Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тээврийн зардал буурч, барилгын материалын үнэ хямдарчээ DNN.mn

Барилгын материалын төв зах 100 айл олны хөлд дарагджээ. Байшингаа засварлах, шинээр байшин барихаар блок, цемент сурагласан иргэд энд бужигнаж байна. Барилгын материал сурагласан иргэдийг анзаарахад тэдний олонх нь цемент л хайж байх юм.

100 айл захад “МАК”, “Монцемент” зэрэг дотоодын үйлдвэрүүдийн цемент болон хятад цемент зарагдаж байна. МАК цемент шуудай нь 18000 төгрөг бол Монцемент 16000 төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2000-3000 төгрөгөөр өссөн үнэ гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Харин хятад цемент шуудай нь 15000 төгрөгөөр зарагдаж байв. Иргэд өөр өөрсдийн сонголтоо хийж байв. Ямартай ч цементийн эрэлт энд маш их байна.

Бусад барилгын бараа материалын үнэ 10-15 хувиар буурсныг худалдаа эрхлэгчид онцлов. Үүнийг бараа материалын тээвэрлэлтийн ханш буурсантай холбож тайлбарласан юм.


Х.Батсайхан: Тээвэрлэлтийн зардлаа дагаад барилгын материалын үнэ буурсан


Худалдаа эрхлэгч Х.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.


-Барилгын материалын ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ямар байна вэ?

-Барилгын үе эхлээд удаагүй, ачаалал өндөр байна.

Барилгын материалын үнийн тухайд өнгөрсөн онтой харьцуулахад буурсан. Ойролцоогоор 10-15 хувиар буурсан гэж хэлж болно. Жишээ татаад хэлэхэд жилийн өмнө барилгын дээврийн хөөс 85000 төгрөгөөр зарагдаж байсан бол энэ жил 60000-65000 төгрөгөөр зарагдаж байна. Барилгын ажилд өргөн хэрэглэгддэг дээврийн төмөр энд 9000-10000 төгрөгөөр зарагдаж байгаа. Өнгөрсөн жил хамгийн хямддаа 13000 төгрөгөөр зарагдаж байсан шүү дээ. Барилгын материалын үнэ буурсан нь урдаас нааш нь зөөх тээврийн зардал буурсантай холбоотой. Нөгөө талаар барилгын материалын нөөц элбэг байгаа нь үнэ буурахад нөлөөлж байгаа.

-Хятадад бараа материалын ханш өнгөрсөн жилийнхээс өссөн үү. Хэвээрээ байна уу?

-Ер нь хэвээрээ л байгаа шүү дээ. Тээвэрлэлтийн зардал өссөн учраас энд үнэ нь нэмэгдээд байсан юм. Зардал нь буухаар дагаад л үнэ нь буурсан.

-Байшиндаа дотоод засал хийх сонирхолтой иргэд түгээмэл харагдах юм. Дотоод засалд өргөн хэрэглэгддэг обойн үнэ ямар байна вэ?

-Обойг хүн бүр л асууж байна. Ханын цаас чанараасаа шалтгаалаад өөр өөр ханштай худалдаалагдаж байна. Ерөнхийдөө 7000-70000 төгрөгийн хооронд үнэ нь хэлбэлзэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд барилгын материалын олдоц ховор, үнэ нь тэнгэрт хадчихсан байсан. Эдийн засаг ийм үед байр орон сууцаа засах боломж иргэдэд хомс байсан болов уу. Харин энэ жил байр, байшингаа засч сайжруулах, томруулах хүмүүс маш их байна. Үнийн хувьд ч уян хатан учраас иргэд 100 айл зах руу л ирж байна” гэв.

Барилгын материалын үнэ өнгөрсөн жилийнхээс буурсан талаар худалдаа эрхлэгчид ийн тайлбарлаж байна. Тодруулбал барилгын засалд өргөнөөр хэрэглэгддэг замаск литр нь 9500 төгрөг, паркетан шал 10000-15000, будаг чанараасаа шалтгаалаад 5000-15000 төгрөгийн хооронд ханштай байна. Харин вакум цонхны үнэ өмнөх жилийнхтэй ижил байгааг үйлчлүүлэгчид хэлж байв. Тодруулбал 200-600 мянган төгрөгийн ханштай зарагдаж байсан юм.


О.Хишигбаатар: Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсч байхад барилгын материалын үнэ буурсан нь сайн мэдээ


Бид 100 айл барилгын материалын захаар үйлчлүүлж яваа О.Хишигбаатартай цөөн хором ярилцлаа.


-Та ямар материал хайж явна вэ?

-Байшиндаа залгаа хийнэ. Хажуугаар нь шалаа шинэчлэх ажилтай энд ирлээ. Өнгөрсөн жил засахаар төлөвлөж байсан ч барилгын материалын үнийг нь хараад буцсан. Энэ жил хийхээр төлөвлөөд сая блок авсан. Эндээс дотор засалд шаардлагатай материал авна.

-Үнэ ямар байна вэ?

-Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсч байхад барилгын материалын үнэ хямдарсан сайн мэдээг энд ирээд мэдлээ. Боломжийн паркетан шалыг 10000 төгрөгөөр авах боломжтой юм байна. Сая дүүжин тааз 16000 төгрөгөөр худалдаж авлаа.

-Засал чимэглэлд шаардлагатай материалуудаа та цуглуулж чадав уу. Хэд орчим төгрөг болж байна вэ?

-700 мянган төгрөгөөр дотор заслын материалаа авчихаж болж байна. Харин арматурын үнэ хэвэндээ байх шиг байна. Авах бодолтой байсан ч чадсангүй. Үнэ нь буугаагүй байна гэж би харлаа. 14000 төгрөгийн үнэтэй байна. Үүнийг бид дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол бараг тал үнээр нь авах боломжтой гэж хардаг юм. Арматурын түүхий эд манайд байдаг шүү дээ. Түүхий эдийг нь манайхаас хямд аваад л боловсруулаад хэд нугалаад буцаагаад оруулаад ирдэг. Ачаа нь бидний нуруунд л ирдэг гэв. 100 айл барилгын материалын захаар үйлчлүүлж буй иргэд барилгын материалын үнийн талаар ийм байр суурь илэрхийлж байна.

Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн зүгээс онцолж байгаагаар үнийн хөөрөгдөл зөвхөн тээвэрлэлтийн зардалтай л холбоотой байж. Юанийн ханш бууж байгаа учраас барилгын материалын үнэ цаашид ч буух төлөвтэй байгааг хэлж байв. Харин урд хөршид барилгын материалын үнэ хөдлөөгүй, тээвэрлэлтийн зардал буураад байхад орон сууцны үнэ өдрөөс өдөрт өсч байгааг иргэд ч тэр, худалдаа эрхлэгчид ч тэр гайхаж байна лээ.

Зарим барилгын компаниудаас тодруулахад тэд барилгын материалаа урдаас татдаг. Тээвэрлэлтийн зардал өндөр байх үед авсан үнээ шингээгээд зах зээлд нийлүүлж байгаа талаараа хэлж байна. Гэхдээ доллар болон юанийн ханшийн хэлбэлзлээс шалтгаалж байрны үнэ буурах төлөвтэй байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Чингэлтэй дүүрэгт хулгайч нарын алхам бүрийг алган дээрх шигээ хардаг болжээ DNN.mn

Чингэлтэй дүүрэг “Ногоон бүс” болжээ. Тодруулбал тус дүүргийн гудамж, тохой, орц бүрийг цаг минут тутам хянах камеруудыг байршуулсан байна. Нягтаршил өндөртэй орчин үеийн камер байршуулснаар Чингэлтэйн нутаг дэвсгэрт хэн юу хийж байгааг цаг алдалгүй дэлгэцээр хянах боломж бүрджээ. Харанхуй гудамжаар алхахдаа хэн хаанаас гарч ирэх бол гэх айдсаа Чингэлтэй дүүргийнхэн авч хаяад хэдэн сар болж байгаа юм байна. Асуудал үүсэхэд л нэгдсэн системээс цагдаад мэдээлэл хүрч гэмт этгээдийг тав алхуулахгүй бариад авах орчин нөхцөл тус дүүрэгт бий болжээ.

Үүнийг ажил хэрэг болгоход Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг 26 аж ахуйн нэгжийн зүгээс 125 сая төгрөгийн санхүүжилт босгож, дэмжлэг үзүүлсэн гэнэ. Үр дүнд нь гэмт хэрэг тасардаггүй байсан Чингэлтэйнхэн амар амгалан аж төрөх болсныг дүүргийн цагдаагийн газрын удирдлагууд онцлов.

Тухайн дүүргийн хөдөлгөөн бүрийг хянах болсноор халаасны хулгайчид гишгэх газаргүй болж. Жишээ татаад хэлэхэд Мөнгөн завъяагийн нүхэн гарцны үүдэнд алхаж явсан эмэгтэйн цүнхнээс утсыг суйлсан хэрэг шинэ оны үеэр гарсан байна. Хэрэгтнийг халуун мөрөөр нь дагаж хэдхэн цагийн дотор илрүүлж арга хэмжээ тооцжээ. Хулгайч этгээд Мөнгөн завъяагаас утас суйлаад Теди орж борлуулах замдаа 8-9 камерт бичигдсэн байх бөгөөд хулгайн утас авсан ченж нь ч хэргийн хамсаатнаар татагдсаныг хэрэг дээр ажилласан мөрдөгч нь онцолсон. Хэрэгтэнд үйлдлийнх нь бичлэгийг харуулахад нүд нь орой дээрээ гарах шахсан талаар ч ярьж байв. Энэ мэтчилэнгээр халаасны болон орон байрны хулгайн хэргийг шуурхай илрүүлснээр бусдын халаас руу шагайж илүү хардаг нөхөд Чингэлтэйн нутаг дэвсгэр рүү зүглэхээ больжээ. Тэр ч утгаараа тухайн дүүрэгт гэмт хэргийн илрүүлэлт өсч, хэргийн гаралт буурчээ.

Халаасны хулгайч нарын гол бай Дэнжийн мянга, Хүчит шонхор гээд түм түжигнэж, бум бужигнасан газрууд гандангийн хаалга шиг л амгалан болж. Хаанаас юугаа алдах бол гэх айдсаа энэ хавийнхан үндсэндээ гээжээ. Аж ахуйн нэгжүүд ч тэр гэмт халдлагаас ангид үйл ажиллагаа явуулах болсон байна.

Түүнчлэн зогсоолд байршуулсан тээврийн хэрэгсэл шүргээд зугтдаг, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед дугаар харагддаггүй хэрэг замхардаг гээд асуудлуудаа ардаа үлдээжээ.

Ч.Бадамцэрэн:Айлуудөдөр бүр шахАМ гэрээ ухуулдаг үзэгдэл алга болсон

Гэх мэтчилэнгээр гэмт хэрэг өдрөөс өдөрт буурч байгааг дүүргийн цагдаагийн газрын дарга нь ч онцолж байв. Түүнчлэн ноцтой гэмт хэргүүдийг ч тэр дор нь илрүүлсэн жишээ энд байна. Тодруулбал зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөөд 100 орчим метр чирч, амийг нь хохироосон хэргийн эзэн холбогдогчийг тэр дор нь л илрүүлсэн байна. Чингэлтэйн өөр нэг онцлох зүйл нь гудамж бүр камержсанаар хашааныхаа гадаа хогоо хаядаг үзэгдэл цэгцэрсэн талаар хорооны Засаг дарга нь онцлов. Энэ талаар долдугаар хорооны иргэн Ч.Бадамцэрэнтэй ярилцлаа.

