Categories
мэдээ цаг-үе

Х.Клинтоны гол өрсөлдөгч Берни Сандерс

АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал аль хэдийнэ орчихоод байна. Одоогийн байдлаар Ардчилсан намаас Хиллари Клинтон, Берни Сандерс хоёр урьдчилсан санал асуулгын дүнгээр тэргүүлж явна.

Өнгөрсөн пүрэв гаригийн орой тэдний халз мэтгэлцээн олны анхаарлыг татсан билээ. Үүний өмнө Айова мужид болсон урьдчилсан санал асуулгаар экс тэргүүн хатагтай Берни Сандерсийг арай гэж ялсан гэдэг. Харин Нью-Хэмпширт болсон халз мэтгэлцээний дараахь урьдчилсан санал асуулгаар Сенатын гишүүн Б.Сандерс 60 хувийн саналаар тэргүүлсэн. Харин түүний өрсөлдөгч Хиллари ердөө 39 хувийн санал авсан. Ийнхүү тэрээр экс Төрийн нарийн бичгийн даргын хамгийн гол өрсөлдөгч нь болоод байна.

Берни Сандерс 2007 онд Вермонт мужаас анх удаа Сенатын гишүүнээр сонгогдсон. Найман жил уг албанд улиран сонгогдож, дараа нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн болжээ. Улс төр судлаачид түүнийг зүүний үзлийг баримтлагч гэдэг. Харин Сенатын гишүүн өөрийгөө ардчилсан социалист үзэлтэн гэж тодорхойлдог. Бие даагч Сенатын гишүүдээс түүн шиг олон удаа улиран сонгогдсон улстөрч үгүй.

Берни Сандерс 2014 онд “The Nation” сонинд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Өнгөрсөн оны тавдугаар сард сонгуульд өрсөлдөхөөр болсноо албан ёсоор мэдэгдсэн билээ. “Occu­py Wall Street” хөдөлгөөн түүнийг нэлээд дэмжиж тэрээр Америкийн улс төрд хувьсгал хийнэ гэсэн уриаг дэвшүүлчихээд байгаа. Ингэхдээ томоохон компани, корпорациудаас сурталчилгаандаа зориулах хандив авахаас татгалзсан. Зөвхөн хувь хүмүүсээс санхүүгийн дэмжлэг авах гэнэ.

Берни Сандерс 1941 онд Нью-Йоркийн Бруклинд төрсөн. Ээж, аав хоёр нь Польшийн Слопнице хэмээх тосгонд амьдарч байсан еврейчүүд. Берниг төрөхөөс өмнө тэднийх Америк руу цагаачилжээ. Германд Гитлер засгийн эрхэнд гарч еврейчүүдийн эсрэг хөдөлгөөн өрнүүлэх тэр үед Сандерсийн хамаатнуудын дийлэнх нь амь үрэгдсэн гэдэг. Берни сургуулиа дүүргээд сэтгэл судлаач болохоор Бруклиний их сургуульд суралцаж байгаад Чикагогийн их сургууль руу шилжжээ. Улс төр судлаач мэргэжлийг сонгосон тул энэ салбарыг сонирхохоос өөр аргагүй болсон. Ингээд иргэний эрхийг хамгаалах хөдөлгөөнд элсэж нийгмийн амьдралд идэвхтэй оролцож эхэлжээ. Оюутан байхдаа Хүчирхийллийн бус арга хэмжээг зохицуулах оюутны хорооны гишүүн болж эсэргүүцлийн маршид оролцохоор хэдэн мянган залуусын хамт автобусаар Вашингтонд ирж байсан гэдэг. 1964 онд их сургуулиа дүүргэснийхээ дараа нэг хэсэг Израилийн кибуцид амьдарсан. Хүний хэрэглээг хөдөлмөрлөснийх нь хэрээр олгодог зарчимтай энэ газар еврейчүүдийн дунд амьдарч маш ихийг мэдэж авчээ. Ингээд Вермонтод эргэж очоод 1971 оноос улс төрд идэвхтэй оролцох болсон. Берни Сандерс Вермонт мужийн “Эрх чөлөөний холбоо” намын гишүүн болж социалист үзлийг баримтлагч улс төрийн хүчнээс зохион байгуулсан Вьетнамын эсрэг дайныг эсэргүүцэх хөдөлгөөнд идэвхтэй оролцжээ. Намаасаа Сенат болон мужийн захирагчийн сонгуульд хэд хэдэн удаа нэр дэвшсэн боловч ялагдсан. Сэтгэлээр унаж улс төрийг орхихоор шийдэж намаасаа гарсан байна. Уран зохиолд өөрийгөө зориулахаар шийдсэн боловч түүний найз, профессор Р.Шугармений ятгалгаар Берлингтоны захирагчийн сонгуульд өрсөлджээ. Энэ сонгуульд зургаан удаа улиран сонгогдсон Ардчилсан намын гишүүн Г.Пакеттийг ердөө 14 саналаар ялсан нь улс төрд эргэн орох урам зоригийг хайрласан гэдэг. Мужийн захирагчаар ажиллаж байхдаа тухайн үед АНУ-тай харилцаа нэлээд ээдрээтэй байсан Никарагуад айлчилсан. Түүнийг тус улсын Ерөнхийлөгч алдарт Даниэль Ортега хүлээн авсан нь 1970-аад онд нэлээд шуугиан тарьсан үйл явдал байлаа. 1988 онд тэрээр Жейн О’Мира Дрисколл хэмээх бүсгүйтэй хуримлаж, бал сараа Зөвлөлтийн Ярославь хотод өнгөрүүлсэн. Хүйтэн дайн ид өрнөж байсан үед энэ нь бас л ер бусын алхам байсан.

Берни Сандерсийг Америкийн зүүний үзлийг баримтлагч хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг гэдэг. Тэрээр ажилчин болоод нийгмийн дундаж давхаргынхны ашиг сонирхлыг тууштай хамгаалагч. Томоохон корпорациудын нөлөөг багасгах, ядуус, баячуудын ялгаа ихсэх, арьсны өнгөөр ялгаварлан үзэх зэргийг тууштай эсэргүүцэгч. Тиймээс ч жирийн иргэд түүнийг хамгийн ихээр дэмждэг.

Берни Сандерс бол Ардчилсан намын гишүүн биш боловч тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон. Өөрийгөө бие даасан нэр дэвшигч гэдэг. Зарим судлаачид түүнийг ялалт байгуулж болзошгүй, ер бусын өрсөлдөгч хэмээн тодорхойлжээ. Жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалах болсон нь Нью-Йорк хотын Бруклинд умгар байранд өсөхдөө ядуу зүдүү амьдралыг үзсэнтэй холбоотой гэдэг. Тэрээр 1990 онд Төлөөлөгчдийн танхимын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлж ялсан. Тус танхимын түүхэнд сүүлийн 40 жилд нэр дэвшигч ялсан түүх байгаагүй. Тиймээс ч улсынхаа түүхэнд нэрээ бичүүлсэн улстөрч. Ингээд Капитолид ажилласан өдрөөсөө эхлэн Ардчилсан, Бүгд Найрамдах намуудыг шүүмжилсэн. Тэдний сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлсэн баячуудад өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө л явдаг хэмээн буруутгадаг. Ингэснийхээ төлөө эрх баригчидтай тэрсэлдэгч Овод гэдэг хочтой болжээ.

74 настай нэр дэвшигчийг саяхнаас АНУ-ын Тусгай албаныхан тусгай хамгаалалтдаа авч Intrep­id буюу юунаас ч айдаггүй гэсэн код буюу нууц нэр өгсөн байна. Энэ сарын гуравны өдрөөс эхлэн нэр дэвшигчийг тусгай хамгаалалтдаа авсан нь үнэн болохыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яам баталжээ. Берни Сандерс нь Уолл-Стритэд буй мөнгөтэй хүмүүсийн нөлөөллийг зогсоох гэсэн нь амь насанд нь аюул учруулж болзошгүй болов. Түүний сонгуулийн сурталчилгааны штабаас ийм хүсэлт гаргасныг үндэслэлтэй хэмээн хамгаалалтдаа авчээ. Ийнхүү тусгай хамгаалалтад орсон дөрөв дэх нэр дэвшигч болсон. АНУ-ын хуулиар бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хэнийг нь тусгай хамгаалалтад авахыг тус улсын дэд Ерөнхийлөгч шийддэг.

Берни Сандерс экс тэргүүн хатагтайтай халз мэтгэлцэхдээ төрийн тэргүүнээр сонгогдох юм бол ОХУ-ын талаар явуулж буй Б.Обамагийн бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн. Мөн “Лалын улс” бүлэгтэй хийх тэмцлээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэжээ. Сандерс Нью-Гэмпширт ялалт байгуулсныхаа дараа АНУ-д улс төрийн хувьсгал эхэллээ хэмээн мэдэгдсэн.

Нью-Гэмпшир мужид олны дэмжлэгийг хүртэнэ гэдэг маш чухал. Тэр тусмаа Айовад өрсөлдөгчдөдөө ердөө хэдхэн саналаар ялагдсан тул бүр ч чухал байжээ. Тиймээс Берни Сандерс Нью-Гэмпширт нэлээд анхаарал хандуулж сурталчилгаандаа чамгүй хөрөнгө зарцуулсан.

Ардчилсан намд Хиллари Клинтоноос өөр олныг байлдан дагуулах улстөрч байхгүй тухай ажиглагчид байнга ярьж байгаа. Гэтэл бие даагч гэсэн нэрээр олны танил болсон Берни Сандерс гарч ирлээ. Түүний онцлог нь гэвэл нөлөө бүхий хүмүүсийг аялдан дагалддаггүй, хоосон юм амладаггүй. Хамгийн гол нь улстөрчидтэй хэт хутгалдаагүй. Б.Сандерс олныг татаад байх онцгой гойд төрхгүй ч гэсэн улс төрийн үзэл баримтлалдаа үнэнч. Тэрээр “Бид Америкт ардчилсан социализмыг байгуулна” хэмээн хэлсэн. 20 жилийн өмнө ийм юм хэлсэн бол түүнийг сонгуульд оруулах битгий хэл солиотой гэх байсан. Түүнийг залуучууд нэлээд дэмждэг аж. Сонгогчдийн идэвх суларсан үед энэ нь юунаас ч илүү чухал юм.

Берни Сандерс нь Скандинавын орнуудад хэрэгжүүлдэг нийгмийн халамжийн бодлогыг дэмждэг. Түүнээс гадна их, дээд сургуульд үнэгүй суралцуулах нь зүйтэй хэмээн үздэг. Галт зэвсгийг хянах хуулийг чангатгахыг дэмждэг түүний бодлогыг америкчуудын зарим нь дэмждэггүй байж магадгүй.

Тэрээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон халз мэтгэлцээний дараа үг хэлэхдээ “Одоогоос долоо хоногийн өмнө Айовад явуулсан санал асуулгын дүнг өнөөдөр Нью-Гэмпширийн сонгогчид баталлаа. Энэ бол улс төрийн хувьсгал эхэлсний баталгаа” гэсэн. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл нэлээд хугацаа байна. Нэг биш удаа санал асуулга явуулж, мэтгэлцээн зохиох болно. Берни Сандерс эцсийн шат хүртэл явж чадах эсэхийг цаг хугацаа харуулна.


Categories
мэдээ цаг-үе

Э.Анхбаяр: Багшийнхаа бүтээлийг ард түмэндээ сурталчилна гэж боддог

Саяхан болж өнгөрсөн “Морин хуур-2015” наадамд Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая, Өмнөд Монголын яруу найрагч Г.Баярын үг “Бурхан халдун” дуу шилдгээр шалгарсан билээ. Энэ дууг дуулсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин СТА Э.Анхбаяртай уулзаж ярилцлаа.

-Та багшийнхаа дууг дуулж энэ жилийн “Морин хуур” наадамд оролцлоо.

