Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотонд дуугарах буутай болохгүй бол хойно урдаас чоно, нохой…

Туурга тусгаар Украйн улсын хамгийн сор болсон Крым гэдэг үзэсгэлэнт газрыг Оросын Ерөнхийлөгч Путин айлгаж байгаад булаагаад авчихав. Гартаа барих зэвсэг, хотондоо дуугарах буугаа хураалгачихсан Украйн улс яаж ч чадсангүй. Уг нь Украйн улс хотонд дуугаргах сайн буутай байсан. Бүүр сайн буюу цөмийн зэвсэгтэй байсан юм. Оросын цөмийн физикийн том эрдэмтэд Украйн цустай байсан гэлцдэг. Украйн Оросын цөмийн физикийн эрдэмтэдтэй нийлж сайн зэвсэгтэй болсон. Украйн Оросоос хүн амаар цөөн ч цөмийн энерги ашиглахаараа илүү байлаа. 1994 онд Америк, Орос хоёр сайдаж, олон улс орон хүйтэн дайны аюул холдлоо гэж санасан даа. 

Америк, Орос хоёр том гүрэн ятгасааар байгаад Украйн орны өөрийгөө хамгаалж бусдыг айлгадаг буу буюу цөмийн зэвсгийг нь хураагаад авчихсан. Америк, Орос хоёр том гүрэн Украйн улсын цөмийн зэвсгийг хурааж авахдаа Украйн улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд аюул учирвал цөмийн зэвсгийг нь хурааж авсан Орос, Америк хоёр хамгаална гэж Будапештийн тунхаглалд гарын үсэг зурсан байгаа. Гэтэл хотонд дуугаргах ганц буугаа хураалгасан Украйн руу Путин дайраад Крымийг нь авчихлаа. Өнөө Америк нь ч  Украйныг хамгаалсангүй, зэр зэвсгээр тусалсангүй. Худлаа, амаараа хамгаалаад суучихсан. Ингээд ганц сайн зэвсгээ хураалгасан улсын хохь болоод үлдэх нь тэр. Хэрвээ Украйн зэвсгээ хураалгаагүй байсан бол Орос дайрч чадахгүй, газар нутгаас нь булааж чадахгүй байсан.  Путин болон түүний ойр тойрныхон Украйнд “Су-30” гэдэг бөмбөгдөгч онгоцоор зочилно гэж томорч чадахгүй байсан. Хоосон буунаас хорин хүн айна гэж ямар үнэн үг вэ. Хойд Солонгосыг хар даа, хоосон пуужингаас 200 улс орон айж, Ерөнхийлөгч нь гэж нэг коммунист бацаан пээдийж байна. Хойд Солонгос руу хойшид хэн ч дайрч,  хэн ч элэг барьж чадахгүй. Орос Украйны нутгийг булааснаас хойш дэлхийн цагийн байдал эвгүй боллоо. Хойно урдаас нутаг ус, хот хороо руу маань чоно, нохой өнгийхгүй, хулгай дээрэм, элэг барихгүй гэсэн баталгаа байхгүй боллоо. Тусгаар орон л юм бол ганц сайн буутай болно байгаа. Ганц сайн цөмийн пуужинтай л болмоор байна. Хойно урдаас чоно, нохой өнгөлзөх нь байна шүү дээ. Төрийн томчууд нэрэлхээд л байгаа болохоос биш хойд, урд хоёр хөрш Монголын асуудлыг монголгүй шийдэж дээрэлхдэг XIX, XX зууныхаа үе рүү эргэн орчихоод байгаа. Энэ бол сэтгүүлчийн л бодол. Гэтэл Монгол Улсын ардчилсан төр засаг Монгол бол цөмийн зэвсэггүй бүс гэж харин ч нэг мундаг зарласан. Үүндээ ч үнэнч байгаа. 

