Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Алтангэрэл: Эрээнээс материалаа өөрөө захиалж байшингаа барихад 20 гаруй сая төгрөгт босоод ирэхээр байна DNN.mn

Налайх дүүргийн иргэн Н.Алтангэрэлийнх наадмын дараа шинэ байшиндаа оржээ. Наран талдаа цэлийсэн цонхтой энэ байшингийн хэмжээ нь 70 м.кв. Онцлог нь тэрбээр барилгын материалаа Эрээнээс татаж байшингаа өөрөө барьсан гэнэ. Дотроо гурван тасалгаатай байшинг босгоход ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн зардал гарчээ. Өөрийнх нь онцолж байгаагаар мөрөөдлийн байшингаа босгоод буй нь энэ гэнэ. Түүнтэй хөөрөлдөж туршлагыг нь хуваалцлаа.

-Танай гэр бүл шинэ байшиндаа ороод удаагүй байгаа юм байна. Хэдий хугацаанд байшингаа босгов?

-Ковидын үед гэртээ амарч байхдаа байшингаа шинэчлэх талаар бодож эхэлсэн. орон сууц худалдаж авах гэхээр үнэ нь тэнгэрт хадчихсан, м.кв-т багадаа хоёр сая давсан үнэтэй. зээлд хамрагдах бараг боломжгүй. Хөөцөлдөөд зээл авлаа гэж тооцоолоход үлдсэн насаа өр төлж өнгөрөөх гээд байв. Ингээд аавынхаа хашаанд амины орон сууц барихаар шийдсэн. байшингаа босгох ажил өнгөрсөн хавар эхлээд зуны адаг сартай уралдаад дууслаа. Өмнө нь манайх том шавар байшинд амьдардаг байлаа. Шинэ байшинд орохтой зэрэгцээд хүү минь мэндэллээ. саруулхан байшинд шинэ хүнээ хүлээж аваад сайхан байна.

-Та байшингаа босгохдоо материалаа урдаас татсан гэв үү. Ямар хугацаанд ирж байна вэ?

-Тийм ээ. барилгын материалаа цуглуулахаар 100 айл зах орсон ч үнэ нь дийлдэхээргүй юм билээ. Урдаас оруулж ирээд даруй гурав нугалаад зарж байна лээ. Өөрт байгаа боломжоо тооцоолж үзэхэд 100 айлаас барилгын материал авахад яагаад ч хүрэлцэхгүй байсан юм. урдаас барилгын материал захиалахыг судалж үзсэн. эрээн дэх дэлгүүрүүд рүү Wеchat хаягаар нь хандахад барилгын материалын үнэ маш хямдхан байсан л даа. Эндээс захиалахад каргонд тавиад өгдөг юм байна. Захиалсан бараа материалаа ердөө хоёр долоо хоногийн дараа л хүлээж аваад шууд ажилдаа орсон. Тоо, хэмжээ нь яг захиалснаар л ирж байна лээ.

-Урд барилгын материал ямар үнэтэй байна вэ. Та байшингаа ямар өртгөөр босгов?

-Эрээнд сонголт өргөн юм билээ. энд захуудад худалдаалагдаж байгаа материалуудыг анзаарахад хамгийн хямд нь орж ирдэг шиг санагдсан. Миний тухайд бол байшингаа босгосон нийт зардал маань 20 гаруй сая төгрөг болсон. үүнд урдаас захиалсан барилгын материал, тээврийн зардал, дотор тохижилт зэрэг бүгд багтсан. Үнийн тухайд эндэхтэй харьцуулах аргагүй. Байшингийн хаалга л гэхэд 250-800 мянган төгрөгийн хооронд өргөн сонголттой байна лээ. Манайд бол доод тал нь 550 мянган төгрөгийн ханштай. Хамгийн доод үнэ нь ийм. Урдаас чанартай хаалгыг л 400 мянган төгрөгөөр авч байгаа юм. Миний авсан хаалганы ижил нь зах дээр сая давсан үнэтэй байна лээ. Мөн байшин барихад чухал хэрэгтэй дээврийн төмөр ширхэг нь ердөө 8000 төгрөгийн үнэтэй. Түүнчлэн чанартай хар паниар ширхэг нь 42 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Гипсэн хавтан л гэхэд ердөө 10 мянган төгрөг.

Үүнээс гадна байшингийн цонхны тухайд мкв нь ойролцоогоор 130 мянган төгрөгийн үнэтэй. Сангийн материалууд бол хэд дахин хямд үнээр захиалж авах боломжтой. Байшин барихад чухал хэрэгтэй дутавр гэхэд 12 мкв нь 400 мянган төгрөгийн үнэтэй. Энэ мэтчилэнгээр материал тус бүрээс мөнгө хэмнээд байхад хямдхаан өртгөөр чанартай барилга барих боломжтой санагдсан. Миний тухайд чанартай материалууд сонгож бариад өртөг нь ийм гарсан. Илүү төсөр зардлаар ч босгох боломжтой юм билээ. Ойролцоогоор 25 сая төгрөгөөр загварлаг тухтай зуслангийн байшин босоод ирнэ. Зөвхөн барилгын материалын үнэ нь ийм биш. Шууд ороод суухад бэлэн байшин л ийм өртгөөр босно.

-Амны орон сууц барихад гол асуудал нь дулаалга. Дулаалгын материалд гол үнэ нь явчихдаг шүү дээ. Та дулаалгын асуудлаа яаж зохицуулав?

-Байшингаа юугаар дулаалж болох талаар их судалсан. Олон ч хүн рүү хандсан. Дулаан байлгахын тулд том цонх хэрэгтэй юм билээ. Ингээд хоёр том цонх хийсэн юм. Дулаалахдаа шилэн хөвөнг сонгосон. Боодолдоо зургаан ширхэгтэй шилэн хөвөн 19000 төгрөгийн үнэтэй. 5 см зузаантай энэ шинэ хөвөнг хүмүүс түгээмэл ашигладаг юм билээ. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд хамгийн тохиромжтой нь гэж ойлгосон. Ийм шилэн хөвөнгөөр дулаалгаа шийдсэн олон айл дулаахан өвөлжихийг олон жишээнээс харсан л даа. Ингээд үүнийг сонгосон. Том цонхоор дулаана аваад гадагшлуулахгүй байхад гэрт гал түлж дулаалах хэрэгтэй огт байхгүй юм билээ. Хамгийн гол нь орж ирсэн дулаан гадагшаа сийгэхгүй байхад л тасалгааны дулаан 20 давсан градустай байдаг. Заавал нүүрс, түлээ гэх шаардлагагүй. Байшингаа сайтар дулаалаад л орон сууц шиг цэвэр орчинд байх боломжтой.

-Дотор тохижилтод бага биш зардал гардаг шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулав?

-Энд тааз их үнэтэй байдаг. Урд бол хөнгөн цагаан тааз 60-200 юанын хооронд ханштай. 28 мянгаас дээш үнэтэй гэсэн үг. Сонголт мэдээж маш өргөн. Мөн паркетан шал чухал. Энэ мөн л өргөн сонголттой. Чанартай паркетыг 18000 мянган төгрөгөөр л захиалаад авчихна. Энд ирэхээрээ үнэ нугарч байна лээ. За тэгээд гал тогооны тавилга төрөл бүрээрээ бий.

Заавал энд зөөж ирсэн ченжүүдийн аманд орж хэлсэн үнээр нь бараа авах огт шаардлагагүй. Хэрэгцээндээ тааруулаад өөрөө захиалахад л хоёр долоо хоногийн дотор л ороод ирнэ. Хямд төсөр зардлаар чанартай байшин барих боломж бүрэн бий. Эрүүл мэнд, аюулгүй байдал талаасаа ч чанартай материалаар санаандаа таарсан байшин босгож болно. Заавал тоосго өрөх биш. Төрөл бүрийн материалаар хүссэн загвараараа байшин бариад сууж болно.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх нь таныг эрүүгийн гэмт хэрэгтэн болгох эрсдэлтэй DNN.mn

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургадугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулсан осол есдүгээр сарын 6-нд болсон юм. Тухайн үйл явдлыг яг дэргэд нь зогсоод харж байсан “Toyota Land cruiser” маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн тусламж үзүүлэлгүй орхиж явсан нь олны эгдүүцлийг хүргэв. Нохойд зуулгасан эмэгтэй хүнд гэмтэж толгойдоо 10 оёдол тавиулжээ. Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэдийг тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Түүнчлэн тусламж үзүүлж иргэний үүргээ биелүүлээгүй иргэнээс мэдүүлэг авсан гэнэ.
Аюултай нөхцөлд бусдад тусламж үзүүлэлгүй орхиж явах нь хуулийн ямар зүйл заалт зөрчдөг эсэх талаар хуульч Э.Энхцэцэгээс тодруулга авлаа.
-Эрсдэлд орсон нэгэндээ туслах сэтгэл бидэнд үзэгдэхээ больсон нь хэд хэдэн жишээнээс харагдлаа. Аюултай байдалд орсон нэгэнд тусламж үзүүлэлгүй орхих нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-Цагдаагийн хувцастай залуу бусдад зодуулаад ухаан алдахад бичлэг хийгээд зогссон залуу, сүрэг нохойд бариулж буй эмэгтэйг орхиж явсан иргэн энэ жишээнүүд хууль зөрчсөн үйлдэл мөн. Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх тухай заасан байдаг. Тодруулбал бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл нохойд бариулж буй эмэгтэйн дэргэд зогсож байсан жолооч тусламж үзүүлэх үүргийг хуулийн өмнө хүлээсэн гэсэн үг. Бусдад зодуулж эрсдэлд орсон нэгэнд тусламж үзүүлж эмнэлгийн байгууллагад мэдэгдэх нь ч хуулийн өмнө хүлээсэн үүрэг. Иргэдийн тухайд үүнийг тэр бүр ойлгодоггүй. Хэн нэгний амь тэмцэж байхад халааснаасаа утсаа шүүрч аваад бичлэг хийдэг. Уул нь эрсдэлд орсон нэгэнд тусламж үзүүлж, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Харамсалтай нь манайхан машинд дайруулаад ухаангүй хэвтэж байгаа хүнээс сэжиглэж холуур тойрдог болсон. Энэ нь мухар сүсэг хар бодолтой холбоотой байх.
-Эрсдэлтэй нөхцөлд тусламж үзүүлээгүй үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Аюултай нөхцөлд бусдад тусламж үзүүлэлгүй орхиж явсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СӨХ-ны нэр барьсан хэдхэн хүний гарт хэдэн зуун сая төгрөг эргэлдэж байна DNN.mn

 

СӨХ-ны ард мөнгө угааж байгаа гэх асуудал сүүлийн арван хэдэн жилийн турш хөндөгдөж байна. Энэ асуудлын хүрээнд СӨХ-г шинэчлэх ард түмний түр зөвлөлийн гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-СӨХ-ныхон гэх нөхөд оршин суугчдыг хохироож байгаа тухай гомдлыг та хэлж байна. Жишээ баримттай мэдээлэл танд байна уу?

