“Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяртай
ярилцлаа. Тус хамтлагийнхан ирэх сарын 29, 30-нд 20 жилийн ойн тоглолтоо “UB
Palace”-д тавих гэж байгаа юм.
-Юуны өмнө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Энэ жил ойгоо тохиолдуулж олон ч тоглолт хийлээ шүү?
–Баярлалаа. Монголын урлагийн 20 жилийн түүхийг “Хурд” хамтлаг тасралтгүй бүтээлцэж, өөрсдийн
түүхийг мөн бичиж иржээ. Тиймээс энэ 20 жилийн ойг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх
бус 2013 оныг дуустал төсөл боловсруулж, үүнийхээ дагуу ажиллалаа. Өнгөрсөн гуравдугаар
сард эмэгтэйчүүддээ зориулж “Март-8”, цэргийн баяраар эрчүүддээ зориулж “Цэргийн
бодол” зэрэг олон тоглолт хийлээ. Энэхүү тоглолтуудаа биднийг сонсдог, сонссоор
ирсэн үнэнч фенүүддээ зориулж үнэ төлбөргүйгээр тоглосон. Мөн саяхан Өвөр Монгол,
Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад аялан тоглолтоо хийж орон нутгийн фенүүдтэйгээ
уулзаад ирлээ. Харин энэ удаагийн тоглолт бол жинхэнэ тэсрэлт байх болно.
-Яг ямар тэсрэлт байх бол. Уншигчдад сонирхуулаач?
-Монголын ард түмэн мэдэх байх. Манай хамтлагийнхан
их даруухан. Хийх ёстой уран бүтээлээ л хийхээс биш тэглээ, ингэлээ гээд шуугиан
тариад, гайхуулаад байсан юмгүй. 10, 15 жилийн ойн тоглолтоо ч тэр даруухан хийж
байсан. Харин 20 жил гэдэг бол багагүй хугацаа. 20 жилийн өмнө дөнгөж 18, 19 настай
байсан хөвгүүд өнөөдөр нас биед хүрцгээж, том боллоо шүү дээ. Үүнтэй адил уран
бүтээлийн сан ч мөн арвижсан байна. Тиймээс энэ удаа тоглолтдоо яахын аргагүй хүч
өгч, их хариуцлагатай хандаж байгаа.
-“Хурд” гэдэг хамтлаг 20 жилийн өмнө хэрхэн урлагт
хөл тавьж байснаа дурсахгүй юу. Одоогийн өндөрлөгөөс эргээд харахад бас л сонин
байдаг болов уу?
-Тэгэлгүй яахав. Эргээд бодоход их сайхан мэдрэмж
төрдөг. Урлагийн тайзаа орхилгүй, банзан гитараа гараасаа салгалгүй явсаар нэг
л мэдэхэд 20 жилийг ардаа орхисон байна.
“Хурд” хамтлаг тэртээх 1993 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй, ухралтгүйгээр
уран бүтээлээ туурвиж ирсэн байна. Анх манай хамтлагийнхныг уранхай жинстэй,
урт үстэй, бөөн гинж, төмөр зүүчихсэн тайзан дээр гитар бариад гарахад үзэгчид мэл
гайхаж бүр “Тайзнаас зайл” гэж хөөж байлаа. Аргагүй ш дээ хүзүү, хоолойндоо бөөн
төмөр зүүгээд өөрсдийгөө рокууд гээд нэрлэчихсэн хүмүүсийг тухайн үеийн нийгэм
хүлээж авахад хүнд байлгүй яахав. Бид нар тайзан дээр гараад өөдөөс янз бүрийн хог
шидэж байхад л “Дөрвөн хөлтэй болж төрсөн хөх чоно миний буруу юу…” гээд л дуугаа
дуулж байсан. Залуу хүмүүс их зоригтой байж. “Хурд” гэдэг хамтлагийг нийгэмд хүлээн
зөвшөөрөгдсөн, хэдэн мянган фентэй болгох болно гэж өдөр шөнөгүй зүтгэдэг байсан.
Үнэхээр тэр хүсэл мөрөөдөлдөө бид хүрч чадсандаа баяртай байна. Одоо “Хурд” хамтлаг өөрийн гэсэн орон зай,
үнэнч фентэй болсон байгааг харах, мэдрэх сайхан санагддаг шүү.
