Сайшаалтай хэрэг. Гэвч шатрын уралдаан тэмцээнд оролцоод явж байхад нь хичнээн олон хүн үзэж, дэмжиж, фэн болж үзэж байсан бэ. Гэтэл наадмаар Увс аймгийн харьяат бөх түрүүлж, Увс нуур дууг зон олон дуулсных нь төлөө нийгмээрээ талцан, бухимдан бархирч Увс ба бусад гэдэг тухай яриа өрнүүлж суухав дээ манайхан. Нийгмээрээ ингэж анхаарсан, олныг хамарсан спорт, олны танил хүмүүсийг өнөө хувийн бизнес эрхлэгч нар дэмжиж, шагнаж урамшуулах нь хорвоо ертөнц дэх бизнесийн алтан зарчим. Түүнээс биш бөх, оюуны спорт хоёрын аль нэгийг нь дээр, доор үзэж ялгаварлаж байгаадаа биш юм аа. Энэ бол тэнгэр, газар шиг ялгаатай, тусдаа өөр асуудал юм.
Author: Б. Долзодмаа
Манай улсад эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөлөөр умайн хүзүүний хорт хавдар хоёрдугаарт орж байна. Энэ өвчнөөр өвчилж байгаа эмэгтэйчүүдийн 50 хувь нь хавдрын хожуу үед оношлогдож байгаа нь эрсдэл их байгааг харуулна. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх HPV буюу хүний хөхөнцөр вирус (ХХВ)-ийн эсрэг вакцин дэлхий нийтэд гарсан ч манайд байдаггүй тул охид, эмэгтэйчүүд гадны улс орон руу явж энэхүү вакцинд хамрагддаг болжээ. Умайн хүзүүний хорт хавдар хэмээх аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх ХХВийн эсрэг вакцины тухай Хавдрын үндэсний зөвлөл ТББын гүйцэтгэх захирал, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.
-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцины тухай мэдээллийг хүргэхгүй юу?
-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь HPV буюу хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин гэж олон улсад үзэж байна. Ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх нь тухайн улсын Үндэсний дархлаажуулалтын хорооны шийдэх асуудал байдаг. Хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг дэлхийн олон орон хийж байна. Зарим оронд өсвөр насны охид төдийгүй хөвгүүдэд хэрэглэж байгаа. Энэ вакцины тухай ярихаас өмнө умайн хүзүүний хорт хавдар ямар вирусээс үүсгэгддэг тухай ярья. Умайн хүзүүний хорт хавдар нь Хүний хөхөнцөр вирус (ХХВ) гэдэг вирусээр үүсгэгдсэн байдаг. 100 гаруй хэв шинжийн ХХВ байдаг боловч үүн дотроос 16 болон 18 дугаар хэв шинж нь умайн хүзүүний хавдрын 70 хувийг үүсгэх шалтгаан болдог. Энэ вирус нь зөвхөн эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсгэхээс гадна, бэлэг эрхтний, үтрээний, эрэгтэйчүүдэд шодойн, залгиур хоолойн, хошногоны амсрын хавдрыг үүсгээд зогсохгүй хүүхдэд хүртэл амьсгалын замын дахьдаг папилломатоз гэдэг өвчний шалтгаан болдог. Бэлгийн замаар дамжин халдварладаг энэхүү вирусээс сэргийлэх хамгийн гол арга нь ХХВ-ийн эсрэг вакцин гэж үздэг. Зах зээл дээр гурван төрлийн ХХВ-ийн эсрэг вакцин бий болсон, хоёр цэнт буюу 16, 18 дугаар хэв шинжээс хамгаалдаг церварикс, дөрвөн цэнт буюу 16, 18, 6 болон 11 дүгээр хэв шинжээс хамгаалдаг гардасил, хамгийн сүүлийн үед шинээр гарсан есөн цэнт буюу 6, 11, 16, 18, 31, 33, 45, 52 болон 58 дугаар хэв шинжээс хамгаалдаг гардасил зэрэг юм.
-ХХВ вакциныг ямар улс орнуудад хийж байна вэ. Дэлхийн улс орнуудад ямар үе шаттайгаар хийдэг юм бол?
-ХХВ-ийн эсрэг вакциныг өнөөдрийн байдлаар дэлхийн 79 орон дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулан 9-14 насны охидод хийж эхэлсэн. Харин Австрали, АНУ, Канад зэрэг орнууд эрэгтэйчүүдээ хамгаалах зорилгоор хөвгүүддээ бас энэ вакциныг хийдэг болсон. Австрали улс 2007 оноос эхлэн энэхүү вакциныг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн бөгөөд түүнээс хойш 2012 онд үр дүнг үнэлэхэд ХХВ-ийн тархалт 28.7 хувиас 6.7 хувь, харин 2014 оны судалгаагаар 1.6 хувь болж буурсан судалгаанууд байдаг. Манай улс ДЭМБ-ын Номхон Далайн баруун бүсэд хамрагддаг бөгөөд манай бүсийн 13 орон буюу 48 хувь нь энэ вакциныг үндэсний товлолдоо оруулсан байгаа. Бусад орнууд үндэсний хэмжээнд хийж эхлээгүй ч, загвар, туршилт маягаар нэвтрүүлээд эхэлсэн. Манай бүсийн орнуудаас Малайз, Филиппин, Фижи улсууд амжилттай хэрэгжүүлсэн гэж үздэг. Хамгийн сүүлд Өмнөд Солонгос 2016 онд энэ вакциныг товлолдоо оруулсан байна. Харин энэ вакцин манай улсад орж ирээгүй тул манай монгол эмэгтэйчүүд гадаад улс орнууд руу явж хийлгэж байна. Вакцинд хамрагдах насыг 9-14 насанд буюу бэлгийн харилцаанд орохоос өмнө хийлгэвэл үр дүн өндөртэй гэж үздэг. 30 наснаас дээш хийлгэж болох ч үр дүнгийн хувьд 14 наснаас өмнө хийлгэх нь вакцины үр дүнг улам сайн бататган гэж үздэг.
-Ямар үнэ өртөгтэйгөөр хийгдэж байна вэ?
-Дэлхийн улс орнуудаас хамааран HPV вакцины үнэ харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Австралид нэг тун нь 120 ам. долларын үнэтэй байгаа бол Азийн орнуудад бол үүнээс арай хямд өртөгтэй, 60 ам. доллар байх жишээтэй. Нэг хүн нийт хоёр удаа буюу хоёр тун хийлгэдэг. Зургаан сараас нэг жилийн хугацаанд хоёр тун вакцин хийлгэнэ.
-Энэ вакциныг манай улсад өмнө нь хэрэглэж байсан уу. Ямар үр дүн гарч байсан бол?
-Уг вакциныг 2012 онд АНУ-ын дэмжлэгтэй хэрэгжсэн Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн хүрээнд Сэлэнгэ, Өмнөгөвь аймаг, Баянгол, Багануур дүүрэгт 12-15 насны 10 мянга гаруй охидод хийсэн. Харамсалтай нь вакцины талаар буруу ташаа мэдээлэл цацагдсанаас болж энэхүү хөтөлбөр зогссон. Бусад оронд вакцины үр дүнг үнэлэх судалгааг тогтмол хийдэг. Иймд манай байгууллагаас Монголд хийгдсэн уг вакцинжуулалтын эрт үеийн үр дүнг үнэлэх зорилготой Австралийн Засгийн газарт бичсэн төсөл шалгарч Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төвтэй хамтран судалгааг гүйцэтгэж байсан. Вакцинжуулалтад хамрагдсан болон хамрагдаагүй 18-23 насны 1909 залуу эмэгтэйчүүдийг уг судалгаанд хамруулж, асуумжийн аргаар ХХВ, умайн хүзүүний хорт хавдар, ХХВ-ийн вакцины талаарх мэдлэг дадлага хандлагын үнэлгээ болон полимержих гинжин урвалын аргаар хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй ХХВ-ийн 13 хэв шинжийг илрүүлэх шинжилгээ зэргийг олон улсын аргачлалын дагуу хийсэн. Ингэхэд Монгол Улсад ХХВ-ийн эсрэг вакцины хөтөлбөр хэрэгжсэнээс хойших зургаан жилийн хугацаанд вакцинжуулалтад хамрагдсан залуу эмэгтэйчүүдийн дундах вакцины хэв шинжийн ХХВ-ийн халдварын түвшин буурсан, мөн вакцин хийлгэсэн, хийлгээгүй эмэгтэйчүүдийн дунд жирэмслэлтийн түвшин ижил байсан зэрэг эерэг сайн үр дүн гарсан.
-Бусад улс орнууд хорт хавдар үүсгэгч ХХВ вирусээс охид эмэгтэйчүүдээ яаж хамгаалдаг талаарх мэдээллийг хүргэхгүй юу?
-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга нь вакцинжуулалтаас гадна эрт илрүүлэг үзлэг шинжилгээ юм. Манай улсад 30 наснаас эхлүүлэн гурван жил тутамд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг хөтөлбөрт хамруулж байгаа боловч хамрагдалтын хувь 40 гаруй хувиас хэтрэхгүй байна. Иймд эмэгтэйчүүд харьяа өрх, сумын эмнэлэгтээ гурван жил тутам ПАП-шинжилгээгээ тогтмол өгч хэвших нь уг өвчнийг эрт илрүүлэх, эмчлэхэд чухал ач холбогдолтой юм. Умайн хүзүүний хорт хавдар нь гол төлөв дундаж насны буюу 35-55 насны эмэгтэйчүүдэд, нийт тохиолдлуудын 20 хувь нь 65 дээш насны эмэгтэйчүүдэд тохиолддог.
-Энэхүү вакцинд сөрөг тал гэж бий юу?
-Аливаа нэг вакцины гаж нөлөөг олон улсад бүртгэж, хяналт тавьж явдаг. Энэхүү вакцин нь олон оронд хэдэн сая тун хийгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдсан вакцин. Цөөн тохиолдолд хувь хүний бие махбодын онцлогоос хамааран хэсэг газрын урвал, харшил өгөх, халуурах зэрэг бусад вакцинтай адил урвал илэрч болдог.
-Манай улсад энэхүү вакциныг нэвтрүүлэх боломж бий юу. Нэгэнт манай охид, эмэгтэйчүүд гадаад улс орон руу явж өндөр төлбөртэйгөөр хийлгэж эхэлсэн юм чинь энэхүү вакциныг Монголд оруулж ирэхэд ямар саад бэрхшээл учирч байна вэ?
-Манай оронд аливаа вакциныг хийх эсэх, ямар товлолоор, хэрхэн хийх зэргийг Эрүүл мэндийн яам, Дархлаажуулалтын үндэсний хороо шийдэг. Энэ вакциныг Монголд оруулж ирэхэд хэсэг бүлэг хүмүүсийн нийтэд түгээсэн буруу ташаа мэдээлэл, хүмүүсийн дундах айдас хамгийн их тушаа болж байгаа юм болов уу гэж хардаг. Дэлхийн хэдэн сая хүмүүс хэрэглээд умайн хүзүүний хавдар гэдэг өвчнийг бүрмөсөн устгана гэсэн зорилт тавин HPV буюу ХХВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын товлолдоо тусган амжилттай хэрэгжүүлж байхад бид энэ асуудлаар ярихаас айдаг нь харамсалтай.
Шинжлэх ухааны академийн физик, технологийн хүрээлэнгийн Их энергийн физикийн лабораторийн эрхлэгч, академич, физикийн шинжлэх ухааны доктор Ц.Баатартай ярилцлаа.
-Та хэрхэн эрдэм шинжилгээний ажилтан болж байв?
-Би Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1945 онд төрсөн хүн. МУИС-ийн физикийн ангийг дүүргээд Цэргийн ерөнхий дээд сургуульд багшаар жил гаруй ажиллаад Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэндээ эрдэм шинжилгээний залуу ажилтнаар орсон. Ингээд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний лиценз төвд зургаан жил суралцаж дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Амьдралын талхаа олж идэх гол мэдлэгээ энэ газраас авсан. Мөн суурь судалгаа хийх суурь маань болсон. ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт манай улстай олон жилийн хамтын ажиллагаатай явж ирсэн. Цөмийн энергийн суурь судалгаа явуулдаг тус институт гишүүн орнуудын олон улсын Засгийн газар хоорондын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага. Надаас гадна манай улсын цөмийн физикийн чиглэлийн 200 гаруй хүнийг бэлдсэн газар. Би ШУА-д буцаж ирж ажиллахдаа Физик техно-логийн хүрээлэнгийн захирлаар ажилласан. 1990 онд Цөмийн физикийн суурь судалгааны чиглэлээр шинжлэх ухааны доктор цолоо хамгаалсан. Үүний дараа ШУА-ийн жинхэнэ гишүүн болоод ёстой магнай хагартлаа их баярлаж байсан юмдаг. Энэ жил манай улсаас Дубнагийн Эрдмийн зөвлөлийн гишүүнд хоёр хүн томилогдсоны нэг нь би. Тиймээс эрдмийн зөвлөлийн гишүүнээр тэнд ажиллахаар болж байна. Одоо би нас нас 70 гарсан ч академидаа ажиллаж буй нь өөрийн сурсан мэдлэг, туршлагаа залуучууддаа сургаж, зөвлөчих санаатай.
-Гадны нэр хүндтэй хэвлэлд нийтлэл олныг хэвлүүлсэн, таны эшлэл үг олон байдаг гэж сонссон. Таны судалгааны гол цөм суурь юу байв. Нээлт, бүтээлүүдээсээ танилцуулахгүй юу?
-Өнгөрсөн 2006 онд Хамбург хот дахь Цөмийн судалгааны төв (DESY)-тэй холбоо тогтоож үүнээс хойш өнөөдрийг хүртэл урт богино хугацааны томилолтоор ажиллаж байна. Анх доктор Р.Тогоо, Б.Хүрэлбаатар бид гурав нэг групп болж ажиллаж байлаа. Бид олон улсын эрдэмтэдтэй хамтран харилцан үйлчлэлийн системийн энерги, энергитэй электрон протоны мөргөлдөөнөөр үүссэн саармаг гаж бөөмсийн шинж чанарыг судалсан. Мөн тэдгээр бөөмсийн хөндлөн огтлол, тэгш хэмт биш чанар, тэдгээрийн харьцааг дамжуулалтын импульсын 100ГэВ2 -аас бага утганд бусад туршлагаар гарсан үр дүнтэй харьцуулаад, хүчтэй харилцан үйлчлэлийн гол онол болох квант хромодинамикийн дээд эрэмбийн засварыг тооцоолсон ЖАНГО (DJANGON) онолыг загвараар сайн тодорхойлогдож буйг илрүүлсэн гэх мэт олон ажлуудыг нэрлэж болно. Миний үндсэн судалгаа болох Их энергитэй адрон, цөмийн үйлчлэлээр олон бөөмс үүсэх процессийн судалгааны хүрээнд олон нийтлэл бичжээ. “DESY” байгууллага нь дэлхийн материйн бүтцийг болон эгэл бөөмийн хэсгийг судалдаг тэргүүлэх байгууллага. 40 гаруй жилийн хугацаанд 140 орчим бүтээл гаргаснаас дийлэнх нь гадаадын хэвлэлд нийтлэгдсэн. Эшлэлийн тоо 600 гаруй давсан байна. Гадны ертөнцөд эрдэмтдийн нэг ишлэл гэдэг судалгааны суурь төдийгүй нэр хүндийн, эрдмийн ажлын баталгааны нэг болж өгдөг эд. Ер нь эрдмийн суурь судалгаа явуулж байгаа хүмүүс чинь хамгийн “тэнэг” хүмүүс. Яагаад вэ гэвэл, судалж, нотолж, эргэлзэж, баталж байн бүтээлээ гадны болоод дотоодын хэвлэлд нийтлүүлчихээд түүнийгээ дараад “хэвтээд” байхаас өөр үг байдаггүй. Бид ийм судалгааг гаргалаа гэдгээ олон нийтэд зориулж ярьсан ч тийм амархан ойлгогдож өгдөггүй. Физик, математикийн гүнзгий нарийн ойлголт явдаг учраас бид чинь даруухан байхгүй бол болохгүй ээ. Тиймдээ ч би хэвлэлд бараг ярилцлага өгдөггүй дээ. Дэлхий нийтийн томоохон суурь судалгаа, онолын нээлтүүдийг харахад 50 жил, 100 жил болж байж батлагдаж хүмүүст ойлгогдох хэмжээнд хүрч байна. Тухайлбал, таталцлын харьцангүй онолын хуулийн баталгаа өнгөрсөн онд гарч салбартаа шуугиан тарьсан. 1905 онд Эйнштейны харьцангуйн онол гарсан гэхээр бараг 100 гаруй жилийн хугацаанд онолчид эрэлхийлж судалсаар сая батлагдаж байна.