-Тийм ээ, багш маань өнгөрсөн зун утасдаж ийм дуу хийчихлээ, ирээд сонс гэсэн. Дуулж үзлээ, их сайхан бүтээл болсон байсан. Бидэнд “Морин хуур” наадамд орно гэсэн төлөвлөгөө байгаагүй л дээ. Наадмын бүртгэл дуусахаас хоёр гурван хоногийн өмнө багш над руу залгаад “Хоёулаа энэ жил “Бурхан халдун”-аараа орох уу яах уу, тэр жил би “Арвайн тал”-аар ороод хусуулчихсан шүү дээ” гэсэн. “Би яаж мэдэхэв, багш аа” гэхэд намайг “Чи л мэд” гэсэн. Тэгэхээр нь оръё гэж хэлсэн. Би очиж бүртгүүлээд багшийн өмнөөс гарын үсэг зурчихсан. Ингэж л энэ уралдаанд оролцлоо. Энэ уралдааны сүүлчийн шатанд орсон дуунуудыг, дуучдыг анхааралтай сонссон л доо. Ямар нэгэн будлиан гарахгүй бол манай дуу дээгүүр давхих магадлалтай юм байна гэдгийг мэдэрсэн.

-Н.Жанцанноров гуай дуугаа өгөхдөө яаж дуулаарай гэсэн бэ?

-Яаж дуулах талаасаа биш хөгжмийн утга санааг хэрхэн гаргах талаас нь хэлж байсан.

-Оролцогчийн хувьд энэ жилийн наадамд ямар нэгэн шинэ зүйл мэдрэгдсэн үү?

-Би энэ наадамд гурав дахиа орж байна. Тиймээс ер нь ханатай болдог гэдгийг мэддэг. Энэ жил Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч солигдсон байсан. Шинэлэг зүйлүүд нэлээд байсан болохоор дотроо их итгэж хүлээж байсан. Ямар ч байсан наадам сайхан болсон, ямар нэгэн ийм тийм юм ороогүй, бодитой шүүсэн. Шударга шүүнэ гэж бодож ч байсан. Миний дуулсан дуу түрүүлсэн учир ингэж байгаа юм биш. Бүтээлүүдийг сонссон хөгжмийн зохиолчид ч хоорондоо ярьж байсан.

Н.Жанцанноров багш аргагүй л даацтай бүтээл хийжээ гэж. “Морин хуур” наадмын тоглолтын хамгийн эхэнд бөгөөд хамгийн сүүлд мундаг оркестровка сонслоо гэж хүмүүс хоорондоо ярьж байхыг сонссон.

-Эхэнд нь хэний бүтээлийг тоглосон бэ?

-Эхэнд нь Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Хөх тэнгэрийн орон”, хамгийн сүүлд нь Н.Жанцанноров гуайн бүтээл эгшиглэсэн.

-Та түрүүн “Морин хуур”-д орсон дуунууд болон дуучдыг сонссон гэж хэлсэн. Уран бүтээлч хүний хувьд тэдгээрээс ямар дуу таалагдав?

-Хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Тавилангийн харгуй” гээд дуу байсан. Б.Бямбабаярын “Цэцэн хааны нутаг” гэж дуу их сайхан бүтээл байсан. Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэлийн “Дарьгангын хээр тал”-ыг дуучин Н.Отгонбаатар их сайхан дуулсан. Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, Ш.Лхамноржмаагийн шүлэг “Уйдашгүй эх орон” нь сор болсон бүтээл. Би энэ дууг байнга сонсож байгаа.

-Та Дуурь бүжгийн эрдмийн театрт хэдэн оноос ажиллаж байгаа билээ?

-Би 2011 онд сургуулиа төгсөөд 2012 оны хавраас Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байна.

-Дуурийн дуучин хүн зохиолын дуу дуулж болох уу?

-Тэрийг зохицуулж болно л доо. Гэхдээ дуурийн дуучин хүн монгол дуу их дуулах юм бол хоолой эвдэрнэ гэж ярьдаг л даа.

-Н.Жанцанноров багшийнхаа зохиосон өөр ямар дуунуудыг нь дуулав?

-“Отгонтэнгэр минь” дуу байна. “Сүндэрьяа гэж дууг нь дуулсан. Хамгийн сүүлд сая “Морин хуур”-т орсон “Бурхан халдун”-ыг дууллаа.

-Та хоёр хэдийнээс хамтран ажиллаж байгаа вэ?

-Удаагүй. Би сургуулиа төгссөнийхөө дараа уралдаан тэмцээнд явж багагүй амжилт үзүүлсэн. Хасагдахдаа хасагдаж ч явлаа. Багш намайг ерөнхийд нь мэддэг байсан. Бид хоёр нэг нутаг л даа. Хааяа хажуугаар өнгөрөхдөө “Чи чинь Өвөрхангайнх бил үү” гэдэг байсан. Нэг удаа надаас “Өвөрхангайн Хонгор нутгаар юу байна? Би чамд дуу өгөөд энд тэнд дуулуулж ашиглавал болж байна уу?” гэж тоглоом шоглоомоор хэлэхэд нь “Бололгүй яахав, багш аа” гэсэн. Нэг удаа над руу залгаад “22 жилийн дараа” гэдэг концерт болох гэж байна. Би 22 жилийн дараа концерт хийж байгаа юм байна. Дүү тэрэн дээр “Отгонтэнгэр”, “Сүндэрьяа” хоёрыг дуулаач” гэсэн. Ер нь бид хоёр хамтарч ажиллаад удаагүй байгаа. Энэ их агуу хүнээс хөгжмийн ертөнцийн болоод амьдралын суралцах зүйл залуус бидэнд маш их байна. Зөвхөн хөгжмийн зохиолч, багш гэсэн үүднээсээ амьдралын ухааныг суралцах ёстой. Энэ хүн хүнтэй харилцаж байгаа соёл бүх юмаараа мундаг. Тиймээс багшийнхаа бүтээлийг ард түмэндээ сурталчилна гэж боддог.

-Таныг Италид хөгжмийн сургуульд явах гэж байгааг сонссон. Энэ талаараа сонирхуулаач?

-Тиймээс Цагаан сар гараад шинийн дөрвөнд явна. Гурван сарын хугацаатай Миланы хөгжмийн их сургуульд мэргэжил дээшлүүлнэ. Тэрнээсээ цаашаа дамжаад Европын театруудад сонсгох, уралдаан тэмцээнд оролцох, мэргэжилтэн багш нартай ажиллана. Цаашлаад Миланы хөгжмийн их сургуульд дэвшиж магистрт суралцах гэсэн олон зорилготой явж байгаа. Манай театрын гоцлол дуучин Гомбо-Очир бид хоёр явж байгаа. Сонгодог урлагийг дэмждэг “Серж меценат” сангаас биднийг ивээн тэтгэсэн бөгөөд тус сангийнхаа хамт олон талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Э.Хосбаяр: Өөрийнхөө боломж, багшийнхаа заасныг харуулъя гэж зорьсон

My Voice” тэмцээний гран при шагналыг дуучин Э.Хосбаяр хүртсэн билээ. Тэрээр Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай хамтран ажиллах, БНСУ-д урлагийн сургуульд гурван жил суралцах эрхийг авч, 10 сая төгрөгөөр шагнуулсан юм. Мөн “Pepsi“ ундааг бүтэн жил үнэгүй хэрэглэх эрхтэй болсон гэнэ. Бид дуучин Э.Хосбаяртай гала концертондоо оролцсоных нь дараахан уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-Гран при шагнал хүртсэнд баяр хүргэе. Та Соёл урлагийн их сургуулийг төгссөн байх аа?

-Баярлалаа. Тийм ээ, 2015 онд Соёл урлагийн их сургуулийн эстрад дуулаачийн ангийг төгссөн. Одоо бол Соёл урлагийн их сургуулийн Хөгжим урлагийн сургуулийн орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхим гэдэг болсон.

-Урьд нь дууны тэмцээнд оролцож байсан уу?

-Телевиз радиогоор цацагдсан том тэмцээнд оролцож байгаагүй. Ер нь бол янз бүрийн уралдаанд оролцсон. Томоохон тэмцээнүүдээс гэвэл 2006 онд “Алтаргана” олон улсын наадамд орж “Хүрэн хээр”, “Өндөр бор” дуугаа дуулж хоёрдугаар байрт орж байлаа. Амьд хөгжмийн “Monsters reality show”-нд оролцож шилдэгт орсон. Өнгөрсөн жил “Баянмонгол” чуулгын дуучин агсан Л.Оюунчимэгийн нэрэмжит Олон улсын рок, поп дуучдын улсын уралдаанд оролцож гран при шагнал хүртсэн.

-Багаасаа дуулдаг байсан биз?

-Тийм ээ. Манайх ер нь урлагийн гэр бүл л дээ. Өвөө маань Ц.Базаргүр гэж хүн байсан. Төв аймгийнхаа театрт ажилладаг байсан гэсэн. Мөнгөнморьт суманд насаараа кино механикч хийсэн. Таван жилийн гавшгайч, улсын уран сайханчдын уралдаанд хоёрдугаар байрт орж байсан. Би өвөөгөө хараагүй л дээ. Аавын ээж Соёлын тэргүүний ажилтан уртын дууч хүн байдаг. Ээж маань хуучнаар Соёлын сургуулийг төгссөн. Төв аймгийн Мөнгөнморьт суманд насаараа Соёлын төвийн эрхлэгчээр ажилласан. Одоо ч ажлаа хийсээр байгаа. Ер нь урлагийн хүн.

-“My Voice”-д оролцсон П.Дагийсүрэн та хоёрыг сонсоход эстрад биш дуурийн дуучин баймаар хоолойтой санагдсан?

-Анх Соёр урлагийн их сургуульд шалгалт өгөхдөө дуурийн дуулаачийн ангид өгсөн. Эрүүл мэндийн байдлаас болоод дараа жил нь дахин шалгалтад орохдоо дуурийн дуулаачийн ангид өгөх гэж байгаад эстрад дуулаачийн ангид шалгуулсан. Яагаад дуурийн дуучин шиг сонсогдож байна гэхээр би ийм вокалтай л даа. Манай багш өөрөө ч ийм вокалтай .

-Хэний шавь билээ?

-Соёл урлагийн их сургуулийн эстрад дуулаачийн дуулах ур зүйн багш Н.Баасанбат гэж хүн бий.

-Их сургуулиа төгссөнөөс хойш ямар уран бүтээл туурвив?

-Одоохондоо уран бүтээл туурвиж амжаагүй байна. Янз бүрийн шинэ бүтээл хийх талаар нэлээд яригдаж байна. Сайн, чанартай бүтээл хийе гэсэн бодолтой байгаа. Үүний дараа шинэ бүтээлүүд ар араасаа ундрах байх. Ямар ч байсан нэлээд олон санал ирсэн. Хамгийн гол нь чанар гэж бодож байна.

-“My Voice”-д хамт оролцсон өрсөлдөгчид чинь ямар байв?

-Өрсөлдөгчид нэлээд ширүүн байсан шүү. Мэргэжлийн дуучид ч их байсан, урлагт хайртай, сонирхдог хүмүүс ч бас байсан. Ер нь оролцогчид их сайн дуулж байсан. Миний хувьд гэвэл өөрийнхөө боломжоор, багшийнхаа зааж сургасныг гаргая гэсэн бодлыг тээж оролцсон.

-Тэмцээний өмнө тамирч-дыг дасгалжуулагчид нь бэлтгэл сургууль хийлгэдэг. Дуучид ч ялгаагүй. Өөрийг тань хэн дасгалжуулав?

-Гардаж дасгалжуулж байсан хүн байхгүй. Зөвлөгөө, санаа өгч байсан хүн олон байгаа. Төв аймгийн Эрдэнэ сумийн А.Андрей багш маань байна. Үнэхээр ер бусын гайхамшигтай хүн. Багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Одоо нутагтаа хөгжмийн багшаар ажилладаг. Дээрээс нь Н.Баасанбат багш маань тусалж дэмжиж байсан.

