Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн доктор, Олон улс судлаач Д.Шүрхүүтэй ярилцлаа.
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад ажлын айлчлал хийгээд буцлаа. Энэ удаагийн айлчлалын онцлог, давуу тал юу байсан бол. Судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?
-Аливаа орны Гадаад хэргийн сайд нарын айлчлал өвөрмөц байдаг. Учир нь хоёр орны Гадаад хэргийн яамны ажлыг зохицуулахаас эхлээд хамтын ажиллагааны асуудлыг өндөр түвшинд ярилцдаг. Өөр нэг зүйл нь аливаа нэг томоохон үйл явдлын өмнө Гадаад хэргийн сайд нар өмнө нь уулзаж зарим зүйлийг тохиролцдог зүйл бий. Тэр утгаараа Гадаад хэргийн сайд нарын айлчлал ямагт анхаарал татдаг чухал ач холбогдолтой. Ван И сайдын айлчлал нь манай хоёр орны харилцааны чухал үед болсноороо онцлогтой айлчлал боллоо гэж харж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд болно. Ойн хүрээнд хийх ажлаа ярилцах нөгөө талдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийх талаар ярилцаж байна. Тиймээс дээд хэмжээний айлчлалын нарийн зүйлсийг тохиролцох хүрээнд Монгол, Хятадын худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн олон талт асуудлыг ярьж тохиролцох урьдчилсан тохиролцоо хийх байсан болов уу. Нөгөө талдаа Монгол-Хятад хоорондын эдийн засгийн коридорын асуудлыг БНХАУ-ын “Нэг бүс-нэг зам”-тай уялдуулах асуудлыг эрчимтэй ярьж байгаа. Энэ бүгдээс харахад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал яах аргагүй чухал гэдэг нь харагдаж байна. Нэг хэсэг Монгол-Хятадын худалдаа эдийн засаг, зээл тусламж зогссон. Одоо сэргэж байгаа л даа. Цаашид Монгол- Хятадын худалдаа, хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн асуудлыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Үүний эхний алхам болж Замын цагдаагийн урд талын гүүрэн гарц, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж барих гэрээг үзэглэх, барьж байгуулах асуудлуудыг шийдэж байна. Хоёр талын гадаад яамны сайд нар яриа хэлэлцээ хийж, манай удирдлагуудад бараалхсан. Үүний үр дүн удахгүй гарах байх.
-Ван И сайд айлчлалынхаа үеэр Увс аймгийн сонгож очиж ажилласан л даа. Д.Цогтбаатар сайд Говь-Алтай, Ховд аймагт ажиллуулахаар санал өгсөн ч өөрөө Увс аймагт очно гэсэн юм билээ. Яагаад заавал Увс аймгийг сонгосон юм бол?
-Монгол, Хятадын түүхээс харахад БНХАУ эртнээс манай орны баруун бүс нутгийг ихээхэн сонирхож ирсэн. Тухайлбал, анх төмөр зам тавихдаа Шинжан Уйгараар баруун бүсийг дайруулан ОХУ-тай холбогдох саналыг тавьж байсан юм. Орос төвийн коридороор тавья гэж тухайн үедээ хэлж байсан архивын баримт байдаг. Баруун бүс гео эдийн засаг, геополитикийн хувьд БНХАУ-д маш ашигтай. Баруун бүсийг “Нэг бүс-нэг зам”-д холбох чухал сэжмийг судлах шаардлага БНХАУ-д байгаа юм болов уу гэж бодохоор байгаа юм. Түүнчлэн баруун бүс нутаг нь мах экспортлох боломжтой чиглэл гэж үздэг. Баруун бүс хэдийгээр төмөр замтай холбогдоогүй ч Монгол, Орос, Хятадыг холбосон авто замын босоо тэнхлэгийн шугам дуусах дөхөж байгаа.
