Categories
редакцийн-нийтлэл

С.Цолмон: СЕХ-ны дарга биднээс айсан юм байлгүй дээ

УИХ-ын 2012 оны сон­гуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймгийн
сонгуулийн үеэр өдгөө­гийн УИХ-ын гишүүд бо­лох Б.Чойжилсүрэн, Ч.Хү­рэлбаатар нарыг
Сон­гуулийн хууль зөрчин сонгогчдод мөнгө тараа­сан хэмээх хэл ам тас­рахгүй байгаа.
Увс айм­гийн Тариалан сумын 13 иргэнд шүүхийн шийдвэ­рийг үндэслэн тус бүрт нь
100 мянган төгрөг тараа­сан нь батлагдсан тул тэдгээр иргэдэд Сонгуу­лийн хуулийн
дагуу нэг сая төгрөгийг аймагт нь очиж олгосон. Мөн мөнгө тараах ажлыг нь гүйцэт­гэсэн
долоон хүн шүүхээс ял аваад байгаа билээ. Өчигдөр Увс аймгийн Тариа­лан сумын долоон
иргэн СЕХ-нд шаардлага хүргүүлсэн юм. Учир нь шударга бус явагдсан сон­гуулийн эцсийн
шийд­вэр гарахгүй байгаад ун­дууцаж байгаагаа илэр­хийл­сэн бөгөөд ардчил­сан нийгэмд
яагаад өнөөд­рийг хүртэл уг асууд­лыг шийдэж өгч ча­дахгүй байгаа юм гэцгээв. Сонгуулийн
уг маргааныг шийдэж өгч чадахгүй бол СЕХ-ноос олгосон сая төгрөгүүдийг нь буцааж
өгнө гэсэн юм. Увс айм­гийн Тариалан сумын Засаг дарга С.Цолмон, М.Нүүдэл, М.Отгонхүү,
Б.Долгор, М.Эрдэнэ­чулуун, М.Хүүхээ, М.Шагж гэсэн долоон хүн тус бүр сая төгрөгөө
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд өөрсдийн биеэр өгнө гэцгээж байв. Тэд Ч.Хү­рэл­баатар,
Б.Чойжил­сүрэн нарыг эргүүлэн та­тах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэн мөн­гөтэй
хүний талд үйлч­лэхгүй байгаа хуулийг эсэргүүцэж байсан. Тэ­дэнд нэг сая төгрөг
хэ­рэггүй шударга ёс хэрэг­тэй талаар ам булаалдан ярьцгаав. Уг хоёр гишүү­нийг
эргүүлэн татсан бол өөр ямар ч намын хамаа­гүй нэр дэвшигч гарч ирэх ёстой гэцгээсэн
байр суурьтай байгаа аж. Тэдний зүгээс
сэт­гүүлч­дэд мэдээлэл хийс­ний дараа 11 цагт 30 минутад СЕХ дээр очиц­гоов. Сонгуулийн
үр дүнг эсэргүүцсэн Сон­гино­хайр­хан, Багануур, На­лайх зэрэг алслагдсан дүүргүүдийн
захын хо­рооллын иргэд тэдний тэмцлийг дэмжин ирц­гээ­сэн байлаа. Увс аймгийн иргэд
СЕХ-ны даргад өөрс­дийн албан шаард­лагыг хүргүүлэхээр орох үед хамгаалалтын алба­ныхны
эсэргүүцэл­тэй тул­гарч нэлээдгүй маргаан дэгдсэн юм. Хамгаалал­тын ажилтан хэнтэй
уул­зах гэж явааг нь асуухад “СЕХ-ны даргад албан шаардлага хүргүүлэхээр ирлээ”
гэхэд “Дарга нь алга байна. Өргөдөл, шаард­лага хүлээж авах нэг ч хүн байхгүй. Цайн­даа
гарцгаасан” гэв. Үүнийг сонссон тэд эсэр­гүүцэж “Цайны цаг бо­лоогүй байхад яахаараа
байдаггүй юм. Манай за­рим хүмүүс өглөө 10 цагаас хойш үүдэнд нь байлаа. Ерөөсөө
га­даг­шаа гараагүй. Өрөөнийх нь хаалгыг татаж үзэж байж мэднэ” гэлээ. Удал­гүй
бичиг хэргийн ажил­тан нь гарч ирэн “Дарга байхгүй. Би бичгийг чинь дамжуулж өгье”
гэхэд “Бид итгэхгүй байна. Га­даг­шаа танай дарга гараа­гүй. Бид өрөөнд нь орж өөрт
чинь гардуулъя. Мөн бидэнд өгсөн нэг сая төгрөгүүдээ ав” хэмээн бухимдаж эхлэв.
“Хөдөө­ний бид ажлын цагаа ягш­тал баримталж бай­хад танай дарга нар тийм биш юм
байна. Цайнд орох гээд байгаа юм бол танай Со даргатай хамт орцгооё. Цайны мөнгийг
нь бид даачихъя” хэмээн бичиг хэргийн ажилтанд хандаж хэллээ.

СЕХ-ны байранд Увс аймгийн Тариалан сумын иргэдийг
дэмжиж 100 гаруй хүн цугласан байсан бөгөөд бүгд “Дар­гаа бушуу гаргаж ир” гэц­гээж
байлаа. Тариалан сумын иргэд шаардла­гатай бол иргэдийнхээ төлөө шөнөөр ч хамаагүй
ажилладаг байхад 1500 км-ийн цаанаас ирсэн бид­нийг малнаас дор үзэж байгаад гомдолтой
байна гэдгээ хэлцгээв. Тэд “Бид энэ сая төгрө­гийг нь өгч, шаардлагаа өгөөд гарна”
хэмээн нэ­лээд хэл ам хийсний да­раа Төрийн тусгай хам­гаа­лалтаас нэмэлт хүч ирсэн
юм. Ч.Хүрэлбаа­тар, Б.Чойжилсүрэн на­рын гишүүд мөнгө тараа­сан гэдэг нь Тариалан
суманд л ил болсноос бусад бүх сумдад мөнгө тараасан нь үнэн. Иргэд ч мөн шударга
ёсны төлөө нэгдэж энэ бүхнийг ил болгох ёстой гэцгээнэ. СЕХ-ны дарга ирэхгүй бол
энэ байранд нь хоно­сон ч хамаагүй шаардла­гаа хүргүүлээд буцна гэд­гээ хэлэв.

Нэлээдгүй маргалд­саны эцэст СЕХ-ны дарга өрөөндөө
байгаа нь ил болж төлөөлөл болсон хоёр хүнийг нь оруулсан юм. Төд удалгүй өрөө­нөөс
нь гарч ирцгээлээ. Увсын иргэд “СЕХ-ны дарга байхгүй гэж ингэж балиартаж байхаар
эрт­хэн авсан бол юу гэж хэл ам гарах вэ дээ. Тэгээд ч биднийг энэ байрнаас гар
гээд өглөөнөөс хойш хөө­сөн. Хоёр цаг гадаа зог­сож байж орж ирлээ. Жирийн иргэд
нь хүртэл орж болдоггүй яачихсан газар вэ. Энэ чинь Ерөн­хийлөгч, Ерөнхий сай­дын
өрөө юм уу” хэмээн хамгаалалтын ажилтнуу­дыг загнаж байсан юм.

Тариалан сумын ир­гэд шаардлагадаа “Мон­гол Улсын
иргэн бид “Мон­гол Улсын Сонгуу­лийн хууль”-ийн дагуу шударга төр засагтай, шударга
гишүүдтэй боло­хын төлөө тэмцэл хийсэн болохоос нэг сая төгрө­гийн төлөө яваагүй
боло­хыг та бүхэн ухаарч чад­сангүй юу. Өвөг дээдсээс уламжилж ирсэн, Ард­чилсан
төрийн буянаар өсгөж үржүүлсэн өмч бо­лох хэдэн малын буя­наар хүнийг гүтгэж луй­вардахгүй
амьдрал би­дэнд байна. Удаа дараа­гийн сонгуулийг мөнгө тарааж санал луйвардаж Увс
нутгийн ард түмнийг түмэнтээ доромжилж төрийн өндөр сэнтийд суугаа Ч.Хүрэлбаатар,
Б.Чойжилсүрэн нарыг өмгөөлж хамгаалаад суух ямар хүсэл эрмэлзэл та бүхэнд байгааг
хэлээд өгнө үү. Арай бидэнд өг­сөн 100 мянган төгрөгийг та нар өргөн барьчи­хаа­гүй
биз. Төрийн өндөр албан тушаалд суудаг та бүхний ухаан малчин иргэд биднээс хавьгүй
дээр баймаарсан. Хэрэв та бүхнийг хилсээр хар­даж байгаа бол удаа да­раа өгсөн хүсэлтийг
шуур­хай шийдвэрлэж өгнө үү” гэсэн байлаа. Тариалан сумын иргэд зун Ерөнхий сайдыг
очи­ход уг асуудлыг шийдвэр­лэж өгнө үү гэхэд Засгийн газрын тэргүүн удахгүй энэ
асуудал шийдэгдэнэ гэсэн ч таг болчихсон. Бид л өөрсдийнхөө төлөө явахгүй бол болохгүй
юм байна гэдгээ хэлцгээнэ. Тариалан сумын иргэд СЕХ-ноос нэг сая төгрөг авцгаасан
13 иргэнийг нүд үзүүрлэх маягтай бол­жээ. “Сая төгрөгийн төлөө нэр нүүрээ барж яваа
хүмүүс. Үнэхээр шу­дарга ёс гэж байдаг юм бол энэ хоёр гишүүнээ эргүүлэн татчих,
харъя” гэх зэргээр тавладаг аж. Тиймээс нэр төрөө сэргээлгэхээр Монголын баруун
хязгаараас зориг шулуудан ирцгээжээ.

Үүний дараа Увс айм­гийн Тариалан су­мын Засаг
дарга С.Цол­монтой ярилцлаа.

 

-СЕХ-ны дарга өрөөн­дөө байхгүй гээд байсан байж
байна уу. Шаардлагаа өгчихөв үү?

-СЕХ-ны дарга Ч.Сод­номцэрэнд албан шаард­лагаа
гардуулчих­лаа. Дарга нь өрөөндөө байсан юм байна. Цайн­даа гарсан гэж худлаа ярьсан
нь ажлын шаард­ла­га л байдаг юм байлгүй дээ.

-Шаардлагынхаа ха­риуг хэзээ авахаар бол­сон бэ?

-Бидний өгсөн шаард­ла­гыг үзэж танилцаад тодорхой
хугацааны да­раа хариу өгнө гэж байна лээ.

-Нэг сая төгрөгүүдээ хэзээ өгөх гэж байна вэ?

-Сонгуулийн хууль зөр­чиж булхайтай сон­гууль
явуулсныг илчилсэн тул СЕХ-ноос нэр бүхий хүмүүст нэг сая төгрөг өгснийг нь буцааж
өгье гэхэд Ч.Содномцэрэн дарга авахгүй байна. Энэ нь бид нэг сая төгрөгийн төлөө
үүнийг хийгээгүй гэдгээ нотлон харуулах гэсэн юм. Гэтэл СЕХ-ны дарга “Бид наад мөнгийг
чинь авахгүй. Хуулийн дагуу олгосон мөнгөө буцааж авч болохгүй” гэсэн.

-Албан бичгийнхээ хариуг хэзээ өгнө гэж байх юм?

-Тодорхой хугацааны дараа хариу ирүүлнэ гэсэн
болохоор тэдэнд итгэж байна.

-1500 км-ийн цаа­наас шаардлага хүргүү­лэх гэж
л ирсэн юм уу. Ингэж олуулаа зардал чирэгдэл болж байхаар нэг нь л ирэхгүй?

-Бид нэг сая төгрөгийн төлөө ингэж яваа юм биш
шүү гэдгийг албан ёсоор хэлье. Ардчилсан энэ нийгэмд шударга сайхан амьдармаар байна.
Бид илүүдээ гарсан мөнгө­тэйдээ өөрсдийн зард­лаар ирсэн юм биш. Гагц­хүү шударга
үнэний тө­лөө ингэж явна. Шударга ёсны төлөө бид юугаа ч хайрлахгүй. Шударга ёсны
төлөө бүх хүн нэгдэх ёстой. Хэрэв шаардла­гатай гэвэл бусад хүмүү­сийг нь дагуулж
ирж болно.

-Та сумын Засаг дар­га хүн иргэдээ дагуу­лаад
ингэж явж болж байна уу?

-Манай сумын иргэд надад эхэлж хандсан. Үүнийг
нь би дэмжсэн юм. Би иргэдийнхээ төлөө ажиллахаар сонгогдсон хүн шүү дээ.

-Албан шаардлага хүргүүлэхийн хажуу­гаар өөрсдийн
саналыг хэлж амжив уу?

-Бид саналаа хэлэх нөхцөлгүй юм байна. Гэх­дээ
хэлэх ёстой ганц нэг асуудлаа хэлээд амжсан. Иргэдийнхээ дунд албан шаардлагаа өгье
гэсэн ч үүнийг нь зөвшөөрдөггүй юм байна.

-СЕХ-ны дарга яа­гаад өрөөндөө байхгүй гэсэн тайлбар
хийсэн юм бол. Уг нь гарч ирээд л авчихмаар юм?

-Айсан юм байлгүй дээ. Үүнийг сайн мэдэхгүй байна.
Ямартаа ч даваа гаригт биднийг хүлээн авч уулзахаар болсон.

-Та нар хэзээ нутаг буцах вэ. Зардлаа өөрс­дөө
даагаад буцах уу?

-Зардлаа өөрсдөө даа­гаад буцна. Бид ирэ­хийн
тулд мал хуйгаа зарж замын зардал хийж ирсэн. Ямартаа ч албан шаардлагынхаа хариуг
аваад нутаг буцна. Удах­гүй хариу өгөх байх аа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

М.Батчимэг: Гадаад харилцааг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн хувь нэмэр чухал

УИХ-ын гишүүн М.Батчимэг­тэй
ярилцлаа.

-Манай оронд Зүүн хойд Азийн эмэгтэй
парламентчдын чуулга уулзалт боллоо. Уг хурлаас ямар үр дүн гарсан бэ?

-Юуны өмнө бүс нутгийн орнуу­дын парламентын
гишүүд нэг дор цуглаж хуралдсан нь эхний том үр дүн. Зүүн хойд Азийн бүс нутгийн
орнууд улс төрийн тогтолцоо ха­рил­цан адилгүй, мөн газар нутгийн, түүхэн, соёлын
гээд олон шалт­гаанаар өөр хоорондоо зөрчилтэй, тэр бүр бүс нутгаараа нэгдэн цуг­лаад
байж чаддаггүй. Энэ удаагийн чуулга уулзалт магадгүй бүс нут­гийн эмэгтэй парламентчдын
анх­ны чуулга уулзалт гэдгээрээ ихээ­хэн онцлог байсан. Хятад, Орос, Хойд болон
Өмнөд Солонгосын парламентын эмэгтэй гишүүдийн төлөөлөгчид оролцлоо. Харин Японы
парламентын төлөөлөгч дотоод шалтгааны улмаас орол­цож чадаагүй ч манай санаачилгыг
дэмжиж мэндчилгээ ирүүлсэн.

Хуралд оролцогчдын зүгээс “Монголын
эмэгтэй парламентчид маш чухал санаачилга дэвшүүлж, манлайлал үзүүлж чадлаа. Энэ
санаачилгыг дэмжиж, цаашид үргэлж­лүүлэх хэрэгтэй. Нэг удаа­гийн уулзалт хийгээд
дуусгах бус, цаашид бүс нутгийн хэмжээнд эмэгтэй парламентчдын сүлжээ болгон өргөжүүлэх
нь зүйтэй” гэж байсан нь зохион байгуулагч бидэнд их урам өгсөн. Бид энэ уулзалтыг
нэг удаагийн ажил биш, урт хугацааны хүчин чармайлтын эхлэл гэж харж байна. Цаашид
энэ санаачилга үргэлжилж тогтмолжиж чадвал монголчууд бидний зүгээс, түүний дотор
эмэгтэйчүүд бидний зүгээс бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр
болно. Монгол Улс бусдын гар харж тусламж хүсдэг төдий биш, харин бүс нутагтаа,
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт улс байгаасай гэж бид бүгдээрээ хүсдэг
шүү дээ.

-Эмэгтэйчүүдийн хурлыг Ерөнхийлөгчийн
санаачилгаар зохион байгуулсан гээд байгаа?

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд
айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Зүүн хойд Азийн олон улсын харилцааг хөгжүүлэхэд
чиглэгдсэн Улаан­баатарын яриа хэлэлцээний меха­низмуудыг дэмжин хөгжүүлэхийн төлөө
байгаагаа хэлсэн. Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг санаачилж
зохион байгуулж байгаа нь манай эмэгтэйчүүдээс Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж,
үүнд оруулж байгаа хувь нэмэр гэж хэлж болно.

-Энэ чуулга уулзалтын гол онцлог
гэвэл та юу хэлэх вэ?

-Бүс нутгийн төлөөлөл нэгэн дор цуглаж,
хамтдаа энх тайван, хөгжлийн тухай ярьж байгаа нь өөрөө онцлог бөгөөд чухал гэдгийг
хэлсэн шүү дээ. Чуулга уулзалтын үеэр Өмнөд, Хойд Солонгосын төлөөлөгчид Монгол
Улсад хамт хуралд оролцож байгаадаа таатай байгаагаа хэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй
нэгдмэл Солонгос үн­дэстний ирээдүйн төлөө байгаагаа илэрхийлж байсан. Бусад орны
төлөөлөгчид ч энэ төрлийн арга хэмжээг бүс нутгийн бүх оронтой найрсаг дотно харилцаатай
Мон­гол Улсад зохион байгуулах нь хамгийн тохиромжтой юм гэж байс­ныг онцгойлон
дурдмаар байна.

-Хуралд оролцогч бусад ор­нуу­дын
эмэгтэй парламентчид шийдвэр гаргах түвшний хэм­жээнд нөлөөлөл үзүүлж чаддаг болов
уу?

-Өмнөд Солонгос 2012 оны Ерөнхийлөгчийн
сонгуулиар анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон. Үүнтэй холбоотойгоор тус улсад
шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байна. ОХУ-ын Холбооны
хурлын Холбооны зөвлөлийн дарга буюу манайхаар бол Улсын Их Хурлын дарга нь эмэгтэй
хүн байдаг. Хятадад Ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүдийн 23 хувь нь эмэгтэйчүүд
байгаа нь Зүүн хойд Азидаа хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Манай улсын хувьд
2012 оны сонгуулиар УИХ-д анх удаа 11 эмэгтэй гишүүн сонгогдож, бид улс нийгмийнхээ
хөгжилд тустай зүйл хийхийн төлөө бүгд л хичээн ажиллаж, үр дүнгээ ч өгч байна.

Энэ удаагийн арга хэмжээ нь Монголын
эмэгтэйчүүд зөвхөн гэр бүл, нийгмийн асуудалд анхаарал хандуулах бус, бүс нутгийн
энх тайван, хөгжил дэвшилд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг оролцоо, байр суурийг ахиулж,
гадаад ха­рил­цааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна гэдгийг харуулсан гэж бодож
байна.