-Тэмцээнд ороход дууны сонголт маш чухал байдаг. Үүнээс их зүйл хамаардаг. Дуугаа яаж сонгож байв?

-Нэгдүгээр шатанд “Гүрэн Монгол чинь хүлээнэ” гэдэг дууг дуулсан. Энэ дуу надад их ойр, зохих байх гэж бодоод сонгосон. Дуучны ур чадвар, чадал, хоолойн цар хүрээг харуулсан мундаг дуу.

-Дараагийн шатандаа та дуучин Т.Дэлгэрмөрөн, Т.Ариунаа нарын “Шөнө дундийн бүжиг” жүжгийн дууг дуулсан. Чамтай цуг дуулсан дуучин эмэгтэй та хоёрын хоолой үнэхээр сайхан зохицож байсан.

-Хоёрдугаар шатандаа энэ дууг дуулсан. Хамт дуулсан хүн маань манай эстрад дуулаачийн ангийг миний өмнөх жил төгссөн Б.Мягмарсүрэн гэж бүсгүй. Одоо Шанхайд сурч байгаа. Тэр дууг дуулахад жаахан учир дутагдалтай зүйл байсан. Бид хоёрын бэлтгэл тааруу байсан. Ердөө хоёр, гуравхан хоног бэлдээд л орсон. Хүмүүсийн сайн мэддэг энэ дууг жаахан өөрчилж дуулъя гэж бодсон.

-Гала концертонд ямар дуу дуулсан бэ. Дуугаа өөрөө сонгосон уу?

-Тийм ээ, дуугаа өөрөө сонгосон. Соёлын гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжавын ая, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын шүлэг “Чамайгаа оллоо” дууг дуулсан.

-Яагаад энэ дууг сонгосон юм бэ?

-Нэгдүгээрт, монголчуудын сайн мэддэг дуу. Хоёрдугаарт, ур чадвар шалгасан дуу учир би өөрийнхөөрөө найруулж, өөр хэв маягт оруулж дуулсан.

-Гала концертонд оролцоод тайзан дээр гараад дуугаа дуулахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Үнэхээр гайхамшигтай. Үзэгчид маань гайхалтай байсан. Намайг дахиулсан нь бүр сайхан санагдаж, урам зориг орсон.

-Айлын хамгийн бага хүүхэд гэсэн. Танай гэрийнхэн ялангуяа ээж, аав хоёр тань ихэд баярласан байх даа?

-Тийм ээ. Гала тоглолтыг ээж, аав хоёр маань ирж үзсэн. Тайзан дээр шагналынхаа цомыг авчихаад аавдаа авчирч өгсөн. Цаашдаа сайхан уран бүтээл туурвиж өөрийгөө харуулна гэж бодож байгаа.

-Яваандаа цомог гаргана биз дээ?

-Тэгнэ. Энэ бол миний хүсэл мөрөөдлүүдийн нэг.

Categories
мэдээ цаг-үе

П.Дагийсүрэн: Би одоо л урлагийн хүн болох гэж байна

“My Voice” тэмцээний оролцогчдоос П.Дагийсүрэн дуулах ур чадвараараа төдийгүй өвөрмөц хоолойгоороо бусдаасаа ялгарсан. Тэр мэргэжлийн хэллэгээр контр альт хоолойтой. Энэ нь ихэд ховорт тооцогддог гэнэ. П.Дагийсүрэн олон тэмцээнд оролцохдоо хэд хэдэн удаа “Олны таашаалыг хүртсэн дуучин”-аар тодорсон. Хамгийн сүүлд “My Voice” тэмцээнд оролцож мөн л олны таашаалыг хүртсэн дуучны шагналыг хүртсэн юм.

-Та аль нутгийнх билээ?

-Уг нь бол Говь-Алтай аймгийнх. Намайг бага байхад манайх Дарханд нүүж ирсэн. Дарханы 14 дүгээр сургууль буюу “Жигүүр” цогцолборыг төгссөн.

-Бөх болох гэж байсан охин яаж яваад дуучин болов?

-Манай “Жигүүр” цогцолбор бөхийн ангитай. Манай сургуульд Дарханы шилдэг хүүхдүүд суралцдаг. Би дөрөвдүгээр ангиасаа бөхөөр хичээллэж эхэлсэн. Ээж, аав хоёулаа бөхийн удамтай л даа. Тиймээс бөх болно гэж боддог байлаа. Багаасаа л аавтайгаа бөхийн барилдаан үзнэ. Намайг бага ангид байхад гавьяат тамирчин Эрдэнэт-Од олимпоос медаль авч ид мандаж байлаа. Түүнийг хараад эмэгтэй хүн барилдаж болдог юм байна гэсэн бодол төрж, түүн шиг нэртэй бөх болохыг мөрөөддөг болсон. Ингээд тамирчин болохоор шийдсэн. Бэлтгэл хийж байхдаа маш их бэртэл авсан, ахар сүүлээ хүртэл хугалж байлаа. Хамгийн сүүлд тархиндаа бэртэл авсны улмаас хараа муудаж тэрнээс хойш спортыг орхисон.

-Хэзээнээс эхэлж дуулсан бэ?

-Цэцэрлэгт байхдаа дуулж байсан юм шиг байна лээ. Нэг зураг байдаг юм.

-Сургуульд байхдаа дуулж байгаагүй юу?

-Барилддаг байхдаа спортынхны урлагийн үзлэгт оролцдог байсан. Тамирчид дундаас арай гайгүй дуулдаг байсан болохоор надаар дуулуулна. Урлагийн үзлэгт урдаа барьдаг хүн нь байсан. 2009 онд бил үү “Оддын эрэлд-3” тэмцээнд оролцож байсан. Клубийнхэн маань ятгасааар байгаад оруулж билээ. Тэрнээс хойш бараг дуулаагүй. Спортыг ч орхисон, 11 дүгээр ангиа ч төгссөн ингээд яахаа мэдэхгүй байв. Тамирчин болно гээд шийдчихсэн байсан болохоор их хэцүү байсан. Сэтгэл санаагаар ч нэлээд уналаа. 17 настай байсан мөртлөө амьдрал дуусчихсан мэт л санагдаж байсан үе. Гэтэл манай Дарханы гавьяат жүжигчин Дагийсүрэн дуучны дугуйланд хүүхэд авч байна гэсэн зар гаргасныг олж уншаад очиж шалгуулж билээ. Надтай ижилхэн нэртэй болохоор гоё санагдсан.

-Гавьяат жүжигчин Дагийсүрэнд шалгуулахад юу гэж хэлсэн?

-Багш маань өөртэй нь ижилхэн нэртэй гээд ихэд бэлгэшээсэн. Намайг шалгаад дасгал уншуулж, сонсгол шалгаад “Болж байна, миний хүү. Чамд тэнгэрээс заяасан авьяас байна, дуулах хоолой байна” гэсэн. Бөх болох гэж байснаа багшдаа ярихад намайг урлагийн хүн болох ёстой гэж билээ. Надаас нэг ч төгрөг авахгүй мэддэг бүхнээ зааж өгнө гэсэн. Урлагийн хүн ямар байх ёстой, дуулах ур зүй, амьсгаа хэрхэн авахаас эхлүүлээд бүгдийг заасан. Нэг жил багшаараа хичээл заалгуулж, урлагийн хүн болох хэцүү гэдгийг ч мэдэрсэн. Урлаг гэдэг үгээр хүнийг амьдруулдаг болохыг тэгэхэд ойлгож билээ. Спорт бол бяр тэнхээ, тэвчээр, ухаан гурав байхад болдог. Тэр үед надад Үндэсний биеийн тамирын дээд сургуульд орох урилга байсан. Очиж бүртгүүлэхээр явж байгаад Соёлын урлагийн их сургуулийн урдуур гарлаа. Гэтэл дээд давхраас нь хөгжим сонсогдоод их сайхан санагдсан. Ямар байдгийг нь үзэхээр ороод элсэлтийн шалгалтанд нь бүртгүүлж тэнцэж билээ.

-Өөрийг тань анх дуулж байгааг сонсоод дуурийн дуулаачийн ангид сурдаг байх гэж бодож байлаа?

-Тийм ээ. Уг нь бол дуурийн дуучны хоолойтой. Дагийсүрэн багш маань намайг өөрийнхөө багш ардын жүжигчин Ц.Уртнасан гуай дээр хүртэл аваачиж сонсгож байсан. Ц.Уртнасан гуай миний дуулахыг сонсоод “Хайран сайхан хоолой. Даанч бие нь жижигхэн юм” гэж билээ. Би жижигхэн биетэй болохоор дуурийн дуучинд тохирохгүй гэсэн.

-Тэгээд л Соёл урлагийн их сургуулийн эстрадын дуучны ангид орсон юм уу?

-Ямар сургууль болохыг үзэх гэж ороод шууд л бүртгүүлсэн гэж ярьсан даа. Яг тэр үед уран чадварын шалгалт авч байсан. Их азтай л даа. Шууд л шалгалтанд нь ороод чаддаг юмаа үзүүлсэн. Бүжиглэ гэхээр нь бүжиглэсэн. Хөгжим тогло гэхэд нь “Үнэхээр хөгжим тоглож чаддаггүй” гэсэн. Этюд гэж юуг хэлдгийг ч мэддэггүй байлаа. Орой нь зургаан цагаас дүнгээ сонс гэсэн. Шалгалтын дүнгээ үзэх гээд очиход нэлээн дээгүүр орсон байсан. Одоо бодоход багш нар маань тэр үед надад маш их итгэл үзүүлжээ.

-Мэргэжлийн багш тань хэн билээ?

-УГЗ Д.Ухнаа. Манай багш гуравхан эмэгтэй шавьтай. Би хамгийн бага нь.

-Яагаад “My Voice”-т оролцохоор болов?

-Багш маань өөрийгөө сорьж үз гэж дандаа хэлдэг. “Урлагийн хүн ганцхан миний сургаснаар явж болохгүй. Өөр хүнээс бас суралцах хэрэгтэй” гэдэг. Өөр дуучдыг үз, тэмцээнд ор гэж хэлдэг байсан. Би Соёл урлагийн их сургуульд орсноосоо хойш “Монстр” гээд нэлээд хэдэн тэмцээнд оролцохдоо дандаа л тодорхой хэмжээний амжилт үзүүлдэг байлаа. Эдгээр тэмцээн болгоноос маш их зүйлийг сурсан. Юун дээр алдав, тайзан дээр гараад үзэгчдийн сэтгэлд хүртэл дуулахын тулд яах ёстой, юу бодох ёстой, үгээ яаж хэлэх гээд л. Энэ бүхнийг тэмцээнд оролцож байж мэдэж авдаг юм билээ.

-Та “Universe best songs” тэмцээнд нэлээд амжилттай оролцсон байх аа?

-Тийм ээ. Энэ тэмцээн нэлээд хэдэн шат явсан. Тэр үед би жирэмсэн байсан. Хүүгээ төрүүлэх гэж байсан болохоор сургуулиасаа чөлөө авсан байлаа. Учир нь байнга дасгал уншаад, дуулаад байхад урагт сөргөөр нөлөөлдөг гэсэн. Тиймээс багш маань чөлөө авах хэрэгтэй гэсэн юм. Ингээд чөлөөтэй байхдаа тэмцээнд оролцъё гэж бодсон. Д.Ухнаа багш маань ажиглагч шүүгч хийж байсан шүү дээ. Би “Uni­verse best songs”-д оролцохоо багшдаа хэлээгүй. Нэгдүгээр шатанд нь оролцсоныхоо дараа багшдаа зэмлүүлж байлаа. Багш “Давхар биетэй байж яаж байгаа юм. Надад яагаад хэлээгүй юм. Ар өврийн хаалга гэж байхгүй шүү. Би чамаас өөрийнхөө заасан юмыг л харна. Багш намайг дэмжинэ гэж бодох хэрэггүй гэдгийг хатуу хэлье” гэж билээ. Ингээд багшдаа сурсан зүйлээ харуулахыг л хүссэн. Шүүгчид юу гэж хэлэх нь надад чухал биш байсан. Багшийн маань үнэлгээ чухал байлаа.

