Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Даваасүрэн: Хэт тэлэлтийг бууруулж чадсан төсөв баталлаа

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Ирэх оны төсвийг хугацаанд нь баталж амжлаа. Гэхдээ энэ удаагийн баталсан төсөв ард түмний амьдралд наалдах наалдац нь хэр байх бол. Эдийн засагчид ирэх онд бүсээ чангална гээд байна. Ард түмний нуруун дээрх ачаа хэр хөнгөрөхөөр төсөв болов?

-Төсвийн хууль тусгай дэгээр хэлэлцэгдэж, цаг хугацааны хязгаарт баригдаж батлагддаг. Энэ нь дараа жилийнхээ нэгдүгээр сарын 1 гэхэд бүх шатны төсвийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэр бэлэн байхтай холбоотой. Хялбархан жишээ татахад, шинэ оны эхний өглөө гал команд, түргэний машин шатахуун авах мөнгөгүй гээд саатаж болохгүй гэсэн үг. Тиймээс аймаг, сум орон нутгийн ИТХурлаар төсвөө хэлэлцэж батлах хугацаа олгох үүднээс тухайн жилийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд УИХ-аар ирэх оны төсвийг баталж байхаар хуульчилж өгсөн хэрэг. Манай гишүүд өнгөрсөн хугацаанд энэ хариуцлагаа чанд мөрдөж ирсэн. Энэ удаа ч гэсэн хуулийн хугацаанд нь баталлаа. Иргэдэд наалдацтай юу гэдгийг цалин, тэтгэвэр орлого талаас нь харах юм бол инфляцийн өсөлттэй уялдуулаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд шаардагдах 500 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Энэ бол иргэдийн гар дээр шууд очих орлого юм.

Ард түмний нуруун дээрх ачаа гэж татварыг хэлээд байна уу. Засгийн газраас анх өргөсөн 2015 оны төсвийн төсөл дээр дөрвөн төрлийн татвар нэмэгдүүлэхээр оруулж ирснийг УИХ шаардлагагүй гэж үзээд буцаасан. Тиймээс нэг ч төгрөгийн татвар нэмэгдэхгүй гэж ойлгож болно.

-2013, 2014 оны төсвийг хөөсөрсөн төсөв болсон гэдгийг хэлж байсан. Энэ удаагийн төсөв өмнөх онуудаас юугаараа ялгаатай болсон бэ. Тэнгэр харж байгаад тоо тавьдаг гэх шүүмжлэл их явдаг байсан. Эрх биш бодит хөрсөн дээрээ буусан байлгүй гэх нэгэн ч байна?

-Энэ удаагийн төсвийн нэг онцлог бол өмнөх жилүүдэд 20-30 хувийн өсөлттэй явж ирсэн төсвийн өсөлтийг зогсоож, зардлыг бууруулж баталсан явдал. Тухайлбал, урсгал зардлыг 118,8 тэрбум төгрөгөөр бууруулж баталж, илүүдэл орон тоог 900 гаруйгаар цөөрүүллээ. Өмнөх жилүүдэд эхлүүлээд өнөөдрийг хүртэл дуусгаж чадахгүй, бизнес, банк санхүүгийн салбарт хүндрэл авчирч байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах зорилго тавьж, үндэслэлгүйгээр шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэнгүй. Төсвийн хэт тэлэлтийг бууруулж чадсан гэвэл илүү онох юм болов уу. Жишээ нь, 2000 онтой харьцуулахад 16 дахин, 2009 онтой харьцуулахад гурав дахин өссөн байсан төсөв шүү дээ.

-2015 оны төсвийг Засгийн газрын тэргүүнгүй, Засгийн газрын гишүүдгүйгээр анх удаа баталлаа. Төсвөө батлахын өмнө тодотгол хийх ёстой гэдгийг МАН-аас мэдэгдэж байсан. Тодотголыг он гаргаад хийх үү?

-Өнгөрсөн хугацаанд Төсвийн байнгын хорооны даргаар хоёр удаа ажиллаж, зургаан удаагийн төсвийг батлуулахад Засгийн газрын тэргүүнгүй, Сангийн сайдгүй байсан тохиолдол гарч байсангүй. Энэ талаасаа нэлээд өндөр хариуцлагыг УИХ үүрч баталсан төсөв болсон байх. Мөн УИХ-ын удирдлага болон намын бүлгүүдийн зүгээс ач холбогдол өгч анхаарч ажилласныг хэлэх ёстой. 2014 оны төсвийн хувьд зайлшгүй тодотгох нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, Засгийн газрын саяхан баталсан бүтцийн өөрчлөлтөөр бий болсон шинэ гурван яам одоогийн байдлаар төсөвгүй, урсгал зардлаа санхүүжүүлэх боломжгүй болоод байна. Ирэх 2015 төсөвт ч тодотгол хийх эрсдэл үүсэж болзошгүй. Шинээр томилогдох Ерөнхий сайд Засгийн газрын бүтэцдээ ямар нэг өөрчлөлт оруулах юм бол оны өмнө төсөв тодотгох нөхцөл байдал үүснэ.

-Ирэх онд 141 обьектыг ашиглалтад оруулна гэдгийг мэдэгдсэн. Ардын намын бүлгээс яагаад ч тийм олон обьект ашиглалтад орох боломжгүй гэсэн. Эдгээр барилгууд дуусах боломж бий юу?

-Эдгээр он дамжин удааширч, банкны салбарын найдваргүй зээлийг гурав дахин нэмэгдүүлэхэд нөлөөлсөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын дуусаагүй байгаа барилга байгууламжийг зайлшгүй санхүүжүүлж дуусган, өр авлагын сүлжээг арилгах ёстой. Улсын төсөвт 309 төсөл, арга хэмжээний 302 тэрбум төгрөгийн дуусаагүй барилгын санхүүжилтийг тусган, 196 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй дэд бүтцийн 22 дуусаагүй барилга байгууламжийг Хөгжлийн банкны санхүүжилтээр дуусгахаар төлөвлөж шилжүүлсэн. Ингэснээр ирэх онд он дамжин удааширсан барилга, байгууламжийн ажил дуусах болно.

-Танай тойрогт хичнээн дуусаагүй объектууд байна?

-Манай тойрогт гурван жил гаруй саатаж буй хүнс, өргөн хэрэглээний барааны битүү зах, Тосонцэнгэл, Мөрөн сумын хоёр сургуулийн спорт заал, Ханх, Рэнчинлхүмбийн дотуур байр, Эрдэнэбулган, Галт сумын цэцэрлэг, Улаан-Уул, Баянзүрх сургуулийн хичээлийн байр гээд он дамжин удааширсан 20 гаруй барилга, байгууламж бий. Эдгээр хөрөнгө оруулалтын ажлуудыг ирэх онд дуусахаар хөрөнгийг нь суулгаж өглөө. Хамгийн хүйтэн цаг агаартай, их хүн амтай, хамгийн том захтай манай аймгийн хувьд битүү захтай болно гэдэг маш чухал. Гэтэл энэ ажлыг газар олгохгүй удаашруулах гэх мэтээр саад учруулсаар гурван жилийн нүүр үзсэний эцэст ирэх онд ашиглалтад оруулах гэж байна.

-Ирэх оны төсөв нь тохиож болзошгүй эдийн засгийн хямралтай холбогдуулан урсгал зардлыг 118.8 тэрбумаар бууруулж баталсныг Их хурлын дарга онцолж байсан. 1000 орчим хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжин орохоор боллоо. Энэ нь нэг талдаа төсвөө хэмнэсэн зүйл ч гэсэн ядуурал нэмэгдэх шалтгаан болох юм биш биз?

-Орон тоог бууруулахдаа төрийн үйлчилгээний ажилтан бус албан тушаалтан, дарга нарын илүүдэл орон тоог цөөлөх чиглэлийг баримталсан. Төсвийн хэлэлцүүлгийн явцад механикаар төсвийн ажиллагсдын орон тоог 10 хувиар бууруулах санал орж ирснийг эдийн засаг хямралтай, бизнесийн салбарынхан ажиллагсдынхаа тоог цөөлж буй энэ үед авч болохгүй гэж үзэж хойшлуулсан.

-2011 онд зээлийн үйлчилгээний зардалд 31 тэрбумыг оруулж ирж байсан бол ирэх онд 696,2 тэрбумыг зээлийн үйлчилгээний зардлыг барагдуулахаар оруулж иржээ. Бүсээ чангалж байгаа энэ нөхцөлд мэдээж хүнд байх болов уу?

-Үүний дийлэнх 60 орчим хувийг төсвийн урсгал алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод зах зээлд гаргасан Засгийн газрын бондын төлбөр эзэлж байгаа. Гадаад төлбөрийн хамгийн өндөр дүн нь 125,8 тэрбум төгрөгийн Чингэс бондын хүүгийн төлбөр болж байна.

-Төсвөөс гадуурх бондуудыг цаашид хэрхэн цэгцэлж явах ёстой вэ. Уг нь бондын мөнгө төсөвт сууж орж ирсэн ч дахин өргөн барихдаа салгасан байсан?

-2011 онд Хөгжлийн банк­ны тухай хууль ба­талж, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг сан­хүүжүүлэхэд зориулан зээл олгож байхаар хуульчилж өгсөн.

Энэ хуулиар Хөгжлийн банк нь төсвөөс гадуур зээл авах, баталгаа гаргах эрхтэй байдаг. Энэ хуулийн асуудлыг зохицуулж байж төсөвт тусгах тухай ярих ёстой юм.

-Эдийн засаг хүндэрлээ гэдгийг амтай болгон ярьж байгаа боловч үүнээс гарах арга замын талаар ярихгүй юм аа. Таны хувьд хүндрэлээс гарах арга замыг юу гэж харж байгаа вэ. Оюу толгойг манайхан хүлээж байгаа ч ирэх онд Оюу толгой нааштай хариу өгөхгүй сураг байна?

-ДНБ буюу эдийн засаг, экспортын хувьд ирэх онд өсөлттэй харагдана. Энэ нь Оюу толгойн борлуулалттай холбоотой. Ирэх онд Оюу толгой 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хэмжээгээр эдийн засаг, экспортын өсөлтөд нөлөөлнө. Монгол Улсын төсвийн орлогын 54 хувьтай тэнцэх хэмжээний өндөр дүн юм. Харамсалтай нь энэхүү борлуулалтын есөн хувь буюу 370 орчим тэрбум төгрөг л манайд орох орлогод тооцогдож тал хувь нь эргэж Монголын талын 34 хувьд авсан зээл, урьдчилгаанд төлөгдөөд үлдсэн хэсэг нь л төсөвт орно.

-2015 оны төсөвт валю­тын ханшийн савлагаанаас хамгаалах механизмыг хийж өгч чадав уу. Ам.долларыг 1750 төгрөг байхаар баталлаа. Ноднин 1384 төгрөг гэж баталсан шиг зүйл болох вий гэсэн болгоомжлол байна?

-Валютын эрсдэлээс хамгаалах зардал гэж төсөвт суудаггүй. Гол нөлөөлөл нь гадаад зээлийн үйлчилгээний төлбөр дээр гардаг. Гэхдээ төсвийн орлогод тухайн өдрийн валютын ханшаар тооцож татварыг төлдөг учраас эрсдэл гарахгүй.

-Төрөөс мөнгөний талаар 2015 онд баримтлах бодлого төсөвтэйгээ уялдуулан баталж чадав уу?

-Зах зээл дээрх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн халамжийн шинж чанартай бэлэн мөнгөөр олгогдох шинэ төсөл арга хэмжээ тусаагүй. Харин төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх онуудад эхлээд дуусаагүй байсан барилга байгууламжийг санхүүжилтийг ирэх онд олгосноор банкны системийн найдваргүй зээлийн хэмжээ буурах болно. Мөн шинээр эхлэх хөрөнгө оруулалт байхгүй учраас импортын эрэлтийг нэмэгдүүлэхгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Д.Шүрхүү: Өнөөдрийн Орос, Хятад хоёр 20 жилийн дараа баталгаатай найзууд байх уу

Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Шүрхүүтэй ярилцлаа.

Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд манай оронд айлчилсан. Саяхан УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д айлчлаад ирлээ. Эдгээр айлчлалаас манай оронд юу үлдэв?

-Монгол Улс уул уурхай гадаад зах зээл дээр сайн байхад хоёр хөршөө үл тоох маягтайгаар бодлогоо тодорхойлж их давилуун явсан цаг үе бий. Гэтэл уул уурхайн экспорт хумигдаад ирэх үед манай орон ямар эмзэг эдийн засагтай вэ гэдгээ мэдэрсэн. Хоёр хөрштэйгээ ойртох болсон нь сүүлийн 10 жилд гуравдагч хөршийн бодлого эдийн засгийн хүсэн хүлээж байсан хэмжээнд хүрээгүйтэй холбоотой. Улс төрийн бодлого сайн хэдий ч эдийн засаг хүндрээд, хөрөнгө оруулалт буурах үед бид гэнэт сэхээ авсан юм. Бид хоёр хөрштэйгээ ойртох болсон гол шалтгаан нь нийгмийн хөгжилтэй шууд холбоотой. Сүүлийн хоёр жил шуурхай арга хэмжээ авч Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулиа өөрчлөөд гадаад талдаа анхаарч эхэлж байгаа ч үр дүн нь хараахан гараагүй байна. Си Жиньпин дарга манай оронд айлчлахдаа зээл тусламжийг урьд өмнө нь байгаагүйгээр өглөө. В.Путиныг ирэхэд төмөр замыг хос болгох, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, далайн тээвэр, транзитын асуудал яригдсан. Энэ бүхэн ердөө эхлэл. Тодорхой тохиролцоонуудаа бид хийж чадсанаар гадаад орчноо сайжруулах эхлэл тавигдсан. Гэвч бидний хүсэн хүлээж байсан үр дүн хэзээ гарах вэ гэдэг нь бүрхэг хэвээр байна. Гадаад валют, хөрөнгө оруулалт нэмэгдсэн зүйл алга. Улсын төсөв хүндхэн хэвээрээ байгаа. Тиймээс 2015 онд гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхцөл ямар болох нь тодорхойгүй байна.

Транзит тээвэр, төмөр замын асуудлыг айлчлалуудаар ярьсан. Ази Европыг холбосон төмөр зам Монголоор дамжина гэсэн. Эдгээр нь эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх бол. Хоёр хөршөөс манай руу чиглэх валютын урсгал бий болох уу?

-Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалаар шийдэгдсэн хамгийн чухал зүйл нь төмөр зам, транзит тээврийн асуудал байсан. Хятадын тал анх удаа транзит тээвэрт 40 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлнэ. Мөн далайн боомтууд руу хүрэх боломжийг нээхээр болсон. Харин хариуд нь “Та нар төмөр замын асуудлаа нарийн царигаар шийдвэл боломжийг та нарт олгоно” гэсэн.

ОХУ-ын талаас Алтанбулагаас Замын-Үүд хүртэл төмөр замын гол шугамыг 2020 он гэхэд хос болгон цахилгаанжуулах бол Арц суурь, Эрдэнэт, Хөвсгөлийн зам барихаар тохиролцсон. Уг тохиролцоонуудыг харж байж бид дараагийн алхмуудаа хийнэ. Төмөр замын царигийг бид явцуу хүрээнд шийдээд байгаа юм. Монгол Улс төмөр замаа ямар үндэслэлээр байгуулах вэ гэдгээ нарийн тооцоолж чадахгүй байгаа. Манайхан төмөр замаар зөвхөн нүүрс зөөнө гэсэн бодолтойгоор царигийн асуудлыг ярьсан. Төмөр замаа барьж чадаагүй байтал үндэслэл муутай гэдэг нь харагдсан. БНХАУ импортын нүүрсээ хязгаарлаж эхэлсэн. Түүнчлэн нүүрсний үнэ унасан. Хятадын тал коксжих нүүрсэндээ гурав, бусад нүүрсэндээ зургаан хувийн татвар бий болгосон. Нүүрсээ авахдаа хүртэл өндөр шалгуур тавьсан. Тэгэхээр манай нүүрс маш хямд гарах нэг зам байна. Эсхүл ямар ч экспорт байхгүй. Ийм тохиолдолд бидэнд өргөн, нарийн аль ч цариг байсан нүүрсээ борлуулж чадахгүй. Бараг л төмөр зам барих шаардлага байна уу үгүй юу гэдэг асуулт гарч ирж байна. Би 2010 онд царигийн асуудлыг ярьж эхлэхэд “Бид Ази Европыг холбосон транзит тээврийн бүс зангилаа болж хөгжих ёстой” гэдгийг хэлж байсан. Царигийн асуудал дээр бид хаанаас шилжүүлэн ачих вэ гэдэг зүйл бодогдож байлаа. Бидний ирээдүйн гол зорилго нүүрсээ зөөх биш Монгол Улс Ази Европыг холбосон эх газрын дамжин өнгөрөх зангилаа цэг болох ёстой. Аль аль айлчлалын хүрээнд төмөр замыг далайн боомттой холбох тухай ярьсан нь хамгийн том ололт болсон.

Та урд хөршид очиж боомтын талаар судалгаа хийчихээд ирсэн гэв үү?

-Би Си Жиньпин даргын айлчлалын дараа Хятадад очиж манайхан далайн боомтыг ашиглах боломж хэр байгаа талаар судалгаа хийсэн. Бид хоёр боомтоор яваад ирэхэд хоёр сонин зүйл ажиглагдсан. Тэр нь юу гэхээр Тяньжин боомтод очиход нурмаг бүтээгдэхүүний бирж гэж ажилладаг юм байна. Бирж дээр ажиллах нөхцөл боломж хангалттай байна лээ. Энд Монголын нүүрс ирдэг юм уу гээд сонирхтол ирдэггүй юм байна. Манайхаас гарсан нүүрс Ухаагийн нүүрс нэрээр ирдэг юм билээ. Монголын говиос авсан нүүрсийг Өмнөд Монголын талд угааж цэвэрлээд “Ухаагийн нүүрс” гэдэг нэр өгөөд автомашинаар зөөдөг юм байна. Түүнээс биш бидэн шиг Чалкод гэрээний нөхцөлөөр нэг сая тонн нүүрс өгнө гэж тохиролцоод хэрүүл ам хийгээд явдаггүй юм байна. Бид нүүрсээ тэнд өгвөл ашигтай ажиллаж болохоор санагдсан. Нүүрсээ яаж зөөж байгаа талаар нь судлахад тэнд очиж буй нүүрсний 70-80 хувь нь автомашинаар тээвэрлэгддэг юм байна лээ. Төмөр замаар Шинхуа гэх мэт том компаниуд өөрсдийн замаар зөөдөг.

Тяньжиний хажууд Дунжанд манайхан газар түрээслэх гэж байгаа. Хятадын талаас бидэнд амлалтаа өгсөн. Үүнийг түргэвчлэх шаардага бий гэдэг нь анзаарагдлаа.

Дараагийн боомт нь Зиньжоу юм. Уг боомт нь газарзүйн хувьд Монголын хилээс 800 гаруй км зайтай. Тэр боомтын бүтээн байгуулалт өнөөдөр явагдаж байгаа. Тус боомт нь нүүрс болон төмрийн хүдэр гэх мэт нунтаг бүтээгдэхүүн, үр тариа, газрын тос, байгалийн хий ачиж буулгадаг боомт газрыг бүтээн байгуулж байна. Энэ нь Сибирь, Монголын зах зээл рүү чиглэсэн гэдэг нь шууд харагдаж байгаа юм. Тяньжин боомт улсынх бол Зиньжоу нь анхны хувьцаат компани юм билээ. Үүнээс үзэхэд Монголын дорнод хэсгээр эдийн засаг, зам тээврийн хоёр дахь зүүн талын хонгил үүсгэх боломжтой. Төмрийн хүдэр, нүүрс, үр тариаг ч гэсэн цаашид зөөж болохоор байна.