-Чуулганы үеэр эмэгтэйчүү­дийн
боловсролын асуудлыг хөндөж байсан. Манай орны эмэгтэйчүүд бусад орнуудаас боловсролын
түвшингээрээ илүү гэж байсан даа?

-Монголын эмэгтэйчүүд бо­ловс­ролоороо
дэлхийн дундажтай харьцуулахад, бас бүс нутагтаа ч дээгүүрт ордог гэдгийг НҮБ-ын
төлөөлөгч онцлон дурдаж байсан. Ер нь Зүүн хойд Азийн эмэгтэй­чүүдийн боловсролын
түвшнээр дэлхийд харьцангуй дээгүүрт тоо­цогддог. Гэхдээ тодорхой хэмжээ­ний дэвшил
гарсан хэдий ч цаашид их  ажил хийх шаардлагатай
байна гэдгийг оролцогчид сануулж бай­лаа. Эмэгтэйчүүдийн боловсролд хийж буй хөрөнгө
оруулалтыг нийгмийн ирээдүйн сайн сайхны суурь гэж үздэг. Эцэг хүн өрх гэрээ авч
явдаг бол эх хүн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, тэдэнтэйгээ хамгийн ойр байдаг. Тиймээс
эмэг­тэй хүн хэдий чинээ боловсролтой байна, үр хүүхдийн ирээдүй, ний­гэм төдий
чинээ сайхан, гэгээлэг болно.

Мөн хурлын үеэр ярьсан өөр нэг чухал
асуудал нь боловсролын асуудлаас гадна иргэний боловсрол байлаа. Монгол Улс НҮБ,
ЮНЕСКО-оор иргэний боловсролыг дэмжих хоёр том тогтоол санаачилж батлуулсан. Үүгээрээ
олон улсын хэмжээнд манлайлж байгаа орон.

-Сүүлийн 20 жилийн хуга­цаанд манай
парламентад хамгийн олон эмэгтэй гишүүн 2012 оны сонгуулиар бүрдсэн. Та бүхний ажил
хэр байгаа вэ?
       

-Энэ удаагийн парламентад эмэгтэйчүүдийн
эзлэх хувь өмнө­хөөс хавьгүй нэмэгдсэн. Гэхдээ би УИХ-ын 11 эмэгтэй гишүүнийг олон
гэж бодохгүй байна. Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэй­чүүд. Улс төр гэдэг
улс нийгмийн амьдрал, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө үйл ажиллагаа
байх ёстой. Улс төрийг эрх мэдэл олж авахын төлөө өрсөлдөөний талбар гэж харвал
хэт явцуу болно. Иймээс бидний амьдралд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд эрэгтэй
нь ч, эмэгтэй нь оролцож байж асуудлын шийдэл илүү зөв болно. Өрх гэрийн амьд­ралтай
адил. Эмэгтэйчүүд бидний оролцоо гэр бүлийн, нийгмийн сайн сайхны үйлсэд төдийгүй
гадаад харилцаа, аюулгүй байд­лын салбарт ч хэрэгтэй. Бид ингэж л итгэж, гар хумхилгүй
зүтгэж яваа. Тодорхой үр дүнгүүд гарч байгаа гэж бодож байна. Цаашдаа улс төр дэх
эмэгтэйчүүд улам олон болоосой гэж боддог.

-Өнгөрөгч долоо хоногт Хилийн боомтын
тухай хууль нэгдсэн чуулганаар орж ирж нэлээд ширүүхэн хэлэлцүүлэг явагдсан. Боомтын
тухай манайхны бодол ямар байгаа бол?

-Хилийн боомтын хуулийн гурав­ны нэг
дээр санал хураагд­сан. Санал хураалт энэ пүрэв гаригт үргэлжилнэ. УИХ-ын ажлын
хэсэг хуулийн төслийг нэлээд сайжруул­сан гэж бодож байна. Төсөл дээр ажиллах үед
“боомт” гэж юу болох талаар манайхан нэгдмэл ойлголт­гүй байгаа нь анзаарагд­сан.
Боомт бол зөвхөн хилээр гарах гарц биш. Нэг талаасаа Монгол Улсын хилээр нэвтэрч
буй аюулгүй байдлын хяналтын бүс, нөгөө талаасаа эдийн засгийн чухал ач холбогдолтой
бүс юм. Үүгээрээ боомтын асуудал бол аюулгүй байдлын ч, хөгжлийн ч асуудал. Улсынхаа
үүд хаалга болсон боом­тын хөгжлийг төрөөс нэгдсэн бодло­гоор зохицуулж байдаг газар
байх ёстой. Тиймээс боомтын газрыг улсын тусгай хэрэгцээний газар болгож, боомтын
захиргааг байгуулан боомтын бүсийн аюул­гүй байдал, нэгдсэн төлөвлөлт, хөгжлийн
асуудлуудыг сайжруу­лахаар хуульд тусгасан байгаа.

-Боомтын хууль батлагдаад хэрэгжээд
эхэлбэл хилийн наанаа ядуу буурай, харин хилийн цаанаа хэд хэдэн өндөр хөгжилтэй
Эрээнийг бий болгох юм биш биз гэсэн болгоомжлол байна?

-Энэ бол буруу ойлголт. Өнөөд­рийг
хүртэл боомтын бүсийн хил хязгаарыг тогтоогоогүй, орон нут­гийн бөөрөнд хавчуулж
орхисон, нэгдсэн захиргаа гэж байхгүй явж ирснээс манай боомтууд өөдтэй хөгжөөгүй.
Тэгэхэд Замын-Үүдийн цаана байгаа Эрээнд энэ бүх зохион байгуулалт нь байдаг. Бүр
боомт хотын статустай. Төвийнхөө бодлогоор хөгжиж ирсэн. Манайх бол боомтоо Замын-Үүд
суманд даатгаад орхисон шүү дээ. Энэ хууль батлагдсанаар энэ бүх байдал өөр болно.

Э.ЭНХБОЛД

 

Categories
редакцийн-нийтлэл

А.Бакей: Р.Амаржаргал бусдын өмнөөс хариуцлага хүлээлээ гээд байдал өөрчлөгдөхгүй

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын
байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.

-УИХ өнгөрөгч долоо хоногт
2014 оны төсвийг баталлаа. Таны хувьд төсвийн тал дээр өөрийн байр суурийг нэлээдгүй
хэлж ха­рагд­­сан. Тийм болохоор ирэх оны төсөв таны­хаар хэр ханатай бол­сон бэ?

-Монгол Улсын 2014 оны төсвийг дэгийн
дагуу хэлэлцэж, хуулийн хуга­цаанд буюу арваннэг­дүгээр сарын 15-нд баг­тааж баталлаа.
Энэ жил манай орны эдийн засаг, санхүүгийн төлөв байдал нэлээд хүндрэлтэй бай­лаа.
Ирэх жилийн хувьд ч энэ байдал үргэлжлэх төлөв ажиглагдаж байгаа учир Засгийн газраас
өргөн барьсан төсвийн төслийг хэлэлцэж батлах нь тийм ч амар байгаагүй. Ямартай
ч УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд өргөн баригдсан төсвийн орлого, зарлагын аль алинд
зохих өөрчлөлт оруулж, “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” зарч­маар нухацтай хандсан
төсөв болсон гэж үзэж байна.
Яам, агентлаг гэх мэт төрийн байгуул­ла­гуу­дын  хэрэгцээнд шаард­ла­гатай ширээ, сандал, тавилга,
компьютер, тоног төхөөрөмж, унаа машин худалдан авах гэх мэтийн төлөвлөж оруулж
ирсэн хөрөнгийн зардлыг бага­гүй хэмжээгээр бууруулж, мөн боломжтой урсгал зардлыг
ч танасан нь “бүсээ чангалах” зарчимд нийцсэн болов уу. 2007-2012 онуудад манай
эрдэс баялгийн түүхий эд дэлхийн зах зээлд өндөр үнэтэй бай­сан, тэр хэм­жээгээр
төс­вийн орлого ч өссөн он жилүүдэд ха­маа­гүй ца­маан загнаж, төсвийн урсгал зардал
ч, хөрөнгө оруулалт ч ихээ­хэн өргөж­сөн билээ. Үүнээс шалт­гаалж он дамж­сан, төсөвт
өртөг нэмэгдсэн дуусаа­гүй обьек­туудын тоо ч олширсон байна. Энэ нь Засгийн газрын
мөрийн хөтөлбөрт тус­гагдсан то­моохон зорил­туудыг хэ­рэгжүүлэхэд саад болох шинжтэй
бол­сон. Төсвийг хэлэлцэх явцад энэ бай­далд УИХ бодитой дүг­нэлт хийж, баригдах
хуга­цаа нь удаа­­ширсан, тө­сөвт өртөг нь батлагдсан хэмжээ­нээс өссөн 240 обьектыг
ирэх жилийн төсөвт “0” дүнтэй тусгаж, Улсын ерөнхий аудитын газ­раас шалгаж няг­талс­ны
дараа нэгдүгээр ули­ралд багтаан төсвийн тодот­голоор эргэж хэ­лэл­цэн шийдвэрлэхээр
бол­сон. Энэ бүхэнд тулгуур­лаж дүгнэхэд, Монгол Улсын төсвийн төслийг УИХ дээр
хэлэлцэж ирсэн түү­хэнд анх удаа 2014 оны төсөв бол төсвийн зар­лагын реформ хийсэн
төсөл болсон.

-Ирэх оны төсөв “Ав­лигажсан төсөв”-ийг
түр царцаасан төсөв боллоо гэх юм. Энэ хэр үнэний ортой вэ?

-2013 оны төсөвт то­дот­гол хийх,
2014 оны төсвийн төслийг хэлэлцэх явцад Ерөнхий сайдын амнаас дээрх үг гарсан нь
санамсаргүй хэлсэн үг биш байх гэж бодож бай­на. Хэрэв төсвөө анхнаас нь бодитой
төлөвлөж, хө­рөнгө оруулалтыг анх батлагдсан хэмжээнд төсөвт өртөгт нь багтааж хугацаанд
нь хэрэгжүүлж ирсэн бол өнөөдрийн яриад байгаа хүндрэл, бэрхшээл гарахгүй байх байсан.
Тендерт орж ял­сан компани ч анхнаасаа төсөвт тусгагдсан өртгөөр хугацаанд нь, чанартай
гүйцэтгэнэ гэж орчихоод эргээд элдэв бэрхшээл тоочоод төсвөө нэмэг­дүүлдэг муу зуршилтай
болсон. Түүнийг нь Зас­гийн газар мэдсээр байж нэмж өгөөд ирсэн нь үнэ­хээр харамсалтай.
Иймд ирэх жилийн төсөв бат­лагдсантай холбогдуулан авах зарим арга хэм­жээ­ний тухай
УИХ-ын тог­тоо­лоор он дамжсан за­рим хөрөнгө оруулалтыг түр царцаасан нь дээрх
“муу зуршил”-д том дохио боллоо.

Ер нь цаашид төсвийг төлөвлөх, хэлэлцэх,
бат­лах, хэрэгжүүлэх бүх шат дамжлагын хариуцлагыг эрс сайжруулах талаар тодорхой
арга хэмжээ авах шаардлагатай байна. 

-МАН-ын бүлэг тө­сөв дээр нэлээд
шүүмж­лэлтэй хандаж байсан ч тэгэс гээд нам гүмхэн баталчихлаа. Үүний ард улс төрийн
тохироо явагдсан гэх хардлага байна?

-Миний мэдэхээр 2014 оны төсвийг УИХ
дэгийн дагуу хэлэлцэж баталсан. УИХ дахь на­муудын бүлэг тус бүртээ ажлын хэсэг
гаргаж ажил­луулсан, үүн дээр Төс­вийн Байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж, нэгдсэн
санал, дүгнэлтээ танилцуулсан. Мэдээж санал нийлэхгүй асуудал дээр тал талаас ярилцаж,
аль болох зөв гарцаа олсон гэж үзэж байна. Төсвийг УИХ дахь эрх баригч намын бүлгийн
гишүүд дангаараа бат­лах ямар ч боломжгүй, бусад нам, эвслийн бүл­гийн зүгээс шүүмжлэлтэй
хандаж байсан нэлээд асуудал төсөвт тусгагд­сан. Тиймээс гишүүдийн олонхийн санал,
дэмж­лэгээр батлагдсан төсөв бол муу ч бай, сайн ч бай хамтын бүтээл шүү. Хариуцлагаа
ч хамтдаа хуваалцах учиртай.

-Ирэх оны төсөвт Оюу толгойгоос
450 мянган ам.доллар орж ирэх болов уу. Энэ оны төсөвт 445 мянган ам.доллар тусгагдсан
ч нэг ч төгрөг орж ирээгүй гээд байгаа?

-Оюу толгойн төслөөс орж ирэх орлого
нь хоёр зүйлээс хамаарна. Тус ордоос эксортод гарга­хаар төлөвлөсөн зэс, алт­ны
хэмжээг бүрэн хэрэг­жүүлэх. Мөн дэлхийн зах зээл дэх эдгээр түүхий эдийн үнэ төсөвт
төлөв­лөсөн түвшингээс унах­гүй байхаас шалтгаална. Засгийн газар энэ хоёр хэмжигдэхүүнийг
боди­той төлөвлөж, эрсдлийг тооцсон байж таарна.   

-Төсөв дээр урсгал зардал хассан
нь хэр зөв шийдэл вэ. Төсвийн байнгын хороо, ажлын хэсгийнхэнтэй ойр бай­сан гишүүд
өөрсдийн сонгогдсон тойргийн бү­тээн байгуулалт болон сургууль, цэцэрлэгийн засвар,
машины мөн­гийг суулгасан байна гэх юм?

-Би түрүүн хэлсэн. Зас­гийн газар
төсвийг анхнаасаа бодитой, зөв төлөвлөж оруулж ирвэл төсвийг нэмэх, танах асуу­дал
гарахгүй шүү. Урсгал зардлыг хамаагүй дур мэдэж танах юм бол тухайн салбарын, бай­гуул­лагын
хэвийн үйл ажиллагаа алдагдана. Гэхдээ төсвийн төслийг боловсруулах, хэлэлцэх шатанд
буруу субьектив хандлага мэр сэр ажиг­лагддаг юм. Харин таны асууж байгаа шиг тойрог­тоо
хөрөнгө оруулалт хий­хийн тулд урсгал зард­лыг танасан гэж үзэхгүй байна. 

-Төсөв хүндрэлтэй байгаа энэ үед
УИХ-ын гишүүд орон нутгийн томилолтын зардлаа хассангүй хэмээн шүүмж­лэлтэй байгаа
харагдсан. Томилолтын зардлыг танах боломж байгаагүй юу?

-УИХ-ын гишүүн хуу­лиар тогтоосон
бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд төрийн зүгээс баталгаа, нөхцөлийг бүрдүүлэх хууль­тай.
Ялангуяа, тойр­гоос сонгогдсон гишүүд жилдээ боломжийнхоо хэрээр хэд хэдэн удаа
тойрогтоо очиж ажиллах ёстой. Ядаж л шинээр батлах хууль тог­тоом­жийн төслийн талаар,
мөн урьд баталсан хуу­лиу­дын хэрэгжилтийн бай­далтай газар дээр нь танилцаж, сонгогч
олны саналыг авах учиртай. Нэг ёсондоо амьдралын гүнд орж ажиллаж байж сая хууль
тогтоох дээд байгууллагад хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадна гэсэн үг. Гэтэл УИХ-ын
гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж нөх­цөл төсөв, санхүүгийн хувьд бүрэн хангагдаагүй
явж ирсэн юм. УИХ-ын тухай хуулийн 35.3 дахь заалтад “Гишүүний сон­гогдсон тойрогтоо
ажил­лахтай холбогдсон зард­лын хэмжээг УИХ тог­тоо­но” гэж заасан байдаг.

-Сүүлийн үед Р.Амар­жаргал гишүү­ний
асуудал ихээр яриг­даж байна. Төрийн бай­гуу­лалтын байнгын хороо үүн дээр ямар
байр суурьтай байгаа вэ?

-Р.Амаржаргал ги­шүүн УИХ-ын тухай
хуу­лийн 6.6.3 дугаар заалтын дагуу буюу “… хүндэтгэн үзэх шалтгаанаар…” УИХ-ын
гишүүнээс чөлөө­лөг­дөх хүсэлтээ гаргасан байна. Энэ асуудлыг хол­богдох хууль тогтоом­жийн
дагуу УИХ-аар хэ­лэлцэж шийдвэр гаргана. Ямар шийд гарахыг би урьдчилан хэлж чадах­гүй.
Ямартай ч даваа гаригт хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг уг асууд­­лыг хэлэлцээд гишүү­ний
өргөдлийг хүлээж авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Эцсийн шийдвэр УИХ-ын нэгдсэн
чуулганы хуралдаанаар гарна.

-Танай хороо хэзээ Р.Амаржаргал
гишүү­ний асуудлыг хэлэлцэх вэ?

-Хуулиар гишүүн өргө­дөл гаргаснаас
хойш төдий хугацаанд УИХ-аар хэлэлцэнэ гэсэн тодор­хой зохицуулалт байхгүй байна.
Ямар ч гэсэн ойрын хугацаанд хэлэлцэнэ.

-Одоогоор Р.Амар­жар­гал гишүүн
хариуц­лагагүй төрийн өмнөөс хариуцлага хүлээхээр бүрэн эрхээсээ тат­гал­заж байна
гэсэн ойл­голтыг нийгэмд төрүү­лээд байна. Тантай Амар­жаргал гишүүн хэд хэдэн удаа
уулзсан гэ­сэн. Чухам ямар шалт­гаанаар бүрэн эрхээсээ татгалзаж байна гэсэн бэ?

-Би Р.Амаржаргал гишүүнтэй хэд хэдэн
удаа уулзаж ярилцсан. Надад одоогоор УИХ-ын гишүү­ний бүрэн эрхээс татгал­заж байгаа
шалтгааны талаар тоймтой зүйл хэлээ­гүй. Амаржаргал бусдын өмнөөс хариуц­лага хүлээлээ
гээд бай­дал өөрчлөгдөхгүй. Хэ­лэл­цэх явцад байдал тодорхой болно биз ээ. 

-АН-ын бүлэг Р.Амар­жаргал гишүү­ний
хүсэлтийг нь хү­лээж аваагүй. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг
заавал оруу­лах шаардлагатай юу?

Хуулийн дагуу УИХ-аар заавал орж хэлэл­цэг­дэнэ.
Энэ бол зөвхөн гишүүний хувийн асуудал биш, уг гишүүнийг сонго­сон сонгогч олон
түмний мандат цаана нь байгаа.

-Таны хувьд намын­хаа журмын нөхрийн
уг шийдвэрт ямар бо­дол­той байна вэ?

-Р.Амаржаргал ги­шүүн бол анх удаа
сон­гогд­сон шинэ гишүүн биш. Харин ч хал үзэж халуун чулуу долоосон туршлагатай
гишүүн гэд­гийг бид мэднэ. Би жур­мын нөхрийн хувьд энэ сонголтоо сайн тунгааж бодоорой
дахин зөвлөж хэлмээр байна.

