Categories
мэдээ спорт

Ерөнхийлөгчийн цомын барилдаанд хоёр аварга зодоглож байна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Бунт- Ухаа” спортын ордонд эхлэлээ. Долоо дахь удаагийн барилдаанд зодоглохоор улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат нар зодоглохоор бүртгүүлжээ. Улсын аварга С.Мөнхбат 2011 болон 2013 онуудад Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлж байсан юм. Харин өнгөрсөн жилийн барилдааны түрүү бөх улсын харцага Т.Баасанхүү мөрний бэртлийн улмаас зодоглоогүй байна. Чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд Баянхонгорын харцага Н.Золбоо, Завханы Т.Бэгзсүрэн нар зодоглохоор бүртгүүлсэн нь олны анхаарал татаж байна. Н.Золбоогийн тухайд шинэ цолтойгоо анх удаагаа зодоглож буй нь энэ юм.

1. Намсрайжавын Батсуурь у.ав
2. Сүхбаатарын Мөнхбат у.ав
3. Пүрэвийн Бүрэнтөгс у.ар
4. Рэнцэнбямбын Пүрэвдагва у.ар
5. Батнасангийн Гончигдамба у.г
6. Нямаагийн Батзаяа у.х
7. Бат-Очирын Одгэрэл у.х
8. Баярхүүгийн Бат-Өлзий у.х
9. Хүрэл-Очирын Гантулга у.х
10. Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ у.х
11. Мягмарын Бадарч у.х
12. Оргихын Хангай у.х
13. Нацагсүрэнгийн Золбоо у.х
14. Төрмөнхийн Бэгзсүрэн у.х
15. Эрдэнэбилэгийн Энхбат у.н
16. Лувсандоржийн Цэрэнтогтох у.н
17. Чулуунбаатарын Батчулуун у.н
18. Лхагвасүрэнгийн Гантулга у.н
19. Батмөнхийн Сангисүрэн у.н
20. Баатарын Амарзаяа у.н
21. Жаргалсайханы Чулуунбат у.н
22. Болдпүрэвийн Сугаржаргал у.н
23. Базаргүрийн Бадамсүрэн у.н
24. Лхагваагийн Лха-Очир у.н
25. Алтангэрэлийн Алтанхуяг у.н
26. Шоовдойхүүгийн Шинэбаяр у.н
27. Ганболдын Баасандорж у.н
28. Бадамсамбуугийн Ганхуяг у.н
29. Лутын Батзориг у.н
30. Доржийн Анар у.н
31. Чинчулууны Хөхчирэнгэр у.н
32. Дэлгэрсайханы Амарсайхан у.н
33. Батцэнгэлийн Чимэдвандан у.н
34. Балганы Хишигбаатар у.н
35. Бердимуратын Серик у.н
36. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ у.н
37. Галсан-Очирын Ганжад у.н
38. Шоовдорын Дарханбат у.н
39. Дашзэвэгийн Амаржаргал у.н
40. Дашдоржийн Цэрэнтогтох у.н
41. Батбаярын Даваа-Очир у.н
42. Болдын Эрдэнэхүү а.х.а
43. Оюуны Гантулга а.х.а
44. Улагпаны Береке а.х.а
45. Бэгзийн Мижидсүрэн а.х.а
46. Эрдэнэбилэгийн Ууганбаяр а.х.а
47. Алтангэрэлийн Отгонбаатар а.а
48. Балжиннямын Суманчулуун а.а
49. Даваадоржийн Буянт а.а
50. Батчулууны Хашбат а.а
51. Нямпүрэвийн Батсайхан а.а
52. Балдиржамцын Тайван а.а
53. Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл а.а
54. Эрдэнэбатын Нямаа а.а
55. Доржсүрэнгийн Бадамгарав а.а
56. Дашнямын Ариунмөрөн а.а
57. Мөнхжаргалын Бямбадорж а.а
58. Ганжуурын Батням а.а
59. Намсрайн Баттүвшин а.а
60. Баарангийн Отгонбаатар а.а
61. Гансүхийн Хишигбат а.а
62. Шараагийн Мөнх-Од а.а
63. Батсүхийн Зоригтбаатар а.а
64. Батбаярын Бат-Амгалан а.а
65. Пүрвээгийн Өсөхбаатар а.а
66. Төрбатын Ядамсүрэн а.а
67. Пүрэвжавын Мөнхбат а.а
68. Нурланы Мустафа а.а
69. Энхтөрийн Баасанжав а.а
70. Намсрайн Ганзориг а.а
71. Батсүхийн Батдорж а.а
72. Хүрэлбаатарын Оргилболд а.а
73. Балжиннямын Мөнх-Эрдэнэ а.а
74. Энхбатын Тулга а.а
75. Малшыгийн Еркебулан а.а
76. Дамдины Тогтохжаргал а.а
77. Шархүүгийн Пүрэвгарьд а.а
78. Цэрэнбатын Сандагдорж а.а
79. Батсугарын Зоригтбаатар а.а
80. Цэдэндоржийн Мөнхбаяр а.а
81. Тогтохмэндийн Сайханжаргал а.а
82. Батсүхийн Уугандаваа а.а
83. Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ а.а
84. Пүрэвсүрэнгийн Иххантай а.а
85. Жаалаагийн Наранбаатар а.а
86. Хүрэлбаатарын Батбаяр а.а
87. Тулгаагийн Сүрэнжав а.а
88. Ганболдын Төрмөнх а.а
89. Даваасүрэнгийн Аззаяа а.а
90. Цэрэндоржийн Ганбат а.а
91. Ганпүрэвийн Ганбаатар а.а
92. Цэвээнпүрэвийн Адъяа а.а
93. Доржхандын Хүдэрбулга а.а
94. Хутагийн Цогтгэрэл а.а
95. Баянзулын Цэдэнсодном а.а
96. Энхтөрийн Мөнхбаатар а.а
97. Оюунгэрэлийн Наранбаатар а.а
98. Даваацэрэнгийн Бямбацогт а.а
99. Ганзоригийн Жамбалдорж ц.а
100. Жаргалсайханы Алтаншагай а.а
101. Гүрзулын Ганцоож а.а
102. Энхбатын Сумъяабат а.а
103. Бүрнээгийн Баянмөнх а.а
104. Батжаргалын Лхагвадорж а.а
105. Пүрэвдоржийн Эрхэмжаргал а.а
106. Батцэнгэлийн Эрдэнэбаяр а.з
107. Мөнхбатын Даваасүрэн а.з
108. Эрдэнэбилигийн Энх-Амгалан а.з
109. Баасандоржийн Болдбаатар а.з
110. Лхагваагийн Батсайхан а.з
111. Наранцэцэгийн Энхжаргал а.з
112. Оюунбаатарын Мөнх-Ирээдүй а.з
113. Мөнхтөрийн Лхагвагэрэл а.з
114. Мягмарын Тэгшбаяр а.з
115. Ганцогтын Бадрах а.з…… нарын бөхчүүд бүртгүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар: Энэ янзаараа байвал чөлөөтийн багийнхан 2020 оны олимпоос нэг ч медаль авч чадахгүй

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатартай ярилцлаа.


-Таны гарын шавь Түмэнбилэгийн Түвшинтулга насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Таны бэлдсэн хоёр дахь шавь бөмбөрцөгт нэрээ данслуулж байгаа нь энэ байх?

-Т.Түвшинтулга маань хүүхэд байхдаа Паламын Чулуунбаатар гэж дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа базаадаг байсан. 2009 онд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд Олимп сургуульд ирж миний удирдлагад бэлтгэл базааж эхэлсэн. Чулуунбаатар багш “Авьяастай хүүхдийг олон улсын тэмцээнд авч явмаар байгаа ч зардал мөнгө нь болохгүй юм. Та авч бэлд. Заах юм нь их байгаа биз” гэж миний гарт хүлээлгэж өгсөн түүхтэй. Тэр цагаас хойш нас насны ангиллын олон ч тэмцээнд оролцсон. Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүртэл түрүүлсэн шүү дээ. Сая насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж багш нарыгаа баярлууллаа.

-Т.Түвшинтулгыг Бямбаренчингийн Баяраа багш та хоёр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө “Медаль бол авна, өнгө нь ямар байх нь уу” гэж хэлж байсан?

-Жингийн тамирчдынх нь барилдаанд судалгаа хийж тактикаа боловсруулсан. Үүний үндсэнд дүн шинжилгээ хийгээд медаль авна гэж үзсэн хэрэг л дээ. Медалийн өнгө өөр байж болох байсан ч шавь минь сайн барилдсан.

-Т.Түвшинтулга том тэмцээний туршлага тааруу шүү дээ. Хоёр дахь удаагаа том тэмцээнд оролцсон нь энэ оны ДАШТ байсан. Их л итгэлтэй байж дээ?

-Шавьдаа багш нь итгэхгүй бол хэн итгэх билээ. Чулуунбаатар бид хоёр хувийн зардлаараа Будапешт очиж гарын шавиа дасгалжуулсан. Медалийн найдвар өндөр байсан болохоор л тэр шүү дээ. Энэ жил хэн сайн байсан гэвэл Т.Түвшинтулга л сайн байсан.

-Оросын бөхийг хожчихсон бол медалийн өнгө өөр ч байж болох байсан?

-Багш, шавь хоёрын санаа тэрхэн мөчид жаахан зөрчихсөн. Би эхлээд ажилла гэж хэлсэн. Барилдах хүн маань “Багш аа, би төгсгөл дээр нэг явахад амархан хоёр оноо салгаад хожно” гээд л гарсан. Хэлж байснаараа төгсөл дээр ч явсан. Оноо ч авсан. Харамсалтай нь жаахан дутуудуулаад нэг оноо аваад ялагдсан.

-Медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Гүржийн бөх Бека Ломтадзейтэй хүч үзсэн. Чука багш та хоёр шавьдаа юуг зөвлөв?

-Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай, Европын тоглолтын мөнгөн медальтай том бөх шүү дээ Бека Ломтадзе чинь. Манай хүн өмнө нь 2015 оны дэлхийн цомоор хожиж байсан. Бид хоёр “Өөрийнхөөрөө яваад барилд, чи хожно” гэж хэлээд л гаргасан. Хожно гэдэгт нь итгэлтэй байсан.

-Та ид барилдаж байх үедээ тохой сөхөөд явахад хэнээс ч оноо салгадаг байсан. Таны шавь нар хийж байгаа харагдахгүй юм?

-Би Монголын тамирчдад заахад ном дүрмээр нь сурах хүн байхгүй байна л даа. Т.Түвшинтулга, Б.Номин, Г.Идэрхүү нар маань хааяа л хийх юм. Өөрийн болгож эзэмшиж дархалж чадахгүй байна. Хийхэд хамгийн амархан энгийн техник шүү дээ. Гадны тамирчид тэмцээний халаалтын үеэр хэд заалгаж сураад манайхныг тохой сөхөж хожсон удаа байгаа. Заагаад байхад эзэмшиж чаддаггүй юм аа гэхэд хамгаалалтыг нь сурахгүй бол хохь нь гэж хэлнэ. Сурчихвал найдвартай оноо авна.

-Таны хэвтэн цохио бас алдартай шүү дээ. Гавьяат тамирчин Э.Бэхбаяр залуучуудын дэлхийн аварга болохдоо хийж байгаа харагдсан?

-Дэвжээ рүү шахаж байгаад хэвтэн цохидог техникийг Э.Бэхбаяр их зөв сурсан. Гэхдээ бий шууд хий гэж заагаагүй. Өрсөлдөгч довтолж байгааг мэдэрвэл л хийдэг техник. Шууд хэвтэн цохиод даруулчихаж байгаа хүн мэр сэр харагддаг. Гавьяат тамирчин Б.Номин, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар нар энэ техникийг сайн эзэмшсэн. Мэх техникээ биеэрээ хийж үзүүлж байгаа нь миний онцлог юм даа. Зодог тайлснаасаа хойш жин төдийлөн нэмээгүй. Өнөөдөр ч шавь нарынхаа дунд ороод ноцолдоод явчихдаг юм.

-Та дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгөн медаль зүүсэн ч олимпоос медаль зүүж хараахан чадалгүй тамирчны замналаа өндөрлүүлсэн. 2000 онд медалийн боломж байсан л байх?

-2000 онд медаль авах боломж байсан уу гэвэл байсан. Эхний тойрогт Австралийн Кори Брайныг хожоод, хоёрдугаар тойрогт гоц мөргөсөн. Харин гуравдугаар тойрогт Беларусийн Гузовыг хожсон. Хэсгээс гарсан ч Беларусийн багийнхан эсэргүүцэл бичээд, дахин барилдахад Гузовыг 6:0-ээр дахиад л ялсан. Ингээд л нөгөө Дабиртайгаа учирсан даа.

-Дибарыг аргалж болоогүй юу?

-Хэвтээ барилдаанд илүүрхүүлчихээд байсан л даа. Хамгаалалт бэлдсэн ч чац дутаад л явчихсан. Дараа нь тун хүнд байсан шүү. Заалнаас гараад л уйлаад суучихсан.

-Та төрсөн өдрөөрөө Софигийн ДАШТ-нд финальдаж байсан шүү дээ?

-Тэр ДАШТ-ний барилдаанууд арваннэгдүгээр сарын 23-нд миний төрсөн өдөр таарсанд ихэд бэлгэшээж байлаа. Одоо л медаль авахгүй бол тамирчин гэж явахын хэрэг юу билээ гээд шүдээ зуугаад зүтгэсэн. Сугалаагаа харахад ч гол хүмүүс нь манай зоонд харагдаж байна. Эхний тойрогтоо гоц мөргөчихлөө. Дараа нь Беларусийн Александр Карницк, Эстонийн Янек Липсийг ялсан.

