Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Энэ жилийн Даншиг наадам монгол туургатнуудыг нэгтгэв DNN.mn

​“Даншиг-Хүрээ цам-2023” шашин соёлын наадмыг Нийслэлийн засаг даргын тамгын газар, МБШТ Гандантэгчэнлин хийдийн зүгээс хамтран Хүй долоон худагт найм дахь жилдээ зохион байгуулав.

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог уг наадмын үеэр цам харайх, маани татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, мөн жороо морьдын уралдаан болон морьт харваа болов.

Энэ жилийн тухайд монгол туургатны сүсэгтэн олныг нэгтгэснээрээ онцлог байлаа. Буриадын Улаан-Үд болон Тува, Өмнөд Монголоос лам нар ирж Даншиг наадмын асарт морилсон байв. Тэд наадмын нээлтийн үеэр ном хурж Хүй долоон хутагт цугласан сүсэгтэн олныг баясгав.

Даншиг Хүрээ цам наадмын сонирхсон иргэд Хүй долоогийн дэнжид дүүрэн цуглажээ. Тэдний цөм нь жуулчид байв. Наадам зохион байгуулагчдын зүгээс иргэдийн тав тухыг хангах тал дээр анхаарч ажиллажээ. Алхам тутам тааралдах сайн дурын ажилтнууд жуулчдад зөвлөгөө өгч ажиллаж байв. Аялал жуулчлалын жил болгон зарласантай холбоотойгоор жуулчид ч олноор чуулжээ. Тэд шашин номын ажил гэхээс илүү монгол ахуй, өв соёлыг түлхүү сонирхож байв. Сүүлээ тэнийтэл хатирах жороо морьдоор гангарсан залуусыг харсан жуулчдын нүд орой дээрээ гарч байна лээ. Жороо морьдын уралдаанд монгол морьд оролцож шандсаа сорьсон нь жуулчдын анхаарлыг илүү татаж байв. Жороо морьдын уралдаанд Ламын гэгээний нутаг Баянхонгор аймгаас олон морьд ирсэн байв.

Мөн жуулчдын анхаарлыг гойд татаж байсан үзүүлбэр нь морьтой сур харвах үзүүлбэр. Ширвээ сахал, ширүүн харцтай биерхүү эр мориныхоо хөлийн хурдаар хатирах зууртаа сум тавих нь жуулчдыг алмайруулж байв. Канадын далбаатай цамц өмссөн эр Монголд анх удаа хөл тавиад байгаа нь энэ гэнэ. Морио унаж, малаа хариулаад амьдардаг гэх монголчуудын талаарх түүний ойлголт нисэх буудалд буугаад л өөрчлөгджээ. Олимпын наадмын нээлтээр манайхан урт дээл өмсөж алхдаг үзэгдэл канад залууд ийм ойлголт өгсөн байгаа юм.

Тэрбээр Даншиг наадмаар дамжуулж “Монголын нууц товчоо”-нд нэвтэрч байгаа талаараа сэтгэгдлээ хуваалцаад цааш эргэв. Морь унахаар явав бололтой. Жуулчид Даншиг наадмаар түүхийн музейг өргөнөөр сонирхож байв. Энд ихэвчлэн эрт үеийн лам нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс байна лээ. Түүнчлэн Улаанбаатар хотын түүхийг харуулсан эд зүйлсийг үзэхээр ар араасаа дугаарлаад зогсож байлаа. Энэ мэтчилэнгээр жуулчдын өмнө нүд улайхааргүй үйлчлээд таван цаасыг нь авах үйлчилгээ Хүй долоод тав алхаад л тааралдаж байна лээ. Хөдөө, зэлүүд талд болж байгаа энэ наадам жуулчдад илүү ойр байгаа бололтой. Төв цэнгэлдэх хүрээлэн тойрч алхаад нээлт хараад буцдаг наадам жуулчдад тийм сонин биш ажээ. Өнгө өнгийн дээлээр гоёсон морьтон эрсээр чимсэн монгол наадам тэдний сонирхлыг гойд татаж байна. Үндэсний хэв маягаа шингээсэн ийм фестиваль зуны улиралд хэд хэд хийх хэрэгтэй гэдгийг ч зарим жуулчид ярьж байна лээ. Үүнээс үзэхэд ирэх жилийн Даншиг наадмын цар хүрээ илүү өргөн дэлгэр болох шинжтэй. Энэ бүхнээс анзаарахад Монголын аялал жуулчлалын салбар шинэ түвшинд гарчээ.

Дотоодын наадамчдын тухайд голдуу цам харайх ёслолыг харахаар Хүй долоод цуглажээ. Цам харайх ёслолыг даган баясч, Цагаан өвгөнөөс хишиг хүртсэнээр бүтэн жилийн заслаа хийлгэчихлээ гэж үздэг юм билээ. Сүсэгтнүүд толгой манармаар халуун нарыг төвөгшөөсөн шинжгүй лам нарын хурлыг даган баясч сүсэглэж байна лээ. Нийслэлийн зүгээс зохион байгуулалтад өндөр ач холбогдол өгч Хүй долоон худагт цогц үйлчилгээнүүдийг зохион байгуулжээ. Хоол хүнсний тухайд зөвхөн хуушуур, хорхгоор хязгаарлагдсангүй. Хоолны газруудын урт гудамж талбайг засчээ. Бууз, хуушуур, шарсан тахиа, узбек флов гэхчлэн түмэн зүйлийн хоолоор наадамчдад үйлчилж байв. Хуушуур харин ширхэг нь 3500 төгрөгийн ханштай байна лээ. Узбек флов болоод бусад хоолны ханш 15000-20000 төгрөгийн хооронд үнэтэй. Хоолны гудамжинд сул ширээ нэг ч харагдахгүй байгаагаас харвал тун эрэлттэй байгаа бололтой. Гадаад жуулчид харин хуушуурыг онцолж иднэ лээ. Араас нь хүйтэн кола залгилж харагдсан. Гэдэс нь эвгүйрхвэл эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх цэг ердөө хажууханд нь байна лээ.

Хүй долоон худагт гэр бүлээрээ амрахад тохиромжтой орчныг бүрдүүлжээ. Хоолны гудамжнаас гармагцаа зориулалтын талбайд хүүхдээ тоглуулаад, музей үзэж болно. Ингээд задгай караокед шар айраг уугаад дуулж болно. Завсраар нь хурдан морины уралдаанаа ч үзэх боломжтой. Ингээд дэнж дээр зассан майхандаа тухлаад амарна. Залхахгүй гэвэл орой урлагийн тоглолт ч үзнэ. Номын хурлаа үзэж баясаад амраад ажлын алжаалаа тайлаад буцах боломжийг наадам зохион байгуулагчид бүтээсэн байв. Онцолмоор нь жуулчдын амрах гэрийг ярайтал барьжээ. Гэрт нь хүнсийг нь бэлтгээд өгөх цогц үйлчилгээ үзүүлж байв. Харин дотоодын жуулчид гэрийн дээд талаар майхнаа бариад тухалж байна лээ.

Даншиг наадмын өөр нэг өнгө нь бөхийн барилдаан. Түрүүлсэн бөхдөө даншгийн цол чимэг олгодог. Энэ жил 256 бөх зодоглолоо. Энэ нь мөн л наадмынхаа цар хүрээг тэлэх нэг бодлого ажээ. Ид сайн барилдаж буй бөхчүүдийг урьж бөхийн хорхойтнуудыг наадамдаа татдаг юм байна. Улсын арслан М.Бадарч Даншиг наадамд зодоглов. Шинэ арслантай зургаа даруулахаар хэдэн зуун фэнүүд ар араасаа дугаарлаад зогсож байна лээ. Мөн Улсын гарьд Ц.Бямба-Отгон, Улсын заан Б.Бат-Өлзий гээд энэ цагийн өнгийг тодорхойлж буй хүчтэнүүд энэ наадамд зодоглов. Үүгээрээ бөхийн хорхойтнуудыг наадамдаа татаж, төвлөрүүлж байна. Үүнээс гадна буриад болон өмнөд монгол бөхийн барилдаан болов. Өмнөд Монголоос энэ наадамд барилдахаар 20 орчим бөх иржээ. Зангиат бөх аварга Б.Батжаргал ирсэн нь олны анхаарал татаж байна лээ. Түүний тухайд Өмнөд Монгол бөхдөө үнэмлэхүй амжилт үзүүлсэн нэгэн Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөх 15 сая төгрөг болоод эмээлийн байтай. Үндсэндээ Улсын наадамд түрүүлсэн бөхийн бай шагналыг олгож байгаа юм. Харин даншгийн цол гэдэг нь бөхчүүдэд цаасан малгай өмсгөсөн ямар ч ач холбогдолгүй эд юм билээ. Энэ цагийн үндэснй бөхийн од, Улсын арслан М.Бадарч л гэхэд тэр доор гарч байх жишээтэй. Цаашид цол олгож эрэмбэ дэс дараа эвддэг үзэгдлийг халмаар санагдсан. Бөхийн барилдаан сугалааны журмаар барилддаг нь бөх сонирхогчдын анхаарлыг гойд татдаг. Өчигдөр л гэхэд улсын наадмын үзүүр бөх Ц.Бямба-Отгон гарьд бөхийн барилдааны дөрвийн даваанд Б.Бат-Өлзий заантай сугалаа таарч барилдсан нь олны сонирхлыг татсан юм. Сонины дугаар шилжих мөчид бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байв.

Даншиг наадмын өөр нэг онцлог нь Монгол туургатны сүсэгтнүүд нэгдсэн явдал. Буриад, Өмнөд Монгол, Тува, халимаг зэрэг газруудаас сүсэгтнүүд ирж хурал даган баясч байна лээ. Үүний завсарт өв соёлоо шингээсэн тоглоом наадгайг зохион байгуулж байгаа нь жуулчдын анхаарлыг татаж байна лээ. Ийм төрлийн фестивалийг зуны дэлгэр цагт хэд хэдийг зохион байгуулж, жуулчдыг татаж үйлчлээд байвал эдийн засгийн чухал холбогдолтой санагдсан.

