Ардын жүжигчин Д.Самбуутай
ярилцлаа.
-Саяхан танай чуулгаас “Гурван
цагийн орчил” нэртэй тоглолт тавилаа. Энэ тоглолтод та дуулж харагдсан. Сүүлийн
үед уран бүтээлийн олз омог хэр байна?
-Манай Үндэсний дуу, бүжгийн эрдмийн
чуулгаас олон зуун жилийн турш өвлөгдөж ирсэн хуучны сайхан дуунуудыг сэргээж, ард
түмэнд сануулж байх үүднээс жил бүр тоглолт зохион байгуулдаг. Энэ удаа “Гурван
цагийн орчил” нэртэй тоглолт тавилаа. Энэхүү тоглолтод ҮДБЭЧ-ын түүхийг бүтээлцсэн
алтан үеийнхэн гэгдэх ахмад уран бүтээлчдийнхээ тэр л сэтгэлд хоногшсон олон сайхан
дууг ард түмэндээ хүргэсэн. Үзэгчид үнэхээр биднийг сайхан хүлээж авлаа.
-Тэр дундаа таныг тайзан дээр гарч
ирээд “Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг дуулахад үзэгчид дуулж дуустал тань алга
ташиж байсан. Энэ дууг нэлээд олон жил дуулжээ?
-Тэгэлгүй яахав. Би “Үйлсийн сайхан
Улаанбаатар” дууг 38 дахь жилдээ тайзан дээр дуулсан байна. Харин ард түмэн анх
яаж хүлээж авдаг байсан яг тэр хэвээрээ миний дууг сонсч, угтаж байгаад уран бүтээлч
хүний хувьд сэтгэлд өег санагдсан шүү.
-Анх энэ дуу яаж төрсөн түүхээс
бидэнтэй хуваалцахгүй юу?
-Миний уран бүтээлийн бас л нэг сор
бүтээл. 1976 онд тэр үеийн МАХН-д гишүүнээр элсэх өргөдлөө өгдөг юм байна. Тэгээд
албан ёсоор намын гишүүн болохоос өмнө нэг жил орлогч нэртэй явдаг байсан үе. Яагаад
гэхээр тэр хугацаанд гишүүнээр авах эсэхийг хотын намын хорооноос тандаж, шиддэг
байлаа. Миний хувьд Норовбанзад гуай товчооны гишүүн байсан учраас надад найдвар
төрөөд байдаг. Гэтэл товчооны дарга Алтангэрэл “Чи Улаанбаатар яваад хүний нүдэнд
өртчихөөр юм хийгээд ир” гэдэг байгаа. Норовбанзад
гуай болон ойр дотнынхонтойгоо яах ийхээ ярилцаж байгаад хот орохоор боллоо. Тухайн
үед юу хийхээ мэдэхгүй хэсэг мунгинасан. Ямар барилга барьж, мод тарьж, цэцэг услалтай
биш. Тэгээд ерөөсөө дуу дуулъя гэж шийдээд
одоо энэ миний суугаа өрөөнд орж ирээд яруу найрагч Лувсангийн Дагвадорж
ахтай уулздаг юм байна.
-Тухайн үед Утга зохиолын нэгдлийн
дарга байсан гэл үү?
-Тийм. Л.Дагвадорж Утга зохиолын
нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Тэгээд ямар учиртай зорьж ирснээ хэлтэл маргааш
нь “Үйлсийн сайхан Улаанбаатар” гээд хоёр бадагтай дууны үг бичээд аваад ирсэн.
За, тэгээд нөгөө шүлгээ аваад хөгжмийн зохиолч Лувсаншарав гуай дээр очлоо. Лууяа
багш тухайн үед чуулгын ерөнхий удирдаач байсан юм. Лууяа багш ч гэсэн хоёр хоногийн дотор өнөөх шүлгэнд
маань ая хийгээд өгчихөв. Бүр хөгжмийн найруулгыг нь хийж өгөөд би оркестртой дуулсан.
Удаа ч үгүй Монголын радиогоор цацагдаж эхэлсэн.
-Хэзээ нь Монголын радиод бичүүлээд
амжив аа?
-Чуулгын тайзан дээр ардын найрал
хөгжимтэй дуулж байхад Монголын радио ирээд бичээд авчихсан юм билээ. Тэгээд жилийн
дотор үнэхээр ард түмэнд хүрсэн дуу болж чадсан. Би ч тэгж нэг юм намын гишүүн болж
байлаа.
-Ямар учраас намын гишүүн болох
гэж тэгж их зүтгэсэн юм бэ. Улс төрд орох сонирхолтой байсан хэрэг үү?
-Улс төрд орно гэсэн бодол байхгүй.
Зүгээр л олон нийтийг дуурайсан хэрэг. Яахав дээ тухайн үед чинь ганц намтай. Намд
элсэнэ гэдэг залуучууд бидний хувьд ховор
завшаан байсан байхгүй юу. Намын мөрийн хөтөлбөрийг дагаж, мөрдөж амьдарна гэдэг
тухайн үед том гавьяа байлаа. “Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг дуулсны дараа намын
хорооныхон нэгэн дуугаар гар өргөж намайг дэмжсэн дээ.
-Намд элссэнийхээ дараа та юу хийв?
-Тэр жилдээ Урлагийн гавьяат зүтгэлтэн
Баттөмөрийн хөгжим “Нутгийн хөөрхөн бүсгүй” дууг бас дуулсан юм байна. Ер нь “Сүнжидмаа”,
“Дүүриймаа”, “Говийн өндөр” гээд олон дуу дуулжээ. “Учиртай гурван толгой”-н эсрэг
дүр болох Балганд тоглож байлаа. Мөн “Сүнжидмаа” гээд хүрээний сайхан бүсгүйн
тухай дууг анх Жамцын Бадараа гуай цомнолыг нь бичээд Лууяа багш хөгжмийг нь бичиж “Сүнжидмаа” гээд сайхан дуулалт жүжиг тавьж байсан.
1983 онд юм байна. Энэ жүжгийн эсрэг дүр болох Навааны дүрд тоглосон. Энэ дуу богино
дууны оргил гэгддэг шүү дээ. Энэ мэтчилэн олон ч дуу дуулж, олон ч жүжигт тоглож.
Өнөөг хүртэл 46 жил Үндэсний дуу, бүжгийн чуулгаараа овоглож, концерт бүрт тасралтгүй
тоглосон доо.
-Ингэхэд та урын сандаа хичнээн
уран бүтээлтэй болоод байна вэ?
-Ардын, уртын, богинын дуу гээд нийт
200 гаруй бүтээл байх шиг байгаа юм. Харин Монголын радиогийн санд ердөө 60 дуу
бүртгэлтэй юм билээ.
-Яагаад ийм цөөхөн дуу бичүүлсэн
юм бэ?
-Монголын радиод бүхэл бүтэн оркестртойгоо
очоод дуу бичүүлнэ гэдэг хэцүү. Тэр болгон бөөнөөрөө очоод байх боломжгүй учраас
цөөхөн дуу байдаг.
-Та чинь чуулгын дуучин болохоосоо
өмнө сумын клубийн эрхлэгч байсан гэв үү?
-Би Архангай аймгийн Цэнхэр сумын
хүн. Дунд сургуулиа төгсчихөөд хөдөө гарах санаатай байлаа. Гэтэл нэг өдөр нэгдлийн
дарга дуудаад таван аймгийн клубийн эрхлэгчдийн курс хичээллэх гэж байна. Курст
яв гэж үүрэгдсэний дагуу курс төгссөн юм. 1967 онд байх аа. Ингээд л курс төгссөн
том дарга Цэнхэр сумынхаа клубийн эрхлэгч болж сумандаа нэг их мундаг хүн явдаг
байлаа ш дээ. Тэгсэн клуб шатчихсан. Тоглолт ирэх гээд шөнөжин галласан чинь пийшин
гал алдаад шатчихгүй юу. Тэгээд л клубгүй эрхлэгч гэж юу байхав.
-Тэгээд яасан?
-Удаа ч үгүй Улаанбаатарт 18 аймгийн
уртын болон богино дууны сургалт хичээллэсэн. Үүнд хамрагдсан юм. Тэгж л би Жаргалсайхан,
Жамьян гуай хоёрын шавь болж байсан. Сургалтаа төгсөөд аймгийнхаа чуулгад дуучнаар
орсон юм. Тэр үед Лодойдамба гуай Соёлын яамны орлогч сайд байсан. Намайг гадагшаа сургуульд эсвэл чуулгад явуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм билээ.
