Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлэв

Энэ сарын 11-ндаймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөлөөс хоёр дахь удаагийн барилдаанаа Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Монгол улсын аварга Д.Хадбаатарын нэрэмжит болгон спортын төв ордонд зохион байгууллаа.

Бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр, Б.Мижидсүрэн, Э.Ууганбаяр нараар ахлуулсан 256 бөх хүч үзэхэд Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлсэн юм. Харин Өвөрхангай аймгийн харьяат аймгийн арслан Баянзулын Цэдэнсодном анх удаагаа үзүүр булаав.

Их шөвөгт Увсын Тэсийн аймгийн арслан Жамсрангийн Ням-Эрдэнэ, Цэдэндоржийн Мөнхбаяр нар шалгарлаа.

Уран барилдааны тусгай шагналыг Өвөрхангай аймгийн харцага Б.Өлзийсайхан хүртсэн. Тэрбээр энэ өдөр аймгийн арслан Б.Отгонбаатар, хурц арслан У.Бреке нарыг өвдөг шороодуулсан юм.

Бөхийн барилдааны дүйз.

Тавын даваа

1. А.х.а Б.Мижидсүрэн– а.а Ш.МӨНХ-ОД
2. А.а Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- а.х Б.Өлзийсайхан
3. А.а Д.БАДАМГАРАВ– а.а Г.Хишигбат
4. А.а П.Өсөхбаатар– а.н Д.БАТБААТАР
5. А.а Ж.НЯМ-ЭРДЭНЭ- а.а Г.Ганбаатар
6. А.а Ц.МӨНХБАЯР- а.а Ц.Адъяа
7. А.а Х.Цогтгэрэл– а.а Б.ЦЭДЭНСОДНОМ
8: А.з Э.ЭНХ-АМГАЛАН- а.ө.н М.Амарсанаа

Зургаагийн даваа

1. А.а Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- а.н Д.Батбаатар
2. А.а Д.Бадамгарав– а.а Б.ЦЭДЭНСОДНОМ
3. А.а Ш.Мөнх-Од- а.а Ж.Ням-ЭРДЭНЭ
4. А.а Ц.МӨНХБАЯР- а.з Э.Энх-Амгалан

Долоогийн даваа

1. А.а Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- а.а Ц.Мөнхбаяр
2. А.а Ж.Ням-Эрдэнэ- а.а Б.ЦЭДЭНСОДНОМ

Наймын даваа

1. А.а Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- а.а Б.Цэдэнсодном

Categories
мэдээ спорт

​Улсын арслан Э.Оюунболд түрүүлэв

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Говь бөх” клубийн 10 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Арслан Энхтөгсийн Оюунболд зургаа даван түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оргихын Хангай үзүүрлэжээ.

Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын харцага Дамдинпүрвын Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага Мягмарын Бадарч нар их шөвөгт шалгарчээ.

Харин Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Балганы Хишигбаатар, Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Доржсүрэнгийн Бадамгарав, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Энхтөрийн Мөнхбаатар дунд шөвгийн наймд шалгарчээ.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг Ташкентын Гран Прид түрүүлэв​

Узбекистаны Ташкент хотод дэлхийн чансааны оноо олгох жүдо бөхийн Гран При тэмцээн үргэлжилж байна. Гран При тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Балдоржийн Мөнгөнчимэг алтан медаль зүүлээ.

Тэрбээр өнөөдөр учраа таарсанөрсөлдөгч бүрээ хожиж аваргын алтан медалийн төлөө Италийн Мариа Сентраччиог этэх мэхээр цэвэр ялсан юм. Гавьяат тамирчин Б.Мөнгөнцэцэг Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг тэмцээнээс хоёр дахь түрүүгээ авч буй нь энэ юм. Тэрбээр 2016 онд Улаанбаатарын Гран Прид түрүүлсэн бил ээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч сорьсон Нямсүрэнгийн Дагвасүрэн түрүүлэхэд гуравхан секунд дутлаа. Аваргын төлөө Казахстаны өсөж яваа залуу жүдоч Дидар Хамзатай учраа таарсан. Барилдаан дөнгөж эхлээд удалгүй шидогоор торгуулсан ч Н.Дагвасүрэн төдөлгүй барилдааны хэмнэлээ олж, улмаар цаг дуусахаас 1:13 минутын өмнө вазари үнэлгээ авснаар алтан медаль руу тун ойртсон. Харамсалтай нь, үндсэн цаг дуусахаас гурван секундын өмнө өрсөлдөгчдөө үнэлгээ алдсанаар тэнцэж, нэмэлт цагт шийдэгдэх болсон юм. Нэмэлт цагт хуурамч довтолгоо хийсэн тул шидогоор торгуулсан ч хоёр дахь вазаригаар авснаар Казахстаны Д.Хамза алтан медалийн эзэн боллоо.

