УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-УИХ-ын
гишүүд ам.долларын ханшаар улстөржөөд байх юм. Уг нь төгрөгийг чангаруулах арга
замын тухай яримаар санагдаад байна. 2009 онд 1700 төгрөгт хүрсэн ам.доллар сарын
дотор 1300 болсон түүх бий. Үүнд та өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юу?
-Одоо манайхан эдийн засаг бодит хөрсөн дээрээ буулаа гэдэг зүйлийг
ярьж байна. Валютын ханшийн удирдлага гэж нэг ойлголт байдаг. Энэ үед “ханш уян
хатан чөлөөтэй тогтоно” гэдэг онолын үгийг хэлээд байж таарахгүй. Монгол Улсын валютын
ханшийн дэглэм бол зохицуулалттай хөвөх ханшийн дэглэм юм. Ихэнх орнууд валютын
ханшийнхаа зах зээлийг удирддаг. Интервенц хийнэ гэдэг нь байгаа валютаа тийш нь
хийгээд байна гэсэн үг биш. Ийм нөхцөлд валютын ханшийн талаар хэд хэдэн талаас
нь болгоомжтой ярих ёстой. Ханшийн зах зээл дамын хүчин зүйлүүдэд их эмзэг байдаг.
Тиймээс хамрын доор хагархай бий гэсэн шиг хамаагүй яриад байж болдоггүй. Энэ нь
өөрөө хүлээлтэд нөлөөлдөг зүйл. Өнөөдөр Төв банк дотооддоо сайн ажиллах хэрэгтэй.
Төв банкны зүгээс “тохируулга хийгдэж байна. Засгийн газар болохгүй байна. Хөрөнгө
оруулалт орж ирэхгүй байна” гэсэн зүйлийг хэлж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулалт,
экспортыг нэмэгдүүлэх талаар ажиллах ёстой л гээд байх юм. Хамгийн гол нь “яаж”
гэдгийг нь хэн ч хэлэхгүй байна. Төв банк ч гэсэн үүн дээр ажиллах шаардлагатай.
1994 онд батлагдсан Валютын зохицуулалтын тухай хуулинд валютын ханшийн бодлогыг
тодорхой илэрхийлж чадаагүй. Интервенц хийх арга, зорилго, түүний давтамж, яаж хийх
арга хэлбэрийг хуулиар зохицуулдаггүй юм аа гэхэд маш тодорхой бодлого байх ёстой.
Ханшийн эрсдэлээс хамгаалдаг механизмуудыг хийсэн байх хэрэгтэй. 2014 оны мөнгөний
бодлогод анх удаа үүнийг суулгаж өгсөн. Харамсалтай нь энэ талаар юм хийсэнгүй.
Мөн Төв банкны тухай хуулинд Санхүүгийн зохицуулах тогтвортой байдлын зөвлөлийн
тухай бий. Бусад орнуудад ч байдаг. Энэ мэтчилэн зөвлөлүүдийн чиг үүргүүдийг маш
нарийн тодорхойлох шаардлага бий.
-Ханшийг
яах ёстой вэ?
-Ийм үед ханш ингэж болноо гээд ярих нь учир дутагдалтай. Өнөөдрийн
ханшийн зах зээлийг харахад нэг нийлүүлэгчтэй нэлээд хэдэн хүлээн авагч буюу арилжааны
банкуудтай байна. Мөнгөний бодлогоор дамжуулан инфляцийг онилох бодлого хэрэгжиж
байгаа. Инфляцийг онилох бодлого ханшийн бодлого хоёр хоорондоо маш холбоотой. Энэ
талаасаа манайд дутагдал их харагдах юм. Бид бодлогын хүүг нэмчихээр валютын ханш
руу нөлөөлж ханшийн зах зээл дээрх тоглогчдын хүлээлт өөрчлөгдөнө гэж гэнэн бодож
яавч болохгүй. Ханшийн зах зээл дээр дамын хүчин зүйлсийн нөлөөлөх зүйл их байгаа
нь өдөр тутмын ханшийн өөрчлөлт, валютын дуудлага худалдааны нийлүүлэлт, эрэлт хоёрын
зөрүүг харах хэрэгтэй. Арилжааны банкуудын 2014 оны эхний хагас жилийн балансыг
үзэх ёстой. Түүнчлэн валютын гүйлгээний хяналтын асуудлыг сайжруулах шаардлага бий.
