Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Боржигон найр DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС 2014 ОНЫ АРАВДУГААР САРД НИЙТЛЭГДСЭН “БОРЖИГОН НАЙР” НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хангайд цас орж аль хэдийнэ гандсан ч тал нутагт өвсөн сөл ногооноороо. Буурын ухаа, Малах, Тэрэгт зэрэг боржигоны их талд зунаараа, өвс нь ногооноороо хадлан хадмаар халиурна. Гэвч энэ нутгийнхан үеийн үед намартаа найрлана уу гэхээс хадлан өвс хадаж зовлогоо зовоодоггүй уламжлалтай юм. Боржигоны их тал нутагт ёстой нэг “Айраг найр хоёроо барж ядсан урт шар намар” болж байна. Манай боржигонуудын ууж идэх, найрлаж наадах нь хүртэл бусдаас ондоо хөгийн улс шүү. Халхын боржигон сум, боржигонууд гэж би хуучнаар Сэцэн хан аймгийн боржигон Цэц вангийн хошуу нутгийн үлдэгдэл хүмүүс буюу одоогийн Хэнтий аймгийн зүүн урд сумд, Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Цагаан дэлгэр, Дэрэн зэрэг зүүн хойд талын сумд, Говьсүмбэр аймгийн уугуул иргэдийг “жинхэнэ боржигон” гэж хэлэх гээд байгаа юм.

Энэ л нутгийн уугуул иргэдийн найрлах, наадах, дуулах хуурдах, ярианы аялга нь хүртэл шал ондоо. Манайхан бол их шавийн хүмүүс. Гэвч Боржигонуудтай айл аймаг явж, хүүхдүүдтэй нь сургуульд хамт суралцаж, хүргэн бэр бололцож, цус аль хэдийнэ холилдож, хэн нь шавь, хэн нь боржигон гэдгээ одоо ялгахаа больжээ. Иргэний үнэмлэх дээр “овог” гэж нэг юм бөглөх болоход боржигонууд ч яахав бүгдээрээ “боржигон” овогт болчихсон. Харин боржигоныхонтой айл аймаг явсан манай, нутгийнхан сандарсан. Тэгээд л айл болгон нэг “овог” шүү юм олж зохиож иргэний үнэмлэхээ бөглөв. Овог гэдгийг ойлгоогүйгээс нэг л мэдэхэд монголчуудын 76 хувь нь боржигон овогт болсон гэж иргэний бүртгэлийнхэн мэдээлэв. Гэтэл сүүлийн үеийн эрдэмтэд боржигон гэдэг бол овгийн нэр биш. Зүгээр нутгийн нэр, хааны мал сүргийг адуулдаг, цэргийн унаа хөсөг, хүнс хоолыг базааж өгдөг иргэдийг боржигон гэдэг байжээ гэж онолдох нь тэр. Тэгээд Чингис “боржигон” овгийнх юм гэнэ лээ. Д.Нацагдорж боржигон овогтой байсан. Боржигон овог авчих юм бол Чингисийн ах дүү хамаатан болно гэж баахан “боржигон овогтон төрсөн нь” одоо яаж ч болохоо болиод байна.

Ганц манай нутагт ч биш монгол даяараа шахуу боржигон овог авч эцэг өвгөдөө гомдоожээ. Боржигон гэдэг бол овог биш их хаадын гар хөлийн үзүүрт зарагдаж, адуу малыг нь харж айраг цагааг нь дөхүүлж өгдөг “борчуудыг” боржигоныхон гэдэг юмсанжээ. Гэхдээ боржигоныхон ёс заншлаа дээдлэх, найрлах, дуулах, эмээл хазаар, цагаан сарын боов нь хүртэл ондоо. Манай ээжийн хоёр эмэгтэй дүү нь гэхэд л хоёулаа боржигон хүнтэй гэр бүл болсон юм. Боржигонууд мэндлэхээсээ эхлээд, ярих аялгаараа танигдана. Сайн уу гэхийг боржигонууд “сай юу” гэнэ. Тэгсэн шүү дээ ингэсэн шүү дээ гэж хэлэхдээ “Тэгсэн шуу даа”, “Ингэсэн шуу даа” гэж ярих. Би багадаа ярианы аялгыг нь сонсоод боржигон хүмүүс гэж мэддэг байв. Одоо боржигонууд аялга нь ялгагдахааргүй “айхтар засарсан”. Гэхдээ л боржигон дуу боржигон найр нь одоогийн найрнаас өөр байдаг юм. Боржигонууд найр хийх ууж идэхдээ хүртэл их ёсорхуу.

Архи дарс алиа марзанд дуртай, залуу насанд боржигон найранд суултгүй, уйтгартай. Найрлах ёс заншилд нь уур, дургүй хоёр зэрэг хүрээд байдагсан. Одоо эргэн бодоход боржигонууд тун дэгтэй найрладаг байжээ. Боржигонууд гэрийн найр хийхдээ хамгийн чухал хүн бол, найрын дарга, найрын дууч, хуурч гурав. Найр хийхийн тулд найрыг даргалах хүнээ урина. Найрын дууч хуурчаа урина. Найрын даргаар уригдсан хүн сумын дарга болсон юм шиг бүх найрчдын уух идэх, гарч орох, тамхи татах, хоорондоо ярих, бөөлжих, морь харахыг хүртэл бүгдийг зохицуулна. Найрын даргад торгох, чөлөө өгөх, найр эхлүүлэх өндөрлүүлэх бүрэн эрхийг эдлүүлнэ. Боржигон найр ямар ч ардчилалгүй зөвхөн найрын даргын дарамт доор бохирон сууж найрлана. Найрын дууч гэж ус нутаг, аймаг хошуундаа алдартай нэг л уртын дуучийг, хуурчтай нь хамт найранд дуулуулах гэж зална. Гурван өдөр найрлалаа гэхэд зөвхөн тэр дуучин дуулна. Тэгэхдээ дандаа гүр дуу буюу төр ёсны дуунуудыг голдуу боржигон аяаар дуулна.

Найр хавтгайрлаа гэж дарга хэлээгүй байхад өөр хүнээр дуулуулахгүй. Богино дууг завхай дуу гэх ба боржигон найранд дуулуулахгүй. Одоогийн хотын найр шиг олуулаа бахиралдвал торгуулна. Найрчид найрын гэрт орж ирэхээсээ эхлээд дээлийнхээ энгэр заамыг жимбийтэл товчлоод, малгайгаа өмсөөд орно. Найрчид бүгд нэг хөлөө бохирч сууна. Завилж суух, тамхи татах, ярих, инээх, бүгд хориотой бүгд торгуультай. Найрын дууч нэг уртын дуу дуулаад дуусахад бүгдээрээ түрнэ. Дуу дуулж байхад ямарч хүн гэрт орж гарахгүй хуультай. Дуу дуусахад аяны дугараа гэж бүх хүнд том хул айраг ирнэ. Найранд цагаасаа хоцорч ирсэн зочид хэдэн дуу дуулсан байна дуу болгоны тоогоор “дугараа гүйцээн” айраг ууж найранд нийлнэ. Боржигон найранд хүүхэд залуучууд хатуу архины тухайд бол горьдолтгүй, “Хатуу цагаан архи бол” зөвхөн хөгшчүүдэд нүд шиг жоохон хундагаар хааяа нэг оногдож харагддагсан. Найр хийж байгаа айлд ах дүү нар нь ёс шиг хонины бүтэн ууц боов чанаж айлчлан ирнэ. Баянжаргалан сумын нэлээд бэлэрхүү найрласан боржигон найранд дээд тал нь 30-аад ууц ирлээ гэж ярьж байсан. Найранд чанаж ирсэн хонины махыг бүгдийг нь хуваагаад боов дээр мах тавиад найрчдад өвөртлүүлээд явуулна. Боржигон найрын бэлэг голдуу л халзан цагаан хонь өгнө. Бэлгийн хонийг дүүрч ирээд шинэ гэрт оруулж аманд нь өрөм зуулгаад хоттой хонинд нийлүүлж байгаа харагддаг сан. Боржигон найр гэж залуу насанд ийм л уйгартай найр байдагсан. Боржигонууд гэр барьж найр хийхийгээ бүүр төрийн ажилд тооцно. Сум, баг, бригадын дарга нь хүртэл найрыг албан ажил гэж үзнэ. Нэг айл гэр барилаа гэхэд 80 настай чавганц ч хана унины боолт, сагладарга томож найман настай балчир хүртэл хонь хургыг нь хариулж өгнө. Нутгийн айлууд гүүгээ найр хийх гэж байгаа айлд бариулна. Айрагны гэр гэх илүү гэрт цэдийсэн том хөхүүр эгнүүлэн дүүжилж суга ханзартал бүлүүлнэ. Найр хийх гэж байгаа айлын сургуулийн хүүхдэд хичээлээс чөлөө өгдөг нь сайхан. Ер нь сумын дарга, намын дарга, багийн дарга, сургуулийн захирал нар хуйвалдаж хийдэг ганц ажил бол намрын дунд сарын арван долоонд болдог гэрийн найр байдаг. Социализмын үед боржигон найрыг нүсэр болж байна гэж хичнээн хориод дийлээгүй юмдаг. Баянжаргалан сумын улсад гурав түрүүлж хоёр аман хүзүүдсэн хүрэн халзан азарганы эзэн Даваанэрэнгийн Санжаа гуай социализмын үед дуулиантай найр хийж билээ. Найр хийлээ гэж нэг нь аймагт матаж “Үнэн” сонин дээр бут авахуулав. Сумын дарга нар нь намаас хөөгдөж байв. Д.Санжаа гуай ардчилсан намын их хурал дээр “Одоо манай боржигоныхон найрлана, дуулна, хуурдана. Морио ч уралдуулна. Цагаан сараа ч хийнэ. Чингис хаанаа ч ярина. Энэ нэгдлийг чинь тараана. Нийгэмчилсэн малаа авна. Боржигоны их тал нутаг ардчиллын буянд сэрлээ” гэж хэлсэн нь одоо архивт байдаг юм. Боржигон гэдэг чинь ястан үндэстэн бол биш. Алтан ургийн хаадуудын адуу малыг маллаж, хүнс хоолыг бэлтгэж, халхын их талдаа гэр сахиж үлддэг тал нутгийнхныг “Боржигоныхон” гэж нэрлэдэг юм. Боржигоны их талд ёстой найрлаж баймаар урт сайхан намар болж байна. Энэ жилийн намрын дунд сарын арван долоонд манай нутагт дөрөв таван айл гэрийн найр хийх юм байна. Манай их шавийнхан ч яах вэ хүрээ маягаар бүгдээрээ хоороор дуулж идэж ууж дүрэмгүй найрлана. Манай голын нэг охин боржигоны их баян айлд бэр болон очиж найр хийх дуулдсан. Боржигон найр даргалчих ёс төр мэддэг хүн олддоггүй гэнэ. Одоо боржигон найр даргалчих хүн ховордсон. Харин сум даргалаад явах хүн олон байгаа. Боржигон аяар дуулчих дуучид хуурчид олон болсон нь бахархмаар. Тэднийх лав л долоо хоног найрлах юм гэнэ. Боржигоны их тал нутагт намрын дунд сарын арван долоон ирж хуурын аянд уртын дуу уянгалж, уруул чимчигнэсэн намрын айраг мэлтэлзэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бээжинг хооллосон шар мухлаг DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС…


Бээжин хот 20 сая гаран хүнтэй. Энэ олон сая хүн дотор баян ч бий, ядуу ч бий. Хоолоо олоод идэх тэнхээтэй ч бий, төр засаг нь туслахгүй бол тураад үхэх нь ч бий. Гэвч Бээжин энэ олон сая хүнийг хооллоод л байна. Олон арван сая хүнийг дажгүй чанартай, үнэ хамгийн хямд, цэвэр, халуун хоолоор хооллож байгаа шар мухлаг хэмжээгээрээ хоёр хүн багтан ажиллахаар жижиг ч гэсэн төрийн том бодлого энд байна. Хотын төвд хаа л бол хаа дайралдах шар мухлаг тун эртэч. Өглөө 05:00 цагаас 22:00 цагийн хооронд том ресторон, зоогийн газрууд онгойгоогүй байхад халуун хоол зарна. Тэгээд л өглөө 09:00 цаг болуут халуун хоолны мухлагууд хаагаад халаагаа ресторан гуанзуудад шилжүүлнэ. Хоолны бүрдэл нь дажгүй, үнэ “ван доллар” буюу долоон юань. Халуун хоолны шар мухлагаас нэг ам.доллараар та дараахь хоолны бүрдэл авна. Голд нь өндөг шарж хайрсан бин, дээр нь алгын чинээ загасны мах буюу хуруун чинээ хиамны аль нэгийг сонгоно. Өндөгтэй хайрсан бин дээр далбагар байцаа, жигнэсэн лууван тавина. Хоолны худалдагч бүсгүй гурилан бингийн голд түүхий өндөг хийж шарах, бэлэн загасны мах, хиам халаах гэж ёстой гялалзуулна. Тэгээд бүгдийг нэг уутанд боож өгнө. Нэг аяга шар буурцгийн халуун цайгаар даруулна. Энэ бүгд нийлээд үнийн хувьд ганц ам.доллар боловч нэг өдөрт хүний авах ёстой тэжээлийн 75 хувийг өгөх шинжлэх ухааны тооцоотой юм гэнэ. Хятад хүн дунджаар 1300 ккл өөх тос, нүүрс ус уурагтай хоол идэж байх ёстой юм гэнэ. Хоол авсан хүмүүс мөнгөө тааруулж, худалдагчийн хажууд байгаа хайрцагт өөрснөө хийнэ. Мөнгөө өгөхгүй бултаж байгаа хүн харагдсангүй. Хайрцганд 10 юань хийчихээд гурван юань буцаагаад авч байх жишээтэй. Хямд ,цэвэр, эртэч энэ халуун хоол Бээжингийн ядуучуудын хоол биш, төрийн албан хаагчид, баячууд, жуулчид хүртэл амтархан идэж байна. Намайг харсаар байтал гайгүй зочид буудалд байрласан гадаадын жуулчид нэг ам.долларын хоолонд дугаарлан зогсч эгнэж суучихаад амтархан идэх юм. Бээжин гадаадын зочдыг хооллож татаж чадаж байна гэсэн үг. Гоё тансаг машинтай хүмүүс шар мухлагийн хажууд зогсч хэдэн хоол аваад яаран одно. Дугуйтай хүмүүс захиалсан хоолыг хүргэж өгөхөөр жирийлгэнэ. Бээжин хотын иргэдэд өглөөний цай хоолоор энэ шар мухлаг үйлчилнэ. Гэхдээ хоолны сонголттой. Шинэ жимсээр бэлтгэсэн хоол, дан амталсан будаан хоол, ногоон хоол гээд өглөө эрт боссон хэн боловч өлсөхгүй ээ. Манай Улаанбаатар хотод ажил цуглахаас өмнө өглөө эрт хоол олж иднэ гэвэл, тэгэхдээ ийм хямдхан үнээр шинэ халуун хоол олж иднэ гэвэл ёстой горьдсоны гарз.

