Categories
мэдээ цаг-үе

Д.Халзан: Миний шавь нар надаас хэд дахин илүү дасгалжуулагч болцгоосон

1970 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид

МУБИС-ийн дэд профессор, гавьяат багш Д.Халзантай ярилцлаа.


-Волейболын багш дасгалжуулагч болж байсан түүхээс тань ярилцлагаа эхлүүлье?

-Би нийслэлийн 12 дугаар дунд сургуулийг төгссөн. Тус сургуулийн биеийн тамирын багш нар волейбол сайн тоглодог байсан нь энэ спортод татагдахад нөлөөлсөн л дөө. Я.Дамбасүрэн гэж волейбол их цэвэрхэн тоглодог хүнээр анх заалгуулж энэ спортод хөл тавьж байсан түүхтэй. 1966 онд Биеийн тамирын дээд сургуульд ороод 1968 онд улсын шигшээ багт бэлтгэл хийж тамирчин, дасгалжуулагч болсон.

-Тухайн үеийн Монголын волейболын шигшээ багт гаднын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг учраас хүчирхэг байсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Манай баг анх 1966 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тухайн үед Ардчилсан Солонгосоос Ён Ен Бо гэж мэргэжилтэн ирж Монголын шигшээ багт гурван жил ажилласан. Энэ хүнээс Азийн тоглолтын арга барилыг суралцаж авсан даа. Тухайн үед Монголын волейболчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцдог байсан. 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 24 багаас 16 дугаар байр эзэлж байлаа. 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манайхан АНУ-ын багийг ялж байсан түүхтэй. Хожим нь АНУ-ын баг 1988 оны Сөүлийн олимпт түрүүлж байсан.

-Та 1971 оноос волейболын спортын багш, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн гэсэн. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Би 1971 онд Дорноговь аймагт волейболын спортыг хөгжүүлэхээр очиж анхны шавь нартайгаа ажиллаж байлаа. 10 жилийн хүүхдүүдийг бэлтгэж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн. Эхний жилүүдэд хотын багуудыг арай дийлэхгүй ихэвчлэн дөрөвдүгээр байр эзэлнэ. Харин 1978 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд “Алдар” нийгэмлэгийн багийг хожиж анхны хүрэл медалиа зүүж байлаа. Тухайн үеийн “Алдар” чинь байнгын бэлтгэл сургуулилттай хамгийн хүчирхэг багуудын нэг байсан. Дорноговийн охидын баг есөн жилийн хугацаанд улсын аваргаас хоёр удаа хүрэл медаль хүртэж багшийгаа баярлуулсан шүү. Анхны шигшээ багийн гишүүн Базарсад маань Хэнтийн Батширээт рүү очиж хүүхдүүдийг багаас нь бэлтгэж улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж мөнгөн медаль хүртэж байсан удаатай. Т.Оюундэлгэр, Я.Энхмаа гээд олон улсын хэмжээний мастерууд чинь Базарсадын гарын шавь нар байхгүй юу. Бид чинь сүүлдээ бэлтгэсэн шавь нараараа өрсөлддөг болсон. Тэр үеэ эргээд бодоход сайхан байдаг юм.

-Та шавь нараа ямар арга барилаар бэлдэж байсан бэ?

-Бид өндөр зэрэглэлийн тамирчныг яаж бэлтгэхийг Ардчилсан Солонгосын багшаас суралцсан, дэлхийн шилдэг багуудтай өрсөлдсөн туршлагадаа тулгуурлаж бэлдсэн дээ. Би шавь нарынхаа зөвхөн спортын ур чадварт нь бус соёл, боловсролд нь давхар анхаарал тавьдаг байсан. Спорт чинь залуу насны ажил. Тамирчин зодог тайлсны дараа олон жилийн амьдрал байдаг учраас эрдэм боловсролд нь анхаарах нь багш хүний үүрэг.

-1979 онд та улсын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдож ажилласан гэсэн. Шигшээ багаа хэрхэн бүрдүүлж байв?

-Тухайн нөхцөлд улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглоход ур чадвараар тааруу ч цаашид өсөх ирээдүйтэй нэг үеийн залуучуудыг сонгож бэлтгэл хийлгэж шигшээ багаа бүрдүүлсэн. Энэ залуустайгаа 1994 онд Азийн наадамд оролцож байсан.

