Categories
мэдээ цаг-үе

Л.Пүрэв: Ашиглалтын талбайг шаталж ухах нь хана нурах аюулаас сэргийлдэг

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, профессор, доктор Л.Пүрэвтэй ярилцлаа.


-Уул уурхайн компанийн осол аваарууд ар араасаа гарах боллоо. Саяхан л гэхэд “Эко-Алтан заамар” компанийн ашиглалтын талбайд нуралт үүсч дөрвөн залуу амь алдсан харамсалтай осол гарлаа. Осол юунаас болж гарсан гэж та үзэж байна вэ?

-Энэ ноцтой асуудал шүү. Осол аваар нь ажиллаж буй хүмүүсийн хариуцлага, удирдаж байгаа хүмүүсийн хариуцлагагүйгээс шалтгаалж гардаг шүү дээ. Бидэнд Засгийн газраас баталж гаргасан уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм хангалттай байгаа. Үүнийг хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж осол гарч хүний амь эрсдэж байгаа юм. Удирдлага, хувь хүн шаардлагын дагуу ажиллаагүйгээс л осол гарч байна. Аюулгүй ажиллагааны дүрмээ мөрдөөд ажилласан бол осол гарахгүй. Мэргэжлийн хяналтын газар гэж байгууллага бий. Тэд цаг тутам өдөр бүр уурхайд очиж хяналт тавих боломжгүй. Нэг шалгаад алдаа дутагдаж байвал торгууль тавиад яваад өгнө. Үүний дараа гарсан осол аваарыг үйлдвэр хариуцна. Уурхайд ажиллаж буй иргэдэд зөвлөхөд эхний ээлжинд аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал биелүүлэх ёстой. Сүүлийн үед “Оюу толгой”, “Таван толгой” зэрэг уурхайнууд аюулгүй ажиллагаан дээр ач холбогдол өгдөг болсон нь сайшаалтай. Машин техник нь ухрах болгондоо дуут дохио өгнө. Уурхай руу ороход сайд дарга ч байна уу, жирийн ажилтан ч байна уу хамаагүй шалгадаг болж. Аюулгүй ажиллагааны дүрмийг гүйцэд танилцуулаад гарын үсэг зуруулаад оруулдаг болсон байна лээ. Том жижиг бүх уурхай энэ жишгийн дагах ёстой. Харамсалтай нь энэ хэрэгжихгүй байна.

-Ил уурхайн олборлолтын үед газар ухахад шаталсан байдаг юм билээ. Сая осол гарсан “Эко-Алтан заамар” компанийн олборлолтын газар ухахдаа шатлаагүй байгаа харагдсан. Энэ нь осол гарсан шалтгаан байж болох уу?

-Хавтгай газрыг ухахдаа эгц доош нь биш шаталж явна шүү дээ. Гарсан доголууд дээр нь тоног төхөөрөмжүүд байрлаад, шат шатаар ахиж доошоо гүнзгийрдэг. Ингэж явах нь нэг талаар ажлын тавцан, нөгөө талаас хана нурах аюулаас сэргийлж өгдөг. Уурхайн нөхцөлд дээд зэргээс сонор сэрэмжтэй ажиллах ёстой. Ус гэнэт гарахад яаралтай шүүж авч газрыг хатаах ёстой. Технологийн горим зөрчиж болохгүй. Технологийн горим зөрчих нь аваар гарах эрсдэл дагуулдаг. Тэр усыг тухайн үед нь шүүрүүлээд, газрыг хуурай байлгахад нуралт үүсэхгүй шүү дээ. Гэхдээ өнөөдөр л ийм осол гарч байгаа юм биш. Үе үеийн уурхай ажиллаж байх үед ийм осол аваар гарч л байсан.

-Уурхайд нуралт үүсэх өөр ямар шалтгаанууд байдаг вэ?

-Уурхай ашиглалт явуулж усыг зайлуулаад нэг газар цуглуулдаг. Манайхан үүнийг хаягдлын нуур гэж нэрлэдэг шүү дээ. Хаягдлын нуур ашиглалтын талбайтай ойрхон байхад уурхай руу эргэж орохдоо ямар нөлөө үзүүлж байгааг ерөөсөө судалдаггүй. Тухайн ус газар доогуур ашиглалтын талбай руу нэвтэрснээр хөрс сэндийлж нуралт үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Жижиг уурхайнууд зардлаа хэмнэж ойр газар хаягдлын нуураа байгуулснаар нуралт үүсэх эрсдэлийг бий болгож байна. Эрдэнэт, Шивээ-Овоо гэх мэт цөөхөн уурхай л энэ төрлийн ослоос сэргийлж хаягдлын нуурын ус хаашаа очиж буйг судалдаг. Хаягдлын нуураа ч ашиглалтын талбайгаас зайтай байршуулдаг. Энэ нь нуралт үүсэх аюулаас сэргийлж өгдөг сайн талтай.

-Уул уурхай гэдэг манай улсын эдийн засагт чухал үр нөлөөтэй салбар. Энэ салбарын инженерүүдийг та бүхэн хэрхэн бэлтгэж байна вэ?

-Дэлхийн томоохон их, дээд сургуулиудын жишгээр инженерүүдийг бэлтгэж байгаа. ШУТИС-ийн дипломтой төгссөн оюутныг өнөөдөр олон улсын ямар ч их сургууль хүлээн зөвшөөрдөг болсон байна. Дээрээс нь дотоодод магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг. Мөн зарим хичээлийн хөтөлбөрөө олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн. Иймээс ШУТИС-ийн дипломыг олон улсад хүлээн зөвшөөрч байгаа юм. Мэдээж бүх хөтөлбөрийг магадлан итгэмжлэхүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй тулгарна. Нэг хөтөлбөр итгэмжлүүлэхэд 100 гаруй сая төгрөг шаардлагатай. Дээд сургуулийн санхүүгийн 90 хувь нь л оюутнуудын төлбөр дээр тогтдог. Үлдсэн 10 хувь нь багш нарын эрдэм шинжилгээний ажил зэргээс бүрдэнэ. Бид багш ажилчдынхаа цалинг нэмсэн ч, оюутны сургалтын төлбөрийг нэмээгүй. Инфляцитай уялдуулж бага зэрэг өөрчилсөн. Дадлага давамгайлсан сургалт явуулдаг нь сургалтын онцлог юм уу даа.

-Уул уурхайн инженерийн мэргэжлийг сонгох залуусын тоо сүүлийн үед буурч байгаа нь ажиглагддаг. Үүнд юу нөлөөлж байна?

-Геологи, уул уурхайн чиглэлд элсэлт муугүй байгаа. Ерөнхийдөө сүүлийн үед инженер, технологийн чиглэлээр элсэх оюутнуудын тоо цөөрсөн нь ажиглагдаж байна. Дунд сургуулийн физик, математикийн сургалт, шалгалтын хүндрэлтэй энэ бүхэн холбоотой л доо. Өөр нэг шалтгаан нь геологи, уул уурхайн мэргэжлээр 10 гаруй хувийн их, дээд сургуулиуд мэргэжилтэн бэлтгээд байна. Мөн ажлын байрнаас шалтгаалж элсэлт цөөрөх хандлага байна л даа. Гадаадын хөрөнгө оруулалтууд зогсож, уул уурхайн талаар сайн, муу мэдээ цаг тутам цацагдаад байхаар хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж байх шиг.

-Уул уурхайн томоохон компаниудтай танайх хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Инженер бэлтгэх үйл ажиллагааг яаж дэмжиж байна?

-Багануур, Бор-Өндөр, Шивээ-Овоо гэх мэт уурхайтай гэрээ байгуулж үйлдвэрийн технологи ажиллагаанд саад хийхгүйгээр оюутнуудаа дадлагад гаргадаг. Оюутан дадлагын үеийн хэрэглэх хоол хүнс, байраа өөрөө хариуцдаг. Дээхнэ үед ажлын байраар хангаад цалин олгодог үе одоо ард хоцорсон. Дийлэнх үйлдвэрийн дадлага удирдагчид нь манай төгсөгчид учраас татгалзалгүй оюутнуудыг дадлагад гаргадаг юм.


Categories
мэдээ цаг-үе

Улсын заан Б.Сайнбаяр: Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж барьц сонгоог хална


Монголын Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяртай ярилцлаа.


-Удаан хугацааны туршид түгжээтэй байсан Бөхийн өргөөний үйл ажиллагаа жигдэрч байна уу. Бөхийн барилдааны тов, урлаг соёлын тоглолтуудын зар түгээд эхэлсэн байна?

-Бөхийн өргөө эргээд хэвийн үйл ажиллагаандаа орсон. Хоёр аварга зөвшилцөж, ойлголцсоноор Бөхийн өргөөгөө нээлээ. Урлаг соёлын тоглолтууд, уламжлалт барилдаанууд хуваарийн дагуу явагдаад эхэлсэн.

-МҮБХ-оо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болоод жил орчмын нүүрийг үзлээ. Өнгөрсөн хугацаанд монгол бөхөд ямар шинэ өнгө төрх авч ирэв. Та бүхэн юу амжуулав?

-Өмнөх удирдлагууд олон жил хэрүүл тэмцэлтэй явж ирсэн л дээ. Энэ нь ч нөлөөлсөн юм уу, монгол бөхөд бодлогын чанартай зүйлс дутуу байсан. Сая шинээр сонгогдсон залуус үүнийг ойлгож хэрэгжүүлэхээр санаачилгатай ажиллаж байна. Бөхийн барилдааны шүүлтэд камерын тусламжийг нэвтрүүллээ. Тасалбарыг онлайнаар худалдаанд гаргаж байна. Бөхчүүдийг цахимаар бүртгэж эхэллээ. Энэ бүхнийг тодорхой хэмжээний дэвшил гэж харж байгаа. Хийх олон зүйлийн эхлэл нь энэ гэж ойлгож болно. Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал зөвлөгөөнөөр бөхчүүдэд хандаж хийх ажил, бөх сонирхогчдод сонин содон зүйлс, шинэчлэлийг батална.

-Цаашдаа ямар ажил хийхээр төлөвөсөн бэ?

-21 аймгийн бөхийн холбооны тэргүүн, БТС-ын хороо, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй нутаг, нутгийн дэвжээдэд албан бичиг хүргүүлнэ. Тэднийг МҮБХ-ны гишүүнчлэлтэй болох санал хүргүүлж байгаа юм. МҮБХ-оо маань 20 мянган гишүүнтэй, 30 мянган гишүүнтэй гээд л ярьдаг. Энэ тоог баталгаажуулахыг зорьж байна. Холбооны гишүүнчлэлтэй хүн хариуцлагатай байх ёстой. Мөн гишүүний давуу эрхийг эдлэх ёстой. Дан ганц бөхчүүд биш, бөхийн хүрээнийхэн, бөх сонирхогчид, засуул цэц, сумандаа байгаа ахмад бөхчүүд зэрэг хүмүүс бөхийн холбооны гишүүн юм гэдгийг баталгаажуулах ажил явагдаж байна гэж ойлгож болно. Монгол өв уламжлалыг тээж ирсэн, авч яваа хүмүүс холбоонд нэгдэж гишүүнчлэлтэй болох юм. Энэ ажил үргэлжлээд явж байна. Гишүүнчлэлтэй болсноор МҮБХ-оо мэдээллийн сантай болно. Мэдээллийн сантай болсноор манайх хэдэн бөхтэй, хэд орчим бөх сонирхогчидтой нь гарч ирнэ. Энэ дүр зурганд тулгуурлаж цаашид явуулах бодлогоо зохицуулна. Үүнд тулгуурлаж бөхийн хөгжлийн сантай болно. Барилдаж буй бөхчүүд зодог тайлахад нь хуримтлал бий болгохоор ажиллаж байна. Одоо хэрүүл маргаан зогссон. Бөхчүүд, бөх сонирхогчдод чиглэсэн ажиллагаа явуулна.

-Монголын Үндэсний бөхийн ээлжит “Их Эе” хэзээ хуралдах вэ. Тов нь гарсан уу?

-Одоогоор тов нь гараагүй байна. Сая зохион байгуулагдсан хуралдаанаар 12 хүний бүрэлдэхүүнтэй гурван ажлын хэсэг байгуулагдсан. Итгэлийн, дүрмийн, хурал зохион байгуулах хэсэг гэсэн гурван ажлын хэсэг ажиллаад явж байна. Хурал зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж хэзээ ямар бүрэлдэхүүнтэй хуралдахыг шийдвэрлэнэ. Ойрын хугацаанд хуралдана гэж ойлгож болно.

-МҮБХ-ны үйл ажиллагааг босоо тогтолцоонд оруулахаар ажиллаж байгаа талаар та яриандаа дурдсан. Бөхийн барилдааны дүрмийг яаж шинэчлэх вэ?

-Бөхийн барилдааныг камераар шүүх, барьц сонгоог халах зэргээр өөрчлөх шаардлагатай дүрмүүд хэд хэд бий. Эхний ээлжинд дэвшилтэт технологийг барилдааны шүүлтэд нэвтрүүлчихлээ. Барилдааныг хүний нүдээр харж баримжаагаар шүүх боломжгүй болсон л доо. Үүнд бөх сонирхогчид ч ам сайтай байна лээ.

-Барьц сонгоогүйгээр монгол үндэсний бөхийн барилдааны цагийг яаж хянах юм бол. Та бүхэнд ямар гаргалгаа байна?

