Categories
мэдээ цаг-үе

Н.Энхболд: Батлан хамгаалахын салбарын хөрөнгө оруулалтыг ДНБ-ий хоёр хувьд хүргэх шаардлагатай

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболдтой ярилцлаа.


-Та Батлан хамгаалах яамыг тэргүүлэх болсноор хагас жилийн хугацааг үдлээ. Энэ хугацаанд салбартаа ямар ажлуудыг амжуулав. Салбарыг бодлогоор хангах ажиллах, улсын эдийн засаг амаргүй байгаа үед ажил хийхэд хүндрэл учирч байна уу. Бусад орнууд батлан хамгаалах салбартаа хамгийн их хөрөнгө оруулдаг. Манай орны хувьд ядаж ДНБ-ийнхээ хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх боломж байна уу?

-Батлан хамгаалах зэвсэгт хүчний салбарын ерөнхий бодлого, хөгжлийн чиг хандлага гарчихсан. Миний үүрэг үүнийг биелүүлж ажил хэрэг болгох. Түүнээс биш би сайд болж очоод шинээр бодлого гаргаад явлаа гэхэд өмнө нь хийж хэрэгжүүлж ирсэн ажлуудаас эхлээд төрийн бодлогын залгамж халаа, урт хугацааны нэгдсэн бодлогод сөргөөр нөлөөлнө. Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хуулиас эхлээд бодлогын баримт бичгүүд түрүүчээсээ батлагдаад байж байна. Энэ хүрээнд ажлаа явуулж байна. Өмнөх удирдлагууд маань ингэж ажиллаж ирсэн. Хууль эрх зүйн орчны хүрээнд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайчилгааны тухай хуулиа Засгийн газраар хэлэлцүүлээд Их хуралд өргөн барих гэж байгаа. Уг хоёр хууль батлагдвал манай батлан хамгаалах тогтолцооны үндэс, хөгжлийн чиг хандлагын ерөнхий гурван суурь бий болно. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Цэргийн номлолыг шинэчлэн батална. Тиймээс Цэргийн номлол болон бусад хуулиуддаа тулгуурлан Зэвсэгт хүчин 2020, 2020-2030 он хүртэл хөгжүүлэх зургууд гарч ирнэ. Ерөнхийдөө бэлэн болчихсон. Салбарын тулгамдаж буй асуудлууд ч тодорхой байгаа.

Та төсөв, санхүүгийн талаар онож асуулаа. Манай салбарт төсөв мөнгө үнэхээр хүндрэлтэй байна. Орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулан бусад орон батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх, орчин үеийн зэвсэг техникээр хангах тал дээр маш их анхаарал хандуулж, хүчин чармайлт гаргах болсон. Европын холбооны улсууд гэхэд ачааллаа тэнцүү хувааж, зэвсэгт хүчинд зарцуулах мөнгөө нэмэгдүүлэх тал дээр анхаарч, төсөв мөнгө нь тууштай нэмэгдээд явж байгаа. Манай хоёр хөрш ялангуяа зэвсэг техниктээ онцгой анхаарч байгааг бид харж байна.

Манай орон цөөн хүн амтай, жижиг армитай. Бодлого тодорхойлдог дэлхийн томоохон гүрнүүдтэй зэвсэг техникээр өрсөлдөх боломж хэцүү. Гэхдээ бид ямар нэгэн асуудал гарлаа гэхэд өөрсдийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байх хуультай. Монгол Улсын зэвсэгт хүчин тооны хувьд хэдий бага ч гэсэн тун чадварлаг хэмжээнд үүргээ гүйцэтгэдэг байх ёстой. Тэр утгаараа хөрөнгө мөнгө хүндрэлтэй байгаа ч боломжийнхоо хэрээр үүргээ сайн биелүүлж байгаа гэж боддог.

Хүний нөөцийн бодлогодоо анхаарч байна. Тулхтай, туршлагатай түрүү үеийнхний нөөц, бололцоог бүрэн дүүрэн ашиглахын зэрэгцээ бэлтгэгдсэн, орчин үеийн, цэргийн хэргийн онол, практикийг эзэмшсэн дараа үеийн албан хаагчдаа зохих түвшинд нь бодлогоор дэмжин сурсан, мэдсэнээ хэрэгжүүлэх боломж олгохыг хичээж байна.

-Хөрөнгө санхүүгээс шалтгаалсан хамгийн наад захын ямар хүндрэлүүд байна вэ?

-Хөрөнгө мөнгө дутагдал-тай байгаагийн хамгийн тод жишээ гэвэл Тайван цагийн орон тооны хангалтын байдал. Цэргийн мэргэжлийн хүмүүс тооцож үзээд ийм нутаг ийм хүн амтай манай улс зэвсэгт хүчнээ энгийн цагт ямар хэмжээнд бэлэн байдлыг нь хангах вэ. Дайн болон дайн бүхий байдалд үүнийгээ дэлгэж дайчилгаа зарлаад шилжихэд хэдий хэмжээний орон тоо байх вэ гэдэг тооцоо л доо. Гэтэл өнөөдөр хангалтгүй, 60-70 гаруй хувьтай байна.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчний хөрөнгө оруулалт буурч ирсэн. Одоогийн төсөв нь хаанаа ч хүрдэггүй. Зэвсэг техникээ өөрсдийн нөөц боломжоор шинэчлэх боломж үндсэндээ алга. Олзуурхууштай зүйл нь батлан хамгаалах салбарын гадаад харилцаа сайн хөгжсөн. Улс төр, дипломатын аргаар улс орныхоо аюулгүй байдлын баталгааг хангах ажлын нэг чухал хэсэг нь чадварлаг, мэргэжлийн зэвсэгт хүчин бусад орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ хүрээндээ дэлхийн хэмжээнд энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох явдал. Зүгээр ч нэг оролцоогүй, маш нэр хүндтэй байгаа, манай цэргүүд. Энэ нь өөрөө зэвсэгт хүчний хөгжилд маш том тус хүргэж байгаа шүү. Ийм ажиллагаанд оролцсоноороо тодорхой хэмжээний нөхөн төлбөр авдаг. Тэдний дийлэнх нь цэргийн цалин, хангамжид явж байгаа. Эндээс явахдаа манай цэргүүд ямар ч бэлтгэлгүй, нүцгэн гүйгээд оччихдоггүй. Зэвсэг, техник, тоног төхөөрөмжөө түрээсэлсэн орлогоор бэлтгэл хийнэ. Үүний төлбөр болгож орж ирж байгаа мөнгийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж, сангийнхаа энэ мөнгөөр зэвсэг техникээ чадан ядан шинэчлэх гээд явж байна. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар техник, хэрэгсэл ирдэг. Бид Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн багахан мөнгөөрөө гадаад орнуудаас өөрсдийн боломж нөөцөд нийлүүлэн, зэвсэг, тоног төхөөрөмж худалдаж авах ажлаа эрчимжүүлэх бодолтой байгаа.

-Тулгамдсан асуудлуудаа Их хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж үзэв үү?

-Төсвөөс батлан хамгаалах салбарт хуваарилж байгаа нийт хөрөнгө мөнгө, тэр дундаа хөрөнгө оруулалтыг нь аваад үзэхэд бусад яамдаас хамгийн бага нь батлан хамгаалах салбар. УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд үнэн бодит мэдээллийг нь гаргаж өгөөд зэвсэгт хүчин өнөөгийн байгаа энэ хэмжээндээ байгаад байвал маш олон асуудал цаашид хуримтлагдана. Тиймээс алхам алхмаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зэвсэг техникээ шинэчлэхэд Монгол төрийн зүгээс анхаарал тавьж ажиллахгүй бол зөвхөн гадаад харилцаандаа дулдуйдаад зэвсэгт хүчнээ хөгжүүлнэ гэж байхгүй гэдгийг ойлгуулах нь чухал ажил болоод байна. Бусад орнуудын жишгийг аваад үзэхэд ДНБ-ийнхээ дор хаяж хоёр хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг. Түрүүн та манай улс ДНБ-ийнхээ хоёр хувьд хүргэж болохгүй юм уу гэж асуусан. Ядаж хоёр хувьд хүргэх хэрэгтэй байгаа юм, манай улс. Орчин үеийн байлдааны жижиг нисэх онгоц авлаа гэхэд хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэж байна. Ганц харвадаг пуужин авлаа гэхэд хэдэн зуун мянган ам.доллар гэдэг. Ийм л үнэтэй зэвсэг техник хэрэглэдэг орчин нөхцөлд бид үүргээ гүйцэтгэж байна даа.

-Бусад орнууд тив, улс гүрэн дамнаж харвадаг пуужингаас эхлээд тоног төхөөрөмж үнэхээр сайжирсан. Нэг объектыг онилсон бол аль ч улсаас онох хэмжээнд зэвсэг техник нь сайжирлаа. Манай улсад ийм пуужин байна уу, авах нөөц боломж байхгүй юу?

-Үнэнийг хэлэхэд ийм хэмжээний зэвсэг техник авах боломж хомс, манай улсад. Эхний ээлжид заавал шийдэх асуудлуудынхаа жагсаалтыг бид гаргасан байгаа. УИХ, Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулж, тодорхой арга хэмжээ авахгүй бол болохгүй байгаа юм байна гэдгийг шийдвэр гаргагчид маань ойлгоно гэдэгт итгэж байна. Ойлгосныхоо хэрээр батлан хамгаалах салбарыг дэмжих, тэр дундаа зэвсэг техникийн шинэчлэл, бэлэн байдлыг хангах тал дээр илүү анхаарал тавина гэж найдаж байгаа шүү.

-Бусад орнууд батлан хамгаалах салбартаа технологийн дэвшлийг ихээр ашиглаж байна. Дроноор гүйцэтгэж болох бүхий л зүйлсийг хийж байх жишээтэй. Манай улс дроны ангитай болох уу?

-Орчин үеийн дайн байлдаан явуулдаг зэр зэвсэг хол явсан. Саяхан би Катарт очиж Батлан хамгаалахын сайдтай нь уулзаж хэлэлцээр хийхийн хажуугаар цэргийн үзэсгэлэнд оролцсон. Үзэс-гэлэнгээс харж байхад дэлхийд хэрэглэж байгаа зэвсэг техник биднээс хол илүү тасарчихсан байна. Өнөөдөр манай улсын батлан хамгаалах салбарт хэрэглэж байгаа зэвсэг техникийг дэлхийн орнууд хэрэглэж байгаа л даа. Үймээн самуун, дайн болж байгаа орнуудад манай орны хэрэглэж байгаа зэвсэг техникийг ашиглаж байна. Энэ хэрээр бид боломжийнхоо хэрээр бэлтгэлээ хангаж байна. Гэтэл тэргүүний зэвсэг техникийн, хөгжилтэй орнууд хамгийн орчин үеийн онгоц, хүний оролцоогүй ашигладаг зэвсэг, тэр дундаа таны асуусан дроныг хэрэглэж байна. Үүнийгээ дагаад зэвсэг техникийн хүчин чадал урам нарийсч, үнэ нь ч өндөр болсон. Манай улсад дрон ашиглах шаардлага бий. Бид энэ чиглэлд ажиллаж байна. Хамтын ажиллагаатай орнууддаа санал тавьсан, нааштай хандлага ч гарч байгаа. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн үнэтэй дроноо өгөх нь хаашаа юм, хэлж мэдэхгүй байна. Тодорхой хэмжээнд агаарын зайдаа хяналт тавьдаг, үүрэг гүйцэтгэх чадвартай дронтой болох нь бидний нэг зорилго. Бид хоёр зүйлд л найдаж байна. Батлан хамгаалах салбарын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд өгвөл ялангуяа энэ чиглэлд анхаарна. Манайх шиг газар нутаг том улс агаарын зайдаа хяналт тавих нь чухал. Тиймээс дроныг өргөн хэрэглэх шаардлагатай. Ямар ч байсан энэ бүхний эхлэлийг нь тавьчих юмсан гэж хичээж байна. Манайхан өөрсдөө сургалтын зорилгоор ашиглах жижиг нисдэг төхөөрөмж хийчихсэн л байдаг юм. Гэхдээ хэрэгцээг бүрэн хангахгүй. Дрон зөвхөн нисдэг, ажигладаг байхаа больсон. Хүнгүйгээр шууд байлдаанд оролцдог болчихлоо. Байлдааны маши-нууд гэхэд цэрэггүй шууд байлдаанд ордог болсон ийм цаг үе ирчихлээ. Харамсалтай нь бид дэлхийн зэвсэг техникийн хойноос нь л яваад байна. Санаснаар болдог бол ухасхийгээд зэрэгцэж очоод явчихмаар байх юм. Манай улс бусад орнууд шиг хэдэн зуун мянган хүнээр тоологдох цэрэг армитай биш болохоор цомхон армиа хүчирхэгжүүлэхэд орчин үеийн зэвсэг техник зайлшгүй шаардлагатай байна.

-Та түрүүн яриандаа Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн талаар хөндлөө. Манай орон шиг өргөн уудам газар нутагт аймаг, сум болон хэсэг хэсгээрээ амьдардаг цөөн хүн амтай улсад Орон нутгийн хамгаалалт хамгийн чухал гэх юм билээ. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулиар ямар зохицуулалтыг суулгаж өгч байна вэ?

-Батлан хамгаалах тогтолцооны тулгын гурван чулууны нэг нь зэвсэгт хүчин, хоёрдугаарт, орон нутгийн хамгаалалтын тогтолцоо, гуравдугаарт, дайчилгаа байдаг.

Зэвсэгт хүчин тайван цагт бэлэн байдлаа хангаж, асуудал болоход түүндээ суурилсан бэлтгэл үүрэгтнүүдээ татаад, эгнээгээ өргөжүүлдэг суурь нь байх ёстой. Орон нутгийн хамгаалалтын тогтолцоо нь иргэн, төрийн байгууллага бүх хүний оролцоо. Шаардлага гарахад ямар зохион байгуулалтад орохоо тайван цагт бэлдсэн байх ёстой. Орон нутгийн тогтолцоо дайчилгаа хоёр нэг зоосны хоёр тал. Асуудал үүсэхэд зэр зэвсгээ хаана байрлуулсан байх вэ, тэнд нь ямар нөөц бэлтгэл үүрэгтэн байх вэ гээд бэлдэх зүйл бий. Хүмүүс анзаардаггүй юм. Цэргийн албанаас халагдагсад орон нутагтаа очиж бүртгүүлээд явдаг. Тухайн орон нутагт байгаа цэргийн үүрэгтнүүдийн сургуулилтууд бололцооны хэрээр байнга явагддаг. Энэ бүхний үндсэн дээр шаардлага гарсан үед бэлэн байдаг. Тухайн орон нутгийнхаа хэмжээнд гэхдээ дээрээсээ нэгдсэн удирдлага, стратеги, тактикийн доор орон даяар эх орноо хамгаалах үндсэн тогтолцоо л доо.

Бид Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг гаргахын тулд манай улстай хүн ам, эдийн засаг нь ижил төстэй 10 гаруй орны хуулийг судалж үзсэн. Үүний үндсэн дээр Орон нутгийн хамгаалалтын тухай хууль анх удаа гарах гэж байна. Энэ чиглэлд мэргэшсэн салбарынхан, судлаачид оролцсон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Тэндээс гарсан саналуудыг ч тусгасан. Яамнаас ажлын хэсэг гарч зөвхөн Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайчилгааны тухай хуулийн төсөл дээр ажиллаад бүх саналуудыг оруулж байгаа. Цэргийн мэргэжлийн, тэр тусмаа орчин үеийн мэдлэг боловсролтой хамрагдах ёстой хүмүүсийг өргөн хүрээнд оролцуулан хуулийн төслүүдийг боловсруулсан. Хоёр хууль батлагдаад гарвал төрийн зүгээс төсөв мөнгөөр дэмжих тал дээр өөрчлөлт гарах болов уу гэж бодож байгаа.

-Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн дарга асан Б.Бямбасайхан, Гаалийн ерөнхий газрын дарга асан Д.Ариунсан нарыг хорьж байна. Энэ процессийг та хэрхэн харж байна вэ?

-Оюу толгойн гэрээг байгуулсны төлөө барьж, хорьсон гэж бодохгүй байна. Хэрэв тийм бол хамгийн утгагүй зүйл энэ болно. Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд кабинеттайгаа хамтраад асуудал боловсруулж Их хуралд оруулсан, улс төрийн шийдвэр гаргуулсны төлөө эрүүгийн хэрэг хийсэн мэт үзэж, хандаж болохгүй. Энэ гэрээг байгуулах явцдаа авлига авч уу, үгүй юу гэдгийг тодруулахын тулд шалгаж байна гэж харж байгаа. Ямар тохиолдолд гадуур шалгаж болдог, ямар тохиолдолд болдоггүй вэ гэдгийг хуульд тодорхой заасан. Энэ хүмүүс хаашаа ч зугтах талаар бодоогүй. Тэр бүү хэл нэг нь өвчтэй дүүгээ гадаадад сахиж байгаад “Надад хийсэн буруу зүйл байхгүй. Би очиж мэдүүлгээ өгье” гээд хүрээд ирсэн. Энэ хүмүүс зугтлаа гээд хаашаа явах вэ дээ. Аль ч талаараа тийм бодол огт байхгүй гэдэгт би итгэлтэй байгаа. Ингэж хорьж байгааг нь туйлын буруу гэж бодож байна. Хуулийг харсан ч тэр, тэр хүмүүсийн зан чанар, боловсрол, асуудалд хандах хандлагыг аль ч талаас нь бодсон шоронд суулгах шаардлага байхгүй. Шалгах зүйлээ шалгаад, очиж байцаагдаад явах боломжтой. Сэжиглэгдэж байгаа зүйлс нь үнэн зөв үү гэдгийг тогтоох боломж байна. Би өнөөдөр сайдын алба хашиж байгаа. Тодорхой шийдвэр гаргах эрх нь надад бий. Тэр шийдвэр зөв, буруу байна уу гэдэг дээр улс төрийн хариуцлага хүлээхээс биш өөрөө идэж ууж, авлигад автчихаагүй бол эрүүгийн хариуцлага хүлээх тухай асуудал байдаггүй юм.

Нэр нь холбогдоод байгаа гадны компаниудыг хүртэл боломж бий бол шалгах, мэдээлэл авах хэрэгтэй шүү дээ, тийм биз дээ. Эс бөгөөс үүний цаана өс хонзон авах гэсэн, улс төрийн өрсөлдөгчөө намнах гэсэн зүйл байгаа юм биш үү гэж өөрийн эрхгүй хардахад хүргэж байна.

-Засгийн газрын хуралдаанаар 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн Их хуралд өргөн барьсан. Ирэх оны төсвийг хэрхэн ангилж, харсан бол?

-Төсвийн хүрээний мэдэгдэл ирэх жилийнхээ төсвийн гол параметр үзүүлэлтийг тодорхойлж, тэр хүрээндээ төсвөө боловсруулна. Тиймээс аль салбарт хэдэн төгрөг байх вэ гэж нарийн яригддаггүй. Наймдугаар сард Засгийн газар 2019 оны төсвөө боловсруулаад Их хуралд өргөн барина. Тэр үедээ салбар салбарын чиглэлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт байх вэ, нөхцөл байдалтайгаа хэрхэн уялдуулах талаар ярина. Түүнээс өмнө УИХ, Засгийн газар, ҮАБЗ-д зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын өнөөгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл хийгээд 2019 оны төсөвт салбарынхаа төсвийг нэмэгдүүлмээр байна гэдэг санаагаа танилцуулна гэж бодож байгаа. Бид хууль тогтоомжтойгоо уялдуулсан зохицуулалт хийж чадвал гаднаас авах буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх боломж бий. Энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулаад явж байна. Засгийн газрын хуралдаанаар удахгүй хэлэлцэж, ҮАБЗ-д танилцуулна. Бид зөвхөн төсвөөс мөнгө хүлээгээд суух биш гадаад харицлаандаа тулгуурлан орлого, боломжоо нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалт байж болно гэж харж байгаа. Үүнийгээ тусгайлан ярина.

-Ардчилсан намын бүлгээс Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж сайд нарыг огцруулах саналаа оруулж ир. Оруулж ирэхгүй бол Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барина гээд байгаа. Таны байр суурь ямар байгаа бол?

-Сайд нар, Засгийн газрыг огцруулах асуудал байнга яригддаг зүйлсийн нэг. Хоёр сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн гэж сонссон. Хэвлэлээс огцруулах шаардлагын үндэслэлүүдийг нь харсан. Засгийн газар хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хууль зөрчсөнийг нь тогтоосон зүйл алга, цаашид ч гарахгүй. Та надаас асууж байхаар Ардчилсан намынхнаас асуу. Даанч улс төржиж байгаагаа хэлэхгүй л дээ.

-Та Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг ахлан нэлээд ажилласан. Сүүлийн үед харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нам гүм болчихлоо. Өнөөдөр ямар шатанд яваа бол. Хаврын чуулганд хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэж бүлэг шийдсэн. Манай намын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж орсон. Нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа болохоос Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа юм биш. Чиглэж байгаа зүйл нь яавал шийдвэр гаргаж байгаа механизмаа илүү ойлгомжтой болгох вэ, хэн ямар шийдвэр гаргасныхаа төлөө ямар хариуцлага хүлээдэг болох вэ гэдэгт байгаа юм. Сахилга, хариуцлагыг илүү ойлгомжтой болгох. Миний итгэл үнэмшилтэйгээр барьж ирсэн шугам бол төрийн тогтолцоог сонгодог парламент тал руу нь илүү ойртуулсан зарим нэг нэмэлт, өөрчлөлт хийж болно, хийх шаардлагатай гэж үздэг. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа ч гэсэн энэ чиглэлд анхаарч, ажиллаж ирсэн. Бүлгээр хэлэлцээд Үндсэн хуульд орох нэмэлт, өөрчлөлтийг үг үсгээр нь томьёолох, УИХ-д оруулахад эцэслэн бэлтгэх ажлын хэсгийг бүлгээсээ байгуулан ажилдаа орсон. Үүний дагуу томьёолоод УИХ-д оруулна. Мэдээж явцад нь ярилцах, зөвшилцөх, санал авах зүйлс бий. Дашрамд дурдахад Зөвлөлдөх санал асуулга гэж явуулсан. Хүмүүс янз бүрээр шүүмжилж байгаа. Бид хаана ч байдаггүй бузар булай зүйл сэдээд хийх гээд байгаа юм биш. Олон улсад хэрэглэж ирсэн практикийн дагуу санал асуулга явуулсан. Үүний дараа өнгөрөгч зун Төрийн байгуулалтын байнгын хороо улс орон даяар хэлэлцүүлэг явуулж амралтгүй ажилласан. Тэндээс гарсан санал дүгнэлтүүдээ нэгтгээд зургаан сэдвээр асуултууд бэлдсэн. Их хурлаар оруулаад ийм хүрээнд санал асуулга явуулъя гэдэг шийдвэр гарна. Дараа нь орон даяар сонгууль явуулж байгаа юм шиг тэр асуудлуудаар за, үгүй гэсэн хариулт авах ард нийтийн санал асуулга явна. Эцэст нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдана.

УИХ, ажлын хэсгээс бэлдэж ард түмэнд хүргэсэн саналууд дэмжигдвэл автоматаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болоод явна. Дэмжигдэхгүй бол тэр чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орохгүй гэсэн үг. Нэг зүйлийг зориуд тодруулж хэлэхэд, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэж байна, ард түмнээс асуулгүй МАН-ын 65 гишүүн дангаараа шийдэх гэж байна гэдэг ташаа мэдээллийг санаатайгаар явуулж байгаа. Тийм зүйл байхгүй гэдгийг хатуу хэлье. Ард түмнээс санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж хуулиараа байхгүй.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орлоо гэхэд маргаашнаас нь хэрэгжээд явах юм биш. Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал байлаа гэхэд 2021 оноос хойш хэрэглэгдэнэ. Хэлэлцүүлэг, санал асуулга явж байхад маш идэвхтэй сөрөг сурталчилж, эсэргүүцэж байсан. Одоо дахин ийм яриа гарч магадгүй. Хүмүүст буруу ташаа мэдээлэл өгч иргэдийн эгдүүцлийг төрүүлээд юу ч гэж худлаа ярьсан итгэх хэмжээнд хүргэж ард түмнийг хуурч болохгүй.