Сүүлд нь онцлоход Даншиг наадмыг сурвалжлахаар гадаадын хэд хэдэн хэвлэл ирсэн байна лээ. Үүгээр дамжиж олон улсад түгснээр “Даншиг Хүрээ цам”-ын цар хүрээ илүү тэлэх учиртай. Гэгээлгээр харвал шашны төв фестиваль Улаанбаатар, Хүй долоон худагт зохион байгуулагдах нь. Дэлхийн өнцөг булан бүрийн сүсэгтнүүд Хүй долоон худагт чуулах нь. Х Богд Монголоос тодорсон нь энэ наадмын цар хүрээг илүү тэлж өгөх биз.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөр замын хөдөлгөөний дүрмийн боловсрол олгоё DNN.mn

Монгол Улсад 2022 онд зам тээврийн 24221 осол гарч 3418 иргэн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Зам тээврийн осолд өртөж, хохирсон 3418 хүний 539 нь буюу 16 хувь нь амь насаа алдаж, 2879 буюу 84 хувь нь эрүүл мэндээрээ хохирсон тоон мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өглөө. Дээрх тоон мэдээллээс харахад томоохон хэмжээний нэг сумын хүн ам тэр чигээрээ зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон гэсэн үг. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоон мэдээлэл.
Үүний цаана мотоцикльтой онхолдож хөл, гараа хугалсан, тархи толгойдоо гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алдаад цагдаад мэдэгдээгүй хэдэн мянган тохиолдол бий. Амь нас, эрүүл мэндээс гадна 10 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол хүлээсэн статистик мэдээлэл байгаа юм.
Буун дуу завсар зайгүй тачигнасан дайны халуун цэгт ч ингэж үй олноороо үхэж үрэгдэж, гэмтэж бэртдэггүй.Зөвхөн зам тээврийн осолтой холбоотойгоор амь үрэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй болж хөдөлмөрийн чадвараа алддаг жишиг манайхаас өөр аль ч улс оронд алга.
Өнгөрсөн онд 539 хүн зам тээврийн ослоор газар дээрээ нас барж, үүний ард ийм хэмжээний гэр бүл шаналж, шар махтайгаа хатаж байгаа гашуун амьдрал ердөө хажууханд байхад л зам тээврийн ослын мэдээ ар, араасаа тасралтгүй гарч байна. Өнгөрсөн хэдхэн хоногийн хугацаанд зам тээврийн ослоор долоон хүн нас барлаа. Ганцхан өдрийн жишээг л энд онцолъё. Улаанбаатараас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд явсан “Акуа” маркийн машин том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж таван хүн газар дээрээ амьсгал хураасан осол долдугаар сарын 26-ны өдөр гарав. Мөн өдөр Увс аймагт “Форд рэнжер” маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж жолооч болон зорчигч нэг иргэн газар дээрээ амьсгал хураав. Хамт зорчиж явсан дөрвөн иргэнийг цагдаа нар аймгийн эмнэлэгт яаралтай хүргэжээ. Тэдний эрүүл мэндийн байдал ч сайн биш байгаа бололтой. Осолд өртсөн дөрвөн иргэний гурав нь насанд хүрээгүй хүүхэд байсныг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Энэ бол ердөө ганцхан өдрийн мэдээ.
Тээврийн цагдаагийн алба, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас өнгөрсөн жилүүдэд гарсан зам тээврийн ослуудад дүн шинжилгээ хийхэд 85 хувь нь жолоочийн буруутай үйлдэл, 14 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэл, 0.7 хувь нь замын нөхцөл байдлаас шалтгаалж гарсан нь тогтоогджээ.
 Энэ судалгааг задлаад харвал хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэрэл дохио зөрчих, хамгаалалтын бүс, дуулга, хүүхдийн суудал гэх мэт аюулгүйн тоноглолоос зайлсхийх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, эгнээ байраа буруу эзлэх гэх мэт шалтгаанаас үүдэж зам тээврийн осол гарсан байна. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын буруутай үйлдлээс хамаарч зам тээврийн осол гарч байгаа нь дээрх судалгааны үр дүнгээс харагдаж байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбатын ярьснаар орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийх, замын гэрэлтүүлэггүй хэсэгт зогсох, хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэх, хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийнхээ ойр орчмыг нягталдаггүй зэрэг нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болдог гэнэ. Үүнээс үзвэл зам тээврийн ослын цөм нь жолоочийн ухамсар, хариуцлагатай холбоотой байна.
Япон, БНСУ зэрэг дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа улс орнуудад зам тээврийн осол тэр гардаггүй. Манайхтай ижил 500-600-уулаа зам тээврийн ослоор нас бардаггүй. Зарим мэргэжилтнүүдийн зүгээс үүнийг жолоочийн ухамсартай холбож тайлбарлаж байна. Учир нь энд дурдсан улс орнуудад дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт замын хөдөлгөөний дүрэм, учирч болох аюул эрсдэлийн талаарх хичээл ордог юм байна. Зам тээврийн ослын хор уршгийг зориулалтын талбайд сурагчдын нүдэн дээр харуулдаг. Ерөөсөө математикийн хичээлтэй ижил хэмжээнд ач холбогдол өгч хүүхдүүдэд сургадаг. Ингэснээр хариуцлагатай, замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлдэг жолооч болох суурь нь бүр бага насанд нь л сууж өгдөг юм байна. Замын хөдөлгөөний дүрэм, учирч болох эрсдэлийг хүүхэд наснаасаа л тархиндаа кодолж өгснөөр “танхай” жолооч нар замын хөдөлгөөнд оролцдоггүй юм байна.
Манайх ийм тогтолцоог нэвтрүүлэх цаг ирсэн талаар мэргэжилтнүүд дуугарч, санал санаачилга дэвшүүлээд эхэлжээ. Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга В.Болдмөнх “Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сургуулийн өмнөх бага, дунд, ахлах ангид системтэйгээр олгох шаардлагатай. Ингэж байж замын хөдөлгөөнд оролцох зөв чиг хандлага, дадал үүснэ. Дэлхийн дийлэнх улс оронд замын хөдөлгөөний дүрмийг хүүхдүүдэд үе шаттайгаар зааж өгдөг. Гэтэл манай улсад жолооч болох шаардлагатай болсон үедээ л сургалтад суудаг. Жолооч болоогүй хүн зохицуулагчийн дохиог мэддэггүй. Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг үе шаттайгаар буюу сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд, ахлах ангид нь системтэй олгох шаардлагатай” гэх байр суурийг илэрхийлж байна.
 Манайд дунд сургуульд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл цагаан шугам” гэхчлэн тоотой хэдхэн арга хэмжээг алдаг оног зохион байгуулдаг. Энэ арга хэмжээнд нь хүүхэд эцэг эх оролцохдоо
 хойрго. Хүүхдийн ухамсарт суух хэмжээнд хүртэл ач холбогдол өгдөггүй. Дунд сургуульдаа замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олж аваагүй насанд хүрсэн иргэд 48 хоногийн жолооны курст суугаад төгсөхдөө дүрмийн мэдлэг төдийлэн авч чаддаггүй. Ингээд дүрэм зөрчиж, согтуугаар жолооны ард сууж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд заналхийлж байна.
Энэ талаар дэд хурандаа Б.Очирбат “Замын хөдөлгөөний дүрмийн талаарх ойлголт өгөх ажлыг дунд сургуулиас нь олгох хэрэгтэй. Өнөөдөр хүн байгаль гэх хичээлийн хүрээнд долоо хоногт нэгээс хоёр цагаар л энэ хичээлийг судалдаг. Энэ хичээлийг бусад ерөнхий эрдмийн хичээлтэй адил ач холбогдол өгч судлах хэрэгтэй. Ингэж байж хүүхэд замын хөдөлгөөний дүрэм, учирч болох аюул эрсдэлийн талаар цогц мэдлэгтэй болно. Хэдэн жил жолоо бариад дүрэм зөрчөөд хэвшчихсэн жолоочид цагдаа нар мянга сануулаад ухамсарт нь суухгүй байна. “Хотоос гарч хурд хэтрүүлээд л зам тээврийн осол хийчих юм. Архи уугаад жолоо барьж яваад л осол гаргачих юм” гэж хэлж байна лээ.
Замын хөдөлгөөний дүрмийн хичээлд ерөнхий эрдмийн хичээлтэй ижил хэмжээнд ач холбогдол өгөх нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцдог, замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг, хурдны дээд хязгаарыг тоолгүй давхидаг үзэгдлүүд цэгцэрнэ гэж харж байгаа юм байна. Тээврийн цагдаагийн албанаас ч ийм зохицуулалт руу шилжих саналыг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлээд байгаа гэнэ. Энэ ажлыг даруй эхлэхгүй бол цөөхөн монголчууд зам дээрээ үхэж үрэгдээд дуусах нь. Жилд л хэдэн зуун тээврийн хэрэгсэл ар араасаа импортоор орж ирж байгаа. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн улам л нягтаршина. Жилд л хагас мянгаараа зөвхөн зам дээр нас бардаг үзүүлэлт хэд дахин өсөхийг таах аргагүй.
Хариуцлагатай жолоочийг бага наснаас нь бэлтгэснээр бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд заналхийлдэг жолооч нар үгүй болж зам тээврийн осол буурч, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог эмгэнэлтэй үзэгдэл цэгцрэх нь лавтай.
Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Батням: Цусны даралтыг тогтворжуулах энгийн арга нь планк барих DNN.mn

Биеийн хүчдэлийг сайжруулах зорилготой хоёр төрлийн дасгал цусны даралтыг бууруулахад чухал үр дүнтэйг Их Британийн судлаачид тогтоосон байна.

“British Journal of Sports Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд 16,000 хүнийг оролцуулсан туршилтын үр дүнг танилцуулжээ. Үүнээс “planking” буюу тохой дээрээ тулж, биеэ өргөх, “wall squats” буюу хананд тулан хагас сууж, биеэ өргөх дасгалууд цусны даралтыг бууруулахад онцгой үр дүнтэй нь харагджээ.Энд онцолсон дасгалууд нь булчин, үе мөчийг хөдөлгөлгүйгээр биеийн чадал тэнхээг сайжруулах зорилготой байдаг гэнэ.

Даралт өсөх нь манайд хамгийн түгээмэл үзэгдэл болоод байна. Сүүлийн үед ийм төрлийн эмгэг залуужиж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож байгаа. Сүүлийн хэдхэн өдрийн халуун наранд даралттай холбоотой дуудлага эрс нэмэгдэж, харвалт өгсөн тохиолдол хэд хэд гарсныг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа. Тэгвэл даралт тогтворжуулах энгийн арга нь планк барих болжээ. Планк барих дасгал нь даралт тогтворжуулахаас гадна зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулах олон төрлийн ач холбогдолтой юм байна. Энэ талаар “Динамик фитнесс” клубийн захирал Б.Батнямтай ярилцлаа.

-Планк барих нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтой дасгал вэ?

-Планк барих дасгал нь биеийн бүх булчинг ажиллуулдаг. Гол ачаалал авах нь нурууны гол булчин болон гарын гурван толгойт. Түүнчлэн өгзөг, шилбэний булчинд ачаалал өгнө. Биеийн тэнцвэр хадгалдаг гол булчингууд бүгд ажилладаг гэсэн үг. Фитнессээр хичээллэж эхэлж байгаа хүн өөрийнхөө ачаалал авах хэмжээнд планк барьж болно. Энэ нь хаана ч ямар ч орчин нөхцөлд хийх боломжтойгоороо онцлог.

-Планк барих техникийн тухайд илүү тодруулахгүй юу?

-Бүх дасгал хөдөлгөөн техниктэй. Үүнийг зөв сурах хэрэгтэй. Планк барихад хоёр тохой дээрээ тулж өндийдөг. Ингэхэд хоёр тохойг мөрний хэмжээтэй байрлуулна. Нуруу эгц байх бөгөөд тааз, толгойгоо нэг шулуунд барих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 30 орчим градусын шулуун байлгах нь зөв техник.

Таазаа өргөчихвөл нурууны гол булчин ажиллахгүй. Ачаалал авахгүй гэсэн үг л дээ. Нуруу нь өвддөг хүмүүс ийм төрлийн дасгал хийх нь үр дүнтэй. Ингэхдээ эхлээд нурууны өвчнөө оношлуулж, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Аль булчинд ямар ачаалал авахаа тодорхойлоод багшийн зөвлөгөөгөөр дасгалаа хийж эхлэх нь илүү үр дүнд хүрнэ.