-Мэдээж өнгөрсөн хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн
хамтлаг болохын тулд амаргүй байсан байх. Нийгмийн өөрчлөлтөөс авахуулаад л?
-Тухайн үед “Хөх чоно” дууг дуулаад гарч ирэхэд жаахан урлаг ойлгодог, урлагийн мэдрэмжтэй
нэг хэсэг нь үнэхээр энэ хамтлаг өөрчлөлт, шинэчлэл авчирч байна гэж хардаг байсан.
Харин үлдсэн хэсэг нь хийх юм аа олж ядсан орцны хэдэн гитарчид гэдэг нүдээр хардаг
байлаа. Яагаад гэхээр 1990-өөд онд хөлтэй болгон Эрээнээс бараа зөөж, Орос руу
гаргаж, тарваганы арьс хил давуулж байсан цаг. Урлагийн томчууд хүртэл амьдралын
эрхээр ганзагын наймаанд орж байсан байхгүй юу. Яг энэ үед манай хамтлагийнхан
хэн нь ч ганзагын наймаа хийж, компанийн захирал болно гэж явалгүй банзан гитартаа
үнэнч үлдэж чадсан юм. Бид өнөөгийн ирээдүйгээ үнэхээр харж чадсан хэрэг. Шантрах
үе байсан хэдий ч хэзээ ч тайзаа орхиж, гитараа зарж иднэ гэсэн бодол төрж байгаагүй
юм шүү.
-Одоо ч гэсэн үү?
-Тэгэлгүй яахав. Магадгүй “Хурд” хамтлаг цаашдаа
20 жил, 30 жил байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүн болж, компанийн босс болъё гэж
хэзээ ч бодож явсангүй. Зөвхөн ийм уран бүтээл хийж, ингэж үзэгчдээ баярлуулъя
гэж амьдарч ирсэн.
-Танай хамтлагийг гэр бүлийн хамтлаг гэдэг. Ямар
учраас ах дүүст хамтлаг байгуулах санаа төрөв
өө?
-Энэ их сонин түүхтэй. Би 1991 онд анх “Харанга”
хамтлагт соль гитарчин байлаа. Нуулгүй хэлэхэд тэр үед надаас өөр мундаг гитар
тоглодог хүн байгаагүй. Ингээд 1992 онд басс гитарчин Б.Наранбаатар, Д.Ганбаяр
ах бид гурав хамтлагаа байгуулж бэлтгэлээ эхэлж байсан. Манай бөмбөрчин Нааяа маань
бас хамгийн шилдэг гитарчин, манай дүү Отгонбаатар болохоор “Нисванис” хамтлагт
бөмбөрчин хийдэг байсан. Тэгээд үнэхээр бид нар нийлж хамтлаг байгуулах хэрэгтэй
юм байна гэж бодоод дүүгээ хамтлагтаа авч гар нийлж байлаа. Бид нарыг гэр бүлээс
гадна заяагдсан урлагийг мэдрэмж холбож байсан.
Ингээд бид гоцлол дуучны эрэлд гарсан. Цогоогоос өмнө эрэгтэй, эмэгтэй нийтдээ
87 дуучинг бид хамтлагтаа авах гэж шалгаж үзсэн байдаг юм билээ.
-Тийм үү. Тэгээд Цогоог яаж олж авав?
-Тухайн үед орон нутгаас хүртэл олон дуучин ирж
шалгуулж байсан. Өвөрхангай аймгаас шалгаруулалтад орохоор тухайн үед ая зохиогч
Ишхүү ирж байсан юм. Ишхүү “Зураг шиг бүсгүй” дуугаа дуулж шалгууллаа. Тэгсэн “Соёл-Эрдэнэ”,
“Харанга” зэрэг ах нар буюу жинхэнэ алтан үеийнхэн маань “Наадах чинь ёстой сайн
дуучин болно” гэдэг байгаа. Ингээд бид шалгаруулаад авах юм болж байтал яалт ч
үгүй Зүүнбаянгаас Цогоо маань цэргээс халагдаж ирээд “Чоно-2” дууг дуулж шалгуулаад
үнэхээр гайхамшигтай дуулж, чадалтай гэдгээ харуулсан. Ингэж л бид бүрэн бүрэлдэхүүнээрээ
болсон юм даа.
