Categories
редакцийн-нийтлэл

Иргэд шөнийн троллейбусаар үйлчлүүлэх сонирхолтой болжээ

Шөнийн 00.00 цагийн орчимд нийтийн тээвэр битгий
хэл үнэ хөлсөө нэмж явдаг хувийн микро авто­буснуудын ч бараа үгүй бол­дог. Тэгвэл
энэ байдал ард хоцорч шө­нийн цагаар нийтийн тээв­­­­рээр иргэдэд үйлчил­дэг болжээ.

Энэ талаар сонир­хохоор шөнийн сур­­валж­лагад
гарлаа. Биднийг 00.25 цагийн орчимд Зүүн дөрвөн за­мын буудал руу очиход ямар нэг
ний­тийн тээвэр харагдсангүй. Замаар хааяа нэг машин тэрэг хөлхөлдөнө. Төд удалгүй
зүүнээс баруун руу буюу Их дэлгүүрийн чиглэлээс Зүүн дөрвөн замын арын автобусны
буудал чиглэн трол­лей­бус ирж яваа үзэгд­лээ. Автобусны буу­дал дээр ирж зогсоход
троллей­бусаас 40 орчим насны эмэгтэй арваад насны охинтойгоо буув. Офице­руу­дын
ордон-Ха­нын мате­риал гэсэн хаяг­тай уг троллейбусанд өөр хэн ч үлдсэнгүй. Бид
өнөөх трол­лейбусанд суу­гаад эцсийн зогсоол буюу Ха­нын материал орохоор суулаа.

Жолооч, кондук­тор хоёрт ямар зо­рилго­той яваагаа хэлэхэд “Бид ажилдаа
гараад цаг л болж байна. Үйлчлүүлэгчдийн
тоо ту­хайн өдрөөсөө л шалтгаалдаг. Баяр наадмын үеэр овоо хүнтэй байсан” гэв. Үүгээр
бидний яриа өндөрлөөд цааш явав. Энэхүү шөнийн трол­лей­бусыг “Цахилгаан тээвэр”
ком­па­ниас санаачлан нийтийн тээв­рийн үйлчилгээнд гаргаж байгаа юм байна. Ингэхдээ
“Эко шөнийн троллейбус” гэсэн тодотголтой­гоор. Учир нь уг трол­лейбус цахил­гаанаар
ажилладаг аж. “Цахилгаан тээвэр” компани энэхүү троллейбу­саа өөрсдөө дотооддоо
үйлдвэр­лэж байгаа болохоор хэрвээ ца­хилгаан буюу тог тасарсан үед дизель хөдөл­гүүрээр
явах боломж­тойг бодол­цож зохион бүтээжээ. Энэ нь хосолмол хөдөлгүүртэй угсарсан
гэсэн үг л дээ. Дотоод үзэмж нь ч гэсэн их тохилог, цэвэр­хэн санагд­сан. Шөнийн
цагаар ямар ч эрсдэл учирч болох учир хяналтын камер, байрлал тогтоогч суулгажээ.