Монгол Улс мориороо, хуучин түүхээрээ биш, технологи эзэмшсэн толгойгоороо гайхуулж улс орноо хамгаалж хөгжүүлж чадна. Дэлхийд гайхагдсан боловсрол, технологи эзэмшсэн залуус олон байна. Цөмийн энергийн түүхий эдийн асар их нөөц байна. Цөмийн физикийн салбарт ч Монгол бол дэлхийд гайгүй толгойд тооцогддог. Цөмийн физикийн 20-иод эрдэмтэн байдаг. МУИС гэхэд математик, цөмийн физикчдийг төрүүлснээрээ хаанахын яма рч их сургуулиас дутахгүй ээ.  МУИС-ийн ректор, Дубна дахь цөмийн хүрээлэнгийн орлогч захирал хүртэл хийж явсан н.Содном агсны шийрийг хатаах залуус, цөмийн “физикийн гавал толгойнууд” Монголд байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Цөмийн энергийн газрын даргаар Н.Тэгшбаяр гэдэг цөмийн физикч  залууг тавьсан нь харин ч нэг нүдээ олсон томилгоо болсон юм.  Ер нь бизнесийн салбарт “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал шиг, Уул уурхайн салбарт “Рио Тинто”-гийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхийлөгч Б.Болд шиг, Цөмийн энергийн салбарт Н.Тэгшбаяр шиг мэдлэгтэй залуус салбар бүрт тав арав байхад л Монгол Улс хөгжинө. Яагаад монголчууд цөмийн эрчим хүчийг морь шигээ эзэмшиж чадахгүй гэж… Тэгвэл  нэгэнт л цөмийн зэвсэгтэй болж болохгүйгээс хойш (Болж өгвөл цөмийн ганц пуужинтай болоход гэмгүй. Сайн буугүй айлыг чоно, нохой, хулгай дээрэм элэг бариад байдаг юм. Г.Д) цөмийн физикийн мэргэжилтэй залуустаа итгэл өгч, хойд урд хил дээрээ цөмийн хоёр цахилгаан станц бариад Орос, Хятад гэдэг хоёр том зах зээлийг цөмийн эрчим хүчээр хангахад л Монгол Улс гарч өглөө. 

Сэтгүүлч миний хувьд бизнесмэн Ж.Оджаргалтай уулзаж, ярилцаж байсан. Б.Болдтой ч хоёр гурван цаг санал солилцож үзсэн. Н.Тэгшбаяртай бол  гурван удаа ч уулзсан. Тэр эх оронч залуу. Түүний удам судар, эцэг өвгийн түүх нь тун сонин юм билээ. Манжийн цэргийн хөлөөс овгийнхоо тугийг хамгаалж өдий хүргэж чадсан “Тугчин” гэдэг овгоор  бахархдаг юм билээ. Цөмийн энергийн дарга Н.Тэгшбаярын талаар багш нь бичсэн байна. МУИС-ийн Н.Тэгшбаярын ангийн оюутнуудаас цөмийн энергийн таван доктор төрсөн гэж. Цөмийн энергийн сайн мэргэжилтэн нь бэлтгэгдсэн байна. Цөмийн энергийн салбарт Н.Тэгшбаярын илтгэлийг дэлхий үнэлж байна. Монголд цөмийн энергийн асар их нөөц байна.  Эрчим хүчний хомсдол болсон хоёр том зах зээл байна. Монголчууд цөмийн энергийг эмнэлгээс авахуулаад эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах цаг болсон. Болж өгвөл ганц сайн цөмийн пуужинтай болох юмсан. Энэ нь төр засгийн бодлого биш сэтгүүлч миний бодол шүү. Харин монголчууд бие биендээ, эрдэм мэдлэгтэй залуустаа итгэх л дутаад байна. 

Хойно урдаас чоно, нохой хот руу гэтэж айлгавал бидний цөөхөн монголчуудыг цөмийн технологи гаргуун эзэмшсэн эрдэмтэд аварна. Монголд ураны нөөц их байна гэхэд гадаадынхан үнэхээр атаархах юм. Шар нунтгийг гадаадынхан асар өндөр үнээр авъя гэж байна. Харин гадаадынхан  Монголыг цөмийн энергийн салбарт ажил хийлгэхгүй байх талаар хорлонтой бодлого явуулж байна. Монголчуудыг хооронд нь хагаралдуулах бодлого явуулж байна. Иргэдийг нь төр засгийн эсрэг турхирч байна. Ер нь хойно урдаас чоно, нохой хот руу минь гэтвэл ганц сайн буу ч хэрэг болж л таараа. Гэнэ алдаад цөмийн зэвсэгээ хураалгасан Украйныг хар даа. Яаж байна. Монгол залуус цөмийн энергийг морь шигээ эзэмшиж, жолоодож чадна.           