-Литийн ионы батарейг Монголд анх удаагаа хийсэн. Энэ батарейн давуу тал нь юу байна?
-Миний өөрийн үндсэн суурь судалгааны ажил биш ч Цөмийн физикийн хүрээлэнгийн даргаар ажиллаж байхдаа анхдагч төслийн удирдагчаар ажиллаж байсантай холбогддог юм. Судалгааны ажлын үр дүнд батарей гаргаж авсан. Бидний гаргаж авсан батарей нэлээд сайн ажиллаж байна. Гүйдэл хүчдэлийг нь унагаад дахин сэргээж ашиглах боломж байна. Тийм учраас гарааны компани байгуулаад үйлдвэрлээд эхлэнэ. Товч маягийн батарей юм. Үүнийг гар утас, болон зурагны удирдлага зэрэгт хэрэглэж болно. Гэхдээ хуруу зай биш. Энэ бол литионы хэмээх сүүлийн үед их ашиглагдаж байгаа батарей. Литийн ионы батарейг хийхэд маш их судалгаа гарна. Түүхий эдээ гаргаж авахад маш их судалгаа хийнэ. Бэлэн юм авчраад хийхээр доторх түүхий эдийг мэдэхгүй. Материалаа гаргаж авч байгаа хольц байгаа. Тэрийгээ гаргаж авч ашиглаад батерей хийж байгаа.
-Батарейг нэг муудвал хаячихдаг. Энэ батарейг бол хаяхгүй дахин ашиглах боломжтой юм байна гэж ойлгосон?
-Нэг ашиглаад хаяхгүй. Олон дахин цэнэглээд ашиглах боломжтой. Цэнэглэдэг аппарат гэж байгаа. Түүнд өөрсдөө цэнэглээд ч барьж болно. Цэнэггүй батарей цэнэглэхээр эхлээд улаан асч байгаад сүүлдээ ногоон гэрэл асна. Нарны тусгалаар ажилладаг зайн проекторийн төсөл бидний эхлүүлсэн ажлын нэг. 1990-ээд оны эхээр хөдөөг гэрэлтүүлж байсан. Тухайн үедээ маш гайхалтай явдал болж байлаа. Өмнөговь аймагт нарны зайн хоёр ч томоохон төсөл хэрэгжиж байна. Бидний анхны гаргаж авсан нарны зайн батарей 450 ам.доллар. Сүүлд нь 100 мянган айлын нарны зайн төслийн хүрээнд энэ үнээсээ 30-50 хувь хямдруулсан. Хөдөөний айлууд одоо ч үүнийгээ хэрэглэдэг. Би саяхан нэг хөдөө айлд очсон жижиг телевизтэй, гэрэлтүүлгээ тавьчихсан бараг Улаанбаатараас дутаж байгаа юм алга. Их л сайхан санагдаж байлаа.
-Приус автомашины батарейг Монголдоо үйлдвэрлэвэл эрэлт хэрэгцээ их. Батарей хийж байгаа дээрээ тулгуурлаад автомашины батарей хийх нөөц боломж бий юу?
-Эрэлт хэрэгцээ их гэдэг нь үнэн. Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа би приус машины үйлдвэртэй очиж танилцаж байлаа. Үүний технологийг хийх амаргүй. Гэхдээ манай хүрээлэнгийн Сэвжидсүрэн гэдэг залуу суурь судалгаа хийж эхэлсэн байна лээ. Гол нь энэ технологийг Монголдоо нэвтрүүлэхэд маш их хөрөнгө хэрэгтэй.
-Батарей хийх технологи нь тийм үнэтэй байдаг юм уу. Яг юундаа үнэ нь байна?
-Эхлээд хүнээ бэлдээд, дараа нь технологийг нь эзэмшчихвэл болохгүй ч юм биш. Мөн суурь судалгааг маш сайн хийх хэрэгтэй.
-Дан ганц автомашины батарей биш гар утас, камер, компьютер зэрэг эрэлт хэрэгцээ ихтэй батарейг хийх боломж бололцоо хэр байгаа бол?
-Гадаадаас авахын оронд Монголдоо хийх юмсан гэж ярьдаг л даа. Үнэндээ эдгээрийг хийхэд ордог нарийн технологи гэж бий. Технологийг нь өөрсдөө эзэмшиж чадахгүй байвал, эзэмшээд мэддэг болсон хүмүүстэй засаг төр гэрээ хийгээд шуударвал болохгүй ч юм байхгүй. Түүнээс биш хүрээлэнгийн хэмжээнд эрдэмтэд дан ганц судалгаагаараа хийчих ч асуудал биш л дээ. Шинжлэх ухааны нээлт, амжилтын суурь нь судалгаа, урт хугацааны хөгжлийн цогц бодлоготойгоор байж хийгддэг. Манай улсын хувьд эрдэмтдээ дэмжихэд хөрөнгө оруулалт хийдэггүй. Урт хугацааны судалгааг эцсийн бүтээгдэхүүн болтол нь дэмждэггүй.
-Манай улс ураны тодорхой хэмжээний нөөцтэй. Үүн дээрээ түшиглэж ямар боломжийг ашиглах ёстой гэж та харж байна вэ?
-Манайд цахилгаан үйлдвэрлэж байгаа гол үүсвэр нь нүүрс түлдэг станц л байна. Аймгуудад нүүрс ашигласан өнөө л цахилгаан станцаа нэмж барина гэж байна. Энэ нь буруу. Нүүрснээс гарч байгаа хүлэмжийн хий болох хар утаа дээр очоод хар давхарга үүсгэдэг. Нарнаас ирж буй гэрэл сарниаж, хүлэмжийн хий байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулж улмаар дэлхийн дулааралд нөлөөлж байна. Эрчим хүчийг солонгоруулахын тулд олон үүсгүүрээс буюу усыг ашиглах, сэргээгдэх эрчим хүч, атомын цахилгаан станцын үйл ажиллагаа зэргийг нэрлэж болно.
-Өнгөрсөн хугацаанд та бүхний судалгаан дээр үндэслэн ямар нээлт, шинэ технологийн бүтээгдэхүүн гарч байв?
-Нарны зайн төсөл үүнд багтах байх. Зөвлөлтийн үед манай хийсэн электрон багажийг Орос руу авч байсан. Манай инженерүүд зөөврийн компьютер угсарч дотооддоо үйлдвэрлэж байлаа. Хими, физикийн чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний ажилтнуудын бас нэг зовлон нь бага цалинтайгаасаа болж хувийн компаниуд үнэ амлаад технологийн инженерээр ажиллуулчихдаг тал бас бий. Эрдэмтэн бидний хийж буй судалгаа нь эцэстээ дэлхий нийтийн шинэ нээлтийг гаргахад өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулдаг даа.
-Хүн болгон физикч, математикч болох ёстой, ёсгүй гэдэг тал дээр таны үзэл бодлыг сонсвол?
-Ерөнхий физикийг хүүхдүүдэд заахаас өөр ямар ч арга байхгүй. Физикийн хичээлийн ач холбогдол өндөр. Өөрөөр хэлбэл, цахилгаан соронзон орон яагаад гарч ирэв, хагас цэнэг нэмэх цэнэг хаанаас үүссэн гэх зэргийг ганцхан физикээс л мэдэж авна. Өөр юунаас ч биш.
-Дэлхий ертөнцтэй холбоотой сонин содон сайхан мэдээллээс та хуваалцаач?
-Дэлхий тэлсээр байгаа нь нотлогддог. Үүнээс хамааран янз бүрийн судалгаа явуулж байна. Бид учиргүй мухардалд орчихоогүй. Гэхдээ 100 хувь таньж мэдээгүй. Таталцлын харилцан үйлчлэл, цахилгаан соронзон орон, сул, хүчтэй харилцан үйлчлэл гэсэн дөрвөн зүйлийн нарийн учрыг олоогүй цагт дэлхий ертөнц, харилцан юмсыг бүрэн ойлгоход бэрх.
Бөөрийг дотоод эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх, амьдралын үндэс гэж үздэг. Бөөр бол тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай холбоотой эрхтэн юм. Бөөр муудахад хүний цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтдог. Бөөр нь хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн бөгөөд биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг өвчилсөн бөөр бүрэн зайлуулж чадахгүй болсноос хамаг өвчний шалтгаан болдог байна. Дашрамд дурдахад энэ өвчнөөр эмэгтэйчүүд өвчлөх нь элбэг. 35-45 насны хүмүүст архаг үрэвсэл илүү өндөр илэрч, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс гурав дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна. Энэ нь бүсгүйчүүд хүйтний улиралд доороосоо даардагтай холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн шээсний сүв богино байдаг нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг гэнэ. Манай улсын 10 хүн тутмын нэг нь бөөрний эмгэгтэй гэсэн судалгаа байдаг. Иймд бид бөөртэй холбоотой өвчин эмгэг яагаад гардаг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх болон өвдсөн тохиолдолд ямар төрлийн эмчилгээ хийх талаар “LUX Dialysis” эмнэлгийн тасгийн эрхлэгч, бөөр гемодиализийн их эмч, анагаах ухааны магистр Ш.Мөнхбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Тэр дундаа хүүхдүүдийн дунд гүйлсэн булчирхайн үрэвслээс болж бөөр өвдөх нь их болсон гэсэн яриа байна?
-Бөөрний архаг эмгэгийн тархалт жилээс жилд нэмэгдсээр байна. Бөөрний архаг эмгэг нь хүн амын дунд өргөн тархсан бөгөөд янз бүрийн шалтгаантай өвчний улмаас бөөрний үйл ажиллагаа алдагдсанаар бөөрний архаг дутагдалд хүргэж байна. Манай улсад бөөрний эмгэгийн тархалт эрүүл мэндийн сүүлийн 10 жилийн үзүүлэлтээр нийт хүн амын өвчлөлийн шалтгаан дотор гуравдугаар байр, хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн шалтгаан дотор тэргүүлэх байр эзэлж байна.
-Энэ төрлийн өвчлөл ихсэж, залуужиж байгаагийн гол шалтгаан нь юу байна вэ?
-Дэлхий дахинд хүн амын жилийн дундаж өсөлт 7% байгаагаас Азийн орнуудад хоёр сая хүн бөөрний архаг эмгэгээр өвчилж байгаагийн ихэнх нь залуу, хөдөлмөрийн насныхан эзэлж байна. Бөөр шээсний замын тогтолцооны өвчлөлүүд дотроос бөөрний үрэвсэлт өвчин 56 хувийг эзэлж байна. Үүнээс гадна бөөрний архаг үрэвсэлд 16-29 насны залуус илүү өртөмтгий байгаагийн зэрэгцээ эмэгтэйчүүд эрчүүдээс 2.6 дахин илүү өвчилж байна. Мөн бөөртэй холбоотой өвчлөлийн насны байдал 20-44 байгаа нь судалгааны явцад илэрсэн. Өвчлөл ихсэж, залуужиж байгаагийн гол шалтгаан нь бага насандаа хоолойны өвчнөөр ойр ойрхон өвдөх, шүд цоорох өвчнийг эмчлүүлэхгүй удаан явах, дороосоо даарах, цаашлаад хөдөлмөрийн насандаа ирэхээрээ өөрийн биеийн ачаалал даах чадвараас хэт хүндэдсэн ажил хөдөлмөр эрхлэх, хорт зуршилтай болох түүнчлэн зохисгүй хооллолт, таргалалт, эмийн замбараагүй хэрэглээ зэрэг нь ихээр нөлөөлж байна.
-Бөөрөө эрүүл байлгахын тулд юуг анхаарах ёстой вэ. Тухайлбал, хоол хүнс бөөрөнд нөлөөлөх үү?
-Нөлөөлөлгүй яахав. Бөөрөө эрүүл байлгахын тулд эрүүл, чанарын баталгаатай, өдөр бүр шинэ мах, ногоогоор бэлтгэсэн хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Хоол нь бөөрний үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцооны исэлдэлтийн бүтээгдэхүүнийг биеэс гадагшлуулах явцыг идэвхжүүлэх, эмгэг өөрчлөлтийг арилгахад ач холбогдолтой байдаг. Хамгийн чухал нь хоолны давсны хэрэглээг бууруулж, давсыг хоногт 5-7 граммаас хэтрүүлэхгүй хэрэглэнэ. Харин даршилж нөөшилсөн хүнс, архи согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, хоол амтлагч зэргийг хориглоно.
-Эрүүл хүн гэнэт бөөрний дутагдалд орох тохиолдол хэр их бий вэ. Урьдчилан сэргийлэх шинжилгээг ямар хугацаанд, хэдэн наснаас дээш хүмүүс өгч байх ёстой вэ?
-Ер нь хүүхэд ч бай, том хүн ч бай урьдчилан сэргийлэх үзлэгт жилд хоёр удаа хамрагдаж байх хэрэгтэй. Бөөрний өвчний урьдчилан сэргийлэлт нь анхдагч, хоёрдогч, гуравдагч сэргийлэлт гэж байдаг. Анхдагч сэргийлэлт нь зөв хооллолт юм. Тэжээллэг чанартай хоол хүнс хэрэглэх, ажил амралтын дэглэмээ зөв зохицуулах, аливаа үрэвсэлт өвчнөөр өвчлөхөөс сэргийлэх явдал байдаг. Өөрөөр хэлбэл, ямар нэг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргаас суралцаж, биеэ эрүүл авч явах хэрэгтэй гэсэн үг. Хоёрдогч сэргийлэлт нь бөөрний хурц өвчин, эмгэгийг богино хугацаанд гүйцэд эмчлүүлэх, бөөрний эмгэгийн хурцдал даамжирлаас урьдчилан сэргийлэх, давс багатай хоол хэрэглэх, алдсан хөдөлмөрийн чадвараа богино хугацаанд сэргээх, ажил хөдөлмөрийн чадвараа аль болох удаан хугацаанд хадгалахад чиглэгдэнэ. Гуравдагч сэргийлэлт нь тухайн өвчний онош бүрэн төгс батлагдсан тохиолдолд уг өвчнийг цааш нь даамжруулахгүй байх эмчилгээг тогтмол хийлгэж эмчийн заавар зөвлөгөөг дагах, эмчилгээний дэглэм сахих ёстой. Бөөрний өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь дулаан хувцаслаж, даарч хөрөхгүй байх явдал бөгөөд хоолой, ам залгиурын үрэвсэлт өвчин, амны хөндийн өвчин, шүдний өвчнийг цаг тухайд нь бүрэн төгс эмчлүүлж, хоол унд, ажил амралтаа зөв зохицуулах явдал юм.
