Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Үндсэн хуулиас давсан эрх олгогдчихсон явж байгаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Ер нь парламентын отгон чуулганы гол онцлог юу вэ?

-Миний хувьд 2016 оноос парламентад сууж байгаа. Өмнөх парламентын отгон чуулганаар бол Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг эцэслэн батлаад, дагалдах хуулиуд болон цар тахлын зохицуулалтуудыг хийгээд л сонгуульд орж байсан. Харин одоо бол Хууль зүйн байнгын хорооны дарга хийж байгаа учраас тодорхой хуулиуд дээр ажиллаж байна. Өнгөрсөн намрын чуулганаас үлдсэн асуудлууд маань үргэлжлэн хэлэлцэгдээд явах учиртай. Гэр бүлийн тухай, Шүүх байгуулах тухай зэрэг гол хуулиуд бий. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай, Газрын тухай хууль байгаа. Дээрээс нь Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбогдуулан газартай холбоотой асуудал тогтоол юм уу, хуулийн төсөл болон орж ирэх байх. Учир нь D-parliament-д энэ асуудлаар 100 мянган иргэн санал өгчихсөн. Тийм болохоор УИХ-аар уг асуудал хэлэлцэгдэж таарна. Энэ парламентын отгон чуулганы нэг гол онцлог бол 76 гишүүнтэй парламентын үе дуусч байгаа явдал. Цаашдаа 126 гишүүнтэй болоод явна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, байнгын хороодын хуралдааны дэгтэй холбоотой эрх зүйн өөрчлөлтүүд орж ирж таарна. Үүнийг нь хийж өгөөд явахгүй бол болохгүй.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг өөрчилснөөр газрыг эзэмшүүлэх ч үгүй, ашиглуулах ч үгүй болчих гээд байгаа юм шиг ойлголт яваад байна. Гэтэл энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боосон үйлдэл болохгүй юу?

-Ажлын хэсэгт нь манай байнгын хороог оруулсан. Тэгэхээр миний хувьд гарч байгаа хуулиуд Үндсэн хуульдаа л нийцэж байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн үүднээс энэ хуулийн тогтолцоо жигд, харилцан уялдаатай явагдах дээр л анхаарч ажиллана. Ер нь газрын харилцаа гэдэг Үндсэн хуультайгаа шууд уялдаж явах ёстой. Өнөөдөр бол 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Үндсэн хуулиас давсан эрх олгогдчихсон явж байгаа. Үүнийг Үндсэн хуульдаа нийцүүлэхгүй бол болохгүй. Яагаад гэхээр өнөөгийн мөрдөгдөж байгаа энэ хууль гадны хөрөнгө оруулагч нарт тус болох биш, харин ч төөрөгдүүлээд хор болж байгаа байхгүй юу. Тухайн хуулийг нь хараад би ийм эрхтэй юм байна гэж тэд боддог. Гэтэл Үндсэн хуулиасаа давсан эрх олгочихсон заалт учраас хэрэгжих боломжгүй. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагч нартаа шударга хандах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор маргаан гарахад Үндсэн хуулиа л барьдаг. Иймд тэдний тооцоолж байсан эрх эхнээсээ байгаагүй болж таардаг.

-Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та саяхан өргөн барьсан. Уг нь ажлын хэсэг нь аль 2021 онд байгуулагдсан. Гэтэл яагаад ингэж удаж байж хуулийн төслөө оруулж ирж байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн Цэцийн асуудал өөрөө тийм амар, нэг далайлтаар шийддэг асуудал биш. Миний хувьд өнгөрсөн 12 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны дарга болсон болохоор өмнөх зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ өдий хүртэл удаашрах шалтгаан байсан байлгүй дээ. Би сайн мэдэхгүй байна. Нөгөө талаас ийм суурь хуулиудыг хөндөхүйц нийгмийн зохицуулалттай холбогдсон хуулиуд бол хэлэлцэгдэхэд амаргүй явдал бий. Дээрээс нь 126 гишүүнтэй болчихвол бүр л удааширна. Би чинь 126 гишүүнтэй болоод хэрэггүй гэсэн байр суурьтай байсан. Миний байр суурь буруу байсан байгаасай гэж боддог. Хэрвээ зөв байвал би харамсана, баярлахгүй. Одоо 76 гишүүнтэй байхад ингэж удаж байгаа юм чинь 126 болж нэмэгдэхээр маш олон хууль илүү л удааширна гэж бодож байгаа. Удах тухай ярьсных би Төрийн өмчит аж ахуйг нэгийг ч нэмж байгуулахгүй тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Даанч өдий хүртэл батлагдахгүй байна. Уг нь нийгмийн суурь хандлагыг би өөрчлөх гээд байгаа юм. Тархинд суучихсан большевик сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Одоо чинь ийм большевик хүмүүс зөндөө байгаад байна. Төрийн өмч дээр маш их хулгай гарч байна. Төрийн өмчтэй байх нь маш их эрсдэлтэй юм байна гэдгийг үүнээс өөрөөр яаж илүү нотлох юм бэ. Одоо байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжийг алга болгох гээгүй. Харин дахиж шинээр байгуулахгүй тухай л ярьж байгаа. Үүнээс цаашаа хувийн салбараа дэмжээд яв гэдэг л юм яриад байгаа юм. Энэ тогтоолын төслийг анх санаачилсан нь нүүрсний хулгай илрэхээс 11 сарын өмнөх явдал. Төрийн өмчит аж ахуйн нэгж дээр хамгийн том хулгай гарна гэдгийг тэгэхэд хэлж л байсан. Бидний байгуулж байгаа нийгэмд чинь уг нь хувийн салбар давамгайлах ёстой. Гэтэл ДНБ-д төрийн өмчит аж ахуйн нэгж болон төсвийн эзлэх хувь хэмжээ чинь хамгийн багадаа 60 хувь байгаад байна. Харамсалтай нь Их хурал дээр надаас хувийн өмч давамгайлсан байх ёстой гэсэн хууль тогтоомж, бичиг баримт хаана байгаа юм гэж асуусан гишүүн хүртэл байна. Өдийг хүртэл хувийн салбар давамгайлсан улс орон болно гэсэн Үндсэн хуультай явж байгаагаа ойлгоогүй хүн УИХ-д сууж байна шүү дээ. Хөх, ягаан тасалбарт хувьчлалыг 1990-ээд оны туршид яах гэж хийсэн гэж боддог юм бэ. Үүнийг өөрчлөх гэсэн боловч одоог хүртэл шийдэгдээгүй л байна. Асуудлыг гацаагаад л байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ийм нөлөөтэй болтлоо томорсон байхгүй юу. Барьж, зогсоож чадаж байна.

-Нийслэлийн газрын асуудал, ногоон автобус, эмийн чанар гээд олон сонсгол хийх тухай ярьж байна. Эдгээр сонсголуудыг бүрэн эрхийн хугацаандаа амжиж хийж чадах уу?

-Асуудлууд маш их хуримтлагдаж байна. Яригдаж байгаанууд нь бодитоор амжихгүй байх. Гэхдээ сонсголууд явж магадгүй. Миний хувьд утааны талаар сонсгол явуулъя гэсэн санаачилга гаргаад нэлээд шахсан. Харин сая нүүрсний сонсголтой хамтатгаад явчихлаа. Гэтэл утаагаа арилгаагүй байж өөрсдийгөө шагнасан зэргээс эхлээд олон асуудал яригдсан. Тиймээс миний хувьд сонсголууд явах ёстой гэж бодож байна. Яагаад гэхээр нийгэм, ард түмэн мэдэх эрхтэй. Зарим нөхөд нь яаж дураараа тонгочиж байгааг олон нийт мэдэх хэрэгтэй.

-Сонсгол хийхийн ач холбогдол нь юунд байдаг юм бэ. Бидний өмнө хийсэн сонсголууд үр дүнгээ өгсөн үү?

-Хүссэн хэмжээнд үр дүнгээ өгөөгүй байж болно. Энэ чинь шинэ зүйл шүү дээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад УИХ-ын хянан шалгах эрхийг илүү бодитой болгож нэмэгдүүлсэн. Үүний дагуу л анхны сонсголууд явагдаж байгаа. Мэдээж наана, цаана гэж бодох асуудлууд бий. Гэхдээ нэг чухал зүйл байна. Сонсголуудаар гарч ирж байгаа маш олон асуудлыг нүд аниад өнгөрөх боломжгүй болсон. Зарим нөлөөтэй нөхдүүд өөрийн асуудлаа авч үлдэхээр оролдож байж мэднэ. Өнөөдөр нөлөөлж чадаж байж болох ч маргааш чадахгүй. Учир нь энэ бүхэн чинь нэгэнт УИХ дээр сонсогдоод, нотлох баримтын хүрээнд яригдчихсан. Нотлох баримт гэдэг чинь шүүх дээр баримталдаг хамгийн гол зүйл шүү дээ. Үүнийг шалгахгүй байна гэдэг том асуудал. Өнөөдөр та ч надаас асууж байна. Тэгэхээр энэ асуулга хэзээ ч зогсохгүй. Хамгийн гол үр дүн бол олон нийт мэдээд авчихсан. Энэ мэдлэг, мэдээлэл хаашаа ч алга болохгүй. Тэр утгаараа үр дүнгээ шууд өгч байгаа. Олон нийтэд шууд хүрч байгаагаараа ямар ч шүүх хурлаас илүү. Тийм болохоор хүмүүсийг аливаа үйлдэл хийхээсээ өмнө хоёр дахин боддог болох шаардлагыг бий болгож байгаа юм. Гэхдээ бас асуудал байна. Хууль, хяналтын байгууллагуудын ажил эхлэхээс өмнө энэ сонсголууд хийгдэж байх ёстой юм шиг санагдсан. Тэгэхгүй бол хууль, хяналтынхан ажлаа эхлүүлчихсэн байхад төрийн ямар ч байгууллага хөндлөнгөөс шууд болон шууд бусаар орох ёсгүй. Зарим нөлөөтэй нөхөд сонсгол дээр ирж попроод бултаж мэдэх гарц бий болчихоод байж мэднэ.

-Сонсгол нэг талаараа улс төрийн зэвсэг болох магадлалтай. Өрсөлдөгчөө харлуулах, намнах арга хэрэгсэл болох вий гэсэн болгоомжлол байна?

-Хэдүүлээ нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Сонсгол бол улс төрийн л институци. Яагаад гэвэл УИХ чинь улс төрийн байгууллага шүү дээ. Үүн дээр аливаа нэгэн улс төрийн нөлөөгүй хийгдэнэ гэж горьдоод хэрэггүй. Хийж байгаа хүмүүст нь чин сэтгэл байж болно. Гэхдээ дандаа тэгж хийх үү, үгүй юү. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Харин улс төрийн аргаар хэргээ шалгуулахыг зогсоогоод байгаа дэгээг нь улс төрийн аргаар гаргах тухай л асуудал. Тэгээд дараа нь тэр хууль хяналтын байгууллага нь шалгаад эхлэх хэрэгтэй.

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэн батлах боломж бий юү?

-Өнөөдөр Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бүгд шүгэл үлээж болж байгаа шүү дээ. Энэ том хэргүүд чинь бүгд л шүгэл үлээж гарч ирж байгаа. Харин энэ хууль дээр сайжруулах, засах зүйлүүд байна. Хүн чин сэтгэлээсээ шүгэл үлээж, нийгмээ засах гээд явах нэг асуудал. Үүнийг харин ашиг орлогын эх үүсвэр болгох гэж байгаа бол хаашаа ч эргэж магадгүй. Хууль нь зөв ч зарим заалтыг нь сайжруулахгүй бол ийм эрсдэл явж байгаа юм.

-Өндөр мөнгөн дүнтэй авлигын хэргийг илчилсэн бол тодорхой хувиар урамшуулах тухай заалтыг хэлээд байна уу?

-Үүнийг сайжруулж өгөхгүй бол үнэн, худлаа нь мэдэгдэхгүй маш их тоонууд яригдана. Энэ зарчмыг нь бид эхнээсээ шударга болгож өгөх ёстой. Жишээлбэл, өнөөдөр улстөрчид өөрсдөө мөнгө төлж, “Шүгэл үлээлгэж” байгаа тохиолдол бишгүй. Цаашид төсвийн мөнгөөр бие биенээ гүтгэх нь байна шүү дээ. Үүнийг мартаж болохгүй л гэсэн байр суурьтай байгаа. Түүнээс биш зарчмын хувьд Шүгэл үлээгчийн хуулийг анхнаас нь дэмжиж ирсэн. Хүний үгээ хэлэх эрх чөлөөг хамгаалж байгаа хүмүүс тэртэй тэргүй Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулиар хамгаалагдаж байгаа. Шүгэл үлээсэн бүх хүмүүс хамгаалагдана. Би өөрөө энэ хуулийг санаачилж оруулж ирсэн хүний хувьд Шүгэл үлээгчийн тухай хуулийн цаад санаа, агуулгыг эхнээс нь дуустал дэмжиж байгаа. Харин оруулж ирсэн төсөл дээр нь сайжруулах шаардлагатай зүйлүүд байна.

-Гишүүд зудтай холбоотойгоор малчдад өвс, тэжээлийн хандив, тусламж аваачиж өгч байгаа нь Сонгуулийн тухай хууль зөрчиж байгаа хэлбэр мөн үү. Дараа нь нэр дэвшихээр бүртгэхгүй байх нөхцөл болох уу?

-Өөрийн чинь ярьж байгаагаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж болохгүй болчихож байгаа биз. Яагаад гэхээр сурталчилгаа гэж үзэх гээд байна. Ингэвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх 3.6 жилээр баталгаажих гээд байна. Гэтэл ард түмэн дөрвөн жилээр сонгосон. Дараагийн УИХ-ын гишүүн тангаргаа өргөтөл тэр хүний бүрэн эрх Үндсэн хуулиараа байж байгаа.

-Тэгэхээр сонгуульд тэгш гараанаас оролцох байдал алдагдаад одоо УИХ, Засгийн газрын гишүүд нь илүү давуу байдалтай байна гэсэн шүүмжлэл яваад байна л даа?

-Энэ чинь 30 жил байсан зүйл. Ард түмэн зургаахан сарын ажилд хууртдаггүй юм. Тэр бүү хэл дөрвөн жилийн хугацаанд ажлаа худлаа хийсэн бол хууртахгүй. Сонгогчид аль хэдийнэ дүнгээ тавьчихсан байдаг. Сүүлд нь мянга хичээж ажиллаад, мөнгө төгрөг тараагаад ямар ч нэмэргүй. Улам л хүмүүсийн дургүйг хүргэнэ. Тэгэхээр миний барьдаг зарчим бол шударга л байх ёстой. Та угаасаа хийж байсан бол хэн ч гайхахгүй. Хийдэггүй байж гэнэтхэн үзэгдээд эхэлбэл асуудалтай.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Нам, эвслүүд сурталчилгаагаа хэвлэл мэдээллээр маш сайн явуулах шаардлагатай DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Шинэ он гарснаар хэрэгжиж эхэлж байгаа гол ямар хуулиуд байна вэ?

-Энэ он гарснаар хэрэгжиж эхэлж байгаа гол хуулийн нэг Улс төрийн намын тухай хууль байгаа. Энэ хууль сүүлийн 3-4 парламент дамжин хэлэлцэгдсэн ч батлагдаагүй. Миний хувьд Их сургуулийн багш, эрдэмтэн байхаас эхлээд энэ хууль дээр ажилласан. Харин 2020 онд өөрөө гишүүн болж, энэ хуулийн төслийг ахалж ажилласан. Тус хуулийн гол зүйл нь улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгосон явдал. Хоёрдугаарт, улс төрийн намыг бодлогын болгох тал дээр том шинэчлэлт хийсэн. Үүний хүрээнд бүх нам дэргэдээ бодлогын институцитэй болж байна. Хуучин бол намууд сонгуульд зориулсан популист шийдвэр гаргадаг байсан. Харин энэ хуульд урт хугацааны бодлого гаргадаг байхаар оруулж өгсөн.