Categories
мэдээ спорт

​Б.Мягмарсүрэн дугуйн уралдаанд түрүүллээ

БНХАУ-д зохигдож буй “Гранфондо Юннань-2018” олон өдрийн олон улсын засмал замын дугуй тэмцээний гуравдугаар гараа буюу “Tengchong Stage”-д “GCN Mongolia” багийн тамирчин ОУХМ Б.Мягмарсүрэн түрүүллээ. Тэрээр 120 дахь км дээрээс БНХАУ-ын дугуйн “Шинэ од” гэгдэж буй, 19 настай Ли Жун Гангийн хамт тасарч, улмаар өрсөлдөгчөө хаян ганцаар тэргүүллийг авсан. Гарааны хамгийн өндөр уулын хэсэг өнгөрсний дараа тэмцээнийг тэргүүлэгч, багийн хамтрагч Крейг Стюартыг хүлээж, үлдсэн 60 гаруй км замд ээлжлэн салхиа авсаар хамт барианд орсон юм. Б.Мягмарсүрэн 185 км уулын замыг 05:13:38 хугацаанд туулжээ. Хоёрдугаар байрт Крейг Стюарт, гуравдугаар байрт манай багийн өө нэг монгол дугуйчин Э.Билгүүнжаргал орсон байна.

Тэмцээнийг нийлбэр дүнгээр “GCN Mongolia” багийн Крейг Стюарт тэргүүлж, ОУХМ Б.Мягмарсүрэн 14 секундын алдагдалтай аман хүзүүнд явж байгаа юм. Тэмцээн дуусахад дахиад хоёр гараа дутуу байна. Дашрамд дурдахад, ОУХМ Б.Мягмарсүрэн өмнө нь энэ тэмцээнд нийлбэр дүнгээр гурван удаа аваргалж байсан юм.

Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Монгол бахархлын өдрийн барилдаанд Доржийн Анар түрүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо.

Барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нарын магнайлсан чансаа өндөр 128 бөх барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.
Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч нар шалгарлаа.

Аварга цолтой анх удаагаа зодоглосон Н.Батсуурь тавын даваанд наадмын түрүү бөхөд өвдөг шороодсон бол Э.Оюунболд энэ даваанд улсын харцага М.Бадарчийг амлаж барилдаад барсангүй. Мөн 2016 оны наадмын түрүү бөх Цэдэвийн Содномдорж барилдааны дөрвийн даваанд Анар начинд тахим буулгажээ. Дээгүүр барилдах тааварт байсан Р.Пүрэвдагва гурвын даваанд хурц арслан О.Гантулгыг амласан ч хавируулж өвдөг шорооджээ.

Categories
мэдээ спорт

Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун өвдөг шороодлоо

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, өвлийн тэргүүн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Бун-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.
Найм дахь удаагийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нараар ахлуулсан хүчитнүүд зодоглож байна. Бөхийн барилдааны нэгийн даваанд улсын аварга Н.Батсуурь өөрийн үеэл дүү сумын заан Энхтөрийн Мөнх-Эрдэнийг дунгуйлдаж татаад хамгийн түрүүнд туг тойров. Харин өнгөрсөн жил начин цолоо баталсан Ч.Батчулуун Говь-Алтайн аймгийн харцага Я.Бумбаярт хашиж мордуулаад тахим өгөв.
Давааны төгсгөлд аймгийн шилдэг арслангууд хоорондоо нугарч барилдсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Булганы аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл энэ даваанд Чойрын залуу арслан Энхтөрийн Мөнхбаатартай таарч хялбархан туг тойрно лээ. Энэ Дархан-Уул аймгийн наадмын түрүү бөх хурц арслан Сүрэнжавын Очирбат Булган аймгийн заан Энх-Амгарлангийн зайлаанд тэссэнгүй. Мөн энэ оны цэргийн наадмын түрүү бөх Ганзоригийн Жамбалдорж хашир туршлагатай арслан Батчулууны Хашбатад мушгиулаад тэнгэр харав. Чөлөөт бөхийн шигшээ багийн гишүүн аймгийн заан М.Лхагвагэрэл энэ даваанд улсын начин Б.Сериктэй хүч үзэж барьц сонгуулж өвдөг шороодсон юм.
Бөхийн барилдааны хоёрын даваа энэ цаг мөчид эхэлж байна.

Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Бахархлын өдрийн барилдаанд бахтай барилдаж түрүүлэх хүчтэн хэн бэ

Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдааныг 2012 оноос эхлэн Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж эхэлсэн байдаг.

Эхний жил 256 хүчтэн барилдахад тухайн үеийн улсын арслан Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс нартай улсын заан Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нар үлдэж дүү цолтнууд нь түрүү булаалцахад Чимэдрэгзэнгийн Санжаадамба илүүрхэж байсан түүхтэй.

2013 онд ч Ч.Санжаадамбыг хазайлгах хүчтэн олдсонгүй. Тэрбээр улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай үлдэж хоёр дахь түрүүгээ булааж байсныг бөх сонирхогчид санаж байгаа байх. Энэ оноос эхэлж чансаа өндөр 128 хүчтэнг барилдуулж эхэлсэн.

2014 онд “Увс нуур”-ын хүчтэнүүд одтой наадаж Өлзийтогтохын Бат-Орших улсын харцага цолтойдоо өмнөх жилийн үзүүр бөх улсын аварга С.Мөнхбатыг орхиж түрүүлж байжээ. Цэдэвийн Содномдорж, Батнасангийн Гончигдамба нарын мундаг бөхчүүд их шөвөгт шалгарсан байх юм.

Харин 2015 онд манлай арслан Пүрэвийн Бүрэнтөгсийн ээлж иржээ. Тэрбээр Говь-Алтайн бяртай начин Лувсандоржийн Цэрэнтогтохыг орхиж анх удаагаа манлайлсан. Хөвсгөлийн Хөхчирэнгэр начин улсын аварга Намсрайжавын Батсууриар тав давж их шөвөгт үлдэж байжээ.

Улсын арслан Р.Пүрэвдагва Дундговийн Эрдэнэбатын Даш начинд сууж өмсөх мэхийг даалгаж 2016 оны түрүү бөхөөр тодорч байсныг бөх сонирхогчид тодхон санаж байгаа болов уу.

Өнгөрсөн жилийн Бахархлын өдрийн барилдаанд өндөр гарьд Н.Ганбаатар чимээгүйхэн байж байгаад ирээд түрүүлчихсэн. 2016 оны үзүүр бөх Э.Даш шийр зааж амжилтаа бататгасан.

Бахархлын өдрийн барилдаануудыг эргээд харахад ийм байна.

Харин өнөөдөр хэн гээч ямар хүчтэн бахархлын өдрийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээж түрүүлэх бол?

Улсын шинэхэн аварга Намсрайжавын Батсуурь баяр наадмаас хойш анх удаагаа анх удаагаа зодоглохоор бүртгүүлжээ. Аравдугаар сараас “Увс нуур” дэвжээнийхэнтэйгээ бэлтгэлээ базааж буй залуу аварга үзүүрлэх гэж “Буянт-Ухаа” ордонг зорихгүй мэдээж. Увс нутгийн бахархал залуухан аварга Монгол бахархлын өдрийн барилдаанд өнгөлж баруун хязгаарын зон олныг баярлуулж мэднэ шүү.

“Увс нуур” дэвжээнээс өөр нэг идэрхэн хүчтэн түрүүлэхээр зодоглох нь Пүрэвийн Бүрэнтөгс. Намрын улирлын барилдааны түрүүлсэн тэрбээр бэлтгэл тун ч сайн байгаа харагдсан. Доогуур даваанд гэнэдээд бүдэрчихгүй дээшээ гарвал том цолтнуудаа бүгдийг нь аргалаад сурчихсан хүчтэн.

