Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Чингис хааны нууц түүх”

Зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” роман одоогоос олон жилийн өмнө хэвлэгдэн гарахдаа уншигчдын анхаарлыг гойд татаж байсан билээ. Энэ ном нь Чингис хааныг хувь хүнийх нь хувьд хувьчлан амилуулж, тэрхүү хувь чанар нь түүхэн үйл явдлын дунд хэрхэн алдаж эндэж, унаж босч байгааг уран сайхны аргаар үзүүлсэн ном юм. Энэ номд тайлагдашгүй оньсого мэт гайхамшигт түүхийг бүтээсэн Чингис хааны амьдрал, тэмцлийг тун өөр, хурц, бахархмаар, заримдаа бүр зэвүүцэж, үзэн ядаж, дур гутмаар ч гэмээр өөр өнцгөөс харуулж чаджээ. Ингэхдээ уншихад тун амттай болгож Чингис хааныг магтан дуулахдаа биш, хувь хүнийх нь өөрийн давуу болон сул талууд, дотоод шунал тачаал, алдаа эндлийг нь нууж хаах зүйлгүйгээр энгийнээр гаргаж чадсан нь уншигч миний хувьд сонирхолтой санагдсан. Зөвхөн Чингис хааныг ч бус Хасар, Жамуха, Бөртэ, Өэлүн эх гээд бүх л дүрүүдийг “Монголын нууц товчоо”-нд дүрслэгдээгүй оньсого мэт үлдсэн бүхнийг нөхөн шаглаж, уран сайхны халилыг гамгүй хэрэглэж уншигчдад түүхийн туйлын үнэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц бичжээ. Сэтгэл зүйн өнцгөөр бичигдсэн энэхүү роман нь “Бөртэ”, “Жамуха”, “Тэв тэнгэр”, “Өэлүн”, “Хасар”, “Хулан”, “Зүчи”, “Боорчи”, “Тэмүжин” гэсэн эрдэнийн есөн бүлэгтэй. “Монголын нууц товчоо”-ны гол дүр гэгдсэн эдгээр хүмүүсийн зан чанар, үйл хэрэг, үзэл бодол нь нэгдэн нийлж байж Эзэн богд Чингис хаан урган төлжсөнийг цогцлоон дүрсэлсэнд “Чингис хааны нууц түүх” романы гол ололт юм гэж романы өмнөтгөл үгийг бичсэн Утга зохиол судлаач, доктор Ү.Хүрэлбаатар бичжээ. Тус романд эр, эмийн ёсны харилцааны талаар ичгүүр сонжуургүйгээр гэмээр дүрслэл олонтаа гардаг. Тухайлбал, “Бөртэ хатныг дур ханахдаа ухаан алддаг гэж оношлон Бөртийн ийм тачаангуй ааш Тэмүжинд туйлын их таалагдаг бөгөөд түүнийг хүссэн үедээ чих, хүзүүг нь халуун амьсгалаараа сэрвэгнүүлэн “хоёулаа үхэж тоглох уу” гэж шивнэдэг болжээ. Дур ханаад ухаан алдан унасан үзэсгэлэнт залуу эхнэрээ ширтэн суух шиг аз жаргал Тэмүжинд байсангүй” гэх мэтээр өгүүлсэн нь бий. Тэмүжин нэг хатныхаа өвөрт нөгөөг хүсэмжлэн бодох болж, Есүгэн хатанд саатах байснаа Бөртэтэй хонох болсон, мөн гурван хүн цэнгэн жаргаж буй зэргээр ор хөнжлийн асуудлыг нь нүүр улайтал бичсэн нь романы тухай шүүмжийн гол байны нэг болдог гэдгийг нь бас дурдах нь зүйтэй болов уу. Уншигчдын хүртээл болоод арав гаруй жилийг үдэж буй ч өнөөдрийг хүртэл эрэлт ихтэй, үнэлгээ өндөртэй хэвээр байгаа “Чингис хааны нууц түүх” романаас уншигч та энэ үнэн болов уу гэх асуултыг өөртөө тавин байж шимтэн уншихаар дүрслэлийн хэтрүүлэг хийгээд хувь хүний дотоод зан төлөв, бодролыг яг дэргэдээс нь харж буй сэтгэгдэл төрөн байж нэг амьсгаагаар л уншчих биз ээ. Дашрамд дурдахад 2008 онд уг зохиолоор найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган “Үхэж үл болно Чингис хаан” уран сайхны киног олны хүртээл болгож байсныг нь дурдъя.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.БАЛХЖАВ: Яруу эгшиглэнт морин хуур Монголоос эхтэйг тамгалж үлдээх нь бидний зорилго байлаа

UBS телевизийн ээлжит бүтээл “ГОВИЙН ДОМОГ” уран сайхны кино яг одоо кино сонирхогчдын анхаарлыг татаж байна. Аялгуут хуурын домгийг их говийн шаргалтсан нутагт амилуулсан шинэ уран бүтээлийнх нь тухай Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, морин хуурч Л.Балхжавтай ярилцлаа. Тэрбээр тус киноны ерөнхий продюсер, хөгжмийн зохиолчоор ажилласан билээ.


-“Говийн домог” кино үзэгчдийг байлдан дагуулж байна. Сэтгэгдлүүдийг цахим ертөнцөөс харахад үзэгчид эерэг сайхан хүлээн авч байна. Уран бүтээлээ хийсний дараахь хүлээлт, үзэгчдээс мэдэрч буй таны сэтгэгдлийг юуны өмнө сонсъё?

-Манай монголчууд хоёр утастай молор эрдэнэ морин хуурыг эртнээс дээдэлж ирсэн төдийгүй Монголын ард түмний зүрхний угт эгшиглэж байдаг юм. “Говийн домог” киног үзэгчиддээ толилуулахын өмнө бидэнд бяцхан айдас байсан. Монгол хүн бүрийн сэтгэлд оршдог, цусанд байдаг аялгуу эгшгийн тухай, сэтгэлийн угт мэддэг сэдвийн хүрээнд уран бүтээл хийнэ гэдэг утгаараа үзэгчид маань хэрхэн хүлээж авах бол гэсэн болгоомжлол байсан л даа. Энэ нь үзэгчдээ хүндэлж байгаа учраас оюуны мэлмийд нь бидний уран бүтээл нийцэж, хүрч чадах нь уу гэсэн бодол үнэнийг хэлэхэд байсан. Манай хамт олон болох UBS телевизийн бүх уран бүтээлчид оролцсон, зүрх сэтгэлээ зуун хувь дайчлан хийсэн бүтээлийг маань харин бидний бодож, төсөөлж байснаас ч илүү өргөн хүрээнд гайхалтай сайхан хүлээж авсан. Үзэгчид маань өөрөө өөрийнхөөрөө хүлээн авч, гол нь өөрийн дотоод чанад дахь сэтгэлийн утсаа чагнаж, мэдэрч, хөглөгдөж байгаа нь мэдрэгдсэн. Ер нь монголчууд эх орондоо үнэхээр хайртай хүмүүс. Тэр тусмаа морин хуур, уртын сайхан дуу хөгжим гээд Монголын түүх, өв соёлдоо сэтгэлийн чанаддаа хайртай юм байна гэдэг нь анзаарагдаж, мэдрэгдсэн.

-Үзэгчид сайхан кино үзэж, сэтгэлийн жаргал эдэллээ гэцгээж байна. Морин хуурын эгшиглэнт сайхан аялгуу ингэж хүний сэтгэлийн утсыг нь хөндөөд байна уу?

-Манай гол дүрийн жүжигчин болох Тува улсын гавьяат жүжигчин Эдуард Ондар хэлэхдээ ”Монгол хүн болгоны дотор хуур байдаг юм байна. Тэр хуур нь тухайн хүнээ хөглөж, эх орон нь хөглөгдөж явдаг юм байна” гэж хэлсэн нь бий. Бид чинь өрх болгон морин хуураа дээдлэн хүндэтгэ гэсэн Ерөнхийлөгчийн зарлигтай улс шүү дээ. Айл бүр хоймортоо хуураа дээдэлж байсан. Тэгтэл айл болгон ч биш, бүр хүн бүр сэтгэлдээ өөрийн гэсэн морин хууртай юм байна гэдгийг гол дүрийн жүжигчин маань онож хэлсэн. “Говийн домог” кино маань үзсэн хүн бүрийн сэтгэлийн доторх хуурыг хөглөж, сэтгэлд нь нар мандааж байгаа бололтой. Ер нь сэтгэлийн хөгтэй хүнээс дандаа сайхан эерэг, бүтээлч чадварууд төрөн гардаг. Сэтгэл нь хөглөгдчихсөн адуучин хар хурдаараа Монголын тал нутагт дуу аялан давхиж явдаг. Бүүвэйн дуу аялж суугаа ээж хүн ямар сайхан сэтгэлийн хөгтэй, сэтгэл санаа нь гэгээн халуун байдаг билээ дээ. Энэ бүхэн маань өдөр бүр, дандаа анзаарагддаггүй юм байна л даа. Үзсэн хэн бүрийн сэтгэлийг хөндөж чадсанараа манай кино сайн бүтээл болж дээ гэж бодогдох болсон. Энэ нь үзэгчдээс ирүүлж буй сэтгэгдэл дээр үндэслэн хэлж байгаа юм шүү.

-Таны хувьд мэргэжлийн морин хуурч. Тиймээс Монголын үндэсний биет өв морин хуур хөгжмийн тухай уран бүтээл хийх болсон нь магадгүй таны мэргэжилтэй холбоотой юу?

-Ерөнхий захирлын хувьд киноны сэдвийг би өөрөө сонгож, уран бүтээлч залуусаа уриалдаг. Яагаад гэвэл, би найруулагч хүн. Кино урлагт дуртай. Кино найруулагчаар төгсч ирсэн цагаасаа л Хөвсгөлийн тайгад, үндэсний цөөнх болсон тайгын эздийн тухай, зөвхөн Монголд л байх соёл уламжлалаа хадгалан авч үлдсэн омог отгийн тухай кино хийх юмсан гэсэн хүсэл тээсээр ирсэн юм. Энэ тухай уран бүтээлчиддээ хэлж, кино зохиол болгон хамтран бүтээсэн бүтээл юм. Хар залуугаараа нөхөрлөсөн анд нөхөр, UBS телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр эдгээр кино төслүүдийг удирдсан. Миний олон жил мөрөөдөж, хүсч явсан хүслийг минь Ж.Баяр дарга ба түүний баг өнгөрсөн жилүүдэд амилууллаа. Мөн Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт хуурч Г.Жамьян багшийн шавь болохоор морин хуурын тухай кино хийх нь миний үүрэг гэж боддог. Аялгуу эгшиглэнт морин хуур хөгжим Монголоос үүдэлтэй шүү гэдгийг уран бүтээлээр тамгалж үлдээе гэж бодсон нь энэ. Хоёр киноны хөгжмийн зохиолч, продюсерээр ажиллаж, үзэгчиддээ өргөн барьж байгаадаа баяртай байна. Уран бүтээлчид маань байгаль цаг уурын, санхүү-эдийн засгийн ямар ч хүнд нөхцөлд уран бүтээлээ гэсэн чин сэтгэлтэй, тэвчээр хатуужилтай, нэг л зангаараа байдаг. UBS телевизийн хүчирхэг хамт олонтойгоо хамтран энэ киногоо бүтээсэндээ баярлаж, бахархаж байна.

-“Содура” Хөвсгөлийн хүнхэр тайгын гайхамшгийг үзэгчдэд дэлгэн, кино хальснаа мөнхөлсөн бол “Говийн домог” Монголын говь нутгийн гайхамшгийг бидэнд дэлгэлээ.

-Бид дорнын их талаас хөвчийн ой хүртэл гэж эх орныхоо байгалийн гайхамшгийг шүлэглэн хэлж, дуу хуурандаа онцолдог. Эх нутгийн минь тэр л уудам цэлгэр тал нутаг бидний цээжинд үргэлж багтдаг. Хөвсгөл нутгийн хувьд, өтгөн шигүү ой тайгатай бол говь нутаг өргөн уудам элсэн тал билээ. Монголын гайхамшигт байгалийн хоёр туйл гэлтэй. Би хоёр киногоо нэгийг нь ногоон, нөгөөг нь улаан шаргал өнгө төрх бүхий кино гэж дотроо ялгаж боддог юм. Өвөг дээдэс минь энэ л нутагт олон зуун мянган жил аж төрөн амьдарч, өнөөдрийг хүрсэн учраас үүнийг кино зургаар харуулж, дэлхийд сурталчлах хэрэгтэй. Ялангуяа, монгол хүний сэтгэхүйгээр л зураглан хийх хэрэгтэй. Үүнийг хэн нэг нь хийх ёстой байсан бол тэдгээрийн нэг нь UBS телевизийн хамт олон байсан юм болов уу.

-Кино бүтээл хийхдээ цаг хугацаанд баригддаггүй мэт санагдсан. Магадгүй сайн уран бүтээл 60 хувийн бэлтгэл, 40 хувийн гүйцэтгэл гэж ярьдаг.

-Ерөнхий продюсероор ажилласны хувьд хамгийн түрүүнд уран бүтээлчдээ хөглөх ёстой гэж бодсон. Ямар кино, юуны тухай хийх гээд байгаагаа уран бүтээлчиддээ ойлгуулах ёстой. Ингээд зохиолч, найруулагчийн багаа аваад Тэрэлжид хоёр хоног уран бүтээлийн яриа өрнүүлсэн. Ер нь манай хамт олон том бүтээл, төслүүдийн бэлтгэл ажлыг ийнхүү эхэлдэг. Ингээд говьд хөл ч тавьж үзээгүй уран бүтээлчид кино хийх гэж байгаа учраас судалгааны баг болон Дундговь, Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт, говь нутгаар аялангаа ажилласан юм. Ингэж уран бүтээлчидээ хөглөж, бүтээл туурвих сэтгэл зүйг бэлдэх нь хамгаас чухал болохоос мөнгө эдийн засаг, цаг зав болгоныг тооцох нь чухал биш гэж би үздэг. Ер нь бол манай дэлгэцийн бүтээлүүд бүтэн том төсөл болон хэрэгждэг. Морин хуурын тухай нэг кино бүтээнэ дээ гэсэн бодол дотор минь байдаг байлаа. “Хөхөө Намжил” гээд морин хуурчдын уралдаан зарлаж, амжилттай телевизийн контент хийснээсээ үндэслэн “Говийн домог” маань бүтсэн юм. Уг уралдааны тэргүүн байрын шагналт морин хуурч Д.Шинэцог-Гени энэхүү киноны хуур эгшгийг татсан юм шүү дээ. Увдистай аялгуу эгшгийг кино хэлээр гаргана гэдэг нь манай уран бүтээлчдийн шавхагдашгүй авьяас, чадварын илэрхийлэл болсон. Кинонд оролцсон найруулагч, зохиолч, зураглаач, зураач, дууны найруулагч, эвлүүлэгч, графикч, жүжигчид, орлон тоглогчид гээд оролцсон бүх хүн маш сайн ажилласан. Өдөр тутмын телевизийнхээ ажлын хажуугаар кино туурвина гэдэг нь үнэхээр бахархмаар, биширмээр шүү. Манай уран бүтээлчид маань хийсэн бүтээлдээ сэтгэлээ шингээж гүнзгий орж байж туурвидаг учраас хэсэгтээ бүтээлээрээ тэр чигтээ амьсгалчихдаг талтай. Би гэхэд ажил дотроо уран бүтээлчидтэйгээ мэндлэхээсээ эхлээд “Говийн домог”-ийн хэлээр яримаар санагдаж байгаа. Нэг хэсэг манай телевизийнхэн “Содура”-гийн хэлээр ярьдаг болчихсон байлаа. Одоо хоорондоо “Гэгээн зүүд үзэв үү” гэх зэргээр ярилцах жишээтэй./инээв/

Киноны маань зураг авалтын ихэнх нь Өмнөговь аймгийн нутагт хийгдсэн. Тийм учраас өмнөговьчууд маань хэзээ дэлгэцээр гарах бол гэж биднээс ч илүү хүлээсэн байх. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатарт кино маань нээлтээ хийхдээ зэрэг шахуу Өмнөговь аймагт нээлтээ хийсэн юм. Өмнөговийн удирдлагуудтай бид хошигнож ярьж байсан. Хоёр жилийн өмнө “Содура” кино гарсны дараа Хөвсгөл рүү аялагчдын тоо эрс нэмэгдэж, түгжрэл хүртэл үүссэн. Та бүхэн үүнд бэлэн үү гэхэд “АТМ-ээ мөнгөөр дүүргэж, колонкоо шатахуунаар дүүргээд хүлээж байя даа” хэмээн инээлдэж байлаа.

-Зөвхөн уран бүтээлчид гэлтгүй 500 гаруй хүний хүч хөдөлмөр орсон “Говийн домог” кино аргагүй хүчирхэг харагдаж байна лээ. Үзэгчид киноноос ийм л зүйл ойлгож, мэдрээд гараасай гэсэн санаа танд байна уу?

-Аялгуу эгшиглэнгээр хөглөгдсөн хүн хэзээ ч муу зүйл хийдэггүй. Тиймээс сэтгэлд нь ямар нэгэн зүйл дутагдаад буй хэн ч байсан өөрийгөө аялгуугаар хөглөөсэй гэж боддог. Аялгуу эгшиглэнгээр хөглөгдсөн хүмүүс төр барьж байгаа үед ард түмэн нь эвтэй найртай, төр ард түмэн биенээ ойлгосон, сайхан жилүүд байсан. Харин эрх мэдлийн төлөө зүтгэгсэд хаан ширээ булаалдаж, морин хуур, хуурчдыг устгаж, аялгуу эгшиглэнг хорьсон тэр үед Монголын ард түмэн түүхэндээ хэрхэн бутарч, эв нэгдэлгүйгээс хэрхэн хүнд байдалд орж байсныг киногоороо дамжуулан харуулахыг зорьсон. Эргээд ард түмэн яруу эгшиглэнг олж, морин хуураа дээдэлснээр сайхан цаг ирж байгааг харуулсан нь киноны маань агуулга юм. “Говийн домог”-ийг үзээд хүн бүр өөрийнхөөрөө ойлгох байх. Морин хуур хөгжим адууны дэл сүүлний хялгасаар хөг аялгуугаа олдог учраас цаанаасаа л байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг төрүүлж, хүмүүжүүлдэг. Морин хуур бол Монголын заяаны нэг хөг эрчис юм.

-Та бүхний дараагийн уран бүтээл юу байх вэ?

-“Говийн домог” кино маань яг үнэндээ төсөөлж байснаас ч илүү үр дүнд хүрлээ. Үүнээсээ бид өөрсдөө ч маш их хөглөгдлөө. Бид кино хийх үүрэгтэй. Уран бүтээлч хүний ганц гол зорилго бол бүтээл хийх. Эргээд харахад, кино бүтээх техник технологи өндөр хөгжиж, хүмүүсийн сэтгэлгээ ч өргөн болж. Үүнийг харж баярлаж сууна. Мөн уран бүтээлчид бид киногоо л сайн хийхийн төлөө ажиллаж, тэрхүү бүтээл маань үзэгчдийн таашаалд нийцэж байвал энэ нь бидний том гавьяа шагнал юм.Тийм болохоор одоо бид дараагийн киноны тухай ярилцаад сууж байна. Чухам ямар кино хийх гэж буй нь мэдээж нууц.