-Танай эмнэлгийн хувьд бөөр орлуулах хичнээн аппараттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Өдөрт хэдэн хүн үйлчлүүлэх үү?
-Манай диализийн төв нь 2017 онд дөрвөн жилээр магадлан итгэмжлэхээ авсан албан ёсны биеэ даасан эмнэлэг юм. Манай аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл АНУ-аас ирсэн, чанарын өндөр түвшинг хангасан байгаа. Одоогоор нийт 12 аппарат бий. Өдөрт хоёр ээлжээр 24 хүн үйлчлүүлдэг бөгөөд байнгын 48 үйлчлүүлэгчтэй. 2017 оноос эхлэн үйлчлүүлэгчдийн гемодиализийн эмчилгээний зардлыг төрөөс хариуцдаг болсон ч жил бүр тендер зарлан үйл ажиллагаа явуулах эрх олгодог нь жаахан учир дутагдалтай санагддаг. Манай улсад нийт 700 орчим бөөрний дутагдалтай хүн байгаа ч жил бүр 100 гаруй хүн шинээр нэмэгдэж оношлогддог. Иймд Эрүүл мэндийн даатгалд хамрагдчихвал тухайн байгууллага болон үйлчлүүлэгчдэд дараалал, хүлээгдэл үүсэхгүй амар хялбар болно гэж боддог.
-Даралт ихэсч, багасах нь бөөртэй холбоотой юу?
-Бөөр нь артерийн даралтын зохицуулгад олон талын үүрэг гүйцэтгэдэг учраас бөөрний эмгэгийн үед цусны даралт ихсэх шинж тэмдэг ямар нэг хэмжээгээр илэрдэг. Цусны даралт ихсэх нь далд хэлбэрээс эхлэн тогтвортой өндөр хорон байдлаар явагдаж болно. Бөөрний гипертензийг шалтгаанаар нь цуллаг эдийн /ренопаренхиматоз/ ба бөөрний артерийн судасны /вазореналь/ гэсэн хоёр том бүлэгт хуваадаг.Бөөрний түүдгэнцрийн цочмог, архаг үрэвслүүд, завсрын эдийн эмгэгүүд, хоёрдогч нефропати, амилоидоз, поликистоз, хавдар, гипоплази гэх мэт цуллаг эдийн өвчнүүд нь бөөрний даралтын шалтгааны дийлэнх буюу 70 хувийг эзэлдэг. Эдгээрийн дотроос бөөрний түүдгэнцрийн үрэвсэл голлох шалтгаан болдог.
-Манайхан “Бөөрний үрэвсэлтэй” гэчихээд тоодоггүй. Энэ нь бөөрний дутагдалд ороход нөлөөлөх үү. Ямар тохиолдолд бөөрний дутагдалд ордог юм бэ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?
-Бөөр өвдөхөд заавал эмчид үзүүлж, шаардлагатай гэсэн шинжилгээг өгч, эмчийн заавраар эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хүн бүр адилгүй учир ямар онош тавигдсан байна, түүний дагуу эмчийн зөвлөсөн эмчилгээг хийлгэх ёстой. Бөөрний үрэвсэлтэй байна гэдгээ мэдсэн мөртлөө тоохгүй яваад л байдаг, яваад л байдаг. Ямар ч дэглэм сахихгүй, ямар ч эмчилгээ хийлгэхгүй, эсвэл хэн нэгэн хүнээс сайн гэсэн эмийг дураараа авч хэрэглэсэн зэргээс үүдэлтэй бөөрний өвчнөө архагшуулж орхидог. Энэ нь цааш даамжирсаар бөөрний архаг дутагдалд хүргэдэг. Бөөрний архаг дутагдалд оруулдаг олон янзын өвчин байдаг. Гол шалтгааны 60-70 хувийг гломерулонефрит, пиелонефрит эзэлж байна. Бөөрний архаг дутагдал нь хоёр бөөрийг хамарсан давшингуй явцтай архаг өвчний улмаас бөөрний бүтэц, үйл ажиллагааны хомсдолоос үүссэн эмнэл зүй, лабораторийн иж бүрдэл хам шинж юм. Нийт нефроны 50 хувь ажилгүй болоход клиник шинж илрэхгүй. Шүүлтийн түвшин 30-40 хувь болоход азотын бодис эрс өсөж, эхний шинжүүд илэрдэг. Манай улсад бөөрний архаг дутагдалтай хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа учраас эрт үед нь илрүүлэг хийх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах шаардлагатай байгааг харуулна.
АШУҮИС-ийн Олон улсын Сайбер их сургуулийн захирал анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэнтэй ярилцлаа.
-Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнүүд, тэр дундаа ундаа шүүсний чихэрлэгийн хэмжээ маш өндөр байдаг. Танай багийн хийсэн судалгааны үр дүнгээс бидэнтэй хуваалцана уу.
Манай баг 2015-2017 онд УБ хотын 2100 орчин сургуулийн сурагчдын чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судалж үзэхэд 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөрт ууж буй шингэний 1/3-2/3 нь чихэртэй ундаа, ус, цай эзэлж байна. НЭМҮТ –өөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28 хувь болж 7 дахин нэмэгдсэн байна. Энэ судалгаагаар 15-49 насны эрчүүд, эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь илүүдэл жин, таргалалтай байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал болж байна.
Илүүдэл жин, таргалалтанд хүргэдэг олон хүчин зүйлийн нэг нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ, тэр дундаа чихэрлэг хүнс, ундааны хэрэглээ юм. Сургуулийн орчинд зарагдаж буй шингэний дийлэнх нь чихэртэй, хийжүүлсэн ундаа, шүүс мөн чихэр, жигнэмэг, шоколад байдгийг бид мэднэ. Судалгаанд хамруулсан сурагчдын хувьд ялангуяа тарган, илүүдэ жинтэй хүүхдүүдийн ууж буй шингэний дийлэнх нь чихэрлэг ундаа, мөн чихэр,жигнэмэгийн хэрэглээ хэвийн жинтэй хүүхэдтэй харьцуулахад 2-5 дахин их байсан.
Бид импортын болон дотоодын үйлдвэрийн 39 нэр төрлийн чихэрлэг ундаанд агуулагдаж буй сахарын хэмжээг тодорхойлоход хийжүүлсэн ундаанд 100 мл-т 11.5г, жимсний ундаанд 11.0 г, амтлаг усанд 4.8 г, хүч тамирын ундаанд 14.9 г байсан. Ундааны шошгонд бичсэн сахарын агууламжийг хийсэн шинжилгээний үр дүнтэй харьцуулахад 13 бүтээгдэхүүнд сахарын агууламж шошгонд тусгаснаас 20 хүртэл хувиар өндөр тодорхойлогдсон.
Эдгээр үр дүнгээс харахад яаж энэ хэрэглээг бууруулах вэ, ууж буй шингэн дэхь сахарын агууламжийг хэрхэн хязгаарлах вэ гэсэн асуудал гарна. Үүний тул хэрэглэгчид болох хүүхдүүд, насанд хүрэгчид бид өөрсдөө “Зөв хэрэглээ”-нд сурах буюу ус, хярам, цай зэрэг чихэргүй шингэн уух, үйлдвэрлэгчид бүтээгдхүүнийхээ сахарын агууламжийг багасгах, шошгонд түүний агууламжийг зөв бичих нь чухал.
Чихэрлэг ундааны хэрэглээ маш их, таргалалт илүүдэл жин сүүлийн 5 жилд эрчимтэй нэмэгдсэн байна. Та бүхэн судалгаа хийж, чихэрлэг ундаанд татвар ногдуулах хэрэгтэй талаар зөвлөж байгаа юм байна. Татвар ногдуулсан бусад орны туршлага, амжилт юу байна.
ДЭМБ-аас 2016 онд бүх улс орнуудад хандан таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор чихэр нэмсэн ундаанд хамгийн багадаа 20%-ийн татвар ногдуулахыг уриалсан байдаг.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах замаар илүүдэл жин, таргалалттай үр дүнтэйгээр тэмцэхийг зөвлөмж болгосны дагуу АНУ-ын ихэнх муж, Австрали, Мексик, Чили, Дани, Финлянд, Норвеги, Франц, Их Британи, Ирланд, Номхон далайн арлын орнууд, БНСУ, Камбож, Өмнөд Африк зэрэг дэлхийн олон улсад чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулаад байна.
Эрүүл зохистой хооллолт, ус ундааны зөв хэрэглээ зэрэг ХБӨ-өөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн болон төсвийн бодлогын үр нөлөөг үнэлэх зорилгоор ДЭМБ-ын хийсэн сүүлийн үеийн 11 тойм судалгаанаас үзэхэд чихэрлэг ундааны татварын үр дүнд түүний хэрэглээ 20-50% буурдаг нь нотлогдсон байна. Татварыг чихэрлэг ундаанд тогтоон харин түүнийг орлох бүтээгдэхүүн жимс, ногооны хэрэглээг дэмжсэн нь тэдгээрийн хэрэглээг 10-30%-иар нэмэгдүүлдэг байна.
Тухайлбал, Мексик улс таргалалт, чихрийн шижингийн тархалттай дэлхийн хэмжээнд хамгийн өндөр улсад тооцогддог. Иймээс Мексикийн Засгийн газраас 2014 оноос чихэрлэг ундаанд 10%-ийн татвар ногдуулсан. Энэ татварын бодлогын үр дүнд дараагийн арван жилийн хугацаанд илчлэгийн хэрэглээг нэг хүнд хоногт 8.38 ккал-аар бууруулж, илүүдэл жингийн тархалт, чихрийн шижингийн өвчлөлийг бууруулах боломжтойг тооцоолон амжилттай хэрэгжүүлж байна. Мексик улсад чихэрлэг ундааны татвар нэмсэнээс хоёр жилийн дараа чихэрлэг ундааны худалдаанд хийсэн дүн шинжилгээгээр эхний жилд 5.5 хувь, дараагийн жилд 9.7 хувь буурсан. Мөн татвар ноогдуулсан бүтээгдэхүүний үнэ дунджаар 10-12 хувь нэмэгдсэн бөгөөд хэрэглээ 10 хувиар буурсан нь тамхины татвараас илүү үр дүнтэйг харуулсан. Нийтдээ чихэрлэг ундааны татвар 2014 онд нэмсэнээс хойш MXN 107.2 тэрбум ($5.7 тэрбум) болж өссөн байна. Мекскийн хувьд энэхүү нэмэлт орлогыг ундны усны хангамж нэмэгдүүлэхэд зориулж, тухайн орны бүх сургуулиудад цэвэр усны цорго суурилуулсан байна.
Чихэрлэг ундаанд татвар ноогдуулах тооцлолыг хэрхэн хийсэн бэ. Хэдэн хувиар татвар ногдуулах, түүний эдийн засгийн болон эрүүл мэндийн үр өгөөжийг хэрхэн харж байна. АШУҮИС-ийн НЭМС-ийн судалгааны баг 2015 оноос эхлэн чихэрлэг ундааны хэрэглээ, түүний эрүүл мэндийн эрсдлийн судалгааг эхлүүлсэн бөгөөд 2017 онд ЭМЯ, ДЭМБ-тай хамтран энэ судалгааны үр дүнд тулгуурлан чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах тооцооллыг хийсэн. Татварын тооцоолол хийхдээ хилээр орж ирсэн ундааны импортын болон дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ, жижиглэлийн үнэ, борлуулалтын хувь зэргийг харгалзан олон улсад ашигладаг стандарт арга болох “TaxSim” загварыг ашигласан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах зөвлөмжийг 2016 онд өгсний дагуу манай улсын Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газарт чихэрлэг ундааны зах зээлийг судалж, татварын боломжит хувилбаруудыг тооцоход техникийн туслалцаа үзүүлэх хүсэлтийг тавьсан. Энэ хүсэлтийн дагуу АШУҮИС, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Эрүүл мэндийн яамны бүрэлдэхүүнтэй гарч “Чихэрлэг ундаанд татвар ногдуулах” тооцооллыг хийж үр дүнг холбогдох талуудад танилцуулах уулзалтыг бид 2018 оны зургадугаар сарын 1-нд зохион байгуулсан. Тооцооллыг хамтрагч, хэрэгжүүлэг талууд эерэгээр хүлээн авч даруй хэрэгжүүлэх нь зүйтэй байгаа талаар санал, зөвлөмж гаргасан.
Бид чихэрлэг ундааны онцгой татварыг 10, 20, 30 хувиар нэмэхээр тооцож үзсэн. . Тухайлбал 20%-ийн онцгой татвар ногдуулахад л татварын орлого зөвхөн нэг жилд 98.4 тэрбум төгрөг байх ба улсын төсвийг мөн хэмжээний төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой. 20 хувийн онцгой татвар тогтоосны үр дүнд жилд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой тооцоолол гарч байна. Онцгой татвар ногдуулахын цаад мөн чанар нь үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэж буй ундааны сахарыг багасгах, гаднаас оруулж ирэх хувийг бууруулах, харин түүнийг орлуулах эрүүл хүнс жимс, ногооны хэрэглээг дэмжих, нөгөө талаар хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловрсол олгох, сургуулийн орчинд эрүүл хүнс ундаа борлуулах зэрэгт чиглэсэн боловсролын интервенцийг дэмжихэд чиглэдэг байна. Тэрнээс биш татварын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг шууд хязгаарлах гэдэг талаас харах нь өрөөсгөл бөгөөд ямар ч бодлого, шийдвэрийг зөв хэрэгжүүлэх, түүнд тавих хяналт их чухал.
-Манай улсын хувьд чихэрлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хэр өндөр байна вэ?
-Манай улсад чихэрлэг ундааны зах зээлд дотоодын үйлдвэрлэл голлох байрыг эзэлж байгаа. Дэлхийд чихэрлэг ундааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Кока Кола” компани 2001 онд Монгол Улсад салбар үйлдвэрээ нээснээр чихэрлэг ундааны дотоодын үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Манай орны хүн амын нийт нас баралтын дотор зүрх судасны өвчний шалтгаант нас баралт 1/3 хувийг эзэлж, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 55%-ийг зөвхөн зүрх судасны эмгэгтэй өвчтөнүүд эзэлж, жил бүр дунджаар 57 тэрбум төгрөгийг зөвхөн энэ өвчнийг эмчлэхэд зарцуулж байна. Энэ нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Манай улсад чихэрлэг ундааны борлуулалт сүүлийн таван жилд тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30%-иар, жимсний шүүстэй харьцуулахад хийжүүлсэн ундааны үйлдвэрлэл эрс өссөн. Мөн Монгол Улсын 2012 оны өрхийн чихэрлэг ундааны зардлыг 2015 оныхтой хурьцуулахад 41 хувиар өссөн нь ноцтой үзүүлэлт. Энэ нь хэрэглэгчийн эрүүл мэнд ноцтой үр дагавар хүрэхийг сэрэмжлүүлж байгаа баримт. Өвчилсөн үеийн оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх зардал нь асар их бөгөөд харин сэргийлэх, хамгаалах, хянахад чиглэсэн бодлогын зөв мөн цаг үеэ олсон шийдэл, шийдвэр нь зардал бага ч үр дүн нь хэмжээлшгүй их байдаг. Иймээс НЭМ-ийн салбарынхан бидний үүрэг бол бодлогын энэ мэт судалгааг хийн төр засгийн зүгээс оновчтой шийдвэр гаргах нотолгоог бүрдүүлэх, тэднийг энэ чиглэлд ажиллахыг шахах шаардахад чиглэдэг.