00.40 цагт Зүүн дөрвөн замаас хөдлөөд “Андууд”,
“25” гээд бууд­лууд дээр зогсоход ганц ч хүн суусангүй. Харин 10 дугаар хо­рооллын
автобусны буудал дээ­рээс 30 орчим насны халамцуу хоёр залуу суулаа. Кондуктор эгч
арай гэж хүн орж ирсэнд баярлаж байгаа бололтой инээмсэглээд мөнгөө хураахаар босов.
Өнөөх хоёр залуугийн нэг нь махлагдуу бор бол нөгөөдөх нь туранхай бор царайтай
залуу харагдав. Тэд хоорондоо “Хэд билээ, таксидъя гээд байхад, 21 дүгээр хороолол
ороход дор хаяж 5000 гарна тэх үү” гэж ярилцана. Кондукторыг очиход “Эгчээ энэ
21 дүгээр хороолол орох уу” гэж асуув. Тэгээд халааснаасаа базаж, үрчийсэн 2000
төгрөг нэг нь гаргаж өглөө. Ингээд тэд хоорон­доо найз нөхөдтэйгөө ууж идсэн талаараа
яриад бусдыг анзаарах ч сөхөө алга. Кондуктор эгчийн ярьснаар бол оройн цагаар ихэнх­дээ
архидан согтуурсан хүмүүс үйлчлүүлдэг гэнэ. Тэдэнтэй адаг­лаад л эвээр зан аашийг
нь олж харьцахгуй бол агсам, согтуу тавих гээд хүндрэлтэй байдаг аж. Ингээд мэр
сэр ганц нэг хүн сууж, бууж явсаар 01.10 цагийн орчимд Лабо­раторийн буудал буюу
Драгоны хажуугийн буудал дээр ирлээ. Тэндээс овоо хэдэн зорчигч суув. Төв аймгийн
Лүн сумаас ирсэн гэх нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн суув. Тэд Ханын материалын Давхар
гэдэг буудал дээр бууж хамаатны­даа очихоор яваа гэнэ. Хөдөөнөөс ирсэн машин нь
тэднийг Драгоны урд буулгаж л дээ. Тэдэнтэй хамт явсан 50 орчим насны эмэгтэй “Өмнө
нь оройтсон үед очих гэсэн айлдаа хаана ч байсан таксидаад очихоос аргагүй болдог.
Харин таксинд явж байгаа жолооч нар дээлтэй яваа хөдөөний биднийг хараад шууд андахгүй
илүү мөнгө нэхэх, дээрэмдчих гээд түгшүүртэй байсан. Одоо ч харин нийтийн унаагаар
явдаг болж, хаана зогсчихов, яав ийв гэлтгүй” хэмээн ярив. Ингээд эцсийн буудал
дээр зогсоод эргээд хөдлөв.

 

Тэндээс 20 орчим насны А.Баярцэцэг гэдэг охин
суув. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Ийм орой хаашаа явж байгаа юм бэ?

-Гэртэй харих гээд явж байна. Манай гэр Кино үйлдвэрт
байдаг.

-Оройтсон үед айхгүй байна уу?

-Харин өдөр эмээгийндээ ирж гэрийн ажилд нь туслаад
оройт­чихлоо. Маргааш өглөө эрт ажил­тай болохоор хоночихоор энэ холоос амждаггүй
юм. Тэгээд л харих гээд явж байна.

-Ер нь шөнийн цагаар эко троллейбус иргэдэд үйлчилж
байгааг мэдсэн үү?

-Зурагтаар л сонссон. Эмээ, өвөө хоёр ийм троллейбус
явдаг болсон гээд сая суул­гаж өгсөн юм. Тэндээс ах маань тосч авах юм л даа. Тэрнээс
биш яалаа гэж ийм орой явах уу. Ялан­гуяа оройтсон үед охидууд айж, ичихээс эхлээд
хэцүү ш дээ. Харин одоо амар болжээ. Хааяа хамаа­тан садныдаа ирээд оройтчих вий
дээ унаа зогсохоос өмнө гарахгүй бол гээд байнга л цаг хялам хялам хийж хардаг байсан
ш дээ.

-Оройтсон тохиолдолд так­сидвал эндээс танайх
хүртэл хэдэн төгрөг гарах бол?

-Би өмнө нь хэд хэдэн удаа такси барьсан юм байна.
Манайх руу яг 14 мянган төгрөг гардаг. Зарим жолооч нар 16 мянга гэх ч юм уу илүү
нэхэх үе байдаг. Гэхдээ нэгэнт яваад ирсэн болохоор хэлснийг нь өгөхөөс өөр аргагүй.
Харин энэ троллейбусны үнэ нь ч боломжийн санагдлаа.

