Categories
мэдээ цаг-үе

Мэргэжлийн сумогийн их аварга, хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргал: Олимпийн нээлтэд аваргын ёслолоор мэндчилж Монгол Улсаа сурталчлах хүсэлтэй байгаа

Хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн сумогийн есдүгээр сарын тэмцээний макуучи зиндаанд 15 давж 41 дэх түрүүгээ хүртсэн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалтай ярилцлаа.


-Таны аав хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин дархан аварга Ж.Мөнхбат 1992 онд байгуулж байсан “Их шавь”-ийн дээд сургуулийн өргөтгөл “Их шавь” спорт сургалтын төв нээлтээ хийж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний аав 1992 онд спортын зүтгэлтнүүдтэй хамтарч “Их шавь”-ийн дээд сургуулийг үүсгэн байгуулж байсан түүхтэй. Их аавынхаа бүтээн байгуулсан сургуулийн дэргэд “Их шавь” спорт сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагааг намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр хийж байна. Сэтгэл хөдлөөд аавынхаа хөдөлмөрийн баатарынх нь тэмдгийг зүүгээд ирлээ.

“Их шавь” сургуульд дархан аварга Г.Өсөхбаяр, гарьд И.Доржсамбуу нараар ахлуулсан олон алдар цуутнууд суралцаж спортын замналаа эхлүүлж байсан. Билэгт сайн өдөр нээлтийн туузаа хайчилсан “Их шавь” спорт сургалтын төвөөс ч олимп дэлхийд Монголын нэрийг дуурсгасан олон зуун алдартнууд төрж гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Их аварга аавынхаа хүсэл, зорилгыг бид үргэлжлүүлэн авч явна даа.

-Аавынхаа сургуулийн нээлтэд та олз омог дүүрэн ирлээ?

-Нээлтийн үйл ажиллагаанд “Их шавь” сургуульд суралцаж байсан үе үеийн төгсөгчид нь иржээ. Удаан уулзаагүй олон жил болсон ах нартайгаа уулзаад сайхан байна. Дээр нь мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 41 дэх түрүүгээ уналгүй 15 даваатайгаар авч олз омог дүүрэн ирлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нь ч нүүр бардам үг хэллээ.

-Башё өндөрлөсний маргааш л “Их аварга Хакухо М.Даваажаргал Чингис хаан нисэх буудалд буулаа” гэж дуулдаж байсан. Нутаг руугаа яарав уу?

-Яаралгүй яах вэ. Энэ их ачаалалтай бэлтгэл сургуулилтын завсар зайгаар тэр бүр нутагтаа ирээд байж амжихгүй юм. Монголдоо цөөхөн хоног ажиллаад буцна даа.

-Ирэхэд тань Улсын их хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзаж байсан. Энэ үеэр өмссөн чононы хатгамалтай кимоно тань олны анхаарал татаж байлаа. Энэ хувцасныхаа талаар ярихгүй юу?

-“Бөртэ чоно” гэж ярьдаг шүү дээ. Тийм ч учраас чононд дуртай. Японд 100 жилийн өмнө чоно устаж үгүй болсон байдаг. Тиймээс энэ хийморьлог амьтанг Японы ард түмэн таньж мэдээсэй гэж хүсдэг юм. Надад сая өмссөнөөс гадна саран дээр ульж буй чонын зурагтай ногоон кимоно байдаг. Өнгөрсөн сарын башё миний хувьд унах эрхгүй чухал хариуцлагатай байсан л даа. Тэмцээний эхний долоо хоногт цагааныгаа, шийдвэрлэх хагаст нь ногооныгоо өмсөөд л барилдааны өмнөх бие халаалтын өрөө рүү яваад ороход бөхчүүд хараад гайхаж сүрдэнэ шүү дээ. Өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйд нөлөөлж байгаа нэг арга хэлбэр юм даа.

-Мэргэжлийн сумод таны эвдээгүй амжилт үлдэв үү. Одоо та юунд зорьж бэлтгэл сургуулилтаа базааж байна?

-Мэргэжлийн сумод 19 настайгаас хойш авсан даваа минь 1001 давлаа. 22 настайдаа мэргэжлийн сумогийн аварга болсноос хойш авсан даваа минь 800 хүрчээ. Монгол хүн хичээгээд, сэтгэл гаргаад зүтгэвэл оргилд нь гардгийг дэлхийн нийтэд харуулсандаа туйлын их баяртай байна. Одоо надад эвдээгүй дээд амжилт тун цөөхөн үлдсэн шүү. Ватабаяама аварга мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 69 дараалж давсан байдаг. Би 63 дараалж даваад ялагдал хүлээсэн юм. Ойр дотны хүмүүс, сумо сонирхогчдод хандаж би “Ватабаяама аварга 69 дараалж давсан, Харин би 69 дэх аваргаар тодорсон. Ийм сайхан тооны бэлгэдэлтэй байхад үлдсэн барилдаанууддаа хичээж барилдана аа” гэж хэлдэг.

-Та 2020 он хүртэл барилдана гэж амлаж байсан. Хэдий болтол барилдах төлөвлөгөөтэй байна?

-Би өнгөрсөн тавдугаар сард Монголд ирэхэд нэг залуу “Та 2020 он хүртэл барилдана гэж битгий яриарай” гэдэг юм. “Юу гэсэн үг билээ” гээд асуухад “Ардын хувьсгалын 100 жилийн ой ойрхон байгаа шүү” гэж хэлж байсан. Сонин сайхан янз бүрийн юм тохиолдоно.

-Цаашдаа та юу хийх вэ. Мэргэжлийн сумод үлдэж ажиллах уу, эсвэл өөр ямар нэгэн ажил эрхлэх үү?

– /Инээв/…

-Та Монгол хүн гэж дэлхийд танигдсан. Дэлхий монгол хүн гэдийг ч мэднэ. Иргэншил солих болоход манай сумо сонирхогчид таагүй хүлээж авах хандлага ажиглагдаж байсан. Энэ талаар таны бодол?

-Эх дэлхийн хүмүүс бүгдээрээ ижилхэн шүү дээ. Энэ асуудал дээр эмзэглээд байх хэрэг байхгүй гэж бодож явдаг. Удахгүй хоёр жил орчмын дараа Японы нийслэл Токио хотод зуны олимпийн их наадам болно. Токиогийн олимпт би Монголын талаас олимпийн хорооны элч төлөөлөгчийн тэмдгийг авсан байгаа.

-Танд олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох боломж байгаа юу. Монгол түмэн үүнийг хүлээж байгаа…

-Японы үндэсний спорт сумо олимпийн хөтөлбөрт багтсан байгаа. Ямартаа ч олимпийн наадам, паралимп хоёрын хооронд их хугацаа байдаг. Энэ үед Токиод олимп үзэхээр 200 орчим улсаас иргэд, элч төлөөлөгчид саатна. Тэдэнд мэргэжлийн сумог таниулж хөтөлбөрт аваргын ёслолоор мэндчилнэ. Тэртээ 1964 онд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпийн их наадам Токиод зохион байгуулагдахад Монгол Улсын баг тамирчид анх удаагаа оролцож байсан түүхтэй. Миний хувьд энэ их наадмын нээлтийн үйл ажиллагаанд аваргын ёсолгоогоор мэндчилж Монгол Улсаа дэлхийд сурталчлах хүсэл эрмэлзэлтэй байгаа.

-Аав тань танд захиж үлдээсэн амьдралдаа хэрэгжүүлж явах зүйлс олон байгаа байх?

-Ойр дотны хүмүүс маань “Үр хүүхэд нь амжилттай гялалзаж явахад эцэг эхийн сэтгэл тэнэгэр байдаг” гэж ярьдаг л даа. “Аавыгаа өвчтэй зовлонтой байлаа, тэнгэрт гарлаа гэж битгий гутраарай, хаа нэгтээгээс харж байгаа гэж бодож ажиллаж амьдраарай” л гэсэн захиас надад үлдээсэн дээ. Тэр захиасыг нь биелүүлж амжилттай яваадаа сэтгэл өег байх юм.

-Тантай нэгэн цагт мэргэжлийн сумогийн дэвжээнд гялалзаж явсан аварга Харумафүжи Д.Бямбадорж сая зодог тайлах шийдвэр гаргасан. Юунаас шалтгаалж зодог тайлсан бол?

-Надтай нэгэн цагт хамт өрсөлдөж, ирлэж хурцалж явсан Харумафүжи Д.Бямбадожийн даахийг үргээх ёслол есдүгээр сарын 30-ны өдөр болно. Сумогийн хүнд, хатуу бэлтгэлийг хатдаа даван туулж байсан учраас их хүндэтгэдэг. Нэгэнт л зодог тайлах шийдвэр гаргасан учраас ажил амьдралд нь амжилтын дээдийг хүсье дээ.

-Монголын сумочдоос дараагийн аварга нь хэн болно гэж итгэл хүлээлгэж байна. Монгол бөхийн олон сайхан аварга, арслангийн хүүхдүүд мэргэжлийн сумог зорьсон шүү дээ?

-Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа гээд олон хүчитнүүдийн хүүхдүүд сумо барилдангаа сурч боловсорч байгаа. Сайхан удам байхад гараад ирэхийг үгүйсгэхгүй л дээ. Миний хувьд олон нэр хэлээд яах вэ. Бүгд л хөлсөө дуслуулаад бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Байгалиас заяасан сайхан бие хаа, хүч тэнхээтэй Ичиножо А.Ичинноров дүү маань өнөөдөр хэнийг ч хаях боломжтой. Аварга болох болов уу гэж харах юм. Мөн нэгэн цагт мэргэжлийн сумогийн дээд зиндаанд гялалзсан амжилт үзүүлж явсан Асашёрюү Д.Дагвадоржийн төрсөн ах Д.Сугаррагчаагийн хүү Б.Бямбасүрэн сайхан барилдаж байгаа.

-Ирэх сарын башёгийн бэлтгэлдээ хэзээ орохоор төлөвлөж байна?

-Дараагийн башёгийн талаар ярихад арай эрт байна. Есдүгээр сарын тэмцээний ядаргаа гүйцэд гараагүй л явж байна даа. Японд очиж сайхан амраад л тойргийн барилдаануудад орно. Дараагаар нь л ирэх сарын тэмцээндээ бэлдэнэ дээ.

-Өнөөгийн нийгмийн залууст хандаж юуг зөвлөх вэ?

-Хүн бүхэн мөрөөдөлтэй байдаг. Би 15-тайдаа сагс тоглохоос өөр юм чадахгүй хүүхэд байлаа. Монгол хүн учраас аварга болно гэсэн мөрөөдөл дотор нуугддаг байсан л даа. Би ердөө 22 насандаа л мөрөөдлөө биелүүлчихсэн. Мөрөөдөлгүй болно гэдэг аюултай юм билээ. Зөвхөн спорт бус, салбарт бүрт ажиллахаар зэхэж буй залуусдаа хандахад “Хүн олон мөрөөдөлтэй байх ёстой шүү”. Өөрөө мөрөөдлөө биелүүлж бартаа саадыг даван туулаад ирсэн болохоор “Заавал, заавал, заавал” гэж гурван удаа өөртөө хэлж сануулж байлаа. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэхийн тул хэтэрхий их хичээж өөрийгөө дайчилж болохгүй. Өөрөө биегүй болдог ч юм уу, сэтгэл зүйгээр их унадаг. Сэтгэл зүрхэндээ бодоод явахад биелдэг юм шүү.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн зөв бодлогын үр дүнд баяннуур хотын иргэдийн амьжиргаа дээшилж байна

Монголын сэтгүүлчид БНХАУ-ын хязгаар, ӨМӨЗО-ны орны баруун бүс, Шар мөрний Бор тохойн дээд хэсэгт орших Баяннуур хотод зочиллоо.

Хятадын Засгийн газраас Ядуурлыг бууруулах хөтөлбөр боловсруулж, энэ хүрээнд хувийн аж ахуй эрхлэгчдэд хөрөнгө оруулах замаар ажлын байр бий болгох, ард иргэдийн амьдарлын түвшинг дээшлүүлэх бодлого барьж байна. Энэхүү бодлогын үр дүнд аж ахуйн нэгж, малчид, тариаланчдын амьдрал дээшилж байгааг Баяннуур хотын жишээнээс харж болохоор байлаа. Цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын жишигт нийцсэн лаборатори байгуулан баталгаажуулжээ. Мал үржүүлэг, тэжээлийн үйлдвэр, мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрлэлийг цогцоор нь шийдэж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ургамал, мод тарих аргыг туршиж байна.

Мөн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ бизнес эрхлэх боломжоор хангаж, төрөөс дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалт хийж өгдөг юм байна.

Баяннуур хотын тухай товч танилцуулж, Монголд нутагшуулж болох сайн туршлагуудын талаар энд өгүүлье.

Баяннуур хот умард өргөргийн 40 градуст тариа будааны ургалт гарц хамгийн сайн бүс нутагт харьяалагддаг юм. Жилийн нар тусах хугацаа хамгийн урт, өдөр, шөнийн температурын зөрүү ихтэй, ус хөрсний үржил шим сайтай бүсэд оршдог. Энэ хот 7,326 сая м.кв газар тариалангийн талбайтай ажээ. Тус бүс нутаг Hetao гэх Ази тивд хамгийн томд тооцогдох усалгааны системтэй бөгөөд жилд дунджаар таван тэрбум куб.метр ус татаж тариан талбайгаа усжуулдаг юм байна. Энэ төхөөрөмжийн тусаар газар тариалангийн бизнес эрхлэгчид цаг агаарт залбирч суулгүй тааваараа ажил хөдөлмөрөө эрхэлдэг бололтой. Баяннуур хот нь таван сая метр куб талбайд тариалалт хийдэг гэнэ.

