Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багцалсан сум мэт байж чадсан МОНГОЛЫН ШИГШЭЭГИЙН ХОЖИЛ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Супер лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногт сагсан бөмбөг сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “Бүх оддын тоглолт” болж гурван өдөр Буянт Ухаа спорт ордныг “нураах” дөхөв. Нураах дөхөв гэдэг нь өмнө жилүүдэд болдог байсан “Бүх оддын тоглолт” ийм хэмжээнд болж байгаагүй гэсэн үг л дээ. Одоо харин плэй оффын байрлалын төлөөх тэмцлүүд жинхэнэ утгаар эхлээд байгаа юм. Супер лигийн журмын дагуу хоёрдугаар сарын 1-ний өдрөөр лигийн солилцооны цонх хаагдсан бөгөөд багууд шинэ легионер тоглогч нэмэх сүүлийн хугацаа дуусч багууд “хөзрөө” ил тавьсан юм. “Танан Гарьд” багийнхан өнгөрөгч жил тус багт холбон тоглогчоор ажилласан бие намхан ч хурдаараа илүүрхдэг ухаалаг тоглогч Антонио Жонесыг авчирсан бол “Эрдэнэдрийлинг Ригс” багийнхан дөрөв болон таван номер дээр тоглодог легионер тамирчин авчирчээ.

Сагсан бөмбөг сонирхогч залуусын дунд “Бүх оддын тоглолт”-ын халуун яриа намжаагүй байгаа юм. Тэгвэл тус тоглолтыг эргэн сануулахад эхний өдөр “Мадимос Шонхор”-ын Э.Цэрэнбаатар, Б.Дархантөгс, Г.Цэнгүүнбаяр, “Гэгээнхангай лидер” багийн О.Цэлмэг, “Хан талстын Ирвэсүүд”-ийн Э.Дорж-Арилд, “Сентоза арслангууд” багийн Б.Батзолбоо, “СБЛ Хасын хүлэгүүд”-ийн Бямбадорж нараар хүчээ зузаатгасан Залуучуудын шигшээ баг АНУ-ын легионеруудын хоёрдугаар багийн эсрэг халз тоглолт хийсэн. Легионеруудын багт Моттон, Дейн Хэдли, Торин Волкер, Пилл Жонс, Рей Жорж нар багтсан юм. Монгол Улсын залуучуудын шигшээ баг нь 2013 онд дэлхийн универсиад наадамд Япон, Филиппинийг хожин шигшээ 16, Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн хожил нэг хожигдолтойгоор тавдугаар байрт шалгарч байв. Талбайд тоглосон бүрэлдэхүүнээрээ ирэх долдугаар сард БНСУ-д болох дэлхийн универсиад наадамд, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болоод байгаа. Халз тоглолтод 95:105 гэсэн онооны илүүгээр легионерууд манай залуучуудыг буулган авсан. Эл тоглолтод Э.Цэрэнбаатар, Б.Дархантөгс, Бямбадорж, Арилд нар багаа тэргүүлсэн ч харамсалтай нь ялалт нөгөө талд шийдэгдлээ.

“Бүх оддын тоглолт”-ын хоёр дахь өдөр дасгалжуу­лагчдын саналаар шалгарсан супер лигийн тоглогчид нэг баг болон өрсөлдөв. Санал асуулгаар тэргүүлсэн тог­логчдыг баруун зүүн бүсэд хуваан өрсөлдүүлэв. Тэгвэл баруун бүсэд холбон тог­логчоор “Арслан”-гуудын Крис Лавсон, хамгаалагчаар олон улсын хэмжээний мастер Т.Санчир, довтлогчоор “Гарьд”-ын О.Ууганбаяр, хүч­ний довтлогчоор С.Өр­нүүнбилэг, төвийн тоглогчоор Ф.Холмс нар гараанд гарсан. Харин Зүүн бүсэд холбон тоглогчоор “Хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн, хамгаалагчаар “Гарьд”-ын Ц.Азбаяр, довтлогчоор Г.Цэнгүүнбаяр, хүчний довтлогчоор Б.Билгүүн, төвийн тоглогчоор Т.Акол нар тулаанд гарлаа. Хоёр багийн тоглолт 106:118-аар Зүүн бүсийнхний ялалтаар өндөрлөсөн. Энэ өдөр болсон “Бүх оддын тоглолт”-ын үнэ цэнэтэй тоглогчоор “СБЛ Хасын Хүлэгүүд” багийн довтлогч Батжаргалын Билгүүн шалгарсан бол гурван онооны шидэлтийн аваргаар Н.Золжаргал бусдыгаа тэргүүлсэн. Тэгвэл ноднин ур чадварын тэмцээнд Антонио Жонстой Батжавхлан нар үлдэхэд манай тамирчин аваргалж байсан бол өнөө жил багийн амжилт нь төдий л ахицгүй байгаа “Хэнтий Чингэс Сити” багийн холбон тоглогч Ж.Алтаншагай шинэ аварга боллоо. Мэдээж үзэгчдийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг зүйл бол слэм данкийн үзүүлбэр байв. Слэм данкийн тэмцээнд супер лигийн легионерууд болох Вилл Гиддингс, Миччел Андерсон, Куэнси, Жонатан Блэйк нар ур чадвараа гайхуулан өрсөлдсөн. Данкийн тэмцээнээс хэд хоногийн өмнө аварга болно гэдгээ зарлан тунхаглаад байсан Жонатан Блэйк үнэхээр илүү байж амлалтаа биелүүлсэн юм. Түүний үзүүлбэр Т.Түвшинбаяр, Бат-Орших, Б.Мөнхболд нараар ахлуулсан шүүгчдээс хамгийн өндөр оноог авч чадлаа.

“Бүх оддын тоглолт”-ын тоглолтын сүүлийн өдөр буюу ням гаригт Инчёны Азийн наадамд Монгол түмнээ баясгаж, шилдэг наймд шалгарсан шигшээ багийн залуус Одонбаярын Баярцогт багшийнхаа удирдлага дор АНУ-аас ирсэн легионеруудын эсрэг халз тоглосон. Энэ удаа легионеруудыг “Харцага”-ын А.Алтан-Очир дасгалжуулсан юм. Гурав дахь удаагаа зохион байгуулсан энэхүү халз тоглолтын өмнө тоглолтын харьцаа адилхан нэг нэг болоод байсан билээ. Уг тоглолтод хэн хожсон нь ялалтын цувралыг тэргүүлж эхлэх чухал тоглолт байв.

Тоглолтын санаачилгыг эхнээс нь легионерууд эзэмшиж эхэлсэн. Лейкерст Коби Брайнтын холбон тоглогчоор хоёр жил тоглосон Смүш Паркер гарааны тавд багтан гаргасан ч талбай дээр төдий л тоглолт гаргаагүй тул түүнийг сэлгээний сандалд суулган “Аравтууд”-ын Жордан МакКой-г талбайд оруулсан нь зөв шийдэл болсон. Эхнээсээ онооны давуу байдлыг бий болгосон легионеруудын оноогоо таслах арга хэмжээ авч эхэлсэн юм. Манай багаас “Харцага”-ын Б.Одбаяр самбар, хамгаалалтад сайн байж будагтай талбайгаас багтаа бөмбөг үлдээж байв. “Харцага”-ын холбон тоглогч Г.Баттөр шигшээ багийнхаа үндсэн холбон тоглогчоор тоглодог байсан ч АНУ руу сурахаар явсан тул энэ удаа олон улсын хэмжээний мастер, хашир туршлагатай тоглогч Г.Ихбаярыг О.Баярцогт дасгалжуулагч талбайд гаргасан юм. Түүний сонголт ч буруудсангүй. Өмнө нь шигшээ багийн ахлагчаар тоглодог байсан түүний хувьд Б.Билгүүний хамтаар тоглолтыг найруулсан.

Легионеруудаас Крис Лавсоны холын зайн шидэлтүүд цагирагтаа тусч байсан тул эхний үе 17 онооны зөрүүтэй легионеруудын давамгай байдлаар өндөрлөсөн. Энэ байдал хадгалагдсаар эхний хагас өндөрлөсөн. Эхний хагас өндөрлөхөд легионеруудаас слэм данкийн аварга болсон Жонатан Блэйкийн хүчирхэг слэм данкууд үзэгчдийг хөгжөөж чадсан гэхэд болно. Гэхдээ Блэйкийн ноёрхлыг Б.Билгүүн эвдэж байсан. Учир нь Блэйкийг хүссэнээр нь цагираган дээрээс довтлуулалгүй хэд хэд дараалан ёстой л навсайтал блокдож шал тэврүүлсэн. Тоглолтын турш сэлгээний сандалд суулгүй өндөрлүүлсэн Б.Одбаяр, Б.Билгүүн нар багтаа үр бүтээлтэй тоглосон нь Монгол Улсын шигшээ багийг ялалтад хөтөлсөн гэхэд болно. М.Отгонмөнх, Батаагийн Мөнхболд, Өрнүүнбилэг нар гарч ирсэн ч будагтай талбайн хамгаалалт илт суларч онооны зөрүү холдсон тул сэлгээний сандалд шилжихээс өөр аргагүй байдалд орсон. Манай шилдэг тамирчдын нэг О.Ууганбаяр тэр бүр алдаад байдаггүй дундын зайн шидэлтүүдээ хийсэн ч тоглолтын турш ердөө хоёрхон оноо авсан. Харин легионер тамирчид торгуулийн шугамны араас шидэлтээ маш муу гүйцэтгэсэн нь тэдний хожигдлын гол үндэс болсон гэхэд болно.

Тэгвэл легионе­руу­даас Жонатан Блэйк, Холмс, Хэммондс нар ихэнх цагийг талбайд өнгөрүүлсэн юм. Супер лигийн анхны жил манай баг легионеруудад хожигдож байсан бол ноднин цаг дуусахын өмнө ялалтыг өөрийн болгож чадсан. Энэ жил ч мөн сайн тоглож 48 минутын турш 102 оноо авч хожсон бол легионерууд 98 оноо авсан. Энэ тоглолтод Б.Билгүүн 30, Б.Одбаяр 23, Т.Санчир 17, О.Сэргэлэн 8, Н.Золжаргал 7 оноо авсан бол эсрэг багаас Жонатан Блэйк 29, Холмс 15, Маркус Хэммондс, Крис Лоусен нар тус бүр 13 оноо авсан юм. Үзэгчдийн дийлэнх нь NBA-гийн супер оддын нэг болох Смүш Паркерын тоглолтыг үзэх хүсэл их байсан ч түүний тоглолт гарсангүй. Гэхдээ үзэгчдийн зүгээс Алтан-Очир дасгалжуулагч багтаа минутын амралт авсангүй хэмээн шүүмжилж байлаа.

Эхний гурван үеийн турш давамгайлсан легионеруудын тоглолт гуравдугаар үеийн хагасаас хойш замбараагүй болж эхэлсэн юм. Магадгүй нэг багт олон шилдэг тамирчид байхаар хэн нэгэн нь онцгойрохын тулд хувийн тоглолтоо түлхүү хийсэн байж болох юм. Харцагын Рэмбо гэхэд л бие жижиг ч ур чадвараараа түүнийгээ нөхдөг. Гэхдээ түүний нэг алдаа нь энэ удаа ч мөн давтагдаж 12 минутын турш хэт хувийн тоглолт үзүүлсэн тул сэлгээний сандалд шилжүүлсэн. Гэхдээ тэрбээр долоон оноогоор багтаа нэмэр болж чадлаа. Жонатан Блэйкийн хүчтэй слэм данкуудын хариуг Монгол Улсын шигшээ багаас Б.Билгүүн барьсан юм. Түүний хувьд гурван удаа хариуг нь барихдаа Буянт Ухаа ордныг уухайн түрлэгээр босгож ирж чадсан. Энэ тоглолтод хэн нь хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж өгсөн гэдэгтэй хүн бүр санал нэг байна.

Монголын шигшээ багийн тамирчдын эсрэг ширүүн өрсөлдөөн үзүүлж чадсан легионеруудад баярлалаа гэхээс яахав. Монгол Улсад жил тутам хөгжиж буй спортоос хамгийн эрчимтэй хөгжиж байгаа нь сагсан бөмбөгийн спорт боллоо. Монголчууд талын нэг цацсан шагай шиг бус багцалсан таван сум шигээ явж чадвал ямар ч амжилт гаргах бүрэн боломж нээлттэй байна гэдгийг нэгэн тод жишээ энэ буюу.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Таван толгойг яаралтай хөдөлгөх ёстой

УИХ-ын гишүүн Я.Сод­баатартай ярилцлаа.

-Таван толгойн талаарх асуудал УИХ-ын гишүүдийн гэлтгүй олон иргэний анхаарал татсан сэдвийн нэг болоод байна. МАН-ын ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-УИХ дахь МАН-ын бүлгээс хөрөнгө оруулагчдын зүгээс хэлэлцээр эхэлсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд тодорхой мэдээллүүдийг авсан. Монгол Улсын сайд М.Энхсайхан ч гэсэн манай бүлэг дээр ирж мэдээлэл өгсөн. Ажлын хэсгийн болон, бүлгийн байр суурийг би илэрхийлэх боломжгүй. Тэглээ ч манай намын бүлэг одоогоор тодорхой байр суурийг илэрхийлээгүй байгаа. Хувь гишүүний үүднээс хэлэхэд Тавантолгой мэдээж стратегийн чухал ач холбогдолтой газар юм. Үүнд мэдээж томоохон хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал олон жил явсан. Сү.Батболд даргыг Ерөнхий сайд байхад анх эргэлтэд орж, Таван толгойн орд газар дээр байгуулагдсан төрийн өмчит Эрдэнэс Таван толгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, олборлолт, тээвэрлэлт, борлуулалтынх нь асуудал хувийн менежменттэй консерциумаар хэрэгжүүлье гэдэг саналыг Н.Алтанхуягийн Засгийн газар өнгөрөгч оны наймдугаар сарын 20-ны өдөр 268 дугаар тогтоол гаргаж, долоон болзол бүхий тендер зарласан. Түүний дагуу Монгол, Хятад, Японы хамтарсан консерциум шалгарсан. Засгийн газар байгуулахдаа хоёр нам улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа тул үүнээс гаргахын тулд ажиллана гэсэн. Ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн уналтыг зогсоох гэх мэт тодорхой зорилтуудыг тавьсан. Зорилтын хүрээнд томоохон орд газрууд буюу Оюутолгой, Таван толгойг ашиглалтад оруулж, гацаанаас гаргахын тулд хуулийн хүрээнд өнөөгийн гэрээний нөхцөлийг алдагдуулахгүйгээр, олон түмэнд нээлттэй хэлбэрийг сонгон явах нь зүйтэй гэж хоёр намын санамж бичигт тусгагдсан. Энэ хүрээнд л бид Таван толгойн орд газрын төслийг харж байгаа. Уг орд дээрх Монгол Улсын оролцоо, ашиг, өнөөгийн давуу талаа авч үлдэн явж чадвал бид үндсэн зарчмын дагуу шийдвэрлэж чадна гэж харж байна.

-М.Энхсайхан сайдын зүгээс “Мега төсөл бол шил юм. Маш эмзэг болохоор хагарах аюултай” гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа. Гэтэл УИХ-ын гишүүд дотроо хөлөө жийлцэн хоёр тийшээ хараад суучихлаа. Хагарчихвий гэсэн болгоомжлол байна?

-Таван толгойн орд газрыг бид зөвөөр эргэлтэд оруулж өгөөжийг нь Монголын ард түмэн хүртэх хэрэгтэй. Тус ордыг дагасан олон ажлын байр бий болж, ханган нийлүүлэлтийн ажил хийгдэж, Монголын олон компани үүнд оролцох боломж бий. Таван толгойгоос улсын төсөвт томоохон татвар хураамж авах түүгээрээ дамжуулан нийгэм эдийн засагт учирсан олон асуудлуудыг шийдээд явах боломж байгаа. Гэрээний хүрээнд Таван толгой дээр зарчмын хэд хэдэн зүйлийг хэлэх ёстой. Хөрөнгө оруулагчтай хийж буй гэрээ хэлцлийн хүрээнд Эрдэнэс Тавантолгойн компанийн 1072 хувьцааг иргэн бүрт олгоно гээд Хүний хөгжил сангийн дэвтэр дээр нь бэлээхэн наачихсан байгаа. 1072 хувьцааг бид амилуулах, уг хувьцааг бодитоор эдийн засгийн эргэлтэд оруулах тэр боломжийг шийдвэрлээчээ гэж байгаа юм. Эрдэнэс Таван толгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийж, тодорхой ажил үүргийг нь гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүд 51 хувийг эзэмшинэ гэж ойлгож байгаа. 51 хувьдаа төсөлд шалгарснаас бусад аж ахуй нэгжүүдийг оролцох боломжийг хангаж өгөх ёстой. Бусад иргэд, аж ахуй нэгжүүдийг оролцох боломжийг нээгээчээ гэдэг асуудлыг тавих шаардлага бий.

Түүнчлэн Таван толгойн орд газрыг цогцоор нь нэг менежментийн зохицуулалтад оруулах нь зөв. Тэгэхгүй бол нэг талд нь Ухаа худаг, нөгөө талд жижиг Таван толгой, баруун, зүүн Цанхи гээд явах нь мэргэжлийн талаасаа зөв шийдэл биш байсан. Үүний менежмент дээр нэг компани цогцоор нь оролцох болсон нь зөв байх.

-АН дотроо хагараад байна гэж байна. Үнэн юм уу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ын гишүүдийн ярьсан яриаг харж байхад хуваагдмал шинжтэй байгаа нь анзаарагдаж байна. Тухайлбал, УИХ-ын дарга тэргүүтэй зарим гишүүд Таван толгойн орд газарт эргэлзсэн, болгоомжилсон байр сууринаас асуудалд хандаж байгааг харж байгаа байх. Ард түмнээс олонхийн санал авч Засгийн ачааг нуруундаа үүрч байгаа АН ингэж асуудалд хандаж болохгүй л дээ. Бид Таван толгойн асуудалд нэгдмэл байр сууринаас хандах хэрэгтэй. Өнөөдөр гэрээ хэлцлийн шатанд яваа энэ асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлээд явах боломжтой гэж хараад байгаа. Тиймээс Засгийн газар, холбогдох сайдууд хариуцлагаа хүлээсэн шиг хүлээгээд, хийж буй гэрээ хэлцлээ Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд нээлттэй явуулах нь зөв. Хэрэв алдаа гарвал парламентын түвшинд хариуцлага тооцоод явах боломж нь бидэнд бий. Бид энэ хүмүүсийг ажил хий гээд нэг сарын өмнө томилсон. Итгэсэн итгэлийг алдахгүй байх ёстой.