-Барьц сонгоог шууд халаад шинэчлэхэд хэцүү. Гэхдээ халах ёстой. Бөх сонирхогчид уран гоё барилдааныг л бөхчүүдээс хүлээдэг. Энэ дүрэм чинь уран гоё барилдаанд харшлаад байгаа. Барьц сонгоог халах эхний шатны ажлуудыг энэ хаврын барилдаануудаас хэрэгжүүлээд эхэлнэ. Барьц сонгооноос өмнө яаж бөхчүүдийн барилдааныг шийдвэрлэж болох вэ гэдэг талаас нь ажиллана. Барьц сонгоог хүлээлгүй, наана нь шийдвэрлэх арга замыг боловсруулж барилдааны явцад туршиж үзнэ. Ид барилдаж байгаа бөхчүүд уран гоё барилдаан үзүүлэх ёстой. Үзэгчид байж л бөх оршин тогтноно шүү дээ.

-Өмнөх холбооны удирдлагуудын үед амжилттай зохион байгуулагдаж байсан дөрвөн уулын хишиг гэх мэт барилдааныг үргэлжлүүлж зохион байгуулах уу. Эсвэл шинэ менежмэнтээр үйл ажиллагаа явуулах уу?

-Бид амжилттай хэрэгжсэн юмыг уламжилж авч явах ёстой. Шинэчилж байна гээд халаад байж болохгүй. Тухайн үеийн удирдлагууд ухаанаа зарж амжилттай хэрэгжүүлж үзэгчдийн хүлээдэг барилдаан болгож байна шүү дээ, цааш нь авч явна. Бид үүнийг өөр өнцгөөс харж илүү сонирхолтой болгоно. Жишээ нь, нэг барилдааны бүх давааг оноолтоор барилдуулж болно шүү дээ. Яаж үзэгчдээ эргүүлж татах тал дээр ажиллаж байна. Туршаад үзэхэд үзэгчид сайн мууг нь тунгаах биз. Үүн дээр алдаа дутагдлаа дүгнэж цаашаа явна.

-Сумын заан цолтой бөхөөс допинг илэрсэн нь энэ хортой бодисын хэрэглээ үндэсний бөхөд хавтгайрсныг харуулж байна. Допингтой хэрхэн тэмцэх вэ?

-Тулгамдсан асуудал мөн. Зөвхөн баяр наадмын үед бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулдаг байсан бол заалны барилдааны үед шинжилгээнд хамруулаад эхэллээ. Үүнийг үргэлжлүүлнэ. Монгол Улсын эрүүл чийрэг бие бялдрыг авч яваа ген цаашаа яаж оршин тогтнох уу гэдэг хэзээ нэгэн цагт яригдана шүү дээ. Энэ генийг эрүүл үргэлжлүүлэхийн тулд бид допингийг одоо таслан зогсоох ёстой. Энэ чинь улс үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал шүү дээ. Удмын санд нөлөөлөх хортой бодис.

-Баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хүний эрх гээд шүүхдээд маргаан үүсдэг. Баяр наадмын бус үед бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах тухай хуульд заагаагүй шүү дээ?

-Ганц допинг биш. Баяр наадмын тухай хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байгаа. Бөхөд дуртай хүн бүр л үүнийг мэддэг ярьдаг болж. Улсын их хуралд бөхчүүдийн төлөөлөл олон байдаг шүү дээ. Монголчууд бөхөө ямар их дээдэлдгийн илрэл нь энэ. Эд маань хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Бид ч тодорхой хэмжээний саналыг гишүүддээ өгөхөөр төлөвлөсөн.

-Аваргуудын эрэмбэний асуудал одоо хэр нь маргаантай хэвээр байгаа. Үүнийг ном горимд нь оруулахын тулд ямар ажиллагаа явуулах вэ?

-Онцлогтой түүхэн жил гэж 1024 бөх барилдуулсан. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг шүү дээ. Хийгээгүй байхад хэн ч, юу ч ярихгүй. Хэрэгжсэний дараа алдаа оноог нь хэлэлцдэг. 1024 бөх барилдуулахад сайн тал бий. Гэхдээ цолыг нь эрэмбэд ороход зөрчилдөөд эхэлж байгаа юм. Жишээ нь, улсын арслан цолтой бөх наадамд 10 давж түрүүлэхэд ямар цол хүртэх нь тодорхойгүй байна. Бид ийм цол өгнө гэж заасан ч цаасан дээр бичсэн хууль байхгүй. Бид даруй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал хүргүүлнэ.

-Сумандаа сайхан барилдаж байгаад нас нь ахисан бөхчүүд олон бий. Өв уламжлалаа тээж ирсэн бөхчүүд маань орхигдох гээд байгаа тал ажиглагддаг. МҮБХ-ны гишүүн болсноор гавьяагаа үнэлүүлэх үү?

-Монгол бөхийн цол сумын начинаас улсын аварга хүртэл байдаг. Эднийг улсын аймаг сумын цолтой нийт бөхчүүд гэж ангилдаг. Авч байгаа хүн нь аварга, сумын заан гэж ялгаатай болохоос биш нэг л бөхийн цол. Залуу цагтаа барилдаж явсан бөхчүүдээ алдаршуулах санал сумдаас ирдэг. Энэ их өв соёлыг тээж ирсэн ахмадуудыг сум орон нутаг нь алдаршуулж, МҮБХ-ноос батламж гардуулж өгч болно. Үр хойч нь “Аав, өвөө минь ийм сайхан барилдаж явсан хүн” гээд батламжийг нь хоймортоо зална шүү дээ. Үүний тулд бид аймаг, сумын бөхийн холбоодтой хамтарч ажиллахаар санамж бичиг зурна.

– Аймаг, сумын найраа зах замбараагаа алдаад байгаа шүү дээ. Санамж бичигт энэ талаар тусгасан уу?

-Бөхийн хүрээнийхэн их ярьдаг. Энэ маргааныг таслан зогсоох нэг ажил нь санамж хүргүүлэх юм. Аймгийн бөхийн холбооны тэргүүнд МҮБХ-ноос гаргасан эрэмбийн дагуу бөхчүүдээ барилдуулах, дүрэм журмыг танилцуулна. Аймаг сумын бөхийн холбоодтой босоо, нэг удирдлагад, нэг бодлоготой явна. Найраатай тэмцэх ажлын эхний хэсэг нь гишүүнчлэлтэй болох гэж ойлгож болно. Наадам үймүүлдэг хэсэг бүлэг цөөхөн л хүн байдаг шүү. Үүнийг эмх цэгцэнд нь оруулж болно л доо. Гишүүнчлэлтэй болохоор хариуцлага тооцох механизмтай болно. Санамж бичиг зурснаар аймгийн аймгуудын наадам улсын наадам шиг болох юм. Нэг удирдлагатай, нэг бодлогоор явна. Найрааг ийм цогц бодлогоор шийдэхээс биш өнөө маргаашийг харсан асуудлаар явахгүй.

-Бөхчүүдийн жудгийн үнэлэмж нийгэмд унаад байгаа. Бөхчүүддээ ёс суртахуун суулгах ямар ажлыг хэрэгжүүлэх вэ?

-Сайхан барилдаж цол авч байгаа залуу бөхчүүд байна. Бидэнд өндөр цолтойгоо хүндэлдэг ёс жаяг бий. Гэхдээ цол эрэмбээ хүндлэхээс өмнө бөхчүүд ахмад үеэ хүндэтгэх ёстой. Ахмад бөхчүүд бидэнд энэ их өв соёлыг тээж ирсэн шүү дээ. Сумын цолтой ахмад бөх байлаа ч аварга арслан цолтнууд хүндлэх хэрэгтэй. Тэднийг тээж ирсэн зам мөрөөр энэ өндөрлөгт гарснаа ухамсарлах ёстой. Өнөөдөр сайхан барилдаж байгаа бөхчүүд хэзээ нэгэн цагт хөгширнө шүү дээ. Урьд үеэ хүндлэх нь бөхчүүдийг нийгэмд зөв үлгэр үзүүлнэ. Ард түмэндээ зөв үлгэр үзүүлж байж бид хүндлэл хүлээнэ.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Эрхэмбаатар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт амьдрал дээр хэрэгжихгүй байна

“Хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгаа, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг “Хуульчдын танхим”-д өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг байгууллагаас төлөөлөл оролцож, “Баривчлах, цагдан хорих ангид хууль зүйн туслалцаа авах эрх, түүний хэрэгжилт”, “эрүүгийн процeсс, Халдашгүй, чөлөөтэй байх эрх ба нууцаар шалгах ажиллагаа” зэрэг сэдвүүдээр хэлэлцсэн юм. энэ үеэр хуульч Ж.эрхэмбаатартай ярилцлаа.


-Манайх цөөн хүн амтай ч олон гэмт хэрэг бүртгэгдэх юм. Манайхны хууль эрх зүйн боловсрол дутмаг байна уу?

-Манайд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнхийг хулгай эзэлж байна. Энэ нь иргэдийн амьжиргааны түвшин муу, ажлын байр хүрэлцээгүй байгаатай шууд холбоотой. Ер нь иргэд гэмт хэргээс яаж урьдчилан сэргийлэх үү, хэрхэн гэмт хэрэгт холбогдохгүй байх вэ гэдэг нь эрх зүйн мэдлэг боловсролтой нь шууд хамааралтай. Иргэд өөрсдөө эрх зүйн наад захын боловсрол эзэмших санаачилгатай байх ёстой. Үнэхээр эрх зүйн боловсролоо дээшлүүлэх боломжгүй бол хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчид хандаж болно. Иргэд хууль зүйн эрсдэлд орсон бол эрсдэлээс хамгаалж хуульчийн туслалцаа авах эрхтэй. Энэ эрх хэрхэн бодитой хэрэгжиж байгаа талаар өнөөдөр зөвлөлдөж байна.

-Гол төлөв ямар эрх хаана зөрчигдөж байна вэ?

-Өмгөөлөгчийг нь мөрдөгч прокурорын зүгээс тулгадаг, өөрөө сайн дураар өмгөөлөгч сонгох эрхийг нь хязгаарладаг асуудлууд байна. Мөн өмгөөлөгч байсан хэдий ч бодитой хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг нь хязгаарлаад байна шүү дээ. Наад захын жишээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд “Хууль зүйн туслалцаа авах боломж бололцоо, цаг хугацаагаар хангана” гэсэн заалт бий. Энэ нь хэргийн материалтай бүрэн танилцах бололцоо олгох, магадгүй үйлчлүүлэгчтэй ганцаарчлан цагийн хязгаарлалтгүй уулзах гэх мэт байдлаар илэрдэг. Гэтэл энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Уулзсан ч 20-30 минут гээд хугацаа заачихна, цагаар шахах зэрэг зохисгүй үйлдэл гардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан баталгааг хангахгүй байгаа албан тушаалтанд хэн, ямар хариуцлага оногдуулах нь тодорхой бус байна. Үүнд хөндлөнгийн хараат бус хяналт байдаггүй. Прокурор тухайн хийгдсэн хууль бус ажиллагааг хүчингүй болгох шийдвэр гаргана. Хүчингүй болголоо гэхэд эргээд миний эрх ашиг хамгаалагдаж байгаа боловч, зориуд санаатай хууль зөрчсөн мөрдөгч ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Энгийнээр тайлбарлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг уншихад өмгөөлөгч авах эрхтэй, өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхтэй гээд зохицуулалт байна. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхгүй бол яах вэ, хэрэгжүүлээгүй зөрчсөн албан тушаалтан ямар хариуцлага хүлээх вэ гэдэг зохицуулалт алга. Бид сүүлийн хэдэн сарын хугацаанд гэрчийг тусгай ажиллагааны үед албан хаагчдын оролцоотой дайчлан баривчилж байгааг харлаа. Хуульч, өмгөөлөгч ажиллаж байгаа хэрэгтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт татагдаж цагдан хоригдсон тухай асуудлыг бид үзлээ. Энэ нь Эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх тухай хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн илрэл юм.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулалт оруулах шаардлагатай байна уу. Мөрдөгч хариуцлага хүлээх тухай заагаагүй байсан гэж хэлсэн шүү дээ?

-Мөрдөн шалгах хууль бус ажиллагаа явуулсан бол ямар хариуцлага хүлээж байна гэхээр тухайн ажиллагааг хүчингүй болгож байгаа юм. Тэр ажиллагааг явуулснаар эд хөрөнгийн хохирол байгаа бол иргэний журмаар нэхэмжлэл авах эрхтэй. Тухайн ажиллагааг явуулах шийдвэр гаргасан шүүгч ямар хариуцлага хүлээх нь мэдэгдэхгүй. Хоёрдугаарт, энэ шийдвэр гаргалтууд нь эргээд удирдлагуудынх нь дор хяналтад байгаа учраас нэг бол хамгаалах, үгүй бол ажилтнаа хэлмэгдүүлэх ийм л механизм байна. Энэ бодитой хэрэгжих эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

-Иргэд эрх зүйн боловсролгүй учраас гэмт хэрэгт холбогдох шалтгаан болж байгааг та яриандаа дурдсан. Иргэддээ эрх зүйн мэдлэг хэрхэн олгох вэ. Ямар ажил хийх хэрэгтэй байна вэ. Энгийн брошур тараагаад үрд дүнд хүрэхгүй байна шүү дээ?

-Өмгөөлүүлэх эрхийн баталгааг хангах үүрэг төрд байдаг. Төр энэ үүргээ хоёр янзаар биелүүлж болно. Нэгдүгээрт, хуульчдыг сонгон шалгаруулаад тэдгээрээс өмгөөлөх эрх олгож болно. Мөн төлбөрийн чадваргүй хэсэгт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хууль зүйн туслалцааны төв гэж байгууллага бий. Энэ байгууллага аймаг, дүүрэг бүрт салбартай. Энэ байгууллагад хандаж буй иргэдийн зардлыг төр даадаг. Бүтэц орон тоо, санхүүгийн асуудлаас шалтгаалаад хүртээмж муу байгаа байх. Гэхдээ төрөөс санхүүжиж үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлдэг байгууллага бий. Иргэд энд хандаад эрх зүйн наад захын мэдлэг авах бүрэн боломжтой.

