Categories
мэдээ цаг-үе

Т.Балдан: Донор үнээнээс жилд 40-50 тугал авах боломжтой

ХААИС-ийн доктор, дэд профессор Т.Балдантай ярилцлаа.


-Үр, хөврөл шилжүүлэн суулгах технологи хэзээнээс эхлэлтэй вэ. Дэлхийн аль улсуудад илүү амжилттай хэрэгжүүлж ирсэн бэ?

-Дэлхий нийтэд 1890 оноос энэ чиглэлийн судалгааны ажил хийгдэж эхэлсэн түүхтэй. Анх АНУ-ын Кембриджийн их сургуулийн эрдэмтэд туулайн дээр туршилт хийж байсан. Гэсэн ч хэсэг хугацаанд завсарлаж 1950-иад оныг хүртэл зогсонги байж байгаад эргэж сэргэсэн. Манайд бол 1987 онд энэ ажлын эхлэл тавигдсан түүхтэй. Гэсэн ч 1990 оноос өмч хувьчлал явагдаж өмчийн харилцаанд өөрчлөлт орсноор 10 гаруй жил зогсонги байдалд байсан. Харин 2010 оноос энэ ажлыг дахин сэргээж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх зорилготой зүтгэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй АНУ, Канад, Япон, Франц зэрэг улсуудад үр, хөврөл шилжүүлэн суулгах технологийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Судалгааны салбарт ч, үйлдвэрлэлийн салбартаа нэвтрүүлж үр шимийг нь хүртэж байгаа. Харин манайхан зохиомол хээлтүүлгийн арга хэрэглэж байсан. Энэ үед нэг хээлтэгч үнээг сайн чанарын нэг бухаар хээлтүүлээд жилд нэг л тугал хүлээж авдаг байлаа. Зохиомол хээлтүүлэг гэдэг нь хээлтүүлэгч мал-бух, хуц, ухна, азаргаар олон тооны хээлтэгч малыг хээлтүүлэн тэдгээрийн үр удмыг авч үлддэг арга л даа. Жилдээ техникчийн ур чадвар, ашиглаж буй багаж төхөөрөмж, технологи зэргээс шалтгаалж 70-80 хувийн үр дүнтэйгээр төл авах боломжтой.

-Шинээр нэвтэрсэн үр, хөврөл шилжүүлэн суулгах технологийн мөн чанар нь юу вэ. Хэрхэн хэрэгжүүлдэг юм бэ?

-Сайн үнээ, сайн бух хоёрыг хээлтүүлэгт оруулж ашиг шим сайтай, удамшлын чанар нь батажсан сайн үнээний удмын олон төл авахад технологийн мөн чанар оршиж байгаа юм. Үүний тулд хээлтүүлэгт оруулахын өмнө өндөр ашиг шимтэй, амьдын жин их, нядалгааны гарц сайтай үнээний өндгөвч дээр олон тооны өндгөн эсийг нэгэн зэрэг ялгаруулж өгдөг. Ингээд ашиг шим арвинтай, генетик чадавх сайтай бухаар хээлтүүлэхээр ашиг шим сайтай үнээ бухын олон хөврөл бий болно.

Энэхүү бий болсон олон хөврөлийг зориулалтын багаж, уусмал ашиглан зайлан авч ашиг шим багатай боловч эрүүл тээгч үнээнд шилжүүлэн суулгадаг. Өөрөөр хэлбэл нөгөө ашиг шим сайтай үнээний удмын олон хөврөлийг ашиг шим багатай боловч эрүүл хээл тээх чадвартай үнээнүүдээр тээлгэж олон тугал авч байгаа юм л даа. Хээлтэгч мал амьтны өндгөвч 100 гаруй мянган өндгөн эсийн үүсвэртэй байдаг боловч байгалийн жамаараа хээлтүүлэгт ороод 8-12 төл өгч, өөрийн үр удмаа үлдээдэг. Бусад нь ямар ч ашиглалтгүй хаягддаг. Инновацийн төслийн дэмжлэгтэйгээр бидний үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зорьж буй энэ ажлаар хээлтэгч малын биологийн чадавхыг илүү үр ашиглах боломж бүрдэж байгаа юм. Бид энэхүү судалгааны ажлыг Шинжлэх Ухаан Технологийн сангийн инновацийн төслийн дэмжлэгтэйгээр гадаадын судлаачидтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн бол одоо бид бие даан-үндэсний мэргэжилтнүүд гүйцэтгэж байна.

-Үр, хөврөл шилжүүлэн суулгах ажиллагааг илүү дэлгэрэнгүй танилцуулаач. Хөврөлийг мэс заслын аргаар хагалж авна гэсэн үг үү?

-Одоо мэс заслын бус аргаар шилжүүлэн суулгаж байгаа. Ямар нэгэн зүсэх огтлох юм огт хийхгүй. Эхлээд ашиг шим сайтай донор үнээгээ сонгоно. Дараа нь ашиг шим сайтай үнээний төл тээх эрүүл тээгч үнээг сонгоно. Ингээд донор үнээндээ өндгөн эс олноор ялгаруулах эмчилгээ хийнэ. Мөн энэ хугацаанд тээгч үнээндээ ороо жигдрүүлэх дааврыг тарьж ороог нь оруулна. Ингээд ороо нь орсон донор үнээндээ хээлтүүлэг хийнэ. Хээлтүүлэг хийснээс хойш 6-8 хоногийн дараа хөврөлийг зайлж аваад чанарын болон хөгжлийн үнэлгээ хийж хамгийн боломжтойг нь тээгчдээ шилжүүлэн суулгана. Шилжүүлэн суулгахдаа тээгч малын аль талын өндгөвчинд өндгөн эс ялгарч шар бием үүссэнийг мэдэх шаардлагатай. Шар бием үүссэн талын савны эвэрт хөврөлөө шилжүүлэн суулгавал илүү үр дүнтэй болохыг судлаачид тогтоосон байдаг.

-Жилд хэд орчим төл хүлээн авах боломжтой вэ?

-Ашиг шимтэй үнээнээс биологийн зүй тогтлоор нь жилд нэг тугал авдаг бол тээгч үнээнүүд ашиглаж 40-50 тугал авах боломжтой. Хэдэн тугал авах нь хөврөл шилжүүлэн суулгах ажлыг технологийн дагуу хийсэн эсэх, техникчийн ур чадвар, донор болон тээгчийн тарга хүч, дааврын боловсруулалт хийсэн хувилбар, схемчлэл, арчилгаа маллагааны технологи гэх мэт олон хүчин зүйлээс хамааралтай. Донор үнээг жилд хэд хэдэн удаа ашиглан нэг удмын олон төл авах боломжтой.

-Хөврөл шилжүүлэн суулгах технологийг ямар ямар амьтанд яаж ашиглах боломж байна вэ?

-Сүүний гарц сайтай үнээ, ноолуурын гарц сайтай ямаа, ноосны чиглэлийн хонь гээд бүх мал дээр ашиглах боломжтой. 2014 онд Солонгосын “КОЙКА” Олон Улсын байгууллагатай хамтарч Төв аймгийн Баянчандмань суманд сүүний чиглэлийн фермд 22 хөврөл шилжүүлэн суулгаж 14 тугал гаргаж авсан. Хөврөл шилжүүлэн суулгах технологи 60 орчим хувийн амжилттай байдаг. Бид одоогоор гол төлөв мах, болон сүүний чиглэлийн үхэрт хөврөл шилжүүлэн суулгах технологийг хэрэгжүүлж байна. Энэ дан ганц мал аж ахуйн салбарт хэрэглэгддэг технологи биш л дээ. Бусад салбарт тухайлбал биологийн салбарт ч ашиглах, юм хийх боломжтой.

-Та зохиомол хээлтүүлэг 80 гаруй хувийн үр дүнтэй гэж яриандаа дурдаж байсан. Харин үр, хөврөл шилжүүлэн суулгах технологи 60 орчим хувийн үр дүнтэй гэж байна шүү дээ?

-Хөврөл шилжүүлэн суулгах ажлын онцлог нь мах сүү, ноос ноолуурын гарц сайтай малын төлийг богино хугацаанд олныг хүлээж авах боломжтойд оршиж байгаа . Хар ухаанаар бодоход өдөрт гурван литр сүү өгдөг хоёр үнээний оронд зургаан литр сүү гардаг нэг үнээ илүү хэрэгтэй биз дээ. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт социализмын үед ажиллаж байсан манай ахмадуудын зохиомол хээлтүүлэг хийсэн үнээний хээл авалт 90 гаруй хувьтай ч байсан. Энэ үзүүлэлэлтээрээ зарим нь шагнал урамшил авч байсан түүхтэй. Бидний хийж гүйцэтгэснээр хөврөл шилжүүлэн суулгах ажлын үр дүн 64.5 хувьтай байна. Гадаад улс орнуудад бэлтгэгдсэн үндэсний чадварлаг залуу мэргэжилтэн, судлаач, зооинженер, үржлийн биотехнологич нар бий болж байгаа учир дээрх үр дүнг цаашид улам нэмэгдүүлэх боломжтой юм.

-Таны хувьд туршилт, судалгааны ажлаа үйлдвэрлэлд амжилттай хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд хэр тохиромжтой вэ. Сөрөг нөлөө бий юу?

-Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль цаг уурын онцлогт дасан зохицсон биологийн онцлог шинж бүхий монгол үнээ тугал гаргаж байгаа шүү дээ. Тээдэг хээлээ л тээж байгаа учраас ямар нэгэн сөрөг нөлөө огт байхгүй. Мэдээж тэжээллэг арчилгаа сайн байвал амьдрах чадвар төдий чинээ сайтай төл хүлээж авна. Энэ нь хөврөл шилжүүлсэн үнээ гээд бусдаасаа илүү арчлаад тордоод байх шаардлага бараг байхгүй гэсэн үг л дээ.

-Хэрэгжүүлэхэд их түвэгтэй олон ажиллагаатай юм шиг санагдлаа. Жирийн малчин хөврөл шилжүүлэн суулгах боломжтой юу?

-Тийм ээ, технологи шаардана, тиймээс жирийн малчны хийх ажил биш л дээ. Мэргэжлийн байгууллага, энэ чиглэлээр мэргэшсэн эрх бүхий мал зүйч, зоотехникч, үржлийн биотехнологич нар хийнэ. Энгийн хүн хийх боломжгүй. Бид л гэхэд энэ ажлыг багаараа хийж гүйцэтгэж байна. Тухайлбал доктор Г.Энхманлай, П.Мягмарсүрэн, Б.Энхболор, докторант Ч.Гантөгс, магистрант Б.Цолмонбаатар, Г.Энхбаатар, Д.Түмэн-Өлзий гэх мэт залуу судлаачидтай хамтран хийж байна.

-Хурдан азарганы төл хүлээж авах сонирхолтой уяачид олон байгаа байх. Төлийг нь тээгч эхээр дамжуулж богино хугацаанд олныг хүлээж авах боломжтой юу?

-Боломжтой. Гэхдээ энэ чиглэлээрээ төрөлжиж мэргэших шаардлагатай. Бусад малтай харьцуулахад гүүний хөврөлийн амилалт, үр тогтолт өндөр биш. Гэхдээ манай багийн залуус туршиж үзэж, туршлага хуримтлуулж байгаа.

-Бог малд энэ аргыг хэрэгжүүлэх боломжтой л байх?

-Бод мал дээр хийхэд бэрхшээл бага боловч зарим тохиолдлын бэрхшээлүүд бий. Гэхдээ хонь, ямааны ороо маш сайн ордог тул ямаанд хөврөл шилжүүлэн суулгах ажлыг хийхэд тохиромжтой. Энэ чиглэлийн ажил манайд 1987-оноос хийгдэж байсан боловч улс орны эдийн засаг, нөөц чадавх муухан байсан, төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн энэ талын ойлголт дутуу дулимаг байсан учраас дэмжигдээгүй нэг хэсэг зогсонги байдалтай байсан.