-Чингэлтэй дүүргийн булан тохой бүрийг камержуулжээ. Үүний ач холбогдлыг та яаж харж байна вэ?

-Наад зах нь гэмт хэрэггүй, эрүүл бүс болж байна. Айдасгүй амгалан амьдрах боломж бүрдлээ. Хамгийн гол нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж чанартай камер суурилуулснаар шөнийн үйл явдлыг ч өдөр шиг хянаж байх боломж бүрдэж байгаа юм. Ийм тайван амгалан дүр зургийг бид Солонгос, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнуудаас л хардаг. Хороо маань ийм болж байгаа нь өндөр хөгжилтэй орны жишигт нэг алхам ойртлоо гэж харж байна.

-Бүрэн камержаад бага биш хугацаа өнгөрчээ. Иргэдийн хандлагад ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Гудамжиндаа хог шороогоо асгадаг үзэгдэл цэгцэрсэн. Үүнийг дагаад хорооны өнгө үзэмж нэмэгдлээ. Өмнө нь гудамжинд сагсны шийд босгоход л торыг нь хайчлаад аваад явчихдаг байлаа шүү дээ. Одоо бол өөр болсон. Цаашлаад хаа хамаагүй газарт шээж, баадаг асуудал харагдахаа болиод удаж байна. Тамхи татахдаа

ч зориулалтын цэгт татдаг болсон. Камержуулалт дагаад иргэд соёлжиж байна. Өмнө нь бол энд орон байрны хулгай гаарчихсан байсан. Манай гудамжинд л гэхэд ёс юм шиг өдөрт нэг айл хашаанаасаа юмаа хулгайд алддаг байв. Энэ үзэгдэл ор мөргүй арилсан. Ер нь бол хөгжилтэй орны жишиг рүү том алхам ойртлоо.

Чингэлтэйд өдөрт л нэг айл халдлагад өртдөг үзэгдэл байхгүй болжээ.

Дүүргийн цагдаагийн удирдлагуудын онцолж байгаагаар бол гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн гэм буруугийн асуудлыг олж тогтооход ч тус нэмэр болж.

Жишээ татаад хэлэхэд согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн иргэн биеэ авч явах чадваргүй болж савж унаснаар гэмтэлд хүргэгдэж, нас барсан хэрэг энэ оны эхээр гарсан байна. Дээрх хэрэгт талийгаачтай хамт явсан ажлын хамт олныг буруутгаж байж. Гэсэн ч дээрх үйл явдал камерт бичигдэж үлдсэнээр хэрэг тодорхой болж, талийгаачтай хамт явсан залуус цагааджээ. Хэрэв камерт бичигдээгүй бол дээрх залуус асуудалд орж болзошгүй байж. Энэ мэтчилэнгээр камержуулалтын үр ашиг гарч байна.

Харин хувь нууцтай холбоотойгоор жирийн иргэнд камерын бичлэг үзүүлэх боломжгүй гэнэ. Шаардлагатай тохиолдолд харьяа хорооны цагдаад хандаж зөвшөөрлийг бичиг аваад шүүх боломжтой. Та таксинд эд зүйлээ мартаж буусан бол хорооны цагдаадаа хүсэлт гаргаж, зөвшөөрөл аваад л камер хараад асуудлаа шийдэх юм байна. Булан тохой бүр камержсан учраас хаана ч аль ч гудамжинд буусан бүрэн бичигдэж үлдэнэ. Суурилуулсан камер нь хоёр сарын хугацаанд бичлэгээ хадгалах багтаамжтай гэнэ. Өөрөөр хэлбэл хоёр сар ажиллаад дата нь шинэчлэгдээд явах юм байна.

Цаашид нийслэлийн дүүргүүд бүрэн камержих гэнэ. Одоогоор “Ногоон бүс” төслийг Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудалтай тодорхой хэмжээнд тулгарч байгааг нийслэлээс онцолсон. Үүнд аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байна. Зөвхөн нийслэлийн дүүргүүд ч бус хөдөө орон нутагт ч энэ төслийг хэрэгжүүлэхээр сонирхоод эхэлж. Ингэснээр хоногт л хэдэн зуугаар бүртгэгддэг хулгайн хэрэг цэгцэрнэ гэж үзэж байгаа юм байна. Камержуулалт дагаад иргэдийн хандлага зүгширч, нийгэмд эрүүлжинэ гэж харж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

В.Байгаль: Нярайн вакцин тариулахгүй гэх ойлголт байж болохгүй DNN.mn


Ковидын дэгдэлтийн үед төрсөн нярайн тодорхой хувь нь дархлаажуулалтын вакцинд хамрагдаж чадаагүй байна. Үүнийг эцэг эхчүүд хатуу хөл хорио тогтоогоод байсантай холбож тайлбарлаж байгаа юм. Тухайн үед олон хүүхэд дархлаажуулалтад хамрагдаагүйн улмаас улаанбурхан өвчин газар аваад байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Нярайн дархлаажуулалтын ач холбогдлын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны эмч В.Байгальтай ярилцлаа.


-Эхлээд танаас нярайн вакцины ач холбогдлын талаар асуумаар байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эхээс хүүхдэд дамжсан дархлаа зургаан сар хүртэл нь идэвхитэй байдаг. Ингээд аажмаар буурч эхэлдэг, тиймээс вакцин хийж халдварт өвчнөөс сэргийлэх, хамгаалах дархлааг хүүхдэд үүсгэдэг. Учирч болох эрсдэлээс сэргийлнэ гэж ойлгож болно.

-Нярайн вакциныг эсэргүүцэх хүмүүс байх юм. Тэд вакцин тариулахгүй байх талаар ухуулга хүртэл хийж байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Вакцин тариулахгүй гэх ойлголт байж болохгүй. Тэр дундаа нярайн вакциныг заавал хийлгэх ёстой. Халдварт өвчнөөс сэргийлэх вакцины бүрэн тунг хийлгэж дархлаа тогтоогүй байж байгаад, ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөх юм бол халдвар авсан хүн өвдөхөөс гадна түүний ойр эргэн тойронд байгаа гэр бүл, хамт олон халдвар авах эрсдэл давхар үүснэ. Вакцин хийлгэснээр халдварт өвчнөөс зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй, бусдыг давхар хамгаалж байдаг. Вакцин хийлгэхгүй гэж байгаа нь хувиа хичээсэн л хүний, ухамсаргүй хандлага.

-Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахаас зайлсхийсэн бол хүлээлгэх хариуцлага байдаг уу?

-Товлолын заавал хийх дархлаажуулалтад цаг хугацаанд нь бүрэн тунд нь хамруулах үүргийг хуулиар заагаад өгсөн байдаг. Дархлаажуулалтын тухай хуульд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх, сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах, сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх үүрэгтэй. Түүнчлэн зөрчлийн тухай хуульд дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалт байдаг. Энэ талаарх ойлголт манайд дутмаг байгаа нь харагддаг.

-Ер нь хүүхдээ дархлаажуулалтад хамруулах идэвх ямар байна вэ?

-Товлолын дархлаажуулалтын хувьд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ цаг хугацаанд нь вакцинд нь хамруулах ёстой гэдгийг маш сайн мэддэг. Төрөхөд нь л хэлж анхааруулдаг. Хүүхдэдээ вакцин хийлгэхгүй гэх хүн ховор болсон шүү. Нийтээрээ л хамрагдаж байна. Вакцины үр дүнд вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчний дэгдэлт эрс буурсан үзүүлэлт бий.

-Ковидын үед иргэд нярайгаа дархлаажуулалтад хэрхэн хамруулж байв. Хөл хорионы үед дархлаажуулалт тасалдсан тохиолдол байна уу?

-Улсын хэмжээнд товлолын заавал хийх дархлаажуулалтын хамралт бусад улс оронтой харьцуулахад өндөр байдаг. Гэхдээ ковидын өмнөх үетэй харьцуулаад харахад буурсан үзүүлэлт харагддаг. Өмнө нь 99 хувийн хамралттай байсан бол одоо 95 хувь болж буурсан. Тав орчим хувиар буурсан нь бага мэт харагдаж байгаа ч бодит тоо болгоод харахад тийм биш. Жишээ татаад хэлэхэд 70 мянган хүүхдийн таван хувь нь хамрагдахгүй байна гэж үзвэл 3500 хүүхэд хоцорч байна гэсэн үг. Энэ хоцорч байгаа жил жилийн хүүхдүүдийн тоо нийлэхэд таван жилд 17000 хүүхэд болно. Тэгэхээр ямар нэгэн халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирлээ гэж үзвэл энэ 17 мянган хүүхэд ямар ч хамгаалалтгүй, өвдөхөд бэлэн байна гэсэн үг.

-Хөл хорионы үед дархлаажуулалтын тунд хамрагдаагүй өнгөрсөн хүүхдүүд яах вэ?

-Заавал хийх дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаагүй, ямар нэг шалтгаанаар хоцорсон хүүхэд байгаа бол сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж нөхөж хийлгэж болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бригадын генерал А.Дулаанжаргал: Үе үеийн домогт генералуудтайгаа хамт зүтгэж явснаараа бахархдаг юм DNN.mn


Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 79 жилийн ой, “Монгол генералын өдөр” тохиож буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас төрсөн алтан мөрдэст бригадын генерал Аажуурын Дулаанжаргалтай ярилцлаа.


-Жирийн малчны гэрт төрсөн хүү цэргийн дээд цолд хүртлээ дэвшсэн тохиолдол гарын таван хуруунд багтахаар цөөн байх. Та хаана ямар сургууль дүүргэж энэ их айлын босгоор алхаж байв?

-Би Дорнод аймгийн Баяндун сумын дунд сургуулийг 1978 онд төгссөн. Тэр жил цагдаагийн байгууллагыг малчин, ажилчин бүрэлдэхүүнээр бэхжүүлнэ гэх Намын төв хорооны шийдвэр гарсан юм билээ. Энэ шийдвэрийн дагуу Нийгмийг аюулаас хамгаалахын төлөөлөгчид дунд сургуулиудад судалгаа хийсэн. Үүний дагуу н.Дугар гэж хошууч надтай уулзаж санал тавьсан юм. Ингээд конкурс өгч Москва хотын Дотоод явдлын яамны тусгай факультетад элссэн. Тэр жил дунд сургууль төгссөн 10 хүүхдийг сонгож авсан байдаг. Тэдний нэг нь болж Москва хотыг зорьж байлаа. Тухайн үед Төв аймгаас хурандаа Ш.Даваасүрэн, Баянхонгороос дэд хурандаа н.Батмөнх, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Д.Ганболд, Б.Баатарпүрэв нарын 10 хүүхэд Москвад суралцахаар явж байв. Бид 1983 онд сургуулиа төгсөөд ирж байлаа. Хожим тэд маань орон нутгийн цагдаагийн газрын дарга хийж байгаад л гавьяаны амралтаа авсан. Эдэн дунд ЦЕГ-ын удирдах албан тушаал хашиж байсан улс ч бий. Тэр жил маш сайн боловсон хүчин бэлтгэсэн гэж хувьдаа үздэг юм.

