Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: Хуулийнхан шахалт, дарамтгүй үнэн зөв шийдвэр гаргахад нь монголчууд нэмэр болоосой

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.


-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгсөн. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаад хууль эрх зүйн хувьд ойлгомжгүй, мухардмал байдал үүссэн гэлээ. Тиймээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон 6.9.1 дэх заалт, 2010 онд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хасагдсан 6.9.2 дахь заалтуудыг эргэж сэргээх төслөө УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Энэ процессууд ямар шатандаа яваа бол. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж амжих уу?

-Д.Гантулга гишүүн түдгэлзэх өргөдлөө өгсөн талаар би хангалттай тайлбараа хэлсэн. Нийгмийн зүгээс янз бүрийн тайлбар хэлж байгаа. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг гишүүнээ хамгаалаад үлдэхээр шийдлээ, УИХ-аар шууд хэлэлцээд шийдчих зүйлийг хийхгүй, УИХ арчаагүй байна гэх мэтчилэн ярьж, бичиж байгаа харагдсан. Аливаа асуудал хуулийн хүрээнд л явах ёстой. Д.Гантулга гишүүнтэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг бид хангалттай тайлбарласан. Прокуророос түүнийг түдгэлзүүлэхээр ирүүлсэн албан бичгийн үндэслэл нь өнөөдөр хүчингүй болчихсон хуулийн заалт байсан. Тиймээс бид хуулийн зөв гаргалгаа гаргаж байж энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Хүчингүй болсон хуулийн заалт дээр үндэслээд Их хурал асуудлыг шийдээд ямар нэгэн шийдвэр гаргачихвал УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн болж таарна. Тэр утгаараа асуудлыг яаралтай шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хуулийн төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн.

Засгийн газар ирэх даваа гаригт хуралдаад УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр саналаа ирүүлнэ гэсэн. Ингээд хуулийн асуудал шийдэгдчихвэл цаашаа асуудал нь өөрөө явчих байх. Түүнээс биш нийгэмд цацагдаад байгаа шиг бид хоорондоо үгсэн тохироод хууль зөрчсөн хүнийг хамгаалаад байгаа юм биш. Тийм зүйл огт байхгүй. УИХ дахь МАН-ын бүлэг бүх асуудал хуулийн хүрээнд явах ёстой гэж үзэж байгаа.

-Танай намын бүлэг Д.Гантулга гишүүнээ явуулах уу, авч үлдэх үү гэж огт яриагүй юм уу?

-Бүлгийн хуралдаанаар Д.Гантулга гишүүнийг авч үлдэх үү, явуулах уу гэдэг асуудлыг огт яриагүй. Нэгдүгээрт, энэ асуудал нь өөрөө хуулийн хүрээнд шалгагдаж байна. Хоёрдугаарт, Д.Гантулга гишүүнийг хууль зөрчсөн гээд тогтоосон хуулийн байгууллагын шийдвэр алга. Манай бүлгийн хуульчид ч гэсэн хуулийн дагуу асуудлаа шийдээд явах ёстой гэж үзэж байгаа.

-Их хурал энэ мэтчилэн асуудлуудаа шийдээд явахгүй бол Монгол төрийн нэр хүнд уналаа, ёс зүй алга боллоо гэж сөрөг хүчин шүүмжилж байна. 65 суудалтай МАн Монголын төрийг цэвэршүүлэхэд хамгийн голлох үүрэгтэй шүү гээд байгаа л даа. Танай бүлэг ёс зүйгүй зүйлсийг хамгаалаад байгаа юм уу…?

-Улс төр хийж байгаа шүү дээ. Дахин хэлье. Ямар ч асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой. Түүнээс Монгол төрийн нэр хүнд унаж байна гээд хууль зөрчин шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Монгол төрийн нэр хүнд унаж байна гэвэл ганц Д.Гантулга гишүүнээс болоод уначихаад байгаа юм биш. Харин бид өөрсдөө Монгол төрийн нэр хүндийг унагаж байгаа юу, өргөж байгаа юу гэдгээ гишүүд бүгдээрээ дор бүрнээ бодох ёстой асуудал. Аль ч намын бүлэг энэ асуудал дээр анхааралтай хандах цаг болсон. Түүнээс улс төрийн хов маягаар, ард түмнээс “коко” авахын тулд ярьж болохгүй. Бидний ажил яаж явж байгаа вэ гэдгийг хаана хаанаа ухаарч ажиллах ёстой.

-Сүүлийн үед улстөрчдийг тойрсон баривчилгаа их явж байна. Монголын төрд олон жил ажилласан С.Баярцогтыг баривчилсан бол уржигдар С.Баяр, Ч.Сайханбилэг гээд Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээ АТГ”Оюу толгой”-н гэрээтэй холбоотойгоор хорьчихлоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Оюу толгой, Дубайн гэрээ, Эрдэнэтийг тойрсон асуудлууд улс төр, нийгмийг бүхэлд нь талцуулж байна. Үүнийг шийдэх талаасаа явж байгаа юм байна гэж би ойлгоод байгаа.

-Шийдэх гэдэг нь…

-Хэн нь хууль зөрчсөн юм, хэн нь хууль зөрчөөгүй вэ, үнэхээр авлига авсан уу, үгүй юу гэдгийг аль нэг талд нь гаргаж хуулийн байгууллагууд шийднэ гэж харж байна. Хууль хяналтынхан энэ хүмүүсийн үнэн мөнийг нь тогтоогоод ард түмэнд хэлчих юм бол зөв голдиролдоо ороод явчих байх. Нөгөө талаасаа Оюу толгойн гэрээтэй холбогдуулан харж байхад цаашид Монгол Улс ийм хэмжээний олон улсын том гэрээг хийх үү гэдэгт эргэлзээ төрж байна л даа. Оюу толгойн гэрээ хийгдсэнээр Монгол Улсын эдийн засаг гурав дахин томорсон байдаг. Ний нуугүй хэлэхэд ийм хэмжээний том төсөл, гэрээ хэлцлийг байгуулах хүн дахин Монголын төрд ойрын үед гарах болов уу хэмээн хувь хүн талаасаа бодож сууна.

Гэрээ хийсэн хүмүүс үнэхээр хууль зөрчөөд Монгол Улсад үлэмж хэмжээний хохирол учруулахаар зүйл хийсэн бол яалтай билээ. Хуулийнхан маань энэ хүмүүс хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг шударга шүүгээд гаргаж ирэх байх гэж найдаж байна. Өөрөөр надад бодох юм алга.

-Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдэг байх аа. Хуучин таван Ерөнхий сайдаа Орост буудуулсан гэдэг бол одоо өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээ АТг намнадаг болж гэх юм?

-С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэгтэй холбоотойгоор нийгэмд олон янзын байр суурь байгаа байх. Нэг хэсэг нь “Зөв зүйтэй зүйл боллоо. Хулгайч, оффшорчдыг бариад авлаа” гэсэн зүйлийг сошиалаар бичиж байна. Нөгөө хэсэг нь “Оюу толгойн гэрээг хийж эдийн засагтаа их нэмэр болсон хүмүүстээ Монголын төр хатуу хандаж байна” гэж байгааг уншсан. Таны хэлсэнчлэн Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу ч гэдэг юм уу иймэрхүү зүйлсийг их ярьж байна. Үүний эцсийн хариуг хуулийнхан өгнө. Үнэхээр шударга ёс гэж байдаг бол хуулийнхан маань тэр зарчмаараа энэ асуудалд хандаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа юм. АН, МАН нь хамаагүй Монголын төрд хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэсэн хүмүүсээ би төрийн ажлын төлөө зүтгэж явсан хүмүүс гэж хардаг. Энэ миний улстөрчийн болоод хувь хүний байр суурь. Монголчууд маань ямар ч асуудалд тэвчээртэй байж, асуудлыг мушгиж савлуулалгүй, хуулийнханд өөрсдийн хийх ёстой ажлаа ямар нэгэн шахалт, дарамтгүй хийн үнэн зөв бодитой шийдвэр гаргахад нь нэмэр болоосой гэж бодож байна даа. Улс төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс энэ их баривчилгаатай холбоотойгоор олон зүйлийг бодож байгаа байх. Ялангуяа мөнгө санхүү, өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргадаг эрх бүхий хүмүүс энэ бүгдийг хараад нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа болов уу. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийддэг хүмүүс туйлын хянамгай байх ёстой. Яагаад үүнийг хэлэх болов гэхээр би их, бага гэлтгүй санхүүгийн албыг хашиж явсан хүн. Дархан-Уул аймгийн Санхүүгийн хэлтсийн даргаар найман жил, Засаг даргаар найман жил гээд нийт 16 жил хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг албан тушаалд ажиллаж байсан. Тэр үед санхүүгийн хяналт, аудит ороход би дуртай байсан. Учир нь шалгалт хийгээд алдаа оноог нь гаргаад засч залруулаад явсны дараа нь сэтгэл амардаг. Хийж байсан ажилд алдаа байсан бол үүнийгээ засах боломж олгодог нь эцэстээ хэрэгтэй байдаг. Тиймээс аудит, сан-хүүгийн хяналт шалгалтад бүх зүйлээ үнэн зөвөөр үзүүлж байх нь хожмын өдөр хэрэг болдог.

-Энэ их баривчилгаанаас болоод төрийн өндөр албанд очихоос хүртэл халширмаар болж байгаа болов уу?

-Төрийн албаны дунд, доод шатанд ажиллаж буй төрийн албан хаагчид амаргүй болсон. Хэцүү болсон. Нам, засаг солигдоход халаа сэлгээ болдог. Төрийн албан хаагчдын халаа сэлгээ хэрээс хэтэрсэн. Тиймээс хуулийн хүрээнд ажиллах боломж хомс болоод байна. Өнөөдөр төрийн албан хаагчид даргын заавраар ажиллаж байна шүү дээ. Энэ нь хууль зөрчих нэг үндэслэл болж байгаа гэж боддог. Өөрөөр хэлбэл улс төрийн тогтворгүй байдал чинь төрийн албан хаагчдыг ийм зам руу түлхэж байна.

Төр ингэж тогтворгүй байгаа үед дунд, доод шатан дахь авлига, хээл хахууль газар авсан гэдгийг иргэд хэлдэг. Учир нь төр хүчгүй болох тусам эрх мэдэлтэй болох гэсэн, эрх мэдлээ ашиглах гэсэн хүмүүсийн тоо эрс нэмэгддэг. Бүх шатандаа сахилга, хариуцлага алдагдаад ирэхээр намайг хэн хэлэхэв, нохойг хэн тоохов гэдэг байдлаар асуудалд хандаж, хяналт сулардаг. Монголын төр цаашид энэ тал дээр анхаарах цаг болсон.

Үнэндээ төрийн өндөр дээд албан тушаал хашихад халширмаар байна. Үнэхээр халширмаар байна. Энэ улсыг хөгжүүлэхийн тулд төрийн өндөр дээд албанд ажиллаж байгаа хүмүүс шийдвэр гаргах ёстой байдаг. Уг шийдвэрийг гаргахад тун хүнд болсон. Том төслүүдэд дандаа улс төр орсон. Хичнээн сайхан гэрээ хэлцэл байгаад нэмэргүй. М.Энхболдын Засгийн газрын үед хийсэн Оюу толгойн гэрээ улс төрөөс болоод унасан. Одоогийн гэрээтэй харьцуулахад маш сайн гэрээ байсан байдаг. Гэтэл дараагийн гэрээ дордсон. Гэхдээ энэ том төслийг хөдөлгөхөд маш их эр зориг гаргасан. Тэгж байж явсан. Гэрээний сайн муугийн талаар ярих асуудал их байгаа. Цаашид төрийн өндөр албанд очоод ийм гэрээ хэлцэл хийгээд тийм том шийдвэр гаргаад явъя гэхэд хүнд хэцүү л болж байгаа. Ямар ч асуудалд туйлын үнэн, туйлын зөв, туйлын буруу ч гэж байхгүй. Шийдвэрийг олонхын саналаар дэмжиж гаргадаг. Тодорхой хугацааны дараа үр дүн гардаг. Түүнээс Оюу толгойн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурснаар маргааш шууд үр дүн гарах тухай ойлголт байхгүй. Улс орны хэмжээнд яригдах том төслүүдийг дагасан хэрүүл тэмцэл, улс төр, эдийн засгийн бүлэглэл хоорондын маргаан, улстөрчид, нам эвслүүдийн маргаанаас эхлээд хэцүү зүйлс бий.

Өнөөдөр өрнөж буй энэ бүх процессийг харж байхад 2020 он хүртэл Таван толгойн төсөл хөдлөхгүй юм байна даа гэсэн гунигтай бодолтой сууна.

-Ямар учраас…?

-Оюу толгойг тойрсон энэ бүхнийг харахад ийм бодол төрж байна. Гайгүй ажиллаж байгаа хувийн компани ч хулгайч луйварчдаараа дуудуулж байгаа. Хувийн хэвшлийнхэн хийх гэхээр болдоггүй, төрийн хүмүүс хийчих гэхээр дараа нь шоронд орчих гээд болдоггүй. Тэгэхээр энэ улсын ажлыг хэн авч явах вэ гэдэг үнэхээр асуудалтай байна шүү.

Шударга үнэн байх ёстой гэдэг зарчим бий. Бүх зүйл дээр 65 гишүүн, Засгийн газрын 16 гишүүн 100 хувийн саналаар дэмждэг төсөл хөтөлбөр гэж байхгүй.

-Юу ч хийхгүй байх нь илүү амар болох нь ээ…?

-Арчаагүй хүнийг шүүмжлэл тоодоггүй гэж миний хэлэх дуртай үг байдаг. Шийдвэр гаргадаггүй ажил хийдэггүй хүнийг яаж шүүмжлэл тоох юм бэ. Цаашлаад “Чи ажил хийхгүй байна” гэнэ биз. Тэглээ гээд эцэст нь тэр хүнд ирэх хохирол нь бага байхгүй юу.

-Өнөөдөр хэрвээ Оюу толгойн гэрээг хийгээгүй бол гэж бодож үзсэн үү, та?

-Хэрэв энэ гэрээ хийгдээгүй бол 2008 оноос хойш Монголын эдийн засаг 2-3 дахин тэлэхгүй байсан. Юу үнэн тэр үнэн. Ингээд ярихаар намайг Оюу толгойг улаан хамгаалдаг нөхөр, Оюу толгойгоос мөнгө авсан гээд хэлэх байх л даа. Би ийм том олон улсын гэрээ хэлцэлд орж байгаагүй болохоор энэ талаарх ойлголт тийм ч арвин биш. Гэхдээ хөрөнгө оруулалтын энэ гэрээг дэмжсэн гишүүний нэг нь би. Монголын хөгжлийн нэн шинэ үеийн түүхэнд дэлхийн хэмжээний том хөрөнгөтнүүдтэй энэ том гэрээг Монгол Улс бие даан хийсэн анхны тохиолдол нь Оюу толгойн гэрээ. Тэр дундаа хэдэн сайд нар бий. Дэлхийн олон оронтой гэрээ хэлцэл хийгээд сурчихсан энэ том компанитай гэрээ хэлцэл хийнэ гэдэг амаргүй ажил байсан. Манайхан туршлага, мэдлэг дутсан байж болно. Гэхдээ хийж чадсан. Гэрээг УИХын Байнгын хороод, Их хурлаар бүгдээрээ хэлэлцээд дэмжсэн. Тэр үед үнэхээр энэ гэрээ эргэлзээтэй, болохгүй байсан бол Их хурлын гишүүдийн дийлэнх нь дэмжихгүй байсан байх. Тэр үед Оюу толгойн гэрээг Их хурлаар дэмжихэд “Гишүүд тус бүртээ нэг сая ам.доллар авсан” гэдэг яриа ч гарч байсан.

Энэ мэтчилэнгээр уг гэрээ эхнээсээ л маш хүнд нөхцөлд явж ирсэн л дээ. Гэхдээ энэ гэрээг УИХ шийдвэрлэж чадсан нь Монгол Улс бие даасан, тусгаар улс болсон цагаасаа хойш бие дааж хийсэн дэлхийн хэмжээний эдийн засгийн том төсөл байсныг дахин хэлье. Засч залруулаад явах үүрэг нь дараа дараагийн Их хуралд байсан. Тиймээс уг асуудлыг олон талаас нь бодох ёстой.

-Та УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Их хуралд өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Уг хуулийн төслийг хэзээ хэлэлцэж эхлэх вэ. Их хурлын гишүүдийг хариуцлагатай болгох том алхам гээд байгаа?

УИХын дэгийн тухай хуулийг хэлэлцэх асуудал хаврын чуулганы жагсаалтад орсон. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ажлын хэсэг гараад Дэгийн хуулийн төслийг өөрчлөх асуудал яригдаад явж байгаа. Д.Лүндээжанцан даргатай саналаа солилцсон. УИХ-ын Дэгийн тухай хуулийг бүхэлд нь янзлах нь зөв. Таны саналыг хуульд тусгаад явна гэсэн байр суурьтай байгаа юм билээ. УИХын Дэгийн тухай хуулийг энэ удаагийн хаврын чуулганаар батална.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: МАН гэмт хэрэгт холбогдсон хүнээ хамгаалах биш, хариуцлага тооцоод явуул

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх өргөдлөө М.Энхболд даргад өгсөн гээд байгаа. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан боловч Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор хуулийн мухардалд орсон гэх юм. Хуулийн мухардалд орно гэдэг ойлголт байдаг юм уу?

-Харин тийм зүйл л яриад байх юм. УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал хөндөгдөж, яригдаж байгаа энэ үед хуулийн мухардалд орно гэдэг зүйл байхгүй. д.Гантулга гишүүний өргөдлийг шахаж шаардаж өгүүлээгүй. Яахав ээ, Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор хуулийн хүрээнд мухардлаа, гацлаа гээд МАН-ын гишүүд яриад байгаа. Гантулга гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгсөн тохиолдолд явуулах л ёстой.

Монголын төр ингэж асуудлаа шийдэхгүй бол хууль мухардсан нэрийн доор монгол төрийн нэр хүнд улам унаж байна. Хууль тогтоох байгууллагын гишүүд мөн л юм бол төрийн нэр хүндийг өргөх алхам хийх хэрэгтэй. УИХ-ын гишүүдтэй холбоотой янз бүрийн яриа гардаг. Ялангуяа Их хурлын гишүүдийн ирцтэй холбоотой асуудал сошиал хүрээнд газар авч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Их хурал ирцээ бүрдүүлэх тал дээр шаардаж байгаа. Их хурлын гишүүд нийгэмд үүссэн бухимдлыг арилгахын тулд ажиллах ёстой л доо. Тухайлбал, манай нам дээр гэхэд Б.Наранхүү гишүүнтэй холбоотой ирцийн асуудал яригддаг байсан. Хаврын чуулган эхэлснээс хойш Б.Наранхүү гишүүн бүлгийнхээ гишүүдтэй уулзаж “Ирцийн асуудлаас болж намынхаа нэр хүндийн асуудлыг яриулж байгаа болохоор би хариуцлагатай байна” гэдгээ хэлсэн.

УИХ-ын гишүүд өөрсдийнхөө ёс зүйтэй холбоотой асуудалд өөрсдийгөө үнэлээд, алдаа дутагдал байгаа бол үүнийгээ зөв засаад явах хэрэгтэй. Тиймээс монгол төрийн нэр хүндийг унагаж буй гэмт хэрэгт холбогдсон хүнээ МАН хамгаалахгүй, хариуцлага тооцоод явуулах шаардлагатай гэдгийг хатуу анхааруулж хэлье.

