Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Магнаг үсэг мандуулахаас өөр шинэчлэх юм алга уу?

Эртээр заалны овоо томоохон барилдаан дээр аваргыг  хоёрын даваанд аймгийн начин тэрий хадтал нь шидэж орхив. Одоо чинь бөх бүдүүн өвсөнд бус өвс болгонд бүдэрч мэдэхээр болж шүү. Үндэсний бөх сонирхогчийн хүрээнээс аль хэдийнэ хальж улам мэргэжлийн түвшинд хүрч түрүүчээсээ барилдаад сурчихчээ. Бөх байхаар байгалиас заяагдсан бяр чацтан хийгээд ямар ч бөхийн удамгүй ялимгүй нуруулаг залуу хоёр ана мана үзэлцэж цагаан сараар үзүүр түрүү булаацалдаад байгаа нь багш зааж шавь сурсны хэрэг гарч буй нь тэр. Хэн гол чухал юмаа түрүүлээд сурчихаж байна тэр зах зээлийн өрсөлдөөнд өнгөлдгийн наад захын жишээ энэ юм. Миний одоогийн үндсэн ажил бол бөх барилдах гээд том цүнх үүрсэн залуус, охид урдуураа улаан хөлтөн гаргахаа байж тив дэлхийд хүртэл эрэмбээ тогтоогоод буй нь сайхан л байна. Нийгэм, эдийн засгийн бусад салбарууд чухам үүнээс санаа аван тус тусын мэргэжил боловсрол руугаа зөв, хүчтэй довтлох хэрэгцээ мөн ч их байна даа. Гадуур хөгжил хурдсах тусам бидэнд мэдэхгүй, чадахгүй юм дороосоо л ундраад байх. Тэр тоолонд аргаа бараад англи, америк, япон мэргэжилтэн дээр очиж царай алдах юм даа. (Үндэсний бөх хурдны морь мэтхэнээс бусад дээр)

Гэтэл наад боловсролын тогтолцоогоо солиочээ гэхээр аль ч нам эвсэл ялгаагүй дэмий л үймэлдэж байснаа таг чиг болцгооно. Юм хийж сураагүй, чадахгүй хүмүүс гол ажлаа барьж авахгүй худлаа яриад тойроод бултаад байдаг араншин энэ салбарт бүр бугшчихсан. Манай одоогийн боловсролын тогтолцоо ерөнхийдөө эрдэм мэдлэгт хэрэг болж магадгүй элдэв “багаж хэрэгсэл”-тэй танилцахад чиглэгдсэн. Тэрнийгээ зарим салбар онол гэж өргөмжлөхийг нь яана. Үлгэрлэвээс хөрөө, харуул, хүрз гэж юу болох талаар хамаг цагаа барчихаад  төгсөхийн даваан дээр гэрийн тооно, ханыг иймэрхүү маягаар хийх байх гэж сулхан бувтнаад хоёр яс салцгаадаг. Тухайн цаг үедээ сурагч багш хоёуланд нь иймэрхүү маягийн сургалт амар хялбархан тул хэл ам гардаггүй.

Төр засгаас одоо хуучин монгол бичиг сурах тухай “Маш чухал” арга хэмжээ авах нь. Тэнд гадаад ертөнц газар ухахад эксковатор удаан юм гэж байхад энд бид хүрз жоотуу хэрэглэх тухай хууль санаачлаад уналаа. Юун уйгаржин Монгол. Тэрнээс наана наад Кирил үсэг гэдэг “багаж”-ийг чинь орос тосгоноос өөр газар хэрэглэхээ больчихоод байхад чинь. Аливаа асуудлыг бүхэлд нь тоймлон харж чаддаг сийрэг толгойтнууд хүчин мөхөсдөж, эрдэмтдийн хэт явцуу чармайлт хүрээлэлд боловсролын тогтолцоо хүлүүлчихсэн мэт харагдана. Тэр явцуу өчүүхэн жим дээр нэмээд хувийн эрх ашгийн сонирхол хавчуулаастай гээч.

Энэ бичиг үсэг тайлагдах, аливаа гадаад хэл сурах, компьютер эзэмших, нэр томьёо цээжлэх, түүх гарал үүслээ мэдэж авах нь эрдэм сурахын өмнөх оршил буюу тэр чигийн багаж хэрэгсэл төдий зүйл гэж л ойлгодог ш дээ. Онгоцны нислэг эхлэхийн өмнө үйлчлэгч хүүхэн аюулгүйн баахан заавруудыг  дохио зангаа оролцуулан танилцуулдаг дотоод дүрэмтэй. Тэрнийг нь сонсож тогтоогоод “онгоцоор ниссэн”-д тооцоод буугаад явчихтай адил өөрийгөө, өрөөлийг хуурцгаах юм. Энэ нь “хүнд үзүүлэх юм”, “диплом”, “дүн” гэх өнөөгийн амьдрал, зах зээлийн нийгэмд хэрэггүй үзүүлэлтүүдээр илэрдэг.

 Хөдөлмөрийн багаж зэвсэг эзэмших тал дээр бол Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гуай нар шиг бичгийн мэргэжилтэн болох гэж байгаа бол уйгар бичиг сурахаар барахав. Аа харин хууль, улс төрийн мэргэжлээр дамжин дарга удирдагчид горилоход тань наад “хуучин монгол”-той, халтар хултар англитай  болсон нь чиний хувийн л асуудал. Ажил олгогч таныг хүлээж аваад аль зэрэг бүтээлч нөхөр вэ гэдгийг тань л сонирхоно. 