-Та бас “Best of best”-д оролцсон байх аа?

-Тэгсэн. “Universe best songs”-ийн он болгоны шилдгүүдээс шилдгийг нь тодруулахаар “Best of best”-ийг зохион байгуулсан. Түүний хоёрдугаарт шатанд би “Буруу эргэлт” киноны дууг дуулсан. Тэр дуунд их дуртай л даа. Их хүнд дуу. Би долоон сартай жирэмсэн байсан. Намайг дуулахыг сонсоод багш маань уйлж билээ. Сэтгэлд нь хүрсэн байх аа. Тэр үед л Д.Ухнаа багш маань тэнд байсан хүмүүст “Энэ бол миний шавь. Би шавиараа бахархаж байна” гэж хэлсэн. Тамирчин хүн ялалт байгуулаад нэг сайхан болдог доо. Надад яг л тийм байсан. Тэр тэмцээнээс би олны таашаалыг хүртсэн дуучны шагнал хүртсэн. Гэхдээ энэ нь миний хувьд гран пригээс илүү. Одоо л би урлагийн хүн болох гэж байна гэж бодож билээ.

-Цаашдаа ямар шинэ уран бүтээл туурвихаар төлөвлөж байна?

-“My Voice”-ийн гала концертод орсон. Энэ тэмцээн надад маш их зүйл өгсөн. Үнэхээр их эрч хүч зарцуулсан. Хүн юу хийж болдгийг надад харуулсан тэмцээн. Тоглолтонд оролцох санал, студи, продакшнуудаас хамтран ажиллах санал маш их тавьж байгаа. Бүр толгой маань эргэчихээд байна. Ямар ч байсан биеэ даасан уран бүтээлч болно гэж бодож байгаа.

Categories
мэдээ цаг-үе

“My Voice”-ийн хоёрдугаар байрын шагналт Б.Билгүүн: Жастин Бибер шиг болох юмсан гэж боддог

UBS телевизээс өнгөрсөн жил “Universe best songs” наадмыг найм дахь удаагаа зохион байгуулсан билээ. Тус наадмын гран при шагналыг хүртсэн Б.Билгүүн оны өмнөхөн болж өнгөрсөн “My Voice” тэмцээнд оролцож хоёрдугаар байрт шалгарчээ. 51 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч, авьяаслаг хүүтэй уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-Б.Билгүүн хэдэн настай билээ?

-Энэ сарын 23-нд 18 нас хүрлээ.

-Удахгүй дунд сургуулиа төгсөх гээд хичээл ихтэй байна уу?

-Тийм ээ. Тэмцээн, уралдаанд оролцох гээд олон сар хичээлээ цалгардууллаа. Багш нар маань ч “Одоо төгсөх гэж байна. Яаж байна” гээд л хэлээд байгаа.

-Цаашдаа ямар сургуульд сурах гэж байна. Мэдээжийн хэрэг дуучин болно биз дээ?

-Мэргэжлийн хувьд гэвэл хөгжмийн зохиолчоор суралцах бодолтой байгаа. “Universe best songs 2015”, “My Voice” хоёрт амжилттай оролцож, хоёр ч сургуульд суралцах эрх авсан. Яах эсэхээ хараахан шийдэж чадаагүй л байна.

-Өөрөө нэг ярилцлагандаа нот мэдэхгүй гэж ярьсан байсан. Үнэн үү?

-Нот мэдэхгүй.

-“Хайрын виз” дууг дуулахдаа төгөлдөр хуур тоглож байхыг чинь харсан. Их сайн тоглож байсан. Хэзээ сурсан юм бэ?

-2013 оны аравдугаар сард төгөлдөр хуур худалдаж авсан. Авсан оройноо л тоглож эхэлсэн. Урьд нь төгөлдөр хуур тоглож байгаа хүмүүсийг хараад ингэж тоглодог байхдаа гэж боддог байлаа. Нэг тийм төсөөлөлтэй байсан гэх үү дээ. Нэлээд гуйж байж авахуулаад тэр оройжингоо тоглосон.

-Өөрөө сурсан гэсэн үг үү?

-Тийм.

-Хэдэн настайгаасаа эхэлж дуулсан бэ?

-14 настайгаасаа тууштай дуулж эхэлсэн. 2012 онд “Камертон 2” шоу болоход оролцсон. Гуравдугаар шатнаасаа хасагдсан. Тэр үеэс л дуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Түүнээс хойш тэмцээн уралдаанд оролцож байр эзлээд улам урамшсан.

-Ямар ямар тэмцээнд оролцож байв?

-Анх 2010 онд “Авьяаслаг монголчууд” тэмцээнд оролцож хүчээ сорьсон. Эхний шатнаас нь хасагдсан боловч түүнээс хойш дуу маш их сонсдог болсон. Ямар ч бэлтгэлгүй оролцсон болохоор аргагүй биз дээ. Хүмүүсийн дуулж байгааг хараад “Ингээд дуулчихгүй” гэж боддог байлаа. Түүний дараа “Камертон 2” шоу боллоо гэсэн сургаар шууд оролцоод бас л хасагдсан. Тэгэхэд дуучин Д.Болд ах “Миний дүү арай л болоогүй байна даа. Гэхдээ дуулахаа битгий болиорой” гэж хэлж байсан. Тэр тэмцээнд оролцоод хасагдаад бүтэхгүй юм байна гээд л орхиж болох байсан л даа. Яагаад ч юм түүнээс хойш дуу сонссоор л байсан. Энэ нь тэмцээн уралдаанд оролцоход их хэрэг болсон.Ингээд “Камертон 2” тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож гуравдугаар шат хүртэл явж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч билээ. Дараа нь БНСУ-ын ЭСЯ-наас зохион байгуулдаг “Солонгос дууны тэмцээн”-д нэгдүгээр байр эзэлж 500 мянган төгрөгөөр шагнуулсан. Маш их баярлаж билээ. Дууны тэмцээнд анх түрүүлээд орой нь гэртээ ирэхэд ээж, эгч хоёр маань надад мөнгөний хэтэвч бэлэглэж байв. 14 настай байсан, мөнгөний хэтэвчгүй байлаа. Тэр үед ээж маань надад “Ээж, эгч хоёр нь сууж байгаад ярилцлаа. Чамайг ерөөсөө л урлагийн хүн болгох хэрэгтэй юм шиг байна” гэж билээ. Өмнө нь урлагаар явахыг зөвшөөрдөггүй байсан.

-“Universe best songs 2015” тэмцээнд оролцож байхдаа түрүүлнэ гэж бодож байсан уу?

-Анх энэ тэмцээнд оролцохдоо л түрүү байрын төлөө үзнэ гэсэн бодолтой байсан. Дуулж эхлээд удаагүй байсан үе. Яагаад эхнээсээ түрүүлж чадна гэсэн бодол төрсөн гэхээр би олон дуулдаг найзтай. Найзууд маань надаас илүү амжилтад хүрчихсэн гэтэл тэдэнтэй харьцуулахад минийх үнэхээр чамлахаар байлаа. Тиймээс амжилтаа ахиулах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж жаахан шар хөдөлсөн. Надтай цуг бэлтгэл хийдэг байсан ах гэхэд 2014 оны “Universe best songs”-д ороод хоёрдугаар байрт шалгарчихсан. Тиймээс надад боломж байгаа юм байна гэж бодсон. Дөрвөн шатны шалгаруулалтын явцад энэ бодол маань улам баталгаажиж билээ. Ингээд гала тоглолтод дуугаа дуулсны дараа “Би ямар ч байсан шагналт байранд орчих байх. Харин гран при юу л бол доо” гэсэн бодол төрсөн.

-Гран при авсныхаа дараахан залгуулаад “My Voice” тэмцээнд оролцсон юм байна?

-“My Voice” –д оролцох уу байх уу гэж нэлээд эргэлзсэн. UBS телевиз дээр очоод тэмцээний шторкийг харсан чинь их гоё санагдаж билээ. Ээжээсээ яах уу гэж асуусан. Орохгүй байх мөн оролцох олон шалтгаан байсан. Ингээд ерөөсөө л энэ боломжийг алдаж болохгүй юм байна гээд л шийдсэн. Надтай бэлтгэл хийдэг ах маань ч оролцсон. Бид хоёрын тулааны үе эхэллээ гэж бодсон. Бид чинь маш зөв өрсөлддөг, их гоё л доо. Ингээд тэмцээндээ ороход маш сайхан байж билээ. Гэхдээ сайхан юм болохын өмнө их хэцүү шийдвэр тулгардаг. Ямар дуу дуулахаа шийдэж чадахгүй нэлээд удсан. Энэ бол маш чухал шийдвэр л дээ.

-Танай гэрт дуулдаг хүн байдаг уу?

-Ээжийн ээж буюу эмээгийн талынхан дуулдаг хүмүүс байсан. Завханы Баянтэс сумын хүн л дээ. Эмээ маань шанз тоглодог, сумын клубт дуулдан байсан.

-Нэлээд хэдэн томоохон тоглолтод оролцсон гэсэн. Энэ талаараа яриач?

-Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтод оролцож “Надад өгөөгүй хайр” дууг дуулсан. “My Voice”-ийн гала тоглолт байна.

-Хамтарч ажиллах санал тавьж байна уу?

-Саяхан гала концерт болохын өмнөхөн шинээр хийх гэж байгаа киноны соунд трэкийг дуулах санал тавьсан.

-Ямар дуучинг шүтдэг вэ?

-Жастин Бибер шиг болох юмсан гэж боддог. 2010 оноос хойш түүний дууг сонсож байгаа. Өмсдөг хувцсыг нь хүртэл дуурайж ижилхэнийг авч өмсдөг байлаа. Анхны цомогт нь орсон бүх дуу нь таалагддаг. Сүүлийн үед Жастин Бибер нэлээд өөр стилийн дуу дуулдаг болсон, надад тийм ч их таалагдахгүй байгаа. 2014 он хүртэл Ж.Биберийг охид шүтдэг байсан. 2015 оноос хойш түүнийг эрчүүд их шүтдэг болсон.

-Чи саяхан хөгжмийн зохиолч СГЗ Л.Балхжавтай уулзсан гэж байсан. Чамд юу гэж хэлж байна?

-Л.Балхжав ахтай уулзахад архи, тамхи, хар тамхи зэрэгт битгий мансуураарай. Энэ бол чамайг олигтой мансууруулахгүй. Түүнээс илүү мансуурах зүйл бол дуу хуур, урлаг гэж хэлсэн нь санаанд орж байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Бурмаа: Ардын дуу гэдэг ертөнцөд тодорхой хэмжээгээр амьдармаар Байна

Ардын дууны ая данг мэдрүүлж, сонсогч түмний хүндэтгэлийг хүлээсэн дуучин Даваагийн Бурмаатай уулзлаа. Тэрээр ардын дууг орчин цагийн хэмнэлд оруулж дуулснаараа сонсогчдын талархлыг хүлээгээд байгаа юм. Ингээд дуучин бүсгүйн ярилцлагыг хүргэж байна.

-Фэйсбүүкт хөдөөний нэг хөөрхөн жижигхэн хүү “Тэсийн голын гал шарын Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна” хэмээн дуулж байгаа бичлэг тавигдаж олон хүн лайк дарсан. Түүнийг танай хамаатан гэж байсан үнэн үү?

-Тийм ээ, манай ахын хүү. Амарсайханы Өсөх-Ирээдүй гэдэг. Одоо таван настай, Увс аймгийн Улаангомд байдаг.

-Танай удамд дуулж хуурддаг хүн байдаг биз дээ?