-Хаврын чуулганы хугацаанд амжих юм уу?

-Бид амжуулна гэж ажиллаж байгаа. Би тэнцүүхэн бүрэлдэхүүнтэй Их хурал, нэг нам нь хэт давамгайлсан мөн олон намаас бүрдсэн Их хуралд ч сууж байлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах яриа гарах бүрт ямар нэг шалтаг гаргаж зогсоодог. Нэг тал нь хэт олон байвал хүчээр түрж батлах гэлээ гэдэг. Тэнцүүхэн байвал цөөнхөн нам Их хуралд байна. Олон намын төлөөллийг багтаасан байх ёстой гэдэг. Олон намтай үед бас нэг шалтаг гаргаж ирдэг. Тухайн цаг үе бүрт дандаа үгүйсгэдэг шалтгаан тоочсоор байгаад өдийг хүрсэн.

Цаг хугацааны хувьд Үндсэн хууль батлагдаад 26 жил болчихлоо. Үндсэн хууль батлагдаж байсан үеийн нийгмийн сэтгэлгээ, энэ нийгмийн тухай тэр үеийн хууль тогтоогч нарын мэдлэг, ойлголт, туршлага их өөр байсан. 26 жилийн турш бид энэ Үндсэн хуулийнхаа хүрээнд амьдраад ирлээ. Энэ хугацаанд алдсан нь ч олон, оносон нь ч олон байлаа. Бид өөрсдийн бие дээрээ туршсан туршлагатай болсон. Үүн дээрээ үндэслээд зөвхөн өнөөгийн Их хурал ч биш, өмнөх хоёр парламентын үед яригдсан зүйлс шүүн тунгаагдан гарч ирсээр байгаад өнөөдрийн зургаан сэдэв үлдэж байгаа юм. Үндсэн хуулийг бүтнээр нь өөрчилнө гэвэл Монгол Улсад төрийн тогтолцоогоо өөрчлөөд тэс өөр зүйл рүү явна гэсэн үг. Өнөөдрийн хуулийн хүрээнд тийм зүйл хийх боломж байхгүй. Учир нь одоогийн Үндсэн хуульд Монгол Улс ийм замаар явна гээд хүний эрх, эрх чөлөө, чөлөөт ардчилсан хүмүүнлэг нийгэм, нээлттэй эдийн засаг, парламентын засаглал гэсэн гол зүйлсийг хөндөхгүй гээд тунхаглачихсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ бүгдээ давхар хийчихсэн болохоор үүнийг үгүйсгэсэн Үндсэн хууль гаргана гэвэл өнөөдрийн төрийн тогтолцооны эсрэг үйл ажиллагаа явагдаж байна гэж харахаас өөр замгүй.

-Засгийн газар хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно гээд байгаа ч Ерөнхийлөгч 100 хувь олгох хэрэгтэй гээд байгаа. Ямартаа ч хамтарсан ажлын хэсэг гарч ажиллахаар болсон. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байгаа юу?

-Бид хүүхдийн мөнгө, хөрөнгө оруулалтаас эхлээд аливаа асуудалд бодит байдлаас нь хандах учиртай. Хөнжлөөсөө хөлөө гаргалгүй хөнжилдөө багтаад хөлөө баруун, зүүн тийш жийх үү гэдэг нь бидний дотоодын асуудал. Хөнжлөөсөө хөлөө гаргавал хөл даарна даа. Үүнтэй л адилхан нөхцөл байдалд бид байна. ОУВС гэдэг байгууллагатай хөтөлбөр байгуулж байгаагийн гол ач холбогдол нь тэр байгууллага Монгол Улсын эдийн засаг ямар байна вэ гэдгийг халууны шил шиг үзэж, цаашид дэмжиж туслаад явбал үр дүн гарах нь уу, үгүй юу гэдгийг харуулж байдаг барометр байгууллага. Тэд Монгол Улс ийм зүйл дээрээ алдаж байсан юм байна. Үүнийг зогсоочихвол боломж байна гээд шийдвэр гаргавал үүнийг нь дагаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон манай улстай хамтран ажилладаг компани, байгууллагууд дохио авч яахаа тодорхойлдгоороо чухал. Түүнээс дан ганц ОУВС-ын ч асуудал биш юм. ОУВС-тай Монгол Улс хамтрахаар боллоо гэсэн мэдээ гарангуут бусад улс орнууд Монголд хөрөнгө оруулж, хөнгөлөлттэй зээл өгч болох юм байна гэж үздэг. Хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа мөнгөний багахан хувийг ОУВС-гийн мөнгө эзэлдэг юм шүү дээ. Япон, БНСУ, Энэтхэг, ОХУ, БНХАУ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилт зээл, тусламж, хөрөнгө оруулалт, үүнтэй уялддаг. Ингэснээр эдийн засгийн суурь гайгүй сайжирсан. Аюул өнгөрөөгүй байгаа ч унаж явсан эдийн засаг тогтворжиж, өсөх хандлагатай болсон. Бид нэг зүйлийг мартаж болохгүй. Төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг. Гаднаас зээл тусламж аваад ч төсвийн алдагдлаа нөхөж чадахгүй амьдарч байна.

Мөн өмнөх жилүүдэд хуримтлагдаж ирсэн ихээхэн хэмжээний өр, зээлээ төлөөд явж байгаа. Бид хүссэн бүхнээ санхүүжүүлээд явах боломж алга байна. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэсэн улс төрийн шийдвэр гаргалаа гэхэд бусад салбарын төсвөөс хасах болно. Түрүүн хэлсэн зэвсэг техникийн мөнгө, цагдаа, эмч, багш нарын цалин, тэтгэвэр тэтгэмж, хөрөнгө оруулалтаасаа хасаад хүүхдийн мөнгийг 100 хувь олгож болно. Гэтэл нөгөө салбарууд нь яах вэ. Манай намын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэсэн заалт бий. Эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулан 2020 он гэхэд бид энэ зорилтоо хэрэгжүүлж чадах болов уу гэсэн зорилт тавин ажиллаж байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Оюунчимэг: Эрүүл нийгэм хөгжихөд хэвлэлийн эрх чөлөө хамгийн чухал

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Өнөөдөр (өчигдөр) Дэлхийн хэвлэл эрх чөлөөний өдөр тохиож байна. Та сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан. Монголд хэвлэлийн эрх чөлөө байна уу. Өмнө нь та сэтгүүл зүйн салбарынхаа гал тогоонд байсан. Одоо төрийн түшээ болсон. Ажиллаж байсан салбараа эргээд харахад ямар байна вэ. Манайхан бол хагас эрх чөлөөтэй гэж ярьдаг?

-Намайг сэтгүүл зүйн салбарт ид ажиллаж байсан үеийг бодоход өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө улам хумигдаж байна. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйлийг мэргэжлийн сэтгүүл зүйд илүүтэй хамаатуулан хэлж байгаа юм шүү.

Байгууллага бүр өөрийн дотоод журамтай. Тэр журмаараа хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгөхгүй, гэрэл зураг авахуулахгүй, дотогшоо нэвтрүүлэхгүй гэдэг. Уг нь “Өдрийн сонины сэтгүүлч Энхболд байна аа” гэж хэлээд, хэнээс ямар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа тайлбарлаад шууд нэвтрэх эрхтэй. Харамсалтай нь өнөөдөр бүх л зүйл хаалттай болж байгууллагын дотоод журмаар зохицуулсан гээд хаалт хийчихдэг болсон. Ийм байж болохгүй.

Тухайлбал, АНУ-д 100 жилийн өмнө Үндсэн хуулиндаа хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг Үндсэн хуулийн дагуу суурь болгон явна гээд суулгаад өгчихсөн. Тиймээс ямар ч албан байгууллагын дотоод журам нөлөөлдөггүй. Маргаан үүслээ гэхэд Үндсэн хуулиараа л шийддэг. Гэтэл манайд тийм биш. Тэр утгаараа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж мэргэжлийн байгууллагын эрх чөлөөг нээсэн, ажиллах боломжоор хангасан хууль гаргах цаг болсон. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдсанаас хойш бараг салхи орсонгүй. Өмнө нь Т.Баасансүрэн даргын үед Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл маш сайн ажиллаж ирсэн. Өнөөдөр мэргэжлийн сэтгүүлчдийн байгууллага маань хүчтэй, Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн ажиллах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн холбоод нэгдэж, мэргэжлийн хүмүүсийн нүдээр харж байгаад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө бэлдээд Их хуралд өргөн барьчихмаар байна. Их хуралд хэвлэл мэдээллийн салбараас төрсөн түшээд нэлээд бий. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад шаардлагатай гэвэл Их хуралд лобби бүлэг байгуулаад явбал орох гишүүд ч байгаа. Энэ боломжоо бид ашиглах ёстой. Хэвлэл мэдээллийнхэн маань өөрсдөө санаачилгатай байх хэрэгтэй. Ленинградын Их сургуульд таван жил сэтгүүл зүйн мэргэжлээр суралцаж, Дойче веле телевиз, АНУ-д очиж мастер хамгаалсан мэргэжлийн сэтгүүлчийн хувьд энэ салбараа маш их хайрлаж, харамладаг.

Эрүүл нийгэм хөгжихөд хэвлэлийн эрх чөлөө хамгийн чухал. Гэтэл манайд хэвлэлийн эрх чөлөө хумигдаад байна гэдэг чинь авлигад хэт автсан, бүлэглэлд орсон, нийгмийн ялгаа хэт гаарч байгаа нь эрүүл сэтгүүл зүй дутагдаж буйн нэг илрэл. Ардаа асуудалтай, хуулийг гууль болгосон нөхдүүд хэвлэлийнхнээс эмээдэг. Тиймээс аль болох хэвлэлийн эрх чөлөөг хааж, боомилох тухай ярьдаг. Асуудал дэвшүүлж үнэнийг ил болгох, гутаан доромжлох, гүтгэх гэдэг тусдаа ойлголтууд. Сэтгүүлчид маань үүнийг мэргэжлийн түвшинд ялгаж гаргаж ирэх ёстой.

-Сошиал, сэтгүүл зүйг холих болсон. Сэтгүүлчид сайн, муугаараа дуудуулаад эцсийн мөч хүртэл зүтгэж, мэдээллийн үнэн зөвийг тогтоохын тулд ажилладаг. Сэтгүүлчдийг буруутгаж байгаа нэг шалтгаан нь мэдлэг, боловсролын асуудал байна…

-Маш чухал зүйлийг та асуулаа. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, тэр хүмүүсийн өмнө асууж буй асуулт, бичиж буй нийтлэл, нэвтрүүлгээрээ ялгарах ёстой. Хойно оюутнууд үнэгүй сурдаг байсан даа. Хамгийн сүүлчийн цэрэг нь би. Надаас хойш төлбөрөө төлж сурдаг болсон. Тиймээс суралцах боломж дутмаг болж эхэлсэн. Мэдлэг, боловсрол нимгэнээсээ болоод сэтгүүлчдийн нэр хүнд унаж байгаа тал бий. Үүн дээр дөрөөлөн тэс хөндлөнгийн хүмүүс орж ирж, сэтгүүл зүйн гурван сарын курст сурч сайт байгуулан, тэрний, энэний хэвлэлийн ажилтан гээд салбарын нэр хүндийг гутаагаад явж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага редакцитай байна гэдэг хамгийн чухал. “Өдрийн сонин” гэж маш том гал тогоо редакци бий. МҮОНРТВ гэдэг байгууллага нь байгаа гэх мэтчилэн редакцитай газруудад редакцийн соёл илүү төлөвшсөн байдаг. Гэтэл тийм биш хүмүүс олширсон. Хуульчид шалгуур давж өмгөөлөх эрх авдаг шиг сэтгүүлчдийг мөн шалгууртай болговол сэтгүүл зүйн орчин өөрчлөгдөнө. Сэтгүүлчдийн цалин нэмэгдэх, хэвлэлийн байгууллагуудын санхүүжилтийг өргөтгөх боломжууд бий. Эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн газрууд байдаг. Тиймээс бид нэгдээд орох ёстой. Мэргэжлийн шалгалт өгдөг газар, зөвлөлийг бий болгомоор байна. Би Фридрих Эбертийн сангийнхантай уулзсан. Германд өнгөрсөн оны аравдугаар сараас Цахим зохицуулалтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Сэтгүүлч хардах эрхийнхээ хүрээнд асуудал дэвшүүлэн бичсэн нийтлэлийг нь зөрчил гээд хуулийн байгууллагатаа өгч хэвлэлийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох гэсэн оролдлого гарч байна гэсэн шүүмжлэл явж байгаа юм билээ. Нөгөө талаасаа Үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн, өрсөлдөгчөө огт үндэслэлгүй гутаан доромжилсон зүйлсийг яаж ялгах вэ гэдэг дээр шүүмжлэл өрнөж байгаа юм байна. Бид ч гэсэн энэ зүйлийг ярьж байгаа. Тиймээс бид мэргэжлийн гэдэг зүйлээ сайн зааглаж оруулж өгөх хэрэгтэй байгаа юм. Сэтгүүлчдийг бэлтгэх тал дээр анхаарах цаг болсон. Ёстой л төрмөл авьяасаараа явж байна шүү дээ. Сэтгүүлчид маань үргэлж бусдын төлөө гүйдэг шигээ өөрсдөдөө хааяа ч болов цаг зав гаргаж байх хэрэгтэй. Манайхан машинд нь л анхаараад байдгаас биш, машиныг жолоодож яваа сэтгүүлч, техникийн ажилчдаа анхаарахаа больсон. Энэ хүмүүс мэргэшсэн чадварлаг байж салбар эрүүл, хүчтэй байна. МСНЭ, хэвлэлийн байгууллагууд хүмүүсээ мэргэшүүлэх, санхүүгийн тал дээр бие даасан байх тал дээр нь хамтдаа анхааръя. Ингэсэн тохиолдолд бид салбараа хүчтэй байлгаж чадна.

-Сэтгүүлч баримт гаргаад бичихээр байгууллага, хувь хүний нууцад халдлаа гэдэг. Тэгээд сэтгүүлчийг хоёр сая, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгодог. Хуучин шүүхээр орж асуудлаа шийддэг байсан бол Зөрчлийн хуулиар нэг цагдаа бүхнийг шийддэг болсон. Нэг үгээр хэлбэл цагдаагийн үзэмжээр асуудал явж байна…

-Эрүү, Зөрчлийн хуулийг зайлшгүй эргэж харах ёстой. Хуулиараа сэтгүүлчдийн амыг барих гээд байна. Сошиалаар хуурамч нэр хаягнаас хүн гүтгэх, та Энхболд гэдэг нэрээрээ нийтлэл гаргаж байгаа энэ хоёр тусдаа асуудлыг ялгаж салгаж өгөх ёстой. Тэгэхгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг сошиал мэт ойлгож болохгүй.

Цагдаа, шүүхийнхэн маань өөрсдөө “Энэ хүн гүтгэсэн үү, үгүй юу. Сэтгүүлч мэргэжлийн түвшинд баримттай бичсэн үү, гутаан доромжилсон уу гэдгийг яаж шүүх вэ, хэцүү байна” гэдгийг уулзахад ярьж байсан. Хэвлэлийн зөвлөлд хандаад мэргэжлийн зөвлөгөө өгөөч гэдэг юм байна. Хэвлэлийн зөвлөл нь сэтгүүлчийн бүтээл, редакцийн энэ зөв буруу, үүнийг шийтгэ гэх эрх байхгүй гэдэг тул яалт ч үгүй зохицуулалт хэрэгтэй байна. Хэвлэл мэдээллийн талаар ямар ч мэдлэггүй шүүгч яаж буруутай, буруугүйг ялгаж шүүх юм. Бүр болохгүй бол хуульч сэтгүүлчдийг бодлогоор гаргаж ирэх хэрэгтэй. Зөрчлийн хуулийг засах ёстой.

-Хэвлэлийн байгууллагууд санхүүжилт тун хэцүү байгаа. Зарим хэвлэлүүд хаалгаа барьж байна. Бодлогоор яаж дэмжих ёстой вэ?

-Гурван сая хүн амтай манай улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Гэтэл 100 сая хүн амтай улсад телевиз, сонин нийлээд 5-10 байх жишээтэй. Манайд олдохоороо өлдөнө гэдэг шиг хэвлэлийн нэр хүндийг унагаасан байгууллагууд байгаа тул чадалтай нь үлдэх зарчим үйлчлэх ёстой. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн мэргэжлийн бус хүмүүс хэвлэлийн нэрээр үйл ажиллагаа явуулж байгааг буруу гээд байгаа юм. Өдрийн сонин, Өнөөдөр сонин гээд цөөн хэдэн сонин үлдлээ гэхэд тал бүрт тарааж рекламаа өгдөг газрууд цөөн хэдэн хэвлэлдээ өгч, тэр нь хэвлэлийн байгууллагадаа маш том дэмжлэг болно. Өдрийн сонины нэгдүгээр нүүрт ганц мэдээ гаргахад 10 сая төгрөгөөр үнэлж болох тийм боломж байгааг үгүйсгэх аргагүй. Шигшигдээд мэргэжлийн байгууллагууд нь үлдвэл үнэлэмж ч дээшилнэ. Үүнийгээ хуульчилж, журамлаад өгөх хэрэгтэй байна.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа, үзэг нэгт нөхөддөө хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Үзэг нь хурц, ухаан нь мэргэн, сэтгүүлчид маань чадварлаг, үнэ цэнэтэй байх болтугай.


Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Цахим бодлогын түр хороо цаашид УИХ-ын байнгын хороо болж явах ёстой

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-УИХ-аас Цахим бодлогын түр хороо байгуулахаар болж байна. Цахим бодлогын түр хорооны гишүүний хувьд манайдаа л шинэлэг гэгдээд буй энэ чиглэлд ямар бодлого барьж ажиллах вэ. Цахим бодлогын түр хороо яг ямар ажил хийх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна л даа…

УИХын тухай хуулинд Түр хороо байгуулах зохицуулалт байдаг. Түр хороо тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд байгуулагддаг. Асуудал шийдэгдсэний дараа татан буугддаг. Нэг үгээр хэлбэл Байнгын хорооны бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын Их хурлын дэргэдэх Байнгын хороодын хэрэгжүүлэх ажлууд гээд жагсаалт бий. Тэнд цахим аюулгүй байдал, цахим шилжилт, мэдээлэл технологийн салбараар хөгжлийг хэрхэн уртасгах вэ зэрэг ажил нь аль Байнгын хороонд харьяалагдах нь тодорхойгүй явж ирсэн. Өмнө нь Бүртгэлийн тухай хууль Их хуралд орж ирэхэд хэлэлцэх эсэх дээрээ буцсан. Учир нь Бүртгэлийн тухай хуульд ямар цахим шилжилт хийх гэж байна вэ гэдгээсээ эхлээд ойлгомжгүй байсан юм. Өнгөрсөн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларыг цахим салбарт зарцуулсан хэрнээ энэ платформууд яагаад нэг хэлбэрт шилжиж чадахгүй байгаа юм. Бүртгэлийн тухай хууль орж ирэхэд концепци нь нэг зүгт чиглээгүй учраас бэрхшээлтэй тулсан. Хөдөлмөрийн тухай хууль Их хуралд орж ирсэн байгаа. Хөдөлмөрийн харилцааг хэрхэн цахим шилжилттэй уялдуулах вэ, бүртгэлийн системээ яаж сайжруулах юм, цалинг яаж цахим хэлбэрээр олгох вэ гээд асуудал гарч ирнэ. Бүх хуулинд цахимтай холбоотой асуудлууд сууж байх ёстой. Хууль батлагдаад байдаг хэрнээ цахимтай холбоотой асуудал нь сууж өгөхгүй байгаа учраас сүүлд хууль хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг. Хэн нэгэн хүн шинэ аппликейшн гаргачихлаа гээд шинэ программ гаргаж ирээд явдаг. Энэ мэтчилэн зохион байгуулалтгүй ажлууд явагдсанаар салбарын байгууллага хоорондын уялдаа холбоо хангагдаагүй байсан. Их хурал дээрээ нэгдсэн бодлогод хүрээгүйгээс болж бид цаг хугацаа алдсан.

Цахим бодлогын түр хороог байгуулж Их хурлаар оруулж ирж байгаа хууль, тогтоомжууд дээр санал дүгнэлтээ гаргая гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл яаж шилжилт хийх вэ, хөгжлийг хэрхэн хурдасгах вэ, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хурдан хүргэх вэ, технологийн шилжилттэй хэрхэн хөл нийлүүлэх вэ гэдгээс эхлээд хууль бүр дээр санал дүгнэлт гаргана. Хуулиуд Цахим бодлогын түр хороогоор дамжин яригдах байхгүй юу. Бараг бүх хууль дээр яригдах болно. Тухайлбал, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг яаж патентийг бирж дээр гаргах вэ гэхэд л хүссэн хүсээгүй цахимтай холбогдоно. Цахим гэдэг маань дижитал шилжилт. Дижитал гэдэг чинь инновацийн тоон технологи юм. Тоонд шилжиж байгаа учраас ямар ч алдаагүй байдаг. Хурдан хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх, салбарын хөгжлийг хурдасгахад зориулагдаж байгаа юм. Цахим гарын үсгийн тухай хуулиас эхлээд олон хууль тогтоомж дээр Цахим бодлогын түр хорооноос ажлын хэсэг гаргаад хуулийн хэрэгжилтийг шалгаж, Байнгын хороо дүгнэлт гаргаж Их хуралд танилцуулна. Шаардлагатай гэвэл Их хурлын тогтоол гаргая. Ингээд концепци нь тодорхой болчихоор Засгийн газрын үйл ажиллагаа ойлгомжтой болж эхэлнэ. Засгийн газрын зүгээс Цахим бодлогын түр хороог дэмжиж байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд Цахим шилжилтийн ажлын хэсэг байгуулсан. Бид ажлын хэсэгтэйгээ уялдаж ажиллана. Их хурал хууль тогтоох эрх мэдлийн байгууллага учраас Байнгын хороо санал дүгнэлтээ боловсруулж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг гаргана. Түүнчлэн Их хуралд шууд ажлаа тайлагнадаг байгууллагуудын мэдээллүүдийг тогтмол сонсоно. Шаардлагатай гэвэл Цахим бодлогын түр хорооноос Засгийн газарт чиглэл өгнө.

-Данхар бүтэц дээр дахиад нэг бүтэц байгуулах гээд байна гэж гишүүд шүүмжлээд байсан биз дээ…

-Ямар ч орон тоо нэмэгдэж, бүтэц данхайхгүй. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд байдаг Байнгын хороотой яг адилхан эрхийг хэрэгжүүлэх Түр хороог байгуулах эрх нь Их хурлын гишүүд, хууль санаачлагч нарт байдаг. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан зургаан гишүүн багтсан Түр хороог байгуулахаар тогтоолын төсөл санаачилсан.

Цахим гэмт хэрэг болох гүтгэх, доромжлох зэрэг асуудлуудын тухайн органик хуулиараа зохицуулагддаг. Цахим бодлогын түр хорооны нэг хэсэг нь цахим аюулгүй байдлыг хангах, кибер гэмт хэргээс хамгаалах бодлого гаргахад оролцоно. Салбар бүрт цахим шилжилтийг хэрхэн хийх вэ гэдэг нь хамгийн чухал. Хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилтийг яаж хийх юм. Иргэн биш яаж дата нь гүйдэг болох вэ гэдгээс шийдэх асуудлууд олон байгаа. Өнөөдөр ТҮЦ машин ажиллуулж байж түүнийгээ нотариатаар батлуулаад бүртгэлд аваачиж өгдгөө хэзээ болих вэ. Цахим машин бүртгэл хоёр яаж хоорондоо ойлголцож болох юм бэ гэдгийг тодорхой болгоно. Сая Их хурлаас газар өмчлөлийг 10 жилээр сунгасан. АНУ-д гэхэд дурын иргэн сайтаар нь ороод тухайн байшин дээр дарахад хэн эзэмшиж байгаад хэнд шилжсэн, хэдэн онд яаж зарагдсан гээд бүх мэдээлэл нь ил тод байдаг. Улаанбаатар хотын газрыг энэ хэлбэрт шилжүүлэх юм бол бид гэрээсээ дижитал шилжилтэд хамаарагдаад явж болно. Бид гар утаснаасаа бүх асуудлаа шийдээд явж болно гээд бод. Хятад улс банкнуудын дампуурал дээр анхаарал хандуулж байна. Тэд банкуудаа авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа. Учир нь хүмүүс гар утаснаасаа дундаас нь банк мөнгө хүүлэх боломжгүйгээр мөнгөө шилжүүлдэг болсон. Дурын газраа очоод гар утсаараа код уншуулаад төлбөрөө хийдэг болчихлоо. Бүх зүйл ийм хэлбэрт шилжиж байна.

-Үүний цаана яг юу байгаа юм бэ?

-Энэ бүгдийн цаана ердөө хэмнэлт л байгаа. Хэмнэлт бий болно гэдэг чинь төр өөрөө сайн менежер болж эхэлнэ. Төрийн үйлчилгээг илүү ил тод, хүртээмжтэй болгоход чиглэгдсэн.

-Цахим засаглалыг аж үйлдвэрийг дөрөвдүгээр хувьсгал гэж нэрлээд байсан нь ямар учиртай юм бол?

-Энгийнээр хэлэхэд хүний хийж чаддаг зүйлийг технологиор хийхийг хэлж байгаа юм. Утасны цаана оператор суугаад хүний асуусан зүйлд хариулдаг байсан бол хиймэл оюун ухаан хийдэг болно гэсэн үг. Ингэхээр операторын ажил хэрэггүй болж байгаа биз. Хуучин жолооч гэж мэргэжил байсан. Өнөөдөр жолооч гэдэг мэргэжил биш болсон. Хүн бүр жолоо барьж байна. 10 жилийн дараа кноп дараад автомашинууд өөрсдөө явдаг болно. Одоо цахилгаан машин, онгоц үйлдвэрлээд эхэллээ. Үүндээ таарсан дэд бүтэц, зам нь ухаалаг болоод эхлэхээр цаашид удирдаж явуулдаг байсан хүмүүс ажилгүй болж байгаа биз дээ. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал энэ хурдтайгаа явах юм бол Германд 60 сая хүн ажилгүй болно гэсэн судалгаа бий. Энэ хүмүүсийн ажлын байрыг хэрхэн хөрвүүлэх вэ гэдэг дээр тэд ярьж байна. Улсын төсвийнхөө судалгааны зардлын 80 хувийг зөвхөн үүнд зориулж байгаа юм. Монголд хүний хийдэг ажлыг хиймэл оюун ухаан хийдэг болбол энэ хүмүүсийн ажлын байрыг хэрхэн хөрвүүлэх вэ, хүмүүсийн мэргэжил сонголтод яаж анхаарахаас эхлээд хөдөлмөрийн зах зээлийг өөрчлөх шаардлагатай болно. Тиймээс үүнд зориулж ажиллах ёстой. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал хурдацтай үргэлжилбэл нэг л өдөр төрийн албан хаагчдын 50 хувь нь ажилгүй болно. Тэр үед бид энэ хүмүүст “Та нарт одоо ажил байхгүй ээ” гээд хэлэх эрх байхгүй. Үүн дээр бодлого гаргаж ажлын байрыг хөрвүүлэх ёстой. Үүгээрээ дамжуулан бид үүлэн систем дотор мөнгө босгох ажлуудыг хийх шаардлагатай. Хөрөнгийн зах зээл дээр ажиллая, ямар ч хил хязгааргүй энэ орон зайд бид мөнгө босгох боломж байна. Цаг уурын хувьд Монгол хамгийн таатай орон. Мөн нарны эрчим хүчийг ашиглах боломжтой. Манай орны хувьд цахим шилжилтийг хийхэд таатай бүс нутаг. Тиймээс үүнийгээ бид хөрөнгө оруулалт, иргэдээ ажил орлоготой болгох, кибер аюулгүй байдал талаас нь харцгаая. Тэр утгаараа Цахим бодлогын түр хороо цаашид түр хороо нэрээр биш УИХ-ын Байнгын хороо болж явах ёстой. Гадны орнуудад ийм Байнгын хороо цаашлаад гүйцэтгэх эрх мэдэл дээрээ яамтай ажиллаж байна. Энэ чинь тоон технологит суурилсан инноваци байхгүй юу. Бидний хөгжлийн загвар энэ. Үүнийг бидний хөгжлийг хурдасгах хүч шүү гэж ойлгох хэрэгтэй. Төр ядаж мобиком, юнител шиг ажиллах ёстой. Энэ хоёр компани төрөөс дэмжлэггүйгээр 21 аймагт 4G сүлжээг хийчихлээ. Үүнийг нь ашиглъя л даа. Бүрэн боломж нь байна шүү дээ. Манайд хувийн компаниуд дэд бүтцийг нь хийгээд өгчихсөн байхгүй юу. Гэхдээ Цахим бодлогын түр хороо хувийн хэвшлийн үйл ажиллагаанд огт саад болохгүй. Хувийн хэвшлээ дэмжиж, хөгжлийн хурдасгуураа төрд нэвтрүүлэхийн тулд хууль тогтоомжийн хүрээнд амьгүй байгаа хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газарт зөв чиглэл өгөх, цахим шилжилтийг улсын хэмжээнд концепциор нь зөв харах нэгдсэн систем байгуулахад л анхаарна. Үүн дээр улсаас төсөв мөнгө зарцуулах шаардлагагүй.

-Төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллахад хүндрэл гарах уу. Манайд Үндэсний дата төв, Мэдээлэл харилцаа холбооны газраас эхлээд хэд хэдэн газар, агентлагууд бий. Хоорондоо уялдаа холбоо байдаггүй л дээ?

-Мэдээлэл технологийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиараа УИХ батлахаа болиод Засгийн газар өөрөө баталдаг болсон. Энэ том асуудал. УИХ бодлогоо гаргаад Засгийн газраа шахаад явах ёстой байхгүй юу. Гэтэл Засгийн газар өөрсдөө батлаад хэрэгжүүлээд явдаг болчихсон учраас Мэдээллийн технологийн салбарт төрөөс баримтлах бодлогыг мэдэхгүй байна гээд гишүүд асууж байсан нь үүнтэй холбоотой. Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл, харилцаа холбооны газар, Монголын цахилгаан холбоо гээд олон байгууллага бий. Их хурал мэдээлэл, харилцаа холбооны салбарт ямар бодлого баримтлах вэ, бидний урагшаа хараад явах концепци нь юу вэ гэдгийг дэд ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаад нэгдсэн байдлаар концепцио тодорхой болгоё гэж байгаа юм. Цаашид бид энэ платформыг ашиглая гээд тогтсон чигтэй болгох нь бидний ажил. Мэдээлэл, харилцаа холбооны газрынхан “Хур” технологи гаргасан гэж мэдээлсэн. “Хур” технологийг тэр байгууллагын 40 залуу хэрэгжүүлье гэж ярьснаар хэрэгжихгүй, манай улсад. Үүнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хэрэгжүүлэх ёстой. Уг системийг бүх салбарт нэвтрүүлэх ёстой. Энэ технологи зөв гэвэл Бүртгэлийн багц хуулиуд Их хурлаар орж ирэхэд бүртгэлийг “Хур” технолгиор ингэж явуулна гэдгийг яагаад хуульчилж болохгүй гэж. Хөдөлмөрийн тухай хууль батлагдан гарахад цахимыг яаж ашиглахыг УИХ-ын тогтоол яагаад гаргаж болохгүй гэж. Энэ зүйлсээ хийх ёстой. Хэрэв тэгж чадвал “Хур” технологи чинь Хөдөлмөрийн тухай хууль, Бүртгэлийн багц хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуультайгаа ч уялдана.

-Манай орны хувьд засаглалын хэлбэрээ цахим болгох боломж хэр байгаа юм бэ. Хэдий хэр хугацаа шаардах бол. Хугацааг нь тодорхой заахгүй бол хичнээн сайхан зүйл байсан ч цаг хугацааны эрхээр мартагнадаг тал бий?

-Нам, засаг дөрвөн жил болоод солигддог. Тиймээс Байнгын хорооны хэмжээнд авч үзэх ёстой гээд байгаа юм. Засаг солигдох бүрт бодлого нь өөрчлөгдөөд байж болохгүй. Их хурал дээр хууль дүрмэндээ цахим мэдээллийн технологийг ашиглах зохицуулалтуудыг оруулаад өгчих юм бол урт хугацаандаа хэрэгжээд явах боломжтой болно. Цахим бодлогыг Их хурал дээрээ гаргаж тавина гэдэг нь манай орны хувьд дэвшил. Тийм учраас үүнийг хийхийн тулд санаачилж, ажиллаж байгаа.

-Та эдийн засагт ихээхэн нэмэр болно гэдгийг дээр дурдсан. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Дээр хэлсэнчлэн эдийн засагт маш том хэмнэлтийг бий болгоно. Өнөөдөр төрийн албаны нэг хүн хийх ажлыг таван хүн хийж байгаа. Нэг хүний цалинг тав хувааж байна гэсэн үг. Тиймээс өрхийн орлого нэмэгдэхгүй байна. Хүний хийдэг ажлыг хиймэл оюун хийгээд эхлэхээр өөр болно. Барууны орнуудад гар утсаа уншуулахад тухайн хүний өвчний түүхээс эхлээд бүх мэдээлэл нь гарч ирдэг. Тиймээс гэрээсээ бүх асуудлаа шийдэж болж байна. БНХАУ-д бүх зүйлийг гар утсаараа хийдэг аппликейшнтай. Манайхан ч гэсэн цаашид фэйсбүүкийн хийж чадахгүй байгаа үндэсний аппликейшнтай болъё гээд Мэдээлэл, харилцаа холбооныхон өөрсдөө хийе гэж байна. Дата аюулгүй байдлыг бий болгоё гэвэл блокчейн технологийн 300 сая сервер дээр тавьж болно шүү дээ. Хэн ч дата төв дээр даргаар ирсэн оролдож чадахгүй. Тиймээс эдийн засагт маш их хэмнэлтийг бий болгоно гэдгийг дахин хэлье. Үүнийг дагаад өрхийн орлого нэмэгдэх боломжтой. Дэлхийн галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн болохоор бид амжаад суух ёстой. Түүнээс биш дан ганц уул уурхайд найдаад хөгжихгүй юм байна. Хөгжсөн байлаа ч хүний амьдрал сайжрахгүй юм байна гэдгийг хангалттай харлаа.

-Зарим гишүүдийн зүгээс Цахим бодлогын түр хороо сошиал орчныг хянах тал дээр арга хэмжээ ав. Гүтгэж, доромжилж байна гэх юм. Одоо фэйсбүүкийг хаах нь гээд шуураад эхэллээ…

-Дэлхийн эхний тавд явж байгаа үндэстэн дамнасан корпорациудын бизнес нь оюун санааны бизнес байна. Твиттер, фэйсбүүк, амазон гээд байна шүү дээ. Амазон гэдэг ганц аппликейшнийг дагаад дэлхий хөдөлж байгаа нь үнэн. Хятадад гэхэд Тао Бао аппликейшнээр дамжуулаад худалдаа хийж, Хятадын аль ч өнцгөөс хүссэн бараагаа хамгийн хямдаар гэртээ хүргүүлж байгаа. Нэг аппликейшн маш олон зүйлийг дэлгэрүүлдэг. Фэйсбүүк анх notification хийдэг байсан бол одоо мессенжертэй болсноос эхлээд олон давуу талтай болсон. Хөгжих тусмаа ажлын байрыг бий болгож байдаг. Үүнийгээ дагаад эдийн засгийн багтаамж нь тэлдэг. Дэлхийн эдийн засгийн эхний гуравт багтаж байгаа фэйсбүүкийг Монгол Улс хаана гэж байхгүй. Бид хууль батлаад ч фэйсбүүк дээр зохицуулалт хийж чадахгүй. Зарим орнууд фэйсбүүктэй ойлголцоод рифайд гаргаад явж байна. Сонгуулийн 28 хоногт мэдээлэл тавихдаа, бүртгэл хийлгэх, нэр дэвшигчтэй холбоотой коммент бичихэд ядаж зүс царай, нэр ус нь тодорхой байх ёстой гэдэг хэлбэр рүү шилжиж болно. Фэйсбүүк гэдэг дэлхийн тэр компанитай харилцан ойлголцох ёстой асуудал болохоос Монгол Улсын хууль тогтоомжийн асуудал биш. Хятадууд фэйсбүүкийг хаасан ч дутагдаад байсан орон зай дээр нь өөрсдийнхөө фэйсбүүкийг гаргаж тавьсан. Тэдний фэйсбүүкт байхгүй нэг зүйлийг хийсэн нь төлбөр хийх системээс эхлээд амьдралд нь ойр зүйлсийг бий болгосон. Wechat нь бүх зүйлийг орлож байна. Харин Монгол Улс ардчилсан орон. Сошиал орчныг ашиглаад сурчихлаа. Хорио, хязгаар бий болгоно гэхээсээ илүү нийгмийн сэтгэхүйг өөрчлөх, боловсрол руугаа анхаарах зүйлсийг хийх хэрэгтэй. Монголчууд бүгд бие биенээ гүтгэж доромжлоод байгаа юм алга. Хэсэг бүлэг хүмүүс нэгнээ харлуулах зорилгоор зохион байгуулаллтайгаар нэр, зураггүй хаягнаас тийм зүйл хийгээд байгаа юм.

-Цахим аюулгүй байдал дээр нэлээд анхаарал хандуулах ёстой байх?

-Цахим аюулгүй байдлын хувьд төрөөс маш өндөр бодлого гаргаж ажиллах шаардлагатай. Кибер аюулгүй байдал гэдэг чинь сошиал орчны юм биш. Тодорхой санхүүжилт гаргаж анхаарал хандуулан ажиллахгүй бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Кибер аюулгүй байдал дээр төр бодлого гаргахаас биш сошиалаас тэс өөр.

-Таны аав Н.Ням-Осорыг саяхан “Малчин” телевзийн нэр, логоог ашигласан гэж хэвлэлээр шуугьсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Оюуны өмчийг би болон манай гэр бүл үргэлж дээдэлсээр ирсэн. Цаашид ч дээдлэх болно. Харилцаа холбооны зохицуулах хорооноос миний аав Н.Ням-Осор 1992 онд байгуулагдсан “Хүннү” компанийн нэр дээр “Малчин” сувгийн зөвшөөрөл авсан. Малчин түмнээ соён гэгээрүүлж, ажиллаж байгаа уран бүтээлч хамт олны нэр хүндийг, миний нэрийг гутаах зориогоор харлуулах шаардлага байхгүй. Барааны тэмдэгтийн гэрчилгээ болон бүх зүйл хууль ёсны дагуу байгаа.

-Сүүлийн үед Их хурлаар хэлэлцэж буй асуудлуудаас хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох уу, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналаар 100 хувьд нь олгох уу гэдэг асуудал яригдаж байна. Ямар ч байсан Засгийн газар, Ерөнхийлөгчийн хоёр тогтоолыг хамтад нь хэлэлцэхээр болсон. Таны байр суурь ямар байгаа бол?

-Засгийн газар хуралдаад эдийн засаг сэргэж байгаа тул хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэр гаргасан. Ерөнхийлөгчийн зүгээс 100 хувь олгоё гэж байгаа юм билээ. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох нь чухал. Гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй болчихоод байна. 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэл орж ирэх гэж байна шүү дээ. Нэлээд нухацтай авч хэлэцэхгүйгээр шууд 100 хувь хүүхдийн мөнгө олгоод эхэлбэл ирэх оны бүтээн байгуулалтын ажлаас эхлээд бэрхшээл байх шиг байна лээ. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох зарчмыг дэмжиж байгаа ч мөнгө олгох субьект маань судалгаа хийгээд бидэнд ийм боломж байхгүй гэсэн тайлбар хийж байгаа. 2019 оноос хүүхдийн мөнгийг 100 олгох шаардлагатай. Татварын мөнгө болон хөрөнгө оруулалт, зээл тусламжаас хамгийн түрүүнд оруулах хөрөнгө оруулалт нь хүүхдүүдэд чиглэсэн байх ёстой. Хүүхдийн мөнгө олон өрхийн амьдралд нөмөр нөөлөг болдог. Тиймээс бүх хүүхдэд ирэх оноос хүүхдийн мөнгийг олгох хэрэгтэй.

-100 хувь хүүхдийн мөнгө олгох боломжгүй байхад нь Ерөнхийлөгч хэтэрхий шахаад байна уу, засгийг?

-Энэ манай засаглалтай л холбоотой. Манайхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байгаа. Энэ бүхэн чинь засаглалын хэлбэр дээрээ ирээд гацчихсан. Ажил хийе гэхээр аль ч түвшиндээ эрх мэдэлгүй болчихоод байна. Тэгэхээр бид одоо аль нэгэн нам эвсэл гэхгүйгээр Үндсэн хуулийг өөрчлөхдөө засаглалын хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй. Түүнээс ганц хоёр засвар хийснээр энэ бүхэн өргөс авсан мэт сайхан болчихгүй. Үүнд хэн нэгнийг буруутгах маш хэцүү. Цаг алдалгүй засаглалын хэлбэрээ өөрчлөхгүй бол цаашид ажил явахгүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын захиргаа 100 айлаас гадна Тэди төв, Скайтел, Монтелийг бас нүүлгэх хэрэгтэй

Нэг саяас дээш хүн амтай, тухайн үндэстнийхээ хүн ам, эдийн засаг, шинжлэх ухааны дэвшил, соёлын чиг хандлагын төв цэг болсон зүрхэн хэсгийг метрополис хот хэмээн нэрийддэг. Тэгвэл Улаанбаатар метрополис хот. Ийм хотын наад захын шаардлага нь замын түгжрэлгүй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах. Улаанбаатарт өдөртөө 100 гаруй хүүхэд мэндэлдэг бол өдөртөө 200 орчим авто машин шинээр дугаар авдаг гэсэн албан ёсны тоо баримт бий. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд Нийслэлээс захирамж гаргаж Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий 470 метр урттай гүүрэн гарцын ажил эхэлсэн. Нийслэл одоо л эзэнтэй юм шиг ажиллаж байна. Эзэн нь юмаа мэддэг гэдэг шиг эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой. Энэ далимд дуулгахад Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажил эхэлсэнтэй холбогдуулан дээрх авто замыг хааж, 5-6 туслах замуудыг нээж өгснөөр түгжрэл байхгүй болчихлоо. Нийслэл үнэхээр юм хийж байгаа нь нүдэнд харагдаж байна.

Хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд одоо 100 айлын барилгын захуудыг нүүлгэх ажлаа шалавлах хэрэгтэй. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр янз бүрийн дайралт, давшилтууд ирнэ. Энэ бүхэнд шантрахгүй л байх ёстой. Гаргасан шийдвэрээсээ эргэж буцаад байх юм бол ямар ч ажил эхлэхгүй, яг өнөөдрийн авто замын түгжрэл 20 жилийн дараа улам л нэмэгдсэн байх болно. 100 айл орчмын газар Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороонд харьяалагддаг. Монгол Улсын иргэн хаана ч бизнес эрхлэх эрхтэй ч 100 айл орчимд худалдаа, хөрсний бохирдол, хулгай дээрэм хамгийн их байгаа талаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэдхэн хоногийн өмнө онцолж байгаа харагдсан. Сүхбаатар дүүрэгт гарч буй хулгай, дээрмийн хэргийн дийлэнх нь 100 айл орчимд үйлдэгдэж байгаа юм. Барилгын материалын худалдаа эрхлэгчид үүд болгондоо бараг хог хаягдлын цэг үүсгэчихсэн байна. Дүүргийн татварын хэлтсийнхнээс тодруулахад 100 айл орчимд 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мод, чулуу, хаалга, цонхны үйлдвэр 403, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр худалдаа хийж байгаа 320 орчим цэг, худалдааны төв доторх жижиг лангуу, павилион зэрэг 1309 цэг бий. Эмх замбараагүйн ил тод жишээ 100 айл болчихсон. Ихэнх нь ил задгай газар бие засч, хаврын энэ өдрүүдэд цэвэрлэх байгууламжийн үнэрээс дутуугүй огиудас хүрэм үнэр үнэртэх болсон. Барилгын материалын зах, үйлдвэр, үйлчилгээний төвүүд нь эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, эрүүл ахуйн стандартын шаардлага хангадаггүй байна. Тиймээс агаар, хөрсний бохирдол 100 айл орчимд хамгийн их. Ядаж л үйлчилгээ явуулж байгаа хүмүүс нь авто машины дугуй, барилгын материалын төрөл бүрийн хог хаягдлаа түлдэг.

100 айл орчимд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Герентологийн төв, Иргэний бүртгэл мэдээллийн төв, сонсголгүй сурагчдын 29, харааны бэрхшээлтэй сурагчдын 116 дугаар сургууль үйл ажиллагаа явуулдаг. Шилэн хөвөнгийн шар ширхэг салхитай үед хэцүү байдаг талаар ярьж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 186 дугаар цэцэрлэг, өрхийн эмнэлэг барилгын материалынхантай хаяа дэрлэн оршсоор. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар 100 айл орчмын хөрсний бохирдлыг судлахад “их” зэрэглэлд хамаарч байгаа дүгнэлт гарчээ. 2016 онд энэ орчмын сургуулийн 153 сурагчид хийсэн цусны шинжилгээгээр 60.1 хувьд нь хар тугалга илэрсэн гэх аюулт дүн гарч байсан. Тиймээс 100 айлыг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв ингээд нүүлгэчихвэл агаар, хөрсний бохирдлоос эхлээд замын түгжрэл арилна. Метрополис хотынхоо шаардлагад бид дөхнө гэсэн үг.

Үүнээс гадна Мобиком, Скайтелийн төв болох гар утас худалдааны Тэди, Жи мобайлийн төвийн дэргэдэх Монтел худалдааны төвүүдийг нүүлгэх ажлыг хиймээр байна. Бүтэн өдрийн турш түм түчигнэж, бум бужигнадаг газрууд. Наад зах нь гар утасны ганц дугаар, батарей, цэнэглэгч авахын тулд зам дээр машинаа тавьчихаад хэдэн цагаар алга болно. Тэди, Монтелийн хажуугаар машинтай бүү хэл явган явахад гишгэх газар олдохгүй хэцүү шүү дээ. Тэдигийн өмнөх авто машины зогсоолоор өдөртөө 200-300 орчим авто машин үйлчлүүлдэг талаар зогсоолын ажилтан хэлж байсан. Авто зогсоолоос гадна тэр хавийн авто замын нэгдүгээр эгнээ, орон сууцны хороолол дундах зам дээр авто машинаа хаячихаад бүтэн өдөржин алга болдог. Харин Монтелийн үүдэнд хэдэн машин өнждөг юм бүү мэд, ямар ч байсан бүтэн өдөржингөө түгжрэлтэй байдаг талаар ширхэгийг худалдаа эрхлэгч эмэгтэй хэлж байв. Мобиком, Скайтел, Жи мобайлийн үндэсний операторуудаа гадуурхаад байгаа юм биш. Тэднийг тойрон 100 айлаас дутахгүй замын түгжрэл бий болдог тул хотын төвийн бүсээс гаргачихад асуудалгүй. Үүрэн телефоны операторуудыг мөнгөжүүлэхийн тулд нийслэлчүүд өдрийн турш замын түгжрэл дунд цаг хугацаа, түлш шатахуунаа дэмий шатааж байгаа юм. 100 айл, Тэди, Монтел төвүүдийг хөдөлгөж чадвал Бага тойруу орчим бас ч гэж дээрдэнэ. Тэр Дүнжингарав захыг хар. Хотын төвөөс зайдуухан хангалттай хэмжээний авто зогсоолтой үйл ажиллагаа явуулж байна. Тэнд түгжрэл, уур бухимдал гэж алга. Үүнийг л зөв жишиг болгоод дагачихаж болмоор.

Бага тойрууг тойрсон бас нэг түгжрэл байдаг нь Улсын их дэлгүүр. 94 жилийн түүхтэй Монгол Улсын худалдааны ууган дэлгүүрийг нүүлгэ гэх нь хаашаа юм. Улсын их дэлгүүр, Номингоор үйлчлүүлэх гэсэн хүмүүс хаа холоос явган гүйж ирдэггүй. Дор бүрнээ том жижиг машинтай ирээд зогсоол хайж цаг гаруй болох нь ч бий. Тиймээс Улсын их дэлгүүрийг тойрсон их түгжрэлийг цэгцэлчихвэл Бага тойруу орчимд түгжрэл үүсээд байх газаргүй болно. Их дэлгүүрийн зүүн талаас 24 дүгээр сургууль хүртэл байрууд дундах замд ялаа багтах ч зай алга. Их дэлгүүр, түүнийг тойрсон орон сууцны хороолол дундах автомашинууд үйрээ эвдүүлсэн шоргоолж шиг л харагддаг. Үүнийгээ дагаад хог, шивтэр шээсний үнэр хэрээс хэтэрсэн. Уг нь сэхээтнүүд тэр хавиар амьдардаг. Тэд бэртэгчин болохоор энэ бүгдийг зохицуулах, шийдүүлэх талаар огт дуугардаггүй. Нэгэнт Их дэлгүүрийг нүүлгэх боломжгүй тул өмнөх ил зогсоолын талбайг нь ашиглаад хэдэн давхар граш барьчих хэрэгтэй байна. Үйлчлүүлэх хүмүүс нь зогсоолд төлбөрөө төлөөд хэдэн цагаар ч хамаагүй үйлчлүүлэг л дээ. Хотын захиргаа ийм шийдвэр гаргаад хэрэгжилт дээрээ хяналт тавиад явчихад болчих юм. 40 мянгат орчимд тав тухтай амьдрах нөхцөл боломж үнэндээ алга. Бүр болдоггүй юм бол татварыг нь нэм. Нэмсэн татвараараа 40 мянгатын айлуудын тав тухыг алдагдуулсан гээд тараагаад өгчих. Нийслэлийнхэн ийм зориг гаргаад ажиллачихад Бага тойруу орчмын зүрхэн хэсэг түгжрэлгүй болно. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа 33 агентлагийг Яармаг руу нүүлгэх шийдвэр гарч, ажлаа эхлүүлж байгаа. Чухимдаа хотын захиргааг нүүлгэнэ гэж мунгинаж байхаар 100 айл, Мобиком, Скайтелийн төв Тэди, Монтелийг л даруйхан нүүлгэж Бага тойруугаа түгжрэлээс салгая. Ингэлээ гээд цэнгэлийн манлайд хүрэхгүй ч түгжрэлд бухимдаж хотын удирдлагуудыг иргэд зүхэхээ больчихно. Хожим хойно энэ ажлыг эхлүүлж байлаа гээд нүүр бардам ярих зүйлээ хийж эхлэх цаг болсон шүү, Хотын удирдлагуудаа.


Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Оюу толгой болохгүй байна гэсэн популизмаар асуудалд хандаж болохгүй

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тогтоолын төслийг Засгийн газрын төсөлтэй нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй гэж Их хурал үзсэн. Тиймээс хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг 100 хувь, 80 хувь олгох хуулийн төслүүдийг нэгтгэж, ажлын хэсэг байгуулахаар боллоо. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байна уу?

-2016 оны УИХ-ын сонгуульд манай нам нийгмийн халамжийн чиглэлээр болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасны нэг нь бол хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудал байсан. Иймдээ ч сонгуулийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулан батлахдаа хөтөлбөрийн “3.3.12-т Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно” гэж тусгасан. Гэсэн хэдий ч биднийг Засгийн газраа байгуулан ажиллах үед эдийн засгийн нөхцөл байдал хүн байсны улмаас ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй болсон юм. Энэ хүрээнд зарим тусламж үйлчилгээг танахаас өөр аргагүй байсан. Иймээс хүүхдийн мөнгөнд тодорхой хязгаарлалт тогтоосон. Харин 2018 оноос эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувь буюу нийт 684 мянган мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум төгрөг тусгасан. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох, Ерөнхийлөгчийн зүгээс бүх хүүхдэд олгох гэсэн тогтоолын төслүүд УИХ-д өргөн мэдүүлсэн. Бид энэ асуудлыг хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь бол хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох нь зөв. Энэ халамж гэхээсээ илүү хүн ам зүйн бодлого агуулсан чухал асуудал байгаа юм. Төсвийн орлого нэмэгдсэн, эдийн засгийн байдал сайжирсан үед энэ мөнгийг олгох ёстой. Өнөөдрөөс эхлэн бүх хүүхдэд мөнгө олгохоор болоход төсөвт суулгасан байгаа мөнгөн дээрээ 17 орчим тэрбум төгрөг нэмэхэд бүрэн олгох боломжтой. Харин энэ мөнгийг олгоход төсөвт тодотгол хийх шаардлагатай юу, тодотгол хийлгүйгээр нөөц бололцоогоо ашиглан олгох боломж юу байна вэ гэдгийг Засгийн газар судлан үзэж хэрхэн шийдвэрлэх саналаа яаралтай танилцуулах шаардлагатай байгаа юм.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахаар Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнө нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг нэг, хоёроор нь огцруулах албан бичгийг Их хуралд оруулж, түүнийг нь хэлэлцдэг байсан. Харин Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас энэ нь Засгийн газар кабинетаар ажиллах боломжгүй болгож байна гэж үзээд хуулийн заалтыг хүчингүй болгосон. Ардчилсан намын бүлэг өнөөдөр сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж байгаа. Тэд өнөөдөр нийгэмд чөдөр тушаа болж буй зүйлсийг хэлж, засч залруулах үүрэгтэй байдаг. Гэхдээ үүнийгээ хууль зүйн хүрээнд хийж байна уу. Эсвэл хууль зүйн хүрээнээс давсан зүйл хийж байна уу гэдэг нь тусдаа асуудал. Хуулиараа сайд нарыг нэг нэгээр нь огцруулж болохгүй гэчихсэн болохоор огцруулахдаа тулбал Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярина.

Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар сайд нарыг огцруулах эсэх асуудал нь Засгийн газрын кабинетийн өөрийнх нь бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх ёстой. Хууль зөрчсөн гээд үзэх юм бол Ерөнхий сайдад хоёр сайдаа огцруулах эрх нь бий. Хэрэв хууль зөрчөөгүй байна гэх юм бол хоёр сайдыг огцруулах шаардлага байхгүй.

-Оюу толгойн гэрээг шалгах Ажлын хэсгийг Их хурлаас байгуулсан. Оюу толгойн гэрээг тойрсон баривчилгаа явагдсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Бид Оюу толгойн гэрээнд болгоомжтой хандах ёстой. Өнөөдрийг хүртэл монголчууд Оюу толгойн гэрээ шиг ийм том олон улсын хэмжээний гэрээ байгуулаагүй байна. Оюу толгой болохгүй байна гэсэн популизмаар асуудалд хандаж болохгүй.

Оюу толгой төсөл олон улсын гэрээний дагуу бүх зүйл нь хийгдсэн. Олон улсын гэрээний хууль тогтоомжийн хүрээнд бид тухайн үедээ гэрээ байгуулаад цаашаа явна. Энэ гэрээндээ тодорхой нэмэлт, өөрчлөлт хийж болно. Хоёр тал хэлэлцээний ширээний ард суугаад тухайлбал, татвараа нэмье, ажиллах хүчээ нэмэгдүүлье, рояалтигаа нэмье ч гэдэг юм уу хоёр талаас харилцан ярилцаад гэрээнд өөрчлөлт оруулж болдог. Түүнээс биш Монгол Улс, Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчийг хөөж болохгүй. Яагаад гэхээр Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн 34 хувийг эзэмшиж байна. Оюу толгойн гэрээ анх байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл таван гэрээ эрх зүйн баримт бичиг байгуулсан байдаг юм билээ. Эдгээрээс олны анхаарлыг татаж байгаа нь 2009 онд байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байдаг. Нөгөөх нь бидний хэлж заншсанаар Дубайн гэрээ л дээ.

-Дубайн гэрээ чинь нэмэлт, өөрчлөлт орсон гэрээ мөн биз дээ. Сүүлийн үед эргэлзэхээр янз бүрийн тайлбарууд гарах боллоо…

-Дубайн гэрээ чинь анхны гэрээний салшгүй нэг хэсэг нь. Анхны гэрээн дээр нэмэлт, өөрчлөлт ороод явсан зүйл. Түүнээс дангаараа биеэ даасан хууль эрх зүйн баримт бичиг биш. Эхний гэрээгээрээ Монгол Улс 30 жилийн дараа өөрийн хувь хэмжээгээ нэмэгдүүлж 51 хувь болгоно. Хөрөнгө оруулагч эхний ээлжинд оруулсан хөрөнгөө нөхөх хэмжээний зүйл хийнэ.

Наана нь ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулагчдыг хөөх юм бол бид тухайн үед гэрээ байгуулж байснаасаа илүү алдагдал хүлээнэ. Учир нь Монгол Улс өөрөө нөхөн төлбөрөө төлж таарна.

Олон улсын гэрээ эрх зүйн хүрээнд нөхөн төлбөрийг яаж төлдөг вэ гэхээр зах зээл дээр байгаа тухайн компанийн үнэлгээгээр нөхөн төлбөрөө төлдөг. Тухайн үед тэр долоон тэрбум ам.доллар Монголд оруулж ирсэн бол бид долоон тэрбум ам.долларыг төлөхгүй. Харин эсрэгээрээ энэ олон улсын компани нь олон улсын хөрөнгийн бирж дээр ямар үнэлгээтэй байна вэ гэдгийг тооцно. 70 тэрбум ам.доллар байвал манай улс долоо биш 70 тэрбум ам.долларын нөхөн төлбөрийг төлнө гэсэн үг.

-Хэрэв тийм зүйл болбол эдийн засагт нэлээд хүнд цохилт болох юм байна даа…

-Бид 34 хувьдаа ногдох хөрөнгө оруулалт оруулах нь бүү хэл, түүнийгээ зээлээр өгч үндсэндээ зээлийн хүүдээ идэгдээд явж байгаа. Ийм нөхцөлд 70 тэрбум ам.доллар бүү хэл долоон тэрбум ам.долларынхаа асуудлыг шийдэж чадахгүй. Тиймээс манай орны эдийн засагт ашигтай хувилбар лав биш.

-Оюу толгойн гэрээг зогсоох хүсэл сонирхол бүхий хүмүүс байна уу. Хэтэрхий их улс төртэй холбоод зах замбараагүй байдал руу яваад байгаа юм биш үү. Улс төрийн өс хонзон авах байдлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг баривчилсан байж болох уу?

-Анх гэрээ байгуулагдаж байхад парламентад байсан гишүүд одоо ч сууж л байна. Нэг хэсэг нь 34 хувь нь болж байна гэж байхад нөгөө талд нь рояалтигаа нэмэхэд болно гэж ярьж байсан хүмүүс нь ч байна. Оюу толгойг бид улс төрийн өс хонзон авах байдлаар биш эдийн засгийн үр өгөөж талаас нь харах хэрэгтэй. Одоо бол олон улсын гэрээ эрх зүйн байдлын шаардлагыг хангасан байгаа. Харин эдийн засаг талаасаа хоёр тал бие биедээ харилцан буулт хийж байж цаашаа явна. Ингэхгүйгээр Оюу толгойг бүр зогсооё гэх юм бол Монгол Улс энэ их өр төлбөрийг яаж барах юм. Үүний цаана ямар аймшигтай эрсдэл байгааг хэн ч тааварлашгүй нөхцөл байдал үүснэ. Өмнөх өр төлбөрөө төлж чадахгүй хэцүүхэн байдалд байгаа манай улсын хувьд дахин нэмж өр төлбөр төлнө гэвэл энэ улс чинь хаашаа харж унах юм бэ. Дампуурахаас наашгүй болно биз дээ.

-Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг та ахалж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гарч байна уу?

-Ажлын хэсэг саяхан байгуулагдсан болохоор одооноос ажлаа эхэлж байна. Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв, ЦЕГ-аас эхлээд Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор албан байгууллагуудтай танилцаж байгаа. Ажлын хэсэг 21 аймаг, есөн дүүрэгт мэдээж очиж ажиллаж чадахгүй. Тиймээс бүсчилээд ажиллах юм. Баруун, зүүн бүс, төвийн бүс гэх мэтчилэн бүсчилж ажиллаад хуулийн хэрэгжилттэй холбоотой санал дүгнэлт гаргана.

Ажлын хэсэг дэргэдээ дэд ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа юм. Тус ажлын хэсэг нь орон нутагт архинд хэт хамааралтай болсны улмаас амьдралаа, гэр бүлээ, найз нөхөд өөрт байгаа бүхнээ алдсан тэр хүмүүсийг хамруулан сургалт явуулж, архи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх хор хөнөөлийг ойлгуулах тал дээр анхаарал тавьж ажиллана. Нэг үгээр хэлбэл соён гэгээрлийн чигийн дэмжлэг тусламж үзүүлэхэд анхаарна.

Хуучин АА гэж нийгэмлэг байдаг байлаа. Өмнө нь өөрсдөө архинаас хамааралтай байсан хүмүүс учраас бусад хүмүүсийг архинаас гарахад илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг юм билээ. Тиймээс эхний ээлжинд хэд хэдэн аймаг, дүүрэгт тодорхой ажлууд явуулах хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Д.Тогтохсүрэн: Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор буруу зүйл хийгээгүй бол хүн хэлмэгдүүлж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах саналаа оруулж ир хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан шаардлага хүргүүлсэн. Хоёр сайдыг огцруулах хууль эрх зүйн боломж бий юу?

-Ардчилсан намын бүлэг ч юм уу, УИХ-ын гишүүдийн зүгээс Засгийн газрын гишүүдийг огцруулах саналыг Ерөнхий сайдад тавих эрх нь бий. Сайд нарыг шууд огцруулдаг эрх нь байхгүй болсон. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр Засгийн газар танхимаар ажиллана. Ерөнхий сайдыг огцруулахад 19-өөс дээш гишүүн огцруулах саналаа Их хуралд өргөн барина. Түүнээс биш сайд нарыг нэг нэгээр нь огцруулахаар өргөн барьдаг практик буруу байжээ гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргачихсан байхгүй юу. Тиймээс өргөн барих боломжгүй болсон тул Ардчилсан намын бүлгийнхэн хоёр сайдыг огцруулах саналыг Ерөнхий сайдад тавьсан юм байна гэж би хувьдаа ойлгосон. Үүн дээр хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлье.

-За…

-Ц.Нямдорж сайдыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын гол тулгуур нь болж байгаа гэж боддог. Нийгэмд шударга ёсыг тогтоох, хариуцлагыг бий болгох чиглэлд богино хугацаанд ахиц гаргаж байна гэж ойлгодог. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна. Ц.Нямдорж сайд энэ тал дээр анхнаасаа өөрийн байр суурийг илэрхийлж, 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргуулсан. Нөгөө талд нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн асуудал байгаа юм. Шударга ёсыг тогтоож, буруу зүйл хийсэн бол засч залруулъя гээд явж байгаа. Түүнчлэн авлигатай тэмцэж, хариуцлагын тогтолцоог бий болгох чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явагдаж байгааг зарим талаараа Ц.Нямдорж сайдтай холбоотой гэж боддог. Шинэ Засгийн газар бүрдээд зургаан сар болж байна. Тиймээс ойр ойрхон Засгийн газрын гишүүдээрээ оролдох шаардлага байгаа юм уу. Хамгийн гол нь тогтвортой байдал шүү дээ. Өөр нэг өнцөг харагдаж байна. Тэр нь юу гэхээр Ардчилсан намынхны араас Эрдэнэтийн 49 хувь дээр ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдүүд Ц.Нямдоржийг огцруулж байж санаа нь амрахыг үгүйсгэхгүй.

-Тэгвэл Ч.Хүрэлбаатар сайдын тухайд?

-Улс орны эдийн засаг дажгүй өсч байна. 2017 оны эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай гарсан бол оны эхний улирлаар төсвийн орлого 200 гаруй тэрбум төгрөгөөр давсан. Нэгдүгээр улиралд орлого давна гэдэг чинь ховор тохиолдол. Ялангуяа манай улсын эдийн засаг улирлын чанартай бизнесээ дагаад өөр байдаг. Дийлэнх нь зун, намрын улиралд бизнес эрхэлдэг. Ийм хэдий ч эхний улирлаар төсвийн орлого ингэж давж байгаа нь сайн үзүүлэлт. Ч.Хүрэлбаатар сайд ОУВС-гийнхантай хэл амаа сайн ололцож байгаа. Зарим татварын нэмэгдэл, тэтгэврийн насыг буцаасан. Хүүхдийн мөнгийг ярилцсаар байгаад 80 хувьд нь олгохоор боллоо. Энэ бүхнээс харахад Ч.Хүрэлбаатар сайд сайн ажиллаж байна. Түүнчлэн макро эдийн засаг болон төсвийн тэнцэлд нэлээд анхаарал хандуулан сайн ажиллаж байгаа. Сайд болоод дөнгөж зургаан сар болоод ажлынхаа үр дүнг үзээгүй байхад нь огцруулъя гээд байгаа нь оновчтой биш. Ардчилсан намынхны тавьж буй санал нь нэг талаасаа хэтэрхий улс төрийн шинжтэй байна лээ.

-Гэхдээ Ч.Хүрэлбаатар сайдыг Хотгор шанагын уурхайг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах, туслахууддаа авч өгсөн, Төсвийн тухай хуулийг таван удаа зөрчсөн гээд байгаа. Харин Ц.Нямдорж сайдыг Г.Алтангийн мэдлийн үнэтэй хотхонд түрээс төлөлгүй амьдардаг, хүүгээ Эрдэнэт үйлдвэрт шахаа хийхэд голлох үүрэгтэй оролцсон гэсэн байна лээ. Энэ бүхэн огцруулах шалтгаан биш үү?

-Энэ хоёр хүн өнөөдөр сайд хийж байх хугацаандаа ашиг сонирхлын зөрчил гаргасан уу, хууль зөрчсөн үү, бизнесийн ямар нэгэн зүйлд орооцолдсон уу гэдэг өөр асуудал. Таны хэлсэн зүйлс өмнө нь голдуу хэвлэлээр ярьдаг, бичигдэж ирсэн зүйл. Шүүхийн байгууллагаар Ч.Хүрэлбаатар сайдыг лицензийн наймаа хийсэн гэдэг нь тогтоогдсон, Ц.Нямдорж сайд ашиг сонирхлын үүднээс Эрдэнэтэд шахаа хийсэн гэдгийг нь тогтоосон бол ярьж болно. Өнөөдөр хэвлэлээр л шуугиад байгаа болохоос тогтоогдсон зүйл алга. Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж хоёрыг томилогдоход хүртэл энэ зүйл яригдаж байсан шүү дээ. Яг сайд болоод зургаан сарын хугацаанд ийм алдаа гаргасан гээд огцруулах гэж байгаа бол өөр. Олон жилийн өмнөөс хэвлэлээр яригдаж, бичигдээд байгаа үнэн, худал нь мэдэгдэхгүй шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй зүйлээр огцруулах санал оруулах нь хэр зөв юм бол доо.

-Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Санжийн Баяр, Сангажавын Баярцогт нарыг хорьж, шалгаж байна. Дубайн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг мөн хоригдож байгаа. Гэрээ тойрсон баривчилгаануудын талаар байр сууриа илэрхийлээч. Заавал хорьж шалгах шаардлага байсан юм болов уу?

-Оюу толгойн гэрээний хэрэгжилт ямар байна вэ гэдэг чинь нэг өөр асуудал. Оюу толгойн гэрээг байгуулах үед хариуцлага алдсан уу гэдэг чинь мөн л тусдаа асуудал байгаа юм. Оюу толгойн гэрээтэй холбоотой УИХ-аас Ажлын хэсэг гаран шалгаж байна. Гэрээг шалгаад дүгнэлт гаргах учиртай. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээг хоёуланг нь авч үзээд дүгнэлтээ Их хуралд танилцуулна. Тэр үед бид өөр өөрсдийн дүгнэлтээ хийх боломж олдох байх.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 28 жилийн хугацаанд хийгдсэн хамгийн том гэрээ Оюу толгой. Энэ гэрээнд алдаа, оноо аль аль нь л багтсан. Оноог нь бид өнөөдөр төсвийн орлого дээрээ хүртээд явж байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээг хүчингүй болгох уу гэдэг яриа гараад эхэлж. Би хувьдаа Оюу толгойн гэрээг зогсоож болохгүй гэсэн байр суурь барьдаг. Энэ гэрээг хүчингүй болговол Монгол Улс асар их хэмжээний өрөнд орно. Гэрээний хариуцлагыг бид хүлээнэ. Мөн цаашид Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү гэдэг эргэлзээ бий болно. Гадны хөрөнгө оруулагчид манай улсад итгэх итгэл үлдэх үү. Оюу толгойн гэрээнд алдаатай зүйл бий гэдгийг дээр хэлсэн. Тиймээс бид сайжруулах зүйл хийх ёстой. Татварын нөхцөл, Монгол Улсад орох ашгаас эхлээд ярих зүйл бий шүү. Ажлын хэсэг энэ талаас нь харж шийдвэрээ гаргах болов уу гэж бодож байна.

Гэрээ байгуулахтай холбоотойгоор С.Баяр, С.Баярцогт, Дубайн гэрээтэй холбоотойгоор нарыг баривчилсан. Монгол Улс хуулийн засаглалтай. Тиймээс хуулийн хүрээнд асуудалд хандсан болов уу гэж найдаж байгаа. Хуулийн дагуу прокурор нь шалгаж, хуулийн дагуу шүүх нь хорьж, цагдсан болов уу. УИХ-ын гишүүн бид хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хутгалдан оролцож, ямар нэгэн хувийн сэдлээр дүгнэлт өгөх хэрэггүй. Миний хувьд хуулийн байгууллага ямар шийдвэр гаргах нь вэ гэдгийг харж байна. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэгийг хорьсон нь зөв, буруу, шүүх, прокурор, АТГ алдаа гаргалаа гээд шууд дүгнэх ярих эрх байхгүй.

-Оюу толгойн гэрээг цуцлуулах сонирхол бүхий хэсэг бүлэг байна уу гэж харагдах юм. Та ямар бодолтой байгаа бол?

-Одоо бүх зүйл зохион байгуулалттай болчихоод түвэгтэй байна. Оюу толгойн гэрээг шахсаар байгаад хүчингүй болгуулах нэг хэсэг хүний сонирхол байгаа л байх. Оюу толгойн гэрээг хүчингүй болговол Монгол Улс тун хүнд байдалд орно. Энэ боломжийг ашиглаад барьцаа ахиулах сайжруулаад авах ажил хийвэл Монгол Улсад өгөөжтэй болох байх.

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар С.Баярын бие муудсан тул гаргаж авах асуудлыг хэлэлцсэн гэх юм. Ерөнхий сайд харин бултаад орж ирээгүй гээд байгаа нь үнэн үү?

-Бүлгийн хуралдаанаар ганцхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьсан. Түүнээс биш С.Баяр даргын бие муудлаа, гаргаж авъя гэдэг зүйлийг огт яриагүй. Манай намын бүлэг Оюу толгойтой холбоотой баривчилгаа тойрсон асуудлаар юу ч яриагүй байгаа. Бүлгийн байр суурь хууль шүүхийн байгууллага үнэн зөвийг нь тогтооно биз, буруутай байвал аль намын гишүүн байх нь хамаагүй хариуцлагаа үүрэх ёстой гэж байгаа юм. Харин Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор буруу зүйл хийгээгүй бол хүн хэлмэгдүүлж болохгүй гэдэг байр суурьтай байна. С.Баяр даргатай холбоотой ямар нэгэн байр суурь бүлэг дээр яригдаагүй. Харин ирэх долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлуудаа эргэж сайтар ярихаар болсон.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу. Бүлгийн гишүүдийн байр суурь нэгдмэл байж урагшаа явна. Өнөөдрийн байдлаар янз бүрийн байр суурь илэрхийлээд нэг зүгт харж чадаагүй байна л даа…

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үнэхээр чухал. Бид өнгөрсөн хугацааны явж ирсэн замаа эргээд харахад Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийхээр олон удаа оролдсон ч чадаагүй байдаг. Өнөөдрийн нийгмийн нөхцөл байдлыг харахаар Үндсэн хуулийг зайлшгүй хийхээр болж. Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь дөрвөн зүйлд чиглэж байгаа.

Үндсэн хуулийг өөрчилснөөр Их хурлыг хариуц-лагажуулна. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болъё гэж байна. 2000 онд хийсэн долоон өөрчлөлтийг буцаах юм. Мөн Засгийн газрын эрхийг жаахан нэмэгдүүлээд тогтвортой ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлье гэж байгаа. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид 16 Засгийн газрын нүүр үзсэн. Нэг Засгийн газрын дундаж нас 1.5 жил байх жишээтэй. Түүнчлэн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн хараат бус байдлын эрх зүйн орчныг бий болгоно. Орон нутгийн тогтолцоог өөрчилж иргэд рүүгээ хандсан болгож өгье. Улс төрийн намуудын орон нутагт оролцдог оролцоог багасгаж өгье гэдэг ийм хэдхэн чиглэлд өөрчлөлт оруулна. МАН мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу эхлээд Их хурлаараа хэлэлцээд гуравдугаар хэлэлцүүлгээс эхлэн ард түмнээс санал асуугаад ард түмэн дэмжлэг Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулъя. Ард түмэн дэмжихгүй бол болъё гэж байгаа юм. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд, ард түмнийхээ санал асуулгыг аваад явна.

-Та Төсвийн байнгын хорооны хуралдаанд суусан. Байнгын хорооны хуралдаан ширүүн болсон. Ж.Мөнхбат гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар долоон удаа хууль зөрчсөн хуулийн төсөл оруулж ирлээ гэж шүүмжилсэн. Төсвийн тодотголоо оруулж ир гэсэн. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүд 33, 32-ын бүлгээрээ талцах маягтай маргалдсан. Танай бүлэг дотор эв нэгдэл байхгүй байгаа юм биш үү?

-Хувь гишүүд өөрсдийн байр сууринаас л асуудалд хандаж ярьсан гэж би хувьдаа ойлгосон. Зарим гишүүд хууль зөрчиж байна гэж байсан. Төсвийн орлого буурсан тохиолдолд төсвийн тодотгол хийдэг. Гэтэл өнөөдөр төсвийн орлого давчихсан байгаа үед хөнгөлөлт, чөлөөлөлтийн зарим ажлыг хийхэд төсвийн хуулийн зөрчихгүй гэж бодож байгаа. Ялангуяа өнөөдрийн (өчигдөр) модон материал, ойжуулалтын тоног төхөөрөмж, үр суулгацтай холбоотой татвараас чөлөөлөхийг 2013 оноос хойш чөлөөлсөн. 2018 нэгдүгээр сарын 1-нэгнээс хуулийн хэрэгжилт нь дуусчихсан. Тиймээс үүнийг үргэлжлүүлье, Монголд мод модон материал, ойжуулалт, тоног төхөөрөмж, үр суулгац хэрэгтэй байна гэдэг үүднээс Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх гэж байгаа юм. Татвараас чөлөөлөх асуудал нь ач холбогдлын хувьд маш чухал. Монгол Улсад ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Монгол Улс ойн нөөц багатай тул торх болон модон материал оруулж ирэх хэрэгтэй байна. Энэ нь төсөвт ачаалал үзүүлж байна уу гэхээр үгүй байдаг. 2018 оны улсын төсвийг батлахад чөлөөлж байсан хууль хүчин төгөлдөр байсан. Тиймээс чөлөөлөгдөнө гээд тооцчихсон. Он гарснаас хойш хууль нь байхгүй болчихоор гааль, татварын байгууллагууд татвар авсан асуудал байгаа юм билээ. Хууль гаргаад түүнийг нь буцаагаад олгочихож болно. Энэ нь Төсвийн тухай хууль зөрчөөд байгаа юм байхгүй гэж харж байгаа.

-Засгийн газрын сайдуудыг огцруулна гээд нэр яваад эхэллээ. Засаг ганхаад байна уу гэж харагдах юм?

-Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шаардлага бий. Бид дөнгөж юм хийж эхлээд зургаан сар болж байхад нь оролдоод эхлэх юм. Ийм байж болохгүй. Аль болох тогтвортой ажиллаж, үр дүн гарах ёстой. Нэг жил зургаан сар, хоёр жил ажиллаад үр дүн гарахгүй хууль зөрчөөд байвал энэ асуудлыг ярьж болно. Тиймээс одоохондоо Засгийн газрын гишүүдийг сайн, муу ажиллаж байна гэдэгт дүн тавихад арай эрт байна.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүрээнд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн. Хуулийн төслийг хэзээ хэлэлцэж дуусах вэ. Уг хууль батлагдсанаар цаашид Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудлыг эцэслэх юм билээ?

-Уг хуулийг баталж байж УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Ямар тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх вэ гэдэг нь байхгүй болчихсон л доо. Д.Лүндээжанцан гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Пүрэв юм уу баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг нь хийгдчих байх. Тиймээс ирэх долоо хоногт эцсийн хэлэлцүүлэг хийгдээд дуусах болов уу. Үүний дараа Д.Гантулга гишүүний асуудлыг прокуророос оруулж ирвэл хэлэлцэхэд бэлэн болно.

-Та Д.Гантулга гишүүний орооцолдсон энэ асуудалд ямар байр суурьтай байгаа юм?

-Д.Гантулга гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулъя гэдэг байр сууриа илэрхийлчихсэн юм билээ. Залуу хүний хувьд үүнийг нь зөв гэж үзэж байгаа. Шалгуулаад үнэн, зөвөө тогтоолгох хэрэгтэй. Нэг талдаа Их хурлын нэр хүнд, нөгөө талдаа хувь хүний нэр хүндийн асуудал. Тиймээс өөрөө түдгэлзээд шалгуулчихад буруудахгүй.

-Эрдэнэт үйлдвэрийг тойруулж нэлээд мөлжиж, улс төр хийлээ. Сүүлийн үед Оюу толгойг тойрсон асуудалд дарагдаад нам гүм болчихлоо л доо. Шинэ мэдээлэл юм ирсэн болов уу?

-Манай бүлэг дээр Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудал огт хэлэлцэгдээгүй. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал тодорхой болчихсон. УИХ, Засгийн газар төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. УИХ, Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор зарим хүмүүс Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэцийн шийдвэр УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гээд гарчихсан шүү дээ. Эрх зүйн хүрээнд ямар ч маргаангүй болсон. 49 хувийг авсан талд мөнгийг нь суутган тооцох замаар шийдвэрлах ийм л асуудал үлдсэн. Харин 51 хувьтай холбоотой асуудал нь Арбитрын шүүх, дотоодын шүүхээрээ яваад шийдэгдэх ёстой. Гэрээ байгуулсан албан тушаалтан нь буруутай юу, барьцаанд тавьсан хүн нь буруутай юу гэдгийг хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Компани хоорондын маргааныг улстөржүүлээд байх асуудал биш.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүл: “Би энэ гэрээг хийсэндээ харин ч бахархдаг” гэдэг бол ухаантай улсын хэлэх л ёстой үг

Сүүлийн үед улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдалтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцсан юм.


-Бараг 10 жилийн өмнө. Оюу толгой төсөл эхлэх гээд дуншиж байсан тэр үеийн нөхцөл байдлыг хүмүүс санахгүй байх шиг байна. Тэр үеийг эргэн санахаас ярилцлагаа эхэлье. Тухайн үед улс төр, эдийн засгийн байдал ямар байсан бэ?

-Ямар ч байсан өнөөдрийнхөөс хоёр дахин ядуу байсан. Эдийн засаг хоёр дахин бага байсан гэж ойлгож болно. Өнөөдөр энэ төсөл Монгол Улсын төсвийн томоохон хувийг дангаараа бүрдүүлж байна. Тэнд 12 мянган хүн ажиллаж, 5000 орчим аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ нийлүүлж байна гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Оюу толгой өөрөө том зах зээл болж байна гэсэн үг. Энэ бол төслийн үр ашгийг шууд хүртэж байгаа үр дүн. Шууд бус утгаар бол Монголын эдийн засгийн үнэ цэнийг асар ихээр нэмэгдүүлж байгаа юм. Хоёр дахин нэмэгдүүлж байна гэдэг дарсан тоо ч байж магадгүй. Юутай ч үнэ цэнэтэй эдийн засаг бий болсон. Жишээлбэл, манай зээлжих зэрэглэл муу байж байгаад Оюу толгойн хувьцааны үнэ өсөхөд маш хурдтай эргээд өсч байна. Өөрөөр хэлбэл манай эдийн засаг өсч байна гэсэн үг.

-Тэгвэл нөгөө талаас Оюу толгойгоо оролдох нь манай эдийн засагт ямар хортой вэ гэдэг асуулт гарч ирж байна.

-Оюу толгойгоо ойлгохгүй оролдоод байна гэж бодоод байх шиг байгаа юм. Тийм биш. Ойлгохын цаагуур ойлгож байгаа. Популистууд бол Оюу толгой руу дайрах байдлаар улс төр хожиж байна.Тэднийг урдаа бариад явж байгаа тодорхой хүчнүүд Оюу толгойн ордыг булаацалдаж байгаа юм. Миний анзаарснаар, эхлээд манай дотоодын бүлэглэлүүд булаацалддаг байсан бол сүүлийн үед илтэд гадныхны оролцоотой болж ирлээ. Зүгээр бизнесийн бүлэглэлийн зодоон биш боллоо. Бүр нэлээн шийдэмгий болж ирсэн. Ялангуяа хоёр Ерөнхий сайд байсан хүнийг зэрэг хорьсон энэ явдал тэгж хардахад хүргэж байна. Энэ явдалд хүмүүс их цочирдож, гайхаж байна шүү дээ. Энэ бол орчин цагийн их баривчилгаа боллоо гэж хэлж болно. Оюу толгойг булааж авах гэсэн зүгээр нэг бизнесийн бүлэглэлийн хүсэл биш, гадныхны оролцоо явж байна гэж харагдахаар байна.

-Энэ оролцоо, сонирхлыг гүйцэлдүүлэхэд манай хууль хүчний байгууллагууд татагдан орж байна гэсэн үг үү?

-Прокурорын байгууллага ичсэн хүн алга гэгчээр юм хэлж чадахгүй болохоороо хуулийн дагуу явж байгаа юм шиг хачин хачин юм яриад эхэллээ. Ялангуяа над шиг элдэв бусаар гүжирдүүлж, гүтгүүлж явсан хүн үүнийг маш сайн мэдэж байна. Би хууль тогтоох байгууллагад ч ажиллаж байсан. Нөгөө талаар хуулийг хэрэглэхдээ буруу хэрэглэдгийн золиос би өөрөө болж байсан юм. С.Зоригийн хэрэг дээр намайг ямар байдлаар хорьж хэлмэгдүүлж байсныг хүмүүс мэднэ. Ийм туршлагатай хүний хувьд би ганцхан жишээ хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, хуучин цагт эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж байсан.

Энд гэрчээр мэдүүлэг өг гэж хүнийг дуудаад, сэжигтнээр хорин цагдаж байна гэдэг бол энэ улсад хууль байхгүй шүү гэж хэлж байгаатай яг адил. Уг нь гэрч, сэжигтэн гэдэг хуулийн шал өөр хоёр ойлголт биз дээ. Би энийг сонсоод цочирдсон. Гэрчийн мэдүүлэг авъя гэж хэлээд, дуудаж авч ирэнгүүтээ шууд хорьчихдог. Энэ юу гэсэн үг вэ. Прокурорууд үүнийг хуульд нийцсэн юм шиг тайлбарлаж байхдаа яагаад ичихгүй байна вэ.

Энэ чинь үндсэн хуулиар хориглочихсон зүйл. Тэр байтугай гэрчийн мэдүүлэг өгч байгаа хүнийг хэрэгтэн мэт байцаагаад эхлэх юм бол тэр хүн мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Энэ бүхэн чинь хуулинд нарийн заагаад өгчихсөн зохицуулалттай. Гэтэл гэрчийн мэдүүлэг авч байгаа нэрийдлээр нотлох баримт бүрдүүлээд байгаа юм уу, яагаад байгаа юм? Гэрчийн мэдүүлэг гэдэг чинь өөр хүн хэрэг хийсэн үү, үгүй юу гэдгийг гэрчлэх мэдүүлэг. Гэтэл өөр дээр нь хэрэг үүсгэчихсэн байсныг мэдэхгүй байсан байх нь. Энийг хуулийнхан над дээр ч ашиглаж байсан. Би гүтгүүлж явсан тэр үед энийг туулаад үзээд гараад ирсэн.

-Уг нь мөрдөгч хуулийг сахиулдаг, прокурор хуулийг хэрэглэдэг гэдэг биз дээ?

-Уг нь тийм. Гэтэл прокурорууд хууль бус үйлдлийг зөвшөөрчихсөн байна. Одоо энэ прокурорынхны авирлаж байгааг харахаар энэ бол зүгээр нэг жижигхэн асуудал биш гэж бодогдож байна. Муу ч үгүй Монгол Улсын хоёр Ерөнхий сайдыг авч ирээд хийчихнэ гэдэг бол жижиг асуудал биш. За, одоо Оюу толгойг булааж авахдаа ямар процесс явахыг би гадарлаж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг яллана. Одоо угаасаа нийгэмд пи ар хийгээд яллачихлаа. Олон нийтийн дунд гэмт хэрэгтэн мэт болгож аваад шүүх гэж байна шүү дээ. Ингээд дараа нь Оюу толгойн гэрээг цуцална.

-Түүний дараахь үр дүнг ч та бас гадарлаж харж байгаа биз дээ?

-Тэр цагт эдийн засаг төсөөлж бодоход нурууны үс босмоор нөхцөл байдалд тулж ирнэ. Грек шиг дефольт болно. Шууд сүйрнэ. Дээрээс нь учрах хохирлыг олон улсын өмнө төлөх хэрэг гарна. Өнөөдөр бид Венесуэлийг харж байгаа биз дээ. Хамгийн гол аюул нь 90 оны ардчиллын гол ололт нуран унана. Үндсэн утга бүрэн алдагдана. Нэгэнт эд нар өөрсдөө асуудлаа шийдэж чадахгүй юм бол, гадны захиалгаар хөрөнгө оруулалтын асуудлаа шийддэг юм бол, эдний асуудлыг гадаадад шийдэж байгаа юм бол тэр улсад нь, Москвад нь, Бээжинд нь очоод шийдье гэдэг хуучин байдал руу эргэх аюултай. Тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь алдана. Бид 90 онд Мардай руугаа орох эрхгүй байсан. Бид Эрдэнэтийн 51 хувийг гадны мэдэлд л байлгадаг байсан. Мэдээж эдийн засгийн хувьд аюул болно. Би нэг л юм хэлье. Манай бүх арилжааны банк дампуурна. Бүх хадгаламж аюулд орно. Ийм юманд хүргэсэн популистуудын хэлсэн үг бүрийг, яриа бүрийг тэмдэглэж аваарай. Тэгээд эдийн засаг сүйрэлд орсон үед энэ хүмүүсийн гайгаар бид ийм байдал хүрсэн шүү гэдгийг хэлнэ шүү.

-Эргэж гунигтай үе рүүгээ ормооргүй л байна?

-Мэдээж тийм. Цэдэнбал даргаас бусад улс төрийн товчооны нэг ч гишүүн орох эрхгүй байсан Мардай гэдэг уурхайтай байсан тийм үе рүүгээ явмааргүй байна. Уг нь бол Монголд юм болоход Торонто, Нью-Иоркт салгалж байх ёстой юм. Бид тийм амбицтай байх хэрэгтэй. Хятадын эдийн засагт хэн хориг тавьж чадаж байна. Хэн ч чадахгүй. Яагаад гэвэл дэлхийн бүх бирж дампуурна. Яагаад орост эдийн засгийн хориг тавьж чадаад байна гэхээр орос ганхлаа гээд яах ч үгүй, тийм хэмжээний эдийн засаг биш. Чингис хаан шигээ жаахан алсыг харсан, ухаантай баймаар байна. Бусдыг барьцаалж чаддаг баймаар байна.

-Манай популистууд гадны гар хөл болж ашиглагдаад байна гэсэн санааг хэлж байна уу, та?

-Ер нь энэ харанхуй мунхаг улсыг ашиглаад улс орноор тоглоод байж болохгүй шүү дээ. Бид өөрсдийгөө мэддэг болсноос хойш талаараа дүүрэн малтай боллоо, хотоороо дүүрэн машинтай боллоо. 1990 оны өмнө амьдарч байсан энэ цагийг үзээгүй малчин гарч ирээд энэ байдлыг харвал шоконд орно, дэнжийн мянгын зах дээр байсан наймаачин энэ цагийг харвал ухаан алдаж унана. Яахав хүний шунал хязгааргүй болсон хойно, бид цаашаа шуначихсан явна. Бид өөрсдийгөө Сөүл, Токиотой зүйрлээд байна. Ямар байснаа мартаад байна. Социализмын үед манайд ажиллаж байсан оросын инженерүүд ирээд цочирдсон гэсэн. Ингэж бид өөрсдөө бүтээж босгож, өөрсдөө хөрөнгөтэй болж байгаа. Гэтэл одоо энэ бүхнээ алдах нь байна. Энэ хэргийг хийсэн улсыг бүгдийг нь бүртгэж авах хэрэгтэй.

-Үндэсний аюулгуй байдал гэдэг бол эдийн засгийн тусгаар байдал гэдгийг бид мэддэг. Гэтэл үүний эсрэг яваад байна гэж та хэлж байна уу?

-Бодоод үз дээ. Си Жинь Пин тэр том эдийн засгийн тэргүүн нь манайд хөрөнгө оруулаач гэж байна. Хятадын эдийн засгийн гайхамшиг гэдэг бол хөрөнгө оруулалтын гайхамшиг л гэсэн үг. Орост эдийн засгийн хориг тавигдаж байна гэдэг чинь хөрөнгө оруулалтын хориг тавигдаж байна гэсэн үг. Ямар сайндаа тэд жил бүр Санктпетербургт форум зохиогоод царай алдаад гуйгаад байхав дээ. Тэгсэн манайх хажууд нь хөрөнгө оруулагчдыг зайлуулах тухай ярьж байна. Яг үнэндээ хэдэн шуналтай нөхөд л Оюу толгойг булааж авах гэж байна. Энэ хэдэн популистууд. Нөгөө талаар Ч.Сайханбилэг, С.Баярын баривчилгаагаар нэг ноцтой юм харагдсан. Юу гэхээр, одоо манайд улс төрийн бодлогыг гэмт хэрэгт тооцож эхлэх гэж байна. Уучлаарай, политик гэдэг бол бодлого гэсэн үг. Одоо удахгүй Японтой чөлөөт худалдааны гэрээ хийнэ гэдэг улсад их хохиролтой гэрээ байлаа, олон бараа татваргүй орж ирж байна, энэ гэрээг хийсэн нөхдийг барьж хорь гэх нь л дээ. Хаана, хэзээ улс төрийн шийдвэрийг гэмт хэрэг гэж үздэг болчихсон юм бэ. 1930-1940 онд улс төрийн бодлогыг гэмт хэрэгт тооцож шийтгэж, хэлмэгдүүлж байсан. Жишээ нь, гуравдагч хөрштэй болох гэж төр бодлогоор Д.Нацагдорж тэргүүтэй баахан оюутан Германд сургатал энэ бодлогыг гэмт хэрэг гээд баахан хүн барьж хориод буудчихсан. Одоо эргээд тэр рүүгээ орох гээд байгаа юм уу. Гуравдагч хөрштэй байсны төлөө, хөрөнгө оруулагчтай байсны төлөө гэмт хэрэгтэн болгож шийдэх гэж байгаа юм уу. Тэгэхээр монголд анх удаа улс төрийн бодлогыг гэмт хэрэг болгох нь.

-Ял гавьяагаа ялгахаа байлаа гэж үг байдаг. Өнөөдөр ч тэгж харагдаад байна?

-Хүмүүс амьдрал нь таагүй, хүсч байгаа зүйл нь бүтэхгүй, хямрал нүүрлэхээр бухимдлаа юунд ч юм гаргах гээд л байдаг. Популистуудын чаддаг нэг аюултай юм нь тэр бухимдлыг эрүүл ёсны эсрэг эргүүлж чаддаг. Тэд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг эрүүгийн гэмт хэрэгтэн мэт нийгэмд харуулсан маш том пи арыг хийлээ шүү дээ. Тэгээд хүмүүсийг гэмт хэрэгтэн, ялтан гэж нийгэмд ойлгуулж, нийгмийг цочроож байгаад цаазалъя гэж юм яриад зогсч байна. Цаазалъя гэдэг үгийг нийгэмд тренд болгож байна. Зүгээр л хэн дуртай нь гарч ирээд цаазалъя гэдэг боллоо. 1930 онд шүүхгүйгээр цаазалж байсан юм шүү. Цаазалчихаад араас нь шүүсэн. Цагаатгалын комисс гэдэг чинь шүүхийн үйл ажиллагаа явууллаа шүү дээ. Гэтэл одоо яг тэр үе шиг шүүхгүйгээр цаазлах ёстой юм шиг ярих боллоо. Үүний гар хөл нь хуулийн байгууллага болчихоод байна.

-Оюу толгойн яриандаа хоёулаа эргээд оръё. Бид эзэн нь учраас илүүг авах ёстой гэсэн хандлага байдаг. 34 хувийг голох, ажиллаж байгаа үйлдвэрийг баялаг гэж үзэхгүй байх хандлага. Энэ зөв үү?

-Буруу гэдгийг ойлгуулах гэхээр ойлгохыг хүсэхгүй байна. Тэгээд яг цаанаа Оюу толгой гэдэг баялгийг булааж авах гэж байгаа тэр хэсгийнхэн энэ дээр тоглолт хийгээд байна. Хөрөнгө оруулалт гэдгийг колоничлол гэж ойлгоод байгаа улс шүү дээ. Тэгвэл энэ Хятад улс колоничлогдож дууссан юм байна л даа. Орос манайхыг колоничлоод өгөөч гэж гуйгаад байгаа юм байна л даа. Ийм мангар, коммунист марксист юмнаасаа салах болоогүй юм уу. Би дахиад хэлье, Си Жинь Пин дарга манайд ирээрэй, хөрөнгө оруулаарай, бид татвараар хөнгөлж өгье гэж уйгагүй гуйж байна, эдийн засгийн гайхамшгийг үзүүлчихсэн орон шүү дээ.

Ерөнхийлөгч Путин чөлөөт бүс гаргая, татвар авахгүй та нар ирээч гээд байдаг. Солонгос, японууд хөрөнгө оруулаагүй байсан бол бид ингээд бүгдээрээ гар утастай болчихсон сууж байхгүй байх. Үүнийг ойлгоё л доо.

Гэтэл бид өөрсдөө сайн дураараа өөрсдийнхөө эдийн засагт хориг тавиад сууж байна. Би их л эгдүү хүрээд сууж байна даа.

Яг үнэнийг хэлэхэд өрнөдийн хөрөнгө оруулагч нарт нэг сайн юм байдаг. Тэд бол хуулиа, дүрмээ ягштал барьдаг. Жишээ нь, АМХЭГ-аас 2013 онд хөрөнгө оруулагч нар уул уурхайг хэрхэн ашиглаж байгаа талаар нэг судалгаа явуулсан байдаг. Гэтэл байгаль орчноо хамгийн их сүйтгэсэн нь манайхан өөрсдөө байсан. Алт ухдаг Монголын компаниуд байгалийг сүйтгэсэн байгаа юм. Нөхөн сэргээгээгүй, хамгийн хоноцын сэтгэлээр хандсан нь монгол компаниуд өөрсдөө байсан. Татвар аваагүй гэж буруутгах гээд байх шиг байна л даа. Үгүй бид нар чинь хөрөнгө оруулалт татах гээд өөрсдөө татварын орчноо өөрчилье гээд хууль гаргасан шүү дээ.

-Гэтэл эдгээр гадны хөрөнгө оруулагч нар нь л буруутан болчихсон яваад байгаа?

-Тэд хууль ямар байсан тэрүүгээр л ажилласан. Яг үнэндээ Оюу толгойн гэрээг мэдэхгүй хүмүүс л их ярьж байгаа. Манай улсын төсвийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тэрнээс нь бид цалин тавьж байна. Тэрнээс нь харин хулгайлж байгаа улстөрчид их бий. Тэрийгээ ярих ёстой. Би эрхбиш үнэн гүйцнэ гэдэгт итгэдэг. Үнэн бол хүчтэй. Үнэнийг асуух цаг ирнэ л гэж боддог. Би дахин хэлье. Популистуудын гайгаар бид өөрсдийнхөө эдийн засагт хориг тавих гэж байна шүү. Үүн шиг мунхаг юм байхгүй. Модон дээр суучихсан мөчрөө өөрөө цавчаад сууж байгаа зургийг санаарай. Яг тийм байдалд бид байна.

-Хэдэн парламент дамжиж энэ асуудлаар улс төр хийх шиг боллоо. Эцэслэх болоогүй юм уу?

-Эхний үед Оюу толгойгоор улс төр хийдэг байсан юм. Одоо бол шууд бизнесийн зорилготой болж ирлээ. Ерөөсөө л булааж авна. Гэхдээ би дахиад хэлье. Гадныхантай нийлж байгаа нь аюул. Нэг юм саная. Гадны оролцоотойгоор Хан Ресурс гэдэг компанийг хөөгөөд гаргачихсан. 17 сая долларын билүү хөрөнгө оруулсан байдаг. Хуулийн ямар ч үндэслэлгүй хөөгөөд гаргачингуут нөгөө компани Парист шүүхэд хандсан. Биднээс 400 сая ам.долларын нөхөн төлбөр нэхээд баларсан биз дээ. Ингээд 80 сая ам.долларын төлбөрт орсон. Бод доо, өөрсдийнхөө балмад байсныхаа төлөө 17 сая долларыг 80 сая болгож өр төлбөрт унасан. Яаж ингэж тоглож болдог юм бэ. Энэ шийдвэрийг гаргасан хүмүүс хаана байна. Хүмүүсийг ажилгүй болгосныхоо төлөө, улсыг өрөнд оруулсныхаа төлөө ямар хариуцлага хүлээсэн бэ. Хэн ч хүлээгээгүй. Тэгээд ийм дээрэмчид нь алга болчихдог. Олон улсын шүүхэд очих юм бол зардлыг нь танайх хариуцна гэсэн хаана тийм бичиг байгаа юм, бид тийм бичиг хийж өгөөгүй гэж ичихгүй хэлсэн байгаа юм даа. Ийм гэнэн тэнэг тоглоомоо болимоор байгаа юм. Бид Чингисийн үр сад, тэнэг мунхаг дэбилүүд биш шүү дээ. Тусгаар улсын иргэн шиг баймаар байна.

-Манай иргэд Оюу толгойн кассаас очоод мөнгө авах ёстой юм шиг л ойлгоод байгаа юм биш үү?

-Яагаад Монголын алтыг ухаж байгаа өөр компани дээр очоод надад бэлэн мөнгө өг гэдэггүй юм. Чалко дээр очоод яагаад ярьдаггүй юм. Үүнийг бодмоор. Тэр төсөвт оруулж байгаа мөнгөөр цалин тавьж байна. Би шууд орж байгаа бэлэн мөнгийг ярьж байгаа юм. Одоо Оюу толгой гараад явлаа гэж бодъё. Монгол Улсын төсөв 30 хувиар байхгүй болно. Энэ бол бүрэн дампуурна гэсэн үг. Ер нь бид 1990 оноос хойш гаднаас царай алдаж ирсэн. Манай улсын төрийн тэргүүнүүд айлчлал хийгээд энд тэнд явахаараа манайд хөрөнгө оруулаач ээ гэж гуйдаг. Сая Хүрэлсүх бас л Хятадад тэгж гуйсан. Нэгийг нь хөөж явуулчихаад нөгөөд нь очоод яаж тэгж хэлж чаддаг юм. Уул уурхайн хөрөнгө оруулалт гэдэг бол барилгын салбар шиг нэг, хоёр жилийн хөрөнгө оруулалт биш. Энэ бол 30 жилийн, 20 жилийн хөрөнгө оруулалт. Дэлхийд юу гэж харагдах вэ гэхээр Рио Тинто шиг уул уурхайн монополь компани 20, 30 жилээр орж ирнэ гэдэг бол монголчууд баталгаатай юм байна гэж л харагдана. Энэ бол энэ салбарын онцлог нь. Оюу толгой дэлхийд шуугиулж байгаа технологио манай улсад авчирсан. Газар дээр ил гаргаж ирээд баяжуулдаг бол шууд газар дор уурхайдаа баяжуулдаг тийм технологи хийчихсэн. Энэний нууцыг олох гэж бүгдээрээ л хөөцөлдөж байна.

-Оюу толгой хэсэг хугацаанд зогссон. Хүмүүс ажилгүй болсон, хөрөнгө оруулалт зогссон. Яг тийм нөхцөл байдалд Дубайн гэрээ хийгдээд явсан. Энэхүү гэрээг янз бүрээр ярьж байна. Та энэ тухай юу хэлэх вэ?

-Сүүлийн хэдэн жил дэлхий даяар ноцтой, нийтийг хамарсан хямралууд явлаа. Харин манай улс үүнийг харьцангуй тогтвортой сөрж зогсч чадсан нь хэдэн толгойны буян. Бид бас ч гэж Оюу толгой, Таван толгойгоо яриад, ажиллуулаад яваад байсны үр дүн. 2013 онд нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Яг үнэндээ “Би энэ гэрээг хийсэндээ харин ч бахархдаг” гэдэг бол ухаантай улсын хэлэх л ёстой үг. Чухам энэ гэрээгээр бид олон юмыг сөрж гарсан. Гадныхны айхавтар стратегийг хараад манай популистууд ямар тэнэг юм бэ дээ гээд харамсаад барахгүй байна.

Монгол бол бараг сэтэрхий зүүгээ гаднаас авч амьдарч байсан улс. Хэдэн түүхий эд л гаргадаг байв. Бид ЗХУ-аар тэжээлгэдэг байв. Гэтэл 1990 онд Горбачёв Бямбасүрэн сайдыг дуудаад “За та нарыг дахиж тэжээхээ болилоо. Өөрсдөө учраа олоорой. Дахиж юм авбал мөнгөөрөө худалдаж ав” гэсэн. Тэр үед үндсэндээ хамраараа газар хатгаж унахад бэлэн болсон. Лаа олдохгүй үндэсний аюулгүй байдлын асуудал болсон гээд бод доо. Лаа үйлдвэрлэдэг Заяа гээд бүсгүй моданд орж, түүнд Хөдөлмөрийн баатар өгье гэдэг байлаа шүү дээ. Засгийн Газар Эрдэнэт үйлдвэрээс Ш.Отгонбилэг захирлаар дамжуулаад шатахуун хулгайлдаг байлаа. Ийм л арчаагүй байдалд орсон юм. Ингэж нэвсийж унасныгаа ардчиллаас боллоо гээд андуураад байдаг юм. Зүгээр л ЗХУ өгөхгүй гэчихсэн байхгүй юу даа.

-Нийгмийн нэг үеийн энэ давалгаа өөрөө өөрсдөөрөө оролдоод, том нүх рүү бие биенээ түлхээд байна уу даа?

-Чингисийн үр сад ийм гуйлгачингийн сэтгэхүйтэй байж болохгүй. Ардчилсан чөлөөт нийгэмд нэг хэцүү юм байдаг. Тэр юу гэвэл хүний хүсэл чөлөөлөгдчихдөг. Гүйцэгдэхгүй юм чөлөөлөгдчихсөн байхгүй юу. Хойд солонгост бол шуналтай байх эрх байхгүй. Тэнд 570 авах юмсан гэж мөрөөддөг хүн байхгүй. Гүйцэгдэхгүй шунал маань чөлөөтэй болчихсон. Ядуу хүн байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ болж байгаагаа ярих хэрэгтэй. Болохгүй байгаагаа дандаа ярьдаг байж болохгүй.

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Оюу толгойн гэрээ тоглоом биш

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.


-Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг гарчихсан шалгаж байна. Энэ ажлын хэсгийн дүгнэлт ямар байдлаар гарах бол гэж бодож байгаа вэ. Оюу толгойн гэрээг цуцлах гэж байна гэж шуугиад байгаа л даа. Уг гэрээтэй холбоотойгоор С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын улстөрчдийг хорьж шалгаж байна?

-Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Уг ажлын хэсгийг дүгнэлтийг эхлээд МАН, АН-ын бүлгүүд сонсох ёстой. Үүгээрээ дамжуулан УИХ, Засгийн газар ямар шийдвэр гаргах вэ гэдгийг ярилцах учиртай. Энэ жишгээр ажлын хэсгийн шалгалт явагдаж байхад нь Оюу толгойн гэрээг цуцлах гэж байна, энэ луйврын гэрээ гэх мэтээр цаас хараагүй байж улстөрчид олон нийтэд байр сууриа илэрхийлнэ гэдэг нь нэг талдаа хариуцлагагүй үйлдэл. С.Баярцогт, С.Баяр, Ч.Сайханбилэг нартай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Оюу толгойн гэрээг хийхэд авлига өгч, авсан уу гэдэг нь тусдаа асуудал. Үнэхээр авлига авсан бол хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Тийм зүйл болоогүй бол ард түмэнд үнэн зөвийг хэлэх нь зөв.

Оюу толгойн гэрээг шууд цуцалж, улс төржүүлбэл өнөөгийн эдийн засаг болоод олон улсад бид ямар харагдах вэ гэдгээ бодох ёстой. Оюу толгойн гэрээ тоглоом биш. Олон талаас нь нухацтай хандах хэрэгтэй. Янз бүрийн мэдээлэлтэй байгаа улстөрчид цээжний пангаар юу ч хамаагүй ярьдаг энэ бүхэндээ дүгнэлт хийх цаг болсон. Цаасаар баримт болж баталгаажсан зүйлийг л ярих болохоос өглөө өрөөндөө кофе ууж байхад нь нэг хүн “Тэгсэн байна” гэж хэлэнгүүт үүнийг нь дагаж дарцаг шиг дэрвээд байж болохгүй. Төрийн түшээ гэдэг албан тушаалдаа хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг хэлье.

Миний хувьд ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна. Ажлын хэсгийн дүгнэлт бөөрөнхий биш оновчтой, хэт нэг талыг барьсан биш, үндэслэлтэй дүгнэлт гарах ёстой. Үүний дараа Авлигын эсрэг парламентын бүлгийн зүгээс анализ хийж, хэвлэлийнхэнд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлнэ.

-Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг барьж хорин шалгаж байгааг буруутгах хүмүүс олон байна. Ялангуяа гадаад талдаа хөрөнгө оруулагчдад эргэлзээ бий болчихож байгаа юм биш үү. Улстөржөөд байгаа гэх юм?

-Оюу толгойн гэрээг хийхэд тэр дунд авлига байсан бол гэж түрүүн яриандаа би тодотгосон доо. Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хэрэв тийм бол хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх л ёстой. Мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулна гэдэг үүднээс барьж хорьсон бол үүнийг буруутгах арга байхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд жирийн иргэн хүртлээ хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг жишиг тогтох нь буруу биш. Өнөөдөр өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс ч гэсэн ирээдүйд ийм зүйл болж магадгүй гэдгийг бодож ажиллах ёстой болж байна. Гэтэл манайхан буруу зүйл хийсэн ч гэсэн биднийг яах ч үгүй гэдэг итгэл үнэмшилтэй яваад байж болохгүй. Монголын эдийн засагт хохиролтой зүйл хийсэн бол тэр хүмүүс яллагдах нь буруу биш. Гэхдээ ардчилсан Үндсэн хуулиар бидэнд нэг зарчим бий болсон. Тэр нь шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутан гэж шууд үзэж болохгүй гэж бий. Одоо мөрдөн байцаах ажиллагаа явж байна.

-Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг улс төрийн зорилгоор намнаж байж болох уу?

-Цаг хугацаа харуулах байх. Миний хувьд хоёр зарчим л барьж байна. Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээтэй холбоотой нийгэмд үүссэн хардлагыг нэг мөр цэгцлэх. Ингэхдээ авлига авсан бол хариуцлага хүлээх ёстой гээд байгаа л даа. Ямар ч сайн гэрээ хийсэн хариуцлага хүлээх ёстой. Ямар ч муу гэрээ хийсэн тэр хүмүүс авлига аваагүй байхад нь яллана гэдэг байж болохгүй зүйл. Эцэслэн шүүх тогтоогоогүй байхад нь гэм буруутан мэтээр зарлах нь өөрөө хэлмэгдүүлэлт.

Нийгэм өөрөө авлигыг үл тэвчих сэтгэл зүйтэй болсоор байна. Үүнд бид талархах ёстой. Өнөөдрийн үг, үйлдэл маргааш гэж өдөр хянагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс гаргаж буй шийдвэр бүхнээ олон талаас нь нухацтай харж, авлигаас ангид байх ёстой юм. Тухайн үед ийм болгоомжлол байсан бол илүү нээлттэй хууль хяналтын хамтарсан ажлын хэсэг байгуулаад явж болох байсан. Дараагийн том гэрээг хийх хүмүүс үүнийг бодох ёстой. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал УИХ-аар ороогүйн л алдаа шүү дээ. Цаашид УИХ-аар оруулахгүй бол ийм зүйл болж хоригддог юм байна гэдгийг ойлгож авч байгаа нь монголчуудын үнэ цэнэ. Одоогийн Ерөнхий сайд томоохон орд газартай холбоотой асуудлыг Үндсэн хуулиа зөрчин хэлэлцэхгүй байх соёл. Энэ огт буруу биш.

Бид авлигын эсрэг тэмцэх нь чухал гэж үздэг мөртлөө буцаад туйлын амархан хүмүүсээ өрөвддөг. Бүх зүйл хоёр тал болж явж байгаад бүдгэрээд алга болдог. Тиймээс дараагийн хүмүүс нь “Тэртээ тэргүй манайд энэ асуудал шийдэгддэггүй юм чинь” гээд давардаг. Ингэснээр муу засаглалын үзүүлэлт рүү явж, системээрээ авлигад идэгдсэн гэдэг нэр зүүдэг л дээ. Үүндээ бид цэг тавих ёстой. Үндсэн хууль зөрчөөд явбал өнөөдрийн өндөр албан тушаалтнууд мөн л баригдаад явна гэдгээ ойлгох хэрэгтэй. Дэлхийн аль ч орны жишигт байдаг. Өмнөд Солонгосыг хар л даа. Өнөөдөр шийдвэр гаргахдаа хуулийн байгууллагатайгаа сайн ажилла, хууль бүү зөрч, юуг ч битгий нуу. Нууж байгаа зүйл ингэж ил болдог. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Стандарт банктай холбоотойгоор тэр зээлийг авах шаардлага байсан юм бол түүнийг ил тод ярьж болох байсан. Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан явах нь Монголын эдийн засагт ийм үр өгөөжтэй гээд яриад парламентаар хэлэлцдэг ч юм уу, хамтын шийдвэр болгож болох байлаа. Тийм болохоор хардахаас аргагүй шүү дээ.

-Дубайн гэрээ болон хөрөнгө оруулалтын, хамтран ажиллах гэрээ яагаад өнөөдрийг хүртэл ил болохгүй байгаа юм бэ. Бизнесийн нууц гээд ил болгодоггүй юм уу?

-Дубайн гэрээтэй холбоотойгоор бид Ерөнхий сайдад асуулт тавьсан байгаа. Удахгүй ил тод болно.

Манай өндөр албан тушаалтнууд өнөөдрийн эрх мэдлээ мөнхийн юм шиг түүндээ бялуурч, хууль хяналтын байгууллагатайгаа үгсэн хуйвалдаж, хувийн компаниудтай нийгмийн өмчийг хувааж идэх замаар төрд болон ард түмэнд хохирол учруулбал хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээдэг жишиг рүү явах цаг болсон. Өнөөдөр сошиал хөгжиж хүмүүсийн мэдээлэл авах боломж ч улам нэмэгдсэн. 20 жилийн өмнөхөөс монголчууд тэс өөр болсон шүү.

Өмнө нь Эрдэнэт үйлд-вэрийн захирал нисдэг тэрэг хөлөглөн хоол идчихээд ирэхэд тэр үед “За, яахав дээ. Байдаг л зүйл” гэж хүлээж авдаг байсан. Өнөөдөр харин нисдэг тэрэг хөлөглөөд өдрийн хоол идээд иржээ гэсэн мэдээ гарвал юу болох вэ. Миний хувьд зөв жишиг рүүгээ явж байна гэж хараад байгаа.

Бид одоо баримттай л ярьж сурах хэрэгтэй. Үүн дээр тодорхой ахиц гарч байна гэж ойлгож байгаа. Тухайлбал, Стандарт банктай холбоотой асуудал гарсны дараа хууль хяналтын байгууллагынхан маань ажиллаж эхэлсэн. Уг нь буруутай л бол ажиллах ёстой л доо. Хэн, яагаад дарж байв. Хэн эс үйлдлээрээ булзааруулсан бэ гэдэг энэ жишиг рүүгээ бага багаар ч гэсэн алхам хийж байна. Цаашдаа улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой жижиг ч гэсэн энэ зүйлсийг бид татаж гаргаж ирэх ёстой.

-Улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой асуудал чинь өөрөө авлига юм биш үү?

-Харин энэ бүхнийгээ л тодорхой болгох ёстой гэж байгаа юм. Өнөөдрийн хуулиар хувь хүн нэг сая, аж ахуйн нэгжүүд 15 сая хүртэл төгрөг өгөх ёстой байтал үүнээс даваад нэг тэрбум төгрөг авчихсан бол яах вэ. Үүнийг авлига гэж үзэх үү. Ямар эрүүгийн хариуцлага хүлээх вэ гэхээр эрүүгийн хариуцлага хүлээхгүй торгуулах хуулийн заалттай. Нэг тэрбум төгрөг өгчихөж байгаа хүн торгуул төлөхөөс цааргалахгүй ээ.

Өнөөдөр бидний яриад байгаа Эрдэнэт үйлдвэр болон Стандарт банкны хэрэг энэ бүхний суурь болсон намын хандив гэдэг нэрээр халхлагдсан байж болзошгүй. Энэ мэтчилэн зүйлсийг Эрүүгийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдэх ёстой. Тиймээс бид нийгэмд хүлээгдэж буй эрх зүйн соёл руу багаас нь эхлээд том руу нь явуулах шаардлагатай.

-Сүүлийн үед манайхан Баялгийн сангийн талаар их ярьж байна. Баялгийн сангаа зөв ашиглаад хөгжиж буй орнуудын жишгийг ч ярих болсон. Манай улс Баялгийн сантай болоход ямар хүндрэлтэй зүйлс байгаа бол?

-Баялгийн сан гэдэг ойлголт өнөөдрийн Эрдэнэс Таван толгой, Оюу толгойгоор юугаараа өөр вэ гэдэг асуулт гарч ирнэ. Баялгийн сан гэдэг нь нэгдүгээрт, менежмент нь улс төрөөс хараат бус байна. Эрдэнэс Таван толгой, Оюу толгойд улстөрчид очиж дураараа дургидаг газар. Үүнээсээ салах ёстой. Хоёрдугаарт, Баялгийн сан төсвийг нөхдөг байгууллага биш.

Энэ сангаа хуримтлал болгоод бизнесийн байдлаар арвижуулдаг. Бид энэ менежмент рүү орох шаардлагатай. Тэгж байж ирээдүйд одоо ашиглаж байгаа баялгаа ашиглана гэсэн үг. Ингэж тэргүүлэх салбаруудыг бий болгодог. Ирээдүйн өв сан, Хөгжлийн банк, Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр байдаг хааяа шахаа хийдэг энэ бүтэцтэйгээ манайхан андуурдаг. Одоо унш, жаахан соён гэгээр л дээ. 25 жил ийм маягаар явлаа шүү дээ. Ялангуяа ах нарт хандаж хэлж байгаа юм. Тэр Норвеги, Казахстанд очоод үз. Юу ч мэдэхгүй, нэг ч удаа гүүглдэж үзээгүй, ганц удаа репортыг нь авч үзээгүй байж цээжний пангаар, уншсан хоёр номынхоо хэмжээнд бүү сэтгэ. Эсхүл Төрийн ордонд хар цай уугаад явсан 25 жилийнхээ хэмжээнд битгий сэтгэ л дээ, ах нар аа. Энэ хүмүүс л өнөөдөр гай болж байна. Үүнээс сонголт, гарц байхгүй. Бид баялгаа ашиглаж чадахгүй байсаар дампуурна. Эсвэл улстөрчдийн гараас гараад мэргэжлийн байгууллага болоод тайланг нь олон нийт, сэтгүүлчид үздэг энэ зарчим руу орох ёстой. Энэ чинь барууны систем. Хятад хүртэл ийм болчихоод байна.

Бид ардчилсан улс, Казахстан дарангуйллын системтэй гэж ярьдаг. Тэр цаг өнгөрсөн. Казахстанд авлига алга, авлигын индексээрээ хамаагүй өмнө байна. Баялагтай холбоотой ил тод байдал нь манайхаас хэд дахин илүү хурдацтай явчихлаа. Бид асуудлыг бодитоор харж явахгүй бол Төрийн ордонд цээжээ дэлдэн маргасаар байтал 25 жилийн өмнө нэг гараанаас гарсан улсуудынхаа тоосон дунд хоцорлоо. Тэр улсууд мэргэжлийн сэлэлтээр урагшаа яваад байхад манайхан дотроо хэрэлдсээр доороо нохой самардаад үлдлээ. Үүний нэг жишээ нь Баялгийн сан байхгүй юу. Илүү ил тод, мэргэжлийн тайлбар өгөх тал дээр нь бид ажиллана.

-Төрийн мөнгөөр хайгуул хийсэн орд газруудыг хувийн компаниуд авсан гэдгийг Д.Сумъяабазар сайд хэлж байсан. Тухайлбал, Цагаан суваргын ордыг буцааж авна гэж яриад байгаа. Хувьд авсан компани хөрөнгөө оруулсан болохоор тэр хөрөнгийг улсаас өгөх үү. Хүндрэл хэр гарах бол, улс төрөөс эхлээд амаргүй замыг туулах байх…

-Бид зарчмын шийдэлдээ хүрэх ёстой. Үнэхээр Баялгийн сан байгуулъя гээд сонгодог замаар нь явах юм бол лиценз нь төрд байх ёстой юм. Оператор компаниуд нь хувийн хэвшил байна. Оператор компани нь гадны хөрөнгө оруулалттай байж болно. 50 хувь байх уу, 100 хувь байх уу гэдгийг ярилцах ёстой. Ярилцахгүй яваад байж болохгүй. Аль нөлөөтэй, мэдээлэлд ойр байгаа нь лицензүүдийг авдаг, мэдээллээс хол байгаа нь лиценз авдаггүй байж болохгүй л дээ. Эсвэл зарим компанидаа давуу тал олгох нь буруу. Үүнийгээ нэгдсэн байдлаар цэгцлэх цаг болсон.

Учир нь уул уурхайг бид шүүмжилдэг. Хүссэн ч, эс хүссэн дараагийн 25-30 жилийн манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай байна. Та бид хоёрыг амьд байх хугацаанд уул уурхай байсаар байх болно. Тиймээс аль болох зөв менежмент рүү нь эрт оруулах тусам улсад ашигтай. Хэрэв тийм байж чадахгүй бол та бидний үе дараа үедээ хараалгана гэсэн үг. Тэр утгаараа бид хэн нэгнийг бодох уу, дараа үеэ бодох уу, бид зөвөөр хийхийг бодох уу, зөв зүйл хийх үү гэдэг олон зарчмын өмнө ирж байна л даа.

Үнэхээр бид Баялгийн санг хийе л гэж байгаа бол стратегийн ордод улс хөрөнгө зараад хайгуул хийсэн бол төр эзэмшээд явах нь буруу биш. Эрдэнэт дээр гэхэд хэн нэгний мууг үзэх гэсэн асуудал огт биш. Арилжааны банк дахиж ийм том төсөл рүү орж болох юм уу гэдэг зарчмын асуудлыг хөндөөд байгаа юм. Хэрэв тэгвэл уул уурхайн компани гэж байхгүй болно. Учир нь уул уурхайн компани 17 хувийн хүүтэй зээл авч ажиллах гээд байдаг, арилжааны банк хүүгүй хөрөнгө оруулалт хийх гээд байна.

Тэгэхээр өрсөлдөөн байхгүй болно. Цаашдаа уул уурхайгаас олсон мөнгөө эргэлдүүлээд хүүлсэн мөнгөнөөс нь ард түмэн зээлэх гээд байгаа юм.

Хэрэв ингэвэл бидний Үндсэн хуульдаа тунхагласан дундаж давхарга гэдэг зүйл үгүй болно. Үүнд л бухимдаад байгаа юм. Өнөөдөр цаг хугацаа, хувь хүн гэдгээ хойш тавиад ирээдүйд бид юунд хүрэх вэ гээд 1990 онд юуг анх ярьж байснаа санах хэрэгтэй. Анх Үндсэн хууль батлаж байхад үг хэлж байсан хүмүүсийн ихэнх нь өнөөдөр Их хуралд байна. Тэр үед хэлж байсан үг нь өнөөдөр тэс өөр болчихсон явна. Үүнийг удахгүй бид ил болгоно. Улстөрчдийн яриа соронзон хальсанд байж байдаг. Сөрөг хүчин болохоороо заавал муулах ёстой, олонх болохоороо буруу ч байсан зөвтгөх ёстой, манай намын хүн байвал буруу ч байсан хаацайлах ёстой гэдэг зүйлийг эцэс болгох хэрэгтэй. Яахав ээ, өнөөдөр манай цаг үед л ийм зүйл болж байна.

Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баяр тэр үед юу гэж хэлж байв. “Хэн ч хариуцлага хүлээхгүй тогтолцоо руу бид явж байна” гээд тэр хурлыг орхин гарсан протокол нь байх жишээтэй. Тэгвэл яагаад Ерөнхий сайд байхдаа тэр зүйлийг бодсонгүй вэ. Эсхүл мэдсээр байж Ерөнхий сайд байхдаа яагаад Үндсэн хуулийн өөрчлөлт яриагүй вэ гэдэг эс үйлдэл яригдаж эхэлж байгаа биз. Тэр үед яагаад хурлын ирц хүрэхгүй байсан бэ гээд өнөөдөр бид ямар араг ясан дээр тоглолт хийж байгаа вэ гэдэг нууц ил болно.


Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: Оюу толгойн гэрээг цуцлахгүй, сайжруулна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-аас байгуулагдсан Оюу толгойг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Оюу толгойг тойрсон яриа сүүлийн үед их гарах боллоо. Уг төслийг зогсоох хүсэлтэй хүмүүсийн зүгээс Оюу толгойг татан буулгахыг дэмжсэн зүйлс ярих болов. Ажлын хэсэг дээр ямар зүйлс яригдаж байна вэ?

-Дөрвөн намын зүгээс Төрийн гурван өндөрлөгт өгсөн шаардлагууд Оюу толгойн гэрээг цуцлах ёстой гэсэн байсан. Өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг амаргүй байгаа ч жаахан сэргэлт гарч эхэлж байна. Сэргэлт гарлаа гээд баярлах болоогүй, бид. Энэ эерэг үзүүлэлтүүдээ дунд болон урт хугацаандаа барьж явах ёстой. Тэгж гэмээнэ Монгол Улсын санхүү эдийн засгийн нөхцөл байдал сайжирна. Мэдээж эдийн засагт сэргэлт гарсан тохиолдолд ажлын байр нэмэгдэж, иргэд орлоготой болно. Энэ утгаараа бид хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой юм. Өнгөрсөн жил 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсны нэг тэрбум ам.доллар нь Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт байсан. Тиймээс Оюу толгойн гэрээг цуцлах болон гүний уурхайн төслийг зогсоохгүй. Бид бүгдийг хийх нь Монгол Улсад хэрэгтэй. Нэгэнт Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтаа тухайн хүмүүс нь буцаагаад үүрээд авч гарахгүй. Тэр утгаараа Монгол Улсад оруулж ирсэн тоног төхөөрөмж, ноу-хау гээд бүх зүйл нь бий. Тиймээс Оюу толгойн гэрээг сайжруулах арга хэмжээг авах бодолтой байгаа. Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээ, хувь эзэмшигчдийн гэрээ, Дубайн гэрээг шалгана.

-Өөр юу шалгах юм бэ. Шалгана гэхээр л гацаана, зогсооно гэж байгаа өнгө аяс харагдаад байдаг л даа?

-Мөн 2015 онд хөрөнгө оруулалтын гүйлгээ нэлээд хийгдсэн байгаа. Тиймээс татварын асуудлыг давхар шалгаад явна. Бид гэрээ Монгол Улсад хэр өгөөжтэй эсэхийг шалгана. Манайхан 50 хувийн өгөөжтэй гэж яриад байгаа. Энэ нь батлагдаж байна уу гэдгийг харна. Бүгдийг нь шалгана, үзнэ.

Бид өнгөрөгч долоо хоногт Оюу толгойн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр УИХ-ын даргын захирамж болон захирамжийн хүрээнд гарсан удирдамж, ажлын таван дэд хэсгүүдэд шаардлагатай бүх материалуудыг нь гаргаж өг, түүнчлэн шалгах нөхцөл боломжоор нь хангаж өг гэсэн юм. Оюу толгойн зүгээс тэгье гэсэн. Ажлын хэсэг болон Оюу толгойн зүгээс хоёр талаасаа төлөвлөгөө гарган тохиролцоод бүх зүйлээ шалгаад явж байна. Ажлын дэд хэсгүүдийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ахалж байгаа. Дэд ажлын хэсэгт нь дандаа мэргэжлийн хүмүүст багтсан. Мөн ТББ, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, улс төрийн намуудын төлөөлөл ч орсон.

Тиймээс мэдээлэл авах, зөрүү ойлголтуудаа баримтжуулах боломж бүрдэнэ. Оюу толгой өөрөө асар том хөрөнгө оруулалт учраас ажлын хэсэг тийм ч амархан шалгаад дуусчих ажил биш. Шалгалтууд явагдсаны дараа дүгнэлт гарна. Дүгнэлтээ УИХ-д танилцуулна. Уг дүгнэлтийг зөв гэж Их хурал үзвэл Засгийн газар хүлээж аваад үндэсний аюулгүй байдал, улс орны өгөөжид нийцүүлэн гэрээг сайжруулах ёстой. Оюу толгойн гэрээг сайжруулах асуудлыг ярьж байгаа болохоос цуцлах асуудлыг яриагүй. Хаана хаанаа бид хариуцлагатай байх хэрэгтэй байна.

-Өнөөдөр Оюу толгойд 55 мянган хүн ажиллаж байгаагийн 94 хувь нь монголчууд гэж байсан. Оюу толгойн талаар янз бүрийн мэдээлэл гарах бүрийд энэ хүмүүсийн амьдрал ард нь савладаг. Энэ бүгдээ тооцсон уу?

-Оюу толгойд 50 гаруй мянган хүн өнөөдөр ажиллаж байгаа бол 1000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гүний уурхайд 14 мянга, ил уурхайл 2700 хүн гэх мэтчилэнгээр ажиллаж байгаа. Сүүлийн арван жилд Монгол Улсад хөрөнгө оруулалт хамгийн их хийсэн байгууллага Оюу толгойнхон. Тиймээс гадны бүх хөрөнгө оруулагчид манайхыг ажиглаж, Оюу толгой Монгол Улсын Засгийн газар хоорондоо учраа олох нь уу гэдгийг харж байна. Оюу толгойн гэрээ үнэхээр муу хийгдсэн юм бол сайжруулах арга хэмжээ авна гэж ойлгох хэрэгтэй.

-Өнгөрөгч долоо хоногт Ажлын хэсэгтэй уулзсан Рио Тинтогийнхон Оюу толгойн төслөө зогооё гэж ярьсан гэх юм. Энэ үнэн үү. Төсөл зогсвол манай улс эдийн засаг талаасаа шүдгүй арслан шиг болох байх даа?

-рио Тинтогийнхон ямар ч тийм байр суурийг илэрхийлээгүй. Бидний зүгээс Оюу толгойн бүтээн байгуулалт графикийнхаа дагуу явагдаж дуусах ёстой гэж үзэж байгаа. Энэ жилийн тухайд нэг тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын ажил явж байна. Хойд давхаргынх нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа шүү. рио Тинтогийн зүгээс “Та нар шалгаж байгаа бол бид төслөө зогсооё” гэж яриагүй. Хоёр талдаа ойлголцоод явж байна. Нийгмийн асуудлаас эхлээд ярих зүйл их бий. Ажилтнуудыг гэрт биш орон сууцанд амьдруулах, сургууль, цэцэрлэгтэй болгохоос нь эхлээд шийдэх зүйлс их байгаа.

Оюу толгойн 34 хувь, татварын акттай холбоотой асуудал Засгийн газар дээр яригдаж байна. Гэрээгээ сайжруулаад явах ёстой.

-Гэрээгээ сайжруулаад явах ёстой гэж хүн бүр ярьдаг. Гэхдээ яг ямар заалтыг нь яаж сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Яг ямар заалтууд нь муу байгаа юм бэ?

-Гэрээг бид шалгаж байгаа. Шалгасны дараа ямар ямар зүйлийг нь сайжруулах вэ гэдгээ ярина. Тэгэхгүйгээр би одоо юу хэлэх вэ дээ. Зохимжгүй асуудал. Гэрээнд дордуулсан заалт байдаг гэж нэлээд ярьцгааж байна. Тэр бүгдийг нь бид шалгана, үзнэ. Үүний дараа бодит баримт гаргаж ирээд ярихгүй бол сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй. Ажлын хэсгийн шалгалт дөнгөж эхэлж байна шүү дээ. Ажлын хэсэг албан ёсоор шалгалтаа эхлэхтэй зэрэгцээд дэд ажлын хэсгийн шалгалтууд ч эхэлсэн. Шалгах нөхцөл бүрдсэн.

Өнгөрсөн хугацаанд Дэд ажлын хэсэг байгуулах, бүрэлдэхүүнийг сонгох, өмнө нь Б.Бат-Эрдэнэ гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн болон С.Ганбаатарын шалгаж байсан ч гэх зэрэг материалыг ажлын хэсэгтээ өгч байгаа. Бид мөн гэрээний оригналийг нь гаргаж өгөөд мэргэжлийн хүмүүст чиглэл чиглэлээр нь шалгуулаад явж байна. Ингэж байж бодитой дүгнэлт гарна. Ажлын хэсгийн шалгалтанд ямар нэгэн улс төр байхгүй. Бид бодитой гэрээ, гэрээний заалт, хуулийн заалтаа харж байгаад ярих юм.

-Оюу толгойн зүгээс Засгийн газарт 11 тэрбум ам.доллар шилжүүлсэн гэх зүйлс яригдаж байсан. Юу болсон юм бол?

-Энэ талаар мэдээлэл алга. Хэвлэлээс л мэдээлэл авсан. Гэхдээ татварын байцаагч Оюу толгойд татварын акт тавьсан байдаг. Татварын акт дээр хоёр талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Янз бүрийн аргачлал байхыг үгүйсгэхгүй. Тиймээс цаашаа ойлголцоод явах байх. Татварын асуудлууд дээр зарим зүйлсээ Оюу толгой хүлээж авч байна гэж ойлгож байгаа шүү. Тиймээс Оюу толгой Засгийн газарт төлбөр төлсөн байхыг үгүйсгэхгүй.

-Муугаар бодоод төсөл зогслоо гэж бодоход манайд ямар сөрөг үр дагавартай вэ?

-Хөрөнгө оруулалт үргэнэ. Жаахан ч гэсэн дээшилж буй эдийн засаг хүндэрнэ. Бид хэдий болтол зээлээр амьдрах юм бэ. Сүүлийн үед бид зээл авахыг нь зөвшөөрөхдөө урт хугацааны жилийн 0.1 хувийн хүүтэй нөхцөлтэй зээлийг зөвшөөрч байгаа. Орж ирсэн жаахан хөрөнгө оруулалтыг эс тооцвол бид зээлээр л бүтээн байгуулалтын ажил хийж байна. Цаашдаа энэ байдлаар үргэлжлэх нь зохимжгүй. Болж өгвөл хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулалт хийгдэж, том төслүүд явж байж хийгдэх ёстой. Бидний хамгийн түрүүнд хийх ажил Таван толгойгоо олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж мөнгө босгох хэрэгтэй. Тиймээс бид аль нэг ордоо эргэлтэд оруулах шаардлагатай. Ингэхийн тулд бэлтгэл ажлуудаа хангаж байна.

Хүмүүс нэг зүйлийг мартаад байна. 2016 онд Монгол Улс дампуурах уу, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу, үгүй юу гэдгээс эхлээд уг хөтөлбөрт хамрагдахаар манайхныг очиход хүлээж авахгүй байна гэдэг яриа өрнөж байсан. Юун цалин, тэтгэвэр тавих манатай байлаа. Нэг жилийн дараа эдийн засагт сэргэлт гарангуут өчигдрийнхөө байдлыг бид мартах учиргүй. Ийм ч мөнгийг нэм, тэрийг ч тэг гээд шуугиж байна. Энэ бүхэн үе шаттай шийдэгдээд явна. Хэдэн жилийн өмнө төгрөгийн ам.доллартай харьцах ханш ямар байв. Үргэлжийн савлагаатай ханшаа барьж чадахгүй байсан биз дээ. Гэтэл өнөөдөр гурван тэрбум ам.долларын нөөцтэй болчихсон ханшаа бариад байж байна. Энэ нь Монголын эдийн засагт хамгийн сайнаар нөлөөлж байгаа байхгүй юу. Ийм нөхцөл бүрдүүлэхийн тулд нэг жил гаруйн хугацаанд хүн бүрт таалагдахааргүй хүнд шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Ялангуяа Эдийн засгийн байнгын хороо хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа шүү. Байнгын хороогоор орохгүй эдийн засгийн зүйл гэж алга. Тэр бүхэн нь дандаа хэцүү сонголттой таарч байгаа. Амаргүй л байна.

-Рио Тинто төслөө зогсоогоод манайхаас гарчихвал оруулсан хөрөнгийг нь бид төлөх ёстой юу?

-Мэдэхгүй. рио Тинтогийнх-он өөр газар зарчих байлгүй.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Мөнхбат: Хууль зөрчсөн, алдаа гаргасан бол сайдуудтай хариуцлага ярих ёстой

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай ярилцлаа.


-Энэ хаврын улс төрийн өнгө танд ямар харагдаж байна вэ. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрыг огцруулах жагсаал болсон. Үүнээс өмнө Засгийн газрыг огцруулах гэж байна. Дөрвөн сайдыг солихоор боллоо гэдэг яриа гарсан?

-Жил бүрийн хавар жагсаал цуглаантай, хэл амтай эхэлдэг. Би ч гэсэн сөрөг хүчний гал тогоог удирдаж байхдаа дөрвөн хаврын чуулганыг жагсаалаар эхлүүлж байсан хүний нэг. Жагсаалын ард нийгмийн бухимдал тодорхой хэмжээгээр байдаг гэдэг нь харагддаг. Бүх зүйл тэгш сайхан байхад хүмүүс жагсаад байдаггүй шүү дээ. Иргэд ямар шаардлага тавиад юунаас болж жагсаж байна вэ гэдэг дээр Засгийн газар анхаарал тавих ёстой. Засгийн газрыг огцруулна, дөрвөн сайдыг сугална гэдэг мэдээллийг сүүлийн үед зарим мэдээллийн хэрэгслээс харж байна. Одоохондоо Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зураад, дөрвөн сайдыг солихоор албан бичиг өргөн баригдсан юм алга. Засгийн газрыг огцруулах бичиг өргөн баригдсан бол намын бүлэг, Удирдах зөвлөл дээрээ ярина. Миний хувьд тийм зүйл мэдээгүй л явж байна. Гэхдээ хууль зөрчсөн, алдаа гаргасан асуудал байгаа бол өнөөдрийн сайдуудтай хариуцлага яригдах нь зарчмын асуудал шүү дээ.

-Таныг ЗГХЭГ-ын дарга болж байх үед эдийн засаг үнэхээр амаргүй байсан шүү дээ. Одоо бол эдийн засаг 5.4 хувийн өсөлттэй гарч, Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж зээл авсан гээд шуугьж байна?

-2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар ажлаа авч байхад эдийн засаг хасах баланс руугаа орчихсон, уутныхаа амыг урвуу нь харуулаад гөвчихсөн тийм эдийн засгийг хүлээн авч байсан. Хөгжлийн банкнаас эхлээд Чингис, Дим Сам бонд зэрэг маш олон өр зээлийг төлөх цаг хаяанд ирчихсэн байлаа. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар ийм хүнд үед сайн ажилласан. Шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар одоо л зургаа дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна л даа. Миний хувьд Засгийн газрын үйл ажиллагааг зургаан сарын дотор дүгнэх биш, зургаан сарын нүүр үзэх ёстой гэж боддог. Одоо бол таван сар гаруй болж байна. Тавдугаар сар гарснаар энэ Засгийн газрын амлалт хэрхэн хэрэгжиж байна вэ, сонгогчдын өмнө хүлээсэн тэр олон хүлээлтэд хэр нийцэж байна вэ гэдэг дээр дүн тавих хэрэгтэй. Одоо бол арай л эрт байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэсэн дүгнэлт 2017 оны сүүлээр оны эхээр гарсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 43 хувь, эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай гарлаа гэж байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар аравдугаар сарын сүүлээр солигдсон. Тэгэхээр энэ дүгнэлт бол өмнөх Засгийн газрын үр дүн байсан байх. Харин тэр дүгнэлтээс хойш өнөөдөр ямар ахиц гарав, ямар ажлыг амжуулав гэдгийг тавдугаар сарын нэгнээс хойш дүгнэж эхэлнэ.

-Хаврын улс төрийн өөр нэг зүйл нь баривчилгаа гэж харахаар байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт гээд улстөрчдийг баривчлан хорьж байна л даа. Энэ дүр зургийг харж байхад танд ямар бодол төрж байна вэ. Оюу толгойн гэрээтэй холбогдуулан шалгаж байгаа гэдэг…

-Оюу толгойн, Дубайн гэрээтэй холбогдуулан төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хорьж байна. Үүнийг хоёр өнцгөөс харж байгаа. Нэгдүгээрт, улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт, улс төрийн тоглолт байж болохгүй. Хоёрдугаарт, Дубайн гэрээтэй холбоотой маш том эргэлзээ нийгэмд байдаг. Оюу толгойн гэрээтэй холбогдуулан ажлын хэсэг гарч гэрээг шалгаж эхэлсэн. Өмнө нь албан ёсоор хоёр ч ажлын хэсэг УИХ, Засгийн газрын бүтцээс гарч ажиллаж байсан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад тухайн үеийн Шадар сайд, Сангийн сайд нар оролцсон комисс гарч Оюу толгойн гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлийн дүнтэй танилцсан байдаг юм билээ. Уг шалгалтаар хангалтгүй дүн гарсан байдаг. Оюу толгой гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, Монгол Улсын 20 гаруй хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг ноцтой дүгнэлт гарсан. Үүний дараа Дубайн гэрээ хийгдсэн. Тухайн үеийн цөөнх буюу МАН-ын бүлэг одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж шалгасан. Дубайн гэрээ нь Монгол Улсад хохиролтой, буруу хийгдсэн гэдэг дүгнэлтийг МАН-ын цөөнхийн бүлгийн ажлын хэсэг гаргаж байсан.

-Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар гарын үсгээ зураагүй гээд сүүлд хэл ам болоод байсан тэр процессийг яриад байна уу, та?