-МАН-ын гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлээд байгаагаар гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хуулийн заалт байхгүй. Харин гишүүнээсээ бүрэн чөлөөлөгдөх заалт бий. Д.Гантулга гишүүний хувьд түдгэлзэх өргөдлөө өгсөн гээд байх юм. Ерөнхийдөө бол түдгэлзэх хуулийн заалт байхгүй гэдэг утгаараа МАН-ынхан гишүүнээ авч үлдэх гэж байна гэсэн хардлага бий…

-Хуулиар зохицуулаагүй бол зөвшөөрсөн гэдэг агуулгыг илэрхийлдэг. Нэгэнт түдгэлзэх тухай асуудал байхгүй бол түдгэлзэх хүсэлтээ гаргасан хүнийг шийдээд явах боломжтой. Гэмт хэрэгт холбогдсон асуудал нь үнэхээр олны анхаарлыг татсан том сэдэв учраас д.Гантулга түдгэлзэх өргөдлөө өгөх биш, УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө шинээр гаргаж өгөөд асуудлаа хурдан шийдсэн нь дээр. Гантулга гишүүн түдгэлзэх өргөдөл гаргасан бол татгалзах өргөдөл гаргах боломжтой.

-Хуулиндаа УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх заалт байхгүй гэдгийг мэдчихээд Д.Гантулга гишүүн тэр цоорхойг ашиглан зориудаар түдгэлзэх өргөдөл өгсөн байж болох уу. Одоо бол түдгэлзэх өргөдлөө өгчихсөн чинь гэнэт хуулинд түдгэлзэх заалт алга гээд байна л даа?

-Мэдээж хуульчид нь тэгж зөвлөсөн байж таараа. Гэхдээ ийм байдлаар өдөр хоног авах гэсэн аргацаасан амь тариа хэрэглэж болохгүй ээ. Үнэхээр явуургүй харагдаж байгаа. Ард түмэн хүссэн хүсээгүй гэмт хэрэгтэй холбоотой энэ асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх шаардлага тавина. Тэр үед Их хурлын гишүүд ард түмнийхээ асуултад бүдэрнэ. Хугацаа алдах тусам энэ бүхэн улам даамжирна. Тиймээс Их хурал тэр дундаа МАН-ын бүлгийн гишүүд яаралтай арга хэмжээ авах ёстой.

Д.Гантулга гишүүнээсээ татгалзвал энэ асуудал илүү хурдан шийдэгдэх боломжтой.

-Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзлаа гэхэд тойрогт нь нөхөн сонгууль явж таарна. Тэр үед МАХН-ын дарга Н.Энхбаяр гарчихна гэдэг болгоомжлол эрх баригчдад байгаа юм биш үү?

-Намбарын Энхбаяр Хэнтийгээс гарч ирнэ гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүх ялна гэдэг итгэл үнэмшил надад үнэндээ байхгүй байгаа гэдгийг хэлчихье.

Улс төрийн томоохон хүчний хувьд Ардчилсан нам энэ тойрог дээр анхаарал хандуулж ажиллана. Нэр дэвшигчээ ялуулахын тулд бид бүх хүчээ дайчилна.

-Яагаад У.Хүрэлсүх ялна гэдэг итгэл үнэмшил байхгүй гэж. Эрх барьж буй намын дарга, Ерөнхий сайд хүн. Бярдаад ч болтугай зүтгэх юм биш үү?

-Хэд хэдэн чухал асуудал нөлөөлж байна. 2012-2016 оны хооронд Ардчилсан нам засаглаж байхдаа Засгийн газраа унагааж байсан. Хоорондоо толхилцож, эв нэгдэлгүй явсан. Лидерүүдээ дагасан бүлэглэлүүд бий болсноор ард түмэн “Та нар энэ асуудлуудаа шийдээд ир” гээд биднийг цөөнх болгосон. Яг энэ алдааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН хийлээ. У.Хүрэлсүхийн удирдлагаар Засгийн газраа огцруулсан.

Хоёрдугаарт, МАН өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 3.2 тэрбум ам.долларын зээл авчихаад ганц барилга, нэг км зам ч тавьсангүй. Үүнийг ард түмэн хараад сууж байна. 2016 оны Их хурлын сонгуулиар МАН-ынхан “Ардчилсан намынхан 1.9 тэрбум ам.долларын өр тавьсан” гэж суртал ухуулга явуулсаар байгаад Ардчилсан намыг унагасан. Гэтэл өөрсдөө Ардчилсан намынхны авч байснаас 1.3 тэрбум ам.доллар илүү зээлчихээд юу ч хийсэнгүй. Ардчилсан намынхан 1.9 тэрбум ам.доллараар ямар их бүтээн байгуулалт хийснийг ард түмэн мэдэж байгаа. МАН ийм том том алдаануудыг гаргасан.

У.Хүрэлсүх шударга ёсыг бий болгоно гэж лоозогнож гарч ирсэн. Харамсалтай нь гарч ирснээсээ хойш ганц ч юм хийсэнгүй. Өөрөөр хэлбэл төрийн албыг зарж борлуулдаг 60 тэрбумын асуудал, Эрдэнэтийн 49, 51 хувь, хууль хүчний байгууллагуудын бусармаг үйл ажиллагааг цэгцэнд нь оруулна гэдэг амлалтын цуурай нь ч арилаагүй байна. Даанч энэ хүн юу ч хийсэнгүй дээ. Тиймээс МАН ялна гэдэг итгэл үнэмшил надад огт алга.

-Монгол төрийн нэр хүнд өдрөөс өдөрт унаж байна. Үүнийгээ мэдсээр байж асуудалд нэр холбогдсон хүмүүсээ нэг талд нь гаргаад шийдэж чадахгүй байгаа нь улам л Их хурлын нэр хүндийг унагах байх даа…

-Хүссэн хүсээгүй хэвлэл мэдээлэл, сошиал орчин Их хурлын гишүүдийг хариуцлагатай байлгах, гишгэсэн мөр бүрээ эргэж харах, ард түмний төлөө ажиллах тэр алхам руу шахаж байгаа. Тийм ч учраас зарим Их хурлын гишүүд дутагдлаа зөв болгоод явж байна.

Монголын хувь заяа их. Ард түмэн шударга төр, эв нэгдэл, эдийн засгийн үр өгөөжтэй шийдлүүдийг хүсч байна шүү дээ. Ард түмний хүсээд буй хүлээлтийг хангасан Их хурал байгаасай. Цаашдаа глобалчлагдсан энэ ертөнцөд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадна гэж харж байгаа.

-Д.Гантулга гишүүнтэй холбоотой энэ асуудал холбогдох хуулийн заалтгүй гэдэг утгаараа гацчих болов уу. Эсвэл нэг талдаа гараад л шийдэгдэнэ гэдэг итгэл үнэмшилтэй байна уу?

-Д.Гантулга гишүүнтэй холбоотой уг асуудал дээр Ардчилсан нам тодорхой байр сууриа илэрхийлсэн. Бүлэг Д.Гантулга гишүүний асуудлыг Их хурлаар заавал хэлэлцүүлэх ёстой. Тэр нь хуулийн хүрээнд байна уу, үгүй юу тэр нь чухал биш. Хүмүүсийн хүлээгээд буй гэмт хэрэгтэй холбоотой асуудлын хариултыг гаргаж өгөх ёстой гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл Ардчилсан намын бүлэг ард түмэнтэйгээ байр суурь нэг байгаа гэж ойлгож болно.

-Ардчилсан намын бүлэг хуралдаад Эрдэнэс Таван толгойн хувьцааг нээлттэй болгох хуулийн төслийг өргөн барих гэж байгаа тухай асуудлаар хэлэлцсэн байна лээ. Гол агуулга нь юунд чиглэж байгаа бол?

-Эрдэнэс Таван толгой Монголын том үүц. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тодорхой хугацаанд унаснаас болоод хэсэг хугацаанд алдагдалтай ажилласан. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн. Түүнчлэн борлуулалтын хэмжээ ч нэмэгдсэн. Тиймээс Чалкогийн өрийг бүрэн төлж дууссан.

Эрдэнэс Таван толгой өсөлттэй байгаа энэ үед бид хувьцааг нээлттэй болгох хэрэгтэй. Уналтын үед нээлттэй болгоод үр дүн байдаггүй. Өсөлттэй үед нь нээлттэй хувьцаа гаргаад иргэд 100 мянган төгрөгийн ногдол ашиг авлаа гэж бодоход ирэх жил уналттай байгаад ногдол ашиг авч чадахгүй тохиолдолд “Яагаад миний ногдол ашиг багасчихав” гээд хяналтаа тавьж ажиллана. Нэг үгээр хэлбэл иргэдийн хяналт сайжирна. Тиймээс өсөлттэй байгаа энэ үед нь Эрдэнэс Таван толгойн хувьцааг нээлттэй болгох ажлыг яаралтай хийх ёстой. Ерөнхийлөгчийн санаачилгаар уг хуулийн төслийг Ардчилсан нам хамтран өргөн барьж байгаа.

-Өсөлттэй үед нь шийдвэрээ гаргах болов уу. Манайхан ниргэсэн хойно нь хашхирсаар байгаад одоо бүр эргэлзээ бий болчихож?

-1072 хувьцаа олгох шийдвэр аль эрт гарсан. Ногдол ашгаа өгөх шийдвэрийг маш яаралтай Засгийн газар гаргаж чадвал МАН-ын хувьд асар том амжилт болохоор байна. Ерөнхийлөгчөөс гарсан энэ санаачилгыг Их хурал дээр авч гарахын тулд манай намын бүлэг бүх хүчээ дайчилж ажиллана.

-Эрх баригчид зөв зүйтэй санал санаачилга, хуулийн төсөл байна гэж байгаад ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлвэл яах вэ?

-65 гишүүн шийдэж байна гэдэг бол эрх баригчид шийдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид санаачилж байгаа боловч шийдэж байгаа нь МАН-ынхан. Тэд 65 кнопоороо энэ асуудлыг шийднэ. Хэрэв уг хуулийн төслийг дэмжилгүй унагана гэвэл МАН-ын 65 гишүүн ард түмнийхээ эсрэг ажиллаж байна гэсэн үг. Уг хуулийн төслийг дэмжсэнээрээ МАН ард түмний дунд шалан дээр унасан намын нэр хүндээ сэргээх нэг том боломж. Энэ боломжоо ашиглах хэрэгтэй.


Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхэлдэйн киног экспортолъё

Чингис хаан бүрэн хэмжээний анимэйшн зурган илэрцүүдХоёр их гүрний дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг байгаа манай орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц салбар бол хүүхэлдэйн кино юм. Хүүхэд төрж байгаа цагт хүүхэлдэйн кино мөнхийн эрэлттэй байж таарна. Компьютерийн хэрэглээ, сэтгэх чадвараараа эрс ялгардаг гэж өөрсдийгөө омойтон хөөргөх дуртай бидний хувьд хүүхэлдэйн киноны үндэсний контентыг “Боролдойн цаг”-аар төсөөлдөг байлаа. 20-30 настнуудын сэтгэлд томоохон орон зай үлдээсэн “Боролдойн цаг”аа шинэ шатанд гаргаж экспорт хийж, эдийн засгийг солонгоруулах нэг цацраг болгох боломж бий. Хэдийгээр Монгол Улсын хүүхэлдэйн киноны салбарт дэвшил бус уналт үргэлжилсэн 28 жил үргэлжилж байгаа ч үүнд цэг тавьцгааж, шинэ салбараа дэмжье. Хүүхэлдэйн кино олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил гэдгийг бид мэднэ. Энэ бүхнийг эдийн засгаар тооцвол шинэ контентуудыг хийж хэд нугалсан ашиг олж болохоор. Бидний үр хүүхдүүд “Walt Dis­ney” компанийн хүүхэлдэйн киног бүлтийтэл үзэж байна. Олон улсын жишигт нийцсэн хүүхэлдэйн кино хийчихсэн байхад бидэнд төмөр зам, далайд гарцгүй байх нь чухал биш. Хүүхэлдэйн кино дэлхий нийтийн хэл. Энэ хэлээр дэлхийн дээр нэг тэрбум гаруй хүүхэд хүмүүжиж байна гээд бод. Ийм орон зайд нэг алхам хийвэл яасан юм бэ.

Монголын хүүхэлдэйн киноны салбарт хүч үзэж явсан хүмүүс нийгмийн ороо бусгаа байдлаас болж амьдрахын эрхээр ганзага үүрэх нь үүрч өөрсдийн зам мөрийг хөөснөөр энэ орон зайд импортын хүүхэлдэйн кинонууд мандаж байна. Ядаж л “Маша Миша” шиг хүүхэлдэйн кино хийчих хэмжээний авьяас манай залууст бий. Зурагтын дэлгэцээр нэг өвгөн өмнөө хэдэн хүүхэд суулгаж байгаад өнөө л эрт урьдын цагт гэсээр номын хуудасны зураг эргүүлэх маягтай ярьж суудаг. 21 дүгээр зууны хүүхдүүд үндэсний контентоор үнэндээ цангаж байна шүү дээ. Биднийг үлгэр ярьсаар суутал дэлхийн хүүхэлдэйн киноны хөгжил бүр цаашаа шинэ тэсрэлтийн шат руугаа дөхөж байна гэх юм.

Бид чадахгүй гэвэл чадахгүй чигээрээ үлгэрээ ярьсаар дуусна. Монголчууд зэс, нүүрсээ урд хөрш үсрээд цаашаа Япон руу экспортолно. Бидний бизнес энэ хүрээд зогсож байгааг анзаарч байгаа биз. АНУ, Япон, БНСУ, БНХАУ хүүхэлдэйн киноны шинэ дэвшлийг дэлхийд гаргаж тэрбум гаруй хүүхдийг бүлтийтэл нь зурагтных нь өмнө уяж чадаж байна.

Тэгвэл дэлхийд алдартай “Walt Disney” компаний формат чанарт бүрэн нийцсэн “Чингис хаан” хэмээх анимэйшнийг “Ocean Pictures” студийнхэн долоон жилийн хөдөлмөрөө зарцуулан бүтээжээ. Трейлер нь зурагтаар цацагдангуут хүүхдүүдийн түүнд шимтэн дурлаж байгааг анзаарсан биз дээ. Кино уран бүтээлчдийн зүгээс “Чингис хааныхаа жинхэнэ түүхээр бичиж найруулсан анхны уран бүтээл” гэж үүнийгээ тайлбарлаж байна лээ. Кино багийнхан өнгөрөгч сарын 31нд кино театруудаар албан ёсоор гаргаад эхэлжээ. Анимейшн бүтээгчид “Монголын нууц товчоо”нд гардаг бүхий л газраар нь очиж хоёр жилийн хугацаанд судалгаа хийсний дүнд дэлхийд өрсөлдөх бүрэн хэмжээний “Чингис хаан”аа өлгийдөн авчээ. Нэг үгээр хэлбэл “Чингисийн удам” гээж өвчүүгээ дэлдэх дуртай бидний хувьд үр хүүхэддээ “Чингис хаан”ыхаа тухай мэдлэг олгоход том тус болно. Ном уншдаггүй гэж шүүмжлүүлэх болсон шинэ цагийн хүүхдүүдийг ядаж ингэж эх түүхтэй нь танилцуулмаар юм даа. Уг хүүхэлдэйн киноны талаар гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Монголын түүхийн талаарх хамгийн үнэн, гайхалтай бүтээл. Дэлхийн зах зээл тэдэнд нээлттэй байна” хэмээн онцолж байна. Энэ чинь инноваци шүү дээ. Энэ чинь л хөгжлийн шинэ шийдэл юм шүү дээ.

Чингис хаан бүрэн хэмжээний анимэйшн зурган илэрцүүдУг анимейншний Ерөнхий найруулагч Б.Тэнгис “Чингис хаан бүрэн хэмжээний анимэйшнийг үзсэнээр Монголын нууц товчооны эхний найман бүлгийн агуулга, бодит түүхийг сурч, мэдэж авах боломжтой. “Чингис хаан” анимейшн нь Монголын ирээдүй хойч үе, хүүхэд залууст асар том оюуны хөрөнгө оруулалт болох төдийгүй дэлхийд Монгол Улсынхаа нэрийг таниулах сурталчлах томоохон контент болж байгаа юм” хэмээн мэдэгджээ. Анимейшний нэг секундын дүрсэнд хамгийн багадаа 25 кадр байдаг гэдгийг мэргэжлийнх нь хүмүүс ярьдаг. “Нэг цаг 30 минут үргэлжлэх уг бүтээлийг долоон жилийн турш бүтээлээ. “Walt Disney” жилд хэд хэдийг хийж байна” хэмээн шүүмжлэх нэгэн ч байна. “Ocean Pictures” студи гарын таван хуруунд багтах зураачтай бол дэлхийд өрсөлддөг “Walt Disney” 500 гаруй зураачтай юм билээ.

Тэгвэл энэ талаар Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Монгол шиг ийм түүх бүтээсэн ард түмэн дэлхийн түүхэнд ховорхон. Энэ их агуу түүхийг эзэмшдэг монголчууд өөрсдийнхөө түүхийг сайн сурталчлах ёстой. Энэ тал бидэнд жаахан дутагддаг. Нууц товчоо хүнд ном. Хүн болгон ойлгож уншиж чадахгүй, тайлбар хэрэгтэй. Нууц товчоог хүчээр уншуулж байна. Түүхэндээ хайртай болоход нөлөөлөх хамгийн чухал ажил бол кино урлаг. Зөвхөн Монголын биш дэлхийн стандарт шаардлагыг хангасан түүхэн анимейшнийг хийнэ гэдэг бол гайхалтай сайхан үйл явдал. “Чингис хаан” анимейшн Монголын 60, 70-аад орчим жилийн түүхийг харуулсан.

Энэ бол Монгол Улс боссон түүх юм. Монголын нууц товчоог ухвал хэдэн арван мянган анимейшн гарна. Монголчууд өөрсдийгөө их голдог хүмүүс. Өөрсдөдөө итгэдэггүй чанараас болж түүхэн кино бүтээхэд хугацаа алдаж байна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Газрын баялгаа 20 жил ухлаа. Одоо эх түүхээ ухъя. Нүүрс, зэс, алтнаас ч илүү үнэлэгдэх энэ боломжоо нээж, анимейшнээ экспортлох юм биш үү. Үүнийгээ дагаад үндэсний контентын чанар сайжирна. Өрсөлдөөн бий болно. Соёл урлагийн салбарт нэг алхам хийгдэх бус уу.


Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Ардчилсан намын гишүүдийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Улс төрийн голлох хүчин Ардчилсан нам өнгөрөгч амралтын өдрүүдээр 28 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Энэ хугацаанд Ардчилсан нам Монголын түүхэнд болон Монголын нийгэмд ямар өөрчлөлт шинэчлэл, үнэт зүйлийг бий болгосон бэ?

-Яг энэ талаар ярина гэвэл нэлээд цаг хугацаа шаардах болно. Товчхондоо хэлэхэд Монголын нийгмийн нэг тогтолцоог нөгөө тогтолцоогоор сольж, түүхэн том том хувьсгалыг хийж чадсан ийм л нам. Нэг үгээр хэлбэл нэг намын дарангуйлал тогтсон, дарангуйллын хар сүүдэр бий болсон 90 жилийн хугацаанд Монголын ард түмнийг дураараа захирч байсан. Энэ нийгмийн тогтолцоог нураасан. Социализм, коммунизмын хар сүүдрийг хага татан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн өнөөгийн нийгмийн суурийг бий болгосон. Үүгээрээ Ардчилсан намын Монголын ардчиллын анхдагч туг, ардчилсан хувьсгалыг анхлан эхлүүлсэн манлайлагч. Ардчилсан нам байгуулагдаад өнөөдрийг хүрсэн 28 жил бол түүхийн хугацаагаар авч үзвэл бага мэт боловч хүний амьдралтай харьцуулахад багагүй хугацаа л даа. Тиймээс нийгмийн тогтолцоог шинэчилж чадсан томоохон гавьяа Ардчилсан намынх. Ноднингийн тооллогоор саналын эрхтэй 180 мянган гишүүнээ бүртгэж авсан. Гадаад, дотоодод ажилтай байсан гээд бүртгүүлж амжаагүй олон хүн цаана нь үлдсэн. Намар нийт гишүүдийн тооллого дахин явагдана. Хэдэн мянгаар тоологдох гишүүдийг нэгтгэж чадсан улс төрийн хүчирхэг улс төрийн нам болж төлөвшиж чадсан нь түүхэн ололт.

