УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой ярилцлаа.
-Өнөөдрийн (өчигдөр) чуулганаар Хөрөнгө оруулалтын
болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталлаа. МАН-ын бүлгийн зүгээс
тавьсан шаардлагууд багтаж чадав уу?
-Ээлжит бус чуулганаар хэлцэгдсэн таван хуулиас
эхний ээлжинд баталсан байх нь эрхзүйн орчныг бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө
оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд хэрэгтэй гэж үзээд намын бүлгүүд санал нэгдсэн.
Манай намын бүлгийн ажлын хэсэг уг хуулиуд дээр идэвхтэй оролцсон. Үүнтэй холбоотойгоор
хуучин мөрдөгдөж байсан Хөрөнгө оруулалтын тухай хууль. Стратегийн ач холбогдол
бүхий газарт хөрөнгө оруулах тухай хуулиуд хүчингүй болж байгаа. Эдгээр хуулиудыг
эерэг дохио өгсөн хуулиуд боллоо гэж хувьдаа бодож байна. Одоо хуулийг хэрэгжүүлэх,
зохион байгуулах ажлуудыг сайн хийх хэрэгтэй. Хууль батлагдсаны маргаашнаас хөрөнгө
оруулагчид шууд орж ирэхгүй.
Хөрөнгө оруулалт гэдэг баталгаатай итгэлийн асуудал.
Нэг л зүйлд сэтгэл дундуур байна даа.
-Юунд тэгтлээ сэтгэл дундуур байна гэж?
-Татвартай холбогдолтой хуулиуд шинээр бий болбол
тэр хуулиуд нь үйлчлэхгүй байхаар энэ хуулийг зохицуулсан байвал зүгээр байсан юм.
Гэхдээ байнга биш. Тогтвортой байдлыг нь хангаж олгосон гэрчилгээнийхээ хүчинтэй
хугацаанд үйлчлэхгүй байсан бол хөрөнгө оруулагчдад илүү итгэл найдвар төрүүлэх
хууль болох байсан болов уу гэсэн саналыг бүлгийн зүгээс оруулсан. Харамсалтай
нь уг санал их хурлаар дэмжигдсэнгүй. Дараа дараагийн татвартай хууль тогтоомжид
анхаарах хэрэгтэй. Хуучных шиг 68 хувийн татвар гэдэг шиг зүйл гараад байхгүйгээр
эрхзүйн орчныг бүрдүүлэх уур амьсгалыг дараагийн хуулиудад тусгаж болох юм гэж
үзээд хойш нь тавилаа.
-Тэгвэл анх удаа батлагдаж буй сангийн тухай
хуульд ямар өнцгөөс хандаж байна вэ?
-Сангийн тухай хууль өмнө нь манайд байгаагүй.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг төсвийн мөнгөөр бус хувийн хөрөнгийг
ихээхэн хэмжээгээр татаж оруулахад ашиглаж болох механизмын тухай хууль боллоо
гэж ойлгож байгаа. Энэ хууль манайд хэрэгтэй. Яагаад гэхээр сүүлийн үед төр эдийн
засаг, бизнесийн салбарт дэндүү их хутгалдаж орох болсон. Эдийн засгийн өсөлт буурснаас
болж ДНБ, нийт төсөв дотор Засгийн газрын эзэлж буй байр суурь нэмэгдээд жинхэнэ
баялаг бүтээгч хувийн хэвшил салбарын эх орны хөгжилд оруулж буй хувь хэмжээ буурч
байгаа нь буруу зүйл. Энэ талаас нь аваад үзэхээр Хөрөнгө оруулалтын сангийн тухай
хууль нь хөрөнгө оруулагчдыг татаж оруулах хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд
оруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүтээн байгуулалтын эдийн засгийн
өсөлтийн асуудлуудыг шийдэхэд зөв ашиглаж зөв ойлгуулахад хэрэг болох хууль хэмээн
харж байна.
-УИХ-ын ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар
ямар бодолтой байгаа вэ?
-Эдийн засаг өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрс
муудсан. Засгийн газрын хэдэн сайдаас өөр эдийн засаг сайхан байна гэж хэлэх хүн
бараг байхгүй байх. Бид эдийн засаг муу байгаасай гэж хүсээд байгаадаа биш юм.
Мөнгө санхүү болоод төсвийн гүйцэтгэл тал дээр анхаарахгүй байхын аргагүй болчихсон.