Манайхан жин хасах юм уу, булчингаа хөгжүүлэхээр шууд фитнесс рүү гүйдэг. Тэгвэл планк бариад жингээ хасах боломжтой. Эхлээд тухайн хүний эрүүл мэнд ямар ачаалал авах вэ гэдгээ тодорхойлох нь зөв. Тохирох дасгалаа хийгээд тодорхой үр дүнд хүрч болно. Гэхдээ өндөр ачаалалтай дасгал хийгээд бэртэл хүндрүүлэх нь бий. Авах ачааллаа зөв тооцоод тууштай, системтэй хийхэд үр дүнд хүрнэ.

-Энэ талаараа тодруулахгүй юу. Жин хасахад янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг, энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол бий.

-Планк барихад минутад л 20 ккл хасдаг гэх судалгаа бий. Жингээ хасах, даралтаа тогтворжуулах шаардлагатай хүнд хамгийн тохиромжтой, энгийн дасгал нь планк барих. Гэхдээ өргөс авсан мэт үр дүн нь шууд гарахгүй. Системтэй хийж үр дүнд хүрнэ. Дахин онцлоход планк барихад тухайн хүний тэсвэрийн булчингууд хөгждөг. Үүний хажуугаар төвлөрөл бий болж байдаг. Зөвхөн анхлан хичээллэгсэд гэлтгүй мэргэжлийн тамирчид ч планк барих дасгалыг хийдэг. Бөх, гимнастик, тулааны тамирчид ч планк тогтмол хийх нь чухал үр нөлөөтэй. Төвлөрүүлдэг болохоор тэр л дээ. Ер нь ямар ч дасгалын ард тайвшруулах дасгалаа хийгээд, булчин суллахад зүрх томрох асуудал гарахгүй.

-Даралт тогворжуулах ач холбогдолтойг судалгаагаар тогтоосон байдаг юм билээ.

-Планк барихад тэсвэрийн булчингууд ажилладаг. Тэр хэрээр амьсгалын систем ажилладаг. Ингэснээр зүрх судасны үйл ажиллагаа идэвхтэй жигд ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Даралт ихэсдэг хүмүүс планк барих дасгалыг өөртөө бага багаар дасгаад зүрх, судасны үйл ажиллагаа, даралтад сайнаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл сүүлийн үед дэлгэрээд байгаа цусны даралт ихсэх эмгэгээс сэргийлэх энгийн арга нь планк барих. Энд нэг зүйлийг онцлоход планк барихдаа амьсгаагаа зөв хуваарилах нь чухал. Хамраараа авч амаараа гаргаж уушигаа чөлөөлдөг. Амьсгаагаа түгжихгүй байх хэрэгтэй.

-Ачаалал авах хэмжээгээ тодорхойлох нь чухал гэж ойлголоо.

-Яг тийм. Эхний ээлжинд 20 секунд бариад биедээ дасгаж байгаад хугацаагаа бага багаар нэмээд явж болно. Өдрийн давтамжаа ч бага багаар нэмж биедээ дасгана. Ингэснээр даралт тогтворжуулах ач холбогдолтой.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Халуунд хэт хүйтэн зүйл уух нь тэлсэн судсыг гэнэт агшаах аюултай DNN.mn

Хэт халалтын нөлөөгөөр даралт ихсэх, тархинд цус харвах тохиолдол эрс нэмэгджээ. 30 градус давж халж байгаа энэ өдрүүдэд эмнэлгийн байгууллагаас тусламж авах иргэдийн дийлэнх нь даралт ихэссэн, цус харвасан байгаа юм. Хэт халсан энэ өдрүүдэд даралтаа хэрхэн хянах, учирч болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Н.Цэцэгээтэй ярилцлаа.


-Хэт халуунд харвах эрсдэл нэмэгддэг үү. Эмнэлгийн байгууллагад хандаж байгаа иргэдийг анзаарахад даралттай холбоотой байх шиг.-Долоо хоногт хоёроос гурван удаа артерийн даралтаа хэмжихэд дээд даралт 140, доод даралт 90-ээс нэмэгдсэн бол артерийн даралт ихэссэн гэж үздэг. Нарны хэт халалтын нөлөөгөөр бүх биеийн судас тэлдэг. Ингээд цусан хангамж хомсдох шалтгаан болж харвалтын эрсдэл нэмэгддэг гэж ойлгож болно.

Түүнчлэн биеэс хөлс их ялгарснаас биед шингэн дутагдаж, цус өтгөрдөг. Цус өтгөн байх нь тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Мөн тархины судасны хатуурал, чихрийн шижин, стресс зэрэг маш олон зүйл харвалт өгөхөд нөлөөлдөг.

-Харвах тохиолдол залуужаад байх шиг. Энэ юутай холбоотой вэ?

-Сүүлийн үед залуу хүмүүс харвах тохиолдол их гарч байгаа. Манайд харвалт өгөөд ирж байгаа иргэдийн хамгийн залуу нь 20 настай залуу байна. Энэ нь хэт их стресстэж, нойр муутай явсантай холбоотой. Түүнчлэн архи, тамхины зохисгүй хэрэглээ, буруу хооллолттой шууд холбоотой байдаг. Нэг зүйлийг онцлоход давсыг хэтрүүлж хэрэглэх нь харвах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Мөн тархины даралт харваж байгаа залуусын дийлэнх нь хэт таргалалттай, чихрийн шижин өвчтэй байгаа нь анзаарагдаж байна.

-Цус харвах эрсдэлд хүргэх өөр ямар шалтгаанууд байна вэ?

-Ямар ч насны хүн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлөх таагүй мэдээлэл сонсохоор бие дэх даралт ихэсгэдэг бодисууд нь ялгардаг.

 

 

Тухайн хүний даралт өндөр, багаас шалтгаална гэсэн үг л дээ. Хөгшин, залуу гэлтгүй өндөр даралттай хүнд цочмог мэдээлэл сонсговол харвалт өгдөг. Стресс ихтэй орчинд ажилладаг хүн харвах эрсдэл их өндөр. Энд онцлоход ахимаг насны багш нарт ийм эрсдэл ердөө хажууханд нь бий. Мөн ийм халуунд хүүхдээ машиндаа үлдээх түгээмэл үзэгдэл манайд бий. Гадаа 30 градус давсан халуун үед машинд түгжигдсэн хүүхэд хэдхэн минутын хугацаанд тархиндаа цус харвах аюултай. Үүнийг хүмүүс төдийлэн мэддэггүй.

-Жингийн илүүдэлтэй хүмүүст ийм эрсдэл ойрхон байдаг талаар та онцолж байна. Ямар арга хэмжээ авч урьдчилан сэргийлэх вэ?

-Хэт тарган хүмүүс чихрийн шижинтэй байх эрсдэл өндөр байдаг. Чихрийн шижин өвчин харвалтад нөлөө үзүүлдэг голлох хүчин зүйлүүдийн нэг. Чихрийн шижинтэй байна гэдэг нь цусан дахь сахарын хэмжээ өндөр байна гэсэн үг шүү дээ. Цусанд дахь сахарын хэмжээ өндөр байхаар цус өтгөрнө. Цус өтгөрөхөөр хөл, гар, бөөр, нүдний торлогийн судасуудад өөрчлөлт бий болдог. Судас нарийсч, бөглөрөл үүсээд ирэхээр тархины цус харвалт гэдэг зүйл бий болж байгаа юм. Эрэгтэй хүмүүсийн бүсэлхийн тойрог 100 см-ээс дээш, эмэгтэй хүнийх 90 см-ээс дээш байх тохиолдолд чихрийн шижинтэй байх эрсдэлтэй өндөр байдаг. Түүнийг дагаад харвах эрсдэл ч өндөр.

-Даралт бууруулна гэх нэрээр үзэмний шүүс уух нь бий. Энэ үр дүнтэй юу?

-Зуны улиралд даралт бууруулна гэж үзэмний шүүс их авч уудаг. Үзэмний шүүс бол чихэрлэг ихтэй, калитай ундаа. Даралт бууруулдаг гэдэг нь буруу ойлголт. Ийм үндэслэл байхгүй.

-Ийм халуун нөхцөлд даралтаа хэрхэн тогтворжуулах вэ?

-Даралтаа тогтмол хянаж, архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх шаардлагатай. Аль болох татгалзах нь зөв. Халуунд албан байгууллага, ах дүүсээрээ нийлж голын эрэгт очоод бүгдээрээ архи уудаг үзэгдэл бий. Энэ нь мөн л харвах эрсдэл дагуулж байдаг. Зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийж л даралтаа хэвийн хэмжээнд барина. Цусны даралт ихдэх болон чихрийн шижин өвчтэй бол эмээ тогтмол уух, гадуур гарахдаа биедээ авч явах нь чухал. Залуус харваад байгаа нэг шалтгаан нь даралтаа огт хянадаггүй. Мэдэхгүй явж байгаад л гэнэт харвачихдаг. Ахмадууд бол даралтаа үзээд цүнхэн дэх эмээ уугаад, шаардлагатай гэж үзвэл эмчид хандаж зөвлөгөө авдаг.

-Халуунд хүйтэн ус ундаа уухыг зарим газарт хатуу хориглодог юм билээ. Урд хөршид бол 30 градус давсан халуунд дэлгүүрүүд хөргөгчөө унтраадаг. Манайд бол эсрэгээрээ. Гадаа халахад зайрмагтсан ус, ундаа л авч уудаг. Энэ нь хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй юм бэ?

-Халуунд хэт ус уух, хүйтэн усанд орох нь тэлсэн судсыг гэнэт агшаах эрсдэлтэй. Халуунд хүйтэн ус ундаа зарахыг хориглодог үндсэн шалтгаан нь л энэ.

Манайд бол халуунд хүйтэн ус л ууж байгаа харагддаг. Эрүүл мэндээ устгаж байгаа л хэлбэр. Халуун хоолны араас хүйтэн юм уувал нойр булчирхайгаа л хөнөөж байгаа юм. Халуун хоол, хүйтэн шар айрагтай хэзээ ч зохицохгүй. Ер нь өөрийн биеийн температураас хэт хүйтэн ус ундаа уух нь муу.

Та даралттай бол өөх тос ихтэй хоол, архи, согтууруулах төрлийн ундаа болон их махнаас татгалзаж жимс, ногоо түлхүү хэрэглэх нь зөв.

-Харвалт өгсөн бол ямар гам барих вэ. Хэвийн болох боломж бий юу?

-Харвалт өгсөн иргэдийн 15-20 хувь нь эргээд амьдралын хэвийн түвшинд очиж чаддаг бол гуравны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Харамсалтай нь 30 орчим хувь нь нас бардаг гэх тоон үзүүлэлт байна.

-Харвалт өгч байгаа хүнийг яаж мэдэх вэ?

-Даралт харваж байгаа үед нүд бүрэлзэж юм харахгүй болно. Тэнцвэрээ алдаж алхаж чадахгүй болдог. Цаашлаад гар мэдээгүй болж барьж байсан зүйлээ алдана, хэл ярианд өөрчлөлт орж хэл орооцолдох зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. Энэ шинж тэмдгүүд илрэх юм бол хамгийн ойр байрлах эрүүл мэндийн түргэн тусламжийн төвд хандах ёстой. Яг харвалт өгсөн үед бол дур мэдэж эм ууж огт болохгүй. Харвалтыг илүү хүндрүүлэх эрсдэлтэй байдаг. Шууд л эмнэлгийн байгууллагад хандана.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Д.Ангар: 70 сая малтай монголчууд хуурай сүү импортолно гэдэг байж болохгүй асуудал DNN.mn

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-ХХААЯ-наас хуурай сүүний импортыг бууруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал 7000 тн байсныг 4000 тн болгосон байна. Эдийн засаг шинжээчийн зүгээс энэ шийдвэрийг та яаж харж байна вэ. Энэ шийдвэрийн үр өгөөж нь ямар байх бол?