-Хүнээр төлөөлүүлэхэд Ардчилсан нам 28 нас хүрсэн бол эрийн цээнд хүрлээ гэж ойлгож болохоор байна. Танай намд цаашид улс төр болон нийгэмд ямар зарчим баримтлах вэ?

-Монголд улс төрийн намууд төлөвшлийн шатандаа явна. Манай ард түмэн ухаантай. Тиймээс дөнгөж төлөвшиж байгаа намуудаас хэтэрхий их зүйлийг шаадаж байна л даа. Төлөвших явцдаа алдаж, онож байгаа үйл явдал бий. Өнөөдөр бие даасан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улс төрийн төлөвшлөө бий болгож чадсан улс төрийн нам хараахан төрөөгүй байна.

Өөрсдийгөө 90 жилийн түүхтэй гэж ярьдаг өнөөгийн эрх баригчид үндсэндээ коммунист арга барилаасаа татгалзаж шинэ ардчилал, шударга ёс, шинэ нөхцөлд нийцүүлэн намынхаа үзэл баримтлалыг шинэчлэн социал демократ чиг баримжаа авсан. Ардчилсан нам МАН шиг өмнө нь байгаагүй. Шинээр барууны буюу лебериал үзэл баримтлалаа тунхаглан гарч ирсэн. Ардчилсан нам шинэ төлөвшлийнхөө шатанд гарч, боловсон хүчнээ бэлтгэх, үзэл баримтлалаа зөв тодорхойлох асуудал намын гол зорилго болсон.

Бид өмнөө тавьсан зорилгоо товчхон илэрхийлэх юм бол бодлогод суурилсан Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж чадах хүчирхэг улс төрийн нам болно. Ингэхийн тулд гишүүд болон иргэдийнхээ оролцоог хангасан нээлттэй нам байх зарчмыг баримталж байна.

-Ардчилсан нам дарга нарын нам болсон гэдэг. Анхан шатандаа ажиллаж чадаж байна уу. Сонгуулийн үеэр анхан шатныхан амь орж бусад үед таг чиг болдог гэсэн шүүмжлэл бий?

-Ардчилсан нам 1990 онд анх гишүүд дээрээ тулж өндийсөн нам. Явцын дунд гишүүд, сонгогчдоосоо хөндийрсөн тал байсан. 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар ард түмэн Ардчилсан намд маш том анхааруулга өгч “Та нар болоогүй байна. Намаа шинэчил. Нээлттэй нам бол. Гишүүд рүүгээ хандаж ажилла. Дотоод бүтэц зохион байгуулалтаа хий. Шинэчлэл хий” гэдэг даалгавар өгсөн. 2016 оны арванхоёрдугаар сард намын зургадугаар Их хурлаа хуралдуулж намын дүрэмдээ шинэчлэл хийн гишүүдийн оролцоо, бодлого дээр суурилсан нам болох шинэчлэл рүүгээ алхсан. Жил гаруйн хугацаанд шинэчлэлийн аяныг явуулж байна л даа. Үндсэндээ намын томоохон улс төрийн шийдвэрийг бүх гишүүдийн оролцоотойгоор шийддэг зарчим руу шилжсэн. Энэ нь зөв байсан гэдгийг цаг хугацаа харуулж байгаа юм. Намын зургадугаар Их хурлаас хойш намын бүх удирдлагуудыг бүх гишүүдийн оролцоотойгоор үндсэндээ шинэчиллээ. Намын анхан, дунд шатны удирдлагуудаас гадна намын удирдах бүрэлдэхүүний 80 гаруй хувийг шинэчилсэн. Намын удирдах бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог эрс нэмэгдүүлсэн. Аливаа шийдвэрийг намын бүх гишүүдийн санал асуулгаар шийддэг зарчим руу шилжсэн. Энэ нь Ардчилсан намын маш том ололт. Хамгийн сүүлийн жишээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Ардчилсан намын 180 гаруй мянган гишүүний санал хураалтаар сонгосон. Таван нэр дэвшигчээс өнөөгийн Ерөнхийлөгчийг манай намын гишүүдийн олонх дэмжсэн. Намын гишүүдийн сонголт зөв байжээ гэдгийг цаг хугацаа харуулсан л даа. Үүний дүнд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан. Гишүүдийн оролцоо чухал гэдгийг харуулсан том алхам болсныг харуулсан бол нөгөө талдаа ард түмэн Ардчилсан нам шинэчлэгдэж байна гэдэг хүлээлт хэдийнээ болчихож.

-Та илтгэлдээ дурдахдаа муу муухай бүхнийг ардчилал руу чихэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-“Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр коммунистууд хуучны эрх мэдлээ үгүйлэн санагалздаг хэсэг бүлэг хүн нийгмийн үнэнд гүйцэгдээд ирэхээрээ дарангуйлах боломжгүй болоод ирэхээрээ улам бүр улайрч байна. Тэдний шилдэг арга нь юу гэхээр шинэ нийгмийн тогтолцоог ардчилал, хүний эрх, шударга ёс, зах зээл, үг хэлэх, хэвлэн нийтлэх гээд хүнд заяагдмал байх ёстой төрөлхийн эрх, эрх чөлөөг хумих, устгах гээд улайрч байгаа юм. Ардчилсан хувьсгал анх гарсан 1989 онд 10 настай байсан хүүхэд тухайн нийгмээ сайн ойлгохгүй шүү дээ. Өнөөдөр тэр хүүхдүүд 40 хүрчихсэн байна. Өнөөдрийн 40 настнуудаас доош хүмүүс хуучин нийгмийн талаарх төсөөлөл ч байхгүй. Дарангуйлсан нийгэм ямар байсан юм, ямар нөхцөлд амьдарч байсан юм гэдгийг төсөөлөх ч үгүй байгаа. Энэ талаар төсөөлөл ч үгүй шинэ уураг тархийг угаах, хуучин цагийг магтан дуулсан сайн сайхан байсан мэтээр шингээх гэж оролдож байна л даа. Ардчилал гарч ирснээр ийм болчихсон юм шиг ярьдаг. Хуучин бид ямар байсан юм.

-Харин ямар байсан талаараа залуустаа ойлгомжтой ярь л даа…

-Бид юун гадаад байтугай энүүхэн Төв аймаг руу явахын тулд зам явах бичиг авдаг байлаа. 45 км газар явахын тулд хороон Засаг даргаасаа зам явах авдаг, авахгүй явж байгаад баригдах юм бол 111-т 7-14 хоног шууд хорьдог байсан. Хүний эрхийг тэгж хөсөрдүүлдэг байсан юм. Хоёрдугаарт, манайх бас ч гэж гайгүй боломжийн айл байсан. Гэхдээ би хоногт ганц удаа л хоол иддэг байлаа. Өдөрт тэр үеийн нэг төгрөг 40 мөнгөний талхнаас хоёр зүсмийг элсэн чихэртэй хольж идээд, хар цай уугаад ах нарынхаараа орж боорцог эргүүлээд явдаг байсан юм шүү. Орой аав, ээж ирж бушуухан хоолоо хийгээсэй гэдэг байлаа. Өнөөдрийнх шиг идэх уух зүйлсээ сонгож шилдэг тийм байсангүй. Энэ жишээнээс үзэхэд өнөөдрийн нийгмийн хөгжил ахисан. Хэн мөнгөтэй нь аль ч улсад явж, дэлхийн 40 гаруй оронд визгүй зорчиж байна. Өнөөдөр хэн дуртайгаа шүүмжилж, хэн дуртайгаа загнах эрх чөлөөг хэн авч ирсэн бэ гээд яриад байвал олон зүйл бий. Эдгээр чинь өмнө хаалттай байсан байхгүй юу. “Үнэн” сонинд зурагтайгаа гарах нь бүү хэл сонингийн буланд тавиулахын тулд арын хаалга хэрэглэдэг байсан шүү дээ. Ийм цаг үеийг бид туулсан. Хуучин цагийг, дарангуйлагч нарыг магтан дуулж буй хүмүүс, хэдэн мянгаараа буудуулж нас барсан хүмүүсийн өмнөөс өөрсдийгөө тавьж үзээсэй.

Хойно очиж шоронгийн хүйтэн шалан дээр хэвтэж байгаад буудуулж үхсэн манай үе үеийн Ерөнхий сайдууд, нийгмийн сор болсон сэхээтнүүд үхэхдээ юу бодож амь тавьж байсан бол. Тэд монгол төр, тусгаар тогтнолын төлөө амиа зольсон. Түүнээс өмнө Манж, Хятадын дарлалаас салах гэж тэмцэж байсан өвөг дээдэс минь юу бодож Бээжинд цаазлуулж байсан бол. Ингээд бодох юм бол тусгаар тогтнол, эрх, эрх чөлөө гэдэг зүйл чинь хямдхан олдоогүй юм. Тусгаар тогтносон улсын таван Ерөнхий сайдыг хойно аваачиж буудаж алдаг юм уу. 3-4 мянгаар нь Оросын шоронд хүргээд тамалж, тарчлааж алдаг юм уу. 700 гаруй сүм хийдийг нь газрын хөрснөөс арчдаг юм уу. Үндэсний бичиг, соёлыг нь алга болгодог юм уу. Бид Чингис хаанаа ч ярьж чаддаггүй байсан. Тиймээс энэ бол юугаар ч сольшгүй тусгаар тогтнол байхгүй юу. Үүнийг харлуулна гэдэг бол бид амиа хорлосонтой ялгаагүй.

-Хувийн өмчийг нийгэмчлэх гэж зүтгэхээс эхлээд сүүлийн үед бас эвгүй дүр зургууд харагдах л боллоо. Ардчилсан нам ардчилалаа аврах уу. Цаашид ардчилалаа усалж, тордох уу..

-Ардчиллын амин сүнс нь хувь хүний эрх, эрх чөлөөнөөс гадна хувийн өмч байдаг. Үндсэн хуулиараа бид хувийн өмчийг хамгаалсан. Тэгэхээр хувийн өмчийг зүхсэн, түүн рүү дайрсан, баялаг бүтээгчдийг чичлэсэн дүр зураг гарах боллоо. Эрдэнэт дээр жишээ авъя. Эрдэнэт үйлдвэрийг 49, 51 гэсэн хувьцааг хоёр хуваачихаад хоёр өөр зүйл ярьж болохгүй. Энэ чинь нэг л үйлдвэр. 49 хувийг нь дээрэмчид авчихсан мэтээр, 51 хувийг нь алдаа байсан мэтээр ярьж байна. Дээрэмдсэн бол бүгдийг нь л дээрэмдсэн. Ямар алдаа завхрал болсон гэдгийг нь 49, 51 хувь гэж ялгалгүйгээр бүх хувьцааг нь шалгая гэдэг саналыг би хоёр жилийн өмнө гаргаж байсан. Гэтэл өнөөдөр эрх баригчид 49 хувийг луйварчид худалдаад авсан мэтээр төрд байх ёстой өмч гэж байна. 51 хувиа ярихгүй юм. Гэтэл 40 гаруй жил эрх баригчид яаж шулж, мөлжиж, 51 хувиар тоглож байсныг ард түмэн зах зухаас нь мэднэ ээ. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хувийн өмч, халдашгүй байдлыг хамгаалах ёстой. Хувийн өмч рүү дайрдаг, үгүйсгэдэг, муу муухай мэтээр харагдуулах гэдэг эрх барьж байгаа УИХ-д байгаа нөхдүүд одоо болих хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хууль, ардчилал руу нулимж байгаагаас өөрцгүй зүйл. Цаашид ч гэсэн хувийн өмчгийг хамгаалахын төлөө ажиллана.

-Ардчилсан нам гишүүдээ өмгөөлж хамгаалах уу. Оюу толгойтой холбоотойгоор С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг хорьж, шалгаж байна. Бүлгийн зүгээс МАН-ын С.Баяр, Д.Зоригт нарыг ч шалгах ёстой гэж байсан…

-Ардчилсан намын гишүүдийг баримт нотолгоогүй эрх чөлөөнд халдсан, улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байгаа бол гишүүдээ хамгаалалтдаа авна. Үүний төлөө манай нам тэмцэнэ. Харин иргэнийх нь хувьд Монголын хуулийн байгууллага шалгаж, хянаж байгаа бол Ардчилсан нам оролцохгүй. Энэ нь төрт ёсоо дээдлэх зарчим. Хуулийн дагуу шалгаж байгаа процесс нэг өөр. Хэлмэгдүүлж, улс төрийн зорилгоор асуудалд хандаж байгаа бол өөрөөр ярина. Ардчилсан намын бүлгээс шалгавал бүгдийг нь шалгаарай, битгий нам, улс төрөөр нь ялгаарай. Өнөөдөр яагаад АН-ын угшилтай хүмүүсийг шалгаад бусад хүмүүс нь яагаад сул яваад байна вэ. Шалгах гэж байгаа бол бүгдийг нь шалга, үгүй бол улс төржсөн хандлагаа зогсоо гэдэг анхааруулгаа өгсөн. Бид асуудалд хүлээцтэй хандаж байгаа. Бид өөрсдийн байр сууриа хамгаална. Ардчилсан намын гишүүдийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй.

-Танай нам бодлогын нам болох алхмуудаа хийж чадсан уу. З.Энхболд дарга “Фракцгүй Ардчилсан нам болно” гэж байсан. Та бодлогын нам болно гэсэн. Аль аль нь хэрэгжиж эхэлсэн үү?

-Ардчилсан намд ямар ч фракц байхгүй. Хуучин Ардчилсан намын тийм ч бүлэг, фракц гэж хуваагддаг байсан бол тэр зүйл үгүй болсон. Ардчилсан нам нэг удирдлагатай, нэгдмэл байгаа. Зарим намын удирдлагуудтай холбоотой намын Үндсэн дүрмийн өөрчлөлттэй холбоотой маргаанууд бий. Айл гэрт ч гэсэн маргаан байдаг биз дээ. Түүнээс биш бүлэг, фракц үзэл бодлын зөрчил гээд байх зүйл алга.

Ардчилсан нам бодлогын нам болох сууриа тавьсан. 2018 он гараад Бодлогын зөвлөлөө байгуулсан. Бодлогын 16 салбар зөвлөлөө байгуулсан байгаа. Энэ нь бодлогын ерөнхий зөвлөл дээрээ зангидагдаж байна. Эрх баригчдын байгуулсан Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын чиглэлээр 16 салбар зөвлөл байгуулсан л даа. ҮБХ-ны 410 гишүүн маань салбар зөвлөлүүддээ хуваагдаж ажиллаж эхэлсэн. Одоо бодлогод суурилсан, бодлого хэлэлцсэн нам болж эхэлсэн. Гишүүд маань бүлэг, фракц гэхээсээ илүү өөрсдийн сонирхол хүсэл, чадвараа хаана илүү нээж чадах вэ гэдгээ бодолцон судалгаа, дүгнэлт гаргах тал дээр ажиллаж эхэлсэн. Ардчилсан нам бодлогын маш том сууриа тавьж эхэлж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Номтойбаяр: Сайд нар ажлаа хийж чадахгүй бол солино шүү дээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай ярилцлаа.


-Оюу толгойтой холбоотойгоор С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг хорьж шалгаж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг тойрсон Стандарт банктай холбоотой асуудлуудыг та анзаарч харж байгаа байх. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа бол?

-Оюу толгой, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал үнэхээр олны анхаарлын төвд орсон асуудлыг нэг болчихоод байна. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал талаасаа хамгийн чухал хоёр томоохон төсөл хөтөлбөр. Энэ төсөл хөтөлбөрүүдэд тухайн үедээ албан тушаал хашиж байсан улстөрчид албан тушаалаа урвуулан болон хэтрүүлсэн, эрүүгийн шинж чанартай асуудлууд сонсогдож байгаа. Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлын хүрээнд УИХ-аас ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг намын бүлэг дээрээ сонсъё гэдэг зарчмын байр суурийг ирэх даваа гаригийн бүлгийн хуралдаандаа тавих болно.

Ажлыг хэсгийн гишүүдийг ямар шалгуураар яаж бүрдүүлснийг ойлгохгүй байгаа. Ямартаа ч Д.Дамба-Очир гишүүн ахалж байгаа юм билээ. Ажлын хэсгийг бүрдүүлэхдээ өмнө нь тооцоо судалгаа хийж байсан, олон улсын гэрээ эрх зүйн хувьд мэдлэгтэй, мэргэшсэн байхаас гадна УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийг дэмжиж ажиллах мэргэжлийн хүмүүс байх хэрэгтэй. Ажлын хэсгийг явцын мэдээ цаг тухай бүртээ ард түмэнд ил болж байх ёстой.

-“Монголын зэс” корпорацийнхан их хэмжээний урамшуулал олгосон гэдэг мэдээлэл гараад байна. Үүнийг дагасан төрийн албаныхны тансаглал хэрээс хэтэрлээ гэсэн шүүмжлэл байгаа?

-Төрийн албаны тансаглал үеийн үед байсаар ирсэн шүүмжлэлийн нэг сэдэв. 2012-2016 оны хооронд цөөнхийн бүлгийн дэд даргаар ажиллаж байхдаа уг асуудалд голлон анхаарч байсан. Ний нуугүй хэлэхэд өнөөдрийн Их хурлын түвшинд засагдсан зүйл алга. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ болон Засгийн газрын гишүүд гадаад улсад айлчилсан. Гагцхүү тэндээс юу сурав, Монголын хөрсөн дээр яаж хөгжил болж ирэв, бодит ажил хэрэг болсон уу гэдэг бодит тайланг сонсоогүй. Үүнийг онцгойлон анхаарч үзэх ёстой. Эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгөөр л явж байгаа. Айлчлалаар яваад Монголын эдийн засаг, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт гараагүй бол гишүүд амралт зугаалгаар явж иржээ гэж харна. Тиймээс энэ тал дээр шүүмжлэлтэй ханддаг.

Миний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Япон улсад дадлагажигч оюутан залуусыг гаргах хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан явж байсан. Мөн НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн байнгын хороон дээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж 55 дугаар хурал дээр Засгийн газрын хүлээсэн ажлын тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээлэл өгсөн. Ийм хоёр айлчлалд л явсан. Тодорхой үр дүнгүүд гарсан. Энэ мэтчилэн хүмүүс өөрсдийн тайланг тавих ёстой.

-АТГ сүүлийн үед эрчимтэй ажиллаж байна гэж харагдахаар байгаа. Өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг ч шалгаад эхэллээ. Гэхдээ улс төрийн бүлэглэл хоорондоо тохироод энэ хүмүүсээ үлдээчих боломжтой гэх юм. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Шалгагдах ганцхан нөхцөл бий. Хуулийн хэрэгжилтийг тогтвортой хангах, холбогдох этгээдийн гэм буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээнэ. Энэ нь улс төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтнаас хол байх л эрх.

-Бүлэглэлүүд хоорондоо тохироод ганц нэг хүнийг сор залж магадгүй гэх юм?

-Бүлэглэл гэж яг юу хэлээд байгаа юм. Би ямар нэгэн бүлэглэлийн гишүүн биш. Улс төрийн болон бизнесийн хувьд гадуур шуугиад байгаа энэ асуудлуудад ямар нэгэн холбоо байхгүй. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа бол улс төрөөс л ангид байх ёстой.

-Өнгөрөгч намар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд таны зорчиж явсан автомашин осол хийсэн гэж шуугьсан. Энэ асуудал шийдэгдсэн үү. Прокуророос энэ талаар мэдээлэл өгөхгүй байна гээд байна л даа?