Ингээд ямарч байсан нэг той­роход 20 орчим зорчигч
“Эко шөнийн троллейбус”-аар үйлч­лүүл­лээ. Энэхүү шөнийн нийтийн тээвэр Офицеруудын
ордон-Ханын материал гэсэн чиглэлээс гадна III, VI хороолол-БММЗ буюу Үйлдвэр комбинат
гэсэн чиглэлээр иргэдэд үйлчилж байгаа аж. Нөгөө чиглэлийг хэр их зорчигчтой бай­гааг
асуухад мөн л төдий тооны үйлч­лүүлэгчтэй байжээ. Одоогоор чиглэл тус бүрд хоёр
троллейбус үйлчилгээнд гарч байгаа бөгөөд ирэх намраас троллейбусныхаа тоог нэмэхээр
төлөвлөж байгаа юм байна. Офицеруудын ордон-Ха­нын материал гэсэн чиглэл нь хоорондоо
40 минутын зайтай үйлчилж байгаа бол нөгөө чиглэл нь 25 минутын зайтай явдаг аж.
Гэхдээ хоёр сар туршилтын жур­маар явж байгаа бөгөөд хэрвээ үйлчлүүлэгч багатай
байвал шө­нийн тээврийг зогсоож ч магадгүй талаар “Цахилгаан тээвэр” компа­нийнхан
дурдаж байна лээ. Учир нь үйлчилгээнд явсан орлого нь зарлагаа нөхөж чадахгүй бол
компани алдагдалд орох гэнэ. Одоохондоо хүмүүс тэр болгон шөнийн троллейбус иргэдэд
үйл­чилж байгааг сайн мэдэхгүй байгаа аж. Гэхдээ өдөр ирэх бүр зор­чигчдын тоо нэмэгдэж
байгаа гэсэн. Уг нь “Эко шөнийн троллей­бус” иргэдийн халааснаас гарч буй мөнгийг
хэмнэж, иргэдийн амьжир­гаанд нөлөөлж, үйлчилгээг ойр байлгах зорилготой юм байна.
Хүүхэд 500 төгрөг, том хүн 1000 төгрөг гэдэг бол манай шөнийн нийтийн тээврийн үйлчилгээнд
боломжийн санагдах үнэ. Яагаад гэхээр шөнө оройн цагаар ээлжийн ажлаасаа буудаг,
өөр олон шалт­гаанаар гэртээ харих гээд оройтдог хүмүүс их бий. Уг нь ийм нийтийн
тээврийн үйлчилгээ гадны хөгжилтэй то­моохон улс орнуудад байдаг юм байна. Бүр заавал
байх ёстой үйлчилгээ гэж үздэг ажээ.   

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН     

Categories
редакцийн-нийтлэл

Ц.МӨНХБАТ: Миний хоолойны чадал Ф.Киркоровын хэмжээнд хүрнэ

Дуучин Ц.Мөнхбаттай ярилцлаа.

-Нэлээд хугацаанд уран бүтээл хийж харагд­сан­гүй. Одоо
юу хийж байна вэ?

-Хүний амьдралын жа­маар гэр бүлээ
бүтээх гэж тодорхой хугацаанд уран бүтээлээ хойш тавилаа. За­луу, тэгээд урлагийн
хүний ар гэр бат бөх байх хэрэгтэй гэж би боддог. Бат бөх гэр бүлийг бүтээх хамгийн
том хөшүүрэг бол санхүү. Мэдээж сэтгэл чухал л даа. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх
гэж хувийн бизнес эрхлээд явж байна. Ямар ч байсан худлаа хэ­лэхгүй, хулгай хийхгүй,
эх орныхоо газар шороог худал­дахгүй амьдарч байна.

-Бүл нэмсэн үү. Та чинь хоёр хүүтэй байх аа. Гэр­гийгээ
танилцуулахгүй юу?

-Тийм ээ. Хоёр дүрсгүй залуутай. Гэр
бүлийн маань хүн МУИС-ийг гадаад харил­цаа­гаар төгсч дипломатч мэр­гэжил эзэмшсэн
сайхан бүс­гүй бий. МИАТ-д ажилладаг.

-Дуучин М.Үүрцайх та хоёрыг хөгжмийн зо­хиолч Л.Балхжавын
шоунаас төрсөн уран бүтээлчид гэдгээр нь манай уншигчид сайн мэднэ. Тэр ч утгаараа
та хоёрыг хамтдаа  уран бүтээл хийгээсэй гэсэн
хүлээлттэй хүн олон байх шиг санагддаг. Үүрээ юу хийж байгаа вэ?

-Тэгэлгүй яахав. Балхаа ахын шоунаас
төрсөн анхны дуэтууд шүү дээ. Үүрээ маань ээж болсон. Одоо  хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа.
Бид хоёрыг хүмүүс  Монголд болсон дууны анх­ны
уралдаанаас төрсөн дуу­чид гэж их ярьдаг. Тухайн үедээ шоунд орж зоригтой­гоор гарч
ирсэн болохоор хүмүүс сайн мэддэг байх. Ийм тэмцээнд ороод амжилттай дуулж болох
юм байна шүү гэсэн урмыг олон залууст өгсөн байх гэж боддог юм. Харин өнөөдөр  шоу, урал­даан, тэмцээн их болчихож.