-Зөвхөн ундаа төдийгүй хүнсний боовон бүтээгдэхүүнүүд нялуун, чихэрлэг амттай байна. Ааруулыг хүртэл их чихэртэй хийх юм. Чихрийн агууламж өндөртэй бүх бүтээгдэхүүнд татварын бодлого хэрэгжүүлэх ёстой юу?
-Ер нь чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулснаар хаяг шошгон дээр тэмдэглэгээ хийх, мөн үнийн хувьд ялгаатай байдлаар хэрэглэгчдэд хүрнэ. Тиймээс хэрэглэгчдэд зөв сонголт хийж худалдан авах боломжийг олгох юм. Юуны өмнө чихрийн агууламж өндөртэй ундаанд татварыг ногдуулах замаар эхлүүлье гэсэн санаачилгыг судалгааны дүнгээс хамаарч гаргасан байгаа юм. Хүн өдөрт доод тал нь 1.5-2 литр шингэн уудаг. Гурилан бүтээгдхүүн боорцог, мөн аарц,ааруул, зайрмаг гэх мэт хүнсний бусад бүтээгдэхүүнийг бодвол хүний шингэний хэрэгцээ харьцангуй илүү байдаг учраас эхлээд юуны өмнө ундаа, шүүсэнд татвар ногдуулж эхлэх тухай хөндөх нь чухал. Цаашлаад дараа дараагийн чихэр агуулсан бүтээгдэхүүнүүд дээр яригдана. Хүүхдүүдийн дунд эрүүл шүдтэй хүүхэд ховордсон нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. Тэгэхээр өвчилсөн, хорхойтсон шүд, эмгэгшсэн эрхтэнтэй зууралдах бус түүний шалтгаан болж буй хүчин зүйл, эрсдлийг бууруулах нь хамгийн зөв шийдэл. Энэ дашрамд дурдахад эрүүл элэг хөтөлбөрийн хувьд өвчилсөн элэгтэй хүмүүсийг эмчилж тэдний амьдрах хугацааг уртасгах, эрүүлжүүлэхэд асар их хөрөнгө зарахаас илүү эрсдэл болоод буй вирусийн халдвар тархах эрсдэл, замыг таслах нь гол анхаарах зарчим нь юмаа.
Чихэрлэг ундаанд татварыг улс орон бүр эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн болон нийгмийн орчноос хамааран олон түвшинд, олон хувилбараар тогтоосон байдаг. Зарим улс татварыг зөвхөн зөөлөн ундааг хамруулан тогтоосон байсан бол зарим нь нэмэгдэл сахартай бүх төрлийн ундаанд болон тэдгээрийг бэлтгэх түүхий эдэд ногдуулсан байгаа. Татварын түвшин улс орон бүрт өөр өөр байсан. Тухайлбал АНУ-ын янз бүрийн мужид татварын хэмжээг 0-7 хувиар тогтоосон байлаа. Онцгой татварын хэмжээ Бабадос, Камбож, Лаос, Соломоны арлууд, БНСУ-д 10 хувиар тогтоосон бол хамгийн өндөр түвшинг Өмнөд Африк (20 хувь), Бангладеш (25 хувь), Микронезийн холбооны улс (25 хувь), Кирибати (40 хувь) улсуудад тогтоосон. Номхон далайн арлын орнуудад чихэрлэг ундаанд импортын татвар тогтоосон байсан.
-Чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хүний биед ямар хор хөнөөлтэй байгааг судалгаагаар тогтоосон уу?
-Чихэрлэг ундаа нь шимт чанаргүй бөгөөд энгийн нүүрс-ус ихээр агуулсан бүтээгдэхүүн юм. Чихэрлэг ундааны хэрэглээ илүүдэл жин, таргалалт, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, цусны даралт ихсэх, цус харвалт, зүрхний шигдээс, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Манай улсад таргалалттай холбоотой үүсдэг халдварт бус өвчнүүд хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд эдгээр эмгэгүүдийн шинэ тохиолдол 2004-2015 оны хооронд хоёр дахин нэмэгдсэн. Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт жил бүр 100 мянган хүн тутамд 500-гаас дээш тоогоор тохиолдож байгаа нь Монгол Улсыг зүрх судасны эмгэгээр нас барж байгаагаар нь дэлхийд тэргүүлэгч улсуудын тоонд оруулж байна. Чихэрлэг ундаанд элсэн чихрийн нэмэлттэй бүх төрлийн зөөлөн ундаа, хийжүүлсэн ундаа, жимсний ундаа, кофе, цай, хүч тамирын ундаа, спортын ундаа, амтлаг ус багтдаг. Энэ төрлийн ундааны хэрэглээ нь зөвхөн хөгжингүй улс орнуудын төдийгүй бага болон дунд орлоготой улс орнуудын хүмүүсийн элсэн чихрийн хэрэглээний гол үүсвэр болоод байна. Зах зээлийн судалгааны бие даасан агентлагаас судлахад чихэрлэг ундааны 100 мл тутамд ойролцоогоор 4гр-аас 13гр хүртэл хэмжээтэй элсэн чихэр агуулагддаг. Чихэрлэг ундаа нь хэрэглэсний дараа бусад хүнстэй адил цадах мэдрэмж төрүүлдэггүй. Иймд хэрэглэчид чихэрлэг ундаанаас авсан нэмэгдэл илчлэгийг бусад хүнсний хэрэглээгээ бууруулах байдлаар орлуулдаггүй. Чихэрлэг ундааг хэт их хэмжээгээр уух нь энгийн нүүрс усны хэрэглээг ихэсгэдэг. Үүний үр дүнд цусан дахь триглиферидийн хэмжээ болон цусны даралт нэмэгдэж, өндөр нягтралтай липопротейдын хэмжээ буурч, зүрх судасны эмгэгийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Мэдээж шүдийг гэмтээхэд нөлөөлж байна. Ундаа, шүүс шүдийг хамгийн ихээр гэмтээдэг. Тэр тусмаа одоогийн хүүхдүүд шүд их муутай болсон нь ундаа, шүүстэй холбоотой байхаас аргагүй. Хүний шүд сайн биш байгаа бол хүний эрүүл мэнд төдийлөн сайн байхгүй нь ойлгомжтой.
-Хэрэглэгч нар чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнийг ялгаж таних боломж өнөөдөр манайд алга байна. Худалдан авагч нар энэ ялгааг хэрхэн таних ёстой юм бэ?
-Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах анхны алхам болох эдийн засгийн хувьд тохиромжтой арга болох чихэрлэг ундааны онцгой татварын системийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Одоогоор манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа чихэрлэг ундааны сахарын агууламжийг заасан стандарт, лавламж хэмжээ байхгүй байгаа.
Нөгөө талаас сахарын агууламжаар ялгаатай чихэрлэг ундааны дотоодын үйлдвэрийн болон импортын хэмжээ, худалдаа борлуулалтын статистик тоо баримт хангалттай байхгүй байгаа тул бид чихэрлэг ундааны татварын тооцооллыг хийхдээ уг бүтээгдэхүүнд агуулагдах сахарын хэмжээг харгалзан үзэх боломжгүй байсан. Цаашид статистикийн нарийвчилсан мэдээлэл бий болсон тохиолдолд сахарын агууламжаас хамааруулан татвар ногдуулах төрөл бүрийн хувилбараар тооцоолол хийх боломж бүрдэнэ. Хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгааны бодлогын үнэлэмжийг ярьж байхад хар шошготой бүтээгдэхүүн гэж байдаг юм билээ. Тэр бүтээгдэхүүн нь эрүүл бус хоолнууд гэдгийг шууд илтгэнэ. Хүүхэд тэрхүү шошгыг харснаар энэ нь эрүүл бус бүтээгдэхүүн байна гэж ойлгодог туршлага гадныханд байдаг. Манайд одоогоор тийм үйлчилгээ байхгүй учраас тодорхой шошгоны үйлчилгээг оруулах саналыг юуны өмнө тавьж байгаа.
“Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын үндэс” нэртэй номын талаар уншигчийнхаа хувьд сэтгэгдлээ бичье. Энэхүү ном нь юу еврей хүмүүсийг хамгийн шилдэг нь болгосон бэ? гэдгийг харуулах зорилгоор бичигдсэн, БНСУ-ын зохиолч Ку Жэ Хаг-ийн бичсэн ном юм. Номын эхэнд еврей боловсролын эх үндэс болдог еврейчүүдийн түүх, ёс зүй, гүн ухааны талаар бичсэн зохиол “Талмуд” номын зохиолч Марвин Токаертай хийсэн ярилцлагыг нийтэлжээ. Уг номын ерөнхий бүтэц нь “Гэр бүлийн боловсрол”, “Суралцах чадвар”, “Хүн чанарын боловрол”, “Ирээдүйн амьдралын зөвлөгөө” гэсэн бүлгийн дор 30 гаруй сэдэв болгон задлан бичигдсэн хүүхдийг хүмүүжүүлэх арга ухааныг хүүрнэжээ. Еврей боловсролын суурь буюу хүүхдийн боловсролын үндэс бол гэр бүлийн боловсрол гэж үздэг. Еврей хүмүүс хүүхдэдээ хичээл хий гэж хэлдэггүй. Хичээлээ хийж эхлэхээс нь өмнө хүүхэд өөрөө ухамсарлаж ойлгохуйц тайлбар, эсвэл түүх заавал ярьдаг. Зочны өрөөндөө телевизийн оронд ном байрлуулдаг. Хүүхэд багаасаа эхлэн нас биенд хүртлээ телевизийн хөтөлбөрөөс зөвхөн хүүхдэд зориулсан хөтөлбөр үзэх ёстой гэсэн ухамсраар өсч торнидог. Ер нь хүүхэд эцэг, эхээ харан тэдний хийж буй үйлдлийг нь байгаагаар нь хуулбарлан дуурайдаг учраас юуны өмнө эцэг, эхчүүдийн үлгэрлэл юунаас ч эрхэм чухалд тавигддаг. Боловсрол олгох чухал хэсгийн нэг бол эхнэр, нөхөр хоёр бие биенээ хайрлан халамжилж буй дүр төрхөө хүүхэддээ харуулах байдаг. Суралцах чадварын тухайд зөгийн балаар бичдэг цагаан толгойн үсэг, оньсого таавраар дамжуулан үг сургадаг. Унтахаас өмнө хүүхдэдээ өдөр бүр 15 минут ном уншиж өгөх гайхалтай аргыг хэрэглэнэ. Хүүхдийг нэг наснаас нь эхлэн ном уншиж сонсгох ёстой. Давхар хэлний боловсролоор хүүхдийнхээ гадаад хэлний чадварыг сайжруулдаг. “Талмуд” хэлбэрийн ярилцлагын аргыг ашиглан хүүхдийнхээ асуултад хариулахаас илүүтэйгээр хүүхэддээ асуулт тавих аргыг ашигладаг. Еврей боловсролын суурь гэгддэг “Талмуд”-ын тухай дурдахад энэ нь 5000 жилийн түүхтэй ном бөгөөд V-VII зууны үед амьдарч байсан шашны удирдагч багш нарын хууль зүй, ёс зүй, оюун ухаан, түүхийн талаар хэлэлцэн тэмдэглэн үлдээсэн 63 ном бүхий 12 мянган хуудас том ном байдаг. Еврей хүмүүс үг уншиж сурахаасаа эхлэн “Талмуд” номоо эцэг, эхтэйгээ хамт өдөрт хоёр нүүрийг уншин долоон жилийн хугацаанд бүрэн уншиж дуусгадаг. Үүний дараа насан эцэстлээ давтан давтан уншина.
“Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын үндэс” номд дурдсанаар хичээл ном бол холын зайн гүйлт, эцэг эх бол дасгалжуулагч гэж үздэг байна. Тэд хүүхдийнхээ насны онцлогт тохируулан эмх цэгцтэйгээр боловсрол олгодог. Хүүхдэд зааж хэлж өгөөгүй байсан ч тэд дэлхий ертөнцийн талаар сонирхон судалж, эрэл хайгуул хийж эхэлдэг учраас хүүхдийн сониуч занг маш чухалд тооцдог. Сонирхлыг нь нэмэгдүүлэх анхан шатны боловсролд ашиглах хэрэгсэл бол “сонирхолтой яриа” юм. Сурагч бүр жилд тэдэн ном унших ёстой гэсэн даалгавартай. Ном уншсаны дараа товч агуулгыг заавал бичиж тэмдэглүүлдэг. Еврей хүмүүс буюу Израильчууд хүүхдээ 13 нас хүрэнгүүт насанд хүрсэн гэж үзэн хариуцлагыг үүрүүлж эхэлдэг. Насанд хүрсэн баярын өдрөө тухайн хүүхэд өнгөрсөн 13 жилийн хугацаанд юу сурсан гэдгээ бүх ах, дүү хамаатан садныхаа өмнө тайлагнаж илтгэл тавьдаг. Энэ үеэр баярт ирсэн зочид мөнгө өгдөг. Цугларсан мөнгийг хадгаламжид хийх, эсвэл өндөр хүүтэй зээлүүлж нийгмийн харилцаанд орох үед эцэг, эх нь хүүхдэдээ эргүүлээд өгдөг байна. Нацист Германы дор тарчилж зовж байсан түүхийг заавал ярьж өгч, энэ талаар огтхон ч мартаж болохгүйг сануулдаг. Мөн эдийн засгийн боловсролыг хүүхдээ төрөөд найман сар болсны дараа буюу алхаж эхлэхээс нь заана. Зоосон мөнгөний сав руу өглөө, орой найман сартай хүүхдээрээ мөнгө гарт нь атгуулан хийлгүүлдэг. Хүүхдээ сургуульд орохоос нь өмнө буюу таван наснаас нь эхлэн хүүхдэдээ ойр зуурын хэрэгцээнийх нь мөнгийг өөрт нь өгдөг. Гэхдээ уг мөнгийг хэрэглүүлэх зорилгоор биш, хадгалуулах зорилгоор өгдөг. Энэхүү номоос уншигч миний тусгаж авсан гол зүйл гэвэл эх хүн гэдэг бол гэр бүлийн суурь хөрс. Эцэг хүний оролцоо ч гэсэн гэр бүлд ээжээс дутахааргүй чухал. Бүх зүйлд үлгэрлэн заан чиглүүлэх нь хамгийн том багш байдаг гэдгийг сайтар ухамсарлуулахаар юм билээ. Еврей боловсролын тухай өгүүлсэн энэ номын гол онцлог нь эцэг, эхийн хандлага, харилцаа, хүүхдээ хүмүүжүүлэх аргад санаа өгөхүйц олон жишээ баримтад тулгуурлажээ.