Categories
мэдээ нийгэм

Б.Оюунцэцэг: Шүдээ өдөрт гурван удаа угааж хэвших хэрэгтэй

-ӨНГӨРСӨН 20 ЖИЛ ШҮДЭЭ ЗӨВ УГААХ БИШ ООТОЙ УСААР АМАА ЗАЙЛЖ ИРЖЭЭ-

Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж буй шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч буй бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл тавдугаар байрт оржээ. АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн Хүүхдийн нүүр, амны өвчин, урьдчилан сэргийлэлтийн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Оюунцэцэгтэй шүдний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцав.


-Хүүхдийн шүдний цоорлын гол шалтгаан юу вэ?

-Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчин, цоорлын эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) нь ДЭМБ-ын гаргасан шалгуураар “маш өндөр” ангилалд хамарч байгаа. Хүүхдийн шүд цоорох өвчнийг хэдий чинээ эрт эмчлэх, урьдчилан сэргийлэх тусмаа эмчилгээ үр дүнтэй. Шүд арчлах дадал зуршлыг анхнаас нь бага насанд нь зөв хэвшүүлж сургах нь зүйтэй. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэлтийг дөрвөн янзаар хийдэг. Анхны урьдчилан сэргийлэлт буюу өвдөхөөс нь өмнө сэргийлэх. Үүний эцэг, эх хийнэ. Шүд цоорч эмнэлэгт очиж эмчлүүлж буй бол хоёрдогч урьдчилан сэргийлэлт болдог. Харин шүдээ авахуулж буй нь гуравдагч сэргийлэлт, хиймэл шүд хийлгэж буй нь дөрөвдөгч урьдчилсан сэргийлэлтийг хийж байгаа гэж үздэг. Суурь анхдагч урьдчилан сэргийлэлтийн үед үүсгэгч шалтгаануудыг эхлээд арилгах ёстой. Манай улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн орчинд өгч буй хоол тэжээлийн нүүрс, ус хатуулагт нь анхаарах зүйлс ажиглагддаг. Тухайлбал, хүүхдийг хахаж болзошгүй гэж үзээд үдийн цайнд нь татсан махтай хоол өгч байна. Гэтэл монголчууд шүдний эмч бэлтгэж эхлээгүй, шүдээ тогтмол угааж хэвшээгүй байсан 1970-аад оныг хүртэл эрүүл, маш сайхан шүдтэй байсны учир гэвэл ам өөрөө цэвэрших буюу зажлууртай хоолыг сайн зажилж идэх тусам шүлсээрээ шүд нь өөрөө цэвэрлэгддэг байсан. 1990 он гарснаас хойш хотын хүүхдийн шүд муу, хөдөөний хүүхдийн яс, шүд нь сайн гэж байсан. 2010 оны байдлаар хотын хүүхдүүд шүд нь цоорсон ч эмчлүүлж, дараагийн урьдчилан сэргийлэлтэд хамрагдах хувь нь өндөр байгаа бол хөдөө орон нутагт шүдээ эмчлүүлэх байдал дутмаг байна. Манай улс шүдний өвчний урьдчилсан суурь сэргийлэлтийг бодлогын түвшинд авч үзэх ёстой.

-Хүүхдийн шүдийг өвчлүүлдэг гол шалтгаанд юу орох вэ. Ундаа, чихэрлэг идэж уух зүйл өгснөөс болж шүд нь өвддөг гэсэн ойлголт байдаг?

-Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэдэг шиг эх хүн бие давхар байхдаа чихэр, шүүс зэрэг өөрийн шүдийг муутгах зүйлийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Сүүлийн үед зарим хүүхэд төрөхдөө шүд нь эрдэсжиж, хатуурч бэхжиж чадахгүй байдалтайгаар төрөх болсон. Үүнийг цоорлын бус гаралтай хатуу эдийн эмгэг гэж нэрлэдэг. Хүүхдийн эрүүний яс эхийн хэвлийд үүсэн бий болж байх үедээ л янз бүрийн шалтгаанаас болж хатуулаг байдлаа алдсан шүдтэй төрөх эрсдэл ажиглагдаж байгаа. Ингээд хүүхэд шүдлээд ирэх үед шүд үйрч унах эрсдэлтэй болдог. Ер нь хүүхдийн шүд үйрч унах үед үзүүрээсээ үйрч байна уу, эсвэл хүзүү хэсгээсээ үйрч байна уу гэдгийг эцэг, эх маш сайн анзаарч ялгаж харах хэрэгтэй. Хэрвээ хүзүү хэсгээсээ үйрч байвал хөхний сүүнээс болж үйрч байгаагийн илэрхийлэл. Таслах ирмэгээсээ үйрч байвал цоорлын бус гаралтай эмгэгт орно. Ийм эмгэгтэй хүүхдийн ээжүүдээс асуулга аваад үзэхэд жирэмсний маш хүнд хэлбэрийн хордлоготой, эсвэл жирэмсэн үедээ антибиотек эм, тариа хэрэглэсэн, маш хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан зэрэг шалтгаануудаас үүдэлтэйгээр хүүхэд шүдний паалангүй төрж байгаа юм. Тиймээс хүүхдийн шүдийг эхийн гэдсэнд байхаас нь эхлээд урьдчилан сэргийлэх ёстой.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг өвдсөн хойно нь эмнэлэгт дагуулж очихоосоо илүүтэй өмнө нь шүдний арчилгаа, урьдчилан сэргийлэлтийг хэрхэн хийх нь зүйтэй вэ?

-Эцэг, эхчүүд хүүхдийг эрүүл шүдтэй байлгахын тулд чихэрлэг зүйлсийг нь тохируулж өгч, шүдийг нь зөв угааж хэвшүүлэх хэрэгтэй. Хүүхдэд чихэр, жимс амттан огт өгч болохгүй гэж ярьдаг. Энэ нь буруу ойлголт. Хүүхэд өсч хөгжихдөө энергийнхээ 40 хувийг нь нүүрс, уснаас авдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний амттан, нүүрс ус хүүхдэд зайлшгүй хэрэгтэй байх нь. Нүүрс, ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн өгөхдөө шүд цооролтод нөлөөлөөд байгаа сахарын хэмжээ нь 10 хувиас хэтрэхээргүй байх ёстой. Гэтэл бид эрүүл мэндийн мэдлэг багатайгаасаа болж нэг бол огт өгч болохгүй, нэг бол болно гэж туйлширдаг. Хүүхэд чихэр идлээ гэхэд шүдээ угаадаг байх ёстой. Тухайлбал, шүүсийг шимж ууж болохгүй, соруулаар уух нь зүйтэй. Шүүсийг соруултай ууснаар шүдэнд наалдах нь бага гэж үздэг. Бүх ундааны үзүүлэлтээс харахад 2.8-3.5 хувь буюу хүчиллэг орчинтой байдаг. Хүүхдэдээ шүүс дандаа уулгаад байна гэдэг нь шүдийг хүчил дотор байлгаад байна гэсэн үг. Энэ мэт эрүүл ахуйн мэдээлллийг бодит эх сурвалжаас авч байх хэрэгтэй. Уг нь суурь анхны урьдчилан сэргийлэлтийг төр засгаас анхаарч бодлогоор хийдэг. Нэгэнт төрөөс хангалттай хийж чадахгүй бол эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг тогтмол шалгаж байхаас эхлэх хэрэгтэй. Шүдний өвчин бол гэнэтийн ирдэг өвчин биш. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг анхаарахын тулд эхлээд ажиглах хэрэгтэй. Шүд өвдөж эхлэхээсээ өмнө өнгө нь заавал өөрчлөгддөг. Үүний дараа жижигхэн нүх үүснэ. Энэ үеийг хүртэл тухайн хүүхдэд ямар ч зовиур ажиглагдахгүй. Цаашлаад шүдний тугалмай руу өвчлөл ороод ирэхээр чихэрлэг, хүчиллэг зүйлс идэх үед өвдөж эхэлдэг. Ингээд удалгүй шөнө уйлдаг болж, шүд нь байнгын зовиурлана. Шүд өвдөж өөрт мэдрэгдэж буй нь шүдний өвчлөл аль хэзээний мэдрэл рүү орчихсон гэсэн үг. Хэрвээ бид хүүхдийнхээ шүдний өвчлөл дөнгөж эхлэх үед буюу өнгө нь өөрчлөгдөж байгаа үед эмчилж чадвал шүд бүрэн үлдэж чадна. Шүд өвчин орж өвдөх мэдрэмж өгч байгаа нь шүдний хатуулаг хэсэг тэр чигтээ бараг байхгүй болчихсон байгаа гэсэн үг. 12 нас хүртэл нь буюу шүд нь хатуурч өөрийгөө хамгаалах чадваргүй байгаа үед нь гурван сар тутамд мэргэжлийн эмчид заавал үзүүлж хэвших хэрэгтэй гэж зөвлөдөг. Ингэж хоёрдогч сэргийлэлтийг эцэг, эх эмчтэй хамтран хийдэг.

-Зургаан наснаас эхлэн хүүхдийн шүд унаж дахин ургадаг. Дахин шинэ шүд ургах үеэс нь шүдний арчилгааг сайн явуулбал хэр үр дүнтэй байх уу?

-Олон улсад хийсэн судалгаагаар гурван насандаа эрүүл шүдтэй байсан хүүхэд 12 настайдаа цоорсон ясан шүдний тоо гурав байдаг. Харин гурван настайдаа зургаагаас дээш цоорхой шүдтэй байсан бол 12 насандаа цоорсон шүд нь хоёроос гурав дахин их буюу зургаагаас есөн шүд нь цоорхой байдаг гэж үздэг. Шүд цоорох өвчин бол халдварт өвчин. Шүдний хорхой нь нэг шүднээс нөгөө шүд рүү буюу эрүүл шүдэндээ халддаг. Хэрвээ хүүхэд зургаан нас хүртлээ тэр болгон зажилж, тасалж идэж чаддаггүй бол шүдний гажигтай болох нь шууд ойлгомжтой. Арван жилийн өмнөх зөвлөгөөгөөр бүх шүд нь шүдэлсний дараагаар давхар соёо, гажгийг засна гэж үздэг байсан бол олон улсад хийгдсэн судалгааны үр дүнгээс үзэхэд арван наснаас нь өмнө эрүү, нүүр, шүдний гажгийг засч чадах юм бол үр дүн өндөртэй, өртөг нь хямд байна гэж үздэг болжээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн Нийгэм соёлын хороотой хамтран 2017 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод харьяалагддаг есөн дүүргийн 5-6 нас, 10-12 насны хүүхдүүдэд шүдний цоорол болон эрүү нүүрний гажгийн судалгаа хийж үзэхэд нийт хүүхдүүдийн 60 хувь нь цооролтой, нүд эрүү нүүрний гажиг нь 44 хувьтай байсан. Уг нь зургаан наснаас сүүн шүд нь солигдож унасаар 10-12 насанд нь 28 ясан шүд нь гарч ирж бүх шүд нь эрүүл байх ёстой нас байдаг. Гэтэл 60 хувь нь шүд нь цоорчихсон байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь эрүү нүүрний гажигтай байгаа нь аюулын харанга дэлдсэн асуудал яах аргагүй мөн.

-Шүдээ хэрхэн зөв угааж хэвших талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Хүмүүс шүдний оо хамгийн чухал нь гэж ойлгодог. Шүдний ооноос илүүтэй шүдний сойзоо зөв сонгох ёстой. Шүд цоорох өвчний гол шалтгааныг аваад үзэх юм бол өнгөр хэсэг буюу шүдэн дээр наалдсан хогийг гүйцэд цэвэрлэж чадаагүйгээс үүдэлтэй. Шүдийг зөв угаахын тулд эхлээд шүдэн дээрээ наалдсан өнгөрийг зайлуулна. Ингэхийн тулд оо түрхэлгүй сойзоороо шүүрдэх хэрэгтэй. Үүний дараа оо түрхэж хөөсрүүлэн угаах ёстой. Шүдний оо маш олон төрөл, найрлагаараа харилцан адилгүй. Зарим оогоор угаахаар шүд цайрдаг гэдэг нь зүлгүүр бодис агуулж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь оо болгон сэрүүцүүлэгчтэй буюу сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг. Гэтэл сэнгэнэж буй мэдрэмжийг шүдний паалангаараа биш амны салстаараа мэдэрдэг. Амны салст сэрүүцүүлэгчийг мэдрээд ирэхээр тархинд автоматаар ам цэвэрхэн болчихсон гэсэн мэдрэмж төрчихдөг. Ийм мэдрэмжээс шалтгаалж оогоор амаа зайлсныгаа шүдний өнгөр бүрэн арилчихлаа гэж эндүүрдэг. Тухайлбал, шүдээ бат бөх байлгах гэсэн зорилгоор фтортой оог сурталчилж худалдаанд гаргадаг. Гэтэл фтор хэзээ шүд рүү нэвчиж ордог вэ гэвэл ямар ч өнгөргүй буюу цэвэрхэн шүдэн дээр сойзны таарсан хэмжээнд оо түрхэж, 2-3 минутын турш угаахад шүдний паалан руу фтор нэвчиж орох ёстой. Гэтэл бид нэг минут ч хүрэхгүй хугацаанд хөөсрүүлж угаагаад дараа нь усаар удаа дараа зайлаад асгаад байхаад нөгөө үнэтэй авсан шүд бэхжүүлэгчтэй оо маань зөвхөн ам цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэх болдог. Ингэж ооны шүд эрүүлжүүлэх, хамгаалах зүйл нь хийгдэхгүй үлдэж байна. Тийм учраас хүмүүс шүдээ өдөрт гурван удаа буюу гурван хоолны дараа угаах ёстой. Өглөө босч цайгаа уучихаад дараа нь шүдээ угаа. Өглөө цаг бага учраас шууд оогоор угааж амны үнэрийг дарж амаа цэвэрлэчих нь зүйтэй. Өдөр хоолны дараагаар зөв угаачих. Эхлээд сойзоороо угааж өнгөрөө гүйцэд арилгана. Дараа нь шүдний оогоор угаана. Оройн хоолны дараа бас угаана. Өндөр хөгжсөн орнуудын шүд угаах зөвлөгөөнөөс үзэхэд өдөрт ядаж нэг удаа буюу оройн хоолны дараа зөв угаах хэрэгтэй гэдэг юм билээ. Зөв угаана гэдэг нь эхэлж сойзоор угааж өнгөрөө арилгана, үүний дараа хэлээрээ тэмтэрч мэдрэнэ. Хэлээрээ тэмтэрч үзээд барзгар санагдвал хэдэн минут, цаг нь хамаагүй сойзоороо угаагаад л байх хэрэгтэй. Гөлгөр мэдрэмж төрснийн дараа өнгөр арилсан гэж үзэж болно. Ингэсний дараа сойзныхоо толгойны гуравны нэг хэсэгт оо түрхэж массажлаж угаана. Ингэхдээ хоёр шүдний завсар, шүдний хүзүү, араа шүдний хонхорхой хэсэгтээ аль болох оогоо түрхэж өгнө. 2-3 минутын турш оог түрхэж нэвчүүлнэ. Аяндаа шүлс ялгарч байгаа учраас шүлсээ нэг л удаа хаячихаад дахин усаар зайлахгүй унтвал нөгөө ооны рекламанд гардаг шиг шүд нь фтортой, ооны сайн талыг нь шингээнэ. Хүүхэд, том хүнгүй ингэж өдөрт гурван удаа угааж хэвших хэрэгтэй. Харамсалтай нь бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд сайн мэдэхгүйгээсээ болж шүдээ стандартаар нь зөв сайн угаах биш, оотой усаар амаа зайлж асгаад л явж ирсэн дээ.

-Амны хөндийн эрүүл мэндээс улбаалж бусад өөр төрлийн өвчин үүсдэг гэдэг. Энэ талаар…?

-Шүд эрүүл бол бие эрүүл гэсэн үг байдаг. Манай анагаахын хэлээр дотрын өвчний 50 хувь нь амны хөндийн өвчлөлөөс эхэлдэг гэж үздэг. Шүд цоорох өвчин нь хоолойны ангина, ходоод гэдэс, бөөр, зүрхний өвчлөл зэрэг олон өвчний эхлэл үүсгэл болдог. Ер нь олон шүд цоорхой байх тусмаа хоолоо гүйцэд зажилж чадахгүй. Зажилж чадахгүй байгаа нь ид өсч хөгжиж буй насандаа өсөлт нь дутуу явагдах, эрүү нүүрний гажигтай болох зэрэг эрсдэл өндөртэй байдаг. Шүдний гажгийг шүд нааш, цаашаа байхыг хэлдэг гэсэн өрөөсгөл ойлголт нийтлэг бас байдаг талтай. Зөвхөн шүд биш, эрүү нүүрний эргээд засч болохооргүй гажиг үүсэх магадлалтай. Анагаах ухаан хөгжөөд шүдний гажигийг аппарат зүүлгээд дор нь засч болно. Харин нүүрний хэлбэрийг хэзээ ч засах боломжгүй. Шүд, эрүү нүүрний эрхтэн хөгждөг 12 нас хүртэл нь шүдний цооролгүй, нүүрний гажиггүй байлгаж чадах юм бол тухайн хүүхдийн төрх хамгийн зөв, хөөрхөн царайлаг төрхтэй болно.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч нарыг “үйлдвэрлэдэг” АШУҮИС-ийн нэг өдөр

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Цагаан халатаар жигдэрсэн оюутны их өргөөнөө нэг өдөр өнжив. Өдгөө Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь бүрэлдэхүүний долоо, салбар гурван сургуультай, 12 мянга гаруй оюутантай, эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц улсын сургууль юм. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын дүр төрхийг тодорхойлсон 76 жилийн түүхтэй тус их сургуулийн сургалтын чанар, зорилго, ололт амжилтын талаар сурвалжиллаа. Шавийн эрдэм багшаас гэдэг шиг анагаахын салбарт хамгийн чухал нь сайн багш. Анзаараад харвал эмч болгон багштай, багш минь тэр, багшаасаа би ингэж суралцаад гэж бахархана. Анагаахын сургуулийн багш үндсэн гурван үүргийг гүйцэтгэснээр багш хэмээх эрхэм алдрыг хүлээдэг аж. Нэгдүгээрт, сургалтын үйл ажиллагаа буюу хичээлээ заана. Хоёрдугаарт, мэргэжлийн үйл ажиллагаа буюу өвчтөн үзэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулна. Гуравдугаарт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил зайлшгүй хийнэ. Ийм гурван үндсэн шаардлагын дор АШУҮИС-ийн 600 гаруй багш нар ажилладаг. Удахгүй АШУҮИС-ийн сургалтын Монгол-Япон эмнэлэг ашиглалтад орох тул бэлтгэл ажил гээд жинхэнэ бужигнаж байна аа. Манай улс анх удаагаа их сургуулийн эмнэлэгтэй болж байгаа нь түүхэн үйл явдал юм. Япон улс их сургуулийн 56 эмнэлэгтэй бол Солонгос улс 42 эмнэлэгтэй байдаг. Их сургууль дэргэдээ эмнэлэгтэй байх нь маш олон давуу талтай. Тухайлбал, Их сургуулийн эмнэлэгт шилдэг профессорууд, эмч нар, эрдэмтэн судлаачид ажиллаж, анагаах ухааны шинэ мэдлэг, технологийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт судалгаанууд хийгдэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг чадавхжуулан бэлтгэх юм.