Монгол Улсын мал сүрэг 66 саяд хүрч бэлчээрийн даац хэтрээд байгаа тухай хүн болгон ярих болсон. Малчдыг “Та нар малын тоогоо цөөрүүл, бэлчээрийн даац хэтэрлээ” гэж шахах биш, нэг малаас авч буй ашиг шимийг нэмэгдүүлэхдээ шинжлэх ухаан, технологийн ололтыг ашигла гэдгийг зөвлөн арга замыг тодорхойлж өгөх шаардлагатай байна. Энэ талаар суртал ухуулга маш сайн хийх хэрэгтэй юм. Одоогийн байдлаар зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах ажил яагаад далайцтай хийгдэхгүй, үр дүн багатай байна гэхээр төрийн зохицуулалт байхгүй, хэрэглээ бага, хэрэглэгч байхгүй байгаатай холбоотой. Тиймээс эрчимжсэн аж ахуйн бүс нутаг, газар тариалангийн райондоо, хот орчмын бүс нутгийн нийт малд зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах ажлыг заавал хийлгэдэг-хийдэг болгох хэрэгтэй юм.

-Танай багийн хамт олонд тулгамдаж буй ямар асуудал байна вэ. Ямар төрлийн дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Үндсэндээ ороо жигдрүүлэх, өндгөн эс олноор ялгаруулах, хөврөл шилжүүлэн суулгах ажлууд маань дааврын оролцоотойгоор хийгдэж буй ажлууд. Монгол Улсын хэмжээнд нэг ч төрлийн даавар үйлдвэрлэдэггүй. Дандаа гаднаас импортоор авч байгаа. Гэхдээ дааврын бэлдмэл дотоодод үйлдвэрлэхгүй байна гээд энэ ажлыг хийх боломжгүй гэх ойлголт биш. Магадгүй нэг донорт 500-800 мянган төгрөгийн зардал гарлаа гэж үзэхэд бид нэг донороос найман хөврөл зайлж авахад нэг хөврөл 100 мянган төгрөг болж байна гэсэн үг. Магадгүй олныг зайлж авахад нэг хөврөлийн үнэ гэдэг юм чинь багасна. Гэхдээ дандаа гадаадаас даавар авч монгол малд суулгах нь бидний гарц биш. Тиймээс үндэсний хэмжээний хөврөл бэлтгэдэг технологи боловсруулах, нэвтрүүлэх ажлыг эрдэмтэд судлаачид нэвтрүүлэх хэрэгтэй.

-Үүнийг цаашид ямар үе шаттайгаар хөгжүүлэх вэ?

-Эхлээд фермийн аж ахуй эрхэлж буй улсуудад энэ төрлийн ойлголтыг зөвөөр өгөх ёстой. Дээр нь өртөг үнэтэй гэх асуудал байхыг үгүйсгэхгүй. Гарах арга зам нь төрийн байгууллага, хувийн хэвшил, судалгааны байгууллагууд хамтын оролцоотой ажиллах. Тодорхой хугацаанд ингэж явж байгаад төрийн оролцоо багасч биеийг нь даалгаж болно. Гадаадын хөгжилтэй орнуудад шинэ технологи-инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төрийн дэмжлэг 60 орчим хувь, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийнхний оролцоо тус бүр 20 хувь байж байгаад аажмаар бууруулан биеийг нь даалгадаг хэлбэр байдаг шүү дээ. Үүнийг ч бодох л ёстой юм.

Цаашид бид эдийн засаг санхүүгийн талаар тодорхой хугацаанд төрөөс дэмжлэг аваад их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, фермерийн аж ахуй эрхлэгчидтэй хамтран энэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх-хэрэглээ болгох зайлшгүй шаардлагатай.

-Манайхан гаднаас өндөр ашиг шимтэй мал оруулж ирж байгаа ч үр ашигтайгаар ашиглаж байгаа нь ховор юм шиг санагддаг?

-Сүүлийн жилүүдэд Засгийн газраас фермийн аж ахуй эрхлэгчдийг дэмжээд мах, сүүний чиглэлийн үхэр, хонь, ямааг олноор нь оруулж ирсэн. Эдгээрийг хэрхэн үр дүнтэйгээр ашиглах талаар бодох цаг ирээд байна л даа. Түрүүчийнх нь орж ирээд таван жил болсон ч үр дүн тиймхэн, сайн биш байна. Тиймээс энэ мах, сүүний гарц сайтай малын үр удмыг богино хугацаанд олныг хүлээж авах боломж бол хөврөл шилжүүлэн суулгах арга юм. Тиймээс төрийн бодлогын хэмжээнд дэмжих хэрэгтэй байна. Одоогоор хувийн хэвшлийнхэн оролдоод явж байна.

-Сайн чанарын тугал гарч ирэхэд түүнийг өсгөн бойжуулж энгийн үнээтэй хээлтүүлж үржил шимтэй төл авах боломжтой юу?

-Төрийн бодлогын хэмжээнд өөрийн чинь ярьж байгаагаар зохиомол хээлтүүлгийн аргаар ашиглах боломжтой. Хоёроос дээш үеийн хээлтүүлэгч байвал илүү үр дүнтэй. Энэ тохиолдолд цөм болон хэрэгцээний хоёр аж ахуй байх шаардлагатай. Хэрэгцээний аж ахуйд сайн чанарын бухнаас гарсан төлийг шууд маханд борлуулдаг хэлбэр байж болно. Түүнээс гадна бодлогын түвшинд цөм зэргийн аж ахуйд хамгийн сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч хоёрыг ашиглан тэдгээрийн удмыг үржлийн аж ахуйд сайжруулагчаар ашиглах хэрэгтэй юм.

Categories
мэдээ цаг-үе

Р.Пүрэвдулам: Ангийнхан маань өвөө, эмээ болсон ч нөхдөө сурагчийн дүрэмт хувцастай гүйж буй дүрээр нь л харж байгаа даа

Нийслэлийн 78 дугаар сургуулийн монгол хэлний багш Р.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Та тэртээ 1984 онд 78 дугаар сургуульд тавын “В” бүлгийн хүүхдүүдийг хүлээн авч байжээ. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би Өвөрхангай аймагт дөрвөн жил багшлаад тухайн үед шинээр баригдаж байсан хорооллын 78 дугаар сургуульд ирж байсан юм. Хөдөөний сургуульд багшилж байсан намайг шил толь болсон хачин сайхан орчин угтаж байсан нь санаанаас гардаггүй юм. Сургуулийн хоёр давхрын 213 тоот ангидаа ороход шинэ сургуульд нийслэлийн газар газраас цугларсан хамт олон бүрдээд намайг тосч байсан даа. Сэхээтэн, ажилчин гээд нийгмийн бүх л давхаргын айлын хүүхдүүд нэг ангид цугларсан байсан.

-Тавдугаар анги гэхлээр 12,13 хүрчихсэн хүүхдүүдийг дааж авч байж. Хэрхэн нэг анги, хамт олон болгож байсан бэ?

-Хэдий нэгдүгээр ангиасаа хамт нэг ангид суугаагүй ч их сайхан хамт олон болсон юм шүү. Бидний наймдугаар анги төгссөнөөс хойш 30 жил өнгөрсөн байна. Хүний амьдралд янз бүрийн л юм тохиолдох урт хугацаа. Уулзалдахад ангийнхан маань бие биенээ сурагчийн дүрэмт хувцастай дэггүйтээд гүйж буй дүрээр нь л хүлээж авч байна даа. Зарим нь өвөө, эмээ болсон ч манай ангийн хүү, охин гэж ярина. Зургадугаар ангид ороход л манай хүүхдүүд зуны амралтаар бие биенээ их санаж үгүйлсэн байсан нь өчигдөрхөн юм шиг л санагдаж байна. Ангиараа хамт волейболын секценд явдаг байсан. Багийн спортоор хичээллэж байсан нь илүү нэгтгэж өгсөн болов уу гэж санадаг юм. Гар бөмбөгийн спортод авьяастай

ангийнхан маань зургадугаар ангид байхдаа дээд үеийн ах, эгч нараа бүгдийг нь хожиж сургуулийн аварга болж багшийгаа их баярлуулсан даа. Энэ шавь нар маань нийслэлийн газар газраас цугларсан ч хэл ам таталж, чих халууцуулж байсан удаа нэг ч байхгүй, хүмүүжилтэй хүүхдүүд.

-Тэр үеийн хүүхдүүд бүтээлч байсан байх. Ямар ажил хөдөлмөр хийдэг байв?

-Манай ангийнхан Төв түүхий эдийн баазтай шефийн харилцаатай байсан. Нийгмийн тустай хөдөлмөрт суралцуулна гэж хавар, намар зэрлэг зулгааж хог цэвэрлүүлнэ. Тавдугаар ангийн жаахан хүүхдүүд ирэхдээ гэрээсээ жаахан талх авчирна. Ажлын дундуур буланд шувуу шиг суугаад идэцгээж байсан нь санаанаас гардаггүй юм. Мөн мод тарина, өвөл цас цэвэрлэнэ. Гэрээсээ яс авчирч тушааж мөнгөтэй болно. Ингэж нийгэмд тустай хөдөлмөр эрхлээд өнөөдөр муудсан юм алга. Бүгд л тус тусын ажил мэргэжилдээ эзэн нь болоод явж байна. Харин ч багад нь нөхөрсөг нийтэч зан суулгаж өгсөн гэж надад санагддаг юм.

-Их ажил хөдөлмөр эрхлэхийн хажуугаар хичээлээ хэрхэн амжуулдаг байсан бол?

-Аль алиныг нь амжуулахаас өөр аргагүй шүү дээ. Улсын шалгалтын билет боловсруулна гэж амаргүй ажил байлаа. 32 билет боловсруулж 96 хуудас дэвтрийг дүүртэл бичүүлнэ. Одооных шиг тест байхгүй байсан болохоор манайхан ч өглөө эрт 5:30 минутад босч билетээ уншина. Гэсэн ч өдөр хичээл дээр нойрмоглодог хүүхэд нэг ч байгаагүй. Сэргэлэн цовоо үрс байсан даа.

-Ийм нөхөрсөг дотно хамт олноос гэр бүл төрсөн л байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Манай ангийн дарга Д.Батболд гэж хүү М.Чулуунбаатар гэж урт хар үстэй хөөрхөн бор охинтой гэр бүл болсон. Ангийн нөхөд чинь гэр бүл болсон хоёр дээрээ их цугладаг юм байна ш дээ. Хүн амьтан бужигнасан гэр бүл сайхан л амьдарч байгаа. Хүүхдүүд л юм чинь бие биедээ сайн болно. Манай ангийн Д.Ариун-Эрдэнэ гэж хүү бага зэрэг сахилгагүй. Тэр маань ангийнхаа Д.Булган гэж охинд захиа өгөөд “Чи надтай үерхмээр байвал хичээлээ сайн хий” гэсэн хариу авсан байгаа юм. Ариун-Эрдэнэ ч химийн хичээлээ давтаад шалгалтандаа онц авахад нь багш нь “Чи хэнээс хуулсан” гэж загнасан гэнэ лээ. Тэр үеэс хойш Ариун-Эрдэнэ химийн хичээлд анхаарахаа больсон гэж ярьж байсан.

-Гол төлөв ямар мэргэжилтнүүд төрж гарсан бэ?