Гэрээ хэлцэл явагдаж дуусаад гарын үсэг зурахын өмнө уг гэрээ Монгол Улсад ямар ашигтай вэ, үр өгөөж гэх мэтийн талаар тайлагнах шаардлагатай. Консерциумд сонгогдсон байдлыг харахад сонголтын хувьд муугүй сонголт болсон гэж бодож байна. Ялангуяа Хятадаас орж ирж буй Шинхуа групп бол дэлхийн нүүрсний голлох тоглогчдын нэг. Жилд 600 гаруй сая тонн нүүрсний менежментийг зохицуулдаг компани юм. Манайхан Хятадын үнэтэй зах зээл хийгээд гуравдагч орон руу гаргах гол төмөр замыг эзэмшигч нь Шинхуа л даа. Ер нь бол Хятадын бодлогын түвшинд яригддаг төрийн өмчит олон нийтийн компани байгаа юм. Энэ компани хөрөнгө оруулагчаар орж ирж байгаа нь нүүрсний зах зээл эргэн сэргэх найдвар бий.

-Тэгвэл Сумитомогийн тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Сумитомо бол Японы томоохон худалдааны компани. Ялангуяа ашигт малтмалын худалдааны зах зээл дээр голлох тоглогчийн нэг мөн.

Тиймээс Сумитомогоос гаргаж буй нийт нүүрсний 20-30 хувийг гуравдагч зах зээл рүү гаргана гэж консерциум үзэж байгаа талаараа бидэнд мэдээлсэн. Хэрэв тэгвэл олон жил ярьсан Тавантолгойн нүүрс гуравдагч зах зээл рүү гарах нь ээ гэж ойлгож болно.

-Пибоди компанийг та хэрхэн харж байгаа бол?

-Манай гишүүд Пибоди компанийн талаар их хөндөж байна л даа. Энэ нь өөрөө бизнесийн зарчмаараа шийдэгдсэн асуудал. Пибоди ерөнхийдөө дэлхийн зах зээл дээр оператор компани хийдэг болохоос шууд мөнгө тавиад олборлолт явуулаад байдаггүй л дээ. Тиймээс тэр талаас нь хандсан юм болов уу гэж бодоод байгаа.

-Таван толгойг эргэлтэд оруулснаар үнэхээр эдийн засгийн хүндрэлээс гарах уу?

-Таван толгойг эргэлтэд оруулах үндсэн хоёр шаардлага бий. Өнөөдөр манайд эдийн засгийн маш хүнд хямрал болж байна. Валютын урсгал тасалдаж байгаа. Үүнийг сэргээхийн тулд дөрвөн арга хэмжээ авах ёстой гэж би харж байгаа юм.

-Тэр нь ямар ямар арга хэмжээ юм бол?

-Тавантолгойг явуулж валютын урсгалыг нээх ёстой. Хэрэв уг консерциум гэрээ байгуулж Монгол Улстай ажиллах юм бол хоёр жилийн дотор дөрвөн тэрбум ам.долларыг манай оронд нийлүүлнэ гэж ойлгож байгаа. Тэгснээр валютын урсгал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт гарах боломж бий.

Монголд хамгийн их хэрэгтэй байгаа өөр нэг зүйл нь ажлын байрыг бий болгох. Таван толгой бүрэн хүчин чадлаараа ажиллавал 10 гаруй мянган ажлын байр шинээр бий болох тооцоо байна. Үүнийг дагаад 200 гаруй туслан гүйцэтгэх компани ажиллах боломж бүрдэнэ. Тиймээс Таван толгойн гэрээг даруйхан шийдээд явах хэрэгтэй. Засгийн газар яг одоо хэлэлцээр хийж байгаа болохоор ямар шатанд явааг мэдэхгүй байна.

-Сүүлийн үед манай Их хурлаас баталсан болон өргөн барьсан хуулийн төслүүдийг эдийн засгийн хямрал хүндрэлээс гарахад чиглэгдсэн гээд байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд гэхэд ард түмнээсээ санал асуугаад дүнгээ танилцууллаа. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Засгийн газар 365 мянган иргэнээс санал аваад түүнийх нь 56 хувь нь нэгдүгээр замаараа яв гэсэн гээд зарлачихлаа. Гүйцэтгэх засаглал тодорхой хийгдэх гэж буй ажил дээрээ олон түмнээсээ дэмжлэг авч байгаа байдлаа илэрхийлэх гэсэн пиарын нэг хэлбэр гэж харж байгаа. Ийм аргачлал олон улсад байдаг. Тэр л яваад байна гэж харсан. Түүнээс биш албан ёсоор авч буй бүх нийтийн санал асуулга биш. Энэ нь хуулиар хийгдэж буй биш бөгөөд олон түмэн рүү хандсан пиар гэж харж байна. Энэ бол кампанит ажлынх нь нэг хэсэг. УИХ дахь МАН-ын бүлэг дээр Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан эдийн засгийн хүндрэл хямралаас гарах шийдлийн хөтөлбөрийг боловсруулсан. Манай ажлын хэсэг бүлгийнхээ хуралдаан дээр УИХ-д явуулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Зургаан хүрээнд саналаа бэлтгэсэн.

-Тухайлбал?

-Төсвийн бодлогын хүрээ, Мөнгөний бодлогын хүрээ, Бүтцийн хүрээ, Бодит секторын хүрээнд гэх мэтээр ангилсан. Энэ нь тодорхой салбарууд дээр юу хийх вэ гэдэг саналаа гаргаад хүргүүлсэн. Засгийн газрын хямралаас гарах төлөвлөгөөг бид боловсруулсан гэж болно. Боловсруулсан саналаа өгчихсөн. Бид одоо шүүмжлээд суух биш тодорхой гарц шийдэл ярих цаг болсон. Тиймээс манай намын бүлэг тодорхой ажлуудыг хийж байж хямралаас гарна гэдэг саналаа бүлгийн хуралдаанаас гаргасан. Эхний ээлжинд бодлогын алдаануудаа засах ёстой гэж байгаа юм. Төсөв, Мөнгөний бодлогоо батлахаас эхлээд төрөөс явуулж буй бодлого нь маш алдаатай байсан. Хоёр гурван жил худлаа төсөв зохиосноо одоо л засч эхэлж байна.

Бодлогын алдаагаа зассаны дараа бодит секторуудад чиглэсэн эдийн засгийн хэд хэдэн арга хэмжээг авах ёстой. Тиймээс Таван толгой, Оюу толгойн гацааг арилгах шаардлагатай. Оюу толгойгоос олборлож буй алтыг оруулахгүйгээр Монгол Улсаас олборлож буй алтны хэмжээгээ өсөх нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол Улс 2006 онд 22.6 тонн алт олборлож байсан. Тэгэхээр бид дотоодын алтны олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх ёстой болж байгаа юм. Үүнийг дагаад валютын урсгалаа нэмж болно.

Мөн эрчим хүчний чиглэлд нэлээд олон жил яригдсан томоохон төслүүдээ явуулах. Тавдугаар цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц, Эгийн гол, Чандманийн цахилгаан, Багануурын цахилгаан станц гээд бүгдийнх нь ТЭЗҮ боловсрогдсон, зарим нэгийнх нь гадаадын хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн байгаа тул эдийн засгийн эргэлтэд даруй оруулъя. Эрчим хүчний салбарт явуулах гэж байгаа том төслүүдийн үнэ тарифийн асуудлыг уян хатан болгож зах зээлийн харилцаанд нь оруулах хэрэгтэй. Үүний дараа эрчим хүчний үнэ буурна. Түүнийг дагасан томоохон бүтээн байгуулалт явагдаж валютын урсгал дотогшоо явж эхэлнэ. Тэгэхээр төвийн эрчим хүчний аюулгүй байдал ч шийдэгдэх юм. Ингэснээр Зүүн Өмнөд Ази руу эрчим хүч экспортлох том ажлын эхлэл тавигдана.

Өөр нэг гол зүйл нь банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаагаа либералчлах ёстой. Банкин дээр хөрөнгө оруулалтын банк байгуулж, гадаад дотоодын банкуудыг дотоодын зах зээлдээ тодорхой болзолтойгоор оруулах асуудлуудыг шийдвэрлэн мөнгөний бодлого дээрээ ажиллах ёстой.

Томоохон аж ахуй нэгжүүд дээр үүссэн хэдий ч улс төрийн зорилгоор зогссон эсвэл хөрөнгө оруулалтын улмаас зогсчихсон байгаа 50 хувиас дээш гүйцэтгэлтэй орд газар, бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Одоо гэхэд хэд хэдэн цементийн үйлдвэр 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа ч бүрэн дуусаагүй байна. Үүнийг гүйцээн ашиглалтад оруулбал импортоор гадагшилж буй мөнгөн урсгалыг авч үлдэх, гаднаас нэмж экспортолдог үйлдвэрүүдээ дэмжиж үе шаттайгаар хийж байж эдийн засгийн хямралаас хохирол багатай гарна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Шийдэхийн тулд ард түмнээсээ санал авна

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг өчигдөр үдэш МҮОНТ-ийн ярилцлагад оролцож Засгийн газрын баримталж буй байр суурийн талаар өгүүллээ. Түүний юу өгүүлсэн, Засгийн газар ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

“Олны анхааралд байсан хамгийн том асуудал бол Төсвийн тодотгол. Би энэ төсөвт ямар нэгэн тодорхойлолт өгье гэж бодож байгаагүй ч боломжийн гэж хэлэх гээд байгаа юм. Яагаад гэвэл хэцүүхэн шийдвэр гаргах нь . Үүний дагуу төсвөө оруулж ирнэ гэдгийг УИХ-д хэлсэн. Засгийн газар бодож байснаа 100 хувь оруулж чадаагүй ч багагүй зүйлийг хийхээр тусгалаа. УИХ ч Засгийн газартайгаа сайн хамтарсан. Тэгэхээр энэ Засгийн газар ажил авбал хийх юм байна гэдэг бодол төрж байгаа. Тухайлбал олон дансаар хийгдэж байсан гүйлгээг багцалж нэг төсөвтэй болох асуудлаа сая шийдлээ. УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэхээр хүслээ жагсаадгаа больсон. Яам агентлагийн 15 хувийг танахын зэрэгцээ УИХ-ын гишүүд ч хэмнэлт хийлээ. Бас 80 байгууллагыг 25 болгох, төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сараар үржүүлж мөнгө авдаг байсныг байж болох хэмжээнд аваачиж үрэлгэн байдлыг цэгцэлсэн. ШУА-ийн хүрээлэнгийн асуудлуудаар нэгдсэн дэвшилтэт ойлголтод хүрлээ. Төсөв ярих үеэр оюутнууд үнэхээр мундаг байсан. Зөвхөн сайн, онц сурдаг оюутнууд мөнгөө авч байя гэдгийг бид яриагүй байхад өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Ийм зүйлүүдийг хийсэн болохоор төсөв муу болсон, Засгийн газар бодлогоо алдсан гэхгүй байх.

Өнөөдөр цалин нэмэх шаардлагатай байгаа юу гэвэл тийм. Цалин нэмэх боломжтой байхад нэмэхгүй суугаад байгаа хүнийг хэн бэ гэвэл хариултыг шууд өгөх байх л даа. Гэтэл өнөөдөр цалин нэмэх мөнгө үнэндээ алга. Энэ бол Засгийн газрын толгойны өвчин болсон асуудал. Ийм байхад ҮЭ-ийнхэн цалинг 60 хувь нэм гээд шаардаж байх жишээтэй. Тиймээс нийгэм нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр төрийн албан хаагчдын цалинг 60 хувь нэмэх боломжгүй учраас тодорхой хэмжээний мөнгө нэмье гэж шийдсэн. Хэрвээ талбай дээр гарч жагсаад мөнгө олддог бол жагсаад л байх хэрэгтэй.

Бас нэг зүйл нь алдарт эхийн одонгийн мөнгийг яагаад хасах гэсэн бэ гэвэл өнөөдрийн төсөвтэй холбоотой. Төсвийг харахаар төсвийн бүтэц дотор цалин, тэтгэвэр, халамж 62 хувийг нь бүрдүүлчихээд байна. Урсгал зардал буюу цахилгаан, дулаан гээд үйлчилгээнд 19 хувь нь явдаг. Харин хөрөнгө оруулалтад долоохон хувийг зарж байна. Тэгэхээр манайх халамжийн эдийн засгаас бүтээгч эдийн засагтай болох шаардлагатай байгаа юм. Нэг ёсондоо 18-аас дээш насны хүүхэд төрийн өмнөөс ээждээ мөнгө өгч халамжилдаг байх хэрэгтэй. Хүүхдийн мөнгөний тухайд аав, ээж нь боломжийн амьдралтай хүмүүс үнэхээр халамж авахгүй бол болохгүй хүмүүстэйгээ зэрэгцэхээ больё л гэсэн.

Хүссэн хүсээгүй бүтэн халамжийн төсөв, ийм тогтолцоогоо халах хэрэгтэй. Санал дэвшүүлэхэд бүх хүүхдэд, бүх ээжүүдэд өгөхгүй юм шигээр, оноо авах улстөр явсан. Тэгээд л ийм асуудал үүссэн учраас энэ жилдээ халамжийг нь өгөөд явъя гэсэн. Энэ хямрал бүх зүйлийнхээ суурийг сайн тавихгүй бол болохгүй нь гэдгийг харуулж байна. Хямрал хэн нэгнийг тойрохгүй. Тиймээс ямар нэгэн тоглолт хийлгүй амьдарцгаая. Энэ ондоо барахгүй юм аа гэхэд ирэх жилүүдэд халамжийг цэгцлээд л явна. Тэрчлэн “Приус” машин, машины татварыг харах уу гэж бид хэсэг ярьсан. Үүнийг популистуудын шахаагаар больсон ч орон нутгийн төсөв дээр дахиад яригдана. Машин авч байгаа хүмүүс зогсоол, гарааш, бензин, даатгал гээд олон зардал ард нь дагадгийг мэдсэний эцэст худалдан авалт хийдэг байх. Гэтэл манайхан “Приус”-ыг ядуусын машин гээд байх юм. Ядууст зориулсан машин гэж байхгүй. Огт мөнгө төлөхгүйгээр машин унадаг, мөнгө төлөхгүйгээр замаар явдаг асуудал нийгмийн мөн чанараасаа болоод удахгүй алга болно. Тиймээс өнөөдөр 30 байгаа татвар 100 болно гэж ойлгох хэрэгтэй.

Ер нь би хувь хүний тухай ярихгүй байгаа. Хэн нэгний тухай ярихаар маргааш нь “юун гуя” гээд эхэлдэг. Манай баахан сэтгүүлчид АНУ явсан даа. Тэгэхэд сэлэм эргүүлдэг популист ярьсаар байгаад хотын дарга болсон байсныг харсан. Дараа нь тухайн хотыг сүнстэй гэх болсон. Яагаад гэвэл бүх эдийн засаг нь сүйрч, эзгүйрсэн юм. Популизмын ийм жишээ байхад бид яагаад заавал замаар нь явж, биеэрээ зовлонг нь мэдрэх шаардлагатай гэж. Популизм бүр өртөгтэй, төлбөртэй. Ер нь бол цаасанд боодолтой хортой чихэртэй ижил юм, популизм. Өнөөдөр бензиний үнэ буух боломж байсан ч бид онцгой татвар авч үнийг буулгахгүй байхаар болсон. Олсон мөнгөөрөө халамжаа өгнө. Энэ бол популизмын үнэ. Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр бүрт алга ташихгүй байх. Гэхдээ хайгуулын лиценз олгож эхэллээ. Гацууртыг хөдөлгөх бодолтой байгаагаа хэрэгжүүлэх гэж байна. Төсвөө янзаллаа. 106 лицензийн асуудлаа шийдсэн. 21 сургууль барина. Таван толгойн хэлэлцээр, өрийн тааз гээд асуудлаа шийдлээ. Энэ бүхэнд алга ташиж байгаа байх гэж найдаж байгаа. Сургууль барих шийдвэрийн тухайд гэвэл хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна. Тэгэхээр эхний ээлжинд энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй нь. Хүүхдүүд харанхуй шөнө, халтиргаатай, урдаг нохойтой гудамжаар харьж байна. Дахиад концессийн гэрээгээр 72 сургууль, цэцэрлэг барих гэрээ байгуулах эрхийг Д.Эрдэнэбат сайдад өглөө. Бас газын үйлдвэрийг барихаар болчихвол Улаанбаатарын утаан дээр урагшаа томоохон дэвшил хийнэ.

Үүний зэрэгцээ нийгмийн салбарыг хувьчилъя. Санхүү эдийн засгийн дээд сургуулийг хар. Тэнд өөрийн гэсэн удирдах зөвлөлтэй сайхан байна. Яагаад улсын сургуулиуд ийм байж болохгүй гэж гэсэн санааг дэвшүүлж байгаа. Хэн нэгнийг төрөөс томилох гээд сургууль нь хүлээж авахгүй гээд байж болохгүй л дээ. Энэ бүх зүйлээс төр татгалзах хэрэгтэй. Энэ нь нийгмийн салбарт компаниудын удирдлагыг оруулж байна гэсэн үг. Ингэснээр улс төрийн оролцоо байхгүй болно. Бид хорин хэдэн жил ингэж явлаа. Үр дүнд нь эмнэлэг, сургууль ямар шатанд байна. Өөрчлөлтийн эхний ажил хийгдэж байгаа. Удахгүй нийгмийн нийтийн салбарт засаглал, санхүүжилт, үйлчилгээ рүү энэ өөрчлөлт орно. Шийдвэр гаргагчид, улстөрчид үүнийг хүсэх хэрэгтэй.

Халаа сэлгээний тухайд Засгийн газар солигдох бүрт явагдаж байдаг. Үүний зэрэгцээ яам гэдэг байгууллага сүүлийн хэдэн жил томроод, данхайгаад явчихаж. Үүнийг энэ удаа багасгая гээд 15 хувь бууруулсан. Удахгүй УИХ-д Төрийн албаны тухай хуулийн төслийг оруулна. Төрийн албаны бүхий л асуудлыг энэ хуулиар цэгцлэх бодлоготой байгаа. Тэрчлэн энэ оны хаврын чуулганаас эхлээд бас нэг том асуудал ярина. Үндсэн хуулийн нэмэлтийн тухай ч ярьж болохоор. Гүйцэтгэх, шүүх засаглал гээд олон салбарын суурийг цэгцэлнэ. Ингээд төрийн алба нь төрийн албаараа, улс төрийн алба нь улс төрийн албаараа явдаг болохоор өнөөгийн энэ зөрчлүүд арилна.

Бизнесийнхэнтэйгээ нэлээд уулзлаа. Эдийн засгийн ил тод байдлын хуулийг УИХ- д өргөн барьсан. Шинээр бизнесийн эрх чөлөөг бий болгоход нөлөө болох байх. Зөвшөөрөл, Хяналтын тухай хуулийг цэгцэлнэ. Тэгэхгүй бол зөвшөөрөл гэдэг нэртэй хориглолтын тухай хууль яваад байна. Хяналтаа яаж хийх юм. Бизнесийнхнийг хүсээгүй байхад нь очиж татвар авчихаад баярлалаа гэхгүй мөртлөө дарамт бий болгож болохгүй. Бизнесийнхэн битүү дарамтанд байна. Одоо бизнесийнхний нурууг амраа гэж Мэргэжлийн хяналт, Татварын дарга нарыг дуудаж авчраад хэлсэн. Зөвшөөрлийн тухай хуулийг баталж бизнест ээлтэй орчин бий болгоно. Хяналтын хууль батлагдсанаар мэргэжлийн хяналтыг дүрэмд оруулна. Засгийн газар дээр Шилэн дансны хуулийн хүрээнд хяналт тавьдаг цахим хуудас ажиллуулна. Шалгалт хийдэг байгууллагууд нь бүртгүүлдэг байна. Хаана зөвшөөрөлгүй шалгалт явж байгааг хянадаг боломж бүрдэнэ. Түүгээр нь хариуцлага тооцдог болох юм. Төр өөрөө хянадаг болох юм.