-Байлгүй яахав, би удмаа дагаад дуучин болсон. Одоогоор манайхнаас дууны ертөнцөд дуугаа дуулаад л явж байгаа нь би. Би эхээсээ их олуулаа, арвандөрвүүлээ. Миний ах, эгчийн хүүхдүүдээс дуулаачаар суралцаж байгаа хүүхдүүд бий. Соёл, урлагийн их сургуульд одоо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дуурийн, эстрадын, уртын дуучнаар сурч төгссөн. Ер нь бол манайханд дуулдаг хүүхдүүд байгаа. Хэлд орсон цагаасаа дуулсан нь ч их олон. Фэйсбүүкт тавигдсан тэр дүү маань бол манайхны хувьд хамгийн энгийн зүйл. Гэхдээ их хөөрхөн дуулсан. Дуучин СТА Э.Төрмандах нь манай хүргэн дүү. Тэр хүү Төрмандахын дуунуудыг дуулдаг.

-Аав, ээж тань дуулдаг уу?

-Миний аав бол ардын урлагийн төлөөлөгч хүн байсан. Сум, аймгийнхаа театрт дуулдаг. Аавын маань удамд дуулдаг хүн маш олон. Ихэнх нь хөдөө амьдардаг. Тэд маань сайн уран сайханчид, манай нутгийнхан ч мэднэ дээ. Ер нь монголчууд өөрсдөө их дууч ард түмэн.

-Ингэхэд та хэдэн цомог гаргасан бэ?

-2007 оноос хойш таван цомог гаргачихаад байгаа.

-Алийг нь хамгийн сайн цомог болсон гэж боддог вэ?

-Таван цомогт нийтдээ 60 гаруй дуу орсон байдаг. Хамгийн анхны CD маань хүмүүст маш сайн хүрсэн би олонд хурдан танигдсан. Ардын дууг этник хэлбэрт оруулж, орчин үеийн электрон хөгжимтэй дуулсан. Тэр үед Монголд ийм юм байгаагүй. Нийтийн дуунд ид хошуурч байсан үе. Миний араас “Шуранхай” хамтлагийн гурван бүсгүй зэрэг ардын дууг этник хэлбэрт оруулж дуулсан дуучид зөндөө гарч ирж байгаа. Ингэснээр надад өрсөлдөөн бий болж, уран бүтээлийнхээ чанар чансааг сайжруулах, хөгжмийн найруулга зэрэг дээрээ анхаарч, уран бүтээлдээ хөрөнгө мөнгө зарцуулах шаардлага тавигдаж байгаа. Ингэснээр уран бүтээл маань өсөж дэвжиж байгаа гэж би ойлгодог. Эхнийхээ цомгийг гаргасны дараа би Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн уран бүтээлийг үргэлжлүүлнэ гэдгээ хэвлэлийн бага хурал хийлгэж, албан ёсоор мэдэгдсэн. Дараа нь “Та мөнх” гэдэг цомог гаргасан. Түүнд маань”Усны урсгал”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Усны тунгалаг Тамирын гол” зэрэг дуунууд орж миний уран бүтээл олон түмэнд илүү танигдсан.

-Ардын дууг этник хэлбэрт оруулж дуулах санаа анх хэрхэн төрсөн бэ?

-Би өөрөө ардын урлаг судлаач мэргэжилтэй. Тиймээс түүнийг дуулах манерийг нь мэднэ. Өөрийнхөө мэддэг ардын дуунуудыг хөг аялгуугаар нь судалсан тул мэддэг. Ийм санаа гаргахад миний мэргэжил нөөлөлсөн. Тиймээс ч хүмүүс нийтийн дуу руу хошуурч байх үед содон шинэ байх болов уу гэж бодоод ингэж дуулсан маань үр дүнд хүрсэн. “Хар торгон хамжаар”,“Үзэсгэлэн гоо”, “Гарын арван хуруу” зэрэг дуунуудыг маш сайн хүлээж авсан. Одоо ч гэсэн хүмүүс сонсох дуртай байдаг. Ялангуяа хамгийн анхны цомогт орсон дуунуудыг маань. Би 60-70 ардын дуу дуулсан. Гэхдээ тэдгээрийг орчин үеийн болгож үг, аяыг нь өөрчлөөгүй. Аль болох уламжлалыг нь хадгалахыг хичээсэн. Яагаад гэвэл би өөрөө судлаач хүн учир эвдэж болохгүй гэдгийг мэддэг.

-Та эхлээд судлаачаар, дараа нь Соёл урлагийн их сургуулийн уртын дуулаачийн ангийг төгссөн. Ингэхэд хэн багшийн шавь бэ?

-Дэлгэр багш маань надад гурван жил багшилсан. Сүүлийн хоёр жилд нь СТА, уртын дууч Батболдын шавь болсон. Энэ хоёр багшийн удирдлага дор сургуулиа төгссөн. Дэлгэр багш маань Хөх хотод ажиллахаар явсан тул би Батболд багшийн шавь болж байлаа. Соёл урлагийн их сургуулийн уртын дуулаачийн ангид сурч байгаа оюутнууд бэлтгэл ангиасаа эхлээд төгсөх хүртлээ 60-70 дуу сурах ёстой гэдэг юм билээ. Би бол надад хэрэг болохоор, дуулж болохоор 30 дуутай төгссөн. Хоёрын хооронд олон юм руу самгардаад яахав гэж бодсон тул 30 дууг өөрийн болгож чадсан. Гэхдээ одоохондоо дуулахгүй байгаа. Яагаад гэхээр уртын дууны орон зай нэг их хөгжөөгүй. Тэгээд ч ардын дуу гэдэг ертөнцөд тодорхой хэмжээгээр амьдармаар байна.

-Уртын дуу хөгжөөгүй гэж та сая хэллээ. Яагаад хөгжихгүй байгаа юм бол?

-Уртын дууг дуулах арга барил, дуулаачид нь хөгжөөд байгаа. Уртын дууг зах зээлд гаргаж үнэлэхгүй байна. Монголдоо гэхээсээ илүү гадаадад сайн хүлээж авдаг. Түүнийг найр хуриман дээр дуулахаас биш тоглолтон дээр дуулахад ойлгодог гэсэн ч ойшоох нь бага байдаг. Энэ нь нийгэм, техник технологийн хөгжил дэвшилтэй холбоотой юм шиг. Түргэн аятай гадаадын дуунууд руу илүү хошуурч байна. Зах зээл нь бий болоогүй гэж хэлнэ.

-Гадаадад уртын дууг сайн хүлээж авдаг гэлээ. Түүнийг ойлгодог болов уу. Уртын дуу маань нүүдэлчний соёл, байгаль зэрэгтэй холбоотой өөрийн гэсэн их онцлогтой. Тэр дээшээ, доошоо хүрч байгаа өнгийг нь бол гаднынхан гайхдаг байх.

-Мэдээж цаад гүн ухааныг нь ойлгохгүй. Түүнийг дуулж байгаа хүмүүс нь хоолойны цар хүрээ, арга барил, өвөрмөц дугаралт, хүний чихэнд хүрч байгаа ая дан, шуранхай зэрэг нь гадаадынханд сонин сонсогддог байх л даа. Дотоод философийг нь бол ойлгохгүй. Үгийг уртаар аялгуулан дуулахыг уртын дуу гэнэ шүү дээ.

-Та уртын дуугаа аль зэрэг судалж байна?

-Одоохондоо нэг их судлаагүй. Яагаад гэхээр ардын дуутайгаа зууралдаж байна. Юм юм руу үсчээд баймааргүй санагддаг.

-Ардын дууныхаа чиглэлээр ямар судалгаа хийж байна?

-Учиргүй том бүтээл гаргадаггүй юм аа гэхэд өөрийнхөө дуулдаг дууны домог түүхийг мэднэ. Хичнээн аялгуутай байсан, цаг хугацаа, нийгэм өөрчлөгдөхөд яаж хувирч байсныг мэднэ. Өөрийнхөө хэмжээнд ном гаргахаар бэлдээд л байгаа. Би нэг их олон ном гаргахгүй байх л даа. Ардын дууг дараа дараагийн үеийн залуу дуучдад сурахад ойр болгох зорилгоор ардын дуу дуулах ур зүйн асуудлаар жижигхэн судалгааны ном бичих тухай гурван жилийн өмнөөс яриад л байгаа. Номыг маань хянах хүмүүс арай болоогүй гэсэн. Ерөнхийдөө нэлээд нягт нямба хийж байж гаргая гэж бодож байгаа. Ном маань цаанадаж хоёр жил, наанадаж нэг жилийн дараа гарах байх.

-Та жил бүр тоглолт хийдэг гэж ярьж байсан. Ойрын үед тоглолт хийхээр төлөвлөж байна уу?

-Энэ жил завсарлаж магадгүй байгаа. Яагаад гэхээр уран бүтээлч хүн үзэгчдэд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэх хэрэгтэй юм шиг байна. Байнга тоглолт хийгээд байхаар үнэ цэнээ алддаг шиг санагдсан. Тиймээс энэ жил хөдөөгөөр тоглолтоо хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Битүүний өдөр айл болгонд Балданлхам бурхан залардаг

Энэ сарын 22-ны өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Ач авралт охин тэнгэрүүд ба Дарь эх” нэртэй үзэсгэлэн нээгдэх юм байна. Ач авралт охин тэнгэрүүд хэмээн нэрлэдэг дөрвөн сахиуст Балданлхам бурхан ордог юм байна. Гал бичин жил гарахын өмнө энэхүү үзэсгэлэнг үзэгч олны хүртээл болгож байгаа нь учиртай аж. Жил бүрийн сүүлийн сарын адаг, битүүнд бар цагаар сүм хийдүүдэд сүсэгтэн олон түмэн зургаан зүйлийн амьтанд зориулан хамгийн түрүүн Балданлхам бурханыг тахидаг уламжлалтай аж. Түүнийг урин дуудахад айл бүрийн тооноор аз жаргал хайрладаг хэмээн бэлгэдэж, ирж буй ондоо сайн сайхан байхаа сахиустаа даатгасаар иржээ.

Балданлхам бурханыг баярлуулж чадваас ирж буй ондоо аюул зовлонгүй, амар амгалан байна. Тиймээс монголчууд түүнийг бүтээлгэн тахисаар иржээ. Балданлхам гэдэг нь монгол хэлнээ хөрвүүлэхэд Цогт төгөлдөр охин тэнгэр гэсэн утгатай бөгөөд түүний тухай олон хууч домог байдаг. Уншигчдадаа заримаас нь сонирхуулъя. Энэтхэгийн хиндү шашны “Махаапарата ба Рамааяана” туульсад бичсэнээр шарын шашны зарим бурхад, сахиусууд баатарлаг гавьяа байгуулан, бурханы дүрийг олсон тухай өгүүлдэг аж. Ганеш бурханы ээж үзэсгэлэнт дагина тэрсүүтнийг дарахын тулд ихэд уурлан Балданлхам болж хувирсан гэсэн домог байдаг. Энэ үзэсгэлэнгийн үеэр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн санд хадгалагдаж байдаг хосгүй үзмэрүүдийг архиваас гарган үзэгчдийн хүртээл болгох юм.

Үзэсгэлэнгийн талаар тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомаралаас тодрууллаа.

Монголчуудын эрт дээр үеэс шүтэж ирсэн Балданлхам бурханы түүхээс уншигчдад сонирхуулаач?

-Балданлхам нь шарын шашныг хамгаалах арван хангал бурханы нэг. Догшин эмэгтэй хүний дүртэй бурхан. Энэтхэг, Шри-Ланка, Түвд зэрэг буддын шашинтай орнуудаас манайд орж ирсэн гэдэг. Цагаан сарын өмнө Балданлхам бурханыг залах зан үйлийг эртнээс хийдэг байсан. Өөрөөр хэлбэл энэ уламжлалт үйлийг Балданлхам бурханаар дамжуулан сануулах зорилгоор бид “Ач авралт охин тэнгэрүүд ба Дарь эх” нэртэй үзэсгэлэнг гаргаж байгаа юм.

Танай музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг зарим ховор үзмэрүүдийг энэ үеэр үзэгчдийн хүртээл болгох юм байна?