1990-ээд оны эхээр Монгол Улсын хэмжээнд Баянхонгор аймгийн Галуут сумын малчин “баян” Ц.Шарав, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын малчин “алтан” Мажиг нар хамгийн анхны мянгат малчин, олон малтай гэдгээрээ алдартай байв. Тухайн үед Баянхонгорын “баян” Шарав төчнөөн малтай, банкиндаа хадгаламжтай баян хүн юм гэнэ лээ гэсэн яриа хүмүүсийн амнаас ам дамжигдан яригдаж хөөрөгнийх нь үнэ цэнэтэйг шагшин ярих нь халгүй байсан гэдэг. Социализмын үеийн нэгдлийн мал хувьд шилжсэнээс хойш Монголын хамгийн анхны олон малтай гэдгээрээ олны анхааралд орж байсан Монгол Улсын гавьяат малчин Цамбажавын Шарав бол өнөө цагийн бизнесмэн хүний ажилсаг зан чанар, амьдралын хэм хэмнэлийг нэвт шингээсэн холч ухаантай малчин хүн байсан гэдэг нь харагддаг.
Ц.Шаравыг унтаж амарч байхыг нь хараагүй гэж нутгийнхан ярьдаг байсан. Өглөө 04 цагаас босч үдэш орой шөнө дундаас хойш унтаж амардаг. Нэг хормыг ч гэсэн зүгээр сууна гэж байхгүй. Гэрт орсон ч аяга, шанага эргэлдүүлж, гарч явахдаа ч гартаа сур нухаж зөөлрүүлэн амьдралын цаг хором бүрийг гар хумхилгүй хөдөлмөрлөдөг байсныг нь миний өөрийн авга ахын хувьд сайн мэдэж байгаа учраас хэлж байгаа юм. Ц.Шарав эцэг, эхээс айлын найман эрэгтэй хүүхдийн дээрээсээ хоёр дахь нь. Хар багаасаа аав, ээжийнхээ сургаалиар ажил хийж сурсан, охингүй айлын хувьд эмэгтэй хүний хийдэг үүрэгт ажлыг найман банди нар ер түүртэхгүй хийж өссөн гэдэг. Ц.Шаравын аав Цамбажав, ээж Ичинхорлоо нар нь нутаг усандаа нэр хүндтэй, ажилсаг гэдгээрээ танигдсан. Бурхан шашныг дээдэлдэг, түвд болон монгол бичиг, криллээр ном уншдаг муухан ламаас дутахгүй номын өндөр боловсролтой хүмүүс байсан юм.
Намайг бага байхад Улаанбаатар хотод авга ах Ц.Шарав маань үе үе ирдэг байв. Ингэхдээ том хар цүнхтэй ирнэ. Цүнхэндээ дүүрэн мөнгөтэй, банкинд тушаачихаад явна. Малчин хүний цаг наргүй их ажлын дундуур хотод хааяадаа ирдэгийн учир нь махны үйлдвэрүүдэд малаа тушаачихаад явдаг байсан юм билээ. С.Дэлэг захирлыг “Мах импекс”-ийн захирал байхад 1000 эр хонь тушааж байсан тухай нь дурссан байдаг юм билээ. Тухайн үед үндэсний махны томоохон үйлдвэрүүдэд найдвартай, чанартай мал тушаадаг малчин цөөн ч байсан байх. Нэгэн удаа авга ах маань гэрт ирчихсэн аавтай жаал жуул юм ярилцаад сууж байсныг нь санаж байна. Аав маань төрсөн дүүдээ олонтой яваарай гэдгийг нь онцлон хэлж, малын буяныг дагаж ирэх их мөнгөнд эвдэгдэхгүй байх тухай зэмлэнгүй бөгөөд сургах шинжээр ярьж байсныг нь тод санаж байна. Ц.Шаравыг айхтар ясны ажилтай, хөдөлмөрч гэдгийг хүмүүс андахгүйн зэрэгцээ “нарийн айхтар” хүн гэж нэрлэчихдэг байсан тал бас бий. Яагаад гэвэл Монголын хамгийн их малтай, баян хүн байж зундаа малын амь тасалж шөлний мах нэг ч гаргахгүй. Хүн харахад хар мянган олон малтай байж харагдсан тааралдсан хүмүүстэй тэр их хониноосоо май гээд ч өгчихгүй гэж ирээд л тэрүүхэндээ муулчих хэмжээний сэдэв гаргаад ирдэг байж.
Хар хөлсөө дуслуулан олсон мөнгөө арвилан хямгадаж зарцуулж байгааг нь хараад олонтой хүн гэдгээрээ алдартай Багшийн дээд сургуулийн багш аав маань ахын хувиар дүүгээ олноос ганцаараа байх вий санаа зовсондоо зэмлэж байсан биз. Гэхдээ баг, бригад, сумын төвийн ойн арга хэмжээ зэрэг орон нутгийн хандив тусламжид хамгийн түрүүнд гар сарвайж өгдөг байсан. Тухайн үед нэг сая төгрөг өгчээ гэж дуулддаг л байв. Магадгүй одоо ухаад бодох нь ээ, хээр хаягдсан өнчин өрөөсөн ядарсан ганц нэг малыг малч хүний мал хайрлах ухаанаар өсгөж өндийлгөснийг нь хүртэл “Мөн айхтар хүн шүү” гэж ирээд хэлэх, харах хүн тухайн үед одоогийнхоос лав олон байсан даа.
Ах минь малаа л гэхээс биш олны дунд орж, налайж үзээгүй. Архи дарс огт хэрэглэдэггүй байж байгаад хожим багахан амсах төдий ууж “сурсан” байх. Айргийг бол сайн ууна. Зундаа айраг нэрж айргаараа хоол хийчихнэ. Дандаа л ажиллаж хөдөлмөрлөж байдаг хүний хувьд бие эрүүл, булчин шөрмөс сайтай одоогийн фитнессээр хичээллдэг хүмүүсээс ер дутахгүй эрүүл чийрэг хүн байсан. Монголын хамгийн, хамгийн гайхамшиг гэж нэрийдсэн Гиннесийн амжилтыг дуурайсан улсыг хамарсан томоохон арга хэмжээ болоход Монголын хамгийн олон малтай гэдгээрээ шалгарч хотод ирэх үеэр Төв аймгийн харьяат улсын сайн малчин Ц.Хэнмэдэх гуай тааралдаад “Шарав, чиний талаар их л олон зүйл сонсч дуулж байснаас дэргэдээс чинь харж явсангүй. Чамайг чинь ахмад хүн байдаг юм болов уу гэж бодож байсан юм. Ид хийж бүтээдэг сайхан идэр насан дээрээ байна даа” гэж хэлээд уулзаж байсныг нь төрсөн дүү нь хамт явсан тул гэрчлэн ярьсан юм. Ц.Шарав дуу цөөтэй. Тэр болгон олон юм яриад байхгүй. Дотроо их бодолтой дороо суурьтай.
Тэр үед Улаанбаатар хотод “Буян” Жаргалсайхан энэ тэрээс эхлээд баян хөрөнгөтэй хүмүүс цөөн. Болвол мөнгөтэй төгрөгтэй нэгнээ ад үзчих хэмжээний социализмын жигдхэн байх сэтгэлгээнээсээ бүрэн салаагүй байсан шилжилтийн үе шүү дээ. Тэр олон малыг яаж малладаг байсан бэ гээч. Гол түшиг тулгуур нь Ц.Шаравын төрсөн дүү нар нь байсан юм аа. Дороо зургаан сайхан дүүтэй хүнд “зарах” дүү олдолгүй яахав. Хоёр ч дүү нь өдгөө Галуут сумандаа олон малтай, ажилсаг гэдгээрээ алдаршсан л яваа. Төрсөн бага дүү нь Архангай аймгийн Их тамир суманд олон малтай ажилтай хүн бас бий.
Говь, хангай хосолсон Галуут сумын Буянт голын Худгийн мухар гэдэг газар нутаглаж ирсэн Монгол Улсын манлай малчин, Монгол Улсын гавьяат малчин, Алтангадас одонтой Ц.Шарав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол авах болзлыг хэдийнэ хангачихсан байв. Намын үзэл бодлоос болоод тухайн үедээ Хөдөлмөрийн баатар болж чадаагүй талаар өөрийн олж сонссоноо бичье. Ерөнхийлөгч байсан П.Очирбат гуай “Мах импекс” ХХК-ийн 50 жилийн ойн хурал дээр Ц.Шаравтай уулзаж тааралдахдаа “Шарав аа, чамайг би Хөдөлмөрийн баатар болгоё гэж тун их бодсон юм. Харамсалтай нь чиний тодорхойлолт ирээгүй” гэж өөрт нь хэлж байсан гэдэг.
Хотод төрсөн ганц ахаасаа өөр таньдаг айлгүй шахам хөдөөгийн малчин хүнд алдар нэр горилон цол нэрний араас юун хөөцөлдөх зав, сонирхол байх билээ дээ. Бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхийлөгч жалгын мухрын малчин Ц.Шарав гэдэг хүний тухай яриаг ард түмнийхээ дундаас олж сонсоод тэр Ц.Шарав гэдэг малчин хүний тодорхойлолтыг гаргаад өгөөдөх гэсэн байгаа юм. Гэтэл аймгийн удирдлагууд нь ардчилалд ээлтэй ханддаг гэх нам төрийн үзэл бодлын дор тухайн тодорхойлолтыг гаргаж өгөөгүй “гүрийчихсэн” байдаг. Малчин Ц.Шарав нутгийн хүн болох одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг таньдаг, дэмждэг байлаа. Ажилсаг хүнд тэрээр их хайртай. Х.Баттулгыг их ажил хэрэгч залуу гэж үнэлнэ. Анх Х.Баттулга аймагтаа сонгуульд нэр дэвшиж байх үед нь “Уг нь Х.Баттулга говь талдаа өрсөлдөөд хэрэггүй л байсан юм даа. Би түүнд зөвлөхдөө хангайд өрсөлдсөн бол дээр байсан гэж хэлсэн” гэж дүүдээ ярьж байжээ.
Үнэхээр тэр сонгуульд ч Х.Баттулга Баянхонгор аймгийн говийн бүсэд өрсөлдөөд сонгуульдаа бүдэрч байсан аж. Цаг агаар, байгаль дэлхийг шинжсэн малчин хүний холч ухаанаар сонгуулийн багцааг тухайн үед бас авчихсан л байгаа хэрэг шүү. Наймдугаар ангийн боловсролоос өөр албан ёсны дипломгүй ч орчин үеийн бизнесмэн хүний хэмнэлээр ажиллаж амьдарсан авга ах Ц.Шарав өөрөө ч бүрэн төсөөлөөгүй байсан амжилтдаа хүрч, малын тоо хэмжээшгүй олон болоод ирэхийн цагт суурингийн шинжтэй фермийн аж ахуй тал руу хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй явж байжээ. Харамсалтай нь өөрийн бодож санаж төлөвлөснөө гүйцээж амжилгүй 50 гаруй насандаа зуурдаар өнгөрсөн юм. Адууныхаа эрэлд мотоцикльтой шөнө дунд явж байгаад гэрэл ойсон гэдэг.
Монголын радиогийн нэрт сурвалжлагч Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимиддорж тэргүүтэй олон сэтгүүлчид малчин Ц.Шарав малчныхаас “Төлийн дуу” нэртэй нэвтрүүлгүүд хийж, малчных нь онцлогийг товойлгон анх удаагаа олны танил болгон гаргаж ирсэн юм билээ. Ажлын төлөө төрсөн мэт өөрийгөө хооллох, ундлахаа ч умартан малын араас үнэн дур сонирхолтойгоор уйгагүй хөөцөлддөг байсныг нь дурссан нэвтрүүлгийг сонссон. Тэрээр хүүхэд байхын мал таних гэж жигтэйхэн. Малыг ямар цагт яаж тааваар нь бэлчээх, ашиг шимийг нь яаж авахыг ягштал нямбай хийдэг. Төл бойжих үед гэртээ гадны хүн ирүүлэх тун дургүй. Хөлстэй морь, хүн ирлээ гэж үздэг. Хонь хургалахад төрсөн цагаас нь 14 хоног гал уурган дээр цугт нь хамтад нь байлгана. Хургатай хонио бусад хониноосоо тусдаа хариулах гэх мэтээр малын арчилгаа, хариулгааг сайтар хийдэг. Туслах малчид гэж нэг их олон байхгүй. Хэдэн дүү нар нь, үр хүүхдүүд нь гар хөлийн үзүүрт нь гүйдэг байсан. Тэднийг бас ажилд сургадаг. Ц.Шарав таван хүүхэдтэй. Гэргий Сүнжидмаа эгч хэвтрийн дэглэм сахидаг эрүүл мэндийн шалтгаантай байсан болоод ч тэр үү ах маань гэрт орж эм, гадаа гарч эр болж гарын таван хуруу шиг таван хүүхдээ өсгөж өндийлгөсөн дөө. Малдаа хайртай “ясны” хоньчин Ц.Шаравын малын тоо толгой нь тухайн үедээ 4000 хол давчихсан байсан. Үүнээс өмнө нэгдэл татан буугдаж, хоршоо хэлбэрээр байгуулагдахад “Түрээсийн гэрээнээсээ илүү давж түмэн сүрэг бойжуулж өгнө” гэж улсдаа амалж байсан гэдэг юм билээ. Амласан зорьсондоо ч хүрч Монгол Улсын хэмжээнд нутаг ус, аавынхаа алдрыг цуурайтуулсан Буянт голдоо нутагласан малчин Цамбажавын Шарав хэмээх эрхэм хүний талаар эргээд нэг дурслаа.
Банзрагчийн Долзодмаа
Энэ удаагийн “Багш” буландаа өнгөрөгч 2017 оны хавар шинээр ашиглалтад орж сурагчдаа хүлээж авсан Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн физикийн багш Ч.Баттуулыг урьж ярилцлаа.
-Таны хувьд багш мэргэжлээр хичнээн жил ажиллав. Яагаад багш гэх мэргэжлийг сонгох болсон бэ. Ажил мэргэжлийнхээ сайн сайхнаас хуваалцаач?