-Та ажлын гараагаа Дархан-Уул аймгаас эхэлж байсан юм билээ. Таныг шууд Дархан руу томилсон хэрэг үү?

-Намайг хойноос ирэхэд Октябрын районд эрүүгийн төлөөлөгчөөр ажиллуулахаар томилсон байлаа. Одоогийн Баянгол дүүрэг шүү дээ. Харин надад Дарханд ажиллах шаардлага байсан юм. Учир нь манай гэр бүлийн хүн үслэг эдлэлийн чиглэлээр хойно мэргэжил эзэмшээд Дархан хотын нэхий эдлэлийн үйлдвэрт ажиллахаар хуваарилагдсан. Ингээд орон нутагт ажиллах хүсэлт өгөөд Дархан хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Цагдан сэргийлэх хэлтсийн төлөөлөгчийн албан тушаалд томилогдож байлаа. Дархан хотод 1989 он хүртэл ажиллаад М.Ганхүү генералд ажлаа хүлээлгэж өгсөн.

-Ингээд Улсын цагдан сэргийлэх хэлтэст ажиллаж эхэлсэн байх аа. Энд та ямар алба хашиж байв?

-Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын эрэн сурвалжлах хэлтэст мөрдөгчөөр ажилд орсон. Манай даргаар цагдаагийн хошууч н.Батмөнх ажиллаж байлаа. Тухайн үед Улсын цагдан сэргийлэх хэлтэст Д.Мөрөн, н.Батмөнх гээд 10 аадхан төлөөлөгчтэйгөөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байв. Удсан ч үгүй Эрүүгийн цагдаагийн албанд ажиллах болсон доо.

-Нийгэм солигдоод удаагүй, цаг үед амар биш байсан биз?

-1990-ээд онд улс орны нөхцөл байдал хүнд байлаа. Дэлгүүрийн лангуунд бор давс, талх л байдаг. Гэмт хэргийн нөхцөл байдал маш хүнд, тийм үе л дээ. Ноцтой хүн амины хэргүүд ар араасаа гарна. Энэ үед Эрүүгийн цагдаагийн албанд улсын хэмжээнд үйлдэгдсэн ноцтой хэргүүдийн араас ажиллах хоёр ажлын хэсгийг байгуулсан. Энэ хэсгийн нэгийг нь би, нөгөөг нь Д.Мөрөн ахалдаг. Ноцтой хэргүүдийн араас энэ хоёр ажлын хэсэг л явна. Би л гэхэд жилийн 365 хоногийн 126 хоногт нь томилолтоор явдаг байлаа. Орон нутагт бүтэн сар ажиллаад л хэргийн ард гараад ирэх үе бий. Тухайн үеийн мөрдөгчид ингэж л ажиллаж байсан. Д.Мөрөн маань хожим ЦЕГ-ын дарга болсон. Би ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга болтлоо өссөн. Олон хэргийн халуун мөрөөр амжилттай ажиллаж, туршлага хуримтлуулж байсны үр дүн гэж хувьдаа боддог юм.

-Мэдээлэл хомс үед ноцтой хэргүүдийн араас хэрхэн ажиллаж байсан нь сонирхолтой байна. Камерын бичлэг харж хэргийн араас ордгоос өөр арга барилаар ажиллаж байсан болов уу?

-Тухайн үед цагдаагийн байгууллага маш сайн ажилладаг байсан. Цагдаагийнхан орон нутагтаа эзэн нь болж ажилладаг байв. Бид очоод орон нутгийн хүчинд л тулгуурлаж ажиллана. Орон нутгийн цагдаа нар хүнээ маш сайн мэддэг, шилжилт хөдөлгөөнөө мэдэрдэг байсан нь ноцтой хэргүүдийн мөрөөр ажиллахад урамтай. Нөгөө талаас бидний туршлага орон нутгийнханд хэрэг болдог байж л дээ. Хэргийг олон нарийн зүйлээр нотолдог. Биологи, химийн шинжилгээ хийнэ. ДНК-ийн шинжилгээ хүртэл явуулдаг байлаа. Ул мөргүй хэрэг гэж бараг үгүй. Мөрөөр ороод л илрүүлнэ. Олон хэрэгт ажиллахад мэргэшээд эхэлдэг юм.

-Тухайн үед таны багт ямар хүмүүс ажиллаж байв?

-Манай багт ажиллаж байсан улсаас гавьяат хуульч хоёр ч төрсөн. МБА-аас төрсөн гавьяат А.Эрдэнэбаяр ахлах дэслэгч цолтой залуу миний дэргэд ажиллаж байв. Өнөөдөр гавьяат хуульч болсон. Манай багийн Дэд хурандаа н.Оюунбат биологийн шинжилгээг нарийн хийнэ. Хэргийг шинжилгээний үр дүнд л нотолно. Тухайн үед шинжлэх ухааны дэвшилтэт технологийг л хэрэглэж байсан нь энэ. Миний ажиллаж байх үед хүнд ноцтой хэргүүдийн илрүүлэлт 97 хувьтай байсан юм шүү. Хэрэг бүр л илэрдэг байлаа.

-Тухайлбал та ямар хэргийн мөрөөр ажиллаж байв. Хэрхэн илрүүлж байсан нь сонирхол татаж байна?

-Зах зухаас нь хэлье л дээ. Дорнод аймгийн нисэхэд 21 настай эмэгтэйг зургаан настай охины хамт олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан юм. Энэ хэрэгт манай баг ажилласан. Дорнодод очиход битүү шуурсан, ул мөр гэхээр юм бараг байхгүй байлаа. Харин Дорнодын цагдаа нар сэжигтний мөр дээр тогоо нөмрөөд тавьчихсан байсан. Ингэж мөрийг нь хамгаалсан байгаа юм. Энэ хэргийн мөрөөр арав гаруй хоног ажиллаж илрүүлсэн. Энд дэд хурандаа н.Оюунбат чадварлаг ажилласан. Хэрэгтэн үстэй дээлтэй байсан юм билээ. Тухайн дээлийн ханцуйд талийгаачийн цус байсныг шинжилгээгээр тогтоож, илрүүлж байлаа. Түүнчлэн хумснаас нь шинжилгээ авч, нотолсон. Хэргийн мөрөөр ажиллахад энэ мэтчилэн нарийн шинжилгээ авч ажилладаг байсан даа.

-Нийгэмд өнөөдрийг хүртэл яригддаг Г.Нямлхагва, М.Баянмөнх нарын дээрмийн хэргийн мөрөөр та ажиллаж илрүүлсэн байх аа. Энэ ноцтой хэргийг та яаж илрүүлж байв?

-Энэ хэргийн мөрөөр гавьяат хуульч А.Эрдэнэбаяр бидний нөхөд хамт ажилласан. Ховдын Оюуны өмчийн газрын ахлах мэргэжилтэн “Б” гэх хүн идэшний үеэр арьс шир ачиж хот руу ирэх замдаа Эмээлтэд дээрэмдүүлсэн. Хэрэгтнүүд дээрэмдээд “Б”-г өнчин цагааны орчимд авч очоод хүлээд орхичихсон байсан. Ингээд арьс, ширийг нь зах дээр борлуулчихаад Алтанбулагаар хил гараад зугтсан хэргийн мөрөөр ажилласан. Тэд Владивосток хотын зах дээр монголчуудыг сүх хутгаар дээрэмдэж байгаа тухай мэдээлэл авдаг юм. Бид зардал хэмнээд Улаанбаатараас Дорнод очоод 69 машинтай Чита хүртэл явсан. Читээс өөр нэг буриад төлөөлөгчтэй нийлээд галт тэргээр Владивосток руу хөдөлсөн. Очоод зах дээр нь хяналт тавихад өнөө хэд зэвсэглээд л ороод ирж байгаа юм. Бид Орос цагдаа нараар бүслүүлж байгаад барьж авсан. Тэндээсээ 69 аваад өнөөх хэрэгтнүүдээ суулгаад Эрээнцавын боомтоор орж ирж байлаа. Тухайн үеийн нийгэмд дуулиан тарьсан хэргийг илрүүлсэн түүх нь товчхондоо ийм.

-Та өөрөө олон жил мөрдөгч хийсэн. Олон ч мөрдөгчтэй мөр зэрэгцэж ажилласан хүн. Мөрдөгч хүнд заяагдсан авьяас, зөн совин гэж байдаг уу?

-Би бол байдаг л гэж ойлгодог. Хэргийн мөрөөр ажиллахад янз бүрийн адал явдал тааралдана. 1990-ээд оны үед Хэнтий аймагт настай эмээ, өвөө хоёрыг хөнөөсөн хэргийн мөрөөр ажилласан юм. Хэрэг дээр ажиллахаар очихдоо оройтож замдаа Хэнтий бригадад хонолоо. Тэр шөнө би дээлийн шилбэ оллоо гэж зүүдэлдэг юм. Өглөө босоод энэ тухайгаа шинжээч Ч.Алтанхишигтээ хэллээ. Хоорондоо ярилцаж байгаад хэргийн газарт очиход зүүдэлсэн шилбэ маань шалан дээр хэвтэж байсан. Үүнд дөрөөлөөд л тухайн хэргийг илрүүлсэн. Мөрдөгч хүн ажилдаа бүрэн төвлөрч чадвал энэ мэтчилэнгээр зөн сонин байдаг гэж ойлгодог.

-Та бол Эрүүгийн цагдаагийн албаны “асс” хурандаа нартай хамт ажиллаж байсан хүн. Тэдний арга барил, онцлог нь ямар байв?

-Цагдаагийн байгууллага дотроо тэргүүлэх алба бий. Тэр нь эрүүгийн алба. Цагдаагийн байгууллагын чиглүүлж явдаг алба нь энэ. Эрүүгийн алба цагдаагийн байгууллагын тархи гэж хэлж болно. Энэ албаны үе үеийн хурандаа нартай мөр зэрэгцээд л ажиллаж байсан. Хоорондоо мэдээллээ солилцоод, арга туршлагаа хуваалцаад л ажилладаг байлаа.

-Сэтгүүлчдийн зүгээс энэ албыг мэдээллийн том бааз гэж хардаг?

-Гүйцэтгэх тагнуулын үйл ажиллагаа хийдэг байгууллага юм шүү дээ. Мэдээллийн бааз гэж хэлж болно.

-Та залуухан хурандаа энэ албаны даргаар ажиллаж байсан байх аа?

-Би 1998 онд залуухан хурандаа Эрүүгийн цагдаагийн албаны даргаар томилогдож байлаа. Тухайн үед би 37 настай байж. Эрүүгийн албан даргаар ажиллаж байхад гүйцэтгэх ажлын хууль бий болж байлаа. Энэ хуультай нийцүүлж дүрэм, журмаа шинэчлэх гэх мэтчилэн олон ажлын эхлэлийг тавьсан. Би цагдаагийн хурандаа цолтойгоо 15 жил ажиллаад цэргийн дээд цолд хүрсэн хүн.

-Ингэхэд та энэ салбарт хэдэн жил ажиллаж цэргийн дээд цолд хүрсэн бэ?

-Би 1978 оноос хойш л цагдаагийн салбарт ажилласан. 2010 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярын өдрөөр Бригадын генерал цол хүртэж байлаа. Энэ салбарт 32 жил ажиллаж энэ цол хүртсэн юм байна. Цолоо зүүгээд гараад ирэхэд салбарынхан маань жагсчихсан халуун дулаанаар хүлээж байсан нь сайхан санагддаг юм. Тэднээрээ бахархаж байлаа.