Тэгээд намын хороонд бичиг явуулаад “Яагаад намын хорооноос хүн явуулж болохгүй
гэж” гээд хүсэлт тавьсны дагуу Соёлын яамны
боловсон хүчний хэлтсээс асуудлыг шийдэж томилгоог гаргасан байсан. Намайг дуурийн
театрт орох уу, чуулгад орох уу гэсэн. Би өмнө сургалтад сууж байхдаа чуулгаар орж
гарч байсан болохоор шууд л чуулгад орохоор шийдсэн.
-Тэгвэл чуулгад орсныхоо жил “Энхийн
цэрэг” дуугаа дуулжээ?
-Тухайн оныхоо намар нь чуулгын уран
сайхны удирдагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндорж багш надад “Энхийн цэрэг” гэдэг
дууг бичиж өгсөн. Тэгээд энэ дууг ардын найрал хөгжимтэй дуулж байсан юм байна.
Миний амьдрал, ардын найрал хөгжимтэй 44 жил хамт өнгөрчээ. Цэрэндорж багш тухайн
үед сургуульд сурмаар байна гэхээр “Болоогүй хэдэн жил дуул” гэдэг байсан. Бодвол
миний хэтийг харж байсан байлгүй. Их мундаг хүн шүү дээ. Харамсалтай нь 1974 онд
багш маань өөд болж, би ч сургуульд сурах өнгөрсөн.
-Яагаад тэр вэ?
-Хоёр жилийн дараа нь Банзрагчтай
хөдөө тоглолтоор явж байгаад шарлачихсан. Сургуульд явсан бол өнөөдөр бас яаж амьдарч
байх юм билээ. Тэгээд л тухайн үеийн Багшийн дээдийн түргэвчилсэн сургалт зэрэг
л төгсөх шив дээ.
-Тухайн үед хөдөө, орон нутгаар
олон сар, өдрөөр явдаг байсан гэж сонссон. Үзэгчид та нарыг ирэхийг их хүлээнэ биз?
-Манай чуулгынхан тав, зургаан баг
болж хуваагдаад бригад бүрчлэн явна. Нэг сумаас хөдлөөд нөгөө суманд очиход дүүрэн
хүнтэй байдаг угтдаг байсан. Бүр унаа тэрэг замдаа саатаад шөнийн нэг, хоёр цаг
болж байхад очсон ч тийм л халуун уур амьсгалтай угтдаг байсан үе. Тэр үеийн үзэгчид
уран бүтээлчдийг жинхэнэ утгаар хайрлана, хүндэлнэ, биширнэ гэж жигтэйхэн. Үнэн
сэтгэлээсээ ханддаг байлаа. Нэг удаа Норовбанзад, Түмэн-Өлзий гуай хоёртой Архангай аймгийн Өлзийт суманд тоглолтоор очиход
нэг эмээ Норовбанзад гуайн хөлд нь сөгдөөд
би бурхдуудтай уулзсандаа баяртай байна манайхаар заавал ороод гар гэж билээ. Тийм
л байсан үе.
-Банзрагч гуай та хоёр нэлээд олон
тоглолтоор явсан гэдэг. Сайхан анд нөхдүүд байсан биз?