-Энэ ангид салбар бүрийн ажилчид төржээ гэж одоо боддог юм. Эрчим хүчний салбарын хэдэн мэргэжилтэн төрсөн. Хорооллын 28 дугаар байрны нэгдүгээр орцонд эрчим хүчний салбарын ажилчид амьдардаг байсан л даа. Тэр байрнаас Н.Энхбат, Т.Төмөрхүү, Р.Ганболд гэж гурван хүү манай ангид суралцдаг байсан нь аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан байна лээ. Манай сургуулийн хими биологийн багш мундаг байсан учраас эрүүл мэнд, хими биологийн мэргэжилтнүүд төрсөн. С.Гансүх гэж охин Монголд ховор байдаг үр шилжүүлэн суулгах Юнимед төвд эмчээр амжилттай ажиллаж байна. Мөн Ё.Баясгалан маань нийслэлийн Засаг даргын тамгын газарт ахлах мэргэжилтнээр албан тушаалыг нэр төртэй хашиж байгаа. 10 жилдээ бүлгэмийн дарга байсан Ө.Мэнджаргал Дархан-Уул аймагт суурьшиж Тамгын газрын ахлах мэргэжилтнээр ажиллдаг. Б.Хуягсүх гэж хүү хилчин болж эх орныхоо алтан хилийг хамгаалж байгаа. Бидний хамт олны хэсэг нь хилийн чанадад ажиллаж амьдарч байна. Сарантуяа БНСУ-д, Ш.Дуламсүрэн Германд, Б.Баттулга АНУ-д аж төрдөг.

-Тухайн үеийн хүүхдүүдийн гангараа нь юу байсан бол?

-Охидын гангараа нь дүрэмт хувцас, хоёр салаа гэзэг л байсан даа. Би “Хайр нь дотроо, хал нь гаднаа” тийм л багш байсан. Үсээ зүгээр боогоод ирвэл авгай шиг гээд л загнана. Би долоо хоногийн нэг өдөр семинарт суухад манайхан үсээ янз бүр болгодог байсан гээд сүүлд инээлдэж байсан. Нэг удаа ажил тараад сургуулиас гараад ирсэн чинь ангийн охид, хөвгүүд бүгд хөлбөмбөг тоглоод гүйлдэж байна. Тэгэхэд хичээлээ хийхгүй тоглолоо гэж уурлаад охидоор сургуулийн нэг давхрын, хөвгүүдээр хоёр давхрын шал угаалгаж байсан. Хүүхдүүд маань олон сайхан дурсамжийг одоо болтол ярьдаг юм.

-Ангийн хамт олон тань наймдугаар анги төгссөнөөсөө хойш 30 жилийн дараа уулзахаар товлосон юм байна?

-Гуравхан сар амраад ирэхэд л биенээ саначихсан байдаг байсан шавь нар маань уулзалтын зар сонссон цагаас хойш шөнө ч унтаж чадахгүй байгаа сурагтай. Би ч дүрэмт хувцастай дэггүйтэн гүйлдэж, зэмлүүлхэдээ зэмлүүлж, магтуулж байсан шавь нар минь яаж өөрчлөгдсөнийг харах өдрийг хүлээж сууна. Хүүхэд бүрийн минь төрх яг л тэр хэвээрээ сэтгэлд өнөөдрийг хүртэл тодхон байна.


Categories
мэдээ спорт

​Багийн дүнгээр Төв аймгийн бөхчүүд тэргүүллээ

Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монгол Улсын биеийн тамирспортын газар Монголын үндэсний бөхийн холбоо хамтран үндэсний спортын 6-р их наадмын үндэсний бөхийн барилдааныг 2018 оны 08-р сарын 12-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа

Монголын 19 аймаг 4 дүүргийн төлөөлөл Улс аймаг сумын цолтой болон нийтийн монгол гэсэн дөрвөн төрөлд цол цолныхоо ангилалд тойргийн журмаар хоёр өдрийн турш барилдаж шилдгүүд тодорлоо

Улсын цолтой бөхчүүдийн ангилалд

1-р байр У.арс П.Бүрэнтөгс Увс аймаг
2-р байр у.н Ч.Баянмөнх Сэлэнгэ аймаг
3-р байр у.н Г.Ганжад Төв аймаг

Аймгийн цолтой бөхийн ангилалд

1-р байр а.х.а Э.Ууганбаяр Төв аймаг
2-р байр а.а Э.Мөнхбаатар Говьсүмбэр аймаг
3-р байр а.х Б.Сосорбарам Ховд аймаг

Сумын цолтой бөхийн ангилалд

1.-р байр с.з Б.Батбаян Увс аймаг
2.-р байр с.з Ганхөлөг Булган аймаг
3.-р байр с.з Цэрэнням Хэнтий аймаг

Барилдаанд оролцсон бөхчүүдийг багийн дүнгээр байр эзлүүлэхэд

1-р байр Төв аймаг
2-р байр Увс аймаг
3-р байр Сэлэнгэ аймгийн бөхчүүд тус тус эхний байруудыг эзэллээ.

Categories
мэдээ спорт

​Загребын гранпригаас ганзага хоосон ирлээ

Дэлхийн болон 2020 оны Токиогийн олимпийн наадын чанасааны оноо олгох жүдо бөхийн гранпри тэмцээн Хорватын Загреб хотын “Арена Загреб”-т үргэлжилж байна.Олон улсын“А” зэрэглэлийн тэмцээнд жүдо бөх өндөр хөгжсөн78 орны 500 орчим тамирчид хүч үзэж байгаа юм.Энэ удаагийн гранпри тэмцээнд Монгол Улсын төлөөлж гавьяат тамирчин Г.Болдбаатар, Г.Одбаяр нараар ахлуулсан таван тамирчин өрсөлджээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д ддэлхийн аварга Г.Болдбаатар зодоглож эхний даваанд гоц мөргөж Чилийн Угор Вера, Унгарын Чабо Сабо нарыг хожиж шилдэг наймд шалгасан. Хэсгийн аваргын төлөөх хариуцлага барилдаанд ОХУ-ын шилдгүүдийн нэг Роберт Мшидобадзед хожигдсон юм. Тэрээр дагах тойрогт орж барилдсан тэрээр олимпийн наадмын мөнгөн медальт Гүржийн бөх Амиран Папинашвилид ялагдаж долдугаар байр эзэсж тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Энэ жинд насанд хүрэгчдийн улсын аварга залуу мастер Л.Өнөболд барилдаж дэлхийн чансааын тэргүүн бөх Японы Рюүжү Нагаяамад дийлдэж ажлаа дуусгажээ. 60 кг-ын жинд Рюүжү Нагаяама алтан медаль, ОХУ-ын Алберт Огузов мөнгө, Роберт Мшидобадзе, Амиран Папинавили нарын шилдгүүд медалийн тавцанд зогсчээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн чансааны тэргүүн бөх гавьяат тамирчин М.Уранцэцэг өнжлөө. Харин гавьяатыг орлож татамид гарсан залуу тамирчин Ганбаатарын Наранцэцэг эхний тойрогт ОХУ-ын Сабина Гилиазовад хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ.Энэ жинд Япончууд ноёрхож Эндо Хироми алт, Тамами Ямазаки мөнгөн медаль хүртжээ.Харин хүрэл медалийг Косовогийн Дистриа Красники, Словекийн Милича Николич зүүсэн байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-долон улсын хэмжээний мастер Д.Алтансүх зодоглож Итали, Польш, Ираны тамирчдыг хожиж хэсгийн аварга болсон ч зооны аваргын өтөлөө Японы Кензо Тагавад хожигдсон байна.Дагах тойрогт шилжсэн манай бөх Молдавын Денис Веруд хожигдож шагналт тавдугаар байр эзэлсэн байна. Энэ жинд цэргийн дэлхийн аваргаАдьяагийн Батсуурь хүч үзэж эхний тойрогт Бостванагийн Гавин Могопаг, дараа нь Сербийн Страхинья Бунчичийг, улмаар Кубын Осниэл Солисыг илүүрхсэн ч хэсгийн аваргын төлөө Египетийн Мохамед Авгоуда гэх залууд ялагджээ. Дагах барилдаанд Молдавын Денис Веруд ялагдсанаар тэмцээнээ өндөрлөв. Энэ жинд ЯпоныКензо Тагава алт Египтийн Мухамед Авгоуда мөнгө, Украйны Богдан Айдов, Молдавын Денис Веру нар хүрэл медаль зүүжээ. Тэмцээнд Украйны домогт тамирчин Гиорги Зантайра барилдсан ч Мухамед Авгудад хожигдож хоосон хоцорсон байна.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Лондоны олимпийн наадмын мөнгөн медальт Миклош Унгвари гялалзаж алтан медаль зүүжээ. Өнөө жил 37 настай тэрээр аваргын төлөөх барилдаанддэлхийн аварга Масаши Эминумаг үүрэхэд нь зөрүүлж дарж цэвэр ялсан юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл мелдаьт, гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр Монгол улсаа төлөөлж хүч үзэж шилдэг дөрөвт үлдсэн ч Масаши Эмбинумад хожигдож дагах тойрогт шилжсэн. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Унгарын Сабиод хожигдож шагналт тавдугаар байр эзэлжээ. Загребын гранпригаас алтан медаль хүртсэн бөх чансааны 700 оноо, мөнгө 490, хүрэл 300 оноо авсан юм. Монголын жүдочид маань сүүлийн хоёр тэмцээнээс медаль зүүж чадсангүй.

Categories
мэдээ спорт

​Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэв

Баянгол номадик фестивалд зориулсан үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 8-нд Хүй долоо худагт болов. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр нарын тэргүүтэй 128 бөх зодоглосон юм.

Энэ удаа Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 350-р анги, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, Бөхийн “Увс нуур” гал-ын бөх Монгол улсын үлэмж бадрах арслан Пүрэвийн Бүрэнтөгс долоо даван түрүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Сүлд” спорт хороо, 413-р анги, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Блю драгон” ХХК, Бөхийн “Увс нуур” гал-ын бөх Монгол Улсын саруул сайжрах заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэлээ.

Бөхийн барилдааны их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий нар шалгарлаа. Барилдааны түрүү бөх гурван сая, үзүүр бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр сая төгрөгийн бай гардсан юм.

5-ын даваа
1. У.а П.БҮРЭНТӨГС- у.з Т.Санчир
2. У.а Э.Оюунболд- у.а Р.ПҮРЭВДАГВА
3. У.з Н.ЖАРГАЛБАЯР- у.н Ч.Баянмөнх
4. У.х Б.БАТ-ӨЛЗИЙ- у.н Л.Лхаа-Очир тунав

6-гийн даваа

1. У.а П.БҮРЭНТӨГС- у.а Р.Пүрэвдагва
2. У.з Н.ЖАРГАЛБАЯР- у.х Б.Бат-Өлзий тунав

7-гийн даваа

1. У.а П.БҮРЭНТӨГС- у.з Н.Жаргалбаяр

Categories
мэдээ цаг-үе

О.Баярцогт: Эрэгтэй баг Азийн наадмын шилдэг наймд шалгарах бүрэн боломжтой

Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ахлах дасгалжуулагч, багш О.Баярцогттой ярилцлаа. Тэрээр Монголын сагсан бөмбөгийн дээд лигт тамирчин ахуйдаа гурав, дасгалжуулагч болоод дөрвөн удаа түрүүлж байсан юм.


-Сар хүрэхгүй хугацааны дараа Азийн наадам эхэлнэ. Энэ удаагийн наадамд та сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг удирдаж оролцоно. Шигшээ багаа хэрхэн бүрдүүлэв?