Тариалан эрхлэгчид нь улаанбуудай, эрдэнэшишээс гадна наранцэцэг, Хө Тао нутгийн амтат гуа, алиман лийр, улаан лооль, нохойн хошуу, хар самар зэрэг жимс тарьдаг гэнэ. Сайн чанарын эрдэнэшишийг 3.5 сая метр кубд тариалж 2.5 сая тонныг хураадаг юм байна. Тэгш өндөрлөг бүс нутагт тариалсан улаанбуудай нь цавуулгийн агууламж өндөртэй сайн чанартай буудайн төрөл бөгөөд БНХАУ-ын гурилын үйлдвэрүүдийн гол түүхий эд болдог юм.

Нэг сая 700 орчим мянган хүн амтай Баяннуурын иргэдийн олонх нь эрдэнэшиш, улаанбуудай болон хүнснийногоо тариалж аж төрдөг. Дотоодын гурил үйлдвэрлэгч компаниуд Баяннуур хотын иргэдийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна Япон, Орос, Канад, Шинэ Зеланд, АНУ зэрэг 10 гаруй оронд мөн экспортолдог юм байна. Ингэснээр газар тариалангийн салбараас жилд 13 тэрбум 870 сая юанийн орлого олдог гэнэ.

Тус хот дангаараа БНХАУ-ын цэвэр сүүний хэрэгцээний 50 хувийг үйлдвэрлэж Иордан, Кувейт, Ливан, Ирак, Иран зэрэг улсад сүүгээ экспортолдог ажээ.

Баяннуур хотоос хэрэгжүүлж болох нэг туршлага нь нарны эрчим хүчийг ашиглах юм. БНХАУ-ын Засгийн газар 2020 он гэхэд нарны эрчим хүчний чадлыг 110 ваттаар нэмэгдүүлэхээр төлөвлөж 2.5 их наяд юань төсөвлөжээ. Үүнийг дагаад 13 сая ажлын байр бий болох юм. Ирээдүйд нийт эрчим хүчний хэрэглээний 86 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилго тавиад байгаа аж. Иймээс хот мужуудад нарны эрчим хүчийг цуглуулах хавтан ашиглаж эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлж байна. ӨМӨЗО-ны дэмжлэгтэй, Шань Лу Энержи группийн хөрөнгө оруулалттай Лиень Шин тосгонд 457 өрхийн 1352 хүн аж төрдөг гэнэ. 2015 онд газар тариалангийн аж ахуй эрхэлдэг энгийн тосгоныг хувийн аж ахуйн нэгж газрыг нь худалдан авчээ. Улмаар байшин барьж иргэдийг нь орон сууцжуулж өрх бүрийн дээвэрт нарны хавтанг суурилуулсан байна. Нарны хавтангаар 30 мегаваттын цахилгаан үйлдвэрлэж, улсдаа нийлүүлдэг байна. Жилдээ 50 сая квт.цагаас дээш эрчим хүч гаргах хүчин чадалтай бөгөөд улсдаа нийлүүлэхээс гадна айл өрхүүдээ цахилгаанаар хангадаг. Ү Юань шены Лиень Шин нарны энергийн тосгоны малын тэжээл тариалдаг талбайд 100 мянган мод, 130 мянган хавтгай дөрвөлжин талбайд цэцэг ногоо тариалж, талбайгаа малын хөл, ус, салхины элэгдлээс сэргийлж, чийг хуримтлуулж байгаа гэнэ.

Газар чөлөөлсний төлбөр болгож, жилд нэг өрхөд 20000 юанийн нөхөн олговор өгдөг байна. Тосгоны иргэд нөхөн олговор авахаас гадна тус компанийн сүүний чиглэлийн ямааг тэжээх, эрдэнэшишийн талбай, эсвэл эрчим хүчний үйлдвэрт ажиллах зэрэг хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байдаг гэнэ. 2015 онд жилийн 30 сая иенийн орлоготой байсан иргэдийн орлого 2,6 дахин нэмэгдсэн байна.

Тус тосгон 2016 онд БНХАУ-ын хамгийн үзэсгэлэнтэй тосгоноор өргөмжлөгдсөн гэнэ. Манай сурвалжлах баг Шэнг Ми сүүний үйлдвэрт саатлаа.

2010 онд 750 сая юанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан тус сүүний үйлдвэр өнөөдөр саалийн 100 мянган үнээтэй, 3000 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү компани өдөрт 1300 тонн сүү боловсруулах хүчин чадалтай ч 1050 тонн сүүг боловсруулж цэвэр сүү, тараг зэрэг 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 400 гаруй сум суурингуудад худалдаалдаг гэнэ. “Энэ бүс нутагт цэвэр байгалийн гаралтай сүүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийлүүлж буй ганц үйлдвэр нь Шэнг Ми юм. Үйлдвэрлэлтийн явцад 146 удаагийн эрүүл ахуйн шалгалт хийдэг учраас өнгөрсөн хугацаанд эрүүл ахуйн тал дээр ямар нэгэн асуудал гарч байсангүй. “Бид БНХАУ-ын цэвэр сүүний хэрэгцээний 50 хувийг нь хангаж ажиллаж байна” гэж сүүний үйлдвэрийн менежер Ма Шиао Жэ хэлэв.

Рэн чуан цөлийн цагаан будаа тариалах суурингаар орлоо. 2017 оны дөрөвдүгээр

сард уг суурин газар байгуулагдсан гэнэ. Энэ үеэс ус хадгалах тусгай технологи нэвтрүүлж, элсээр амьсгалдаг материалыг үйлдвэрлэжээ. Улмаар ургамал ургах боломжгүй цөл газрыг хужирнаас нь цэвэрлэж 6,6 га талбайд цагаан будаа тариалж, 115 тонныг хураан авчээ. Сайн чанарын цагаан будаагаа килограммыг нь Монгол мөнгөөр 3560 төгрөгөөр зах зээлд гаргадаг юм байна. Сонирхолтой нь тус газарт Шар мөрний мөрөг загас, сам хорхой, наймаалж зэргийг цөөрөмд үржүүлж байх юм. Цөөрмийн усаа цагаан будаа тариалахдаа ашигладаг нь сайн чанарын бордоонд тооцогддог байна. Үржүүлсэн загасаа борлуулчихна, усыг нь цагаан будаа тариалахдаа бордоо болгоод ашиглачихдаг зүгээр санагдсан. Хангин хошуунд байрлах “Ци Шүи” үхрийн аж ахуйн компаниар орлоо. Тус компани Америкаас Ангус үйлдвэрийн үхэр авчирч үржүүлдэг гэнэ. Нэг үхэр 700-800 кг бөгөөд 330 орчим кг цул мах гардаг юм байна. Мөн сүүний чиглэлийн 3000 үнээтэй, өдөрт 30 орчим тонн сүү боловсруулж зах зээлд нийлүүлдэг гэнэ. Энэхүү компани малчидтай хамтарч ажилладаг бөгөөд тугал өгч тэжээлгэж цалин урамшуулал өгдөг гэнэ.

Баяннуур хотод үхрийн аж ахуйгаас гадна хүнсний чиглэлийн үйлдвэр олон. 1999 онд байгуулагдсан “Фү Чуань” үйлдвэр есөн өөр үүлдрийн 500 мянган сайн чанарын хоньтой. Австрали болон Германаас хонь оруулж ирдэг, тэд өдөрт 1500 гаруйг нь төхөөрч томоохон захууд болон интернэт худалдаагаар борлуулдаг байна. Үүнээс гадна махны чиглэлийн 100 мянга, сүүний чиглэлийн 50 мянган ямаатай гэнэ. Ямааны сүүгээр 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тус компани сайн чанарын махаа Төв Азийн орнуудад нийлүүлдэг байна. Мөн хонио үржүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр жишиг парк байгуулжээ.

Баяннуур хот дэлхийн хамгийн сайн чанарын самнасан ноос ноолууран бүтээгдэхүүн боловсруулдаг бүс нутаг. Тус хот ноолуурын чиглэлийн хоёр сая 470 мянган ямаатай гэнэ. Бид 1992 онд байгуулагдсан Вэй Шин ноолуурын үйлдвэрээр зочиллоо. Тус үйлдвэр жилд 2000 тонн ноолуур ашиглаж хоёр сая ширхэг, цамц ороолт, үйлдвэрлэдэг гэнэ. Бүтээгдэхүүнээ Австрали, АНУ-руу нийлүүлдэг байна.

Баяннуур хот манай Өмнөговь аймагтай хил залгаа оршдог. Тус хотын анхаарал татсан зүйл нь ногоон байгууламж, ойн зурвас байсан юм. Тус хотод ойн зурвасыг бодитоор байгуулж чадсан нь бидний нэвтрүүлж болох нэг туршлага байлаа.

Дашрамд дурдахад Монгол Улсын Засгийн газраас долоон аймгийн 60 сум 113 багийг газар тариалангийн бүс нутгаар зарлаж, уг бүс нутагт ойн зурвас байгуулах, хашаажуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ойн зурвас байгуулснаар тариалангийн талбайг нар, салхины элэгдэл, малын хөлд талхлагдахаас сэргийлж, хөрсөнд чийг өгөх давуу талтай юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Алтаншагай: Хошин урлаг Монголын ард түмний хүнд хэцүү цагт хань болж байсан

Мөрөөдлийн театрын жүжигчин соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагайтай ярилцлаа.


Мөрөөдлийн театр үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан намар цагийн нээлтийн жүжгээ тавилаа. Шинэ жүжгийн талаар ярилцлагаа эхэлье?

-Өдрийн сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Мөрөөдлийн театр энэ намрын анхны уран бүтээл болгож Дундын бүсгүй шоу драмынхаа нээлтийг сая хийлээ. Энэ драм Мөрөөдлийн театрын 17 дахь уран бүтээл болж байна. Өмнөх тоглолтуудыг бодоход өнөөгийн нийгэмд болж буй бусармаг явдлуудыг хурцаас шүүмжилж үзүүлсэн, хүмүүсийг соён гэгээрүүлэх гэж оролдсон онцлогтой бүтээл болсон. Үзэгчид ч ам сайтай байгаа.

-Шоу драмын нэрний тухайд ярихгүй юу. Энэ сэдэв нийгэмд далд хөшигний ард байдаг шүү дээ. Ил шууд хэлчихэж байгаа юм биш үү?

-Ирээд үзэхэд яагаад Дундын бүсгүй гэж нэрлэснийг ойлгоно л доо. Тоглолт хоёр өөр, эрс тэс жанрыг харуулна. Эхний хэсэгт Шведийн Ян Экстриом гэж зохиолчийн 1963 онд бичсэн Хүн алж тоглосон залуус туужаас сэдэвлэсэн бүтээл тоглогдоно. Үүнийг кино найруулагч Р.Батсайхан ах орчин үеийн хувилбарт оруулж найруулж өгсөн. Энэ хэсэгт орчин үеийн залуусын аж амьдрал, найз нөхөрлөл, хүчирхийлэл, баян ядуугийн ямар байгааг харуулна. Бид бүх юмыг болж бүтэж байгаагаар инээдэм ханиадам мэтээр хүргэх нь өрөөсгөл. Болохгүй байгаа юмыг тайзан дээрээс шүүмжлэх үүрэгтэй. Энэ нь бидний нийгмийн өмнө хүлээж буй хариуцлага. Тоглолтын удаах хэсэгт урлагийн гавьяат зүтгэлтэн Ганхуяг багш Оросын нэрт зохиолч Сергей Беловын Ичгүүргүй хосууд жүжгийг орчуулсныг тоглож хүргэнэ.

-Насанд хүрэгчдэд зориулсан жанрыг сонгож тоглох болсон нь сонирхолтой санагдаж байна. Ялангуяа цахимд цацагдсан та бүхний ёс зүйгүй хэллэгтэй бичлэг шуугиан тарьсан?

-Манайхныг хийх сэдэвгүй болохоороо өөр салбар руу орлоо гэх байх л даа. Насанд хүрэгчдэд зориулсан жанрын бүтээл хийгээд, сая сошиалаар тавигдсан бичлэг зэргийг үзээд хүмүүс олон зүйл ярьж байна. Тэр бичлэгийн тухайд үзэгчдээсээ албан ёсоор хүлцэл өчье. Тоглолтын сургуулилтын үеэр нэг найз маань хийсэн бичлэгээ алдсан. Ер нь яагаад +18 гэсэн бэ гэхээр өнөөдрийн авлига, хүчирхийлэл, хар тамхины хэрэглээ хэмжээгээ алдлаа. Үүнийг бид шүүмжилж тайзан дээрээс үзүүлэх гэж байна. Ард түмнийхээ өмнөөс дуу хоолой болох гэсэн энэ санааг зүгээр л хөгжөөх гэж байна гэж ойлгоод байдаг. Бид харин ч ийм байж болохгүй гэдгийг үзүүлж, урлаг бол нийгмийн толь, хүмүүст хүргэх том зэвсэг гэдэг утгаараа асуудлыг хөндөж, шүүмжилж тоглох гэж байгаа юм. Тоглолтон дээр ёс бус үг хэллэгүүд, янз бүрийн сцена тавилтууд гарна. Төгсгөлдөө бид хэлэх санаагаа хэлнэ.

-Өнөөгийн нийгэмд монгол бүсгүйн цэвэр ичимтгий зан гээгдээд байна гэх хандлага ажиглагдаж байгаа. Залуу хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Манай ахмад үеийнхэн Охид ариун бол төр ариун гэж зөв хэлж л дээ. Өнөө үед бүсгүй хүний цэвэр ичимтгий зан орхигдоод байна уу гэж бодогдох үе байдаг. Энэ үг ч Дундын бүсгүй зохиолын үзэгчдэд хүргэх гэсэн санаатай төстэй. Жүжгийн гол дүрийн эмэгтэй бүх дүртэй холбоотой байдаг. Улмаар дундуур Цусаа сэлбэе, гадаадын иргэдтэй гэр бүл болъё гэх үзэл гаргадаг. Харин өөр нэг дүр нь Цусаа цэвэр байлгах хэрэгтэй гэж үзсэнээр зөрчил үүсч үйл явдал үргэлжилнэ. Эцэстээ цусаа сэлбэж болохгүй гэдгийг ойлгож өгдөг.

