Categories
мэдээ цаг-үе

Улсын заан Д.Мягмар: Бөхчүүд бид нийгэмд үлгэр болсон холбоогоо хамааралгүй хэн нэгнээр үрэн таран хийлгэмээргүй байна

Өнгөрсөн хавраас хойших есөн сарын хугацаанд МҮБХ-ны эргэн тойронд болоод байгаа үйл явдлын талаар тус холбооны тэргүүлэгчээр олон жил ажилласан Монгол Улсын заан Д.Мягмар, гавьяат дасгалжуулагч, улсын начин Г.Пүрэв-Очир нартай ярилцлаа.


-МҮБХ-г байгуулж Бөхийн өргөөг босгож, бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргасан хүмүүс ажлаа өгснөөс хойш ес дэх сарынхаа нүүрийг үзэж байна. Энэ маргаан хэзээ, юунаас үүдсэн юм бэ?

Д.М: -Харамсалтай байна. МҮБХ, Монгол бөхийн өргөө яаж ажиллаж байсныг олон бөх сонирхогчид мэдэж байгаа. Долоо хоногт нэгээс хоёр барилдаан, хоёроос гурван урлагийн тоглолт болдог байлаа. Бид өргөөтэй болсныхоо 20 жилийн ойг сайхан хийнэ гээд тодорхой ажил төлөвлөөд эхлүүлж байсан юм. Өргөө ашиглалтад орсон өдрөөс манай зарим нөхдийн шунал хөдөлж эхэлснийг бид мэдээгүй явсан байна лээ. Энэ нь 2002 онд ил болсон юм. Юу гэвэл, 2002 онд ээлжит IY Их Эеэ хуралдуулж, дүрмээ шинэчлэн баталж, Цэцдийн зөвлөлөө шинээр сонгоод, тэргүүнийг сонгох сонгуулиа явуулсан юм. Тэргүүнд Р.Нямдорж, Б.Сүхбаатар хоёрыг өрсөлдүүлэхэд Р.Нямдорж 90, Б.Сүхбаатар 82 санал авлаа. Би тооллогын комиссын гишүүнээр ажиллаж байсан. Тооллогын комисс тогтоолоо гаргаад бүгд гарын үсгээ зурж батлуулахад бэлэн болгоод байтал гэнэт зарим бөх хурал хаях болоход комиссын дарга маань ч нөгөө тогтоолоо аваад гараад явчихсан. Ингээд хурал тарсан. Р.Нямдоржийг сонгосон олонх шүүхэд хандан Р.Нямдоржийг тэргүүнээр сонгогдсоныг шүүхээр баталгаажуулах хүсэлт гаргасан тэр үед Их Эеийн төлөөлөгчид бүгд байгаа, 172 саналын хуудас байгаа, Их Эеийн ажиллагааг бүрэн бичсэн дүрс бичлэг байгаа хэрэг шүү дээ. Гэтэл гурван шатны шүүх нэг ч гэрчээс асуулгүй, 172 хуудсыг ч үнэлэлгүй, дүрс бичлэгийг ч харалгүй “Тэргүүний сонгууль явуулсан нь тогтоогдохгүй байна” гэж шийдвэрлэн Улсын дээд шүүх 2003 оны долдугаар сарын 1-нд 403 тоот тогтоол гаргасан юм. Үнэхээр гайхалтай юм билээ. Үнэний эсрэг, худлын талд гарсан энэ тогтоолд “Тэргүүн сонгох асуудлаар ээлжит бус Их Эеэ хуралдуулахыг Цэцдийн зөвлөлд даалгасугай” гэсэн байсан. Тэр үеийн шүүх ийм байсан. Одоо бол шүүгчид өндөр цалинтай болсон болохоор эрхбиш шударга болсон байх гэж найдаж байна.

-Тэгээд Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу Цэцдийн зөвлөл хуралдсан юм уу?

Г.П: -Заан маань 1990 оноос тэргүүлэгчээр тасралтгүй ажилласан, монгол даяараа мэдэх жудагтай бөх шүү дээ. Би бол 1996 оноос Цэцдийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар, 1998 оноос тэргүүлэгчээр ажилласан хүн. Улсын дээд шүүхийн 403 тоот тогтоолыг хэрэгжүүлэх гэж аль аль тал нь хэд хэд хуралдсан. Харамсалтай нь нөгөө тал маань ирцийг хуурамчаар бүрдүүлдэг тул хууль бус болдог, бид ирцээ ном ёсоор бүрдүүлээд хуралдахаар нөгөө нөхөд маань шүүхэд өгөөд, шүүхийг аргалдаг нөгөө аргаараа хүчингүй болгуулчихдаг юм. Энэ түүхийг яривал барагдахгүй, олон боть ном болно л доо.

-Хамгийн сүүлд Цэцдийн зөвлөл хэзээ хуралдсан бэ. Тэр нь хууль ёсны болж чадсан уу?

Д.М: – Нөгөө тал маань Нийслэлийн ШШГА-тай хамтран Цэцдийн Зөвлөлийг 2014 оны зургадугаар сард хуралдуулж, ээлжит бус Их Эе хуралдуулах шийдвэр гаргасан нь хууль бус болохыг Цэцдийн зөвлөлийн гишүүн биш 10-аад хүнийг итгэмжлэл гэгчээр оруулсан. Хэд хэдэн хүний гарын үсгийг хуурамчаар зурсан гэх үндэслэлээр МҮБХ-оос шүүхэд гомдол гаргасан юм. МҮБХ-ны дүрэмд Цэцдийн зөвлөлийн гишүүн өөрийнхөө оронд итгэмжлэлээр өөр хүн оруулж болно гэсэн заалт байхгүй байхад гурван шатны шүүх энэ хурлыг мөн л зөв хурал гэсэн. Энэ шийдвэр бол аль нэг намын бага хурлын гишүүн хуралдаа ирээгүй бол оронд нь өөр хүнийг итгэмжлэл гэгчээр оруулаад байж болно гэсэнтэй адил юм. Таньдаг ахмад хуульч нартаа энэ тухай ярихаар тэд үнэмшиж өгөхгүй, толгой сэгсрээд байдаг юм байна лээ.

Харин хүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэмт үйлдэлд нь СБД-ийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж, шалгахад хуурамчаар ирц бүрдүүлсэн баримтын эх хувийг хавтаст хэргээс хулгайлан авч, энэ хурлыг гардан зохион байгуулсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Байгальмааг гадаад руу оргон зугтаалгасан байсан тул уг хэрэг түр хаагдсан юм.

Г.П: – Хамгийн сүүлд гэвэл бид МҮБХ-ны ээлжит дөрөвдүгээр Их эеэс 2002 онд сонгогдсон Цэцдийн зөвлөлийг 2017 оны зургадугаар сарын 22-ны өдөр хуралдуулан МҮБХ-ны ээлжит наймдугаар Их Эеийг 2018 оны гуравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хуралдуулах шийдвэр гаргаж, шийдвэрээ хэрэгжүүлсэн л дээ.

-Энэ Гацууртын Чинбат гэдэг хүнийг хэзээ, хэн сонгосон юм бэ. Энэ хүн чинь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч байсан биз дээ?

Г.П: – Зааны хэлснээр эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж хууль бусаар хуралдсан Цэцдийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу зарим нөхөд маань ээлжит бус Их Эе гэгчийг 2017 оны тавдугаар сард хуралдуулан МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон байдаг. Энэ хурлыг хууль ёсны гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй юм. Их Эеийн төлөөлөгчийг сонгох журмыг зөрчсөн, улсын алдар цолтой бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд, бөх судлаач зүтгэлтнүүдийн дийлэнх олонх оролцоогүй юм байна лээ. Тэд дээрх хурлынхаа ирцийг их нуудаг улс. Ер нь ирцэн дээр л ажилладаг улс шиг байгаа юм. Гэвч ердөө зургаахан аймгийн 40 хүрэхгүй улсын цолтон оролцсон байдаг юм. Тэдний 50 орчим хувь нь нэг л аймгийн бөхчүүд гэж байгаа шүү дээ. Л.Чинбат гэдэг хүнийг бид танихгүй. МЧБХ-той 2013 оноос хойш зургаа дахь жилээ шүүхдэлцээд яваа хүн л гэж дуулддаг юм.

-Тэгээд энэ чинь хүчинтэй байж чадах юм уу?

Д.М: – Яаж хүчинтэй байхав дээ. Их Эед бүх аймаг, бүх цолны төлөөлөл 200 төлөөлөгч оролцох журам байдаг юм.

-Б.Бат-Эрдэнэ аваргыг сонгосон хурлын ажиллагаа хууль дүрмийн дагуу болсон юм уу?

Д.М: -МҮБХ ээлжит наймдугаар Их Эеэ өнгөрсөн оны гуравдугаар сарын 24-нд орон даяр нээлттэй хийсэн. 21 аймгийн бөхийн цол, цолны 200 төлөөлөгч тус тусынхаа хурлаар сонгогдоод орсон. Б.Бат-Эрдэнэ аваргыг 100 хувийн саналаар тэргүүнээрээ сонгосон, Цэцдийн зөвлөлөө сонгосон. Дийлэнх нь манай дунд үеийн бөхчүүд сонгогдсон. Цэцдийн зөвлөл тэргүүлэгчдээ сонгосон, бас л дунд үеийн бөхчүүд. Тэргүүлэгчид нь гүйцэтгэх захирлаа томилсон. Энэ бүхэн бол бүгд дүрмийнхээ дагуу болсон ажил.

-Удалгүй л бөхийн өргөө рүү халдлаа, дайрлаа гэсэн мэдээлэл гарч цагдаагийн хамгаалалт авлаа гэсэн. Энэ ер нь ямар учиртай юм бэ?

Г.П: -Тэр чинь дархан аварга Ж.Мөнхбат агсныгаа оршуулсан өдрийн шөнө шүү дээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-ны шөнө . Л.Чинбатад өнгөосөн оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Улсын бүртгэлийн газраас МҮБХ-ны гэрчилгээг давхардуулан олгосон юм байж. Бид түүнийг яаж мэдэх билээ. Тэгээд албан ёсны холбоо нь ажлаа хийгээд байж байтал л Л.Чинбат гэдэг хүний цуглуулж, хооллож, хөлс мөнгө өгч бэлдсэн гаднын бөөн хүч дайрсан хэрэг. Энэ бол даанч харамсалтай, дэндүү ёс зүйгүй, монгол бөх, бөхчүүдийн нэр хүндийг гутаасан муухай явдал л даа.

Д.М: – Бид бас хуульч нараас асуулаа, өөрснөө ч хууль үзлээ. Хуулийн этгээдийг чинь тухайн хуулийн этгээдийн удирдах байгууллагын шийдвэр, эсвэл шүүхийн тогтоолоор л татан буулгадаг хоёрхон замтай юм байна. Улсын бүртгэлийн газрын байцаагч нарт байгууллагыг татан буулгах, гэрчилгээ давхардуулан олох эрх байдаггүй юм байна, бүр хориотой байдаг юм билээ. Ийм байхад л хэвийн ажиллаж байгаа байгууллагын гэрчилгээг нэг байцаагч хүчингүй болгоод өөр хүмүүст яг тэр нэрээр нь гэрчилгээ олгочихож байгаа хэрэг л дээ. Ямар нэгэн даралт, шахалтгүй бол төрийн албан хаагчид хуулиа мэдсээр байж ийм хууль бус үйлдэл хиймээргүй л юм, гайхаад л байна. Ингээд МҮБХ-ны жинхэнэ удирдлага энэхүү давхардуулан олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан юм байна лээ. Энэ бол зүй ёсны асуудал. Шүүх хэрэг үүсгээд шалгаж байх хооронд МБӨ-г хүчээр булаан авах гэж Л.Чинбатынхан хэдэн ч удаа дайрав, хэчнээн ч хаалга үүд эвдэв дээ.

Ийм ойлгомжтой, илт хууль зөрчсөн хэргийг хуулийн дагуу шударгаар шийднэ гэж бөхчүүд найдан харсаар байна.

-Саяхан хоёр дархан аварга хамтран байгуулсан түр зөвлөлөөс МҮБХ-ны удирдлагын асуудлаар шүүхийн шийдвэр эцэслэн гартал МБӨ-гөө нээх талаар санал нэгдсэнээ зарласан. Үүнд бөхчүүд, ард түмэн их баярласан, гэтэл одоо юу болоод байна вэ?

Г.П: – Юуны өмнө хэлэхэд хоёр аваргадаа бид их баярласан. Бөхчүүдэд эрэмбэ, ах зах гэж нэг нандин юм байдаг. Үүгээрээ бид нам, компаниас их өөр. Гэтэл Билгүүн гэнэ үү, нэг нөхөр “Баянмөнх биднийг төлөөлөхгүй, Бөхийн өргөөг нээлгэхгүй” гэсэн бичгийг цагдаад өгсөн байх юм.

Д.М: – Шүүх дээр байгаа асуудлын эцсийн шийд гартал цаг их алдана, иймд бөхчүүд, үзэгчид, МБӨ-ний 40-өөд ажилчдын эрх ашгийн төлөө МБӨ-өө нээгээд барилдаан бусад ажлуудаа явуулж байх нь зөв шүү дээ.

-Саяхан МҮБХ гэх төрийн бус байгууллагын гэсэн нэрээр цахим орчинд уриалга гаргасан байсан. Энэ талаар та хоёр юу хэлэх вэ?

Д.М: – Намуудын сонгуулийн амлалт шиг, намууд сонгуулийн үеэр бие биенээ гүжирддэг шиг л юм байна лээ. Одоо тийм хоосон амлалтад бөхчүүд хууртах уу? Яамдад бичиг өгөөд л бөхчүүдээ цалинтай, тусгай хангамжтай болгох гэнэ, МБӨ-нд баахан 00 –ын өрөө нэмж хийх гэнэ. Түрээсээр орлого олдог бол 00-оос гарз л гарна шүү дээ. Бөхийн өргөө чинь цөөхөн бөх бэлтгэл хийгээд, усанд ороод гардаг бэлтгэлийн ордон биш, 256 бөх ирж барилдаад явдаг үзвэрийн ордон. Ийм олон бөх чинь усанд орох гэж өглөө ирэх үү, барилдааны дараа усанд орчихоод шөнө явах уу? Хүнийг тэнэг гэж харуулах гээд өөрийнхөө тэнэгийг харуулах ямар хэрэг байна. Тэр бичиг дээр манай холбооны тэргүүлэгч байгаад гарсан Ү.Хүрэлбаатарын утас харагдана лээ. Ер нь хавраас хойш тэндээс гарч байгаа элдвийн гүжирдлэгийн чанартай бичиг бүхэн шүлэглээгүй л болохоос манай Ү.Хүрэлбаатарын л “зохиол” байна лээ л дээ. Бид уг нь олон жил гэмгүй сайхан явсан улс. Бөхийн төлөө үнэнчээр ажилласан, хамтран зүтгэж байсан хүмүүсээ ор үндэсгүй гүтгэх юм. МҮБХ-ноос бусад зөвхөн спортын ч гэлтгүй бүхий л ТББ нэг бол нэг улстөрчийг, нэг бол нэг баян хүнийг бараадаж амьдардаг. Манай холбоо бол ухаантай, боловсролтой, бөхийн төлөө чин сэтгэлтэй хоёр сайн тэргүүнтэй байсандаа хоосон газар бөхдөө зориулсан ордон өргөө барьж аваад, хэний ч гар харалгүй, хэний ч аманд багталгүй, ТББ-уудад жишиг үзүүлэн ажиллаж байсан байгууллага шүү дээ. Биднийг үе үеийн төр, засгийн тэргүүнүүд бүгдээрээ дэмжиж, хамтран ажиллаж ирсэн төдийгүй гурван тэргүүний маань хөдөлмөр зүтгэлийг үнэлэн шагнасан шүү дээ. Одооны төр, засгийнхан ч бас л тийм байгаа.