Манайхан чинь өглөө босоод санд мэнд, хүүхдээ яаран хувцаслаад ажилдаа явах, хоосон ходоодтой үдээс өмнийг барж ажил хийх гэж тэгэс ингэс хийж байгаад өдөр хүргэнэ. Орой бол харин чирч өгнө дөө. Хотынхоо дарга нарт хэлье гэж бодоод Бээжин хотыг үнэ хямдтай халуун хоолоор хооллож чадаж байгаа шар мухлагийн туршлагаас судаллаа. Ард түмнээ тэжээнэ хооллоно гэдэг төрийн бодлого байдаг юм байна. Энэ шар мухлагт нэг ам.долларын хоол зарахад төрөөс нэг ам.доллараар тэтгэдэг юм байна. Өдөр ресторанд нэг аяга цай нэг ам.доллар байхад өглөөний хоолны бүрдэл нэг ам.долларын үнэтэй байхаар зохион байгуулжээ. Машин, дугуйгаар чирдэг хоолны зориулалтын мухлагууд хийжээ. Нийтийн хоолны бэлтгэлийн том цехүүдэд гурилыг нь зуураад, ногоог нь арилгаад жигнээд, хайрч шараад хүнд өгөхөд бэлэн болгоод шар мухлагуудад хүргэж өгнө. Нэг хоолны мухлагт зориулан ажлын байр тавыг гаргасан гэнэ. Мухлагийн үндсэн худалдагч нэг, өглөөний гэрээт тогооч хоёр, цехээс хагас боловсруулсан бүтээгдэхүүн зөөдөг тэрэгчин нэг, хамгаалагч, ариун цэврийн байцаагч тус бүр нэгийг ажиллуулдаг гэв. Том хотын хүн амыг эрүүл цэвэр, хямд халуун хоолоор хангах нь Хятадын төрийн хамгийн гол бодлого болон шинээр тавигдсан байна. Ши дарга төрийн байгууллагуудыг том том үнэтэй ресторанд элдэв хүлээн авалт хийх, дарга нар нь төрийн мөнгөөр урьсан зочдоо өндөр үнээр хооллохыг хатуу хориглож, авлигын нэг хэлбэр гэж үзжээ. Томоохон зоогийн газрууд хүнд байдалд орж магадгүй ч ард иргэд нь хямд, чанартай хоолонд дуртай байгаа гэв. Хятад улс дэлхийн газар тариалангийн газрын дөнгөж долоон хувьд тариа ногоо тарьж, дэлхийн хүн амын 25 хувийн хэрэгцээг хангаж байгаа гэнэ. Ийм их хөдөлмөр хийж байгаа тариачдынхаа гурил, ногоог төр нь худалдан авч алдагдлыг нь үүрээд өглөөний халуун хоолыг нь төр бэлтгэн өгч байна. Хүн амыг ингэж халуун хоолоор хангахад хүнс хоолны хяналтын алба нь гол үүрэгтэй оролцож байна. Төрийн хяналтынхан өглөөний хоолны шар мухлагуудыг торгож шалгаж биш хамтран ажиллаж төрийн хувьцааг эзэмшдэг хамгаалдаг гэнэ. Хятад улс эдийн засгийнхаа суурь үнийг тариа ногоо гэж тооцдог. Тэгээд л тариа ногооныхоо үнийг барьж ард түмнээ хооллохыг бодлого болгодог гэнэ. Манайх чинь эдийн засгийнхаа суурь үнийг бензин гэж үздэг. Бензиний үнэ өсөхөөр бүх үнэ өсч төр, иргэд хоёр хоёулаа сандардаг биз дээ. Манай суурь үнэ бензин биш байх аа. Тэгэхэд хятад хүн ингэж ярьдаг гэнэ. Амьд явсан хүн аяга будаа иднээ гэдэг. Харин Монголын маань эдийн засгийн суурь үнэ нефть арай биш байх аа. Ус юм болов уу. Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэдэг биз дээ. Хятад хүн гэдсээ өлсөхөөр нүгэлтэй их уурладаг, бухимддаг гэнэ. Тэгээд ард түмнээ хооллох шар мухлаг төрийн бодлого болжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Олсоор оосорлоод Орост өгнөө” DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВ….


Путин бол Монгол Улсад нэг их ач холбогдол өгдөггүй шинэ орос удирдагчдын
нэг. Монголыг Америкийг дагаад байхаар их л дургүй байдаг. Путины Монгол Улс дахь
айлчлал, Алс дорнод, Алтайн хязгаарт байгаа өөрийн газар нутгаа нэг эргэж далимдаа
Монголоор дайраад буцсан юм. Гэхдээ Алс дорнод, Алтайн хязгаарын бүс нутгуудаараа
бараг бүх сайдаа дагуулж их л сүр бараатай явсан. Манайхан их горьдсон. Орос ах
нефтиэ дотоодынхоо үнээр хэдэн жил өгч магадгүй, манай махыг маань өндөр үнээр авна,
хийн хоолой Монголоор дайрч бид зүгээр суугаад баяжина гэж их хүлээлттэй байсан.
Харин Путин “Оросууд визгүй танайд орно. Мах өгөх гээд байгаа юм бол бид шалгаж
Улаан-Үдэд “малиндаж” авна, газ танайхаар дамжуулахыг судална” гэсхийгээд яваад
өгсөн. Манай эрх баригчид Путинаас айгаад махаа яая гэхэв танай хүссэнээр салам
“малиндуулж” гаргая. Харин “визгүй орж ирэх” оросууд дотор чинь хүнд гарууд, “улаан
арми” ороод ирнэ. Бид “малиндаж” оруулна гэж хэлж чадаагүй ажээ. Оросууд манай мал махыг зүгээр аваад сурчихсан
түүхтэйг өнөөгийн эрх баригчид даанч мэдэхгүй гэсэндээ энэ өгүүллийг бичив.

Монгол төрийн эрх баригчид үеэс үед Орос гэхээр ухаан нь гарч үхтлээ
айдаг юм. Аргагүй дээ зайлуул. Хичнээн ч Ерөнхий сайдыг Оросын Дотоод яам цааш нь харуулав. Тэгээд л манай томчууд цаанаа бол
Оросоос айсандаа, наанаа бол “найрамдал” гэж халхавчин дор Оросын юу хүссэн есөн
хүслийг нь биелүүлэх хэрэгтэй болдог. Харин оросууд бол өөр. Тэд түүхийн туршид
Буриад, Тува, Алтайн монголчуудыг өөртөө нэгтгэж, Барга Монголыг Японд өгч, Өвөр
Монгол, Шинжааны Монголыг Хятадад өгч,\ Ар Монголыг\ манайхыг тоглоомын тусгаар
улс болгосон нь их учиртай. Оросууд манайхыг буфер улс болгохдоо махаар хангах мал
бааз гэж үзэж ирсэн юм. Тэгээд социализм байгуулж байх үед Ю.Цэдэнбал даргыг маань
Москвагийн мал фермийн дарга гэж шоолж байв. Москва “Ар Монголыг дуулгавартай бат
бэх ар тал гэж үзэж цэвэр махаар хангах үүргийг манайд оноож байсан. Монгол Улс
өнөөдөр гурван сая хүндээ бол олон малтай боловч, Оросын 120 сая хүнд бол манай
мал юу ч биш. Ар монгол бэлчээрийн мал аж ахуйгаа эрхэлж мал бааз байх ёстой гэдэг
бодлого Сталины үед дэвшигдэж Брежневийн үед хэрэгжсэн байдаг. Сталин монголчуудыг 200 сая малтай бол гэж үүрэг болгож байв. Анхдугаар таван
жилийн төлөвлөгөө биелэхэд 200 сая малтай болно гэсэн МАХН-ын хурлын баримт бичиг
байдгийг уншсан биз дээ. Монголын малыг амьдаар нь үнэгүй шахуу авах бодлогыг Л.И.Брежневийн
үед хэрэгжүүлж эхэлсэн. Жаран жилийн турш Оросын авсан малын тооцоо доктор Д.Пүрэвбаатар
гуайд байсан. Ер нь социализмын үед дарга байгаагүй, коммунист биш, Оросын Дотоод
яамны тагнуул биш томоохон эрдэмтэд Монголын өгсөн мал махыг тооцоод Монгол Орост
өргүй гэж зориггүйхэн ч гэсэн хэлж байжээ.

Монгол Улс бод мал(үхэр, адуу)-аа амьдаар нь дунджаар 170 төгрөгөөр буюу 30-аад ам.доллартай тэнцэх шилжих рублиэр тооцсон
болж Орост өгдөг байсан ажээ. Харин Улаан-Үдэд үйлдвэрлэдэг байсан үхрийн махан
консерв “Говядина” хоёр төгрөг 80 мөнгө, “шпрот” гэдэг загасан консервийг манайх
таван төгрөг 60 мөнгөөр тооцон авдаг байсан. Бүхэнд ойлгогдохоор тайлбарлая гэвэл тэр үед Монгол
Улс нэг үхэр, адуугаа ойролцоогоор 30 ширхэг загасны консервоор сольж байсан түүхтэй
юм билээ. Өнөөгийн 40-60 насныхан сайн мэднэ дээ. Бид таван төгрөгийн шпрот, хоёр төгрөг 80 мөнгөний алаг үхрийн зурагтай
“Говядина” гэдэг консерв идэж өссөн дөө. Орост сурдаг оюутнууд хүртэл гэртээ үхрийн
махан консерв захина. Тэр консервуудын амтыг санахаар одоо ч шүлс гоождог юм. Гэвч
бид ийм л үнэтэй авч байжээ. Оросын төрийн бодлого үеэс үед манай газар нутаг, уул
уурхайн бүтээгдэхүүнд шунахаасаа илүү бэлчээрийн
мал түүний мах, түүхий эд, ангийн үс, түүнийг бэлтгэн нийлүүлж үйлдвэрлэдэг малчин
иргэдийн маань хөдөлмөрийг авах гэж шунаж байсан юм. Тэгээд Монголд зөвхөн малчдыг
үлдээн Чингэсийн удмын ноёд, лам нар, сэхээтнүүд хэрэггүй, ердөө л 200 сая мал малладаг
малчин хэрэгтэй гэсэн харгис бодлого явуулж ирсэн түүхтэй.

Сталин тооцоо хийн
Монголын удирдагчдад малаа 200 саяд хүргэх болзол тулгаж байв. Сталины энэ харгис
бодлогыг Брежнев үргэлжлүүлж 1967 оноос эхлэн Монгол Улсад мал сүрэг нь хэзээ ч
өсөхгүйгээр мах экспортлох, түүний дотор адуу, үхрийг амьдаар нь экспортод гаргах
хатуу гэрээ байгуулжээ. Уг гэрээг зөвхөн Улаан-Үдийн мах комбинат хариуцна. Монгол
малыг амьдаар нь авахын тулд Оросын мэргэжилтнүүд Монголд ирж бүх адууг “малин”-даж
авна. Бүх махыг газар дээр нь ирж шалгаж
авна. Энэ зардлыг бэлтгэн нийлүүлэгч тал хариуцна гэж хатуу заажээ. Зөвхөн
энэ гэрээ Монголыг сүйрүүлсэн юм. Монгол Улс
малаа өсгөх гэж яаж ч гүрийгээд 25 саяас хэтрээгүй. Үнэндээ сум бүрээс агт
бэлдэх, хойшоо гаргах мах бэлтгэх гэж Монгол Улс сүйрч модоо барьсан түүхтэй. Харин
ардчиллын жилүүдэд мал 60 сая хүрч өссөн. Уг гэрээ ёсоор жилд 70-130 мянган адуу
вагонд ачиж амьдаар нь экспортолж байв. Зөвхөн зуд турхан болсон нөхцөлд 70 мянган
адуу өгнө. Энэ олон мянган адууг Мааньтаас Цанатын мал баазаас вагонд ачиж байсан болохоор би сайн мэддэг юм. Монголын
бүх сумд агт бэлдэнэ. Сум болгоноос Орос
руу ачуулах адуугаа туугаад Төмөр замын Мааньт өртөөн дээр ирнэ. Адууг оросууд үзэж
нэг бүрчлэн малиндаж авна. Зөвхөн малин даасан адууг вагонд ачаад Орос явуулна.
Улаан-Үдэд хүрүүт амьдаар нь давстай усаар услаад консерв болгоно. Малиндана гэдэг
нь оросууд адууны даланд тариа хийдэг байсан. Тариа хийж гурав хонуулаад тарианы
тэнд овойх юм бол малин даагаагүй гэж голоод тэр голсон адууны оронд заавал өөр
адуу өгч, тэр өвчтэй гэсэн адууг монголчууд хүнсэнд хэрэглэдэг байсан юм. Тэр үеийн
оросууд монгол малын мах, монгол хүн хоёроос их сэжиглэдэг байж билээ. Монгол малын
үнэр, агт туусан тууварчдын үнэрийг үнэртэхгүй гэж маск зүүсэн оросууд муухай хараан
хашгиралдаж адууг вагонд ачна. Нэг вагонд 30-аад адуу мод, төмрөөр балбан ачаад
хаалгыг нь хаахад бүх адуу зэрэг үүрсэх нь өрөвдмөөр байдагсан. Агтны адууг нэг
бүрчлэн олсоор оосорлон барьж тариа хийлгэнэ. Манай нутгийн Бал гэдэг өвгөн мориндоо
уурлахаараа “Ий чамайг хойтон жил олсоор оосорлоод Орост өгнөө” гэж зүхдэгсэн. Буянт
малаа олсоор оосорлоод Орост өгнө гэдэг малчин
монгол хүний хувьд хараал болж байж. Жилд зуун мянган адууг олсоор оосорлоод Орост
өгч байсан юм. 50 жил агт бэлдэхэд хэдэн адуу өгсөн юм бол доо. Путины саяын айлчлалын
үеэр Монголын удирдагчид мах өгье гэхэд “Та нар малаа эрүүлжүүл. Эрүүл мал авна”
гэж их л янзгүй харагдана билээ. Манай малын идсэн өвс, уусан усыг бодвол дэлхийн
хамгийн эрүүл мал. Социализмын үе шиг санаж. Манай махны үнийг унагах гэж байгаа
юм. Ер нь манай улс малынхаа махыг консерв болголгүйгээр гаргах юм бол яг л социализмын үеийн “агт бэлддэг” шиг
юм болно. Монголын лаазалсан махыг оросууд гуйгаад ирэх тэр цаг тун удахгүй болов
уу. Монгол адуу, монгол хүн хоёрыг Орост аваачин толгойг нь авдаг тэр цаг төгссөн гэдэгт би бат итгэдэг.