-2019 оноос хойш СӨХ-ны үйл ажиллагаа холбогдох хуулийг мөрдөж байгаа эсэхэд судалгаа хийлээ. Шинээр байгуулагдсан СӨХ-д төлбөрийг журмын дагуу тогтоолгүй оршин суугчдыг дарамталж хууль бусаар авдаг нөхцөл байдал харагдлаа. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-дын 80 орчим хувь нь хууль бусаар төлбөр тогтоогоод оршин суугчдыг дарамталж төлбөр авч байна.

-Ингэхэд төлбөрийг нь ямар аргачлалаар бодож тогтоодог юм бэ?

-Сууц өмчлөгчид хамтран хийдэг анхны хурал хамгийн чухал нь. Энд хоорондоо зөвлөөд үнээ тогтоох учиртай. Гэтэл СӨХ байгуулах хурлыг тэр бүр зарлахаа больсон. Хүмүүсийн мэдээллийг ашиглаж гарын үсгийг нь хуурамчаар зураад дурын үнэ тогтоогоод айл бүрээс нэхээд сууж байна. Хэн сонгосон нь мэдэгдэхгүй, хаанаас гарч ирсэн мэдэгдэхгүй нөхөд гэнэт бий болоод л айлуудын хаалга нүдэж мөнгө нэхдэг болсон байна. Ямар үндэслэлээр ингэж тогтоосныг нь тодруулахад зохион байгуулалттайгаар дайрч харлуулна. Тухайн орон сууцны группт троллууд бэлэн байж байдаг. Үүнээс нь айгаад оршин суугчид нэхсэн мөнгийг нь л өгдөг. Өгөхгүй бол шүүх, цагдаагаар далайлгаж нэхсэн тохиолдлууд ч байна. Цаашлаад шүүхийн өмнө очих нь ч энүүхэнд.

-Цэвэр орчинд амьдрахын тулд тодорхой хэмжээний мөнгө төлдөг шүү дээ?

-Сард 30-50 мянган төгрөгийг айл бүр төлж байна. Ийм хэмжээний мөнгө авчихаад цэвэрлэгээ хийж байгаа нь гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Ийм хэмжээний мөнгө төлчихөөд л тоос шороондоо дарагдаад амьдарч байна. Угтаа бол таны онцолж байгаагаар цэвэр орчинд суухын тулд л ийм хэмжээний мөнгө төлдөг. Энэ нь ажил хэрэг болдоггүй. Тус тусын ажилтай хүмүүс тэр бүртэй заргалдаад явах ч завгүй байдаг. Энэ нь ч тэдэнд олз болдог.

Түүнчлэн СӨХ-ны ард явдаг өөр нэг мөнгө угаах арга нь шахаа. Жишээ татаад хэлэхэд тухайн хорооллын хашааны хаалга нь эвдэрнэ. Хэн нэг нь санаатайгаар эвддэг ч юм уу. Ингээд хашааны хаалга солих нэрээр айл өрхүүдээс мөнгө хураана. Хямдхан хаалга авч нүд хуураад л өнгөрнө. Төд удалгүй өнөөх нь хэмхрээд унадаг дахиад л мөнгөө татна. Энд би 30, 40 мянган төгрөгийн асуудал яриад байгаа юм шиг боловч нэг хорооллын айл бүрээс авна гээд тооцоход үүний ард аманд багтахгүй мөнгө эргэлдэж байдаг. Нэг хорооллын 300 өрхөөс сар бүр 30 мянган төгрөг татахад л есөн сая төгрөг. Ганцхан сард л энэ шүү. Хамгийн багаар бодож байгаа нь 30 мянган төгрөг. Үүнийхээ тайланг оршин суугчдад огт тавьдаггүй. Шаардсан нэгнийг гадуурхаж, дээрэлхдэг. Энэ бол ил цагаан дээрмийн гэмт хэрэг. Хамгийн том луйвар СӨХ гэх нэрийн ард цэцэглэчихээд байна. Энд хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдэж байгаа шүү.

-Бодитой жишээ танд байна уу. Хаана ямар СӨХ ингээд аманд орсон мөнгөө нэхээд байна вэ?

-Хангай хотхоны сүүлд ашиглалтад оруулсан хорооллыг энд онцолж болно. Байр шинээр ашиглалтад ороход оршин суугчид дундаасаа СӨХ байгуулах ёстой. Гэтэл өмнөх байрны нөхөд нь СӨХ гэж гарч ирээд оршин суугчдаас мөнгө нэхээд эхэлсэн. Сард 37000 төгрөг авдаг. Энэ тоог хаанаас яаж гаргаж ирсэн нь тодорхой биш. Төвлөрүүлсэн мөнгөө хаана юунд зарцуулсан нь тодорхой биш.

-Орон сууцны засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хаана, хэн хариуцах нь мэдэгдэхгүй эзэнгүйддэг үзэгдэл бий…?

-Гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулсан компани хариуцдаг. Гэтэл үүнийг дагаад нэгэн заль гарч ирээд байгаа нь ашиглалтад оруулсан компанийн төлөөлөл СӨХ-нд нь ороод суучихдаг. Хуульд заасан гурван жилийн хугацаанд барилгад ямар нэгэн асуудал гарахад арга ухаан сийлж байгаад оршин суугчдаас гаргадаг. Том хэмжээний эвдрэл гарахад шууд хаяад явчихдаг. Ингээд эзэнгүйддэг үзэгдэл түгээмэл болоод байна. Энэ мэт гажуудал нь СӨХ-ны тухай хуулийг үндсээр нь өөрчлөх болсныг л харуулж байгаа юм. Хэдхэн жил СӨХ-ны удирдах зөвлөлд суугаад л хөлжчихсөн хүмүүс олон болсон байна. Насаараа суусан зарим нь саятан болж оршин суугчдыг дарамталж, дээрэлхэж байна л даа. Юу ч хийхгүй гэртээ сууж байгаа нь саятан болчихдог. Ийм байж хэрхэвч таарахгүй. СӨХ гэх нэрийн дор бусдын мөнгийг дээрэмдэж байгаад үзэгдлийг хуулиар хориглох цаг нь болсон. 2003 онд батлагдсан СӨХ-ны тухай хууль хуучирсан байна. Хулгайчдад боломж олгоод байна.

-Танд ямар шийдэл байна вэ?

-Орон сууцны засвар, үйлчилгээ, барилгын баталгаат хугацааны асуудал, нийтийн эзэмшлийн талбай, дулаан, өмч хөрөнгийн захиран зарцуулалтыг Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам нь хариуцаад явах нь зөв. Хаа хамаагүй хөндлөнгийн хүмүүс оршин суугчдаас мөнгө нэхэж аваад зарцуулалтаа тайлагнахгүй яваад байж болохгүй. Орон сууцны харуул хамгаалалтын асуудлыг хорооны цагдаа нь хариуцвал зөв. Хэдэн өвгөчүүл орцны үүдэнд тамхи татаж суучихаад сул цалин аваад байж таарахгүй. Энэ ажлыг цагдаа нар хариуцах ёстой. За тэгээд хог цэвэрлэгээг ТҮК хариуцна. Ийм зохион байгуулалтад шилжихэд оршин суугчид бүрэн хяналт тавиад явах боломж бүрдэнэ. Ажил эзэнгүйддэг явдал цэгцэрнэ. Хэн юу хариуцах нь тодорхой болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Шашин судлаач С.Дэмбэрэл: Олон хүний итгэлийг дааж явах ёс суртахуунтай, эрдэм мэдлэгтэй нэгнийг шашны тэргүүнээр сонгодог DNN.mn

 

М У И С – и й н Ш У С – ийн Шашин судлалын тэнхимийн багш, шашин судлаач С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Шашны тэргүүнээр я м а р с у у б и л и г т э й хүмүүсийг залдаг юм бэ. Гол шалгуурууд нь юу байдаг вэ?

-Шашин хүмүүсийг итгэл ү н э мшл э э р н ь н э г т г э ж , нийгмийн бүлэг, институтийг бий болгодог. Нийгэмд итгэл үнэмшлээрээ нэгдсэн бүлгийг түмний итгэл найдварыг дааж явах чадвартай, эрдэм мэдлэгтэй хүн удирдаж явах ёстой гэж үздэг. Германы социологич Макс Вебер “Шашны социологи” (1920) номдоо шашны удирдагчдын с о н г о г д д о г ё с , о н ц л о г шинжийг онцолсон байдаг. Т у х а й л б а л н э г д ү г э э р т , уламжлалт ёсоор сонгогддог удирдагч гэж байна.

 

Ийм удирдагчийг тухайн шашны түүх, тогтсон уламжлал, зан заншлаараа сонгодог. Хоёрдугаарт, шашныхаа хууль, жам ёсоороо сонгогддог удирдагч. Тухайн шашинд нөлөө бүхий ахмад санваартан, удирдагчдын саналыг харгалзаж шашны хууль, дэг ёсны дагуу сонгоно гэсэн үг. Гуравдугаарт, харисматик удирдагч нь өөрийнхөө үзэл санаа, хүсэл тэмүүлэл, хэлж буй үг, биеэ авч яваа байдлаараа бусдыг татдаг ер бусын тэнгэрлэг зан чанартай нэгэн байдаг. Ийм харисматик удирдагчид хүмүүсийг итгэл үнэмшлээр нь удирддаг.

-Аравдугаар Богдыг ямар аргаар тодруулсан юм бол?

-Аравдугаар Богдын тухайд шашны уламжлал болон хууль ёсны дагуу сонгогдсон удирдагч юм. Өндөр гэгээн Занабазар анх 1635 онд Чингис хааны алтан ургийн түшээт хан Гомбодоржийн хүү болж мэндлээд 1939 онд дөрвөн настайдаа монголчуудын оюун санааны удирдагч Жавзандамба хутагтаар өргөмжлөгдсөн байдаг. Ингээд харахад Монголын Буддистууд оюун санааны удирдагчаа сонгодог арга 300 гаруй жилийн түүх, уламжлалтай байгаа биз.