Г.П: – Л.Чинбатыг сонгосон гэх цуглааныг ээлжит бус Их Эе мөн юм аа гэж бодоход, Улсын дээд шүүх 403 тоот тогтоол ёсоор зөвхөн тэргүүнийг л сонгох ёстой юм. Гэтэл ЦЗ-ийг байгуулаад, даргаар нь Ү.Хүрэлбаатарыг сонгосон гээд байгаа. Энэ бол хууль бус ажил. Тэгэхээр хууль бус Ү.Хүрэлбаатар хууль бусаар олж авсан тамгыг хууль бусаар бариад түүнийгээ хүн гүжирдсэн зохиол дээрээ дараад байх нь тэр хүнд жудаг чанар гэж юу ч байхгүй л харуулж байна

-Тэр уриалгад “хууль бус бүлэглэл”, “тойрон хүрээлэгч”, “залгамжлагч”, “эдийн засгийн сонирхол бүхий этгээдүүд”, “допинг, цолны найраагаар хөлждөг бүлэглэл” гэх мэтийн үг харагдсан. Бас удирдах байгууллагын сонгуулийг нээлттэй, ил тод, шударга болгох Бөхийн өргөөгийн орлогыг олон нийтэд ил тод, нээлттэй болгоно гэсэн шүү дээ. МҮБХ-ны удирдлагын үйл ажиллагаа нууц далд байсан юм уу?

Д.М: -Төр шилэн данс гэж ярихаас 10-аад жилийн өмнөөс бүх юмаа шилэн болгосон юм. Хэдэн мянган үзэгчид, нийт бөхчүүддээ олж байгаа орлого, зарж байгаа зарлагаа хэвлээд тараадаг, жил жилийн төсвөө тэргүүлэгчдээрээ батлуулдаг, сар бүрийн тэргүүлэгчдийн хурал дээр орлого, зарлагаа тайлагнадаг, улирал бүр татварын албанд тайлан балансаа тушаадаг, хөндлөнгийн аудитаар санхүүгээ шалгуулдаг, ийм л байгууллага шүү дээ. Энэ бүгдийг дотор нь 10 гаруй жил байсан Ү.Хүрэлбаатар мэдэж байгаа л даа. Тэр 10 гаруй жилдээ бидэнтэйгээ хамт одоо очиж нийлчихээд байгаа улсынхаа эсрэг тэмцээд л байсан хүн дээ. Худлаа л дүр үзүүлж байсанд нь бид итгээд байсан юм болов уу?

Монголын хянадаг, шалгадаг бүх байгууллага, бүр эдийн засгийн цагдаа хүртэл шалгасан юм. Бөхийн өргөө барих гээд өдөр шөнөгүй гүйж байхад шалгах гээд ажлыг нь саатуулах түвэгтэй байсан шүү. Гэвч шалгаж үзээд ямар ч зөрчилгүй байгааг нь тухай бүр хэвлэлээр олон нийтэд мэдээлж өгдөг нь чухал болсон. Тийм байхад л шалгалтыг аргалчихдаг улс гээд л гүжирдэнэ шүү дээ. Нэгийг аргалдаг юм гэхэд тав зургаан байгууллагын дахин давтсан 10 гаруй удаагийн шалгалтыг яаж бүгдийг нь аргалах вэ, шалгалтыг аргална гэж ер нь юу гэсэн үг вэ?

-Р.нямдорж тэргүүнийг хууль бусаар олон жил МҮБХ-г удирдсан гэх хүмүүс олон байдаг?

Д.М: Р.Нямдоржийг хууль бусаар МҮБХ-г 16 жил удирдсан гээд байдаг юм. Гэтэл үнэн нь ТББ-ын тухай хуульд “Шинээр сонгогдсон гүйцэтгэх удирдлага ажлаа хүлээж автал хуучин хүн нь ажлаа хийнэ” гээд заачихсан байдаг юм. Энэ 16 жилд хаанаас ч, ямар ч гүйцэтгэх удирдлага сонгогдоогүй болохоор энэ ажлыг чинь хаяад явчихаж болохгүй биз дээ. Тэгэхээр Р.Нямдорж 1998 онд III Их Эеэс сонгогдсон хууль ёсны тэргүүн хэвээрээ байж, ажлаа хууль ёсоор хийсэн хүн шүү.

Г.П: – Сонгуулийн тухайд манайх шиг ил тод, шударга байгууллага ч байхгүй л болов уу. Хэд хэдэн удаагийн Их Эеэр Р.Нямдоржийг бөхчүүд өөрснөө нэрийг нь дэвшүүлж, өөрсдөө сонгосоор ирсэн болохоос тэр хүн өөрийгөө дэвшүүлээд, дарангуйлаад сонгогдоод байсан юм биш. Бөхчүүд бид чинь бас ч хэрийн нэг хүнд дарангуйлуулаад суух улс биш шүү. Бид Их сургуулийн багш, эрдэм номынхоо ажлыг орхиод бидний төлөө зүтгэсэн ийм хүмүүсийг хүндэлж, хайрлаж, ийм хүмүүсээр удирдуулсандаа баярлаж явах ёстой юм. Баянаа аварга энэ талаар харин сайхан үнэн үг хэлж байна лээ.

-Бөхийн өргөө их хохирол амсаж байгаа байх. Тог дулааны мөнгө нь урсаж л байгаа байлгүй дээ?

Г.П: – Би холбооныхоо залуусаас зориуд тодрууллаа. Хавраас хойш улсын цолтой бөхийн хуваарьт барилдаан 15 удаа, нэмэлтээр орж ирэх барилдаан дөрвөөс таван удаа тасарсан байна. Энэ хэрээр бөхчүүд, үзэгчид, бөхийн өргөө хохирсон байна аа даа. Багцаагаар бодоход 50-60 удаагийн урлагийн тоглолтоо бид бас алджээ. Энэ чинь олон уран бүтээлч орлогоо алдсан гэсэн үг шүү дээ.

-Хоёр аваргын байгуулсан түр зөвлөлийн санамж бичигт шүүхийн шийдвэр аль ч талд, яаж ч гарснаас үл хамааран шинээр Их Эеэ хуралдуулж шинэ тэргүүн сонгоно гэж байсан. Энэ зөв үү?

Д.М: – Б.Бат-Эрдэнэ аварга аль тавдугаар сард “Дахин хурал хийвэл Бат-Эрдэнэ ч дэвшихгүй, би ч дэвшихгүй байя” гэсэн Л.Чинбатын саналыг хүлээж авсан юм байна лээ. Нэг шийдсэн шийдэл, тохирсон тохирооноосоо аварга буцахгүй хүн л дээ.

-Дэлгэрэнгүй, сонирхолтой ярилцлага өгсөн та хоёртоо баярлалаа.

Д.М: – Баярлалаа. Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар, Билгүүн нийт бөхчүүдийн эрх ашгийг өөрсдийнхөө эрх ашгийн дээр тавихыг хүсье. Тэгвэл уг нь Монгол даяараа л баярлана даа.

Г.П: – Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар, Билгүүн гэх хувь хүмүүсийн бус, Монголын бөхчүүдийн эрх ашгийг хангасан шударга зөв шийдвэр гаргана гэж найдаж байгаагаа дахин хэлье дээ.


Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан До.Ганхуяг: 17 настай хүү Хадаа аваргыг хаячихаад гүйж явлаа

Монгол Улсын арслан Доржпаламын Ганхуягтай ярилцлаа.


-Ганхуяг арслан хаана өссөн билээ?

-Хан-Уул дүүрэг 19 дүгээр хорооллын таван давхар саарал байрнуудын дунд миний хүүхэд нас өнгөрсөн дөө. Миний аав Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат хүн. Иймээс энэ нутгаар овоглож зодоглодог юм. Хүүхэд байхдаа зун болгон л аавтайгаа нутаг явна. Усны тунгалаг, ургамлын сор цогцолсон сайхан газар даа.

-15,16-тай байх үеэсээ л заалны барилдаануудад том бөхчүүдийн аманд гарч зодоглож эхэлсэн үү?

-Аав бөхөд их дуртай. Би ч жаахан хүүхэд байхдаа тэнэж яваад л бөхийн барилдаан үзнэ. Засуул цэцүүд бөхийн тоо гүйцэхгүй болохоор нь цэргийн бакаль олж өмсүүлээд, бүс бүслүүлээд л аманд гаргачихна. Өсгөлүүн биетэй болохоор хэрдээ л ноцолдож байгаад унана. Бөх болох дүрээ ингэж л олсон түүхтэй. 16 хүрээд л зодог шуудаг өмсөөд бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Би чинь гурван ахтай. Гэр бүлээрээ спортод дуртай. ОРТ телевизээр гарсан бүх тэмцээнийг алгасалгүй үзнэ, бид хэд.

-Улсын цолтой ямар бөхтэй анх барилдаж байв. Бөх болох сэтгэл орсон нь хэдийд бол?

-Жаахан хүүхэд байсан болохоор бөх ч таньдаггүй байлаа. Том том ах нартай ноцолдож байгаад л унана. Нэрийг нь ч тогтоодоггүй байж. 1993 оны хоёрдугаар сарын 1-нд Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 100 жилийн ойн барилдааны хоёрын даваанд Д.Хадбаатар аваргыг даваад баярлаад гүйж байлаа. Аварга бид хоёр давалцалгүй хамгийн сүүлд үлдээд, аварга элэг бүсээ тайлаад яваад өгсөн. Харих тийшээгээ хандаж байсан ч 17 настай хүүд нүсэр том биетэй л санагдаж байсан нь санаанаас гардаггүй юм. Гурвын даваанд улсын манлай заан Д.Долгорсүрэнг өвдөг шороодуулж мөн ч их урам зориг авсан даа. Томчуудын барилдаанд анх удаагаа өөдтэй барилдсан минь тэр. Өмнө нь зааланд гараад Ерөнхийлөгчийн бөх улсын начин Ж.Чулуун ахад мөн ч олон унаж байлаа.

-Та бөхийн удамтай бил үү?

-Бөхийн удам бий. Ээжийн талд Махбалхиа гэж даншгийн заан цолтой бөх бий. Тэрнээс хойш 1964 онд Өвөрхангай аймгийн наадамд түрүүлсэн Аюушжав гэж бөх байдаг.

-19-тэй жаахан хүүхэд Өвөрхангайн наадамд түрүүлж байснаа эргээд дурсвал?

-Аавыгаа дагаад наадамд явж барилддаг байлаа. Харин 1995 онд арслан болдог жил аавын ажил амждаггүй ганцаараа Өвөрхангайн наадмыг зорьсон доо. Аав минь “Миний хүү аймгийн начин болоод ирээрэй гээд л үнсээд үлдсэн”. Олон дэвжээ үзээгүй жаахан хүүхэд цол бодож нервитэхгүй. Санасан бодсоноо хийгээд тачигнатал үзээд л түрүүлсэн. Сүүлийн даваанд Хужиртын К.Батболд гэж залууг өвдөг шороодуулсан.

-Аймгийн цолтой удаан барилдалгүй улсын цолны босгоор алхсан санагдаж байна?

-Аймгийн арслан цолтой таван жил барилдаад л улсын цол хүртсэн дээ. Арслан болчихоод заал танхимын барилдаан бараг л алгасдаггүй байлаа.

-2001 оны наадмын талаар ярилцъя л даа. Та тавын даваанд багын найз А.Эрхэмбаярыгаа амласан. Хамт бэлтгэл базаадаг нутгийн залуу Б.Сайнбаяр мөн л дөрөв давчихаад цолны даваанд гарах гээд хүлээж байсан шүү дээ. Сонголт хийхэд хүнд байсан уу?

-Би Завханы Ш.Уламбаяр, Сэлэнгийн Ш.Зоригт, Хэнтийн Б.Одхүү, Өвөрхангайн Б.Сайнбаяр, Увсын А.Эрхэмбаяр нараас ам авсан. Багын найз Авирмэдийн Эрхэмбаярыг амласан л даа. 16 настайгаасаа л нөхөрлөж хамт бэлтгэлээ хийж бөхийн хатуу бартаатай замаар цуг алхсан. Би олгойны хагалгаа хийлгээд гурван сар амраад ирэхэд нэг шар залуу “Хөдөлмөр” нийгэмлэгийн залуучуудыг захаас нь авахуулаад бүгдийг нь сэгсрээд байна шүү. Багшаас асуусан чинь “Увсаас ирсэн Эрхэмбаяр гэж хүүхэд сайн бөх болно л гэж байна”. Ингэж найзтайгаа танилцсан түүхтэй.

-Тэр жил өөрөө барилдсан бол цол ахих боломж байсан уу?

-Зургаа бол давчих байсан. Зургаагийн давааны төгсгөлд М.Баяржавхлан, Г.Батбаяр, Б.Батбаяр нар үлдсэн шүү дээ. Нэгийг нь амлаад барилдахад хаях магадлал өндөр.

-Та МУБИС-ийн дасгалжуулагчийн ангийг дүүргэсэн бил үү. Олимп дэлхийн медальтай мундаг дасгалжуулагч нараар бөхийн эрдэм заалгасан байх?

-Миний оюутан болдог жил МУБИС-д үндэсний бөхийн дасгалжуулагчийн ангийг шинээр нээж байлаа. Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлсэн хүүхдүүдийг шалгаруулж авч байсан. Үндэсний бөхийг Ардын багш Д.Сэрээтэр, Жамцын Даваажав нар заана. Жүдогийн хичээлийг олимпийн мөнгөн медальт Цэндийн Дамдин, чөлөөт бөхийн хичээлийг гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар заана. Олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс медаль хүртсэн шилдэг багш нарын гараас сайн шавь нар төрсөн шүү. Их ачаалалтай бэлтгэлийн үр шим нь юм даа.

-Өдөрт гурав, дөрвөн удаагийн бэлтгэл хийдэг байсан гэнэ лээ. Өнөөдрийнх шиг нэмэлт тэжээл хомс үед их ачааллыг яаж дааж байсан юм бол?

