Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн сонгууль ирцдээ хүрэхгүй бол дахина

Ерөнхийлөгчийн сонгууль зурган илэрцүүдМонгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-ны өдөр болно. Гадаадад байгаа монголчуудын санал өгөх хүсэлтийн бүртгэл энэ тавдугаар сарын 1-нээс эхлээд 20-ны өдрийн 18:00 цагт дуусгавар болсон. Ингээд гадаадад байгаа монголчууд зургадугаар сарын 10, 11-нд саналаа өгнө. Урьдчилж саналаа өгсөн хэдий ч санал тоолох ажиллагааг зургадугаар сарын 26-ны өдрийн 22.00 цагт явуулна. Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарын нэр дэвших хүсэлтийг энэ сарын 17-ны дотор хүлээн авч нэр дэвшихээр болсныг нь албан ёсоор зарласан байгаа. Нэр дэвшигчдийг СЕХ-нд албан ёсоор бүртгүүлсэн өдрөөс эхлэн төрийн тусгай хамгаалалтад авдаг. Одоо нэр дэвшигч солигдох нэг хуулийн заалт бий. Энэ нь зайлшгүй тохиолдолд буюу нэр дэвшигч нас нөгчсөн, эсвэл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тавдугаар сарын 27-ны дотор нөхөн нэр дэвшүүлж болно. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-ны өдөр албан ёсоор гардуулна. Энэ тавдугаар сар бол нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа үндсэндээ явагдаад дуусдаг. Зургадугаар сард болохоор сонгуулийн сурталчилгаа, саналын хуудас хэвлүүлэх, техник хэрэгслийг хүргүүлэх, санал авах, дүн мэдээ гаргах зэрэг ажиллагаа хийгдэнэ. Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-ны өдрөөс эхэлнэ. Энэ өдрөөс хойш нэр дэвшигчид сонгогч нартайгаа уулзалт хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсны сурталчилгаагаа гаргаж эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаа сонгууль явагдах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургадугаар сарын 24-ний өдөр дуусгавар болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд сурталчилгаа явуулах 18 өдөр байгаа нь харьцангүй богино хугацаа. УИХ-ын 2016 оны сонгуулийн тухайд можаритор буюу жижиглэсэн тойрогт сонгууль явагдсан учраас дээрх заасан хугацаа цөөдөөгүй байсан бол одоо бүхэл бүтэн Монгол Улсын хэмжээнд нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө таниулахад хангалттай хугацаа биш юм. Ядаж 21 аймгаараа бүтэн тойрч амжихгүй хугацаа гэж яригдаж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд зарцуулах мөнгөний дээд хэмжээг хуулиар тогтоосон байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвсэл 6.8 тэрбум төгрөг, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг зарцуулах боломжтой. Нэр дэвшигч сонгуульд оролцохдоо хандив авч болно гэж заасан. Энэ нь мөнгөн ба мөнгөн бус хэлбэртэй байх бөгөөд иргэн гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл хандив өгөхийг хуулиар зөвшөөрдөг. Мөнгөн бус хандивт хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх үнэ төлбөргүй үйлчилгээ хамаарна.

Одоогоор сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2078 хэсэг байгуулагдаад байна. Санал авах ажиллагааг бидний нэрлэж заншсанаар “хар машин”-аар буюу “New Im­age cast” нэртэй төхөөрөмжийг уншуулж санал авна. Нийт мэдээллийн технологийн 30 багт 140-өөд хүн сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах ажээ. Хэрэв сонгуулийн ирц хүрээгүй бол дахин сонгууль явах уу, үгүй юү гэдэг нь анхаарал татдаг. Хуулийн заалтаас харахад нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авч байж сонгогдохооор заасан. Энэ нь ирц 50 хувиас дээш байж сонгууль хүчинтэйд тооцогдоно гэсэн үг. Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оролцуулна гэж Үндсэн хуульд заажээ. Ийм учраас аль нэг нэр дэвшигч нь заавал олонхийн санал авч байж сонгогдох нь. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг СЕХ-ны төв серверээс шууд дамжуулан сонгуулийн дүнг орон даяар онлайнаар шууд дамжуулан үзүүлэх юм байна. Дашрамд дурдахад Европийн аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудаас 24 ажиглагч манай улсын сонгуулийг ажиглахаар ирэх юм байна. Энэ нь Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн болон гадаадын улс орнуудын итгэлийг нэмэгдүүлэх, цаашид сонгуулийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгон сайжруулахад үнэлгээ, зөвлөмж хувь нэмрээ оруулна гэж үздэг юм байна.


Categories
мэдээ цаг-үе

А.Цогцэцэг: Сүү багатай эхийн хүүхдэд сүүн тэжээл өгөх нь хуулиар нээлттэй

“Өдрийн сонин”-ы Пүрэв гаригийн №112(5679) дугаараас авч нийтлэв

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй саяхан батлагдсан Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуульд ямар өөрчлөлт орсон талаар тодруулж ярилцлаа.


-Нярай 0-6 сартай хүүхдийг хөхөөр дагнан хооллоно. Хэрэв нэмэлт тэжээл өгөх болбол эмчийн жороор өгөх хууль батлагдлаа гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Энэ талаар юуны өмнө тодруулж асууя?

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар манай яамнаас боловсруулж, өргөн мэдүүлсэн “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж баталлаа. Хуулийн танилцуулгыг бүрэн хийж амжаагүй байтал хуультай холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан байна. Иймээс өнөөдөр яамны зүгээс ажлын хэсэгт ажилласан хүмүүс маань хуулийн тайлбар хийж залруулга гаргалаа.

-Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуульд эхийн сүүгээр зургаан сар хүртэл дагнан хооллоно гэж заасан байгаа. Энэ нь заавал эхийн сүүгээр хооллоно гэсэн утгыг агуулж байна?

-Хүүхдийг 0-6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох нь түүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Учир нь зургаан сартай хүүхдийн ходоод, гэдэсний үйл ажиллагааны шүүрэл ялгаруулалт зөвхөн эхийн сүүг л боловсруулахад зориулагдсан байдаг. Гэтэл зориудаар хүүхдээ цаг нь болоогүй байхад хөхөөр хооллох боломжтой хэрнээ хөхнөөс гаргаж, янз бүрийн хүнсний нэмэлт агуулсан цай, химийн бодис бүхий нөөшилсөн жимсний нухаш өгдөг.

Үүнээс болоод ходоод гэдэсний хямралтай хүүхдийн тоо нэмэгдээд байна. Харин хөхөнд нь сүү орохгүй, сүүний гарц багатай эхийн хүүхдэд сүүн тэжээл өгөх нь хуулиар нээлттэй юм. Энэ сүүн тэжээл нь стандартын өндөр шаардлагыг хангасан, хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй байх ёстой юм. Харин эрүүл мэндийн шалтгаанаас хүүхдээ хөхүүлж чадахгүй тохиолдолд удаан хугацаагаар нялхсын сүүн тэжээлийг хэрэглэх тул эмчийн зөвлөгөө, зааврын дагуу олгоно гэж заасан.

-Та сэтгүүлчдийн асуултад хариулахдаа зөвхөн эмчийн жороор нэмэлт тэжээл олгоно гэж ярьсан тал байгаа юм биш үү. Шинээр батлагдсан энэхүү хуулийн утга санаа агуулга яагаад олон нийтэд буруу ташаа байдлаар хүрсэн гэж дүгнэж байна вэ?

-Хуулийн 4 дүгээр зүйлд 0-6 сар хүртэлх хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох бөгөөд тодорхой шалтгаануудын улмаас хөхүүлэх боломжгүй тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний зөвлөгөө, зааврын дагуу сүүн тэжээлийг өгөхөөр заасан. Энэ нь жор гэж буруу ойлгогдсон бололтой. Сүүн тэжээл маань хүнсэнд хамаарагдах тул “Хүнсний тухай” хуулиар зөвшөөрөгдсөн газруудад хаана ч худалдаалах боломжтой. Миний мэдэх бас мэдэхгүй зүйл гэж байх юм. Салбартаа 30 жил ажилласан хүний хувьд салбарын бодлогоо л зөв явуулахыг эрхэмлэж явснаас олон нийтэд хийсэн ажлуудаа зөв тайлбарлаж, ойлгуулах гэдэг чухал зүйлд сайн суралцаагүй бололтой.

-Хүүхдээ хөхний сүүгээр хооллохыг дэмжсэн хууль баталчихлаа. Эхчүүд хөхний сүүгээр хүүхдээ хооллож байгаа эсэхийг нь хэрхэн хянах вэ?

-Хүнсний тухай хуульд заасны дагуу хүн амын хоол тэжээлийн байдал ялангуяа хүүхдийн хооллолтыг үнэлэх үндэсний судалгааг таван жил тутамд Эрүүл мэндийн яам хариуцан хийдэг. Мөн Үндэсний статистикийн хорооноос тодорхой үечлэлтэйгээр хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн үзүүлэлтийг гаргах судалгааг гаргадаг. Мөн өрх сум, дүүргийн эрүүл мэндийн төвд эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу бидний хэлж заншсанар ягаан дэвтэрт хүүхдийн хооллолтын бүртгэл явагддаг. Эндээс бид хяналтаа хийх боломжтой юм.

-Хөхний сүү багатай ээжүүд л голчлон нэмэлт тэжээл хэрэглэдэг. Монгол эх хүн аль болох хүүхдээ хөхүүлэхийг боддог. Заавал хуульчилж байгаа учир юу вэ. Энэ хууль батлагдан гарах болсон гол үндэслэл, шалтгаан юу байв?

-Хэрэв хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж буй хүүхдийн амь насыг аварч, уушгины хатгалгаагаар өвдөх эрсдлийг 30 хувь, суулгалтаар өвчлөх эрсдэлийг 50 хувь, суулгалт өвчнөөр эмнэлэгт хэвтэх 72 хувь, хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэлтийг 57 хувь, эмэгтэйчүүдийн хөх ба өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдлийг жил тутамд зургаан хувиар бууруулж, хүүхдийн амьдрах чадвар 14 дахин илүү байдаг зэрэг нотолгоог ДЭМБ-аас тогтоосон. Гэтэл үүнтэй зэрэгцээд Монгол Улсад экологийн доройтол буюу хөрс, агаар, усны бохирдол нэмэгдсэн болон бусад нөлөөгөөр хүүхдийн халдварт болон халдварт бус өвчлөлүүд нэмэгдсээр л байна. Ганц жишээ дурдахад өнгөрсөн 2015 онд улаанбурхан өвчний дэгдэлтээр эхний гурван сард 59 хүүхэд нас барсан аймшигт тохиолдол гарсан ба тэдний 76.2 хувь нь 0-8 сартай байсан. Эдгээрийн дийлэнх нь эхийн сүүгээр дагнан хооллодоггүй байв. Ер нь зургаан сар хүртлээ хөхөө хөхөж байгаа хүүхдүүд халдварт өвчнөөр ховор өвддөг. Улс орны хүүхдийн эрүүл мэндийн байдлыг илтгэх нэг чухал үзүүлэлт бол төрсний дараах эхний зургаан сард эхийн сүүгээр дагнан хооллож байгаа үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт хэр бага байхаас шалтгаалж нярай, нялх хүүхдийн өвчлөл, эндэгдлийн үзүүлэлт нэмэгдэж байдаг. Манай улсад энэ үзүүлэлт 2000 оны эхэнд эхийн сүүгээр хооллолт 90 хувиас дээш гарч олон улсад сайны жишээ болж байсан ч буурсаар 2010 онд 67 хувьд хүрч, 2013 онд 47 хувьтай болсон байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт 40 хувиас доош буурах нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж үздэг. Энэ хугацаанд эсрэгээрээ импортоор орж ирэх сүүн тэжээлийн тоо, хэмжээ хэд дахин нэмэгдсэн байдаг. Нийт нялхсын талаас илүү нь сүүн тэжээлийг хэрэглэж байгаа нь алсдаа эрүүл мэндийн асуудалтай хүүхдийн тоог нэмнэ гэсэн үг юм. Бага насны хүүхдийн дунд илүүдэл жин, таргалалт, харшил зэрэг өвчлөл нэмэгдэж, бүс нутагтаа дээгүүрт жагсах хэмжээнд хүрсэн.

