Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цөөн хүн амын давуу талаа ашиглаад ажлыг сорчилж сонгож болно

Одооны дарга түшээд бүгд ард түмний дотроос гарч ирсэн нь үнэн бол боломж л гарвал төрхөм рүүгээ гурил будаа гэрээсээ хулгай хийгээд зөөчихдөг шинэхэн бэрүүд шиг баймаар. Дараа дахин сонгогдохоо бодсон ч тэр эгэл иргэдийн хүсээд байдаг чухал мест, гоё ажлуудыг нь бололцооныхоо хэрээр олшруулаад өгөх сэтгэл ер байхгүй шүү.

Шинээр ажлын байрны зарыг уншихад доромжилж байгаа юм шиг тувтан боол, зарцын орон тоонууд бичээстэй. Цалин нь боломжийн бол ч хамаа алга. Сайхан сайхан ажил, хөөрхөн эрх мэдлүүдийг өөрт нь ашиггүй ба танихгүй хүнд тарааж өгнө гэхээс л Цахиур Төмөрийг дагасан Түгжил лугаа гол нь горойцгооно.

Саяхан л жолооны үнэмлэхтэй болох, дээд сургуульд элсэх, хот  руу шилжих бүтэшгүй зүйл байлаа. Хөөрхий дөө, ард түмнийхээ иймхэн хүслийг нь хүртэл чангалаад яасан ч өөдгүй байсан юм. Одоо ч хэвээрээ шив дээ. Спортоор хичээллэснийх энгэртээ ганц медаль зүүх мөрөөдөл хэнд ч байсан байх даа. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүд, уралддаг морь хүртэл өөртөө таарч тохирсон одон тэмдэг олоод зүүчихсэн болж л байна. Ингэлээ гээд олимпийн алтны үнэ цэнэд, ер нь юунд ч муу юм болоогүй.

 Одоо гадаадад Америк, Япон дахь элчингийн газарт төсвөөс цалин хангалт үл гарган баахан орон тоо нэмэх гарц байж л байгаа.  Гаалийн байцаагчийн цалингийн санг өсгөлгүйгээр местнийх нь тоог олшруулахад аль алиндаа ашигтай. Энэ мэтийн арын хаалганы гоё ажлуудын жагсаалт гаргаад түүнд “гадны хүн” ороход нээлттэй болгоод орхивол доод дунд шатанд нийгэм эрүүлжинэ.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нөгөө талаас нь харахаар Монголын эрлийз

Тэмүүжинг ядарч явах үед дүү Бэгтэр нь элэг буруу хүнийрхээд харвуулдаг. Бүр ноцтой нь өөрөө ч түүний ууган хүү ч цэвэр хиад Боржигон  цустай эсэх нь эргэлзээтэй гэх сэрдлэг явдаг. Одоогоор бол Өвөрмонгол ээжтэй (Хонгирад) буриад зүгийн эрийн (Мэргид) нуувар хүү юм уу даа. Хожим Чингэс хаан болж өөдлөх өнгөндөө орохын цагт дайсагнагч талын мэргэд, баатрууд ирж нөхөрлөснөөр Хамаг Монголын тоо үлэмж өсөн хүчирхэгжсэн. Харин Манж лугаа уусан сураг алдраагүй нь бидний бахархал. 

Цөөхөн монголчуудад бусдыг үндэс угсаагаар ялгаварлахыг цаазалсан анхны хаан нь Чингэс ч байж мэдэх юм. Тэрээр харь угсааны олон хүүхэд үрчилсэн байдаг.

Тэгш эрх, шударга ёс, ардчиллыг тунхагласны хариуд манай тусгаар тогтнолыг дэлхий даяар хүлээн зөвшөөрлөө. Хамгийн том газар нутаг, хүн амтай, тэр хэрээрээ хавийнхаа хамаг үндэстэнг өөртөө уусгагч хоёр хөрш гүрэн хажуу дахь Монголоороо оролдохоо больсон.  

Хүний эрдэнэт бие махбодь нь тухайн  төрж өссөн нутгийн ус, агаар, хүнснээс бий болсон болохоороо тэр л газар шороо, хүн ард өөрт  илүү тохирдог. Өссөн дассан газартаа элгэмсэг байдгийн нэг учир энэ юм. Гэтэл бусдын Орос, Хятад, Негр угсаа гарвалаас зарим маань юунд тэгтлээ үргэж цочин айдаг байна аа. Сайнаар бүү хэл муугаар хардсан ч нөгөө талаасаа бас  Монголын эрлийз биш юм уу? Өөдрөг байж, өөдөлж яваа бол юмсыг сайн талаас нь харж сур даа.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хархираа боргио анирдан сэрхрээ сэвшээгээр омготлуул

Далайн эргийн элстэй наран шарлагын газартай ач холбогдлоороо барьцдаг газар бол Монголын хангайн хээр юм. Газарзүйн хэллэгээр Хангай хээрийн бүс гэдэг байх аа. Манай уудам орны төв хэсгээр хөндлөн зурваслан тэрлэгээ жавхайтал нь бүсэлсэн мэт ногоон торгон дэнж, долоон сарын зуныг зааж байна.

Наадмаар тав хоног ажиллахгүй нь. Энэний ганц хоёр хоногт нь сайхан биш сайн амраад авъя гэвэл урсгал усны харгиа боргио сонсон өдөр шөнөгүй сэвэлзсэн сэвшээтэй дэнж газар олоод майхнаа барьчих. Амьтас усгүйгээр хоног, агааргүйгээр хором амьд явж чаддаггүй ч  төдий л анзаардаггүй нь элбэг дэлбэгийнх юм даа. Харин ус агаар хоёр байгаль дээр ямарваа цохилтонд өртөн мөнхийн хөдөлгөөнт хүрдэнд эрчлэгдмэгц гойд тунгалагшин дэндүү ариун орчинг үүсгэдэг. Дүн зуны пүн халуунд ялаа шумуулаа хүртэл хийсгэн сэвэлзэж тэнд буй биесүүдэд шүүр мэтээр чөлөөтэй нэвчин сэтгэлийн бачуурлыг хүртэл зад цохидог увидас ундрах нь гайхамшигтай. 

Хүмүүс эрүүл агаарт хөдөө гарч хэд хоног гэж ярьдаг ч яг нарийндаа дээр дурдсанчлан болзлыг хангагч нь говьд, талд, ойд биш эдгээрийн зааг нутгуудад алаг цоог тааралддаг. Жишээ нь Багахангай, Хэнтийн нурууны баруун төгсгөлүүд, Бүрэг хангай, Хөгнө хан, Авзагын ар тал, Хангайн нурууны хойшоо харсан амууд гэх мэтчилэн…Тэнд амрахад нэн уйтгартай ч ямар насаараа бай гэж байгаа биш хоёр хоночихоод ирэхгүй юу.   

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ажилгүй хүн завгүй

Бүр цайчихсан залхуу нь юу ч хийхгүй дээшээ харж хэвтэж байгаад аль хэдийнэ өлсөөд үхчихдэг юм болов уу. Бодит амьдрал дээр зүйр үгэнд дурдсан шиг тийм найгүй хөдөлгөөнгүй биеттэй ер тааралдаж байгаагүй юм байна. 