-Гэгээнтнийг тодруулахад яг ямар шалгуур үзүүлэлт байдаг юм бэ?

-Гэгээнтнийг тодруулдаг хэд хэдэн шалгуур бий. Зүгээр ч хүнийг тодруулаад байдаггүй. Нэгдүгээрт, урд дүрийн хувилгаан өөрийнхөө ойр дотны хүмүүст амьдралынхаа сүүлийн үеүдэд “Би тэнд төрнө” гэж айлддаг. Гэрээслэлдээ ч тэмдэглэдэг. Намтарт нь бас дараа хаана төрөх тухай нь тэмдэглэгдсэн байдаг. Аравдугаар Богд бол есдүгээр Богдын намтар, гэрээслэлд дурдсанаар Монголд төрөөд байгаа нь энэ. Хоёрдугаарт, Жавзандамба хутагтыг нөлөө бүхий шашны удирдагчид нь сонгодог, таньж, мэдэж баталгаажуулдаг. Арван дөрөвдүгээр Далай лам 2016 онд Монголд айлчлахдаа “Аравдугаар Богд Монголд төрсөн байна. Нас нь балчир учир нийтэд зарлах боломжгүй” гэж хэлсэн байдаг. Тэгвэл 2023 оны гуравдугаар сард Энэтхэгт болсон номынхоо айлдварын үеэр “Бидний дунд халхын Жавзандамба хутагт сууж байна” гэж түүнийг таньж албан ёсоор олны өмнө баталгаажуулсан байдаг. XIV Далай лам 2016 болон 2023 онд одоо тодроод байгаа Аравдугаар Богдыг баталгаажуулсан.

Гуравдугаарт, шинээр тодорч байгаа хутагт хувилгаад зарим тохиолдолд өмнөх дүрийнхээ ойр шадар байсан хүмүүсийг таних тохиолдол ч бий. Өмнөх хутагтын ойрын шавь нар нь дараа дүрийн хутагтыг таньж олох, шинжих үйл ажиллагаанд оролцдог. Есдүгээр богдын ойр дотны шавь нар ч аравдугаар Богдыг тодруулахад оролцсон байх. Дөрөвдүгээрт, шинээр тодорсон хутагт нь өмнөх дүрийнхээ хэрэглэж байсан эд зүйлсийг хараад таньдаг гэдэг. Өмнөх дүрийн хэрэглэж байсан хонх, очир, бумба, эрхи, аяга зэрэг зүйлсийг нь шашны олон эд хэрэгслийн дундаас шууд таньж өөрийнх юм шиг хэрэглэдэг. Энэ мэтчилэн таних олон арга бий.

-Ромын Папын тухайд ямар шалгуур үзүүлэлтийг хангаж удирдагчаар сонгогдсон юм бэ?

– Пап Францис католик шашны уламжлалаараа л сонгогдсон удирдагч юм. Ромын католик сүмийн удирдагчид, ахмад кардиналууд зөвлөлдөж эрдэм мэдлэгээрээ төгөлдөр, ёс суртахуунаараа цэвэр ариун, олон нийтэд нэр хүндтэй гэж үзээд түүнийг тэргүүнээр залсан. Түүнийг 1.3 тэрбум итгэгч дагалдагчдыг чиглүүлээд явах хүн гэж итгэл хүлээлгэж өөрсдийнхөө дундаас сонгосон. Шашин бол нийгмийн институт бүлэг. Иймээс шашинд зайлшгүй удирдагч байх ёстой. Монголд Ромын Папыг дагаж том бүлэг айлчилж байгааг бид бүгдээрээ харж байна. Папын харуул хамгаалалт, үйлчилгээ, олон нийттэй харилцах алба, хэвлэл мэдээлэл, гадаад харилцааг нь хариуцсан том баг ажиллаж байна. Далай ламын доор ч ийм том институт ажилладаг. Монголын үе үеийн Богдуудад ч шавь нараас нь авахуулаад том институт ажиллаж байсан. Аравдугаар Богдын доор ч том институт ажиллах ёстой гэж судлаачийн зүгээс харж байгаа. Түүний мэдлэг боловсрол, олон нийттэй харилцах, харуул хамгаалалт, хууль эрхзүй, гадаад харилцааг нь хариуцсан том баг ажиллах ёстой. Ингэж байж олон нийтэд илүү хүлээн зөвшөөрөгдөнө. X Богд буддын шашны өндөр мэдлэгтэй байх ёстой. Үүнээс гадна түүнд шинжлэх ухааны мэдлэг ч хэрэгтэй. Хамгийн чухал нь цэвэр ариун ёс суртахуунтай хүн байж Монголын буддистуудын оюун санааг удирдаж явна.

-Шашны тэргүүнүүд нийгэмд юуг түгээж явах үүрэг хүлээдэг вэ?

-Шашны удирдагчид нийгмийн харилцааг эерэг зүгт чиглүүлж явдаг. Соёл уламжлал, зан заншил, хэл бичгээ хадгалахыг удирдаж чиглүүлнэ. Мөн шашны тэргүүн нь хүмүүст бурхны шашны сургаалыг ойлгуулж, гэгээрлийн зам мөрийг тайлбарлаж таниулж амьдралдаа хэрэгжүүлэхийг уриалдаг. Түүнчлэн нийгэм олон нийтийн сэтгэл санааг тайвшруулж, эв нэгдлийг уриалах, цэвэр, ариун ёс суртахуунтай, байгаль эх дэлхийгээ хайрлаж байхыг удирдан чиглүүлэх ёстой. Шашны удирдагчид шударга байх, тэгш эрхтэй байх ёсны зарчмыг ч үлгэрлэдэг. Өөр нэг зүйл нь аравдугаар Богд Монгол Улсыг дэлхий дахинд төлөөлнө. Бусад шашны төлөөлөлтэй яриа хэлэлцээр хийх, шашин хоорондын ойлголцлыг бий болгох, бусад шашинд хүлээцтэй хандах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах болов уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Торгуулиа хугацаанд нь төлөөгүй, оношилгоонд ороогүй, салхины шил нь цуурсан машинд цахим гэрчилгээ олгохгүй DNN.mn

Энэ онд багтаж нийслэлийн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID) төхөөрөмж олгоно гэдгийг нийслэлээс мэдэгдээд байгаа. Энэ ажлын явцын хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос тодруулга авлаа. Есдүгээр сарын 15-ныг хүртэл тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаад байгаа. Үүнээс цааш тэгш сондгойгоор ангилж дугаарын хязгаарлалт хийхгүй талаар онцолж байна.


-Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа явж байна вэ. Иргэд хаана хандаж гэрчилгээгээ авах вэ?

-Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажил үргэлжилж байна.

Эхний ээлжинд Зам тээврийн хөгжлийн сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар гарсан түр журам үйлчилнэ. Энэ журмын төслийг Засгийн газарт хүргүүлсэн, хянаж байна. Түр журам батлагдахад нийтэд мэдээлнэ. Ирэх сард багтаад энэ ажил цэгцэрнэ.

-Цахим гэрчилгээ олгоход иргэдэд тодорхой шаардлага тавих талаар та онцолж байсан. Ямар нөхцөлд цахим гэрчилгээ олгохоос татгалзах вэ?

-Тодорхой хэмжээний шаардлагуудыг түр журмын төсөлд оруулсан, одоогоор хянагдаж байна. Тухайлбал салхины шил хагарсан, ямар нэгэн хуулга наагаагүй байх, үзлэг оношилгоонд хамрагдсан байх, торгуулиа хугацаанд нь төлсөн зэрэг шаардлагууд тавьсан. Түүнчлэн оношилгоонд хамрагдсан ч илтэд үзэмжгүй тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох нь бий. Энэ үзэгдлийг хязгаарлахаар тусгасан. Ерөнхийдөө оношилгоонд хамрагддаггүй, өндөр торгуультай, бүрэн бус тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгохгүй гэж ойлгож болно. Түр журам батлагдахад илүү тодорхой болно.

-Төрийн байгууллагуудад энэ ажил хийгдээд явж байна уу?

-Тийм. Төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа төрийн байгууллагуудад авто машины цахим гэрчилгээ олгоод байна. Энэ ондоо нийслэл цахим гэрчилгээ олгоод орон нутаг руу шилжинэ.

-Жолоодох эрхээ хасуулсан этгээдүүд замын хөдөлгөөнд оролцоод байгаа нь түгжрэлд нэмэр болж байгааг шүүмжилдэг. Цахим гэрчилгээ олгосноор үүнийг хянах боломж бүрдэж байна уу?

-Энэ ташаа ойлголт. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнтэй холбоотой асуудлыг зохицуулахгүй. Тухайн тээврийн хэрэгсэл зөрчилтэй байгаа тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Чип суулгана, жолоодох эрхгүй этгээдийг илрүүлнэ гэх буруу ойлголт байна лээ. Тийм биш.

Жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх ажлыг хуулийн хүрээнд хийнэ. Өнөөдрийн байдлаар торгууль, төлбөр, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй тээврийн хэрэгслийг шууд тодорхойлох боломжгүй байна. Заавал Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын тусламжтайгаар шалгаж байгаа. Харин энэ төхөөрөмжүүдийг суурилуулж, цахим гэрчилгээ олгосноор тухайн тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээллийг харах боломж бүрдэнэ. Мөн хуулийн дагуу татвар, төлбөр, торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг аваад явах юм.

-Үүнийг та бүхэн түгжрэлийн шийдэл гэж харж байна уу?

-Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх хүрээнд хийж байгаа ажил. Хөдөлгөөний ачаалал гэхээс илүү соёлтой, хариуцлагатай хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлнэ гэж ойлгож болно. Өнгөрсөн жилүүдэд ойролцоогоор 80 мянган тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар олгодог байсан. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 59 мянган машинд хотын серитэй дугаар олгосон дүн мэдээлэл байна. Хагас жилийн дотор 60 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байна. Үүнээс үзэхэд импортоор орж ирж буй автомашинуудад тодорхой бодлого хэрэгжүүлэхгүй бол одоо хийж байгаа авто замын томоохон бүтээн байгуулалтууд, нийтийн тээврийн парк шинэчлэл, зарим уулзварын өөрчлөлт зэрэг нь үр дүнгээ өгч чадахгүй. Үүнтэй холбоотой саналаа холбогдох Үндэсний хороонд танилцуулна.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Драгоны шинэ байршил 50 автобус, 500 автомашины зогсоолтой DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн зорчигч үйлчилгээний төв буюу бидний нэрлэж заншсанаар Драгон төв байршлаа өөрчилж Номин худалдааны төвийн зүүн талын автовокзалд үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхэлж энэ байршилд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус төвөөс сурвалжилга бэлтгэлээ.