___________________________________________

Үгийн тайлбар: Малинов-
Малин, Козин-Гоожин

Монголын Засгийн газар Козин, Малиновский гэсэн
зөвлөх оросуудтай байжээ. Малиновский нь фронтод явах адууг шалгаж авдаг байснаас
адууг “малин”-дах гэдэг үг үүсчээ.

Козин нь мод бэлтгэх, ан гөрөө хийх зөвшөөрөл өгдөг байснаас мод бэлтгэх
зөвшөөрлийг одоо ”гоожин” гэж нэрлэдэг
.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Идэш муут жилийн гачлан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ: “ИДЭШ МУУТ ЖИЛИЙН ГАЧЛАН” НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


•Дэлхийг байлдан дагуулсан Чингэсийн баатрууд агуу. Тэднийг хооллож чадсан ар тал нь бүр агуу юм даа.

•Хүнснийхээ асуудлыг шийдэж чадсан уламжлалтай, бас хэзээ ч өлсөхгүй улс орон дэлхийд ховор байх

•Дэлхийд гурван тэрбум хүн өлөн зэлмүүн явна.

•Монгол Улс 710 мянган өрх айлтай, 42 сая малтай\.Хоёр сая адуу хоёр сая үхэр байж л байна.

Хөдөөгийн монголчуудад “Өвлийн идэш” гэж нэг хүнд алба оногддогдоо. Өвлийн сар гарч хүйтний эрч тачигнахад энэ их “улай” эхэлдэг. Нэг дор олон арван мал нядалж нүгэл хийхийгээ “улай хийх” гэж нэрлэдэг. Их нядалгаа бас дуусах хугацаатай. Зулын 25 буюу 12 дугаар сарын 25-ны дотор багтааж өвөл хавар зун хүнсэнд хэрэглэх махаа бэлтгэж нөөцөлж авна. Зулын 25-ны дотор “улай хийсэн” амжиж нүглээ наманчилж нөжтэй хутга, цустай гараа угааж тогоо тосолсон буянт малынхаа бөөрийн өөхөөр зул өргөнө. Тэгээд мал тооллого ч болно. Заавал өвлийн 20-30 хэмийн хүйтэнд гадаа хөр цасан дунд ажилладаг энэ “их улай” бол нүүдэлчин монголчуудын хувьд бүтэн жилийн хүнс. Хүнд, хүчир ажил, нарийн технилоги, тэхдээ экологийн хамгийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна гэвэл хэнч маргахгүй байх. Яагаад ч юм бэ монголчуудыг дэлхий даяараа “нүүдэлчид” гэж нэрлээд заншчихсан байдаг. Миний хувьд цөл, тал нутагтаа, угаасан усандаа хамгийн он удаан жил суусан хүмүүс бол монголчууд гэж боддог. Түүхийн туршид их цагаан хэрэмнээс өрнө зүгт уул овоо, ус голынхоо дэргэд зөвхөн монголчууд л өдий хүртэл аж төрж суусаар ирсэн. Малаа дагаад жилийн дөрвөн улиралд ойр зуураа л эргэлдэн нүүдэг. Тэрнээс биш гэрээ ачаад малаа туугаад цаашаа яваад өгдөггүй. Хүн нь ч мал нь ч идээшиж дассан хонхортоо эргээд ирдэг. Түүхийн туршид төв Азийн өндөрлөг, их тал, уул ус, дов толгод гол горхио хэзээ ч орхиогүй хэнд ч өгөөгүй үндэстэн бол манайхан байх нь ээ. Тэхээр юуных нь “Нүүдэлчид” байх вэ. Манж хийгээд Оросын колончлогчид биднийг бүдүүлэг гэж доош хийх гэсэндээ, ус нутгаас нь салгах гэсэндээ “нүүдэлчид” гэж ойлгуулсан байх аа. Нүүдэлчид бол дор хаяж тогтсон нутаг усгүй байдаг. Малгай тавибал манайх маргааш нь бол хүнийх гэсэн сэтгэхүйтэй хүмүүсийг л нүүдэлчид гэдэг. Тэхээр манай хөдөөгийнхөн юуных нь нүүдэлчид байх вэ дээ. Б.Лхагвасүрэн абугайн нэг их гоё үг байдаг даа. “Энэ хөх мөнхийн уул миний хүүгийн уул шүү” гэж. Монголын энэ их тал нутаг уул овоо чинь бүгд эзэнтэй. Манай элэнц хуланцын гал голомт болоод миний төрсөн, өссөн нутаг бол Эргэнэгийн булаг, Дэлгэрцогт, Баян, Мааньт уул, Ботгон, Төгрөгийн говь, Өгөөмрийн горхи. Хатуухан өвөл болбол хоёр нүүгээд 100 горхи, 1000 өвөлжөөтэй домогт Хэрлэн баян улаан ууланд өвөлжөөд хаврын сар гарав уу үгүй юу буцаад ирдэг юм. Уг нь өвлийн идэшний тухай бичих гэсэн чинь хадуураад явчихлаа. Жилийн хүнсээ базаана, өвлийн идшинд явна гэдэг бол монголчууд Манж, Оросын колони байсан үед ч одоо ч эвдэгдээгүй уламжлалт хүнд ажил. Мал сүрэг маань ноёдын мэдэлд, коммуны мэдэлд, нэгдэл гэдэг нэртэй болохоос бүгд улсын өмчид, одоо хувийн өмчид байж үзсэн. Нэг л юмыг өөрчилж чадаагүй. Энэ нь хөдөөгийн монголчуудын хүнсээ бэлтгэх арга хэлбэр. Айл болгон ам бүлээсээ хамааралгүй, чадах чинээгээрээ өвөл бүтэн жилийнхээ махыг бэлтгэдэг. Манайх л гэхэд өвөг дээдсийн үед ч гэсэн, манай аавын үед ч гэсэн бүтэн жилийн хүнсэндээ хоёр бод (нэг үхэр, нэг адуу), тав гурван бог (хонь,ямаа) мал хийдэг. Гурван ам бүлтэй манайх ч, арав гаран хүүхэдтэй айл ч ав адилхан хүнс бэлдэнэ. Үүнийгээ бүтэн жилийн хүнс гэж тооцоолно. Үхрийн өрөөл махаа арьсанд нь боож цасанд хаячихаад хавар иднэ. Үүнийгээ үүц гэнэ. Үхрийн нэг гуя, ямааны махтай борцлоод шуудайд хийгээд саравчин дээрээ шидчихнэ. Зуныг өнгөрөөх борц болж байгаа нь тэрээ. Нар, урь амтагдсан, намирсан зөөлөн шар борц тийм муу хоол биш. Дүн өвлийн хүйтэнд малын махаа, цустай хольж хөлдөөж хярамцаг хийж аарцтай, будаатай холиод нэгдүгээр хоол болоо. Гаднаас адууны хөлдүү махыг мод түлээ оруулж байгаа юм шиг хормойлж ирээд л тогоо тогоогоор чанаад хөргөчихнө. Адууны умс, хитай, цагаан шавай гээд ямар ч хүйтэнд царцдаггүй сайхан хоол байх. Чанасан махаа давсанд дарсан хөмүүл, гоньдоор хачирлаад л, зэрлэг сонгино бүтнээр нь хийгээд л өвлийн хүйтэнд буусан суусан хоносон өнжсөн бүгдэд цагаан түмпэнтэй мах түлхэнэ. Эрүүл хүнс экологийн цэвэр бүтээгдэхүүн ярьж эхэлж байгаа үед ийм хоол цэврийн цаадах цэвэр хүнс биш гэх үү. Бүх малын цус ув улаан байхад адууны цус бяслаг шиг цагаан өнгөтэй болно. Цусыг нь (цагаан эсний сийвэн Г.Д) сайн тунгаагаад нарийн гэдсэнд нь цутгаж хөлдөөсөн цагаан шавай гэдэг салахын аргагүй сайхан зууш бий. Монголчуудын хувьд ам бүл цөөтэй бололцоотой айл нь “Зочид буудлын” үйлчилгээг давхар гүйцэтгэдэг юм.”Зочид буудлын үнэгүй хоол” бэлдэхийн тулд л өвлийн идшээ ахиухан базаана.

“Хүн буудаггүй” нэртэй тал нутгийн дулаахан өвөлжөөнд Д.Цэрэндагва өвгөн, тэдний хүү, манай дүүгийнхтэй гурван гэр өвөлжиж байна. Өвлийн идшээ хийлээ. Тэр өдөр хот, аймгаас очсон бид ямар ч олон мал цааш нь харуулж нүгэл үйлдэв дээ. Хоёроос дөрвөн насны хоёр хүүхэд, мал нядлахыг харж чаддаггүй мань мэтэд нь хүртэл идш хийхэд ажил мундахгүй. Гал түлсэн шиг, дэлгэсэн маханд цуглах жунгаа “шувуу” үргээсэн шиг, адууны толгой шуудайд хийж ойр овоон дээр тавьсан шиг өдрийг өнгөрөөв. Тоолж үзвэл энэ хот айл өнөөдөр зургаан бод хориод бог мал хийчихжээ. Харин мах хөлдөхтэй болж хүйтэрснээс хойш анх удаа хамгийн цөөхөн мал хийж эрт буусан нь өнөөдөр болжээ. Өнгөрсөн зун Японы цунами болохоос арай өмнө, тэдний парламентын нэг сэтгүүлчид манайд ирэв. Ганц шил сакэй, бас далайн байцаанд ороосон цагаан будааны голд шигтгэсэн хумсын чинээ түүхий загасны махтай “кибаб” гэдэг хоолоор намайг дайлж хоёр цаг шахуу Япон үндэсний хоол эрүүл хүнсний тухай лекц уншсансан. Тэрээр Япон улсын банк бол өндөр барилга биш далайн цэвэр хүнс юм гэсэн, Япон хүний оюун ухаан, хүч чадлын нууц хүнсэндээ байдаг гэсэн. Япон төрийн бодлогын нууц ч үүнд байдаг гэж их л итгэл үнэмшилтэй бардам байсансан. Тэр сакэ гэдэг архи нь цагаан будааны голд байдаг хар үрийг ялгаж халуун аргаар нэрж гаргасан учраас их үнэтэй, биед сайн гэж гайхуулав. Далайн байцаа ба түүний голд хийсэн загасны жижигхэн түүхий махыг ёстой гайхамшигтай хүнс, залуужуулна, оюун ухаантай болгоно, хүч чадлыг нэмэгдүүлнэ, ёстой “ориг” гэж байна лээ. Японы төр, япон үндэсний хоолоо гарамгай хийж чаддаг өндөр мэргэжлийн тогооч нараа эхэлж дэлхийгээр нэг тарааж явуулаад тэд нь гадаадад ресторан нээдэг бодлоготой ажээ. Хойноос нь одоо тэр эрүүл цэвэр гайхамшигт хоолонд нь ордог байцаа загасаа бэлтгээд явуулчихдаг гэнэ дээ. Тэгээд л хоол хийхдээ хүртэл залхуурдаг Америк, Европыг япон хоолоор байлдан дагуулдаг гэж сайрхаж байна билээ. Өвлийн идшээ бэлтгэж байх зуур тэр Японы үг байн байн бодогдоод л… Хоолны тухай хэтэрхий нуршсан бол уншигч авхай нар өршөөгөөрэй. Ингэний халуун хоормог, жаврыг нь гаргасан таанын айраг, ганц усаар авсан сүүний нэрмэл, чанаад хөргөсөн адууны умс, хитай, цагаан шавай, Хонины сүүл хавчуулж жаахан түүхий шарсан элэг, за тэгээд хоолой хорсгосон үүцний хатаасан мах, нар салхинд болсон шаргал борц энэ бүгд маань Монголын гайхамшигт эрүүл хүнс биш гэж үү. Монгол брэнд биш үү. Энэ бол Монголын бас нэг баялаг биш гэж үү. Жилдээ нэг тохиодог өвлийн идэшнийхээ ард гарлаа. Мал алах идш хийхэд нэмэргүй ч гэсэн би хөдөө явахдаа их дуртай. Өнгөрсөн жил идшиндээ явахдаа Дундговийн нэг хот айлаар бууж “Нүүдэлчдийн казино” гэдэг тэмдэглэл бичсэн. Энэ жид Дундговьд зун сайхан болж Дэлгэр аваргынхан нүүж манай нутагт ирэлгүй нутагтаа өвөлжжээ. Уг нь би нэг шөнө казинодъё гэж төлөвлөж байсан юмсан. Бас тэд ч хойтон идэшний цагаар ирээрэй гэж казинодоо урьсан юм. Аав маань идэш хийхдээ ингэж хэлдэг байв. За миний хүү идэхээ харамлаад айл дэвждэггүй юм. Идэш муут жилийн гачлан, эхнэр муут насны гачлан гэдэг юм. Харин ээж Өөхгүй хярамцаг өвлийн зуд өрөмгүй ааруул зуны зуд гэдэг байв даа. Айл болгон жилийн идшээ хийчих.Айл болгон идшээрээ төрийн царай харахгүй болчих. Идэх хоол өмсөх хувцас суух сууцаа шийдвэрлэчихсэн ард түмэн яадаг юм бэ. Баяждаг юм. Бас бусдыг байлдан дагуулдаг юм. Агуу их нээлт хийдэг юм. Дэлхийг байлдан дагуулсан Чингэсийн баатрууд агуу. Тэднийг хооллож чадсан найдвартай ар тал тал нутгийн Маань уугуул иргэд суугуул Монголчууд түүнээс агуу юм даа.