Жинхэнэ ажилгүй шаар чинь ёстой борви бохисхийхгүй тонгочдог гэвэл та итгэх үү. Ажилгүй, чадваргүй хүнийг танихад их амархан. Тэрээр товчхондоо хүний нүдэнд ажилсаг мэт байхыг тун их хичээдэг ч их болхи л доо. Уулзаад зогсох тэрүүхэн хоромд зогсоо зайгүй юм ярингаа гутлаа зүлгээд л, дээл хүрэмнийхээ тоос хялгасыг гүвж үлээн нясалж ч байх шиг. Тэгснээ хумсаа аван, чимхүүр гарган сахлаа нямбай гэгч нь зулгаана. Ухасхийн хаалгаар гарснаа төдхөн буцаад ороод ирнэ. За нэг иймэрхүү маягтай дэмий юм хийгээд л гүйгээд байна. Тэр гуай ер зүгээр суухгүй юмаа. Хөөрхий  зайлуул гэж бодогдтол чинь хөдөлдөг. Бас нэг сонирхолтой шинж тэмдэг нь гэвэл маш эртэч ба шөнө орой унтах ч бий. Энэ нь сайндаа ч биш ажилгүйчүүдийн ихэнх нь хулгайч байдаг байхгүй юу. Бусдыг ажлаа хийгээд ядраад унтаж амарч байх хойгуур юухан хээхэн ч хамаагүй дэл сул зүйлийг нь хусч орхидог.

Бүтээлч, гараас нь юм гардаг хүмүүс бол харин эсрэгээр дотроо элдвийг тунгаан бодсоор хэдэн цагаар ч хамаагүй сууж, хэвтэх тэвчээрийг үзүүлдэг.

Ж.ГÀÍÃÀÀ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Паркинсоны ба ер нь хуулийн тухай

Тэмүүжинг сайд болсноос хойш манай хууль зүйн салбар  сэрүүн дотортой орчин байхаа болилоо. “Ногоон
малгайт” гэдэг муу нэрээ хусаж, цагдаа нар энгийн нарны малгай өмсчихлөөр нүдэнд
дулаахан харагдаж байна  шүү. Үүгээр хэрэг
төвөг тарьдаггүй хүмүүс үзэгдэн,  өрнөж буй
хуулийн шинэчлэлийг сонир­хох боллоо. Залуу насны харгайгаар  танхайрч хальтрагсад, угийн балмад хоёрт тохирсон
шийтгэл оноо­дог болсноор хожмын зам мөр өш хонзонгоор үргэлжлэх нь татрах өнгөндөө
оров. Энэ мэтчилэн өөрчлөх маш чухал заалтууд зөндөө бий.

Мөн түүнээс гадна уг  хаалт­тай
ертөнцийг нээгээд орхи­тол  дотроос нь цулайтлаа
баяж­сан цагдаагийн хурандаа, шоронд хийдэг “борхиор”, авлигачин шүүхийн авгай нар
гээд эрүүгийнхээсээ илүү гарахааргүй есөн шидийн өт хорхой дүнгэнэлдэн гарч ирж
үнэр танар нь найгаа алдав. Хүмүүс  хамар
амаа таглан бушуухан буцаагаад тагла, яршиг зүгээр, Тэмүүжинг ч болиулъя хэмээн
хэсэг шуугив. Архаг хулгайчаас “Ингээд шургаад үз” гэсэн зөвлөгөө авсан мэт.

Дотоод яам дотоод явдлаа адилхан монголчуудаасаа чадлынхаа хэрээр
нуудаг байсан даа. Бидний нүдэн дээр тэдний хонь ямаа, орд харш ил харагдах нь ямар
хэцүү байдаг бол. Өмнөх  “До, НАХ”-ын үеэс
энэ том шинжлэх ухааныг битүүмжлэн үл ойлгогдом орооцолдсон үг хэллэг, бичлэгтэй
болгон, албатуудаа харь гаригийн мэт гаж сэтгэхүй, хөрзгөр дүрэнд хэвлэсээр ирсэн.
Ингээд зогсохгүй олон ний­тэд үсчин, цахилгаанчин, дугуй нөхдөг газартай адил байнгын
хэрэгцээтэй бүхэл бүтэн үйлчилгээний салбарыг аваачаад  хүнд суртлын үүр уурхай болгож орхижээ. Одоо шинэ
ба хуучин хуулиудаас өөртөө хамаатай хэсгийг цаг заван­даа дахиж эргэж хармаар л
бай­гаа юм. Хэрэв шударга нийгэм цогцлоож байгаа бол хуулийг иргэдээ өмөөрч засаглалыг
нүд үзүүрлэсэн чиг хандлагатайгаар засварласан байх ёстой. Тэгж үү, үгүй юу. Цаашилбал
байгаль нийгмийг өөрийнхөө эрхшээлд ягштал оруулдаг сонирхолтой зүй тогтлууд байдаг
нь эдэнд ч бараг хамаагүй асуудал байх. Мөн л ялгаагүй зөрчишгүй хууль дүрэм, ёс
суртахуунтай. Байгаль ч яахав өөрийн гэсэн билэг танхай хуультай. Харин хүний нийгмийн
амьдралд айхаа байг гэхэд анхаарч явбал аминд өлзийтэй элд­вийн цондон ямар их таарал­дана
вэ. Тэрний нэг болох энэхүү “Паркинсоны” гэгч зүй тогтолууд Тэмүүжин, Нямдорж хоё­рын
хэрүүлийн хажуугаар барьцалдан “Намайг ч бас сонс. Намайг дагаад цэнгэ цэнгэ…”
гээд байх юм.

Хууль  зүйн  ертөнц талаа­саа нэн саяханд тооцогдох ХХ зууны
дунд үед Английн Н.Паркинсон гуай төрийн ба хувийн байгууллага, иргэдэд байнга тохиолддог
хуульд тусгагдаагүй хүнд суртал бас бус зөрчлүүд дээр тогтож ажилласан байна. Энэ
хүний тухай товч танилцуулахад Кембрижид сурч түүхч болсон. Арав гаран жил Британийн
усан цэрэг явж  хоёрдугаар дайн дуусгаад хошууч
болоод халагдсан  дайчин эр.  Дараа нь Ливерпуль,Харвард, Иллинойс,Калифорни,
Синга­пурийн их сургуулиуд гээд дандаа ланжгар газруудаар удирдахуйн  ухааны багш хийжээ. Улс төрийн өндөр алба хаших
боломжуудаас сайн дураараа татгалзан оронд нь дуулиан тарьсан олон нийтлэл бичсэн
юм.

Түүний бичсэн нийтлэлүүд нийт­дээ жар орчим боть болон хэв­лэгд­сэн
гэхээр Ленинээс дутахааргүй нөхөр болоод байгаа юм. Дэлхийд хамгийн алдаршсан нь
“Паркинсоны хуулиуд”-ыг гэдэг. Тэрээр олон жилийн турш тэвчээртэй цуглуулсан шинжилгээ
судал­гаагаа нэр алдар бүхий эрдэмтэдтэй хамтарч математик загварчлалд оруул­сан
нь эдүгээ “Паркинсон судлал” гэсэн шинэ чиглэл хөгжих суурийг тавьжээ.

Ингээд “Паркинсоны хуу­лиуд”-аас гуравхан хундагыг  татчих уу? Ер нь хууль зүгийн юм гэхээр огт наргиангүй
байх ёстой ч биш аж.

 

ИХ МӨНГӨ БУЮУ СОНИРХЛЫН УНАЛТ

…За одоо цөмийн реак­торийн төслийг хэлэлцэцгээе. Дэлгэрэнгүй мэдээллийг
бичгээр өмнө нь тараасан байгаа. Бодвол эрхэм ноёд сайтар тунгаагаа биз ээ. Юутай
ч Сангийн эрхлэгч профессор Мак Фишн сайшаасан шүү. Нийт­дээ 10 сая доллар …Гишүү­дээс
лавлах зүйл байвал дуртайяа хариулахад бэлэн байна.

Ноён Исааксон:-Төсөл хэрэг­жүүлэгчдэд ихээхэн найд­лага тавьж буйгаа
юуны өмнө илэрхийлье…Гэхдээ профессор Левигийн зөвлө­гөөг даган Давид, Голиаф
нарыг гүйцэтгэгчээр сонгосон бол хамаагүй дээр байсийм…

Хурал даргалагч: -Ажлын төлөө таны санаа зовж байгааг ойлгож байна
аа. Бид бүр эрт гэрээ байгуулаад  чамгүй их
мөнгө зарцуулаад байгаа юм л даа. Одоо дахиад санал унавал дахиад л мөнгө урсана
гэсэн үг…(Энэ үед бусад гишүүд амандаа бувтнан тол­гой дохицгоож байв)

-Исааксон миний үгийг протоколд тэмдэглэхийг шаардаж байна.

-Тэгэлгүй яахав. Харин одоо ноён Брикворф ямар бодолтой байгааг сонсъё.

Энд байгаа Брикворф, Исааксон хоёроос бусад нь цөмийн реактор гэж
юуг хэлээд байгааг ч мэдэхгүй нөхдүүд аж. Брикворфийн хувьд яривал их л юм байх
санж. Даанч түүний хэлснийг хэн ч сонсохгүйгээс 
гадна ойлгохгүй. Уг нь бол ганц өрөөг тохижуулахын тулд бүхэл байшин нурааж
тэрэндээ 10 саяыг ичих ч үгүй цохих гэж байгааг хэлмээр л…

-Надад хэлэх үг алга аа.

Хурал даргалагч:

-Гишүү­дээс өөр хэлэх хүн байна уу? Байхгүй бол батлах уу. За баярлалаа.
Одоо 11 дүгээр зүйлийг хэлэлцэх ажилдаа орцгооё.

Ажилчдын унадаг дугуйнд зориулсан зориулсан саравч барих төсөлд
2350 доллар төсөвлөчихөж. Энэ тухай тараа­сан материалыг хоёр минутад багтааж уншаад  шийдчихэж болохоор байсан. Гэвч цөмийн реактор
дээр үг хэлж чадаагүйдээ санаа зовж, хурал өндөрлөхөөс өмнө өөрийгөө бага сага ч
атугаа харуулах хэрэгтэйгээ мэдэрч байв.

Унадаг дугуйны саравч гэхээр ямархуу юм  байхыг муухан төсөөлөөд байнаа. Одоо л маргаан
эхлэх нь. Энэ талаар 45 минут мэтгэлцсээр 300 доллар хэмнэн 2000-д багтаан барихаар
тохиролцож гишүүд сая нэг юм санаа амарч суудалдаа тухлав. Ёох ёх.

Хурал даргалагч: Эрхэм  гишүүдээ
12 дугаар зүйлд анхаарлаа хандуулна уу. Хуримт­лалын фондын хурал­дааны зардал.
Сар бүр 4.75 доллар.

-Ямар зардлын тухай яриад байгаа юм бэ?

-Кофены тухай юм л даа.

-Сар бүр ийм зардал гар­гана гэдэг чинь одоо жилдээ 57 доллар болно
гэж ойлгох нь зөв үү?

-Яаг зөв байна.

-Ойлгомжтой байна. Гэх­дээ үүнийг зөвшөөрч болно гэж үү.Тэр фонд
чинь тэгээд хичнээн жил хураагддаг юм бэ?… Маргаан цааш улам ширүүсэв. Кофе  гэж юу, хаа­н­аас худалдаж авах, ер нь худалдаж
авах нь зөв эсэх дээр  дурын дурак ярьж чаддаг
юм байна. Цаг гаран үзэж тараад мэдээлэл хангалттай бус байна  гэж үзээд санал унаж дараагийн хурал хүртэл хойшлогдохоор
болов. Уг асуудал дээр хаширууд гэнэ алдаж бүгд ам амандаа хашгиралдан босч ирцгээжээ.
Мөн цэцэрхэх юмаа олов оо. Английн парламент дээр болсон уг адал явдал хожим дэлхийгээр
нэг амны зугаа болон онигоонд орчих юм гэж яаж санахав.

Хэрэв үүнээс бага 20, бүр 10$-ын түвшний асуудал гарч ирсэн бол хэлэлцэх
хуга­цаа пропоцианалиар өсөх байсан эсэхэд ноён Пар­кинсон нар жуумалзан  судалгаандаа тооцож загвар гаргажээ. Энд тодорхой
бол­сон юм нь гэвэл явж явж арван саяыг шийдэх асуудал арав хүрэхгүй 4.75 долларын
хэрүүлээс ч амархан байсан. Хууль тогтоогчид Паркинсоны хуу­лийг л ягштал баримталсан
боло­хоос татвар төлөгчдийн үлэмж их хуримтлалыг эрүүл саруул зохицуулах чадамжгүйг
олж харав. Ард түмнийг төлөөлж шийдвэр гаргагчдын цагийн гарзад тооцох мулгуу тохиолдлуудыг
цуглуулаад үр дүн гаргахад хэрэггүй ч юм биш. Юутай ч хүний л оролцоотой үйлдлээс
хойш хүн төрөлхтөнд хамаатай нь эргэлзээгүй хэмээн бах­тайяа тавалсан байдаг. Манай
парламент дээр эмэг­тэй гишүүд тамхидалтыг зохи­цуулах хуулиа хэрхэн баталж байсан
нь энийг уншихаар санагдлаа байна. Нийтлэлийн төгс­гөлийн үгийг одоо санасан дээ­рээ
хэлэхэд жинхэнэ хууль мөн бол түр зуурын арга хэмжээ биш дараагийн үеүдэд ч хуучирдаггүй
мөнх эд ажээ. Паркинсоны жишээнүүд гэхэд л саяхан ийм явдал хаа боллоо гэж эндүүрмээр
ойрхон. 

 

ИНЖЕЛИТИТ ГЭХ БАЙГУУЛЛАГЫН САА ӨВЧИН

Төр, бизнесийн олон бай­гуул­лага дээр босс нь сөхөртлөө ажиллаж
байхад дараагийн шатныхан нь хов ярьцгааж тэрний доод тушаалтнууд дүрсгүйтэж тог­лон
өдрийг өнгөрөөдөг нийтлэг дүр бий. Энд бидний мэдэхгүй бас юу гээч өөр хэмжээс бүхий
хууль үйлчлээд унав. Байгуул­лага “Инжелитит” гэдэг өвчин тусчээ. Оношлох амархан
эмчилэхэд хэцүү дээ.

Мэргэжлийн боловч чад­вар­гүй нөхрийг тэр жил ажилд авснаас хойш
хамаг муу  юм эхэлж орон гэр бузартжээ.Ер
нь ямар нэгэн төрөлхийн гоц авьяасгүй нөхрийг өөрийгөө томд тооцогсодтой цуг удаан
байлгаж болдоггүй. Аяндаа л цаанаасаа атаа жөтөө нь хөдлөөд нөгөөдүүлээ  ёстой алж өгдөг. Аливаа муухай ааш зангууд үйлдлээсээ
хамаарч салангид илэрдэг ба тэр нь бусдад төдийлөн нөлөөгүй, тэгээд ч хүн бүр л
их бага хэмжээгээр аашилж л байдаг даа. Атаархагч өөрөө хичээвэл бусдаас дутахааргүй
хөөрхөн хоолойтой бол хамт олныг гойд бусниулахгүй болоод л байдаг. Харин атаархуу
чадваргүй хоёр нэгэн биед давхацчихлаар инжелитэнс гэгч шинэ бодис үүсч аюул тарьдаг
гэнэ.

 Муу үйл хийх угаасаа амархан
агаад жаахан увайгүй бай­хад л болоо. Энийг олоод мэдчихсэн  Инжелэнттэй этгээд хажуудахаа элдвээр матаж, удирдлагын
итгэлийг хүлээн төв аппарат руу  дэвшсэнээр
хагарлын үрийг тарьжээ. Тийм хүмүүст дээрээсээ тоологдох чухал хэргэм зэрэгний аз
яагаад таараад байдаг нь судлууштай. Энэ хооронд аль шударга сайн гэгдэх боловсон
хүчнүүд ганц нэгээрээ цувран алга болсоор л, босс огт хар аваагүй анзаараа ч үгүй.
Харин нөгөө этгээд энгийн царайлж хамт олонтойгоо гольф ярин, чанга чанга хөхрөн,
заримдаа бичиг баримтаа мартана. Тэгээд нэг сайхан нартай өдөр том албанд очлоо
л бол хамаг багаа хуу татан хаяж шулмын дүрд хувилан бусдыг хүүхэлдэй болгон тоглож
эхлэнэ дээ. Байгууллагын бүтцийг оюунлаг талаас нь дөрвөн зэрэглэлд хуваадаг бол
төв аппаратаас бусдыг нь манай хампаан нэг нэг шатаар буу­руулж амьтан болгож орхив.
Түрүүчээсээ  даргадаа таалагдах гэж зориуд
тэнэгийн дүр эсгэж ивээлд нь багтжээ.  Байгууллага
ийм болчихоод байгаад л байна.  Ажилчид Топранк
даргын мэдлийн цай­ны газрыг магтаад л бидэн­дээ болж л байна ш дээ. Яахав жаахан
заваан л байх юм. Сүүлдээ хүмүүс гэрээсээ идэх юмаа авчран цайны газрынхаа ширээн
дээр овоолон хээ шаагүй амьдралд дасацгаана. Конторын үүдэнд дөрвөн жилийн өмнө
хадсан зарлал солигдоогүй хэвээрээ, крантнаас ус гоожоод тогтохоо байсан, ноён Брауны
хаалган дээр Смит гэсэн нэр хадаастай, Смитийнх дээр Робинсон гээд эв хавгүй биччихсэн.
Түүнийг солих санаа хэнд ч төрөхгүй. Хагарсан цонхоо картоноор таглажээ. Цахилгаан
шат эвдрээд удаж байна. Доод подвалийг ашиглалгүй хаячих­сан түүнээс зэрлэг муур
чар­лал­дах нь зэвүүн.

Төв аппаратад тушаал дэвшсэн дэд захирал ноён Топранк удирдлагын
түвшинг өвчлүүлэн мунхаг ой санамжиндаа тохирсон өчүүхэн зорилго тавьдаг бол­сон
тул хурган дарга нар бүгд биелэлтээ давуулан сэт­гэл хангалуун явах бол­лоо.”Манай
дарга тулаад нөхөрлөвөл гайгүй хүн шүү” гэцгээнэ. Хараа нь больж байгаа Топранкад
тааруулж буудлагын байг алд дэлэмээр тэлж томруулж өгөв. Бүгдээрээ л мэргэн цэцэн
болцгоож яг “арав”-т оносноо харилцан магтацгаана.

Яаж ч өөрсдийгөө хуурсан байгууллага цаагуураа биш болоод байгаад
үе үе цухалдан  шалгалт шүүлэг хүртэл авч
үзэв. ДДТ гэдэг ялааны хор цацсан. Хэсэг намжаад л бахь байдгаараа. Янз бүрийн л
эм тарилга гадуур дуулддаг.  Тэр бүр нь компанийг
аварч байсан тохиолдол тун цөөн. Накиформ Сак, Катлер Валпоул нар өвчилсөн хэсгийг
мэс засал хийн авч хаясан нь хамгийн шалгарсан арга байлаа.

Нэгэнт дампуурах шин­жин­дээ орчихсон компани удирдлагын хяналтнаас
бүрэн гарч үйлчлэгч манаач нь хүртэл муугийн халдвар авчихсан тул цөмийг нь үлдээлгүй
сольж цоо шинээр эхлэхээс өөр аргагүй болжээ. 
Эдийн засгийн хэллэгээр темп хожих гэгч арга хэмжээ аван хуучин нэрийг ашиглах,
зарим ажилчнаа авах гээд ч хэрэггүй. Хуу­чин байгууллагынхаа боловсон хүчнүүдэд
гайгүй тодорхойлолт бичиж өгөөд өрсөлдөгч байгууллага руу­гаа явуулаад эд хогшлоо
бөөгнүүлэн шатаа. Байшин үнс нурам болсны дараа л өвчний нян дарагдлаа гэж амсхийж
болно.

 Манайдаа танил болсон гадаад,
дотоодын тоотой хэдэн группуудээр орж гарч явахад  кадруудаа зүгээр шахуу байхад нь байсгээд л “цус
сэлбэж” халж сольж байгаа харагддаг. Ийм л учиртай юм байна л даа. Ялангуяа хамгийн
илүүтэй долигоногчид эхний сэлгээгээр чөр­хөө эвхүүлэх зуураа “Мон­голын (юу) зүтгэсэн
хүндээ хатуу  гэж үнэн юм даа” гэхийг сонсоод
өрөвдөж явлаа. Яаж ч сайдаж муудахад аливаа юманд “Арай ч тэгтлээ юу юм бэ” гэсэн
хэмжээс зааг байдаг гэсэн шүү. Энэ нөхөр цаад хамтрагчдаасаа энийг хүртэл надад
нуулгүй хэлдэг яасан эвгүй гар вэ. Хэрэв дараагийн ээлжинд намайг бас ийн мурьж
таарна гээд”Топранк”-аасаа үтэр салчихдаг аж.

Паркинсон сартваахи захихдаа “Хэт найдвартай хүний эрэлд хатаж өөрөө
тулж ажиллахаас халширч буйг тань чадваргүй атаачид анаад сууж байдаг юм. Тэд гарын
чинь үзүүрээр гүйх дашрамдаа байр сууриа авч хадгалахын эрхэнд  өөртэйгөө таарсан юмнуудыг өөд татсаар байгаад
хамаг соруудыг чинь хөөгөөд явуулчихдаг. Энэ тохиолдолд ямар ч хүчирхэг байгууллага
эгшин зуур эргэлт буцалтгүй сүйрдэг” гэжээ. Бодлогоор л мандуулж өгөхгүй бол бор
зүрхээрээ гавихгүй дуучид манайд юусан билээ гээд санахад илүүдэхгүй л юм.

 

ТЭТГЭВРИЙН НАС

Тэтгэвэрт гарах насыг 55-75-ын хооронд янз бүр тогтоосон байна. Хүний
цог хийморь энэ хооронд буурдаг ч гэлээ яг 55-уу, эсвэл 57-тойгоосоо юу гэдгийг
хаа ч судалж барьсан юм байхгүй. Ерөнхий хандлагын хувьд бол голдуу л насыг наашлуулсаар
ирсэн уламжлалтай. Энд тэтгэвэрт гарах гэж байгаа нь биш харин түүний ажлыг горилогчид
л тэтгэврийн нас хэд байвал зохимжтой талаар илүүтэй санаа тавьдаг нь сонирхолтой.
Яахав хөөрхий компанийн ноён нуруу болсон эсвэл болсон ч юм шиг имижтэй  буурлуудыг 
хэн орлож чадах тухай үгүй ядаж цуу явж л байдаг. Гэтэл өвгөн дал гарчихаад
сэмбэлзэж байхад бэлдэж байсан  “бодлого”-ын
хүн маань аль хэдийнэ тавь гараад жар руу шааригдаж явбал яана вэ. Компанид удахгүй
хоёулаа хэрэггүй болох нь. Сая сургууль төгссөн нялзрайд хамаг ажлаа  даатгаж орхивол аж ахуйг  шулуухан тараана гэсэн үг.

Ажлын эгзэгтэй хэсгийг хэн гуайгаас өөр төгс хийчих хүн байхгүй.
Харин хэн гуай насандаа суухгүй удах тусам хожим хэнээр үргэлжлүүлэх нь улам бүрхэг
болсоор л. Байгууллагын удирдлага сэтгэлийн хөөрөлдөө автан залуусыг зоригтой дэвшүүлэх
эсвэл хэт хаширлаад “үнэр” ортол нь нэг суудалд хадах аль аль нь уршиг тарьдаг.
Паркинсоны хуулинд хэмжээ тоо томьёотойгоо бичээстэй байгаа “ажил алба өгсөх шат”-аар
бодлогын хун тайжийг анги үсэргэлгүй, улираалгүй зугуухан явуулах ёстой. Орчин цагийн
Хятадын төрийн бодлого ийм зарчим барьснаараа коммунист нийгмийг хүртэл амжилтанд
хүргэсэн гол нууц нь энэ юм. Хүнд тушаал дэвших, ажил хариуцах, шийдвэр гаргах,
амжилтанд хүрэх, туршлага суух, хүндэтгэл хүлээх, ухааны оргилд хүрдэг нас цаг үеүд
эрэмбэ дэс дараатай ирдэг. Энэ расписанаар “Хүн”-ээ явуулж байтал замд нь “Өвгөн”
өтөлдөг ч үгүй, паакталдаг ч үгүй  шавар хаачихлаа.
Одоо цагт бол бүр залуу авгай аваад үсээ будчихсан цохиж явна гээч. Шийдвэр гаргах
насан дээрээ ирсэн мэргэжилтэн маань “дарга болох”-ыг  хүлээсээр байгаад гүйцэтгэх ажилдаа түүртэн шилжилтийн
насны охин шиг ааштай болчихов. Юм хийхээ байж хамаг цагаа харандаа үзүүрлэхэд зарцуулж
ч байх шиг, хажуудах пацаануудад наад поорчик хаа  одоо нээ гэхчилэн даргадаа гаргасан уураа энд
гаргана. Ингээд дамжих ёстой ажил амьдралын шат нь сэтгэлээр унах, атаархах, сайн
дураараа ажлаа хаях, хэнд ч тоогдохоо байх нас болон өөрчлөгддөг. (Энд архинд орох,
одон тэмдэг зүүх бол үүнтэй огт хамаагүй асуудал)  Тэгэхлээр компани нь эзэн  өөрийгөө ч бодсон, хамт олноо ч бодсон гэмгүй
яваа хөөрхий настанг бушуухан золигт гаргаж нүгэл хийх л болох нь. Харин яажшуухан
цэвэр аргаар ах хүүгээс салах арга бол бий бий.

…Даргаа сая зөвлөл хурал­даад таныг энэ сард Хельсинкид бага хуралд,
дараа нь Оттавад форумд, тэгээд Манилад бас нэг арга хэмжээнд оролцуулахаар боллоо.

Дарга дотроо “Байгуул­лагын нэр хүнд аргагүй л миний нэр хүнд дээр
тогтдог болж дээ. Өөр хэн явах юм” гэж онгироод нисч гарна даа. Цагийн зөрөө, элдэв
маягт бөглөх, бараг дэлхийг бүтэн тойрох онгоцны тамын нислэг, буунгуутаа хүлээн
авалт, хэрэг­тэй хэрэггүй хурал цуг­лаанаар хижээл эрийг сар орчим бөмбөгдчихлөөр
яаж бие нь дийлэхэв. Ирэнгүүтээ л мань эр “За даа ах нь ч барахаа  бай­жээ” гээд өргөдлөө өөрөө бичээд унана. Харин
ингэж байгаад нэгэн чулуу шиг биетэй хөгшний доозыг хэтрүүлээд чад болгочихсон тохиолдол
гарсан гэсэн шүү. Сураг сонсоход гадаадад хүлээн авалтын дараа нарийн бичгээрээ
түшүүлчихсэн яваа дуулдсан. Тэгээд ирээд удаагүй. Амьдралаа гэж.  Ахмад үеэ бид иймэрхүү маягаар тэтгэвэрт нь гаргачихдаг
л юм байна. Харин бидний ээлж ирэхэд хойч үе маань өөрсдийн бэлдсэн бэлгийг барих
байх даа.

(Б.Баясгалангийн эрхлэн гаргадаг математикийн “Олонлог” сэтгүүлд
“Паркинсон” бүрэн эхээрээ бий)

 2014-06 14. Хөх хот.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Эдийн засгийн ган зудтай давхцаж энд тэндгүй “90 ЖИЛ”-үүд

Хүйтэн дайны үед Хойд Солонгосчууд Дэлхийн залуучууд оюутны наадам гэх соц орнуудын дунд явагддаг байдаг л баярыг үзэл суртлын өндөр хэмжээнд хийрхэн хийдэг тээр жилээс хойш ер өөдлөөгүй юм даг. Тэгвэл Өмнөдүүд нь 1988 онд Сөүлд олимп зохиосныхоо  горыг ч бас чамгүй амссан харагддаг. 2012 оны хавар АН-ынхан  сонгуулийн ажлаар Сөүл орж тус хотын захад байх эзгүй хаячихсан стадионуудын нэгэнд шоу зохиож билээ. Олимпоос хойш эндхийн байр савнууд ашиг орлого олчихоор арга хэмжээ ер болоогүй гэж байсан. За тэгээд олны мэдэхээс Герег улс олимп зохиолоо, Испани хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо. Сүүлд Лондонгийн, саяын Сочигийн наадмууд байна. Том хэмжээний баяр цэнгүүний утга зорилго нь эдийн засгаас ангид боловч дараа нь дэндүү их урхаг тарьж улс орныг сүйтгэх нь гэсэн шүүмжлэл их гардаг болжээ. Айлаар жишвэл наргианы маргаашнаас эхлэн хэрүүл тасрахаа байдагтай адил юм. 

2014 оны гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал тун хүнд байгаа нь бараан зах дээр хүртэл анзаарагдаж байна. Гайтай юм шиг ийм тарчиг цагаар Монголын хөдөөд орчин цагийн сум хэмээх засаг захиргааны нэгж байгуулагдсаны түүхт 90 жилийн тэгш ой давхцаж таарлаа. Ардын хувьсгал ялсны дараахан 1924 онд хуучин хаант засгийн үеэс уламжлагдан ирсэн аймаг хошуудын тамгыг хураан авч “Хан” аймгууд, “Бэйс ван”-гийн хошуудыг уул усны нэрээр түр зуур сольсон шийдвэрийг  өнөөгийн  340-өөд сумдын зуу гаран нь үүссэн гэж үздэг юм билээ. Тэр дагуу энэ зун 17 аймгийн 107 сум үүнээс Говь-Алтайн 14 сум, Дорноговийн 11,Төв, Завхан, Дундговь тус бүр найм, Сэлэнгэ, Өвөрхангайд долоон сум “ерэн жил”-тэйгээр бусад аймгуудаа хошуучилж байна.  Албан ёсоор бол 1931 онд л жинхэнэ засаг захиргааны одоогийн нэгжүүд үүсэн, 13 аймаг, 327 сумтай болсон баримт байдаг. Тэр үеийн сум гэдэг нь малчдаа дагаад нүүж явдаг тугтай гэрүүдийг л хэлээд байх шиг байгаа юм. Удахгүй аравхан жилийн дараа 100 жил гэсэн лүнжгэр баяр болох нь ээ дээ. Мөн тэрний наана баяраа тэмдэглээгүй үлдсэн сумдын 90 жил , Ардын хувьсгалын 100 жил 2021 онд болно. Эдгээр түүхэн үйл явдлуудыг зөвхөн эрийн гурван наадам хийх далим болгон замруулж, улстөрчид голдуу хүмүүсийн хувийн эрх ашиг зонхилсон шоунд л хамаг анхаарлаа хандуулцгаана. Тэр л чухал бололтой. Тэр баяр тэмдэглэх, түүнд зарцуулах мөнгө төсөв болдгоороо болно биз. Үүнийг зөв буруу гэж хэлэлцээд ч хэрэггүй.

 Нойрмоглож байсан шалдар булдар хөдөө баярын сургаар хот руу цувцгаан таньж мэддэг болгон руугаа утас цохин хандив нэхэн зүгээр суулгахаа байлаа. “…Морины нэг насыг нь даа. Хорин сая байхад дөхнө…” гэсэн даалгавар манайд хоёр ч газраас ирээд байна. Өнөөгийн хөдөө дэх баяр гэхээр хэдэн хүн хуушуур зарж орлого олно. “Портер”-тэй уяачид сумаас сум руу харваж морио уралдуулан байнд ирэх мотоцикль, хивсийг нь хамцгаана. Бөхийн барилдаан гэдэг жүжгийг нь найруулж өгөхөөр улс аймгийн цолтнууд шавцгаана. Тэдний өмссөн дээл нь бүжигчин хүүхнүүд ч атаархмаар гоё. Хөрөнгө баялгийг дор бүрнээ зүхэвч нутагтаа айлчлан очигсод бүгд л ээмэг бөгжөө боловч шинэчлэн гайгүй машин зээлээр ч болохноо авч унан “Аятайхан харагдах”-ыг чармайцгаана. Наадмын өдөр Гандангаас лам авчирч талбай дээр маани уншуулах ба аймгаас микротой цагдаагийн хэсэг ирэн машин тэргийг “Р” үсэгтэй газар зогсоож өгөөд хоолондоо ороод буцацгаана.Ингээд цугларч сайн идэж ууж аваад л баярын арга хэмжээ үндсэндээ болох шив дээ. Сум болгон л өөрийн лам ба  бөхтэй. Тэрнийгээ баахан ярих бөгөөд өөр бахархах зүйлсээр туйлын ядмаг. Үнэн худлаа нь мэдэгдэхээ больтлоо домог болсон тэр яриаг нь одоо сонирхож байгаа хүүхэд байдаг ч юм уу. Архиндаа халсан хүмүүс дуу хуурынхаа завсраар ярьдаг сэдэв нь сумандаа “нэг юм үлдээх” тухай байдаг. Олны өгсөн хандиваас мөнгө үлдсэн бол сумын төв ганц суварга, бөх юм уу  морины хөшөөтэй хоцорно биз. Хэдэн хуучин компьютер дотуур байранд бэлэглэсэн, аа тийм сумын төв рүү ордог хөтөл дээр нэмж овоо босгон хадаг зүүдэг юм байна. Ерэн жилтэй сумдын Засаг дарга нарын мэргэн ухаанд буусан санаачилга гэвэл субботник хийж хогоо түүнэ байх. Хотоос будаг олж ирэн хашаануудаа шохойдно. Зарим гудамжны чийдэнг солино. Намар тийшихнээ дарга нарын аль нэг нь баярын үеийн хандивын мөнгөнөөс цохьчихсон тухай хов жив сөхөгдөж гарч ирнэ. Хаа газрын тэмдэглэлт ой баяр наадам энэнээс илүү үгүй дутуу ч үгүй иймэрхүү л болдог. Зах зээлийн байдал ороо бусгаа болцорлоо гээд наадмаа хойшлуулна гэж байхгүй. Хийж л таараа. Тэгээд ч төр болоод төсөвт үлэмж дарамт үзүүлэн дампуураад байх юу л болоо аж.

