, хотоос Бадраа эд нар иржээ” гэхчлэн ярьж байсан нь өнөө их соён гэгээрүүлэгч Ж.Бадраа юм билээ. Миний аав ийм л сэтгэлтэй хүн байсан.

Ээж минь 48 насан дээрээ хүнд өвчин туслаа. Аав хот руу аваад л явна. Цацраг туяаны билүү нэг эмнэлэгт л эмчлүүлдэг. Эргээд ирнэ. Ирсэн хойноо “Муу Цэнд маань их тус боллоо” гэж ярих. Бас өөр сонин хачинтай ирдэг байсан шиг байна лээ. Жанжигаа гэж Халх голын дайчин өвгөн ах маань байлаа. Түүнд их итгэж нарийн ширийнээ аав минь ярина. Нэг удаа ээжийг хот авч явж ирснийхээ дараахан шөнө орой Жанжигаагийнд тэр хоёр буу халахад нь би хажууд нь унтсан дүр эсгэн үг чагнаж билээ. Зууханд хөрзөн түлчихсэн халуу дүүгээд л, хоёулаа данх ёроолдох маягтай ярьж байсан санагдана. Аав “Бал даргыг өнөө Филатова чинь цус нөжийг нь гартал зодсон байсан гэнэ шүү…” гэж. Хот явахдаа аав найз нөхдийнхөө хүрээнээс энэ хэрийн мэдээллийг авдаг л байсан шиг байна лээ. Ээж минь хоног хоногоор доройтсоор аав минь 49 насан дээрээ ханиасаа хагацлаа.Улаан цурав хэдэн хүүхэдтэйгээ үлдлээ, миний аав. Миний дээд талын ах дөрөвд үгээр анги, түүний дээд талын эгч зургадугаар анги гээд дээш явна. Би гэж бээлийн чинээ амьтан ааваас ээжийгээ нэхэж уйлаад л… тэр үеийн тэнгэр баргар өдрүү- дийг тод санадаг юмаа. Ийм амьдрал дунд үлдсэн эр дунд насны хүнд юу бодогддог байсан бол. Үүнд ганцхан миний аав л хариулж чадна. Зүтгэсэн дээ, миний аав. Бидэнд хойд урд эхийн бараа харуулаагүй. Долоон өнчин хүүхдээ хэний ч дор оруулалг үй хүний зэрэгт хүргэсэн юм. Дээлийнхээ ханцуйд уйлж, дотогшоо өмөрч байж энэ л гайхамшигт амьдралыг бидэнд үлдээсэн, миний аав. Тандаа гүн хүндэтгэлтэй мэхийж байна, аав аа. Сар шинийн босгон дээр аавыгаа ийн дурслаа.

Шинийн нэгний өглөө хүмүүс аав ээждээ очиж золгоод сайхан харагддаг юм. Цагаахан атаархах юмаа, би. Надад очих эжий аав алга л даа. Гэхдээ сэтгэлийн энэ л гунигаа тайлж үүнийг бичив. Дандаа эжий аавтайгаа хамт сар шинийн өглөөг угтаарай, хүмүүс ээ. Чин сэтгэлээсээ та бүхэндээ хүсэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Батболд: “Гудамж” төсөл хэрэгжсэнээр иргэд жилд 25 тэрбум төгрөгийг зөвхөн шатахуунаасаа хэмнэх боломжтой болсон

Чингис бондын санхүүжилтээр хэрэгжсэн “Гудамж” төслийн үр дүнгийн талаар тус төслийн нэгжийн захирал, доктор Б.Батболдтой ярилцлаа.

-Та Японд боловсрол эзэмшсэн байх аа?

-Японд сурахаасаа өмнө 1994 онд америкийн UCLA их сургуульд жил гаран хэлний болон хот төлөв-лөлтийн судлаач оюутан байсан. Японы хоккайдо их сургуулийг 1997 онд орон сууцны бодлогоор мастeр, 2001 онд хот төлөвлөлтөөр доктор цол хамгаалсан. нэг бахархаж байдаг зүйл маань докторантураа төгсөөд Японы зураг төсөл, төлөвлөлтийн номeр нэг “никкэнсэккэй” гэдэг компанид хот төлөвлөлтийн мэргэжилтнээр ажилласан. Тухайн үeд ялангуяа монгол хүн тийм том компанид ажиллах нь тун ховор байж. одоо бол мон-голчууд гадаадад чадалтай, авьяастайгаа ихээхэн харуулж чаддаг болсон байна.

-Тэгвэл та мэргэжлээрээ ажиллаж байгаа юм байна?

-Tийм. Төрийн албанд анх 2005-2008 оны хооронд ажиллаад барилгын яамнаас өөрийн хүсэлтээр гарсан. Гарсан шалтгаан бол, ер нь хувийн секторт ажиллая, бодитоор юм хийж бүтээe гэж. Энэ хугацаанд 350-аад бага орлоготой хүмүүст зориулсан орон сууц барьсан. Хот төлөвлөлтийн төслүүд хийж байсан. “учиргүй гоё юм хийсэн гэхээсээ илүү бодит жижигхэн хотхоны бүтээн байгуулалт хийлээ. Тэрнийхээ гудамж, талбайг нь хүртэл ингэж хийлээ” гэж өөрөө хийж үзүүлэх санаатай л байсан. Тэгээд л 2013 оноос “гудамж” төсөл рүү орж ажиллаж байна даа. Анх хотын хамгийн томоохон элeмeнт болох гудамж, зам, талбайг хэрхэн өөрчлөх, хот төлөвлөлт дэндүү хоцрогдсоныг гадаадаас арван жилийн дараа 2004 онд ирээд л хэлж байсан. Нийслэлийн хот төлөвлөлтийн хүрээлэнд дэд захирлаар ажиллаж байхдаа ч, Яаманд газрын дарга байхдаа ч өнөөдрийн Гудамж төслийн энэ хийж байгаа өөрчлөлтийн талаар санал, судалгаагаа танилцуулж байсан. Бараг л арван жилийн дараа хэрэгжиж байна гэсэн үг. Хамгийн гол нь энэ саналыг Шинэчлэлийн засгийн газар, тухайн үeийн Эдийн засгийн хөгжлийн яам маш их дэмжсэнээр л Гудамж төсөл богинохон хугацаанд маш их бүтээн байгуулалтыг хийж чадлаа.

-Тийм ээ, “Гудамж” төсөл төрөөс хийгдэж буй бүтээн байгуулалтын том ажил. Төрд ажил хийх боломж, эрх чөлөө хэр байна?

-Миний хувьд энэ төслийг мастерлаад зохион байгуулаад, менежерээр нь ажиллаад, өөрөө төслийнхөө дизайныг нь хүртэл хийгээд санаачилгатай ажилласан. Боломж олгох, эрх чөлөөний тухайд бол нэг гараа бариулчихаад, тэгээд урагшаагаа яв гээд байдаг юм бол бий. Ажил хийж байгаа хүмүүсийг элдвээр хардаж сэрдэх явдал их юм. Хэвлэл мэдээлэл нь ч зөв ажлыг ойлгох хүсэл муутай байх юм. Тэр ч гудамжийг гоё болгоё, энийг ч бариад авъя гээд урамтай ажиллаж байхад заавал буруу талаас нь харна. Мэдээж шалгалт хяналт бол гарцаагүй. Гэхдээ зөв хандлагатай шалгах соёл манайд бага байна. Заримдаа ажил хийх гэсэн биш бөөн тээр саад, нерв болох юм. Шинэ бүтээн байгуулалтын ажил дээр урам их хэрэгтэй. Манай багийн ихэнх нь залуус учраас урмаар их ажил хийдэг. Урам өгнө гэдэг бол юун цалин хөлс, шагнал урамшуулалтай жишиж зүйрлэмгүй үнэ цэнтэй зүйл. Урам авсан хүн эрч хүчээр дүүрэн ажилладаг юм билээ. Хамгийн гол нь миний хувьд гэвэл би өөрийн сурсан мэдсэнд бүрэн итгэлтэй байдагтаа энэ ажлыг түүртэлгүй хийж байна. Гудамж төслийн үр дүнг ард иргэд ихэд сайшаадаг, харин тодорхой улс төрийн зорилго бүхий хүмүүсийн таашаалыг хүртдэггүй нь надад хачирхалтай санагддаг. Тэдгээр хүмүүс өдөр болгон л бидний хийсэн гудамж, уулзвараар явж л байгаа баймаар юм.

-Гудамж төсөлд “Чингис бонд”-оос баахан хөрөнгө зарчихлаа гээд шүүмжилдэг. Шинэчлэлийн засгийн газрын үед “Гудамж” төслийг санхүүжүүлэхээр баталсан 200 сая ам.доллар танай байгууллагын дансанд орсон уу? Ер нь танайх гүйцэтгэгч компаниудыг шууд санхүүжүүлдэг юм уу?

-2013 оны гуравдугаар сард Засгийн газрын 46 дугаар тогтоолоор “Гудамж” төслийн санхүүжилтэд зориулж баталсан 200 сая ам.доллар нь Хөгжлийн банкны дансанд байдаг юм. “Гудамж” төслөөс санал болгосон төсөл хөтөлбөрийг тус банкнаас гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжийг шууд санхүүжүүлдэг. Одоогоор Хөгжлийн банкнаас төслийг санхүүжүүлэх нийт 200 сая ам.долларын санхүүжилтийн 39.3 хувь буюу 78.5 сая ам.долларын санхүүжилтийг хийгээд байна. Нийслэл болон аймгийн төвүүдэд. Нэг ийм шүүмжлэл байдаг, гудамж, замын уулзварт Чингис бондын мөнгийг хэрэглэж дууслаа гэж. Үнэн хэрэгтээ бондын нийт 1.5 тэрбум ам.долларын ердөө 5.2 хувь л “Гудамж” төсөлд зориулагдсан байгаа. Манай байгууллагын үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг Хөгжлийн банк, төслийн удирдах дээд байгууллага болох Зам тээврийн яам, нийслэлийн Засаг даргын зөвшөөрлөөр баталгажуулж олгодог. Хуучин бол Эдийн засгийн хөгжлийн яам байсан.

-“Гудамж” төслийн ажилтнууд хэт өндөр цалинтай, гадаадад 90 саяар зугаалсан, мөн шилэн данс бүрэн хөтөлдөггүй, дутуу дулимаг мэдээлэл тавьдаг гэхчилэн мэдээллүүд гадуур нэлээн явах юм аа?

-Өндөр цалин гэдэг бол буруу ойлголт юм. Дунджаас дээгүүр цалин авч байгаа нь үнэн. Гэхдээ үүнийгээ дагаад маш их эрсдэл, хатуу хариуцлага явж байдаг. Мөн ажлын ачаалал маш их. Амралт, баяр ёслол зэргээс хамаарахгүй бүтээн байгуулалтын ажлаа богино хугацаанд хийхээр зорьж зүтгэж ажилладаг. Манай төсөл хэзээ ч татан буугдаж, үйл ажиллагаагаа зогсоож магадгүй эрсдэлтэй. Энэ нь олон улсын төслүүд бусад практикт байдаг зүйл. Гэтэл төрийн албан хаагчид хөдөлмөрийн хуулийн хамгаалалтад найдвартай ажлын байр баталгаажигдсан байдаг. Харин бид хөлсөөр ажиллах гэрээтэй. Жирийн төрийн албан хаагчийг ийм ачаалал, хариуцлага, эрсдэл дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг хийгээч гэвэл өнөөдөр хийх хүн олдохгүй болов уу. Eр нь бидний цалинг өндөр гэж хэлэхдээ Монгол Улсад ямар хэмжээний нийгэм, эдийн засгийн үр ашиг оруулж, хэр үр бүтээлтэй ажиллаж байна вэ гэдэг талаас нь харахыг хүсэж байна. Манайхан их сонин л доо. Гадны хүнийг хэт их шүтдэг нь хэвээрээ. Манай улсад хийгдэж байгаа олон төслийн гадаад зөвлөхүүд монгол хүний авдаг цалингаас хэдэн арав дахин өндөр цалин авч байхад юу ч хэлдэггүй. Эдгээр зөвлөхүүдийн авч байгаа цалин чинь манай улсын зээл, татвар төлөгчдийн ирээдүйд төлөх мөнгө шүү дээ. Гэтэл монгол хүн мэдлэг боловсролоороо арай илүү цалин авахаар бүгд шуугидаг. Нэг жишээ хэльe. Би гадаад, дотоодын олон төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байсан. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сан, Жайка гээд. Арваад жилийн өмнө Дэлхийн банкны төсөл дээр ажиллаж байсан нэгэн амeрик зөвлөх сард 28 мянган долларын цалин авдгийг мэдсэн юм. Би Монгол талын зөвлөх 500 долларын цалинтай. Тэр хот төлөвлөлтийн салбарын магистр харин би доктор. Нэг удаа түүнээс тоглоом шоглоомоор “Та надаас мэдлэг, ажиллах чадвараараа 50 дахин их байдаг юмаа даа” гэхэд санаа нь зовсон байдалтай дэмий л инээж билээ. Энэ мэтээр Монголоос баруунд өндөр боловсрол эзэмшсэн, ур чадвартай маш олон хүн мэдлэг боловсролоо дутуу үнэлүүлж байна. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй гэж бид их ярьдаг биз дээ.