-Спортод их сонирхолтой байсан болохоор спортын төрөл бүрээр л оролдоно. МУБИС-д ороход Б.Дамба багшаас сагсны багт тоглох урилга авч байсан. Өдөрт гурваас дөрвөн спортын бэлтгэл хийнэ. Өглөө хөлбөмбөгийн хичээл орно. Шигшээ багийн тамирчдын хийдэг ачаалалтай бэлтгэлийг бүтэн цаг амралгүй хийнэ шүү дээ. Залгуулаад онолын хичээлд сууна. Спортын ур чадвар дээшлүүлэх цагтай. Чөлөөт бөх юм уу, үндэсний бөхийн бэлтгэл хийнэ. Шууд сагсны бэлтгэлээ хийнэ , үгүй бол лигийн тоглолтондоо ордог. Оюутан цагийн нэг өдөр ингэж л өнгөрдөг байлаа. Тэр үед нэмэлт тэжээл уураг хэрэглэж үзээгүй. Миний хувьд хөдөөний оюутнуудыг бодвол гэртээ байсан учраас өлсөж үзээгүй.

-Улсын наадмын зургаагийн даваанд их олон унасан. Шантрах үе гарч байв уу?

-Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Азжаргал гээд улсын наадамд түрүүлсэн аварга арслангуудад өвдөг шороодчихоод байсан. Заал танхимын барилдаануудад гайгүй сайн барилдчихаад наадмаар л нэг болж өгдөггүй. Хэд хэд өвдөг шороодоод ирэхээр их неревтдэг юм билээ. Сүүлд тав даваад туг тойрч байхад тайлбарлагч “тав дахь удаагаа тав давлаа” гээд л зарлахыг нь сонсоод юм юм бодогдсон шүү. “Арай ч дээ энэ жил үзнэ дээ” гэж дотоод хүндээ хэлсэн. Тэгж л өөрийгөө ирлэсэн.

-Бат-Эрдэнэ аваргад халтирч уначихаад мөн ч их харамсаж байгаа харагдсан?

-Тэр жил бэлтгэл гайгүй сайн байсан. Зургаагийн давааны өмнө хүйтэн бороо ороод би сэргэчихгүй юу. Хамаагүй огцом хөдлөөд дор нь орчихсон. Туршлага нимгэн нөхөр сэргэчихээд зүлэгний халтигааг тооцоолоогүй гараад буруудчихгүй юу.

-Зурагтаар шагнуулж байсан барилдааныхаа тухай ярихгүй юу?

-1996 онд юм даа. Оюутны дадлагад гарчихсан байсан юм. Чөлөө авч Монгол телевизийн ойн барилдаанд Д.Мөнх-Эрдэнэ арсланд унаж үзүүрлэж байлаа. Сүхбат аваргыг хөлд ороход нь давхар ачиж хаяад 21 инчийн өнгөт телевизээр шагнуулсан ханагар амьтан гэртээ харьж байсан шүү.

-Зургаан залуу заантай нэг үед өрсөлдөж байсан шүү дээ. Тэдний дундаас тодорно гэдэг амаргүй биз?

-Зургаан заантай эн тэнцүүхэн сайхан өрсөлдөж байсан шүү. Бие биенээ хурцлаад л. Г.Өсөхбаяртай нь наадмын түрүү ч булаацалдаж л байлаа. Дан ганц үндэсний бөхөөр ч биш, чөлөөтийн дэвжээнд өрсөлдөж байсан удаатай.

-2008 оны түрүүлдэг наадмынхаа талаар хуучлахгүй юу. Зургаа, долоогийн даваанд залуухан бөхчүүдтэй барилдсан шүү дээ?

-Заан цолны даваанд Ө.Даваабаатартай барилдсан. Наадмын өмнөхөн сорилго барилдаанд хавируулаад уначихсан байсан л даа. Хөдөлгөөнийг нь хүлээж байгаад л дараад авсан. Дараа нь Б.Соронзонболдтой заан цолны төлөө барилдсан. Өмнө нь түүнд мөн л өвдөг шороодож байлаа. Дархан хутгааг нь хүлээж байгаад л мушгичихсан. Тэр жил бэлтгэл ханасан, сэтгэл зүй тогтвортой, янз бүрийн юм бодоод байхгүй, тайван байсан даа. Гарах болгондоо багш нартайгаа зөвлөж хэнтэй ямар барилдаан хийхээ сайн тооцоолсон.

-Нямдоржийн Ганбаатар гарьдтай барилдахад таны засуулаар Д.Цогзол засуул ажилласан бил үү. Чухал барилдааны өмнө засуулын нөмөр нөөлөг хэрэгтэй биз?

-Байлгүй яах вэ. Цогзол гуай шиг олон жил ажилласан туршлагатай хүн бөхөө гарч ирж байхад нь шинждэг юм билээ. Тэр үедээ залуу байсан, наадмын үзүүрт үлдчихсэн шуугиад л гараад ирж байгаа юм чинь. Зөвлөгөөгөөр нь барилдаад л түрүүлсэн дээ. Олон жилийн хөлс хөдөлмөр шингэсэн болхоор ч тэр үү сэтгэл их хөдөлсөн.

-Дараа жил нь аварга цолны төлөө Г.Өсөхбаяртай хүч үзсэн. Аргалчихсан бол аварга болох байсан?

-Тэр жил бэлтгэл аятайхан байлаа. Би давбал аварга, Г.Өсөхбаяр давбал тухайн үеийн дүрмээр даян аварга цол хүртэх хариуцлагатай ач холбогдолтой барилдаан байсан. Би эхний барьц сонгоог нь тавиулчихаад “ингээд аргалчихлаа” гэж тайвширсан тал байгаа. Эргээд бодоход арай түргэдчихсэн юм болов уу гэж дүгнэдэг юм.

-Жүдо, самбо, чөлөөт, сумо гээд олон спортоор олон улсын дэвжээнд амжилт үзүүлж байсныг тань мэдэх юм. Дэлхийн дэвжээнд хэдэн оноос зодоглож эхлэв?

-Би чөлөөт бөхийн бэлтгэлээ Хангайн Намшир багшийн удирдлагад хийдэг байлаа. Үр дүнд нь 1996 онд оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн анхны томоохон амжилт юм даа. Өмнө нь Улаан-Үд, Красноярскийн тэмцээнүүдэд оролцоод медаль зүүгээд явж байсан. Сүүлд жүдо руу орсон. Манай үндэсний бөх чинь аль алинтай нь төстэй спорт юм даа. Үндэсний бөхөөр барилдаж байсан учраас аль алинаар хичээллэхэд дөхөм байсан л даа.

-2009 оны жүдогийн дэлхийн аваргаас медаль зүүчих боломж байсан гэж үзэх хүмүүс олон байдаг юм билээ. Тэр дэлхийн аваргын талаар ярихгүй юу?

-Тэр жил жүдогийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэж дэлхийн аваргад оролцох эрхээ авч байлаа. Очоод аварга болно гэж тооцоолж байсан Японы бөхийг хожоод шөвгийн наймд шалгарсан. Хагас шигшээд үлдэхийн төлөө Кубийн Оскар гэж нөхөрт хожигдчихсон. Олон улсын тэмцээний туршлага аргагүй дутсан л даа. Торгуулийн тойрогт Бразилийн бөхөд ялагдаад л тэмцээнээ өндөрлүүлсэн.

-Монголын Рагбийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж хэд хэдэн тэмцээнд оролцож байсан санагдаж байна?

-Рагбийн спорт анх Монголд орж ирэхэд л сонирхоод очиж шигшээ багт нь орж байлаа. Өндөр мэдрэмж шаардана шүү дээ. Жинхэнэ эрчүүдийн шандас шалгадаг тулаан даа.

-Сүүлийн үед жудаг гэж хүмүүс ярих болж. Үүнийг та юу гэж ойлгодог вэ?

-Ёс зүйтэй, зөв хандлагатай байхыг л жудагт хамруулж ойлгож байна. Монгол өв уламжлалаа тээж үлдэж буй спорт нь эрийн гурван наадам юм даа. Цааш нь үргэлжлүүлээд түүчээлж яваа бөхчүүдийн хувьд жудагтай байх хэрэгтэй. Залуу бөхчүүд бөхийн хөгжлийн төлөө бэлтгэл сургуулилтаа чамбайруулж хийх ёстой гэж боддог юм. Дөрвөн улирлын турш бэлтгэл хийж байж л наадмаар цолоо ахиулна. Хичээл, зүтгэлтэй, жудагтай залууг бөхийн ногоон дэвжээ ивээдэг юм аа. Хүний жудаг гэдэг хувь зохиолтойгоо холбоотой байдаг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьсгалын замын цочмог халдварын улмаас орон нутагт хоёр хүүхэд энджээ


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамны хурлын танхимд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв.

Өнөөдөр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт энэ сарын эхний долоо хоногт амбулаторийн үзлэгийн 9.3 хувийг эзэлж байгаа гэнэ. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.6 хувиар бага байгаа юм. Гэсэн ч А хүрээний H1N1 вирус халдварлаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо өндөр байгаа юм байна. Одоогийн байдлаар лабораторийн шинжилгээний 40 хувийг А хүрээний H1N1 вирус эзэлж байгаа гэнэ. Энэ нь бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвдөж хүндрэх гол шалтгаан болж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 7.1 хувийг эзэлж байна. Энэ сарын 14-ний байдлаар хүүхдийн эмнэлгийн нийт 977 ор дээр 1497 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь хүүхдийн орны ачаалал 53.2 хувиар хэтрээд буйг харуулж байна. Эдгээр хүүхдүүдийн 1359 нь амьсгалын замын өвчтэй хүүхэд байгаа талаар эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд 500-700 ор нэмэлтээр шаардлагатай байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байв. Эрүүл мэндийн яамнаас хувийн эмнэлгүүдэд ханиад томуугаар өвдсөн хүүхэд хүлээж авах хүсэлтийг хүргүүлжээ. Хувийн эмнэлэгт хүүхэд хэвтсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаар дамжуулж улсаас санхүүжүүлэх чиглэл гараад явж байгаа аж. Өнөөдрийн байдлаар “Ачтан” эмнэлэг томуугаар өвдсөн хүүхдүүдийг хүлээж авч байгаа юм байна.

Бид Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаар очлоо. Нялх хүүхдээ дагуулсан эцэг эхчүүдийн хөлд эмнэлэг дарагджээ. Хаа сайгүй л ханиаж найтаалгасан, уйлагнаж нус нь гоожсон хүүхдүүд. Эмнэлгийн хүүхдийн тасгийн орны ачаалал хэтэрсэн учраас коридортоо нэмэлтээр хэд хэдэн ор гаргачихаж. Дусал залгуулсан, тарианы цагаан хөвөн гартаа наасан хүүхдүүд хэвтэж байгаа харагдлаа. Үүдэнд нь хоёр настай юм уу гэмээр хүүхэд дагуулсан эмэгтэй уцаартайгаар гарч байгаатай таарсан юм. “Охин маань өндөр халуурч, зарим тохиолдолд таталт өгч байна.

Дүүргийн эмнэлэгт хандахад ачаалал нь хэтэрчихэж. одоо хувийн эмнэлгүүдэд л хандаж эмчлүүлэхээс өөр арга алга. Хатгаа тусаад хүндэрчихвэл амь насанд нь хүртэл аюултай” гэж байлаа. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн багахан хувийг 0-1 насны хүүхдүүд эзэлж байна. 0-6 сартай хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийх хориотой байдаг учраас дархлааг нь дэмжиж л энэ төрлийн вирусээс хамгаалах боломжтой аж. нялх хүүхэд багахан даарахад л дархлаа нь суларч томуу, томуу төст өвчнөөр өвдөх магадлал өндөртэй байдаг талаар эмч нар нь ярьж байлаа. Өвчилсөн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахгүй бол хүндрэх эрсдэлтэй байдаг юм байна.

Сүхбаатар дүүргийн хүүхдийн хоёрдугаар эмнэлгээр ороход өмнөхтэй ижил зураглалтай таарлаа. Саяхан нэг давхартаа том өрөөг суллаж хүүхдийн орнуудыг байрлуулж өгчээ. Харин коридорт нь нэмэлтээр тавьсан ор харагдсангүй. Хүүхдээ сахиж буй ээж эргэлтээр ирсэн нөхөртөө “Хүү найман цагийн зайтай дусал залгуулж байна, дээрээс нь цагийн тариатай. Анх ирсэнээ санахад ханиалгах нь арай л дээрдэж байна. Гэхдээ санасанд хүртэл эдгэхгүй байна” гэж хэлж байлаа. Энэ эмэгтэй эмнэлэгт хүүхдээ сахиад долоо хонож байгаа ажээ.

Эмнэлэгт хүүхдээ сахиж буй эхчүүд үүргээ хариуцлагатай биелүүлж, хүүхдийнхээ эмийг нь цагийн хуваарийн дагуу уулгах шаардлагатай байгаа талаар эмч нар нь хэлж байлаа. сахих хугацаандаа утсаа оролдоод, нэг бол гарч тамхи татаад явчихдаг аж. Эмнэлгийн горим зөрчиж гарч яваад өөр төрлийн вирусийн халдвар тараагаад яваад байдаг гэнэ. Энэ нь ачаалалтай ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учруулдаг юм байна. Эргэлтээр ирж буй хүмүүст амны хаалт, улавч зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлага тавьдаг байна.

Томуугийн А,в хүрээний таваас зургаан төрлийн вирус өнөөдөр манайд дэгдээд байгаа. Хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь томуугийн А хүрээний Н1N1-ийн халдвар тусаад байгаа аж. Энэ нь томуугийн хүрээний бусад халдваруудаас хамгийн эрсдэлтэйд тооцогддог юм. Гол төлөв хүүхэд энэ төрлийн вирусээр өвддөг юм байна.

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ТАМИФЛЮГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Томуугаас сэргийлэх дэлхийн нийтийн сонгомол арга нь вакцин байдаг аж. Томуугийн вирус 200-гаад төрөл байдаг учраас вакцин жил бүр өөр өөр омгоор үүсдэг гэнэ. Манайх сүүлийн үед Засгийн газрын хөрөнгөөр авах вакцины тоог 120-140 мянган хүн хэрэглэх тун, Даян Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас 50-150 мянган хүн тун вакциныг авч үнэ төлбөргүй тарьдаг гэнэ. нүб-ын хүүхдийн сангаас захиалж байгаа учраас 4.5 ам.доллараар авдаг юм байна. Харин хувийн эмнэлгүүд томуугийн вакциныг төлбөртэйгөөр хийдэг гэнэ.

“Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томуугийн эсрэг тамифлю гэх эмийг санал болгож байгаа ажээ. 2009 онд H1N1 дэгдсэнээс хойш энэ бэлдмэлийг л хэрэглэнэ, өөр орлуулж хэрэглэх ямар нэгэн бэлдмэл байхгүй” гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн поликлиникийн эмч У.Цэвэгмид хэлсэн юм.