Хэт их хүн амтай улс орнуудын боловсролын бодлого, тогтолцоо жирийн иргэдийн хувьд биднээс илүү хатуу харгис юм билээ. Тэрбум, зуу хол гарсан сая ард түмэнтэй Хятад, Япон нь ил зарладаггүй болохоос яалаа гэж бүх хүнээ “ухаантай туулай” болгохыг чухалчлах вэ дээ. Цөмөөрөө суралц, үндэснийхээ бичиг үсгийг бүү март гээд ханз үсгээр нүдэж өгнө. Бусад академик боловсролыг тоглоом хэлбэрээр заана. Ингэлээ гээд ард түмэнд  хэл ам хийх шалтаг олдохгүй. Боловсролын эхний гараан дээр олонх нь ном эрдэм сурах ч там юм байна гээд залхаж ажлын мал болох зам нь шуудардаг. Харин шигшигдэж гарч ирэгсэд болон дээдсийнхний хүүхдийн сурдаг сургууль ном бол тусдаа. Жижиг орны  ерөнхий бодлого бол хүн бүрээ байг гэхэд сэхээтэн бүр нь мэргэжлээ нэн оюунлагаар эзэмшсэн  хэрэгцээ л тэр санаа зовоод байгаа үндэсний аюулгүй байдал гэгчийг нь хангах байх. Эрүүл мэндийн салбарт гэхэд л хэдхэн  дотрын эмч, нэг бариач байхад л хаваасаг гэж болдоггүй. 

 Чаддаг юмаараа бусдыг боож чангалаад байхаар юутайсан билээ бид чинь. Өвөр монгол малчнаас өөр бид өөрсдөө ч хэрэглэхээ болиод удаж байгаа уйгар бичиг нь Японд эрэл сурал болоод байгаа газрын ховор элемент гэдэг ашигт малтмал шиг үнэт зүйлсэн бол өөр хэрэг. Эрх чөлөөт ардчилсан нийгэмд өсч торниж байгаа одоогийн залуусыг ажиглаад л байхад өвөө эмээ дээрээ хөдөө гарч малчин болох, жижиг орны иргэн нь байх ёстой л амьдын там бололтой дэгээ. Монголоор ярина, дээл өмсөнө, одоо бас монголоор бичих юм гэнэ. Золигнуудаас ингэж хэлээд овоо гайгүй хэсэг нь өнөөдөр сум аймгаасаа маргааш эх орноосоо цуваад гараад явчих гээд байна.

Юм сурчихсан байхад илүүдэхгүй гэдэг их л завтай хүний номлол байх. Дотоод гадаад зах зээлд дорвитой өрсөлдөж чадахуйц мэдлэг мэргэжил цаг алдалгүй эзэмших гээд яарч байхад хажуугаар нь арай л хуучин нийгэм шиг үзэл суртлын хичээлээр бөмбөгдөх нь холгүй байх юм. Ялангуяа бичиг үсэг түүн дотор худам монгол бичгээр алдаагүй зөв бичихийн тулд багагүй цаг зав гаргах шаардлагатай. Энд аягүй бол жирийн ард түмний хүүхдийг эрдэм номоор зориуд залхаах гэсэн хорон санаа ч явж байхыг үгүйсгэхгүй.  “Уул” гэхийн төлөө “Эгүл” гэж бичээд “Агула” гэж унших ч одоо дүүрч. Ихэнх үгнүүдийг оньсого таах маягаар тайлдаг нь ядаргаатай. Дээрх үгийг л гэхэд мань шиг мэдрэл нь “агуул, хадгал, эгүүл буцаа” аль нь юм бол гээд бодоод суучих нь. Дүрмэн бус домгон тайлбар зонхилсон мөн ч адармаатай эрдэм дээ. “Эртний Чингэсийн монголчууд болбоос энэ үгийг ийн хэлдэг байсан амой…” Энийг сураад Монгол Улсад хэрэгтэй л юм байж. Тэгвэл хувь хүний амьдралд шинэ, хуучин, латин матин баахан бичиг үсэг тархи руугаа чихэх нь яг ямар ашигтай юм.

Төв Азийн газар нутаг дээр анх Ү зуунд Түрэгүүд финик бичиг дэлгэрүүлж түүнээс согд, согдоос уйгаржин бичгийг ХIII зуунд монголчууд хэрэглэсэн түүхтэй. Хожим Хубилай хаан Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиож уйгарыг голох эхлэл тавигдсан. Дундад зуунд Цоож Од-Сэр нэлээд шинэчилсэн бол Заяа Бандид Намхайжамц бүр сольж тод бичиг гээчийг дэлгэрүүлээд хамгийн сүүлд Занабазар соёмбо үсэг зохиосон боловч ярианы хэлтэйгээ авцалдаж өгөөгүй. Ингэж ихэс дээдэсүүд өөр хоорондоо тусдаа хэл зохиогоод эгэл олонд уйгаржинг үлдээсээр ирсэн ухаантай юм аа даа. Их нарийн яривал Уйгаржин нь Монголын төрийн албан ёсны бичгээр 1911-1940 он хүртэл л байсан юм бишүү? Эсвэл бүр 1921-1931 оны хооронд ч юм уу. Богдын түвд, Бодоо Данзантны латин үсгийг яахав. Бусад цаг үед Хубилайн Пагва дөрвөлжингөөр хэдэн ч жил юм,манжаар 300 жил, Занабазарын соёмбоор гэхчилэн уйгаржинтай байсан хугацаа танагдаад байгаа юм. Ардын намын журамт цэргийн “Магнаг үсэг” гэж бас юу байна.    