-Тийм. Дубайн гэрээг Монгол Улсад хор хохиролтой муу гэрээ болсон гэдэг дүгнэлт дээр ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар гарын үсэг зураагүй ч ажлын хэсгийн дөрвөн гишүүн нь гарын үсгээ зураад явсан. Засгийн газрын болон УИХ дахь цөөнхийн бүлгийн ажлын хэсгээс Оюу толгойн болон Дубайн гэрээг хангалтгүй хэрэгжиж байна гээд Дубайн гэрээг ялангуяа хангалтгүй муу гэрээ болсон гэдэг. Ядаж л 2019 оноос эхэлж Монголд үр өгөөжөө өгөх байсан хугацаа хойшилж 2037 он болсон тул үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц гэрээ болсон гэдэг олон ноцтой дүгнэлт гарч байсан. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулна гээд кабинетийнхаа гишүүдтэй маргалдан, энэ гэрээ муу болох юм бол би хар толгойгоороо хариуцна гээд алх цохин шийдвэр гаргаж байсан байдаг. Ингэж явж ирсэн. Хувь хүн талаасаа Оюу толгойг шалгаж байгаа УИХ-ын гурав дахь ажлын хэсгийн дүгнэлт эерэг гарна гэдэгт итгэхгүй байгаа. Дубайн гэрээгээр Монгол Улсын маш том эрх ашиг хохирсон. Оюу толгой том төсөл мөн үү гэвэл мөн. Яалт ч үгүй Монгол Улсын эдийн засагт нэмэр болж байгаа, эдийн засгийг тэлсэн үү гэвэл тэлсэн. Гэхдээ өмнөх орж ирсэн хувилбарууд нь илүү байсан гэдэг. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд УИХ-д танилцуулалгүй хийсэн. Энэ хүн Ерөнхий сайд байхдаа хоёр том асуудлыг нь Их хуралд танилцуулалгүй хуулийн дээгүүр алхаж толгой мэдэн хийсэн байдаг. Нэг нь Дубайн гэрээ, нөгөөх нь Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах эрхээсээ Засгийн газар татгалзсан. Энэ хоёр нь өнөөдөр улсын хэмжээний том асуудал болчихоод явж байна. Улс төр хийгээд эдийн засгийнхаа хүрээнд том дуулиан болж босч ирсэн. Би хувь гишүүний зүгээс Оюу толгойн гэрээг засч сайжруулах ёстой гэж боддог. Монгол Улсад ирэх өгөөжийг нь нэмэгдүүлж, ард түмэн хожих, улс орон хөгжих, эдийн засаг тэлэх ёстой. Оюу толгой ганц хоёр улс төрийн хүчний асуудал биш. Үүний цаана Монгол Улсын үндэсний, язгуур эрх ашиг бий. Тиймээс үүний төлөө хатуу зарчим дээр зогсох ёстой. Нөгөө талдаа Оюу толгойн гэрээг шууд газар дээр нь зогсоож, цуцална гээд байгаа юм биш. Цааш нь явуулах хэрэгтэй. Явуулахдаа гэрээг сайжруулах шаардлагатай. Энэ бизнесийн прожект. Нэг талаас рио Тинто, нөгөө талаас Монгол Улс орж байгаа. Хоёр тал хоёулаа хожих ёстой. Бизнесийн алтан зарчим энэ. Оюу толгойн болон Дубайн гэрээтэй холбоотойгоор давуу байдал бий болгосон байж болзошгүй гээд авлигын хэргээр хэд хэдэн хүнийг шалгаж байна. Хууль хүчнийхэн үнэн зөвийг нь тогтоох байх. Үнэхээр авлига аваагүй бол ард түмний нүдэн дээр зарлах хэрэгтэй. Нэр хүндийг нь цагаатгах шаардлагатай. Хууль зөрчин авлига авсан гэдэг нь нотлогдвол хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Энэ хэрэг дээр улстөржиж, улс төрийн зорилгоор цаашдаа ашиглаж болохгүй.

-Гадаад талд Монгол Улс Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнээ шоронд хорилоо гээд шокын байдал бий болчихлоо. Хөрөнгө оруулахаар гэрээ хэлцэл яригдаж байсан хөрөнгө оруулагчид тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа гэсэн мэдээлэл гараад байна л даа. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа бол?

-Баривчилгаатай холбоотой асуудал гадаадын хөрөнгө оруулагчдын бол-гоомжлолыг төрүүлж, гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж байж болзошгүй юм. Монголын хамгийн том хөрөнгө оруулалт, ганц гэрэл гэгээтэй төсөл нь Оюу толгой. Үүнтэй холбоотой асуудал нь гэмт хэргийн шинжтэй болж дуулиан тарьж байгаа үед хөрөнгө оруулагчид болгоомжлох нь зөв. Өөрсдөө шалгуулъя гээд гадаадаас хүрээд ирсэн хүмүүсийг заавал таслан сэргийлэх шаардлага байсан уу, үгүй юу гэдэг бол өөр асуудал. Дуудсан цагт нь очоод мэдүүлгээ өгөөд явах бүрэн боломжтой байсан байх. Хуулийнхан шалгаж байхад би хөндлөгөөс тэг, ингэ гэх эрх байхгүй. Тийм боломж ч алга.

-Эрдэнэтийн 49 хувийг нэг сэдэв болгон улстөрчид шуугьсан. Одоо 51 хувь нь тун эргэлзээтэй байдалд орчихлоо. Эрдэнэтийг бүхэлд нь зураглаад хэлбэл ямархуу дүр төрх гарахаар байна…

-Миний хувьд Эрдэнэтийн 49 хувийг монголд авч ирснийг нь буруутгадаггүй. Гэхдээ Монголд авч ирэх шийдвэр гаргасан процесс нь өөрөө буруудсан. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар хуралдаад УИХ-д зайлшгүй өргөн мэдүүлж, танилцуулаад зөвшөөрөл авах ёстой байсан. Тиймээс хууль зөрчсөн гээд байгаа юм. Тэр утгаараа маш том хардлага дагуулсан. Түүнээс 49 хувийг нэг аж ахуйн нэгж байна уу, Орос нь байна уу хувь эзэмших нь өөр ойлголт шүү дээ. 49 хувийн эрхийг худалдаж авахтай холбоотой процедур нь хуулийн зарим зүйл заалтыг зөрчин харайгаад явчихсан. Тиймээс би хууль бус гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн. Мөн 49 хувийг худалдаж авсан төлбөрийн асуудал бий. Төлбөрийг ямар байдлаар хийсэн бэ гэдэг дээр сайтар ярих байх. Саяхан Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргаад УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Харин 51 хувийн тухайд 2012-2016 оны хооронд Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байсан хүмүүс Арбитрийн шүүхэд материалаа гаргаж өгөлгүй асуудалд хойрго хандсан. Бүүр Арбитрийн шүүх хуралдаа хүртэл очихгүй байсан байгаа юм. Үүнийг санаатай гэж ойлгох уу, санамсаргүй гэж ойлгох уу. Зовлонтой, ээдрээтэй олон асуудал бий. Үүнээс болж Монгол Улс Арбитрийн шүүхэд 109 сая ам.доллар төлөх өрөнд орчихсон. Энэ тоглоом биш. Хуурамч гэрээ байгуулаад явсан бол тэр хүн хариуцлагаа хүлээгээд явах нь зүй ёсных. Харин Монгол Улс төлбөр төлөх хэмжээнд Арбитрийн шүүхэд ялагдах хэмжээний асуудал яагаад бий болов гэдгийг нухацтай шалгах ёстой. Намайг ЗГХЭГ-ын дарга байхад надад ирж байсан мэдээллээр Монгол Улс Арбитрийн шүүхэд ялах, өргүй гарах боломж байсан. Өмнөх үеийн Эрдэнэтийн удирдлагатай байсан хариуц-лагатай хүмүүс нь материалаа өгөөгүй, хуралдаа хайнга хойрго хандсанаас ийм зүйл боллоо гэдэг мэдээлэл ирсэн.

-Тэр үед нь танай Засгийн газар яаралтай арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Асуудал нэлээд хүндэрчихсэн, галт тэрэг хэдийнээ явчихсан байсан. Өөр нэг эргэлзээ төрүүлээд байгаа зүйл нь 51 хувийн асуудлаар Засгийн газар эхлээд нэг байр суурь илэрхийлсэн бол хэсэг хугацааны дараа “Энэ мэдээлэл ташаа байсан байна” гэдэг залруулга хийсэн. Энэ яагаад ийм болчихов гэж гайхдаг хүний нэг нь би л дээ. Ийм хэмжээний мэдээллийг Засгийн газарт хаанаас гаргаж өгсөн бэ. УИХ-ын таван гишүүний асуулгын хариуд Засгийн газар цаасаар хариу өгсөн. Ингэхдээ Стандарт банкнаас авсан мөнгө нь Эрдэнэт үйлдвэрээр дамжсан гэсэн байсан нь нийгмийг маш их бухимдуулсан. Сүүлдээ тэр мөнгө нь Эрдэнэт үйлдвэрийн дансаар дамжаагүй борлуулалтын орлого болж таарсан. Ингээд Засгийн газрын мэдээлэл ташаа болж хувирсан. Асуулга тавьсан таван гишүүн албан бичгээр хариугаа аваад хэвлэлийн бага хурал хийхдээ цаасаар ирсэн бичгээ үндэслээд ярьчихсан. Гэтэл хэсэг хугацааны дараа баримт нь худлаа болж гишүүд худлаа ярьсан болж хувирч байгаа байхгүй юу. Ийм сонин нөхцөл байдалд орсон.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой ойлголтыг нэг мөр болгох ёстой. Ц.Нямдорж сайд чуулганы хуралдаан дээр “Эрдэнэтийн асуудал дээр хойрго хандсанаас болж Арбитрт ялагдсан нь өмнөх удирдлагуудын алдаа” гэдэг мэдээллийг хийсэн.

-Арбитрт ялагдсан нь үнэн. Тиймээс 109 сая ам.доллараа Эрдэнэт нь төлөх үү, Жастын Батхүү нь төлөх үү?

-Яг наад асуултад чинь хариулна гэхээр би өөрөө мэдээллийн хомсдолд ор-чихоод байна. Засгийн газраас эхэлж цаасаар гаргаж өгсөн мэдээллийг нь хараад Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой юм байна гэж ойлгосон. Ташаа мэдээлэл шүү гээд залруулга хийснийх нь дараа Засгийн газрын зарим сайд нар ярихдаа “Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэр төлөх шаардлагагүй. Буруутай этгээдүүд нь төлөх ёстой” гээд байгаа. Тиймээс дээр хэлсэнчлэн Эрдэнэтийн 51 хувьтай холбоотойгоор Засгийн газар нэн яаралтай нэг байр суурь илэрхийлэхгүй бол Их хурлын гишүүн бүр, Засгийн газрын гишүүд өөр өөр мэдээлэлтэй, өөр өөр зүйл яриад байхаар яг аль замаар явах нь эргэлзээтэй болж, нийгэм өөрөө үл итгэгчийн хэмжээнд хүрчихлээ Үүнийг санаатай санамсаргүй нь мэдэхгүй улс төрийн өнгө аясаар гуядаж, гуйвуулж, мушгиж байгаа. УИХ дээр Эрдэнэтийн 51 хувийг шалгах ажлын хэсэг байгуулагдаж байна. Цөөнхийн бүлгээс ч гэсэн тийм шаардлага хүргүүлсэн байна лээ. Тиймээс ажлын хэсэг бодит мэдээллийг гаргаж өгнө биз. Мөрдөн байцаалт, хэрэг мөрдөлтийн явцыг би мэдэхгүй.

-Таныг Эрдэнэс Таван толгойг нүүрсний гэрээнээс өөртөө их хэмжээний мөнгө авсан гэж шуугьсан. Үүнд тайлбар хэлэхгүй юу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө би тайлбар хийсэн. Сонгууль болж байгаатай холбогдуулан намайг Эрдэнэс Таван толгойн нүүрсний гэрээ хийдэг, 720 сая төгрөгийн цаг зүүдэг гэхчлэн гүтгэсэн. Энэ мэдээллийг тараасан хүнийг би хууль хүчний байгууллагад өгч байсан. Өнөөдөр ч гэсэн намайг энэ чиглэлээр гүтгээд явж байгаа. Би намын бүлэг дээрээ ажлын хэсэг гаргаад үүнийг шалга гэдгийг хэлсэн. Концессоос эхлээд надтай нэр холбогдоод байгаа зүйлсийг шалгаж өгөөч гэж ЗГХЭГ-ын даргын ажлаа өгөөд шинэ Ерөнхий сайд болон хуулийн байгууллагынханд хүсэлтээ гаргасан.

Хууль зөрчөөгүй байна гэсэн. Миний хувьд Монголын төрөөс хулгай хийгээд идсэн уусан, зөөсөн нуусан асуудал байхгүй. Үүнийг би ам бардам хэлнэ. Сүүлийн үед Мөнхбат гэдэг хүнийг харлуулах, гүтгэх асуудал гарах болсон. Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон гэх мэтээр

-Өмнө нь ч гэсэн яригдаж байсан шүү?

-Би оюутан бага залуу байхдаа казиногоор орж гарч явсан гээд үнэнээ хэлж л байсан. Гэхдээ хууль зөрчиж хулгай хийгээгүй. Найз нөхөдтэйгөө тав арван доллараар сонирхоод тоглож байсан минь үнэн. Үүнийгээ би нуудаггүй. Монгол Улсын хууль, олон улсын гэрээ конвенцийг зөрчөөгүй учраас нуух шаардлага ч байхгүй. Айгаад ичээд ч байдаггүй. Англи, Америк, Франц, Герман, Австралид аялал жуулчлалын газраар орж гарах асуудал нээлттэй байдаг.

-Намрын чуулганы үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хоёр маргалдаж олны анхаарлыг татсан даа. Намын Их хурал дээр Ерөнхий сайд өөрөөс чинь уучлалт гуйсан. Эв зүйгээ олсон уу?

-Яахав ээ, Ерөнхий сайд бид хоёр адилхан омголон түргэн зантай хүмүүс. Характер ижилхэн. Хэлье гэснээ хэнд ч түс тас хэлчихдэг. Дараа нь өш хонзон санаад, юм бодоод байдаггүй. Намын нөхдийнхөө дунд тэврэлдэж гар барьж, цаашдаа дахиж муудалцахгүй, жижиг сажиг хэрүүл хийхгүй гээд ойлголцож эвлэрсэн. Ийм маргаан улстөрчдийн дунд байдаг л зүйл. Ам зөрөх зүйл хаа ч байдаг. Тухайн үед засаг төр солигдоод, нэг нь халаагаа өгч, нөгөө нь аваад улс төрийн үйл явц нь өөрөө халуун байсан л даа. Тиймээс өндөр авч янз бүрээр л ярьсан.

-Тэгэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хоёр юунаас болж маргалдсан юм бэ?

-Ерөнхий сайд бид хоёр ноцтой улс төрийн том асуудлаас болж маргалдсан юм байхгүй шүү дээ. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуулийн заалттай. Их хурлын гишүүнийхээ хувьд тухайн үед Сангийн сайдаар томилогдож байсан Ч.Хүрэлбаатартай холбоотой зарчимын л асуудал ярьсан юм.

-Хотгор шанагын уурхайн асуудал уу…

-Тийм ээ. Ч.Хүрэлбаатар сайд ах, туслах, зөвлөхүүдээрээ дамжуулан Хотгор шанагыг зараад мөнгийг нь авсан асуудал. БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Бак авлигын хэргээр шоронд орчихлоо. И Мён Бак Ерөнхийлөгчийн үед улсын мөнгөөр худалдаж авсан юм билээ. Тухайн үед БНСУ-ын хэвлэлээр Хотгор шанагын асуудал баахан шуугьсан даа. Ерөнхий сайд маань тухайн үед лицензийн наймаа, уул уурхайтай холбоотой хүмүүсийг кабинетдаа авахгүй гээд хоёр ч хүнийг буцаасан. Миний хувьд “Монгол Улсын газар нутгийг гадаадынханд зарсан хүнийг та яагаад Сангийн сайдаараа тавьж, мөнгөнийхөө авдрыг бариулж байгаа юм бэ. Дубайн гэрээг шалгах МАН-ын цөөнхийн бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Ч.Хүрэлбаатар маань тус гэрээг муу боллоо гэсэн дүгнэлтэд гарын үсгээ зуралгүй зугтчихсан хүн. Яагаад Дубайн гэрээг хаацайлж хамгаалаад байсан юм бэ. Эрдэнэтийн 49 хувийг төр, ард түмний мэдэлд авах тогтоол гарч, дараа нь намын бүлэг, Удирдах зөвлөлийн шийдвэр гараад 65 гишүүн дэмжихээр болоход Ч.Хүрэлбаатар эсрэг кноп дарсан. Яагаад ийм хүнийг Сангийн сайдаар томилох гээд байгаа юм бэ. Ямар зарчим байна аа” л гэсэн. Мөн “Энэ Засгийн газрын эмзэг цэг нь Хүрэлбаатар боллоо шүү” гэж хэлээд Ерөнхий сайд бид хоёр муудалцсан. Болоод өнгөрсөн асуудал л даа.

-Гэхдээ Ч.Хүрэлбаатар сайд Хотгор шанагатай холбоогүй гэдгээ мэдэгдэж, эрс үгүйсгэдэг шүү дээ?

-БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бактай ойр байсан, худалдаж авсан хүн чинь Төрийн ордны нэг давхрын гадны зочидтой уулздаг уулзалтын өрөөнд Ч.Хүрэлбаатар сайдтай инээгээд зургаа даруулсан гэрэл зураг нь байгаа шүү дээ. Хоёр төрсөн ах, зөвлөхийнх нь дансаар БНСУ-аас гурван сая ам.доллар нь шилжээд орж ирсэн. Гурван сая ам.доллар гэдэг чинь өнөөдрийн ханшаар 7.5 тэрбум төгрөг. Баримт нь байгаа. Зарсан асуудал нь хууль зөрчсөн үү гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоох асуудал. Энэ асуудал нь АТГ-т шалгагдаж байгаа гэж мэдээлсэн. Миний баримталсан зарчим уул уурхай, лицензийн наймаатай холбоотой хүмүүсийг кабинетдаа авахгүй гэчихээд жинхэнэ уул уурхайн орд газар, лиценз зарсан хүнийг заавал кабинетдаа авах хэрэгтэй юм уу л гэж асуусан. Өнгөрсөн юмыг яриад яахав дээ.

-Монголын улс төр зарчимгүй боллоо гээд байна. Улс төрийг хэрхэн зөв голдрилоор нь явуулах ёстой вэ. Нэг хэсэг нь Үндсэн хуулиа өөрчил гэж байна. Нөгөө хэсэг нь Улс төрийн намын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруул гэх юм…

-Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдгийг би дэмждэг. Ойлгомжгүй явж ирсэн олон зүйлийг цэгцлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт маш чухал. Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэвэл түүн рүүгээ яв. Парламентын засаглалтай болъё гэвэл жинхэнэ утгаар нь сонгодог парламентын засаглалын зарчим руугаа явах хэрэгтэй. Англи, Япон хэдийгээр Үндсэн хуульт хаант засаглалтай боловч үндсэн зарчим нь парламентын засаглал. Үүнийх нь төлөө иргэд нь сонгуулиар дэмжиж саналаа өгдөг. Эдгээр зүйлсээ тодорхой болгохгүй бол олон толгойтой могойн үлгэрээр олон жил явлаа, бид. Үүнийг шийдэх боломж олгож МАН-д 65 суудал өгсөн. Энэ боломжоо ашиглан шийдэхгүй юм бол цаг хугацаа болон түүхийн маш хариуцлагагүй зүйл болох байх. Түүнчлэн улстөрчдийн зарчим, ёс суртахуун гэж том зүйл бий.

Улс төрийг албан тушаалд хүргэдэг лифт гэж ойлгодог, эрх мэдэлд хүргэдэг такси гэж боддогоо болих хэрэгтэй. Ийм хандлага их болсон. Улс төрийн зарчим гэдэг бол улстөрч өөрийгөө хэн бэ гэдгийг таних асуудал. Чи түмний төлөө өөрийгөө хойш нь тавьж, золиосолж зориулах үүрэгтэй хүн. Түүнээс биш ямар нэгэн элч төлөөлөгч, хаан, заан, халдашгүй хүн биш гэдгээ ойлгох ёстой.

Би түүх нэлээн сонирхож уншдаг л даа. “Долоон бурхан харвадаггүй” гэж Ардын хувьсгалын анхны долоогийн тухай, “Бүү март” гээд Ж.Батмөнх даргын 1990 оны ардчилсан өөрчлөн байгуулалтын тухай хоёр ч кино хийсэн. Кино зохиол бичихийн тулд архивт нэлээд сууж судалсан. Төр түмний төлөө тэмцдэг удирдагч хүн байна гэдэг бол хувийн эрх ашигаа тээр тэнд хаях ёстой, мартах ёстой. Ж.Батмөнх, Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, анхны долоо гээд байна. Гэрээ хүртэл зарж морь аван хөл залгаж Орос руу явж байсан. Бидний үеийн улстөрчдийн зарчим, ёс суртахуун хаана байна вэ гэдгийг эргэж харах ёстой юм билээ. Хэтэрхий их эрх мэдэл, албан тушаалын төлөөх улайрал МЭӨ хаант засаглалтай улсаас эхлээд өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор байна. Эрх мэдлийн төлөөх алаан дунд хэн хохирдог вэ гэхээр улс үндэстэн хохирдог. Үүнийгээ л ялгаж сурах хэрэгтэй. Тийм хэмжээний мундаг том эх оронч, улстөрч болно гэдэг маш том шалгуур. Эцсийн эцэст үнэний шалгуур ард түмэн, цаг хугацаа хоёр байдаг.

Афиныхан мэргэдээ талбай дээрээ гаргаад “Хамгийн тэнэг хүмүүс” гээд шатааж, дүүжилж байсан түүх бий. Тэр хүмүүс нийтээрээ шударга үнэнийг тогтоолоо гэж бодож байсан. Гэтэл хэдэн зуун жилийн дараа шатаасан хүмүүсийн буруу байж гэдэг нь тогтоогдсон. Шударга ёс гэдэг чинь өөрөө сонин асуудал. Цаг хугацаа, ард түмний шүүлтүүрийг даваад гарч ирнэ гэдэг бол ёс суртахуун, том зарчим юм.

-Залуу гишүүдийн дунд ёс зүйн доголдол их гарч байна. Ойрын жишээ гэвэл УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудал. Бүрэн эрхээсээ түдгэлзэхээр өргөдлөө өгсөн ч УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гээд байгаа. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?

-Сая ярьсан зарчим, ёс суртахуун гэдэг зүйл чинь үүн дээр авч ирж байгаа юм. Тэр сайн, энэ муу гэж ярих нь хаашаа юм. Энэ зарчмыг цаашид улстөрч хүн мөрдлөг болгох хэрэгтэй. Зөвхөн ёс суртахуун дээрээ биш, үйл ажиллагаан дээрээ зарчим алдаж байгаа хүмүүс их байна. УИХ-ын гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд ч бий.

Хариуцсан яам, салбараа хувийнхаа компани мэт хандаж ажилладаг сайд нарын тухай сүүлийн үед нийгэм, хэвлэлийнхэн, Их хурлын гишүүд дунд ярьж байна. Албан тушаал мөнхийн зүйл биш. Цаг зуурын үүлэн чөлөөний нар шиг зүйл. Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх зүйл дээр суучихаад өөрийгөө мөнхийн гагнуулчихсан мэт бодохоороо л буруу болдог. Үе үеийн төрийн түүх бидэнд үүнийг ойлгуулдаг шүү дээ. Тиймээс Засгийн газрын зарим гишүүд энэ байдлаа цаашид засах ёстой. Яамны ажилтнууддаа өөрийнх нь гэрийн үйлчлэгч нар байгаа мэт аашилдаг. Хувийн компанийн ажилтнуудаа халж сольж байгаа мэт аягладаг сураг дуулдах юм. Энэ үнэн бол, ийм хандлагаар ажиллах юм бол цаашаа явахгүй ээ.

-Тэр сайд нарыг солих уу?

-Угаасаа албан тушаал мөнх биш. Өнөөдөр байдаг маргааш байдаггүй зүйл. Өчигдөр өөр хүн сууж байсан, өнөөдөр өөрөө сууж байгаа, маргааш өөр хүн сууна, нөгөөдөр бүр өөр хүн суудаг байхгүй юу. Ийм л зарчимтай. Тиймээс улстөрч хүн зарчим барьж, ийм зүйл дээр анхаарч ажиллах ёстой.

-Хэн хэн гэдэг нэрийг нь шууд хэлчихээч…

-Заавал надаар хэлүүлж яах гэсэн юм бэ. Тэр хүмүүс нь өөрсдөдөө дүгнэлт хийг…

-Энэ хаврын улс төрийг, ирэх сонгуулийг юу гэж харж байна?

-Хаврын хаварт л улс төржилт байж л байдаг шүүдээ. Болдог юм болдогоороо л болох биз. Ирэх сонгуулийн тухайд ярихад эрт байна. Манай намын дарга, Ерөнхий сайд маань “гал, ус, сонгууль гуравт ам гарч болдоггүй юм байна” гэж Шадар сайд байхдаа хэлж байсан. Энэ үнэн шүү.