-УИХ-аас түүний бү­рэн эрхийг түдгэлзүү­лэх­гүй
байж магадгүй. Харин Р.Амаржаргал гишүүн Байнгын хороо, нэгдсэн чуулгандаа суух­гүй
бол ард түмэн хохирно. Тэгвэл Амар­жаргал гишүүнд тооцох хариуцлагын механизм гэж
бий юу?

-Энэ талаар одоо мөр­дөж байгаа хуулинд
тодорхой заалт бас байх­гүй. Тэгэхдээ амьдрал баян юм чинь хэрэв тийм шийд гарлаа
гэхэд гарцаа олох байлгүй.

-АН-ын бүлэг түүнд сайдын албан
тушаал өгсөнгүй хэмээн гом­донгуй явсан тул бүрэн эрхээсээ түдгэлзэж бай­гаа гэх
юм. Хэр үнэ­ний ортой вэ?

-Үүнийг би мэдэхгүй юм. Энэ асуултыг
өөрөөс нь асуувал илүү оновчтой хариултыг олох байх.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Д.Эрдэнэбат: АН-ын лидерүүдээс хэн нь ч ийм алхам хийж байгаагүй

Баасан гаригийн үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдаа­наар
2014 оны төсвийн төслийг баталсан. Үүний дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
сэт­гүүл­чидтэй нээлттэй ярилцсан юм. 

-2014 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөв эдийн
засгийн чиг хандлагад ямар өөрч­лөлт үзүүлнэ хэмээн харж байна вэ?

-2014 оны төсөв өм­нөх
оныхтой харьцуу­ла­хад анх удаа шахсан тө­сөв болсон гэж үзэж бай­гаа. Сүүлийн гурван
жил төсвийн өсөлт явагдаж байсан бол энэ удаа зогс­сон нь нэг онцлог болсон. Энэ
төсвийг хэлэлцэх үеэр татвартай холбоо­той болон нэмэгдэл тө­рийн дарамтыг бий бол­гоо­гүй.
Татварын орчинг бид хамгийн таатай бай­гаа гэж үзэж байгаа. Тат­вар нэмэх шаардлагагүй
гэж үзэн хуучин суурь татвар дээр үндэслэн бо­ловсруулсан нь мөн нэг онцлог. Хөрөнгө
оруу­лал­тын асуудал дээр УИХ онцгой анхаарлаа хандуулсан. Учир нь хө­рөн­­гө оруулалт
Мон­голын эдийн засгийн өсөлт, улсын инфляци тогтворгүй байдал үүсгэж ирснийг энэ
удаа зогсоох оролдлого хийсэн уг төс­вийн өөр нэг онцлог бай­лаа. Хөрөнгө оруулалт,
урсгал зардлыг танаж, нийт 240 обьектын хөрөн­гө оруулалтыг царцаас­наар эдийн засагт
гар­гадаг хиймэл үнийн өсөл­тийг хязгаарлах болом­жийг олгож байгаа юм. Иргэдэд
төсвөөр дамжиж очиж байгаа төрийн да­рамтыг эрс багасгаж бай­гаа хэмээн ойлгож байна.

Авлига, төрийн хө­рөнгө оруулалтаар хийг­дэж байгаа
барилга дээр эдийн засгийн харилцаа гаж хэлбэртэй олон жил явж ирснийг таслах то­моохон
оролдлого болж чадсан. Ард түмний мөн­гөөр хийгдэж байгаа бү­тээн байгуулалтад үр
ашиг­тай, хийсвэр үнийн хөөрөгдөл байхгүй боди­той байхыг шаардсанаа­раа зөв алхам
хийсэн гэж бодож байна. Улсын хө­рөн­гөөр хийж буй барил­га, байгууламжийг цаг хугацаанд
нь чанартай барих ёстой. Үнийн хийс­вэр хөөрөгдлийг ахин хэзээ ч гаргахгүй байх
хэрэгтэй. Энэ удаагийн төсвийн нэг онцлог нь урсгал зардлыг танаж чадсан явдал.
Бусад зар­дал болох төрийн албан хаагчдын цалин, урам­шуу­лал руу хүрэлгүйгээр хэт
үрэлгэн байдаг илүү хэрэглээний зардлуудыг хассан. Үүнд томилол­тууд болон хүлээн
авалт, автомашин, тоног тө­хөө­рөмжөөс эхлээд зардлуу­дыг танасан нь урд бай­гаагүй
зүйл болж чадсан. Бодит байдал руу дөхөж очсон төсөв болж чадсан.

-Хөрөнгө оруулалт, урсгал зардлуудыг та­на­саар
Засгийн газраас өргөн барьсан төсвийн анхны хувилбараас хэ­дэн төгрөг танаж чад­сан
бэ?

-Цэвэр урсгал зард­лаас 200 гаруй тэрбум төгрөгийг
танасан. Ха­сагд­сан хөрөнгө оруу­лал­туудыг орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруу­лалт
буюу ашигтай хө­рөнгө оруулалт руу зар­цуулах нь зөв гэж үзсэн. Энэ утгаараа хөрөнгө
оруулалтын төсөв төлөв­лөгөөнд 100 гаруй нэрийн хөрөнгө оруулалтыг нэмж тусгасан.

-Царцаасан обьек­туудад аудит оруулна гэл үү.
Ямар хүний бу­руу­тай үйл ажиллагаа­наас болж төсөвт үр ашиггүй хөрөнгө оруу­лалт
суусан эсэхийг нь судалж байгаа юу. Ха­риуцлагагүй төсөв оруулсан хүмүүст ямар хариуцлага
тооцох вэ?

-Царцаасан хөрөнгө оруулалтуудыг шалгах­даа хэн
нэгэнд хариуц­лага тооцож, хэн нэгэн буруутныг хайж байгаа юм биш. Энэ хөрөнгө оруу­лалтууд
олон жил дамжсан төсөвт өртөг нь огцом өссөн, барилгын гүйцэтгэл дутуу, зөвшөө­рөлгүй,
зураг төсөвгүй хөрөнгө оруулалтууд төсөвт замбараагүй сууж байсныг бид нэг удаа
тоо­ромзолж байгаа гэж ойл­гож болно. Аудитын байгууллага маш сайн нягтлан шалгах
ёстой. Ард түмний мөнгийг үр ашиггүй зарцуулаад байгаа ямар обьектууд байна түүнийг
судлаад, үр ашигтайг нь цааш явуулж, үр ашиггүй нь зогсооё гэж байгаа юм. 144 обьектыг
царцаахад 132 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгасан байсан. Нийт 500 гаруй тэрбум
төгрөгийн төсөвт өртөгтэй обьектууд яриг­даж байгаа юм. 500 тэр­бум төгрөг гэдэг
Мон­голын хувьд бага мөнгө биш. Тиймээс бид энэ байдлыг цааш үргэлж­лүү­лэх­гүйгээр
нийт төс­вийн хөрөнгө оруулалт дээр 760 гаруй обьект яригдаж байна. Үүнээс 144-ийг
нь царцааж, эргэж харъя л гэсэн санаа юм. Өмнө нь бид үрэлгэн төсөв баталж, энэ
нь ард түмний нуруун дээр ачаа болдог байсныг зогсоож, цаашид төсөв батлахдаа үрэлгэн
байдлыг зогсоож, шалгаж үзье гэж байгаа юм. Миний ойлгож бай­гаагаар 144 обьектын
хөрөнгө оруулалтаас 1/3 нь цааш үргэлжлэх бо­ломжгүй байх шүү. Стан­дартын бус барил­гууд
барьсан асуудлууд бий. Тиймээс үүнийг нягтлах хэрэгтэй. 

-Долларын ханшийг багаар тооцоолсон гэ­сэн шүүмжлэл
байна?

-Долларын ханшийг 1384 гэсэн суурь үнийг Эдийн
засгийн яам гаргаж ирсэн. Нэгэнт яамд нь тооцоогоо хийгээд гаргаж ирсэн учраас УИХ
өөрч­лөлт оруулж болохгүй. Ханш гэдэг чинь тоглоод байдаг зүйл биш. Өнөө­дөр ам.доллар
1700 бай­на гээд төсвийнхөө хан­шийг өөрчилж 1700 орч­моор тооцож болохгүй. Бид
өөдрөг зүйлийг өөд­рөг харж сурах хэрэгтэй. Хэрэв Эдийн засгийн хөгж­лийн яам, Сангий
яам долларын ханшийг 1384 гэж тооцоолсон бол он гарангуут уг ханшид бариулахын тулд
эдийн засгийн боломжийг тэлэх үүргээ зайлшгүй биелүү­лэх ёстой. Монгол Улс үнэ цэнэтэй
орон болгохын тулд газар доорх баялгийг үнэ цэнтэй болгох ёстой юм. Өнөөдөр хараахан
үнэ цэнгүй байна.

-Гадаад өрийг ДНБ-ий 60 хувьд барих ёстой гэсэн
заалт чуулганы хуралдаан дээр уна­чих­лаа. Тэгэхээр ирэх онд авах зээлийн хэм­жээнд
өөрчлөлт орох­гүй гэсэн үг үү?

-Монгол Улсын өрийг нэмэгдүүлэхгүй байна гэдэг
зөв л дөө. Монгол Улс эдийн засгаа тэлэх боломжийг  алдаж бай­гаа нь нэг талаасаа
харам­салтай юм. Үнэ­хээр өнөөдөр төсөв дотор өр, зээлийн асуудлаар асар бага хэмжээтэй
бол­сон. Одоо баригдах гэж байгаа төмөр зам, бо­ловсруулах үйлдвэрүү­дийг хаанаас
юугаар ба­рих вэ гэдэг дээр хүндрэл үүсч байна. Хоёр намын арга барилын хувьд зө­рүү­тэй
зүйл бий. МАН-ын хувьд ирээдүйд ард түм­нээ их өрөнд оруулна гэж ярьдаг, АН-ын хувьд
Мон­гол орон үнэ цэнтэй бай­хын тулд өөрийн гэсэн үйлдвэр, бүтээн байгуу­лалт, дэд
бүтэц, эрдэс баялгийн нөөцтэй байх ёстой Монгол хүн монго­лоороо амьдрах ёстой гэсэн
тэмүүлэл рүү явж байна.

Энэ жил зээлжих эр­хийн хамгийн дээд хэм­жээг
Засгийн газар 2.5 их наяд хүртэл гэж тогтоож өгсөн. Хуучин хуулийн дагуу ДНБ 40
хувьд хяз­гаарлагдана. Үүгээр тооц­вол 600 сая ам.доллар хүртэлх хэмжээнд зээл авах
боломжтой гэж харж байгаа. Энэ мөнгөөр юу бүтээж чадах вэ гэдгийг бас бодолцох ёстой.
Хө­рөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар гад­наас шууд хөрөнгө оруу­лалтууд
ороод ирнэ гэсэн ойлголттой хүмүүс бас байна. Нэг талаас хөрөн­гө оруулалтын хууль
бат­лагдсанаар гадны хөрөн­гө оруулалтууд нэмэгдэх сайн талтай. Гэхдээ хаа­наас
ямар хөрөнгө оруу­лалт орж ирээд, энэ нь Монгол үндэсний аюул­гүй байдалд хэрхэн
нө­лөөлөх вэ гэдэг нь хам­гийн чухал асуудал. Ер нь бид урт хугацаатай зээл авахын
тулд өөрсдийн үндэсний баялаг, үндэс­ний компаниуд­тай байж хэн нэгнээс хамааралгүй
байж чаддагаараа давуу болохоор үүнд тэмүүлдэг. Жижиг улсад хэт их гадаа­дын хөрөнгө
оруулалтын хараат байх юм бол өнөөдрийн Оюут Толгой, Тавантолгойн түүх дахин давтагдах
магадлал өндөр байгаа. Тиймээс бид өөрсдөө зээл авч, өөрсдөө бүтээдэг зарчим руу
хатуу явах ёстой гэдэг дээр зарчмын зөрүүтэй байр суурь байгаа.  

-УИХ-ын чуулган дээр алтны хуулиар завсарлага
авлаа. Алт­ны худалдаанд ил тод байдал бүрдүүлэх ту­хай хуулинд тусгас­наар рояалтийн
тат­варыг  2.5 хувь болгон бууруулж байгаа. Мон­гол Улсад алт тушаас­наар заавал
роялтийг бууруулах шаардлага­тай юу?

-Хэрэв “Оюу Толгой” ХХК Монгол Улсад алтаа тушаахгүй
бол  рояал­тийн хэмжээ өөрчлөг­дөх­гүй. Өөрөөр хэлбэл, Мон­гол Улсад алтаа
тушаах­гүй бол таван хувийн тат­вараа төлнө. Харин Мон­голд алтаа тушаавал роял­ти
2.5 хувь болно гэсэн зарчим юм. Хам­гийн чухал асуудал бол Монголын алт Монгол улсдаа
байж үнэ цэнтэй  байна. АН ч гэсэн ийм байр суурьтай байгаа.

-Р.Амаржаргал ги­шүүний асуудалд хэр­хэн хандаж
байгаа вэ?

-Шуудхан хэлэхэд Р.Амаржаргал гэдэг бол хувь хүн
биш. Монголын төрд олон жил зүтгэсэн үнэ цэнтэй хүн. Зөвхөн АН-ынх ч биш. Тиймээс
бүх зүйлийг олон талаас нь бодох ёстой. Р.Амар­жаргал гэдэг хүн АН-аас нэр дэвшсэн,
АН-ын үнэ цэнэтэй капитал. АН үр­гэлж лидерүүдээрээ бахархаж явдаг байсан. АН-ын
лидерүүдээс хэн нь ч ийм алхам хийж байгаагүй. Хувь хүний хувьд Р.Амаржаргал гишүү­ний
энэ үйлдэлд их харамсч байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

Э.БОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Н.Алтанхуяг: Дундговийн зам говийн бүсэд хөгжил хүргэх болно

Даваа гаригийн өглөө Улаан­баатараас
Дунд­говь аймаг оро­хоор сэт­гүүлч­дийн баг хөдөллөө. Учир нь айм­гийн төв Ман­дал­говь
хотыг Улаан­баа­тар хоттой хатуу ху­чилт­тай замаар холбож дуус­сан тул нээл­тэд
нь орол­цо­хоор явцгааж байгаа минь энэ. Улаанбаатарт утаа­ны улирал хэдийнэ эхэл­сэн
тул Айд­сын даваа дөхөөд л утаа минь баяр­тай болов шүү. Төв айм­гийн баруун талд
3-4 км замыг хатуу хучилтаар хучиж амжаагүй байлаа. Шороон замаар хэсэг оволзоод
хатуу хучилттай замдаа орлоо.

Төв айм­гийн Баянцагаан сумаас цааш
юун өвлийн эхэн сар дундаа орох мана­тай. Халуун намраараа байх чинь. Бид явсаар
шинэхэн тавигдсан то­лий­сон хар зам руу ор­лоо. Хэсэг яваад харин шинэхэн тавьсан
овой­сон замаар явав. Олон компани зам тавьж байгаа тул сайнтай муутай зам тавигдсан
юм болов уу гэж бодлоо. Овойсон за­маар хэсэг дэржигнүүлэн явсаар аятайхан зам руу
ороод авлаа. Төд удалгүй замын хажуугаар хятад ногоон шүүр шүүр барь­сан гурав,
дөрвөн хүн өнөө нээлтээ хийх гэж буй хатуу хучилттай замыг шүүрдэж яваа харагдлаа.
104 км замын нээлт бол­но гэсэн сураг дуулаад байсан тул нэлээдгүй гайхлаа. Арай
ч тэр бүх замыг энэ нөхдүүд шүүр­дээгүй байх.