-1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирэхэд нь шигшээ багийг татан буулгасан гэсэн бил үү. Энэ талаар яриач?

-Эрэгтэйчүүдийн шигшээ баг анх 1966 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тэр жилийн дэлхийн аваргын өмнө ЗХУ-ын хотуудаар явж нөхөрсөг тоглолт хийж тэмцээний бэлтгэлээ хангаж байсан. Харамсалтай нь багийн гол тамирчид бэртэл авч амжилттай оролцож чадаагүй. 1970 онд Болгарт зохиогдсон дэлхийн аваргад манайхан Герман, ЗХУ, Тунис, Гвиней гэсэн улсуудтай нэг хэсэгт орж өрсөлдсөн. Манайх Гвинейг хожоод Тунист ялагдчихсан. Маргааш нь харин Тунис Гвинейг хожоод манайх хэсэгтээ гуравдугаар байр эзэлж 9-16 дугаар байрын төлөө өрсөлдөх боломж нээгдсэн л дээ. Тэмцээнээ амжилттай өндөрлүүлээд нутагтаа иртэл шигшээ багийг татан буулгах шийдвэр гаргасан байсан. Тухайн үед бөхийн тамирчид ганц нэг медаль авчихдаг байсан учраас медаль авах ёстой гэж хандсан хэрэг л дээ. Ингээд волейбол хөгжиж эхэлж байхад нь шигшээ багийг татан буулгаснаар олон улсад өрсөлдөх боломжгүй болсон. Биеийн тамир, спорт хорооны орлогч дарга Цэрэндаш, дүү Цогнэмэхээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулсан нь татан буулгахад нөлөө үзүүлсэн юм билээ. Цогнэмэх чинь багийн түлхүүр тоглогчдын нэг байхгүй юу. Энэ багт хамт тоглож явсан нөхдөөс маань өнөөдөр гурав нь амьд сэрүүн аж төрж байна даа.

-Эргээд хэдэн оноос олон улсын тэмцээнд өрсөлдөж эхэлсэн бэ?

-Олон улсын тэмцээнд оролцолгүй 24 жил завсарлаад 1994 онд Японы Хирошимад болсон Азийн тоглолтод оролцоход тэнцүүхэн өрсөлддөг байсан багууд маань ур чадвараар хол тасраад явчихсан байж билээ.

-Бэлдсэн шавь нарынхаа талаар ярихгүй юу?

-Би Монголын волейболын спортын үе үеийн шилдэг тамирчдыг бэлтгэж гаргасандаа баярлаж явдаг юм. Миний шавь нар өнөөдөр надаас хэд дахин илүү дасгалжуулагч болоод мандаж явааг нь хараад бахархах сэтгэл төрнө. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баасансүрэн шавь маань “Эрчим” клубийг амжилттай удирдаж хажуугаар нь шигшээ багийг дасгалжуулж байна. Миний гарын шавь Г.Баярсайхан, Л.Баатархүрээ нар маань Монголын дээд лигийн “Хасу Мегастарс”, “Уурхайчин” зэрэг шилдэг багуудыг дасгалжуулж өнөө цагийн шилдэг тамирчдын залгамж халааг бэлтгэж байна. Мөн хөдөө орон нутагт Г.Баярсайхан, А.Ханддож, Б.Уранчимэг нарын шавь нар маань волейболын спортын хөгжилд гар бие оролцож байна. Ч.Хулан, О.Наранбаатар нар маань МУБИС, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулиудаас оюутан тамирчдыг бэлтгэж байгаа. Р.Тамир гэж шавь маань “Ноён” клубт тоглож байгаад одоо Хэнтий аймгаас шилдэг волейболчдыг бэлтгэж байна.

-Бэлтгэсэн шавь нарынхаа эсрэг өрсөлдөж байсан уу?

-Шавь нарынхаа эсрэг тоглох хамгийн хэцүү. Бэлдсэн шавь нар маань бүрэн боловсроод өөр байгууллагад орж тоглоно. Тэд маань шинээр бэлдэж байгаа шавь нарыг маань “арчаад” өнгөрнө шүү дээ. Тэр үед надад хэцүү байдаг ч энэ зэрэглэлийн шилдэг тамирчдыг бэлтгэж гаргасандаа баярладаг юм.