-Дайчлан баривчлах ажиллагааг баасан гаригт явуулахгүй байх тухай хууль батлах яриа гарч байсан. Энэ асуудал ямар шатандаа яваа бол?

-Одоогоор бол батлагдаагүй байгаа. Дайчлан баривчлах ажиллагааг амралтын өдөр, шөнө дөлөөр ч явуулж болно.

-Сүүлийн үед нэр бүхий албан тушаалтнууд утсанд маань чагнах төхөөрөмж байршуулсан. Ажлын өрөөнд суулгасан гэж ярих боллоо. Ямар тохиолдолд чагнах төхөөрөмж байршуулдаг юм бэ. Зөвшөөрөлгүй байршуулбал ямар хариуцлага хүлээх вэ?

-Мөрдөн шалгах нууц ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй хэд хэдэн байгууллагууд байдаг. Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газар гэх байгууллагууд Прокурорын зөвшөөрлөөр ажиллагаа явуулдаг. Хэзээ, хэн дээр ямар техник тоног төхөөрөмжөөр хийгдэх үйл ажиллагаа нь нууц байдаг. Энгийн хуульчид үүнийг нарийн мэдэхгүй. Энгийн иргэн хэн нэгний яриаг тагнаж чагнах нь хууль бус. Хууль бусаар энэхүү ажиллагаа үйлдсэн бол Эрүүгийн хуульд зааснаар гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хийсэн гэх үндэслэлээр гэмт хэрэг болно. Үүгээр хариуцлага хүлээнэ.

-Нууцаар бичлэг хийчихээд сүрдүүлэх явдал их болсон байна. хотын даргын ёс бус бичлэгийг олон нийтэд тараана гэж баахан цуурсан. Энэ нь ажлаа өгөх нэг шалтгаан болсон гэж үзэх хүмүүс байдаг. Үүнд хуулийн ямар зохицуулалт байдаг юм бэ?

-2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар хувийн орон зайд нэвтрээд зөвшөөрөлгүй бичлэг хийхийг гэмт хэрэгт тооцохоо больсон. Энэ бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацсан тохиолдолд хүндрүүлж үзэхээр болсон. Гэсэн ч 2017 оны тавдугаар сард орсон өөрчлөлтөөр хэрэгсэхгүй болгосон.

-Нууцаар бичлэг хийхийг зөвшөөрдөг гэсэн үг үү?

-Зөрчлийн хуулинд нэг зохицуулалт байгаа. Хүний хувийн орон зай, гэрт нь орж нууцаар бичлэг хийвэл Зөрчлийн хуулийн дагуу торгох арга хэмжээ авна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чимэдбат: Тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар тоноглох нь хориотой

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.


-Сүүлийн хэд хоногт зарим жолооч нар тээврийн хэрэгслийнхээ салхины шилэнд маск зүүж хөдөлгөөнд оролцох боллоо. үүнээс хүүхэд, хөгшид цочих тохиолдол гарч байгаа талаар иргэд гомдол ирүүлж байна. Энэ асуудал дээр Тээврийн цагдаагийн албанаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Жолооч нар салхины шилэндээ маск зүүж оролцох нь иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхдээ яг энэ төрлийн зөрчлийг арилгах, жолоочид нь сөрөг хор нөлөөг тайлбарлаж ажиллаж байна. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй байдаг. Харах орчинг хязгаарлана. Зөвхөн маск ч биш цонхондоо хар тен, лазер гэрэл нааж, хөшиг татаж замын хөдөлгөөнд оролцох тохиолдол их байна. Зориулалтын бусаар тээврийн хэрэгслийг тоноглох нь хориотой. Энэ асуудал дээр тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа.

-Салхины шилнээс маск зүүж хөдөлгөөнд оролцохыг хуулиар хориглосон заалт бий?

-Тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар тоноглож замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Тээврийн цагдаагийн албанаас МХЕГ зэрэг холбогдох байгууллагуудад энэ төрлийн маскийг худалдаанд гаргахад хяналт тавих, худалдаалагдсан үед зориулалтын дагуу хэрэглэх талаар санамж хүргүүлж ажиллаж байна.

-Замын цагдаа нарын ажил сүүлийн үед эрчимжсэнийг уулзвар бүр дээр л зогсох цагдаа нараас харж болохоор байна. Тээврийн цагдаагийн албанаас энэ өдрүүдэд ямар аян өрнүүлж байна вэ?

-Саяхан сурагчдын хичээл нь амраад орчихсон. Сургууль орчимд хөл хөдөлгөөн нэмэгддэг учраас хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгддэг. Ялангуяа эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт суларснаас шалтгаалж осол хэрэг гарах нь элбэг. Тээврийн цагдаагийн алба энэ төрлийн осол хэргээс урьдчилан сэргийлэх аянга өрнүүлж ажиллаж байгаа. Мөн цаг үеийн нөхцөл байдалтайгаа тохируулаад аян, улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Орон нутгийн замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо бүрэн бүтэн байдлыг хангахгүй байх, сэлбэг хэлбэрээр угсарч хөдөлгөөн оролцох зэрэг зөрчил нь өндөр эрсдэл дагуулдаг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх аян Тээврийн цагдаагийн албанаас явуулсан. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, цэргийн баяр зэрэг баярууд дөхөхөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны эрс суух тохиолдол эрс нэмэгддэг. Иргэдийн дунд цагдаагийн хяналт байхгүй газар замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, цагдаа байгаа уулзвараар дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцдог сэтгэхүй байна. Энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлж тээврийн цагдаагийн газраас хөдөлгөөнт байдлаар арга хэмжээг зохион байгуулж хяналт тавьж ажиллаж байгаа. Бид үүрэг гүйцэтгэхдээ тухайн пост уулзварт бүх төрлийн гэмт хэрэг зөрчилд давхар хяналт тавьдаг. Ялангуяа сүүлийн үед үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргүүд тээврийн хэрэгслээр л үйлдэгддэг. Гудамжинд айлын хивс, зурагт хулгайлаад явдаг иргэд байхаа больсон шүү дээ. Камерын хяналт, эргүүл гээд илрүүлэлт эрс нэмэгдсэн. Тээврийн хэрэгслийн ачаа тээш зэрэгт хяналт тавьж хэрэг зөрчил илрүүлж байгаа.

-Цаг наашилж урин дулаан болжээ. Энэ үед хөдөлгөөний ачаалал нэмэгддэг үү. Өвөл дулаан гараашд байсан тээврийн хэрэгслээ дулаарахаар гаргаж ирдэг гэх юм. Хүйтний улиралд тээврийн хэрэгслээ унаж байгаад урин болоход хашаандаа хадгалчихдаг тохиолдол байдаг гэсэн?

-Хичээл сургууль, иргэдийн амрах хүртэл буюу зургадугаар сар хүртэл замын хөдөлгөөн ачаалалтай байдаг. Зуны долоо болон наймдугаар сард нийслэл хотод хөдөлгөөн сийрэг байдаг.

-Сая замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдсэн. Замын хөдөлгөөнд оролцогчид дүрмэндээ дасч байна уу. Олон заалт шинэчлэгдсэн байсан шүү дээ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс шинэчлэгдсэн замын хөдөлгөөний дүрэм хэрэгжээд эхэлсэн. Хэрэгжилтийн хүрээнд таван сар орчмын өмнөөс л хэвлэл мэдээллийн байгууллага, цахим хэлбэрээр мэдээлэл түгээсэн. Мөн төрийн байгууллага, төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг гээд бүх шатны байгууллагуудад сургалт зохион байгуулсан. Өнөөдөр зарим нэг мөрдөгдөхгүй дүрмийн заалтууд байна л даа. Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд удаан хугацаагаар зогсдог, уулзвар гарц ачаалалтай үед хөдөлгөөнөө үргэлжлүүлээд хөндлөн замаар яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болдог, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг гэх мэт зөрчлийг их гаргаж байна. Бид эхний ээлжинд энэ зөрчлүүдийг тайлбарлаж сануулах арга хэмжээг авч байсан. Одоо бол хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахаас өөр арга алга. Гудамж талбайд үүрэг гүйцэтгэж буй цагдаа нар, камерын хяналт зэргээр хяналт тавьж зөрчилд арга хэмжээ тооцож байна. Хангалттай дүрмийг сурталчилсан, дүрмийн хэрэгжилтийн дараа сануулах арга хэмжээ авсан. Иргэд дүрэм мэдэж байгаа хэрнээ л яаруу адгуу, амин хувиа хичээсэн зангаараа зөрчиж байна.

-Иргэн бүр замын хөдөлгөөнд хяналт тавих боломжоор хангаж “E POLICE” аппликейшнийг нэвтрүүлсэн. Энэ системийг шинэчлэл хийж байгаа талаар хэлж байсан. Энэ ажил ямар шатанд явж байгаа вэ?

-“E POLICE” аппликейшнийг зөвхөн самсунгийн андройд үйлдлийн системтэй утсанд хэрэглэж байсан бол “I Phone” хэрэглэгчид ч ашиглах боломжтой болсон. Энэ ажлаас хойш хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж тээврийн цагдаагийн албанд ирж буй хэрэг зөрчлийн мэдээлэл тэр хэмжээгээр нэмэгдсэн. Мэдээлэл ирүүлсэн иргэдэд эргүүлээд торгуулийн арга хэмжээ авсан талаарх мэдээллийг илгээдэг болсон. Зөвхөн “E POLICE” гэлтгүй тээврийн цагдаагийн алба, “Paparazzi traffic Mongolia” группүүдэд дүрэм зөрчсөн иргэдийн дүрс бичлэгээр баталгаажуулсан мэдээллийг хүлээж аваад хурдан шуурхай, хуулийн дагуу шийдвэрлэж иргэдэд мэдээллийг нь хүргэж ажиллаж байгаа. Нийслэлд 300 гаруй замын цагдаа үүрэг гүйцэтгэдэг нь хэрэг зөрчил бүрийг илрүүлээд хүндрэлтэй байдаг. Иргэд бүгд цагдаа хийх боломжтой болсноор зөрчил буурах нөгөө, цагдаагүй үед дүрэм зөрчих тохиолдол буурах хандалдагтай байгаа. 100 гаруй мянгуулаа л замын цагдаа болчихлоо л гэсэн үг. Иргэд өөрийнхөө ирээдүйн төлөө, бусдын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө, соёлтой замын хөдөлгөөнийг төлөвшүүлэхийн төлөө хамтарч байгаа нь сайшаалтай. Үүнийг зарим иргэд хүний мууг үзлээ гэж дургүйцэх гээд байдаг талтай. Замын хөдөлгөөний соёл таны, таны үр хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад чухал нөлөөтэй гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

-“E POLICE” аппликейшнээр өдөрт хэдэн зөрчил бүртгэгдэж байна. үр дүнгийн тухайд дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Тээврийн цагдаагийн албанд “E POLICE”-оор өдөрт 100 орчим зөрчил бүртгэгдэж үүний 60-70 д нь арга хэмжээ тооцож байна. Урин дулаан цаг ирэхэд хотоос гарах орох хөдөлгөөн нэмэгддэг. Тээврийн хэрэгслийн хурдаа тохируулах, хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс бүрэн бүтэн байдлыг хангах, бага насны хүүхдийг зөв тээвэрлэх дадал хэвшлийг суулгамаар байна. Эцэг эхчүүд дүрэм зөрчиж үр хүүхдэдээ буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Энэ бүхнээс таны хүүхэд суралцаж давтана гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Зөвхөн би би, биш та би гэсэн зарчмаар замын хөдөлгөөнд оролцмоор байна.


Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Э.Оюунболдын ангийнхан

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Аварга” биеийн тамирын дээд сургуульд боловсрол эзэмшсэн алдартнууд олон бий. Улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын олон арван хүчтэнүүд өнөө хэр нь төрөлх сургуулиараа зарлуулж барилддаг.

“Аварга” биеийн тамирын дээд сургуулийн 2014 оны төгсөлтийн хамт олныг “Нэг ангийнхан” буландаа онцолж байна. 2010 оны намар цаг. Сум орон нутгийн наадамдаа барилдаад танигдчихсан залуус илүү том зорилго тээж “Аварга” сургуулийн чөлөөт бөхийн ангийн босгыг алхаж байжээ. Оюутны дэлхийн аварга, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, боловсролын ухааны доктор Юрагийн Гандолгор багшийн дааж авсан ангийн хөдөөний хүрэн бор залуус дунд өнөөдрийн спортын мундгууд боловсорч өсч өндийж байжээ. Бөхийн сургуулийн оюутнууд өдрийн тэн хагасыг бэлтгэлийн зааланд өнгөрүүлнэ. Урт хугацааны ачаалалтай бэлтгэлийг дааж гарсан нь нэг шат ахиад, шантарсан нь өөр зам хөөдөг бичигдээгүй хуультай. Харин эдний ангийнхнаас шантарч дундаас нь орхисон нь цөөхөн юм билээ.

Шантралгүй бэлтгэлээ базааж байсан ангийнхны эхний сорил нь монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэхэд зориулсан 6000 бөхийн барилдаан байсан гэнэ лээ. Дөнгөж нэгдүгээр курсийн оюутнууд нас бие хүрсэн эрчүүдтэй барилдаад даваад байна гэдэг боломжгүй. Монгол бөх гэж энэ их өв соёлыг дэлхийн дээд амжилтад бүртгэх ажилд эдний ангийнхан гар бие оролцсондоо сэтгэл өндөр явдаг юм билээ. Барилдааны дундуур үзүүлэх тоглолт толилуулж, уран дэвээ шаваагаар олон улсын жуулчдын нүдийг хужирлаж өв соёлоо сурталчилсан нь нэгдүгээр курсийн хүүхдүүдийн хувьд том амжилт болжээ.