-Тийм зүйл болсон. Энэ талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авах нь зөв байх. Миний хувьд хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгсөн.

-Та ар гэрийнхэнтэй нь холбогдож тусламж дэмжлэг үзүүлсэн үү?

-Би холбогдох субъект нь биш л дээ. Ямар нэгэн буруутай зүйл байхгүй. Би зорчиж байсан. Би прокурорын өмнөөс юу ярих вэ дээ.

-Мэдээлэл нь хаалттай байгаа юм биш үү?

-Миний нэр холбогдсон болохоор тэгээд байгаа юм уу. Цаашид миний нэр хүндэд халдаж, гүтгэж байгаа бол холбогдох хуулийнх нь дагуу явах болно.

-МАК-тай холбоотой Цагаан суваргын ордын концессийн асуудал яригдаж байсан. Энэ юу болсон бэ. Концессийн мөнгө нь царцаагдсан гэдэг мэдээлэл байх юм?

-Таван Засгийн газар дамжсан асуудал. Бүх зүйл хууль ёсных. Харин тэр концессийн мөнгийг нь өгөхгүй гэж байгаа бол 110-ынхаа шугамыг өмчлөлийн дагуу шилжүүлээд өгчих ёстой асуудал байхгүй юу. Энэ чинь 2004 оны асуудал.

-Засгийн газрын үйл ажиллагаан дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны 47 дугаар тогтоол батлагдсан. Үүний хэрэгжилтийг тайлагнахгүй байна. Хаврын чуулган нээлтээ хийчихлээ. Энэ чуулганаар тайлагнах ёстой. Яг юу юу нь хэрэгжээд явж байна вэ. Өмнөх Засгийн газрын гишүүд ч гэсэн тайлангаа тавих хэрэгтэй. Сүүлд байгуулагдсан Засгийн газар нь үргэлжлүүлээд ямар ямар ажлыг нь явуулж байгаа вэ гэдгээ ч тайлагнах цаг болсон. Тэгж ажил хэрэгч байдлаар дүгнээд чадаж байна уу, үгүй гэдгийг нь ярих хэрэгтэй.

-Засгийн газрын дөрвөн сайдыг солих асуудал яригдаад эхэлсэн байна. Та энэ талаар дуулсан зүйл байна уу?

-Сайд нар ажлаа хийж чадахгүй бол солино шүү дээ. Чуулган дөнгөж эхэлж байна. Удирдах зөвлөл, бүлэг ирэх даваа гаригаас хуралдаж эхэлнэ. Эрдэнэт, Оюу толгойтой холбоотой асуудлуудаас эхлээд ярина. Улс төрд үүсээд буй олон асуудлууд байна. Хамгийн гол нь УИХ-ын 47 дугаар тогтоолыг хэрхэн хангаж байна вэ. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг Их хурал баталсан. УИХ-аас баталдаг цаас л болж хувираад байна. Үүнийг хэрхэн хангаж ажиллаж байна вэ гэдгийг нэг бүрчлэн үзмээр байна шүү дээ. Дараа нь дүгнэлтээ хийнэ.

-Засгийн газрын гишүүний ажлаа өгөөд юу хийж байна вэ. Хэвлэлд ярилцлага ч өгөөгүй юм байна…

-Тойрогтоо л ажиллана шүү дээ. Би тойрогтоо маш их ажил хийж байгаа. Үндсэндээ сайн гэсэн болгоныг хийж байгаа л даа. Даанч мэдээ болж гардаггүй. Намайг Монголд байхгүй байгаа юм шиг бичих юм. Гүтгэлэг, ховын чанартай зүйл гарахаар тэр нь хэвлэлээр шуугиад бөөн юм болчихдог. Муу юм болохоор л Монголд байгаа юм шиг бичдэг. Үнэндээ ийм л байна. Чуулганы завсарлагааны хугацаанд тойргоороо гурван удаа тойрч, Хэнтий аймагт ч ажилласан.

-УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх албан бичгээ Их хурлын даргад өгсөн гэж байна. Адилхан залуу гишүүний хувьд та ямар бодолтой яваа бол?

-Алдсан, оносон гэхэд хэцүү байна. Хүчингийн хэрэг гээд байгаа асуудал нь шүүхээр тогтоогдоогүй байх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тойргийнхоо иргэдийг УИХ-д төлөөлж иргэдийн ажил, амьдралд ямар бэрхшээл байна түүнийг шийдэх үндсэн үүрэгтэй. Үүнийгээ хэр сайн биелүүлсэн юм. Тойргийн иргэд нь юу гэж үзэж байгаа юм, бүү мэд. Д.Гантулга нэгэнт өөрөө албан бланк дээрээ хүсэлтээ өгсөн бол хүслийг нь ёсоор биелүүлсэн нь дээр.

-Чуулганы хуралдааны нээлтэн дээр Ерөнхийлөгч хариуцлагын асуудал хөндсөн. Тэгэхдээ шүүгчид хөрөнгөө тайлбарлаж чадахгүй бол хууль бусаар хөрөнгөжсөн гээд хариуцлага тооцно гэдгээ хэлсэн…

-Хариуцлага тооцох ёстой. Хөрөнгийн эх үүсвэрээ тооцож чадахгүй шүүгчид бүү хэл улстөрчид ч их байна. Хаанаасаа яаж баяждаг юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ шударгаар бичсэн хүн бий. Тэгсэн хэрнээ хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй олон хүн байгаа.

-Албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэхээр нам нь хамгаалдаг тийм зүйл байдаг. Олон жил хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаад хариуцлага тооцсон зүйл алга…

-Хэн нь хэнийгээ хамгаалчихаад байгаа юм.

-Бүлэглэл нь бүлэглэлээ хамгаалаад байгаа юм биш үү?

-Түрүүнээс хойш ямар бүлэглэл яриад байна аа. Би ямар нэгэн бүлэглэл, даргын өнгөн доор явдаг хүн биш. Надаас асуугаад яахав дээ.


Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Улс төрийн хүчнүүд ашиг хонжоо хайх үүднээс “засаг огцорно” гэдэг яриа гаргаж байж магадгүй

УИХын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Эрдэнэт үйлдвэр, Өмнөд Африкийн Стандарт банк хоорондын асуудал анхаарал татсан сэдвийн нэг болоод байгаа. Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд 109 сая ам.доллар төлөх шийдвэр гарсан. Хуурамч гарын үсэг зурсан, зураагүй гээд яригдаж байна. УИХ-ын гишүүний хувьд Арбитрийн шүүхийн асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Нэгдүгээрт, би хэвлэлийн хэмжээнд тантай л адилхан мэдээлэлтэй байна. Хоёрдугаарт, тухайн үеийн Засгийн газар, ТӨХ, Эрдэнэт үйлдвэрийн түвшинд энэ асуудлыг ярьж байсан уу, гарын үсэг нь үнэн үү, хуурамч уу гэдгийг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллага шуурхай шалгаж асуудлыг нэг мөр цэгцлээсэй гэж бодож байгаа.

Миний хувьд буруутай этгээдээр нь Стандарт банкинд төлөх ёстой төлбөрийг нь төлүүлэх нь зөв гэж бодож байна. Энэ хугацаанд асуудлыг олон талаас нь авч үзэж, зөв шийдээсэй, хүн хэлмэгдүүлэх асуудал гарах вий гэдэг болгоомжлол ч байгааг хэлье.

-Эрдэнэт үйлдвэр уг төлбөрийг нь төлнө гээд байх юм. Хувь хүний зээлийг улсын үйлдвэр төлөх нь зүйд нийцэх үү. Эхнээсээ улсын үйлдвэрээр өөрөөр нь төлүүлэх гэж байсан байж болох уу?

-Яагаад Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан асуудал Арбитрийн шүүх дээр унав гэдэг дээр би бас эргэлзэж л байна. Өмнө нь хэд хэдэн удаагийн Арбитрийн шүүхийн асуудал ороод ялж л байсан. Магадгүй зориудаар бодит мэдээллээ гаргаж өгөхгүй байсаар байгаад Эрдэнэт үйлдвэрийг хүнд байдалд оруулчихсан юм биш биз гэсэн харамсал ч бий, надад. Эргэлзээ бий шүү. Одоогийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад хууль бусаар 49 хувийг нь авсан гээд байгаа талын төлөөлөл удирдах түвшинд нь ажиллаж байгаа юм билээ. Тиймээс тэр хүмүүсийн зүгээс ийм арга сэдсэн юм биш биз гэдэг болгоомжлол ч байна. Үнэн бодит мэдээллийг нь шаардлагатай хугацаанд нь өгөөд явсан бол энэ асуудал шударгаар шийдэгдэх боломж байсан байж магадгүй.

-Оюу толгойтой холбоотой зүйлс ярианы нэг сэдэв боллоо. Анх гэрээ байгуулсан асуудлаас нь эхлээд АТГ С.Баярцогт, Ариунсан, Б.Бямбасайхан нарыг хориод шалгаж байна. Хувийнхаа дансаар их хэмжээний мөнгө авсан гээд шуугьж байгаа. Ардчилсан намын бүлэг АН-ын гишүүдийн барьж хорилоо. С.Баяр, Д.Зоригт нарыг ч гэсэн хорьж шалга гээд байгаа л даа…

-Эрдэнэттэй адилхан хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Оюу толгойг бид үр дүнтэй ажиллуулж, үр шимийг нь Монголын ард түмэн хүртэх ёстой. Би Дэд сайдаар ажиллаж байхдаа байгалийн баялгийг ард түмэндээ тэгш шударгаар хүртээх хууль эрх зүйн орчныг бий болгоё гээд хуулийн төсөл боловсруулж 2008 оны хавар УИХ-д өргөн барьж байсан. Тэр хуулиар иргэдэд байгалийн баялгаас олсон орлогыг бэлэн мөнгө байдлаар тараахгүй байя, байгалийн баялгийг ашиглаж байгаа үедээ олсон орлогоосоо байгалийн баялаг дууссан үед нь илүү их орлого олдог байх хууль эрх зүйн орчинтой болгоё гэсэн юм. Харамсалтай нь 2008 оны сонгуулийн дараа уг хуулийн төслийг өөрчлөөд иргэн бүрт 20 мянган төгрөг тараахаас эхлээд бэлэн мөнгө болгосон. Одоо хүртэл би үүнд харамсдаг. Тэр үед байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх хууль батлагдсан бол бид өнөөдөр багагүй хөрөнгийн эх үүсвэртэй болох байсан гэж боддог. Тэр үед би хууль хийхдээ тухайн үед гадаадын хөрөнгийн бирж дээр Баялгийн сангийн орлогыг эргэлдүүлдэг байх, тодорхой удирдлагын баг сангийн менежментийг хийдэг байхаас эхлээд нэлээд олон шинэлэг зүйлийг оруулж ирсэн юм, уг нь. Даанч өөр болгоод уг хуулийг өөрчилчихсөн.

Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор УИХ-ын дарга захирамж гаргаад ажлын хэсэг гаргасан. Үүнийг шалгаж үзэх ёстой. Гол нь засч сайжруулах зүйлээ зөв тодорхойлоод богино хугацаанд засах шаардлагатай. Ялангуяа маш их хардлага дагуулдаг Дубайн гэрээг ч шалгах ёстой. Оюу толгойн хөрөнгө оруулалтын хэмжээ анх төлөвлөгдсөнөөсөө нэлээд давсан. Тиймээс монголд ирэх ашиг хойшилж байгаа гэдэг зүйл яриад байгаа шүү дээ. Үнэхээр бодитой хөрөнгө оруулалт байсан уу, үгүй юу гэдгийг сайтар шалгаж иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Хариу өгөхгүй байгаа учраас хүн бүр хардаж байна. Хүн хардах эрхтэй. Хардлага удахаараа үнэн юм шиг болчихдог. Хууль хяналтын байгууллага богино хугацаанд шалгах, УИХ-аас гарсан ажлын хэсэг гэрээнд өөрчлөлт оруулах асуудал байна уу, үгүй юу гэдгийг шийдэж эргэлзээг тайлах нь зөв.

-Цаазын ялыг сэргээх тухайд та ямар байр суурьтай байгаа вэ. Төрийн тэргүүн бол насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон бол цаазар авах ёстой гэдэг байр суурьтай байгаа юм билээ…

-Цаазын ялыг сэргээх үү, үгүй юу гэдэг дээр одоо байр суурь илэрхийлэхэд хүнд байна. Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан хүнийг шийтгэх эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай юу гэвэл тийм. Түүнчлэн хүүхдийн хүчирхийллийн асуудлыг нарийвчлан авч үзэх хэрэгтэй. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлдэг нөхөн сэргээх чиглэлийн үйлчилгээнүүдийг бий болгох цаг болсон. Ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэдэг бол насан туршдаа айдастай, дарамтанд ордог. Бага насны хүүхэд хүчирхийлсэн байна гээд тухайн үед нь бид яриад орхидог. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлдэг нөхөн сэргээх үйлчилгээг шинээр бий болгох шаардлагатай. Энэ талаар би яамныхандаа хэлж Хүүхэд хамгааллын тухай хуульдаа яаралтай өөрчлөлт оруулъя гэж байгаа.

Цаашид хүүхдийн асрамж, халамжийн санхүүгийн асуудалд анхаарах цаг болжээ. Өнөөдөр манай улсад хүүхдийн асрамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 байгууллага бий. Тэднээс дөрөв нь улсын төсвөөс санхүүжилт авдаг бол үлдсэн 32 төв нь ТББ, олон улсын байгууллагын санхүүжилтээр явдаг. Хүүхэд хамгааллыг бид ТББ, олон улсын байгууллагын хөрөнгөнд найдаад орхиж болохгүй. Төр гэж байгаа бол хүүхэд хамгаалал, асрамжтай холбоотой зардалд улсын төсвөөс мөнгө гаргадаг болох нь чухал. Манайхан Монгол Улсад гадны шашны нөлөө их орж ирлээ гэж шүүмжилдэг. Шуудхан хэлэхэд хүүхдийн асрамжийн 32 төвийн хэд нь гадны шашны санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байгааг мэдэхгүй шүү дээ. Тиймээс санхүүжилтийн асуудлыг засаг нуруундаа үүрэхээс өөр аргагүй.

-Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах гэж байна гэж бор шувуу нисч эхэллээ. Эсвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрвөн сайдаа солихоор болсон гэх юм. Засаг дээр тийм сураг чимээ сонсогдоно уу?

-Ам дамжсан ярианд хариу өгөх хэцүү. Хаврын чуулганы өмнө гишүүд тойрогтоо ажиллаж байхад бид чуулган завсарласан хугацаандаа яамныхаа ажлыг цэгцлэх гээд бичиг цаастай зууралдсаар байгаад таарлаа. Хүмүүсийн ховонд хариу өгөх цаг зав ч алга.

-Засаг дотроо эв түнжингүй боллоо гээд байгаа шүү дээ?

-Засаг дотроо эв түнжингүй байгаа зүйлийг харсангүй. Засгийн газар дээр асуудал дээр асуудал хэлэлцэж байгаа сайд нар хааяа өндөр дуугаар ярих, үг сөрөх байдал гардгийг үгүйсгэхгүй. Асуудал хариуцсан сайд нар учраас байр сууриа хамгаалах зүйл байдаг. Энэ ердийн зүйл. Тийм зүйл нь савандаа багтахаа байгаад савнаасаа хальсан зүйл байхгүй. Улс төрийн нөгөө хүчнүүд ашиг хонжоо хайх үүднээс “засаг огцорно” гэдэг ийм яриа гаргаж байж магадгүй. Тэр гэхдээ газар авахгүй байлгүй дээ. Засгийн газар огцорлоо гээд хэнд ашигтай юм. Засаг огцорлоо гээд ард түмэнд сайн үр дүн очихгүй.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг та Их хурлын даргад өргөн барьсан. Уг өөрчлөлтөөр ямар заалтууд өөрчлөгдөж байгаа бол. Хуулинд шинэчилсэн найруулга оруулах болсон гол зорилго юу байв?

-Хөдөлмөрийн хуулийг 1999 онд баталснаас хойш 19 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Хөдөлмөрийн хуулинд шинэчилсэн найруулга хэлбэрээр өөрчлөлт ороогүй. Харин нэмэлт, өөрчлөлт орж байсан. Энэ хугацаанд Монгол Улсын нийгэм эдийн засгийн харилцаанд асар их өөрчлөлт гарсан. Тиймээс одоогийн хуулиар зохицуулж чадахгүй зүйлс гарч ирсэн юм. Тэр утгаараа шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Их хуралд өргөн барьсан. Шинэчилсэн найруулгын төслийг богино хугацаанд өргөн барьж байгаа юм биш. 2008 оноос хойш хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өөрчлөлт оруулахаар эзэд, үйлдвэрчний эвлэл, Засгийн газар гурав ажиллаж ирсэн байдаг. Би 2015 онд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн хуулинд шинэчилсэн найруулга оруулахаар өргөн барьж, Их хурал хэлэлцэх эсэхийг нь шийдэж байсан юм. Харамсалтай нь тухайн үед МАН засгаас гарсантай холбоотойгоор энэ хууль буцаагдсан. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Их хуралд дахин өргөн барьсан. Эзэд, үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын хооронд хэд хэдэн удаагийн зөвшилцөл явагдаж байсан болохоор өнөөдөр нээлтээ хийх хаврын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Хөдөлмөрийн ямар харилцааг уг хуулиар зохицуулахаар болж байгаа бол?

-Зохицуулагдаж чадахгүй байгаа олон харилцаа бий. Тухайлбал, энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан л бол тухайн ажилтны нийгмийн баталгаа, цалин хөлстэй холбоотой харилцаа зохицуулагддаг. Гэтэл аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр дадлагажигч, туршилт гэх нэрээр гэрээ байгуулалгүй нэлээд хугацаанд ажиллуулдаг. Тиймээс тухайн ажилтны нийгмийн хамгаалал, цалин хөлстэй холбоотой асуудал зохицуулалтгүй үлддэгээс болж тухайн ажилтан хохирч үлддэг. Одоогийн хуулиар хөдөлмөрийн харилцаа үйлчилж эхэлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулиар нийгмийн хамгаалалт, цалин хөлстэй холбоотой асуудлыг зохицуулдаг байхаар тусгаж өгч байгаа. Нэг үгээр хэлбэл хамрах хүрээ нь өргөжиж байна гэсэн үг.

Хоёр дахь асуудал нь одоогийн хуулиар зохицуулагдахгүй байгаа хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон асуудлыг зохицуулна. Тухайлбал, залуус зайнаас буюу гэрээсээ ажил үйлчилгээ хийдэг шинэ харилцаа бий болсон. Гэрээсээ алс ажиллаж байгаа хүмүүсийн ажил, амралтын цаг нэгдсэн зохицуулалтгүй байна. Түүнчлэн хүний нөөцийн үйлчилгээ явуулдаг компаниудаар гэрээгээр үйлчлүүлдэг харилцаа бий болсноос эхлээд олон харилцааг зохицуулах боломж алга. Нэгэнт эдгээр харилцаа нийгэмд бий болсон учраас зохицуулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс энэ удаагийн хуулиар зохицуулалт хийхээр тусгасан.

-Танай яамны зүгээс энэ удаагийн хаврын чуулганы үеэр ямар асуудлуудыг хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа вэ?

-Яамны зүгээс энэ оныг салбарын хууль зүйн шинэчлэлийн жил болгон зарласан. Удахгүй Халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина. Мөн Нийгмийн даатгалын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал байна. Олны анхаарал хандуулаад байгаа Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Удахгүй Засгийн газраар оруулаад Их хуралд өргөн барих төлөвлөгөөтэй байгаа.

-Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг 60 хувьд биш 80 хувьд нь олгох шийдвэр гаргалаа. Цаашид бүрэн олгох уу?