-Манай музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээс хоёр ширхэг хосгүй үнэтэй бүтээлийг дэлгэн үзүүлнэ. Үүнд Балданлхам бурханы зээгт наамал мөн шүтээн зургийн нэг төрөл болох нагтан зураг тавигдана. Балданлхам бурханы зээгт наамлыг Их хүрээний нэрт урчууд хамтран бүтээсэн. Нөгөө нь танка зураг. Мөн энэ үзэсгэлэнд дүрслэх урлагийн төрлүүд болох модон баримал, бар, цутгуур зэрэг бүтээлүүд тавигдана.

Ер нь бол үзэсгэлэнг дэглэнэ гэдэг нь урлагийн бүтээл туурвиж байгаатай ижил юм. Түүнээс гадна бид үзэсгэлэнгийнхээ каталогийг гаргасан.

Таны дурдсан энэ хоёр хосгүй бүтээлийг хаана хэзээ бүтээсэн юм бол?

-Түүнийг XIX-XX зууны эхэн үед бүтээсэн. 2005 онд урлагийн хосгүй бүтээлд бүртгэж авсан. Ер нь шашны үйлд зориулсан бүтээлийг хийсэн хүмүүс нь өөрийн нэрээ бичдэггүй байсан.

Танай музейд тавигдсан байдаг Балданлхам бурханы талаар манай уншигчдад тайлбарлаж өгвөл сонин байх болов уу?

-Цагаан өнгийн даавуун дээр малын тархийг шороон будагтай хольж байгалийн өнгийг гаргаж авдаг. Дээрээс нь алт болон эрдэнийн чулуу мөн ургамлын гаралтай шороон будгийг ашигласан байдаг юм. Балданлхам сахуисын баруун талд нь матар толгойт, зүүн талд нь арслан толгойт хоёр дагуулыг дүрсэлсэн. Тэднийг нөхөрсэлт гэдэг. Түүнийг дөрвөн улирлыг даасан дөрвөн охин тэнгэрийн хамт зохиомжилсон. Балданлхам бурхан нь баруун гартаа очирт бороохой, зүүн гартаа цус бялхсан гавал барьсан нь догшин дүртэйг илэрхийлнэ. Очирт бороохой нь хорвоогийн амьтан бүхнийг өвчин зовлонгоос ангижруулан асран тэтгэхийг бэлгэднэ.

Харин цустай гавал нь амьдралыг тэтгэхийн илэрхийлэл. Бурхны унаж буй луусын ганзаганд байгаа хар цагаан шоо нь мэргэн байх ба хамаг амьтан туслахыг бэлгэдсэн. Баруун талд байгаа ороомог утас нь бүх тарнийн хүч биеллийг илэрхийлсэн. Балданлхам бурхан мөн мэргэ төлгийн үйлийг эрхшээх буюу ивээдэг.

Танай музейгээс арван хангал бурхад үзэсгэлэн гаргаж байгаа. Энэ талаараа дэлгэрүүлэн ярина уу?

-Тиймээ. Хамгийн анх Очир аюултган үйлдэгч буюу Ямандаг бурханаар үзэсгэлэн гаргасан. Энэ нь арван хангал бурханы хамгийн тэргүүнд нь залардаг учир түүгээр эхэлсэн. Дараа нь “Нууцын эзэн буюу Очирваань” нэртэй үзэсгэлэн гаргасан. Энэ нь гурав дахь үзэсгэлэн болно. Ийнхүү арван хангал бурхадуудаа бүгдийг нь олны хүртээл болгож толилуулна. Өөрөөр хэлбэл эдгээр бурхадыг хэрхэн бүтээсэн буюу урлагийн хосгүй үнэт өв талаас нь харуулах зорилготой юм.

Categories
мэдээ цаг-үе

Өв соёлоо дээдлэгч бизнесмэн

Халхын умард замын дундад хошууны нэгэн ноён Богдод хандан нутгийн нэгэн нэртэй отчийг урамшуулан шагнаж, цол хэргэм хайрлахыг хүсчээ. Түүнийг нь ёсоор болгож хариуд нь отчийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл болгон Найман Манал бурхан өргөмжлөлийн хамт илгээсэн байна. Богдоос ирүүлсэн бурхан болон дархан оточ өргөмжлөлийг нь баталгаажуулсан захидлыг нутгийн хошуу ноён оточ маарамбад хүргүүлсэн түүхтэй. Эдгээр нь өнөөдөр Монголын урлагийн музейн үнэт үзмэрүүдийн нэг юм. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө түүнийг “Модун” группийн ерөнхийлөгч Д.Батбаяр нэртэй маарамбын хойч удмаас худалдан авчээ. Шар торгон дээр хар бэхээр “Найралт төвийн наймдугаар оны намрын тэргүүн сарын шинийн долоон” хэмээн бичсэн нь 1730 оны наймдугаар сарын 7-ны өдөр аж. Түүнийг Халхын умард замын дундад зүүн этгээдийн хошуу захирагчийн тамгатай бичгийг түүхчдээр уншуулан нягтлуулж суухад нь очиж таарсан юм. Хуучин монгол бичигт тайлагдсан хэд хэдэн хүнээр уншуулан орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн бичүүлж авснаа залуу докторуудаар дахин хянуулж буй ажээ. Утга санааны хувьд эргэлзээ төрүүлсэн үгүүд, чухам аль хошууны ноён бичсэн эсэхийг ийнхүү мэргэжлийн эрдэмтдээр тайлуулсан нь энэ. Манай томоохон бизнес эрхлэгчид бүгд л зах зээлд шилжсэн 1990-ээд оны үед ганзагын наймаанаас гараагаа эхэлсэн Д.Батбаяр Монголын радиод редактороор ажиллаж байгаад 1992 онд наймаа хийж амьжиргаагаа дээшлүүлэхээр ажлаасаа гарсан гэнэ.

Анх 500 мянган төгрөгийн зээл банкнаас авч бизнесээ эхэлсэн бөгөөд Бээжингээс бараа дарж Орост аваачиж зарахаар явсан боловч Эрхүүгээс буцсан байна. Шантарсандаа ч биш ганзагын наймаа өөрт нь тохирохгүй гэдгийг мэдэрсэн гэнэ. Түүнээс хойш бараа солилцоо болон мөнгөөр авсан тарваганы арьсаа өөрөө элдэж зарахаас эхлээд янз бүрийн наймаа хийжээ. 1995 оны үед Өмнөд Солонгосоос “Аксент”, “Соната”, “Спортейж” маркийн шинэ машинууд анх оруулж ирж байсан үеэ дурсан ярив. Улаанбаатараас Сөүл хот руу долоо хоногт ердөө нэг л удаа МИАТ-ийн онгоц ниснэ. Өнөөдрийнх шиг олон улсын банк хоорондын харилцаа хөгжөөгүй, онлайнаар мөнгө шилжүүлдэггүй, зээлийн карт хэрэглээнд нэвтрээгүй байсан үе. Машин авах 200000-300000 ам.доллараа цүнхлээд явна. Хүмүүс ихэвчлэн хуучин машин оруулж ирнэ. Худалдан авагчдын шаардлага өөр болсныг эрт анзааран шинэ машин авснаа цуг явсан хүмүүстээ ярьжээ. Тэгэхэд бүгд л түүний тэнэгийг гайхсан гэнэ. Харин Улаанбаатарт ирэхэд түүний машинууд хамгийн түрүүнд борлогдож, харин хуучин машин зарагдахгүй нэлээд уджээ. Цуг явсан нөхөд нь түүнийг сайн зөвлөж хэлсэнгүй хэмээн гомдоллож байсан удаатай гэнэ.

“Исимусс”, “Харли Дэвидсон” “Riley” нэртэй шөнийн клубууд Улаанбаатарт моодонд орж байсан үе бий. Батбаяр “Исимусс”-ээ Төв номын сангийн үүдэнд байсан Сталины хөшөөгөөр чимжээ. Тухайн үед Сталины хөшөөг буулгаж, хааш нь аваачихаа мэдэхгүй байхад нэг бизнесмэн авсан талаар яриа сонстож байсан. Харин тэр нь “Модун”-ы Д.Батбаяр байв. Тэрээр Улсын төв номын сантай, баримлыг арван жил түрээслэх гэрээ хийсэн гэнэ. Тэр үед мөн “Riley” хэмээх дээд зэрэглэлийн биллиард клуб байгуулж залуучууд, бизнес эрхлэгчдийн цуглардаг газар болсон.

Д.Батбаяр Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, ээжээсээ арван нэгүүлээ, айлын гурав дахь хүүхэд. 80 гарсан ээж нь одоо ч нутагтаа амьдардаг, 4000 гаруй малтай. Ойрд нутагтаа, ээж дээрээ очсон уу хэмээн сонирхоход Дундговь аймагт сүүлийн жилүүдэд ган болсон тул манайхан аймаг дамнан байнга оторт явдаг болсон. Тэднийг олоход хэцүү гэв. Ээж нь 1989 онд аймгийн аварга саальчин болж байсан бол 2005, 2010 онуудад хоёр дүү нь аймгийн аварга малчнаар шалгарчээ. Таван дүү нь нутагтаа мянгат малчин.

Д.Батбаяр “Модун” группийг 90-ээд оны үед байгуулж, 1998 оноос барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин сүүлийн жилүүдэд улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулж байгааг ярив. Гэхдээ энэ нь мөнхөд үргэлжлэхгүй, эдийн засгийн байдал сайжрах нь гарцаагүй гэнэ.

Тэрээр утга зохиол, урлаг, тэр дундаа уран зураг, эртний үнэт эдлэлийг олон жилийн өмнөөс сонирхсон. 2009 оноос эхлэн уран зураг цуглуулах болсноо нэлээд хожуу эхэлсэн хэмээн тодорхойлов. Түүний цуглуулгад Монголын орчин үеийн зураачдын нэлээд бүтээл байдаг. Олон жилийн туршид цуглуулсан уран зураг, эртний ховор эд зүйлс, урлагийн бүтээлүүдээрээ Монголын урлагийн музейг байгуулж өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр нээлтээ хийжээ. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав ёслолын ажиллагаанд оролцож үг хэлэхдээ “Батбаяр бол ер нь их сонин хүн. 2008 оны эдийн засгийн хямралын үеэр “Mongolians” зоогийн газраа нээж байсан. Харин энэ удаагийн хямралаар “Монголын урлагийн музей”-гээ байгууллаа” гэж тэмдэглэсэн. Ямар ч үед нээсэн бай энэ музей манай улсын соёлын түүхэнд тохиож буй бас нэгэн чухал үйл явдал гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Музей байгуулахын тулд сүүлийн арван жил судалгаа хийжээ. Дотоод дизайн, бүтээлүүдээ хэрхэн байрлуулах, үзмэрүүдийн тайлбараа яаж бичиж, ямар материалаар хийж, хаана нь байрлуулах зэрэг нь маш нарийн ажил. Энэ бүхнийг одоо болтол судалсаар байгаа гэнэ. Итали, Франц, Герман, Япон, Швейцарь гээд өндөр хөгжилтэй орнуудын дэлхийд нэртэй музейг үзэхдээ юм юмыг нь анзаардаг. Ер нь гадаадад явахдаа музейгээс салдаггүй гэнэ. Германы Манхаймын музей, Францын Лувр, Мюнхений орчин үеийн урлагийн музейг үзэхэд өөрийн эрхгүй биширч, бахархах сэтгэл төрсөн тухайгаа ярьсан юм. Хүн төрөлхтний түүх өнгөрсөн, одоо, ирээдүй гурваас бүрддэг шиг урлаг ч мөн адил. Тиймээс музей энэ гурван үеийг харуулах ёстой хэмээн ярив. Аль нэг үеэр нь дагнасан бол өрөөсгөл мэт санагддаг гэнэ. Тиймээс ч Монголын урлагийн музейдээ гурван үеийг харуулахыг зорьсон. Нийтдээ зургаан танхимтай. Хүрэл зэвсгийн үе, угсаатны зүй, бурхад, танка зураг, үнэт эдлэл, орчин үеийн урлаг гээд. Харин музейн дэргэдэх “Од” галерей нь зураач, уран бүтээлчид, цуглуулагчдад үзэсгэлэнгээ гаргах боломж олгож байгаа гэнэ. Мөн музейн дэргэд тохилог кофе шоп байгуулж уран бүтээлчдийн уулзаж санал бодлоо солилцдог газар болоосой хэмээн боджээ. Нээгдсэн цагаасаа хойш музейгээ сайжруулах ажил үргэлжилсээр байгаа. Энэ бол нэг өдөр, нэг сар ч юм уу нэг жилд хийгээд дуусдаг ажил биш. Цаг хугацааны явцад цаашдаа ч үргэлжилсээр байх болно. Учир нь цаг хугацаа үргэлжилж шинэ, шинэ бүтээлүүд туурвигдсаар байна гэв. “Модун” групп Хан-Уул дүүрэгт томоохон цогцолбор барьж байгаа. Монголын урлагийн музейн үйл ажиллагааг яваандаа тэндээ төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Монголд ирж буй жуулчид очиж үздэг, Монголын түүх, орчин үеийн уран зургийн талаар тодорхой ойлголт өгдөг газар болох зорилготой гэдгээ ч хэлсэн юм.