Ханшийн зах зээл дээр интервенц хийх зорилгоо тодорхойлохоос гадна ханшийн зах зээлийн
түвшинг бууруулах асуудлыг ярьж чадахгүй. Ханшийн хөдөлгөөний хурдацыг багасгах,
бууруулах тал дээр ажиллах боломжтой. Ханшийн сулралын үед инфляци өндөр болсон
ч ханшийн чангаралтын үед инфляци буурахгүй байна гэсэн олон улсын туршлага байна.
Манайх ханшийг шингээх чадвар байхгүй болчихсон. Энэ нь ганцхан Монголд болоод байгаа
юм уу гэхээр үгүй. Ханш туслах бодлогын хувьд зах зээл дээрх нөлөөлөл нь ханшаар
дамжиж инфляци нэмэгдэж байгаа үед ханшийн цочролыг шингээгч биш цочролыг үйлдвэрлэгч
генератор болоод хувирчихдаг.
-Үүнээс гарах ямар арга зам байна?
-Инфляцийг яаж тогтвортой байлгах
вэ гэсэн арга нь хувийн хэвшлийг золиослох замаар хийгдэх гээд байна. 2009 онд ч
гэсэн ингэж л байсан. Тэгсэн ч тэр нь тогтвортой байж чадаагүй. Заавал инфляцийг
нэг оронтой тоонд багтаана гэхээсээ илүү инфляци нийгэм, эдийн засгийг доргиохгүй,
аядуу түвшинд буюу хоёр оронтой тоонд байж болно. Хувийн хэвшлийн эргэлт сайн байх
шаардлагатай. Тиймээс бодлогын хүүг нэмээд ч хэрэггүй. Ханш дээр анхаарах зүйлийг
дахин хэлэхэд дамын хүчин зүйл, дотоод хяналтыг сайжруулах ёстой.
-Ам.доллараа хазааргүй алдсан энэ явдалд хэн буруутай бол.
Төв банк уу, Засгийн газар уу?
-Буруутныг хүнээс бүү хай. Ханшийн
бодлого, түүний эрх зүйн үндсийг 1994 оноос хойш бараг хөндөөгүй, санаачлаагүй УИХ хамгийн түрүүнд буруутай. 2014 оны мөнгөний
бодлогод урьд өмнө нь зөвхөн “уян хатан, чөлөөтэй тогтоно” гэж олон жил явсан заалт
дээр ханшийн эрсдлээс хамгаалах, түүнийг удирдах талаар УИХ-аас баталж өгсөн бодлогыг
хэрэгжүүлэх тал дээр санаачилгагүй ажилласан Төв банк, Монгол Улсад хуулиараа санхүүгийн
тогтвортой байдлыг хангах учиртай Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, түүнийг
олигтой ажиллуулаагүй, хянаагүй, шаардаагүй УИХ, Засгийн газар буруутай. Бүгд буруутай
байна, одоо бие биенээсээ буруутныг хайх бус, бурууг засаад зөв болгоод явах нь
өлзийтэй, өгөөжтэй. Валютын ханшийн өнөөгийн үйлчилж буй зохицуулалттай хөвөх ханшийн
дэглэм, энэ дэглэмийн үед хэрэгжвэл зохих арга хэмжээнүүд, интервенцийн бодлого,
зорилго, хамрах хүрээ, арга хэрэгслүүд, үр дүнг нь тооцох хэмжүүрүүд гэх мэтийн эрх зүйн, институцийн болон засаглалын механизм
тодорхой биш байна. Мөнгөний бодлого, ханшийн бодлого болон макро эдийн засгийн
ерөнхий болон сангийн бодлогын уялдаа огт хангалтгүй байна. Ийм нөхцөлд “Тамирын
голын мөсийг долоох шахам байж” цуглуулсан валютын нөөцөө гөвөхөөсөө өмнө эсвэл
интервенцээ зогсоо эсвэл бодлогод нь өөрчлөлт оруулж жинхэнэ ёсоор удирдах хэрэгтэй
байна. Ханшийн зах зээл дээр “стратегийн тоглогч” байж болох Оюутолгой, Тавантолгой,