-Тэгэлгүй яахав. 1986 онд гавьяат
Банзрагч, Чимэдцэрэн бид гурав тайлан тоглолтоо хийлээ. Нийслэлд тоглолтоо арваад
удаа хийгээд 1990 он хүртэл бүтэн дөрвөн жил 18 аймгаар хөдөөгөөр тоглолтоор явсан. Тэгээд манай Банзрагч бид хоёр орлогоо тоолсон
чинь нэг сая 200 мянган төгрөг болсон байдаг байгаа. Бөөн баяр. Тухайн үед манай чуулгын бүтэн жилийн төлөвлөгөө
800 мянган төгрөг байсан байхгүй юу . Хагас жил яваад жилийн төлөвлөгөөг биелүүлсэн
байсан. Сүүлд манай хүн “Иш чааваас таван цаасны орлогогүй чи бид хоёр биеэ гамнахгүй
яах гэж ингэж тоглож явав аа. Зах зээл эхлэх үеэр хоёулаа бие дааж уран бүтээл хийгээд
ингээд явсан бол онгоц аваад уначих байж дээ” гээд хошигнож байсан. Үнэхээр намын
төлөө гэж таван цаасны ашиг харж, таван цаас горьдож явсангүй. Ерөөсөө л төрд зүтгэдэг,
зүтгүүлдэг үеийг л туулсан даа. Түрүүн шарласан гээд байсан. Тэрний гайгаар манай
Банзрагч сэхэл авалгүй өөд болсон ш дээ. Угтаа бол. Банзрагч надаас ах. Би “та”
гэнэ. “Битгий дэмий юм яриад бай юунд ахсаад байдаг юм” гэдэг байсан. Манай хүн
уртын дуу сайхан дуу дуулна. Тэгээд ид сайхан цэгцэрч ирэх үедээ хорвоог орхисон
доо хөөрхий.
-Олон хоног явахдаа ядрах, шантрах
үе байв уу?
-Дээр үед ачааны машин дээр бүхээг
тавиад л тоглолтоор явна. Тэгэхдээ одоогийнх
шиг микрофон ч байхгүй. Жинхэнэ улаан хоолойгоороо үзнэ ш дээ. Нэг суманд
очоод хоёр тоглоно. Хүүхдүүдэд, томчуудад гээд. Эхний долоо хоног тоглоод сүүлдээ
аяншаад сурна. Одоо бодоход их борогшуу байж дээ. Яахав байгалиас сайхан хоолой
заяасны хүчинд л явдаг байж. Бие, мах бодь овоо заяачихсан юм шиг байгаа юм. Байгалийн
хүч, аав, ээжийн буянг л чадлынхаа хэрээр дааж явсных л байх даа. 45 хоногоос хоёр
сар ч явна. Аймгийн төв орохоороо л гэр рүүгээ ярина. Үзэгчид сайхан угтаж авдаг
байсны хүчинд л урамшиж явдаг байсан юм шиг.
Одоо энэ залуучуудыг тэр үеийнх шиг явуулбал барахгүй юм шиг санагддаг. Хараад байхад
ойрхон хэдэн аймгийн төвийг түүж аваад тоглолт хийдэг болж. Залуу байхад “Нутгийн
сайхан бүсгүй” дууг хөдөөнийхөн их сонсохыг хүсдэг байлаа. “Хэдэн гялаан хонь”,
“Хожиймаа”, “Говийн өндөр” гээд тухайн үедээ хит болдог байлаа шүү дээ.
-Аавыг тань сайхан дуулдаг хүн
байсан гэж нутгийнхан тань ярьдаг дюм билээ?
-Миний аав их бичгийн хүн байсан.
Тайж хүн, цаг хэцүү үед амьдарч байсан болохоор Баянхонгор аймгийг байгуулахад
бичээчээр ажиллаж байсан гэсэн. 1922 оны үед Сангийн яаманд бичээч байсан гэж аав
ярьдаг. Ар гэрийн гачигдлаар нутагтаа буцсан. 1937 оны хэлмэгдүүлэлтээр хоёр ахын минь амийг хороосон
юм билээ. Тэгээд нэг өдөр аав гэртээ байж байтал машины дуу гарсан гэсэн. Аав айсандаа
хурдан бор морио унаад гараад давхичихсан гэсэн. Тэгээд ууланд хоёр жил бүгсэн
юм билээ. Уулнаас бууж ирэхэд нь иргэний эрхийг нь хассан. Аав зүрхээ зүсүүлчихсэн.
Тэгээд дээр үеийн үүх түүх гэхээр их айна, ярихгүй. Хэдэн хүүхдээ л боддог байх.