Драгон энд нүүж ирээд төдийлөн удаагүй байгаа ч үйлчлүүлэгчид аль хэдийнээ мэддэг болжээ. Цэлийсэн том зогсоолыг голоор нь хоёр хуваасан байв. Баруун хэсэгт нь хот хоорондын такси, зүүн хэсэгт нь автобуснууд эгнээд зогсжээ. Цааш яваад шилэн хаалгаар шагайвал сэлүүхэн заалнаас сэрүү татаж байна. Шинээр ашиглалтад орсон Драгон төвийн заалыг олон улсын түвшинд ойртуулж тохижуулсан нь ил цагаан харагдаж байлаа. Харин энэ том зааланд хоёр цонхоор л иргэдэд үйлчилгээ үзүүлж, билет бичиж байв. Энд харин урт дараалал үүсчээ. Гэсэн ч талбай нь уужуу учраас хоорондоо ам мурийсан асуудал алга.

Шинээр ашиглалтад ороод удаагүй байгаа газрын тохижилтын ажил хараахан дуусаагүй байгаа гэнэ. Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн “Шинэ автовокзалд үйлчилгээгээ илүү чанаржуулж, сайжруулах чиглэлээр нэмэлт тэмдэг тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлууд хийгдэж байна. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан байршлаас тус шинэ автовокзал нь нийтийн эзэмшлийн талбай 5 дахин, үйлчилгээний талбай 1.5 дахин нэмэгдсэн.

Иргэдэд хэрэгцээтэй бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, ариун цэврийн өрөө, гарц, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан такси, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ.

Цаашид иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ улам чанаржуулж, нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран автобусны зогсоол, зорчих хэсгийг холбох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна хууль бус тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтмол хяналт, шалгалт явуулж байна” гэв.

О.Доржтовуу: Нэг дороос цогц үйлчилгээ авах боломж бүрдсэн байна

Хүлээлгийн танхимд ойролцоогоор 200 гаруй хүн тухлах сандлыг байршуулжээ. Хот хооронд зорчихдоо автобусыг илүүд үздэг ахмадууд үүнд таатай хандаж байна. Зөөлөвчтэй сандалд тухлаад дугхийсэн ч боломжтой юм билээ. Бид зорчигч О.Доржтовуутай цөөн хором хөөрөлдлөө.


-Автовокзал шинэ бүсэд суурьшжээ. Үүнд ямар сэтгэгдэлтэй байна вэ, та?

-Би Ховд аймгийн Булган сумаас дөрөв хоногийн өмнө ирсэн. Вокзалын заал сэлүүхэн сайхан болжээ. Үүдээр орж ирэхэд л хаанаас ямар үйлчилгээ авах талаар ажилтнууд нь тайлбарлаад өгч байна. Өмнө нь бол жижигхэн талбайд хөлөө амраах газар ч олдохгүй хэцүү байлаа. Ачаа чирээд явахад тавих газар ч олдохгүй. Хулгайд алдчих гээд их хэцүү байсан. Энд бол амар болжээ. Ийм цэлгэр зааланд уурлаж уцаарлаж байгаа ч хүн алга. Хилийн цаана нь ийм тухтай орчинд үйлчилгээ авдаг байлаа.

-Энд ирэх гэж түгжрэв та?

-Нэг их түгжирсэнгүй. Харин унаа олох гэж жаахан будилж, цаг алдлаа. Таксидаж ирлээ. Хотын төвөөс ийшээ ирж байгаа автобус бараг алга. Заавал дамжих шаардлагатай юм байна. Тэр бүрийг хүлээж, хайхад хугацаа алдаж унаанаасаа хоцорчих гээд байлаа. Энэ чиглэлд илүү олон автобус явах шаардлагатай санагдлаа.

-Үйлчлүүлэгчийн зүгээс өөр ямар санал байна вэ, танд?

-Гадаа талбайд орж ирэхэд яг хаанаас ямар унаа явах нь тодорхой бус юм. Үүнд тэмдэг, тэмдэглэгээ хэрэгтэй санагдлаа. Өөр санал алга даа. Хажуудаа том үйлчилгээний төвтэй нь зүгээр юм. Нэг дороос цогц үйлчилгээ авах боломж бүрдсэн нь таалагдлаа. Өмнө нь бол драгоны хажуугаар явахад энд тэнд барилгын ажил яваад хаанаас юу нурж ирэх бол гэх айдастай байлаа. Энд бол сэтгэл тайван амар үйлчилгээ авах боломж бий болжээ” гэв. Хүлээлгийн заалны хойморт хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулжээ. Төрөл бүрийн тоглоом өрж үлгэрт гардаг шиг л тохижуулсан энэ өрөөнд унаа хүлээх зуураа хүүхдээ тоглуулах боломжтой. Энд хүүхдийн бужигнаан тасардаггүй юм билээ. Хажууханд нь харин эх нярайд зориулсан өрөөг гаргаж өгсөн байна. Энэ өрөөг нялх хүүхдийг хуурайлаад гарахад зориулж тохижуулжээ. Түүнчлэн хол замд явдаг жолооч нарт зориулсан амрах өрөөг гаргаж өгчээ. Шөнөжин дахиж ирсэн жолооч нүдний хор гаргаж хажуудах кофе шоппоос өглөөний унд уугаад ажилдаа гарах боломжтой. Автобусны суудал дээрээ тухгүй амардаг байсан асуудал ард үлджээ.

Жолооч Б.Энх-Эрдэнэ: Сэлүүхэн зогсоолтой амар байна

Автобусны жолооч Б.Энх-Эрдэнээс тодруулга авлаа.


-Шинэ автовокзалын талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Шинэ вокзал сэлүүхэн байна. Өмнөх байршилд бол битүү барилга босчихсон. Сүүлдээ зогсох газар ч олдохгүй болсон шүү дээ. Төв замаасаа салж ороход ч их төвөгтэй. Зогсоол байхгүй учраас зорчигчид холоос ачаагаа зөөх зэрэг хүндрэл гардаг байлаа. Энд тийм асуудал алга. Хаанаас ямар үйлчилгээ авах нь тодорхой. Орж ирээд л шууд унаандаа сууж байна.

-Ийшээ ирэхэд замын ачаалал их байна уу?

-Өмнө нь ч түгжирдэг л байсан. Зарим тохиолдолд зогсоол руу орох гэж цаг орчим зогсдог байсан шүү дээ. Ялгаагүй л түгжирдэг. Энд ирснээрээ тухтай амраад замд гарах нөхцөл бүрдсэн. Өмнө нь бол 25 автобусны зогсоол багталцдаггүй байлаа. Одоо бол 50 автобусны зогсоолд ийм асуудал тулгарахгүй байна. Хажуугаар нь 500 машины зогсоолтой” гэв.

Зогсоолын баруун талд Номинтой залгаа байранд food court үйл ажиллагаа явуулж байна. 100 орчим хүний багтаамжтай энэ зааланд гурван цонхоор иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Монгол хоолноос гадна европ хоолны сонголт байна лээ. Автовокзал Номингийн байршилд нүүж очсон нь шүүмжлэл дагуулж байгаа. Энэ асуудлын хүрээнд “АТҮТ” ТӨҮГ-ын захиргааны хэлтсийн дарга Б.Баатарцол “Та анзаарсан бол өмнөх байршилд барилгын үйл ажиллагаа явж байгаа. Дээрээс тоосго унаад хүн цохивол нүүж байхгүй яав гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ бол зорчигчийн аюулгүй байдлын үүднээс л гаргасан шийдвэр. Хэн нэгэн сайд хэлэхэд нь нүүчихсэн асуудал огт биш. Судалгаа хийж гаргасан шийдвэр юм шүү” гэх байр суурийг илэрхийлэв. Зааланд цугласан иргэдийн онцолж байгаагаар энд ирэхдээ хоёроос гурван автобус дамжиж байгаа нь хүндрэлтэй байгааг онцлов. Үйлчлүүлэгчдийн зүгээс энд дугаарлаж зогссоноос онлайнаар тасалбар захиалдаг болсон гэнэ. Ирэх замдаа хугацаа алдаж хоцрох эрсдэлтэйг хэлж байв.

Өнөөдрийн байдлаар шинэ драгон руу 6-7 чиглэлээс автобус явж байгаа гэнэ. Үүнийг нэмэх ажил хэлэлцээрийн шатанд явааг ажилтнууд хэлж байлаа. Түүнчлэн энэ орчимд нийслэлээс төмөр замын дөрвөн нүхэн гарц гаргах ажлыг эхлүүлсэн гэнэ. Илүү тодруулбал “Энхжин” худалдааны төвийн нүхэн гарц ирэх сард ашиглалтад орох юм байна. Ингэснээр Драгоныг чиглэсэн түгжрэлийн асуудал цэгцэрнэ гэж тооцоолж байгаа гэнэ. Энэ нь хотын түгжрэлийг бууруулах ажлын нэг хэсэг болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Драгоныг хотын зах руу шахсанаар төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал буурна гэж тооцоолжээ. Бид хаанаас ч ирсэн ямар ч жуулчны өмнө нүүр бардам үйлчлэх зорчигч үйлчилгээний төвтэй болжээ. Food court-д үндэсний хоол зоогломогцоо Номин супермаркетаас эрүүл хүнс торлоод зорьсон газрынхаа унаанд суух боломжоор хангаж өгсөн байна. Унаагаа хүлээх зууртаа хүлээлгийн танхимд зурагт хараад тухлах болно. Энэ завсартаа утсаа цэнэглэхээс авахуулаад наад захын шаардлагатай бүхэн энд байна. За тэгээд ямар ч овор хэмжээтэй ачааг тэргээр зөөгөөд өгөх хүмүүс бэлэн сууж байна лээ.

 

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Баярцэнгэл: Ажилтнуудын хоорондох хөндий уур амьсгал ажлаас халшрах үндсэн шалтгаан болж байна DNN.mn

Сэтгэлзүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.


