Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нутгархах үзлийг дэврээх нь Үндэсний аюулгүй байдалд халтай

Тал нутгийн нүүдэлчид эртнээс нутаг ус, байгаль дэлхийгээ шүтэж тахиж ирсний тод ул мөр бидний амьдралд өнөөдөр ч байна. Улаанбаатарын иргэн хэнбуйгайн ч зүрхэнд төрсөн нутаг ус нь уяатай байдаг. Монголчууд нутаг амьтай, зуны дэлгэр цагт гүйгүүл морь шиг нутгаадаа яарна. Сайхан л юм, дурсах, санах, яарах, хайрлах дээдлэх зүйлтэй байна гэдэг. Гэхдээ нутгархах энэ үзлийг хэт дэвэргэх, нугалах гэсэн үзэгдэл хаа сайгүй гарах болсон нь эмзэглэл төрүүлж байна. Нутгархах үзэл хэт дэвэрвэл гамшиг дагуулдаг. Тиймээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд энэ талаар маш тодорхой зааж оруулжээ. Тодруулбал, “…Иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, нутгархах үзлийг дэврээх, энэ шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчих, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж болох илрэлтэй хатуу тэмцэл хийнэ…” гээд тов тодорхой заагаад өгчээ. 1950-иад оны үед буриад цустай хэнийг ч тултал дэмжиж тусалдаг хүчирхэг холбоо байсан гэдэг, Буриадын холбоо гээд. Одоо манай аймаг бүрт байдаг Нутгийн зөвлөл гэдэг шиг юм уу даа. Магадгүй 1937 онд эр хүйстэй бүхнээ хядуулсан буриадууд ингэж нэг нэгнээ дэмжиж байсан байх. Үүнээс үүдэлтэй юү, өдгөө аймаг бүр нутгийн зөвлөл гэдэг зүйлтэй болжээ. Аймгуудын нутгийн зөвлөл одоо бүр утгаа алдсан. Нутаг усаа хөгжүүлэх, дэмжих гэдгээсээ халтирч жалга довны үзлийг гааруулсан гэхэд болно. Ямартаа л төрийн наадамд Улаанбаатарт төрсөн Увсын харьяат бөх түрүүлэхэд төв цэнгэлдэхэд Увс нуур дууг дуулж байхав дээ. Өнөөдөр манайд нутгархах үзэл ингэтлээ явцуурч, жалга довны агуулгатай, өчүүхэн хэв шинжтэй болон тогтож байна.

2019 онд Увсын гишүүд улс байгуулах шахам төсөв аймагтаа тавьсан талаар шуугьж байлаа. Зарим аймгууд 5-7 тэрбум төгрөгийн төсөвтэй байхад Увсаас сонгогдсон сайдууд аймагтаа 50 гаруй тэрбум төгрөг тавиулж байсан удаатай. Угтаа бол улс орон гэдэг хамгийн түрүүнд аль салбараа хөгжүүлэх вэ гэдэг дээрээ хөрөнгө оруулалтаа дэмждэг болохоос хэн эрх мэдэлтэй, зальтай нь аймаг сум руугаа мөнгө зөөгөөд гүйгээд байдаггүй л дээ. Тиймдээ л өнөөдөр манай экспорт, импортын хамгийн том гарц болох хойд, урд хилийн чөлөөт бүс гэдэг зүйл үлгэр хэвээрээ байсаар л байгаа юм.

Одоо ирэх жилийн улсын төсвийг ид хэлэлцэж байна. Улс даяар хаана юу барьж байгуулах, аль газраа хэдэн төгрөг хуваарилах гээд ярьж байгаа. Гэтэл Хэнтий, Баянхонгорт хэтэрхий үрэлгэн байдлаар төсөв хуваарилж байгаа талаар гишүүд шүүмжилж эхлээд байна. Өнөө л Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар маань гэрээсээ хулгайлж гүйгээд байдаг айлын бэр аятай тоотой хэдэн мөнгөнөөс ахиухныг тасдаж аваад аймгаадаа гүйх гээд байгаа бололтой. Хууль тогтоох дээд байгууллагын дарга болон Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг бол өчүүхэн жалга довын үзлээсээ салсан, хат суусан ухаалаг хүмүүс байх ёстой. Тэд улс орны хөгжил ярьж, холыг харж төлөвлөж суух ёстой хүмүүс. Хэнтий аймагт гэхэд ирэх жил нийт 90 том төсөл хэрэгжүүлэхээр 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв тавьжээ. Хүн амд нь хуваагаад үзвэл Хэнтийнхэнд бусад аймаг, хотуудаас хамгийн их мөнгө ногдож байгаа юм. Зах зухаас нь харахад Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо цогцолборын барилга, Норовлин суманд Шихихутаг цогцолборын барилга гэх мэтээр ахиухан мөнгө суулгаж өгчээ. Мөн хоёр ч суманд онгоцны буудал барих талаар яригдаад шуугиулаад байгаа. Эд бол амин чухал яаралтай хийх бүтээн байгуулалт биш.