-Монгол мал аж ахуйн орон. 70 гаруйсая малтай. Цаад утгаараа үүнийх нь 50 орчим хувь нь эм мал гэсэн үг. Сүү гарна. Энэ нөхцөл байдлыг аваад үзвэл Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхэрэглээгээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Ийм боломжийг ашиглаж чадахгүйШинэ Зеланд, Австрали, БНХАУ-аас хуурайсүү импортлоод байгаа.

Ийм нөөц боломжтойманайулсын тухайд байж болохгүйнөхцөл байдал. Малгүйулс бол ойлгож болно. 70 сая малтайбайж Шинэ Зеландаас хуурайсүү импортолно гэдэг маань цаад утгаараа том алдагдал хүлээж байна гэсэн үг. Нүүрс, зэс, төмрийн хүдэр гэхчлэн шавхагддаг баялгаа зарж олсон мөнгөөрөө Шинэ Зеландаас хуурайсүү авч хэрэглээд байна шүү дээ. Ингээд харахад байж болохгүйнөхцөл байдал.

Том зургаараа Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах ёстой. Өмнө нь төрийн зохицуулалт сул явж ирсэн учраас аж ахуйн нэгжүүд хуурай сүүний импортыг том бизнес болгочихсон байна. Төр оролцохгүй бол энэ бизнес цаашаа явна л гэсэн үг. Монгол аж ахуйн нэгжүүд, сүүний фермүүд Шинэ Зеландын өндөр технологитой компаниудтай хуурай сүү хийхээрээ өрсөлдөнө гэж байхгүй л дээ. Тийм учраас импортын хэмжээг хязгаарлаж байгаа ХХААЯ-ны бодлогыг маш зөв гэж харж байгаа. Ингэхдээ их ухаалаг арга хэмжээ авч. Хуурай сүү орж ирэхийг бүрэн хязгаарлаагүй. Үе шаттайгаар бууруулж байгаа нь маш зөв шийдэл. Гурван жилийн дараа гэхэд дотоодоосоо сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ бүрэн хангадаг болно. Гаднаас хуурай импортлохыг зогсоох ёстой. Төрөөс ийм зохицуулалт хийхгүй л бол сүүний салбар хөгжихгүй. Яагаад гэхлээр Шинэ Зеландын сүүний салбар өндөр хөгжсөн. Монголоос 50-60 жилээр түрүүлээд явчихсан. Ийм фермүүдтэй дөнгөж хөлөө олсон, цөөхөн үнээтэй, үүнийхээ учрыг ч бүрэн олоогүй, хоцрогдсон аж ахуйн нэгжүүдийг өрсөлдүүлж болохгүй. Ийм төрийн бодлого байж болохгүй. Эдийн засагчийн зүгээс хуурай сүүний импорт бууруулж байгаа чиг хандлагыг дэмжиж хүлээж авч байна.

-Квот тогтоосноор сүү хомсдох уу. Ийм байр суурийг илэрхийлэх хүмүүс олон байна лээ.

-Зөв ойлголтыг өөрийн хэмжээнд өгөхгүй бол өнгөц ойлголттой, үүнээс болж ард түмний тархийг буруу тал руу нь угаах хүмүүс байна. Импортын сүүг хаачихвал сүүний үнэ өснө, сүү тасарна, чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлалаа, төрийн оролцоотойгоор монополь бий болголоо гэх яриа гарч байгаа. Аливаа улс үйлдвэртэй байх ёстой. Дотооддоо үйлдвэрлэж байж ажлын байр бий болно. Ажлын байраар дамжиж ядуурлаасаа салдаг. Гэтэл Монгол Улс шавхагддаг зэс нүүрсээ зарж Шинэ Зеландаас хуурай сүү, Хятадаас тахианы мах, Оросоос гахайн мах авч хэрэглээд байвал шавхагддаг нөөц дуусна. Монгол Улс юу ч үгүй үлдэнэ. Ийм учраас төр бодлогоор дотоодын үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Дэмжлэгийн нэг хэлбэр нь хуурай сүүний импортод квот тогтоох, квотоо үе шаттайгаар бууруулах.

-Үүний цаана малчдын орлого өсөх бодит боломж харагдаад байх шиг.

-Тийм. Малчид Шинэ Зеландын сүүтэй өрсөлдөж чадахгүй учраас технологио шинэчилж чадахгүй байна. Олон жилээр хоцорсон учраас малаа ч сааж чадахгүй байгаа шүү дээ. 70 сая малын 1-2 хувийг нь л сааж байгаа. Хуурай сүүний импортыг хязгаарлаад квот тогтоогоод өгвөл малчид зах зээлд сүүгээ борлуулах боломж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл малчдын орлого шууд нэмэгдэнэ. Сая малчдын нийгмийн даатгалыг төрөөс даах хууль баталсан. Энэ бол ичмээр л шийдвэр. Малчдад тийм дэмжлэг огт хэрэггүй. Харин малчдаа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлж үүнийгээ дотоодын зах зээлд борлуулж ашиг олдог тогтолцоог нь гаргаж өгөх ёстой. Өнгөрсөн хугацаанд бол Шинэ Зеландын малчдыг дэмжиж ирсэн. Хуурай сүү оруулж ирнэ гэдэг чинь цаад утгаараа ийм. Шинэ Зеландын малчдыг дэмжсэн бодлого явуулаад байвал Монголын мал аж ахуй хэзээ ч сэргэхгүй.

-Энэ шийдвэртэй холбоотойгоор гарч болох хүндрэл нь юу байж болох вэ. Үүнийг давж гарах ямар гарц гаргалгаа байна?

-Үүнд тодорхой хэмжээний хүндрэл үүснэ. Эхний жилдээ сүүний үнэ өсөх, хомсдох асуудал гарна. Үүнийг улсаараа зөв ойлгоод давах ёстой. Импортыг хязгаарлаж байж л сүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Технологид нь хөрөнгө оруулна. Шинэ ноу-хау нэвтрүүлнэ. Ингээд тодорхой хугацааны дараа дотоодын сүүний хэрэгцээгээ хангадаг болно. Тэр үед бол Шинэ Зеландын сүүнээс ч илүү хямд болох боломжтой. Гол нь дотоодын үйлдвэрлэлээ төр хамгаалж, хөгжүүлэх ёстой. Үүнийг олон нийт зөв ойлгох нь чухал. Ашиг сонирхолтой хуурай сүү импортолдог хэдхэн хүнд тархиа угаалгаж болохгүй. Тэд Шинэ Зеландын малчдыг дэмжих гээд байна шүү дээ. Монгол малчдаа дэмжээд дотоодын сүүний хэрэгцээгээ бүрэн хангадаг болох ёстой. Ийм цаг ирсэн. 70 сая малаа тооны хойноос хөөцөлдөх биш эдийн засгийн зөв эргэлтэд оруулаад ашиг шимийг нь хүртдэг болъё л гэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Идэвхээр нь хасдаг дүрэм монгол бөхийг аврах сүүлчийн гарц DNN.mn

Өнөө жилийн наадмын гол шуугиан идэвхээр нь хасдаг бөхийн барилдааны дүрэм байлаа. Бөхчүүдэд бүтэн цагийн хугацаа олгосон. Эхний хорин минутад зүгээр барилдана. Дараагийн хорин минутад барьцнаас барилдана. Сүүлийн хорин минутад ижил тэгш барьцнаас барилдахыг бөхийн салбар комиссоос Баяр наадмын тухай хуульд тодорхой зааж өгсөн юм. Уг хуулийн дагуу энэ жилийн наадмын бөхийн барилдаан болсон. Гэтэл барилдааны эхнээс л хэрүүл тэмцэл, хуваагдал, хэл ам гарч эхэлсэн.

Тухайлбал хоёрын даваанд Хөвсгөл аймгийн харьяат улсын начин Б.Даваа-Очир, Увс аймгийн начин Оргилболд нарыг хэлмэгдлээ гэж шуугьсан. Даваа-Очирын хувьд Хэнтий аймгийн арслан Алтанцоожтой хүч үзээд дүрмэнд заасны дагуу бүтэн цагийн хугацаанд давалцаагүй учир хөлийн цэцүүдийн шийдвэрээр аймгийн арслан Алтанцоожийг идэвхээр нь давуулсан. Гэтэл наадмын эхний өдрийн орой цахимаар тэр чигтээ хөлийн цэц улсын начин Одхүүг харааж зүхсэн, Даваа-Очир начинг хэлмэгдүүлж нутгийн бөхөө эрх мэдлийнхээ хүрээнд давууллаа гэж тэр чигтээ дайрч доромжилсон.

Энэ байдал долоогийн давааны аварга Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж нарын барилдаан дээр бүр утгаа алдсан. Энэ хоёр бөхийн барилдаан дүрэмд тусгасан зүйл заалтын дагуу үргэлжилж цаг дуусахад хэн хэн нь хаялцаагүй учир хөлийн цэцүүдийн бараг 100 хувийн шийдвэрээр аварга Батсуурийг давуулсан. Бөх мэддэг, дүрмээ мэддэг хэнд ч уг барилдааны шийдвэр маш тодорхой байсан. Үнэндээ Батсуурь аваргын бүтэн цагийн барилдааны явцад гаргасан идэвх, хийсэн мэх, санаачилгатай байдал зэрэг нь маргаангүй ялалт байсан. Гэтэл цэнгэлдэх дүүрэн цугласан наадамчин олон нийтээрээ энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, ус ундааныхаа савыг шидэлж орилж хашгирсан. Сошиал сүлжээнд Батсуурь аваргыг энэ дүрмийг зохиосон мэтээр дайрч доромжилж, Содномдоржийг давах байсан гэж улайран дайрцгаасан нь маш эвгүй сэтгэгдэл төрүүлж байлаа. Нийтээрээ ингэж дүрмийн эсрэг тэмцэж, Батсуурийг үзэн ядсаныг, Одхүү начин тэргүүтэй хөлийн цэцүүдийг харааж зүхэж байгааг хараад яалт ч үгүй монголчуудын зан мөн дөө гэж бодож байлаа. Аливаа юманд хуульгүй мэт ханддаг, ямарваа дүрэм журмыг мөрдөж мөшгинө гэдгийг огтоос мэддэггүй зэрлэг бүдүүлэг, харанхуй мэт явж ирсэнийхээ горонд монголчууд ийм өөдгүй, хариуцлагагүй, ёс зүйгүй, ийм хоосон гуйлгачин амьдарч байгаа юм. Нэгэнт л дүрэм зохиож хуульчилсан бол түүнийгээ ягштал мөрдөж баримтлах ёстой. Хэрвээ мөрдөхгүй юм бол мянга сайн дүрэм гаргаад ч хэрэг байхгүй. Тухайн дүрэм алдаатай ч бай, оноотой ч бай түүнийг мөрдөх учиртай. Энэ зарчмыг монголчууд хатуу баримтлах ёстой. Гэвч бид хуульгүй мэт дур дураараа аашилж, аливаа зүйл дээр зөвхөн өөрийнхөө хар амийг бодож, өөртөө нийцүүлэх гэж юманд ханддаг болохоор бид хэзээ ч урагшилдаггүй юм.