-Нийгмийн бухимдалтай холбоотойгоор ч тэр юм уу хүмүүс сэтгэлзүйчид хандах нь түгээмэл болжээ. Танд хандаж байгаа хүмүүсийн цөм нь ямар шалтгаантай байна вэ?

-Янз бүрийн л шалтгаанаар хүмүүс ирдэг. Энэ бүгдээс анзаарахад ажлаас халшрах үзэгдэл түгээмэл болсон байна. Сэтгэл зүйн гутралтай холбоотойгоор хийж бүтээх урам зориггүй болсон хүмүүс ирэх юм. Тэднийг анзаарахад ид хийж бүтээх, гялалзаж явах залуус байгаа нь анхаарал татдаг.

-Таны тухайд кейсүүдэд дүн шинжилгээ хийж ажилладаг байх. Залуус ажлаас халшраад байгаа шалтгаан нөхцөл нь яаж харагдаж байна вэ?

-Төрийн ч, хувийн ч бай байгууллагын ажилтнуудын хоорондын харилцаа таагүй болсон байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хоорондын харилцаанд нэгнийгээ гадуурхах, ганцаардуулах, нэгэндээ атаа жөтөө санаж хорсох явдал түгээмэл болж. Энд би насанд хүрсэн хүмүүсийн харилцааны талаар ярьж байгаа юм шүү. Бүрэн төлөвшөөгүй жаахан охидын тухай биш. Төрийн байгууллага болоод хувийн хэвшилд ажилладаг ид хийж бүтээх эмэгтэйчүүдийн хоорондын харилцааны асуудлыг хөндөж байна. Тэд нэгэндээ атаархаж, янз бүрийн явуулга хийж нэгнийгээ ганцаардуулдаг, сэтгэл гутралд оруулдаг явдал олон кейсээс харагдлаа. Энд ганц жишээг л онцолъё. Нийслэлээс алслагдсан аймагт байршилтай сувилалд ажилладаг эмэгтэй зөвлөгөө авахаар хандсан юм. Ярилцаад үзэхэд өнөөх сувиллын ажилтнууд нь хотоос очиход нь ажиллах боломж олгодоггүй, эсэн бусын цуу яриа гаргаж, нийлж гадуурхсан байгаа юм. Энэ явдал даамжирч өнөөх эмэгтэй сэтгэл гутралд орж, хэрхэн даван туулах талаар надаас зөвлөгөө авсан. Ярилцах явцад ажлаасаа халширсан нь ил цагаан харагдсан.

Энэ мэтчилэн төрийн болон хувийн хэвшилд нэгнийгээ гаднах өнгө үзэмж, амьдралын нөхцөл байдлаар нь гадуурхаж сэтгэл санааг нь хямраадаг болж. Үүнээс дүгнэлт хийхэд ажлаасаа халшрах үндсэн шалтгаан нь эмэгтэйчүүд хоорондын таагүй харилцаа, хүйтэн хөндий уур амьсгал болсон нь хэд хэдэн жишээгээр батлагдлаа. Эндээс гарах үр дагавар нь илүү хортой.

-Энэ талаараа жаахан тодруулахгүй юу?

-Сэтгэл санаагаар унасан хүн өвчлөх нь амархан байдаг юм байна. Зүрх, толгой гээд эрхтнүүд нь өвдөнө. Хоол, унднаас гарах нь наад захын асуудал. Хоолноос шим тэжээл авч чадахгүй болохоор л өвчний суурь нь тавигдчихаж байна л даа. Гол нь залуу хүмүүс сэтгэл гутралд орж, эрүүл мэндээрээ хохироод байгаа нь харамсалтай.

Дахиад онцлоход энэ нь хамт ажиллагсдын таагүй уур амьсгал, хүйтэн хөндий харилцаа, гадуурхах үзэгдэлтэй шууд хамааралтай. Ажил гэдэг хүний хоёр дахь гэр байдаг. Ажил дээрх таагүй уур амьсгал гэр бүлд нь дам нөлөөлж байгаа нь олон жишээнээс ажиглагдсан. Хамгийн хортой нь сэтгэл гутралаас үүдэж, ажлаас халширна, цаашлаад хорт зуршилд татагдаж байна. Энэ их зах замбараагүй архидалт, тамхины хэрэглээ нэг талаараа ажлын байрны таагүй уур амьсгалтай холбогдож байна.

-Тухайн байгууллагадаа ч хор хөнөөлтэй байх нь?

-Энэ үзэгдэл мэдээж аль аль талдаа хор хөнөөлтэй. Ажлаас халширсан хүний хөдөлмөрийн бүтээмж муудна. Албан байгууллага нь тэр хэмжээгээр алдагдал хүлээнэ. Хүний нөөцийн хажуугаар боломжуудаа ч урсгаж байна. Байгууллагын ажил удааширдаг нэг шалтгаан нь ч энэ байж болно.

Нөгөө талд ажилтан сэтгэл гутралд орж, эрүүл мэнд эд эрхтнээрээ хохироод үлдэнэ. Жижигхэн тулга тойрсон асуудал мэт боловч хор хөнөөл нь ийм их.

-Ажлын байрны хүйтэн хөндий харилцааны нөлөөгөөр сэтгэл гутралд орсон ч үүнийгээ анзаарахгүй яваа тохиолдол байж болно. Ийм үед сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?

-Сэтгэл хөдлөлийн тодорхой шинжүүд байдаг. Тархины үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдолд орсноор амьдралын буруу хэвшлүүд үүсдэг. Гэнэт хэт их кофе уух, утсаа хэт их оролдох, идэвхгүй байдалд шилжих, ахуйн шинж чанартай

холбоотой буруу зуршлууд бий болох, нойргүйдэх, хэт их идэх эсвэл хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Иймд тархийг амраахад чиглэсэн зүйлсийг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Тайван орчин бүрдүүлээд сайн нойр авч, амрах гэх мэт. Түүнчлэн ойр дотны хэн нэгэнтэй ярилцах. Насанд хүрэгчдийн харилцааны хувьд хэнд нууцаа ярих вэ гэдгийг ухамсарладаг, тодорхой мэдрэмжтэй болсон байдаг. Ойр дотны, итгэлтэй хүмүүстэйгээ ярилцаж дараа нь тухайн найз нөхөд, эцэг эх нь мэргэжлийн хүнд хандахыг зөвлөдөг байх жишээтэй. Харин өсвөр насны хүүхдүүдийн хувьд найз нөхдийн орчинд хэтэрхий их хувийн асуудлаа хуваадаг талтай. Дараа нь нэгнийхээ итгэлийг эвдэх тохиолдол их. Хүүхдүүд санаандгүй байдлаар нэгнийгээ гомдоох тохиолдол гарч болно.

-Сэтгэл санаагаа удирдах, тогтвортой байлгах тал дээр та юу зөвлөх вэ?

-Сэтгэл хөдлөл байнга тогтвортой, өөдрөг байх боломжгүй. Хүн өөрөө нийгмийн бүтээгдэхүүн. Нийгмийн хүрээлэл дэх нөлөөллөөс шалтгаалаад сэтгэл хөдлөл тогтмол өөрчлөгддөг. Нийгмийн харилцааны хувьд өдөр тутамд аливаа зүйлсээс суралцаж, тодорхой сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг авснаар тухайн хүний зан төлөв, чиг баримжаа тогтдог. Иймд аливаа асуудлыг хүнд тусган авахгүй байх нь маш чухал. Нийгмийн харилцааны үед олж авсан, шаналал, гуниг аливаа эмгэгийг үүсгэх хүчин зүйл болдог. Олон жилийн өмнө сонссон үгэндээ ч шаналаад, голдоо ортол гомдчихсон, тэр хэмжээгээр өөртөө итгэх итгэл буурч, өөрийгөө хаадаг тохиолдлууд бий. Хүмүүстэй харилцахдаа өндөр хүлээлт тавьж болохгүй. Учир нь хүмүүс санаатай, санаандгүйгээр бусдадаа сэтгэл зүйн сөрөг цочрол өгч, сэтгэлийг нь гэмтээдэг.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Э.Цолмон: Иргэний боловсролын хичээлийн агуулгаас өөрийгөө дөвийлгөх, бусдыг ялгаварлан гадуурхах үзэл харагдаж байна DNN.mn

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь Хөтөлбөрийн газрын Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмонтой ярилцлаа.


-Хүүхдийг “Ивээх Сан”-гийн зүгээс иргэний боловсролыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн нь бидний сонирхлыг татаж байна. Та төслөө товч танилцуулна уу.

-Монгол Улс Үндсэн хуульдаа улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож байгаа улс болохоо зарласнаас хойш өдгөө 31 жил улирч байна. Бид 2020-2022 онд “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг хот хөдөөд хоёр жилийн хугацаатай, судлаачид, иргэний нийгмийн нөхөдтэйгөө хамтран сурагч, оюутнуудыг оролцуулан хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд, ардчилсан засаглал, иргэдийн оролцооны талаар зааж буй иргэний боловсрол, нийгмийн ухааны хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйд шинжилгээ хийж, ардчиллын талаарх ойлголтын талаар өсвөр үеийнхэн, залуучуудын дунд судалгаа хийсний үр дүнд залуучууд ардчилсан үнэт зүйлсийг өөрсдөөсөө хол биш илүү ойроор хүлээж авахыг бид дэмжих хэрэгтэй нь харагдсан юм. Иргэд ардчиллын үнэт зүйлсийн талаар мэдлэгтэй байх тусам оролцоотой байна. Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын тулд оролцоогоо нэмэгдүүлж, хяналтаа сайжруулах ёстой. Иргэдийн оролцоо нь ардчилсан засаглалыг хамгаалах, хөгжүүлэх гол тулгуур учраас иргэний боловсролд ардчиллын үнэт зүйлсийн талаарх агуулга чухал байдаг.

-Та сая сурах бичгийн агуулгын судалгаа хийгдсэн талаар дурдлаа. Үүний үр дүн ямар байна вэ?

-Бид төслийнхөө хүрээнд иргэн болохуйд бэлтгэх агуулга талаас нь сурах бичгийн агуулгыг судлаач, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран шинжилсэн.