Баяр наадмаа та нар ингэж хий хэн нь хэндээ заахав.Харин энэ зуны хувьд төр засаг ба олон түмний анхааралд энэхүү сум гэсэн том сэдэв ороод ирлээ. Хүүхнүүдийн гоёж гоодсон байдал, хуушуурын амт, олдоц, бөхийн найрааны “Арай ч дээ”-нүүд гээд наадмын сонин хачин явж явж эцэст нь  ингэхэд энэ сум гэдэг чинь ер нь ямар хэрэгтэй юм. Ингээд л байгаад байх юм уу гэсэн бүхэлд нь тоймлосон асуудалтай бүгд тулгарах нь дамжиггүй. Энэ уул усыг тойрон эргэлдэж хэд хэдэн үе дамнан 90 жил цугтаа амьдарч буй бага оврын  нөхөрлөл иргэншлүүд өнөөдөр тайлангаа тавьж бусдаар дүгнүүлнэ. Тэгэхлээр одоо “өндөр настан”-ууд олон нийтэд өөрийнхөө юу илүүгээ, ямар бахархлаа юу ч үлдээлгүй гаргаж сурталчлахгүй бол нэг сайн наадам хийгээд нэгмөсөн тарах дээрээ ч тулж магадгүй юм. Нийгэм улам илүү нээлттэй эрүүл болж буй өнөө цагт малын ноос нэхий цуглуулах зориулалтаар үүссэн хэдэн ямбий суурингуудыг татан буулгаж томсгохыг шаардах нь зүй ёсны юм. Хөдөөг чөлөөлж хот руу төвлөрөх, хотоо ч бас төвлөрүүлэн эдийн засгийн хямралаас гарах орчин цагийн их урсгалд АНУ-ын Детройд хот хүртэл өртөж балгас болчихож байгаа нь хангалттай жишээ.

Аль ерэн жилийн өмнө эдгээр 106 модыг тарьсан. Одоо улсаас усалж бордох хугацаа хангалттай болоо биз. Цаашдаа өөрөө биеэ даагаад ургаад хөгжөөд яв гэвэл  чадах нутаг аль хэр олон бий вэ? Хожим аз эз аль нь ч болдог байсан томоохон уул уурхай илэрч, түүнийг дагасан дэд бүтэц танай хавиар орж ирж нэг хэсэгтээ сэргэж хөгжих завшаан гарч болох юм. Энэ нь эдийн засагтай холбоотой тусдаа сэдэв. Харин олон арав, хэдэн зууны турш хүмүүсийн анхаарлыг татсан онцгой чухал орчин гариг дээр мэнгэ лугаа өчнөөнөөр тэмдэглэгджээ.Газар зүйн төрөл бүрийн солбилцол тохиолдлоор рашаан ус, ургамал, агаар салхинд нь өөрчлөлт орж хүн амьтны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг, ер бусын энерги хуримтлагдах буцаад задрах процесс байгаль дээр байнга явагддаг. Манай орны уудам дэлгэр нутагт тийм газар мэдээж цөөнгүй тохиолдоно. Чухам энэ учир шалтгаанаар танай сум 90,100 жил оршин тогтнож байгаа бол юу хэлэхэв. Жуулчдын нүд хужирлах Чингэс хааны ташуураа гээсэн домоггүй, Цэдэнбал ч дайраад гарсан удаагүй, мөнх цастай уулсгүй, үлэг гүрвэлийн яс олддогүйд нь нутгаа голоод хэрэггүй. Энэ уулын ард төрж эндээсээ ууж идэж амьсгалж байгаа охидын дийлэнх нь гойд царайлаг байдаг тийм газар оронтойгоо бид өөрсдөө ч анзаараагүй өдий хүрсэн тал бий. Өвчин зовлонгоос ангижруулдаг, урт наслуулдаг, хүчтэн бяртангууд төрөмтгий халуун рашаан онцгой газруудыг хав дарж хадгалах, зөвхөн хойч үедээ зориулна гэдэггүй. Энэ бол ашигт малтмал биш. Цаг уур, гол мөрний голдирол байнга хувирч, үйлчилгээ нь буурдаг, өөрчлөгддөг тул одоо цаг хамгийн чухал нь юм. Мөн хэдийгээр хот төвлөрөл, алт зэсний баялаг уурхай нээгдсэн ч бусад үзүүлэлтүүд нь хүн амьтанд тохирохгүй байж болно. Ялангуяа цацраг идэвхит бодис, хар тугалаг их хэмжээгээр агуулагдсан нутаг Монголд цөөнгүй бүртгэгдсэн байгаа. Яагаад ч юм энэ талаарх мэдээлэл их бүрхэг байдаг юм билээ.

Өнөө зун наадмаар олон ч хүн нутагтаа очих байх. Тэд зөвхөн зах зээлээс шалтгаалж нутгаа орхисон уу? Яагаад зарим нь эндээ байгаад байгаа нь ч бас л томоохон судлагдахуун. Хэрэв буцаж очоод амьдаръя гэвэл дутуу юм алга гэж сайрхахаас өмнө бусад газраас давуу юу байдгийг өнөөдөр арай өөр талаас нь хайж үзвэл бас сонирхолтой л юм.  Амьдралын үндсэн хэрэглээний сагсанд 300 гаран төрлийн асуудал байдаг. Тэдгээрийн ихэнхийг шаардлагатай гэж үзвэл эзгүй цөл, далай дээр ч бий болгох боломжтой. Тэгэхлээр орон нутаг дахь одоогийн эдийн засгийн сайн муу үзүүлэлт төдийгөөр бүхнийг хэмжих боломжгүй. Ер буюу зуу орчим жил  үргэлжилсэн тогтвортой амьдрал бол ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход хангалттай судалгаа болно. “ТЭЗҮ”-ээ зөв гаргаж чадвал танай суманд төр засгаас ач холбогдол өгөх ч юм билүү. 

Түүнээс гадна манайхан баяр гэхээр л нутгаасаа төрсөн гэх эрдэмтэн, зохиолч, бөх мэтийн энгэртээ одон зүүсэн хэдэн ярвагар юмнуудыг дагаад хөлөө хугалчихаа алддаг. Тэд яахав та нарыг баахан доош нь хийж пээдийчихээд яваад өгнө. Харин нутаг амьтай бизнесмэнүүдээ сайн тойгдож зарж борлуулдаг бүтээгдэхүүн нь хулхи биш бол авч хэрэглэж жудагтай байцгаа гэж наадмаар цугласан олонд албан ёсоор хэлэх хэрэгтэй. Бодвол энэ үеэр багагүй хандивыг нь хүртээ байлгүй.

Бөглүү сууринг маань ганц баясгадаг мэдрэл муутай цайлган “тэр муу”-даа ганц тэрлэг оёод өгчихөөч. Идэш ууш хийх цагаар хэрэг болдог, толгой тархи бариад өгдөг, гагнуур засвар гэхээр л хамгийн түрүүнд санаанд буудаг, морь бөх цоллодог, ажил явдал, найр наадам тэр гуайгаар заавал дутагддаг өөр газрынхан танихгүй ч сумандаа бол  хөгшин залуугүй анддаггүй “нэргүй зарц“-ууддаа тохирсон бэлгийг нь өгч баярлуулбал гоё шүү дээ. Ийм л сэтгэлийг халуун элгэн нутаг минь гэдэг юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хоцрогдсон оюутан

Зах зээлийн нийгэм & капитализм.
Бүхнийг мөнгөөр шийднэ. Энэ
нь ч шударга. Төлбөртэй
эрүүл мэнд, боловсролд шаардлага
өндөр, чанар яаж муу
байхав. Энүүнд суртал ухуулга
орохгүй мөн амар болох
нь ээ. Эхний жилүүдэд
ийм л гаргалгаа харагдаад
байсан .

