Монгол бөхийн улсын тэргүүн тайлбарлагч, морь цоллооч Б.Цогтбаатартай ярилцлаа.
-Үндэсний их баяр наадам эхлэхэд хоёр долоо хоногийн л хугацаа үлджээ. Бөхчүүд ч наадмын бэлтгэлдээ гарсан байна. Олон жил бөхийн халуун гал тогоонд байсан хүний хувьд энэ баяр наадмын өнгийг яаж харж байна вэ?
-Бэлтгэл сургуулилт хэн сайн хийсэн нь л өндөр амжилт үзүүлдэг өнөө цагт илүү хөдөлмөрлөсөн нь цол ахина даа. Бөх жигдхэн хөгжсөн болохоор бэлтгэлээ сайн хийсэн хэн ч, ямар ч цолд хүрэх боломжтой. Тухайн жилийн заалны барилдаануудад сайн барилдсан бөхчүүд улсын наадмаараа амжилттай барилдах нь элбэг байдаг. Энэ жилийн тухайд дөрөвдүгээр сараас хойш бөхийн өргөөнд барилдаан зохиогдсонгүй. Хэн, ямар бэлтгэлтэй байгаатай танилцаж амжаагүй л явна. Энэ нь хэн, яаж барилдах бол гэсэн хүлээлт үүсгэж байна шүү.
-Өнгөрсөн жилийн наадмын бөхийн барилдаан олон жил яригдах онцлог үйл явдлуудаар арвин болсон. “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнийхэн 10 жилийн дараа наадмын түрүү авсан?
-Жил жилийн наадам онцлогтой сайхан болдог. Сүүлийн үеийн үзэгчдийг байлдан дагуулж, олон жил түрүү бөхийн тааварт яригдсан харцага Ц.Содномдорж арслан цолд хүрсэн нь олныг баярлуулсан даа. Бөх сонирхогчид уран сайхан барилдаантай, гэдэс гүзээ байхгүй, мэхээ даалгаж хийдэг бөхчүүдийг илүүтэйгээр дэмждэг шүү дээ.
Дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар гээд л. Энэ утгаараа олон жил ярих дурсамжтай наадам болсон. Өнгөрсөн жил цол ахисан бөхчүүд ч эзэн болж сайн барилдаж байгаа шүү дээ. Ийм л наадам сайхан даа.
-Жил жилийн наадмын өдийд бөх сонирхогчид улсын цолны босгоор алхах залуусыг дор бүрнээ таамаглаж суугаа байх. Өнгөрсөн жил Булганы Д.Тамир гэж залуу Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын шилдэг арслангуудыг өвдөг шороодуулж начин болсон. Энэ жилийн тухайд улсын цолд хэн хэн хүрэх бол?
-“Тэр бөх цол авна, тэр доогуур даваанд унана” гэж тааварлах нь бөхийн тайлбарлагч хүний ёс зүйд байж болохгүй асуудал л даа. Зүгээр бөхийн хорхойтон хүний зүгээс таавар дэвшүүлэхэд түрүүний хэлсэнчлэн заалны барилдаанд амжилттай барилдаж, сэтгэл орсон залуус цолоо ахиулах магадлал өндөр. Бөх сайтай нутгийн дэмжлэг татаастай залуучууд цолд хүрдэг. Ирээдүйд сайн барилдах өсөх ирээдүйтэй нутгийн дүүгээ ах нар нь тунаанаас гаргаад цолд хүргэх нь эрт үеэс монгол бөхөд уламжлагдаж ирсэн зүйл.
Энэ зүйл монгол бөхөд мөнх оршино л доо. Энэхүү дэмжлэгийг асар их мөнгөтэй холбож тайлбарлаад байдаг нь зохисгүй. Дэмжиж цолд хүргэсэн ахдаа мөнгөн аяга хадагтай барих бол байж болох л юм. Энэ нь хэмжээнээсээ хэтрээд ямар ч хамааралгүй, их мөнгө төгрөгтэй нөхдүүдийг дэмжих явдал ажиглагдаад байгаа нь эмгэнэлтэй юм даа. Нутгийн ах нарынхаа дэмжлэгээр цол хүртсэн залуус бэлтгэлээ илүү сайн хийж цолоо ахиулж, итгэлийг нь зүтгэлээр хариулах хэрэгтэй. Өнгөрсөн жил Говь-Алтайн Б.Ганбаатар гарьд нутгийн дүү Б.Хишигбаатарыгаа дэмжиж начин болгосон. Хишигээ нь ч гарьд ахынхаа нүүрийг улайлгахгүй заалны барилдаануудад сайн барилдаж байгаа. Энэ жилийн тухайд Баянхонгорын Н.Золбоо, Б.Эрдэнэхүү нарын хурц арслангууд сайхан барилдаж байна. Улсын цолд хүрэх байх аа.
-Шударгаар зүтгээд цол авчихсан бөхчүүд цаашдаа сайн барилдаад байгаа нь ажиглагддаг?
-Өөрийн хүчээр барилдаад цол авч байгаа бөхчүүдийн баярлахыг харах ч гоё шүү дээ. Хүчээрээ барилдаад цол хүртсэн бөхчүүд цаашдаа янз бүрийн л дарамтаас ангид сайхан барилдах нь бий. Улсын гарьд Б.Ганбаатар, Б.Гончигдамба, өсөх идэр Ч.Батчулуун гээд бөхчүүд өгөө аваагүй сайхан барилдаж цол хүртээд ахиулаад, батлаад явж байна. Урам зориг авдаг л даа.
-Дархан аварга А.Сүхбатын гараас “Ирээдүйн аварга” шагнал гардсан бөхчүүд цолны босгоор алхаад байдаг. Өнөө жил Завханы Т.Бэгзсүрэн гэж залуу авна лээ?
-Ардын хувьсгалын жилүүдэд Отгонтэнгэр Хайрханы бэлд орших Отгон сумаас улсын цолтон төрөөгүй байдаг. Т.Бэгзсүрэн гэж залуугийн бэлтгэл өнөө жил онцгой сайн байна. Эрт үеэс бөхчүүдээ бодлоготойгоор дэмжиж ирсэн Завханы хүчтэнүүд наадмаар сайн барилдах байх аа.
-Өнгөрсөн улирлын заалны барилдаануудад Ховдын хоёр харцага ээлжлээд л түрүүлээд байлаа. Наадмаар хэрхэн барилдах нь олон хүний анхаарлын төвд байна?
-Сайн барилдах байх. Б.Бат-Өлзийгийн хувьд бөхчүүд өнгөө шинждэг сар шинийн барилдаанд түрүүлээд “улсын наадамд түрүүлж болно” гэсэн сэтгэл орчихлоо. Өөрөө шуудагны барьцнаас их сайн барилдаа юм. Наадмаар гол барилдаануудаа лавхан барьцнаас хийнэ. О.Хангай ч заал танхимд сайн барилдаад боломж бололцоогоо мэдэрчихлээ. Өнгөрсөн жилийнхээс илүү эрэмгий, дайчин барилдаантай Хангайг бөх сонирхогчид харах байх шүү.
-Наадамчин олон тавын давааны тунааг чих тавьж хүлээдэг. Тунаад давсан бөх нь цаашдаа сайн барилдаж цолоо ахиулаад байдаг талтай. Энэ жил хэн хоёр тунах бол?
-Улсын наадмын тавын даваанд ам авдаг улсын алдар цолтой бөхчүүд хэд билээ, доороос цойлж гарч ирэх чансаатай бөхчүүд зэргийг тооцоод үзэхэд харцагууд хоорондоо ч юм уу эсвэл сайн начинтай тунах магадлал өндөр. Ховдын хоёр ч хоорондоо тунахыг үгүйсгэхгүй шүү дээ.
-Ч.Санжаадамба аварга өнгөрсөн жил наадмын талбайг уйлаад орхиж байсан. Энэ жилийн тухайд дутуугаа гүйцээхээр цэнгэлдэх орох байх. Аваргын хэрхэн барилдах нь олон хүний анхаарал татаж байгаа байх?
-Монголчууд хүний нүдээр гүйцэж харж чадаагүй ойролцоо газардсан барилдааныг хайнцсан гэж үзээд дахиулдаг. Энэ нь монгол бөхийн уламжлал. Сүүлийн үед бөх сонирхогчид орчин үеийн техник технологийг монгол бөхөд нэвтрүүлье гэх санал оруулж байна. Баяр наадмын бөхийн салбар хорооны хамт олон ч тусгаж авч байгаа байх. Өнгөрсөн жилийн Ч.Санжаадамба, Г.Ганжад нарын барилдааныг дахиулчихад болохоор байсан юм шиг санагддаг юм. 2016 онд П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нарын барилдааныг дахиулаад л асуудлыг шийдсэн шүү дээ. Энэ жилийн тухайд баяр наадмын бөхийн салбар хороо ямар нэгэн барилдааныг камераар шүүхгүй гэж шийдвэрлэсэн гэсэн.
-Монголчууд бөх, морио шинждэг шүү дээ. Түрүү бөх бусдаасаа өөр байдаг гэх юм билээ?
-Дээр үед энэ бөх сайн барилдах нь, тэр морь сайн уралдана гэж хэлдэг мундаг шинжээчид байсан юм билээ. Одоо ч хэлэх чадвартай мэдрэмжтэй багш, дасгалжуулагчид байдаг л даа. Аймгийн хурц арслан Н.Дашжамц, гавьяат багш Б.Адьяахүү, улсын харцага Г.Элбэг гээд бөхчүүдтэй олон жил ажилласан багш ортой хэлдэг л дээ. Гэхдээ тэрийгээ ил гаргаад байх дургүй байдаг байх. Уяа морины ч тэр, бөхийн ч тэр биенээс гэрэл цацраад байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэж мундаг шинжээчид хэлж байсныг олон удаа сонсож байлаа. Улсын арслан П.Дагвасүрэн гуай энэ Г.Эрхэмбаярыг начин цолтой байхад нь л “Энэ хүү их том цолд хүрнэ дээ” гэж олон ч удаа хэлж байсан. Өнөөдөр Эрхэмбаяр аварга болчихсон байна шүү дээ. Тэгэхээр том бөх болох шинжийг нь олоод харчихсан л байсан юм билээ.
-Тухайн жилийн заалны барилдаануудад даруухан амжилттай барилдаж, хэл амнаас хол байсан бөхчүүд наадмаар сайн барилдаад байгаа нь ажиглагдах юм. Өнгөрсөн жил л гэхэд Ц.Содномдорж арслан чимээгүй байж байгаад наадмаар л гараад ирсэн. Э.Оюунболд ч гэсэн заалны барилдаануудад онцгой сайн барилдалгүй наадмаар түрүүлсэн байдаг. Энэ талаар таны бодол?
-Санал нийлэхгүй байна. Заалны барилдаанд дандаа доогуур унаад байсан нөхөр гэнэт гарч ирээд л түрүүлэх боломжгүй. Ц.Содномдорж тэр жилийнхээ сар шинийн барилдаанд их шөвөгт шалгарсан шүү дээ. Харин Э.Оюунболд барилдаан алгасалгүй зодоглож бэлтгэлийн формоо сайн хадгалж байсан. Бөхийн холбооны ойн нэрэмжит 1024 бөхийн барилдаанд ч түрүүлж байсан санагдаж байна. Өнөө үед бөхчүүд наадмын бэлтгэлд гарахдаа гол өрсөлдөгчдийнхөө барилдааны бичлэгийг нь үзэж алдаа оноог нь судалж багш, дасгалжуулагч нартайгаа зөвлөлдөж барилдааны арга техникээ боловсруулдаг болсон. Тиймээс сайн бэлтгэгдсэн, сэтгэл зүй сайтай байгаа бөх л санасан цолдоо хүрнэ.
-Та олон жилийн наадам үзсэн. Хамгийн сэтгэлд тод үлдсэн наадмаа онцлоод яривал?
-Хотод орж ирээд бөх сонирхож эхэлж байсан болохоор 1980-аад оны сүүл үеийн барилдаанууд сэтгэлд тод үлджээ. Түүний дотор Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадам сэтгэлд бүр тод үлджээ. Түрүүлэх нь тодорхой гэж яригдаж байсан дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын гарьд П.Сүхбатад унаж том дуулиан тарьж байлаа шүү дээ. Тэр жил анх удаагаа бөх тайлбарлаж, сүүлийн даваануудыг их ойроос үзэж байсан юм.