1930-аад онд Зөвлөлт засаг бүрэлдэн тогтоход 200 орчим үндэстэн ястанг дундаа нэг бичигтэй болгох хэрэгцээ оросуудад гарч иржээ. Тэр нь латин үсэг байсан боловч сурц маш удаан байлаа. Манайх ч бас дуурайсан байдаг. Энэ үед орныхоо бус хүний тоогоор эртний Грекээс гаралтай ах дүү Кирил ламтны зохиосон бичгийг илүү уншаад байхаар нь Зөвлөлтүүд кирилд шилжжээ. Угсаа нэгтэй зүүн Европын славууд болох Орос, Болгар, сербичүүд кирилтэй байсан нь ч нөлөөлсөн биз. Дэлхийд тогтсон хоёр лагерь системийн өрсөлдөөн бас бус шалтгаанаар төд удалгүй латин бичигтнүүд кирилийг гүйцэн ирж бүр даваад явчихсан юм билээ. Манай хувьд орос ах нараа дагаад 1945 онд кирил үсгийг албан ёсоор зарласан. Өмнө нь 1941 онд Ц.Дамдинсүрэнгээр дүрэм зохиолгосон. Цэдэнбал түүний сургагч Приходов, Сидоров нар “ь,ъ” тэмдгийг яагаад хасч байгаа юм гэж загнасаар байгаад буцааж оруулан харин дээр нь “ө,ү” үсгийг нэмэхийг нь зөвшөөрснөөр 35 үсэгтэй монгол хувилбар бий болжээ. Ингээд 1950 он гэхэд 60 хувь, 1956 оноос 90 хувь нь бичиг үсэгтэн болцгоож соёлжсон юм. Өнөөдөр кирил үсгийг Орос, Монгол, Болгар гурав л хэрэглэж байх шив дээ. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан стан орнуудаас Беларусс, Украйн, Казах за дээр нь  Оросын бүрэлдэхүүнд явдаг Чукча, Тува, Халимаг, Саха зэргийг хамж нэмсээр 30-аад үндэстний тоо гаргаж, кирилийг дэлхийн дөрвөн том бичигний нэг гэж сурталчилдаг. 

Манай хувьд одоо хоёр хөршийнхөө аль ч бичгийг дагалгүй өөрийнхөө уугуул үсгээ сэргээх эсвэл дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд латин руу орвол ч орчихоор ханхалзсан эрх чөлөө ч байна л даа. Энэ нь тэгээд цагаа тулахаар манай уугуул бичиг мөн л байдаг байгаа даа. Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон гээд айхтар хэл амтай хэрүүл тэмцэлтэй хөрш бий. 

Монголчуудын оюунлагаар амьдрах чадамж  харанхуйгийн жишээнд байнга ордог байсан хэдэн бөхийнхөө хэмжээнд ч хүрэхээ байчихлаа. Сумын бөх улсын хэмжээнд ноцолдож, жудоч охин дэлхийн шилдгүүдийг төвөггүй дийлдэг болтлоо  зорьсон эрдмээ сурч, сурснаа хэрэгжүүлж байна. Гэтэл манай улстөрчид, эрдэмтэд “Магнаг үсэгтэй тугийг магнай дээрээ мандуулах”-аар  РR-даж хийх ажлаа олж ядна. Боловсролын салбарт энэнээс өөр шинэчилчихмээр юм алга уу?

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ажиллаж амьдрах урлаг

Хүмүүс ажилтай, хот нүргээнтэй, энд тэндгүй зам барилга засвар хийгдэн оволзож, өөрөөр хэлбэл амьдрал буцлаад сайхан л байна. 100 мянган айлын орон сууц барихаас арван мянгыг нь лав барьчих шиг. Одоо ерэн хувь нь дутуу. Ёо ёо энэ  их ажил хэзээ дуусч чих амрах юм. Ер нь манай орны бүтээн байгуулалт жилээс жилд улам л өсөн нэмэгдэнэ үү гэхээс хөгшин Европ шиг хамаг замаа тавиад, байшингаа барьж дуусталаа өдий биз.
Жил жилийн зуны дэлгэр сайхан цагтай давхцан түгжрэл, хаалт, толгой руу машин цөм цохин орж ирдэг барилгын төмөр бэхэлгээнүүд сэлттэй эвлэрэн амьдрах болж байна. Эхэлж орон сууцанд орогсод дараагийн ээлжинд босох учиртай барилгын дутуу орхисон хана туурган дундуур хэдэн ч жил бүдчин алхах юм билээ.
Наад ажлаа боль, бид ая тухтай амьдармаар байна гэлтэй биш. Ажил амьдрал хоёр нь  аль алиндаа түвэг учруулах ёсгүй. Энийг бүр концерт найруулах лугаа урлагийн хэмжээнд зохицуулдаг олон арга туршлага бий. Аливаа ажлыг нэн таатай, аз  жаргалтай хэлбэрээр өрнүүлэх нь цалинтай эн зэрэгцэхүйц чухал байдаг. Гэтэл энэ гадаа өрнөж байгаа зуны бүх л ажлууд ял эдэлж байгаа ч юм шиг, дайн болоод түр завсарласан аятай хөглөрүүлж орхидгийг өөрчилмөөр байна.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм

Бүх л үеийн тооны олимпиадад оролцогчид сайн жаалууд

Тавдугаар сарын 3,4-нд Улаанбаатар хотноо ЕБС-ийн математикийн УАШТ болж өнгөрсөн юм. Нийт 36 багц медаль дээр хот хөдөөнөөс шалгарсан 400 гаран тоондоо сайн багш, сурагчид өрсөлдлөө. Багийн дүнгээр Улаанбаатар хот түрүүлсэн байна. Хөдөөнөөс ирсэн аймгуудаас нэг багш, хоёр хүүхэд медаль авсан, мөн тэмцээнд оролцогчдын арав орчим хувь нь эмэгтэйчүүд охид байсан зэргийг сонин болгож ярьсан нь өөрөө сонин байлаа. Тэгэхнээ охид онц сурдаг, даалгавраа ягштал хийдэг, бас ухаантай. Гэвч  шинжлэх ухаануудын хаан хэмээх математик дээр дэггүй банди нарын анзаанд сэтгэлгээгээрээ дөхөж очсон удаа тун ховор аж. Тоо бодоход бяр чадал дутлаа, жендерээр ялгаварлалаа гэлтэй нь биш. Эмэгтэйчүүдийн хувьд энэ тал дээр жаахан шарааны юм болдог тал бий. Хүний эрх, эмэгтэйчүүдийг угаасаа дорд үзсээр ирсэн Хятад зэрэг оронд тоо физикийн уралдааныг эрэгтэй эмэгтэй гэж хоёр ангилж өгдөг гэсэн шүү.
-Хүүхдийн дунд явагддаг урлаг, спорт ямарваа тэмцээн уралдаан дээр хөдөө орон нутгаас ирэгсэд хотынхноос ер дутахгүй голдуу илүүрхэж чаддаг атлаа аанай л “мать” гэхээр нурмайгаад явчихдаг бичигдээгүй уламжлал байна аа. Оюун ухааны “Манзушир” бурхныг өвөртөө залсан Богд ууланд нь учир байдаггүй л юм бол  бодлогын хариуг олоход хот хөдөөгийн газарзүйн байршил энд хамаагүй л баймаар.  50 жил тоогоор уралдахад бараг бүгдэд нь Улаанбаатар баг түрүүлсэн юм гэхчив. Монголын математикийн олимпиад \ММО\ гэж явагддаг болоод өнөө жил хагас зуун жилтэйгээ золгож байгаа юм байна. Энэ хугацаанд одоогийн эрхэм гишүүн Р.Гончигдорж зэрэг цөөн хэдэн хүүхэд л хөдөөнөөс  орж ирж амжилт үзүүлсэн сонин статистик гардаг.
Энэ сарын эхээр болоод өнгөрсөн ММО-д хамгийн гэгдэх амжилтуудыг үзүүлсэн гурван багштай уулзаж жаал жуул ярилцсанаа толилуулж байна. ММО-д хамгийн олон түрүүлж \Тав түрүүлсэн\ бөхөөр бол дархан аварга болоод байгаа Б.Баяржаргал энэ удаа медальгүй хоцорсон ч нэг бодлогын хариуг гайхалтай уран аргаар бодож олсон нь сонирхогчдынхоо дотоод ертөнцөд дуулиантай явдал болжээ. Үзэгч сонирхогч байдаггүй энэ уралдааны  “уран гоё”-оос нь хэвлэл дээр учир начрыг нь олж нийтлэх байтугай шивэх шрифт фонт ч маний компьютерт алга. Б.Ганбилэг багшийн хувьд хоёр өдөр өрсөлддөг тэмцээний нормт зургаан бодлогоос хамгийн олныг буюу 3,5 бодлогыг зөв бодож нийт багш сурагчдын дундаа аваргуудын аваргаар шалгарч, зохион байгуулагчид, тэмцээнийг  ивээн тэтгэгч нарын зүгээс “СЕЙКО” цаг, ухаалаг гар утас, сая төгрөгийн бай гээд хөөрхөн шагналын хур буулгаад авсан гэнэ шүү. Ганбилэг бас Баяржаргалын амжилтыг  энэ жил гүйцэж ирснээр адилхан ММО-ийн таван түрүүтэй болж, энэ  хоёр багш  Монгол тооны зүлэг цагаан, дөрвөлжин шугамтай  дэвжээний зүүн барууныг  магнайлах эрэмбэтэй болжээ. Цаана нь улсад дөрөв түрүүлсэн хоёр багш байгаа гэсэн.
Харин Б.Ганбат гээд ноднин Их сургуулийн онолын математикийг дүүргэсэн хүү сая хүрэл дээр бууж хамгийн залуугаараа медальд хүрсэн багш номинацид багтажээ. Одооны их дээд сургуульд элсэн орж буй хүүхдүүд дөрвөн жилийн дараа бараг бүгдээрээ яаж ийгээд дипломоо өвөртөлдөг бол МУИС-ийн “Онолын мать” тийм биш гэсэн. Ганбаттай хамт элсэн орсон тавин хэдэн хүүхдээс хичээлээ дийлэхгүй хасагдсаар арав хүрэхгүй нь төгссөн нь энэ ангийн хувьд гайхаад байх юм биш аж. Дашрамд дурдахад эдгээр гурван багш нэг дор буюу математикийн гүнзийрүүлсэн сургалттай хувийн хэвшлийн “Олонлог” сургуульд ажилладаг юм байна. Эдний сургууль сая нийтдээ долоон медаль авснаа “тааруухан” оролцлоо гэж дүгнэцгээж байна лээ.
-Яахав албан бус дүнгээр бол нэгдүгээр сургуулийн дараа хоёрт “Олонлог”, гуравт “Орчлон” орлоо гэсэн үг л дээ. Бид чинь зарим жилд таван алт авч байсан ч удаа бий. Харин хойтон жил ММО “Олонлог” сургууль дээр зохиогдох “олимпийн эрх” авчихлаа.
-Тооны дэлхийн аварга гэгдэх Олон улсын математикийн олимпиад Өмнөд Африкт сар гаруйн дараа зохиогдох агаад түүнд явах Монголын “Баг тамирчид”-ыг манай дээр бэлдэж байгаа. Багийн ерөнхий дасгалжуулагчаар нь “Олонлог”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан багш шалгарсан.  
-Энэ жил “Сант” сургууль их сайн оролцож хүүхдүүд нь медальд хүрсэн. 11-р сургуулийн хувьд дандаа гоц авьяастнуудыг өөртөө сонгон шалгаруулж элсүүлдэг гэхэд тийм санасанд хүртэл “давхисан”-гүй.
-“Олонлог” руу давж орох босго нь хүүхдүүдийн хувьд тоонд бусдаас гарамгай байх албагүй. Харин багш нарын хувьд өөр. Бид тоо бодох есөн шинж нь бүрдсэн хүүхдийг хурдан морины уяач шиг хайж явдаггүй. Манай шилдгүүд манай л унаган “адуунууд” гэдгээрээ бахархдаг.