-Энэ хуулийн гол ач холбогдлыг юу гэж харж байна?

-Энэ хууль нь анх 2005 онд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хууль гэсэн нэртэйгээр батлагдсан боловч цаг үеийн шаардлагад нийцэхгүй олон заалтууд бий болсон. Тиймээс 2013 оноос хойшхи судалгаануудад үндэслэж агуулгын хувьд өргөжүүлэн “Нялх, балчир хүүхдийн тухай хууль” гэж шинэчлэн баталсан. Гол ач холбогдол нь нялх, балчир хүүхдийн хүнсний аюулгүй байдал, чанар стандартад тавигдах шаардлагууд сайжирч, хүүхдийн эрүүл мэндийн дархлааны суурь тогтолцоог хадгалж, эхийн сүүгээр хооллолтыг төрөөс бодлогоор дэмжих асуудлыг тусгасан. Тухайлбал 1-3 настай хүүхдийн хүнсэнд транс тос, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний түүхий эд зэргийг хорьж өгснөөрөө онцлог юм.

-Төрөх эмнэлгүүдэд сүүний нөөцийн банк байгуулж байгаа гэсэн. Энэ талаарх мэдээллийг хүргэнэ үү?

-Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нэг үйл ажиллагаа нь хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр хооллохыг дэмжих юм. Амаржих газар, тасагт хүүхдээ хөхүүлэхэд асуудалтай эхэд зориулж хөхний сүүний нөөц бүхий эхийн сүүний нөөцийн банкийг байгуулан ажиллуулах заалтыг хуулинд оруулсан. Сүүний гарц сайтай ээж сүүний гарц багатай ээжид сүүний донор болно гэсэн үг. Мэдээж жирэмсэн байхдаа өгдөг шинжилгээн дээр зарим нэмэлт шинжилгээ хийлгэнэ, тогтсон стандарт шаардлагын дагуу хийгдэнэ. Энэ нь хуулийг дагаж гарах журмаар зохицуулагдана.

-Хүүхэд төрүүлсэн оюутнуудад тэтгэмж олгогдох заалт хуульд тусгагдсан байгаа бил үү?

-Оюутан эхэд хүүхдээ асрахаар жилийн чөлөө авсан үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг сар бүр өгдөг байх зохицуулалт өргөн мэдүүлсэн ч хэлэлцүүлгийн шатанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өргөн мэдүүлсэн өөр хуулийн заалттай давхацсан тул хасагдсан.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Автомашины зогсоолгүй үйлчилгээний газар үйлчлүүлэгчдээ алдах нь тодорхой болжээ

Манай Улаанбаатар хотод дэлгүүр хоршооноос эхлээд бараг бүхий л үйлчилгээний газар гаднаа авто зогсоолгүй гэж хэлж болно. Сохор азаар арайхийн зогсоол олдлоо гэхэд авто зогсоолын мөнгө гэж заавал төлөх хэрэгтэй болдог. Орлого оруулж худалдан авалт хийх гэж байгаа хэрнээ мөнгө хураагч нарт загнуулан барин зогсоолын мөнгө төлнө гэдэг Монголоос өөр газар ойлгоход нэн бэрх. 30 минут болов уу үгүй юү 1000 төгрөг нэхдэг олон газраас жишээгээр дурдахад “UB Mart” дэлгүүрийг нэрлэх байна. Кино театрт кино үзлээ гэхэд зогсоолд нь машинаа тавиад 1000, 1500 төгрөг төлнө. Зарим нь гэрийнхээ үүдэнд, ажлынхаа хашаанд машинаа тавихдаа ч мөнгө төлөх дээрээ тулчихаад байна. Орон сууцны гадаа гэхэд автомашины зогсоол уу эсвэл хүүхдийн тоглоомын талбай юу гэдэг нь ч ялгагдахаа байжээ.

Уг нь орчин үед тавигдаж буй шаардлагаар бол шинээр баригдаж байгаа барилга байгууламж гадна, дотроо автомашины зогсоолтой байх ёстой байдаг. Гэтэл энэ шаардлагыг хангах барилга байшин үйлчилгээний газар нийслэл хотод маань хуруу дарам цөөн. Тухайлбал, III, IV хороолол их дэлгүүр, үйлчилгээний газар олонтой. Гаднаа автомашины зогсоол нэртэй боловч дийлэнхдээ худалдагч, тухайн байгууллагын ажиллагсдад хамаардаг.

Үүнийг хэдийнэ үйлчлүүлэгчид анзаарчихсан. Тиймээс машин тавих газар олддоггүй үйлчилгээний газруудаар ороод ч яахав дээ гэж ярьцгаадаг болсон. Авто зогсоолгүй, тэгсэн хэрнээ мөнгө нэхдэг газруудад аандаа үйлчлүүлэгчийн тоо нь буурч хаалгаа барихдаа тулах нь өдрөөс өдөрт тодорхой болж ирлээ.

Тиймээс барилга байгууламж барихдаа анхнаас нь автомашины зогсоолыг чухалд тавихгүй бол үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчээ алдах нь хууль болчихоод байгаа гэдгийг бодолцох цаг болжээ.


Categories
мэдээ цаг-үе

Зөрчлийн тухай хуульд тусгагдсан иргэдийн мэдвэл зохих заалтуудаас танилцуулъя

УИХ-ын чуулганы энэ долоо хоногт болох хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах гэж байгаа билээ. Хууль батлагдсан нөхцөлд ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Иргэн таны мэдвэл зохих олон зүйл заалт уг хуульд тусгагдсан байгаа. Тухайлбал, гэртээ шөнө оройн цагаар чанга дуу чимээ гаргаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал торгуулахаас эхлээд зориулалтын газар хогоо хаяагүй гэх зэрэг мэдүүштэй олон заалтуудтай тун чухал хууль энэ долоо хоногтоо багтан батлагдан гарах гэж байна. Зөрчлийн тухай хуульд тусгагдсан анхаарал татахуйц зүйл заалтын тухай мэдээллийг тоймлон хүргэе.

Зөрчлийн тухай хуульд нийтдээ 1600 зөрчил багтсан. 1600 гаруй зөрчлийн 10 зөрчил дээр 100 сая төгрөгийн торгуулийн асуудал яригдаж байгаа. Энэ 10 зөрчлийн найм нь банктай холбоотой байгаа. Банк байгуулах тусгай зөвшөөрөл аваагүй байж иргэдээс хадгаламж татаад, зээл олгоод хууль бусаар банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдэл дээр 100 сая төгрөгөөр торгоно гэх мэтээр уг хуульд торгуулийн хамгийн өндөр заалт нь 100 хүртэлх сая төгрөгюм.

Зөрчлийн тухайн хуульд туссан иргэн таны амьдралд шууд хэрэглэгдэх, иргэдийн зайлшгүй мэдэх шаардлагатай зарим заалтуудыг түүвэрлэн хүргэе.

• Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 30 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 300 мянган төгрөгөөр торгоно.

• Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 зуун мянган төгрөгөөр торгоно.

• Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг 10 мянган төгрөгөөр торгоно.

• Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг 25 мянган төгрөгөөр торгоно.

• Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно.

• Гэр бүлийн хүнээ зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулна.

• Санаатай хүнд гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа, эсвэл үйлдсэнийг лавтай мэдсэн атлаа эрх бүхий байгууллагад мэдээлээгүй бол 500.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5.000.000 төгрөгөөр торгоно.

• Санаатай хүнд гэмт хэргийг нуун далдалсан бол хүнийг 750 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 7.500.000 төгрөгөөр торгоно.

• Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 150 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.500.000 төгрөгөөр торгоно.

• Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг 25 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно.

• Автомашинтай замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буюу улаан гэрлээр гарвал 25.000, гарцгүй газраар зам хөндлөн гарвал 20.000, хурд хэтрүүлбэл 50.000 төгрөгөөр торгоно.

• Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг 1.000.000 төгрөгөөр торгоно.

• Эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөр гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, хүнийг 200 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.000.000 төгрөгөөр торгоно.

• Хувь хүнийг сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 2.000.000төгрөг, аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр торгоно.

• Мансуурсан, эсвэл аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эсвэл хүмүүсийн харилцааны тогтсон хэм хэмжээнд зүй бусаар халдаж бусдын амар амгалан байдлыг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох, эсвэл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулна.

• Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.000.000 төгрөгөөр торгоно.

• Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд эсвэл гадна талаас нь орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны дүрсний бичлэг хийсэн бол хүнийг 200 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.000.000 төгрөгөөр торгоно.

• Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол иргэнийг 2.000.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 20.000.000 төгрөгөөр торгоно гэх мэт.

Зөрчлийн тухай хууль шинээр гарах болсон гол шалтгааныг та нэгэнт эзгүй арал дээр биш хүний нийгэмд амьдарч байгаа бол тэнд тогтсон ёс зүй, дэг жаягийг дагаж мөрдөх үүрэгтэй. Тэгэхээр дэг журамтай нийгэмд амьдруулах гэж Зөрчлийн хууль батлагдах гэж байгаа. Та хаа таарсан газраа хогоо хаяж, чангаар хашгирч болохгүй. Наад зах нь та оочер дугаар дайрч, хэрүүл шуугиан үүсгэж болохгүй гэдэг нийгмийн харилцаанаас эхлээд зохицуулж байгаа хэмээн хуулийн албаны хүний ярьсан тайлбараас нь уг хууль гарах болсон зорилтыг нь ойлгож болох юм. Гэхдээ бүх зүйлийг хамаад зохицуулаад байна гэж ойлгож болохгүй. Цоо шинээр хариуцлага ярих гэж ч байгаа юм биш. 1992 оноос өмнөх хуульд ч хойшхид нь ч уг хуульд тусгагдсан заалтууд байсан. Тэгэхээр Зөрчлийн тухай хууль нь урьд нь хуульд байсан хэрэгждэггүй заалтуудыг нийлүүлж шинээр хууль болгож багцалсан гэж хэлж болохоор юм байна.Нийтдээ 240 хуульд байгаа хориглосон, шийтгэлийг нэг хуульд системчлэх зорилготойгоор Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулжээ.Уг хуульд 1600 зөрчлийн ердөө дөрөвт нь баривчлах шийтгэл оногдуулахаар болж байгаа. Учир нь байнгын хорооны удаа дараагийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор маргаан гарч, сав л хийвэл баривчлах, шоронжуулах хууль болж байна гэсэн шүүмжлэл гарсантай холбоотойгоор хорих шийтгэл илтэд багассан гэж хэлж болно. Олон нийтийн газар үймүүлж, аяга таваг хагалаад, амгалан тайван байдал алдагдуулаад агсам согтуу тавиад байгаа нөхрийг торгоод яваад байх юм уу. Торгохыг нь торгож, давтан үйлдэл гаргаад байгаа хүнийг 7-30 хоног баривчилж, гэм зэмийг нь өөрт нь ойлгуулдаг байсан нь дээр гэж үзжээ. Халаасны хулгайн тухайд гэхэд торгууль оногдуулаад байх нь дахиад яваад хулгай хийгээд хохирлоо барагдуулчих гэж хэлж байгаагаас өөрцгүй. Тиймээс халаасны хулгай хийгээд байгаа хүнийг баривчилна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 240 мянган төгрөг хүрэхгүй бол гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш. Ингээд мөнгөө алдсан хүмүүсийн хохирлыг барагдуулах эрх ашиг зөрчигддөг байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд баривчилна гэдэг заалт байгаа. Жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол баривчлах арга хэмжээ авч байгаа. Согтуугаар жолоо барьж байгаад 25 мянган төгрөгөөр торгуулчихаад л яваад байж болохгүй учир согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг баривчлах юм байна. Ийм дээрх дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл оногдуулахаар тусгажээ.