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Намын суртлыг бузарлагч”

“Сониноор сайдыг, ялааг ч алж болдог” гэдэг үг зууны тэртээ хэрэгжиж байсан түүх цөөнгүй. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Бодоог Ардын засгийн анхны Ерөнхий сайдын албыг хашаад хагас жил болоогүй байхад коминтерний алуурчид тэдний сургагч нар янз бүрээр оролдож эхэлжээ. Сонинд шүүмжлэх, худал гүтгэлэг тараах, өөр ажил санал болгох, шалтгаангүй буруутгах, намаас дарамтлах, зохиомол хэрэг үүсгэх, айлгах, сүрдүүлэх, ажлаасаа халагдах өргөдлийг өөрөөр нь бичүүлэх, өөрийгөө илчлэх, найз нөхдөө илчлэх, тагнах, янз бүрийн хүнээр элдэв бичиг, цаас өгүүлэх гээд төрөл бүрээр дарамталж ерөнхий сайдын ажлыг нь хийлгэхээ больжээ. Эхлээд  “Уриа” сонин 1921 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 10-наас эхлээд Ерөнхий сайд Бодоог шүүмжлэн элдэв өнгөөр гүтгэж гарав.  “Монгол Америк хоёр улсын тухай” гэсэн гарчигтай том өгүүлэл нийтлэгдэв. Уг өгүүлэлд Бодоо сайд болбоос “хөрш” улсаасаа урваж хөрөнгөтний Америкийг санаархаж байна гээд гадаад бодлогын ийм алдаатай Ерөнхий сайдтай байж болохгүй” гэж зарлав. Бодоо АНУ-ын тагнуултай хоёроос гурван удаа уулзсан.  Хөрөнгөтний улстай улс төрийн харилцаатай болж, худалдааны гэрээ хийж бүр Америк руу төлөөлөгч явуулах талаар ярилцсан байна. Хаалган Хүрээ хоёрын хооронд Америкийн  худалдааны компанийн машиныг явуулах зөвшөөрөл өгсөн, алт олборлох эрхийг Америкт өгч эх нутгаа зарсан, Ерөнхий сайд Бодоог хэвлэлээр “ялт” хэмээн буруутгасан өгүүлэл гарчээ. Бодоо сайд хаалганд суух АНУ-ын Элчин сайд Сокобинтай олон удаа уулзсан нь ч үнэн,  худалдааны гэрээ байгуулах санал тавьсан ч үнэн.  АНУ-ыг Орос, Хятад, Япон болон дэлхийн бусад улстай дипломат харилцаа тогтооход зуучилж өгөх зэрэг олон асуудлыг ярилцаж байжээ.
Тун удалгүй МАН-ын “Уриа” сонинд Ардын засгийн Ерөнхий сайд “Богд хааны хишиг горилж явна” гэсэн доромжилсон өгүүлэл ч гарчээ. Уг өгүүлэлд “Ерөнхий сайд Бодоод Богд хаанаас хүрэн жинстэй малгай, эх дагинаас гайхамшигт хутга нэгийг шагнаж, Богдын багш Ёнзон хамба Бодоод баярын хадаг барьсан” гэж их л доромжлон шоолжээ.
Бодоо Ерөнхий сайдын тушаалд очсоноос хойш зэрэг жинс горилж, хэргэм тушаал хөөцөлдөх нь битгий хэл Манжийн хааны шагнасан ноёдын хэргэм зэргийг хэрэглүүлэхгүй болгосон Засгийн газрын тогтоол гарсныг ч мэдэлгүй ийм гүтгэлэг бичиж байгааг үзвэл их л холын хүн аягүй бол хилийн цаадах буриад хүн бичсэн буюу бичүүлсэн гэдэг нь хэнд ч ойлгогдоно.
Ерөнхий сайд Бодоо бээр жинс үл хадвал элдэв хэргийг чинь орхин одно гэж гурван настай хүүхэд шиг аягласныг Хүрээнд олон хүн түрхрэн ярьж байна гэж уг сонинд шүүмжилжээ.
Тус сонин Монгол Улсын Ерөнхий сайдыг цааш нь бичихдээ “Бодоо сайд болчимгүй журамгүйн харгайгаар, хөнгөмсөг хөдөлж, зүй бус хэрэг өдүүлж, тангарагт нөхөр Данзанг гөрдөж гүтгэжээ. Бодоогийн өдүүлсэн энэ мэт хэрэг  явдал, аливаа дэлхий дахины тангарагт нөхдийн дунд гарах байтугай, хээрийн хулгай ийм хэргийг өдүүлэхгүй юм” гэх зэргээр зад шүүмжилжээ. Энэ өгүүллийг бичүүлсэн хүн нь намын дарга Данзан биш нь хэнд ч ойлгомжтой. Данзан бичүүлсэн бол Данзантайгаа тангараг тасарсан гэж бичихгүй. Гэхдээ энэ үед Ерөнхий сайд Бодоо, Ардын намын дарга Данзантайгаа муудчихаад байсан нь бас үнэн. Ер нь Бодоо, МАН-ын дарга гэгдээд байгаа Данзанд бүр эхнээсээ л  хувьсгалт нууц бүлгэмийг нийлүүлж коминтерний төлөөлөгчид анхны хурал хийлгэхэд л таагүй ханддаг байсан юм.  Харин одоогийн Бодоог оролдоод байгаа хэргийн эзэд бол Данзангаас арай дээгүүр байлаа. Хамгийн доод тал нь Буриадын Ринчино юм. Ринчино  Ерөнхий сайд Бодоогийн  зөвлөхөөр сар гаруй ажиллаад хөөгдсөн. Бодоо Ринчиног битгий эргэж ирээрэй гэж Орос руу нь явуулсан. Харин Ринчино Эрхүү орчихоод эргэж ирэхдээ коминтерний бүрэн эрхт төлөөлөгч болоод томорчихсон байв. Тэгээд Ардын намын дарга Данзангийн зөвлөх, цэргийн зөвлөлийн гишүүнээр  ажиллаж байсан байна.  Ерөнхий сайд Бодоо МАН-ын дарга Данзан, жанжин Сүхбаатар нарыг тоохгүй мөртлөө, Богд хаан, Богд хааны дотнын хүмүүс, ялангуяа шашны зүтгэлтнүүдтэй намынхнаасаа илүү ойр ажиллаж байлаа.  Тэгэхдээ “Уриа” сонин дээр бичээд байгаа шиг  Богд хаанаас, малгайн жинс залаа ч гуйгаагүй Дондогдулам хатнаас бэлэг болон хутга аваагүй байжээ.