Эрүүл мэндийн салбарын хөгжилд маш том ахиц гарна гэсэн үг. Өнгөрсөн 76 жилийн хугацаанд АШУҮИС улсын төв эмнэлгүүд, төрөлжсөн үндэсний ба бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн зарим томоохон эмнэлгүүдийг түшиглэн сургалтаа явуулж иржээ. Их сургуулийн дэргэдэх эмнэлэгтэй болох тухай төсөл санаачилга анх 2010 оны үед гарч, Японы Засгийн газраас их сургуулийн дэргэдэх сургалтын эмнэлэг байгуулах төслийг 2013 онд дэмжжээ. Ийнхүү Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлгийн барилгыг барьж өгөхийн зэрэгцээ орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж байна. Хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай эмнэлэг барихад нийтдээ 220 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдсаны 180 орчим тэрбум төгрөг нь Японы Засгийн газраас, 10 орчим тэрбум төгрөг нь АШУҮИС-иас, үлдсэн 20-30 тэрбум төгрөг нь манай улсын Засгийн газраас гарч байгаа аж. Их сургуулийн дэргэдэх эмнэлгээс гадна өөрсдийн хөрөнгө оруулалтаар Анагаах ухааны сургууль, Монгол уламжлалт анагаах ухааны 80-100 ортой эмнэлгийг бариад дуусч байгаа юм байна.

Баянзүрх дүүрэгт баригдаж буй их сургуулийн хотхон руугаа 2020 он буюу хоёрхон жилийн дараа нүүж, хотын төвд байгаа олон барилгуудаа төрдөө хүлээлгэн өгнө гэдгээ тус сургуулийнхан зарлаад байгаа билээ. Энэхүү уламжлалт анагаах ухааны эмнэлэгт спортын гэмтлийн сэргээн засах Монголын анхны төв байгуулагдах сайн мэдээ байна. Ирэх аравдугаар сараас эмнэлэг ажиллаж эхлэх учраас АШУҮИС-иас хэдийнээ тэнд ажиллах эмч, ажиллагсдаа сургаж бэлдээд эхэлжээ. Эмнэлэг ашиглалтад орохын өмнө бэлтгэл ажил хангах “Ашиглалтын өмнөх алба”-ыг байгуулсан бөгөөд ямар хүрээнд үйлчлэх вэ, хичнээн эмч, ажиллагсад ажиллах, ямар өвчнийг оношлох, эмчлэх вэ зэрэголон талын судалгааг явуулж байгаа юм байна. Саалиа хураахаар саваа бэлд гэгчээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, улсын хэмжээнд үйлчлэх томоохон эмнэлэгтэй болж байгаа учраас тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард Япон руу дүрс оношилгооны компьютер томографи, ангиографи, соронзон резонанст томографи дээр ажиллах багш, техникч нараа явуулж, үйлдвэртэй нь танилцуулаад иржээ. Шинэ эмнэлгийн үйл ажиллагааг Япон менежмэнтээр явуулахаар төлөвлөж байгаагаа АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал, дэд профессор Д.Зориг багш ярьсан. Тэрбээр их сургуулийн эмнэлэгтэй болсноор оюутнуудын хувьд сургалтын орчин эрс сайжирна. Тухайлбал, Япон менежментээр үйл ажиллагаагаа явуулах тус эмнэлэгт дадлагажих анагаахын оюутнууд Японд сурч байгаагаас ялгаагүй адил хэмжээний мэдлэг мэдээллийг тэндээс авах болно. Оюутан дадлагажина гэхээрээ шууд хүн дээр дадлага хийнэ гэсэн үг биш. Тухайлбал, нэг хичээл 20 хоног үргэлжилнэ гэхэд ядаж гурав хоног нь багш нараа дагаж эмнэлэг дээр нүдээр үзэж чихээрээ харж дадлагажина. Анагаах ухаанд төгсөлтийн дараахь сургалт буюу анагаахын боловсрол эзэмшсэний дараа дахиад хоёроос гурван жил резидент эмчээр суралцах үйл явцыг маш чухалд тооцдог. Дэлхийн их сургуулийн эмнэлгийн тогтолцоонд шилжин орох үйл явцын ард бидэнд хийх ажил бичиг цааснаасааэхлээд хүнээ сургах гэх мэт олон ажил байна гэж ярив. Сонирхуулахад, мөдхөн ашиглалтад орох гэж буй Монгол, Япон сургалтын эмнэлэг, Монгол анагаах ухааны эмнэлэгт цаасгүй технологи буюу эмнэлгийн удирдлага, бүртгэл мэдээллийн тогтолцоог цахим хэлбэрээр нэвтрүүлэхээр “MED IT” компани систем хөгжүүлэлтийн ажлыг хийгээд дуусах гэж байгаа аж. Анагаахын сургууль дээр биднийг сурвалжлагаар явж байх үед БНСУ-ын Ионсей их сургуулийн зочин профессор Ёон Мүн Чаэ, эмч Хан Ен Хүнь нар дэд захирал Д.Зоригтой уулзаж ярилцан эмнэлгийн мэдээллийн системийг хөгжүүлэх, цаасгүй эмнэлэг болоход юу хэрэгтэй, юу дутуу байгаа талаар ажлын хэсгийн санал хуваалцаж байхтай нь таарсан юм. АШУҮИС өөрсдийн санал санаачилгаар төсөл хэрэгжүүлж хотын зах руу оюутны хотхоны анхны жишиг болж нүүх гэж байгаа талаараа “Бид 2024 хүртэлх хөгжлийн бодлогоо гаргаж тавьсан. Тогтвортой урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу ажиллаж байгаа учраас бидний ажил төлөвлөснөөр урагшилж байна” гэж тайлбарласан.

АШУҮИС захирал, дөрвөн дэд захиралтай. Удирдлагын баг долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа дүгнэхийн зэрэгцээгээр энэ долоо хоногт хийх ажлаа яг таг хуваарилдаг тогтсон уламжлалтай аж.

АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Мөнхбат сургуулийн эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлогын тухай ярихдаа “АШУҮИС эрдэмтэн багш нараа чадавхжуулах, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөр, инноваци, шинэ технологийг нутагшуулах ажлыг дэмжин ажилладаг. Судалгаа шинжилгээний ажлын чанарыг сайжруулах гол хөшүүрэг нь судалгааны сайн лаборатори байдаг. Эрдэм шинжилгээ, судалгааны орчныг эрс шинэчлэх зорилгоор хамгийн сүүлийн үеийн шилдэг дэвшилтэт технологи бүхий орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Цөм лаборатори байгуулсан. 2017 онд анагаахын салбарт ихээхэн хэрэглэгддэг эсийн фенотип тодорхойлдог эс тоологч ХБНГУын “MACS Quant Analyzer 10” багажийг суурилуулсан гэх мэтээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багажтай байхыг зорьж байна” гэв. АШУҮИС дотроо “Шинжлэх ухаан, технологийг дэмжих сан” байгуулж эрдэмтэн, багш нарынхаа судалгааны төслүүдийг санхүүжүүлэх болжээ. Анх 2015 онд 500 сая төгрөгийг сандаа төвлөрүүлж эрдэм шинжилгээний дөрвөн төслийг санхүүжүүлж байсан бол жил бүр нэмэгдэн явсаар энэ 2018 онд нэг тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ингэж судлаач багш нараа дэмжсэнээр тэдний урам зориг нэмэгдэж, сайн судалгаанууд хийгдэж, гадны хэвлэлд нийтлүүлсэн өгүүллийн тоо нь олширсон. Өнгөрсөн долоо хоногт АШУҮИС-ийн эрдэм шинжилгээний долоо хоног болж өнгөрсөн бөгөөд “Монголын Анагаахын шинжлэх ухааны Эрдмийн чуулганНэгэн жаран” арга хэмжээ болжээ. Тус сургууль жил бүр Эрдмийн чуулганаа зохион байгуулж тухайн жилд шинэлэг бүтээл, санаачилга, үр дүнтэй амжилттай ажилласан судалгааны баг, багш, судлаач нараа шалгаруулж, урамшуулан дэмждэг аж. Энэ жилийн тухайд салбар хуралдааны шилдэг илтгэлүүдэд шагнал гардуулан, АНУын Дэвис дэх Калифорнийн их сургуультай хамтарсан төслийн тэтгэлгийн батламж олгож, Томсон Ройтерсийн индекс бүхий олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн багш нараа мөнгөн урамшууллаар шагнажээ. АШУҮИС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн багш О.Саранчулуун багштай уулзахад “Манай сургуулийн нүдэнд харагдахгүй нэгэн соёл байдаг. Сургуульд ажиллаж, багшилж байгаа хүмүүсээ дандаа сургаж, боловсруулахыг чармайдаг. Би жишээлбэл, гадаадын хоёр ч их сургуульд суралцаж магистр хамгаалсан. Одоо гадны их сургуульд докторантаар суралцаж байна. Эрдмийн ажлыг дэмжиж, хичээлийн хуваарьт нь зохицуулалт хийж өгөх жишээтэй” гэж ярьсан.

АШУҮИС нь жилээс жилд гадаадын их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээгээ өргөжүүлэн, гадаадын их сургуульд докторантурт суралцах боломжийг улам нэмэгдүүлсээр байна. Зөвхөн 2018 онд Японы “Жичи”, “Доккио”, “Тохоку”, “Шига” их сургуулиудад шинээр найман багш докторантурт суралцахаар явжээ. Хамтарсан судалгааны төсөл боловсруулан хэрэгжүүлэх, докторын дараахь судалгааг дэмжин хамтын ажиллагааны шинэ түвшинд хүргэх, хөгжүүлэх талаар онцгой анхаарч, тухайлбал Японы “Жичи”гийн анагаах ухааны сургуульд хоёр доктор докторын дараахь судалгаанд үргэлжлүүлэн хамрагджээ. Европын холбооны “The Eras­mus Programme”ийн хүрээнд Испанийн “Universidad de Las Palmas de Gran Canar­ia” их сургуультай хамтран Монголын Анагаахын шинжлэх ухааны судалгаа, инновацийн чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн гэх мэт гадаад харилцааны мэдээллүүд арвин их. Өнөөгийн байдлаар АШУҮИС нь 17 орны 85 их, дээд сургууль болон нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Оюутнуудын хувьд мөн суралцах идэвх, чадварыг дэмжих хандлагыг чухалчилдаг тухай багш нар ярьж байв. Анагаахын оюутнуудын хувьд академик соёлыг тээсэн газар гэдэг нь анзаарагдсан. Бас хүний харилцааны талаас нь оюутнуудаа ихээхэн бэлтгэдэг юм байна. Өдөр тутам өмсдөг халатаа цэвэрхэн сайхан өмсч сурах соёлоос эхлээд усны стандарт саванд ус уухыг шаардах, охидын хумсыг урт ургуулахгүй, тод өнгөөр будуулахгүй, цээжнээс дөрвөн хуруу дээшээ задгай хувцас өмсгөхгүй байх, хүний анхаарлыг татсан ээмэг, гоёл зүүхгүй байх гэх мэт шаардлагыг оюутнууддаа тавьдаг гэдэг нь сонирхолтой санагдсан. АШУҮИСийн тавдугаар курсийн оюутан Н.Цогтсайхантай уулзахад “Манай сургууль онолын өндөр мэдлэгтэй сайн эмч болж төгсгөхөөсөө гадна хүнийг хүн болгож төгсгөдөг юм болов уу гэж би хувьдаа боддог. Яагаад вэ гэвэл оюутнуудыг нэгдүгээр курсээс нь эхлээд төгстөл нь хүнтэй зөв боловсон харьцах ёстой, хувцаслалтаасаа эхлээд зөв байх ёстой гэх зэргээр харилцааны соёл, ёс суртахууныг заадаг болохоор бусад сургуулиас үүгээрээ эрс ялгарна. Хүнийг энэрэх сэтгэлийг оюутан байхаас нь суулгаж өгөхийг зорьдог. Хүнд тусалж дэмжиж яваарай. Хүний төлөө сэтгэлтэй байгаарай гэдгийг байнга захиж сургадаг. Манай багш нар “Чи нэг бол улаан нойл байх, нэг бол 100 хувь сурах ёстой” гэж хэлдэг. Хүнийг дутуу эмчлэх тухай ойлголт нэгэнт байж болохгүй учраас анхнаасаа мэргэжлээ бүрэн дүүрэн эзэмшсэн сайн мэргэжилтэн болж төгсөх ёстой гэж үздэг” гэж ярив. Тэрээр ярихдаа оюутнуудад сургуулийн захирлын тэтгэлгийг жилд хоёр удаа олгодог болсноос хойш оюутнуудын суралцах идэвх сэргэж, эрдэм шинжилгээний ажилд оролцож, улмаар шилдэг сайн оюутнууд маань сургалтын төлбөрөө бүрэн төлөх бололцоо ч бүрдсэн талаар ярив. Тус сургуулийн оюутнуудтай уулзаж эмч мэргэжлийн жаргал, зовлонгийн талаар ярилцаж суухад “Зургаан жил эхлээд суралцдаг. Хэдийгээр төгсөөд эрүүл мэндийн байгууллагад ерөнхий мэргэжлийн эмчээр сум, өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд ажилладаг ч төгсөгчид маань мэргэжлээ улам гүнзгийрүүлэн суралцаж үндсэн болон цаашилбал төрөлжсөн мэргэжлийг эзэмших хүсэлтэй байдаг. Тэгэхийн тулд эхлээд үндсэн мэргэжлийн эмч болох сургалт буюу резидент эмч хоёр жил хийнэ. Ингэхдээ цалин авдаггүй. Найман жил суралцсаны дараагаар сая л үндсэн мэргэжлээр ажил хийх эрх нээгдэх ч улсын шатлалын эмнэлэгт магистрийн зэрэггүй бол ажиллах бололцоогүй. Ингээд дахиад хоёр жилийн хугацаанд магистрт суралцана. Үндсэндээ арван жил суралцаж байж эмч гэдэг эрхэм алдар нэрийг хүлээдэг гэж ярьцгаасан. Олон жил суралцах нь оюутан бидэнд сэтгэл санааны болон санхүү мөнгөний хувьд “хүнд” тусах ч эмч болно гэсэн чин хүсэл эрмэлзлийн дэргэд энэ бол ялихгүй зүйл юм” гэж хэлээд инээлдэцгээж байсан юм.

АШУҮИСийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Н.Сүмбэрзул “Манай их сургууль баялаг түүхтэй, сургалтыг явуулах өөрийн дэг жаягтай, үндэсний тэргүүлэх их сургуулиудын нэг. Монгол эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд үнэлэгдэж буй жишээ олныг дурдаж болно. Нөгөө талаар гадаадын олон орны эмч нар манай улсад ирж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үйлчлүүлэгчид маань даяаршиж буй энэ үед бидний төгсгөн гаргаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн маань дэлхийн түвшинд ажиллах мэдлэг, ур чадвар, хандлагатай байх ёстой гэсэн шаардлагыг бид өөрсдийн сургалтад тавин ажиллаж байна. Манай анагаахын буюу бидний хэлж заншсанаар хүний их эмч бэлтгэх хөтөлбөр маань бүсийн болон олон улсын түвшинд хэд хэдэн удаа хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байсан бөгөөд саяхан 2022 он хүртэл Европын холбооны дээд боловсролын олон улсын магадлан итгэмжлэлийн АSIIN гэдэг байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Ингэснээр төгсөгчид маань Хойд Америк төдийгүй Европын холбоонд очоод шууд лицензийн шалгалтад орох нь эрх нь нээгдсэн. Одоо АШУҮИС-ийн хамт олон Ази, Номхон Далайн Баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилт тавин ажиллаж байгаа. Дэлхий нийтэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ухаалаг төхөөрөмж маш хүчтэй нэвтэрч байгаа учраас төгсөгч тухайн мэргэжлээрээ өндөр мэдлэгтэй байхаас гадна дижитал технологийн маш өндөр мэдлэгтэй байх шаардлагатай болсон. Дижитал төхөөрөмж нэвтэрчихээр эмнэлгийн үйлчилгээ, сургалт цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч байна. Өнөөдөр АНУд байгаа эмч мэс заслын Да Винчи технологийг ашиглан Японд байгаа үйлчлүүлэгчид мэс заслын тусламж үзүүлэх хэмжээнд ухаалаг технологи хөгжсөн. Үүнийг бид нэвтрүүлэх ёстой. Манай улсын мэргэжилтнүүд өдөр болгон хөгжиж, тасралтгүй төгөлдөршиж, шинэ мэдээллийг авч, түүнийгээ ур чадвар болгож хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхгүй бол хоцрогдчих гээд байна. Энэ үүднээс тэр тусмаа их сургуулиудад тасралтгүй инноваци явагдах нь чухал. Энэ нь гагцхүү судалгаанд л суурилна. Тиймээс их сургуулиуд судалгааг хөгжүүлэхээс аргагүй юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй баг нь олон мэргэжлийн, олон үндэсний, олон соёлтой, олон хэлтэй болох явц нэмэгдэж байгаатай холбоотой төгсөгчид маань мэргэжлийн өндөр ур чадвараас гадна багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, бусдын соёл зан заншлыг ойлгон хүндэтгэх, гадаад хэлний чадвартай байх нь наад захын шаардлага болон тавигдаж байна.

“Шавийн эрдэм багшаас” гэсэн мэргэн үг байдаг. АШУҮИС өөрийн багш нарын чадавхыг бэхжүүлэх олон талт арга хэмжээг сургууль, тэнхимээр дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд ялангуяа сурган заах арга зүй, анагаах ухааны боловсролын талаарх сургалт, судалгааг багшийн хөгжлийн төвөөр дамжуулан хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр БСШУСЯ-ны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд дорвитой олон үйл ажиллагаа явуулсны нэг нь Харвардын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй анагаахын багш нарыг чадавхжуулах “Т2Т” хөтөлбөр юм. Үүнээс өмнө мөн Солонгосын Койка байгууллагын дэмжлэгээр багш нарын чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийг сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр, АНУын Калгарийн их сургуультай хамтран мастер багш бэлтгэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн” гэж ярив.

АШУҮИС багш нарынхаа үнэлгээг оноогоор жилд дүгнэдэг аж. Жишээлбэл, заасан хичээлээс гадна мэргэжлийн үйл ажиллагааны оноо буюу эмчээр ажиллах, эрдэм шинжилгээ судалгаа, төсөл, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, хурал, илтгэлд оролцсон байдал гэх зэргээр тус бүрийн оролцоог нь оноожуулан багшийн гүйцэтгэх үүргийг цогцоор нь үнэлдэг байна. Ингэж ажил, санаачилга, хандлага бүрийг оноожуулаад өгөхөөр багш нар юу хийх ёстой вэ гэдгээ маш сайн мэддэг. Тэгээд оноо нь чамлалттай тохиолдол гарлаа гэхэд хэзээ ч чи үүнийг хийсэнгүй гэж зэмлэхгүй бөгөөд “Үүнийг хийлгэхийн тулд бид танд яаж тусалж дэмжих вэ?” гэж асуудаг гэнэ.