-Та хоёр дахиад дуулах уу?

– Үүрээ бид хоёрын  хувьд урлагаас бүр хөндийрөөгүй. Өнгөрсөн хугацаанд
зүгээр суугаагүй.Саячын өвөл гэхэд  бид хоёр
“Хайр гэрэлтсэн харц” дуугаа сонсогчдодоо хүргэсэн байгаа. Одоо хоёр дахь цомгоо
гаргахаар бэлт­гэж байна. 

-Цомог чинь  хэзээ
бэлэн болох вэ. Өнгөрсөн на­мар цомог гаргана гэж ярьж байсан санагдах юм?

-Одоогийн байдлаар зуун хувь бэлэн
болчихсон тав, зургаан дуу байна. Энэ эр­чээрээ цомгийн ажилдаа шамдах юм бол ирэх
намар гэхэд бэлэн болчих байх. Бидний уран бүтээлийг дэм­жиж, сонсдог та бүхэндээ
шинэ цомогоо толилуулах болно гэдгээ амлаж байна. Тодорхой шалтгааны улмаас цомгийн
ажил  удааширсан нь үнэн.

-Ямар шалтгаанаар хой­шилсон юм бэ?

-Шинэ цомог маань анхны цомог шигээ
болох гээд бай­сан юм. Цомогт багтаж байгаа 
дуунууд маань өмнөхөөсөө ялгарахгүй адилхан болчих гээд болж өгдөггүй. Гэтэл
бидний уран бүтээлийг тэсч, ядан хүлээж байгаа 
сонсогч­додоо нөгөө л дуулдаг дуугаа хүргэвэл муухай биз дээ. Фэнүүдийнхээ
урмыг хугалж, нэгэн хэвийн уран бүтээлээр хуурах сэтгэл, хүмүүжил бид хоёрт  байхгүй. Тиймээс Үүрээ­тэйгээ ярилцаад хэсэг хугацаанд
цомгийн ажлаа ор тас барихгүй байхаар шийд­сэн. Арай өөр өнгө аястай цомог хийхээр
шийдсэн.  Уран бүтээлч хүний хувьд шинэ санаа
маш чухал. Дуу­гаа бүтээхдээ үг нь ямар байх уу, одооны залуус ямар үг хэрэглэж
байна гэдэг дээр нэлээд анхаарсан. Үгийн сонголтыг амьд бие гэж бод­вол цохилох
зүрх нь. Ялангуяа Үүрээ дууны үгэнд их ач холбогдол өгдөг. Сайн ч сонголт хийдэг.
Хамтарч уран бүтээл хийнэ гэдэг нэгэн санаанд дуу нэгтэй нэгдсэний үндсэн дээр бүтээл
туурвихыг хэлдэг гэж би боддог. Тэр дундаа дуэт дуучид нэг гэр бүл шиг байх ёстой.
Өөрөөр хэлбэл  би уран бүтээлийнхээ хувьд
ч гэсэн айл гэрийг авч явах ноён нуруу нь. Тийм болохоор шинэ санаа оло­хоос эхлээд
бүх зүйл дээр санаачлагатай ажиллахыг хичээдэг. Шинэ дууны үг ба­риад Үүрээ дээр
очихоор заримдаа  шүүмжилнэ. “Ямар панаалтай,
худлаа үг вэ” гэж ирээд хайр найргүй шүүм­жилнэ шүү дээ. Үүрээгийн нөлөө байсан
байх, аль бо­лох амьдралд нийцтэй, үнэн үгээр дуугаа амилуулахыг хүсдэг болсон.
Угаасаа уран бүтээлч хүмүүсийн нэг үүрэг бол хүмүүсийн  мэддэг хэрнээ анзаардаггүй зүйлийг  уран бүтээлээрээ илэрхийлэх гэж боддог.

-Тэгэхээр Үүрээ, Мөнх­бат хоёр  энэ удаа фе­нүүд­дээ  уянгын хайрын дуунаас арай зүйлээр бэлэг барина
гэж ойл­гож болох уу?

