Өнөөдөр Гааг хотноо Их долоогийн уулзалт
болох бөгөөд үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцохгүй гэнэ.
Энэ удаад Их долоогийн
удирдагчдын хэлэлцэх хамгийн гол асуудлуудын
нэг нь Крым аж.
Тиймээс Украины
Ерөнхий сайд Арсений Яценюк
уригдсан байна. Украин болон
Крымийн асуудал дэлхий нийтийн
анхаарлын төвд орсноос хойш
Засгийн газрын тэргүүнээр
томилогдоод удаагүй байгаа Арсений
Яценюк хэмээх энэ залуу
олны анхаарлын төвд ороод байгаа.
Тэрээр Ерөнхий сайдаар томилогдоод
хэдхэн хонож байхдаа Вашингтонд ажлын айлчлал
хийсэн. Түүнийг Ерөнхийлөгч Б.Обама
Цагаан Ордны Зуйван танхимд
хүлээн авч уулзахдаа хүчтэй
дэмжинэ хэмээн зоригжуулсан билээ.
А.Яценюк Америкийн
төрийн тэргүүнтэй уулзсаныхаа маргааш нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн
хуралдаанд оролцож улс
оронд нь үүсээд буй
нөхцөл байдлын талаар үг
хэлсэн. Үгийнхээ төгсгөлд ОХУ-ын төлөөлөгчид хандан
оросоор “Оросууд дайныг хүсч
байна гэж үү” хэмээн
асуусныг нь нэг
хэсэгтээ л барууны хэвлэлээр
шуугисан билээ. Харин өнөөдөр
тэрээр Их долоогийн удирдагчидтай
уулзаж улс орноо бүрэн
бүтэн байлгах талаар ярина.
Энэ нь мөн л
дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн
анхаарлын төвд байх нь
гарцаагүй.
В.Януковичийг огцруулсан даруйд Украины парламент
хамгийн түрүүн Ерөнхийлөгчийн
үүрэг гүйцэтгэгчийг томилоод, дараа
нь шинэ Ерөнхий сайдын
асуудлыг хэлэлцсэн билээ. Верховная
Радад болсон санал асуулгаар уг
албанд нэрийг нь дэвшүүлсэн
хүмүүсээс А.Яценюк хамгийн
олон санал авсан. Ийнхүү
ирэх тавдугаар сард 40 нас хүрэх
тэрээр Украины түүхэн дэх
хамгийн залуу Ерөнхий сайд
болсон.
А.Яценюк
нь 2007 онд Украины “Топ
-100” жагсаалтад 12 дугаарт, хамгийн нөлөө бүхий
хүмүүсийн жагсаалтын наймдугаарт бичигдсэн юм. Украинд хамгийн
нэрд гарсан улстөрчдийн
нэг болоод буй тэрээр залуу
ч гэсэн чамгүй
туршлага хуримтлуулж амжсан.
18 настайдаа бизнест хөл тавьсан
бөгөөд улс төрд ч
нэлээд эрт орсон. Өөрийг
нь “залуу
улстөрч” гэхэд тийм ч
дуртай байдаггүй гэнэ. “Би залуу
консерватив үзэлтэн” хэмээн
залруулдаг аж. Энэ нь
учиртай бололтой. 13 жил улс төрд
хүчээ сорихдоо чамгүй туршлагатай
болсон гэж үздэгтэй
холбоотой байх. Түүнийг нэлээд
амбицтай улстөрч хэмээн тодорхойлсны
хариуд “Өөрөөрөө үлдэх гэсэн эрмэлзэл
нь албан тушаалтай болох
гэсэн өвчний
эсрэг дархлааг сайжруулдаг. Ямар нэгэн албанд
томилогдож суудалд нь суухаасаа
өмнө түүнээсээ ямар байдалтайгаар явах
вэ гэдгээ бодох хэрэгтэй”
хэмээн хэлсэн гэнэ. Одоогоос
хэдэн жилийн өмнө түүнээс “Ерөнхий
сайд болоход бэлэн үү”
гэж асуухад “Надад
нэг но бий. Юу
гэвэл би 33 настай. Яарах
юм алга. Бусад нь
хийж үзэг л дээ.
Би арван жилийн дараа
очно” гэжээ. Гэвч 10 жил
бололгүй Засгийн газрыг тэргүүлэх
боллоо. Хэрвээ Украины Ерөнхийлөгч
болоход бэлэн үү
гэж асуувал юу гэж
хариулах бол? Мөн л
ингэж хэлэх байсан болов
уу. Өөрөө яарахгүй гэж
бодож байсан боловч улс
оронд нь үүссэн нөхцөл
байдал хүссэн хүсээгүй түргэн
авахуулсан бололтой.