Олон улсын жишигт барааны эрэлт ихсэхэд үнэ нь буурдаг. Харин манайд тамифлю гэх бэлдмэлийн эрэлт нь ихсэхэд үнэ нь дагаад өсчихжээ. Хэд хэдэн эмийн сангаар сурагласан ч эмийн санчид “Тамифлю одоогоор тасарсан байгаа” гэсэн хариулт хэлж байлаа. Тус бэлдмэл 45 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Харин курс эмчилгээ буюу 10 ширхгийг авахад 100 мянган төгрөг болдог гэнэ. Ийм үнэ өртгөөр эм худалдаж аваад уугаад байх өрх манайд цөөхөн.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга нь дархлаагаа дэмжих гэнэ. Гол төлөв бага насны хүүхэд өвддөг тул гурван цаг тутам хооллож байх хэрэгтэй ажээ. Мөн хүүхдийг 21-22 цагийн хооронд унтуулж амраах шаардлагатай талаар эмч нар зөвлөж байна. Энэ цагт унтсан хүүхэд хангалттай амарч, маргаашийнхаа эрч хүчийг авдаг юм байна. Орой унтсан хүүхэд дархлаа нь суларч ханиад хүрэх гол хүчин зүйл болдог гэнэ.

Шинэ жилийн дараагаас томуугаар өвчилсөн иргэдийн тоо эрс нэмэгджээ. Иргэд баяраар бага насны хүүхдээ дагуулж олны хөлийн газраар явдаг, бие биенийхээрээ хэсдэгтэй холбож тайлбарлаж байв. Энэ байдлыг ажиглахад уламжлалт цагаан сарын баярын үеэр томуу, томуу төст өвчний дэгдэлт бүс нутгийн хэмжээнд бус улсын хэмжээнд дэгдэх магадлалтай талаар Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Амьсгалын замын гоц халдварт өвчний улмаас Дорнод болон Сүхбаатар аймагт бага насны хоёр хүүхэд эндсэн байна. Харин хэд хэдэн хүүхэд H1N1-ийн улмаас амь эрсэдсэн нь ташаа мэдээлэл хэмээн мэргэжлийн хүмүүс мэдэгдлээ.


Categories
мэдээ цаг-үе

Бэгзийн Ганбаатар: Амьдралд тохиолдсон бэрхшээлийг няцалгүй давж гарах тэвчээрийг спортоос олж авсан

Баруун гар талаас эхнийх нь Б.Ганбаатар. 2004 он Афины олимпийн дараа

Монголын бүстэй бөхийн холбоо, Монголын кураш бөхийн холбооны шигшээ багуудын ахлах дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан Бэгзийн Ганбаатартай ярилцлаа.


Хүй мандал гэж олон шилдэг тамирчид төрж гарсан дэвжээг та үүсгэн байгуулж багш дасгалжуулагчаар нь ажиллаж байсан гэдэг. Жүдогийн шигшээ баг тарчихсан үед байгуулсан гэж сонссон?

-Тийм. Улсын арслан П.Дагвсүрэн багшийнхаа захиасаар “Хүй мандал” клубийг байгуулж байлаа. Эдийн засаг хүнд үед үйл ажиллагаагаа эхлүүлж улсын начин Б.Одхүү, гавьяат тамирчин Ц.Дамдины хүү Сүлдбаяр тэргүүтэй хэдэн залууг цуглуулаад хамт бэлтгэл хийж байсан. Шигшээ баг тарчихсан жүдо бөх Монголд ирээдүйгүй гэж үзэж байхад, үнэн сэтгэлтэй улс бэлтгэл хийж хөлсөө урсгаж байсан шүү.

-Таны, танай дэвжээний залуусын хөлс хөдөлмөр талаар өнгөрөөгүй шүү дээ. Хүй мандал-аас олимпийн медальтан төрсөн?

-Хүний хөлс хөдөлмөрийг заавал хувь заяа нь үнэлдэг байхгүй юу. Хашбаатарын Цагаанбаатар гэж жаахан хүү Дарханаас над дээр ирж бэлтгэл хийгээд залуучуудын улсын аваргад түрүүлж байлаа. Тэр олимпийн цикльд Цагаанаа бид хоёр одтой наадаж 19-хөн насандаа Афинаас медаль зүүж монгол түмнээ баясгаж байлаа. Бэлдсэн шавь маань энэ гаригийн хамгийн том наадмаас медаль зүүгээд зогсож байхад мөн ч олон юм бодогддог юм билээ. Энэ нь Цагаанбаатар гэж аваргын амжилтын эхлэл байсан. Хожим Ротердамын татамид гялалзаж монголчуудаас дэлхийн аваргын анхны алтан медаль зүүгээд зогсож байхад нь уйлаад л сууж байлаа.

-Шавь нараас тань олон дэлхийн аварга төрсөн байх шүү. Мөнхбатын Уранцэцэг гавьяат таны гараас дэлхийн аварга болсон гэдэг?

-Самбо, Кураш барилдааны төрлөөр олон дэлхийн аварга төрсөн байдаг. Зөвхөн кураш барилдаанаар л гэхэд 31 тамирчин бэлтгэж дэлхийн аварга болгосон. Дэлхийн аваргаас 120 орчим медаль авсан юм билээ. Таван удаа багаараа түрүүлсэн. Өнөөдрийн жүдогийн одод ч надтай бэлтгэж хийж их спортын замналаа эхлүүлсэн түүхтэй. Мөнхбатын Уранцэцэг гэж 17-хон настай охин миний гараас анх дэлхийн аварга болж байлаа. Сая дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Өлзийбаярын Дүүрэнбаярыг бэлтгэж Энэтхэгт болсон Курашийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулж байлаа. Итгэлийг маань ч алдалгүй сайн барилдаж хүрэл медаль зүүж байсан даа. Энэ амжилтууд олон айлд, олон аав ээжид баяр баясгалан бэлэглэдэг болохоор би дотроо баярлаж явдаг юм. Миний амьдралын утга учир тэр юм даа.

-Шавь бэлтгэх арга барил онцлогийнхоо талаар ярихгүй юу?

-Би судалгаанд тулгуурлаж сургалтаа явуулдаг. Сайн дасгалжуулагч байхын тулд судалгаа их хийх хэрэгтэй. Орос, англи хэл дээр хэвлэгдсэн гарын авлагуудыг уншина. Багш хүн гэдэг ур чадвартай, заах арга зүй сайтай байх хэрэгтэй. Дээрээс нь туршлага чухал. Туршлагыг тэмцээн уралдаанаас л олж авна. Энэ бүгд тамирчны хичээл зүтгэлтэй хавсарч сая нэг амжилт ирнэ шүү дээ.

-Таны хувьд 2006 онд Кураш барилдаанаар дэлхийн аварга цол хүртэж байсан байх. Монголоос төрсөн анхны Дэлхийн аварга бил үү?

-Би самбо, жүдо, кураш бөхийн төрлөөр барилдаж байлаа. 2006 онд миний спортын замнал өндөрлөх тал руугаа хандаж байсан үе. Кураш барилдааныг Монголд хөгжүүлж өөрөө тамирчин дасгалжуулагчаар ажиллахаар шийдсэн юм. Шигшээ багаа бэлдэж байгаад Узбекистанд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдаад түрүүлж байсан даа. Аваргын төлөө эзэн орны Абдулаев гэж залууг ялаад ордонг чимээгүй болгож байсан. Өнөөх залуу маань хожим нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлсэн байдаг.

-2007 онд Кураш барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаа-тарт зохион байгуулагдаж байсан бил үү. Манайхан багаараа өндөр амжилт үзүүлж байсан санагдаж байна. Тэмцээний зохион байгуулалтад таны бие оролцож байсан шүү дээ?

-Анх удаа Улаанбаатарт Дэлхийн таван тивийн 48 орны 340 орчим тамирчид хуран чуулж байлаа. Тухайн үед дайн байлдаантай байсан Афганистанаас хүртэл тамирчид ирж оролцож байсан. Материаллаг бааз, заал танхимын тухайд хүндрэлтэй асуудлууд гарч байсан ч хойш суулгүй өндөр хэмжээнд зохион байгуулсан. Тамирчид маань ч өндөр амжилт үзүүлсэн. Одоо энэ гавьяат тамичрин М.Уранцэцэг чинь тус тэмцээнээс алтан медаль хүртэж энэ их амжилтын замналаа эхлүүлж байсан түүхтэй.

-Спортоос та амьдралд хэрэгтэй ямар чанарыг өөртөө суулгаж авав?

-Амьдралд тохиолдсон бэрхшээлийг няцалгүй, давж гарах тэсвэр тэвчээрийг би спортоос олж авсан. Дээрээс нь спортын хүмүүжил гэж аугаа зүйл бий. Энэ хүмүүжлээр хань ижил, үр хүүхдээ хайрлаж халамжилж өсгөсөн. Монгол хүүхэд болгоныг барилдаасай гэж хүсдэг юм. Спортоос өөрийгөө ялах чадварыг олж авах болно. Өөрийгөө ялж чадсан хүн хэр баргийн бэрхшээлийг даваад гарах хатуужилтай болдог. Миний хамгийн том өрсөлдөгч миний дотоод хүн.

-Кураш, Казах кураш зэрэг бүстэй барилдааны үүсэл хөгжлийн талаар ярихгүй юу?

-Дэлхийд ардчилал бий болсноос хойш хүн болгоны үндэсний үзэл сэргэж өөр өөрийн үндэстнээ сурталчлах, үндэстний орон зайг бий болгох зорилгоор барилдаанууд нь сэргэж ирсэн. 1997 оны есдүгээр сарын 2-нд Ташкентад болсон анхны уулзалтаар Кураш бөхийн дэлхийн нэгдсэн холбоог байгуулсан. Манайх анх удаагаа ажиглагчаар оролцож байлаа. Удалгүй бусад орнууд өөр өөрсдийнхөө бөхийг хөгжүүлж эхэлсэн л дээ. Дэлхийн нийтэд 216 төрлийн бүстэй барилдаан байдаг юм байна. Хүний нийгэм үүссэнээс хойш буюу чулуун зэвсгийн үеэс энэ бүхний суурь тавигдсан гэж үздэг. Газар нутгийн байршлаас шалтгаалаад үндэстэн болгонд өөр өөрийн барилдаан байсан гэж үздэг юм билээ.

-Сүүлийн үед бүстэй барилдааны үүслийг манайхтай холбож ярих болсон. Та ч судалгааны ажилдаа энэ талаар дурдсан байсан шүү дээ?

-Дээр дурдсан кураш ба киргиз кураш, казах кураш бөхийн үндэс нь Чингисийн үеийн байлдааны бие хамгаалах урлаг байсан талаар би судалгааны ажилдаа дурдсан. Ингээд үзэхэд энэ олон үндэстний барилдааны үндэс нь манай үндэсний бөхтэй холбогдож байна. Мөн хамгийн анхны олимпийг 1896 онд Афинд зохион байгуулсан гэж үздэг. Түүхийн хуудсыг эргүүлэхэд Чингис Хархоринд бөх барилдуулж, морь уралдуулж, сур харваж байсан. Энэ том тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шахуу хүчтэй бяртай эрс цуглаж байсан талаар түүхэнд бичигдэж үлдсэн байдаг. Энэ нь олон улсын олимпийн наадмийн эх үүсвэр нь байсан гэж үзэж болно. Түүхээ судлаад үзэхэд бид олон зүйлийн анхдагч байдаг. Өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулагдсан нүүдэлчдийн их наадамд 10 үндэстний барилдаанууд болоход манайх дөрвөн төрөлд нь алтан медаль хүртсэн. Манайхаас үүсэлтэйг баталж буй нэг хэлбэр шүү дээ. Бүх үндсэн барилдаануудын суурь, үндсэн хөдөлгөөн нь манай үндэсний бөхтэй их ойрхон байсан. Бид өөрсдөө хуучин техник дээрээ жүдо, самбынхыг холиод өгөхөд дэлхийд шинэ сургалт гаргаж ирэх боломжтой.

-Бүстэй барилдааныг дэлхийн бөхийн нэгдсэн холбоо албан ёсоор бүртгэж авсан уу. Олимпийн хөтөлбөрт багтах боломж хэр байдаг вэ?

-2018 оны есдүгээр сард Унгарын Будапешт хотод болсон дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хурлаас бүстэй барилдааны бөхийн нэгдсэн холбоог нэгдсэн бөхийн холбооны албан ёсны гишүүнчлэлтэй болгосон. Гишүүнчлэлтэй болсноос хойших бүстэй барилдааны дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн 2019 оны есдүгээр сард Улаанбаатарт зохион байгуулагдахаар болсон. Удахгүй бүстэй барилдаан олимпийн хөтөлбөрт багтах боломжтой. Хэрэв багтвал Монголоос хэд хэ-дэн олимпийн аварга төрөх боломжтой. Энэ дээр улсаас дэмжиж зөв бодлого боловсруулж, сургалтын арга барилаа шинэчилж гаргаж хөгжүүлбэл аваргууд хэд хэдээрэй төрөх боломж бий. Бүстэй барилдаанууд ирэх Азийн олимпийн хөтөлбөрт 15 жингийн ангиллаар багтсан байгаа.

-Монголын спортын хөгжлийн ирээдүйг та өнөөдөр яаж харж байна?

-Гэрэлтэйгээр төсөөлж байгаа шүү. Монголд анх удаа Азийн хүүхдийн спор-тын наадмыг 2020 онд зохион байгуулахаар болсон юм билээ. Урд хойд хоёр хөрш маань өвөл зуны олимпийн наадмыг ээлжилж зохион байгуулаад байдаг. Бид нар үзээд л байдаг. Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр бид том спортын баазтай болж байна. Монгол Улс томоохон тэмцээн хүлээж авахад бэлэн болж байна.Нисэхэд барьж буй спортын ордны барилгын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай явж байгаа. Азийн хүүхдийн спортын наадам зохион байгуулснаар өсвөр насны хүүхдүүдийг спортод татах ач холбогдолтой. Спортоор хичээллэсэн хүүхэд зөв иргэн болж төлөвшинө. Зөв иргэн болж төлөвшинө гэдэг улс орны хөгжилд оруулж буй том хувь нэмэр шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Монголын Хүүхдийн ордны багш С.Ганчимэг: “Нарны хаан хүүхдүүд” дууны хоорыг би тавьсан

Монголын хүүхдийн ордны багш, гавьяат багш С.Ганчимэгтэй ярилцлаа.


-Шинэ оны босгон дээр гавьяат багш цол хүртсэнд тань баяр хүргэе. Урлагийн салбарт хэдэн жил хөдөлмөрлөж энэхүү цолыг хүртсэн бол?