Эрдэнэт гэх мэт компаниудыг ханшийн зах зээлийн нийлүүлэлтийн суваг болгох сэдэл,
хөшүүргийг бий болго. Ялангуяа валютын ханшийн зах зээл дээр сүүлийн саруудад үүссэн
спекулятив буюу дамын хүчин зүйлүүд, авир төрхийг маш сайн судал, Төв банк системийн
доторх хяналтаа эрс сайжруул, Засгийн газар валютын илүүдэл эрэлт үүсгэхгүй байх,
нөөцийн удирдлагад, ханшийн хэлбэлзлийг арилгахад Төв банктай идэвхтэй хамтран ажиллах
ёстой гэдгийг зөвлөе. Нэгэнт л хуулиар Төв банк ханшийг уях, мөлхүүлэх, хонгил тогтоох
нэмэх, хасах таван хувийн “хонгил” бий, энэ хонгилыг магадгүй нэмэх, хасах
10-15 хувь ч болгох хэрэгтэй байж магадгүй юм. Төгрөг, долларын зээл, хадгаламжийн
зохистой харьцаанд Төв банк тодорхой бодлого, арга хэмжээ авч болно, ямар ч хууль
уул нь зөрчихгүй. Өөрчлөлт хийхэд хууль саад болж байна гэж хуулиар гул барихаасаа
илүүтэйгээр тодорхой, шийдэмгий, стандарт бус ч байж болох бодлого, арга хэмжээг
УИХ, Төв банк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Засгийн газар ойрын саруудад
онцгойлон анхаарч хэрэгжүүлэх ёстой.
-М.Зоригт гишүүн та хоёр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах
тухай уриалга гаргасан байсан. Гишүүдийн гуравны нэг нь хуралдуулах санал гаргавал
уг нь хуралдах боломж бүрдэх байх аа?
-Эдийн засаг гэхээр л экспорт,
хөрөнгө оруулалт, өр гээд л яриад эхэлдэг. Монголын экспортын 20 хувь нь уул уурхайн
бус бүтээгдэхүүн байна. Орос руу лаазалсан бүтээгдэхүүн гаргалаа гэхэд манай хүчин
чадал муу. Гаргалаа гэхэд 20 гаруй хувийн татвар төлөх болдог. Монголынхоо зах зээлийг
идэвхжүүлье гэж байгаа бол хоёр хөршийн төрийн тэргүүн Си Жиньпин, В.Путин нараас
20 хувийн экспортдоо 0 хувийн татвар ноогдуулдаг болох боломжийг олж авах ёстой.
Тэгвэл Монголын экспортын өнгө нь өөрчлөгдөнө. Хоёр зах зээлийг мөлжих, бүтээгдэхүүнээ
гаргах маш том боломж нээгдэнэ. Экспортын бодлого гэж баталчихаад, Хөгжлийн банкин
дээр оччихоод байхад төр нь ч тэр, банкныхан ч мэдэхгүй суугаад байж болохгүй. Мэддэг
чаддаг ТББ-уудад санхүүжилтийг нь шийдэж өгөөд явчихбал дээр хэлсэн эдийн засгийн
дипломатын аргаар шийдэж болно. Хөрөнгө оруулалтыг татъя гэж байгаа бол хууль эрхзүйн
орчныг нь таатай болго. Тэдний эргэлзээг арилга. Миний оруулсан хөрөнгө баталгаажиж
чадах уу, намайг ямар нэгэн байдлаар шоронд хийчих болов уу, авлигын нэрээр хүнийг
ангуучилдаг байдал энэ улсад байна уу гэдгийг хөрөнгө оруулагчид хамгийн түрүүн
хардаг. Түүнээс их нүүрс, зэстэй байх нь тийм ч чухал биш. Улс төр нь тогтвортой,
хүний эрх, эрх чөлөө, бизнесийн эрх, эрх
чөлөө хангагдаж байна уу, бизнесийн реформ хийгдэж байна уу, амьдрах орчин ямар
байна гэдгийг анхаардаг тул үүнийг нь бид шийдээд өгчих хэрэгтэй.
-Эдийн засгийн өршөөлийн хуулийн талаар ярихгүй юу?