Би эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэсэн маань үгийн давтамж биш. Асуудалд хандах хандлага юм. Хүндрэлтэй байгаа асуудлыг онцгойлж байгаа юм. Биднээс дайжсан гадны хөрөнгө оруулалтаа оруулж ирмээр байна. Хувийн секторыг ажиллуулж, том ордоо явуулна. Бидний жижиг гээд тоодоггүй зүйлсээс ажлаа хийнэ. Нэг жишээ дурдахад канон гээд хувилах машинд ордог жижиг төмрийг Японоос түүхий эдийг нь оруулж ирж манайх угсарч байгаа. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг байгуулбал манайхаас Япон руу татваргүй орж, татваргүй гарна. 120 гаруй сая хүнтэй үндэстнийг дагаж хөгжинө. Японтой хийх чөлөөт худалдааны гэрээ маш том боломж нээж өгнө. Волксвагены рулийн арьсыг хийдэг гол ажилчид нь монголчууд. Тиймээс Монголдоо үйлдвэрийг нь байгуулъя. Нэг жишээ дурдахад Монголын жамц давсаар япончууд чихэр хийж байна. Монголын жамц давстай чихрийн технологийг оруулж ирээд Япон руу чихрээ гаргая. Үүнийг бодлого, татвар, хөрөнгө санхүүгээр дэмжвэл бүрэн шийдэгдээд явах боломжтой.

Сүүлийн үед импортын улаанбуудайны талаар багагүй хэл ам гарч байна. Энэ тал дээр Ерөнхий сайд ХХААЯам аль нэг талыг бариагүй. Үл ойлголцол үүссэн хоёр талыг зохицуулах гэж байгаа юм. Тариаланчдад 70 мянган тонн буудай байна. Гурилын үйлдвэрт 100 мянган тонн буудай хэрэгтэй. Гурил үйлдвэрлэгчид цавуулаг хүрэхгүй байна гэсэн. Тиймээс 20 мянган тонн улаанбуудай оруулж ирээд хольж цавуулгийг нэмэх юм. Энэ маргаан 2-3 хүний асуудал юм шиг болчихлоо. Тариаланчид хоёрдугаар сарын эхээр жагсана гэж байна. 70 мянган тонн буудайны цавуулаг хүрч байна уу гэдгийг шалгуул. Хүрч байвал буудайгаа ав гэж хэлнэ. Нөгөө тал нь жагсаал хийнэ гээд байгаа. Бие биенээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй хоёр тийшээ хараад суучихаж болохгүй.

Манайхан зөв бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаагүй популизм үйлдвэрлэчихсэн. Нийгэмд ойлголцол зөвшилцөл явна. Нийгэм рүү хүмүүс рүү шийдэмгий байхын тулд ойлголцох хэрэгтэй юм байна. Төсөв хэлэлцэж байхад надад нэг мессэж ирсэн. Наад дугаараа зараад манай ээжийн одонгийн мөнгийг өг гэсэн. Миний ээж бурханы орноос намайг харж байгаа. Хүмүүс ингэж бухимдаж байгааг хараад би өөрөө бухимдаж байгаа юм. Олон хүмүүсийг асуудалд оруулж шийдэх ёстой гэдгийг ойлгосон.

Харин эдийн засгийн хямралын талаар хямрал хэн нэгэн хүнийг тойрдог юм биш. Эдийн засаг хямарч байна уу үгүй юу гэдэг маргаан дээр цэц булаалдах хэрэггүй. Энэ бүхний гүн рүү орох хэрэгтэй. Огцорчихвол яадаг юм гэж боддог юм билээ. Гэхдээ Засаг огцроод яах юм. Дараагийн хүн энэ ажлыг хийж авч явах ёстой. Иргэд арай ч эхийн одонгийн, хүүхдийн мөнгө рүү орох болоогүй гэж байсан. Одоо эдийн засаг хүнд байна. Хямрал юунаас болсон юм. Залж авчирсан хөрөнгө оруулагчаа заамдаад гаргаснаас болсон. Хөрөнгө оруулагчдаа авчрах хэрэгтэй. Том төслүүдээ явуулах хэрэгтэй. Тэгж байж валютын ханшаа тогтооно. Эдийн засгийн ухаан гаргаж ам.доллараа барина. Бид хэрэглэж байгаагаасаа их доллар оруулж байж өсөлтийг барина. Улс төрчид, бизнесийнхэнтэй уулзсан. Одоо хариулт өгөх цаг болсон. Ерөнхий сайдын хувьд иргэддээ бидэнд хоёр зам байна гэдгийг хэлмээр байна. Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслөө явуулах эхний замыг сонгох уу. Эсвэл хэрэглээгээ багасгаж бүсээ чангалсан хоёр дахь замыг сонгох уу. 15151111 рүү энэ хоёр замын алийг нь сонгох вэ гээд 1 юм уу 2 гэсэн мессэж явуулъя. Бүгдээрээ хамтдаа гарцаа хайя. Нийтлэлчид, сошиал ертөнцийнхөн, хэвлэл мэдээллийнхэн хэлэлцүүлэг явуулж санал бодлоо солилцох ёстой. Оюутолгой төслийг сонговол Оюутолгой дээр хэрүүл хийхээ больж шийдээд явах ёстой. Гэхдээ Монгол Улсын эрх ашгаа хохироож болохгүй. Тавантолгойгоо явуулъя. Эгийн голын усан цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станцаа хөдөлгөе. Газраа эргэлтэд оруулах хэрэгтэй. Тусалъя гэж байгаа хөрөнгө оруулагчдаа оруулъя. Тэвчиж болох бүх зардлаа бүгдээрээ тэвчье. Хамгийн гол суурь нь энэ дээр ирээд гацчихлаа. Хагас бүтэн сайнд шийдвэрээ гаргая гэлээ. Ард түмнээсээ асууж буй мессэж саналыг бямба гаригт эхлэх бөгөөд мягмар гаригийн 22 цагт зогсоно. 20, 30 мянган хүн ч хамаагүй оролцоосой. Хэлэлцүүлэг явуулахад нийтлэлч, эдийн засагчид оролцоосой. Энэ ажил гацвал Засаг дээр хийх ажлын төлөвлөгөө гаргасан. Санал асуулга шийдвэр гаргахад хэрэгтэй.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоорондоо толхилцсон. Долгион руугаа ороход цаг хугацаа хэрэгтэй байна. Хүлээцтэй хүндэтгэлтэй хандаж байна. Зовлонтой шийдвэр гаргах гээд байна. Шийдвэр гаргахад монгол ахан дүүсээ саналаа өгөөч ээ гэж байгаа юм. Хаана очиж шинэ хандлага маань салах гээд байна гэдгийг мэдчихвэл болчих гээд байна.

Би Хятадын Боловсролын сайдтай уулзахад 3-аас 2 нь гадаадад үлддэг гэсэн. Тэгэхээр нэг нь эх орондоо ирж манай улсын хөгжил явдаг. Тэр хүмүүсээ бид эх орондоо ирсэнгүй гээд байж болохгүй. Харин боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Үйлдвэр хөгжих, хөрөнгө оруулаад эдийн засгаа тэлээд ирвэл монгол залуус ирнээ. 2009 онд бид хоёрдугаар замаар явсан. Нүүрсний үнэ нэмэгдээд явахад хүмүүс их ирсэн. Монгол хүн эх орондоо ирнэ. Өнөөдөр гурван сая боллоо. Монголын ирээдүй гэрэлтэй гэдгийг бүх гадныхан хэлдэг. Бодлого чинь жаахан буруу байна гэдэг.

Шар толгойтой хүмүүстэй хамт эхлээд хийхгүй бол болохгүй. Монголд хэрэгтэй, бидэнд хэрэгтэй гэж бодох ёстой. Тэгэхгүйгээр эвгүй харц зэвүүцэл хэрэггүй. Гадныхан манайхны зочломтгой занг нь гайхдаг байсан бол одоо тийм биш болох гээд байна. Японд анх жижигхэн шар хүү очоод сумо бөхөөр хичээллэн бүх цаг үеийн рекордыг эвдлээ. Япончууд 33 түрүү авчихаад байхад нь яаж хандаж байна. Үндэсний үзэл байх ёстой. Гэхдээ манайхны гаргадаг шиг биш. Хүчтэй монгол хүн болох ёстой.

Твиттерт орохдоо аймшгийн ертөнцөөр аялъя гээд ордог. Бид ийм уур амьсгалыг бүрдүүлчихэж. Гадаадад инээж байгаад энд ирээд буугаад л нэг хүнд шүргүүлээд тэр инээд өөрчлөгддөг. Сая Японы хүмүүс баригдахад хэвлэлүүд нүүрийг нь нууж байна. Гэтэл манайд шууд дэлгэдэг. Ажлын байр бий болсон гэх мэтээр сайн сайханд нийгмийн сэтгэл зүйгээ бэлдэх ёстой. Эдийн засгийн асуудал чинь түр зуурынх. Бид хаана хаанаа хичээх хэрэгтэй. Үгүйсгэлийн үгүйсгэлээр явалгүй 2016 онд Монгол Улс яаж явахыг хамт гаргая. Бидэнд хоногийн 24 цаг бага байна. Тэгсэн ч ажиллаад явна. Бидэнд эрч хүчтэй ажиллах боломж нөхцөл бий.

Шийдлийн Засгийн газар ажил хийх гээд ард нь гараасай гэсэн хүлээлт байгаа болов уу. Шийдэхийн тулд хүмүүстэйгээ ярилцах хэрэгтэй. Салаа замаа шийдсэн байхад болох байх. Оюутолгой төслийг явуулахгүй гээд эсэргүүцээд байгаа хүн нэг жил бүсээ чангалж тэсэх хэрэгтэй гэж мөн хэлж чаддаг байх хэрэгтэй. Бидэнд гурав дахь зам гэж байхгүй. Хоёр дахь зам муу зам биш. Монгол Улс одоо мэс засал хийлгэж байна. Мэс засал хийж байхад нь гэр бүлийнхэн нь орж ирээд боль гэдэггүй биз дээ. Тиймээс цаашаа явахад саад битгий болоорой л гэж байгаа юм. Засгийн газар ил тод шийдвэрээ гаргах болно.

Монгол Улс өөдрөг байх уу, үгүй юу гэдэг нь санал асуулгаас хамааралтай. Засгийн газрын алхмууд муудсан юм байхгүй. Хамгийн том ажил болох шинэ Засгийн газрыг байгуулж чадлаа. Зөв явж ард түмний захиа даалгаврыг шийдээд явах боломж бий. Замаа тодорхой болгох хэрэгтэй” гэв.

Ерөнхий сайд твиттерт байдаг хүмүүст хандан нэг удаа санал асуулга авахад нэмэр болцгооё. Нийгэм даяараа нэг сайн хэлэлцүүлэг хийе. Шинэ жилийн босгон дээр зүг чигээ гаргая. Монгол Улс 10 тэрбум долларын эдийн засагтай байсан. 2-3-хан том төсөл, зөв шийдвэрүүд хөгжүүлэх боломжтой. Аль нэг намын биш багийн тоглолт хэрэгтэй. Хамтдаа зүтгэе ээ л гэж байгаа юм. Жагсаал цуглаан хийдэг цаг биш. Хэн ч засагт ирсэн шууд давахгүй. Хамтдаа тэмцэж давъя. Бүх намууд иймээс хамтарсан болов уу. “Бид чадлаа” гэдгийг хэлэхийн төлөө байна гэснээр уг ярилцлага өндөрлөлөө.

Э.ЭНХБОЛД

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ спорт

Крис Лавсон: Би багийнхаа лидер нь

Монголын Үндэсний саг­сан бөмбөгийн холбооны Супер лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тог­­лолтууд ид явагдаж байгаа билээ. Супер лигийн тэмцээн гурав дахь жилдээ амжилттай явагдаж байгаа бол гурав дахь жилдээ лигийн тэмцээнд оролцож буйСентоза арслангуудбагийн тамирчин Крис Лавсонтой ярилцлаа. Түүний хувьд сагсан бөмбөг сонирхогчдын хайртай тамир­чин болсон төдийгүйЛувсанхэмээн монгол нэрийг сагсан бөмбөгийн хорхойтнууд өгчихөөд байгаа билээ.

Крис Лавсон та Монголд гурван жил дараалан ирлээ. Супер лигийн тэмцээнд анх ирэхэд ямар санагдаж байсан бэ. Гурван жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн байна?

-Анх Монголд ирээд лигийн тэмцээнд оролцож байхад өрсөлдөөн тийм ч ширүүн бай­гаагүй. Гэхдээ тодорхой хэмжээнд өөрчлөлт гарах байх гэж бодож байлаа. Супер лигийн тэмцээн хоёр дахь жилдээ багууд болон тоглогчид сайжирсан. Харин энэ жил лигт тоглох багуудын тоо нэмэгдсэн тамирчдын ур чадвар илт дээшилсэн байна лээ. Супер лиг чинь сагсан бөмбөгийн ширүүн тулааны талбар болчихоод байгаа юм биш үү. Энэ жилийн лигийн тэмцээнд гадна дотнын тамирчдын ур чадвар илт дээшилсэн нь харагдаж байна. Легионер тамирчид гэхэд АНУ-д сагсан бөмбөгөөрөө алдартай сургуулиудын шигшээ багт тоглож байсан тамирчид иржээ. Шилдэг легионер тамирчид ирснээр гал гарсан өрсөлдөөн дундаас Монголын сагсчдын ур чадвар улам сайжирч байгааг хэлмээр байна.

Таны хувьд анх Хүлэгүү­дээс гараагаа эхэлж, Гурван тамираар дамжин энэ жил Сентоза арслангууд багт хүчин зүтгэж байна. Танай багийн давуу тал болон сул тал нь юу байна. Танай баг сайн тоглож байгаа хэдий ч сүүлчийн 1-2 минутад алдаа гарган хожигдчихоод байгаа нь харагдсан

-Манай багийн давуу тал мэдээж залуу тамирчдаар эгнээгээ бүрдүүлсэн болохоор хурдаараа аль ч багаас илүү байна уу гэхээс дутаж байгаа зүйл байхгүй. Залуу тамирчид их байгаа болохоор сурахыг эрмэлзэж, хичээж байгаа баг. Манай багийнхан намайг багийнхаа лидер гэдгийг ерөн­хийдөө хүлээн зөвшөөрсөн. Багийн сул талын тухайд гэвэл залуу тамирчдаар эгнээгээ бүрдүүлсэн болохоор туршлага дутсан алдаануудыг тоглолтын сүүлчийн хормуудад гаргаад байгаа л даа. Гаргаж боломгүй алдаа гаргаад байгаа болохоор тоглолтын сүүлчийн мөчид 1-2 оноогоор хожигдоод байгаа. Зарим тоглолтод 5-8 онооны илүү явж байгаад энэ мэт жижиг алдаанаас болоод хэд хэдэн тоглолтод хожигдол хүлээсэн. Сентоза арслангууд баг ноднин лигт Говь-Алтай МонТорх нэрээр орохдоо нэг хожил л авсан юм билээ. Бусад тоглолтод хожигдохдоо 20-30 оноогоор хожигдож байсан. Энэ жил манай багт ахиц гарсныг дурдмаар байна. Манай багийн тамирчид маш дайчин тоглож, хэнээс ч эмээлгүй өөрсдийн чадах бүхнээ дайчилж байгаа. Ахиц гарсан гэдэг нь манай баг сайн сайн багуудыг буулган авч чадна гэдгээ харуулсан. Манай багийг басах хэрэггүй. Бидэнд хангалттай нөөц боломж бий.

Крис энэ жил нэлээд жин хаяад иржээ. Жин багассан ч гэсэн хүчний тоглолт хэвээ­рээ байна шүү. Хүчний тоглолтод жин багатай байх нөлөөлж байна уу?

-Миний хувьд ноднин жин нэлээд нэмсэн байсан минь үнэн. Би хэд хэдэн орны лигт тоглох санал тавьсан ч хүнд жинтэй байна гэсэн учраас татгалзсан хариу ирүүлсэн. Тэгээд ч би мэргэжлийн сагсан бөмбөгч болохоор биеийн хөгжилдөө анхаарал тавих ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьж өнгөрсөн зун тасралтгүй бэлтгэл хийж жингээ хасан, хүчний бэлтгэл хийсэн. Жин багаслаа гээд тоглолтод сөр­гөөр нөлөөлж байгаа зүйл алга. Харин ч хурд маань өмнөхөөсөө нэмэгдсэн.

Таны өндөр жин, хэд байгаа вэ. Таныг талбай дээр харахад тийм ч өндөр харагд­даггүй. Өндөр тамирч­дын эсрэг хүчний тоглолт хийж тэр дундаа довтолгоогоо оноо болгож чадаж байгаа давуу тал юу вэ?

-Миний жин 106 кг, өндөр 192 см. Өндөр тамирчдын эсрэг довтолно гэдэг миний хувьд тийм ч хүндрэлтэй зүйл биш. Би коллеж, их сургуульд байхдаа янз бүрийн өндөр тамирчдын эсрэг тоглож байсан. Мөн Монголоос гадна гадны хэд хэдэн оронд тоглож байхдаа өндөр хүмүүстэй таарч байсан. Өрсөлдөгч тамирчин өндөр, би намхан байна гэдэг надад бол асуудал огт биш. Харин яаж эднээс илүү ухаалаг тоглох вэ, би довтолгоо хийх боломжгүй үед багийнхаа шидэх боломжтой тамирчныг яаж чөлөөлөх вэ гэдэг дээр л анхаардаг. Би сагсан бөмбөгийг тоглоод сурчихсан болохоор ямар ч хурд, хүчтэй тамирчин байсан хүнд нь тааруулаад тоглочихдог.

Та сагсан бөмбөгийн гараа­гаа хаанаас эхэлж бай­сан бэ. Ямар ямар багуудад хүчин зүтгэж байсан бол?

-Би 15 нас хүртлээ саг­сан бөмбөг тоглоогүй. Харин сагсны оронд талбайн тенни­сээр хичээллэдэг байлаа. 15 настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхлэхэд ойр дотнын хүмүүс маань “Крис чи теннисээс илүү сагсан бөмбөгт авьяастай юм байна. Сагсаар хичээллэ” гэж хэлсэн. Тэгээд ч миний гаргасан амжилт теннисээсээ илүү болж эхэлсэн л дээ. Ингэж л би сагсан бөмбөгт орсон хүн байгаа юм. Мэргэжлийн сагсан бөмбөгийн хувьд би Мексикт нэг жил тоглоод Хятадад хоёр жил тоглосон. Одоо харин Монголд гурав дахь жилдээ тоглож байна.

Одоо та хэдэн настай вэ?

-Би 31 настай.

Манай тамирчдаас ямар тамирчдыг үнэлдэг вэ. Ур чадвар өндөртэй ямар тамирчид байгаа гэж харж байна?