Оюутан цагийн эхний жил ч спортын суурь хүмүүжил авч, бөхийн дөр суух гэж явсаар л өнгөрчихөж. Бүтэн жил бэлтгэл хийснийх таарсан наадамдаа зодоглоход бас чиг дугтруулаад өнхөрчихөөргүй хэмжээнд очсон байна. Үндэсний бөхийн бэлтгэлийг нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын начин Бүдээбазарын Адьяахүү хариуцаж хийлгэдэг байсан болохоор тэр шүү дээ. Залуусын ч бие чангарч булчин шөрмөс зангираад ирж. Дал майк өмсөөд толины өмнө эргэлдэх дуртай болсон талаар хэсэг нөхөд нь хөөрөлдөнө лээ. Зуны амралт ч болж. Адьяа багш шавь нартаа сумын заан цол авч ирэх даалгавар өгсөн аж.

2011 оны намартай золгоход өнөө хүрэн бор залуус бөх болох дөрөө олчихсон байсан талаар Гандолгор багш нь хэлж байв. Аймаг, сумын цолтнуудын барилдаанд ганц нэг давдаг болоод ирж.

Доржигмэдийн Алтангэрэл гэж жижигхэн шар хүү эдний ангийнхны нэрийг анх Бөхийн өргөөнд цуурайтуулжээ. Анхдагчийн нутгийн залуу 2011 оны аравдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд гялалзсаар байгаад түрүүлчих нь тэр. 20-тойдоо сурсан ганц мэхээ хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ гэдэг шиг бүх өрсөлдөгчийнхөө хөлд гүйгээд түрүүлж байж. Гэхдээ 18-хан л настайдаа шүү дээ. Түүний энэ амжилтыг өнөө хэр нь эвдээгүй л байна.

Алтангэрэл чөлөөт болон самбо бөхийн төрлөөр шаггүй барилдчихна. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн медаль хүртэж байсан юм.

Энэ ангиас төрсөн чөлөөтийн шилдгүүд олон. Гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаярын гарын шавь Б.Бат-Эрдэнэ гэж хүү энэ ангид боловсорч эрийн цээнд хүрсэн. Ангийнхаа насаар дүү, биеэр ч давжаа тэрбээр үндэсний бөхийн бэлтгэл нэг их хийхгүй. “Бөөрөнхий дэвжээнд би барилдахгүй. Бөмбөрцгийн дэвжээнд зодоглож том бөх болно” гэж хэлдэг байсан гэнэ. Хэлсэн амандаа ч хүрч залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн аж. Удахгүй болох олимпийн наадамд оролцохоор бэлтгэлээ эрчимтэй базааж буй. Чөлөөт бөх сонирхогчид ч энэ залууг том болно гэж үнэлдэг юм билээ.

Отгонбатын Оюунтуяа гэж ур чадвар нь тив дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн охин энэ ангийнх. 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж эх орныхоо төрийн далбаагаа Тайландын тэнгэрт мандуулаад амжжээ.

Мөн Д.Баярмаа холимог тулааны спортоор хичээллэж чамгүй амжилт үзүүлж нэрээ таниулаад амжсан.

АВАРГА, АРСЛАНГУУДААС АЙДАГГҮЙ
АНГИЙНХАН

Дээхнэ үеийн аварга, арслангууд ам бөхчүүдээ шүргээд л байсан талаар ахмад бөхчүүд хуучилдаг. Одоо цагт бол өөр. Том цолтнуудын аманд гарсан хүүхдүүд шүдээ зуугаад л үздэг болсон. Эдний ангийхан ч аварга арслангуудад халгаатай барилддаг. Өвөрхангайн Тарагтын Жигжидсүрэнгийн Бямбадоньд гэж аймгийн начин цолтой залуу энэ ангид бий. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн бөхийн барилдааны хоёрын даваанд улсын аварга С.Мөнхбатыг өвдөг шороодуулаад гүйж байсан удаатай.

Ховд аймгийн Буянт сумын Батдоржийн Сосорбарам эдний ангийнх. Улсын өндөр цолтой бөхчүүдтэй гойд сайн барилддаг бөх. Өнгөрсөн наадмын түрүү улсын аварга Н.Батсуурийг нэгэн барилдааны үеэр толгойг нь уургалж солгой талдаа тонгороод бөхийн бүх төрлөөр цэвэр дарчихсан. Өргөөнд цугласан олон ч нураад л ирэх шиг болсон.

Чөлөөтийн ангийнхнаас том цолтнуудад халгаатай барилддаг өөр нэг залуу нь Сэлэнгийн аймгийн начин Баатарболд. Аварга, арслангуудын ихэнхтэй нь барилдаж байсан. Хатан Туулын хишиг барилдаанаар улсын арслан Р.Пүрэвдагвыг залчихсан айхавтар бөх. Арсланг хөлд нь суухад нь давуулж гуядаад тархиар нь газар зоочих шахсан байх. Тэр бичлэгээ утсандаа татчихаад ангийнхандаа үзүүлэх дуртай талаар нөхөд нь ярьж байв. Шавь нарынхаа элдэвтэй барилдааныг үзээд гавьяат багш Б.Адьяахүү ч баяртай л явдаг юм билээ.

УЛСЫН АРСЛАНТАЙ БОЛОВ

Энэ ангиас онцгой хүчтэн төрсөн нь улын арслан Энхтөгсийн Оюунболд. 19-хөн насандаа төрөлх нутаг Хэнтий аймгийнхаа наадамд аймгийн арслан Б.Хадбаатартай үлдэж түрүүлэхдээ хоёрдугаар курсийн оюутан байсан гэдэг. Энэ үедээ бөх сонирхогчдын анхаарлын төвд хэдийнэ орчихсон, улсын цолны тааварт нэр нь яригдаж байсан талаар ангийнхан нь ярьж байв. Аймгийн наадмын дараахан Төв цэнгэлдэхэд ирж барилдаад улсын заан Ц.Мягмарсүрэнгээр хоёр давж байсан аж. Аймгийн цолтой ч тэгж удаан барилдсангүй. Дараа жил нь хорьж болдоггүй 20 насандаа улсын харцага болчихсон. Улсын начин Б.Сангисүрэн, улсын арслан До.Ганхуяг, улсын заан Т.Санчир нарын хүчтэнүүд 20-той залууг хазайлгах гээд дийлэлгүй өвдөглөж байсан юм. Улсын цолтонтой болсон ангийнхан ч хязгааргүй баярласан гэнэ лээ. Урам авсан нөхөд ч бэлтгэлээ илүү сайн хийж дор бүрнээ цолоо ахиулцгаасан байна. Сүхбаатарын Б.Номиндалай аймгийн хурц арслан, Архангайн Л.Жамбал аймгийн арслан, Сэлэнгийн Б.Баатарболд аймгийн начин цол хүртсэн ажээ. Цол дагаж бяр нэмдэг жишгээр Оюунболдын ур чадвар өдрөөс өдөрт ахисаар. Улмаар идэр залуу 22-хон насандаа өнөө цагийн шилдэг гэх тодотголтой бүхий л хүчтэнүүдийг орхиж төрийн наадамд түрүүлж улсын арслан болж олноо өргөгдөх нь тэр ээ. Тэрбээр дархан аварга Жигжидийн Мөнхбатын 22 насандаа түрүүлж байсан амжилтыг олон жилийн дараа давтаж түүх бүтээсэн юм.

2010-2014 оны хооронд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн ангийг ийм л спортын шилдгүүд суралцаж төгссөн аж. Энэ ангийн хамт олон дөрвөн жилийн хугацаанд суралцахдаа бүгд спортын цол зэрэгтэй дүүргэж, зорилгодоо ямар нэгэн хэмжээгээр хүрсэн нь бахархал юм.


Categories
мэдээ цаг-үе

Л.Насанцэнгэл: Манайхан “Хүний дор орж болохгүй” гэсэн сэтгэлгээгээр хүүхдээ хүмүүжүүлдэг нь амиа хичээсэн иргэдийг бэлтгэж байгаа хэрэг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал АУ-ы доктор дэд профессор Л.Насанцэнгэлтэй ярилцлаа.


-Сэтгэл гутралын өвчин манайд тохиолдох нь элбэг болжээ. Шалтгаан нөхцөл нь юу юм бол?

-Сэтгэл гутрал бол зонхилон тохиолдох сэтгэцийн зургаан эмгэгийн нэг. Дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь амьдралын хугацаанд сэтгэл гутралаар өвчилдөг гэж үздэг. Даамжирвал хөдөлмөрийн чадвар алдагдахад хүргэх эрсдэлтэй өвчин. Сэтгэцийн эмгэг нь 2005 онд дэлхий нийтийн өвчлөлийн 10 хувийг эзэлж байсан бол 2020 гэхэд 15 хувь болж нэмэгдэнэ гэж тооцоолсон байдаг. Нийгэм хөгжихөд сэтгэцийн эмгэг дагаад өсдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баруун бүсийн хөгжингүй орнуудад мэдрэл сэтгэцийн эмгэг хүн амын 27 хувийг эзэлж байхад хөгжиж буй орнуудад 15 хувьтай байдаг. Хөгжилтэй оронд сэтгэл гутралын эмгэг өндөр байдаг нь энэ үзүүлэлтээс харагдаж байна. Манайд сэтгэцийн эмгэгийн тархалт бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 4-6 дахин бага байсан. Одоо нийгэм хөгжөөд сэтгэцийн эмгэг өссөн байна. 2013 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаа хийсэн л дээ. Үүнийг 1982-1994 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин өсөөд, архинд донтох эмгэг 40 дахин өссөн байгаа юм. Сэтгэл гутралыг хүмүүс тэр бүр анзаардаггүй эмгэг. Тухайн хүнд ямар нэгэн зүйлд дур сонирхолгүй болох, үйлдэл хөдөлгөөн удаашрах, хоолонд дургүй болох, бэлгийн дур буурах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Шалтгаангүйгээр сэтгэлээр унах, гутрах зэрэг нь энэ эмгэгийн нөлөөлөл. Ажлын идэвхгүй болчихдог. Ийм эмгэг гол төлөв эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог.

-Сэтгэл гутрал даамжирвал юунд хүрэх вэ?

-Сэтгэл гутралтай удаан явж хүндэрвэл амиа хорлох эрсдэл өндөр байдаг.

-Сая Улсын прокурорын ерөнхий газраас гаргасан судалгаанаас харахад амиа хорлолтын 85 хувийг эрчүүд эзэлж байгаа гэдгийг онцолсон байсан. Энэ юутай холбоотой вэ. Монгол эрчүүд ийм сэтгэлийн хатгүй болчихсон хэрэг үү?

-Би сэтгэл гутралаар гол төлөв эмэгтэйчүүд өвчилдөг гэж хэлсэн. Харин сэтгэл гутралд автаж амиа хорлосон тохиолдлуудыг харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4-5 дахин илүү байсан. Олон улсын судалгаанаас харахад ч эрэгтэйчүүд гол төлөв амиа хорлосон байдаг.

-Манай эрэгтэйчүүдийн амиа хорлож байгаа шалтгаанууд нь юу байдаг вэ. Бид түүхээ эргээд харвал дайн тулаан, хэлмэгдүүлэлт гээд хагацал зовлон бишгүй үзсэн сэтгэлийн хаттай улс шүү дээ. Одоо багахан л асуудал тулгарахад өөрийгөө дүүжилчих гээд байдаг болж?

-Дэлхий нийтэд 35 хүртэлх насны эрчүүдийн нас баралтын нэг, хоёрдугаар шалтгаан нь амиа хорлох байдаг. Ийм насны хүмүүс өвчнөөр нас барахгүй шүү дээ. Амиа хорлож байгаа хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй гэх гээд байдаг. Судалгаанаас харахад 0.5 хувь нь л сэтгэцийн эмгэгтэй, 99.5 хувь нь эрүүл хүмүүс байна лээ. Улсын прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарч хийсэн судалгаанаас харахад сүүлийн таван жилийн хугацаанд нийт 2055 хүн амиа хорлосон байна. Үүнээс үзэхэд 47 хувь нь баталгаат түвшингээс доош амьдралтай гэж гарсан байгаа юм. Дани улсын туршлагаас ч харахад амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд хийж байгаа эхний алхам нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх байсан. Үүнээс сэргийлэхэд хүүхдийн төлөвшилт чухал байдаг. Амиа хорлож буй хүмүүсийн зан үйлийг судлахад дуу муутай, хүнтэй сэтгэлээ нээж ярьдаггүй, дотогшоо хүмүүс их байдаг. Дээрээс нь гэр бүлийн маргаантай, архидалттай, дарамттай орчинд өссөн хүүхэд амиа хорлох тохиолдол их. Ийм орчинд өссөн хүүхэд сэтгэл зүйн дархлаа муутай иргэн болж төлөвшдөг. Тулгарсан асуудлыг шийдэхдээ амиа хорлох гаргалгааг сонгох жишээ олон бий. Гэр бүлийн салалт, хойт эцэг эхийн хандлага амиа хорлоход хүргэдэг. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндрөөс үсэрч амиа хорложээ, хүнд дурлаад өөрийгөө боомилжээ гэх зэрэг мэдээг дэлгэрэнгүй нэвтрүүлж байгаа нь өсвөр насныханд сөрөг сэдэл төрүүлээд байна. Хүн амиа хорлох шийдвэрийг хоромхон хугацаанд л гаргаж эрс шийддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх нь чухал. Энэ ажлыг Хууль зүй дотоод хэргийн яам, НХХЯ, ЦЕГ, ГБХЗХГ зэрэг байгууллагууд хамтарч хийх ёстой. Манайд амиа хорлолтыг бүртгэх мэдээлэх тогтолцоо алга. Бүртгэх, мэдээлэх тогтолцоо бий болгох ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байгаа. Энэ ажлын хэсэг хоёр дахь удаагаа хуралдаж Засгийн газрын тогтоол, журам гаргаж амиа хорлох оролдлогыг бүртгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар болсон. Үүнд НХХЯ, БСШУСЯ-ын оролцоо чухал. Хамтарч энэ ажлыг хэрэгжүүлэхээр зөвлөж байгаа.