-Шавь нараас тань танд барьж байсан хамгийн том бэлэг юу вэ?

-2000 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт зохион байгуулагдсан. Энд дасгалжуулж орсон эмэгтэй баг тамирчид маань мөнгөн медаль зүүж намайг их баярлуулсан даа. Надтай хамт дасгалжуулж байсан Японы мэргэжилтний байгуулсан гавьяаг дурдах хэрэгтэй байх. Дэлхийд алдартай Японы волейболын хэв маягийг манай шигшээд суулгаж өгч том гавьяа байгуулсан.

-Та Монголын волейболын спортын хөгжлийг яаж харж байна?

-Америк, ОХУ зэрэг дэлхийд волейболын спортоор тэргүүлэгч гүрнүүд шиг системтэй бэлтгэл сургуулилт хийлгэвэл Монголын баг олимп, дэлхийн аваргын хэмжээнд өрсөлдөнө. Хүүхдүүдийг багаас нь системтэйгээр бэлтгээд өгвөл монголчууд ямар ч спортын төрөлд авьяастай. Эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхдийг ямар нэгэн спортоор заавал хичээллүүлж, өөрийн гэсэн сонирхолтой болго гэж зөвлөмөөр байна. Хүүхэд өсвөр насандаа өөрийн гэсэн сонирхолтой байхад аливаа хорт зуршилд татагддаггүй.


Categories
мэдээ цаг-үе

Г.Батчулуун: Бөхийн хорхойтнууд бид барилдаан үзэж стрессээ тайлж, эрч хүчээ авдаг улс

Бөх сонирхогч Г.Батчулуунтай ярилцлаа.


-Монгол бөхийн спортод хэдий үеэс татагдаж, сонирхож эхлэв. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би 1990-ээд оны дунд үеэс л бөхийн спортыг сонирхож наадам, Цагаан сарын барилдаануудыг алгасалгүй үзэж эхэлсэн дээ. Тэр үед чинь зургаан залуу зааны өрсөлдөөн монгол бөхийн дэвжээг чимж байлаа. Үүнд татагдаж сайхан спортод сонирхолтой болсон хэрэг. 2000 онд хотод орж ирээд Монгол бөхийн өргөөнд зохиогдсон барилдаануудыг алгасалгүй үзэж хажуугаар нь тэмдэглэл хөтөлж эхэлсэн.

-Зургаан залуу зааны өрсөлдөөнийг дэргэдээс нь харж байв уу. Санаанаас гардаггүй ямар барилдаан байдаг вэ?

-Б.Бат-Эрдэнэ аваргын хийгүй нягт, Д.Мөнх-Эрдэнэ арслангийн эрэмгий, зургаан залуу зааны уран, хурц барилдаануудыг дэргэдээс харах хувь надад тохиосон азтай хүн. 1997 оны Ардын хувьсгалын 77 жилийн ойн их баяр наадмын гурвын даваанд Ц.Цэрэнпунцаг гарьд Б.Ганбатыг аймгийн арслан байхад нь амлаж барилдаж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм. Б.Ганбат чинь тэр үед улсын том цолтнуудыг айлгаж гарч ирж байсан л даа. Мөн Б.Сайнбаяр заан нутгийн аварга Д.Сумъяабазартай үнэн хүчийг үзэж барилдаад долоо давж заан болж байгаа барилдааныг нь эргээд бодоход сайхан байдаг юм. Д.Сумъяабазарыг түрүүлчих боломж дээр нь л саад хийж өөрөө заан болж байсан түүхийг хүнд хуучлах дуртай шүү.

-Та сүүлийн үеийн жилүүдэд Монгол бөхийн өргөө-нд болж буй барилдаануудыг алгасалгүй очиж үзэж байгаа харагдах юм. Гэртээ зурагтаар харах, очиж үзэх хоёр ялгаатай биз?

-Монгол бөхийн өргөөнд болж буй барилдааныг очиж дэргэдээс нь амьд уур амьсгалыг мэдэрч үзнэ гэдэг гоё л доо. Зурагтаар бол барилдааныг л харна. Халуун цэгт болж буй уур амьсгалыг мэдрэх боломжгүй. Зорьж очиж дэргэдээс нь үзээд сурчихсан хүн зурагтаар харахад сэтгэл ханамж авч чадахаа больчихдог юм билээ. Зөвхөн барилдаан ч биш хажуугаар нь олон сонирхолтой зүйлс тохиолддог байхгүй юу.

-Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний төлөөх тэмцлийн улмаас сүүлийн гурван ч томоохон барилдаан цуцлагдлаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?

-Харамсалтай байна. Ганц би биш, монгол бөхдөө хайртай олон хүн дор бүрнээ халаглаж байгаа байх. Монголчуудын өв соёлын дархлаа болсон эрийн гурван наадам хамгийн сонирхолтой өрсөлдөөнтэй. Монгол бөхийн спортоо үзэж сэтгэлийн цэнгэл эдэлдэг олон хүн байдаг. Бөхөд хайртай монгол түмэн болон бөхчүүдээ хүндлээд удирлагууд нь хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж эв зүйгээ түргэн олоосой гэж хүсч байна.

-Бөх сонирхогчийн байр сууринаас энэ асуудлын гарц гаргалгааг яаж харж байна?

-Энэ чинь шийдэгдчихсэн асуудал гэж би ойлгоод байгаа. Бөхчүүд өнгөрсөн гуравдугаар сард өөрсдөө хуралдаж шинэ тэргүүнээ сонгочихсон шүү дээ. Үүнийг нэр бүхий цөөхөн хүмүүс үгүйсгэж хуулийн байгууллагаар явж үймүүлээд байна. Энд нэг зүйлийг онцлоход зарим хүмүүс бөхчүүд хоёр хуваагдчихсан юм шиг ойлгоод байгаа. Үнэндээ хоёр хуваагдаж, талцсан асуудал байхгүй. Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат гэж хоёр хүн асуудлыг хүндрүүлж өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд байгаа шүү дээ. Энэ хоёр хүн зарим нэг зүйл дээр монгол эр хүний уужуу ухаанаар хандаж, буулт хийгээсэй гэж хүсэх юм. Х.Баянмөнх, А.Сүхбат нарын дархан аваргуудын эрх ашгийн төлөөх тэмцлээс болж чансаа өндөр 128 бөх барилддаг “Сонгино Хайрханы хишиг”, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумаас төрөн гарсан Уйлган голын гурван аваргын нэрэмжит улс аймгийн цолтнуудын барилдаанууд хойшлогдоод байна. Асуудлыг гацаагаад байгаа хоёрын амнаас бөхийн хөгжлийн төлөө тийм ажил хийнэ гэсэн үг амнаас нь гараагүй. Бие биенийхээ дээр гарах гэсэн л далд санаа яваад байдаг. Японы үндэсний спорт сүмогийн аваргууд зодог тайлаад холбооныхоо хөгжлийн төлөө ажилладаг бол манай хэд чөдөр тушаа болоод байх юм. Бөх сонирхогч бид чинь монгол бөхөө үзэж ажил, амьдралын стрессээ тайлж, шинэ долоо хоногт ажиллах эрч хүчээ авдаг улс байхгүй юу.

-Хоёр сар орчмын дараа улсын их баяр наадам болно. Өнөөдрийн байдлаар Монгол бөхийн өргөө маань цоожтой ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байна?

-Улсын их баяр наадам хоног хоногоор дөхөж буй өдрүүдэд бөхчүүд заалны барилдаанд өөрийгөө сорьж бэлтгэлээ тааруулж хийдэг. Энэ жилийн тухайд тийм боломж алга байна. Наадмаас өмнө өөр нэг томоохон барилдаан байгаа нь цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн наадам”. Энэ барилдаанд аймгийн арслангууд ач холбогдол өгч зориулж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Заалны барилдаанд гол өрсөлдөгчдийнхөө арга барилыг харж барилдааны хувилбараа боловсруулдаг шүү дээ.

-Өнөөгийн Монгол бөхийн хөгжлийг яаж харж байна. Юу хийх шаардлагатай байна?