-Тэр “Гудамж” төслийнхөн гадаадад өндөр зардлаар зугаалдаг тухайд…

-Зугаалах биш албан ажлын томилолтоор явахыг хэлж байна. “Гудамж” төслийнхөн зугаалсан гэж яриад байгаа. Аливаа хүнд хардах эрх бий. Гэхдээ гүтгэх эрх түүнд байхгүй. Аливаа зүйлийг асуудал болгохдоо судалгаатай, үндэслэлтэй, хатуу нотолсон баримттайгаар шүүмжилж алдаа дутагдлыг бичиж болно. Үнэндээ 90 сая төгрөг байхаар төлөвлөсөн боловч бид зардлаа танаж 77 сая төгрөгт багтааж гадны хотуудад судалгаагаа явуулсан. Нэг удаа манай япон профeссор багш маань хэлэхдээ, байгалийн шинжлэх ухааны салбарынхны ажилладаг, судалгаа хийдэг газар бол тодорхой өрөө тасалгаа, лабораторид байдаг бол манай хот төлөвлөлтийн салбарын лаборатори нь хот өөрөө юм гэж. Би Японд докторантурт сурч байхдаа багштайгаа гадаадын олон улс орны хотуудаар судалгааны “аялал” хийж байсан. Суусан цэцнээс явсан тэнэг гэж үг байдаг. Сайн ул суурьтай судалгаа, төлөвлөлт дээр суурилсан ажил амжилтад хүрдэг. Тухайн хөгжилтэй хотыг явган алхаж, нүх сүв бүрээр нь орж, автобус, мeтронд сууж, зам талбай, инженерийн дэд бүтэц, орон сууцны хангамж хэр байгааг бодитоор нь харж, зураг төсөл, статистикийн судалгаа хийж байж жинхэнэ судалгаа болдог. Түрүүн хэлсэнчлэн баталгаа нотолгоотой байж биднийг буруутгах хэрэгтэй. Манай байгууллагын сайт болон бусад мэдээллийн эх сурвалж дээр бид ямар хугацаанд ямар ямар хотуудаар хэрхэн судалгаа хийж ажилласан талаар бүгд тодорхой байгаа. Биднээс ирж асуугаад хаагуур яаж “зугаалж” байгаад ирснийг асуухад л болно. Бидний судалгааны зорилго бол хөгжилтэй хотууд төлөвлөлтийг хэрхэн хэрэгжүүлж, хотыг зөвхөн хүндээ зориулж яаж бүтээн байгуулсныг газар дээр нь үзэх зорилготой байсан. Хурдны замаас эхлээд явган хүмүүст зориулсан зам талбайг хэрхэн төлөвлөж барьж байгуулдгийг мэргэжлийн хүний хувьд би мэддэг боловч манай судалгааны багийн дотор ганцхан хүн л Амeрикт боловрол эзэмшсэн байдаг. Бусад нь дотоодод боловсрол эзэмшсэн буюу хөгжингүй хотын талаар бага мэдлэгтэй байсан. Судалгаанд нийслэлийн eрөнхий архитeктор ороод бид наймуулаа явсан. Хойд Eвропын есөн орон 10 хотыг 11 хоногт үзэж судалсан. Бидний судалгааны маршрут эхнээсээ нарийн төлөвлөгөөтэй байлаа. Явганаар гэхэд 143 км буюу өдөрт дунджаар 12 км алхаж гудамж, талбайн төлөвлөлт дизайныг судалсан. Онгоцны буудал дээр ачаа авахад цаг зарцуулах учир бүгд үүргэвчтэй, очих хотынхоо урьдчилсан судалгааг нэг нэг хүн хариуцаж өглөө болгон тэр хотоо хариуцсан мэргэжилтэн танилцах уулзалтыг зохион байгуулж байлаа. Гол сэдэв бол “Автомашингүй гудамж” байсан. Ийм судалгаа бол албан ажлаар гадаадад томилолтоор явчихаад хурал семинартаа суудаггүй, өглөө архи үнэртүүлж хуваарьт хөтөлбөрөөс хоцорч ирдэг, хөтөлбөр дундаас дэлгүүр шопинг эргүүлээд явчихдаг цөөнгүй төрийн албан хаагчдын “зугаалга”-наас өөр шүү. Би яагаад ингэж ярьж байна гэхээр Америк, Японд аспирантурт сурч байхдаа Монголоос ирсэн төлөөлөгчдийн орчуулагчаар олон удаа ажиллаж байсан болохоор мэддэг юм.

Ингээд бидний судалгаа их үр дүнтэй болсон учир буцаж ирээд Монголд анх удаа “Автомашингүй гудамж” төслөө танилцуулж, НИТХ-аар дэмжигдэн хэрэгжихээр болсон байгаа. Одоо нарийвчилсан төлөвлөгөө, зураг төслийн ажилдаа ороод явж байна.

-Гадаадад томилолт ийм байж, Шилэн дансны хэрэгжилтийн тухайд бодит байдал ямар байна?

-Шилэн дансны тухайд бол хуулиар таван сая хүртэлх төгрөгийн гүйлгээг мэдээлдэггүй учир манай цалин болон саяын гадаадын судалгааны томилолтын зардал гэх мэт л бичигдсэн байгаа. Өөр том зардлууд бараг байдаггүй л дээ. Гадаад томилолтын хувьд бол бид удирдах дээд байгууллага болох Зам тээврийн яам, нийслэлийн засаг даргаар жилийн болон улирлын бүх үйл ажиллагааныхаа зардлыг заавал батлуулдаг. Хэрэв тэд гадаад томилолтыг батлахгүй бол бид гадаад судалгааны ажил байхгүй гэсэн үг. Ингэж л зөвшөөрөгдсөн төсвийн хүрээнд бид ажлаа зохицуулдаг. Шилэн дансан дээр бид судалгааны аяллынхаа хэмнэлттэй зардлын тайлангаа мэдээлсэн байгаа. Тэндээс бодит мэдээллийг харж болно.

-Өндөр хүүтэй бондын мөнгөөр орон нутагт зам барих нь эдийн засгийн ямарч ач холбогдолгүй зүйл, яагаад хөдөө орон нутагт хэрэгжүүлэх болсон юм бэ гэсэн шүүмжлэл бас байгаа?

-2014 оны гуравдугаар сард Шинэчлэлийн засгийн газрын 96 дугаар тогтоол гарсан. Үүнд “Гудамж” төслийг зөвхөн нийслэлд бус нийт 21 аймагт хэрэгжүүлэхээр баталж, тухайн үeийн Эдийн засгийн хөгжлийн яаманд хяналт тавьж ажиллахыг даалгасан байдаг. Бид Засгийн газрын шийдвэрийг биeлүүлэх үүрэгтэй. Бид даалгаврыг биeлүүлж найман аймагт урьдчилсан судалгаа явуулж гурван аймагт “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн. Одоо Цэцэрлэг, Улаангом аймгийн төвүүд “хот” болсон. Хэнтий аймгийн төвийн хот төлөвлөлтийн бүх нарийвчилсан зураг төсөл хийгдээд байна. Харин энэ жил “Гудамж” төслийн хүрээнд нийслэл, аймгийн төвд шинээр хийгдэх нэг ч ажил улсын төсөвт суугдаагүй байгаа. Орон нутагт зам, гудамж барьж байгуулах нь хэрэгтэй юу гэдэг тал дээр миний хувийн бодлоор бол нэг ч атугай аймгийн төвд хот төлөвлөлтийн бүтээн байгуулалтыг хийх нь зөв гэж боддог. Яагаад монголчууд бид хөдөө аймгийн төвд төрснөөрөө суурин газрын наад захын хүний хэрэглээ болсон зам талбай, ногоон байгууламж, дэд бүтцийн хэрэглээгүй амьдралыг барах ёстой гэж. Төрөхдөө л шороон зам, гудамжаар явж байсан насны эцэст одоо ч тийм л орчинд амьдарч байгаа нь Үндсэн хуулийн иргэн хүний ая, тухтай аюулгүй орчинд ажиллаж, амьдрах наад захын эрх зөрчигдөж байна гэж боддог. Аймгийн төвүүдийг хотын статустай болгох ажил үүнээс л эхлэх ёстой. Хөдөө орон нутагт хэрэгжүүлснээр нийслэлд үүсээд буй хэт төвлөрөл, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулахад чухал ач холбогдолтой. Бид бүгд ая тухтай сайхан амьдрахыг хүсдэг. Одоогоор хоёр аймгийн төвд “Гудамж” төслийг хэрэгжүүлэн тухайн орон нутгийн иргэдээс маш өндөр үнэлгээ авсан. Бид боломжтой бол бүхий л аймгийн төвийг зөв төлөвлөлттэй, орчин үеийн хотын жишгээр хөгжүүлмээр байна. Цаашид энэ ажил үргэлжилбэл маш өгөөжтэй юм. Энэ хотжуулах процeсс улсын эдийн засгаас хамаарч урт удаан хугацааны туршид хэрэгжих болов уу. Ямартай ч Цэцэрлэг, Улаангом хотууд жишиг хот болж эхэлсэн, түүнийг хараад бусад бүх аймгийн Засаг дарга нар маш их хүлээлтэнд орсон байгаа. Харин бондын өндөр хүү, эргэн төлөлтийн асуудал бол манай төр засгийн шийдвэр бөгөөд УИХ бондын зарцуулалтад хяналт тавиад явж байгаа шүү дээ.

-Орон нутагт хэрэгжүүлж байгаа нь сонгуулийн шоу, эдийн засаг уналттай байхад бондын мөнгийг ингэж зарж болохгүй гэхчилэн ярьж байгаа?

-Түрүүн хэлсэнчлэн бондын мөнгө босгосон 2013 оноос 2014 оны хооронд аймгийн төвүүдэд төсөв тавигдсан. Харин 2015, 2016 оны төсөвт энэ бүтээн байгуулалтад мөнгө тусгагдаагүй байгаа. Үүнийг эдийн засгийн хямралаар тайлбарлаж байгаа. Харин сонгуулийн шоуны хувьд би улс төрч хүн биш, Засгийн газраас өгсөн даалгаврыг биeлүүлэгч. Аймгуудын сонгон шалгаруулалтын хувьд гэвэл бид ЗГ-ын тогтоол гарсан өдрөөс 21 аймагт тодорхой нөхцөлтэйгөөр урилга явуулж шалгаруулалт эхэлсэн. Нөхцөл гэдэг маань аймгуудын eрөнхий төлөвлөгөөний хэрэгжилт болон нийгэм эдийн засгийн судалгаа, статистик, бусад хот төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөөтэй эсэх талаарх мэдээллүүдийг ирүүлэх шаардлага байсан. Үүнээс шаардлага хангасан аймгийн тоо 16 байсан. Огт матeриал ирүүлээгүй аймаг ч байсан. Дээрхи 16 аймгүүдаас өөрсдийн хөрөнгөөр хамгийн хурдан гудамж замын зураг төсөл хийсэн аймаг бол Архангай, Увс хоёр байсан учир бид бүтээн байгуулатыг энэ хоёр аймагт хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн.

-“Гудамж” төслийн барьж байгуулж буй автозам, уулзварын өртөг урьдынхаас хэт өндөр байна гэсэн яриа бий?

-200 сая долларыг 33 уулзварын тоонд хуваагаад тайлбарлаж байгаа хүмүүс ч байдаг. Энэ бол дэндүү хариуцлагагүй гүтгэлэг юм. Ядаж манай сайт (www.gudamjtsusul.mn) руу нэг удаа боловч ороод харалгүй иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацдаг. Манай байгууллагын сайт дээр бүх уулзвар, зам, гудамжны барилгын ажлын өртөг, тоо хэмжээ, хийсэн эзэнтэйгээ маш тодорхой нээлттэй мэдээлсэн байдаг. Үнийн тухайд бол манай төсөл анх эхлэх үeд долларын ханш 1409 төгрөг байсан. Одоо бараг 2000 төгрөг хүрчихлээ. Энэ нь долларын ханш 42 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Энэ ханшийн өсөлт нь төгрөгөөр илэрхийлэгдэх зам барилгын ажлын үнэнд нөлөөлдөг. Үүнийг өндөр үнэтэй байна гэж ярих нь өрөөсгөл л дөө. Өөр нэгэн хүчин зүйл бол саяхан хүртэл манай зам бага даацтай автомашин буюу ихэнхдээ хуучин үeийн ачааны зил 130 машин болох таван тонн хүртэл даацтай авто машинд зориулагдаж замын суурь, асфальтын зузаан нь бага байсан. Одоо бол 30, 40 тонноор ярьдаг болсон учир замын бүтэц тeхнологи их өөр боллоо. Замын суурь, асфальтын зузаан хоёр дахин нэмэгдэж, ус болон хөлдөлтөөс хамгаалах үeийг заавал хийдэг болсон. Хот доторхи замын хөдөөний замаас эрс ялгаатай нь гэрэлтүүлэг, дохиолол, дэд бүтэц, бусад олон төрлийн тоноглол, хийцлэл, үeрийн хамгаалалтын байгууламж гээд маш олон төрлийн ажилбаруудтай, нэлээн хүндрэлтэй, өөрөөр хэлбэл олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийсэн. Эдгээр нь замын өртөгт шууд нөлөөлдөг. Хамгийн гол нь зам, гудамж талбайн барилгын ажлын өртгийг манай төсөл тогтоодоггүй. Манай төслөөс судалгааны үр дүнгээр санал болгосон уулзвар, гудамж замын төслийн саналыг тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн компани ажлын зураг болон түүнийхээ төсвийг нь хийдэг. Энэ төсвийг Барилгын яамны Барилгын хөгжлийн төвөөс магадлангийн дүгнэлт гаргаж баталгаажуулдаг. Баталгаажсан төсөвт өртгийг манай мэргэжилтнүүд болон Хөгжлийн банкин дээр хянаад зам барилгын ажлыг эхлүүлдэг. Процесс ийм тодорхой явагддаг учраас хардалт сэрдэлт дэмий бөгөөд аливаа зүйлд мэргэжлийн хандах хэрэгтэй л дээ.

-“Гудамж” төслийг “Чингис” бондоор санхүүжих ёстой байтал “Самурай” бондоос 55 сая ам.долларыг энэ төсөлд зарцуулсан гэх шуугиан бас түгсэн?

-Хаанаасаа ийм худал, ямар ч үндэслэлгүй мэдээлэл гардгийг мэдэхгүй юм. “Гудамж” төсөлд “Самурай” бондоос ганц ч төгрөг зарцуулагдаагүйг хариуцлагатайгаар мэдэгдьe. Засгийн газрын тогтоолыг зөрчдөг тийм бүдүүн зүрхтэй хүн байхгүй. Өнөөдөр Монголд ажил хийхэд маш хэцүү болж. Монголчууд бид урьд нь бүтээн байгуулж, хийж бүтээж байсан маань дэндүү бага байсан болоод тэр үү, ажил хийж байгаа хүн болгоныг хардана сэрдэнэ. Энэ хэвээр үргэлжилбэл бодит эдийн засагт ажил хийдэг хүн олдохгүй болно байх.