Арсений Яценюк нь Украины
Черновцы хотод 1974 онд төрсөн. Ээж,
аав хоёр нь хоёулаа
багш. Дунд сургуулиа мөнгөн
медальтай төгсч Черновцын үндэсний
их сургуулийн хууль эрх зүйн
факультетийг дүүргэсэн. Хожим эдийн засагч
мэргэжил эзэмшсэн. 1992 онд оюутан байхдаа
Черновиц мужийн захирагчийн хүүтэй
хамтран “ЮрЭк Лтд”
хэмээх хууль зүйн чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг компани байгуулснаар анх
бизнесээ эхлүүлсэн байна. 1996 онд их сургуулиа
дүүргээд компаниа удирдан ажиллахдаа хэд
хэдэн аж ахуйн нэгжийн хувьчлалын
асуудлыг амжилттай шийджээ. Удалгүй “Райффайзен банк Аваль” банкны
зээлийн асуудал хариуцсан хэлтсийн
зөвлөхөөр томилогдон Киевт нүүж ирсэн
байна. Хэдхэн сарын дараа
тус банкны удирдах зөвлөлийн
гишүүн, орлогч дарга болон
дэвшсэн гэдэг. Дашрамд
дурдахад түүний улс төрд
орсон түүх нь Крымээс
эхлэлтэй. 2001 онд А.Яценюкыг
Крымийн автономит бүгд найрамдах улсын
Эдийн засгийн яамны
сайдаар томилогдон ажиллаж байжээ. Нэг
жилийн дараа Крымийн
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ
огцорсон боловч түүнийг албанд нь эргүүлэн томилсон юм.
Тун удалгүй А.Яценюк
Украины Үндэсний банкны орлогч
болсон. Украинд
улбар шар хувьсгал гарахад
А.Яценюк идэвхтэй
оролцож байсан. Тухайн үед
яг одоогийнх шиг Украины улс
төр төдийгүй эдийн засгийн байдал
нэлээд хүнд байсан. Тэр
үед А.Яценюк юу
чаддаг болохоо харуулсан гэдэг.
Улсынхаа үндэсний мөнгөн тэмдэгт гривень
төдийгүй банкны системийг авч
гарахад маш чухал
үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед Ерөнхийлөгчөөр
сонгогдсон В.Ющенко түүний
чадварыг мэдэрсэн гэдэг.
Тиймээс ч өөрийнхөө багт
оруулан Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын
нэгдүгээр орлогчоор томилсон байна. Үүнээс хойш
А.Яценюк Гадаад
хэргийн сайд, Украины Үндэсний
аюулгүйн зөвлөлийн гишүүн, парламентын дарга
гээд хариуцлагатай албыг хашсаар
ирсэн. 2010 онд Ерөнхийлөгчид өрсөлдөнө
гэдгээ мэдэгдэж сурталчилгаандаа 80 сая ам.доллар
зарцуулж байсан. В.Януковичийг
ялсан тохиолдолд хамгийн түрүүнд парламентыг
тараахаар төлөвлөж байжээ.
Украины Ерөнхий
сайд нь шоронгоос
суллагдаад удаагүй байгаа Юлия
Тимошенкотой ч хамтран ажиллаж
байсан. Засгийн
газрын тэргүүнээр томилогдохоосоо өмнө “Фронт
перемен” намын тэргүүн
байсан тэрээр өнгөрсөн жилийн
сүүлчээс нэрт боксчин В.Кличко, О.Тягнибок
нартай хамтран В.Януковичийн явуулсан
бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг
зохион байгуулсан юм.
Өөрөөр хэлбэл Украин Европын
Холбоотой гэрээ байгуулахаас татгалзсан
явдлыг буруу хэмээн үзжээ.
В.Янукович Ерөнхийлөгч
байхдаа сөрөг хүчнийхнийг намжаах
зорилгоор түүнд Ерөнхий сайдаар
ажиллахыг хүртэл санал болгосон
боловч А.Яценюк татгалзсан
юм.
Украины залуухан Ерөнхий сайд нь
төрийн өмчийг хувьчлахын эсрэг
байдаг. Түүнээс гадна төрийн
удирдлагын бүтцийг аль болох
цомхон болгох бодлогыг тууштай
баримтлах гэнэ. Учир нь
удирдлагын системд өөрчлөлт хийхгүйгээр
хээл хахуультай тэмцэх ямар ч
боломжгүй хэмээн үздэг.
А.Яценюк нь Украины
нэртэй улстөрч төдийгүй
нэлээд чинээлэг хүмүүсийн
тоонд багтдаг. Түүний
амьдардаг харш нь В.Януковичийнхоос холгүй байдаг гэнэ.
Хобби нь уралдааны
машин. Тэрээр хоёр охинтой
бөгөөд эгч Алина Аценюк нь
Америкт амьдардаг аж.
Улбар шар хувьсгалаар улс
орныхоо банк, санхүүгийн системийг
аварч байсан залуухан улстөрч дахин
өөрийнхөө чадварыг харуулах л үлдээд байна.
Украины ирээдүй, улс орных нь
бүрэн бүтэн байдал Засгийн
газрын үйл ажиллагаанаас ихээхэн
хамаарна. Залуухан
Ерөнхий сайдад энэ бүхнийг
нэр төртэйгөөр давах эрч хүч
байгаа хэмээн украинчууд найдаж
байгаа.
Ю.ДЭЛГЭРМАА