2011 оны 12 сарын 7

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаан Орос алан хядагч нараа Монголд илгээсэн нь DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ НАЙМАН ЖИЛИЙН ӨМНӨХ /2014.08.16/ “УЛААН ОРОС АЛАН ХЯДАГЧ НАРАА МОНГОЛД ИЛГЭЭСЭН НЬ” ХЭМЭЭХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Тус нийтлэлээс Монгол Улсад тууштай хувьсгалч, шалгарсан алан хядагч нараа илгээж байснаар нь Кремль Монголын хувьсгалд ямар ач холбогдол өгч байсныг хэмжиж болох мэт. Москва дотоод яамны анхны 36 зөвлөх сургагч нараа, Монголын хувьсгалд зориулагдах зэр зэвсэг Чита хотод ирсэн өдөр Монгол руу оруулсан тухай уншаарай.


Ленин тэргүүтэй большевикууд “Монголд хувьсгалд хийх нь Хятадад хувьсгал хийх эхний шат, Хятадын хувьсгал нь дэлхийн хувьсгалын тал” нь гэж онцгой ач холбогдол өгч байжээ. Тэгээд бүүр 1919 оны сүүлчээр Москвагаас “тусгай төлөөлөгч, мэргэжлийн хувьсгалч” томилон Хүрээнд ирүүлэв. Нийслэл хүрээнд “Оросын хувьсгалчдын хороо” байгуулж, 20 гаран гишүүнтэй болсноо төв рүүгээ мэдэгджээ. Оросын хувьсгалт хороо буюу коминтерний салбар зөвлөл, Монгол дахь улс төрийн намуудаас Данзан тэргүүтэй түшмэдийн бүлэг, Бодоо тэргүүтэй сэхээтний бүлгийг шууд удирдлагаар хангаж байсан байна. “Ардын нам”-ыг яах аргагүй анхнаас нь орос технологийн дагуу байгуулж цаашлаад Эрхүүд байгуулагдсан коминтерний зөвлөлтэй холбоо тогтоож өгчээ. Улмаар хилийн цаана Ардын нам байгуулах, түр Засгийн газар байгуулах, Хиагт хотыг байлдан эзлэх, улмаар Нийслэл хүрээг эзлэх хүртэл бүхнийг Оросын хувьсгалчдын технологиор явуулсан байдаг юм. Оросын Дотоод яамныхан болон хувьсгалт хорооны шууд удирдлагаар Хүрээний ба консулын “хоёр бүлгэм” нийлж хурал хийж, тамгатай болж, бичиг сачиг гаргасан түүхийг бид мэднэ. Түшмэдийн нам гэгдэж байсан Данзангийн бүлгийг Бодоогийнхон тийм ч сайнаар хүлээн аваагүй төдийгүй Бодоо, Данзан хоёрын хожмын зөрчлийн эх үүсвэр орос хувьсгалчийн зохион байгуулсан Хүрээний ба консулын хоёр бүлгэмийг хүчээр нийлүүлсэн механик нэгдлээс гарсан байж болох юм. Хүрээний ба Консулын хоёр нам нийлэхэд аль алинд нь орос хүмүүс мэргэжлийн хувьсгалчид ажиллаж байсныг судлаачид нотолжээ. Гэвч тэр үеийн Оросын Дотоод яамныхан мэргэжлийн хувьсгалч нар хэдийд, хэдүүлээ, ямар зорилгоор орж ирсэн, Монголын хувьсгалчдыг шууд зохион байгуулалт удирдлагаар хангасны цаад бодлого юу байв гэдгийг судлаагүй. Хүрээнд 1919 оноос хойш үйл ажиллагаа явуулсан улаан Оросын мэргэжлийн хувьсгалчид МАН-ыг шууд зохион байгуулж, удирдлагаар ханган Москвагаас цэрэг гуйх бичиг үйлдүүлэн Ардын намынхныг дагуулаад хойшоо явсан гэж ойлгож болно. Оросын улаан намын холбоотон Хятадын ардын намын цэрэг Монголын нийслэл Хүрээг эзэлсэн цаг үе. Гамин цэргүүд Богд хаант Монгол Улс, тэр дундаа эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн монгол хувьсгалчдын хувьд хамгийн аюултай дайсан байсан. Харин коминтерний хувьд гамин цэрэг, түүний удирдлага улаан намын мөн нэг номерын холбоотон байсан юм. Тийм учраас гамингууд Богд хааныг шоронд хийж, Манлай баатар Дамдинсүрэн тэргүүтэй эх орончдыг тамлан шүүж байхад улаан талыг баримтлагч оросууд Нийслэл хүрээнд үйл ажиллагаагаа саадгүй явуулж байсан юм. Тэд Ардын намынхныг ивээлдээ аван хамгаалж, хил давуулж авч явсан байдаг. Хүрээг эзлээд байсан гамин цэргийн эрхтнүүд Монголын эрх баригчдыг Япон, Оросын цагаан намын цэрэг, Өмнөд Монголын ноёдтой харилцаа тогтоох, хүрээнд Монгол цэрэг бослого гаргахаас болгоомжилно уу гэхээс улаан оростой Ардын намынхны холбоо тогтоох оролдлогыг хориглохгүй байсан. Тэгэхээр Ардын намын анхны долоог хятадууд сэжиглэн, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын толгойг авчирч өгсөн хүнд арван мянган лан өгнө гэж зарлан явсан нь бас л кино түүх байсан юм шиг. Нийслэл хүрээнд Бароны цэрэгт бут цохиулаад хойшоо зугтаасан гамин цэргийн эрх баригчдыг Монголын хувьсгалын төлөөлөгчид тэр нэг өдөр хүлээн авч, уулзаж байсан юм. Эрхүү дэх Оросын консул О.Макстеник өөрийн байрандаа хүлээн авч хундага өргөсөн сонин түүх ч байдаг юм. 1920 он гэхэд Оросын большевик намынхан Хятадыг дэлхийн хувьсгалд татан оруулах төлөвлөгөө боловсруулан, аль хэдийнэ харилцаа тогтоож Монголын Хүрээг Хятадтай харилцах “Төв” болгосон байжээ. Тийм ч учраас Хятадын Гоминдоны нам, Монголын Ардын нам хоёр адилхан “Ардын нам” гэсэн утгатай үг байх нь дорно дахины ард түмний сэтгэл зүйд нийцнэ гэж коминтернийхэн тооцоолж байжээ.

Мөн Монгол Ардын намыг Өмнөд Монголын ардын намаас ялгахын тулд “Гадаад Монголын Ардын нам” гэсэн тодотголтой байгуулахаар ярилцан, гадаад Монголын Ардын намын тангарагийн бичгийг гаргасан байдаг. Тэгэхээр Нийслэл хүрээнд “Ардын нам”-ыг анхнаас нь улаан Оросын Хүрээн дэх хувьсгалт бүлгэм өлгийдөн авч бойжуулан, Хятадад дэлхийн хувьсгал хийлгэхээр бэлтгэх гэж төлөөлөгчдийг нь Москва руу дагуулан морджээ. 1921 оны Ардын хувьсгал цаг хугацааны хувьд гайхамшигтай, цахилгааны хурдаар хийгдсэн байдаг. Монголын хувьсгалчдын түрүүч Орос руу 1920 оны долдугаар сарын эхээр тусламж гуйхаар гараад л жил бололгүй 1921 оны долдугаар сарын эхэн гэхэд улаан армийг, зэр зэвсэг, цэргийн сургагчдын хамтаар эх орондоо дагуулан ирсэн байдаг. Ердөө ганцхан жилийн хугацаанд хойшоо явсан долоохон хувьсгалч аль ч улсын түүхэнд байгаагүй гэрлийн хурдаар хувьсгалыг эхлүүлсэн нь ийм учиртай.

Ердөө долоохон хүн Орос руу яваад Ленинтэй уулзаад, Коминтерний хуралд суугаад, цэргийн сургууль төгсөөд, хилийн цаана МАХН-ыг дахин байгуулаад, бүр түр Засгийн газар байгуулаад Алтанбулагт цэрэг татаад, Хиагтад үүрлэсэн 10 мянган гаминг бут цохиод үлгэрт л байж болмоор гайхамшигт хувьсгалын түүхэнд бид өнөө хүртэл үнэмшдэг. Улаан оросууд хүртэл цэрэг зэвсгийн хүчээр Монголыг эзлэн авсан гэмт хэрэгт орно гэж дэлхийгээс болгоомжлон, Оросууд ийм жүжиг тавьсан. Монголтой харьцалгүй завсарт нь буриадуудыг оруулж нарийн зохион байгуулсан юм. Улаан оросууд бүхнийг Оросын талын буриадуудаар дамжуулан хийж өөрсдөө ард нь нуугдаж байв. Үүгээрээ Москва Монголыг цэргийн хүчээр шууд эзлэн авч коммунист дэглэмээ тулган хүлээлгэсэн гэдгийг нотлох гэсэнгүй. Харин улаан орос, түүний дотоод яам Монголд мэргэжлийн хувьсгалч, алуурчдаа илгээсэн баримтыг олсноо бичих гэсэн юм. Оросууд Монголын нийслэл Хүрээг эзлэхэд том байлдаан болно гэж тооцоолон дэндүү их зэвсэг техник арми оруулсан байдаг. Нисэх онгоц хүртэл хоёрыг Монголын хувьсгалчдад өгснийг түүх гэрчилнэ. Зэвсгийн хүчээр том тулалдаанаар Монголыг эзлэн нийслэл Хүрээг авна. Коммунист Засгийн газар байгуулна. Засгийг авсны дараа хөрөнгөтнүүд, Чингисийн алтан ургийнхан, лам нарын устгал хийнэ гэж тооцоолсон. Улаан армийн түрүүчтэй цуг Оросын дотоод яамныхан болон зартай алуурчдын багийг явуулсан байв.

Оросууд ар Монголын Ерөнхий сайдаар өөрийн хүнээ тавьж, бүх хяналтыг өөртөө авна гэж тооцсон. Гэвч Богд хаант Засгийн газар ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй, харин ч найрсгаар хүлээн авч бууж өгсөн. Харин оросууд Ерөнхий сайдаар өөрийн бэлтгэсэн хүнээ тавьж чадаагүй. Гэхдээ Бодоо бол яах аргагүй Ардын намын анхны долоогийн нэг байсан. Монголчуудад Ерөнхий сайд гэж хүлээн зөвшөөрөгдөх ганц хүн нь Бодоо байлаа. Харин Улаан оросууд мэргэжлийн алуурчдаа Бодоогийн Засгийн газрын сайдуудын зөвлөхөөр тавьжээ. Ар Монгол дахь хувьсгалыг Москвагаас Чечерин удирдаж, Консул О.Макстников, А.Черпанов, Б.З.Шумяцкий нар голлон Хятад, гадаад Монголын асуудлыг хариуцаж байлаа. Э.Ринчино, Цэдэн-Иш, Жамболон, Баламсуу, Бадамжав, Ж.Цэвээн зэрэг Оросын буриадууд коминтернийг Монголтой холбож байсан түүхтэй. Москва дэлхийн хувьсгалын төлөө амь хайргүй тэмцдэг шалгарсан алуурчдаа Монгол руу илгээж байжээ. Монгол Улсад тууштай хувьсгалч, шалгарсан алан хядагч нараа илгээж байснаар нь Кремль Монголын хувьсгалд ямар ач холбогдол өгч байсныг хэмжиж болох мэт. Москва дотоод яамны анхны 36 зөвлөх сургагч нараа, Монголын хувьсгалд зориулагдах зэр зэвсэг Чита хотод ирсэн өдөр Монгол руу оруулсан байна. Зөвлөх, сургагч, мөрдөн байцаагч, төлөөлөгч нарыг Монгол Улсын Засгийн газраас биш коминтерн бодлого, шууд удирдлагаар хангана. Заримынх нь нэрийг дурдваас:

И.П.Сорокин: Зөвлөлтийн Дотоод яамны туршлагатай мөрдөн байцаагч. Бодоо, Чагдаржав зэрэг сайд нарыг мөрдөн байцааж байсан. Дараа нь Дотоод хэргийн ардын комиссарантын орлогчоор дэвшин ажилласан байдаг.

И.А.Сороковиков: 1920 оны тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр Монголд ирсэн. Намын бүлгийг төлөөлөн Бодоо, Х.Чойбалсан, Дугаржав, Жигмэддорж нартай уулзсан. Зөвлөлт Орос руу төлөөлөгчөө явуул гэдэг үүргийг Монголын хувьсгалчдад өгч байсан. Сороковиков Монголын хувьсгалчидтай уулзахдаа Оросоос гадаад Монголын Ардын намд зэвсэг өгнө гэдгийг амласан боловч зэвсгийн тоог урьдчилан хэлээгүй байна. Харин Монголд оруулах улаан армийн цэрэг ба зэвсгийн тоог бүр Москва хүрч байж тодорхой болгожээ.

Я.Г.Блюмкин: Зөвлөлтийн тагнуулчдын албыг үндэслэгчдийн нэг. Пролетарийн хувьсгалын нэрт алан хядагч, Троцкийн хувийн нарийн бичгийн дарга бөгөөд хувийн хамгаалалтын албаны дарга байсан. Ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч, Держенскийн “эрх дүү” гэгддэг. 1918 оны долдугаар сарын 6-нд Германы элчин сайд гүн Мирбахыг өргөөнд нь буудан хороосон амжилтаар дэвшсэн. Колчакийн амийг хороох ажиллагааг зохион байгуулсан. Унгерний эсрэг тэмцсэн улаан армийн 61 дүгээр бригадын командлагч, Оросын яруу найрагчидтай холбоотой байсан. Сергей Есининий аллагад сэжиглэгддэг. Ререхтэй хамт Монголд ламын дүрээр анх ирж байсан. 1922 онд Далай лам, Банчин богд хоёрыг эвлэрүүлэх ажиллагааг удирдсан, 1926-1927 онд Монголын аюулаас хамгаалахын ерөнхий сургагчаар ажиллаж байгаад зөвшөөрөлгүй буцсан. Троцкийн хамсаатан гэгдэж буудуулсан. Монголд Штенкин жанжны амийг хороосон.