Иргэний боловсролын агуулгаар дамжуулан уламжлал, зан заншил гэсэн агуулгаар хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхсан ойлголтыг хүүхдэд улам бэхжүүлж хоногшуулах, хүйс, нийгмийн байдал, үндэс угсаа, арьсны өнгө, мэргэжил зэргээр ялгаварлан гадуурхах нь хэвийн гэсэн ойлголтыг түгээх сөрөг үр дагавар ажиглагдаж байсан. Мөн түүхэн тайлбарыг хийхдээ шовинист буюу бусдаас өөрийгөө дөвийлгөх үзэл шингэсэн төдийгүй эх оронч байх гэсэн ойлголтын цаана бусад үндэстнээс аугаа, илүү гэсэн санаа давхар агуулж байгааг анхаарвал зохих талаар манай судалгааны баг маань зөвлөмждөө тусгасан. Жендэрийн мэдрэмж, түүнийт тэнцвэртэй байдлыг хангах, жендэрийн эрх тэгш байдлыг зөвхөн хоёр хүйсээр илэрхийлж байгаа нь нийгмийн ялгаатай, цөөнх бүлгийг хүлээн зөвшөөрөх хандлагыг төлөвшүүлэхэд учир дутагдалтай. Сурах бичгийн агуулгыг хүний эрхийн өнцгөөс нягтлан харахад тэгш байдлыг хангах, үл ялгаварлах, иргэний оролцоо, эгэх хариуцлагын талаар цогц, уялдаа холбоотой, өргөн хүрээг хамарч, иргэний нийгэм, төрийн байгууламж, мөн хувийн хэвшлийн үр нөлөөг тэнцвэртэй, түншлэгч байдлаар дүрслэн үзүүлэх шаардлага нийтлэгээр харагдаж байна. Сурах бичгийн агуулга нь багшид суралцагчидтай харилцах, тэдний суралцаж байгааг удирдан чиглүүлэхийн хамт сургалтын стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ажиллахад удирдлага болдог. Сурах бичгийг сургалтын стандарт, хөтөлбөрөөс шалтгаалан өөрчлөх, эсвэл хэвлэхгүй хоцроох, нэг бол багшийн арга зүйг заагаагүй үед хэвлэн тараах нь сөрөг үр дагавартай бөгөөд суралцагчийн зүгээс сурах бичигтэй байсан ч агуулгыг бүрэн ойлгохгүй байх нөхцөл бүрддэгийг бас судлаачид маань дурдсан байгаа.

-Иргэний боловсролыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын чиг хандлага ямар байдаг юм бэ?

-Олон улсын туршлагаас үзэхэд тухайн улсын зүгээс өөрийн үндэстний амин чанарт тулгуурлан дэлхий дээр амьдрах хүн төрөлхтний идэвхтэй гишүүн байхын тулд суралцагчдын үйл хэрэг болгох чадамжийг тусгайлан анхаардаг. НҮБ, Европын зөвлөлийн хүний эрхийн боловсрол, ардчиллын боловсрол, иргэний боловсролын агуулгын хүрээг чадамжаар нь дараах байдлаар илэрхийлж байгаа нийтлэг хандлага байна.

Үүнд: 1. Хүмүүс хоорондын харилцааны ур чадвар: Харилцааны ур чадвар, зохион байгуулах ур чадвар, багаар ажиллах, хамтрах, нийгэмтэй харьцах, хамтран амьдрах, нинжин сэтгэл, хичээл зүтгэл гэж юу болох, яагаад чухал болох; 2. Хувь хүний ур чадвар: Өөрийн хүмүүжил, бие даан сурах чадвар, уян хатан, дасан зохицохуй, өөрийгөө мэдэх,тууштай байдал, өөрийгөө сэдэлжүүлэх, идэвх чармайлт гэж юу болох, яагаад чухал болох, өөрийн хүндлэл, чигч байдал/integrity; 3. Шүүн тунгаах, шинийг санаачлах сэтгэлгээ: Бүтээлч байдал, энтерпренер сэтгэлгээ, эх сурвалжтай харьцах, хэрэглээний ур чадвар, эргэцүүлэх сэтгэлгээ, үндэслэлтэйгээр шийдвэр гаргах; 4. Мэдээлэл, харилцаанд нэвтэрсэн байдал: Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ёс зүйтэй хэрэглэх, мэдээлэл, медиа агуулгыг шүүн тунгаах чадвар, мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан мэдээлэл авах, задлан шинжлэх чадвар; 5. Иргэний боловсрол: Өөрийгөө мэддэг байх, нээлттэй байх, ялгаатай байдлыг хүлцэн тэвчих, хүндэтгэх, зөрчилдөөнийг шийдвэрлэх хариуцлага, ур чадвар, ёс зүйн болон соёл хоорондын ойлголттой байх, ардчилсан оролцоо, эх дэлхий байгаль орчноо хайрлах/хүндэтгэх болон үндэсний амин чанар бөгөөд хамаарал, ижилсэхээ мэдрэх мэдрэмжийн асуудал, 6. Бусад: Эрүүл амьдралын хэв маягийг таашаах, шашны үнэт зүйлсийг хүндэтгэх зэрэг чадамжуудыг ерөнхий агуулгад оруулах чиглэлтэй байна.

-Хичээлийн хөтөлбөр, агуулгыг шинжлэхээс гадна хүүхдүүдийн ойлголт хандлагыг бас тодруулсан юм байна. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Иргэний ёс зүйн боловсрол, нийгмийн ухааны хичээлээр ардчиллын тухай ойлголтыг залуучууд хэрхэн олж авдаг вэ, хичээлээр авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж чаддаг уу, төрийн байгууллага болон ардчиллын үйл явцад залуус оролцохдоо ардчилсан үнэмшлээ ашиглаж чадаж байна уу? Эдгээр асуултад илүү оновчтой хариулт олж авсанаар ардчиллын талаарх залуусын өнөөгийн түвшнийг үнэлж цэгнэх боломжтой. Судалгаанаас үзэхэд, ардчилал, түүний үнэт зүйлсийн талаар эерэг бодолтой буюу ардчилал нь тэдний өнөөдрийн болон ирээдүйн амьдралд маш чухал нөлөөтэй зүйл гэж олонхи, залуус үзэж байна. Залуучууд ардчилал, ардчиллын үнэт зүйлсийг мөнгө, эдийн засгийн боломж зэргээс илүү ач холбогдол өгч үнэлж байна. Мөн Монгол Улс ардчилсан улс байж хөгжих нь үнэт зүйл мөн гэж тэдний 83.6 хувь нь хариулжээ Залуучууд хүний эрхийг дээдлэх, хуулиар баталгаажуулах, нийгэмд хүн бүр хүний эрхийг дээдлэн, тэгш эрхтэй байх, иргэний үүргээ ухамсартай биелүүлэх, хэн нэгнийг шашин шүтлэг, гарал үүсэл, нийгмийн байдлаар нь ялгаварлахгүй байх, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүүхэд залуучууд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, төрийн байгууллагад өөрийн дуу хоолойг хүргэх зэрэг ардчиллын тулгуур ойлголтын талаар зөв үнэлэмж, эерэг бодолтой байна. Гэвч ардчилал, түүний үнэт зүйлийн талаарх онолын ерөнхий мэдлэг, ойлголтыг өнгөн талдаа хүлээн зөвшөөрч, дэмжихийг илэрхийлж буй боловч тухайн ойлголтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх, уламжлалт зан заншил, ёс суртахуун зэргээс ялгаж ойлгох байдал тааруу байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл уламжлалт байдлаар тэдэнд болон нийгэмд өвлөгдөн ирсэн зан үйл, заншил, хэв маягийг эрхзүйгээр баталгаажиж, дэлхийн хүн төрөлхтний хэмжээнд хүлээн зөвшөөрсөн ардчиллын үнэт зүйлстэй хольж ойлгох байдал ажиглагдаж байв. Өсвөр үеийнхэн маань ардчилсан сонгуулиар төр, засгийн байгууллагыг сонгож байгуулахын чухлыг ухамсарладаг хэдий ч тэдгээр байгууллагын үйл ажиллагаа, иргэдийн өмнө хүлээх үүрэг, иргэн хүн хэрхэн оролцож, санал бодлоо илэрхийлж ажиллах тухайд мэдлэг, ойлголт, практикт чадвар дутмаг байна. Ялангуяа залуучууд, иргэдэд хамгийн ойр байх ёстой нутгийн удирдлагын байгууллага ИТХ, ИНХ-ын талаар ойлголт төсөөлөл муу байгаа нь харагдаж байна. Залуучууд сонгуульд оролцох нь чухал гэж дүгнэж байгаа хэдий ч улс төрийн намын үүрэг хариуцлага, мөрийн хөтөлбөр зэргийн талаар ойлголт төсөөлөл тааруу, зөвхөн нэр дэвшигчийг хувь хүнийх нь чадвар, туршлагыг нь эрхэмлэж сонгоно гэсэн өрөөсгөл хандлага харагдаж байна. Сурагчид ардчилал, түүний үнэт зүйлсийн тухай мэдлэгийг ихэвчлэн сурах бичгийн хэмжээнд, онолын ойлголтын хүрээнд дунд зэргийн мэдлэг олж авдаг гэсэн байдлаар хариулжээ. Иргэний боловсролын сургалтын нэмэлт материалын хүрэлцээ хангалтгүй, эндээс орчин үеийн ойлголт, мэдлэгийг тааруу олж авдаг гэж дүгнэсэн байна. Залуучууд ардчиллын тухай мэдлэгийг ихэвчлэн хичээлээс болон интернэт, вэб сайт зэрэг цахим орчноос олж авдаг байна. Хүүхэд, залуучууд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нийгэмд хувь хүн төлөвших хамгийн чухал дадал юм. Гэвч тэдний томчуулд тавьсан асуудал шийдэгддэггүй (үр дүнгүй), тэдэнтэй харьцах арга замаа сайн олдоггүй зэргээс шалтгаалж, зарим талаар багш, сургуулийн захиргаанаас эмээдэг (нээлттэй биш) бэрхшээлээс болж хүүхдүүд сургуулийн орчинд асуудлаа шийдвэрлэхээс төвөгшөөдөг тал нийтлэг ажиглагдав. Боловсролын хөтөлбөр боловсруулалт дээр манай төрийн байгууллагууд, их дээд сургуулиуд, судлаачид, ОУБ-ууд, ИНБ бүх талаасаа судалж ажиллаж байгаа нь сайшаалтай. Олон ургальч үзэл хандлага, нотолгоонд суурилсан арга зүй, агуулга дээр хамтран ажиллавал цаашид улам боловсронгуй болох болов уу. Бид сурагч оюутнуудынхаа бие даах чадвар, иргэн болохуйн боловсролыг олгох маань нийгмийн сайн сайхан байдал, хүний эрх, хариуцлага, оролцоотой нийгмийн гишүүн болж амьдрахад дэмжлэг үзүүлэх байдлаар хөтөлбөр цаашид шинэчлэгдэн боловсронгуй болно гэж итгэдэг.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Бургасан шугуйдаа жимсэн төгөлтэй Булган сумаас бичсэн тэмдэглэл DNN.mn

Булган голын эрэг дагуух моддын мөчрөөс салаалж час улаан алим сагсайтал ургажээ. Зөөлхөн салхилахад л алим, тоор тэргүүтэн саглагар модны мөчрөөс бороо шиг асгарч байна. Бүрэн боловсорсон том улаан алимыг хүүхдүүд тааваараа түүгээд идэж байна. Торгууд түмний өлгий Ховд аймгийн Булган суманд амгалан намар айлсаад байгаа нь энэ.