-Монголын урлагийн салбарт 30 жил хөдөлмөрлөсөн гавьяаг минь төр засаг үнэлж гавьяат багш цол хүртээлээ. 1991 онд жаахан охин сургуулиа төгсөөд Монголын Хүүхдийн одонд багшаар ажилд орж байлаа. Анх ажилд ороод л бэлтгэж байсан шавь нар маань өнөөдөр мундаг дуучид болсон байна.

-Гавьяат болсон мэдээгээ хэдийд сонсов. Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд сэтгэл их хөдөлсөн байх?

-Өнгөрсөн сарын 28-нд ажил дээрээ сууж байхад Тамгын газраас над руу утасдаж мэдэгдсэн. Гавьяат багш гэдэг эрхэм хүндтэй шагнал учраас итгэж өгөөгүй шүү. Тэгээд хурдхан шиг хувцсаа бэлтгээд л Төрийн ордон орсон. Надтай хамт ажилладаг Энхтуяа гэж эмэгтэй мөн гавьяат багш цолоор шагнуулсан. Нэг байгууллагаас хоёр гавьяат төрнө гэдэг бахархалтай хэрэг шүү. Энэ онд Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн баяр тохиож байгаа. Энэхүү шагналтай хамт ажлын минь хамт олны хичээл зүтгэл яригдах болно. Цэнгэлмаа гэж дайчин бүсгүй энэ байгууллагыг удирдаж өдий зэрэгтэй авч явж байгаа.

-Таныг олон түмэн “Монголын хүүхдийн ордон”-ны Ганчимэг нэрээр мэднэ. Энэ их айлын босгоор хэрхэн алхаж байв?

-Жаахан охин сургуулиа төгсөөд Монголын хүүхдийн ордонд ирэхэд тухайн үеийн захирал Ганбат, Түвшинтөгс нар шалгаж найрал дууны багшаар ажилд авч байлаа. Ажилд орсон хойноо дуулаачийн дугуйлан нээж өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллуулж байна.

-Монголын рок поп, эстрадын олон одод таны дугуйлангаар дамжиж урлагт хөл тавьсан байдаг?

-Ууган шавь нарын маань нэг Энхээгийн Оюумаа миний өмнөх өдөр “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Шавийгаа өндөр шагнал хүртэхэд дотроо баярлаж л байлаа. Эд нар минь миний бахархал минь юм даа. “Люмино” хамтлагийн дуучин Баажий, “Мөнхийн реп”-ийн Лхагваа, дуучин Н.Мөнгөншагай зэрэг одоогийн мундаг уран бүтээлчид миний анхны шавь нар. “Номин талст”-ын Хаянхярваа, Мөнхбаяр, П.Жимсээ, Ганзориг, Э.Болор-Уянга, Хулан, Эгшиглэн, А.Хишигдалай, Номинжин гэх мэт олон дуучид дугуйланд минь суралцаж урлагт хөл тавьсан байдаг. Нийтийн дуу, эстрад, хип хоп гээд урлагийн төрөл бүрийн салбарт шавь нар маань олонд хүндлэгдэж уран бүтээлээ туурвиад явж байгаа. Дан ганц урлагийн салбарт биш, тус тусын бизнесээ эрхлээд амжилттай явж буй шавь нар олон байдаг. Эд маань миний гараас гараад явчихсан ч өдөр бүр холбоотой байж ажилд минь тус дэм болдог юм.

-Хүүхэдтэй ажиллахын гоё сайхан юунд байдаг бол?

-Хүүхэд гэдэг цайлган цагаан сайхан энергитэй байдаг. Хүүхдүүдээ хараад л ажиллах эрч хүчээ авдаг. Эднийхээ дунд ороод явж байхад ядрахаа ч мартчихдаг юм. Хаана ч явсан Хүүхдийн ордон руугаа яарна шүү дээ.

-Хүүхэдтэй ажиллана гэдэг өөрөө өндөр хариуцлага дагуулдаг байх. Дуулах өнгийг нь зөв олж өгөхөөс авахуулаад ажил их биз?

-Тийм шүү. Сайн дуучин болох суурийг нь тавьж өгдөг учраас миний мэргэжил хариуцлагатай. Өнгөгүй хоолойтой хүүхдийг дуучин болгоно гээд л эцэг эхчүүд хөтлөөд ороод ирнэ. Манайхан “Гэр бүлээрээ солгой хоолойтой яах вэ” гэдэг юм. Солгой хоолойтой хүүхэд гэж байхгүй, сонсгол нь хөгжөөгүй байгаа гээд л бэлдээд хоолойг нь засах ажилдаа орно. Эцэг эхчүүд авьяастай хүүхдэдээ чихэвчний хөгжим сонсгоод хоолойг нь эвдээд байгаа тал ажиглагддаг. Хүүхэд өөрийгөө сонсож дуулах хэрэгтэй. Мөн хүүхдэд насанд нь тохирсон дуу сонсгож сургах нь чухал. Янз бүрийн сэдэвтэй дуу сонсгоод хүүхдийн сэтгэхүйг эвдээд байна. Зөв хүн болж төлөвшихөд ч энэ чухал нөлөөтэй.

-Таны заах арга барилын онцлог?

-Хүүхдийг ноттой холбож хөгжмийг ойлгуулдаг. Ажиллах хугацаандаа олон хоолойн дасгалыг зохиосон. Янз бүрийн л хоолойтой хүүхэд дуучин болно гээд ирдэг. Жишээ нь, ямар ч өнгөгүй Т.Алунгоо гэж хүүхдийг ээж аав нь хөтлөөд дуучин болгоно гээд ирж байлаа. Өнөөх өнгөгүй, хүчтэй хоолтой охин маань өнөөдөр БНСУ-д дуулаачийн мэргэжлээр суралцаад явж байна. Өдөр бүр шахуу л надтай утсаар ярьдаг юм. Өнгөгүй байсан хоолойг засна гэдэг хүнд л дээ. Бид төгөлдөр хуур, гитар гэх хөгжмүүдийг түлхүүрээр хөглөдөг. Харин амьд бие махбодыг хоолойн дасгалаар засахад багшаас хичээл зүтгэл, хүүхдээс ухаан шаардана. Өнөөдөр мундаг дуучин болоод буй Т.Алунгоо гэж охиныг миний бүтээл гэж ойлгодог юм. Хүүхдийн авьяасыг нээж цааш нь хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоо чухал үр нөлөөтэй.

-Гараас гарч буй шавь нартаа юу захидаг вэ?

-Нийгэмд гараад чанартай уран бүтээл хий. Үүний тулд хөдөлмөрлө гэж захидаг. Хөдөлмөрлөж байж л уран бүтээлээ олонд хүргэнэ. Өөрийнхөө биеийг зовоо гэж хэлдэг юм.

-Та хөгжмийн зохиолч хүн. Яруу найрагчийн тухайд онгод орохоор шүлэг тэрлэнэ гэж ярьдаг. Хөгжмийн зохиолчийн тухайд?

-Эхлээд шүлгээ сайн уншиж ойлгоно. Дараа нь аяа хийдэг. Хааяа ажил дээрээ хүүхдүүдтэйгээ сууж байхад үггүй, нүцгэн ая гэнэт ороод ирэх үе бий. Онгод минь Ордон дээрээ л орно шүү дээ.

-Таны зохиосон дуу 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд дуулагдсан гэдэг билүү?

-Тийм. Тэр үеэр улсын баярын тоглолт давхцаад завгүй байсан учраас очиж үзэж чадаагүй. “Таван тансаг” хамтлагийн хүүхдүүд дуулсан юм.

-Шинэ жилээр та завгүй байдаг байх. Олон баярын арга хэмжээнд Монголын Хүүхдийн ордны сурагчид очоод дуулж байдаг шүү дээ?

-Жил бүр л харшийн сүлд модны наадам болдог. Оролцох хүүхдүүдийн найрал, гоцлол дууг би бэлтгэнэ. Зөвхөн наадамд зориулж жил бүр шахуу дуу зохионо. Төрийн өндөрлөгүүд ирж үздэг учраас хариуцлагатай хандана шүү дээ.

-Монголын Хүүхдийн ордны багш нар өсвөр насныханд ухаарал хайрлахаар хэд хэдэн жүжиг хийсэн байдаг. Энэ талаараа ярихгүй юу?

-Ордны Драмын дугуйлангийн багш Д.Саранхүү бид хоёр хамтраад “Амьдрал аварсан хайр” гэж жүжиг хийж байлаа. Би хөгжмийг нь бичсэн юм. Хүүхдүүд гэрээсээ зугтаж, гадуур амьдрах нь ихэсч байсан үед хийгдсэн энэхүү жүжгийг нь үзсэн хүүхдүүдэд ухаарал өгөхөөр сайн уран бүтээл болж чадсан гэж ойлгодог юм. Жүжгийн дууг нь Хаянаа дуулсан шүү дээ. Д.Саранхүү бид хоёр уран бүтээлийн ганзага их нийлнэ. Анх МҮОНТ-ийн хүүхдийн “Цоглог” хөтөлбөрийн “Та нар бидэнтэй” хэмээх дууг хийсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн байх шүү.

-Багшийнхаа талаар ярихгүй юу?

-Би хүүхдүүдийнхээ төлөө чин сэтгэлээ зориулдаг Балдандорж гэж багшийн шавь. Өдий зэрэгтэй явааг минь багш дээрээс хараад баярладаг болов уу гэж боддог юм.

-Таныг цомгоо гаргах гэж байгаа гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?

-Хүүхдүүддээ зориулж бага, дунд, ахлах гэсэн ангиллаар цомгоо хэвлүүлэхээр зэхэж байгаа. Анх “Шидэт цэцэг” нэртэй 17 дуу бүхий цомгоо 2003 онд гаргаж байлаа. Тухайн үеийн нийгэм хүүхдийн дуугаар цангачихсан, хүүхдийн дуу бараг байхгүй байсан учраас эрэлттэй байсан. “Таван хуруу” хамтлагийн ”Миний эх орон”, “Флаш” хамтлагийн ”Хүүгийн бодол” зэрэг дуунуудаа яг тэр үед зохиож байлаа шүү дээ.

-Тэр жил бие даасан тоглолтоо хийж байсан бил үү?

-Анхны цомгоо гаргасан жилээ “Миний хөгжмийн ертөнц” нэртэй тоглолтоо “UB Place”-д хийж байсан. Б.Сарантуяа, Т.Ариунаа гээд урлагийн одод бүгд ирж дуулсан. “Нарны хаан хүүхдүүд”-ийн хоорыг би тавьж байсан.


Categories
мэдээ цаг-үе

О.Самбуудорж: Гадаад хэл сурах чиг хандлагын араас хэт хошуурах нь үндэсний соёл дархлааг алдагдуулах аюултай

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор, профессор О.Самбуудоржтой ярилцлаа. Тэрбээр шинэ оны босгон дээр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсан юм.


-Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсанд баяр хүргэе?

-Хийж бүтээсэн ажлаа төр засгаараа үнэлүүлж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсандаа сэтгэл өндөр байна. Шинжлэх ухааны байгууллагад 30 орчим жил тасралтгүй ажилласан минь энэ өндөрлөгт хүргэлээ.

-Ажил мэргэжлийнхээ онцлогийн талаар ярихгүй юу?

-Шинжлэх ухааны суурь судалгаа голлон хийдэг л дээ. Шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлж улс орны хөгжилд хувь нэмэр оруулах үүрэгтэй. Мөн олон нийтийг шинжлэх ухаанч мэдлэг боловсролд суралцахад анхаарч ажилладаг. Миний олон жилийн хөдөлмөр энэ үүрэг, зорилгод чиглэж ирсэн гэж ойлгож болно. Сүүлийн гурван жилийн хугацаанд монгол хэл болон монгол хэлтэй хэв шинж ойролцоо буюу Алтайн овгийн хэлний үгийн утга хувьсалтын тухай судалгаа хийлээ. Энэ ажил маань их үр дүнтэй явж байгаа. Үүнд тухайн хэлний юм ба юмсын шинжийг нэрлэсэн үгсийн мэдлэгийн асуудал гэсэн бүлгийг голлож хийсэн юм. Мөн 2018 онд багийнхантайгаа хамтарч Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг бэлтгэж нийтийн хүртээл болголоо. Нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд үүнийг бүтээсэн дээ. Монголын утга зохиолын хэлийг боловсронгуй болгох, нийтийн хэлний боловсролыг дээшлүүлэхэд томоохон дэвшил амжилт болсон гэж ойлгож болно.

-Сүүлийн үеийн судалгаануудын дүнгээс харахад монгол хэлэнд ямар өөрчлөлтүүд гарч байна?

-Хэл хүнд нэг их ажиглагдалгүйгээр хувьсаж өөрчлөгдөж байдаг. Гэхдээ өв соёл, уламжлал дархлаагаа алдалгүйгээр тэр шүү дээ. Нийгмийн хөгжил шинжлэх ухаан технологийн хувьсал шинэчлэлийн үед хэлний өөрчлөлт идэвхтэй явагдах тохиолдол бий. Сүүлийн үед гол гарч буй өөрчлөлт нь монгол хэлний үгийн сангийн хувьсал өөрчлөлт гэж ойлгож болно. Орос юм уу англи хэлнээс шинэ үг монгол хэлэнд нэвтэрч орж буй нэг үзэгдэл байна. Мөн монгол хэлний үгийн сан өөрийнхөө үгийн бүтцийн байгуулал, үгийн сангийн тогтолцоогоор хувьсан өөрчлөгдөж баяжих үйл явц идэвхтэй байна.

-Улаанбаатарт олон улсын бага дунд сургуулиуд үйл ажиллагаа явуулах нь олширчээ. Хоёр гуравдугаар ангийн жаахан хүүхдүүдэд л англи, орос хэл заагаад байдаг. Энэ нь эх хэлэнд ямар нөлөө үзүүлдэг вэ. Таны байр суурь?

-Би өөрөө хэлний мэргэжлийн хүний хувьд ойлголт үзэл маань зарим хүмүүстэй нийлэх ч юм бий. Нийлэхгүй байх нь ч бий. Аль ч орон улс төр эдийн засгийн хөгжлөөс шалтгаалаад бусад оронтой харилцах цаг үе бий. Өөр нэг нь орчин үеийн чиг хандлагаас шалтгаалж тус улсын иргэд бусад орны хэлийг судалж суралцах нь дэлхийн нийтэд түгээмэл тархсан байдаг. Энэ хандлагыг улс үндэстэн бүхэн өөр өөрийнхөө үндэсний эрх ашиг, хөгжлийн түвшин, хүн амын тооноос шалтгаалж гадаад хэлийг дунд сургуульд ямар хэмжээнд заах нь харилцан адилгүй байдаг. Эрдэмтдийн үзэж байгаар эх хэлээ сайн судалж байж гадаад хэл бичгийг судлах хэрэгтэй гэсэн хандлага байдаг. Эх хэлээ сайн сурах хэрэгтэй. Үүний дараа харь хэл сурч улс эх орны хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Тухайн хүн эх хэлээ сайн сураад, гадаад хэл эзэмших нь өөрийн ажилд амжилт гаргахад нөлөөлнө. Гадаад хэл сайн эзэмшиж байж л олон улсад өөрийн бүтээл, судалгааны ажлаа танилцуулна шүү дээ. Өөрөөр хэлбэл хувь хүний амжилт гаргах том хүчин зүйл нь гадаад хэл гэж ойлгож болно.