Монгол төрийн томилгоо, эрх баригчдын үйлдэл мөн л жалга довон дотроо эргэлдэж байгаад бид мөн шүүмжлэлтэй хандаж байна. Монголын төр аль л дөнгүүр эрдэм чадалтай, сортоотой толгой сийрэг бүхнээ аймаг сумаар ялгаварлалгүй ажиллуулж, хүчийг нь ашиглах ёстой. Гэтэл аль аймгийн хүн төрд өндөр алба хашна, тэр аймгийнхан өөдөө гардаг хөгийн муу хэвшилтэй болчихлоо. Өөрийн ангийн хүүхэд, нутаг нуга, таньдаг мэддэг, хамаатан саднаа хуйгаар нь өөрийгөө тойруулан томилж байгаа эмгэнэлт дүр зураг тод харагдаж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Энхболд Ерөнхий сайдтай нэг ангийн хүүхдүүд. Цагдаагийн дарга, АТГ-ын дарга, Хил хамгаалахын дарга нар мөн л Хэнтийнхэн гээд бодохоор тун явцуухан тойрог дотор эргэлдэж, тойрон хүрээлэгчдээ нутгийнхнаараа дүүргэж тавьжээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй малчдын төлбөрийг биднээр төлүүлж байгаа нь шударга уу?

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх тусам бидний гар дээр ирдэг цалин улам багасах боллоо. Он гараад энэ шимтгэл дахин хоёр хувиар нэмэгдэнэ. Энэ бол шинэ юм биш. Аль хоёр жилийн өмнө Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараалан нэмэхээр болж, хуулиндаа оруулсан юм. Тухайлбал, 2018 онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь нэмэхээр болсон. Энэ нэмэгдлийн ачаар Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх сайн талтай ч ажил олгогч болон жирийн ажилтнуудын нуруун дээр ачаа улам хүндэрсээр байна. Та өнөөдөр сая төгрөгийн цалин авдаг байлаа гэхэд нийгмийн даатгалын шимтгэлд 26,5 хувь буюу 265 мянган төгрөг төлнө. Энэ хүн амын орлогын албан татвартайгаа нийлэхээр таны цалингаас 30 гаруй хувь буюу 300 гаруй мянган төгрөг авна гэсэн үг. Ингэж цалингаасаа төлөх шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэх нь ажил олгогчид, даатгуулагчдад маш их дарамт үүсгэх ч нийгмийн даатгалын сангийн орлогоо нэмнэ гэж тооцжээ.

Гэтэл өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн Тэтгэврийн даатгалын сан нь хоосорч, улсаас 600 тэрбум төгрөгийн татаас авч тэтгэврээ тавьж байна. Энэ санд байх ёстой мөнгийг төр аваад өөр зүйлд хэрэглэсэн гэсэн үг. Мөн нийгмийн даатгалын сангийн мөнгийг дампуурсан банкуудад ихээр хадгалуулсан нь илэрсэн ч өдийг хүртэл төлж барагдуулсан зүйл алга. Нийтийн мөнгө гээд нэхэж хөөцөлдөх хүн алга уу гэлтэй л харагдаж байна.

Өдгөө Нийгмийн даатгалын сангаас жилд 440 мянган иргэн тэтгэвэр авч байна. Хүн амын насжилт, тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн өсөлт нь Нийгмийн даатгалын сангийн зардлыг нэмж байгаа учраас тэтгэвэрт гарах насыг жил бүр зургаан сараар нэмж байгаа. Энэ мөн л ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд амласан амлалт. 20 жилийн дараа гэхэд манайд эрэгтэй хүн 65, эмэгтэй нь 60 нас хүрч тэтгэвэртээ гарна гэсэн үг. Гэтэл үүнтэй зэрэгцээд сонгуулиар санал авах уран гоё амлалтуудын нэг болох малчдын тэтгэврийн насыг наашлуулах хууль батлагдаж, малчид 50-55 насандаа тэтгэвэрт гарах болж байна. Ажил хийж байгаа бүх хүний тэтгэврийн нас цаашилж, шимтгэл нэмэгдэж байхад малчдын тэтгэвэрт гарах нас наашилж байгаад эгдүүцэх хүн цөөнгүй байгаа. Үүнээс гадна малчид 50 нас хүрээд тэтгэвэрт гарах хууль хэрэгжсэнээр нийгмийн даатгалын сангаас гарах мөнгө огцом өсч, айхавтар ачаалал үүсээд байгаа аж. Малчдын 20 хувь нь нийгмийн даатгал төлдөг. Ирэх жилээс 1995-2019 онд хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй ахмадууд энэ хоорондох мөнгөө нөхөн төлөөд тэтгэвэр авах хууль хэрэгжинэ. Энэ нь нийгмийн даатгалын санд бас л айхавтар их ачаалал үүсгэнэ гэж таамаглаж байна. Нөхөн төлбөр нь таван сая төгрөг төлөөд тэтгэвэрт гарах боломжтой байх бололтой.