-Тэгэлгүй яахав. Мэдээж хайрын дуугаа
дуулна. Гэхдээ хэдэн жилийн өмнө анх учирч буй залуусын хайр дурлал, үерхлийн тухай
дуулдаг бай­сан бол одоо арай өөр дуу дуулна. Дуундаа амьдрал шингээж дуулна. Бид
хоёр тус тусдаа өөрсдийн гэсэн амьд­ралтай аав, ээж болсон. Өөрөөр хэлбэл, намба
сууж, амьдралыг арай өөрөөр хар­даг боллоо шүү дээ. Тиймээс шинэ дуунууд маань хүртэл
гэр бүлийн утга учир юу байх ёстой, аз жаргалтай амьдрал гэж юу болох гээд илүү
өөр амьдралыг өгүүлнэ. “Нар атгасан амьдралын минь бэлэг, намайг дуурайсан хүү минь
хамгийн том бэлэг” гэж ирээд дуулна даа /инээв/.

-Саяхан та хоёрыг хамт­даа шинэ жүжгийн дуу дуулсан гэж
сонссон?

-Тийм ээ. Яруу найрагч, зохиолч Ш.Гүрбазар
ахын “Гэрээс” жүжгийн дууг дуулсан. Анх энэ жүжгийн дууг дуулаач гэсэн санал ирэхэд
нь зохиолыг нь уншиж үзсэн юм. Тэгсэн чинь маш их таалагдсан. Жүжиг маань бэлэн
нөгөөдрөөс үзэгчдийн хүртээл болж эхлэх байх. СУИС-ийн жүжигчний ангийг 2003 онд
төгссөн төгсөгчид энэ жүжигт  ангиараа тоглож
байгаа юм билээ. Арван дүр­тэй. Одоогоос арван жилийн өмнө яг арвуулаа төгссөн оюутнууд
олон жил уулзал­даагүй байж байгаад ойдоо зориулж жүжиг бүтээхээр шийдсэн юм билээ.
Хэдий цөөхөн хэд нь мэргэжлээрээ ажиллаж, бусад нь өөр өөрийн амьдралын зам мө­рөөр
явж байгаа ч оюутны ширээнд юу сурч мэдсэн, одоо болтол урлагтаа хайр­тай байгаа
гэсэн хүсэл тэмүүллээрээ уран бүтээл хийсэн. Олон жил уулзаагүй нэг ангийнхны уулзалтын
тухай өгүүлэх маш сайхан жүжиг. Дуу нь гэхэд л 
анд, нөхөрлөлийн утгатай гоё дуу.

-Та хоёроор дуугаа дуу­луулах ямар нэг шалт­гаан ч юм уу,
түүх бай­сан уу?

-Мэдэхгүй ээ. Бид хоёрын хоолойны
өнгө аяс жүжгийн зохиолтой зохицох байх гэж л бодсон байх. Үг нь хүртэл уянгын хэрнээ
энгийн аятай­хан. Жүжгийн зохиолтой танилцаад хэлэх гээд байгаа утга санаа нь таалагдсан.
Тэгээд шууд л бид хоёр дуу­лъя гэсэн. Удаан уулзаагүй нөхөд минь уярал асган
тэврэлдэхийн цагт хэлж амжаагүй бүхэн эзнээ хүлээн чимээлэх…
гэсэн үгтэй.  Үг нь үнэхээр таалагдсан. Яг л миний хэлэх гээд
байгаа бүх­нийг шүлгийн хэлээр хэлчих­сэн байсан. Би 14 жилийн өмнө арваа төгсч
байлаа.  Заримдаа ангийнхаа хүүх­дүүд­тэй
тааралдахаараа  “хэзээ ангиараа цугларах бол”
гэж ярьцгаагаад салдаг юм. Бид ч гэсэн уулзвал ийм гоё байх  болов уу гэж бодсон шүү. Дууг нь дуулахад л эрдмийн
өргөөнд шуугисан, гэнэн цайлган, дэггүй нас минь өөрийн эрхгүй нүдний өмнө урссан.
Тэгээд ч Гүрээ ахтай анх удаа драмын уран бүтээл дээр хамтарч ажил­лалаа. Энэ чиглэлээр
хэр хол явахаа мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодоод хамтарч ажилласан. Магадгүй хүмүүст
хүрээд хол явах ч юм билүү /инээв/. 

-Ингэхэд та СУИС төгс­сөөд хэдэн жил болж байна вэ?

-Найман жил болж байна. 2005 онд СУИС-ийн
дуулаа­чийн мэргэжлээр дүүргэж байлаа.