-Эх хэлээ төгс эзэмшсэн хүн гадаад хэлийг сурахад хялбар байдаг гэж үзэх хүмүүс байдаг юм билээ?

-Тийм байж болно. Гэхдээ аль болох эрт гадаад хэл сурсан хүмүүс ажлын амжилт гаргаж байна шүү дээ. Эх хэл, англи хэлээ сайн эзэмшсэн хүн хариуцлагатай ажил, хувийн бизнестээ цааш ахиж байна. Гэхдээ бүгд энэ чиг хандлагын араас хошуурвал үндэсний соёл дархлаа алдагдах аюултай. Тиймээс энэ бодлогыг зөв хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Бага насны хүүхдэд монгол хэлийг хэрхэн зөв сургах вэ. Заах арга барилынхаа талаар ярихгүй юу?

-Би бүх шатны сургуульд монголд хэлийг зааж байсан. Гадаадын иргэдэд ч эх хэлээ зааж байлаа. Эх хэлээрээ ярих чадвар бидэнд дутагдалтай байна. Ярих чадвар, үндэсний соёлыг эзэмшүүлэх нь хамгийн чухал. Түүнээс гадна хэлний бүтэц байгуулалт, дүрмийг сайн сурах хэрэгтэй. Жишээ татахад бид нэгнээс юм шаардахад захирах хүсэх төлөв гэж хэлэнд тогтсон зүйл бий. Аваарай, аваач, авчихаач гэж мэт олон хэл зүйн хэлбэрээр илэрхийлж байгаа юм л даа. Гэтэл хэл зүйн олон хэлбэрүүдийг бусад хэлэнд ганц хэлбэрээр илэрхийлдэг. Энэ хооронд тухайн үндэсний соёл хэл зүйн мэдрэмж, харилцахуйн ялгаа үүнд дээр оршдог. Энэ ялгааг хүүхдүүд мэдрэх хэрэгтэй.

-Залуус харилцаандаа харь үг хэллэгийг замбараагүй ашиглах юм. Илтгэл тавьж буй хүмүүс ч гадаад үг голлон хэрэглэж байж. Ийм болоход юу нөлөөлөв?

-Эх хэлээ сайн сурч эзэмшээгүйтэй холбоотой байж болно. Мөн эх хэлээ хайрлахгүй байна л даа. Нэг хоёр гадаад үг хэл яриандаа оруулж боловсролтой, соёлын мэдрэмжтэйгээ илэрхийлэх хандлага залуусын дунд ажиглагдаад байна. Харь хэлний үг эх хэлэнд орж ирж буй нь соёлтой холбоотой.

-Монгол хэл бичигт латин үсгийн хэрэглээ нэмэгдэж байгаа. Кирилл үсэгтэй латин үсгийг холих боломж бий юу. Энэ талаар та судалгаа хийж байсан уу?

-Монголчуудын соёлд бичиг үсэг их үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг. Одоо үед латин үсэг ч томоохон үүрэг гүйцэтгэж байна. Үүнд шинжлэх ухаан технологийн хөгжил нөлөөлж байгаа. Гэхдээ кирилл үсгийг латин үсэгтэй хольж хэрэглэх нь буруу гэж ойлгож болно. Бидний хэрэглэж буй кирилл үсэгтэй зэрэгцүүлээд тусгай нэр томьёог тэмдэглэх зорилгоор хэрэглэж болно. Түүнээс биш тухайн үгээ зарим үед кириллээр, зарим үед латинаар бичээд байж болохгүй. Ер нь аливаа үсгийн хэрэглээний асуудлыг төр засгийн хэмжээнд хууль журам гаргаагүй л бол янз бүрийн үсгийг хольж хэрэглэх нь соёлын уламжлал, эрх ашигт нийцэхгүй. Зарим улс оронд хос бичиг юм уу, хэд хэдэн үсгийг зэрэгцүүлж хэрэглэх тохиолдол байдаг. Энэ нь бичиг үсгийг хольж хэрэглэх гэдэг ойлголтоос өөр гэж ойлгож болно. Манай улсын хувьд кирилл бичиг болон уламжлалт монгол бичгийг зэрэгцүүлж хэрэглэж байгаа.

-Нийтийн эх хэлний боловсрол муудсан. Монгол хэл мөхлөө, харийн хэл соёлын нөлөө хэт их болж байна гэсэн хандлага нийгэмд бий. Үүнийг мэргэжилтний хувьд та юу гэж үзэж байна вэ?

-Монголын нийгмийн өөрчлөлт, шинжлэх ухаан, технологийн орчин үеийн хөгжил дэвшилтэй холбоотой монгол хэлний үгийн сан ихээхэн хувьсан өөрчлөгдөж байна. Ийм үзэгдэл монгол хэлэнд зөвхөн өнөө цагт бус XIII, XVI-XVII зууны үе, түүнчлэн XX зууны үед ч байсан. Ийм өөрчлөлт монгол хэлний хэл зүй, зөв бичих дүрэм, үгийн сангийн хэм хэмжээг дагаж нийгмийн хөгжил дэвшил, ард түмний мэдлэг боловсролд сайнаар нөлөөлж байгаа бол бид сайн зүйл гэж хүлээн авах ёстой. Хэрэв тийм бус харь хэлний үгээр чамирхаж, харийн соёлыг мухраар шүтэж, өөрийн хэлэндээ хүчээр тулган хэрэглэх гэж байгаа бол бид буруу зүйл гэж үзэх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

“Бөртэ чоно”-ын эзэн М.Нандинцэцэг: Мэргэжлийн боксын рингэнд гарах сонирхол бий

Зүүн гараас ОУХМ Г.Нандинзаяа, Бөртэ чонын эзэн М.Нандинцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа

2018 оны шилдгийн шилдэг тамирчин олон улсын хэмжээний мастер Мягмардуламын Нандинцэцэгтэй ярилцлаа.


-2018 оны шилдгийн шилдэг тамирчнаар нэрлэгдэж “Бөртэ чоно” шагнал хүртсэн танд баяр хүргэе?

-Баярлалаа. Оны сүүлээр насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Оны шилдэг тамирчинд анх удаагаа нэр дэвшээд л шилдгийн шилдгээр шалгарсандаа баяртай байна. Надад олон спортын сэтгүүлчид санал өгсөн байна лээ. Баярласанаа илэрхийлье. Оны шилдэг тамирчнаар гавьяат тамирчин О.Насанбурмааг шалгарах болов уу гэж бодож байтал намайг зарласан. 2018 он миний хувьд амжилт бүтээлийн жил байлаа. Тавьсан зорилгынхоо 80 хувьд нь хүрчихлээ.

-Энэ онд ДАШТ-ээс өөр ямар тэмцээнүүдэд өрсөлдөв. Ямар амжилт үзүүлэв?

-Шилдэг наймын тэмцээнд өрсөлдсөн. Хэд хэдэн олон улсын тэмцээнд өрсөлдөөд медальт байраас мултраагүй шүү.

-Томоохон тэмцээн нь Жакартагийн Азийн наадам байсан. Таны хувьд энэ жил оролцоогүй?

-Боксын холбооны зүгээс миний оронд өөр тамирчин Азийн наадамд оролцуулах шийдвэр гаргасан л даа. Миний хувьд 2014 оны Инчеоны Азийн наадамд оролцож хүрэл медаль зүүж байсан. өнөө жил амжилтаа ахиулах зорилготой байсан ч боломж олдоогүй. Энэ шийдвэрийн дараа хөгшрөөд жийгдэж эхэлж байгаа юм байна даа гэж сэтгэлээр бага зэрэг унасан шүү. Анхны багштайгаа хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийж байгаад л дэлхийн аваргыг зорьсон доо. Анхны багш маань миний бэлтгэлийн юу болж байгаа, юу алдаатай байгааг сайн мэдэрч чаддаг.

-Багшийнхаа тухай ярихгүй юу?

Миний багш бол Л.Энхбаатар гэж хүн байгаа. Багштайгаа 15 жилийн турш хамтдаа ажиллаж, хөдөлмөрлөж байна. Манай багш эмэгтэй бокс Монголд хөгжихөд үнэтэй гавьяа байгуулсан, эмэгтэй боксыг хөл дээр нь босгож өгсөн хүн. Анхны шигшээ багийг долоон тамирчинтайгаар эхлүүлж байсан хүн. Ер нь эмэгтэй боксын “анхны” гэсэн болгон багштай минь холбоотой.

-2006 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж байсан. Дэлхийн аваргын медаль танд хэр хол харагдаж байсан бол?

-Би 2004 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн л дээ. 17-хон насандаа дотооддоо сорил тулаан хийж хоёр тамирчинг ялаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ өвөртөлж байлаа. Том тэмцээний рингэнд гараад айж сандрах зэрэгцээд тулаандаа төвлөрч ч чадаагүй. Тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчинтай ойрхон тулаан хийгээд ялагдсан. Туршлагагүй залуухан охинд медалийн тавцан хол харагдаж байсан.

-Боксын спортыг яагаад сонгох болов. Манай олимп дэлхийн медальтнууд бие хамгаалах зорилготой бэлтгэлд явснаар алдрын замналаа эхлүүлсэн байдаг?

-Миний хувьд ч ялгаагүй. Эмэгтэй бокс гэдгийг мэддэг ч үгүй байхдаа бэлтгэлд нь очиж байлаа. Биеэр жижиг туранхай, зожиг охин ямар ч хүнээс биеэ хамгаалж сурна гээд тулааны урлагийг сонгосон хэрэг. Өнөөдрийн амжилтад хүрнэ гэж зүүдэлж ч байсангүй.

-Амьдралд хэрэгтэй ямар чанарыг Боксын спортоос олж авсан бол?

-Тэсвэр тэвчээрэтй занг л боксын спортоос олж авсан даа. 15 жилийн турш боксын спортоор хичээллэж байгаа минь тууштай зангийн илрэл байх. Энэ хугацаанд унасан бүдэрсэн олон он жил байсан. Энэ бүхнийг туулж гарахдаа сэтгэлийн хаттай болсон.

-Та тулааны өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ. Тулаандаа хэрхэн төвлөрдөг вэ?

-Эмэгтэй хүн рингэнд гараад зодолдоно гэдэг хэцүү л дээ. Бэлтгэл сургуулилт хийхэд ч тэр. Тамирчин хүн бэлтгэл сургуулилт сайтай байхад л сэтгэл зүй өндөртэй байдаг гэж ойлгодог юм. Тэмцээний айдасгүй болчихдог байхгүй юу.

-Тулааны спортын тамирчдыг харахад гоо сайхнаа гэмтээсэн байдаг. Хөмсөг сэтэрсэн, хамар хугарсан байх нь энгийн үзэгдэл байдаг шүү дээ. Таны хувьд тийм сорви ажиглагдахгүй юм?

-Хүмүүс боксчин гэхээр муруй хамартай, онгорхой шүдтэй хүн байдаг гэж төсөөлдөг. Бокс чинь бүх төрлийн хамгаалалттай цэвэрхэн спорт шүү дээ. Ялангуяа хөнгөн жинд хүнд цохилт авч бэртэл гэмтэл авах нь гайгүй.

-2008 онд Бээжингийн олимпт хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар шигшээд шалгарч байсан. Танд урам зориг өгч байсан байх?

-Залуухан тамирчин байхад ах нар маань энэ гаригийн хамгийн том тэмцээнээс алт мөнгөн медаль зүүгээд Монголын төрийн дууллыг Шувууны үүр цэнгэлдэхэд эгшиглүүлэхэд гэртээ уйлаад л үзэж байлаа. Эмэгтэй бокс олимпийн хөтөлбөрт багтсанаас хойш энэ том тэмцээнээс нэг медаль зүүчих юм сан гэсэн хүсэл төрдөг болсон шүү.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд та 11 удаа түрүүлсэн. Дотоодын өрсөлдөөний талаар яриач. Ширүүн байж л олон улсын тэмцээнд амжилт үзүүлнэ шүү дээ?

-Эхэндээ тамирчид цөөхөн байсан л даа. Сүүлд олимпийн хөтөлбөрт багтсанаас хойш гурван жинд л өрсөлддөг болсон. Улсын аварга ч 51, 60, 75 кг-ын жингүүдэд явагддаг. Иймээс өрсөлдөөн ширүүсч байгаа юм л даа. Нэг жинд 20 гаруй тамирчин өрсөлддөг болсон. Сүүлийн үед боксын спортыг сонгож хичээллэх охидын тоо ч эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад тамирчдын ур чадвар ч хурдтай ахисан гэж ойлгож болно.

-Та долоон удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Зорилгодоо хүрэлгүй ялагдаад ирэхэд хүнд биз. Цахим ертөнцөд улсын мөнгөөр тансаглаад ирлээ гэх шүүмжлэл хөвөрдөг. Та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анх хүнд байсан шүү. Одоо ач холбогдол нэг их өгөөд байдаггүй.

-2016 оны олимпийн эрхийн тэмцээнээс мултарсны дараа таны сэтгэл зүй хүнд байсан байх?

-Эргээд бодоход хамгийн их шантарсан үе минь 2016 он байсан шүү. Олимпийн эрхээ авч чадаагүй. Шигшээ багийнхан олимпт яваад өгдөг. Сэтгэлээр унаад л, зуны гурван сар уул хадаар яваад, Алтай Таван богд гараад л. Ер нь зодог тайлъя гэж бодож байлаа. Тэрний дараа багш маань “Юу байхав дээ. Одоо хоёрхон жил зүтгэчих. Энэ олон жилийн хөлс хөдөлмөрөө зориулсных дэлхийн аваргаас ганц медаль зүүчих” гэж ятгаад авч үлдсэн. Ойр тойрны хүмүүс ч “Чи л дэлхийн аваргаас медаль авахгүй бол дараагийн тамирчин бэлтгэгдэж медаль зүүнэ гэдэг хол шүү. Ойртож ирсэн дээрээ зүтгэ ” гэж зоригжуулж байлаа. “Энэ олимпт орж чадахгүй л бол чиний замнал дуусна” гэж хэлэх хэсэг бүлэг хүмүүс ч байсан. Багш минь загнахдаа загнаж, аргадахдаа аргадаж, бэлтгэлийн бус үед зөөлөн, боксын зааландаа хатуу чанга боловч үгэнд нь гомдох гээд олон л юм болсон доо. Тэгээд “Миний төлөө юм шүү” гээд л бүхнийг даваад гарч чаддаг.

-2017 оны “Улаанбаатар цом”-д ялагдахад “Нандиа минь одоо больж байна” гэх хүмүүс олон байсан шүү?