Зөрчлийн тухай хуулиар зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтан буюу цагдаагийн ажилтан, прокурор хийнэ. Хэрэв зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол баривчлах ял оногдуулна. Баривчлах шийтгэлийг шүүхээс оногдуулна. Баривчлах шийтгэлийг 7-30 хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулах бөгөөд зөрчил үйлдсэн хүнийг албадан сургалтад хамруулж албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заажээ. Ажлын хэсгээс хуулийн төсөл дэх Албадан сургалт гэсэн зүйлийг өөрчлөн найруулах саналыг гаргасны дагуу шүүх баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж тусгажээ. Албадан сургалтыг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ. Албадан сургалт 15-50 цагийн хугацаатай байх гэнэ. Мөн зөрчил үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй. Энэ нь зургаан сарын хугацааны дотор зөрчлийг шийдвэрлүүлэхээр гомдол гаргаагүй бол хэрэг биш гэж тооцогдон хэрэгсэхгүй болно гэсэн үг болж байна.Дашрамд дурдахад Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүний эрхийн зөрчил үүсэх нөхцөл бүрдүүлэх, хүний эрхийг дордуулсан байж болзошгүй заалтууд тусгагдсан хэмээн үзэж УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч, ажлын хэсэг сарын өмнө байгуулагдаж байсан удаатай. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд багагүй шүүмжлэлийг хүлээж, иргэдийн эрхэнд халдсан халтай хууль төрөн гарах нь гэсэн болгоомжлолыг үүсгээд байсан юм. Ямартай ч УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийгдэнэ. Ирэх пүрэв, баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хууль батлагдан гарна гэсэн хүлээлт байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намбарын ЭНХБАЯР: Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа.


-Танд юуны өмнө ярилцлага хийх хүсэлтийг хүлээн авсанд талархсанаа илэрхийлье.

-Монголын хамгийн олон уншигчтай, өдөр тутмын сонины тэргүүлэгч “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.

-Та ойрдоо суурин байна уу, эмчилгээ хийлгэж Солонгос руу яваад байдаг сурагтай байсан?

-Хааяа нэг Солонгос явж эмчилгээ хийлгэж байна. Урьд өмнөх үеэ бодвол одоо биеийн байдал дээрдэж байна. Ойрдоо хөдөө орон нутгаар их явж байгаа. Үндсэн хуулийн шинэ төслөө иргэддээ танилцуулж олон аймгаар явлаа. Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ихэд сонирхож байгаа нь анзаарагдаж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд та ямар бодолтой байгаа вэ. Нэг, хоёр танхимтай парламенттай болох, Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болох зэрэг олон санал яригдаж байгаа…?

-Манай улсын Үндсэн хууль 25 жилийн “нас”-тай болжээ. 25 жил бол Үндсэн хуулийн сайн, мууг тал талаас нь харж ойлгочих цаг хугацаа мөн.

Монгол Улсад өнөөдөр бий болсон улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг хэн нэгэн хүнтэй холбож шүүмжлэхээс илүүтэй гүнзгий ухаад үзэх юм бол одоогийн Үндсэн хуулийн тогтоосон тогтолцоо нь өөрөө учир дутагдалтай юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа.

Үндсэн хуулийг өөрчлөх хоёр зам байна. Зарим зүйл заалтыг нь өөрчлөх, эсвэл бүхэлд нь өөрчлөх. Өнөөг хүртэл зарим зүйл заалтыг өөрчлөх асуудал илүү хөндөгдөн яригдсаар ирсэн. Зарим зүйл заалтыг нь өөрчилж үзсэн. Оруулсан өөрчлөлтүүдийг тус тусад нь аваад үзвэл нэг их муу заалтууд биш, гэхдээ тэдгээр заалтуудыг өөрчилснөөр Үндсэн хуулиар тогтоосон буруу тогтолцоог бүхэлд нь өөрчилж чадаагүй учир дордуулсан долоон заалт гэсэн нэр авсан. Миний хувьд Үндсэн хуулийг бүхэлд нь томоор нь өөрчлөх ёстой гэж үздэг. Тогтолцоог нь бүхлээр өөрчлөхгүй л бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэх үү, УИХ-ын эрх мэдэл нэмэгдэх үү гэх мэт хоёрдогч шинж чанартай асуудлаар хөөцөлдөн маргалдаж, тэгснээр зохицуулах ёстой гол чухал асуудлыг орхигдуулах нь хариуцлагагүй явдал мөн.

-Үндсэн хуулийг тогтолцоогоор нь хэрхэн өөрчлөх юм?

-Тогтолцоогоор нь өөрчлөх гэдэг нь ард түмний эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай асуудал юм. Аливаа Үндсэн хуулийн суурь ойлголт нь ард түмний эрх мэдлийн тухай асуудал байдаг болохоос биш хэн нэгэн албан тушаалтны эрх мэдлийн тухай асуудал байдаггүй. Албан тушаалтнууд ард иргэддээ үйлчлэх үүрэгтэй байх ёстой. Гэтэл өөрчлөлт ярихаараа ард түмний эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай биш өөрсдийнхөө буюу албан тушаалтнуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх, хуваарилах тухай асуудалд гол анхаарлаа хандуулдаг.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх тань олон нийтийн анхаарлыг татсан сэдвийн нэг болоод байна л даа. Та нэр дэвших үү?

-Ерөнхийлөгчийн сонгуульд би хэрвээ оролцох юм бол жинхэнэ өрсөлдөөн бий болно, илүү шударга болно. Ард түмэн үүнийг хүсч, ярьж байна. Юуны өмнө хэлэхэд одоогийн Үндсэн хуульд зөвхөн УИХ-д суудалтай намуудаас нэр дэвших эрхтэй гэж заасан нь шударга байж чадахгүй нь ойлгомжтой. Хуулиараа МАН, АН, МАХН гэсэн гурван намаас л нэр дэвшигчид өрсөлдөх нь. Гэтэл нам бус боловч нэр дэвших чадамжтай, эх оронч, чадварлаг олон хүн хашаа хаалганы цаана үлдэж байна. Тэгвэл бидний боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөлд 50 мянган хүний гарын үсгийг цуглуулж чадсан хэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй гэж нээж өгсөн байгаа. Хэрвээ бидний боловсруулсан ийм шинэ зохицуулалт бүхий шинэ Үндсэн хуулийг ард иргэд хэлэлцэж дэмжин баталбал нөгөө ард түмний эрх мэдэл улам нэмэгдэнэ гэсэн үг, шударга тогтолцоо тогтох нөхцөл бүрдэнэ. Одоогийн гуравхан нам дэвших хязгаарлагдмал хүрээндээ хашчихсан байгаа дээрээ бас Энхбаярыг оруулахгүй юм шүү гэж Ардын нам, Ардчилсан нам хоёр хоёулаа зүтгэж байна.

-Нэр дэвшихэд танд хуулийн тээг одоо байна уу?

-МАН ба АН-ынхан, ялангуяа МАН-ынхан сонгуулийн дүнг урьдчилан гарган зурчихаад зурсан дүнгээ гаргах гэж улайрдаг байдал бий болоод удаж байна. Өнгөрсөн сонгуулиуд тийм байдлаар явагдсан учир хүмүүс шударга бус сонгууль болсон гэж шүүмжилж байгаа.

Хамгийн ойрын жишээ гэхэд ийм байдлаар ажилладаг нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа харагдсан шүү дээ. Манайд төр засаг нь эрх мэдлээ хэтрүүлж хориогүйг хийдэг, хувь хүн эрх мэдлээ хумиулж зөвшөөрснийг хийдэг эсрэг зохицуулалттай. Ийм нөхцөлд хувь хүн дандаа гэм буруутай, төр засаг дандаа гэм буруугүй, бас хариуцлагагүй байдаг. Бас амьдралын нэгэн алтан зарчим буюу хууль гэж байдаг. “Чи өөрөө надад ийм зүйл битгий тохиолдоосой гэж байгаа бол тэрийгээ бусдад зориулж битгий хий”. Гэтэл манай төр засгийнхан Энхбаярт зориулж ийм зүйл заалтыг нэмж оруулъя, ингэж тайлбарлаж болно, бидэнд болохоор энэ нь огт хамаагүй, ганцхан Энхбаярт үйлчлэх ёстой гэсэн байдлаар нэг хүнд зориулан хуульд өөрчлөлт оруулж байна. Хууль шүүхийнхэн бараг бүгдээрээ миний эсрэг ажиллаж байна. УИХ надад зориулж Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж байна. Надад зориулж Сонгуулийн хуульд эргэлзээтэй заалтуудыг оруулж байна. Энэ бол Үндсэн хуулийн хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаа балмад ажиллагаа. Гэхдээ ийм заалтууд оруулаад ч би Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй.

-Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг ирэх долдугаар сарын 1-нээс болгож хойшлуулах шийдвэр гаргасан нь Н.Энхбаярын нэр дэвших боломжийг хааж байгаа хэрэг болж байна уу?

-Анх намайг хэлмэгдүүлж, ял тулгаж, дараа нь Өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ одоог хүртэл та сонгуульд оролцож болохгүй гээд байж байна. Уг нь нэг хүнд зориулж хуулийг чангаруулж, эсхүл сулруулж болдоггүй. Дахин хэлье. Хууль, шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэсэн заалт Үндсэн хуульд байгаа. Тухайн үед намайг хэлмэгдүүлэн Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-аар ялласан. 263.2 нь 2009 оны Өршөөлийн хууль, 150.3 нь 2015 оны Өршөөлийн хуульд тус тус орсон. Эдгээр Өршөөлийн хуулиар тухайн зүйл заалтын үндсэн болон нэмэгдэл ял, ял эдэлсэн тохиолдолд л үүсдэг ялтай байдлыг аль алийг нь өршөөн хэлтрүүлсэн. Тийм учир би нэгд, хэлмэгдсэн учир бүрэн цагаадах ёстой. Тийм цаг ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Хоёрт, Өршөөлийн хуулиуд, тэдгээрийн тодорхой зүйл, заалт, Өршөөлийн хууль батлагдсаны дараа гарсан Дээд шүүхийн тайлбарын дагуу өнөөдөр ч гэсэн сонгуульд нэр дэвших эрх байгаа. Гэтэл яагаад “ялгүй” болчихсон байхад заавал “ялтай” болгож худлаа тайлбарлаад байгаа юм бэ гэхээр хууль, шүүхийн байгууллагад ажилладаг зарим шударга боловч аймхай хүмүүс дээрээс тэг гэсэн даалгавар өгсөн гэдэг. Намайг “ялтай” гэж худлаа бичиг бичиж өгсөн хүмүүс өнөөдөр шанд нь өндөр албан тушаалд оччихоод луйварчдыг халхавчлан хамгаалаад сууж байгаа шүү дээ. Энэ бол тухайн үед МАН ба АН-ын толгойд гарсан гэх үү, эсхүл толгойд ойрхон байсан, байгаа зарим хүмүүсийн явуулсан бусармаг үйл ажиллагаа. Гэхдээ одоо энэ явдлыг засна гэвэл МАН, МАН-ын удирдлага засна. Харъя даа.