-Би физик гэх сонирхолтой хичээлийн багш болоод зургаа дахь хавраа үдэж байна. Анх Хэнтий аймгийн дунд сургуульд суралцаж байхдаа л багш болно гэж зорилго тавьж шалгалтандаа бэлдэж байлаа. Зорилгодоо ч хүрсэн. МУБИС-ийн Физик математик хосолсон ангийг сонгосноор миний багш болох үүд нээгдсэн. Харин ажлын гараагаа Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулиас эхэлж өдгөө 127 дугаар сургуульд багшилж байна. Манай сургууль өнгөрсөн 2017 оны хавар дөрөвдүгээр сард шинээр ашиглалтад орж будаг нь ханхалсан шинэ сургуульдаа хүүхдүүдээ хүлээн авч хичээлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Дээр хэлсэнчлэн багш болно гэдэг миний хүсэж мөрөөдөж ирсэн ажил. Гэхдээ хариуцлага үүрээд хүүхдэд хичээл ойлгуулна гэдэг чадвар шаардах ажил. Хичээлийн танхимд янз бүрийн ааш авиртай, өөр өөр орчинд өссөн 35-40 хүүхэд бий. Хэрэв чи багшийн ажилд орсон л бол тэдгээр хүүхдүүдийн цагийг хий дэмий юм уу, ямар нэгэн байдлаар ойлгомжгүй, эргэлзээ төрүүлж болохгүйгээр хичээлээ заах ёстой. ХХI зуунд цаг хугацаа бол алт. Цагийг маш зөв зохистой зарцуулж байж л тэр хүүхдийн сэтгэхүйд юм үлдээх болно. Ер нь бидний мэргэжил нийгмийн сэтгэлгээнд өндөр ёс зүйг үлдээж байдаг юм болов уу гэж хардаг. Би ч мөн адил сурагч байх үеийнхээ багш, сурган хүмүүжүүлэгчдийн зан авир, хэл яриа, үйл хөдлөл багшийн гаргаж байгаа үйлдэл бүрийг харж ажиглаж, бас даган дуурайж ирсэн. Тийм болохоор миний ажил хүүхдийн ирээдүйг чиглүүлж өгөх “гүүр” гэдэг утгаараа өндөр хариуцлага, тэр хэмжээний ёс суртахууныг надаас нэхнэ. Гэхдээ заасан хичээлийнхээ үр дүнг мэдэрч сурагчдынхаа их, бага гэлтгүй өсөн дээшилж байгаа амжилтыг харах багш хүний хамгийн сайхан мэдрэмж. Хичээлийн төгсгөлд сурагчийн нүднээс эргэлзээ тээнэгэлзэл тодрохгүй байвал тэр хичээлийн үр дүн сайн болжээ гэж ойлгох жишээний. Гэхдээ бүх хичээл төгс байна ч гэж юу байхав. Зарим үед эргэлзсэн нүднүүд өөдөөс ширтэж байх тохиолдол ч бий. Харин тэр өдрийн Таталцлын хүч ч гэдэг юм уу, эсвэл Цахилгаан соронзон орон ч гэдэг юм уу энэ бүлэг сэдвийг сурагчид ойлгосонгүй гэдгийг мэдэрвэл тухайн бүлгээ эхнээс нь нягтлан хичээлийн хөтөлбөрүүдээ засаад сэлбээд, сайжруулаад явах нь хамгийн чухал.
-Физикийн хичээлийг хэрхэн сонирхолтой заах вэ. Энэ төрлийн хичээлийг лаборатори болон ямар бааз дээр түшиглэн явуулдаг талаар уншигчдад сонирхуулаач?
-“Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй” гэж үг байдаг даа. Үүнтэй адил сурагч болгон онц сурна ч гэдэг юм уу, муу дүн авч болохгүй гэх ойлголт нь бас өрөөсгөл. Тийм болохоор суралцагчдын түвшинг бага, дунд, ахлах гэсэн түвшинээр нь ялган хичээл тус бүрийг төлөвлөх нь маш чухал. Ер нь физик гэдэг маань бидний хүрээлэн байгаа орчин, тэдний учир зүйн холбоо. Тэгэхээр хичээлээ амьдрал дээр байдаг физик үзэгдэл дээр тулгуурлан орвол илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Жишээ нь, та яг одоо таталцалын хүч үйлчилж байгаа учраас сонин уншаад сууж чадаж байна ч гэдэг юм уу, эсвэл машин явж байгаа нь бүгд үрэлтийн хүчнээс хамаарч байгаач гэдэг юм уу. Гэхдээ энэ бүхнийг лабораторийн аргаар сурагчдын хажууд нь тайлбарлаж өгвөл үр дүн нь бүр илүү нэмэгдэх нь ойлгомжтой. Харин манай орны хувьд гадны өндөр хөгжилтэй орнууд шиг олон төрлийн багаж хэрэгсэл олдох нь ховор. Ялангуяа манай сургууль шиг захын гэр хорооллын шинээр нээгдсэн сургуульд багаж тоног төхөөрөмж нь ирэх нь ховор. Ирсэн ч дор хаяж хоёр, гурван жилээс наашгүй.
-Таны хичээлээ заах гол арга чинь юу вэ. Мөн сурагчдыг хичээлдээ сонирхолтой болгох талаас нь яаж анхаардаг вэ?
-Хичээл заана гэдэг хэдэн томьёо теором эрээчиж, онолын өгүүлбэр хуулуулахыг хэлэхгүй байх аа. Миний бодлоор одооны эцэг эхчүүд амьдрахын эрхэнд өглөө гараад орой орж ирж байна. Эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ яг тулж ярилцаад амьдралын хатуу үнэн, болох болохгүй зүйл, цаашлаад биеэ хэрхэн авч явах гэх мэт амьдралд хандах хандлага, хүмүүстэй харилцах харьцаанаас авахуулаад одоогийн хүүхдүүдэд тулгамдаад буй асуудлуудыг аль болохоор өөрийнхөө мэдэх, чадах хэмжээндээ хэлж өгч байна. Тодруулбал, хүүхдийг сурган хүмүүмүүлэх тал дээр нь эхлээд түлхүү анхаарч байж цаашлаад хүүхдүүдэд онол, парактик заах ёстой юм болов уу. “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэгчлэн сурагчдыг “Чи чадахгүй байна. Чи сурахгүй байна.” гэхээсээ илүү яавал чадаж болох вэ, ингэж хийвэл үүний учир амархан тайлагдана гэдэг хандлагаар хичээлээ заахыг эрмэлздэг. Энэ үүднээсээ би “Хавтас” аяныг тав дахь жилдээ хичээлдээ хэрэгжүүлж байна. “Хавтас” аяны зорилго бол хүүхдүүдийг хооронд нь өрсөлдөөн бий болгох зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Сурагчдын дунд өрсөлдөөн би болгосноор хичээл хийх идэвх нэмэгдэнэ. Идэвх нэмэгдэхээр дагаад чанар сайжирна. Давхардсан тоогоор 1876 сурагчид энэхүү “Хавтас” аянд хамрагдсан байна.
Хичээлийн идэвх оролцоо 15-25 хувиар нэмэгддэг болох нь дээрх таван жилийн хугацаанд мэдрэгдсэн. Энэхүү сайн туршлагыг 6-12 дугаар анги буюу дунд бүлгээс сургууль төгстөл нь хэрэгжүүлэх боломжтой. Хавтасны өнгийг та сурагчдын сонирхлоор сонгож болно. Багшийн анхааралд явцын онооны даалгаврыг ээлжит хичээл тус бүр дээр тодорхой бэлдэж өгөх шаардлагатай. Дээрээс нь дэвтрийг стандартын дагуу хавтаслаад сурчих нь.
-Таны бодлоор физикийн хичээл хүний амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Биднийг хүрээлэн буй бүх л зүйлс тэр чигтээ физик шинж чанарт байдаг. Энэхүү учир шалтгааныг сурагчид хичээл дээрээ мэдээд авчихвал багш бид нарыг ажлын амжилт гэж дүгнэж болно.
-Жил ирэх бүр нарийн мэргэжил үнэ цэнтэй болж байна. Физикийн хичээл бол нарийн мэргэжил сонгох суурийн нэг мөн үү. Та багшийн хувьд энэ төрлийн мэргэжлийн онцлог, давуу талыг хэлэхгүй юу?
-Физик орохгүй нарийн мэргэжил тун ховор. Ихэнх нарийн мэргэжилүүдэд физикийн хичээл давхар орно. Физикийн хичээлээр ЭЕШ өгч мэргэжил сонгосон бол тухайн мэргэжил танаас өндөр хариуцлага, ёс зүй шаарддаг. Физикийн хичээлээр ЭЕШ өгснөөр Батлан хамгаалах сургууль, Хууль сахиулах сургууль, Шинжлэх ухаан технологийн Их сургууль, Төмөр замын их сургууль гэх мэт сургуулиудад элсэн орох боломжтой. Тийм учир одоо хүртэл физикийн хичээлээр ЭЕШ өгөх сурагчдын тоо буурахгүй хэвээр байна.
-Энэ мэргэжлийг сонгон суралцах гэж байгаа хүүхдүүд болон түүний эцэг, эхэд өгөх зөвлөгөө…?
-Суурь боловсролын үед буюу дунд сургуульдаа ирээдүйд хэн болох, цаашлаад ямар ямар хичээлүүдийг дагнан судлах вэ гэдгээ эхлээд сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгж байж л таны хүүхэд, та ирээдүйд сайн боловсон хүчин болж эх орныхоо ирээдүйг бүтээлцэх хүчирхэг хувь хүн болон төлөвших болов уу. Улс орны хөгжлийг урагшаа татах хүмүүс бол инженер сэтгэлгээнд суурилсан бүтээн байгуулалт байдаг. Тийм болохоор нарийн мэргэжлийг сонгох, ингэхэд физикийн хичээл үүний нэгд орох нь дамжиггүй юм.
БСШУС-ын сайдын Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хүнсний бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа.
-Зөв зохистой хооллолт, хоолны шим тэжээлийн талаарх мэдээллийг хүргэхгүй юу?
-Хүн амын хоол тэжээлийн байдлыг тухайн улс орны хувьд аюулгүй байдлыг шийдвэрлэх амин чухал асуудлын нэг гэж үздэг. Дэлхийн бүх улс оронд хоол, түүний шим тэжээллэг чанарыг өндөр түвшинд авч анхааран үздэг. Манай улсын хувьд хүн амынхаа хоол шим тэжээлийн асуудалд амин чухлаар анхаарал хандуулахгүй байгаа юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл иргэд нь өдөр тутмын хооллолтоо хэрхэн шийдвэрлэх вэ, юу идвэл зохистой вэ гэдгийг бүрэн мэдэхгүй эргэлзээн дунд явж байна. Өнгөцөөр өнөөдөр юу идэх вэ гэдгийг л маш их анзаарах болсон. Юу идэх вэ гэдгээ анхаарч эхэлсний гол шалтгаан нь монголчууд өнөөдөр маш их өвдөөд эхэлчихтэй холбоотой. Ээжээс эрүүл төрсөн бие өвдөнө гэдэг өөрөө шалтгаантай. Гэхдээ энэ зөвхөн бидэнд байгаа асуудал биш. Олон улс орон бидэнтэй адилхан хүндрэлтэй тулчихсан байна. Хүн амын өвчлөл, халдварын бусаар өвдөж байгаа шалтгааныг хайгаад үзэхээр шууд хоол тэжээлтэй холбоотой болж таардаг. Халдварын бус өвчлөл нийт өвчлөлийн дотор давамгай буюу түүний 80 хувь орчим нь өдөр тутмын хооллолт, шим тэжээлийн байдалтай холбоотой болох нь нэгэнт тодорхой болсон. Иймд хооллолтыг шинжлэх ухаанчаар удирдах шаардлага зүй ёсоор үүсч байгаа. Энэ үйлдлийн чухал нэг хэсэг нь хүн амд хоол шим тэжээлийн зөв мэдлэг олгох, бага наснаас нь зөв хандлага, дадал зуршилтай иргэн бий болгоход чиглэгдэх ёстой бөгөөд одоогоор манай хүмүүс чухам аль нь зөв юм, хэнд итгэх ёстой вэ гэдгээ мэдэхгүйд хүрчихсэн. Үнэндээ хоол тэжээлийн асуудал тухайн улсын хувьд ирээдүйд орших уу, эс орших уу гэдгийг шийдвэрлэх амин чухал асуудлын нэг юм. Эрүүл бус иргэдтэй улс орон хөгжил, цэцэглэлтийн тухай мөрөөдөхөөс цаашгүй, өвчин зовлон, ядуурал, ажиллах хүчний хомсдолтойгоо л зууралдана. Ийм учраас дэлхийн улсууд үүнд гойд анхаарал хандуулдаг. Үүний илрэл нь цэцэрлэг, сургуулиас эхтэй байдаг. Өдөр тутам шинэ эд, эс, үүсч, өсөн торниж байгаа хүүхдүүдийн хувьд өдөр тутмын хоол, түүгээр дамжуулан авах шим тэжээл нь тэдний насанд хүрсний дараахь эрүүл мэндийг шууд тодорхойлно гэж хэлж болно. Ийм учраас нялх, балчир үрс маань ямар хоол хүнс хэрэглэж байгаа вэ гэдэг нь төрийн, эцэг, эхийн гол анхаарал татах ёстой асуудал юм. Цэцэрлэг, сургуулиас нь эхлэн хүүхдээ зөв зохистой хооллох ажлыг системчлэн зөв зохион байгуулах, шим тэжээлийн боловсрол олгохыг дэлхийн улс орнууд өндөр ач холбогдол өгч, төрийн бодлогодоо нарийвчлан тусгасан байдаг. Үүнийгээ тэд ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт, нийгмийн халамжийн бодлогын илрэл, ядуурлыг бууруулах зөв хэлбэр гэж үздэг болсон.
-Манай улсын хувьд цэцэрлэг, сургуульд өгч буй хоол тэжээлийн байдлыг гаргасан судалгаа бий юу. Ямар түвшинд байна гэж үздэг вэ?
-Судалгаа олон байгаа. Болохгүй байгааг нь бүгд л хэлдэг, мэдэж байгаа ч гэж бодож байна. Тухайлбал, сургуульд үдийн цай өгөх зохицуулалттай ч аль хэдийн амьдрал дээр шөл, бантан өгч эхэлсэн. 86 хувь нь халуун өгч байгаа ч халуун хоол өгч буй гал тогоо, үйлчилгээний хэлбэр нь шаардлага хангахгүй тул эсрэгээрээ эрүүл ахуйн хувьд маш аюултай нөхцөл үүссэн. Аяга тавагны ариутгал асуудалтай. Хүүхдүүд аягаа цүнхэндээ хийчихсэн гүйж яваа. Ямар халдвар тархаж байгааг таашгүй. Манайхан хоолны хордлого гарчихгүй бол тоохгүй байгаа нь бодит үнэн болчихоод байна. Төр 600 төгрөгөнд хүүхдэдээ хүнсний түүхий эд худалдан авч өгөх санаатай мөнгө өгч аль эрт ашгийн хэлбэрт шилжсэн. 600 төгрөгний сургуулийн үдийн цайг түрээсэлнэ гэдэг тэнд хүн ашиг олж ажиллаж болж байна гэсэн үг. Манай улсаас өөр оронд ингэж хүүхдээрээ бизнес хийнэ гэж байхгүй байх. Түүнийг нь энэ олон жил хараад суудаг Засаг ч гэж байхгүй байх аа.
Бас хүүхдэдээ импортын хүнс өгдөг орон бараг байхгүй шүү. Энэ чинь улс орны аюулгүй байдлын асуудал юм. Учир нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг алдчихвал ирээдүйгээ алдлаа л гэсэн үг. Гэтэл манай улсад нүүдлийн мал аж ахуй, түүний сүү, эрүүл ногоо, жимс, гурил бүгд байна. Энд зохицуулалт л хэрэгтэй. Нөгөө талаар төрийн худалдан авалтыг үр дүнтэй ашиглаж дотоодын мал аж ахуй, газар тариаланг сэргээдэг тогтолцоо байдаг. Нэг килограм давсыг ч гэсэн гадаадаас биш, дотоодоос авах нь өөрийн улсдаа тустай үйл юм. Гэхдээ нэг буруу ойлголт байна. Орон нутгийн, дотоодын хүнс нийлүүлнэ гэхээр шууд л мах, сүүгээ малчнаас авна гэх ойлголт их байна. Нэг өрхийн хувьд хөдөөнөөс мах, сүүгээ авч болох ч төвлөрсөн газарт олныг хамарсан эрсдэл үүсэх аюултай(малын өвчин зэргээс шалтгаалан) тул үйлдвэрийн боловсруулалт, хяналт хийгдсэн хүнс нийлүүлэгдэх ёстой. Энэ утгаараа хүнс, хөдөө аж ахуйн салбар хөгждөг, иргэд нь найдвартай, аюулгүй хүнсээр хангагддаг. Ганцхан жишээ гэхэд манайд малаасаа зөвхөн тураг махаа ашиглаад, бусад үнэт түүхий эдээ хаяж байгаа учраас мах үнэтэй, малчин мөнгө муутай байна. Гэтэл зөв хэрэглэж чадвал дайвар эрхтэн тэр чигээрээ шим тэжээл (Nutrient) юм. Дэлүү гэхэд ямар ч төмрийн бэлдмэлээс чанартай, шимэгдэлт сайтай, аюулгүй төмрийн агууламж маш өндөр байдаг (70 хувь хол гарна). Дэлүүг ашиглаж эхэлбэл жирэмсэн ээжүүд төмрийн бэлдмэл ууж ходоодоо өвтгөх шаардлагагүй л гэсэн үг.