-Та сая намууд бодлогын институци болно гэж байна. Энэ сард нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өгөх ёстой. Танай намын хувьд мөрийн хөтөлбөрөө бодлогын түвшинд гаргаж чадаж байгаа юу?

-Энэ их чухал асуудал. Монгол ардын нам/МАН/ бодлогын мөрийн хөтөлбөр дэвшүүлж чадна гэдгийг хэлье. Ер нь манай нам эрдэмтэн мэргэд, бодлогын экспертүүдтэй маш сайн хамтран ажилладаг. Тэр утгаараа ч би нам бус эрдэмтэн байхдаа МАН-ын бодлогууд дээр ажиллаж, зөвлөгөө өгдөг байсан.

 

Дээрээс нь Улс төрийн намын тухай хуулиар намууд бодлогын нам болох ёстой. Намд олгох төрийн санхүүжилтийн тодорхой хувийг иргэдийн улс төрийн оролцоо, сонгуулийн мэдлэгийг дэмжихэд зарцуулах ёстой гэж зааж өгсөн. Өмнө нь ингэж санхүүжилтийн зориулалтыг зааж өгч байгаагүй.

-Мөрийнн хөтөлбөрөө боловсруулахдаа нам, эвслүүд иргэд, нийгмийн бүлгүүдээс санал авдаг. Гэтэл энэ чинь нөгөө бодлогын мөрийн хөтөлбөр болж чадах юм уу. Нөгөө л нэг мөнгөний, амлалтын шинжтэй болчихгүй юу?

-Нам эвсэлүүд эхлээд эрэлт хэрэгцээнд суурилсан судалгаа, дүгнэлтүүд хийх шаардлагатай. Ингэхийн тулд малчид, эмэгтэйчүүд, багш нар гээд нийгмийн тодорхой бүлгүүдийн саналыг зайлшгүй авах ёстой. Энэ жилийн Эх орончдын өдөр, МАН-ын байгуулагдсан өдрөөс эхлэн намын гишүүд, дэмжигчид, иргэдээс мөрийн хөтөлбөрт санал авах ажил эхэлж байгаа. Миний хувьд гэхэд л Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нартай уулзаж, саналуудыг нь авлаа. Тэд боловсролын шинэчлэлийг бодитой явуулах, боловсролын шинэчлэлд олон асуудлыг тусгах зэргийг хэлж байна. Ер нь нийгмийн олон бүлгийн саналыг авсны дараа бодлогын эрдэмтэд маань ажиллаж эрэмбэлээд МАН анхан шатнаасаа эхлэн хэлэлцээд Их хурлаараа баталж мөрийн хөтөлбөрийг гаргана.

-Хаврын чуулган энэ сарын 15-нд эхэлнэ. Тэгвэл энэ чуулганаар хэлэлцэгдэх ямар гол хуулиуд байна вэ?

-Олон хуулиуд бий. Гэхдээ тэр дотор авлигын эсрэг мэдээллийг өгсөн иргэнээ хамгаалдаг Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль байна. Энэ хуулийн төслийн ажлын хэсгийг миний бие ахалж ажиллаж байгаа. Монгол Улсын авлигыг бууруулах, олон улс дахь индексийг бууруулах шаардлага бий. Үүний тулд хийгдэж байгаа шинэчлэлүүд хийгдээд явна. Бид өнгөрсөн намрын чуулганаар Эрүүгийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонинрхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигатай тэмцэх тухай гээд гол, гол хуульд өөрчлөлт оруулсан. Авлига авсан албан тушаалтанд ял хялбаршуулан шийдэхгүй байх, үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг хурааж, улсын орлого болгох, нийтийн албанд томилогдох эрхийг нь насан туршид нь хязгаарлах гээд олон заалт орсон. Ингэж ялын бодлогыг нэлээд чангатгасан. Одоо харин шүгэл үлээсэн иргэнээ хамгаалдаг хуулийг батлах шаардлага байна. Ажлын хэсэг нэлээд сайн ажиллаж, олон улсын туршлага судалсан. Өнөөдөр манайд шүгэл үлээсэн иргэний эрх зүйн байдлыг дордуулах явдал их байна. Ажлаас нь халах, ажлын байрыг нь сэлгэх, томилох гээд олон зүйл бий. Дээрээс нь гэр бүлийн хүн нь Үйлдвэрчний эвлэлд ажилладаг байсных нь төлөө эхнэр, нөхрийг нь ажлаас халах, цалин, урамшууллаар торгох гээд олон асуудал байгаа. Үйлдвэрчний эвлэл бол нэг утгаараа шүгэл үлээгч шүү дээ. Дээрээс нь манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Үүний дагуу авлигын гэмт хэргийг мэдээлэх үйл явцыг хялбаршуулах, мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл бодит байдалд энэ бүхэн хангагдахгүй байна. Тийм учраас шүгэл үлээж мэдээлэл өгсөн иргэн хохирсон тохиолдолд хохирлыг нь барагдуулах, өндөр дүн бүхий авлигын мэдээлэл өгсөн тохиолдолд тодорхой хувиар урамшуулах зэрэг заалтуудыг хуульд оруулж өгсөн. Ингэснээр нийтийн аюулгүй байдал зөрчигдөх, албан тушаалтны эсрэг зоригтой дуугарсан иргэнээ хамгаалах эрх зүйн байдал илүү сайжирна. Авлигын эсрэг тэмцэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа.

-Засгийн газар, холбогдох байгууллагуудаас авлигатай тэмцээд байна л гээд байгаа. Гэтэл олон улсын индексээрээ тогтмол уруудаад байгаа нь юутай холбоотой юм бэ?

-Монгол Улс авлигын индексээрээ ухраад байгаагийн гол шалтгаан нь авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд төдийлөн олон нийтэд хүрэхгүй байгаа явдал. Дээрээс нь авлигын төсөөллийн индекс гэдэг бол олон нийт иргэдээс авдаг төсөөллийн судалгаа. Тэгэхээр олон нийт авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг төдийлөн мэдэхгүй байна гэсэн үг. Мөн хэвлэлийн эрх чөлөөний зарим үзүүлэлтээр манай улс алдаад байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, сэтгүүлчдийн ажиллах боломжийг хязгаарлах тухай хууль мэр сэр орж ирсэн нь олон улсын тавцанд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулах гэж байна гэсэн ойлголтыг өгсөн. Тухайлбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн зарим заалтууд хэвлэлийн эрх чөлөөг хөндсөн байх магадлалтай. Үүнд миний бие болон зарим гишүүд эсрэг байр суурьтай байсан. Тэгэхээр авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хор уршгийн эсрэг авч байгаа арга хэмжээг мэдээлэх ажил учир дутагдалтай байна гэж харагдаж байгаа. Мөн төрийн дунд шатанд авлигын гэмт хэрэг буурахгүй байгаа. Тийм болохоор бид соён гэгээрүүлэх ажлыг сайтар хийх шаардлагатай. Үүнээс гадна хэвлэл мэдээлэлд гарсан мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд маань ажиллаж, эргээд олон нийтэд мэдээлдэг болох хэрэгтэй байна. Жишээлбэл, Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг дээр хэдэн хүн асуудалд ороод хэн нь хариуцлага хүлээсэн гэсэн мэдээлэл ард түмэнд ил тодоор хүрэхгүй л байна.

-Хууль гараад байдаг ч олон нийтэд тэр бүр хүрэхгүй байна гэлээ. Тэгвэл хууль сурталчлахад зориулсан төсөв мөнгө бий шүү дээ?

-Иргэдийн эрх зүйн болон хүний эрхийн боловсрол олгох асуудал учир дутагдалтай байна. уг Сонгуулийн тухай хуулиар иргэдэд сонгуулийн боловсрол олгох нь Сонгуулийн ерөнхий хорооны үүрэг байдаг. Дээр нь Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд олон нийт, дэмжигчдэдээ улс төрийн боловсрол олгох үүрэгтэй болсон. Тэгэхээр цаашид энэ хоёр субьект онцгойлон ажиллах шаардлагатай. Хоёрдугаарт, Засгийн газар, салбар яамдууд хуулиудаа сурталчлах үүрэгтэй шүү дээ. Гэтэл иргэдэд энэ талын мэдээлэл хүрэхгүй байна гэдэг нь үнэхээр анхаарах асуудал мөн. Гэхдээ гишүүд бид олон нийттэйгээ уулзалт хийхэд цөөхөн хэдэн ахмадууд л ирдэг. Залуучууд, дунд насныхан тэр бүр ирдэггүй. Тийм болохоор гишүүний албан ёсны цахим хаяг, хэвлэлд өгсөн ярилцлагаар л мэдээллээ өгдөг.

-Зудыг далимдуулаад сонгуулийн сурталчилгаа албан бусаар эхэлчихлээ гэж олон нийт ярьж байна. Тэгвэл нэр дэвшихээр горилж байгаа нөхөд хандив тусламж өгснөөрөө хууль зөрчсөн болоод нэр дэвших эрхээ хасуулах вий гэсэн асуудал гараад ирлээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн жил эхэлсэн бол сонгогчдын саналыг авах зорилгоор аливаа тусламж, арга хэмжээ хийхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жил зөвхөн мөрийн хөтөлбөр, бодлого л ярих ёстой. Түүнээс биш бэлэг сэлт, хандив тусламж өгөх нь хориотой. Хэрэв тухайн хүн аймаг, сумандаа зудтай холбоотойгоор хандив тусламж өгөөд, дараа нь нэр дэвшихээр болбол тэрхүү нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл болно. Тийм болохоор хэрэв нэр дэвшихээр горилж байгаа бол ямар нэгэн байдлаар хууль зөрчихгүй л байх ёстой. Тэгэхээр зудаар далимдуулан аливаа үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох газрууд бүртгэж авч байгаа байх гэж бодож байна.

-Тэгэхээр сонгуульд нэр дэвшихдээ тэгш гараанаас гарах байдал алдагдчихаад байна. Учир нь одоо УИХ-ын болон Засгийн газрын гишүүн байгаа хүмүүс тойрогтоо ажилласан болчихдог. Харин нэр дэвшихээр горилж байгаа хүн дараа нь бүртгэгдэхгүй байх нөхцөлд орчихоод байна шүү дээ?

-Хуулиараа УИХ-ын гишүүн тайлангаа танилцуулах нь нээлттэй. Мөн улс төрийн намын гишүүдийнхээ дунд хийж байгаа сургалт, уулзалтууд хууль зөрчихгүй. Харин зөвхөн тайлангаа л ярих ёстой. Түүнээс биш ирээдүйд хийх ажил, хөрөнгө оруулалтын тухай яривал хууль зөрчинө. Тэгэхээр ер нь цаашдаа хуулийн гарц гаргалгаан дээр гарааны тэгш байдлыг хангах тал дээр анхаарах нь зүйтэй.

-Үндэсний аудитын газраас нам эвслээс болон нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээг гаргасан. Үүнээс үзвэл Сонгуулийн хуулийг батлах үеэрээ эрх баригчдын зүгээс хэлж байсан зардлыг бууруулсан гээд байснаас зөрчихөөд байна л даа?

-Энэ бол бүсчилсэн тойрогтоо холбоотой. Ингэснээр яах аргагүй зардал нэмэгдэж, нэр дэвшигч нарт санхүүгийн тэгш бус байдал үүсгэх эрсдэлтэй. Тойрог томссонтой холбоотойгоор ухуулагчийн тоо ч нэмэгдэнэ. Сонгуулийн хуулийг батлах үеэр би ухуулагч нар сайн дурын үндсэн дээр ажиллах ёстой гэж оруулаад цөөнх болсон. Уг нь намын ухуулагч нар олон улсын жишгээр бол цалингүй ажиллах ёстой юм. бүсчилсэн тойрогтой болсон нь үнэхээр дэвшил. Гэвч нэр дэвшигч 3-4 аймгийн сонгогч нартаа сурталчилгааны 17-18 хоногт яагаад ч хүрч ажиллаж чадахгүй. Тийм болохоор энэ удаад бүх нам, эвслүүд сонгогчидтой нүүр тулсан уулзалтаас гадна хэвлэл мэдээллээр ухуулга сурталчилгаагаа маш сайн явуулах шаардлагатай. Тэгж байж олон нийтдээ хүрнэ. Уг нь сонгуулийн сурталчилгааны хугацааг нэмэх ёстой юм.

Олон улсад бол 45 хоногоос хоёр сарын хугацаанд сурталчилгаа хийдэг. Ингэж хоногийг уртасгаснаар сонгогчидтойгоо нүүр тулж уулзах, өөрийнхөө бодлогыг таниулах боломж нэмэгддэг. Харин манайд болохоор асар богино хугацаанд маш хүчтэй дайралт хийх шаардлагатай болдог. Энэ чинь эргээд зардлыг маш ихээр нэмэгдүүлдэг. Тийм болохоор сурталчилгааны хугацааг урт болгож, бага зардлаар сонгууль хийдэг болгох ёстой. Дээрээс нь алсдаа тойрог байхгүйгээр цэвэр пропорцианаль системээр сонгуулиа явуулдаг тогтолцоо руу явах хэрэгтэй байж мэднэ. Гэвч улс орны үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж мэдэх учраас бид хэсэгтээ ийм л системээр явахаас өөр арга байхгүй.

-Тэгэхээр л бүсчилсэн тойрог одоо байгаа гишүүд, мөнгөтэй хүмүүст давуу байдал бий болгоно гэдэг шүүмжлэл яваад байна?

-Нэр дэвшигч нарт гарааны тэгш байдлыг бий болгох, намуудад бодлогын өрсөлдөөн бий болгох гол хууль бол Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хууль байгаа юм. Намууд хандив болон орлогыг санаатайгаар нуун дарагдуулсан бол тухайн намд төрөөс олгох санхүүжилтийг зогсоохоор хуульчилсан. Ингэж байж нам өөрөө санхүүгийн хариуцлагатай болно.

-Сонгуульд оролцох эрхийг нь түдгэлзүүлэх заалт байгаа бил үү?

-Байгаа, сонгуульд оруулахгүй байх, тухайн намын үйл ажиллагааг хоёр жилийн хугацаанд идэвхгүй болгох заалт орсон.

Ингэж байж хөрөнгө мөнгөтэй этгээд илүү давуу байдал олдог, гарааны тэгш байдал алдагддаг нь багасна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Чинбүрэн: Агуулахад хугацаа нь дууссан тариагаар хэрх өвчнийг эмчилж болох байсан DNN.mn

УИХ-ын гишүүн, Эмийн үнийн өсөлт, чанарыг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны дарга Ж.Чинбүрэнгээс дараах тодруулгыг авлаа.


-Түр хорооноос өнөөдөр (өчигдөр) Эмийн хяналтын лабораторид шалгалт хийсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Эмийн үнийн өсөлт, чанарыг хянан шалгах түр хорооноос Монгол Улсад борлуулагдаж байгаа эмийн чанарыг шалгадаг нэгдсэн лабораторид өнөөдөр/өчигдөр/ ажиллалаа. Манай хянан шалгагч, шинжээч нар өмнө ажиллаж байсан юм. Харин нөхцөл байдалтай очоод танилцахад музей шиг л болчихсон байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэг сая гаруй ам.доллараар 2013 онд нарийн тоног төхөөрөмжүүд суурилуулсан. Гэвч үүнээс хойш тоног төхөөрөмжийн шинэчлэл огт хийгдээгүй 11 жил болсон байна. Дээрээс нь урсгал зардал, хүчин чадал, хүний нөөц хангалттай биш. Мөн хуучин Хабул гээд хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн бараг хажуу өрөөнд нь байгаа мэт нөхцөл байдал үүссэн байна. Дэлхий даяар өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгслийн хөгжил дэвшил их хурдацтай болсон. Гэтэл тэр бүрийг нь үзэж, шалгах боломж хязгаарлагдмал байна. Маш чухал шинжилгээ хийдэг гурван аппаратын хоёр нь ажиллагаагүй болсон. Эмийн чанарыг шалгадаг лаборатори маань ийм байхад яах юм бэ.