Д.Батбаярын ийнхүү урлагийн бүтээл, тэр дундаа эртний ховор эдлэл, уран зураг шимтэн сонирхдог нь удам судартай нь холбоотой бололтой. Өвөө аав нь аймаг орондоо алдартай уран Санжид хэмээх алт, мөнгөний дархан хүн байжээ. 1939 онд Халх голын дайнд оролцож цэргээс ирэхдээ нэлээд хэдэн хайрцагтай хаягдал сэлэм, жад зэргийг нутагтаа авч ирсэн гэдэг. Тэдгээрийгээ хайлуулж хэт хутга хийж нутгийнхандаа худалдан улмаар өөрийн гарын хийцийг хүртэл бий болгож байжээ. Саяхныг болтол улсын томоохон музейд өвөөгийнх нь хийсэн хэт хутга, мөнгөн аяга зэрэг нь харагддаг байсан гэнэ. Батбаярын нагац ах нь хүүхдийн нэрт зохиолч С.Надмид агсан.

Биднийг ийнхүү ярьж суутал музей үзэх гэсэн хэсэг хүмүүс орж ирэв. Батбаяр тэдэнтэй ярилцаж музейнхээ талаар тайлбарлав. Соёлын хосгүй үзмэрийг агуулсан музейгээ цаашид хэрхэх талаар сонирхоход “Энэ музей бол миний болон манай гэр бүлийн өмч биш. Монголын ард түмнийх” гэв. Түүний ярьснаар бид бол зөвхөн урлагийн бүтээл, соёлын өвийг тээгч, хадгалагч, хамгаалагч нь. Харин музей бол ард түмний өмч, цаашилбал Монгол Улсын тусгаар тогтнолын нэг баталгаа хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Д.Ганбаатар: Антарктидын Ливингстон арал дээрх гурав дахь бааз монголынх болох байх

Монголын Усны ассоциаци”-ийн тэргүүн, доктор Д.Батмөнх Антарктид тивд ажиллаж байгаад өнгөрсөн долоо хоногт нутагтаа иржээ. Тэрээр тус тивийн Ливингстон арал дээр Монголын бааз байгуулах газрын өндөр нам, байрлал, эргэн тойрных нь видео бичлэгийг дроноор хийж, нарийвчлан тогтоосон байна. Энэ судалгаа нь Монголын баазыг байгуулах үндсэн баримт болох юм. Антарктид судлалд нэлээд идэвхтэй оролцдог “Монгол Улсын Усны ассоциаци”-ийн нарийн бичгийн дарга Д.Ганбаатартай ярилцав. Дашрамд дурдахад тэрээр хоёр жилийн өмнө Антарктидад очиж ажиллажээ.

-Манай эрдэмтэд олон жилийн өмнөөс өмнөд туйлд хийгдэж буй судалгааны ажилд оролцсоор ирсэн. Энэ түүхийг эргэн дурсвал уншигчдад сонин байх болов уу?

-Манай улс Антарктидыг бүр социализмын үеэс сонирхож эхэлсэн. Анх хуучин Зөвлөлтийн Антарктид судлаачдын бүрэлдэхүүнд цаг уурч Ж.Цэрэндэлэг гуай, дараа нь 1982 онд цаг уурч Д.Чулуунбат, мөн Зөвлөлтийн судлаачдын бүрэлдэхүүнд Антарктидад ажилласан. 2003, 2004 он хүртэл нэг хэсэг завсарлаад ТИС-ийн геологи, уул уурхайн тэнхимийн доктор, профессор Л.Дүгэржав гэдэг хүн Болгарын Антарктид судлалын экспедицтэй холбоо тогтоосон. 2003-2008 оны хооронд энэ хүн өөрөө гурван удаа Антарктидын Ливингстон аралд Болгарын экспедицийн бүрэлдэхүүнд судалгаа хийж ажилласан бөгөөд гурав дахь удаа явахдаа Антарктид тивийн 00 цэгт нь хүрээд ирсэн. Түүний гаргасан замаар Антарктид тивийн Ливингстоны аралд 2008, 2014 онд цаг уурын чиглэлээр хоёр, 2013, 2015 онд Монгол Улсын Усны ассоциациас ус судалгааны чиглэлээр хоёр, нийт дөрвөн хүн очиж Болгарын экспедицийн бүрэлдэхүүнд орж ажиллан судалгаа хийсэн. Сая Антарктидад очиж ажиллаад ирсэн доктор Д.Батмөнх нь Хүнс хөдөө аж ахуйн яаманд усны асуудал хариуцаж 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.

-Монголоос нийтдээ хэдэн хүн өмнөд туйлд очиж ажилласан бэ?

-Нийтдээ долоон хүн.

-Хэдхэн хоногийн өмнө Антарктидаас ирсэн доктор Д.Батмөнх нэлээд чухал ажил амжуулсан гэсэн. Манай улс өмнөд туйлд кэмптэй болох гэж байгаа талаар тодруулаач.

-Манайх Испанийн баазаас нэг кэмп худалдаж аваад Монголынхоо сонгосон газарт барья гэдэг асуудал яригдаж байгаа. Гэхдээ кэмп худалдаж авахын тулд тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө хэрэгтэй. Тиймээс санхүүгийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг тал дээр ажиллаж байгаа.Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд манай улс Антарктид тивд газартай болчихсон, бүр газар өмчилсөн юм шиг ойлголт байх шиг байна. Энэ нь тийм биш юм. Тус тивд газар өмчлөх ойлголт байхгүй, зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны зорилгод олон улсууд ашиглахаар Олон улсын Антарктидын гэрээгээр зохицуулсан байдаг. Энэхүү гэрээнд манай улс өнгөрсөн жил элсэж нэгдэн орсон.

-Испанийн бааз Антарктидын чухам хаана нь байрладаг юм бэ. Манайх кэмпээ авчихвал яг хаана нь байрлуулах юм бол?

-Антарктид буюу Өмнөд мөсөн далайн Шотландын бүлэг арлын нэг болох Ливингстон арал дээр Испанийн бааз бий. Ер нь энэ арал дээр ердөө хоёр бааз байдаг. Нэг нь Болгар, нөгөө нь Испанийнх. Гурав дахь нь манай Монголынх болох байх.

-Хөрөнгө мөнгөний асуудлыг яаж шийдвэрлэх гэж байгаа юм бол. Та нарыг дэмжиж байгаа компани, байгууллагууд байна уу?

-Ер нь бол Монголын Антарктид судлалын ажил дээр нэр дурдсан доктор, профессор Л.Дүгэржав, Монголын Антарктид судлалын нийгэмлэгийн тэргүүн, “МонЗол” ХХК-ний захирал Чинбат болон Антарктид судлаач хувь хүмүүсийн итгэл зүтгэл, хүчин чармайлтаар явж байгаа.Хүмүүс маань экспедицтэй нийлэх хүртлээ өөрсдийнхөө зардлаар явдаг. Доктор Д.Батмөнх болон миний бие гэхэд Болгар улсад очих, буцаж ирэхдээ “Монголын Усны ассоциаци”-ийн зардлаар явсан. Тодруулбал Болгарын судлаачдын багтай нийлэх хүртэл мөнгийг гаргасан. Экспедицийн бүрэлдэхүүнд ажиллах, тэнд байрлах зардлыг Антарктид судлалын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсаас Болгар улсад суугаа Элчин сайд Л.Дүгэржав зохион байгуулсан. Антарктид судлалын нийгэмлэгийн тэргүүн Ч.Чинбат хэлсэн дээ. Яваандаа улс маань энэ салбарыг анхаарах байх гэж найдаж байгаа гэсэн. Одоогоор ямар нэг хувь хүн, компаниудаас санхүүгийн дэмжлэг аваагүй. Нэг үгээр хэлэхэд оюуны потенциалаа худалдан олж авсан мөнгөөрөө явж байгаа.

– Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэж Ливингстон арал дээр кэмптэй болохоороо манай эрдэмтэд судалгааныхаа ажлыг юунаас эхлэх вэ?

-Антарктид тив гэдэг маань цасанд хучигдсан эх газар. Тэгэхээр эх газарт ямар судалгаа хийдэг, ер нь хийх боломжтой бүхнийг хийнэ. Ингэхийн тулд судалгаа хийх, эрдэмтэд судлаачид ажиллаж амьдрах бүх нөхцөл бололцоогоор хангагдсан байх ёстой. Тоног төхөөрөмж, харилцаа холбоо гээд л. Мөн ложистик, тээвэрлэлтийн асуудал байгаа. Антарктид тив рүү үсрэлт хийдэг хоёрхон цэг байдаг. Нэг нь Өмнөд Америк, нөгөө нь Шинэ Зеланд. Монгол Улс эдийн засгийн чадавхитай болоод ирвэл өөрсдийнхөө нисэх (эсвэл хөлөг онгоцоор) онгоцоор өмнөд туйлд хүрч болно. Ер нь бол нэлээд хөрөнгө оруулалт шаардах ажил л даа. Тиймээс бид үүнийг яваандаа Монголын төр анхааралдаа авах байх гэж бодож байгаа. Шинжлэх ухааны академи болон олон хүрээлэн байна.Тиймээс залуу ажилтнуудаа тийш нь явуулж туршлагатай болгох хэрэгтэй. Би жишээ нь Антарктидад очоод ирсэн болохоор монгол хүн тэнд амьдрах чадвартай эсэхийг өөрийн биеэр үзээд ирсэн.

-Та ямар улиралд очиж байсан бэ?

-Хавар, зуны улиралд нь очсон. Манайхаар бол ид мал төллөж байсан үе гэж болно. Далайн хав, оцон шувуу, жигүүртнүүд нь өндөглөж үр төлөө бойжуулж байсан. Гэхдээ Монголын өвөл шиг л байсан.

-Та хэр зэрэг удаан ажилласан бэ?

-Ирж очихтойгоо нийлээд хоёр сар болоод ирсэн. Намайг очиход маш их цас орсон байсан. Байшингууд нь бараг дээвэр хүртлээ цасанд дарагдсан. Өмнө нь тэгж их цас ордоггүй байсан гэсэн.

-Ер нь монгол хүн тэнд дасан зохицоход хэцүү юу?

-Монгол хүнд бол тэнд дасан зохицоход хэцүү биш.

-Манайхан кэмп худалдаж авах гэж байгаа Ливингстон арал дээр та өөрөө очсон гэсэн. Тэнд Болгар, Испанийн бааз байдаг гэлээ. Жилийн дөрвөн улиралд тэндээ судалгааны ажлаа хийдэг үү?