-Засгийн газар хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох зорилт тавин ажиллаж байгаа. Өмнө нь ч гэсэн энэ тухайгаа хэлж байсан. Өнгөрөгч хоёрдугаар сард ОУВС-гийн ажлын хэсэгтэй хэлцэл хийсний дүнд дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох талаар ярьсан. Донор орон болох Азийн хөгжлийн банктай явагдсан хэлэлцээр амжилттай болж хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор болсноо Сангийн сайд мэдэгдсэн. Тиймээс ОУВС-тай зөвшилцсөний дагуу энэ дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Одоо Их хуралд өргөн барина. Хүүхдийн мөнгийг 80 хувь нь авна гэхээр 880 гаруй мянган хүүхэд хамрагдах юм.

-Өмнө нь хүүхдийн мөнгө аваагүй байсан тэр мөнгө нь нөхөж олгогдох уу. Үлдсэн 20 хувь нь яах вэ?

-Одоо нийт хүүхдийн 60 хувьд олгож байна. Дөрөвдүгээр сарын нэгнээс 20 хувиар нэмэгдүүлж 80 хувьд нь л олгоно. Энэ 80 хувь нь л авна гэсэн үг. Үлдсэн 20 хувьд нь хүүхдийн мөнгийг нэмж олгох асуудал одоогоор яригдаагүй.

-Засгийн газрын хуралдаанаас мөн төрийн албан хаагчдын цалинг ирэх аравдугаар сараас нэмэх болсон шийдвэр гарсан гэх юм?

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. 2014 онд тухайн үеийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмснээс хойш цалин нэмэгдээгүй. Цалин нэмэгдээгүй энэ хугацаанд юмны үнэ өсч, инфляци өндөр гарлаа. Валютын ханш ч нэмэгдсэн. Тиймээс Засгийн газар өнгөрөгч оны төсөвтөө тодотгол хийж төрийн албан хаагч нартаа 54 тэрбум төгрөгийг урамшуулал байдлаар олгосон. ОУВС-тай хэлэлцээр хийсний дүнд энэ дөрөвдүгээр улирлаас цалинг нэмэх нь зүйтэй гэж үзсэн. Иргэдийн худалдан авах чадвар буурч, ядуурлын түвшин нэмэгдэх хандлагатай байна.

-Тэдэн төгрөгөөр нэмнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан уу?

-Тэдэн төгрөгөөр нэмнэ гэж хэлэхэд эрт байна. Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр дээр яригдана. Түүнчлэн Засгийн газар дээр ярьж, санхүүгийн эх үүсвэрээ эцэслэн шийднэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхбаяр: Бүх насаар нь хорих ял үнэндээ амьдын там юм шүү дээ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.


-Төрийн тэргүүн цаазын ялыг сэргээх асуудлаар дөрвөн сарын өмнө бусад оронд хэрэгжиж буй хуулийн жишгийг харгалзан Хууль зүй, дотоод хэргийн яаманд саналаа хүргүүлсэн. Гэсэн ч яамны зүгээс албан ёсоор хариу ирүүлээгүй гэж мэдэгдсэн. Цаазын ялыг сэргээх тал дээр танай яамны барьж буй бодлого ямар байгаа бол?

-Цаазаар авах ялыг сэргээх асуудал яригдвал Үндсэн хуульд заагдсан хууль санаачилах онцгой бүрэн эрхтэй Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар гэсэн гурван этгээдийн хүрээнд хөндөгдөнө. Албан ёсоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хууль санаачилах хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор санал ирээгүй.

-Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид гэж хаяглаад санал илгээж байсныг нь санаж байна л даа…

-Монгол Улсын Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газрын санал дүгнэлт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж нэгдсэн байр сууриар илэрхийлэгддэг.

-Ерөнхийлөгчөөс ирүүлсэн бичиг нь ямар утга агуулгатай байсан юм бол?

-Засгийн газрын нэг гишүүнд “Энэ асуудлыг судалж үзээч ээ” гэдэг санал ирсэн. Үүний дагуу манай яаманд сайдын тушаалаар миний бие ахалж ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлтээ гаргасан.

-Ажлын хэсэг ямар дүгнэлтэд хүрсэн бэ. Цаазын ялыг сэргээх нь зөв гэсэн үү, буруу гэсэн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор санал ирүүлсэн учраас Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, МУИС-ийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн хүрээ хязгаар өмнө нь буюу манай улс цаазаар авах ялын тухайд ямар ямар эрх зүйн зохицуулалттай байсан. Цаазаар авах ялыг халсан асуудал хууль эрх зүйн хүрээнд ямар дэг процессыг дамжиж шийдвэрлэгдсэн, Олон улсын гэрээ эрх зүйн талаасаа манай улсын нэгдэн орсон, соёрхон баталсан иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын хоёрдугаар нэмэлт протколоос Монгол Улс гарах хууль эрх зүйн боломж байна уу гэдэг дээр эрх зүйн дүгнэлт өгсөн.

Түүнээс биш цаазаар авах ял зөв, буруу эсэх, байх ёстой болон байх ёсгүй талаар улс төрийн ямарваа нэгэн дүгнэлт гаргаагүй. Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр гарсан дүгнэлт бол Олон улсын нэгдэн орсон гэрээнээс гарч болох уу, үгүй юу, гарах тохиолдол болон гарахгүй байх тохиолдолд олон улсын пактын ямар хүрээнд байна вэ гэдэгт эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгсөн.

-Дүгнэлт нь юу гэж гарсан юм бэ. Цаазаар авах ялыг сэргээхийн тулд энэ гэрээ конвенциос гарах шаардлага гарч таарах байх. Тийм боломж байгаа юм уу?

-Үүнийг ярихын тулд өмнө нь нэлээд хэдэн олон улсын гэрээтэй холбоотой зохицуулалтыг ярих ёстой. Манай улс хүний эрхийн чиглэлийн олон улсын есөн гэрээ конвенцид нэгдэн орсон байдаг. Мөн энэхүү есөн гэрээний есөн нэмэлт протоколд нэгдэн орсон л доо. Манай улс хүний эрхийн чиглэлд олон улсын нийт 18 гэрээ, конвенцид нэгдэн орох буюу соёрхон баталсан. Цаазаар авах ялыг халахтай холбоотойгоор НҮБ иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколыг 1989 онд батлаад, 1991 онд уг протокол хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэхүү нэмэлт протоколд өнөөдрийн байдлаар дэлхийн 85 улс орон нэгдэн орсон бол 38 улс гарын үсгээ зурсан. Манай улс үүнд нэгдэн орсон 72 дахь улс. Уг асуудал 2012 оны нэгдүгээр сард УИХ-аар иргэний болон улс төрийн олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколийг соёрхон батлах тухай хууль батлан гаргасан. Ингэж байж Монгол Улс албан ёсоор нэгдэн орсон. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг халж, хуулиа баталсан. Ингэснээр дефакто буюу бодит байдал дээрээ цаазын ялыг хууль тогтоомжоосоо бүрэн халсан улсын бүртгэлд орсон. Олон улсын гэрээнд нэгдэх болон гарахтай холбоотой асуудлыг Венийн конвенциор зохицуулсан байдаг. Манай улс Венийн конвецид нэгдэн орсон. Энэ конвенцийн 54 дүгээр зүйлд гэрээг зогсоох буюу гарах асуудлыг зохицуулсан байдаг. Мөн Венийн конвенцийн 54 дүгээр зүйлийн Б-д нэгдэн орсон гэрээний конвенциос гарах вэ гэдгийг зохицуулсан. Уг зохицуулалтаар тухайн нэгдэн орсон протоколд тусгайлан заасан бол зохицуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколд тухайн нэгдэн орсон улс уг гэрээ конвенциос гарах тухай заалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, нэгдэн орсон гэрээнээсээ гарах тохиолдолд яах вэ гэдэг харилцаа бүхэлдээ байдаггүй гэсэн үг. Тэр утгаараа ажлын хэсгийн хүрээнд бусад орны тухайд ийм нөхцөл байдал үүсвэл хэрхэн шийдвэрлэдэг юм бол гэдэг асуудлыг судалж үзсэн. Ийм тохиолдолд гарах асуудлыг зохицуулсан гэрээ конвенци байдаггүй учраас хууль баталж юм уу, дангаараа гарах боломжгүй. Монгол Улс дангаараа уг гэрээнээс гарах, цуцлах, соёрхон батлах гэрээнд нэгдэн орсон олон улсын гэрээг хүчингүй болгох, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах, гарах боломжгүй гэдэг дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан.

Монгол Улс Үндсэн хуулиараа цаазаар авах ялыг хууль тогтоомжоороо зохицуулж болно гэсэн заалттай. Нөгөө талаараа манай улс олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ, олон улсын гэрээ манай хууль хоёр зөрчилдсөн тохиолдолд олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт байдаг. Тэр утгаараа Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг тусгах нөхцөлд олон улсын нэгдэн орсон гэрээ үндэсний хууль тогтоомжоос давж үйлчилнэ гэдэг дүгнэлт гарсан.

Цаазаар авах ялыг сэргээх нь манай улсын олон улсад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс няцсан, хүний эрхийг хамгаалах чиглэлд гаргасан дэвшлээсээ ухарсан алхам болох бөгөөд Монгол Улсын олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлж, дотоод болон гадаад бодлого тогтворгүй гэдэг ойлголтыг баталгаажуулж, Монгол Улсад итгэх итгэл буурахаас гадна, НҮБ, Европын холбоо зэрэг байгууллагаас эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаанд нөлөөлөх хориг арга хэмжээг авах сөрөг үр дагавартай гэдэг дүгнэлтийг гаргасан.

Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүний 2016-2018 оны сонгуульд амжилттай оролцсон. 2015 оны арванхоёрдугаар сард болсон сонгуульд НҮБ-ын байгууллагын гишүүн 174 орон манай улсад саналаа өгч энэхүү нэр хүндтэй хариуцлагатай үүргийг хүлээсэн. Монгол Улсын нэр хүнд НҮБ, олон улсын байгууллагын хүрээнд сонгуульт үүрэг хүлээсэн үүргийн бодлого, чиглэлд сөргөөр нөлөөлж эдгээр байгууллагаас анхааруулах шахалт ихээр ирж хүний эрхийн гэрээний хэрэгжилтэд шүүмжлэл авч манай улсын үнэлгээ буурахаар байна гэж мөн дүгнэсэн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1-т эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж ялын зорилгыг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх үндсэн зорилготой. Алах ялын тухайд энэ гурван зорилго ялынхаа үндсэн зорилгыг бүрэн хангаж чадах боломжгүй гэж ойлгож байгаа. Нэгэнт амь насыг нь тасдаж буй хүнийг хүмүүжүүлэх асуудал яригдахгүй нь ойлгомжтой. Урьдчилан сэргийлэх утга ч мөн яригдахгүй. Цаазаар авах ял байснаар тухайн төрлийн гэмт хэргийн үзүүлэлт буурдаг гэх ойлголт олон улсад ч манай улсад ч байдаггүй.

Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн улмаас амь насаа алдсан бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар бүх насаар нь хорих ял шийтгэлтэй. Бүх насаар нь хорих ял шийтгэл бол тухайн хүндээ маш хатуу ял шийтгэл байдаг. Өнгөрсөн хугацаанд ийм байдлаар хорих ял шийтгэгдсэн хүмүүсээс амьд гарч ирсэн хүн байдаггүй. Бүх насаар нь хорих ял үнэндээ амьдын там юм шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачилах онцгой бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж байгаа. Албан ёсоор хуулийн төсөл хэлбэрээр орж ирвэл Засгийн газар албан ёсны дүгнэлтээ гаргаж өгөх байх.

-Ерөнхийлөгчийн зөвлөх мэдээлэл хийхдээ Үндсэн хуулийн 10.4-т Монгол Улс “Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж заасны дагуу цаазаар авах ялыг сэргээх хуулийн төсөл санаачилж байна гэсэн л дээ. Цаазын ялыг сэргээлээ гэхэд Европын холбооноос Монгол Улсад үзүүлэх хориг арга хэмжээ яг юу байх бол?

-Ерөнхийлөгч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цаазаар авах ялыг халах тухай саналыг манай яаманд хүргүүлсний дараа Европын холбоо энэ асуудлаар тусгайлсан мэдэгдэл гаргаж Монгол Улсад ирүүлсэн. Уг мэдэгдэлд цаазын ялыг халах аливаа санаачилгыг дэмжихгүй. Монгол Улсыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэйг сануулаад хэрэв энэ асуудлыг яривал Монгол Улстай байгуулсан гэрээнүүдийг эргэж харахаа албан ёсоор мэдэгдсэн. Тухайлбал, татварын хөнгөлөлтэй нөхцөлийн гэрээ юм. Энэ гэрээний үр шимийг хамгийн эхээр хүртэж буй хүмүүс манай малчид байгаа. Манай Үндэсний томоохон үйлдвэрлэгч Говь компани Европын холбооны зах зээлд татварын хөнгөлөлттэй нөхцөлийн дагуу үндэсний бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Ашиг орлого нь нэмэгдэж байна. Тэр утгаараа ноолуурын үнийн өсөлт тогтвортой, өсөлттэй, эрэлттэй байгаа нь үүнтэй холбоотой. Цаазын ялыг сэргээх асуудал нь улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн үр дагавартай гэдгийг шууд хэлмээр байна.

-Олон улсын гэрээ конвенци манай улсын дотоодын яг ямар хуулиудтай зөрчилдөж байгаа юм бол?

-Хууль зүйн хүчин чадлын эрэмбэ дараа гэж байдаг. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хууль хамгийн хүчтэй үйлчилнэ. Ямар ч олон улсын гэрээнээс илүү давж үйлчилнэ. Хэрэв давж үйлчлэхгүй бол тусгаар тогтносон улс гэдэг шинж үгүйсгэгдэнэ. Үндсэн хуультай байна гэдэг нь бие даасан тусгаар тогтносон, бие даасан улс гэдгээ нотолж буй хамгийн дээд улс төрийн эрх зүйн бичиг баримт. Үндсэн хуульд цаазаар авах ялын тухайд онц хүнд гэмт хэрэг дээр хуулиар хэрэглэж болно гэдэг эрхийг нээж өгсөн. Заавал хуулиар байна гээгүй, болно гэдэг сонголтыг зааж өгсөн байна. Хуульдаа байлгах эсэх нь хууль тогтоогчийн эрх мэдлийн асуудал. Манайх 2015 онд Эрүүгийн хууль тогтоомжоороо цаазаар авах ялыг халсан байна. Монгол Улс Үндсэн хуульд харшилсан гэрээг дагаж мөрдөхгүй гэдэг заалт байдаг. Сая хэлсэнчлэн иргэний болон олон улсын пактын нэмэлт протокол бол манай Үндсэн хуульд харшлаагүй гэдэг дүгнэлт гараад үүнийг соёрхон баталсан. Олон улсын гэрээ үндэсний хууль тогтоомжийн заалттай зөрчилдвөл олон улсын гэрээг дагаж мөрдөнө гээд Үндсэн хуульд мөн байгаа. Хүчин чадлын хувьд нэгдүгээрт, Үндсэн хууль, хоёрдугаарт, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, гуравдугаарт, үндэсний хууль тогтоомж гэдэг эрэмбэ бий.

Миний яриад байгаа дүгнэлт зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яамны дүгнэлт гэж ойлгож болохгүй. Уг дүгнэлтийг гаргахад дээр хэлсэнчлэн Монгол Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, Гадаад харилцааны яам, Хуульчдын холбоо, эрдэмтэд гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 100 хувийн саналаар дүгнэлтээ гаргасан. Уг ажлын хэсэгт орсон байгууллагуудын төлөөлөл нь тухайн байгууллагынхаа байр суурийг илэрхийлж байгаа юм. Эдгээр байгууллагууд нэгдсэн байр суурьтайгаар нэгдсэн дүгнэлтийг гаргасан.


Categories
мэдээ цаг-үе

Д.Дорлигжав: Би электроникийн чиглэлээр компани байгуулж технологийн салбарт хүч үзэж байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай ярилцлаа.


-Таныг АТГ-ын дарга болох гэж байна хэмээн нэлээд шуугьлаа. АТГ-ын дарга болох гээд байгаа юм уу?

-Харин тийм ээ. Худал цуурхал л яваад байх юм. Би АТГ-ын дарга болохгүй ээ гэдгээ албан ёсоор хэлье. Надад тийм амбиц ч байхгүй. Нэгдүгээрт, хэн нэгэн намайг АТГ-ын дарга болооч ээ гэж огт хэлээгүй. Ямар ч санал тавиагүй. Хоёрдугаарт, АТГ-ын даргаар ажиллаж байгаа энэ хүний хугацаа дуусаагүй. Тиймээс үүнийг худлаа л гэж бодож байгаа. Хэн, ямар зорилгоор ийм шуугиан дэгдээгээд байгаа юм бүү мэд. Хаанаас ийм бор шувуу нисгэсэн юм бол доо. Миний хувьд АТГ-ын дарга болно гэхээс илүү өмнө минь хийх ажил маш их байна.

-Таныг намынхаа ротацид орлоо гээд мөн л шуугьсан. Ардчилсан намынхаа үйл ажиллагаанд хэр оролцож байгаа вэ?

-Би Үндэсний бодлогын хорооны гишүүн. Жилд хоёр удаа хуралдахаар нь очиж оролцчихоод байж байна. Өөр юу байхав дээ.

-Улс төрөө хийдэггүй юм уу. Улстөрч хүнийг нам гүм байх тусам хүмүүс хаачив гээд их сонирхох юм л даа. Зарим нь хилийн дээс алхаад алга болчихлоо гэдэг?

-Улс төр хийнэ гэхээр би яг яах ёстой юм. Юм болгон дээр очоод “Ингэх ёстой, тэгэх ёстой” гээд явах юм уу. Үнэхээр юм ярих ч сонирхол алга. Нийгэм бүхэлдээ дөжирчихсөн байна. Хэн нь зөв, хэн нь буруу, хэн нь үнэн, хэн нь худлаа хэлээд байгааг шүүх чадваргүй болчихсон юм биш үү. Би мэдэхгүй байна. Ийм үед юу ч яриад нэмэргүй л санагдах юм.

-Та нарын дуу хоолой нийгэмд дутагдаад байгаа юм биш үү?

-Хааяа хэрэгтэй гэсэн үедээ амьхандаа дуугарч л байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэдэг байр суурь минь хэвээрээ байгаа. Нийгэмд тулгамдсан асуудал гэж байдаг бол тэр чинь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болчихоод байна шүү дээ. Бид хэд хэдэн Ерөнхийлөгч сольж үзлээ. Хэд хэдэн намыг өөр хооронд нь сольж ч үзсэн биз, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд. Ямар ч ялгаа байсангүй. Нэг хэсэг нь МАНАН гэж орилох юм. Орилж байгаа хүмүүс нь ч МАНАН-гаасаа ялгагдах юм огт алга. Засаг байгуулъя гэхээр бүгд л харайгаад ороод ирдэг нөхдүүд шүү дээ. Өнөөдрийн МАНАН чинь тэгдэг биз. Ард түмэн ч үүнийг харж байна. Ингээд ирэхээр нийгэм бүхэлдээ цөхөрдөг.

Намыг нь, хүнийг нь солиод болдоггүй. Одоо яах вэ. Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг үг бий. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд явж ирсэн замаа эргэн харахаар ард түмэнтэйгээ л адил цөхөрч байна. Бусад орнууд олон намын тогтолцоотой, ардчилсан системтэй хэрнээ хөгжөөд байхад манайх яачихсан болоод ийм байдалтай яваад байдаг юм бэ. Юу нь болохгүй байна, яавал болох вэ гэдгийг таны хэлсэнчлэн улстөрч хүний хувьд дотроо боддог байхгүй юу. Сүүлд би нэг гаргалаа олсон.