Г.Г.Ягода: Я.Свердловын ойрын садан. Оросын аюулаас хамгаалахын нэрт мөрдөн байцаагч, шалгарсан алан хядагч, Зөвлөлтийн Дотоод яамны дэд сайд байсан. Улс төрийн хэрэгтнүүдэд цаазын ял хэрэглэх хуулийг хэрэгжүүлдэг. Зиновьев, Каменев нарын ялыг гүйцэтгэсэн. Эрхүүгийн цэргийн сургуулийн захирал бөгөөд Монголын аюулаас хамгаалах байгууллагыг хариуцсан ерөнхий сургагч. Ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч.

К.К.Батурин: Оросын аюулаас хамгаалахын ахлах мөрдөн байцаагч, сургагч. Монгол дахь улаан армийг хариуцсан ардын комиссарантын төлөөлөгч, Д.Сүхбаатарын гурван зөвлөхийн нэг. 1921-1922 онд Монголын цэргийн яамны тагнуулын газрын анхны даргаар даргаар ажиллаж улмаар дэвшин Москвад ардын комиссарантын газар очсон. Тууштай алан хядагч. Ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч.

Харти Кнуков: Халимагийн тусгай хорооны залхаан цээрлүүлэх үүрэг гүйцэтгэгч. Дотоод яамны мөрдөн байцаагч, Дамбийжаагийн аллагыг гүйцэтгэсэн. Яруу найрагч, ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч, тууштай алан хядагч.

И.М.Майский: Оросын Гадаад яамны дэд сайд, онцгой комиссын тусгай үүрэг гүйцэтгэгч. Хятад, Монголыг судлаач, ардын комиссарын орлогч, Эрхүүгийн цэргийн сургуулийн сургагч багш. Монголд хүн амын тооллого явуулах ажлын хэсгийг ахалж байсан. Эрдэмтэн, Монгол цэргийн жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын багш.

Л.М.Карахан: Оросын Дотоод яамны онцгой комиссын орлогч, Коминтерний гуравдугаар интернационалийн их хурлын тэргүүлэгч, Держенский нарын их ойрын хүн. Дундад Азид онцгой үүрэг гарамгай гүйцэтгэсний учир Москвад дэвшин ажилласан. 1921 онд АДБНУ, Монголд, 1922-1923 онд ЗХУ-ын Гадаад яамны Ази, дорнод хэлтсийн дарга, 1923-1925 онд Хятадад элчин сайд байхдаа Монголын асуудлыг хариуцаж байсан. Монголын хувьсгалчдад Москвагаас зэр зэвсэг олж өгөх ажилд их үүрэг гүйцэтгэсэн. Буриад монголчууд “Хар хаан” гэж хүндлэн дууддаг байсан нэгэн.

Б.З.Шумяцкий: Сибирийн цөллөгт “Гулаг олтриг”-ийн шоронгийн жирийн хуягаас эхлэн дэвшсэн хүн. Тууштай хувьсгалч. Ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч, Эрхүүгийн коминтерний штабын дарга. Зөвлөлт Орос улсын V армийн цэргийн зөвлөлийн гишүүн, Зөвлөлт Орос улсын гадаад хэргийн ардын комиссарантын Сибирь ба Монголыг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч, Коминтерний алс дорнодын нарийн бичгийн дарга нарын удирдагч, Монголын хувьсгалыг зохион байгуулагчийн ажил хийж явжээ. Бодоог Ерөнхий сайдынх нь ажлаас халсныг ч, дахин баривчилсныг ч, Бодоо, Чагдаржав нарыг онц хэрцгийгээр байцаан буудан алсныг ч гардан зохион байгуулагч удирдагч нь Шумяцкий, гүйцэтгэсэн нь Д.Сүхбаатар байжээ.

Энэ мэтчилэн Монголд ажиллаж байсан коминтерний төлөөлөгчид, алан хядагчид, мэргэжлийн хувьсгалчид, дипломатууд зөвлөхүүд, сургагч нарыг тоочоод барахгүй.

-К.А.Найман цэргийн тагнуул.

-Л.М.Летте шадар сайдын зөвлөх

-Э.Ринчино намын даргын зөвлөх

-П.И.Летвенцив мөрдөн байцаагч

-В.А.Хува. Д.Сүхбаатарын зөвлөх

-Н.М.Люборский Ерөнхий сайдын зөвлөх

-Н.И.Преобратенский мөрдөн байцаагч

-В.Г.Писаров мөрдөн байцаагч

-А.М.Ленский сургагч гээд Монголын дотоод хэрэгт оролцсон Оросын алан хядагчдын нэрс цааш үргэлжилнэ.

Зөвлөлт Орос улс 1919-1920 оны үед дундад Ази, Туркмен зэрэг улсад залхаан цээрлэл, аллага хядлага явуулж гарамгай гавьяа байгуулсан голдуу дотоод яам цэргийн шугамаар бэлтгэгдсэн алан хядагч нараа Монгол мэт чухал газар томилж байжээ. Мөн тэр Эрхүү хот дахь цэргийн 2-6 сарын курст алан хядагч бэлтгэх дотоод яамны курст байсан байна. Тус курсийг сайн төгссөн хэн боловч улаан арми, коминтернд алба хаах цалин авах төдийгүй буу зэвсгээр хангагдана. Мөн коминтерний хуулиар шийтгэгдэнэ.

Коминтерний хууль гэдэг нь коминтерн дэлхийн хувьсгалын төлөө байгууллага учраас энэ хувьсгалын төлөө амь биеэ зориулна. Хэрвээ урвасан тохиолдолд аль улсын иргэн хэн байх нь хамаагүй нэг хуулиар шийтгүүлнэ. Коминтернд элсэхэд тангараг өргөж байжээ. Эрхүүд байдаг цэргийн ийм сургуулийг Монголын хувьсгалчдаас Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нар төгсч тангараг өргөн, цалинтай ажилд орсон Оросын алан хядагчид Монголд ажиллахдаа яргаллыг Монгол Улсын Ерөнхий сайд Бодоо, Монгол Улсын тэргүүн шадар сайд Чагдаржав нараар эхэлсэн байдаг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нутгийн чулуу

НЭГ. ДОЛЛАР ӨСЛӨӨ ГЭЭД ДОЛЛАР ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ХҮМҮҮС БООЖ ҮХЭХ НЬ ЭЭ

Доллар гэдэг ногоон мөнгөний ханш өсөхөд доллар байтугай монгол төгрөг цөөхөнтэй хүмүүс боож үхэх нь ээ. Улстөрч, оюутан, сэтгүүлч, захын архичин, траншейныхан, хөдөөгийн малчин, эмнэлгийн өвчтөнгүүд бүгд л долларын ханш өсч амьдрал сүйрч байна гэж үглэх юм. Үнэндээ Монголын хөдөө тэр аяараа, дээр нь хотын мань мэтэд долларын өсөлт ямар ч хамаагүй. Зүйрлэбэл биеэ үнэлэгч бензиний үнэ нэмэгдсэн болохоор би үнээ нэмлээ гэдэг шиг л юм болоод байна. Тэгвэл иргэд юунд бухимдаад байгаа юм бол оо. Зун, намрын зугаа наадам нь дуусч, бүх хүн хотод орж ирэн түгжрээд ирэхээр л уурсч байгаа нь тэр. Монгол хүн наадаж наргиж амраад л байвал улаан мөнгөгүй ч болоод л, сайхан аашлаад л уухайлаад байдаг. Найр наадам дуусч, сургууль, ажил цуглаж, цаг бүртгэж, бусдын өмнө хариуцлага үүрэх болохоороо зэрэг уур бухимдал нь хөд­лөөд ирдэг юм. Жилийн жилд л ийм. Намар болоод хадлан бордоо, өвөл­жилтийн бэлтгэл болохоор л бухимдсандаа ханш нь өсч байгаа доллар, Засгийн газар хоёрыг барьж идэх гэж байгаа юм даа. Үнэндээ манай эдийн засаг дэлхийгээс ямар ч хамааралгүй. Харин Эрээнээс хамаа­ралтай эдийн засаг бай­даг гэдгийг олон хүн мэднэ. Монголын хөдөө аж ахуй, мал, газар тариа­лан дэлхийтэй хамаа­ралгүй зөвхөн тэнгэрээс хамааралтайг мэдсээр байж худлаа улстөрждөг. Монгол Улсын талаас илүү хувь нь хөдөө, бүүр хөдөө тэнд амьдарч чаддаг бол ямар сайхан байна гээч. Долларын өсөлтийг мэдрэх байтугай монгол мөнгө ч хэрэггүй тийм сайхан газар нутаг чинь бэлэн байна. Нэг үеэ бодвол хөдөөгийнхний амьдрал сайжирчээ. Хөдөөд малчин, саальчин гэрийн багш, ер нь хүн л хэрэгтэй байна. Олон хүн хооллож, хувцаслах мал тал хоёр бэлэн байна. Ухаантай амьдарч чадвал баялаг хөл доор асгаран хэвтэж байна. Хөдөөгийнхөн хонь хургандаа явнаа “хужаа мотоцикль”-оо асаа гэнэ. Аргал усны “Аксент” бэлэн байна. Найр наадамд болон хот орохдоо унах “Ланд” сойгоостой айлууд олон болжээ. Хоёр хүүхэд нь хотод оюутан ноднин томд нь, энэ жил багад нь байр авч өглөө гэх бийлэгжүү малчид олшров. Тэдэнд долларын ханш өсөх байтугай, төгрөгийн хомсдол нүүрлэсэн ч хамаагүй. Бүүр эдийн засгийн утгаар нь ярих юм бол доллар өсөх нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ашигтай. Тавин сая малаа ашиглаад бүтээг­дэхүүнийг нь дэлхийн зах дээр гаргахад тас гээд явчихна. Монголын алт, зэс нүүрсийг нь гадаад орнууд нэг, хоёр жил бага үнээр аваа л биз. Энэ чинь малаараа амьдраад өдий хүрсэн Монгол Улс шүү дээ. Юунд нь сүйд болдог юм. Уул уурхайн бүтээгдэхүүн үнэд орох цаг ирнэ. Монгол хүн ялангуяа мань мэт нь тэгээд тун олон хүмүүс уурлан бухимдан заавал Улаанбаатарт амьд­раад байм­гүй байна. Интернэтийн сүлжээтэй, зас­мал замтай 100-150 км газарт л амар амгалан, экологийн цэвэр бүтээгдэхүүн хүртсэн шиг амьдрах тийм сайхан ахуй харин ч нэг байна даа. Газар доорхи алт эрдэнэс ашигт малтмал нь ухаж төнхөөд барахгүй гэхэд газар дээр ил байгаа эрдэнийн чулууг нь зөө­гөөд барахгүй тийм сайхан газар нутаг минь.

ХОЁР. НУТГИЙН ЧУЛУУ

Төв аймгийн Баян сум. Манай суманд нэг үеэ бодвол алт, төмрийн хүдэр, нүүрс, бетум зэрэг ашигт малтмалын хайгуул хийгдэж зарим нь олборлож эхэлжээ. Төмрийн хүдрийг машин машинаар нь зөөж байна. Хуучин сумын төв байсан Хамар усанд геологийн анги барилга байшин бариад төвхнөчихөж. Баян-Эрхэтийн бетумын орд, Төгрөгийн нүүрсний уурхай үйл ажиллагаагаа явуулж гурван ч газар алтны шороон орд ухаж бас нөөцөөрөө Монголд томдоо орох алтны шинэ орд Цантад илэрчээ. Одоо яаж ашиглахаа сумын ард түмэнтэйгээ хамтарч ярих хэрэгтэй болоод байна. Элэгний рашааны уулнаас үзмэн мана гэдэг чулуу олдож хууль бус хулгайн чулууч­дын шуналыг хөдөлгөөд удлаа. Атгын чинээ үзмэн мана олсон хүн 60-70 сая төгрөгөөр зардаг гэнэ. Мана чулууны олбор­логчдыг нутгийнхан “Манын хулгайчууд” гэдэг юм. Элгэний уул тэр аяараа үзмэн хүрэн чулуутай, уулын ар, өвөр судгийг ухна. Мана чулууг ухаж гаргаад Өмнөговь аймгаар дамжуулаад хил гар­гаж зардаг гэнэ. Суманд байгаа ганц цагдаа бензиний мөнгөгүй, Засаг дарга “Ланд” унасан чулууны хулгайчуудыг яаж гүйцэх вэ. Өмнөговиос чулууны мэргэжилтэн гэж нэг хятад чулууг дуранбайгаар хараад л худалдан авах үнээ хэлдэг гэнэ. Аз нь дайрсан манын хулгайч нэг чулуу олоод л шууд “Ланд-105”-ын үнээр өгч, авч байхыг харсан гэж байгаа хүмүүс байх л юм. Манын хулгайчид чулууг ухаж олборлоод таван жил болж байгаа боловч манай сумын энэ хонхроос нэг ч айл мана зарж баяжаагүй л байх юм. Тал нутгийн өөр нэг эрдэнийн чулууны баялаг бол манай нутагт хаа сайгүй асгарсан байдаг алаг чулуу буюу өнгийн чулуу. Элгэн, Наран, Ботгон, Төгрөгийн говьд эрдэнийн чулуу өнгө алаглан дэвсээстэй бай­даг. Ёстой есөн өнгийн солон­го шиг өнгийн чулуу бий. Миний нутгийн чулуу маань үнэд оржээ. Микро автобус хөлөглөсөн чулуучингууд ирээд л ундааны лааз барьчихаад л өдөржин мөлхөж чулуу түүгээд явах юм. Нэг кг чулууг 70 мянган төгрөгөөр Хятадад зардаг гэнэ. Чулуу түүж байгаа хүмүүстэй уулзлаа. Өнгийн чулууг түүхэд мэргэжил, мэдээ­лэл туршлага хэрэгтэй. Хэдэн монгол дагуулсан нэг хятад, бас нэг өвөр монгол явах. Түүсэн чулуу нь засч ажил болголгүй шууд өнгөлөөд ээмэг, бөгж зүүлт болж байвал өндөр үнэтэй. Харин цав цагаан чулуу бол бүүр өндөр үнэтэй гэх. Чулуугаар юм хийдэг чулуучингуудын дарга хятад (инжаан) дархан, өвөрмонгол орчуулагчтай уулзлаа. Хятадад ердөө таван зоосны үнэтэй, хямдхан ээмэг, бөгж, зүүлт зүүхээс өөр хөрөнгөгүй 500 сая охид бүсгүйчүүд байна шүү. Тэднийг гоёх эрдэнийн чулуунууд танай тал нутагт хэвтэж байна шүү. Манай нутагт танай чулуу шиг олон охид бүсгүйчүүд байна шүү. Гоёлыг бидний инжаанууд хийж өгөхөд баяжина ваа гэх. Хятадын ядуу охид бүсгүйчүүдэд тал нутагийн чулуу хуванцар шил шаазангаас хамаагүй илүү үнэд хүрдэг гэнээ. Үнэхээр тэд нэг лааз чулууг 70 мянган төгрөгөөр авах нь юу ч биш, сайн өгч чадвал ширхэг чулууг нэг хоёр \юань\ зоосоор авна гэдэг юм билээ. Би багадаа эрдэнийн чулуугаар тоглож хонь мал шидэж явж дээ. Тэр чулуу маань үнэд орж. Чулуугаа зарсан ч улс орон минь хөгжинө гэж бодсон ч сум орон нутагт ямар ч татвар төлөхгүй хятад дугуулсан монголчууд авч хил давуулаад байна гэхээр хармын сэтгэл төрөөд явчихна. Үзмэн мана илрээд таван жил, алаг чулуу үнэд ороод гурван ч жил болж байгаа боловч түүсэн олсон, авсан зарсандаа өлзийгөө өгсөнгүй ярина. Манын хоёр ч хулгайч гэр бүлээрээ том осолд оржээ. Нутгийнхаа чулууг зааж өгдөг нэг нөхөр машинаас хөмөрч бэртээд хүнд гэнэ. Манай нутгийн Мааньт. Баянхангай. Ёлхорсүрэн, Дэлгэрцогт хангай чулуу, ан амьтандаа даан ч их харамч даа. Болгоомжтой л оролдоорой доо.