-Испанийн Хуан Карлосын баазад бол судлаачид ээлжээрээ ажилладаг. Ямар судалгаа хийхээсээ шалтгаална. Ер нь бол 40 орчим хүн ажилладаг, ээлж солигдож байдаг. Болгарынхад ойролцоогоор 20 хүн ажилладаг. Гэхдээ тэд бүгдээрээ улирлын чанартай ажилладаг. Хавар зун намар гээд дээд тал нь гурван сар л байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Улсдаа мөнгө зээлүүлсэн Жон Морган

Жон Пирпонт Морган нь АНУ-ын түүхэнд байгаагүй хамгийн том санхүүгийн вант улсыг байгуулж нэрээ мөнхөлсөн. Хариуцлагатай алба хашиж байгаагүй мөртлөө хамгийн их нөлөөтэй хүн байсан гэдэг. Тэрээр орчин үеийн банк санхүүгийн салбарын үйл ажиллагааны үндсийг тавьж, байгуулсан компаниуд нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Жон Морган удам угсаагаараа ихэд бахархдаг байжээ. Түүний өвөө Жон Паиерпонт нь Бостонд сүмийн номлогч, аав Жон Морган нь бизнесмэн байжээ. Тэрээр Америкийн компаниудын хувьцааг Европт худалдаж хөлжсөн. Чинээлэг гэр бүлд төрсөн гэдгээрээ Жон Морган ихэд бахархдаг байсан гэнэ. Эцэг нь хүүгээ багаас нь нэлээд хатуу гараар хүмүүжүүлсэн. Эрхлүүлдэггүй, гэр бүлийнхээ өмнө маш том хариуцлага хүлээсэн гэдгийг нь байнга сануулж, амжилтад хүрэх ёстой гэсэн шаардлага тавьдаг байв. Жон Морган 15 нас хүрсэн тэр өдөр нь хамгийн гунигтай явдал тохиолдсон хэмээн ярьдаг байжээ. Эцэг нь бие султай хүүгээ эмчлүүлэхээр Азорын арал руу явуулжээ. Хүү төрсөн өдрөөрөө аавынхаа илгээсэн захидлыг хүлээн аваад ихэд баярласан байна. Дугтуйг задлан гүйлгэж уншаад өөрийн эрхгүй уйлав. Эцэг нь хүүдээ эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөөд хичээлдээ нэлээд хоцорсныг нь сануулж, ангийнхаа хүүхдүүдээс хоцрохгүйн тулд маш их хичээх хэрэгтэй гэдгийг нь анхааруулсан байжээ. Захидалд төрсөн өдрийн мэнд хүргэсэн нэг ч үг байгаагүй гэдэг. Жон Морганы ээж нь татдаг өвчтэй угийн бие муутай байсан тул хүүхдээ бараг анхаардаггүй байв.

Жон Морган уушгины үрэвсэлтэй, толгой нь таллаж өвддөг, хааяа татаж унана. Гэсэн ч сэтгэлээр унадаггүй, хөгжилтэй, хичээлдээ ихэд мэрийлттэй, амьтанд хайртай хүүхэд байсан гэдэг. Тэрээр Геттингенийн их сургуулийг дүүргээд Нью-Йоркийг зорьжээ. Анх удаа бизнес хийхээр Номхон далайн шуудангийн компанийн таван хувьцааг худалдаж авсан боловч ямар ч ашиг олоогүй. Үүнийг аав нь эхнээсээ таашаагаагүй гэдэг. Залуухан Жон бууж өгсөнгүй ааваасаа мөнгө зээлж Мичиганы төмөр замын компанийн хувьцааг худалдан авч нэлээд ашигтай заржээ.

1861 онд АНУ-д иргэний дайн эхэлж, улс оронд тун ч хэцүү байхад Жон Морган нэлээд ашигтай бизнес хийж байв. Америкчууд хоёр тал болон талцан дайтаж байхад нэгээс нь зэвсэг, хувцас зэргийг авч нөгөөд нь зардаг. Үүнээс маш их ашиг олсон гэдэг. Удалгүй валют болон алтны наймаа эрхлэв. Нэлээд хэмжээний алт цуглуулж түүнийгээ Английн хөрөнгийн бирж дээр 1.15 сая ам.доллараар заржээ. Тэр үед Америкт алтны үнэ эрс өсч Жон Морган үлдсэнийг нь эх орондоо зарж, 17 хувийн цэвэр ашиг олсон гэдэг. Хамгийн хачирхалтай нь аав нь үүнд маш ихээр бухимдаж түүнээс холбоогоо тасалж, хамтарч бизнес хийхгүй гэжээ.

Америкт иргэний дайн ид болж байхад Жон Морган нэгэн бүсгүйтэй танилцсан байна. Төмөр замын салбарт бизнес эрхэлдэг нэлээд чинээлэг айлын охин болох Амели Стрегист дурлаж эцэг нь эсэргүүцсэн хэдий ч гэрлэжээ. Сэтгэлтэй бүсгүй нь сүрьеэтэй байсныг Жон Морган тоосонгүй. Гэрлэх ёслол дээр бүсгүй арай ядан хөл дээрээ зогсож байв. Эхнэрийнх нь бие муу байхад Жон Морган хажуугаас нь холдоогүй гэдэг. Гэтэл аав нь бизнесийн ажлаа зохицуулах хэрэгтэй хэмээн яаралтай дуудуулав. Тэрээр Парисыг зорьж ердөө нэг хоноод ирэхэд эхнэрийнх нь бие улам дордсон байв. Ингээд удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Жоныг хайр дурлал, нинжин сэтгэл бүхнээ түүнтэй хамт оршуулсан гэдэг.

Түүнээс хойш нэлээд хатуу бизнесмэн болжээ. Жон Морган нь “Американ Телефон энд Телеграф”, “Женерал Электрик”, “Интернэшнл Харвестер”,”Юнайтед Стейст Стил Корпорейшн”, “Вестингхауз электрик корпорейшн” ,“Вестер Юнион” гээд томоохон зургаан компанийг байгуулсан. Өнөөдөр ”J.P.Morgan” банкийг мэдэхгүй хүн бараг үгүй. Энэ банк санхүүгийн байгууллага нь дэлхийд хамгийн нөлөөтэй, АНУ-ын дөрвөн том банкны нэг нь.

Хайртай бүсгүйгээ алдсаныхаа дараа Жон Морган Америкт эргэн ирсэн. Хууч өвчин нь дахин сэдэрч, нэлээд хэцүү байсан хэдий ч өдөр шөнөгүй ажилласан гэдэг. Чухал мэдээлэл алдахгүйн тулд нийгэмд юу болж байгаа талаар нэг нэгэнгүй хянах болжээ. Бизнес нь ч улам хүрээгээ тэлж ганцаараа бүхнийг хянах боломжгүй больсон тул туслах хөлсөлсөн байна. Жон Морган холбоо, төмөр зам, тээвэрлэлт, мөнгөн гуйвуулга, ган боловсруулах гээд бүх л салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Амжилтад хүрсэн нэг шалтгаан нь өрсөлдөгчдөдөө ялагдана гэсэн ойлголт байгаагүй, маш хэрцгий байсан гэдэг. Санасандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй тэрээр удалгүй бизнесийн ертөнцөд хамгийн нэр хүндтэй хүн болов. Түүний бас нэгэн онцлог нь ямар салбарт ирээдүйтэй болохыг маш сайн мэдэрнэ. Чийдэнг бүтээсэн Томас Эдисон орон нутгийн захиргаанд хандан Манхеттений төвд гэрэлтүүлэг хийхийг санал болгожээ. Энэ төслийг Жон Морган дэмжин санхүүжүүлсэн. Түүгээр ч зогсохгүй өөрийнхөө харшийг цахилгаан чийдэнтэй болгов.

Олон улсын банкны харилцаа холбоог нэлээд сонирхдог байсан тэрээр энэ чиглэлээр маш их зүйлийг хийсэн. Эцэг нь нас барахад компанийнх нь бүх хувьцаа түүний мэдлийнх болж банк санхүүгийн салбарт ч улам идэвхтэй ажилласан. XIX зууны сүүлчээр Англи, Америкт нэлээд хэмжээний зээл олгож, мөнгөн гүйлгээ хийжээ. Түүнийг хийдэг цорын ганц санхүүгийн байгууллага нь Жон Морганы банк байв.

Харамсалтай нь түүний хувийн амьдрал нь тийм сайхан байсангүй. Хайртай бүсгүй нь нас барсны дараа Луиз Трейси хэмээх эмэгтэйтэй гэрлэж дөрвөн хүүхэдтэй болжээ. Гэвч эхнэртэйгээ таарамж муутай байв. Тиймээс уран зураг худалдан авч, цуглуулж, түүнээсээ сэтгэлийн таашаал авна. Микеланжело, Ватто, Рубенс зэрэг нэртэй зураачдын бүтээлийг авахад нийтдээ нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулсан гэдэг. Португаль гаралтай Белль да Коста Грин хэмээх нэлээд боловсролтой бүсгүй урлагийн бүтээл цуглуулахад нь хамгийн их нөлөөлжээ. Түүний ятгалгаар Жон Морган буяны ажилд нэлээд хөрөнгө хандивласан байдаг. Бидний сайн мэдэх “Метрополитен”-ийг Жон Морганы цуглуулгаар байгуулсан түүхтэй.

XIX зууны сүүлчээр Америк эдийн засгийн хямралд автаж, байдал нэлээд хүндэрсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид ч мөнгөө татаж эхэлжээ. Тэр үед АНУ-ын Сангийн сайд Жон Карлисл түүнээс тусламж хүсэхийн сацуу англичуудтай хуйвалдсан хэмээн буруутгав. Жон Морган ч нөхцөл байдлыг овсгоотойгоор ашигласан. Тэрээр улсдаа 62 сая ам.доллар зээлүүлж үүнээс хэдэн сая ам.долларын ашиг олсон байна. 1907 онд Америкт дахин санхүүгийн хямрал нүүрлэж, энэ нь бүх нийтийн эсэргүүцэл гарч, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн түүхтэй. Тэрээр арилжааны банкуудын үйл ажиллагааг дэмжихээр хэдэн сая ам.долларын хандив цуглуулснаар байдал намжсан байна.

Гэвч үүнээс таван жилийн дараа АНУ-ын Сенат Жон Морганы компанийн эсрэг монополийн эсрэг хэрэг үүсгэсэн юм. Хэргийг Улсын комисс хэлэлцэхэд Морган эцсийн мөч хүртлээ өөрийгөө буруугүй гэдэг дээр баттай зогссон байна. 75 настай байсан тэрээр дараа нь бүх ажлаа өгч Европт очиж амьдарсан. Түүнээс дөрвөн сарын дараа Жон Морган хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр амьсгал хураахаасаа өмнө “Миний хонгор Салли Вест” гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн. Ямар хүүхнийг дурссаныг мэдэхийн тулд охин нь мөрдөгч хөлсөлж баахан мөнгө зарсан байна. Харамсалтай нь мөрдөгчид юу ч олж чадаагүй. Харин гэрт нь хадгалагдаж байдаг хуучин захидлуудаас аавынхаа хүүхэд байхдаа Азорын арал дээр эмчлүүлж байхдаа бичсэн захидлаас нь энэ үгний учрыг олдсон гэдэг. Тэр үед Жон Морган 14 настай байсан. Өвөөдөө бичсэн захидалдаа нэгэн Канар бялзуухайны зургийг хавсаргаж доор нь “Энэ бол миний хонгор Салли Вест. Түүний ачаар би энд ганцаардахгүй байгаа. Хайрт өвөө минь би гэртээ харимаар байна. Ээж, аав хоёрт маань хэлээд өгөөч. “гэжээ.

Жон Морганыг нас барсны дараа хүү Жон нь “J.P.Morgan & Co” компанийг өвлөн авч Уол-Стрийтэд банкныхаа барилгыг бариулсан түүхтэй. Өнөөдөр энэ гудамж нь дэлхийн банк санхүүгийн төв гэгдэх болжээ.