-Мэдээж Т.Санчир байна. “Танан гарьд”-ын Ц.Азбаяр, О.Ууганбаяр нар сайн тоглож байгаа. “СБЛ Хасын хүлэгүүд”-ийн холбон тоглогч О.Сэргэлэн, манай багийн Тамжид нарын ур чадвар илт дээшилж байгаа.

Монгол хоолноос ямар хоолонд дуртай вэ?

-Би хуушуур идэх дуртай. Хуушуур идэх чинь гоё шүү дээ.

Та өвлийн энэ хүйтэнд нимгэн хувцастай явж байх юм. Даарахгүй байна уу?

-Би Чикагод төрж, өссөн. Монголын хүйтэн Чикагогийн өвөлтэй харьцуулахад тийм ч хүйтэн биш. Чикагод маш их цас орж, цасан шуургатай байдаг. Чийглэг хүйтэн салхи улам л хэцүү байдал бий болгодог. Манай нутагт ажилдаа явж чадахааргүйгээр хүйтэрдэг. Тийм болохоор Монголын хүйтэн надад хүндрэлтэй биш ээ. Би даарахгүй байна.

Крис чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийж байна?

-Зундаа би Америкт бай­даг. Тиймээс хүүхэддээ л цаг зав гаргахыг хичээдэг. Зуны улиралд өндөр эрчимтэй бэлт­гэл хийж 3-4 цаг хүчний бэлтгэл хийдэг юм. Үдээс хойш сагсан бөмбөг тоглох, зааланд орж бөмбөг шиддэг. Монголд бол өглөө Орчлон сургуулийн заа­ланд очиж бэлтгэл хийдэг.

Зуны дэлгэр цагт Монголд байж үзсэн үү. Анх Монгол Улсад ирэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ. Одоо Монголын талаар юу хэлэх вэ?

-Гурван жилийн өмнө анх ирэхдээ яг үнэнийг хэлэхэд айж байсан. Айхтай зэрэгцэн гайхшрал төрж байлаа.

Юунаас айсан гэж?

-Би Монголд газардаад нисэх онгоцны буудлаас хотын төв рүү явахад машинд суулгаад шороон замаар авч явсан. Тэр үед “Намайг хааш нь авч яваад байнаа” гэсэн айдастай байсан. Намайг ирсэн анхны жил лигийн тэмцээн зургаан сар хүртэл үргэлжилсэн. Тэр ч утгаараа зуны эхэн саруудад урин цагт нь байж үзсэн. Зургадугаар сард багаараа Мэлхий хад руу явсан. Өөр хэд хэдэн газарт очиж үзсэн шүү. Монголын хөдөө надад маш их таалагдсан. Сүүлийн хоёр жил Монгол Улс эрчимтэй хөгжиж байна. Гудамж талбай, дэлгүүрүүд, хотын өнгө үзэмж өөр болсон.

Таны зорилго юу вэ. Залуу байхад мэдээж NBA-д тоглоно ч гэдэг юм уу мөрөөддөг байсан байх?

-Ямар ч сагсчид NBA-д тоглох мөрөөдөлтэй байдаг. Он жил өнгөрөөд нас ахиад ирэхээр NBA-д тоглох боломж бага юм байна гэдгийг хүссэн хүсээгүй ойлгодог юм билээ. Ингэснээрээ өөрийн зорилго болон мөрөөдлөө бодитоор харж эхэлдэг. Би бол тоглож байгаа багтаа аль болох чадахаараа туслахыг л хичээдэг. Миний үүрэг бол багтаа хожил авчрахад өөрийнхөө үүргийг гүйцэтгэх ёстой. Тэглээ гээд өөрийнхөө хувийн амжилтыг ахиулах гээд оноо хөөх биш шүү. Тоглож байгаа багаа амжилтад хүргэхийн төлөө л явдаг.

Миний амьдралын зорил­го бол хүүхдээ зөв хүн бол­гон хүмүүжүүлэх. Сагсан бөмбөгийн хувьд хүүхэддээ “Манай аав сагсан бөмбөг тоглож байсан шүү. Аав маань мэргэжлийн сагсан бөмбөгөөр хичээллэн хатуужилтай байна” гэдэг ухамсрыг төрүүлэх. Тэгснээр хүү маань ааваасаа илүү тамирчин болох хүсэл мөрөөдлийг төрүүлэх юм. Хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх мөрөөдөлтэй явна.

Супер лигт тоглож эхэлснээс хойш карьерийнхаа ямар дээд амжилтыг тогтоо­сон бэ?

-Ноднин би “Гурван тамир” багт тоглож байхдаа “СБЛ Хасын хүлэг”-үүд багийн эсрэг тоглолт хийсэн. Тэр тоглолт надад маш их сэтгэгдэл төрүүлж чадсан. Учир нь Хүлэгүүдийн легионер тамирчид “Танай багийг манайх түвэггүй хожно” гээд над руу дайралт хийсэн. Уг тоглолтод цаг сунган хожсон маань надад сайхан санагдсан. Ер нь бол трибл дабль хийсэн үед сэтгэл хангалуун байдаг. Нэгэнт л би тамирчин юм чинь өндөр оноо авахыг хичээдэг.

Монголд ирээд гурван жил боллоо. Монголоор дав­гүй ярьж сурсан гэж дуулсан?

-Би монгол хэл тийм ч сайн сураагүй. Нэг л сайжирч өгөхгүй байна. Бэлтгэл дээр манай багийнхан байнга хэрэглэдэг үгийг нь “Юу гэж байгаа юм бэ” гэж асуудаг. Тэр үгийг нь давтаж хэлдэг. Би монгол хэл сурах хэрэгтэй. Талбай дээр багийнхантайгаа ямар нэгэн харилцаа үүсгэж байх ёстой.

Монгол хэл сурах хэцүү байна уу. Өмнө нь хоёр жил Хятадад тоглохдоо хэлийг нь сурсан уу?

-Монгол хэл сурахад хэцүү. Хятад хэл бүр ч хэцүү юм билээ.

Хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Танай баг ямар амжилт үзүүлэх бол?

-Бидэнд одоо найман тог­лолт үлдээд байна. Тоглолт бүртээ хариуцлагатай хичээ­гээд тогловол плэй офф-т шалгарах боломжтой. Би багаа Супер лигийн эхний тавд багтах хэмжээний чадвартай гэж боддог. Манай залуучууд туршлагагүйн алдаагаа гарга­хаа байчихвал болох гээд байгаа юм. Гэхдээ манай баг эрч хүч дүүрэн байгаа. Плэй офф-т шалгарчихвал аваргын төлөө тоглох бүрэн боломжтой. Манай багийн хожигдсон тог­лол­тууд бага зэргийн алдаанаас болж 1-2 онооны зөрүүтэй ялагдал хүлээгээд байгаа. Энэ багийн төлөө би юу ч хийхэд бэлэн байна. Дасгалжуулагч надад юу гэж хэлнэ тэр бүгдийг хийх болно. Манай баг нэг учраа олоод эхэлчихвэл дийлдэхгүй шүү. Учир нь манай багийнхан ядарч цуцдаггүй, залуу эрч хүчтэй. Тамирчид маань тоглолтоос тоглолтын хооронд сайжирч байгаа.

Крис Лавсоны нүдээр монгол бүсгүйчүүд ямар харагдаж байна?

-Монгол бүсгүйчүүд дэгжин, хөөрхөн.

Та хүүхдэдээ маш хайртай гэсэн. Сагсан бөмбөгч болгох уу. Та ямар мэргэжилтэй вэ?

-Хүүгээ заавал сагсан бөм­бөгч бол гэж албадахгүй. Хамгийн гол нь зөв ухаантай, эрүүл болж л өсөх учиртай. Би нийгэм судлал, социологич мэргэжлээр их сургууль төгссөн. Яагаад социологи тэр дундаа хар тамхины талаар судлах болсон, энэ мэргэжлийг ямар учраас сонгосон бэ гэхээр манай аав, ээж хар тамхи хэрэглэдэг байсан. Би доороо хоёр дүүтэй. Аав, ээж хоёр маань хар тамхи хэрэглэдэг байсан болохоор биднийг би хар тамхийг сонгосон. Тиймээс хоёр дүүг маань хамаатнуудад үрчлүүлж, ээжийн найз нь намайг өргөж авсан. Би айлын өргөмөл хүүхэд. Би том болоод яагаад аав, ээж маань өөрсдийн хүүхдүүдээсээ татгалзах болсон юм бэ гэдэг хариултыг олохоор шийдсэн. Тэр ч утгаараа энэ мэргэжлийг сонгосон.

Тэгээд хариултаа олж чадсан уу?

-Тэр хариултыг олсондоо одоо ч би харамсдаг.

Яагаад?

-Судлаад үзсэн чинь аав, ээжийн маань хувиа хичээсэн байдал бид гурваас илүү байж. Тиймээс бид гурвыг сонголгүй хар тамхийг сонгон, амьдралаа сайхан авч явъя гэсэн хүсэл эрмэлзэлгүй болсон байжээ. Сайхан амьдаръя гэсэн хүмүүс хар тамхи хэрэглэж байгаад шууд гарч чаддаг. Тухайн үед аав, ээж минь хар тамхинаас холдохыг хүсээгүй юм билээ. Энэ хариултыг олж мэдээд зүрх зүсэгдэх шиг болсон. Одоо аав, ээж хоёр маань хар тамхи хэрэглэхээ больсон. Одоо хар тамхинаас татгалзаж чадсан байж тухайн үед яагаад хар тамхинаас гарч чадаагүй юм бэ гэж бодохоор л гомдох сэтгэл төрдөг юм.

Монголд мэргэжлээрээ ажиллах санал ирвэл ажиллах уу. Монголын иргэншил авах хүсэл бий юу?

-Мэргэжлээрээ Монголд ажиллах, Монголын иргэн бо­лоод удаан хугацаагаар Монголд байх бодол надад төрж байгаагүй. Би Монголд удаан хугацаагаар амьдарвал хүүгээсээ холдох болно. Хүүгээ аваад ирье гэхээр хүү маань ээжээсээ холдчихно. Тиймээс тийм боломж байхгүй.

Монголчууд танд ямархуу хандаж байна?

-Энд тэнд явж байхад хүүхдүүд хамт зургаа авахуулах санал тавьдаг. Саяхан 12 настай нэг хүүхэд тоглолтыг маань үзэх дуртай, уулзах гэсэн юм гэсэн санал ирүүлснийг хүлээн авч уулзан хоол хамт идсэн. Ер нь бол монголчууд намайг таньдаг болсон байна лээ. Хүүхдийн төлөө сайн сайхан зүйл хийх дуртай.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

М.Зоригт гишүүн жиргэж, зураг авахаас өөрийг хийдэггүй хүн л дээ

М.Зоригт гишүүний өөрийнх нь нэрлэснээр”Коммандлагч” гэдэг зураг

М.Зоригт гишүүн УИХ-аар ямар ч чухал ажил хэлэлцэж байсан хайхрахгүй өөрийг нь сонгосон тойрог болох Сүхбаатар аймаг руу хүлгийн жолоо залчихдаг нэгэн. Сүүлийн үед шинэ замтай болсон гээд бүр их явж байгаа бололтой. Тэрбээр энэ өдрүүдэд ч гэсэн Сүхбаатар аймагтаа ажиллаж байгаа гэдгийг нь түүний твиттер, фэйсбүүк хуудаснаас мэдлээ. Харин ч тааваараа нутгийн телевизэд ярилцлага өгч, нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан шиг нийслэлийн утаанаас холдон явааг нь харлаа. Одоо ч хөдөө очсон түүнийг “Дарга дээшээ, бид яахав” хэмээн өнгөтэй өөдтэйгээ өмнө нь барьж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Учир нь М.Зоригт гишүүн бол УИХ-ыг төлөөлж яваа төрийн түшээ тул тэгж хүндэтгэхээс ч яахав.

Гэхдээ мань хүнийг хараад байхад зөвхөн жиргэдэг, зураг авдаг л хүн шиг харагдах болсоор удлаа. Хүний хобби байж болох ч УИХ ямар ч асуудал хэлэлцсэн зургаа авсаар, гар утсаараа жиргэсээр байдаг юм. Нэг талаасаа талбайн зурагчид болон хэвлэл мэдээллийн бусад зурагчдыг үнэндээ ажилгүй болгосон гэхэд болно. М.Зоригт гишүүн ямар ч хаалттай хуралдааныг нээлттэй болгож чаддаг хүн. Түүнийгээ зүгээр л гэрэл зургаар өгүүлчихдэг.

Түүний жиргэсэн болон авсан зурагнуудыг нь харахаар бас л маапаантэй хөөний эр гэдэг нь харагдаад байдаг юм. Жишээ нь олны анхаарлыг татаад авсан уулан дээр үүлэн борооны ажил хийж байгаа хоёр хүний зураг юм. Эл зургаа “Ретвийт хийхгүй байж чадсангүй. Гоё зураг” хэмээн тайлбарласан бол “Mongolian Kama Sutra” хэмээн өөр нэг зургийг жиргэж байх жишээтэй. Өөрийг нь тасарчихсан хэвтэж байхад нь наад талд нь хоёр бүсгүй селфи хийж байгаа гэх мэтээр түүний элдэв зураг үргэлжилнэ. Хүмүүс түүнийг нээлттэй гишүүн гэдэг ч үнэндээ чухам юу хийж явдаг, ямар анзааны гишүүн бэ гэдгээ өөрөө л цахим хуудсаараа илэрхийлчихдэг гэхэд хилсдэхгүй. Ер нь энэ хүн гишүүнийхээ хувьд юу хийж явдаг нь бүү мэд. Төрийн ордноор чемодан чирэх моод дэлгэрүүлсэн гэж байгаа.

Нэг зүйл сонирхуулахад М.Зоригт гишүүний талаар нэг онигоо гарсан байна лээ. Тэр нь “Талбайн зурагчдыг хоёр ангилдаг. Тэгэхдээ ордонд байдаг, ордны гадаа байдаг” гэсэн онигоо гарчээ. Тэгэхээр манай хүн ордны зурагчин болж таарч байгаа юм.

Нөгөө хэдэн гишүүд нь эдийн засаг хүнд байгаа үед төсвийн тодотголоо хийх гэж шөнийн нэг хоёр цаг хүртэл ордонд сууж байгаа тухайгаа байнгын хороон дээр гомдоллон ярьж байхад тодотголоос холуур яваа гишүүн Сүхбаатар аймагт хутга тавилгүй мах идэж, хааяадаа ядам хуруугаараа сэржим өргөсөн шигээ явна. Ер нь бол энэ хүн үүнээс өөрийг хийдэггүй хүн л дээ.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад эмнэлгүүд хэцүүхэн байна

УИХ дахь албан бус эмэгтэйчүүдийн бүлгийн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нар өчигдөр Нийслэлийн хоёр, гуравдугаар амаржих газруудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэдний хувьд удахгүй Монгол Улс гурван сая дахь иргэнээ авах дөхсөн энэ үед төрөх эмнэлгүүд ямар нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байгааг сонирхсон юм. Түүнчлэн эмэгтэй гишүүдийн зүгээс эмнэлгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын эмэгтэй гишүүд гуравдугаар эмнэлэг дээр эхэлж очсон юм. З.Баянсэлэнгэ гишүүний хувьд 1994 онд уг эмнэлэгт хүүгээ төрүүлж байсан хэмээн хуучиллаа. Ярианы эхэнд гуравдугаар амаржих газрын ерөнхий эмч Д.Бат-Очир “Нэн тэргүүнд III эмнэлгийн шинэ байрыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна. 2015 оны эмийн төсөв тасарснаас эмчилгээ үйлчилгээ явуулахад бэрхшээлтэй байгаа учраас төсвийн тодотголын үеэр энэ мөнгийг шийдвэрлэж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсч байгаа юм.Эмнэлэг маань 45 ортой атлаа бусад амаржих газраас илүү ачаалалтай ажилладаг” гэлээ. Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган иргэнтэй бөгөөд тус дүүргийн иргэд төрөхөөр бол уг эмнэлгийг зорьдог байна.

Гэтэл төрөх эмнэлгийн ор 45 байдаг тул бие нь гайгүй, төрөх арай болоогүй бол эмч нь үзээд гэртээ харьж байгаад төрөхөө дөхүүлээд ир гээд явуулахаас өөр арга байдаггүй аж. Тиймээс гурван сая дахь иргэн гэртээ төрсөн байхад гайхаад байх зүйлгүй мэт санагдаж байсан юм.

Тус амаржих газрын нэг өрөө 12 метр квардат бол нэг өрөөнд дөрвөн эх амаржсаныхаа дараа хэвтдэг гэлээ. Харин олон улсын стандарт бол нэг амаржих эхэд 15 метр квадрат оногддог гэдгийг эмч нар нь хэлж байв. Эмнэлгийн нөхцөл байдал хүнд гэдэг нь эхчүүдийн амрах өрөөнөөс шууд мэдэгдэнэ. Хүүхдээ унтуулсан, хүүхдээ хөхүүлсэн эхчүүд өрөөнийхөө хаалгыг цэлийтэл нээжээ. Хаалгаар нь шагайхад л бүгчим халуун агаар пүнхийтэл угтана. Амьсгал давчдах шахам ийм нэг өрөөнд дөрвөн ээж, хүүхдүүдтэйгээ хамт байдаг юм байна. Эхчүүд “Халуун бүгчим байлаа гээд яахав дээ. Энэ нялх хүүхдүүд байхад цонх онгойлголтой биш” хэмээн хөлсөө арчин сууцгаана.

2015.01.16-ны өдөр III төрөх эмнэлгийн коридор

Биднийг очиход 13 цаг хэдийнэ өнгөрсөн байсан тул амаржсан эхчүүд эхнээсээ эмнэлгээс гараад хүн цөөтэй байна гэсэн ч эмнэлгийн өрөө бүр хүнтэй сул ор гэж байсангүй. Тус гуравдугаар амаржих газрын хувьд 32 эмч, 118 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Эмнэлгийн хэт ачааллын улмаас янз бүрийн эрсдэл үүсч болзошгүйг эмнэлгийн эмч нар гишүүдэд хандан хэлж байлаа. 2012 онд УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачилга, дэмжлэгээр шинэ төрөгсдөд зориулсан хэрэгслийн цомог ашиглаж эхэлсэн.

Харин 2015 оны төсөвт эм, эмнэлгийн хэрэгслийн зардлуудыг тодорхой хувиар танаснаас үүдэн бэрхшээл үүсээд байгааг төрийн түшээдэд уламжлав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Монгол Улс 10-аад хоногийн дараа гурван сая дахь иргэнээ хүлээн авна гэсэн мэдээлэл бий. Засгийн газраас энэ үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэхээр холбогдох тогтоол шийдвэрүүд гарсныг та бүхэн мэдэж байгаа. Хүн хүч, нөөц бололцоо хүрэлцээгүй энэ нөхцөлд төрөх эмнэлгийг гал алдуулахгүйгээр ажиллуулж байгаа нь төр, аливаа нэг Засгийн газрын гавьяа биш. Харин эмнэлгийн эмч, ажилтан та бүхний гавьяа юм. 2015 оны улсын төсөвт III төрөх эмнэлгийн дуусаагүй барилгын үлдэгдэл 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хассан байгаа. Энэ мөнгийг, төсвөөс танагдсан эм тариа, эмнэлгийн хэрэгслийн гэх мэт зардлуудыг тодотгол хэлэлцэх үеэр төсөвт тусгуулах тал дээр анхаарна” гэлээ.