-Хүүхдээ сэтгэлийн дархлаатай иргэн болгож төлөвшүүлэхэд эцэг эхчүүд юуг анхаарах вэ?

-Эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж, ярилцаж байх нь тулгарсан бэрхшээлийг даваад гарах сэтгэлийн хаттай иргэнийг бэлтгэж байгаа хэрэг. Хувь хүний сэтгэлийн дархлаа чухал. Манайхан хичээлдээ сайн, англи хэлтэй төгс хүүхдийг бодоод байдаг. Үнэндээ зөв төлөвшилтэй, зөв харилцдаг, өөрийгөө зөвөөр илэрхийлдэг, өөртөө тулгарсан асуудлыг хялбар зөв аргаар шийдвэрлэх ухаанд суралцуулах хэрэгтэй. Ийм иргэн нийгэмд илүү үнэ цэнэтэй. Мэдээж сурч боловсроход нь тодорхой хэмжээнд анхааралгүй л яахав. Хэтэрхий их ачаалал өгөх нь мэдрэлийн ядаргаанд оруулчихдаг. Ийм хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай болж төлөвшинө. Хүүхдэдээ цаг гаргаж, үгийг нь анхааралтай сонсч, өөрөөр нь сайн яриулж байх хэрэгтэй. Улмаар тохирсон асуудлыг өөрөөр нь шийдвэрлүүлж байх нь өөртөө итгэлтэй болгоход тустай. Аливаа асуудал гарахад амиа хорлох биш, асуудлыг оновчтой шийдэх чадвартай иргэнийг бэлтгэнэ гэсэн үг. Ийм хүн хувь хүний нөлөөнд автдаггүй, хорт зуршилд “үгүй” гэж хэлж чаддаг ухамсартай болно. Ийм хүн сэтгэл гутралаас өөрийгөө сэргийлэх дархлаатай байдаг.

-Манайхан хүүхдэдээ “хүний дор орж болохгүй” гэж хүмүүжүүлээд байх шиг. Энэ талаар та юу гэж зөвлөх вэ?

-Сэтгэцийн эмч нарын санааг зовоож буй асуудал энэ. “Чи заавал тэрнээс илүү байх ёстой” гэж төгс төгөлдрийн үзэлтэй болгож хүмүүжүүлж байна. Хүн болгон хүнээс илүү байх албагүй. Хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй шүү дээ. Өөр нэг асуудал нь хар амиа бодсон үзлийг хүүхдэдээ суулгаад байна. Хүнд тусалдаггүй, заавал илүү гарах гэсэн сэтгэхүйтэй байвал тухайн хүн насан туршдаа аз жаргалгүй, ганцаардаж амьдарна гэсэн үг. Атаархах, хүнд муу санах, үзэн ядах зэрэг нь сөрөг бодол л доо. Ийм үйлдэл хөдөлгөөн хийх нь яваандаа зуршил болж зан үйл болон төлөвшдөг. Эргээд хувь хүнд сөргөөр нөлөөлдөг байхгүй юу. Сэтгэл гутралд автахад хүргэнэ.

-Хотжилт гэдэг хувь хүнээс асар их хурд шаарддаг. Богино хугацаанд их ажил амжуулах ёстой. Энэ нь сэтгэл гутрал автахад нөлөөлөх үү?

-Нөлөөлж болно. Хувь хүнээс их ачаалал шаардана гэсэн үг шүү дээ. Замын түгжрэл, хүмүүсийн таагүй харилцаа, гэр бүлийн таагүй харилцаа, ажлын ядаргаа зэрэг нь стресс болдог. Гоё хоол хийе гээд хийхэд стресс болохгүй. Энэ хоолыг яаж хийнэ дээ гэж дургүйцэх сэтгэл нь стресс болж байгаа юм. Юманд өгч байгаа хариу урвал стресс болдог. Энэ нь хүнийг сэтгэл гутралд оруулах шалтгаан болдог.

-Сэтгэл гутралыг хувь хүн хэрхэн даван туулах вэ?

-Сэтгэцийн эрүүл мэнд гэхээр хүмүүс эмч, эмнэлгээс хайгаад байдаг. Гэтэл манайх 135 сэтгэцийн эмчтэй 3.2 сая хүнтэй учир нэг эмчид 20 гаруй мянган хүн ногдож байгаа юм. Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэхэд хувь хүний ахуй амьдралын дэглэм маш чухал. Жишээ нь нойр, хоол, ажил, амралтын дэглэм. Мөн цагийн менежмэнт, хувийн зохион байгуулалт хэрэгтэй. Өөрт тулгарсан асуудлаа яаралтай, зөв замаар шийдвэрлээд сурчихвал сэтгэл гутралын эмгэгт өртөхгүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Номин: Дээрэлхүүлээд байгаа юм шиг санагдаад л зодолдож эхэлдэг

-УХАМСАР ГЭДЭГ ЗҮЙЛ ХҮНИЙ УУРЛАЖ БАЙГАА ҮЕД АЖИЛЛАДАГГҮЙ-


Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач, доктор ph.D Б.Номинтой ярилцлаа.


-Манайхан дунд хэдхэн хормын уурыг барьж тэвчихгүй зодоон нүдээндээ хүрдэг хүмүүс олон болжээ. Түрэмгий, хүлээцгүй энэ зангаасаа болж олон иргэн гэмт хэрэгт холбогдож байна. Энэ юутай холбоотой вэ?

-Тэвчээртэй зан, даруу байхын ач холбогдлыг хүүхдэд эцэг эхчүүд суулгаж өгдөг. Хүүхэд байхдаа өнөөдрийнх шиг түрэмгий, хурдан хариу үйлдэл үзүүлдэг, тэвчээргүй байсан уу гэвэл, үгүй. Хүүхэд юмыг хурдан ойлгож, хурдан мартдаг, бухимддаггүй шүү дээ. Тийм гэнэн цайлган байсан хүүхэд маань том болохын хэрээр амьдралын бэрхшээлүүдтэй тулгарна. Үүнийг даван туулах чадвар хүмүүст янз бүр байдаг. Бэрхшээлийг даван туулах чадвар бүх хүмүүст өндөр заяадаггүй. Тэвчээр хүн болгонд харилцан адилгүй байдаг. Мөн ямар ч тэвчээртэй хүнийг тэвчээрийг нь барах нөхцөл байдал бий. Дараагийнх нь орчны нөлөөлөл. Эргэн тойронд уур бухимдалтай хүмүүс байвал орчиндоо уусна. Ижил хариу үйлдэл үзүүлж эхэлнэ. Тайван хүлээцтэй хүн ч ухамсаргүйгээр дуурайж эхэлдэг. Худал үгийг 1000 давтахад үнэн болдог гэж үг байдаг шүү дээ. Мянга давтагдаж байгаа учраас зуршил болно. Уурлахааргүй зүйлд л түргэн хариу үйлдэл үзүүлдэг бухимдуу тэвчээргүй зантай болчихдог. Дадал зуршил болчихоор өөрчлөхөд амар биш. Тамхинаас гарахтай адилтгаж ойлгож болно. Орчны нөлөөллөөс шалтгаалж гэнэн сайн зүйлд тэмүүлж байсан хүүхэд өсч томроод сөрөг хариу үйлдэл үзүүлэх боломжтой.

-Монгол хүний түрэмгий, амиа хичээсэн занг нүүдэлчин соёл иргэншилтэй нь холбож тайлбарлах хүмүүс байдаг. Энэ талаар таны бодол?

-Нүүдэлчин байхаараа түрэмгий, суурин болохоороо тайван амгалан гэсэн ойлголт байхгүй л дээ. Түрэмгий байна гэдэг хүний төрөлх хариу үйлдэл. Өөрийгөө хамгаалах зан чанар хүнд заяадаг. Хүнд аюул осол ирэхэд, хэн нэгэн таныг доромжлоход хариу үйлдэл үзүүлдэг шүү дээ. Түүнийг няцаах ёстой. Энэ чанар хэмжээндээ байхад хүн өөрийгөө, гэр бүлээ хамгаалах хэрэгсэл болж байдаг. Хэмжээнээсээ даваад ирэхээр өөрийгөө болон бусдыг сүйтгэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл түрэмгий зан хэвийн хэмжээнд байхад өөрийгөө хамгаалах хэрэгсэл, хэтрэхээрээ бусдыг болон өөрийгөө сүйтгэх хэрэгсэл болж байна.

-Хүлээцгүй, бухимдуу зан өнөөгийн нийгэмтэй холбоотой юу?

-Тодорхой хэмжээгээр холбоотой. Нийгэм маань хүмүүс. Хүмүүсийн амьдарч буй орчин нь зан төлөвтэй нь хамааралтай. Хотын амьдралд аюул осол, бухимдал алхам тутамд тулгарна. Хөдөө амьдардаг бол яарч сандрах, олон ажлыг зэрэг амжуулах шаардлага гарахгүй. Хотод хүн богинохон хугацаанд их ажлыг амжуулах шаардлага гарна. Дээрээс нь олон зүйлийг амжилттай сайн хийж шилдэг байхыг амьдрал шаарддаг. Сайн ажилтан, сайн аав ээж байх, хэн нэгний үр хүүхэд учраас аав, ээжийнхээ ачийг сайн хариулах хэрэг гарна. Гэтэл хоногийн 24 цаг хязгаарлагдмал. Найман цагт нь унтаж амарна, найман цаг нь ажиллана. Хотын түгжрэлд хоёроос гурван цаг зарцуулна. Ингээд гэр бүлдээ цаг зав бага зарцуулсны улмаас зөрчил үүснэ. Хотын амьдрал хэвийн байх ёстой ачааллаас илүү хурд шаарддаг. Иймээс бухимдал илүү үүснэ. Үүнийг хүмүүс танин мэдэж зохицуулж сурахгүй бол хот өөрчлөгдөхгүй. Ажил амьдарлаа зохицуулахгүй бол хэзээ нэг цагт доголдоно. Магадгүй эхнэр чинь салаад явж болно, хүүхэд чинь ч сурлага муутай болж болно. Зохицуулалт хийж сурахгүй бол хотын хэмнэл, хурдад тааруулж амьдарна гэдэг хэцүү. Цагийн менежмэнт чухал.

-Таван хормын уур бухимдлыг тэвчихгүй өөрийн амьдралын хувь заяагаа бараанаар эргүүлэх тохиолдол олон гарч байна. Уур бухимдлаа тэвчихэд л өөр гайхалтай хувь тавилан хүлээж буйг ухамсарлахгүй юм. Шалтгаан нь юу бол?

-Хүн тайван байгаа үедээ үүнийг ойлгож ухамсарлана. Ухамсар гэдэг зүйл хүний уурлаж байгаа үед ажилладаггүй. Өөрөөр хэлбэл уурласан үед хүний оюун ухааны төв ажилладаггүй. Оюун ухааны хяналтын төв хүний духны хэсэгт байрладаг. Сэтгэл хөдлөлдөө автахад цусанд ялгарч байгаа гормон нь оюун ухаан ажиллахад саад болж эхэлдэг. Оюун ухааны хяналтын хэсэг хаалттай ажиллахаа больж эхэлнэ. Уурласан хүний үг, үйлдэл ухаангүй гэсэн үг шүү дээ. Сэтгэл хөдлөлдөө автсан байдаг учраас оюун ухаан ажиллахаа больсон байдаг. Сэтгэл хөдлөлдөө автаагүй бол тухайн хүн тэр үйлдлийг хийхгүй. Тайван байгаа үедээ хийхгүй үйлдлээ ууртай үедээ хийчихдэг. Тиймээс сэтгэл хөдлөлөө удирдах чухал. Аливаа асуудлыг тулгарахаас өмнө шийдвэрлэх хэрэгтэй. Хүн тэвчээд дуугай явах нь зөв шийдэл биш. Хэн нэгэн танд таагүй сэтгэгдэл төрүүлэхэд хэлэхгүй өнгөрсөн бол асуудлыг шийддэггүй. Таныг гомдоосон, таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол хэлэх хэрэгтэй. Хэлж байж л ойлголцож тайвширдаг. Нөгөө асуудал явж байгаад хэзээ ч, яаж ч дэлбэрч болно. Галт уул л гэсэн үг. Дээрэлхүүлээд байгаа юм шиг санагдаад хэн нэгэн рүү гар далайхад хүрдэг. Ингээд л эхэнд таны ярьсан зодоон цохион үйлдэгдэж байгаа юм. Бас хүн бухимдлаа өөр газар очиж гаргах гээд байдаг. Жишээ татахад, ажил дээрээ даргадаа загнуулж, бухимдана. Үүнийгээ олон хүний өмнө, удирдах албан тушаалтнууддаа илэрхийлэхгүй тээж яваад гэртээ очиж эхнэр , хүүхдэдээ гаргах тохиолдол их. Ихэнхдээ хүмүүс уур бухимдлаа сул дорой хүмүүст гаргана. Өөрөөсөө эрх мэдэл болон биеийн хүчээр илүү хүн рүү гаргаж чадахгүй. Гэр бүлийн стресс хүүхдэд хамгийн хүнд тусдаг. Насанд хүрсэн хүн тодорхой хэмжээнд стрессээ зохицуулаад сурчихсан байдаг. Хүүхэд бол асран хамгаалагчдаа зэмлүүлсэн, зодуулсан асуудлаа шийдвэрлэх нь хүндрэлтэй. Өөртөө итгэлгүй,сэтгэл зүйн асуудалтай иргэн болно гэсэн үг л дээ.