-“Гудамж” төсөл өнгөрсөн 2013-2015 оны хугацаанд хэр хэмжээний бүтээн байгуулалт хийсэн бэ. Анх ямар зорилготой эхэлж байв?

-Манай төсөл өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хамгийн ачаалал ихтэй 24 уулзварыг шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болголоо. Нийт 50 гаруй байрлалд гудамж, замын сүлжээг сайжруулах нийтдээ 100 шахам км урт бүхий гудамж замын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ бүх шинэ гудамж, замыг бүгдийг хийж гүйцэтгэхэд нилээн урт хугацааны хөрөнгө оруулалт, цаг хугацаа зарцуулагдах болов уу. Харин хийгдсэн зам барилгын ажлаас гэвэл найман байршилд нийтдээ 21.42 км авто зам өргөтгөсөн. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөөний зам өмнө нь ямар их түгжирдэг байсан, одоо ямар болсныг замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс сайн мэднэ. Хотын зүүн хойд хэсэг Ботаник-Шар хад чиглэлд шинэ зам барих ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулсан. “Цэцэг” төвийн уулзвар буюу Энхтайваны өргөн чөлөөний замыг Сөүлийн гудамжтай холбосон цоо шинэ гудамж, уулзвар бий болголоо. Төрийн тусгай хамгаалалтын газрын хашааг чөлөөлж хийсэн энэ ажил хот төлөвлөлт, авто замын торон сүлжээ бий болгох шинэ, содон жишиг болсон. Мөн ихээхэн түгжрэл үүсгэдэг байсан III, IV хорооллын ахуй үйлчилгээний уулзварыг маш сайн төлөвлөлттэйгөөр дэд бүтэцтэй нь шинэчлэн бүтээн байгуулсан. Энэ мэтчилэн авто замын сүлжээг шаардлагатай чиглэлүүдэд хөгжүүлж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. Эдгээр ажил бол “Хотын төв” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтууд юм. Мөн “Гэр хороолол” дэд төслийн хүрээнд Гандангийн дэнжийн гэр хорооллыг дэд бүтцээр хангах ажлыг амжилттай эхлүүлсэн. Энэ хэсэгт нийт 31 гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгож, бүх айлыг инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар гурван гудамжны дэд бүтцийн барилгын ажлыг гүйцэтгээд байна. “Хурдны зам” дэд төслийн хүрээнд Туулын 35 км, Сэлбийн 26 км, нийт 61 км хурдны замын зураг төсөл, байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ боловсруулсан. Манай төсөл 2013 онд Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг бас гүйцэтгэсэн.

-Орон нутагт “Гудамж” төслийн хэрэгжилт, үр дүн ямар явцтай байна?

-Эхний ээлжинд хангайн болон баруун, зүүн бүсийн гурван аймагт төсөл хэрэгжүүлэхээр болж Архангай аймгийн төвд нийт 8.1 км авто зам, 3.25 км дугуйн зам шинээр барьж, долоон уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. Увс аймгийн төвд 11.15 км авто зам, 10 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс 6.4 км авто зам, дөрвөн уулзварын ажил дууссан. Хэнтий аймагт 12.3 км авто зам, гурван уулзвар өргөтгөн шинэчлэх ажлын зураг төсөл хийж, бусад аймгийн төвүүдийн дэд бүтцийг одооноос алсын хараатай зөв хөгжүүлэх судалгаа төлөвлөлтийн ажлуудыг хийж байна. Харин улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан орон нутаг дахь ажлууд одоогоор үргэлжлэх боломжгүй болоод байгаа.

-Бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн эдгээр төслүүдээс том зургаар нь харвал ямар үр дүн гарч байгааг тооцож үзсэн үү?

– Манай төслийн эдийн засагчид МУИС-ийн мэргэжлийн багш нартай хамтран бидний хэрэгжүүлсэн төсөл тус бүр дээр эдийн засгийн үр өгөөжийн тооцооллыг хийсэн. Нийт 24 уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчилсний үр дүнд иргэд жил бүр 25.3 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарч байна. Энэ тооцоог зөвхөн бид гаргаагүй, МУИС-ийн эдийн засгийн сургуулийн багш, профeссор нартай хамтарсан судалгаа хийж тогтоосон. Өөрөөр хэлбэл, авто замын сүлжээний буруу зохион байгуулалт, түгжрэлээс шалтгаалан энэ хэмжээний мөнгийг иргэд маань үргүй зарж, салхинд хийсгэдэг байсан гэсэн үг. Эдгээр нь шатахууны зардал, тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол, цаг хугацаа, эрүүл мэндийн гэх мэт олон хүчин зүйлээр илэрхийлэгддэг. Энэ нь хот төлөвөлөлт, эдийн засаг хоёр хэр зэрэг нягт уялдаа холбоотой байдгийг харуулж байгаа хэрэг. Мөн замын цагдаагийн байгууллагын гаргасан судалгаагаар авто ослын тоо жилийн хугацаанд 21.2 хувиар буурч, ослоос шалтгаалан гарах байсан 159 сая төгрөг хэмнэсэн гэсэн тооцоолол байдаг. Өнгөрсөн жил олон улсын SICA агентлагаас олон нийтийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын ихэнх нь “Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн амжилттай, үр дүнтэй нь “Гудамж” төслийн бүтээн байгуулалт” гэж хариулсан байгаа нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн том илэрхийлэл. Мөн нийслэл хотоос 2015 онд иргэдийн дунд санал асуулгын судалгаа явуулахад Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй бүтээн байгуулалтын ажлаар манай “Гудамж” төслийг нэрлэсэн байдаг.

-“Гудамж” төслөөс цаашид ямар бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

– Төсөл одоо нийслэлийн Засаг даргын харьяалалд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв гудамжийг орон сууцтай зүйрлэвэл тэр нь хотод амьдарч буй хүмүүсийн “Зочны өрөө” гэсэн үг. Энэ зочны өрөө нь нийт иргэдийн хэрэгцээ шаардлага, орон зайд тохирсон байх ёстой. Хүмүүсийн тав тухтай амьдрах орчин болох “Гудамж”-ийг байгуулж чадах эсэх нь тухайн хотын санаачилга, гол нь санхүүгийн чадавхиас хамаарна. Хот гэдэг чинь бидний амьдрах гэр орон шүү дээ. Гэр орондоо бага санаа тавьдаг, хангалттай мөнгө зарцуулж чаддаггүй бол ямар байхав. “Гудамж” гэдэг ойлголтод авто зам, явган зам, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гудамжны хаягжилт, дулаан, цэвэр бохир ус, цахилгаан, харилцаа холбооны газар дээрх болон доорхи дэд бүтцийн шугамууд, дээр нь дугуйн зам, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэд бүтэц, ногоон байгууламж гээд олон зүйл багтдаг. Энэ бүхнийг нийслэл хотынхоо ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зөв бүтээн байгуулахын төлөө ажиллаж байна. Энэ онд манай төслийн хүрээнд шинээр хийгдэх ажлын хөрөнгө оруулалтыг УИХ-аас төсөвт суулгаагүй тул 2016 онд зөвхөн он дамжсан бүтээн байгуулалтын ажлаас өөр ажил хийгдэхгүй олоод байгаа. Гэсэн хэдий ч манай төслийн хамт олон хот байгуулалтын Тhink-Tank байгууллага болохынхоо хувьд нэлээд шинэ төсөл, хөтөлбөр боловсруулж нийслэлтэйгээ хамтарч ажиллахаар болоод байна. Эхний ээлжинд Монголд анх удаа “Автомашингүй Гудамж” төслийг санал болгосонд нийслэлийн Засаг даргаас өндөр дэмжлэг авсан. Одоогийн байдлаар дахин төлөвлөлтийн ажлын зургийг эхлүүлж бусад судалгааны ажлуудыг явуулж байна. Хэрвээ бид энэ төслийг цогцоор нь бүтээн байгуулж чадвал нийслэл хотод маань гадаад дотоодын жуулчид ихээр ирэх, түүнчлэн иргэд тав тухтай ажиллаж амьдрах хамгийн таатай орчин үeийн гудамж талбайг бий болгох боломж бүрдэнэ. Энэ нь ажлын байрыг олноор бий болгож, бизнeсийг дэмжин, дээр хэлсэнчлэн эргээд л хотын болон улсын эдийн засагт шууд эeрэг нөлөө үзүүлэх сайн төсөл болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

Мөн өнгөрсөн онд хийгдсэн ажлаас гэвэл Ногоон Улаанбаатар хөтөлбөрийг бид санаачлаад нийслэл хотын удирдлагуудад танилцуулсан. Их дэмжсэн. Энэ нь юу вэ гэвэл, нийслэл хот бүхий л төрлийн байгаль орчны доройтол, бохирдолд дэндүү ороод байгаа энэ үeд бага ч болов ногоон байгууламж, усан байгууламжийн бүтээн байгуулалтыг маш яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг бид санал тавьсан. Дэлхийн олон хотууд энэ ногоон хөгжлийн чиг баримжаагаар хөгжиж, төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Бид, Сиднeй, Ванкювeр, Эдмонтон, Харбин хотуудын тодорхой жишээнүүд дээр судалгаа хийж, мэргэжлийн түвшинд төсөл хөтөлбөр боловсруулж байна. Агаарын бохирдлоос эхлээд газар шороогоо хүртэл бохирдуулчихсан манай хот-бүтээн байгуулалтад алдаа дэндүү их ч бас боломж их байгааг харж чадлаа. Харьцангуй бага хөрөнгө оруулалтаар үр дүнтэй, нийгэмд өндөр өгөөжөө өгөх ногоон бизнeс, ногоон ажлын байр, ногоон гэр хороолол, ногоон эдийн засгийн зөв концeпцийн саналыг боловсруулж, бага, дунд хэмжээний бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийг бид зорьж байгаа. Дашрамд хэлэхэд манай төслийг ихэд дэмжиж, хамтран ажиллаж байгаа хүн бол нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, түүний баг юм. Одоо хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжийн болон орон нутгийн удирдлагын дэмжлэг авч чадвал их өөрчлөлтийг бид хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баярмагнай: Би зарчим гэсэн ганц цүнхтэй л алхах гэж үзээд байгаа

Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, нийслэлийн ИТХын төлөөлөгч Б.Баярмагнайтай ярилцлаа.

Өнөөгийн нийгмийн хүндрэлтэй байдлыг засахын тулд ирэх сонгуульд залуусын бодит оролцоо зайлшгүй чухал юм. Энэ нь өнөөгийн зарим улстөрчдөд олон нийт итгэл алдарсантай холбоотой. Итгэл хүндлэл сэтгэл алдрахын цагт нийгэм өөрөө эмх замбараагүй байдал руу орох аюултай. Үүнийг бүхий л түвшиндээ ойлгож, бодит үр дүнтэй алхмуудыг хийж хэрэгжүүлэхгүй бол ирээдүйд гэрэл гэгээтэй сайн сайхан зүйлийг мөддөө олж харахгүй ньгэж тэрээр ярих. Миний зүгээс сэтгүүлч хүний хувьд харахадАх нар чинь мөддөө улс төрөөс буухгүй юм биш үү, 2024 он хавьцаа л та нарт зай гарах бол уу даа”, “Улс орон ирээдүйд хөгжилд хүрнэ гэдэгт олонхи нь итгэл алдарсан үед заавал цаг хугацааг хүлээн чимээгүй суух нь гэмт хэрэг үйлдэж буй хүнийг харсан ч дуугүй өнгөрөхтэй адил зүйл юм”… гэхчилэн бидний хоорондын яриа эхэлсэн юм.

-2020 он хүртэл мөн ч ухаалаг байхыг залуусаас шаардах байх даа. Одоогийн байдлаас гаръя гэвэл улс төр дэх бүхэл бүтэн үе солигдохоос наашгүй юм биш үү?

-Ерөнхиийдөө бол цаг хугацааны мөчлөгөөрөө үе солигдох процесс нийгэмд зайлшгүй явагддаг. Харин тухайн үеийн хийж хэрэгжүүлсэн бодит ажлын үр нөлөөгөөр урт эсвэл богино хугацаанд солигдох нь нийгмийн захиалгаар шийдэгддэг. Өнөөдөр бид үе гэж ярихаасаа илүү “Тогтмол ус удахаараа үнэр ордогтой адил” аливаа үйл явц хөгжил хөдөлгөөн байнга сэлбэгдэж сэргээгдэж байх ёстой. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдлийг ээлжлэн хэрэгжүүлж ирсэн өнөөгийн томоохон улс төрийн хүчнүүдийг удирдаж буй бүлэглэлүүд ирэх сонгуулиар олон түмнээр дүнгээ тавиулах цаг ойртож байна.

Ардчилал гэж байнга ярьсан хүмүүс. Ардчилал гэсэн үгээрээ хичнээн жил занималдах юм мэдэхгүй. Одоо бол нийгэм рүүгээ суурьтай эргэж харах, үр хүүхдийнхээ хойч ирээдүйн сайн сайхныг бодох, ядаж л ямар улс орныг үр хүүхэд, ач зээ нартаа үлдээх вэ гэдгээ бодоцгоох цаг нь болсон баймаар юм. Зөвхөн өнөөдрийнхөө явцуу эрх ашгаар ажиллаж амьдармааргүй байна шүү дээ. Үр хүүхдэдээ ирээдүйд сайн сайхан амьдрах эх орныг бэлдэж өгөх замдаа ормоор байна. Өөрсдийнх нь ярьдгаар жинхэнэ утгаараа эрх ашгийнх нь эрэмбэ дараалал нь алдагдаад болохоо байчихаад байна л даа.

Өнөөдөр хүн бүр л шүүмжлэгчид болчихож?

-Шүүмжлэхгүй гээд яахав. Залуу үеийнхэн чинь тэвчээр алдарна гэдэг рүүгээ л орж эхэлж байна даа. Өнгөрсөн 25 жилийн хугацаа бол тэвчээр, итгэл алдрах хангалттай бодит жишээ болж өглөө.