-Бас гадаадад зургаан сараас дээш хугацаагаар байсан бол гэдэг үндэслэлээр таны нэр дэвших эрхийг хаахыг оролдож байна гэж байгаа?

-Үндсэн хуульд зааснаар таван жилээс доошгүй хугацаанд Монголдоо байнга байсан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж байгаа. Тухайн үед энэ заалтыг Үндсэн хуульд Монгол орныхоо улс төр, нийгэм, эдийн засаг, ард түмнийхээ амьдралыг сайн мэдэж байх ёстой гэсэн санаагаар оруулсан юм. Гэтэл МАН-АН-гийнхан хуйвалдаж таван жилийг зургаан сар болгон хугацааг богиносгож энэ зургаан сараас дээш хугацаанд гадаад улсад оршин суусан хүн нэр дэвшинэ гэж хууль баталсан байгаа юм. Ухаандаа надад зориулж, намайг нэр дэвшчихвий гэж үнхэлцгээ хагартлаа айхдаа хуйвалдаж оруулсан заалт. Гэхдээ тэд ингэж зохицууллаа гээд ард түмний дургүйцлийг төрүүлэхээс өөр ямар ч ашиггүй. Нэгд, би гадаадад оршин суугаагүй, харин богино хугацаагаар явж эмчлүүлсэн. Өөрсдөө намайг хэлмэгдүүлж, ингэснээр би эрүүл мэндээрээ хохирч, гадагшаа явж эмчлүүлснийг ашиглан гадаадад оршин суусан мэтээр тайлбарлаж сонгуульд нэр дэвшихийг хасах гэж байгаа бол тийм эрх тэдэнд байхгүй. Би үнэхээр гадаадад эмчлүүлэх шаардлага гарсан. Тухайлбал, энд намайг 600 цагдаа бүсэлж зэрлэг балмад аашлан авч явахдаа миний хоёр гарны шөрмөсийг тасалсан, хоолой боож ухаан алдуулсан гээд яривал юм их бий. Харин манай Монголын эмч нар намайг үхүүлчихгүй авч үлдсэн нь тэдний гавьяа. Би Монголын эмч нартаа үргэлж баярлаж явдаг. Гэхдээ манай эмнэлгийн зарим тоног төхөөрөмж хуучирсан зэрэг шалтгаанаас болоод тухайлбал, миний хоёр гарны шөрмөс тасарсныг би нарийн тоног төхөөрөмжтэй гадаадын эмнэлэгт үзүүлж байж мэдсэн, мэс засал хийлгэж залгуулсан. Эмчлүүлэх бол оршин суух гэсэн үг яавч биш. Хоёрт, би гадаадын аль нэгэн оронд явахдаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд дипломат паспортоор явдаг. Дипломат паспорт бол хоёр орны хооронд байгуулсан гэрээний дагуу зөвхөн түр хугацаагаар тухайн оронд орж гарахад тэмдэг тавьдаг баримт бичиг. Хамгийн их нь гэхэд зургаан сар биш гурван сарын хугацаанд ороод гарна гэсэн үг. Харин өөр оронд оршин суух гэж байгаа бол энгийн паспорт дээр тэмдэг тавиулна. Надад энгийн паспорт байхгүй. Гуравт, өөр оронд оршин суух гэж байгаа бол тусгай виз авна. Би аль ч улсад оршин суугаагүй учир ямар нэгэн орны оршин суугчийн визийг аваагүй. Дөрөвт, би Монголдоо оршин сууж байгаа газрынхаа хаягаар бүртгүүлсэн хэвээр, тэр бүртгэлээс хасагдаагүй, тэр хаягаараа сонгуульд оролцож саналаа өгөөд байж байгаа. Тийм болохоор би нэр дэвшихэд хууль эрхзүйн талаасаа ямар ч хаалт байхгүй. Хамгийн гол нь Монголын ард түмэн Энхбаярыг нэр дэвшээсэй гэж хүсч байна уу, үгүй юү гэдэг ёс зүйн хаалт. Хараа хяналтгүй төр засаг бий болчихлоо, чи очиж бидний өмнөөс хяна гэсэн үүрэг даалгавар өгч буй бол би үүрэг даалгаврыг хүлээж авна. Ер нь албан тушаалаас ард түмний дэмжлэг илүү хүчтэй. Ард түмний захиа даалгавар байгаа цагт би нэр дэвшихэд бэлэн, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Хэрвээ ард түмэн Энхбаяр аа, одоо боль оо гэж байгаа бол надад улайраад байх шаардлагагүй.

-Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунд нэр дэвших тухай саналыг танай намаас тавьсан гэдэг үнэн үү?

-Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг дээ. Манай намаас Л.Эрдэнэчулуун сайдыг дэвшүүлэх тухай албан ёсоор яриагүй. О.Баасанхүү гишүүний сонинд өгсөн ярилцлагыг уншихад Л.Эрдэнэчулуун сайдтай уулзсан юм шиг байгаа юм. О.Баасанхүү гишүүн саналаа хэлсэн юм болов уу даа. Тэр бол намын санал биш. Л.Эрдэнэчулуун сайд гадаад харилцааны асуудлыг гайгүй сайн мэднэ. Ерөнхийлөгч хүн улс төр, нийгмийн бүхий л асуудлыг мэдэж харилцдаг гэдэг утгаараа нэг мэргэжлийг дагнах биш цогцоор нь мэдэх хүнийг сонгож олох ёстой. Үнэндээ манай нам дотроос нэр дэвших бололцоотой олон хүн бий. Л.Эрдэнэчулуун сайд өөрөө ухамсартай хүн байна. Цэргийн хүүхэд шиг наадамд өөр хүний бакаал өмсч орж ирэхгүй байх аа. Улс төрийн тоглоом болохгүй болов уу гэж бодож байна. Тийм учраас би Л.Эрдэнэчулуун сайдтай энэ асуудлаар огт ярилцаагүй байна.

-Манай улс өрөнд дарагдсан улс болж хувирлаа. Энэ юунаас болов. Үүнээс гарах гарц байна уу?

-Өнөөдрийн улс төр, нийгмийн амьдралд тулгамдсан асуудлыг яаж засч, авч явах вэ? гэдэг дээр би өөрийн туршлага, мэдлэг чадвараа дайчлан хийх ажил, авах арга хэмжээг олж харсан. Одоо байгаа 24 тэрбум ам.долларын өр дээр эрх баригч МАН таван тэрбум ам.долларын зээл нэмж авахаар төлөвлөж байгаа. Ингэвэл Монгол Улс 29 тэрбум ам.долларын өртэй болж байна. Хүн бүр, бүр шинээр төрж буй хүүхэд бүр 10 мянган ам.долларын өртэй болж байна гэсэн үг. Тусгаар тогтнолоо алдах аюулын ирмэгт тулж ирснийг харж байна. Ер нь зээл өгсөн байгууллага, улс орон тухайн орны дотоод хэрэгт оролцох бололцоотой болдог. Одоо бүр шууд оролцоод эхэллээ. Олон улсын валютын сан бидний өртэйг далимдуулан дотоод хэрэгт маань оролцоод эхэллээ. Монгол Улс тусгаар тогтносон эдийн засгийн бодлого явуулах боломжгүй байдалд орлоо. Яагаад гэвэл бид өртэй учраас. Бид алтан дээр суусан гуйлгачин учраас тэр. Алтаа зөв зохицуулж чадахгүй, цөөн хэдэн хүн нь “идэж”, олонхи нь ядуурч байгаа учраас. Гэтэл өр шир тавилгүй байгалийн баялаг, ард түмнийхээ оюуны баялгийг дайчлан сайхан амьдрах бололцоо байна.

-Та оффшор бүсэд данстай юу. Улстөрчид оффшор бүсэд данстай байхыг та юу гэж үзэж байна?

-Надад оффшор бүсэд данс байхгүй. Харин төр засгийн эрхэнд гарсан цөөхөн хэдэн албан тушаалтан байгалийн баялгаас тэвэр тэврээр нь авсныгаа оффшор дансанд нуучихаад байж байгааг мэдээд ард иргэд ихээхэн дургүйцэж байна. Нэгэнт барьцаанд орсон хүмүүс төр засагт байгаа учраас Олон улсын валютын сангийн тулгалтад орж байна. МАН-ынхан сонгуулийн амлалтаасаа буцаж байна. Ер нь сонгуулийн амлалтаасаа буцах юм бол сонгуульд ороод яах юм бэ? Сонгууль хийгээд яах юм бэ? Ийм байдалд хяналт тавих хэрэгтэй байна. Засах хэрэгтэй байна. Ард түмэн чи очиж засах хэрэгтэй гэж үзвэл би өөрийн зүрх сэтгэл, туршлага, мэдлэг боловсролоо бүрэн зориулахад бэлэн. Одоо ард түмнийхээ даалгаврыг биелүүлж ёсыг тогтоох цаг иржээ. Намуудаас хамгийн өндөр рейтингтэй байгаа, шударга ёсыг сэргээн тогтооё гэж бодсон хүнээ шударгаар гаргаад ир, шударга өрсөлдье. Ард түмэн дүнгээ тавина. Энэ бол ард түмний эрх ашгийг хүндэтгэсэн хамгийн зөв шударга шийдэл болно. Наадамтай адилтган зүйрлэвэл өрсөлдөөнтэй сайхан наадам болох гэж байтал хаанаас ч юм бэ нэг “цэргийн хүүхэд” авчирч барилдуулна, эхлээд МАН ба АН-ын аманд “цэргийн хүүхэд” өгнө, тэгээд энэ хоёр хэн хэндээ “унаж өгөхөв” гэдгээ ярьж тохирно, “өгөх авах юм тохирчихсон” гэвэл тийм наадам болохыг Монголын ард түмэн хүсэхгүй. Ийм балай “наадам”-д түрүүлсэн гэж нэр зүүх нь насан туршийн шившиг болно. Угаагаад угаагаад арилахааргүй хар толбо болж үлдэнэ.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн үед МАХН сонгуульд хэрхэн бэлдэж байна вэ. Ямар хүмүүсийг нэр дэвшүүлэхээр ярьж байна. Хэрэв таныг хуулийн тээгээс болж дэвшихгүйд хүрвэл гаднаас хэн нэгнийг оруулж ирэх таамаг дуулдаж байна?