-Олимпиадын олон алдартантай гэгдвэл Монголын топ сургууль болчихож байгаа нь тэр. Тийм мундаг сургууль руу эцэг эхчүүд, хүүхдээ чирэн зорих нь тодорхой. Энэ бол зах зээлийн зарчим. Зарим өрсөлдөгч маань манайхыг доош нь хийж өөрсдийгөө сайн гэгдүүлэхийн тулд янз бүрийн арга сүвэгчилж байгаа харагддаг. Их олон сургууль дээр хэвшил болсон шударга бусаар алдаршдаг арга бий. Хэдхэн сайн хүүхдийг тусгайлан бэлдэж тэмцээнд оруулдаг ба бусад түмний хүүхдийг гаргуунд нь хаядаг явдал юм. Энийг нь хүүхэд гэртээ хариад ховлочихож магадгүй гээд муучуудад бага даалгавар өгөх, онц дүнг үл хайрлах зэрэг тохирсон авлигатай. Хүүхдэд хичээл заахаас өөр ажил хийхгүй гээд зорилгоо болгосон, үүгээрээ дагнаж ажиллагсдын хувьд иймэрхүү явуургүй барилыг сонгодоггүй юм. Бид хэл амнаас айгаад бусармаг юм эхнээсээ хийлгүй өдий хүрсэн ба харин ч хичээлдээ хоцрогдсон хүүхэдтэй тулж ажиллах гэдэг үнэн залхам ажилд хамаг цагаа бардаг.
-Сургалтын программ, удирдлага маш зөв эрүүл тогтолцоотой, хүчирхэг хамт олон бүрдүүлснээр ахар хугацаанд “Олонлог школ” бий болгож чадлаа. Уралдаанд манай багш сурагчид байнга азтай хоншоортой оролцдог. Хамгийн том тэмцээн болох ММО-д л зориулж сар орчим хугацаагаар тусгайлан бэлддэг. Өөр төрлийн хичээлийг хоёрт тавих, төгсөх жилд нь зөвхөн конкурст бэлдэх зэрэг ажиллагаанууд манайд байдаггүй.
-Манай нэг ахмад багш “Лүн” тавина гэж хөгжөөдөг юм. “Лүн, Бан” гэж лам нарын сургалтын арга хэлбэр юм уу даа. Багш шохойгоо бариад  самбар халтардуулах бол одоо чинь ихээхэн хоцрогдсон арга л даа. Энэ аргаар “лүн” тавихаар л хүүхэд илүү сайн сураад байх юм. Интернэт дэх олон хувилбарын  цахим сургалтуудаас сонголт хийн хот хөдөө хаана ч багшгүйгээр амжилт олж болдог. Тийм үр дүнгүүд ч бишгүй. Гэхдээ л багш шавь хоёр нүүр тулан хичээллэх нь  гар ажиллагаа ихтэй, олон хүүхдэд тэр болгон хүртэж амжихааргүй цаг их ордог ярвигтай болохоор ийм сэтгэл гаргадаг сургууль, багш өнөө цагт тун ховордсон.
-Одоо чинь сурагчдын дунд бүх л төрлийн аварга шалга­руулах уралдан явагддаг болсон. Энэ нь чухал биш гэхийн ч арга байхгүй. Тэр болгоны тоогоор хүүхдэд дараагийн сургуульд элсэхэд  нь ч юм уу хөнгөлөлт дэмжлэг үзүүлээд байвал бүр утгаа алдах юм билээ.
-Харин математикийн хичээл хамгийн хэцүү нь байсан гэдгийг бүх хүн мэддэг нь тун сайн явдал юм. Тэгэхлээр энэ төрлийн хичээлээр сургууль сум, аймаг  дүүргээсээ шалгараад улсад оролцсон намтар бүхий сурагчын хувийн хэрэг хожим баргийн дипломоос илүү үнэ цэнэд хүрдэг. ММО”-дод шалгарч оролцсон байх нь хамгийн чухал гэдэг. Хойшид ч тийм л байна. Овоо гайгүй толгой л олимпиадын шигшээд шалгаран очдог нь тодорхой ба хожим тоогоороо дагнаагүй ч бусад ямар ч салбарт магнайлах эрч хүчийг математикаас олж авдаг.
-Гадаад дотоодын нэр хүндтэй сургуулиуд тооны олимпиадад оролцогсдыг өөр төрлийн аваргуудаас илүүд үзэн сугалж авах олон талын ашиг сонирхол бий. Ямартай ч тухайн хүүхэд ид шидтэй хувилгаан л биш бол оюун ухаанаа дайчлахын тулд багагүй хөдөлмөрлөсний цор ганц нотолгоо нь энэ юм.
-Математикийн гүнз­гий­рүүлсэн сургалттай сургуульд суралцагсад олон жилийн дараа эх орныхоо нөлөө бүхий хүмүүс болж таарна. Тэр үед мөн л муухан ах дүүгээс илүү “олонлог”-ийг өнөөдөр хоорондоо эв найзтай явсны үр дүнд үүсгэж таараа. Нэр алдар бүхий том сургуулиуд зөвхөн гүнзгийрүүлсэн сургалт руу анхаарахын хажуугаар хүмүүжилд нь бас санаа тавьдаг юм.
-Бүх л ажил төрөл тоо тооцоогүйгээр ахицтай явж өгдөггүй. Урлаг спорт дээр ч математик зүй тогтол нь зөв эсэх талаар хэлэх юм дороосоо л гараад ирнэ. Зориудын шаардлагатай л биш бол урлагийг спортын эрх ашигт тохируулах албагүй бол математик талаас нь зайлшгүй харгалзах шалтгаан үргэлж гараад байдаг тул эрт үеэс хүн төрөлхтөн энэ шинжлэх ухаанд хүүхдийг багаас сургасаар иржээ. Дунд зэргийн тоочид өөрийн үндсэн мэргэжил дээрээ математик ярьж илүүрхдэг ба дээд тоочид дээрээ очоод эдийн засаг хуулиараа гэх мэт мэргэжлээ тоонд орчуулан гайшруулж хоёр талд оноо авдаг тал бий. Цэвэр онолын математик нь болохоор нийт хүмүүст өнөөдөр л лав ямар ч хүртээлгүй мөртлөө маш хүнд хэцүү бодлогууд л юм. Хэн дуртай нь очоод бодчихож чадахгүй, хэзээ ч  юунд ч хэрэг болохгүй, хууль теоромд үл захирагдах, тасраад түрүүлээд явчихсан алгебрь, тэгшитгэлүүд нь агаар ус мэт хэрэгцээ болсон тооны ухааны дээд тархи хавьцаа заавал байрлаж байх ёстой юм байлгүй дээ.
-Манай монголчууд хаа очиж тоондоо дажгүй үндэстэн. Оюун ухааны өндөр чадамжтай хүүхдүүдийг жил болгон “үйлдвэрлэж” байгаа нь тамирчин төрүүлснээс илүү ашигтай биш үү? Ач холбогдлын хувьд ашигт малтмал, уурхайгаас дутахгүй баялаг эх орондоо бэлдээд өгчихөж байгаа хэрэг юм. Олон сайн багштай болж дундаасаа цөөн ч хамаагүй сайн шавь боловсруулахыг чухалчилбал мөн ч хэрэгтэй санж. Тэдний аль нэг нь Монголд шинжлэх ухаан зонхилсон өчүүхэн компани байгуулахад л цөөхүүлээ бид тэр дороо л хөгжингүй үсрэнгүй орон болон үр шимийг нь хүртэнэ шүү дээ.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зөв бичихэд чинь зориулж зөвлөхөд…