-Дараагийн тойрогтоо Сиссауригийн өмсгөлтэй дэвжээнд гараад хасагдах шахсан гэдэг?

-Казахын Абиль Ибрагимовтой учраа таарсан. Янек Липсийг ялчихаад буугаад ирэхэд Басхүү багш үдээс хойш барилдана гэхээр нь ордонгоос гараад буудлынхаа өрөөнд очоод хэвтчихсэн. О.Мөнхбат багш, Г.Ганхуяг харцага хоёр явж тэмцээн үзье гээд чирэх шахам л аваад гарсан. Ордонд очиход манайхан намайг хайгаад бөөн юм болж байна. Надтай барилдах Ибрагимов дэвжээнд гарчихсан хүлээгээд, харин надад трико байдаггүй. Танил нөхдүүдээсээ гуйсан чинь өгөх хүн байдаггүй. Аз болж тэр өдөр амрах байсан Сиссаури бэлтгэл хийхээр ордонд ирсэн байсан л даа. Трико, борцовкийг нь гуйж өмсөөд дэвжээнд гартал Канадын далбаатай гээд барилдуулсангүй. Тэгэхэд нь шархны лент нааж барилдаад хожсон. Дараа нь Кубийн Мигель Яндро Кинтана Рибалтаг 6:2, зооны аваргын төлөө Гүржийн Давид Погосяныг 5:1-ээр хожоод аваргын төлөө өнөөх Сиссауритайгаа таарсан даа.

-Шигшээ барилдааны шүүлт ч асуудалтай болсон шүү?

-Барилдааны үндсэн цаг дуусахаас найман секундын өмнө оноо 2:2 байхад би нэг оноо авсан. Дэвжээний шүүгч ч Сиссаурид торгууль өгсөн. Хэвтээ байрлалаас би оноогоо хамгаалахад л дэлхийн аварга болж байгаа газар шүү дээ. Гэтэл хажууд суусан АНУ болон Армений шүүгчид надад оноо өгөөгүй. Сиссаури Канадын нэр дээр барилддаг гүрж хүн байхгүй юу. Америк нь Канад, Армен нь Гүржийг дэмжээд л өнгөрсөн. Цаг сунгахад би хутгаад давж унаад хожигдсон доо.

-Та зодог тайлахдаа “Авч чадаагүй медалиа шавь нараараа авахуулна” гэж амлаж байсан. Таны бэлтгэсэн шавь нар ч өнөөдөр таны дутууг гүйцээх хэмжээнд хүрсэн байна?

-Медаль авах хэмжээнд барилдаж байгаа хэдэн залуус байгаа. Хүрч чадаагүй оргилдоо тамирчдаараа дамжиж гарах гээд л хөдөлмөрлөж явна.

-Та өнөөдөр ямар байгууллагад харьяалагдаж шавь нараа бэлтгэж байна?

-Бид нар “Аваргууд” академийг байгуулаад шавь нараа бэлтгээд явж байна. Одоогоор цалин цагаа гэх юм алга. Тэмцээн уралдаанд өөрсдийнхөө зардлаар л явж байна.

-Цалин хөлсгүй ажиллаж байхаар гадагшаа гарч ажиллая гэсэн бодол төрж байв уу. Ажлын санал ирдэг л байх?

-Санал ирдэг. Гэхдээ хар багаас нь бэлдсэн шавь нараа орхиж хар амиа бодоод явчихаж бас чадахгүй байна л даа. Би шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллая гээгүй. Шавь нартайгаа тэмцээнд явж дасгалжуулахад зардлын асуудал л шийдээд өгөөч гэсэн санал тавьсан. За гэсэн ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгоогүй.

-2012-2016 оны олимпийн мөчлөгт та эрэгтэй шигшээ багтай амжилттай ажилласан. Тасраад байсан дэлхийн аваргын медалиудыг ар араас нь авсан даа?

-Өөрийгөө дөвийлгөх ганц л юм байна. Манай багш нар бэлтгэл их хийлгэхэд цөмөрнө гэж яриад байдаг. Энэ асуудал дээр багш нартай зөрж “Та нар надад 21 хоног л өгчих. Би тамирчдыг чинь амьсгаагүй болгоод өгье гээд Б.Баяраа ах бид хоёр аваад гарсан”. Тэр бэлтгэлээс хойш л шигшээ багийнхан ядрахаа больсон. Өглөөний бэлтгэл сайн хийсэн байхад өдрийн бэлтгэл хүртэл хувь тамирчин ядраад унтна. Унтна гэдэг чинь сэргэлтээ авч байна гэсэн үг л дээ. Ус буцалгаад, хөргөөд яваад байна гэсэн үг. Нэг буцалсан ус хөрөхдөө удаан байдаг. Үүний ижил өндөр ачаалал авсан тамирчин муудах нь бага.

-Олимпийн аварга болно гэж тооцоолж байсан П.Орхоноос допинг илэрлээ. Энэ асуудлын талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдрийг хүртэл ямар ч мэдэгдэл хийгээгүй байна?

-Энэ асуудалд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой. Тэр хариуцаж яваад л ийм асуудал дэгдсэн шүү дээ. Тамирчин хүн хариуцаж яваа багшийн зөвшөөрлөөр л хоол идэж, ус уудаг. Баттулга үүргээ биелүүлж чадаагүй. Энэ хүн сая болох байсан улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар сар хүртэл хойшлуулсан. Зорилго нь өөрийн шавь нараа Иван Ярыган болон Борис Будаевын нэрэмжит тэмцээнүүдэд оролцуулахад оршиж байгаа юм. Улсын аварга шалгаруулах тэмцээн хугацаандаа явагдсан бол амжилт гаргасан бөхчүүд нь л тэмцээнүүддээ оролцоно шүү дээ.

-2020 оны олимп хаяанд ирлээ. Гол найдвар чөлөөтийнхөн маань хоорондоо хэрэлдээд л байдаг?

-Өнөөдрийнх шиг байвал чөлөөтийн багийнхан нэг ч медаль авч чадахгүй гэж баттай хэлэх байна. Эмх цэгц, зохион байгуулалт алга.


Categories
мэдээ цаг-үе

Б.Цогбаяр: Малчдын хүүхдүүдийн гуравны нэг нь дотуур байранд амьдардаг

Норвегийн тусламжийн байгууллагын төслийн зохицуулагч Б.Цогбаяртай ярилцлаа.


-“Хүүхэд хөгжил” төслийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Норвегийн тусламжийн байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл л дөө. Тус байгууллага 1994 онд төлөөлөгчийн газраа Монголд нээж байсан юм. 24 жилийн хугацаанд нийгэм, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт урт хугацааны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. “Хүүхдийн хөгжил” төслийн хоёрдугаар шат 2018 онд хэрэгжээд дуусч байна. Нэгдүгээр шат нь зөвхөн Ховд аймагт хэрэгжсэн. Хөдөө сумын дотуур байрны хүүхдүүдийг сэтгэл зүйн хувьд илүү таатай орчинд амьдрахад тусалсан төсөл л дөө. Хоёрдугаар шат нь 2014 оноос Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжсэн. Баян-Өлгий аймагт дотуур байртай 29 сургууль байдаг юм билээ. Харин Ховдод 17 сургууль байдаг. Төслийн багийн хамт олон энэ бүгдэд хүрч ажилласан. Хөдөөний багийн малчдын хүүхдэд хүрч ажилласан гэж ойлгож болно.

-Төсөл хэрэгжихээс өмнө дотуур байрны аж байдлыг танай төслийн багийнхан судалж үзсэн байх. Дотуур байранд хүүхдийн эрх олон талаар зөрчигддөг шүү дээ?

-Төслийн суурь судалгааг 2008 оноос хийсэн. Ингээд л баруун аймгуудад хүүхдийн, эрүүл мэндийн чиглэлийн төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн үед эрүүл мэнд нийгмийн үзүүлэлтээрээ доогуур байсан л даа. Зургаан настай хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлж эхэлсэн үе шүү дээ. “Тэр нялх амьтан дотуур байранд байж чадах юм уу” гэсэн асуудал хөндөгдсөн. Дотуур байранд бага насны хүүхдийг амьдруулахын тулд материаллаг орчин гэхээс илүү сэтгэл зүй, хүмүүжил талаас нь дэмжиж өгөх хүн хэрэгтэй байсан. Багш нар нь мэргэжлийн бус бага насны хүүхэдтэй ажиллах чадвар багатай хүмүүс байсан. Зөв хандлагатай хүмүүс дутагдаж байсан гэсэн үг. Таван жилийн дараа харахад багш, ажилтан, сургуулийн удирдлагуудын хандлага өөрчлөгдсөн байсан. Дотуур байранд засвар үйлчилгээ хийдэггүй, төрөөс олгож буй жаахан төсөв нь хүрэлцээ муутай байсан л даа. Харин өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, олон нутгийн хөгжлийн байгууллагуудаас төсөв татаж дотуур байранд зарцуулдаг болсон. Хандлага нь өөрчлөгдсөн байна шүү дээ. Үүний тулд бид дотуур байранд амьдарч буй хүүхдүүдээр орчинг нь үнэлүүлсэн. Энэ үнэлгээнд үндэслэж аль үзүүлэлтийг сайжруулах хэрэгтэйг сургуулийн удирдлагууд, сум орон нутгийнхан хамтарч төлөвлөгөөгөө боловсруулж сурсан.

-Гэр бүлийн хайр энхрийлэлд хүмүүжсэн хүүхэд, дотуур байранд хүмүүжсэн хүүхэд эрс тэс өөр байгаа нь ажиглагддаг. Дотуур байрыг боловсон шорон ч гэдэг?

-Нөгөө талаас нь харвал дотуур байранд өссөн хүүхэд бие дааж сурдаг. Нэг багшид оногдож буй хүүхдийн тоо маш их байгаа. Энэ нь өнөөх төсөв санхүүтэй холбоотой асуудал. Дотуур байранд хатуу чанга мөрддөг стандарттай байх хэрэгтэй юм шиг. Жишээ нь, 50 хүүхэд тутамд нэг багш байх ёстой, 51 болчихвол дахин нэг багш гаргаж өгдөг байх. Асрамжийн газартай адилтгах хандлага байдаг ч тийм түгээмэл биш. Дотуур байранд цөөн тооны хүн ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Дотуур байрны багш сурган хүмүүжүүлэгчдийг чадваржуулснаар хүүхдүүд дэмий сэлгүүцэх, гэрээ санах нь багасна гэсэн үг л дээ. Өөрийгөө хөгжүүлэх, чадваржуулахад цаг зарцуулж байгаа юм. Тэр боломжийг чадварлаг багш ажилчид гаргаж өгдөг болсон.

-Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд үүргээ биелүүлж анхаарал тавихгүй байх шиг?

-Дотуур байранд малчдын хүүхдүүдийн гуравны нэг нь л сууж байгаа. Үлдсэн нь нь хамаатан, ах дүүгийндээ байдаг. Эцэг эхчүүд дотуур байранд хүүхдээ авчирч орхиод л алга болчихдог асуудал бол төсөл эхэлж байхад ажиглагдсан зүйл. Үүнийг анзаарч эцэг эхийн оролцоог сайжруулах төсөл ажилласан. Эцэг эхийн нэг өдөр гэх үйл ажиллагааг зохион байгуулж хүүхдийнх нь амьдарч буй орчинтой танилцуулсан. Үүний үр дүнд эцэг эхчүүд оролцох шаардлагатайг ойлгосон л доо. Эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдсэн. Бид 2014-2015 оны хичээлийн жилд судалгаа хийж дотуур байранд амьдардаг хүүхдийн сурлагын дүнг гэртээ эцэг эхийн халамжид байдаг хүүхдийнхтэй харьцуулж үзсэн л дээ. Хөдөө орон нутгийн дотуур байранд амьдардаг хүүхдийн сурлагын дүн бусдаасаа доогуур гарсан. Харин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн дотуур байрны хүүхдүүдийн голч дүн гэртээ суудаг хүүхдүүдийнхээс өндөр үзүүлэлттэй гарсан. Хөдөөгийн дотуур байр, төвийн дотуур байр хоёрын сурлагын үзүүлэлт өөр гарсан. Эндээс хүүхдийн сурлагад эцэг эхийн оролцоо чухал нь харагдсан. Хот газрын эцэг эхчүүд ажил амьдрал гээд хүүхдэд хангалттай цаг зав гаргадаггүй юм байна гэх дүгнэлтэд хүрсэн.

-Дотуур байранд ур чадвартай мэргэжлийн багш байсан ч эцэг эхийн хайрыг орлож чадахгүй болов уу. Дотуур байр гэх “шорон” байх хэрэг байна уу. Хүүхдийг 16 нас хүртэл асрах нь эцэг эхчүүдийн хүний үүрэг шүү дээ…?

-Үүрэг мөн. Зарим хариуцлагатай гэр бүл зохицуулалт хийдэг л дээ. Аав нь хөдөө малаа хараад, ээж нь сумын төвд хүүхдээ сахидаг ч юм уу. Гэхдээ өрх бүрт ийм боломж байхгүй. Тэр бүлгийн сурагчдад дотуур байр шаардлагатай. Гагцхүү дотуур байранд амьдрах нөхцөлийг нь л сайжруулаад өгөх хэрэгтэй. Багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн хүмүүжил, боловсролд онцгой анхаарах шаардлагатай.