-Эдийн засгийн өршөөлийн хууль
нь хэдэн улс төрчдийг л шоронгоос гаргах гэж байгаа мэт пиар явчихсан. Эдийн засаг
хүндрэлтэй ийм байгаа үед татварын реформыг хийгээд цаг алдалгүй ээлжит бус чуулганыг
хуралдуулах шаардлага байгаа биз. Хууль эрхзүй, татварын реформ гээд хэлэлцэх асуудал
их байна. Гагцхүү одоо улс төрийн чин зориг, хүсэл эрмэлзэл хэрэгтэй. Эдийн засаг,
татварын холбогдолтой асуудлуудыг найм, есдүгээр сард хэлэлцээд цогцоор нь шийдчих
л дээ. Тэгж гэмээнэ ирэх оны хагас жилд энэ хүрдрэлээс гарчих бүрэн боломж харагдаад байна. Нүүрс, нефтийн үнэ ямар байх
вэ гэдэг нь биднээс хамаардаггүй зүйл. Хүмүүсийн ярьж байгаа шиг Засгийн газрыг,
тэр сайдыг огцруулмаар байна гэж байгаа нь хэрэггүй. Үнэхээр Монголын цаашдын хөгжил,
ард түмний амьдралд жаахан ч гэсэн дэм болъё гэж байгаа бол энэ чиглэлд анхаарах
хэрэгтэй. Инфляцийг нэг оронтой тоонд барина гэдгийг ганц Монголбанк хийж чадахгүй.
Төсвийн тухай хуулиараа Засгийн газар инфляцийн талаар маш сайн ажиллах шаардлагатай
юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөр явахгүй байна. Уг хөтөлбөрөө нэг бол зогсоох, шаардлагатай
гэж үзвэл шинээр хийх ёстой. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс жишээ нь махыг хасах
хэрэгтэй. Зах зээлийнх нь шугамаар явуул л даа. Малчдын дунд орлогын тэгш бус байдал
хүчтэй өрнөж байна. Зах зээлд мах нийлүүлж буй хүмүүсийг харахад 57 хувийг 500-аас
доош толгой малтай малчид нийлүүлж байгааг статистикийн судалгаанаас харж болно.
Зах зээлд нийлүүлж буй бүх махны 43 хувийг
малчдын 15 хувь болох 500-аас дээш мянгат малчид нийлүүлж байна. Малчдаа нийгэм,
татварын харилцаанд оруулах хэрэгтэй. Татвараас гадуур явж болохгүй. Энэ бүхэн малчдад
ихээхэн хэрэгтэй зүйл.
-Эдийн засгийн хөгжлийн бодлогын талаар ямар байр суурьтай
байгаа бол?
-Эдийн засгийн хөгжлийн бодлогын
хувьд цаг хугацааны мэдрэмж, хямралын гол цэгүүдийг олж харан шуурхай, иж бүрэн
арга хэмжээ авах чадвар илт дутагдаж байна. Өнөөдөр бидэнд тулгараад буй гол асуудал
бол хямралыг хэрхэн даван туулах тухай асуудал. Дэлхийн банкны гүйцэтгэх захирал
саявтархан Монголд айлчлахдаа хямралыг боломж болгох талаар тодорхой санаа, зөвлөмж өгсөн. Гэтэл бодит байдал дээр Монгол
Улс баахан мастер төлөвлөгөө, урт хугацааны стратеги боловсруулаад тулгамдсан гол
гол асуудлаа донор орон, олон улсын байгууллагуудад найдаад л орхиж байна гэхэд
хилсдэхгүй. Бодит сектор бартерийн харилцаанд аль хэдийн орж одоо бараг цэнэг нь
дуусаж байна. Барилгын сектор дахь өр зээлийн хямрал банкуудаа татаж унагах хэмжээнд
очих аюулд ойртож байгаа, Төв банк нь гуравдугаар сард албан ёсоор тодорхойлсноор
“…тэртээ тэргүй унаж буй хувийн хэвшлийг” зөнд нь орхиод, инфляцийг онилох, валютын
ханшийг тогтворжуулах мөнгөний хатуу бодлого явуулсаны хүчинд л арайхийж эдийн засгийг
зогсолтгүй уналтаас аварч чадлаа гэж шал худлаа сүржигнэж илтгэсэн. Ингэж байх хооронд
нь банк ба бизнесийн амьд орчил нь энэ бодлогын л гайгаар аль хэдийн тасраад одоо
амь тариа нэхэх хэмжээнд очсон байна.