Дэлхий даяар хөдөө аж ахуй болон тэнд ажиллагсдад дэмжлэг үзүүлдэг. Төр нь татаас өгч, бодлогоор дэмждэг жишиг бий. Манайхан ч хүнд хүчир нөхцөлд ажиллаж, амьдардаг малчдаа дэмжих нь зөв юм.

Гэхдээ энэхүү дэмжлэг үзүүлэх татаасны мөнгөө төр өөр эх үүсвэрээр гаргаж байх ёстой. Төр өөрийн данхар бүтцээ жижигрүүлж, үргүй зардлаа багасгах хэрэгтэй. Дарга нарын унадаг том том жипүүд, сум бүрт барьж байгаа хэдэн зуун Соёлын төв, конторын барилгууд гээд хасаж, танаж болох маш олон зүйл байна. Энэ бүхнийг багасгаж малчдын тэтгэвэр өгөх эх үүсвэр гаргаж болно. Түүнээс биш татвар төлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн шимтгэлийг нэмж асуудлыг шийдэж болохгүй. Манай дарга сэтэртнүүд өөрсдийн тансаг ямба, сонгуульд ялахын төлөө л барьж буй клубийн барилга мэтийн үргүй төсвөө танахын оронд амраар нь хөдөлмөрлөж, ажлын байр бий болгож буй хүмүүсийг шулж буй нь хэтэрхий харалган шийд юм. Засгийн газрын популист бодлогын хор уршгийг ажил олгогчид, ард түмэн, хөдөлмөрлөхөөр зүтгэж буй нэг хэсэг нь удаа дараа амсаж, амьдрал ахуйгаараа хохирч байгаагийн тод жишээ энэ билээ.

Төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, цалин нэмэх, бүр малчдын тэтгэвэр тавих хүртэл бүх асуудлыг Монголын нийгмийг авч явж буй ажил олгогчдын нуруун дээр үүрүүлэх хэрэггүй. Үүний нэг илрэл болсон Нийгмийн даатгалын шимтгэл нэмж байгаагаа болих хэрэгтэй. Ер нь засаг төр нь ард иргэдээ алагчилж үздэг хачин зангаа ч татах ёстой. Нэгнийх нь тэтгэвэрт гарах насыг наашлуулж, нөгөөхийнх нь насыг сунгаж байгааг нийгмийг шударга бусаар алагчилж үзэж байгаагийн нэг хэлбэр гэж үзэхээс өөр арга алга.

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх асуудал дээр Ерөнхийлөгч хориг тавих тухай дуулдаж байна. Хэдий энэ нь аль хоёр жилийн өмнө батлагдаад хэрэгжиж байгаа хууль ч үүнийг нийгэм талархан хүлээж авч байна. Сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч үүнийг тавтар, шимтгэл нэмэхийг эсэргүүлцсэн давалгаа, хөдөлгөөн өрнөж байгаа харагдсан. Цаашдаа улам л хүчээ авах ийм эсэргүүцлийг олон хүн дэмжиж, зөвтгөж байгаа. Үүнээс харахад Нийгмийн даатгалын багц хуулийг үндэсээр нь шинэчлэх, шинэ хууль өргөн барих шаардлага бий болжээ. Мөн Нийгмийн даатгалын санг хувьчлах, менежмент хийх, нэгэнт цугласан мөнгийг өсгөх олон улсын туршлагаас авч хэрэгжүүлэхгүй бол энэ янзаараа цаашаа хол явахгүй болсныг харуулж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оросыг дагагсдын ороо нь гарсан бол хэлэх хэдэн үг байна