-Тэгэхээр одоо манай улсад худалдаалж байгаа эмийн чанарт итгэж болох юм уу?

-Яах вэ, одоо бол ажиллаж л байна. Бүр зогсчихоогүй. Ер нь нэг эс үйлдлээр Монгол Улсын эмийн чанарыг сул байлгах, чанаргүй байлгаж гадагшаа эмчлүүлэх урсгалыг дэмжих далд бодлого байдаг юм биш биз дээ гэсэн хардлага надад төрөөд байгаа юм. Засгийн газрын албан мэдээнээс харахад жилдээ ойролцоогоор 450 сая ам.доллараар монголчууд гадагшаа эмчилгээнд явж байна гэсэн байсан. Үүнийг зогсоох гээд эрүүл мэндийн салбарынхан чамгүй л хичээж байгаа. Эндээс эмийг чанаргүй байлгах сонирхол хэнд байгаа юм гэсэн асуулт гарч ирнэ. Энэ лабораторийн ажилтнуудын ярьж байгаагаар жилдээ 1.2 тэрбум төгрөгийн урсгал зардлын санал төсөвт өгдөг. Гэтэл 200 сая төгрөг болоод орж ирдэг гэж байсан. Уг газар чинь 27 мянган дээжид шинжилгээ хийдэг. Ингээд урвалж бодисууд нь хүрэхгүй. Ийм байдалтай бид эмийн чанар ярина гэдэг үнэхээр харамсалтай. Тиймээс бид нийтийн сонсгол дээр энэ сэдвийг тусгайлан авч үзэж хийнэ. Нотлох баримтууд гаргаж ярина.

-Сонсгол хэзээ болох вэ. Тов нь гарсан уу?

-Бид ирэх сарын сүүлийн долоо хоног гэж төлөвлөж байгаа. Гэхдээ бид чинь зах зээл дээр өргөн хэрэглэгддэг 10 гаруй эмийн чанарыг шалгаж байгаа учраас үүний хариуг хүлээж байна.

-Дотооддоо чанарыг нь шалгаж байгаа юу. Эсвэл гадагшаа явуулсан уу?

-Дотооддоо шалгаж байгаа. Гадагшаа явуулахаар өртөг нь маш өндөр гарч байна. Нийтдээ 40-90 мянган ам.доллар болно. Манай УИХ-ын Тамгын газарт ийм хэмжээний төсөв байхгүй. Хоёрдугаарт, цаг хугацаа их орно. Тийм болохоор ямар ч байсан эх орондоо байгаа чанарыг шалгах лабораторийн хэмжээнд шалгая гэж байгаа юм. Одоо байгаа хэмжээнд эмийн доторх орц найрлага бүрэн байна уу. Үйлчилгээтэй эмийн агууламж нь хүрэлцээтэй байна уу гэдгийг шалгах хэмжээнд хийнэ.

-Түр хороо өнгөрсөн долоо хоногт эм, эмнэлгийн хэрэгслийн агуулахаар явсан. Гэтэл ковидын үед хэрэглэж байсан асар үнэтэй эм, тарианы хугацаа нь дуусчихсан байсан гэх мэдээлэл гарсан?

-Бид эм, эмнэлгийн хэрэгслийн нэгдсэн агуулахаар очсон. Уг нь энэ их зөв зүйл барьсан юм. Цар тахлын үед бид чинь амны хаалт, халад ч үгүй байлаа шүү дээ. Монгол Улсад ямар ч нөөц байгаагүй. Харин нөөц агуулахтай болсон нь их сайн хэрэг. Харамсалтай нь тус агуулах маань ухаалаг систем алга. Агуулж байгаа бүтээгдэхүүний аль нь, хэзээ хугацаа нь дуусч байгааг мэдээлдэг тогтолцоог яагаад хийгээгүй юм бэ. Нийтдээ гурван сая орчим ам.доллараар барьсан том төсөл дотроо ухаалаг системийг суулгачихаж болоогүй юм уу. Бид үүнийг шалгаж байна. Асууна, тодруулна.

Дээрээс нь нотлох баримт цуглуулна. Хоёрдугаарт, цар тахлыг бид гарз хохирол багатай давсан нэг том давуу тал нь вакцин, хэрэгцээт эм, тарианы хүрэлцээ хангалттай байсан. Тэр дотроо Тоцилизумаб гэдэг чухал тариаг үйлдвэрээс нь их боломжийн үнээр авч чадсан. Мөн Моноклонал антибоди гэдэг тариа байна. Энэ бол уушгины хатгалгаа хүндэрч байгаа хүмүүст хийхэд дархлаа дарангуйлж, үрэвслийн явцыг сааруулаад хүний амийг аврах боломжтой. Нэлээн өртөг өндөртэй тарианы хугацаа 2023 оны есдүгээр сард дуусчихсан тэр агуулахад байна. Гэтэл Засгийн газар цар тахал дууслаа гэдгийг 2022 оны хоёрдугаар сарын 14-нд зарласан. Жил таван сарын хугацаанд үүнийг өөр өвчтэй хүмүүст яагаад хэрэглэсэнгүй вэ. Дэндүү харамсалтай.

-Тухайлбал, өөр ямар өвчинд хэрэглэж болох вэ?

-Үе мөч хавагнах, улайх, үрэвсдэг хэрх гэж өвчин байдаг. Үүнд маш чухал, өргөн хэрэглэдэг. Харамсалтай нь үнэтэй. Тэгээд өвчиндөө шаналж байгаа хүмүүс энэ тариаг гадаад руу захиж авчирдаг.

-Гэтэл агуулахад хугацаа нь дуусчихсан хэвтэж байдаг?

-Харин тийм. сая теле-визээр Эрүүл мэндийн сайдын зөвлөхийн ярьж байгааг би сонслоо. Арай л доромжилсон маягтай зүйл ярьж байна. Цар тахлын үед буу зэвсгээ бид хэчнээнийг авахаа тоолж мэдэхгүй. Тэгээд сум нь хүрэхгүй бол дутуу авлаа гэж загнана. Харин илүү авчихаар илүү авлаа гээд байх юм гэсэн утгатай зүйл хэлнэ лээ. Асуудал үүндээ биш. Илүү авч болно. Өөр өвчинд хэрэглэж болдог юм бол илүү гарсныгаа тэр өвчтэй хүмүүст нь өг л дөө. Тэр өвчнийг эмчилдэг эмнэлгүүдэд тараагаад өгөх хэрэгтэй. Энэ бол үнэхээр сэтгэл дутсан хэрэг. Арай л увайгүй байна. Эмч хүний хувьд надад үнэхээр харамсалтай байгаа.

Т.ХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Сайнзориг: Энэ жил метроны зөвлөх үйлчилгээний санхүүжилтэд 54.6, барилга угсралтын ажилд 333 тэрбум төгрөг төсөвлөсөн DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.


-Улаанбаатар хотод метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр/өчигдөр/ зарлалаа. Нийтдээ хэдэн төгрөгийн өртгөөр ямар ажлыг хэдий хэр хугацаанд хийж гүйцэтгэх юм бэ?

-Метроны асуудал олон жил яригдсан. Энэ хугацаанд хэд, хэдэн оролцогч тооцоо судалгааг хийсэн. Үүнээс хамгийн эцсийн байдлаар Японы ЖАЙКА байгууллага эдийн засгийн тооцоо судалгааг нь хийж өгсөн байдаг. Уг тооцоон дээр үндэслээд бид эхний ээлжинд 17.7 километр урт, 14 зогсоолтой, цагт 10-12 мянган хүн тээвэрлэх боломжтой, Амгалангаас Толгойт чиглэлд Энхтайвны өргөн чөлөөг дагасан шугамыг барьж байгуулах ажил эхэлж байна. ЖАЙКА-гийн судалгаагаар нээлттэй сонгон шалгаруулалтаар явбал энэ төсөл 1.3 их наяд ам.доллар, ЖАЙКА өөрөө хийвэл 1.7 их наяд, олон улсын компаниудтай хоршиж, өөрсдөө тоног төхөөрөмжөө аваад хийвэл 1.5 их наяд ам.долларын өртгөөр барина гэсэн. Тиймээс бид 1.3 их наяд ам.доллар буюу олон улсад нээлттэй тендер зарлах байдлаар хийе гэсэн. Бидэнд метро барьж байсан туршлага байхгүй учраас хяналт тавих, техникийн шийдэл дээр зөвлөлдөх, өртөг зардлыг өсгөхгүй байх дээр анхаарах, ажлууд технологийн дагуу хийгдэж байгаа эсэх дээр хяналт тавиулахын тулд зөвлөх үйлчилгээ авахаар болсон. Ер нь түлхүүр гардуулах нөхцөлтэй энэ мэт томоохон төслийн зөвлөх үйлчилгээ нь төслийн өртгийн 4-6 хувь байдаг юм байна. Тиймээс зөвлөх үйлчилгээ авах олон улсын тендерийг эхний ээлжинд зарлаж байгаа юм. Ингэсний дараа шалгарсан компанитайгаа зөвлөлдөөд барьж байгуулах компанийг шалгаруулах тендерийн бичиг баримтыг боловсруулж, тавдугаар сарын сүүлээр зарлана. Цаад талын хугацаа есдүгээр сар гэхэд метро барьж байгуулах компани шалгарчихна гэж үзэж байгаа

Тэгэхээр байршлын, геологи, гедрогеологийн судалгаанууд, газар чөлөөлөлт, тунель ухах машинаа суурилуулах, бараа материалаа татах зэрэг бэлтгэл ажлуудыг энэ жилдээ хийгээд барилгын ажлыг эхлүүлнэ. Дээр хэлсэн ЖАЙКА-гийн судалгаагаар 6.6 километр нь тунель, бусад нь гүүрэн байгууламжаар явна. Үүнийг 10 жилийн өмнө хийсэн. Харин бид зөвлөх үйлчилгээний багтайгаа ярьж байгаад шийдлийг нь эцэслэнэ. Метроны төсөл нийтдээ таван жил үргэлжилж, 2029 он гэхэд метротой болно гэсэн итгэл найдвартайгаар ажлаа эхлүүлж байна.

-Уг төслийн зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэхээр тооцсон бэ?

-Өмнө нь шийдвэр гаргах түвшний хүмүүс метро барина л гээд байсан болохоос биш шийдвэр гаргаж өгөөгүй. Харин энэ удаад Засгийн газар уг асуудлыг дэмжиж, түүхэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот метрогоо өөрөө барьж байгуулах, энэ хугацаанд нь улсын төсөвт нийслэлээс төвлөрүүлдэг орлогыг багасгана гэсэн амлалт өгсөн. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар баталгаа гаргаж өгнө. Ингээд өчигдөр/уржигдар/ НИТХ хуралдаж, энэ жилийн зөвлөх үйлчилгээний санхүүжилтэд 54.6, метроны барилга угсралтын ажилд 333 тэрбум төгрөгийг баталсан. Үүний адил цаашдаа жил жилд гүйцэтгэлээр нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлээд явна гэж үзэж байгаа. Мөн төр-хувийн хэвшлийн түншлэлээр олон асуудал шийдэгдэнэ гэж харж байна. Энхтайвны өргөн чөлөө дагасан барилга байгууламж өмчлөгч эзэдтэй хамтарч газар доогуур худалдааны төвүүдийг холбох, шинээр байгуулах, метро дагасан зар сурталчилгаа зэргээс 200-300 сая ам.долларын орлого олохоор төлөвлөж байгаа. Тэгэхээр метрог зөвхөн нийтийн тээвэр гэхээс илүү эдийн засгийн том боломжууд гарч ирнэ гэж харах хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэдийн амьдралын хэмнэлд ч зөв дадал бий болгоно.

-Боловсон хүчний асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Хамгийн чухал асуудал. Тиймээс одооноос эхлээд л боловсон хүчний асуудлыг зэрэгцүүлээд явах ёстой. Манай улсад метро байгуулахад ажиллаж байсан иргэд маш ховор, бусад оронд ажиллаж байгаа цөөн тооны залуус бий. Метроны чиглэлээр номын дуу сонссон 10-аад хүн байна. Зам тээврийн хөгжлийн яам, нийслэлээс эхнээсээ хүмүүсээ сургаад эхэлсэн. Энэ ажил цаашдаа ч хийгдэнэ. Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөний стратегийг бид олон улсын байгууллагаар хийлгэж байгаа. Үүнд механикжсан тээврийн хэрэгслээс гадна унадаг дугуй, явганаар зорчих байдлыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг давхар шийдэх ёстой. Ингэж байж иргэд маань ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Энэ хүрээнд явган хүний зам талбайг сайжруулах асуудал ярьж байна. Мөн дүүжин тээврийн ажил зэрэгцээд эхэлсэн. Энэ 10 дугаар сард барилга угсралтын ажил дуусах тооцоотой. Гэхдээ жигдрүүлэх хугацаа нь зургаан сар байдаг. Тиймээс ирэх хавраас дүүжин тээвэр ашиглалтад орно. Энэ мэтчилэн нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг иж бүрнээр нь харж байна. Тиймээс төлөвлөлтөөс нь эхлээд боловсон хүчнээ бэлдэх хэрэгтэй. Цаашдаа метрог аль байгууллага бодлогын хувьд, аль нь хэрэгжүүлэлтийн хувьд авч явахыг шийдэх хэрэгтэй болно. Дээрээс нь хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ.

-Метро, дүүжин тээврийн чиглэлийг хэрхэн сонгосон бэ. Зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байх шиг байсан?

-Амгалангаас Толгойт чиглэлийг сонгосон нь эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй. Учир нь Улаанбаатар хотын өөрийнх нь онцлогтой холбоотой. Өргөөшөө сунаж тогтсон хот учраас үүнийгээ дагаад суурьшлын бүс, хүн амын нягтаршил байдаг. Тиймээс Энхтайвны өргөн чөлөө дагуу зорчилт хөдөлгөөний эрэлт хэрэгцээ байгаа. Тэгэхээр энэ шугам өөрөө өөрийгөө аваад явах хамгийн боломжтой учраас сонгосон. Хоёрдугаарт, метроны шугам баригдсанаар тэр дагуух үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өснө. Харин дүүжин тээврийн хувьд өөр чиглэлд хийх гэхээр газар чөлөөлөлтөөс эхлээд асуудал их бий. Ингэх ёстой гэсэн бодлууд байж болно. Гэхдээ Яармагаас Хархорин чиглэлийн дөрвөн километр дүүжин тээвэр тавигдсанаар Энхтайвны өргөн чөлөөнд байгаа нийтийн тээвэр, метротойгоо холбогдоно. Тээврийн хэрэгслийн холбоосууд маш чухал. Бүх тээврийн хэрэгсэл зэрэгцээд яваад байж болохгүй.

-Метро барьснаар түгжрэлийг хэр хэмжээнд бууруулах вэ. Мөн метро ашгаа хэдий хэр хугацаанд нөхөх вэ?