“Мөнгө төгрөг хэрэггүй тийм сайхан газар нутаг” тэмдэглэлийн үргэлжлэл, 2013 оны есдүгээр сар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүх мөнгөний 80 хувь нь бүсгүйчүүдийн түрийвчинд байдаг

Нэгэн сонирхолтой судал­гааг Мечиганы их сургуулийн эдийн засаг, социологийн эрдэмтэд хийжээ. Энэ нь эхлээд жендерт тухайлбал, эдийн засаг, санхүүгийн эрх мэдэл нь хэнд байна гэсэн асуудал хөндсөн байна. Дэлхий дээр байгаа бүх бэлэн мөнгийг хэн хаагуур, юунд зарцуулж дахин хуваарилалтад оруулж байна гэж үзжээ. Тэгсэн чинь ерөөсөө л бүх мөнгөний санхүүгийн эрх мэдэл эмэгтэйчүүдэд байжээ. Бүх мөнгөний 80 гаран хувийг эмэгтэйчүүд захиран зарцуулж байна гэсэн дүгнэлт гарч эрдэмтдийг гайхшруулжээ. “Гайхширсан” гэхийн учир нь дэлхийн бүх Засгийн газрууд, томоохон банк корпорациуд 90 хувь нь эрчүүдийн мэдэлд байдаг.

Гэтэл яахаараа дахин хуваагдалд орсон бүх мөнгөний 80 гаран хувь нь эмэгтэйчүүдийн түрийвчинд орсныг тайлбарлаж чадахгүй байна. Тэгвэл бүсгүйчүүдийн цүнх түрийвч зүгээр л мөнгө уургалах ид шидтэй гэж үү. “Эрчүүд эдийн засаг, санхүүгийн эрх мэдлээ л ингэтлээ алдсан юм бол бусад эрх мэдлийн тухай яриад ч хэрэггүй” гэж дүгнэжээ. Гэвч жендерийн төлөө тэмцэгч баатарлаг эмэгтэйчүүд энэ дүгнэлтийг хүлээн авахыг хүсэхгүй байгаа гэнэ. Эмэгтэйчүүд өдий хүртэл хөрөнгө санхүүгийн том эрх мэдлээ нуусаар ирсэн байна. Судлаачид бараа үйлдвэрлэлийг авч үзжээ. Дэлхий дээр үйлдвэрлэсэн бэлэн хувцас зэрэг аж үйлдвэрийн барааны 75 хувийг эмэгтэйчүүд, хүүхдийн хувцас эзэлсэн байв. Бас гоо сайхны бараа, алт үнэт эдлэлийн үйлдвэрлэл эрэлт нийлүүлэлт нь өнөө эрэгтэйчүүдэд үлдсэн 15 хувиас даваад явчихсан байна. За яахав. Дэлхийд бол тийм байдаг байж. Хүүхнүүдийн цүнхэнд бүх мөнгө явдаг юм биз. Харин манайд ямар байдаг юм бол доо. Сүрхий хэл амтай хүүхнүүд сүүлийн хэдэн жил жендер гэж мундаг ярьж байгаа даа. Ерөөсөө л дээрээсээ авахуулаад, Их хурал, Засгийн газрын гишүүдээсээ эхлээд бүх албан тушаал дээр эрчүүдтэй яг адилхан байх ёстой, 50 хувь байх ёстой гэж тэмцэж байгаа. Бүх шатны сонгуулийн нэр дэвшилтэд хүйсийн харьцаа адилхан байх зарчмаа батлуулаад авсан. Улс төрд эрчүүд нь идэж уусан хэрэгт холбогдоод ирэхээр ард түмэн эмэгтэйчүүддээ итгэл үзүүлж тэднийг дэмжиж байгаа. Тун удахгүй Норвеги, Швед шиг хүүхнүүд нь төрийн ажлыг амжуулж, эрчүүд нь усан онгоцоор зугаалсан улс орон болох байлгүй. Жендерийн ийм бодлогыг Ерөнхийлөгч ч, улс төрийн намууд ч айхтар дэмжээд байгаа шүү. Түүхээсээ Монгол Улс чинь улсынхаа хааны эзгүйд хатад нь гүрэн толгойлж явсан жээндэрсэг гүрэн.

Социализмын үед “хөөрхий бидний бүсгүйчүүд хүмүүжихийн замыг дагасан”, эмэгтэйчүүд нь гадуурхагдаж үзээгүй түүхтэй улс орон. Япон Солонгос, Хятад зэрэг улсуудыг бодвол манай хүүхнүүд эрх чөлөөгөө эдэлсээр ирснээрээ дэлхийд байг гэхэд Азидаа тэргүүлэх байх.

Манай хүүхнүүд улс төрийн эрх чөлөөгөөрөө түүхийн аль ч үедээ боолчлогдоогүй ээ. Харин санхүү эдийн засгийн эрх чөлөө нь ямар байдаг юм бол доо. Судалгаа хийсэн газар байгууллага үнэндээ алга байна. Монголын мөнгөний захиран зарцуулах эрх мэдэл эрчүүдэд байна уу. Мөн л дэлхийтэй адилхан 80 гаран хувийг эзлэх тэр их мөнгө эмэгтэйчүүдийн цүнхэнд явна уу. Энэ мөнгө Монголд ч гэсэн ялгаагүй эмэгтэйчүүдийн цүнхэнд яваа гэж итгэлтэй хэлнэ. Бэлэн хувцасны дэлгүүрүүдийг харахад голдуу л эмэгтэйчүүдийн бараа байдаг биз дээ. Саяхан твиттерт нэг хөөрхөн зураг тавигдсан байсан. Нэг айлын гутлын шүүгээг онгойлгоод зургийг нь авчихсан чинь эмэгтэй хүний 6-7 гутлын дунд эр хүний ганцхан пүүз байхыг харуулсан маш сайн зураг байсан шүү. Би нэг найзаасаа танай авгай юу хийж байна гэсэн чинь цаадах чинь даашинзаа тоолоод л сууж байна. Үе үе тоо, өнгийг нь алдчихаад нэгээс эхэлж тоолоод тэрэндээ саатаад суудаг юм гэсэн. Бас даашинзаа биедээ биш, биеэ даашинзандаа тааруулах гэж эхнэр нь маш их ажил болдог тухай их хөгжилтэй ярьсан юм. Харин би найзаасаа чи чинь ер нь хэдэн костюмтай билээ гэхэд “Энгийн үед өмсдөг нэг юм бий. Хурлын нэг бий чи мэднэ дээ тэгээд дуусаа” гэсэн. Монголын хөдөөд ч гэсэн хувийнхаа мал хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл эмэгтэйд нь хадгалагддаг юм. Миний эргэн тойронд эрхэм гишүүн сайд дарга, сэтгүүлч, цагдаа, “Нарантуул”-ын наймаачин, малчин зэрэг олон хүн байдаг. Тэдний гэр бүлийн төсвийн захиран зарцуулах эрх мэдэл эхнэр гэдэг “Ерөнхий сайдад” хадгалагддаг. Тэгвэл дэлхийн бүх мөнгийг цүнхэлсэн “Ерөнхий сайдууд” тэр их баялгийг зөв хуваарилж чадаж байгаа бил үү. Гэр бүлийн хувьд сөрөг хүчин болсон эрчүүд түүнд ямар хяналт тавьж байв гээд асуудал хөндөгдөж байна. Айл гэрийн эхнэр гэдэг “Ерөнхий сайдууд” албан тушаалаа хэтрүүлэн өөртөө 80 хувийг, нөхөртөө 20 хувийг зарцуулдаг юм биш биз дээ.

Ер нь газар болгонд эрчүүд сүйрч байна, тэд ялагдаж байна гэж бичих, ярих болов. Гэр бүлийн соёлтой жендерийн хамгийн мэдрэмжтэй гэдэг Европт ийм хэлц үг байдаг. Нийгэмд эзлэх хүндлэл байр сууриар нэгд хүүхэд, хоёрт эмэгтэй хүн, гуравт нохой, түүний дараагаар эрчүүд орно гэдэг байна. Эмэгтэйчүүд жендер гэж албан тушаалын адил оролцоог хүчтэй тавьж байна. Тэр нь амжилтад хүрч соёлт хүн төрөлхтөн зөвшөөрч эрчүүд бууж өгч байна. Гэвч эрдэмтэд нэг зүйлийг сөргүүлэн тавьж байна. Санхүүгийнхээ эрх мэдлийг эрчүүд авах, ядахдаа 50 хувийг нь эдлэхийг хуульчлах хэрэгтэй гэлээ. Хөрөнгө барихаасаа эрчүүд айдаг гэнэ. Өөрөөр тайлбарлавал, мөнгө санхүүгийн эрх мэдлээ эмэгтэйчүүддээ найр тавин өгч байна. Сүүлийн үеийн ойлголтоор эр, эм хоёр хүйс адилхан тэнцүү тоогоор ажилд орохыг жендер гэдэггүй болж байна. Жендер гэдэг ойлголт одоо эргээд өөрчлөгдөж байгаа. Жендер гэдэг бол “бурхнаас эр, эм хүнд оногдсон жам ёсны хуваарь” түүнийг эвдэгдэхгүй байхыг хэлнэ гэсэн үзэл давамгайлжээ. Эр хүн нь хүүхэд хийж, юм хум олж зөөж ирж, эм нь хүүхэд төрүүлж асарч тэжээж, эрчүүдийн олж зөөсөн баялгийг борлуулна. Хөдөлмөрийн ийм хуваарь өөрчлөгдөх тутам сөрөг үзэгдэл гардаг гэнэ.

Ажлынхаа байрыг ч, санхүүгийнхээ эрх мэдлийг ч булаалгасан эрчүүд газар бүр доройтож байгааг судлаачид үгүйсгэхгүй байна. Эрчүүд сул дорой хүйстэн боллоо. Эрчүүдгүй амьдрах моод ч түгэж, элдэв гаж хүйснүүдийн учир олдохоо болив. Үүнийг бас л мөнгөний эрх мэдэлтэй холбон тайлбарлах боллоо. Дэлхийн бүх мөнгө хүүхнүүдийн цүнхэнд явдаг гэнэ шүү. Хамгийн хачирхалтай нь эрчүүд мөнгөний эрх мэдлээс татгалздаг бол хүүхнүүд санхүү мөнгөний эрх мэдлээ хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй ажээ. Гоо сайхан ертөнцийг аварна гэж хийсвэр үг. Харин эмэгтэйчүүдийн алт үнэт эдлэл, гоо сайхандаа зарцуулж байгаа бараагаа 20 хувиар хэмнэхэд л гайхам үзүүлэлт гарч сая сая хүүхдүүд өлсгөлөнгөөс аврагдах ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Утаанаас угаар нь найдвартай”

Манай нийслэлд нийслэлийн төр, захиргааны байгууллага, нийт иргэд бахархан тэмдэглэмээр нэгэн онцлог үйл явдал тохиожээ. Улаанбаатар хот маань агаарын бохирдлоороо дэлхийн бүх хотуудаас хоёрдугаар байрт оров. Гэхдээ анх удаа хоёрдугаар байр эзэлж нэгдүгээр байрны алтан медалийн оосроос атгаад алджээ. Хэрвээ үнэн зөвөөр нь шүүсэн бол нэгдүгээр байр эзлэх байсан гэсэн үг. Бүх улс орны хотуудыг агаарын бохирдлоор нь уралдуулах дэлхийн аваргын тэмцээнд анх удаа уралдаад л ийм амжилт гаргаж байгаа юм чинь ирэх жил нэгдүгээр байр эзлэх боломж алтан найдвар байна аа. Харин нэгдүгээр байрт Ираны Авхаз хот оржээ. Гуравт нь бас л Ираны Санадаж, Дөрөвт нь Энэтхэгийн Лудхиана хот. Дараа нь Пакистаны Кюетта хот оржээ. Арвын доторхи шагналт байруудад дахиад л Ираны дөрвөн хот орсон байх юм. Удахгүй нийслэлийн парламентынхан, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхонтой хамт хоёрдугаар байрын мөнгөн медалийн шагналыг хүлээн авахаар өргөн бүрэл­дэхүүнтэйгээр Стокгольм хотыг зорих болно.