“Уриа” сонин “Намын суртлыг бузарлагч” гэсэн гарчигтай өгүүллээрээ Ерөнхий сайд Бодоогийн ажил хэргийн болон хувь хүний нэр хүндийг нэгмөсөн унагаж чадсан юм. Ажилчин тариачны улаан намын суртал нь шашны олон мяндагтан нарын суртлыг халан ардын эрхийг дээдлэх ёстой байтал Ерөнхий сайд Бодоо нь Дамбийжаа тэргүүтэй шарын шашны том лам нарт мөргөн гуйж намын суртлыг бузарлаж байна. Бодоо нь ардын намын суртлыг огоорч Америк зэрэг улсын намын сурталд дагаар орон намын суртлыг бузарлаж явна. Бодоо сайд нь хурлын лам шиг Богд хаан, хатан Дондогдулам нарын хормойд явж улаан баадантай зүйл барин уулзаж учирсан нь тоогүй гэх зэргээр гүтгэлгийн нийтлэлдээ өгүүлжээ. Ерөнхий сайдын зөвлөхөөсөө халагдаж коминтерний онц бүрэн эрхт болсон Ринчино Ерөнхий сайдыг “Уриа” сониндоо  бичиж өс хонзонгоо авав. Тэр үед коминтерний алан хядагчдын гол арга нь л тухайн намын большевик сонин дээр төрийн томчуудын тухай шүүмжлэлт өгүүлэл гаргадаг. Дараа нь коминтерн тэр буруу сурталд идэгдсэн төрийн ажилтнаа шалгадаг хянадаг улмаар баривчилдаг байв. Баривчилсан төрийн өндөр албан тушаалтнаа  наад зах нь цөллөгт явуулж цаад тал нь цаазалдаг байсан аж. Оросын аюулаас хамгаалахын энэ бохир технологи Ардын намын анхны долоо, Ерөнхий сайд Бодоо дээр ийнхүү туршигдаж, “амжилттай” хэрэгжжээ.
“Уриа” сонин дээр гарсан Бодоогийн эсрэг нийтлэлүүд нь цаг хугацааны хувьд Бодоо Ерөнхий сайдын албан тушаалаасаа татгалзах анхны өргөдөлтэй бараг ойролцоо гарсан байж магадгүй. Учир нь сонины нийтлэлд “жинс өгөхгүй бол албан тушаалыг чинь элдэв хэргийг чинь орхин одно гэж  Бодоо сайд гурван настай хүүхэд шиг урваганаж байна” гэж шүүмжилсэн байдаг. Тэгэхээр сонины нийтлэлүүд Бодоог албан тушаалаасаа татгалзах өргөдлөө өгсөн үед юм уу, эсвэл тэр нийтлэлүүд хэвлэгдсэнээс хойш тун удалгүй Бодоо сайд төр намын албан тушаалаасаа халагдах өргөдлөө өгсөн байх магадлал байна. Тухайн үед сонин хэвлэлээр ганц сайдыг ч гэлтгүй олны танил болоод улс төр нийгмийн зүтгэлтнүүдийг дээрх байдлаар “алдаг” байдал  түүх өдгөө ч гэсэн   уламжлал ч гэмээр  хэрэгжиж байгаа нь харамсалтай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Аэро Монголиа”-гийн Баатарсүрэнг хилсээр шүүж, бизнесмэнүүд шоронд үхэх гэж байна

Энэ нийгэм чинь ямар аюултай харгис догшин болоод байна даа. Баячуудыг шоронд хийж шонд дүүжил гэж өдөр болгон  хоороор бархиралдана. “Төрөөс төрсөн тэрбумтнуудыг алаад өг” гэж улстөрчид нь хийрхэнэ. Гаалийн байцаагчид баригдлаа. Батлан хамгаалахын авлигач нар хоригдлоо ура, ура гэж баясацгаана. Иргэний нисэхийн авли¬гач нар цөөхөн жилээр шийтгэгдлээ, тэднийг буудах байсан гэж хийрхэцгээнэ. Юм л бол ядуугаараа гайхуулцгааж хөрөнгөтэй, хөрөнгө оло­хын төлөө явсан бүгдийг үзэн ядна. Саяхан Газрын тос­ны дарга  байсан нэгэн боловсролтой залуу авлигын хэрэгт шал­гагдаж байгаад  шоронд үхэхэд олон хүн баярлаж байх юм. Шоронгоор дүүрээгүй, мөрдүүлж, мөшгүүлээгүй, дарамтлуулаагүй бизнес¬мэнүүд Монголд цөөхөн. Буяндорж, Анандбазар гээд гайгүй бизнесмэнүүд эрхбиш олны танил дуу­чин гэр бүлтэй тулдаа  баригдлаа, тавигдлаа гэж  мэдээлэгдэж шоронд орсон гарсныг нь нийгэм нэг юм мэдэж байна. Зах зээлийн нийгэмд иргэн болгон адилхан эрхтэй гэх боловч хамгийн их үнэ цэнэтэй, хайрлаж явах ёстой хүмүүс бол бизнесмэнүүд байдаг юм. Хуулинд бичиж болдоггүй л болохоос бизнесмэнүүд капиталист ертөнцөд илүү эрх, илүү хүндлэл эдэлж явдаг юм.   Хамгийн аюултай нь зарим томоохон бизнес¬мэнүүдийг  ямар ч чимээ гаргалгүй, мэдэгдэхгүй баривчилж, хилс хэрэг тулгаад тасалдаг болжээ.

“Аэро Монголиа” ком­панийн захирал Баатарсүрэнг гэнэт чимээгүй баривчлан хилс хэрэг тулгаад шүүсэн болж долоон жилээр тасалсан дуулдана. Баатарсүрэн бол нисэ¬хийн анхны томоохон бизнесмэн. Анхны хувийн онгоцнуудыг оруулж ирж энэ салбарт том гавьяа байгуулсан нэгэн. Өндөр боловсролтой ямар ч эрүүгийн хэрэг хийхээргүй хүмүүжилтэй. Өмгөөлөгчид нь  Баатар­сүрэн ямар ч эрүүгийн хэрэг хийгээгүй  гэж ярьж байна. Тэгсэн чинь гэнэтхэн нэг өдөр хэн нэгний захиалгаар юм шиг баривчлаад л эрүү үүсгээд шүүсэн болоод тасалчихсан гэнэ. Тулгасан ял нь  бол тун хөгийн. Баатарсүрэн өөрийнхөө бий болгосон компанийг хүнд заржээ. Нөгөө авсан хүн нь “хүнд гар” таарч мөнгийг нь өгөлгүй луйвардаад өчнөөн жил болжээ. Баатарсүрэн өөрийнхөө алдсан компанийнхаа мөнгийг олж авах гэж шүү¬хэд өгсөн. Шүүхийн шийдвэрүүд Баатарсүрэнгийн талд гарч Баатарсүрэн шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө аваад байж. Гэтэл нэг шүүгч дуудаад өөрийнхөө компанийг зарсны төлөө өөрийг нь долоон жилээр ялласан  гэнэ шүү. Коммунист дэглэмд бол за чи тэрийг бариад шоронд  хийчих. Хүнийг нь бариад шоронд хийсэн бол зүйл анги нь олдоно гэдэг байсан юм. Баатарсүрэнгийн хэрэг гэмт хэрэг мөн юм бол хоёр хүний хооронд наймаа хийсэн маргаан болохоор эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг баймаар юм гэж учир мэдэх томоохон хуульчид ярьж байна. “Жаст”-ын Батхүүгийн талаар би түрүү бичиж байсан. Баатарсүрэн, Батхүү  болон шоронд байгаа олон бизнесмэнүүдийн  бие нь тааруу дуулдах юм. Төрд ажилласан бүхнийг авлигачаар нь дуудаж төрөөс төрсөн тэрбумтнууд гэж зэрэг зэрэг хараах боллоо. Их хурлын гишүүд нь бие биенээ доромжлон загнаж чи хөрөнгөтэй, би ядуу гэж гайхуулцгаана. 