-Зөв төлөвшилтэй, тэвчээртэй иргэнийг хэрхэн бэлтгэх вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Зөв төлөвшилт гэдэг гэр бүлээс эхтэй. Эцэг эхчүүдийн сэтгэл зүйн боловсрол нэмэгдэх боломжтой болсон. Гэр бүлийн уур амьсгал гэдэг тухайн хүүхдийг ямар иргэн болохыг тодорхойлж байдаг. “Бид ямар хүн болох нь 0-5 насанд нь шийдэгдсэн байдаг” гэж нэгэн сэтгэл зүйч хэлсэн байдаг. 0-5 насанд ирээдүйд ямар хүн болох, яаж амьдрах нь шийдэгддэг. Таван наснаас хойш бид тэр зохиолын дүрд л тоглогддог гэж. Бид хүүхдийн хөгжилд эрт анхаарах хэрэгтэй. Сургуульд ороход нь биш, их, дээд сургуульд ороход нь сайн сургахдаа ч биш. Аль болох гэр бүлийн орчин, эхнэр нөхрийн харилцаа таатай байх, асуудлыг шийддэг байх, хүүхдийн хажууд маргахгүй байх, биеийн болоод үгийн, харилцааны хүчирхийлэл хийхгүй байх хэрэгтэй. Жишээ нь, чимээгүй болно гэдэг харилцааны хүчирхийллийн нэг хэлбэр. Харилцааны зөв арга барилд суралцах, хүмүүжлийн зөв арга барилд суралцах шаардлага эцэг эхчүүдэд тулгарч байгаа. Томчууд зөв харилцдаг бол хүүхдүүдэд санаа зовох шаардлагагүй. Хүүхдүүд таны харилцааг л дуурайна. “Хүүхдээ хүмүүжүүлэх гэж санаа зовох хэрэггүй, таныг дуурайна, та өөрийгөө хүмүүжүүл” гэж үг байдаг. Гэр бүлийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, хүүхдүүдийн цэцэрлэг, сургуульд нь сэтгэл зүйн боловсрол олгох нь орчин үеийн нийгэмд хийж болох ажил. Дээр үед бол боломжгүй байсан. Гэр бүл, сургууль цэцэрлэгийн орчин том хүмүүсийн харилцаа тухайн хүүхэд ямар хүн болохыг тодорхойлж өгдөг. Үнэтэй тоглоомоор тоглосон, амттай чихэр идсэн, чамин хувцас өмсөнө гэдэг хүүхдэд чухал биш.

-Барууны орнуудад иргэд нь амгалан тайван, уур бухимдалгүй амьдарч болоод байна. Тэдэнд манайхан шиг юм л бол зодолдох гээд байдаг сэтгэхүй алга?

-Хүний суурь хэрэгцээтэй л холбоотой. Наад захын суурь хэрэгцээ нь цэвэр агаараар амьсгалах, чанартай хоол идэх, аюулгүй цэвэрхэн тухтай орчинд унтах гэх мэт. Суурь хэрэгцээ хэрхэн хангагдсантай хүмүүсийн зан төлөв шууд холбогдоно. Хоолгүй хоноход хоолны л тухай бодохоос биш, хүнтэй сайхан харьцах тухай бодохгүй. Европын орнуудад суурь хэрэгцээ аль түрүүн хангагдчихсан. Үндсэн хэрэгцээнүүд нь хангагдсан учраас дараагийн үзүүлэлтээ яаж хөгжүүлэх тал дээр оюунаа ажиллуулж байгаа. Илүү тайван байдаг гэсэн үг. Манай улс барууны улсуудтай харьцуулахад ядуу шүү дээ. Хүнсний хэрэгцээгээ хангаж чаддаггүй олон гэр бүл байгаа. Хоолгүй хонож хичээл дээрээ ухаан алдаж унаж байгаа хүүхэд бидний дунд амьдарч байна. Суурь хэрэгцээ нь ийм байгаа учраас л нийгэм ялгаатай байна. Манайд хүнд чиглэсэн таатай орчин байна уу гэхээр харьцангуй доогуур үзүүлэлттэй. Энэ бүхэн биднийг уур бухимдалтай таагүй болгож харагдуулж байна.

-Сири, Ливан гээд дайн байлдаантай газар байна. Нэг дүүрэгт дайн болж байхад, хажууханд нь хурим болж байдаг. Иргэд нь ийм л амгалан. Манайхан өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус, уур бухимдалтай байх юм. Энэ юутай холбоотой вэ?

-Энэ таны хувийн үзэл. Өнөөдөр сайхан амьдарч байгаа, өөрсдийн амьдралдаа сэтгэл хангалуун олон гэр бүл байгаа шүү дээ, манайд. Үүнтэй санал нийлэхгүй байна. Хүн бүхэн ертөнцийг өөр өөрийнхөөрөө л дүгнэнэ. Хүсвэл аз жаргалыг дайн тулааны үед ч мэдэрч болно. Монголчууд ч дайн тулаан үзсэн. Дайн болж байна гээд аз жаргалгүй байна гэж үгүй. Би хоолгүй байгаа юм чинь гээд сэтгэлийн аз жаргалыг эдэлж чадахгүй байна гэсэн ойлголт биш. Аз жаргалын тухай мэдрэмж ойлголт гэдэг хүн бүрт л өөр. Зарим хүүхдийн тухайд шоколад идэх гоё. Заримынх нь тухайд шоколад биш, идэх юм л чухал. Өөр нэгний тухайд идэх юм биш сайн найзтай байх нь аз жаргал байдаг. Хүмүүс юуг аз жаргал гэж харж байна гэдэг ялгаатай. Монголд хүн бүр л уур бухимдалтай байна гэвэл бүгд хүлээж авахгүй болов уу. Өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх үү, аз жаргалгүйгээр мэдрэх үү, азгүйгээр мэдрэх үү гэдэг бидний тархинд байдаг. Өөрийгөө тайван байлгах гэдэг бидний дотор бий. Түүнээс биш улстөрчдийн хийдэг зүйл биш. Ядаж амьдрал сайжраасай, замаа засаасай ч гэж бухимддаг. Энэ бол хэзээ ч болихгүй. Хүн бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та тайван байж, уур бухимдлаа удирдах нь танаас шалтгаална.


Categories
мэдээ цаг-үе

Л.Дүгэрсүрэн: Хүний эрхийн үндэсний комисст ирсэн гомдлын дийлэнх нь хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой байдаг

Хүний эрхийн үндэсний комиссын ахлах референт Л.Дүгэрсүрэнтэй ярилцлаа.


-Сүүлийн үед Хүний эрхийн үндэсний комисст ямар төрлийн гомдол санал ирж байна. хүний эрх хаана, аль салбарт ихэвчлэн зөрчигдөж байгаа бол?

-Хүний эрхийн үндэсний комисст дунджаар жилд 600-700 гомдол мэдээлэл ирдэг. Үүний 50-60 хувь нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол байдаг. Төрийн байгууллага үндэслэлгүйгээр ажлаас халах, ажлын байрны дарамт үзүүлэх, албан тушаал бууруулах гэх мэт гомдлууд давамгайлдаг. Хувийн хэвшилд бол ажлын цалин хөлс өгдөггүй, илүү цагаар ажиллуулдаг, дарамт үзүүлэх гэм мэт гомдол ирнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцтай холбоотой гомдол мэдээлэл ирнэ. Жишээлбэл, хилс хэрэгт холбогдуулан шалгаж байгаа, удаан хугацаагаар үндэслэлгүй цагдан хорьж байгаа тухай гомдол их. Цагдаа, прокурорын байгууллагын ажилтнууд хэргийн оролцогч нартай зүй бус харьцаж байгаа тухай мэдээлэл өдөр тутам ирдэг.

Хүний эрх зөрчигдөж байгаа нь нотлогдоход тухайн байгууллагад Хүний эрхийн үндэсний комиссоос ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хүний эрхийн үндэсний комиссоос гомдлыг хүлээж авсны дараа хуульд заасны дагуу холбогдох ажиллагаануудыг хийдэг. Хэрвээ гомдолд дурдсан асуудал хүний эрхийг зөрчиж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бол холбогдох байгууллага албан тушаалтанд зөвлөмж, хүний эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд шаардлага хүргүүлнэ.Гомдолд шаардлагатай гэж үзвэл комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу тухайн байгууллагад хяналт шалгалт хийх эрхтэй. Үүний дагуу тухайн байгууллагад хөдөлмөрлөх эрх юм уу, ямар нэгэн эрхийн хэрэгжилтийн чиглэлээр хяналт шалгалт хийнэ.

-Хүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаарх гомдол их ирдэг талаар та яриандаа дурдаж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. дийлэнх нь цалин хөлстэй холбоотой байдаг уу?

-Хувийн хэвшлийн байгууллагууд хүнийг ажиллуулчихаад цалин хөлсийг нь өгдөггүй нийтлэг зөрчил бий. Мөн туршилтаар ажиллуулж байна гэх нэрийн дор хэд хоног цалингүй ажиллуулчихаад “Та манайд тэнцсэнгүй” гэсэн тайлбар хэлж хүнийг цалин хөлсгүй ажиллуулах тохиолдол их. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Мөн илүү цагаар ажиллуулж Хөдөлмөрийн хууль зөрчих тохиолдол байдаг. илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нэмэлт цалин тооцож өгөх хэрэгтэй. иргэд цалин авч чадаагүй тохиолдолд шүүхэд хандаж гомдлоо барагдуулах боломжтой.

Хүний эрхийн үндэсний комисс зөвхөн иргэдийн ирүүлсэн гомдол саналын дагуу шалгалт явуулдаг уу. Өөрсдөө тандалт хийж ажиллагаа явуулдаг уу?

-Хүний эрхийн үндэсний комисс гомдол мэдээллийн дагуу холбогдох хяналт шалгалтыг хийдэг. Жишээлбэл, цахим ертөнцөд хүний эрхийг зөрчиж буй мэдээлэл явагдаж байгаа тохиолдолд тодруулж, судлаад хяналт шалгалт хийгээд явна.

-Унаач хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай хэл ам их гардаг. энэ тал дээр Хүний эрхийн үндэсний комисс ямар хяналт тавьж ажиллаж байна?

-2018 оны Засгийн газрын тогтоолоор өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс хойш хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдолд 12-оос дээш насны хүүхдээр хурдан морь унуулна гэсэн тогтоол гарсан. Энэ нь хүүхдийг дотор нь насаар нь ялгаварлан гадуурхаж байгаа юм. Хүүхдийн эрхийн тухай хуульд “18 хүртэлх хүнийг хүүхэд гэнэ” гэж заасан байдаг. Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулж болохгүй гэсэн заалтыг мөрдөх ёстой. Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх буюу газар хөлдүү үед хурдан мориноос хүүхэд унах, бэртэл авах, цаашлаад амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох эрүүл мэндээрээ хохирох сөрөг үр дагавар их байдаг учраас Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс өвөл хаврын хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Үүний дагуу Засгийн газар болон 21 аймгийн засаг дарга нарт өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжтэй холбогдуулж эцэг эхчүүдэд “Хүүхдээрээ хүйтний улиралд битгий хурдан морь унуул” гэсэн зөвлөмж гаргасан.

-Хаврын бүсийн томоохон уралдааныг хориглох нь уяачдын эрх ашгийг зөрчиж байгаа тухай ярих хүмүүс олон байдаг?

-Уяачдын эрх ашгийг зөрчсөн асуудал байхгүй. Хамгийн гол нь хүүхдийн эрхийн асуудал. Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхэд хамгааллын тухай хуульд “Хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрхтэй” гэж заасан байдаг. Иймээс Хүний эрхийн Үндэсний комисс хүүхдийн эрхийг хамгаалах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцэж байгаа.

-2019 он гарсаар унаач хүүхэд хурдан мориноос унаж бэртэж гэмтсэн гомдол Хүний эрхийн комисст ирсэн үү?

-Энэ оны нэгдүгээр сард Сүхбаатар аймагт хурдан морь хөлслөх үеэр хүүхэд мориноос унаж амиа алдсан. Үүнтэй холбоотой асуудлыг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Мөн Хөвсгөл аймагт морины ажил хийх үеэр хүүхэд хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн асуудал гарсан. Хөдөө орон нутагт нууцаар уралдаан зохион байгуулж байна гэх мэдээлэл ирж байгаа.

-Сар шинийн өмнө Ерөнхий сайд У.хүрэлсүх, Уих-ын гишүүн ж.ганбаатар нар “UB palace”-д өндөр настнуудыг цуглуулж бэлэг тараах үеэр 83 настай иргэн олны хөлд дарагдаж амиа алдсан. өндөр настнуудаар шоу хийж нэр хүндээ өсгөх гэсэн оролдлого мөн үү?

-УиХ-ын гишүүд тойргийнхоо иргэд сонгогчдыг хүлээн авч уулздаг, ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг үйл ажиллагаануудын нэг л дээ. Өндөр настан амиа алдсан тохиолдолд би тайлбар өгөх боломжгүй. Тухайн хэргийг хууль хяналтын байгууллага шалгаад гэм буруутай эсэхийг тогтооно. Уулзалт, зөвлөгөөн зохион байгуулсан энэ үеэр иргэн амиа алдсанд бусдын гэм буруутай эсэхийг шүүх шийднэ.

-Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 240 гаруй иргэд нийтийн сүлжээ үйлчилгээний байгууллага “KFC”-ийн хоолонд хордсон гэх мэдээлэл нийгмийг цочроогоод байна. хордсон иргэд хаана, ямар байгууллагад хандаж хохирлоо барагдуулах вэ?