Тэгвэл Оросын зах зээл ямархуу байдалтай байгаа бол?

-ОХУ, БНХАУ хоёр 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларын бараа бүрээгдэхүүний эргэлт хийнэ. Тэгэхээр хоёр хөршийн хоорондох бараа бүтээгдэхүүний урсгал нэмэгдэнэ. Дорнод бүсээр эдийн засгийн талын тээврийн хонгил үүсэх бүрэн боломж байна. Оросын Алс Дорнодоор явж байгаа хэсэг нь ачаалал ихтэй.

Хөөт-Чойбалсан-Бичигтийн хооронд 300-400 км төмөр зам барихад л бараг холбогдчихож байгаа юм. Азиас Европыг холбох тээврийн коридор хоёр урсгалтай байна. Төмөр замын бодлогоор Хөөтөөс Бичигт хүртэл нарийн цариг гээд тусгачихсан. Нарийвчлан судлаад үзэхэд Монголын хилээс 800 км төмөр зам тавьчихбал Зиньжоу боомтоос Европ хүртэл ямар ч асуудалгүй ажил явж байх том урсгал бий болно.

Таны энэ мөрөөдөл биелэх юм уу?

-Хэдэн жилийн өмнө байсан бол биелэхгүй байх байсан. Монгол Хятад хоёр улс иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрлээ. ОХУ, БНХАУ хоёр эдийн засгийн тал дээр ч гэсэн бүр нягт уялдаатай болсон. Хоёр хөрш худалдаагаа хөгжүүлье гэж байгаа бол энэ зурвас газрыг нээх ёстой. Өмнө нь Хятадын нутаг руу өргөн төмөр зам олон орсон. Нөгөө талаас Монгол Улс Тавантолгойгоосоо Гашуун сухайт хүртэл нарийн цариг тавьчихсан. Ингэж чадвал Монголын хоёр дахь том коридор үүснэ. Талын зам, Шинэ торгон зам, ОХУ дорно зүгт эдийн засгаа тэлэх гурван бодлого нийлж байгаа юм. Эдийн засгийн энэ коридор гурван оронд аль алинд нь ашигтай. Хятад үр тариа, газрын тос, нүүрсээр маш их дутагдаж байгаа орон. Мөн эрчим хүч, авто зам тэдэнд хэрэгтэй байна. Хятадын Шинэ торгон замын эдийн засгийн бүс XXI зууны далайн торгон зам гэдэг бодлого нь бодитоор хэрэгжих боломжтой. Хятад хил дамнасан эдийн засгийн бүс байгуулах сонирхолтой байгаа. Замын-Үүд Эрээн, Цагаан хад-Гашуун сухайт, Бичигт хавьд эдийн засгийн бүс үүсэх боломж байна. Ингэснээр Монголын дорнод бүс хөгжинө. Дорнод бүсэд бид үр тариа, тутрага, мал аж ахуйг хөгжүүлэх боломж нээгдэнэ. Бид ингэж зурвас бүс байгуулах хэрэгтэй. Бид мөн гурав дахь эдийн засгийн хонгил үүсэх боломжтой. Тувагаас орж ирж буй Арц суурь, Хөвсгөл, Эрдэнэт чиглэл урагшаа холбогдчихоор босоо тэнхлэг ороод ирнэ. Бид зөвхөн Тавантолгойн нүүрс болон төмрийн хүдэр гэх мэт зүйлсийг зөөнө гэж байхаар гурван улсыг холбосон энэ чиглэлээр төмөр замаа баривал ирээдүйтэй. Үүнээс харахад зургаан жил маргасан нарийн царигийн асуудал тийм ч чухал биш.

Алдаа нь юундаа байна вэ?

-Х.Баттулга, А.Гансүх сайд нар Монголын аюулгүй байдал, транзитын тал дээр анхаарсан бодлого нь зөв боловч хэрэгжүүлж байгаа арга нь буруу байсан. Тэд мэргэжлийн хүмүүсийг холдуулсан. Төмөр замчдын холбоо гэх мэт мэргэжлийн хүмүүс нь Засгийн газрынхаа эсрэг тэмцээд эхэлсэн. Үүнд хамгийн том асуудал нь бий. Мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсоод ажлаа явуулж байсан бол зөв байсан. Манайхан цариг гэж их ярилаа. Монгол Улсын аюулгүй байдал царигтаа байгаа юм биш. Нарийн цариг бол мухар зам. Хятад Монголыг холбосон зам. Харин манай орны аюулгүй байдал нь транзит тээвэр. Талын зам бодлогоо манайхан эхэнд тавьсан бол царигийн асуудал ингэж газар авахгүй байлаа. Хятадад аялалаар явахад авто зам хамгийн чухал гэдгийг мэдлээ. Бид цариг шийдэж чаддаггүй юм бол өмнө зүгтээ маш сайн авто зам тавих хэрэгтэй.

Хятад руу эрчим хүч экспортлох асуудлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Бид эрчим хүч экспортлохдоо хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Эхнийх нь З.Энхболд даргын хэлснээр ерөнхий хэлэлцээр хийж, зарчмаа тохиролцох ёстой. Оюутолгойгоос 10 центээр авдаг хэрнээ экспортлохдоо хоёр центээр экспортолж болохгүй биз дээ. Эхний ээлжинд үнээ зөв тохирох. Өөр нэг зүйл нь технологийн асуудал. Монгол Улс хөгжлийн чанарын шинэ түвшинд очих ёстой. Хятадууд хоцрогдсон цахилгаан станцуудаа хааж байгаа. Тэрийг нь бид авч ирж хэрэглэж болохгүй. Монгол Улс үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавих хэрэгтэй. Бид Монголын хангай, говио сүйтгэж болохгүй. Нар, салхины том хөшгөн цахилгаан станцыг барих ёстой. Орчин үеийн томоохон цахилгаан станцуудыг томоохон хэдэн газраа байгуулах шаардлагатай.

Хийн хоолойн асуудлыг гадагшаа явж ирсэн хүн бүр манайх тавина гэж байна. Гэтэл хоёр хөрш олон сая ам.доллараар зургаа гаргуулж хэдүйн гарын үсэг зурсан нь тодорхой боллоо. Хийн хоолой Монголоор дамжих юм уу. Хоолой тавилаа гэхэд хойноосоо Орос, урдаасаа Хятадуудын нөлөө онцгой ихсэх юм биш үү?

-Энгийн утгаараа хийн хоолой тавих нь транзит тээврийн орон гэдэг утгаараа хоёр гурван ашигтай тал бий. Талын замын давуу тал нь баялагаа ухахгүйгээр дамжин өнгөрөхөд нь төлбөр авах юм. Бодит байдал дээр Оросын тал дорно зүг рүү хандаж буй хандлагаа алсын бодлоготой хийж байна. Энэ нь газрын тосны хоолойноос тодорхой харагдсан. Оросын бодлого нэг зах зээлээс хараат байхгүйн төлөө явж байна. Тэд дорно зүг рүү хараагаа тэлэхдээ хэд хэдэн чиглэл рүү явж байгаа. Газрын тосны хоолойг Номхон далайн эрэг, Хятад гэсэн хоёр салаа замаар тавьж байна. Хятадтай харилцаа муудах үед далайгаар газрын тосоо гаргана. Өнөөдрийн ОХУ, БНХАУ хоёр 20 жилийн дараа баталгаатай найз байна гэсэн үг биш. Тиймээс стратегийн бодлогоороо Алс Дорнодын бүс далайн боомт руугаа чиглэж байна. Хийн хоолойгоо ч гэсэн тэгж тавих гэж байгаа юм. Алс Дорнодын эрэг рүүгээ нэг тавиад нөгөө салааг нь хятад руу дамжуулна. Том гүрнүүд 20-30 жилийн цаадахыг харж байна. Харин монголчууд 2-3 жилийн цаадахаа бодож байна. Зөвхөн ганц Хятад руу чиглүүлж хийн хоолойныхоо чиглэлийг өөрчлөхгүй. Энэ бол баталгаатай. Ирээдүйд манай орныг дайруулан том оврын биш юм аа гэхэд бага оврын хоолой явж магадгүй. Монгол Улс Орос, Хятадын өрсөлдөөнийг ашиглах ёстой. Хятадууд манайд хайртайдаа далайн боомт руу төмөр зам тавих гээд байгаа юм биш. Оросын нөлөөг ядаж Улаанбаатараас хойш нь гаргах гэсэн санаа. Энэ бүхнийг бид ойлгох шаардлагатай.

Олон улс судлалын хүрээлэн цаашид ямар асуудалд анхааран ажиллах вэ?

-Өмнө нь хүмүүс манай хүрээлэнг төдий л сайн анзаардаггүй байсан. Харин хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын дараагаас энэ байдал эрс өөрчлөгдсөн. Бид ч гэсэн олон улсыг нээх цонх болж ажиллах хэрэгтэй байна. Хүмүүс Стратегийн хүрээлэн байхад танайх байх шаардлага байгаа юм уу гэдэг. Эд бүгдээрээ чиг үүрэг нь өөр. Стратегийн хүрээлэн хагас албан шинжтэй. ҮАБ-ын ажлын албаны дэргэдэх байгууллага. Зөвхөн орос хятадаас гадна дотоод, гадаад аюулгүй байдлыг давхар хариуцдаг. МУИС дээр олон улсын харилцааны сургууль гэж байна. Тэд сургалтаа хийж, бага зэргийн судалгаа хийдэг. Харин манай хүрээлэн Орос, Хятад болон бусад орны эрдэмтэд ирж ном хаялцдаг, бүх зүйлийг нээлттэй судалдаг байгууллага. 2008 онд манай хүрээлэнгээс санаачилан Монгол, Орос, Хятадын эрдэмтдийн форум гэж байгуулсан. Уг форумаараа хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ гэж таван удаагийн форумыг хийсэн. Тэр болгон дээр гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярьдаг байсан. Тухайн үед Оросны эрдэмтэд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярих болоогүй гэдэг байлаа. Гэтэл Душанбед анхны уулзалт боллоо. Гадаад харилцааны дэд сайд нар уулзлаа. Ирэх жил Шанхайн хамтын ажиллагаан дээр уулзахаар болсон.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Б.Чойжилсүрэн: Ардын нам ингэж нурааж яваагүй

УИХ-ын гишүүн Б.Чой­жилсүрэнтэй ярилцлаа.

Баасан гаригийн чуул­ганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн ч харамсалтай нь олонхийн дэмжлэг авалгүй хууль санаачлагчид нь буцаахаар болчихлоо. Одоо тэгэхээр төсвийг дахин өргөн барина гэсэн үг үү?

-Ирэх оны төсвийг батлахад 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. Хаврын чуулганаар баталсан төсвийн хүрээний мэдэгдлийн дээд доод хязгаартаа багтаан төсвийн орлого, зарлагаа тохируулна гэсэн үг. Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг гарч тоон дээрээ ажиллах байх. УИХ-ын баруун гарт Засгийн газар, зүүн гарт нь Монголбанк байдаг. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гарч төсвийн төсөл, мөнгөний бодлогыг хамтад нь хэлэлцье. Төсвийн тэлсэн бодлого явуулаад байгаа үед Монголбанкнаас ирэх онд валютын ханшийг одоо байгаа түвшинд нь барих магадлал тун тааруу. Олон улсын байгууллагуудын тайланг харж байхад экспортын бүтээгдэхүүний үнэ ирэх онуудад өсөхгүй бөгөөд магадгүй буурах хандлага ажиглагдаж байгаа. Орлогодоо тааруулж зарлагаа төсөвлөхгүй бол болохгүй. Тухайлбал, манай улс дөрвөн төгрөгийн орлоготой байж долоон төгрөгийн зарлага гаргах гээд байна. Орлого, зарлагын зөрүүг богино хугацаатай Засгийн газрын үнэт цаас, гадна дотнын зээл тусламж авч санхүүжүүлэх нь өрийн гинжин хэлхээ бий болгоод байгаа юм. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор тавьсан Засгийн газрын бондын дийлэнх хэсгийг сүүлийн 2012, 2013, 2014 онуудад нэмэгдүүлчихсэн. Өнөөдрийн байдлаар хоёр их наяд 110 орчим тэрбум төгрөгийн зөвхөн дотоодын өрийн үлдэгдэл байна. Энэ нь ирэх хоёр жилд маш том хүндрэлийг үүсгэнэ. Хамгийн том хүндрэл нь бид валютын ханшаа барьж чадахаа болино. Орлогодоо тохируулж зарлага гаргаж амьдаръя л даа. Таван метрийн өндрөөс унасан хүний хөл нь хугараад амьд үлддэг. 15 метрээс дээш өндрөөс унахаар амиа алддаг. Ирэх хоёр жилд ирэх хүндрэлээс урьдчилан сэргийлж зарлагаа хянаж таван метрийн өндрөөс унах хэрэгтэй. Өнөөдөр бидний орлого 2011 оны хэмжээнд байгаа бол зарлагаа ч гэсэн түүндээ тааруулж гуравхан жилийн өмнөх амьдралдаа эргээд очицгооё л доо. Тэгэхгүйгээр орлогоосоо давсан зарлага гаргаад яваад байвал гадагшаа хандсан Монгол Улсын бүх гэрээ хэлэлцээр ашиггүй болно. Хоолойд тулсан өртэй болчихоор гадныхан түүнд нь тааруулаад амь тариа залгах мөнгө өгч хариуд нь бугуй барьдаг. Нууцгүй хэлэхэд сүүлийн хоёр гурван жил ийм зүйл явагдсан. Одоо манай нам сайн ажилласан, танай нам муу ажилласан гэж маргалдах цаг биш. Монголоо бодох цаг.

Төсвөө энэ чигт нь батлаад явчихбал хаврын чуулганы төгсгөл рүү төсвийн тодотгол хийгээд явчих боломжтой гэдгийг Ерөнхий сайдын зүгээс цухуйлгаж байсан. Харин та юу гэж бодож байгаа вэ?

-Би Ерөнхий сайдыг ойлгохгүй юм. 2014 оны төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр дутна. Орлого дутаж байгаа юм чинь зарлага талаас нь тэр хэмжээний мөнгийг хасч таарна биз дээ. Юуг нь хасч, алийг нь цааш үргэлжлүүлэх вэ гэдгээ 2015 оны төсвийг батлахаас өмнө 2014 оны төсөвт тодотгол хийх хэрэгтэй байсан. Тэр дутуу санхүүжүүлсэн юмаа үргэлжлүүлээд явуулах шаардлагатай. Үүнийгээ хийхгүй байна. 2015 оны төсвөө батлаад дараа нь 2014 оныхоо төсөвт тодотгол хийе гээд байх юм. Ерөнхий сайд олон төрлийн ажилтай завгүй л байдаг байлгүй. Сангийн яам нь ядаж тодорхой зүйл хэлээд явчихаж болдоггүй юм уу. Биднийг хэлэхээр “Муу үзэх гэлээ. Муу ёрлож харлууллаа” гээд унадаг. 2013 оны төсөвт хоёр удаа тодотгол хийсэн. Энэ оны төсөвт нэг удаа тодотгол хийснийг санаж байгаа байх. Дахин нэг тодотгол хийх зайлшгүй шаардлагатай байна. Ийм замбараагүй үйл ажиллагаа яваад байхаар магадгүй тендер дагасан будилаан газар авна. Тендерийг санхүүжүүлэх үгүй нь ч тодорхойгүй болно. Төгрөгөөр тендерт орчихоор валютынхаа ханшийг алдчихдаг. Тендерт ороод алдагдал хүлээсэн компанийн тоо хэдэн зуугаараа байна. Зээл авч тендерт орсон компани банкнаас алдагдал хүлээхэд банкууд дагаад хүндэрдэг. Энэ гинжин хэлхээ явсаар л байгааг харахгүй юм. Өрийн хэмжээ дээд хязгаартаа тулчихсан үед цаашаа өр зээл авна гээд явбал улам хүнд байдалд орно. Хоёр гурван жилийн дараа байдал маш ноцтой болно.

Ерөнхий сайдыг огцруулах нь үүнээс гарах гарц мөн үү?

-Би Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан 28 гишүүний нэг нь. Эдгээр 28 гишүүний кнопоор асуудлыг шийдэж чадахгүй. Энэ нь эрх баригчдын шийдэх асуудал. Эдийн засгийн бодлогын тал дээр барьж буй чиглэлээ өөрчлөхгүй бол амаргүй байна. Энэ байдлаараа цаашаа явбал эдийн засгийн нөхцөл байдал маш хүндэрнэ.

Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрч эдийн засгийн өсөлт 17.8 хувьд хүрсэн гэж ярьдаг. Тэр үед эдийн засгийн нөхцөлөө сайжруулж чадсангүй гэдэг. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Би 2008 онд УИХ-ын гишүүн болсон. Түүний дараахан буюу 2008, 2009 онуудад дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болсныг санаж байна. 2010 оноос эдийн засгийн нөхцөл байдал гайгүй сайжирч эхэлсэн. 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.8 хувьд хүрч түүхэн дээд амжилт тогтоосон. Тэр үед Оюутолгойн хөрөнгө оруулалт, түүнийг дагасан хөрөнгө оруулалтууд маш ихээр орж ирснийг санаж байна. 17.8 хувь гэдэг бол маш өндөр тоо. Ийм өсөлтийг байнга хадгалах нь хэцүү гэдэг нь тодорхой юм. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тогтвортойгоор хоёр оронтой тоонд хадгалах нь чухал байсан. Тиймээс тухайн үед МАН-аас төсвийг тэлэхгүй, хөөсрүүлэхгүй бодлого барьж төлөвснөөс илүү орсон орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулах чиглэл барьсан. Харамсалтай нь бид энэ бодлогоо 2012 оны сонгуулиар ард түмэнд зөв ойлгуулж чадаагүйгээс болж ялагдсан. Хэдийгээр бид дээрх бодлогыг барьж байсан боловч хоёр нам хамтарсан байсан тул 2012 оны төсвийг хөөстэй, тэлж баталж байсныг санаж байна. Гэтэл 2013, 2014 онуудад түүнийг бүр ихээр давуулан хөөсрүүлсэн. Тогтмолжоогүй орлогоор тогтмолжсон зарлага бий болгочихлоо.

Анх Хөгжлийн банк байгуулаад Засгийн газрын баталгаатай бонд босгох үед бондыг худалдан авахаар таван тэрбум ам.долларын санал ирж байсныг санаж байна. МАН-ын бүлэг дээр тухайн үед “Энэ хэмжээгээр авах нь эрсдэлтэй байна” гээд зөвхөн 580 сая ам.долларын бонд аваад нэг ч цент зарцуулалгүйгээр 2012 оны УИХ-ын сонгуульд орсон гээд бод доо. Шулуухан хэлэхэд бид эх оронч царайлж яваад сонгуульд ялагдсан.

Одоо тэгээд араас нь харамсаад байгаа юм уу?

-Би харамсахгүй байна. 2014 оны өндөрлөгөөс эргэн харахад бидний тухайн үед явуулж байсан бодлого зөв байжээ.

Чалкогоос мөнгө аваад Хүний хөгжил санд оруулаад ард түмэнд тараачихсан. Тэр өрийг чинь өнөөдөр төлөх гээд асуудал болж байна шүү дээ?