“Өнөөдөр монголчууд гурван сая дахь иргэнээ өлгийдөх гэж байна хэмээн бахархан ярьж байгаа ч төрөх эмнэлгүүдийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Гурван сая дахь иргэнээ хэрхэн угтаж авах бэлтгэл хийж байгаа юм бэ” хэмээн асуух эхчүүд ч таарсан юм. Төрөх эмнэлгүүд хэвийн байдгаараа байгаа ч төсөв мөнгө нь л танагдаад байх юм хэмээн халаглан суух эмч нар ч бий ажээ.

Гишүүдийн зүгээс төрөлтийг дэмжсэн бодлого явуулж байгаа ч гэсэн иргэнээ хүлээж авах тал дээр хөрөнгө оруулалт хийхгүй байгаа тухай учирлаж байлаа. Тус эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орвол 220 гаруй хүний орон тоотойгоор цаашид үйл ажиллагаа явуулах шаардлагатай болж байгаа ч одоо байгаа нөөц боломжоороо ажиллах хэрэгтэй гэдгийг салбар яамны зүгээс мэдэгдээд байгаа юм байна. Гуравдугаар төрөх эмнэлгийн эмч нар нэгэн зэрэг гурван хагалгаанд ороход эмч нар нь бараг хүрэлцэхээ болих хэмжээнд байгаа гэдгийг ерөнхий эмч Д.Бат-Очир хэлж байсан юм.

“Эмнэлэгт амаржсан эхчүүд 18 цаг болоод эмнэлгээс гарч байгаагаас болж төрсний дараа эх хүүхдийг хянах боломж тааруу байж магадгүй. Одоо эхнэр, хүүхдээ аваад гарлаа” хэмээн үглэн суух залуу сэтгүүлчдэд гомдлын үг хаяж байсан билээ. “Гуравдугаар төрөх эмнэлгээс бусад төрөх эмнэлгүүд илүү тээлттэй хүүхэд төрж байгаа бол манай эмнэлэгт илүү тээлттэй бүү хэл эмээр бөмбөгдөн хурдан төрүүлж байна. Тэгэхгүй бол дараагийн төрөх эхчүүд хүлээгдээд байдаг юм” хэмээн эмч нар үнэн үгээ хэлж байв.

УИХ-ын гишүүд төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан явж байтал эхнэр хүүхдээ хүлээсэн харцуул эргэлтийн жижиг цонхоор бүлтийтэл хараад сууж байх юм. “Наад гишүүд чинь юу гэж байна. Эмнэлгийг аятайхан болгоно гэнэ үү. Гурван сая дахь иргэн төрчихсөн юм уу. Манай эхнэр сая төрсөн” хэмээн догдлох эрчүүд их байх юм. Улсаас хүндрэлтэй төрсөн хүүхдийн эмийг өгөхөө больсныг эргүүлэн өгөх ёстой гэсэн зүйл ч яригдлаа. Эмнэлгийн коридорт нэг модон ор байх агаад дөнгөж төрсөн нярай унтаж байлаа. Ээж нь сая ариун цэврийн өрөө явсан хэмээн сувилагч нар хэлсэн юм. Төрөлт ихтэй үед бүр ч олон эхчүүд төрсний дараа коридорт байдаг байж мэдэх юм хэмээн гишүүд өөр хоорондоо ярилцан явлаа. Тус эмнэлэгт амаржсан эхчүүд эмнэлгээс гарсны дараа хүүхдийн өлгий, даавуу тэргүүт зарим зүйлсийг талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон эмнэлэгтээ хандивладаг юм байна. Саяхан нэг казах бүсгүй 20 өлгий өгсөн хэмээн эмнэлгийнхэн ам уралдуулан ярьцгааж байлаа. Хүний төлөө гэсэн чин сэтгэлээр ажиллаж байгаа ч эмнэлгийн нөхцөл байдал төдий л сайн биш байгааг төрд уламжлахыг хүссэн юм. Энэ мэтчилэн байвал эмнэлгийн үйл ажиллагаа төдий л сайжрахгүй, гурван сая дахь иргэнээ хүлээж авах эмнэлэг хэцүүхэн байгаа нь ч тус эмнэлгийн дүр зургаас харагдсан билээ.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл гуравдугаар амаржих газраас гарсны дараа Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэгвэл уг төрөх эмнэлэг гурван сая дахь иргэнийг хүлээн авахаар бэлтгэлээ базаасан тухай тус эмнэлгийнхэн хэлж байлаа. Хоёрдугаар эмнэлгийн хувьд нэг эмч жилд 100 хүнд үйлчлэх стандарттай ч өнгөрсөн 2014 оны байдлаар нэг эмч 627 хүнд үйлчилж байгаа талаар тус эмнэлгийн дарга Б.Оюунханд хэлж байлаа. Мөн эмнэлгийн ачаалал их байгаа ч дотоод нөөц, бололцоогоо дайчлан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэв. Тус эмнэлгийн хувьд тулгамдаад байгаа гол асуудал нь хуучирсан барилга болоод байгаа талаар мөн танилцуулж, энэ тал дээр холбогдох байгууллагуудын анхаарлыг хандуулж, түргэн шийдвэрлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Л.Цандэлэг: Валют байхгүй гэчихээд 15 сая ам.доллараар улаанбуудай авч болохгүй

Монголын үр та­риа эрхлэгчдийн хол­боо­ны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

-Засгийн газрын хү­сэл­тээр их хэмжээний улаан­буудай ОХУ-аас оруулж ирэх гэж байна. Энэ тал дээр манай тариаланчид эсэргүүцлээ илэрхийлж бай­гаагаа мэдэгдсэн. Засгийн газрын шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?

-Саяхан гадны нэг оронд улаан лооль их хэмжээгээр хураачихсан чинь улс нь худалдаж аваад устгаж байна гэсэн. Гэтэл манайд улаанбуудай нь илүүдэлтэй тулзах зээлд борлогдохгүй байна. Өнөөдөр ард түмний амьдрал хүнд байгаа тул гурилын борлуулалт муудсан гэж гурил үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Энэ жил манай улс улаанбуудайгаар дотоодын нийт хэрэгцээгээ хангачихаад байхад импортоор улаанбуудай оруулж ирнэ гэдэг нь үндэсний үйлдвэрлэгчдээ нухчин дарах оролдлого гэж харахаас өөр арга алга. Манай тариаланчид өөрт байгаа улаанбуудайгаа борлуулж дуусаагүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32 мянган тонн улаанбуудай бий.

Худалдаж авна гэж гэрээ хийчихээд мөнгө төгрөгөө өгөөгүй бэлэн байгаа 60-70 мянган тонн улаанбуудай байж л байна. Ирэх жилийн тариалалт хүртэл энэ 100 гаруй мянган тонн улаанбуудай хангалттай.

-Энэ ер нь ямар учиртай юм бэ. Ямар нэгэн лобби яваад байна уу?

-Монгол Улс өнгөрөгч онд 350 мянган тонн улаанбуудай хураачихлаа. Гэтэл хоёр сая 500 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэр ашиглалтад орчихсон байна. Ний нуугүй хэлэхэд үүнийг ганцхан хүн зохион байгуулаад байгаа юм.

-Тэр нь хэн гэж?

-“Таван Богд”-ын Ц.Баатарсайхан. Өнгөрөгч намар Улаанбаатар гурил, Ц.Баатарсайханы дүүгийн “Од” гээд гурилын үйлдвэрүүд тариа хураалтын үеэр импортын улаанбуудай оруулж ирнэ гэж маргаан үүсгэсэн. Тэд багахан хэмжээний буудай авсан л даа. Тиймээс үйлдвэрүүд нь одоо сул зогсч байгаа. Сул зогссон үйлдвэрээ ажиллуулахын тулд газар тариаланчдыг нухчин дарах гэж оролдож байна. Тэд салбарын шинэ сайд ирэх бүрт лоббиддог.

Энэ бол ээлжит нэг оролдлого нь. Гэхдээ уг оролдлого нь бүтэлтэй болчихлоо л доо. Ямартаа ч оруулж ирэхээр юмаа хийчихсэн байна. Хамгийн гол нь үүн дээрээ 8-9 компанийн нэрийг биччихсэн байгаагаас хоёр нь голлох үүрэгтэй. Эдгээр компаниуд нь тариаланчдаас улаанбуудайгаа авчихаад мөнгөө өгөөгүй байгаа. Өнөөдөр тариаланчдаасаа авсан улаанбуудайныхаа мөнгийг өгч чадаагүй компаниуд ОХУ-аас буудай оруулж ирнэ гээд сууж байх юм даа. Гурилын үнийг тогтворжуулна гээд Үнэ тогтворжуулах хөтөлбөрт эдгээр компани орсон. Тэд гурилын үнийг тогтворжуулна гэж хөтөлбөрт хамрагдсанаас биш ОХУ-ын гурилын үнийг тогтворжуулна гэж мөнгө аваагүй. Энэ чинь тусгай гэрээ хэлэлцээртэй зүйл.

-ОХУ-ын улаанбуудай нь манайхаас тийм хямд юм уу. Манай улаанбуудайнаас чанартай гэх юм?

-Оросын улаанбуудай манайхаас 20-30 хувийн хямд байх шиг байгаа юм. Бид бодоод үзсэн чинь 15 сая ам.долларын 30 хувь нь гэхээр 3-4 сая ам.долларын ашиг олно. Энэ ашгийн төлөө улайраад газар тариаланчдаа зөнд нь хаяж бүхэл бүтэн салбарыг дампууруулж байна. Тэд бодлого баригчдаас өөрсдийнхөө хүслээр бичиг баримтаа гаргуулж байгаад нь тариаланчид дургүйцээд байгаа юм.

Бид ОХУ-ын олон тариалангийн компаниудтай харилцаатай байдаг. Хойд хөрш будаагаа стратегийн бүтээгдэхүүн гээд 10-20 жилийн нөөцтэй явдаг улс. Тэдний гол хүнсний бүтээгдэхүүн нь талх тул гурилаа ингэж олон жилээр нь хадгалдаг. 10 жилийн хугацаа нь дуусахаар шинэ улаанбуудайгаар нөхөж эхэлдэг. Нөхөөсөнд гарсан улаанбуудайнуудаа зардаг. ОХУ-ын улаанбуудай хадгалах нөөц сав нь маш муу. Модон саванд хадгалдаг тул хорхой шавьж үржих нөхцөл болдог. Учир нь өмнө орж ирдэг байсан улаанбуудайнуудаас их хэмжээгээр өт хорхой илэрч байсан. Гэтэл Монгол Улс улаанбуудайны нэг жилийн ч нөөцгүй. Нэг жил ган боллоо гэхэд ургац алдаад гурилгүй болдог эмзэг улс. Манай Ерөнхий сайд хэдхэн жилийн өмнө ОХУ-аас 100 мянган тонн улаанбуудай өгөөч гээд хадаг бариад явж байсан биз. Яг ингээд хадаг барих үед нь оросууд үнээ өсгөчихдөг. Монгол Улс буудайгүй л бол Орост сайн. Тэндээс ашиг хийж байдаг юм. “Атрын III аян”-ы буянаар Монголын тариаланчид хөл дээрээ зогссон. 2012 оноос АН-ын Засгийн газар гарснаас хойш газар тариалангийн салбар дандаа уруудаж байгаа.

-Яагаад уруудах болсон гэж?

-Бодлогын алдаа гаргадаг. Шинэ сайд гарч ирээд үнийг нь 50 мянган төгрөгөөр бууруулсан. Монголд төр гэж байгаа цагт бусад бизнест оролцолгүйгээр шатахуун, гурил, мах гурвыг барьж байдаг юм байна л даа. Бодлогыг барьж байгаа яамны хүмүүс нь буруу байхаар ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Газар тариалангийн салбарт хамгийн их ашиг сонирхол явдаг. 2013 онд газраа боловсруулаад 2014 онд улаанбуудайгаа тариалан намар нь хурааж авлаа. Одоо 2015 он гарчихаад байхад улаанбуудайгаа борлуулж дуусаагүй байна. Нэг жилдээ хамгийн багаар хоёр хувийн хүүтэй зээл авлаа гэж бодоход үр дүн нь маш удаан гардаг салбар. Гурван жил дамжчихаад байхад мөнгөө аваагүй л байна. Монголын ард түмнийг гурил, талхтай нь байлгана гэсэн яав.

-Салбарын шинэ сайд чинь ямар хандлагатай байх юм?

-Р.Бурмаа сайдыг эмэгтэй хүн арай өөрөөр харах байх гэж бодсон. Р.Бурмаа сайд шударга ёс энэ тэр гээд их гоё ярьдаг. Энэ хүн чинь гаднаасаа их сайхан хүн шиг ойлгогдоод байсан чинь үгүй юм байна лээ. Сайд маань тариаланчидтайгаа уулзахгүй хэрнээ гурил үйлдвэрлэгчидтэй уулздаг. Бид уулзъя гэж санал тавьж байж нэг уулзсан. Уулзахдаа “Ашиг сонирхлын зөрчил гэж аюултай юм байдаг шүү. Өмнөх хүмүүс чинь ийм хэл аманд орж байсан шүү. Та голыг нь барьж яваарай” гэсэн чинь “За” гэж хэлчихээд маргааш нь ингэж зангаа хувиргасан тушаал заавар гаргаж болдог юм уу. 40 мянган тонн улаанбуудай оруулна гэсэн бичгийг Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ганибал гээд залуу гаргачихсан байсан. Түүнийг нь шалгаад үзтэл журам зөрчсөн байсан. Зөрчил гаргасан тул түүнийг ажлаас нь халаад, газрын даргыг нь цалингийн хувиар торгосон гэж байгаа юм. Хоёр адуу хулгайлсан нөхрийг “Чи хулгай хийснээрээ нэг адуугаа ав” гэж хэлж болохгүй биз дээ. Хууль бол хууль бол. Тэгсэн хэрнээ дараагийнхаа Төрийн нарийн бичгийн даргад 20 мянган тонныг оруулж ирэхээр бичиг гаргуулсан байна. Энэ нь Монголын ард түмний эрх ашгийг зөрчсөн увайгүй үйлдэл.

-Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа тул бүсээ чангалцгаая гэж уриалчихаад, эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг хасъя, ам.долларын нөөц шавхагдаж байгаа гэчихээд ингэж болохгүй байх л даа…

-Мөнгө байхгүй гэчихээд, тариаланчдаас авсан улаанбуудайныхаа мөнгийг өгөөгүй байж хоёр гуравхан сая доллар олохын тулд ингэж улайрч болохгүй.

-Яагаад та нарын буудайны мөнгийг өгөхгүй байгаа юм?

-Биднийг ингэж дээрэлхээд болоод байдаг байхгүй юу. Харин оросууд хэзээ ч дээрэлхүүлэхгүй. Тэд бэлнээр л тооцоогоо хийнэ. Ам.доллар байхгүй гэчихээд ингэж 15 сая ам.долларыг гадагш нь гаргаж болдог юм уу. Энэ бол “Нэгдүгээрт хууль зөрчсөн, хоёрдугаарт хууль зөрчсөн, гуравдугаарт хууль зөрчсөн” явдал болж байна.

-Улаанбуудай оруулаад ирвэл та нар цаашид яах вэ?

-Бид сайдтай уулзаад “Та болиоч ээ” гэсэн чинь “Би болихгүй ээ” гээд ашиг хийх гэж байгаа хүмүүсээ өмөөрч байна лээ. Бид албан шаардлага хүргүүлээд нэг хувийг нь Ерөнхий сайд, нөгөө хувийг нь Ерөнхийлөгчид өгсөн. Үүнийгээ зогсоохгүй бол бид жагсаж ойлгуулахаас өөр зам алга. Энэ хүн тэр чигтээ явж болно. Бид жагсаж болно. Эцсийн дүндээ Монгол Улс 2015, 2016 онд юу идэх юм бэ. Тариаланчдаа нухчин дараад устгачих хамаагүй. Салбарын сайд, Ерөнхий сайд нь Оросоос буудай авъя гэж байгаа бол хэдийг ч хамаагүй ав. Бидэнд амьдрах өөр арга байгаа шүү. Тариаланчдыг арай ч ингэж дээрэлхэж болохгүй. Хятадын шар цэцэг (арабс) тарьчихъя. Бид төрөөс санхүүждэг улсын сангийн аж ахуй биш. Хувийн хэвшлийнхэн. Хүмүүсээ ажилтай байлгамаар байна. Эцэст нь би “Хариуцлага хүлээх үү” гэдэг ганцхан юм асууж байгаа юм.

-Та тэгж асуусан юм уу?

-Салбарын сайдаас асуусан чинь “Би хариуцлага хүлээхгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариуцлагыг нь хүлээнэ” гэсэн. “Өдрийн сонин”-оор дамжуулаад асуучихъя. Та нарын хэн нь яг хариуцлага хүлээх юм бэ. Дараа нь ард түмэн хариуцлага тооцъё. Япон улс өнөөдөр Хятадын зах зээлээс хоёр дахин үнэтэй цагаан будаа хэрэглэж байна. Энэ тухайгаа Японы Хөдөө аж ахуйн сайд нь “Дотоодын салбартаа ажиллаж байгаа хүмүүсийг ажлын байраар хангаж байна. Нэг л өдөр Хятад бидэнд цагаан будаагаа нийлүүлэхээ байчихвал яах юм” гэж хариулсан байгаа юм. Ноднин яах вэ нар хур нь тэгширч таараад манайхан сайн ургац авсан. Гэтэл үүнд нь хөөрөөд байгааг ойлгохгүй юм аа.

Тариачдад 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байна л гээд байгаа. Үнэндээ тэр чинь урамшуулал биш нөхөн олговор. Дэлхий дээр хамгийн муу нөхөн олговор олгодог улс байж түүнийгээ урамшуулал гээд нэрлэчихсэн. Иргэд “Тариаланчид 100 мянган төгрөгийн урамшуулал авдаг гэнэ” гээд ярьж байна. Бид ийм салбарын сайдтай цаашаа явахгүй ээ. Салбар хариуцсан сайдыг сольж өгөөч ээ. Энэ АН арай дэндүү байна. Боловсон хүчний бодлого муу байна. Хүмүүс нь мэдлэггүй байдаг юм аа гэхэд тариаланчдад ядаж муу юм битгий хийгээчээ гэж хэлье.

Өнгөрөгч онд өсөлт гарсан салбар чинь өнөө муу хэдэн малчид, газар тариаланчдын хөлс хүчээр Хөдөө аж ахуйн салбар ахицтай гарсан. Ахицтай байгаа салбараа татаж унагая гээд яриад явж байгаа сайдаар бид яах юм.

-Яг хэдэн тонн улаанбуудай оруулж ирэх гээд ингэж асуудал болоод байгаа юм бэ?