Цэдэвийн Содномдорж арслан намрын улирлын нээлтийн барилдаанд бэлтгэл жаахан дутуу зодоглосон уу яасан Архангайн Бадарчид мушгиж тонгоруулаад чангахан газардаж байгаа харагдсан. Туршлагатай арслан алдаа оноогоо дүгнэсэн нь мэдээж. Хоймор нутгийн арслангаас дэмжигчид нь зөвхөн түрүү л хүлээж байгаа. Бэртэл, гэмтэлгүй бол Содном арслан өндөр даваанд гараад л ирнэ дээ. Амаа зөв авч, эгзэгтэй барилдаанд тойлгойгоо зөв ажиллуулж хариулт мэх хийдэг нь түүний хамгийн том онцлог. Тэр л давуу талаараа төрийн наадмын түрүү бөхөөр тодорсон.

Хоёр наадам дараалж тааруу барилдсан Энхтөгсийн Оюунболд арслан өнөө жил тун аятайхан харагдсан шүү. Бөх билэгтийн ойн барилдаанд торолгүй түрүүлсэн түүнээс улсын харцага байх үеийнх нь дайчин барилдаанууд харагдаж байна лээ. Өмнөдэлгэрийн “залуу мазаалай”-г барьц сонгож л аргалахгүй бол баргийн хүчтэн барж идэхгүй байх. Н.Батсуурь аварга, Бүрэнтөгс арслан гээд бөхчүүдтэй хэрхэн барилдах нь олон хүний анхаарлын төвд байна.

Аатай, шартай арслан Ренчинбямбын Пүрэвдагвыг тооцооноос хасч болохгүй ээ. Шүдээ зуугаад сугадаад мушгивал хэнийг ч аваад л зална. Хэтэрхий шатаж барилддаг нь барилдаанд сөргөөр нөлөөлөх гээд байдаг талтай. Амаа зөв аваад ааг омгоо зөвөөр ашиглаад барилдвал хоёр дахь удаагаа түрүүлэх боломж түүнд бий. Булганы Дамдинсүрэнийг Пүрэвдоржоос л зөрөөсэй. Тэгсэн цагт учир бий дээ арслан минь.

Өөр нэг ховрын хүчтэн энэ өдөр “Бунт-Ухаа”-д зодоглох нь улсын гарьд Батнасангийн Гончигдамба. Зун “Монгол туургатны наадмд түрүүлснээс хойш том барилдаануудад барилдаж харагдаагүй дээ. Алтан Овооны наадамд очиж барилдаад сумын заан Энхтөрийн Мөнх-Эрдэнэд тахим буулгасан сураг дуулдсан. Бэлтгэл нь хэр зэрг байгаа юм бол доо. Уул нь ч өндөр даваанд гараад л ирдэг гарьд. Ямартай ч бөхөд хайртай зон олон Гончиг гарьдынхаа барилдааныг үгүйлсэн нь дамжиггүй.

Эдэнтэй түрүү байрын төлөө эрсэлдэх идэрхэн харцагууд олон бий. Баярхүүгийн Бат-Өлзий сар шинийн барилдаанд аварга арслангуудыг нураагаад түрүүлж л байсан. Энэ удаа яах юм байгаая .

Оргихын Хангай гэж ид ирэн дээрээ яваа залуу том бодож очих биз. Хий гишгэчихгүй л бол их шөвөгт баараггүй үлдэнэ дээ. Шуудагдаад татвал хэнийг цээжиндээ гаргаж ирээд чулуудчих тэнхээ түүнд бий. Мягмарын Бадарч, Баатарын Амарзаяа нар Арын сайхан хангайгаа дуурсгаж хүч үзнэ. Аварга арслангуудаас хэнийг ч мордоод дайрах араам Амарзаяа начинд л бий.

Аймгийн цолтнуудад ах нарыг айлгах залуус олон бий

Том барилдаанд цойлоод гараад ирэх ирлэсэн тонгорог шиг залуу арслангууд байнаа байна. Төв аймгийн Ууганбаяр гэж “Ирээдүйн аварга” шагналын эзэн өнөө жил аймагтаа цолоо хурцалсан. Энэ өдөр зодоглох бөхчүүдээс хамгийн бяртай нь гээд хэлчихвэл буруудахгүй болов уу. Дан ганц бяр байгаад амжилт олоход бэрх. Бага зэрэг толгойгоо ажиллуулаад хүч үзвэл учиртайдаа. Жижиг аварга зүгээр ч нэг залууд “Ирээдүйн аварга” шагналаа хадгалуулаагүй нь мэдээж.