-Өнөөдөр генералуудын өдөр тохиож байна. Манайд өнөөдөр хэдэн генерал төрөөд байна вэ?

-Саяхан Сүхбаатар дүүргээс төрсөн генералуудыг хүлээж авсан юм. Энэ үеэр 220 гаруй генералууд байгаа талаар хэлж байна лээ. Эдгээрээс алтан мөрдэст нөхдийн маань 66 нь амьд сэрүүн байна.

-Таны бие цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж цэргийн дээд цолд хүрч байв?

-Би 1978 оноос хойш л цагдаагийн салбарт ажилласан. 2010 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярын өдрөөр Бригадын генерал цол хүртэж байлаа. Энэ салбарт 32 жил ажиллаж энэ цол хүртсэн юм байна. Цолоо зүүгээд гараад ирэхэд салбарынхан маань жагсчихсан халуун дулаанаар хүлээж байсан нь сайхан санагддаг юм. Тэднийгээ хараад мөн ч их бахархаж байсан даа.

-Та хэд хэдэн улсад Консулаар ажиллаж байсан шүү дээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Тийм ээ. Би 2000 онд Гадаад хэргийн яамны хилийн тасагт ахлах мэргэжилтнээр ажиллаж байлаа. Энэ үед намайг Москва хотод Дэд Консулаар томилж байлаа. Бас л амар биш цаг үе л дээ. ОХУ-ын том зах зээлд гарч манайхан арилжаа наймаа эрхэлнэ. Монголчууд маань бие биеэ дээрэмдэнэ. Нийлж архи дас хэрэглээд янз бүрийн асуудал гаргана. Тэр бүрд л анхаарч ажиллаж байсан даа. Дараа нь 2012 онд БНСУ-ын Сөүлд Консулын газрын даргаар томилсон. Тэнд 38 мянган монголчууд ажил хөдөлмөр эрхэлж байсан үе. Энд гурван жил орчим ажилласан. Сүүлд 2017 онд Улаан-Үдэд Консулаар ажилласан.

-Сүүлд нь танаас өнөөдрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар асуумаар байна. Сүүлийн үед нийтийн сүлжээнд нийгмийн сэтгэл зүйд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжлэх, сөргөөр нөлөөлөх, харлуулах зорилго бүхий мэдээлэл, нийтлэлийг байршуулсаар байна. Энэ дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний хувьд цагдаагийн байгууллагад алба хаагчаас нь авахуулаад удирдах алба тушаал хүртэл ажиллаж байсан хүний хувьд хоёр талаас нь харж байна. Тухайлбал, нэг талаасаа ардчилсан нийгэмд иргэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх мөн бусад өндөр хөгжилтэй улс оронд ч гэсэн төр засгаас явуулж байгаа үйл ажиллагаагаа шүүмжилсэн жагсаал, цуглаан болж байгааг бид хэвлэл мэдээллээр харж байна. Энд нэг зүйл байна. Аливаа жагсаал, цуглаан нь хуульд заасан журмын дагуу зөвшөөрлөө аваад тухайн зөвшөөрөл авсан асуудлынхаа хүрээнд хэлэх үгээ хэлж шаардлага тавих нь хууль ёсны асуудал. Үүнийг би дэмжиж байна. Тэгвэл нөгөө талаасаа хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээллийг цацаж байгаа нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь харлуулах, албаны нэр хүндийг унагах, алба хаагчдын итгэл үнэмшил, урам зоригийг мохоох, иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулах, иргэн төрийн байгууллагын хамтын үйл ажиллагааг саармагжуулах ажлыг зохион байгуулалттай үе шаттай явуулж байна гэж үзэхээр байна.

Аливаа улс орны хөгжлийг та бид харахдаа хамгийн наад зах нь тухайн улсын хилээр нэвтэрч орсон цагаасаа цагдаагийн хувцаслалт биеэ авч яваа байдал зэргийг нь хараад л хууль дүрмийг нь мөрдөхгүй бол болохгүй юм байна гээд л биеэ цэгнэдэг. Жишээ нь, машинд суугаад л явахдаа суудлын бүсээ зүүхээс өгсүүлээд тухайн орны хууль дүрмийг биелүүлдэг, тэгвэл үүнийгээ бид эх орондоо хэрэгжүүлж яагаад болохгүй гэж энэ бол соёл, бусдыг хүндэтгэх хүндлэл юм. Гэтэл манайд эсрэгээрээ албан үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчдын алдаатай зүйлийг гаргаж ирээд цахим сүлжээнд тавьдаг түүгээр хандалт авч олонд танигдах гэж улайрдаг хэсэг бүлэг хүмүүс байна. Энэ нь цагдаа руу дайрч байгаа мэт боловч цаагуураа өөр бодол санаатай байхыг үгүйсгэх аргагүй юм. Мөн иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол дутмаг байна уу даа гэж харж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн “ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ” 13.8 дугаар зүйл. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “… хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан…”-т заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг үйлдэж байна. Цагдаагийн байгууллага алба хаагч хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд ажиллаж байгаа шүү гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

-Өнөөдөр генералуудын өдөр тохиож байна. Гурван сая иргэний дунд 200 гаруйхан генерал байгаа талаар та онцолсон. “Алтан мөрдэс” соёрхсон генералуудын өдрийн ач холбогдлыг та яаж хардаг вэ?

-Генерал гэдэг цэргийн дээд цол. Энэ утгаараа ч өндөр ач холбогдол өгдөг. Өнөө жил Монгол генералуудын өдрийн 79 жилийн ой тохиож байна. Алтан мөрдэст генералууддаа, баярын мэнд дэвшүүлж, эрүүл энхийг хүсье.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын аварга С.Мөнхбат: Спортоос холдсоноор бие бялдар нь асуудалтай, үг сонсож чаддаггүй, тайлбар тавьдаг, сул дорой эрчүүд олон болжээ DNN.mn


Монгол Улсын 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбаттай ярилцлаа.


-Таны хувьд наадам, цагаан сарын барилдаандаа л зодоглолоо. Заалны барилдаанд тэр бүр гарч харагдахгүй юм. Бөхийн спортоос бага зэрэг хөндийрч байна уу. Одоогоор та юу хийж байна вэ?

-Хувийн ажилдаа л анхаарч байна даа. Завсар зайгаараа нийгэм рүү чиглэсэн ажил хийж байна. Яг одоогоор бол сэргээн засалтын эмнэлэг байгуулах ажилтай явна. Ирэх тавдугаар сард үйл ажиллагаа нь жигдэрнэ. Манайд сэргээн засахын салбар хөгжиж байгаа. Гэхдээ бодлогын хэмжээнд хөгжиж байна уу гэвэл асуудалтай. Үүнд нэмэр болохоор орчин үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлэг байгууллаа. Тамирчин байсан хүний хувьд сэргээн засахын салбарыг хөгжүүлснээр олон талын ач холбогдолтой гэж харж байна. Бэртсэн тамирчид сэргээн засах үйлчилгээ авснаар богино хугацаанд дэвжээнд гарах боломж нээгдэнэ. Ингэснээр амжилтад нь ч тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ. Гэмтсэн иргэд ч үйлчилгээ авснаар богино хугацаанд эдгэрэх боломжтой. Цаашлаад хөдөлмөрийн бүтээмжид ч сайнаар нөлөөлөх болов уу.

Хажуугаар нь “Бор аварга сан”-г санаачилж байгууллаа. Сангийн үйл ажиллагаа Монголын өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн соён гэгээрүүлэх ажиллагаа хийхэд чиглэж байна. Үүний хүрээнд “Өв түгээ” төслийн барилдааныг Үндэсний олон нийтийн телевизтэй хамтарч явууллаа.

Гол ач холбогдол нь залуустаа үндэсний бөхийн мөн чанарыг таниулахад оршиж байна. Өөрөөр хэлбэл монгол эр хүн байх, бөх байх гэдэг гол утга учрыг залуустаа гүйцэд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа явууллаа. Бөхчүүд маань хэн байв, өнөөдөр хэн болоод байна, цаашид хэн байх талаар ойлголт нийгэмд бараг алга болсон байна. Хоорондоо барилдаад л нэг нь давдаг хүмүүс мэтээр хардаг болж.

Угтаа бол оюун санаа, бие бялдрын олон зүйл нийлж бөх болдог. Тэр утгаараа ард түмэн бөхөө дээдэлж ирсэн. Орчин үед энэ жишиг алдагджээ. Бөхөөр хичээллэж байгаа залуус маань ч энэ сайхан зүйлсээ гээсэн байна. Энэ бүхнийг дагаад үнэлэмж нийгэмд унажээ. Монгол үндэсний бөхөөр барилдаж байгаа залуус бөх гэдэг зүйлийн мөн чанар, утга санааг ойлгочихвол алдаа гаргахгүй явж болно. Тэр их хүндлэл эргээд сэргээд л ирнэ. Өөрсдийгөө ч зөвөөр үнэлдэг болно.

-Өнгөрсөн жилийн наадмын сонин сайхан өнөөдөр ч хуучраагүй байна. Та наймын даваанд О.Хангайг амлаж барилдсан нь бөхийн хүрээнд олон асуултыг үлдээсэн. Мөнхбат мөнгө аваад буугаад өгчихлөө гэх “бор шувуу” бөхийн ертөнцөд нисч байсан. Нөгөө талд аварга хүн ирээдүйтэй бөхийг тунаанаас гаргаж сайхан барилдлаа гэх улс бас байсан?

-Ардын хувьсгалын тэгш ойдоо зодоглохдоо бэлтгэлээ маш сайн базаасан.

Миний хувьд 1024 бөхийн барилдааны есийн даваанд гарч байж л цолоо ахиулах боломжтой байлаа. Үүнд зорьж л наадамдаа зодоглосон. Наймын даваанд Б.Орхонбаяр арсланг амлаад барилдчихъя гэж санаж байлаа. Гэтэл долоогийн даваанд барилдахдаа элэг бүсээ таслаад сойгоод уячихсан юм. Ингэхэд зодог дээшээ хөөрөөд сэнжиг суларчихсан. Хэний ч гар яваад л сэнжиг авахаар болчихсон. Б.Орхонбаярын тухайд сэнжиг ухаад авчихвал эвгүй барилддаг бөх. Ингээд боломжтой амаа дахиад харахад Б.Бат-Өлзий, О.Хангай хоёр л байсан. Хэнтэй нь ч барилдсан би хаях боломжтой. Б.Бат-Өлзий бол огт хийгүй нягт барилддаг. Нэгнийгээ хаях гэж их удна. Бараг дуустлаа барилдаж таарна. О.Хангай бага зэрэг хийтэй байх боломжтой учраас л амлаж барилдсан хэрэг. Шийдвэрээ эргээд харахад түрүү бөхийг амласан байж л дээ. Залуу бөхтэй яс үзээд л тахим өгсөн. Тэгш ойн наадам шинэ аварга, арслантай сайхан болсон.

-Эргээд таны явуулж байгаа төсөлтэй уялдуулаад асууя. Өнөөдөр хүүхдээ хүмүүжүүлэх ухаан манайд алдагдсан юм шиг. Энэ арга ухааныг та яаж хардаг вэ?

-Санал нийлж байна. Тулгамдсан асуудал мөн. Даяаршиж олон талын мэдээлэл авч байгаа нийгэмд хүүхдээ хэн болгох, ямар зорилготой болгож төлөвшүүлэхэд эцэг эхчүүд санаа тавих хэрэгтэй. Англи хэл сураад л гадаад гарч ажиллана гэх түгээмэл ойлголттой болж. Мэдээж дэлхийн боловсрол эзэмшихэд англи хэл хүүхэд болгонд хэрэгтэй. Гэхдээ монгол мөрөөдөлтэй, монгол сэтгэлгээтэй болгож өсгөх ажил энд хоцроод байна. Хүн байх, хүн болж төлөвших гэдэг зүйл гээгдээд үлдчихэж. Нийгэмд гарч байгаа янз бүрийн үзэгдэл, гажуудал үүнтэй шууд холбоотой гэж би хувьдаа хардаг юм.

Миний хийж байгаа ажил монгол сэтгэлгээтэй хүүхдийг Монголд бий болгоход л чиглэж байгаа. Энэ ажлын хүрээнд найман сургуульд орж ажиллалаа. Хүүхдүүд өв уламжлалаа таньж мэдэх сонирхолтой нь сайшаалтай. Ажил маань нүдээ олсон оновчтой ажил болсон гэж харж байгаа шүү. “Бор аварга сан”-гийн ажил ирээдүйн Монголын залуучуудыг монгол сэтгэлтэй болгож төлөвшүүлэхэд л чиглэж байна.

-Таны “Бор аварга сан”-гийн үйл ажиллагаа эхний ээлжинд залууст, тэр дундаа сумын заануудад чиглэж байгаа нь анхаарал татаж байна?

-Улаанбаатарт л гэхэд 1000 гаруй сумын заан бэлтгэл сургуулилалт хийж барилдаж байна. Нийгэмд бие бялдар, сэтгэл зүйгээр өрсөлдөх чадамжтай ийм том бүлгийг эр хүн болгож хүмүүжүүлэх, үүгээр дамжуулж найз нөхдөдөө нөлөөлж чадах хүмүүсийг бий болгох боломжийг олж харсан юм.

-Өнөөдөр үндэсний бөхийг залуус сонирхохоо больсныг та харж байгаа байх. Үндэсний бөхөөр дамжуулж залуусыг төлөвшүүлэх боломжийг та яаж харж байна вэ?

-Орчин цагийн хүүхдүүд дэлхийн мэдээлэл дунд амьдарч байна. Спортод дуртай хүүхэд зурагтаа асаагаад л сагсан бөмбөг, хөлбөмбөгийн мэдээллийг нэгэн зэрэг хүлээж авч байна. Энэ дунд өв уламжлалыг хүүхдүүддээ таниулах ажлыг бид оройлон хийж оролцох ёстой. Үндэсний бөх гэдэг зүйлийг орчин цагийн хүүхдүүдэд сонирхолтой байлгах талын арга хэмжээг бид хийх хэрэгтэй.

-“Өв түгээ” төслийн барилдаан сумын заануудад чиглэж байгаа талаар та жаахан тодруулахгүй юу. Барилдааны бай шагналын тухайд 50 сая төгрөг байсан шүү дээ?

-Сумын заанууд амьдралаа авч явах, сурч боловсрохоос авахуулаад олон нөхцөлийг хойш нь тавиад үндэсний бөхөөр хичээллэдэг. Сумын заанууд ирээдүйн монгол бөхийг тодорхойлно. Эрчүүдийн дунд монгол бөхийг өргөж явна. Зөв хандлагатай эрчүүдийг бэлтгэхийн тулд барилдаанаа сумын заанууд руу чиглүүлсэн юм. Өөрөө сумын заан байсан хүний тухайд залууст ямар бэрхшээл тохиолддогийг сайн мэднэ. Тэдний зарим нь айлд сууна. Хоол унднаас эхлээд бэрхшээл бий. Энэ бүхнийг харгалзаж сумын заануудаа дэмжээд байг нь боломжийн тавьсан юм. Одоо сар бүр явагддаг сумын заануудын түрүү бөхийн бай нь 100 орчим мянган төгрөг байдаг юм билээ.Сая төслийн барилдаанд 20 гаруйхан сумын заан л 50 гаруй сая төгрөг хувааж авсан.

Үлдсэн хэдэн зуун сумын заанууд руу үйл ажиллагаагаа чиглүүлэх, бөхөөр дамжсан боловсролыг олгох тал дээр бид анхаарч ажиллана. Энэ их өв соёлоор дамжуулж ирээдүй рүү чиглэсэн олон ажиллагаа явуулж болно. Өнөөдөр спорт гэдэг зүйлээс ангид байснаар бие бялдрын хувьд асуудалтай, хатуу, шударга үг сонсож чадахгүй, тайлбар тавьдаг олон талаараа сул дорой эрчүүд бий болсон байна. Спортоор дамжуулж эрчүүдийг эр хүн шиг байлгахыг зорьж ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна даа.

-Та ярилцлагын эхэнд байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагаа хийж байгаа талаараа цухас дурдсан. Байгаль орчноо хамгаалах тухай ойлголт тааруу байгаа нь олон зүйл дээр харагддаг. Энэ талаар та ямар ажил хийж байна вэ?

-Хүн бүр л байгаль хамгаалагч байх, хүн бүр л зөв хүсэл мөрөөдөлтэй байхад уриалж тодорхой ажлууд хийж байна. Бид байгалиасаа бүх зүйлийг авч амьдардаг ч буцааж юу ч төлдөггүй. Уралдаад л газар сэндийчээд ухаад байдаг. Байгалиа сөнөөж нийгмийн бага хувь нь л хагартлаа баяжиж байна. Олсон зүйлийнхээ тодорхой хувийг байгалиа нөхөн сэргээхэд зарцуулах тухай ойлголт манайханд алга. Үүнтэй холбоотойгоор байгаль доройтож, цөлжилт хурдацтай явагдаж байна шүү дээ. Өнөөдөр хэд хэдэн сумд 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тухайн бүс нутгуудад төвлөрөл бий болсноос хойш их хэмжээний хог бий болж. Дээр дээрээс нь овоолж асгасаар сумын төвөөсөө өргөн хогийн цэгтэй болчихож. Энэ асуудалд судалгаа хийж хог шатаадаг зуух оруулан ирж туршилт хийж ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд цаашдаа ховордож буй ургамлуудыг хамгаалах, тарьж ургуулах зэрэг цөлжилтийн эсрэг ажлыг уриалаад ажиллах болно.

-Таны тухайд нийгэм рүү чиглэсэн ажил хийгээд эхэлсэн нь ямар учиртай юм бэ. Аварга улс төрд хүч үзэх нь гэх ойлголт нийгэмд байна?

-Нийгмийн хариуцлагын хүрээнд л хийж байгаа ажил минь энэ. Манайхан аливаа ажлыг эерэг талаас нь харж чадахаа больчихсон байна. Нийгмийн гажуудал юм уу даа. Улс төрд үзэх гэж байгаа хүн л ийм ажил хийдэг гэх ойлголттой болж. Тийм биш шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Мобикомын “Дуут мессеж” нэртэй луйвар мянга мянган хэрэглэгчийг шулж байна DNN.mn

Мобикомын үйлчилгээтэй холбоотой гомдол мэдээлэл сүүлийн 10 орчим жилийн хугацаанд тасарсангүй. Японы хөрөнгө оруулалттай энэ үүрэн телефоны оператортай холбоотой гомдол дата нь хормын төдийд урсаад дуусдаг, төрсөн өдрийн урамшуулал гэх нэрээр шилний цаанаас чихэр долоолгодог, иргэдэд есөн бусын үйлчилгээ санал болгож мөнгийг нь саадаг гэхчлэн үргэлжилнэ. Харин орчин үед үйлчлүүлэгчдийнхээ халаас руу гар дүрдэг бүдүүлэг аргаа илүү боловсон болсон талаар хэрэглэгчид хэлж байна. Тодруулбал операторын зүгээс үйлчлүүлэгчдэдээ хандаж “Та дуут мессеж үйлчилгээг идэвхжүүлэх үү. Тийм бол тэр товчийг дарна уу” гэх зурвас илгээдэг болж. Хэрэглэгч дээрх үйлчилгээг сонирхсон эсэхээс үл хамаарч, идэвхжүүлээд төлбөрийг нь сарын төгсгөлд нэхдэг жишиг тогтжээ. Өөрөөр хэлбэл, ийм мессеж илгээгээд л сарын төгсгөлд шууд төлбөр нэхдэг болсон байна

Уг асуудалтай холбоотойгоор “Мобиком”ын хэрэглэгч Э.Мэргэнтэй ярилцлаа.


-Мобикомын зүгээс дуут мессеж үйлчилгээг хэрэглэгчдэд шахаж төлбөр авч байна гэх гомдлыг та хэлж байна. Ямар асуудал байна вэ?

-Мобиком гэх байгууллага 1996 оноос манайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд цаг тутам л үйлчлүүлэгчээ шулж байна л даа. Одоо энэ арга нь бүр боловсронгуй болж. Тодруулбал бүх хэрэглэгчдэдээ дуут мессеж гэх үйлчилгээг санал болгож дугаар руу мессеж илгээж байна. Үүнийг нь тэр дор нь цуцлахгүй бол идэвхжээд дуудлага бүрд төлбөр бодогдоод явчихдаг болсныг сая анзаарлаа. Дуут мессеж гэдэг маань залгасан хүн тухайн мөчид утсаа авахгүй бол ярих зүйлээ үлдээнэ гэсэн үг л дээ. Манайд энэ нь тийм амин чухал шаардлагатай үйлчилгээ биш. Зүгээр мессеж бичээд л үлдээчихдэг. Энэ үйлчилгээг санал болгосон даруйд нь л цуцлах ёстой юм байна. Анзаарахгүй өнгөрвөл таны залгасан хүн хариу өгөөгүй дуудлага бүрд л дуут мессеж үлдэж тан дээр төлбөр бодогдоно гэсэн үг. Энэ нь энгийн ярианы тарифаар бодогддог. Цуцлагдсан дуудлага бүрд гэхээр бага биш төлбөр сарын сүүлд нэмэгдэж бодогддог юм байна. Хэрэглэгч бүрд гэж тооцвол аманд багтахгүй их мөнгө гарч ирнэ. Энэ үйлдлийг би залилан гэж харж байгаа. Үүнийг анзаарахгүй өнгөрөх олон хүн бий. Мессеж унших боломжгүй харааны бэрхшээлтэй ч хэрэглэгч байж болно. Мессеж унших боломжгүй ч хэрэглэгч байгаа шүү дээ. Тэдэнд ийм үйлчилгээ шахаж, ашиг хонжоо хайж байгаа нь хэтэрхий, өлөн, бизнесийн ёс зүйгүй үйлдэл.