-ЖАЙКА-гийн 2013 онд хийсэн судалгаагаар метро 600 төгрөгөөр үнээ тогтоовол ашигтай гэж байсан. Түүнээс хойш үнэд олон хүчин зүйлүүд нөлөөлөхөөр байгаа. Магадгүй эрчим хүчний бага зэрэг өсөлттэй байгаа нь ч нөлөөлнө. Тийм болохоор 600 төгрөгийг жаахан нэмэх үү гэдгийг бид тухайн үед нь шийднэ. Хэдэн буудал нь 600 төгрөг байх юм. Эсвэл Амгалангаас Толгойт хүртэл 1000 төгрөг байх уу гэдгийг тооцоо судалгаан дээр үндэслэн шийдэх учиртай. Ер нь метро яг энэ шугамаараа зардлаа нөхөх бүрэн боломжтой. Харин дараа дараагийн шугамуудыг хэрхэх талаар бид бодож байгаа. Хоёр дахь шугамыг босоо буюу Долоон буудлаас Яармаг, мөн нэг, хоёрдугаар шугамаа холбосон тойрог шугам хийнэ. Мөн Таван шараас Нисэх, цаашаа Хөшигийн хөндий хүртэл байна. Яагаад гэхээр Хөшигийн хөндийг дагасан хэд хэдэн бүтээн байгуулалт бий. Энэ хавраас Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хууль эрх зүйн орчныг оруулж байгаатай ч холбоотой.

-Метро ашиглалтад ортол таван жилийн зай байгаа юм байна. Тэгэхээр нийтийн тээврийн салбар яг одоо ямар байдалтай байгаа вэ. Автобусны хүрэлцээ, жолооч нарыг нэмэгдүүлэх дээр нийслэлээс ямар ажлууд хийх вэ?

-Хувийн болон орон нутгийн өмчит автобус компаниудад ажиллаж байгаа нийт жолооч нарын цалин 3.5 сая төгрөг болох шийдвэр өчигдөр/уржигдар/ албан ёсоор эцэслэгдсэн. Биднээс шалтгаалах санхүүгийн болон хууль эрх зүйн бүхий л зүйлс батлагдсан. Харин үүнийхээ дагуу бид жолооч нартаа шаардлага тавина. Энэ сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тавьж байсан программ хангамжийг өөрчилнө. UB смарт картыг орлож, сайжруулсан хувилбарыг тавина. Өөрөөр хэлбэл, карт уншилт болон бодит зорчилт хоёрыг тулгадаг, хяналт тавих камер болон программ хангамжийн системийг суурилуулна. Төлбөрөө төлдөггүй, бэлэн мөнгөөр явдаг хүмүүс зорчилтын тоонд ордоггүй учраас нийтийн тээврийн төлөвлөлт хийж болохгүй байгаа юм. Тиймээс бодит тоогоо гаргаж байж автобуснуудын маршрут, тоог гаргана. Нийслэлд өдөртөө 1000 орчим автобусыг үйлчилгээнд гаргадаг. Жолоочийн хүрэлцээ тааруу байсан. Тиймээс дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээр дамжуулан 161 иргэнийг сургаж, автобусны жолооч болгосон.

-Өдөрт 1000 төгрөгөөр зорчих асуудал эцэслэгдчихсэн үү?

-Энэ шийдвэр маань ХЗДХЯ-нд бүртгэгдээд Захиргааны хэмжээний актын улсын эмхтгэлд хэвлэгдээд хүчин төгөлдөр болно. Одоо бол 500 төгрөг боловч 30 минутын дотор дамжин суух ёстой байгаа. Харин үүнийг өдөрт дөрвөн удаа 1000 төгрөгөөр зорчих байдлаар шийдэж өгсөн. Мөн ирэх жилүүдээс оюутнуудын зорчилтыг ч бодолцож үзнэ. Орон нутгийн төсвөөс 100 хувь дааж байгааг хална. Дандаа үнэгүй байгаад байж болохгүй. Дээрээс нь ахмадуудын зорчилт дээр ч шийдэл гаргана. Яг бодит зорчилтыг нь харгалзана. Тухайн ахмад настны картыг 30 мянгаар цэнэглээд 10 мянгаар нь зорчсон байвал 20 мянган төгрөгийг нь буцаан татах байдлаар явахгүй бол тэр хүнийг зорчоогүй байхад нь 20 мянган төгрөгийг нь автобус компаниуд аваад байна.

-Энэ онд нийслэлд шинээр ямар, ямар зам тавигдах вэ?

-Автозам ашигласны төлбөрөөс орж ирдэг 77 тэрбум төгрөгөөр л зам засварын ажлыг хийх төлөвтэй байгаа. Нарны зам зэрэг замын өргөтгөлийн ажлыг хийнэ. Гэр хорооллын холбоос замууд шинээр тавигдана. Содон хорооллын арын замыг гүйцээх ажлууд бас байна. Энэ жилдээ хоёр нүхэн гарцын ажил дуусна. Таван шарын төмөр замын гарам дээр очиж гацаад түгжрэл үүсдэг байдлыг арилгахын тулд нүхэн гарцаар гардаг болгож байгаа. Лабораторийн уулзвараас урагшаа төмөр зам доогуур нүхэн гарц гаргаж, Яармагаас давж ирэх гүүртэй холбоно.

-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Цаашдаа нийслэл эрчим хүчний хэрэглээгээ хэрхэх вэ?

-Манай улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 81 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 18 хувийг импортоор авдаг. БНХАУ-аас авч байгааг уул уурхайн компаниуд, Оюу толгой компани хэрэглэж байгаа. Харин ОХУ-аас зарим аймгууд болон нийслэлийн оргил ачааллыг дэмжих зорилгоор авч байна. Цаашдаа төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ өсөх хандлага ч байна. Тиймээс эрчим хүчний асуудал дээр төр-хувийн хэвшлийн түншлэлийг эхлүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Бөөрөлжүүтийн усан цахилгаан станцын төсөл дээр Улаанбаатар хот хамтран ажиллахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн төсөл хэрэгжүүлэгч компани 300 мВт-ын хүчин чадалтай төслийг хэрэгжүүлж байгаа. Харин бидний сонирхол бол 600, болбол нэмэгдүүлэх боломжоор нь нэмж 900 болгох сонирхол бий. Ингэж эрчим хүчний асуудлаа шийдэж байж бид нийслэлийн тэлэлт, дагуул хотуудын бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн паркууд, метроныхоо хэрэгцээ шаардлагыг хангах учиртай. Ер нь Бөөрөлжүүтийн төслийг хэрэгжүүлэгч компани 300-гаас дээш өргөтгөсөн тохиолдолд төрийн оролцоо шаардлагатай гэдгийг хэлж байгаа. Тиймээс бид яриа хэлэлцээрийг хийж байна. Бөөрөлжүүт Улаанбаатар хотоос 130 километрийн зайтай. Тэгэхээр төвийн эрчим хүчиндээ хоёр шугамаар холбоно. Нэг нь Багануурын дамжуулах станц, нөгөө нь Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байгаа дэд станцаар дамжуулан хэрэглээнд оруулна. Эдийн засаг нэмэгдэж, уул уурхайн экспорт өсөж байгаа боловч түүнийг нь шингээж авах инженерингийн дэд бүтэц Монгол Улсын хэмжээнд хомс. Тэгэхээр бодлогын түвшинд асуудлыг авч үзэж, энэ мэт томоохон төслүүд дээрээ монголчууд маань дуу нэгтэй байх ёстой. Мөн нийслэлийн хувьд дулаан хангамжийн асуудал ч дутагдалтай. Улаанбаатар хотыг тойрсон хэсэгчилсэн 23 дулааны станц барих ёстой гэсэн шийдлийг бид гаргасан. Үүний есийнх нь ТЭЗҮ хийгдсэн, Эрчим хүчний яам хамтран ажиллаж байна. Бусдыг нь төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ гэсэн байр суурьтай байгаа. Холбогдох хуулийн төслийг боловсруулаад Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Мөн Дамбадаржаагийн дулааны станц баригдаж байгаа. Ирэх жил Дэнжийн 1000 орчимд газан дулааны станц барихаар газар чөлөөлөлтийн ажлыг нь хийсэн.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Эрдэнэдалай: Нэг нэр дэвшигчээс 500-600 сая төгрөг гардаг байсан нь энэ жил улам нэмэгдэнэ DNN.mn

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.


-Нэр дэвших нам, эвслүүд ирэх сарын 15-ны дотор мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгнө. Тэгвэл энэ удаагийн сонгуульд мөрийн хөтөлбөртөө чухам юуг оруулж өгвөл ард түмэнд илүү хүрэх вэ?

-Улс төрийн намууд иргэдэд ямар асуудал тулгарч байгаа, түүнийг нь мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгах вэ гэж асууж байх шиг байна. Зүй нь бол улс төрийн шинжлэх ухааны онол ёсоор улс төрийн намууд өөрийн гэсэн үзэл баримтлалтай байх ёстой. Түүнийхээ хүрээнд ард иргэддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, дэвшүүлдэг. Харин манайд болохоор өнгөрсөн бүхий л сонгуулийн үед иргэд юу хүсч байна, олон нийтийн амьдралд юу тулгамдаж байгаа вэ гэдэг дээр тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө гаргаж ирсэн. Сонгуульд өрсөлдөж байгаа нам бодлогын нам байх ёстой гэсэн үндсэн суурь зарчмаа ойлгох юм бол ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, түгжрэл зэрэг асуудлуудыг нэг талаас нь харж ярихгүй. Өнгөрсөн 2004, 2008 онуудад нэг нам нь сая төгрөг амласан бол нөгөө нам нь 1.5 сая төгрөг болгож амлаж байлаа. Мөн нэг нь хүүхдийн мөнгө өгнө гэхэд нөгөөх нь залуу гэр бүлийг дэмжих мөнгө амлаж байсан.

Ингэж иргэдэд тулгамдсан асуудлуудыг хэдэн талаас нь тоглолт болгож ашиглаж ирсэн түүх манайд бий. Харин мөрийн хөтөлбөртөө юу тусгах вэ гэхээр тэр нам анхнаасаа Монгол Улсыг бодлогын хувьд яаж хөгжүүлэх вэ гэдгээ үзэл баримтлал гаргаад, түүнийхээ дагуу ажиллана гэж байгуулагдсан юм. Түүнийхээ дагуу л мөрийн хөтөлбөрөө гаргаж ирэх ёстой. Түүнээс биш санал татахын тулд юу оруулж өгвөл дээр вэ гэж нийт дунд нь ярих асуудал огт биш.

-Энэ удаад Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиуд өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ жил таны хэлж байгаа шиг намууд өөрийн үзэл баримтлалдаа тулгуурласан мөрийн хөтөлбөр боловсруулж чадах болов уу?

-Сонгуулийн тухай хуулиар ямар нэгэн байдлаар мөнгө амлахыг хориглосон. Ер нь сүүлийн жилүүдэд судлаач, экспертүүдийг намынхаа мөрийн хөтөлбөр дээр ажиллуулах, бодлогын чиглэлд хэрхэн мөрийн хөтөлбөр гаргах вэ гэдэг дээр илүү анхаарал хандуулдаг болсон. Ялангуяа энэ байдал сүүлийн хоёр сонгууль дээр нэлээд ажиглагдсан. Дээрээс нь мөрийн хөтөлбөр гэдэг чухал, түүнийг нь уншиж, судалж байж саналаа өгөх юм байна гэдгийг олон нийт ойлгодог болсон. Намуудын гаргасан мөрийн хөтөлбөрийн дагуу мэтгэлцээн зохион байгуулдаг, хэлэлцүүлэг хийдэг соёлыг бий болгох нь энэ сонгуулийн кампанит ажлын хүрээнд маш чухал байгаа. Мөрийн хөтөлбөр чухал гэдгийг манайхан бүгд мэддэг. Гэвч кампанит ажлын үеэр намууд болон нэр дэвшигчдийн хооронд хийх мэтгэлцээнүүд их чухал гэдгийг намууд өөрсдөө хараахан ойлгохгүй, түүнээс айгаад байна. Томоохон бодлогын хүрээнд мэтгэлцээн хийснээр иргэд илүү их мэдээллийг тэндээс авна.

-Таны бодлоор энэ удаагийн сонгууль амлалтын, мөнгөнийх болохгүй гэж байна уу?

-Мөнгөний уралдаан бүхий сонгууль болно шүү дээ. Яагаад гэхээр томсгосон тойрогтой болчихсон. Нийтдээ 2-4 аймгийг нэг тойрог болгосон учраас нэг нэр дэвшигч бүх сонгогчдоо хүрч ажиллахын тулд маш их хэмжээний мөнгө шаардлагатай болно. Үндэсний аудитын газрын гаргаснаар өмнө нь нэг тойрогт ойролцоогоор нэг нэр дэвшигч 500-600 сая төгрөг байсан бол энэ тоо улам нэмэгдэнэ.

-Сонгуулийн хуулийг баталж байхдаа эрх баригчид нэр дэвшигчээс гардаг зардлыг бууруулсан хууль болсон гээд байсан шүү дээ. Гэтэл таныхаар хувь нэр дэвшигчээс гарах зардал нэмэгдэхээр болчихоод байна?

-Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхэд судлаачдын зүгээс зардлыг бууруулах нь чухал. Бодлогын л өрсөлдөөн хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Сонгуулийн тухай хууль батлагдахад нэгдсэн самбартай болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ижил тэнцүү зай талбай, цаг гаргаж өгнө зэрэг заалтууд орсон. Гэхдээ уг хуулиар сонгуулийн тойргийг батлаагүй. Харин УИХ тойргийнхоо саналыг гаргаад баталдаг заалт байсан нь Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай холбоотойгоор бүсчилсэн сонгуулийн тойргийг гаргаж ирсэн. Энэ нь эргээд яалт ч үгүй их мөнгө зарцуулах байдалд хүргэж байгаа юм.

-Сонгууль холимог тогтолцоогоор явна. Харин намын жагсаалтад бичигдэхийн тулд нэлээд их мөнгөний асуудал яригдаж байна гэх мэдээлэл яваад эхэлсэн. Тэгэхээр намууд жагсаалтдаа ямар бодлого барих хэрэгтэй вэ?

-Зарим намууд нэр дэвшигчдээсээ сонгуулийн өмнө дэнчин авдаг байсан. Үүнийг Улс төрийн намын тухай хуулиар хориглож өгсөн. Мэдээж дэнчин авахгүй байх нь сонгууль шударга явагдах гэсэн ардчиллын суурь зарчмыг дэмжиж байгаа хэрэг. Манай улс төрийн намуудын дотоод ардчилал харьцангуй сул байдаг. Одоо бол намууд дээр хэн жагсаалтад орох, хэн тойрогт нэр дэвших вэ гэдэг асуудал ид яригдаж байгаа. Үүний цаана их өрсөлдөөн бий. Нам гэдэг чинь бүтэц зохион байгуулалтын хувьд хэвтээ байх ёстой ч манай намуудын хувьд яг эсрэгээрээ. Нам доторх сонгуульд нэр дэвших өрсөлдөөн хэр шударга явагддаг вэ гэдэг нь “Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс” судалгаагаар нэлээд хангалтгүй дүнтэй гарсан байдаг.

-Холимог тогтолцоогоор явах учраас жижиг буюу нэг хүний намуудаас ганц, хоёр хүн сонгогдох магадлалтай гэж харах өнцөг байна?

-Намынхаа жагсаалтад хэн, хэн орсныг намууд ил тод зарлах хэрэгтэй. Үүнийг нь сонгогчид ч харж байж сонголтоо хийх ёстой. Нөгөө талдаа намуудыг саналын хуудас дээр байгуулагдсан огноогоор нь жагсаадаг байдал жаахан өрөөсгөл. Гадны улсуудад шууд ингэж жагсаадаггүй.

-Тэгвэл яаж жагсаадаг юм бэ?

-Хамаагүй байдлаар энд тэнд нь оруулдаг. Тэгэхээр сонгогч мөрийн хөтөлбөрийг нь хараад сонголтоо хийдэг, сонгох гэж байгаа нам нь хаана ч байж магадгүй учраас хариуцлагатайгаар уншдаг. Гэтэл манайд шууд дараалуулчихаар манай сонгогчид төдийлөн хариуцлагатай байж чадахгүй байгаа нөхцөлд эхнээс нь дугуйлах магадлалтай. Тиймээс л жагсаалтын эхэнд бичигддэг намуудын жагсаалтын дээгүүр бичигдвэл баталгаатай гишүүн болно гэсэн ойлголттойгоор сонгуульд орж байгаа хэрэг.

