Арлын Японы сумогийн ертөнцөд Ананд хэмээх залуу шуугиулж байна.
Учир нь тэрээр Осака хотноо болсон гуравдугаар сарын Хару башёд түрүүлж мэргэжлийн
сумогийн 71 дэх аварга болсон юм. Сумо сонирхдог хүн бүр түүний Ёкозуна болчихоосой
гэж битүүхэн хүлээж байсан нь тодорхой. Японы сумо бөхийн холбооноос хүртэл Какурюү
Анандыг энэ сарын башёд 13 ба түүнээс дээш давсан тохиолдолд ёкозуна буюу аварга
цол олгохоо амлаад байлаа. Харин Ананд итгэл дааж чадлаа. Какурюү Ананд 14 давж,
нэг өвдөг шороодсон амжилтаар энэ удаагийн Хару башёг тэргүүлсэн юм. Барилдааны
гурав дахь өдөр тэрээр Окинаумид л өвдөг шороодсон хэдий ч аварга болох хүн цаанаа
л өнгөтэй байдаг гэгчээр ёстой л од гийсэн сайхан барилдаануудыг үзэгчдэд харууллаа.
Түүнийг сүүлийн өдрийн барилдаанд давахад сумогийн ордонд хурсан түмэн дэр хийн
босч хүндэтгэл үзүүлэн баярласнаа илэрхийлж байсан бол энд монголчууд дор бүрнээ
зурагтынхаа өмнө уухай хашгиралдан омогшиж байсан биз ээ.
Японы сумод Монголын аавын хүүг дийлэх хүнгүй болжээ. Анх 2002 оны
арваннэгдүгээр сарын Кюүшюү башёд Асашёорюү Д.Дагвадорж хэмээх монгол залуу дайчин,
хурц ширүүн барилдаанаараа тодорч сумогийн дэвжээнээ аваргалж эзэн хааны цомыг нь
хүртэж байсан. Тэгвэл энэ цаг мөчөөс эхлэн нийт 68 башё өнгөрсөн байхад 61 башёд
нь Монголын сумоч тэргүүлсэн амжилт үзүүлжээ. Өмнөх 69, 70 дахь аваргууд ч монгол
сумочид. Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж гээд нэгэнт Японы сумо бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн
их аваргуудын халааг Какурюү М.Ананд ийн
залгамжлуулж байна. Ингээд бодохоор бөхөөрөө бахархдаг Монголын ард түмэн энэ сайхан
эр бяр гайхуулсан хүчтэнүүдээрээ омогшихоос аргагүй биз.
ЭРДЭМТНИЙ УДМААС ТӨРСӨН СУМОЧ
Шинэхэн ёкозуна Ананд дөнгөж 29 нас хүрч яваа цус шингэн, бие чанга
залуу бөх. Тэрээр Улаанбаатар хотод 1985 оны наймдугаар сарын 10-нд нэгдүгээр төрөхөд
төржээ. Түүний аавыг Мангалжалав ээжийг нь Оюунтөгс гэдэг телевизийн мэргэжилтэй
хүн байна. Мангалжалав гуай Сүхбаатар аймгийн уугуул, хоёр хүүхэдтэй бөгөөд Анандын
дээр нэг эгч байдаг аж. Эгч нь өдгөө Америкт ажиллаж амьдардаг бололтой. Хүүгээ
бөх хүн болоосой гэж нууцхан хүсч мөрөөдөж явсан тэрээр Шинжлэх ухаан технологийн
их сургуулийн Эрчим, хүчний инженерийн сургуулийн захирлын албан тушаалыг хашиж
яваа доктор, профессор хүн. Угаас сэхээтэн
хүн хүүхдээ эрдэм номд шамд гэж тулгадаг бол Мангалжалав гуай харин ч хүүгээ “Хичээлээ
хийсэн үү” гэж асуухаас илүүтэйгээр бэлтгэл сургуулилт нь юу болж байна гэж санаа
зовдог байсан гэх. Багийн өсгөлүүн биетэй Ананд хүү 31 дvгээр сургуулийн наймдугаар
анги төгсөөд аавынхаа багшилдаг ШУТИС-ийн
гадаад хэлний дээд сургуулийн лицей есдvгээр ангид элссэн байна. Ер нь л бөх болно
гэсэн хүсэл мөрөөдөл байгаагүй ч аавыгаа үндэсний бөхөөр хичээллэх болов уу гэсэн
нууцхан горьдлогыг нь гадарладаг байсан тухайгаа ярьж байсан. Энэ үед бие өсгөлүүн
болоод ч тэр үү сагс, теннис зэрэг олон спорт оролддог байжээ. Ингэж явах үедээ
өнөөдрийн их амжилтын замыг олж байсан гэх.
САНААНДГҮЙ ЯВСАН ХҮҮ
СУМОГИЙН ЕРТӨНЦӨД АНХ ИНГЭЖ ХӨЛ ТАВЬЖЭЭ
Үндэсний бөх ч сонирхдоггүй байсан хүү хожмоо харь орны бөхийн дэвжээнээ
нэр алдраа мандуулна гэж хэн санах билээ. Анандыг лицейг төгсөх жил түүний амьдралд
нэгэн том эргэлт гарчээ. 14 настай байх үед Н.Цэвэгням, Д.Батбаяр зэрэг Монголын
сумочид чамгүй амжилттай барилдаж байгааг зурагтаар байнга үздэг байсан аж. Нэг
өдөр аав нь сумод сонирхолтой хүүхдүүдийг шалгаж авч явж байгааг сонсоод хүүгээ
дагуулж “Аварга” биеийн тамирын дээд сургууль дээр очсон байна. Ингэж л анх удаа
зодог шуудаг өмсч, зургаа давж үзжээ. Ингээд удсан ч үгүй бүх юм нүд ирмэхийн зуур
болж өнгөрсөн гэдэг. Учир нь аавынх нь нэг
шавь Японоос сумо бөхийн тухай ном явуулсан байжээ. Хүү тэр номыг шохоорхон үзэх
үед арын хуудсанд байсан хаяг их л сонирхлыг нь татаж. Мэдээж сумод амжилт үзүүлж
буй мундаг бөхчүүдийн тухай номыг уншаад жаахан ч гэсэн спорт оролддог хүүгийн толгойд
нэг зүйл орж ирсэн байх л даа. Ананд номон дээрх хоёр хаяг руу шууд л сумогоор хичээллэх сонирхолтой байгаагаа
илэрхийлсэн захидал интернэтээр илгээсэн байна. Ингээд захидлын хариу ч ирж “Изүцү”
дэвжээний бөх болохоор 16 настайдаа арлын орныг зорьжээ. Лицейгээ ч төгсөлгүй орхиод
явжээ. Гол нь аав нь хүүдээ багийн спорт бус ганцаарчилсан төрөлд амжилт гаргаж
чадна гэж захидаг байсан аж. Энэ нь түүний олон таван үггүй, зөөлөн, дуу цөөнтэй
зан чанартай нь холбоотой байсан болов уу.
“ИНТЕРНЭТ” АНАНД
Анх “Изүцү” дэвжээнд очоод гологдож байсан гэдэг юм билээ. Том биетэй,
болхидуу хөдөлгөөнтөй учраас барилдсанаас “гёожи” буюу дэвжээний шүүгч болоход тохирох
хүү байна гэж багш нар хэлдэг байж. Бүр Анандаас “Барилдаж чадах уу” гэж асууж байжээ.
Анх 2002 оны нэгдүгээр сараас эхлэн барилдсан бөгөөд хамгийн доод буюу Жоникvчи
зиндаанд тав ялж, хоёр ялагдаад л шууд Жонидан зиндаанд ороод ирсэн байна. Жонидон
зиндаандаа бас л хоёр башё барилдаад Сандамэд дэвшсэн. Сандамэ зиндаанд бас л хоёр
башё барилдаад их дээгvvр гараад иржээ. Эхний 16 бөх дотор орж ирээд нэг хэсэг доошоо
унасан аж. Учир нь багш нь ийм тактикаар барилдуулж барилдааных нь арга барилыг өөрчлөх гэсэн хэрэг.
Ананд ерөнхийдөө барьцанд хvрч барилддаг байсан учир багшийнхаа зөвлөснөөр цуппари
буюу барьцгvй тvлхэн гаргах мэхээр барилджээ. Энэ нь жин багатай учраас нэг хэсэг
унах шалтгаан болсон гэдэг. Харин нэг их удалгүй энэ мэхээ гаргууд хийдэг болсон
байна. 2004 оны долдугаар сарын Нагоя башёд Сандамэгийн 11-д байхдаа түрүүлсэн.