-Өнөөдөр дунд сургуулийн хүүхдийн дотуур байр ямар нэгэн хүчирхийлэлгүй, хүүхэд амьдрахад таатай болсон гэж ойлгож болох уу?

-Манай төсөл алслагдсан Баян-Өлгий, Ховд аймгийн сумдын дотуур байруудад хэрэгжсэн. Төсөл хэрэгжсэн сумдад багш нарын хандлага өөрчлөгдөж, хамтын ажиллагаа сайжирсан. Хамтын ажиллагаа сайжирснаар дотуур байранд үзүүлэх дэмжлэг туслалцаа илүү олон талт болж ирсэн л дээ. Төсөл дуусаад гарахад сургууль, дотуур байрны удирдлагууд илүү олон байгууллагатай хамтарч байраа илүү сайн сайхан болгох зам нь нээгдсэн. Бид материаллаг зүйлээр дэмжихээс сэтгэл зүй талаас нь дэмжихийг чухалчлан үзсэн. Энэ нь дотуур байрны хүүхдүүдэд илүү ач холбогдолтой байсан болохоор тэр шүү дээ. Дотуур байранд зургаан настай хүүхдүүдийн өрөө гээд тусдаа тохижуулаад өгсөн л дөө. Гэтэл тухайн хүүхэд тохижуулсан өрөөнөөс илүү тохь муутай ч ах эгчийнхээ өвөрт унтахыг хүсч байгаа юм. Хүүхдэд гоё ор, ширээ сандлаас илүү өөрийг нь гэсэн хүн хэрэгтэй нь эндээс харагдаж байгаа юм. Манай төслийн гол зорилго нь энэ байсан. Хүүхдийг гэх сэтгэлтэй хүмүүсээр л дотуур байрны орчинг “тохижуулж” өгсөн.


Categories
мэдээ цаг-үе

“Сайн ноён хан” сангийн захирал Ч.Надмид: Сайн ноён хан Т.Намнансүрэн Монголын төлөө чөмөгөө дундартал зүтгэсэн хүн

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн багш Чимэддорждонойн гуч охин Ч.Надмидтай ярилцлаа.


-Сайн Ноён хан Намнансүрэн эхээс хэдүүлээ вэ?

-Халхын Сайн ноён хан, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн 1878 онд одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт бар жилийн, бар сарын, бар өдөр тухайн үед “Догшин цоохор ноён” хэмээн алдаршсан Төгс-Очир, Эрдэнэ хатан Хандмаагаас мэндэлсэн гэдэг. Ах дүү гурав, дөрвүүлээ байсан гэнэ лээ. Алтан ургийнхан нэг хүүдээ л цолоо залгамжлуулдаг шүү дээ. Үүний дагуу Намнансүрэнд залгамжлуулсан гэдэг.

-Сайн ноён хан их багаасаа эрдэм номын мөр хөөсөн гэдэг?

-Тийм шүү. 1884 онд зургаан настай байхдаа бэйс Чимэддорждоной, түшмэл Шийлэг нарт шавь орж монгол бичиг сурч, манж, хятад хэл үзэж, түүхийн судар судалж эхэлсэн юм билээ. Энэ нь улс төрийн хэргийг ихэд эргэцүүлэхэд хүргэсэн гэдэг. Түүний багш Чимиддорждоной түшмэл монгол хар ухаантай, хашир хэрсүү хүн байсан учир Намнансүрэнд доодсын амьдрал, монгол ахуй заншлыг ч давхар мэдрүүлж сургасан аж. Намнансүрэн эрдэмд боловсрохын хэрээр эгэл даруухан, ачлал хүмүүнлэгийн сэтгэлийг олж, царай зүс өнгөлөг, бие гоолиг тэгш хүн болон өсч торнисон байдаг.

-Эрт хэл, бичиг сурсан учраас залуугаараа удирдах албан тушаалд очсон гэдэг?

-Тийм. 1896 онд Сайн ноён хан аймгийн арав дахь үеийн Хан орыг залгаж, Чин вангийн хэргэмийг уламжлан авч, залуугаараа аймгуудын чуулганы даргаар томилогдсон. Энэ нь түүний олж сурсан боловсрол, эрдэм мэдлэгийн гэрч болж өгдөг. Сайн ноён хан Намнансүрэн Манжийн шинэ засгийн бодлогыг эхнээс нь эсэргүүцэж Чин ван Ханддоржийн тусгаар тогтнох үйл хэргийн санааг бүхий л аргаар дэмжиж байсан нь түүхийн материалуудаас харагддаг.

-Монголд гадаад харилцааны суурийг тавьсан хүн гэж түүхчид үздэг юм билээ?

-Тийм гэж ойлгож болно. 1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын дөрвөн ханы нэрээр Хаант Оросоос тусламж гуйх бичигт гарын үсэг зурж, долдугаар сард Богд гэгээний ордонд болсон нууц хуралдаанд идэвхтэй оролцож байсан юм билээ. 1912 онд Монгол, Оросын хооронд найрамдлын гэрээг байгуулж, 1913 онд Монгол, Түвдийн хооронд хэлэлцээр хийсэн байдаг. Мөн 1913 оны аравдугаар сард Орос улсад анхны төрийн дээд айлчлалыг хийж байсан түүхтэй.

-Орост хийсэн айлчлалынх нь талаар?

-Орост гурван сар орчим саатсан байдаг. Энэ хугацаанд Сайд нарын зөвлөлийн дарга, Гадаад яамны сайд нартай удаа дараалан уулзаж, II Николай хаантай хоёр ч удаа уулзсан тухай тэмдэглэсэн нь бий. Оросын хаан болон бусад эрх баригчдад “Эрдэнийн очир” одонг хадгийн хамт үндэсний өвөрмөц хийцтэй бэлэгтэй гардуулж, Оросын талд хандан Монгол Улс байгуулагдсаныг Хятадад хүлээлгэн, гурван улс хамтран хэрэг хэлэлцэх тухай хүсэлт тавьж, 1913 оны Орос, Хятадын тунхагийн үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн юм билээ. Мөн Петрбургт сууж байхдаа Англи, Америк, Япон, Хятад, Швейцарь, Франц, Герман, Итали, Турк, Голланд, Дани, Австри зэрэг 10 гаруй улс орны Элчин сайдын яаманд тусгаар тогтнолын тухай нот бичиг хүргүүлэхэд Хятадаас бусад нь хүлээж авсан байдаг. Одоо Сайн ноёны явуулсан нот бичиг олон оронд бий.

-Магсар хатантай хэдэн онд гэр бүл болж байсан юм бэ?

-Оныг тодорхой хэлж мэдэхгүй юм. Магсар хатан өөрөө Түшээт ханы Түдэв тайжийн охин шүү дээ. Тэр үеийнхэн хошуу нутгаас биш, хол нутгаас эхнэр авдаг байсан. Хатныг нутгийн олон “Магсар хатан” хэмээн авгайлан дууддаг байсан бөгөөд олон үггүй, тайван тогтвортой, элдэв муу явдалгүй, тунгалаг алаг нүдтэй бүсгүй байсан тухай тэмдэглэсэн байдаг.

Гэрлээд нэг, хоёр жилийн нүүр үзтэл Магсар хатан үе залгамжлах ханхүү төрүүлж аймгийнханд баяр жаргал авчирсан гэдэг. Харамсалтай нь сүүлд эндсэн.

-Та Сайн ноён хан Намнансүрэнгийн багш Чимэддорждонойн гуч нь гэсэн?

-Их сонин л доо. Миний буурал аав Чимэддорждоной Сайн ноён ханыг өсгөж хүмүүжүүлсэн хүн. Зарим хүмүүс номын багш нь ч гэдэг. Зарим нь ах нь гэсэн нь бий. Чимэддорждоной гэж хүн таван хэлтэй, хууль зүйн ухаанд мэргэшсэн алсын хараатай, чин шударга хүн байсан. Төгс-Очирын анхны хатанг Нагдар гэдэг л дээ. Бага хатан нь таван настайд нь бурхны оронд залрахад миний буурал аав “Та энэ хүүг ав даа” гэж өгсөн юм билээ. Ингээд л манай буурал аав хамт өссөн. Намнансүрэн хан Ерөнхий сайд болсон үедээ ч дэргэдээ авчирч Цэргийн яамны эрхэлсэн түшмэл буюу дэд сайдаар томилон ажиллуулж байсан гэдэг. Түүхийн ном бичгээс үзэхэд Намнансүрэн хан төрийн хэрэгт өөрийн багштайгаа 36 жил хамтран зүтгэсэн.

-Сайн ноён хан хойч үеийн удирдагчдыг сайн бэлтгэж өгсөн хүн гэж тэмдэглэсэн байдаг?

-Монгол Улс 1911 оны дараахан Орос руу хүүхдүүдийг илгээж ирээдүйн удирдагчдаа бэлтгэж байсан шүү дээ. 1913 онд айлчлаад буцахдаа Эрхүүд сурч байсан хүүхдүүдээ эргэсэн байдаг. Тэнд Х.Чойбалсан Бат-Очир гээд Монголын мундаг удирдагчид боловсорч байсан юм билээ. Анхны бага сургууль, эмнэлэг, Эрчим хүчний станц хүртэл оруулж ирсэн байдаг. Сайн удирдагч гэдэг зөвхөн өмнөх ажлаа хийх бус дараагийн залгамж халаагаа бэлтгээд явж байдаг.

-Ажлын арга барил онцлогийнх талаар ярихгүй юу?

-Монгол Улсад парламент ёсыг бий болгоход Улсын дээд хурлынх дарга байсан шүү дээ. Тэр үед нэг удаа хурал тасалсан хүнийг гүзээ шар тосоор торгодог байсан гэнэ лээ. Ингэж Улсын бага болон Дээд хурлын гишүүдэд өндөр хариуцлага суулгаж байсан гэдэг.

Тухайн үеийн Засгийн газарт ажиллаж байсан гишүүд хариуцлага алдаж гадны хүнтэй төрийн хэрэг хэлэлцэхэд шууд л чөлөөлж байсан гэнэ лээ. Энэ үйлдлээс нь шударга удирдагч байсныг харж болно. Мөн гурван жил тутам шалгалт авч, тэнцээгүйг нь шууд халдаг байсан. Дан ганц торгоод байхгүй. Сайн ажилласан ажилчдыг ч шагнаж урамшуулдаг байсан. Монголын төрд харшилсан бүхнийг зайлуулсан. Монголын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн хүн гэж ойлгож болно.

-Ажиллаж байх үедээ “Монголын шинжлэх хэргийг эрхлэх хороо”-г байгуулж байсан гэдэг?

-Байгалийн баялаг, нөөц бололцоо, хүн амынхаа чадавхыг нарийн тооцож судалж эдийн засаг, нийгмийн шинэтгэл хийх нь чухал гэж үзсэн юм билээ. Улмаар Козин, Витте, Лисовский нарын орос, польш судлаач, зарим монгол түшмэдийн хамтарсан баг бүрдүүлж, улсын геологи, хөрс, ургамал, ус, газарзүйн зураглал, тоо бүртгэл, эдийн засгийн судалгааны хөтөлбөр боловсруулсан байдаг. 1915 онд хайгуул шинжилгээ хийх дүрмийг боловсруулж, “Монголын шинжлэх хэргийг эрхлэх хороо”-г байгуулсан юм билээ.

-Та “Сайн ноён хан сан”-гийн захирлаар ажилладаг юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?

-1998 онд Сайн ноёны 120 жилийн ойгоор байгуулагдсан. Төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээх, Монголын төлөө чин шударгаар эрдэм чадал хичээл зүтгэлээ зориулах удирдлагуудыг бэлтгэхээр “Удирдлагын академи”-ийг санаачилж байгуулж байлаа. Би Сайн ноёны төлөө өгөгдөлтэй төрсөн гэж ойлгодог юм.


Categories
мэдээ цаг-үе

Л.Хосбаяр: Би биш бид гэсэн сэтгэхүйг тамирчинд суулгадаг нь волейболын онцлог

Монголын волейболын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн саяхан Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөсөн. Энэ удаагийн цомын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа өрсөлдсөн Hobby Ace клубийн жаахан охид хүчирхэг бүрэлдэхүүнтэй Тэнүүн-Огоо багийг ялж түрүүлсэн нь олон хүний талархлыг хүлээсэн юм. Бид Hobby Ace клубийн ахлагч спортын дэд мастер Лхагвадоржийн Хосбаяртай ярилцлаа.


-Монголын волейболын холбооны цомын тэмцээн-д амжилттай оролцож алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-“Хобби Эйс” клубийн охидын дийлэнх нь анх удаагаа холбооны цомын тэмцээнд оролцсон. Гол төлөв залуу тамирчдаас бүрдсэн л дээ. Хамгийн ахмад нь л 24 настай Энхзаяа гээд тоглогч байсан. Дээд үеийн эгч нартайгаа тэнцүүхэн өрсөлдөж түрүүллээ.

Хобби Эйс баг байгуулагдаад анх удаагаа өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцоод л түрүүлсэн гэсэн. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаасан бэ?

-Манай клуб өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан. Тавдугаар сард насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. “Цомын тэмцээн”-ий бэлтгэлээ зунаас эхэлж л базаасан. Сая холбооны цом хүртсэн дүү нар маань залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихсэн, бэлтгэл сайтай байсан шүү. Тэмцээний үеэр ч энэ давуу тал нь тод харагдаж байсан.