Манай аав чинь манж, тангад, төвд бичигтэй. Сар шинийн өдөр дөхөхөөр авдарнаасаа
судруудаа гаргаж ирээд ном уншина. Бид нарыг гэр тойруулж гороо хийлгэнэ. Тэгэхдээ
бид нарыг нэг нэгээр нь гадаа манаанд зогсооно. Тэгэхгүй бол хүн амьтан ирвэл сүйднэ
шүү дээ. Харуулд гарна. Ханиалгана. Гэрийн хаяагаар хэлнэ. Малчин ардын хүү гэж
үүх түүхээ бичнэ. Аав, ээж маш сайхан дуу дуулна. Аавыг уртын дуу дуулахаар хонин
тогоо гэж байдаг ш дээ. Хан хийдэг гэж байгаа. Аав морин хуур тоглоно, лимбэ тоглоно.
Тийм болохоор аавыгаа дагаж их найр хэснэ. Үлгэр ярьж өгнө. Дуу эхлээд бид нараар
дуулуулдаг хүн байсан.
-Адарсүрэн та хоёрыг сайн найзууд
байсан гэдэг. Хэр дотно байсан бэ?
-Адарсүрэн надаас ах. Тэгсэн мөртлөө
чуулгад орохдоо миний шавиар ирж байсан. Хилийн хязгаараас ирсэн. Тэгээд жил хүрэхгүй
хугацааны дараа юун надаасаа хол мандаад явчихсан. Үнэхээр гайхамшигтай, чадалтай
хоолойтой дуучин байсан. Тэр үед би дөнгөж 20 гарчихсан, харин Адараа 30 гарсан
залуу ирж байсан. Гэр бүлийнхнийг нь ч сайн таньдаг байсан. Эхнэр нь Дорнодын хүн.
Хадам аав нь Адууч гээд сайхан хүн байсан. Басхүү, Баатархүү гээд бөхчүүд чинь эхнэрийнх
нь хамаатан шүү дээ.
-Хааяа хамт ганц нэг шил юм цохино
биз?
-Уух үедээ ууна. Гэхдээ дэг жаягтай
байдаг байсан. Би хааяа уран бүтээлчдээ ахалж хөдөө тоглолтоор явна. Манай хүн сайн
ууна. Яривал ярина, дуулбал дуулчихдаг тийм л хээгүй хүн байсан.
-Чуулгын ойгоор Адарсүрэнд гавьяат
өгөх гэж байхад таныг лоббидоод оронд нь гавьяат болсон гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн
үү?
-Тэр ийм юм. Чуулгын 30 жилийн ой
болоод Түмэндэмбэрэл, Сэвжид гуай хоёр Ардын жүжигчин цол аваад, Цэцэгээ гуай, Цэрэндорж
бид гурав гавьяат авсан юм. Харин Хоролсүрэн Алтангадас аваад Нансалмаа, Адарсүрэн
хоёр хоосон үлдсэн л дээ. Ой болохоос сарын өмнө Адарсүрэн алга болчихсон. Тэрнээс
биш миний лоббидох гэж юу байхав. Бүгд л нэрээ өгсөн. Ер нь их ууна. Ямарсайндаа
бригадаар тоглолтоор явахаар одоогоор бол
фенүүд нь Адарааг хүндэлж байгаа нь тэр гээд архиар дайлна. Яг тоглолтоор гарахын
өмнө хөшигний араар, эсвэл байшингийн булан тойроод ганц хоёр татчихна. Тэгээд бүр
харуулдана. Нэг удаа Онгон суманд тоглолт хийчихээд дөнгөж гараад явж байтал хоёр
мотоцикль, нэг УАЗ-69 машин ирээд зам хаагаад зогсчихно. Таван литрээр нь нэрмэл
архи авчраад өгнө. Тэгээд хэдэн жүжигчнийг шахна. Бид нар ажлаа хийж байгаа хүмүүс
болохгүй ш дээ. Хамгийн муухай нь хүндэлж байгаа хэлбэрээр тэр сайхан хүнийг алаад
хаячихсан гэхэд болно.
-Гавьяат аваагүй дээ их сэтгэлээр
унасан байх даа. Та ойр дотно байсан хүний хувьд юу гэдэг байсан бол?
-Тэрнээс хойш нэлээд хэдэн удаа ажлаас
халагдсан. Тийм хүнтэй чуулга байгаад байхыг хүсэхгүй ш дээ. Тэгээд сүүлдээ бүр
дийлэхээ байгаад өөрөө орхиод явсан. Үнэн гэвэл энэ.
Д.ДАВААСҮРЭН