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг дээ. Нефтиэр баян, бас яаж ч мэдэхээр террористууд байдаг болохоор нь шүүгч нар илт Ираны хотуудыг лоббидсон юм шиг байна билээ. Агаарын бохирдлын хэмжээгээр хүн амьдрахад аюултай түвшинд хүрсэн гэдэг үзүүлэлтээрээ Улаанбаатар хот маань нэгдүгээр байрын Авхаз хотоос хол түрүүлсэн байхад Монголын Улаанбаатарыг биш Ираны Авхазыг түрүүлүүлнэ гэдэг чинь хардахаас өөрөөр яах билээ. Агаарын бохирдлоос нөлөөлж нас барсан хүний тоо гэдэг үзүүлэлтээр манай Монголын Улаанбаатар хотыг нойллож байгаа юм даа. Гомдмоор байгаа биз. Мэдээж Иран улсын Авхаз хотын удирдлагууд сэргэлэн болохоороо бууны сум, дэлбэрэлтэд өртөж үхсэн хүмүүсээ агаарын бохирдлоос болсон гээд мэдээлчихсэн байх гэж бодож байна. Тэр улс хотын удирдлагууд нь, хэзээ нэгэн цагт дайнгүй болно тэгвэл ядаж агаарын бохирдлоосоо салах хөрөнгө оруулалт салгаад авчих ухаан сийлж байгаа байхгүй юу. Манай хотынхон ч гэсэн агаарын бохирдол энээ тэрээ гэж байгаад Мянганы сорилын сангаас хангалттай мөнгө салгадаг. Энэ мөнгөний тоо бол миний муу гар утасны тооны машинд багтахгүй л дээ. Тавдугаар цахилгаан станц бариад хүлээлгэж өгөөд, бүх айлыг цахилгааны эх үүсвэрээр үнэгүй дулаацуулаад, цаашаагаа гадаадад цахилгаан, дотооддоо дулаан гаргахаар мөнгийг агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрт зарцуулсан байна билээ. Тавдугаар цахилгаан станцыг дэд бүтцийнх нь хамт бариад утаанаасаа хагацъя гэвэл ердөө 1.7 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж эрдэмтэд тооцоолсон. Ийм мөнгө буцалтгүй тусламжаар өгье, утаанаасаа сал гээд байхад манайхан зөрүүдлээд заавал дэлхийд нэгдүгээр байрт орно гээд авахгүй байгаа юм билээ. Ийм хэмжээний мөнгөө зүгээр л хамгийн туршлагатай MCS компанид ганц цахилгаан станц бариад өгчих эргэж төлүүлэхгүй хоёр тэрбум ам.доллар хаячихаж болмоор юм. Гэтэл энэ компанийг заавал галладаг зуух оруулж ир гэж тушаажээ. Бас өөр олон зуух энд тэндээс зөөж дотоодод үйлдвэрлэж байна. Өнөө зуухыг нь улс төрчид шалгаж энэ өвөл, ер нь өвөл бүр “турших” юм гэнэ. Одоо зуухыг тараана, тараахгүй, авна, өгнө гэж гэр хорооллоор дүүрэн бөөн хэрүүл. Туршилтын объект нь гэр хорооллынхон болохоор зайлуул тэд бас утаагаа угаараар солихгүй гэж гүрийх шинжтэй. Зуух авсан айлууд угаартаж эхлээд байна. Ялангуяа нойтон мод нүүрсээр галлаад дулаанаа манана гээд яндангаа хаавал угаартах нь их байгаа тухай гомдол салахаа больжээ. Шинэ зуухны утаа нь үл мэдэг бага ч гэсэн угаар ихтэй нь батлагдлаа. Утаа бол яахав дээ, монголчуудын хувьд аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн болохоор сурсан дассан юм. Утаатай гэр, унгастай хөнжил дулаахан гээд манайхан болоод л байсан. Харин угаар бол найдвартай даа. Галаа цогшуулалгүй баагуулаад унтахад маргааш нь эргэж босож ирэхгүй бүгдээрээ чад. Тун найдвартай байгаа биз. Манай сүүлийн үеийн улс төрчид, утааны бизнес эрхлэгчид ийм үг ярьдаг болсон. Гэрийн пийшингийн утааг бууруулна. Яндангаас утаа гаргахгүй. Яндан бөглөнө, энэ онд 60 мянган яндан, ирэх жил 30 мянган яндан бөглөнө гэж ярьдаг болсон. Голомтоороо бүгдээрээ байхгүй болохыг ингэж хэлдэг тун муухай үг байхгүй юу. Утааг угаараар ингэж солих нь үнэхээр муу талаасаа бол найдвартай. Пийшингийн угаар гэдэг дэлхийд бөөнөөр хорих газруудад найдвартайгаараа бас л туршигдсан зүйл дээ. Ном зохиолд байдаг даа, бөөнөөр хорих газруудын хоригдлуудыг усанд оруулаад л угаарын хий гүйлгэдэг. Утаанаас угаар нь илүү найдвартай гэхийн бас нэг тайлал бий. Утаа бол зүгээр л уушгины өвчин тусгана. Өвчлөгч этгээд ажил хийж чадахгүй олон жил амьд явна шүү дээ. Угаар бол ердөө хоёрхон цагийн дотор нам. Угаартсан хүн эргэж босож ирэхгүй нэг мөсөн ядуурлаас гарна. Харин ирэх жилүүдэд Улаанбаатар хот маань агаарын бохирдлоороо ч, түүнээс болж эрсэдсэн хүний тоогоороо ч дэлхийн хотуудаас ямар ч маргаангүй нэгдүгээр байр эзэлж алтан медаль хүртэнэ. Энэ жил мөнгөн медаль ирэх жилүүдэд алтан медаль хүртэнэ. Харин мөнгө алтан медалиудыг угааж их найр хийх л үлдлээ. Хүн амаа гэр хорооллынхныг үүрд ядуурлаас гаргахад утаанаас угаар нь илүү найдвартай.

ДЭЛХИЙН ХАМГИЙН БОХИР АГААРТАЙ 10 ХОТ

“Тайм” сэтгүүл хамгийн их агаарын бохирдолтой дэлхийн 10 хотыг нэрлэжээ. Тус сэтгүүлийн шалгаруулалтаар манай Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын аман хүзүүд жагссан байна.Тайм сэтгүүлийн материалыг орчуулан хүргэж байна.

Манай гаригийн озоны давхарга болон агаарын бохирдлын стандартыг чангатгах тухай амлалтаасаа няцаж байна хэмээн Америкийн байгаль хамгаалагчид ерөнхийлөгч Барак Обамагаа буруутгаж байгаа билээ. Гэвч Америкийн ногоонтнууд дэлхийн бусад улс орон, газар нутагт байдал үүнээс ч долоон дор байгааг бас бодолцох учиртай. ДЭМБ-ын шинэ тайлан илтгэлийн гол сэдвийн нэг нь дэлхий даяархи хотуудын агаарын бохирдлын асуудал болжээ. Үлэмж бохирдолтой хотуудын ихэнх нь хөгжиж буй орнуудынх. Чухамдаа ийм орнуудад ядуурал, бохир хуучин тээврийн хэрэгсэл, хоцрогдсон үйлдвэр завод, цахилгаан станц байдаг нь тодорхой зүйл. Тэд бас хөгжингүй орнуудад хэрэгжээд удаж буй экологийн хэм хэмжээг бараг мөрддөггүй. Агаарын бохирдолтой гэхээр л Бээжин, Чунцин, Бангкок, Мехико хотыг хэн хүнгүй нэрлэдэг бол энэ удаад тэдний аль нь ч биш харин эдийн засгийн эрчимтэй хөгжлийн төв биш жижгэвтэр хотууд агаарын бохирдлын хэмжээгээрээ тэргүүлж байна. Тэдний ихэнхи нь Иран болон өмнөд Азийн хотууд юм. Агаарын хамгийн их бохирдолтой 10 хот.

1. Авхаз, Иран

2. Улаанбаатар, Монгол

3. Санадаж, Иран

4. Лудхиана, Энэтхэг

5. Кветта, Пакистан

6. Керманшах, Иран

7. Пешавар, Пакистан

8. Габороне, Ботсвана

9. Ясөүж, Иран

10. Канроп, Энэтхэг

Эдгээр хотуудад адил төстэй зүйл бий. Юуны өмнө тэд бүгд ядуу. Гэхдээ Африкийн Ботсваны хувьд арай өөр, эндхийн оршин суугчдын дундаж бодит орлого 8000 ам.доллараас давдаг. Дээрх хотуудын оршин суугчид өтгөн утаа гаргадаг хатуу түлш, тухайлбал мод, тэр ч бүү хэл малын өтөг баас зэргийг түлдэг. Үүн дээр хуучирч муудсан дизель хөдөлгүүрт автомашин, байнга нэмэгдэж байгаа ядуусын хороолол, хүн амын нягтрал болон Улаанбаатар мэтийн үнэмлэхүй хүйтэн хотын цаг агаарын нөлөөлөл нэмэгдэж байгаа юм. Энэ бүхэн нь агаарын бохирдлын үндсэн шалтгаан болж байна. Гэвч энэ бол асуудлын гаднах өнгө төрх. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд маш ноцтой аюул учруулж байгаад асуудлын гол гогцоо оршиж байгаа юм. ДЭМБ-ын гаргасан тооцоогоор ядуу буурай улс орны хотуудын хоёр саяас доошгүй хүн бохир агаарын улмаас жил бүр хугацаанаасаа өмнө хорвоог орхидог гэжээ. Энэ нь жил бүр ДОХ өвчний улмаас нас барагчдын тооноос ч их байгаа юм. Түүнээс гадна эрдэмтэд бохир агаар нь хүний цусанд нэвтрэн орж зүрх судасны ноцтой өвчин үүсгэдэг болохыг тогтоогоод байгаа. Амьтан дээр хийсэн туршилтаас харвал агаарын бохирдол тархинд ноцтой нөлөөлдөг аж.

ДЭМБ агаарын бохирдлын хэмжээг нэг кубметр агаарт 20 микрограммаас илүүгүй байхыг зөвлөмж болгож байгаа. Гэтэл дэлхийн хамгийн агаарын бохирдолтой хот гэгдэж байгаа Ираны Авхаз хотод энэ хэмжээ нэг кубметр агаарт 372 микрограмм байна. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд чимээгүй тахал болон ирж байна. Ялангуяа хөгжиж буй орнууд ойрын ирээдүйд энэ асуудалд дорвитой анхаарах хэрэгтэй болж байна.

2011 оны 10 сарын 5

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өндөр технологи эзэмшсэн “Монгол залуус дэлхийг эзэлнэ”

Өөрснөө залуу яваагүй юм шиг, нэг их юм бүтээчихсэн юм шиг, социализм гэж нэг сайхан нийгэм байгуулчихаад түүнийгээ ардчиллынханд алдчихсан юм шиг хорсож явдаг хөгшид байдаг.

Өнөөгийн залуус юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй гэж ярьдаг өөрийнхөө насны (тавь, жараас дээш насны Г.Д) коммунист өвгөчүүдэд би дургүй хүрдэг. Социализмын үед төрж өссөн, хамаг насаа өнгөрөөсөн бидний үе чинь эргэн бодоход хойч үедээ үлдэхээр зөв зүйл (хэдэн мал хариулахаас өөр) юу ч хийгээгүй юм байна. Социализмын үеийн бид чинь хий л МАХН, Ленин, Цэдэнбал Филатова гэж хийрхээд байснаас тэргүүний ганц технологи эзэмшээгүй, монгол инженерийн ур ухаанаар бүтээсэн гэхээр ядаж ганц бараа үлдээгээгүй юм байна. Өнөөгийн залуустаа өвлөх өв, бизнес эрхлэх гарааны хөрөнгө, технологийн өндөр боловсрол үлдээсэнгүй.

Бидний үед эзэмшсэн технологи, гайхуулах монгол брэнд юу ч алга. Тэр жил Азийн олон орон оролцсон технологийн дэвшлийн Киотогийн үзэсгэлэнд Монголын лангуун дээр юу байсан гэж санана. Монгол гэр, эсгий таавчиг, оньсон тоглоом гурав байж билээ. Тэгэхэд хажууд нь Хятад улс 150 кг юм үүрээд хүний командаар гүйдэг цэрэг робот, Япон улс бойнг онгоцны шинэ удирдлага гэж хэмжээ нь ердөө гар утас шиг төхөөрөмж тавьсныг хараад Монголынхоо павильоноос үхтлээ ичиж байж билээ. Уг үзэсгэлэнд Монголоо танилцуулж тайлбар хийж, нэг их говийн зураг, тэмээтэй ном өгч оньсон тоглоомоо танилцуулж зогссон бүсгүйд би “Энэ үзэсгэлэнд оролцохоо боливол яасан юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй “Харин тиймээ дарга нар заавал оролц гэсэн. Тоямо мужаас Киото хүрэх унаа олдохгүй би энэ нэг таван хайрцаг юмтай үйлээ үзэж ирлээ. Ирсэн чинь энэ үзэсгэлэн, технологийн дэвшлийн үзэсгэлэн юм гэнэ. Элчин сайдын яам энд тэнд үзэсгэлэн гаргаж нүүр тахалдаг, ийм юмтайгаа явуулчихсан” гээд нүүр нь баахан улайж билээ. Олж сурталчилж чадвал одооны залуус өндөр технологи эзэмшсэний хувьд бахархахгүй байхын аргагүй “гайхамшгийг бүтээж чадаж” байна. Энэ зуунд дэлхийд гайхуулъя гэвэл, улс орноо хөгжүүлье гэвэл маш өндөр боловсрол эзэмшсэн 1000 сайн инженер хэрэгтэй гэнээ. Асар өндөр үнээр зарагдах оюун ухааны бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд монгол залуусын толгой хүрэх үү. Ийм залуусыг мөнгөөр биш бодлогоор дэмжих монгол төрийн ухаан байна уу гэвэл байна, бий болж байна гэж би урамтайгаар хэлнэ. Монгол залуучууд зөвхөн бөх, зодооны спортоор биш технологийн өндөр эрэмбийн бүтээгдэхүүн хийж дэлхийд гайхуулж чадаж байна. Төрийн шагналт Н.Нацагням “Генераторын удирдлага” хийж олон тэрбум валют олох боломжийг нээлээ. Нацагням нэг удаа “Би хэрвээ Хятадад ийм юм хийсэн бол дэлхийн тэрбумтан болсон” гэж ярихыг сонссон байх. Ухаалаг гар утасны цэнэгээ гялс авдаг зайг чинь Шведийн компанид монгол инженер Г.Түмэннаст зохион бүтээж нийлүүлж байгаа гэдгийг та нар мэдэх үү. Японы KCI компани монгол инженер А.Алтанбилэгийн хийсэн мастер компьютерийг олноор үйлдвэрлэж эхэлжээ. Орост сурдаг хэдэн монгол залуу эзнийхээ гарын хээг таньдаг ухаалаг гар утас зохион бүтээжээ. Д.Ган-Од гэдэг залуухан эмэгтэй хяналтын камер зохион бүтээсэн нь Монголынхоо зах зээлийг бүрэн хангах боломжтой болжээ Харин манайхан Хятадаас хяналтын камер оруулж мөнгө угааж байдаг. Ийм жишээ олныг өгүүлж болно. Одоо улс орнууд хүн амын олон, газар нутгийн томоор бие биенээ дээрэлхэж эзэлж байдаг тэр цаг өнгөрсөн. Харин ямар орны хөвгүүд, охид хэр зэрэг ухаантайгаа, юу хийж бүтээж чаддагаа үзүүлж байна. Энэ зуунд улс орноо хөрөнгөтэй болгоё гэвэл, залуусаа тэрбумтан болгоё гэвэл өндөр технологи эзэмшсэн монгол залуус дэлхийг эзэлнэ. Монгол залуу инженерүүдээр бахархахаас өөр аргагүй. Харин бидний үе төр засгаасаа тэтгэвэр нэхэж, мөнгө нэхэж харааж загнахаас өөрөөр ямарч хуримтлалгүй эмгэнэлт нэгэн үе өнгөрч байна. Улс орноо хөгжүүлэхэд эд нар шиг 1000 инженер бодлогоор бэлтгэхэд л хангалттай. Монгол хүний ген монгол залуусынхаа толгойд итгэнэм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Овог” гэдэг онигоо болжээ