Дархан аварга Өсөхбаярын дүү Батбаяр харцагын гарын шавь Батсүхийн Зоригтбаатар гэж соёолон адуу шиг залуу гараад ирвэл ч гялалзана даа. Намрын улирлын нээлтийн барилдаанд улсын сайчуулыг хаяж их шөвөгт шалгарч байсан тэрбээр өнгөрсөн зун Орхон аймгийн наадамд түрүүлж аймгийн арслсан цол хүртсэн. Бөх билэгт дэвжээний ойн барилдаанд Булганы Амарсайхан начинг дунгуйлдаж татаад шөвгөрч байгаа харагдсан. Ах нарыг ч айлгаад сурчихсан хүү.

Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл гэж сийлчихсэн юм шиг биетэй Булган нутгийн залуу арслан бий. Өнгөрсөн сар шинийн барилдаанд аварга Эрхэмбаяраар дөрөв давсан түүнийг тавын даваанд амлачих аавын хүү олдоогүй. Тухайн наадмын түрүү бөх Баярхүүгийн Бат-Өлзийтэй тунаж барилдаад тахим буулгана лээ. Бас дээгүүр даваанд л үзэх залуусын нэг.

Categories
мэдээ спорт

Милауки Бакс улирлын хоёр дахь ялагдлаа хүлээв

Милауки Бакс улирлын хоёр дахь ялагдлаа хүлээв
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өнөөдөр өглөө дөрвөн тоглолт болж өндөрлөлөө.
Дорнод бүсийг найман хожилтойлгоор тэргүүлж буй Милауки бакс энэ өдөр Портланд Трейл Блейзерсийн Мода центерт зочилж 118:103-аар улирлын хоёр дахь ялагдлаа хүлээв. Портландаас СЖ Макалум гайхалтай байж 40 оноо авч багаа хожилд хөтөлжээ. Эван Турнер, Дэман Лиллард, Есиф Нуркич нар тус бүр 10-аас дээш оноогоор багтаа тусалжээ. Портландын залуус улирлын найм дахь ялалтаа авч буй нь энэ юм.
Драфтаас Лука Дончич гэх авьяаслаг залууг эгнээндээ элсүүлээд буй Даллас Маурикс Вашингтон Вазардастай тулж 119:100-аар хялбархан ялалт байгууллаа. Мауриксаас Лука Дончич 23 оноо түүж багаа тэргүүлжээ. Мөн Уэсли Матиус үүргээ сайн биелүүлж 22 оноогоор багтаа тусласан юм. Деннис Жуниор Харрисон Барнс нар ч үүргээ сайн биелүүлж 19 оноо авч үүргээ сайн биелүүлжээ. Энэ тэдний гурав дахь ялалтаар бүртгэгдэж байна. Харин нийслэлийн багаас Жон Уолл 24 оноо 10 оновчтой дамжуулалт бүртгүүлсэн ч найм дахь ялагдлаа хүлээв. Тэднээс Бредли Бил тааруу тоглосон нь ялагдлын гол шалтгаан болжээ.
Мөн энэ өдөр багийн лидер Кемба Уолкерынн 29 онооны ачаар Нью Орлиан Пеликанс Атланта Хауксыг 113:102-оор буулган авчээ. Пеликансаас Марвин Уилиамс 20 оноо авч багтаа тусалжээ. Атлантагаас нэг ч тоглогч 20-иос дээр оноо авч чадсангүй. Жереми Лин 19 оноо авч багаа тэргүүлжээ.
Улирлын тааруу амжилттай үргэлжлүүлж буй Финикс санс энэ өдөр Брүүклин Нетст 104:82-оор бут ниргүүлжээ. Карис Леверт 26 оноо авч Брүүклиныйг ялалтад хөтөлсөн байна. Сансаас багийн лидер Девин Бүүкер 202 оноо авсан ч найм дахь ялагдлаа амслаа. Олны анхаарлын төв буй рүүки залуу Д Андре Айтон энэ өдөр 16 оноо авчээ.

Categories
мэдээ спорт

​Ливерпүүл Црвена звездаг дийлсэнгүй

Европийн хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн явагдаж өндөрлөлөө.