Нийслэлээс 2000 орчим км-ийн алс, эх орны баруун хязгаарт орших Булган сум 10 гаруй мянган хүн амтай. Булган голынхоо зүүн эрэгт байрлах энэ сум БНХАУ-тай хиллэдэг, олны хөл үймсэн газар. Гадна, дотны гийчид энд тасарна гэж үгүй. Сумын төвийн амьдрал өглөөний найман цагтай уралдаад л буцалж эхэлнэ. Төв гудамжинд нь жимс, хүнсний ногооны худалдаачид хамгийн эрт гарч ирнэ. Булган сумын байгалийн үзэсгэлэнг тольдохоор чуулсан жуулчид энд төвлөрч шоппинг хийнэ. Тэд эрүүл хөрсөнд ургасан шинэ ногооноос гар татдаггүй. Тор тороор нь аваад эргэдэг. Энд Ховдын брэнд тарвас л гэхэд кг нь 2500 төгрөг. Ерөөсөө хэдхэн өдрийн өмнө хураасан шинэ тарвасаа л шууд сумын төвийн төв гудамжиндаа гаргаад л зарчихдаг юм байна. Энэ жилийн тухайд жимс, хүнсний ногоо ховор гарсантай холбоотойгоор үнэ өндөр байна. Өнгөрсөн жил шинэ тарвас кг нь 1000 төгрөгөөр зарагдаж байсан гэнэ. Харин төмс, байцаа зэрэг ахуйн хэрэглээний ногоо энд хямдхан. Гол хэрэглэгчид нь сумын төвийн иргэд. Жуулчид бол ихэвчлэн тарвас, чавга, усан үзэм зэргээс сонголт хийж байна лээ. Ногоо зарж буй иргэдийн ярьж байгаагаар шинэ жимс, ногоогоо жуулчин татах брэнд болгосон гэнэ. Булган сумын шаргалтсан намарт шүүслэг улаан алим, ногоон чавга тэргүүтэн амт нэмдэг юм билээ.

Жимс ногооны худалдаа эрхлэгчид цөмийг нь хашаандаа тариалдаг. Хашаан дахь модноосоо алим хураагаад л шууд зардаг юм байна. Үхрийн хөрзөнгөөр бордсон бэсрэг алимны амтанд орсон жуулчид олон. Тороо дүүргээд л гардаг.

Булган суманд кг алим 10 мянган төгрөгөөр зарагддаг. Хашаанаасаа 10 кг алим түүсэн эр 100 мянган төгрөг халааслаад л гэртээ харина. Булган сумын төвийн бужигнаан дунд арав байтугай кг алим шуураад дуусч байна лээ. Тэдний зарим нь салатны навч, чинжүү, өргөст хэмх зэрэг нарийн ногоогоор лангуугаа чимсэн харагдана. Очоод лавлавал цөмийг нь хүлэмжиндээ тариалжээ. Өргөст хэмх л гэхэд кг нь 4000 төгрөг. Шинэ ургацын төмс кг нь 800 гэхчлэн нийслэлтэй харьцуулахад даруй нугарсан хямд үнээр зарагдаж байна. Дахин онцлоход шинэ ургацын ногоо шүү. Хүн ам нь арвин учраас шинэ жимс ногоо нь ч өдөртөө дуусаад шинийг авч ирээд зардаг юм билээ.

Задгай ногоо зарж буй иргэдээ цагдаа нар хөөж тууж байгаа үзэгдэл алга. Төрөл бүрийн байцаагчид шалгааж байгаа нь ч харагдсангүй. Худалдаачид шинжилгээний бичгээ харуулаад л жимс ногоогоо зарж байв. Булган сумын зүгээс иргэдийнхээ бизнесийг ингэж чөлөөтэй дэмждэг газар юм байна. Талбай гаргаж өгөөд л бусдаар ажилд нь оролцдоггүй. Тэд нь жуулчдыг татдаг. Ингэж цогцоор хөгжиж энд хүрчээ.

Булган сумынхан гол төлөв шавар байшинд аж төрдөг. Сэлүүхэн хашаан дахь шавар байшингийн гадна саглагар мод найгах нь сумын айлуудын нийтлэг төрх. Тэд сэлүүхэн хашаандаа хүнсний ногоогоо тариалаад төв гудамжиндаа гарч худалдаалаад л амьжиргаагаа залгуулдаг гэнэ.

Энэ сумын тухайд БНХАУ-тай хиллэдэг. Урдаас барилгын материал, усан үзэм зэрэг зарим жимсээ татдаг. Барилгын материал л гэхэд нийслэлтэй харьцуулахад хоёр дахин хямд үнэтэй. Гарын дүйтэй нэгэн бол 3-4 сая төгрөгийн зардлаар л байшин босгочих боломжтой юм байна. Харин шатахуунаа Улаанбаатараас татдаг гэнэ. Зардал нь шингээд 2800 давсан үнэтэй байна лээ. Ердөө хажуухан талаасаа татах сонирхол байдаг ч зөвшөөрдөггүй гэнэ. Хойд ах нар үүнийг нь нүд цавчилгүй хараад сууж байдаг бололтой. Ямартаа ч хилийн цаана 200 км-ийн цаана хятад шатахуун байсаар байтал 2000 км-ийн алс Улаанбаатараас татдаг хачин үзэгдэл дан ганц Булган ч биш, баруун хязгаарын сумдад байна. Нийслэлээс тээвэрлэсэн зардал нь нэмэгдэхээр үнэ шатахууных нь үнэ бараг 3000 шахна. Энэ бүх ачаа сумын төвийн иргэдийн нуруунд ирдэг гэнэ. Хадлангийн үед бол бүр ч хүндээр тусч байна. Боломж хомс зарим нь морин тэргээ хөлөглөөд хадландаа гарч байгаа харагдлаа.

Булган сумын хүн амын 65 хувь нь торгууд, үлдсэн хувь нь казах. Арван жилийн өмнө нийт хүн амын 15 хувь нь казах байсан бол сүүлийн хэдэн жилд өссөн байна. Бэлчээр бас бус асуудлаас үүдэж хоорондоо маргалдах явдал тасардаггүй юм билээ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар зөвхөн казах хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг барьж байгаа гэнэ. Барилгын ажил дуусах шатандаа оржээ. Энэ оны аравдугаар сард ашиглалтад орно. Ш.Адьшаа гишүүн өнгөрсөн сонгуулиар амласандаа хүрч байгаа нь энэ ажээ. Бүтээн байгуулалт босч байгаа нь баярламаар ч зөвхөн казах ястны хүүхдүүдэд зориулсанд нь Булган сумынхан дурамжхан байна лээ. Энэ мэтчилэнгээр санал зөрөлдөх асуудал олон бий.

Булган сумынхны хөдөлмөрч чанар нь захын гудмаар шагайхад л харагддаг. Хашаанд нь жимсний мод сагсалзаж, хэрэглээний хүнсний ногоогоо битүү тарьсан байдаг. Алслагдсан сумдад түгээмэл харагдах төв гудамжиндаа “ялаа алаад” суудаг үзэгдэл Булган суманд үгүй. Бүгд л шоргоолж шиг хөдөлмөрлөнө. Тэнд нэг нь портероор ногоо авчрахад нөгөө нь үүрч гүйгээд л зориулалтын лангуу руу дөхүүлнэ. Цаанаас өөр нэг нь бандгар жийп рүү ачна. Чинээлэг байрын эр алтан шаргал карт зуруулаад л цааш эргээд алга болно. Захын орчимд ногоо ачаад өгөх хүмүүс ч бэлэн зогсож байдаг юм билээ.

Энд зүс үзээгүй нэгэн харагдвал эвгүй харц шидэж нүд үзүүрлэх бус харин ч дуудаж уулзаж таван үг солиод ногоо зарахыг боддог. Ийм жишгээр тэд огт зүгээр суудаггүй. Хүн бүр хөдөлмөрлөнө. Хүүхэд хөгшид бүгд хөдөлнө. Ийм ч учраас тэд чинээлэг амьдардаг юм билээ. Тэдэнд нерв, стресс бараг алга. Инээд цацруулсан улс л үйлчлээд байх. Өндөр сарьдаг уулстай Булган суманд нар хожуу манддаг юм билээ. Гэгээ тасартал ажиллаад сая нэг бараагаа хурааж амрахаар явна. Говийн манхандаа заган шугуйтай, голын хөндийдөө жимсэн төгөлтэй Булган сумын намрын нэг өдрийг зураглахад ийм байна. Ухаж, төнхөөд байх эрдэс баялгаар хомс тэд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж хүн бүр чинээлэг амьдарч байна.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах менежер асан Б.Ундармаа: Зарчмын шаардлага тавьснаараа С.Наранцогтод ад үзэгдэж халагдлаа DNN.mn

“Эрдэнэс Монгол” ХХК хэд хэдэн ажилтнаа халсан явдал араасаа хэл ам дагуулав.

Асуудлын хүрээнд тус компанийн Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах менежерээр ажиллаж байсан Б.Ундармаатай ярилцаж нөхцөл байдлыг тодрууллаа.


-Монголын хамгийн том компаниудын нэг “Эрдэнэс Монгол”-ын дотоод асуудал хурц байх шиг. Хэд хэдэн ажилтан халагдсаны нэг нь та. Ямар үндэслэлээр таныг халав?

– “Эрдэнэс Монгол”-ын сонгон шалгаруулалт 2022 оны сүүлээр зарлагдсан.

