Хэдэн жил уран бүтээлээсээ хөндийрөөд байсан “Салхи”
хамтлагийнхан саяхан шинэ хос цомог гаргажээ. Түүнчлэн “Гэгээн хайр”-ын баярын
өдөрт зориулж залуу хосууддаа уран бүтээлийн тоглолтоор бэлэг барьж байна.
Ингээд тус хамтлагийнхантай хийсэн ярилцлагыг хүргэе.
-Бэлтгэлээ “New star”студид хийж байгаа сурагтай. Яг ямар
бэлтгэл хийж байна?
-Тийм ээ, бид хайрын баярт зориулан хийх амьд тоглолтынхоо
бэлтгэлийг “New star” студид хангалаа.
Шинээр гаргасан хос цомгийнхоо дуунуудаар бүрэн хэмжээний амьд тоглолт хийж
байна. Тоглолт өнөөдөр өндөрлөнө.
-Тоглолтод танай хамтлагаас гадна өөр ямар уран бүтээлчид
оролцож байна вэ?
-Амьд хөгжимтэй тоглоно гэдэг маш олон хүний хүч хөдөлмөр
шаарддаг тийм хэмжээний хөдөлмөр гаргаж байгаа болохоор дуунууд маань
үзэгчдэд үнэхээр гайхалтай мэдрэмж өгсөн гэдэгт итгэлтэй байна. Манай тоглолтод
“New star” студийн продюссер СТА Т.Гантөр, “Айзам-2” хамтлагийн гитарчин ая
зохиогч О.Хүрэлбаатар ах мөн бөмбөрчин Г.Одбаяр, соло гитарчин Үүрийнцолмон
ICE-TOP хамтлагийн дуучин Хаагий, Манлай, дуучин Тайванбат нар хамтарч оролцоно.
-Тоглолтоо томоохон үзвэрийн төв бус диско клуб сонгож хийх
болсон шалтгаан нь юу юм бол оо?
-Манай хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлээд дан хайрын дуу
дуулсан байдаг юм. Манай нэг найзын
хэлснээр танай хамтлагийн дуунуудад хайр гэдэг үг ороогүй нэг ч дуу байдаггүй
юм байна гэж хошигнож байсан. Тиймээс ч бид хайрын баяраар хосуудтайгаа илүү
ойроос амьд хөгжимтэй тоглохоор шийдсэн юм. “Стрингс”-ийг ч гэсэн Улаанбаатар
хотдоо өдөр бүр амьд хөгжим эгшиглэдэг ганц клуб болохоор сонгосон.
-Танай хамтлагийнхан хэсэг хугацаанд яагаад таг байв. Эсвэл
хамтлаг тарчихсан байсан юм уу?
-Сайн уран бүтээл хийхэд цаг хугацаа хүч хөдөлмөр их шаарддаг.
Энэ хугацаанд бид чамгүй уран бүтээл хийсэн ч хэвлэл мэдээллээр нэг их цацаад
байсангүй. Харин тоглолтынхоо өмнө хийсэн уран бүтээлүүдээ үзэгч фенүүддээ
хүргэсэн чинь өнжөөд л нэг клип мэндлээд урамтай байна даа. Манай хамтлаг анх
байгуулагдсан бүрэлдэхүүнтэйгээрээ өнөөдрийг хүртэл хамтдаа байгаадаа
хамтлагийн найзуудаараа, эв нэгдлээрээ бахархдаг. Хамтлаг тарсан гэдэг зүйл
огт байхгүй.
-Уг нь ганц хоёр шинэ дууны клип харагдаж байсан. Бие дааж
уран бүтээл хийгээд байна уу?
-Үгүй ээ, үргэлж хамтлагаараа уран бүтээл хийж байгаа.
-Хэсэг хугацаанд хамтлагийн гишүүд хаагуур юу хийв?
-“New Star” студи дээрээ уран бүтээлээ хийгээд л ажил амьдралаа зохицуулаад л явж байна
даа.
-Анх хамтлаг бүрдэж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Анх дуу хөгжимд дуртай найзууд нийлээд хамтлаг байгуулсан
юм аа гээд Т.Гантөр ах, Хүрлээ ах хоёр дээрээ очиж байсан. Одоо ч гэсэн энэ
хоёр ахтайгаа хамтдаа уран бүтээлээ хийгээд сайхан нөхөрлөж явна.
-Тухайн үед хөвгүүдийн хамтлаг цөөнгүй гарч ирсэн. Бараг нэг
нэгнээ дуурайж мода болчихсон байсан. Тиймээс бусдаас ялгарахын тулд уран
бүтээлээ яаж хийе гэж төлөвлөдөг байв?
-Хэв маяг гэхээсээ илүү уран бүтээлээрээ ялгардаг байсан
болов уу. Одоог хүртэл бид хэн нэгнийг дуурайгаагүй өөрсдийнхөөрөө л байдаг.
Манай хамтлаг аялгуут сайхан хайрын дуунуудтай. Энэ нь ч манай хамтлагийн
онцлог бас юугаар ч үнэлшгүй баялаг юм.