Ингээд л түүний амжилт гэрлийн хурдаар өсч байлаа. Харин 2004 оны арваннэгдvгээр
сарын башёд жvрюогийн хамгийн доороос барилдаж 10 ялагджээ. Ялагдсаныхаа дараа бэлтгэлээ
тасралтгүй хийж хэсэг нам гүм амьдарлаа. Ингээд 2005 оны нэгдvгээр сард тав ялж,
хоёр ялагдаад жvрюод орсон байна. Үүнээс
хойш нэг зиндаанаас нөгөө зиндаа хоёрын хооронд нэг өгсөж, нэг уруудсаар ямартай
ч өнөөдрийн амжилтад хүрлээ. Какурюү М.Ананд
“Уран барилдаан”-ы шагналыг долоон удаа, “Гарамгай барилдаан”-ы шагналыг хоёр удаа
хүртсэн байна.
Түүний дэвжээний нэр нь Какурюү Рикисабүро бол сумогийн дэвжээнээ
“Интернэт Какурюү” хэмээх хочтой аж. Учир нь анх сумод интернэтээр бүртгүүлж байснаас
нь үүдэж ийм хоч өгчээ.
ДАРХАН МЭХГҮЙ, ДАРХЛАГДСАН АВАРГА
Анх арлын Японыг зорьж сумод хөл тавихдаа метр 79 см өндөр, 65 кг
жинтэй байсан бол өнөөдөр тэрээр 185 см өндөр,150 кг жинтэй болсон байна. Тэрээр
Монголоос төрсөн их аваргуудыг хүндлэхээс гадна Таканохана, Чиёнофүжи, зэрэг сумочдыг
хүндэлж явдаг гэнэ. Ер нь сумогийн ертөнц, эргэн тойрныхоо хүмүүст нэлээд нэр хүндтэй
нэгэн байна. Түүнийг төлөв даруу, сайхан монгол эр гэж найз нөхөд нь үздэг юм билээ.
Бас их ёс жудагтай. Аавынхаа төрсөн нутгаар овоглох дуртай тэрээр Япон дахь гэрийнхээ
хойморт Алтан овоо, Шилийн богдынхоо зургийг тавьсан байдаг бөгөөд өглөө болгон
мөргөдөг гэсэн. Уг нь аль болох Монголдоо ирж Шилийн богдынхоо оройд гарч хийморио
сэргээхийг хүсдэг тухай дурсч байсан. Бэлтгэл сургуулилт гээд өмнөө тавьсан зорилгодоо
хүрэх гээд гэр бүл зохиож амжаагүй ч ямар ч байсан монгол бүсгүйтэй гэрлэнэ гэдгээ
нуусангүй.
Сумод барилддаг бөхчүүд гэлтгүй
монгол бөхчүүд дархан мэх гэж ярьдаг. Ямар ч үед гаргууд эзэмшсэн мэхээ гаргах зуршилтай.
Тэгвэл М.Анандад дархан мэх байхгүй. Гайхмаарч тэр ашиглаж болох бүх л мэхийг шаардлагатай
үед нь гаргаж чаддаг нэгэн. Бөх хүн хүчнээс илүү барилдааны мэдрэмж, ур чадвартай,
ухаантай барилдах ёстой гэдгийг түүнээс л харж болно. Түүнээс бусад сумочид бэргэдэг
талтай. Их дайрч барилддаг болохоор нь мэхэнд нь орчих гээд халгаад байдаг хэрэг.
Ямар сайндаа аав нь хүүгээ “Миний хvv дуу цөөнтэй, тайван ч дайчин тэмцэлдэх чанараараа
Асашёорюү аваргатай их адилхан” гэж тодорхойлдог юм билээ.
Тэрээр хэдхэн хоногийн өмнө ёкозуна цолоо албан ёсоор хүртсэн бөгөөд
энэхүү арга хэмжээ нэлээд хэд хоног хүндэтгэлтэйгээр болдог ёслол аж. Аваргын цолоо
албан ёсоор авах үедээ М.Ананд “Би бэлтгэлээ сайн хийж үүнээс илүү амжилт үзүүлэх
болно” хэмээн сумо сонирхогчдод хандан хэлсэн байна. Түүний энэхүү баярыг хуваалцахаар
аав, ээж хоёр нь Японыг зорьжээ.
Д.ДАВААСҮРЭН