Залуучуудын тэвчээр алдарна гэхээрээ яах уу?

-Ер нь залуучууд бид аливаа зүйлд хүлээцтэй хандах ёстой. Ах нар маань өнөөгийн нээлттэй эрх чөлөөт нийгмийг бий болгоход өөрсдийн зохих хувь нэмрийг оруулсан. Түүнийхээ үр шимийг ч хаа хаанаа “хангалттай” хүртсэн байх гэж бодож байна. Гэхдээ цаашид хэдхэн ах маань гавьяагаараа амьдраад улс орныг уруудан доройтуулах зам руу чиглүүлж болохгүй. Нэгэнт тогтсон олон улсын хөгжлийн чиг хандлагыг өөрийн улсын онцлогт тохируулан тооцоо судалгаатай, төлөвлөгөөтэй удирдан чиглүүлэхгүй бол бид өнөөдрийн хүндрэлтэй байдлаас гарч чадахгүй. Хөгийн улс оронд ажиллаж амьдармааргүй байна шүү дээ. Сайхан амьдрах эх орныг ирээдүйдээ үлдээмээр байна. Тийм улс орныг бий болгож өгөөд үр хойчдоо хүндлэгдэн амьдралыг дуусгах нь улс төрд яваа хүмүүсийн эрхэм зорилго гэж хувьдаа боддог. Тэгэхлээр урт хугацаанд, олон удаа сайн сайхан болгох тухай ярьсан зүйл биеллээ олохгүй байх нь залуучууд гэлтгүй олон түмний тэвчээрийг барна шүү дээ.

Ахмад үе нь хүндлэл дор амьдардаг Америк оронд та сурч байгаа байх аа?

-Ерөнхийдөө аливаа хөгжилтэй улс орнуудыг өнөөгийн түвшинд хүргэсэн, түүнд бодит хувь нэмрээ оруулсан ахмад үеэ хүндлэн дээдлэх, тэдэнд зориулсан нийгмийн бүхий л дэмжлэгийг хууль эрхзүйн орчноороо дамжуулан хэрэгжүүлдэг. Нөгөө талаар улс орноо уруудан доройтоход хүргэсэн нөхдүүдэд зохих хариуцлагыг нь оногдуулдаг, тэднийг таагүй хувь заяа хүлээж байдаг жишээ ч бас бий. Америк орны хувьд бол өнөөгийн ахмад үе нь нийгмээс хүртэх ёстой бүхий л анхаарал халамжийг авч чадаж байна.

Өнөөдөр олон хүний амнаасОдоо яах вэгэсэн үг их гарч байна. Танд энэ үг бас их ойрхон байна уу?

-Өнөөгийн байгаа нөхцөл байдал хүн бүрийн оролцоо, идэвхтэй байдлыг шаардаж байна. Магадгүй шинэ өнгө төрх арга барилыг нийгэм хүсч байж болно. Тэр хүлээлт нь залуучуудад итгэл тавьж байгаа байх. Гэхдээ хэт туйлширсэн хандлага биднийг сайн зүйлд хүргэхгүй. Тиймээс хаа хаанаа аливаа асуудалд бодитоор хандаж, ярьж хэлсэн зүйлээ ажил хэрэг болгодог, дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн байх нь хөгжилд хүрэхийн үндэс.

Наад үг чинь их л ерөнхий сонсогддог. Тодорхой хэлбэл таныхаар яг яахыг хэлж байгаа юм бэ?

Залуучуудын хувьд салбар салбарын олон зөв залуу бие биенээ хүлээн зөвшөөрч, хамтаар бодлогоо тодорхойлж, түүндээ нэгдсэн зохион байгуулалтаар хүрэхийн төлөө ажиллах ёстой. Үүнийг өнөөдөр ямар нэр томъёогоор хэлээд байна гэхээр “Оролцоо” гэж байгаа юм. Манай улс орны өнөөдрийн хөгжиж байгаа замналд залуусын оролцоо маш чухал байр суурьтай болчихоод байна. Тодруулбал залуу хүн бүр өөрийн амь амьдралаа тов хийтэл авч явах. Энэ оролцоо бол энэ улс орны хөгжилд цаагуураа маш их үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Өнөөдөр тухайн салбартаа амжилттай яваа залуус тэрүүхэн тэндээ л “Энэ улс орон нэг л болохгүй байна” гэхээс цаашгүй сууцгааж байна. Тэрхүү болохгүй байгааг хэрхэн засч залруулах талаар төдийлөн санаачилга гаргахгүй байна. Зарим тохиолдолд бүх зүйлийг төр рүү чихээд, бүх зүйлд хөндлөнгийн байр сууринаас хандаад байх сэтгэлгээ хүчтэй нэмэгдэж байна. Зарим нөхөд маань хүртэл “Та нар минь л жаахан үзэж тарцгаа, үзэж тарсаар байгаад гоё болгохын цагт чинь би оролцъё” гэж байгаа юм. Энэ нь нэг талаасаа их аминчхан үзэл. Нөгөө талаас оролцоо өндөр байх эрмэлзэлтэй зарим залуусыг нийгмийн зарим хэсэг буруугаар харж байгаа. Амбицтай, дарга болохын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй гэхчилэн бүр дооглох маягтай хандах болсон. Ялангуяа өөрсдөө оролцохгүй байж залуучууд нь залуучуудаа шоолох байр суурьтай байна. Улс төрийг заваан, бохир гэж ярьдаг. Тэгвэл тэр заваан бохирыг чинь тэгээд хэн цэвэрлэж янзлах юм бэ. Бүгдээрээ муухайг нь дуудаад суугаад байх юм уу. Заваан бохирыг янзлахын тулд оролцъё гэдэг маань өөрөө сонголт шүү дээ. Эцсийн дүндээ хөөрхий гэж, шүүмжилж ярьсан хэвээр эмгэнэлт нийгэмтэйгээ цуг доошилж, эмгэнэлт жүжгийнхээ нэг оролцогч нь болсоор дуусч байна. Үнэндээ хохирогч нь болчихсон яваа байхгүй юу. Тэгэхээр амьдралынхаа идэвхтэй насыг улс орныхоо хөгжилд зарцуулна гэдэг бол эргээд өөртөө болон өөрийнхөө гэр бүл, үр хүүхэд, ах дүү, найз нөхдийнхөө сайн сайхны төлөө хийж буй ажил. Улс орны үйл хэрэгт оролцохын ач тус нь эргээд өөрт чинь л сайнаар тусна. Үүнийг өөрчлөхийн төлөө хүн бүрийн оролцоо чухал, тэр дундаа залуучуудын үүрэг оролцоо маш чухал.

Оролцоо бий болох тодорхой орчин нөхцөл бүрдсэн байх ёстой гэж боддог юм?

-Мэдээж оролцоог хангахын тулд сайн зохион байгуулалттай залуучуудын нэгдлүүд чухал. Нэгдэх процессыг дагаад хагалан бутаргах ажиллагаанууд бас чамгүй явна. Өнгө мөнгө, эрх мэдэл, явцуу эрх ашиг сонирхол дээр нийлсэн нэгдэл ер нь хурдан задарчихаад байдаг. Минийхээр бол зорилго нь зөв зүйлд чиглэсэн тохиолдолд аливаа нэгдэл бат бөх, урт хугацаанд оршин тогтнодог гэж боддог. Үүнийгээ ч үйл хэргээрээ нотлохыг зорьдог нь миний амьдралдаа баримталдаг зарчмуудын нэг юм. Зорилго нь их зөв, түүнээсээ итгэл үнэмшлээ зөв авсан цагт өнөөдрийн хэцүү бэрх гэж байгаа бүхэн тийм ч бэрхшээлтэй бус л даа.

Та яасан их юм үзэж туулсан хүний өнгөөр ярьж байх юм бэ. Та ч бас залуу хүн шүү дээ?

-Тодорхой хугацаанд нийслэл хотоо хөгжүүлэхийн төлөө гар бие оролцож явсан хүний хувьд хэлэхэд арга барилаа, сэтгэлгээгээ, аливаа зүйлд хандаж байгаа хандлагаа өөрчлөөд, зөв үйл бүтээхийн төлөө хамт олноо манлайлан урагшлахад Монгол Улсын хувьд хөгжилд хүрэх зам ойрхон болохыг мэдэрсэн хэрэг. Ийм их баялагтай, дээр нь юмыг аль болох зөв талаас нь маш хурдан ойлгодог, зүтгэсэн зүйлийнхээ үр дүнг үзэхийг хүлээдэг уламжлалт сэтгэлгээтэй ард түмний хувьд хөгжил хол харагдахгүй байгаа. Аль аль талдаа хүн бүр ярьсан хэлснээ биелүүлдэг, хийдэг байх л хэрэгтэй. Залуучуудыг зөв зохион байгуулах, удирдан залах, тэдний мэдлэг боловсролыг ашиглах нь өнөөдрийн улстөрчдийн хийх нэг том ажил, ер нь бол гол бодлого нь гэж ч болно. Улстөрч бүхэн заавал мал аж ахуйг мэдэх албагүй, эдийн засгийн өндөр мэдлэгтэй байх албагүй, хамгийн гол нь улстөрчдийн чадамж юу байх вэ гэвэл салбар бүрийн потенциалуудыг өөрсдийнхөө дор удирдан зохион байгуулж улс орны хөгжлийн төлөө ашиглах явдал юм. Тэднийг зөв зүйл рүү нь чиглүүлж, манлайлж явдаг чадвартай хүмүүс л улс төрд байх ёстой.

Энэ асуудал Монголын нийгэм, өнөөгийн улс төрд дутмаг байна. Зөвхөн хэн нэгэн эрх мэдэл бүхий этгээдийг дагасан ашиг сонирхлын бүлэглэлүүд энэ тэндгүй бий болоод байна. Иймэрхүү бүлэглэлүүд бол зөвхөн явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө л ажилласаар байна. Үүнийгээ улс төрийн намууд албан болон албан бус байдлаар фракц гэсэн нэр томъёогоор халхавчилж байгаа. Гэтэл олон улсын практикт фракц нь улс орны хөгжлийн төлөөх тодорхой бодлого зорилгын нэгдэл байдаг. Зарим нь түр хугацаанд бий болоод зорилгодоо хүрсний дараа үйл ажиллагаагаа зогсоодог.

Залуучуудын улс орны төлөө хөгжил цэцэглэлтийн төлөөх оролцоо, нэгдэл гэдэг эцэстээ улс төрийн нам дээр л очно шүү дээ?

-Улс төрийн нам гэдэг өөрөө үзэл бодол, улс орны цаашдын хөгжлийн бодлого дээр суурилсан олонлог байдаг. Бид дэлхийн нийтлэг чиг хандлагаас хазайх боломж тун хомс. Тиймээс улсын хөгжлийг намууд тодорхойлохоос өөр гарцгүй. Тэгэхээр улс төрийн намуудад үүсч буй буруу жишгүүдийг тухай бүрт нь цэгцэлж явах нь төрийн үйл хэрэг сайжрахын үндэс юм.

Залуучууд аль нэг улс төрийн намын эд эс болж дотор нь ороод, өөрийн мэдлэг боловсрол туршлагыг харамгүй зориулаад явах нь хөгжлийн төлөөх оролцооны чухал хэлбэр. Тийм л учраас би улс төрийн идэвхтэй байгаач ээ гэдэг үгийг дахин дахин залуусдаа хандан хэлээд байгаа юм.

Улс төрийн намыг сайнгүй харагдуулж, ийм ойлголт нийтэд түгээж буй цөөн хэсэг бүлэг байгаагаас улбаалаад намын үндсэн зорилго үзэл санаа үнэт зүйлийг бүрхэгдүүлж, олон түмэнд таагүй сэтгэгдлийг улам бүр төрүүлж байна. Үүнийг засахын тулд залуус гар бие оролцох нь өнөөдрийн бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажлуудын нэг.

Манай намын үйл хэрэгт залуучуудын нээлттэй оролцоог хангахыг эрмэлзсэн бүтэц байгаад миний хувьд талархалтай ханддаг. Цаашид энэхүү бүтцийг үйл ажиллагааны хувьд улам боловсронгуй болгох, тодорхой болгох чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Та зөвхөн намын залуу гишүүдийн хүрээнд асуудлыг ярьж байгаа биш байлгүй дээ?

-Нам дотроо шийдвэр гаргах түвшинд өсч өндийж байж цаашдаа улс орны хөгжлийн бодлогыг зөв чиглүүлэх, болж бүтэхгүй байгааг нь бодитойгоор засч залруулах боломж бүрдэнэ гэдгийг хэлж байна. Та бид хоёрын түрүүнд ярьсан “Одоо яах вэ” гэдгийн чинь эхний хариулт энэ.

Ер нь улс төрийн намууд доторх болж бүтэхгүй байгааг засч залруулах гарцуудын талаар таны бодол?

-Улс төрийн намд мөнгөний нөлөөлөл асар хүчтэй болчихож. Мөнгөний нөлөөллөөс харьцангуй хамаарал багатайгаар цаашид оршин тогтнох асуудал хурцаар тавигдаж байна. Ер нь хэт мөнгөнөөс хамааралтай улс төр, улс орны хөгжилд хортой нөлөөллийг авчирдаг. Гэхдээ энэ нь ганц Монгол Улсад байгаа асуудал ч биш, нам дахь мөнгөний нөлөөлөл нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд ч толгойны өвчин хэвээр байгаа юм билээ. Энэ асуудлаар олон орны туршлагыг өөрийн хэмжээнд харж, уншиж судалж байгаа. Тэр дотроос өнөөдөртөө зөв харагдаж байгаа хоёр гурван орны жишээ байгаа нь улс төрийн намын санхүүжилтийн тодорхой хувийг төрөөс хариуцах, хандивлагчдын хандивын босгыг хуулиар тогтоож өгөх, бүр томоохон хандивлагчдын хандив өгөхийг хориглох, аль болох томоохон үндэстэн дамнасан корпорациуд, компаниудаас санхүүгийн дэмжлэг авахыг хуулиараа хориглох, түлхүү олон нийт, иргэдээс улс төрийн аливаа санхүүжилтийг цуглуулдаг байх зэрэг янз бүрийн туршлагууд байна.