-Бид тооцоод үзсэн чинь 20 мянган тонн улаанбуудай, 15 мянган тонн гурил болж байгаа юм. Энэ нь дундажлаад үзэхээр 15 сая ам.доллар болж байна. Дахин хэлэхэд бид жагсана. Уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн тариаланчдыг Чингэсийн талбайд цуглуулаад уураа гарга, өөрсдөө үгээ хэл гэж хэлмээр байна. Энэ төр засаг сонсдог юм уу, үгүй юм уу харъя. Ямартаа ч ойлгуулах гэж үзнэ. Болохгүй бол дараагийн арга хэмжээг авна. Хариуцлага тооцуулна. Гуравдугаар сараас тариаланчдын ажил эхэлнэ. Гэтэл бидэнд мөнгө алга.

-Гурилын үйлдвэрүүд ер нь яагаад мөнгөө өгөхгүй байгаа юм?

-Гурилын үйлдвэрүүд мөнгөө доллар болгоод хадгалчихсан. Өдөр өдрөөр үнэ нь өсч байгаа долларын ханш бүр нэмэгдээд 2400 болдог ч юм уу тэр үед нь тооцоо хийх гээд байгаа юм. Ханшийн зөрүүн дээрээс ашиг олох гээд байна. Гурилын үйлдвэрийнхэн чинь ухаантай байхгүй юу. Ханшийн зөрүүний алдагдлаас болж 400 мянган төгрөг бидэнд ирэх байтал одоо 300 мянга болоод ирж байна. Бид хор грипцитээ валютаар авдаг. Ядаж л нэг тракторын боолтоо дотооддоо хийж чадахгүй гаднаас авч байна. Техник хэрэгсэл бүх зүйлээс гаднаас импортоор авдаг. Тийм болохоор тэдэнд валют л өгөхгүй бол монгол төгрөг авахгүй шүү дээ. Манай холбоонд бүртгэлтэй 1000 гаруй компани бий. Эднээс 200 гаруй нь салбарын 60 гаруй хувийг бүрдүүлэх хэмжээний ургац авдаг. Гэтэл эдгээр компаниуд техник хэрэгслийн захиалгаа ч өгч чадаагүй байгаа тул 2015 оны тариалалт бүрхэг л байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 20 тэрбум төгрөгийг гурил үйлдвэрлэгчид нь авчихсан. Одоо бол Тариалан эрхлэлтийг дэмжих сан биш гурил үйлдвэрлэгчдийг дэмжих сан болсон гэсэн үг. Хүнс, хөдөө аж ахуйн яам дампуу, дампуу, дампуу байна. Өөр хэлэх ч үг алга. Тэнд мэргэжилтэй боловсон хүчин гэж алга. Гарч ирсэн нөхөр нь найз нөхдийнхөө үр хүүхэд, дүү гээд дандаа шахааны хүмүүсийг ажилд авдаг. Тийм болохоор гэр бүлийн, хамаатны яам болчихоод байна. Нөгөө хүмүүс нь ажлаа мэдэхгүй. Хийж байгаа ажил бүр нь буруу, алдаатай явдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр тариаланчид өртэй, гурил үйлдвэрлэгчид өргүй байх ёстой байхгүй юу. Гэтэл өнөөдөр тариалан эрхлэгчдээ дэмжих ёстой сан маань биднийг шүүхэд өгөх гээд, устгах бодлого баримтлаад явж байх юм. Хүн бүр янз бүрийн л бодолтой байгаа байх. Оросын хямд буудай авахгүй өөрсдийнхөө үнэтэй буудайг шахах гэж байна гэж бодож байгаа биз. Эцсийн дүндээ Монгол Улс гурилгүй болно шүү гэдгийг хатуу сануулаад хэлчихье. Тэр үед Р.Бурмаа сайд, Ерөнхий сайд нарынхаа хэлснээр Оросоос аваарай. Бодлогогүй зүйл хийснийхээ төлөө Монгол Улс гарах гарцгүй болно шүү.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Энх-Амгалан: Татвар нэмж, нийгмийн хамгааллын бодлогоосоо татгалзсанаар эдийн засгийн хямралаас гарахгүй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-2015 оны төсвийн тодот­го­лыг хэрхэн харж байгаа вэ. Ерөнхий сайдын хэлсэнчлэн сайн тодотгол орж ирсэн үү?

-2015 оны төсвийг яагаад тодотгох болсон бэ гэдэг асуудал байгаа юм. УИХ 2015 оны төсвийг баталснаасаа хойш нэг их наяд төгрөгийг багасгах гэж байна. Төсвийн тодотголоор орлого, зарлага талдаа нэг их наяд төгрөгийг багасгах юм. Зардал хэмнэхдээ хэд хэдэн зарчмуудыг барих ёстой. Энэ удаагийн төсвийн тодотгол нь 2015 оны хямралыг гэтлэх тодотгол байх ёстой гэж бодож байна. Харин 2015, 2016 он бол эдийн засгаа тэлэх бодлого явуулах он жилүүд байх нь илүү үр дүнтэй. УИХ-аас хэмнэлтийн горимд шилжих 134 дүгээр, эдийн засгаа эрчимжүүлэх 47 дугаар тогтоол гээд хоёр тогтоол гарсан. Уг тогтоол дээр тусгасан сумын Засаг даргаасаа эхлээд орлогчгүй байя гэсэн зарчмуудын дагуу орж ирсэнгүй. Ингэснээрээ бүсээ чангалж чадаагүй гэ­сэн үг л дээ. Хэмнэлтийн гори­моос танаж болохоор байхад нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Бид хям­рал яриад байгаа хэрнээ тат­варыг нэмж хямралаас гарч болохгүй. Түүнчлэн нийгмийн салбарынхаа бодлогоо тат­гал­заж болохгүй гэж харж бай­гаа.

Нийслэл дээр Нийслэл хотын татвар нэмнэ гэж бай­на. Хөрөнгийн татвартай хол­боо­тойгоор Малын хөлийн тат­вар, Автомашины татвар, Үл хөдлөх хөрөнгийн татвар, орон нутагт татваруудыг нэмэх хуулийн хуулийн төсөл өргөн барьж байгаад харамсч байна. Ганц жишээ дурдахад Үл хөдлөх хөрөнгийн татвар 0.6-1 хувь байсан бол одоо өргөн барьснаас нь харахад эдгээр татваруудыг гурав дахин нэмэхээр байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа 70 гаруй мянган аж ахуй нэгж бий. Эдгээр аж ахуй нэгжүүд бүгд үл хөдлөх хөрөнгөтэй. Хамгийн бага үл хөдлөх хөрөнгөтэй аж ахуй нэгж 100 сая төгрөгийн хөрөнгөтэй байгаа гэж бодоход хуучин 10 сая төгрөгийн татвар төлдөг байсан бол дээд хэмжээ болох гурав дахин нэмлээ гэхэд 30 сая төгрөг төлөхөөр тусгагдсан. Энэ нь өөрөө эдийн засгийн хямралтай хүнд байгаа цаг үед баялаг бүтээгч, татвар төлөгчдөд маш их дарамт үүсгэх юм. Бизнест бол бизнесийн зардлын 40 хувь нь татварын зардал байна гэж яриад байгаа. Гэтэл үүн дээр нь дахиад татварын ачаалал нэмэх гээд байна.

Суудлын автомашин бол жижиг аж ахуй нэгжийн орлого олдог арга хэрэгсэл нь байхгүй юу. Нөгөө талаасаа манай бизнес эрхлэгчид “Татварын орчин тогтвортой байх ёстой” гээд байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ төсөв батлах, төсвийн тодотгол орох бүртээ татварыг нэмэх байдлаар оруулж ирж байна. Нэмэхдээ зорилтот татвар биш төсвийн тасарсан байдлыг татвар нэмэх байдлаар оруулж ирж байгаа нь өөрөө буруу зарчим. Монгол Улсад үйлчилж байгаа татварын бодлогын алдаа завхрал гэж үзэж байгаа. Үүнийг бид засч залруулахёстой.

Би чуулганы нэгдсэн хуралдаан дээр приус машин дээр жишээ авч ярьсан. Приус машин бол цахилгаан хэрэглэж явдаг агаарын бохирдлыг багасгахад тодорхой үр дүнтэй машин. Тэгсэн мөртлөө дандаа бага орлоготой иргэд унаж байгаа. Приус машин дээр 38 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол гурав дахин нэмэгдүүлснээр баталбал 108 мянган төгрөгийн татвар төлөх гээд байна. Ийм нөхцөл байдлыг бий болгож хэрхэвч болохгүй. Мөн малын хөлийн татвар дээр татвар тавьж болно. Гэхдээ Малын хөлийн татварыг зориулалтын буюу бэлчээрийн талхлалт, бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх, худаг ус гаргах тал дээр ашиглахаас биш төсвийн алдагдлыг нөхөх арга хэрэгсэл болгож болохгүй шүү дээ. Татварт тавих зарчмууд нь энгийн байх ёстой. Хэнээс ямар татвар авах юм. Зориулалт нь яах юм гээд бүх зүйл нь тодорхой байх хэрэгтэй. Өнөөдөр манайд энэ зарчим алдагдаж байна. Ерөнхий сайд маань “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” гэж байсан. Гэтэл на­чир дээрээ “Нэгдүгээрт тат­вар, хоёрдугаарт татвар, гуравдугаарт татвар” гэсэн зарчим руу орж байгаа нь хэлсэн амнаасаа буцаж бай­­на гэсэн үг. Засгийн га­зар бизнесийн орчноо тогтворжуулна, сайжруулна гээд байгаа мөртлөө төсвийн тодотгол хийхдээ татварын дарамт үүсгэх гээд шууд аж ахуй нэгжид ачаа үүрүүлсэн татвар оруулж ирсэнд харамсч байна.

-Та Төсвийн тодотгол хэлэлцэж байхад “Хямралаас ямар өртөг зардлаар гарах вэ гэх бодлогын сонголтыг УИХ дээр яримаар байна. Эдийн засгаа тэлэх хувил­баруудаа яримаар байна” гэдгийг мэдэгдсэн. Яг ямар хувилбарууд байж болох вэ?

-Бид дан ганц хэмнэлт гэхээсээ илүүтэйгээр энэ хямралаас эдийн засгаа тэлж гарах ёстой. 2016 оны ДНБ-ий өсөлт 9, 2017 оных 10 хувь байгаа. Энэ өсөлтийг хаанаас хийх гэж байгаа юм гэдгээ тайлбарла гэж Ерөнхий сайдаас шаардаад байгаа юм. Төсвийн тодотголтой хамт Төсвийн хүрээний мэдэгдлийг батлаад эхэлсэн. 2015 эдийн засаг долоон хувь өснө гэсэн. Дээр хэлсэн бусад өсөлтүүдийг яг хаанаас хийх гээд байнаа. Яг ямар хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хийх вэ. Оюу толгой, Таван толгой, УИХ-аар стратегийн ордоос хасагдсан Гацуурт, Цагаан суваргын орд, Таван толгойн цахилгаан станц, Улаанбаатарт баригдах тавдугаар цахилгаан станц хөдлөх үү, үгүй юу. Энэ мэтчилэн асуудлуудаа Ерөнхий сайд УИХ дээр оруулж ирэх хэрэгтэй. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг бол ирэх гурван жилийн бидний эдийн засгийн зорилт байхгүй юу. Яаж иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх юм, валютын ханш хэд байх юм, хэдэн ажлын байр нэмэгдэх вэ, гол нэрийн бараа бүтээгдэхүүний инфляци хэдэн хувьд байх вэ. Гэтэл 2015, 2016, 2017 онууд дээр бүгдэд нь долоогоор тооцчихсон байна. Долоон хувь гэдгээ яг ямар аргачлалаар гаргасан юм. Тиймээс мөн­гө­ний бодлогоороо тайл­барлах шаардлагатай байна. Дөрвөн их наядын өртөгтэй үнэ тогтворжуулах хөтөлбөр цаашид хэрэгжих юм уу. Энэ бүгдийгээ Төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгах шаардлага байна. Инфляцийг гүйцэтгэлээр нь харахаар 15-18 хувь байна. Валютынхаа эх үүсвэрийг яаж шийдвэрлэх гээд байгаа юм. 2008-2009 онд бид хямралд өртөж түүнийг давсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг долоон их наяд байсан. Валютын нөөцийг бүрдүүлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт Оюутолгойгүйгээр 800 сая ам.доллар байлаа. 2015 оны гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ 21 триллион буюу 21 их наяд төгрөг хүрсэн. Гадаадын хөрөнгө оруулалт нь харин 2008 оных шигээ агшаад 800 сая ам.доллар болсон. Гэхдээ үүний 50 хувь нь Оюу толгойгоос орж ирнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаас 4.6 тэрбум ам.доллар орж ирдэг байсан нь өнөөдөр 800 сая ам.доллар болчихоод байна. Үндсэндээ зургаа дахин агшчихаар валютын эх үүсвэр нь байхгүй болчихсон. Валютын эх үүсвэр экспортоос бүрддэг. Экспортод гаргадаг гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдэр нь өрсөлдөх чадваргүй болчихсон.

-Яагаад өрсөлдөх чадвар­гүй болчихсон юм бэ?

-Бид тээвэр ложистикийн­хоо асуудлыг шийдэж чадаагүй. Түүнээс болоод бид эндээс доллар олж чадахаа байсан. Биднийг төмөр замын цариг дээр 7-8 жил хэрүүлийн алим шидэлцэж байх хооронд Хятад руу нүүрс нийлүүлдэг байсан бидний орон зайд ОХУ ороод ирчихсэн. Царигийн хэрүүлээс болж Монгол алдаж, Орос хожсон. Тэгвэл хоёр дахь долларын эх үүсвэр гадаадын шууд хөрөнгө оруулалтаас орж ирдэг. Монгол Улс 2008 онтой харьцуулахад гурав дахин их буюу 21 триллионы эдийн засагтай болчихоод байхад валютын эх үүсвэрийг бүрдүүлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт 800 сая байгаа. Ингэснээр монгол төгрөгийн худалдан авах чадвар уначихаад байгаа юм. Валютын нөөц гэдэг чинь ийм чухал зүйл байхгүй юу гэдгийг ард иргэдэд энгийнээр ойлгуулж өгөх ёстой. Одоо төлбөрийн балансын хямрал гэж яриад байна. Импортоор бараа авахад Монголбанк доллар гаргаж өгдөг. Энэ хэлбэрээрээ явбал 2015 онд шатахуунаа авах долларын эх үүсвэр байна уу. Монгол Улсын буцаан төлөх зээл доллараар төлөгдөнө. Аж ахуй нэгжийнх ч мөн адил. Ийм эх үүсвэр Монголбанкинд байна уу гэдэг асуудал байна. Эх үүсвэрийг бид экспорт хийж байж, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг нэмэгдүүлж байж олно.

-Гишүүдийн ярианы гол сэдэв болоод буй өрийн таазыгнэмэхгүйгээр эдийн засгийн хямралаас гарах боломж байгаа юм уу?

-Өрийн босго анхдагч асуу­дал биш. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтийг яаж хангах юм. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг хангахад ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ. Үүгээрээ дамжуулан Монгол Улсад хэдий хэмжээний валютын нөөц орж ирэх юм гэдэг чинь өрийн босготой холбогдож байгаа асуудал байхгүй юу. Үндсэндээ өрийн босгыг 70 хувь болгоно гээд Засгийн газар оруулж ирж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын хуулиар 40 хувь байх ёстой. Бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн ганцхан заалтыг яриад байж болохгүй байхгүй юу. 40 хувьд нь агшаачихаар эдийн засаг хэдэн хувиар агших юм. Эдийн засгаа агшаачихаар хэдэн мянган аж ахуй нэгж хаалгаа барьж, хичнээн хүн ажилгүй болох юм. 60 мянган орон сууцны зээлд хамрагдсан иргэд яах юм гэсэн эдийн засгийн хүндрэлүүдээ тооцож байж улс төрийн хариуцлагатай шийдвэр гаргах ёстой. Одоогийн байдлаар өрийн хэмжээ 55 хувь хүрчихсэн гэж байна. УИХ хууль зөрчөөд яваад байж болохгүй. Нэгэнт 55 хувьд хүрчихсэн тул УИХ дор хаяж 55 хувьд нь өрийн босгоо батлах ёстой. Цаашдаа өрийн босгоо нэмэхийн тулд ямар төсөл хөтөлбөр дээр төр мөнгө хийх ёстой вэ бодлогоо гаргаж байж явах шаардлагатай. Хувийн хэвшлээр хэрэгжүүлж болох зүйлийг нь хийлгэх хэрэгтэй. Жишээ нь цахилгаан станцыг хувийн хэвшил аваад явчих боломжтой. Хамгийн гол нь асуупал болох тарифыг нь нэмээд зах зээлийн горимтой тэнцүүлээд өгвөл эрчим хүчний салбар Харилцаа холбооны салбартай адилхан явчихна. Тариф нь бизнес эрхэлж байгаа хүмүүст ашигтай харагдах юм бол эрчим хүчний салбарт төр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Тавантолгойн станц, тавдугаар цахилгаан станц дээр төр хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Хөрөнгө оруулалт хийх үед тариф нь хөрөнгө оруулалтаа нөхөх хэмжээнд байлгахад болно. Төмөр замд төр мөнгө хийх шаардлага алга. 1.5 тэрбум ам.доллар босгочихоод хувийн хэвшлийн хийж болох зүйлийг төр хийж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд эхэлсэн нь буруу байсан.

-Та хотын татварын тал дээр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаа­нууд дээр нэлээд ширүүхэн байр суурийг илэрхийллээ. Эдийн засгийг хүндрэлээс татвар нэмж гардаг практик байхгүй гээд байгаа…?

-Хотын татвар одоо өргөн барьснаар аж ахуй нэгжид оногдуулсан, аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, аж ахуй нэгжийн борлуулсан бүтээгдэхүүн дээр нь нэг хувийн татвар авч болохгүй. Улаанбаатар хотод амьдарч буй иргэд хотын татвар байж болно. Э.Бат-Үүл даргын тайлбарлаж байгаа шиг худалдааны татвар бий болговол Монгол Улсад НӨАТ, Импортын албан татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татваруудыг эвдчихнэ. Манай бизнесийнхэн татвар өндөр байна гэж хэлэхгүй байгаа. Харин татварын орчин тогтвортой байх ёстой гээд байгаа юм. Татварын бодлогын шинэчлэлт хийх гэж байгаа бол маш тооцоо судалгаатай хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ жинхэнэ утгаараа бодлогын шинэчлэл болно.

-Ерөнхийлөгч бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой. Татварын бодлогыг уян хатан болгох, хариуцлагатай байхыг санууллаа. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Яг үнэн. Татварын орчноо нэгдүгээрт тогтвортой байлгах ёстой. Мөн шалгалт, лицензүүдийнхээ тоог цөөлөх ёстой. Тэгэхээр Зөвшөөрлийн тухай хуулиа даруй батлан гаргах шаардлагатай болно. Өнгөрсөн жил татваруудаас төлөвлөгөөгөө давуулан авсан ганц орлого бол аж ахуй нэгжүүд дээр очиж шалгалт хийсэн зөрчил хяналт шалгалтын орлого л хэд дахин нэмэгдсэн. Энэ бүрт хяналт шалгалтын тоо нэмэгдэж байна гэсэн үг. Иймэрхүү байдлаар явж болохгүй. Баялаг бүтээгчдэд асар их дарамт болон ирж байгааг мэдэж баймаар юм даа. Тэгэхгүйгээр Ерөнхий сайд нь эдийн засаг, эдийн засаг гэж маань мэгзэм шиг хэлж байгаа хэрнээ “Нэгдүгээрт татвар, хоёрдугаарт татвар, гуравдугаарт татвар” гэж явж болохгүй л дээ.

-Төсвийнтодотголд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдээсорж ирэх мөнгөний урсгалыг төсөвт суулгаагүй байсан. Хэлэлцээрийн ширээний ард суусан төслүүдэд ахиц гарахгүй юм уу?

-Цагаан суваргын орд, сая байнгын хороогоор хэлэлцсэн 60 тонн алтны нөөцтэй Гацууртын ордын төслүүдээ хэрэгжүүлэх ёстой. Чингэс бондоор санхүүжүүлэгдэж байгаа 888 төслүүдээ хөдөлгөнө гэж бодож байгаа юм уу. Хэрэв тийм бол эдийн засгийн өсөлт, валютын нөөц, гол нэрийн инфляцидаа яаж нөлөөлөх вэ гэдэг судалгаа төсөөлөл чинь хаана байгаа вэ гэдгийг Ерөнхий сайдаас шаардаад байгаа. Энэ тооцоо судалгаануудаа УИХ дээр маш тодорхой ойлгомжтой ярих ёстой.

-Гацууртын ордыг страте­гийн ордод оруулах нь зөв юм уу?

-Төр Стратегийн 15 орд дээрээ төр хувьцаа авдаг байдлаар явж болохгүй. Энэ буруу зарчим. Бид Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ баталсан. Тиймээс төр зөвхөн лиценз олгодог байх ёстой. Цаашид байгалийн нөхөн сэргээлт, хяналт шалгалт гээд зохицуулалтынхаа түвшинд оролцох шаардлагатай. Гацууртын орд бол жижигрүүлсэн Оюутолгой шүү гэдгийг би хэлээд байгаа. Төр 34 хувь аваад ямар зовлон бэрхшээл амсч байгааг бэлхнээ харж байгаа биз дээ. Энэ бол үе үеийн Засгийн газрын зовлон биш Монголын зовлон болчихоод байна. Тиймээс өмнө нь гарсан алдаатай бодлогуудыг засч залруулах ёстой. Нэг халтирсан газраа дахиж халтирч унаад байж болохгүй.

-Төсвийн тодотголын төслийг харж байхад нийгмийн халамж нилээн танагдах шинжтэй байна. Та өөрийн цахим хуудсаараа “Одонтой эхчүүдийн мөнгө болон хүүхдийн 20 мянгыг хүүхэд бүрт үргэлжлүүлэн олгох ёстой. Энэ бол халамж биш хүн амаа өсгөх нийгмийн бодлого” хэмээн уриалсан байна лээ. Энэ талаараа ярихгүй юу?

-Энэ бол яах аргагүй хүн амаа өсгөх бодлого. Монгол Улсын хэмжээнд нийт 830 гаруй мянган өрх байна. Тэгвэл дөрвөөс дээш хүүхэдтэй өрх 17 мянга байгаа юм. Манай орон нэг сая хүнтэй болсноос хойш 27 жилийн дараа хоёр сая хүнтэй болжээ. Дахиад 27 жилийн дараа гурван сая болох гэж байна шүү дээ. Нэг саяар нэмэгдэх тоолонд 27 жил зарцуулаад байна. Монгол Улсын хүн ам нэг сая болоод хоёр сая дахь иргэн зөв бодлого явуулсан бол 20 жилийн дотор болох байсан. Тэгвэл гурван сая дахь иргэн 10 жилийн дотор төрөх боломжтой байв. Хугацаа нь улам богиносох байтал 27 жил хэвээрээ байгаа биз. Энэ нь хүн амаа өсгөх нийгмийн бодлого байх ёстой. Дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ нэг хүүхэдтэй байх бодлогоосоо татгалзаж байна. Бид хүн амаа өсгөх бодлого бол одонтой эхчүүд, хүүхдийн мөнгө, жирэмсэн байхдаа болон амаржсаны дараа авдаг 40 мянган төгрөгийн өгөх ёстой. Энэ бол халамж биш. Хүн амаа өсгөх бодлого. Одон авч байгаа эхчүүдийн тоо 202 мянга байна. Эднээс нэгдүгээр зэргийн одон авч байгаа эхчүүд 93 мянга байгаа бол хоёрдугаар зэргийн одон авч байгаа эхчүүд 95 орчим мянга байгаа юм. Социализмын үед олон хүүхэд төрүүлэн тэтгэвэрт гарсан эхчүүдэд мөнгө өгөхгүй гэж болохгүй. Тэд Монгол Улсыг нэг сая, хоёр сая, гурван сая хүнтэй болгоход эрүүл мэндээрээ хохирч гавьяагаа байгуулсан хүмүүс. Энэ хүмүүсийн одонгийн мөнгийг танаж болохгүй. Энэ халамжийн бодлого биш. Халамжийн бодлого гэдэг бол хоолны талон, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өгдөг мөнгө, орлого багатай иргэдэд халамжийн сангаас өгдөг мөнгө. Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газар Нийгмийн бодлогоосоо татгалзаад байгаа юм уу, Халамжийн бодлогоосоо татгалзаад байгаа юм уу. Цаашдаа Монголын төр хүн амаа өсгөх нийгмийн бодлого гэж байх юм уу. Хүүхдийн 20 мянгыг эцэг эхчүүдийн орлогын түвшингээс хамаарч хасдаг нь буруу. Энэ нь боловсролын даатгалын сан хэлбэрээр ажиллаж байдаг. Хүүхдүүдийн ирээдүйд хуримтлал үүсгэхэд хэрэгтэй. Тиймээс Хөрөнгө оруулалтын сан байгуулах ёстой. Энэ сан нь хоёр талын ашигтай. Нэгдүгээрт үр хүүхдүүдэд ашигтай бол хоёрдугаарт хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашиглах нь зүйтэй. Энэ нь улс болон хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй юм.

-Хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалт маш их хийлээ. Төр харин тен­дерийнх нь мөнгийг өгөхгүй удаж байна. Гүйцэтгэлийн мөнгөө авч чадахгүй байгаа компаниуд банкны зээлээ өгч чадахгүй хаалгаа барихдаа туллаа. Яах ёстой вэ?

-Энэ маш аюултай. Өнөөдөр компаниуд арилжааны банкуудаас авсан зээлийн хэмжээ үндсэндээ долоон их наяд төгрөг болж байна. Энэ зээлийн ихэнх нь үйлдвэрлэлийнх бус төсвийн хөрөнгө оруулалтаар буюу эргэн төлөх нөхцөлөөр хийсэн ажлууд хийсэн. Цэцэрлэг, сургууль, зам бариулчихсан юм чинь төр мөнгийг нь өгөх ёстой. Тэгэхгүй бол олон мянган хүн ажилгүй болж моргейжийн тэргүүт зээл авсан хүмүүс яах юм. Моргейжийн зээлээ төлж чадахгүй бол ямар нөхцөл байдал үүсэх вэ. Ойлгомжтой. Нөгөө талдаа банк санхүүгийн салбараа татаж унагах аюултай. Банкны чанаргүй зээлийн хэмжээ улирал бүр өсч байна. Одоо банк санхүүгийн салбарт маш том эрсдэл үүсч байгаа. Төр өөрөө аж ахуй нэгжүүдээ дампууруулаад банк санхүүгийн салбараа татаж унагаж болохгүй.

Төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн компаниудын мөнгийг 100 хувь өгөх нөхцөл боломжийг Их хурал бүрдүүлсэн. Энэ бүгд дотоодын бондоор явж байгаа. 2014 онд 90 гаруй тэрбум төгрөгөөр өрийн бичиг бичиж өгсөн. Цаашдаа татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсвийн ямар хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж байх юм гэдгээ шийдэх ёстой. Ганц жишээ дурдахад Хөвсгөлд нэг тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэг баригдсан байхад яг хажууд нь хувийн хөрөнгө оруулалтаар 450 сая төгрөгт багтаан яг ижилхэн цэцэрлэг барьсан байна. 450 саяар барьсан цэцэрлэг нь хамаагүй чанартай байх жишээтэй. Нэг тэрбум төгрөгөөр 100 хүүхдийн чанаргүй цэцэрлэг барих 450 саяар 100 хүүхдийн чанартай цэцэрлэг барих хоёрын хооронд асар их ялгаа бий. Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагатай зарцуулах ёстой. Энэ мөнгө УИХ-ын 76 гишүүний мөнгө биш. Төсвийн бодлогын реформыг хийх шаардлагатай. 100 гаруй төрийн өмчит компаниуд жил бүр алдагдалтай гарч байна. Ийм олон алдагдалтай төрийн өмчтэй байж болохгүй. Үүнийг хувьчлах ёстой.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Үндсэн хууль доог тохуу болгон хэлээд байх зүйл биш

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Монгол Улс Ардчилсан Үндсэн хуулиа батлаад даруй 23 жилийг үджээ. Ардчилсан Үндсэн хууль манай ард түмний хувьд шинэ зүйл байсан байх. Иргэд хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Монгол Улсын дөрөвдүгээр буюу олон түмний өгсөн хүндэтгэлийн нэр нь Ардчилсан Үндсэн хууль батлагдаад 23 жил болж байна. Уг Үндсэн хууль нэг талаас 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд түүний гол зорилгыг баталгаажуулсан Үндсэн хууль юм. Тэр ч утгаараа ард түмнээсээ Ардчилсан Үндсэн хууль гэдэг нэрийг авсан гэж ойлгодог. 1980-аад оны сүүлчээр гурав дахь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шинэчилсэн Үндсэн хуулийг боловсруулах талаар яригдаж байсан. Гэхдээ тухайн үед өөр төрийн үе байсан тул өөр агуулгатай, өөр улс төрийн харилцаатай, эрх чөлөөний өөр хязгаарлалттай байсан цаг үе. Харин 1990 онд хийсэн ардчилсан хувьсгал анхнаасаа ардчилсан хүчнүүдээс түр хурлыг байгуулъя. Түр хурлыг олон намын оролцоотой байгуулж, түр хурал нь шинэ Үндсэн хуулийг батлаад, Шинэ Үндсэн хуулиар бий болж байгаа төрийн тогтолцоондоо өөрийнхөө бүрийн эрхийг шилжүүлж ардчилсан төрийн тогтолцоо, Шинэ Үндсэн хуулийн дагуу шинэ ардчилсан төрийн тогтолцоотой хүний эрх, эрх чөлөө баталгаажсан Үндсэн хуультай байх ёстой шүү гэсэн шаардлага тавьж байсан. Гуравдугаар сард МАН-ын удирдан жолоодох чиг үүрэг бүхий заалтыг хасч олон нам байхыг хүлээн зөвшөөрсөн. Дараа нь тавдугаар сард БНМАУ-ын Үндсэн хуульд хавсралт хууль хэмээн батлагдсан. Түүгээрээ төрийн ерөнхий байгууллагынхаа тогтолцоог өөрчлөх Ерөнхийлөгчтэй байнгын ажиллагаатай парламенттай хуучин Ардын Их хурлын өмнө байхаар төрийн эрх мэдэл чиг үүргүүдийг тодорхой хэмжээгээр салган хуваарилсан. Тухайлбал, Улсын Бага хурал хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхийг өөртөө хадгалж Үндсэн хуулийг батлах асуудал Ардын Их хуралдаа хадгалагдана гэж байлаа. Ингэж Бага хурал батлагдан байнгын ажиллагаатай парламент байгуулагдаад ирэх онд 25 жилийнхээ ойтой золгох гэж байна. Бага хурал маань бидний яриад байдаг түр хурлын үзэл санааг өөртөө шингээж пропорциональ сонгуулиар суудлаа авч Ардын Их хурлаар гишүүд нь сонгогдож байсан түүхтэй. Энэ бүхэн Ардчилсан Үндсэн хуулийн урьдчилгаа нөхцөлүүд байсан.

-Тэгээд дараа нь яасан юм?

-Эдийн засгийн өмч хөрөнгийн тодорхой хэлбэрийн ардчиллуудыг хийсэн. Тухайн үеийн Үндсэн хууль нь хүлээн зөвшөөрөөгүй ч гэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санаа олон түмний хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Өмч, бизнес, боловсролын салбарт хувийн сургуулиуд байж болно гээд, Үйлдвэрчний эвлэл, Улс төрийн намуудын хуулийг шинэчлэн баталж намуудыг үйлдвэр дагасан байсан бол төр засгийн нэгж рүү шилжүүлэх гээд маш олон ажил байлаа. Нарийн яривал хуучин Үндсэн хуультайгаа зөрчилдөж байгаа боловч хэн ч үүнтэй маргаагүй. Учир нь бидний явж байгаа чиг тэр байсан. Энэ нь Ардчилсан Үндсэн хуулинд гол улс төрийн харилцаа яаж явах нь вэ гэдгийг Бага хурал ердийн хууль тогтоомжуудаар баталж эхэлсэн. Үүний зэрэгцээгээр Үндсэн хуулийг батлах комиссыг байгуулж тэр үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулж байлаа. Үндсэн хууль боловсруулах комисс тухайн үед “Монгол Улсын их цааз” гэсэн төслийг боловсруулж Бага хурлаар хэлэлцүүлсэн. Бага хурал хэлэлцээд ард нийтээр хэлэлцүүлэх төсөл болгож гаргасан. Ард нийт үнэхээр идэвхтэй оролцсон. Олон мянган санал ирүүлсэн нь ард түмэн Шинэ Үндсэн хуулийг хүлээж байсан гэдгийн илэрхийлэл байлаа. Шинэ Үндсэн хуулиар өөрсдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, төр яаж ардчилсан, хязгаарлагдсан ард түмэндээ үйлчилдэг, ард түмнээсээ байгуулагддаг ард түмний төр байх ёстой юм бэ. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал яаж халдашгүй байх юм. Газар түүний баялгууд, мал сүрэг эдийн засгийн болон баялгийн болон өвийн харилцаанд яаж орох ёстой юм. Улсын нэр ямар байх юм гээд олон асуудал байсан. Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гээд олон санал ирсэн. Энэ бүгдийг нэгтгээд Улсын Бага хурал дахин хэлэлцэж Ардын Их хурал руу өргөн барих төслөө боловсруулан өргөн барьсан. Улсын Бага хурал олон улсын практикт Үндсэн хууль ямар хэлбэр төрлүүдтэй байдаг. Манайд аль нь зохистой вэ гэдэг дээр олон улсын нэртэй Үндсэн хуульчдыг цуглуулж, тэднийг сонсож, олон улсын харьцуулсан судалгаан дээр үндсэн дээр боловсронгуй болгож Ардын Их хурал руу оруулсан.

-23 жилийн өмнө Ардчилсан Үндсэн хууль шинээр гарч байсан тул хүн бүхэнд сонин байсан байх. Өнөөдөр харин хөгжиж буй манай нийгэмд Үндсэн хууль үндсэн үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Би өөдрөгөөр боддог. Олон түмэн Үндсэн хуулийн төгсгөсөн “Мэдэхтүн, сахихтун” гэдэг үг монголчуудын хүлээж авсан сэтгэл зүрх гэж ойлгодог. Тиймээс Үндсэн хуулиа манай ард түмэн судалдаг, мэддэг. Мэдэхийн төлөө, сахихын төлөө байдаг гэсэн өөдрөг үзэлтэй хүн. Үндсэн хуулиа мэдэхгүй бол Үндсэн хууль хөвсөн зүйл болно. Үндсэн хууль гэдэг чинь амьдралд шингэсэн. Яаж шингэсэн гэхээр тэр хүний эрх, эрх чөлөө Үндсэн хуулиар баталгаажсан. Бизнесийн болон улс төрийн сонгох сонгогдох эрхүүд, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэх, хамгаалах, шударга ёстой байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээс эхлээд энэ бүхнийг мэддэг. Өөрийнхөө эрхийг хамгаалах, хөндөгдсөн бол эрхээ хамгаалуулахын төлөө иргэдийн хууль эрхзүйн мэдлэг тэр тусмаа Үндсэн хуулиас үүдэлтэйгээр өргөн хүрээг хамарч байна. Үндсэн хуулийн цэц дээр иргэдээс ирдэг мэдээлэл болон гомдлоор Үндсэн хуулийн зөрчлийн асуудал маш өргөн болж байгааг харж болох юм. Энэ үед нийгмийн харилцаа маань шилжилтийн байсан бол шилжилтийн үе дууслаа. Одоо шинэ үе шатандаа бүрэн орлоо гэсэн агуулга эдийн засаг, улс төрийн харилцаанд харагдаж байна. Энэ нь цаашид Үндсэн хуулиа боловсронгуй болгох нэхэлтийг явуулж байгаа. Тийм ч учраас Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа нь тэр.

-Дордуулсан долоон өөрчлөлт гэдэг зүйл өнөөдрийг хүртэл яригдсаар байна. Та бол харин дордуулсан гэдэгтэй санал нийлдэггүй…

-Би дордуулсан гэдэгтэй үнэхээр санал нэгдэхгүй. Дордуулсан гэж ярьдаг хүмүүс, Үндсэн хуулийн өөрчлөлтөд тааламжгүй овог өгсөн хүмүүст хандаж нэгдүгээрт Үндсэн хууль боловсруулсан Бага хурал, ард нийтийн хэлэлцүүлэг, Бага хурал, Ардын Их хурал гэсэн бүх шатан дээр Үндсэн хуулийн ямар ямар агуулга зүйл заалтууд хаашаа яаж өөрчлөгдөв гэдэг динамикийг үзчихээсэй гэж хэлье. Мөн Үндсэн хуулиа хэрэгжүүлээд шинэ төрийн харилцаанд ороод явж байхад ялангуяа 1996-2000 оны хооронд ямар бэрхшээлүүд тулгарав. Үндсэн хуулийн суурь харилцааны хүрээнд Үндсэн хуулиар тогтоогдсон үндсэн суурь зарчмуудад ямар тулгамдсан асуудлууд үүсэв. Тэр бэрхшээл гүнзгийрвэл ямар зүйл рүү орохоор байна гэдгийг хараарай. Манайхан Үндсэн хуулийн хямрал гэж ярьдаг.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Үндсэн хуулиар бий болсон институци өөрсдөө ажиллах боломжгүй болоод ирнэ. Төр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно гэдэг чинь ард түмэнд төрийн бүх эрх мэдэл хадгалагдана. Энэ эрх мэдлээ шууд болон сонгон байгуулсан байгууллагаараа эдэлнэ гэсэн суурь эрх алдагдана. Үүний бодит жишээ 1996-2000 он. 1996-2000 оны бэрхшээл тэндээ үлдэг гэж бодоход тэндээс хойших УИХ, Загсийн газрын үйл ажиллагаан дээр нэг анализ хийгээд үз. УИХ-ын хуралдаан дээрх бэрхшээл, мухардлуудыг бодоод үз. Өмнөхөөрөө байсан гээд бодохоор ямар байдалд орохоор байж вэ. Дордуулсан гэж хэлэх гээд байгаа юм бол Үндсэн хуулийн эрх зүйн хэмжээг судалж мэд. Үүн дээр бод, анализ хий. Түүнээс биш Үндсэн хууль гэдэг бол янз бүрийн доог тохуу болгон хэлээд байх зүйл биш. Хэрэв батлаагүй бол 1996-2000 оны Үндсэн хуулийн шинжтэй хямрал бүр гүнзгийрчихсэн, ерөөсөө төр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болчихсон байх байлаа.