-Дуут мессеж үйлчилгээг санал болгосон даруйд нь шаардлагагүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэглэгч дуут мессеж үлдээгээгүй ч дохио дуугарснаас хойш утсаа таслаагүй тохиолдолд дуут мессеж үйлчилгээний төлбөр автоматаар бодогдоно. Энэ үйлчилгээг цуцлахдаа ##002# дуудлага, дараа нь мессежийг 202 руу OFF гэж илгээнэ. Ингээд утсаа унтраагаад асаахад энэ үйлчилгээ цуцлагдана. 202 дугаарт илгээх мессеж нь мөн тусдаа төлбөртэй. Энэ үйлчилгээний цаад зорилго нь л хэрэглэгчдээсээ ганц мессежний ч болов төлбөр авахад зориулагдсан юм шиг. Дуут мессеж гэх энэ үйлчилгээг манайхан ер нь хэрэглэдэггүй шүү дээ. Утсаа авахгүй бол мессеж бичээд л үлдээдэг. Гол асуудал нь энэ үйлчилгээг зааврын дагуу цуцалж мэдэхгүй хэрэглэгч хэдэн арван мянга байгаа.

Тэдний мэдлэггүй байдалд дөрөөлж ашиг хонжоо хайж байгаа нь үндэсний оператор гэж өөрсдийгөө өргөмжилдөг байгууллагын тухайд ичмээр л үйлдэл. Мобикомын дугаар хэрэглэдэг малчид бол тэдний гол бай нь болсон гэж хувьдаа харж байна. Үүнийг шалгадаг газар нь ШӨХТГ гэх сүртэй нэртэй байгууллага. Эднийг шалгалаа л гэдэг, арга хэмжээ авлаа л гэдэг. Гарч байгаа үр дүн алга. Өнөө хэд нь хэрэглэгчдийг шулсаар л байна. Хамгийн хорлонтой нь хэрэглэгч бүрийн халааснаас гарч байгаа энэ их мөнгөний хэдэн хувь нь дотоодын зах зээл дээр эргэлдэж байна вэ гэдэг асуудал. Мобиком чинь Японы хөрөнгө оруулалттай байгууллага шүү дээ” гэв.

Тэрбээр хэрэглэгч дуут мессеж үлдээгээгүй ч дохио дуугарснаас хойш утсаа таслаагүй тохиолдолд дуут мессеж үйлчилгээний төлбөр автоматаар бодогдож байгаа нь луйврын шинжтэй үйлдэл гэдгийг онцолсон. Түүнчлэн үйлчилгээ нь автоматаар сунгагддаг энэ үзэгдэл IPTV-үүдэд ч нэвтрээд байгааг хэрэглэгчид онцолж байна. Тодруулбал юнивишний хэрэглэгчид ямар нэгэн багц идэвхжүүлсэн бол заавал буцааж цуцлах шаардлагатай юм байна. Буцааж цуцлаагүй л бол идэвхжүүлсэн багц нь автоматаар шууд сунгагдаж, төлбөр бодогдоод явдаг аж. Энэ төрлийн мэдлэггүйгээс шалтгаалж хохирсон иргэд олон байгааг хэрэглэгчид хэлж байгаа юм. Үүрэн телефоны оператор болоод IPTV үйлчилгээ үзүүлдэг компаниуд иргэдийн мэдлэггүйд нь дөрөөлж янз бүрийн үйлчилгээ “шахаж” мөнгө нэхдэг жишиг манайд тогтжээ.

.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Данзан: Гэгээрэлд хүрэх нь энгийн дадлаас л эхэлнэ. Тийм хэцүү зүйл биш шүү дээ DNN.mn

Соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор, Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай ярилцлаа.


-Тантай өнөөдөр гэгээрлийн талаар ярилцах гэсэн юм. Гэгээрлийг их том зүйл гэх түгээмэл ойлголт бий. Таны онцолж байгаагаар бол энгийн зүйлээс эхэлдэг юм шиг?

-Гэгээрэл гэдэг өөрөө өргөн ойлголт. Бурхан багшийн утгаар ойлговол хүрэхэд бэрх.Бурхан багшийг гэгээрсэн гээд яг ижил гэгээрэх тухайд бол өөр асуудал. Энэтхэгийн нэгэн хаант улсын хааны гэрт мэндэлсэн Сиддхарта Гаутама гэдэг ханхүү 29 наснаасаа эхлэн зургаан жил бясалгаад гэгээрсэн гэдэг. Тэр гэгээрэл бол төгс гэгээрэл бөгөөд мэдлэгийн талаас нь хэлбэл мэдэж болох бүгдийг мэдсэн, сэтгэлийн талаас нь хэлбэл хүнд байдаг 84 мянган муу хорт сэтгэлээс ангижирч сэтгэлээ төгс ариусгаж чадсан гэсэн үг. Ингэж гэгээрсэн бодит хүн гэвэл Нагаржуна хутагт, Мял богд нар гэдэг. Хүн бүрд ингэж гэгээрэх боломж заяагдмал байдаг гэж Бурхан багш айлдсан нь бий.

Бидний яриад байгаа гэгээрэл бол үгийн хувьд энэ гэгээрэл мөн бөгөөд утга санааны хувьд ийм гэгээрэлд зорин тэмүүлэхийг голлон ойлгож байгаа юм.

Бидний 2018 онд байгуулсан Нийгмийн гэгээрлийн холбоо “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүллийн төлөө” гэсэн уриатай нийгмийн гэгээрлийн 12 жилийн хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Бурхны сургаалд “Хутагтын найман зөв” гэж бий. Энэ найман зөвөөс бид эхний ээлжинд нийгмийн зорилго болгон гурван зөвийг сонгож аваад, энэ зүгт олон түмнээ, нийгмээ бүхэлд нь уриалан ажиллаж байгаа юм. Тэгэхээр “зөв бодол”, “зөв үзэл”, “зөв тэмүүлэл” гэдгийг зорино гэдэг хүршгүй бэрх зүйл биш л дээ. Энгийнээр тайлбарлавал, хулгай худалгүй буюу бие, хэл, сэтгэлийн арван хар нүглээс ангид амьдрах нь зөв үзэл, аливаад хар амиа хоохойлж биш, олноо, нийгмээ бодож тусын сэтгэлтэй амьдрах нь зөв бодол, зөв сайн үйлс буюу өглөг өгөх, туслах, хайрлах, энэрэх зэрэг буянтай сайхан үйлсийн зүгт сэтгэлээ хандуулж сураад, түүнийгээ үргэлж санан, улам бататган, өдөр, хоног, хором бүрийн ердийн хэвшил болгон өөртөө дадуулах гэсэн эрмэлзэл, хичээл зүтгэл, чармайлт бол зөв тэмүүлэл юм.

-Зөв тэмүүлэл гэдэг нь?

-Зөв тэмүүллийг товчоор хэлбэл буруу мууг ямагт тэвчиж, зөв сайнд зорих чармайлт юм.

Уужуу ухаантай, нүүдэлчний соёлоосоо салчихаагүй байгаа, дээдсийнхээ үг сургаалыг дуулгавартай сонсдог, өвгөд хөгшдөө бусад орнуудтай ижил Асрамжийн газарт аваачиж өгөөд амьдын хагацалд унагалгүй насан туршид нь хамт байж, асарч тойлж, өргөж байдаг монгол хүнд дээрх гурван зөв язгуураасаа байдаг. Энэ цагийн нийгмийн араншинг дагаад мартагдах тийшээ болчихоод байгаа. Дээр онцолсон гурван зөвөө хүүхэд, залуустаа сануулах, ухааруулах замаар нийгэм даяараа сэргэхийн төлөө монголчууд бид бүгдээрээ хамтраад энэ зүгт зүтгэвэл тийм ч хэцүү ажил биш байх аа.

-Ахмадыг хүндлэх ёс алдагдаад байх шиг. Нөгөө талд ахмадууд нь ч хойч үедээ сургадаг явдал бүдгэрээд байна л даа?

-Өнөөдөр ахмадууд нь үг сургаалаа хэлж, хүүхэд, залуус нь сонсдог байдал огт арилчихаагүй байна. Монгол ген арилаагүй цагт арилахгүй. Гэвч цагийн өнгө аяс, гаднын элдэв нөлөө, бусдыг ямагт өөрсдөөсөө дээгүүр тавин даган дуурайдаг, Монгол гэсэн бүхнээ, бүр монгол хүнээ хүртэл доогуур үздэг, үл тоодог буруу хандлага газар авч байгаа нь үнэн. Үүнд төр, засаг ч, ахмад үеийнхэн ч буруутай. Хүүхэд бол хүүхэд л байдаг. Шинэ сэргэг юмыг сонирхож дуурайх нь хэвийн үзэгдэл. Энэ байдал газар авах янзтай болоод ирэхэд төр ч, ахмадууд ч дуугүй хараад сууж огт болохгүй. Бага дээр нь засаж авахын төлөө сэтгэл гаргах ёстой. “Өнөөгийн хүүхдүүд ч үг авахгүй биз дээ, би ч өнгөрсөн амьтан даа” гэж бодоод дуугүй явах янзтай болж. Хүүхэд, залууст маань ч “Энэ хөгшид хоцрогдсон, эдний сургаал гэж юу байхав” гэх хандлага илтэд бий болжээ.

Энэ бол тун буруу хандлага. Үүнийг засах ёстой. Үүнд ахмадууд эхэлж дуугарах нь зөв. Эрхбиш уламжлал байна, эрх, үүрэг байна. Гудамжинд охид, хөвгүүд тамхи татаад зогсож байх нь хичнээн муухай харагдаж, дургүй хүрч байвч “Миний хүүхэд биш юм чинь” гэх аминч муу бодолтой өнгөрч огт болохгүй. Миний тухайд очоод л “Охин минь, хүү минь чи тамхиа хаячих” гээд тамхины хорын тухай мэдэх бүхнээ хэлдэг. Зарим нь “Уучлаарай өвөө, би дахиад хэзээ ч татахгүй” гээд тамхиа хаядаг. Хариуд нь би “Монгол хүнд тангараг гэж нэг юм байдаг. Чи бид хоёр дахиж таарахгүй, чамайг би шалгаж чадахгүй. Гэхдээ чи амлаж байгаа тул би түүнийг чинь тангараг гэж ойлгоё. Тэгэхээр хоёулаа гар барьчихъя” гээд гарыг нь бариад духан дээр нь үнэрлэдэг. Илтэд дургүйцэх нь ч бий. Тийм хүүхдүүдэд би ч бууж өгдөггүй. Ярьсаар байгаад л буулгаж авдаг. Эндээс би хүүхэд, залуус маань хүний чин сэтгэлийг ойлгодог, хүний үг авдаг хэвээрээ байгааг мэдэрч, өөртөө их урам авдаг юм. Ахмад хүн бүр ингээд байвал болохгүй бүгдийг хуульгүйгээр засаж чадна гэж боддог. Ахмадууд ахмад шиг байж чадвал залуус үг авна.

Тэд ухаантай, өөрийнх нь төлөө хэлж байна гэдгийг ойлгоно. Ингээд залуус маань ахмадаа хүндэлдэг, дээдэлдэг, тэднээсээ асуудаг, айдаг эмээдэг болоод эхэлнэ. Хараа хяналтаас гадуур чөлөөтэй байгаа үедээ жаахан буруу байдалтай байгаа хүүхэд, залуустаа ахмад хүн бүр “Энэ миний хүүхэд, миний ач, зээ биш” гэсэн аминчхан бус “Миний л хүүхдүүдээс ялгаагүй” гэдэг тэгш сэтгэлээр хандаад хэлэх ёстойг хэлээд, биеэрээ үлгэрлээд байх нь тийм ч хэцүү ажил биш биз дээ. Энэ чинь л энд онцлоод байгаа “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл” байхгүй юу. Ер нь нийгмийн гэгээрлийн төлөөх ажил бол аль нэг байгууллага, цөөхөн хүний биш гүйцэтгэх ажил биш. Хүн бүрийн хамтын зүтгэлээр бүтэх ариун үйлс юм.