-Судалгаагаар намууд нийлээд сонгогчдынхоо 50 хувийн дэмжлэгийг ч авч чадахгүй байна гэж гарсан байна лээ. Энэ чухам юуг илэрхийлж байна вэ. Иргэд намд итгэхгүй байна гэсэн үг үү. Үгүй бол бие даагчдад илүү боломж байна гэж харах ёстой юу?

-Улс төрийн намууд, төрийн байгууллагуудад иргэдийн итгэх итгэл 1990 оноос хойш унасаар ирсэн. Ер нь намд итгэх итгэл угаасаа буурч байгаа. Гэтэл яагаад сонгуулиар нэг, хоёрхон нам нь олонх болоод байдаг вэ гэхээр бидний сонгуулиа явуулж байсан тогтолцоотой холбоотой. Мажоратор тогтолцоо нь хоёр хүртэлх намыг л парламентад олонх болгодог. Тийм ч учраас үүнийг өөрчлөх шаардлага үүссэн. Харин гуравдагч хүчин, бие даагчдад ашигтай юм шиг судалгааны үр дүн байгаа боловч бүсчилсэн том тойрогт эдгээр хүмүүс гарч ирэхэд хэцүү. Ялангуяа бие даагчдад маш хүндрэлтэй тогтолцоо болсон. Сонгуулийн сурталчилгааны 17 хоногт өөрийгөө таниулж, сурталчилгаагаа хийнэ гэдэг хүндрэлтэй.

-Таны хувьд энэ сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ. Нэг нам нь олонх болж чадах уу. Эсвэл хамтарсан засаг байгуулаад явах хэмжээнд хүрэх болов уу?

-Мэдээж хэрэг засаг захиргааны нэгж бүрд анхан шатны нэгжүүдтэй том намуудад нэлээд ашигтай сонгууль болно. Мөн одоо байгаа гишүүдийн сонгуулийн сурталчилгаа аль хэзээний эхэлчихсэн явж байна. Цагаан сарын өмнө шагнал гардуулаад баахан явсан бол саяхнаас зуд болсонтой холбоотойгоор бас орон нутгаараа явлаа. Энэ бүхэн чинь сурталчилгаа хийж байгаа юм шиг хэрэг болж байна. Тэгэхээр эдгээр хүмүүстэй бие даагчид, шинээр гарч ирж байгаа залуу боловсон хүчин, сүүлд байгуулагдсан жижиг намууд өрсөлдөнө гэдэг хэцүү. Нэг үгээр сонгуульд өрсөлдөх гарааны тэгш байдал алдагдчихсан. Гэвч одоо сонгуулийн үр дүнг шууд таамаглаад хэлэхэд эрт байна.

-Зудтай холбоотойгоор сонгуулийн сурталчилгаа албан бусаар эхэлчихсэн гэдгийг сая та ч хэллээ. Тэгвэл нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс малчдад тусалж явснаараа Сонгуулийн тухай хууль зөрчсөн асуудалд орох вий гэсэн болгоомжлол байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Одоогийн парламент, Засгийн газарт байгаа хүмүүс өөрийнхөө ажлаа хийж байгаа юм шиг харагдаад байгаа юм. Гэтэл энэ чинь сонгогчийн сэтгэхүйд “Мундаг хүн байна”, “Хэдэн боодол өвс өгсөн” гэж бууна. Тэр ойлголт нь гарахгүй явсаар сонгуульд орвол түүгээрээ дугуйлах магадлалтай. Харин горилогчдын хувьд сонгуулийн жил эхэлснээс хойш аливаа санал худалдан авах үйл ажиллагааг хийж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Тэгэхээр хуулиа л сайн судалж, барих хэрэгтэй. Гэхдээ манайд чинь нутгийн зөвлөл, энэ тэндхийн холбоо, төрийн бус байгууллага гээд явахаараа болоод байх шиг байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: Бид өмнө олгосон газрыг цуцлах үйл ажиллагааг л маш сайн хийж байна DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Нийслэлийн газрын наймаа, замбараагүй газар олголт үе, үеийн БОАЖ-ын сайдтай холбоотой гэж нийслэлийн Засаг дарга саяхан мэдэгдсэн. Энэ үнэн үү?

-УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоол гэж бий. Энэ тогтоолоор Богд хан уулын дархан цаазат газрын хил, заагийг тогтоож өгсөн. Нийслэлтэй энэ огт хамаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт газрууд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагддаг. Харин нийслэл тусдаа. Өнгөрсөн 2011 онд тухайн үеийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга, БОАЖ-ын сайд нар дээр хэлсэн УИХ-ын тогтоолоор тогтоосон Богд хан уулын дархан цаазат газрын хил, заагийг өөрчлөөд газар олголт хийж эхэлсэн байдаг.

-Яг аль орчмын газрууд вэ?

-Нисэх, Яармаг тал руугаа их. Нэг ёсондоо УИХ-аас гаргасан тогтоолыг зөрчсөн. БОАЖЯ, нийслэл, БХБЯ-наас 2011-2023 оны хооронд давхацсан газар олголт их явсан нь үүнтэй холбоотой. Тийм ч болохоор тухайн тогтоолыг өөрчилж, газрын хил, заагийг өөрчилсөн албан тушаалтнууд дээр хууль хяналтын байгууллагынхан хэрэг үүсгээд явж байгаа юм билээ. Ноднин жил БОАЖЯ, НЗДТГ, БХБЯ хамтарсан уулзалт хийсэн. Тус уулзалтаар 1995 оны энэ тогтоолыг хэрэгжүүлэх, манай яам нийслэлийн буюу тусгай хамгаалалтад байгаагүй газарт өөрийн харьяа гэдэг нэрээр газар олголт хийснийг цуцлахаар болсон. Мөн ноднингийн нэгдүгээр сарын 29-нд 1995 оны УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангахыг манай яаманд даалгасан БОХХАА-н байнгын хорооны тогтоол гарсан. Ингээд ажлын хэсэг байгуулагдаад ажилласан. Улмаар тавдугаар сард хил, заагийг тухайн тогтоолд нийцүүлэх шийдвэр гаргаад тухайн үед авсан 80 орчим газар дээр сонсох үйл ажиллагаа хийгээд цуцлахаар болсон. Гэхдээ тухайн албан тушаалтны буруутай үйлдэл учраас иргэн, аж ахуйн нэгжүүдийг хохироохгүй байх асуудлыг манай яам хөндөж оруулсан. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж байгаа энэ цаг үед бид бүх зүйлийг буцааж эмх цэгцэнд нь оруулах ажлыг хийж байна. Тийм болохоор газар олголттой холбоотой бүх ажлыг цахимжуулсан. Мөн ноднин жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулиар газар олголтыг зөвхөн сонгон шалгаруулалтаар хийхээр болсон. Тиймээс манай яам өнөөдрийг хүртэл нэг ч газар олгоогүй. Одоо бид зөвхөн цуцлах, хязгаарлалтын бүсээс хамгаалалтын бүсэд нэмж авах ажлуудыг хийж байна. Мөн ноднин их хэмжээний үер болсон учраас Богд хан уулаас гарч байгаа усны зам дээр олгосон бүх газрыг цуцалж байна. Цуцлах үйл ажиллагааг л бид маш сайн хийж байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 10 сая орчим метр квадрат газрыг цуцалсан.

-Газрыг нь цуцалсан иргэн, аж ахуйн нэгжид өөр газар олгох, нөхөн төлбөр өгч байгаа юу?

-Хуулиараа сонсох ажиллагаа хийгдээд, түүний хүрээнд УИХ, Байнгын хорооны тогтоолын дагуу бүгдэд нь мэдэгдэж байгаа. Зөвшөөрч байвал газраа дүйцүүлэн авч болно. Харин авахгүй, шүүхдэнэ гэвэл өөрсдийнх нь эрхийг нээлттэй үлдээсэн. Иргэн, аж ахуйн нэгжүүд аль болох хохирохгүй байх ёстой. Гэхдээ тусгай хамгаалалттай газар нутаг хуулийнхаа дагуу ямар нэгэн зөрчилгүй байх ёстой.

-УИХ-ын 1995 оны тогтоолоор хил, заагт нь Зайсангийн ам, Нүхт зэрэг газрууд ордог уу?

-Бүгд орно. Нисэх-Яармагийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтийг 2013 онд НИТХ-аас баталсан. Дараа жил нь дэд бүтэц татах зөвшөөрөл олгож, 2015 онд хоёр давхраас дээш давхар барилга барьж болохгүй гэсэн стандартыг нь аваад хаячихсан. Тэгээд л өндөр, өндөр барилгууд барьж эхэлсэн. Анх 2011 онд хил, заагийг нь өөрчилж байгаад л энэ бүхнийг эхлүүлсэн байдаг.

-Таныг Хөвсгөл нуурын урд эрэг, Алагцар орчимд прокуроруудад газар олгосон гэдэг асуудал 2022 онд гарч байсан. Энэ чухам юу болсон юм бэ?

-Ноднин бол огт газар олгоогүй. Харин 2022 онд 12 иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон. Энэ дотор тухайн орон нутагтаа амьдарч байгаа 10 иргэн бий. Мөн нэг аж ахуйн нгэжид өгсөн бол нөгөө нь таны ярьж байгаа асуудал. Үндсэн хуульд ялгаварлан гадуурхахгүй байхыг зааж өгсөн. Тийм ч болохоор тэр, энэ байна гэхгүйгээр тухайн байгууллагуудаас ирсэн хүсэлтийг үндэслээд боломжтой гэсэн тохиолдолд газар олгодог. Би сайдаар томилогдсоноосоо хойш АТГ-ын комиссарыг яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартаа шилжүүлэн ажиллуулсан. Түүнээс өмнө чухам юу байсныг мэдэхгүй. Гэхдээ яамнаас газар олгодог. Түүн дээр нь авлига их яригддаг. Нэмээд шонхор, ховор ан агнуур, ургамал, байгаль орчны үнэлгээ, менежмэнтийн төлөвлөгөөнүүд гээд маш олон асуудал байсан. Харин бид эдгээрийг цогцоор нь шийдсэн. Өнөөдөр газар олголт зогссон. Шонхорын асуудлыг Ерөнхийлөгчийн тамгын газарт, ан агнуур, ургамал, самрыг аймгуудад нь шилжүүлсэн. Самрын ард маш их асуудал яригддаг, авлига их явдаг юм билээ. Ан агнуурыг дуудлага худалдааны зарчимд шилжүүлсэн. Ингэхээр ямар ч авлига байх боломжгүй. Засгийн газраас ноднин жилийг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Бид шат дараатай ажлуудыг хийж байгаа. Авлигын үндсэн нөхцөл, суурийг тасдах ёстой. Түүнээс биш хэдэн авлигчийг барьж хорихоос илүү авлига үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Засгийн газраас аялал жуулчлал дээр нэлээд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Харин энэ жилийн өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагаануудыг зудаас үүдэн болиулах, хойшлуулах тухай яриа гарсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Бид зудтай тэмцэхийн тулд мөнгө, санхүүжилт хэрэгтэй. Нэг хэсэг газар зудтай байлаа гээд нөгөө хэсгийн хүмүүс орлогогүй болж болохгүй. “Хөх сувд” мөсний баяраас хамгийн их орлого олдог нь нутгийн иргэд байдаг. Тийм болохоор бид бүх арга хэмжээг хийдгээр нь хийнэ. Ингэж байж иргэдийнхээ олдог орлогыг таслахгүй байж чадна. Засгийн газар эдгээр арга хэмжээг цуцалчих шиг амархан зүйл байхгүй. Гэхдээ ингэвэл эцсийн дүндээ ард иргэд, аж ахуйн нэгжүүд л хохирно.

-Манай эдийн засаг дан ганц уул уурхайгаас хараат байдаг. Харин эдийн засгаа солонгоруулна гэж их олон жил ярьсан. Тэгвэл аялал жуулчлал уул уурхайн төсвийг бүрдүүлдэг дараагийн гол салбар болох боломж байна уу?

-Бид онгон дагшин байгалиа, зэрлэг амьтнаа, нэн ховор ургамал, байгалийн сайхан тогтоцоо сайтар хамгаалж чадвал энэ бол шавхагдашгүй баялаг. Магадгүй манайх шиг нэг дор жилийн дөрвөн улирлыг үзэж чаддаг орон хэд байгаа вэ. Дэлхийд хөндөгдөөгүй үлдсэн сэрүүн хээрийн бүс нь Канад, манайх хоёр л байна. Тиймээс Засгийн газраас ирээдүйд олох орлого маань хаанаас вэ гэдгээ тодорхойлж байгаа. Ноднин жил аялал жуулчлал тэрбум ам.доллар давсан орлого олсон салбар анх удаа боллоо. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хийгдсэн ажил. Засгийн газар тэр чигээрээ ажиллаж байна. Визээс чөлөөлөх ажил, цахимжилт маш сайн явагдаж байна. Аялал жуулчлалын компаниуд маань хичээж байгаа. Цаашдаа уул уурхай мэдээж байж л таарна. Гэхдээ ухдагаас илүү ургуулдаг аялал жуулчлалын салбарыг илүү хөгжүүлснээр доллар оруулж ирэх боломж тэр хэрээр нэмэгдэнэ. Египет улс зөвхөн прамидуудаараа жилийн 10 сая жуулчин, 30 тэрбум ам.доллар олж байна. Харин манайх нүүдэлчин ард түмэн учраас эртний хаадуудын маань орд харш, байшин барилга тэр бүр үлдсэнгүй. Би өөрөө түүхч хүн. Оюутан байхдаа Хархорум хотын туурь дээр очиж археологийн чиглэлээр ажилладаг байсан. Тэгж байхдаа Хархорум хотын дөрвөн замын уулзвар, Өгөдэй хааны ордны туурь, гантиг багануудыг малтлагаар гаргасан. Харамсалтай нь дараа жил нь очиход нөгөө гантиг баганууд айлын хашаанд түлээ хагалдаг суурь болчихсон байсан. Тийм болохоор Соёлын яамтайгаа хамтраад бид түүхийн дурсгалт эд өлгийн зүйлсийг маш сайн хамгаалах ажлуудыг хийж байна.

-Засаг төрөөс нь аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд зүтгээд байна. Гэтэл аялагчдад хамгийн таагүй сэтгэгдэл төрүүлдэг нь зочид буудал, жуулчны баазуудын үйлчилгээ, харилцаа хандлага байдаг. Тиймээс тэднийг хөгжүүлэх тал дээр салбар яамнаас ямар ажлууд хийж байна вэ?

-Дэлхий нийтэд аялал жуулчлалын бүс гэж бий. Тайландын Пүкэт, Вьеатнамын Фукуок, Сингапур, Дубай зэрэг чинь аялал жуулчлалын бүс. Харин тэр бүсээс нь гараад орон нутгийн иргэдийн амьдардаг газар очвол манайхаас дор орчнууд ч бий. Манай улсад аялал жуулчлалын бүс огт алга. Нийт газар нутгаараа нэг бүс болчихоод байна. Тийм болохоор ийм том бүсэд бие засах газар, кочлох үйлчилгээний асуудлыг шийдэх боломжгүй. Тэгээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дотор улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсийг хуульчилж өгсөн. Ингээд хуулийг нь, 110 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл, бодлогыг нь гаргаад өгчихсөн учраас үүнийг иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдөө хийх ёстой. Бид одоо асгах бодлого явуулж байгаа. Манай улс ноднин жил түүхэндээ анх удаа 651.061 жуулчин авсан. Үүнээс илүү яагаад авч чадсангүй вэ гэхээр бидэнд зочид буудал, кемпүүдийн хүртээмж алга. Улаанбаатар хот нэг өдрийн дотор 4000 жуулчин л хүлээж авах ортой. Жилийн турш өдөр бүр тултал аваад байхад л 1.2 сая орчим жуулчин авч чадна. Тиймээс бид байршуулах үйлчилгээгээ сайжруулж, орныхоо тоог нэмэгдүүлэх шаардлагатай.