Одоогийн ярьж байгаа өөрчлөлтүүд нийгмийн харилцаа, ардчиллаа улам гүнзгийрүүлэх, Ерөнхийлөгчийн санаачлаад байгаа шууд ардчилал, иргэний оролцооны асуудлыг яаж Үндсэн хуулийн хэмжээнд нэмэгдүүлэх вэ. Үндсэн хуулийн нэг суурь зарчим нь орон нутгийн удирдлага нь төрийн удирдлагыг өөрөө удирдах ёстой хослуулах явдал мөн. Өөрийн удирдлага нь ИТХ, Төрийн удирдлага нь Засаг дарга. Засаг даргаараа дамжаад нэг талаас төрийн төлөөлөгчөө дээд шийдвэрийг хэрэгжүүл. Нөгөө талаас өөрөө удирдах байгууллагын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан нь том ололт шүү. Үүнийг цаашаа ардчилсан, иргэний илүү оролцоотой, өөрөө удирдах ёс нь илүү давамгай байдлыг хураангуйлсан байх чиглэлийн шинэчлэл өнөөдөр шаардлагатай.

-Давхар дээлийн асуудал ч гэсэн Үндсэн хуулийн дордуулсан долоотой холбоотой гэдэг…

-Манайхан гадаргуу дээр нь ярих юм. Давхар дээлнээс боллоо, Засгийн газар нь Их хурлаас хараат боллоо, Их хурал нь Засгийн газраас хараат боллоо гэх мэтчилэн асуудлыг буруу оношлоод зөөлөн шийдлээр хийх юм шиг бодоод байгаа юм. Үүнийг Үндсэн хууль яаж батлагдаж явсан билээ гэдгийг хараарай. Парламентын бүгд найрамдах улс, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын холимогдуу хэлбэр рүү орчихсон. Энэ нь Засгийн газар дээр гараад ирдэг юм. Цэвэр парламентын бүгд найрамдах улсын хэлбэр бол Засгийн газар нь Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь кабинетаа бүрдүүлнэ. Тэгэхгүй Их хурлаар оруулахаар сайд бүр Их хурлаас даалгавартай юм шиг болчихож байна. Эцсийн бүлэгт Засгийн газрын Ерөнхий сайд Их хурлын өмнө хариуцлагаа хүлээнэ. Ингээд явбал давхар дээлнээс боллоо гэсэн яриа гарахгүй. Оношлогоо нь ердөө л энэ. Үндсэн хууль өөрчлөх асуудлуудаа бид ярьж болно. Ерөнхийдөө парламентын бүгд найрамдах засаг гүйцэтгэх эрх мэдэл нь хүчтэй, парламент нь хууль тогтоох эрх мэдлээрээ хүчтэй, шүүх тогтоох эрх мэдэл нь өөрөө гуравдагч эрх мэдэл нь. Ингэснээр Ерөнхийлөгчийн жинхэнэ эрх мэдэл нь үлдэнэ. Тэгвэл магадгүй Ерөнхийлөгч нь парламентаасаа сонгогддог байх юм. Энэ бүхэн Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэж байхад гарч байсан санаа. Ардын Их хурал дээр зөвшилцөөд Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс эсвэл парламентын бүгд найрамдах улс байя гэсэн хоёр салсан зүйлийг нийлүүлж байж Үндсэн хууль гарна биз дээ. Энэ бүхнийг үзэх хэрэгтэй. Үүн дээр Үндсэн хуулийн хөгжил явагдах ёстой. Популист хэлбэрээр хэлэгдсэн зүйлээс татгалзаж бид гүн рүүгээ орох ёстой гэж байгаа юм.

-Дордуулсан долоог өнөөдөр хүчингүй гэх юм…

-Тийм юм байхгүй. Түүхээ мэдэх хэрэгтэй. Үндсэн хууль батлагдсанаас хойш байгуулагдсан анхны Засгийн газар УИХ-ын гишүүн сайдтай байлаа. 1996 онд сонгууль болоод анх удаа Ардчилсан холбоо эвслийг байгуулан “Ард түмэнтэй байгуулсан гэрээ” гэсэн хөтөлбөртэй ороод 50 суудалтай олонх болсон. Тангараг өргөсний дараа Засгийн газрыг байгуулах гэж байтал цэц дээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн асуудал үүссэн. Ингэж шийд гарсны дараа сонгуульд өрсөлдөн хүчтэй гарч ирсэн лидерүүд Засгийн газраа толгойлох, засагтаа орох боломжгүй байдал үүссэн. Улс төрийн нам эрх барьж байгаа юм бол гол түүчээ болсон хүмүүс орж байж ажил явуулна. Яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн гэхээр Засгийн газрын болон УИХ-ын тухай хуульд заасан юм алга гэсэн. Тэгэхээр нь Засгийн газрын хуулинд өөрчлөлт оруулж Их хурлын гишүүдээс бүрдсэн М.Энхсайхан, Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Үндсэн хуулийн орчин дотор болох юм уу үгүй юм уу гээд асуудал өрнөсөн. Үндсэн хуулинд агуулга нь тодорхойгүй байсан зүйлийг илүү тодорхой болгон оруулж ирсэн.

Өнөөдөр төр болохгүй байна гэдэг үгийг УИХ-ын гишүүд нь хэлээд байна. Тэд үглэж суудаг, ард түмэн рүү цацаж суудаг хүмүүс биш. Болохгүй байгааг нь засах эрхийг нь ард түмэн танд өгсөн. Үүнээс л миний хэлээд байдаг улс төрийн цуурай үүсдэг. Болохгүй байна, тэр муухай байна гэж баахан ярьсныхаа дараа иргэдтэй уулзахад тэр болохгүй байна, тэр муухай байна гэдэг л дээ. Нөгөө гишүүн буцаж ирээд би сонгогчидтойгоо уулзсан чинь болохгүй байна, тэр муухай байна гэж байна гэдэг. Үүн дээрээ бодолцох ёстой. Гишүүн Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байгаа бол хуулиа өргөн барьчих. Хууль санаачлах эрх гэдэг чинь агуу эрх.

-Үндсэн хуулийн талаар нэмж хэлэхээр зүйлс байна уу?

-Үндсэн хуулийнхаа баярыг тохиолдуулаад бүх монголчууд тэр дундаа Үндсэн хуулиндаа саналаа өгч байсан, санал нь Үндсэн хуулиндаа тусгагдсан идэвхтэй оролцсон иргэддээ, Ардын Их хурлын депутатууддаа онцгойлон баяр хүргэе.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ил тодын хуулийг яаралтай батлах шаардлагатайг бизнес эрхлэгчид онцлов

МҮХАҮТ-ын удирдлага, тэргүүлэгчид Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн талаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хуулийг нэн яаралтай батлуулж, далд байгаа хөрөнгө орлогоос эхлэн хөрөнгө оруулалт, мөнгө санхүүг ил болгож эдийн засгийг тэлж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн эрх чөлөөг өгнө гэж үзэж байгаа тухай хэлцгээж байсан юм.

Бизнес эрхлэгчид маргааш уг хуулийн хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогттой уулзаж санал бодлоо солилцох аж. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль цаг үеэ олсон, хямралд өртөөд байгаа энэ нөхцөлд бизнес эрхлэгчдэд чухал байгаа учир нэн даруй батлуулах нь зүйтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид чухалчилж байсан юм. Ингэхдээ татварын тогтолцооны шинэчлэлийг давхар хийж, Ил тод байдлын хуулийг аудит, нягтлан бодох, Компанийн тухай, Эрүүгийн болон бусад хуулиудтай уялдуулан цогцоор нь, Өршөөлийн тухай хуультай давхар гаргахгүй бол дан ганцаар хэрэгжихэд учир дутагдалтай гэдэг дээр санал нэгдэцгээлээ. Тиймээс хуульд бэлтгэх Ажлын хэсгийг МҮХАҮТ-ын дэргэд байгуулъя гэсэн саналыг “Голден такс” ХХК-ийн захирал А.Цолмонтуяа гаргасныг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжсэн. Гэхдээ уг хуулийн хүрээнд ганц МҮХАҮТ бус УИХ, Засгийн газрын гишүүд хамтран гаргах нь илүү үр дүнтэй гэдгийг хэлцгээж байлаа. Түүнчлэн уг хуулийг сайн гаргаж чадвал дахин татвар нуух, хоёр тайлан гаргах явдлыг зогсоох боломжтой. Тэгэхгүйгээр дан ганц улс төрчид уг хуулийг батлан гаргавал сөрөг үр дагавар үүсч мэднэ. Ер нь томоохон нууцын ард улс төрчид байдаг гэдгийг сануулцгаасан юм. Уг хууль батлагдан гарвал Татварын ерөнхий хууль болон бусад холбогдох хуулиудын концепцийн өөрчлөлт хийгдэнэ гэдгийг МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав хэллээ. Мөн хуулийн хүнд сакцаар баялаг бүтээгчдийг дарамталдаг явдал арилна. Өмнө нь нэг татварын байцаагч 17 тэрбумын хэрэгт холбогдсон энэ мэт явдлыг таслан зогсооход уг хуулийн ач холбогдол их гэцгээлээ.

Эдийн засгийн хүндрэл газар авч төсвийн орлого нэг их наядаар тасарч байгаа явдлыг Эдийн засгийн ил тод байдлын хууль гарснаар нөхөх боломж бүрдэнэ. Нэг их наядын төсвийн орлого тасарсан нь тийм ч хүнд асуудал биш гэдэг санал ч гарч байсан юм. Эл хууль гарч ганц удаа бизнес эрхлэгчдэд боломж олгон өршөөх биш цаашдын үр дагаврыг бодолцох ёстойг сануулав. Хууль хэрэгжиж эхлэхээр нэгдсэн бүртгэлийн системийг бизнес эрхлэгчид өөрсдөө хянах боломжийг бүрдүүлж өгөх ёстойг сануулан одоогийн Сангийн яамны мэдээлэл боловсруулах систем хоцрогдсон гэлээ. Бид л энд хууль батлуулна гээд яриад байх биш Сангийн яам саалиа хийх саваа бэлтгэх ёстойг хэлж байлаа.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар бизнес эрхлэгчид том, жижиг гэлтгүй бүгд нэг гараанаас гарах, өнөө үед хамгийн их хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, ДНБ-ий 30 гаруй хувьд хүрээд байгаа далд эдийн засгийг багасгах, нийгмийн нэг том асуудал болоод байгаа авлига, хээл хахуулийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засаг, бизнесийн олон чухал ач холбогдол, үр дүн гарах боломжтойг танхимын гишүүд хэлж байлаа. Тус хууль батлагдан гарснаар олон мянган аж ахуйн нэгжүүдийн хувьд эхлэлийн тайлангаа шинээр гарган бизнесээ цааш шударгаар “шилэн дансаар” эрхлэн хөтлөх, татварын шударга харилцаанд орж өрсөлдөөний тэгш боломж бүрдэн бизнес эрхлэх орчин сайжирч үйлдвэрлэл, худалдаа улам бүр өсөн тэлэх үүд хаалга нээгдэн санхүүгийн шинэтгэл бодитойгоор хэрэгжиж эхлэх болно гэдэгт итгэл дүүрэн байгаа аж. Өнөөдөр мөрдөгдөж байгаа эдийн засагтай холбоотой хуулиуд ихэвчлэн 1993 онд батлагдсан байдаг тул өнөөгийн нөхцөл байдалд тааруулан өөрчлөхгүй бол чөдөр тушаанаасаа салж чадахгүй гэдгийг Танхимын дарга хэлэв. Энэ чөдрийг тайлахгүй бол баялаг бүтээгчдийг авлига хээл хахуулийн зам руу оруулж байгаа албан тушаалтнуудыг л баярлуулж байна гэлээ. Өмчийн харилцааны хууль мөн удахгүй батлагдвал үндэсний баялаг, иргэний өмч хамгаалагдах юм байна.

Эдийн засаг, хөрөнгө оруулалт баялгийн системийг мэдэхгүй хуульчид шударга ёс ярьдаг номын эхний аксиомоо яриад явбал уг хууль хэзээ ч бүтэхгүй гэдгийг танхимын дарга Б.Лхагважав нэмж тодотголоо. “Голден такс” компанийн захирал, эдийн засагч Цолмонтуяа “2007 онд өршөөлийн хууль гарахад албан ёсны тоон мэдээллийг одоо болтол хараагүй. Тухайн үед Монгол Улсын дотоод нөөц бололцоог дайчлах өнгөц аргууд байсан. Өнөөдөр өөрийнхөө дотоод нөөц боломжийг дайчилсан хүмүүс дандаа хохирсон. Ил тод байдлын тухай хууль гарах нь цаг үеэ олсон ч яаж хийх вэ гэдэг дээрээ тогтвортой хандаж, дүн шинжилгээ хийх ёстой. Бид сая дотоод нөөц бололцоогоо дайчилсан. Одоо л эдийн засгийн бодит хямрал эхэлнэ” гэлээ. МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав “Санхүүгийн асуудлыг тусдаа компаниуд хийх ёстой. Тэгэхгүйгээр нэг ногоо тарьдаг хүн үүнийг хийх гэж яваад будилж байна. Тиймээс санхүүгийн бичил 300-400 компани байгуулж чадвал мэргэжлийн хүмүүсээр юмаа хийлгэж чадна. 2000 оноос хойш 43 мянган нягтлан төгссөн байна. Одоо 23 мянга нь ажлаа хийж байгаа. Ил тодын хууль гарснаар 20 мянган хүнийг мэргэжлийн талбарт гаргаж ажиллуулах боломж бүрдэнэ. Ингэж чадвал нэг их наяд төгрөгийн эргэлт үүснэ. Манайд хууль тайлбарлахгүй гэдэг жишиг бий. Нэг хууль гарахад 2-3 мянган хуудас бүхий тайлбар байх ёстой. Тэгэхгүйгээс болоод хүмүүс алдаж байна” гэв. “Манай татварын системийг гажгийг хийдэг татварын дарга нар, татварын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бүх эрхийг авсан байдаг. Аудит, татварын систем шинэчлэгдэх ёстой. Хэдэн дарга нар нь гол хоёр зүйлийнхээ эрхийг авчихаад цаанаа далд бизнес хийгээд эхэлчихдэг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсны дараа арилна” гэж бодож байгаагаа хэлэв. Эдийн засагч С.Аюуш “Өмнөх хуулиар далд байсан олон хөрөнгийг ил болгосон. Хуулийн хэрэгжүүлэх тал дээр зөв зохицуулалт хийж өгөхгүй бол нэг сарын дараа хуулийн хэрэгжих хугацаа дууссан нь өмнөх хуулийг хэрэгжүүлж чадаагүй гол шалтгаан болсон. Засгийн газар болон хууль хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь хууль батлагдсанаас хойш зургаан сарын хугацаанд гэж оруулж өгөх хэрэгтэй. Стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн журмыг Засгийн газар гаргана гэчихээд хоёр жил буюу бараг хүчингүй болтол нь журмаа гаргаагүй. Түүнээс болоод гадаадын хөрөнгө оруулалт багассан. Эсвэл дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Нэгэнтээ л энэ хуулиар хөрөнгийг ил болгох учраас ил болж буй хөрөнгө, мөнгийг ЖДҮ-ээс аваад бизнесийг цааш нь хөгжүүлэх эх үүсвэр болгоё. Хөрөнгө оруулалтын сангууд, ялангуяа хараат бус хувийн сангуудыг байгуулъя. Хөрөнгө оруулж буй ААН-үүдийг давхар Өршөөлийн хуулинд хамруулдаг болъё. Ингэж байж санхүүгийн тогтолцоо шинээр бүрэлдэнэ гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр энэ хууль батлагдвал бизнесийг цааш нь хэрхэн яаж хамгаалах вэ гээд олон асуудлыг сайн бодож тусгах ёстой гэдэг асуудал ч хөндөгдөж байсан юм. Өнгөрөгч онд эдийн засгийн хүнд жил байсан тул олон компани Х тайлан гаргасан. Ил тод болгох гээд байтал Х тайлантай компани яаж ил болгох юм. Байцаагчийн акттай холбоотойгоор аж ахуй нэгжийн тоо цөөрч байна. Тэгснээр хуулийн хэрэгжилт тодорхой нөхцөлд хумигдмал үр нөлөө багатай байх юм биш үү гэсэн болгоомжлол ч гарч байлаа. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргаж өөрсдөөр нь өөрсдийнх нь нууц гэгдэж буй хоёр дахь тайланг гаргуулчихна. Уг хууль нэг удаа л үйлчлэх тул дараа нь түүн дээр нь дөрөөлөх юм биш биз гэлээ. Б.Лхагважав “2008 онд шалгагдсан 2800 гаруй компанид ямар ч татварын шалгалт ороогүй. Тухайн үед би 10 тэрбумын татвараа нуусан гээд гараараа цаасан дээр бичээд өгөхөд л болж байсан. Цаана нь 10 тэрбумаа нуусан этгээдүүд дээр айхтар том шалгалтууд орсон. Хууль сайн муу хоёр талтай байдаг. 2008 онд уг хуулийг мэдэж байсан хүмүүс ирээдүйд бий болох орлогоо энд биччихсэн юм. Таван жилийн хугацаанд тэр мөнгөө авсан. Уг хуулинд чагт хийж чадаагүй нэг том асуудал нь энэ байсан. Тэр хүмүүс завшаад өнгөрсөн. Макро эдийн засгаас улбаалан манай компаниудын үнэ цэн унаж байна. Үүнтэй адилхан дотоодын компаниудын үнэ цэн унаад ирэхээр нь худалдан авах процесс ихэсч байна. Ойлгомжтой үүнийг хажууд байгаа мөнгөний урсгал орж ирж авна. Тэгэхээр үндэсний баялаг өөр эзэнтэй болох гээд байгаа юм. Үүнээс урьдчилан сэргийлж байгаа нэг алхам нь уг хууль мөн” гэлээ. Дурын цагдаа ТҮЦ-нд байгаа хүнийг айлгаж хэдэн ч төгрөг авах боломжтой. Эрүүгийн хуулийн санкц ашиглаж хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад өмнөөс нь ял өгдөг эрүү үүсгэх ёстой. Энэ бол Эрүүгийн хуулинд орох зайлшгүй асуудал. Өнөөдөр манайд дурын цагдаа, татварын байцаагч Эрүүгийн хуулийн таван жилийн ялтай шүү гэж авлига авдаг болсон. Үүнийг алга болгохын тулд буцаагаад тэр хүмүүсийг шинэчлэхээс өөр арга байхгүй.

Э.ЭНХ