-Ямар зорилго тавьж оролцсон бол?

-Шинээр байгуулагдсан болохоор энэ жилдээ өнжье гэсэн бодолтой байсан л даа. Багийн эзэн, дасгалжуулагчид зөвлөлдсөний эцэст волейболын холбоогоо дэмжин оролцож, залуу тамирчдадаа туршлага суулгаж том тэмцээний утаа үнэрлүүлэхээр шийдвэрлэсэн. Медаль зүүнэ л гэсэн бодолтой тэмцээнийг эхлүүлсэн дээ. Дасгалжуулагч маань “Та нар илүү бэлтгэл хийсэн, форм илүү байгаа” гэсэн сэтгэхүйг тамирчдадаа суулгаж байсан.

-Цомын төлөө хашир туршлагатай мастеруудаас бүрдсэн Тэнүүн Огоо-той тоглосон. Ямар тактик боловсруулав?

-“Тэнүүн-Огоо”-той хоёр тойрог тоглоход нэг их өрсөлдөөн үзүүлж чадалгүй хожигдсон. Аваргын төлөөх тоглолтын өмнө манайхан өрсөлдөгч багийнхаа бичлэг үзэж хоорондоо зөвлөлдсөн. Улмаар байрлалаа сольж тоглолтын хувилбараа бага зэрэг өөрчилж өгсөн нь оновчтой шийдвэр болсон шүү. Дээрээс нь манайхан давуулалтаа сайн гүйцэтгэж байсан. Айл нэгдүгээр пасс муу авснаар довтолгоо нь устаж байлаа. Бидний бэлтгэлийн үр шим юм уу даа. Өрсөлдөгчөөсөө ялгарах давуу тал нь давуулалт байсан гэж ойлгож болно.

-Волейболын спорттой холбогдож байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би нэлээн мариалаг бүдүүн хүүхэд байсан л даа. Аав маань жүдо бөхийн бэлтгэлд явуулдаг байлаа. Би ч сонирхолгүй спортын бэлтгэл хийхдээ хойрго хандана. Харин хажууханд нь волейбол тоглож байсан хүүхдүүдтэй нийлээд энэ спорттой танилцаж байсан. Зуны өдрийн уртад байрныхаа гадаа өдөржингөө л харилцана. Ингэж явахдаа олон ч сайн найзтай болсон маань энэ спортын мөн чанар байсан юм билээ. Багануураас волейболын спортын олон шилдэг тамирчид төрж гарсан нь Эрдэнэчулуун багшийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой гэж боддог юм. Би ч энэ мундаг багшийн гараар дамжсан азтай хүн.

-Хэзээнээс улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож, үеийн шилдэг тамирчидтайгаа өрсөлдөж эхлэв?

-Дунд сургуулийн сурагч байхдаа Багануур дүүргээ төлөөлж мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. ШУТИС-ийн оюутан болж ирээд “МОНТИ ЭНАГУРЭ” багт тамирчнаар элсч Хэрлэн багшийн шавь болж байлаа. Амжилтын минь эх энэ багтай салшгүй холбоотой гэж ойлгож болно. Волейболын багийн тамирчдын халуун дулаан уур амьсгалыг эндээс илүү мэдэрч ойлгож авсан даа. Багийнхантай хамт амьдарна, бэлтгэлээ ч хамт базаана. Нэг гэр бүл шиг л болчихсон байсан. Хувь хүн талаасаа ч, тамирчны ур чадвар талаасаа ч их зүйлийг “МОНТИ ЭНАГУРЭ” багийн хамт олон, Хэрлэн багшаас сурсан. Энэ клубийн үүсгэн байгуулагч Чон гэдэг хүн Солонгос, Монголын волейболын спортод шинэ өнгө төрхийг авчирч, нэг шат ахиулж өгсөн гэж ойлгодог. Энэ клубээр бэлтгэгдэж гарсан олон тамирчид өнөө цагийн волейболын спортын өнгийг тодорхойлж байгаа гэж хувьдаа үнэлдэг юм.

-Волейболын зааланд чөлөөт цагаа өнгөрүүлснээр та амьдралд хэрэгтэй юу хожив?

-Хүмүүстэй тэр бүр харилцаад байдаггүй зожиг хүүхэд волейболын спортоор хичээллэж эхлэхэд зан суртахуун нь эрс өөрчлөгддөг. Дан ганц би биш бид гэсэн сэтгэхүйг тамирчинд суулгаж өгдөг нь энэ спортын сайхан нь гэж ойлгодог юм. Багийн амжилтад бүх хүний үүрэг оролцоо чухал үр нөлөөтэй байдаг. Бүх хүний үүрэг оролцоо хоорондоо уялдаа холбоотой. Миний хувьд хаана ч байхгүй аз жаргалыг бэлтгэлээсээ л мэдэрнэ шүү дээ. Уур бухимдалтай байсан ч бэлтгэлээ хийхдээ л тайвширчихна. Анх бэлтгэл хийж эхлэхэд үеийнхнээсээ намхан болохоор надад тоглох боломж олдох болов уу гэж боддог байсан л даа. Харин 2012 оны олимпоор Японы багийн 158 см өндөртэй тамирчин тоглолтыг яаж удирдаж байгааг хараад өнөөх бодол маань бэлтгэлээ сэтгэлээсээ хийвэл боломж хэнд ч нээлттэй гэсэн сэтгэхүйгээр солигдож билээ. Тэр цагаас хойш энэ гайхалтай спортод эргэлт буцалгүйгээр татагдсан даа. Шаргуу, хөдөлмөрч занг би энэ спортоос л олж авсан. Энэ чанар маань ажил амьдрал дээр ч өдөр тутам хэрэг болж байдаг.

-Багийн холбон тоглогч бүх довтолгоог удирдаж явуулдаг. Хувь тамирчнаас өндөр мэдрэмж шаарддаг байрлал шүү дээ?

-Холбон тоглогч тоглолтыг удирдаж явдаг. Тухайн довтолгоо оновчтой болоход холбон тоглогчийн үр нөлөө их. Хэн маань өнөөдөр илүү сайн тоглож байна, хэнээрээ айлын аль бүсрүү довтлуулбал оноо авах магадлал өндөр байна. Энэ бүгдийг холбон тоглогч зөв тооцоолох үүрэгтэй. Өндөр мэдрэмж шаардана. Тоглолтын бие халаалтаас эхлээд багийнхнаа анхааралтай ажиглана шүү дээ.

-Монголын волейболын спортын хөгжлийг та яаж харж байна?

-Бодлого гаргаад дэмжээд өгвөл хөгжих боломж бүрэн байгаа гэж хардаг юм. Өсвөрийн тэмцээн болоход л 1000 гаруй хүүхэд эх орны өнцөг булан бүрээс шахуу цуглана шүү дээ. Манай улсад волейболын спорт ийм л өргөн хүрээг хамардаг. Ийм олон хүүхдийг нэг зорилгын дор цуглуулж өгдөг нь энэ спортын гайхамшиг юм даа. Ийм тооны хүүхэд энэхүү спортоор хичээллэж байгаагаас үзэхэд хөгжих боломж бололцоо бүрэн байгаа нь ажиглагдана.

-Ирээдүйн зорилгынхоо талаар?

-Зүүн Азийн АШТ-нд хоёр ч удаа оролцож байсан. Эндээс л нэг медаль зүүгээд волейболд хайртай олон түмнийгээ баярлуулчих юм сан гэж боддог юм. Тэр амжилтын төлөө л өдөр бүр бэлтгэл хийж өөрийгөө илүү дайчилж тэмүүлж байна даа. Медаль авчих боломж бүрэн байгаа гэж боддог юм.

-Волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Та үзэж амжсан уу?

-Үзэлгүй яах вэ. 2012 оноос хойш олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн тоглолт бүрийг алгасалгүй үздэг. Тэр дундаа Ази тивийн төлөөлөл багуудын тоглолтыг алгасалгүй үзнэ. Холбон тоглогчдын тоглолтын арга барилаас нь суралцаж өөртөө шингээж авахыг боддог. Жирийн үед ч “You tube”-ээс волейболын бичлэг үзэх дуртай.

-Волейбол хувь тамирчнаас сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаарддаг спорт. Та чухал тоглолтын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Багийн сэтгэл зүйг бэлдэхэд дасгалжуулагч болоод багийн ахлагч чухал үр нөлөөтэй. Дасгалжуулагч багийнхаа тамирчдад давуу талыг нь сайн ойлгуулж өгөх нь их чухал. Өөрийнхөө давуу тал онцлогийг ойлгосон тамирчин өөртөө итгэлтэй сайн тоглолт үзүүлдэг. Миний гэр бүлийнхэн, ээж маань хамгийн том дэмжигч. Тоглолт бүрийн өмнө утсаар ярьж надад амжилт хүсдэг. Энэ нь тайвширч тоглолтод төвлөрөхөд тусалдаг.

-Өнөөдөр Монголд зөвхөн волейбол тоглоод амьдралаа аваад явах боломж байгаа юу?

-Хэцүү л дээ. Миний тухайд энэ жилээс л волейбол тоглоод цалин авч эхэлж байна. Өглөөнөөс орой болтол ажиллаад үргэлжлүүлээд бэлтгэлээ хийнэ гэдэг амар биш. Энэ байдлаар волейбол тоглоод олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргана гэхэд хэцүү л санагддаг. Гадагшаа гараад зөвхөн мэргэжлийн тамирчидтай өрсөлдөнө шүү дээ. Боломж нөхцөлөөр хангаад өгвөл тивийн хэмжээнд өрсөлдөх тамирчид манайд олон бий. Бодлогоор дэмжих шаардлагатай.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сард ШУТИС-ийг Дулааны инженер мэргэжлээр дүүргэсэн. “Hobby Ace” компанид ажиллаад, волейболын багт нь тоглоод явж байна. Багийн эзэн байгууллагын захирал Наранбаатар багийн дасгалжуулагч Болдбаатар болон багийнхаа охидод талархаж явдгаа хэлье. Хамтдаа олон амжилтын ард гарах болно.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд үнэлэгдсэн ч төрдөө тоогдоогүй тамирчин бүсгүйн нэг өдөр

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

34 нас гэдэг мэргэжлийн тамирчин хүний хувьд пүүзээ хананд өлгөж замналаа өндөрлүүлэх талаар бодож эхэлдэг үе. Ийм насандаа спортод хөл тавьж тив дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож өндөр амжилт гаргасан бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн гурван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Ганбагын Угалзцэцэгийн гэр бүлийг “Танайд өнжье” буландаа онцолж байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү” хороололд байрлах “CHAMP” фитнесс клубт бэлтгэлээ базааж байхад нь очсон юм. Үүдний текен дээр суух 20 орчим настай бүсгүйгээс нэвтрүүлгийн зочноо сураглавал бэлтгэлийн заал руу заасан юм. Бэлтгэлийн тэнхимийн үүдэнд хэд хэдэн алт, мөнгөн цом, медалиуд байршуулжээ. Тус клубийн тамирчдын үзүүлсэн амжилтууд нь бололтой. Цааш алхвал зүүн гар талын ханан дээрх гарын үсгүүд нүдэнд туслаа. Лавлаж асуувал өнгөрсөн наймдугаар сард болсон тус клубийн нээлтийн хүлээн авалтад ирсэн эрхмүүд гарын үсгээ үлдээсэн нь энэ аж. Анхааралтай харвал жүжигчин Амарсайхан, Эмоци продакшны хамт олон зэрэг олны танил эрхмүүд “CHAMP” клубийн хананд мутраа үлдээжээ.

Заал руу шагайвал Угалзцэцэг клубийн тамирчдын хамт бэлтгэлээ базааж байв. Ирэх долоо хоногт Тайланд улсад зохион байгуулагдах насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ зэхэж буй нь энэ ажээ. “Амьдралын нэг өдөр энэ зааланд л өнгөрнө дөө. Өглөө 6:00 цагт ирнэ. Орой 12:00 цагт гэртээ харина. Өдөртөө зав гаргаад өрөөндөө унтчихна. Өнөөдөр ч гэсэн оройтож харих нь шиг байна” гэсээр биднийг угтсан юм. “CHAMP” фитнесс клубт зүгээр жин хасах гэсэн хүмүүс цугладаггүй бололтой. Гол төлөв тэмцээнд оролцдог тамирчид бэлтгэлээ хийж байгаа харагдав. Клубийн нэг хэсэгт тамирчдад зориулсан хоол хүнс, хувцас хэрэглэл өрсөн лангуу байрлуулжээ.

Тэртээ 1978 онд Гамбага гэдэг айл шинэ хүнээ хүлээж авсан нь өнөөдрийн Монголын бахархал Угалзцэцэг байжээ. “Намайг төрөхөд ээж эмнэлэг орж амжаагүй юм билээ. Хүн болж мэндэлсэн газар маань нагац ахын минь гэр. Нэг их угалзан хээтэй хивсэн дээр төрсөн учраас аав, ээж минь Угалзцэцэг гэх нэр хайрласан” хэмээн содон нэрнийхээ учрыг тайлбарлав.

Г.Угалзцэцэгийн бага насны амьдрал спортоос хол хөндий байж. Тамирчин болох нь битгий хэл биеийн тамирын хичээлдээ ч ордоггүй махлаг охин байсан гэнэ. Сүүлд дэлхийд данстай тамирчин болоод ангийнхантайгаа уулзахад мэл гайхацгаасан аж. Дэлхийд үнэлэгдсэн тамирчин болохоо төсөөлөө ч үгүй охин дунд сургуулиа төгсөөд дизайнерийн чиглэлээр суралцаж бакалаврын диплом өвөртөлжээ.