Тиймээс Засгийн газрыг эртхэн төсвийн тодотголоо ярья, болохгүй байгаа зүйлээ
эртхэн ард түмнээс нуулгүй үнэнээр нь хэлээд хамтдаа зүтгэе гэсэн саналыг өнгөрсөн
долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр ээлжит бус чуулганыг хуралдуулах
шаардлагыг тавьсан. Даанч хүлээж аваагүй. Тэгээд намрын чуулган эхлэхээс
хоёр долоо хоногийн өмнө ээлжит бусаар хуралдсан боловч эдийн засгийн хүндрэлтэй
асуудлыг ярих бус өөр зүйл дээр анхаарлаа хандуулсан. Өөрөөр хэлбэл эдийн засгийн
хүнд нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад ээлжит бус чуулган
дорвитой үр дүн үзүүлсэнгүй. Яахав хэлэлцэх хуулиудаа урагш нь ахиулсан.
-УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр МАН-ын бүлэг
нээлттэй хуралдаж, Уул уурхай болон Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Үндэсний
статистикийн хорооноос мэдээлэл авсан. Өнөөдөр ямар үр дүнд хүрсэн бэ?
-Холбогдох яам, байгууллагуудаас манай бүлэг
нээлттэй мэдээлэл авсан. Бидний хийсэн дүгнэлт зөв юм байна гэдэг ойлголтыг тэндээс
авсан. Яагаад гэхээр статистикийн хороо, Монголбанкны зүгээс хэлж байгаа зүйлүүд
биднийхтэй бараг нийлж байгаа юм. Тооны хувьд ойролцоо. Тэгээд яаж тайлбарлаж
байгаагаас нь асуудлын зөрүү харагдаад байна л даа. Нэг хэсэг нь энэ тоог харчихаад
сайхан байна гэж хэлээд байдаг. Нөгөө хэсэг нь энэ тооны ард юу байна вэ гэдгийг
хэлээд байгаа даа л гол зорилго нь оршиж байгаа. Уг нь УИХ-ын даргын захирамжаар
байгуулагдсан ажлын хэсэг байгаа шүү дээ. Энэ ажлын хэсгийн гаргасан эдийн засгийн
гадаад, дотоод орчинд үүсээд байгаа нөхцөл байдал, түүний Монголд нөлөөлөх байдал,
сөрөг эерэг дагавар, цаашид авах арга хэмжээний асуудлыг эртхэн УИХ-аар сонссон
бол хэрэгтэй байсан. Ажлын хэсэгт УИХ-ын 15 гишүүн болоод мэргэжлийн хүмүүс нухацтай
хийсэн дүгнэлт манай бүлгийн дүгнэлттэй ойролцоо гарсан. Эдийн засгийн хүнд байдлаас
урьдчилан сэргийлэх дээр цаг алдаад байна шүү дээ. Одоо тэр дүгнэлтийг УИХ-аар
нээлттэй хэлэлцэх ёстой.
-Сүүлийн үед танай намынхан Монголбанк руу нэлээд
анхаарал хандуулж шалгалт хийх хэрэгтэй гэж байсан. Та нарын хүсэл биелэлээ олж
байх шиг байна?
-Урьд нь манай бүлэг Монголбанкны мөнгөний бодлого дээр шалгалт хийе
гэсэн санал тавьсан. Харамсалтай нь хүсэлтийг хүлээж аваагүйн улмаас мөн л цаг
алдсан. Харин сая УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарч ажилдаа орж байх шиг
байна. Төв банкны үйл ажиллагаатай танилцах ажил тийм ч амархан дуусах ажил биш.
Ажлын явцад олон нарийн ширийн тоонууд ярих ёстой. Шаардлагатай гэж үзвэл үр дүнг
нь хаалттай хуралдаанаар ч хамаагүй хэлэлцэх ёстой. Үнэхээр бид өнөөдөр ийм байдалтай
болчихоод байгаа юм байна. Нөөц маань багасчихсан, гадаадын хөрөнгө оруулалт буусан,
ханш огцом өсөөд байгаагийн шалтгаан нь энэдээ байна гэдгийг гаргахгүй бол бүр
дордож мэднэ. Ядаж шийдвэр гаргагчдын түвшинд ойлголцох шаардлагатай. Ер нь
банк, мөнгө санхүүгийн бодлого бол хүмүүсийн итгэл хүлээлт дээр тогтдог бизнес
юм. Монголбанк дээр бол бидэнд шаардлагатай тоо баримт байгаа. Үүнийг баталгаажуулах
хэрэгтэй. Энэ тоог яриад эхэлбэл банк, санхүүгийнхаа зах зээлийг хямрал руу түлхчих
юм болов уу гэсэн болгоомжлол байна. Энэ шалгалт бол үнэн бодитой шалгалт болно
гэж бодож байна. Эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт өгөх ажлын хэсэг, Монголбанкинд
орж байгаа шалгалтын ажлын хэсэг хоёрын дүнг хамтраад төсвийн асуудал ярихын өмнө
УИХ хэлэлцэх ёстой.
-Ажлаа хийх гэж мөрөөрөө яваа эрх баригч намынхныгаа
албаар үгээр мохоох гэж ардын намынхан болохгүй, бүтэхгүй байна гээд байгаа юм
биш үү?
-МАН-ынхан үг хэлэхээр л “Наадуул чинь худлаа
хэлж байна” гэчихээд “Бид сайн ажиллаж байна” гээд байгаа шүү дээ. Ер нь хэн нь
үнэн хэлж вэ гэдгийг цаг хугацаа харуулах байх. Бид чинь нэг хоёр жилээр амьдарч
байгаа хүмүүс биш шүү дээ. Дараа жил гэж байна. Төсөв гэж байна. Оны эцсээр төсвийн
гүйцэтгэл гарч ирнэ. Цаашилбал сонгууль гэж байгаа.
-Төсөвт тодотголын тал дээр байр сууриа илэрхийлэхгүй
юу?
-Батлагдсан зарим тоог нь өөрчлөх л асуудал гарна
уу гэхээс эдийн засгийн хүндрэлээс бодитойгоор гарч чадахгүй. Төсвийн хариуцлагын
хууль, Төсвийн сахилга батын хууль гээд олон хуулиуд байгаа. Хэрэв одоогийн батлагдсан
үзүүлэлтээр Засгийн газрын ажлыг дүгнэвэл огцрохоос аргагүй дүр зураг гарна. Төсвийн
алдагдал 1,5 тэрбумд хүрэх гэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өр, төсөв
дотор эзэлж байгаа зарлагын хэмжээ замбараагаа алдсан. Харин 2014 оны төсвийг
бид үнэхээр зөв хийх ёстой. Улс маань одоогийнхоо илүү хүнд байдалд орчихвол юун
намуудын нэр хүнд манатай болно. Бидний яриад буй чадахгүй сайдтайгаа хариуцлага
тооц гээд байгаагийн цаана эднийг огцруулаад дараагийн Засгийн газарт нь хамтраад
сууя гэсэн санаа бидэнд огтхон ч байхгүй. Манай нам бүтээлч, идэвхтэй сөрөг хүчин
байна гэдэг л байр суурьтай байгаа шүү дээ.
-Одоо урт нэртэй хуулийг хэлэлцэнэ. Уг хуулийн
дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тал дээр ямар байр суурьтай байгаа
бол?
-Манай бүлгийн албан ёсны байр суурь их тодорхой.
Байгаль орчин, ус, ой модтой холбоотой энэ хууль бол үнэхээр хүний амьдрах орчин,
байгальд ээлтэй орчинг бүрдүүлсэн байх ёстой. Ээлжит бус чуулганаар оруулж ирсэн
хуулийг харахад өөрчлөлт оруулаагүй ч дагаж мөрдөх журамд нь нэмэлт өөрчлөлт оруулаад,
түүгээрээ дамжуулаад үндсэн хуулийнхаа утгыг алдагдуулах агуулгатай төсөл орж ирсэн.
Ийм байж болохгүй. Шаардлагатай гэж үзэж байгаа бол үүнийг тал талаас нь ярилцаж
үзэх хэрэгтэй. Тэгээд ч өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын даргын зөвлөлийн
хурал дээр энэ асуудлыг нухацтай ярья. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хүмүүсийг
оруулж, яригдаж байгаа бүх газарт боломжтой бол очиж үзээд, бүгдээрээ нэг жигд ойлголттой
болцгооё гэсэн юм. Нэг хэсэг нь байгалиа хамгаалж эх оронч болох гээд, нөгөө хэсэг
нь улсаа хөгжүүлж эх оронч болох гээд байгаа юм алга.
Энэ хууль маань өөрөө биелэгдэх явц нь их удаан
байсан. Тэр хооронд нийгэмд эсрэг, тэсрэг байр суурь бий болчихсон учраас нэгдсэн ойлголттой
болоод цааш нь хэлэлцүүлээд явахгүй бол болохгүй. Түүнээс биш огт өөрчлөхгүй яг
энэ чигээрээ байж байх ёстой гэсэн юм байхгүй. Өөрчлөх шаардлагатай гэж үзвэл бид
хамгийн түрүүнд байгаль орчинд ээлтэй байх ёстой гэдгийг л харгалзаж үзнэ. Ер нь
явж явж Урт нэртэй хуульд хамрагдаж байгаа газруудын дийлэнх нь шороон орд байдаг.
Шороон ордыг ухалгүйгээр Монгол Улсын хөгжлийг хангах өөр бололцоо бидэнд
байгаа. Тэгэхээр ухахгүй бол хөгжихгүй гэсэн ойлголт байхгүй. Бүлгүүдийн хооронд
ярилцаж байгаа зүйл гэвэл сайн үзье, ойлголцъё гэсэн байр суурьтай байгаа.
-Эдийн засгийн хямралын шинж илэрсэн
энэ цаг үед олон улсын хэмжээнд татварын ямар бодлого баримталдаг бол?
-Улс орны онцлогтой холбоотой асуудал. Эдийн
засаг, төсөв нь ямар бүтэцтэй юм, түүндээ тохирсон ямар арга хэмжээ авбал нөхцөл
байдлаас түргэн гарах вэ гэдэг л асуудал тавигдана. Тэрнээс өнөөдөр нэг хуулинд
өөрчлөлт оруулаад өргөс авчихсан юм шиг маргааш бүх юм сайжирна гэсэн ойлголт байхгүй.
Үүнийг нь мэдсээр байж урт хугацаанд өөрчлөлт оруулахгүй яваад байна гэдэг харин
ард түмний өмнө хийсэн гэмт хэрэг болж хувирна. Манай эдийн засаг өвөрмөц бүтэцтэй.
Манай улсын орлогын дийлэнх хэсгийг уул уурхай бүрдүүлж байна. Хөрөнгө оруулагчдын
хэцүү гэж үзэж байгаа зарим нөхцөл байдлыг нь хөнгөлөх гэж Монгол Улсын төр засаг
үзэж байгаа юм байна. Хоёрдугаарт, ойр ойрхон татварын орчноо өөрчлөөд байх нь
ашиггүй юм байна. Гуравдугаарт, гүйцэтгэх засаглалын зүгээс явуулж байгаа
бодлого хөрөнгө оруулагчдад ойлгомжтой зөв байхгүй бол буруу зөрүү мэдээллээс болж
нөхцөл байдал амархан дорддог юм байна гэдгийг ойлгосон хуулийн хэлэлцүүлгүүд
явагдаж байна гэж ойлгож байгаа. Дөрөвдүгээрт, манай төсөв өнгөрсөн сонгуулийн
дараа Засгийн газрыг маш том данхар бүтэцтэй болгож, төсвийн зарлагыг нэмэгдүүлээд,
төсвөөс гадуур баахан мөнгийг тооцоо судалгаагүй зарснаас болж энэ хүндрэл бэрхшээл
үүссэн гэж бид үзэж байгаа. Татвараараа оролдохоосоо өмнө энэ зүйлүүдээ эхэлбэл
анхны бодитой үр дүнгүүд гарах болно.
-Өмнөх онуудад 1.5 их наяд төгрөгөөр улсын төсөв
тасарч байсан уу. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Өмнө нь ингэж ихээр улсын төсөв тасарч байгаагүй.
Хариуцлага хүлээхдээ тулбал Засгийн газар хариуцлагаа хүлээнэ. Бид ардчилсан нийгэмд
амьдарч байна. Улс төрийн хариуцлага гэдэг өөрөө том хариуцлага юм. Улс төрийн
хариуцлагадаа санаа зовдог хүмүүс улс төрд байх ёстой. Түүнээс биш яахав дээ сонгуулиас
сонгуулийн хооронд явдаг. Дараагийн сонгууль надад хамаагүй гэсэн үзэл байх ёсгүй.
Хэрэв тийм бол улс төр рүү ойртох ч хэрэггүй. Яагаад төсөл тасалдав гэдэг дотор
олон шалтгаанууд бий. Одоо бидэнд байгаа мэдээгээр бүтээн байгуулалтын тендерийн
асуудлууд байна. Сүүлийн үед тендер үнэхээр замбараагүй болсон. Хэзээ нэгэн цагт
энэ бүхэн ил болно.
-МАН-ын их хурал энэ сарын 27-ны өдөр болно. Уг
хуралд оролцох төлөөлөгчдөө үүрээсээ сонгохын тулд нэлээд маргаантай байгаа гэв
үү?
-Их хурлын бэлтгэл ажил хэвийн явагдаж байна.
Энэ сарын эхээр намын их хуралд төлөөлөгч сонгох анхан шатны хурлууд үүрүүдэд болно.
Намын удирдах зөвлөлөөс гаргасан журмаар гишүүд өөрсдийг нь төлөөлж чадах хүнээ
сонгоно. Амралтын өдрүүдээр ихэнх газрууд гишүүдээ сонгочих байх.
-Их хурлаар дараагийн намын дарга хэн болох вэ
гэсэн марафонд таны нэр өндөр рейтингтэй байна. Та МАН-ын дараагийн дарга болоход
бэлэн үү?
-Яриагаа хоёулаа ингээд дуусгасан нь дээр байх.
Э.ЭНХБОЛД