-Цаашдаа ганцаараа уран бүтээл хийе гэж боддог уу?

-Оросын дуучин Филипп Киркоровын уран
бүтээлийг голдуу сонсдог. Түүний өнгө аястай төстэй уран бүтээл хийхийг боддог.
Миний хоо­лойны чадал тэр чинээнд хүрнэ. Энэ утгаараа ганцаа­раа дуулсан нэлээд
хэдэн дуу бий. Гэхдээ  анхнаасаа дуэт дуулаад
олонд хүрсэн бо­лоод ч тэр үү хамтарч уран бүтээл хийхийг илүүд үздэг. Яагаад ч
юм нэг байхгүй болохоор айл эзгүйрдэг шиг санагддаг.

-Одоо уран бүтээлийн ажилдаа эрчтэй орсон юм чинь тоглолт
хийх үү. Манай урлагийнхан хэ­сэг нам гүм байж бай­гаад эргэн тайзнаа ирэхдээ тоглолт
хийдэг жишиг байдаг шүү дээ?

-Бие даасан тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр
хийдэг. Аяндаа хийх байх.

-Дуэт дуучдын хувьд хоорондоо нэр холбог­дох тохиолдол
гардаг. Энэ байдал та хоёрыг ч тойроогүй. Одоо тус тусдаа гэр бүл зохиосон ч хааяа
эхнэр тань хар­дах ч юм уу асуудал тулгардаг уу?

-Бид хоёрыг хамтарч уран бүтээл хийснээсээ
хойш гэр бүлээ зохиоцгоосон шүү дээ. Хэрвээ Үүрээ бид хоёрын хооронд ямар нэг харилцаа
байсан бол ингээд тус тусдаа амьдрал зохиогоод явахгүй байсан. Тийм болохоор бид
хоёрын гэр бүлийн зүгээс хардаж, сэрдэх ч юм уу ямар нэг  асуудал үүсгэдэггүй.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Галд өртсөн эмэгтэй нуруу, хүзүү, хөл гартаа хүнд гэмтэл авчээ

Орон сууцанд гарсан галын улмаас 21 настай эмэгтэй их
хэмжээний түлэгдэлт авчээ. Түүний нуруу, шилбэ хүзүү, хөлийн тахим, гарын сарвуу зэргүүд түлэгдсэн байна. Тодруулбал, өчигдөр 07.20 цагийн орчимд Хан Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах орон сууцны орцонд гал
гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын
дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг очиход байрны суурийн давхарт 2х3 метрийн өрөөнд тавилга
эд зүйлс шатаж байсныг унтраасан байна. Байранд утаажилт үүссэн байсан
бөгөөд 40 хүнийг гаргаж аюулгүй болгожээ.

Д.Даваасүрэн

Categories
редакцийн-нийтлэл

Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймагт цасан шуургатай

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зүүн бүсийн
аймгуудаар цасан болон шороон шуургатай өнжжээ. Тодруулбал, Сүхбаатар,
Дорнод,
Хэнтий, Дорноговийн ихэнх нутгаар цасан шуургатай байсан аж. Хэнтий
аймагт бямба гаригаас эхлэн цасан шуурга шуурч эхэлсэн бөгөөд одоогоор
бага зэргийн салхитай байна. Цасан шуурганы улмаас Бурхан Халдун ууланд
явсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баг төөрсөн бөгөөд өөр ноцтой осол
аваар
гараагүй байна. Харин Дорнод аймагт ням гаригийн үдээс хойш хүчтэй цасан
шуурга
шуурч 40 гаруй хүнтэй зургаан автомашин нийслэл явах замд цасанд
боогдсон
байсныг аюулгүй болгожээ. Мөн уржигдар үдээс хойш Дархан,
Эрдэнэтэд цас их орсон бөгөөд Улаанбаатар-Дарханы
чиглэлийн замыг хаажээ. Тус замыг өнөө өглөө 07.00 цагт нээсэн байна.
Одоогийн байдлаар хаагдсан
зам байхгүй хэдий ч ойрын өдрүүдэд Хэнтий,
Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар цасан болон
шороон
шуурга шуурах
төлөвтэй байгаа аж. Цасан шуурганы үеэр салхи 18-22
метр секунд хүртэл ширүүсэх
төлөвтэй гэж Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд анхааруулж байна.