-Энэ ажлыг эхлэх энгийн зүйл нь юу вэ. Хувь хүн өөртөө ямар дадал суулгах вэ?

-Өглөө ажилдаа гарахдаа би өнөөдөр хэн нэгэнд уурлахгүй, ам мурийхгүй, буруу зүйл хийхгүй, зөв сэтгэлтэй явна гээд өөртөө амлачих хэрэгтэй. Өдөр ажлынхаа завсраар цай ууж суухдаа өнөөдөр би хүнд уурласан бил үү, буруу зүйл бодсон бил үү, хэн нэгнийг буруутгал уу гээд дүгнэлт хийчих. Буруу зүйл хийгээгүй бол үүнээсээ урам аваад л явна. Эхлээд ийм энгийн зүйлийг л өөртөө дадал болгочих хэрэгтэй.

-Хүн гэгээрч байгаагаа яаж мэдэх вэ. Үүндээ ямар шалгуур тавих вэ?

-Хүн “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл”-тэй болж байгаагаа мэдэлгүй яах вэ. Ялихгүй зүйлд л уурлаж, хар буруу зүйл санаж бусдад атаархаж явдгаа больж байгаагаа анзаарна шүү дээ. Өвчин зовлонтой нүүр тулж шаналж байгаа хэн нэгэнд өөрөөсөө хэдхэн төгрөг илүүчлээд, хажуугаар нь ойр тойрныхондоо уриалчих. Бусдад тусалсандаа таны сэтгэл баярлана. Энэ чинь л гэгээрч байгаагаа мэдэрч байгаа хэрэг мөн шүү дээ. Ийм л энгийн зүйл.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнх-Эрдэнэ: Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд 1.5 сая ам.доллароор “гараа угаагаагүй” л юм бол тайлангаа нээлттэй тавь DNN.mn

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч асан, спортын мастер Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-МХБХ-ны үйл ажиллагааны талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ. Анзаарахад санхүүгийн асуудал дээр нь шүүмжлэлтэй хандаж байгаа харагдах юм?

-Холбооны үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байна. Хөлбөмбөгийн клубүүдийн үйл ажиллагаа доголдоод эхэллээ. Тамирчдадаа цалинг нь тавьж чадахгүй дээрээ тулж ирээд байна л даа.

Монголын хөлбөмбөгийн холбоо бол хөлбөмбөгийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос сая ам.доллар, Азийн хөлбөмбөгийн холбооноос 500 мянган ам.долларын санхүүжилт авдаг.

Жилд л ийм хэмжээний санхүүжилт авдаг байгууллага одоохондоо Монголд байхгүй болов уу. Монголын хөлбөмбөгийг холбоо энэ их санхүүжилтээ хэрхэн захиран зарцуулж байгаа нь бүрхэг. Хөл бөмбөгийн хөгжүүлэхийн төлөө явж байгаа хэдхэн мэргэжлийн клубийн үйл ажиллагаа зогсоход ойрхон байна.

-Тайлангаа жил бүр гаргадаг байлгүй дээ. Та танилцсан биз дээ. Яг ямар асуудал байна вэ?

-Танилцалгүй яах вэ. Хөлбөмбөгийн холбоонд ойролцоогоор 8-10 тэрбум төгрөг эргэлддэг. Үүгээр юу хийж байгаа нь тодорхой биш. Тайлантай нь танилцахад үндэсний шигшээ багт гээд л ерөнхий төсөв зоосон байдаг. Хэдэн төгрөгийг юу юунд зарцуулсан тухай баримт нь байхгүй. Ерөнхий юмнуудыг л тоочсон байгаа юм. Уул нь шилэн данстай байгууллага гэж өөрсдийгөө нэрлэдэг ч бүх үйл ажиллагаа, төсөв санхүү нь нууцлагдмал. Энэ талаар дуугарч байгаа хүн алга.

Эрх ашиг нь зөрчигдөж байгаа тамирчдын дуу хоолой хэрэгтэй байгаа ч айгаад байдаг юм уу, шүүмжилж байгаа хүн алга. Ийм хэмжээний төсвөөр ямар ч хүн хэдхэн хөлбөмбөгчнийг дэмжээд хөгжүүлээд аваад явчхаж болмоор л харагдах юм. Гэтэл шигшээ багт данстай гэх тамирчид бараг цалингүй шахам явсаар өнөөдрийг хүрлээ. Гол асуудал нь санхүүжилтийн тайлан нь тодорхой бус байна.

-Шигшээ багийн бэлтгэлийн бааз шинээр ашиглалтад орлоо. Зүлгээ сольж байна. Гэх мэтчилэнгээр ажил яваад л байх шиг?

-Үнэн. Гэхдээ таны дурдаж байгаа ажил бол Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээс тусдаа асуудал. Дээрх ажил бол төсөл хөтөлбөрийн хүрээнд боссон бүтээн байгуулалт. Миний тухайд шүүмжлэлтэй ханддаг асуудал нь Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд менежер хийж чадахгүй байна. Тамирчдаа хөгжүүлэх, үзэгч татах ажил дээр хуруугаа хөдөлгөхгүй байна л даа.

Сагсны дээд лигийн тэмцээнийг та анзаарсан бол олон улсын жишигт нийцсэн ордонд дүүрэн үзэгчид цуглаад л үзэж байна. Үзэгчээ дагаад сагсан бөмбөгийн спорт ч хөгжсөн. 3×3 төрлөөр Азийн аварга боллоо. Стандарт төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээнд ороход ганц алхам л үлдсэн. Үндсэндээ сагсан бөмбөг үсрэнгүй хөгжсөн.

Гэтэл хөлбөмбөгийн байгаа байдал үнэхээр эмгэнэлтэй. Хэдэн жилийн өмнөх байрнаасаа огт хөдөлсөнгүй. Уул нь гаднаас хамгийн өндөр санхүүжилт авч байгаа нь Монголын хөлбөмбөгийн холбоо. Тэр их санхүүжилт хаашаа урсчихдаг юм бүү мэд. Миний харж байгаагаар сагсан бөмбөгийн холбоог сагсан бөмбөгийг хөгжүүлэх чин сэтгэлтэй хүмүүс удирдаж хөгжилд хөтөлж байна.

Нөгөө талаар маркетинг маш сайн хийх юм. Гавьяат дасгалжуулагч С.Тулгын хэлж байгаагаар бол лигийн тамирчид нэг улиралд л 200-250 сая төгрөгийн цалин авдаг юм байна. Хажууд нь хөлбөмбөгчдийнх ичмээр шүү. Шигшээ багийн тамирчид зөвхөн цугларалтад гарч байх хугацаандаа сая орчим төгрөгийн л цалин авдаг. Зөвхөн цугларалтад гарсан хугацаандаа л тэр шүү.

Сагсчдын хажууд тэнгэр, газар шиг ялгаатай байгаа биз. Өнөөдрийн удирдлагууд, Л.Ганбаатар ерөнхийлөгч үүнийг хараад ичих хэрэгтэй. Хөлбөмбөгийн хүрээллийн хүмүүсийн яриагаар бол энэ хүн 11 сая төгрөгийн цалин авдаг гэж байгаа. Нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар ах л гэхэд 7.5 сая төгрөгийн цалинтай. Тэгэхэд тамирчид ямар цалин авч байгааг дээр дурдсан. Хөлбөмбөгийг хөгжүүлж чадахгүй бол чадах хүнд нь хүлээлгэж өгөх хэрэгтэй байх. А.Ганбаатар гэдэг хүн аль эрт л хөлбөмбөгийн холбоонд байсан. Хийсэн ажлын үр дүн алга.

-Энэ хүнийг хөлбөмбөгийн холбоонд байгаад байгаа шалтгааныг та яаж харж байна вэ. Хөлбөмбөгийн холбооны санхүүжилтэд учир байна уу?

-Тэр их хэмжээний санхүүжилтийн зарлагын тайланг ил тод, мэдээлэхгүй байна. Үүнээс үзвэл тэр их төсөвт л учир байх шиг. Санхүүжилтийн тайлан дээр анхаарал татсан нэг асуудал нь 21 аймгийн хөлбөмбөгийн холбоонд тус бүрд нь сая төгрөгийн санхүүжилт олгосон талаар тэмдэглэсэн байна. Хөлбөмбөгийн хурал болоход аймаг тус бүрээс хоёр хүн оролцож санал өгөх эрхтэй. Дээрх сая төгрөг хахууль юм уу, юу юм бэ.

Орон нутагт хөлбөмбөг хөгжиж байгаа нь хаана байна. Гэтэл энд мэргэжлийн клуб нь дампуурч байдаг. Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтийг энэ мэтээр л үр ашиггүй зарцуулж, энэ спортыг үрэн таран хийж байна. Энэ бүхнээс харахад хөлбөмбөгт сэтгэлгүй хүнийрхүү хүмүүс холбооны удирдлага хийгээд төсвөөр нь гараа угаагаад ч байгаа юм шиг.

Ийм л хардлага надад төрж байна. Миний зүгээс шаардаж байгаа асуудал нь санхүүжилтийн тайлангаа ил тод нээлттэй байлгах явдал.

-Монголын хөлбөмбөгийн холбооноос дээд лигийн клубүүдэд тодорхой хэмжээний санхүүжилт олгодог биз дээ?

-Яг бодит зүйлийг би мэдэхгүй. 2021 онд хөлбөмбөгийн клубүүдэд хоёр тэрбум хоёр зуун наян гурван сая төгрөгийг олгосон тухай тайландаа тусгасан байсан. Үүнийг яг олгосон уу, үнэхээр олгосон бол клубүүд яагаад дампуурах дээрээ тулчхав. Клубүүдэд олгосон дээрх санхүүжилт маань 2023 онд буураад 200 сая төгрөг болчихсон явж байгаа юм. Яагаад ийм эсрэг тэсрэг байна вэ.

Дээрх санхүүжилтийг ямар клубт олгосон, юунд зарцуулсан зэрэг нь тодорхой биш. Үүний ард холбооны төсвийг угааж байх магадлал байгаа биз. Зарим хүмүүс хөлбөмбөгийн холбооны удирдлагын албан тушаалыг бялуу гэж хараад байх шиг.

-Тодруулахгүй юу?

-Монголын хөлбөмбөгийн холбооны дараагийн ерөнхийлөгчийн нэр аль хэдийнээ тодорхой болсныг хөлбөмбөгийн хүрээнийхэн бүгд ярьж байна л даа. М.Болд гэж хүн болох тохироо нь хийгдсэн юм байна. Энэ хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн. Улс төрийн хамааралтай энэ хүн хөлбөмбөгийн хөгжилд зарцуулагдах төсөвт бас шунаад байна уу.

Өмнөх удирдлага авлигын асуудалд ороод шившгээ хутгаж л байсан. Бурхан болсон хүний нэрийг энд онцлоод яах вэ. Гэхдээ тухайн хүний нэр хүнд өнөөдөр ямар байгаа билээ. Өнөөдрийн удирдлагууд түүхийг нь давтахыг хүсэхгүй л бол хөгжлийн төлөө жаахан сэтгэл гаргаад л ажилламаар байна.