-Ямар?

-Хамгийн түрүүнд улс төрийн намууд төрд гамшиг болж байна уу гэвэл тийм гэж хэлнэ. Улс төрийн нам төрийн албанд мэддэг, чаддаг хүнийг нь томилохгүй, намын нэр гэсэн далбаан доор хаа хамаагүй хүнийг тавьж байна. Алдаа гаргасан хүмүүстээ хариуцлага тооцохгүй харин ч эсрэгээрээ энхрийлээд суучих юм. Үүгээр дамжаад авлигын асуудал буурахгүй байна. Хэдэн тэрбумаар төрийн албыг нааш цааш болгодог гэдэг нь үнэн. Хариуцлага алга, чадварлаг боловсон хүчин алга. Төсвөө зөв зарцуулахаас эхлээд мордохын хазгай болж, гурвалжин дөрвөлжин маргаан болж үргэлжилдэг. Энэ бүхэн намуудаас болж байгаа. Одоо яах вэ гэхээр ардчилсан улс олон намын системтэй байх ёстой гэдэг. Хүн төрөлхтөн ардчиллын системээс илүү сайныг одоогоор бодож олоогүй байна гэж ярьдаг.

Гэтэл өөр улс оронд болоод байгаа ч манайд болдоггүй. Төрийн ажилд олон жил нухлуулсан хүний хувьд энэ бүхнийг бодож л байна.

-Бодоод ямар дүгнэлтэд хүрэв?

-Намуудыг тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой юм байна. Энэ хязгаарлах арга өнөөдөр Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал тогтооно. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байна, мөн ард түмнээс сонгогдсон хууль тогтоох дээд байгууллага байна гэж байгаа юм. Ерөнхийлөгч гарч ирээд батлагдсан хуулийн дагуу төрийн гүйцэтгэх ажлыг үргэлжлүүлнэ. Ингэхдээ чадварлаг боловсон хүчнийг сонгох, хэнийг тавихаас эхлээд нам харгалзалгүй чаддаг хүнийг нь тавих ёстой. Чадахгүй бол маргааш нь хариуцлага тооцохоос эхлээд төсвийн мөнгийг зөв зүйлд зарцуулах, бодлоготой болгохоос эхлээд энэ бүхэн гүйцэтгэх засаглалын ажил. Хууль тогтоогчид нам намаараа баталж буй хуулин дээрээ үзэл бодлоо уралдуулах ёстой. Ингээд намуудыг гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд оруулахаа больчихвол энэ гамшиг арилна.

-Намууд энэ бүгдийг хүлцэнгүй хүлээн зөвшөөрнө гэж та бодож байна уу. Улс төрийн намуудын үндсэн чиг шугам нь гүйцэтгэх эрх мэдлийг намаар дамжуулж авах байдаг шүү дээ. Нэг хүний гарт бүх эрх мэдлийг өгөөд өөрсдөө бэлгэдлийн маягаар явна гэвэл улс төрийн намууд ил, далд эсэргүүцэх байх даа?

-Тийм учраас би одоо ухаарцгаая, одоо зогсоцгооё гээд байгаа юм. Ерөн-хийлөгчийн засаглалтай болчихвол намууд зогсоно. Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал руугаа оруулахгүй. Эцсийн бүлэгтээ Ерөнхийлөгчийн хариуцлага болж гарч ирэх байхгүй юу. Одоо эзэнгүй болчихоод байна. Тэр нам ингэснээс болж тэгсэн л гээд байгаа биз дээ. Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар нь бие бие рүүгээ алдаагаа чихээд хариуцлага тооцож чаддаггүй. Нэг нэгэндээ саад хийж л чадна. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэдгийг дахиад хэлье. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт аюул шүү. Одоо байгаагаасаа улам дордоно.

-Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт таны хэлээд байгаагийн бүр эсрэг болж орж ирэх гэж байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бүр хумина гээд байгаа л даа?

-Ерөнхий сайдад эрх мэдэл төвлөрүүлсэн тогтолцоог хийнэ гээд байгаа юм. Ерөнхий сайд гэдэг чинь намын дарга. Намын зовлон гүйцэтгэх засаглалаас салахгүй. Энэ яриад байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нь бид энэ байдлаасаа салж чадахгүй. Харин ч эсрэгээрээ улам лавшруулж өгнө. Одоо Ерөнхийлөгчийн институци байгаа тулдаа болохгүй зүйлд нь хориг тавихаас эхлээд арга хэмжээ авах гэж оролдож байна. Үүнийг нь алга болгочихвол бурантагийг нь эвхээд тавина гэсэн үг. Аюултай шүү.

-Манай хоёр хөршийн тэргүүнүүд өөрсдийн эрх мэдлийн хугацаагаа сунгах боломжоо нээчихлээ. Тиймээс манай улс ч гэсэн хоёр хөрштэйгөө ижил замаар явах ёстой гэсэн үг үү. Зарим хүмүүс бол хоёр гүрний дунд байгаа бол Монгол Улс ардчиллын баян бүрд байх ёстой гээд байгаа л даа?

-Ардчиллыг хөгжүүлэх хэрэгтэй. Америк, Франц шиг Ерөнхийлөгчийн тогтолцоотой, ардчилсан улс байх ёстой. Би ардчилсан системүүд дотор байдаг нэг хувилбарыг нь хэлээд байна л даа. Ерөнхийлөгчийн засаглал нь манайд илүү үр дүнтэй, таарах хувилбар нь. Түүнээс биш урд, хойд хөршүүд юугаа хийх нь бидэнд тийм хамаатай юм уу. Тэдний хийсэн болгон манайд заавал таарах албагүй. Адилхан ч байх албагүй. Бидэнд юу хэрэгтэй байна, түүнийгээ хийх хэрэгтэй.

-Та хууль зүйн салбарт багагүй хугацаанд ажилласан. Сайдын албыг хүртэл хашиж байлаа. 2016 оноос хойш хууль зүйн салбарт хийгдэж буй өөрчлөлтүүдийг хэрхэн харж байгаа вэ. Таны баталсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийгээд байна?

-Ямар зүйл хийж байгааг нь анзаарч чадахгүй явна. Намайг сайд байх үед батлаад хэрэгжүүлж эхлээгүй байсан Эрүүгийн хууль, процессийн, Зөрчлийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Яг ямар өөрчлөлт оров гэдгийг нэг бүрчлэн мэдэхгүй байна. Уулзсан хүн бүрийн хэлж буй нэг зүйл нь “Энэ арай хэтэрчээ” л гэж байгаа юм. Заримыг нь анзаарч байхад үнэхээр харамсмаар өөрчлөлтүүд орсон байна лээ. Уг хуулиудыг харахаас чухал ажил надад бий. Үүнд анхаарлаа хандуулж байгаа. Өдөр шөнөгүй зүтгээд үр дүнд хүрч байна шүү.

-Эрдэнэт үйлдвэр, Стандарт банктай холбоотой асуудлыг та харсан байх. Харахгүй байя гэсэн ч харахаас аргагүй болтол шуугьж байна. Х.Тэмүүжин сайд байхдаа Эрдэнэт үйлдвэр, Стандарт банк хоёрын хооронд бий болсон маргааныг шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл таныг Хууль зүйн сайд болоод энэ бүхэн замхрах шатандаа орсон гэх юм?

-Хууль зүйн яам шалгадаг ажил биш. Намайг Улсын Ерөнхий прокурор байхад шалгагдаж байсан хэрэг.

Ш.Батхүү хоригдчихсон байсан. Би нэг зүйл хэлье. Ч.Ганзориг хуурамч гарын үсэг зурсан гээд байгаа. Хамгийн анхны гэрээн дээр зурсан Ч.Ганзоригийн гарыг үсэг үнэн байдаг. Түүнээс хойших гарын үсэг зурагдангуут нь хуурамч гэдэг нь үнэн. Монгол Улс яагаад Арбитрийн шүүх дээр очоод “Та нар энэ гэрээг хуурамч гээд байгаа юм бол яагаад энэ гэрээний дагуу ажиллаад баяжмалаа ачуулаад, мөнгөө аваад олон жил явсан юм бэ. Энэ гарын үсэг, гэрээ хуурамч байлаа ч та нар үйлдлээрээ нотолж байна” гэдгээр уначихсан юм. Ердөө л энэ.

-Стандарт банкны өрийг хэн төлөх ёстой юм?

-Эрдэнэт үйлдвэр төлж таарна.

-Хуурамч гарын үсэг зурсан Ш.Батхүү төлдөггүй юм уу?

-Гэрээний журмаар барьцаанд тавьсан гэдгээрээ Эрдэнэт хариуцлагаа хүлээнэ. Дараа нь хувь хүнтэйгээ Эрдэнэт үйлдвэр юм уу, Засгийн газар өгч авдаг зүйл байдаг юм бол тэрийг нь ав. Хуулийн хувьд ингэж явах ёстой. Ш.Батхүүд Хадгаламж гээд том банк, бензин колонкуут, махны үйлдвэрүүд байсан. Тэдгээрийг нь үнэлээд авах бололцоо байгаа л байх.

-Эхний ээлжинд бушуухан Стандарт банкны өрөө л дарах ёстой юм байна…

-Хуурамч гэсэн мөртлөө үнэхээр хуурамч биш гэдгийг мэдэж л байсан байхгүй юу. Үйл ажиллагаа явж байсан. Үүнээс болж унасан байхгүй юу.

-Үе үеийн парламентад олонхыг бүрдүүлсэн улс төрийн намууд, Засгийн газар үргэлж Эрдэнэтийг тойрон галын наадам шахуу зүйл хийдэг. Хамгийн түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн даргыг сольдог. Та Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Үнэхээр тийм их бараа шахдаг юм уу?

-Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн захирлууд маш удсан шүү дээ. Ч.Ганзориг бараг найман жил болчихсон байх. Тэгтлээ их солигдохгүй байгаа.

-Шахаа хийх боломж байдаг юм уу?

-Байдаг л юм байгаа биз. Одоо ингээд иймэрхүү яриагаа орхиё. Ард түмэнд хэрүүл хэрэггүй, тэмүүлэл, гэрэл гэгээ хэрэгтэй байна. Хүмүүс уул уурхай хэрэггүй оюун ухаанаа ухаж амьдаръя гээд байгаа биз дээ.

Оюун ухаанаараа амьдаръя гээд IT-гийн компани ярихаас хэтрэхгүй байгаа юм. Энэ нэг чиглэл нь мөн. Би багын электроник, техникт дур сонирхолтой хүүхэд байсан. Үүн дээрээ түшиглээд физик, электроникийн чиглэлээр компани байгуулан лабораторийн ажилтай сууж байна.

-Улс төрийн хүрээнээс гэнэтхэн л электроникийн чиглэлээр компани байгуулсан гэхээр сонин л санагдаж байна…

-Би хүүхэд байхдаа янз бүрийн радионоос эхлээд төрөл бүрийн схем олж аваад юм хийх гэж үздэг байлаа. Тэр үед ямар жижиг деталь эд анги зардаг дэлгүүр байдаг байсан биш. Айлуудаар хэсч хуучны эвдэрсэн том модон радио гуйж аваад гар хөлөө түлэн байж юм хийнэ ээ бас. Би машин, техник талдаа илүү сонирхолтой. Хувь заяагаар ч юм уу, мэргэжил өөр тийшээ яваад хөндийрчихөөд байсан юм.

Гэнэт яагаад багын хоббигоороо явах болсон бэ гэхээр физик электроникийн чиглэлээр гадаадад мэргэжил эзэмшээд ирсэн хэдэн залуутай би санаандгүй байдлаар танилцсан юм. Энэ залуус юм хийх гээд учраа олохгүй яваад байсан. Тэдний хийж байгаа зүйлсийг сонирхож, ярьж байгаа зүйлийг нь сонсдог байлаа. Ингэж явсаар байгаад хобби маань сэргэчихсэн. Тэгээд ярьж байгаад хамтдаа юм хийхээр болж технологийн салбарт хүч үзэн туршилт, судалгааны төв байгуулан ажиллаад их сайхан үр дүнгүүд гарч байна.

-Тухайлбал…

-Патент авсан хэд хэдэн шийдэл бий. Тухайлбал, эрчим хүч хэмнэх, цэвэр эрчим хүч гаргах. Ингэж болж байгаа юм чинь хэнд зориулж ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдэг чинь зах зээлийн асуудал. Бид ярьж байгаад дэлхий дээр хамгийн их сонирхох зүйл цахилгаан машин гэж үзсэн. Цахилгаан автомашины компаниуд нэг цэнэглэлтээрээ хэдэн км явж байна, хэдэн цагт цэнэглэж байна гэдгээрээ өрсөлдөж байгаа. Тиймээс бид эрчим хүч хэмнэх төхөөрөмжөө автомашин дээр хэрэглэе бүтээгдэхүүний дизайн гаргасан. Цахилгаан машинтай хүн нэг цэнэглээд 300 км явах байсан бол бидний төхөөрөмж 600 км явуулна. Хоёр цахилгаан хөдөлгүүртэй бол 1200 км явуулах боломжтой. Физикийн томьёололоороо болчихож байгаа юм. Амьдрал дээр туршаад шавар усанд явахаас эхлээд хурдан, удаан явах гээд хүндрэлтэй зүйл гарна. Энэ бүхнийг шинжлэх ухаан талаас нь нотлохын тулд дан ганц автомашин байх шаардлагагүй. Бүх цахилгаан техник дээр турших хэрэгтэй. Бид нэг цэнэглэлтээр 50 км явдаг унадаг дугуйн дээр туршаад ямар ч асуудалгүй байсан. Дараа нь бид нэг цэнэглэлтээр 300 км явдаг автомашин байдаг бол үүн дээр туршилтуудаа хийнэ. Сүүлд нь хоёр хөдөлгүүртэй автомашинууд дээр туршина. Машин болгон өөр өөр хүчин чадалтай. Тус тусад нь тааруулж хийнэ. Энэ мэтчилэн туршилтуудаа хийж байна. Туршилтуудаа дуусгасны дараа дэлхий нийтэд энэ бүтээгдэхүүнээ санал болгоно.

-Олон улсад ийм жишиг байна уу?

-Бид хүнд хэрэгтэй зүйл хийе гэвэл хамгийн их өрсөлдөж байгаа бүтээгдэхүүнийг хийх ёстой. Тэр ч утгаараа бид үүнд зорьсон. Хоёрдугаарт, бид цэвэр эрчим хүчний чиглэлд ажиллаж байгаа. Цахилгаан, нар, салхи, газны хэрэггүй жижиг батарейгаар өдөөгдөөд өөрөө ажилладаг цахилгаан генератыг хийж байна. Нэг удаа л худалдаж авна. Цаашаа өөр ямар нэгэн зүйл хэрэггүй. Өөрөөсөө цахилгаан үйлдвэрлэнэ. 20, 50, 100 кВт-н загвар гаргачихаад хийх гээд сургуулийнхаа доод талын давхрыг механик цех болгоод нэгдүгээр давхраа лаборатори болгочихсон ажиллаж байна.

-Манайх шиг утаа гэж их ярьдаг улсад эрчим хүчээр халаалтаа шийдээд явахад хэмнэлттэй юм байна, тийм үү?

-Хэрэгтэй гэсэн хүмүүс нь сонирхоно биз. Гуравдугаарт, бид эрчим хүч хэмнэж адаптор хийж байна. Эрчим хүчний бага хэрэглээтэй айл, аж ахуйн нэгжүүдэд зориулж байгаа. Хамгийн багадаа эрчим хүчийг 50 хувь хэмнэж байгаа юм. 60 хувь хүртэл хэмнэх боломжтой. Үүнийгээ айлын цахилгаан тоолуурын дэргэд байршуулчихна. Тухайн айлын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 50 хувь хэмнэгдэнэ, хамгийн багадаа шүү. Онолын хувьд цахилгаан их хэрэглэдэг аж ахуйн нэгжүүд ч тавьчихаж болно. Гар утас цэнэглэдэг повер банкаас эхлээд жижиг зүйлс ч хийж байна. Автомашинтай хүмүүс холын замд гэрэл шилжүүлдэггүй дээ. Тэгвэл автоматаар гэрэл шилжүүлдэг мэдрэгчтэй зүйл ч хийж байх жишээтэй. Зам тээврийн, хөгжлийн яаманд санал болгосон. Хүлээж авах юм уу бүү мэд. Эрүүл мэндийн салбарын чиглэлд ажиллах бодолтой байгаа. Тодорхой хэмжээнд электрон тоног төхөөрөмж үйлдвэрлэхээр дизайн гаргасан.

-Эрчим хүч геополитикийн чухал зүйл. Хэзээнээс туршилж дуусч амьдралд нэвтрүүлэх боломжтой вэ. Их хэмжээгээр захиаллаа гэхэд үйлдвэрлэлийн боломж хэр байгаа бол?

-Биткойн ажиллуулдаг хүмүүсээс эхлээд эхнээсээ захиалга өгөөд эхэлсэн. Одоо бид үйлдвэр туршилтын лабораторидоо хийж байна. Цаашид өргөжөөд явбал үйлдвэрийн тухай ярих байх.

-Үнэ ханшийн хувьд ямар байх бол?

-Аль болох боломжийн үнэтэй байх тал дээр анхаарна. Бид хилийн цэргийнхэнд 20 кВт-ын цахилгаан станцыг санал болгож байгаа. Үүгээр заставынхаа гурван байшинг цахилгаанаар халаачихна. Хоол унд, угаалгын машин энэ бүгдээ цахилгаанаар хангачихна гэсэн үг. Заставууд дизель түлш үрж нүүрс, түлээ зөөхөөс эхлээд зардал их гардаг. Цаашид бидний хийж буй энэ зүйлс бага хэрэглэгч буюу сумын төв болон сумын төвөөс доош бага хэрэглэгчтэй бүх хүн ашиглах боломжтой хувилбарыг гаргаж ирье гэж бодоод байгаа. Сумдыг төвийн эрчим хүчээр хангасан хэдий ч үйлдвэрлэл явуулж чадахгүй, лааны оронд хэрэглэж байна. Зах хязгаарынханд боломж алга л даа. Тиймээс нэг удаа л цахилгаан эрчим хүч гаргагчаа худалдаж аваад цаашид үнэгүй эрчим хүч хэрэглэнэ гэсэн үг.

-Эрчим хүчний салбарт инноваци бүтээж байна гэж ойлголоо. Салбар яамны зүгээс дэмжлэг байна уу?

-Манайхан нэг юм хийхээрээ төр дэмжсэнгүй, төр намайг харсангүй гэдэг буруу жишиг тогтоочихсон. Төр биш хэрэглэгчдэд ойр бүтээгдэхүүн хийчихвэл иргэд хэрэгтэй юм байна гээд худалдаад авдаг тийм зүйлийг хийх ёстой. Хэрэглэгчдийн тоо бүр олон болоод миний хүчин чадал хүрэхээ болиод эхэлбэл улс оронд ач холбогдолтой гэж үзвэл төрөөс дэмжлэг хүсч байх хэрэгтэй. Миний хийж байгаа энэ зүйлс төрд хандах хэмжээнд хүрээгүй байна.

Цаашид бид нисдэг дрон хийх загвар гаргасан. Дэлхий дээр батарейгаар ажилладаг нисдэг дрон 30-40 минут нисдэг. Хамгийн том дрон 100 орчим кг ачаа зөөж байгаа байх. Бидний гаргасан загвараар 300 орчим кг ачаа тээгээд, өөрөө өөрөөсөө цахилгаан гаргаад явах учраас хэдэн цаг ч нисч болно. Ингэхээр физик электроникийн салбарынхан мэдэхгүй өөр салбар руу орж ирж байгаа юм. Манайд аеродинамикийн тооцоо гаргадаг хүн, зохион бүтээх товчоо алга. Ганц нэг мэргэжлийн хүмүүст сэнсний тооцоо гаргаж өгөхөөс эхлээд захиалга өгчихсөн. Нэг зүйл рүү зориг шулуудаад ороход маш олон шийдэж болохоор зүйлс харагдаж байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Болд: Олон улсын парламентын холбоо С.Зоригийн хэрэгтэй холбоотой ажлын хэсэг гаргаж намар дахин хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Олон улсын парламентын холбооны хурал Женев хотноо болсон. Энэ удаагийн хуралдааны онцлог юу байв. Манайхны хувьд анхаарал татдаг сэдэв мэдээж төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан асуудал дээр Олон улсын парламентын холбоо ямар байр суурь илэрхийлэх бол гэдэг хандлага байдаг. Хуралд оролцоод ирсэн хүний хувьд байр сууриа хуваалцахгүй юу?