Угалзцэцэг бэлтгэлээ базаах зуураа “Би эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж үзээгүй. Сурагч байхдаа гэрэл зурагт дуртай, аппарат цүнхлээд явдаг охин байлаа. Сургуулиа төгсөөд хүмүүсийн гэрэл зураг авбал хэдэн төгрөг олж болох юм байна гэсэн санаа төрсөн л дөө. Санаагаа ажил хэрэг болгож гэрэл зургийн студи ажиллуулж эхэллээ. Хажуугаар нь бэлэн хувцасны лангуу ажиллуулна. Дизайны мэдрэмжтэй болохоор ч тэр үү, авчирсан хувцас маань хоёр хоноод л дуусчихна. Дуусангуут нь дахиад бараандаа явна. Ийм эргэлттэй явахаар сарын бараг 15 хоногийг замд явж өнгөрүүлнэ. Нөхөр маань гэр бүлийн харилцаа хөндийрлөө гэж хэлэхэд больсон. Гэрэл зургийн студидээ ажиллаж байхдаа хөдөлгөөний дутагдлаас болоод жин нэмсэн л дээ. Жингээ хасах зорилгоор фитнесст явж эхэлсэн юм. Аэробикээр хичээллэж идэвхтэй хөдөлгөөн хийгээд эхлэхээр огцом турдаг юм билээ. Хэтэрхий тураад байсан учраас төмөр өргөж эхэлсэн” гэж ярьсан юм.

Энэ үедээ Угалзцэцэг аль хэдийнэ 30 гарсан байжээ. Энэхүү хүнд спортоор хичээллэж эхлэхэд нь эрс хориглосон хүн олон байсан гэнэ. Угалзцэцэг энэ тухайгаа “Бэлтгэл хийж эхлэхэд ойр тойрны хүмүүс эмэгтэй хүн хэзээ төмөр өргөж байсан юм. Бие хаа чинь ч дийлэхгүй. 34 нас хүрсэн чамд тамирчин болох амар биш гэж дургүйлхэж хорьж байсан” хэмээн дурсав.

Угалзцэцэг гурван сар орчим төмөр өргөөд л үр дүнг нь мэдэрчээ. Биеэ хөгжүүлээд тэмцээнд орж болох юм гэсэн бодол тэр үед төржээ. “Ажлаа хийгээд хажуугаар нь бэлтгэл сургуулилт хийхэд амар байгаагүй. Дээрээс нь уураг, нэмэлт тэжээлийн мөнгийг өөрөө гаргах учраас санхүүгийн хувьд хүндрэлтэй байлаа. Гэхдээ дур сонирхолтой зүйлдээ яаж ийж байгаад цаг зав, мөнгө хөрөнгө гаргасан л даа. Хэрэгцээтэй аминдэмээ хэрэглээд болоод л байсан” гэж байна.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль авчихаад баярласнаа ярив. Манайхан хүрэл медалийг хожигдож биш, хожиж авдаг медаль хэмээн бэлгэшээдэг болохоор л тэр шүү дээ” гэж хэлээд хөгжилтэй инээв. Энэ медаль ч булган сүүлтэй байж дараа дараагийн уралдаан тэмцээндээ амжилтаа ахиулжээ.

2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль зүүгээд ирэхэд ойр тойрныхон нь одоо болно, том тэмцээнээс медаль авлаа гэх хандлагатай байсан гэнэ. Харин дараахан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд ирэхэд тэдний хандлага өөрчлөгдөж бэлтгэл хийх боломж бололцоогоор хангаж, тэмцээнд явахад нь дэмжиж эхэлжээ. Дургүйцээд байсан англи, хятад хэлний орчуулагч дүү нар нь хүртэл фитнессийн заалаар эргэлдэж салахаа больжээ. “Би бусад хүмүүсээс хоёр дахин илүү бэлтгэл хийж, хоолны дэглэмээ ч илүү нарийн барьдаг байсан учраас гуравхан жилийн хугацаанд дэлхийн аваргын хэмжээний тамирчин болсон. Алдартай тамирчны зураг хараад л үүн шиг биетэй болно гээд төмрөө өргөдөг байлаа” хэмээн ярив.

Амжилтанд хүрсэн хүн бүрийн цаана гэр бүл нь байдаг. Г.Угалзцэцэгийн гэр бүлийн хүнийг Мөнгөнбаяр гэдэг. Удам дамжсан зураач мэргэжилтэй тэрбээр эхнэрээ дэмжиж Монголын бодибилдинг фитнессийн холбоонд алба хашдаг юм байна. “Гоо сайхны шивээс чадварлаг хийдэг гэдгээр хүмүүс илүү танина даа” гэж Г.Угалзцэцэгийн шавь нар хэлсэн юм.

“Дэлхийн аваргын тэмцээнд бэлдэх бүх санхүүг гэр бүлийн хүн маань хариуцдаг. Тэмцээний бэлтгэлийн үед миний санхүүгийн орлого зогсоно шүү дээ. Энэ үед миний ард бат зогсож, амжилтын нэг хэсэг болж өгдөг” гэж гэр бүлийнхээ хүний талаар ярив.

Бодибилдинг, фитнессийн спортын тамирчид эрүүл хооллох шаардлагатай байдаг.Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгийн гол хүнс нь тахианы цээж мах, болон броколли байцаа гэнэ. Бодибилдингээр хичээллэдэг тамирчдын хүнсэндээ түлхүү хэрэглэдэг өндөг ч түүний хүнсний цэсийн эхэнд бичигддэг.

Өнгөрсөн жил АШУҮИС-ийг дүүргэсэн М.Мойлоо ээжийнхээ шийрийг хатаахаар бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Тэрбээр Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхний тавд шалгарснаар олон улсын тэмцээнд оролцох эрхээ авчээ. Өнөө жил залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

“Фитнессийн спорт хүнийг залуу харагдуулдаг шүү. 40 хүрсэн би охинтойгоо гадуур алхахад үеийн юм шиг л харагдана шүү дээ. Би охиныгоо ийм хүнд спортыг сонгож хичээллэ гэж шаардаагүй. Өөрийн сонирхлоороо сонгосон зам нь энэ. Өөрийн дур сонирхолтой зүйлээрээ амжилт гаргах магадлал өндөр байдаг. Амжилт гаргахад шаардлагатай бүх зүйлээр нь дэмжиж өгнө. Өөрийнх нь хичээл зүтгэл шийдэх биз. Өнөөдөр охин маань надаас ч ачаалалтай бэлтгэл хийдэг” хэмээв.

Ээжийнхээ дэргэд эрхлэх биш, дасгалжуулагчийн ажилд нь хувь нэмрээ оруулж, хажуугаар бэлтгэлээ базааж буй охин нь “Ээж намайг хүчилж энэ спорт руу оруулаагүй. Фитнессийн спортын гоё сайханд татагдаж л энэ замыг сонгосон. Оргилд нь гарахын тулд хичээнэ дээ” хэмээн ярилаа.

Г.Угалзцэцэгийн нэг зорилго нь чадварлаг тамирчдыг бэлтгэж гаргах гэнэ. Энэ зорилгынхоо хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын 1-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “CHAMP” фитнесс клубийг нээжээ. Гол төлөв залуу тамирчид болон урлаг спортын одод энэ клубээр үйлчлүүлдэг байна. Удахгүй төрөн гарах шилдэг тамирчдын нэг нь түүний том охин М.Мойлоо ч байж болох юм.

Бодибилдинг фитнесс гэх эмэгтэй хүнд ахадсан ачаалалтай спортоор ердөө зургаан жил хичээллэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль хүртсэн түүний амжилтыг төр өнөөг хүртэл үнэлж амжаагүй л байна гэсэн үгийг ойр тойрныхон нь хэлж байсныг энэ дашрамд онцолъё. Их спорт хэмээн нэрлэдэг жүдо, чөлөөтийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүгээд ирэхэд л мөнгөн аягатай сүү, хадагтай бариад үүнийг дагаад гавьяатын тэмдэг энгэрт нь гялалздаг гээд бодохоор хэлэхээс аргагүй үг шиг санагдсан. Адилхан л Монгол орны нэрийг ертөнцийн чихэнд дуурсгахаар хөлс хөдөлмөрөө зарж яваа тамирчид гэдэг утгаар нь харвал толгой дохихоос аргагүй. Тамирчин хүний амжилтын замнал богинохон байдаг. Гаргасан амжилтыг нь цаг тухайд нь үнэлээд өгөхөд хувь тамирчин илүү хурцлагдаж өндөр амжилт үзүүлдэг нь спортын бичигдээгүй дүрэм шүү дээ. Гурван удаагийн дэлхийн аварга Г.Угалзцэцэг удаах бөмбөрцгийн наадамдаа ур чадвараа сорихоор Тайландыг зорих гэж байна.

“Тэмцээний зааланд Монголын төрийн дуулал эгшиглэж, төрийн далбаа мандахад бүх хүн босч хүндэтгэл үзүүлэх нь хамгийн сайхан мэдрэмж байдаг. Үүний л тулд хором мөч бүрийг бэлтгэл сургуулилтдаа зориулж шавь нараа бэлтгэж байна. Шагнал урамшуулал гэхээс илүү намайг ойлгодог хүмүүсийн дэмээр өдий зэрэгтэй явна даа” гэв.

Угалзцэцэг энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоны дараа спортоос түр завсарлаж хувийн амьдралдаа цаг заваа түлхүү зарцуулахаар төлөвлөжээ.

“Зөвхөн өөрийнхөө бэлтгэл сургуулилтыг базаагаад явахад шавь нараа бэлтгэж амжихгүй юм. Бодибилдинг фитнессийн спортын сайн тамирчдыг бэлтгэхийн тулд системтэй бэлтгэх сайн дасгалжуулагч хэрэгтэй. Нийтээрээ өвөл, зунгүй хичээллэж болох спорт учраас манайд өндөр түвшинд хөгжих бүрэн боломжтой” хэмээн ярилаа.

Монгол гэх нэрийг ертөнцийн чихэнд дуурсгаж, хөлс хөдөлмөрөө зарж буй эгэл жилийн тамирчин бүсгүйн бэлтгэлийн нэг өдөртэй танилцахад ийм байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Нямсүрэн: Ард түмэн бүхэн өөртөө таарсан төртэй байдаг

АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, философийн ухааны доктор Ц.Нямсүрэнтэй ярилцлаа.


-Философийн ухааны улсын аравдугаар олимпиад сая зохион байгуулагдлаа. Энэ олимпиадын ач холбогдол, онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?

-Философийн дэлхийн өдөрт зориулсан үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан философийн улсын аравдугаар олимпиадад арван багийн тавин оюутан мэргэн ухаанаа сорилоо. Сургалт, үйл ажиллагааны үндсэн талбар нь ялгаатай хэдий ч философи хэмээх судлагдахуунаар нэгдэж, Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Монголын Эмнести интернэшнл зэрэг байгууллагаас жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулдаг философийн улсын олимпиад нь Философи, хүний эрхийн уулзварт: Био ёс зүй гэсэн сэдвээр энэ жил үргэлжилсэн бөгөөд АШУҮИС-ийн НЭМСургууль үндсэн зохион байгуулагчаар ажиллалаа. Хамтран зохион байгуулагч байгууллагуудаас хэлэлцэж дэвшүүлсэн олимпиадын сэдэв нь ихэнх нийгмийн хувьд өнөөдөр тулгамдсан асуудлын нэг болсон био ёсзүйг хөндсөнөөрөө ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Нийгмийн шинэ үзэгдэл, хариултгүй байгаа асуудалд гарц, гаргалгаа гаргаж, санал дэвшүүлдгээрээ философи нь хүн төрөлхтний амьдралд чухал хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй. Энэ олимпиадын сэдэв ч шийдэгдээгүй олон асуудалд чиглэж байгаа юм. Уг сэдвээр хөндөж буй гол асуудал нь амьдрал дээр хол санагдаж байсан зүйлс хэрэгжээд эхэлчихсэнд оршино. Үүнд нийгмийн анхаарлыг хандуулах нь олимпиадын бас нэг зориолго байсан л даа. Хамгийн гол нь философи бол бие биенээ хүндэтгэх, бусдыг үзэл бодолд хүлээцтэй хандах, нийгмийн өөрчилж чадах, бас өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх үнэт зүйл, зарчмын онолын үндэслэлийг тавьж өгөөд зогсохгүй хүний амьдрал, үйл ажиллагаанд утга өгч чадах шүүмжлэлт, чөлөөт, бие даасан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд нэн тустай байдаг. Чухамхүү иймээс энэ олимпиад нь их дээд, сургуульд философийг судалж буй оюутнуудаар дамжуулж философи сэтгэлгээ, түүний ач холбогдлыг нийгэмд ойлгуулахыг зорьдог онцлогтой юм.

-Оюутан философи судлахын ач холбогдол юу вэ? Оюутанд ямар үр өгөөжтэй юм бол?