-Ингэхийн тулд яах ёстой вэ?

-Жуулчин ирэхээс өмнө аж ахуйн нэгжүүд өөрсдөөсөө мөнгө гаргаад орныхоо тоог нэмэгдүүлэхгүй. Учир нь жуулчин ирэхгүй бол тухайн бизнес дампуурна. Тиймээс Засгийн газраас асгах бодлого барьсан. Гадны сурталчилгааг сайн хийсэн. Үүний хүрээнд ноднин жил Монгол Улсын тухай сурталчилгаа мэдээлэл 570 сая гаруй хүнд хүрсэн. Энэ дотроос дээр хэлсэн 651 мянган жуулчин ирсэн. Жуулчин авч байгаа газрууд 100 ортой бол тэр хэмжээндээ л авна. Харин 200 ортой болгоогүйгээс өдөр тутам 100 жуулчин алдаж байна гэсэн ойлголтыг аж ахуйн нэгжүүд аваад Засгийн газрыг хөнгөлөлттэй зээл гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

-Улсын аялал жуулчлалын бүс яг аль хэсгийг хамаарч байгаа вэ?

-Манай улсын нийт газар нутгийн 33.8 сая га талбай нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Гэхдээ тусгай хамгаалалтад ороогүй ч аялал жуулчлалын бүс нутаг болсон газрууд их бий. Бид яагаад аялал жуулчлалын улсын бүс байгуулах шаардлагатай вэ гэхээр тэнд гадны болон дотоодын хөрөнгө оруулалтын орох ёстой. Тэгж байж илүү хөгжинө. Гэхдээ аялал жуулчлалын салбарт тухайн шийдвэр, бодлогыг хэрэгжүүлэгч нь энэ төрлийн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд байдаг юм. Тэдэнд итгэл үнэмшил төрсөн цагт энэ нь явна. Тийм ч болохоор Аялал жуулчлалын мэргэжлийн хараат бус холбоог анх удаа байгуулсан. Ингээд өнөөдөр (02.26) миний бие энэ холбоон дээрээ ирээд аялал жуулчлалд цаашдаа юу хийх хэрэгтэйг ярилцаж байна. орон нутгийн иргэд аялал жуулчлалаас хамгийн их ашиг хүртэгч нь байх ёстой. Гэтэл нийслэлээс очоод жуулчны бааз байгуулаад, нутгийн иргэддээ тэр бүр өгөөжгүй газрууд бий. Энэ бүхнийг цэгцэлж, шинээр газар олголтыг шийдэж, стандартыг сайжруулах хэрэгтэй. Үүнийг Засгийн газар хийнэ.

-“Нэг жуулчин-нэг хонь” гэсэн хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлэхээр болсон юм бэ?

-Малчны орлого өнөөдөр мал гэсэн ганцхан суваг дээр байна. Гэхдээ малаа төхөөрч, эсвэл зарж байж л орлогоо олж байгаа. Мэдээж ноос, ноолуур, цагаан идээ гээд бий. Даанч тийм их биш. Тэгэхээр хонь нь амьсгалж байхдаа малчиндаа орлого оруулдаг байж яагаад болохгүй гэж. Гадаадын олон зуун сая хүн өнөөдөр өөрийн гэсэн амьтангүй. Солонгос улсад өнөөдөр 10 сая өрх нохой тэжээж байна. Тэр хүмүүс заавал дэргэд нь байхгүйгээр өөрийн гэсэн амьтантай, малтай байх гэсэн хүсэл сонирхол байна. Түүнд нь түшиглээд бид малчинд орлого оруулж болно. Хэрэв малчин орлоготой болчихвол заавал 1000 хоньтой байх шаардлагагүй.

-Аялал жуулчлалд үнэхээр анхаарч байгаа. Гэтэл байгаль орчны салбар нь жаахан орхигдоод байна уу гэсэн яриа ч байна. Сүүлийн жилүүдэд байгаль орчин талдаа ямар, ямар ажлууд хийж хэрэгжүүлсэн бэ?

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эвдэгдэж орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ гэж оруулсан. Бид өнөөдрийн байдлаар 12353 га газрыг нөхөн сэргээгээд байна. Байгалийн дагалдах баялгийг бид үр өгөөжтэй байлгахын тулд дуудлага худалдаанд шилжүүлэхээс эхлээд нөхөрлөлийн зарчимд тулгуурлан хийгээд явж байгаа. Хуулиудад ч тодорхой өөрчлөлтүүд орсон. Усны төлбөрийг нэмэгдүүлснээр Булган аймаг жилдээ 16-18 тэрбум төгрөгийн орлого олдог болсон. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил орхигдсоноос үүдэн 735 мянган га талбай өртсөнөөс ноднин жилд бид 270 орчим мянган га талбайг нь ойн хөнөөлт шавжнаас салгасан. Ингэснээр нэг тэрбум орчим модыг аварч, хамгаалсан. Харин энэ онд 461 мянган га талбайг цэвэрлэнэ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж байна. Бид 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл 41.2 сая мод тарьж ургуулсан. Жилд 62 сая тарьц, суулгацтай, 12 тонн үрийн нөөцтэй болсон. Байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулж, 71 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар төвлөрүүлсэн. Байгаль хамгаалагчдын маань дундаж цалин 1.7-2.3 сая төгрөг болж, дөрвөн ээлжийн хувцас, унаатай боллоо. Гадаадын орнуудад туршлага судалж байна. БОАЖЯ-наас нойлын асуудлыг олон жил хөндсөн. Харин анх удаа ус цаг уурын өртөө харуулынхан маань дотроо бие засах газартай болсон гээд олон ажлууд байна. Нийтдээ 11 хөв цөөрөм байгуулсан. Энэ нь эргээд тухайн газар нутгийнхаа эко системд маш чухал зүйл. Энэ жил Ганга, Эрээн, Өгий нууруудыг сэргээх ажилд есөн тэрбум төгрөг тавьсан. Намайг ажил авч байхад нэг килограмм самарнаас олдог байсан орлогын 1.7-6.7 ам.доллар байсан. Харин бид 2022 онд 12 ам.доллар болгосон. Одоо ч энэ тоо өсч байгаа. Энэ мэтчилэн манай яам байгаль орчиноо, аялал жуулчлалаа ч орхилгүйгээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын эрх баригчдын гаргадаг хоёр нүүр тав алхалгүй тар нь танигддаг болжээ DNN.mn

Эх орны хөгжил дэвшилд хэрэг болчихоор, гялайж гялтайх төсөл хөтөлбөрүүдийг манайхан уг нь зайлуул их л санаачилдаг юм. Харамсалтай нь ямар нэг байдлаар аль нэг нь зогсоодог. Мэдээж гадны явуулга байхыг үгүйсгэхгүй ч тэдний үгээр хөдөлдөг манай эрх баригчдын балаг юм. Ингэж хардах үндэс бүрэн бий. Сүүлийн үед улам ч нэмэгдсэн. Эгийн голын усан цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах тухай яриад хэдэн жил болов. Дээрээс нь Франц улстай хамтран хэрэгжүүлэхээр болсон 1.6 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэй ураны асуудал өнөөдөр хэрхэх нь мэдэгдэхгүй ацан шалаанд орчихоод байна. Эдгээр төслүүдийг хэнээс ч айлгүй, хараат бусаар шийдчихсэн бол бид өдийд эрчим хүчний гачигдлаас бүрэн ангижраад өдгөө үйлдвэржсэн орон болчих байлаа. Мөн аль жилийн өмнө өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудал ч өнөөдөр мухардмал болж, парламентынх нь дарга гарч ирээд урьд хожид байгаагүй зүйл ярьж байна. Ингэж хөмөрсөн тогоон дотроо эргэлдэж, өөр хоорондоо уралдсаар байтал хорвоо ертөнц биднийг үүд хаалгаа хэр хэмжээнд нээх нь вэ гэдгийг чих тавин харж сууна. Даанч гэрэл цухуйх төдий онгойлгосон болчихоод хөрөнгө оруулагч нарт газраа эзэмшүүлэх ч үгүй, ашиглуулах ч үгүй гээд суухаар тэдний итгэл алсарч байна. Нэг үгээр бид дэлхий нийтийн өмнө худалч, хоёр нүүртэй гэсэн нэг нэр, хоёр хочтой болчихлоо. Тэр нь ч тав алхахгүй илэрч, баригдаж байна. Учир нь бид дэлхийн бараг бүхий л томчуудыг урин залж ирээд “Гуравдагч хөрш” гэсэн сайхан нэр зүүж өгөөд, газрын ховор элемент, уран, зэс гээд тэдний сонирхдог бүхий л төслүүд дээрээ хамтарч ажиллахаа нотлон баталдаг.

Дарга нар маань ч ээлж дараагаар гадны оронд очиж улиг болсон энэ үгээ тоть шиг давтсаар ирдэг. Даанч өдий болтол бид нэгийг нь ч бодит ажил болгож хэрэгжүүлсэнгүй. Одоо дэлхий бараг биднээс цөхөрч байх шиг байна. Хэрэгжиж байгаа ганц нэгэн төслөө бараг л нуух шахам сөөм, сөөмөөр урагшлуулж байгаа нь маргашгүй үнэн. Мэдээж хойд хөршөөсөө л тас нууж байгаа хэрэг байлгүй дээ. Ер нь манай эрх баригчдын “Сайн дүү” байх гэсэн хичээл зүтгэл бараг л цусанд нь шингэчихсэн байдаг бололтой. Гэхдээ энэ ойлголт нэгэн цагт халаасаар нь дамжиж ирсэн нь ойлгомжтой. Нам нь сонгуулийн санхүүжилтээ авдаг байх. Мөн өөрсдөө ч хувь хүн танил талаараа санхүүжилт авдаг биз. Одоо ч тийм байхыг үгүйсгэхгүй. Мөн элдэв булай муухайг нь мэддэг, баримтжуулсан байдаг байлгүй. Түүндээ л барьцаалагдчихаад байдаг байлгүй дээ хөөрхий гэсэн олны үг ортой ч юм бил үү. Тийм болохоор л ард түмнийхээ өмнө бас гадаад улс гүрний өмнө гарч том ярьчихаад, хойд хөршийн бараа харагдангуут л сүү долоосон гөлөг шиг болдог биз. Одоо сүүлдээ зөвхөн ард түмэндээ худлаа ярьдаг байснаа шат ахиад дэлхийг хулхиддаг болчихоод байна.

Уг нь манай хэдийн үнэнч байдлыг болиулж, барьцаалагдсан байдлаас нь гаргах гэж бусад орны удирдагч, сайд, дарга нар худалч хүнд сардаа нэг ирж байгаа. Даанч манайхны цусанд нь шингэсэн өнөөх үнэнч зан хувиршгүй аж. Хойд хөршдөө үнэнч байх гэснээс саяхан манай нэг дарга өнгөрсөн зууны 60-аад онд армид авсан ачааны ямбий машиныг нь гарын хүчээр асааж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан даа. Бас тэрүүгээрээ бахархаад байгаа юм уу хаашаа юм гэж харахаар зүйл болж өнгөрөв. Уул нь ичмээр зүйл л дээ, ганц түлхүүр мушгиад юм уу товч дараад л асаачихдаг болоод удаж байгаа, дэлхийд бол.

Байгалийн өмнө хүчин мөхөсдөж буй хэдэн малчиндаа туслахаар явж байгаа нь сайн хэрэг ч ийм үед ашиглах сүүлийн үеийн хүчин чадалтай техник, тоног төхөөрөмж авах бүрэн боломж байсан. Даанч дарга нар маань үүнийг хүсээгүй. Үүгээрээ тэд “ах” нартаа үнэнчээ илтгэж, одоо хүртэл та нарынхаа өгсөн зэвсэг, тэргийг хадгалсаар байгаа шүү гэж хэлээд байх шиг. Тийм машинаар эх орноо хамгаалах юм гэнэ. Асаах гэж ноцолдсоор байгаад шатаад дуусах байлгүй дээ. Дээрээс нь далайсан газар нь далд орно шүү гэдгээ нотлоод ч байх шиг. Жуковын хөшөөнд цэцэг өргөж, төрийн хүндэт харуулаа зогсоосноос ч ингэж хардаж болно. Одоо бүр байтлаа хэлмэгдэгсэд, 1930-аад оны их хядлагын тухай ярьж хэлсэн Их хурлын гишүүнд хойд хөршийн Элчин сайдын яамнаас нь албан бичиг ирдэг болсон гэх юм билээ. Тэр нь явж, явж наадах чинь манай орны нэр хүндтэй холбогдож байна гэсэн утгатай гэж байгаа. Даанч үүнийг нь олон нийтэд дэлгээд, бодит байдлыг нь хэлчих эр зориг тэр нөхөрт дутагдсан байна. Тиймдээ ч хаалга үүд рүүгээ хялам хийх зуураа хүнд шивнэсэн гэсэн яриа гарах вэ дээ. Ер нь Оросоос айх, тахин шүтэх, даган дуурайх үзэл хорт хавдар мэт улам нэмэгдсээр байгаа.

Манай одоогийн дарга нар оросуудад саймширч байгаагийн бас нэг илрэл нь шатахуун, түлшний асуудал. Нөгөөдүүл нь байсхийгээд л шатахуунаа өгөхгүй хэмээн дарамталж, өөрсдийн дур хүслээ хангаж байна. Ингээд байхад л манай дарга нар өөр газраас шатахуун, түлшээ авах оролдлого огт хийдэггүй. Бусдаас авахаар оролдлого хийхээр хойд хөрш цахилгааны хязгаарлалт хийх гээд байна. Хэрэв тэгвэл бид лаа, шүдэнзээ бэлдэхээс өөр аргагүй гэсэн ухуулгыг ч хийсэн. Нэмээд энэ асуудлыг шийдэхэд нэлээд нэмэр болох Газрын тос боловсруулах үйлдвэр ч чухам юу болж байгаа нь бүдгэрч, алсарсаар байна. Улмаар өдгөө 20-иод жил ярьж байгаа дээрх төслүүд шиг болох ч магадлалтай. Энэ хугацаанд уг нь улс юм бол улс шиг байх цаг хугацаа өнгөрлөө. Улс гүрний хоорондын харилцаанд мянган сайн ах, сайн дүү гэж байдаггүйг өнгөрсөн цаг хугацаа бидэнд хангалттай харууллаа.

Түүнээс биш улс нийтээрээ “Цүнх баригч” маягтай явсаар бид юу ч хожсонгүй. Угаас “цүнх баригч” нар олигтой хожилд хүрч, өөдөлж дэвшсэн түүх ч байхгүйг манай намууд, түүнийг дагасан долдой нарын түүх бэлэн гэрчилнэ. Тиймээс бид одоо нэг талдаа бүрэн гарах хэрэгтэй байна. Нэг бол улс шиг улс болон хөгжөөд, дэлхийн бусад улс оронтой ижил тэнцүү харилцаж, өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавиад, хөдөлгөж болох бүхий л төсөл хөтөлбөрүүдээ зоригтойхон хөдөлгөх хэрэгтэй. Аль юм болгонд хойд хөршөөсөө айж, эсвэл тэдэнд саймширч гаргасан бодлого бүрээ эргэн харж, ухраан засаж явах вэ, дарга нар аа. Үгүй бол “Сайн ах” нарынхаа дагаар орох гэсэн хоёр л сонголт байна. Саяхан даа, Орос, Украины дайн эхэлсэн өдрийг тохиолдуулан АНУ-ын Элчин сайдын яамнаас дайныг эсэргүүцэгчдийн талд орооч ээ, байр сууриа тодорхой болгооч ээ гэсэн утгатай уриалга гаргасан нь ч бидний өнөөгийн байгаа байдлыг хэлээд байгаа хэрэг.