-МАХН ард түмнийхээ дунд хамгийн өндөр рейтингтэй, итгэл хүлээж чадахуйц хүнээ дэвшүүлэн гаргах шударга зарчмыг баримтална. Намын хамт олон, гишүүдтэйгээ үргэлж цуг байсан хүмүүс дундаас итгэл даах чадвартайгаа тодруулна. “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг биз дээ. Ард түмэн эх орондоо эзэн болох уу гэдэг амин чухал асуудлыг шийдэх гэж байна шүү дээ. Хяналт бий болгоё гэвэл олонхи биш цөөнх болсон Ардчилсан намтай бодлогоо уялдуулж болно, эсхүл сонгуулийн амлалтыг нь шахан биелүүлье гэвэл МАН-тай ярилцаж болно. Гэхдээ энэ хоёр нам хоёулаа ажил амжилт муутай ч арга заль ихтэй учир алинтай нь ч аливаа тохироонд хүрнэ гэхэд их хүндрэл, болгоомжлол байна. Хэлсэндээ хүрэх болов уу. Нөгөө л хууль, шүүхээрээ айлгадаг ганц “дархан” мэхээ хийх гэж оролдох болов уу. Намууд хамгийн түрүүн ард түмнийхээ эрх ашгийг бодож ард түмэндээ үйлчлэхийг зорин албан ёсоор хэлэлцээр хийхээс биш нэг нэгнийхээ дотоод хэрэгт шууд болон тойруу замаар хутгалдан оролцох хэрэггүй. Хөдөө орон нутгаар явж иргэдтэй уулзахад уур амьсгал “Нөхөр минь чи дэвш. Чамд хайр зарласандаа ч биш. Цаадуул чинь болохгүй байна. Алдааг нь зас, засуул. Чи бас урьд нь алдаж сургамж авсан, тэрийгээ зас. Алдаа хийсэн хүн алдаагаа өөрөө засахаас өөр арга байхгүй. Тэгж ярих юм бол М.Энхболдыг хэн гаргаж ирж намын дарга, Ерөнхий сайд болголоо. Хэн Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгож байлаа” гэх зэргээр ярьж байгааг олон удаа сонссон. Үүнийг ард түмний дэмжлэг гэхээс илүүтэй үүрэг хариуцлага үүрүүлж, захиа даалгавар өгч байна гэж ойлгосон.

-Намуудын дарга нартай уулзалдаж сонгуульд хэрхэн оролцохоо ярилцаж тохиролцож буй асуудал байна уу. Тухайлбал, МАХН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдтой хэзээ хамгийн сүүлд уулзалдав?

-М.Энхболдтой сар хагасын өмнө уулзсан. Манай намаас боловсруулсан Үндсэн хуулийн шинэ төслийг намуудын дарга нарт гардуулж өгөх үеэр уулзсан юм. Манай намын дэд дарга Ц.Оюунбаатар, намын даргын зөвлөх Ц.Шаравдорж бид гурав М.Энхболдтой уулзсан. Тэр үед М.Энхболд сонгууль ойртож байна, ярилцаж зөвлөлдөх зүйл байна гэж хэлж байсан. Тэр удаад бид сонгууль ярина гэж тооцоолоогүй байсан болохоор “Дахин уулзаж ярилцаж болно” гэдгийг хэлсэн. Ц.Оюунбаатар: “Хэрэв энэ тухай ярина гэж бодож байсан бол яагаад төр засгийн эрхэнд гармагцаа АН, МАХН-ынханд харгис хатуу хандав даа. Энэ нь цаашдын яриа хэлэлцээр өрнүүлэхэд тодорхой хэмжээний саад бэрхшээлийг учруулж байна” гэсэн үг хэлнэ лээ. Ц.Шаравдорж: “Сонгуулийн тухай ярилцаж болно” гэсэн үг хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй байна. Уулзаж санал бодлоо солилцъё гэвэл хойш суух юм алга. АН-ын дарга С.Эрдэнэтэй мөн л сар орчмын өмнө уулзаж ярилцсан. Бас л Үндсэн хуулийн төслөө гардуулж өгөх үеэр. Тэр уулзалтын үеэр МАН сонгуулиар амласан амлалтаасаа буцаж байна. Цалин, тэтгэврийг нэмэхгүй байна. Харин бүр татварыг нэмчихлээ. Энэ асуудалд танай, манай нам аль аль нь дуугарч байх ёстой гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн. Ингээд сонгууль дөхөх үед дахин уулзаж ярилцаж, санал бодлоо солилцож болох юм гэж ойлголцсон. Одоо сонгууль дөхчихлөө. Ардын намынхан маань хууль, шүүхийнхэн бидний гарт байгаа учраас Энхбаярын нэрийг дэвшүүлэхгүй гэж бодож байж магадгүй. Ний нуугүй хэлэхэд Ардчилсан намынхан надад сайндаа биш гэхдээ шударга сонгууль болоосой гэж бодож, Энхбаяр дэвшээсэй гэж хүсч байгаа байх. Яагаад гэвэл шударга сонгууль явуулах нь АН-д ашигтай, ард түмэнд ч ашигтай. Монгол Улсад ч ашигтай. Энэ удаагийн сонгуульд АН шударга байр суурь баримтлахаас өөр аргагүй гэж харж байна. Ардын намынхан болохоор Энхбаярыг л дэвшүүлж болохгүй, тэр манай намаас нэр дэвшиж магадгүй хүмүүсээс илүү өндөр рейтингтэй байгаа учир хууль, шүүхийн байгууллагаар дамжуулж нэрийг нь дэвшүүлүүлэхгүй байх бүхий л ажлыг хийнэ хэмээн бодож төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Шуудхан хэлэхэд хэрэв өмнө нь Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх ажлыг МАН ба АН-ын удирдлага болон удирдлагад ойрхон хүмүүс хамтдаа хуйвалдан хийдэг байсан бол энэ удаад дангаараа МАН-ын удирдлага болон удирдлагад нь ойрхон хүмүүс хийх гэж зүтгэж байгаа байх. Энэ бол зөвхөн энд бид хоёрын мэдээд ярьж байгаа нууц асуудал биш шүү дээ. Монголын ард түмэн энэ бүхнийг ярьж, эгдүүцэн дургүйцэж байна. Хэрэв МАН хууль, шүүхийн байгууллагыг ашиглаж намайг сонгуулиас хасах хууль бус ажиллагаагаа гүйцэлдүүлэх юм бол ингэх нь уналтынх нь эхлэл болно. Ингэж муу муухай арга замаар явбал ард түмэн “Одоо ёстой больё” гэнэ. Тэгээд ч одоо МАН надад өширхөнө гэвэл хэн ч ойлгохгүй. Өмнө нь намайг хэлмэгдүүлснийг хүмүүсийн ихэнх нь АН-ынхны хийсэн ажил юм шиг ойлгодог юм билээ. Ард түмэн МАН-д хангалттай итгэл үзүүлсэн. Одоо МАН-ынхан бүгдээрээ ажилтай болчихсон. Дор бүрнээ хариуцсан ажлаа сайн хийх хэрэгтэй. Одоохондоо сайн хийж байгаа юм харагдахгүй байна. Хяналтгүй учир “намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэсэн зарчмаар яваад байна.

-УИХ-ын өнгөрсөн сонгуулиар МАН 65 суудал авсан. Нэг нам дангаар эрх барьж буй үед Ерөнхийлөгчийг өөр намаас сонгож хяналт тавих тухай та хэлж байна. Ер нь Ерөнхийлөгчийн эрх үүрэг, нийгэмд хэр нөлөөтэй байдаг юм?

-Одооны сонгууль Монгол Улс цаашдаа биеэ даасан улс төр, нийгэм, эдийн засгийн бодлоготой улс байх уу үгүй юү гэдгийг шийдэх сонгууль болно гэж эх оронч хүн болгон харж байна. Яагаад гэвэл манай улсын өр хэрээс хэтэрлээ. Нийгэм, эдийн засгийн хямралт байдал гүнзгийрлээ. Хараа хяналтгүй төр засаг бий болж, ард түмэн ба төр засгийн хооронд үл итгэлцлийн гүн гүнзгий ан цав гарлаа. Одоо төр засаг ба ард түмнийг хооронд нь холбох зүйл бол хяналт байх болно. Ийм хяналт бий болбол төр засаг амласнаа хэрэгжүүлдэг хариуцлагатай төр засаг болно. Ер нь шуудхан хэлэхэд МАН Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан орох ч хэрэг байна уу даа. Сонгуулийн амлалтаа хэрэгжүүлж чадсангүйдээ ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй. “Ерөнхийлөгчийн сонгуульд АН, МАХН хоёр өрсөлд. Ялсан нь МАН-д хяналт тавьж ажилла” гэж хэлэх улс төрийн эр зориг, ёс суртахуунтай алхам хийвэл МАН-ыг ард түмэн улс орноо бодсон нам гэж харна, нэр хүнд нь сэргэж өсч нэмэгдэнэ.

-Амьдрал дээр албан тушаал ахих тусам улам сохорч, шунадаг болдог юм биш үү. Та төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж байсан хүний хувьд ямар алдаа гаргаж байсан гэж бодогддог вэ?

-Үнэн, үнэн. Өндөр албан тушаалд байхдаа олж харж чадаагүй зүйлийг тэндээс буугаад олж хардаг. Ер нь албан тушаал хашсан хүн болгон ард түмнээсээ уучлал хүсэх ёстой. Эргээд харахад алдаа ч байна, оноо ч байна. Тухайлбал, би уул уурхайн асуудлыг өргөн хүрээгээр харж чадсан байна, энэ тал дээр алдаагүй юм байна гэж бодож байгаа. “Ухаа худаг” хэсэг цөөн хэдэн хүний гарт очсон ч Таван толгойн ордыг төрд буцаах шийдвэрийг гаргахад нөлөөлж энэ их баялгийг төрд буцаан авч чадсан байна. Алдаа дутагдлын хувьд хэлэхэд хэтэрхий намчирхсан байж магадгүй гэж бодогддог. Хүссэн, хүсээгүй намчирхах байдал руу ордог л доо. Чадвар муутай хүмүүсийг намын шалгуураар гээд өндөр албан тушаалд томилдог. Гэтэл нөгөөдүүлийн дотор намаа, улсаа боддоггүй, хувиа боддог хүн олон байдаг. Албан тушаал авч байхдаа тэр дутагдал нь тэр болгон харагдахгүй шүү дээ. Намчирхах нь маш том алдаа Одоо МАН, АН гэсэн хоёр намыг харахад ээлжлэн намчирхах байдал гаргаж алдаа гаргаж байгаа нь харагддаг. Удирдах албан тушаалд байгаа хүмүүсийг вакумжуулж, худлаа мэдээллээр тархи толгойг нь угаадаг. Энэ ажлыг хамгийн түрүүнд намынхан нь хийдэг. Хувьд нь мөнгө төгрөг өгсөн хүмүүс хийдэг. Нэг ёсны тэднээс хараат байдалд ордог. М.Энхболд, Ц.Элбэгдорж нар ч гэсэн хөөрхий, тэгж вакумжиж байгаа, дэргэдэх хүмүүс нь худлаа мэдээлэл өгч байгаа.