-Берлиний их сургууль байгуулагдаж байх үед их сургуулийн нэг үндсэн загвар нь философиор титэм орой хийж, бусад шинжлэх ухаан нь салбарлаж хөгжих санаанд түшиглэсэн байдаг. Энэ санаа орчин үеийн ихэнх их, дээд сургуульд тусгалаа олсон учраас өнөөдөр ямар ч их, дээд сургуульд философи нь үндсэн судлагдахууны нэг хэвээр байна. Хувь хүнд чөлөөт, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг суулгаж өгдөг нь философийн өвөрмөц онцлог юм. Үүнийг бусад шинжлэх ухаанаас бүрэн утгаар нь мэдрэх боломжгүй. Тодорхой шинжлэх ухаанууд өөрсдийн гэсэн тогтсон үнэнтэй, тус үнэнээр дамжуулж, эрдэм мэдлэгээ цааш түгээдэг. Гэтэл философид эцсийн байдлаар олоод тогтоосон үнэн гэж байхгүй. Философи нь асуудлыг цор ганц шийдэлтэй хэмээн үзэлгүй бололцоот бүх шийдэлд, олон талаас нь харж, санал дэвшүүлдэг. Олон өнцгөөс харж байгаа учраас нэгнийх нь зөв, нөгөөгийнх нь буруу гэх бололцоогүй. Иймээс хүнд бусдын үзэл бодлыг сонсдог, хүндэтгэдэг чанар сууж байдаг юм. Бололцоотой олон шийдлээс сонгох нь хувь хүний өөрийнх нь сонголтын асуудал болж үлддэг. Энэ сонголтоо хийхэд нь туслах идэвхт үйл ажиллагаа бол философи. Тэр бол олон сургаал, номлол, измүүдийн цуглуулга биш. Философийн үзэл санааг тусган, нийгэмд тодорхой үзэл бодлоо илэрхийлж, сонголтоо хийхдээ ашигладаг байх нь чухал юм. Бэрхшээлтэй асуудлыг ойлгож, шүүмжлэлтэйгээр эргэцүүлээд шийдлээ гаргахдаа философи мэдлэгээ ашигладаг байх нь чухал гэж ойлгож болно. Энэ чанар нь эрдэм мэдлэгийн хойноос тэмүүлж буй ямар ч оюутанд хэрэгтэй л дээ.

-Орчин үеийн философийн чиг хандлагын тухайд?

-Философи орчин үед нийгмийн амьдралд их орж, нийгэм, улс төрийн хүрээнд юу болж байгаа, юу болохгүй байгааг хэлэлцсэн онцлогтой болж байна. Философийн төвүүд цаг үе бүхэнд өөрчлөгдөж ирсэн түүхтэй. Үүнийг дагаад асуудлууд нь ч өөрчлөгдсөн. Шинжлэх ухааны гэж онцолж болох мэдлэг эртний Грект шашин, домгийн сэтгэлгээнээс салан үүсч байхдаа философи гэх нэрийн дор хуримтлагдаж хөгжиж байлаа. Энэ үедээ орчлон ертөнц гэж юу вэ, юунаас бүрддэг вэ гэх зэргийг судалж байв. Дундад зууны үед бурхан, хойд нас, бурхны оршихуйн талаар ярьдаг болжээ. Дундад зууны харанхуй үеийн дараа олон нийтийг хэрхэн гэгээрүүлэх асуудал чухал болж, ийн мэдлэгийн тухай асуудал шинэ үеэс илүү чухалд тооцогдох болсон байна. Орчин үед хүний амьдрал хийгээд сэтгэлийн мөн чанар гэх мэт асуудал руу илүү төвлөрч ирсэн. Өнөөдөр философи сэтгэлгээний төв нь Франц гэхэд хилсдэхгүй. Ихэнх том сэтгэгч Франц гаралтай, тэнд төрж өссөн байна. Тэдний чиг хандлагыг ажиглахад уламжлалт зүйлст шүүмжлэлтэй хандахын хамтаар өнөөдрийн өдөр тутмын амьдрал руу орж, үүнээс шийдлийн хайдаг өвөрмөц онцлог илэрдэг.

-Өнөөгийн бухимдалтай нийгэм хүний зан, мөн чанарыг эвдээд байх шиг. Энэ тал дээр таны бодол?

-Орчин үе эвдээд байна уу, хүн угаасаа ийм мөн чанартай юу гэдэг төвөгтэй асуудал. Үүнд философичид янз янзаар л хариулж ирсэн байдаг. Зарим хэсэг нь хүн төрөхөөсөө сайн уг чанартаа, нийгмийн амьдралд орохоороо ийм муухай болоод байна гэсэн санаа дэвшүүлдэг. Үүнд жишээ нь Францын философич Жан Жак Руссог дурдаж болно. Иймд хүний сайхан мөн чанаруудыг эвдэхгүй байхын тулд яах талаар нийгэм бодож байх ёстой юм байна л даа. Харин Английн философич Томас Хоббс Хүн төрөлх мөн чанараараа амиа бодсон, өөрийнхөө амийг хамгаалахын тулд бусдыг яаж ч золиослоход бэлэн гэж муу мөн чанартайгаар дүрсэлж харуулдаг. Ер нь нийгмийн бүтэц, тогтолцоо нь хүнээ эвдэж байх боломжтой. Өөрөөр хэлбэл ямар нийгэм байна тийм иргэн байна гэсэн үг. Энэ утгаар нь нийгмийн шилжилт, өөрчлөлттэй холбоотойгоор хүний мөс муудаж байгаа талаар яриа гарч байж болох юм. Гэхдээ бүрдүүлж буй элементүүдээсээ бүтэц нь хамаарч бас болно. Тиймээс ард түмэн бүхэн өөртөө таарсан төртэй байдаг гэж хэлсэн байх нь. Гэхдээ хүний мөн чанар эвдрээд байна гэсэн хүний үгэнд баримжаалж, дүгнэж болохгүй. Тийм эсэхийг судлаж байж хэлэх хэрэгтэй. Философи нь шүүмжлэлт сэтгэлгээг дэмждэг боловч хуурай шүүмжлэхийн нэр биш. Зарим хүмүүс шүүмжилбэл сайн гэж ойлгодог юм шиг санагдаад байдаг. Сайн болж бүтэж байгаа бүхнийг л барьж аваад, хий хоосон шүүмжилдэг.

-Монголчууд аминчхан үзлийг дорд үздэг байсан. Харин өнөөдөр аминчхан үзлийн талаар манайхан арай өөр бодолтой болсон юм шиг. Энэ талаар таны бодол?

-Би-гээ бодохыг философид эрт үед хариуцлага болгож ярьж байсан. Хүн өөрийгөө хамгийн сайнаар авч явах ёстой, хамгийн сайнаар хичээх ёстой гэсэн үг л дээ. Бид дор бүрнээ хүний нэр төрийг өндөрт өргөөд явахад бидэнд зарим утгаараа хууль дүрэм, ёс зүйн сургаал номлоод байх шаардлага бага гэж ойлгож болно. Гэтэл бид бүгд Будда шиг мөн чанартай биш, дор бүрнээ хамгийн сайнаар авч явах чадваргүй учраас хууль дүрэм, зохицуулгууд хэрэгтэй болдог. Хүн өөрийгөө сайн авч явах нь ёс зүй талаасаа сайн үзэл байх гээд байна шүү дээ. Харин амиа бодох, довоо шарлуулах гэдэг утгаар бодож үзвэл явуургүй үзэл болж хувирна гэсэн үг. Хүн гэдэг нийгмийн амьтан. Хүнд ганцаараа амьдрах боломжгүй. Энэ утгаар нь Аристотель Хүн гэдэг хот улсын амьтан гэж хэлсэн байдаг. Гол санаа нь хүн бол харилцааны амьтан, харилцаан дотор байж хүн болдог л гэсэн үг. Нийгмийн харилцаанаас гадуур хүн биш гэж ойлгож болно. Биднийг нэр хүндтэй байхад бусад хүн заавал хэрэг болж байгаа гэсэн үг. Нөгөө талаар хүний нэр хүнд гэдэг нийтийн дунд үүсч буй тухайн хүний үнэлэмжээр тодорхойлогддог. Энэ утгаар бол бусдыгаа бодохгүй зөвхөн өөрийгөө бодох нь явуургүй болж хувирна. Бусдыг бодох хариуцлагын мэдрэмж аль ч үед амьд байх ёстой. Уламжлалт нийгэм маань хамтач, бусдыг байнга тооцохыг шаарддаг байсан шүү дээ. Хамтач нийгэмд хамт л зүтгэхгүй бол зарим талаар учир дутагдалтай. Харин орчин үеийн нийгэмд хувь хүнийг хэт дөвийлгөх хандлага бий. Бид чухам энэ нийгэм рүү шилжиж байгаа. Үүний сөрөг үзэгдлүүд илэрч байгаа хэрэг. Төлөвшиж цэгцрэхэд хугацаа хэрэгтэй.

-Манайхан чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн үзэл гаргаж өөрийнхөө эрх ашгаар бусдыг хохироох байдал ажиглагдах юм. Энэ юутай холбоотой вэ?

-Ойлголтуудаа буруу ойлгож, буруу хэрэглэж байгаа нь нөлөөлж байгаа болов уу. Эерэг утгаар хэрэглэвэл зөв. Хэн нэгэн хүн эрдмийн ажил хамгаалахдаа ном журам, шаардлагын дагуу бүхнийг хийгээд явахад хэн ч зогсоож чадахгүй. Ийм утгаар ойлговол дээр юм шиг. Одоо муу юман дээр их хэрэглээд байх шиг. Өөрийнх нь хэрэг бүтвэл бусад нь хамаагүй гэж үзээд байна л даа. Гэхдээ бусдын оронд өөрийгөө тавиад бодож үзэх хэрэгтэй. Энгийн жишээ татахад ЖДҮ-гээс зээл авсан УИХ-ын гишүүдийг дурдаж болно. Тэд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн оронд өөрсдийгөө тавьж үзэх хэрэгтэй. Таныг жижиг, дунд үйлдвэр эрхэлж байхад хэн нэгэн эрх мэдэлтэн албан тушаалаа урвуулан ашиглаж, авах ёстой байсан зээлийг тань авчихсан байвал яах вэ? Арга байхгүй явдал мөн үү? Ёс зүйн утгаар яривал бусад хүн өөрт чинь яаж хандаасай гэж хүсч байна, бусдад яг л тэгж ханд. Үүнийг эртний дорно дахины Күнзийн сургаалд Өөрт тохиохыг хүссэнээ бусдад үйлд. Өөрт тохиохыг хүсээгүйгээ бусдад бүү үйлд гэж хэлсэн байдаг. Өндөр албан тушаалд, эрх мэдэлтэй байгаа хүмүүсийг залж жолоодох ёс суртахууны хүчтэй үр нөлөөтэй уламжлал байхгүй л бол тэд нийтийн баялгаас хумслах хандлагатай байдаг гэдэг. Хүн ёс зүйн дээд үнэлэмжүүдтэй байж муу зүйлээс хол байна. Хууль, дүрэм, журам үүний эсрэг ганцаардана. Хуулийг өөрсдөдөө тааруулаад өөрчлөөд байдаг шүү дээ. Хуулиас илүү үйлчлэх зүйл нь хувь хүний ёс суртахуун юм. Ийм ч учраас монголчууд эртнээсээ хүн байх, хүмүүжлийн тухай онцолдог байсан. Монголчууд эрдэм гэж ярьдаг. Эрдэм гэдэг дан ганц шинжлэх ухааны мэдлэгийг хэлж байгаа юм биш. Хүнд хүндэтгэлтэй хандаж чаддаг байдал ч эрдэм мөн. Мэдээж шинжлэх ухааны боловсрол эзэмшихгүй бол дан ганц сайхан сэтгэлтэй байгаад асуудлыг шийдэж чадахгүй.

-Монголчууд дэлхий дээр цөөхүүлээ. Бид танихгүй элэг нэгтнүүдээ дайсан гэж үзэж хоорондоо хар яр гэсэн өнгө аястай харьцах юм. Үүнд юу нөлөөлж байгаа бол?

-Түүх уншихад Монголчууд хамтач бие биенээ гэсэн хүмүүс байсан юм шиг харагддаг. Орчин үед нийгмийн харилцаанаас болоод ч тэр юм уу, замын хөдөлгөөнд оролцож байхдаа ч хүлээцтэй биш болсон нь ажиглагдаж байна. Жаахан л юм болоход хоорондоо барьцалдаад яахаас ч буцахгүй байх юм. Энэ нэг талаараа хотжиж байгаагийн сөрөг үр дагавар болов уу. Өнөөгийн нийгэмд бид бие биенээ хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Бид уг нь бие биедээ итгэдэг, найддаг байсан нь харагддаг. Б.Ринчен гуай Монголчуудын за андгай буй за хэмээсэн нь үүнтэй л холбоотой болов уу. Сайн сайхан үнэлэмжээ зүлгэж, өнгө оруулж, үргэлжлүүлж авч явах нь бидний зорилго. Сайн юм гэдэг хичээл зүтгэлээр бий болдог бол муу юм аяндаа л бий болчих хандлагатай. Гэхдээ буруугаар замнах үед дотроос маань үүнийг зогсоож чадах ёс зүйн хүчтэй үнэлэмж бидэнд хэрэгтэй. Бидний хоорондын таагүй харилцаа түр зуурын үзэгдэл болов уу. Залуу үе өөр болно гэдэгт найдаж явдаг. Хүүхэд биднийг харж суралцах учраас сайнаар үлгэр дуурайл болох л хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Д.Баярхүү: Газрын тосны үнийн уналт түр зуурын үзэгдэл

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


-Өнгөрсөн мягмар гаригт газрын тосны үнэ 7.6 хувиар буурсан. Ер нь 2018 он гарсаар нийт хэдэн хувиар буурсан бол. Буурч буй шалтгаан нь юу вэ?