Ерөөс эх баригчид минь, эх орноо сайн сайхнаар удирдан чиглүүлнэ гэж бодож яваа бол удирдсан шиг удирдаад бусдын дарамт, халаас хоёрт ормооргүй байна. Үнэхээр чадахааргүй бол чадах хүмүүст нь хүлээлгэж өгөөд санаа амар хөлөө жийж суух хэрэгтэй шүү дээ. Энэ цаг үед Монгол Улс өөрийн биеэ даах эрмэлзэлтэй болж, түүндээ хүрэх эр зоригтой, ард түмэндээ ч тийм хүсэл тэмүүллийг суулгаж өгмөөр байх юм. Ард түмэн ч ингэж чадах зоригтой зоримог удирдагчдыг сонгож гаргаж ирэх хэрэгтэй байна. Бид 1989 оны ардчилсан хувьсгалыг Зөвлөлтийн нөлөөнөөс гарахын тулд л хийсэн гэдгийг одоо бүгд мартчихаад байх шиг санагдах юм.

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: УИХ дээрээ зөв бодлого гаргаад явсан бол өнөөдрийн таван боодол өвсний тусламжаас илүү дээр байх байсан DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-аас “Ногоон автобус”-ны асуудлаар Хянан, шалгах түр хороог хэзээ байгуулсан бэ. Яагаад энэхүү хороог байгуулах болов?

-Ардчилсан намын гаргасан санаачилга шүү дээ. Ингэхдээ ногоон автобусны худалдан авалтын талаар сонсгол явуулъя гэсэн. Тээврийн хүний хувьд тэрхүү санаачилга дээр нь би гарын үсэг зурсан. Манай намаас ч 10 гаруй гишүүн дэмжсэн. Ингээд энэхүү түр хороог байгуулах шийдвэр нэгдүгээр сарын 17-ны өдөр гарсан. УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдөр байсан юм. Ингээд түр хорооны гишүүд хуралдаад намайг даргаар нь томилсон.

-Таныг даргаар сонгосон анхны хурал хэзээ болсон бэ?

-Түр хорооны гишүүдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй баталсан. Тэр өдрийн чуулганы хуралдааны дараа анхны хурлаа хийж намайг дэмжсэн.

-Ногоон автобусны худалдан авалтыг хэрхэн шалгах юм бэ. Одоо ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Нэгдсэн чуулганы хуралдаан завсарлаад гишүүд маань нэлээд ажилтай байлаа. Тиймээс бид ирэх долоо хоногийн даваа гаригт хуралдаанаа хийхээр болж байгаа. Үүгээр түр хороо шинжээчдээ томилно. Мөн шинжээч ямар хүрээнд, яаж ажиллах вэ гэсэн дүрмийг батална. Хоёрдугаарт, хянан шалгагч нараа ч мөн томилно. Ингээд нийслэл болон зохих байгууллагуудаас материалаа авна. Харин шинжээчдийг аудитын байгууллага, Төрийн өмчийн хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг газруудаас авна. Хянан шалгагчдын хувьд хуульчид, Төрийн худалдан авах газар зэргээс томилно. Тэдгээр хүмүүс маань материалуудтай танилцаад долоо хоног орчим ажиллах болов уу гэж харж байгаа. Одоо бол зөвхөн ногоон автобусны асуудал дээр ажиллах учраас нэг их хугацаа орохгүй байх. Ер нь бол дөрөвдүгээр сард хурлаа зарлаад 2-3 хоногийн дотор асуудлыг дуусгана гэж бодож байна.

-Энэ хэрэгтэй холбогдуулан хувийн хоёр компанийн захирлыг буруутгаад нэгийг нь хорьчихсон байгаа. Тэгвэл энэ хоёр хүн хуйвалдаад ийм хэрэг хийнэ гэдэгт хүмүүс тэр бүр итгэхгүй байна. Үүнд төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд оролцсон байх боломжтой юу?

-Яг үүн дээр би одоо хариулж чадахгүй. Холбогдох материалуудыг бүгдийг нь цуглуулна. Бүгдийг нь үзээд шинжээчид дүгнэлт гаргана. Уг дүгнэлтээр бүх асуудал тодорхой болно. Компанийн оролцоо ямар байсан, сонгон шалгаруулалтыг нь яаж явуулсан, хөндлөнгийн нөлөөлөл нь юу байв, бичиг баримтууд нь яаж гарсан байна вэ гээд олон асуудал тодорно.

 -Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг энэ хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татсан гэдэг үнэн үү?

-Надад энэ талаар ямар ч мэдээлэл алга.

-Та саяхан өвөлжилт, хаваржилттай холбоотой пост оруулсан нь нэлээд хэл ам дагуулсан. Ер нь энэ жилийн зуднаар малчид маань өөрсдийн өмч болсон мал сүргээ бүрэн бүтэн авч үлдэх тал дээр юу хэлмээр байна вэ?

-Тухайн үед машин угаалгаж байх хоорондоо бодлоо цахим орчинд бичиж оруулсан. Хоёрдугаарт, би чинь хэдийгээр авто инженер ч гэсэн хөдөө орон нутаг, мал сүрэг, малчдаа дэмжих дээр 2017 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байна. Дээрээс нь орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд хүссэн хүсээгүй хөдөөгийн амьдралыг сайжруулах асуудлыг бодох ёстой. Гишүүн болохоосоо өмнө Булган аймагтаа би хоёр жил амьдарсан. Бидний хийсэн сургууль, цэцэрлэг, зам дагаж хөгжил гээд олон километр зам тавиад байдаг. Гэтэл эцсийн эцэст ард иргэдийн амьдрал дээшилсэн үү. Бахь байдгаараа байгаа нь үнэн шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүд, Засгийн газар УИХ-аас гарч байгаа бодлого чинь дэд бүтэц, нийгмийн хөрөнгө оруулалтыг л бодож байгаа болохоос биш ард иргэдэд хөрөнгө оруулалт хийхгүй байна. Үе, үеийн Сангийн сайд нараас би чуулганы хуралдаан дээр яг ямар хөрөнгө оруулалтыг ард иргэдийн амьжиргаа, хөдөө аж ахуй, мал аж ахуй сайжирч, хөл дээрээ босохын төлөө оруулж байгаа гэж асуудаг.

-Тэгэхээр ямар хариулт өгдөг вэ?

-Тэд энэ бол хувийн хэвшил. Мал чинь хувийн өмч. Хувийн хэвшлийн асуудалд төр оролцохгүй. Зах зээлийнхээ журмаар явах учиртай л гэж хариулдаг. Тэгээд л таг болдог. Гэтэл минийхээр бол “Иргэн баян бол улс баян” гэсэн өнцөг. Иргэн нь баян бол улс нь баян байна. Ингэхийн тулд иргэдээ баяжуулах, ажилтай болгох, цалин орлоготой байлгах асуудлыг нэн тэргүүнд бодохгүй бол болохгүй. Би бол “Баяжигтун” гэсэн уриатай л ажиллаад байдаг хүн. Тэгээд энэ хүрээндээ ЖДҮ-ийг хөгжүүлье гэдэг.

-Гэтэл ЖДҮХС-г нь хуваагаад авчихдаг шүү дээ?

-Яг тийм. Тэр үед нь би хөгжүүлнэ гэсэн мөртлөө хамаг ЖДҮ-ийн хөрөнгөө өөрсдөө авчихсан байдаг ийм УИХ тарцгаая гэсэн саналыг хүртэл тавьж байлаа. Малчид, хөдөлмөрчдөө ерөөсөө л хөл дээр нь босгох ёстой. Ингэхийн тулд ямар нэгэн зүйлээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гэтэл би хувиасаа мөнгө гаргаж өгөөд, эсхүл банкнаас хөнгөлөлттэй зээл авч өгөөд байж чадахгүй шүү дээ. Харин хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, тусламж гаргах боломжтой бодлогыг л гаргаж тавих. Яагаад иргэддээ улсын төсвийн хөрөнгөөр тоног, төхөөрөмж өгч болохгүй гэж. Тэгээд би “Шинэ хөдөө” гэж хөтөлбөрийг санаачилж байлаа.

-Тэр тань хэдэн он билээ?

-“Шинэ хөдөө” хөтөлбөр анх 2017 онд эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 10 гаруй тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмжийг иргэдэд олгосон. Трактор, хадлан, ногоо тарьж хураадаг тоног төхөөрөмжүүдийг хамтарсан өрх айлуудад олгож ирсэн. Булган аймгийн Сайхан суманд л гэхэд 20 гэр бүл хамтарч, газраа гаргахаар нь түрээсээр өгчихсөн. Одоо бол өвөлжөө, хаваржаагаа янзлах, ус худаг гаргах, хадлан тэжээлээ тарих, хураах ажлаа хийж байна. Яг л үүнийг нэгдсэн бодлого болгож явуулмаар байгаа юм. Бид өнөөдөр малчдадаа тусална гээд машин өвс ачаад явж байгаа ч нэг айлд очихдоо таван боодол өвс л болж байна. Цаашдаа яах юм. Цас зуд болох бүрд л хандивын аян эхлүүлээд, таван боодол өвсөө бариад гүйгээд байх юм уу. Харин түүний оронд нэгдсэн бодлого гаргаад авч чаддаггүй тоног төхөөрөмжийг нь түрээсээр өгөөд бэлтгэлийг нь хийлгэх хэрэгтэй.

-Зудтай газруудад яг одоо тусламж хүргэж байгаа. Гэтэл энэ тусламжийг хэтэрхий оройтчихлоо гэх хэсэг байна?

-Түрүүн хэлсэн, таван боодол өвсөөр нэгэнт муудсан малыг тэнхрүүлнэ гэж байхгүй. Дээрээс нь тэд чинь ямар өлсөж үхэх гэж байгаа хүмүүс биш. Гурил, будаа, эмнэлгийн тусламж өгөөд байна. Би яагаад жаахан эгдүү хүрээд тэгж пост бичсэн бэ гэхээр УИХ, төсөв дээр энэ асуудлыг ярихаар хэдэн малчдыг давраах гэлээ. Энэ чинь хувийн өмч гээд л эхэлдэг. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж, “Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуй” гэсэн төслийг ХХААХҮЯ-наас оруулж ирэхэд л 1400 малчинд хашаа барьж өгөх гэж байна гэсээр байгаад унагаасан. Тэгсэн мөртлөө өнөөдөр малчнаас нь илүү малд нь хайртай юм шиг нөхдүүд л гүйгээд байдаг. Уг нь УИХ дээрээ зөв бодлого гаргаад түүнийг нь дэмжээд явсан бол өнөөдрийн боодол өвсний тусламжаас чинь хавь илүү дээр байх байсан.

-Зарим нөхөд зудаар дамжуулан сонгуулийн сурталчилгаагаа бараг эхэлчих шиг боллоо. Та юу гэж бодож байна вэ?

-Би яг л наад өнцгөөс чинь хараад байгаа. Ер нь бид нэг зүйлийг зөв бодох ёстой. Цас зуд болохоор мал нь урууддаг. Тогтоож барих хашаа хороо байхгүй учраас араас нь явж байгаад амь насаа алддаг тохиолдол олон байна. Өмнө нь ч байсан л асуудал. Ингээд ярихаар Өмнөд Монголыг дуурайлаа гээд байгаа. Тийм биш. Бид хөгжлийг дуурайх асуудал болохоос Хятадыг дуурайж байгаа зүйл биш шүү дээ. Бүх зүйл хөгжөөд байхад заавал малаа дагаж явж байгаад эндээд байх шаардлага байхгүй. Байгалийн гамшиг болсон үед малаа хэд хоног дулаан хаших хашаа хороотой байж л хөгжих ёстой. Хагас эрчимжсэн байдлаар мал аж ахуйг хөгжүүлж болно. Өдөрт нь бэлчээртээ гаргаад оройдоо дулаан байранд хашаад байхад болохгүй юмгүй. Ер нь гадны туршлагаас харахад малыг дулаан хашаанд байлгаад байвал өвлийн жин алдагдал огт байдаггүй юм билээ. Одоо болохоор бид үнэхээр туйлдсан хэдэн малаа л арайхийж хавартай золгуулж байна. Өнөөдөр монголчууд бид долоо, наймдугаар сараас эхлэн шинэ мах идэж байгаад 11 дүгээр сард идшээ хийгээд хөргөгчиндөө хийчихдэг. Тэгээд бараг хагас жилийн туршид хөргөгчний мах идэж байгаа нь үнэн биз дээ. Малчид маань малаараа ашиг олох нь л чухал болохоос хээр гадаа дагаад л яваад байх нь тийм чухал биш. Гэтэл бид өмнөөс нь бэлчээрийн мал аж ахуй л хэрэгтэй гээд цахим орчинд бичээд сууцгааж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жагар: 35 нам эвсэхээр бол дэвшилтэт бодлоготой, хариуцлагатай эвсэл байгаасай гэж хүсэж байна DNN.mn

Иргэний зориг, ногоон намаас санаачлан 35 намын дарга нарыг уулзуулж, эвсэл байгуулахаар яригдаж буй юм. Харин өчигдөр намын дарга нар уулзалдав. Энэ үеэр Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам/САИНН/-ын дарга Б.Жагартай ярилцлаа.


-Өнөөдөр /өчигдөр/ 35 намын дарга нарын уулзалт боллоо. Үүгээр чухам юуг голлож ярьсан бэ?

-САИНН-ын даргын хувьд урилгыг хүлээн авч, уулзалтад санал санаачилгатай оролцлоо. Ер нь үе, үеийн сонгуулиар эвсэх тухай асуудал яригддаг. Гэхдээ яг ард түмэн, нийгмийн асуудлыг шийдэхүйц манлайлагчтай. Дээрээс нь сайн боловсон хүчинтэй, эв нэгдэлтэй ийм эвслүүд өнгөрсөн хугацаанд байгуулагдаж байсангүй. Дандаа ашиг сонирхол, бизнесийн зорилготой, ял наймаалцах, хувийн эрх ашгаа түрүүнд тавьсан эвслүүд байгуулагдаж, УИХ дээр кнопчид хийж байсан. Тийм болохоор би залуу хүний хувьд дэвшилтэт бодлого дэвшүүлж, нийгмийн өмнө хариуцлагатай байж чаддаг эвсэл байгуулагдаасай хэмээн хүсэж үүнд оролцож байна.

-Таны хүсээд байгаа шиг эвсэл байгуулагдах боломж хэр харагдаж байна вэ?

-Боломж харагдаад байна. МАН болон АН-аас бусад 35 намын дарга нараас 10 гаруй нь өнөөдрийн уулзалтад ирлээ. Ингээд асуудлаа тойрч суугаад ярилцаж байна гэдэг чинь бас нэг алхам. Яагаад ийм нэгдсэн том эвсэл байгуулах тухай хурал, уулзалт болж байна вэ гэхээр гуйлгачин, дарангуйллын бодлогоор улс орныг 34 жил удирдлаа. МАН, АН-ын авлигачид улс орноо өрөнд оруулж, ард түмэн нь ямар ч хуримтлалгүй, залуучууд нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжгүй болгож, бүх уул уурхайг хуваагаад авчихсан. Нэг ёсондоо улс төрд монополь тогтоосон хэрэг. Энэ нь ард түмэнд энэ хоёр намаас өөр сонгох сонголт байхгүй, энэ хоёр л боловсон хүчинтэй гэсэн ойлголтыг өгчихсөн. Бид чинь хулгай хийснээрээ уралдаад байгаа юм уу.

-Та хэдийг хамаатуулан “Жижиг намууд” гэсэн нэг ойлголт яваад байдаг?