-Нэн тэргүүнд бөхчүүдийн ёс суртахууны асуудал дээр хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр захын сумын заан өөрөөсөө ахмад засуул, хөлийн цэцийн өөдөөс хэрүүл хийж зодохоос л наагуур юм болох юм. Үүнээс гадна бие биенийгээ нудрах, давчихаад дээрээс нь нидрэх, дэвжээнд гараад хараал ерөөл урсгах зэрэг асуудал барилдаан бүрт л ажиглагдах юм. Бөхчүүдийгээ дэмжихээр цаг зав гаргаж очсон бөхийн үнэнч дэмжигчдээ хүндлэх ёс суртахуун манайхад хэрэгтэй байна.

Үүнээс гадна монгол бөхөд нүүрлэсэн нэг аюул нь допинг. Баяр наадмын бус үеэр допингийн шинжилгээ авахад захын сумын заанаас илэрч байгаа нь энэ хортой зүйл монгол бөхөд ямар их тархсаныг харуулж байна. Энэ асуудал дээр яаралтай арга хэмжээ авч таслан зогсоохгүй бол хор уршиг нь дийлдэхгүй шүү. Эхний ээлжинд шийтгэлийг нь хатуу байлгах хэрэгтэй. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн зарим нь цолоо хураалгаад, зарим нь хоёроос зургаан сараар барилдах эрхээ хасуулаад харилцан адилгүй шийтгэл хүлээдэг. Допинг хэрэглэсэн бөхийн цолыг нь л хураах шийтгэлийг хуульд суулгаж өгмөөр санагдах юм. Олон улсын жишигт цол амжилтыг нь хураагаад давхар эрхийг нь түдгэлзүүлдэг. ОХУ гэж том гүрнийг өвлийн олимпийн наадамд оролцох эрхийг нь хасаад байхад цөөхөн хэдэн бөхчүүдийгээ энэ хортой зүйлээс хол байлгаж болмоор л санагдах юм.


Categories
мэдээ цаг-үе

Х.Пүрэв: Миний мөрнөөс төрийн наадмын 16 түрүү тодорсон

Улсын манлай засуул Хадын Пүрэвтэй ярилцлаа.


-Та хүчит бөхчүүдээрээ алдартай архангай нутгийн хүн. Танай удамд сайн барилдаж байсан олон хүчтэн байсан шүү дээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Би хүчит бөхчүүдээрээ улсдаа алдартай Архангай нутгийн Өлзийт сумын хүн.Манай удамд сайн барилдаж байсан хүн олон бий. Миний аавын ах “улаан хүзүү” Х.Дэлэг гэж улсын арслан цолтой бөх байлаа. 1934 оны улсын баяр наадмаар 1024 бөх барилдахад арав давж түрүүлсэн шүү дээ. Манай аав Хад ч сум орон нутагтаа сайхан барилдаж байсан. Харамсалтай нь айхтар гэмтээд барилдахаа больж морь уядаг болсон юм даа. Миний төрсөн дүү Х.Пүрэвбадамын хүү мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж, улсын аварга Д.Сумъяабазар, улсын начин Д.Сэржбүдээ гээд хүчитнүүд байна. Би бөхийн орчинд ойрхон өссөн болохоор хааяа ноцолддог л байсан. Гэмтэл аваад удаан барилдаж чадаагүй.

-Та бэртэл аваад бөхөө орхичихоогүй, засуулаар олон жил ажилласан шүү дээ. Анх хэзээнээс засуул хийж эхэлсэн бэ?

-1982 онд санагдаж байна. Бөхийн гарын даа хийж байсан Цэдэв, Цоодол нар намайг бөхийн замд оруулж байсан түүхтэй. Намайг тойргийн барилдааны оноолт хийлгэх гэж дуудсан юм билээ. Харин би хэсэг ажиллаж байгаад 1990 оноос хойш цолчин засуулаар ажиллаж эхэлсэн. Засуул хийх эрдмийг Ерөнхийлөгч Х.Бат-тулгын аав Халтмаа, Гончиг нарын буурлуудаас өвлөсөн. Халтмаа гуай чинь 77 нас хүртлээ бөх зассан хөнгөн биетэй, хурц хараатай хүн байсан даа.

-Та цол дуудаачдын улсын уралдаанд хэд хэдэн удаа амжилттай оролцож байсан. Энэ талаараа хуучилбал?

-Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын уралдаанд анх удаа оролцохдоо “ган хоолой” шагнал авч урамшиж байлаа. Тэр наадамд олон шилдэг цолчин засуулууд өрсөлдөж Мягмар гуай түрүүлсэн. Дараа нь 1995 онд болоход нь би тэргүүн шагнал авч, гавьяат жүжигчин Банзрагч удаалж байлаа.