Харамсалтай
нь зөв таасангүй. Хөдөлмөрлөж,
суралгүйгээр өөрөө ороод ирдэг
сул олз зах зээлийн
замаар дүүрэн хөглөрөөд дуусч
өгөхгүй юм. 18, одоо 16-тай
хүүхдүүд хайран мөнгө гэх
зовлон үзээгүй болохоор дээд
боловсролд шаардагдах сая сая төгрөгийн
үнэ цэнийн мэдрэмжгүй. Хэрэв
ар гэр нь уг
гувчуурыг “өөр газраас” цавчиж
барагдуулдаг бол сургалт улам
л үнэгүйднэ. Зарим
түгээмэл тархацтай  ангийн,
алтны зэрэг  хулгай
луйварт ч “Хүүхдийн төлбөр”
гэсэн ариухан шалтаг явдаг.Төр, нийтийн төлөө
сурч  байгаа
аятай улсаас сар бүр
70 мянгаар угждаг ямар сайхан
ааштай капитализм бидэнтэй тааралдчихваа. Орилж бахиран аргадуулж
баймааж хүүхдүүдийн багыг нь цэцэрлэгт,
томыг нь зах зээл
рүү хөтөлж явах шив
дээ.

Одоо гадуур сургуулиа төгссөн
гэх утасны нурчихсан батарей
шиг хоосон толгойнууд  хаалга үүд онголзуулан
цувдаг үе эхэллээ. Хэрэв
тэднээс ажилд авах дээрээ
тулбал дахиж жинхэнээс нь
сургаж эхэлдэг.

 

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хоносон хоолыг халаагаад идчихдэг

Хоносон хоолыг халаагаад идчихдэг бол хоносон сонинг шатаагаад түлэхээс өөр далд оруулах арга байхгүй.  “Өдрийн сонин” бол урсаж буй мэдээллийн агуу том мөрөн юм. Энэ сонины хувьд зог тусан авах эзнээ хүлээхийн завдалгүй дараагийнхдаа шахагдчихдаг.

Сонины улирлын захиалгаас хоцорч хаширсан хүн үгээ хэлж байна билээ. Өглөө болгон эрт босч хэвлэлийн мухлаган дээрээс өрсөж “Өдрийн сонин”-г авахгүй бол 10 цаг жаахан өнгөрлөө бол хаанаас ч олдохгүй зарагдаад дуусчихсан. Бусад сонин сэтгүүлүүд бол өөрийгөө рекламдсан шигээ үдэш болтол бүр маргааш нь ч байж л…

Хэдхэн жилийн өмнө хэв­лэл борлуулагчдын цөөнгүй нь айхтар улс төржсөн наймаачид байж билээ. Энэ муу “ӨС” нам засгийг минь шүүмжилж, энхрий хайрт Энхбаяр даргыг минь хүртэл элдвээр бичдэг болохоор нь зарахаас ч дургүй хүрдэг гэж үү. Хожим сонсохнээ өөр зорилготой тусгай даалгавартай хүмүүс ажилладаг байсан юм шиг байна лээ.

Одоо тийм юм байхгүй ч аанай ховор зэвэр байдгийн шалтгаан нь манай мэргэжил нэгтнүүд маань ( PM, сайт, сонин, бүр телевизийнхэн) эртээ нисч ирээд бидний хөлөө цуцтал явж тархиа гашилтал боловсруулсан бүтээлээр хооллон өдөржин жиргэж гарна даа. Буян болог зайлуул. Бид нэг удаа амрахад зурагт унтарч байсан тал бий шүү. Тэгэхлээр сониноо шуудангаар захиалчихсан нь аль алиндаа амар байдаг юм шүү хө.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утсаар шинжихүй

Харц ноёд ялгаагүй адилхан хувцаслачихаад байхад л нийгэмд ямар байр суурь эзэлдгийг мэдчихээд байх юм. Даргаасаа бүдүүн гүзээтэй аахилж байхад хүртэл андуурахгүй шүү.

Урьд цагт алганы хээ, нүүр хараад нэр асуултгүй шинждэг байсан. Одоо гар утасны ноймер танихгүй хүнд их олон юм ховлодог боллоо. Хотынх уу, хөдөөнийх үү, оюутан, босс, гэр хороолол, эр эм, хөгшин залууг утасны дугаараас нь мэдээд авчихна.

Цаашлаад зан “хараактэр”-ийг нь сонжихоор бол залгахад өөдөөс “Таны дуудлагыг миний туслах хүлээж авлаа” гэсэн нарийн бичиг эмэгтэйн дуудлага утсандаа хийсэн байгаа бол утасны эзэн мэдээж удирдах ажилтан биш. Харин их юм мөрөөддөг, амбицтай, жижиг гар байж таараа. Ямар ая эгшиг суулгаснаар нь үндсэрхэг, шалиг, тэнэг маанагийг нь хүртэл ханатай таамаглаж орхино. Бүх юмаа, дугаараа хүртэл нууцалсан байвал үл бүтэх этгээд, эсвэл хүчний байгууллагынхан. 

Гар утасны  үүрэн телефоноос алийг сонгосноор нь төрийн албан хаагч, манаач “сэкрийт”, малын хулгайч эсэхийг ч төвөггүй тогтооно. 

Хамгийн сүүлд харилцагч­тайгаа ярилцах ярианы өнгө нь ажилгүйчүүд, тэтгэврийнхэн, махны ченж, ачааны машины жолооч, сантехникийн слесарийн аль нь гэдгээ тэр өөрөө ойр хавийнханд хангинатал зарлана.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жүйс намой давай

Гаднаасаа түгжигддэг Бүргэд  хаалганаас хаширсан охин маань орсон гарсан болгонд “Тү аваа даяаа” гээд байсныг хожуухан “орчуулж” наргиан болж билээ. “Түлхүүрээ аваад гараарай” гэсэн уг нь маш хэрэгтэй захиасыг нь шал худлаа таацгаагаад …(Өнгөрсөн жил эгчтэйгээ хоёулхнаа гэр сахих зуураа хаалганы хоёр талд тусгаарлагдан онгойлгох түлхүүргүй хэдэн цаг болсон юм)    

Одоо тэр үеэ бодвол хаалгаа өөрөө очоод онгойлгочихно, “Монгол”-оор ус цас болсон л доо. Харин ойрмогхон “Жүйс намой давай” гэнэ үү бас нэг ойлгомжгүй хэллэг гараад ирэв. Гэр бүлээрээ институци  байгуулах нь холгүй ажиллаж “юу гэж байгаа юм, дахиад нэг хэлчих дээ” гэцгээлээ. Шалгалт хэмжээнээсээ хэтэрч гоё инээдэмтэй юм олж сонсохоор бүгд л хорхойсов.

Аливаа алдаа сургамж эхлээд инээдэм, давтагдвал эмгэнэл гэдэг юутай үнэн ажээ.

-Би дахиж хэзээ ч хэлэхгүй за. “Пидаа” минь??? гэдэг байна шүү. Юун инээдэм манатай. Та нарын хэн чинь хүүхдэд  энэ муухай үгийг заасан бэ? гэсэн ноцтой асуудал үүссэнээр “Жүйс намой давай”-н хэргийг бушуухан хаацгаав.  

Ж.ГАНГАА