-Энэ төрлийн гомдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргах эрхтэй. Тухайн хүн зоогийн газар, ресторанд ороод чанаргүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн тохиолдолд МХЕГ-т өргөдөл гаргана. МХЕГ-аас тухайн байгууллага чанарын шаардлага хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй эсэх, хоол хүнсний бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгана.

-Тухайн байгууллага зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд иргэдийн хохирлыг 100 хувь барагдуулах үүрэгтэй юу?

-Хууль хяналтын байгууллагын шалгалтаар тухайн байгууллага эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилсэн, тухайн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн хордож хохирсон тохиолдолд хохирлыг тухайн байгууллагаас нэхэмжлэх боломжтой.


Categories
мэдээ спорт

Монголын сагсчидын маргаан шийдэгдсэн үү…

Монголд маргаантай хэрүүл тэмцэлтэй, тамга тэмдгээ булаацалддаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалтнуудыг лоббидох гэж оролддог төрийн бус байгууллагууд олон бий. Тамга тэмдгээ булаацалдаж шүүхдэж байх хооронд тус холбоодын тамирчид хохирч үлддэг. Төрийн бус байгууллагууд гишүүдийнхээ төлөө эрх ашгийг нь хамгаалан үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байдаг. Өнөөдөр манайд Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо гэх томоохон төрийн бус байгууллагууд нь үйл ажиллагаа нь тогтворгүй, удирдлагууд нь шүүхдэлцээд явж байгаа. Энэ холбоодоос хамгийн ихээр хор хохирол амсч буй нь Монголын сагсан бөмбөгийн холбоо юм. 2012 оноос хойш Монголын сагсчид олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдэд нэг ч удаа оролцоогүй. Өнөөдөр манайд сагсан бөмбөгийн гэх тодотголтой 30 гаруй холбоо үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эдгээр холбоодоос нэг нь л олон улсын сагсан бөмбөгийн холбоотой харилцаж тэмцээн уралдаанд шигшээ багаа илгээх дүрэмтэй. Манайхан дотооддоо асуудлаа шийдэлгүй хэрүүл тэмцэл нь тогооноосоо хальснаар шигшээ баг нь олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байсан юм. Энэ нь Монголын стандарт сагсан бөмбөгийн хөгжил 15-20 жилээр хоцроход хүргээд байгаа юм.

Ц.Цэвэрбал: Б.ТАМИР ГЭХ
ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ САГСНЫ ХОЛБОО МОНГОЛД БАЙХГҮЙ

Бид энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалтай ярилцлаа.


-Саяхан Б.Дамба багш, С.Тулга та хэд сагсчид нэг талдаа гарлаа, эвлэрлээ гээд хэвлэлийн хурал хийж байсан. Зөвшилцөлд хүрээгүй юм биш үү. Нөгөө холбооны гэх Б.Тамир нарын хүмүүс “Гоё” лигийн нээлтийг Спортын төв ордонд хийлээ шүү дээ?

-Янз бүрийн юм яриад хүмүүсийн толгойг эргүүлээд яваад байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Ц.Мөнх-Оргил 2002 онд сонгогдож байсан. Тухайн үед Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг нэгээс нөгөөдөө морь бэлэглэж байгаа юм шиг л өгчихдөг байлаа. Анх Золжаргал болоод гадаад явах болоод л Барсболдод өгчихдөг, өнөөх нь Баярцогтод шилжүүлдэг ийм эмх цэгцгүй байдал бий болчихсон. Сагсчид хурал зөвлөгөөн хийж тэргүүнээ сонгодоггүй уламжлал тогтсон юм. Энэ байдал үргэлжлээд өнөөдөртэй золгосон. Сагс хөгжөөд ирэхээр манайх 33 холбоотой болчихож. Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой нэг нь л харьцах ёстой.

Өнөөдөр Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд ямар холбоо нь бүртгэлтэй байгаа вэ?

-Монголын сагсан бөмбөгийн холбоо албан ёсны бүртгэлтэй байгаа.

-Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд гишүүнчлэлтэй холбооны ерөнхийлөгч нь хэн юм бэ?

-Манай улсад “Монголын сагсан бөмбөгийн холбоо” нэртэй нэг л төрийн бус байгууллага байгаа. Ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал миний бие гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэсэн. Тамирын гэх тодотголтой сагсан бөмбөгийн холбоо манайд байхгүй. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны сайтад “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ны ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал, ерөнхий нарийн бичгийн дарга нь Б.Дамба гэдгийг тодорхойлоод өгчихсөн байгаа. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоонд зургаан жилийн гишүүнчлэлийн татвараа төлөх бичгийг ирүүлсэн. Энэ бүгдээс үзэхэд олон улсад бүртгэлтэй холбоо нь аль нь болохыг энгийнээр ойлгож болно. Б.Тамир гэж хүн сагсан бөмбөгийн холбоонд хамааралгүй.

-Хамааралгүй гээд байгаа Б.Тамир Сагсан бөмбөгийн холбоотой зууралдаад байгаагийн цаад зорилго нь юу юм бол?

-Холбооны нарийн бичиг гэдэг хүн их ашигтай ажилладаг юм шиг байгаа юм. Тэмцээн зохион байгуулж буй нөхөр ивээн тэтгэгчдээс хэдэн төгрөг авч байгаа, хэдийг сагсанд зарж байгаа нь ил тод биш. Анх “Хас-ын Ч.Ганхуяг холбооны ерөнхийлөгчөөр томилогдоход холбоо 60 гаруй сая төгрөгийн өртэй байсан л даа. Өнөөх Ч.Ганхуяг нь өртэй холбоог хүлээж авахгүй шүү дээ.

-Монголын сагсан бөмбөгийн холбоог хэн өрөнд оруулсан юм бэ?

-Одоо энэ Б.Тамирын хадам аав Б.Дашдорж холбоог өрөнд оруулаад гадаад гараад явчихсан. Холбоог хаячихвал өнөөх идсэн уусан мөнгө нь илрээд хэрэгт татагдана шүү дээ. Б.Тамираа үүнийг хамгаалаад л сагстай зууралдаад яваад байна.

-Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд гишүүнчлэлтэй холбоо лигийн тэмцээнээ “Спортын төв ордон”-нд зохион байгуулахгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, “Спортын төв ордон”-ы зааланд тэмцээн явуулах боломж олгохгүй байна. Ордны зааланд лигийн тэмцээн явуулъя гэсэн хүсэлт тавихад “Тамиртай уулз гэж хэлдэг”. Тэр Тамир мэддэг юм уу, Биеийн тамир спортын газрын дарга шийддэг юм уу.

Үүгээр барахгүй Б.Тамир гэж хүнд улсын төсвийн мөнгөнөөс 20 сая төгрөг шилжүүлээд өгчихсөн байгаа юм. Үүнийгээ Монголын сагсан бөмбөгийн холбоонд гэж тайлбарласан байна лээ. Б.Тамир холбоотой ямар ч хамааралгүй. Төсвийн мөнгө шамшигдуулж байгаа хэрэг. Бид Авлигатай тэмцэх газарт энэ хэргийг шалгуулахаар хандсан байгаа. Албан ёсны холбоонд тэмцээн зохион байгуулахад заалаар хангаж өгөхгүй, шигшээ багийг тэмцээн уралдаанд оролцох боломж нөхцөлөөр хангаж өгөхгүй байна.

-Та бүхний зарласан хэвлэлийн хурлын дараа Ц.Шаравжамц даргыг 300 сая төгрөгийг угаасан талаар мэдээлэл тархсан байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Ц.Шаравжамц хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг 300 сая төгрөг угаасан гэж гүтгэсэн” гэж ярьсан байна лээ. Шаравааг 300 сая төгрөг идсэн талаар хэн ч, юу ч яриагүй. 2012-2018 оны хооронд Худалдаа хөгжлийн банкаар хийсэн гүйлгээний дүн нь 300 орчим сая төгрөг байсан талаар дурдсан.

Б.Тамир: МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООГ Ц.ЦЭВЭРБАЛ ДЭЭРЭМДЭЖ АВСАН

-“Гоё” лигийн нээлтийг өнгөрсөн баасан гаригт “Спортын төв ордон”-д хийлээ. Лигийн тэмцээнд хэдэн баг өрсөлдөж байгаа вэ?

-Хорь дахь удаагийн лигийн тэмцээнд таван баг өрсөлдөж байгаа. “Хасын хүлэгүүд”, “Алдар Танан” гээд хүчирхэг багууд өрсөлдөж байна.

-Лигийн тэмцээнийг аль холбоо зохион байгуулж байгаа вэ. Хууль бус гишүүнчлэлгүй, Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлгүй холбоо зохион байгууллаа гээд л шуугиад байна?

-Монголд нэг л Сагсан бөмбөгийн холбоо бий. Ц.Цэвэрбал, Б.Дамба, С.Тулга нар манай албан ёсны холбооны логог ашиглаж Сагсан бөмбөгийн холбооны тамга тэмдгийг 2016 оны хоёрдугаар сарын 18-нд Улсын бүртгэлийн газраас авчихсан. Ингээд л хоёр холбоотой болсон. Үүнийг С.Тулга зохион байгуулсан.

-Монголын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны тамга танд байхад Улсын бүртгэлийн ерөнхий газраас давхардуулаад олгочихсон юм уу?

-Болсон үйл явдлыг эхнээс нь ярья л даа. 2013 оны хоёрдугаар сарын 1-нд “Хас”-ын Ч.Ганхуяг Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсан. Бүх бичиг баримтаа бүрдүүлээд Улсын бүртгэлийн ерөнхий газар очиход үндэслэлгүйгээр бүртгэж авахгүй байсан. Тэр үед Ардчилсан нам засаг барьж байсан шүү дээ. С.Эрдэнийн нөлөөллөөр Улсын бүртгэлийн газар тамга тэмдгийг бүртгэж авахаас татгалзаж байсан. Энэ хэргийг Захиргааны хэргээр шүүхэд хандахад шийдвэр нь “2013 оны хоёрдугаар сарын 1-нд Сүхбаатар дүүргийн хүүхдийн ордонд зарласан Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулган хуулийн дагуу болсон гэсэн” шийдвэр гарсан. Энэ хооронд багагүй хугацаа орсон учраас ерөнхийлөгчөөр томилогдсон Ч.Ганхуяг маань “Би энэ хэрүүл хэл амтай, өр ширтэй” ажлыг хийхгүй гэж хэлсэн л дээ. Улмаар сагсчид ээлжит бус чуулганаа зарлаж дараагийн ерөнхийлөгчөөр томилох хэрэг гарсан. Тус чуулганд 110 гаруй хурлын төлөөлөгч оролцсон байдаг. Удирдах зөвлөлөө баталж шинэ ерөнхийлөгчөө сонгоход С.Эрдэнэ болон Б.Тамир миний бие нэр дэвшсэн. Тухайн үеийн хуралд ирсэн төлөөлөгчдийн 68 хувийн саналаар би ерөнхийлөгч болсон. Тэр үед Ч.Ганхуяг тамга тэмдгээ надад хүлээлгэж өгсөн л дөө. Ажлаа аваад Олон улсын сагсан бөмбөгийн холбооны сайтад бүртгүүлэв ээ. Гэтэл миний сонгогдсон хурлыг хууль бус болсон гээд Ц.Цэвэрбал заргалдсан. Ирцэндээ хүрээгүй гэж үзэж өнөөх хурал хүчингүй болсон юм билээ. Дүрмийн дагуу ерөнхийлөгчийн алба нь буцаад Ч.Ганхуяг руугаа очсон. Гэтэл өнөөх маань энэ ажил хийхгүй Удирдах зөвлөлд эрхээ шилжүүлье гэж хэлсэн юм. Удирдах зөвлөлөөс намайг ерөнхийлөгчөөр сонгосон. Энэ хооронд Ц.Цэвэрбал, Б.Дамба, Цэвэгмид, С.Тулга нар Баянгол дүүргийн Үйлдвэрчний соёлын төв ордонд 2016 оны хоёрдугаар сарын 6-нд Монголын сагсан бөмбөгийн холбооны хурлыг зарлачихдаг юм. Тэдэнд сагсан бөмбөгийн холбооны чуулганыг зарлах эрх байхгүй. Тэд Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн биш. Цаад санаа нь Монголын сагсан бөмбөгийн холбоог дээрэмдэж авах байсан юм билээ. Ерөнхийлөгчөөр нь Ц.Цэвэрбалыг сонгоод 2016 оны хоёрдугаар сарын 18-нд Улсын бүртгэлийн газраас гэрчилгээ гаргуулаад авчихсан байсан. С.Эрдэнэ гэж хүний нөлөөллөөр л хууль бус хурал хийсэн тамга тэмдгийг Ц.Цэвэрбалд олгосон. Зүгээр л дээрэм хийчихсэн. Үүнийг нь хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргадаг ч авч хэлэлцэхгүй юм. Бүгд С.Эрдэнээс айдаг нь эндээс тодорхой харагдаж байна.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө тэмцэлдсэн төлөөллүүдийн байр суурийг сонсоход ийм байна. Ямартаа ч Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал гэдгийг олон улсын сагсан бөмбөгийн холбоо хүлээн зөвшөөрч бүртгэж авчээ. 2012 оноос хойш олон улсын тэмцээний утаа үнэрлээгүй шигшээ багийн тамирчид маань тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх нь нээгдсэн таатай мэдээ байна. Монголын сагсчид ирэх онд зохион байгуулагдах олимпийн наадамд 3х3-ын сагсан бөмбөгийн төрлөөр оролцоход ойрхон байгаа юм. Мөн есдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багаа оролцуулахаар бэлтгээд эхэлжээ.