-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамгийн сүүлд хэзээ уулзав?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур өмнөх Ерөнхийлөгч нарыг урихад нь уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Би өмнө нь тийм урилга өгөхөд нь очдоггүй байсан. Гэхдээ хүнийг ямар вакумд оруулдгийг мэддэг учир, тэгээд ч нэг хүнд өширхөж болохгүй, ер нь өширхөж болохгүй, ард түмнийхээ дэмжлэгээр Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүмүүс хааяа уулзаж байх нь зөв хэмээн бодож, тэгээд ч “Монголчууд бид эвтэй бол хүчтэй” гэж хэлж ярьдаг хүний хувьд урилгыг нь хүлээн авч уулзсан. Тэгээд ч вакумжуулж байгаа хүмүүс биднийг хоорондоо битгий уулзаасай гэж хүсэж байгаа нь ойлгомжтой учир энэ бүхнийг засах нь зүйтэй гэж бодсон. Би Элбэгдорж, ер нь хэн нэгэн хүн бүхэл бүтэн арваад жилийн турш өөр хүнийг зууж, түүнийг өширхөнө гэдэгт итгэдэггүй. Харин бид хоёрыг холдуулах гэсэн бүхэл бүтэн бүлэглэл тэнд ажиллаж байна гэдгийг мэдэж байна. Түүнчлэн Монголчуудыг хооронд нь муудалцуулах сонирхолтой гадаадынхны гар хөл болсон хүмүүс ч байна. Гадныхан Монголчуудыг эвдрэлцүүлж, Монголын төрд шуналтай хүмүүсийг олон байлгах тусам монголын төр хяналтгүй, сул дорой байна, тэгэх тусам монголын баялгийг авах нь амар болно гэдгийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээг хийсэн шиг Монголын баялгийг Монголд нь үлдээлгүй авъя гэж зорьж хүсч байна. Оюу толгойн гэрээнд Монголын тал гэрээ байгуулагдсанаас хойш 38 жилийн дараагаас ногдол ашиг авч эхэлнэ гэж заасан. Ийм утгагүй гэрээ гэж байх уу.

-Оюу толгойн гэрээг хийсэн гэх С.Баярыг гадаадад их олон хаус, үл хөдлөх хөрөнгөтэй гэлцдэг. Түүнийг Элчин сайдаас нь эргүүлэн татах хэрэгтэй хэмээн эсэргүүцэл ойрноос гараад эхэлсэн байна?

-Баяр маань шившгээ тарьж суухаар өөрөө ажлаа өгчих хэрэгтэй ш дээ. Ер нь Оюу толгойн ордыг авсан “Рио Тинто”-гийн төв оффис нь байрладаг Лондон хотод Оюу толгойн ордын талаар гадныханд ашигтай гэрээ хийсэн хүн Элчин сайдаар сууна гэдэг бол өөрөө ёс суртахууны том алдаа. М.Энхболд надад хэлэхдээ Баяр өөрөө тийшээ Элчин сайдаар явъя гэсэн хүсэлт гаргасан гэнэ лээ. Би Баярыг сайн танина, мэднэ. Хойно Элчин сайдаар ажиллаж байгаад хугацаа нь дуусч ажлаа өгөөд явж байхад нь дэмжин МАХН-ын удирдлагад ороход нь, хожим Ерөнхий сайд болоход нь дэмжиж тусалсан. Оюу толгойн гэрээн дээр би анхнаасаа болохгүй гэдгийг нь хэлж, анхааруулж байсан. Худлаа гэвэл тэр үед АНУ-аас манай улсад Элчин сайдаар ажиллаж байсан Минтон сайдын захидлыг олж уншаарай. Намайг Ерөнхийлөгч, Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Канадын төрийн нарийн бичгийн дарга Монголд айлчилсан. Тэр хүн айлчлалынхаа үеэр Оюу толгойн асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үйлдвэр худалдааны сайд нартай уулзаж санал солилцсон. Үүний дараагаар гадаадын Элчин сайдууд уулзаж, Монгол Улсын эдийн засгийн бодлого ийм байна, тийм байна хэмээн хоорондоо мэдээлэл солилцсон юм байна билээ. Тэр тухайгаа Минтон сайд нууцын зэрэглэлтэй захидал бичиж АНУ-ын Төрийн департамент руу явуулсан байдаг. Хожим нь тэр захидал нь задарч хэвлэгдсэн. Тэр захидалдаа Энхбаяр Ерөнхийлөгч мэдээлэл сайтай, Оюу толгойн гэрээг ийм байдлаар байгуулахыг буруу, Монголын талын ашиг сонирхлыг илүү тусгах ёстой гэж үзэж байгаа юм байна. Харин Ерөнхий сайд Баяр нь гадныхны болгосон саналыг дэмжинэ гэдгээ хэллээ. Шуудхан хэлэхэд манай талд ашигтай шийдвэр гаргах хүн байна. Элчин сайд Минтон ийм утга санаа бүхий нууцын зэрэглэлтэй захидлыг бичиж АНУ-ын Төрийн департамент руугаа явуулсан. Тэр захидал нь “Wikileaks” сайтын шугамаар задарсан. Миний тэр үед баримталж байсан байр суурийг Минтон Элчин сайдын нууц захидал баталж байна. Тийм учир би одоо Оюу толгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байснаа хэлэхэд Баяр гайхах ёсгүй. Ингээд тухайн үед хамт ажиллаж байсан нөхдөдээ хандаж нэг юм хэлмээр байна. Одоо бүгдээрээ ард түмнээ бодъё. Өөрсдийгөө хангалттай бодлоо. Баяр минь одоо болно. Ингэж ард түмнээ элэг барьж болохгүй. Энхболд минь УИХ-ын даргынхаа ажлыг сайн хий. Ардчилсан намын нөхдүүддээ хандан хэлэхэд Монголынхоо төлөө зүтгэе. Бид эд хөрөнгө, албан тушаалд шунаж, намчирхан дээр дороо орсоор байгаад улс орноо тавиад туучихлаа. Түгшүүрийн харанга дэлдэж байгаа үед элдвийн шуналаас биеэ татацгаа. Монголоо хамтдаа хөгжүүлье. Үүнийг шийдэх үү, үгүй юү гэдэг сонгууль болох гээд байна. Сонгууль шударга болж баймааж сая сайн үр дүн гарна.

-Та бол өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа багагүй хохирсон хүн. Танд бусдад, хэн нэгэн улстөрчид өс хонзон санах сэтгэл зүй бий юү. Энэ хугацаанд сэтгэл санааны ямар шинэчлэлт өөрчлөлтийг мэдрэв?

-Хүн л болсон хойно энэ намайг ингээд байхдаа яадаг юм, тэр намайг тэгээд байхдаа яадаг юм гэж бодож байсан үе бий. Биеэ эмчлүүлж байх хугацаандаа буддын шашны ном судрыг эргэн харах цаг зав гарсан. Тухайлбал, “Доржзодов” судрыг олон хэлнээс харьцуулан орчуулж, тайлбар сэлтийг нь бас орчуулж, хооронд нь тулгаж харлаа. Тэр их стресстэй байдлаас гарахад маш их тус болсон. Одоо надад бусдад өс хонзон санах ч юм уу, хэн нэгэнтэй тооцоо бодох өшөө хорсол байхгүй. “Доржзодов” сударт “би”, “бид” хэмээн хар амиа битгий бодож бай. Бүх хүн, бүх дэлхий хоорондоо шүтэн барилдаж баймааж бүтэн цогц болж бүрэлдэж тогтоно. Хоосон чанар бол үнэн хэрэгтээ хамгийн энгийнээр хэлбэл дүүрэн чанарын тухай буюу бүгдийг, ялангуяа бусдыг бодох тухай сургаал юм. Энэ бүхнээс бие биенээ хүндэтгэх, хэлсэн үгэндээ хүрэх, цаашлаад бурхан болох замд хүрнэ гэж зааж сургадаг. “Доржзодов” судрыг хэд дахин орчуулаад байхаар үнэхээр энэ бүхний тухай ойлголт, мэдрэмж төрдөг. Дөрвөн удаа орчуулчихаад өөрийгөө голоод гаргаж чадахгүй л байна. Бас л дутуу санагдаад байгаа. Би ном судар орчуулж байхдаа, өнгөрсөн амьдралаа эргэцүүлж байхдаа өс хонзон өөрийг хорлоно, том зорилгод хүргэхгүй гэдгийг ойлгосон учраас Ц.Элбэгдорж, М.Энхболд, Ц.Нямдорж, С.Баяр нарыг бүгдийг уучилсан гэж зоригтой хэлсэн юм. Бас бусдыг уучлах яахав. Өөрөө ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэдгээ маш сайн ойлгосон. Уучлал ч гуйсан.

-Та Их өр тэглэхээс эхлээд ард түмнийхээ төлөө зөндөө их ажил хийсэн. Одоо номоо орчуулаад ч юм уу, тайван амьдралыг сонгож болдоггүй юм уу?

-Буддын шашинд хоёр хандлага байна. Өөрийгөө бодох буюу өөрийнхөө гэгээрэхийг анхаарах. Үүнийг ухаантнууд, манай өвөг дээдэс хангалттай биш зорилго байна гэж үзээд бусдын төлөө явах нь дээд эрдэм мөн гэж заасан. Бусдын төлөө явна гэдэг өөрөө ном уншаад өөрөө гэгээрээд суухын нэр биш. Бусдын төлөө яваагүй бол гэгээрэх ч үгүй байх. Бусдын төлөө явахаас өөр эрхэм зорилго үгүй гэж боддог учраас Архимедын хэлснээр “Надад тулах цэг өгчих. Би дэлхийг эргүүлье” гэдэгтэй адил ард түмэн намайг дэмжиж байвал тэр тулах цэгийг олсон байна хэмээн ойлгож, тийм учир би бусдад тусалъя, Монголын ард түмэн улс орондоо эзэн болоход нь тусалъя гэж зорьдог юм. Хэрвээ ганцхан өөрийнхөө төлөө явъя гэвэл чиний хэлдгээр амиа бодоод явж болно л доо. Гэвч миний хүмүүжил, багш нарын хэлж байсан үг бол бусдын төлөө явж байж чи өөрийнхөө төлөө явна гэсэн ойлголт байгаа юм.

-Таны гол түшиг тулгуурын нэг болох тэргүүн хатагтай асан О.Цолмон юу хийж байна. Ард түмэндээ нээж болох хувийн шинжтэй мэдээллээ хүргээч?

-Цолмонтойгоо ханилснаа үнэхээр ховор тохиолдох аз завшаан гэж үздэг. Бид хоёр гэр бүл болоод яг 30 дахь жилтэйгээ золгож байна. Цолмон маань намайг хурцлах үедээ хурцалж, тайвшруулах үедээ тайвшруулж түшиг тулгуур минь болж ирсэн.Цолмон, хүү Батшугар, өндөр настай аав, ээж, хадам ээж, хүүхдүүд, дүү нар маань, хамтран зүтгэгчид маань миний дэргэд байсан учраас жижиг сажиг зовлонг давж чадсан. Цаашдаа ямар ч хүнд сорил тулгарахад ар гэрийнхэн маань, Монголын ард түмэн байхад би давж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Ар гэрийнхэн маань тусалж дэмжиж байхын зэрэгцээ тэд маш их хохирч байгаа. Энхбаярын гэргий учраас ажил хийж болдоггүй. Ажил хийе гэвэл надаас ч илүү мэдлэг боловсролтой хүн шүү дээ. Энхбаярын хүү учраас Монголбанкинд ажиллаж байсан хүү Батшугарыг маань төрийн албанаас үндэслэлгүйгээр халчихдаг. Манай гэр бүлийг томруулдаг шилэн дор найман жил байлгаж судалж байна. Муу муухай юм байсан бол бүгдийг нь гаргаад ирэх цаг хангалттай байсан. Гүжирдэхгүй л бол тийм юм байхгүй гэдгийг ард түмэн маань ойлгосон. Тийм болохоор надад айж эмээх, нууж хаах зүйл байхгүй. Улсаас идэж уучихсан зүйл надад байхгүй. Би ард түмэндээ ёс суртахууны өртэй учраас өрөө төлөхийн тулд шударга ёсны төлөө тэмцэж, энэ сайхан Монгол орондоо монгол хүн сэтгэл хангалуун амьдрахад нь өчүүхэн ч гэсэн тусалж, хувь нэмэр оруулахсан гэсэн сэтгэлийг тээж явна.