Бүх хэвлэл мэдээл­лүүд хөрөнгөтэй хүмүүс рүүгээ дайрч дором­жил­дог нь жирийн үзэгдэл болжээ. Дэлхийн ямар ч улс оронд хамгийн том худалдан авагч нь төр байдаг. Төрд ажиллаж мэдээлэлд хамгийн ойр байсан нь хамгийн том наймаа хийдэг нь ертөнцийн жишиг. Төр худалдан авагч болж хөрөн­гө оруулаад л байвал төрөөс тэр­бумтнууд төрөхгүй яах юм. Энэ жишгээс ямар ч улс орон тойрч чадаагүй. Төр гэдэг худалдан авагчийн тэр их мөнгөнөөс  баяждаг хүмүүсийг  зах зээлд шилжээд 20 жил болж байгаа манайх шиг улс орон байтугай, 200 жил болсон ардчилсан улс орон ч одоо хүртэл хорьж чадаагүй байгаа юм шүү. Ийм л учраас сонгууль  болж төрийн мөнгийг захиран зарцуулах эрхийн төлөө улайран тэмцэхийг сонгууль гэдэг юм. Арай увайгүй идсэн уусан улс төрийн хүчин нь халагдаж дараагийнх нь гардаг. Адилхан л хусаад гарвал дахиад л хусагдана. Арай багахан хамжааргатай эргэж уулзах нүүртэй идэж уусан нь сонгогддог юм. Тэрнээс төрийн худалдан авах тэр их мөнгөнөөс халбагадахыг хүсэхгүй хүн бараг төрөөгүй байх. Хэвлэл мэдээлэл бол мөн л бизнес байдаг. Хэвлэл мэдээллийнхэн маань бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд худалдан авагч иргэдэд зардаг. Бас хэвлэл мэдээллийнхэн бүтээгдэхүүнээ үйлдвэр­лээд төр гэдэг худалдан авагчид зарж амьдарна. Ямар ч улс орон аль ч Засгийн газар өөрийнхөө үйл ажиллагааг дотоод¬доо төдийгүй гадаадад сурталчилдаг. Засгийн газар танин мэдэхүйн, боловсролын, хуу­лийн, байгаль хамгаал­лын, соёлын асар их бүтээг­дэхүүн хувийн мэдээллийн байгууллагаас худалдан авдаг. Хэвлэлийн биз­нес ингэж оршин тогт¬но¬дог. Гэтэл сая бид­нийхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төр маань мөнгөөр  худалдаж авахгүй гээд тэнэг шийд гаргачихлаа. Монгол төр аюулгүй байдлынхаа тухай, Засгийн  газар нь юу хийснээ, бас юу хийхээ мөнгө зарж сурталчлуулахгүй юм гэнээ. Бүүр хэвлэл мэдээллүүдийг ад үзэн эздийнх нь өмчид, үзэл бодолд нь халдан  редакцийг нь хэн нэгэн нь мэдэх хууль хийнэ гээд байгаа. Хэвлэлийн биднийг хорлож хаалтын гэрээ гэдэг юмыг нь хааж байгаа нь тэр гэнэ. Засгийн газар сурталчлах гэрээ хийнэ үү гэхээс хаах гэрээ гэж хийдэггүй юмаа. Хаалтын гэрээ гэж байдаг бол хулгай хийсэн хүн л намайг битгий хэлээрэй гэж хаалтын гэрээ хийх байх. Бид хэн нэгэн нь баян чинээлэг амьдрах, тэр баяжсан нэг хэсэг нь бусдаа хооллож ундалж, тэжээж явах капиталист нийгмийг сонгосон юм. Капиталистуудаа баривч¬лан хилс хэрэг тулгаж шорон гянданд хийж,  хөрөнгөтэй хүнийг үзэж чаддаггүй, нүд нь хорсож  өсөрхөж явдаг нэг л хачин нийгэм бий болоод байна. Юун гадаа­дын бизнесмэнүүд орж ирэх дотооодын хэдхэн бизнес¬мэнүүд нь гараад явчихна даа. Мөнгөтэй,  ухаантай хүн заавал Монголд бизнес хийнэ гэж шоронд орон орон зүтгээд байх уу. Тэд гадаадад гараад явчихвал бид л баларна. Манай бизнесмэнүүд эх оронч юм даа.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн тэмээчин, сайн бууртай бол тэмээн сүрэг бүтэн


Нэг. Ардчилсан намын ”түрхийдэг” өвчин