Санхүүжилтээ идэж уугаагүй л юм бол ил тод нээлттэй болго. А.Ганбаатар ерөнхийлөгч бол ардчилал, ил тод байдал. хүний эрх ярьдаг хүн. Эхлээд та хөлбөмбөгийн холбоогоо шилэн болго. Хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн тамирчдыгаа боож хаахаа болих хэрэгтэй. Асуудлаа ил тод нээлттэй ярилцаад цааш алхвал илүү үр дүнд хүрнэ гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Жаргалсайхан: Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүн үүргээ биелүүлээгүй бол хорих ялаар солих үндэслэл болдог DNN.mn

УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Жаргалсайханаас Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ын хэрэгжилт, мөн энэхүү ялыг ямар тохиолдолд хорих ялаар сольдог талаар тодрууллаа.


-Зорчих эрхийг хязгаарлах ял манай улсад хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Ялын хэрэгжилт ямар байгаа вэ?

-Зорчих эрхийг хязгаарлах ял нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр нэмэгдсэн ялын төрөл. Гэхдээ 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ялыг хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан байдаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүлтэйгээ хамт байх зэрэг суурь эрхээ эдлэх боломжоор нь хангаж, гагцхүү чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарладгаараа бусад ялын төрлөөс онцлог. Прокуророос 2021 онд 1690, 2022 онд 3079, 2023 оны эхний улирлын байдлаар 1815 зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна.

-Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн ял эдэлж байх явцдаа дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэх тохиолдол хэр их гардаг вэ?

-Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн ял эдэлж байх явцдаа дахин гэмт хэрэг үйлдэх, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргах тохиолдол цөөнгүй гарч байна.

Прокурорын байгууллагаас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтан ял эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил үйлдсэн шалтгаан нөхцөлийг 2021, 2022 оны байдлаар судалсан. Энэ хугацаанд 2021, 2022 онд нийт 156 ялтан дахин гэмт хэрэгт холбогдож, 134 хүний хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бол 503 ялтан ял эдэлж байх хугацаандаа Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж шийтгүүлсэн байна.

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар сольдог юм бэ. Ийм тохиолдол хэр их гарч байна?

-Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол оногдуулсан ялыг нь хорих ялаар солих үндэслэл болдог. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явах зэрэг үүрэг хүлээдэг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ давтан биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд ялыг хорих ялаар солих үндэслэл болдог.

Дээрх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тухайн ялтны ялыг хорих ялаар солиулах талаар прокурорт санал ирүүлж, прокурор үндэслэлтэй бол дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлдэг хуулийн зохицуулалттай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 он, 2023 оны нэгдүгээр улиралын байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах талаар нийт 586 саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн байна.

Үүнээс 86 саналыг прокурор үндэслэлгүй байна гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт буцааж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны эрх ашгийг хамгаалсан. Харин 2022 онд шийтгүүлсэн 3079 ялтны 429 нь 2023 оны нэгдүгээр улиралд 1815 ялтны 71 нь ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон учраас дүгнэлт бичиж,зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Ихэнх тохиолдолд хуульд заасан үүргээ биелүүлээгүй, техникийн, эсхүл биечилсэн хяналтаас зайлсхийсэн, хяналтын тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, хэвийн ажиллагааг нь сарниулсан зэрэг зөрчлүүдийг гаргасны улмаас ял солиулж байна.

-Д.Монголхүүд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг үндэслэлгүйгээр хорих ялаар сольсон гэж олон нийт үзэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Д.Монголхүүгийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа хуульд заасан үүргээ гурван сарын хугацаанд хоёр удаа биелүүлээгүй. Тодорхой хэлбэл, “зорчихыг хязгаарласан газарт зорчсон, цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй” зөрчил гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түүний гаргасан зөрчилд үндэслэн ялыг хорих ялаар солиулах талаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт санал ирүүлсэн. Прокуророос хувийн хэрэг, холбогдох материалыг нь хянаад, саналыг үндэслэлтэй гэж үзсэн учраас 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдөр дүгнэлт бичиж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрүүлсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Энхцэцэг: Дунд сургуулийн хөтөлбөрт жолоочийн хариуцлагын ойлголтыг суулгах цаг нь болсон DNN.mn

Тээврийн цагдаагийн албанаас энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-нд шилжих шөнийн хугацаанд “Уусан бол бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулжээ. Нэгдсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 512 зөрчлийг илрүүлж ажиллажээ. Ердөө таван цагийн хугацаанд шалгалтын ажиллагаа явуулахад л 512 жолооч согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцож явсан нь тогтоогдсон байна. Архи уучихаад жолооны ард сууж бусдын амь нас эрүүл мэндэд заналхийлдэг тохиолдол жил ирэх тусам л өсөх хандлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байгаа юм. Хуульчдын зүгээс үүнийг согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага хэтэрхий зөөлөн байгаатай холбож тайлбарлаж байна. Түүнчлэн согтуугаар жолоо барьж яваад баригдахаараа таньдаг цагдаа руугаа утас цохиод л хариуцлагаас мултардаг үзэгдэл “хутга барьсан алуурчид”-ыг өөгшүүлж байгааг замын хяналтад гарч буй цагдаа нар хэлж байна.

Согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин болоод бусад орнуудад согтуу жолооч ямар хариуцлага хүлээдэг талаар эрх зүйч Э.Энхцэцэгээс тодрууллаа.

-Согтуурсан үедээ жолооны ард суух зөрчил буурахгүй байна л даа. Баяр ёслолын бус үед ч согтуу жолооч хэдэн зуугаараа замын хөдөлгөөнд оролцдог болж. Үүнийг согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин сул байгаатай холбож тайлбарладаг юм билээ. Та энэ үзэгдлийг яаж харж байна вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг Зөрчлийн тухай хуулиар торгодог. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7- д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээдийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг 400 мянган төгрөгөөр торгож жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасдаг. Энэ нь нэг зөрчилд хоёр шийтгэл оногдуулж байна гэх шүүмжлэл дагуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний эрх талаасаа байж болохгүй асуудал гэж зарим хуульчид үздэг. Нөгөө талдаа согтуу жолоочийн учруулсан хор хөнөөлийг бодож үзэх ёстой.Ганц шөнийн дотор гэхэд л 512 хүн согтуугаар жолооны ард сууж байна гэх энэ мэдээлэл төдий тооны хүний амь нас эрүүл мэндэд заналхийлж байна гэсэн үг. Тэдний гэр бүлийн бүтэн байдалд заналхийлж байгаа үйлдэл. Энэ ч утгаараа согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин хатуу байх хэрэгтэй. Согтуу жолооч гэдэг хутга барьсан алуурчинтай л яг ижил хэмжээний хор хөнөөл учруулдаг. Хутга бариад хүн рүү дайрахад 400.000 төгрөгөөр л торгоод өнгөрдөггүй шүү дээ.

-Согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцдог үзэгдлийг хязгаарлах ямар арга байна вэ. Жишээ нь, БНСУ болон Японд согтуу жолооч осол хийлээ гэх мэдээлэл бараг сонсогддоггүй. Энэ улс орнуудын туршлага нь юу вэ?

-Зөвхөн ялын бодлогоо чангалаад өргөс авсан юм шиг энэ асуудал цэгцрэхгүй. Нийт жолооч нарын ухамсарт л нөлөөлөх нь чухал. Япон, БНСУ улсад согтуугаар жолоо барьсан тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэхээс гадна бүр багаас нь ухамсарт нь суулгаж өгдөг. Дээрх хоёр орны хувьд согтуугаар жолоо барих зөрчил дэлхийн улс орнуудтай харьцуулахад хамгийн цөөн гардаг. Үүний нэг шалтгаан нь дунд сургуулийн хөтөлбөртөө жолоочийн хариуцлагын талаар зааж, сургадагтай. Тодруулбал, БНСУ болон Японд сурагчдадаа жолооч болоход амьдрал дээр ямар эрсдэл тохиолдож болохыг сургалтаар үзүүлдэг. Түүнчлэн осолд орвол хэрхэн гэмтэх, дүрэм зөрчвөл хэдэн төгрөгийн торгууль төлөх, хүний амь нас хохироовол ямар шийтгэл хүлээхийг заадаг.

Энэхүү сургалтад суусан сурагчид жолооч болон бэлтгэгдэхэд цаг ямагт эрсдэлийг тооцоолох сэтгэл зүйд суралцаж, замын хөдөлгөөнд оролцдог. Согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин нь ч чанга. БНСУ-д л гэхэл согтуугаар жолоо барьсан хүнд дараах хуулийн хариуцлагыг ногдуулдаг. Согтуурлын зэрэг 0.03-0.08 үзүүлэлттэй гарахад нэг жил хорьж, таван сая воноор торгодог. Эл үйлдлээ хоёр болон түүнээс дээш удаа зөрчвөл 2-5 жил хорих, 20 сая вон хүртэлх төгрөгөөр торгодог зохицуулалттай. Харин бусдад хүнд гэмтэл учруулах, амь насыг нь хохироовол хуулийн дээд хэмжээ буюу насан туршид нь хорих ялаар шийтгэдэг. Согтуугаар жолоо бариад шоронд орохыг хэн хүсэх билээ дээ. Ер нь дээрх орнуудад согтуу жолоочийн халаастай нь л ярьдаг. Манайх шиг толгойг нь илээд өнгөрөхгүй. Согтуу жолоочийг цөөлөхийн тулд учирч болох эрсдэлийг нь сэрэмжлүүлээд ялын бодлого чангалж өгдөг нь олон улсын жишиг.

-Согтолтын зэргээсээ шалтгаалаад хүлээлгэх хариуцлага нь өөр өөр байх нь?

-Тэгж хэлж болно. Багахан хэмжээний согтууруулах ундаа хэрэглээд л жолооны ард суувал хамаг цалингаараа торгуулаад өнгөрнө. Тодруулаад хэлбэл, согтуурлын зэргийн 0.03 промиль гэдэг нь аяга шар айраг л гэсэн үг. Манайхаар бол хул айраг уугаад жолооны ард суухад л ийм хэмжээний согтолт илэрнэ гэж ойлгож болно.

-Сэдвээсээ бага зэрэг хөндийрөөд асуухад жолооч нарын ур чадвар сул байгаа нь зам тээврийн ослын нэг шалтгаан болж байх шиг?

-Эрх зүйчийн зүгээс байр сууриа илэрхийлэхэд гаднын улс орнуудад жолооны үнэмлэх олгох шалгуур нь өндөр байдаг. Миний хувьд Польш улсад жолооны үнэмлэх авч байсан. Тэндэхийн жишээг онцлоход л жолоо барихыг хүссэн хүн бүрт шууд жолооны үнэмлэх гаргаад өгчихдөггүй. Энэ хүн хурд хэтрүүлэх үү, дүрэм зөрчих үү гэх мэт үзүүлэлтийг тестээр шалгадаг. Мөн хотын жолоонд гарахдаа нэг дүрэм зөрчихөд л шууд унагана. Ингэхдээ шалгуулагч хэдэн ч удаа унаж болно. Бэлтгэж байгаад л ирээд шалгалтаа өгчихдөг.