Categories
мэдээ цаг-үе

Аврагчдаас төрсөн анхны гавьяат Ж.Баяртогтохынх

“Танайд өнжье” булан энэ удаа Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, цэргийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний аврах бригадын ахлагч, тэргүүн ахлагч аврагчдаас төрсөн анхны гавьяат Ж.Баяртогтохын гэр бүлийг онцолж байна.

Эднийх Хархорингийн уулзвараар хойшоо эргээд явахад холгүй харагдах “Хилчин” хотхонд амьдардаг ажээ.

Биднийг очиход гэрийн эзэн онцгойгийн бор ногоон дүрэмт хувцастайгаа тоссон юм. Хашаандаа хоёр давхар цэвэрхэн байшин бариад төвхнөчихжээ. Хажууханд нь байрлах авсаархан цагаан байшинг зааж энэ манай аавынх гэв. Ж.Баяртогтохынх өнөр айл ажээ. Босгоор алхахад сургууль, цэцэрлэгт ороод ирсэн юм шиг л мэдрэмж төрөх. Байшингийн зүүн хананд байрлах тавиуртаа дүүрэн ном өрчихөж.

Дээхнэ талд нь сийлбэртэй гоёмсог морин хуураа залчихжээ. Гэрийн эзэн тус хуурыг өөрөө урласан талаар сонирхуулсан юм. Мөн амьдарч буй сууцаа ч өөрөө барьжээ.

ОНЦГОЙД ОРСОН ТҮҮХ

Тэрбээр Увс аймгийн Тэс суманд төрж, өсчээ. “Миний нутаг өвөлдөө 40 градус хүртэл хүйтэрнэ, зундаа тэр хэмжээнд хүрч хална. Эрс тэс уур амьсгалтай. Тэсд өссөн хүн тэвчээр суудаг, Тэс нутгаас олон хүчтэй эрс гардаг учир нь ийм.

Аврагч болсон минь ч өссөн газрын байгалийн онцлогтой салшгүй холбоотой” гэж унасан газар угаасан усныхаа талаар Ж.Баяртогтох ярилаа.Түүний аав Б.Жамсран Хилийн цэрэгт 26 жил ажиллажээ. Хил зөрчигчидтэй тулалдаж байсан удаа олон гэнэ. Биедээ гурван сумны шарх авсан ч нөхдийн хамт хил зөрчигчдийг баривчилж ирж байсан удаа Б.Жамсран гуайд бий. Энэ баатарлаг гавьяаг нь төр засаг үнэлж сар шинийн босгон дээр “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Ж.Баяртогтох 2005 онд нийслэлийн аврах тусгай ангиас ажлын гараагаа эхэлж байсан гэнэ. “Тангаргаа өргөчихөөд сууж байх мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Наадмын үеэр л санагддаг юм. Ажилдаа ороод хэдхэн цаг болоод л анхны дуудлагаа хүлээн авч Туул голд осолдсон хүнийг аврахаар явж билээ. Айх, догдлох зэрэгцээд л. Даалгавраа гүйцэтгэчихээд багийн нөхдөөрөө бахархаад зогсож байсан нь саяхан л санагдаж байна. Тэрнээс хойш гол төлөв усанд осолдсон дуудлагад явах болсон. Увс, Хяргас нуур, Тэсийн голдоо хужиртталаа сэлж өссөн надад энэ даалгавар илүү ойр байсан” гэж Ж.Баяртогтох хэлсэн юм. Тэрбээр Монголд томоохонд тооцогдох Хөвсгөл далай, Увс нуур, Онон, Туул, Сэлэнгэ зэрэг мөрнүүдэд аврах ажиллагаа явуулж байжээ. “Усанд шумбаад явж байхад хажуугаар загас жараахай эргэлдээд сонирхолтой шүү дээ. Хүн хийж буй ажил мэргэжлээсээ сэтгэл ханамж авч ажиллана гэдэг хамгийн сайхан. Мөсөн доор мэргэжил нэгтнүүдтэйгээ шинэ жилийн баяр тэмдэглэж баярын оргилуун дарс задалж байсан удаа надад бий” гэж ажлынхаа онцлогоос хуваалцсан юм.

2011 онд Хөвсгөл далайд шатахуун тээвэрлэж явсан “Урал” маркийн машин цөмөрсөн. 54 метрийн гүнд унасан хүнд даацын машиныг хурдан хугацаанд гаргаагүй бол шатахуун далайд асгарах аюул нүүрлээд байжээ. Иймд Нийслэлийн аврах тусгай ангийн албан хаагчид очиж осолдсон машиныг уснаас гаргах ажиллагаа явуулсан байна. Энэ тухай Ж.Баяртогтох ярихдаа “Өвөл хоёрдугаар сард тус осол болсон л доо. Цөмөрсөн “Урал”ыг татаж гаргахын тулд 54 метр гүн рүү шумбаж осолдсон машинд тросс холбох даалгавар авч аврагч Б.Дэлгэрсайхан бид хоёр гүйцэтгэсэн. Тухайн үед 2530 метрийн гүнд даалгавар гүйцэтгэхэд зориулагдсан багаж зүүгээд л 54 метр рүү шумбасан. Холболтоо хийж байхад зуны зуултуурын ажиллагаа зогсож амьсгал авч чадахаа больчихож билээ. Холболтоо хурдхан хийгээд л амь тэмцээд дээшээ зүтгэсэн. Цооногоороо гарч ирээд л ухаан алдчихсан гэдэг юм. Сая нэг сэрээд ханиалгахад амнаас цус гарч байсан даа. Хуурай газар дээр хүн нэг дүүрэн амьсгалахад таван литр агаар сорно. 50 метрийн гүн рүү орчихоор литр хүрэхгүй агаар сорно” гэв.

Ж.Баяртогтох дан ганц Монголдоо ч биш, олон улсын аврах ажиллагаанд хэд хэдэн удаа оролцож байсан гэнэ. 2011 оны гуравдугаар сард Японд цунами болоход очиж аврах үйл ажиллагаа явуулжээ. “Цунами гэдэг аюултай юм билээ. Далайн давалгаанд олон мянган хүн сураггүй алга болсон. Барилга байгууламж, машин техникүүд сүйрээд овоорчихсон. Манайхаас 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ослын газарт ажилласан. Бусад орны аврагчид цогцос илрүүлэхэд араас нь техник орж ирээд авдаг. Бид нар ч энд ажиллаж сурснаараа гараараа өргөөд л даалгавраа гүйцэтгээд явчихсан. Сүүлд Японы Засгийн газраас “Монголын аврагч нар санаачилгатай сайн ажилласан гэсэн тодорхойлолт ирж байсан. Үүний дагуу шударга журам медалиар шагнуулж байлаа” гэж дурсав.

Тэрбээр 2017 оны аравдугаар сард Отгонтэнгэр хайрханд уулчид осолдоход эрэн хайх ажиллагаанд мөн л гар бие оролцжээ. Энэ талаараа “Уулынхаа баруун тал хадан цохиотой хэсгээр цасан нуранги үүсч уулчид осолдсон байсан. Ийм нурангинаас цогцос хайна гэдэг амаргүй. Нэлээд хайж л зарим нэгийнх нь гар хөл ил гарсан байсныг олсон. Нэгийг нь л илрүүлэхэд дараа дараагийн хүмүүсийн цогцос нь нэг дор байсан даа. Гурван метр орчим цас ухаж зарим хүмүүсийг гаргаж авсан” гэлээ.

ӨНӨР БҮЛИЙН ТЭРГҮҮН Ж.БАЯРТОГТОХ

Баяртогтохын гэргий Т.Долгорсүрэн нийслэлийн 55 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг гэнэ. 2005 онд нэг гэрт орсон тэд өдгөө гурван хүүхэдтэй өнөр бүл болжээ. “Аврагчид гэдэг шаардлагатай үед эх орныхоо төлөө амиа өгөх тангараг өргөсөн улс. Ханийгаа аврах ажиллагаанд явахад нь цай сүүний дээжээ өргөж, сайныг ерөөгөөд залбираад л үлдэнэ. Ард олны аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буй ханиараа бахархах сэтгэлд төрнө шүү дээ. Төр засаг ч ажил хөдөлмөрийг нь үнэллээ. Ажил дээрээ аврах ажиллагааны бэлтгэл явуулж байхад нь л Ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаж Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон мэдээг дуулгасан гэсэн. Манайхан ч сонсчихоод хөл газар хүрэхгүй л хөөрцгөөсөн” хэмээн гэргий нь ярилаа.

Эдний том охин долдугаар ангид сурдаг гэнэ. Хичээлийн бус цагаар номноос салдаггүй энэ охин онцгойгийн алба хаагчдын урлагийн наадам болоход очиж аавынхаа хамт олонд багшилдаг гэнэ лээ. “Шавь” нар ч урлагийн наадамдаа түрүүлсэн талаар аав нь онцлов. Дунд охин нь тавдугаар ангид суралцдаг ажээ. Харин аврагчийн гэрийн “атмаан” нь Мөнхболд гэж хоёр настай хүү. Цэцэрлэгт алба хашдаг тэрбээр аавынхаа өврөөс салах дургүй юм билээ.

Ж.Баяртогтох “Гэр бүлдээ тэр бүр цаг зарцуулаад байж чадахгүй юм. Гэрээ орхиод бүтэн сараар ч аврах ажиллагаанд явах тохиолдол бий. Тэр цагт гэр бүлийн хүн минь ард бат зогсдог. Өдий зэрэгтэй явахад ханийн минь түшиг их” хэмээн ярив.

Тэрбээр гавьяатын тэмдгээ сервантныхаа зүүн дээд буланд залжээ. Доохно талд улаан хавтастай сайшаалын үнэмлэхүүдийг ярайтал өрчихөж. Сонирхож үзвэл бүгд л төрийн тэргүүний гарын үсэгтэй үнэ цэнэтэй, нэр хүнтэй шагналууд аж.

2008 онд тухайн үеийн шинэхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон хүний амь насыг үерийн аюулаас аварсан гавьяаг нь үнэлж “Цэргийн хүндэт медалиар” шагнасан нь ажиллах урам зоригийг илүү хурцалж өгсөн байна. Хүнийг хийж бүтээж буй насанд нь байгуулсан гавьяаг нь үнэлж урамшуулахад цааш бүтээх урам зоригийг нь хурцалж өгдөг хэмээн нэгэн алдартан хэлсэн байдаг. Энэ жишгээр л хийж бүтээсэн ажилдаа урамшиж өнөөдрийн зэрэгт хүрсэн байна. Эдний гэрийг чимэх өөр нэг зүйл нь хананд өлгөөстэй гоёмсог медалиуд. Хүүхдийн урлан бүтээх төвөөс авсан медалиас авахуулаад Энхийн төлөө, Шударга журам, Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүртэл өлгөөстэй харагдсан. Тэрбээр хананд авиралтын спортоор хичээллэж чамгүй амжилт үзүүлжээ. Улсын аварга шалгаргуулах тэмцээнээс алт, хүрэл медаль зүүж байсан байна. Баяртогтох хөгжимд сонирхолтой нэгэн ажээ. Тэр дундаа гитар хөгжмөөр ямар ч аяыг тоглочихдог гэнэ. Цэнхэр гитар ханандаа өлгөчихөж. Түүний өөр нэг сонирхол нь монгол бөх гэнэ. Тангарагийн баярын барилдаанд зодоглож их шөвөгт шалгарч байсан зургаа угаалгаад хадчихсан нь сонирхол татсан юм. Моринд хорхойгүй монгол хүн гэж хаа байхав. Хажууханд нь морины хусуур, ташуурыг цэвэрхэн сийлээд өлгөчихсөн нь ч нүдэнд содон туслаа.

АЙДАСТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН АВРАХ АЖИЛЛАГАА

Ж.Баяртогтох онцгойн бор ногоон дүрэмт хувцас өмсөөд 15 жилийг үджээ. Энэ хугацаанд олон ч аврах ажиллагаанд оролцож, ард иргэдийнхээ амгалангийн төлөө байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ч давах даалгавар авч гүйцэтгэж байсан гэнэ.

“Авсан даалгавар бүр амар биш. 2009 онд юм даа. ГовьАлтайн Тайширын цахилгаан станцад осолдсон иргэнийг аврахаар шумбалт хийхдээ айдастай байсан шүү. Тас харанхуй 44 метрийн гүн рүү ганцаараа л орсон доо. Осолд орсон иргэнийг станцын шүүрэн дээрээс аваад эргэхэд сэнс нь наалдчихсан. Ядахад цоорхой хувцсаар ус ороод даараад хүндрэлтэй байж билээ. Сүүлд бодоход айдас төрдөг юм” гэв. Сэлэнгэд сураггүй болсон ээж, хүүг хайх ажиллагаанд тэрбээр мөн л үүрэг гүйцэтгэжээ.

“Намар оройхон гүйцэтгэсэн ажиллагаа. Сэлэнгэ мөрөн захаасаа хөлдөөд эхэлчихсэн үе. Аврагчид эрэн хайх ажиллагааг Оросын хил гартал хайж байлаа. Хүйтэнд завиар явна гэдэг амар биш. Мөс мөргөвөл завь хөмөрчих гээд л эрсдэлтэй. Аврагчид ийм л орчинд эрэн хайх ажиллагааг явуулдаг. Өнөө цагт аврагчдын хүнд ажиллагааг ойлгож хөдөлмөрийг нь зах зухаас нь үнэлж байгаа нь сайн хэрэг” гэж дурдсан.

Тэрбээр гавьяатын цайллагаа энэ сарын 22,23–ны өдрүүдэд хийхээр төлөвлөсөн гэнэ. Эхний өдөр ажлынхан, дараагийн өдөр нь нь ах дүү нарынхаа хүрээнд хийх юм байна. Энгийн хэрнээ байгуулсан гавьяа нь эгэлгүй гавьяат залуугийнд зочлоход ийм байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН