Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мандухай: Хураагдсан хар тамхийг лацдаж, тусгай зориулалтын өрөөнд хадгалж байгаад шүүгчийн захирамжаар устгадаг

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайтай ярилцлаа.


Эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхи, мансууруулах бодисийг устгах ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

-Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/80 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүгийн хэрэгт хөрөнгө орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх тухай” журам байдаг. Энэхүү журмаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бодисыг хадгалах, шилжүүлэх, шийдвэрлэх /устгах/ ажиллагаа зохицуулагддаг.

Дээрх журамд заасан шаардлагыг хангасан эд мөрийн баримт хадгалах зориулалтын өрөөнд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргүүдийн эд мөрийн баримт хадгалагддаг.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг бүх шатны шүүхээр хэлэлцэгдэж, эцэслэн шийдвэрлэгдсэний дараа шүүгчийн захирамжинд заагдсаны дагуу эд мөрийн баримтыг шийдвэрлэх (устгах) ажиллагаа явагддаг. Шүүгчийн захирамжаар тухайн хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгадаг.

-Эд мөрийн баримтыг устгах ажлын хэсгийг хэний тушаалаар томилдог юм бэ. Хөндлөнгийн ажиглагчаар ямар хүмүүс оролцдог вэ?

-Цагдаагийн Ерөнхий газрын Хар тахимтай тэмцэх газрын даргын тушаалаар эд мөрийн баримт устгах ажлын хэсгийг байгуулдаг. Энэ ажлын хэсгийн гишүүд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл /шийдвэр гүйцэтгэгч нар/ байлцаж эд мөрийн баримтыг устгах ажлыг зохион байгуулдаг. Энэхүү ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Нийслэлийн прокурорын газар болон мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох мэргэжилтэн нар оролцдог.

-Ажиллагааг хэрхэн баримтжуулдаг вэ. Эд мөрийн баримтыг устгах үйл явцын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Эд мөрийн баримтыг шийдвэрлэх ажиллагааг эхнээс нь дуустал камераар бичиж дүрсжүүлдэг. Камерын бичлэг дундаа тасрахгүй, үргэлжилдэг. Мөн эд мөрийн баримтыг устгасан тухай тэмдэглэл үйлдэж, оролцогч нарт танилцуулан гарын үсэг зуруудаг.

Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт анх хураагдах үедээ жинлэгдэж, тэмдэглэлд тусгагдан, гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулагддаг. Ингээд битүүмжлэл бүхий хайрцаг, саванд хийж, эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагддаг. Ингээд хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, шүүгчийн захирамжинд шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтын нэршил, грамм, онцлог шинжүүдийг бүгдийг нь тусгасан байдаг.

Эд мөрийн баримтыг устгах ажиллагаа эхлэхэд тухайн бодисыг нэг бүрчилэн жинлэж үзээд , шүүгчийн захирамжинд тусгагдсан онцлог шинжүүдтэй тулгаж үздэг. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисийн агууламжтай болохыг шалгадаг “Trunarc, targed ID” гэх тусгай багажаар шалгаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болохыг дахин шалгадаг. Энэ бүхнийг тухайн ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүс дэргэдээс нь харж хяналт тавьдаг бөгөөд мэдээж бүх ажиллагаа камерын бичлэгт бичигддэг. Тийм учир эд мөрийн баримт солигдох, алга болох зэрэг асуудал огт гарахгүй гэсэн үг.

Эд мөрийн баримтыг шийдвэрлэх, устгах ажиллагаа дууссаны дараа тухайн ажиллагааны тэмдэглэл болон дүрс бичлэгийг тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүхэд албан бичгийн хамт хүргүүлдэг.

-Хадгалагдаж буй бодис алдагддаг гэх хардлага нийгэмд байдаг. Ийм боломж бий юу?

– Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бодис алдагдах боломж байхгүй. Хэн дуртай нь эд мөрийн баримт хадгалах өрөөнд ороод байдаггүй. Эд мөрийн баримтыг тусгай өрөөнд зориулалтын сейф, саванд битүүмжлэн, лацдаж хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл хадгалдаг. Үүнд тус газрын дарга, удирдлага холбогдох албан тушаалтнаас тогтмол хяналт тавьж ажилладаг.

Германы Дрезден хотноо машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар хар тамхиа Монголоос авсан гэж мэдүүлсэн байна лээ. Хураагдсан эд мөрийн баримтыг тээвэрлэж явсан байж болзошүй гэсэн хардлага нийгэмд байна?

-Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт энэ талаар шалгаж байгаа асуудал байхгүй. Гадаад улсын нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг тэр улсын хууль тогтоомжийн дагуу шалгагдаад шийдвэрлэгдэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Хатанбаатар: Монголчууд Цагаан сараар баян тарганаа гайхуулж байгаа нь хулгайч нарт өгөөш болж байна

Сар шинийн баяр дөхсөн өдрүүдэд хулгай, тэр дундаа орон байрны хулгайн гэмт хэрэг их гардаг аж. Иргэд их бага гарын мөнгөн аяга, өндөр үнэ бүхий хөөрөг, гоёлын алт, мөнгөн эдлэлийнхээ зургийг хувийн фэйсбүүк, инстаграм хуудаснаа байршуулж бусдаас илүү бийлэгжүү болохоо гайхуулдаг зан нь хулгайч нарт сэдэл төрүүлж, өгөөш болдог талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Гэр бүлээрээ хөдөө орон нутагт яваагаа фэйсбүүк хаягаараа нийтэд зарлах нь хулгайч нарт боломж олгодог. Энэ талаар бид Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Х.Хатанбаатартай ярилцлаа.


-Хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Жилийн энэ үед гол төлөв ямар гэмт хэрэг их үйлдэгдэж байна вэ?

-Дээрэм, танхай, залилан мэхлэх зэрэг олон гэмт хэрэг байдаг. Энэ дундаас хулгайн гэмт хэрэг өвлийн улиралд идэвхэждэг. Иргэдийн өвлийн идэш бэлтгэдэг цагаар малын хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ үеэр иргэд анхаарч сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Ялангуяа өөрсдөө хотод аж төрдөг, туслах малчинтай улс онцгой анхаарах шаардлагатай байдаг.

Мөн халаасны хулгай гол төлөв автобус болон томоохон зах худалдааны төв болох Нарантуул, Хархорин зэрэг газруудад гардаг. Өдөрт гурваас долоон хэрэг бүртгэгдэж байна.

Хэдийгээр олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглож, Сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхийг хязгаарласан ч иргэд гэр бүлийн хүрээнд баяр тэмдэглэхээр зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ их хэмжээний бэлэн мөнгөтэй явж худалдан авалт хийдэг. Энэ үед иргэд бэлэн мөнгө, түрийвч, худалдан авсан эд зүйлсээ хулгайд алдахаас хамгаалах, сэрэмжлэх хэрэгтэй байна.

-Сар шинийн баярын үеэр орон байрны хулгайн гэмт хэрэг олон тоогоор үйлдэгдэж байгаа нь юутай холбоотой вэ?

-Хулгайчдын арга хэлбэр нарийсч, судалгаа их хийдэг болсон нь гэмт үйлдлүүдээс харагддаг. Манайхан Сар шинийн баярын үеэр хувийн цахим хаягтаа баян чинээлэг гэдгээ харуулах зорилготойгоор зураг нийтэлдэг. Үнэтэй хөөрөг, алт мөнгөн аяганаас авахуулаад үнэт эдлэлийнхээ дэргэд зураг даруулаад л пост хийчихдэг болсон. Энэ нь хулгайчдад сэдэл төрүүлж байгаа юм. Ингээд л хулгайчид алт, мөнгөн эдлэлийн эзнийг судалж эхэлнэ шүү дээ. Хэзээ гэрээсээ гардаг, хөдөө орон нутаг явах нь уу гээд л хий зайг нь хүлээнэ. Энэ үед нь өнөөх баян чинээлэг нөхөр маань гэр бүлээрээ хөдөө орон нутагт ах, дүү нартайгаа золгож яваа зургаа дахиад л “Сайхан шинэлж байна уу” гээд цахим хаягтаа нийтэлчихдэг.

Ингээд чинээлэг харагдахаар зураг нийтэлсэн нөхрийн гэр нь эзгүйг мэдсэн хулгайч хамаг үнэт эдлэлийг нь аваад явчихаж байгаа юм. Үнэт эдлэлийнхээ зургийг фэйсбүүк, инстаграм, твитер хуудаснаа нийтэлж баярхах нь таныг хулгайн гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлд оруулж байдгийг анхааруулъя. Баяр ёслолын үеэр монголчуудын баян тарганаа гайхуулсан дон нь гэмт хэрэгтнүүдийн өгөөш болж байна.

Дан ганц Цагаан сараар ч биш, амралтын өдрүүдээр гэр бүлээрээ салхинд гарч байгаагаа фэйсбүүк хаягаараа мэдээлэх ч таныг эрсдэлд оруулдаг.

-Удахгүй Сар шинийн баяр болно. Хөдөө орон нутгийг зорихоор төлөвлөсөн иргэд мэдээж байгаа. Цагдаагийн байгууллагаас орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажиллагаа явуулж байна вэ?

-Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, ухуулга нөлөөллийн ажил явуулж байна. Хулгайн гэмт хэргийн үйлдлийг харуулсан, сэрэмжлүүлсэн постер, богино хэмжээний шторкуудыг бэлтгэж цахимаар цацаж байна. Иргэд гэрээ эзэнгүй орхиж байгаа бол хөршдөө захиж үлдээх хэрэгтэй. Таны хажуугийн айлаас хэн нэгэн сэжигтэй этгээд цахилгаан бараа үнэт эдлэл аваад гарч байх юм бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь зөв. Орон байрны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд хөршийн холбоо чухал ач холбогдолтой.

-Зарим айл өрхүүд ч ууц, өвчүү чанана гээд махны хэрэгцээ гарах л байх. Үүнийг ашиглаж амар хялбар аргаар мөнгө олохыг санаархаж буй хүмүүс ч байгаа байлгүй. Малын хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас мах, махан бүтээгдэхүүн зарж борлуулдаг зах, худалдааны төв, үйлдвэр, цех, мал нядалгааны газрын үйл ажиллагаанд шалгалт явуулж, худалдан борлуулж байгаа мал, махны гарал үүсэл, тухайн объектуудын хөдөлгөөнд тавих хяналтыг дээшлүүлэх, гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг төлбөртэй авч ажиллахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Сүүлийн үед ахуйн хулгай их гарч байх шиг. Тэр дундаа тээврийн хэрэгслийнхээ шил, толь, дугуй, яндан зэргийг хулгайд алдах тохиолдол их байна. Ямар шалтгаан байна вэ?

-Автомашины эд ангийг хулгайд алдаж байгаа нь иргэд хараа хяналтгүй газар удаан хугацаагаар тээврийн хэрэгслээ үлдээж байгаатай холбоотой. Нөгөө талаараа иргэд хуурамч зарын нөлөөнд автаж бусдын тээврийн хэрэгслийн эд ангийг хулгайлж байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сар, энэ оны нэгдүгээр сард приус машины яндан хулгайд алдагдсан тохиолдол олон бүртгэгдсэн. Энэ нь “Приус машины катлизар янданд цагаан алт байдаг” гэсэн худал зар, мэдээлэл цахимд гарсантай холбоотой. Энэ худал мэдээлэлд итгэсэн нэг нь “Приусын катлизар яндан их хэмжээгээр авна “ гэсэн зар тараачихаж байгаа юм. Ингээд л нөхдүүд хараа хяналтгүй газар байршуулсан приус авто машины яндангуудыг хулгайлж эхэлсэн.