Өнөөдөр сургуульд бантан, гурилтай, ногоотой 200 гр шөл өгснөө халуун хоол өгч байна гэж яриад, цэцэрлэгт олгодог нэг өдрийн хүүхдийн мөнгө болох 1350 төгрөг, ерөнхий боловсролын сургуульд “Үдийн цай” хөтөлбөрт олгодог 600 төгрөгийг нэмэгдүүлчихвэл хүүхдүүд нь болчих юм шиг манайхан их ярьж байна. Үнэндээ мөнгө нэмэгдсэнээр хоолны аюулгүй байдал, шим тэжээлийн агууламж сайжирна гэдэг бараг байхгүй. Судалгаа хийж үзэхэд хоолны мөнгөний зөв зарцуулалт нэлээд асуудалтай. Бүгд нүд хуурсан бичиг цаасны бүрдүүлэлт их байдаг. Тогтолцоог зөв болгоогүй цагт нэмсэн мөнгө хүүхдийн ходоод руу орохгүй, харин хэн нэгэн хүний халаас руу орно. Өнөөдрийн байгаа хоолны мөнгө бага гэдэг нь үнэн боловч бас ч тийм бага биш. Хүмүүс ашиг шингэсэн, арилжааны хоолны үнэтэй андуурч ойлгох нь элбэг байдаг. “Үдийн цай” хөтөлбөрийг ашгийн болгож хувиргасан тогтолцоо нь өөрөө маш буруу гэж өмнө тайлбарласан. Хүүхдийн хоолыг ашгийн бус хэлбэрээр хэрэгжүүлэх ёстой. Учир нь бид хүүхдээ бодитоор хооллож, ирээдүйн эрүүл иргэнийг бий болгох гэж байгаа учраас тэр юм. Гол зорилго маань энэ, түүнээс хэлбэрдсэн нүд хуурсан байж болохгүй. Ирээдүйн эрүүл иргэн эндээс л эхтэй. Хоол нь зөвхөн ходоодны асуудал биш, зөв хүмүүжил, хүндэтгэл, талархал, сайхан сэтгэлийг төлөвшүүлдэг гэж Хоол зүйн мэргэжилтнүүд үздэг. Сургуулийн гал тогоог түрээслэх асуудал 2014 оноос нийслэл хотоос эхэлсэн юм билээ. Нийслэлээс хөдөө рүү жишиг болсон. Өдгөө “Үдийн цай” хөтөлбөрийг хувийн компанид хариуцуулаад, асуудлыг шийдээд, чих амар яваад байгаа мэт боловч үнэн чанартаа хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг гаргуунд нь тавьж байгаа гэдгээ ойлгох ёстой. Насанд хүрэгсэдийн асуудлыг энэ мэтээр шийдэж болох ч өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдээ ингэж орхиж болохгүй юм. Өнөөдрийн буруу явж ирсэн тогтолцооны уршгийг бид 10, 20, 30 жилийн дараа өөрсдийнхөө үр хүүхдийн эрүүл мэндийг золиослон байж мэдрэнэ гэж бодохоор дэндүү харамсалтай. Тэр цагт өнгөрсөн борооны хойноос цув гэдэг болчихсон байна шүү дээ. Яагаад гэвэл эрүүл мэнд гэдэг эргэж олдохгүй эд, олдох дээр тулбал асар их мөнгө шаардах болно. Түүнээс зүгээр эргэж ирэхгүй.
-Сургуулийн хоол, үдийн цайг олон улсын хэмжээнд хэрхэн өөрчлөн шинэчлэх ёстой юм бэ?
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 169 орон хүүхдүүдээ сургууль дээр нь хооллодог, улс орон бүр өөр өөрийн зохицуулалт бүхий системтэй байна. Ихэнх нь төрийн зохицуулалттай, ашгийн бус байдаг. Ер нь эцэг эхээс өөр хэн ч хүүхдийн хоолыг хянаж чадахгүй. Гэтэл манай улсад эцэг эхчүүдийн дийлэнх нь өөрсдөө хоол шим тэжээлийн боловсролгүй тул хэрхэн хянах болж байна вэ. Өнөөдрийн манай аав ээжүүдийн хувьд өөрсдөө ч энэ талын мэдлэг сул байгаа нь боломжгүй нөхцөлийг үүсгэдэг. Тийм болохоор цэцэрлэг, сургуульд “найдахаас” өөр арга алга байна. Тиймээс цэцэрлэг, сургуулийн сургалтын хөтөлбөрт “Хоол шим тэжээлийн боловсрол” олгох хэрэгтэй болж байна. Хүүхэд өсөн томорч ирээдүйн эцэг, эх болно. Шим тэжээлт зөв хоолны талаарх мэдлэгийг хүүхэд өөрөө хар багаасаа авч ойлгох нь эргээд элдэв сурталчилгаанд автсан хүн болж хүмүүжихгүй. Одоо манай улсад эрүүл бус хүнсний зар сурталчилгаанд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хэдийгээр эцэг, эх хориглох гэж хичээсэн ч хүүхэд сурталчилгаанаас элдэв мэдээлэл авч байгаа болохоор хяналтыг үл тоож сайн, сайхан гэж сурталчилсан болгон руу шуурч авахыг эрмэлздэг. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэдэг нь цогц үйл ажиллагаа бөгөөд зөвхөн хоолны мөнгөнөөс хамаардаггүй. Тогтолцоогүй, мэргэжлийн удирдлагагүй бол их мөнгө ч үр дүнгээ өгөхгүй. Тогтолцоо гэдэг нь үндсэн дөрвөн асуудлын тухай яригдана. Нэгдүгээрт, хүнсний хангамжийн үр ашигтай, зөв тогтолцоо байх ёстой. Сургууль, цэцэрлэгийн хүнсний худалдан авалт буюу төрийн худалдан авалтыг эхлээд орон нутгийн, дараа нь дотоодын хүнсээр хангах асуудлыг оновчтой шийдэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, зориулалтын гал тогтоотой байх, хүчин чадлын дагуу шаардлагатай тоног төхөөрөмж, туслах хэрэгслээр хангагдсан байх. Тэдгээрийн чанарын асуудал чухал юм. Гуравдугаарт, тогоочийн ур чадварын асуудал. Хүүхэд хоолоо идэхгүй байх нь ихэвчлэн 2 шалтгаантай. Тогооч, хүүхэд идэмгүй хоол хийх, энэ нь тогоочийн ур чадварын асуудал юм. Нөгөө нь тухайн хүүхдийн хоолны дадал, зуршилтай холбоотой. Энэ нь ихэвчлэн гэр бүл, ээжтэй нь холбоотой байдаг. Дөрөвдүгээрт, хооллолтын тухай мэдлэг, түүнд суурилсан хандлага бөгөөд урьд нь идэж үзээгүй хоол идэх, тухайлбал, хөц будаа, байцааны салат зэрэг урьд нь огт идэж үзээгүй хоолыг шууд идэж чадахгүйд хүрдэг. Тэгэхээр хоолны тухай боловсролыг багаасаа эхлэн боловсролын байгууллагаас авч байх нь зүйтэй. Цэцэрлэгт өгч буй хоногийн хоолны шим тэжээлийн агууламжийг үзвэл насны ангиллын дагуу хоол олгодоггүй, хүнсний хэрэглээний дагуу тооцоход илчлэг илүү, чихэр, тос, давсны хэрэглээ өндөр байгаа нь судалгаанаас тодорхой харагддаг. Сургууль, цэцэрлэгт шим тэжээлт хоол өгөх тухай асуудал нь цаанаа бүхэл бүтэн систем тогтолцоо зөв ажилласнаар хэрэгжих бөгөөд хүүхэд чанартай, шим тэжээлтэй хоолоор хангагдаж чадна. Манай улсын энэ салбарт тогтолцооны гажуудал их байгаа. Тиймээс энэхүү системийг бүрдүүлэхийн тулд манай улс анх удаагаа ийм төрлийн хуультай болохоор ажлын хэсэг ажиллаж байна. Бидний үгийг Төр сонсож байгаад бид баяртай байгаа. Гадны улс орнуудыг харахад ихэвчлэн сургуулийн өдрийн хоолны хуультай байдаг. Хуульгүй орон нь стандартын бичиг баримттай байдаг. Ямартаа ч эрх зүй бүрдсэн байдаг. Гэтэл манайд хүүхдийн хоолны мөнгийг нэмэх эсэх асуудал л хөндөгдөхөөс биш, төрөөс зарцуулж буй төсөв мөнгийг үр дүнтэй зөв зарцуулж, хүүхдүүдийн ходоодыг аюулгүй, шим тэжээллэг хоолоор хангаж, яаж эрүүл өсгөх вэ гэдгийг төдийлөн анхаарахгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Гэтэл хоол үйлдвэрлэж, үйлчилнэ гэдэг чинь олон үйл ажиллагаанаас хамаардаг шүү дээ. Гэрт хоол хийхэд ч хүнсний чанараас эхлээд хутга заазуур, ямар хоол хийх, түүний технологи, тохирсон сав суулга гээд бүгд л хэрэгтэй байдаг даа.
-Шим тэжээлтэй хоолонд юу багтах вэ. Эцэг, эхчүүд мэдвэл зохих зөвлөгөөг өгнө үү?
-Манай улсад хоол, шим тэжээлийн зохицуулалттай холбоотой зөвлөмж зэрэг эрх зүйн бичиг баримт хангалттай байдаг. Харин түүнийг бодитоор мэдэж хэрэгжүүлэх нь дутагдалтай. Хүнсэнд суурилсан зөвлөмжийн хэрэгжилт тааруу, мөн чанарын талаарх ойлголт аль ч түвшинд дутмаг байна. Хүүхэд аль болох бага наснаасаа хоол, хүнсний тухай зөв ойлголтыг олж авах нь бие бялдрын болон оюун сэтгэхүйн хувьд эрүүл хүн болон өсөн бойжиход чухал болохыг Дэлхийн олон орны үйл ажиллагаа бэлхнээ илтгэнэ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмж хэмжээгээр насанд хүрсэн хүн хоногт 5 гр буюу 2000 мг натри хэрэглэх нь тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувь бууруулж, энэ нь Ази Номхон далайн бүсийн хэмжээнд 600 мянга, дэлхийн хэмжээнд 2.5 сая хүнийг дээрх өвчнөөс үүдэлтэй нас баралтаас сэргийлэх боломжтой юм. Харин манай улсын хэмжээнд нийт хүн амын 83.2 хувь нь хоногт 11.1 гр давс хэрэглэж байгаа нь дээрх зөвлөмж хэмжээнээс хоёр дахин өндөр байна. Түүнчлэн хүн амын дунд өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь давсны агууламж өндөртэй байгаа билээ. Судалгаанд хамрагдсан цэцэрлэгийн хоолонд хийсэн хэмжилтээс үзвэл 100 гр/мл агуулагдах давсны хэмжээ нь цай, уух зүйлд их байна. Хүүхдэд өгч буй хоолноос харахад нэгдүгээр хоол буюу төрөл бүрийн шөлөнд давсны хэмжээ харьцангуй өндөр байна. Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх «бүх хүүхдэд хамаатай» үндсэн хүчин зүйл нь өдөр тутмын хооллолт, түүнд агуулагдах шим тэжээл (nutrition) болох нь маргашгүй юм. Манай улс хөдөө аж ахуйн орон, малын тоо болон газар тариалангийн асар их нөөцтэй. Өдөр тутмын өргөн хэрэглээний хүнснээс төрөл бүрийн будаанаас бусдыг 70-100 хувь хангадаг болсон гэх статистикийг мэргэжилтнүүд харуулах болсон. Гэтэл бид хүүхдүүдээ импортын хүнсээр давамгайлан, шим тэжээл багатай, хоосон илчлэгтэй, чихэр, тос, давс ихтэй хүнсээр хооллож байгаа нь мэдээлэл буруутай л холбоотой. Энэ мэтээр болох болохгүйг харуулсан судалгаа элбэг байгаа ч болохгүй байгаагаа засч, хурдан интервенц хийхгүй л бол цаг хугацаа өнгөрсөөр, бид ирээдүйн үнэт зүйлээ алдсаар байна.
Хамгийн энгийн зохистой хооллолтын зарчим дэлхийн улс оронд бараг адилхан. Тэр нь хүн өдөр тутмын хооллолтдоо: 1. Үр тарианы төрөл, аль болох үйлдвэрийн боловсруулалт багатай, хальстай үр тариа хэрэглэх, 2. Мах, өндөг зэрэг уургаар баялаг хүнсийг тохирох хэмжээгээр хэрэглэх, 3. Хүнсний ногоог 400 гр хүртэл янз бүрийн боловсруулснаар хэрэглэх, 4. Сүү, цагаан идээг хангалттай хэрэглэх, өдөрт 2-4 аяга сүү, түүнтэй тэнцэх хэмжээний цагаан идээ хэрэглэх, 5. Жимс, жимсгэнийг хэрэглэх, үүнд нөөшилсөн болон чихрийн агууламж ихтэй боловсруулсныг бага идэх шаардлагатай бөгөөд давс, чихэр, өөх тосыг хязгаарлахын дээр Е кодинг цөөн агуулсан хүнсийг хэрэглэвэл эрүүл мэндэд тустай болно. Эдгээрийг танихын тулд бүтээгдэхүүний шошго анзаарах ёстой. Эцэст нь хэлэхэд хоол хүнсний даяаршил явагдсан өнөө цагт хооллолт нь хамгийн энгийн хэдий ч мэдлэг шаардсан хийгээд анзааргагүй явсны эцэст амьдралын чанарт асар их сөрөг нөлөөлдөг, бүхий л утгаараа хэмжээ, хязгаараар илэрхийлэгддэг эрүүл амьдралын үндэс болох хүний нэгэн хэрэглээ юм.
“УБТ Гарден” ХХК-ийн ерөнхий захирал Х.Болдбаатартай ярилцлаа.