Интернэтээр их багагүй хавтгайдаа бичдэг болжээ. Сэтгүүлчтэй арцалдан нийтэд хандан “нээт”-ээр үгээ ч хэлж байх шиг.
Мэргэжлийн үүднээс энэ удаа гурван зүйлийг сануулж байна. Хүмүүс амьдран буй нийгэмдээ санаа зовж, болж бүтэхгүй юмсыг гаргаж тавьцгаадаг. “Ийм болчихож. Одоо яах вэ? Та минь ээ…???” гээд л эхэлдэг. Уран зохиол л бичээгүй юм бол амьдралын бүх л проблемд  гарах гарц олддог. Түүнийг одоо юм уу дараа нь түмэн олондоо заавал хэлж өгөх нь бичигчийн үнд­сэн үүрэг юм. Гарах гарцаа мэдэх­гүй юм уу буруу зам заамаар бол тухайн сэдвийг орхи. Чадахгүй хэвтэж битгий илүү үглэж бусдад садаа бол.
-Байгаль нийгмийн даваг­дашгүй хүчин зүйлийн тухай сэдвийг орхиорой. Дэлхийтэй өөр гариг мөргөлдөх, гал ус, газар хөдлөлтийн аюул бий болох магадлалд түгшин олныг айлгаж яах гээв. Тийм юм боллоо гэхэд яаж ч чадахгүйгээс хойш “сүх далай­тал амар” амгалан явцгааж байг л дээ.
-Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог бол бичгийн хувьд утга нь зөв байхгүй бол хожим уршиг тарьж мэдэх. Ялангуяа цаасан дээр үлдэх үг үсэг аягүй бол мянга наслах ч магадлалтай. Хөшөөний анхдагч нь сонин сэтгүүл юм шүү дээ. Улсын начин Б.Заяамандах гэхийг сүржигнээд “Улсын начин Бямбадоржийн Заяамандах” гэх төдийд л утга хадуурч бөөн маргаан үүснэ биз.
Хэрэв та сонирхвол иймэрхүү зөвлөгөө зөндөө. Сониныхон бид өглөө болгон энэ сэдвээр хуралддаг юм.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Урам хайрлах хэмжээ

Бусдад дандаа  урмын үг хайрлаж яв гэх. Тэр үнэн. Ухаантай балай хэн боловч урам сонсохыг битүүхэндээ хүсч явдаг. Шагналд дургүй гэх авч медаль өгөхөд өөдөөс гараа сарвайж л байгаа биз дээ.
Яг нарийндаа бол туршла­гатай сурган хүмүүжүүлэгчид хүмүүсийн энэ өчүүхэн сул тал дээр тоглолт хийдэг байдаг л арга хэлбэр шүү дээ. Тухайлбал олон жил шоронгоор явчихсан этгээдэд “Ямар сайхан мэндчилдэг юм. Маш амттай хоол хийжээ…” гэхчилэн жирийн амьдралд дасгах гэж хөөргөөд байхаар бүр егзөр хулгайч нь хүртэл уярч хайлдаг.
Урмын үгсийг маанийн чавганц нар шиг харааж ч чадахаа байтлаа хошуугаа дэвсэцгээн наль наль хийцгээвэл бүр утгагүй юм болдог. Хэзээ мөдгүй гэрлэх гэж буй том хүүхэн эрхийн тэнэгтэж, төрхөмдөө ганц удаа хог шүүрдэж, оёж шидсэнийхээ төлөө урам нэхэж урвайж байна, цаана чинь. Юуны чинь урам. Иймхэн юмыг хүн болгон хариу тус нэхэлгүйгээр хийгээд хэвшчихсэн байх ёстой хэмээн тас загнавал зохилтой.
Тэгэхлээр “Чи сайн” гэх үнэлэлтийг эзэлсэн эрэмбэ зиндаанд нь  тохируулж хэлдэг байхгүй юу. Дээхнэ манай Цэнддоог дадлагын оюутан “Таны фельетон бүр элэг авчихлаа. Та шог зохиол бичээч.Аягүй бол чадна даа” гэж “урам хайрлаж” билээ. Түүнд нь хэр урамшаа бол.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголоороо бахархах момент