-Монголдоо хожигдоогүй удаж байгаад “Улаанбаатар цом”-оор жингийнхээ жаахан охинд ялагдчихсан. Энэ тулаанаас хүмүүс намайг дүгнэж “Хөгширчихөж, хурд хүч нь саарчихаж, юун дэлхийн аваргын медаль” гэж байсан юм билээ. Тэмцээний дараа амралт авч байгаад багштайгаа зөвлөөд энэ оны дэлхийн аваргад зориулж бэлтгэлээ анхны багштайгаа хамтдаа бэлтгэлээ базааж эхэлсэн.

-Таны тулааны арга барилын онцлог юу бол?

-Тулааны үед урагшаа улайрч дайраад байдаггүй. Угтуулсан цохилтуудыг оновчтой гүйцэтгэдэг. Толгойгоо ажиллуулж тоглодог гэх үү дээ.

-Та холимог тулааны спорт сонирхдог уу. Ирээдүйд тулалдах бодол бий юу?

-Олон хүмүүс надаас холимог тулаан тэр дундаа “UFC”-д тулалдах уу, тэр Ронда Рөүзтэй очиж тулалдаач” гэж хэлдэг юм. Гэхдээ надад тийм сонирхол байхгүй. Би барилдах эвсэлгүй. Харин мэргэжлийн рингэнд гарч үзэх сонирхол бий.

-2020 оны олимп хаяанд иржээ. Медалийн боломж танд нээлттэй байгаа?

-Ирэх жилийн ДАШТ-ээс олимпийн наадмын эрхээ авна. Амьдралынхаа тэн хагасыг зориулсан учраас олимпийн наадмын ринг үзээд зодог тайлмаар байна. Эмэгтэй боксчдоос дэлхийн аваргын анхны медалийг авсан юм чинь олимпоос яагаад болохгүй гэж. Зүтгэнэ дээ. Багштайгаа зөвлөөд 51 юм уу, 59 кг-ын жинд тулалдана.


Categories
мэдээ цаг-үе

Дархан аварга Х.Баянмөнх: Цол авах боломжийг олон болгож өгвөл монгол бөх найраагүй болно

Дархан аварга Х.Баянмөнхтэй ярилцлаа.


-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хаалттай байсан “Монгол бөхийн өргөө” нээгдэхээр болж байна уу даа. Маргалдагч талууд тохиролцоонд хүрч байна гэж ойлгож болох уу?

-Одоо Б.Бат-Эрдэнэ бид хоёр үдийн цайны дараа явж гарын үсэг зуруулаад нээх бодолтой байна. Хэд хэдэн удаа уулзалдсаны эцэст ийм шийдвэрт хүрлээ.

-Өргөө нээгдээд аль холбоо хариуцаж үйл ажиллагаа явуулах вэ. Б.Бат-Эрдэнэ аваргын холбоо юу?

-Аль ч холбоо үйл ажиллагаа явуулахгүй. Холбоодын асуудал шүүхийн шатанд явж байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа асуудал шийдэгдэнэ. Одоо бид түр зөвлөл байгуулаад шүүхийн шийдвэр гартал Бөхийн өргөөгөө цэвэрлээд үйл ажиллагааг нь явуулж байх хэрэгтэй байна. Өргөөгөө үйлчилгээнд бэлэн болгох гээд л байна.

-Явагдах барилдаануудыг хаанаас зохион байгуулна гэсэн үг билээ?

-Түр зөвлөлөөс зохион байгуулна. Сая долоон хүний бүрэлдэхүүнтэй түр зөвлөл зохион байгуулж намайг ахлагчаар нь сонгосон. Б.Сайнбаяр зааныг гүйцэтгэх захирлаар томилсон. Үйл ажиллагааг хариуцаж явуулна. Бөхөө барилдуулж, урлаг соёлын үйл ажиллагаа явуулна. Дөрөвдүгээр сараас хойш хаалттай байсан Бөхийн өргөөний цахилгаан дулааны мөнгө, ажилчдын цалин гээд их өрөнд орсон. Энэ бүх зардлыг өргөөнийхөө үйл ажиллагааг хэвийн явуулж байж гаргаж ирнэ. Бидний маргаанаас шалтгаалж бөхчүүд, бөх сонирхогчдын эрх ашиг хөндөгдөж байна. Ийм байж зохихгүй.

-Шүүхийн шийдвэр аль нэг талд гарахад цаашдаа ялсан холбоо нь МҮБХ-ны үйл ажиллагааг хариуцаад явах уу?

-Үйл ажиллагааг авч явах боломжгүй. Энэ хуваагдмал байдал дахиад үүснэ шүү дээ. Тиймээс шүүхээр эрхээ авсан холбоотой зөвлөлдөнө. Ингэж эцэслэхийн тул “Их Эе”-ээ дахиж зарлаж хуралдуулна. Нэгдэж үйл ажиллагаа явуулна гэж ойлгож болно. Дахиад хүн шүүхдэж заргалдахгүй болтол нь эцэслэж зөвлөлдөнө гэж ойлгож болно.

-Нэгдэж үйл ажиллагаа явуулах юм бол заавал шүүхийн шийдвэр хүлээж цаг алдах шаардлага байгаа юм уу. Өнөөдөр нэгдээд өргөөгөө нээгээд үйл ажиллагаагаа явуулж болдоггүй юм уу?

-Аль холбоо эрхээ авах нь мэдэгдэхгүй байна шүү дээ. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд хэрэг үүсчихээд байна. Тус шүүхийн шийдвэрүүд байгаа учраас таны ярьж байгаа шиг хаяж болохгүй. Шүүх нэг талд нь шийдчихвэл тэр холбоотой зөвшилцөж “Их Эе”-ээ дахин зарлаж үйл ажиллагаа явуулна.

-Үүний хажуугаар хуулийн цоорхойтой зүйл ч багагүй байх шиг. 1024 бөхийн барилдаанд 10 давж түрүүлсэн хүнийг хоёр удаа ес давж түрүүлсэн хүний дээр эрэмбэлэх нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ. Н.Батсуурь, Ч.Санжаадамба аваргууд өнөөдөр барилдахад хэн нь зүүнээ авч гарах нь тодорхой бус, хэрүүл дагуулж мэдэхээр байна. Батсуурь аварга МҮБХ-ноос зарласан эрэмбийг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байсан?

-Хоёр түрүүлсэн хүнийг нэг түрүүлсэн хүний доор эрэмбэлж болохгүй. Хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа хэрэг. Шүүхийн шийдвэр нэг талдаа гараад шийдэгдэхэд бид зөвшилцөөд эрэмбэ тогтоох маш нарийн журам гаргаж ирнэ. Улсад барилдсан бөхчүүд эрэмбэ зиндаагаа цол цолныхоо хооронд эзэмших журамтай болно.

Тэр цагт энэ эрэмбэний маргаан ор мөргүй арилна. Өнөөдөр хөдөлмөрөө шударга бусаар үнэлүүлж байгаа бөхчүүд үүний төлөө дуугарах нь зөв гэж харж байгаа.

-Допинг гэх хортой зүйл монгол бөхөд газар авсан нь олонд ил болчихлоо. Захын сумын заан допинг хэрэглэж бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

-Допинг гэж зүйл монгол бөхөд байж хэрхэвч болохгүй. МҮБХ бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд тамирчдын эрүүл мэндийг хамгаалж допингоос ангид байлгах ёстой. Өнөөдөр допингтой тэмцэхдээ хүний эрх зөрчиж тэмцээд байна. Баяр наадмын тухай хуулинд “Улсын их баяр наадмын шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж тодорхой заасан байдаг. Гэтэл хаа хамаагүй хүнийг дуртай цагтаа барьж аваад шинжилгээнд хамруулаад байна. Бөхчүүдийг шинжилгээнд хамруулж болно. Гэхдээ энэ бүхэн хуулийн хүрээнд байх ёстой.

-Допингийн шинжилгээ олны нүднээс далд нууц байдаг. Хэн хэнээс шинжилгээ авсан нь мэдэгдэхгүй байж байгаад л ядруухан хараа хяналт байхгүй залуусын нэрийг зарлаад өнгөрдөг. Торонд орсон том загаснууд гарахгүй байна гэсэн бөх сонирхогчдын хардлага байдаг?

-Хөндлөнгийн комисс байх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр хөндлөнгийн комисс байхгүй, хэн нь мэдэгдэхгүй эмч, сувилагч бөхчүүдийг дагуулж нэг өрөөнд оруулаад л шинжилгээ авч байна. Үүнд л гол асуудал байгаа байхгүй юу. Хэний шээсийг шинжилж байна, тухайн хүн нь яг шээсэн юм уу, хүний шээс бариад орж байгаа юм уу гэдэг нь тодорхой бус. Хоёрхон хүн хаалгаа түгжчихээд бие биенээ шинжилдэг юм байж болохгүй биз дээ. Би дэлхийд 16 жил допингийн шинжилгээ өгсөн хүн. Заавал хяналттай авдаг байсан.

-Улсын гарьд Ө.Бат-Орших нарын хүмүүс допингийн шинжилгээнд бүдэрчихээд шүүхдээд хөдөө орон нутгийн наадмуудад барилдаад яваад байх юм. Хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Хүний эрхэнд халдсан асуудал л даа. Допингийн шинжилгээг хэн дуртай нь хаана ч аваад байж болохгүй. Улсын наадамд шөвгөрсөн бөхийг л шинжилгээнд хамруулна гэж хуулинд заасан байдаг талаар би дээр дурдсан. Хууль бус үйл ажиллагаанаас өөрийн эрхээ хамгаалж байгаа хэрэг шүү дээ.

-Баяр наадмын бус үед бөхчүүд допинг хэрэглэх нь хуульд нийцнэ гэж ойлгож болох уу. Ийм цоорхой хуультай байж допингтой яаж тэмцэх юм бэ. Заалны барилдаанд бүгд допинг хэрэглэж барилдаад байх юм биш үү?

-Хэрэв баяр наадмын бус үед допингийн шинжилгээ авах бол хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Тэр шүүхэд хандсан бөхчүүд улсын их баяр наадмаар шөвгөрч допингийн шинжилгээнд бүгд хамрагдсан шүү дээ. Цэвэр гарсан. Сүүлд арван хоёрдугаар сард гэнэтхэн шинжилгээ авахад допинг илэрсэн. Өвчин намдаах анальгин уухад л допинг илэрдэг шүү дээ. Жирийн үед бөхчүүд бэртэл гэмтэлээ илааршуулахын тулд энгийн л эм хэрэглээд допингийн шинжилгээнд бүдэрсэн байж болно шүү дээ.

-Та бүхнийг шүүхдэлцээд өргөөгөө түгжчихээд явж байх хооронд бидний өв уламжлал монгол бөхийн нэр хүнд шавартай хутгалдаж дууслаа. Бөх л гэхэд хэрүүл тэмцэл гэж нийгэм хүлээж авдаг болсон байна. Л.Чинбатын холбоо ч тэр Б.Бат-Эрдэнийн холбоо ч тэр монгол бөхийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулахгүй, бие биенээ үгүйсгээд байх юм?

-Тийм байж магадгүй. Шүүхийн шийдвэр удахгүй нэг талдаа гарахад нэгдэж ярилцаад мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулна. Бид хөгжүүлээд явж чадна. Бөхтэй насаараа ойр байгаа хүний хувьд ам бардам хэлэх байна.

-Та Удирдах зөвлөлд сонгогдох л байлгүй. монгол бөхийн хөгжлийн төлөө юу хийж чадах вэ?

-Би монгол бөхөд 10 гаруй шинэчлэлт хиймээр байна. Тэгэхдээ үндэсний уламжлалт хэв маягийг орчин үеийн дэлхий нийтийн спортын хөгжлийн жишгээс оруулаад хөгжүүлнэ. Уламжлалт хэв маягаа алдагдуулахгүйгээр шинэчилж өгнө шүү дээ. Монгол бөхийн хөгжил 16 жилээр хоцорсон байна гэж би харж байгаа.

-Тухайлбал юуг яаж шинэчлэх вэ?

-Допингийн шинжилгээг нэн тэргүүнд шинэчилж илүү боловсронгүй болгож өгнө. За тэгээд монгол бөхийг бараантуулж байгаа начны найраа, даваа наймаалцах асуудлыг ор мөргүй арилгана. Илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болно шүү дээ. Тэр хэрээр үзэгчдийг илүү татна.

-Даваа наймаалцах асуудлыг та яаж зохицуулах юм. Нүднээс далд явагддаг үйл ажиллагаа шүү дээ?

-Тэрийг чамд одоо хэлэхгүй. Өнөөдөр зарлачихвал зарим хүмүүс аргаа олоод эсэргүүцнэ. Би хийнэ, би шинэчилнэ гээд жагсаал цуглаан хийгээд унана шүү дээ.

Орчин үед ийм болчихсон. Бөхийн цол худалдаж авч байгаа асуудал бол цолыг хаалттай байлгасантай холбоотой асуудал. Өнөөдөр цол авч чадахгүй болохоор мөнгө төгрөг барьж гүйгээд даваа наймаалцаж байна. Чаддаг хүнд цол авах боломжийг олон болгож нээж өгөх хэрэгтэй. Дан ганц баяр наадмаар биш, заалны барилдаанд босго тогтоогоод давсан бөхөд нь начин цол өгөөд байж болно.

-“Монгол бөхийн өргөө”-г ингэж цоожлуулж байхаар төрийн мэдэлд авъя гэх хүмүүс олон байна лээ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Төрийн мэдэлд авч болохгүй. Ийм эрх зүйн акт ч байхгүй. Монгол бөхийн өргөө бөхчүүдийн өмч шүү дээ. Хэрэв төр мэдэлдээ авбал ард түмний хандиваар боссон “Монгол бөхийн өргөө”-нд олон хүн эзэн суухыг санаархах биз. Өргөөнд бөх барилдахгүй өөр үйл ажиллагаа явуулна гэсэн үг шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Улсын аварга С.Мөнхбат: Монгол бөхийн оргил цолонд хүрч энэ их уламжлал соёлын том тээгч болчихоод хаана ч хамаагүй очиж барилдаад байж болохгүй

Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу аварга аа?

-Сайхан өвөлжиж байна. Өнтэй сайхан өвөл болж байна.

-Үндэсний эрх чөлөөний ой “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан удахгүй болно. Чансаа өндөр бөхчүүд барилддаг тус барилдаанд та хоёр ч удаа түрүүлж байсан санагдана?

-Сүүлийн үед чансаа өндөр 128 бөхийн барилдаан зохиогдох нь олон болжээ. Энэ барилдааны тухайд “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх гэдэг утгаараа бөхчүүдэд илүү үнэ цэнэтэй. 2011 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоор анх түрүүлж байлаа.

-Хоёр дахь удаагаа түрүүлэхэд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бугуйн цагаа дурсгаж байсан шүү дээ?

