Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эд чадаж байгаа бол бид чадна гэсэн үг

Сүүлийн үед байшин барилга барьдаг хүмүүс олширчээ. Мөн олон аж ахуйн нэгжүүд чиг үүргээ өөрчилж барилгын салбарт  хошуурцгааж байна. Энд алтны “Нинжа”-гаас дутахгүй ашиг байгаа учраас тэр. Тэгээд ч мужаан, дархан хийх нь тийм муухай ажил бишээс гадна барилгажилт ойр мөддөө барж идэхээргүй эрэлт хэрэгцээг нэхэх боллоо. Хөгжиж байгаа Монгол оронд төдийгүй дэлхий даяар хашаа байшингаа шинэчлэх бүтээн байгуулалт өрнөн кран сэрийлдсэн дүр төрх эртний хотуудыг ч тайван байлгахаа больсон байна. Дэлхийн хүн амын эрс өсөлт хотжилт хоёр давхцаад хаа сайгүй шинэ тохижуулалт тохиргоо хийх шаардлага гарчээ. Зарим хуучин хотыг хусч байгаад шинээр байшин гудамж гаргахаас ч өөр аргагүй болсон гэнэ.

Улс төрчдийн амлалт, банкны зээл, шинжлэх ухааныхны практикт  амжилт олох хамгийн хурдан боломжтой талбар нь барилгын салбар болоод ирсэн чинь энд өнөөдөр банз хаддаг хадаас хүртэл  шал өөр болон хөгжлийн үр хаялгыг хүртэж. Цаагуур гадаад ертөнц ялангуяа хөрш Хятад гүрэн тэр аяараа нүргэлэн тариа  ногооноосоо илүү барилгын эринд амьдарцгаах болов.

Ухаантай толгойнууд, нөлөө бүхий салбаруудыг татаж чадвал ямар их ач холбогдол, үр дүн гардаг сонгодог жишээ өнөөдөр их барилгажилтад тод харагдаж байна. Ердөө хэдхэн жилийн өмнө орон сууц барих гэж язганадаг байсан олон хүн,  гар ажиллагаануудыг дор нь халж хялбарчлан улам чанаржуулан мужааны алх, гар хөрөө, шавар зөөдөг “насийлк” аль хэдийнэ үеэ өнгөрөөжээ.

Сая саяар нь мөнгийг уутлаад буй яруу алдарт барилгачдын амьдралын зах зухыг өнгөрөгч зун хажуунаас нь харж үзсэнээ магтаж муулалгүй бичвэл уншигчдад сонин бас хэрэгтэй ч юм билүү гэсэн санаа төрсөн юм.

Сонин дээрх “Канад өвөл зуны дүнзэн байшинг мэргэжлийн өндөр түвшинд богино хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр…” гэсэн зарын дагуу утас цохилоо. Ямар ч байсан “Хэрэглэгч та хаан” гэдгийг хэлж мэдэх хэмжээний уриалгахан менежэр, боссууд өөрсдөө гүйгээд  ирж байна. Ингээд гучин саяд багтаагаад мансард ороод хоёр давхар хаусархуу маягийн өвөл зуны дүнзэн байшинг хотоос 160 км зайд хоёроос гурван долоо хоногийн дотор угсраад түлхүүр гардуулахаар тохирлоо. Энэ хугацаанд өөр иймээ тиймээ яриа буцаа шалтаг тоочихгүй. Энэ альбом дээр байгаа фото зурагнууд шиг байшин шүү дээ…

 Материалаа худалдаж авах гарааны мөнгө гээд арван саяыг бусдыг нь явц дундуур цувуулж өгөх юм байна. Тэрнийгээ тоолох ч үгүй авч хармаалаад наадмын маргааш  бүх юмаа ачаад очно гээд гарч одов. Болзсон өдөр төв замаас салдаг дээр мод ачсан том машин, гэр бараагаа ачаалсан портер бүхий ажилчдын бригад хэлсэн ярьснаараа ирцгээв. Канад дүнз гэхээр ямар гээч лаг мод байдаг бол, орос дүнзийг бол вагон дээр ачаад Хятад руу зөөж явааг харсан. Яг нэг хэвэнд цутгасан юм шиг гоё бөөрөнхий моднуудыг ачааны галт тэргээр урагш тээж яваа харагддаг. Харин манай барих байшингийн “канад мод” тийм биш айлын малын хуучин пингийн дээвэр хуулаад ирчихэв үү гэмээр зузаахан зах банзнууд ачжээ. Бүр өгөрч хөхрөөд зарим нь ялзарчихсан ч байх шиг.

…Зүгээрээ ах аа. Дараа нь янзын гоё зүлгэчихээр яг канад дүнз болчихдог юм. Харин ч зузаан дүнзтэй таарсан шүү гэж тайтгаруулав. Байгаль орчны хууль чангарч нойтон мод хот руу оруулахаа болихоор модны хулгайч нар аргаа өөрчилж ууланд нь юм уу гэрийнхээ гадаа торхоо угсраад хуучруулчихдаг аж. Манай мод гэхэд л хотын хойд зуслангийн нэг амнаас хямдхан авсан гэсэн. Шаргаморьтын эх юм уу Хандгайтад хийсэн ч байж магадгүй. Тэгээд хуучин хашаа байшин зөөж байгаа мэт гэмгүй царайлан 22-ын товчоогоор орж гарахад хэн юу хэлэх юм. Уулын мухрын ой энэ мэтээр улам л сүйдээд байгаа болохоос хамгаалалт аль хэдийнэ алдагджээ. Ойн яам татан буугдаад байгаль хамгаалах яам байгуулсны гор ингэж гарч байна даа. Хямдхан авсаархан моторт хөрөө, торх угсардаг ухдаг бусад жижиг, дунд үйлдвэрийн янз бүрийн өчнөөн хөөрхөн багажнууд урд хөршид байдгийг олж ирээд эзгүй хөвчид хэдүүлхнээ гараад биеийн ядаргаагүй техникээр зодон яах ийхийн зуургүй ажлаа амжуулчихдаг гэнэ шүү. Тэгээд хууль чангарсан, мод үнэд орсон тул  төдөн сая гээд харин ч бүр завшаантай юм болсон байна. Ийм сайхан шанстай, эрэлт ихтэй, алт ухахаас дутахгүй олзны сургаар олон хүн ажлаасаа гарч модчин, барилгачин болжээ.

Канад байшин барьдаг мэргэжлийн өндөр түвшинтэй хүмүүстэйгээ танилцлаа. Манай байшинг барих бригадын бүрэлдэхүүн гэвэл ноднин цэргээс халагдсан гэх хүү, энэ жил долоод орно гэсэн хурдны морь унаснаа ярихаас өөр шидгүй пацаан, нас тавь гарч яваа малчин эр, аа бас тогооч гээд энэ хавар арав төгссөн охин. “Анхны алхам” кинон дээр гардаг хадланчин өвгөд бол эдний дэргэд ёстой жинхэнэ мэргэжлийн бригад байхгүй юу.

Босс руу нь утас цохиж хэл ам хийлээ. …Зүгээрээ  ахаа. Наадуул чинь олон байшин барьсан туршлагатай хүмүүс, янзын гоё барина. Харж л байгаарай. Үгүй тэгээд дараа нь худлаа гэхийн аргагүй юм.  Яагаад гэхээр одоо цагт байшин барих нь ерөөсөө ядаж цөхөх юмгүй, доширакийг хэрхэн хоол болгох дайны  ур ухаан шаардсан ажил байж уу.  Нэг удаа тог тасраад мод гар хөрөөгөөр тайрах болсон чинь бригад дотор тэгшхэн хөрөөдчих хэмжээний гарын эв дүйтэй мужаан байхгүй мурий сарий огточоод ёстой тараа таниулав. Тэгэхнээ зайлуул хөдөө Булганы төв дээр уурын зуухны галч хийж байсан, зун хийх ажилгүй болчихоод садангаа бараадаж халтуур хийж яваа “Би чадна”-чуудын өрөөсөн аж. Ямар элэнцэгнийх нь өндөр мэргэжилтэн. Канад гэж улс уу модны нэр үү гэдгийг хариулж чадаагүй шүү.

За хэдүүлээ нөгөөдөр бороо орохоос өмнө туургаа босгоод дээврээ хийчихье гээд шууд ухасхийж байна. Хажуунаас нь хошуу нэмж “Эхлээд хундаамаа цутгах энэ тэр гээд дэс дараа байдаггүй юм уу? Та нарын яриагаар бол хоёр хоногийн дотор дээвэр дээрээ тултлаа ажиллана гэдэг чинь бараг байшингаа барьчих нь ээ!” Ингээд дарга цэрэггүй хоолоо хам хум идээд  дүнзнүүдээ ноймероор нь хөөгөөд гэрийн хана дугуйлахаас арай урт хугацаанд дөрвөн туурга босоод ирэв. Модны хооронд цагаан хөөс шүршин хадаж бэхлэх, завсар зай бөглөх асуудлыг хамтад нь шийдчихлээ. Тэгээд маргааш нь  зузаан банзаар хэдэн “А” нуруу хийгээд дээврээ хучиж орхив.

“Дружба” хөрөө ёнги­нуулан өрсөн дүнзнүүдийг тас хярган дотор нь бэлэн ачиж ирсэн вакуум цонх, бүргэд хаалгаа чихэж оруулаад нөгөө хөөсөө цацлаа. Хайрга жаахан цемэнттэй хольж зууран түр хашлага хийж байгаад сууриа сүүлд нь цутгаад авав. Тэр хавьд ухаж гаргасан шороо чулуунуудыг шаллах газраа дүүртэл асгаад гурван хуруу хэрээтэй зузаан хайргатай цементээр бетондон дээр нь пракет хэмээх цаасан шал угсарна. 

Барилгачин мужаан нарт “Кен” хэмээх тасдах, хөрөөдөх зориулалттай цахилгаанаар ажилладаг сахлын машин шиг бичил багаж бүх юманд нь хэрэг болно. Скоч тэр хоёргүй өмнө нь яаж болж байсан юм бол. Нөгөө өгөр дүнзний гадаргыг “кээн”-ээрээ хоёр өдөр илээд л юу ч үгүй точилдон цоо шинэ болгочиж байна шүү. 

Бас нэг цахилгаан үдээсний машиныг хий хураадаг баллонтой хавсран тусгай хадаасаар цэнэглэж байгаад юу л бол юуг ганц гох дараад л нам хадаж орхино. Модыг төмөртэй хүртэл нийлүүлээд хадчих юм.

Эрээнээс татаад “Зуун айл” дээр зарж буй эдгээр орчин үеийн багажнууд хамгийн үнэтэй нь л  100 мянга орчим. Манай нөхдүүд болохоор түүнээс хямдхан хулхийг нь аваад янз бүрээр додомдон тог цахилгааны бөөн масс үүсгэн монголчилжээ. Байсгээд л нөгөө багаж нь хиншүү хангинуулан шатаж эвдрэх ба түүнтэйгээ ноцолдон өдрийг барна. Цахилгаан багажнуудын буянаар булчин ажиллах шаардлагагүй болсон ч түүний өдөр турш чарлах дуу чимээ ба гарч буй үртэс тортог нь найгүй. Дээр нь янз бүрийн эвгүй үнэртэй будаг шунх лаак хангинаад л. Өөрийгөө хамгаалсан маск, чихэвч малгай ч байхгүй ажилчид цөмөөрөө найтаалган бүгшүүлэн ханиацгаана. Мөн чих нь дүлийрч, нүд нь час улайн бүлцийжээ. Том барилга дээр ажиллагсад ингээд л осол аваар гаргаж, ужиг өвчинд баригддаг нь харваас илт байв. Ажил хурдан бүтэж амар хялбар болсон ч хариуд нь урьд цагийн амар тайван орчин, уран барилгын гоо сайхан, урлаг нь ор мөргүй арилжээ. Дарх, мужаан оролддог өвөө ажаагийн үед ашиг олохоосоо илүү тэр гуайн хийсэн эмээл хазаар, авдар, орон гэр гэсэн нэр төрөндөө илүү анхаардаг байв. Нутаг усныхан гарын уртай цөөн хэдэн өвгөчүүлээ эвдэрч хэмхэрсэн эд зүйлээр дарж, үнэгүй засуулан “за”-гийн өрөнд хийж залхааж орхидогсон.

Орчин цагийн орон сууцны үнэ ханш нь ашигтай байрлал, чанартай материал хоёртоо л байдаг болов уу. Өмнө нь сайтар төлөвлөж бэлтгэлээ базааж байгаад дөрвүүл тавуулаа наадмын таван өдрийн амралтаараа энэ олон саяын үнэтэй олон өрөөтэй орон сууцыг эднээс дутахгүй барьчих боломж харагдаад байх юм. Чанартай материалд зардал хайрлахгүй хаяад нөгөө урьдчилгаа гучин хувийн мөнгөөрөө л хүссэн орон сууцаа өөрөө барьчихмаар багцаа тооцоо гардаг. Өөрсдийгөө цалинжуулах, шулна гэж байх биш газраа л  шударгаар олоод авчихвал орон сууц төдийгүй хаус шилтгээнүүдийг хүссэн зургаараа барих бүх боломжийг зах дээр зарж байна. Даанч орчин үеийн залуучууд биеийн хүч, оюун ухаан хоёроо дайчилж юм бүтээж үзээгүй, тэр талаар харанхуй хариуцлагагүй боловсорсон.

Зах зээлээс өмнө гэр бүлийнхэн голдуу өөрсдөө орон байраа бэлддэг уламжлалтай байсан. Одооных шиг ийм сайхан материал багаж байсан бол ямар газаргүй гэх биш хойч үедээ өвлүүлэх олон сайхан хаус босгочихсон, орон сууц проблем биш байх байхгүй юу. 

Шууд түлхүүр гардуулна гэж барилгынхан тэвдүү хэлээд байгаагийн цаана их олон учир байна. Хийж ядах юмгүй ажиллагаа бүхий бизнесийг нь мэдчих вий гэсэн болгоомжлол, материалын  өртгөө хэмнэж далдлах юм их тул үйлчлүүлэгчдэдээ юу хийж байгаагаа үзүүлэх тун дургүй. Үйлчлүүлэгч нь ч гэсэн бас нэг таарсан амьтан  амьдралаас тасархай юм шаардах буюу асуугаад яршиг төвөг уддаг бололтой. Дээврийн хонгилын А нурууг тавьж байхад нь захиалагч хүүхэн ирж таараад зүлгээд буд гэсэн байгаа юм. Би ирээгүй бол энэ чигээр нь тавих нь ээ гэж баахан аашилж. Тэгснээ дээвэр хадаад дууссан хойно шал дэмий илүү юм хийлгэснээ сая анзаарсан ч мөн л өөртөө буруу үл халдаан хангинасан байх жишээтэй.

70,80-аад оны үед юм мэдэхгүй бас ховроос болоод жинс өмдийг идэшний шараар авдаг байлаа. Тэр нь орги биш хуурамч шүү. Оросын ямбий суудлын автомашиныг төө соруултай гаанс, хаш хөөргөө өгч авчихаад “Гочоо минь ээ хө…” гээд дуулаад давхиж явдаг бол үнэн юм.   Одоо солонгос “эксел”-ийг дөрөв таван зуун саяын хөөрөг гаансаар солих уу. Яг үүн шиг орон сууцны барилга бодит бишийг нүдээр харлаа. Энэ салбар руу манай бохир улс төр, луйварчин бизнесмэнүүд, залхуу халтуурчингууд бэлчээрийн даац хэтрүүлэн орж ирж шавцгаагаад монополь тогтоон үнийг нь хаданд гаргажээ. Эдний заль мэх, үг хэл нь гүйцэгдэхгүй. Хэрэглэгч та хаан гэж уяртал панаалдаж клиентээ олж олж аваад гучин хувийн урьдчилгаагаа салгаж авсны маргаашаас эхлэн зангаа хувирган гоншгоноод эхэлнэ. Одоо эргэж буцахаасаа өнгөрсөн гэдгийг сайн мэднэ. Ядахад төр засаг хүртэл худлаа шоудаад Хөтөл шинэ үйлдвэртэй болчихлоо гээд тууз хайчлаад байсан. Тэгвэл энэ зунжингаа Эрээнээс зөөдөг цементийн үнэ тасралтгүй нэмэгдэн гүний гааль дээр вагоноос газар буулгалгүй булаалцалдан авцгаасан даа. Зурагт үзсэн хэнд ч гэсэн цемент навс хямдрах нь ойлгомжтой атал амьдрал дээр яагаад тийм биш байсан юм бол.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бадарчин явсан газар балагтай

Дотоод, гадаадын үүргэвчтэй аялал гэгч тусдаа төрөл байдаг уу. Урин цаг эхэлмэгц явган нүцгэн, унадаг дугуйтай, тэрэг түрсэн, лам хувцас өмссөн хүмүүс эзгүй хээр анхаарал татахуйц олширсоор байна. Тэднээс цөөнгүй нь хөдөө тэнэж яваад юмаа алдсан,  эрүүл мэндээрээ хохирсон хэрэг ч гардаг бололтой. Ер нь их төвөг учруулах юм. Орон нутгийн засаг захиргаан дээр давхиж орох, элдвийн юм шалгаах, гуйх, айл гэрт уриагүй байхад ороод ирэх зэрэг ичгүүр сонжуургүй аашилцгаадаг.

Дээхнэ гадаадынхан нь Монголыг, хотынхон нь хөдөөг шоолж баахан зугаацацгаасан. Урьд шарын шашны дампуурлын үед бадарчин гээд ийм балай юмнууд авгай хүүхэн эзгүйчлэн эргүүлж,  хүмүүсийг элдвээр чадаж луйварддаг байсан тухай өчнөөн домог үлгэр байдаг. 

Аялал жуулчлалын салбараас улсын болон хувийн байгууллагууд багагүй орлого олох боломж орон бүрт бий. Энэ орлогын үүдийг дотоод гадаадын үүргэвч үүрсэн золбингууд хааж үнэгүйдүүлж орхидог. Манай хөдөөнийхөн ч гэсэн орой үдшийн цагаар нохой шуугиулан, таяг тулсан хэдэн настай, эр эм нь үл мэдэгдэх шар толгойтой чөтгөр шиг юмнууд худлаа инээгээд ирвэл хэмх балбаад хөөгөөд явуулчихаж бай. Ер нь тэдний ард тоймтой улс орон албан ёсны байгууллага гэж байдаг ч үгүй байх. Янз бүрийн этгээд хачин санаачилга уриалга гарган хандив тусламж нэхэж ч байх шиг. Эднээр рекламдуулдаг байсан цаг одоо өнгөрсөн. Мөн эд биднийг хичнээн доромжиллоо гээд хэн үгийг нь  тоож сонсох юм.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ярианаасаа биш “Яав”-наас болгоомжил

Үзэл сурталдсан нийгмийн үед чухалчлан анхааруулдаг “Дааганаасаа биш даравгараасаа болж унана шүү” гэх онч хэлц одоо ач холбогдолгүй болжээ. Үгээ хэлэх төдийгүй жагсах цуглах, тэмцэх эрх чөлөө бүгд нээлттэй. Хэн юу ч ярьсан яах ч үгүй, жиргэсэн ч жишим ч үгүй болоод байгаа цаг үе.

Харин үүний оронд хэтээсээ явган явах дургүй монголчууд унаж зайдалдаг унаандаа анхаарахгүй бол болохоо байжээ. Ялангуяа орон нутагт энэ “Яав” гэх бичил мотоциклийг техникийн наад захын мэдлэггүй жаахан хүүхэд охид, настай авгай нар хэн дуртай нь унан чавхдацгаана. Эзгүй хээр яаваараа хөтөл өөд орилуулсаар гараад ирэхэд өмнөөс нь бас нэг “яавчин” амьд амьтан уначихсан аятай шуугин гарч ирээд хоорондоо зөрж амжилгүй тас мөргөлдөж орхих юм. Сумын төв дээрх гудамж хашааны булан болгон “гүйдэл”-тэй болж байгаа бололтой. Аль нэг нь болгоомжтой байгаад ч нэмэргүй. Тооромзгүй, гэрэлгүй, араа соёондоо ордоггүй есөн шидийн унаа уначихаад хээвнэг эргэж хараад ярих, согтуу гуйвлан хаазлах бол наад захын үзэгдэл. Энэ муу жижигхэн дугуй байтугай эдэлж чадаагүй бол эмнэг хангал адуу ч амь нас авч оддогийг яагаад мартчихав. Агуу Чингэс хаан хүртэл морины “аваар”-аар өөд болсон тухай бичсэн байдаг биз дээ. Тэгэхлээр давын өмнө анхааруулсан үгтэй бичиг самбар, нөлөөтэй бөөрөнхий толь зэргийг энд тэндгүй тавьж өгөн, цаашдаа энэ талын хууль журмыг чангална биз ээ.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бусдыг сав таглаанаас дорд үзэж болохгүй

Эрх баригчид зүрх сэтгэлдээ дандаа хүнээ эхэлж бодож явдаг буюу тийм бол тэрнийгээ л хэлж баймаар. Хүн гэхээр ард түмэн, эх орон гээд хадуураад явчихна. Бусад үед мал, эдийн засаг, машины зам…

Хүмүүс химийн хортой саванд ус, сүү, айраг хийгээд бүр сурчихлаа. Сайханы айраг хичнээн сайхан байгаад ч “Бор үнээ”, бондгор хөх поошгинд оруулж ирсэн бол наанадаж хүнсний аюулгүй байдлын хууль зөрчиж, цаанадаж цагаан идээ биш хор болоод хувирдаг.

Хуучин цагт айлуудын амьжиргаа хэдий дутуу гуцуу ч хангалттай бидон сав, сияан, төмөр хувин, шаазан аяга тавагтай байлаа. Бүгд экологийн цэвэр бүтээгдэхүүн байж шүү. Орчин үед жижиглэнгийн бараа зонхилж янз бүрийн сав баглаа боодлууд элбэгшсэн чинь үнэгүй юманд нугасгүй манайхан аяга худалдаж авахаа больчихдог байгаа. Энэнд санаа зовж, хүүе хаая гэж байгаа дарга даамал алга. Цаашилбал, гар чийдэнгийн зай, малчдын толь бүхий аккумлятор, гар утас, гялгар уут, угаалгын нунтаг гээд нуль хорон дунд яваа хүндээ санаа тавиач. Иргэд хоорондоо нэгнийгээ хүндэтгэн ундааны нэг хэрэглээний саванд сүү хийж өгдгөө болимоор байгаа юм. 

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мухар амбиц

Спортын тэмцээнд хүмүүс ерөөсөө хамрагддаггүй байсансан. Ялангуяа бөх барилдаадах гэхээр залуучууд пир гээд зугтаачихна. Одоо сум, аймгийн наадамд 512 бөх, зургаан насны ангилалд нийт долоо найман зуун морь уралдуулж байгаа нь биеийн тамир спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаардаг болсны үр дүн гэхэд эргэлзээтэй.

Ердөө л бусдад атаархаж хэсэг явж байснаа амар хялбар аргаар хурдхан шиг ямарваа төрөлд алдаршаад авбал ашигтай гэсэн давалгаа нийтийг хамарчээ. Хэдий арьс өнгө, шашин, нам улс төрийн ялгаа ардчиллаар устсан ч энэ нийгэмд мөнгөгүй, эрх мэдэлгүй, нэрэн дээрээ нэмэлт цолгүй бол хэн ч биш болчихсон. Хязгаарын аймаг нутгаас орж ирэгсэд олон юмнаас хоцорчихсон тул бие хаа нь жаахан өсгөлүүн бол бушуухан бөх барилдах  эсвэл удган болцгоодог. Польшид очсон монголчууд зүү төөнүүрийн эмчийн мэргэжилтэй болчихдогтой их төстэй.

Одоо байтлаа бүр хар нялхаасаа алдарших дон тусч амбиц хөөн дух, энгэр дээрээ медальгүй морь, хүн хоёр бараг алга шив дээ. Нийгэмд үе үе иймэрхүү хийрхэл, солиорол ядуурал, хямралаас үүдэн бий болдог аж. Энгүүн эгэл амьдралыг үл тэвчигсдийг бурхан багш “чаралба” хэмээн тодорхойлж хожим үйлээ эдэлнэ гэж шоонд нь буужээ. Базарваань хум пад.

Ж.ГАНГАА

Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Цагийн шалгуур

Амьдран буй нийгмээ сольцгоож, түүнээ хүлээн зөвшөөрөөд 25 дахь жилдээ орлоо. Яллаа, ялагдлаа, хямарлаа, гэнэт баяжлаа, тэгснээ бас хямарлаа. Юм юм л болоод өнгөрөв. Дөрвөн жил тутамд гурваас доошгүй сонгууль, мөн түүнээс цөөнгүй ган зуд, өн хүртэл үзээд амжсан байна шүү. Басчиг дэмий яриад улстөржөөд, иргэний дайн гаргангаа ал¬даад суугаад байсангүй. Олон сайхан барилга, үндэсний үйлдвэр, олноор төрөн гарч, 400 мянган тонн тариа, 40-50 сая мал, бүгдээрээ шахуу унах машинтай болоод авчихлаа. Хамгийн олзуурхууштай нь мисс охид, саятан бүр тэрбумтнууд нүдэнд илүүтэй өртөж, гуйлгачин, траншейнийнхан харагдахаа болио юу даа. Бөөс бүр нүдний гэм болоод удаж байна.  

Хувьсгалын жилүүдэд Монголын алтан ургийнхан хийгээд сэхээтнүүдээ 700 гаруй сүм хийдийн хамт  устгасан гэдэг шиг дээрх гэгээлгийн хажуугаар энэ хорь гаран жилд социалист бүтээн байгуулалтын үеийн нүсэр байгууламжуудын ихэнхийг  нураагаад зөөчихсөн. Улс орныг улдан чангаагч улаан толгойтнууд төрийн болон хувийн байгууллагуудаар зай­гүй шигдчихсэн байсныг  увуу цувуугаар нь огцруулаад шахаад дуусч байна. Ха­рин буудаж сөнөөгөөгүй ээ хөөрхийсүүдийг. Одоо “Цагаантны үлдэгдлийг” Алтанхуяг жанжны шинэчлэл гүйцээн цэвэрлэснээр Монгол орон дэлхийн бусад гүрэн улстай өндөр намаараа ижилсэн, ялгаагүй болох замдаа шуударлаа.

Өнөөдөр хувийн тооцоо, урьдны өс хонзонгийн сэдэлтэй л биш бол дахиад цаана нь нураах, солих, өөрчлөх шаардлага  үндсэндээ дуусч байна. Яахав анхнаасаа л ярьсаар л яваа МИАТ, Эрдэнэт, Төмөр зам зэрэг улс төр олон улсын шинжтэй асуудал бол бий. Өмнөх нийгмийн үед байгуулагдсан засаг захиргаа, албан газар, хувийн хэвшлийнхний зарим нь сохор азаар ч юм уу хөл алдалгүй өнөөдөртэй золгочихсон жишээ бас бий. Өнөө зун  ерэн жилийнхээ ойг тэмдэглэж байгаа олон сум нэг хэсэг их ядарсан даа. Энүүхэн хотын хажуу дахь Атар, Нөхөрлөл, Залуучууд, Угтаал, Баянцогт сум САА-нуудын ард иргэд нь хот суурин руу дайжин одож эмнэлэг сургууль эзгүйрэн, үүдэн шүдээ цөм цохиулчихсан мэт гудамжууд нь онгойсон. Шалтгаан нь удирдлагын муугийнх, эсвэл угаасаа амьдрах тохь тухгүй орчинд хүмүүсийг албадан цуглуулсан нь цагийн шалгуурыг даагаагүй. Тэгвэл энэ хүнд үед адилхан хажууд нь оршин буй Жаргалант, Зүүнхараа, Батсүмбэрийнхэн зах зээлд төдийлөн барьц алдалгүй тэсээд гарсан төдийгүй одоо улам өргөжин тэлж хөгжих өнгөндөө оржээ. Бүр дотогшоо нарийвчлан сонирхвоос аль 1960 оны үеийн технологитой талх, халуун усны газар нь хэдий хувьчлагдсан ч ажлаа үргэлжлүүлсээр явааг бахархахгүй байхын аргагүй. Иймэрхүү объект, субъектуудыг ашиггүй байсан ч авч үлдэн, дээр үеийн болхи хийц загварыг нь хөндөлгүйгээр түүхчилэн үлдээвэл  сая 1937 оноос шал өөр бидний хүссэн ардчилсан хувьсгалын утга илэрхийлэгдэх учиртай. Ямар юм өөрчлөх шинэчлэхийн дон туссан биш дээ. Монголын үндэсний бөхийн холбоо түүний удирдлага, бөхийн өргөө тойрсон хэрүүл, үндэсний спортын тухай хуулийг хүртэл өөрчлөн тэмцэлдэж байв. Энийг өөрчилчихвөл өөрчилчихөөр улс төрийн хүчин, жагсаал цуглаан, нам лам засаг төр зөндөө л солигдлоо. Зайлуул бүгдэд нь тэсээд гараад ирчихлээ. Одоо Нямдоржийг нь солилоо гээд юу ч сайжрахгүй ба муудахгүй. Цаашид харин уламжлалт монгол бөхийн асуудлыг эднийхэн есөн үеэрээ дамжуулаад аваад явчихвал хэн хэндээ аштай амар уу.  Хувь хүнийхээ хувьд Нямдорж тэргүүний үйл ажиллагаа маньд таалагдаггүй л дээ. Ер нь тэгээд бүх л юмс заавал надад, манайханд таалагдаж байх албатай ч биш. Бусдад таалагдах, тэдний эрх ашгийн төлөө өөрийгөө золиосолдог байсан тэр бурангуй тогтолцооноос салах гэж тэлчлээд байгаа улс шүү дээ бид чинь. Төрийн есөн туг хөхлийг ч хэн нэгэн айл дагнаад явчихвал бас л нэг уламжлал. Хожим иймэрхүү түүх соёлын чигийн зах зээл ашигтай болоод ирэхийн цагт урьдынх шиг баахан дууриамлууд гараад ирэхийг байг гэхгүй. Одоо энэ номын сан, музей дэх ховор нандин эд зүйлийг үндэсний баячуул, арилжааны банкны эзэд давхар маналцдаг, шаардлагатай бол гэр орондоо байршуулах, хэрэглэх, арилжих эрхийг ч өгсөн нь дээр дээ.

Гандан ба түүний удирдлагыг тойрсон хэрүүл үе үе босч ирдэг. Тэрнийг л шинэчлэхгүй үлдээчихвэл улс орон болохоо байчих юм гэнэ дээ. Орчлонгийн хамаг хүнд суртал энэ дэнж дээр тунараад хоцорсон бол одоо бандан тас. Энэ олон өөрчлөлт хувьсгалын аль нэгнээр тэр муу шар феодалуудыг арчаад хаячихгүй юугаа хийж байсан юм.

Эрүүл мэнд, боловсрол, цэрэг, гадаад харилцаа,хөдөө аж ахуйг удирдддаг төрийн яамд байгууллага, төрийн ордон засгийн газарт бүх цаг хугацааны турш тогтвортой нэг ажлаа хийсээр буй ажилтнуудын ажлаа үргэлжлүүлэх баталгаа гаргаж, улмаар боломжтой бол үр хүүхдэд нь өвлүүлдэг болговол энэ улс чинь сая л нэг бүрэн гүйцэд өөрийн гэсэн онцлог голомт, уламжлал нь бүрэлдэх юм. Харин тэр шүүх цагдаа, НАХ, чигийн школ тогтолцоог өөгшүүлэн үлдээвэл арай ч хэтрэнэ ээ.  Суманд насаараа ажиллаж байгаа сумын нарийн бичгийн дарга, зарим багийн даргыг одоо сольж яах гээд байгаа юм. Хонзонтой юу, өөр нам уу?. Тэр одоо өнгөрсөөн. Ажлаа муу буруу хийдэг байсан ч ийм олон жил тэр мээстэн дээр донхойж үлдсэн бол одоо сэтэрлэхээс өөр яахав. Ямар нэгэн асуудал гарахад дараа нь компьютерийн файлнаас яаж доор байдаг юм. Хэвлэл мэдээллийн салбарт гэхэд өдөр тутмын сониноос “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, телевизээс “Улаанбаатар”, “ТВ-25, “ТВ-5”,”ТВ-9” сувгууд өөр өөрийн үзэл бодол, үйл ажиллагаагаа цагийн эргүүлгэнд солилгүйгээр унаж босон арав хорин он жилийг туучин энэ өдөртэй золгосон юм.Тэдэнд өөрийн гэсэн үзэгч уншигч, үзэн ядагч аль аль нь бий. Тиймдээ л сайхан шүү дээ.Интернэт сайт тэргүүтэй бусад мэдээллийн хэрэгслүүд дээрх хэд шиг тогтвортой ажиллаж хараахан амжаагүй, дархлаа суусан гэх баталгаагүй, мөн цөөнгүй нь цагийн аясыг даган хамелион шиг өнгөө өөрчилж , эздээ сольж  ашиг сугалаа хөөцөлдөн нэр нүүрээ барцгаасан байдаг. Одоо эдний дотоод хэрэгт оролцон төрөөс хууль санаачлан улс төрдөө ашиглахаар санаархан бужигнуулах нь хорвоогийн бүх өргөсийг түүж барахтай ялгаагүй хэрэг. 

Өнөөдрөөс эхлээд дахиж холио солио хийхгүй гэвэл ёстой муухай луйвар чинь тэр л болох байх. Тэгээд ч дараа нь өөр улс төрийн хүчин гарч ирээд улам л заналтайгаар авч хаях байлгүй. Би энд зөвхөн бүх цаг хугацааны турш тэсч үлдэгсдийг л хөндөж байгаа юм. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 2000 оноос өмнө бий болсон, байсан мөртлөө одоо “амьд мэнд” яваа сайн муу ололтуудыг өнгө алаглуулан хэвээр нь орхимоор байна. Дөрвөн жил ч юм уу жаахан байж байгаад л энэ улс орон час улаан, эсвэл гүн хөх өнгөтэй болоод байвал ард түмэн аяыг нь даахгүй. Ер нь одоо дараагийн сонгуулиас хэтэрхий лут мөрийн хөтөлбөр гаргаж улам жаргаана гэдгээ болих хэрэгтэй. Тийм амьдралаас тасарчихсан юм гэж юу байдаг юм. Амьдрал ямар ч драмгүй диваажин мэт байх нь мөн л зовлон болдгийг хөгшин Европ хэлдэг боллоо.  

Бид 1990 онд эрх чөлөө¬гөө шинээр тунхаглаж өөрч¬лөлт хийхийн сацуу Чингэсийн Монголын үеийн уламжлалуудаа сэргээх гэсэн чинь эзэн хааны өрөөсөн оймс ч үлдээлгүй өмнөх үеийнхэн маань устгаад хаячихсаныг харамсаад бардаггүй.  Одооны энэ түүхэн зураг хөрөг хөшөө дурсгал бүгд шал худлаа фантазууд. Эртний хаадын сэрэг дүрийг гэхэд л Мандир гэдэг нөхөр нэг амьсгаагаар санаанаасаа зохиогоод зурчих луу яалаа. Дахин дахин ингэж худлаа явмааргүй байна. Өнгөрөгч 25 жил нь дундад зууны үедсэн бол зуу, 200 жилд ч амжимгүй бүтээн байгуулалт, эвдэн сүйтгэлт цуг чихэлдээд өнгөрлөө. Уг цаг хугацааны шалгуурыг шувтлан гарсан, тэсэн үлдсэн тохиолдол тийм ч элбэг бишээ. 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайн шийдвэрийн патент

Төр муу менежер гэдэг ч үе үе их сайн шийдвэрүүд гаргадаг болсон байна шүү. Цоо шинэ санаа гэж угаасаа их ховор агаад олон түмнээс ирж буй санал бодлуудаас заримыг нь  хүнд суртал үл гарган анзаарч “Нээрэн тэгээд үзье” хэмээн шийдвэртээ тусгах нь тийм ч амар биш. Ухаалаг шинэчлэлүүдийг зорилго биелэгдсэнээр нь цагаатгаж болох ч ихэвчлэн хууль зөрччих гээд байдаг.

Зах зухаас нь дурьдахад цагдаа улам энгийн хувцастай болсон, “Шилэн данс”-ны хуулийн заалтууд, Хонины ноосыг 2000-аар авч сурагчийн дүрэмт хувцасны даавуу үйлдвэрлэх цогц менежмэнтүүд, “Долоон худаг”-т үндэсний наадмыг төвлөрүүлж байнгын ажиллагаатай болгох, Авто ба барилгын захыг хотоос гаргахаар шийдсэн, хөдөөний наадам дээр мотоцикль унаж ирэхийг хориглосон, хотод зөвшөөрөлгүй газар зогссон машиныг ачихын зэрэгцээ “чөдөрлөөд” явчихдаг болсон гээд олон сонин санаануудыг яриа бус  ажил болгожээ. Энэ болгоны цаана эдийн засгаас гадна өөр олон ач холбогдол давхар харагдах нь бүр ч баяр хүргэмээр.

Замын-Үүд боомт дээр шатахууныг хоёр өөр замаар явдаг галт тэрэгнээс  шилжүүлэх төхөөрөмж угсраад, бензин хадгалах аварга сав хэдийг бариадахсан чинь бид нефтийн хараат байдлаасаа гараад зогсохгүй зохиомол хомсдол арилж, үнэ анх удаа хямдрахыг үзэцгээлээ. Ийм энгийн амархан шийдэл байсныг анзаараагүй байсан байгаа юм. 

Ийм ач холбогдолтой сайн шийдвэрүүдийг оюуны өмчийн газраар патентлуулж, ямар нэг хэлбэрээр үнэлдэг болговол төрд ажиллагсад урам орж удирдлагыг урлагийн өндөр түвшинд гүйцэтгэдэг болно.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан наадмын садаануудаас санал болгоход

Наадамчид хамаг анхаар¬лаа морь, бөх рүүгээ хандуул­чихдаг болохоор уг баярын дэг жаягийг найруулагчид тэр болгон хэл аманд өрт¬дөггүй. Аливаа найр наадам төгөлдөр баймааж хотол олны сэтгэл ханамж дүүрэн “Сайхан наадлаа” гэлцдэг. Түлэнхий түүхий хуушуур идүүлж болохгүй. Ганц харах гэж ирсэн бөх нь эхний даваануудад өвдөг шороодож, таньдаг морь нь айрагдаагүй гонсгор явж байхад ядаж хуушуур нь бухимдал төрүүлэхүйц их үнэтэй, ховор бол үзэгчид баяр биш бусад өө сэвүүдийг нь гоочлоод эхэлдэг.

Баярын уур амьсгалыг бүр­дүүл­дэг дэгэнд өөрчилмөөр хэдэн санаа байна. Үүнд бөхийн барилдаан дундуур тавьдаг уртын дуу гэгч чихний чийр нэн ядаргаатай. Ардын дуу болохоо алдсан сайхан зохиолын дуу, сайн дуучид зөндөө бий шүү дээ. Ямар гээч уртын дуу нь юм бүү мэд. Толгой өрөмдөөд авах шиг ян ян гэсэн нэгэн хачин авиаг аль ч наадам дээр дахин дахин тавиад л байдаг даа.

Бөхийн засуулыг аль болох авсаар¬хан биетэй, хөл хөнгөн хүнээр сонгомоор. Үзэгчид төдийгүй зурагт таглаад пээ¬дийгээд хөшчихдөг мануу­хайнууд мөн ч их уур барна даа.

Телевиз үзэгчдэд зориулж давсан бөх болгоны тугаа тойрч дэвж байгаа хэсгийг бүрэн харуулж өгмөөр байна. Тэр бас их гоё ш дээ. Мөн морь бөх тайлбарлагчид ам хуурайгүй чалчдагаа жаа­хан хазаарлаж заримдаа мик­рофоноо талбай руу хандуулж амьд чимээг хүргэмээр…

Ж.ГАНГАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өчүүхэн байх өрөвдөлтэй

Сонинг “Ардын Эрх” нэртэй байх үед хуучнаар ЗХУ-ын Горбачев даргыг сурвалжлагч андуураад биччихжээ. Маргааш нь өдөр турш редакц руу хүний мууд дуртай уншигчид утасдаад салахаа байв. “Горбачевыг мэддэггүй юм уу, наад сэтгүүлчээ юм унш гэж хэл, хал. Танай сонин Горбачевын талаар ийм ноцтой алдаа гаргасныг би сая олж харлаа…” Зайлуул тухайн үеийнхний  мэддэг гадаадын улстөрч нь М.Горбачев байж л дээ. Хэрэв Коста-Рикаг улс биш хүн болгоод андуурчихсан байвал анзаарахгүй чимээгүй өнгөрөх байсан биз.

Ноднин УИХ-ын хэсэг гишүүд “Тамхины хяналтын тухай” гэдэг хууль санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Хэрэггүй дэмий наадахаа боль гэж байгаа юм биш.  Тамхилахыг нэн яаралтай зохицуулах тийм шалтгаан шалтаг ч гараагүй л санагддаг юм. Нэгэн том тогтолцооноос нөгөөд шилжихээр шинэчилж буй олон хууль ёс суртахууны хажууд энэ бол өчүүхэн асуудал нь ойлгомжтой. Уг хуулийг өнгөрсөн оны гуравдугаар сараас мөрдсөнөөс хойш салбар байгууллага бүхэнд байдаг өчүүхэн юмнууд хэлдэг үг, хийдэг ажилтай болцгоож үгүй мөн их томорч байна аа. “Хууль гарсныг мэдээгүй юм уу чи, хуулиа дээдэл, дам тамхидалттай цаашид ч хатуу тэмцэх нь зохилтой…”

Замын-Үүдээс галт тэргэнд суусан өвгөн замдаа хоёр вагоны холбоос хоолойд зогсож байгаад янжуураа асаатал эргүүлийн цагдаад нь гардуулчихлаа. Төмөр замын цагдаа, галт тэргэний үйлчлэгчид зорчигч нуувраар тамхи татаж буй эсэхийг мөшгихдөө ер ундууцахгүй юм. Энэ дашрамд хэлэхэд сүүлийн үед урд хөршөөс их хэмжээний хар тамхи галт тэргээр орж ирдэг болсон гээд байгаа. Мөн энэ тамхины хуультай яг нэг өдөр хэрэгжих болсон хүнсний тухай тун чухал хууль гарсансан. Өнөөдөр Эрээнээс нааш төмөр замаар тээж буй хүнс хувцас, бүх л эд барааг шалгах юм бол энэ хуулийн шаардлагыг биелүүлсэн эрүүл цэвэрхэн, химийн хор энэ тэргүй бараа бараг байхгүй дээ.

Амандаа тамхи зуусан өвгөнийг илрүүлсэн хууль хэрэгжүүлэгч нар арай л баривчлахаа алдан торгох юм болов. Өвгөн дуугүй байсангүй. “Хүн байтугай гөрөөс ч харагдахгүй эзгүй говьд давхиж яваа вагон яахлаараа “олон нийтийн газар” болчихдог юм. Тэгээд ч би хажуудах хүмүүсээсээ холдоод бусдад төвөг учруулалгүй энд зогсож байна” гэж адрав. Тэгээд эхний  удаадаа шийтгэлгүй өршөөв. 

-Вагон удахгүй Сайншандын вокзал дээр зогсоно. Тэгэхлээр буугаад гадаа татвал хэн ч таныг торгохгүй гэх юм. Харин тэр чинь жинхэнэ түм түжигнэсэн олны газар мөн баймаар. Ер нь энэ хууль нь өөрөө гойд чухал зорилгогүй. Манийг хүүхэд байхад уран зохиолын багш нар “Бяцхан ном” хийлгэж дүн гаргуулдаг байж билээ.

Тэрэн шиг Их хурал дээр хэдэн шинэхэн гишүүдийг “Та нар юугаа ч мэдэхгүй дэмий суухаар үүнийг оролдоод үз” гэснээр л энэ тамхидалтыг зохицуулах зохиомол проблем гарчих шиг боллоо. Энэ хуулийг мөчидхөн бодлоор цэгнэхэд гэмгүй цагаахан, хэн ч зөв зөв гэхээр. Тэгсэн атлаа цаанаас нь муухай хорон санаа, өс хонзон ч юм уу гэмээр сэдэл гараад байгаа нь л зэвүү хүргээд байгаа юм. Хууль цагдаа болон хэрэг  төвөгт ерөөсөө холбогддоггүй сайн сайхан яваа хүмүүсийг харахаас нүд нь хорсож явдаг “тамын тогоочингууд” яасан ч их байдаг юм. Аль авьяаслаг, уран бүтээлч, инженер зураач барималч нар голдуу л тамхиа баагиулаад суудаг цорын ганц  дутагдалтай.  Их зохиолч Д.Нацагдорж, Бямбын Ренчин, Бавуугийн Лхагвасүрэн гээд л…Тийм хүмүүс бусдын  хул­гай зэлгий, шударга бусыг тэвчиж чаддаггүй мөртлөө өөрсдөө тамхины хууль зөрч­сөн байгаа биз. Гэтэл хэдий танхай балмад яргачин ч гэлээ тамхинд ороогүй сайн талтай аль олон эрүүгийн элементийг хэлж барахав. Ийнхүү тамхи гээч ганц ду­тагд­лыг нь атгаж аваад гэрт гадаагүй улаан хэрүүл хийх болцгоолоо. Хэдийдээ тийм айхтар нийгмийн ха­риуцлагатай болчихоов гэмээр.

Хууль тогтоогчид, түү­нийг хэрэгжүүлэгчдийн хэн нь юу хийж чаддагийг нь сайхан харуулж өглөө. Жаахан чадварлаг нь ийм “пионерын ажил”-д тоож хут­галдахгүй байгаа юм. Өөрөөр нийгэмд хяналт тавин, хууль хэрэгжүүлэх нүүргүй, хулгайч авлигач нараа толгой дээрээ гаргачихсан юмнуудад өөр дээрэлхчихмээр объект олдо­хоо байчихгүй юу. Тэгээд мундаг хууль сахиулагчид сайн дураараа энд тэнд тод­роод л ашгүй нэг хийх ажилтай болцгоожээ. Тэнд  бөөн хэрэг мандаад байхад айгаад очихгүй мөртлөө энд өвгөдийн гаанстай ноцолдож суугаа хууль сахиулагч ингэс­нээрээ өөрийгөө доош нь хий­гээд буйгаа мэдрэхгүй нь өрөвдмөөр. Энэ сэдвийг хөө­рөгдөн бичих ч ичгэвтэр л юм.

Ажил байдлын тодор­хойлолт дээрх “ял шийтгэл” гэсэн хүснэгтэд тамхи татсан гэж мянган удаа бичээд ч байгуулсан гавьяаг нь эмтэлж чадах юм уу. Гэхдээ энэ хуулиар далимдуулж нийтийг бусад хуулийг ч мөн адил ингэж шаардаж сурцгаа гэж сайн барьцвал харин зүгээр шүү. Монголын энэ хууль гурван сарын нэгэнд эхлээд “дөрвөн сарын нэгэн” гээд  гууль болно биз гэж бассан нь том эндүүрчээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Улаан тугнууд чинь унаатай ч юм шиг

 “Тусгай салаа”-ны Дэндэв

Онигоо: “-Унаа машинтай юу?

-“Эксел”-тэй ш тэй

-Одоо нэг унаатай болооч…”

Данхар толгойтой, хамаргүй, хөх өнгийн атигар  “Поортер”, мөн цаана нь дөрвөн дугуй нь дотогшоо маажийсан, их утаат үнсэн саарал “Мийкро” гэгчүүд  машины замаар явж байна. Тэд улсын баяр наадмын өдрүүдээр Их Монгол Улсын төрийн алтан соёмбот томоо гэгчийн далбааг мандуулжээ.

Солонгос, япончууд эдэлж дуусаад төмрийн хогонд тушааж байсан эдгээр “Эксел”-үүдийг манайхан оруулж ирээд асаахаар барах уу дахин амь оруулан бүр машинд тооцчихсон.

Гадны хүмүүс тохуурхах нь эдгээр комиссын бараа ямбий техникүүд ба улаан туг хоёр яг таарч дээ гэх юм. Монгол бахархлаа илэрхийлж маш том туг машин дээрээ намируулжээ, овоо доо  гэж бодсон нь эндүүрсэн байна. 2200-аас наашгүй жилийн агуу түүх, суу алдрыг шүншиглэсэн үндэсний их  бэлгэ тэмдэг төрийн далбааг минь муусайн төмрийн хайлш, “пиавар”-ын хог сэгэн дээр аваачаад дур дураараа өлгөчихөж.  Ёс төрөө эрхэмлэгчид энэ зууны хурд хүчний гайхамшиг болсон цоо шинэ “Лаанд, Бээнз”-ээр хөлөглөсөн ч өөртөө төрийн далбаа хүндэдчихээс болгоомжилдог юм билээ. Хүний сор үе үеийн мянга мянган охид, хөвгүүд тив дэлхийн дэвжээнд уралдаад тэр болгон мандуулж чаддаггүй төрийн далбаа цадигаа алдвал улаан даавуу төдийхөн ажээ.

Ж.ГАНГАА