Замын 225 км-ээс эхлэн бага­хан уул
толгод дайралдаж, өвөр бэлд нь хонь мал тогтуун гэгч налайна. “Урт сайхан намар
болж байна даа” хэмээн бодож явсаар Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд ирлээ. Хатуу
хучилттай шинэхэн замын баруун талд шана­гаа өргөсөн ковш, түрэгч, ачааны том машинуудыг
дундуур нь хүн гарахын аргагүй болтол нь ярайтал зогсоожээ. Харин замын зүүн талд
гурван гэр барьсан байлаа. Түүний хойхон талд ачааны машин зог­соон тайз засч байв.
Нутгийн иргэдээс замын талаарх сэтгэгд­лийг сонсож байтал хар савхин пиджактай ахимаг
насны эр “Баяр­сүх хаана байнаа. Ерөнхий сайд ирэх гэж байхад тайзны энүүгээр нохой
яваад байна. Энэ нохойнуу­дад арга хэмжээ ав” хэмээн хүмүү­сийн дундуур орилж явлаа.
Нутгийн иргэд замын нээлтэд ихээхэн ач холбогдол өгцгөөж байлаа. Монгол гутал, дээл,
ноосон малгай өмссөн залуус энгэртээ тууз зүүгээд замын нээлтдээ оролцохоор иржээ.
Нут­гийн хөгшид харин улстөрчдөө асууцгааж байлаа. “Замын нээл­тээр Ерөнхий сайдынхаа
барааг харах нь” хэмээн хэлж байсан бол нэг өвөө “Тэр сонин, телеви­зийн­хэн байна
уу. Нэг хүний сураг гаргая” гэлээ. Тэрбээр “Манайхан Наранхүү гэдэг хүүг УИХ-д явуул­сан.
Гарсан цагаасаа хойш алга. Ер бараа нь үзэгдсэнгүй. Хааяа зурагт харахаар чуулган
дээрээ ч харагдахгүй юм. Хааяа бид шарга азаргыг нь дурсахаас өөрийг нь дурсах ч
хүн алга. Тойрогтоо бушуу ир гэж хэл” гээд эмгэнээ сугадан үзэгчдийн суудалд суулаа.
Төд удалгүй Ерөнхий сайдын цуваа хөтөл даван ороод ирлээ. Тэднийг ирэхэд лам нар
шинэ замыг арав­найлан ном хурав. Үүний дараа замын нээлтийн ажиллагаа албан ёсоор
эхэллээ. Ингэснээр даваа гаригт Дундговь аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон
хатуу хучилттай авто зам нээлтээ хийснээр Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны төлөвлөгөөнд
туссан зургаан аймгаас гурав нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож
чадсан нь энэ ажээ. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн нийт 300 орчим км замын ажлыг
2009 онд эхлүүлж байсан тухай аймгийн нутгийн удирдлагууд хэлж байсан ба өнөө жил
104 км авто замыг хийж дуус­гажээ. Замын санхүүжилтэд зориу­лан Чингэс бондын хөрөнгөөс
49.2 тэрбум төгрөг гаргасан тухай мэ­дээллийг тайзны ард томоор бич­сэн байлаа.
Уг замыг “Монголын хурдны зам”, “Жэй Кэй Си”, “Мотор сервис” Монголын, “Шинжан Жэн­гун
Житуа” Хятадын дөрвөн компа­ни барьжээ. Замын нээлтэд оролц­сон Засгийн газрын тэргүүн
“Хөг­жил бидний хажуугаар өнгөрч байна гэж ярьдаг байсан Дунд­говьчууд өнөөдрөөс
авто замын сүлжээний гол бүсүүдийн нэг бол­лоо. Улаанбаатар-Өмнөговийг холбосон
их замын дунд орших Дундговь аймгийн энэ зам говийн бүсэд хөгжил тээн хүргэх болно.
Энэ замаар Оюутолгой, Тавантол­гойн их бүтээн байгуулалтын тээвэр хийгдэж, олон
том ажлыг урагш­луулна. Бүтээн байгуулалт, хөгж­лийн үр шим Дундговьчуудын хаал­гаар
орж, иргэдийн маань амьжир­гаанд дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэж шинэ замыг
улсын комисст хүлээн авах ажиллагаанд оролцох үеэрээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн
юм. Түүнчлэн дээр дурдсан овойсон замыг хэзээ янзлах вэ хэмээн Ерөнхий сайд “Жэй
Кэй Си” ХХК-ийн захирлаас асуухад “Ирэх хавар янзалж дуус­гана” гэсэн амлалтыг иргэдийнх
нь өмнө авсан юм. Шинэ замтай болох сайхан байлгүй яахав. Үүнийг цаашид арчилж хамгаална
гэдэг төвөгтэй гэдгийг дор бүрнээ мэдэж байгаа байлгүй. Ийнхүү өнгөрөгч зун 90 жилийнхээ
ойг тэмдэглэсэн Дэлгэрцогт сумын 1500 иргэн хатуу хучилттай замаар холбогдсонд сэтгэл
өндөр байгаагаа хэлж байлаа. Өмнө нь шороон замаар өдрийн хагас явж нийслэлийнхээ
барааг хардаг байсан цаг түүх боллоо хэмээн шагшицгаана. Алтан шар замаа цагаан
сүүгээр мялааснаар замын нээлтийн ажил­лагаа өндөрлөсөн. Түүний дараа Ерөнхий сайд
аймгийн төв орж бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцлоо. Бизнес эрхлэгчид Дунд­говь
аймагт эрхэлж болох бизне­сийн санаанууд Ерөнхий сайдад хэлж, тулгамдаж буй асуудлуудаа
газар дээр нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байлаа. Гурилан бүтээг­дэхүүн хэрэглэгчид гурилын
үнэ өсөж буйд бухимдаж байгаа илэр­хийлсэн бол бусад салбарын биз­нес эрхлэгчид
өөрсдийн бизнесийг цаашид хөгжүүлэхэд төрийн бод­лого чухал байгааг дурдлаа. Дунд­говь
аймгийн хувьд ихээр тулгам­даж буй асуудал нь ажлын байр болоод байгаа талаар бизнесийн­хэн
хэлж байлаа. Ажил хийх сонир­холтой иргэд олон байгаа ч нөөц боломждоо тааруулан
ажиллах хүч авч байна. Бараа бүтээг­дэхүү­ний үнэ өссөөр байгаа тул цаашид ажиллах
хүч, цалин нэмэх нь хүнд­рэлтэй байгааг хэлцгээлээ. Тус аймаг сурагчийн дүрэмт хувцсыг
өөрсдөө хийж, гүйцэтгэж байгаа юм байна. Өөрсдийн аймгийн сурагч­дын дүрэмт хувцсыг
аймгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжих зорил­гоор дотооддоо үйлдвэрлэж бай­гаад бизнес
эрхлэгчид сайшаалтай байгаа гэлээ. Тус аймагт гурилын үнэ өсч байгаа талаар бизнес
эрхлэгчид хэлж байсан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх, гурилын үнийг тогтворжуулах
хөтөлбөрийн хүрээнд хэлэлцээр хийж байгаа аж. “Их газрын чулуу” ХХК-ийн захирал
Долсмаа “Манай компани 11 дэх жилдээ оёдлын бизнес эрхэлж байгаа. Хөнгөн үйлдвэрийн
салбар сүүлийн хэдэн жил уналтад орсон байсан. Энэ салбарт эмэгтэй хүмүүс ажилладаг,
өрх толгойлсон эмэгтэйчүүд ихээр ажилладаг онц­логтой. Засгийн газраа сурагчийн
дүрэмт хувцсыг эх орондоо үйлд­вэрлэж байгаа нь маш том боломж юм. Гэвч сурагчийн
дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд зөв зохицуулалт хэрэгтэй байна. Сурагчийн дүрэмт хувцас
үйлдвэрлэлийн туслан гүйцэтгэгч компаниуд нэг өмдийг 2000 төгрөгөөр оёдог. Гэтэл
манай компанийн хувьд 53 ажилчинтай учраас ажилчдын цалин болон бусад зардлаа авах
боломжгүй байдаг. Тиймээс энэ асуудалд анхаарч, зөв зохицуулалт хэрэгтэй байна”
гэдгээ Ерөнхий сайдад уламжилсан. Ерөнхий сайд харьяа яамдын төрийн нарийн бичгийн
дарга, дэд сайд, газрын дарга нар томилолтын багт явсан тул асууд­лыг газар дээр
нь шийдвэрлэх, шийдвэрлэх арга замын талаар бизнес эрхлэгчидтэй санал солилц­лоо.
Уулзалтын дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Аймгийн хэмжээнд 400 айлын “Залуус” хороолол, “Түмний” хороолол нь 400 айлын орон
сууц барихаар төлөвлөжээ. Эндээс 80 айлын орон сууц ашиглалтад орсон хэмээн аймгийн
Засаг дарга С.Сүхбаатар танилцуулсан. Мөн 200 айлын хаус хороолол барих газрыг нь
бүрэн шийджээ. Нутгийн иргэдийн 25 хувь нь орон сууцанд байгаа нь бага үзүүлэлт
гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ. Аймгийн төв дөрвөн сургуультай бөгөөд ирэх
жил нэг сургууль шинээр ашиглалтад орох аж. Дундговь аймагт мянгаас дээш малтай
иргэд орон сууц ихээр сонирхож байгаа гэлээ. Нутгийн малчин иргэд ч үүнийгээ илэр­хийлж
байсан. Сүүлийн үед айм­гийн төвийг зүлэгжүүлж, мод тари­хад ихээхэн анхаарал хандуулж
хөрөнгө гаргаж байгаа юм билээ. Говийн аймаг гэхээр үргэлж элс төсөөлөгддөг тэр
цагийг халах нь зөв гэцгээв. Ерөнхий сайд “Түм­ний”, “Залуус”, “Хаус” хороолол гэсэн
нэрийг өөрчлөх нь зүйтэйг сануулав. Хятадын “Шинжан Жэн­гун Житуа” компани Улаанбаа­тараас
Мандалговь хүртэлх 32 км замыг хийсэн бол аймгийн төвийн замыг мөн хийжээ. Монголчууд
цаашид зам тавьж сурахгүй бол бидний хөрөнгө гадагшаа урсаад байна хэмээн иргэд
хэлж байсан юм.

Үүний дараа аймгийн аймгийн Засаг
даргын тамгын газрын хур­лын танхимд аймгийн удирдлага, дэд сайдууд, алба, хэлтсийн
дарга нартай суун иргэдтэй цахим хурал хийлээ. Хурлын эхэнд Ерөн­хий сайд Шинэчлэлийн
Засгийн газ­раас хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч дурдсан юм. Хүнд­рэлтэй асуудал
гарвал “11 11 Төв”-д хандаж болно. Дундговь аймгаас ийм иргэд тийм асуудлаар манай
утсанд хандсан байна. Аймгийн Засаг даргатай холбоотой ийм асуудлууд иржээ хэмээн
нүүрэн дээр нь улалзтал хэлээд авлаа. Иргэд тулгамждаж буй асууд­луу­даа нээлттэйгээр
асууж, харьяа газрынхан нь цаашид хэрхэн ан­хаарч ажиллах талаар нээлттэй ярилцлаа.
Ерөнхий сайдтай биеч­лэн уулзах гэсэн нутгийн иргэд Засаг даргын тамгын газрын үүдэнд
цугласан билээ. Энэ үеэр цахим хурал болж байсан тул тэд захиргааныхаа үүдэнд Ерөнхий
сайд болон албаны хүмүүс юу ярьж байгааг сонирхон зарим нь асуух зүйлээ хэлмээр
байна, нэгж байна уу хэмээн дэргэдэх хүнээсээ асууж байсан юм. Цахим хурлыг аймгийн
төвийн “Цоглог” телевиз шууд дамжуулж иргэдээс асуултуудыг хүлээн авч байлаа. Иргэдээс
ирсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтан­хуяг, яам, тамгын газрын удирд­лагууд болон
аймгийн Засаг дарга С.Сүхбаатар бусад албаны хүмүүс хариулт өглөө. Ингэснээр Ерөнхий
сайд Н.Алтанхуягийн Дундговь аймаг дахь албан томилолт өндөр­лөсөн юм.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

М.Найданхүү: Нийгэм хүлээж авахааргүй нэр хүнд муутай хүмүүс намын даргаар сонгогдчихлоо

МАН-ын “Шинэ хүч” хөдөлгөөнийг
үүсгэн байгуулагч, Норвегийн Амьдралын шинжлэх ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний
ажилтан, Хөгжлийн бод­лого судлаач М.Най­данхүүтэй ярилцлаа.

-Таны хувьд МАН-ын XXVII Их хуралд
орол­цохоор Норвеги улсаас ирсэн. МАН хэр шинэч­лэгдэв?

-Миний хувьд намын­хаа гурав дахь
Их хуралд сая оролцлоо. Гурван удаа Их хуралдаа орол­цохоор өөрийн зардлаар Норвегиэс
ирсэн. Гэхдээ эдгээр хурлуудад урил­гаар оролцсон юм. Энэ удаагийн Их хурлын шийд­вэрт
сэтгэл гонсгор буцаж байгаагаа нуугаад яахав.

-Яг юунд нь сэтгэл дундуур байгаа
юм бэ?

-Бид Их хурлын өмнө шинэтгэлийн, түүхэн
хурал болно хэмээн хэлж байсан. Гэтэл сая болсон Их хурлаараа хуучин удирд­лагуудаа
сонголоо. Шулуухан хэлэхэд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчтэй адилхан
боллоо гэж дүгнэж байна. Яагаад ингэж хэлэв гэхээр манай намын нэр хүндэд муугаар
нөлөөл­дөг хүмүүс удирдлагад гарсанд үнэхээр сэтгэл гонсгор байна даа.

-МАН лидергүй бол­жээ гэдгийг батлаад
бай­гаа юм биш үү?

-Энэ байдлаас хара­хад тийм дүгнэлт
хийж болохоор харагдаж бай­гаа юм. Миний бодлоор намын олон мянган ги­шүүд дотор
МАН-ыг ард түмэнд ээлтэй, зөв жолоо­доод явах боловсон хү­чин хангалттай байна.
Харамсалтай нь тийм бо­ломжийг нь үргэлж хааж байдаг.

-Заалнаас нэр дэв­шиж орох боломж
бай­саар байтал яагаад нэрээ татсан юм бэ?

-Заалнаас нэр дэв­шиж байгаа үед Бага
ху­ралд гишүүн боломж бага байдаг. Өөр нэг шалтгаан байсан нь энэ удирдла­гууд­тай
хамтарч ажиллаж чадахгүй гэсэн байр суурь­тай байлаа. Манай намын шинэ генсек Ж.Мөнхбат
гэж нөхөр зун долдугаар сараас гэнэт намын шинэчлэл яриад эхэлсэн. Үүнийг нь би
эсэргүүцэн намын гишүү­дэд хандсан ил захидал илгээсэн. Намын дар­га Ө.Энхтүвшин,
генсек Г.Занданшатар нарт ха­риуцлага тооцно гэж бай­сан. Гэтэл хамт ажиллаж байсан
Ж.Мөнхбат тэр­гүүтэй нарийн бичгийн дарга нар ч хариуцлагыг үүрэлцэх ёстой. Тэд
нэг баг болон ажиллаж байс­наа мартсан юм шиг бай­на лээ. Би энэ Их хурлаас дараагийн
Их хурал хүр­тэл намынхаа хамгийн том сөрөг хүчин байх бол­но. Сөрөг хүчин байна
гэдэг нь намаа ча­нар­жуулах, бялдаржуулах зорилготой. Түүнээс биш надад албан тушаал
олд­сонгүй хэмээн гомдолло­сон зүйл байхгүй. 

-Намынхаа тогтвор­жилтын талаар
ямар үг хэлэх гэж байсан юм бэ?

-Бид намын төлөв­шилт, тогтворжилт,
төгөл­дөржилтийн тухай л ярих ёстой. Намын тогтвор­жилт гэдэг нь намын дар­гатай
шууд холбоотой. Сонгуулиас болж жил гаруй хугацааг үдсэн намын удирдлагуудаа солих
шаардлага байгаа юм уу, үнэхээр солих шаардлагатай бол ба­гаар нь огцруулах хэрэг­тэй
гэдгийг хэлэх гэж бай­сан юм. Намайг эсэргүүц­сэн өөр нэг шалтгаан нь Их хурлын
хоёр дахь өдөр үг хэлэхдээ манай намын ялагдлын гол шалт­гаан нь нийслэлийн дүүргүүдэд
байна гэсэн юм. Бодит байдал үнэ­хээр ч тийм байгаа. Нийс­лэлд намын рейтинг
40-42 хувьтай байна. Хэд хэдэн удаагийн УИХ, Ерөн­­хийлөгчийн сон­гуульд манай нам
нийс­лэлд ялагдал хүлээсэн. Ингэж хэлснийхээ төлөө зарим хүмүүсийн дургүйг хүргэсэн
ч зарим хү­мүү­сийнх нь талар­хлыг хү­лээж чадсан. Дур­гүй нь хүрсэн хүмүүс намайг
өөр хүн нэр дэв­шүүлэх нь гэж бодсон уу нэр дэвшүүлэх хурал­даан дээр үг хэлэх болол­цоог
хаасан.

-Намын шинэ удирд­лагууддаа яг
ямар өнц­гөөс та хандаж байгаа вэ. Эдгээр хүмүүс өмнө нь намдаа нэлээд хэ­дэн жил
болчихсон нам­даа нөлөөллөө бий бол­гочихсон хүмүүс шүү дээ?

-Намд болон намын удирдлагад олон
жил бол­сон хүмүүс ээлж дараа­лан намын дарга болж буй явц ажиглагдаж байна. М.Энхболд
дарга XXV Их хурлаас намын даргын ажлаа өгч байсан юм. Гэтэл сая дахин га­раад ирлээ.
Ж.Мөнх­батын хувьд нарийн бич­гийн даргаар нэлээд хэдэн жил ажилла­чих­сан. Нийгэм
хүлээж ава­хад нэлээд нэр хүнд муу­тай хүмүүс сонгогдчих­лоо.

-МАН-ын төлөө­лөг­чид мэдэхгүйдээ
энэ хүмүүсийг сонгочихов уу?

-Их хурлын төлөө­лөгч­дийг сонгох
анхан шатны сонгуулиуд нь хуй­валдааны байдалтай болдог юм уу даа. Тө­лөөлөгчид
хүртэл гэнэн юм даа. Нэр дэвшсэн хүнийг сонгох ёстой гээд л сонгочихдог. Өөр нэг
зүйл нь намын даргад нэр дэвшин өрсөлдөх бо­ломж­той Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар
нэрээ тат­чихаж байгаа юм. Тий­мээс М.Энхболд гарцаа­гүй гараад ирэх боломж нээлттэй
болчихож бай­гаа хэрэг.

-Их хурлаас өмнө намын даргад өрсөл­дөнө
хэмээн нэр нь яриг­даж байсан хүмүүс нэрээ татсан. Энэ нь ямар шалтгаантай бай­сан
юм бэ?

-Би үүнд шүүмжлэл­тэй хандаж байгаа.
М.Энх­болд даргын ар гэрт тохиолдсон эмгэ­нэлийг хуваалцаж байгаа нэг хэлбэр. Нөгөө
талаас намын болон ард түмний эрх ашиг хамгийн тү­рүүнд тавигдах ёстой. Намын даргад
нэр дэвш­сэн хүмүүс хулчгар байна. Үүнээсээ болоод л нэрээ татсан хэрэг. Хэрэв тэгж
л нэрээ татах байсан юм бол үүнийгээ эрт хэлж байх нь зүйтэй. Эртхэн хэлчихсэн бол
магадгүй би намын даргад нэрээ дэвшүүлэх байсан. Га­даа­даас урилгаар орол­цож байгаа
хүмүүст үг хэлэх эрх нээгддэггүй гэд­гийг энэ Их хурлаас мэд­лээ.

-Энэ удаагийн Их ху­рал түүхэн
хурал болж чадсангүй гэдэгтэй санал нийлэх үү?

-Мэдээж түүхэн хурал болж чадаагүй.

-Их хурлын гол алдаа юундаа байсан
бэ. Их хурлаас өмнө энэ хүн намын дарга, ген­сек болно хэмээн ярьж байсан нь биелэлээ
ол­лоо?

-Би намдаа сэтгэлтэй, зүтгэлтэй, итгэлтэй
бай­даг. Хэзээ нэгэн цагт ма­гадгүй ирэх Их хурлаар иймэрхүү хуйвалдааны шинж чанартай
зүйлс цэгцрэх байх хэмээн бо­дож байна. Намын төлөө­­лөгчдийг сонгох тал дээр алдаа
бий. Зарим хүмүүст намын Их хуралд ирэх, Бага хуралд сонгог­дох нь хувь хүний ганга­рааны
асуудал болсон нь харагдсан. Их хуралд төлөөлөгчөөр орж ирчи­хээд үг хэлэхгүй, санал
хэлэхгүй тэгсэн хэрнээ Бага хуралд хуйлрал­даад гүйлдчих юм. Гэтэл шударга байсныхаа
төлөө, үгээ хэлснийхээ төлөө зарим хүмүүс нь Бага хурлын гадаа үлд­чих­дэг нь харамсалтай
санагдлаа. Үүнийг яагаад хэлэв гэхээр бид гадаа­даас гурвуулаа ирсэн. Нэгэнд маань
мандат өгөөд, Шведээс ирсэн залуу бид хоёрт үг хэлэх эрхтэй урилга өгч байна гээд
хуурчихаж байгаа юм.

-Их хурал өндөрлөс­ний дараа та
намынхаа ирээдүйг хэрхэн тө­сөөлж байна вэ?

-Эдгээр хүмүүст дүн тавих хамгийн
том шал­гуур нь 2016 оны УИХ-ын сонгууль. Хэрэв сон­гуульд ялагдвал мар­гааш­наас
нь шинэ зо­хион байгуулалтаар тэм­цэх болно.

-МАН Их хурлынхаа өмнө хөгжлийн
бод­ло­гоо боловсруулахын тулд судлаач, эрдэмт­дийн дунд уралдаан зарлахад нь та
түрүүл­сэн. Таны боловсруул­сан хөтөлбөрөөс хөгж­лийн бодлогод тусгагд­сан уу?

-Миний Их хуралд ач холбогдол өгч
ирсэн гол асуудал нь хөгжлийн бод­лого тодорхойлох бай­сан. Үүн дээрээс л намын
төлөвшилт, төгөлдөржилт гэдэг нь гарч ирэх ёстой. Намаас зарласан урал­даанд “Алтан
дунджийн нийгмийг бүтээн бай­гуулъя” гэсэн хөтөлбө­рөөр оролцон тэргүүн байрт шалгарсан.
Шаг­нал болгож өгсөн мөнгийг нь намдаа цаашид нь амжилт хүсээд өгье гэсэн бодолтой
байгаа. Бид хөгжлийн бодлогодоо л анхаарал хандуулах хэ­рэг­тэй. Эх орноо Скан­диновын
орнууд шиг хөг­жүүлье.

-Их хурлын өмнө дарга, цэргийн
суудлын төлөөх хор найрагдаж байна хэмээн яригдаж байсан. Танд мэдрэгд­сэн үү?

-Надтай тэр талаар яриа хөөрөө хийсэн
хүн байхгүй. Харин орон нут­гаас ирсэн болон нийс­лэлээс оролцсон хүмүү­сийн бодлогод
тусгагдсан байж магадгүй гэдэг нь сонголт хийж байгаагаас нь анзаарагдсан. Их хур­лын
дүнг харахад хур­лаас өмнө хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр яриг­даж байсан хүмүүс
намын удирдлагад га­раад ирлээ. Үүнээс хара­хад тиймэрхүү зүй бус зүйлс явагддаг
юм шиг байгаа юм. Үүнийг бид нуулгүй хэлж байх ёстой.

-Та намын Бага хур­лын гишүүдийг
сонгох хэлбэрт ямар бодолтой байгаа вэ?

-Намын Бага хурлын гишүүнийг сонгохын
тулд дээрээс нэр оруулж ирдэг. Тэр нь цаанаасаа захиалагдсан тул төлөө­лөгчид түүнийг
нь дугуй­лаад гаргах үүрэгтэй. Өнөө­­дөр энэ өрсөл­дөөнийг нээлттэй болгоё. Заалнаас
нэр дэвшүүл­дэг асуудлыг болих хэрэг­тэй. Эхний ээлжинд нэр дэвших сонирхолтой бүх
хүмүүсийг бүртгээд түү­нийгээ аймаг, дүүргээр нь хуваасны дараа квотынх нь дагуу
өрсөлдөөн явуул­сан нь дээр юм шиг. Намын Бага хурлын гишүүд 310 байгаа нь учир
дутагдалтай. Харин Бага хурлын гишүүдийн тоог нэмж өрсөлдөөнийг бий болгох нь чухал.
Бага хурлаас УИХ-д нэр дэв­ших хүмүүс тодордог. 300 хүнээс сонгогдох 500 хүнээс
сонгогдох хоёрын хооронд ялгаа бий. Бага хурлын гишүүдийн тоог 600 болгон улиралдаа
нэг сая төгрөг төлж чадах хүмүүсийг оруулах хэрэг­тэй. Эндээс орж ирсэн мөнгөөр
намынхаа ан­хан шатны үүрүүдийг сан­хүүжүүлье. Энэ хэм­жээний мөнгө төлөх чад­вартай
Бага хурлын гишүүн болох хүсэлтэй хүмүүс их байна. Их хурал болон Бага хуралд төлөөлөгч
болох, намын Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлэх байдал үнэн­дээ хаагдмал байгааг хэлэх
нь зүйтэй.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Х.Болорчулуун: Яагаад нэг аймгаас сонгогдсон гишүүд тэмцэлдэгч байх ёстой юм

УИХ-ын
гишүүн Х.Бо­лорчулуунтай ярилц­лаа.

-Саяхан
Н.Номтой­баяр гишүүн мэдээлэл хийсэн. Уг мэдэгдэлдээ УИХ-ын гурван гишүүн, Засгийн
газрын нэг ги­шүүн “Мунзуй” Нямдор­жийн ард байгаа гэж байсан. Тэр гурван ги­шүүний
нэг нь таныг байх гэж ярьцгааж байна?

-Н.Номтойбаярын
мэ­дэгдэл хийж байгааг хар­сан. Уг хэргийн цаана УИХ-ын гишүүд байгаа гэдэг юу л
бол доо. Ном­тойбаяр гишүүний уг асуу­далд би холбогдол­гүй ээ. Хүмүүс Н.Номтой­баяр
гишүүн бид хоёрыг Дорнод аймагт нэг тойрогт өрсөлдөн УИХ-ын ги­шүүн болсон болохоор
тэгж санагдаж байгаа юм болов уу. Бид УИХ-ын сонгуулийн үеэр шударга, хар хоргүй
өр­сөлдсөн хүмүүс. Тиймээс ямар нэ­гэн асуудалд нэр холбог­дох шаардлага байхгүй.

-Н.Номтойбаяр
ги­шүүн та хоёр одоо ямар харьцаатай байдаг вэ?

-Бидний
хувьд УИХ-ын сонгуулийн өмнө, түү­нээс хойш ч жирийн харь­цаатай байгаа. Түүнээс
зарим нэг хүмүүсийн бо­дож байгаа шиг муу харь­цаа байхгүй ээ. Бид энгийн, зөв харьцаатай
хэвээр байгаа гэдгийг хэлмээр байна. Манайх­ны дунд нэг сонин зүйл анзаарагддаг
юм.

-Тэр
нь юу гэж?

-Нэг аймгаас
сонгогд­сон хүмүүсийг өрсөлдөгч мэтээр хардаг явдал юм. “Яагаад нэг аймгаас сон­гогдсон
хүмүүс хоорон­доо өрсөлдөгч тэмцэл­дэгч байх ёстой гэж” гэд­гийг буруу ойлголттой
яваа хүмүүсээс асуумаар санагддаг. Иргэдийнхээ сайн сайхны төлөө ажил­лана гэж амлалт
өгч гарч ирсэн хүмүүс сонгогдсон тойрогтоо ажил хийхгүй бие биенээ хэмлээд суу­на
гэдэг байж болохгүй зүйл гэж боддог юм.

-Та
бизнес эрхэлдэг байж байгаад улс төрд орж ирсэн хүн. Сүүлийн үед улс төрд бизнес­мэнүүд
ихээр орж ирс­нээр улс төр утгаа ал­даж байна гэж ярьцгаах болж. Үүн дээр та ямар
байр суурьтай байдаг вэ?

-Энэ үгийг
ямар хүмүүс хэлдэг вэ гэхээр амьд­ралдаа материаллаг баялаг бүтээж үзээгүй цагаан
гартнууд, цагаан захтнууд л хэлдэг байх. Бидний ардчиллын заг­вар болгох дуртай
Аме­рикт гэхэд сенатын ги­шүүд нь голдуу өөрийн хувийн амьдралаа цэг­цэл­чихсэн,
улс орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй хөрөнгөтөн, бизнес­мэнүүд л байдаг. Улс төрд
шударга хөдөл­мө­рөөрөө материал баялаг бүтээж нийгэмд танигдан, ард түмнийхээ захиал­гаар
орж ирсэн бизнес­мэн байхад заль мэх луйв­раар хөрөнгөжсөн олон түмнийг хуурах,
мөн­гөөр түрэх замаар сон­гогдсон хүмүүс ч мэр сэр байна. Улстөрчид ч дот­роо мөн
хоёр янз байдаг гэж боддог юм.

-Таныхаар
улс төр­чид дотроо ямар хоёр янз байдаг юм бэ?

-Анхнаасаа
амьдра­лын зам нь төрөөр явсан шударга нэгэн байхад нам, улс төрөөр олон жил дагнан
баялаг бүтээхгүй мөртлөө буруу гараар хэмжээгүй баяжсан улс төрчид байна. Үүнийг
би хувьдаа хуурамч улс төрчид гэж боддог. Ийм хүмүүс бэртэгчин байдаг бөгөөд ард
иргэд, эх орны язгуур эрх ашгаас өмнө хувийнхаа эрх ашгийг ямагт урьтал болгодог.
Тэдний балгийг улс орон, ард иргэд маань хангалт­тай амслаа гэж бодогддог юм.

-Өнгөрөгч
оны төс­вийн тодотголыг саяхан баталсан. Төсвийн хө­рөнгө оруулалтаар хийг­дэх ажил
ихээхэн тасарсан гээд байгаа. Үүн дээр ямар бодол­той байгаа вэ?

-Татварын
орлогын төлөвлөгөө нэг их наяд гаруйгаар тасарч, хөрөн­гө оруулалтын гүйцэтгэл хүйтний
ам наашилчих­сан энэ үед тавин хувьдаа ч хүрээгүй байгаа нь шүүмж­лэлийн бай болж
байна. Мэдээж энэ нь Засгийн газрын ажлын зохион байгуулалт, цаг хугацаатай уралдаж
амжуулах ажлын хурд зэрэг зүйлүүдээс шалт­гаалж байгаа нь дамжиг­гүй. Түүнээс гадна
нэгдсэн төсвийн тухай хууль төс­вийн байгууллагын удирд­лага санхүүжил­тийн хууль
зэрэг нь зах зээлийн нөхцөлд зөв голдиролоор явах хөгж­лийн урсгалыг боогдуулж байна.
Манай улс зах зээл ардчиллын замыг сонгосон мөртлөө нийт мөнгөн урсгалын 45 ху­вийг
эзэлж байгаа төсөв нь босоо удирдлагатай, хуучин нийгмээсээ бүрэн салаагүй байна.
Өөрөөр хэлбэл төвлөрсөн төсөв­тэй төлөвлөгөөт эдийн засгийн систем үйлчил­сэн хэвээр
байгаа санагд­даг.

-Одоо
төсөв дээр юу нь буруу болоод байгаа вэ?

-Төвлөрсөн
төсөвтэй төлөвлөгөөт эдийн зас­гийн систем үйлчилсэн хэвээр байгаа тул татвар мөнгийг
дээш нь татаж аваад дахин хуваари­лалт төвдөө буюу яам дээр хийгдэж байна. Энэ нь
аймаг, дүүрэг, сумдад оновчтой хуваарилалт болж өгдөггүй. Тиймдээ сургуулийн дотуур
байр­гүй суманд их засвар гээд тавигдчихсан, Өвөрхан­гайд дуусчихсан барил­гад дахин
мөнгө хуваа­рилчихсан, нэг гол дээр баригдах хоёр гүүр нэг тэрбум гаруй төгрөгөөр
зөрүүтэй байх зэрэг зүй бус зүйлс олон гарч бай­гааг хүмүүс мэдэж байгаа байх.

-Тухайн
аймгаас сон­гогдсон гишүүд нь нутаг орондоо хөрөнгө оруу­лалт татах гэж тэгж байгаа
юм биш үү?

-Аймаг,
сум ч УИХ-ын гишүүд нь ч тойрогтоо ихээхэн хэмжээний хө­рөн­гө оруулалт оруула­хыг
хичээхээс биш дараа­гийнх нь үр ашиг, нийгэмд хүртээмжтэй байдал, түү­ний хяналт
зэрэг байхгүй болж дээ. Өөрөөр хэлбэл улсын өмч эзэн хоёр анхан шатандаа холдож
хүйтэн хөндий болсон. Иймдээ ч аймаг сумд бие даан өрсөлдөн уралдаж, цэцэглэн хөгжих
боломж муу учраас орон нутгаас нийслэл рүү чиглэх их нүүдэл үргэлжилсээр бай­на.
Үүнийг л даруй шийдэх хэрэгтэй.

-Та
газрын тосны хуу­лийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж бай­гаа. Энэ хууль ши­нэч­лэгдэн
гарснаар ямар өөрчлөлт үр дүн гарах вэ?

-Манай
орон 1991 онд баталсан Газрын тос­ны тухай хууль нэртэй 13 зүйл бүхий маш товч­хон
хуультай улс. Энэ нь улс орон болоод хөрөнгө оруулагчдын өнөөдрийн эрх зүйн харьцааг
бүрэн зохицуулж чадахгүй бай­гаа. Газрын тосны хууль шинэчлэгдэн гарснаар Монгол
Улс, хөрөнгө оруу­­лагчид харилцан ашиг­тай байх нөхцөл бүрэл­дэхээс гадна орон
нутагт газрын тосны орло­гоос үлдэх өгөөж нэмэгдэнэ. Газрын тосны үйл ажиллагаа
нь газрыг ухаж эргүүлэхгүй ч гэсэн маш их өргөн уудам нутаг эзлэн үйл ажиллагаа
явуул­даг. Энэ нь байгаль орчин болоод тэнд амь­дарч буй ард иргэд, мал амьтны амьдралын
нөх­цөл хэв байдалд сөргөөр нөлөөлдөг.

-Яг
энэ байдал Дор­нод аймагт болоод бай­сан байх аа?

-Сүүлийн
ганц жишээ хэлэхэд Дорнод аймгийн­хан Петрочайна дачин тамсаг компанийг бай­галь
орчинд бохирдол үүсгэж хор хохирол уч­руулсных нь төлөө бараг гурван жил, гурван
шатны шүүхээр заргалдан явсан. Үүний хүчинд 1.3 тэрбум төгрөгийг авч чадсан юм.
Газрын тосны тухай хууль чамбай сайн гарснаар үйл ажиллагааны эцэст хор хохирол,
маргаан гарах явдлаас сэргийлэх хууль зүйн орчин нөхцөл үүснэ. Тэрчлэн Дорнод аймгийн
нутгаас гэхэд өдөртөө 1000 гаруй тонн түүхий тос экспортод гар­гадаг мөртлөө
2012 онд ердөө 90-хэн сая төгрөг усны төлбөрөөс орон нутгийн төсөвт орсон гээд бод
доо. Үнэхээр харам­саар санаддаг юм. Харин хууль шинэчлэгдсэнээр гадныхан өрөм тосыг
нь аваад орон нутагт хусам нь үлддэг байдал арилна. 

-АН,
МАН, Шударга ёсны эвсэл гээд олон хүнтэй томоохон бүл­гүүд парламентад ажил­­­лаж
байна. Бие дааг­­чид хууль батлах, асуудлыг шийдэхэд хү­чин мөхөсдөж байна уу?

-Өмнөх
парламентыг бодвол бие даагчид ган­цаардаад байх асуудал байхгүй гэхэд болно. Парламентад
байгаа бие даагч гурван гишүүн “Бие даагчдын зөвлөл” байгуулан ажиллаж байна. УИХ-ын
даргын бодло­гын зөвлөлд, бүл­гүүдийн дарга нартай адил зөвлөлийн ахлагч албан ёсоор
орж ажил­ладаг. Бид УИХ-д намыг бус жирийн иргэдийг тө­лөөлж ажиллаж байна. Тиймээс
бие даагчдын зөвлөл “Монгол хүний төлөө” гэсэн уриатайгаар долоо хоногийн даваа
гариг бүр тухайн долоо хоногт Улсын Их Хурал, байнгын хороо, ажлын хэсэгт хэлэлцэгдэх
хуу­лийн төсөлд ямар байр суурь чиглэл баримталж ажиллахаа албан ёсоор хэвлэл мэдээллийнхнээр
дамжуулан иргэд, олон түмэндээ мэдээлж бай­гаа. Мөн цахим хэрэгс­лээр дамжуулан
батлаг­дан гарах хуулиудын тө­сөлд иргэдийн санал, бодлыг хүлээн авч тусган, оролцоог
нь нэмэгдүүлэ­хээр болсон.

-Бие
даагчдын давуу тал юу вэ. Намын харьяалалтай гишүүд бүлгийн нэгдсэн байр сууринаас
асуудалд хандахгүй бол хэцүү мэт санагддаг л даа?

-Бие даагчдын
хам­гийн гол онцлог, өвөрмөц давуу чанар бол намын хатуу хайрцганд бариг­дан амаа
үдүүлж, хэлэх гэснээ хэлж чадахгүй байх зовлон үгүй юм даа. 

-МАН-ын
Их хуал өндөрлөлөө. Уг намын хурлын талаар та ямар бодолтой байгаа бол?

-МАН-ын
Их хурал урь­дын адил олон хүн­тэй, зардал чирэгдэл их­тэй л болчих шиг. Намын даргынх
нь илтгэл ч гэсэн сонины хэдэн нүүрийг эзэлсэн өмнөх 17, 18 дугаар Их хурлын үеийг
л санагдуулж байна. Хам­гийн олон гишүүдтэй МАН шинэчлэгдвэл Мон­гол Улсад л хэрэгтэй.
Ха­рин сайн шинэчлэгдэнэ гэдэгт жаахан итгэл муу­тай байгаагаа нуугаад яахав. Аливаа
нам, ком­пани тэр бүү хэл өрх гэр ч гэсэн гэрийн эзэн, нэг номерийн хүнээсээ гол­лон
шалтгаалж амьдрал, ажил үйлс, ирээдүй нь тэгширдэг жамтай. Би энэ том намуудын дарга
нар болох хүн улс орны эрх ашгийн төлөө өөрийн хувийн эрх ашиг, амьд­ралаа зольж,
зориулж чадах хүн болоосой гэж хүсдэг. Цаашид ч ингэж бодсоор яваад дуусах биз.
Миний сэтгэлд нэг үзэл баримтлал байдаг л даа.

-Үүнийгээ
та ху­ваал­цахгүй юу

-С.Зориг
агсны хэл­сэнч­лэн эрх ашгийн эрэмбийн хувьд эхлээд улс орны дараа нь намын, бүлгийн,
хувийн гэсэн дараалалтай байх ёстой гэсэн үзэл баримт­лалыг би дотроо бодож явдаг.
С.Зориг гэдэг хүн аргагүй ухаантай, жинхэ­нэ улстөрчийн сэтгэлийн үг, сургаал гэж
бодогд­дог юм.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Мөнхбат: Би итгэл үнэмшлийнхээ төлөө тууштай зогсоно

МАН-ын нарийн бич­гийн дарга Ж.Мөнх­бат­тай ярилцлаа.

-Яриагаа таны Э.Бат-Үүл даргад бич­сэн ил захидлаас
эх­лэх үү. Яагаад ийм за­хиа бичих болов. С.Эр­дэнээ гуайн Н.Энхбаярт бичсэн шиг
хийцтэй юм билээ?