Хууль дүрмийг баримталж явахын оронд монголын хууль гурав хоног гэж ярьцгааж өөрсдийгөө өөгшүүлж, дур дураараа аашилдаг. Ийм байдал энэ наадмаар маш тодорхой ажиглагдлаа. Хэрвээ Баяр наадмын тухай хуулиа мөрдөхгүй юм бол, бөхийн дүрмээ дагахгүй юм бол наадам чинь наадам биш болно шүү дээ. Батсуурийг эсэргүүцээд байгаа, цаагуураа дүрэм журмыг эсэргүүцээд байгаа нийт нөхдийн саналаар бол хүн бүхэн нутгийн бөхөө, харж биширч явдаг өөрийнхөө бөхийг дур зоргоороо давуулаад нэг бөх түрүүлэх биш арав хорин бөх түрүүлээд тэр бүгд нь аварга арслан болоод явах юм байна л даа. Гэвч бид чинь төртэй, хууль дүрэмтэй, түүнээ дагаж мөрдөх үүрэгтэй ийм улсууд. Үүнийхээ хүчинд ч наадам маань наадам хэвээрээ оршин тогтнож байгаа юм.

Ер нь бол идэвхээр нь хасдаг энэ заалт нь монгол бөхийг аврах сүүлчийн гарц байж ч мэднэ. Бөхийн барилдаан цагт баригддаггүй, зай талбайд баригддаггүй, дэлхийд ганц монгол бөх минь энээ тэрээ гэсэн энэ элий балай ойлголтоосоо одоо салах хэрэгтэй. Бөхийн барилдааныг хуульчилж өгсөн дүрэмтэй, тухайн заасан цагт нь хаялцаагүй тохиолдолд хэн идэвх санаачилгатай байсанд нь ялалт өгдөг энэ шийдвэр хамгийн зөв. Монгол төрийн наадамд хоёр бөх нь барилдаад хонохоо шахаж байсан тохиолдол олон бий. Тэр жил Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ хоёр юу боллоо. Дөрөв таван цаг хэн хэнийгээ баглаж чилийтэл зогсоод наадамчин олныг залхаахын дээдээр залхааж, муу сайн юмнуудыг яасан ч яадаг юм гэсэн байдалтай зогсож байсныг бид мэднэ. Төрийн шадар сайд нь очиж тэр хоёр бөхөөс хурдан барилдахыг гуйж гувшиж байлаа.

Тэгвэл энэ дүрэм бол бөхийг хурдан шуурхай барилдах, хамгийн гол нь идэвх санаачилга үзүүлэх, зүгээр барьц сонгохыг хүлээгээд, зүгээр нэг зуураад зогсчихыг болиулсан, бөхийн барилдааны үхээнц тогтонги байдлыг өөрчилсөн ийм л дүрэм. Тиймийн тулд монгол бөхийг аврах сүүлчийн ганц боломж ч байж мэднэ гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр монголчууд минь гаргасан дүрэм журмаа нийтээрээ эсэргүүцэн дайрах биш харин ч ягштал баримталдаг, дагаж мөрддөг болохыг энэ жилийн наадмын бөхийн барилдаан харууллаа. Архангай нь ч байна уу, Өвөрхангай нь ч байна уу, аль нутгийн бөх түрүүлсэн нь сонин биш. Хамгийн гол нь гаргасан дүрмээ баримталж, хаа хаанаа хариуцлагатай байхгүй бол бид өнгөтэй өөдтэй бүхнээ дур мэдэн устгасан энэ дэлхийн хамгийн бүдүүлэг улс үндэстэн болох нь гэдгийг харуулсан наадам боллоо.

Д.Батболд

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Жамсран: Наадмаар Б.Бат-Өлзий заан түрүүлж, Ховдын бөхчүүд давхар цохилт хийнэ DNN.mn

Бөх судлаач Л.Жамсрантай баяр наадмын бөхийн барилдааны өнгийг шинжиж ярилцлаа. Тэрбээр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд үндэсний бөхийн барилдааныг дагнан судалж, хэд хэдэн бүтээл туурвиж хэвлүүлсэн юм.


-Сайхан зусаж байна уу, та. Наадам дөхсөн өдрүүд танд ямар мэдрэмж авч ирдэг вэ?
-Сайхан. Сайхан зусаж байна уу. Наадмаар хэн яаж барилдах бол гэх бодол л толгойд эргэлддэг дээ. Ямар залуус дээш цойлж, аварга арслангуудтай барилдах нь сонирхолтой. Бичсэн, тэмдэглэсэн зүйлсээ хараад хүлээж байхад л наадам болчихсон байдаг.
-Энэ жилийн наадмын бөхийн барилдааны өнгийг та яаж харж байна вэ?
-Их ойн дараа жил цөөхөн начин төрдөг зүй тогтол харагддаг. Энэ жил ч үргэлжлэх болов уу. Наадмын дөрвийн давааны оноолт яаж таарах нь сонин байна. Ер нь аварга, арслан заанууд л тавын даваанд чихцэлдэх болов уу даа. Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, Д.Анар, Б.Серик, М.Лхагвагэрэл нарын 14 хүчтэн тавын даваанд босч ам авах зураглал харагдаж байна. Энд онцолсон хэдээс ганц нэг нь л дөрвийн даваанд унах магадлалтай. Гэхдээ боломж тун бага. Ийм бөхчүүд шөвгийн даваанд гарлаа гэж үзвэл улсын заанууд тун цөөхөн бөхөөс сонголт хийнэ. Төв аймгийн Д.Хүдэрбулга, Булганы Д.Амарсайхан, Баянхонгорын Д.Цэрэнтогтох, Э.Батмагнай гээд шилэгдмэл начингуудаас л ам авч барилдана.
-Жил жилийн наадмын тавын давааны тунаа бол тод өнгө нь байдаг. Энэ жил ямар бөхчүүд тунах бол?
-Энэ жил харцагууд хоорондоо тунах болов уу. Улсын харцага “өндөр” Мөнх-Эрдэнэ сүүлийн барилдаануудад гойд сайн байна. Бараг л тунана даа. Зааланд ингэж сайн барилдсан бөхчүүд л туначихаад байдаг. Магадгүй Б.Зоригтбаатартайгаа тунахыг үгүйсгэхгүй. Тэр жил Б.Соронзонболд, А.Бямбажав гэж салдаггүй хоёр найз тунаад гал ноцтол барилдаж цэнгэлдэхийг шуугиулж байсан удаатай. Тэгвэл энэ жил О.Мөнх-Эрдэнэ, Б.Зоригтбаатар нар тунаад барилдах магадлалтай шүү. Үгүй бол Өвөрхангайн Ц.Бямба-Отгон тунах магадлалтай.
-Наадмын түрүү, үзүүрт та ямар хүчтэний харж байна?
-Яг одоо л бөхчүүдийн бэлтгэл сургуулилалт жигдэрч байна. Миний харж байгаагаар Б.Бат-Өлзий зааны цаг ирсэн гэж харж байгаа. Ховд дэвжээндээ туршлагатай багш нарын дэргэд чамбай бэлтгэл хийж байгаа заан арслан цолны даваанд л гарна даа. Түүнчлэн Архангайн М.Бадарч гарьд арслан цолны төлөөх ээлжит дайралтаа хийнэ. Мөн л бүх юм нь дүүрсэн сайхан бөх. Бадарч, Бат-Өлзий нар гарч ирээд хоорондоо тулахад Бат-Өлзий заан давах магадлал харьцангуй илүү. Зүү орох зайгүй нягт хийгээд ойгүй их бяртай бөх шүү дээ, Бат-Өлзий заан. Заалны барилдаанд Бат-Өлзий шиг ноёлж барилддаг бөх наадмаар түрүүлдэг жишиг бий. Ч.Санжаадамба, О.Хангай, Ц.Содномдорж нарыг энд нэрлэж болно. Заалны барилдаанд өнгөлсөн бөх наадмаар түрүүлдэг үзэгдэл ч бий. Энэ жил Бат-Өлзий заан түрүүлж, Ховдын бөхчүүд давхар цохилт хийнэ гэж харж байна даа. Миний харж байгаагаар ийм хэдхэн хүний хооронд үзүүр, түрүүний таавар яригдах болов уу.
-Даян аварга Н.Батсуурь яаж барилдах нь олны анхааралд байна. Дархан аварга болох боломжийг нь та яаж харж байна вэ?
-Н.Батсуурь аварга дархан аварга цолны төлөөх сүүлийн дайралтуудынхаа нэгийг энэ жил хийх байх. Хамгийн багадаа 5-6 насаар дүү ид барилдаж байгаа залуусыг илүүрхэж 512 бөхийн барилдаанд түрүүлж цолоо дархална гэдэг ард гарахад хэцүү ажил л даа. Өнгөрсөн жил 1024 бөхийн барилдаанд том боломжийн өмнө тулж ирээд Б.Орхонбаяр арсланд унасан. Одоо бол тун хүнд л даалгавар. Гэхдээ түүнд эрэмбэ нь байна. Тавын даваанаас цааш зүүнийг аваад л явна. Гэхдээ долоогоос дээш даваанд ам авах сонголт нь хумигдаж ирнэ.
-О.Хангай аварга ч Даян аварга цолны төлөөх дайралтаа хийх байх. Үүнд та ямар таавар хэлэх вэ?
-Залуу аваргын тухайд тэгш ойн жил сайхан барилдаж түрүүлсэн. Аваргын барилдааныг анзаарахад айхтар хий зай л гаргаад байх юм. Өнгөрсөн хавар л гэхэд сумын заан хүүгийн этээнд тас гэдрэгээ саваад унаж байх жишээтэй. Их л цочоотой харагдах юм. Хөл рүү дохиход л энд тэнд гишгэж байгаа харагддаг. Залуу аваргын барилдаан сайн тогтож өгөхгүй байгаа юм болов уу даа. Бат-Өлзийтэй харьцуулахад боломж арай бага л даа.
-Цол ахих бөхчүүд улсын цолоо ахиулах бол. Үүнд та ямар таавар хэлэх вэ?
-“Алтан цом”-ын төлөөх өрсөлдөөний шигшээд шалгарч барилдаанд шалгарсан бөхчүүдийн цөм нь шөвгийн даваанд гарч өрсөлдөх болов уу. Тэд өндөр бэлтгэлжилттэй байгаа. Өөрөөр хэлбэл тэд л цолоо ахиулна. Ахиулах бөхчүүдийн тэргүүн эгнээнд улсын харцага О.Мөнх-Эрдэнийг нэрлэх байна. Өнгөрсөн жил зааны даваанд босч О.Хангайд өвдөг шороодож байсан бол энэ жил зааны даваанд гараад л ирнэ. Энд л Бат-Өлзий заантай туначихдаггүй юм бол цол ахина. Мөн Төв аймгийн харьяат улсын начин Д.Хүдэрбулга цол ахихаар сайхан өнгөтэй байна. Барилдааны хувилбар нь илүү баялаг болсон байна лээ. Б.Зоригтбаатар харцага ч цол ахих л хүмүүсийн нэг. Гэхдээ бэлтгэлжилт ямар байгааг сайн мэдэхгүй юм. Сүүлд “Алтан цом”-ын төлөөх барилдааны үеэр харахад бага зэрэг уналттай байгаа нь анзаарагдсан. Одоо сэргэсэн байх аа. Завханы Лхагвагэрэл заан, Дундговийн Э.Даш начин гээд бөхчүүд цол ахих болов уу. Булганы начингуудаас гараад ирж мэднэ. Сумъяабат тун сайн байгаа.
-Шинээр улсын цол авах залуусын талаар ямар таавар танд байна вэ?
-Өнгөрсөн жил олон начин төрсөн. Энэ жилийн тухайд олондоо л 4-5 аймгийн цолтон улсын цол авах болов уу. Улсын аварга Ч.Санжаадамбын тухайд дэвжээний залуусаа дэмжиж цолны босгоор алхуулах талаараа хэлснийг та бүхэн сонссон байх. Энэ жишгээр зарим улсын том цолтнууд дүү нарыг дэмжих таарна. Бусдаар бол том цолтнууд ингэж чихцэлдэж байхад залуу бөх гүйх завсар бараг л гарахгүй болов уу даа. Архангайн С.Сүхбат, Э.Мөнхжаргал, Өвөрхангайн О.Наранбаатар, Т.Довчинсэмбээ гээд цөөхөн залууг л начин цолны тааварт хэлэх байна. Эдэн дээр Ховдын аймгийн начин М.Баяржавхлан нэмэгдэнэ. Аварга, арслангуудыг даваад байдаг тэр том хүү наадмаар даага хөтөлж мэднэ.
-Сая баяр наадам зохион байгуулах комиссоос наадмаар идэвх харж хасах тухай мэдээлэл хэлж байна. Энэ шийдвэрийг та яаж харж байна вэ?
-Бөхчүүд үүнд төрөл бүрийн л байр суурь илэрхийлэх байх. Хувийн зүгээс хэлэхэд хэрэв наадмын дэвжээнд барилдааны идэвх харж хасвал дуусахгүй олон маргааны эхлэл бий болно. Батсуурь аваргыг идэвхээр хасвал яах вэ. Улаан хэрүүл болж, цаашлаад эмх замбараагүй байдал ч үүсч болно. Монгол бөхийн цагт хязгаарлагддаггүй
Л.Жамсран: Наадмаар Б.Бат-Өлзий заан түрүүлж, Ховдын бөхчүүд давхар цохилт хийнэ гоё уламжлалыг эд нар эвдэж байна л даа. Ийм дураараа байж болохгүй л гэж харж байна. Гэхдээ энэ асуудал эцэслэгдэж шийдэгдээгүй байна. Хэрэв энэ хэвээр шийдэгдвэл наадмын салхи өөр тийшээ эргэнэ. Б.Орхонбаяр, Б.Зоригтбаатар, Э.Батмагнай гээд бөхчүүд наадмын өнгө тодорхойлох боломжтой.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бат-Өлзий заан, Архангайн О.Мөнх-Эрдэнэ харцагатай дээгүүр даваанд тунах магадлал өндөр байна DNN.mn