Үнэндээ янданд цагаан алтны зөвхөн нэг төрлийн химийн бодис буюу урвал нь л байдаг. Ийм эх сурвалжгүй худал мэдээлэлд автаж хулгайн гэмт хэрэг хийдэг хүмүүс байна.

-Цагдаагийн байгууллагаас хулгайн эд зүйлс худалдаж авч байгаа ченж нарт ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Одоо хэрэгжиж байгаа хуульд гар дээрээс худалдаа эрхлээд, хулгайн эд зүйлс худалдаж аваад байгаа хүмүүст шаардлага тавьж тараах эрх зүйн зохицуулалт байхгүй л дээ.

Бид Чингэлтэй дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу “Теди” болон “Монител” худалдааны төвийн гадна гар дээрээс утас худалдаалдаг, гар утас худалдаж авдаг иргэдийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ ажлын үр дүн ч сайн гарсан.

Цаашид нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулж гар дээрээс худалдаа эрхэлж автомашины сэлбэг, гар утас зэрэг зүйлсийг худалдаалдаг иргэдэд хяналт тавьж ажиллахаар төлөвлөсөн байгаа. Бид тухайн аж ахуйн нэгжүүдтэй нь хамтарч ажиллаж хулгайн эд зүйлс худалдаж авсан нь тогтоогдсон түрээслэгчид гэрээг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг болохоор төлөвлөөд ажиллаж байна. Хулгайн эд зүйлс худалдаж авсан ченж нарт хариуцлага тооцоод аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг нь цуцлаад лангууг нь хураах хүртэл арга хэмжээ авахад буруу гарын эд зүйлс авах нь зогсон гэж үзэж байгаа. Энэ ажлыг Да Хүрээ зэрэг томоохон захууд дээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Хулгайн гэмт хэргийн хуулийн зохицуулалтын талаар тодруулахгүй юу. Буурахгүй байгаа нь юутай холбоотой гэж та харж байна вэ?

Хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн гурван зүйлд хуульчилсан бөгөөд “Хүн хулгайлах”, “Хулгайлах”, “Мал хулгайлах” гэж томьёолсон байдаг.

Түгээмэл үйлдэгдэж байгаа хулгайлах гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, эсхүл байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол зургаан сараас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Мөн бусдын мал хулгайлсан, эсхүл олон тооны мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол зургаан сараас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.

Categories
мэдээ цаг-үе

Б.Дөлгөөн: Цахим луйварчид таксины жолооч нарыг ашиглаж байна

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Иргэдийн данснаас их хэмжээний мөнгө алдагдаад байна гэх мэдээлэл гадуур байна. Хувийн данснаас их хэмжээний мөнгө алдагдаж байгаа нь юутай холбоотой вэ?

-Иргэд ахуйн хэрэглээндээ интернэт банк, мобайл банк зэрэг үйлчилгээг ашигладаг болсон. Бэлэн бусаар гүйлгээ хийдэг энэ систем манайд нэвтрээд удаагүй байгаа ч өргөнөөр ашиглагдаж байгаа. Үүнийг дагаад эрсдэлүүд гарч байна л даа. Эдгээрийн нэг нь л иргэдийн данснаас мөнгө алдагдаж байгаа асуудал. Энэ тухай багагүй тооны гомдол бүртгэгдсэнд хэрэг үүсгээд шалгаад явж байна. Иргэд маань хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдлаасаа болоод л интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгийг бусдад алдаж гэмт хэргийн хохирогч болж байна.

-Халаасны хулгай, дээрэм зэрэг үйлдлүүдээс шалтгаалаад өнөө үед биедээ бэлэн мөнгө авч явдаг хүн байхгүй болсон. Төлбөр тооцоогоо бэлэн бусаар хийдэг болсон шүү дээ. Гэмт этгээдүүд ямар арга замаар иргэдийн хувийн дансанд нэвтэрч байна вэ. Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Бүртгэгдсэн хэргүүдийг шалгахад хэд хэдэн аргаар иргэдийн дансанд халдсан байгаа юм. Иргэд мобайл банк, интернэт банкныхаа нууц үгийг утас, цахим төрөөрөмж и-мэйл хаяг, эсвэл тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдаг. Ийм замаар нууц алдсан тохиолдол бий.

Мөн и-мэйл хаягаар нь дамжиж иргэдийн хувийн дансанд халдаж байгаа. Иргэдийн хувийн данс и-мэйл хаягтай холбоотой байдаг шүү дээ. Интернэт банкныхаа нууц үгийг мартсан тохиолдолд и-мэйл хаягаараа дамжуулж нууц үгээ сэргээдэг. Энэ үйл явцыг ашиглаж интернэт банкных нь нууц үг, нэвтрэх нэрийг олоод авчихаж байгаа юм. Иймд и-мэйл хаягийнхаа нууцлалд иргэд онцгой анхаарах нь чухал.

Үүнээс гадна интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг олж авах зорилгоор pishing сайт ашигласан тохиолдол байгаа. Энгийнээр тайлбарлахад гэмт этгээд Хаан ч юм уу, Голомт ч юм уу банкнуудын албан ёсны сайтыг дуурайсан хуурамч сайт үүсгээд, иргэдэд санал болгодог. Хохирогч үүнд нь хууртаад интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгээ бүртгүүлчихдэг. Энэ нь цаагуураа банк руу нэвтэрч байгаа үйлдэл биш, таны нууц үгийг хэн нэгэн хууль бусаар авч байгаа нэг арга хэлбэр юм. Иргэд үүн дээр сонор сэрэмжтэй байж хуурамч сайтын өгөөшийг авч болохгүй.

Гол төлөв дээр дурдсан хэлбэрүүдээр л иргэдийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ алдаж байна. Шалгалтын явцад банкны системийн алдаанаас шалтгаалж иргэдийн дансан дахь мөнгө алдагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

-Гэмт хэргийн хохирогчдын хохирлын хэмжээ хэр байх юм. Хэдэн саяар тоологдох мөнгөө алдлаа гэсэн иргэд байна лээ?

-Хохирлын хэмжээ нь янз бүр дээ. Халдлагад өртсөн иргэний дансанд хэр хэмжээний мөнгө байхаас л хохирлын хэмжээ нь шалтгаална. Гэмт этгээд таны данс руу нэвтэрсэн л бол 100 төгрөг ч үлдээхгүй авна шүү дээ.

Иргэдэд анхааруулахад, и-мэйл хаягт нь хадгаламжийнх нь мэдээлэл байдаг. Үүнийг нь ашиглаад хадгаламжийг нь барьцаалаад зээл авсан тохиолдол л байгаа. Таван сая төгрөгийн хадгаламжийг нь барьцаалаад 4.5 сая төгрөгийн зээл авч дансанд нь байршуулаад авчихсан жишээ байгаа. Иймд иргэд и-мэйл хаягны нууцлал дээр онцгой анхаарах шаардлагатай. Таны и-мэйл хаяг хувийн данстай холбоотой байдгийг мартаж болохгүй. Хэн нэгний компьютер дээр хаягаа оруулаад гаргалгүй орхичих тохиолдол байдаг. Энэ нь таныг эрсдэлд оруулж байгаа хэрэг.

-Ер нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хялбар байдаг юм биш үү. Данс бүр л нэр бүхий иргэдэд бүртгэлтэй байдаг шүү дээ. Хийсэн гүйлгээгээр нь хөөгөөд л гэмт этгээдийг тогтоочих юм биш үү?

-Иргэд энэ талаар ташаа ойлголттой байдаг. “Миний данснаас энэ данс руу гүйлгээ хийсэн байна. Энэ хүн авчихаж” гээд л ороод ирнэ. Энэ төрлийн гэмт этгээдүүд бусдаас илүү мэдлэгтэй, чадвартай болоод л иргэдийн дансанд халдаж байгаа. Ийм хүмүүс мэдээж өөрийнхөө хамаарал бүхий хүний данс руу шилжүүлэхгүй нь ойлгомжтой. Өөрийн танил биш, сонор сэрэмжгүй хэн нэгний дансаар гүйлгээ хийгээд мөнгөө гаргаад авчихдаг. Бид ийм хэргийн хойноос л мөрөөр нь ажиллана шүү дээ.

Та анзаарсан бол АТМ дээр очиход “Таны дансаар хэн нэгэн гүйлгээ хийгээгүй биз дээ, энэ гүйлгээг хийхдээ та итгэлтэй байна уу” гэх зэрэг санамж бичгүүд байдаг шүү дээ.

Гэмт этгээд хэн нэгний дансанд халдчихаад таны дансаар дамжуулж мөнгөө авах эрсдэлтэй байдаг учраас тэр. Иймээс хэн нэгэн таны дансаар гүйлгээ хийхийг хүсвэл татгалзах хэрэгтэй.

Такси үйлчилгээ эрхлэгчид энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй. Таксигаар үйлчлүүлэхдээ иргэд дансаар тооцоо хийдэг тохиолдол элбэг болсон шүү дээ. Ингээд л таксины жолоочийн дансыг асууж их хэмжээний мөнгө хийгээд АТМ-дээр очоод мөнгөө гаргаад авчихна.

Гэмт үйлдлээ нуун дарагдуулахдаа таксины жолооч нарыг ашигласан байна гэсэн үг л дээ. Ийм тохиолдол ч бүртгэгдсэн. Ийм төрлийн гэмт хэргийн мөрөөр шалгахад өнөөх таксины жолооч нь “Нэг хар куртиктэй хүн данс руу мөнгө хийгээд гаргаж авсан” гэхээс өөр тодорхой мэдээлэл хэлдэггүй. Царайг нь ч тогтоогоогүй байдаг. Иймээс хэн нэгэн таны дансруу мөнгө хийгээд гаргах санал тавьбал шууд татгалзах нь зөв. Гэмт этгээдүүдэд боломж олгож болохгүй.

-Хүн бүр л цахим хаягтай болсон энэ үед өөрсдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?

-Хүмүүс хувийн мэдээллүүдээ сайн хадгалж байх хэрэгтэй. Компьютрийн цаана байгаа хэн нэгэнтэй анхаарал болгоомжтой харьцахыг зөвлөе. Та танилтайгаа мессенжерээр харилцаж байхад сэжигтэй зүйл асуувал заавал холбогдож баталгаажуулж байх нь зөв. Утсаар нь залгаад ярьж болно, нэг бол хувийн тээврийн хэрэгслийнх нь маркийг ч юм уу асуугаад таны танил хэн нэгний цахим хаяг халдлагад өртсөн эсэхийг нягтлах олон боломж байгаа.

-Ер нь хувийн фэйсүүк хаяг халдлагад өртсөн тохиолдолд хаана хандах хэрэгтэй вэ. Хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Иргэд фэйсбүүк хаягаа хакердуулсан тохиолдол их байгаа. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс бол цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гээд Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шалгаж байгаа.

Фэйсбүүкээр нь нэвтэрч найзуудаас нь мөнгө авч байгаа хэрэг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэг. Энэ төрлийн гэмт хэргийг харьяа дүүрэг орон нутгийн хэлтсүүд шалгаж байгаа. Таны хаяг халдлагад өртсөн бол харьяа оршин суугаа газрын цагдаагийн хэлтэст хандаж болно. Энэ гэмт хэрэг зөвхөн нийслэлд үйлдэгддэггүй. Хаа холын Баян-Өлгий, Увс аймагт ч энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж болно. Энэ тохиолдолд манайд хандахад хүндрэлтэй. Нийслэлийн дүүргүүд дээр бол энэ чиглэлийн сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Мэргэжлийн ур чадвар шаардсан хэрэг дээр бол манай хэлтсийнхэн хамтарч ажиллаж, удирдлага зааварчилгаагаар хангадаг.

-Гадны орнуудаас иргэдийн утсанд олон оронтой дугаараас дуудлага ирж байна. Дуудлагыг авахад утасны төлбөр нь өндөр гарч байна гэх мэдээлэл байсан. Энэ төрлийн хэрэг бүртгэгдсэн үү?

-Энэ төрлийн гэмт хэргийн дуудлага мэдээлэл манайд нэг их бүртгэгддэггүй. Нэг төрлийн залилан гэж ойлгож болно. Гар утсанд нь олон оронтой дугаараас дуудлага ирээд авахад төлбөр нь их гарах ч гэх юм уу эрсдэл үүсэх боломжтой. Гэхдээ бүх дуудлагууд ийм гэж хэлэхэд хэцүү. Иргэд сонор сэрэмжтэй л байх хэрэгтэй. Гадаадаас тан руу залгах хүн байгаа юу гэдэг асуудлыг тооцоолох ёстой.

-Иргэд өөрсдийгөө цахим халдлагаас энгийнээр хэрхэн хамгаалах вэ?

-Дахиад анхааруулъя. Хувийн мэдээллээ сайн нууцал. Хувийн мэдээлэл гэдэг маань таны төрсөн он сар, утасны дугаар зэрэг зүйлс бүгд шүү дээ. Мөн цахим төхөөрөмжийнхөө нууцлалыг сайжруулах нь зөв. Наанадаж л таны утас компьютер кодтой байх ёстой. Та гар утсаа хулгайд алдахад л таны утас кодгүй байвал данс тань халдлагад өртөхөд бэлэн байна гэсэн үг.

Нэмж хэлэхэд, насанд хүрээгүй хүүхдийн интернэт хэрэглээнд хяналт тавих шаардлагатай байна. Иргэд хүүхдэдээ утсаа өгөөд л кино, youtube ч гэх юмуу тавиад өгчихдөг. Киноны утга санааг нь эцэг эхчүүд тэр бүр анзаардаггүй. Тухайн кинон дээр нь садар самуун сурталчилсан, жаахан хүүхдийн оюун бодлоос хэтэрсэн агуулгатай зүйлс байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Лхагвабаяр: Машины толь хулгайлахад л баривчлах ялаар шийтгүүлнэ

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяртай ярилцлаа.


-Хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-2019 онд улсын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг 8968 бүртгэгдсэн. Энэ нь 3360-аар буюу 23 орчим хувиар буурсан үзүүлэлт. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан зөрчил 2670 бүртгэгдсэн байна.

-Сая малын хулгайн гэмт хэргийн ялыг чангалж өглөө. Өнчин ишиг хулгайлахад л хорих ялаар шийтгэдэг болсон тухай мэдээлэл нийтэд цацагдчихлаа. Үр дүнд нь малын хулгайн гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарсан байна лээ. Ахуйн хулгайн гэмт хэргийн зүйл заалт ямар байдаг юм бэ?

-Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байгаа. Энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдвэл ял шийтгэл нь хүндэрдэг. Жишээлбэл орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, эсхүл түүх соёл, техник шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож байгаа тусгайлж хамгаалсан зүйлсийг хулгайлж үйлдсэн, эсхүл учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглаж үйлдсэн, энэ гэмт хэргийг үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн зэргээс хамаарч хүндрүүлэн үздэг байгаа.

-Ямар тохиолдолд зөрчил гэж үздэг вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хүч хэрэглэхгүйгээр авсан нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй, мөн дээр дурдсан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд хулгайлах зөрчлөөр шийдэгдэж байгаа.

-Энэ тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь ямар байдаг вэ?

-Зөрчлийн тухай хуульд зааснаар хулгайлах зөрчилд оногдуулж байгаа шийтгэл нь албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгэж байгаа.

-Өвлийн улиралд машины хучлага хулгайлах төрлийн зөрчил их гардаг. Ер нь өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ?

-Өнгөрсөн онд энэ төрлийн хэрэгт 871 хүнийг илрүүлж баривчлах шийтгэл оногдуулсан. Дээрх этгээдүүд маань хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд зүйлсийг хулгайлж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулсан гэсэн үг.

-Машины толь сугалаад аваад явахад л баривчлах ялаар шийтгүүлнэ гэж ойлгож болох уу?

-Тийм. Ерөнхийдөө бусдын өмчлөлд байгаа ямарваа нэгэн зүйлийг хулгайлсан тохиолдолд жижиг гэлтгүй л хариуцлага тооцогдно гэж ойлгох хэрэгтэй.

-Илрүүлэлтийн тухайд ямар үр дүнтэй байдаг вэ. Нэг үеэ бодоход булан камержуулалттай болчихлоо?

-Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 28 хувьтай байна. 2018 оныхтой харьцуулахад найман хувиар өссөн дүн мэдээтэй байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагад хандахгүй байх тохиолдол ажиглагддаг. Энэ маань хулгайч нарыг өөгшүүлж байгаа үйлдэл.

-Хулгайн гэмт хэрэг гол төлөв хэдийд үйлдэгдэж байна вэ. Иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгаа шалтгаан нь юу байна?

-Орон байрны хулгайн гэмт хэрэг гол төлөв өдрийн цагаар үйлдэгддэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр иргэд ажилдаа яваад орон гэр нь эзэнгүй үлдэж байгаатай холбоотой. Тэгэхээр энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хөршийн холбоог сайжруулах, боломжтой бол орон гэрээ эзэнгүй үлдээхгүй байх, хаалгандаа аль болох далд цоож зүүж эзэнгүй гэдгээ мэдэгдүүлэхгүй байх, цонхондоо хамгаалалтын төмөр зүүх зэргээр урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

-Удахгүй Сар шинийн баяр болно. Энэ үеэр хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал нэмэгдэх гээд байдаг. Иргэдэд юуг анхааруулах вэ?

-Сар шинийн баяраар иргэд томоохон худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийн хөлд дарагддаг. Энэ үед халааснаасаа бэлэн мөнгө, үнэт эдлэлээ алдах өндөр эрсдэлтэй байдаг. Өөрийнхөө эд хөрөнгөнд эзэн болж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нэг талаараа өмч хөрөнгөө хамгаалах нь та бидний үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх олон төрлийн ажил, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулсны дүнд 2019 онд хулгайн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн аварга мөрдөгч Б.Ган-Очир: Хохирогч, холбогдогч хоёр эв зүйгээ олоод өрөөнөөс гарахад л сайхан байдаг юм

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ган-Очиртой ярилцлаа. Тэрбээр 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны хөдөлмөрийн аварга мөрдөгчөөр шалгарсан юм.


-Хэрэг бүртгэх албыг зөвхөн хэрэг бүртгээд л явдаг гэх ойлголт нийтэд байдаг. Албаны талаар танилцуулахгүй юу?

-Хэрэг бүртгэх алба нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг шалгадаг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал хүний эрүүл мэндэд хохирол учирсан, гэмтсэн хэргүүдийг шалгана гэж ойлгож болно.

-Таны хувьд өнгөрсөн онд “Хөдөлмөрийн аварга” мөрдөгчөөр шалгарчээ. Хэдэн хэрэг дээр ажиллав. Гарсан үр дүнгийн талаар танилцуулахгүй юу?

-Миний хувьд 2019 оны Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэх албаны хөдөлмөрийн аварга мөрдөгч болсон. Шалгасан хэрэг, шалгасан хэргээс шийдсэн нь хэд байна, бүртгэл судалгаа зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзаж хөдөлмөрийн аваргыг шалгаруулдаг юм байна. Би 215 хэрэг шалгасан. 115 –ыг нь шүүхэд шилжүүлж 70 хэргийг хаасан. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр л голлож ажилласан даа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ төрлийн гэмт хэрэг их үйлдэгддэг.

-Та удам дамжсан цагдаа юу. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу байв?

-Миний ойр тойрныхон дунд цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байхгүй. Бага байхдаа хулгайч цагдаа гээд л их тоглодог байсан. Ингэж яваад л цагдаа болчихсон байсан. Цагдаагийн байгууллагад ес дэх жилдээ ажиллаж байна. “Сутай” дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж байлаа. Ингээд л 2010 онд цагдаагийн анхан шатны дамжааг төгсөж дэд ахлагч цол хүртсэн. Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын дипломат байгууллага банкны хамгаалалтын хэлтэст харуулын цагдаагаар томилогдож ажилд орж байсан даа. Хугацаандаа цолоо авч явж байгаад 2016 онд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст эргүүлийн офицероор томилогдон ажиллаж цагдаагийн дэслэгч цолоор шагнуулсан. Офицер болчихоод их урамшиж билээ. Ингээд мөрдөгч болохоор шийдэж Хэрэг бүртгэх албанд мөрдөгч болох хүсэлт өгч шалгаруулалтад ороод тэнцэж, энд ажиллах болсон.

-Хэрэг бүртгэлийн албаны мөрдөгчийн ажил мэргэжлийн онцлог юу вэ?

-Хэрэг бүртгэлийн мөрдөгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг шалгадгаараа онцлогтой. Энэ төрлийн гэмт хэргийг шалгахад төвөгтэй. Гэр бүлийн хүчирхийлэл эхнэр, нөхөр болон гэр бүлийн хамааралтай улсуудын хооронд үйлдэгддэг. Өнөөдөр эхнэр, нөхөр муудалцаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ гэхэд маргааш нь хоорондоо эвлэрээд мэдүүлгээсээ буцах гээд хүрээд ирнэ. Ингээд асуудал үүснэ шүү дээ. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гол төлөв залуучууд холбогдох гээд байдаг. Хормын уурыг тэвчилгүй бусдад гар хүрээд л шүүхээр орж ял авч байна. Та хэн нэгнийг цохиод авдаг. Үүнд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргаад хөнгөн зэргийн гэмтэл авсан нь тогтооход л та шүүхээр орно. Ял авна гэсэн үг шүү дээ. Залуучууд үүнийг ойлгохгүй, хуулийн мэдлэг тааруу байна л даа. Биеэ барьж чадахгүй байна.

-Ажлын арга барил, онцлог тань юу вэ?

-Цагийн юмыг цагт нь гэсэн зарчим баримталж ажилладаг. Ажлыг зөв төлөвлөж, хувийн зохион байгуулалттай байх гэсэн зарчмаар л ажилдаа ханддаг юм. Ингэж л амжилтад хүрнэ.

-Баянзүрх дүүргийн тухайд гэр бүлийн хүчирхийлэл их үйлдэгддэг газар шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Ихэнх хувь нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байгаатай холбоотой байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг маань нийгмийн давхарга бүрт л үйлдэгддэг. Гэхдээ зонхилох хувь нь доод, дунд давхаргад үйлдэгдэж байгаа нь судалгаанаас харагддаг. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсийн хариуцаж буй хэсэгт гэр хороолол ихэнх хувийг эзэлдэг. Нийтийн байр олон. Энд тогтмол оршин суух хаяггүй иргэд амьдарна. Нүүгээд явчихад буцаад олж илрүүлэхэд төвөгтэй нөхцөл үүсдэг.

-Сонгосон мэргэжлээрээ бахархаж байсан нь хэдийд бол?

-Хэргийг шийдчихээд хохирогч, холбогдогч нар хоорондоо эв зүйгээ олоод өрөөнөөс гарахдаа талархлаа илэрхийлэхэд нь л мэргэжлээрээ бахархдаг юм даа. Хохирогч гомдол саналгүй, холбогдогч гэм буруугаа ухамсарлаад гарсан жишээ олон байгаа. Хэргийг нь хурдан шийдээд өгөхөд л иргэд баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлдэг юм. Ажиллах эрч хүчээ эндээс л авна.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Гэр бүлийн хүн маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангид холбоочин хийдэг. Бид хоёр хүүхэдтэй. Миний хувьд өглөө ажилдаа гараад л орой ирнэ. Зарим тохиолдолд жижүүрлээд ажил дээрээ хононо. Бид тангараг өргөсөн гэр бүл. Хэн хэн маань л ар гэртээ тэр бүр цаг гаргаад байж чаддаггүй юм. Аав, ээж маань хүүхдүүдийг маань хардаг.

-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор шөнийн цэнгээний газар, бааруудын ажиллах хугацааг хязгаарлах шийдвэрийг хотын захиргаанаас гаргасан байна лээ. Энэ нь хэрэг зөрчилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Цагдаагийн байгууллагын ажиллагаанд эерэгээр нөлөөлж байгаа шүү. Шөнийн цагаар ирдэг гомдол мэдээлэл, дуудлага эрс багасч байна. 04:00 цаг хүртэл ажилладаг байхад ч ачаалалтай байсан. Үүр болтол ууж өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтуурсан иргэд гудамж талбайд эмх замбараагүй байдал үүсгэхээс авахуулаад асуудал их.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Замын-Үүдийн боомтоор нэвтрэх гэсэн иргэд адуу шиг чихцэлдэж байна гэв

Корановирусийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Дэлхий дахинд коронавирусийн тохиолдлын тоо 7,711-д хүрчээ. Халдварын улмаас 170 хүн нас бараад байгаа юм байна. Харин 124 хүн эмчлэгджээ. Тохиолдлын тоонд нэг орон нэмэгдсэн нь Арабын нэгдсэн Эмират улс гэнэ.

Тус улсад дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица мэдэгдлээ. Тэрбээр “Тархалт идэвхтэй явагдаж буй улс болох Хятадын хилийн гарах цэг дээр хяналт шалгалт хийхийг зөвлөж байгаа. Өмнөх дэгдэлтийн туршлагаас харахад хил дээр нэвтрүүлж байгаа аргын үр дүн судалгаа тодорхой биш байгаа тул иргэд эмнэлэгт хандаж байгаа нь чухал мэдээлэл, судалгаа болж байгаа.

Тэгэхээр голомттой бүс нутгаас шууд нислэгээр ирж байгаа зорчигчдод хяналт тавих нь зүйтэй гэдгийг зөвлөж байгаа.

Тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж, хүнээс хүнд халдсан тохиолдол өөр улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шуурхай хороо дахин хуралдаж халдварын улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийдэхээр болсон.

Японоос саяхан оношлуур авсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл дахин нэг таатай мэдээ хэлэхэд ЭМЯ, ДЭМБ-тай хамтран дахин коронавирусийн оношлуурыг авахаар хамтран ажиллаж, тооцоо судалгаагаа гаргаж худалдан авалтаа эхлүүлээд байна” гэв.

Энэ сарын 28-ны өдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдолтой 14 хүн ханджээ. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцлов.

Тэрбээр “Энэ сарын 29-нд дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ирж хоносон. Шинжилгээ нь 24 цагийн дараа гарна. Иргэд өөрсдөө шинж тэмдгээ хэлээд ирж байгаа зүйлс их байгаа нь сайн хэрэг.

Бид бүхэн газруудаас туршлага авч бэлэн байдалд ажиллаж байгаа. Үндсэн туршлага авч байгаа газар маань хятад орон тул бид өдөр болгон мэдээ солилцож, чиглэл болгон дээрээ бэлтгэл хийж байгаа гэдгийг онцолъё. ДЭМБ нэмэлтээр шинэ оношлуур егөхөөр болсон нь таатай байна. Оношлуурын захиалгын захиагаа явуулсан, удахгүй нийлүүлэгдэх байх.

Бид бусад оронтой туршлага хуваалцаж байгаа тул оношилгоо амжилттай явагдаж байна. Энэ өвчний дамжих зам нь агаар дуслын замаар тул шинэ зүйл зохиож ярихгүй байхад анхаарах хэрэгтэй. Маскаа зөв зүүж, зөв авах хэрэгтэй. Бусадтай холбоо үүсэж байгаа явдлыг хувь хүмүүс өөрсдөө зогсоох хэрэгтэй. Бид нүдэнд үл үзэгдэх дайснуудтай тэмцэж байгаа тул та бүхэн бидний өгсөн зөвлөмжийг гололгүйгээр, хариуцлагатай хэрэгжүүлбэл үр дүнд хүрнэ.

Сурагчдыг хичээллүүлэхгүй болсонтой холбоотойгоор гадуур сэлгүүцэж байна. Хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулъя. Мөн маскны үнийг нэмэхгүйгээр эерэг хандлагаар хандаж, хууль дүрэм, гаргасан зөвлөмжийг биелүүлэх хэрэгтэй” гэв.

АНАГААХ УХААНЫ ДОКТОР Ж.АМАРСАНАА: 100 ГАРУЙ ЭМЧ УХАНЬД АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭД БАЙНА

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн дэд сайн асан Ж.Амарсанаа Ухань руу сайн дурын эмчээр явахаар болсон талаараа мэдэгдсэн. Бид Анагаах ухааны доктор Ж.Амарсанаагаас тодруулга авлаа.

-Та коронавирус дэгдээд буй голомт Ухань хот руу сайн дурын эмчээр ажиллахаа өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид Монгол Улсдаа коронавирусийг оруулахгүйгээр, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Өвчний голомт тэлэх тусам л Монгол Улс руу орж ирэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Бид нар гарч байгаа үр дагавартай биш, гарч байгаа шалтгаантай нь тэмцэхгүй хүлээлтийн байдалтай байна гэдэг нь эрсдэлтэй асуудал. Дээрээс нь БНХАУ олон жилийн турш найрсаг харилцаатай явж ирсэн хөрш улс.

Хөрш улсад гамшигт үзэгдэл болж байхад бид юу ч болоогүй юм шиг урьдчилан сэргийлж байна гээд суугаад байх нь улс орны тухайд ч, хувь эмчийн тухайд байж болохгүй хариуцлагагүй үйлдэл гэж харж байна. Энэ утгаараа эмч нар өвчний голомт-Ухань руу хэн нэгний албадлагаар биш сайн дураараа явах ёстой.

Албадлагаар явна гэдэг цаанаа муу үр дагавартай байдаг. Үүргээ гүйцэтгэж яваад ямар нэгэн байдлаар амь эрстэх юм бол том асуудал дагуулна. Сайн дураараа явсан хүн ямар нэгэн асуудал үүсэхэд хариуцлагаа өөрөө хүлээдэг.

-Эндээс сайн дураар ажиллах эмч нарын баг бүрдүүлэхэд Ухань хот та бүхнийг хүлээж авах уу. Энэ бол албан хүсэлт бус таны санаачилга байна шүү дээ?

-Япон улсаас эмч нар баг бүрдүүлж өвчний голомтод ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Бид БНХАУ-ын Элчин сайдын яам руу энэ асуудлаар холбогдсон ч Цагаан cap гэдэг утгаараа амарчихсан юм билээ. Ингээд Гадаад харилцааны яам руу хандахад дэмжиж байсан. Мөн Улсын онцгой комисст хандсан. Ийм сайн үйлсийн аянг дэмжиж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

-Та вирусийн эсрэг эмчилгээний чиглэлээр хаана ямар боловсрол эзэмшсэн бэ?

-Би вирусийн эсрэг чиглэлээр олон жил ажиллаж байна. Токиогийн их сургуульд вирусийн судлалаар найман жил ажилласан. 2008 онд л анх Монгол Улсад элэгний В,С вирусийг тоолох технологийг нэвтрүүлж байлаа. Энд нэг зүйлийг онцлоход коронавирусийг тоолох технологи нь С вирусийг тоолохтой ижил, төстэй байдаг.

-Таны санаачилгыг дэмжиж Уханьд ажиллах эмч нар байна уу?

-Олон эмч надад хандсан. 100 гаруй эмч нар Уханьд ажиллах багт орох хүсэлтээ илэрхийлээд байна. Ганц хоногийн дотор шүү дээ. Монгол эмч нарын зоригтой, өргөсөн тангарагтаа үнэнч байдлыг л илтгэж байна. Эмч нараараа бахархах сэтгэл төрж байна.

-Уханьд ажиллах ач холбогдлыг та яаж харж байна вэ?

-Очоод эхний ээлжинд ажиглалт хийнэ. Коронавирусээр өвчилсөн хүний цусны шинжилгээ ямар гардаг, дотоод эрхтнүүдийн рентген зураг ямар байдаг, хүнд ямар зовиур өгдөг зэргийг судална. Энэ нь нэг талаараа бидэнд том туршлага болно.

Магадгүй Монголд коронавирус орж ирсэн тохиолдолд голомтод нь ажилласан эмч нарын туршлага хэрэг болно гэж харж байна.

-Та Ухань дахь нөхцөл байдлын талаар хэр мэдээлэлтэй байна вэ. Хаанаас мэдээлэл авч байна?

-Бид нар хэвлэл мэдээллээс л ойлголт авч байна. Олон улсын сайтууд, тэр дундаа БНХАУ-ын гол мэдээллийн сайтуудыг ажиглаж байна. Нас баралт өдөрт л 20 орчмоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ бүхэн тэнд ноцтой байгааг илэрхийлж байна. Хүний нөөцийн дутагдалтай байгааг эндээс харж болно.

-Та бүхэн ажиллах хугацаандаа халдвар авчих юм биш үү. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Бүрэн эмчлүүлсний дараа эх орондоо ирнэ. Хувь хүн гэдэг утгаараа энэ вирусийг чирээд ирэх аюул байгаа. Нууц үед байхдаа халдвар дамжуулах эрсдэлтэй юм билээ. Тэнд байх хугацаандаа бүх шинжилгээ өгөөд сөрөг гарсан тохиолдолд ирнэ.

-Шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакциныг гаргаж амжаагүй байна. Энэ вирусээр өвчилж 170 орчим хүн нас бараад байгаа мэдээлэл гарлаа. Урьдчилан сэргийлэх энгийн арга нь юу вэ?

-Олон нийтийн газар явахгүй байх нь энэ төрлийн вирусээс сэргийлэх хамгийн найдвартай арга. Зайлшгүй тохиолдолд чанартай амны хаалт хэрэглэх нь чухал. Нэмж хэлэхэд эмнэлгээр явах нь эрсдэлтэй. Эрүүл мэндийн байгууллагаар ханиадтай, халуурсан хүмүүс их явдаг. Энэ утгаараа эрсдэл өндөр. Онцолж анхааруулах зүйл энэ л байна.

Дархлаагаа сэргээнэ гэж янз бүрийн бэлдмэл хэрэглэж хордлогод орох эрсдэлтэйг анхааруулъя. Сүлжээний бэлдмэл хэрэглэх нь эрсдэлтэй” гэсэн юм.

Монгол эмч нарын баг Ухань хотод ажиллах талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Ухань хотод буюу коронавирусийн голомтод Монгол Улсын иргэн очиж ажиллах гэж байгаа талаарх албан ёсны мэдээлэл манайд ирээгүй. Эрүүл мэндийн байгууллагын дүрмийн дагуу Эрүүл мэндийн яам нь иргэнээ халдварын голомтод очихыг дэмжихгүй.

Хөл хорио тогтоосон энэ үед халдварын голомт руу явах эсэх нь хувь хүний өөрийнх нь сонголт” гэсэн юм.

ЗАМЫН-ҮҮДИЙН БООМТООР НЭВТРЭХ ИРГЭД АДУУ ШИГ ЧИХЦЭЛДЭЖ БАЙНА ГЭВ

БНХАУ-д дэгдээд буй коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор тус улсад сурч, ажиллаж, амьдардаг монгол иргэд наашаа хил нэвтрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм байна.

Замын-Үүдийн боомтоор хувийн тээврийн хэрэгсэлтэй нэвтрэхийг хориглоод байгаа.

Энэ сарын 30-ны өдрийн байдлаар БНХАУ-д ажиллаж амьдардаг, суралцдаг олон зуун иргэд хил нэвтрэхээр Замын-Үүдийн боомт дээр дугаарлаад байгаа гэнэ. Аяллын зорилгоор хил нэвтэрсэн иргэд ч Эрээнд гацчихаад байгаа юм байна.

Гадаад харилцааны яамнаас хил нэвтрэх хүсэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлж, Зам тээврийн яам, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа аж.

Замын-Үүдийн боомтоор энэ сарын 28,29-ний өдрүүдэд 16 автобус, таван вагон үйлчилгээнд гаргаж иргэдийг хил нэвтрүүлжээ. Энэ нь хил нэвтрэхээр дугаарлаж буй иргэдэд хүрэлцэхгүй байгаа юм байна. Улмаар зарим иргэд 500 юань төлж унаагаар хил нэвтэрч байгаа талаар эх сурвалж хэлж байна.

Замын-Үүдийн боомт дээрх нөхцөл байдлын талаар Эрээн-Замын-Үүдийн чиглэлд зорчигч тээвэрлэдэг жолооч Б-тэй холбогдож тодруулга авлаа.


-Замын-Үүдийн боомт хил нэвтрэхээр зэхэж буй монгол иргэдийн хөлд дарагдаад байгаа гэж дууллаа. Газар дээр нөхцөл байдал ямар байна вэ?

-Хил нэвтрэх иргэд боомт дээр олон байгаа. Боомт ч энэ өдрүүдэд ачаалалтай ажиллаж байна. Иргэдийг автобусаар хил нэвтрүүлж байгаа ч хэдэн зуун хүнийг бүгдийг нь тээвэрлэх боломжгүй байна. Урдуур дугаарласан цөөхөн иргэд таксигаар хил нэвтэрч байна.

-Урт дугаарласан иргэд оочероо булаацалдах, эмх замбараагүй байдал үүсгэх тохиолдол байна гэж байсан. Энэ талаар?

-Бие биеийнхээ урдуур дайрах, түлхэлцэх асуудал жирийн үед ч гарч л байдаг. Таксинд бол эрэгтэй хүмүүс л сууж байна. Үлдсэн иргэдийн олонх нь урд сурдаг эмэгтэй оюутнууд байгаа. Битүү чихцэлдсэн л улс байна.

-Хил нэвтрэхээр зэхэж буй иргэд хаана байрлаж байгаа бол. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Зарим нь буудалд байрлаж байгаа байх гэв.

Эрээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа. Ийм эрсдэлтэй нөхцөлд монгол иргэд хил нэвтрэхээр адуу шиг чихцэлдэж байгаа нь олонд айдас төрүүлж байна.
Бидэнд олдсон мэдээллээр урт дараалал үүсгэсэн иргэдийн дунд маргаан гарч эмх замбараагүй байдал үүсэж хамгаалалт авах хэмжээнд хүрээд байгаа гэнэ.

Энэ талаар бид Гадаад харилцааны яамны эх сурвалжаас тодрууллаа.

-Замын-Үүдийн хилийн боомт дээр дугаарлаж буй иргэдийг оруулж ирэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Энэ сарын 28-нд зургаан автобус гаргаж, 400 гаруй иргэнийг хил нэвтрүүлсэн. Маргааш нь 10 автобус гаргаж, 640 орчим монгол иргэнийг хил нэвтрүүлээд байна.

-Хилээр нэвтэрсэн иргэдэд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ. Халууныг нь хэмжиж үзээд явуулчхаж байна уу?

Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулж байгаа. Тусгаарлаж үзлэгт хамруулж ажиллаж байна” гэв.

Дугаар шилжих мөчид: Эрээний боомтын ойролцоох буудалд байрласан хятад эмэгтэй коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Ингэснээр буудлын орчимд хөл хорио тогтоогоод байгааг эх сурвалж хэлж байна. Нааш хил нэвтрэхээр зэхэж буй монголын 100 гаруй иргэдийг буудлууд хүлээж авахгүй байгаа аж. Иймд иргэд гадуур хоноглож байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Чимэдбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон төрийн албан хаагчийн байгууллага руу албан бичиг хүргүүлдэг болохоор ярилцаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох, осол гаргах зөрчил буурахгүй байгаа. Он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 877 тохиолдол бүртгэгджээ. Үүний дийлэнх нь төрийн алба хаагчид байгаа аж. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.


-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байх шиг. Энэ төрлийн хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Зөвхөн 2019 онд Тээврийн цагдаагийн албанд 25302 зам тээврийн осол бүртгэгдсэн. Ослын улмаас 561 хүн нас барсан. 49 хүүхэд нас барсан. Өнгөрсөн онд цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34591 зөрчлийг илрүүлж ажилласан. Үүнээс 6851 иргэнийг шүүхээр оруулж 7-30 хоногийн баривчилгаанд явуулах шийтгэл оногдуулсан. Эмэгтэйчүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суух зөрчил их гаргаж байна. 2019 онд 6400 эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлсэн. Өдөрт л 20 орчим эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан гэсэн үг шүү дээ. Үүний 2400 нь давтан үйлдэлтэй байгаа. Шүүхээр орж таслуулчхаад дахин согтуугаар жолоо бариад байна.

-Он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хэдэн тохиолдол бүртгэгдэв?

-Зам тээврийн осолд холбогдсон 34 согтуу жолооч байна. Он гарсаар зам тээврийн ослын улмаас 135 иргэн хүнд хөнгөнөөр гэмтэл авсан байна. Үүний 14 нь нас барсан. Амь насаа алдсан иргэдийн тал орчим хувь нь согтуурсан үедээ жолооны ард суусан хүмүүсийн буруутай үйлдэлтэй шууд хамааралтай байгаа юм.

-Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос урьдчилан сэргийлэх, согтуу жолооч зам тээврийн осол үйлдэхээс өмнө илрүүлэх тал дээр Тээврийн цагдаагийн албанаас ямар ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Дээр дурдсан зөрчлүүдийг цагдаагийн алба хаагчдын гудамж замын хяналтаар илрүүлсэн. Цагдаагийн хяналтаас гадуур согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил олон байгаа. Бид нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтаа шөнийн цагаар хөдөлгөөнт байдлаар явуулж байна. Нарны зам, уулын зам, Энхтайвны өргөн чөлөө, Залуучуудын гудамж зэрэг замуудаар аль нэг чиглэл рүү зорчиход нэг уулзвар дээр нь л цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг зогсоож шалгах хэлбэрээр зохион байгуулалтад орж ажиллаж байгаа. Иргэд шөнийн цагаар дэлгүүр гэрийн хооронд, эсвэл хүн тосох гэх мэт зорилгоор согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргах тохиолдолд их байдаг. Шөнийн цагаар хөдөлгөөн сийрэг үед тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцох гээд байдаг учраас хүний амь настай холбоотой, ноцтой осол үйлдэгдэх өндөр эрсдэлтэй байдаг. Үүнээс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнт байдлаар эргүүлээ зохион байгуулж ажиллаж байна. Цагдаагийн алба хаагч хаана ч ил болон далд хэлбэрээр хяналт шалгалт хийгээд явж байж болзошгүй гэж иргэд ойлгож болно.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй иргэдийн насжилт судалгаанаас яаж харагдаж байх юм?

-Янз бүр. Өнгөрсөн долоо хоногт согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийг илрүүлэхэд 35 орчим настай залуу өөрийгөө хянах чадваргүй согтчихсон явж байгаа юм. Гурван настай охин нь хажууд нь суучихсан. Энэ зөрчлийг илрүүлж шалгаж байна. Согтуу жолооч нар замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцож байгаа иргэдийн амь насанд заналхийлж байгаа үйлдэл. Согтуу жолоочийн балгаар гэр бүлээрээ амь насаа алдаж, хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдол ч бүртгэгдэж байсан шүү дээ.

-Төрийн алба хаагчид согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдөрт 20,30-аараа бүртгэгдэж байгаа тоон мэдээлэл байсан. Хэд хэдэн удаагийн давтамжтайгаар зөрчил гаргасныг алба хаагчид илрүүлсэн байсан. Энэ төрлийн зөрчилд хүлээлгэх шийтгэл нь зөөлөн байна уу. Бууруулах тал дээр та бүхэн хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 400 мянган төгрөгөөр торгож, жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулдаг. Тухайн Зөрчлийн давтан үйлдсэн тохиолдолд шүүхээр оруулж 7-30 хоногийн хугацаанд баривчилгаа буюу биеэр эдлэх арга хэмжээг оногдуулж ажиллаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдийг судлаад үзэхэд олонхыг нь төрийн алба хаагчид эзэлж байгаа. Төрд алба хааж байгаа хүмүүс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол хийсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албанаас төрийн алба хаагчид согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, осол хийсэн тохиолдолд байгууллага руу нь албан тоот бичиг явуулдаг болохоор ярилцаж байна. Байгууллага нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон алба хаагчдаа арга хэмжээ авдаг, ажилтнуудад энэ төрлийн зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч сургалт семинар зохион байгуулаад явбал зөрчил буурна гэж харж байгаа. Энэ ажил судалгааны хүрээнд л явж байна.

-Төрийн албан хаагчаас гадна дуучид, жүжигчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох тохиолдол байдаг. Сая кино урлагт хөл тавиад буй жүжигчин Г.Ананд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь насыг хохироосон шүү дээ?

-Олны танил жүжигчин зам тээврийн осол гаргасан гэх мэдээлэл нийтэд тараад байгаа. Бидний тухайд бол жүжигчин олны танил гэж мэдээгүй. Энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд Benz g class маркийн автомашин toyota premio маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол өглөөний 06:00 цагийн орчимд гарсан. Toyota premio маркийн авто машины жолооч 45 настай А ослын улмаас амь нас нь хохирсон. Benz g class маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан А гэгч нь 1 бүхэл 83-ын согтолттой байсан. Самбаачлах хугацаа байхгүй, сэтгэн бодох чадвар удаан, сэтгэлийн хөөрөл их өндөр, үг ярианы тухайд цэгцгүй ойлгомжгүй болчихсон байсан. Ийм зэргийн согтолттой бол тээврийн хэрэгслээр битгий хэл явганаар замын хөдөлгөөнд оролцох чадамжгүй болчихсон гэж ойлгож болно.

-Олон улсад энэ төрлийн зөрчилд ямар арга хэмжээ авч ажилладаг юм бэ. Манайд хэрэгжүүлбэл үр дүнгээ өгч болох ямар жишиг байна?

-Дээр дурдсан жишиг олон улсад байдаг. Цаашлаад зарим нэг улс оронд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь насанд заналхийлсэн этгээдийг нээлттэй зарладаг жижиг бий. Өглөө бүр л тэдэн жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож та бидний эрүү мэнд, амь насанд заналхийллээ гээд л шууд зарладаг. Манайд энэ төрлийн зөрчил бурахгүй байвал энэ хэлбэрт шилжихэд нэг их буруудахгүй гэж үзэж байна.

-Манайхан ач холбогдол өгч тэмдэглэдэг сар шинийн баяр хаяанд иржээ. Энэ үеэр зам тээврийн осол нэмэгдэх төлөвтэй байдаг?

-Тоон судалгаанаас харахад сар шинэ болон, баяр наадмын үеэр зам тээврийн осол, ослоос шалтгаалж хүний амь нас хохирох тохиолдол эрс нэмэгдсэн байдаг. Энэ үеэр нийслэлээс хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэгтэй холбоотой. Холын замд зорчихдоо хүн тээвэрлэх журам зөрчдөг, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй байж хурд хэтрүүлж хөдөлгөөнд оролцдог. Энэ хүүхдийн амь насыг эрсдэлд оруулж байгаа үйлдэл. Өнгөрсөн жил зам тээврийн ослоор нас барсан 49 хүүхдийн 80 орчим хувь нь сар шинэ болон баяр наадмын үеэр орон нутгийн амь насаа алдсан нь тоон үзүүлэлтээс харагддаг. Иймээс хөдөө орон нутгийг зорихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна. Мөн орон нутаг руу хүн тээвэрлэдэг жолооч нар хурд хэтрүүлэх, шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчил гаргаж олон хүний, олон айлын элэг бүтэн байдалд заналхийлдэг. Мөн олон цагийн турш жолооны ард сууж ядарсан үедээ замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцох нь бусдын болон өөрийн амь насыг эрсдэлд оруулж байгаа хэрэг. Хэсэг зүүрмэглэхэд л зам тээврийн осол гарах өндөр эрсдэлтэй байдаг. Хүний амь настай холбоотой ноцтой ослуудын нэг шалтгаан нь энэ. Орон нутгийн замд хүн тээвэрлэж буй жолооч нар олон хүний амь нас хариуцаж яваагаа ухамсарлаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

-Согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох тохиолдол их гардаг биз дээ. Сар шинээр зочилж ирсэн нэгнээ архиар шахах нь манайд жирийн үзэгдэл болсон?

-Хоолны даруулга гээд нэг татчих гээд л жолоо барьж яваа нэгнээ архиар шахаж хүндэлдэг. Энэ нь амь нас эд хөрөнгийг нь хөрөнгийг нь эрсдэлд оруулж байгаа хэрэг. Иргэд гэр бүл, төрөл төрөгсдийнхөө элэг бүтэн амьдралын төлөө ухамсартай байж дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна.

-Сар шинийн баяраар айраг хэрэглэдэг жишиг манайд бий. Айраг уучихаад замын хөдөлгөөнд оролцоход жолоочийн самбаачлах хугацаанд яаж нөлөөлдөг юм бэ?

-Согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг илрүүлэхэд “ Би хаана явж байгаагаа мэдэж байна. Би согтоогүй байна” гэх шаардлага тавьдаг. Айраг, архи, вино зэрэг бүгд л согтууруулах ундааны зүйлд орно. Багаж үлээлгэхэд хориглосон хэмжээнд хүрч байвал тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй гэсэн үг.

-Дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд манайд олширсон байна. Эдгээр байгууллагуудын үйлчилгээнд ТЦА-гаас ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Дуудлагын жолооч гэдэг нэг талаасаа зөв сонголт ч нөгөө талаасаа эрсдэлийг дагуулдаг. Дуудлагын жолооч нарын тухайд ур чадваргүй, үнэмлэхгүй, магадгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Гол төлөв шөнийн цагаар, хөдөлгөөн сийрэг үед замын хөдөлгөөнд оролцдог учраас хурд хэтрүүлж осол гаргах эрсдэлтэй байдаг. Осол гаргавал тээврийн хэрэгслийг орхиод зугтах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд хэргийн мөрөөр шалгаж ажиллагаа явуулахад буух эзэнгүй, буцах хаяггүй хүмүүс дуудлагын жолооч хийсэн байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Лабораториудын шинжилгээний хариунд “НО” байдаг уу

“Монголын Лабораторийн Нэгдсэн сүлжээ” төрийн бус байгууллага”, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар цахим хаягаараа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусийн шинжилгээг хийж байсан 28 лабораториос 15 нь чанарын шаардлага хангаагүй талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Хаппи веритас” , “Ай Ти”, “Итгэл”, “Онкоген”, “Евростандарт”, “Гялс” төв нарын зэрэг 15 лабораторид үнэлгээ хийхэд чанарын шаардлага хангаагүй байсан талаар дурдсан юм.

Бид энэхүү асуудлын мөрөөр сурвалжиллаа. 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Хаппи веритас” эмнэлгийн ерөнхий захирал С.Дүүриймаас тодруулга авсан юм.


-“Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар “Хаппи веритас”, “Ай Ти”, “Итгэл” зэрэг олонд танигдсан, үйлчлүүлэгчидтэй болсон лабораториудыг чанарын шаардлага хангаагүй, шинжилгээний хариу нь худлаа гардаг гэх мэдэгдэл хийлээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өчигдөр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга энэ асуудал дээр тайлбар өгсөн байна лээ. Тэр дүнг Эрүүл мэндийн яам ч хүлээн зөвшөөрөөгүй. Эрүүл мэндийн даатгалын газрын өмнөх удирдлага, одоо хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа нөхрийн үед “Оном” сантай хамтарч дүгнэлт хийснийгээ цахим хаягаараа мэдээлж байсан. Мэдэгдэл хийсэн “Оном” сан, “Элэг” төвийн тэргүүн Д.Наранбаатар бол эрүүл мэндийн салбарын хүн биш. Физикч мэргэжилтэй хүн. Тэр хүн өөрийнхөө мэргэжлээр амжилтгүй ажиллаад эрүүл мэндийн салбарт юу ч хийж яваа юм бүү мэд. Эрүүл мэндийн салбарын гаднах хүн. Өөрөө хувийн бизнесүүдтэй. Бизнесүүдийнх нь нэг “Элэг” төв. Үүгээрээ дамжуулаад улс төрийн шинжтэй ажиллагаануудыг энэ салбарт хэрэглэдэг хүн. “Элэг бүтэн Монгол” гэж хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний B,С вирусийн шинжилгээ хийсэн зардлыг улсаас тодорхой хэмжээгээр нөхөж авдаг. Хөтөлбөрийн явцад “Хаппи веритас”-т л олонх хүмүүс шинжилгээ өгч байсан л даа. Д.Наранбаатарын “Элэг” төв дээр хүн очихгүй болохоор л шинжилгээ хийдэг төвүүд дээр дүгнэлт хийнэ гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын өмнөх даргатай нийлж байгаад ажлын хэсэг байгуулаад шалгана гэж лабораториудаар явж эхэлсэн. Манай төв дээр ирэхэд нь “Та мэргэжлийн бус хүн. Манай ажлыг Эрүүл мэндийн яам, Эрүү мэндийн даатгалын ерөнхий газраас шалгаж яваа бол би ойлгоно. Та бид хоёр ижил төстэй үйлчилгээ явуулдаг. Бие биенийхээ ажлыг шалгахгүй ээ. Шалгуулах ёстой хүн нь шалгах багт ороод явж таарахгүй ээ. Чи энэ ажлаас гар. Мэргэжлийн хүмүүс нь шалга” гэж хэлсэн. Манайхтай нийлээд 15 газарт дүгнэлт гаргуулаад “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийг зогсоочихсон байна лээ. Нэг үгээр хэлэхэд, мөнгөний төлөө өрсөлдөгч нарыгаа “нухах” ажиллагаа хийж байгаа юм.

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Хаппи веритас” , “Гялс” төв зэрэг 15 газарт 1.5 тэрбум төргөгийн торгууль тавьсан байна лээ?

-Манай үйл ажиллагааг шалгаагүй байж 700 орчим сая төгрөгийн акт тавьсан байсан. Хууль бус ажиллагаа шүү дээ. Төрийн албан хаагч хувийн сектор шалгаад явж байгаа биш. Эрх ашгийн зөрчилтэй ажлын хэсэг байгуулчихаад акт тавиулж байгаа нь хууль бус гэж үзээд шүүхэд өгсөн. Шүүх дээр энэ асуудал шалгагдаад явж байгаа. Шүүх хурал нь өнөөдөр болох байсан ч нотлох баримт дутуу гэх зэрэг шалтгаануудын улмаас хойшлогдож байх шиг байна. Шүүх хурлын өмнөх өдөр, шүүх, олон нийтэд нөлөөлөх оролдлого хийж байгаа нь цаанаа өөр зорилготой ч байж болно.

Манайх бол мэргэжлийн байгууллага. Тангараг өргөсөн эмч нар ард иргэдийн эрүүл энхийн төлөө ажиллаад явж байгаа мэргэжлийн байгууллага.

-Элэгний В,С вирусийн шинжилгээг зөв хийж байгаа гэсэн сертификат байна уу?

-Энэ төрлийн үйл ажиллагаа явж байгаа лабораториудад жилд нэгээс хоёр удаа гадаад хяналт хийдэг. Гадаад хяналтыг ХӨСҮТ-өөс шалгадаг. ХӨСҮТ хамтарч ажилладаг Австралийн олон улсын байгууллагаар баталгаажуулдаг. Манай байгууллагын шинжилгээ зөв буруу гэдэг олон улсын байгууллагаар баталгаажина уу гэхээс тэнд нэг мэргэжлийн бус хүн лайв хийгээд тогтооно гэсэн асуудал байхгүй. Хамгийн сүүлд 2019 оны тавдугаар сард манайд гадаад шалгалт орсон. Зөрчилгүй гарсан гэв.

Өдгөө авлигын хэрэгт холбогдоод буй Д.Алтанхуяг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед ажлыг хэсэг гаргаж лабораториудад шалгалт явуулж дүгнэлт гаргаж 15 лабораторийн эрхийг түдгэлзүүлж, 1.5 тэрбум төгрөгийн акт тавьжээ. Энэ асуудал өнөөдөр шүүхийн шатанд шалгагдаж байгаа юм байна.

Бид “Ай Ти” лабораторийн албан тушаалтнаас тодруулга авлаа.


-“Ай Ти” лабораторийн шинжилгээ чанарын шаардлага хангаагүй гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Д.Наранбаатарын өрсөлдөгч лабораториудаа унагаж, ганцаараа бүх мөнгийг авах гэсэн арга. Ор үндэслэлгүй худлаа мэдээлэл. Энэ асуудал шүүхийн шатанд шалгагдаж байгаа. Эрүүл мэндийн яамнаас ч энэ мэдээллийг үгүйсгэсэн байна лээ. Энэ талаар удахгүй мэдээлэл хийнэ гэв.

Лабораториудад акт тавьж, чанарын шаардлага хангаагүй гэх асуудлаар Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл “Энэ ташаа мэдээлэл. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын 28 лабораторид шалгалт хийгээгүй. 2016 онд 22 лаборатори шалгаруулж, B, C вирусийг илрүүлэх шинжилгээ хийх эрхийг олгосон. Энэхүү 22 лаборатори Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажилладаг. Бичээд байгаа 28 лаборатори 90 мянган хүний шинжилгээг буруу гаргасан тухай асуудал байхгүй. Энэ талаар ирэх баасан гаригт мэдээлэл хийнэ” гэв.

ЭМДЕГ-аас энэ асуудалтай холбогдуулан өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тус газрын Тамгын газрын дарга Г.Энхбаяр “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх гэрээ байгуулсан лабораториудыг шалгасан. Шалгалтад 28 лаборатори хамрагдсанаас 15 нь чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон. Тиймээс 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, “Хаппи веритас”, “Ай Ти” болон “Итгэл” лабораториудад 1.5 тэрбум гаруй төгрөгийн торгууль, акт тавьсан байгаа.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, зөрчил дутагдал илэрсэн 15 лабораторийн В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг түр түдгэлзүүлж, алдаа зөрчлийг арилгах, даатгалын санг хохиролгүй болгох хугацаат албан даалгавар, зөвлөмж хүргүүлсэн. Харин шалгалтын зөвлөмж, албан шаардлагын дагуу тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад дотоод үнэлгээнд хамрагдсан “Меданалитик”, “Протлаб”, “Гялс” зэрэг гурван лаборатори дээрх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үргэлжлүүлэн үзүүлж байна” гэлээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжилгээний хариугаа нуусан 38 бөхийг зарлахгүйгээр Э.Оюунболдыг барилдуулах тохироо явагдаж байна уу?

Баяр наадам зохион байгуулах хорооноос улсын аварга Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргаж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байгаа.

Харин дөрвөн төрлийн допингийн бодис хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораториор тогтоогдоод буй улсын аварга Э.Оюунболд удахгүй болох cap шинийн барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Тэрбээр өөрийн багш Д.Батням болон нутгийн бөхчүүдийн хамтаар бэлтгэлээ базааж байна.

Баяр наадам зохион байгуулах комиссоос түүний барилдах эрхийг хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгчийн Тамгын газраас эцэслэн батлаагүй байгаа. Энэ нь допингийн шинжилгээг гардаж хийдэг эмч нарт хэрэг үүсгэсэнтэй холбоотой талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн юм.

Улсын аварга Э.Оюунболдын гаргасан гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газраас шалгалт явуулж гавьяат эмч Ч.Насанбатад хэрэг үүсгээд байгаа. Сүүлийн 10 жилийн допингийн шинжилгээг нягталж шалгахад улсын наадамд шөвгөрч шинжилгээнд хамрагдсан 38 бөх авлига өгч шинжилгээний хариугаа нуун дарагдуулж байсан нь тогтоогдсон байна. Эдгээр 38 бөхийн дотор сүүлийн жилийн наадмуудад түрүүлж үзүүрлэж байсан аварга арслангуудын нэр байгаа аж.

Допингийн шинжилгээг нуун дарагдуулсан 38 бөхийн нэрийг зарлалгүйгээр допинг хэрэглэсэн нь олонд ил болсон Э.Оюунболдыг барилдуулах наймаа улс төрийн томчуудын дунд явагдсан тухай мэдээллийн эх сурвалж хэлж байна.

S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон Э.Оюунболд аль хэдийнээ сар шинийн барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базаагаад эхэлсэн нь улс төрийн томчуудын дунд явагдсан энэ тохироог баталж байгаа юм.

Нэр нөлөө бүхий улс төрийн том албан тушаалтан нутгийнх нь аварга, арслангууд допингийн шинжилгээгээ нуун дарагдуулж байсан баримтыг олонд дэлгэхээс эрс татгалзаж, хэл ам хийлгүй аварга Э.Оюунболдыг зодоглуулах наймаа хийсэн гэнэ.

Гаргасан гомдлынх нь явцад ил болсон допингоо нуун дарагдуулж байсан бөхчүүдийн нэрийг нь Э.Оюунболд олонд зарлахгүй байгаа нь цаагуураа учиртайг бөхийн хүрээнийхэн хэлж байна. Залуу аваргын өөрийнх нь нэр ч өнөөх допинг хэрэглэчихээд авлига өгч дээрээс нь төрийн түшээдээр “мундагдуул”-ж нэр цэвэр үлдсэн 38-ын дунд цохиж яваа аж. Тэрбээр “Баяр наадам зохион байгуулах хорооноос долингийн шинжилгээг зарласны дараа “Миний шээсийг сольсон байна” гэж мэдэгдсэн билээ.

Допингийн асуудлын талаар дархан аварга Х.Баянмөнх сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

-Допингийн шинжилгээнд бүдэрсэн Э.Оюунболд удахгүй барилдахаа мэдэгджээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ та?

-Би допингийн асуудлаар 10 жил ярьж байна. Допингийн шинжилгээг хяналттай болгох хэрэгтэй. Би 21 жил дэлхийд шээсээ өглөө. Тэр шээсийг хяналт доор авдаг. Гэтэл манайд хяналт алга. Энэ нь авлигын үүр болсон. Э.Оюунболдтой бол ярих юм байхгүй, аварга цолыг нь хураах ёстой.

-Э.Оюунболд “Шинжилгээний үеэр шээсийг маань сольсон” гэж мэдэгдэж байна лээ?

-Шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь хамаагүй. Шээснээс нь дөрвөн төрлийн допинг илэрсэн байсан. Оюунболдыг унагахын тулд хүнд дөрвөн төрлийн хор уулгахгүй биз дээ. Өөрөө л хэрэглэсэн” гэж Э.Оюунболдын байр суурийг эсэргүүцсэн юм.

Допингийн булхайг сайн мэдэх залуу аварга анхнаасаа Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан нь “уснаас хуурай гарах” арга ухаан байсан нь дээрх үйл явцаас ил цагаан харагдаж байна.

Спортын шударга өрсөлдөөнийг уландаа гишгэж адуу малд хэрэглэгдэг эм тариаг хэрэглээгээ болгосон тэд хонь бүрэн, чоно цатгалан үлдэхээр тохироо хийж байгааг залуу бөхчүүд эсэргүүцээд эхэлжээ.

Улсын харцага О.Хангай cap шинийн барилдаанд улсын аварга Э.Оюунболдыг зодогловол барилдахгүй гэдгээ илэрхийлжээ.

Тэрбээр “Допингийн асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Допинг хэрэглэсэн бөхчүүдийг харилцан адилгүй шийтгэдэг. Заримынх нь цолыг хураадаг, заримынх нь барилдах эрхийг хасдаг. Тэгэхээр допингийн хуулийг чангалмаар байна.

Хэрвээ Э.Оюунболд цагаан сарын барилдаанд барилдвал би лав эсэргүүцлээ илэрхийлээд зодоглохгүй. Би ганц Оюунболдтой тэмцээд байгаа юм биш. Допингоо нуун дарагдуулсан нэр бүхий 38 хүнийг зарлуулж энэ допингтой холбоотой бугшсан идээ бээрийг шахаж гаргаж Монгол орны дархлаа, бахархал болсон үндэсний бөхөө хойч үедээ цэвэр ариунаар нь өвлүүлж үлдээхийг хүсэж байна” гэж мэдэгдээд байгаа.

Улсын харцага Б.Бат-Өлзий ч допингийн асуудлыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.

Допингийн асуудалд улс төрийн томчууд хутгалдаг нь асуудлыг удаашруулж байгаа талаар бөхийн хүрээнийхэн хэлж байна. Төрийн түшээд нутгийн бөхчүүдээ хаацайлдаг, бузар булайг нь нуун дарагдуулдаг жишиг тогтоод байгааг залуу бөхчүүд ийн эсэргүүцэж байна.

Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс улсын аварга Э.Оюунболдыг барилдуулахгүй гэж байр сууриа илэрхийлээд байна.

Допинг нуун дарагдуулсан бөхчүүдийг эсэргүүцэж улсын аварга Ч.Санжаадамба нарын бөхчүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийх гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Б.Бат-Өлзий: Допингийн асуудлыг шийдэхгүй байгаа дарга нарын балгаар олон бөхийн эрх ашиг хөндөгдөж байна

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу та. Бэлтгэл сургуулилт жигдэрч байна уу?

-Сайхан өвөлжиж байна аа. Намар есдүгээр сараас хойш бэлтгэл сургуулилтаа тасралтгүй базаагаад явж байна. Барилдаантай өдөр нь Бөхийн өргөө ороод бусад өдөр нь бэлтгэлээ хийнэ. Миний нэг өдөр ингэж л өнгөрдөг юм. Би барилдаж эхэлснээсээ хойш л заалны барилдаан ер нь алгасаагүй дээ.

-Бөхчүүд цол аваад найр наадмаа хийгээд бийлэгжээд ирэхээрээ заалны барилдаанд зодоглохоо больчихдог жишиг тогтох гээд байна. Таны хувьд найр наадам ч гэж яваад байдаггүй санагдаж байна?

-Миний хувьд барилдаануудад зодоглож байж л өөрийгөө хөгжүүлдэг. Өөрийгөө сорьж байж л шат ахидаг. Нэг барилдаанд зодоглоход л хэдэн өдрийн бэлтгэлтэй тэнцэх хэмжээний үр дүн гардаг.

-Та бэлтгэлээ хаагуур базааж байна. “Хантайшир” дэвжээн дээр бэлтгэлээ хийж байна уу?

-Сүүлийн гурван жил Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бөхчүүдтэй барилдааны бэлтгэлээ базаасан. Энэ жилээс Ховд аймгийн бөхчүүдтэйгээ Дэнжийн мянгад байрлах шинэ зааланд бэлтгэлээ хийж байна.

-Үндэсний бөхөөр хичээллэж эхэлснээс хойш шат, шатны барилдаанд амжилттай барилдаж байсныг тань мэдэх юм. Та ингэхэд барилдааны ур чадвараа хөгжүүлэх тал дээр хэрхэн ажилладаг вэ?

-Сумын цолтой байхаасаа л барилдаан алгасалгүй зодоглодог байлаа. Сумын цолтон, аймгийн цолтон, улс аймгийн цолтнуудын ангиллын барилдаанд түрүүлж байсан. Одоогоор ийм амжилт үзүүлсэн бөх байхгүй юм билээ. Цаашдаа олон бөх ийм өндөр амжилт үзүүлэх байх.