Ийнхүү АШУҮИСийн баг хамт олон Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт анхдагч болсон олон ажлуудыг хийж байна. Хөгжлөөрөө тэргүүлж буй Австрали, Сингапур, Малайз, БНСУ, Хонконг зэрэг 37 улсын 5000 гаруй их, дээд сургуулиудтай өрсөлдөж эхний 100д багтаж орно гэдэг бол амаргүй, маш их хөдөлмөр шаардах ч бид өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэл төгс байна гэж тус сургуулийнхан хэтийн зорилгынхоо тухай ярьж байна. Сургуулийн багш, ажиллагсад оюутан хэнээс нь ч “Танай сургуулийн эрхэм зорилго юу вэ?” гэж асуухад “Бүсийн шилдэг сургууль болно” гэж хариулна байх гэж ярьцгаасан. Нээрээ л тус хамт олон зорилгоо зөв тодорхойлж, зөв менежмэнтээр гадны ололт дэвшлийг авахаар урагшилж буй нь тодорхой харагдсан.

Categories
мэдээ цаг-үе

Зууны манлай дуучин Б.Сарантуяа: Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж гучин жилийн турш бүтээлээ туурвиж яваа минь их аз завшаан

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяатай уулзаж ярилцлаа. Тэрбээр энэ сарын 20-ны өдөр үзэгч, фэнүүдтэйгээ төрсөн өдрөө цуг тэмдэглэдэг уламжлал ёсоор энэ жил төрсөн өдрийн тоглолтоо Сorporate convenion cen­tre hall-д хийх гэж байгаа билээ.


-Таны төрсөн өдрийн тоглолтыг хүлээж суудаг үзэгч, фэнүүд олон бий. энэ удаагийн тоглолтын гол онцлог юу байх вэ?

-Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үзэл бодол 2011 оноос төрсөн. 2013 онд “Хайрын бурхан”, 2015 оны тоглолтоо “Сэхүүн салхи” нэртэйгээр хийхдээ урьд нь дуулж байсан хуучны нэлээн олон дуунуудаа шинэчилсэн. 2017 онд “Аргагүй амраг” цомгийг манай “On and off” продакшны захирал С.Ононбат дахин шинэчлэн найруулсан. Сүүлийн үеийн шинэлэг аранжрокоор хийхээр залуу үед маш гоё сонсогдож эхэлдэг юм байна. Ер нь жил ирэх бүр миний сонсогч нарын тоонд залуу үе хүчтэй түрж орж ирж байна. Тухайлбал, Чойжоотой хамтран дуулсан “Хаврын ганц улиас” дуугаа шинэчлэн дууллаа. Би энэ дуугаа хорин хэдхэн настайдаа өмнө нь дуулж байсан. Хуучны дуунуудаа яагаад сэргээж дуулаад байна вэ гэхээр нэгэнт идэвхтэй тайзан дээр байгаа нөхцөлд бүх насны сонсогчдод уран бүтээлээ хүргэх хэрэгтэй болчихдог юм байна. Миний хувьд залуу уран бүтээлчдээ аль болох дэмжихийг хичээж ирсэн. Энэ төрсөн өдрөөрөө “Инээмтгий хүн” цомгоо дахин шинэчилж тавина. Найруулагч С.Ононбат маань ажлын ачааллаас болж завгүй байж таарсан. Тэгээд залуучууд бас яаж хийхийг нь үзье гээд “Screen Intertai­ment” продакшн энэ удаагийн тоглолтыг найруулахаар болсон. Энэ тоглолтын маань ерөнхий ивээн тэтгэгчээр “Жигүүр гранд” групп оролцож байгаагийн зэрэгцээ “Гоёо”, “Очир Ундраа”, хэвлэл мэдээллийн олон байгууллагууд дэмжиж ажиллаж байна. Одоогоос 23 жилийн өмнө 25 настай Сараагийн УДБЭТ-ын тайзнаа анх тавигдаж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо одоо “Saraa’s Mu­sic Production” нэртэйгээр дахин сэргээж үзэгчиддээ толилуулах юм. 23 жилийн өмнөх “Инээмтгий хүн” тоглолтод гавьяат дуучин Алтанцэцэг, Эрдэнэцэцэг, “Хар сарнай”, “Хар тас” хамтлаг, дуучин Хэрлэн, “Мөнгөн харандаа” хамтлагийн Сэлэнгэцэцэг гэх мэт олон хүмүүс оролцож байжээ. Эргээд тэр бичлэгээ үзээд сэтгэл их хөдөллөө. Симфони оркестортой Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү гуай дохиод л “Үйлс цагаан монгол” дууг дуулаад л. Одоо болох тоглолтын эхний хэсэгт театрчилсан тоглолт явагдана. Дараагаар нь орчин үеийн дуунуудаа дуулна. “Инээмтгий хүн” цомогт багтсан “Хонгор найз”, “Попури” дууны эвлүүлэгт багтсан “Тэр намайг дурсдаг болов уу”, “Мартъя, “Хайрын бурхан”, “Сэхүүн салхи” гэх мэт дуунууд болон сүүлийн үед моданд ороод буй дуучин Оргилтой хамтарсан “Чам руу над руу урсана” дууг хамтлагийнхаа хоёр залуутай хамтарч дуулна. Мэдээж хэрэг “Хаврын ганц улиас” дуулагдаж таараа. Номын баярын нээлтийн арга хэмжээ дундуур нь бас явна.

Saraa’s Music Pro­duction тоглолтын гол сюрпризийн нэг нь таны тухай бичсэн номын нээлт болж байна. Таны амьдралын тухай өгүүлсэн “Зууны дуу хоолой. Би Сараа” нэртэй номынхоо талаар танилцуулаач. Гадуур номын дэлгүүрт тараагдахгүй байгаа гэв үү?

-Номын дэлгүүрт тавьчихна гэхээр өөрийнхөө хувийн намтар, романыг лангуун дээр өрж тавьж байгаатай ялгаагүй санагдаад байгаа юм. Тэгээд ч номын дэлгүүрт тавихаар 30 хувийн нэмэгдэл нэмэгдэхээр 32 мянган төгрөгөөр зарагдаж буй номны маань өртөг ихэснэ. Яг зорьж унших гэсэн хүмүүст бол хүргэлтээр хүргэж байгаа. Дуучин Б.Сарантуяа гэсэн фэйсбүүк хуудаснаа хүсэлт бичихэд авах бололцоо нь нээгдэнэ. Би өнгөрсөн 2016 оны намар 30 жилийн тоглолтоо хийхээр төлөвлөж жилийн өмнөөс ном бичих тухай санаачилга яригдсан байдаг. Залуу сэтгүүлчдэд хандаж бичих гэсэн боловч цаг хугацааны шалтгаанаас болж амжаагүй л дээ. Тэгээд миний найз болох сэтгүүлч Эмүжин бичихээр болсон. Эмүжин маань гэрийнхэнтэй маань уулзаж, ээжтэй маань ярилцах гэх мэтээр баримтууд нэлээн цуглуулж явсан. Ингээд 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр ном маань хэвлэлтээс шилжсэн. Яг тэр өдөр “Sara’s production” цөөхүүлхнээ ч гэсэн шинэ жилээ тэмдэглэж таарч, ном маань сюрприз болж байлаа. 2013 оноос спонсорлож ирсэн “Хөх монгол принтинг” ХХК номыг маань ивээн тэтгэсэн. Номын баярын албан ёсны арга хэмжээгээ бол оны эхнээс л Дархан-Уул, Орхон, Өмнөговь гэх мэт хөдөө орон нутагт VIP тоглолтоо хийхээс эхэлсэн. Ном маань хүнд хүрч эхэлсэн нь мэдэгдэж байсан шүү. Хөдөө орон нутагт явж байхад Улаанбаатар хотын үзэгч, фэнүүд нь номын нээлтийг хүлээж байна шүү гэдгийг хэлж байсан. Тэгээд төрсөн өдрөөрөө буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хотод номынхоо баярыг нээж таарах нь.

-Та номынхоо анхны уншигч болсон биз ээ. Та өөрийнхөө тухай өгүүлсэн номноос чухам ямар Сарааг олж харав?

-Яагаад энэ дуучин зууны манлай дуучин болсон юм бэ. Мэргэжлийн тайзнаа 30 гаруй жил оршин тогтноод моданаас гарахгүй хит паратад дандаа тэргүүлээд байна вэ гэх зэрэг асуултын хариултыг тухайн уран бүтээлчийн гарал үүсэл, бага нас, хүмүүжилтэй бас холбоотойгоор харах хэрэгтэй болсон. Анхны багш нь ямар хүн байв, ямар гараанаас явав, алдар нэр, авьяас, амьдралын замналыг туулахдаа баяр жаргал, тэр бүү хэл амиа хорлохдоо хүрсэн сэтгэлийн гуниглалыг туулж гарсан тухай өгүүлнэ. Миний хувьд хоёр дахь охиноо гаргаад ухаажиж, харьцангүй намба суусан болов уу. Тэрнээс хойш ч шар сонин, сайтууд дээр Сараагийн тухай тоомжиргүй мэдээлэл гарахаа ч больсон. Энэ номыг уншиж байхдаа би ямар ч их тэвчээртэй байсан юм бэ, заримдаа ямар адгуу байв гэдгээ олж хардаг. Ер нь одоогийнхтой харьцуулахад шийдэмгий бус, их л олон зүйлийг эргэцүүлсэн Сараа бас байсан. Их л даруулгатай хүмүүжилтэй байсан атлаа ганцхан зүйлд маш даруулгагүй явж иржээ. Энэ нь дуу байсан. Гол нь энэ хүн ерөөсөө л дуулах маш дуртай, амьдралын утга учир нь байсан гэдэг нь харагддаг. Намайг дуучин болоход аав, ээж маань анхнаас нь дэмжээгүй ч хориглож садаа болоогүйд би талархдаг. Тийм ч учраас би хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг нь мохоохыг хүсдэггүй, өөрийнхөөр нь хүмүүжүүлэхийг чухалчилдаг. Ээж, аав шигээ ачлалтай байх ёстой гэж боддог.

-Таны ээжийн тухай асууя. ОХУ-ын иргэн Монголд ирж, ирэхдээ бүр Монголын иргэн болж олон сайхан хүүхэд хүмүүжүүлсэн гайхалтай эмэгтэйчүүдийн нэг гэж хардаг?

-Аав, ээжийнхээ залуу нас, эмэг эх, өөрийнхөө хүүхэд насыг яруу найрагч, зохиолч Эмүжингийн дүрслэлээр харах бас их өөр юм байна лээ. Надад байдаг сэтгэл миний аавд минь, ээжид, эмээд минь байсан учраас удам гэдэг үе залгамжлагдан ирдэг юм байна. Сайхан хоёр эрдэнэс шиг хүний дундаас төрсөн юм чинь яаж гялтайхгүй байхав дээ. Энэ хоёр сайхан ээжий, аавынхаа буянд өдий зэрэгтэй сайхан амьдарч байна даа гэж хувьдаа залбирдаг, боддог. Манай ээж Якутаас 1976 онд ирээд аавын дүү нарыг нь үр хүүхдийнхээ зэрэгцээгээр цуг өсгөлцөөд явсан. Манай ээж сэтгэлийн тэнхээтэй, хүн чанар сайтай хүн болов уу. Бага байхад зөндөө олон ээж нар Якут руугаа буцаж байгаа тухай би сонсч л байсан. Манай ээжийн найз нар ч нутаг буцаж байсан даа. Ээж маань тэднээс торойгоод үлдсэн. Тэгээд бодохоор их тэвчээртэй, монголчууд гэж анх ярьдаг байсан бол манай монгол гэж ярьдаг тэр чигээрээ л монгол хүн болсон. Монголын иргэншил ч авсан. Ээж маань англи, орос хэл зааж, шавь нараасаа монгол хэлийг анх сурч байсан гэдэг. Ийм сайхан эх оронч ээжтэй хүн чинь адилхан эх оронч л байлгүй яахав. Миний амьдралыг өгүүлсэн номонд хоёр ч дайнд байлдсан мэргэн буудагч Михайлаев өвөөгийн маань тухай дурдагдсан байснаас эхлээд хүн хэнээс, хаанаас гарал үүсэлтэй, ямар хүмүүс байсан талаар, орчин үетэй орж бичсэнийг нь уншаад зөн совинг харуулсан, сүнслэг бичсэнд би хувьдаа зохиолчдоо маш их талархсан.

-Та хувийнхаа амьдралынхаа тухай дэлгэж болох хэмжээнд ярихгүй юу. Таны хүүхдүүд хичээл номдоо шамдацгаагаад л байна уу?

-Сүүлийн нэг жилийн өмнөөс ээж маань хүнд өвдөж, ойрд ээжийгээ асрахад цаг ихээхэн гаргах болсон доо. СТӨ-ний орлогч даргынхаа ажлаас өнгөрсөн долдугаар сараас хойш чөлөөлөгдөж, ээжийгээ асарсан. Тэгэхдээ ганцхан дуунаас л чөлөө авч болдоггүй юм байна. Олны тус оломгүй далай гэдэгчлэн олон сайхан хүний тусаар ээжийгээ тэнхрүүлээд авсандаа их баяртай байгаа. Том хүү Эрхэмээ маань хоёрдугаар курсийн оюутан. Дунд охин маань арванхоёрдугаар ангиа төгсөхөөр хариуцлагатай үе дээрээ байна. Бага охин маань ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Гурван хүүхдээ өсгөж, ээжийгээ асарна, уран бүтээлээ хийнэ гэх мэтээр үнэндээ цаг зав багатай л явна. Сэтгэл тавьж анхаардаг найз нөхөд бас бий. Уран бүтээл, ажил амьдралдаа ихээхэн цагийг авч анхаарал тавьдаг хүмүүст заавал эр нөхөртэй болох ёстой гэсэн үүрэг даалгавар авсан аятай тогтсон ойлголт бас тэр болгон төрдөггүй юм байна.

-Та төрсөн өдрийнхөө дараа Казахстан руу тоглолт хийхээр төлөвлөсөн байгаа гэв үү?

-Хоёр дахиа очиж тоглоно. 2012 оны дөрөвдүгээр сард төрсөн өдрөөрөө Алматы, Астанад тоглож байсан. Яагаад Казахстанд тоглох болсон бэ гэвэл 1993 онд “Азийн дуу хоолой” наадмаас гранпри шагнал хүртэж байсан түүхтэй. Рок попоос одоог хүртэл цорын ганц Гранприг авсан байдаг. Би хүндэтгэл үзүүлж “Зүүдний говь” тоглолтоо Казахстанд тоглож байсан бол удахгүй хоёр дахь удаагаа очиж тоглоно.

Монгол НD телевизээс зохион байгуулж байгаа Voice TV шоунд зохиогчийн эрхийг зөрчиж байгаа талаар та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Энэ талаар тодруулж асууя?

-Ковер гэдэг нэрийн дор юуг ч хийж болно гэсэн ойлголт байж болохгүй л дээ. “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцсон Гантогоо гэдэг нөхөр гитарчин Өлзий-Орших, дуучин Сарантуяа, яруу найрагч Хүрэлбаатараас зөвшөөрлийг аваагүй байж “Хайрын бурхан” дууг англи хэл дээр орчуулж клип хийлгээд youtube дээр байршуулчихсан байна билээ. Солонгост би тоглолтоор явж байхад миний тоглолт дээр ирж дуулна хэмээн надад хүсэлт тавьж байсан л даа. Би тухайн үед яасан ч эрээ цээргүй юм бэ дээ гэж бодоод өнгөрсөн. Уг нь эхлээд ядаж зохиогчдоос нь зөвшөөрлийг нь авчих нүүртэй байх нь зүйтэй болов уу. Жишээлбэл, би Галсанбат ахын зохиосон Дуламсүрэн эгчийн дуулсан “Миний аз жаргалын дуу”-г Галсанбат ахын зөвшөөрлөөр дуулдаг юм. “Зүүдний говь” дууг хөгжмийн зохиолч Чинзориг, яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай хоёр маш их таалж хүлээж авсан. Чинзориг гуайг нас барж сүүлийн замд нь үдэхэд миний дуулсан “Зүүдний говь”-иор үдсэн юм билээ. Ийм жишиг бий л дээ. Ер нь зохиогчийн эрхийг хамгийн их баримталдаг телевиз гэж ярьдаг “Монгол HD” телевиз цаашдаа үүн дээрээ анхаарлаа тавих байх. Мэдэж байгаа байлгүй. Чойжоо бид хоёрын дуулсан “Өнчин ганц улиас” дууг Хулан гэж охин их гоё дуулсан. Надад бол таалагдсан. Чойжоо бид хоёрын дууг дахиад моданд оруулж чадсан.

-Та уран бүтээлийнхээ зэрэгцээгээр өөр юунд цаг заваа зарцуулж байна вэ. Эрүүл зөв хооллолт, гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Миний үндсэн хобби дуу л даа. Дуугаараа ганцхан амь зууж байгаа хүн. Эрүүл зөв хооллолт, мацаг барих хичээлд сонирхон суудаг. Ер нь ориг монгол хэв маягаар амьдрахыг хичээдэг хүн гэх үү дээ. Сайхан хонины толгой чанах, хуушуур буузандаа монголчууд угийн дуртай. Би сүүлийн үед хөдөлгөөнт иогоор хичээллэх болсон. Хаврын энэ цагт бол цэвэрлэгээний детоксийг өөртөө хэм хэмжээг нь тааруулаад барьчихдаг. Миний насны эмэгтэйчүүд учиргүй хээнцэр ганган байх тухай биш бодит зүйлээр бас онгирч болох л доо. Тухайлбал, ухаанаараа онгирч болно. Эсвэл маш амжилттай хийсэн уран бүтээлээрээ гангарч онгирч болно шүү дээ. Бас бусдын амжилтаар бахархаж, үлгэр жишээ авах ёстой гэж боддог. Манай Монголд хөдөлмөрч, мундаг уран бүтээлчид, хүмүүс олон байна.

-Дуулсан дуу болгон нь хит болдог дуучин ховор. Таны хувьд дуу бүхэн тань хүний сэтгэлд хүрч, дийлэнх нь хит болж чаддаг. Авьяас, чадвараас гадна таны өөрийнхөөрөө баггүй байдаг зан чанарт үзэгч фэнүүд чинь дуртай ханддаг байх гэж бодогддог шүү?

-Би энэ тухай бодох бүртээ “Төрийн минь сүлд өршөө” гэж дотроо хэлдэг. Ийм сайхан эх оронд төрж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж 30 гаруй жилийн турш уран бүтээлээ туурвиж яваа минь их аз завшаан.

Амьдрал бол аялал гэсэн үг байдаг. Та ойрд хэр аялж байна вэ?

-Би аялах маш дуртай. Уран бүтээлч хүний сайхан талын нэг нь олон сайхан хүнтэй уулзаж, олон газраар явж олонтой учирдаг. Би ажил их, ачаалалтай, маш сайн ажил хийснийхээ дараагаар бол бүр ч аялах дуртай. Эх орныхоо үзэсгэлэнтэй газруудад аялах үнэхээрийн дуртай. Энэ жил Өмнөговь аймгаар аялахаар төлөвлөчихсөн сууна. Хүүхдүүддээ говийг үзүүлнэ. Сая Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав продюсероор ажилласан “Говийн домог” нэртэй гайхалтай сайхан кино үзлээ. Яруу эгшиглэнт морин хуурын гайхамшгийг энэ кинонд гайхалтай уран сайхнаар гаргаж өгсөн. Би тэр киног үзээд тоглолтынхоо өмнө ёстой нэг сайхан дотор онгойж, цэнэг авна гэдэг болсон доо.


Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн ганц барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон юм биш үү гэсэн хар төрөөд байна

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа МҮБХ-ны тэргүүний асуудал, Бөхийн өргөөний маргаантай байдал, бөхчүүдийн талцал тойрсон дуулианы талаар МҮБХ-ны гүйцэтгэх захирал, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Бөхчүүд хоёр хуваагдаад Бөхийн өргөөгөө булаацалдаад уналаа гэсэн шум гадуур хүчтэй байна. Ер нь яг юу болоод байна аа?

-Бөхчүүд яагаад талцаад унав гэдгийг ярихын өмнө хуулийн хүрээнд ямар үйл явдал, процесс өрнөснийг эхлээд тайлбарлая. МҮБХ-ны дүрмийн дагуу Их Эе дөрвөн жилд нэг удаа хуралддаг. Дүрмийн дагуу холбооны тэргүүнийг дөрвөн жилд нэг удаа сонгох учиртай. 1998 онд МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдоржийг сонгосон. 2002 оны сүүлээр дөрөвдүгээр Их эе хуралдаж холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн ажил явагдсан юм. Гэвч тэр үед хуралдааны хүчин төгөлдөр байдал хангагдаагүй. Энэ хурлаар Р.Нямдоржийг холбооны тэргүүнээр сонгоогүй гэсэн үг. Гэтэл Р.Нямдорж гэдэг хүн тэр үеэс өнөөг хүртэл 16 жилийн хугацаанд хууль зөрчиж байна. Энэ хүн өөрийгөө тэргүүнээр сонгогдсон тухай нэхэмжлэлийг шүүхэд 2002 онд өгч байсан юм билээ. Харин Улсын дээд шүүх 2003 оны долдугаар сарын 1-ний 403 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн шүүхийн анхан шатны шийдвэр, Нийслэлийн анхан шатны шүүхийн магадлал зэргийг хэвээр үлдээж, Р.Нямдоржийг холбооны тэргүүнээр сонгосныг батлах нь үндэслэлгүй гэж үзсэн байдаг. МҮБХ-ны дөрөвдүгээр Их эе хууль ёсны дагуу явагдаж чадаагүйг тэр үед тогтоосон юм. Улсын дээд шүүхээс Их эеийг дахин хуралдуулахыг тухайн үед даалгасан ч Р.Нямдорж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

-Тэгвэл Р.Нямдорж хууль бусаар 16 жилийн турш Монголын үндэсний бөхийн холбоог тэргүүлсэн гэсэн үг үү?

-Ерөөсөө л тийм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ үүргийг нь хэрэгжүүлэх боломж олгоогүй өнөөг хүрлээ. 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэтгэлийн албан ёсны гүйцэтгэх ажиллагаа явуулж Их эеийг зарлуулсан. Хуулийн дагуу явагдсан Их эеийн хуралд Р.Нямдорж тэргүүтэй зарим хүмүүс оролцоогүй ч Монголын үндэсний бөхийн холбооны гишүүд төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ дүрэм номынхоо дагуу оролцсон байдаг. Өнгөрсөн оны зургадугаар сард шийдвэр гүйцэтгэлийн 686 дугаар тогтоол гарсан. Энэ дагуу, 2003 оны Улсын дээд шүүхийн 403 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, МҮБХ-ны ээлжит бус Их эеийг хуралдуулж тэргүүнээр нь Н.Чинбат гэдэг хүнийг сонгосон юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн энэ ажиллагааг хэрэгжүүлэх боломж бололцоог Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар өгөхгүй байна л даа. Биднийг буюу Н.Чинбат тэргүүтэй албан ёсны Монголын үндэсний бөхийн холбоог шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанаас томилогдсон эрх бүхий хүмүүс, холбооны албан ёсны тамга тэмдгийг эзэмшигч нь мөн гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмчийн улсын бүртгэлийн газраас албан ёсоор тогтоочихсон.

-Тэгэхээр Б.Бат-Эрдэнэ аваргыг тэргүүнээрээ сонгосон МҮБХ-ны наймдугаар Их эе хууль бус явагджээ дээ?

-Тэгсэн. 2010 онд МҮБХ-ноос зургадугаар Их эе гэж хийсэн. Тэр хуралдаанаар МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдорж өөрийгөө дахин сонгосон байдаг юм. Үндсэндээ Р.Нямдорж 2002-2010 он хүртэл холбооны тэргүүнээр хууль зөрчиж ажилласан гэсэн үг. Ингээд зогсоогүй өмнө хэлсэнчлэн холбооны зургадугаар Их эеийг 2010 онд хуралдуулсан байдаг. Энэ арга хэмжээнээс гаргасан бүх шийдвэрийг Улсын дээд шүүхийн 2011 оны долдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгосон. Тодруулж хэлбэл Р.Нямдоржийг тэргүүнээр сонгосон нь хууль бус гэдгийг Монгол Улсын шүүх хоёр дахь удаагаа тогтоосон юм. Хуулийн байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх гэхээр энэ хүн Б.Бат-Эрдэнэ аваргыг урдаа барьчихаад цагдаагийн хүчийг ашиглаж саад учруулаад байдаг.

-Б.Бат-Эрдэнэ аварга, Р.Нямдорж нарын бариад байгаа тамга гэрчилгээг тэгвэл юу гэж ойлгох вэ?

-Оюуны өмч улсын бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 670 гэдэг дүгнэлтээр тэдний бариад, үзүүлж харуулаад байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг нь хүчингүй болгосон.

-Ямар шийдвэр, хуулийг үндэслэж гаргасан юм бол. Зүгээр л нэг байцаагч хүчингүй болгох дүгнэлт гаргачихсан юм биш үү гэсэн хардлага төрж мэдэхээр юм байна?

-Тийм биш л дээ. 2011 оны Улсын дээд шүүхийн 715 дугаар тогтоол гэж бий. Энэ тогтоолыг үндэслэж гарсан дүгнэлт. 2010 оны зургадугаар Их эеийн хуралдаанаар тэргүүнийг сонгосон нь хууль бус гэсэн шийдвэр гарсан талаар би түрүүн танд ярьсан даа. Зургадугаар Их эеийн хуралдаанаар нийтдээ нэгээс арван тогтоол гарсан байдаг юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн газар (тухайн үед Улсын бүртгэлийн газар) гэсэн нэртэй байсан. Тэр газарт Б.Бат-Эрдэнэ аваргын бариад байгаа тамга тэмдэг, гэрчилгээг бүртгэсэн байдаг. Энэ бүртгэлийн үйл ажиллагааг Улсын дээд шүүх 2011 оны арваннэгдүгээр сард гаргасан 715 тоот тогтоолоор хүчингүй болохыг нь тогтоосон. Ийм шийдвэр гарчихаад байхад Б.Бат-Эрдэнэ аварга, Р.Нямдорж тэргүүтэй нөхөд 2011-2018 он хүртэл буюу бүхэл бүтэн долоон жилийн хугацаанд хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаад үйл ажиллагаа явуулж байна.

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Бөхийн өргөөнд болсон үйл явдал руу оръё. Яг ямар үйл явдал болсон юм бэ?

-МҮБХ-ны ганц өмч бол Бөхийн өргөөний барилга байгууламж. Ард түмний итгэл сэтгэл, хандив өглөгөөр боссон гэдгийг Монгол даяараа мэднэ. Гэтэл өнөөдөр Р.Нямдорж гэдэг хүн ийм утга учиртай барилга байгууламжийг хуулиар хүлээн зөвшөөрсөн МҮБХ-нд нь өгөхгүй 16 жил болчихлоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хийх гээд мэдэгдэл өгөх гэхээр авдаггүй, Н.Чинбат тэргүүнтэй албан ёсны холбооныхон нь очоод суух гэхээр оруулдаггүй нөхцөл байдал үүсгэсэн. Ийм шалтгаанаар бид Иргэний хуулийн дагуу өөртөө туслах арга хэмжээг авахаас аргагүйд хүрсэн. Энэ дагуу Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийн Бөхийн өргөөг хууль бусаар ашиглаад байгаа үйлдлийг зогсооё, албан ёсны МҮБХ нь ашиглая гэсэн утгатай шаардлага хүргүүлсэн юм. Энэ шаардлагыг мөн л биелүүлээгүй. Очихоор Одхүү ч юм уу, Б.Бат-Эрдэнэ аваргын туслахууд, хамгаалагчид, “Аварга” дээд сургуулийн оюутнууд нь хааж зогсчихоод оруулдаггүй. Иргэний хуульд заасны дагуу бид өмчөө ашиглах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу Бөхийн өргөөний эзэмшлээ өөрсдөө авъя, ажилчдаа оруулъя гэдэг үндэслэлээр Бөхийн өргөөнд нэвтрэх шаардлагыг хүргүүлсэн ч цагдаагийн байгууллага хүч түрэн орж ирсэн. Бүр тодруулж хэлбэл цагдаагийн байгууллага хэт нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулж байна.

-Шүүхийн шийдвэр гарчихсан байхад Цагдаагийн байгууллага нөгөө талд үйлчилж байна гэхээр нэг л санаанд бууж өгөхгүй юм. Хууль зөрчиж байна гэсэн үг үү?

-Цагдаагийн байгууллага яагаад оролцоод байгаа нь ойлгомжгүй байна. Уг нь энэ үйл явдалд оролцох ямар ч шаардлагагүй. Та бод доо. Та өөрийн эзэмшлийн, өмчийн ажлын байрныхаа хаалгыг цагдаагаас асууж түлхүүрдэж орох уу. Бид эмх замбараагүй байдал үүсгэх гээгүй. Өөрсдийнхөө өмчийн барилга руу л орох гэж байгаа хэрэг шүү дээ.

-Хаанахын цагдаагийнхан юм бол?

-Нийслэлийн цагдаа, хэв журмын цагдаа, тусгайгийнхан бүрэлдэхүүнээрээ байна.

-Цагдаагийн байгууллагаас ямар үндэслэлээр үйл ажиллагаа явуулаад байгааг нь тодруулсан уу?

-Тодруулж асуухаар тайлбарладаггүй. Гэмт хэрэг, зөрчил үүсэх гээд байгаа учраас урьдчилан сэргийлж байна л гэдэг. Бидний хувьд цагдаагийн байгууллагын энэ ажиллагааг ямар ч үндэслэлгүй, хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар эрх ашгийг нь хамгаалаад зогсч байна гэж үзэж байгаа. Уг нь цагдаагийн байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны тогтоол, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын бүртгэлийн үйл ажиллагааг бүгдийг нь үгүйсгэсэн ажиллагааг хийгээд буй нь гайхал төрүүлж байна.

-Цагдаагийнхан яагаад ийм үйл ажиллагаа явуулаад байна гэдгийн цаана өөр ноцтой шалтгаан байгаа юм биш үү, танил тал, нөлөөлөл, мөнгөний сонирхол ч юм уу?

-Албан ёсны тамга гэрчилгээтэй хүмүүс нь Бөхийн өргөө рүүгээ орох гэхээр цагдаагийнхан хамгаалаад оруулахгүй байна гэдэг нь гайхмаар хэрэг. Орсон хүмүүсийг нь баривчилж хориод, зодож нүдээд байгаа нь цагдаа, бөх нийлсэн бүлэглэл үүссэн үү гэж хардахаар байгаа юм.

-Цагдаагийнханд албан ёсны гэрчилгээ, тушаал захирамжуудаа харуулсан уу?

-Бүгдийг нь үзүүлээд байхад л “Та нарыг оруулахгүй. Дээрээс битгий оруул гэсэн тушаал ирсэн” гэж байгаа юм. Дээр нь байгаа тэр хүн яагаад төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд халдаж эзэмшдэг объект руу нь оруулахгүй байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Ард түмний татварын мөнгийг урсгаж хэдэн зуун цагдаа зогсоож байгаа юм бол тушаалт шийдвэр удирдамжаа ядаж харуулах ёстой.

-Дахиад асууя. Яг тэр үед өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт юу болсон юм бэ. А.Сүхбат аваргыг Б.Одхүү начин зодож гэмтээсэн гэсэн шум яваад байна л даа?

-Би яг тэр үед эмнэлэгт хэвтэж байсан болохоор сонссоноо ярья. А.Сүхбат аварга хууль ёсны холбоо нь үйл ажиллагаа явуулъя гэсэн асуудлыг тавьж Б.Бат-Эрдэнэ аваргад шаардлага тавьсан. Сайнбаяр, Б.Одхүү, Магалжав нарын хүмүүстэй уулзсан юм. Албан ёсны МҮБХ буюу манай талаас Х.Баянмөнх аварга, А.Сүхбат аварга, Батсуурь, Бүрэнтөгс, Амгаланбаатар заан гэх мэт хүмүүс байсан. Хууль ёсны холбооны төлөөллийг оруулахгүй гээд байгаа бол хэлэлцээр хийе, хууль ёсны гэрчилгээгээ гаргаад ир, хууль эрх зүйн ямар үндэслэлтэй юм бэ гэх мэт асуудлыг яриад хоёр талаас тав таван хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаад асуудлыг эцэслэж шийдье гэсэн. Сүүлдээ ямар ч шийдэлд хүрэлгүй нөгөө талаас оролцсон хүмүүс уулзалтыг орхиод гарч явсан юм билээ. А.Сүхбат аварга тэр үед хуралдаж байсан өрөөндөө үлдээд “Эндээс асуудлыг шийдэх хүртэл гарахгүй. Би Монгол бөхийн хууль бус ажиллагаануудыг таслан зогсоох зорилгоор тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцэнэ. Хорин жил тэмцсэн юм чинь хоёр хоног хэвтэж чадна. Та нар ирж асуудлаа шийд” гээд хэвтээд өгч. Тэр үед Одхүү начин согтуугаар, арав гаруй хамгаалагчтай орж ирээд УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед халдсан юм билээ.

-Одхүү начин А.Сүхбат аваргыг зодоогүй, өргөөд гаргасан гэсэн мэдээлэл цацагдсан. Биед нь гэмтэл учруулсан уу?

-Биед нь гэмтэл учруулсан. Миний сонссоноор бол А.Сүхбат аваргыг хэвтэж байхад хаалгыг нь цөм өшиглөж орж ирээд гэрэл асаалгүйгээр хүч хэрэглэн барьж авч хоолойг нь боож, толгой руу нь цохисон гэсэн. Тэгээд хамт орж ирсэн залуустайгаа дөрвөн мөчнөөс нь өргөж гадагш нь гарган шидсэн юм билээ. Энэ үед цагдаагийн байгууллага Бөхийн өргөөг хамгаалалтад авсан хэрнээ УИХ-ын гишүүний биед халдаж байхад нэг нь ч хөдлөөгүй нь гайхмаар явдал. А.Сүхбат аварга Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэгт гомдол гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжээчийн дүгнэлт гаргуулаад байна. Одоо энэ маргаан Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэгт шалгагдаж байгаа. Монгол бөхөд аваргаа хүндлэх жудаг гэж айхавтар ёс бий. Улсын начин хүн Дархан аваргад халдаж байгаа нь монгол бөхийн жудаг яав ч биш. Ийм юм хийлгэж буй хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэйг хүн бүр мэдэж байгаа. Ийм юм хийж байгаа, хийлгэж байгаа нь ч ялгаагүй хууль шүүхийг уландаа гишгэхээс гадна бөхийн жудгаа гээжээ л гэж хэлмээр байна.

-Н.Чинбат гэж хүнийг Бөхийн өргөөнд шунасандаа ингээд байна гэсэн мессэж хүчтэй ажиглагдаад байна л даа. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-МҮБХ тойрсон хууль бус явдал дийлдэхээ байсан. Наад зах нь начины найраа, шударга бус шүүлт байна. Адаглаад л камерын шүүлт хийдэггүй. Найраа бол бөх үзэх сонирхолгүй болтол яригддаг. Доппинг байна. Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс Бөхийн өргөөг, МҮБХ-ны нэрийг ашиглаад ашиг олоод суугаад байгаа нь харамсалтай. Бөхчүүдийн нийгмийн асуудлыг бол огт хайхардаггүй. МҮБХ-ны дүрэмд бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаална гэсэн заалт бий. Энэ тал дээр ажилладаггүй. Ийм байж хүчний байгууллагаар далайлгаад суугаа нь таатай санагдахгүй байгаа. Н.Чинбат гэдэг хүн өөрийнхөө хүслээр холбооны тэргүүн болоогүй гэдгийг мөн л Монгол даяараа мэднэ. Монгол Улсын аваргууд МҮБХ-ны байдал эвгүйдсэнийг мэдэж, мэдрээд хүсэлт тавьж гарсан шийдвэр. Найраа хэрээс хэтэрсэн, бөхчүүдээ анхаарахгүй байна, доппингийн бизнес газар авлаа гэх мэт асуудлуудыг хөндөж гаргаж ирсэн хүмүүс нь аваргууд. Сумъяабазар, Өсөхбаяр, Сүхбат гэсэн гурван аварга анх Н.Чинбат гэдэг хүнд санал тавьсан юм. Түүнээс биш асуудал байшиндаа байхгүй.

-Нээрээ Аваргуудын зөвлөл гэж байгуулагдаад Н.Чинбатад холбооныхоо тэргүүн болооч гэсэн хүсэлт тавьсан гэдэг байх аа?

-Монгол Улсын арван аваргын зургаа нь гарын үсэг зураад санал тавьсан гэхээр асуудал хэр хурцадсаныг харуулж байгаа хэрэг л дээ. МҮБХ-ны энэ их хууль бус үйл ажиллагааг зохицуулах хүн нь та гэсэн агуулгатай бичиг хүртэл бий. Их эеийн хурлаар Н.Чинбат гэдэг хүний нэрийг дэвшүүлээд сонгосон түүхтэй юм. Хурлыг Н.Чинбат болон Н.Чинбатын талынхан зохион байгуулаагүй. Увсынхан ч зохион байгуулаагүй. Би түрүүн хэлсэн шүү дээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2002-2003 оны гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Өөр ямар ч зүйлт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хурлыг нь хийлгүүлж Н.Чинбат гэдэг хүн МҮБХ-ны тэргүүнээр өнгөрсөн оны тавдугаар сард сонгогдсон ч жил орчмын хугацаанд Р.Нямдорж мөн л шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

-Б.Бат-Эрдэнэ аваргад хууль зөрчиж байгааг нь бөхчүүдийн зүгээс хэлсэн удаа бий юу?

-Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж байна. 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гарсан юм. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн Их эеийн хурал зарласан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг МҮБХ-нд даалгасан. Өөрөөр хэлбэл наймдугаар Их эеийн хуралдааныг явуулж болохгүй гэдэг дээр шүүхийн захирамж гарчихсан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аварга энэ захирамжийг зөрчөөд Их эе зарлаж тэргүүн нь болсон. Эндээс харахаар Бат-Эрдэнэ аварга өмнө дурдсан зургаан удаагийн шүүхийн шийдвэрийг зөрчсөний зэрэгцээ дахиад шүүхийн захирамжийг зөрчсөн болж таарч байна. 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр бас л Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарсан. МҮБХ-ны ашиглаад байгаа тамга тэмдэг, гэрчилгээг ашиглахгүй байхыг МҮБХ-нд даалгасан юм. УИХ-ын гишүүн хүн нийт ард түмний эрх ашгийг хамгаалж хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллах ёстой. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аварга хуулиа дагахгүй байна л даа. Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан гурван шатны шүүхийн нийтдээ зургаан удаагийн шийдвэр, шүүхийн хоёр удаагийн захирамжуудыг уландаа гишгэж байна. Бөхчүүд очоод “Аварга аа та болиоч” гэхээр “Шүүгчээ аваад ир” гэдэг юм. “Шүүгч хүн яахаараа тантай ирж уулзах ёстой юм бэ” гэхээр “Тэгвэл өргөөд гаргачихаач” гэдэг. Хуулийн дор, шүүхийн шийдвэрийн дор амьдрахгүй л бол энэ нийгэмд эмх замбараагүй байдал бий болно шүү дээ. Дуртай нэгэн нь өөрийгөө тэргүүн, дарга гэж өргөмжлөөд явбал дэг журам гэдэг юм утгаа алдана.