-Тэгээд удалгүй “Цэргийн бодол” дуу гарсан байх
нь ээ?
-Тийм. “Цэргийн бодол” дууг манай Цогоо үнэхээр
ард түмэнд хүргэж чадсан. Одоо хүмүүсийн хайртай дуу хэвээрээ байна гэдэг бол гайхалтай
авьяас. Цэргийн бодол дууны клип тухайн үед МҮОНРТ-ээр өдөрт 12 удаа цацагддаг
байлаа ш дээ. Энэ үеэс л манай хамтлагийн мандан бадрах үе эхэлсэн. Тэгээд “Үнэгүй
юм”, “Чи минь байгаа болохоор”, “Арван гурван ааш”, “Цоглог оюутан”, “Хайрын
сарнай” “Эх орон” дуунуудаа дуулж, метал рок чиглэлийн аязуудыг бөмбөрийн нүргээнтэй
хослуулж, анх хурдан рок гэсэн төрлийг Монголын урлагт сэвэлзүүлж чадсан юм.
-Сүүлийн үед амьд хөгжмийн хамтлаг таны үеийг
бодвол их болж. Бараг ихэвчлэн та нарын шавь биз?
-Би 1997 оноос эхлэн гитарын сургалт явуулсан.
Энэ хугацаанд хөгжмийн мэдрэмжтэй олон хүүхдэд гарах гарцыг нээж өгсөн байх гэж
бодож байна. “Play time”, “Coken beat” хөгжмийн наадмуудад оролцож буй хамтлаг,
дуучдын бараг 90 хувь нь миний шавь байх шүү. Шинэ залуу уран бүтээлчид мэдээж заавар,
зөвлөгөө авах гээд байнга шахуу л ирнэ. Тэр болгонд нь би зөвлөгөө харамгүй өгдөг.
-Тоглолтодоо зориулж алтан пянз, гитар хийлгэж
байгаа гэж сонссон?
-Ер нь тоглолтдоо зориулж “Хурд”-ыг илтгэх цамц,
ном, баримтат кино гээд олон зүйл хийж байна. Үүнээс хамгийн онцлогтой нь “Алтан
пянз”. 1970, 1980-аад оны уран бүтээлчид пянз гаргадаг байлаа. “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ”,
уртын дуучин Н.Норовбанзад гуайн пянз гаргаж байсан. Түүнээс хойш Монголд пянз
хийсэн удаагүй. Бид анхнаасаа л алтан пянзаа гаргаж түүхэнд нэрээ үлдээхийг мөрөөддөг
байсан.Бидний мөрөөдөл одоо л биеллээ олж байна.
-Хэчнээн төгрөөр бүтэж байгаа бол?
-Одоохондоо нууц. Мэдээж өндөр гарч байгаа. Харин
“Хурд” нэртэй гитар 100 ширхэг захиалгаар хийгдэж байна. Хонконгт хийж байгаа.
-Энэ гитараа зарах юм уу?
-Бас л тодорхойгүй байна. Тоглолтын өмнө зарлах
болно. 20 жилийн турш бидэнтэй хамт байсан уран бүтээлчид, дэмжиж тусалдаг найз
нөхөд, үнэнч фенүүддээ бэлэглэх байх. Гэхдээ бид өмнө нь нийтэд зарлах болно. Мөн
энэхүү тоглолтдоо зориулж шинэ цомог, CD гаргаж байна. Мөн бүх 12 CD-нээс орсон “Алтан-12” гэсэн нэртэй CD-гээ хэвлүүж байна.
Тоглолтын өмнө бэлэн болно.
-Тоглолтод хэдэн дуу дуулах бол?
-200 гаруй дуунаас шилэгдэж 36 дуу дуулна. Дандаа
оргил гэсэн дуугаа дуулах болно. Маш олон
хүний хүсэл мөрөөдөл энэ 20 жилд байгаа шүү гэдгийг харуулах болно.
Д.ДАВААСҮРЭН