Амь тариаг амьтай байхад нь хийдэг болохоос амь тасарчихсан хойно нь хийдэггүй.
-“ЭЗЭН 100” хөтөлбөр дуусчихлаа. Үр дүн юу байв?
-“ЭЗЭН 100” хөтөлбөр зөв байсан.
Гэтэл ардын намынхан өөдөөс “АРД 100” гээд л улс төржүүлээд эхэлсэн. “ЭЗЭН 100”
хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан уу гэвэл авсан. “Одоо
100 хоног болчихлоо яасан бэ” гэж улс төржүүлэх нь хамгийн буруу үзэгдэл. Суурь
тавигдсан уу, тодорхой хэмжээгээр ажилласан уу гэвэл тийм. Энэ Засгийн газар гар
хумхилгүй ажиллаж байна л даа. Энэ тохиолдолд үргэлжлүүлээд л явах ёстой. “ЭЗЭН
100”-гаа дүгнэнэ, Н.Алтанхуягт хариуцлага тооцно, дүн тавина гээд түүнийгээ улс
төр болгох гэж байгаа бол Монголын эдийн засаг, хөгжлийг хорлож байгаа алхам. Гэхдээ
толгойг нь илээд яв гэсэн үг биш. Буруу зүйлс их байна. Тиймээс нь түүнийг нь тодорхой
гаргаад яг яах ёстой вэ гэдгийг нь хэлээд өгчих хэрэгтэй. Одоо Их хурал, Засгийн
газар, Төв банк онцгой дэглэмээр ажиллах сарууд эхэлчихлээ. Тулгамдсан асуудлуудаа
хувийн хэвшилтэйгээ, эрдэмтэдтэйгээ зөвлөлдөөч, гарцаа ол гэсэн мессэж хүчтэй ирж
байна. Мессэж илгээгч нь инфляци, ханшид дээрэлхүүлсэн ард түмэн, хүлээн авагч нь
төр.
-Хөрөнгө оруулалтыг цаашид хэрхэх нь зүйтэй вэ?
-Цээжилтэл ярьсан экспортын диверсификац
үр дүнтэй байдлаар огт хийгдэхгүй байна. Яг үнэндээ төрд үүнийг хийх чадвар алга.
Бодлого нь уул нь батлагдсан. Өөрийгөө яая гэж ядаж байгаа Хөгжлийн банк дээр очоод
замхарсан. Төв банкны экспортын санхүүжилтийн арилжааны банкуудаа дэмжсэн, Хөгжлийн
банктай, Засгийн газартай хамтарсан тодорхой бодлого, уялдаа холбоо байхгүй. Экспортын
даатгалын механизм бий болгоно гээд төр нь будилаад л яваа. Экспорт “diplomacy”
буюу Монголын экспортыг дэмжин урамшуулах, хөгжүүлэх гадаад бодлого байхгүй. Экспортын
бодлого уул нь дэмжин урамшуулах, хөгжүүлэх гэсэн хоёр хэсэгтэй. Энэ нь дотроо уламжлалт
ба уламжлалт бус экспортыг дэмжин урамшуулах, хөгжүүлэх, хөгжүүлэх нь дотроо бүтээгдэхүүний
хөгжил, экспортын маркетинг, брэндинг гэх мэт тодорхой сувгууд, үйл ажиллагаануудтай.
Энэ бүхнийг хийх чадвартай, Засаг нь итгээд дэмжээд санхүүжүүлээд өгчихвөл хэрэгжүүлээд
явчих боломжтой МҮХАҮТанхим гэж байна, бусад холбоод байна. Бодлогын хандлага ингэж
өөрчлөгдөж байж л явна. Ингэхгүй бол нөгөө 888 төслийн 200 орчим экспортын чиглэлийн
төслүүд шиг арилжааны банкуудын үүд сахисаар эсвэл тэдний ширээн дээр л үлдэнэ.
Э.ЭНХБОЛД
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН