УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Он гарснаас хойш шатахууны үнэ өссөн. Хомсдол бий болсон. Салбар хариуцсан сайд нь гадаад руу олон хоногоор явчихсан байна гэж та шүүмжлэн хэлж байсан. Шатахууны үнэ дахиад нэмэгдэж болзошгүй талаар дуулдаж байна?
-Би УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нарын гишүүдийн хамт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар асуулга тавьсан. Засгийн газарт бензин шатахууныг зохицуулах боломж байхад, нийгмийг яагаад ийм бухимдалд хүргэв гэдэгт дүгнэлт хийхийг хэлсэн. Өнөөдөр А-80 бензинээс дэлхий нийт татгалзаж байхад татварыг заавал тэглэх шаардлага байна уу? А-95, бензиний татварыг хэзээ тэглэх вэ. Үнийн асуудлыг Засгийн газраас төгс шийдэж чадаагүй.
А-95 тансаг хэрэглээ биш, хүрээлэн буй орчинд хор багатай талаас нь иргэдэд үнэн зөв ойлголт өгөх хэрэгтэй. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр дээр Евро 5 стандартын шатахууныг хэрэглэдэг болъё гэсэн санал явж байгаа. Шатахууны нөөцийн асуудал дээр Засгийн газар хайхрамжгүй хандаж болохгүй. Нийгэм бухимдалтай байхад салбарын сайд олон хоногоор гадаадад явж болохгүй гэдгийг л хэлсэн. Нефть импортлогч компаниудын удирдлагатай бид уулзсан. Шатахууны үнийн нэмэгдэл, хомсдол бодит байдал дээр өнөөдрийг болтол бүрэн шийдэгдээгүй. Хомсдол, үнэ, өртөг нэмэгдэх хандлага ч яригдаж байна. Дэлхийн зах зээл дээр үнэ өсч байгаа эгзэгтэй үед менежмэнтээ хэрхэн зөв хийхэд хариуцаж буй сайд нь анхаарч маш сайн ажиллах хэрэгтэй л дээ.
-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Азийн хөгжлийн банкнаас олгогдох зээлээс 38 сая ам.долларыг юунд зарцуулах вэ гэдэг дээр маргаан болж байсан. Хөвсгөл, Хэнтий аймгийн алийг нь аялал жуулчлалын төв болгох вэ гэдэг дээр гишүүд өөрсдийн тойрог аймаг дээрээ авчих санаатай маргалдаад байв уу?
-Аялал жуулчлалын салбар бол хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, улс орны экспортыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ажлын байр олноор бий болгодог, соёл, түүх, байгалийн нөөцдөө түшиглэсэн, шавхагдашгүй нөөц бүхий салбар. УИХ-аас баталсан 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно” гэж тодорхойлсон. Энэ хүрээнд төвийн бүсэд байгаль,түүх, соёл, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатарт хурал, зөвлөгөөн, бизнес, спорт, соёл, урлаг, түүх, музей, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Харин баруун бүсэд түүх, соёл, тусгай сонирхол, адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлж, олон үндэстэн, ястны соёлыг илтгэсэн эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулах, зүүн бүсэд байгаль, түүх соёл, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, говийн бүсэд байгаль, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлж, палеонтологийн ховор олдворуудад тулгуурласан парк байгуулах зорилтыг тавьсан. Монголд ирсэн гадаадын жуулчдын дунд явуулсан судалгаагаар, нийт жуулчдын 60 гаруй хувь нь “байгалийн гоо үзэсгэлэнг”, 42 орчим хувь нь “нүүдлийн түүх, соёл, уламжлалт зан заншлыг” үзэхээр ирдэг бөгөөд тэдгээрийн 60 гаруй хувь нь манай оронд дахин зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Эрдэмтдийн судалгаагаар, манай орны аялал жуулчлалын голлох бүтээгдэхүүн нь нүүдлийн аялал жуулчлал, Чингис хааны түүх, төрсөн газар, Монголын нууц товчооны түүхтэй холбоотой аяллууд, тусгай сонирхлын аялал жуулчлал байх тул цаашид энэ төрлийн аяллыг түлхүү хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзсэн. Энэ бүхнийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 142 дугаартай, 2017 оны тавдугаар сарын 10-ны өдөр батлагдсан тогтоолоороо “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулах, Дэлхийн өв-Орхоны хөндийн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах, Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, хамгаалах аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын цогцолбор байгуулах гэж заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн төсвийг зарцуулахаар хуваарилсан байсан юм. Үүнийг өөрчилсөн нь буруу бөгөөд анх төлөвлөсний дагуу төслийн төсвийн хуваарилалтыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг л илэрхийлсэн. Төрийн ажил залгамж чанараараа л явах ёстой.
-УИХ-ын 76 гишүүн Засгийн газрын ажилд болон бүх зүйлд оролцож гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хумьснаар сөрөг үр дагавар гардаг тухай яригддаг. Үндсэн хуульд энэ тал дээр ямар өөрчлөлтүүд тусгагдах бол?
-Монгол Улс парламентын засаглалтай улс гэж тодорхойлдог. Гэвч манай парламентын тогтолцоо олон оронд байдаг сонгодог парламентын засаглалаас өөр, завсрын шинжтэй байгаа. Товчоор хэлэхэд парламентын засаглалтай орны гүйцэтгэх засаглалын тэргүүнд байдаг хамгийн чухал эрх мэдэл манай Ерөнхий сайдад байдаггүй. Ерөнхий сайд нь сайд нараа томилж, чөлөөлж, өөрөө Засгийн газраа байгуулах эрхийг нь гүйцэтгэх засаглал Ерөнхий сайдад нь өгчих хэрэгтэй. Энэ бол сонгодог парламентын сонгодог загвар мөн. Гэтэл манайд эрх мэдэл нь бодит байдал дээр УИХ-д байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн чухал гүйцэтгэх эрх мэдлийг УИХ нь Засгийн газрын тэргүүнтэйгээ хуваалцдаг болсноор улс төрийн хямралын суурийг тавьж байна. Өнөөдөр хүчтэй, төвлөрсөн гүйцэтгэх засаглалтай, хүчтэй лидер толгойлсон улс орон л хурдтай хөгжөөд байгаа.
Улс орны хөгжилд гүйцэтгэх засаглал маш чухал үүрэгтэйг амьдрал харуулсаар байна. Гэтэл манайд парламентын гишүүд сайд томилж, чөлөөлөхөд оролцдог учраас 76 Ерөнхий сайдтай болчихжээ гэж иргэдийн ярьдаг нь оргүй зүйл биш ээ. Парламент сандал суудлын тэмцлийг даамжруулж, улс төрийг тогтворгүйжүүлдэг гол газар болж байна. Парламент бол хууль, бодлогыг нь батлаад хэрэгжилтийг нь харж хянаж л байх үүрэгтэй шүү дээ. Өнгөрсөн хугацаанд нэг Ерөнхий сайд дунджаар хоёр жилээс бага хугацаанд ажилласан байх жишээтэй. Үүнээс үүдэлтэй улс төрийн хувьд тогтворгүй, төрийн залгамж шинж чанар алдагдаж байгааг бид харж, мэдэрч байгаа. Засаглал хямарч байгаа тухай хүн бүр ярьж, санаа зовж байгаа энэ үед Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж байж сонгодог парламентын засаглалтай болж гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх ёстой алхам юм.
-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэлээ гэж АН-ынхан мэдэгдэж байсан нь бий. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн суурь зарчимтай. Монгол Улсын төрийн тогтолцооны өнөөгийн хүрсэн түвшин, цаашдын төлөв байдлыг харгалзан харьцангуй бие даасан эрх бүхий Ерөнхийлөгчтэй байх саналыг тэр үед бид сонгож авсан. Одоо бид Ерөнхийлөгч хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг холбож, тэдний хоорондын харилцаанд үүсч болох зарим ээдрээтэй асуудлыг зохицуулах, тэнцвэржүүлэх, тэнцвэржилтийг яаж хадгалах, эрх мэдлийн хуваарилалтын баланс хаанаа алдагдчихаад байна гэдэг дээр зайлшгүй ярилцаж зөвшилцөлд хүрэхээс аргагүй. Ерөнхийлөгч хууль тогтоох эрхтэй байснаар өнгөрсөн 27 жилд 70 орчим хуулиар өөртөө эрх мэдэл нэмжээ гэж судлаачид үздэг. Анхны Ерөнхийлөгч одоогийн Ерөнхийлөгч хоёрын эрх мэдлийн зөрүүг харж болно. Ерөнхийлөгч парламентын гуравны нэгийн дэмжлэг авахад өөрийн бодлого, чиглэлээ батлуулж байгаа нь хууль санаачлах, тогтоох хангалттай эрх мэдэлтэй байгааг харуулж байна. Ерөнхийлөгчид үндэсний эв нэгдлийг хангах чиглэлээр олон асуудлуудыг шийдвэрлэх боломж, шаардлагууд байгаа. Өнөөдөр эв нэгдлийн тухай улстөрч бүрийн амны уншлага болж, улс төрийн нам бүрийн үзэл баримтлалаас ханхалдаг боловч хэлбэр төдий уриа лоозон мэт л байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бодит эв нэгдэл тогтоох, үндэсний язгуур эрх ашгийг хангах чиглэлээр олон хэлбэрийн ажил санаачлан улстөрчид, улс төрийн намуудын эв нэгдлийг хангаж ажиллахад сайн Ерөнхийлөгч хэмээн түүхэнд үнэлэгдэнэ. Түүнчлэн төрийн байгууламжийн язгуур асуудал болох засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалт, нутгийн захиргааны байгууллагын тогтолцоог “Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлага” бие даасан зүйл заалтыг өөрчлөх шаардлага байна. Сүүлийн үед хөдөө орон нутагт сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг болчих гээд байна шүү дээ. Заавал олон сонгууль хийж ард түмнээ хооронд нь талцуулж, хэрэлдүүлж суух зайлшгүй шаардлага байна уу. Тухайлбал, багийн Засаг даргын сонгууль хийхэд хэн олон ах дүүтэй нь багийн Засаг даргаар томилогдож чадаж байна. Сум, дүүрэг, хорооны Засаг дарга маш муу ажиллаж байгаа талаар иргэд ч хэлж ярьдаг. Хариуцлагыг хэрхэн тооцох вэ гэхээр дахиад л сонгуулиар шийдвэрлэх болдог. Төрийн ажлын залгамж шинж чанарыг анхан шатанд нь авч яваа хүмүүс бол орон нутгийн засаг, захиргаа түүний нэгж, удирдлага юм. Үүнийг заавал улстөржүүлэх шаардлагагүй. Ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг чөлөөлөх эрх мэдлийг нь гүйцэтгэх засаглалд нь өгч дээд шатны даргад хариуцлага тооцох эрхийг нь өгөх хэрэгтэй. Иргэдийн нийтийн хурлаараа төсөв эрх мэдлийг нь хянадаг байж болно. Аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлын хэдэн төлөөлөгчид нийт иргэдээс төлөөлөх эрхийг авсан хэдий ч эргээд гүйцэтгэх засаглалд хариуцлагыг тооцох боломжгүй болчихдог. Үнэндээ Засаг дарга болохын тулд иргэдийн хурлын арав, хорин хүнтэй ажиллахад л болчихож байна. Өнөөдөр нэг дүүргийн 350 мянган сонгогчийн эрх ашиг зөрчигдсөн байхад сонгогдсон Засаг даргад хариуцлагыг шууд тооцож чадахгүй байна. Энэ алдаагаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоо засч авмаар байна.
-УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог байхыг хуульд тусгах тухай саналыг иргэдээс ихээхэн гаргаж байгаа?
-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдэд ажлын хариуцлага тооцох тухай саналыг оруулах тухай их яригдсан. Ер нь Монголын ард түмэн дөрвөн жилийн дараа УИХ-ын гишүүдтэй хариуцлагыг тооцдог л доо. Би Монголын ард түмний мэргэн сонголтод итгэдэг. УИХ-ын гишүүн байх хүн хэр бэлтгэгдсэн, ямар чадвартай, ямар шалгууртай хүн байх вэ гэдэг дээр иргэд олон санал гаргаж байгаа. УИХ-ын гишүүний нас залуу байна гэсэн шүүмжлэлийг тавьсан. Төр, ард түмний гүүр болж ажиллахаар улс төрд орж ирэхэд хувь хүн өөрөө өөрийгөө эхлээд бэлдэх хэрэгтэй байдаг. Дөнгөж бакалаврын ширээнээс УИХ-ын гишүүнээр сонгогдоод явчихна гэдэг нь хувь хүнийхээ хувьд бүрэн төлөвшөөгүй, ард түмний амьдралаас хол тасархай, ажил амьдралын туршлагагүй. Тийм учраас УИХ-ын гишүүнээр сонгогдох насны босгыг 35-аас дээш болгоё гэж сонгогчид саналаа хэлж байгаа. Төрийн хар хайрцагны бодлого, төрийн өндөр босгыг харсан ч улс төрд шигшмэл сайн багийг оруулж ирэх ёстой. УИХ-ын гишүүн бол өндөр хариуцлагатай ажил. Эрх мэдэл, хариуцлагыг сүүдэр мэт дагах ёстой зүйл бол хувь хүний болоод улс төрийн өндөр соёл, аливаа асуудлын голчийг олж хандах өндөр мэдрэмж, соргог чанар юм. УИХ-ын гишүүн өөрийн ярьсан хэлсэн зүйлээ “туйлын үнэн” мэт туйлшран хандаж болохгүй. Өөрөөсөө илүү үнэнд ойр, амьдралд ойрхон, шинжлэх ухаанч үзэл баримтлалд ойр дөт үзэл бодлыг дагаж чаддаг, хүлээн зөвшөөрч чаддаг уян хатан чанарт хичээнгүйлэн сурах ёстой. Энэ нь товчхондоо эрх мэдлийн соёлоо өөрчлөхийг нийгэм, цаг үе биднээс шаардаж байна гэсэн үг юм.
-Энэ удаагийн УИХ дахь хамгийн залуу гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон. Хуралдаа суудаггүй гишүүдээс эхлээд гишүүдийн хариуцлагын асуудал энэ парламентад хүчтэй яригдаж байгаа?
-Аливаа асуудалд зарчимтай, эрх ашгаа эрэмбэлж чаддаг, шуналаа дарсан, бусдын төлөө цохилох зүрхтэй байж чаддаг хүмүүс УИХ-ын танхимд орж ирээсэй гэж боддог. Үүний тулд тодорхой цаг хугацаанд хат сууж бэлтгэгдэх хэрэгтэй. Улстөрч хүн сэтгэлийн хаттай байж аливаа зүйлд дүн нуруутай байх нь чухал. Одоо бүх зүйл нээлттэй байдаг болсон нь нэг талаасаа дэмжмээр боловч нөгөө талаасаа хэтэрхий их эрсдэл бас дагуулах вий гэж эмзэглэдэг л юм. Зарим нэг хүмүүс сошиалд үнэндээ донтож өвчилчихсөн байна шүү дээ. Хэн дуртай нь юу дуртайгаа бурдаг, зохион байгуулалттай, зорилготой гүтгэж харлуулдаг нь манай өнөөгийн нийгмийн маш бараан сүүдэр юм. Миний хувьд сошиалд янз бүрээр л бичигдэж байдаг. Тэглээ гээд би хүн болгонтой маргалдаж муудалцан өөрийгөө зөвөөр ойлгуулах гээд тайлбар тавиад хайран цаг заваа үрээд баймааргүй байдаг. Би тэдгээр хүмүүст зориулж эргээд олдохгүй үнэт цаг заваа зарна гэдэг нь надад харамсалтай. Хийх ажил өмнө маань хангалттай их байна.