-Сүүлийн үеийн засуулуудын ур чадварын талаар та ямар бодолтой явдаг вэ. Бөхчүүд засуулуудын үг сонсолгүй унасан ч, давсан ч тугны зүг уралдаад гүйчих гээд байх болж?

-Бөхийн засуул хүн голч ноён нуруутай байх ёстой. Амраг садан, ах дүү нь хамаагүй шударга байх нь засуул хүний үүрэг. Намайг 38 жил засуул хийх хугацаанд надтай бөхийн дэвжээн дээр арсалдаад, хэрэлдэж зогссон бөх нэг ч байхгүй. “Хоёр бөхийн унасан, хаясныг хараагүй унтаж байх засуул бөхийн хажууд битгий ирээрэй” гэж багш нар минь сургасан. Одоо засуулууд бөхчүүдийн амаар барилдааныг шийдээд байна л даа. Өнөөдөр барилдааны талбайд маргаан гарахад хүний өөдөөс эгц хараад үнэнийг хэлэх засуул ховор болсон. Дүлэгнээд зугтдаг, эсвэл худлаа бөөрөнхийлөөд хэрүүл үүсгэдэг. Ийм байдлыг далимдуулаад бөхчүүд унасан ч дэвээд гүйчихдэг болсон.

-Таны мөрөн дээрээс төрийн наадмын хэдэн түрүү төрсөн бэ. Дархан аварга Г.Өсөхбаяр дөрөв түрүүлэхэд гурав нь таны мөрнөөс түрүүлж байсан гэсэн?

-Миний мөрнөөс төрийн наадмын 16 түрүү төрсөн юм даа. Б.Бат-Эрдэнэ аварга 13 түрүүлэхэд есөд нь би малгайг нь бариад хажууд нь зөвлөөд зогсож байсан. Г.Өсөхбаярын гурав, А.Сүхбатын гурав, Сумъяабазарын нэг түрүү надад бий. Г.Өсөхбаяр миний мөрөн дээрээс дөрөв ч түрүүлчих боломж байсан л даа. Сүүлд 2010 оны Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадмаар түрүү байрын төлөө барилдахдаа миний үгнээс зөрж байж Б.Ганбатад мордуулсан.

-Тухайн үед та аваргад юу зөвлөж байв?

-Өсөхөө шавчихаад элэг бүсээ чангалаад барилдааны талбайн баруун тийш алхахад “Яаж барилдах нь вэ” гэж би асуусан юм. Мань хүн “Шууд золгочихъё” л гэж байна. Хариуд “Шууд золгоод хэрэггүй цаг нь болохоор золго. Бэлдсэн юм ирнэ” гээд л барилдуулсан. Мань хүн шууд очиж золгоод л Б.Ганбатад хашиж мордуулаад тэнгэр харсан юм даа. Б.Ганбат гарч ирэхдээ Өсөхөөд “Аваргын замд саад хийхгүй ээ” гэж хэлээд тайвшруулчихсан юм билээ. Би Өсөхбаярт “Хүний үгнээс зөрөөд хохь чинь” гэж хэлдэг юм. Золголгүй хүлээгээд ирийг нь дараад авах байсан.

-Дэвжээнд бөх засч байхад баярламаар бас харамсмаар олон үе тохиолдоно биз. Энэ бүхнээс хуваалцвал уншигчдад сонирхолтой байх?