-Таны дүү Н.Энхтуяаг интерполоор эрэн сурвалжилж байгаа. Ямар үндэслэлээр шалгаж байгаа билээ?

-Намайг хэлмэгдүүлэхийн тулд дүүгээр маань оролдсон л доо. “ТВ-9” телевизийн байгууллага манай дүүгийн нэр дээр байдаг. “Улаанбаатар таймс” сонины байрны хувьчлалд оролцсон хүмүүс “ТВ-9” телевизээс мөнгө зээлснийг манай дүүтэй холбож сүржигнэсэн. Захиалгат шинжээчид нь нурчихсан барилгын доорх газрыг Энхбаяр, түүний дүү хууль бусаар авсан гэсэн дүгнэлтийг гаргачихсан байсан. Гэтэл тэр газрын гэрчилгээ хэний нэр дээр байдаг тухай шүүх хурал дээр асуухад Улаанбаатар хотын нэр дээр байдаг гэж хэлсэн. Газрын гэрчилгээ нь өөр байгууллагын нэр дээр байхад би тэр газрыг яаж авсан байх вэ гэхэд урдаас “Авах чинь яасан юм” гэж хариулаад ял тулгасан. Гэхдээ би ганцаараа хэлмэгдсэн юм биш, надтай хамтран ажилладаг хүмүүс ч хохирсон. Тухайлбал, Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян улс төрийн албан тушаалтны хувьд Интерпол руу захидал бичиж, улс төрийн зорилгоор Энхбаяр болон түүний дүү нарыг хэлмэгдүлж байна, та бүхэн энэ бохир үйл ажиллагаанд оролцохгүй байх нь зүйтэй гэж байр сууриа илэрхийлснийх нь төлөө мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гээд түүнд ял өгчихсөн. Аав, ээж хоёр маань хоёулаа 80 нас гарчихсан хүмүүс. Дүү маань өндөр настай аав, ээжийгээ асарч дэргэд нь байж чадахгүйдээ шаналдаг. Би дүүдээ битгий ир, наанаа байж бай гэж зөвлөдөг. Надаас болж гэм зэмгүй хүн дахин хэлмэгдэхийг би хармааргүй байна. Надтай холбогдуулж тэр хүнийг хэлмэгдүүлж байгаа. Сайхан цаг нэг өдөр ирнэ. Тийм учир өс хонзон санасан хүмүүсийн балмад ажиллагааны золиос болох шаардлага байхгүй. Яг үнэндээ шорон бол хэцүү газар. Тэнд амь насаа алдаж болно, эрүүл мэндээ ч алдана.

-Таныг Ерөнхийлөгч байх үед нефть, зэс, гангийн үйлдвэр барих зэрэг томоохон үйлдвэрлэлийг эхлүүлэх бололцоо ер нь байсан уу?

-Миний санаж байгаагаар ОХУ-д айлчилж байхдаа Монголд нефть боловсруулах үйлдвэр барих саналтай байгаагаа хэлж байсан. Та нар түүхий нефтиэр тасралтгүй хангаач гэсэн хүсэлтийг тавьсан. Ерөнхий сайд Фрадков Оросын талын байр суурь бол нефть боловсруулах үйлдвэр барихыг дэмжихгүй байна, учир нь эдийн засгийн үр ашиггүй төсөл болно гэж хэлж байсан. Гол нь түүхий нефтиэр Оросоос тасралтгүй хангах уу, үгүй юү гэдэг асуудал чухал байсан. Гэхдээ би 2009 оноос хойш төрд ажиллаж байсан бол нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг ямар нэг байдлаар урагшлуулж ажил хэрэг болгох боломжтой байсан. Харамсалтай нь гаргасан анхны энэ саналыг дараа нь ярьж хөөцөлдөлгүй орхигдуулсан байна лээ. Оюу толгойн гэрээг яагаад дэмжихгүй байсан бэ гэвэл зэс хайлуулах үйлдвэр заавал барь гэсэн саналыг тавьж байсан. Сүүлд нь Оюу толгойн гэрээг хийхдээ зэсийн үйлдвэр барих тухай саналыг хасаад байгуулчихсан. Тухайн үед энэ мэтийн боловсруулах үйлдвэрлэлийг байгуулсан бол манай улс хожих байсан.

-Долдугаар сарын 1-ний хэргээр таван хүний амь насанд халдсан онц ноцтой хэрэгт хэн нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээгээгүй, цагдаагийн удирдлагууд ял авсан төдий болоод өнгөрсөн. Та тухайн үед Ерөнхийлөгч байсан. Хэн жагсагчид руу гал нээж буудах тушаал өгснийг та одоо хэлж чадах уу?

-Харамсалтай нь онц байдал зарлахаас аргагүй байдалд орсон. Зөвхөн цагдаагийн хурандаа нарыг яллаад өнгөрсөн нь учир дутагдалтай. Ийм эмгэнэлт байдал бий болсонд юуны түрүүнд улстөрчид буруутай. Би 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж долдугаар сарын 1-ний талаар “Улстөрчид хариуцлага хүлээх ёстой” гэсэн байр сууриа илэрхийлээд орой нь 600 цагдаагаар бүслүүлж баривчлагдсан. Энэ асуудалд тийм их эмзэг хандсаныг та бүхэн анзаарсан уу?

-С.Зоригийн хэрэг олон жилийн дараа сая гэнэт илэрлээ. Та жинхэнээсээ энэ хэрэг илэрч чадсан эсэхэд хэр итгэлтэй байна?

-Би тухайн үед Зоригийн хэргийг бодитойгоор илрүүлчих юмсан гэж их хичээсэн. Анхнаасаа улс төрийн зорилготой гэмт хэрэг гэсэн ойлголт бий болсон учир улс төрийн асуудал болж хувирсан. Саяхан энэ асуудлаар шүүх хуралдаан болсон. Хаалттай. Шударга шүүж чадсан эсэхэд би эргэлздэг. Нэгдүгээрт, захиалагчийг нь албан ёсоор олж тогтоогоогүй байж гүйцэтгэгчийг нь олсон гэдэг нь учир дутагдалтай. Тахиагүй өндөг гараад ирсэн гэсэн үг болно. Хоёрдугаарт, шүүх хурал хаалттай болсон нь эргэлзээ төрүүлж байна. Шүүх хурал хаалттай болох ямар ч үндэслэл байхгүй. Шүүх хурал нууц болсон нь шүүх хуралдаан зохиомол жүжиг болчихсон юм биш байгаа гэсэн эргэлзээ төрүүлсэн. Тэгээд ч намайг хилсээр хэрэг тулган яллаж байсан Алдар гэдэг шүүгч шүүх хуралдааныг даргалсан гэж ойлгосон. Тэр хүн шударга шийдвэр гаргаж чадах эсэхэд миний хувьд эргэлзээ байдаг. Гуравдугаарт, гол гэрч нь болоод байгаа хүн нь өмнө нь худлаа үнэн мэдүүлэг өгч олон хэргийг үүрч байсан байдаг. Онц хүнд гэмт хэрэг хийж, цаазын ял авсан хүнийг цаазлалгүйгээр өөр хүмүүсийг гэрчлүүлж байгаа нь өөрөө их том эргэлзээ төрүүлж байна. Энэ мэтээр эргэлзээтэй зүйлд бүрэн хариултаа өгч чадаагүй. Уг нь Зоригийн хэрэг шударга шийдэгдсэн бол хамгийн түрүүнд ар гэрийнхэн нь баярлана шүү дээ. Гэтэл тэд эргэлзэж байна гэж хэлж байгаа. Үнэхээр захиалагчийг нь олсон юм бол баримтаар нотолж, буруутай гэдгийг нь тогтоогоод зарлах, хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Нэг бол захиалагчийг нь олоогүй байна, эсхүл олсон ч улс төрийн ямар нэгэн шалтгаанаар нуун дарагдуулж байна гэсэн үг. Ийм байдал эргэлзээг улам нэмэгдүүлнэ шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Төв хорооны нарийн бичгийн дарга асан Ц.Балхаажав: Хийж бүтээх биш нийлүүлэх, худалдах, арилжих хэлбэрээр ашиг олох сонирхол нь өндөрссөн

МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга асан доктор профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ц.Балхаажавтай ярилцлаа. Монгол Улсын хөгжлийн гол бодлогод гар бие оролцож явсан энэ эрхэм хүний үгийг өнөөдөр дуулах нь завшаантай хэрэг төдийгүй бодож тунгаах үгийг олонтаа хэлж байсан юм.


-Манай улсын хөгжлийн түүхийг ярихад Орос орны тухай ярихаас аргагүй түүхэн жим бидэнд бий. Хоёулаа үүнээс яриагаа эхэлье?

-XX зууны эхэнд манай улс хоцрогдмол, ядуу, дарлагдсан айл байхад Орос оронд хэрвээ хувьсгал ялаагүй бол, оросууд Монголыг дэмжих үзэл бодлоор хандаагүй бол Монгол Улс өдий зэрэгтэй байж чадахгүй байсан гэдэг ойлголтод хатуу зогсдог хүн, би. Орос улс Монголыг хамтын ажиллагааны том цэгээ болгож ижил тэгш эрхтэйгээр манай улсыг хөгжүүлэх бодлогыг явуулсан. Орос Монголд хэзээ ч муу уршиг тариагүй. Зарим хүмүүс ярьдаг л даа. Олон жилийн турш Монголыг өөрийн эрхшээлдээ байлгасан, Монгол Улс Оросыг дагасаар байгаад дэлхийн хөгжлөөс хоцорсон юм шиг ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Өнөөдрийг хүртэл Орос, Монголын харилцаа хамтын ажиллагаа хэвийн үзэл дээр тулгуурлаж, ойлголцлын сайн түвшиндээ байгаа. Монгол Улс хоёр хөрш болон бусад улс оронтой адил хэмжээнд харилцаж байж дэлхийн хөгжлийн түвшинд явахаас өөр арга зам байхгүй.

-Та бол улсын хөгжлийн бодлогод гар бие оролцож явсан гол хүмүүсийн нэг. Тухайн үед улсыг хөгжүүлэх ямар гол бодлого байв?

-Манай улс XX зуунд хөл дээрээ зогсохын тулд өөрийнхөө хүчин чармайлтыг бүх шатандаа гаргаж ирж чадсан. Үүнд Орос орны тусламж дэмжлэг үүрэг гүйцэтгэсэн тал бий ч монголчууд олон зууны туршид өөрийгөө авч ирсэн өөрийн гэсэн бор авдартай айл. Эх орон, байгаль дэлхийгээ хайрлах үзэл бодол, хүнийг хүн гэж үзэж хүндэлж харьцах соёлоос эхлээд барагдашгүй арвин, асар нөөцтэй бор авдартай айл. XX зуунд гурван зүйлд хөгжлийн шинэ шатанд гарч чадсан. Нэгдүгээрт, эрх чөлөө тусгаар тогтнол, хүний цаашдын ирээдүйг шийдвэрлэхэд бусад улс оронтой адил хэмжээнд бүрэн эрх чөлөөтэй болж чадсан. Манай улс бүрэн эрхт орон болж хувирлаа гэдгийг зарласан. Энэ зарлал дэлхийн сонорт хүрсэн. Олон улсын нэр хүндийг өөрийн хүчин зүтгэлээр ч олж авсан. Хоёрдугаарт, ямар ч улс хөгжихдөө хүн нь хөгжиж байж улс орноо авч явдаг. Манай улс хөгжихөд хүн ам цөөн, хүн амын эрүүл мэндийн түвшин доогуур, оюуны талаасаа хаагдмал, мэдлэг муутай байсан нь үнэн үү гэвэл үнэн. Улсын бодлогод хувьсгалын эхний үеэс хамгийн түрүүнд хүн амынхаа эрүүл мэндийг дээшлүүлэхэд Оросын туслалцааг бодитойгоор авсан. Хүн амын цөөн хэсэг нь бичиг үсэгтэй байсныг нийтээрээ бичиг үсэгтэй болгох бодлогыг явуулсан. Аливаа хүн тэгш эрхтэй, хамтын хүчин чармайлтаа зэрэг гаргахгүйгээр хөгждөггүй юм байна гэдгийг ойлгосон тул эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, хаан харцыг халж, иргэдийнхээ тэгш эрхийг хангаж өгсөн. Гуравдугаарт, эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн.