-Мод тарих улирал эхэлж байна. Жил бүр мод тарих өдрөөр дор бүрнээ мод тарьдаг ч арчилгаа сулаас болж эргээд ургах үр дүн хангалттай биш байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Улаанбаатар хотын нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудал бол агаарын болон хөрсний бохирдол бөгөөд энэ нь хүн ардын эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулж байгаа талаар хангалттай тоо баримт хэлж болно. Эдгээр асуудлуудын гол шийдэл нь мод тарих юм. Мод тарихдаа сэтгэлээ шингээж, хөрсийг нь зөв бэлтгэж, зөв суулгаж, зөв тарих хэрэгтэй. Модны ургалт байнгын арчилгаанаас хамаардаг тул жилийн дөрвөн улирлын турш модны арчилгаа явагдаж байх ёстой. Манайхан өвөлдөө замын цасыг арилгаж зайлуулахдаа зам дээр тогтсон бензин тосны хаягдал, хог, гулгаа арилгахаар цацсан давсны хүчил зэрэг химийн бодис нэвт шингэсэн цасыг замын хажуу талын зүлэг, ногоон мод руу хаячихдаг. Гэтэл эрдэс бордоо авах ёстой мод химийн гаралтай бодис авч үхэх шалтгааных нь нэг болдог. Хаврын шороон хавсаргын үе буюу газар гэсэх үед нялх мод хатгаа тусч хатдаг.
Уг нь цаг агаарын ийм нөхцөлд модыг хучиж, гадны хүчин зүйлсээс хамгаалж болдог. Хүн өвөл болохоор малгай өмсч, ороолт, амны маск зүүдэг шиг модыг хүйтэн улиралд берзинтээр хучиж хамгаалах гэх мэт олон аргуудыг хэрэглэдэг. Сүүлийн үед мод тарьж, арчилдаг нөхөрлөл, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа эрс сэргэж чадавхжиж байна. Мэргэжлийн байгууллагуудад хандаж зөвлөгөө авч, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр модыг арчилж ургуулах нь хамгийн үр дүнтэй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар жил болгон хоёр удаа мод тарих үндэсний албан ёсны өдөртэй болж, уламжлал болж хэвшсэн нь сайшаалтай. Гэхдээ одоо бүгдээрээ тарьсан модоо арчилдаг болцгоомоор байна.
-Танай компанийн бойжуулж байгаа ургах чадвараараа харьцангуй сайн гэж үнэлэгддэг бортгонд ургуулсан суулгацын давуу тал, ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэхгүй юу?
-Манайх уулын модыг авчирч зардаггүй, харин модыг үрээр нь үрслүүлж тарьдаг, жилдээ сая мод тарих хүчин чадалтай мод үржүүлгийн компани гэдгээрээ бахархдаг. Дамбадаржаа дахь модлог ургамлын хүлэмжинд Канад улсын технологиор сүүлийн арваад жил мод үрээр нь тарьж байна. Ажилчид маань намар яваад үрээ түүчихдэг. Манай компани Монгол Улсад модны аж ахуйн шинэ систем нэвтрүүлэх зорилтынхоо хүрээнд туршилтын олон ажлууд явуулж байна.Үрээр тарьсан мод маань түрүүчээсээ 50 см хэртэй ургаж байна. Бортгонд үрээр нь тарьж, дараа нь талбай дээр гаргаад туршаад үзэхэд эхэндээ ургаж чадаагүй.
Швейцариас инженерүүдийг урьж зөвлөгөө авахад бортгыг шинжилж үзээд мод ургахгүй байгаа гол шалтгаан нь Хятадын чанар муутай бортого байна гэдгийг тогтоож байсан. Мод ургахын тулд байгалийн эрс тэрс уур амьсгалд тохирсон байх ёстой. Бид бортгонд үрслүүлж хүлэмжинд бойжуулсныгаа түрүүчээсээ Төв аймгийн Аргалант, Шувуун фабрик, Богд уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум гэх мэт хэд хэдэн газруудад орчинд нь гаргаж ургуулсан. Одоо маш сайхан ургаж байна. Манайх модондоо 100 хувийн баталгаа гаргаж өгдөг.
Хэрвээ ургахгүй бол эргүүлээд буцааж авдаг. Орчинд нь гаргаж ургуулсан арав, хорин см болж ургаж буй модоо ахиад сийрэгжүүлж том талбайд буюу өөрийн ургах орчинд нь гаргах хэрэгтэй болж байна. Учир нь мод байгальд гарч ургах тусам хоорондоо зайтай байх шаардлага үүсдэг. Нэг үрийг мод болгон ургуулахын тулд хэд дахин сэлгэн суулгах, арчлах нэлээд хэдэн жилийн хөдөлмөр шаардаж байгаа. Энэ бүгд Монгол орны нөхцөлд тохирсон тэсвэр сайтай мод ургуулах манай мэргэжлийн хамт олны хөдөлмөр юм. Гадны улс орнуудад тэдэн онд авах мод гэж тооцоолж системтэйгээр авдаг юм билээ. Хэрвээ төр засгаас мэргэжлийн байгууллагууд биднийг дэмжээд өгчихдөг бол 2025, 2030 он гэхэд нэг, хоёр метрээс өндөртэй моднуудыг Улаанбаатар хотод нийлүүлж эхлэх бололцоотой юм.
-Уулнаас мод авчирч тарих нь зөв юм уу, буруу юм уу?
-Улаанбаатар хот социализмын үед өнөөгийнхөөс илүү модтой байсан. Тэдгээр модыг хаанаас авчирч тарьсан бэ гэвэл уулнаас авчирсан. Үнэндээ дандаа нялх мод тариад байвал өсч өндийхийг нь хүлээх шаардлага бас гарна.Тиймээс уулнаас байгалийн тэнцвэрт байдлыг нь хадгалан зохих хэмжээний мод авчирч хотынхоо гудамжаар тарих ёстой. Мэдээж ойгоос хулгайгаар мод авах биш, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр авчирч тарих нь зөв юм. Гэхдээ ямар модыг хаанаас авах вэ гэдэг нь мэргэжлийн байгууллагын судалгаанд үндэслэсэн байх ёстой. 1990-ээд онд Монголын мод маш их шатсан. Тужийн нарс бүр байхгүй болсон. 1997 оны үед JCI, олон улсын байгууллагууд монголчуудтай хамтарч Тужийн нарсыг моджуулсан. Манай мод үржүүлгийн суурь бааз болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эвцэг гэдэг газарт модны инженерүүд модыг маш сайхан тарьсан байна. Ингэснээр ой эргээд нөхөн сэргэж чадсан. Ер нь ойд зурвас гаргаж гал түймрээс хамгаалдаг, мөн ойн цэвэрлэгээ хийх зам жим болж өгдөг. Ойг цэвэрлэж, үүнээс тодорхой хэсгийг хот руу оруулж тарьж болно.
-Манай зарим аж ахуйн нэгж модны суулгацыг ихэвчлэн Хятадаас оруулж ирж байна. Хятадаас оруулж ирсэн мод ургахгүй байна гэх гомдол байнга л ирдэг?
-ОХУ Монголын байгаль орчинтой нэлээн төстэй учир хяналтан дор ургана.Хятад улсын мод нэг, хоёр жил ургана. Тэгээд үхдэг. Яармаг хавиар тарьсан мод, ихэнх аж ахуйн нэгжүүдийн тарьсан мод үхсэн. Манай 40 градусын хүйтэн, дуу чимээ, агаар, хөрсний бохирдол, хаврын хавсаргад дөнгөж тарьсан мод уначихаж байна.Улаанбаатар хот ихэвчлэн шилмүүс модтой.Өдийд бороо орчихсон, газар чийгээ авчихсан мод угаагдсан байх ёстой гэж үздэг. Ид ургаж буй шилмүүс модны орой хэсгийг одоо үзэх юм бол шороо ихтэй, утаа шингэчихсэн байгаа нь тодорхой. Хэдэн жилийн өмнө АСЕМ зохион байгуулагдах үед манай улс модоо технологийн дагуу бороожуулж услах технологийг анх удаагаа зөв хийсэн. Модыг услахдаа үндэс рүү нь биш, бороожуулж услах нь зүйтэй юм. Мөн модыг өглөө нар мандахаас өмнө эрт услах ёстой. Орой бас усална. Өдрийн дүн халуунаар услахад чийгийг өөртөө шингээж авч чадахгүй ууршдаг, үр дүн багатай. Мод тарих, арчлах талаар яривал маш их зүйл бий.
-Тэгэхээр мод тарих, услах зөв технологийг одоо болтол бүрэн мэддэггүй гэсэн үг болж байна уу?
-Уг нь хотын захиргаанд мод шүршиж угаадаг зориулалтын арав гаруй машин бий. Даанч тэр болгон ашиглахгүй байх шиг байна. Мөн Улаанбаатар хотод модыг жигд мөлчийтөл нь тайраад хяргаад хаячихдаг. Замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио хааж байгаа модыг яах аргагүй тайрахаас биш бүгдийг нь тайрч хяргадаггүй. Улаанбаатар хотод навчтай том мод хэрэгтэй байгаа биз дээ. Модны мэдлэг байхгүй, мэргэжлийн бус хүмүүс арчилж байна. Гол нь арчилгаанд тавьж байгаа улсын төсөв мөнгө нь ч бага байна. 1960, 1970-аад оны үеэ эргээд санахаар дандаа саглагар мөчиртэй том том моднуудтай байсан. Одоо бол Элчин сайдын яамдын хашаа, зарим арчаатай хэдэн аж ахуйн нэгжийн хашаанд нов ногооноороо байж чадаж байна. ОХУ-ын ЭСЯ-ны хашаанд жимс ургачихсан байна. Япончууд “Japan Town” хорооллын зам дагуу мод тарьсан. Зургаан жилийн өмнө тарьсан модны өргөн нь бараг 20-иод см зузаантай, навч нь саглайж хүний нүдэнд тусахуйц сайхан ургачихсан байна. Төрийн ордон, хотын захиргааны өмнөх мод сайхан ургахаас биш, хотын төвд өөр нүдэнд торох мод тэр болгон харагдахгүй байна. Ингэж дарга нарт харагдах моднууд нь сайхан ургаад байдаг нь хэн тарив, хэн арчилж байна гэдгээсээ бүрэн хамаарч байгааг харуулна. Ер нь хотыг сайхан ногооруулж зүлэгжүүлье гэвэл гудамжнуудаа хуваарилаад тарьж чаддагт нь хариуцуулчих хэрэгтэй.
-Манайхны мод тариад ургахгүй байгаа алдааны нэг нь анхны суулгац нь маш нарийхан, эсвэл их олон жилийн дараа үр дүнгээ өгөх суулгацыг сонгочихдог гэдэг үнэн үү?
-Бойжуулалт хийлгүйгээр гаднаас авчирсан манай уур амьсгалд тэр болгон тохирохгүй, эсвэл уулнаас авчирсан суулгацыг тарьж арчилгаа муутайгаас болоод тэр болгон ургаж чадахгүй нь байгаа нь үнэн. Одоо бид Туул голыг бургасжуулах аян тун удахгүй зарлах гэж байна. Улаанбаатар хотын иргэд та бүхэн Туул голоо аврахад хувь нэмэрээ оруулж мод тариарай, Туул нэртэй хүмүүс мод тариач ээ гэж уриалж байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвлөгөөн дор гэр бүлээрээ мод тарьж, өөрсдийнхөө нэрээр паспорттай байлгаж, эргээд байнга тордож арчилж байгаач гэсэн хүсэлтийг иргэддээ тавьж байгаа.
-Мод тарих хүсэлтэй хүмүүс олон бий. Гэхдээ хаана очиж, яаж тарих вэ гэдгээ тэр болгон сайн мэддэггүй. Эдгээр хүмүүст хэлэх зөвлөгөө танд байна уу?
-Яг одоо гэхэд манайх Туул голоо бургасжуулж моджуулахаар Байгаль орчны яаманд албан ёсны хүсэлтээ тавьчихсан байгаа. Туул голын урсац анхнаасаа яагаад татрах болсон бэ гэвэл усны эхийг нь тогтоож барьдаг байсан эх булаг болох Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймагт бүтээн байгуулалт хийхээр болж тэнд байсан бүх модыг нь тайраад хаячихсанаас үүдэлтэй. Ямартаа ч бид тэнд нөхөн сэргээлтийг хийснээр эхнээсээ сайхан ургаж байна. Туул голын эргийн дагуу бөөрөлзгөнө, долоогоно, үрэл, монос тарьцгаая. Туул голоо моджуулахад иргэд сайн дураараа оролцож болно. Мэргэжлийн байгууллагын бид усалгааны машин, бордоо, суулгац, тарих нүхээ хүртэл ухаад бэлдчихье. Тэдний гэр бүл тарилаа гээд пайзжуулаад өгье. Долоо хоногт өөрсдийн тарьсан модоо ус барьж ирээд услаад явж байна. Хэрхэн, яаж арчилж ургуулах зөвлөгөөг нь өгч, мэргэжлийн байгууллагууд тэнд байрлаж байж болно. Ингэж хамтын хүчээр Туул голоо бүгдээрээ сэргээж, моджуулж чадна. Үүнд төрөөс бодлогоор багахан дэмжлэг өгчих хэрэгтэй.
-Улаанбаатар хотыг моджуулахын тулд хаана, ямар мод тарьж болохыг нь хотын захиргаанаас олон нийтэд хандан зарлачихвал иргэд сайн дураараа оролцох нь улам нээлттэй болох юм биш үү?
-Улаанбаатар хотын хаана ч арчилгаа байвал мод сайхан ургаж чадна. Хүмүүсийг буян бодож суварга босгохынхоо оронд 108 мод тариач гэж уриалдаг. Талийгаачийг нутаглуулах буяны ажилд оролцож буй хүмүүс мод тарьж буян хийж болно. Ууланд алхдаг хүмүүсийг мод тарихыг уриалж байгаа. Их тэнгэрийн зүүн аман дээр Богд ууланд Номин холдингийнхон сайхан нарс мод тарьсан, сайхан ургаж байна лээ. Мод тарих санаачилга сэдлийг мэргэжлийн байгууллагынхан бид хийхийн зэрэгцээ төрөөс бас бүр сайн дэмжээд өгчихвөл үр дүн өндөр байх болно. Өнөөдөр Цэцэрлэгт хүрээлэнд очиж мод тарья гэхэд хүссэн болгоныг нь тэнд тариулахгүй, зөвшөөрөл энэ тэр гээд асуудлууд бий. Энэ нь зөв.
Гэхдээ төрөөс хаана мод тарьж болох механизмыг чөлөөтэй ил тод болгож сэдэлжүүлэх ажлыг байнга хийж байх ёстой. Тухайлбал, мод тарьсан хүнийг тэр дор нь урамшуулдаг ч юмуу, хөшүүргийг улам сайжруулах тусам хотыг ногооруулах ажил эрчимтэй явна. Гол нь мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг өгч, иргэдийг уриалахад хотоо моджуулж чадна. Энэ дашрамд хэлэхэд дандаа төр засгийг хараад суух биш, монголчууд бид бэлэнчлэх сэтгэлгээнээс салж дор бүрнээ ажиллаж болно. Манай мод үржүүлгийн газар ихэнхдээ алдагдалтай, татаастай явж ирсэн ч мод тарих үйлсийг өргөжүүлэхээр улам хичээн ажиллаж байна.Манай мод үржүүлгийн газар боловсон хүчнээ Япон, Канад, ОХУ, ХБНГУ зэрэг улсад сургаж, тэсвэртэй үндэстэй сортыг гаргаж авах тал дээр олон туршилт хийн ажиллаж байна.
Одоо Монгол Улсын хил дагуух хилийн бүх застав дээр түшиглэн мод тарихаар Хилийн цэргийн удирдлагуудтай ярьж тохиролцож, наран мандах зүгээс ажлаа эхлүүлж байна.