-Монгол Улс 1990 онд ардчилсан парламенттай болсноор Олон улсын парламентын холбоонд илүү хамааралтай болсон. Парламентын бүлгэмийн даргаар ардчиллын удирдагч С.Зориг сонгогдсоноор энэ байгууллагад Монгол Улс бүрэн эрхтэй, өөрийн байр суурьтай оролцдог, бидний үгийг сонсдог болсон юм. Миний хувьд 1996-2000 онд Ардчилсан нам олонх байхад үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог байлаа. Монгол Улсад Ази Номхон далайн бүлгийн хурлыг нь хийж байсны дээр гүйцэтгэх хороонд нь сонгогдож байсан. С.Зориг бусдын гарт амиа алдсан. Олон улсын парламентын холбооны нэг гол үүрэг нь дэлхий нийтэд ардчилсан зарчим, ард түмний төр, парламентын гишүүнийг хамгаалах байдаг.

Бид халдашгүй эрх гээд хийсвэр зүйл ярьж, баахан гэмт хэрэгтнүүд Их хуралд орж ирээд нуугдчихсан мэт ярьдаг л даа. Гэмт хэрэгтнүүд Их хурлын халхавчин доор байж таарахгүй. Үүнийг эсэргүүцсэний төлөө парламентын гишүүн амь нас, эд хөрөнгө, эрх ашгаараа хохирч болохгүй л дээ. Үүнээс Олон улсын парламентын холбоо хамгаалдаг.

2001 оноос чуулган, байнгын хороогоороо энэ асуудлыг байнга хэлэлцдэг. Энэ удаа 50 дахь тогтоол нь гарлаа.

-С.Зоригийн хэрэг дээр үү?

-Энэ удаагийн тогтоол С.Зоригийн бусдын гарт амиа алдсан хэргээр гарсан. Өмнө нь манай улсад казино тоглосон гэж хэдэн гишүүнийг хорьсон, Л.Гүндалайг барьсан ч гэдэг юмуу, Монголтой холбоотой тохиолдлууд байсан. Монголын талаас бид мэдээлэл өгч, мэдээлэл авч, шийдвэрийнх нь дагуу зөвлөмжийг нь судалж хэрэгжүүлэх тал дээр хариугаа танилцуулдаг. Олон улсын парламентын холбооны хавар, намрын чуулган жилд хоёр удаа болдог. Хаврын чуулганаараа дэлхий дахины өмнө тулгамдсан томоохон асуудлуудыг бүгдийг нь ярьсан. Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа дүрвэгчдийн талаар үндсэн асуудал болгон хэлэлцсэн.

Израйль, Палестинаас эхлээд бүс нутгууд дахь зөрчлүүдийн талаар ярилцлаа. Энэ удаагийн хуралд 150 гаруй орны 740 парламентын гишүүн цугласан. 60 гаруй орны парламентын спикер ирж байна. Мөн тооны парламентын дэд дарга нар оролцсон. УИХ гадаад харилцаандаа нэг их мөнгө зардаггүйн нэг шалтгаан нь Олон улсын парламентын холбооны энэ хурал байдаг. Заавал хоёр орон бие биедээ айлчлаад байх шаардлагагүй. Шаардлагатай уулзалтуудаа энэ үеэр хийчихдэг. 20 гаруй удаагийн хоёр талын томоохон уулзалтуудыг бид хийгээд ирлээ. Олон улсын парламентын холбооны хурал төлөвлөсөн үр дүндээ хүрсэн гэж ойлгож болно.

-С.Зориг бусдын гарт амиа алдаад 20 жил боллоо. Олон улсын парламентын холбооны хурал болгоны үеэр уг хэрэг сөхөгддөг. Энэ жил С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор дүгнэлт гаргасан гэж байсан л даа. Дүгнэлтийн гол агуулга юу байв?

-Өмнө нь хэрэг илрээгүй байсан учраас хэргийн явц удааширч байна. Илрүүлэхгүй байх ямар шалтгаан байна гэдэг байлаа. С.Зориг агсан амиа алдаад 20 жил болох гэж байна шүү дээ. Энэ жилийн тухайд анх удаа хэрэг илэрсэн, хэрэг үйлдсэн гэх хүмүүс нь ял эдэлж байна гэсэн нөхцөлтэй байгаа. Тогтоол танилцуулгад байгаагаас нь үзвэл манайх нээлттэй, ойлгомжтой, бүх асуултад нь хариулт өгсөн байдлаар ажлын хэсгийг хангалттай ажиллах нөхцөлөөр хангаж чадаагүй байна лээ. Үүний цаана нэлээд олон тогтоол, зөвлөмжүүд эргээд ороод ирчихэж байгаа юм. Хамгийн гол нь захиалгат хэрэг гэж яллачихаад захиалагчийг нь яллаагүй байж гүйцэтгэгчийг нь яллачихаар аль ч түвшинд аваад үзсэн эргэлзээ байгаа биз. Шүүхийн шийдвэрийнхэн ял эдэлсэн хүмүүстэй уулзуулахгүй цааргалсан байдалтай байгаа. Уг нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн хамтран ажиллах ёстой. Тиймээс нөгөө талдаа буруу зөрүү ойлголт төрүүлэхээр зүйлс байна.

Гол үр дүн нь ямар ч байсан тогтоол гаргалаа. Зөвлөмж тавигдаж буй асуудлууд нээлттэй байгаа зүйлсээ нэлээд тодорхой илэрхийлсэн. С.Зоригийн хэргийн дийлэнхийг нууцаас гаргасан. Мэргэжлийн хүмүүсээр хэргийг уншуулаад, тодорхой судалгаа хийгээд, хүмүүстэй нь уулзуулсан гэх мэтчилэн хэргийн цоо шинэ нөхцөл байдал үүссэн гэдгийг бид ойлгуулсан. Энэ дагуу ОУПХ С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ажлын хэсэг ажиллуулаад намрын чуулганаараа дахин хэлэлцэнэ. Ингэснээр асуудал нэг талдаа бүрэн гарах боломж бүрдэх болов уу гэж харагдсан.

-Тогтоол дээр тэдний эргэлзээ албан ёсоор арилаагүй байгаа гэсэн утгатай байна гэж ойлгосон. Тэд юу гэж байх юм?

-Албан ёсоор тогтоол гарсан. Манайхны үүнд өгөх тайлбар нь хангалттай байгаа гэж бодож байна. Одоо бодит алхам хийх цаг. Бид нэг эрх ашигтай, тэд нэг эрх ашигтай байна гэж байхгүй. Монголын ард түмэн энэ хэргийн талаар хэн нь эргэлзээгүй үлдэх ёстой. Олон улсын парламентын холбооны Монголд ирсэн ажлын хэсгийнхний олзуурхаж байгаа зүйл нь юу байсан гэхээр бусад оронд ийм төрлийн хэрэг гарлаа гэхэд хэдэн жилийн дараа мартагддаг, хүмүүс ч ач холбогдол өгөхөө байдаг юм байна л даа. Энэ нь бодит дүгнэлт гаргахад улам түвэгтэй болгодог юм билээ. Гэтэл монголчууд хэзээ ч, хаана ч очсон жирийн иргэнээсээ Төрийн тэргүүн хүртлээ энэ хэргийн талаар санаа зовнисон, хэргийн талаар мэдээлэлтэй, ойлголттой, өөрийн гэсэн бодолтой, оноштой байдаг. Тиймээс энэ хэрэг дээр ажиллахад хялбар байдаг гэж байсан. Өнөөдрийг хүртэл мартагдаагүй, ач холбогдол нь буураагүй, бүдгэрээгүй тул сайн цаг ирэхэд ойрхон байна гэж харж байгаа.

-ОУПХ-ны зүгээс уг хэргийн хүрээнд Монгол Улсын Их хуралд ямар нэгэн зөвлөмж хүргүүлэв үү. Их хурал цаашид юун дээр анхаарах ёстой гэсэн бэ?

-Томоохон дүгнэлтүүд гарсан. Хуулийн байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ, УИХ-ын холбогдох байнгын хороод үүн дээр тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой. Уг хуралд явахын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр Хүний эрхийн дэд хорооны гишүүд гэдэг утгаараа ар гэрийнхнийх нь хүсэлтээр очиж уулзсан. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байсан байр сууриа бүгдийг нь илэрхийлж байна лээ. УИХ өөрийн бүтцийн байгууллага Хүний эрхийн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороогоороо энэ асуудлуудыг ярьж тодорхой дүгнэлтүүдийг гаргах шаардлагатай юм билээ. УИХ-ын хаврын чуулган удахгүй эхэлнэ. Энэ үеэр асуудлуудаа хэлнэ. ОУПХ-ны ажлын хэсгийнхэн ирэхэд парламент зугтаад айсан, жийрхсэн, болгоомжилсон байдалтай байдаг байсан. Харин ч манайхан ажлын хэсэг гаргаад ажиллах ёстой. Үнэндээ Монголын парламентын хийх ажлыг Олон улсын парламентын холбоо хийж байгаа. Монголын парламент өнгөрсөн 20 жилийн хугацаанд ажлаа хийсэн бол Олон улсын парламентын холбоо “Монголд ийм хэрэг болсон. Үүнд Монголын парламент зохих бүх арга хэмжээгээ авч байна” гэсэн ганц хоёрхон өгүүлбэртэй дүгнэлт гаргаад л болох байсан. Энэ Монголын дотоод асуудал.

Бид эндээ учраа олохгүй үнэхээр улс төрийн ч юм уу, ахуйн ч юм уу, төрийн эсрэг ч юм уу, ардчиллын эсрэг ч юм уу ямар зорилгоор яах гэж хөнөөсөн гэдэг нь нуусан, далдалсан ойлгомжгүй болчихоор Олон улсын парламент аргагүйн эрхэнд зардал чирэгдэл болж байна. Олон улсын парламентын холбооны хурал дээр Монголын нэр иймэрхүү байдлаар л байнга гарч байгаа. Монголын парламент ажлаа хийх цаг болсон.

-Бусад орнуудын парламентын хөгжил ямар зарчмаар явж байна вэ. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд нэр хүнд нь унах болсон. Сонгодог парламентын зарчмаар явах ёстой гэдэг ч эрх мэдлийн хуваарилалт Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар гээд гурав хуваагдчихаад байна. Бусад орнуудын жишиг ямар байгаа бол. Санал солилцсон уу?

-Манайхны зарим нь ардчилал бүтэхгүй гэж ярьдаг. Энэ худлаа. Дэлхий дээр ардчилсан орнуудын тоо улам нэмэгдэж байна. 50 жилийн өмнө ардчилсан улс гэхэд хуруу дарам цөөн байлаа. Одоо харин ардчилалгүй орон хуруу дарам цөөн болсон. Ардчилал дотор парламент нь хүчтэй, гүйцэтгэх засаглал нь хүчтэй гээд хоёр янз бий. Өмнө нь 50-иас дээш хувьд нь гүйцэтгэх засаглал нь хүчтэй байсан бол одоо парламент нь илүү хүчтэй болж байна л даа. Өнөөдөр бид давхар дээл гээд яриад байгаа биз. Үүний л нэг хэсэг. Парламент хүчтэй байж, засагтайгаа холилдохгүй байснаар парламентын хяналт, эрх мэдэл дээшилдэг. АНУ, БНСУ-аас эхлээд хүчтэй Ерөнхийлөгчтэй байх гэдэг ч бүгд л парламентын засаглалаа бэхжүүлэхэд анхаарч байгаа. Олон улсын парламентын холбооны чуулган болгон үүнийг баталдаг. Парламентын ардчилал аливаа улсын цаашдын зам мөр энэ. Зөв явах цорын ганц жор. Үүнд хүрэхийн тулд зарим улс урт зам туулдаг бол зарим нь богино зам туулдаг. Монгол Улс 1990 онд хамгийн богино замыг сонгосон. Үүнээс буцахгүй байгаа нь ард түмэн хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл. Ард түмэн хүлээн зөвшөөрдөггүй байсан бол аль хэдийнээ бид өөр замаар явж байх байлаа.

-Та Ардчилсан намын гишүүн. Танай нам дотор ротаци явагдаж байна. Үүнийг тойрсон хэл ам их гарч байна. Санал хураах үеэр саналын хайрцгаа булааж зугтах юм. ҮБХ-ноосоо Р.Амаржаргал, Баабар, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, Д.Дорлигжав, Ч.Сайханбилэг гээд магадгүй намынхаа нүүр царай гэгдэх энэ хүмүүсээ явууллаа. Таны байр суурийг сонирхмоор байна?

-Энэ тал дээр би ганц зүйлийг олон ч жил ярьж байна даа. Улс төрийн намын тухай хууль буруу байна гэж. Нам гэдэг бол төрийг бүрдүүлж буй цорын ганц субъект. Үндсэн хуулиар хашиж байгаад онцгой эрх өгчихсөн. Байгууллага бүр өөрийн зорилготой. Бусад байгууллагууд нийгэмд чиглэсэн жижиг зорилготой бол нам гэдэг Монголын төрийг эзэгнэх зорилготой. Нам дийлэнх олонх болж Их хурлыг бүрдүүлж байна. Үүний эх үүсвэр болох нам нь хуулийн хувьд ардчилсан бус тогтолцоотой байвал орвонгоор нь эргүүлдэг. Төрийн албыг 60 тэрбумаар наймаалдаг боллоо. Үүнийг ард түмэн ердийн зүйл мэт бодох болсон.

Зориудаар ингэж буруу явуулах зорилго тодорхой бүлэг хүмүүст бий. УИХ-аас ажлын хэсэг гарч Улс төрийн намын тухай хуулийг батлах ёстой. Ажлын хэсэгт намайг оруулаагүй. Гэхдээ би ажлын хэсэгт орохын төлөө зүтгэнэ. Гишүүний хувьд өөрийн саналаа ч илэрхийлнэ. Таны асуусан зүйл намын дотоод ардчиллын асуудал. Одоогийн хуулиар үндсэндээ намуудыг хувьчилчихсан, компанийн, хувь хүний нам гээд явж байна. Үзэл бодол, мөрийн хөтөлбөрийн нам байх ёстой. Гэтэл хувь хүмүүсийн, бүлэглэлийн нам болчихлоо. Үндсэндээ улс төрийн нам албан тушаал хуваарилах дэлгүүр болчихсон байна шүү дээ. Үүнийг хуулиар зохицуулна. Төр дээд эрх мэдлээ улс төрийн намд өгч байгаа бол санхүүжилтийн дээд хязгаарыг тогтоогоод 30-50 хувийг төр өгдөг болж, Үндэсний аудитын газар үүнийг нь шалгадаг болох хэрэгтэй. Намын дотоод сонгууль гэдэг бол төрийн сонгууль гэж үзэх ёстой. Учир нь энэ намын хүмүүсээс төр бүрддэг. Намын дотоод сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо хийдэг болох нь зөв. Харуул хамгаалалтаас эхлээд төрийн хамгаалалт хариуцах шаардлагатай. Энэ чигээрээ байвал дампуурал, сүйрэл рүү явна. Нэг үгээр хэлбэл ангал руу түлхэж байна.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Раднаасэд: АТГ-аас намайг дуудаж байцаагаагүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдтэй ярилцлаа.


-Та Хууль зүйн байнгын хорооны дарга. Сүүлийн үед авлига болон албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргүүд их гарах боллоо. Иргэдийн хамгийн ихээр итгэдэг шүүхийн байгууллага авлигад автсан талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүн хэлсэн байх жишээтэй. Энэ бүгдийг яаж эмх цэгцэнд нь оруулах ёстой вэ?

-Эхлээд нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Х.Нямбаатар гишүүнээс эхлээд шүүгчдийн хөрөнгө орлогыг ил тод болгохоос эхлээд дэвшилттэй зүйлс байна. Тэр хөрөнгө хууль ёсных мөн үү, биш үү гэдэг өөрөө ярвигтай. Тэдэн дунд бизнес эрхлэгч хүн ч байгаа байх. Бүр бизнесгүй ч байж магадгүй. Үүн дээр хууль хяналтын байгууллага шалгалт хийж байгаа байлгүй дээ. Шалгалт хийсний дараа сайн, муу гээд хоёр талтай ялгагдаад гараад ирэх ёстой. Энэ үед буруутай этгээдэд нь хариуцлагаа тооцдог байх шаардлагатай. Хоёрдугаарт, шүүгч, прокуророор очиж байгаа хүмүүс мэдлэг, боловсрол, ёс зүй болон ёс суртахууны хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байна уу, энэ хүн яаж томилогдов гэдэг шүүлтүүрийг бид бодох ёстой.

Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг таван хүн сууж байгаад бүх насаар нь шүүгчээр томилохыг санал болгодог. Миний хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийг өргөн бүрэлдэхүүнтэй болгох ёстой гэж боддог. Олон нийтийн оролцоотой байх ёстой. Зайлшгүй энэ л хүн чадна гэдэг мэргэжил болон ёс суртахууны соёлтой хүмүүсийг бид тавьж, дараа нь шүүхээс гарсан шийдвэр ариун тунгалаг байна гэдэг итгэл үнэмшлээ олж авах юм. “Цалин бага байгаа учраас шүүгч нар авлигад автаад байна” гээд байхаар нь цалинг нь нэмсэн.

Өнөөдөр төрд алба хашиж байгаа хүмүүсээс хамгийн өндөр цалинг шүүгч нар авч байна. Гэтэл шүүх асуудлыг мөнгөтэй талд нь шийдээд явж байгаа асуудал бий. Шүүгч гэж хэн байх вэ гэдэг асуудлаа бид эхлээд ярих ёстой. Тиймээс Шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдалтай холбоотой асуудлууд дээр нухацтай хууль тогтоомж Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр хийгдэж байгаа гэж сонссон. Ингэж байж тодорхой болно.

Түүнээс биш шүүгч нар бүгдээрээ авлига авдаг, тэр нь авлига өгдөг гэдэг мэдээлэл алга.

-Шүүгч хүний амь, амьдралыг дэнсэлдэг. Шүүхийн шийдвэр яаж гарна түүгээрээ хүний хувь заяа хэмжигддэг. Гэтэл шүүгч нарыг хянадаг байгууллага алга. Тиймээс энэ бүхэн даамжираад байгаа юм биш үү?

-Ачааллын хувьд шүүгч нар дээр маш их хэрэг очдог. Шүүгч нарыг хянадаг, шалгадаг эрх зүйн тогтолцоо чухал. Тэр хүмүүс бага зэрэг айдастай байх ёстой биз. Түүнээс биш, би шүүгч учраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, мөрдөж, шалгаж болохгүй. Миний хойноос дагах, утас чагнаж болохгүй, намайг ингэж болохгүй би хуулиар хамгаалагдсан субъект гэдэг ийм нөхцөлд ажиллаж байна. Буруу хэрэг хийсэн бол түүнийг нь илчилдэг, шалгадаг статусыг бусад субъектэд нь өгөх хэрэгтэй. Мэдээж шүүх засаглал хараат бус байх ёстой. Шүүн таслах ажиллагаа явуулахад нь хэн нэгэн хөндлөгөөс нөлөөлж болохгүй. Шүүгч хуулийн хүрээнд чин шударгаар ажиллъя гэж байгаа бол шударгаар ажиллаж байгаа гэдгийг нь шалгадаг эрхийг нь өөр субъектэд өгөх зайлшгүй шаардлагатайг дахин хэлье.