-Бөхийн өргөөний удирдлагатай гэрээ байгуулж арга хэмжээ зохион байгуулах гэсэн хүмүүсийн эрх ашиг хүртэл зөрчигдөж байна. Энэ хүмүүс хаана хандаж гомдлоо барагдуулах ёстой вэ?

-Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүс хүчингүй болсон тамга тэмдэг, гэрчилгээ ашиглаад тэр хүмүүстэй гэрээ хийгээд байгаа нь буруу. Хүчингүй болчихсон тамга тэмдгээр гэрээ байгуулж төлбөр мөнгө аваад байгаа үйл ажиллагаа нь өөрөө хууль бус шүү дээ. Тэдэнд гомдол гаргаж хохирлоо барагдуулах хэрэгтэй.

-Та Монголын ард түмний хүндэлдэг бөхчүүдийн нэг. Монгол бөхтэй хамаатай асуудал бүр сэтгэлийг чинь зовоодог байх. Түрүүн таны дурдсанчлан начины найраа, допингийн бизнес хэрээс хэтэрсэн гэж бөхчүүд өөр зуураа санаа зовон ярьцгаадаг юм билээ. Үнэн бол асар их мөнгөний асуудал Бөхийн өргөө гэсэн халхавчны цаана байгаа юм биш үү?

-Допингийн үндэсний төвийн дарга нь “Аварга” дээд сургуулийн орлогч захирал Сүхбат гэж хүн бий. Энхсанаа гэж хүн энэ төвийн эмчээр ажилладаг. Сүхбат гэдэг хүний шавь. Энхсанаагийн нөхөр Энх-Амгалангийн төрсөн дүү Хайдавдорж гэдэг хүн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Яагаад заавал Бат-Эрдэнэ аваргын “Аварга” дээд сургуулийн ажилтан, удирдлагууд ах дүү нараараа допингийн асуудлыг бариад байна вэ. Энэ бол эргэлзэж, хардахаас аргагүй асуудал. Цаана нь асар их мөнгө эргэлддэг гэж л сонссон доо.

-Энэ асуудал цаашдаа ер нь яаж шийдэгдэх бол?

-Албан ёсны холбоо нь албаны ёсны байрандаа үйл ажиллагаа явуулах л болно. Цагдаагийн байгууллага хууль бус энэ үйл ажиллагаагаа зогсооно гэж найдаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: Гэр хорооллын 202 мянган өрхийн 40 мянган өрхийн дулааныг цахилгаанд холбоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох газар, агентлагийн дарга нарын хамт өчигдөр Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв” төслийн явц, байдалтай танилцаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр хотын дарга С.Батболдоос дараахь зүйлийг тодруулав.


-Гэр хороололд “Сервис центр” буюу дэд бүтцийн төв байгуулахаар болсон. Энэ талаар юуны өмнө асууя?

-Улаанбаатар хотод энэ хаврын бүтээн байгуулалтын ажил эхнээсээ хийгдээд явж байна. Тиймээс бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонсч байна. Энэхүү уулзалтад НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар оролцож байна. Тиймээс ямар ч сэдвээр асуудал байвал асууж, судалж болно. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн 80 хувьд гэр хорооллынхон оршин суудаг. Тиймээс гэр хорооллыг хөгжүүлэх, амьдрах орчныг сайжруулах асуудал үе үеийн хотын дарга нарын өмнө тулгардаг. Гэр хороолол сүүлийн 25 жилд хязгааргүй тэлсэн. Тэлэхийн хэрээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд өчнөөн асуудал тулгарч эхэлсэн. Тэр дундаа Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь 202 мянган өрх амьдарч буй гэр хороолол. Энэ асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний гаргалгаа нь иргэдийг орон сууцжуулах хэдий ч үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Нийслэлийн тулгамдсан асуудал болсон агаар, хөрсний бохирдлыг бууруулахад нэн түрүүнд орон сууцжуулах нь чухал. Үүнийг хэрэгжүүлэхэд маш их хөрөнгө шаардлагатай. Хот төлөвлөлтийн тооцоогоор Улаанбаатарын гэр хорооллын 202 мянган өрхийн 40 мянга орчмын дулааныг цахилгаанд холбож шийднэ. Үлдсэн өрхүүдийг бусад эх үүсвэрээр халаах юм. Хамгийн гол шийдэл нь “Сервис центр” гэж үзэж байна. Нийт 11 байршилд судалгаа хийсэн. Эндээс 2018 оны арваннэгдүгээр сард “Сервис центр” байгуулж дуусгах хоёр байршил сонгосон. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн VII хороон дахь байршил юм. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хоёр дахь байршил нь байгаа. Өөрийн эзэмшил газар дээрээ, орчин үеийн чиг хандлагаар хүмүүс яаж амьдарч болохыг эндээс харуулахыг зорьж байгаа юм.

-“Сервис центр” төв байгуулах хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Нэг айлын дулаан, цэвэр, бохир усны асуудлыг шийдэхэд 60 орчим сая төгрөг зарцуулна. Үүнийг нийслэлийн төсвөөс гаргаж хийнэ. Төв шугамаас салбар шугамаа байшин руугаа оруулах, байшингаа дулааны алдагдалгүй болгох, дотоод сантехникийн тохирох шийдлүүдээ сонгох гэсэн ажлуудыг иргэд өөрсдөө хийнэ. Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд төсөлд хамрагдаж байгаа өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Байшингаа дулаалах зардлын 70 хувийг Дэлхийн банкны төслөөс, 30 хувийг иргэд өөрсдөө гаргая гэж байгаа. Сантехникийн шийдэл, бусад асуудлаа шийдвэл Улаанбаатар хотын Худалдааны танхим, Хас банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ногоон сангаас хөнгөлөлттэй зээл олгоно. Иргэд урин дулааны цагт эдгээр ажлаа хийх хэрэгтэй. Шийдэл гарсан, хүлээх зүйл байхгүй. Ингэж иргэд, төр засаг, нйислэл, хувийн хэвшил хамтарч энэ асуудлыг шийднэ. Анхны энэ ажил амжилттай болбол хүмүүсийг араасаа дагуулна. Иргэд тэвчээр гаргаж, боломжоо дайчилж үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө ажиллаасай гэж хүсч байна. Хэдэн үеэрээ амьдрах сайхан амьдралаа бид өөрсдөө цогцлоох ёстой юм. Тиймээс энэ ажлыг хамтран бүтээхэд анхдагч болж буй Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэддээ маш их итгэл найдвар тавьж байна. Энэ мэт төвүүдийг хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулааны сүлжээ очих боломжгүй газруудад байгуулах бодлого баримталж байгаа. Одоо аймаг орон нутгаас санаачилга гаргаж хэрэгжүүлье гэж байна.

-Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг ямар шат дараалалтайгаар хэрэгжүүлэх вэ?

-Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт нийслэлийн гэр хорооллыг гурван бүс болгон хөгжүүлэхээр тусгасан. Төвийн бүсийн гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон өндөр давхар орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дундын бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв төслөөр хөгжүүлнэ. Захын бүсийн гэр хороолол буюу уулын орой хэсгээр байгаа бүсийг технологийн бүс гэж зарласан. Айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлнэ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд дахин төлөвлөтөд орсон 24 байршилд орон сууц барина гэв.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр нийслэлээс баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулсан юм.

Уулзалтын үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Чингэлтэй дүүргийн иргэн Х.Долгормаа: Дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дэмжиж байгаа. Бидний энэхүү дэмжлэг улс эх орондоо агаар, хөрсний бохирдлыг арилгахад томоохон хувь нэмэр оруулж буй хэрэг гэж ойлгож байна. Дэд бүтцийн ажлын талаар долоо хоног, сар тутамд хороон дээр уулзалт зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгдөг. Ингэж иргэд бид өөрсдөө санаачилгатай идэвхтэй оролцох нь нийслэлийн иргэн хүний хувьд бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмэр юм болов уу гэж бодож явдаг.

Иргэн Д.Баяраа: Дэд бүтцийн төв нээгдэж байгаад баяртай байна. Энэ газарт би 20-иод жил амьдарч байгаа. Байшингаа тохижуулаад орон сууц шиг амьдарвал сайхан байлгүй яах вэ. Энэ ажилд чадлын хэрээр оролцоно.

Иргэн Б.Уранчимэг: Манайх энэ хороондоо олон жил амьдарч байна. Гэрт суудаг. Ам бүл 13-14-үүлээ, хашаандаа гурван өрх байдаг. Бараг ихэнхдээ арван хэдүүлээ нэг гэртээ байдаг даа. Байшинтай, боломжийн амьдралтай болно гэж бодож байгаа. Энэ ажлыг дэмжиж гэрээ байгуулсан гэв.


Categories
мэдээ цаг-үе

Т.Тамир: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн байгаа

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамиртай ярилцлаа.


-Таныг ажлаа өгсөн гэсэн мэдээлэл дуулдаж байгаа. Та яг одоо ажлаа хийж байна уу, эсвэл чөлөөлөгдсөн үү?

-Өнгөрсөн даваа гаригт би Төрийн өмчийн хороонд болон ТУЗ-д хандаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Би тус компанийн захирлаар сүүлийн хоёр жил гаруй ажиллах хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хавсаргаж өглөө. ТӨХ хуралдаж шийдвэр гаргана байх. Тийм болохоор яг одоогоор бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй, ажлаа хийж байгаа гэсэн үг болж таарч байна.

-Таныг ажлаа өг гэж салбарын сайдаас чинь шахалт ирэв үү. Таны хувьд сарын дараагаар дуусах үүрэгт хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөх сонирхол байсан л байлгүй?

-Надад хэн нэгэн шахалт үзүүлсэн зүйл байхгүй. ТӨХ-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ би энэ талаар тодорхой дурдсан байгаа. Манай салбарын сайд агаарын тээврийн салбарт шинэчлэл, либералчлалыг явуулна гэж ярьж байгаа. Миний хувьд либералчлал явуулахыг нь дэмжиж буй ч салбарын сайдтайгаа зарим нэг асуудал дээр бодлогын зарчмын хувьд зөрүүтэй байгаа тул ажлаа өгөх шийдвэрийг гаргасан. Үүний өмнөхөн сайд ч өөрчлөх тухай асуудлыг хөндсөн байсныг нь бас харгалзан үзсэн. Тиймээс салбарын сайд бодлого явуулж хэрэгжүүлэхийн тулд санал нийлэх өөрийн хүнээ тавьж ажиллах нь зүйтэй болов уу гэдэгтэй миний хувьд санал нэг байна.

-Таны хувьд ямар асуудалд сайдтайгаа зарчмын зөрүүтэй байгаа гэж?

-Агаарын тээврийн салбарт либералчлалыг тодорхой үе шаттайгаар явуулах нь зүйтэй гэж компанийн зүгээс үзэж байгаа. Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтад үнэлэлт дүгнэлт хийж байж үүний дараагаар үнийг чөлөөлөх гэх мэт ажлуудыг хийх ёстой болов уу. Тухайлахад, агаарын тээврийн салбарт барих бодлогын бичиг баримтын 3.8 буюу Үндэсний агаарын тээвэрлэгчтэй байна. Түүнийгээ улс бодлогын хэмжээнд хамгаална гэсэн утга бүхий заалт, 3.9 дэх заалт буюу Бээжин, Сөүл чиглэлд нэг шугам, нэг агаарын тээвэрлэгч байна гэсэн заалтыг яг одоо шууд хасаад явчихад “МИАТ” бэлэн биш байна гэж бид үзэж байна. Салбарын сайд болохоороо дээрх хоёр заалтыг хасч, чөлөөлнө гэж үзэж байгаа юм билээ.

-2013 он буюу А.Гансүх сайдын үед Төрөөс иргэний агаарын тээвэрт баримтлах 2020 он хүртэлх бичиг баримтад Сөүл, Бээжин рүү ганцхан тээвэрлэгч ниснэ гэдэг заалтыг УИХ-аас баталсан нь “МИАТ”-ийн монополийн хэлбэр мөн гэж салбарын сайд чинь ярилцлагадаа дурдсан байсан. Та үүний эсрэг саналтай байна уу?

-Хятадын талаас ч гэсэн нэг чиглэл, нэг тээвэрлэгч гэсэн бодлоготой байгаа. Бид эндээсээ чөлөөлөөд явуулчихлаа гэхэд Хятад, Солонгосын тал нэг чиг шугамаа баримтлахаар энэ асуудал өөрөө мухардалд орох л хэрэг байхгүй юу. Энэ бол улсын бодлого. Яагаад тухайн үед ийм шийдвэр гарах болов гэдгийг би тухайн үед “МИАТ”-ийн захирлаар ажиллаж байгаагүй ч тайлбарлая. Олон улсад сайн нэртэй биш гадны тээвэрлэгч нар орж ирж болзошгүй асуудал сөхөгдөж байсан учраас үндэсний агаарын тээвэрлэгчээ хамгаалж уг бодлогын бичиг баримтыг гаргаж УИХ-аас баталсан байдаг. 2020 он хүртэлх бичиг баримтыг одоо жил гаруй хугацааны өмнө заавал өөрчлөх шаардлага бас байна уу. Магадгүй 2020-2030 он хүртэлх бодлогын бичиг баримтдаа тусгах ёстой заалтуудаа оруулж ирж болох юм. Яагаад вэ гэвэл агаарын тээврийн салбарт хэрэгжих бодлого, хөгжил тодорхой хугацаа шаарддаг, бас тогтвортой бодлогыг чухалчилдаг. “МИАТ” компанийн менежментийг сайжруулах, либералчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг ярьж байгаатай миний хувьд санал нэг байна. Гол зарчмын ялгаа нь яг одоо биш, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Аялал жуулчлал зөвхөн агаарын тээврээс шалтгаалж байгаа гэдэгтэй би санал нийлдэггүй. Агаарын тээвэр аялал жуулчлалын салбарын ердөө нэгхэн хэсэг нь.

-Тийзний үнэ өндөр байгаагаас шалтгаалж жуулчид тэр болгон Монголыг зорьж ирдэггүй гэх яриа байдаг. Бас жуулчлалын улирлын үед тийз олдоц ховор болчихдог?

-“МИАТ”-ийн тийзний үнийг 2011 оноос хойш нэг ч хөдөлгөөгүй. Ханшийн зөрүүгээс үүдэж буй алдагдлыг компани өөрөө үүрээд явж байгаа. Нөгөөтэйгүүр “МИАТ”-ийн Европын зах зээл хамгийн их алдагдалтай чиглэл. Сүүлийн 10 жилийн хугацаанд 130 орчим сая ам.долларыг Берлиний чиглэлээс бид алдсан байдаг. Гэтэл 130 сая орчим ам.доллар нь өөрөө бүхэл бүтэн нэг онгоцны үнэ. Гэтэл бид энэ мөнгийг алдаад л байсан. Учир шалтгаан нь Монгол Улс заавал Европын холбоо руу буюу гуравдагч хөрш рүү шууд нислэгтэй байх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ чиглэлийн нислэгийг алдагдалтай ч үйлдсээр байна. Зөвхөн өнөөдрөөр харах биш шүү дээ. Агаарын тээврийн бизнес өөрөө эдийн засгийн уналт, өсөлттэй шууд холбоотой. Эдийн засаг өсч байх үед дагаж өсдөг, буухаар нь буурдаг. Төрөөс эдийн засгийг сайжруулах алхмуудыг хийгээд ирвэл дагаад сайжрах ч тийм бодит дэмжлэг тэр болгон гарч ирж чадахгүй байна. Ийм нөхцөлд “МИАТ” хэрэндээ сайн ажиллаж ирсэн дээ.

-“МИАТ” компани ямар орлого, зарлагаар тооцогддог компани вэ. “МИАТ”-ийг гаднаас нь харахад монопольдсон, нислэгийн тийзийн үнийг бууруулдаггүй, эрх мэдэлтнүүдийн тендер, шахааны үүр болсон гэх мэт байдлаар өнгөцхөн дүгнэсэн ойлголт бий. Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд энэ бүх асуудалд та ямар хариулт хэлэх вэ?

-Манай компанийн зах зээлд эзэлж буй байр суурийг шууд харвал монополь гэж үзэхийг үгүйсгэхгүй. Гэвч нөгөөтэйгүүр үндэсний агаарын тээвэрлэгчээр Монголынхоо өөр компаниудыг оруулж ирүүлэхийг шахаж хавчсан зүйл нэг ч байхгүй. Тухайн компанийн бодлого, цар хүрээ, тухайн Засгийн газрын барьж буй бодлого, буруу шийдвэр зэргээс хамааралтайгаар хувийн секторынхон агаарын тээвэрт шууд орж ирж чадахгүй байгаа тал бий. Гэхдээ зах зээл бол хэзээд нээлттэй бий шүү дээ. Шинэ чиглэлд нисэх боломж нээлттэй. “МИАТ” бол төрөөс ямар нэгэн татаас, дэмжлэг авдаггүй. Төрд дарамт учруулдаггүй. Компанийн өөрийн үйл ажиллагаанаас буюу бизнесийн үйл ажиллагаа явуулж ашгийн төлөө явдаг Төрийн өмчит компанийн нэг. Магадгүй Төрийн өмчийн хорооноос ч юм уу ашигтай ажиллахыг урьтал болгохгүйгээр иргэдэд хямд үнээр үйлчил гэсэн шаардлагыг анхнаас нь тавиад эхэлбэл тэрэнд нийцүүлж бас ажиллаж болох л доо. Бидний барьж буй үндсэн зарчим бол татвар ногдлоо төлөх ёстой, улсад ашигтай ажиллах ёстой гэсэн зарчмаар ханддаг. Манайх өнгөрсөн 2011 онд Засгийн газрын дэмжлэг шийдвэртэйгээр гэрээ хийж АНУ-аас зээлээр худалдаж авсан “Боинг-767” онгоц нь төлбөрийг гэхэд улсад ямар нэгэн дарамт учруулахгүйгээр өөрийн үйл ажиллагаанаас хугацаанд нь төлөөд явж байх жишээтэй. Нэг ч төгрөгийн зээл авалгүй өр төлбөрөө барагдуулж, ашигтай ажиллаж байна. Манай компанийн санхүүгийн удирдлагын газар, эдийн засагчид эдийн засгийн орчны чиг хандлагыг судалж, таамаг дэвшүүлж, үйл ажиллагаагаа төлөвлөж ажилладаг. 2020 оноос хойш “МИАТ” биеэ бүрэн дааж, үнэ чөлөөлөх гэх мэт асуудалд бэлэн байх болов уу гэж харж байна.

-“МИАТ” компанийн захирлаар ажиллахдаа таны хувьд ямар бодлогыг баримталж, ямар шинэчлэлийг явуулж ажиллав?