-Энэ хоёр нам чинь бусад намуудаа “Жижиг” гэж доромжилдог. Нөгөөдүүл нь ч бид жижиг нам гээд яриад хэвшсэн. Тэгэхээр миний хувьд энэ хандлагаа өөрчлөөсэй гэж намууддаа уриалж байгаа юм. Харин манай САИНН-ын хувьд анх байгуулагдахдаа л улс төрийн гурван том хүчний нэг гэдгээ зарласан. Мэдээж хэрэг МАН, АНхоёр олон жил ингэж явсаар байгаад өөрсдийгөө үндэсний хэмжээний нам гэж ярьж байгаа. Гэвч тэр нь гишүүнчлэлээрээ огт биш. Хулгай хийсэн, луйвраараа л алдаршсан болохоос бус дэвшилтэт бодлогыг одоо болтол нэвтрүүлж чадаагүй. Нөгөө л нэг хий эргэж, ядарсан ард түмэн дээрээ олон талт татвар ногдуулчихаад түүнийг нь цүнх баригчид, троллууд нь шимэгчилж амьдардаг. Харин арай шат дээгүүр ах, эгч нар нь уул уурхайн лиценз зарж байна. Ингэхээр чинь улсын хөгжил огт яригдахгүй байгаа юм. Гэхдээ улс төрийн намуудыг бүгдийг нь үгүйсгээд байж болохгүй. Одоо чинь нам хэрэггүй гэсэн хандлага гарсан. Үүнд нь нөгөө жижиг гэгддэг намууд нь хөөрхий арчигддаг. Тэгээд цүнхэндээ нэг гэрчилгээ, тамгатай бий болоод байна. Тийм болохоор улс төрийн намуудаа илүү төлөвшүүлж, олон намын тогтолцоогоо улам оновчтой болгож, тодорхой төрийн бүтцээр дамжуулан тухайн намын мөрийн хөтөлбөр, зорилго, чиглэлийг таниулж мэдүүлдэг болох хэрэгтэй. Ингэж байж ард түмэн сонголтоо сайн хийнэ. Улмаар парламентад олон намын төлөөлөл сонгогдоно.

Сүүлийн үед бүр нам худалдаж авдаг буруу хандлага бий боллоо. Ямар нэгэн олигархын бүлэглэлийг төлөөлсөн хүмүүс нам худалдаж аваад, түүгээр дамжуулан улс төрд гарахыг оролддог. Улс төрд байж гэмээнэ өөрсдийнх нь бизнес илүү амь бөхтэй, орлого сайтай байдаг болохоор тэд ингэж үхэн хатан зүтгээд байгаа юм. Одоогийн УИХ-д нөхдүүд бүгдээрээ улс төрийн зөнөг залгасан. Тийм болохоор тэд улс орныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээж чадахгүй байна. Залуу үедээ боломж өгч, ажиллах нөхцөлийг нь шилжүүлж өгдөг ухамсартай байх хэрэгтэй. Түүнээс биш 60, 70 хүртлээ улс төрд яваад байгаа нь буруу. Одоо бид улс төрийг залуужуулах хэрэгтэй байна.

-Хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд ирэх сарын 25-ны дотор өөрсдийн мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өгөх ёстой. Та нарын шинээр байгуулахаар яриад байгаа эвсэл нэлээд оройтоод байгаа юм биш үү?

-Эрх баригчид оройтох үндсийг нь тавьсан. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх явц нь намуудыг хоорондоо уулзаж ярилцах, эвсэх, асуудлыг ярих боломж олгоогүй. Бүгдийг нь түргэн дээр нь тавьсан. Тэгэхээр өөрсдийгөө жижиг гэж боддог намууд чинь томсгосон тойрог дээр очих, эсхүл хоорондоо эвсэх тухай ярихаар нэг талдаа оройтсон. Гэхдээ үнэхээр эх орноо гэсэн сэтгэл зүрх байвал миний хүсээд байгаа шиг том эвсэл байгуулагдаж болно. Харамсалтай нь эвсэл байгуулахад хэн нь тэргүүн болох вэ гэдэг дээр бүгд амбицаа хаяж чаддагүй. Тиймээс би бусад намуудын ах, эгч нартаа залуу үедээ улс төрийн эрхийг шилжүүлж өгөхөд таяг, тулгуур нь болоорой гэж хэлж байгаа. Нөгөө талдаа Төрийн ордон дотор МАН, АН, ХҮНгэсэн эвсэл бий. Гурван өөр нэртэй л болохоос бус тэд чинь нэг. Эдийн засаг, ашиг сонирхлоороо нэг цул.

-Чухам яагаад ингэж хэлж байгаа юм бэ?

-Даатгалуудын боссууд өнөөдөр УИХ-д сууж байна. Т.Доржханд чинь өөрөө нэг нь. Банк, шатахууны эзэд ч сууж байгаа. Б.Баттөмөр, Ц.Анандбазар нар чинь шатахууны эзэд шүү дээ. Манай улсын бүхий л зүйл дээр энэ хэдхэн хүмүүс эзэн суучихсан. Тиймээс энэ блокыг задлах ёстой. Энэ байдлаараа хэт удаан явах юм бол ард түмэн өр зээлээ төлж чадахгүй, улс орны дотоод байдал хурцадмал байдалд шилжих ч аюултай.

-Та түрүүн нэг хүний намын тухай ярьсан. Үнэхээр тийм байдаг юм уу?

-Орон нутгийн сонгуульд оролцдог байдлаас нь л харж болно. Ер нь сонгууль болохоос хоёр сарын өмнө гэнэтхэн эх орондоо хайр зарлаад гараад ирдэг. Тэгснээ сонгуулийн дараа сураггүй алга болдог. Миний хувьд дөрвөн удаагийн сонгууль үзсэн. Өнгөрсөн 2020 оны сонгуульд Хан-Уул дүүргийн ИТХ-д ялалт байгуулсан. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр үнэхээр бусдын болоод нийгмийн өмнө хариуцлага хүлээх гэж байгаа хүн бол бүхий л цагт үзэл бодлоо илэрхийлж байх хэрэгтэй. Үзэл баримтлал гэдэг маш чухал. Гэтэл ямар ч үзэл бодолгүй, зөрүүд, дөргүй бух шиг нөхөд байгаа юм шиг санагддаг.

-Тэгвэл ийм нам гэсэн тамга, гэрчилгээг нь л таны хэлснээр мөнгөтэй хүмүүс худалдаж аваад байгаа юм биш үү?

-Харин тийм. Намын дарга нь ямар нэгэн үзэл баримтлалгүй болохоор зөвхөн мөнгө л харагддаг. Үнэхээр том эвсэл байгуулагдвал сайн байна. Би дэмжинэ. Гэхдээ энэ эвслээр дамжиж нэг хулгайчийн савраас мултраад нөгөө хулгайчийн гарт орж болохгүй. Тийм болохоор нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, тендер авч байгаагүй, уул уурхайн лицензгүй, улсаасаа хулгай хийж байгаагүй хүнээр тэр эвслийг удирдуулах хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн олигархын хүүхэд, улс төрөөр дамжин ял наймаалцдаг эвслүүдийг ард түмэн арчин хаях хэрэгтэй.

-Танай намыг Дээд шүүх хүлээж авахгүй нэг хэсэг болсон бил үү?

-Тэгсэн. Нийтдээ 10 гаруй удаа буцаасан.

-Яагаад ингэж олон буцаасан юм бэ. Одоо чухам хэдэн гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Манай нам 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн. Нам байгуулах процесс 2021 оноос эхэлсэн. Тэгэхээр хоёр жил гаруй явж байж намаа байгуулсан. Бид одоогоор гишүүнчлэл дээр суурилахгүй байгаа. Мэдээж хэрэг манай намд элсэж, дэмжигчээр бүртгүүлэх нь нээлттэй. Манайх одоогоор 2000 гаруй гишүүнтэй. Харин намын даргыг болон намаас дэвшүүлж байгаа зорилтыг дэмждэг нийтдээ 100 мянга гаруй дэмжигчтэй. Манайх чинь хамгийн отгон буюу 37 дахь нам.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Энхтөр: Авлигагүй засаглалыг бий болгоно гэсэн ч тэгж чадаагүй DNN.mn

Техник технологийн дээд сургуулийн багш, улс төр судлаач Э.Энхтөртэй ярилцлаа.


-Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа “Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх” гэсэн заалт асуудал дагуулж байна. Та энэхүү заалтын талаар юу хэлэх вэ?

-Энэ өөрөө яах аргагүй маргаан дагуулах асуудал мөн. Гэвч үүнийг ард түмэн ойлгож, хүлээж авч байгаа нь үндэсний үзэл санаатай шууд холбоотой. Учир нь газар бол ард түмний өмч. Түүнийг захиран зарцуулах нь 76 гишүүний эрх биш. Дээрээс нь нэг нам хэт олноор төрийн эрх барьж байгаа үед ямар ч хууль, Засгийн газрын өргөн барьсан хууль дэмжигдэх магадлал өндөр байдаг. Тийм учраас Монгол Улсад жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо бүрдэж, төлөвшсэн үед үүнийг яривал илүү өөр түвшний ойлголт гарах байх. Харин ийм цаг үед үндсэрхэг үзэлтэй монголчуудын хувьд үүнийг эсэргүүцэх нь тодорхой.

Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2012 онд шинэчлэн батлахад энэ заалт байсан гэдэг зүйлийг ярьж байгаа шүү дээ?

-Тус хуулийг анх 1992 онд баталсан байдаг. Гэвч үүнийг ард түмэн тэр бүр анзаараагүй байсан. Эсвэл энэ асуудал тэгтлээ хүндээр сөхөгдөөгүй байсан нь нөлөөлж яг тухайн заалтыг ярьдаггүй байсан байж мэднэ. Харин одоо сонгуулийн жилд үүнийг оруулж ирсэн нь иргэдэд хүнд туссан байж болно. Түүнээс биш сонгуулийн бус жил Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барьж хэлэлцүүлсэн бол олон нийт арай өөрөөр хүлээж авах байсан болов уу гэж харж байна.

-Засгийн газраас тус хуулийг өргөн барьсан. Гэтэл УИХ-ын дарга нь энэ заалтыг болиулах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл үүний цаана яг ямар улс төр яваад байна гэж та судлаачийн хувьд харж байгаа вэ?

-Ер нь манай улсын нийгэм, улс төрийн байдал өөрчлөгдөж байна. Яагаад гэхээр ард түмний итгэл үнэмшил өөр болсон. Өмнө нь сайхан зүйл ярьж, ухуулга, сурталчилгаа хийж болдог байсан. Гэтэл одоо хүмүүс аль нь зөв, буруу гэдгийг ялгаж салгаж ойлгодог болж байгаа. Тийм болохоор буцааж татаад, тухайн заалтыг хасахаас өөр аргагүй болж байна. Дээрээс нь эрх баригчид өмнө нь нэг асуудлыг босгож, ард түмнийг бухимдуулж байгаад дараа нь түүнийгээ засаж байгаа мэтээр нийгмийн сэтэлгээг удирдаж байсан. Ийм улс төрийн арга хэрэгсэл байна гэж хардах нөхцөл олон бий. Хүүхдийн мөнгөн дээр гэхэд л заримыг нь хаслаа гээд эсэргүүцээд эхлэхээр бүрэн олгохоор болсон. Ингэж тулгамдсан асуудал дээр нь тоглолт хийж, сэтгэл зүйгээр нь тоглодог. Ийм төрлийн улс төрийн оноо авах гэсэн зүйл бий болчихсон байна л даа. Гэвч энэ зүйл одоо алга болж байна. Учир нь өнөөдөр хүн бүр мэдээ мэдээллийг эх сурвалжаас нь олж аваад үнэн, худлыг нь шүүдэг болж байна.

-Бүр тодруулж асуувал Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гэж хоёр хүн хоорондоо толхилцоод эхэллээ гэж харж байгаа хүмүүс байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Яг энэ хоёр хүний цаана юу болж байгааг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ манай улс энэ жил дахиад л авлигын индексээрээ байр ухарлаа. Энэ бол төрд байгаа хүмүүс нь авлига, хулгайтайгаа жинхэнэ утгаар нь тэмцэж, таслан зогсоож чадахгүй байгаагийн үр дүн.

-Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байгаа учраас хэн хэнийгээ намнах гэсэн үйлдлээсээ болоод Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж чадахгүй байна гэсэн хардлага байгаад байна. Уг нь хэт олонхоороо төрийн эрх барьж байгаа намын Засгийн газраас оруулсан хууль батлагдах магадлал өндөр шүү дээ?

-Энэ бол байж болох асуудал. Нүүрсний сонсгол зохион байгуулаад Д.Амарбаясгалан гэж хүнээ дуугүй болгочихлоо шүү дээ. Араас нь ногоон автобус, нийслэлийн газрын наймаа гээд олон асуудал сонгуулиас өмнө гарах байх. Тэгэхээр улстөрчид, фракцуудын зөрчил үүн дээр байхыг үгүйсгэхгүй.

-Улстөрчдийн ийм тэмцэл, нэг том хэрэг илрүүлж сонсгол хийж байгаа нь өнөөгийн нийгэм, ард түмэнд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Агаарын бохирдол, замын түгжрэл өнөөдөр хүмүүсийн сэтгэл зүйд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг хүн бүхэн л хэлж байна. Бид үүнийг олон жилийн өмнөөс ярьж ирсэн. Гэтэл яг сонгуулийн жилд ярьж, буруутай этгээдүүдийг олно гээд байгаа нь дээр хэлсэн хардлагыг төрүүлээд байгаа хэрэг. Ер нь иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг одоо л олж харж буй мэтээр хандаж өөрсдийнхөө эрх ашгийг бодсон, өрсөлдөгчөө намнах гэсэн зорилготой байж мэднэ.

-Тэгвэл өмнө нь хийсэн сонсголуудаас үр дүн гарсан уу?

-Гараагүй. Яагаад гэхээр цаана нь эрх мэдэлтнүүд, том эрх ашиг байгаа учраас үр дүн гарахгүй байна. Аалзны тор шиг болтлоо хоорондоо сүлбэлдчихсэн болохоор бие биедээ хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа юм. Бүгд шахуу л Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайд нэр холбогдлоо. Гэтэл өнөөдөр хариуцлага хүлээсэн нь хэн байна. Дунд шатанд ажиллаж байсан хэдэн хүн нь л ял авсан байх.

Та түрүүн авлигачиддаа хариуцлага тооцож чаддаггүй нь авлигын индексээр ухрах шалтгаан болсон гэж хэлсэн. Тэгвэл төр засгаас сүүлийн хэдэн жилийн турш авлигатай тэмцээд байна л гээд байгаа шүү дээ?

-Эрх барьж байгаа МАН-ын “Алсын хараа 2050” хөтөлбөрт авлигагүй засаглалыг бий болгоно гээд уг нь оруулчихсан. Даанч ийм нийгэм бүтээнэ гэсэн мөртлөө бид чинь бүхий л үзүүлэлтээр ухраад байна.

-Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр тэгвэл бид авлигатайгаа тэмцэж чаддаг, хариуцлага тооцдог нийгмийг бий болгож чадна гэсэн итгэл хэр байна вэ?

-Томсгосон тойргийг миний хувьд дэмжиж байгаа. Жалга, довоор сэтгэж байсан бол одоо ядаж бүсийн хэмжээнд хийдэг, сэтгэдэг болъё гэж байна. Энэ нь зөв. Гэвч ард түмний зөв сонголт л чухал шүү дээ. Түүнээс биш өнөө л танил тал, мөнгө төгрөг амласан нөхдийг сонгоод байвал бид тийм нийгмийг бүтээж чадахгүй. Ер нь манай улсад УИХ-ын гишүүд дутаагүй. Харин хийж бүтээх сэтгэл, зүтгэл нь л дутсан.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