-Ер нь анхнаасаа л хайрын сэдэвтэй дуу дуулъя гэж шийдсэн
байсан уу?
-Үгүй ээ, цаанаасаа л
ингээд таарчихсан.
-“Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дуу нэг хэсэг хит болж
байсан. Одоо ч залуусын аялах дуртай дуу нь. Энэ дуу хэрхэн бүтсэн түүхээс дурсахгүй
юу?
-Анх “Айзам” хамтлагийн Хүрлээ ах маань 1997 онд үг, аяыг нь
зохиосон юм. Гэхдээ бүтэн жилийн дараа буюу 1998 онд бидэнд энэ дуугаа өгсөн
учир нь дуу маань бүтэн жилийн турш Хүрлээ ахын маань авьяас чадварыг сорьсон
гэсэн үг. Үнэхээр ч үе үеийн хит дуу болсон
-Хайрын уянгын дуу дуулж “од” болох үед охид та нарыг хэр
эргүүлдэг байв. Захиа их ирдэг байв уу?
-За “од” болох нь ч юу юм бэ. Тэр үед чинь одоогийнх шиг ийм
олон мэдээллийн хэрэгсэл байдаггүй байсан болохоор найзуудынхаа хүрээнд л
илүү хүндлүүлдэг байсан даа. Яахав хааяа бидэнд хаяглаж охидоос утсаар ярих,
захиа илгээх явдал байсан шүү.
-Дууныхаа үгийг ихэвчлэн өөрсдөө зохиодог гэж сонссон. Хайрын
тухай дуунууд тань хэт олон болоод ирэхээр адилхан болох гээд байдаг тал бий юу?
-Байхгүй ээ. Дуу бүхэн өөрийн онцлогтой хэмнэлтэй агуулгатай
бүтдэг. Манай дуунуудаас энэ дуу тэрэнтэй адилхан гэчихмээр дуу ер нь байхгүй
шүү. Хоорондоо ярьж байгаад л үг, аяа бичих үе гарна.
-Ер нь сайхан хайр, бүтэлгүй хайрын дууны аль нь илүү хүний
сэтгэлд хүрдэг юм бол?
-Сонсогчдод яг яаж хүрдгийг сайн мэдэхгүй. Гэхдээ бүтэж
байгаа хайр бол угаасаа л гэгээлэг бас шаналсан биш аз жаргалтай хосуудын
тухай болохоор үг нь тухайн хүмүүст хүрдэггүй байх. Харин бүтээгүй хайр бол үг
бүр нь шаналсан хүний зүрх сэтгэлд хүрдэг байх гэж боддог.
-Хос цомог гаргасан. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл
өгөхгүй юу?
-1998 оноос хойш өнөөдрийг хүртэл гарсан үе үеийн хит дуунуудаараа
“1998 greatest Hit”, сая шинээр гаргасан уран бүтээлүүдээрээ “Эрхэмсэг хөг” гэсэн
хос цомог гаргасан. Ерөнхийдөө бидний дуулж байсан “Гоо бүсгүй”, “Аврал эрсэн хайр”, “Хар
нүдэн”, “Үггүй бороо”, “Нандин хайр”, “Мартагдашгүй хайр”, “Хагацал хүсээгүй
хайр” болон нэлээд хэдэн шинэ дуу орсон байгаа.
-Ингэхэд танай хамтлагийн дуунууд хит хэрнээ клиптэй
цацагдсан нь ховор байх аа. Тэр үед онлайн орчин хөгжөөгүй байсантай холбоотой
юу?
-Тийм л байх. Гэхдээ одоо ч гэсэн юу нь оройтох вэ. Манай
хамтлагийн албан ёсны хуудас дээр ихэнх дууны маань клип байгаа. Саяхан “Ийм
нэгэн хайрын тухай”, “Найзууддаа”, “Чиний өмнө”, “Ухаарч амжаагүй бүхний чинь
төлөө” дуугаа клипжүүлээд үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон гэдгийг хэлэхэд
таатай байна.
-Та нар өөрсдөө хайрын дуу дуулж хосуудыг баярлууллаа. Харин
өөрсдийнхөө найз охин, эхнэр, хайртай хүнээ хэрхэн баярлуулдаг нь бас сонин
санагдаж байна?
-Энгийн зүйл илүү хүнд хүрдэг байх бусад залуусын л адил хайртай
хүмүүсээ баярлуулна даа.
-Ер нь хамтлагууд хэсэг алга болчихоод нэг гарч ирээд тоглолт
хийгээд алга болдог тал бий. Мөнгө хэрэгтэй үедээ болсон болоогүй тоглолт
хийдэг гэсэн шүүмжлэл ч байдаг…
– Үнэхээр их мөнгө олдог бол байнга л тоглоод байна биз дээ.
Бидний хувьд бол чанартай сайн уран бүтээлтэй болж байж л хүнд хийсэн бүтээснээ
үзүүлье гэж боддог.
Д.ДАВААСҮРЭН