-Тухайлбал, иргэдээ хоол хүнстэй байлгахад хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гэхэд ямар бодлогыг баримталж байв?

-Хөдөө аж ахуйн яамнаас мал аж ахуйг Монгол Улсын хөгжилд хувь нэмэр болохуйц тоо хэмжээнд хүргэх, малаас өгч буй ашиг шимийг бүрэн ашиглахад анхаарсан. Мал аж ахуйгаас гарч буй ашиг шимийг боловсруулах үйлдвэр байгуулж өөрөө өөрсдөө хийдэг болохыг зорьсон. Хийдэг болно гэдэг бол чадвар. Ингээд мал аж ахуй өссөн. 1990-ээд оныг хүртэл малын тоог 25 саяас дээш болгохгүй бас доош болгохгүй барих хатуу бодлого барьж байсан. Энэ нь тухайн үеийн хэрэгцээнээсээ хамаарч байсан талтай. Мөн манай улсын хөрсөн доорх баялаг, байгалийн баялаг, онгон дагшин нүүр царай өөрчлөгдөх ёсгүй юм, аль болох хадгалахыг хичээсэн бодлогыг барьж байсан. Хөгжил гэж чадах чадахгүй зүйлийг дэвэргэж байхын оронд олон жилийн туршид урт хугацаанд хойч үедээ өвлөн үлдээж ашиглах бодлого барьсан гэж үзэж байна. Хэрвээ байгалийн баялгийг ашиглая гэсэн бол одоогийнхтой адил тал талаас гадны хүч ороод ирэх байдал байсныг анзаарч байсан. Байгаль орчин, газрын хөрсөн дэх баялгийг маш хатуу чанга бодлого дор барих ёстой тухай баримт бичгүүдэд тусгагдсан байсан.

-Өнөөгийн улсын хөгжлийн бодлогыг хараад та юу хэлэхээр байна?

-Би XX зуунд хүнтэй ажиллах, хүний үзэл бодол, оюунтай харилцах ажлыг голлож хариуцаж ирсэн. Москвагийн улсын их сургууль төгсч ирээд философич багш, тухайн үеийн үзэл суртлын хэлтсийн эрхлэгч зэргээр нам, улс төрийн ажил хийж байсны хувьд улсын хөгжлийн бодлогыг хүний хөгжилтэй холбож ярих дуртай. Ер нь иргэд бодлогод захирагддаг. Улсыг улс шиг авч явах үүрэг юуны өмнө удирдлагын түвшний хүмүүст байдаг. Удирдлага, иргэн хоёрын эв нэгдэл, хамтын зүтгэл шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг олон нийтэд ойлгуулахын тулд би цөөнгүй ном бичсэн байна. Бодлогод захирагдах ёсыг 1990 оноос хойш олон нийт ч задгай хаялаа, дээд талдаа ч хөнгөн хандсанаас болж урьдны болж бүтэж байсан, алсдаа ч буруудахгүй захирах, захирагдах ёсны журам дэндүү суларч, задгайрсан. Хөгжлийн үүднээс авч үзэх юм бол улс орон урагшаа дэвших бодлогыг 1990 оноос хойш хийж чадаагүй. Ялангуяа эрх чөлөө гэдэг ойлголтыг сул ойлгосон. Яавал эрх чөлөөг бүрэн эдлэх ёстой юм, яаж хөгжих ёстой юм, улс орны ирээдүйн асуудлаа болгож зөв тавих ёстой юм, дэлхийн боломж туслалцааг ямар замаар авбал тус нөлөөгөө өгөх юм зэргийг нэгтгэн төвлөрүүлэн бодлого болгож тавиагүй. Өөрөөр хэлбэл, эмх цэгцтэйгээр бодлого болгож энэ улсыг яаж хөгжүүлэх вэ гэдгээ хийж чадаагүй. Эрх чөлөө, зах зээлийн харилцаа, гадаад улс орнуудтай харилцах харилцаа өргөн байх ёстой юм байна гэх мэтийг л ухаарч байснаас биш Монголоо гэсэн нэгдсэн бодлого болгож чадаагүйд хамаг учир байгаа юм. Харж байхад гаднаас дуурайх, хуулах, бусдын үгэнд орох, амарчилж, бэлэнчлэхийг л ялангуяа удирдах түвшний давхартаа их явуулжээ. Манай улсад бүтээх хүчин нь сулраад харин бүтээлийг, орлогыг ашиглах, хэрэглэх хүмүүсийн тоо хэмжээ нь нэмэгджээ. Талцан хуваагдах нь ихэсч, эв нэгдэл алдагдаж, бүтээн байгуулах чадвараа алдсан байна. Энэ нь зах зээлийг жинхэнэ утгаар нь ойлгож чадаагүйн хар гай.

-Үүнээс яаж гарах вэ. Улсаа яаж хөгжүүлэх үү. Та хүнээ хөгжүүлж байж улс хөгжих тухай олон ном бичсэн байдаг?

-Гадаад, дотоодод боловсрол эзэмшиж, сурч боловсорч байгаа ч хүний хөдөлмөрлөх идэвх нь буурчихсан. Гурван сая хүний тал хувь нь ажиллаж хөдөлмөрлөх боломжтой байхад ажилгүй, ажлын байргүй, аргацаасан шинжтэй ажилласан болдог, нэг хэсэг нь гадаадад гарчихсан зэрэг нөхцөл доош нь татаж байна. Улс оронд хүн хөгжлөө авч явж, улсаа сайхан хөгжүүлэхийн төлөө тэмцээд байхад улс нь хөгжихгүй байгаа түүх гэж ерөөсөө байдаггүй. Сүүлийн үед мөнгөөр бүхнийг шийднэ гэсэн ойлголт бүх нийтийн ойлголт шахуу болчихож. Бүхий л салбартаа хийж бүтээх биш нийлүүлэх, худалдах, арилжих хэлбэрээр ашиг олох сонирхол нь өндөрссөн. Хүнээ хөгжүүлэх бодлого нь ч хийсвэр байгаа зэргээс шалтгаалж улс орон хөгжихгүй байна л даа. Аливаа хүн хөдөлмөр, мэдлэг, соёл, хүмүүжил гэсэн дөрвөн чанар жигд сууж байж хөгждөг. Сургуулийн өмнөх нас болоод бага, дунд сургуулийн насны үед нь хүн гэдэг сэдэвтэй хичээлийг сургалтын программд оруулах хүсэлтийг би гаргаж төсөл хөтөлбөр боловсруулсан ч хэн ч анхаарч тоосонгүй. Угтаа хүн өөрийгөө эрт олж авбал улс орон хөгжинө гэсэн хөтөлбөр. Зүй нь багад нь хүнийг хүн болгох хичээлийг оруулчихсан бол хүн өөрийгөө эрт л олж авна. Хүнээ эхлээд хөгжүүлчихээд хүнээсээ улс нь ашгийг хүртдэг. Манайд чинь бэлэн хүний бодлого байхаас биш бэлтгэж хүнээ боловсруулах бодлого нь хоцрогдчихоод байна.

-Социализмын үед улсын хар хайрцагны бодлогыг ямар хүрээнд зангидаж байсан юм бэ?

-1980-аад оны дундуур оросын эрдэмтэдтэй хамтраад 2000 оныг хүртэлх хугацааны хар хайрцагны бодлогыг гаргаж төлөвлөсөн зүйл байсан. Байгалийн баялаг, мал аж ахуй, аж үйлдвэрлэлийг ямар чиглэл аргаар хөгжүүлэх вэ, хүнийхээ аж амьдралыг дээшлүүлэх, хүнээ хөгжүүлэх гэсэн дөрвөн том асуудлыг багтаасан боть ном орос хэлээр гарчихсан байсан. Тэр бол Монголын хөгжлийг ямар түвшинд аваачих уу гэсэн хар хайрцагны бодлого. Тэр хар хайрцгийг хэн ч сонирхоогүй, хэн ч ашиглаагүй. Урьд нь хөгжлийнхөө хар хайрцагны бодлогын хүрээнд юу хийгдэж байсныг жишээн дээр ярья. Мал аж ахуйг нийтийн болон амины аж ахуй гэж хоёр системтэй хувааж, хөгжүүлэх бодлого байсан. 25 сая малын найман сая нь амины аж ахуй байсан. Амины аж ахуйг дэмжиж, өсгөсөн малынх нь тоогоор нэмэгдэл өгөх бодлого барьж байсан. Мөн хүнсний үйлдвэрлэлийн аргачлалыг боловсруулж хүнсний программ гаргасан. Хүнсний бодлогоор малаас, газар тариалангаас хүнсний ямар бүтээгдэхүүн бэлтгэх үү, иргэд өөрсдөө хүнсний ямар бүтээгдэхүүн бэлдэн гаргах вэ, гадаад улсаас хүнсний ямар бодлого барих уу гэх мэт хөтөлбөрүүд байсан. Тэрхүү эдийн засгийн хөгжлийн бодлого ардчилал гарах, нийгмийн шилжилтийн үед хаягдсан. Тухайн үед ажлаа өгсөн нь хаяад явчихсан, ажлаа авсан нь ч үүнийг сонирхоогүй. Уг нь энэ дотор хөгжлийн хар хайрцагны бодлого явж байсан юм шүү.

-Өнөөдөр Монгол Улсын хөгжлийн хар хайрцагны бодлого гэж байна уу?

-Манай улсад өдгөө хөгжлийн хар хайрцагны бодлого гэж байхгүй байна уу даа гэж харагдаад байна. Уг нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын сейфэнд хар хайрцагны бодлого нь хадгалаастай байх ёстой. Ард түмэн нь ч бидний оролцоо үүнд байх юм байна шүү гэсэн мэдээлэл, мэдрэмжтэй байх ёстой ч энэ алга. Хэн албан тушаалд очсон нь өөрийн үзэл бодлын дурын бодлого ярьж байх шиг байна. Тэгээд ч 1990 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэр шиг баригдсан нэг ч үйлдвэр алга. Таван толгой, Оюу толгой гэх мэт хөгжилд нэмэр болохоосоо илүү хэрүүлийн алим болсон хөгжлийн саадыг харин бий болгоцгоосон нь нэгдсэн хөгжлийн бодлого байхгүйгээс үүдэлтэй болов уу.

-Урьд нь юун дээр алдаж байсан гэж бодогддог вэ?

-Хэт хязгаарлагдмал байсан. Капитализм, социализмын заагаар хүнийг ялгаварлан ханддаг байсан. Хүний оюун тархийг хэтэрхий дарж, хөгжихийн тулд урагшаа хөдлөх тухай биш байгаа энэ хэмжээндээ барьж байх нь зөв гэсэн баригдмал тал байсан. Гэхдээ нийгмийн бодлого нь буруу биш байсан юм шүү.