-Парк шинэчлэл хийлээ. 30 жил шинэчлэгдээгүй системийг шинэчиллээ. Шинэ чиглэлүүдийг нээж өглөө. “МИАТ” системээ шинэчилж гадныхантай дүйцэхүйц хэмжээнд ажиллаж байна. Энэ жил шинэ нисэх буудал ашиглалтад орно. Тийм ч учраас бид цаашдын парк шинэчлэлийн асуудлыг хэд хэдэн хувилбараар ярьж хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд бидний явуулж байгаа бодлого шийдвэр зөв байна гэдэг нь компанийн ашиг орлогын хэмжээ эрс нэмэгдсэнээс нь харж болно. Хэдхэн жилийн өмнө алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны байдлаар 48 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. МИАТ компаниас 2014-2017 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөг гаргасан байдаг. Энэхүү төлөвлөгөө үр дүнгээ өгч, компани зардлаа бууруулж, алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдсэн. Бидний баримталж ажилласан бизнес төлөвлөгөөний гол зорилго нь байгаа өгөгдөхүүн дээрээ илүү өндөр ашигтай ажиллах, боломжуудыг эрэлхийлэх, тэвчиж болох зардлыг танах, онгоцны түрээс, шатахуун гэх мэт холбогдох бүх зардал дээр нарийвчилсан дахин хэлэлцээрүүдийг хийж үнийг нь буулгаж чадсан. Импортоор авч байгаа түлшээ дэлхийн зах зээл дээрх биржийн үнээр худалдан авах гэрээ хэлэлцээр холбогдох байгууллагуудтай хийсэн. 2014 оны арваннэгдүгээр сараас хойш газрын тосыг зах зээлийн үнээр худалдаж авч, түүн дээрээ үйлчилгээний зардлаа нэмж авч байна. Өнөөдрийн байдлаар “МИАТ” компани түрээсийн тав, “Боинг” компаниас шууд худалдан авсан нэг, нийт зургаан онгоцтой үйл ажиллагаа явуулж байна. Түрээсийн онгоцнууд бүгдээрээ өөр өөр түрээслүүлэгч компанийнх. 2014 онд эдгээр компаниудтай маш шаргуу ажиллаж, өмнө хийсэн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулж, онгоцны түрээсийн төлбөрийг 20-30 хувиар буулгасан. Үүний үр дүнд нь зөвхөн нэг жилийн хугацаанд хоёр сая ам.долларын хэмнэлт гарч байгаа. Бид хоёр ширхэг “Б737 NG” онгоцыг Боингоос өмнөх “Боинг767”-ийн адил шууд худалдан авах байсныг өөрчилж, түрээсийн компаниар дамжуулан түрээслэхээр болсон. “Боинг”-ийн анхны хэлж байсан үнийг бид агаарын хөлөг тус бүрээр дөрвөн удаагийн хэлцлийн дараа бараг 10 сая ам.доллараар буулгаж чадсан ч “МИАТ” компанийн хувьд үнэтэй хэвээр л байсан. Тиймээс дахин ярилцаад түрээслэх гэсэн хувилбарт оруулсан юм. Онлайн борлуулалтыг олон улсын жишигт хүргэлээ. Миний олж харснаар зорчигч тээврээс дан ганц хэт их хамааралтай байж болохгүй юм гэдгийг тооцоолоод аль болох хамаарлыг бууруулж, солонгоруулж ажиллахыг зорьсон. Энэ дашрамд, нэг баг болж сэтгэл, зүтгэл гарган ажиллаж, “МИАТ”-д шинэчлэл, ахиц дэвшлийг авчран эдийн засгийн тэлэлтийг хийж чадсан хамт олноороо бахархаж бас талархаж явдаг гэдгээ хэлье.

-Нислэгийн сүлжээг өргөжүүлэхэд манайх томоохон ахиц гаргасан гэв үү?

-Манай компани цэгээс цэгт нисдэг мухар нислэгтэй. Улаанбаатараас Сөүл хүртэл нисээд цаашаа задарч нисч чаддаггүй. Миний бие ажлаа хүлээж аваад хамгийн гол анхаарч ажилласан зүйл бол Ази, Европын нислэгийн сүлжээг өргөжүүлэх бодлогыг баримталж ажилласан. Энэ бодлогын хүрээнд эхнээсээ гэрээ хэлэлцээр хийгдэж, үр дүн гарч байна.

-“МИАТ”-ийн 51 хувийг төрд үлдээж 49 хувийг хувьчлах тухай салбарын сайд зөвлөгөөний үеэр хөндсөн байсан. “МИАТ” хувьчлалд яг одоо ороход бэлэн үү. Эрсдэл бий юу?

-“МИАТ” ТӨХК ТӨХ-ны хувьчлагдах ёстой жагсаалтад хэдэн жилийн өмнөөс л орсон яваа. Хэзээ, хэнд,ямар хэлбэрээр яаж хувьчлагдахыг ТӨХ, салбарын яам, Засгийн газраас шийдвэрийг нь гаргах байх. “МИАТ”-ийг хувьчлах нь зах зээлийн жам ёсны зарчим, хөгжлийнх нь цаашдын хэлбэр мөн. Миний хувийн байр суурь бол “МИАТ”-ийн 51-ээс дээших хувийг худалдаж авч буй тал эзэмших нь зохистой. Хувьцааны дийлэнх нь төрд байх юм бол одоогийн байгаа нийгмийн хандлага хэвээрээ л байна. Шийдвэр гаргах түвшинг хувийн секторт түлхүү өгч байж зах зээлийн зарчмаараа, өрсөлдөөнд хошуучлах болов уу. Ер нь далайд гарцгүй улс орны хувьд зайлшгүй үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх ёстой юу, үгүй юу гэдгийг шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс нь мэдэж шийдвэрээ гаргана байх.

-”Туркиш Эйрлайнз”нислэг үйлдэх саналыг удаа дараа тавиад байгаа. Одоо энэ санал ид хүчтэй яригдаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Цөөнгүй жил ярилцаж л байгаа л даа. Үнэндээ алдагдал хүлээгээд ч 25 жил бойжуулж ирсэн Европын чиглэлийг маань хааж болзошгүй гэж болгоомжлон үздэг. Үндэсний агаарын тээвэрт эрсдэлтэй гэж үзэхийн зэрэгцээгээр тухайн компанийн нэр хүндийн тухай асуудал бас яригддаг. Миний хувьд үүнээс өөр хэлэх зүйл алга аа.


Categories
мэдээ цаг-үе

Нийслэлээс Төв аймаг орох замд Улаанбаатар хотын чөлөөт бүс байгуулагдана

Улаанбаатар хотын чөлөөт бүс байгуулах санал санаачилга гарч, төсөл нь хэдийнээ бэлэн болжээ. Авто зам, төмөр зам, нисэх буудал, усан хангамж, эрчим хүч гээд бүхий л талаас нь судлаад Төв аймаг явах зам буюу Айдсын даваанаас нааш Буянт ухаа орчим, цаашлаад Өлзийт хороолол, Шувуун фабрик, Эмээлт орчимд Нийслэлийн чөлөөт бүсийг байгуулах нь тохиромжтой гэж үзсэн байна. Чөлөөт бүс байгуулах төсөөллөөр тусгай бүсийн үйл ажиллагааны гурван чиглэлийг гаргажээ. Нэгдүгээрт, Буянт Ухаа орчимд 3300 га-д аялал жуулчлал бизнес санхүүгийн бүс байгуулна. Хоёрдугаарт, Эмээлт, Өлзийт хороо, Шувуун фабрик орчимд үйлдвэрлэл инновацийн бүс болгоно. Мөн хөдөө аж ахуй, өндөр технологийн үйлдвэрүүдийг байгуулахаар тооцоолжээ. Мөн хотын зүүн талд буюу Налайхад үйлдвэрлэл технологийн хоёр дахь парк байгуулагдана. Энд ганга, шил, барилгын материалын үйлдвэрүүдийг төвлөрүүлнэ. Гуравдугаарт, тээвэр ложастикийн зангилаа бүсийг агаарын зангилаа бүс, эх газрын боомтоор төсөөлж байна. Хөшигийн хөндийд байгуулагдсан онгоцны шинэ буудлыг түшиглэн тээвэр ложистикийн зангилаа бүс байгуулагдсанаар төмөр зам, авто зам, агаарын тээврийн бүхий л ложистик төвлөрнө гэж байгаа. Энэ гурвалсан бүсийн дунд Богдхаан уул гэсэн үндэсний том цэцэрлэгт хүрээлэнтэйгээр Улаанбаатар хот тойроод хөгжсөн байдлыг төсөөлөн хөгжлийн стратегийг боловсруулжээ. Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах төслийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас боловсруулж, улмаар Нийслэлийн Засаг дарга энэхүү төслийг Засгийн газарт танилцуулахаар болоод байгаа юм.

Чөлөөт бүсэд үйлчилгээний ямар газрууд байх вэ?

Буянт-Ухаа орчмоос Төв аймаг руу чиглэлтэй баригдах чөлөөт бүс байгуулагдсанаар тэнд чухам ямар газрууд үйл ажиллагаа явуулах вэ гэдэг талаарх мэдээллийг хүргэе. Чөлөөт бүс байгуулагдах газрын нийт талбайг 14 мянга гаруй га газар гэж төлөвлөжээ. Аялал жуулчлалын томоохон төвлөрөл юуны өмнө үүснэ. Үндэсний соёл амралтын зугаалгын бүс, казино, зочид буудал, музейн цогцолбор, спортын томоохон төвүүдийг байгуулахын зэрэгцээгээр аэротек парк, бизнес санхүүгийн төв, худалдааны бүс байгуулагдана. Үүнийг дагасан суурьшлын бүс байгуулагдана. Аэротек паркт засварын төв, аэроинженеринг судалгаа, хөгжүүлэлтийн төв, онгоцны сэлбэг, хэрэгсэл, эд ангийн үйлдвэрлэлийн төв зэрэг байгуулагдах аж. Тус бүсэд бизнес санхүүгийн томоохон төвүүд бас байх гэнэ. Үүнд хөрөнгө оруулалтын сан, банкны үйлчилгээ, даатгалын үйлчилгээ, хурал зөвлөгөөний танхимууд, стартап компаниудын оффис, тэргүүлэгч байгууллагуудын төв, түүхий эдийн арилжааны бирж зэргийг байгуулна гэж үзэж байгаа. Түүнчлэн худалдааны бүс байх бөгөөд үүнд экспо төв, их дэлгүүр, кино театр, олон үндэстний хоолны газар, сүлжээ хоолны газар, цэцэрлэгт хүрээлэн, загварын төв-академи, хүүхдийн тоглоомын хэсэг байгуулагдана. Чөлөөт бүс байгуулахад казино байгуулах тухай асуудал яах аргагүй анхаарал татна. Гадных шиг шилэн өндөр баригдах казино, зочид буудлын хэсэгт бооцоот тоглоомын хэсэг, автомат тоглоомын хэсэг, брэндийн дэлгүүр, дээд зэрэглэлийн ресторан, концертийн танхим зэрэг байх гэнэ. Казиногоос орж ирэх ашгийг гадны улс орны жишээн дээр төсөл дээр оруулжээ. Казино байгуулагдах нь Монголын эдийн засагт шууд шингэх татвараас илүү үр өгөөжтэй. Дээр нь казино байгуулахад татварын өмнөх ашиг нь 4.5 тэрбум ам.доллар гэхээр 40 орчим хувийн эдийн засгийн өгөөжтэй гэж бодохоор 4.5 тэрбум төгрөгийн 40 хувь нь 1.6 орчим тэрбум ам.долларын ашигтай ажилладаг байх нь гэж тооцоолсон байна.

Улаанбаатар хотын чөлөөт бүсэд үйлдвэрлэл инновацийн томоохон төвүүд мөн байна гэж байгаа. Агропарк байгуулагдана. Үүнд үнээний ферм, бордооны үхрийн ферм, гахайн ферм, тэжээлийн аж ахуй, мах боловсруулах иж бүрэн үйлдвэр, гүн хөлдөөлттэй зоорь, мах боловсруулах болон консервийн үйлдвэр, хаягдал яс, тос боловсруулах зэрэг үйлдвэрүүд байгуулагдана. Эмээлтэд байгуулагдах хөнгөн үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэр, ноос ноолуур угаах, самнах үйлдвэр, шинжлэх ухаан-инноваци, оффиссын барилгын бүс байгуулагдана. Мөн хэвлэмэл хавтангийн үйлдвэр, эрчим хүчний кабелийн үйлдвэр, дата төвүүд, холбоо, сүлжээний кабелийн үйлдвэр, био технологийн гэх мэт өндөр технологийн инновацийн парк байгуулагдана гэж төсөл дээрээ тусгаад байгаа юм. Хүн амын төвлөрлийг дагаж суурьшлын бүс байна. Орон сууц, оюутны хотхон, их сургууль үүн дотроо ШУТИС-ийн салбар сургууль, ХААИС-ийн салбар сургуулийг байгуулна гэж төсөөлжээ. Чөлөөт бүсэд эх газрын боомтыг хэрхэн бий болгох вэ гэвэл төмөр зам, авто тээврийн терминал, гаалийн баталгаат агуулах, шууд далайд гаргах, ачиж буулгах хэсгийг байгуулах юм.

Ийнхүү хотын дэргэдэх эдийн засгийн чөлөөт бүсийн төсөөллөөс үзэхэд тэнд байхгүй юм бараг байхгүй бололтой дог.

Чөлөөт бүс байгуулах газрыг онгоцны буудлаасаа эхлээд дэд бүтэцтэйгээ хамгийн нийцэхүйц газрыг сонгож байгаа гэх бөгөөд Хятад, Солонгос, Япон зэрэг хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улс орнууд эдийн засгийн бүсэд хамрагдана гэж үзэж байна. Чөлөөт бүс дэх аялал жуулчлалын үйлчилгээг авахаар жилдээ ирэх жуулчны тоог хоёр сая хүрнэ гэж тооцоолсон бөгөөд зочид буудлын багтаамжийг тус бүр 1000 ортой 10 том зочид буудал баригдахаар тооцох аваас нэг хоногтоо 10 мянган жуулчин хүлээн авах боломжтойгоор төсөлдөө тусгажээ. Жуулчид олноор ирэх учраас тээврийн даацыг хоногт 17 нислэг хийгдэнэ гэж хүртэл нарийвчлан тооцолол гаргажээ. Дашрамд дурдахад хотын дэргэдээ чөлөөт бүс буюу эдийн засгийн тусгай бүс байгуулснаар Төв Америкийн экспортын 50 хувийг чөлөөт бүсийн орлогоос бүрдүүлдэг тооцоо байгаа бол БНХАУ-ын ДНБ-ий 22 хувь, экспортын 46 хувь, хөрөнгө оруулалтын 60 хувийг бүрдүүлдэг гэсэн үзүүлэлт байна. Яг үүн шиг манайх чөлөөт бүс байгуулснаар эдийн засагт өндөр үр ашиг өгнө гэж үзэж байгаа юм.

Р.Дагва: ЧӨЛӨӨТ БҮС
БАЙГУУЛСНААР ШИНЭ ДАГУУЛ ХОТ БАЙГУУЛАГДАНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА

Чөлөөт бүс байгуулах ажлын хэсгийг ахалж ажиллаж буй НИТХ-ын тэргүүлэгч Р.Дагваас дараахь тодруулгыг авав.


-Улаанбаатар хотод Чөлөөт бүс байгуулах төслийг хэрэгжүүлэх боломж нөөц бидэнд бий юу?

-Чөлөөт бүсийн тухай хуульд чөлөөт бүсийг амьдруулдаг угтвар нөхцөлийг зааж өгсөн байдаг. Улаанбаатарт энэ хуульд заасан бүх угтвар нөхцөлүүд бүрдсэн байгаа. Монгол Улсын эдийн засгийн 70 орчим хувь төвлөрсөн, усан хангамж, бүх төрлийн тээвэр ложистик байгаа бол хуульд заагаагүй угтвар нөхцөл хүртэл бүрдсэн байна. Чөлөөт бүс байгуулснаар шинэ суурьшлын бүс, шинэ дагуул хот байгуулагдана гэж үзэж байгаа. Хотоо дагуулан байгуулсан чөлөөт бүсийн хамгийн сайн, ойрын жишээ гэвэл БНСУ-ын нийслэл Сөүл хотын дэргэд байгуулагдсан Инчон өнөөдөр хот болжээ. 2003 онд манай улс хилийн бүсдээ гурван чөлөөт бүс байгуулж байхад зэрэгцээд тууз хайчилж байсан Инчон 15 жилийн дараа эдийн засгийн өндөр түвшинд хүрсэн хот болсон байна.

-Чөлөөт бүс байгуулах хөрөнгө оруулалтыг хэрхэн шийднэ гэж тооцоолж байгаа вэ. мөн чөлөөт бүс байгуулагдсанаар эдийн засагт орж ирэх үр өгөөжийг хэрхэн тооцоолсон байгаа вэ?

-Чөлөөт бүс байгуулах санал санаачилгыг гаргаж байгаа нь алс хэтийг харсан хөгжлийн томоохон шийдэл гэдгээр нь эхэлж харах хэрэгтэй юм. Мэдээж чөлөөт бус байгуулагдахын өмнө хууль эрх зүйн олон асуудлыг шийдвэрлэнэ. Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах нь ганцхан хотын асуудал биш. Засгийн газар, УИХ хамгийн их үүрэгтэй оролцох ёстой. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэж байгаа гэдгээрээ Улаанбаатар хотын захиргаа гол зохион байгуулагч, холбогч байх ёстой. Чөлөөт бүс байгуулснаар ямар ямар салбараар хэрхэн хөгжиж болох вэ гэвэл үндсэн хоёр зүйл байж болно гэж харж байгаа. Үүний нэг нь энтертайнмент. Монгол Улсын мөнгө олж болох нэг том салбар нь аялал жуулчлал. Энэ салбарыг чөлөөт бүстэйгээ уяж хэрхэн мөнгө олж болох вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Нөгөө талд нь санхүүгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Монголд оюун ухаан, сэтгэлгээгээрээ дэлхийд үнэлэгдсэн залуучууд байна. Мөн манайд IT технологийн салбарыг хөгжүүлэх нөхцөл боломжууд бүрдсэн байна.

Тэгэхээр Монгол Улс, Улаанбаатар хот бизнес санхүүгийн төв болох боломжтой. Бас нэг салбар нь үйлдвэрлэл инноваци. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дотоодын хэрэглээгээ хангаад цаашлаад экспортод гаргах. Монгол Улсын брэндийг дэлхий нийтэд гаргах гол гарц нь бүхий төрлийн татварын хөнгөлөлт бүхий эдийн засгийн чөлөөт бүс байх болно. Манай улс хөдөө аж ахуй, мал аж ахуйгаа түшиглэн бүхий л түүхий эдээ дахин боловсруулах замаар нэмүү өртөг шингээж экспортод гаргах үйлдвэрүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Дээр нь өндөр технологийн үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй.

-Казино байгуулах тухай анхаарал татаж байна?

-Чөлөөт бүст байх ёстой нэг зүйл нь казино. Улс орны эдийн засагт хамгийн өндөр татвар төлөх, мөнгө төвлөрүүлдэг салбар нь казино. БНСУ-д 28 казинотой. Аль ч казинод нь солонгос хүн ордоггүй. Үүнтэй адил Улаанбаатар хотын чөлөөт бүсэд хоёр казино байгуулагдлаа гэхэд нэг ч монгол хүн орохгүй. Сингапурын Marina Bay Sands цогцолборын казино байна. Жилийн орлого нь 12.3 тэрбум ам.доллар, татварын өмнөх ашиг нь 4.5 тэрбум ам.доллар гэхээр энэ хоёрын зөрүү болох 7.8 тэрбум ам.долларыг жилийн үйл ажиллагааны зардалд зарцуулдаг. Чөлөөт бүсдээ казино байгуулаад тэр жишээний хөгжүүлбэл ус, цахилгаан, дулаанаа өгнө. Хүмүүсийг боломжийн цалинтай ажлын байраар хангуулна.