Үндсэндээ долоо хоногийн дараа улсын наадам болох нь. Зарим бөхчүүдийн сэргэлтийн бэлтгэл өндөрлөж, орон нутгийн наадамдаа зодоглох нь бууж байна. Харин улсын наадамд барилдах бөхчүүд нь 10 болон 11-ний өглөө шууд наадамдаа барилдахаар бэлтгэлээ өндөрлүүлнэ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд бөхийн томоохон галуудын сорилго барилдаанууд болов. Энэ үеэр хэний бэлтгэл ямар байгаа нь харагдлаа. Баяр наадамд барилдах бөхчүүдийн цөм нь Сүүж уул амралтад төвлөрчээ. Сүүлийн хэдэн жилийн баяр наадмын өнгийг энд бэлтгэл базаасан бөхчүүд тодорхойлж ирсэн. Энэ жил ч тэд тодорхойлохоор харагдаж байна. “Сүүж” ууланд “Ховд” дэвжээний их гурвал болох улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан нар айлсаж, бие биенээ хурцалж хамтдаа бэлтгэлээ базааж байна. Тэр дундаа улсын заан Баярхүүгийн Бат-Өлзийгийн бэлтгэл өнөө жил гойд сайн байгаа аж. Халгатал тунасан Хангайгаасаа бага зэрэг хоцорсон нь өөрийгөө ирлэж өөр түвшинд бэлтгэхэд хүргэжээ. Энэ жилийн түрүү бөхийн таавар түүнтэй л холбогдож байна. Түрүүлэхийн тулд тэр гол барилдаанаа долоо болон наймын даваанд тунаж хийнэ. Өөрөөр хэлбэл Архангайн улсын харцага О.Мөнх-Эрдэнэтэй тунаж барилдах магадлал тавиас илүү хувьтай. Нөгөө талд “Бөх билэгт” дэвжээнээс бэлтгэж байгаа гол хөзөр нь Мөнх-Эрдэнэ харцага. Энэ хоёр тунасан нөхцөлд давсан нь цаашаа түрүү, үзүүрт гарч өрсөлдөх боломжоо нээнэ. Өмнөх өрсөлдөөний үзүүлэлтүүдийг сөхөж харвал Бат-Өлзий заанд магадлал илүү харагдаж байгаа юм. Энэ давааг л аюул осолгүй гэтлээдэхвэл Бат-Өлзийгийн түрүүлэх таавар бодитоор биеллээ олоход үндсэндээ ганц алхам л үлдэнэ. Энэ жилийн наадмаар идэвх харж хасна гэх мэдээллийг бөхийн салбар хорооноос хийсэн. Энэ шийдвэр Бат-Өлзийд сөргөөр нөлөөлж болох талтай. Барилдааны идэвхээр л хасагдчих гээд байдаг бөх бол Бат-Өлзий заан. Бусдаар бол заалны барилдааны “мангас” Бат-Өлзийгийн гарыг нугалах хүчтэн энэ жил алга.

Нөгөө талд О.Хангай ч цол дагаж бяр нэмээд 102 жилийн ойдоо хүч үзнэ. Харин хий зай нь хэр дарагдсан нь анхаарал татаж байна. Тэрбээр улсын начин Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, аймгийн харцага Э.Өлзийсайхан гээд төрөл бүрийн барилдаантай бөхчүүдтэй хамтран бэлтгэлээ базааж байгаа. Үр дүнд нь тэр улсын наадамд түрүүлсэн. Энэ жил ч барилдааны гол бэлтгэлээ өнөөх хэдтэйгээ л хийж. Ирийг нь мэдээж Ц.Мягмарсүрэн заан тааруулна. Аварга Хангайгийн хааяахан гаргадаг хий зайг нь засч янзлахаар ард нь бүтэн баг ажилладаг юм билээ.

Мөн улсын заан Б.Пүрэвсайхан арслан цолны төлөөх сүүлийн сумныхаа нэгийг хүчтэйхэн тавихаар бэлтгэж байгаа бололтой. Энэ улиралд заалны барилдаанд хоёр ч удаа түрүүлсэн түүний хувьд өндөр даваанд гарч өрсөлдөөн үзүүлэх бүрэн боломжтой.

Түүнчлэн улсын заан М.Лхагвагэрэл энд бэлтгэлээ базааж байгаа. Гавьяат багш Б.Адъяахүү, Б.Баттулга нарын туршлагатай багш нар залуу зааны ирийг тааруулж буй. М.Лхагвагэрэл “Даян” дэвжээний наадмын сорилго барилдаандаа түрүүлж мөн л бэлтгэл сайн байгаагаа харуулаад амжсан. Энэ жилийн тухайд “Даян” дэвжээнээс наадмын дэвжээнд дээгүүр даваанд гарч өрсөлдөх нь улсын заан М.Лхагвагэрэл л байна. Өнгөрсөн жил хамгийн залуу начны даага хөтөлсөн Э.Батмагнай Баянхонгор аймгийнхаа галын наадмын сорилго барилдаанд түрүүлсэн байна лээ. Инээдэг гарьд П.Сүхбатын ид үеийн гал цогтой эрэмгий барилдааныг санагдуулдаг энэ хүү наадмын дэвжээнд цахиур хагалах л бөхчүүдийн нэг. Энэ жилдээ архагуудтай өрсөлдөхөд арга туршлага нь арай жаахан нимгэдэж болно. Цаг мөч бүрээр л ур чадвар нь ахиж яваа Баянхонгорын Батмагнай начин ирэх он жилүүдэд олон наадмын өнгийг тэр ч тодорхойлох байх. Гавьяат тамирчин Ц.Нацагдоржийн гарын шавь Совдын Мөнхдуулдах Э.Батмагнайн бэлтгэл сургуулилалтыг хариуцаж ажилладаг юм.

Наадмын өнгийг тодорхойлох дараагийн хүчтэнүүд “Бөх билэгт” дэвжээнд бий. Тэд өнгөрсөн улиралд багаараа сайн ажиллаж “Алтан цом”-ын анхныхыг нь Архангай нутагтаа залсан. Өнгөрсөн жилийн наадмын долоогийн даваанд л “ажлаа дуусгасан” тэд энэ жил дутуугаа гүйцээхээр чамбай бэлтгэж байна. “Бөх билэгт” дэвжээний дасгалжуулагч улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нарын тоглох гол хөзөр нь улсын гарьд М.Бадарч, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар. Тэднийгээ наадмын өндөр даваанд хосоор нь сойно. Сүүлд 2016 оны тэгш ойн жил давхар цохилт хийж үнэмлэхүй амжилт үзүүлж байв. Энэ жилийн тухайд дээрх амжилтаа давтахад хэцүү. Энд харин улсын цолд яригдах хэд эдэн залуу бий. Аймгийн хурц арслан С.Сүхбат, цэргийн арслан Л.Отгонбаатар, аймгийн арслан Э.Мөнхжаргал, цэргийн заан Ө.Батсуурь нарыг онцлох байна. Эдний хоёр нь улсын цолны босгоор алхах бодит боломжтой. Учир нь улсын аварга Ч.Санжаадамба өнгөрсөн сар шинийн үеэр нэвтрүүлэгт орохдоо залгамжаа бэлтгэж, залуусаа цолны босгоор алхуулахад гар бие оролцох талаар шулуухан хэлсэн байдаг. Бүр тодруулбал аймгийн хурц арслан С.Сүхбатыг онцолж хэлсэн. Мөн улсын арслан Р.Пүрэвдагва нутгийн залуусаасаа нэгийг нь дэмжих болов уу. Эв нэгдэлтэй, багаар ажилладаг энэ дэвжээнээс улсын цолтон төрөх нь дамжиггүй. Сүүлд нь онцлоход улсын харцага Батсүхийн Зоригтбаатар энд бэлтгэлээ базааж байгааг мартаж болохгүй.

Увс нуур галынхан урьдын адилаар Цонжин болдогоос хойшоо даваад Харзтай дахь “Шүтээн” амралтад бэлтгэлээ базааж байна. 25 жилийн арвин түүх, зузаан намтартай энэ галын наадмын сорилго барилдаан бямба гаригт болов. Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, Д.Дорлигжав, дархан аварга, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нарын төр, нийгмийн зүтгэлтнүүд цуглаж сонирхсон энэ наадамд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, аймгийн арслан Д.Тогтохжаргал үзүүрлэсэн юм. Даян аварга Н.Батсуурь галын наадамдаа зодоглосон ч Сэлэнгэ аймгийн заан Баттөрийн Ганбаярт унасан. Харин улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Н.Жаргалбаяр нар энэ удаа наадмын сорилго барилдаанаа өнжсөн юм. Бөхийн барилдааны үеэр ширүүн бороо асгарч, чөлөөгөөр нь үүлэн завсраар нар цухуйж солонго татах үзэгдлийг харсан наадамчид жигтэйхэн бэлгэшээж байна лээ. Галын наадмаар нь бороо асгарсан жил эндээс наадмын түрүү бөх тодордог зүй тогтол бий гэнэ. Тодруулбал 2020 онд Нагалхан уулын өвөрт болсон наадмын сорилгын үеэр нэг их хүчтэй аадар асгармагцаа мөд удалгүй цэлмэж, солонго татаад эхэлж л дээ. Тэр жилийн наадмаар П.Бүрэнтөгс аварга түрүүлж улсын аварга болж байсан гэнэ. Н.Батсуурь нь үзүүрлэж энэ гал давхар цохилт хийж байв. Энэ жил ч тийм л амжилт хүлээж байгаа бололтой. Энэ жилийн тухайд Увс нуур дэвжээний гол найдвар нь улсын даян аварга Н.Батсуурь. Дөрвийн давааг л аргалаад гарахад их шөвөг хүртэл ногоон гэрлээр гүйх боломжтой. Учир нь тэр наадмын дэвжээнд амласан бөхдөө унадаггүй том онцлогтой бөх. Өрсөлдөгчөө зөв үнэлж, ухаалаг барилддаг Н.Батсуурь аварга энэ наадмын чимэг нь байх болов уу.

Харзтайн ойролцоо улсын арслан Баярсайханы Орхонбаяр наадмын бэлтгэлдээ гарсан байна. Тэрбээр өөрийн багш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн хамт “Увс нуур” дэвжээний галын барилдааныг сонирхоод явж байна лээ. Н.Батсуурь аваргын барилдааныг анхааралтай ажиглаж байгаа нь наадмын барилдаанаа тооцоолж байгаа мэт. Учир нь тэд энэ жил ахин таарах магадлалтай. Аймгийн арслан Г.Дармаажанцан, аймгийн харцага Х.Наранбаяр, цэргийн начин Г.Баянмөнх, аймгийн начин М.Баяржавхлан нарын залуус Б.Орхонбаяр арслангийн бэлтгэлийг базаалцаж байна. Ирийг нь Т.Өсөх-Ирээдүй харцага тааруулж буй. Орхонбаяр арслан хавар бэртэл авснаас хойш гарч барилдаагүй. Яг ямар форумтой Төв цэнгэлдэхэд очих нь мэдэгдэх юм алга. Ид барилдаж байгаа залуу хүчтэний тухайд наадмын түрүүг л зорьж байгаа болов уу.

Мөн хамгийн олон фэнтэй бөх улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Д.Анар нар наадмын бэлтгэлээ хамтдаа базааж байгаа гэнэ.

Энэ жилийн наадмын өнгө тодорхойлох бөхчүүдийн талаар энд онцлоход ийм байна. Өөрөөр хэлбэл энэ хэдийн хооронд л гол өрсөлдөөн гарна гэсэн үг. Төрийн жолоог атгаж буй Хэнтийнхэн улс төрд Оюун-Эрдэнийг, улсын наадамд Оюунболдыг харна гэж сонгуулийн PR хийж байсан ч өнөөх нь дахиад л допингийн асуудалд орооцолдчихлоо. Төрийн жолоог атгасан ах нар нь ч Оюунболдыгоо ингээд орхиж байгаа бололтой. Дээд талд ямар ч эрхтэн дархтан байгаад аргалж болдоггүй асуудал гэж бас байдаг юм байна. Өнөө жил Хэнтийнхэн түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж буй. Тэд залуухан харцага Ганцогтын Бадрахыгаа наадмын дэвжээнд харна. Гэхдээ түрүү, үзүүрийн талаар ярихад арай эрт болов уу. Ирэх жилүүдэд харин арал чацтай энэ Бадрах харцага наадмын дээгүүр даваанд хүрэх нь дамжиггүй.

Сүүлд нь онцлоход найраа гэх асуудал наадам бүрийн дараа л яригддаг. Энэ жилийн тухайд тийм асуудал гарахгүй нь бололтой. Учир нь бөхийн найраа, морины наймаанд баруун солгойгүй мөнгө цацдаг баячуудын цөм нь нүүрсний хулгайн асуудалд орооцолджээ. Наймаа, найраатай манатай л амьсгаа өндөр яваа бололтой. Ямартаа ч бид өнөө жил шударга өрсөлдөөн үзэх нь. Энэ жил дөрвөн ч аймгийн 100 жилийн ой тохиож буй. Тэд харин ганц нэг ирээдүйтэй залуугаа начинд зүтгүүлэхээр мундагдаж мэдэх юм. Бусдаар бол өндөр даваанд янз бүрийн найраа, хар хороос ангид цэвэр шударга, өрсөлдөөн гарах нь. Допинг хэрэглэх хүн ч гарахгүй байх биз ээ. Барилдах эрхээ 4-8 жилээр хасуулаад баларч байгаа бэлэн жишээ байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бага, дунд ангийнхан электрон тамхийг ихээр хэрэглэх болжээ DNN.mn

Үүлний завсраар үе үехэн ёлтойх илч муутайхан нарны өөдөөс нүдээ гурвалжлуулж саравчлах ахмадыг хажуугийн тоглоомын талбайд цангинатал хашхирах хүү цочоов. Хичээл амарч тоглоомын талбайд хүүхдийн хөлд дарагджээ. Нийслэлийн 11 дүгээр сургуулийн хойд талд байрлах хүүхдийн тоглоомын жижигхэн талбайд хүүхдүүд шпрот шиг чихцэлдэнэ. Сургууль цэцэрлэг амарч тэд чөлөөт цагаа энд өнгөрүүлж байгаа нь энэ. Энд өмнөхөөс өөр зураг харагдах нь дунд ангийн юм уу гэмээр хүүхдүүд амандаа тамхи зууж, утаа баагиулах юм. Эр, эмгүй л халааснаасаа электрон тамхийг гаргаж хэд сормогцоо цааш нь хийгээд огло үсэрч тоглохоор гүйлдэнэ. Төд удалгүй өнөөхөө гаргаж хэд сороод л гүйлдээд алга болно. Электрон тамхины хэрэглээ өсвөр насныхны дунд ингэж л дэлгэрчээ. 10 хэдхэн настай хүүхдүүд амнаасаа утаа саагиулаад гүйлдэх зураглал захын тоглоомын талбайгаас л ил цагаан харагдаж байна. Тэднийг тоож байгаа хүн ч алга

Тавдугаар ангийн сурагч н.Оргил: Электрон тамхи аваад явахад ах нар мөнгө нэхдэггүй


Том цагаан малгай, бариу улаан подвалкоор гоёсон жаахан хүүг н.Оргил гэнэ. Шинэ хувцсаа найзууддаа гайхуулж, чамирхаж ярих дэгжин хүү 111 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч. Хүүхдийн баяраар аав, ээжээрээ хувцас авхуулаад гоёж яваа нь энэ. Түүнтэй ярилцлаа.


-Электрон тамхи татдаг юм уу, чи?

-Тийм ээ.

-Гэрийнхэн нь авч өгсөн үү?

-Би өөрөө авсан. Манай ангийн хүүхэд зарж байсан юм. Ээжийн өгсөн хоолны мөнгөөр авсан.

-Сороход ямар санагдаж байна?

-Жимс амтлагдаад, чихэр шиг санагддаг юм.

-Танай ангийнхан татаж байна уу?

-Завсарлагаанаар л татдаг. Багш хэд хэдэн хүүхдийн тамхийг нь хураагаад авчихсан. Зарим нь ээждээ хэлээд буцааж авсан. Би багшид мэдэгдэхгүйгээр хичээл завсарлахад л гараад татчихдаг.

-Электрон тамхи тийм гоё байна уу. Гэртээ татаж байна уу?

-Жимс л амтлагдаад байдаг. Дахин дахин сороход илүү гоё амттай. Гэртээ татахгүй ээ. Татаж байгаад л ордог. Ээж мэддэггүй юм. Өвөөгийн тамхи шиг үнэртдэггүй шүү дээ, энэ чинь.

-Танай ангийнхан хаанаас электрон тамхи авч байна, чи мэдэх үү?

-Байрныхаа дэлгүүрээс л авсан гэдэг. Би лав ангийнхаа хүүхдээс авсан.

-Үүнийг заавал татах гээд байдаг юм уу, зүгээр зайрмаг идэж болохгүй байна уу?

-Чихэр, жимс амтлагдаад байдаг. Дээд ангийн ах нартай уулзахад ч тамхи татахад гоё байдаг юм. Тамхи бариад явж байхад тэд мөнгө нэхдэггүй. Тамхинаас хэд сороод л явуулчихдаг.

-Үнэхээр татмаар санагдаж байна уу?

-Завсарлагаан бүрээр л гарч татмаар санагдаад байдаг.

-Танай эмэгтэй найзууд хүртэл татаад байна уу?

-Зарим нь татдаг. Тэгж их татдаггүй ээ” гэсээр бидний яриа өндөрлөв. н.Оргил ч электрон тамхинаасаа хэд сорж жижигхэн амандаа тамшаалаад бөмбөгөө хөөгөөд гүйв.

Түүний хэлж буйгаар хүүхдүүд хичээлийн завсарлагаанаар цахилгаан тамхиа сордог гэнэ. Тэд электрон тамхины чихэр, чимсний үнэр амтад болдог гэнэ. Үнэр нь ч таатай сэтгэгдэл төрүүлдэг юм байна. Хачирхалтай нь эмэгтэй хүүхдүүд ч электрон тамхи хэрэглэх нь түгээмэл болж. Тэднээс тодруулахад ээж, эгчийнхээ тамхинаас хэд сорж явсаар хамааралтай болсон талаараа хэлж байна. Гэр бүлийнхэн нь электрон тамхийг соёлтой хэрэглээ гэх ойлголтыг дүү нартаа өгснөөр хамааралтай болгож. Тэдэнд электрон тамхины хор хөнөөлийн талаар наад захын ойлголт харагдсангүй. Зарим нь модтой чихэр шиг амнаасаа салгахгүй сорж байх юм.

Электрон тамхины худалдаа ч дэлгэрчээ. Захын байрны дэлгүүр ороход л шажигнатал зарагдаж байна. 17500-гийн электрон тамхийг дунд ангийн хүүхдүүд булаацалдаад аваад гарч байх. Хаа сайгүй тааралдах CU, GS25-ын салбаруудаар ч электрон тамхи талх шиг л зарагдаж байна. Түүнчлэн электрон тамхи татах залуусын цуглах газар гэх 20 орчим мянган гишүүнтэй бүлгэм сошиалд тун идэвхтэй ажилладаг юм байна. Тухайн бүлгэмээр шагайхад гишүүд нь гол төлөв дунд сургуулийн хүүхдүүд байдаг бололтой. Анзаарахад тийм өнгөтэй тамхи нь ийм жимстэй, тийм мэдрэмж төрүүлдэг гэхчлэн зар байршуулжээ. Тэнд ийм тамхийг зарж байна ийм ч гоё гэх постууд ар араасаа хөвөрч байх.


Э.Тэмүүлэн: Электрон тамхи татдаг хэд маань хичээлээ хаясан

ХУД-ийн 115 дугаар сургуулийн X ангийн сурагч Э.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Электрон тамхи хэр удаан татаж байна вэ?

-Дунд ангид байхаасаа л татсан. Дөрвөн жилийн хугацаанд л тасралтгүй татаж байна.

-Анх яагаад татах болов?

-Ангийн хүүхдүүд татдаг байсан юм. Сорж үзэхэд чихэр амтлагдаад гоё санагдаад л татдаг болчихсон. Татаж байгаа хүмүүс гоё харагддаг байсан л даа. Дуурайгаад л татаад эхэлсэн. Удаан татахад их муу юм байна.

-Нэлээн хугацаанд татжээ. Эрүүл мэндэд өөрчлөлт гарч байх юм уу?

-Эхэндээ анзаардаггүй юм билээ. Чихэр амтлагдаж байгаад л нэг мэдэхэд донтчихдог. Цахилгаан тамхи байхгүй л бол байж сууж чадахаа болино. Хичээл биш цахилгаан тамхи бодогдоод байдаг болсон. Одоо би биеийн тамирын хичээлдээ ороод гүйж чадахаа больсон. Өнгөрсөн хавар хатгаа тусаад уушгиа рентгенд харуулахад эрүүл бус гэх онош гарсан. Үүнийг электрон тамхины хэрэглээтэй л холбоотой гэж харж байгаа. Ээж аав маань ч надад ингэж л хэлдэг.

-Гэнэт л салж чадахаа больсон хэрэг үү?

-Тийм ээ. Тамхиа л сорохгүй бол хичээлдээ ч анхаарч чадахгүй. Тамхи хайгаад л хаа сайгүй тэнэдэг болсон. Хичээлээ бараг хаясан. Сүүлд нь уушги өвддөг, амархан ханиад хүрдэг боллоо. Гэхдээ одоо би электрон тамхи татахаа больсон гэв.

Электрон тамхины уршгийн талаар сурагч дээрх байр суурийг илэрхийлж байна. Эхлээд соёлтой хэрэглээ гэх байдлаар татаж байсан бол сүүлдээ эрүүл мэндэд нь эрсдэл учрах болсон талаар хэлж байна. Электрон тамхи татдаг хүүхдүүд ч эрүүл мэнд нь доголдоод эхэлснийг тэр онцолж байв. Өнөөдөр байрны гаднах дэлгүүрүүдэд ихээр зарагдаж буй электрон тамхи арваадхан настай хүүхдүүдийн эрүүл мэндийг устгахад ойрхон байгааг Эрүүл мэндийн яамнаас ч анхааруулж байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр Өмнөговь, Дархан-Уул аймгуудад электрон тамхи худалдаалахыг хориглоод байгаа юм.

Өнөөдөр тоглоомын талбайд утаат тамхинаас илүү электрон тамхины хурц, ихүүн үнэр сэнгэнэх болжээ. Бага дунд ангийнхан электрон тамхиар амьсгалж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Уянга: Шууд хэлэхэд ОХУ-ын захиалгаар хүчний байгууллага хөдөлж намайг айлгахаар оролдож байна DNN.mn

“Элийрэгч” Ц.Уянгатай ярилцлаа.

-Эх орноосоо урвасан гэх үндэслэлээр таныг шалгаж байна гэх мэдээлэл гарлаа. Юу болоод байна вэ?

-ТЕГ-аас хоёр удаа утсаар ярьж мэдүүлэг өгөхийг шаардсан. Ямар үндэслэлээр буруутгаж байгааг нь тодруулахад тавдугаар сарын 17-ны өдөр хийсэн жиргээтэй холбоотойгоор н.Батзориг гэх иргэн гомдол гаргасан гэхээс бусдаар тодорхой мэдээлэл хэлэхгүй юм. Иргэний гаргасан гомдлын мөрөөр л мэдүүлэг авахаар болсон юм шиг байна. Хэн нэгний гомдлоор ТЕГ шалгаж байгааг нь хараад гайхлаа.

-Ямар жиргээнд үндэслэж гомдол гаргав?

-Би тавдугаар сарын 17-ны өдөр твиттерт жиргэсэн бүх жиргээгээ шүүж үзлээ. Шүүсэн постуудаа нэгтгээд олон нийтийн сүлжээнд нийтэлж, алийг нь эх орноосоо урвасан гэж үзэж байгааг ойлгохгүй байна гэдгээ ч бичсэн. Магадгүй жаахан ёжлол маягийн пост хийсэн. Бидний зүгээс бие даасан улс орны байдалд түрэмгийлэгч орон хөндлөнгөөс оролцож байгааг эсэргүүцсэн. Нэг хэсэг Засгийн газраас МҮОНРТ-ээр мэдээлэл хийж, иргэдийг буруутгаж байсныг ёжолж хэлсэн төдий. Тэр нь эх орны аюулгүй байдалтай холбогдож, би эх орноосоо урвах үйлдэл мөн үү. Би ойлгохгүй байна.

-Та мэдүүлэг өгөв үү?

-Шалгаж байгаа үндэслэлээ надад тодорхой тайлбарлахгүй байна л даа. Прокуророос тогтоол гаргаж албан ёсоор надад мэдэгдэх ёстой. Хэн нь мэдэгдэхгүй хүн залгаад л ирж мэдүүлэг өгөхийг шаарддаг үзэгдэл байж болохгүй. Ийм тодорхой бус асуудалд очих боломжгүй гэдгээ ч илэрхийлсэн. Энэ чинь өөрөө хууль бус үзэгдэл шүү дээ. Ирж мэдүүлэг өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэж хэлж байна лээ.

-Иргэний гаргасан гомдлоор ТЕГ хөдөлдөг болчихсон юм уу?

-Хувийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө иргэний гомдлоор ТЕГ хөдөлж байгааг үнэхээр гайхлаа. Оросын элчингийн албан тушаалтан хэн нэгний турхиралтаар л иргэнийг айлгах ажиллагаа явж байна л даа. Миний харж байгаагаар ОХУ-ын захиалгаар л хүчний байгууллага хөдөлж, намайг оролдлоо. Хүчний байгууллагууд ийм хэмжээнд хүртэл ялзарч, үхэжсэн байна.

-Та юм бүхэнд шүүмжлэлтэй хандаж, дайрч доромжилж байгаа харагддаг. Энэ чинь ямар зорилготой юм бэ?

-Нийгмийн болж бүтэхгүй асуудлыг эсэргүүцэхдээ алдаа гаргаж бусдын нэр хүндэд халдсан, гүтгэсэн асуудал бий. Энэ асуудлаар дуудагдаж мэдүүлэг өгч л байсан. Иргэний эрх зүйн шугамаараа асуудлаа шийдвэрлээд л явдаг. Дайныг эсэргүүцсэний төлөө түрэмгийлж байгаа улсынх нь захиалгаар ч юм уу, бидэнд янз бүрийн л арга хэмжээ авлаа. Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн л гэж байна. Өөрсдийгөө эрүүгийнхэн гэж нэрийдсэн бүлэглэлүүдээр дамжуулж биднийг дарамтлуулж л байна. Энэ ажиллагааны хажуугаар төр нүд нь балай, чих нь дүлий л царайлж байгаа нь хачирхалтай. Дайны эсрэг дуугарсан иргэдийг л энэ мэтээр залхаан цээрлүүлж байна л даа. Оросын эсрэг дуугарах л юм бол хэн юу хэлж байгаагаас үл хамаарч амыг нь барьдаг болж. Бидний зүгээс ОХУ-ыг үзэн ядаад, хөөж гарга гэх асуудал хөндөөгүй. Хууль хүчний байгууллага ингэтлээ сандарч Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

-Та бүхний No war хөдөлгөөнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байх шиг. Хаа байсан Украины асуудалд хөндлөнгөөс бид оролцож энд янз бүр болох хэрэггүй гэх байр суурийг илэрхийлэх нь түгээмэл байна л даа.

-Манайх Үндсэн хуулиараа ч, нэгдсэн орсон конвенциудаараа дайныг үл тэвчих үүрэг хүлээдэг. Хүн төрөлхтний эсрэг түрэмгийлэл үйлдэх, улс үндэсний дотоод хэрэгт хөндлөнгөөс дээрэнгүй бодлого явуулах, дайн өдөөсөн улс орныг үл дэмжих үүргүүд хүлээдэг. Үүнийг ч үндэсний үзэл санаандаа тусгасан байдаг. Бидний үйл ажиллагааны тухайд аливаа дайны үйл ажиллагаанд санхүүжүүлэх, сурталчлах байр суурь илэрхийлэх, өдүүлэгч талд хамтрагч байхгүй байх гэсэн л агуулгатай. Хэдхэн хүн дайнаа боль гэхэд л хаа байсан Сирийн дайныг ярихгүй яасан юм гэх. Бид улс төр нийгэм, эдийн засгийн бүх талаараа Оросын дарамтад байгаа. Улс төрийн шууд нөлөөтэй улсын тухайд дуугүй суух нь эрсдэлтэй. Болоод өнгөрсөн үйл явдлыг анзаарахад Оросын зааварчилгаагаар Монголын эдийн засагт хор хохирол учруулсан, өөрийн талын улстөрчдийг илэрхий санхүүжүүлсэн, иргэдийг хооронд нь хагалан бутаргаж, нэгийг нь нөгөөгөөр нь айлгадаг, үзэл бодлыг нь хавчдаг үзэгдэл олон жил явж ирлээ. Яг ийм л нөхцөл байдал Украинд гарсан. Олон жил ингэж яваад нэг л өдөр дотоодын үндсэрхэг үзэлтнүүдийг нь дэмжиж, санхүүжүүлж, үндэстэн доторх үндэстэн хоорондын мөргөлдөөн үүсгэж, үүнд хөндлөнгөөс оролцоод эхэлсэн. Энэ бүхэн суртал ухаалгаар манайд тохиолдох бүрэн боломжтой. Хаа байсан нөгөө тивд байгаа асуудал огт биш. Бид яг одооноос энхийн талд үзэл баримтлалаа тодорхойлж, зоригтой дуугарч олон улсад зарлах ёстой.

Өнөөдөр л гэхэд РЦНК дахь Худалдааны төлөөлөгчийн газраар дамжуулж дайны хамтрагч улс мэтээр хүүхдүүдэд сурталчилж, ухуулга хийж байгаа нь гутамшигтай үйлдэл. Ийм асуудалд иргэд үзэл бодлоо илэрхийлж л таарна. No war биш юм аа гэхэд өөр хэн нэгэн үүнийг эхлүүлэх л байсан. Эхлүүлсэн нэгнийг цагдаа, тагнуулаар дарамтлуулаад байвал юу болох вэ. Оросын дам болон дам бус нөлөөгөөр иргэдээ нухчин дардаг ийм асуудал байж хэрхэвч болохгүй.