Сербийн Црвена звезда клуб тус тэмцээний таван удаагийн аварга Ливерпүүл клубийг талбайдаа хүлээн авч 2:0-ээр ялж том шуугиан тарьлаа. Тоглолтын 22 болон 29 дэх минутад Милан Павков гоолдож багтаа энэ улирлын Аваргуудын лигийн анхны ялалтыг бэлэглэжээ. Харин аваргуудын лигийн дархан аварга Ливерпүүл улирлын хоёр дахь ялагдлаа хүлээж буй нь юм. Тэд өмнө Италийн Наполигийн талайд зочилж 1:0-ээр ялагдсан билээ. Энэ хэсгийн нөгөө талд Парис сен сен Жермен болон Италийн Наполи багууд тоглож 1:1-ээр тэнцжээ. “С” хэсгийг Наполи Ливерпүүл багууд тус бүр зургаан оноотой тэргүүлж байна. Харин дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Нэемараар ахлуулсан Парис сен Жермен таван оноотойгоор удаалж байна.

Аваргуудын лигийн дөрвөн удаагийн аварга Испанийн Барселона Италийн “хатуу самар” Интер Милантай тоглож 1:1-ээр тэнцжээ. Тоглолтын хоёрдугаар үеийн 83 дахь минутад Барсагаас Малком эхний гоолыг оруулсан бол Италь довтлогч Икарди 87 дахь минутанд тэнцээнй гоол оруулжээ. Энэ хэсгийн нөгөө талд Английн Тоттенхем Голландын Эйндховенийг 2:1-ээр ялсан байна. “B хэсгийг Барселона 10 оноотой тэргүүлж байгаа бол Интер Милан долоон оноотой удаалж байна.

“А” хэсэгт өрсөлдөж буй Испанийн Атлетико мадрид сүүлийн үед сайн формтой байгаа Германы Бориусса Дормундыг хүлээн авч 2:0-ээр ялжээ. Эхний үеийн 33 дахь минутад Саул Нигүэз гоол оруулсан бол шийдвэрлэх үеийн 80 дахь минутанд Антуан Грызман хожлын гоолыг шитгжээ. “А” хэсгийн нөгөө талд Белгийн Брюге Францын Монаког 4:0-ээр хожиж бас нэгэн дуулиан тарьсан. Энэ зоог Бориусса Дортмунд есөн оноотой өнгөлж байна.

Бусад тоглолтуудын үр дүн

Шальке 04 2:0 Галатарай

Порто 4:1 Локомотив

Categories
мэдээ цаг-үе

Х.Ундрам: Дуртай зүйлээ хийж үзэгчдэд гоо зүйн таашаал өгч байгаадаа баярладаг

Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Цомын аварга шалгаруулах тэмцээнд Казахстан, БНСУ зэрэг есөн орны 100 орчим тамирчид “Буянт-Ухаа” спортын ордонд өрсөлдсөн юм. Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд насанд хүрэгчдийн ганцаарчилсан ангилалд Х.Ундрам, Г.Номин-Эрдэнэ, өсвөр үеийн ангилалд С.Энхжин нар өрсөлдсөн.

Насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлд Казахстаны тамирчин алтан медаль зүүсэн бол Тайванийн тамирчин мөнгөн медаль зүүжээ. Харин Монгол Улсын тамирчин Х.Ундрам хүрэл медаль зүүсэн юм. Мөн багаараа бөмбөг, олстой дасгалд дэд байр эзэлжээ. Өсвөрийн ганцаарчилсан төрлийн бөмбөгтэй дасгалд С.Энхжин хүрэл медаль хүртжээ.

Бид энэ үеэр насанд хүрэгчдийн ангилалд дасгалаас гурван хүрэл, багийн төрөлд мөнгөн медаль зүүсэн олон улсын хэмжээний мастер Х.Ундрамтай ярилцлаа.


-Манай уншигчдад уран сайхны гимнастикийн спортын талаар танилцуулахгүй юу?

-Уран сайхны гимнастикаар зөвхөн эмэгтэйчүүд хичээллэдэг гэж манайхан мэддэг болсон байх. Гимнастикийн тэмцээнд ганцаарчилсан төрлөөр оролцож буй тамирчин цагирагтай, бөмбөгтэй, туузтай, олстой дөрвөн дасгалд өрсөлддөг. Энэ нь олимпийн цикильд солигдоод явдаг. Томоохон тэмцээнүүдэд энэ дөрвөн төрөлд тус бүрт нь медаль гардуулна. Мөн нийлбэрээр медаль гардуулна. Өөрөөр хэлбэл нэг тамирчин ганцаарчилсан төрлийн тэмцээнээс таван медаль зүүх боломжтой гэсэн үг.

-Та уран сайхны гимнастикаар хэдэн жил хичээллэж байна вэ?

-Арван жил тасралтгүй хичээллэж байна. Анх долоон настай байхдаа “Бэлтгэл дуусах болоогүй” гэж баримтат кино үзээд л энэ спортод татагдаж гимнастикийн зааланд очиж байсан. Гэхдээ гадаад сувгуудаар уран сайхны гимнастикийн тэмцээн хааяа үздэг байсан нь эргэлт буцалгүй ороход нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Анх зэрэг ахиулах тэмцээнүүдэд оролцож хүрэл медаль зүүж байсан минь санаанаас гардаггүй юм. Гаргасан амжилтдаа урамшиж бэлтгэлдээ илүү цаг гаргаж эхэлсэн дээ.

-Гар, хөлийн хөдөлгөөн зэрэг гимнастикийн нарийн элементүүдийг суралцахад хүүхдээс их тэвчээр шаардах байх?

-Олон жилийн хугацаанд тууштай бэлтгэл хийж л амжилт ирдэг. Зарим нэг спортын төрлүүдэд хувь хүнээс шалтгаалаад гурван жилийн хугацаанд сурах элементийг жилийн хугацаанд сурах боломж байдаг бол гимнастикт тийм биш. Гар, хөлийн хөдөлгөөн, өлмий жийлт зэргийг хүүхэд байхдаа л зөв техниктэй суралцахгүй бол том болоод засч өөрчлөх боломжгүй. Хүүхэд байхаасаа л урт хугацааны туршид тууштай бэлтгэл сургуулилт хийж л тив дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой. Их тэвчээр шаардана даа.

-Гимнастикаар хичээллэж буй хүүхэд чихэр, шоколаднаас авахуулаад дуртай амттанаасаа татгалзах хэрэг гардаг байх?

-Гоо сайхны спорт гэдэг утгаараа гимнастикчид биеэ зөв галбиртай харагдуулах ёстой. Мэдээж тэмцээний үеэр хоолны дэглэм барих шаардлагатай. Дуртай хоолноосоо татгалзаж чадахгүй бол олон жилийн хөдөлмөр талаар өнгөрнө гэсэн үг л дээ. Гэхдээ хоолны дэглэм барилаа гээд жин хасч, хоолоо сойно гэсэн үг биш. Эрүүл хооллох шаардлагатай.

-Та өнгөрсөн зун Азийн наадамд Монгол Улсаа төлөөлж оролцсон. Энэ тэмцээний талаар?

-Азийн наадмын өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээнд хангалтгүй оролцоод байсан л даа. Тэмцээндээ огт төвлөрч чадаагүй. Бэлтгэл дээр амархан гүйцэтгэж байсан дасгалууддаа алдаа гаргасан юм. Дараа нь сэтгэлээр унаад бэлтгэл сургуулилтаа ч хийхэд хүнд байсан шүү. Спортод биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл асар их ач холбогдолтой болохыг тэр үед ухаарсан. Ур чадвартай байлаа ч сэтгэл зүйгээ бэлдэж чадаагүй бол амжилт гаргаж чадахгүй юм билээ. Эхний ээлжинд элементүүдийг эзэмшээд, тэмцээн дээр чадвараа илэрхийлнэ гэдэг том даваа.

Улмаар спортын сэтгэл судлаач Б.Золзаяа эгч дээр очиж хамтарч ажилласан. Үр дүнд нь тэмцээний үеийн сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх, элдэв бодол айдсаа хэрхэн даван туулах мэдэгдэхүүнтэй болсон. Сэтгэл зүйгээ бэлтгэж тэмцээндээ төвлөрч сураад Азийн наадамд оролцож шигшээд шалгарсан. Надад том туршлага болж үлдсэн дээ.

-Тивийн олимпт шигшээд шалгарсан тамирчин Азийн цомын тэмцээнд өрсөлдөхдөө өөртөө итгэлтэй байсан байх?

-Азийн наадамд оролцож тивийн хэмжээнд өрсөлдөх тамирчид ямар, ямар элемент гүйцэтгэх чадвар эзэмшсэн байх талаар ойлголттой болсон байсан л даа. Энэ утгаараа Азийн наадмын тэмцээн анхдугаар цомын төлөөх тэмцээнд өрсөлдөх том туршлага болж өгсөн. Санасан амжилтаа үзүүлж чадсан гэж бодож байна. Анхдугаар цомын тэмцээн Монголд зохион байгуулагдах болсныг дуулаад л медаль авахыг зорьж байсан. Зорилгодоо хүрчихээд л тайван амьсгаа авсан шүү. Уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлснээс хойш тийм сайхан мэдрэмж авч байгаагүй. Нуруунаас ачаа авчихсан юм шиг мэдрэмж төрсөн.

-Хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө талбайд гарах нэг талаар давуу тал болдог ч нөгөө талаараа дарамттай байдаг байх?

-Давуу тал болдог ч том хариуцлага нуруун дээр буудаг юм билээ. Үзүүлбэрээ гүйцэтгэхийн өмнө алдаж болохгүй шүү гэж хэтэрхий их бодсоноос бага зэргийн алдаа гаргасан тал байгаа.

-Ундрам оюутан уу. Ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Би ШУТИС-ийн ахлах сургуулийг төгссөн. Улмаар “Сэргээгдэх эрчим хүч”-ний инженерийн ангид элсч суралцаж байна. Сүүлд гаргасан үзүүлэлтээр хам-гийн ирээдүйтэй мэргэжлийн жагсаалтад орсон байсан болохоор л сонгож суралцахаар сэтгэл шулуудсан.

-Цаашид уран сайхны гимнастик, мэргэжил хоёрынхоо алийг нь сонгох вэ?

-Аль, аль нь миний амьдралд чухал. Спорт залуу насны ажил. Цаашид мэргэжлээрээ ажиллаж амьдрах учраас өөрийгөө хөгжүүлэх нь шаардлагатай. Хүн хэдэн ч салбарт хөрвөж ажиллах чадвартай байх хэрэгтэй гэж ойлгодог юм.

-Гимнастик хүүхдийн төлөвшил, хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Спорт хүнд хүмүүжил олгодог. Мөн тулгарсан асуудлыг бие даагаад зөв шийдвэрлэх чадвар суулгадаг гэж бид ойлгодог юм. Дээрээс нь олон цагийн бэлтгэж хийж тэвчээртэй болно.

-Гимнастикийн спортын гоё сайхан нь юунд оршдог юм бэ?

-Гоо зүйн өндөр мэдрэмж авна. Миний хувьд дуртай зүйлээ хийж үзэгчдэд гоо зүйн таашаал өгч байгаадаа баярладаг юм. Уран сайхны гимнастикийн үзүүлбэр үзүүлж байхдаа үүнийгээ би мэдэрдэг. Энэ миний аз жаргал юм даа.

-Таны ирээдүйн зорилго?

-Би хаана хүртэл явж чадахаа л хармаар байна.

-Уран сайхны гимнастикийн спорт манайд төдийлөн хөгжөөгүй шүү дээ. Гэр бүлийнхэн чинь таныг хэр дэмждэг вэ?

-Хамгийн их дэмжиж, намайг ойлгож хүнд үед дэргэд байдаг улс. Хэрэв намайг дэмждэггүй бол хичнээн дур сонирхолтой, авьяастай байсан ч амжилт гаргаж чадахгүй. Энэ спортыг хөгжүүлж олон хүнд хүргэхийн тулд л хөдөлмөрлөөд явж байна. Өнөөдөр манайд 300 орчим охид энэ спортоор хичээллэж байгаа.

-Багшийнхаа талаар?

-Спортын мастер Булган гэж багшийн удирдлагад 10 жил бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Багш бид хоёр өдөр бүр уулзаж, зарим өдөр нь хоёр ч удаа бэлтгэл хийж байгаа болохоор нэг хүн шиг л болчихсон. Аав, ээжтэйгээ хамт байх хугацаанаасаа ч илүү цагийг багштайгаа хамт өнгөрүүлдэг. Багш минь ямар бэлтгэл сургуулилт хийхэд ямар үр дүнд хүрэхийг мэддэг болчихсон.

-Та өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Тэмцээний үед өдөрт найман цагийн бэлтгэл хийдэг. Биеэ халааж, сунгалт хийхэд хүртэл их хугацаа зарцуулдаг. Энэ их хөдөлмөрийн үр шимийг нэг минут 30 секундэд багтааж дүгнүүлдэг учраас хувь хүнээс дээд зэргийн төвлөрөл шаарддаг. Арван хэдэн жилийн хөдөлмөрийн үр шим энэхүү богинохон хугацаанд яригдана шүү дээ.