Өмнөд Монголд өөртэйгээ адил монгол хэлтнүүдтэйгээ хамт хооллоод сууж байлаа. Гадаадад гадаадаар бус ярилцах нь жинхэнэ бах тав ажгуу. Англид төрсөн азтангууд сурч боловсрох олон шаардлагаас чөлөөлөгддөгтэй эгээ л адил. Энэ орчлонгийн хаа нэгтээ өчүүхэн муу Монголоороо бахархах орон зай байгаа нь их юм. Уг нь манай садан төрөл хаа сайгүй ч хажуу дахь буриадууд гэхэд л Оросоос айж өөрсдийгөө монгол гэхээс эсвэл ичнэ.
Ар Монгол өгүүлрүүн: “Бидний борог амьдрал янз бүр л явна. Их гүрэн бараадсан тань ямар ч буруу алга. Манайхан өөрсдийгөө яая гэж байж, өдий болтол орон сууцтай ч болж чадахгүй  хэвтэж “Улс эх орон, тусгаар тогтнолын төлөө” гэж   орилох дуртайг нь яана. Ам бүл бага, бусдад нөлөөлчихөөр хөгжиж чадахгүй бидэн шигт нь энэ эрх чөлөө, ардчилал гээч лайг сэтгэлдээ тээж явах ямар хэрэг байна гэж бодогдох л юм. Цалин өндөр, эрүүл саруул л байвал өөр санаа зовох зүйлгүй та нар юутай  аз жаргалтай амьдарна вэ?”
Өвөр Монгол хариулруун:-“Эй журамт андаа яалаа гэж дээ. Битгий л тэгж үзээрэй. Тусгаар тогтносон бүрэн эрхт та нарыгаа бид чинь үндэс угсаа гал голомт минь гэж голоо зогоож явдаг юм шүү дээ. Монголд юу л болно, шинээр дуу зохиогдлоо гэхэд энд даяараа даган баясацгаана. Дундад улсад дэлхийн бүх хөгжил дэвшил бий тул барууны орны явдал сонин гайхам лав биш шүү.”
Ачир дээр харуулруун: Гарвал нэгтэндээ туг болчихоор манлайлалгүй. Төрөлх хэлээрээ тэгш зөв бялхам хэлж бичих чадамжтан нэн ховор. Өмнөх тогтолцооноосоо өнөө хэр салаагүй пиг дүүрэн хоёр нүүртнүүд хамаг бахархлыг халхлан хаана.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бүрэн зэвсэгтэй ХХI зууны хүн

Түүхийн номон дээр эртний зэвсэглэсэн рыцарь цэргийн зургийг баримтжуулан үзүүлдэг. Одооны хүмүүсийн санаатай санамсаргүй үлдээсэн ул мөр ирээдүйд сонин л байх байх даа.

ХХI зуун ба 2000 гаран оноос хойшхи үеийн ажил хэрэгч байрын эрэгтэй эмэгтэй хүмүүс өглөө гэрээс гарахдаа биендээ овоо их новш агсдаг болсон байна шүү. Юун түрүүн далбагар том гар утас ба түүний дагалдах хэрэгслүүдээ хармайлахаа үл мартана. Хүүхэд хөгшингүй хол ойрын харааны аль нэг нь больсон тул нүдэн дотроо юм уу гаднаа зүүдэг шилээ тэмтэрцгээнэ. Мөн усанд хийгээд хонуулсан хиймэл шүднүүд байна. Охид хүүхнүүдийн нүүрний  будаг шунхны хувьд тэрэнгүйгээр хаалгаараа ч цухуйхгүй. Их багын хэмжээ, чанар нь өөр өөр болохоос цөмөөрөө “кошлаак” дүүрэн юм чихэж авна даа. Тэгээд халууны адуу ялаархах аятай цаг мөч тутам үс гэзэгтэйгээ ноцолдон мөнхийн толгой хаялаастай. Өөр юу мартчихав. 

Жолооны ба ажлын үнэмлэх, банкны, дэлгүүрийн хөнгөлөлтийн, оюутны тэтгэлгийн, автобусанд үнэгүй суудаг картууд үзэг дэвтэр хутга бахинаас илүү байнга хэрэг болно. Уруул, чих, хуруу, бугуй, хүзүү тус бүрт заавал байх ёстой гангараа, түүнийг өдөр тутам сольж тохируулах хуваарь гэж бий. Бөгж ээмэг, цагны аль нэгийг нь мартаад олны дунд орчихвол турсикгүй яваа мэт эвгүй оргино. За тэгээд нас ялимгүй өгсөх тусам даралтны, чихрийн шижингийн, тархи толгойны өвчин намдаах эмнүүдээ базаах хэрэг гарна. Цаашилбал тамхичид, интернэтийн үнэнч гишүүд гээд явбал хэрэгсэл улам нэмэгдэнэ.

Өнөөдөр хэнбугай ч нийгмээс хамааралгүйгээр хээрийн чоно шиг дүүлж чадахаа больсныг дээрх “зэвсэг”-нүүд илтгэнэ. Ийнхүү бүрэн зэвсэглэж байж нэгэн өдрийн ажил амьдрал өрнөж байна даа. 

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хилээ яамаар ч юм бэ?

Манай хөрш нуль цэрэгжсэн хоёр том гүрэн бидэнтэй бидэнгүй хилийг маань сайхан хараад өгөх юм. Монголын хязгаар нутаг Тува орчмыг эс тооцвол бүхэлдээ амар амгалан налайгаад удаж байна. Хилчид уйдахын эрхээр нэлээд хонь адуу авчирсан нь өдгөө мянга түмээр тоологдож малынхаа дороос босохоо байв. “Нинжа” нарын хүүхэд цэрэгт татагдан ирмэгц офицерууд отряд заставтаа аваачин алт хайлгадаг. Хил орчим байтугай тэрнээс хамаагүй наана байгаа аймаг сумынхан хот бараадан хөдөө эзгүйрсээр байгаа. 