-Монголын сагсан бөмбөгийн холбооноос эмэгтэй шигшээ багт ажиллах санал ирүүлснийг хүлээж аваад ажиллаж байна. Тавдугаар сарын 21-нээс эхлэн 26 тамирчинг шигшээ багийн цугларалтад дуудсан. Цугларалтад 20 тамирчин хамрагдаад бэлтгэл сургуулилт хийгээд явж байна. Шигшээ багийн урилгаас татгалзсан , бэлтгэл сургуулилтын явцад хоцрох, таслах зэрэг сахилга батын зөрчил гаргаж хасагдсан тамирчид бий. Одоогоор тэмцээнд явах 12 тамирчны нэрс тодорсон. Үлдсэн найман тамирчин шигшээ багийн бэлтгэлийг хангаж ур чадвараа ахиулж байгаа.

-Монголын баг ямар багуудтай нэг хэсэгт орсон бол?

-Азийн наадамд эмэгтэй 10 баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлднө. Манайх БНХАУ, Тайланд, Япон, Хонгконгийн багуудтай нэг хэсэгт багтаж өрсөлдөнө. Хэсгээсээ хоёр юм уу гуравдугаар байраар шалгарах зорилго тавиад бэлтгэлээ базааж байна. Өмнө нь шигшээ наймд шалгарч байсан амжилтаа давтах, боломж гарвал ахиулна.

-Сагсан бөмбөгийн холбоо эмэгтэй тамирчдаа хэрхэн бэлтгэдэг вэ?

-Ер нь эмэгтэй тамирчид орхигддог л доо. Сагсан бөмбөгийн төлөө гэсэн сэтгэл зүтгэлээрээ л явж байгаа. 10 жилд сурагч байхдаа биеийн тамирын хичээл дээр долоо хоногт хоёр удаа тоглоно, хүсэл сонирхолтой нь их сургуульд элссэн хойноо багт нь орно. Цааш нь хөгжлүүлээд дэмжээд авч явах ямар нэгэн бодлого манайд алга. Ийм үед шигшээ багийг авсан ч Азийн наадамд амжилттай оролцуулах зорилго тавиад ажиллаж байна. Үүний дараа шигшээ багийн тамирчдын бэлтгэлжилтийг өндөр түвшинд барих, багш дасгалжуулагч боловсон хүчин бэлтгэх зорилго тавьсан. Шигшээ багт орохын төлөөх өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

-Та дөрвөн жилийн өмнө Азийн наадамд эрэгтэйчүүдийн шигшээ баг удирдаж оролцоод шилдэг наймд шалгарч байсан. Энэ жилийн Азийн наадамд оролцох эрэгтэйчүүдийн шигшээ багийн талаар ярихгүй юу?

-Энэ жилийн Азийн наадамд оролцох шигшээ баг туршлагатай мастерууд, өнөө цагийн шилдэг тамирчид болон шинээр гарч ирж буй залуу тамирчдаас бүрдэж байгаа. Гэхдээ олон улсын хэмжээний мастер Г.Баттөр, Б.Мөнхболд, М.Отгонмөнх нарыг дуудаад бэлтгэл сургуулилт хийлгэж, өрсөлдүүлж, сонгон шалгаруулсан бол илүү үр дүнтэй байсан болов уу гэж хувьдаа харж байна. Манай эрэгтэй баг дөрвөн жилийн өмнө шилдэг наймд шалгарч хэсэг тэргүүлж орохоор болсон. Зоондоо Өмнөд Солонгос, Тайланд, Индонезийн багуудтай орсон. Өмнөд Солонгосын багийн тоглолтыг харахад тааруу байсан. Манайх нэг юм уу, хоёроор шалгараад шигшээ наймд шалгарах боломж бүрэн бий. Цаашдаа яаж тоглохыг хэлж мэдэхгүй юм.

-Монголын шигшээ баг олон улсын тэмцээнд өрсөлдөхөд төвийн тоглогчийн байрлалд дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Инчоны наадамд Б.Одбаяр төвийн байрлалд сайн тоглож байсан ч зодог тайлжээ. Одоо төвийн байрлалд хэн тоглох вэ?

-Төвийн байрлалд П.Болортулга, Б.Билгүүн нар тоглох байх. Ерөнхийдөө манай төвийн байрлалд тоглодог тамирчид Азид очоод оноо аваад зүтгээд тоглоход хүндрэлтэй л дээ. Манай төвийн байрлалд тоглодог тамирчид нуруугаар намхан ч илүү хурд, техниктэй учраас үүнийгээ давуу тал болгож өрсөлдөх боломжтой гэж харж байна.

-Инчонд Т.Санчир, Б.Билгүүн гээд тамирчид гялалзаж Азийн түвшинд өрсөлдөх боломжтойгоо харуулсан. Дөрвөн жилийн өмнөх Т.Санчир, Б.Билгүүн нарыг өнөөдрийнхтэй харьцуулбал?

-Мэдээж илүү туршлагатай болсон. Талбайг харах, тоглолтыг унших чадвар нь илүү хөгжсөн Санчир, Билгүүн Азийн наадмыг зорихоор бэлтгэлээ базааж байна.

-Н.Батбаяр гэж БНСУ-ын оюутны лигт тоглодог залуу шигшээ багтайгаа нэгдсэн байсан?

-Н.Батбаяр, Ананд гэж хоёр хүүг их сайн тоглох болов уу гэж итгэж байгаа. Сагсан бөмбөгийн хөгжил өндөр оронд суралцсан болохоор хувилбарт дасан зохицохдоо илүү сайн. Дээрээс нь талбайд гараад өөрийгөө бүрэн дайчилж чаддаг залуус.

-Таны сагсан бөмбөгийн секц дугуйлангаар дамжиж гарсан хүүхдүүд эхнээсээ дээд лигт тоглоод эхэлсэн байна. Өндөр түвшний тамирчдыг хэрхэн бэлтгэж байна вэ?

-“Этүгэн” их сургуулийн харьяа “Этүгэн” дунд сургуульд сагсан бөмбөгийн төрөлжсөн сургалттай анги үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүүхдүүд улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцож өдөр бүр бэлтгэл сургуулилт хийдэг. Дунд сургуулиа төгсөөд “Этүгэн” их сургуулийн өмнөөс оюутны лигийн олон тэмцээнүүдэд оролцдог. Шалгарсан нь дээд лигийн “Этүгэн Ирвэс”-үүд багт орж дээд лигт тоглодог.

-Та хэдээс хэдэн насны хүүхдүүдийг бэлтгэлдээ хамруулдаг вэ. Монгол хүүхэд хэдэн наснаасаа энэ спортоор хичээллэвэл зохимжтой юм бол?

-Зургаагаас дээш насны хүүхдүүд хамрагдаж байна. Зургаан настай хүүхдэд эхний ээлжинд тоглоом маягаар хөнгөн дасгалууд хийлгэж, техникүүдийг нь зааж, гаргасан алдааг нь засч өгөөд явдаг. Жижиг хүүхэдтэй ажиллахад урамшуулж өгөх хэрэгтэй байдаг. “Өнөөдөр энэ дасгалыг хийгээд сурчихвал багш нь чамд өмсгөл авч өгнө ” ч гэх юм уу урамшуулаад өгөхөд хүүхэд бэлтгэлээ идэвхтэй урам зоригтой хийж, ур чадвар нь түргэн ахидаг.

-Сагсан бөмбөг хүүхдэд ямар хүмүүжил өгдөг вэ?

-Хүүхдийг эхний ээлжинд тэвчээртэй болгож өгнө. Зургаан настай хүүхдээс дасгалыг сурч, зөв гүйцэтгэхэд их тэвчээр шаарддаг. Аливаа зүйлийг сурах, сэтгэх чадвар нь сууж өгнө. Бэлтгэлд хамрагдаж буй хүүхдүүдтэй зөв харьцаж сурдаг. Хүүхдүүд бүгд мэргэжлийн тамирчин болохгүй ч зөв, эрүүл иргэн болж төлөвшинө. Мөн багаар ажиллах сэтгэхүйг хүүхдэд суулгаж өгдөг нь энэ спортын гайхамшиг юм даа. Ажил амьдрал дээр гарахад энэ чанар том давуу тал болдог.

-Таны ажлын арга барилын онцлог юу вэ?

-Хамгийн түрүүнд цаг барих, ажилдаа сэтгэлээсээ хандахыг шаарддаг. Бэлтгэл сургуулилтын үед тамирчдынхаа тоглолтын явцад гаргасан алдааг нь хэлж ойлгуулж өгдөг. Тоглолтын дунд хэлэхэд тухайн тамирчин тэр бүр өөртөө тусгаж авдаггүй. Тайван үед нь хэлж ойлгуулахад илүү үр дүнтэй.

-Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг яаж харж байна вэ?

-Сагсан бөмбөгийг хөгжүүлэх бодлого байхгүй байна. Гадагшаа гарч олон улсын тэмцээнд ороод тодорхой хэмжээнй амжилт үзүүлэхэд хөгжил гэж яриад байдаг. Гэтэл бидэнд тамирчдыг бага наснаас бэлтгэж гаргаж ирэх ямар ч бодлого алга байна. Сагсан бөмбөгийн шигшээ баг дөрвөн жилийн өмнө Азийн наадмын их шөвөгт шалгарснаас хойш манай шигшээ баг нэг ч уралдаан тэмцээнд оролцсонгүй. Цаг тухайд нь тэмцээн уралдаанд оролцоод явсан бол манай шигшээ баг Азийн шилдэг багуудын тоонд багтаж, дэлхийн авгаргад ч өрсөлдөх бүрэн боломж байсан юм шүү. Сагсан бөмбөгийн хөгжлийн бодлогоо тодорхойлж ажилдаа орох шаардлагатай байгаа. Нэг бодлого, зорилготой ажиллах хэрэгтэй.

-Монголын шигшээ баг олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тэмцээнд оролцох эрхтэй юу. Дотоодын холбоодын зөрчлөөс шалтгаалж эрхээ хасуулсан уу?

-Би сагсан бөмбөгийн холбооны албан тушаалтан биш болохоор сайн мэдэхгүй байна. Миний ойлголтоор одоогоор дотоод асуудлаа шийд гэсэн чиглэл өгөөд уралдаан тэмцээнд оролцуулахгүй байгаа болов уу. Тиймээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монголын шигшээ баг нэг ч тэмцээнд оролцсонгүй. Хүмүүс зөвхөн Монголын шигшээ багийн тамирчид хохирлоо гэж яриад байна. Тийм биш. Үүний цаана өсвөр үе, залуучуудын шигшээ багийн тамирчид хохирч байгаа. Ирээдүй байхгүй болж байна гэж ойлгож болно. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа.

Categories
мэдээ цаг-үе

О.Наранбаатар: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ заан болчихоод дараа жил нь цолоо баталж байсан амжилтыг олон жилийн дараа Н.Жаргалбаяр давтлаа

Баруун гар талаас Улсын гарын даа Т.Түмэндэмбэрэл, бөх судлаач О.Наранбаатар

Бөх судлаач О.Наранбаатартай ярилцлаа.


-Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны шуугиан хараахан намжаагүй л байна. Бөхөд хайртай түмэн 23 дахь аварга цолтноо өлгийдөж авлаа. Наадмын бөхийн барилдааны талаар ярилцлагаа эхлүүлье?

-Даншигийн аваргуудыгаа нийлүүлж тоолбол 60 орчим аваргууд байгаа. Ардын хувьсгалаас хойш бол 23 дахь аваргаар Н.Батсуурь тодорч байна. Наадам сайхан боллоо. Баяр наадмын өмнө бөхийн холбоод хэрүүл тэмцэлтэй байсан шүү дээ. Монгол наадам бол тусгаар тогтнол эв нэгдлийн баталгаа гэдгийг харууллаа. Аварга, арслан цолтон түрүүлнэ гэдэг өөрөө сайхан л даа. Үзэгчид Б.Бат-Эрдэнэ аварга завсаргүй түрүүлж байхад уйдаж байсан. Сүүлийн жилүүдэд өөр өөр бөхчүүд түрүүлэхэд “Аварга, арслангууд цолоо батлах хүн олдохгүй байна” гэх хандлага ажиглагдаж байсан. Харин сая Н.Батсуурь арслан цолоо батлаад хоёр дахь удаагаа түрүүллээ.

-Заалны барилдаанд сумын заануудад өвдөг шороодоод байсан Н.Батсуурь аваргыг түрүүлнэ гэж таамагласан хүн цөөхөн байсан даа. Анхаарлын төвд арслан П.Бүрэнтөгс, харцага О.Хангай, Б.Бат-Өлзий гээд залуучууд байсан?

-Сүүлийн жилүүдэд наадамд түрүүлсэн бөхчүүдийг ажиглахад заал танхимын барилдаанд доогуур амжилт үзүүлсэн бөхчүүд түрүүлээд байсан. Өнгөрсөн жил Ц.Содномдорж арслан заалны барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилттай наадамдаа зодоглоод л түрүүлсэн. Ч.Санжаадамба аварга ч ижил амжилттай ирээд л наадамд түрүүлж байсан.

Н.Батсуурь аварга барилдаан алгасалгүй зодоглож байснаараа онцлог л доо. “Увс нуур гал”-ын сорилго барилдаанд түрүүлэхийг харж байхад бэлтгэл их сайтай байгаа нь мэдрэгдэж байсан. Наадмаар огт хий зай гаргалгүй барилдаж байсан Н.Жаргалбаяр заан, Н.Золбоо харцага хоёр Н.Батсуурьт цуварч унахад нь “Батсуурь өнөөдөр хазайхгүй юм байна” гэж ойлгосон доо. Их сайн байгаа бөх нэг бол түрүүлдэг үгүй бол түрүүлэх, бөхөд унадаг гэдэг шүү дээ. Аварга ч өөрөө өндөр даваанд өрсөлдөгчөөсөө сэтгэл зүйгээр илүүрхэж барилдах юм. Улсын наадмын түрүү үзүүрт өхийлдөх мэх хийж давсан тохиолдол сүүлийн 50,60 жилд байхгүй байх шүү. Б.Бат-Эрдэнэ аварга алсын сүвээний барьц аваад хашиж өргөөд, О.Балжинням аварга хавирч, Д.Цэрэнтогтох аварга шуудагнаас, Х.Баянмөнх аварга хонгодож түрүүлж байсан.

-Аварга Ч.Санжаадамба даян аварга цол хүртэх боломжоо үгүй хийчихлээ. Аваргын алдаа оноо нь юунд байсан бол?

-Аварга сайхан барилдаж үзүүрлэлээ. Долоогийн даваанд Ш.Мөнгөнбаатартай хийсэн барилдааны үеэр гараа бэртээсэн нь түрүү байрын төлөөх барилдаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Аварга ирэх жил цолоо ахиулахыг үгүй гэх газар байхгүй.

-Улсын заан Н.Жаргалбаярыг олон хүн түрүү бөхөөр нэрлэж байсан ч түрүү бөхөд өвдөг шороодлоо. Их шөвөгт хийсэн барилдааных нь талаар ярихгүй юу?

-Жагаа залуу хүн гэхэд наймын даваа хүртэл ямар ч хий зай гаргалгүй, нягт барилдаж байсан. Батсуурь аварга их шөвгийн барилдаанд зүүн сугадаад мордоог нь хамгаалчихаад байсан. Сугадаагаа авахад нь Жаргалбаяр мордоод шилдүүлээд доор нь орчихсон. Аваргын тактикийн барилдаан амжилттай хэрэгжсэн болов уу гэж харж байгаа. Н.Жаргалбаярыг магтахад заан болчихоод дараа жил нь цолоо баталсан хүн Б.Бат-Эрдэнэ аваргаас өөр байхгүй шүү. Улсын начин цолыг баталж болно, заан цолыг дараа жил нь шууд батална гэдэг хэцүү. Ирэх наадмуудад арслан гарьд цолны даваанд босох байхаа залуу заан.

-П.Бүрэнтөгс арсланг аварга болно гэж бөх сонирхогчид найдаж байсан ч шөвгөрч чадсангүй?

-Наадмын галынхаа сорилго барилдаанд зодоглоогүй. Жин их тавьсан бэлтгэл тун сайн байгаа гэж “Увс нуур” галынхан ярьж байсан. Наадмын дөрвийн даваанд Сүхбаатарын Б.Зоригтбаатартай барилдаж байгааг нь харахад бэлтгэл нь таараагүй нь ажиглагдсан л даа. Давсан, дутсаныг нь би сайн мэдэхгүй юм. Тавын даваанд Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон.

-Арсланг “амаа буруу авлаа” гэх шүүмж их харагдаж байна лээ?

-Хаяна гэсэн бөхөө л амласан байх. Д.Цэрэнтогтохыг амласан нь алдаа гэж би хувьдаа харахгүй байгаа. Тухайн үед сонгосон барилдааны хувилбар нь буруу байсан болов уу. Цэрэнтогтох ч салхитай, хэнийг ч хаяж мэдэх эсрэгээрээ хэнд ч унаж мэдэх бөх. Арслан илүү тогтож барилдсан бол яах байсан юм бол доо.

-Нийслэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд тааруу наадлаа. Үүнийг та юутай холбож байна?

-Өнгөрсөн хавар барилдаан хийхийг хориглосон. Тэр үед “Их Монголын хүчтэн”- дэвжээнийхэн сар болгон заримдаа сард хоёр барилдаан хийж байсан. Дээр нь гал дээрээ гурван ч удаа барилдаан хийж бэлтгэлийн ачааллыг айхтар их өгч байгаа харагдсан. Зарим аймаг барилдаан хийгээгүй шүү дээ. Бэлтгэл нь нийтээрээ унасан болов уу гэж бодсон доо. Эхний өдөр л Б.Сангисүрэн начин, Т.Санчир заан хоёроос бусад нь нураад дууссан шүү дээ. Хавар бол Өвөрхангайнхан шиг сайн хүмүүс байгаагүй. Наадмаар формоо хадгалж чадсангүй.

-Баянхонгорчууд Н.Золбоо гэж мундаг харцагатай боллоо. Тавын даваанд тунаж барилдаж улсын цолны босгоор алхлаа?

-Улсын харцага Д.Батболд, улсын начин Ж.Чулуунбат гээд мундаг хүмүүс зааж зөвлөж байгаа л даа. Золбоо үндэсний бөхөөр ийм барилдааны хувилбарыг сонгоход сайн барилдана гэдгээ мэдэрчихсэн байгаа харагдсан. Их суурьтай, зөв барилдаж байна лээ. Түрүү бөхийг ганц хазайлгасан хүн нь Н.Золбоо байсан. Шуудагны барилдаанаас ерөөсөө алдаа гаргахгүй байна лээ. Тавын даваанд Б.Бат-Өлзий харцагатай яаралгүй зөв барилдаан хийж өөрийнхөө талд шийдсэн. Өмнө нь Золбоо Бат-Өлзийд хэд хэд уначихаад байсан шүү дээ. Алдаан дээрээ сайн ажилласан нь харагдаж байсан.

-О.Хангай, Б.Бат-Өлзий гээд харцагуудыг өндөр даваанд харж байсан ч болсонгүй?

-Б.Бат-Өлзий харцага наадмын өмнө болсон Таван толгойн барилдаан дээр ажиглахад бэлтгэл нь жигдрээгүй байгаа харагдсан. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн болохоор л хүмүүс дээшээ барилдана гэж тооцоолж байсан болов уу. О.Хангайгийн тухайд наадмын бэлтгэлийн үеэр их нервитэй, нойр муу байгаа сураг дуулдаж байсан. Сэтгэл зүйн бэлтгэл тааруу байсан юм болов уу даа. Дээрээс нь Мөнгөнбаатар харцагын дархан мэхтэй зүүн талд нь барьц сонгосон нь алдаа байж болох юм. Мордуулаад унаж байсан.

-Дархан аварга Г.Өсөхбаярыг начин төрүүллээ гэж энгэрт нь “алдарт эх”-ийн одон зүүж шоглосон зураг цахим ертөнцөөр их явж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-1995 оны улсын их баяр наадмын өмнө Өсөхөө аварга дархан аварга Ж.Мөнхбаттай хамт бэлтгэлд гарч тэр жилдээ заан болсон байдаг. Энэ талаараа Өсөхбаяр аварга “Том бөхийн нөмөрт их юм сурсны хүчинд сайхан барилдаж цолд хүрсэн” гэж хэлсэн байдаг шүү дээ. Энэ жил Мөнхбат аварга маань бурхны оронд одлоо. Өсөхөө аварга тавын даваанд Мөнхбат аваргын хүргэн аймгийн хурц арслан Ба.Батжаргалыг амлаж улсын цолд хүргэлээ. Ба.Батжаргалын тухайд тийм ч муу бөх биш шүү дээ. Үүнийг буруу гаж үйлдэл гэж би үзэхгүй байгаа. Монгол бөхөд эрт үеэс уламжлагдаж ирсэн юм.

Улсын идэр залуу цолтой хүмүүс тав юм уу гурвын даваанд бууж өгөөд байгаад нь бөх сонирхогчид дургүйцдэг. Дээрээс нь аймгийн баяр наадамд аймгийн заан, харцага цолтой бөхчүүд өөрөө дээшээ барилдаж цолоо ахиулах байтал шинэ цолтон төрүүлж байгаа нь монгол бөхийг бараантуулж байгаа. Аймгийн наадам нээлттэй хийхэд улсын том цолтой бөхчүүд очиж найраа хийж байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй болоод байгаа. Зарим газар хэд хэдэн бүлэг улсын цолтнууд очиж найраанд орох бөхчүүдийг нь бүртгээд өөрөө барилдахыг нь хасдаг асуудал газар авсан. Сүүлийн үед аймгийн наадам үзэх юмгүй муухай жүжиг болж байна.

-Шинээр төрсөн начин, харцагуудын талаар ярихгүй юу. Тэр дундаа Ш.Мөнгөнбаатар?

-Цолондоо эзэн болж барилдах сайн бөхчүүд улсын цол авсан гэж харж байна. Ш.Мөнгөнбаатар харцагын тухайд эрт орой хэзээ нэгэн цагт улсын цол авах л байсан байх л даа. Сар шинийн барилдаанд түрүүлсэн хүн улсын цолгүй үлдэнэ гэж байхгүй шүү дээ. Улсын цолд хүрэлгүй удсан хүмүүс улсын начин болоод дээшээ барилдаад байдаг. А.Бямбажав цэргийн арслан цолтой удаан барилдаж байгаад шууд харцага, Ч.Санжаадамба нь улсын заан цолд шууд хүрч байсан шүү дээ. Дээр нь улсын заан Б.Соронзонболдыг нэрлэж болж байна.

-“SPS үндэс” телевиз баяр наадмын бөхийн барилдааныг анх удаагаа шууд дамжууллаа. Бөх сонирхогчдын дийлэнх нь ам сайтай байна лээ?

-Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сараас л бөх дамжуулах талаар бэлтгэж эхэлсэн л дээ. МҮБХ-ны ойлгомжгүй асуудлаас шалтгаалж ажил гацаанд орсон. Харин баяр наадмын бөхийн барилдаан дамжуулах эрх аваад 10 орчим хоног бэлтгэлээ хангаад л ажилдаа орсон доо. Анхны дамжуулалт алдаа оноо байсан л байх. Гэхдээ хэд хэдэн зүйлийг шинээр нэвтрүүлсэн. Бөхийн барилдааны тайлбар дээр хөлбөмбөг, сагстай ижил хоёр тайлбарлагч суугаад харилцан ярьж барилдааны явцад дүгнэлт хийж байсан. Тайлбарлагч хүн тоо баримт, статистикт тулгуурлаж ярихаас биш ганцаараа суугаад тэнгэр хараад тайлбарлаад байж болохгүй. Цагийн тооцооллын асуудлыг шинээр нэвтрүүлсэн. Улсын аварга Н.Батсуурь гэхэд нийт 119 минутын барилдаан хийж түрүүлсэн байх жишээтэй.

-Бөхийн барилдааны дундуур сонирхолтой статистикуудыг хүргэж байсан. Мэдээлэл шүүхэд хэр цаг хугацаа орсон бол?

-Улсын дэд гарын даа Т.Түмэндэмбэрэл бид хоёр хувийн цуглуулгаа шүүж мэдээллийг боловсруулсан. Улсын их баяр наадамд дархан аварга Х.Баянмөнх хамгийн олон буюу 250 даваа авсан, улсын начин Адьяатөмөр хамгийн ахмад буюу 44 насандаа улсын цолтон болсон зэрэг мэдээллүүдийг шүүж гаргаж ирсэн дээ. Цаашдаа ийм үзүүлэлтүүдийг илүү баяжуулж өгнө дөө. Цаашид “SPS үндэс” телевиз үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулахад ямар нэгэн асуудал байхгүй.

-Ирээдүйд ямар залуусыг сайн барилдана гэж харж байна?

-Өнөө жил Сэлэнгийн наадамд түрүүлсэн Б.Орхонбаяр гэж залууг удахгүй дээшээ барилдах болов уу гэж харж байна даа. Өвөл заалны барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгсөөр хоёр давахад нь Ц.Содномдорж амлаж барилдаад нэлээн хүч шавхаж давж байсан. Дараа нь “Мундаг барилдаан суусан хүүхэд байна. Удахгүй цолоо ахиулах байх” гэж магтаж байсан нь энэ зун биелэлээ олж 20 насандаа аймгийн арслан болж байна.


Categories
мэдээ цаг-үе

​Н.Сүрэнчулуун: Эмч гэдэг их хүндэтгэлтэй бусдад сайхан харагддаг, буянтай мэргэжил

Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Н.Сүрэнчулуунтай ярилцлаа. Түүний эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хичээл зүтгэлийг үнэлж “Алтан гадас” одонгоор шагнажээ.

-Та аль нутагт төрж өссөн хүн бэ. Эмч мэргэжлийг хэрхэн эзэмшиж байсан талаар ярилцлагаа эхэлье?

– Монгол орны үзэсгэлэнт байгальтай газруудын нэг Дундговь аймагт төрж өссөн. Тэндээ 10 жилийн сургуулиа дүүргэж байлаа. Ажил амьдралын гараагаа ч төрсөн нутгаасаа эхлүүлж байсан.

-Эмч гэх хариуцлагатай мэргэжил рүү таныг хэн хөтөлж оруулж байв. Хүүхэд байхдаа эмч болохыг мөрөөдөж байв уу?

-Эмч гэдэг бол өөрийн тань хэлснээр бахархалтайн хажуугаар нь өндөр хариуцлагатай сайхан мэргэжил шүү. 10 жилийн хүүхэд байхад ямар нэгэн мэргэжлийн гоё сайхныг харж мөрөөддөг шүү дээ. Би эмч хүн гэдэг маш хүндэтгэлтэй бусдад сайхан харагддаг, буянтай мэргэжил учраас л үүнийг сонгосон. Миний бага байхад гэр бүлийнхний минь бие чилээрхэхэд эмч, сувилагч нар ирж анагаадаг байсан учраас энэ мэргэжилд илүү татагдсан байх гэж өөрийгөө санадаг юм. Хэн нэгэн хөтөлсөн гэхээс илүү өөрөө гоё сайханд нь татагдсан хэрэг.

-Эмч мэргэжлийг эзэмшихэд амар байгаагүй болов уу. Таны үед энэ салбарын мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэж байв?

-Эрүүл мэндийн чиглэлийн сургуулийн оюутнууд өглөө лекцэд суугаад залгуулаад үдээс хойш практик, дадлагын хичээлдээ ордог. Хүний амь настай холбоотой мэргэжилтэн бэлтгэж байгаа учраас багш нар нь ч хариуцлагатай ханддаг байсан. Бусад мэргэжлийн сургуулиудтай харьцуулахад анагаахын сургуулиуд практик дээр суурилдгаараа онцлог. Бидний үед ч тийм байсан. Одоо ч хэвээрээ. Харин оюутнууд нь цаг үеэ дагаад технологи, хэлний мэдлэг илүү болсон байх . Бид багш нарынхаа лекцийг нэг бүрчлэн гараараа бичиж тэмдэглэдэг байлаа шүү дээ. Өнөөдөр хүүхдүүд гар утсаараа лекцийг бичлэг хийх, файлаар авдаг болсон. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацаа хожиж байгаа давуу тал юм даа. Гэхдээ миний оюутан байхад багшийн лекц гүйцэд тэмдэглэж авахад толгойд илүү үлддэг байсан. Тийм ч учраас тэр үед чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж гаргасан юм шиг санагддаг.

-Жаргалант тосгоны эмнэлэгт хэдэн оноос ажиллаж эхэлсэн бэ?

-Би сургуулиа төгсөөд Дундговь аймагт ажиллаж байгаад 2004 онд Сонгино хайрхан дүүргийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвд дотрын эмчээр ажиллахаар ирсэн. Хүн ам цөөнтэй, дээр үеийн хөдөөний сумын бороо дусдаг барилгатай эмнэлэг шиг л орчин намайг угтаж байсан. Иргэд нь ийм орчинд хэвтэж эмчлүүлэхээс цааргалдаг байж билээ.

-Жаргалант тосгоны эмнэлгийн барилгыг шинэчлэхэд их хичээл зүтгэл гаргасан гэсэн. Тухайн орчинд ажиллахад хүндрэлтэй байсан хэрэг үү?

-Хэцүү байсан л даа. Бүр хүндэрсэн өвчтөнүүд л ирнэ. Иргэд нь ямар нэгэн өвчнөөс сэргийлж эмнэлэгтээ очиж шиэжилгээ өгөх ховор байсан. Улмаар хөөцөлдөж тус орон нутгийн удирдлагуудын тусламж дэмжлэгтэйгээр шинэ эмнэлэг бариулж байсан даа. Өнөөдөр тэр эмнэлэг маань хэвтэн эмчлүүлэх 15 ортой стационарийн хэсэг, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх амбулаторийн хэсэгтэй, 361-н гарамд салбар эмнэлэгтэй, хороо тосгоны 10000-аад иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ба эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлээд явж байна. Мөн жилд дунджаар 500-550 хүнд стационарийн үйлчилгээ, 17000-20000 хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ 120-140 хүүхдэд 540-550 удаагийн дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Эмнэлэгт нэн тэргүүнд шаардлагатай байсан сургалтын кабинет, лабораторийн өрөө, бариа засал, физик эмчилгээний өрөө, ажиллагсдын алжаал тайлах өрөө зэргийг байгуулан үйл ажиллагааг нь жигдрүүлэн эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж байна.

-Жаргалант тосгоны ахмад настнууд эрүүл мэндийн төвийнхөө үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг юм билээ. Өндөр настнуудад хэр их анхаарал халамж тавьж ажилладаг вэ?

-Манай эмнэлэг тосгоныхоо 750-800 хүнд алсын ба ойрын дуудлагын үйлчилгээ үзүүлж сар бүр хөдөө багаар тойрч өндөр настан болон 0-5 насны хүүхэд жирэмсэн эхчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж хяналтад авах үйлчилгээ үзүүлж хэвшсэн. Ахмад настнуудад шаардлагатай тохиолдолд сувилагч гаргаж үйлчлүүлдэг. Хүүхэд, хөгшид, бие давхар эхчүүд өвчлөлд өртөх магадлалтай байдаг учраас илүү анхаарч ажилладаг.

-Танай орон нутагт ямар өвчлөл элбэг байна вэ?

-Улирлаа дагаад тохиолдож байгаа өвчлөлүүд өөр өөр л дөө. Халуун дулааны улиралд бага насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчин тусах нь олон. Харин хүйтний улиралд ханиад, томуу тусах гээд байдаг. Мөн иргэдийн дунд дотор эрхтэн элэг, цөс, ходоодны өвчлөл сүүлийнүед нэмэгдэх хандлагатай байгаа.

-Энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэх талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Энэ бүхнээс сэргийлж хөдөө багаар тойрч айл өрхүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байгаа. Иргэд бага насны хүүхдийг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ариун цэвэр сайн сахиж, эрүүл хоол хүнс хэрэглэх нь чухал. Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийж гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл газраас авах хэрэгтэй. Өргөн хэрэглэдэг өндөг, хиам, зайдас, зууш зэрэг түргэн гэмтэх хоол хүнсийг хөргүүргүй нөхцөлд борлуулж байвал худалдаж авахаас татгалзах нь зүйтэй. Энэ мэт энгийн зүйлсийг мөрдөхөд гэдэсний халдварт өвчинд өртөхгүй байх боломжтой.

-Цаашид ямар зорилго тавьж үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эмнэлгийн ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлж, хэтийн төлөвлөгөө гарган үе шаттайгаар шийдвэрлэж, магадлан итгэмжлэлээ дөрвөн жилийн хугацаатайгаар авч ажиллаж байна.

-Хүн эмчлэхэд авьяас чухал уу. Аль эсвэл мэдлэг, туршлага чухал байдаг юм болов уу. Хүмүүс тэр гуай үнэхээр авьяастай эмч гэж ярьдаг шүү дээ?

-Аль аль нь байх ёстой л доо. Эмч хүн зөвхөн авьяастай байгаад мэдлэг байхгүй бол яах билээ. Энэ мэргэжлийн хүнд хувийн зан чанар, туршлага гэдэг үнэхээр чухал. Эмчлүүлж буй иргэд өвчнөөсөө болж солиорох, ухаанаа алдах, элдэв буруу зөрүү ярих гээд өчнөөн зүйл болно шүү дээ. Тэр болгонд эмч хүн нуруутай байж мэдэрч, тохирсон зөвлөгөө өгч, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байх хэрэгтэй. Эмч хүн мэдрэмжтэй байх шаардлагатай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Монгол бөхийн түүхэнд шинэ хуудас нээсэн улсын аварга Намсрайжавын Батсуурь

Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж буй Монгол Улсын 23 дахь аварга Намсрайжавын Батсуурьтай өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадамд Н.Батсуурийг түрүүлж аварга болно гэж таамаглаж байсан бөх сонирхогч ховор байсан. Заалны барилдаануудад Хөвсгөлийн Х.Бөхбаяр, Ховдын Б.Сосорбарам нарын сумын заануудад өвдөглөчихөөд байсан болохоор тэр л дээ. Харин улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий нарыг түрүү бөхөөр нэрлэж байсан юм. Өнөө жилийн наадмаар таавар эвдэж Увс аймгийн Ховд сумын харьяат улсын харцага Намсрайжавын хүү Батсуурь ес даван түрүүлж ард түмнээ баясгалаа. Тэрээр 2014 онд улсын харцага цолтой улсын наадамд зодоглож аварга Ч.Санжаадамба, гарьд Ш.Жаргалсайхан нарыг өвдөг шороодуулан түрүүлж улсын арслан цол хүртсэн юм.

Монгол бөх удам дагадаг гэдэг. Тэгвэл улсын аварга Н.Батсуурь гурван үеийн бөхийн удамтай. Түүний өвөө Жотойн Гэлэг 1950 оны улсын их баяр наадмаар улсын аварга Шаравын Батсууриар тав давж улсын начин цол хүртсэн юм. “Миний хөгшин аав 1950 онд нутгаасаа нэг сар гаруй шуудангийн машинаар явж улсын наадамд зодоглосон юм байна лээ. Долдугаар сарын 11-ний өглөө стадион дээр ирж. Цэргийн дарга нар бүртгэл хаачихсан, барилдуулах боломжгүй гэж л дээ. Би баруун хязгаараас зорьж ирлээ гээд учирлан гуйсан юм билээ. Нэг дарга нь бодсоноо хоёр цэргийг дуудаж авчраад “Та хоёрын хэн нь хаядаг юм бэ” гэж асууж л дээ. Тэгээд нөгөөдөө унадаг гэсэн цэрэгт нь хандаж “Энэ хүнийг оронд нь оруулъя” гэсэн шийдвэр гаргаж хөгшин аавын минь магнайг баярлуулсан гэсэн.

Ингээд анх удаа улсын наадамд зодоглож, улсын аварга Шаравын Батсууриар тав давсан юм” гэж шинэхэн аварга өвөөгийнхөө талаар хуучилсан. Увс нутгаас төрсөн анхны улсын цолтон Ж.Гэлэг зургаагийн даваанд “Дэрэн бор” хэмээх улсын арслан Самданжигмэдтэй хүч үзсэн байна. Арслан нүд рүү нь гараа хийчихэд нүд нь бүлтрээд гараад ирсэн байна. Улмаар нүдээ гарын алган дээрээ нааж байгаад буцаагаад хийчихсэн аж. Барилдах гэсэн боловч эмчийн магадлагаагаар хасагдаж уналгүйгээр начин цолны тэмдэг зүүжээ.Мөн Батсуурийн аав нь 1988 оны улсын их баяр наадмаар зургаа давж улсын харцага цол хүртэж байжээ. 1980 оны Москвагийн олимпийн наадмын хүрэл медальт гавьяат тамирчин Равдангийн Даваадалай шинэхэн аваргын ээжийнх нь ах гэнэ. Ардын хуьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын өглөө цэнгэлдэлэхэд ир бяр нь тэгширсэн нутаг нутгийн хүчтэнүүд цугларч байв. Арслан Н.Батсуурь улаан дээлээр гоёж том хар цүнх үүрсээр цэнгэлдэхэд орж ирэв. Түүний хамгийн дотны зөвлөх аав нь хүүгээсээ алхам ч холдолгүй дагаж яваа нь харагдсан. Наадмын өмнө “Увс нуур” галынхаа наадамд түрүүлсэн болохоор ч тэр үү, өөртөө итгэлтэй тайван байх аж.

Эхний даваануудад арслан ам бөхчүүдээ гарынхаа үзүүрээр сэгсрээд явчихсан. Харин дөрвийн даваанд Хөвсгөлийн Шинэ-Идэрийн аймгийн арслан Ц.Сандагдоржтой оноолтоор таарчээ. Арслан өнгөрсөн жил энэ даваанд халтирсан болохоор ч тэр үү, алдаа гаргасангүй. Тавын даваанд тэрээр Булганы Д.Амарсайхан начинг амлажээ. Улсын цолны төлөө зүтгэж буй залуусын зовлонг биеэрээ мэдэрсэн учраас залуусаас амлаагүй талаараа тэрээр ярьж байсан юм. Ам бөхөө бариа зөрүү дээр л малгай шигээ чулуудчихаад хамгийн түрүүнд туг тойрохоор гүйв. “Булганы “жижиг” Амараа ч ингэж гарын үзүүрт явчих хүн биш дээ. Арслангийн бэлтгэл онцгой сайн байна” гэж наадамчид өөр хоорондоо ярилцаж байв. Зургаагийн даваанд тэрээр аймгийн хурц арслан Ц.Бямба-Очирыг мөн л бариа зөрүүн дээр эгэм тахим хийгээд л туг тойрсон. Өндөр даваанд бөхчүүдийн бие хүндэрсэн байдаг учраас барилдаан нэлээн удааширсан. Энэ зуур арслан маань дугхийгээд авч буйгаас харахад их тайван байгаа нь ажиглагдсан юм.

Долоогийн даваанд тэрээр заан цолны төлөө зүтгэж буй Баянхонгор аймгийн хурц арслан Н.Золбоог амлажээ. Барилдааны эхэнд хурц арслан Н.Золбоо Н.Батсуурийг зайлж гуд татаж дөрвөн хөллүүлээд толгойг нь уургалаад ававГэсэн ч залуу хурц арслан хутгах гээд барьцаа алдчихав. Улмаар барилдаан удааширч барьц сонгосонд хүрэхэд Н.Батсуурийн аз нь шовойх нь тэр. Хашир арслан ч хавираад дороо хийчих нь лээ. Их шөвөгт арслан маань нэг дэвжээний хүчтэн улсын заан Н.Жаргалбаяртай тунажээ. Барилдахаар гарахын өмнө нь улсын арслан Б.Ганбат, харцага Г.Намсрайжав нар Н.Батсуурьт “Давхар золгооноос өмнө барилдаанаа шийдвэрлэх”-ийг зөвлөөд гаргав. Аралтай заантай таарсан арслан ч барилдааны эхнээс санаачилгыг авч зүүн золгооноос мөргөж дамжиж ард нь гарсан ч хараахан гүйцээж чадалгүй барьцаа алдчихав. Дараахан нь зааны баруун хөлд нь суйлж тэнцвэр алдуулсан ч даваагүй. Барилдааны төгсгөлд Жаргалбаяр заан баруун талдаа мордоход нь арслан Батсуурь талаа солиод сунгаж татаад өнхрүүлчихсэн дээ. Түрүү бөхийн тааварт яригдажбайсан Жагаа заан ч ногоон дэвжээгээ нүдэндээ нулимстай орхиж байна лээ. Түрүү байрын төлөө барилдахаар шалгарсан арслангаа Увсын улсын цолтнууд бүгд шахуу бүчиж авчээ. Их шөвгийн барилдааны явцад арслангийн баруун хөлний шөрмөс нь татчихжээ. Улсын заан Ж.Ганболд массаж хийж хийж тайвшруулж байв. Түрүү байрын төлөөх барилдаан төд удалгүй эхэлж 512 хүчтэнээс шалгарсан хоёр хүчтэн бие биенийхээ алхаа гишгээг анхааралтай ажиглаж байв. Энэ зуур арслан Батсуурь өмнө давааны амьсгаагаа дараад авчээ. Барилдааныг нүд салгагүй анхааралтай харж зогссон арслан П.Бүрэнтөгс, Н.Жаргалбаяр нар “цаад чинь өхийлдөнө гээд гарсан даа. Талаа солиод баруунаас хийх байх шүү” гэж хэлж дуусаагүй байхад нь арслан ганцхан өхийлдчихөөд тугны зүг гүйчихэв. Тэндээс Намсрайжав харцага хөл нь газар хүрэхгүй шахуу гүйж ирж хүүгийнхээ баярыг хуваалцаж байгаа харагдав. Өнөө өвдөг шороодоод харуусч зогссон Жаргалбаяр дэвжээний ахынхаа аварга болсонд нь баярлаж медалиас нь адис авч байна лээ. “Даваа болгон хүнд байлаа. “Увс нуур” бөхийн галынхны надад өгсөн эрч хүч дотор минь буцалж байлаа. Бие минь ядарч байсан ч сэтгэлээр ядарсангүй” гэж шинэ аварга хэлнэ лээ.

Н.Батсуурийн монгол бөхийн оргилд хүрэх зам цэх, шулуун байсангүй. 2007 онд Ховд аймгийн наадамд хорьж болохгүй 20 насандаа зодоглож дөрвийн даваанд өөрийн аав улсын харцага Г.Намсрайжавтай оноолт таарч даваа авсан байна. Харин цолны төлөөх хариуцлагатай даваанд тунаж барилдаад аймгийн начин болж байжээ. Улсын их баяр наадамд 10 удаа түрүүлсэн дархан аваргаХорлоогийн Баянмөнх Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн цолны босгоор алхжээ.

Аймгийн начин Н.Батсуурь цол ахихаар хэд хэдэн наадамд зодоглосон ч “ганзага хоосон” буцаж байжээ. Аймгийн арслан цол горилж Дорноговийн наадамд очиж зодоглоод нэгийн даваанд уначихаад уйлаад буцаж байсан үе ч түүнд бий. Завханы наадамд ногт ганзагалж очиход нь гурвын даваанд улсын гарьд Ш.Жаргалсайхан амлаж гомдоож байсан гэдэг. “Завханы наадмаар би амьхандаа аймгийн арслан цол горьдож очсон юм. Тэгсэн гурвын даваанд Жагаа ах амлаж аваад тасалчихдаг юм. Би уйлаад. Тэгээд л наашаа гараад 2000 км замын турш барайгаад л дотроо Жагаа ахад жигтэйхэн гомдсон хүн ирж байсан. Бид хоёр чинь тэгээд хөгжилтэй. Дараа нь Жагаа ах надаас уучлал гуйгаад ”за, ахын дүү зүгээр үү” гэж байсан. Бөхийн амьдрал хатуугэдгийг тэгэхэд ойлгосон шүү” гэж ярьж байсан юм. Цолоо ахиулж хараахан амжихгүй байсан тэрээр улсын наадмын дэвжээнд анх зодоглохдоо улсын харцага Д.Батболдод тахим өгч байжээ. Харин дараа жил нь дөрвийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодож байсан аж. “Х.Мөнхбаатар арсланг өмнө нь хоёр ч удаа давсан болохоор өөртөө их л итгэлтэй гарсан. Гэхдээ улсын том цолтой бөх чинь наадмаар хий зай нь арилчихсан байдаг юм билээ. Наадмын дэвжээнд яарч түргэн шийдвэр гаргаж болохгүйг тэр барилдаанаас ойлгосон шүү” гэж дурссан нь бий. 2011 онд дахин зодоглосон ч оноолтын даваанд До.Ганхуяг арсланд унасан байна. “Улсын наадамд гурван удаа доогуур даваанд уначихаар чинь “Би улсын цол авах учиргүй юм болов уу ч гэж бодогдож байсан шүү. Гэхдээ цаг хугацаа хүний хүч хөдөлмөр, бэлтгэл сургуулилтыг үнэлдэг юм билээ” гэж ярьж байсан юм.Тэрээр 2011 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд зодоглож улсын харцага Ө.Даваабаатараар найм даван түрүүлж олон жил хүлээсэн аймгийн арслан цол хүртсэн байна. Цол дагаж бяр нэмсэн залуу арслан Н.Батсуурь 2013 оны Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмаар зургаа давж улсын харцага цолд хүртсэн юм. Бусад залуу бөхчүүд шиг нутгийн ах цолтнуудын дэмжлэг, татаас яриа хөөрөө хийх шаардлага бэлтгэл сургуулилтаа сайтар базаасан Батсуурьт байсангүй. Бөхийн барилдааны гурвын даваанд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат улсын харцага Б.Одгэрэл (тухайн үед аймгийн хурц арслан байсан)-тэй тунаж барилдаж давсан байна. Оноолтын даваанд өмнөх наадмын түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй нугарч дархан бусгаагаараа хазайлгаж анх удаагаа улсын цолны даваанд боссон юм. “Тэр жил Бүрнээ маань аварга болохбодолтой байхад нь дөрвийн даваанд би таарч хаясан юм. Хамт бэлтгэл сургуулилт хийдэг болохоор хэн хэнийхээ арга барилыг сайн мэддэг. Энэ нь надад амар байсан л даа” гэж энэ барилдааныхаа талаар ярьж байсан юм. Начин цолны төлөө тэрээр нутгийн бөх Ө.Бат-Оршихтой барилдаж гар таллаж дамжиж ард гарснаар мэхээ даалгаж улсын цолтнуудын өнөр бүлд багтжээ. Начин болсон Батсуурь харцага цолны даваанд Говь-Алтайн өсөх идэр начин Лувсандоржийн Цэрэнтогтохтой тунаж уран сийрэгхэн барилдаан үзүүлж туг тойрчээ.

Аавынхаа цолонд хүрсэн Н.Батсуурь бөхийн өргөөнд зохиогдсон улс аймгийн цолтнуудын барилдаанд тогтмол амжилттай барилдаж түрүүлж, үзүүрлэж шөвгөрч байсан юм. Бүтэн жилийн хугацаанд бэлтгэлжилтийн формоо амжилттай хадгалсан Н.Батсуурь Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баярнаадамд одтой сайхан барилдаж Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж Монгол Улсын арслан цолны болзол биелүүлсэн юм.

Уяачдын наадам дээр төрийн наадмын түрүү бөх хүчит аварга Намсрайжавын Батсуурьтай уулзлаа. Тэрээр сэтгэл ихэд тэнэгэр, ёстой л нэг Монгол бөхийн дээд цол аварга цолонд хүрсэн бөх ийм байдаг байхдаа гэж бодогдохоор харагдана. “Улсын аварга хэмээх хүндтэй эрхэм цолонд хүрлээ. Их баяртай байна. Намайг дэмжиж ирсэн ард түмэндээ баярлалаа. Цолондоо эзэн болж бөхөд хайртай монгол түмнээ хүндэтгэн барилдах болно. Монгол Улсын дархан аварга хэмээх дээд цолонд хүрэхийн төлөө өөрийгөө дайчлан зүтгэх болно” гэж бахтайхан хэлсэн. Уяачдын наадам дээр уламжлал ёсоор төрийн наадмын түрүү үзүүрт шалгарсан хүчит бөхчүүдэд шагнал гардуулдаг. Увс аймгийн нутгийн зөвлөл шинэхэн аваргадаа шагнал гардуулах мөч ирэхэд Батсуурь аварга наадмын торгон асраас инээмсэглэсээр гарч ирсэн юм. Монгол төрийн наадамд 10 удаа түрүүлсэн 100 жилийн бөхийн од Баянаа аварга “Манай Намсрайжав буянтай сайхан хүн юм. Монгол Улсын аварга цолтой бөх төрүүлсэн байна” хэмээн уярангуй хэлээд шинэхэн аваргаа дахин дахин үнсэж харагдсан.

“Түрүүлэх хэмжээний арслангуудтай дөрвийн даваанд оноолтоор таарч олон ч удаа унасан. Түрүүлэх хэмжээнд бэлтгэгдсэн бөхчүүдээс илүү сайжирч байж анх эхлүүлсэн зорилгодоо хүрэх хувьтай байсан юм билээ” гэж Батсуурь аварга ярьсан.

“Тэр жил наадмын нээлт 11:00 цагаас эхлэх байсныг би мэдэлгүй өглөө 9:00 цагт төв цэнгэлдэхэд очсон. Хоёр цаг орчим хүлээсэн дээ. Тэр үед наадмын түрүү бөхийг “Тоёота” машинаар байлах анхны уламжлал эхэлж байж л дээ. Өнөөхийг нь “Төв цэнгэлдэх”-ийн үүдэнд “сойчихсон” байсан юм. Хараад хамт очсон хүргэн ахдаа би тоглоомоор “Түрүүлчихээд наадмын талбайгаа “Тоёота” унаж тойрох юм биш биз дээ. Ер нь авч яагаад болохгүй гэж” хэмээн хэлж байсан юм. Одоо бодоход өөртөө итгэлтэй байсан ч юм шиг санагддаг юм. Эхний өдөр хоёр давчихаад маргааш нь гэрээс гарахдаа эхнэртээ “Би том цол авна шүү. Бэлтгэлтэй байгаарай” гэж захиад арслан болоод харьсан даа” хэмээн шиэнэхэн аварга төрийн наадамд анх түрүүлсэн дурсамжаасаа хуваалцсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Усанд живэлгүй хэрхэн яаж сэлж сурах вэ?

Халууны улиралд иргэд гэр бvл, хамт олноороо салхинд гарах, гол ус бараадаж сэрүүцэн амарч, зугаалах нь олширдог. Энэ онд улсын хэмжээнд усны ослын тохиолдол 12 аймгийн 20 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 27 удаа гарч 38 хүн амь насаа алдсан байна. Үүний 30 нь насанд хүрэгчид, найм нь хүүхэд байгаа юм. Бага насны хүүхдийг гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, гол, усанд орох үедээ согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг зэрэг олон шалтгааны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол буурахгүй байгаа юм. Иргэд хэт халуунд халууцаж архи уусан үедээ голын усанд орвол сэрүүцэж, архи гарч толгой сэргэдэг гэсэн ташаа ойлголттой байдгаас үүдэн гол руу орж живдэг ажээ. Усанд живж, амиа алдсан иргэдийн 90 орчим хувь нь архидан согтуурсан үедээ осолддог талаар судалгаа байдаг. Архи уусан үед голын хүйтэн ус руу орох нь хүний бүх биеийн шөрмөсийг татаж, өөрийгөө удирдах чадварыг нь бууруулдаг. Мөн тухайн хүний биеэр цус гүйх нь удааширч бие бүхэлдээ хүндэрч хөдөлгөөн хийж амжилгүй усанд живдэг байна.

Усанд осолдсон иргэдийн ихэнх хувь нь усны гүнийг мэдэлгүй бүсэлхийнээс дээш усанд орж санамсаргүй байдлаар живж амь насаа алддаг аж.
Усанд сэлэх нь хүний төрөлхийн ур чадвар боловч төрснөөсөө хойш сэргээгээгүй учраас мартсан байдаг. Хэрэв та усанд сэлэх дадлага туршлага тааруу бол голын усанд орохдоо аврах хантааз хэрэглэх шаардлагатай юм. Гүн усанд хөл алдсан бол сандрахгүй тайван байж урсах явцдаа тааралдах, дархи мод, хүмүүсийн шидсэн аврах цагираг зэргээс барих шаардлагатай. Мөн усанд хөл алдсан тохиолдолд амаараа амьсгалах бөгөөд ус залгихаас болгоомжлох хэрэгтэй юм. Ус залгиж уушгин дахь агаараа гадагшлуулснаар живэх нөхцөл бүрддэг байна. Хүн амьсгалаа түгжиж, уушгиндаа агаар хуримтлуулснаар хөвдөг аж. Гүнзгий усанд хөл алдаж живсэн тохиолдолд амьсгалын зам усаар дүүрч удаан хугацаанд бөглөрснөөр амь насаа алддаг юм.
Усанд живсэн хүнийг арван минутын дотор анхны тусламжийг зөв үзүүлснээр аврах бүрэн боломжтой байдаг аж. Харин түүнээс дээш болсон үед амьсгалын зам руу их хэмжээний ус орох, гадны биет орж бөглөсөн тохиолдолд аврах боломжгүй байдаг юм.
Усанд живсэн хүнийг чирч гаргахдаа өөрийн аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай. Учир нь шоконд орсон хүн аврах гэж буй хүнээс зуурч хамт урсах эрсдэл өндөр. Живж буй хүнийг аврахдаа боломжтой бол аврах цагираг шидэж өгөх шаардлагатай. Боломжгүй бол живж буй хүнд мэдэгдэлгүй араас нь гэтэж очиж татаж авдаг арга юм.
Гаргаж ирээд ус залгисан хүнд анхан шатны тусламж үзүүлэхдээ таталт өгсөн амыг нь нээж, уруу нь харуулж нуруун дээр нь дарж усыг нь гадагшлуулна. Бүрэн гаргасны дараагаар хиймэл амьсгаа хийснээр амийг аврах магадлалтай. Жин масс ихтэй хүнийг аврахдаа тогтмол, зөөлөн урсгалтай усанд муужрахыг хүлээдэг байна. Хөдөлгөөнгүй болсон үед нь яаралтай орж уснаас гаргаад анхан шатны тусламж үзүүлдэг юм. Яарч сандарч орсноор хамт живсэн тохиолдол олон байдаг. Усанд сэлж чаддаг хүн ямар нэгэн гэнэтийн зүйл болоход амиа аврах чадвартай болох нь мэдээж. Гүн биш бассейнд сэлж сурсан иргэд урсгал голын усанд хөл алдаж, сандрах тохиолдол элбэг байдаг.
Задгай усанд сэлэхэд хамгийн тохиромжтой нь мэлхий сэлэлт юм.
Сэлэлтийн техникийн хувьд усан доогуур гарын таталт (гар уснаас гарахгүй) хөлийн тийрэлтийн ээлжилсэн хөдөлгөөнүүд юм. Сэлэлтийн чиглэлийг алдахгүй байх, хувцастай сэлэх, сэлэхдээ ямар нэгэн зүйлээс барих, ямар нэгэн зүйлийг чирч сэлэхэд уг сэлэлтийн ашиг гардаг. Мэлхий сэлэлтийг хөвөгчтэй хамтаар ашиглавал сэлэх анхны ойлголтгүй хүн ч усанд живэхээс өөрийгөө хамгаалж чадна.
Усны аврагчид голдуу өврөөр даллах сэлэлтийг өөрийнхөө ажилд хэрэглэдэг. Сэлэлтийн техникийн хувьд урд хоёр гараа ээлжлэн усанд хавсарч, хоёр хөлөө дээш доош ээлжилсэн хөдөлгөөн хийнэ. Мэргэжилтнүүд уг сэлэлтийн төрлийг сурахад хялбар, түгээмэл гэж үздэг. Өврөөр даллах сэлэлтийг сурснаар дараагийн сэлэлтийн төрлүүдийг сурахад хялбархан байдаг гэнэ. Уг сэлэлтийг сурснаар араар даллах сэлэлтийн техникийг сурахад илүү хялбар болдог юм. Араар даллах сэлэлт, өврөөр даллах сэлэлттэй техникийн хувьд адилхан. Гар усан дээгүүр даллана, дараа нь усанд буун таталтын хөдөлгөөн хийнэ. Баруун гарыг татаж байх үед зүүн гар усан дээгүүр даллах хөдөлгөөн хийнэ. Хоёр хөл ээлжлэн усан дээр зогсолтгүй цохилох шаардлагатай юм.
Мөн далайн гахай сэлэлтийг
хийхэд тохиромжтой байдаг аж. Далайн гахай сэлэлтийн үед хоёр гараа уснаас зэрэг гарган усан дээгүүр даллан урдаа буулгана. Гараа даган цээжин бие, толгой усруу орно. Гараар таталт хийж байх үед хоёр хөл усан дээр зэрэг цохилно. Эрвээхий сэлэлтийн үед хөлийн хөдөлгөөн мэлхий сэлэлтийнх шиг ажиллана. Уг сэлэлтийг мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт зэргийг сайн сурсны дараа сурч эхэлнэ.
1966 онд Улаанбаатар хотод болсон их үерт өртсөн иргэд усанд сэлэх талаар хамгийн энгийн мэдлэгтэй байж усанд амьсгаагаа түгжээд хэсэгхэн байсан бол үерийн ус өнгөрч амь аврагдах бүрэн боломжтой байсан гэж үздэг байна. Иймээс иргэд усанд сэлэх энгийн мэдлэгүүдийг эзэмшсэн байх шаардлагатай.