-Би Э.Бат-Үүл гэдэг хүнийг Монголын шилдэг сэхээтний
удам угсаа, ардчиллын дүр төрх гэж ойлгож хүндэтгэдэг бай­сан юм. Харамсалтай нь
хотын дарга болсноосоо хойш хийж буй үйлдлүү­дээрээ нөгөө их яриад байдаг ардчиллынхаа
үнэ цэнийг үгүйсгээд бай­гаа болохоор сэтгэл дун­дуурхан байдаг болсон. Хотын газар,
барилгын тендерийг төрсөн хүү­гийн­хээ ком­панид өрсөл­дөөнгүйгээр олгосон жи­шээг
хүн бүхэн мэдэж байгаа. Монголын мун­даг том зохиолчийн гэрт төрж, соёл урлагийн
үнэ цэнийг мэдэрч өссөн ат­лаа соёлын өв, урлагийн бүтээл, уран бүтээлчийн сэтгэлгээний
эрх чөлөө рүү эрээ цээргүй халдаж байгааг нь хараад урам хугарсан. Д.Нацагдор­жийн
ч байна уу, Д.Сүх­баатарын ч байна уу хө­шөө дурсгал гэдэг өөрөө урлагийн бүтээл.
Нөгөө талаасаа тухайн цаг үеийн­хээ үнэ цэн болж үлдсэн байдаг. Юм л бол буулгана,
нураана гэж түүх рүүгээ нулимж болох­гүй. 1921 онд ардын хувьс­гал хийж, улс орноо
тусгаар тогтнуулж, сэргэн мандуулж, босгож ирсэн өвөг дээдэс байгаагүй бол  өнөөдөр Э.Бат-Үүл хотын дарга, улсын баатар гэж
цээжээ дэлдэхгүй байсан нь тодорхой. Хөшөөг нь буулгаж, талбайг нь өөр­чилж болно.
Харин ард түмний зүрх сэтгэлд сүн­дэрлэсэн 
хөшөөг хэзээ ч нурааж чадахгүй л байх­гүй юу. Энэ хоёр хүний гавьяаг ганц
хөшөө, алга дарам газраар үнэлэхгүй шүү  дээ.
Түүх түүхээрээ, үнэн үнэнээрээ л үлдэнэ. Ингэж ард түмний үнэт зүйлийн эсрэг юм
хийгээд байгаа болохоор хотын дарга гэдэг хүний үнэ цэн ч өөрөө унаж байна.

-Ер нь сүүлийн үед юм л бол буулгана ну­раа­на,
барина хорино гэдэг болчихсон юм биш үү?

-Өнгөрсөн рүүгээ ну­лимж, өрсөлдөгчөө хэл­мэг­дүүлж,
өөрсдийгөө дөвийлгөхийг би ардчи­лал гэж бодохгүй байна. “Шинэ баян цээж өвчтэй”
гэдэг шиг баахан л дураа­раа дургиж байна даа, энэ эрх баригчид. Баян айлын эрхийн
тэнэг хүү эцгийнхээ буян дээр  тон­го­чиж
тонгочиж, алдсан хойноо тархиа шаадаг шиг юм болох вий л гэж бодох юм. Барина хори­но,
хална солино, хураа­на нураана л гэдэг болж. Ардчилал гэдэг чинь айдас, дарамт хоёр
юм болов уу гэж бодогдож эхэллээ шүү.

-Шинэчлэлийн Зас­гийн газар чинь шинэч­лэл хийгээд
байна гэж ярьж байгаа шүү дээ?

-Аливаа юм шинэчлэг­дэлгүй яахав. Шинэчлэл гэдэг
чинь угаасаа цаг хугацааны асуудал. Хүн ч гэсэн хуучин хүрмээ сольж шинэчилдэг л
биз дээ. Гэхдээ ядарсан орло­готой зүдэрсэн ардынхаа цалин тэтгэврийг нэмэх­гүй
хэрнээ халаасыг нь хоосолж, өч төчнөөн тат­вараар дарахыг шинэч­лэл гэдэггүй байх
аа. Хуруу хумсаа хуйхалж олсон хэдэн төгрөг нь мөнгө биш цаас болохыг, ах дүүс,
хүргэн базаа төрийн өндөр албанд томилж төсвийн мөнгө халааслахыг, бонд нэр­тэй
өр тавьчихаад хувийн­хаа компаниудад хувааж өгөхийг  шинэчлэл гэдэг­гүй байх. Магадгүй би хэтэрхий
нэг талаас нь хараад байж мэдэх юм. Гэхдээ аливаа юманд зарчим гэж байх ёстой. Би
их сургуулийн улс төр суд­лалын анги төгссөн хүн. Улс төрийн шинжлэх ухаанд ардчилал
гэдэг юмыг арай өөрөөр л заа­даг юм даа. Энгийнээр бол ард түмэн амьдрал сайхан
болж, айдас да­рамтгүй, эрх чөлөөтэй байхыг ардчилал гэж ойл­годог. Мьян­марын хүний
эрхийн төлөө тэм­цэгч Ан Сан Су Чи Мон­голын ардчиллыг дүр эс­гэ­сэн ардчилал гэж
дүг­нээд явсан. 

-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчил­гааны
ажлаар 21 айм­гаар явж ажилласан. Саяхан зүүн гурван айм­­гаар яваад ирлээ.  Ард түмэн юу гэж захиж байх юм?

-Дарга нар албан та­сал­­гааныхаа шагайв­чаар
харж, зөвхөн дөрвөн уулын дунд амьдрал бу­цалдаг мэт ойлгож байна. Гэтэл Монгол
Улсын алс баруун, зүүн хязгаар, говь хангай, хөдөөд асуудал тэс өөр байна. Эдийн
засаг талаас нь харахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, цахилгаан, шатахуун
гэх мэт бүхий л зүйлсийн  үнэ өссөн. Оюу­тан
хүүхдүүдийнх нь сур­галтын төлбөр нэмэгдсэн гээд ард түмний нуруун дээр дарамт болж
ирж байгаа зүйл олон байна. Ажлаас халагдсан олон аав, ээж хэдэн хүүхдийн­хээ сургалтын
төлбөрийг яах вэ. Хүйтний ам наа­шилж байхад энэ өвлийг яаж барах вэ гээд зутруу­хан
явж байгаа нь үнэн. Итгэл эхлээд цөхөрдөг тэгээд сөхөрдөг гэдэг үг байдаг даа. Тэгвэл
олны итгэл цөхөрсөн, одоо сөх­рө­хөд ойрхон болжээ. Ардчил­лыг хэн нэгэн хү­ний,
аль нэгэн намын хувийн өмч мэтээр ханд­вал үнэхээр аюултайг бид харж байна. Төрд
сэтгэл­тэй, мэдлэг туршлагатай хүмүүс хэрэгтэй. Ийм л хүмүүс төрийн ачаа, улс орон,
ард түмний хувь заяаг үүрч явдаг. Өнөөдөр энэ ачаагаа үүрч чадах­гүй олон хүн төрд
шургал­чихаж. Төрийн албан хаагч­­­дыг улс төрийн шалт­­­гаанаар хоморго­лон халдаггүй,
намын харьяаллаар аливаа асуу­­далд ханддаггүй, тен­дер будлиантуулдаг­гүй, ард
түмний татварын мөнгөнөөс хумсалдаггүй байх ёстой гээд хууль ёсны шударга зарчмыг
ярьж тунхагладаг хүмүүс засаглал авснаас хойш үүнийхээ яг эсрэг явж байна.  Өнөөдөр Монгол Улс жинхэнээсээ нам төвтэй, дарга
төвтэй улс болчихлоо. Уг нь бол иргэн төвтэй байх ёстой. Эрх барьж буй намын фракцуудын
эрх ашиг улс орон, ард түмний эрх ашгаас дээгүүр тавигддаг болчихлоо. Үүнийг бо­лиу­лаач
гэж байна. Оюутны 70 мянган төгрө­гийг өгө­хөө болих гэж байна. 2012 оны сон­гуулиар
хү­ний хөгжлийн 21 мянган төгрөгийг 50 мянган төг­рөг болгоно гээд ярьж байсан.
Энэ мөнгө чинь дүнсэн тамхи, ганц тал­хаа яая даа гэж байсан хүмүүст нэмэр болж
бай­сан юм байна. МАН арай тулхтай, нуруу­тай нам юм даа гэдгийг хэлж байна.

-МАН засгийн эрх барьж байхад АН-ын зүгээс мөн
л иймэрхүү зүйлсийг хэлдэг бай­сан. Энэ зүгээр цөөнх болсон намын улиглал юм биш
үү. Ажил хийх гэж ядаж яваа АН-ынх­ныг Ардын намынхан арай л их өөнтөглөөд байна
уу даа гэсэн зүйл ажиглагдах боллоо?

-Өөнтөглөөд байх зүйл юу байхав. Үнэн үг хэлсэн
хүнд хүн өшөөтэй гэдэг дээ. Ардын нам 12 жил төр барихдаа алд­сан, оносон зүйл байгаа
л байх. Улс төрийн нам гэдэг чинь хүмүүсийн итгэл үнэмшлийн нэгдэл шүү дээ. Хаана
ч хүн л ажилладаг тул  тодорхой хэмжээний
алдаа дутаг­дал байж л таараа. Үүнийг би үгүйсгэхгүй. Хамгийн гол нь алдаагаа засдаг,
түүнийгээ дахин давтдаггүй байх хэрэгтэй. Алдаа гаргасан бол хү­лээн зөвшөөрч, уучлал
гуйж чаддаг байх ёстой. Энэ чинь улс төрийн том соёл, үнэлэмжийн асуу­дал байхгүй
юу. Үнэхээр болохгүй байгаа бол түү­нийг 
хэлэх нь зүй ёсны хэрэг биз дээ. Олон мян­ган төрийн албан хаагч­дыг намын
харьяалал гэдгээр нь, шинээр ирсэн хэн нэгэн даргад таа­лагд­сангүй гэдгээр нь ажлаас
хална гэдэг тэгш эрх, шу­дар­га ёсны зарчим биш. Оронд нь ах дүүгээ, хүр­гэнээ аваачиж
тавиад төрийн ажил явуулна гэ­дэг бүр ч байж боломгүй асуудал. Дээрээс нь Мон­голын
төр өс хонзон өвөр­­­лөдөг төр болон ху­вирч байна. Хичнээн олон хүмүүсийг хэлмэгдүүлж,
ардчиллын хичнээн олон үнэт зүйлийг уландаа гишгэж байна вэ. Өвөр­хан­гайн сонгуулийн  жи­шээг хар л даа. Олон хүн үүнийг эсэргүүцэж
хөхөө өвлийн хүйтнээр Сүхийн талбай, Арвайхээрийн гудам­жинд хүртэл жагс­лаа. Би
ч тэдэнтэй хамт байсан.  Ард иргэд нь сум,
аймаг, улсаараа эсэргүү­цэж бай­хад шүүхээр да­лайл­гаад сонгогдоогүй хүнийг Их
хурлын гишүүн болгочихож л байна.   Өнөө­дөр
Монголын шүүх, цагдаа, прокурор, хүчний байгууллага эрх мэдэлтэнд, банкны захи­рал,
архины үйлдвэрийн эзэнд үйлчилдэг болчи­хож. Энэ бүгдийг хэлэхгүй байх аргагүй юм.
Сүүдэр нь их л хортой тусна даа. Ялагдлын энэ цаг хуга­цаанд Ардын нам эрх барьж
байхдаа алд­сан алдаанаасаа сурал­цаж байна. Өнөөдөр МАН-ын хувьд хүнээр бол рент­гений
зургаа авахуулах, өвчнөө оношлох, түүний­гээ эмчлэх, эмчлэгдэхгүй эрхтэнтэй болсон
бол тэр эрхтнээ солих асуудлуу­даа ярих, ухаарах цаг хугацаа юм.

-МАН-ын XXVII Их ху­рал болох гэж байна. Уг хурлын
үйл ажиллагааг  намын гишүүд дэмжиг­чид гэлтгүй
Монголын ард түмэн чих тавин чагнаж байгаа. Танай нам улс төрийн голлох хүчний хувьд
хэрхэн шинэчлэгдэх бол гэсэн хүлээлт бий. Таны харж байгаагаар намын Их хурлаас
ямар асууд­луу­дыг шинэчлэн ший­дэж, ард түмэнд хэрэг­тэй ямар шийдвэр гарах бол?

-Улс төрийн намын шинэчлэл гэдэг тасралт­гүй үргэлжлэх
процесс юм. 1990-ээд онд хэсэг залуус намын шинэчлэ­лийн давалгааг эхлүүлж байсан.
2000 он гараад өнөөдрийн намын дарга маань намаа шинэчлэ­хийн тулд жигүүр бай­гуулж
байсныг санаж бай­гаа байх. Шинэчлэл хийнэ гэдэг нь хүн солих, хэдэн хүн рүү муу
муу­хайгаа чихэх, хэсэг хүмүү­сийн гоё сайхныг магтах асуудал биш. Зарчмын шинэчлэл
хийх хэрэгтэй. Манай намын зарчим, хүрэх зорилго, харагдах өнгө, өнцөг, үнэр, амт
нь тодорхой. Ардын нам гэдэг брэндийг хэрхэн олон түмэнд хүргэх вэ гэдэг асуудал
яригдана. Олон шатны сонгуулийн үр дүнгээс харахад Ар­дын намд итгэх ард түм­ний
итгэл буураагүй бай­на. Харин ч сонгууль бүрт нэмэгдэж байгаа. Гэхдээ бид ялагдсан
уу гэвэл ялагдсан. Ялагдалдаа бодитой дүгнэлт хийх ёс­той. Эрх ямбыг нь эдэлж чадсан
бол хариуцлагаа үүрч чаддаг системийг тогтоох хэрэгтэй. Тоглоо­мынхоо дүрмийг тодор­хой
болгож, шинэчлэх хэрэгтэй. Ямар дүрмээр тоглох нь мэдэгдэхгүй байж тоглоом тоглоно
гэж байхгүй. Бид  улс орны­хоо ирээдүйг тодор­хойл­сон
хөгжлийн хөтөл­бө­рийг хэлэлцэж батал­на.  

-Танай намын хүний нөөцийн асуудал эмзэг байгаа
юм биш үү?

-Манай намын өөр нэг асуудал нь яах арга­гүй хүний
нөөц. Сонгууль­тан гишүүд, энэ намын эрх ямбыг эдэлж буй бүх хүмүүст хүлээх хариуц­лага,
үүрэх ачаа гэж бий. Ачаагаа даахгүй байж эрх ямба эдлэх гээд байгаа бол уучлаарай
гэж хэлж сурах хэрэгтэй. Улс төрийн намын эцсийн зорилго сонгуульд ялах л байдаг.
Ардын нам ялаад байгаа бол болж байна. Сонгогчид А үнэлгээ өгч байгаа хэрэг. Гэтэл
өнөө­дөр манай намын үнэл­гээ эсрэгээрээ байна. Тэ­гэ­хээр бид сурлагын ча­нар юунаас
болоод муу­даад байгаа талаар ан­гийн­хаа хурлаар сайн ярилцаж, засах хэрэгтэй.
Намынхаа хурлаар са­лам зодолдоосой, гэрээ нураагаасай гэж, түүнийг нь алгаа ташин
хүлээж авах хүмүүс ч байна. Энэ удаагийн Их хурал хүмүү­сийн тиймэр­хүү бах тавыг
хангасан хурал битгий болоосой. Харин хүмүү­сийн хүсч буй өөдрөг, итгэл, тэмүү­лэл,
шинэ өнгө, үнэр, амттай, ши­нэч­лэл ханхалсан тийм хурал байгаасай хэмээн хүсэж
байна. Манай намд хүний нөөц, хариуцлагын тал дээр олон жил бугш­саар ирсэн тэр
бэтгийг хага татаж шахах ёстой.

-Сүүлийн үед танай намынхан янз бүрийн хэл аманд
их орох бол­лоо. Энэ хүний нөөцийн асуудалтай холбоотой юу?

-Гэнэтхэн хэн нь мэ­дэг­дэхгүй нөхдүүд дарга сайд
болоод явчихдаг. Дараа нь хэрэг төвөгт орооцолдчихсон, намын нэр хүндийг шаварт
хут­га­чихсан  бай­даг. Хэдхэн хүний сэтгэл­гүй
байдал, шуналаас болж бүхэл бүтэн нам, олон мянган хүний нэр төр, итгэл, үнэм­шил
сэвтэж байна. Цаашлаад энэ нь намд ч тэр, улс оронд ч тэр буруу жишиг тогтоож байна.
Харин одоо зөв жишиг, зөв зарчим тогтоох хэрэг­тэй. Хариуцлагыг нь ухаа­руулж, мэдрүүлж,
үүрүүлж чаддаг, болохгүй бол хариуцлага тооцож чаддаг болох ёстой. Ца­хилгаан шатаар
гэрлийн хурдаар шат ахидаг, кран­дуулж албан ту­шаалд очдог байдлыг таслан зогсооно.

-Ардын намын за­луус сүүлийн үед ах­мад үеэ үгүйсгэх
мая­гийн зүйлс ажиглагдаад эхэлсэн дээ?

-Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй.
Улс орны ачааг үүрч чадлынхаа хэрээр зүтгэж ирсэн хү­мүү­сээ үгүйсгэж болохгүй.
Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэж  их үнэн үг шүү. Өнөө­дөр парламентад хэн сө­рөг
хүчний дуу хоолой болж байгаа юм бэ, нөгөө л Ц.Нямдорж шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуу­лиар
21 аймгийг бүтэн тойроход хэн ихэнхэд нь хамт явав, нөгөө л Д.Лүн­дээжанцан, Д.Дэмбэрэл
нар байсан. Намын дарга маань чадлаараа л зүтгэ­лээ. Тэднээс суралцах юм маш их
байна. Гэхдээ ирж яваа цагийн салхийг бас яаж ч болохгүй шүү дээ. Хаврын ногоог
тасдсан ч ургана, тайрсан ч ургана гэдэг дээ. Спортод хүртэл үе гэж нэг юм бий.
Ардын намд хавар болж байна гэж би бодож байгаа. Сая манай нам сонгуульд ялаг­даж
нэг хэсэг цас зуд болох шиг боллоо. Удах­гүй цэцэг ногоо дэлгэрнэ. Тиймээс хаа хаанаа
үүний­гээ хүлээн зөв­шөөрч ойлголцох хэрэг­тэй. Тэгээд л цаашаа явцгаана даа.

-Та яриандаа ха­риуц­­лагын тухай дурд­лаа. Ха­риуцлага
алдсан намын удирдлагуудад хариуц­ла­гыг нь тооцох хэрэг­тэй хэмээн залуус зун­жингаа
л баалсан. Үүн дээр ямар байр суурь­тай байгаа вэ?

-Би хариуцлагыг хоёр янзаар ойлгодог. Эхлээд хүн
хариуцлагаа ухам­сар­лаж, ачаагаа үүрсэн шиг үүрэх ёстой. Ухам­сарлаж чадахгүй,
үүрч чадахгүй байгаа хүмүүст харин хариуцлага тооцох ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн
дараа залуу­чууд шинэчлэлийн асууд­лаар өргөх бичиг барьж Удирдах зөвлө­лийн хуралд
орж ирсэн. Хоёр сонгуульд дараа­лан ялагд­сан болохоор ха­риуц­лагаа үүрчихье гээд
намын Удирдах зөвлө­лийг би огцрохыг уриал­сан. Намын шинэч­лэлийг нөхөдтэйгөө эхнээс
нь санаачилж хамт явсан. Авч чадсан бол өгч чаддаг зарчим байх ёстой.

-Намын ахмадууд залуусын гаргаж буй санал зөв.
Гэхдээ на­мыг цаашид аваад яв­чих хэмжээний хүмүүс бий бил үү гэдэг дээр эргэлзээд
байх шиг?

-Энэ хоёр талтай юм аа. Манай нам 90 гаруй жилийн
түүхтэй. Ах зах­тай, эрэмбэ дараатай нам. Үүнийгээ алдаад байгаа ч юм алга. Хэдэн
залуучууд гарч ирчихээд ахмадуудаа түлхэж унага­чихаад сандал ширээ бүх зүйлийг
нь булааж авах гээд байгаа юм биш. Удирд­лагын асуудал яриг­даж байгаа юу гэвэл
яригдаж байгаа. Цаг хугацаа өөрөө лидерийг төрүүлдэг. Цаг хугацаа лидерийнхээ бод­лого,
зарчим, хэрэг­жүүлж буй үйл ажилла­гааг дагаж хөтлөгддөг, хөгждөг. Хүн төрөлхтний
түүхийн хөгж­лийн бүхий л үед ийм л байсан. Ардын нам бусад­тай харьцуу­лахад арай
илүү ухаарсан гэж бодож байна. Энэхүү ухаар­лаа одоо бодит ажил болгох, хэрэгжүүлэх
шаардлага байгаа юм. Бид илүү холыг харж до­тооддоо ойлголцох ёстой. Мөн ямар хүмүүс
ямар баг үүнийг хийх вэ гэдэг дээр гурван үеийн алтан зарчим яригдана. Бидэнд дадлага
туршлага, мэдлэг боловсрол, эрч хүч, зориг зүрх хэрэгтэй. Хамгийн гол нь энэ бүгдийг
зөв хослуулах нь чухал. Намын шинэчлэл гэдэг дарга цэргийн төлөөх тулаан биш. Үүнийг
хатуу ойлгох хэрэгтэй. Ажил хийе, асуудал шийдэл­цэе гэж зориглож байгаа залуусыг
боль гэж болох­гүй биз дээ.

-Ардын намд одоо ямар хүмүүс хэрэгтэй вэ?

-Бидэнд сэтгэлтэй хүн хэрэгтэй. Түүнээс биш нам
ялахаар албан ту­шаал, хэдэн төгрөг горилж ирдэг, сонгуульд нам нь ялагдаад ядрахын
цагт хаяад явчихдаг тийм амьтад хэрэггүй. Тэдэн­тэй, тэдэнгүй  Ардын нам сэргэхээ л сэргэнэ. Хаа байна, тэр олон
гялгар сайд дарга нар. Хаа бай­на тэр олон бялдуучид. Зовох цагт нөхрийн чанар танигдаж
байгаад харин олзуурхаж байгаа шүү.  Өнөөдөр
намынхаа тө­лөө, хамт олныхоо шийд­вэр, үнэт зүйлийн төлөө тэмцэж чаддаг тэмцэгч
хэрэгтэй. Шаардлагатай бол өөрийгөө золиосолж ч чадах эр зоригтой хүн л ачаа үүрнэ.
Бас намын удирдлагад шударга өрсөл­дөөн хэрэгтэй. Бид намын дотоод ардчилал, шударга
өрсөлдөөнийг хамгийн нэгдүгээрт тавих ёстой. Тэгэхгүй юм бол энэ нам шинэчлэгдэхгүй.
Намын шинэчлэлийг, энэ олон хүний ирээдүйг най­маалцах юм бол жинх­нээсээ гал гарах
байх даа. Хэдхэн хүнийг баас­тай бурхан шиг тахьдаг явдал үеэ өнгөрөөсөн. Бүх хүнд
тэгш боломж олгох хэрэгтэй.

-Таныг УИХ-ын ги­шүүн М.Энхболдтой дө­рөө харшуулан
намаа авч явна хэмээн нийт­лэлүүд гарч байна. Танай намын дараагийн лидер хэн юм
бэ?

-Тийм нийтлэл гарсан л байна лээ. Намын дар­гад
нэр нь явж байгаа хүмүүсийг улс төрд ча­нагд­сан цаг хугацаа, хувь хүний араншин,
мэдлэг боловсролоор нь үнэлэх хэрэгтэй. М.Энхболд дар­га намын даргад өрсөл­дөнө
гэдгээ илэрхийлсэн байна лээ. Гол нь хүнд цаг үед ачаа үүрье гэж бай­гаа сэтгэлтэйд
нь тэр хүнд талархах хэрэгтэй. Ер нь намд сэтгэлтэй хүмүүс л хэрэг болдог юм шүү
дээ. Өөр хүмүүс болно гэвэл шударгаар өрсөлдөнө л биз.   Их хурлын л шийдэх асуудал.    Өнгөрсөн замын­хаа өргөс бүхнийг түүж чаддагүй
юм аа гэхэд нэмж өргөс тариад бай­даг­гүй, хамтдаа халтайж явсан хэдэн бор нөхдөө
хаядаггүй, ачаа даах чад­вартай, зарчимтай тийм л хүн намын удирдлагад гарах нь
зүйтэй. Намын эв нэгдлийг зангидаж чадах хүн л хэрэгтэй.

-Тэгвэл Ерөнхий нарийн бичгийн даргад ямар хүн
байх ёстой юм бэ?

-Намын дарга, Ерөн­хий нарийн бичгийн дар­га хоёр
айл гэрээр яривал аав, ээж хоёр нь юм. Энэ хоёр хүн нэг зүг рүү харж, нэг зүг рүү
алхаж чаддаг, хамгийн гол нь гар сэтгэл нийлдэг байх нь чухал. Аав, ээж хоёр нь
хэрэл­дээд хоёр тийшээ хараад суучихдаг. Хэдэн муу хүү­хэд нь хэнийх нь талд орохоо
мэддэггүй, яваад орохоор цай ч үгүй, царай ч үгүй яндан нь холхиж  зэвхий даасан айл шиг байж болохгүй. Бие биеэ
нөхөж чаддаг, нэг нэг­ний­хээ төлөө явж чаддаг тийм л  байх ёстой. Шаард­лагатай гэвэл гал үүрч чаддаг
байх хэрэг­тэй. Манай намд дутагдаж буй нэг том зүйл нь тэм­цэх чадвар гэж боддог.
Удирдах зөвлөлийн ху­рал дээр Ц.Нямдорж ги­шүүн олон удаа хэлж байсан. Манай нам
тэм­цэх чадвараа алдлаа гэж. Бид эрх барьж байсан бол өөр хэрэг. Сөрөг хүчин болсон
үед хүссэн хүсээгүй тэмцэж л таарна. Гал үүрэх, гадаа гандаж, хөдөө хөхрөх, хатуу
ши­рүүнтэй тулах шаардлага тулгарна. Таван үг эвлүү­лээд хүнд хүргэчихдэг байхаас
авахуулаад ха­туу зөөлөн аргыг хамсан хэрэглэх гээд олон юм бий. Ерөнхий нарийн
бич­­­гийн даргын баримт­лах зарчмууд гэж байна л даа.

-Тэр нь таныхаар юу вэ?

-Генсекийн мөрийн хөтөлбөр гэж юу байхав дээ.  Намын дарга нь нэг мөрийн хөтөлбөтрэй, ген­сек
нь нэг мөрийн хөтөл­бөртэй бол өөр өөрийн­хөө хөтөлбөрийг хэрэг­жүүл­нэ гээд жинхэнэ
жон­хуу болно биз дээ. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга хүний баримтлах зарчим
гэж байнаа. Ерөн­хий дарга хүн гэдэг на­мын эрх ашгийг нэгдү­гээрт тавьдаг байх
ёстой. Тэнд генсек гэдэг хувь хүний ямар ч эрх ашиг, амбиц байж болохгүй. Эрх ашиг,
үнэт зүйлийн төлөө хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байж чаддаг уян хатан чанар­тай
байх хэрэгтэй. Ардын намд хэрэгтэй хүний нөө­цийн хэдэн зарчим байх ёстой. Олон
жил энэ намын төлөө тавхайгаа эргэтэл, таван төгрөгөө дуустал халтайтлаа зүтгэ­сэн
нөхдөө ямагт дээгүүр хүндлэх учиртай. Намын төлөө явж байгаад хэл­мэгдсэн, хилс
хэрэгт гүт­гэгдэж, дээрэлхүүлж, до­ромжлуулж буй хүмүүсээ хамгаалж, өмгөөлж чад­даг
байх хэрэгтэй. Харин амин хувийнхаа эрх аш­гийн төлөө явж байгаад асуудалд орвол
уучлаа­рай гэж хэлж чаддаг байх ёстой. Мөн намын генсек гэдэг ямар нэгэн барь­цаа­гүй
хүн байх ёстой. Дар­гын цүнхийг барьж, архи хундагалж явсаар албан тушаал ахиж дарга,
сайд болдог асуудал дахин битгий давтагдаасай гэж бодож байна.

-Барьцаагүй хүн гэд­гээ тодруулахгүй юу?

-Хүний өмнөөс үг хэлж чадахгүй, хөдөлж чадахгүй  цаанаа мөнгө­ний ч юм уу, хэсэг бүлэг хүний ч
юмуу, хууль бус ямар нэгэн юмны нө­лөөнд орсон барьцаатай байж болохгүй. Ерөнхий
дарга нь барьцаалагдаад эхэлбэл энэ нам хаашаа явах юм бэ. Хууль бус ямар нэгэн
зүйлд ороо­цолдоогүй байх ёстой. 

-Та яриандаа манай намд тэмцэгч дутагдаж байна
гэсэн. Хүмүүс таныг тэмцэгч гэж ярих юм билээ. Та өөрийгөө тэмцэгч гэж боддог уу?

-Тэмцэгч хүн гэдэг үнэт зүйлийнхээ төлөө, үнэний
төлөө бат зогсож чаддаг, шаардлагатай тохиол­долд намын хамт олноо өмгөөлж, хамгаалж
чад­даг тийм л хүн байдаг. Хамт олны үнэт зүйл гэдэг хувийн эрх ашгаас ямагт дээгүүр
байх ёстой. Түүний араас нийгмийн үнэт зүйл байдаг. Би 1999 онд хоёрдугаар курсийн
оюутан байхдаа МАН-д гишүүнээр элссэн. Түү­нээс хойш намын төлөө хөдөө гадаагүй
яв, хий гэсэнд нь явж зүтгэж ирсэн. Хариуд нь намаас нэг удаа яам, агентлаг, газрын
дарга гээд албан тушаал гуйж байгаагүй. Ямар ч даргын үед шүү. Яахав өөрийнхөө толгой­гоор
кино, концерт, жүжиг тавьж, найз нөхөдтэйгээ зах зээлийн жамаар тав гурван төгрөгийн
бизнес хийж хүнээс илүү гараад байхгүй ч бусдаас дутах­гүй өөрийнхөөрөө л амь­дарч
явна. 2005 оноос эхлэн Сүхбаатарын тал­бай, хөдөө орон нутгийн жагсаал цуглаанд
бүгдэд нь оролцож, жагсаалыг нь удирдаж ирсэн. Хамт олны үнэт зүйл, итгэл үнэмшлийнхээ
төлөө, энэ намын төлөө хэзээ ч, хаа­на ч жагсаж, үгээ хэлэхэд би бэлэн. Надад айгаад,
хэн нэгэн болон хэсэг бүлэгт барьцаалагдах барьцаа, өгөө аваа байх­гүй. Өөрийгөө
мундаг тэм­цэгч энэ тэр гэж хэлж мэдэхгүй юм даа. Намын нөхөд, олон түмэн өөс­дийнхөөрөө
дүгнэж байгаа байлгүй.

-Өөрийг чинь Хад­галамж банкны асуу­дал, казино
гээд л хааяа холбож бичих юм…?

-2006 онд намайг Ерөнхийлөгчийн тамгын газарт
ажиллаж байгаад намын залуучуудын хол­бооны генсек болсноос найман сарын дараа энэ
хэрэг босч ирсэн. Тэгээд л хууль журмынхаа дагуу шийдэгдэж холбогдох хү­мүүс нь
хариуцлагаа хү­лээсэн. Хэрэг нь 2000 оноос эхтэй гэдэг нь тог­тоогдсон. Ажлын шуга­маар
танилцаад найман сар болсон хүнд, тэр тус­маа хорин тавхан настай хүүд тийм их хэмжээний
мөнгө хүн өгөх үү. За­луучуудын холбоог дарж авахын тулд захиалгаар холбож бичүүлж
байсан нь тодорхой болсон шүү дээ. Би нэг л зүйлийг ам бардам хэлье. Надад хууль
бусаар идэж уусан нэг ч юм байхгүй.   Өнөө­гийн
соёлт нийгэмд кази­но гэдэг чинь хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг л орчин.
АНУ-д ч тэр, баруунд ч тэр амралтын өдөр казинод гэр бүлээ­рээ очиж л байна. Миний
хувьд ажлаа өгөөд сурч байх хугацаандаа кази­но­гоор орж гарч явсан. Улсын мөнгө
идэж, авлига авч тоглохоор албан ту­шаал би хашиж байгаа­гүй. Угаасаа надад тийм
их хэмжээний мөнгө ч байхгүй. Улсынхаа ерөн­хий­лөгчтэй хүртэл тэр газар таарч л
байлаа. Энэ чинь гэмт үйлдэл биш үү дээ, муушиг мэддэггүй эр хүн гэж ер нь байдаг
юм уу. Зориудаар муш­гиж харлуулах гэсэн хүнд бол шалтаг төдий л юм даа.

-Таныг намын нарийн бичгийн дарга, “Монголын үнэн”
сони­ны эрхлэгч, “Болор цом”-ын эзэн гэдгээр чинь хүмүүс сайн мэд­дэг. Ер нь ямар
мэргэ­жилтэй, хаана юу хийж явсан хүн бэ?

-МУИС-ийн улс төр суд­лалын ангийг улс төр судлаач
мэргэжилээр төг­сөөд 2007 онд АНУ-д очиж суралцсан. 2002 оноос УИХ-ын тамгын газарт
зохион байгуулагч, УИХ-ын даргын шадар туслах, Ерөнхийлөгийн тамгын газарт референт,
намын дэргэдэх залуу­чуудын холбооны Ерөн­хий нарийн бичгийн дар­га, намын улс төрийн
бод­логын байнгын хо­роо­ны дэд даргаар ажил­лаж байгаад л сониндоо ирсэн дээ. Яруу
найраг бол надад бурхнаас заяасан бэлэг.

-Та намынхаа их хур­лаар Ерөнхий нарийн бичгийн
даргад өрсөлдөх үү. Зарим хү­мүүс өөрсдийн пиараа  хийгээд эхэлчихсэн байна?

-Олон л хүн өрсөлдөх байх. Гэхдээ бие биеэ муулж,
нэгэн рүүгээ хөө цацаж, өөрийгөө товойл­гох гэсэн гэнэн үйлдлүү­дийг битгий хийгээсэй
гэж хэлмээр байна. Би 1999 оноос хойш энэ намын тогоонд буцалж яваа залуу хүний
хувьд өмнөх үе үеийн их хурлууд дээр ийм зүйл болж байсныг мэднэ. Их хурлын мар­гааш
нар манддагаараа л мандана. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн  дарга гэдэг намтраа чи­мэх сэтэр биш, намбайж
суудаг сэнтий биш гэдгийг би ойлгож байгаа. Бүх­нийг 2016 оны ялалтанд зориулж ажил
хийж, асуу­дал шийдэж, ачаа үүрч чадна гэвэл өрсөлдөх ёстой. Ардчил­сан Үндсэн хууль
болон намын дүр­мэнд заасан сонгох сон­гогдох эрхээ эдлэх нь миний эрхийн асуудал.
Би итгэл үнэмш­лийнхээ төлөө тууштай зогсоно.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Даваасүрэн: Төсөв тодотгоно, танана гэдэг нь эдийн засаг, бизнесээ хумиж буй нэг хэлбэр

УИХ-ын гишүүн, Төс­вийн байнгын хорооны дарга
Ц.Даваасүрэн­тэй ярилцлаа.

-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж бай­на. Энэ
оны төсөв өмнөх онуудтай харьцуу­ла­хад ямар давуу талтай болсон бэ?

-Сүүлийн гурван жи­лийн төсөв өмнөх жи­лүүд­тэйгээ
харьцуулахад төсвийн зарлага жил бүр 20-23 хувиар өссөөр ирсэн. Тухайлбал, 2012
онд төсвийн зарлага 6.1 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 7.4 тэрбум төг­рөг болж
23 хувиар өссөн байгаа юм. Харин Зас­гийн газраас ирэх 2014 оны төсвийг төлөвлөж
оруулж ирэхдээ энэ өсөл­тийг хязгаарлаж өмнөх жилийн түвшингээс зар­ла­гыг 169 тэрбум
төгрө­гөөр бууруулж төлөвлө­сөн байна. Өөрөөр хэл­бэл, төсвийн орлого, зар­ла­гыг
эдийн засгийн тө­сөө­лөлтэйгээ уялдуулан бодитой төсөөлж төлөв­лөхийг эрмэлзсэн
ханд­ла­га ажиглагдаж байгаа юм.

-Чуулганы эхэнд Н.Алтанхуяг сайд 2014 оны төсвийг
батлахдаа хөөсөрсөн төсвийг зог­соох чиглэлээр ажил­лахыг онцгойлон хүс­сэн. Хэрэв
тэгэхгүй бол 50 ширхэг дунд сур­гууль барих мөнгөөр таван сургууль бари­хаар болж
буйг ан­хаа­руулсан. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнөх жилийн түв­шиндээ 2014 оны төсвийг төлөвлөсөн учраас тэгж тайлбарлаж
болно.  Сүү­лийн жилүүдэд барилгын нэгж талбайн
үнэ асар өндөр хурдац­тай өсөж байгаатай уял­даад сур­гуулийн барил­гын төсөв
2-3 дахин өс­сөн байна. Энэ нь хоёр талтай байх шиг байгаа юм.
Үнэхээр нэгж өрт­гийн үнэ өссөн тал бий. Нөгөө
талаар зураг, төс­вийн компаниуд барил­гын ком­паниуд буюу гүй­цэт­гэгчийн за­хиал­га,
лоб­бид автаж зохиомол өн­дөр төсөв зохиох ханд­лага ч байгаа. Жишээ нь, 500 суудалтай
соёлын төвийн барилгын төсвөөс 250 суудалтай соёлын төвийн төсөв өн­дөр бол­сон
байна. Ийм буруу хандлага байж бо­лохгүй. Манай байнгын хороо­ноос ажлын хэсэг гараад
энэ чиглэлээр ажиллаж байгаа, удахгүй байнгын хорооны хурал­даанд та­нилцуулахаар
бодит нөх­цөл байдал тодорхой бол­но. Үнэхээр тийм хуу­рамч, зохиомол төсөв захиалгаар
хийдэг ком­паниуд байвал эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна.

-Ирэх оны төсөвт үр­гүй зардлууд хэр танаг­даж
орсон бол. Тухайл­бал ямар, ямар зард­луудыг танасан бэ?

-Ирэх 2014 оны төс­вийг төлөвлөхдөө тэвчиж болох,
үр ашиггүй 329 тэрбум төгрөгийн урсгал зардлыг танаж төлөв­лө­сөн байна. Үүн дотроо
бараа, ажил үйлчилгээ­ний зардлыг 91.8 тэрбум төгрөгөөр, зээлийн үйл­чилгээний зардлыг
83.9 тэрбум төгрөгөөр, эд хогш­­лын зардлыг 3.1 тэр­бум төг­рөгөөр, томилол­тын
зард­лыг 1.4 тэрбум төг­рөгөөр, төвлөрсөн арга хэмжээний зардлыг 29.6 тэрбум төгрөгөөр,
сур­галт, хурал семина­рын зардлыг 1.3 тэрбум төг­рөгөөр тус тус өмнөх оны түвшингээс
буу­руу­ла­хаар төлөвлөсөн бай­гаа. Мөн Төсвийн хэлэл­цүүлгийн явцад манай байнгын
хо­рооноос гар­сан ажлын хэсэг болон УИХ-ын төсвийн шин­жил­гээний алба сүүлийн
жилүүдийн төсвийн өсөлт­­тэй уялдан гарч ир­сэн үр ашиггүй зардлуу­дыг бууруулах
тал дээр анхаарч ажил­лахаар төлөвлөж байна.

-МАН-ын гишүүд ирэх оны төсвийн төс­лийг эргүүлэн
татах байр суурьтай бай­гаа­гаа чуулганы үеэр мэ­дэгд­­сэн. Та цөөнхийн шийд­вэрт
хэрхэн хан­даж байгаа вэ, та?

-Өмнөх УИХ-ууд дээр ч цөөнхийн зүгээс ийм тайлбар
гаргаж л байсан. Ер нь бусад орны парла­ментын жишгийг хара­хад ч цөөнх нь маш сайн
төсөв оруулж ирсэн бай­на, хурдан баталъя гэдэг­гүй. Тиймээс энэ бол бай­даг л зүйл.
Харин авах ёстой сайн санал байвал түүнийг нь тусгаад л явна. Бид чинь Монгол гэдэг
нэг л гэрт багтаж түүнийхээ ирэх жилийн төсөв, зард­лын тухай л ярьж байна. Аль
нэг намын төсвийн тухай яриагүй. Тиймээс хамтдаа л шийдээд явна.

-Төсвийн зарлагыг 2013 онд 7.4 их наяд  гэж
тооцсоныг танаж 6.6 их наяд болгохоор тодотгол хийсэн байна?

-Тодотголын төсөл одоо­гоор гар дээр ирээ­гүй
байна. Төсвийн тогт­вортой байдлын хуулийн шалгуураар тодотгох нөх­цөл байдал үүссэн
бол Засгийн газар тодотгох саналаа оруулж ирэх жу­рамтай. Ер нь тодотгоно, танана
гэдэг бол сайн зүйл биш. Эдийн засгаа, бизнесээ хумиж буй л нэг алхам. Төсвийн зарлага,
та бидний цалин, хөрөн­гө оруулалт чинь ком­паниудын борлуулалтыг нэмэгдүүлдэг юм.
Тэр зар­лага багасахаар тэдний борлуулалт буурна, төлөх татвар нь багасна. Энэ бол
энгийн логик. Эдийн засгийн гол хүчин зүйлүү­дийн нарийн уялдааг сайн бодож алхам
хийх хэрэгтэй. Одоо бол тө­лөвлөгөө биелүүлэхийн төлөө явдаг эдийн зас­гийн тогтолцоо
биш. Өөрөөр хэлбэл, татварын орлогын төлөвлөгөөгөө багасгаад түүнийгээ бие­лүүлж
баясдаг тогтолцоо биш юм.

-МАН-ынхан эдийн засаг хүнд байгаа гэж дээр дооргүй
ярьж бай­гаа хирнээ цалин, тэтгэ­вэр, тэтгэмжийг нэмэх ёстой гэдэг. Ингэж болох
уу?

-Цөөнхийн зүгээс хийх ёстой ажил л даа. Харин
улс төр хийж бай­на гээд улс орныхоо яз­гуур эрх ашгийг хохи­роож болохгүй. Инфля­цитай
уялдуулж цалин хөлсний асуудлыг авч үзэж болно. Эдийн зас­гийн боломжоо харъя.

-Боловсролын сал­барт 34 тэрбум, эрүүл мэндийн
салбарт 44 тэр­бум, шинээр хөрөнгө оруулалт, ажиллах хүч­ний  зардалд 23 тэрбум
гэх  мэтээр урсгал зар­далд 400 тэрбум төг­рөгийг
тусгажээ. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Боловсролын салба­рын урсгал төсөв өмнөх жилтэй
харьцуулахад 78 тэрбум төгрөгөөр буюу найман хувиар өссөн бай­гаа нь ирэх онд улсын
хэмжээнд нийт 41 сур­гууль, 87 цэцэрлэг, 32 дотуур байр, 32 спорт заал шинээр ашиглал­танд
орохтой холбоотой. Тухайлбал, зөвхөн шинэ цэцэрлэгийн багш нарын цалингийн санд
7.4 тэр­бум төгрөг нэмж шаар­дагдах юм. Нөгөө талаар хүүхдийн тоо өсөж байгаа нь
зардал өсөхөд шууд нөлөөлж байна. Жишээ нь, хүүхдийн тоо өсөж байгаатай уялдаад
цэ­цэр­лэгийн хоолны зар­дал гэхэд 3.3 тэрбум төгрөг, сургуулийн дотуур байрны хоолны
зардал 891 сая төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байгаа. 

Эрүүл мэндийн сал­барын урсгал зардал 2014 онд
өмнөх онтой харьцуулахад 38 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бай­гаа нь эмнэлгийн тус­ламж
үйлчилгээний зар­дал нэмэгдсэнтэй хол­боо­той байна.

-Хөрөнгө оруулал­тын тухай болон Хө­рөн­гө оруулалтын
сангийн тухай хуулиуд батлагд­сан. Эдгээр хуулиуд хэрэгжсэнээр ирэх оны төсөвт хэр
зэрэг нааш­тай үр дүн гарах бол?

-Эдгээр хуулиуд хэ­рэг­жиж эхэлсэнээр эдийн засаг,
бизнесийн орчин сайжирч татварын орло­го нэмэгдэнэ гэж тооцож байна. Ер нь ирэх
жилээс эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч эхлэх байх.

-Ерөнхийлөгчийн Там­гын газрын дарга П.Цагаан,
Ерөнхийлөг­чийн зөвлөх Л.Дашдорж нар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах
хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барьсан. УИХ-ын чуулганы нэгдсэн
ху­рал­­даанаар төсвийн то­дотголыг өргөн барьж, хэлэлцээгүй байж ирэх оны төсвийг
хэлэлцэж болохгүй гэж гишүүд шүүмжилж бай­сан даа?

-Энэ өргөн барьсан хуулийн орон нутагт үзүү­лэх
нөлөөллийг сайн судалж үзэх хэрэгтэй бай­на. Жишээ нь, хүн амтай нь уялдуулан орон
нут­гийн хөгжлийн сангийн шилжүүлгийг хуваарила­хад хүрвэл дийлэнх хувь нь нийслэлд
хуваарилаг­дана гэсэн үг юм. Уг нь миний бодлоор төвлөр­лийг сааруулахын тулд орон
нутагт амьдрах нөх­цөлийг сайн бүрдүүлэ­хийн төлөө санхүүгийн дэмжлэг түлхүү үзүүлэх
нь илүү үр дүнтэй юм шиг.   

-МАН-ын бүлгийн зү­гээс Төсвийн хүрээний мэдэгдэлд
нийцсэн төс­вийг оруулж ирэх ёстой. Энэ удаагийн төсөвт урсгал зардлыг нэмэгдүүлсэн
байна гээд байгаа нь хэр үнэний ортой вэ?

-2010-2012 онуудын төсвийг харвал урсгал зардал
жилд дунджаар 22-43 хувиар өссөн байна. Харин 2013 оноос 10 хувь, 2014 онд найман
хувь болж өсөлт буурч байгаа. Төсвийн хүрээ­ний мэдэг­дэлд төлөвлөс­нөөс 29 тэрбум
төгрөгөөр буур­сан байгаа. 

-2014 оны төсвийг УИХ-аар хэлэлцлээ. Ги­шүүдийн
байр суурь­наас харахад төсөвт өөрчлөлт оруулах зүйлс нь юу юу байх бол?

-Төсвийн эхний хэ­лэл­цүүлгийн үед зарим нэг гишүүдийн
зүгээс “Ги­шүү­ний нэг тэрбум” гэдэг зүйлээ санагалзаж бай­гаа нь ажиглагдсан. Одоо
гишүүд нэг тэрбум төгрөг авч би тийм зүйл хийлээ гэж PR хийдэг зүйл өнгөр­сөн. Төсвийн
шинэ хуу­лиар энэ мөнгийг орон нутгийг хөгжүүлэх сангаар дамжуулан хуваарилж тухайн
орон нутгийн иргэ­дийн санал, хэлэл­цүүл­гээр шийдэж зарцуулдаг болсон. Энэ бол
зөв зар­чим юм. Гишүүний гэх тодотголтой энэ мөнгө­нөөс болж зарим гишүүн хэрэг
төвөгт холбогдсон асуудал ч гарсан. Тий­мээс цаашид иймэрхүү байдлаар төсвийн мөн­гийг
зарцуулж болохгүй. Харин тойргоос сонгогд­сон гишүүдийн тойрогт ажиллах зардлын
асууд­лыг намын жагсаалтаар сонгогдсон гишүүдтэй адилтгаж авч үзэж болохгүй. 

-МАН-ынхан эрүүл төсөв гаргахын тулд нэлээд нухацтай
хан­дах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Төс­вийн төсөл эрүүл бус гарсан байсан
юм уу?

-Ямар шалгуураар тэгж хэлсэн юм бол доо. Төсвийн
ерөнхий хөл дүнгүүд өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан талаас нь дүгнэвэл харин
ч эрүүл төсөв болсон. Өрийн шалгуураар авч үзвэл ярилцах зүйл бол байгаа байх. Тэр
нь эрүүл бус гэсэн үг биш юм. Олон улсын түвшинд гадаад өрийн дарамтыг долоон шалгуур
үзүү­лэлтээр тодорхойлдог. Үүний гурав нь нэгэн зэ­рэг муудвал өрийн дарам­­тад
орж байна гэж үздэг. Манай орны хувьд зөвхөн өр, ДНБ-ий харь­цаа л сэрэмжлэх түвшинд
ойртсон байгаа. Тиймээс одоогоор аюул нүүрлэ­сэн зүйл гадаад өр дээр байхгүй.

 Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Эрдэнэбат: Буруу тооцоолол дээр суурилсан төсөв өнөөдрийг хүртэл явж байна

УИХ-ын гишүүн Ж.Эр­дэнэбаттай
ярилц­лаа.

 -Чуулганы нэгдсэн хуралдаанаар
2014 оны төсвийг хэлэлцлээ. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнөх жилүүдийн алдаатай, бодит бус
төс­вүүдээс шалтгаалан 2014 оны төсөв ерөнхийдөө алдаа­тай болох шинжтэй байна.
2012 онд тэрбум орчим төгрөгөөр төсвийн тодотгол хийж байсан. Гэтэл энэ удаа
1.5 тэрбум төгрөгийн хасах тодотгол хийхээр төлөвлөжээ. Өм­нөх онуудынхаа алдаа­тай
төсөв баталсан тэр хэмжээний төсвийг бат­луу­лахаар төсвийн тухай хууль болгон өргөн
барь­сан байна. Энэ төсөвт би шүүмжлэлтэй хандаж бай­гаа. 2012 онд нэг ажлыг хийнэ
гээд хөрөнгө оруулалтад тусгаад явуулж байсан бол аж­лууд нь өнөө жил ахин тэдгээр
ажлыг хийнэ хэ­мээн орж ирж. Энэ мэтчи­лэн төсвийн хөөсийг бат­лаад явуулж байсан
бол үүнийгээ ахин батлах гэж байгаа нь харамсалтай.

-Та энэ удаагийн төсвийг өрөнд
оруулах төсөв болохоор байна хэмээн мэдэгдсэн нь ямар учиртай юм бэ?

-Энэ удаагийн төс­вийн тухай хууль
нь Мон­гол Улсыг ихээхэн хэм­жээний өрөнд оруулах төсөв болсон нь мэдрэг­дэж байна.
Өмнөх жилүү­дэд Засгийн газрын до­тоод бондуудын талаар хэдий хэмжээний бонд гаргаж
төсвийн алдагд­лаа нөхөх боломжтой вэ гэдгийг гаргаж тавьдаг байсан. Үүнд
600-700 тэрбум орчим төгрөг гар­га­даг байсан бол өнөө жилийн хувьд 1.4 их наяд
төгрөгийн дотоод зах зээлд өр тавина гэсэн төсвийн төсөл орж ирлээ. Засгийн газар
зөвхөн до­тооддоо нэг их наяд төг­рөгийн өрөнд орох өнгө аяс харагдаж байна. Мон­­гол
Улсын төсөв өр тавьж санхүүжилт гаргах­даа бус аль болох бодит эдийн засгийн өсөлтийн­хөө
боломжид тулгуур­ласан орлогоо олоод түү­гээрээ зарцуулалтаа гар­гадаг эрүүл механизмтай
болох хэрэгтэй. Жил бүр нэг их наяд төгрөгийн дотоод өр, 1.5 тэрбум ам.долларын
бондын өр нийлээд хэдэн тэрбум ч болох юм бүү мэд. Төс­вийн тогтвортой байдлын тухай
хуульд өөрчлөлт оруулна гээд оруулж ирж байна. Одоогийн хуулиар 2014 онд ДНБ-ий
40 хувь­тай тэнцэх хэмжээний өртэй байна гэсэн заалт байгаа. Эл тогтвортой байдлын
тухай хуулиа­раа 60 хувь болгоно гэсэн өөрчлөлт оруулж ирлээ. Монгол Улс бүтэн жилийн
турш салбар бүрээс ол­сон ашгийнхаа 60 хувьд өр тавина гэдэг жинхэнэ утгаараа өрийн
дарам­тад орох эхлэл тавигдана гэсэн үг. 

-Төсвийн байнгын хо­­рооны дарга
Ц.Да­ваа­сүрэн төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэх зүйл ярьсан байсан?

-Төсөвт тодотгол хийх­гүй бол сүүлд
тайлан тооцоогоо яаж гаргах юм. Түүнчлэн дараа дараа­гийн­хаа төсвийг яаж бат­лах
вэ. 2013 онд 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бол орлого нь
1.5 их наяд төгрөгөөр тасарчихсан байгаа үед хийсэн, хий­гээ­гүй ажил нь тодор­хойгүй
байна. Цаашид хийх ажил нь ч тодор­хой­гүй. Ийм байдалд бид 2014 оны төсвийг ба­тал­на
гэдэг хүндрэлтэй.

1.5 их наяд төгрөг гэдэг хэдэн жилийн
өмнөх хоёр жилийн төсөв. Гэтэл энэ их хэмжээний мөн­гөөр төсөв доголдчихоод байхад
тодотгол хийхгүй явчихвал яаж дараа да­раа­гийн үйл ажиллагааг явуулах юм. Тиймээс
төс­вийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.

-МАН-ын бүлгийн зү­гээс ирэх оны
төсвийн төслийг Засгийн газар дахин засаж оруулах ирэх шаардлагатай гэ­дэг байр
сууриа илэр­хийлсэн шалтгаан нь юу юм бэ?

-2014 оны төсвийн тухай хууль нь Монгол
Улсын хэд хэдэн хуулийг зөрчин орж ирсэн. Жишээ нь 2015-2016 оны төс­вийн төсөөллийн
тухай хуулийг зөрчсөн. Тиймээс үүнийг өөрчлөх шаард­ла­гатай. Мөн Тогт­вортой байдлын
тухай хуулиа зөрчсөн. Хууль зөрчин хуулийн төсөл өргөн барьж буй тохиолдолд буцаах
эрх нь УИХ-д бай­гаа. Гэтэл эрх баригчид өмнө нь ийм жишиг бай­сан. Бид үүнийг ярилцаж
байх явцдаа гаргаж ирсэн хуулиндаа нийцүүлэн тухайн хуулийг өөрчилдөг байсан гэх
тайлбарыг өгч байна. Төр засаг нь өөрс­дөө хууль зөрччихөөд яаж ард түмнээ хууль
хэрэг­жүүлж ажилла гэж хэлэх юм бэ.

-Ирэх оны төсөв эрүүл гарахад ямар
ямар хүчин зүйлсийг өөрчлөх шаардлагатай байна вэ?

-Ирэх оны төсвийн хувьд 2-3 жилийн
өмнө эхэлсэн хөөсөрсөн байд­лаа залруулах ёстой. Бид урсгал зардлуудаа то­дор­хой
хэмжээний хя­налт­тай зарцуулах хэрэг­тэй. Урсгал зардлууд дээр бараа үйлчилгээний
өс­сөн зардлууд байна. Эд­гээр зардлуудаа танах нь зүйтэй. Магадгүй хөрөнгө оруулалтын
хувьд 1.5 их наяд төгрөгт хөрөнгө оруу­­лалт хийх шаард­ла­гатай юу гэдгийг судалж
үзэх ёстой. Уг нь бид ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх хэрэгтэй. Эдийн засаг хөгжиж
дэвжих ёстой гэж харах нь зөв. Гэхдээ бодит амьдрал­даа нийцүүлэх ёстой юм.
2011 оны төсөв нь 2012 оны төсвөөс хоёр их наяд төгрөгөөр илүү байсан. Тэгвэл Монгол
Улсын эдийн засгийн оргил үе нь 2012 он байлаа. 17 хувь хүртлээ өссөн үед манай
орны төсөв өмнөх оны­хоос 600 орчим тэрбум төгрөгөөр л өссөн хэмжээ­ний орлого олсон.
Эдийн засаг 17 хувиар өсөхөд хоёр их наяд төгрөгөөр өмнөх оныхоос илүү орох ёстой
хэмээн буруу тоо­цоолсон. Буруу тооцоо­лол дээр суурилсан төсөв нь өнөөдрийг хүртэл
яв­чихлаа. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг хэдий хэмжээнд яаж ч өслөө гэсэн хоёр
их наяд төг­рөгийн орлогыг гүйцэж орох хэмжээний өсөлт гарах нь маш төвөгтэй болчихоод
байна. Манай орны төсөв зардлаа баг­цалчихаад түүндээ таар­сан орлого тавиад бай­гаа.
Уг нь эсрэгээрээ бо­дит орлогоо тооцчихоод түүндээ таарсан зардлаа тавих ёстой.

-Чуулганаар та бон­дыг өр хэмээн
хэзээ­нээс нэрлэх вэ гэж Ерөн­хий сайдаас асууж байсан. Бондын өрийг төсөвт тусгасангүй
гээд байсан даа?

-Засгийн газар “Чингэс” бондыг гаргасан.
Ирэх жилээс  “Самурай” бонд авах юм шиг байна.
Эдгээр бондууд Монгол Улсын гадаад өр байхгүй юу. Өрийг хэн төлөх нь хамаагүй. Засгийн
газ­раас баталгаа гаргаад авчирсан бол Засгийн газар төлнө. Бондыг хэнд өгч, ямар
үйл ажиллагаа явуулсан нь хамаагүй. Энэ нь Монгол Улсын өр учраас төсөвт зайлшгүй
тусгагдах ёстой.

Э.ЭНХБОЛД