Шалгалтын үйл явц нь 2023 оны нэгдүгээр сард эхэлж гурван түвшний сонгон шалгаруулалтад орж би тэнцсэн. Миний тухайд Захиргаа удирдлагын газрын ахлах менежерийн албан тушаалд томилогдсон. Хамгийн олон өрсөлдөгчтэй нь энэ албан тушаал байлаа.

Ингээд хоёрдугаар сарын 6-ны өдөр ажилдаа орсон. Төд удалгүй 11-ний өдөр АТГ-аас шалгаж “Энэ хүнийг томилоход ямар ч асуудалгүй” гэсэн шийдвэр гарсан. Захиргаа удирдлагын газарт хүний нөөц, мэдээлэл технологитой холбоотой бүх чиг үүргүүд төвлөрдөг. Гол албан тушаал нь гэж хэлж болно. Миний тухайд наймдугаар сарын 15-ны өдөр тушаал авч чөлөөлөгдлөө.

– Үндэслэл нь юу байв?

– Туршилтын хугацааг дууслаа гээд л шууд чөлөөлсөн. Туршилтын хугацаа дуусахыг л хүлээж байсан юм болов уу даа. Миний зүгээс үүнийг ямар ч үндэслэлгүй гэж харж байгаа.

Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан байгаа юм. Би энэ салбарт 25 жил ажилласан. “Хаан банк”-ны хүний нөөцийн газар болоод бусад томоохон газруудын орлогч захирлаар арав гаруй жил ажилласан. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд мэргэжилтний бус удирдах албан тушаалд ажилласан хүн л дээ, би. Газрын тосны компаниудад Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллалаа.

Энэ маань ч сонгон шалгаруулалтын шалгуурт тавигдаж орж ирсэн гэж ойлгож байгаа. Ийм учраас энэ салбараар мэргэшсэн хүн гэж өөрийгөө хэлнэ.

– “Эрдэнэс Монгол”-ын зүгээс өөр тайлбар хэлж байна лээ. Шаардлага хангаагүй, шалгуурт тэнцээгүй хүмүүсийг халсан талаараа шулуухан хэлж байна?

– “Эрдэнэс Монгол”-ын Хүний нөөцийн удирдлагын менежер Итгэлбат гэх хүн гүтгэлэг, доромжлолын өнгө аястай ярилцлага өгснийг хараад их гайхлаа.

Энд онцлоход 88 орон тоонд сонгон шалгаруулалт явуулснаас одоогоор 70 орчим хүнийг авсан байгаа. Энэ дотроос таван хүн ажилдаа тэнцээгүй гэх байр суурийг хэлсэн байна лээ. Ингэхдээ хугацаатай үүрэг даалгавар өгөхөд биелүүлээгүй, ажлын бүтээмжээ ахиулах боломж олгоход шаардлага хангаагүй гэх зүйлийг ярьж.

“Эрдэнэс Монгол”-ын зүгээс үүнийгээ нотлох ёстой. Ямар даалгавар өгөхөд нь биелүүлээгүй юм, баримттай ярь. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн шалгалт аваагүй, даалгавар өгч биелэлтийг нь шалгаагүй байж ингэж гүтгэж болохгүй. Өөр дээрээ жишээ аваад хэлэхэд өнгөрсөн зургаан сарын хугацаанд хүнд дарамтыг тэвчиж ажилласан.

– Тодруулахгүй юу?

– Наад захаас нь л энд онцолъё.

“Чи хувийн хэвшилд ажиллаж байсан. Энэ чинь таалагдахгүй байна” гэх үгийг удирдлагын зүгээс тогтмол хэлнэ. Сонгон шалгаруулалтын шаардлагад хувийн хэвшилд ажиллаж байсан бол оролцож боломжгүй гэх зүйлийг огт дурдаагүй байсан. Мэдэгдсэн бол би сонгон шалгаруулалтад орохгүй.

– Нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь чадварлаг мэргэжилтнүүдэд боломж олгосон шийдвэр гэж харсан л даа. Та сонгон шалгаруулалтаар орсон хүн. Бодит байдал дээр нөхцөл ямар байна вэ?

– Би 25 жил энэ салбарт ажилласан туршлагаа бодоод сэжиг таамаг дэвшүүлэх эрхтэй. Зарим ажилтнуудаа халж байгаа шийдвэрийн цаана олон талын ашиг сонирхол байна. Компани дотор ч дам яриа явж л байдаг. “Ажлаа хийж байхад ажлыг чинь өөр хүн ордонд танилцуулах нь. Үүнд улс төр орчихлоо, та тайван байгаарай” гэдэг ч юм уу.

Төрийн зүгээс нээлттэй сонгон шалгаруулалт явуулсныг нүдээ олсон шийдвэр гэж харсан. Том танилтай, татаастай нөхөд л төрийн өмчит компанид ажилладаг завхарсан үзэгдлийг халсан шийдвэр гэж хувьдаа үзэж байлаа. Гэтэл төрийн өмчит компаниуд дээрх шийдвэрийг хүлээж аваад хэрэгжүүлж байгаа нь яг эсрэгээрээ байна л даа.

Гүйцэтгэх захирал С.Наранцогтод чадалтай залуусаар баг бүрдүүлээд шинэчлэх сонирхол алга. Намайг өнгөрсөн зургаан сарын хугацаанд дарамталсан. “Засаг чамайг ажлаа өг гэж байна. ТУЗ чамайг ажлаа өг гэж байна” л гэнэ.

Хуулийг нь харахад ТУЗ гэдэг нь компанийн гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажилд оролцож чиглэл өгдөг институц биш. Хөдөлмөрийн хуульд зааснаар бол алдаа дутагдал гаргасан талаар тодорхой баримт нотолгоонд үндэслэж шийдвэр гаргадаг. Үүнийг огт ярихгүйгээр “Засаг чамайг ажлаа өг гэж байна” гэж тогтмол шахалт үзүүлнэ.

– Таны тухайд гомдолтой байгаа юм байна. Та хаана хандав?

– Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, ТУЗ-ийн дарга, ТУЗ-ын ерөнхий аудитор, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт хувийн өргөдлөө бичсэн. Үүндээ компани дотор өрнөж байгаа болж бүтэхгүй нөхцөл байдлыг л тусгасан. Болж бүтэхгүй нөхцөл байдалд би мэргэжлийн ажилтны зарчмын шаардлага л тавьдаг. Үүндээ л би ад үзэгдсэн болов уу.

– “‘Эрдэнэс Монгол” ХХК-д болж бүтэхгүй ямар асуудал байгаа юм. Юуг нь шүүмжлээд ад үзэгдэх болов?

– Компанийн сонгон шалгаруулалт, бүтцийг өөрчлөхтэй холбоотой бүх асуудал Захиргаа удирдлагын газар, үүнийг ахалж ажиллаж байгаа надад хянагдаж явах учиртай. Гэтэл энэ нь хөшигний ард нууцаар хийгдээд байна.

Сүүлд үзэхэд компанийн бүтцийн өөрчлөлт нууцаар хийгдсэн байна. Үүнийг нь хэн ч мэдээгүй явж ирсэн байгаа юм. “Эрдэнэс Монгол” долоон менежертэй. Тэд бүгд саналаа тусгаж явах ёстой ч мэдээгүй өнгөрч. Хэн нэгэн хүн үүнийг барьж гүйгээд ТУЗ-д оруулаад өөрчилсөн байсан. ТУЗ ч хэлэлцээгүй асуудлыг хүлээн авч хэлэлцэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ мэт завхралд зарчмын шаардлага тавиад л ад үзэгдээд байна.

Одоо бүтэц шинэчлэгдсэн. Гэнэт сонгон шалгаруулалт зарлагдана. Зарчмаараа бол сонгон шалгаруулалт зарлах чиг үүрэг нь миний удирдлагаар явах ёстой. Энэ удирдлагын дагуу явуулахаар тушаалын төсөл хийгээд Гүйцэтгэх захирал С.Наранцогтод өгөхөд “Энэ хүний нэрийг хас, хасахгүй бол гарын үсэг зурахгүй” гэж шууд хэлдэг хэлнэ. Миний нэр хасагдахад асуудалгүй гарын үсгээ зурна. Шударга бусаар сонгон шалгаруулалт явуулах ашиг сонирхол С.Наранцогтод байна шүү дээ. Том хүний rap хөл юм уу, өөрийнхөө хамаарлын хэн нэгнийг дэргэдээ авах гээд байна.

Өөр нэг асуудал нь Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийг байгуулсан байгаа юм. Бид үүнийг нь мэдээгүй. Энэ хэлтэст өөрийнхөө хэвлэл мэдээлэл болон хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан нөхдийг тавьсан байсан. Тэд нь хөлсөөр ажиллах гэрээтэй байсан. Хэмнэлтийн хуулиар төрийн өмчит компанид гэрээтээр ажиллахыг хориглосон. Энэ нь ч зөв.

Өнөөдөр С.Наранцогтын дагуулж ирсэн энэ хоёр хүн үндсэн орон тоонд томилогдсон. Нэг нь “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ- ийн нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Үүгээр ч зогсохгүй долоон сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нь өгөөд явуулчихсан байгаа юм. Ийм байж болохгүй. Үүнийг нь хэлэхэд би ад үзэгддэг. Энэ хэлтэс хэзээ байгуулагдсан, сонгон шалгаруулалт нь хаана явагдсан талаар асуухад “Та оролцох хэрэггүй ээ. Компанийн ТУЗ-д энэ бүтцийг батлуулсан хүн байгаа” гэж хэлнэ. Гүйцэтгэх захирал С.Наранцогт эрхийг нь өгсөн байдаг. Компани дотор ийм л асуудал өрнөж байгаа.

Засаглал, шийдвэр гаргалтын зарчим нь алдагдсан байгаа нь эндээс ил цагаан харагдаж байгаа юм. Би үүнийг шүүмжилснээрээ ажлаас халагдлаа. Ийм асуудлаар ажлаас чөлөөлөгдөх ёсгүй. Ийм учраас би гомдолтой байгаа юм. Наранцогтын ажлын арга барил нь хүмүүсийн ажлыг гацаах. Өнөөдөр Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер ажлаасаа халагдсан байна. С.Наранцогтын зүгээс сүүлийн гурван сард шалгалт хийх бүх удирдамжийг нь зогсоосон байгаа юм. Тийм байж чи ажлаа хийгээгүй гэж хэлээд ажлаас чөлөөлсөн. Шийдэл эрж хайдаггүй.