-Жүжгийн найруулагчаар төрийн соёрхолт Б.Наранбаатар ажилласан гэсэн. Дүр сонголтын тухайд?

-Бид зохиолоо уншиж сайтар судалж, зөвшилцөж дүрээ тодорхойлсон л доо. Хошин урлагийн өнөө цагийн сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болох соёлын тэргүүний ажилтан Ц.Алдармаа, А.Туяа нарт жүжгийн гол дүр тоглох санал хүргүүлэхэд нааштай хүлээж авсан. Манай хоёр хэсэг хугацаанд тайзан дээр гараагүй байсан ч Мөрөөдлийн театрын хамт олонтой нэгдэж уран бүтээлдээ орж байгаа.

Дундын бүсгүй жүжгийг ямар төрлийн хүмүүст илүү хүрээсэй гэж хүсч байна?

-Насанд хүрсэн хэн бүхэн ирж үзэхэд нээлттэй. Дундын бүсгүй шоу драм эх орноо боддог, өөрийгөө хүндэлдэг улсуудад зориулж хийсэн л дээ. Өнөөгийн нийгмийн аль ч салбарт залуучууд улсаа хөгжилд хөтөлж байгаа. Тэр өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, улс орноо гэсэн сэтгэлтэй залуусыг ирж үзээсэй гэж хүлээж байгаа.

-Жүжиг энэ сарын хэднийг хүртэл тоглох вэ. Хилийн чанадад суугаа монголчуудад жүжгээ хүргэнэ гэж сонссон?

-Энэ сарын 23-ныг дуустал Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглоно. Цаашид хөдөө орон нутаг болон хилийн чанадад суугаа монголчууддаа хүргэхээр төлөвлөсөн байгаа.

-Хошин урлагийнхныг сүүлийн үед нэлээд шүүмжлэх болсон. Тайзан дээр марзгаснаа Урлаг гэлээ гэх хандлага ажиглагдах болсон. Үүний шалтгаан юу бол?

-Сүүлийн үед тиймэрхүү хандлага ажиглагдаж байгаа. Үүнд би үзэгчдийнхээ өмнөөс харамсдаг юм. 1990 онд ардчилал гарснаас хойш лангуу хоосорсон тэр үеэс хошин урлаг өдийг хүртэл Монголын үзэгчдийг баясгаж, нийгмийн хүнд хэцүү цагт хань болж байсан ганц зүйл шүү дээ. Бага тайзнаас эхлээд өнөөдрийг хүртэл Монголын хошин урлаг, энэ салбарын ах эгч нар маань хүмүүсийг стресстүүлэхгүйн төлөө 20 гаруй жил тасралтгүй, уйгагүй ажиллаж байгаа. Гэтэл өнөөдөр сошиал орчин хөгжөөд ирэхээр Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр үзэгчид эргээд үзэж байгаагүй юм шиг хошин урлагаа элдвээр муулж эхэлж байгаад энэ жанрт тоглож байгаа хүний хувьд маш их харамсалтай санагдаж байна. Ер нь амьдрал зогсдоггүй л юм бол инээдтэй явдал гарч таарна. Тэгэхээр энэ урлаг бол мөнхийн төрөл.

Мойлхон кинонд бүтээсэн дүр тань олон хүний сэтгэлд хүрсэн байдаг. Энэ кинонд хэрхэн тоглож байв?

-Миний хайртай дүрүүдийн маань нэг л дээ. Ардын жүжигчин А.Энхтайваны бүтээлд найруулагчаар Баярмагнай эгч ажиллаж Мойлхон киног 2008 онд бүтээж байсан. Киноны зураг авалт Хэнтий аймгийн Дадал суманд бүтэн сар орчим үргэлжилж байлаа. Би Содном буюу солиот гэж дүр бүтээсэн. Зүгээр мөртлөө мэдрэл муутай болж нутаг орны өв соёлоо авч үлдэхийн төлөө тэмцээд яваа залуугийн дүрийг өөр талаас нь харуулсан. Тухайн нийгэмд өөрийгөө авч үлдэхийн тулд овжин сэтгэлгээ гаргаж буй ур чадвар шаардсан дүр байсан. Гадаадын олон кино наадамд амжилттай оролцож шагнал хүртсэн. Кино бүтсэний дараа Содномын дүрийг сайн дүр болсон гэж багш нар урам өгч байсан. Бүтэн сар байгальд зураг авалт хийх явцад хүндрэлтэй зүйл олон тохиолдсон л доо. Олон хүний сэтгэл зүтгэл шингэсэн сайн бүтээл болсон гэж боддог юм.

-Таны тоглосон Ийм нэгэн дурлал гэж кино тухайн үеийн залуусыг байлдан дагуулж байсан. Энэ киноны талаар ярихгүй юу?

-2006 онд дөнгөж сургуулиа төгсөөд анх удаагаа бүрэн хэмжээний уран сайхны кинонд дүр бүтээж байсан минь Ийм нэгэн дурлал. Нэг үе Монголын кино урлаг уналтад ороод эргэж сэргэсэн шүү дээ. Тэгэхэд суурийг нь тавилцсан цөөн киноны нэг нь энэхүү кино байдаг. Энэ киноноос киночид урам зориг авч ар араасаа олон сайн бүтээл төрсөн. Миний анх тоглосон бүтээл олны таашаалд нийцэхэд урам авч байлаа. Цаашдаа олон кинонд амжилттай дүр бүтээхэд түлхэц өгсөн гэж хэлж болно.

-Амжилттай болсон кино үзэгчдэд хүлээлт үүсгэж хоёрдугаар анги нь хийгддэг. Таны тоглосон Ээжийн дайсан, Ийм нэгэн дурлал гэх кинонуудын хоёрдугаар анги хийгдсэн?

-Тийм. Амжилттай дүр бүтээсэн хэд хэдэн киноны дараагийн цувралууд гарч байгаа. Миний өөрийн хийсэн Уужим фильмийн бүтээл Хар сувдны нууц гэж кино бий. Энэ киноны хоёрдугаар ангийг хийхээр төлөвлөж зохиолыг нь бичээд бэлтгэл ажилдаа ороод явж байна.

-Ажил мэргэжил тань бүтэмжтэй байна. Ер нь хүүхэд байхад юу хүсч мөрөөддөг байв?

-Одоогоор зорьсон зүйл маань амжилттай хэрэгжээд л явж байна. Би бага байхдаа урлагийн хүн болохыг мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөл маань биелсэн. Оюутан болоод Драмын театрт орохыг мөрөөддөг болсон маань биелсэн. Дараа нь хамт олонтой болох юмсан гэж боддог болсон. Биелсэн. Надад одоо ч том мөрөөдөл байгаа. Гагцхүү тэр мөрөөдлийг бодит зүйл болгох ёстой. Бодит зүйл болгохын тулд хөдөлмөрлөж л явна. Амьдрал бол тэр чигээрээ сонголт байдаг. Хүн алхам тутамдаа янз бүрийн сонголттой нүүр тулгарч байдаг. Тиймээс сонголтоо мэргэн хийх хэрэгтэй. Хамгийн гол нь хүн сонгосон сонголтдоо үнэнч байх хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Авирмэдийн Энхээ: Виктор Алексеевтэй хийсэн барилдаанаа үзэхэд одоо ч харуусал төрдөг

Чөлөөт бөхийн Азийн аварга шалагруулах тэмцээнээс Монголын багийн тамирчид 10 алтан медаль хүртээд байгаа нь

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Авирмэдийн Энхээтэй ярилцлаа. Залуудаа олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан тэрбээр өнөөдөр залуу үеийн тамирчдад сурсан мэдсэнээ зааж, зөвлөж байна. Түүний гарын шавь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр хэдхэн хоногийн өмнө Индонезийн Жакарта хотод болж буй Азийн наадамд түрүүлж алтан медаль зүүсэн юм.


-Таны гарын шавь гавьяат тамирчин Э.Бэхбаяр Азийн тоглолтод анх удаагаа түрүүллээ. Танд баяр хүргэе. Явахын өмнө шавьдаа юу захив?

-Баярлалаа. Шавь маань 2015 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан. Энэ удаа дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн тоглолтод аварга болох зорилготой очиж барилдаад алтан медаль авлаа. Азийн тоглолтод оролцохын өмнө бөхийн хүрээнийхэн “Бэлтгэл нь цөмөрчихсөн байх вий” гэж санаа зовж байсан ч торгон ирэн дээрээ таарсан байна лээ. Тэмцээний үед барилдаанаас барилдааны хооронд их хурдан сэргэлт авч байсан. Явахад нь “Жиндээ зөв ороорой, их жин хасч болохгүй шүү, хоол ундаа тааруулаарай” гэж захисан. Жиндээ аятайхан орчихвол алтан медаль ойрхон байсан л даа.

-Тамирчин болох мөрөөдөлтэй хүүхэд олон байдаг ч амьдралаа золиослоод явах нь ховор байдаг. Э.Бэхбаяр анх ямар хүүхэд таны гар дээр ирж байсан бэ?

-Тавдугаар ангид байхад нь ах, дүү хоёрыг хөтлөөд ээж нь надад авчирч байсан. Хэлсэн, заасан мэхийг их амархан сурдаг, сийрэгхэн толгойтой хүүхэд ирсэн дээ. Бусад хүүхдүүдээс ялгарах онцлог нь бэлтгэлийг таслах нь битгий хэл нэг минут ч хоцорч байгаагүй. Сүүлд би гэрт нь очиход их холоос явдаг байсан юм билээ. Тэгэхэд л шавийнхаа чөлөөт бөхийг гэх сэтгэл, зүтгэлийг нь илүү ойлгосон доо.

-Багш шавь хоёр өнөөдрийн амжилтад хүрсэн зам цэх шулуун байгаагүй болов уу. Э.Бэхбаяр 2010 онд хөлөндөө хүнд бэртэл авч байсныг санаж байна?

-Тийм шүү. Цэх шулуун байгаагүй. 2010 онд 18 настай жаахан хүү хөлөө хүнд бэртээчихээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үед хүн амьтнаас эмчилгээний зардал гуйгаад явж л байсан. Харамсалтай нь тусалж дэмжих хүн олдоогүй. Ирээдүйд том бөх болох шавиа хөл нь бэртчихээд байхад зүгээр хараад сууж чадаагүй. Аав бид хоёр нь машинаа зарж эмчилгээний зардлыг нь бүрдүүлээд Тайвань улс руу эмчилгээнд явж байлаа. “Алтан гартай” эмч нар Бэхээгийн маань бэртлийг зөв оношилж, түргэн мэс засал хийснээр бүрэн илааршсан даа. Бэртэл, гэмтэл гэдэг тамирчин хүний нэг төрлийн өрсөлдөгч байдаг. Үүнийг давж гарах сэтгэлийн хат тамирчинд хэрэгтэй. Э.Бэхбаяр маань сэтгэлийн хат сайтай, ухаантай залуу.

-Багшийгаа анх ихээр баярлуулж байсан нь хэзээ бол?

-Тайваньд эмчилгээ хийлгэж ирээд хоёр сар орчим гам барьсан. 2012 онд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд нь их баярласан даа. Ар гэрт нь гачигдал тохиосон хүнд үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон хүчтэй өрсөлдөгчдийг хожиж, төрийн дууллаа эгшиглүүлж байлаа. Энэ цагаас хойш л амжилтууд нь ар араасаа булаг шиг ундарсан даа.

-Та өөрөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Таны барилдааны арга техникийг Э.Бэхбаярынхтай харьцуулахад?

-Миний барилдаж байсан үеийн арга техник одоо хоцрогдсон л доо. Илүү нарийн сургалт судалгаанд тулгуурлаж барилдааны хувилбараа боловсруулдаг болсон. Би ч цаг тутамд л бөхийн чөлөөт барилдааны тухай ном, товхимол харж шавь нартаа зааж, зөвлөж байна. Бэхээ барилдааны явцад хий зай гаргадаггүй том онцлогтой.

-Та 1985 онд АНУ-д зохион байгуулагдсан Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан медаль хүртэж байсан. Тухайн тэмцээний талаар эргээд дурсвал?

-Амжилттай барилдаж эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж байсан үе надад бий. 1980-аад онд ид барилдаж байхад Д.Оюунболд, н.Гал-Эрдэнэ, А.Тайван гээд жигдхэн сайн бөхчүүд бие биенээ их хурцалж өгдөг байлаа.

Дотоодын өрсөлдөөн ширүүн байхад олон улсын тэмцээнд амжилт үзүүлэх магадлал өндөр. Би 1985 онд АНУ-д зохион байгуулагдсан бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээнд амжилттай оролцож алтан медаль зүүж байлаа. Төрийн дууллаа сонсоод зогсож байсан минь өчигдөрхөн юм шиг санагдаж байна.

-Энэ онд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө ЗХУ-ын бөх Виктор Алексеевтэй ширүүн өрсөлдөөн үзүүлж ялагдаж мөнгөн медаль зүүж байсан. Энэ барилдааны алдаа, оноо нь юу байсан юм бол. Олон хүн таныг Дэлхийн аварга болчихсон гэж ярих юм билээ?

-Тэр бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод болсон санагдаж байна. Бэлтгэл сургуулилтаа сайтар базааж очоод аваргын төлөө ЗХУ-ын Виктор Алексеевтай барилдаж тактикийн том алдаа гаргаж ялагдаж байсан. Тэр барилдааны бичлэгийг одоо үзэхэд ч харамсах сэтгэл төрдөг юм. Би оноогоор ялж байгаад барилдааны төгсгөл рүү ирсэн. Тэр үед хэвтээгээс оноо алдахгүй гэж тооцоолсон нь том алдаа байсан л даа. Хэвтээгээс шидүүлээд хожигдсон. Хэдхэн хоромд л болсон явдал. Цөөхөн хэдэн секунд аргалчихсан бол алтан медаль зүүчих байсан даа. Тийм чухал үед хэвтээгээс оноо алдахгүй гэж бардаж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Дараа жил нь алдаагаа засах гэж Будапештэд очоод хүрэл медаль авч байсан.

-Таны ихэр А.Тайван олон улсын тэмцээнүүдэд олон жил сайн оролцож байсан. Ахтайгаа нэг жинд өрсөлддөг байсан гэл үү?

-Тийм, ах бид хоёр 62 кг-д барилддаг байлаа. Бэлтгэлийн үед бол бид хоёр хоорондоо яс үзнэ. Тэмцээний үед бол хүч үзэж байгаагүй ээ. А.Тайван ах маань олон гялалзсан амжилт гаргасныг бөх сонирхогчид сайн мэднэ. Хилийн чанадад олон тэмцээнд зодоглож төрийн дууллаа эгшиглүүлсэн. 1985 онд би Данкаловын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд түрүүлсэн чинь ах Унгарт бас түрүүлээд Москвад аз жаргалтайгаар уулзаж байсан минь санаанаас гардаггүй юм.

-Олимпийн наадмын хүрэл медальт гавьяат тамирчин Д.Оюунболд та хоёр нэг жинд ширүүн өрсөлдөж ялж, ялагдаж явсан. Өрсөлдөгчийнхөө талаар ярихгүй юу?

-Гавьяат тамирчин Д.Оюунболд шиг ур чадвартай, эрэмгий дайчин барилдаантай өрсөлдөгч намайг ирлэж, хурцалж байсанд нь талархдаг юм. Ялж байж л гадагшаа олон улсын тэмцээнд өрсөлдөх учраас өөрийгөө мөн ч их дайчилдаг байсан даа. 1982 оны “Интернационал” олон улсын тэмцээнд Д.Оюунболд гавьяатыг хожиж түрүүлээд их баярлаж байсан.

-Амжилттай сайн барилдаж эх орныхоо нэрийг олон улсад цуурайтуулж явсан залуу цагаа эргээд дурсахад тэр үедээ оччихсон мэт сэтгэгдэл төрнө биз?

-Сайхан залуу насаа дурсана аа. Бэртчихээд Бээжинд эмчилгээ хийлгээд хэвтэж байхдаа Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу”-г уншихад “Аавын хүү нэгэнт ядарсан бол аз жаргалтай үеэ битгий дурсаарай. Өлссөн хүн өөх бодвол өөрийгөө зовоохын шинж” гэсэн мөрт тааралдсан л даа. Энэ ямар их ухаан болохыг тэр цагт ухаарч билээ. Өнгөрснөө үргэлж дурсах нь тийм ч сайн зүйл биш л дээ. Өнгөрснөө санаж дурсаад байвал одоо, ирээдүйгээ төсөөлөхөд бэрх шүү дээ. Барилдаж өндөр амжилт гаргаж явсан үеэ ярих надад хүнд байдаг.

-Та хэвлэлд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэмцээнд биш, шалгалтын үеэр бэртсэн” гэж дурдаж байсан?

-Би УБДС-ийн Биеийн тамирын ангийн төгсөх курсийн оюутан байхдаа хүнд бэртсэн. Бэхэлгээгүй савлуурт спортын гемнастикийн шалгалтад орохдоо савлууртайгаа унаж бэртсэн. Тухайн үед төр засгаас яагаад анхаарал тавиагүй юм бол гэж одоо ч гайхдаг юм. Хэцүү цаг үед миний гэр бүлд үнэнчээр тусалсан хүмүүс бол Монголын ард түмэн юм шүү. Анх бэртчихээд ичиж гутардаг байлаа. Харин одоо бол өөр болсон. Олноо түшиж амьдрах ёстой гэдгийг ойлгосон. Тэргэнцэртэй хүмүүст итгэл, урам хайрлахыг хүсч явна даа.


Categories
мэдээ цаг-үе

Азийн наадмын жүдогийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

Индонезийн Жакарта хотод Азийн спортын наадам арван нэгдэх өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж 18 дугаарт бичигдэж байгаа юм. Арван нэгэн өдрийн дараахь байдлаар БНХАУ-ын тамирчид 88 алт, 62 мөнгө, 43 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Араас нь Японы тамирчид 43 алт, 37 мөнгө,57 хүрэл медаль зүүсэн амжилтаар тэргүүлж байгаа юм. Харин тэмцээнийг зохион байгуулагч Индонезийн тамирчид 23 алтан медаль хүртсэн амжилттайгаар дөрөвдүгээрт жагсаж буй.

БАГИЙН СПОРТЫН ТАМИРЧИД БАРАГТАЙ НААДАЖ БАЙНА

Энэ удаагийн Азийн наадамд оролцож шилдэг найман багийн нэгээр шалгарсан сагсан бөмбөгийг эмэгтэйчүүдийн таваас наймдугаар байрын төлөө өрсөлдөж байна. Тэд энэ өдөр Тайландын багтай тоглож үндсэн цагт 80:51-ээр хожигджээ. Монголын багаас М.Булбул 11, А.Хулан 10, Б.Өнөрзаяа 10 оноо түүсэн ч Тайландын шигшээд хоёр дахь удаагаа хожигдсон юм.

Мөн волейболын эрэгтэй шигшээ баг 13-аас 18 дугаар байрын төлөө өрсөлдөж байна. Энэ удаа Непалийн багтай тоглож 3:1-ээр ялагдлаа. Манай шигшээ баг эхний үед 28:26-аар хожсон ч удаах үеүдэд 25:16, 30:28, 25:19-өөр ялагдсан байна. Монголын баг тэмцээний “Б” хэсэгт орж Иран болон Пакистаны багуудад тус бүр 3:0-ээр хожигдсон юм.

КУРАШ БӨХИЙНТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монголын тамирчдын медаль зүүх магадлал өндөртэй Кураш бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ. 66 кг-ын жинд хүч үзэж буй олон улсын хэмжээний мастер А.Батсуурь эхний даваанд Энэтхэгийн Галот Жэкиг 10:0-ээр хожлоо. Манай бөх хоёрдугаар тойрогт Туркменстаны Марат Оразовтой хүч үзнэ.

Энэ өдөр Ж.Баасандаш өрсөлдөж Узбекистаны бөх Руслан Буриевт 10:0-ээр хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин +100 кг-ын жинд хүч үзэж буй олон улсын хэмжээний мастер Х.Цогтгэрэл Бразил гаралтай Ливан тамирчин Елиас Нусифийг 10:0-ээр хожиж хоёрдугаар тойрогт Туркменстаны Даяанч Тагановтой барилдахаар болжээ.

ЖҮДОГИЙН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Монголын спорт сонирхогчдын шимтэж үздэг жүдо бөхийн тэмцээн өнөөдөр 14:00 цагаас эхэлнэ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60,66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаанууд явагдана.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-ын жинд энэ оны улсын аварга залуу тамирчин Г.Ганцэцэг нар татамид гарна. Сонирхуулахад дөрвөн жилийн өмнө Инчоны Азийн наадмаас гавьяат тамирчин М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг нар алтан медаль хүртэж байсан юм.

СОЛОНГОСЫН ХӨЛБӨМБӨГЧИД ЦОМ ӨРГӨХ ҮҮ, ЦЭРЭГТ ЯВАХ УУ

БНСУ-ын иргэншилтэй хэн бүхэн эр цэргийн алба хаах үүрэгтэй. Харин Солонгосын Засгийн газраас хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдадаа хандаж “Азийн наадамд түрүүлбэл, цэргийн албанаас чөлөөлнө” хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл Английн Тоттенхем клубийн довтлогч Сон Хён Минээр ахлуулсан Солонгосын шигшээ баг шөвгийн наймд Узбекистаны багтай хүнд тоглолт хийж нэмэлт цагт буулгаж авснаар шилдэг дөрөвт шалгарлаа. Энэ өдөр Солонгосын шигшээ баг болон Японы “Гамба Осака” багийн довтлогч Ван Юу Жо гялалзаж гурван гоол оруулсан. Харин Узбекистаны багаас Машурипов гоолдсон бол Алибаев Икромжон дабл хийж үндсэн цаг тэнцээгээр өндөрлөсөн. Нэмэлт цагийн 118 дахь минутад БНСУ болон Австрийн Зальцбург клубийн 22 настай довтлогч Ван Хе Чан гоолдож багаа хожилд хөтөлсөн юм.

Иран, Узбекистан зэрэг хүчтэй өрсөлдөгчдөө ардаа үлдээсэн БНСУ-ын шигшээ баг Вьетнамын даруухан багтай тулна. Вьетнам залуус энэ шатанд Сирийн багийг 1:0-ээр ялсан юм. Хоёр багийн тоглолт өнөөдөр 16:00 цагаас явагдана.

Мөн аварга болох зорилготой Индонезэд газардаад буй Японы баг Саудын Арабын шигшээг 2:1-ээр илүүрхэж аяллаа цааш үргэлжлүүлэхээр болов. Энэ өдөр Юута Ивасаки гэх 20 настай хүүгийн од гүйж хоёр гоол оруулснаар багаа их шөвөгт авчирлаа. Өнөөдөр 21:00 цагаас Японы баг Арабын нэгдсэн Эмират улсын шигшээ багийн эсрэг чухал тоглолт хийнэ. Эмиратын баг шөвгийн наймд Ардчилсан Солонгосын багтай хүнд тоглолт хийж торгуулийн цохилт гүйцэтгэж 5:3-аар ялсан юм.

Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Азийн наадмын хөлбөмбөгийн цомын төлөө БНСУ болон Японы багууд тулна гэж таамаглаж байгаа юм. Тэмцээний алтан медалийн төлөөх тоглолт ирэх сарын 1-ний өдөр явагдах хуваарьтай байна.


Categories
мэдээ цаг-үе

Төрийн наадамд азарга түрүүлгэсэн сумын алдарт уяач Б.Баттөрийнх

Төрийн наадамд хурдан хүлэг сойж түрүү магнай болгоно гэдэг тэр бүр аавын хүүд заяах хув тохиол биш л дээ. Тэр дундаа адуун сүргийн манлай хурдан азарганы уралдаанд торгон жолоо өргүүлнэ гэдэг том хувь заяа. Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд эх орны өнцөг булан бүрээс шигшигдэж цугларсан алтан тууртууд Хүй Мандалын ногоон дэнжид тоос өргөхөд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, сумын алдарт уяач Баянжаргалын Баттөрийн “Бидэрт” халиун азарга тод магнай болж, торгон жолоо өргүүлж нутаг орныхоо нэрийг улс даяар цуурайтуулсан.

Малчин ардын адуу улсын наадам битгий хэл, аймгийн наадамд ч айраг амсах нь ховордсон өнөө цагт 27 настай залуу азарга сойж төрийн наадамд торгон жолоо өргүүлсэн нь хурдан морь сонирхогч хэн бүхний баяр бахдалыг төрүүлж, олны ярианы гол сэдэв болоод байна. Наадмын талаарх хууч яриа хараахан татарч амжаагүй энэ үед сумын алдарт уяач Б.Баттөртэй уулзахаар Төв аймгийн Угтаалцайдам сумыг зорилоо. Улаанбаатараас гарч 150 орчим километр давхиад сумын төвд очиж зорьж яваа айлаа захын хүнээс сураглахад сумын төвийн зүүн урд дэнжид байрлах айлуудын зүг заасан юм.

Б.Баттөрийн хот айл

Угтаалцайдам сумын төвөөс урагшаагаа хоёр километр орчим зайд Б.Баттөрийнх зусч байна. Эднийх шинэхэн таван ханатай хоёр гэр эгнүүлээд барьчихжээ. Наадмын дараа намрын ажилдаа ханцуй шамлан орохоор зэхэж байгаа бололтой. Хөх өнгийн портер болон ногоон падыг ажилд тоноглоод орхичихож. Гэрүүдийн урд төрийн наадмын түрүү “Бидэрт” халиун азаргаа саравчинд нь уячихсан байгаа нь хариулт уяаг нь хийж байгаа бололтой. 60 орчим насны хөх фудволктой эр бидэнтэй мэнд мэдэлцэж угтсан нь Баттөрийн аав Г.Баянжаргал гуай ажээ.

Гэрт ороход эднийхэн халуун ам бүлээрээ цуглачихсан байна.

Хоймортоо хурдан халиун азарганыхаа медалиудыг туузанд хадаад өлгөчихсөн байх юм. Хоёр талаар нь сураар гоёмсог зангидсан хазаар, чөдрийг гэрийн унинаас өлгөж өгсөн нь нүдэнд туслаа. Гэрийн эзэгтэй дээр үеийн бараг л айл бүхэнд байдаг төмөр улаан халуун савнаас цай аягалсан нь эгэл жирийн малчин монгол айлд саатсаныг сануулах шиг.

Б.Баттөрийг гэрийнхэн нь Улаанаа гэж дуудах юм. Улаанаагийн хүүхэд нас Уушги хайрхан, Сонинхангай, Номгон зэрэг уулсын өвөр бэлд орших Угтаалцайдам сумын төвд өнгөрчээ. “Хүүхэд байхдаа сумандаа хурдан улаан, хээр адуугаараа алдартай Дагва ахынхаа морьдийг унаж, арай жаахан томдоод ирэхээсээ эмнэг адууг нь сургаж, уяа сойлгынх нь ажилд тусалж эрийн цээнд хүрсэн дээ” гэж сумын алдарт уяач бага насаа дурссан юм. Угтаалцайдам сумандаа дунд сургуулиа дүүргэсэн Баттөр Улаанбаатар хотыг зорьж “Газарчин” дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын инженерийн ангид элсч уурхайчин болохоор сэтгэл шулуудсан байна. Өвөл нь хичээл сургуульдаа анхаарчхаад, зуны дэлгэр цагт нутагтаа ирж морь малынхаа дэргэд өнждөг байжээ.

“Аав, ээж маань хурдан мориноос хол улс. Миний өвөө Гунаажав гэж Завхан, Говь-Алтай аймгуудын наадамд их морь түрүүлгэж байсан, хурдан, жороо моринд үнэ хайрладаггүй хүн байлаа. Сайхан хүлэгт гар татдаггүй занг нь би яг дуурайсан даа. Оюутан байхдаа нийслэлийн алдарт уяач Баатарцогт ахаас шарга хязааланг нь Булганы Гурванбулагийн наадамд айрагдаад байхад нь худалдаж авч байсан. Монгол Улсын алдарт уяач С.Ганхуягийн хурдан хүрэн буурал азарганы төл шарга хязааланг ах маань моринд хайртай сэтгэлийг минь ойлгож 2.5 саяд хямдхан өгч байсан” гэв.

Дөрвөн жилийн хугацаанд амжилттай суралцаж сургуулиа онц дүнтэй, улаан дипломтой төгссөн залуухан боловсон хүчинг “Шивээ-Овоо” компани урилгаар ажиллуулжээ. Б.Баттөр Монголын томоохон уул уурхайн компаниудын нэгэнд ажиллаж цалин, хөлс хангалттай авч байсан ч говийн амьдралд нэг л дассангүй. Наадам дөхсөн өдрүүдэд худалдаж авсан шарга хязаалан нь зүүдлэгдэхэд ажлаа өгөөд нутгийн зүг хүлгийн жолоо залсан байна.

“Дээд сургууль төгсөж сайхан ажил, мэргэжилтэй болсон хүү маань чимээгүй байж байгаад нэг өдөр ороод ирсэн. Ажлыг нь асуухад нэг их юм дуугараагүй. Би ч хүүгээ дуртай юмаа хийхэд хориг тавиагүй. Хүн ер нь дур сонирхолтой зүйлийнхээ төлөө тууштай явахад амжилтад хүрдэг учиртай” гэж Г.Баянжаргал гуай хэлсэн юм.

Сумын наадам тулчихсан үед шарга хязаалангаа уясан нь мултраад уралдуулж чадаагүй байна. Харин Сүхбаатарын Халзан сумын аймгийн алдарт уяач Сүхдоржийн Гомбосүрэн адуу зарж явахад нь туранхайвтар эмнэг халиун шүдлэнг байдсан гүүгээр сольж авчээ. Өнөө жилийн төрийн наадмын түрүү “Бидэрт” халиун азарга ингэж л Б.Баттөрийн уяанд ирсэн түүхтэй.

“Сүхдоржийн Гомбосүрэн гэж Сүхбаатарын Халзан сумандаа олон хурдан адуугаараа алдартай мундаг уяач ах бий. Бид ч худ ургийн улс л даа. Адуу зарж явахад нь ахаасаа халиун шүдлэн үрээ авч сургаж уяж эхэлсэн дээ” гэж сумын алдарт уяач Б.Баттөр ярих.

Хүлэг эзнээ олбол хурдалдаг гэж үг бий. Дээгүүрээ энэ цагийн бас л домог болсон хүлэг Тэргүүн хонгортой холбоотой халиун үрээгээ хязаалан насанд нь Угтаалцайдам сумын иргэн Ю.Ганпүрэвийн мянгат малчны наадамд уралдуулсан нь аман хүзүүдэж уяач, хүлэг хоёрын өм нээгджээ. Тэр жилдээ ойр орчмын сумдын том жижиг хэд хэдэн наадамд уралдаж айраг түрүү авсан байна. Харин соёолон насанд халхын хурдан хүлгүүдтэй шандсыг нь сорьж, нутаг орныхоо нэрийг зарлуулахаар 24 настай залуухан уяач Баттөр “Дүнжингарав” наадмыг зорьсон аж.

“Ойр хавийн сумдад дийлж уралдаад байхад нь Дүнжингаравт очиж үзье гэж зориг гаргаад сумаасаа гарч байлаа. Зорьсон газраа ч саадгүй сайхан явж хүрсэн. Соёолон эргээд газрын талд хүрч байхад “Угтаалцайдам сумын уяач Баттөрийн халиун соёолон 17-руу орж ирлээ” гэж тайлбарлагч зарлахад нь л зорилго биелчихлээ гэж их баярлаж билээ. Гэтэл дайрч явсаар байгаад айргийн дөрөвт хурдалж их баярлуулсан даа. Хожим нь эрлийзүүдийг ялгаж хасахад халиун маань түрүү соёолонгоор тодорч байсан даа. Халиун бид хоёр том довноос анх удаагаа айраг амссан нь тэр” гэж уяач Баттөр уяач Дүнжингарав уралдаанд түрүүлж байсан тухайгаа хуучилсан.

Төрийн наадмын түрүү “Бидэрт” халиунтайгаа

Дүнжингаравт дийлж уралдсан халиун соёолон морь сонирхогчдын анхаарлыг гойд татаж, хурдан моринд хайртай хэн бүхэн гар таталгүй үнэ хаялцаж байсан гэдэг. Харин Баттөр уяачид хурдан хүлгээ арилжих бодол байсангүй. “Дүнжингарав түрүүлсний дараахан ойр тойрны моринд хайртай ах дүүс зараач гэж олон ч удаа хэлж байсан. Би ч адуугаа таньчихаад уяаных нь эв олж хараахан амжаагүй байсан болохоор тэр бүгдэд татгалзсан хариу хэлж байсан” гэж ярилаа. Дүнжингаравт түрүүлсэн зун нь халиун азарга ханиад хүрч сайн давхиж чадаагүй байна.

2016 онд улсын их баяр наадамд анх удаагаа сойж Цагаан хөтөл хүртэл эхний 20 дотор давхиж байхад нь ханиад нь гүйцэд эдгээгүй азаргаа аваад үлдчихсэн байна. Нутагтаа ирсэн даруйдаа эмчилгээ хийгээд долдугаар сарын сүүлчээр Зүүн бүсийн хурд наадамд уралдахаар Хэнтий аймгийг зорьжээ.

“Зүүн бүсийн хурд болоход хүү маань унаач хүүхэд ч байхгүй халиун азаргаа аваад Хэнтий явсан. Сүхбаатарын Амараа гэж уяачийн хүүг нь гуйж унуулаад хурдтай нутгийн бүсийн наадмын айргийн дөрвөөр хурдалж Хэнтийнхнийг баярлуулсан” гэж Г.Баянжаргал гуай ярив.

2018 он гарахад Б.Баттөр уяач “Бидэрт” халиун азарганыхаа уяа сойлгын эвийг сая нэг сайн тааруулж сурчээ. Дүнжингараваас өөр уралдаанд сойсонгүй. Тэвчээртэйхэн хүлээж байгаад улсын наадамд жинтэйхэн тавихаар төлөвлөсөн байна. Угтаалцайдамд ч хавар эрт тавдугаар сард л ногоо гарч тарга тэвээрэг сайтай бярдаж уралддаг халиун азарганы уяа сойлго эвлэг сайхан таарчээ. Уяач, азарга хоёрын олон хоног хүлээсэн төрийн наадам ч хаяанд ирж дунд сунгаа Цагаан хөтөлд болоход айргийн дөрөвт хурдлаад буцсан аж.

Долоон сарын есөнд сумаасаа гарахдаа Хөвсгөлийн Түдэндоржийн Болдбаатарын халиун азарганы уяа сойлгыг тааруулдаг Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ уяачтай холбогдож Жаргалантын аманд хамтдаа буудаллажээ.

“Наадмын өмнө бороотой байхад нь халиуныгаа нэмнэж байгаад уралдах өдрийн өглөө авахад өнгө зүс нь засраад сайхан харагдаж байсан шүү. Эхний аравт бол найдвартай. Бороо шивэрч байхад “Халиун маань тарган мордож байгаа. Балчигтай, газар татуургатайд бярдаж уралдаад айрагдчих юм биш биз гэж” дотроо горьдож зогссон доо” гэж уяач нь хэлэв.

Цагаан хөтөл уруудаад ирэхэд халиун азарга цээжинд гарч нутаг ус, аавынх нь нэрийг орон даяар зарлахад залуухан уяач Баттөр туршлагатай унаач хүү Атарбаярын Буянжаргалдаа итгэж “Айрагдуулчихаасай даа” гэж залбирч, уул усандаа сүсэглэж байжээ. Удсан ч үгүй азарганы түрүүч барианы тавлин руу дөхөж халиун нь Ононгийн Батбилэгийн халзан азаргатай цуваад орж ирэхэд сэтгэл нь хөөрсөн уяач чухам аль нь түрүүлснийг тухайн мөчид мэдээгүй байна. Цагаан хоолойгоор “Хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Баянжаргалын Баттөрийн “Бидэрт” халиун азарга түрүүллээ” гэж зарлахад барианы хашаа руу хар хурдаараа гүйчихсэн гэнэ. “Тухайн үед яг юу болсныг одоо хэр нь санадаггүй юм. Сая нэг сэхээ ороход л айргийн морины хашаанд хүмүүс баяр хүргээд би халиуныгаа хөтлөөд алхаж байсан” гэж наадмын үеийн дурсамжаа хуваалцлаа. Нэг газраас мордсон өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү Хөвсгөлийн Т.Болдбаатарын магнай халиун азарга нь есд хурдалсан юм.

“Хүүгээ морь дагаад явахад нь төрийн наадмын түрүү авчихна чинээ санаж байгаагүй ээ. Хүмүүс уяагаар ирж халиуныг худалдаж авах гэхэд хүү минь тэр бүрт нь татгалздаг байсан. Уяж байсан хүн том юманд орохыг нь мэдрээд байсан юм шиг байгаа юм. Би ч дотроо адуунд хайртай хүмүүст өгчихөд болохгүй нь юу байх уу гэж боддог байсан” гэж аав нь хэлсэн юм.

Наадмын дараа Төрийн тэргүүн түрүү азарганы уяагаар зочилдог уламжлалтай. Эгэл жирийн малчин айлд хурдан морь унаж, эмнэг хангал адуу ноцож өссөн залуу 27-хон насандаа төрийн наадамд азарга түрүүлгэж, төрийн тэргүүнийг гэртээ зална чинээ санаа ч үгүй явсан талаараа дурсана лээ. Хүндэтгэж ирсэн төрийн тэргүүндээ хурдан халиун азарганыхаа төл толин сартай халиун даагаа бэлэглэжээ.

“Бидэрт” халиун азарга Булган аймгийн түүхт 80 жилийн ойн их баяр наадмаас эхлэн Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Наранхүүгийн нэр дээрээс уралдаж эхэлснийг морь сонихогчид мэднэ. Шинэ эзэндээ очсон халиун азарга хурдалж анхдагчийн өлгий Булган хангайн түүхт ойд торгон жолоо өргөж гүйцэгдэхгүй хурдан адуу гэдгээ дахин баталсан. “Одоо үед алтан тууртын буянаар амьдрал нь дээшилж, адуугаараа сайхан амьдарч буй олон хүн бий. Халиун азарга маань адуунд хайртай, хийморьтой сайхан эр хүний нэр дээр очсон болохоор нутгийн өвгөчүүл сэтгэл тэнүүн байгаа” гэж Баттөр уяач хэлнэ лээ.

Домогт шарга азаргаараа төрийн наадмын зургаан түрүү авсан УИХ-ын гишүүн Б.Наранхүү ийнхүү өнөө жил найман настай “Бидэрт” халиун азаргаар улс, бүсийн уралдаануудад наадахаар болсон. Тэрээр шинэ залуу уяачид сүүлийн үеийн загварын шинэхэн төмөр хүлэг бэлэглэж, орон байрны асуудлыг шийдэж хөдөлмөрийг нь үнэлж өгчээ. Олны дунд яригдаж буй үнэ хэлцэл, өгөө аваа ортой л бололтой.

“Миний ээж Я.Шөхөө зоо техникч мэргэжилтэй эмэгтэй. Хурдан адууны төлийг авч үлдэх тал дээр ээж минь үргэлж үнэтэй зөвлөгөө өгдөг юм. Надад халиун азарганы төл хурдан хар даага бий. Энэ жил их хурдан байсан ч ханиад хүрээд уралдсангүй. Ирэх жилээс сайн уралдах байх гэж харж байна. Халиуны төл хоёр охин дааганаас ч сайн хүлэг гарна гэж хүлээх юм. Би ер нь охин төл гадагшлуулдаггүй” гэж Баттөр уяач ярив.

Адууныхаа цусыг холдуулахаар Сэлэнгэ аймгийн Отгонболд гэж залуугаас таван гүү авч халиун азаргандаа хураалгаж байгаа аж. Мөн өвөөгөөс нь уламжлагдаж ирсэн хар гүүгээ халиуныхаа адуунд тавьжээ.

Сумын алдарт уяач Б.Баттөр эхнэр Н.Үржин, хүү Б.Төгс-Очирын хамт

Залуухан уяачийн гэргий Н.Үржин гэж даруухан эмэгтэй Угтаалцайдам суманд өсчээ. Эдний хүү Төгс-Очир ердөө хоёр ойтой ч хурдан адууны зурагтай хуанли руу заагаад алдалгүй нэрлэх юм билээ.

Зорьсондоо хүрч, аав ээжийгээ баярлуулж хурдан хүлгийнхээ буянаар өрх гэрээ өөд нь татаж, бусад залуу гэр бүлүүдэд үлгэр жишээ болж буй сумын алдарт уяач залуугийнд саатахад ийм байна. Төрийн наадмын морь бариан дээр Тод манлайн тийм хүлэг түрүүлж ирлээ гэдгийг л ард түмэн сонсож заншсан. Тэгэх ч ёстой юм шиг боддог болсон. Гэтэл энэ жил хэн ч танихгүй 27-хон настай залуугийн хурдан хүлэг төв асарт цоллуулсан нь онцгой байлаа. Тийм ч учраас наадмын хууч дуусаагүй энэ цаг дор манай сонин “Танайд өнжье” буландаа Баянжаргалын Баттөрийг онцлон заллаа.

Гэрэл зургуудийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан П.Бүрэнтөгс: Наадам нэгээр дуусахгүй, одоо надад харамсаад байх юм алга

Монгол Улсын арслан П.Бүрэнтөгстэй “Нүүдэлчин Монгол” наадмын үеэр ярилцлаа.


-“Увс нуур” галын хамт олон 20 жилийн ойгоороо сайхан наадаж шинэ аварга өлгийдөж авлаа. 2015 оноос хойш тасраад байсан түрүүгээ энэ жил хүртлээ. Ярилцлагаа энэ талаар эхлүүлье?

-Монгол үндэсний бөхийн ууган гал болох “Увс нуур” галын 20 жилийн ойн их баяр энэ онд тохиож байгаа. Энэ баялаг түүхтэй галын 20 жилийн ой өнөө жил тохиож байгаа нь монгол бөхийн хувьд томоохон баяр юм даа. Өнгөрсөн он жилүүдэд энэ галаас улсын цолтой олон алдар цуутай бөх төрж гарсан. Эднийхээ залгамж халаа болж манай үеийнхэн ид барилдаж, хөдөлмөрлөж явна. Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмаар энэ галын бөх улсын харцага Намсрайжавын хүү улсын арслан Батсуурь маань одтой сайхан барилдаж түрүүлж Ардын хувьсгалын 23 дахь аваргаар тодорч ойн баяртаа том бэлэг барилаа. Их шөвөгт “Увс нуур” галаас улсын аварга С.Мөнхбат, улсын заан Н.Жаргалбаяр нар шалгарч сайхан наадлаа.

-Аварга Н.Батсуурь Ч.Санжаадамбыг өхийлдөж даваад гүйж байхад Н.Жаргалбаяр заан та хоёр “Аргагүй бөх болох гэж төрсөн хүн юм аа. Мундаг сэтгэл зүйтэй” гэж ярилцаж байсан. Н.Батсуурь аварга цолны төлөөх барилдааны өмнө юу ярьж байв?

-Н.Батсуурь шөвгийн дөрөвт Н.Жаргалбаяр заантай их хүнд барилдаан хийснийг бөх сонирхогчид бүгд харсан. Ийм хүнд барилдааны дараа аваргыг давж аварга болно гэсэн сэтгэл зүйтэй үлдэнэ гэдэг гайхамшиг л даа. Би доогуур даваанд уначихаад дотор харлаад сууж байхад хамт бэлтгэл сургуулилт хийдэг найз маань аварга болоод дэвэхэд нь огшоод л босоод ирсэн. Бид чинь бие биенийхээ бэлтгэлийг хангаж, хоёр биенээ хурцалж дутууг нь нөхөж дундуурыг нь дүүргэж өгдөг улс байхгүй юу. Найзыгаа аварга цол авахад өөрөө түрүүлсэн юм шиг л санагдсан.

-Та сар шинийн барилдаанд үзүүрлэснээс хойш гурван ч удаагийн том барилдаанд түрүүлсэн. Энэ утгаараа бөх сонирхогчид таныг төрийн наадмын өндөр даваанд харж байсан, болсонгүй юу?

-2012 онд улсын их баяр наадамд түрүүлснээс хойш бөхөд дур сонирхолтой хэн бүхэн намайг “цолоо ахиулна, аварга болно” гэж итгэл найдвар хүлээлгэж дэмжиж байгаа нь мэдрэгддэг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дэмждэг ард түмнийхээ хүлээлтэд хүрсэн барилдаан үзүүлж, хүсээд байгаа улсын аварга цолыг нь авч хараахан амжаагүй л байна. Монгол үндэсний бөх өөрөө их хүнд спорт. Тамирчин хүн бэртэл, гэмтэл авах эрсдэл өндөртэй. Энэ бартаа саадыг би ч тойроогүй дайрч гарсан. Ингэлээ гээд ухарч няцаж итгэл хүлээлгэдэг ардынхаа сэтгэлийг гундаах эрх надад байхгүй. Өөрөөс шалтгаалах бүхий л нөөц бололцоогоо дайчилж аварга цолны төлөө зүтгэж байна.

-Энэ жил таны заалны барилдаанд оролцож байгааг харахад бэлтгэл сургуулилт онцгой сайн байгаа нь ажиглагдсан. “Баяр наадмын тавын даваанд Говь-Алтайн хурц арслан Ц.Бямба-Очирыг амлаад барилдчихгүй” гэх харуусал бөх сонирхогчдын дунд байсан шүү?

-Өнөө жил миний бэлтгэл сургуулилт их сайн байсан. Баяр наадмын тавын даваанд ам авахаар гарын даа нарын зүг хандахад ам бөх олон байсан л даа. Би ч гарцаагүй хаяна гэж тооцоолж Баянхонгор аймгийн харьяат цэргийн арслан Д.Цэрэнтогтохыг амлаж барилдсан. Барилдаан тооцоолсноос өөрөөр эргэж улсын цолны төлөө зүтгэж буй залуу бөхийн шийдсэн мэхэнд орж өвдөг шороодсон. Хүний шийдсэн мэх гэж амаргүй л дээ. Нэг сайхан залуу бөх үнэн хүчээрээ барилдаад улсын цолонд хүрлээ. Цаашдаа ч цолоо ахиулна гэж найдаж байна. Одоо тэгж их харамсаад байх юм алга. Наадам нэгээр дуусахгүй шүү дээ.

-Та баяр наадмаас хойш амарч амжсан уу. Барилдаануудад алгасалгүй зодоглож байгаа харагдах юм. Сүүлийн хоёр барилдаанд нь түрүүллээ?

-Би барилдаан алгасалгүй барилдахыг зорьдог. Энэ бол нэг талаараа миний ажил, нөгөө талаараа үүрэг юм шүү дээ. Тамирчин хүн дөрвөн улирлын турш бэлтгэлийн өндөр формоо хадгалж байж сайн барилдаж цолоо ахиулдаг. Ирэх жилийн наадмын бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн гэж хэлж болно. Наадмаас хойш Говийн бүсийн хурд, Даншиг хүрээ цам наадам, Баянгол фестиваль гээд барилдаануудад барилдсан. Баянгол фестиваль гэж том наадамд улсын арслан Р.Пүрэвдагва, улын заан Н.Жаргалбаяр нарыг давж түрүүлсэн. Өнөөдөр “Нүүдэлчин Монгол” гэж наадамд барилдаж түрүүллээ.

-“Нүүдэлчин Монгол” наадамд улсын цолтой бөхчүүд тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулаа. Ойрд ийм барилдаан зохиогдоогүй санагдаж байна?

-Энгийн барилдаанд бол найм даваад л түрүүлдэг. Нэг хоёрын даваанд сумын заан, аймгийн бага цолтнуудтай таарна. Тойргийн барилдаанд бол улсын цолтой, өндөр хэмжээнд бэлтгэгдсэн олон бөхтэй нэг дор тойргоор барилдана. Хэн сайн бэлтгэлтэй байгаа нь л түрүүлдэг. Би 17 барилдаан хийж түрүүллээ. Амаргүй байлаа.

-“Даншиг наадам-Хүрээ цам”-ын гурвын даваанд улсын арслан Р.Пүрэвдагватай таарч барилдаад хоёулаа туг тойрч байгаа харагдсан. Тухайн барилдаанд юу болсон юм бэ?

-Хоёр бөх бол талбайд давахын төлөө өөрт байгаа бүх хүчээ шавхаж шударгаар өрсөлддөг. Хөлийн цэц засуулууд л ийм барилдаанууд дээр хариуцлагаа ухамсарлаж сайн ажиллах хэрэгтэй. Хүний хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлэлгүй шударгаар шүүх нь тэдний үүрэг гэж би ойлгодог. Бэлтгэл сургуулилт сайн байсан учраас хөлийн цэц засуулууд хариуцлагатай ажилласан бол цаашдаа би яаж ч барилдаж болно шүү дээ. Ийм л учраас холбооны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаад байдаг. Бөхийн барилдааны шүүлтэд камерийн тусламж ашиглах зайлшгүй шаардлага гараад байна. Би л гэхэд нэг биш удаа ийм шударга бус шийдвэрийн золиос болж байна.

-Том цолтой тэр дундаа аварга, арслан цолтой бөхчүүд хөдөө аймгуудын наадамд нутгийн дүү нараа дагуулж очиж найраанд гар бие оролцож байгаа нь монгол бөхийг бараантуулж байна. Таны хувьд аймгуудын наадамд тэр бүр зодоглож харагддаггүй. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Тийм ээ. Сүүлийн үед ийм зүйлс ажиглагдах болсон. Энэ нь наадмын зохион байгуулагчидтай холбоотой байж болно. Аймаг, сумын наадмыг долдугаар сарын 10,11-ний өдөр нэгдсэн журмаар зохион байгуулж болмоор санагддаг. Бөхчүүд сум, аймаг, улсын наадамд барилдахаа өөрсдөө мэдээд шийддэг. Ингэхээр олон наадам хэсэхгүй жилд нэг л наадамд зодоглоно шүү дээ. Цол илүү үнэ цэнэтэй болно. Сайхан барилдаж байгаа дүү нараа дэмжээд цолд хүргээд өгдөг уламжлал бий. Гэхдээ хэрээс хэтэрч болохгүй.

-Улсын арслан М.Мөнгөн та хоёр нэг голын уснааас ундаалж өссөн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Торхилогийн голд М.Мөнгөн арслан бид хоёр төрсөн гэж бодохоор өөрийн эрхгүй огшдог шүү. Үнэхээрийн хувь заяа намайг ивээжээ л гэж боддог юм. Манай гол, манай сумаас улсын арслан хоёр төрлөө. Улаангомоос Улаанбаатарт хөл тавихад М.Мөнгөн арслан маань надад ихийг сургасан даа. Барилдааны хувьд ярихад бөхийн нарийн ухааныг сургаж өгсөн. Хүмүүст энгийн санагддаг ч их ухаан шаардах үнэтэй зөвлөгөө хэлж байсан. Бурхан болохоосоо өмнөхөн ч зааж зөвлөсөөр л байсан. Тэр жилийн наадамд улсын арслан Р.Пүрэвдагва бид хоёрын барилдаан маргаантай болоход их шаналсан гэнэ лээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урд хөршид үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасны борлуулалт нэмэгджээ

Хичээлийн шинэ жил эхлэхэд 14 хоног үлдлээ. Тиймээс сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн үнэ ханшийн мэдээллийг “Нарантуул” олон улсын худалдааны төв, Баялаг-Ундраа, Дүнжингарав худалдааны төвөөс бэлтгэлээ.

“Нарантуул” худалдааны төвийн сурагчийн дүрэмт хувцас зардаг лангуунууд бага болон дунд ангийн хүүхдүүдээ дагуулсан ээжүүдийн хөлд дарагджээ. Дүрэмт хувцас худалдаж буй Т.Оюунтунгалаг “Энд зарж байгаа дүрэмт хувцаснууд ихэнх нь БнХаУ-аас орж ирсэн. Хувийн үйлдвэрийн ганц хоёр л лангуу бий. Урдаас ирж байгаа дүрэмт хувцасны хөвөн даавуу нь бага учраас бөөсрөхгүй. Монголд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас хөвөн даавуу ихтэй тул хэд угаагаад л бөөсөрдөг гээд сүүлийн үед шүүмжлүүлээд байгаа. Үнэ ханшний тухайд ч Монголд үйлдвэрлэж буй дүрэмт хувцаснаас хямд байдаг. Юанийн ханш өсөөгүй учраас өмнөх жилийнхээс өсөөгүй” гэж байлаа.

БНХАУ-аас оруулж ирсэн бага ангийн эрэгтэй сурагчийн дүрэмт хувцсыг 40 мянган төгрөгөөр худалдаалж байв. Харин охидын дүрэмт хувцас 35 мянган төгрөгөөр худалдан авагчдын гарт очиж байсан юм. Харин ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ 75-80 мянган төгрөг хүртэл ханштай байлаа. Энэ үеэр хоёр хүүхдэдээ сурагчийн дүрэмт хувцас авахаар ирээд байсан а.Уянга гэх эмэгтэйтэй уулзахад “Захаар явж буй иргэдийг ажиглахад БНХАУ-аас оруулж ирж байгаа дүрэмт хувцсыг илүү сонирхож байгаа нь анзаарагдлаа.

МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН ДҮРЭМТ ХУВЦАС ЧАНАР МУУ, АМАРХАН БӨӨСӨРДӨГ ГЭВ

Ноднин үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд 50 мянгаар дотоодод үйлдвэрлэсэн дүрэмт хувцас худалдаж авсан ч өвөл нь өмсөхийн ч аргагүй болж дахин худалдаж авсан. Энэ жил өөр сонголт хийх бодолтой байгаа” гэж байсан юм.

Нарантуул зах дээр өөрсдийн оёсон дүрэмт хувцсаа худалдаалж буй “Цагояа” компанийн захирал Д.Оюунчимэгтэй уулзлаа. Тэрбээр “Өнөө жил БСШУЯ-аас дүрэмт хувцасны үнийг 62.800 төгрөгөөр худалдаалах журам гаргасан. Манайд нэгдүгээр ангийн хүүхдийн дүрэмт хувцас 50 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Материалын чанарын тухайд урдаас орж ирсэн дүрэмт хувцаснаас хэд дахин илүү эдэлгээтэй. Монголд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас, томдох ч юм уу асуудал гарахад солиод өгнө. Өнөөдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн дүрэмт хувцас зах зээлийг эзэгнэж байна. Иргэдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Монголд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас авах сонирхол байгаа ч худалдан авах чадвар муу байна. Мөн дотоодод дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа зарим компаниуд чанар муутай даавуу хэрэглэдэг нь иргэдэд “Монголд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас чанар муу” гэсэн ойлголтыг бий болгоод байна” гэж ярьсан юм. “Цагояа” компанийн лангуунд бага ангийн сурагчийн дүрэмт хувцас 50 мянган төгрөг, дунд ангийн сурагчийнх 70 мянга гэж байсан бол ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас 90 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан юм. Тус лангууны дэргэд 30 минут зогсоход үндэсний үйлдвэрлэлээ дэмжин худалдан авалт хийж буй иргэн байсангүй. Хажууханд нь байрлах БНХАУ-аас оруулж ирсэн дүрэмт хувцас худалдаалж буй лангуунаас 10 орчим иргэн сурагчийн дүрэмт хувцас аваад явсан юм.

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ БАЙНА

Үргэлжлүүлэн Нарантуул худалдааны төвд байрлах “Баялаг Ундраа”, “Дүнжингарав” худалдааны төвүүдээс сурвалжлагаа бэлтгэлээ. Эдгээр худалдааны төвүүдэд “Шилмэл загвар”, “Бүтээлч-Үйлс”, “Бат зүү” зэрэг компаниудын сурагчийн дүрэмт хувцас өлгөөтэй байв. “Шилмэл загвар” компани бага ангийн охидын пиджак, сарафан, срочка, зангиа зэргийг 87 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол хөвгүүдийн пиджак, срочка, өмд, зангиаг 82 мянган төгрөг гэж байсан юм. Дунд ангийн охидын хослол 97 мянган төгрөг бол хөвгүүдийнх нь 100 мянган төгрөгийн ханштай байна. Харин ахлах ангийн охид 122 мянган төгрөгөөр дүрэмт хувцсаа авах бол хөвгүүдийнх 134 мянган төгрөг болох аж. Тус компанийн дүрэмт хувцасны материалын 40 хувь нь ноос, 60 хувь нь хөвөн цаасан агууламж бүхий материалаар хийгджээ. “Бат зүү” компанийн дүрэмт хувцас Дүнжингарав худалдааны төвд худалдаалагдаж байгаа бөгөөд бага ангийн охидын дүрэмт хувцас 39 мянга бол хөвгүүдийнх 43 мянган төгрөг гэнэ. Дунд, ахлах ангийн охид, хөвгүүдийн сурагчдын дүрэмт хувцсыг 59900 төгрөгөөр худалдаалж байлаа. Срочкан цамц бага ангийн сурагчийнх нь 11 мянган төгрөг бол ахлах, дунд ангийнх нь 13 мянган төгрөг юм байна. Үйлчлүүлэгчид хямд үнэтэйг нь илүүтэй сонирхон, худалдан авалт хийх аж.

“Бүтээлч-Үйлс” дүрэмт хувцас үйлдвэрлэгч компанийн бага ангийн охидын хослол 59500 төгрөг бол хөвгүүдийнх нь 81300 төгрөг байлаа. Дунд ангийн эмэгтэй дүрэмт хувцас 96500, эрэгтэй сурагчдын дүрэмт хувцас 99300 төгрөгийн үнэтэй байсан юм. Ахлах ангийн охид 122200 төгрөгөөр хичээлийн дүрэмт хувцсаа авах бол хөвгүүдийнх 132100 төгрөг гэдгийг худалдагч нар нь хэллээ. Түүнчлэн “Өүлэн минж” компани бага ангийн охидын дүрэмт хувцсаа иж бүрнээр нь 59500 төгрөгөөр худалдаалж байсан бол хөвгүүдийнх нь 81300 төгрөг аж. Мөн дунд ангийн охидынх 97500 төгрөг гэж байсан юм. Тэгвэл хөвгүүдийнх 100300 төгрөг байна. Ахлах ангийн охидынх 123700, хөвгүүдийнх нь 133600 төгрөгийн ханштай аж.

Тэгвэл “Бат трейд” компанийн дүрэмт хувцас бага ангийн сурагчдын дүрэмт хувцас 50 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол ахлах ангийн сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас харьцангуй хямд 90 мянган төгрөгийн үнэ ханштай байсныг дуулгая. Хажууханд нь байрлах “Төмөр трейд” компанийн лангуугаар очиход бага ангийн хүүхдийн хүрэм, өмд, цамц багцаараа 78900 төгрөгийн ханштай байсан бол дунд ангийн сурагчийн желетка, юбка, цамц хосоороо 78900 төгрөгөөр борлуулагдаж байсан. Харин ахлах ангийн эмэгтэй сурагчийн пиджак юбка, цамц хосоороо 118700 төгрөг аж. Ахлах ангийн эрэгтэй хүүхдийн сурагчийн дүрэмт хувцасыг “Төмөр Трейд” компани 128900 төгрөгөөр худалдан авч болохыг санал болгох аж.

Хичээлийн хэрэгслийн үнэ ханш ямар байгааг сонирхуулъя. “Нарантуул” худалдааны төвд 12 хуудастай дэвтэр 180 төгрөгөөс эхэлж байна. 24, 32, 48 хуудастай нь 350-550 төгрөгийн үнэтэй. Харин 96 хуудастай дэвтэр 950-1000 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Зургийн дэвтрийн тухайд 8-20 хуудастай байх бөгөөд 600-1000 төгрөг гэсэн. “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрийн дэвтрүүд харьцангуй үнэтэй байсан. Тухайлбал, 24 хуудастай дэвтрийн бөөний болон ширхгийн үнэ нь 360-380, 48 хуудастай нь 600-630 төгрөг, харин 96 хуудастай бол 1180-1250 төгрөг юм билээ. “Нарантуул” болон Дүнжингарав худалдааны төвд хичээлийн хэрэгсэл ойролцоо үнэтэй байсан. 12-96 хуудастай дэвтэр 180-950 төгрөгийн хооронд ханштай худалдаалагдаж байсан юм. Тэгвэл зургийн дэвтэр 8-24 хуудастай нь 600-2500 төгрөг ажээ. Дээрх хоёр худалдааны төвд бал 300-1500, харандаа 200-800, үзүүрлэгч 500-3000, баллуур 100-1500, өнгийн будаг 1000-8000, усан будаг 1500-3000, гортиг 1000-10000, фламастер 1500-8000, хайч 800-4000, шугам 500-4000, штрик 500-1500, баримлын шавар 1500-4000 төгрөгийн ханштайгаар худалдан авагчдын гарт очиж байлаа.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Б.Гангаамаа: “K2” оргилд гарч зорилгоо биелүүллээ

Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны монгол эмэгтэй Бадамгаравын Гангаамаа бямба гаригт эх орондоо ирлээ.

Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох 8611 метр өндөр К2 ууланд өнгөрсөн сарын 21-ний өдөр амжилттай авиралт хийсэн юм. Энэ нь түүний гурав дахь оролдлого бөгөөд түүнтэй 31 уулчин хамт авирч нэгэн дээд амжилт тогтоосон юм. Өмнө нь 2012 оны долдугаар сарын 31-нд нэг дор 28 уулчин К2 уулын оргилд хөл тавьж байсан юм.

К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгэнд тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achil­le Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гарсан байдаг. Энэ хугацаанд нийт 84 уулчин авиралт хийх явцдаа осолдож амиа алдаж байжээ. Ингээд гавьяат тамирчин Б.Гангаамаатай цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Дэлхийн ноён оргилуудын нэг “Үхлийн уул” гэгдэх “К2” ууланд амжилттай авиралт хийж эх орны далбааг мандуулсан танд баяр хүргэе. Энэ амжилтад хүрэхийн тулд хэдэн жилийг зарцуулав?

-Баярлалаа. Энэ бол маш олон жилийн хөдөлмөр л дөө. Уулын спортод анх хөл тавьсан цагаас тооцвол 28 жилийг ардаа орхижээ. Энэ олон жилийн хөдөлмөр хичээл зүтгэлээр “K2” оргилд амжилттай гарч зорилгоо амжилттай биелүүллээ.

-Уулчин болох гараагаа хэрхэн эхэлж байв. 28 жилийн өмнө уулсын спортын талаар хүмүүс тэр бүр мэддэггүй байсан байх?

-Монголд уулын спорт үүсч хөгжөөд 60 жил болж байна.1989 онд санагдах юм. Монголын уулын спортын шилдэг тамирчид Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд авиралт хийхээр очиж байсан юм. Тухайн үед нэг уулчин нь 10 жилийн сурагч байсан надаас “Чи хамт ууланд гарах уу” гэхэд нь би зөвшөөрөөд, Найдан гэж багштай уулзаад хамт гарч байлаа. Энэ цагаас хойш л уулын спортод эргэлт буцалтгүйгээр орсон түүхтэй.

-Эрсдэл өндөртэй уулын спортоор хичээллэхэд ойр дотны хүмүүс тань яаж хүлээж авч байв?

-Анх уулын спортод сонирхолтой болохдоо гэр бүлийнхэндээ хэлээгүй л дээ. Яваандаа мэддэг болоод төдийлөн дэмждэггүй байсан. Сүүлийн жилүүдэд миний зорилгыг ойлгож дэмжиж ирсэн. “Эцсийн цэг нь хаа байна тэндээ хүрээсэй, сайн явж, амжилттай байгаасай” гэж хэлдэг болсон.

-Зорьсон уулынхаа оргилд гарахад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ. Уул бүрийн оргилд гарахад өөр мэдрэмж төрдөг байх?

-Уул бүрийн оргилд гарахад төрдөг сэтгэгдэл адилхан. “За би зорьсондоо хүрчихлээ дээ. Оргилд нь гарчихлаа” гэж боддог. Мэдээж эх орон, үүх түүх, их хаан, монгол хүн гэдгээрээ омогшихын дээдээр омогшиж, бахархахын дээдээр бахархдаг. Харин эргэн тойрон дахь орчин нь мэдээж өөр мэдрэмж төрүүлдэг. Эверест эсвэл Косушкад авирахад өндөр нь ялгаатай, зарцуулах хугацаа нь өөр, эргэн тойрны байгаль нь ч адилгүй болохоор өөр мэдрэмж төрүүлнэ шүү дээ.

Та бүхэнд гавьяат тамирчин Б.Гангаамаагийн эзэлсэн оргилуудыг танилцуулъя.

-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус (5642 метр)

-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест (8848 метр)

-2012 онд Африк тивийн ноён оргил Килименжаро (5895 метр)

-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали (6194 метр)

-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа (6962 м)

-2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс (4884 м)

-2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив (4897м)

-2018 он долдугаар сарын 21 К2 Чогори (8611 метр) өндөрт гарсан анхны монгол эмэгтэй болж байгаа юм.

-Ер нь уулын орой дээр гарсныхаа дараа хэр уддаг вэ?

-Уулын оргил дээр удаан байх шалтгаан, боломж байхгүй. Оргил дээр гараад зургаа авахуулна, эргэн тойрныхоо зургийг авч бага зэрэг бичлэг хийнэ. Удлаа гэхэд 30 минут, багадаа 5-6 минут л болоод бууна. Их хүйтэн байхад зургаа даруулаад буухаа бодно шүү дээ. Эверестийн оргил дээр удаан байх ямар ч нөхцөл байхгүй. Нэгдүгээрт, хүчилтөрөгч багасна, хоёрдугаарт цаг агаар нь хүйтэн. Мөн араас уулчид ирж байгаа, зай талбай бага зэрэг олон шалтгаанаас болоод удаан байх боломжгүй. Ер нь уулын цаг агаар маш хурдан өөрчлөгддөг учраас тааламжгүй цаг агаараас урьтаж аюулгүйн кемпдээ очих ёстой. Тийм учраас ууланд цаг хугацаа маш үнэтэй. Цагаа нарийн тооцох шаардлагатай.

-Сүүлийн жилүүдэд сонирхогчдын болон мэргэжлийн ч түвшинд уулын спортыг сонирхох хүмүүс олон болжээ. Та залуу уулчдад хандаж ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Цагаан толгой сурч эхэлдэг шиг уулчин болохын тулд ч “а” үсгээс нь эхлэх хэрэгтэй. Одоо үед төдийлөн туршлагагүй уулчид том том уул руу яваад байна. Аливаа зүйлийг суръя, амжилт гаргая гэж бодвол анхан шатнаас нь эхлэх хэрэгтэй. Уулчдын хувьд онол болон суурь мэдэгдэхүүнтэй болсон хойноо авирал хийх хэрэгтэй. Мэдээж багаж, техник хэрэгслүүдтэйгээ ч сайн танилцах шаардлагатай. Ингэснээр ирээдүйд авиралт хийх явцдаа алдаа бага гаргана. Шууд л том том уул руу гүйгээд гарчихвал алдаа их гаргана. Алдаа их гаргах нь зорилгоосоо холдож байгаатай адил. Ялангуяа уулын спорт хүнээс асар их тэвчээр, хөлс хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр цаг хугацаа нь улам сунжирч, зорилгоосоо холдчихно шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Н.Золбоо: Намайг дэмждэг хүмүүсийн итгэл дэвжээнд хамт байдаг болохоор унах эрхгүй

Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр тав давж буй агшин

Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмаар зургаа давж харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Н.Золбоотой ярилцлаа. Амралт, аяллын цаг эхэлсэн энэ өдрүүдэд шинэ харцага удахгүй эхлэх Азийн наадамд эх орноо төлөөлж оролцох бэлтгэлээ ЭКО цогцолборт базааж байхад уулзсан юм.


-Чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Сорил-ыг амжилттай давж гурав дахь удаагаа эх орноо төлөөлөх эрхээ өвөртөлсөнд баяр хүргэе. Энэ тэмцээний талаар ярилцлагаа эхлүүлье?

-Баярлалаа. Дэлхийн бүх л шилдэг тамирчид нэг дор цугладаг том наадамд Монгол орноо төлөөлж гурав дахь удаагаа дэвжээнд гарах хариуцлагатай үүрэг надад оногдлоо. Өнгөрсөн жилээс эхлээд Монголын чөлөөт бөхийн холбоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын амжилтыг харгалзаж “Сорил” тэмцээн хийж олон хүний нүдний өмнө шударгаар сонгох болсон. Энэ жил урьдчилсан шатны барилдаануудад бүх өрсөлдөгчдөө ялж гарч ирсэн М.Лхагвагэрэл дүүтэйгээ хүч үзэж хоёр барилдаанд хожиж Будапештыг зорих болзлоо хангасан.

-Олон жил улсын цолны тааварт явж энэ жил улсын харцага цол хүртлээ. Баяр наадмын талаар яриагаа үргэлжлүүлье?

-Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар амжилттай сайхан барилдаж улсын харцага цол хүртэж олон жилийн хөлс хөдөлмөрийнхөө үр шимийн нэгээхэн хэсгийг зүлэг ногоон дэвжээнээсээ хүртлээ. Наадмын барилдаанууд амар байсангүй. Хоёрын даваанд гэхэд өнөө жилийн бүх цэргийн наадмын түрүү бөх Г.Жамбалдоржтой оноолт таарч даваа авсан. Нэг дор хамтдаа бэлтгэл сургуулилт базаадаг улсын цолны төлөө адилхан зүтгэж байгаа найзтайгаа харгүй сайхан барилдсан. Г.Жамбалдорж маань ирэх жилийн наадмаар цолоо ахиулж нутгийн зон олноо баярлуулах биз ээ.

Гурвын даваанд жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Архангай аймгийн заан Л.Отгонбаатар бид хоёрыг улсын цолтнууд амлалгүй үлдээж тунаж барилдсан. Олимпийн наадмын медалийн төлөө барилдаж явсан үеийн залуутайгаа сайхан барилдаж толгойг нь уургалж дараад л даваа авсан даа. Өмнө нь Отгонбаатарт өвдөг шороодож байсан болохоор алдаа гаргахгүйг хичээсэн.

-Дөрвийн даваанд Увсын С.Батсуурь начинтай таарна гэж төсөөлж байв уу. Наадмын өмнө оноолтын давааны барилдаанаа яаж харж байв?

-Оноолтын даваа ч амаргүй л дээ. Өнгөрсөн жилийн наадмаар би энэ даваанд унаад гэртээ харьж байсан. Өнөө жил 2017 оны улсын харцагуудтай нугарах болов уу гэж тооцоолж байсан ч улсын олон цолтнууд гурвын даваанд унаснаар таавар зөрж Увсын С.Батсуурь начинтай барилдаж давсан.

-Начин цолны даваанд энэ онд амжилтаараа тэргүүлж байсан улсын харцага Б.Бат-Өлзийтэй барилдаж давсан. Та өмнө нь Бат-Өлзий харцагад гурван ч удаа өвдөг шороодож байсан шүү дээ?

-Сар шинийн барилдааны түрүү, өнөө цагт барилдаж буй шилдэг харцагатай тунаж барилдан давж начин болоод их баярласан шүү. Б.Бат-Өлзий бид хоёр нэг үед гарч ирж байгаа бөхчүүд хоорондоо 10 орчим удаа таарч өгөө аваатай л барилдаж байсан. Харин би сүүлийн гурван барилдаанд дараалж өвдөг шороодоод байсан учраас багш нартайгаа зөвлөлдөж алдаан дээрээ их ажилласан. Хавар төв цэнгэлдэхэд аваргуудын нэрэмжит барилдаан дээр амлуулаад хөлд нь ороод унасан. Энэ удаа алдаагаа давтаагүй. Барилдахаар гарахын өмнө багш нар “Чи өмнө нь сэрүү барьцнаас ухаан мэдрэлгүй ажилласаар байгаад золгох болоход тамираа барчихсан байдаг. Жаахан нөөцтэй ажиллана шүү” гэж анхааруулсан. Унасан барилдаануудаа эргээд бодоход гол алдаа л тэр байсан юм билээ. Сая нөөцтэй барилдаж хамгийн сүүлийн золгооноос хаялцсан. Хэрэв тэр барьц л задарсан бол шодож барьц сонгох байсан.

-Тунаж цол аваад туг тойрох сайхан биз. Тухайн үед юу бодогдож байв?

-Би тунаж цол авахыг дотроо хүсч байсан л даа. 2015 онд Архангайн Ч.Ганзориг ах О.Хангайтай тунаж барилдаад ганцхан суйлж хаячхаад начин болоод гүйж байхыг нь хараад их огшиж, баярлаж байсан. Тэр үед “Би ч яагаад болохгүй” гэж толгойд бодогдож байсан минь сая биеллээ оллоо. Б.Бат-Өлзий харцагыг давчихаад орилж байснаа муухан санаж байна. Тэгээд л орчлонгоос тасарчихсан юм шиг байгаа юм. Нэг мэдсэн чинь л багш нартайгаа тэврэлдээд уйлж байсан. Багш нар ч “Ханах болоогүй. Одоо тайвшир, ахиад даваа хүлээж байгаа” гэж хэлж байсан. Би тайван байхыг хичээсэн ч чаддаггүй юм билээ. Олон жил хүсэж мөрөөдсөн цолд хүрсэн болохоор тэр биз. Зургаагийн даваанд цол хүртсэн баярын сэтгэлээ дарж амжилгүй гарч барилдаад найз Д.Цэрэнтогтохыгоо өвдөг шороодуулж харцага болсон. Баянхонгороос хамгийн сүүлд Ж.Чулуунбат ах 2011 онд улсын цол авсан. Өнөө жил Их Богд дэвжээнийхэн одтой наадаж хоёр цолтон төрсөн. Хонгор нутгийнхан маань ч хөл нь газар хүрэхгүй баярласан шиг байна лээ. Баянхонгороос 2006 онд Б.Сэр-Од, Б.Баянжаргал нар хамтдаа начин болсон юм билээ. 12 жилийн дараа би зургаа, Цэрэнтогтох тав давж улсын цолд хүрлээ.

-Их сайн байгаа бөх нэг бол түрүүлдэг. Үгүй бол түрүү бөхөд унадаг гэж үг бий. Та түрүү бөх Н.Батуурь аваргыг дөрвөн хөллүүлээд алдчихсан. Дараад авч болоогүй хэрэг үү?

-Олон барилдаан хийгээд бие хүндэрчихсэн байсан болохоор аваргатай тогтож барилдъя гэж тооцож гарсан. Аварга бид хоёр улсын заан О.Одгэрэлийн удирдлагад хүчний бэлтгэл хамт хийдэг сайн найзууд. Н.Батсуурийн толгойг нэг уургалж аваад хутгах гээд алдчихсан. Би уг нь толгой уургалаад хутгах мэх тэр бүр хийдэггүй л дээ. Наадмын бэлтгэл дээр ганц нэг давтсан нь мэдрэмжээрээ ороод ирсэн. Өндөр даваанд хариуцлага алдсан хэрэг. Түрүүлэх бөхийн аз хийморь нь л өөр юм билээ. Энэ жилийн тухайд Н.Батсуурь надаас илүү сайн бэлтгэгдсэн байна лээ. Аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс нар миний хүчний бэлтгэлийг базаахад тус дэм болж би чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зүүж байсан.

-Шинэ харцагаа Баянбулаг сумынхан хүлээж авч хүндэтгэл үзүүлж байсан?

-Тэгсэн, сайхан хүлээж авсан. Спортын төлөө олон жил тууштай хөдөлмөрлөж үзүүлсэн амжилтыг минь үнэлж Баянхонгор аймгийн хөгжилийн төлөө сан “ЛАНД 200” маркийн төмөр хүлэг, “Мөнхийн үсэг” компаниас хоёр байр надад бэлэглэсэн. Энэ баяраа нутгийн иргэдтэйгээ хуваалцаж амьжиргааны түвшин доогуур 90 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэглэл авч өгсөн. Бөхчүүд бид чинь ард түмнийхээ алга ташилтаас урам зориг авч хөглөгдөж, илүү хурцлагддаг учраас баяраа ард түмэнтэйгээ хуваалцмаар санагдсан хэрэг. Баяр наадмын үеэр гурван насны морь уралдаж, хүчит 64 бөх барилдаж Ж.Чулуунбат ах түрүүлж Увсын Цэ.Мөнхбаяр арслан үзүүрлэсэн. Намайг хүндэтгэж цолны мялаалга наадамд очиж барилдсан найзууддаа их баярласан.

-Наадмын өмнө аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд их олон түрүүлсэн. Ийм ч учраас бөх сонирхогч хэн бүхэн Баянхонгорын Н.Золбоо улсын цолд хүрнэ гэж хэлж байсан. Энэ нь танд яаж нөлөөлж байв?

-Наадмын өмнө хүмүүс “аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд дөрвөөс дээш түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадмаар сайн барилддаг” гэж ярихыг сонсоод дотроо бэлгэшээж байсан шүү. Увсын Э.Батбаатар харцага, Архангайн Т.Мөнгөнцоож таван удаа түрүүлсэн жилээ улсын харцага болсон байдаг юм билээ. Би зургаа барилдаж дөрөв түрүүлээд мөн л харцага цол хүртлээ. Намайг урамшуулж, дэмжиж байдаг хүмүүсийн итгэл дэвжээн дээр хамт барилддаг болохоор амархан унах эрх надад байхгүй.

-Наадмын өмнөх шөнө нойр тань хүрсэн үү. Аймгийн цолтнууд барилдаан бодоод унтаж чаддаггүй шүү дээ?

-Наадмын бэлтгэлийн гэрт 20 гаруй хоносон болохоор түүндээ дасчихсан байсан даа. Долдугаар сарын 11-нд хоёр давчихаад буцаад бэлтгэл рүүгээ очиж сайхан унтаж амарсан. Хэвтэр солигдоно гэж байдаг болохоор тэр. Өглөө 07:00 цагт сэрээд хөнгөн гүйж биеэ халаагаад цэнгэлдэх рүү ирсэн дээ.

-Бэлтгэлээ Их богд дэвжээн дээр хийсэн бил үү?

-“Их богд” дэвжээний хамт олонтойгоо Бугын сангийн аж ахуйд улсын харцага Д.Батболд, улсын начин Ж.Чулуунбат ахын удирдлагад бэлтгэлээ базаасан. Ж.Чулуунбат ах чөлөөт болон үндэсний бөхөөр удаан амжилттай барилдсан болохоор чөлөөт барилдааны суурьтай хүн үндсээр яаж барилдвал амжилт үзүүлэх талаар олон зөвлөгөө өгсөн нь их хэрэг болсон. Багш нар бэлтгэлийг маань ч сайхан тааруулсан байна лээ. Аварга Н.Батсуурьтай хүнд барилдаан хийсний дараа ч их цуцаагүй.

-Наадмын сорилго барилдаанд их сайн барилдаж байгаа харагдсан?

-ЦЕГ-ын “Хүч” спорт хорооноос Сүүжийн ууланд болсон наадмын их сорилго барилдаанд түрүүлж бэлтгэлийнхээ өнгийг засч өгсөн. Нээрээ Зүрххайрхан гэж бидний шүтэн залбирдаг хайрхан бий л дээ. Наадмын өмнө долдугаар сарын 9-ний өглөө галын бөхчүүд нар мандахыг харахаар ууланд гарсан юм. Тэгсэн тэр ууланд их том олон салаа эвэртэй сүрлэг сайхан бугыг би олж харсан. Ах нартаа хэлэхэд “Дүү хийморьтой, сайн байгаа юм байна. Улсын цол авах нь дээ” гэж хэлсэн нь ёсоор боллоо.

-2018 он таны хувьд амжилт бүтээлээр арвин болж байна. Он гараад оролцсон тэмцээн бүртээ л медаль зүүж байсан?

-Их сайхан жил болж байна. Саяхан отгон хүү маань төрлөө, төрийн наадамдаа сайхан барилдаж улсын харцага боллоо. Энэ онд дөрвөн тэмцээнд зодоглосноос УАШТ-д түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээн, И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран При”, Буриадын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж дэлхийн чансааг анх удаагаа тэргүүллээ.

-Улсын харцага цол авсан бөхчүүд ихэвчлэн цолоо ахиулаад түрүүлчихээд байдаг?

-Тийм шүү. Сүүлийн жилүүдээд аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ө.Бат-Орших, Н.Жаргалбаяр гээд бөхчүүд харцага цолоор дамжиж том цолд хүрсэн шүү дээ.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Хамгийн түрүүнд улсын харцага гэж сайхан цолондоо эзэн болж сайн барилдахыг зорьж байна. Цаашдаа үндэсний бөхөөр барилдаж буй залуусын адил төрийн наадамдаа түрүүлэхийг бодож бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базаана даа. Мөн чөлөөт бөхөөр ах нарынхаа аваагүй медалийг гүйцээж олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авмаар байна. Энэ зуур намайг дэмждэг “Мөнхийн үсэг” группийн хамт олон, Баянхонгор аймгийн хөгжлийн төлөө сан, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны нийт бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье. Эрдэм мэдлэгээ харамгүй зааж зөвлөдөг Ж.Дандар, Б.Одгэрэл, Д.Батболд багш нартаа баярлаж явдгаа хэлье.