Өнөөдөр хууль шүүхийнхэнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа АТГ дээр хийгдэж байгаа. АТГ гэж бүх зүйлийг шалгадаг хүчтэй байгууллага хэрнээ ажиллаж байгаа бүтэцийн хувьд бага байна. Дорвитойхон өөрчлөлт шинэчлэл хийхгүй бол хүнд. Ёс зүйн алдаа гаргасан шүүгч тухайлбал яадаг юм. Бүх насаараа томилогдсон тэр хүн жижиг алдаа гаргасан бол үүнийхээ хариуцлагыг хүлээдэг, шүүгчийнх нь эрхийг хасдаг гэх мэтчилэнгээр хариуцлагын механизмыг оруулж ирэхгүй бол ний нуугүй хэлэхэд шүүхтэй холбоотой яриа ард түмний дунд их байдаг. Энэ арга замыг таслан зогсоохын төлөө явах ёстой. Үүнийг өөрчилж байгаа нь тэр гээд буруу хүмүүсийг шүүгч болгох юм бол эргээд улс орондоо хохиролтой нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй.

Хүн хүний эрхэнд ордог хоёрхон статус байдаг. Нэг нь эмнэлэг, нөгөөх нь шүүх. Яг тэдний хэлснээр явдаг. Хүний эрхийн асуудлыг шийддэг байгууллагуудын алба хаагчдын сонгон шалгаруулахаас эхлээд бүх зүйл нь байж болох хамгийн төгс хууль тогтоомжийг бид хийж ажил явна.

-Та хуульч хүн. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэхэд УИХ-ыг төлөөлөн орж ялалт байгуулсан. Гэвч нөгөө талдаа Стандарт банкны барьцаанд байгаа 51 хувийн асуудал тун бүрхэг болчихлоо. Энэ тал дээр хуульчийн байр сууринаас хэрхэн хандаж байгаа вэ?

-Эрдэнэтийн 51 хувь дээр нэг зүйл ойлгомжгүй байгаа юм. Хүний өмнөөс хуурамч гарын үсэг зураад хууль бусаар гэрээ байгуулсан нь дотоодын болон гадаадын шинжээчдээр нотлогдсон тохиолдолд баталгаа гаргасан гэх гарын үсэг хуурамчаар үйлдсэн, хуудсыг нь өөрчилсөн бол нэр гараад байгаа хүмүүс хариуцлага хүлээх ёсгүй. Хуурамчаар гарын үсэг үйлдсэн тал хариуцлага хүлээх ёстой. Арбитрийн шүүхийн шийдвэр ч тэгж гарах ёстой юм. Гэтэл яагаад Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээнэ гээд шийдвэр гарсан бэ гэдэг нь сонирхол татаж байна. Эндээс өгсөн мэдээллүүд дутуу байснаас болж ийм байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг хамгийн түрүүнд магадлах ёстой.

Хоёрдугаарт, Төмөр зам яг ижилхэн нөхцөлөөр Арбитрийн шүүхэд хандахад Монголын тал буруугүй гэж гарсан. Гэтэл Эрдэнэт дээр Монголын тал хариуцна гэчихлээ. Арбитрийн шүүхэд явуулсан бичиг баримтаа зэрэгцүүлээд харахад хэн алдаа гаргасан бэ гэдэг нь харагдана. Миний хувьд Эрдэнэт үйлдвэр Арбитрийн шүүхийн шийдвэр дээр давж заалдах ёстой гэж харж байгаа. Монголын тал Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээхгүйгээр буруу зүйл хийсэн хүмүүс нь хариуцлагаа хүлээдэг тэр зарчим руу явах ёстой.

-Ш.Батхүү гэж хувь хүний авсан зээлийг Эрдэнэт үйлдвэр төлнө гэх юм. Ийм зарчим байдаг юм уу?

-Баталгааны гэрээ гэж байдаг. Зээл аваад эргэн төлж чадахгүй бол бид төлнө гээд баталгаа гаргасан бол зайлшгүй төлөх ёстой. Гэтэл Ш.Батхүү гэдэг нөхөр хэн нэгний өмнөөс гарын үсгийг нь дуурайлгаж зураад, гэрээн доторх зарим хуудсыг нь сольсон гээд байгаа. Тэр сольсон хуудас дотор нь баталгааг нь бид хариуцна гэдэг ч юм уу, юу бичээд зээл авсан юм бол. Үнэхээр тийм зүйл болсон нь үнэн бол Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээх ёсгүй. Ш.Батхүү хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Арбитрийн шүүх ч гэсэн Монголын тал төл гэдэг шийдвэр гаргахгүй.

-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан шийдэгдэх дөхөж байна уу. Үндсэн хуулийн цэц бол УИХ-ын 23 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гээд үзсэн. Гэтэл шүүх дээрээ Засгийн газар ялагдчих гээд тун хэцүү байна л даа…

-Одоо нэг мөр болох байлгүй гэж харж байгаа. УИХ-ын гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчөөгүй гээд эцсийн шийдвэрээ гаргасан. Засгийн газар тодорхой түвшинд ажиллах ёстой.

Цэцийн шийдвэр гарчихсан болохоор Засгийн газар процессын алдаа гаргачихгүй бол шүүх дээр ялагдах үндэс байхгүй.

-Тантай холбоотой Раднаасэдийн 99 авлига гэж нэрлэж байгаад 500 сая төгрөг авсан гэдэг асуудалд нэр холбосон. АТГ-аас таныг шалгаж эхэллээ гэдэг мэдээлэл гарч байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Цаанаа зорилготой мэдээлэл түгээж байна. Говь-Алтай аймагт сонгууль их эрт болж байгаа юм байна даа л гэж харж байгаа шүү. Нэр дэвшсэн сөрөг намынхны хийж байгаа ажил болов уу. раднаасэдээс болж эрх ашиг нь хөндөгдөж, болохгүй бүтэхгүй зүйлийг нь хаасны төлөө энэ хүнийг дарах ёстой гээд ийм зүйл хийж байгаа байлгүй. Ц.Нямдорж гээд нэг хэсэг дайрсан. Дараа нь Ж.Батзандан гээд дайрсан. Одоо Раднаасэдийг гэж байгаа юм байлгүй.

-Таны дансанд 500 сая төгрөг нэг компаниас шилжиж орсон нь үнэн гээд байна. АТГ-аас мөн таныг дуудаж байцаалт авсан гэх юм. Үнэн үү?

-Тийм юм байхгүй. АТГ-аас намайг дуудаж байцаагаагүй.

-Хаврын чуулганыг ирэх долоо хоногт нээнэ. Энэ удаагийн чуулганаар Хууль зүйн байнгын хорооноос ямар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх вэ?

-Байнгын хороо өнгөрсөн намын чуулганаар багагүй ачаалалтай ажиллаж, чамлахааргүй олон хуулиудыг батлан гаргасан. Чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсгүүд гарч хуулийн хэрэгжилт дээр хяналт тавин ажиллаж байна. Их хурал хууль батлаад байдаг. Гэтэл нөгөө талдаа хуулийн хэрэгжилт ямар байгаа болон хуулинд дутуу орхисон зүйлс юу байна гэдгээ эргэж харж байхгүй бол бид хууль баталсан нэр зүүж, нөгөө талд нь хуулийг мушгин гуйвуулахаас эхлээд сөрөг асуудлууд үүсдэг. Хуулийг даган олон журам гардаг. Хуулиасаа давсан жинхэнэ хүнд суртал бий болсноор хуулийн харилцаанд орж буй хүмүүсийн амьдралд зовлон нэмдэг. Тиймээс Их хурлаас батлагдан гарч буй хуулиуд дээр онцгой анхаарах ёстой гэдэг зарчмын байр суурь баримтлан ажиллаж байгаа.

Ирэх хаврын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнийг дагасан дөрвөн хуулийг багцаар нь хэлэлцэнэ. Хүн харахад тэр бүр мэдэгдэхгүй мэт боловч улс орны хэмжээнд улсын бүртгэл маш том хариуцлага байдаг. Нөгөө талдаа асар үр дагавартай л даа. Үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдтэй холбоотой олон бүртгэлийн асуудал дээр шинэ түвшинд гарсан цахим бүртгэлээс эхлээд шийдвэрлэхээр зүйлс уг хуулиудад туссан. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэхээр жагсаалтад орсон. Монгол Улсаас орж гарч байгаа мөнгөний урсгалд татварын байгууллагаас тавих хяналт, ялангуяа хаалттай бүс гэгдэх оффшор бүст гарч мөнгөний асуудал анхаарал татах болсон. Хууль бусаар мөнгө олж түүнийгээ угаах явдлыг цэгцэлж хууль ёсны болгох тал дээр түлхүү анхаарах цаг хэдийнээ болчихоод байна. Өнөөдөр бид гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн тухай ярьдаг. Гэтэл цаана нь гэмт хэрэг үйлддэг зам нь нээлттэй үлддэг. Энэ замыг хаахгүйгээр үр дүн гарахгүй. Тиймээс мөнгө угаах асуудал дээр нэлээд нухацтай ажиллана. Хэлэлцүүлэх хуулийн төслөө Засгийн газар өргөн барьчихсан.

-Эрүү болон Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу?

-Саяхан батлагдсан Эрүү болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Зөрчлийн хуулиуд болон түүний хянан шийдвэрлэх тухай хуулиудыг эргэн харахгүй бол ойлгомжгүй зүйлсээс болж иргэдэд чирэгдэл үүсч байгааг хэлж байна. Тиймээс үүнийг засаж залруулах тал дээр анхаарна. Хуулийг баталж, хэрэгжүүлнэ гэдэг бол ойлголт нэг байж зөв зүйтэй хууль болдог. Тэгэхгүй бол хууль хэрэгжүүлж байгаа байгууллагууддаа хүндрэл, бэрхшээл гарч байгаа. Ялангуяа Зөрчлийн хууль дээр харагдаж байна. Эрүүгийн хуулиудтай холбоотойгоор цагдаа, шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагууд болон Эрүүгийн хуулийн ихэвчлэн хэрэглэдэг байгууллагын төлөөллийг томоохон хэлэлцүүлгүүдийг хийсэн. Хууль хэрэгжүүлэхэд ямар хүндрэл байна вэ, хэрэглэх явцад хууль хооронд болон байгууллага хоорондын зөрчлүүд ямар зүйл дээр их гарч байгаа талаар хоёр өдөр хэлэлцсэн. Энэ хүрээнд гарсан тодорхой санал зөвлөмжүүдийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Удахгүй бид Зөрчлийн хуулиар томоохон хэлэлцүүлгүүдийг хийнэ. Уг хууль төр талаасаа 27 байгууллагын албан тушаалтны оролцоотойгоор хэрэгжиж байгаа. Мэдээж цаана нь иргэд, бизнес эрхлэгчид бий. 27 байгууллага дээр хууль хэрэгжиж буй явц, иргэдэд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг тал талаас нь ярьж нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол болохгүй зүйлс байна. Эдгээр хуулиуд хэд хэдэн парламент, Засгийн газар, хэд хэдэн хүний гар дамжиж батлагдсан болохоор зарим зүйл дээр судалгаа дутуугийн улмаас алдсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа хүнд хариуцлага тооцох, хариуцлага хүлээлгэх тал дээр нарийвчилсан судалгаа байхгүй бол хэрэгждэггүй, хэрэгжлээ гэхэд иргэдэд хүндрэл учруулдаг.

Эдгээр гол хуулиудаас гадна бусад хуулиуд байнгын хороогоор хэлэлцэгдэнэ. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй хуулиудын нэг нь Казиногийн тухай хууль. Ажлын хэсэг ажиллаж байна.

-Казиногийн тухай хуульд ямар зүйл заалтууд тусаж байгаа бол. Казиногийн тухай хуулийг өмнөх парламент хэлэлцэнэ гэж байхад казиног дагаж муу муухай зүйлс манай улсад орж ирнэ, монголчууд бүх хөрөнгөө алдаад дуусна гэж байсан. Нөгөө хэсэг нь аялал жуулчлалаас эхлээд монголд хөрөнгө орох том боломж гэж байсан л даа…

-Нэгдүгээрт, казино байх уу, үгүй гэдэг нь өөрөө бодлого л доо. Хоёрдугаарт, монгол хүн энэ казинод орох уу, үгүй юу гэдэг нь нөгөө үндсэн асуудал нь. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Их хуралд өргөн баригдсан уг хуулийн төсөлд монгол хүн монголд байгаа казинод орохгүй байхаар хуулийн төсөл хийгдсэн. Казиног дагаж сайн, муу зүйлс орж ирдэг. Ялангуяа мөнгө угаахаас эхлээд нийгмийн сөрөг үзэгдлүүд гардаг. Ажлын хэсэг үүн дээр анхаарал хандуулж байгаа байх. БОАЖ-наас эхлээд холбогдох газрууд тодорхой түвшинд судалгааны ажил хийсэн.

-Казино байгуулахын давуу тал нь юу юм бэ. Мэдээж хуулийн төслийг боловсруулахын тулд эдийн засгийн тооцоолол хийсэн байж таараа…

-Манай орны татварын орлого нэмэгдэнэ. Учир нь казино байгуулах зөвшөөрөл нь өөрөө маш өндөр үнэтэй. Үүнийг дагаад орж буй тоглоомын төрлөөсөө хамаараад ширээ, автомат тоглоомын хэрэгсэл нь НӨАТ, Онцгой албан татварыг хилээр орж ирсэн даруйдаа төлөхөөр туссан. Жил бүр төлөх татварын хэмжээ нь өндөр. Казино байгуулагдаад ажиллалаа гэхэд эдийн засаг талдаа өгөөжтэй. Татвараар л гэхэд улсын төсөвт багагүй мөнгө хуримтлагдах тооцоо ирүүлсэн.

-Мөнгө угаах болон тер-роризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно гэлээ. Яг бодлогын ямар өөрчлөлт орох вэ. Манай орныг мөнгө угаах эрсдэл бүхий орон гээд татварын хар жагсаалтад хүртэл оруулж байсан шүү дээ?

-НҮБ-ын Мөнгө угаах болон терроризмын эсрэг конвенцид Монгол Улс нэгдэн орсон. Энэ хүрээнд өөрсдөө эрх зүйн орчноо бүрдүүлэх ёстой байдаг. Бид хүлээсэн үүргийнхээ хүрээнд хуулиа батлаад, хэрэгжүүлээд явж байна. Одоогийн зохицуулалт өргөн хүрээнд хамардаг. Ялангуяа татвараас зайлсхийж хууль бусаар мөнгө олсон, түүнтэй холбоотойгоор хууль ёсны болгох хийгээд банктай холбоотой зохицуулалтууд нэлээд бий. Энэ чиглэл рүү нэмэлт, өөрчлөлт түлхүү орно. Өөрөөр хэлбэл Мөнгө угаахтай холбоотой санхүүгийн төв Монголбанкин дээр ажиллаж байгаа. Уг албаны үйл ажиллагааг өргөтгөх, сайжруулахаас гадна гадагшаа хууль бусаар шилжиж буй мөнгөний урсгалыг хянах хэмжээний болгох хэрэгтэй. Энэ урсгал дээрх хяналтаа сайжруулах чиглэлд хуулийн төсөл хийгдсэн.

-Иргэдийн амьдралд шууд утгаараа тусдаг хуулиуд гэвэл Эрүү болон Зөрчлийн хуулиуд. Эдгээр хуулиудад ямар нэмэлт, өөрчлөлт орох гэж байна вэ. 2002 онд Ц.Нямдорж сайд байхдаа уг хуулиудыг баталж байсан. Өөрөөс нь өөр хүн хуульд гар хүрлээ гээд багагүй бухимдаж байна гэдэг шүүмжлэл ноднин явсан. Дахин сайд болоод уг хуулиудын шинэчилсэн найруулгыг хуучин хэвээр нь байлгах гэж байна гэсэн хардлага байна л даа…

-Эрүүгийн хууль 2015 онд батлагдсан. Үйлчлэх хугацааг нь түр хойшлуулсан байсан тул өмнөх Засгийн газар нэмэлт, өөрчлөлт хийсэн л дээ. Эрүүгийн хууль хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улсын хувьд тусгаар тогтнолын дархлаа. Түүнээс ганц хоёр гэмт хэрэгтний асуудал огт биш. Х.Тэмүүжин сайд байхдаа боловсруулаад Д.Дорлигжав сайд болоод бага зэргийн өөрчлөлт оруулж батлуулсан. С.Бямбацогт нэмэлт, өөрчлөлт хийсэн. Өөрөөр хэлбэл Х.Тэмүүжин толгойтой, Д.Дорлигжав цээжтэй, С.Бямбацогт хөлтэй хууль болсон гэсэн үг. Уг хуульд сайн зүйлс бий. 2002 оны хуулийг буцаан хуулинд суулгах гэж байна хэмээн хардах хэрэггүй. Мэдээж эрүүгийн хэрэг мөрдөхтэй холбоотой хугацаа хоног болон бусад дэвшилттэй зүйлсийг аваад явах боломжтой. Эрүүгийн хуульд олон хүн орж хийж, хэлэлцэж, олон гар дамжих тусмаа бурууддаг. Энэ хуулийн нэг үг, үсгийн цаана хэдэн мянган хүний амьдрал шийдэгдэж байдаг, айхтар хууль. Эрүүгийн хуулийг ярьж биш бодож хийдэг. Хүн бодлоо дуусгаж байж бичих ёстой. 2002 оны хуулийг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, цагдаагийн байгууллага, эрдэмтэд гэсэн цөөн хүн уг хуулийг хийсэн. Харьцангуй давуу тал ихтэй. Гэмт хэрэг ир гарч, гэмт хэргийн нөхцөл хүндрэх гэж байхад үүнийг зогсоосон. Зарим нааштай үр дүнгүүдээ бид мартчих юм даа. Тухайлбал, мал, модны хулгай хэрээс хэтэрсэн зүйлсийг эмхэнд нь оруулсан чанга талдаа хууль. Тэгж байж нийгмийн зөв, бурууг тогтоон барьдаг. Эрүүгийн хууль нэг талдаа гэмт хэрэг хийсэн хүнийг гэсгээхээс гадна нийгмийн эрх зүйн ухамсрыг бий болгоход чухал нөлөөтэй байдаг. Одоогийн хуулинд ЦЕГ, АТГ, Улсын дээд шүүх, прокурор дээр тодорхой өөрчлөлт оруулах санал өгсөн. Ялангуяа өмгөөлөгч нарын зүгээс саналаа илэрхийлэх нь их байгаа. Тиймээс саналуудаа тусгаад нэмэлт, өөрчлөлт Их хурал руу орж ирэх байх. Тэгж байж энэ хууль батлагдлаа гэнэ. Түүнээс биш өнөөдөр баталсан хуулиа маргааш нь өөрчлөөд явна гэдэг буруу. Миний зарчмын байр суурь ядаж энэ хуулиа хоёр жил хэрэгжүүлчих юмсан гэж бодож байсан. Мэдээж янз бүрийн шүүмжлэх зүйлс байсан шүү. Хуулийг нэг, хоёр жил хэрэгжүүлээд бодит нөхцөл байдлыг харж байгаад дараагийн өөрчлөлтөө ярих байлгүй дээ гэж бодсон. Гэтэл хууль батлагдахаас эхлээд энэ хууль хэрэгжихэд хүнд гэдгийг зарим хүн хэлж байсан. Сая хэлэлцүүлгийн шатанд хуулийн байгууллагынхан саналаа хэлсэн. Засаж залруулах зүйлс харагдаж байна лээ. Алдаа гарсан л бол жижиг гэлтгүй засах ёстой.