-Тэгсэн. Өөрийнх нь нэртэй хүмүүст дурсгадаг цагаа надад дурсгаж байсан. Ерөнхийлөгчийн цом дээр түрүү бөхийн нэр бичигдэж шилжин яваад жижиг хувилбар үлддэг.

-Танай гэр бүл шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?

-Миний хамгийн дуртай баяр маань. Хүүхэд байхад л манай гэр бүлийнхэн шинэ жилийн мод засаад л халуун дулаан уур амьсгал дунд тэмдэглэж өнгөрүүлдэг байгаа. Сүүлийн хэдэн жилийн тухайд Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд илүү ач холбогдол өгч шинэ жилийн баярт цөөхөн оролцдог болсон. Амжилттай барилдаж ард түмэндээ шинэ жилийн бэлэг барихыг илүүд үздэг болсон шүү.

-Өнгөрсөн жил Увс нуур дэвжээний бөх улсын харцага Т.Баасанхүү цомын эзэн болсон. Өнөө жил харцагын бэлтгэл сургуулилт хэр зэрэг байгаа бол?

-Т.Баасанхүү мөрний бэртэлтэй байж байгаад сая хагалгаанд орсон, өнөө жилдээ зодоглож амжихгүй байх. Бусад нь зодоглох байх. Аравдугаар сараас хойш Увс нуур дэвжээнийхэн тогтмол бэлтгэлтэй байгаа. Найр наадмын үе ард хоцорч бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн харагдсан.

-2007 оны хавар бил үү дээ “Аваргуудад хүндэтгэл үзүүлэх” барилдаанаар аймгийн заан С.Мөнхбат гэж жижигхэн залуу гараад Д.Сумъяабазар аварга тэргүүтэй улсын том цолтнуудыг хаяж их шөвөгт шалгарч анх олонд танигдаж байсан. Тэр барилдаануудынхаа талаар?

-Хамгийн том цолтой бөх өвдөг шороодуулсан минь тэр л дээ. Д.Сумъяабазар аваргыг сугадаж тонгороод давж байсан. Сүүлд Сумъяабазар аварга “Хүндэтгэлийн барилдаанаараа аварга бөхөд л унаж байж дээ” гэж хэлж байсан. Тэр өдөр До.Ганхуяг, Х.Мөнхбаатар гээд улсын наадмын түрүү бөхчүүдийг цувуулж хаяж байлаа.

-Таны барилдааныг ажиглахад хүний хий зайг алдалгүй ашиглаад давж байгаа харагддаг. Энэ онцлогоороо тэгш ойн барилдаанд түрүүлж аварга цол хүртсэн гэж бөхийн багш дасгалжуулагчид ярьдаг юм билээ?

-Барилдаан ч шинж чанар тогтож давтаж, бодож сэтгэж байж хүнд сууна. Мэх техникийг хурдан сурч өөртөө суулгах нь байгалиас заяасан авьяас юм болов уу гэж боддог юм. Би өөрийн мэх техникээ хөгжүүлэх, яаж өөрчилбөл илүү боловсронгуй болгох талаар үргэлж бодож сэтгэж явдаг юм. Сүүлийн үед золгооноос бөхчүүд их сайн барилддаг болсон байна. Намхан хүн золгооноос яаж сайн барилдах талаар суралцаж байна. Улсын аварга О.Балжинням, улсын гарьд Б.Гантогтох нарын золгооны техникийг харж суралцаад орчин үеийнхтэй харьцуулаад л суралцана шүү дээ.

-Б.Гантогтох гарьдын бөх бэлтгэх арга барил их онцлогтой гэдэг юм билээ?

-Багш болгон өөр өөрсдийн гэсэн онцлог арга барилтай. Үндэсний бөхийн тухайд эхэлж хүнээ судлаад ямар бэлтгэл зохих, ямар төрийн мэх техник суулгавал илүү үр дүнтэйг багшийн нарийн ухаан шийднэ. Багш 20 залуу бөхөд нэг л мэх техник давтуулаад байхад хоёр юм уу гурван залууд таарна. Хүн болгоны өөр өөрийн онцлогт нь таарсан бэлтгэл сургуулилт хийлгэх нь илүү үр дүнтэй. Гантогтох гарьд энэ тал дээр мундаг хүн.

-Өнгөрсөн жилийн наадмын талаар хоёулаа ярилцъя л даа. Таны хувьд сайн барилдаж их шөвөгт шалгарсан шүү дээ?

-Би 2017 оны наадмаар миний бэлтгэл их сайн байсан. Дээшээ түрүү үзүүр бодож зодоглосон л доо. Хар багаасаа хамт бэлтгэл хийгээд бөхийн дэвжээний жаргал зовлонг хамтдаа туулж өдийг хүргэсэн найз маань заан цолны даваанд гурав дахь удаагаа гараад ирэхэд нь амлаад цолыг нь ахиулж өгсөн. Ө.Бат-Орших маань сайхан барилдаж гарьд цол хүртсэн шүү дээ. Өнгөрсөн наадмын тухайд үндэсний бөхийн бэлтгэл нэг удаа л хийсэн. Нуруугаа бэртээчихсэн л дээ. Улсын наадмын даваанаас давааны хооронд деклоденк тариад л барилдсан. Шөвгийн дөрөвт үлдсэн. Ид барилдаж байгаа аварга цолтой хүн их шөвөгт шалгарна гэж зориогүй нь мэдээж.

-Т.Бэгзсүрэнтэй хийсэн барилдааныхаа талаар. Завханы бөхчүүд танд их хэмжээний мөнгө санал болгосон тухай яриа наадмын дараа гарсан байна лээ?

-Тийм зүйл болоогүй ээ. Долоогийн даваанд хэд хэдэн аймгийн цолтнууд гарч ирсэн. Бодож байгаад хаяна гэж амлаад л давсан.

-Их шөвөгт гараад ирэхэд Ч.Санжаадамба аварга таныг амласан. Та өмнө нь давж байсан шүү дээ?

-Тактикийн алдаа гаргасан л даа. Санжаадамбын өөрийнх нь талд нь барьцаа халаад барилдааны хяналтаа алдчихсан. Нэг мэдсэн өнөөх хутгаагаа хийгээд л дор нь орсон байна лээ. Сүүлд бичлэгээс харахад хутгасан хөлөнд маань наагаад хавирсан байсан. Дархан мэх нь шүү дээ Санжаадамбын.

-Нөгөө талд Н.Батсуурь аварга Н.Жаргалбаяр заан хоёрын дунд ширүүн барилдаан болсон. Энэ барилдааны талаар?

-Хоёулаа л бэлтгэл сайтай байсан. Хоёулаа л түрүүлэх зорилготой зодоглосон. Сэтгэл зүйн бэлтгэл өндөртэй нь давж түрүүлсэн болов уу.

-Тэр жил таныг тавын даваанд Дундговийн А.Алтанхуягийг амлаад унахад залуугаараа найраа хийлээ гэж олон хүн шүүмжилсэн дээ?

-Буугаад өгчихсөн гэж олон хүн ярьдаг. Би барилдаж байх хугацаандаа хэнд ч бууж өгөхгүй гэж өөртөө тангарагласан. Монгол бөхөөрөө бахархаж, омогшиж явдаг аварга цолтой хүний хувьд энэ уламжлалынхаа ирээдүйн хөгжилд бохир зүйл оруулчихгүй юм шүү гэж хичээдэг. Өөрийнхөө биеэр залуу бөхчүүддээ үлгэр дуурайл үзүүлэх юм шүү гэж бодож явдаг юм. Алтанхуягтай барилдаад л дийлэлгүй унасан.

-Та А.Алтанхуягийг яагаад амласан юм бол. Дөрөв дэх удаагаа начин цолны даваанд аймгийн арслан цолтой босч байсан нь тэр шүү дээ?

-Дөрвийн даваанд Н.Түвшинбаяр заантай барилдахыг нь тогтож анзаарахад их сул байгаа юм шиг харагдсан л даа. Яаж гар амар дээшээ явах тухай л бодож байсан учраас юм бодолгүй очоод л амлачихсан. Тэгсэн эргэн тойронд байсан хүмүүс “Энэ олон залуус байхад чи Алтанхуягийг амлаад байхдаа яадаг юм гээд уцаарлах маягтай байсан”. Аав маань хүртэл “Чи яах гэж Алтанхуягийг амлаж байгаа юм” гэж зэмлэж байлаа. Бүх наадамчид л Алтанхуягийг улсын цол хүртчихээсэй гэж залбирч дэмжиж байсан юм билээ. Би ч өргөж гаргаж ирээд л халтираад дор нь орчихсон. Тэр олон хүний хүч энерги нөлөөлсөн юм болов уу гэж боддог юм. Бөх хүн амаа зөв авч байх хэрэгтэй юм билээ.

-Сүүлийн жилүүдэд аварга арслангууд хөдөө орон нутгийн наадам хэсч найраа хийх нь мэр сэр харагдах боллоо. Мөн төрийн хүндэтгэлийн барилдаан болж байхад тоохгүй “Алтан бүс”-ийн төлөөх барилдаан руу явчих юм. Том цолтой хүнд хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Монгол бөхийн оргил цолонд хүрээд энэ их уламжлал соёлын хамгийн том тээгч болчихоод хаана ч хамаагүй очиж барилдаад байх нь буруу гэж хувьдаа боддог юм. Тэр С.Мөнхбат ч байна уу, П.Бүрэнтөгс ч байна уу хамаагүй. Төрийн наадамд түрүүлсэн хүн арай өөр юм бодож сэтгэж явах ёстой. Би сар шинийн барилдаанд түрүүлчихээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийнд очиж золгосон юм л даа. Очоод суухад Чой Хамбын дээр намайг суулгаж байсан. Миний дээр анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар сууж байлаа. Ахмадаа хүндэтгэдэг сар шинийн баяраар тэр том шашны тэргүүний дээд талд миний аварга гэдэг цолыг хүндэтгээд суулгахад их л юм бодож суусан даа. Би өөрөө бурхны шашинтай хүн л дээ. Аварга цолыг сэвтээхгүй өндөрт өргөж явах ёстойг тэр үед илүү ухаарсан шүү. Иймээс л аймгийн наадам битгий хэл улсын наадамд найраа хийхгүй зөв барилдаад эрч хүчтэй үетэйгээ хамт дуусъя гэж бодож явдаг юм.

-Анх бөхийн дэвжээ рүү ямар зорилготой алхаж орж байсан бэ?

-Сүртэй том зорилго тавьж байсангүй ээ. Аравдугаар ангид байхдаа өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдахдаа аварга Ч.Санжаадамба, улсын заан Н.Түвшинбаяр, улсын заан М.Өсөхбаяр нартай анх хүч үзэж байлаа. Эхний 10-т шалгарчихаад сэтгэл өндөр нутаг буцаж байлаа. Нутагтаа очоод сумын заан л болчих юм сан гэж мөрөөдөж байлаа шүү дээ. Сум орон нутагт очиход сумын заанууд чинь бие хаагаараа ч хийж буй үйлдлээрээ ч үлгэр дуурайл үзүүлдэг байсан болохоор тэр л дээ. Хотод ирээд бол улсын цол авъя гэж зорьж байсан.

-Анх Бөхийн өргөөнд зодоглож байсан үеэ эргээд дурсвал?

-ШУТИС-ийн оюутан байхдаа анх өргөөнд гарч байсан санагдаж байна. Дэвж гарчихаад хаанаас гарсанаа мэдэхгүй толгой эргээд зогсож байснаа эргээд санахад инээд хүрдэг юм. Ингээд зогсож байгаад улсын заан Р.Даваанямын хүү Лхагвадорж начинтай оноолт таарлаа. Бид хоёр хоёулаа залуу бөхчүүд. Лхагваа ч миний хажууд жигтэйхэн өндөр цагаан залуу байлаа. Барьцалдаад л бужигнаад явчихсан. Сая нэг сэрэхэд би дээр нь хэвтэж байсан. Тэгээд Баянхонгорын Сэр-Од, Хэнтийн Баатархүү гээд хүчтэй арслангуудыг давж бөх болох хүсэл минь улам оргилж эхэлсэн дээ. Заалнаас ч салахаа больсон доо.

-Мөнхбат аварга маань хойшоо сууж байна уу даа гэх хандлага бөх сонирхогчдын дунд анзаарагдах болсон. Та наадмаас хойш нэг ч барилдсангүй шүү дээ?

-Одоо залуу хүн шиг том мөрөөдөл тавиад зүтгэхэд хэцүү. Гэхдээ энэ формоо алдалгүй Ардын хувьсгалын 100 жил хүртэл барилдъя гэсэн бодолтой байна. Доогуур даваанд унаад аварга цолыг сэвтээгээд байх сонирхол надад алга. Өнөөдөр бэлтгэл хийж хүчээрээ амжилтад хүрье гэдэг залуус ховор болоод байна. Бэлтгэл хийж аажимдаа сайжрахын оронд ийм тариа тариулчихъя, тийм хүч оруулдаг эм хэрэглэчихье гэх хандлага залуучуудын дунд нийтлэг ойлголт болоод байна. Цээжээр нь яр гарчихсан, жигтэйхан их ааг омогтой болчихсон залуус хаа сайгүй л харагдах юм. Энэ чинь өнөөх допингийн ул мөр шүү дээ. Энэ залуус ирээдүйгээ бодохгүй, допингийн хор нөлөөг ухамсарлахгүй өнөө маргаашийн ганц нэг давааг илүү үзээд байгаа нь харамсалтай. Допингтой тэмцэж устгахгүй бол хүү төрвөл бөх болно гэж бэлгэддэг сайхан уламжлал ул мөргүй устаж алга болно шүү.


Categories
мэдээ спорт

Чемберлейн ганцаарчилсан бэлтгэл хийж эхэлжээ

Английн шигшээ баг болон Ливерпүүл клубийн хагас хамгаалагч Алекс Окслейд Чемберлейн ирэх оны хоёрдугаар сараас эхлэн талбайд гарахаар болжээ.

Өнөө жил 24 настай Чемберлейн өнгөрсөн дөрөвдгүгээр сард аваргуудын лигийн хүрээнд Италийн Рома клубийн эсрэг тоглох явцдаа өвдгөө бэртээсэн юм.

Ливерпүүл клубийн дасгалжуулагч ЮргенКлопп “Сайн мэдээ дуулгахад Чемберлейн ганцаарчилсан бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Гэхдээ түүнийг талбайд гаргах гэж яарахгүй. Бэртлээ бүрэн илааршуулж байж тоглолтод оролцоно. Ирэх оны хоёр юм уу гуравдугаар сараас багтайгаа нэгдэх байх” гэж ярьжээ.

Сонирхуулахад Ливерпүүл Английн премьер лигийн 51 оноотойгоор тэргүүлж байгаа юм. Мөн аваргуудын лигийн тэмцээний шилдэг 16-д шалгарч Германы БайернМьюнхен клубтэй учраа таараад байгаа билээ.

Чемберлейн бэртлийн улмаас 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжсөн юм.