-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлого, үйл ажиллагаатай холбоотойгоор газрын тосны үнэ их савлагаатай байх шиг байна. Улс төрийн нарийн түвэгтэй үйл явц газрын тосны үнэд шууд нөлөөлж байна, байгалийн шалтгаан гэж байхгүй. Улс төрийн шалтгаан л бий. Үүнд голлох гурван шалтгааныг би нэрлэе. 1) Орос-Америкийн зөрчил үнэд шууд нөлөөлнө. Оросын экспортын гол бүтээгдэхүүний үнэ бууж байх нь Оросыг сулруулах гэсэн АНУ-ын бодлого нийцнэ. 2) Ираны эсрэг АНУ-ын тавьсан хориг хоёрдугаар шатандаа орж газрын тос болон байгалийн хийн эх сурвалж руу нь халдсан. 3) Саудын Арабын сэтгүүлчийн Стамбулд амийг нь хороосон. Үүний эсрэг Саудын Арабын эсрэг олон улсын хориг тавигдах тухай яригдаж нэр хүнд нь унасан. Энэ нь газрын тосны үнэ унахад нөлөөлж байгаа болов уу.

-Цаашид газрын тосны үнэ яах бол? Ямар төлөвтэй байна?

-Газрын тосны үнийг хэвийн хэмжээнд явуулахад Ираны гадаад бодлого гол нөлөөтэй. Иран бол газрын тосны том экспортлогч, геополитикийн онцгой байршилтай улс. Хэрэв Ираны эсрэг хориг цаашид улам гүнзгийрч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн тохиолдолд Персийн булангийн Ормузын хоолойг хаах магадлалтай. Эмиратыг тусгаар тогтнохоос нь өмнө Иран нь Ормузын хоолойд гурван арлыг нь Британиас шилжүүлж авсан. Ингэснээр энэ хоёр улс газар нутгийн байнгын маргаантай явж ирсэн. Ормузын хоолойгоор явж буй газрын тосны том танкеруудыг Иран энэ гурван арлаа ашиглан хянах бүрэн бололцоотой болсон гэсэн үг. Үүнийг Иран хэрэгжүүлбэл газрын тосны үнэ их хурдацтай өснө. Газрын тосны дараагийн шоок тохионо гэсэн үг л дээ. Хүн төрөлхтөн газрын тосны олон шоок үзсэн . Одоо зургаа дахь нь нүүрлэх гэж байх шиг. Өмнө нь ингэхэд ямар таван хямрал туулсан билээ. Үүнд 1) 1973 онд Араб-Израилийн дайнаар эхний хямрал дэгдэж, үр дүн нь доллар зээлжих тусгай эрхээр солигдож, “Их 7” буюу “G-7” үүссэн. Өөрөөр хэлбэл ам.доллар тэр үеэс шахагдаж эхэлжээ. 2) 1979 онд Ираны лалын хувьсгалаар дараагийн хямрал нөхцөлдөж, үр дүн нь Персийн булангаас өрнийнхөн шахагдан гарсан ба тэр байр сууриа эргүүлж авахаар өнөөг хүртэл үзэлцэн буй. 3) 1990-1991 оны Иракийн Кувейт дэх интервенц, Иракийн эсрэг дайн, үр дүн нь өрнийнхөн дахин Персийн булан руу орж ирсэн. Гэхдээ дутуу. 4) 2003 онд Иракийг чөлөөлж Саддамын дэглэмийг нурааснаас эхлээд эдүгээ хүртэл Персийн булан-Каспи-Кавказ-Төв Азийн гортиг дотор 4 дэх хямрал явж байна. Энэ хямрал хөвөрсөөр “Арабын хавар”-тай залгасан. ISIL гэж аюултай дайсныг төрүүлсэн, завсарт нь Иран хоригоо тавиулж дэлхийн зах зээлд гарч ирсэн. 5) 2014 онд Украины Крым сайн дураараа Оросын бүрэлдэхүүнд орж, Дорнод Украин салан тусгаарласнаа зарлаж, Украин-Оросын хооронд хямрал дэгдэн өнөөг хүрсэн ба Оросын эсрэг элдэв хориг тавигдаж, Оросын экспортын гол түүхий эд–нефтийн үнийг хэргээр унагаснаас хойш дөрвөн жил өнгөрөөд байна. Ираны эсрэг хориг одоо чангарсантай холбогдсон зургаа дахь хямрал нүүрлэх байх. Ямар ч гэсэн нефтийн олборлолтыг нэмэгдүүлж, тэгснээрээ үнийг нь унагах гэсэн Трампын бодлого хэрэгжих магадлалтай байлаа гэхэд Иран олборлолт ба экспортоо өсгөж эдийн засгаа авч гарах, эсвэл Ормузын хоолойг бойкотолж, нефтийн цочмог хямрал дэлхийг хүргэх хоёр замын нэгийг л сонгоно.Хэрэв Иран Ормузын хоолойг хаавал газрын тосны үнэ баррель нь 300 ам.долларт хүрнэ гэсэн тооцоог судлаачид ярьж байна. Одоогийн газрын тосны үнэ буурч байгаа нь түр зуурын үзэгдэл. Эргээд өсөх магадлал өндөр гэж ойлгож болно.

-Манайд нефть боловсруулах үйлдвэр яагаад барьдаггүй юм бэ? Энэ талаарх таны байр суурь ямар байгаа бол?

-Нефть боловсруулах үйлдвэр барих асуудал мэдээж чухал. Гэхдээ нефть л бол нефть гэж хандаж болохгүй. Нефть болгон адилгүй. Нефтэн доторх агууламж, хүхэр, химийн найрлага, нягтаршил, өтгөн шингэн гээд ихээхэн ялгаатай. Түүнээс шалтгаалж үйлдвэрлэгч ба хэрэглэгчдэд хэр тохирох эд вэ, цаашлаад зах зээл, үнэ ханш нь хэлбэлздэг гэхчлэн олон хүчин зүйл бий. Дэлхийд эталоны сортоор нь нефтийг гурван янз ангилна. 1) «Brent»; 2) West Texas Intermediate, 3) Dubai Crude гэж. Эхнийх нь Умард тэнгисээс олборлодог, Европ, Азид борлуулагддаг нефть. Brent гэх шошготой нефть. Хоёр дахь нь Техасын хөнгөн шингэн нефть гэж байна. АНУ-д борлогддог. Өнгөрсөн зуунд энэ нефть ганцаараа шахуу эталоны сортыг тодорхойлж байсан. Гурав дахь нь Дубайн түүхий газрын тос. Булангийн орнуудаас олборлодог газрын тосны үнийг тогтооход үүнийг баримталдаг, мөн л шингэн нефть. Дэлхийд нефть экспортолдог улс 46 байна. Бүгдийнх нь нефтийг шингэн ба өтгөн, олборлоход өртөг бага, хялбар, эсвэл өртөг өндөр, хүндрэлтэй гэдгээр ангилдаг. Дэлхийн эталоны сортод оросынх дангаараа ангилал болж ордоггүй. Оросынх нэг сортынх биш. Уралын хүнд холимог нефть, Сибирийн Ханты-Мансийскийн хөнгөн нефть, Сахалин 1 ба 2-ын “Сокол”, “Витязь”, Арктикийн АРКО гэх мэт 5 ч сорт байна. Түүний гурав нь “Брент”-ын стандарт үнээр тооцогддог. Хөнгөн ба хүнд (шингэн ба өтгөн) аль алиныг нь зэрэг олборлож борлуулдаг улс ч бий.

Монгол бол нефть экспортлогч улс биш учраас аль сортынх гэдгийг энд тодруулах гэхгүй. Мэргэжлийн хүмүүсийн ярихаар их өтгөн, хүнд нефть юм гэсэн. Шалтгаан нь ч тодорхой. Манай улсын байгаль цаг уурын нөхцөл хахир хатуу уур амьсгалтай. Газрын гүнд цэвдэг мөстлөг ихтэй. Их газрын хахир хатуу уур амьсгал, мөстлөгтэй хөрсөн доор байгаа нефть бол Персийн булангийн орнууд, Иранаас олборлож байгаа нефтиэс өөр л дөө. Асар их гүнээс авч байгаа учраас их өртгөөр гарч ирнэ. Цэвдэг ихтэй өвлийн хүйтэнд өнөөх нь ундраад байх уу гэдэг бас асуудалтай. Манайхан их хялбараар төсөөлөөд байгаа юм. Цооног зоочих л юм бол олгойдоод гараад ирэх ухааны юм санаад байдаг. Монголын нефть бол тэгж олгойддог нефть нь биш. Хэрэв нефтийн үйлдвэр байгууллаа гэхэд хоёр үйлдвэр зэрэг байгуулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд нь ярьдаг. Нэгдүгээрт, олборлох үйлдвэрээ барих шаардлагатай. Мөн шингэрүүлэх үйлдвэрээ байгуулна. Үүнээс үзэхэд хоёроос гурван шат дамжлагатай нь харагдаж байна.

-ОХУ болон БНХАУ-ын нефть дамжуулах хоолойг манай улсаар дайруулаад барьж болоогүй юм болов уу? Яагаад тойруулсан юм бол?

-Энэ мөн л геополитикийн тоглолтын асуудал л даа. Манай улс өөрөө дамжуулан өнгөрүүлэхэд бэлтгэгдэх хэрэгтэй л дээ. Сул сууж байгаад нефтийн хийн хоолой тавиулаад сул ашиг хүртэнэ гэж байхгүй шүү дээ. Монголын улс төр тогтвортой, хууль тогтоомж нь зөв, тууштай байх шаардлагатай. Манай иргэд үүнийг хүлээж авахад бэлтгэлтэй байх нь чухал. Шударга хөдөлмөрлөж мөнгө олдог байх нь чухал. Ингэж байж нефть дамжуулах хоолойг манайхаар дайруулж барихаас биш зүгээр байгалийн нөхцөл, газар зүйн өгөгдөл нь байна гээд шууд нефтийн хоолой тавигдана гэж байхгүй. Монголчуудын овсгоо самбаа, уриалгахан чанар, бизнесийн соёл тэр бүхэн холбоотой. Өөрөөр хэлбэл хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байх хэрэгтэй. Гадаад бодлого дээрээ олон хувирч болохгүй. Ялангуяа эдийн засгийн гадаад хамтын ажиллагаан дээрээ олон нүүрлэж, олон амлаж болохгүй. Гадаад харилцааны сахилгын асуудалтай холбоотой.

-Манай улс нүүрсээ тогтмол экспортолж чадахгүй байгаа. Энэ талаар таны бодол?

-БНХАУ ногоон эрчим хүч гэж том бодлого дэвшүүлээд явж байна. Намын XIX их хурал болон БХАТИХ-ын чуулганаараа дэвшүүлж экологийн цэвэр эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн зорилго тавьчихлаа шүү дээ. Иймээс түүхий нүүрснээс татгалзах чигтэй байх шиг байна. Түүхий нүүрсээр ажилладаг эрчим хүчний станцуудаа БНХАУ экологийн цэвэр үйлдвэр болгох гэж байна. Тэр утгаараа Монголын түүхий нүүрс урд зах зээлд борлохгүй байх магадлалтай. Энэ бол улс төрийн бодлого биш. Экологийн бодлого нь ийм болж хувирсан. Гадаадаас боловсруулсан юм уу, шингэрүүлсэн нүүрс авахаас биш, машинд ачаад шороотой хутгалдан очих нүүрс аваад байхгүй л болов уу.

-Импортолж байгаад гэнэт зогсоох нь хэр ёс зүйтэй үйлдэл гэж үзэж байна вэ?

-Монголчууд нүүрсээ шингэрүүлэх, нүүрсний үйлдвэрлэлээ боловсронгуй болгох, түүхий нүүрсээ угааж цэвэрлэх талаар огт ажил хийгээгүй. Үүнийгээ төлөвлөж ажил хэрэг болгох хэрэгтэй байсан шүү дээ. Энэ бидний өөрсдийн буруу. Хятадын буруу биш.

-Засгийн газраас БНХАУ болон ОХУ шиг гэрээ байгуулаад экспортлох боломж байдаг л байх?

-Манайд байгуулсан гэрээ хэлэлцээр багадаагүй. Улс төрийн гадаад харилцаа, таатай гадаад орчныг нь манай дипломат алба өндөр түвшинд хангаж ирсэн. Хангаж ажиллаж ч байна. Манайх БНХАУ болон ОХУ-тай нэн сайн харилцаатай. Нэгэнтэй нь бүр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Нөгөөхтэй нь стратегийн түншлэлийн харилцаатай. Улс төрийн агуулгаараа нэн дотно түншүүд. Үүнийгээ эдийн засаг, бизнес хийдэг салбар нь дэмжиж явах учиртай юм. Энэ тал дээр дутагдалтай байна. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд улс төрийн гадаад харилцааг олон дахин давуулж биелүүлсэн. Харин худалдаа-эдийн засаг, бизнесийн харилцаан дээр ахиц дэвшил хангалттай харагдсангүй.


Categories
мэдээ цаг-үе

Улсын ахлах засуул Р.Сампилдондов: Томоохон тэмдэглэлт ойн барилдаануудыг “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулж байвал зүгээр

Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат улсын ахлах засуул Равдансүрэнгийн Сампилдондовтой ярилцлаа.


-1997 оны улсын наадмын гурвын даваанд Ц.Цэрэнпунцаг заан аймгийн арслан Б.Ганбатыг амлаж барилдахад та Б.Ганбатын засуулаар ажиллаж байсан. Тухайн барилдааны уур амьсгал ямар болж байв?