-Баярлуулсан, догдлуулсан барилдаануудын алийг тэр гэх вэ. Гэхдээ ах нь наадмын дэвжээнд гурван удаа л нулимс үзүүлж байлаа. 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнийн бэлтгэл ханачихсан, ёстой торгон ирэн дээрээ байсан юм. Манай хүн наймын даваанд улсын гарьд П.Сүхбатыг амлаж зүүн сэнжигэнд нь шунаж яваад багахаан гишгэдлийн алдаа гаргаж этүүлээд суучихсан. Ёстой тэнгэр нураад л ирэх шиг болсон доо. Уул нь Бат-Эрдэнийг чинь амьд амьтан битгий хэл, адгуус ч зогсоохооргүй байсан байхгүй юу. Дараа нь аваргад “Яах гэж тэр сэнжигний барьцанд шунав. Сүүлд нь хаанаас нь ч бариад хаяна шүү дээ. Чиний шунал ихдээд байна” гэж хэлж байсан. Дараа нь 2006 онд аварга А.Сүхбат зодог тайлах гэнэтийн шийдвэр гаргаж бүр намайг дагуулж очиж тугнаасаа адис авч байлаа. Би ч тэсэлгүй мэлмэрээд л явчихсан. Бөхөд хайртай түмнийг уран хурц барилдаанаар олон жил баясгасан аваргыгаа ингээд явчихна гэж яаж санах билээ дээ. Сүүлд 2009 онд Ардын хувьсгалын 88 жилийн ойгоор түрүү байрын төлөөх барилдаанд Нямдоржийн Ганбаатарыг зассан юм. Ганбаа ч тэр жил түрүүлчихээр хэмжээнд байсан Д.Сумъяабазар, Б.Ганбат хоёрыг илүүрхэж хаяад зам нь шуударчихсан байлаа. Түрүү байрын төлөө барилдахаар гарахад нь “Ээ миний хүү энэ өндөр даваанд гарч ирсэн хүн яарч л болдоггүй юм шүү. Ийм боломж хүний амьдралд ховор тохиолдоно. Шөнө болтол зууралдаарай. Хэрэгтэй цагт нь би ганц юм хэлнэ. Алдалгүй ашигла” гэж захисан юм. Тэгсэн мань хүн золгонтуутаа тэвчээр алдаж тойруулж татаад мангасдуулаад доор нь орчихдог юм даа. Гол харлаад л явчихсан. До.Ганхуяг татахыг хүлээж байсан байхгүй юу.

-2004 оны ардын хувьс-галын 83 жилийн ойгоор хадам, хүргэн хоёр төрийн наадмын түрүү байр булаацалдахад та засч байсан. Дархан аварга А.Сүхбат, гарьд Б.Гантогтох хоёрын барилдааны талаар дурсвал?

-Хүнд байсан шүү. Тухайн үед А.Сүхбатын засуулаар ажилласан. Амжилтыг нь бо-доод “Б.Гантогтохыг ганц түрүүлчихээсэй” гэх бодол толгойд эргэлдэж л байсан. Аав нь 10 түрүүлсэн аварга хүн байхад хүү нь ганц түрүүлээгүйд нь харамсдаг юм. Ганаа арслан цолны тухай бодоод барилдаанаа гаргаж чадаагүй. Тулж зогсож байгаад л өшиглүүлээд унасан. Уул нь гайхмаар мэдрэмжтэй барилддаг хүн шүү дээ. П.Сүхбат, Ц.Мягмарсүрэн хоёрт унаж байгаад л эргээд дээр нь гарчихдаг барилдаан нь одоо ч нүдэнд харагддаг юм.

-А.Сүхбат аваргыг хадмыгаа дэмжээд арслан болгох байх гэж олон хүн харж байсан даа?

-Б.Гантогтохыг А.Сүхбаттай үлдэхэд нь олон хүн түрүүлчихлээ гэж харсан байх л даа. Өмнөх жил нь Ардын хувьсгалын 82 жилийн ойгоор А.Сүхбат чинь Б.Гантогтохыг дэмжсэн байсан. Хоёр жил дараалж тийм юм байж болохгүй биз дээ.

-Хүчтэй гарьд И.Доржсамбуу таны мөрнөөс гараад түрүүлж хараахан чадалгүй Х.Мөнхбаатар арсланд унасан. Энэ барилдааны талаар ярихгүй юу?

-Түрүүлчих боломж өндөр байсан. Их шөвөгт И.Дорж-самбууг М.Баяржавхлантай барилдахаар гарахад нь “Баруун талд нь дайрч болохгүй шүү. Айхтар өшиглөнө. Зүүн талд нь довтолж барилд” гэж хэлээд гаргасан. Манай хүн зүүн талд нь суйлаад давчихлаа. Түрүү байрын төлөө гарахын өмнө Х.Мөнхбаатарыг ажигласан чинь бүх юм нь гүйцчихсэн, ир нь орсон янзтай байна шүү. Тэгээд Доржсамбуудаа “Надаас битгий хол барилдаарай. Намайг тойроод бай. Эвгүйтвэл зуураад ч хамаагүй тогтоогоорой. Эхлээд ирийг нь дараад авах хэрэгтэй байна. Тэр цагт барилдааныг чинь хэлж өгнө” гээд л гаргасан. Нөгөөх чинь гараад л барьцгүй ганц өшиглөөд л дөрвөн хөллүүлээд авахад нь баярласан гэж. Харамсалтай баяр дуусаагүй байхад барьцаа алдаж тумбарайдаж даруулаад ажлаа дуусгасан. Маргааш нь цолны найраа хийхдээ “Пүрэв ахыг аваад ир” гээд гээд дүүгээ явуулахад “Унасан бөхийн найранд очихгүй” гээд явуулж байсан. Түрүүлнэ гэж их найдсан болохоор харамссан л даа. И.Доржсамбуу маань хаялаа гээд хөөрч гүйгээд байдаггүй, уналаа гээд харамсаад сүйд болдоггүй тийм л сайхан эр хүн дээ.

-Улсын начин цолтон төрүүлж байв уу?

-Энэ олон жил бөх засахад миний мөрнөөс ганц л начин төрсөн юм даа. Сүхбаатарын С.Анхбаярыг л начин болоход нь зассан. Тухайн үед Анхбаяр удаан барилдаад гар хатуурчихаад байхад нь “Чиний наад гар чинь мод юм уу, мөч юм уу, хөдөлгөөд барилдаач наадахаа” гэж загнатал учраагаа ганц дайраад уначихаж байсан нь одоо бодоход сайхан байдаг юм.

-Наадмын түрүү бөхийн шинж ямар байдаг юм бэ?

-Их амгалан тайван байдаг. Тийм ч учраас илүү хөдөлгөөн ердөө хийдэггүй. Харахад андашгүй дээ.

-Энэ жилийн баяр наадам болоход хоёр сар орчмын хугацаа үлдсэн байна. Наадмын бөхийн өнгийг яаж харж байна?

-Ойрд барилдаан болсонгүй. Гэхдээ Архангайн М.Бадарч харцагыг л ажиглаад байгаа. Манай хүн чинь Э.Оюунболд, Ц.Содномдорж гээд түрүү бөхчүүлд л тахим өгөөд байгаа. “Саадаа давчихвал түрүүлнэ шүү” гэж би өөрт нь ч хэлсэн. Бөхчүүд чинь “Түрүү бөхөөс л зөрөх юмсан. Од нь гүйсэн бөх дийлддэггүй” гэж ярьдаг шүү дээ.


Categories
мэдээ спорт

Филадельфиа 76 эхний ялалтаа авав

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плей оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Дорнод бүсийн дэд байраар плей оффод шалгарсан Бостон Селтикс хоёрдугаар шатанд Филадельфиа 76 багтай өрсөлдөж байгаа. Багуудын цувралын гурав дахь тоглолт өнөө өглөө явагдаж 103-92 харьцаагаар Филадельфиа 76 ялалтбайгуулжээ.

Энэ өдөр Жоэл Эмбид 15 оноо, 13 самбар, Бен Симмонс 19 оноо, 13 самбар, таван дамжуулалт, Дарио Сарич 25 оноо, найман самбар авчээ. Филадельфигийн сэлгээнээсТ.Ж.Мкконеллгялалзаж 19 оноо, долоон самбар, таван дамжуулалт өгч гялалзжээ.

Харин Бостон Селтикс багаас Ал Хорфорд 10 оноо, 10 самбар, Жесон Татум 20 оноо, Терри Розер 11 оноо авсан байна.

Ингэснээр Филадельфи 76 цувралыг 3:1болгож ойртуулж байгаа юм.

Цувралын дараагийн тоглолт Пүрэв гарагт Бостон Селтиксийн талбайд явагдах юм.

Мөн энэ өдөр өнгөрсөн улирлын дэд аварга Кливланд Кавалерс талбайдаа Торонто рэпторсыг хүлээн авч 128:93-аар бут ниргэж Дорнод бүсийн аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Багийн лидер Леброн Жеймс энэ өдөр 29 оноо, 11 оновчтой дамжуулалт, Кевин Лав 23 оноо, Кайл Корвер 16 оноо, Ж.Р.Смит 15 оноо авчээ.