Энэ мэт эдийн засгийн өндөр өгөөжтэй. Улаанбаатарт хотын Чөлөөт бүсийг төсөл болгоод ажил хэрэг болгоод олон улсын жишгээр хөгжүүлэх нь чухал. 10-15 жилийн дараа хөгжлийн шинэ шатандаа хүрсэн эдийн засгийн чөлөөт бүстэй болбол аз жаргалтай хотын иргэд бий болно. Хууль эрх зүйн орчин, нөхцөл боломжийг бүрдүүлсний дараа Улаанбаатар хот чөлөөт бүстэй боллоо. Хөрөнгө оруулагчдыг урьж байна гэдгээ дэлхий дахинд зарлана гэдгээ маш зөв тооцож, том сэтгэж, том менежмент хийх хэрэгтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

Ард түмнээ чинээлэг болгосон “Астана”-гийн баялгийн сан

Мянга сонсохоор нэг үз гэсэн үг байдаг даа. Хөгжлөөрөө сүүлийн үед дэлхийд жин дарж яваа Казакстан улсын хөгжлийн нүүр царайг үзэж тольдохоор нийслэл хот нь болох Астана тийш зориод ирсэн аяллын богцноосоо дэлгэе. 1991 онд ОХУ-аас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо олсноос хойших 20 гаруй жилийн хугацаанд Казакстан улсын хөгжил дэлхийн хөгжингүй 30 орны нэг болох зорилтоор хурдацтай хөгжиж явна. Хөгжлийн гол нууц нь улсынхаа дэргэд баялгийн сан байгуулж, баялгийн сангаараа дамжуулж нэн хэрэгцээтэй хөрөнгө оруулалтууд хийхийн зэрэгцээ ирээдүйд хэрэглэгдэж болзошгүй хэмээн мөнгийг авдар авдраар нь нөөцлөн хадгалж чадаж байна.

КАЗАХСТАН УЛСЫН БАЯЛГИЙН САН

Казахстан улсын эдийн засгийн гол салбар нь байгалийн хий, уул уурхайн олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан юм. Газрын тосны нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт ордог мөн чулуун нүүрс, уран, молбидений нөөц, тугалга гэх мэт байгалийн баялаг арвинтай. Ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлж буй тус улсын үндсэн зорилго бол уул уурхайн баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж, үнэт цаасны зах зээлд гаргаж уул уурхайгаас олсон хөрөнгийг баялгийн сандаа хадгалж, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг хийх зорилтоор ажилладаг. Казахстаны хөгжлийн гол нууц гэгдэж буй тус улс хөгжлийн 7-8 төрлийн сан ажиллуулдаг ч Үндэсний хөгжлийн сан, “Самрук-Казына” сан гэх хоёр санг онцлон үзэж болно. Тус хоёр сан нийслэл хот болох Астанад байрладаг. Үндэсний хөгжлийн сан. Тус сандаа ирээдүйд зарцуулагдах мөнгөө хадгалдаг. Эх үүсвэр нь, газрын тос болон хийн орлогоос бүрддэг актив. Энэ сандаа бараг л гар хүрдэггүй. Ирээдүйд хүүхдүүд нь хэрэглэнэ гэж тооцоод, онцгой тохиолдол гарсан үед мөнгө авчихаад эргүүлээд хийчихдэг юм байна. Тухайлбал, дэлхийн зах зээлд нефтийн үнэ буусантай холбоотойгоор 2007-2009 оны үед тус улс эдийн засгийн хямралыг даван туулахад Үндэсний сангийн хөрөнгөнөөсөө 10 тэрбум ам.долларыг авч хэрэглэчихээд эргээд эдийн засаг нь гайгүй болонгуут буцаагаад хийчихсэн гэж байгаа юм. Үр хойчдоо нөөцлөн үлдээж буй мөнгийг яг одоогийн байдлаар барагцаалвал 70-80 миллиард ам.долларын хадгаламж бий гэж үздэг. Энэ мөнгөнийхөө 25 хувийг дотоодын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үед хэрэглэж болохуйц гэж ангилаад үүн дотроо олон улсын хувьцаанууд, Засгийн газрын бондод ашиглаж болох юм гэж ангилжээ. Үлдсэн 75 хувийг ирээдүй хойч үеийн хуримтлалын сан гэж нэрийдэж гар огт дүрдэггүй. Үндэсний хөгжлийн санг бүрдүүлдэг гол орлогын эх үүсвэр нь шууд татвар, хөрөнгө оруулалтын орлого болон бусад орлогууд багтдаг. Баялгийн нөгөө гол сангийн талаар танилцуулахад “Самрук-Казына” нэртэй. “Самрук-Казына” баялгийн санг хуримтлагдсан активын эргэлтэд оруулдаг. Манайхаар бол Төрийн өмчийн хороо шиг газар. Төрийн өмчийн үйлдвэрүүдийнхээ 51-100 хувийг эзэмшиж, холбогдох санхүүжилтүүдийг нь хийж явдаг сан юм. “Самрук-Казына” санд аж үйлдвэрийн болон санхүүгийн салбарын 404 хараат болон охин компаниуд хамрагддаг. Тус сангаасаа Казахстаны хөрөнгийн биржид хувьцаа гаргадаг бол гадаад, дотоод хөрөнгийн бирж дээр бонд гаргасан орлогыг эргээд сан руугаа хийдэг. Казахстан улс тусгаар тогтнолоо олсон даруйдаа хамгийн түрүүнд эдийн засгийн ардчиллаа түлхүү хөгжүүлээд, араас нь улс төрийн ардчиллаа явуулж буй орон. Ийн дэлхийн улс орнуудад амжилттай хэрэгжиж буй баялагийн сан нь үндсэндээ уул уурхайд түшиглэсэн орнуудын хувьд тус сангаараа дамжуулан ард түмэндээ баялгийн хүртээмжийг хүргэдэн нь “Астана”-гийн жишээнээс тодорхой харагдана. Тус улс баялгийн сан байгуулах туршлагаа Норвегиос амжилттай нэвтрүүлж туршлагыг нь шууд хуулсан гэдэг. Дэлхийн хамгийн чинээлэг иргэдтэй, аз жаргалтай улсын тэргүүн эгнээнд явдаг Норвеги улс баялгийн сан дээрээ дөрөөлөн хамгийн баян орны нэг болж чадсан гэдгээрээ бахархдаг улс. Тус улс уул уурхайн орд газруудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж үүний дараа эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан юм. Норвегийн баялгийн сангийн мөнгөн хуримтлалыг одоогоор 1 триллион ам.доллар гэж үздэг. Одоо энэ их мөнгөнийхөө дөнгөж гуравхан хувийг өнөөдөртөө зарцуулж үлдсэн 97 хувиа хадгаламж байдлаар хадгалдаг. Байгалийн баялагтай улс орнуудын хувьд баялагийг ард түмэндээ эрх тэгш хувааж хүртээх хамгийн сонгодог арга нь баялагийн сан юм гэдгийг дэлхий нийт төдийгүй уул уурхайтай манай улс эхнээсээ хүлээн зөвшөөрөөд эхэллээ.

МОНГОЛ УЛС БАЯЛГИЙН САНТАЙ БОЛОХ БОЛОМЖ

Манай улс нүүрс, алт, зэс, байгалийн хий гэх мэт байгалийн арвин их баялаг нөөцтэй. Газар доорх баялгийн цөөхөн хувийг зөв ашиглаж чадвал улсын нийт хүн ам болох гурван сая хүн амыг баян хангалуун чинээлэг амьдруулчих боломж манайд бүрэн байна гэж үздэг. Дэлхийд баялагийн сангаараа үлгэр жишээ болсон Норвеги улсын үндэсний “Norgest bank”-ны захирлын зөвлөж буйгаар “Баялгийн сантай улс орны ихэнх нь газрын тос олборлодог улс орнууд байна. Дэлхийд өндөр ашигтайд тооцогдох бизнес гэж болохуйц баррель нефтийг олборлоход даруй их ашиг олж байгаа нь харагдаж байна. Гэхдээ Монгол Улсын хувьд алт, зэс нүүрс гэх мэт арвин их баялгийг гуравхан сая иргэндээ тэгш хүртээмжтэйгээр хүргэх нь хангалттай” гэж нэгэнтээ зөвлөсөн байдаг. Баялгийн сангаараа үлгэр жишээ болсон Норвегийн туршлагаас үзэхэд баялгийн сантай улс үндсэн хоёр зарчмыг баримтлах ёстой гэнэ. Эхэнд нь сан нь улс төрөөс хараат бус байх дараа нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн багийг ажиллуулах гэсэн зарчмыг баримтлах. Манай Монгол Улсын хувьд баялгийн сан байгуулж ард түмэндээ уул уурхайн хүртээмжийг хүргэх тухай яриа нэлээн олон жилийн өмнөөс эхлэн яригдсаар л ирсэн. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК байгуулж иргэдэд хувьцаа тараасан нэртэй боловч хэзээ, хэнд, яаж, ямар үр ашиг өгөх нь ерөөсөө ойлгомжгүй тодорхойгүй явж ирсэн. Саяхан манай улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас баялгийн санг жинхэнэ утгаар нь хийх, уул уурхайн баялгийг ард түмэндээ үр өгөөжөөр хүртээх асар том амбицыг өмнөө тавьж буй гэдгээ зарлачихлаа. Юутай ч эхний ээлжинд 1072 ширхэг хувьцааг амилуулах, “Эрдэнэс Таван толгой”-г эргэлтэд оруулах гэх мэт ажлуудаас эхлэх бөгөөд Баялгийн сангийн тухай хуулийн төслийг уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилж энэ хаврын УИХ-ын чуулганаар өргөн барихаар зэхэж байна. Баялгийн сантай улс орнууд хэрхэн хөгжиж буй тод жишээ бий ч улс улсын хувьд өөрийн онцлог, хуульдаа нийцүүлсэн байх ёстой гэдэг нь тодорхой. Манай улс баялгийн сантай болж ямар байдлаар хэрхэн ажиллах вэ гэдэг барагцаа баримтын талаарх мэдээллээс хуваалцъя. Энэ нь гэхдээ дөнгөж эхэлж буй учраас яг таг хэрэгжих хууль дүрэм биш гэдгийг шүүн тунгаан уншаарай. Манай Монгол Улс баялгийн сантай болох гараагаа эхлүүлэхдээ “Хөгжлийн сан” байгуулна гэж үзэж байгаа. Улсын хэмжээнд 39 стратегийн ордтой гэсэн мэдээллийг ч албан ёсоор гаргажээ. Үүнээс дөрвөн газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн төдий байгаа гэж үздэг. Уул уурхайн ордуудыг эхний удаад төр бүртгэж дансжуулж аваад дараа нь дэлхийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах зэрэг нээлттэй байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах нь сан бий болгох суурь гэж тооцож харж байна. Улс орны эдийн засаг нь бие даасан хүч чадалтай байж улс орон дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг. Үүнд хүрэх алхам бол баялгийн сан. Баялгийн сан байгуулсан тохиолдолд иргэдэд бэлэн мөнгөөр тараах эсвэл төсөв рүү хийх гэх мэт байдлаар шууд зарцуулалтыг урьдчилал болгохгүйгээр юуны өмнө хуримтлал үүсгэх юм байна. Тэгээд ч баялгийн сан бол хэзээ ч бэлэн мөнгийг шууд үрж тараадаггүй, байгаа бэлэн мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулаад түүнээс олсон ашгийнхаа тодорхой хувийг хүртээмжтэйгээр хүргэдэг гэх албан ёсны зөвлөмжтэй байдгийг санацгаая. Манай улсын хувьд гадагшаа экспортод гаргаж буй 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнүүд. Ингэхдээ дахин боловсруулалт хийгдээгүй бараг анхны түүхий эд байдлаараа гадагшаа гарч буй тул үнэ өртөг хямд. Хэрвээ манай улс баялгийн сантай болчих аваас санд хуримтлагдсан хөрөнгөөрөө уул уурхайн салбар, мал аж ахуй, хөдөө аж ахуй гэх мэт салбаруудаа дэмжээд явчихвал хөгжил хаяанд хүрээд ирэх нь баараггүй болох биз ээ. Баялгийн сангаас бий болгосон хуримтлалаар үйлдвэрлэлийг дэмжих хуулийг ч бас давхар хийх ёстой гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар хэлж байна. УИХ-ын гишүүн Л.Болд “Байгалийн баялагтай улсын хувьд манай баялгийн сантай болохоос өөр шилдэг сайн гарц байхгүй” гэж нэгэнтээ хэлсэн нь бий. Манай улсын хувьд мөнгөтэй болоод ирэхийн цагт халамжийн сан болгох эсвэл иргэддээ бэлэн мөнгө тарааж улс төрийн оноо авахад ашиглах гэх мэтээр улс төрийн оролцоог эдийн засгийн харилцаатай хольж хутгах гээд байдаг зовлон өмнө тулгардаг тал бас бий. Жишээ нь, өнөөдрийнх шиг “Таван толгой”-гоос олж буй жаахан орлогоо бид эдийн засаг руу шууд цутгаад байж болохгүй л гэсэн үг. Хуримтлал л бий болгох хэрэгтэй. Норвегийн баялгийн сангийн жишээг татаж авч ирж байгаад Монголын хөрсөнд буулган Их хурлаар хэлэлцүүлэх хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихаар одоо яриа хэлцлийн түвшиндээ явж байна. Ямартаа ч иргэдийн 1072 хувьцаа цаасанд бичсэн тоо төдий байснаа саяхнаас албан ёсоор хувьцаа гэдгээрээ бүртгэгдэхээр болсон байгаа. Үнэ цэнэ оруулахын тулд хувьцаагаа юуны өмнө хөрөнгийн зах зээл дээр гаргах бэлтгэл ажлыг хийх ёстой гэж үзэж байна. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 85 хувь нь төрийн мэдэлд 15 хувь нь иргэдэд 1072 хувьцаа хэлбэрээр бий. Үүнээс төрийн мэдлийн 85 хувийн гуравны нэг хувь буюу 28 хувийг л дэлхийн хөрөнгийн зах зээлд гаргаж болох тооцооллыг ч гаргасан байгаа аж. Ер нь улс орнууд баялгийн сангийнхаа орлогоо үндсэн гурван зүйлээс төвлөрүүлдөг. Тогтвортой орлого буюу Засгийн газрын бондууд, үл хөдлөх хөрөнгө, үндсэн зарцуулалт буюу ашигтай ажиллаж байгаа бизнесийн олон улсын байгууллагуудад хөрөнгө оруулалт хийх гэсэн гурван зарчмыг дагаж буй жишээ байна. Норвеги, Казахстан зэрэг улсын баялгийн сангийн туршлагыг судлан нутагшуулж байгалийн баялагийг жинхэнэ утгаар нь ард түмэндээ хүртээж байж ядуурал, нийгмийн тэгш бус хүртээмжийг арилгана гэсэн чиг хандлага одоо ид хүчтэй яригдаж эхэлж байх шиг байна. Харьцуулалт хийж бичихэд, манай улс чөлөөт зах зээл рүү шилжсэн, Казахстан тусгаар тогтнолоо зарласан цаг хугацаа нь ижил шахам. Үндсэндээ манай хоёр улс нэг гараанаас гарсан. Өнөөдөр эргээд харахад Казахстан улс манайхаас хэд дахин хурдацтай хөгжчихөөд байна. Тус улс Төв Ази дотроо хөгжлөөрөө тэргүүлж байгаа. Ерөнхийлөгч Назарбаев нь 2050 он гэхэд дэлхийн хөгжсөн 30-аад орны тоонд орно гэж том амбицтай төлөвлөгөө гаргаж, үүнийгээ хэрэгжүүлж байгаа. Манай Монгол Улс Казахстан улсын хамтын ажиллагааны хүрээнд болсон Засгийн газрын хоорондын комиссын өнгөрсөн гуравдугаар сард болсон уулзалтын үеэр эдийн засгаа хэрхэн хөгжүүлж буй туршлагаас манай улс суралцах яриа бас яригдсан л байна лээ. Баялгийн сангаараа хөгжсөн Казахстан өдгөө дэлхийн 120 оронтой худалдаагаар түншилж, экспортод газрын тосны бүтээгдэхүүн, хүдрийн түүхий эд, шатахуун, хар болон өнгөт металл гэх мэт эцсийн бүтээгдэхүүн хийж экспортолж байна. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 7427.7 ам.доллар. 2002 оноос хойш гэхэд хүн амын дундаж орлого нь 6 дахин өссөн үзүүлэлттэй. Адилхан байгалийн баялагтай манай улсын хувьд баялгийн сангаа зөв байгуулж эдийн засгийн эргэлтэд оруулаад эхэлчихвэл хөгжлөөрөө бусад улсаас дутах юм ер алга. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар баялгийн сангийн тухай ишлэл үг хэлэхдээ “Монголын төр хэдий хэмжээний баялагтай гэдгээ албан ёсоор бүртгэлжүүлээгүй. Зөвхөн “Эрдэнэс-Таван толгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” гэдэг гурван компанийн хөрөнгийг бүртгэхэд 12 их наяд (12,000,000,000) төгрөг гэж гарсан. Харин дээрх гурав тэргүүтэй 12 төрийн өмчит аж ахуйн нэгжийн толгой компани “Эрдэнэс Монгол”-ын нэр дээр ердөө 109 сая төгрөгийн өмч бүртгэлтэй байна. Тиймээс баялгаа тэгш хүртээмжтэйгээр хүргэх ойрын арга зам бол “Эрдэнэс Монгол” компани дээр суурилсан Баялгийн сан байгуулах ёстой гэдгийг олж харсан. “Эрдэнэс Монгол” компанид бүртгэлтэй, ашиглагдаж байгаа дөрвөн ордыг баялгийн сангийнхаа үндсэн суурь болгоно. Цаашид төрийн мөнгөөр хайгуул хийж тогтоосон газруудаа төр өмчлөлдөө авч, үүндээ суурилсан хяналтыг баялгийн сангийн нэгдэл тавиад явна” гэж дурджээ. Манай улс ардчилал ялснаас хойш 27 жилийн хугацаанд уул уурхайн баялгийг хэрхэн хүртээж зарцуулах талаар тодорхой бодлогууд хэрэгжүүлж ирсэн ч эцэстээ 30 гэр бүл, хэсэг бүлэглэлийн гэж яригдах хэмжээнд хүрчихсэн гэж дүгнэж болохоор. Нэг хэсэг гэр бүл л далайн чинадад тансаг амьдраад байж болохгүйг мэдэж байгаа л бол ард түмнээрээ баян хангалуун байх арга замыг өнөөдөр сонгох цаг ирсэн байлтай. Улс, олон нийт хожих ёстой гэдэг дүрмээр бүгд тоглох ёстой. Би биш бид хамтаараа хожих ёстой гэсэн дүрмээр амьдрах цаг яалт ч үгүй өмнө ирчихжээ.