Харин энэ хоосон орон зайд хил манах нэрийн дор баахан вант улсууд үүсчих вий дээ. Хүний бараа харалгүй бүтэн сар улирал болох бол хэвийн ч гэх шиг. Улам л сураг алдрах нь өнөөгийн техникжсэн эрин үед хачирхалтай сонсогдоно. Монгол Улсын хилийг бүрэн гүйцэд маная гэвэл 2,9 саяулаа очоод ч хүн хүрэлцэхгүй асар уудам. Харуул манаа гэхээр заавал хүн гозойж байх албатай ч биш. Хүмүүс нэн саяхнаас скоч, камер хоёрыг ус агаар лугаа хэрэглээд хэвшчихлээ. Уг нь хилийн тор дагуу хамгийн сайн үзүүлэлттэй камерууд л зоолттой баймаар. Тэрнийгээ төвөөс хянаад сууж байдаг тогтолцоо хэнд ашиггүй тусаа юм бол?

Аялал жуулчлалын хувьд өвөл зунгүй очих, үзэх, амрах боломжтой бэлэн газар бол манай хилийн байр сав орчин юм. Жуулчны чиглэлээр ялимгүй засвар хийх төдийд л хил дээр буун дуу биш хүүхдийн дуу цангинаад л зах хязгаар маань хөшиж бадайрахаа болино. Хил орчмыг ийн ашиглахаас гадна энэ далимдаа хилчдийг бас давхар хянах шаардлагатай байна.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд редакцийн-нийтлэл

Гомдол бол хууран мэхлэлтийн хэлбэр

Алба ба амин хувийн ажил төрөл дээр ганц нэг хүнийг санамсаргүй гомдоочихсон
тохиолдол үргэлж гардаг. Сүүлд сонсохноо өмнөөс нь гашуудаж бүр нулимс гоожмоор
шоовдорлосон байхыг нь яана гээч. Хөөрхийдөө тэр муу ядарсан амьтан тухайн үед нь
ядаж хэлчихгүй даанч яав даа.

-За за ёстой уучлаарай. Одоохон наад гомдлыг чинь…

-Үгүй ээ үгүй. Би дахиад хэзээ ч…ий ий…

 Байгаа үгүй нь мэдэгдэхгүй
урвайсан, очиж очиж тэрэнд л дандаа шударга бус явдал тохиолдоод байгаа бол өрөвдөхөөсөө
өмнө сайтар судалж үзээрэй. Гомдогсод ихэвчлэн бусдыг хууран мэхлэх аргаар өөрийн
хэмжээнээсээ дээгүүр ажилд шургалагсад байдаг. Тэд бүр төрөлхийн ухаан муутай, ямар
нэгэн согог оёгтой, юу ч хийж чаддаггүйгээ үргэлж нууж явдаг. Тийм болохоор өөрөөс
хамаарах мэдлэг мэргэжил, хариуцлага болгоноос сэм бултаж зугтаж явдгийг хамтрагчид
нь анзаардаггүй. Бүх зүйл болоод өнгөрсөн, нийтийн бэлэг, шагнал түгээгдсэний дараа
гэнэт гарч ирээд олон юм гоншигноод өрөвдүүлдэг муу аргатай.

Монголын өнөөгийн нээлттэй нийгэмд хаа очиж цагаандаа гарсан хэлмэгдэл,
шударга бус хуваарилалт хийх үндэслэлгүй болсны ачаар л тунималуудын цаад мөн чанарыг
мэдэж авлаа.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөрчлөгдөөгүй тогтолцоо

Одоо нийгэм  шал өөр болох
ёстой доо. Иргэдийг гэмт этгээд хохироосон байвал эхлээд хохиролгүй болгуулаад дараа
нь хэрхэн шийтгэх, ер нь яллах уу яахав гэдэг болчихвол мөн ч хэрэгтэй сэн. “Хадгаламж
зээлийн хоршоо”-ныхныг хуулийн дагуу шийтгээд яалаа. Өнөөдөр төр тал хохирлыг барагдуулсан
нэртэй. Хэдэн нөхөр шоронд явж ял завшсан. Баахан хүн хохироод хоосон хоцорсон.
Хохирлыг төр даалаа гэдэг чинь татвар төлөгчдийг цөмийг нь цаагуураа торгоод хаячихлаа
гэсэн үг.

Манайхан иймэрхүү тогтолцоогоо эрүүл болгохын тулд шинэчлэл, өөрчлөлт
хийхийг бүгдээрээ хүссэн юм. Тогтолцоог хэрхэн өөрчлөх, өөрчиллөө гэхэд түүнийг
ямар төлөөлөл хамгийн бодитой хийж чадах вэ гэдэг л маш хэцүү асуулт бололтой.

Эндээс үүдэлтэй онолын мэтгэлцээн Их хурал дээр ч гудманд ч хаа сайгүй.

Хүмүүсийг дотор нь их ангилах юм. Тэр энэ нам гэхээс гадна нийгмийг
шударга ба шударга бус гээд хоёр ангилчихжээ. Юмс гэрэл сүүдэртэй тул тийм ч байж
мэдэх юм. Харин тэр хуваалт, ангилалтыг зөвхөн шударгууд нь хийж өгснөөр л сая шударга
ёс тогтох юм гэнэ. Яагаад тэр билээ?. Энэ тогтолцоо чинь эргээд шударга бус явдал
болж, юуг ч өөрчилж чадахгүй байна. Тэрэн дээрээ тулбал хүн болгонд өөрийн гэсэн
үнэлэмж бий. Тэгээд тэр шударга гарууд нь хэн юм гэхээр өмнөх нийгмийн элементүүд,
нэн саяхан тогтолцоог солихын эсрэг тэмцэж явагсад зонхилж байна.

 

Ж.ГАНГАА