УДМАА МЭДЭЖ ХҮН, УСАА МЭДЭЖ МАЛ

Хүн судлал, гарвал зүйн ухаан (генетик)-аараа манайдаа байтугай дэл­хийд томоохон эрдэм­тэн, доктор профессор Ж.Батсуурь, түүхийн ухааны доктор, Д.Мөнх-Очир, судлаач Ц.Цагаанхүү нарын олон эрдэмтэн, судлаачид эдүгээ бидний иргэний үнэмлэх дээр байгаа “овог” гэдэг нь шал буруу байна, яаралтай залруулахгүй бол үндэсний хэмжээний аюул тарих нь ээ гэж төрийн томчуудад айлт­гаад тусыг эс олжээ. Үнэ­хээр ч бидний иргэний үнэм­лэх дээр байдаг “овог” гэдэг бичилт өөрөө онигоо болжээ. Албан ёсоор тоолоод үзсэн чинь Монголын бүх хүн амын 76,4 хувь нь “боржигон” овогтон болчихжээ.

Сүүлийн 20 жилд сум, зэргэлдээ сум, аймаг дотроо гэрлэх нь даамжирч үүний тоогоор цус ойртолт ихэсчээ. Удмын сангийн алдагдал цус ойртолтоос болж шинээр төрсөн хүүхдийн 34-42 хувь нь ямар нэгэн гажигтай төрж байна гэж эрдэмтэд мэдээлсэн нь түгшүүр биш гэж үү. Эдүгээ дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн гажигтай гэгддэг, хөдөөд бол хот айл болгонд нэг шороо самарсан “амьтан” зогсч байдаг нь үнэн. Түүгээр ч барахгүй “овог” гэдэг үзүүлэлтийг буруу хэрэглэснээс болж ястан, үндэстнээр нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн Үндсэн хуулийн эрхэм заалт зөрчигдөж байна гэж эрдэмтэд үзэж байна. Үнэхээр тийм байгаа. Түмний мэдэх нэг жишээ санагдаж байна. Монгол Улс Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн үеэр өрсөлдөж байгаа хоёр нэр дэвшигчийг тэр нь захчин, энэ нь боржигон гээд телевиз, хэвлэлүүд хашгирч байв даа. Удам судраасаа ичдэг ч юм уу, аль эсвэл мэддэггүйдээ ч юмуу улстөрчид нь хүртэл Чингэс хааны хүргэн, Богд хааны хүргэн болж тоглоно гээч. Нутаг усандаа бол эцгээ мэдэхгүй гэгддэг нэг нөхөр өөрийгөө Чингэс хааны хэддүгээр хүү гэж өргөмжлөөд өөртөө хаан ширээ хийгээд сууж байгаад хэн ч гайхахаа байж дээ. Удам угсаа нь эрлийз цустай (Эрлийз цус байх нь юу нь буруу юм. Г.Д) Түүнийгээ нуух гэсэн ястан үндэстнүүдийн үр сад гадуурхагдахаасаа айгаад иргэний үнэмлэх дээрээ бүгд боржигон гэж бичүүлж байна. Завхрал сүүлдээ бүр дэндэж казак боржигон, буриад боржигон, хятад боржигон гараад иржээ. Судлаачдын үзэж байгаагаар “боржигон” гэдэг угсаа байдаггүй байна.

Харин Монгол угсаа­танд: барга, баяд, буриад, дар­хад, дарьганга, дөр­вөд, захчин, илжигэн халх, монгол урианхай, мянгад, өөлд, сартуул халх, торгууд, түмэд, үзэмчин, халх, харчин, хорчин, хотгойд, цахар ордог байна. Энэ барим­тыг Ж.Батсуурь, Э.Энхмаа нарын “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар. Улаанбаатар 2010” номын 32 дугаар хуудаснаас авлаа.

Нэгдсэн Монгол Улсын эзэн хаан Чингэсийн байгуул­сан хамгийн том гавьяа бол орондоо орох завгүй олзлон булаалдаж байсан олон монгол овог аймгуудыг нэгтгэсэнд байдаг гэж бахархдаг. Тэгсэн мөртлөө иргэний үнэмлэх дээрээ боржигон, баргаар нь ялгаж бич­чи­хээд л түүгээрээ тал­цаад инээдтэй ч юм даа. Монгол угсаатныг баллахаар санаархсан хамгийн сүүлийн түүх сөхье. Эртний дайчин түүхтэй нэгдсэн Монгол Улсыг зэр зэвсгийн хүчээр эзэлж авах нь Хятад, Манж, Орос улсын хувьд үлгэр байсан юм. Тэд өөр өөрийн аргаар Монголыг мөхөөх гэж үеэс үед санаархсан. 1923 оноос Улаан-Оросууд улаан цайм ийм арга хэрэглэв. Чингэсийн удмын ноёдын сонгох сонгогдох эрхийг хасч аймаглан устгаж байлаа. Энэ бодлогоо Монгол Улсын өөрийх нь Засгийн газраар хэрэгжүүлүүлсэн байдаг. 1925 оны Засгийн газрын 25 дугаар хуралдааны тогтоол гарчээ. “Хар шар феодалуудын эрх ямбыг хасах ба ургийн бичиг сэлтийн хөтлөлтийг зогсоох тухай” гэсэн шийд­вэр байсан. Энэ түүхэн баримт бичгийг үзсэн, судалсан өвгөн эрдэмтэд одоо бараг дуусч дээ. Угсаа залгамжилсан ноёдыг ургийн бичигтэй нь устгах бодлого ам­жилт­тай хэрэгжсэн эмгэ­нэлт түүх энэ. “Алтан ургийнх­ныг толгой дараа­лан устгаснаар “МАХН-ын нэгдүгээр программ амжилттай хэрэгжсэн” гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс хойш 80-90 жил өнгөрөөд дахин ургийн бичиг хөтлөх боло­ход юун алтан ургийнх­ны удам, төр­лийг мэдэх нь битгий хэл аав, аавынхаа аавыг мэдэх­гүй монголчууд үлдсэн. Аргаа ядахдаа аймгаараа, гол усаараа, сум багаараа нэг юм ялгарна. Ийм үед иргэний үнэмлэх дээрээ удам судрынхаа нэршлийг бич гэхэд бүг­дээ­рээ”боржигон” болчихгүй юу. Дэлхийд төрөл нь удам судраа мэддэг, төр нь бүртгэдэг баримтжуулдаг улс орон болгон хөгжиж дэвжсэн. Харин удам судрыг нь санаатай бусниулсан улс орон болгон түүхийн хуудаснаас арчигдсан байдаг байна. Иргэдийг нь удам угшлыг нь мэдэхгүй болгоод 200 жил болоход л тухайн улс үндэстэн өөрийн эрхгүй мөхдөг гэсэн үг. Бүүр энгийн жишээ татъя. Амьдрал дээр ч гэсэн хүү, охин нь гэрлэх болоход удам судар нь ямар хүмүүс юм бол доо гэхээс боржигон юм уу, биш юм уу гэж хэлдэггүй биз дээ. Дэлхийн жишгийг дагах юм бол ямар ч том орон удмын бүртгэл хийж гэр бүлийн пирамид босгож түүнээ эрхэмлэж явдаг болохоос биш хувь хүн ямар ястан үндэстэн, аль аймаг сумынх байх нь хамаагүй. Эрдэмтдийн үзэж байгаагаар гурван сая хүрэхгүй хүнтэй манай улсад 10-12 мянган томоохон гэр бүл ахан дүүс байна гэнэ. Сүүлийн үед зохиогдож байгаа ургийн баяр дээр очиход 150-300 хүн цуглаж байна. Тэд ах дүүсээ мэдэж удам судар, үр хүүхэд нь танилцаж байна. Ямар ч том улс оронд удмын пирамид гэр бүлийн пирамид ингэж л босдог ажээ. Удам судар гэдэг бол эрхэмлэх үнэт зүйлтэй, айх ичих хүнтэй, ах захтай, өргөж явах нэр төртэй, ариун бэлгэдэлтэй байдаг. Наад зах нь хаа ч явсан бие биенээ энэ бид нэг удмынхан байна гэж амархан олдог юм билээ. 1980-аад оны сүүлчээр Новосибирь хотод миний танил Иван байрлаж байгаа зочид буудлын дэвтэр харснаа “Хөөе энэ буудалд манай хамаатан хоёр нөхөр бай­на” гэж билээ. Тун удалгүй “гурван Иван” бие биенээ олж танилцаж баяр­лан “бут авав”. Үнэ­хээр тэд хамаатан байлаа. Харин манайхан бол жаахан халсан үедээ л за чи аль аймаг вэ гэнэ. Нэг аймгийнх болно. Нэг сумынх болно. Тэрнийг мэдэх үү, энэнийг таних уу гэнэ. Эцэст нь хамаатан болдог хамаатнаа олдог жишээ мөн ч олон бий дээ. Саяхан өдөр тутмын томоохон сонинуудад төрийн гурван өндөрлөгт ханд­сан “Монголчуудын маань удам эрүүл ухаан саруул байх болтугай” гэсэн гарчигтай нэгэн ил захидал нийтлэгджээ. Яг одоо миний энэ бичих санаатай байгаа сэдвийн талаар хөнджээ. “Улаанбаатар” дээд сур­гуулийн захирал академич Ж.Болдбаатар, тус сургуулийн гэр бүлийн судалгааны төвийн дарга доктор профес­сор Т.Намжил, Тэн­химийн эрхлэгч доктор Б.Оюун-Эрдэнэ, доктор профессор И.Пүрэвдорж, доктор И.Мягмарцоож гээд олон судлаачид гарын үсэг зурсан байлаа. Уг судалгааг УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр захиалан хийлгэсэн байна. Уг захидалд … “Сүүлийн жилүүдэд цус ойртсоноос үүдсэн төрөлхийн гажиг нэмэгдсэний зэрэгцээ оюун ухааны хэвийн биш хөгжилтэй хүүхдүүд ч олширч байгаа нь судал­гааны дүнгээс харагдаж байна” гэсэн нь үндэсний хэмжээний аюул биш гэж үү. Эрдэмтэд нэг л зүйл олж харжээ. Үүнээс гарах гарц нь удмын бүртгэл, гэр бүл, ураг төрлийг тогтоож дахин бүртгэн удам суд­раа баталгаажуулах гэжээ. Монголчууд жалга дов, овог, аймаг, орсон элссэн намаараа талцаж ханалаа. Явсаар байгаад удам судраа ч мэдэхээ байсан, мэдье гээд иргэний үнэмлэх дээр тэмдэглэсэн “овог гэдэг онигоо” бүртгэлийн байж байгааг хараач ээ. Нэг эцгийн таван хүү тус тусдаа өөр овог авчих­сан баримт захаас аван байна гээч. Нас тавь гарсан миний хувьд гэхэд овог авахдаа олныг дуурайгаад ч юмуу, боржигон нутагт төрсөндөө ч тэр юмуу “хиад боржигон” гээд авчих­сан юм. Овог бол удам судар биш юм байна. Би өвөг эцгүүдээ мэднэ. Түүнээс дээд үеэ огт мэдэхгүй. Харин хүүхдүүд маань өвөө нараа мэдэхгүй. Одоо удам судраа мэдэж бичих шаардлагатай бол­жээ. Цагаан сараар бүгдээрээ цуглаад удам судраа бүртгэе байз. Ерөн­хийлөгч маань эрдэмт­дийн гаргасан сана­лыг анхааралтай авч үзэх хэрэгтэй юм. Иргэний танхим дээрээ дээрх эрдэмтдийг цуглуулаад хэлэл­цүүлэг явуулаад “үндэс­ний зөв­лөл байгуулаад” айл гэр бүгдийн удам судрын бүрт­гэлийг баталгаажуулаад өгвөл, удмаа мэдэхгүй төөрсөн Мон­гол түмэндээ хосгүй ач болж иргэний үнэмлэх дээр байгаа “овог” гэдэг онигооноос салахсан. Удмаа мэдэж хүн, усаа мэдэж мал болдог гэдэг дээ.