Анхаарал татаж байгаа өөр нэг зүйл нь Монгол Улс хойд төмөр зам буюу Тувагийн чиглэлээр ОХУ-ын төмөр замтай холбогдох тухай идэвхтэй ярьж байна. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Кара-Оол энэ онд манай улс болон БНХАУ-д айлчлахдаа төмөр замын бүтээн байгуулалт болон дамжин өнгөрөх талаар нэлээд идэвхтэй ярьсан. Үүнээс илүү анхаарал татах зүйл нь ОХУ-ын РЖД буюу Оросын төмөр зам Кизилийн төмөр замын асуудлыг концессоор эцэслэн шийдэхээр боллоо. Ордуудыг ашиглахын тулд Тувагийн төмөр замын асуудал эрчимжиж, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг Арц суурийн боомтоор холбох гээд Увсын чиглэлд төмөр замын асуудал эрчимжих хандлагатай болж ирсэн. Тиймээс төмөр зам барих гэж байгаа аймгууд нь ямар байна вэ гэдгийг сонирхож байгаа нь гарцаагүй. Хэрэв ингээд төмөр замын асуудал шийдэгдвэл Монгол Улс Сүхбаатар, Эрээнцаваас гадна Арц суурийн боомтын төмөр замаар ОХУ-тай гурав дахь гарцаар холбогдоно гэсэн үг. Гэтэл Хятад ганцхан Сайншандаар холбогдож байна. Төмөр зам холбогдвол Монголын баруун бүс хүнд аж үйлдвэр, дэд бүтэц хөгжих бүрэн боломжтой. Цаашлаад эдийн засгийн коридорын хүрээнд урагшаа чиглэх тухай ярьж байгаа.
-Баруун аймагт нефтийн маш том бассейн илэрсэн гэх яриа гарах боллоо. Үүнийг сонирхож Ван И сайд Увс аймаг руу очсон гэх юм?
-Увсад газрын тосны хайгуул хийж байгаа нь үнэн. Гэхдээ Дорнодод Тамсагбулагийн нефтийн өрөмдлөг 10 гаруй жил үргэлжилж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нэг сая гаруй тонн нефть олборлосон. Газрын тос чинь нэг өрөмдлөгөөр гараад ирчихдэг юм биш. Монголоор нэг шуугиагүй байхад таамаг яриад яахав. Газрын тосны бассейн нээчихлээ, төмөр зам тавих гэж байна гээд Увсыг сонгоогүй байх. Ерөнхийдөө анхаарал татаж байгаа бүс нутаг. Тамсаг булагийн жишээг харахад газрын тос тийм амархан бүтчихдэг ажил биш. Газрын тос олборлоход дэд бүтэц, хөрөнгө оруулалт их шаарддаг. Ядаж л цахилгаан, төмөр зам байхгүй. Авто зам нь дутуу баригдсан. Үнэхээр газрын тосны нөөц байгаа бол үүнийг олборлохын тулд дахиад 10-20 жил шаардагдах байлгүй.
-Монгол-Орос-Хятадыг холбосон хийн хоолойн гэрээнд гарын үсэг зурлаа гээд байгаа шүү дээ. Эдийн засгийн ач холбогдлын хувьд манайд ашигтай байх болов уу. Үр өгөөж нь хэр байх вэ?
-Хийн хоолой гурван улсын дунд олон жил яригдсан нь үнэн. Манай улсын зүгээс илүү их санал тавьдаг гэж дуулсан. 1990 оноос өмнө нэг намын засаглалтай үед энэ асуудал яригдсан бол бодитой гэж бодохоор байгаа юм. Одоогийн зах зээлийн нийгэмд хувь, хувьсгалын олон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бизнес санаануудаа баталгаажуулахын тулд янз бүрийн гэрээ, санамж бичигт гарын үсэг зурдаг л даа. Энэ байдлаараа Монгол Улс сүүлийн 20 жилд хичнээн үйлдвэр, барилга барьж хөгжих байсан. Монгол-Орос-Хятадыг холбосон хийн хоолойн тал дээр одоохондоо итгэл үнэмшил муутай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад орох үеэрээ нэг санаа хэлснийг нь В.Путин судалж үзэж болох юм гэдэг зүйл ярьсан болов уу.
-Хэзээнээс ажил хэрэг болж эхлэх бол?
-Манайхан “Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэдэг шиг асуудал шийдэгдээгүй байхад барьчихвал ийм сайн, тийм муу гээд яриад унадаг. Гэхдээ барих хүртэлх асуудал чинь өөрөө түвэгтэй гэдгийг боддоггүй. Хийн хоолой тавих чинь үнэндээ Хятад, Оросын л асуудал. Ядаж эхлээд гурван талаас ажлын хэсэг гараад гарын үсэг зурсны дараа ярьж эхлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд улс төрийн шийдвэр гарах ёстой. Таамгаар юм ярих нь үндэслэл муутай байдаг. Хийн хоолой өөрөө төмөр зам, нефть боловсруулах үйлдвэр, цахилгаан станц, зэс хайлуулах үйлдвэр гээд манайд барьж болдоггүй хэдэн зүйлийн нэг нь. Хийн хоолой барих гэрээнд гарын үсэг зурсан талаарх мэдээг харж байхад Монголын тал оролцоогүй Хятадын хоёр компанийн хооронд байгуулсан санамж бичиг байна гэж ойлгосон. Хятад, Оросын Засгийн газар шийдвэрээ гаргаж, протоколь байгуулаад Монголтойгоо ярьж зөвшилцөөд ТЭЗҮ-гээ боловсруулаад ерөнхий хэлэлцээрээ байгуулах ёстой юм. Эерэг сайн талаас нь яривал сайшаах зүйл их бий. Учир нь Монгол Улс дамжин өнгөрөх орон болж байгаа учраас дамжин өнгөрөх тээврийн төлбөрөөс эхлээд авна. Гэхдээ хийн хоолой дагаж ямар асуудлууд үүсэх вэ гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ. Наад зах нь аюулгүй байдлыг хангах учиртай. Хоёрдугаарт, манайхаар дамжин өнгөрөх гэж байгаа бол ямар хэмжээний татвар авах вэ гэдгийг шийдэх шаардлагатай. Бэлэн мөнгөөр авах уу, газ-аар авах уу гээд улс орон бүрт өөр өөрийн төлбөрийн нөхцөл байдаг. Мөн экологийн асуудал бий. Манайд зөвхөн төмөр зам тавьснаар зээрийн нүүдэл хязгаарлагдсан. Олон улсын хурдны авто зам барина гээд байгаа. Хуучин зам, төмөр зам одоо хийн хоолой ил явах учраас мал амьтны бэлчээр сэлгэц байхгүй болно гэдэг ч юмуу олон зүйлсийг бодолцох учиртай. Тухайлбал, техникийн осол гарлаа гэхэд тэр хавийн байгаль орчин сүйднэ. Хийн хоолой Монголоор нэвтрэхээр бол гурван талын хэлэлцээрээр маш олон асуудлыг зохицуулах шаардлагатай болно.
Нөгөө талдаа бид хараат байдал гэж маш их ярьдаг. Нэг хэсэг эрчим хүчний хараат байдалд байсан. Одоо ч гэсэн нефтийн хараат байдалд байна. Хийн хоолой Монголоор дамжин өнгөрлөө гэхэд төлбөрөө газ-аар авч болно. Оросын зүгээс эртнээс манай улсад хоёр санал тавьсан. Газ оруулж ирээд Улаанбаатарынхаа утааны асуудлыг шийдчих гээд байгаа. Оросуудын энэ хандлагаас харвал бидэнд төлбөр төлөхгүй оронд нь газ өгчихнө. Ийм тохиолдолд сөрөг тал нь манай нүүрсний үйлдвэрүүд дампуурна. Манай улс газ олборлох боломжгүй тул газаас хараат болох юм. Их гүрний бодлогуудад ул суурьтай хандах учиртай. Орос, Хятад хоёр одоохондоо Монголын нутгаар хийн хоолой барих боломжтой гэж ярьж байгаа нь яг барина гэсэн үг биш.
-Таны итгэл үнэмшил нэг л муу байна аа даа…
-Ойрын 5-10 жилдээ Монголын нутгаар хийн хоолой явна гэдэгт итгэхгүй байгаа.
-Яагаад?
-Үүнд хоёр том хүчин зүйл бий. Нэгдүгээрт, Оросын газ нийлүүлсэн туршлагаас харахад Европ гэж ганц том хэрэглэгчтэй байснаас болж асуудал үүссэн. Оросоос өөр нийлүүлчих газартай байсан бол аль эрт хаачих байсан. Тиймээс Орос нэг хэрэглэгчийн хараат байдалд байгаа. Тэр утгаараа нэг хэрэглэгчийн хараат байдал ямар аюултайг тэд мэдэрсэн. Дэлхий бүхэлдээ хаалт, боолт, хоригийн дэлхий болчихлоо. Хуучин цэрэг зэвсгээр тэмцэлддэг байсан бол одоо эдийн засгаараа тэмцэлдэж байна. Оросын хувьд Европ гэдэг барын амнаас гараад Хятад гэдэг луугийн аманд орохыг хүсэхгүй. Тиймээс хийн хоолойгоо Номхон далайн эрэг рүү тавьж байгаа юм. Хийн хоолойг Монголоор дамжуулан тавьбал зөвхөн Хятад л авна. Өөр гарц байхгүй. Хангалттай хэмжээний хийн хоолойгоо баруун тийшээ тавьсны дараа Хятадыг сонирхоно.
Түүнчлэн Хятад, Орос хоёр Монголыг хэр дуулгавартай байх вэ гэдгийг харж байгаа. Барууны гар хөл болох нь уу, хоёр хөрштэйгөө аядуу зөөлөн харилцаатай байх нь уу, хоёр дахь Украин болохгүй гэх баталгаа бий юу гээд. АНУ, Японтой харилцана гэдэг ардчилсан тусгаар улс шүү дээ. Бие даасан тусгаар улсыг хамаагүй дээрэлхээд байж болдоггүй юм. Тийм болохоор ШХАБ-д ор гэж шахаад байдгийн шалтгаан энэ. Зөрүүд Монголыг бий болгохгүйн тулд хоёр хөрш ажиглаж байгаа. Тиймээс улс төрийн баталгаа гаргасны дараа хийн хоолой тавина гэж байж магадгүй.
-Дахиад асуухад хэзээ хийн хоолойн тавигдах бол?
-Нөхцөл бүрдэнэ гэж байдаг даа. Орос, Хятад хоёрын Монголын төлөөх өрсөлдөөн нэмэгдэж болно. Орос Монголыг алдахгүйн тулд хийн хоолой явуулаад тодорхой хэмжээнд хийгээр хангаад эрчим хүчний хараат байдал үүсгэх магадлалтай. Хамгийн гол нь аюулгүй байдал. Их гүрнүүд “Та нар хамгаалж чадахгүй байна” хэмээн өөрсдөө хамгаална гээд цэрэг оруулахыг ч үгүйсгэхгүй. Хийн хоолой барих нь бүү хэл энэ талын мэдлэг ч байхгүй, бидэнд. Тиймээс нэг талаасаа бид оролдохгүй байсан нь дээр. Бидэнд тооцоолоогүй маш олон зүйл бий. Бэлэн болчихсон зүйлээс мөнгө авах сонирхол л байгаа.
-БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах цэвэрлэх байгууламжийн ажлыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар тууз хайчилсан…
-Бодох ёстой асуудал. Нэг талаасаа сайн зүйл. Гэхдээ энэ чинь буцалтгүй тусламж биш. Яах ч аргагүй 1.5 сая хүнийг элдвийн үнэрт хорт хийгээр амьсгалуулахгүйн тулд хийж байгаа ажил. Тиймээс хийх ёстой зүйл мөн. Монгол Улсын хүн амын 50 хувийн асуудлыг шийдэж байна гэсэн үг. Энэ мэт дараа дараагийн асуудалд анхаарах хэрэгтэй. Д.Цогтбаатар сайд нэг чухал зүйл ярьсан. “Зээл болгоныг авах уу. Авах сайхан ч эргээд төлөхөд хатуу байх вий. Тиймээс одооноос тооцоолж бодох ёстой. Өргүйгээр хөгжих, хамтран ажиллах, зээл тусламжийг зохистой хэмжээнд авах хэрэгтэй” гэдгийг БНХАУ-ын талд ойлгуулсан нь сайн. Нэг ч бодитой баялаг бүтээх төсөл харагдахгүй байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Энэ бүгдийг тооцохгүй бол бид аяндаа өрийн сүлжээнд унана.
-Эдийн засгийн коридорын асуудал яригдаад хэдэн жил боллоо. Бидний оролцоо ямар байх ёстой вэ?
-Монголчууд эдийн засгийн коридорт яаж оролцох вэ гэдэг асуудал бий. Ямар мөнгөөр барих вэ, хэн хариуцаж, ямар ашигтай байх вэ гэдгийг тооцох нь чухал. Хамгийн сүүлийн Малайзын жишээ байна. Сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхий сайд нь шууд зогсоосон. Компаниуд нь зээлээр авсан мөнгөөрөө том том бүтээн байгуулалт хийгээд байснаас ямар ашигтай вэ, өрийн дарамтыг нь тооцоолоогүй байгаа юм. Хятад “Нэг бүс-нэг зам”-аар явж л байвал зээлийг нь өгөөд хятад компаниудаар бүтээн байгуулалтаа хийлгээд тэдэнд ашигтай шүү дээ. Бид ингэх ёстой байхгүй юу.
-Асуулгүй өнгөрсөн зүйл байвал та нээлттэй ярихгүй юу?
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал санаатай ч бай, санамсаргүй ч бай Оросын 300 мянган хүнтэй цэргийн сургуулилттай холбоотой юу гэдэг асуудал гарч ирж байна. Барууныхан хатгаж бичсэн үү яав “Оросууд 300 мянган хүнтэй армиа Хятадын өсөн нэмэгдэж байгаа хэсэгт бэлдэж байна. Үүнийгээ халхавчлахын тулд Хятадыг урьж байна” гэж бичээд байгаа юм. ОХУ-ын зүгээс Монголд олон сая ам.долларын зэвсэгийн тусламж үзүүлнэ гэсэн өгсөн үү, үгүй юу.