-Эрх баригчид ямаа шиг зүйлийг тэмээтэй зүйрлэж ярьдаг. Чалко компаниас Эрдэнэс Тавантолгой компаниар дамжуулан нүүрсний урьдчилгаа авахуулаад тэрийг нь хүний хөгжил санд 350 сая ам.доллар өгүүлсэн нь үнэн. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид зээл аваагүй гээд гүрийх шаардлагагүй. Эрдэнэс Тавантолгой Чалко компанийн хооронд гэрээ байгуулсан. 2008 онд Австралийн коксжих нүүрсний уурхайнууд үерт авсан. Тухайн үед Хятадын эдийн засаг хурдацтайгаар 10-аас доошгүй хувиар өсч байсан. Коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 135 ам.долларт хүрч байсан. 2011 оны дунд үеэс коксжих нүүрсний үнэ буурч эхэлсэн. Эрдэнэс Тавантолгой компани Чалкотой гэрээ байгуулахдаа нэг тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар 10 жилдээ үнэ тогтвортой байх нөхцөлөөр тохирсон байсан. Магадгүй тухайн үед 80 ам.доллар байхад нь бид 70-аар гэрээ байгуулсан нь үнэн. Цаашид нүүрсний үнэ үргэлжлэн унах нь тодорхой байсан тул 70 ам.доллар дээр тогтмолжуулах бод­лого барьсан. Одоо кокс­жих нүүрсний үнэ унаад 33 ам.доллар болсон. Үнийг унагаахгүй 10 жил тогтмолжуулах гэтэл “Монголын баялгийг үнэгүйдүүлж гадныхантай хуйвалдаж хямд өглөө” гэж шүүмжилж байсан биз дээ.

Та бизнесийн салбарын амжилт, ололт нь юундаа байдгийг ч мэднэ. Аливаа бизнес зээл авч л хөл дээрээ босдог гэдэг нь манай болон дэлхийн томоохон компаниудаас харж болдог. Хувийн бизнестэй хүмүүс нь зээл авч хөл дээрээ зогсоно гэчихээд улс нь зээл авъя гэхээр яагаад эсэргүүцээд байдаг юм бэ?

-Улс ч ялгаагүй хувь хүн ч ялгаагүй зээл авч болно. Хөгжихийн тулд зээл авдаг нь үнэн. Банк зээл өгөхдөө ирээдүйн орлого тогтмол, эргэн төлөлтийг нь харж байж зээл өгдөг. Таван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний Чингэс бондыг анх гаргахдаа УИХ-аас зөвшөөрөл өгснийг санаж байгаа байх. Ардын намын бүлгийн гишүүд дотор үүнийг нь санаачлаад дэмжээд явъя гэж байсан хүний нэг нь би. Гэхдээ бондыг эргэн төлөх хугацаанд орлого тогтвортой байх нь баталгаажсан нөхцөлд энэ орлогыг аваад зарцуул гэдгийг Эдийн засгийн хөгжлийн яамныханд би хэлж байсан. Гэтэл экспортын орлого тооцоолоогүйгээр унаад байна. 2015 оны нүүрсний экспорт хэд байхыг хэн ч тааж мэдэхгүй. Орлого байхгүй үед зээл авахаар тэр нь өр болж хувираад байгаа юм. Улсын суурь болсон Засгийн газрын зээлжих зэрэглэл буураад эхлэхээр Монголын аж ахуй нэгжүүдийн зээлжих зэрэглэл дагаад унана. Засгийн газраасаа илүү баталгаатай зээлжих зэрэглэлтэй аж ахуй нэгж байдаггүй.

Татвар төлөгчдийн мөнгөөр хариуцлага хүлээхээ болъё. Менежментээ зөв хийгээд гадаад, дотоодын зах зээл дээрээс мөнгө босгоод ирэхээр Засгийн газар нь зээлжих зэрэглэлээ унагаад, мөнгөний унацыг нэмээд байгаа юм. Дахин хэлэхэд зээл авч болноо, эргэн төлөгдөх нөхцөлд чинь орлого тогтмолжсон байх ёстой гэдгийг хэлье. Төлж чадахгүй бол яах вэ гэхээр Парисын клубийн зарчим яриад байх юм.

Тэр нь юу билээ?

-“Өрийг цайруулж өгдөг юм аа” гээд байгаа. Парисын клубийн зарчим яваад эхэлбэл хэвийн горим үгүй болно. 2000 оны эхээр ОХУ их өрийг тэглэж, манайхан “Орос шиг бай л даа” гэж хэсэг ярьсан даа. Одоо тийм зүйл байхгүй ээ. Яаж ч хүлээгээд нэмэргүй. Хүмүүсийн тархийг угаахаа боль. Одоо арилжааны зээлүүд л явж байна.

Асуудал энэ мэтчилэн хоолойд тулчихаад байхад Засгийн газраар ажлыг нь хийлгэмээр байна. Бондын хүүгээс эхлээд ярих юм их байгаа юм биш үү. Гэтэл сандал ширээний хэрүүл хийгээд байх юм…

-Хэн саад болсон юм.

Танай намынхан Ерөн­хий сайдыг огцруулна, салбарын сайд нарыг огцруулна гээд ажил хийлгэсэнгүй шүү дээ?

-Манай зээлжих зэрэглэл B- болсон. Үүнээс доош унаж С ангилалд орох гээд байна. Хэрэв тэгвэл дампуурлын менежмент явагдана. Одоо харин төсөв дээрээ тэлсэн бодлогоо болиод орлогодоо зарлагаа тохируулан ороод ирвэл заавал огцруулна гээд сандал ширээ ярих ямар ч шаардлагагүй. Энэ чинь аргаа барсан л арга шүү дээ. Гадна дотно хүмүүстэй уулзахаар амьдрал хүндрээд байна гэдэг. Энэ саарал байшинд ороод ирэхээр амьдрал сайхан байна гэх юм. Амьдрал сайн муу байгаагийн үнэлэмжид би хүртэл эргэлзэж эхлээд байна. Ерөнхий сайдыг огцруулах нь тийм ч чухал биш. Бодлогын алдаагаа л засчих. Юм л бол биднийг ажил хийлгэхгүй байна гэх юм. Эрх баригчдад 50 кноп байгаа биз дээ.

АН-ынхныг дотроос нь жаахан өдөөгөөд өгөхөөр хагаралддаг. Үүн дээр нь танайхан тоглолт хийгээд байгаа юм биш үү. Хамтарсан Засгийн газар байгуулах сонирхол танайханд байгаа гэх юм?

-Ардчилсан намын дотоод хэргийг би мэдэхгүй. Хардах эрх хүн бүхэнд байдаг. Харин гүтгэх эрхгүй. Бид Засагт орох шаардлагагүй. Бид үнэний туйл биш. Хүмүүн биеийг олж төрсөн адилхан хүмүүс тул бидэнд алдаа оноо байсан л байх. Манайхан бүх хүнд тааруулж сайн ажилласан гэж өөрсдийгөө өмөөрмөөргүй байна. Гэхдээ Ардын нам ингэж нурааж яваагүй. Хүн болгоныг диваажинд байгаа мэт амьдруулж чадаагүй нь үнэн. Угаасаа тэгж чадахгүй юм байна лээ. Ардын нам тэмцэж чаддаггүй, Ардчилсан нам засаглаж чаддаггүй гээд хэлц үг гарсан байна. Энэ үнэний хувьтай үг шүү.

Тавантолгойг хувьчилна гэсэн. Ирэх оны эдийн засагт нөлөөлөл үзүүлэх үү?

-Тавантолгойг хувьчилна л гээд байгаа. Газрын доорх баялгийг бид бүтээгээгүй. Хэдэн мянган жил эцэг өвгөдийн халуун амиар олдсон баялаг. Үнэгүйдсэн үед нь хувьчилж өөрсдөө хувааж идэх гэж байна гэсэн янз бүрийн хардлага байдаг. Би хараар будмааргүй байна.

Хэдэн жилийн өмнө Лексус-570 гэдэг машин Улаанбаатарын гудамжинд хэд явдаг байлаа. Одоо битүү л явж байгаа биз дээ. Энэ чинь зарлага шүү дээ. Ам.доллараар авдаг зүйлсийг багасгах хэрэгтэй.

Та ч гэсэн дөнгөж саяхан гарсан үнэтэй гар утсыг доллараар л авсан байна шүү дээ. Мөнгөтэй хүмүүс бүгд ингэж байна. Үүнийгээ зогсоочихооч?

-Үнэн. Намайг шүүмжилсэн шүүмжлэлийг хүлээж авъя. Манай эхнэр гадагшаа явж ирээд IPhone 6 гар утсыг бэлэглэсэн юм. Энэ мэтчилэн Монголын ам.долларын урсгал гадагшаа явж байна. Хувь иргэн бүр өөрсдийн хэрэглээн дээрээ анхаарах хэрэгтэй. Би ч гэсэн эргэж харъя.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

С.Оюун: Их хурлыг булхай луйврын үүр болчихсон мэт хардаг болчихлоо

УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюунтай ярилцлаа.

-Иргэний Зориг ногоон намын зүгээс Засгийн газ­рыг дэмжиж ажиллана гэд­гээ илэрхийллээ. Засгийн газрын үйл ажиллагаанд танай намынхан сэтгэл хан­галуун байна гэсэн үг үү?

-Иргэний Зориг ногоон намын Үндэсний хорооны хурал, Улс төрийн зөвлөлийн хурал өнгөрөгч долоо хоно­гийн бямба гаригт хуралдсан. Орон нутгийн гээд 100 гаруй төлөөлөгчид хуралд оролцлоо. Өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч хамтдаа ярилцсан. 2012 онд Иргэний Зориг ногоон нам, Ардчилсан нам, МҮАН-МАХН-ын “Шудар­га ёс” эвслийн бүлэгтэй Зас­­гийн газрыг хамтран бай­гуулж цаашид хамтран ажил­лана гэсэн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнийхээ хүрээнд бид үнэхээр хичээж ажиллаж байгаа. Цаашид ч гэсэн гэрээний дагуу ажлаа явуулах болно. Эдийн зас­гийн тал дээр гээд санаа зовоож байгаа зүйлс байгаа гэдгийг Үндэсний хорооны гишүүд хэлж байсан. Хамгийн их санаа зовоож байгаа асуу­дал нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, монгол төгрөгийн унал­тад орсон явдал гэдгийг хэлж байсан. Тиймээс цаашид энэ Зас­гийн газрыг илүүтэй шахаж ажил­луулах ёстой гэсэн. Түүнээс биш шинэ Ерөн­хий сайд, шинэ Засгийн газар гарч ирэхээр бол эдгээр асуудал өргөс авсан мэт шууд арилах­гүй, болохгүй байгаа зүйлс­дээ анхаарч ажлаа явуу­лах ёстой гэдэгт санал нэгдсэн. Өнөөдрийн эдийн зас­гийн хүндэрсэн байдал сүүлийн хоёр жилд бодлогын алдаанаас бий болчихсон юм биш. Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Их хурал, тухайн үеийн Засгийн газар популист бодлогыг ярьж урагшилсан. Түүнийх нь сөрөг үр дагавар сүүлийн жилүүдэд гараад ирчихлээ. Эдийн засгийн хүндрэлд бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн.

-Эдийн засаг хүндрэхэд юу голлох нөлөө үзүүлсэн гэж?

-Түрүүчийн Засгийн газрын үед Стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтын тухай хууль, гэнэтийн ашгийн татвар, иргэдэд нэг сая болон нэг сая 500 мянган төгрөг тараах амлалтууд, улс бүх зүйлд оролцоно гээд эх захгүй уралдаан явсан. Тэрхүү популист амлалт, бодлогуудын үр дагавар гэж би бодоод байгаа. ИЗНН эдгээр бодлогуудад бүгдэд нь эсрэг байр суурийг илэрхийлж ирсэн. Бид ухаантай, тэд юу ч мэдэхгүйдээ мөнгөн амлалтууд өгөөд байсан юм биш. Иргэдэд нэг сая болон нэг сая 500 мянган төгрөг өгнө гэдэг хэрэгжихэд хэцүү, дарамт ирнэ гэдгийг мэдсээр байж сонгуульд ялахын тулд тэгсэн. Энэ Засгийн газрын өвлөж авсан зүйлсээс нэгийг жишээ болгоход Хүний хөгжлийн сангийн данс улайчихсан, өртэй байсан. Уул уурхай, ашигт малтмалын үнэ өндөр байх үед бүгд муу хэлсэн. Ашигт малтмалын үнэ удаан хугацааны турш хэлбэлзэлтэй байдаг. Удаан хугацаанд бодлогыг нь тогтвортой явуулахгүй бол гацаанд орчихдог. Баялаг ихтэй орнуудын дийлэнхэд нь ийм популист бодлого гарсан байдаг. Оюу толгойн асуудал урагшилж хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хийгдээгүй. Тавантолгойн асуудалд ахиц гараагүй нь бидний өмнө тулгамдсан том асуудлуудын нэг мөнөөсөө мөн.

-Танай намыг улс төрийн акц хийдэггүй “чимээгүй” нам гэх боллоо. Дуугарах гэхээр болохгүй байгаа юм уу?

-Сая манай намын хуралдаанаар ч гэсэн манайхан асууж байсан. Туг барьж гудамжинд гараад жагсаал хийснээр улсын ажил явдаггүй. Байгаль, орчин ногоон хөгжлийн салбарыг манай нам сүүлийн хоёр жил хариуцан ажиллаж байна. Ногоон хөгжлийн бодлогоо Их хурал дээр батлуулаад авсан нь зөв зүйл болсон. Ой, ус, ан амьтан тусгай хамгаалалтын чиглэлээр ахиц гарч ажил ч урагштай байгаа. Манай нам үүнийг хариуцаж байгаа бол энэ асуудлаа л зөв хийх ёстой. Энэ бол бидний улс төрийн ажил болон акц байгаа юм. ИЗНН Их хуралд хоёр суудалтай. С.Дэмбэрэл гишүүн санхүү, мөнгөний бодлогоос эхлээд 10 гаруй ажлын хэсэгт багтан бүтээлчээр ажиллаж байна. Тэр нь болохгүй байна гээд шүүмжлээд байдаггүй ч бүтээлч, үр дүнтэй ажиллахыг хичээдэг. Түүнийг нь ИЗНН улс төрийн акц хийхгүй, хүлцэнгүй гэдэг юм. Бид шүүмжлэх зүйлээ шүүмжлээд ямар боломж байгааг санал болгохыг хичээдэг. Энэ нь идэвхгүй харагддаг байх. Манай улс төрийн соёл өөрөө бүтээлчээр хийсэн зүйл дээр тулгуурладаг биш хэн хамгийн их лоозон барьж жагсаал цуглаан хийсэн нь идэвхтэй юм шиг харагддаг. Үүнд бид дасчихсан.

-АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хамтарч Засаг барьж байгаа намын хувьд танайх ямар байр суурьтай байгаа вэ?

-Тухайн хоёр улс төрийн намын дотоод асуудал. Манай намын хувьд ч гэсэн гэрээгээ шинэчлэх болон цаашид хэрхэх вэ гэдгээ шийдээд явах нөхцөл боломж нээлттэй байгаа. Одоохондоо гэрээгээ шинэчлэх шаардлага байхгүй гэж үзсэн. Олонх болсон Ардчилсан намын зүгээс ч гэсэн албан ёсоор санал тавиагүй байна. Манай намын 2012 онд байгуулсан гэрээнд бүх зүйл тодорхой байгаа.

-Өнөөдөр (өчигдөр) байнгын хороод хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах болон бусад сайд нарын асуудлыг хэлэлцэх байсан ч хуралдсангүй. Ямар шалтгаанаар байнгын хороодын хуралдаан хойшилсон юм бол. Сайд нараа томилж ажлаа явуулах хэрэгтэй байна шүү дээ?

-Улс төрд ямар ч нөхцөл байдал бий болсон ажил хэвийн үргэлжилж байх ёстой гэдгийг би яамныхандаа хэлсэн. Аливаа томилгооны асуудал тодорхой болох шаардлагатай.

Байнгын хороод ямар шалтгаанаар хойшилсныг сайн мэдэхгүй байна. Би хоёр жил Засгийн газарт орж ажиллалаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүд маш их хичээж ажиллаж байгааг дотор нь байгаа хүний хувьд маш сайн мэдэж байна л даа. Сайн муу хэлүүлэхээр болж бүтэхгүй зүйл ч байсан л байх. Засгийн газарт орж ажилласан сайдуудын дийлэнх нь улс төрийн туршлагатай шилдэг хүмүүс багтсан. Хоёр жилийн хугацаанд дор бүрнээ сэтгэл гаргаж өөрсдийн өмнөх ажлаа хийчихье гэсэн сэтгэл зүрхнээс ажиллахыг хичээсэн. Ерөнхий сайдын байр суурь хандлага ч гэсэн улс орондоо хэрэгтэй зүйл хийчих юмсан гэдэг нь байнга анзаарагддаг. Би Их хуралд 10 гаруй жил боллоо. Засгийн газарт хоёр ч удаа ороод ажиллачихлаа. Улс төрчид, УИХ-ын гишүүд өөрөө өөрсдийгөө хүндэлдэг цаашлаад нийгэм, парламентаа хүндэлдэг болох хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Миний хувьд гишүүдийг нэр дэвшихээсээ эхлээд улс орныхоо төлөө юм хийчихье гэсэн сэтгэлээр орж ирсэн гэж боддог. Яахав явцуу хувийн эрх ашиг байдаг л байх. Гэхдээ парламентын гишүүд бүгд луйварчин болчихсон мэт ярьж байна. Чуулган дээрээ ч гэсэн хэн нэгнийгээ луйварчнаар нь дуудаад эхлэхээр нийгэм ч гэсэн Их хурлыг булхай луйврын үүр болчихсон мэт хардаг болчихлоо. Төрд болон улс төрчдөд итгэх итгэл байхгүй болж байгаа нь гишүүдээс өөрсдөөс нь шалтгаалж байна гэж харж байгаа. Бид өөрсдийгөө хүндэтгэх хэрэгтэй. Засгийн газрын гишүүд ч гэсэн юм хийчихье гэсэн бодолтой яваа гэж ойлгодог. Түүнээс биш хулгай хийчихье, бялуу хүртье гэсэн сэтгэхүй дийлэнхэд нь байхгүй байх. Их хурал дээрээ нэг нэгнийгээ үзэшгүй муухай мэтээр хэлчихээд гарч ирэнгүүтээ “Уучлаарай, улс төрийн тоглолт байсан юм” гээд тоглоом шоглоом болгоод өнгөрч байгаа нь буруу уур амьсгал бий болоход нөлөөлж байгаа. Бидний хувьд дор бүрнээ хариуцсан ажлаа сайн хийх хэрэгтэй. 25 жилийн өмнө нийгэм өөрчлөгдөж шилжилтийн үе ирсэн. Дорж нь болохгүй бол Дулмааг нь сольчихоор бүх зүйл сайхан болчих юм шиг, хууль гаргавал бүх зүйл орвонгоороо эргэж гоё болчих юм шиг боддог болж.

-Ардын намын зүгээс Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. АН-ын гишүүдээс 10 гаруй нь Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан гээд байгаа. Эдийн засаг хүнд байгаа энэ үед улс төрийн иймэрхүү үйл явдал нийгэмд сөргөөр нөлөөлж байна уу гэж хардаг. Та харин хэрхэн харж байгаа вэ?

-Ямар ч үед итгэл үзүүлэх, эс үзүүлэх тодорхой үндэслэлүүд байх юм бол санаачлан өргөн барих эрх нь Их хурлын гишүүдэд байгаа. Ялангуяа цөөнхөд бий. Үүнийг ардчилсан зарчмын дагуу олонхиороо шийдэх ёстой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэн нэгнийг огцруулах уу, үгүй юу гэдэг асуудлыг сар бүр бараг хэлэлцсэн гэхэд болно. Засгийн газрын сайдуудыг огцруулах уу гээд явсан. Явж явж сая сайд нарыг солилоо. Огцруулах асуудлыг Их хурал ярьсаар байгаад жилийг авчихсан. Томоохон үндэслэл байвал хэлэлцээд явж болох ч бүтэн жил үүгээр занималдана гэдэг нь улс орны төлөө бодлого бодохоос өөр л дөө. Эсвэл улс төр хийж хэн нэгнийг огцруулан муу л бол сайн гэдэг замаар явах юм уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Ерөнхий сайдыг огцрууллаа гэхэд дараагийн хувилбар нь юу байх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Тэгэхгүй бол 1998 оны үйл явдал давтагдана. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа хоёр сар болоод огцорсон. Тухайн үед С.Зориг ах маань Засгийн газрын гишүүн байсан юм. Тэгэхэд “Ямар ч байсан огцруулъя” гээд огцруулчихсан. Гэтэл дараагийн Ерөнхий сайдаа томилж чадахгүй Засгийн газрыг 5-6 сар үүрэг гүйцэтгэгчтэй явуулсан. Үүнээс болж улс төрд тогтворгүй байдал бий болж асуудал шийдэх нь бүү хэл сөрөг зүйлс рүү хэлтийсэн. Энэ мэтчилэн явдлуудаа санаж байгаа байлгүй. Дараагийн Ерөнхий сайд нь сайн авч явна гэж байгаа бол Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүрэг нь АН-д байгаа. Ардчилсан намынхан үүнийгээ сайн бодох хэрэгтэй. Огцруулах бол амархан ганц кноп дараад шийдчихнэ. Оронд нь ямар хувилбар нь улс оронд ашигтай байхыг бодолцохгүй бол амаргүй. Үүрэг гүйцэтгэгч мэтээр тодорхой байдал нь олон сар үргэлжилбэл улс орны нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

-Хуурамч хавсралт, мессежний асуудал гээд улс төржилт үргэлжилсээр байна. Мессежний асуудал нь Их хурал доторх гишүү­дээс явсан юм биш үү?

-Одоохондоо мессежний асуудал таамаг төдий л байгаа. Хүний дугаараас мессеж явуулна гэдэг нь мэдээж хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс үүнийг заавал тогтоолгох ёстой. Хаврын чуулганы үеэр гишүүдэд Газрын тухай хуулийг дэмжихгүй, нарийн царигийг эсэргүүцэж байна гэсэн мессэжүүд их ирсэн. Тухайн үед зохион байгуулалттай хүмүүсээр бичүүлж байна гээд бодоод өнгөрсөн. Одоогийн нөхцөл байдлаас харахад хүмүүс өөрсдөө биш тэдний өмнөөс мессеж явуулсан байж болохоор байна. Энэ талын хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлага бий болжээ.

-Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. 2015 онд эдийн засаг бүр хүндэрнэ гэдгийг ярьж байна. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Бүгдээрээ хичээгээд ажиллах юм бол урагшлах боломжтой. Эдийн засгийн өсөлт 5.7 хувьтай байсан. Өнгөрөгч жилүүдтэй харьцуулахад 17 хувьд хүрэхгүй байгаа ч хасах болон 0 биш болохоор эдийн засаг бүр зогсчихоогүй байна. 5.7 хувиа 7, 8 болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Уул уурхайн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Оюутолгойгоо хөдөлгөх хэрэгтэй байна. Нэг хэсэг Оюутолгойн асуудал манай Засгийн газраас шалтгаалж байсан бол одоо Оюутолгой өөрсдөө гэдийгээд эхэлчихсэн юм шиг байна лээ. Үүнийгээ явуулах ёстой. Түүнчлэн хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт ахиц гаргах шаардлага бий. Өмнөд хөршийн эрчим хүч, хүнсний хэрэгцээ нэмэгдэж байгаа. Бид хүрэн нүүрсээ экспортод гаргаж чадахгүй байгаа юм чинь үүн дээрээ тулгуурлаад эрчим хүчний үйлдвэрүүдээ байгуулж эрчим хүч экспортлодог болоход анхаармаар байна.

Э.ЭНХБОЛД

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

У.Мижиддорж арслангийн удмыг залгаж яваа Ч.САНЖААДАМБА ЗААНЫХ

“ЭНЭ ЭРХИЙН БАЛАЙ ЯАЖ БӨХ БОЛДОГ ЮМ”

“Хоёр бөхийн барилдаан жаахан маргаантай боллоо. Удахгүй хөлийн цэц шийдвэрээ гаргах байх” хэмээн дуун цацруулагчаар бөхийн тайлбарлагч хэлж байсан 2011 оны Үндэсний их баяр наадмын долоогийн давааг хүмүүс мартаагүй байх. Төд удалгүй “Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын залуу начин Ц.Содномдоржоор долоо давж заан цолны болзол хангалаа” гэхэд цэнгэлдэх даяараа босоод ирэх шиг болсон. Олон жил улсын цолтны тааварт явж байсан тэрбээр ийнхүү улсын заан цол хүртэж түмэн олныхоо магнайг тэнийлгэсэн юм. Өмнө нь Архангайн Хашаатаас төрийн баяр наадамд үзүүрлэсэн хэрнээ заан цолтой үлдсэн “Аранзал улаан” хэмээх Цэндийн Гомбодорж 1960 оны баяр наадмаар С.Цэрэн аварга, Ц.Дамдиндорж зааныг орхин үзүүрлэснээр заан цол хүртэж байсан удаатай. “Аранзал улаан”-аас хойш 51 жилийн дараа ийнхүү Хашаатаас заан цолтон төрж байсан нь энэ байв. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хаваа гайхуулан барилдаж яваа Монгол Улсын залуу заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбынд өнжлөө. Тэрбээр энэ сарын 18-нд Өмнөд Монголд болсон “Алтан бүс”-ний барилдаанд түрүүлээд иржээ. Түүнтэй уулзахаар Спортын төв ордны чөлөөт бөхийн зааланд очив. Чөлөөтийн зааланд цамцнаасаа эхлээд нэвт хөлөрсөн заанд З.Дүвчин багш нь “Санжаа наад баруун ташаагаа жаахан шахаад өг. Ухайс даа” хэмээн хэлэх нь сонстоно. Санжаа заан Дүвчин багшийнхаа хамтаар бэлтгэлээ хэдийнэ эхэлжээ. Санжаагаа заан болоход нь З.Дүвчин багш “Багш нь 10 гаруй жил барилдаж байж улсын заан болсон. Чи мөн ч амархан авлаа даа. Гэхдээ үүний ард хариуцлага гэж нэг айхтар юм бий” гэдгийг сануулж байсан удаатай. Одоо ч гэсэн багшийнх нь хэлсэн үг ой тойнд нь үлдсэн тухай Санжаадамба заантай өмнө нь уулзахад хэлж байсан юм. Чөлөөтийнхний хөлс үнэртсэн бүгчим зааланд гурван цаг орчим бэлтгэл хийгээд гарч ирэв. “Дүвчин багш одоо болтол танд яг л жаахан хүүхдэд мэх зааж байгаа юм шиг заах юм аа” гэхэд “Багшаас сурах юм их шүү дээ. Бид чинь алдаа дутагдал ихтэй шүү дээ” гэсээр хөлс нэвчсэн цамцаа тайлан хувцсаа солив. Бэлтгэлээ дууссаны дараа “Баянмонгол хорооллын хажуугийн Кристал таун руу явнаа хө, манайх тэнд байдаг юм” гээд хөдөлцгөөлөө. Зааны гэрийн хаалгаар оруут чамин хийц бүхий камин зуух байх. Дээд талд нь гэр бүлийнхээ зураг болон Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын цолны мялаалгын цайллагын урилга байх юм.

Харин дээд талд нь Н.Энхтүвшингийн зурсан цэргийн хурц арслан цолтой Ч.Санжаадамбын туг тойрохооор гүйж яваа хөрөг зураг өөрийн эрхгүй хараа булаалаа. Ямартай ч залуу насаа хөрөг зурагт буулгажээ гэхэд “Харин тийм. Энэ зургийг хүн бэлэглэсэн юм. Одоо ч би залуу л байгаа биз дээ” хэмээн инээмсэглэн зоогийн ширээнд урилаа.

Ч.Санжаадамба зааны гэргийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Гантулгын аав Норов гуайнхтай Хөшөөтийн голд айл аймаг явж иржээ. Зааны гэргий Гурван-Эрдэнэ дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн анхны төгсөлт юм байна. Тэрбээр богино долгионы радиод сэтгүүлч, хөтлөгчөөр ажиллаж байсан гэлээ. “Манай хүн чинь бэлтгэл сургуулилт гээд завгүй байдаг болохоор ар гэрийн ажлаа амжуулахын тулд мэргэжлээрээ ажиллахаа больчихсон юм аа” гээд том алаг нүдээ эргэлдүүлэн инээмсэглэнэ. Харин залуу зааны хувьд эхнэрийгээ мэргэжлээрээ ажиллана гэх юм бол ажиллуулах бодолтой байгаагаа нуусангүй. Бидний хооронд ийн яриа өрнөж байх зуур хүү Өсөхжаргал нь хаалганы цаанаас шагалзсанаа буцаад гүйчихэв. Санжаа заан “Миний хүү агаа нартай яагаад мэндлэхгүй байна. Аавдаа хүрээд ир” гэлээ. Өсөхөө хүү ч аавынхаа үгэнд сайн ордог бололтой. Гэрийн эзэгтэй Б.Солонго “Хүүгийн нэгдүгээр улирлын амралт эхэлчихсэн” гэлээ. Хүү Өсөхжаргал нь Сант сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. Манай хүү их бүрэг. Ганцаараа байгаад сурчихсан юм шиг байна. Одоо дүү нэхээд амар заяа үзүүлэхээ байлаа гээд инээмсэглэнэ. Өсөхжаргал аавынхаа яриан дундуур орж “Сургуульд орсон гоё байна. Онц сурнаа” гээд хүүхэлдэйн киногоо үзэхээр өөрийнхөө өрөө рүү гүйчихлээ. “Цайгаа ууцгаа. Наана чинь хүйтэн адууны мах байна, цохиод өгнөө хө” хэмээн Санжаа заан хоолонд уриалан дуудав. “Махгүй л бол бараг энэ гэрт дайн зарлах нь холгүй шүү дээ” хэмээн зааныг хэлэхэд гэргий Б.Солонго нь “Манай хүн чинь үргэлж л мах ярьчихдаг. Хааяа ногоо ид гэхээр жишүү хараад суучихдаг юм” гээд заан руу нүдээ нэг том болгож хараад инээмсэглэв. Санжаа заан би чинь хэлд орохоосоо өмнө бараг маханд орчихсон юм аа гэнэ.

“АХ НАР БАЙХАД ДАРУУЛГАТАЙ ӨСДӨГ ЮМ ДАА”

Зааных гэрээ цэцгээр чимжээ. Гэрийн эзэгтэй эгчээсээ цэцэг тарих аргыг сурсан. Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүн чинь гэртээ ийм л зүйл хийх юм байна шүү дээ гээд цонхны тавиурын наад талын цэцгүүд рүүгээ заав. Санжаадамба заан “Ах нараас нэг барилдаад байсан хүн байхгүй. Том ах л багадаа ганц нэг сумын наадамд барилдаж явсан” гэдгээ ярьсан юм. Миний хувьд хар багаасаа л барилдах сонирхолтой байсан. Түүндээ хөтлөгдөөд л өнөөдрийг хүртэл сайхан барилдаж түмэн олноо баясгах юм шүү гэж хичээх л юм байна шүү дээ гэнэ. Аавын талаас нь улсын баяр наадамд 17 удаа шөвгөрсөн улсын арслан Уламбаярын Мижиддорж байдаг бол ээжийнх нь талаас нутаг орондоо шаггүй барилддаг хүмүүс байжээ. Ингээд бодохоор яах аргагүй бөхийн удамтай гэдэг нь мэдрэгдэж байгаа юм. Тэрбээр “Одоо ч хөдөө барилддаг хүүхэд харагдахгүй юм. Мань мэтийг бага байхад ёстой тачигнатал барилдаад ханзархай дээлтэй нөхдүүд л гүйж явдаг байлаа. Гэрийнхэндээ загнуулах маягтай өслөө” гээд инээмсэглэв. Түүний хувьд айлын бага тул эрх танхи өсчээ. Гэхдээ эрх байлаа ч задарч өсөөгүй юм шүү. Айлын отгон эрэгтэй хүүхэд хэдий эрх байсан ч ах нар байхад даруулгатай өсдөг юм даа гэв. Санжаадамба заан таван хүүхэдтэй айлын бага юм байна. Нутгийнхан нь том ахыг нь бөх болно гэдэг байсан ч Ч.Чимэдрэгзэн гуай “Наадах чинь бөх болохгүй ээ. Манай Санжаа л бөх болно” гэж ярьдаг байжээ. Хүрэлбаатар начин аавтай нь найз байсан тул том ахыг нь л бөх болгох сонирхол ихтэй байсан гэнэ. Харин Санжаа зааныг “Энэ эрхийн балай яаж бөх болдог юм” гэж цаашлуулдаг байж. “Хүрлээ ах манайд их ирнээ. Аавтай даалуу их тоглодог байлаа. Тэдний даалуу тоглохыг харсаар байгаад даалуучин болсон хүн дээ, би” гээд инээх аж.

Энэ зун манай нутгаар ширүүхэн юм болсон тухай нутгийнхан ярьж байсан гэдгийг дурсаад Ч.Санжаадамба заан 16 настай байхдаа 2001 онд бөх болохоор Хашаат сумаас нийслэлээ бараадан ирж байснаа дурсав. Зэвэгийн Дүвчин гэж олон юм нуршаад байхгүй ч шавь нартаа байгаа бүхнээ заадаг “бөхийн сэтгэлтэн” бий. Анхлан түүнд шавь орж бэлтгэл сургуулилт хийдэг байж. Дүвчин багш 2005 онд Замчин спорт хорооны дасгалжуулагч болсноор тасралтгүй бэлтгэлээ хийж эхэлжээ. Өмнө нь бэлтгэл хийх заал танхим олдвол багштайгаа хааяа бэлтгэл хийдэг байсан гэнэ. Улсын заан Дүгэржавын Хишигдорж том ахыг нь бөх болгох гэсэн ч ах нь дургүй байжээ. “Харин манай хоёр дүү л барилдаж магадгүй” гэдгийг хэлжээ. Тэгж л бөх болохоор хотод ирсэн юм даа гээд инээмсэглэв. Зааны хувьд багадаа Хашаат сумынхаа сургуулийг дүүргэсэн юм байна. Багадаа сургуулийнхаа хүүхдүүдийг гаргадаггүй байв уу” гэхэд “Хэцүү шүү дээ. Хүүхдүүд л болсон хойно өгөө аваатай л барилддаг байсан. Нэгнээсээ илүү цоролзоод гараад ирнэ гэж байхгүй” гээд аятайгаа цайгаа оочив. Заан багаасаа барилдаж эхэлсэн ч тэмцээн уралдаанд орж байгаагүй гэнэ. Хуучин “Хасар” клуб гэж байхад дасгалжуулагчаар нь З.Дүвчин багш нь ажиллаж байжээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Хасар” клубийн нэр дээр барилдаж гурвын даваанд өвдөг шороодсон юм байна. “Бага байхад том биетэй хүүхэд тийм ч сайн барилддаггүй байж. Ямартаа л өөрөөсөө жижиг биетэй хүүхдэд унаж байхав дээ” гэв. Биднийг ийн ярилцаж байхад гэргий Б.Солонго “Та нар адууны мах, буузаа идэж байна уу” гэхэд заан “Идэхгүй байнаа, энэ нөхдүүд” хэмээн хов хүргээд авлаа. Тайландад авахуулсан зураг хоолны ширээний баруун талд өлгөөтэй байхыг хараад гэр бүлээрээ явсан болохыг түвэггүй ойлгов. Заан хэр баргийн хүний гарт багтахааргүй шахам ланжгар мана хөөрөг гаргаж ирж тамхилсан юм. Манай гэрэл зурагчин Г.Лхагвадорж “Би нэг сайхан тамхилчихъя” гээд хамрын тамхинаас нь эрхий долоовор хурууныхаа завсарт дориухан аваад хамартаа хүргэн ёстой л сэтэртлээ найтаагаадахав. Санжаа заан “Ээ, тийм багаар яах юм бэ” гээд өөрөө ч тамхилах шиг л болов.

Д.СУМЪЯАБАЗАР АВАРГА ШИГ МӨРТЭЙ БОЛОХ ГЭЖ ХОЁР ШУУДАЙ ЦАС ҮҮРЭЭД ГҮЙДЭГ БАЙЛАА

Тэрбээр суманд барилдаж байсан тухайгаа ийн ярив. “2002 онд манай суманд залуучуудын чуулга уулзалт болж бөхийн барилдаанд нь анх барилдаж түрүүлсэн юм” гээд тэр жил ер нь гайгүй байсан хэмээн тодотголоо. Сумынхаа наадамд шөвгийн наймд үлдээд Өвөрхангайн Хархорины аймгийн заан Хадын Болдод ууцаараа тэврүүлээд унаж байсан. Сумын наадмын дараа хөдөө морьтой давхиж явтал нутгийн хэдэн ах нар Гурванбулагийн наадамд барилдах гээд явж байхтай таарчээ. Тэгээд л ах нартайгаа хамт Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд очиж барилдаад Э.Чулуундорж гэдэг сумын зааныг даван түрүүлж сумын заан цол хүртсэн тухайгаа хэлсэн юм. 2006 онд Дорноговь аймагт очиж барилдан шөвгийн дөрөвт үлдэн одоогийн улсын харцага Цацабширт шороодсоноор аймгийн начин цол хүртэн улсын баяр наадамд залгуулан барилдаж Бадам-Очир начинд зүүн золгоон дээр татуулан тахим буулгажээ. Дараа жилийнх нь баяр наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй дөрвийн даваанд таарч өвдөг шороодсон байна. Тэгвэл 2008 онд бүх цэргийн баяр наадамд одоогийн улсын аварга С.Мөнхбатыг аймгийн заан цолтой байхад нь үзүүр түрүүнд үлдэж давснаар цэргийн арслан болжээ. Хоёр жилийн дараа бүх цэргийн баяр наадамд дахин түрүүлснээр цэргийн хурц арслан болсон гэнэ. Сумын заан цолтойдоо А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргуудтай барилдаж байснаа дурссан юм. Зургаан залуу заанаас Ц.Цэрэнпунцаг гарьдтай л барилдаж үзээгүй гэнэ. Багадаа харин Д.Сумъяабазар аварга шиг мөртэй болох юмсан гээд хоёр шуудай цас үүрээд гүйдэг байж. “Тэгээд Сумъяа аварга шиг болж чадав уу” гэхэд “Яаж чадах юм. Тэр чинь хүүхдийн мөрөөдөл байсан юм” гээд хүүхэд шиг ичингүйрч байх юм.

Зааныг барилдааныхаа тухай ярихгүй юу гэхэд харамсмаар барилдаан их ч хийж байлаа. 2009 онд одоогийн улсын начин Б.Суманчулуунд, дараа жил нь Лхагвадорж начинд унаж байсан юм. Ер нь бэлтгэл сургуулилт жигдэрсэн сайн байх үедээ хүнд унах хэцүү байдаг. Гэхдээ би унасныхаа дараа шаналаад байдаггүй юм аа гэлээ. “Өөрөөсөө болоод унаж байгаа юм чинь яая гэхэв. Унах бүртээ би илүү сайн бэлтгэл хийх ёстой юм байна л гэж боддог” гэдгээ нуусангүй.

“Бөхчүүд штанг шахдаг. Та хэд шахдаг вэ” гэхэд “Би муу муу. 140 кг-аар шахдаг” гэв. З.Дүвчин багш заанаар төмөр өргүүлэхийг төдий л таашаадаггүй бололтой. Өмнөд Монголд болсон Алтан бүсний барилдаанд Америк, Канад, Өмнөд Монгол, Монгол Улсын хүчит 128 бөх барилджээ. Уг барилдаанд долоо даван түрүүлжээ. Уг барилдаанд гурван жил дараалан түрүүлэх юм бол 300 сая төгрөгийн шагналын эзэн болох гэнэ. Залуу зааны хувьд дахин хоёр жил түрүүлбэл 300 сая төгрөгөө авах аж. Өмнөд монгол бөхөөр барилдахын тулд ширэн зодог өмсдөг гэнэ. Зодгон дээрээ төмөр товруутай тул эхэндээ бол барилдахад эвгүй байдаг юм байна. Анх 2005 онд Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай гэдэг газар барилдаж Баярбаатар аваргад унан үзүүрлэсэн цагаас хойш бүх барилдаанд нь бараг түрүүлчихээд байгаа гэнэ. Түүний дараа Хөх хотод Дамдиншарав багшийн хамт чөлөөт бөхийн бэлтгэл хийж байх үедээ “Мөнгөн зодог”-ны баяр болоход нь барилдаж түрүүлэн мөнгөн товруутай зодгоор шагнуулжээ. Өмнөд Монголын нэг залуу гуйгаад байхаар нь өгчихөөд ирсэн юм байна гээд гартаа хөлөртөл нь атгасан дөрвөн шагайгаа орхитол дөрвөн морь бууж харагдсан. Мань хүн ч түүнийгээ анзаарсангүй бололтой дахин шагайгаа орхив.

БИ БӨХ БОЛОХГҮЙ ЭЭ. ХАРИН МУНДАГ ХӨЛБӨМБӨГЧ БОЛНО

Заан анх хотод ирээд хамаатан садныхаараа байдаг байж. Айлд байхад хэцүү байдаг. Танд ямар байсан бэ гэхэд “Аль юм болгоныг тэнцүүлэхэв дээ. Арга эвийг нь олоод л байна шүү дээ” гэлээ. Заанаас гэргийтэйгээ яаж танилцсан бэ гэж асуутал “Үгүй, яахав дээ. Бусад хүмүүсийн адил л танилцсан. Солонго бид хоёр 2005 онд танилцаж үерхээд 2006 онд айлын байр хөлсөлж тусдаа гарсан. Гэхдээ одоо болтол албан ёсоор хуримлаж чадаагүй л явна даа” гээд гэргий рүүгээ хараад инээмсэглэв. Харин гэргийгээс нь асуутал “Найз нарынхаа хүрээнд танилцаад нийлсэн дээ” гэдгийг хэлсэн юм. Анх бичил хороололд айлын байр хөлсөлж байгаад XVII жарны тийн урвагч хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын цолгүй бөх анх удаа түрүүлсэн нь Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн. Тэрбээр тухайн үед Хатант интернешнл группийн нэр дээр барилддаг байсан билээ. Группийн захирал нь эхнэрийн хамтаар Санжаадамба зааныг хөхиүлэн дэмжиж гурван өрөө байр бэлэглэснээр жинхэнэ утгаараа өөрийн байртай болжээ. Харин 2012 онд өдгөө амьдарч буй байрандаа нүүн иржээ. Тэднийх дөрвөн өрөө цэлгэр байранд амьдардаг бөгөөд гал тогоо зочны өрөөнөөс гадна хоёр унтлагын өрөөтэй юм билээ. Өөрсдийнх нь унтдаг өрөөний үүдэнд 2011 оны баяр наадмаар тавын даваанд одоогийн улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршихтой барилдан шахаж татаж буй зургийг томоор угаалган өлгөжээ. Ө.Бат-Оршихыг давснаар цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба улсын цолтны бүлд багтсан юм.

“Та өөрийн баяр жаргалтай мөчүүдээсээ хуваалцаач” гэхэд “Цол нэмсэн тэр торгон агшнууд. Аав болж байх мөч хамгийн сайхан байсан. Үнэнийг хэлэхэд бэлтгэл сургуулилт гээд даавуу угаагаагүй ээ гэдгээ өчив. Эхнэр маань үүрээр төрсөн. Тэр өдөр бөхийн өргөөнд барилдаан болоход тэсэлгүй очиж барилдсан” гээдхэв. “Тэгээд яав” хэмээн асуутал “Гурвын даваанд Ө.Даваабаатар харцагад унасан. Шөнөжин эмнэлэг дээр эхнэрээ төрөхийг хүлээгээд нойр ч аваагүй байсан юм. Хүүтэй боллоо гэж баярлаад шууд барилдъя гээд яваад очсон минь тэр л дээ” гээд Өсөхжаргал хүүгээ үнсэв. Зааны хүү Өсөхөө “Би бөх болохгүй ээ. Харин мундаг хөлбөмбөгч болно. Даанч миний бөмбөг одоо хийгүй байна” гээд сугандаа хавчуулсан бөмбөгөө харуулав.

Монгол бөх Гиннест хэмээх 6002 бөх барилдсан том барилдаан болсон. Уг барилдаанд Ч.Санжаадамба заан 13 давж түрүүлсэн. Тэрбээр бэлтгэл муутай эл барилдаанд зодоглосон ч түрүүлж чадсан юм. Ахынх нь бие тааруу гэмтлийн эмнэлэгт нэг сар сахиад шууд барилдсан юм байна. Бэлтгэл ч үгүй шахам байж байгаад барилдаад түрүүлсэн нь бас л хувь зохиол юм уу даа гэх. Өмнө нь наадмаар Ц.Содномдорж харцага бид хоёрын барилдаан маргаантай болсон. Тэр барилдааны будилааныг тэгэхэд л нэг сайн тайлсан даа гээд сэтгэл өег суух. Наадмын өмнө сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж “Наадамд түрүүлээрэй гээд хөөргөө өгсөн гэдэг үнэн үү” гэхэд “Тийм зүйл болох нь ч болсон шүү” гэлээ. Тэрбээр гэрийнхээ хойморт хүндэтгэлтэй залсан өөрийн медалиуд болон цомуудынхаа тухай ярьсан юм. Хойморт залрах хамгийн том цом нь мэдээж 6002 бөхийн барилдааны мундаг том цом байх аж. Мөн “Алтан бүс”-ний барилдаанд түрүүлээд авсан алтан бүс, төрийн баяр наадмын болон аймгуудын наадмын медалиудыг ирийтэл нь өлгөжээ. Хичнээн ч медаль байгаа юм бүү мэд.

ЭР ХҮН ХАЗАХААС БУСДЫГ ХИЙЖ БАРИЛДДАГ. БАТСУУРЬ ЯМАР БҮЖИГЛЭХ ГЭЖ ИРСЭН БИШ ДЭЭ

Зочны өрөөний хоймор, буйдангийн ард 6002 бөхийн барилдаан, Архангайн Булган уул тэргүүт нутгийн хайрханых нь зургууд хүндэтгэлтэй залрах аж. Тэгвэл өнөө жилийн баяр наадмаар наймын даваанд улсын арслан Н.Батсуурьтай барилдахад чихнээс нь зулгааж, хуруугаараа жавжнаас нь татсан зураг олны анхаарлыг татсан. Энэ тухай асуухад “Барилдаж байгаа хүн хазахаас бусдыг хийдэг. Эр хүний барилдаан хатуу. Тэр хүн өөрт байгаа бүх зүйлээ хийсэн. Өрсөлдөгч бөхөө бэртээж гэмтээж л болохгүй. Батсуурь ямар бүжиглэх гэж ирсэн биш дээ. Харин би чадаагүй. Тиймээс араас нь чи тэгсэн гээд олон юм яриад явах ямар ч шаардлагагүй” гэлээ. Н.Батсуурь арсланг шүүмжлэх болов уу гэтэл харин ч өмөөрөх янзтай байна шүү. Зурагтынх нь дэргэд Түвдэндорж аваргын дэвж буй хүрэл баримал байх юм. Дээд тавиур дээр үндэсний бөхийн аваргуудын сайхан зураг залаастай байлаа. Тэрбээр багадаа нэлээд мяраалаг хүүхэд байсан тул хурдан морь унаж чадаагүй гэнэ. Одоо харин морь уях хүсэл байгаад зав гарахгүй юм даа. Миний хэдэн адуу Хашаатад ахынд байгаа гэсэн юм. Зааны гэрт Чимэдрэгзэн гуайн дүүгийн охин Сувдмаа амьдардаг бөгөөд хичээлийн завсар зайгаараа гэрийн ажилд нь тусалдаг юм байна. Сувдмаа “айраг уу” гэсээр мөнгөн аягатай айраг барьсаар ирэв. Өмнөд Монголд Хасар бөхийн барилдаан болоход хавар нь түрүүлж есдүгээр сарын 13-нд шигшээ барилдаанд нь очиж барилдан түрүүлээд 2014 оны загварын Аudi Q7 машинаар шагнуулсан ч тэнд байдаг найздаа 100 сая төгрөгөөр зарчихаад ирсэн гэлээ. Тус барилдаан хоёр дахь жилдээ болсон бөгөөд анхныхад нь Өмнөд Монголын Батжаргал аварга нь түрүүлж Хөх хотод гурван өрөө байраар шагнуулж байжээ. Зочны өрөөнийх нь хананд суран бугуйл, ташуур байх нь өөрийн эрхгүй нүд булаана. Энэ тухай асуухад “Монгол ташуур группээс 2013 оны бөхчүүдийн чансааг тэргүүлсэн гээд өгсөн юм” гэлээ. Энэ өдөр гэрийн эзэгтэй Солонгын аав Батжаргал, ээж Оюумаа нар нь Булганы Хишиг-Өндөрөөс иржээ. Тэд мэнд мэдээд цаад өрөө рүү орчихлоо. Өдөржин гадуур яваад ядарсан бололтой эртхэн амарцгаая гэж байх нь дуулдав. Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ цагийн энгүй хүчтэн болох хүргэнээрээ мэдээж бахархаж байх нь гарцаагүй. Сонирхуулахад Оюумаа эгч Шагдарын Намхай, Лувсанжамбаа аваргын удмынх гэсэн. Тиймээс Өсөхжаргал хүүг нэг л өдөр наадмын зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэхэд гайхах зүйлгүй юм.

САНЖАА БОЛИОСОЙ ГЭДЭГ БОЛСОН БАЙЛГҮЙ ДЭЭ

Санжаадамба заан Бэрх уулын хаяа, Зараа голын хөвөө буюу нутгийнхны хэлдгээр Бэрхзараан энгээр туучиж өссөн байх юм. Хээрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй гэдэг шиг эмнэг адууг дэлдэж өсчээ. Өсөхөөгөөс аав нь хэр сайн аав бэ гэхэд “Манай аав сайн хүн. Мундаг бөх байхгүй юу” гээд гүйгээд явтал гэргий Солонго нь “Хань минь мундаг аа, мундаг. Бэлтгэл сургуулилт гээд цаг зав бага байдаг ч гэр бүлдээ их халамжтай юм шүү дээ” гэхэд хүүхэд шиг зантай хүчит заан харин шилээ маажисхийн сууж харагдав. Залуу зааны хамгийн үнэт зүйл нь “Гэр бүлээрээ эрүүл энх байх” юм байна. Чимэдрэгзэн гуай зааныг багаас нь “Хүнд худлаа ярьж болохгүй. Зөв л яваарай миний хүү. Хүнд өртэй явж болохгүй шүү” хэмээн захидаг байжээ. Одоо ч гэсэн надад үгээ хэлнээ гэв. Барилдахын хажуугаар тэрээр ямар нэгэн бизнес хийдэггүй гэдгээ хэлсэн юм. Харин барилдаан алгасахгүй барилддаг. Зарим нь одоо энэ Санжаа болиосой гэдэг болсон байлгүй дээ гээд хүд хүд инээх. “Хүмүүс намайг наадмын одгүй л гээд байгаа юм. Би энэ үгийг нэг их ойшоодоггүй. Хүн өөрөө л хичээх ёстой” гэж боддог. Түүнийг хүмүүс цацаа цалгиатай барилддаг бөх гэлцдэг. Тэрбээр энэ тухайгаа “Хүмүүс цацаа цалгиатай барилддаг л гэдэг юм. Тэгж барилдсанаасаа болж олон унасан. Хянуур байя гээд жаахан хүлээчихээр явж барилдсангүй гээд байдаг л даа. Ер нь бол өөрийнхөө бодож байгаагаар барилдах нь л зөв” гэж боддогоо ярьсан юм. Түүний хувьд 2011 онд бэлтгэл сургуулилт сайн байсан ч долоогийн давааны маргаанаас болж сэтгэлзүйн дарамтад өртсөн нь гарцаагүй. “Уг нь би тэгэхэд бэлтгэл сайтай байсан. Содном бид хоёрын барилдааны маргаан хоёр цаг гаруй болоход хэнийх нь талд шийдвэр гарах бол гэж хүлээсэн. Дараа нь намайг давуулахад “Би заан болчихлоо” гэж дотроо баярлаад С.Мөнхбат аваргатай яарч барилдсан тал бий” гээд айргаа уув. Түүний хувьд чөлөөт бөхөөр суурьтай болохоор бүх л барилдааны төрлөөр барилдаж үзсэн гэнэ. Залуу заан өнөөдрийг хүртэл хэд хэдэн зодог шуудаг элээсэн бөгөөд харин хоёр монгол гуталтай юм байна. Гэхдээ шинээр хийлгэсэн гутлаа өмсөхөөр хөлд эвгүй байдаг юм. Санаа дагаад ч тэгдэг юм уу тэр гуталтай барилдахаар уначихаад болдоггүй юм аа. Тиймээс хуучин гутлынхаа улыг нь солиулаад өмсчихсөн. Тэр нь ч амар юм билээ гэв. Аав, ээжийнхээ тухай ярих гэснээ ер нь манай нутгийнхан надаас илүү мэднэ дээ гээд инээмсэглэв. Ээж минь бурханы оронд одсон. Одоо аав минь сумандаа амьдарч байгаа гэлээ. Ямар ч хүн ирсэн хоол цай, цүй болсон байгаагаараа ирсэн гийчнээ дайлаад буцаадаг байжээ. Цас зудтай үед эрлийн хүмүүс малаа хайж яваад их хоноголдог байсан гэнэ. Өглөө босоход хоймроор дүүрэн хүмүүс зулчихсан унтаж байгаа харагддаг. Ямар ч хар элгийн хүн ирсэн сэтгэл өндөр буцдаг байв. Зарим жил өвөлжөөнд байхдаа идшээ дуусч дахин мал гаргаж байсан тухай ярилаа. Манайхан удмаараа биерхүү хүмүүс байдаг. Аавын нас хэвийсэн тул надаас жаахан намхан. Түүнээс биш өргөний хувьд надаас өргөн. Аав маань айлын ганц хүү байсан тул нэлээд эрх танхи өссөн гэдэг. Залуу цагтаа надаас ч сайхан эр явсан юм билээ гээд ааваараа бахархаад авлаа. Санжаадамба зааны өндөр 185 см бол 140 кг жинтэй аж. Зааны ээжийг Намжилын Цэрэндулам гэсэн байсан гэнэ. Аавыг нь Чойжилын Чимэдрэгзэн гэдэг. Зааны ахыг Чимэддорж, Чулуундорж, Чинбат гэдэг бол эгчийг нь Өнөржаргал гэдэг юм байна. Айлын гэргийг хоол, цайгаар нь дүгнэдэг гэдэг. “Солонгоо бүсгүйн цай нь хүртэл хоол юм аа” хэмээн манай зурагчин толгой сэгсэрч харагдсан. Монгол бөхийн түүхэнд нэн шинэ үеийн төлөөлөл болох залуу заан Санжаадамбынх нийслэлд амьдарч буй мянга мянган гэрэл дунд Кристал тоуны 15 дугаар давхарт нэгэн тод гэрэл сацраан байв аа.

Э.ЭНХБОЛД

Б.ЭНХБАТ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бурхандаа үнсүүлэхээр яарч явна

Уулсын орой шаргалтах бүрийд ижийдээ, аавдаа яарах сэтгэл улам бүр бадардаг. Үүлс нүүх бүрт тэд улам их бодогддог. Мөчрөөсөө хагацахгүй гэж хүрэнтэн бөнжигнөх мойл жимсний амт ч амтгүй мэт санагддаг. Хараа голын усан эргээ даван цамнах шиг их л холын бодол тээн ижийдээ хүрэх гэж тэмүүлдэг. Ганганан нуугих шувуудын чимээ тасрахаас өмнө гэж навчис мэт хийсээд очмоор санагдах. Мандалынхаа хөхрөгч уулсын дунд таван үнээнийхээ дэлэнг намрын хяруутай саамшран хувин дүүргэдэг ижий гэдэг бурхан ажээ. Насны багад эрхлэхэд ижий, аав минь хүүгээ тонгойж үнсдэг байлаа. Идэр насанд хүрэхэд ижий, аав чацуутан мэт үнэрлэдэг боллоо. Он цагийн буурал хүрд духанд нь гэрэлтэх тоолонд аягаа алдан хүүгээ санадаг болсон тухай нутгийн ах хэлж байсан нь бүр ч их санагдлаа. Тэргүүндээ алчуур бус нар зангиддаг ижий минь. Эх орноо гэсэн нар зөв сэтгэлтэй эр яваарай гэж захьсан аав минь. Цээжиндээ халуун хайр, энэрэхүйн ухаан тээж л явдаг ижий, аавдаа очихоор яарч явна. Галт тэрэг уухилан довтолгож урдын өндөр уулс намхан болжээ гэж бодохын зуур ижий мөн л бодогдсоор байх. Ижий минь, эр биеийг өсгөсөн аав минь уулс шиг намсаж байгаадаа гэж сэтгэхийн хооронд тэдэндээ яарах сэтгэлд хязгаар үгүй мэт санагдана. Эр биеийг бүтээсэн энэ л хоёр бурхандаа мөргөж үнсүүлэхээр ганц хүү чинь биш дөрвүүлээ бид яарч явнаа.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Оргосон сэжигтнүүд үнэт эдлэл хулгайлж, хотын төвөөр сэлгүүцэж байжээ

ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангиас өнгөрсөн есдүгээр сарын 4-ний үүрээр 22 настай “Дэлдээ” хочит Б.Амарбаясгалан, 23 настай Э.Вантөмөр нар оргосон билээ. Хууль хянал­тынхан оргосон хоригд­луудыг хаана бай­гааг тогтоож чадалгүй 20 гаруй хоносон юм.ХаринБ.Амарбаясгаланг”Бөмбөгөр” худалдааны төвийн орчимд явж бай­хад нь барьсан юм. Мөн Э.Вантөмөрийг найз охины­хоо гэрт орогнож бай­хад нь барьсан. Тэд цагдан хорих төвөөс ямар учраас оргосон, 23 хоног хаана бүгсэн талаар нэхэн сурвалжиллаа.

ЕСДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ШӨНӨЦАГДАН ХОРИХ ТӨВӨӨС ИНГЭЖ ОРГОСОН БАЙНА

Б.Амарбаясгалан, Э.Ван­төмөр нар цагдан хорих төвийн гуравдугаар давхарт байх камерт хамт хоригдож байсан гэнэ. Цагдан хорих төвд саа­туу­лагдахдаа танилцаж найзууд болцгоосон байна. Тэд оргохоор эртнээс бэлтгэж эхэлсэн байжээ. Оргох санааг Б.Амарбаясгалан гаргасан гэнэ. Тэрбээр Э.Вантөмөрт хандан “Энд хоригдож байгаад шүүхээр таслагдаад шоронд хэдэн жил суух юм байна. Шүүх хэдэн ч жилийн хорих ял өгөх юм билээ. Ингэж байж байхаар оргоё. Тэгээд мөнгөтэй болж байгаад гадаад руу гарчих юм бол хэдэн жил тэндээ амьдарч байгаад эргээд ороод ирнэ шүү дээ. Хамт оргох уу” гэж хэлсэн гэнэ. Ингээд ар гэрийнхэн нь эргэлтээр ирэхэд “Солих хувцас хэрэг­тэй байна” хэмээн өмд, цамц зэргийг авчруулжээ. Б.Амарбаясгалан нь эргэл­тээр ирсэн гэрийнхэндээ хутга захиж нууцаар дотогш нэвтрүүлсэн байна. Тэд оргох бэлтгэлээ эртнээс хангаад бэлэн болгосон байжээ. Бүр хоригдож байгаа камерны нарлагааны сараалжин төм­рийг хөшиж гагнаасыг нь сал­гаад гурван давхраас доош буухаар тохиролцсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг айлчлах үеэр нийслэлийн хорих ангиудад өндөржүүлсэн хамгаалалт авсан аж. Өндөржүүлсэн хам­гаа­лалт шөнө буусан байна. Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нарыг хэрхэн оргож байгаа нь цагдан хорих төвийн хяналтын камерт бичигдсэн байжээ. Хорих ангид хийгдсэн өндөржүүлсэн хамгаалалт буусны дараа орондоо хэвтэж байхдаа гэрийнхэн нь авчирч өгсөн цамц, өмд зэргийг дав­хар­лаж өмссөн байна.Б.Амарбаясгалан нааран орны гудсан доогуураа нуусан хутгаа авч халаасандаа хий­гээд орныхоо даавууг хөнж­лөөс нь салгаж авсан байна. Тэгээд нарлагааны цонхны сараалжин төмрийг нэг нэгээр нь салгаж эхэлсэн байна. Тэд хөнжлийн даавуугаар битүү ороож байгаад хүчтэй татаж гагнаасыг нь салгаад байжээ. Ингэж цонхны хаалтыг нэг нэгээр нь салгаж дуусаад гурван давхраас доош буусан байна. Тэд жижигхэн биетэй, туранхай учраас хорих ангийн стандартын дагуу хийсэн нарлагааны цонхоор багтаад гарчихсан гэнэ. Ор, хөнжлийнхөө даавууг нийлүүлж зангидаад гурван давхраас буусан байжээ. Тэднийг хорих ангиас ийн оргож байхад хуяг болон хяналтын камер дээр ажиллаж байсан хоёр албан хаагч унтаж байсан гэнэ. Туулын хөвөөн дээр их хэмжээний хөрөнгөөр баригдсан цагдан хорих төвөөс сэжигтэн оргох ямар ч боломж байхгүй гэж ШШГЕГ-ынхан байгуулагдсан цагаас нь ам бардам хэлж ирсэн. Тэдний энэ бардамнасан байдал хоёр сэжигтэн оргох боломжийг олгосон байна.

Гурван давхраас доош буусан хоёр Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нар хорих ангийн барилгын сүүдэр хэсгийг дагаж явсаар хашаа даван алга болжээ. Ингээд цагдан хорих төвөөс оргосон хоёр хоригдол усанд хаясан чулуу шиг л алга болчихсон байна. Тэднийг оргосон гэдгийг өглөөний ээлж ирж ажлаа хүлээж авах гэж байх үед мэдсэн байна. Ингээд залилан хийсэн, бусдын бие махбодид санаатайгаар гэмтэл учруулсан хэрэгт холбогдож гүйцэтгэх ажиллагааны дагуу цагдан хоригдсон Э.Вантөмөр, хэд, хэдэн удаа хулгай хийсэн хэрэгт шалгагдаж байсан Б.Амарбаясгалан нарыг улс даяар эрэн сурвалжлах болжээ. Бүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг эрэл хийж байсан. Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нарын ар гэрийнхэн хамаатан садан, найз нөхөд гээд холбогдож болох бүх хүмүүст анхааруулга өгчхолбоо барихыг нь хүлээж байжээ.

НАЙЗААСАА МӨНГӨ ЗЭЭЛЖ ӨЛ ЗАЛГАВ

Хууль хяналтынхан ингэж ажиллаж байхад Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар хаана байсан, юу хийж явсан талаараа хэргийг мөрдөж байгаа албан хаагч нарт ийн ярьсан байна. Тэд хорих ангиас оргоод шууд урд зүгийг чиглэн явсан байна. Дархан цаазат Богдхан уулынЗалаатын аманд очжээ. Уулын модтой гүн рүү орсон байна. Тэнд байхдаа Б.Амарбаясгалангийн холын хамаатан болох Б-тэй холбогдож сүх, хийн буу, хутга, гар утас, хоол хүнстэй болжээ. Намрын сэрүүн орсон болохоор ууланд хүйтэн хонож, даарсан гэнэ. Хэдийгээр давхар өмд, цамцтай ч гэсэн анхны хоносон шөнөө даарчээ. Ингээд газар ухаж оромж барихаар ярилцаж, ууланд хаягдсан төмөр, сүх зэргийг ашиглан газар ухаж эхэлсэн байна. Ингээд хоёр хүн багтахаар нүх ухаад тэндээ дулаахан хонох болжээ. Ингэж хоёр хоноод “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээсэлдэг найзтайгаа холбогдож мөнгө зээлж авахаар болсон байна. Б.Амарбаясгалан ганцаараа явжээ. Найзаасаа 150 орчим мянган төгрөг зээлээд оргож яваагаа хэлсэн байна. Мөн “Надтай уулзсан гэдгээ хэндч битгий хэлээрэй. Зээлсэн мөнгөө удахгүй эргүүлэн өгнө” гэж хэлээд явжээ. Тэрбээр 150 мянган төгрөгөөрөө хямдхан утас худалдан аваад хоол хүнс, идэж уух зүйлс аваад ууландаа иржээ. Ингээд тэндээ долоо хоног бүгсэн байна. Тэд ууланд байхдаа шөнө уулнаас бууж тэр хавийн айлуудыг судалдаг байсан гэнэ. Хир болоогүй хувцастай, халимаг үстэй болохоор хүн таарсан чсэжиг авдаггүй байжээ.

НҮХТИЙН АМНЫ АЙЛУУДЫН ГЭРЭЭС ҮНЭТ ЭДЛЭЛХУЛГАЙЛАВ

Найзаасаа зээлсэн мөнгө дуусч хоол хүнсгүй болж эхэлсэн байна. Мөн найзаасаа зээлсэн мөнгөө өгөхгүй бол цагдаад хэлчихэж магадгүй гэж бодсон гэнэ. Ингээдхолын хамаатантайгаа холбогдож, улс даяар эрэн сурвалжилж, нийслэл хотын булан тохой, хүнсний дэлгүүр, олон нийтийн газарт зургийг нь наасан гэдгийг мэджээ. Хоол хүнсээ барж өлсөж эхэлсэн байна. Мөн ууланд сэрүү унасан учир шөнө жиндэж даарах болжээ. Ингээд айл ухаж мөнгөтэй болохоор шийдэж Нүхтийн аманд байх хаустай эзэнгүй айлуудыг судалж эхэлжээ. Улмаар гэрийн эзэд нь байхгүй гурван ч айлын хаусны цонхыг нь эвдлэн ороод үнэт эдлэлийг нь хулгайлжээ. Том оврын зүйлс авалгүй үнэт эдлэл, өвлийн куртик, гутал авсан байна. Гурван айлаасмөнгөн аяга, алт, монетон ээмэг бөгж, гинж зэргийг хулгайлжээ. Айлуудаас үнэт эдлэл хулгайлаад уул руу эргэн гарч зарим эд зүйлсээ нуучихаад хотын төв рүү явжээ. Зам дээрээстакси бариадхотын төв орсон байна. “Бөмбөгөр” худалдааны төв ороод найз дээрээ очиж хулгайлсанүнэт эдлэлээ “Борлуулаад өг” хэмээн гуйгаад мөн мөнгө аваад явсан байна. Тэд хувцсаа сольж өмсөөд ресторанд орж хоол унд идээд зочид буудалд хоног төөрүүлэх болсон байна. Зочид буудалд байхдаа хүүхнүүдтэй уулзаж, гаднаас архи, хоол, унд зөөлгөж идэж байжээ. Ингээд хэд хоног зочид буудалд хоноод эргээд Залаатын аманд байхоромжиндоо очсон байна.Тэндээ гал түлж хоол, цай хийж идэн хэд хоножээ.

ХОТЫН ТӨВӨӨР ЯВАХАД ХЭН Ч АНЗААРАХГҮЙ БАЙСАН ГЭНЭ

Цагдаа нар ч эрж хайх, гэр орноор нь орохоо болих үед дахиад хулгайлсан эд зүйлсээ аваад хот руу оржээ.Тэгээд “Бөмбөгөр” худалдааны төвийн доод талын хонгилд хоносон гэнэ. Эх сурвалжийн хэлж буйгаар тус худалдааны төвийн доорхи хонгилд тав хоносон гэх мэдээлэл ч бий. Энэ хугацаандхулгайлсан үнэт эдлэлээ борлуулаад мөнгөө хувааж авсан байна. Өдөр болон оройхотын төвөөр явахад хэн ч анзаарахгүй байсан гэнэ. Иймдсалж явахаар тохиролцоодхэн нэгэн нь баригдсан тохиолдолд нэгнийгээ хаана байгааг хэлэхгүйгээр зөвхөн утсаар ярьж уулзаж байхаар тохиролцоод салан явсан аж. Мөн хэсэг хугацааны дараа мөнгө олоод хил нэвтрэх талаараа ч ярьсан байна.

ХУЛГАЙЛСАН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ “БӨМБӨГӨР” ХУДАЛДААНЫ ТӨВ ДЭЭР ХУДАЛДААЛАХ ГЭЖ ИРЭЭД БАРИГДЖЭЭ

Тэд хоорондоо утсаар байнга холбогдож байсан гэнэ. “Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгч нарт хямд үнэтэй алт, монетон ээмэг, бөгж зэрэг зарагдаж байгаа гэх мэдээлэл цагдаа нарт ирсэн байна. Үүний дагуу цагдаа нар мөрдлөг явуулжээ. Оргосон хоригдлуудын талаарх мэдээллийг сая төгрөгөөр үнэлсэн юм. Энэ хугацаанд иргэдээс 300 гаруй мэдээлэл ирсэн байна. Иргэдээс ирсэн мэдээллийг дагуу шалгаж үзэхэд Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нартай төстэй царайтай залуус байдаг бай­сан гэнэ. Цагдаа нар “Бөм­бөгөр” худалдааны төвийн түрээслэгч нараас мэдүүлэг авсаарБ.Амарбаясгалангийн найзыг үнэт эдлэл зараад байгааг тогтоосон байна. Тэр­бээр “Цагдаа нарт Б.Амарбаясгалан гэрээсээ авсан эд зүйлсээ зарж бай­гаа гэдэг байсан. Мөн надтай уулзсан гэдгийг хэн нэгэнд хэлэх юм бол ална гэж сүрдүүлсэн. Би айгаад л үнэт эдлэлийг нь зарж өгсөн юм” гэж мэдүүлжээ. Ингээд Б.Амарбаясгалан руу холбогдож “Ээмэг бөгж авах хүн байна. Чамд зарах юм байна уу. Бэлэн мөнгөөр авна гэнэ” гэж утсаар яриулсан байна. Ингээд тухайн өд­рийн орой 18:05 цагийн ор­чимд Б.Амарбаясгалан хулгайлсан зарим эд зүйлсээ халаасандаа хийгээд “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун хаалган дээр ирэхэд нь баривчилжээ.

ӨДӨРЖИН ХОРИГДООД СУУНА ГЭХЭЭР БАЙЖ СУУХ ГАЗАР ОЛДОХГЙ ХЭЦҮҮ БАЙСАН”

Б.Амарбаясгалан зугтаах гэж оролдсон боловч цагдаа нар бүсэлсэн учир арга буюу баригдсан байна. Ингээд түүнийг Цагдан хорих төвд аваачин Э.Вантөмөр хаана байгааг асууж эхэлсэн байна. Тэрбээр эхлээд хаана байгааг мэдэхгүй гэж байсан боловч сэтгэлзүйч болоод хэргийг мөрдөж байгаа цагдаа нарт хаана байгааг зааж өгөхөөр болжээ. Ингээд Э.Вантөмөр рүү утасдаж маргааш нь нэгдүгээр хорооллын XIбайрны гуравдугаар орцны үүдэнд уулзахаар болжээ. Мөн Э.Вантөмөр Б.Амарбаясгалан руу хэд хэдэн удаа залгахад нь яриулсан байна. Ингээд Э.Вантөмөрийг оргоод 23 хоносны дараа баривчилжээ. Б.Амарбаясгалан хамаатны­хаа гэрт, Э.Вантөмөр найз охиныхоо гэрт бүгж байсан гэдгээ хэлжээ. Иймд хуулийн дагуу Б.Амарбаясгалангийн хамаатан Б, Э.Вантөмөрийн найз охинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болжээ. Тэд оргосон хуга­цаандаа ар гэрийнхэнтэйгээ холбогддог байсан гэнэ. Тэд “Нэг өрөөнд өдөржин хоригдоод сууна гэхээр байж суух газар олдохгүй хэцүү байсан. Мөн хулгай, танхайн хэргээр ял сонсож хэдэн жилдээ эрх чөлөөтэй байхгүй гэж бодоод л оргосон” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна лээ.Б.Амарбаясгалан давтан хулгай хийсэн хэргээр 10-15 жил хоригдох зүйл ангитай, Э.Вантөмөр залилангийн хэргээр шүүгдэх зүйл анги нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай байсан юм байна. Харин хэрэгт сэжиглэгдэн шалгагдажбайхдаа цагдан хорих төвөөс оргосон зүйл ангиар 5-10 жил хорих ял эдлэх зүйн ангихэрэг бүр дээр нь нэмэгдсэн.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Төрийн яамыг фракц, намуудад өмчлүүлээд өгчихсөн мэт хандаж болохгүй

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг албан тушаалаас нь чөлөөлсний дараа Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэх үед Ардын нам завсарлага авчихлаа. Уг нь сайд нараа даруйхан томилж ажлаа хийх ёстой гэж байсан таны нам завсарлага авснаар төрийн ажлыг гацааж байна гэх шүүмжлэл гарч эхэллээ…

-Манай намын бүлгээс хэд хэдэн асуудал тавьсан юм. Эхнийх нь сайдуудыг томилох гэж байгаа бол ингэж цувуулж болохгүй гэсэн. Засгийн газрын бүтцийн асуудлыг арай л их савируулж байна. Бүтцээ оруулж ирээд нэг долоо хоносон бол бүрэлдэхүүний асуудлаар дахин долоо хонох гэж байна шүү дээ. Уг нь бол бүтэц, бүрэлдэхүүн хоёр зэрэг орж ирээд батлагдчихдаг. Дараа нь шинэ сайд чөлөөлөх сайд хоёроо оруулж ирээд тухайн хуралдаан дээрээ томилоод, чөлөөлчихдөг. Гэтэл тэгээгүй. Бусад томилох сайд нараа оруулж ирээгүй байхад чөлөөлөх сайд нараа ингэж увуулж цувуулах юм бол төрийн ажилд завсар гарна гэсэн байр суурийг бид илэрхийлсэн.

Түүнчлэн хариуцлага тооцох сайд нартайгаа хариуцлага тооцохгүй байна. Манай бүлгийн зүгээс мөн Ерөнхийлөгчийн байр суурийг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс давхар дээлтэй сайд оруулж ирэхгүй шүү гэж хатуу сануулаад байхад орж ирэх гэж байгаа дөрвөн сайдын хоёр нь давхар дээлтэй байгаа. Үндсэн чиг үүрэгт хамаарах Сангийн сайд нь төсвөө батлуулдаг учир дотроос буюу УИХ-ын гишүүн давхар хашиж болох юм гэж хувьдаа боддог. Гэтэл чиглэлийн яамдыг яагаад заавал УИХ-ын дотроос тавих гээд байгаа юм. Энэ зарчим чинь алдагдаж байна гэсэн байр суурийг илэрхийлж манай бүлэг завсарлага авсан.

-Яг яаж оруулж ирвэл цаг хугацаа хэмнэх гээд байгаа юм. Эсвэл орж ирэх сайд нарын нэрс гарсан байгаа тул тухайн хүнийг нь танай бүлэг хүлээж авахгүй байгаа юм биш үү?

-Орж ирэх бол чөлөөлөх сайдуудаа зэрэг оруулж ирэх хэрэгтэй. Албан ёсоор сайдад нэр нь яригдаж байгаа хүмүүсийг хэлэлцээгүй болохоор асуудалтай гэж хэлж одоогоор чадахгүй. Хэлэлцээд эхлэх үед нь ямар асуудал байгааг нь бид ярина. Бид одоо бол зарчим л ярьж байгаа. Өмнө нь шинэ Засгийн газар байгуулагдаад иймэрхүү зүйл болж л байсан. Хоёр жилийн өмнө гэхэд бүтэц, бүрэлдэхүүн хоёр нь зэрэг орж ирэхэд нь хэлэлцэж дуусгаад Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд томилох хүмүүсээ оруулсан. Би ч гэсэн сайдын суудлаас чөлөөлөгдөж явсан. Тэр журмаар л явдаг.

Гишүүдийн дунд маргаан тариад байгаа өөр нэг зүйл нь бүтцийн өөрчлөлт хийгээд сайд нарыг чөлөөлж байна гэхийн оронд “Манай сайд нар сайн ажилласан. Тэд үүргээ онц биелүүлсэн” гэж яриад байгаа юм. Ерөнхий сайд логикийн зөрчилтэй зүйл яриад байна. Тэр ярьснаар нь ойлговол сайн ажилласан сайд нараа явуулаад муу ажилласан хүмүүсийг нь үлдээж байгаа болж таарч байна. Сайн ажилласан л гээд байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг ямар боллоо доо. Үүнийг тэгээд сайн ажилласных гэх юм уу, үгүй. Нэг см төмөр зам тавигдаагүй байна. Энэ мэдээж сайн ажилласны үр дүн лав биш. Оюутолгой гацаанаас гараагүй байгаа нь сайн ажилласан гэх үндэс мөн үү. Ерөнхий сайд “Сайн ажилласан” гэж тайлбарлаж байхын оронд “Бүтцийн өөрчлөлт хийсэн юм аа” гээд тайлбарлачихсан бол маргаан гарахгүй байсан.

-Танай бүлгийн зарим гишүүд хамтарсан Засгийн газар байгуулах гээд завсарлага авч байгаа юм биш үү гэсэн хардлага байна. Сайд болъё гэсэн нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь хамтарч болохгүй гээд байгаа юм биш үү. Танай нам ч гэсэн дотооддоо асуудалтай байх шиг?

-Манай бүлэг дээр тийм асуудал яригдаагүй. Хамтарсан Засгийн газар байгуулж ажиллахгүй гэж бодож байна. АН-ын зарим УИХ-ын гишүүд эдийн засгийн нөхцөл хүндэрчихлээ, улс орноо бодоод хамтаръя гэсэн зүйл ярьж байгаа юм бий. Хамтраад юу хийх вэ гэхээр тодорхой зүйл ярьж өгөхгүй байна л даа. Хамтраад өрийн хязгаарыг нэмэгдүүлэх гэж байгаа бол зөвшөөрөхгүй. Ер нь төсвөө чангалаад үргүй зардлаа хасаад хөрөнгийн нөөц бүрдүүлж тавьсан өрүүдээ төлөх тухай ярих хэрэгтэй болохоос биш, нэмж өр тавих талаар ярьж болохгүй гэж би л хувьдаа бодоод байгаа. Хойд хормойноосоо авч урд хормойгоо нөхөж байгаа хүмүүс өөдлөх үү. Мэдээж үгүй. Гэтэл манайх 10 жилийн өмнө 300 тэрбум төгрөгийн төсвөөр болоод байсан. Харин одоо хичнээн их наяд болоод байхад яагаад зардлаа хэмнэж болохгүй гэж. Би л хувьдаа болно гэж хараад байгаа.

-Томилгооны асуудлаас болоод АН-ын бүлэг дотроо асуудалтай байх шиг байна. Та үүнийг нь юу гэж харж байгаа вэ?

-Зарим гишүүд нь эсэргүүцээд суулт хийж байна. М.Зоригт гишүүнтэй өрөөнд нь орж уулзсан. Суулт хийх болсон гол шалтгаан нь Засгийн газрыг бүрдүүлж байгаа зарчим нь буруу гэж байна лээ. М.Зоригт гишүүн твиттертээ “Хоёр гишүүн дагуулаад ирвэл сайд болно гэж байна. Энэ юу гэсэн үг вэ” гэж жиргэсэн байна лээ. Тиймээс сүлжээний маягаар Засгийн газрыг бүрдүүлж байгааг эсэргүүцэж байна гэсэн. М.Зоригт гишүүний энэ байр суурийг би дэмжиж байгаа. Засгийн газрыг бүрдүүлэхдээ нам эвслийн бүлгүүд нь ярьж байгаад хэн үүнийг хийж чадах вэ гэдэг дээр шийдвэрээ гаргах ёстой болохоос биш төрийн яамыг фракц, намуудад өмчлүүлээд өгчихсөн мэтээр хандаж болохгүй гэж үзэж байна.

-Ирэх долоо хоногоос сайдууд тодорхой болоод ажилдаа орох байх. Үлдсэн хугацаанд Засгийн газар хэр ажиллах юм шиг байна?

-Засгийн газрын тэргүүн нь хэвээрээ үлдчихэж байгаа юм чинь нэг их өөрчлөлт гарахгүй биз дээ. Эдийн засгийн том шийдвэрүүдийг Ерөнхий сайд гаргадаг болохоор хуучин бодлого нь хэвээр үргэлжлэх байх. Байдал төдийлөн сайжрахгүй байсаар 2016 оныг угтах болов уу гэж бодож байгаа.

-Засгийн газрын тэргүүн солигдвол эерэг үзүүлэлтүүд гарах юм уу. Танай бүлгээс авсан тав хоногийн завсарлагын хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирэх гээд байна уу. Чуулганы хуралдаан дээр үг хэлж буй гишүүдийн үгийг сонсоход тэгж санагдлаа?

-Дараагийн Ерөнхий сайд нь ямар хүн байх вэ гэдэг нь тодорхойгүй тул үүнийг таах аргагүй.

-Сайд нарын томилгоо­ноос болоод ирэх оны төсөв батлах асуудал сунжрах магадлалтай байна. Хуулийн хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой байдаг. Гэтэл төсвөө дахин өргөн бариагүй байна даа?

-Ирэх оны төсвийг өргөн бариад байсан ч Засгийн газрын хуучин бүтцээр оруулж ирсэн тул хэлэлцэх боломжгүй тул татаад авчихсан. Дахин оруулж ирэхдээ төсөвт хийсэн том алдаануудаа засч оруулж ирэх ёстой. Зарчмын хувьд эдийн засаг хүндрэлтэй байгаа үед татвар нэмэх замаар төсөв бүрдүүлдэггүй. Ядарсан морио ташуурдаад хурдлуулах гээд байгаа хүн шиг харагдаад байна. Харин ч татвараа хөнгөлөөд, эдийн засгийн идэвхжлийг нь нэмэгдүүлэн, татварын сууриа өргөжүүлснээр эдийн засаг сайжирдаг. 2009 оны ийм хямралын үед би Засгийн газарт ажиллаж байсан. Тэр үеийн Засгийн газар ажил эрхлэлтийг дэмжих бодлого явуулж байлаа. Ингэснээр эдийн засаг аажимдаа сайжирдаг. Одоо дөрвөн төрлийн татвар нэмнэ гэж байна.

-Сангийн сайд Ч.Улаан татвар нэмэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

-Үүнийг би хариуцлагагүй мэдэгдэл гэж бодож байгаа. Бидэнд тарааж өгсөн материал дээр Үл хөдлөх хөрөнгийн, Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлж, Малын хөлийн татварыг бий болгоно гэсэн байсан. Түүнчлэн Хотын татвар мөн орж ирсэн. Хотын татвар нь мөн хэдэн татвар байх нь ойлгомжгүй байна даа. Төсөв дээр миний санаа зовж байгаа өөр нэг зүйл нь төсвийг орон нутагт хуваагаад өгчихсөн. Ингэвэл хоёр том үр дагавар гарна. 2003 оны Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулиас өмнө төсвийг орон нутагт хувааж өгдөг байсан. Тэр үед боловсролын салбарын төсөвт орон нутгийн дарга нар гар хүрдэг явдал гардаг байлаа. Үүнийг нь босоо тогтолцоотой болгож байж орон нутгийн сургуульд хуваарилсан төсөв дээр Засаг дарга гар хүрэх боломжгүй болсон. Хэрэв буцаагаад орон нутаг төсвөө захиран зарцуулаад эхэлбэл энэ асуудал дахин босч ирэх магадлалтай. Түүнчлэн орон нутагт төсвийн эрх мэдлийг өглөө гэж байгаа нь хошгируулж байгаа хэрэг. Жишээлбэл, манай Булган аймагт 10 гаруй тэрбум төгрөг шаардагдах обьектуудыг жагсаачихаад 2.5 тэрбум төгрөг хуваарилан “Та нар энэ мөнгөөр юугаа хийхээ өөрсдөө мэд” гээд хаячихаж байгаа юм. Нэг үгээр хэлбэл обьектууд баригдахгүй байгаа хариуцлагыг орон нутагт үүрүүлж байна гэсэн үг. Ингэж хариуцлагаас зугтсан төсөв хийж болохгүй.

Монгол Улс нэгдсэн улс мөн л юм бол салбарууд нь ирэх жил ямар амжилтад хүрэх гэж байгаа юм, юу бүтээх гэж байгаа юм гэсэн хэмжүүртэй байх ёстой. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд нь ирэх жил би тэдэн эмнэлэг засч, хэдэн эмнэлэг барина гэдгээ хэлж чадахаа байчихаар байна. Учир нь мөнгийг нь орон нутагт өгөөд орон нутаг нь юугаа барихаа өөрсдөө шийд гэсэн болохоор тэр. Ингээд ирэхээр Эрүүл мэндийн сайд Булган аймагт эмнэлэг барих юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэхээ байчихна. Тийм болохоор ийм сайд байгаад хэрэг байна уу гэдэг асуудал гарна. Яахав, холбооны бүтэцтэй улсад ийм зүйл байж болдог. Төсвийг нь ингээд салгаад өгчихөөр 50 жилийн дараа тусгаар улс болно гээд зүтгэдэг юм байгаа биз дээ. Ийм зүйл рүү бид улс орноо түлхэж болохгүй. Тиймээс төсөв хэлэлцэх хугацаа нь Засгийн газрын томилгоотой холбоотой бус, төсөв нь өөрөө дутуу боловсруулагдсантай холбоотойгоор төсвийн хугацаа тулаад байна.

-МАН-ын бүлэг Н.Уд­вал, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэн­дорж сайдад хариуцлага тооц гэх юм. Энэ гурваас бусад сайд нарын ажил сайн байгаа юм уу?

-Ер нь бол олон түмний зүгээс шаардаж байгаа хүмүүс нь энэ хэд байна. Жишээлбэл, манай Булган газар тариалангийн аймаг. Ургац хураалтын үеэр улаанбуудай оруулж ирж байгаад тариаланчид уйлах нь холгүй байна. Гурилын үйлдвэрүүд буудайны нөөцтэй болчихоороо тариаланчдаас буудайг авахаа болиод үнэ унагаах зүйл явдаг. Хариуцсан яам нь тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг оруулаад ирлээ. Хавар буудай хүрэхгүй байгаа үед авч байгаа бол өөр хэрэг. Энэ мэтчилэн хүн тус бүр дээр нь яривал асуудал бий. Гэхдээ нэн тэргүүнд хариуцлага ярих ёстой сайдууд нь энэ хэд гэж ярилцацгаасан юм. Засгийн газрын тэргүүн яаж хариуцлага тооцох вэ гэдгээ өөрөө шийднэ биз.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Н.Ганибал: Оросын Хөдөө аж ахуйн сайд мах экспортлохыг дэмжиж Засгийн газрынхаа хуралдаанд оруулна гэсэн

ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Ганибалтай ярилцлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай оронд айл­чилснаар 20 жил яригдсан мах экспортлох тухай асуудалд нааштай хариу гарч магадгүй мэдээлэл гарсан. Тэгвэл таныг ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржийн хамт мах экспортлох талаар Москва хотноо хуралдаад ирсэн гэж дууллаа. Ямар шийдэлд хүрэв?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр яригдсан манайхаас ОХУ руу мах экспортлох асуудлын хүрээнд ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж энэ сарын 6-10-ны өдрүүдэд Москва хотноо ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үндсэн зорилгын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федеров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзсан. Уулзалтын үеэр Монгол Улсаас ОХУ руу экспортолж буй мах, махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн уламжлалт бүтээгдэхүүний тарифыг “тэг”-лэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөрүүлэх, Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхны хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан. ОХУ-д мах экспортлоход гарах гурван асуудлыг зайлшгүй шийдэж байж манай орноос мах их хэмжээгээр гарах боломжтой.

Тэр нь ямар гурван асуудал вэ?

-Эхнийх нь дээр дурдсан гаалийн тарифыг “тэг”-лэх хоёрдугаарт ОХУ-д тодорхой улс орнуудаас мах оруулахад квот олгодог. Уг квотод Монголоос орж ирэх махны хэмжээг тогтоолгох, гуравдугаарт нь мал эмнэлэг хорио цээрийн асуудлыг тодорхой хэмжээнд хөнгөвчлөн хамтран ажиллах асуудлыг хөндсөн.

Энэ гурван асуудалд Оросын талаас ямар байр суурьтай байх юм. Мах экспортлох тал дээр манай оронд хатуу ханддаг шүү дээ?

-Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ маань үе шаттай явагдаж байгаа. Есдүгээр сард ОХУ-аас Монгол Улсын мах экспортлох боломжтой махны үйлдвэрүүдийг аттестатчилах ажлын хэсэг ажилласан. Энэ ажлынхаа урьдчилсан дүн мэдээг манай талд танилцуулсан. ОХУ-аас манай орны 12 үйлдвэрт мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасныг шалгасан. Үйлдвэрүүдэд мах нийлүүлэх хүсэлтэй байгаа бол ийм шаардлага хангах ёстой гэсэн зөвлөмжийг хүргүүлэхээр болсон гэдэг байр суурийг илэрхийлсэн. Мах экспортлох асуудлаарх эцсийн шийдвэрийг гаалийн холбооны бүс буюу Казахстан, Беларус, ОХУ гурав хамтарсан шийдвэр гаргаж байж эцсийн дүгнэлт гардаг юм билээ. Эхний ээлжинд ОХУ-ын экспертүүд дүгнэлтээ гаргасан. Ажлын хэсэгт орсон Казахстан, Беларусийн дүгнэлт ирснээр эцсийн байдлаар шийдвэрлэгдэнэ.

Манай зүгээс ямар тодорхой асуудлуудыг тавьж байгаа юм?

-Арваннэгдүгээр сарын эхээр мал эмнэлгийн мэргэжилтнүүд ирэхээр тохиролцсон. Үүний гол зорилго нь мал эмнэлгийн хоёрдугаар шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Монголын малыг эрүүлжүүлэх тал дээр шаардлагатай лабораториудын тоног төхөөрөмжүүдийг сайжруулна. Манай орны малын эмч нарыг мэргэшүүлэх, шинээр хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг ОХУ-д сургах боломжийн талаар ярилцсан.

Арваннэгдүгээр сард хөтөлбөр боловсруулсны дараа 100 оюутныг ОХУ-ын талаас суралцуулах боломжтой гэдгээ хэлсэн. Түүнчлэн Владимирын институтид магистрантурт эрдэмтдийг бэлтгэнэ. Малын гоц халдварт өвчин болох шүлхий өвчин Монгол Улсын зүүн бүс нутаг, ОХУ-ын манайхтай хиллэдэг Буриадын нутагт сүүлийн хоёр жил гарсан.

Энэ тал дээр хамтран ажиллая гэдэг саналаа илэрхийлсэн.

Махны квот болон тариф “тэг”-лэх асуудал нь хэрхэн шийдэгдэх юм бэ. Хугацаа хэдийд байх бол?

-Энэ асуудлыг ОХУ-ын Эдийн засгийн яам шийддэг юм билээ. Хөдөө аж ахуйн сайд нь Монголын талын мах экспортлох байр суурийг дэмжиж Засгийн газрынхаа хуралдаанд оруулна гэдгээ мэдэгдсэн. Өнөөдөр (өчигдөр) хоёр орны Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны XVIII хуралдаан эхэлж байна. ОХУ-д очоод тавьсан бидний санал, хүсэлтүүдийг хурлын протоколд албан ёсоор оруулж ажил болгох тал дээр ажиллаж байгаа. Айлчлал уг хуралдааны өмнө болсон тул хоёр тал хоёул тодорхой хэмжээний мэдээлэл солилцсон. Ямартай ч бидний ажил хоног хоногоор ахиж байна.

ОХУ гаднаас мах оруулахад ямар стандартыг мөрддөг юм бэ. Монгол Улс 50 сая толгой малтай боллоо гээд цээж дэлдээд байдаг. 50 сая толгой малаас стандартын шаардлага хангах мал хэд нь байх бол. ОХУ-аас фермерийн чиглэлийн малыг авна гэх юм уу. Манай орон чинь нүүдлийн мал аж ахуйтай улс шүү дээ?

-Дэлхий нийтийн хэрэглээнд бэлчээрийн мах хэрэглэдэг орон тун цөөхөн. Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйгаараа дэлхийд эхний гуравт орно. Дэлхийн зах зээлд зарагдаж буй махнаас стандартын шаардлага хангасан махаар БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хонины мах тэргүүлж хамгийн өндөр үнээр борлуулагдаж байна. Хонины махыг хэрэглэдэг дэлхийн хүн амын дийлэнх хувь нь дундад Азид амьдардаг. Дундад Азид гарч буй Өвөр Монголын нэг хурга 600-800 юань хүрдэг. Одоогийн зах зээлийн ханшаар бодвол 180-240 мянган төгрөг гэсэн үг. Өвөр Монголоос Дундад Ази руу мах экспортолж байгаа үйлдвэрүүд нь Монголоос амьд мал оруулах сонирхол маш их байдаг. Тэдний хувьд манай орны зүүн, баруун бүсийн аймгуудын малыг оруулж ирэхээр тооцон үйлдвэрүүдээ барьсан байдаг юм. Зүүн бүст гарч буй шүлхий өвчний асуудал манай орны мах дэлхийн зах зээл дээр гарахад хориг болчихоод байна. Тухайн үйлдвэрүүдийн зүгээс хил дээр 40 га газар гаргаад өгчих. Тэнд бид Хятад улс руу гаргах малыг тэр газар нь хорио цээрийн дэглэмийг байгуулан гаргаж байя гэсэн сонирхол ихтэй байдаг. Харин “стан”-ы орнуудын мал маллагааны арга техник, стандарт нь манай оронтой бараг л адилхан. Суурин маллагааны махны амт, бэлчээрийн малын махны чанар, амтын хувьд мэдээж өөр.

Манай орон ОХУ-д малын мах экспортлох тал дээр 20 жил хүсэлт тавьж байна. Тэдний зүгээс стандарт, малын өвчлөлөө бууруул гэдэг хариу өгдөг. Татварыг хөнгөлөөч гэдэг байр суурийг илэрхийлээч гэсэн боловч наашаа хардаггүй гэмтэй. Бидэнд үнэхээр мах экспортлох боломж бий юу. Эсвэлөнгөрүүлсэн 20 жил шигээ өнгөрөөчихье гэж байгаа юм биш биз?

-ОХУ гаалийн татвараа тэглэх асуудал нь дээр хэлсэн Эдийн засгийн яам нь шийднэ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалынхаа үеэр малын хорио цээр цэгцлэгдсэн үед махыг импортлоход бэлэн гэсэн. Экспортлох мөн чанарынхаа хувьд гаалийн тарифыг “тэг”-лэхгүй бол Монголын мах дотооддын зах зээл дээр байгаа үнэ ОХУ руу гаргаж зарах үнэ хоёрын хооронд ямар ч ашиг гарахгүй болчихно. Татварын хувьд тодорхой квоттой үед 25-30 хувь, квотгүй үед 60 хувийн татвар авдаг. Ийм их хэмжээний татвар төлөхөөр бол манайхаас мах борлуулна гэдэг мэдээж хүндрэлтэй. ОХУ-ын зүгээс мах авах тал дээр Ерөнхийлөгчийнхөө айлчлалын хүрээнд протоколын дагуу үнэхээр хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа. Монгол Улсын зүүн аймаг, ОХУ-ын буриад тэргүүт газруудад яг адил давтамжтай шүлхий өвчин гарсан. Манай орон заавал шүлхий өвчин гарсан бүс нутгуудаасаа мах экспортлоё гээгүй. Баруун болон төвийн бүсийн шүлхий өвчин гараагүй газруудаас махаа экспортлох боломжтой. Олон улсын мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас тэдэн оны тэдэн сарын тэдэнд тийм өвчин гарч тэдэнд дарагдсан гэдэг мэдээллийг өгдөг. Түүнээс биш Монгол Улсад гоц халдварт өвчин гарсан тул ОХУ та Монгол Улсаас битгий мах импортлоорой гэдэг зөвлөмжийг тавьдаггүй. Тухайн орон өөрсдөө энэ бүс нутаг нь шүлхий өвчтэй бол шүлхийгүй тэр бүсээс махаа авчихъя гэсэн боломж нээлттэй.

Малчин Дорж өөрийн­хөө хэдэн малаас экспорт­лочихъё гэхэд боломж хэр байх юм?

-Дээр хэлсэн аттестат­чи­лагдсан 12 үйлдвэр бий гэж. Экспортод гарах мах үйлдвэрийн аргаар нядалгаанд орж лабораторийн шинжилгээний хариугаар эрүүл гэдэг нь батлагдвал гаргаж болно. ОХУ-аас тодор­хой экспертүүд ирээд ямар учраас аттестатчилалд хийгээд байна гэхээр “Энэ үйлдвэрүүд бидний шаардлагыг хангаж байгаа тул эндээс махаа авъя” л гэж байгаа юм.

ОХУ тухайн орны үйлдвэрүүдийг A, B, C, D гэж ангилсан байдаг. Монгол Улс өнөөдрийн байдлаар C ангилалд багтаж байгаа. Энэ ангилалын бүтээгдэхүүн нь утсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авна гэсэн үг. ОХУ-ын зах зээлд Латин Америкаас орж ирсэн махнууд түүхийгээрээ худалдаалагдах боломжтой. Манай орон ангиллынхаа хувьд зөвхөн утсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой байдаг тул энэ талаар бид асуулга тавьсан.

Ямар асуулга тавьсан бэ?

-Бид их хэмжээний мах экспортлох боломжтой бол баруун бүсийн малын гоц халдварт өвчин гараагүй эрүүл газруудаас шууд худалдах боломжийг нээж өгөөч ээ гэсэн юм. Шууд худалдах боломжид нь D ангилал гэж байдаг юм байна. Энэ нь ОХУ-ын дэлгүүрт Монгол мах гэсэн нэрээрээ шууд борлуулагдах боломжтой гэсэн үг. Нэг үгээр хэлбэл түүхий мах худалдах боломжийг нээж өгөөч ээ гэсэн юм.

Манайхаас мах экспортлох аттестатчилалд тэнцсэн 12 үйлдвэр нь орон нутгуудад байх юм уу. Эсхүл нийслэлдээ бүгд шавсан байдалтайгаар орон нутгаас махаа татах юм уу?

-Эдгээр үйлдвэрүүдээс найм нь боломжтой гарсан. Ихэнх үйлдвэрүүд нийслэлд төвлөрсөн байгаа. Нядалгааны зохион байгуулалт хийхэд жаахан хүндрэлтэй. Тухайн үйлдвэрүүд орон нутгуудад салбартай. Тэр салбаруудаасаа мах нийлүүлэх боломж нээлттэй.

Манайхан хэдийнээс махаа экспортлох боломжтой вэ. Тулгарч буй хүндрэлтэй ямар асуудлууд байгаа бол?

-Монголчууд махаа экспортолж байсан. Одоо ч экспортолж байгаа. Өнгөрсөн онд долоон мянган тонн орчим адууны мах ОХУ, БНХАУ, хонины махыг Иран руу экспортод гарсан. Шүлхий өвчний асуудлаас болж зүүн гурван аймаг мах экспортлох тал дээр 2-3 жил хүлээгдэх магадлалтай. Харин баруун болон төвийн бүсээс мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран дэлхий дээр вакцин хэрэглэдэггүй эрүүл бүс болох статус авахаар ажиллаж байна. Тодорхой хэмжээний шаардлагуудыг бид давж чадахгүй байгаа.

Тэр нь ямар шаардлагууд юм бэ?

-Мал эмнэлгийн тогтолцоо­ны тал дээр алдаа байна гэдгийг олон улсын байгууллагууд бидэнд мэдэгдсэн. Амьд малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хорих барианы асуудлыг шийдээгүй байна гэсэн. Энэ шалтгаанууд дээр бид анхаарч ажиллаж байгаа. Одоо амьд малын постууд тавигдаад байна. Бусад тал дээр ер нь давгүй явна. ОХУ болон БНХАУ манайхаас мах импортлох боломж 100 хувь нээлттэй. ОХУ маргааш шийдвэрээ гаргаад “Танай баруун аймгуудаас мах авъя” гэвэл маргааш ч мах нийлүүлэхэд бэлэн, тэд шууд авах боломжтой. ОХУ-ын талын шийдвэр гарах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад бөөнийхөө үнээр 4500 төгрөгөөр зарж байгаа махыг ОХУ руу экспортолно гээд 3000 төгрөгөөр зарна гэх зүйл байхгүй. Тарифын “тэг”-лэлт, квотын зарчим болон эдгээр асуудлууд шийдэгдчихвэл ОХУ манайхаас мах авах үнэ тодорхой хэмжээнд тогтоод манай мах Оросын зах зээл дээр гарч ашиг олох хэмжээнд хүрч байж мах экспортод гарна. Энэ дамжлагуудыг даван туулах арга замыг шийдээч ээ тэгвэл бид мах экспортлоно гээд байгаа юм. ОХУ-аас үхэр, адууны махыг их хэмжээгээр авах сонирхолтой байна. Адууны махны хэрэглээ байнаа гэдэг чинь цаана нь хонь, ямааны махны хэрэглээ байна гэсэн үг. “стан”-уудын орнуудад адуу, хонь, ямааны махны хэрэглээ өндөр байдаг. Бидний хувьд 70 хувьд бог, 30 хувьд нь бодын мах нийлүүлэх нөөц боломж бий.

Э.ЭНХБОЛД

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Я.Содбаатар: Ардчилсан намын боловсон хүчнүүд тэтгэврийн насанд ойртсон

Я.Содбаатар: Ардчилсан намын боловсон хүчнүүд тэтгэврийн насанд ойртсон

УИХын гишүүн Я.Сод­баатартай ярилцлаа.

Та Засгийн газрын бүтцийг хэр болсон гэж харж байгаа вэ. 16 яам 13 болж цаашид үйл ажиллагаа нь үргэлжлэхээр боллоо?

-Өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрыг бүтцийг эргэн харахад Н.Алтанхуяг өмнө нь Монголын түүхэнд байхгүй данхар бүтцийг оруулж ирэн ажиллаж байна. Том бүтэц нь эдийн засаг талаасаа нэлээд үрэлгэн, нөгөө талаасаа салбарын уялдаа холбоо, төрийн ажлын залгамж чанар нэлээд алдагдсан. Тиймээс бүтцийг эргэн харж цомхон, чадварлаг болгох тал дээр МАН-ын бүлэг, Ерөнхийлөгчийн институци гэх мэт олон талын шахалт орсон гэж харж байгаа. Улс төрийн шахалтын хүрээнд аргагүйн эрхэнд ийм шахалт хийж, өнгөрсөн хоёр жилийнхээ алдаа оноонд дүгнэлт хийж оруулж ирлээ гэж бид харж байсан. Орж ирсэн бүтцийг харахад шахаанд орсон тул дургүйд хүчгүй гэх байдлаар хийсэн нь харагдаж байна. Нэг үгээр хэлбэл энэ нь Ерөнхий сайдын өөрийнх нь хүссэн зүйл биш юм байна. Монголын төрийг ухаалаг, зөв замд нь гаргаж ирэх бүтэц болж чадсангүй. Учир нь бүтцийг хийж оруулж ирэх байсан бол илүү тооцоо судалгаатай, яамдыг нэгтгэснээр хэр хэмжээний төсөв хэмнэгдэх юм. Бодлогын ямар өөрчлөлт шинэчлэлт гарах вэ гэдгийг харах байсан.

Монголчууд ардчиллын замаар 25 жил явах хугацаанд Засгийн газар янз бүрийн л бүтэцтэй байсан. Ерөнхий сайд чуулганы индэр дээрээс “Би ямар нэгэн тооцоо судалгаа хийгээгүй. Төсөв хэр хэмжээнд хэмнэгдэхийг бид тооцож чадаагүй байна. Бараг л та нар хий гээд байсан учраас ингээд оруулаад ирлээ” гэх зүйл ярьсан. Сөрөг хүчнийхнийхээ дуу хоолойг сонсдоггүй юмаа гэхэд төрийн байгууллагууд болох Үндэсний АУДИТ-ын газар ч байдаг юм уу байгууллагуудынхаа дүгнэлтийг сонссонгүй. Бүтцийн өөрчлөлтөөр хоёр зүйлээсээ салж чадсангүй.

Тэр хоёр зүйлийг нь та хэлэхгүй юу?

-Улс төр бизнесийн бүлэглэл, фракцуудынхаа шахалт, аалзны тор шиг хэрэгдсэн сүлжээнээс гарч чадсангүй. Ес, 11 яамтай болно гэж яригдаж байсан ч фракцуудынхаа амыг хаахын тулд шахаанд орж явсаар 13 яамтай байхаар орж ирлээ. Нөгөөх нь нийгэм, эдийн засаг хямралтай байх үед төр өөрөө чадварлаг болох, бүсээ илүү чангалж төр өөрөө хэмнэлтийн горимд шилжих зайлшгүй шаардлага байна. Энэ Засгийн газрын нэг алдаа нь төр өөрийнхөө илүү зардлыг танахаас илүү ард түмнийхээ халаас руу орох бодлогыг бариад байгаа. Ирэх оны төсөвт маш олон татваруудыг сэргээхээр оруулж ирсэн. Бизнес эрхлэгчдийн бүсийг чангалаад тэдний дарамтыг нэмэг­дүүлээд байгаа болохоос төр үр дүнгүй зардлаа багас­гаж хэмнэлтийн горимд шилжих алхам хийгдэхгүй байна. Энэ хийгдсэн бол нийгэм талархан хүлээж авах байлаа. Харамсалтай нь тэгж чадсангүй.

Чуулган дээр дөрвөн төрлийн татвар нэмэгдэнэ гэдгийг гишүүд хэлж байсан. Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл хийхдээ ямар ч татвар нэмэгдэхгүй гэдгийг хэлсэн шүү дээ?

-2015 оны төсвийн тө­сөл гишүүдийн гарт ирээд байна. Төсөв дотор Малын хөлийн татвараас эхлээд Хотын татвар гээд татварууд ороод ирчихсэн байгаа. Төсөв хэлэлцэх үеэр бүгд тал талаас нь ярилцах байх. Ардын энэ тат­варуудыг эсэргүүцэж бай­гаа. Ардчилсан нам тэргүүтэй улс төрийн хүчнүүд батлаад явчихбал иргэд нэг юм хэлэх байлгүй дээ. Нийслэлийн удирдлагууд төсөв батлахад Нийслэл дээр ямар дарамт ирэх вэ гэдэг талаар мэдээлэл хийсэн.

Монгол Улсын орлого ирэх онд 900 тэрбумаар нэмэгдэнэ гэж байна. Тийм боломж байгаа юм уу?

-Сүүлийн хоёр, гурван жил төсөв баталж байгааг нь харахад бидний хэлдгээр жонхуу болж байна. Төсөв дээр дандаа худлаа тоо тавьдаг. Төсвийг хугацаанд нь батлах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлах хязгааруудад тааруулж батлахын тулд хүчээр нохойн ам нийлүүлж баталж байгаа. 2014 оны төсвийг баталсныг харахад бодит байдал дээр ам.долларын ханш 1800 төгрөгөөс доош орохооргүй байхад 1384 төгрөг гээд хүчээр батлуулсан. Орлого тал дээр гэхэд уул уурхайн салбараас орж ирэх орлого бүгд худлаа байсан. 31 сая тонн нүүрс экспортолно гэж байлаа. Монгол Улс хамгийн оргил үедээ буюу 2011 онд 22.5 сая тонн нүүрс гаргаж байсан улс шүү дээ. Энэ жил нүүрс яаж ч сайн олборлоод 15 сая тоннд хүрэхгүй. Нэг ёсондоо тавьж байсан зорилтынхоо 40 хувьд л хүрч байна. Ирэх онд орлого нэмэгдэхгүй. Хаанаас яаж орлого нэмэгдүүлэх эх үүсвэрийг гаргаж ирснийг судлах хэрэгтэй. Яахав Оюутолгойн үйл ажиллагаа жигдэрч орлого нэмэгдэж байгаа нь үнэн. Гэсэн ч татвар нэмэх байдлаар бизнес эрхлэгчдийнхээ бүсийг чангалах байдлаар орлого нэмэх гэж оролдоод байгаа юм. Бодит байдал дээрээ тэр аж ахуй нэгжүүд цаашид үйл ажиллагаа явуулах гэхээр тартагтаа тулчихлаа. Эдийн засгийн нөхцөл нь шавхагдаж дууслаа. Өнгөрөгч онд бид 7.4 их наяд төгрөгийн төсөв баталсан. Энэ оны төгсгөлд төсвийн орлого нэг их наядаар тасарна.

Засгийн газрын бүтэц батлагдсан. Харин бүрэлдэхүүн нь хэрхэн орж ирэх бол?

-Засгийн газрын бүрэлдэхүүний тал дээр УИХ дахь МАН-ын бүлгээс хэд хэдэн шаардлагыг хүргүүлээд байгаа. Засгийн газрын бүрэлдэхүүн талдаа албан бус хэллэгээр давхар дээлээ тайлсан, УИХ гишүүн бус хүн Засгийн газрын гишүүнээр томилогдоосой, бид ухаалаг төр рүү алхах алхмаа хийнэ гээд Ерөнхийлөгчөөс эхлээд ярьж байна. Энэ удаа томилогдох сайд нар УИХ-аас битгий томилогдоосой гэж хүсч байгаа юм. Ерөнхийлөгчийн зүгээс ч гэсэн үүнийг шахаж байгааг анзаарсан байх. Томилогдох сайд нар нь салбараа мэддэг мэргэшсэн хүн байгаасай. 2016 он хүрэхэд цаг хугацаа бага үлдсэн. Тиймээс салбараа мэдэхгүй хүн оччихоор сал­бар­тайгаа танилцах гэсээр байтал ихэнх хугацаагаа та­нин мэдэхүйн шинжтэй алдчих гээд байгаа юм. Өнгөрөгч хавар томилогдсон сайд гэхэд салбараа мэдэхгүй чуулган дээр үг хэлж чадахгүй газрын дарга, мэргэжилтнээсээ асууя гэж байна. Үүнээс болоод төрийн үйл ажиллагаа алдагддаг. Түүнчлэн Ардчилсан нам боловсон хүчнийхээ бодлогод өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байна. Ардчилсан намын боловсон хүчинд 25 жил салхи орсонгүй. 25 жилийн өмнө Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Баярцогт байсан уу байсан. Гэтэл 25 жилийн хугацаа өнгөрчихөөд байхад Ардчилсан намын бодлого энэ хэдэн хүний хүрээнд л явж байна. Энэ хүмүүс бүгд өвгөрсөн, тэтгэврийн нас нь ойртсон. 25 жил энэ намын толгой дээр сандаалж байгаа төдийгүй, энэ намаар дамжуулан төрийн хүний нөөцийн бодлогод нөлөөлж байна. Ардчилсан нам яагаад шинэ эрч хүчтэй хүмүүсээ гаргаж ирдэггүй ийм сонин тогтолцоогоор яваад бай­гаа юм. АН-ыг гаднаас нь харахад фракц дагасан бү­лэглэлийн шинж чанартай зүйл харагдаад байна шүү дээ. Шинэ чадварлаг хүн орж ирээсэй. Түүнээс биш хэдэн хүнийхээ дотор битгий эргэлдээсэй гэж хүсч байна. Нэмж хэлэхэд хариуцлагын асуудлыг хам­тад нь оруулж ирэх хэрэгтэй. Хариуцлага гэдэг зүйлийг бүтцийн өөрчлөлтөөр битгий далдлаасай. Өнөөдөр манайд хариуцлагагүйн зуд нүүрлэчихсэн.

Нэг жилийн хугацаанд ажил хийх болов уу. Сонгуулийн шуугиан ч эхэллээ дээ?

-Ажил хийнэ гээд ард түмэн сонгочихоод байхад эрх биш юм хийх байлгүй дээ. Бид сөрөг хүчний байр сууринаас шахаж ажиллана.

Ардчилсан нам 25 жил намдаа салхи оруулаагүй юм бол Ардын нам ер нь салхи оруулдаг улс төрийн хүчин юм уу?

-Өнөөдөр хамгийн их салхи оруулж байгаа улс төрийн хүчин бол Ардын нам л байна. Гэтэл 25 жил даргаа өөрчилдөггүй улс төрийн нам байна шүү дээ, цаана чинь. Ардчилсан нам үүний араас явж байгаа. Сүүлийн хэдэн жил Их хурлаа хийгээгүй, ҮЗХ-гоо хуралдуулаагүй. Үүнийг бид яриад байгаа юм биш. Нам дотроосоо яриад байна. Ардын намыг аваад үзэхээр 1990 оны ардчилсан шинэ нийгэм цогцлоход намын бодлого тодорхойлж явсан хүмүүс өнөөдөр тэтгэврийн насандаа хүрсэн. П.Жасрай агсан, Д.Содном, Ш.Гунгаадорж, буурал Очирбат дарга гээд намын гол удирдлагууд байна. 1990-ээд оны дундуур улс төрд орж ирсэн 1950-иад оныхон гэдэг С.Баяр, Н.Багабанди, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхбаяр гээд манай намд байсан гэх мэт хүмүүс арагш сууж байна. Намын удирдах түвшинд энэ хүмүүсээс хэн нь ч сонгогдоогүй. Харин намын дэргэдэх бодлогын зөвлөлд орж ажиллаж байгаа. 1960, 1970-аад оныхон намын бодлогыг авч явж байна даа. Би гэхэд 1990 онд долдугаар ангийн сурагч байсан. Үүнээс харахад 1990 оноос хойш гурав, дөрвөн удаагийн үеийн шинэчлэл хийгдсэн. Миний хамгийн үнэт зүйл гэж харж, ярьдаг хоёр зүйл бий. Эхнийх нь манай нам Монгол Улсад тусгаар тогтнолыг авч ирсэн. Түүнийхээ төлөө явдаг. Аль болох асуудлын хамгийн эхэнд улс орноо тавихыг хичээдэг улс төрийн хүчин. Нөгөөх нь МАН ахмад, дунд, залуу үеийн хэлхээн дээр оршдог. Манай намд энэ гурван үеийн аль алиных нь бодлого явдаг. Харамсалтай нь АН-д бол ахмадуудынх нь л бодлого явж байна.

Эдийн засаг аюулын харанга дэлдэж байгаа энэ үед намын эрх ашгийг хааяа ч гэсэн умартах шаардлага тулгардаг. Засгийн газрын институциэр дамжуулж сонгуульд хандсан алхам хийх, хэтэрхий сонгуульд чиглэсэн үйлдэл хийх нь эргээд ард түмэн амьдралаараа төлдөг гашуун түүх бий. Тиймээс Н.Алтанхуяг дарга эрх ашгийнхаа эрэмбийг эх орны эрх ашгийг эхэнд тавиасай гэж бодож байна.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр улаанбуудай оруулж ирсэн асуудал боссон

-Монголын эдийн засгийг салбар салбараар нь цохин унагаж байна. Бидний хэлж байсан зүйлс хэдхэн сарын дараа биеллээ олоод байгаа. Тухайн үед болохгүй бүтэхгүйг нь хэлэхээр хүлээж авдаггүй байсан. Бид зөнч үзмэрчдээ тэгж хэлээд байдаг юм биш. Ардын намын бүлгийн 26 гишүүн ард түмний дунд жаргал зовлон туучин гарч ирсэн, салбар салбартаа хатуу хөтүүг нь үзсэн, гадны байгууллагуудын судалгаан дээр үндэслэн манайхан хэлээд байгаа ухаантай. 2013 онд эдийн засаг огцом хүндрэх нь, Засгийн газрын бодлого буруу явчихлаа гэхэд “Ардын намынхан албан тушаал, суудлаа алдсан болохоор түүнийгээ санагалзан Засгийн газрыг унагах гээд байна, МАНАН үүсгэх гэж байна” гээд Алтанхуягийгаа аваад үлдсэн. Галзуу хөгжүүлнэ гэж байсан ч хэдхэн сарын дараа ам.долларын ханш эрс өсч монгол төгрөгийн ханш навс унасан.

Манай улс өөрсдийн хөр­сөнд ургасан улаанбуудайгаар хүнсний хэрэгцээгээ хангах боломжтой болоод иртэл гаднаас импортын улаанбуудай оруулаад ирлээ. Газар тариалан эрхэлж буй хүмүүсийн хүч хөдөлмөр, байгаль дэлхий хураа хайрласны хүчинд жаахан ургац авсан. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө зөвлөмж гарган чиглэл өгөөд ургацаа хурааж буй тариаланчид улаанбуудайгаа хурааж ажлынхаа үр шимийг үздэг энэ цагт нь ОХУ-аас агуулахын үлдэгдэл улаанбуудайг ачаад оруулаад ирсэн. Үүнээс болж газар тариалангийн салбарт орсон олон аж ахуй нэгжийн хөрөнгө үнэгүйдэх, тэнд ажилласан хүмүүсийн хөдөлмөр талаар болох гэж байна. Газар тариалангийн бизнес эрхлэгчид, трактор комбайнч нараасаа эхлээд маш хүчтэй эсэргүүцэл илэрхийлж эхэллээ. Одоо бол газрын дарга, Төрийн нарийн бичигтэй ярихаасаа өмнө салбарын сайдтай нь хариуцлага тооцох ёстой. Зургадугаар сарын нэгнээс хойш үр тариа импортлож болохгүй гээд Их хурлаас зөвлөмж гаргаад байхад зургадугаар сарын 24-нд үр тариа, гурил оруул гэсэн шийдвэр гаргасан Ерөнхий сайдтай хариуцлага тооцох цаг болсон.

Э.ЭНХБОЛД