Өнөөдөр Монгол төрийн гурван өндөрлөгт гурвууланд нь Ардчилсан намын лидерүүд сууж байгаа. Монголчууд коммунист дэглэмээсээ салаад 25 жил болж байж анх удаа Ардчилсан намд бүрэн итгэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг нь Ардчилсан намд бүрэн шилжүүлсэн юм. Гэтэл Ардчилсан намын франкцууд дотроо алалцаад эхэллээ. Уг нь нэг зорилготой, нэг зовлонтой, нэг мөрийн хөтөлбөрт уягдсан Ардчилсан намынхан наанадаж нэр нүүрээ бодож, цаанадаж олны итгэлийг санаж яаж ийгээд л дөрөвхөн жил хоорондоо ноцолдолгүй тэсээд өнгөрөх ёстой. Ардчилсан нам дотроо хагарна шүү, хагардаг, бутардаг, хоорондоо ноцолдож, бие биенээ шорон гянданд явуулдаг “түрхийдэг“ хууч өвчтэй шүү. Энэ өвчин л Ардчилсан намыг нэг ална гэж мөн ч олон хэлсэн дээ. Энэ түрхийдэг өвчнөөр 1996-2000 онд анх өвдөж дөрвөн Засгийн газрын толгой аван, хэдэн сайдаа казиногийн хэргээр шоронд явуулж,  зарим нь алагдаж байж сонгуулийн хугацааг арай хийж дуусгасан гашуун түүх байдаг юм. Ардчилсан намыг ингээд хоорондоо ноцолдоод байхаар нь сонгогчид итгэл алдарч эргээд л хуучин МАН-ыг сонгочихдог. Ардчилсан намын  өвчин нь хөдлөөд эхлэв. Бүр цаашаагаа Засгийн газрыг огцруулах, хуулийн сайдыг шоронд явуулах дээрээ тулаад ирлээ. Хууль зүйн салбарыг шинэчилнэ гэж ам өгөн гарч ирсэн Ерөнхийлөгчийн шадар жанжнууд  Засгийн газар, Хууль зүйн сайд, Тагнуулын дарга, прокурор, цагдаагийн дарга, АТГ нь  хүртэл хоорондоо ноцолдоод бие биеэ уралдан ховлоцгоогоод ирлээ.  Тагнаж чагнасан, охид хүүхэнтэй орооцолдсон, би сайхан, тэр муухай гээд ёстой нэг олны шившиг боллоо. Цаашдаа Засгийн газар дэнжигнэж, хуулийн салбарын шинэчлэлт будаа болж, энэ Засгийн газрын гол имиж бүтээн байгуулалт яг зогсох дээрээ туллаа.
Ардчилсан намын дарга байна гэдэг, Ардчилсан намын Засгийн газрыг авч явна гэдэг үнэхээр хэцүү ажил.  Ардчилсан нам бол анхнаасаа таван нам нэгдэж “Чи МоАХ, Би Мудняк, Алтанхуяг Соцдек” гэж хэрэлдэж өссөн улс төрийн гурваас таван намын нэгдэл. Дээр нь Ардчилсан хүчний холбоо, ”Нэг ардчилал” гэдэг залуучуудын фракц үүсээд Н.Алтанхуягаас өөр хүн бол авч явахад бэрх олон толгойтой бууран тайлагтай том нам. Харин Н.Алтанхуяг асар их хүлээцтэй парагматек хүн тулдаа өдий хүртэл тараагаад алдчихалгүй сонгуульд оруулж, тараагаад алдчихалгүй нэг хөтөлбөр хэрэгжүүлж, тараагаад алдчихалгүй гол нурууг нь барьж, олон сонгуульд ялж  яваа Ардчилсан намыг хурааж бүтэн явуулж байгаа ”сайн буур” юм даа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизээр  Монголын улс төрд үүссэн энэ  хямралт байдлын тухай сонгогчдодоо ингэж хэллээ. “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэдэг.  Би даанч дээ энэ хэдийнхээ занг хэн нь ямар араншин гаргахыг мэдэлгүй дээ” гэж хэлсэн.  Ардчилсан намын  дарга Н.Алтанхуяг гэдэг буурны занга ч, хэдэн ингэ, ат тасдаж хөөгөөд байдаг Ардчилсан намын бууран тайлагнуудын занг, унах босох зовлон жаргал бүхнийг амталсан энэ Ерөнхийлөгч мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ. Олон жил тэмээн сүргийн манлай явж өнгөрсөн сонгуулиар засуулчихсан МАХН гэдэг өвгөн буур хэнтэй ноцолдох гэж байгааг, МАН гэдэг буурны өнгөрсөн сонгуулиар хазуулсан шарх, сонгуульд  ялагдсаны ороо, өш, хонзон гараагүй байгаа зэргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон жил тэмээ хариулсан сайн тэмээчин болохоор эднийгээ  мэдэлгүй яахав дээ.

Хоёр. Ерөнхийлөгч буурныхаа занг мэддэг сайн тэмээчин, Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч  сайн буур юм.