Халх гол, Путин, орос ах гээд Монголын нийгэм өнгөрсөн хэд хоногийг хийрхлийн байдалд өнгөрөөлөө. Энэ бүхнээс хараад Оросыг шүтэгч зарим нэг нөхдөд хэлэхэд бид өнгөрсөн соц нийгэмд яг л ийм байсан. Бүх зүйл орос мэргэжилтний захиргаа, зандралт дор болдог байв. Энгийн нэг үйлдвэрийн даргын тушаалаас эхлээд төрийн тэргүүн нь шийдвэр гаргахдаа Кремль рүү утас цохидог байсан он жилүүдийг бид мартаагүй байна. Тэр үеийг мэдэрсэн өдөр хоногуудыг сая үдэв. Орос даргын зандралтад манай том дарга нар яаж нохойн гөлөг шиг болдгийг бид нүдээрээ харлаа. Орос дарга зандрахад Сүхбаатарын талбайг, уулын замыг хэрхэн мэрийж угаахыг харж авав. Уг нь бол ард түмнийхээ төлөө энгийн өдрөөр ч зам, талбайгаа угааж цэвэрлэж байх ёстойсон. Энэ яахав гэхэд, цагдаа, тагнуул гээд хүчний байгууллагынхан гадны мэргэжилтний заавраар яаж ард түмнийхээ амыг барьж байгааг мөн харав. Монгол Улс, Монголын ард түмэн том гүрний хараанд байвал яах байсныг анзаарав уу, ер нь. Өөрсдөө биш, өөр хүний заавраар дарамтлаад байх юм.

Айлчлал Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхацсан нь онцлог байв. Халх голын дайныг энэ цагт өөр өөр өнцгөөс харж тайлбарлаж байгаа ч Монголын газар шороонд үүрд нойрссон монгол, орос цэргүүдийн гавьяаг бид мартах ёсгүй, ямар ч үед хүндэтгэлтэй хандах учиртай. Харин хичнээн хоногийн өмнөөс бэлдэж, хүлээлт үүсгэсэн Оросын ерөнхийлөгчийн сүртэй эхэлсэн айлчлал даржин дууслаа гэж ажиглагчид дүгнэж байна. Айлчлалын дараа хэдэн санамж бичиг л тэврээд хоцров. Манай Батлан хамгаалах яам зэвсэг техникийн гэрээг үргэлжлүүлэн хийнэ гээд хөөрөөд байгаа. Гэрээ хэлэлцээрээ дуусгах нь зөв л байх. Гэхдээ хоёр хөршийнхөө хэнтэй нь байлдах гээд хэнээс нь зэвсэг аваад байгаа юм бол. Ядахдаа дуугүй хийж болдоггүй ажил уу. Путины айлчлал хоёр ядуу айл нэг нэгэндээ зочилж байгаа мэт гунигтайдуу үйл явдал боллоо гэмээр ч юм уу. Тэднийх ч юм өгсөнгүй, манайд авъя гэсэн ч юм байсангүй, тэгсгээд л болоод өнгөрөв. Үйл явдлыг харж байхад, бид хэт нэг талыг барьж дөвчигнөж байж тусалж дэмждэг улсуудаа үргээчих вий, гурав дахь хөршийн бодлогодоо сэв суулгачих вий гэсэн болгоомжлол төрж байна. Оросыг дагаж ороо нь орогсод нэг зүйлийг мэдэх хэрэгтэй байна. Урд хөрш дайсан биш, хойд хөрш ах биш. Нийгэм ч энэ гажиг ойлголтоосоо даруй салах хэрэгтэй юм. Угтаа бол зүгээр л манай хөрш хоёр орон гэдэг утгаар нь эн тэнцүү харилцах, хандах ёстой. Гурав дахь хөршдөө ч тэр, тэнцүү ханд. Сайнтай муутай, өөр өөрийн эрх ашигтай улс үндэстэн, хүн төрөлхтөн гэдэг утгаар нь тэгш, эн тэнцүү хандах ёстой. Хэт нэг талыг барихгүй тэгж тэгш хандаж сурч гэмээнэ бидэнд ч мөн тэгж хандана.

Эрх баригчдын гар хөл болсон ногоон малгайтнууд орос мэргэжилтний үгээр ард түмнийг яаж тохуурхахыг бид сая харав. Тэд эргээд сэргэхэд бэв бэлэн байна. Путины эсрэг жагсчих вий гэхээс үхтэлээ айсан бололтой, тэд. Харин ч зарим жагсаалыг нь өөрсдөө зохион байгуулж, хэлэх гээд чадахгүй байгаа үгээ тэднээр хэлүүлж, шахаанд орвол тэдэн рүү бухаж бултаж болох байсан биш үү. “Аа, эд нар дандаа ингэж байдаг юм гэсэн юм яриад, ардчилсан орны иргэд шиг хээв нэг сууж болох л байсан. Ардчилсан орны нүүр царай иймэрхүү л байдаг. Жагсаж л байдаг, эсэргүүцэж л байдаг, ердийн л үзэгдэл шүү дээ. Гэтэл анх удаа шүүмжлэл харж байгаа мэт, хааж боогоод, шөнө үдшээр хаалга үүдийг нь нүдэж дарамтлаад юу болов оо.

Оросыг дагагсдад дахин нэг үг хэлье. Хэрэв Америкийн ерөнхийлөгч Трамп Монголд айлчилж ирвэл заавал жагсаарай. Ингэж байж л бид ардчиллаа аварч, хамгаалж үлдэнэ. Өнгөрсөн хэд хоног эрх баригчид танигдахааргүй өөр болсон. Юун ардчилал, эрх чөлөө, юун үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хаа сайгүй хааж боож мөрдөж эхлэв. Харин манай сэхээтнүүд бахархмаар сайн байлаа. Тэд хэнээс ч айлгүй үгээ хэлж, үзэл бодлоо нийгмийн сүлжээгээр тарааж байсан. Яаж ч дарсан тэд Хонконгийн ардчилагчдаас ч илүү гарахаар байж чадлаа. Тэд бол бусдаас илүү уншиж мэдсэн, юмыг өөрөөр харж чаддаг, анализ дүгнэлт нь бодитой, боловсрол мэдлэг өндөр учраас нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Ийм л үзэл бодлоосоо урвадаггүй зоригтнууд хаана ч ардчиллын бат суурь болсоор байдаг билээ. Тэднийг хараад Монголд ямар ч дарангуйлагч гарч ирсэн ардчиллыг дийлэхээсээ өнгөрсөн юм байна гэх бахархал төрж байв. Ардчилал ард түмний ухамсарт бат суусан юм байна гэж харлаа.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Тал нутгийн гол философи бол өрөвдөх сэтгэл

Тал нутгийн хатуу ширүүнийг мянга мянган жилээр сөрж амьдрахдаа монголчууд амьдралын мөн чанар, амьд явахын утга учрыг тайлж, сануулсан тунчиг олон зан сургамжийг үлдээжээ. Үр хойч нь ч түүгээр зүг чигээ хийж, улам төгөлдөржүүлэн баяжуулж энэ цагт ирсэн гэхэд болно. Энэ бол хэдэн зуун мянган жил үе дамжин уламжилж ирсэн шалгарсан туршлага, тал нутгийн монголчуудын амьдралын философи юм. Түүний нэг болох өрөвдөх сэтгэлийн тухай бичье гэж бодлоо. Учир нь энэ цаг үеийн улс төрийн тэмцэл улам л хатуу ширүүн, өршөөлгүй үргэлжилж байна. Нэг хүний албан тушаалын төлөө бүхэл бүтэн засаглалын хэлбэр ард түмнээ дэнчинд тавьж хэрэлдэж байна. Мэдээж, энэ бол УИХ-ын даргын суудлын төлөөх тэмцэл юм. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд албан тушаалын төлөөх тэмцэл ямар хайр найргүй, хатуу ширүүн өрнөснийг харж болно. Хамгийн гутамшигтай нь, албан тушаалын төлөөх тэмцлээ ямар гоёор нэрлэж, ард олонд итгүүлж чаддагийг нүдээрээ үзлээ. Ард түмнийхээ төлөө тэмцэж байгаа л гэнэ, авлига хээл хахууль, утааны эсрэг тэмцэл л гэнэ. Хөөрхий ард түмэн, түүнд нь үнэмшчихээд хөөр баяр болоод, дэмжээд давхиж явна. Юу гэж бидний төлөө тэд ингэж цаг заваа баран, баран тэмцэх вэ дээ. Тэдний илт мөнгөжүү жагсаал цуглаан, хоол цайндаа цатгалдсан суугчдаас нь жаахан хол алхаад үз дээ. Тавин мянган төгрөгийн төлөө дал, наян настнууд үүрийн харанхуйгаас үдшийн бүрий хүртэл оочерлож, эцэст нь ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдэж байна. Хар утаа, хогонд дарагдсан хотод нь ханиад хатгаа цар тахлын хэмжээнд хүрч эмнэлгийн хонгилд өлгийтэй үрсээ тэврээд эхчүүд хэвтэж байна. Өлссөн хөгшид лангууны дэргэдүүр өнгөрөхдөө боовны гялгар уутыг цоолж, хоёр гурван ширхэг боорцог хулгайлаад зугтаж байгаа тухай худалдагч нар өөр хоорондоо гунигтай ярьж сууна. Ажилгүй хүүхдүүд нь хөгшдийнхөө тэтгэврийг зээлж аваад, арилж өгөө биз. Монголчуудын ийм л дүр зураг бараг 30 жил давтагдаж байна. Яагаад энэ бүхнийг засч залруулахгүй монголчуудаа ажилгүй, өлсгөлөн ядуу хэвээр нь байлгаад байгаа хэрнээ “ард түмний төлөө” гэж амаа цангатал цуурна вэ.

Суртал ухуулга ямар хүчтэй вэ гэдгийг бид дээрх үйл явдлаас харж болох нь. Хэдэн гишүүд өглөө үдэшгүй “Ард түмнээ сайхан амьдруулна аа, Энхболд огцор” гээд байхаар нээрэн ч хамаг муу муухайгийн үүр үндэс энэ хүн юм байна гээд нийтээрээ ханарч байна. Захын хүнээс асуугаад үзээрэй, УИХ-ын даргыг зүхэж байгаа. Энд тэр Энхболдыг нь өмөөрч, магтах гэсэнгүй. Асуудлыг төдийгөөс өдий хүртэл нь хурцатгасан түүнийг сандал ширээнээсээ буугаад өгөөсэй гэж боддог хүмүүсийн нэг нь, би. Тэглээ гээд хууль ёсны дагуу л тэр албан тушаалаа өгч авалцаасай билээ.

Өнөөгийн жагсаал, тэмцлийн гол удирдагч нарын нэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр олон удаа нэг үгийг давтаж хэлээд байгаад нь учир мэдэх хүмүүс эгдүүцэж эхэлжээ. Тэр үг нь “За одоо өрөвдөж болохгүй шүү. Монголчууд их өрөвчхөн. Та нарын өрөвчөөр чинь далимдуулаад өрөвдүүлээд л дуусна шүү, энэ асуудал” гэж олон удаа ард түмэнд сануулж байгаа. Байнга давтаж хэлдэг.

Гэтэл өрөвдөх гэдэг бол тал нутгийн монголчуудын гол философи нь. “Монгол хэлний их тайлбар толь”-д өрөвдөх гэдэг үгийг дараахь байдлаар тайлбарлажээ. Өрөвдөх байдал-энэрч хайрлах байдал, өрөвдөх санаа-энэрэн хайрлах санаа, өрөвдөх хайрлах-уян зөөлөн сэтгэл гарган хамгаалах, өршөөх өрөвдөх -уучлан хэлтрүүлж туслан тэтгэх. Үгийн утгыг харахад ч монголчууд бусдыг энэрч хайрлан, уучилж өршөөж амьдар гэж сургаж иржээ. Хууль болон цаасан дээр буугаагүй ч монгол хүн бүрийн цусанд нь ийм үзэл хандлага шингээстэй байдаг. Монголчууд бүхий л түүхэндээ байгаль дэлхийдээ ойр амьдарч, байгаль дэлхий хатуу ширүүн, өршөөлгүй гэдгийг мэдэрч ирсэн хүмүүс. Тиймдээ ч өрөвч зөөлөн сэтгэл хүнд ямар их хэрэгтэй вэ гэдгийг мэддэг ард түмэн. Өрөвч зөөлөн, уужуу талбиун сэтгэлтэй, алив юмыг өнгөрөөж чаддаг чанар бол монгол эр хүний гол код нь. Ийм хандлага, энэ кодгүй бол монгол хүн гэхэд эргэлзээтэй. Монголчуудын цусанд нь байдаг энэ үндсэн мөн чанарыг үгүйсгэн, таягдан хаяхыг уриалж байгаа Л.Оюун-Эрдэнэ харин ямар харийн сэтгэлтэй залуу вэ. Танай намын их хурлын нэг хэсэг хүмүүсийг ажилтай байлгахын тулд биднийг “монголоо алдахыг” уриалж байдаг Та яг хэн бэ. Монгол хүн мөн үү. Үгүй ээ, хүү минь, бид өрөвдөж, өршөөж уучлахаа хэнээр ч заалгахгүй. “Монголоо алдахыг” уриалж байдаг Таны үгэнд ормоогүй байна. Өвгөдийн үлдээсэн тал нутгийн философио дагаж, монголоороо үлдмээр байна.

“Улаан мөнгө олддог, улайх нүүр олддоггүй” гэсэн үг бий. Өнөө маргаашийн ашиг хонжоо харж, хүнээ алдаж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өрөвдөж бай, өршөөн уучилж бай гэсэн утгатай. Таны “өрөвдөж болохгүй шүү” гэдгийн эсрэг утгатай үг юм. Яаж ч бодсон “монголоо алдахыг” ятгаж, нийтэд уриалж байна гэдэг нь Монголын улс төрийн зүтгэлтэнд байж боломгүй согог юм.

М.Энхболд яахав ээ, өнөө маргаашгүй ажлаа өгөх нь тодорхой боллоо. Харин энэ тэмцэгчид маань ард түмнийхээ төлөө, дараа дараагийн дарга нараас шударга ёс, тэгш байдал, сайн хууль нэхээрэй. Ард түмний халааснаас хулгай хийсэн ЖДҮ-чдэдээ хариуцлага тооцоорой. Тэгэхгүй бол амин хувийн эрх ашгийнхаа төлөө ард түмний нэр барьдаг булай чинь илэрнэ шүү.

Монгол Улс гурван сая гаруй хүнтэй. Дэлхийн долоон тэрбум гаруй хүний дэргэд энэ бол өчүүхэн тоо. Бид ийм цөөхүүлээ атал хонзогнон дайсагнаж, хүнээ байж, “монголоо алдаж” болохгүй. Хүчтэй байхын тулд эвтэй байх ёстой. Эвтэй байхын үндэс нь уучилж өршөөх, хамтдаа цаашаа алхах юм шүү.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Юу хийх ёстойгоо ойлгоод долоохон хонож байгаа Ерөнхий сайдаас юу ч хүсэх юм билээ дээ

Хүний өмнөөс ичих шиг хэцүү юм байдаггүй гэдэг. Үүн шиг төрийн том дарга нарыг үг хэлэхээр өмнөөс нь яс хавтайх юм. Бүр сонсохоос зүрх үхмээр. Ямар ч болхи, чадвар муутай хүн биднийг удирдаж байна вэ гэж бодохоор гонсоймоор санагддаг. Заримдаа бүр “Ийм утгагүй зүйл ярьж байхаар дуугүй байж болдоггүй юм болов уу” гэж хүртэл бодогдохыг яана. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймаг, орон нутгийн дарга нартай уулзахдаа хэлсэн үг нь олон хүнийг гайхшруулж, урам хугаллаа. Тэрбээр “Саяхан би БНСУ-д айлчлал хийхдээ тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай нь уулзсан. Тэдэнтэй ярилцсаныхаа дараа өөрийгөө би том орны жижигхэн Ерөнхий сайд гэдгээ мэдэрлээ. Миний бодож санаж байгаа, Солонгосын Ерөнхий сайдын бодож санаж байгаа хоёр өдөр, шөнө шиг ялгаатай байна. Тусгай онгоцоор Монголынхоо дээгүүр нисч цонхоор харж явахдаа их зүйл бодлоо. Би ийм сайхан өргөн уудам нутгийн Ерөнхий сайд шүү дээ. Гэтэл миний бодож байгааг тэр хүний бодож байгаатай харьцуулахаар санаа зовмоор. Тэд үнэндээ том харж, том сэтгэж байна. Харин манайхан хов хөөцөлдөж байх юм. Өнөө маргаашийн ажил, нэг хүнийг халах уу, солих уу гээд л. Их жижигхэн улстөр. Тэгэхээр бүгдээрээ томоор харцгаая” гэх мэтээр ярьсан юм. Үүнээс харахад У.Хүрэлсүх гэдэг хүн төрийн дээд албанд очоод юу хийх ёстойгоо одоо хүртэл мэдэхгүй явж байжээ. Ялангуяа У.Хүрэлсүхийн хувьд 20 гаруй жил улстөрд явж, УИХ-ын гишүүн, Шадар сайд гээд төрийн өндөр алба олон жил хашсан туршлагатай хүн баймаар санагдах юм. Тиймдээ ч Ерөнхий сайд болно гэж зүтгэсээр байгаад гарч ирсэн хүн. Гэтэл түүнд улс орноо хөгжүүлэх, хүн ардаа сайхан амьдруулах бэлэн концепци, хэтийн төлөвлөгөө байгаагүй юм байна гэж бодогдохоор үг хэллээ. Түүнийг Ерөнхий сайд болоход “Хөдөлдөггүй хэдэн том төслүүдээ ажиллуулж эхлэх нь. Ажлын байр бий болгох нь, арай өөр шударга хүн гарч ирлээ” гэж найдан хүлээж байсан юм, олон түмэн. Харамсалтай нь, тэрбээр Ерөнхий сайдын албанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө энэ тэр юу ч байхгүй, гар хоосон очсон юм байна. Тэр бүү хэл, долоохон хоногийн өмнө нь л юу хийх ёстойгоо ойлгожээ.