Энэхүү асуудал тийм амар хялбар шийдэлд хүрдэггүй гэдгийг зарим улсын жишээ харуулдаг. Тухайлбал 1900 оны эхээр гэхэд Америк улс, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиа баталсан хэдий ч тэр хууль нь бодит утгаараа саяхан буюу 1980-аад оны үеэс хэрэгжиж эхэлсэн байх жишээтэй. Тэгэхээр Монгол Улсын хувьд бодит утгаар нь хэрэгжүүлэхэд цаг хугацаа зарцуулах, амаргүй замуудыг туулах нь гарцаагүй.

Бидний хувьд монголчлох сэтгэлгээ гэж байдаг. Нэг юмыг хийхдээ төгс биш, дутуу дулимаг, нэг харахад шийдчихсэн ч юм шиг, нөгөө харахад шийдээгүй ч юм шиг хийдэг. Ийм байдал нь эргээд Монгол Улсын хөгжилд саад тотгор болдог. Жишээ нь сонгуулийн үеийн санхүүжилтийн асуудлыг хуулиар зохицуулах гэж оролдсон. Гэтэл сонгуулийн бус үеийн дөрвөн жилийн мөчлөгийг зохицуулаагүй хаячихсан. Бодитойгоор сонгогч олон түмэн, иргэдээс 1000, 10 000 төгрөгийн хандив авч санхүүжилтээ босгоод явдаг улстөрч, улс төрийн нам өнөөдөртөө манайд алга. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр улс төрийн намууд цөөн хэдэн томоохон хандивлагч, компаниас хамааралтай болчихоод байна. Энэ нь тухайн нам олонхи болж төрийн үйл хэргийг чиглүүлэхийн цагт улс төрийн авлигад автсан хэрэг болж байгаа юм. Өнөөдөр бол манайд авлигын хэрэг гэхээр хоёр хүний хоорондын авч өгсөн тухай асуудал байгаа. Энэ бол нийгэмд асар хортой юу гэвэл хортой. Хариуцлага хүлээх субьектууд нь ч тодорхой. Гэтэл улс төрийн намын авсан авлига маш хүнд. Нам нь өөрөө хамтын шийдвэр гаргадаг, хамтаараа оролцдог. Тийм болохоор хэн нэгэнд оноож хариуцлага тооцоход маш хүндрэлтэй. Тэгэхээр нам томоохон хандивлагчдаас хамааралтай болсон тохиолдолд эргээд тэднийхээ эрх ашигт нийцсэн шийдвэрийг нэн тэргүүнд гаргахыг эрмэлздэг. Үүн дээр бүгдээрээ тогтож анзаарч, харж ярих цаг болсон. Дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн этгээдээс санхүүжилт аваад үйл ажиллагаагаа явуулчихсан улс төрийн нам тэднээсээ нүүр буруулна гэдэг хүнд асуудал.

Өнөөдөр мөнгөний нөлөөлөл Монголын улс төрд давамгайлчихсан, тогтож төлөвшчихсөн шахуу асуудал. Ер нь бол энэ бүгдийг эрүүл саруулаар, зөв байдлаар зохицуулъя гэж хүчлэх ч үгүй байгаа байх аа?

-Өнөөдөр бүгдийг харлуулж болохгүй. Тухайлбал Улс төрийн намын санхүүжилтийг хэрхэх, хуульд яаж тусгах, Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх, цаашлаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх саналд авууштай олон зөв санаачилга явж байгаа юм билээ. Тэгэхээр зөв зүйтэй дээрх санал санаачилгыг бодитоор хууль эрхзүйн орчинд тусгахын төлөө ажиллах ёстой.

Бүгд болж бүтэхгүй байгааг ярьж байна. Таны ярианд нэлээдгүй яригдлаа. Энэ бүх болж бүтэхгүйг зөв болгох хүмүүс улс төрд орж ирэх цаг нь болжээ гэсэн эцсийн гаргалгаа л үлдээд байх шиг байна?

-Улс төр дэх үе солигдох процесс гээд түрүүнд ярьсан руу л эргээд оръё. Энд ахмад, дунд үеэ үгүйсгэж залуучууд гарч ирснээр сайхан болно гэж хэт туйлширч болохгүй. Хийхгүй байгаа ажлыг хэн нэгэн рүү чиглүүлээд байдаг хандлага ч буруу. Бид бүгдэд маань алдаа байгаа. Энэ 76-г солиод, залгуулаад хэн нь бүү мэд нөхдүүд гарч ирлээ гэхэд өнөөгийн байгаа нөхцөлийг дээрдүүлнэ гэдэгт хэдэн хувь нь итгэх бол. Тэгэхээр тан тунг нь тааруулна гэдэг шиг ярьснаа амьдрал дээр хийж хэрэгжүүлээд явж байгаа хүмүүсийг өнгөрсөн цаг хугацаанаас дүгнэж цэгнээд түлхүү сонгоосой л гэж боддог. Миний амьдралдаа барьдаг зарчим бол сайн муу нийлж сав дүүрдэг, сайн нь дийлэнх хувьтай байхад л аливаа зүйл зөв балансаа барина. Энэхүү балансыг хадгалахад нийгэм өөрөө зөв зам руугаа явдаг юм болов уу гэж хардаг.

Та өнөөдөр ямар оролцоотой байна. Та бол МАНаас нийслэлийн ИТХд сууж буй төлөөлөгч. Одоо шинэ он гарлаа, шинэ онд ийм ийм зүйлийг хийх зорилготой байгаа, ингэж оролцоотой байна гэдгээ ярьж болох уу?

-Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд би НАМЗХ-ын удирдах бүрэлдэхүүнд тасралтгүй ажиллаж ирсэн. Сайн зүйл дээр нь дэм болох, саар зүйлийг бага хийлгэх зарчим барьсан. Нэгэнт л улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын хувьд ирэх сонгуульд намаа амжилтанд хүргэхийн төлөө ажиллах нь бидний үүрэг. Энэхүү ажилд залуучуудынхаа бодит оролцоог хангаж манлайлан оролцох зорилго тавин ажиллаж байна.

НАМЗХы залуучуудыг хэн нэг том хүний цүнх барьсан залуус байдаг гэж зарим нь ярьдаг. Жишээ нь та намынхаа хэн гэж том хүний цүнхийг барьж ирэв дээ?

-Би болж өгвөл зарчим гэсэн ганц цүнх барьчих гээд л яваад байгаа хүн шүү дээ. Өөрийн гэсэн үнэт зүйлтэй, тэрнээсээ айхтар хазайгаад байхгүй, аливаа бусармаг зүйлтэй эвлэрээд явахыг хүсдэггүй. Над шиг бодолтой олон залуу манай намд байгаад би баярладаг.

Тан шиг ийм бодолтой залуусаа буланд шахдаг юм биш үү?

-Үгүй ээ, одоо буланд шахна гэнэ үү, юу гэж томъёолох нь таны хэрэг. Амьдрал өөрөө тэмцэл, өрсөлдөөний талбар. Аливаа бэрхшээл дундаас гарч чадах эсэх нь өөрийн л асуудал. Гарахын төлөө оролдлого заавал хийж байх ёстой. Би нэг юманд тууштай итгэдэг. Олуулаа байгаа тохиолдолд тулгарсан саад бэрхшээлийг даван туулахад хүндрэл бага. Харин таны хэлдгээр ганцхан Баярмагнайг бол буланд шахах шиг амархан юм байхгүй л дээ.

Тантай үзэл бодол нийлдэг залуу үе бол ямар нэгэн цүнх баригчид биш өөрийн гэсэн үнэт зүйл, итгэл үнэмшилтэй залуучууд юм байна гэж ойлгож болох уу?

-Би түрүүн хэлсэн дээ “Сайн муу нийлж сав дүүрдэг хорвоо” гэж. Бусад залуусаа би дүгнэх нь зохимжгүй. Хүн бүрт өөрийн гэсэн дүгнэлт бий. Миний хувьд намынхаа бүхий л шатаар дамжин үйл хэрэгт нь оролцож ирсэн. Улс төрийн ажилтан, сурталчилгааны материал тараахаас эхлээд бүхий л жаргал зовлонтой нь хамт байж ирлээ. Энэ замнал нь хүнийг хөгжүүлдэг, хэрсүүжүүлдэг, өөрийн оюун ухааны цараар юмыг хардаг болгодог, мөн түүнчлэн залуу хүний өсч өндийж туршлагажих боломжийг олгодог. Энэхүү процесс бол манай намын олон арван жилийн тогтсон уламжлал юм. Таны хэлдгээр цүнх баригч нэр зүүгээд байгаа залуу ч гэсэн ямар ч байсан бичиг соёлын өндөр чадварт суралцаж байгаа гэдгийг би итгэлтэйгээр хэлнэ. Хаана ч төрийн ажил хийсэн түүртэхээргүй болж төлөвшиж байгаа. Гэхдээ юмыг хэлж, засч сайжруулж байхгүй бол бодит утгаараа цүнх барьж явсаар амар хялбар замаар албан тушаалд очих, хувийн явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг бодохоос өөрийг мэддэггүй залуучууд гарч ирэх вий гэдгээс болгоомжлох ёстой.

Сүүлийн үед иргэдийн дунд шинэ уур амьсгал аяндаа бүрэлдээд байх шиг байна. Тэр намаас тэр нэг залуу байна, энэ намаас энэ нэг залуу гарч ирвэл зүгээр байна гэхчилэн ярьцгаах болсон. Тэдний дунд таны нэр яваа харагддаг?

-Миний нэрийг дурдсан танд баярлалаа. Нэг ийм л юм байгаа. Өнөөдөр ямар ч байгууллага, тэр дундаа улс төрийн нам дотоод дэг жаяг, тоглоомын дүрэмтэй. Бидний өнөөдрийг хүртэл баримталж ирсэн зарчим бол дотооддоо асуудлаа ярьдаг. Нам гэдэг бол хамтын удирдлагын байгууллага. Тиймээс намын шийдвэр гаргах түвшний байгууллагууд маань хэрхэн үзэх вэ. Тэр шийдвэр их чухал. Тэр шийдвэр зөв, буруу яаж ч гарч болно.

Намын бүх шат дамжлагаараа таныг сонгуульд өрсөлд гэсэн шийдвэрт хүрвэл та яах вэ?

-Үгүй гэх эрх байхгүй. Цаанаа итгэл, хариуцлагын асуудал учраас ачааг үүрч гарах нь үүрэг юм. Миний хувьд нийслэлийн ИТХ-д хоёр удаа сонгогдохдоо бас л олны итгэлийг аваад л гарч ирсэн. Тэгэхээр тэр үүргээ биелүүлэхийн төлөө анд нөхөдтэйгөө нийлээд үзэж тарах байхдаа. Залуу нас өөрөө алдаа онооны дэнсэн дээр явдаг нас.

МАНын аймаар том алдаа бол ерэн онд юугаа ч мэдэхгүй баахан залуучуудад энэ улс орны хувь заяаг даатгаж хаячихаад бүгдээрээ гэртээ очоод хэвтэцгээчихсэн явдал. Энэ бол байж боломгүй том алдаа болсон гэж боддог?

-Наад асуудал дээр чинь тантай санал нэг байна. Гэхдээ аливаад шинэ уур амьсгал орж ирэх нь алсдаа муу зүйл биш. Гэнэт сонгууль дөхөхөөр л энэ бүгдийг яриад унадаг асуудал ч биш л дээ. Улс орны өнөөдрийн байдлыг том зургаар нь харвал бид хөдөлж л байх хэрэгтэй. Монгол Улсын хөгжил хөдөлгөөн зогсчихоогүй байна. Бидний өмнө асар их боломж байсаар байна. Санхүүгийн сахилга батыг сайн сахих, ямар ч тохиолдолд хазайдаггүй хөгжлийн үндсэн бодлого дээрээ намууд тохирч чадах. Эдийн засгийн хувьд яах юм, гадаад бодлогын хувьд яах юм, хүн амын эрүүл мэндийн асуудал дээр ямар бодлого барих юм гээд үндсэн хэдэн зарчмаа тогтоод, түүнийгээ цаасан дээр буулгаад, ягштал тохироод явах. Уг нь бол аль ч нам нь Монголоо хөгжүүлье гэдэг дээр сэтгэл нийлээд байгаа юм. Тэр дунд нь жижигхэн, амин хувийн, ганц өөрийгөө бодсон эрх ашгууд ч байгаа. Гэхдээ олонхи нь Монгол Улсын хөгжлийн төлөө байгаа гэдэгт итгэдэг. Монгол Улсын хөгжлийг нэгэн том уул гэж харах юм бол яг л тэр уулынхаа орой руу бүгд харцаа чиглүүлэн алхмаар байгаа юм. Тэгэхгүйгээр бүгд л дор бүрдээ энд тэнд том жижиг хөгжлийн уул олоод харчихсан тэр зүг бүртээ алхах гэж үзэж тарцгаах нь энэ улсыг тамирдуулж байна. Асуудал үүндээ л байгаа. Дээр нь төрийн залгамж чанар, хөгжлийн урт хугацааны бодлоготой явж чадахгүй байгаа нь өөрөө ардчилсан нийгмийн нэг сул тал юм шиг байна. Монголын түүхийн бараан үе бол хоорондоо ойлголцохгүй байснаас бусдын өгөөш болж байсан түүх олон бий. Монгол Улс бол нэгдмэл улс. Саяхан нийслэлийн ИТХ дээр нийслэлийн Засаг дарга маань ярьж байна лээ, “Бид бол өөрсдийн төсөвтэй, төсвөө өөрсдөө захиран зарцуулах эрхтэй байтал Сангийн яам бидний төсвийг хянаж, танаж, хасдаг…” гэхчилэн ярьж байна лээ. Монгол Улсыг нэгдмэл байлгах гол хөшүүргүүдийн нэг бол төсвийн нэгдсэн зохион байгуулалт. Санхүүгийн хувьд бүгдээрээ бие даагаад ирвэл Монгол Улсын дотор Монгол Улс бий болно. Улаанбаатар хот санхүүгийн хувьд бие даах чадвартай байж болно. Гэхдээ Монгол Улс нэгдмэл улс гэдгийг л ойлгох хэрэгтэй. Иймэрхүү эрх мэдлийн хуваарилалтын тодорхойгүй байдал өнөөдрийн Монголыг сул харагдуулахад бас нөлөөлж байгаа. Бидний өвөг дээдэс түүхийн хугацаанд хоёр том хөршийнхөө дунд улс төрийн ямар уран, ухаалаг, зальжин, цог золбоотой тоглолт хийж өнөөдрийн бидэнд бүтэн сайхан улс орныг авчирч өгөв. Үр хойч бид нар нь тийм л ухаалаг байдлаар улс орноо удирдан залж, өнөөдрийн дэлхийн ертөнцтэй хөл нийлэн алхах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн гаргаж, баруун биднээс нүүрээ буруулбал монгол төгрөг юаниар солигдоно

Хөрөнгөө бариад ирсэн гадныхныг элдвээр хэлж байгаад эх орноосоо хөөн зайлуулсныхаа горыг амсаж буй улс орны нэгэн тод жишээ бол Африк тивийн өмнөд хэсэгт орших Зимбабве улс болоод байна. Улсынх нь удирдагч долоо дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож Геннисийн номонд бичгдсэн Роберт Мугабе гэж 91 настай хөгшин байгаад уржигдар төрийн эргэлтээр нэг юм сэнтийнээсээ буув бололтой.

Зимбабве улс байгалийн баялгаараа манайхаас хол давсан улс. Зэс, мөнгө, алт, цагаан тугалга, нүүрс, никель, кобальт, төмрийн хүдэр, асбест, хром, алмаз… үнэт эрдэс баялаг бүхэн бий. Энэ бүх орд руу нь гадны томоохон компаниуд тэртээх 70-аад оноос хөрөнгөө оруулж эхэлсэн нь үр дүнгээ өгч тухайн үедээ баян улс болсон. Дээр нь тус улсын хөдөө аж ахуйн салбар нь фермерийн зарчмаар онцгой сэргэж өндөр хөгжсөн. Гэтэл Мугабе гэдэг хүн 1980 онд төрийн эрхэнд гарснаар хэрэг бишидсэн юм. Иргэд нь гадны хөрөнгө оруулагчдыг хөөж, бүр алж талахдаа тулж, фермерүүдээс газрыг нь булаан авах төрийн бодлого хэрэгжсэн байдаг. Тэр үеийн Зимбабвегийн түүхийг харахад нийгмийн бүх эсэргүүцэл хөдөлгөөн нь яг л өнөөдрийн манайх шиг хэлбэр агуулга, зохион байгуулалт бүхий жагсаал эсэргүүцлээр эхэлж, тэр нь газар авсаар гадны гэсэн бүгдийг хөөн гаргаж, дотоодын баялагтаа төрийн оролцоо нь давамгайлсан байдаг.

Өнөөдөр Зимбабве улс бүрэн дампуураад байна. Үндэсний мөнгөн тэмдэгтгүй болтлоо шүү. Зимбабве дахь инфляцийн түвшин өнөөдөр 250 сая хувь буюу ухаан алдмаар их тоонд хүрлээ. Нэг ширхэг талх авахын тулд 300 тэрбум зимбабве доллар төлнө. Нэг талх авахын тулд дэлгүүр рүү шуудай дүүрэн мөнгө, эсвэл тэрэг дүүрэн мөнгө түрж явцгаадаг. Санаанд буумгүй байгаа биз. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаад, бид өөрсдөө бүгдийг болгоно чадна гэж тэнэгтсэн ард түмэн ийм л болдгийг өнөөдрийн дэлхий ертөнцөд шившигтэйгээр тунхаглаж байна. Манайхны өнөөдрийн уул уурхай, гадны хөрөнгө оруулагчдын эсрэг үг, үйлдэл бүхэн цаашид газар авсаар байвал ийм л хувь заяа хүлээж байгаа. Өөр юу ч биш.

Ингэж аймшигтай дампууралд хүрсэн Зимбабвечууд өнгөрсөн мягмар гаригт үндэсний мөнгөн тэмдэгтээ нэг мөр устгаж Хятадын юанийг албан ёсоор өөрийн мөнгөн тэмдэгт хэмээн зарлалаа. Өвгөн Мугабегийн сүүлийн арга гэж хэлж болно. Өвгөн амьдрах эцсийн жилүүддээ амар жимэрхэн байгаад нүд анья гэсэндээ ард түмнээ Хятадын хавсарга ард түмэн болгов. Ер нь бол Мугабе ард түмэн нь өлбөрч үхдэгийн даваан дээр тулаад ирэхээрээ өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг хөрөнгө босгох зорилгоор олон ч удаа үнэт цаас гаргасан байдаг. Үүний улмаас улсынх нь мөнгөний ханш улам суларч, үндэсний хөрөнгөтнүүд болох баячууд нь ядуучуудын эгнээнд шилжиж, цөөнгүй баян иргэн гадны орнууд уруу дүрвэсэн билээ. Улс орон нь дампуурахаар үндэсний хөрөнгөтнүүд нь бүх хөрөнгөө аваад гадагшаа дүрвээд гарчихдагийн сонгодог жишээг бас Зимбабве харуулаад байгаа юм. Гадны хөрөнгө оруулагчид хөөгдөн гарсан, үндэсний хөрөнгөтнүүд нь ядуураад юм уу, гадагшаа зугтаасан ийм улсын Сангийн сайд ямар мэдээлэл хийсэн гэхээр “Манай улсын төрийн санд өнөөдөр ердөө 217 ам.доллар л үлдлээ” гэсэн мэдэгдэл юм. Дотроо самуунтай, гадныхныг үзэж чаддаггүй ард түмнийг ийм л шившигтэй хувь заяа хүлээж авдаг юм байна, ердөө 217-хон доллартай улс шүү.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг байр суурьтай улстөрчид, иргэд, иргэний хөдөлгөөн ихтэй Монгол Улс өнөөдрөөс эхлээд тийм хэсгийнхнээ газар авахуулахгүй, дэмжихгүй байх хэрэгтэй юм байна. Хэрэв тэднийг өөгшүүлбэл Зимбабвегийн хувь заяа л хүлээж байна. Уржигдар гэхэд хэсэг нөхөд Төрийн ордон руу дайрлаа. Тэдний дотор сая төрийн өршөөлөөр шоронгоос суллагдсан Ц.Мөнхбаяр явж байна. Төрдөө баярлаж явах ёстой хүн гэж бодож явтал тэгдэггүй, тийм бодолгүй бололтой. Төрийн энэрэл хайр гэдэг зүгээр ч нэг ирдэг юм биш дээ. Их утга учиртай, гүн хүндэтгэлтэй хандах үйл явц юм. Улс орноо Зимбабвегийн замаар оруулахын төлөө зүтгэж яваа бол төрийн төмөр нүүр тийм хүмүүсийг хайрч жиндүүлэх л болно. Яагаад гэвэл эх орны чинь хөгжил дэвшилд хувь нэмэр, хөрөнгө мөнгөө оруулъя гээд ирж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг гутаан доромжилж, хөөж тууж буй үйлдэл бол эх орноосоо урвасантай тэнцэнэ. Дэлхийн хамгийн ядуу орон Зимбабвегийн НҮБ дахь төлөөлөгч хэдэн жилийн өмнө Давосын чуулганы индэр дээр (энэ чуулганд дэлхийн 180 орны төр засгийн тэргүүн, өндөр албаныхан ирсэн)-ээс “Өнөөдөр манай улсад секундэд гурван хүн өлсгөлөнгөөр үхэж байна, би энэ индэр дээр хэдэн минут үг хэлэв, тэр тоогоор хэдэн хүн өлсч үхэж байгааг хэлэхэд зүрх шимширч байна” гэсэн нь дэлхийг цочроосон юм. Иймдээ хүрсэн ард түмний эхний өдрүүдийн үйлдэл яг л өнөөдрийн манайхан жагсч цуглаж, Төрийн ордон руугаа дайрч, иргэний хөдөлгөөнүүд нь энд тэнд борооны дараахь мөөг шиг үржиж төр засгаа зүхэж эхэлснээр эхэлсэн байдаг юм шүү. Өнөөдрийн ардчилсан Монголд хүн үг хэлэх, жагсаж цуглах эрхтэй. Гэвч өнөөдөр Төрийн ордон руу дайрч буй иргэд шиг хүмүүсийг, иргэний хөдөлгөөнүүдийг өөгшүүлэн дэмжээд байвал, хэн нэгэн улстөрч тэдний ард зогсоод байвал нөхдүүд нэг л өдөр Баянхошууны эцэст шуудайтай элсэн далан бүхий хориглолт босгоод буу зэвсэг агсаад ард нь хэвтчихнэ. Тэгээд л иргэний дайн шүү дээ. Энэ бол сүржигнэл ердөө биш. Ийм үйлдлийг санхүүжүүлж, зорилгодоо ашиглахыг хүсэгсэд бүх газар байж байдаг. Буу зэвсэг, бөмбөг зэхээд Төрийн ордон руугаа халдсан ойрхны жишээ байна шүү дээ. Энэ чинь л эхлэл нь. Сүржигнэж байгаа юм ерөөсөө биш, амьдрал дээр ийм оролдлого хийгдээд эхэлснийг монголчууд сана.

Тэгэхээр монголчууд бүгдээрээ энэ бүгдээс урьдчилан сэргийлж, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө санаа тавьцгаая. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн зайлуулж монгол төгрөгөө үнэгүйдүүлмээргүй байна. Өнгөрсөн хугацаан дахь уул уурхай, гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг популизмын үнэ төлөөс юу байв гэвэл өнөөдөр монгол төгрөгийг 2000 төгрөг хүртэл унагасан явдал. Дэндүү их хор уршигтай төлөөс гэж үүнийг хэлнэ. Оюутолгой ид ажиллаж байх үед монгол төгрөгийн үнэ цэн 1300 төгрөг байсан юм. Дотоодын үймээн самуунтай үед барууныхан ямагт болгоомжилно. Ялангуяа хэн нэгэн УИХ-ын гишүүн эсэргүүцэн жагсч, тэмцэгчдийг удирдаад эхэлбэл тэгээд л хуурай өвсөнд шүдэнз зурсантай адил болно. Эцсийн дүндээ барууныхан бүгд дайжиж ойроороо Хятадын улаан төгрөг л манай гүйлгээнд орж ирнэ. Шулуухан хэлэхэд Монгол Улс үндэсний мөнгөн тэмдэгтээ юаниар солихоос өөр гарцгүй болно гэсэн үг.

Үе, үеийн Монголын эх орончдын бодож хүсч, тэмцэж босч, амь насаа өргөж байсан үйл хэрэг юу байсан гэвэл хоёр талд хашин орших Орос-Хятад гэсэн энэ их тэнгисийг хэрхэн гаталж дэлхийтэй харьцах вэ гэсэн тэмцэл байлаа. Энэ нь шинэ зуунд биеллээ олсон. Ерэн оны ардчилсан хувьсгалаас хойш биеллээ олж эхэлж байгаа гэж ойлгодог. Өнөөдөр энэ хоёр гүн тэнгисдээ живчихгүй гал голомтоо сахиж үлдэхэд барууны хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй. Үүнийг л хаа хаанаа сайн ойлгоцгооё. Хөрөнгө нь байгаа газраа хүн цаг үргэлж хайрлан хамгаалж, харж хандаж байдаг юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сайханбилэгтнүүдэд хагас жилийг хагас зуун жил болтол ажиллах боломж байна

АН-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд… нарын улстөрчдийг муу хэлж, гутаан доромжилж, элдвээр баалах нь өнөөдөр газар авч байна. Ер нь бол эрчимжиж байна. Хэдхэн өдрийн өмнө Оюу толгойг хөдөлгөж чадсаных нь төлөө уг нь тэдэнд баярлалаа гэж хэлэх ёстой санагдана. Манайхны нэг муухай зан бол ажил хийсэн, ажил хийе гэсэн бүгдийг ингэдэг, элдвээр хэлэх үгс нь аман дээр нь бэлэн байцгаадаг. Тэр нь л болж байна.