Хэнээс нь ямар араншин гарч хоорондоо ноцолдоод байгааг Ерөнхийлөгч сайн мэдэж байжээ. Ардчилсан намын зөрүүдлээд байгаа бүгдийг нь дуудаж ирээд үүрэгдсэн бололтой юм. Ардчилсан намын дур дураараа давхилдсан хуулийн том дарга ханд нь дарагдсан янзтай, УИХ-ын хаалттай хуралдаанд урвагархан сууж харагдсан. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ч тэмээн сүргийнхээ гол нурууг сайн хураасан юм шиг.  Ямар ч гэсэн Ардчилсан нам дотор тэр дундаа хуулийн байгууллага дотор бий болсон хэрүүл, хараалыг намжаагаад авсан байна. Хэрвээ Ц.Элбэгдоржоос  өөр  Ерөнхийлөгч байж буурныхаа занг мэддэггүй тэмээчин байсан бол өдийд тэмээн сүрэг ч тарчихсан, Х.Тэмүүжин сайд ч огцорчихсон, Засгийн газар ч уначихсан байхыг хэн байг гэх вэ. 1996-2000 онд Ардчилсан намын бүлэг казиногийн гэдэг хилс  хэргээр сайдуудаа шоронд өгөхгүй гэсэн боловч өөрийн гишүүд нь урвасан, бас тэр үеийн Ерөнхийлөгч өнөөгийн Ерөнхийлөгч шиг хамгаалаагүй цааш нь явуулчихсаныг мэддэг хүн цөөхөн байх.  Сайн тэмээчин, сайн буур хоёртой бол тэмээн сүрэг бүрэн бүтэн тэнэгэр говь жаргалтай.

Гурав. Хамгийн дотно итгэлт хүнтэй нь алалцуулдаг харийн технологи

Монгол төрийн гурван өндөрлөг. Үндэсний аюулгүй байдлын гурван дарга, ер нь улс төр хийж явдаг бүх гишүүдэд нэг их харамсалтай мэдээ дуулгая. Би МАН-ын анхны Ерөнхий сайд Бодоогийн тухай ном бичих гэж элдэв өнгийн материал цуглуулж явна. Гэтэл  түүхийн харамсалтай баримт гарч ирлээ. Зөвлөлтийн тагнуулын албыг үндэслэгч, алуурчин Я.Г.Блюмкин, Г.Г.Ягодо гэсэн хоёр тагнуулч зохион байгуулан Бодоо, Шагдаржав, Лувсанцэвээн, Да лам Пунцагдорж нарыг хэлмэгдүүлэн нэг довон дээр Сүхбаатараар буудуулжээ. Ингэж  Ардын намын анхны долоог бие биенээр нь алуулсан байх юм. 1990 оноос хойшхи бүх Ерөнхийлөгч хуучин байсан намынхаа нөхөдтэй муудсан байна. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг МАХН-ын нөхөд нь хамгийн их жигшсэн. Н.Багабанди Ерөнхийлөгч, Н.Энхбаяр хоёр яалаа. Нэг ордонд, нэг намд  багтахгүй болсон. Дараа нь Н.Энхбаярт бүүр хүндээр тусаж шоронд орсон, хамгийн ойр тойрныхонтойгоо тангараг нь тонгорог болсон.  Та нар минь үүнийг анзаараач дээ. Аль ч намын ялгаагүй төрийн тэргүүнд гарсан, ялсан бүх нам, Ерөнхий сайдуудад энэ хор үйлчилж байна. Нэр цэвэр нам, нэр цэвэр намын дарга, нэр цэвэр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, нэр цэвэр улс төрийн хүчин, нэр цэвэр  УИХ-ын гишүүд гэж байхгүй болголоо. Энэ хэнд ашигтай юм бэ. Энэ бол харийн тусгай алба сайн ажиллаж байна гэсэн үг биш үү. Намаас сонгогдсон Ерөнхийлөгч намаа өгөлгүй намын гишүүн хэвээрээ байдаг  тэр цагт энэ заваан технологи алга болно гэдэгт итгэлтэй байна. УИХ өдөржин хуралдаж Ерөнхий сайд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Хууль зүйн сайдаа шоронд өгөлгүй аваад үлдэж чадлаа.
 Ард түмэн нэгэнт Ардчилсан намыг сонгож төрийн гурван өндөрлөгөө өгсөн л юм бол дөрвөн жилд ажлыг нь хийлгэмээр байна.  Дуртай нэг гишүүн дургүй нэг сайдаа огцруулна гэж  элдэв үнэн, худал юм бичиж нийгмээр нь бужигнуулаад сар болохоор Засгийн газар хэдийд нь ажиллах вэ. Хамгийн гол нь монгол төрийг самууруулах харийн технологи яасан аймаар. Түүнийг ойлгохгүй манай улстөрчид бүүр хэцүү.  МАН-ынхан Х.Тэмүүжин сайдыг заавал огцрооно, Засгийн газрыг, төрийг хямраана гэж их өсөрхөж байна. Тэд яасан их заналтай, энэ хаанаас нь гарсан их хонзон бэ.