Манай улстөрчдийн ерөнхий мөн чанар, юу бодож төрд очдог нь ойлгомжтой юм. Өөрийнхөө фракцын хүмүүсээ дээш нь гаргахын тулд энийг хална, тэрийг хөөнө” гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй ирдэг. Хуучин бол манай намын хүн учраас ажилд авч, өөр намынхыг хална гэдэг байсан бол одоо нам харгалзахгүй эрх ашгаараа нэгдсэн фракц бүлэглэлийнхээ төлөө явдаг болсон. Үүнийгээ улстөр хийж байна, ажил хийж байна гэдэг. Улс удирдана гэдгийг халаа сэлгээ хийх хэмжээнд боддог юм байна. Одоогийн дарга нар ч бүгд ингэж 30 жил халаа сэлгээ хийх, төрөөс мөнгө идэхээ гол ажил хэмээн сэтгэж иржээ.

Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг “Та нар минь эр хүн шиг байгаач” ч гэх шиг илт хүйсээр ялгаварласан үг хэлээд авсан. Ингэж ярьж болох уу. “Байдгаа барьж хоёр хүүхдээ Германд сургаж байна” гэж зовлон тоочихоо мартсангүй. Тэгж зовж, ядарч зүдэрч байгаа юм бол аваад ирэх хэрэгтэй. Гэхдээ ийм үгэнд нь итгэх хүн гарахгүй л дээ. Дарга нарын хүүхэд хэзээ байтлаа өөрийнхөө мөнгөөр гадаадад сурч байлаа. Ер нь төрийн өндөр алба хаагчид өвдвөл Монголдоо эмчлүүлдэг, үр хүүхдээ Монголдоо сургадаг байх ёстой. Ийм хууль ч гаргасан буруутах юмгүй. Дарга нар нь өөрийн биеэрээ мэдэрч байж л Монголд эрүүл мэндийн үйлчилгээ хөгжиж, боловсрол нь бусдын дайтай хөгжих юм. Өнөөдөр манай төрийн өндөр албан тушаалтнууд хүүхдүүдээ гадаадад боловсрол олгож, өөрсдөө ханиад хүрсэн ч гадагшаа явж эмчлүүлж байгаа нь Монголдоо, монголчууддаа итгэдэггүйн том баталгаа. Итгэдэггүй гэхээсээ илүү эх орноо голж байгаа хэрэг. Өнөөдрийн Монгол бол эх оронч дүртэй улстөрчдийн 30 жилийн ажлын үр дүн юм.

Улс шиг улс байх, хөгжил дэвшлээрээ бусдын дайтай байхын тулд ажил хийх ёстой гэдгийг Монголын улстөрч дарга нар мартаад удаж байна. Эсвэл огт мэддэггүй ч юм уу. Юм л бол улстөр хийнэ гэж ярьцгаадаг. Тэр хийж байгаа улстөр нь хов жив хөөх,танай манай фракцаар нь хоморголон ажлаас нь халах, төрөөс мөнгө хулгайлж идэх төдий. Гэтэл төр барина гэдэг улстөржихөөс огт өөр зүйл билээ. Ард түмнээ ажилтай, ашиг орлоготой байлгахын тулд юу хийх ёстойгоо мэддэг, түүнийгээ төсөл хөтөлбөр болгож цэгцэлсэн, өөрийн гэсэн философи, концепцитэй хүн л төрийн өндөр албан тушаалын төлөө тэмүүлдэг байх ёстой. Ийм хүмүүсийг төрд гаргадаг болъё. Олон жил улстөрийн тогоонд чанагдаж, туршлагажсан байх ёстой гэж бодож, итгэж байсан У.Хүрэлсүх ингэж хийх юмаа мэдэхгүй явж байхад төрд гараад олигтойхон шиг ажиллачих хүн Монголд байна уу. Гучин жил сайхан ярилаа, улстөрчид маань. Хорин жилийн өмнө нефтийн үйлдвэртэй болноо л гэж ярьж байсан. Өнөөдөр нефтийн үйлдвэр бүү хэл бензингүй болчихоод хоорондоо хэрэлдээд сууж байна. Төмөр зам тавина гэсэн нь овоолсон шорооны үлгэр болчихсон. Эрүүл мэнд, боловсролын салбарыг дэлхийд тэргүүлэх хэмжээнд аваачна гэсэн. Хэдэн эмнэлэгтээ үзүүлэх гээд дарааллыг нь дийлэхээ больсон хүмүүс нөгөө ертөнцийг зорьсоор л байна. Дээд боловсролын диплом өвөрлөсөн чадваргүй цагаан гартнууд аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг хэрэглээд хэвтэж байна. Ажлын байрыг хэдэн зуун мянгаар нь нэмнэ гэсэн сайхан амлалт нь хаачив. Ажил хайгаад цөхөрсөн хүмүүс архиар сэтгэлээ засч өдөр хоногийг өнгөрөөж байна. Ард түмнээ сайхан амьдруулна гэж хичнээн ч жил ярив. Улаанбаатар чинь утаатай, улс Монгол чинь ядруухан л байна шүү.