-Баруунтурууны Б.Ганбат гэж улаан хацартай залуу Увсаас дөнгөж орж ирсэн даруйдаа тухайн үеийн босоо хүчтэн дархан аварга Б.Бат-Эрдэнийг хүртэл өвдөг шороодуулаад амжлаа. Олон түмэн Ганбатыг улсын наадамд түрүүлэх хэмжээний бөх гэж үнэлж байхад нь Цэрэнпунцаг заан эрт амласан л даа. Цэрэнпунцаг заан ч элэг бүснээс нь зуураад л 30 орчим минут зогсчихсон. Залуу хүний нэрийг дарж байгаа хэрэг л дээ. Ганбат ч Цэрэнпунцаг зааны нүүр лүү ч харж чадахгүй тулж байгаад барьцаа тавихдаа дайруулаад ардаа алдаж унасан. Би ч шинэ засуул нүд цавчилгүй хараад зогсож байхад хөлийн цэцүүд “Наад хоёр чинь түрүүлэх хэмжээний бөхчүүд шүү. Сайн хараарай” гэж хэлж байлаа. Тэд хоорондоо үг хаяж элдэв юм болоогүй. Зүгээр л монгол бөхийн эрэмбэ цолны эрхээ эдэлж буй хэрэг гэдгийг ухамсарлаж байсан. Хүнийг хүндэлж байж хүндлэгддэг байхгүй юу. Манай том Сүхбат наадмаар гарахдаа нэг талын 16 засуултай бүгдтэй нь мэндэлж гардаг сайхан нийтэч хүчтэн байсан. Одоо цагт П.Өсөх-Ирээдүй дэвжээн дээр нийтэч сайхан харилцаатай байдаг. Улсын том цолтой бөхчүүд улсын цол авах хэмжээнд хүрсэн бөхийг амлалгүй үлдээдэг л дээ. Хамгийн ойрын жишээ гэвэл Ш.Мөнгөнбаатар, Д.Анар нарыг нэрлэж болох юм. Бөхийн хэр хэмжээг тэгж л тодорхойлж өгдөг.

-Б.Гончигдамба таны мөрнөөс гараад заан болсон санагдаж байна. Хариуцлагатай даваанд Х.Мөнхбаатар арсланг хашиж мордоод их л ойролцоо газардсан. Та эргэлзэлгүй Гончигдамба гардийг давсан гэж мэдүүлж байсан?

-Араар тойруулж барьсан хүн хашиж мордоход тохой нь дор нь тусна л даа. Энэ тохиолдолд гол төлөв мэх хийсэн нь давдаг номтой. Тэр зарчмаар л би байр сууриа илэрхийлсэн. Гончигдамба өөрөө ч бага зэрэг эргэлзээд зогсчихсон. Мөнхбаатар маргалдаад байлгүй элэг бүсээ тайлсан. Ер нь тэгээд өндөр түвшинд барилдаж буй бөх хүн унасан давснаа сайн мэддэг л дээ. Гончигдамбыг барилдахаар гарахын өмнө одооны аварга Н.Батсуурь мань хүнд “давуулж барихад нь суганд нь сэжээд хажууд нь гараарай” гэж зөвлөж байлаа. Тэр зургийн дагуу л барилдаан өрнөсөн. Батсуурийг мундаг тооцоотой барилддагийг тэгэхэд л ойлгосон доо.

-Бөхийн засуулыг үзэгчид зүгээр малгай бариад зогсож байгаа шиг ойлгодог. Зовлон жаргалыг нь тэр бүр ойлгодоггүй юм шиг?

-Засуул гэдэг малгай бариад уналаа, давлаа гэж хэлдэг ажил биш. Бөхөө ажиглаж урмыг нь сэргээсэн үг хэлж байх хэрэгтэй. Торгон мэдрэмжтэй хүн л засуул хийнэ дээ. Нүд цавчих хооронд л мэх хийдэг. Хүний бүтэн жилийн хөлс хөдөлмөрийг үнэлж зөв шийддэг хариуцлагатай мэргэжил. Хоёр бөх ойролцоо газардахад засуул гярхай ажиглаж тодорхой шийд хэлэх хэрэгтэй. Бөөрөнхий шийд хэлбэл тэгээд л маргана. Дархан аварга А.Сүхбат “Худгийн ус, бөхийн нас хоёр хэмжээтэй” гэж хэлсэн байдаг. Ид сайхан барилдаж байгаа үед нь буруу шүүчихвэл хэцүү шүү дээ.

-Засуулын зөвлөгөө бөхийн амжилтын нэг хэсэг байх?

-Зарим нь засуулаасаа “Энэ маань ямар мэхтэй билээ яаж барилдвал зүгээр вэ” гэх мэтээр асууж санал бодлоо солилцдог. Засуул бөхчүүдийн барилдааныг мэддэг, мэдэрдэг байх хэрэгтэй. Даншиг хошуу наадмын үед бөхөөрөө засуулах дуртай байсан юм билээ.

-Засуул нэг дүйзэд хэдэн бөх засдаг вэ?

-Нэг дүйзэд дөрвөн бөх засч болно. Засч буй бөхчүүдээ ажиглаж хамгийн шуурхай барилддаг бөхөө сонгож илүү анхаарал хандуулна. Үүнд өнөөх засуулын мэдрэмж хэрэгтэй. Маргаан гол төлөв захалсан барилдаанаас үүдэлтэй байдаг. Иймээс зай талбай жижиг зааланд барилдаан явуулахад хүндрэлтэй байдаг талтай. Би барилдааны үед бөхчүүдэд мөргүүлж бэртэж байсан удаатай. Сая “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборын цэлгэр зааланд маргаан будлиангүй мөн ч сайхан боллоо. Томоохон барилдаанаа Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулж байвал барилдаж байгаа бөхчүүддээ ч, засуулууддаа ч амар санагдсан. 5000 хүний багтаамжтай зааланд үзэгчид ч тав тухтай сууж байгаа нь ажиглагдсан.

-Засуулуудыг бөх сайн таадаг, наадмын өмнө түрүү бөхийг ер нь хэлдэг улс гэдэг шүү дээ. Түрүү бөхийн шинж ямар байдаг бол?

-Уяачид түрүү морины хондлой дээр хэдэн үс босчихсон байдаг гэж ярьдаг. Түрүү бөхийн нуруу нь тэгш, өндөр ч болчихсон юм шиг бусдаасаа өөр харагддаг л даа. Их сайн бэлтгэлтэй байгаа хүн хайн барилдаан хийдэггүй. Барилдаанаас нь ажиглаж болно л доо.

-Засуулын гоё сайхан нь юу вэ?

-Сайхан нь бий л дээ. Муухайг нь ч ах нь үзсэн. Би 14 дээр зогсдог засуул байхад есдүгээрт зогсдог засуул “Сампилаа дээшээ яваад миний дугаар зүүгээд зогсчих” гэдэг юм. Би ч дуртай хүн солиод зүүчихсэн л дээ. 512 бөх барилдсан тэр наадамд миний мөрнөөс гарсан нэг ч бөх даваагүй. Миний бөхчүүд барууны манлайн аманд очоод байсан хэрэг л дээ. Давах магадлал их бага. Урам их хугарсан. Өөрийн засч байгаа бөх цол аваад дээшээ барилдахад засуул нь хамт баярлаад дэвээд явна шүү дээ. “Миний мөрнөөс гарч зөвлөгөөг минь сонсож улсын цол хүртэж байсан шүү” гэж ярих сайхан шүү дээ. Хамгийн анх Намдаг гэж залуу миний мөрнөөс гараад улсын цол авахад нь мөн ч их баярлаж билээ.

-Таны хувьд монгол гутал урладаг хүн. Урласан гутлыг тань өмсөж өндөр цолд хүрсэн бөхчүүд олон байдаг байх?

-Манай эхнэр монгол гутлын үйлдвэрт ажиллаж байхдаа Г.Өсөхбаяр аваргын гутлыг урлаж байлаа. Дархан аварга А.Сүхбат хоёр дахь удаагаа түрүүлэхдээ миний хийсэн хар гутлыг өмсөж барилдаж байсан түүхтэй. М.Баяржавхлан, Н.Ганбаатар гээд олон бөхчүүд гутал хийлгэж байсан даа. Энэ Говьсүмбэрийн Д.Азжаргал арсланд мөн ч олон гутал урлаж өгсөн. Түрүүлдэг жилээ над дээр ирээд “Сампил ах аа, миний өхийлдөх мэх ордоггүй ээ” гэхэд нь ярилцаж сууж байгаад өсгийг нь арагш нь жаахан сунгаад өгчихсөн юм. Тэр гутлыг өмсөж барилдсан Азаа маань Бат-Эрдэнэ аваргыг ганцхан өхийлдөж суулгаад арслан цолонд хүрсэн түүхтэй. Бат-Эрдэнэ аварга ч П.Сүхбат, Азаа хоёроос өөр хүнд өхийлдүүлж сууж байсан тохиолдол байхгүй дээ.

-П.Сүхбат гарьд тэр өхийлдөөг Бат-Эрдэнэ аваргаас өөр хүнд зориулж бэлдсэн байсан гэдэг. Хэнд юм бол?

-Сүхбат гарьд 1991 онд Эрдэнэбат заантай тунана гэж тооцоолж тэр өхийлдөөг бэлдсэн байсан юм билээ. Эрдэнэбат бярдаж цээжийг нь сөхөхөд нь өхийлдөнө гэж тооцохгүй юу. Тэгсэн Бат-Эрдэнэ таллаж татаад гэдийхэд нь хөл нь цөмөрнө шүү дээ. Сүхбат ч өнөөх өхийлдөөгөө даалгаж даваа авсан. Зууны шилдэг барилдаан болж түүхэнд үлдсэн дээ.

-Та өнөөдөр ч засуулын ажлаа хийгээд л явж байгаа. Үндэсний бөхийн шүүлтэд камер ашиглах нь зөв үү. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Үндэсний бөхийн шүүлтэд камерын тусламж ашиглах нь зөв гэж үздэг. Сүүлийн даваануудад бөх шингэрсэн үед камераар шүүх бүрэн боломжтой. Харин даваануудад 32 дүйз барилдаж байхад камерын шүүлт ашиглахад амаргүй л дээ. Сүүлийн барилдаануудад манай бөхчүүд бичлэг хараад унасан, давснаа хүлээн зөвшөөрөөд тахимаа өгөөд явчихаж байна.

-Аварга Ч.Санжаадамба, Г.Ганжад нарын маргаан дагуулсан барилдааны талаар?

-Хоёр засуул нь нэг талдаа гарчихсан л даа. Өөрөөр хэлбэл байрлалаа буруу эзэлсэн гэж ойлгож болно. Хоёр засуулын өнцгөөс харахад Ч.Санжаадамбын гуя түрүүлж хүрч байгаа. Би зүүн талаас харахад Г.Ганжадын тохой хүрч байгаа нь харагдсан. Үүний дараа баяр наадмын комисс хуралдахад “10 давж түрүүлсэн шинэ аварга амныхаа бөхтэй удаан барилдлаа. Хариуцлага ярих ёстой гэж үзсэн. Улмаар ес давж түрүүлсэн ч, 10 давж түрүүлсэн ч арслан цол олгож байя” гэсэн санал оруулаад орхисон. Маргаантай барилдаан гарахад хоёр засуул нэг шийдэлд хүрчихээд хөлийн цэц рүү очиж байх ёстой. Нэг шийдэлд хүрэхгүй “Миний бөх давсан, чиний бөх унасан” гээд эхлэхэд л ноцтой шүү.

-Энэ жилийн тухайд намраас хойш хэд хэдэн барилдаанууд зохион байгуулагдлаа. Удахгүй Улс тунхагласны ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно. Том барилдааны өнгийг яаж харж байна?

-Барилдаан зохион байгуулагдалгүй хэдэн сар болсны эцэст тэмдэглэлт ойн барилдаанууд зохион байгуулагдлаа. Сая аварга, арслангууд зодоглосон, үзэгчид ч заал дүүрэн цугласан сайхан барилдаанууд боллоо. Үүнээс үзэхэд бөхчүүд ч бөх сонирхогчид ч барилдаанаа хүлээсэн нь ажиглагдаж байна. Тухайн өдөр сэтгэл санаа нь тогтуун, бэлтгэл сайтай, өөртөө итгэлтэй байгаа бөх л сайн барилддаг номтой.


Categories
мэдээ спорт

​Италийн лигийг Ювентус тэргүүлж байна

Италийн Сери А лигийн 12 дугаар тойргийн хүрээнд хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Милан”-ы талбайд зочлон тоглолоо. Энэ тоглолтод Турин хотын баг өрсөлдөгчөө 0:2-оор буулгаж авч, ээлжит гурван оноогоо авсан юм. Ингэснээр 34 оноотой болж, араасаа нэхэж байгаа багаасаа даруй 6 оноогоор тасраад байна.

Тоглолтын 8 дахь минутад Манжукич гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 81 дэх минутад Роналдо нэгийг нэмж, багийнхаа ялалтыг баталгаажуулжээ. Тэрбээр энэ тойрогт нэгийг оруулснаар 8 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Бусад тоглолтуудын үр дүн

Рома 4:1 Сампдориа

Атланта 4:1 Интер

Кьево 2:2 Болонья

Сассуоло 1:1 Лацио

Бусад тоглолтын үр дүн

Аталанта 4-1 Интер

Эмполи 2-1 Удинезе

Рома 4-1 Сампдория

Кьево 2-2 Болонья

Сассуоло 1-1 Лацио