Дээрх эрхмүүдийн улс төрд явж ирсэн замнал, мэдлэг туршлага бол гарцаа байхгүй энэ улсыг удирдах хэмжээний уураг тархи мөн. АН-ын оюун санаа болсон хүмүүсийн хэсэг мөн. Өрсөлдөгч намуудад нь эдний үеийнхэн бас уураг тархи нь болж яваа. Үе насны өрсөлдөгчид өсөрхүү байна гэж хэлэх нь хаашаа юм, гэхдээ тэдэн рүү хандсан дайралт бүхэн үеийнх нь өрсөлдөгчдөөс гарч байгаа нь хэнд ч харагдаж байна. Удахгүй шинэ он гарлаа. Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцорно гэж одоо байхгүй байх. Тийм болохоор Сайханбилэгтнүүд хийх юмаа хий. Айх эргэлзэх зүйл байхгүй болсон. Огцорно гэсэн болгоомжлол байдаг бол наадах чинь илүү зан. Сая та нар уул уурхайн эсрэг популизмын оргил үед Оюутолгойг хөдөлгөж чадлаа. Энэ бол та нарын ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяа. Нэгэнт гэрээ байгуулаад хөдөлсөн гадаадын хөрөнгө оруулалттай ийм том төсөл одоо Олон улсын гэрээ конвенциор явна, Олон улсын хамгаалалтад орлоо гэсэн үг. Ингэж баталгаажсан том төсөл дор хаяж 50 жил үргэлжилнэ. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд популистууд яаж ч орилоод Мэнэнгийн талд хашгирахтай адил. Ер нь бол Ерөнхий сайд гэдэг хүн гарын үсэг зурах эрх олгодог л албан тушаалтан. Монголын эдийн засгийн өнөөдрийн онцгой онцлог бол нэг шөнийн дотор сэргэж, аль эсвэл нэг шөнийн дотор унах тийм эдийн засаг. Үүгээрээ бусад орноос ялгаатай. Ийм эдийн засагтай улсын Ерөнхий сайд эх орноо хагас жил битгий хэл хагас сарын дотор сэв хийтэл сэргээх боломжтой. Оюутолгойн далд уурхайн төсөлд зарцуулагдахаар байршсан 4.4 тэрбум ам.долларын нэг тэрбум нь ороод ирэхэд л манай эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Өнөөдөр Монголд л мөнгө ховор байна гэж байгаагаас бус дэлхийгээр дүүрэн хийх ажлаа хүлээсэн мөнгө хэвтэж байна. Дэлхийд 1200 орчим банк, санхүүгийн байгууллага, сангуудад тоолж багцаалшгүй их хэмжээний мөнгө байна. Жишээ нь Арабын ертөнцийн хамгийн баян Абу Дабигийн санд гэхэд дунджаар найман триллион ам.доллар хийх ажилгүй хэвтэж байна шүү дээ. Хүү нь 0.8 хувь. Ийм сангуудыг олноор дурдаж болно. Зүгээр дашрамд сонирхуулахад ийм их хэмжээний мөнгө дэлхийд хийх ажил нь олдохгүй болохоор зарим нь бүр аргаа бараад одоо энэ дэлхийг сүйрүүлэх шахаж буй Исламын улс бүлэглэл мэтийн бохир бизнес рүү оруулаад гаргах жишээтэй. Гэтэл Монгол Улсад хийх ажил нь хэмжээлшгүй их байдаг. Нэг л их гадны хөрөнгө оруулалт ярьсан хүмүүс гүйлдээд байдаг. Ганцхан улс төрийн тогтворгүй байдал нь бүгдэд садаа. Япон мэтийн барууны орнуудын төв банкны бодлогын хүү 1-3 хувь байгаа. Манайх бол 13 хувь. Манайх тэднээс хүзүүгээр татсан их мөнгө авч болно. Өгөх сонирхол ч маш их бий. Бас л болохгүй байгаа нь манайд компани-улс төрийн засаглал хоёр нь ялгагдахаа байчихсан байдал. Ийм л нөхцөл байдал дунд байна.

Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр ганцхан хууль л УИХ-аар батлуулахад энэ их мөнгийг татаж болно. Тэр хуульдаа хамгийн хурдан мөнгө татаж болох таван том төслөө тусгах, удаад нь Засгийн газар нь баталгаа гаргаж өгөх, гуравдугаарт нь Олон улсын гэрээ хэлцлийг үг дуугүй даган мөрдөхөө батлуулах. Энэ нь нэг үгээр ОУ-ын бизнесийн ёс зүй, дэг жаягийг үг дуугүй дагахаа хуулиар баталгаажуулж авна гэсэн үг. Энэ хуулийг батлуулсны маргаашаас нь “эх орончид” түүнийг урвагчаар нь, эрлийз хурлийзаар нь дуудах нь тодорхой. Том хүний үйлдэл тухайн үедээ зөв харагдахгүй байх тохиолдол олонтой. Цаг хугацаа үнэнийг нь ойрхон хэлээд өгчихдөг. Тэгэхээр сайханбилэгтнүүд Тавантолгойгоо хөдөлгө, жижиг хэдүй ч Гацууртын ордыг хүчээр хөдөлгө. Популистууд Гацууртыг амь насаараа хамгаална гээд зогсоосон. Одоо яав, нинжа нарын хоол болоод дууслаа. Дээр нь Эгийн голын төсөл, Шинэ төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн парк, Тавдугаар цахилгаан станц… гэх мэтчилэн цөөнгүй станц, уул уурхайн төслүүд хүлээлт бий болгоод байна. Хятадын эрчим хүчний хэрэгцээ ойрын таван жилд хоёр дахин өснө. Энэ нь дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэгцээ. Монгол Улс Шивээ-Овоогийн станц, Тавдугаар цахилгаан станц хоёроо ашиглалтад оруулаад эрчим хүч үйлдвэрлэж урд хөршид экспортлоход өнөөдөр 30 доллараар өгч байгаа нүүрсээ 150 долларт хүргэнэ. Ингэж чадвал Та бүхэн хагас жилийг хагас зуун жил болгосонтой адил гайхамшигтай үйл хэргийн эзэд болно. Яагаад гэвэл үр өгөөж нь дэндүү их. Монгол Улсыг диваажин болголоо гэсэн үг. Сүүлийн 20 жилд Монголын ард түмэнд ганц сайн гавьяа байгуулсан хүн бол МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр. Түүний Оюутолгойг хөдөлгөсөн зоримог алхам ам.долларыг 1300 төгрөгт хичнээн жил барив. Хэрэв С.Баяр Оюутолгойг хөдөлгөөгүй бол бид өлсөөд, доллар тэнгэрт гараад дуусах байлаа. Эсвэл Хятадын сая цэрэг говьд орж ирээд өнөө “Толгой”-нуудыг чинь олны хүчээр хүрздээд дуусгах байлаа. Эсвэл оросууд төмөр замаар бүгдийг зөөх байлаа. Яг Мардайн ураныг зөөсөн шигээ. Соц нийгэмд монголчууд Мардай гэж ураны асар том баялгаа мэдэж байсан юм уу. Оросууд тэрүүхэн тэнд нь тусгай улс бий болгож аваад, төмөр зам тавиад, тэгээд л өдөр шөнөгүй зөөж байсныг. Яг л түүн шиг Оюутолгойд оросууд ажиллагаа явуулах байсныг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ хоёр хөршийг дагавал монголчууд юу болдгийг мэднэ. Мөнгөтэй орнууд манай төмөр замд олон сая доллар оруулъя гэсэн. Оросууд тэр их мөнгөнд саад хийсэн. Тэр байтугай Оросын Төмөр замын нийгэмлэгийн дарга В.И.Якунин “Үнэгүй бяслаг хулганын хавханд л байдаг юм” гэж хэлээд зогсоосон шүү дээ.

Болж өнгөрсөн хийгээд одоо өрнөж буй үйл явц юу хэлээд байдаг гэхээр ерөөсөө барууны хөрөнгө оруулалтыг бид чөлөөтэй татах, оруулах, ашиглахыг хэлж байгаа юм. Үүнд бидэнд хэн ч саад хийх эрхгүй. Сайханбилэгтнүүд та бүхнээс бие даасан улсын, биеэ даасан удирдагчийн эдийн засгийн болон, улс төрийн зоримог алхам хийхийг ард түмэн хүсч, харж, шаардаж байна. Энэ бүгдийг хийж чадаад огцорсон ч сайханбилэгтнүүдэд ашигтай. Ард түмэн өөрсөндөө сайн юм хийсэн улстөрчийг мартдаггүй. Үргэлж сайнаар дурсдаг. Сайнаар дурсана гэдэг та бүхэн түүх болсон хэрэг биш. Харинчиг хол юм шиг хэрнээ маргааш нь шахуу хатираад ирдэг сонгуулиар ард түмэн та бүгдийг алга ташин хүлээж авна гэсэн сайхан хэрэг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн сурталчилгааны 14 хоногт хүн, хонь хоёроо ялгаж чадах уу

Сонгуулийн шинэ хуульд сонгуулийн сурталчилгааг 14 хоног байхаар заах төлөвтэй. Ийм богино хугацаанд сонгогчид хүнээ таних нь байтугай хүн, хонь хоёроо ялгаж чадахгүй байлгүй дээ. Сонгуулийн сурталчилгаа гэдэг ямар учиртай, ямар үнэ цэнтэй, хүний эрхийн ямар чухал хэсэг болох, яагаад сурталчилгаа хийдэг, огт хийхгүй бол яахав зэргээр бодож үзсэн хүн хууль санаачлагчид дотор байгаа болов уу. Ер нь нэг бодож үзвэл яасан юм бэ. Сонгууль гэдэг бол товчхондоо иргэд өөрсдийн итгэж таньсан хүмүүсээ төр удирдуулахаар шигшин сонгож, төрийн ордондоо суулгахыг хэлнэ. Сонгуулийн сурталчилгааны хэд хоног бол ард түмэн нийтээрээ төр засгаа шинээр эмхлэн цэгцэлж байгаа алтан хором мөн. Хуй салхи шиг хуйрнан шуугиж ирээд гурав хоногт барьж байгуулчихдаг төр засаг, парламент гэж хаана ч байдаггүйг дэлхийн бүх хүмүүс мэднэ. Энэ үйл явц бол тухайн ард түмний амин чухал ажил шүү. Яагаад гэвэл орчин үеийн төр засаг гэдэг нь ард түмний өдөр тутмын амьдралынх нь идэх хоол, авах цалин, амьдрах орон байранд шууд нөлөөлдөг болсон. Ард түмний сонгосон төр дэх төлөөллүүд нь нэг өдөр хууль гаргаад ард түмнийхээ амьдралыг доройтуулж, эрх чөлөөг нь хасч чадна, эсвэл хууль гаргаад ард түмнийхээ амьдралыг диваажин болгож ч чадна. Төр дэх төлөөллүүдээ хэр зэрэг таньж сонгосноос шалтгаалах хэрэг юм. Үүндээ орчин үеийн төр засгийн үнэ цэн, хамгийн чухал нь оршиж байна. Соц нийгэмд бол төрийн хамаарал харьцангуй өөр байсныг хүмүүс мэднэ. Өнөөдөр ийм их эрх мэдэл төр дэх төлөөллүүдийн маань гарт байгаа учраас л монголчууд бид тэр хүмүүсээ хангалттай таньж авмаар байна. Тэгэхгүй бол өнөөдрийн УИХ-ын гишүүд өөрөөсөө өөрийг таниулахгүй, өөрсдөө эргээд сонгогдох боломжийг сонгуулийн шинэ хуулиар хийх гээд байна. Анхны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа хоёр сар байлаа. Дараа нь 30 хоног болгосон. Одоо 14 хоног болох нь. Өөрсдийг чинь солих хүсэл, сонголтыг ард түмэнд өгөөч. Бусдадаа нийгэмд танигдах боломжийг олгооч. Нэр дэвшигчийн төр засаг удирдах хэмжээнд хүрсэн эсэхийг таних амьдралынх нь замнал гэж байдаг. Ямар гэр бүлд төрж өссөн, ямар сургуулиудад боловсрол эзэмшсэн, ямар найз нөхдийн хүрээлэл дунд ажиллаж амьдардаг, эрхэмлэдэг үнэт зүйлс нь юу юм, ажил амьдралын туршлага… гээд сонгогчид нь заавал уншиж, мэдэх ёстой стандарт мэдээллүүд байна. Дээр нь тэр нэр дэвшигчийн өөрийн болон намынх нь мөрийн хөтөлбөр байна. Эдгээрийг 14 хоногт авч судалж, танилцаж яагаад ч амжихгүй. Нэр дэвшигчээ доторлох нь бүү хэл гадарлах ч үгүй өнгөрнө. 14 хоног гэдэг бол “Чи зөвхөн өнөөдрийн Их хурлын гишүүнийг дахин сонго, бусдыг нь ямар мэдэх биш” гэсэн бүдүүлэг тулгалт. Хуулиар сонголт хийх эрхийг чинь хязгаарласан хэлбэр. Хэрэв энэ хууль батлагдлаа гэхэд Монгол улсын Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр аргагүй хууль зөрчсөн үйлдэл болно. Энэ хуулийг ийм л хувь тавилан хүлээж байгаа.

Ийм л явцгүй хугацаа байдаг учраас дэлхийн бүх улс оронд төрөө, төр дэх төлөөллөө сонгох боломжийг 14 хоногоор хязгаарладаггүй юм. Харин ч эсрэгээрээ сонгуулийн сурталчилгааны хоног нь бусад улс оронд жил, сараар үргэлжилдэг. Тэгж хуульчилсан байдаг. Жишээ нь бидний үлгэр дуурайл болгож ярьдаг АНУ-д аль нэг жилийн өмнөөс Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Хиллари Клинтон, тэрбумтан Трамп, гурав дахь Буш… гээд олон хүн сурталчилгаагаа эхлүүлснийг бид харж, уншиж байна. Хамгийн цөөн хоногт буюу 30 хоногт сонгуулийн сурталчилгаагаа явуулдаг Япон улс бол жижигхэн арал орон. Нэг захаас нөгөө захад нь хүрэхэд ердөө хоёр цаг хагас л давхидаг. Хүн ам шигүү. Цаг хугацаа орон зайн хувьд ийм баримжаатай учраас л 30 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа явуулдаг юм билээ. Япончуудаас бид үлгэр загвар авах мөн ч дуртай даа. Тэгвэл япончууд төр дэх төлөөллөө сонгохдоо юунд найддаг гээч. Сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчийнхээ амлалт, мөрийн хөтөлбөрийг цаасан хэлбэрээр буюу сонин хэвлэлээр авч уншиж судалдаг, бүр хадгалдаг тогтсон уламжлалтай, хууль журамтай байдаг. Хаа байсан хязгаар тосгоны эмгэн хүртэл нэр дэвшигчийнхээ танилцуулга, мөрийн хөтөлбөрийг сонинд хэвлүүлснээр нь хадгалаж, түүнийгээ бариад уулзалт дээр нь очдог зуршилтай. Тэгээд мөрийнх нь хөтөлбөртэй сонинг харуулаад “Үүнийгээ хэрэгжүүлжээ” хэмээн баяр хүргэж, дахин дэмжиж байгаагаа илэрхийлдэг. Энэ нь дараагийнх нь сонгуульдаа дахин ашиглах ганц баримт нь болдог учраас улс төрийн намууд, улстөрчид сонгуулийн сурталчилгаандаа сонин хэвлэлийг хамгийн түрүүнд ашиглаж, номер нэг ач холбогдол өгдөг нь ганц Японд бус бусад улс оронд ч тогтсон, төлөвшсөн үзүүлэлт юм. Дөрвөн жилийн дараа телевиз, сайтын алинд нь ч баримт үлдээгүй, устсан байдаг. Дэлхийн улсуудад сонгогч хүнд ганц баталгаатай мэдээлэл түгээдэг хэрэгсэл, баримт болдог нь сонин хэвлэл байдгаараа нийгэмдээ үнэ цэнтэй байж өнөөдрийг хүрчээ. Үе үеийн бүх сонгуулийн амьд архив, бүх цаг үеийн нийгмийн толь нь сонин хэвлэл юм гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрөөд байна.

Өнөөдрийн Монголын нийгэм үнэн хэрэг дээрээ завсрын үеэ гаталж чадахгүй яваа учраас сонин хэвлэлийн үнэ цэнийг бага мэдэрч байж магадгүй. Тун удахгүй хэвлэмэл мэдээллийн үнэ цэнийг голдоо ортол ойлгоцгоох болно. 14 хоногт л сонгуулийн сурталчилгаагаа явуулахгүй бол хөрөнгө мөнгө их гарч байна гэсэн шалтгийг төсөл санаачлагчид ярьдаг юм билээ. Тухайн нэр дэвшигч ямар хөрөнгө гаргах нь төрд ямар хамаатай юм бэ. Ямар төсвийн хөрөнгөөр сурталчилгаагаа хийж байгаа биш. Манай хуульчид хуулийг нь хуулбарлах дуртай Герман улс шиг төрөөс нь улс төрийн намууддаа “Сонгуульд оролц” гээд мөнгө өгдөг бол өөр хэрэг, ярьж болох асуудал. Төсвөөс мөнгө гарч байгаа учраас. Дээр нь Монголын өргөн уудам нутаг, талаар нэг тарж бутран амьдардаг ард түмнийхээ онцлогийг бодож үзсэн үү. Сонгогчдын насны 24 хувь нь хөдөө мал хариулж яваа шүү дээ. Тэдэнд сонин хэвлэлээр л сурталчилгаагаа хүргэхээс биш тэд нийтээрээ сайт ухаад сууж байх уу, хамар толгой дээрээ телевиз үзээд суух уу. Монголын амьдралаас мөн ч холуур хүмүүс л сонгуулийн сурталчилгаа 14 хоног байхыг дэмжих байх даа. Ер нь бол та бүгдийг дахин сонгох албагүй. Хуульчлах чинь бүр хориотой. Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг та хэд увайгүйгээр зөрчих учраас Монголын ард түмэн энэ эрхийнхээ төлөө Үндсэн хуулийн Цэцэд хандах нь тодорхой.

Бас сонгуулийн санал өгөх өдөр сурталчилгаа явуулдаггүй хуультай. Тэгвэл өнөөдөр Монголд твиттерийн жиргээ, сошиал медиаг хязгаарлаж хянах боломжгүй. Санал өгөх өдөр бүх л хаягаас “АН цөм яллаа, бут авлаа” гээд шуугиж, давалгаа үүснэ. Үүнийг хэн зогсоох юм бэ. Ямар хуулиар хазаарлаж, хянаж, хариуцлага тооцох юм бэ. Хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэвэл твиттерт байдаг хоёр, гурван зуун мянган хүний асуудал яригдана. Ийм олон хүнд хуулийн хариуцлага тооцох уу. Гадны аль ч улс оронд санал авч дуусах эцсийн мөч хүртэл сурталчилгаа явдгийг бүгд мэднэ. Тэгээд ч сонгуулийн сурталчилгааг хамгийн хүчтэй хүлээж авдаг супер мөч нь сүүлийн гурван өдөр байдаг.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, америк, япончууд тэнэг учраас сонгуулийн сурталчилгаагаа нэг жилээс нэг сарын хугацаатай явуулдаг хэрэг үү, тэнэг болохоороо телевиз, сайт гэхээсээ урьд сонин хэвлэлээр сурталчилгаагаа тогтвортой, аажуу тайван явуулж нийгмийн эд эс бүхэндээ хүргэдэг хэрэг үү. Би лав тэднийг тэнэгтээ тэгдэг гэж бодохгүй байна. Төрийг удирдах төлөөний хүнээ сонгохын тулд урт удаан хугацаанд судалж, мөрийн хөтөлбөрийг нь уншиж, буурь суурьтай ханддаг учраас гарт баригдаж, оюун ухаанд нь нэвт шингэдэг сонин хэвлэлийн сурталчилгаанд итгэж найддаг байна. Тиймдээ тэдгээр улс орны иргэд төрдөө чадвартай хүмүүсээ танин сонгож, тэдгээр нь улс орноо дэлхийн түвшинд аваачдаг нь тогтсон зүй тогтол болжээ. Тэрнээс манай хэд шиг сонгуулиас сонгуулийн хооронд сурталчилгааны хоногоо улам хумьж, өөрсдийг нь дахин сонгохоос өөр боломжгүй болтол ард түмэндээ тулгалт хийж, танихгүй бурхнаас таньдаг чөтгөр чинь дээр шүү гэж муйхарладаггүй. Үүгээрээ та бүгдийг чөтгөр шуламтай зүйрлэж байгаа юм биш, ер нь бол Монголын ард түмэн энэ удаагийн сонгуулиар хүн, хонь хоёроо ялгаж авмаар байна шүү дээ гэдгийг л хэлэх гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувийн хэвшил бас шилэн болох гэж байгаа юу

Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр гэдгийг гаргаж УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаажээ. Энэхүү хөтөлбөр нь авлигалыг таслан зогсооход их л нэмэр болох юм байлгүй. Дахин дахин хэлэлцүүлэхээр оруулаад л байна. Өмнөх практикаас харахад иймэрхүү хөтөлбөр, дүрэм журам, хууль тогтоомжууд Монголын чөлөөт хэвлэлийг баллах шахаж байсан. Өнөөдөр ч хэвлэл мэдээллийг устгах гэсэн хуулийн төслүүд явж байгаа. Энэ бүгдтэй үзэж тарж дуусаагүй байхад зэрэгцүүлээд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг тэр чигээр нь устгах, дарамт шахалтад оруулах, байж боломгүй заалтыг энэхүү Авлигатай тэмцэх, шударга ёс тогтоох Үндэсний хөтөлбөртөө оруулаад ирж. Тус хөтөлбөрийн “4.1.6.12-т Хувийн хэвшлийн байгууллага жилийн тайлан, балансаа ил тод олон нийтэд хүргэх;” гэж заажээ. Ийм юм гэж байж болох уу! Энэхүү заалтынхаа дээд талд “Хувийн хэвшил дэх авлигын эрсдэлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх” болно гэжээ. Хувийн компаниудын данс шилний цаанаас ил тод харагдаж байхад л авлига алга болох гэнэ. АТГ авлигалтай л тэмцэх, таслан зогсоох гэж байгуулагдсан юм байгаа биз дээ. Ард түмэн авлига гэсэн тодорхойлолтыг бүгд мэддэг болсон. Авлига гэж юуг хэлэх вэ гэвэл “Төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо ашиглахыг хэлнэ” гэж. Тэгэхээр төрийн албан тушаалтан хээл хахууль авч байгаатай тэмцэх чинь л АТГ-ын ажил юм байгаа биз дээ. Үүнд хувийн аж ахуйн нэгжүүд ямар хамаатай юм бэ. Авлигатай тэмцэх нэрийн дор ард түмнээ нэгд нэгэнгүй хянаж, хэн хэдэн төгрөг олж байгааг нь харж суухаар завдаж байгаа юм байна. Жижигхэн компанитай иргэн Батын хөдөлгөж байгаа жаахан бизнес, орж гарч байгаа тав арван цаасыг хянах болох нь. Бат гуай та зөвшөөрөх үү. Шилэн дансыг хүн бүр л дэмжээд байгаа шиг харагддаг. Тэгвэл шилэн данс чинь явсаар таныг шилэн болгох гэж байна. Үүнийг нь тэгээд та “Ура” хэмээн хүлээж авч байна уу. Би бол “хуц” гэж хэлмээр байна. Эцсийн зорилго чинь энэ байсан юм уу “май” гэмээр байна. Өнөө соц нийгмийн үеийн эргэн тойрны чинь бүх хүн мэдээлэгч гэдэгтэй агаар нэг байгаа биз дээ. Эцэстээ энэ шилэн данс гэдэг чинь явсаар намайг, миний бизнесийг шилэн болгож аваад баллах аюултай байжээ гэдгийг одоо ойлгож ав, монголчууд аа. Монголд өнөөдөр “юм” ингэж л шат ахиж, барьцаа чангаруулах маягаар явж байгаа. Аль ч улс оронд хувийн нууц хуулиар хамгаалагдсан байдаг юм. Тэр дундаа хувь хүний хөрөнгө чинээ нууц байдаг биш бил үү. Үндэстэн дамнасан, улс орныхоо төсвийн орлогын тодорхой эх үүсвэр болдог том компаниудын тайлан тооцоо нь шилэн данстай, дансгүй хуулийн хүрээнд ил тод байдаг нь олон улсын жишиг. Үүнд манайх шиг шилэн данс ч гэх шиг шантаачдад өгөөш болдог зүйлийг төрөөс нь хийдэг ч үгүй. Бодит үнэнийг хэлье, бизнесмэн хүнд эхнэр хүүхдээсээ хүртэл тав арван төгрөгөө нуух үе гардаг юм шүү дээ. Тэгж байж үйлдвэрээ өргөжүүлдэг, ганц цутгах машин, оёдлын машин авдаг, парк шинэчлэл, технологийн шинэчлэлээ хийдэг юм. Энэ бол бизнесийн орчин дахь амьдралын үнэн. Тэгэхгүй бол эхнэр нь эмэгтэй хүн л болсон хойно мэдчихээд “Тэрний эхнэр тийм булган дээл өмсөж байхад, эдний эхнэр ийм 570 унаж байхад” хэмээн цамнасаар жаахан ашгийг нь үрчих гээд байдаг. Ямар ч чанга бизнесмэн хүн хайртай эхнэр, эрхлүүлдэг хүүхдүүддээ буулт хийхэд бэлэн явдаг нь жам юм. Ингэхээ мэддэг болохоор эхнэрээсээ нуугаад ч болтугай бизнесээ өргөжүүлдэг юм гэдгийг хэлээд байгаа юм. Тэрнээс эхнэрээсээ тусдаа данстай байх тухай ярьсангүй. Ажил, амьдрал дээр цаг үргэлж алдаж онохын дэнсэн дээр явдаг бизнесийн мөн чанар ийм байхад Авлигалтай тэмцэхэд дэмжлэг болох учир аж ахуйн нэгжүүдийн орлого зарлага олон нийтэд шилэн байх нь зөв хэмээн Үндэсний хөтөлбөр гээчийг боловсруулж, хууль тогтоох дээд байгууллагаараа хэлэлцүүлэн батлуулахаар явж байгааг ойлгохгүй байна. Аюул хаяанд чинь ирж байгаа хэрэг биш үү гэж л ард түмэндээ хэлэх байна. Хувийн аж ахуйн нэгжүүдийг шилэн болгосны үр дагавар яаж гарах вэ. Өрсөлдөгчид нь шилний цаанаас бүгдийг хараад ямар “бэлэг” барих бол. Яаж муугаар ашиглах бол. Өнөө дарамтлагч, рекетүүд нь яаж хандах бол. Шилэн Дамдингууд олноор төрж “Танайхыг ингэж ч зарлана, энэ газраар ч шалгуулна…” юу юу гэж дарамт шахалт үзүүлэх бол. Монголын өнөөдрийн төр засаг сүүлийн жилүүдэд хувийн өмчийг байнга ад үзэх, нүд үзүүрлэх нь одоо бүр хэрээс хэтэрч байгаагийн шинж байх даа. Хувийн аж ахуйн нэгжийг үргэлж шившиглэсэн, үгүй хийхийг ил далд санаархсан, барьцаанд хийх гэсэн хууль, дүрэм журам, хөтөлбөр зогсохгүй нь бололтой. Орчин үеийн Монголын төр засаг үнэхээр атгаг болжээ. Үндэслэлгүй баяжвал шоронд хийнэ хэмээн төрөөс зарласан шүү дээ. Тэгвэл үндэслэлтэй баяжсанаа хэл хэмээн 76-д тулгавал яах бол. Өнөөдрийн цаг хугацаа чинь төгсгөл болох цагт өөрсдийн чинь баталсан хууль тогтоомж бүхэн та нарыг багалзуурдана даа. Ард түмэн бол яах ч үгүй. Өөрөө өөрсдийгөө аваад явчихдаг.

Ийм цаг үед монголчууд бид юу хүсч, мөрөөдөж байна гэвэл хөрөнгө чинээтэй бүгдийгээ магтан дэмжсэн, ямар нэг дарамт шахалтгүй, шалгалт шантаажгүй тийм л сэтгэхүй, оюун санаатай болохыг хүсч байна. Түүний төлөө явцгаая. Бид хөдөлмөрлөсөн хүн хөрөнгөтэй болж, дээдлэн хүндлэгддэг, үнэ цэнтэй байдаг капиталист нийгмийг бүрэн утгаар нь байгуулахын төлөө шантралгүй явцгаая. Баялаг бүтээж байгаа бүх хүнийг шүтэж амьдарцгаая. Тэд л улс орон, ард түмнийг авч явдаг нь хүний нийгмийн хууль юм.

Тэрнээс АТГ нь авлигалтайгаа л тэмц. Ард түмэнтэйгээ битгий тэрсэлд. Авлигалд автагдсан төрийн байгууллага, төрийн албан тушаалтнууд АТГ-ын гол “бай” болохоос хувийн хэвшлийнхэн биш юм. Юун хувийн хэвшлийн байгууллага жилийн тайлан, балансаа ил тод олон нийтэд хүргэх ёстой вэ! Үүнийг хувийн хэвшлийн мянга мянган аж ахуйн нэгжүүд эсэргүүцэх байлгүй дээ. Хуулиас давсан хөтөлбөр гэж арай байдаггүй байлгүй дээ. Тийм болохоор УИХ нь энэхүү Авлигалтай тэмцэх, шударга ёс тогтоох Үндэсний хөтөлбөрийг батлахгүй байлгүй дээ. Хувийн хэвшил гэдэг бол хувийн түрийвч.