-Хөвсгөлд зохион байгуулагдсан өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд их сайн барилдаж байсан санагдаж байна. Таны хувьд “Шонхор” сургуулиас орж байсан бил үү?

-Тэр улсын аварга их ширүүн өрсөлдөөнтэй болж байсан шүү. Одоогийн аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Увсын Х.Оргилболд бид гурав хүрэл медалийн төлөө хоорондоо тойрч барилдаж байлаа. Гурав, дөрвөн тойрог барилдаад би медальгүй үлдэж байсан даа. Үеийнхээ шилдэг бөхчүүдтэй өрсөлдөөд их ч зүйл сурсан. Бөхөөр тууштай хичээллээд явахад боломж байна шүү гэдэг урам тэр тэмцээний дараа л миний толгойд бат сууж өгсөн. Тухайн тэмцээнд “Шонхор, Олимп” дээд сургуулийн Б.Батбаатар багш намайг бэлдэж оруулж байлаа.

-Улсын аварга Г.Эрхэмбаяр таныг бөхийн замд хөтөлсөн гэдэг. Аваргын барилдаанаас юуг сурч авав?

-2013 оноос хойш улсын аварга Г.Эрхэмбаярыг дагаж бэлтгэл сургуулилтаа базааж байсан. Бөхийн ёс жудаг, олны газар биеэ хэрхэн зөв авч явахаас авахуулаад их олон зүйлийг надад үлгэрлэж өгсөн шүү.

-Улирлын нээлтийн барилдаануудыг тань ажиглахад бусгах, зайлах мэхийг их өвөрмөцөөр хийж байгаа харагдсан. Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага О.Хангай гээд гол өрсөлдөгчдөө бусгаад давж байгаа харагдсан. Өмнө нь бусгаа мэхийг та тэр бүр хийдэггүй байсан шүү дээ?

-Долоо хоног бүрийн барилдааны туршлага, өдөр бүрийн бэлтгэлээс л сурч байгаа юм л даа. Ганц дархан мэхтэй, нэг хэвийн барилдаантай хүн амжилт гаргахад хэцүү болсон цаг. Өөрийнхөө барилдааны онцлог, арга барилд зохицсон шинэ мэх техник сурч өөрийгөө цаг тутам хөгжүүлж байж л өндөр амжилт үзүүлнэ.

-Оны төгсгөл дээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд анх удаагаа түрүүллээ. Олон шилдэг бөхчүүдийг өвдөг шороодуулсан шүү дээ. Барилдаан ямар болов?

-Бөхийн спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа хойш л “Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд нэг түрүүлээд үзчих юм сан” гэсэн бодол миний дотор явж байсан нь сая биеллээ оллоо. Нэг цаг үед барилдаж байгаа олон бөхчүүдтэй хүч үзэж түрүүллээ.

-Увсын аймгийн начин Л.Энхсаруул та хоёрын барилдааны талаар хэсэг шуугьлаа. Таны хувьд суучихаад босоод барилдаанаа үргэлжлүүлсэн бичлэг цахимд явж байна лээ. Яагаад дахиж барилдсан юм бэ?

-Тухайн үед ажиллаж байсан засуул барилдаан зогсоох дохио өгчихсөн байхад Энхсаруул намайг этээд суулгачихсан юм. Хөлийн цэцийн шийдвэрээр дахиж барилдаад би давсан. Бөхийн барилдааны дүрмийн хүрээнд л шийдэгдсэн асуудал.

-Хангай харцага та хоёрын өрсөлдөөн энэ цагийн монгол бөхийг чимж байна. Өнгөрсөн жилийн тухайд Хангай илүүрхэж байсан бол сүүлийн гурван ч барилдаанд тунаж хүч үзээд та давлаа. Унасан барилдаанууддаа ямар дүгнэлт хийв?

-Сүүлийн барилдаануудад би давлаа. Миний хувьд боловсруулсан барилдааны арга барил, өрсөлдөгчдөө бэлдсэн мэх техникүүдийн талаар тэгж их дэлгэрэнгүй яриад байх сонирхол алга. Хангай бид хоёр цаашдаа олон таарч барилдана. Том цолны төлөөх даваанд ч тунаад барилдаж болно шүү дээ. Тийм учраас бодож боловсруулсан барилдааны хувилбараа нээлттэй яримааргүй байна.

-Том, жижиг гэлтгүй бүх барилдаануудыг та шимтээд сууж байгаа харагддаг. Тэр дундаа сумын заануудын барилдааныг алгасалгүй үздэг шүү дээ?

-Том цолтнуудын барилдаан тоймтой шүү дээ. Сумын заануудаас л гал цогтой гоё барилдаанууд гардаг юм. Жин багатай улс чинь санаанд оромгүй мэхний хувилбар хийдэг. Заалны барилдаанд хямдхан даваа гэж олдохоо больсон. Сумын заануудын барилдаанд түрүүлж үзүүрлэж байгаа залуус л том цолтнуудын аманд гардаг. Тэдний барилдааныг анхаарч байхгүй бол хэцүү шүү дээ. Улсын цолтой бөх сумын заанд унаад байж таарахгүй биз дээ.

-Өнгөрсөн жилийн тухайд та заалны барилдаануудад сайн барилдаж байсан. Бөхийн хүрээнийхэн цолоо ахиулна гэж харж байсан ч харцага цолны даваанд Д.Анарт тахим буулгана лээ. Барилдаан ямар болов?

-Анар ч заалны барилдаануудад их сайн байсан. Миний хувьд Анартай тунаж барилдана гэсэн тооцоотой л бэлтгэлээ базаасан. Шоо хаяхад миний талаар буусан ч боломжоо ашиглаж чадаагүй. Анар барьц сонгоод давсан.

-Өрсөлдөгчийнхөө хийсэн мэхийг мэдэрч үлдэж байгаа нь таны барилдааны онцлог шиг харагддаг. Бэлтгэлийн үр шим үү, эсвэл авьяас уу?

-Байгалиас заяасан өгөгдөл юм болов уу даа. Жаахан хүү байхаасаа л сум орон нутгийн наадамд барилддаг, бөх барилдаж цол авч байна гэж зүүдэлдэг байлаа. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж энэ замыг л сонгосон.

-Допингийн асуудал монгол бөхийг бараантуулах боллоо. Таны хувьд ямар байр суурьтай байх юм?

-Дүрэм журам нь алдаатай, сул байна. Сул байгаа учраас хүмүүс допинг хэрэглэж барилдаад бөхчүүдийн эрх ашгийг хохироож байна. Өнөөгийн нийгэмд шударга зүйл байхаа больсныг л харуулаад байна л даа. Энэ олон жил тээж ирсэн их өв соёлыг допинг л мөхөөнө. Бөхчүүд дунд допингийн хэрэглээ дийлдэхээ больчихвол цаашид хэний үр хүүхэд, хэний үр удам монгол бөхийг тээж явах юм бэ. Допинг хэрэглэж байгаа улсаас бөх барилдах чадамжтай хүүхэд төрөхгүй шүү дээ. Аав барилддаг бол хүү нь зодог өмсдөг энэ ёс уламжлал байхгүй болно гэсэн үг. Холбогдох байгууллагууд дүрэм журам яриад өнгөрөх биш хатуу арга хэмжээ авч ажилламаар байна.

-Чөлөөт бөх, хүндийг өргөлт, таэквондогийн тамирчид допингийн асуудалд холбогдоход тухайн спортын холбоод нь хариуцлага тооцоод явдаг. Үндэсний бөхийн тухайд баяр наадам зохион байгуулах комисс, Ерөнхийлөгчийн тамгын газар гээд төрийн оролцоотой байна. Эрх мэдэлтэй улсын нөлөө допингтой орооцолдсоноор асуудал сунжирч байна гэж үзэх хүмүүс байна лээ. Та ямар байр суурьтай байна вэ?

-Асуудал байгаа болоод л хөдөлж ядаад байна. Хууль дүрэм гэдэг чинь ядарсан улсад л чанга үйлчилдэг болж. Эрх мэдэлтэй, нэр нөлөөтэй хүмүүсийн ах дүү, төрөл төрөгсдөд хууль үйлчилдэггүй шүү дээ. Допингийн жишээн дээр ч харагдаж л байна. Шударга ёс л үгүйлэгдэж байна л даа. Допингийн асуудлыг шийдэх гээд чадахгүй байгаа цөөхөн дарга нарын балгаар монгол бөхөөр барилддаг олон мянган эрчүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Нэг допинг хэрэглэчихсэн нөхөр гарч ирж самарч хаяад л. Ард нь хөлс хүчээ зарцуулж барилдаж байгаа олон залуус хохирч байгаа юм. Бөх хүн амьдралаа золиослоод энэ замыг сонгодог. Амжилт үзүүлж байж л өөдтэй амьдарна. Допинг хэрэглэчихсэн нөхөр барилдаад байхад яаж ч амжилт үзүүлэх билээ. Яаж ар гэрээ авч явах билээ. Намайг чинь цахим орчинд допинг хэрэглэсэн гээд л бичдэг байлаа. Эхэндээ ч хүнд л тусдаг байсан. Одоо ч тоохоо больж дээ. Надад аав ээжээс минь заяасан бяр хүч байна, авьяас байна. Допинг хэрэглэсэн нөхөр шиг наадмаар гялалзаад л алга болохгүй, заалны барилдаан алгасалгүй барилдах байгалиас заяасан чадал надад байгаа. Миний хувьд баяр наадмын бус үед хоёр удаагийн допингийн шинжилгээнд хамрагдаж байсан, цэвэр гарсан. Допинг хэрэглэсэн нөхөр бол баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээний сургаар л усанд хаясан чулуу шиг алга болдог. Хулгай хийсэн хүн өөрөө цагдаа дээр очдоггүйтэй яг адилхан.

Намайг допингийн шинжилгээний хариугаа аргалуулчихлаа ч гэх улстай таарч байлаа. Хэдэн төгрөгөөр аргалуулдаг юм. Надад тийм хэмжээний мөнгө ч байхгүй. Би эгэл жирийн малчин удмын хүүхэд шүү дээ. Бөхийн буянд дутагдах зүйлгүй сайхан амьдарч л байна.

-Захын сумын заан цолтой бөх л допингийн шинжилгээнд бүдэрч байна. Ер нь допинг хэрэглэсэн хүнтэй барилдахад мэдрэгдэх үү?

-Хэр баргийн хүнд бярдуулж унадаггүй болохоор сайн мэдэхгүй юм. Допинг хэрэглэсэн хүн огт ядардаггүй, машин техник шиг л болчихдог юм гэнэ. Надаар хэлүүлэлтгүй хэн ямар допинг хэрэглэж яаж барилдаад байгааг ард түмэн сайн мэдэж байгаа.

-Удахгүй сар шинийн барилдаан болно. Таны хувьд энэ барилдааны өнгийг яаж харж байна?

-Миний хувьд бэлтгэл жигдэрсэн сайн байгаа. Сайн барилдана аа.

-Наадмын түрүү танд хэр ойрхон санагдаж байх юм?

-Би улсын наадамд түрүүлнэ, үндэсний бөхийн оргил цол дархан аварга болно л гэж бэлтгэлээ базаадаг. Өөрийгөө ч дайчилдаг. Тунаж барилддаг даваануудаа гэтэлчихвэл түрүүлнэ л гэж боддог юм.